Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Gentlemen, We Have Run Out Of Money; Now We Have to Think!”

Энэ үгийг У.Черчилл тэртээх он жилүүдэд Ливэрпүүлийн усан боомтын ажилчдын өмнө анх хэлсэн байдаг юм. Тэдгээр олон мянган ажилчин улс орноо сүйрлээ, биднийг харж үзэхгүй байна хэмээн гомдоллож, бослого тэмцэл өрнүүлсэн юм билээ. Тэр үед нь мань эр тэдний өмнө гарч “Ноёд оо, Бидний мөнгө дууссан-Одоо бид бодох хэрэгтэй” гэсэн алдарт үгээ хэлжээ. Энэ бол У.Черчиллийн дэлхийд түгсэн үг. Дэлхийн дайнд хоёрдугаар фронт нээж оролцсон Англи гүрний нийгэм-эдийн засгийн байдал дайны дараа тун таагүй байх үед ард түмэндээ хандаж “Бидний мөнгө дууссан, одоо толгойгоо ажиллуул, ажил хий, хямралаас гарцгаая” гэсэн л үг.

Өнөөдөр монголчууд бид энэ үгийг МАН-ын эрх баригчдад зориулж хэлмээр байна. Үнэн хэрэгтээ 2012 оноос эхлэн Монгол Улс мөнгөгүй болсон юм. Эрдэс баялгаас орж ирсэн мөнгөө эрх баригч нам тэр үед халамж болгон тараачихсаныг бүгд мэднэ. Тийм учраас шинэхэн засаглагчид болох АН-ынхан ОУ-д бонд гаргаж мөнгө босгон дөрвөн жил зүтгэсэн. Мөнгөгүйг нь мэдсээр байж МАН-ынхан энэ улсыг энэ сонгуулиар авсан. Тийм болохоор өнөөдөр та нар битгий гоншгоно. Зүгээр л толгойгоо ажиллуул. Ажлаа хий. Та нарыг ард түмэн дүүрэн сонгосон. Та нарын гоншгонохыг бүтэн гурван сар, өдөр шөнө, өглөө оройгүй Монголын ард түмэн сонслоо. Одоо залхаж байна. Хусмаа чамласан хүүхэд шиг Ерөнхий сайд нь сонгогдсон өдрөөсөө эхлээд л “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Сүүлийн гурван жил дараалан нэгдсэн төсвийн орлого 1.2 их наяд гаруй төгрөгөөр тасарч ирлээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 49,7 их наяд төгрөг боллоо. Энэ нь энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21 хувийг даваад байна” гэхчилэн ярьж амнаасаа өөдтэй нэг тоо, нэг сайн үг унагасангүй. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бөөн болгоомжлол, итгэл найдваргүй мэдээ болж очлоо. Ер нь энэ Ерөнхий сайдаас юу ч хараад нэмэргүй юм байна гэсэн ойлголтыг өгөх шиг болов. Зэрэгцүүлээд Сангийн сайд нь бас нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь хямраасан мэдэгдлүүд хийдэг боллоо. “Монгол Улс олсон таван төгрөг тутмын дөрвийг өрөндөө төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай боллоо. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна шүү, хүн ардууд аа” гэж ирээд бүх мэдээллийн сувгаар нүдээ бүлтгэнүүлэн ярихыг нь хараад айцгаах боллоо. Энэ мэдэгдэл нь цаашаа дуусаагүй юм шиг байна аа, маргаашийн сонин аваад харвал бас л байж байх бололтой. Ямар учиртай ийм мэдэгдлүүдийг мянга дахин давтаад байгаагийн цаад муу санааг бодох л асуудал гэж зарим судлаачид бичсэн байна лээ.

Тэгэхээр та нараас асуух юм байна. МАН-ынхаан, та нар чинь мөнгө байвал бид ажиллана, мөнгө байхгүй бол ажиллахгүй гэж гарч ирсэн юм уу. Тэгж сонгогдсон юм уу. Танай нам чинь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Бүх хүүхдэд мөнгө өгнө. Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Хүүхэдтэй эхэд цалин өгнө. Оюутнуудыг тэтгэнэ. Татварыг бууруулна. Мөнгийг бид төрөл бүрээр босгож улс орноо хөгжүүлнэ” гэж зурайтал нь бичиж ард түмэндээ тарааж байгаад бараг 100 хувь ялсан биз дээ. Ард түмэн бээр 65 хүний саналын эсрэг Жавхлан, Баасанхүү мэтийн хоёр, гурван амьтныг л байхаар зохицуулж сонгож өгсөн шүү дээ. Ухаантай ард түмэн рүүгээ ус цацахаа болиоч. Ямар ард түмэнтэй байна, тийм төртэй байна гэсэн муухай үгийг битгий бодитой харуулаач. Та нар татварыг хасах бус эсрэгээрээ найман төрлийн татварыг нэмж авахаар зэхэж байна. Цалинг нэмэх бус хасах гэж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө гэлээ. Оюутнуудад юу ч хялайлгахгүй гэлээ. Сонгуулийн ерөнхий хорооны сүүлд тавьсан мэдээллийг сайтаас нь харахад нийт сонгогчдын цөөнгүй хувь оюутнууд байна лээ. Тэдний дийлэнх нь МАН-д саналаа өгсөн нь тодорхой. Тэд тэтгэмжгүй, “Сайн оюутан”-ы зээлгүй болох гэж та нарт саналаа өгсөн болж таарч байна уу. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг чинь зүйл, заалт бүрээр нь сануулбал ер нь ард түмнээ амаар нь шороо үмхүүлсэн амлалт цадигаа алдсан их байна шүү.

Энэ бүгдийн эцэст нэг л үнэн та нарын үйлдлээс харагдаж байна. Энэ бол та нар “Бидэнд нэг ч төгрөг алга. Юу ч хийх арга алга” гэсээр цаг хугацааг авах. “Одоо толгойгоо ажиллуулъя. Ингэж сэтгэе. Тэгж гарц олъё” гэх ямар ч сэтгэл зүтгэл МАН-д алга. Тийм потенциалгүй, тийм боловсрол мэдлэггүй, тийм сэтгэл зүрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч цаг алдалгүй ард түмнийхээ өмнө бууж өг. Бид энэ улс орныг цааш нь авч явж чадахгүй нь гэдгээ зарла! Сонгуулийн үеийн “Бид зүтгэнэ- Хамтдаа хөгжинө” гэсэн уриагаа “Бид ухарна-Та нар хөгжихгүй” гэсэн уриа болго.

Тэгэхгүй гэж байгаа бол одоо гоншгонохоо зогсоож дуугүй ажилдаа ор. Мөнгө бол мэдээж ховор байгаа. Түүнийг мэдэж байна. Гэхдээ мөнгийг АН-ынхан 2012 онд засаг авангуутаа яаж босгож улсын эдийн засагт оруулсан түүн шиг санхүүгийн гарцыг МАН олох ёстой. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Та нарын гоншгонохыг сонсох гэж ард түмэн сонгоогүй. Мөнгө өөрөө орж ирэхгүй, мөнгийг босгодог. Нэг зүйлийг дахин сануулъя. АН засаг авахад мөнгө халгитал байсан юм уу. Мөнгө байсаар байтал нь нэмээд Чингис бонд босгосон юм уу. Үүнийг тэр үеийн Сангийн сайд байсан МАН-ын гишүүн Ч.Улаанаас асууя. Шадар сайд байсан Д.Тэрбишдагваас асууя. Та нар хамт засаг барьж байсан хүмүүс. Бондын мөнгөний дийлэнхийг МАН-ыг санхүүжүүлдэг том компаниуд авсан уу, үгүй юу гэдгийг энэ хоёр эрхмээс бас асууя. Өнгөрсөн дөрвөн жилд Монголд орсон мөнгөний гүйлгээг шалгавал их л сонин дүр зураг харагдана даа.

Тэгэхээр МАН-ынхан одоо битгий сөрөг хүчин царайл аа, эрх баригч царайл. Эмгэн шиг битгий үглэ, эрх баригчид шиг зангарагтай бай. Та нарыг сонгосон сонгогчдынхоо хоолны мөнгөнөөс татвар нэрээр битгий хумсал. Түүний оронд газрыг мөнгө болгох эдийн засгийн гарц ол. Дор хаяж хагас их наяд болох дутуу орхигдсон обьектуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй дуудлага худалдаагаар зар. Энэтхэгийн нэг их наяд доллар, Хятадын тэрбум юанийг яаж ашиглах хөтөлбөрөө иргэдэд танилцуул. Өмчийн ихэнхийг төрд байлгахаа боль. Долларын ханшийн өсөлтөд юу нөлөөлж байгаа талаар худлаа мэргэн царайлахаа больцгоо. Долларыг гозойтол худалдан авч байгаа тодорхой хэдэн ББСБ-ыг шалгачих, чаддаг юм бол. Тэгэхэд доллар яаж өсөөд байгаа багцаа мэдэгдэнэ. Ингэхгүй байгаа чинь Эрүү, Зөрчлийн хууль хойшлох ганц шалтгаан бол Н.Энхбаяр шүү дээ гээд үнэнийг хэлчих нэг ч хүн 76 дотор байхгүй худлаа ийм тийм гэж жүжиглэж байгаатай адилхан байна.

Эдийн засгийн хямралтай бол аль ч орны, ямар ч Засгийн газар нүүр тулдгийг, энэ нь цаг үе бүхэнд байсныг У.Черчиллийн хэлсэн үгнээс харж болно. “Gentlemen, We Have Run Out Of Money; Now We Have to Think!” буюу “Ноёд оо, Бидний мөнгө дууссан-Одоо бид бодох хэрэгтэй” гэж. Энэ нь дэлхийн бүх улс оронд тохиолддог хувь тавилан, туулаад гардаг бэрхшээл. Ганцхан удирдагчид нь толгойгоо ажиллуулах л хэрэгтэй. Ард түмэн ядуу байх нь Ардын намд ашигтай байдаг байсан цаг өнгөрсөн шүү. Ард түмэн хатуудаа хатуу. Аваад хаячихаж чадах л байх. Яг өнөөдөр Монголын ард түмэн юу хүсч байна гэвэл итгэл хүлээлгэн сонгосон МАН-ынхаа яралзтал ажиллахыг, мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхлэхийг нүд салгалгүй харж байна. АН-ынхан өөдгүй ч гэсэн, хэрэлдэж уралцсаар байгаад зам тавьчихдаг л байсан юм шүү дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам ард түмнийхээ ачийг хариулж байгаа нь энэ үү

Айхавтар хүмүүс чинь албан тушаалаа өгөхдөө хэлэх юмаа хэлдэг юм билээ. Э.Бат-Үүл сая хотын даргын албаа Су.Батболдод өгөхдөө “За хө би чамд 100-гаад тэрбумтай данс хүлээлгэж өглөө шүү” гэж олны нүдэн дээр хэлсэн. С.Ламбаа Эрүүл мэндийн сайдын албаа өгөхдөө олон улсын хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, тусламжийн тэдэн сая доллар байгаа. Түүнийг шинэ сайд ингэж ашиглах хэрэгтэй дээ гэж зөвлөчихөөд гэр рүүгээ алхсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч гэсэн Энэтхэгээс өгөх нэг тэрбум доллар, Хятадаас өгч буй нэг тэрбум юанийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлүүдийн талаар хэлж яриад ажлаа өгсөн байлгүй. Ер нь ажлаа өгсөн бүх л сайд, дарга нар ингэсэн гэж бодож байна. Гэтэл МАН-ынхан ямар санаатай юм мэдэхгүй, юу ч үгүй хувхай хоосон улс орныг хүлээж авсан мэтээр ярьж ард түмний санаа бодлыг үймүүлж эхэллээ. Өмнөх дөрвөн жилд АН-ынхны ард түмний төлөө хийсэн бүгдийг хориглож, цуцалж эхэллээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцаллаа. Ингэснээрээ 50 тэрбумыг хэмнэх гэнэ. Өнөө албан тушаалын наймаанд ирэх 60 тэрбумд нь хүрэхгүй мөнгө байгаа биз дээ. Хүүхдийн 20 мянгыг зогсоолоо. Баян хоосноор нь ялгаварлаж өгөх гэнэ. Байрны зээлээ яая гэж байгаа багш залуу баяных нь тоонд ороод явах нь тодорхой. Оюутны 70 мянга байхгүй боллоо. Ингэснээр 2016 онд гэхэд 11.7 тэрбумыг хэмнэх гэнэ. МАН-ын залуус казинод тоглохдоо 12 тэрбумыг өлхөн алдчихаад нэг нь даагаад гарчихдаг мөнгө. Оюутны автобусны билетийн тал үнэ байхгүй, МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг зогсоолоо. Уг нь МСҮТ-ийг сэргээсний хүчинд бүгдээрээ дээд боловсролтой болно гэдэг өвчин эдгэж, мэргэжлийн ажиллах хүчинтэй болж байсан улс юмсан. Төрийн албан хаагчдын зургаан сарын тэтгэмж гурван сар боллоо. Эмнэлгийн ажилчдын урамшуулал хойшлогдлоо. Төрийн өндөр албан хаагчид, шүүгчдийн цалин танагдлаа. Эдгээр хасч танасан мөнгө нь нийлээд МАН-ын цагаан байрыг босгосон мөнгөнд хүрэхгүй юм билээ. Цаашлаад хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмлээ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар боллоо. Онцгой албан татварын хувь хэмжээг нэмсэн нь суудлын авто машинд гэхэд 3-15 хувиар татвар нэмэгдлээ гэсэн үг. Томоохон амбаартай байхад ч хүндхэн боллоо. 150 метр квадратаас дээш бол бас л татвар төлөх нь. Тэтгэврийн насыг нэмлээ. Нийгмийн даатгалын шимтгэл маань ч таван пунктээр нэмэгдэх нь. Ард түмний халаасыг хоосолж, ёстой нэг модоо барьсан гуйлгачингууд болгох нь.

МАН-ынхан чинь одоо юу болчихоо вэ. Та нарт бараг 100 хувь итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ ачийг ингэж хариулж байгаа юм уу. Улс орны эдийн засаг хүндэрлээ гэсэн ганц үгээр ард түмнийг цаашид хэрхэн дарамтлахыг таашгүй байна. Үнэхээр хүнд байгаа юм бол дэд сайдынхаа орон тоог хас. Хийх ажилгүй ийм албан тушаалаар яах гэсэн юм. Гааль, Татвар, МХЕГ-аас эхлээд тэр олон хүчний байгууллагын дэд дарга нарын орон тоог нэмэхээ боль. Монголын нийгэм бол дэлхийд байхгүй тайван амгалан нийгэм. Хэнийгээ мөрдөн мөшгиж, тагнуулдаж, байцааж, хорих гээд байгаа юм бэ.

МАН-ынхны засаглалд гарснаасаа хойш хэлдэг ганц үг нь мөнгө хөрөнгө байхгүй байна. Хийдэг ганц ажил нь тэр газрын даргыг тэгж солилоо, энэ яамны сайдыг ингэж томиллоо. Үүнээс өөрийг хийсэнгүй. Урьд нь байсан АН-ын нөхөд болохоор “Бид тийм сургууль, цэцэрлэг барина. Ийм үйлдвэрийг дэмжинэ, энэ замыг ашиглалтад оруулна. Тэдэн тэрбумын бонд босголоо, үүгээрээ ийм зах зээлээ дэмжинэ. Эдийн засаг дахь мөнгөний эргэлт энэ салбартаа ийм байна. Тэр салбартаа тийм байна” гээд ам уралдан ярьдаг, тэр нь худлаа биш байсан. Тэнд ч сая тоннын цементийн үйлдвэр ашиглалтад орлоо, энд ч тэдэн км-ийн зам нээлтээ хийлээ гээд мэдээ цувдаг байж. Энэ мэдээллүүдтэй нь зэрэгцээд МАН-ынхан “Эндээс нь тэдэн төгрөг иджээ, тэндээс нь тэдэн хувийн авлига авчээ” гээд нийгмийн сэтгэл зүй рүү чихдэг. АН, МАН хоёрын ялгаа энэ л юм байна. АН нь онгироо, бас хийдэг, МАН нь муу санаатай амладаг. АН нь ажил хийснээрээ баалуулж, муулуулж байдаг. МАН нь ажил хийхгүй дүлий дүмбэ царайлж байдгаараа буурьтай, суурьтай харагддаг. Ийм л ялгаатай улс төрийн хүчнүүд юм байна.

Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хувьд тийм нөөцгүй, потенциалгүй болчихсон юм уу! Монголбанкны нөөц, өндөр үнэтэй зарах эрдэс баялаг хоёроор эдийн засгаа босгоно гэхээс өөрийг МАН-ынхан олж харахгүй байна гэж үү. Үнэндээ зах зээлийн эдийн засаг гэдэг бол төр мөнгө босгодог юм биш. Иргэд, аж ахуйн нэгж мөнгө босгож зах зээлд эргэлдүүлэхийг хэлдэг юм. Наад зах нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дүүрэн байгаа, багаар тооцоход 500 тэрбум орчим төгрөгийн үнэтэй дутуу баригдсан барилга обьектууд балгас, үхмэл хөрөнгө болоод хэвтэж байна. Хөрөнгө оруулалт байхгүй. Төсвөөс хийгдэх ёстой. Төр мөнгө босгох ёстой гэсэн хаа хаанаа ойлголттой болчихсон. Тэгвэл эдгээр балгасуудаа бүгдийг нь хувийн хэвшлийнхэн, иргэддээ 100 мянган төгрөгөөс дуудаад худалдчих. Хагас их наяд төгрөг иргэд, аж ахуйн нэгжээс орж ирнэ. Төр биш ард түмэн мөнгө босгодог, баялаг бүтээдэг юм гэдэг чинь энэ. Капиталист Герман, социалист Германаа 15-хан жилийн дотор босгоод ирсний нууц юу гээч. Соц Германыхаа өмчийг иргэдэд нь нэг доллараас эхэлж дуудаад өгчихсөнд байдаг юм. Баруун германчуудаас нэг доллар ч гараагүй. Үр дүн нь санаанд багтамгүй гарсан. Өмчтэй болсон иргэд баруун Германы банкуудаас зээл авч эхэлсэн. Зээлээрээ маш их ажлын байр бий болгосон. Хамгийн том үр дүн нь эдгээр хүмүүс маш том татвар төлөгчид болж хувирсан. Тэрнээс манайхан шиг алт зарж олсон банкны нөөц, иргэдээ дарамтлан авч буй эцсийн нэг төгрөгийн татвараараа эдийн засгаа сэргээх гэдэг юм биш. Энэ мэт наад захын санхүүгийн гарцуудыг МАН-ынхан бүгдээрээ тэнэг биш болохоор мэдэж л байгаа. Гэтэл хийхгүй байгаа нь ямар учиртай юм бол!!!

Хоёр үзүүлэлт хэлье. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй малын дотор мах манай зах дээр нохойн хоол гээд лангуу дүүрэн хэвтэж байна. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй бензинийг монголчууд хэрэглэж байгаа хэрнээ гудамжинд нь машин багталцахгүй байна. Энэ нь тэгээд эдийн засаг нь хямарч, дефольт болж буй улсын шинж тэмдэг мөн үү. Эдийн засаг үнэхээр хямраад сүйд болсон бол өлссөн ард түмэн гудамжинд гараад жагсдаг нь дэлхийн практик. Тэгэхгүй байгаа нь эдийн засаг хямраагүйг хэлж байна. Тэгээд ямар шалтгаантай юм бэ гэж асуух хүмүүс гарах байх. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шалтгааныг судлаачид дүгнэхдээ “Улстөрчид өөрсдийн нөлөөний компанийнхаа өрийг улсаар төлүүлэх гэж шахалт дарамт үзүүлэхэд нь үгүй гэж хэлснийхээ төлөө огцорсон” гэдэг юм. Үнэхээр тийм бол, төрд гарсан луйварчид компанийнхаа өрийг ард түмнээр төлүүлэх оршлоо хийж “Улс орны эдийн засаг сүйрлээ” гэж байгаа бол ард түмэн харин үүнийх нь эсрэг тэмцэх ёстой. Та нарт сайн санаж сонгосон ард түмнийхээ итгэлийг ингэж гутаан доромжилж болохгүй. Та нарыг сонгосон ард түмний ачийг ингэж хариулж болохгүй.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш

Сонгуульд МАН үнэмлэхүй ялж, шинэ Засгийн газар байгуулагдсанаар албан тушаалын төлөө шунан зүтгэгсэд тоогоо алдлаа. Сонгууль бүрийн дараа л ийм юм болдог. Тэдний хэнийг нь ч буруутгаж болохгүй. Бүх хүн албан тушаал, эрх мэдэлд дуртай. Бүр нарийн ярьвал дарга болохын төлөөх эрмэлзэл нь хувь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглогдоогүй зүйл. Монгол улсын Үндсэн хуульд заасан хувь хүний эрх чөлөөний тухай ойлголт юм шүү. Бүр томоор ярьвал энэ дэлхийн эдийн засгийг шуналдаа хөтлөгдсөн капиталистууд авч явдаг юм. Энэ дэлхийн улс төрийг эрх мэдэл, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй улс төрчид авч явдаг юм. Ийм хүмүүс авч яваа гээд энэ дэлхий ертөнц сүйрчихээгүй л байна. Обама, Путин, Меркель… бүгдээрээ зүгээр сууж байхад нь хэн нэгэн урьж авчираад албан тушаалын шатаар дээш нь өгсүүлсэн юм байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболдыг ч гэсэн залуухан хүүхэд гудамжинд алхаж явахад нь ордны цонхоор хэн нэгэн Улс төрийн товчооны гишүүн дуудаад албан тушаалын шатан дээр тавьчихсан юм биш. Бүгдээрээ өнөөдрийн залуус шиг албан тушаал, эрх мэдлийн төлөө шунан дурласан, хөдөлмөрлөсөн, хор найруулсан, улс төр хийсэн. Тэгж байж өнөөдрийн өндөрлөгт хүрцгээсэн. Ямарч мундаг улс төрчийн ялгуулсан амьдрал ийм л түүхтэй байдаг.

Хувь хүний амбиц, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд ганц санал ч гайхамшигтай том замналын эхлэл болдгийг Гитлерийн жишээнээс харж болно. Өрөөсөн нүдээ алчуураар боосон, хэн ч тоож харахааргүй, доожоо муутай тэрээр нацист намын даргын өрсөлдөөнд нэгхэн саналаар ялсан байдаг юм. Ердөө ганц саналын илүүгээр. Тэгж нэг арайхийн намын даргын тамга авсан нөхөр цаашаа юу болж хувирав. Германыг түүхэндээ байгаагүй аж үйлдвэрийн улс болгож, дэлхийн дайныг эхлүүлсэн дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үлгэрийн баатар болж мэдэх ирээдүйтэй нөхдүүд та нарыг өнөөдөр “Тэр газрын, энэ хэлтсийн даргаар тавиад өгөөч” гээд гүйж яваа ч юм бил үү, хэн мэдлээ.

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад яг л өнөөдрийнх шиг бужигнаан болсон. Гайгүйхэн шиг “том ах” нартай хүмүүс бүгдээрээ албан тушаалд хүрсэн. Гэтэл заримд нь АН-ын идэвхтэй гишүүн байсны хэрэг ч гараагүй гудамжинд үлдсэн. УИХ-ын гишүүд, сайд, том дарга нар, том хөрөнгөтнүүдийн хүүхдүүд, ах дүү нар, авааль нөхөр, эхнэрүүд нь хүртэл албан тушаал эрх мэдэлтэй болсон. Зарим хүмүүс бүр урьд байсан даргын суудал дээрээ үргэлжлүүлэн суусан. АН-аас УИХ-д сонгогдсон С.Одонтуяа гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр орж гуйсаар байгаад МАН-ын бага хурлын гишүүн нөхрөө Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал дээр нь үлдээснийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин сүүлд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы санал хураалт дээр мань эмэгтэй гишүүн яалаа байз… Иймэрхүү жишээнүүдийг цааш нь ярьвал олон бий.

Сонгуулийн дараахь албан тушаалын хуваарилалт ийм л зарчимгүй явдгийн жишээ энэ удаа МАН дээр харагдаж байна. Өнөөдөр жишээ нь дэд сайдаар, Төрийн нарийнаар, агентлагийн даргаар томилогдож байгаа хүмүүсийн дотор МАН-ын байраар орж үзсэн болов уу гэмээр хүмүүс харагдаж байна. АН-ын бүлгийн ажлын албанд орьё гээд гуравхан сарын өмнө явж байсан хүн нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гээд явж байхтай таарлаа. Түүнтэй өрсөлдөж байгаа хүн нь харин МАН-ын төлөө хэл нь хөшиж, гараа гацтал явсан, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулалцсан хүн дуулдана. Ингэхээрээ л МАН энэ удаа АН-ын алдааг давтах нь. Эцэстээ энэхүү намын бус хувийн зарчим чинь нам доторх эвдрэл, фракц бүлэглэлийн зөрчил, тэмцэл, Засгийн газраа унагаах оршил болдог юм даа. МАН дотор байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх 12 дугаар сар гэхэд дотроосоо хагарна. Ө.Энхтүвшин дээр сөргүүд нь бөөгнөрнө. Ж.Энхбаяр нарын залуу Их хурлын гишүүд нь дөгөөн дэвэргэнэ. Сү.Батболдынхон далдуур санхүүжүүлнэ. Ингээд нэг хагараад эхлэвэл хажуугаас чинь өдөөн турхирагсад, өөртөө ашигтайгаар эргүүлэгсэд, санхүүжүүлэгчид, элдэв мэргэн түргэн санаа хэлж үймүүлэгсэд, дэмий үг зөөгсөд түм бумаараа нэмэгддэг нь урьдын практик юм. Энэ бүгдийн эцсийн хор хохирлыг ард түмэн амсдаг нь хамгийн харамсалтай. Ингэхгүй байхын тулд улс төрийн том намууд өөрийн үнэт зүйлээ зарчим болгох хэрэгтэй байна.

Ялсан намд нэн тэргүүнд баримтлах гурван үнэт зүйл байдгийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан хэлж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, намын үзэл санаа юм. МАН, АН-ын алин ч өнөөдөр Монгол улсад иргэний нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт төгс шилжихээ зарласан байгаа. Хоёрдугаарт, намын үндсэн капитал гэж байна. Намын боловсон хүчний бодлогыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, намын ёс зүй байна. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэвэл намын зүгээс албан тушаалд томилогдож буй хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй байх, мэргэжлийн түвшин, мэдлэг боловсрол орно. Хоёр том нам яг юун дээр алддаг вэ гэхээр энэ гурван үнэт зүйл дээрээ алдаж ирсэн. Нам нь сонгуульд ялагдангуут сураггүй алга болчихдог нөхдүүд гэж байдаг. Томууд нь болохоор Америк руу алга болдог. Дундаж түвшнийхэн нь болохоор амиа авч гарахын тулд эрх баригчдын өмнө далласан газар нь ил гарч, далд ор гэсэн газар нь далд ороод явчихдаг. Тэгээд хөөрхий намынхаа үзэл санааг туг болгосон хүмүүс нь үлдэж, гандаж зэвэрсэн намынхаа байранд амь оруулж, пролетарийн ажил хийсээр дараагийн сонгуультай золгодог юм. Энэ хүмүүс л сонгуулийн тулаанд ороод явчихдаг. Сонгуулийн дүн гарлаа, Засаг барих асуудал ялсан нам дээр яригдаад эхлэнгүүт өнөө сураггүй байсан, намаасаа дөлсөн нөхдүүд гэнэт гараад ирдэг. Тэд мөнгө, танил талаараа дулдуйдан тооноор орж ирж даргын суудлууд дээр суудаг. Өнөө муу намтайгаа зууралдсан хэд нь торойгоод, шавхаруун дээр нь, зарим нь бүр юу ч үгүй үлддэг нь жам болжээ. Ийм л зарчимгүй, улс төрийн соёлгүй, увайгүй, мөнгө төгрөгийг зорилгоо болгодог үйл явц жил бүрийн сонгуулийн дараа намуудын гал тогоонд үргэлжилдэг учраас намууд төлөвшихгүй байна. Улс орон ч өөдөө явахгүй, уруудаж доройтож байна.

Угтаа бол намдаа зүтгэсэн, намынхаа үнэт зүйлүүдийг эрхэмлэсэн, би энэ албан тушаал дээр байх ёстой, хийж чадна гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг албан тушаал дээр тавих нь улс төрийн намын эрүүл үйл ажиллагаа юм. Ер нь бол ийм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүмүүс албан тушаалд үхэн хатан дурладаг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байдаг. Харин манайхан хэтэрхий амбицтай, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс гэж тэднийг цоллодог нь хоцрогдол. Дэлхийн бүх цаг үеийн том удирдагчид, улс төрийн том бодлоготнууд бүгдээрээ яг л өнөөдрийн манай залуус шиг албан тушаал, эрх мэдэлд шунан дурлаж, түүнийхээ төлөө тэмцэж байсан. Тэгж байж их гүрнүүдийн удирдагчид болсон. Байх ёстой хүмүүсийг байх ёстой байранд нь, албан тушаал дээр нь байршуулж чадаж гэмээнэ тэр улс орон хөгждөг гэдгийг дэлхийн 200 гаруй улс орны хөгжиж, эс хөгжиж байгаа дүр зургаас өнөөдөр бид хангалттай харж байна. Тийм болохоор албан тушаалын төлөө улайрч буй хүмүүс муухай биш, муу хүмүүс биш. Албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэ залуусаа. Харин “Том ах” нарт хэлэх үг байна. Хүнээ зөв таниарай. “Ганц худагт” ганц долоо хоног хэвтүүлэхэд л өөрсдийг чинь гүтгээд гараад ирэх хүмүүсийг өөд нь татав. Өнөөдрийн улс төрд шинэ хүнийг хүлээн авахдаа эхлээд хувь хүний ноён нуруу, тэгээд мэдлэг боловсролыг гэсэн шат дараалалтай болсныг Олон улсын практикаас, ядаж ойрын хөрш Си Жин Пин, Путин гуай нараас харж болно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль ч яахав ингээд дууслаа, коридор маань юу болчихов

Энэ хаваржингаа Монгол Улсын Ерөнхийлөгч гадны улс орнуудаар явж, гэрээ хэлцэл хийж, том хүмүүстэй уулзаж борви бохис хийлгүй ажиллалаа. Шанхай, Мьянмар, Ташкент… гээд явж өгсөн. Сая ШХАБ-ын уулзалтын үеэр хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй юу ярилцсан, ямар үр дүнтэй гэрээ хэлцэл хийснийг нь өнөөдөр бид харж, танилцаж байна. Эцэг нь гадуур наймаа арилжаа хийж явах хойгуур эзэнгүй хэдэн хүүхэд нь гэрээ буулгачих шахан үймж байгаатай адилхан дүр зураг өнөөдрийн Монголоос маань харагдаж байна. Гэтэл эцгийн ажил басчиг үр дүн харагдахаар гэж хэлж болмоор. Монгол Улсын газар нутгийн баруун, дундуур, зүүн гурван газраар “Эдийн засгийн коридор” бий болгох яриа хөөрөө явчих шиг боллоо. Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталжээ. Энэхүү баримт бичиг нь сүүлийн гурван жил тутам зохиогдож байгаа гурван улсын тэргүүнүүдийн уулзалтын эхний үр дүн бололтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх юм байна. Эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг талууд санал болгосноос Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгожээ. Үүнийг Bонголын талын зарим судлаачид “Мянганы үйл явдал” хэмээн онцолж байх шиг байна. “Эдийн засгийн коридор” нь Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын ЕвроАзийн эдийн засгийн холбоо гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байна. Сонгож авсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа нь хамгийн их жин дарж байгаа юм билээ. “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төв”-ийг 2016 онд багтаан Улаанбаатар хотноо байгуулахаар баримт бичигт тусгажээ. Одоогийн байдлаар санхүүжилтийн дийлэнхийг гаргах чадамж, боломж БНХАУ-д илүү байгаа аж. Гэхдээ төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвхөн хоёр хөршийн санхүүжилтийг харах биш олон улсаас санхүүжилт босгох хувилбарыг эрэлхийлэх болно гэж албан эх сурвалж мэдээлж байна.

Гэхдээ энд нэг асуудал байна. Энэ бүгдийн хариуд Эгийн голын төслөө л зогсоох болчихов уу, яав! Тийм зүйл ажиглагдаад явчихлаа. Эгийн голын төсөл хэрэгжиж гэмээнэ эрчим хүчний хараат байдлаасаа Монгол Улс гарна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Эгийн голын төсөл Байгал нуур, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх гээд байна” гэсэн тайлбар хэлээд оронд нь бид эрчим хүч танайд өгнө гэжээ. Шударга хэлэхэд худлаа шүү дээ, бид өнөөдрийг хүртэл эрчим хүчээр Оросын хараат хэвээр байгаа. Тэд дургүй нь хүрэхээрээ эрчим хүчээ тасалдгийг баруун аймгуудын тог цахилгааныг дүн өвлийн хүйтнээр тасалж биднийг тэвдүүлдэг практикаас наад зах нь мэднэ. Энэ сургамжийг олонтоо авсан. Өнөөдөр хүртэл Оросоос авч байгаа эрчим хүчний үнэ тариф дээр хоёр улс хоорондоо маргаантай л байгаа. Үнэн хэрэгтээ тэд биднийг “Тасална шүү” гэж айдастай байлгасан хэвээр байгаа. Бодит байдал ийм, ингэж явж ирсэн болохоор бид дүгнэлт хийж өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй болох нэг номерын зорилгоо хадгалах ёстой. Монгол хүний ямарч юмны эвийг олдог төрөлх зангаа одоо л энд ашигламаар байна. Бид аливаа асуудлын ая данг олохдоо гаргуун шүү дээ. Тийм болохоор “Эдийн засгийн коридор”-оо явуулдгаар нь явуулъя, зэрэгцүүлээд Эгийн голын цахилгаан станцын төслөө бас явуулъя. Тийм л уран нарийн гэрээ хэлэлцээрийг хийе. Энэ талаар Ерөнхийлөгч нэг мэргэн арга бодож байгаа байх. Ямар ч нөхцөлд Эгийн голын төслөө явуулмаар байгаа юм. Ийм боломж ч байна. Одоо Орос, Хятад хоёрт Монголоор дамнасан эдийн засгийн коридор амин чухал байгаа. Тэр дундаа Алтанбулаг-Замын Үүд гэсэн коридор хоёр хөршид чихэр гэсэн үг. Баруун, зүүнээр тавигдах коридор бол яах вэ дамжуулах юм бага, ашиг багатай. Хөрөнгө оруулалт их шаардана. Түүнд хөрөнгө оруулсан хүн ашгаа эргүүлж авахад хэдэн үедээ нас нь хүрэхгүй. Тэгэхээр “Эдийн засгийн коридор” байгуулах дээрээ хүрвэл төв шугам буюу дундуур явах коридороо эхлээд барих байх. Энэ коридороор Сибириэс их хэмжээний түүхий эдийг хятадууд зөөх өндөр сонирхолтой байгаа. Наад зах нь Сибирийн модноос эхэлнэ шүү дээ. Тэгээд ч Сибирь бол дэлхийн байгалийн баялгийн бараг 20 хувь гэж үздэг тийм бүс нутаг. Хятадын хувьд яг төв шугамын харалдаа, ойрхон байгаа газруудад тэдний үйлдвэрийн гол хотууд байрладаг. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг сайнгүй байна. Хятадын эдийн засаг өнгөрсөн хугацаанд экспортын эдийн засагт тулгуурлаж ирсэн. Америкийн Засгийн газрын хамаг бондыг хятадууд худалдаж авсан. Ам.долларын хамгийн их нөөцтэй улс орон бол урд хөрш маань. Тэр их валютын нөөцөө эргэлтэд оруулалгүй дарж хадгалж байсныхаа горыг өнөөдөр амсаж байгаа. Эдийн засгийн төгс утга бол мөнгө мөнхөд эргэлтэд байх зарчим. Тэр зарчим Хятадад алдагдсан юм байна. Сая коммунист намын их хурлаараа тэд доллараа эргэлтэд оруулах, экспортын биш, дотоодын хэрэгцээндээ зориулсан эдийн засаг бий болгох алхмыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Эндээс харахад Хятад улс “Эдийн засгийн коридор”-т мөнгө гаргана гэсэн үг. Мөн тэдний зах зээлд түүхий эдийн хомсдол нүүрлэж эхэлж байгаа. Үүнийг юу нөхөх вэ гэхээр Сибирийн тэр их түүхий эдийн нөөц л аминд нь орно.

Харин өнөөдөр Орос орон үнэхээр ганцаардаж ядарч байх шиг байна. Үүний тод жишээ бол Роснефтийнхээ 20 хувь дээр олон улсад нээлттэй тендер зарлачихлаа. Тэр дотор нь нэг өгүүлбэр бий. Стратегийн түнш орнуудынхаа дунд нээлттэй гэж. Стратегийн хамгийн ойрын түнш нь Хятад гэдгийг дэлхий мэдэж байгаа. Хятадуудад 11 тэрбум ам.долларын гарааны нөхцөл тавьсан харагдана. Гэтэл судлаачид цаг хугацаа хүлээвэл дор хаяж 200 тэрбумын тендер гэж бичиж байгаа. Энэ бол Орос орон ядарч байгаагийн шинж юм. Ийм нөхцөлд оросууд Сибирийн баялгаа зарахаас өөр яах билээ. Авах улс нь Хятадаас өөр хэн байхав. Хятадад хүргэх хамгийн ойр, зардал бага, боломжит хувилбар нь Монгол Улсын дундуур дамжих “Эдийн засгийн коридор” шүү дээ. Хоёр хөршийн аль аль нь ийм нөхцөл байдалд орчихсон энэ цаг үеийг ашиглаж монголчууд Эгийн голын төслөө явуулах шантааж хийх хэрэгтэй. Тэгж Эгийн төслөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Энэ бол цаг хугацааны хувьд алтан боломж. Оросууд “Эдийн засгийн коридор”-ыг ярихдаа төмөр замыг түлхүү ярьж байгаа. Өнөөдөр манай төмөр замын ачаа эргэлт жилийн 20 сая тонн орчим байгаа. Путин бол “Эдийн засгийн коридор” бий болсноор ачаа эргэлт дор хаяж 100 сая тоннд хүрнэ гэж мэдэгдсэн. Иймдээ хүрэхийн бол манайх төсөөлшгүй их хэмжээний ашиг орлого олно гэсэн үг. 100 саяа байг ээ, үнэн хэрэгтээ бид төмөр замын ачаа эргэлтээ 40 сая тоннд хүргэчихэд л хангалттай ашиг олж, ямарч хөрөнгө оруулалт хайлгүйгээр хурдны зам, төмөр зам барих мөнгөө олчихно гэсэн үг. Орос-Хятадыг холбосон завсраас бид бас хангалттай орлого олно. Дээр нь манайх “Эдийн засгийн коридор”-оо илүү үр ашигтай болгоё гэвэл Эгийн голын төслөө явуулахын хажуугаар нефтиэ махаар солих гэрээ хэлцлийг хийх хэрэгтэй. Орост махны хэрэгцээ улам ихэсч байна. Ингэж чадвал Оросоос авч буй нефтид зориулж байгаа их хэмжээний ам.доллар Монголдоо үлдэнэ. Манай улсын нефтид ам.доллараа зарж буй санхүүгийн өртөг хэтэрхий их байгаа. Нефтийн тодорхой хэсгийг мах болгож чадсанаар Монгол Улсын валютын нөөц огцом өснө. Ингэснээр бидний мөрөөдөл мэт яриад байгаа ам.доллар 1000 төгрөг болох нөхцөл бүрдэх юм. Цаг хугацаа, нөхцөл байдал иймдээ хүрсэн болохоор одоо Орос-Хятад хоёрт амин чухал болоод буй “Эдийн засгийн коридор”-ыг даруй бий болгоё. Энэ амин хэрэгцээн дээр нь тоглож Эгийн голын төслөө явуулъя, махаа нефть болгоё. Ингэж чадвал Монгол Улс ойрын таван жилийн дотор сэв хийтэл босно. Уйгагүй зүтгэх л хэрэгтэй. 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээр гэдэг шиг л зүтгэх хэрэгтэй. Монголчууд бид юмны эвийг олдогтоо, цаг үеэ мэдэрч чаддагтаа хэдэн зуун жил тэсч, өнөөдөр хүний зэрэгтэй явцгааж байна. Монголоор дайрах “Эдийн засгийн коридор”-ыг том гүрнүүдийн олон жижиг ашиг сонирхлын нэг гэж монголчууд бид өөрсдийгөө доош нь хийх хэрэггүй. Монголчууд бидний хувьд асар том ашиг сонирхол гэдгийг л ойлгох ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуульд оролцох нь монголчууд төрөө байгуулж буй хэрэг

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорлоо. Удахгүй бие даагчид нэмэгдэх байх. Ганц нэг хүмүүс нэрээ татах болов уу. Зарим нэр дэвшигчийн хувьд тойргийн өөрчлөлт ч гарч магадгүй. Ер нь бол процесс үргэлжилнэ. Нэр дэвшигчид тодорсноос хойш харин тэднийг элдвээр хэлж ярих нь ихэслээ. Сайн хүн ер алга. Дийлэнх нь л муу муухай хүмүүс юм байх. Гэхдээ сайн, муу нийлж сав дүүрдэг болохоор УИХ-ын чуулганы танхим дүүрэх нь л дүүрнэ. Дүүргэх хүмүүс дотор нь төрөл бүрийн салбарын, янз бүрийн ажил төрөл амжуулж явсан хүмүүс байх нь тодорхой. Одоогийн байдлаар дуучид гэхэд тав, зургаан хүн байна. “Темон оо би чамтай шөнийг өнгөрөөмөөр байна…” гэж дуулдаг залуугаас эхлээд “Нулимсыг минь арчиж хайрлаарай…” гэж дуулдаг бүсгүй гэхчилэн урлагийн хүмүүс байна. Бас бөх барилддаг байсан арваад хүн нэр дэвшиж өрсөлдөхөөр шийджээ. Хэрэг түвэгт орооцолдож явсан хүмүүс ч цөөнгүй байна. Ер нь тэгээд бас бус хүмүүс байна аа, байна. Гэхдээ энэ бүх хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй. Хүний энэ эрхэд хэн ч халдаж чадахгүй. Ардын сургаал бий, “Бөгсөө үмхий гээд тайрч хаядаггүй” гэж. Өнөөдөр монголчууд бидний байгаа нүүр царай л энэ. Нийгмийн тусгал нь энэ. Тийм болохоор бид эдэн дотроосоо л сонгоно. Монголчууд бид чинь төрөө байгуулах ёстой юм байгаа биз дээ. Төргүй Монгол Улс байх юм уу. Төсөөлөөд үз дээ. Хэрэвзээ төр засаггүйдээ хүрлээ гэвэл тэгсгээд гадны дагавар, өөртөө засах орон л болох байх даа. Тийм болохоор өнөөдөр нэр дэвшигчдийг элдвээр зүхэж байгаа, газар дор ортол муулж байгаа, Монголын төр засгийг муухай харагдуулахыг зорьж байгаа хүмүүс бол бүгдээрээ гадныхны гар хөл. Тийм муухай өнгө аяс сошиал дахь мэдээллээс хүмүүст шууд үнэртэж байна.

Нэрэлхээд нэрээ идэх биш, гэртээ хариад гэрээ идэх биш гэж үг бий. Нэрэлхэх юм нэр дэвшигчдэд байх хэрэггүй. Чаддагаасаа чадахгүйгээ хүртэл зөв сайхнаар өрсөлд. Нэр дэвшигчдийг элдвээр зүхдэг түүх бүх улс оронд үеийн үед байсан. Зуун жилийн өмнөх Америкийн сонгуульд ч болж байсан үйл явц. 1920-иод оны үеийн Америкийн сенатын сонгуульд өндөр зэрэглэлийн 11 биеэ үнэлэгч сонгогдсон байдаг юм. Өнөөдрийн Италийн парламентад буруу гарын төлөөлөл болох бүлгийн хэмжээний гишүүн бий. Биеэ үнэлэгчдийг сонгодгоороо Италийн парламент бүр алдартай. Монголынх ийм байг гэж хэлж байгаа юм биш. Цөөхөн монголчуудын хувьд байх боломж ч үгүй. Зүгээр л дэлхийн парламентын түүх ийм эрээн бараантэй, элдэв өнгөтэй байдаг гэдгийг л хэлж байна.

Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ийм л өнгө солонго бүхий нэр дэвшигчдээс бид зөвийг нь сонгоно. Харин сонгуульд бүгдээрээ оролцож, саналаа өгч, төрөө сонгох үүргээ нэр төртэй биелүүлье гэж уриалъя. Энэ бол ардчилсан нийгэм дэх иргэн хүн бүрийн өндөр ухамсар юм. Өөрсдөө саналаа өгөөгүй байж дараа нь элдвээр хэлэх хэрэггүй. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 хүртэлх насны оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоосон. Энэ насныхан нийт сонгогчдын 60 хувийг эзэлдэг. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насныхны ердөө 10 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ. Энэ нь сонгуулийн ирц хуульд заасан хэмжээндээ хүрч чадах эсэхэд хүрч байна. Ирц хүрэхгүй тохиолдолд муудсан эдийн засгаа улам муутгах болно. Татвар төлөгчдийн мөнгө дахин сонгуульд үрэгдэнэ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хамгийн өндөр хувьтай санал өгсөн газар бол Завхан аймгийн сонгогчид 77,1 хувь, хамгийн бага санал өгсөн нь Сүхбаатар аймаг, нийслэлийн дүүргүүд болоод байгаа юм. Сонгуульд заавал оролцох учиртайг ЕБС-д байхаас нь суулгаж өгөх цаг болжээ. Эцэг, эхчүүд насанд хүрсэн хүүхдүүддээ сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрт нь болон улс оронд хэрэгтэй гэсэн хүнийхээ төлөө саналаа өгөхийн ашиг тусыг ойлгуулж өгмөөр байна. Өөрийн чинь өмнөөс өөр хүмүүс сонголт хийгээд байна гэдгийг бас ойлгуул. Өмнөх сонгуулиас харж байхад өглөөний 11:00 цагийн байдлаар сонгогчдын идэвх маш сайн, зарим тойрогт 25 хувь хүрч байснаа үдээс хойш идэвх эрс буурч 20:00 цаг гэхэд санал хураах байрууд ямар ч хүнгүй болж байсан. Ийм нөхцөл байдал давтагдах магадлалтай байгаа тул өмнөх сонгуулиар ашиглаж байсан саналаа өгсөн сонгогчид зориулсан урамшууллыг янз бүрийн хэлбэрээр өргөнөөр бий болгох хэрэгтэй. Сонгогчдод зориулсан урамшууллын механизм олон улсад байдаг. Тэдний жишгээр хийе.

Энэ жилийн хувьд бас нэг анхаармаар асуудал бий. Тэр нь Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлнө. Бүр гол тоглолтууд санал өгөх өдрийн өмнөх шөнө болохыг тооцох ёстой. Учир нь Монголын залуу үе тэр чигээрээ хөлбөмбөгийн хорхойтнууд болсон. Тэмцээний хагас шигшээгийн тоглолт Францын хотуудад болох нь манай цагаар шөнө байгаа нь залуучуудын хувьд сонгуульд очиж саналаа өгөхөд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Учир нь өмнөх сонгуулийн ирцэд энэ тэмцээн нөлөөлсөн нь ажиглагдсан юм.

Бас нэг асуудал байгаа нь зөвхөн Монголд л байдаг зовлон байх. Манай иргэдийн нэлээд нь иргэний үнэмлэхээ дэлгүүр хоршоо, ломбард, такси… гэхчилэн олон газарт барьцаанд тавиад авч чадахгүй байгаа. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр “За санал өгөхийн тулд түүнтэй хөөцөлдөж явах гэж яршиг. Тэгж байгаад нэг авахаас” гэдэг. Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар ТҮЦ машины тодорхойлолтоор санал өгүүлэх хэрэгтэй. Тэр нь нийт сонгогчдын таван хувьтай тэнцэнэ гэсэн нэгэн ТББ-ын судалгаа бий. Энэ мэтээр жижиг гэхгүй амьдралын үнэнийг олж харж, ирцийг бүрдүүлэх арга хэмжээг дорвитой авахгүй бол хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 63.9 хувь буюу өмнөхөөсөө даруй 40 хувь буурсан байдаг. Эдгээр саналаа өгсөн сонгогчдын 50.23 хувийн саналаар нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Энэ байдал дахин давтагдвал одоо болох сонгууль дахин явагдах магадлалтай болчихоод байна.

Энэ мэтээр сонгогчдын дийлэнх болох залууст онцгой анхаармаар байна. Тэрнээс манай улсын 40-өөс дээш насныхан бол сонгуулийн саналаа хангалттай өгч иржээ. Монгол Улсын эдгээр насны иргэдийн 70 хувь нь саналаа өгдөг нь судалгаагаар тогтоогдсон юм. Эдгээр насны иргэдийн санал өгөх хувь нь угаасаа олон улсад ийм л багцаанд байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

Үнэндээ хамгийн сайн пиарчин бол улстөрч өөрөө байдаг юм даа

Иймэрхүү утгатай үгийг барууны пиарын зөвлөгөөний компаниуд хэлсэн байдаг юм. Басчиг юу ч үгүй цагаан тал дээр УИХ-ын гишүүнийг гаргаж, бас унагаж, одоо бас гаргах санаатай яваа хүний хувьд хэлэхэд үнэн үг юм. Сонгуулийн үед өөрийгөө эерэг харуулахын төлөө оюун бодлоо тултал нь ширгээж, өвс сэвгэнэхийг анзаартлаа мэдэрдэг хүмүүс бол нэр дэвшигч өөрөө байдаг юм. Ямар ч сайн пиарын зөвлөх байлаа гээд хийж чадах ажил нь нэр дэвшигчийнхээ оюунд шинэ санаа нэмэх, бүр сайн нь нэр дэвшигчийнхээ бодсон сэтгэснийг гүйцээхэд туслах төдий л байдаг. Тэрнээс лав л өнөөдөр Монголын улс төрийн практикт хэн нэгэн нэр дэвшигчийг, хэн нэгэн мундаг пиарчин хөтөлж давхисаар гаргачихсаныг мэдэхгүй юм байна. Харин мэргэн ардууд бол олон. Ёрвоо, Ёмбоо, Сүмбээнүүд ч бий. Монголын улстөрчдийн дийлэнх нь дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Тодорхой цаг хугацааны дараа тухайн улстөрч хүнд байдалд орлоо гэхэд түүний төлөө хоёр үг зөв бичээд нийгэмд аятайхан хүргэчих хүн байдаггүй. Монголд үнэхээр том байгаа, том байсан улстөрчдийн замнал төгсгөлдөө их эвгүй. Эвгүйтсэн үед өөрийнх нь төлөө гуйвшгүй дуугарах ганц сайн нийтлэлч ч байдаггүйг Н.Энхбаяр даргаас харсан. Өнөөдөр улстөрчид хамгийн супер пиарын зөвлөгөө өгсөн жишээ бол “Хадан дээр секс хийж байгаа хоёрын зургийг дараад,сошиалд тараагаад бай, тэгвэл та од болно” гэсэн зөвлөгөө. Энэ зөвлөгөөний үр дүн удахгүй гарна. Хэрэвзээ үнэхээр үр дүн нь харагдвал Монголын улстөрчид араас нь шуугиад л орж явчих байх даа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя

Турк-Европын орнуудын хооронд цагаачлалын гэрээ шинэ түвшинд яригдлаа. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах, оронд нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн аварга урсгалыг Турк буцаан авах хэлэлцээр юм. Өнгөрсөн онд Эгийн тэнгисээр зорчсон 850 мянган дүрвэгч буцаж Туркийг зорино гэсэн үг. Турк улс гурван сая дүрвэгч дээрээ нэмж ийм олныг хүлээн авах нь ямар ашигтай юм бэ гэсэн гайхширал олон улсын анхаарлыг татав. Тэр нь ердөө өөрийн орны иргэдээ ирэх зургадугаар сараас эхлэн Европын орнуудад визгүй зорчуулах гэсэн хэлэлцээр юм. Гэвч одоохондоо Европын холбооны удирдлага Туркийн энэ саналыг биелүүлж чадахгүй гэдгээ түр мэдэгдээд байна. Түр мэдэгдээд байна гэсэн юм шүү. Туркчууд энэхүү олон улсын хэмжээний “наймаа”-гаа хэрхэн тайлбарлаж байна гэхээр “Манайхаас бол жилд сайндаа 70 мянган иргэн л визгүй зорчино. Хариуд нь бид нэг сая орчим дүрвэгч хүлээж авна шүү дээ” гэсэн явдал юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн улс орнууд иргэдээ визгүй зорчуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгааг харуулж байгаа юм. Турк бол хөгжилтэй орон. Гэсэн ч бусад хөгжилтэй орнууд руу иргэдээ нэвтрүүлэхийн тулд бүх эрсдэлийг үүрээд визний төлөө үхэлдэж байна. Тэр олон дүрвэгчийн нийгмийн асуудлаас эхлээд өөрийн орны аюулгүй байдлыг хүртэл хоёрдугаарт тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, улс төрийн шийдвэрүүд шинэ түвшинд гарсныг баталлаа. Туркийн ард түмэнд энэ нь хэрэгтэй, өнөөдрийнхөөс илүү хэрэгтэй бүхнийг Европоос авна, тийм үүд хаалга нээгдэнэ гэж Туркийн удирдагчид үзэж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улс яг үүн шиг гадны өндөр хөгжилтэй орнууд руу иргэдээ хэрхэн визгүй зорчуулах вэ гэдэг дээр анхаарч ажилламаар байна. Бүр давын өмнө монголчууд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон Солонгос, Япон руу визгүй зорчмоор байна. Цаашлаад Америк руу хүртэл. Ингэхийн тулд эдгээр улс орнуудад ямар эрх ашиг төрүүлэх вэ. Монголчууд хоосон ард түмэн биш. Дэлхийг дэлдийлгэсэн эрдэс баялгийн аварга ордууд байна. Үүн дээрээ л Турк шиг гэрээ хэлэлцээр хийе. Оюу толгой, Таван толгой бол үнэндээ мөсөн уулын орой. Энэ хоёрын цаана хэмжээлшгүй их орд, газрын ховор элементүүд гадныхны арааны шүлсийг гоожуулаад, ашиглагдахгүй байж байна. Эдгээр орд дээрээ өндөр хөгжилтэй улс орнуудын эрх ашгийг дүүрэн оруулъя. Хар үгээр бол тэдэнтэй нэг түрийвчтэй болмоор байна. Хөрөнгө оруулсан айлынхаа хувь заяа, хөгжил цэцэглэлтэд тэд анхаардаг нь дэлхийн жишиг юм. Тэр хөрөнгө оруулалт дотор нь л визнийхээ асуудлыг онцгой үүрэг рольтой оруулъя. Мэдээж бидэнд ашиггүй улстай виз яриад яахав. Харин Япон, Солонгос, Америкийн эрх ашгийг том ордууд руугаа хангалттай оруулаад, оронд нь иргэдээ эдгээр улсуудад визгүй зорчуулдаг болгочихвол мөн ч том асуудлыг шийдлээ гэсэн үг дээ. Энэ цаг үе дэх хамгийн боломжит хувилбар, ашигтай наймаа энэ болно. Гурван сая монгол бүгдээрээ эдгээр улсуудад очлоо гэхэд томхон хотын, нэг дүүргийнх нь хүн амын тоонд ч хүрэхгүй. Бид террористууд биш. Бид бол буддын шашинтай зөөлөн дөлгөөн ард түмэн. Биднээс болгоомжлох зүйл аль ч улсад байдаггүй юм. Үүнийгээ ч улс орнууд мэддэг. Тийм болохоор гарын арван хуруунд багтах ийм цөөхөн монголчуудыг визтэй, визгүй зорчуулах нь хөгжилтэй орнуудад асуудал биш. Харин харилцан ашигтай байх том эрх ашгийг л хоёр орны хооронд бий болгож, ажил хэрэг болгочих улстөрч Монголд дутаж байна. Тийм эрх ашгийг бий болгож чадах хөшүүрэг нь манай улсын газрын хэвлийд буй том ордууд байж чадна.

Визгүй болчихвол монголчууд бүгдээрээ гадагшаа нүүж алга болоод, улс орон эзгүйрнэ, баялаг маань гадных болно гэж ярьдаг хүмүүс бий. Бүх ард түмэн нь нүүж алга болоод, улс орон нь эзгүйрээд, нутаг дэвсгэрээ, хамаг байдгаа бусдад найр тавиад өгчихсөн улс орон гэж дэлхий ертөнцөд сонссон уу. Гадагшаа явсан ямар ч монгол хүн хоолтой, хэдэн төгрөгтэй болонгуутаа буцаад л ирдэг юм. Цаашаа алга болсон монгол хүн байдаггүй юм. Америк, Англи, Япон, Солонгос… аль ч улсад очсон найз нөхөд, хамаатан садангууд маань байна. Тэдний амнаас “Монгол муухай, хэзээ ч очихгүй” гэхийг сонссон уу. Би л лав сонсоогүй. Үргэлж л эх орноо, элгэн саднаа, уул усаа, улсын наадмаа ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсад төрийн албаныхан, төсвийн цалинтай хүмүүс л ажилтай орлоготой байна. Бусад нь ажилгүй, орлогогүй болчихоод байна. Тэгэхээр визгүй улс орнууд руу яваг л дээ.

Ингэж бичлээ гээд эх орноо худалдах гэсэн хүмүүсийн тоонд оруулах байх, нөгөө “эх орончид”. Тэдний үгээр явсаар монголчууд өнөөдөр ямар байдалтай сууж байна вэ. Тартагтаа тулах нь. Дэлхийгээс таслагдаж, хэдэн малынхаа бөгсийг харсаар үлдэх нь. Монголын улстөрчид Черчиллийн үгийг жишээ авч ярих их дуртай юм билээ. Түүний хэлсэн нэг үг байдаг юм, “Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, харин мөнхөд эх орны эрх ашиг бий” гэж. Төгс орчуулгаараа бол яг ингэж бууна. Үүнийг манай шинэ монголчууд орчуулахдаа “Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэж хувь хүн дээр нааж орчуулсан. Эх орны эрх ашиг гэдгийг хувийн эрх ашиг мэтээр ойлгуулсан. Өнөөдрийн улс орны удирдагчид яг л ийм хувийн эрх ашгийг илүүд үзсэн хандлагаар явж ирлээ. Марксийн хэлсэн “Шашин бол оюун санааны сэргээш мөн” гэж хэлснийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж гуйвуулаад, өмнөх нийгэмд үзэл сурталжуулсан шиг.

Энэ бүхэн өнөөдөр түүх болох ёстой. Монголчууд алхам тутамдаа дэлхийтэй харьцаж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хандлага, шинэ үзэл санаатай болсныг Туркээс бид харж байна. Өнөөдөр эх орны эрх ашгийг соц нийгмийн хэв загварт барихаа больё. Монгол Улсыг хөгжүүлье хэмээн оюун санаа, мэдлэг боловсролоо шавхаж байгаа хүн байгаа бол том ордуудаа цоо шинэ хандлагаар хөгжүүлье. Монголчуудын баялаг бол дэлхийн баялаг мөн гэсэн философиор хандъя. Ингэж дэлхийн эдийн засгийн эргэлтэд том ордуудаа оруулж, хамтарч, харилцан ашигтай ажиллаж гэмээнэ Монгол Улс хөгжинө, монголчууд жаргана. Гадныхнаас болгоомжилно гэдэг бол монголчууд хүн төрөлхтнөөс айж байгаатай адил. Гэтэл Монголын үе үеийн бүх эх орончдын тэмцэл, мөнхийн ганц хүсэл зорилго бол хоёр хөршөөсөө давж, гуравдагч орнуудтай харьцах, өнөөдрийн бидэн шиг америк, солонгос, япончуудтай нөхөрлөж, ирж очиж, идэж ууж, хамтарч хийж бүтээх хүсэл мөрөөдөл байсан юм шүү дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөх юм биш үү

Монголчууд эх орноосоо сүүлийн үед их дүрвэж байна. Сүүлийн нэг жилийн байдлаар эх орноосоо дүрвэсэн монголчуудын тоо 30 мянгад хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ. Дүрвэгсэд гэж яагаад хэлэв гэхээр эдгээр хүмүүс бүгдээрээ “Эх орондоо ингэж амьдарснаас харийн оронд амьдарсан нь дээр” гэж үзсэн юм. Монголын дүрвэгсдийн урсгал боломжит бүх орон руу чиглэж байна. Ялангуяа Солонгос руу эрс нэмэгдсэн учраас тус улсын Монгол дахь Элчин сайдын яамнаас визний нөхцөлөө айхавтар чангарууллаа. Солонгост 31 мянга, Америкт 20 мянга, Японд зорчихоор жилд 5000 хүн виз мэдүүлдэг байснаа өнөөдөр 10 мянга болчихоод байна. Энэ мэтээр улс нэг бүрээр тоог нь гаргаж болно. Зөвхөн Скандинавын хойг руу гэхэд манайхаас 7000 гаруй иргэн дүрвэжээ. Ямартаа л дэлхийн халуун цэгүүд болох Сири, Ливи, Иракийн иргэдийг хүлээж авдаг Швед улс манай улсыг халуун цэгийн тоонд оруулж тооцсоныг манай төр засаг анзаарсан уу, үгүй юу. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг юм шүү дээ. Гэтэл манайх 7000 орчим. Ялгаа байхгүй муухай ойрхон байгаа биз. Эдгээр улсын иргэд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлахдаа өнөөх л дэлхийг жигшээж буй аллага хядлага, дайн самуунаа ярьдаг. Манайхан юугаа ярьж явааг мэдэхгүй, монголчууд бидний ярьдаг “Эр хүний 13 мэх”-ээ хэрэглэдэг тухай л сонсогдох боллоо. Монголоос жилд 30 мянган иргэн гадагшаа дүрвэж байна гэж үзвэл өдөрт 80 орчим хүн гадагшаа явж байна гэсэн үг. Өнөөдөр дэлхийн шүдний өвчин болсон Сири улс 2011 онд 23 саяулаа байгаад өнөөдөр 17 сая болчихоод байгаа юм. Гурван жилийн хугацаанд хоёр сая орчим нь амь үрэгдсэн. Үлдсэн дөрвөн сая нь дүрвэжээ. Жилд нэг сая гаруй хүн эх орноосоо зугтаажээ. Монголын гурван сая хүний 30 мянга, Сирийн 23 сая хүний дөрвөн сая хоёрыг хүн амын тоогоор нь, пропорцоор нь харьцуулбал манайх Сирийнхээс давчихаад байна. Энэ эмгэнэл биш үү.

Албан ёсны тоо баримтад дурдаж буйгаас vзвэл гадаадад гарсан манай иргэдийн тоо 200 мянга гэж жил хагасын өмнө мэдээлж байлаа. Өнөөдөр 300 мянга гарсан гэж мэдээлж байна. Энэ тоо сүүлийн нэг жилд хурдацтай өсчээ. Зарим судалгааны байгууллагууд бодит байдал дээр энэ тоо хоёр дахин илvv байгаа гэж хүртэл мэдээлжээ. Зөвхөн АНУ-д гэхэд албан ёсоор 20 мянга гаруй хvн бий гэдэг ч энэ тоо аль хэдүйн хол давжээ. АНУ-ын 51 мужид бvгдэд нь монголчууд аж төрж байгаа гэсэн мэдээллийг АНУ-ын талаас гаргаж өгсөн гэнэ. Гэтэл гадаадад аж төрж буй иргэдийн 80 гаруй хувь нь хууль бус гэжээ. Тэгэхээр чинь дүрвэгсэд гэж хэлэх нь зөв биз дээ.

Яагаад ийм байдалд хүрэв. Хамгийн гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурал, ажилгүйдэл, мөнгөний хомсдол, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль, танил талгүй бол ямар ч ажил урагшаа явах аргагүй болсон байдал, бизнес эрхлэх боломжгүй болсон зэрэг нь Монгол Улсын мянга мянган иргэнд эх орноосоо дүрвэх шалтгаан болжээ. Энэхүү дүрвэн дайжилт өнөөдөр улам эрчээ авсаар байна. Яагаад ийм байдалд хүрснийг шулуухан хэлэхэд Монгол дахь эдийн засаг-улс төрийн эрх мэдэл бүхий бүлэглэл, мафиудын хоорондын тэмцэл өнөөдөр цадигаа алдсанаас үүдэлтэй юм. Мафиудын зөрчилдөөний үр дагавар иргэдийг ийнхүү дайжиж, дүрвэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ. Мафиудын хоорондын тэмцэл Монголд ядуурлыг, ажилгүйдлийг, мөнгөний хомсдолыг туйлд нь хүргэлээ. Ард түмнийг гудамжинд гаргалаа, үнсэнд хаясан шалз шиг гэж монголчууд ярьдаг даа, ард түмнээ яг л тийм болголоо. Монголын мафиудын хоорондын тэмцэлд өнөөдөртөө лав төгсгөл дуусгал харагдахгүй байна.

Монголын ашигт малтмалыг булаацалдсан мафиудын тэмцэл Монголын эдийн засагт юуг ч урагш нь хөдөлгөсөнгүй. Монголын саалийн таван үнээ гэгдсэн Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Цайрт минерал, Асгатын орд… аль нь ч улс орондоо ашиг тусаа өгөхгүй гацчихлаа. Үүний цаана хөдлөх ёстой байсан өөр олон олон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөнгүй, бүгд царцлаа. Эргээд ерэн оныхоо хандлага руу орлоо. Монголчууд өнөөдөр мал махаа, жаахан ноолуураа, гурил будаагаа л яриад эхэлж байгаа биз дээ. Ерэн оны нийгмийн хүндрэлийн үед монголчууд эдгээрийг л ярьсан биз дээ. Энэ хэд л аминд нь орсон биз дээ. Өнөөдрийн эдийн засаг-улс төрийн бүлэглэл, мафиудын зөрчил тэмцэл эх орноо, ард түмнээ эргээд ийм арчаагүй байдалд авчирлаа. Тэртээх 20 жилийн өмнө монголчууд Солонгос руу мянга мянгаараа дүрвэн гарсан. Өнөөдөр тэр байдал руугаа шилжлээ. Монгол Улс өнөөдөр хөгжлийн тодорхой үе шатанд хүрчихсэн байх ёстой байтал ерэн оны дүр зураг руугаа эргээд очиж байгаа нь үнэхээр гунигтай байна.

Монгол оронд өнөөдөр хүчээ авсан мафиудын тэмцлээс дайжиж барууны орнуудад очсон хүн бүр яаж ийж байгаад гэр бүлийнхнийгээ татах ажилдаа орцгоосон байна. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Өнөөдрийн төр засагт байгаа хүмүүсийн зарим нь “Эх орноосоо битгий яваарай” гэх шиг юм яриад эхэллээ. Хамгийн хоржоонтой юм чинь энэ шүү дээ. Асашёрюү Дагвадоржоос эхлээд гадаад ертөнцөд сайхан амьдарч байсан олон олон монголчуудыг “Монголдоо ирж сайхан амьдар, Монгол чинь та нарыг өлгийдөн авна” гэж уриалан дуудсаар авчирсан. Авчирсан хойноо тэднийг хэн болгов. Нэр төрийг нь гутааж байна, мафи хоорондын тэмцэлдээ хутгаж шоронд хийж байна, ингэж хохирсон олон хүний жишээг энд дурдаж болно. Эх орондоо ирээд ийм хүнд байдалд орсон зарим нь байдгаа барж авлигал, мөнгийг нь өгч шоронгоос гараад шалавхан гадагшаагаа зугтаасан. Хууртагдаж Монголдоо ирээд бүгд л хохирч байна шүү дээ. Хэн хожсон юм бэ, хэлээд өгөх хүн байна уу. Америкт амьдарч байгаад ирсэн тэр маань эх орондоо ирээд илүү сайхан амьдарч байна, ийм ийм зүйлийг хийж бүтээлээ, үйлдвэр байгууллаа, ашиг орлого нь арвин байна хэмээн сайхан мэдээ дуулгах хүн байна уу. Ирсэн шувуу буцдагийн үлгэрийг Монголоос хангалттай харж эхэллээ. Гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байсан бүх хүн буцаад гадаад руугаа зугтлаа, араас нь хэдэн мянгаараа амьдрахын тулд, хоолтой хувцастай, дарамт шахалтгүй амьдрахын тулд дүрвэцгээж эхэллээ. Ийм нөхцөл байдлаас гарах эхний алхам бол хүн бүрийн мэдэж байгаа ашигт малтмалын том ордуудыг булаацалдсан эдийн засаг-улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын хурц тэмцэлд цэг тавих явдал юм. Гэвч мафиудын тэмцэл хэзээ эцэс болохыг хэлэх аргагүй байна. Өнөөдрийн үнэн бол монголчууд л гадагшаа дүрвэсээр байгаа нь үнэн байна. Сирийн дүрвэгсдийг өрөвдөх биш сиричүүд биднийгээ өрөвдөж эхэлсний нэг жишээ бол хоёр сарын өмнө Европт цагаачилж очсон манай улсын нэг гэр бүлийн хоёрт тэнд багшилдаг сири эмэгтэй тус болсон явдал юм, ямарав дээ. Зовлон нэгт ахан дүүс болцгоосон юм биш үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа

Монголын нийгэмд Нүүрсчдийн намынхан гэж хэсэг хүнийг нэрлэх боллоо. Зөрүүлээд Шороочдын намынхан гэж бүлэг хүнийг нэрлэсэн нь Женкогийн талынхныг хэлэв бололтой. Үндсэндээ Нүүрсчдийн нам, Шороочдын нам гэсэн хоёр нэршил бий болов. Шороочдын намынхныг говьд 270 сая ам.доллараар шороо овоолсноос өөрийг хийгээгүй гэхчилэн цөөнгүй асуудлаар буруутгаж байгаа. Харин Нүүрсчдийн намынхныг “Эх орноо худалдагсад” хэмээн зүхэж байна. Гэхдээ энэ хоёр бүлэглэлийн нүдэлдээнд улс төрийн намууд хамаагүй юм шүү. Энэ бол Монгол дахь улстөр-эдийн засгийн эрх мэдэл бүхий бүлэглэл буюу мафиудын хоорондын зодоон, нэгэндээ өгсөн нэр хаяг юм.

Саяхан энэ хоёр том бүлэглэлийн хоорондын тулаан “Баянгол” зочид буудлын гадаа боллоо. Хүчнийхэн, цагдаагийнхан, тусгайгийнхан хөдөлж сүйдтэй, сүртэй юм боллоо. Ард түмэн бүгдээрээ үзлээ, харлаа. Энэ нүдэлдээний үеэр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж оролцов. Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэд өмгөөлж хамгаалан жагссан хэрэг. “Баянгол”-ын гадаа цугласан олны дунд жүдогийн алдартай тамирчид бэлтгэлийнхээ хувцастай хөвж, ярилцлага өгч, холбооныхоо ерөнхийлөгчийг юунаас ч цээжээрээ хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Ийм л бүлэглэл хоорондын нүдэлдээн дундаас жүдогийнхон маань олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ өглөө нь мордоцгоосон юм. Очоод тэд баллаж өглөө, түүхэнд байгаагүй амжилтыг гаргалаа. Дэлхийд жүдогоор хаанчилдаг япончуудтай эн зэрэгцэж, адилхан дөрвөн алтан медаль зүүв. Нийт дүнгээрээ оноо жаахан дутаж, Японы ард хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Тэрбум, тэрбумаар тоологдох хятад, энэтхэгчүүдийн дундаас гуравхан сая монголын үр сад болох хэдэн муу охид, хөвгүүдийн гарыг нугалах хүн гарахгүй юм байна. Жүдо бол олимпийн төрлийн дэлхийн топ таван спортын нэг юм. Ийм л топ спортын Тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж 31 орны нийт 233 тамирчин хурд, хүчээ үзсэн юм. Манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчинтай, бүтэн багаараа оролцсон билээ. Ингээд дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Мөн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Түүхэндээ манайх Азийн аваргаас хамгийн ихдээ хоёр алтан медаль авч байсан. Гэтэл Ташкентийн дэвжээнд очсон 18 тамирчнаас 16 нь медалийн төлөө барилдана гэдэг бол нүд орой дээр гарам амжилт юм. Д.Алтансүх, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Н.Түвшинбаяр нарыг энэ удаад лав Ази тивд тогтоож барихгүй юм байна гэдгийг харлаа.

Ташкентад нэгэн сонин барилдаан болсныг энд дурдах ёстой. Ганц мөнгөн медалийг авсан дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын аваргын төлөөх барилдаан. 48 кг-д дэлхийд босоо байгаа манай бөх финалд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй тулсан ч юүко үнэлгээгээр ялагдав. Сүүлд гурван удаа энэ хоёр бөх учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялж байна. Дэлхийн аварга М.Уранцэцэг нутаг нэгт Г.Отгонцэцэгийг ялах тактикийг боловсруулахгүй бол Олимпийн наадамд аль ч шатанд хоорондоо таарч магадгүй юм байна. Бүр сүүлдээ манай хүчтэнүүд Монголдоо нэг жиндээ чихцэлдээд болохгүй болохоор зарим нь ийнхүү гадны улсын нэр дээрээс нутаг нэгтнээ нугалж тавих нь. Хэрвээ Монголын бөх Олимпийн наадмаас медаль авна л гэж байгаа бол үүнийг анхаарах цаг болжээ. Монголын жүдогийн дэг сургуулийн нууц бусад оронд тамирчдаар маань дамжин алдагдаж байгаа юм биш үү. Энэ удаагийн Ази тивийн аваргаар Японы тамирчид манайхтай адил дөрвөн алтан медаль хүртсэн ч мөнгөн медалийн тоогоор илүү гарч багийн дүнгээр тэргүүллээ. Харин медалийн тоогоор Монголын баг тамирчид тэргүүлэв. Энэхүү түүхэн амжилт бол манай жүдочдын нөр их хөдөлмөр юм.

Азийн аваргын бахдам амжилтыг үзэж суухдаа саяын тэр нүдэлдээний үеэр жүдогийнхныг баривчилсангүй нь юун сайн бэ хэмээн бодож суулаа. Хэрэв зээ Нүүрсчдийн намынхны зүгээс цагдааг хөдөлгөж, жүдогийн шигшээгийн 18 тамирчинг баривчилж, “Жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд турхирсан” зүйл ангиар 72 цагт саатуулсан бол яана. Юун маргааш өглөө нь Азийн аваргад явах, олимпийн эрх авах, ард түмэндээ баяр бахдал төрүүлэх… Баривчилгаа явуулалгүй эх оронч зан гаргасан хүмүүст талархъя. Гэхдээ л мөн аюултай, эрсдэлтэй юманд орооцолдох шахлаа даа, жүдочид минь. Жагсаалын үеэр ямар нэгэн турхиралт явагдаж, үймээн болж, та нөхөд бэртэж гэмтэхэд хүрвэл яана. Олимп хүртэл онцгой анхаарах зүйл чинь энэ шүү. Одоо манай жүдогийнхонд Риогийн олимп гэсэн том даваа байна. Риогийн дэвжээн дээр л зовхи нь өөдөө, золбоо хийморьтой барилдмаар байна. Саяын тивийн аваргаас харж байхад та бүхний сэтгэл зүй сайн байна. Бие бялдрын хөгжил хийгээд, барилдааны ур чадвараар дэлхийд гарчихаж. Та нарын багт олимпийн аварга байна. Дэлхийн аварга байна. Та нар бүгдээрээ адилхан зүйл идэж ууж, адилхан орчинд амьдарч, нэг л багшийн удирдлагад адилхан бэлтгэл сургуулилт хийж байгаа. Хэн нэгнээсээ илүү юм юу ч байхгүй. Бод л доо, 20 сая хүнтэй казакстанчууд дотроос дэлхийд барилдчих хүн олдохгүй манай нэг охиныг гуйж нэр дээрээ барилдуулж байна шүү дээ. Ийм л эрэмбэ зиндаатай та бүхэн олимпод очих нь. Маргааш нь тивийн аваргын хариуцлагатай тэмцээнд оролцоно гэж байхдаа бусад орны тамирчид яадаг вэ гэхээр төвлөрдөг, бясалгал хийдэг, амардаг, ямар нэг нерв стрессгүй байхад анхаардаг. Манай баатрууд болохоор тачигнатал жагсаж цуглаж, бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцож аваад мордож байна. Юун амрах, төвлөрөх, бясалгах вэ. Тэгж очоод л бүгдийг нь нугалаад тавьчихаж байгаа юм. Харин тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд манайхан муу оролцлоо. Онцгүй л харагдаж байна лээ. Гэхдээ зөвтгөх шалтгаан надад байна. Монголчууд бид л болсон хойно “Бүгдээрээ медаль авлаа, олимпийн эрхээ авлаа” гэж хөөрөөд шөнө нь “угаасан” байх. Эмэгтэйчүүд нь бүр илүү “угаасан” байх, илүү муу барилдана лээ. Тэрнээс урьд өдөр нь чоно шиг байсан нөхөд маргааш нь юу гэж хонь шиг болчихов дээ.

Энэ бүгдийн эцэст жүдогийнхондоо хэлэх анхааруулга байна. Риод очихоосоо өмнө саяных шиг бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцмооргүй байна, шалдар булдар зүйлд анхаарлаа сарниулмааргүй байна. Бэртэл гэмтэл авчихмааргүй байна. Хийморь сүлдээ бодмоор байна. Эздийнхээ хоорондын мафийн шинжтэй тэмцэлд торгоогдчихгүй бол Риогийн дэвжээнд манай жүдочдын гарыг нугалах хүчтэн байхгүй байх. Хавтай сайн байгаа жүдочдоос хар цагаан хэл ам, хар хорын үйл явдал хазгай тусаг ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америктай үзэлцдэг бацааны ард түмнийг бид өмөөрч байх ёстой

Хойд Солонгос нь НҮБ-ын хоригт орлоо. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа хийж, тив алгасах алсын зайны пуужингийн туршилтаа явуулсан. Мөн ус төрөгчийн бөмбөг туршиж сүйд болов. Их гүрнүүд их цочлоо. Ер нь энэ улсыг удирдан жолооддог сандаг халимагтай бацаан бол ерөөсөө зүгээр байхгүй, америктай үргэлж л дээр доороо орон үзэлцэж байх юм. Энэ бүх цөмийн туршилтынх нь эцэст НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангатгасан юм. Улмаар Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон БНХАУ-ын удирдлагууд уулзаж, Хойд Солонгосын цөмийн туршилтын талаар хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрсэн нь Хятад улс хоригт нэгдсэн үйл явц байлаа.

Хориг арга хэмжээнд Хятад ийнхүү оролцох болсноор Хойд Сологосын хувьд цөмийн туршилтаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж байгаа бололтой. AFP агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Сололнгос өнгөрсөн онд 20 сая тонн нүүрс БНХАУ-д арилжаалж нэг тэрбум ам.долларын орлого олсон нь цөмийн туршилтаа үргэлжлүүлэх эдийн засгийн хөшүүрэг болсон гэж шинжээчид дүгнэж байгаа юм билээ. Мөн энэхүү орлогоороо БНХАУ-аас цөмийн туршилтад ашиглагдах түлш худалдан авч байсан юм билээ. Үнэндээ хойд Солонгос нь төсвийнхөө бараг 90 хувийг цэрэг зэвсэглэл, цөмийн туршилтад зарцуулчихдаг улс орон. Тэгээд улсынхаа 27 сая иргэнийг юугаараа тэжээж тэтгэдэг нь асуудалтай болчихсон. Хойд Солонгосын гол спонсор нь Хятад улс гэж болно. Гэтэл өнөө Хятад нь хориг арга хэмжээ авчихаар одоо юу болж хувирах уу. Эхний хор хохирол нь хүнсний хомсдол. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 25.6 тэрбум доллар. Үүнээс гадаад худалдааны эргэлт нь 6.9 тэрбум ам.доллар байдаг. Гадаад худалдааны гол түнш нь БНХАУ. Гадаад худалдааны 90 хувь нь Хятадтай хийгддэг. Хойд Солонгос нь жижигхэн газар нутагтай ч басчиг хоосон ард түмэн биш. Төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цемент, барилгын төмөр хийц, оёмол нэхмэл, далайн бүтээгдэхүүн гаргаж оронд нь Хятадаас нефть бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, коксжих нүүрс, бордоо авдаг, хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүн авч ирсэн. Эдгээр экспорт дотроо нүүрсээрээ Хятадаас тэрбум долларын орлого олдог. Хойд Солонгос бол Орос-Хятадтай зэрэг хиллэдэг Расон гэх боомттой. Энэ нь зүүн хойд Хятадад их хэмжээний нүүрс гаргадаг боомт нь. Учир нь Хятадын зүүн хойд хэсэгт Хайлаар, Харбин, Мүгдэн… гээд тус улсын хүнд аж үйлдвэрийн голлох том хотууд байдаг. Эдгээр үйлдвэржсэн олон сая хүнтэй хотуудад нүүрсний хэрэгцээ маш их. Үүнийг нь хойдуул нийлүүлж ирсэн юм. 20 сая тонн нүүрс шүү дээ. Нарийн тоо яривал энэ жил Вьетнамын нүүрсний экспорт эрс унасантай холбоотойгоор Хойд Солонгос нүүрс нийлүүлэлтээ Хятадын зах зээлд өсгөсөн цорын ганц улс болсон юм. Гаалийн мэдээллээр Хятадын нүүрсний импорт Вьетнамын зүгээс 91 хувь унаж, Хойд Солонгосын нийлүүлэлт 25 хувь нэмэгдсэнээр Хойд Солонгос нь Орос, Монголыг гүйцэж Австрали, Индонезийн дараа Хятадын гуравдагч том нүүрс нийлүүлэгч болоод байлаа. Ингэснийхээ хүчинд хойд солонгосчууд гурван сар үргэлжилсэн ган гачгаас болж ургац алдсаныхаа төлөө хүнсний бүтээгдэхүүний хомсдолоос гарч байсан юм. Гэтэл энэ бүх эдийн засаг нь бүрэн царцлаа. Гэхдээ Хятад улс бүх крантаа хаавал хойдуул баларна гэдгийг мэдэж байгаа болохоор ил далд, их бага хэмжээгээр “юм” өгч л байгаа байх. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж дорнын ард түмний үг бий. Монголчууд бид солонгос, япончуудтай дэлхийд ижил төстэй ард түмэн. Бидэн шиг ижил төстэй ард түмэн дэлхийд ховорхон. Үүнийгээ бодох л ёстой. Тийм болохоор Хойд Солонгосчуудад туслах л ёстой. Яаж вэ гэдгийг одоо ярья.

Тэгэхээр зүүн хойд Хятадын аж үйлдвэржсэн том хотууд нүүрсгүй суужээ. Энэ нь өөрөө Хятадын хүнд аж үйлдвэрт бас нэг хямрал гэсэн үг. Харин Монгол Улсын хувьд бол энэ нь том боломж юм. Өнөө Австралийн нүүрсний уурхайнууд үерт автсан жилүүдэд бид бондойгоод явчихсан шиг боломж. Үүнийг манай нүүрсний компаниуд боломж, ашиг, эдийн засаг болгомоор байна. Жишээ нь Хайлаар, Харбин бол манай Дорнод аймгийн цаахна байгаа хотууд. Зүүн хойд Хятадад эрэлт нь ихэссэн, бүр гачигдалд орсон нүүрсийг манайхан нийлүүлвэл яасан юм бэ. Үүнийг бизнесийнхэн, төр засаг ч анхааралдаа аваач, судалж үзээч. Яг тэр зүгт буюу Монголын зүүн хязгаарт хил, гаалийн гурван ч том боомт ажиллаж байна. Нүүрсээ хил л хүргэхэд цаашаа Хятадын дэд бүтэц гайхамшигтай. Засмал зам, төмөр замууд нь дурайж байгаа. Зүүн хойд Хятадын аж үйлдвэрүүдэд хойд солонгосчууд 20 сая тонн нүүрс нийлүүлж байсан. Үүнийг нь бид чадахгүй юм аа гэхэд гачигдалд орчихсон энэ зах зээлийн ядаж 30 хувийг нь бид хангая л даа. Тэгэхэд л хангалттай. Тэгэхээр НҮБ, Хятадын зүгээс хойдуулд үзүүлж буй хориг нь Монголд ашигтай тусаад байгаа юм.

Ингэж чадвал эртнээсээ ах дүүгийн барилдлагатай хойд Солонгосын ард түмэндээ нүүрснээс олсон орлогоосоо тусламж үзүүлье. Үнэндээ хойд солонгосчууд өнөөдөр Ленинградын бүслэлтийн 360 хоног гэдэг шиг хүнд байдалд орчихоод байна. Азийн хамгийн хөндүүр цэг болчихоод байна. Тэнд хүүхдүүд өлсөж байна, хүмүүс өвдөж байна. Шулуухан хэлэхэд нүүрсээ хятадуудад зарж олсон орлогоосоо Америктай үзэлцэж буй бацааны ард түмэнд ядаж хоол хүнсний зүйлээр нь ч болтугай тусалъя. Тэдний турж үхэхийг нь хармааргүй байна. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дунд ижил төстэй зүйлээрээ ялгаран ижилсдэгийн хувьд тэдэндээ тусалъя аа, өөрсдийнхөө хэмжээнд өмгөөлж хамгаалья.