Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганбат: Устөрөгчийн түлшийг өөрсдөө хямд үйлдвэрлээд эхэлбэл бензин шатахуун, нефть олборлох шаардлагагүй болно DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ганбатаас устөрөгчийн түлшний талаар тодрууллаа.


-Устөрөгчийн түлшийг юунаас гаргаж авдаг юм бэ?

-Устөрөгчийг ус, аммиак, устөрөгчийн нэгдлүүдээс гаргаж авдаг. Хамгийн энгийнийг нь уснаас гаргаж авна. Электролитийн аргаар 9,33л уснаас 1 кг устөрөгч гаргаж авдаг.

-Устөрөгчийн түлшийг юунд ашиглах боломжтой вэ?

-Энэ жилийн байдлаар дэлхийн хэмжээнд 8,7 мянган тонн орчим устөрөгчийн түлш ашиглаж байна. Бензинээс хоёр дахин их, кокосжсон нүүрснээс хагас дахин илүү энерги гаргах чадалтай.Гадны орнуудад автомашин, галт тэргийг хөдөлгөхөд устөрөгчийн түлш ашигладаг болсон. Саяхан Солонгос улс сансар руу хөөрөх пуужингаа устөрөгчөөр ажилууллаа. Устөрөгчийн түлшийг өөрсдөө хямдхан үйлдвэрлээд эхэлбэл бензин шатахуун, нефть олборлох шаардлагагүй болно гэсэн үг.

-Устөрөгчийн түлш олон төрөл байдаг уу?

-Устөрөгчийг гаргаж авч байгаа эрчим хүчнээс нь хамааруулан ангилдаг. Жишээлбэл, нүүрс ашиглан гаргаж авсан бол хар устөрөгч, атомын цахилгаан станцаас шар, сэргээгдэх эрчим хүчнээс ногоон гэх мэт. Одоогоор дан өнгөт устөрөгч гаргаж авч байна.

-1кг устөрөгчөөр юу хийх боломжтой вэ?

-Жишээлбэл, нэг литр бензинээр 10 км зам туулдаг бол устөрөгчийн түлшээр 20-40 км явна гэсэн үг. Устөрөгч бол орчин үеийн хэрэглээ.

-Устөрөгчийн түлшийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн юм уу?

-Одоогоор дотооддоо тунгалаг эрчим хүчийг үйлдвэрлэж байна.Иймээс тунгалаг устөрөгч гаргаж авах боломжтой.Устөрөгчийн түлшийг хамгийн их үйлдвэрлэж байгаа орон бол Чили, Австрали улс. Эдгээр улс устөрөгчийг үйлдвэрлэхдээ аммиакийг ашиглаж байна. Бид хямд эрчим хүч л гаргаад авчихвал хямд устөрөгч үйлдвэрлэнэ. Устөрөгчийг цахилгаан электролитийн аргаар задалж гаргадаг. Тиймээс эрчим хүч их шаарддаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Өвлийн хүлэмжийг анх нэвтрүүлсэн Д.Амарсайханыд өнжлөө DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол, Шувуун фабрикт байрлах ахан дүүсийн газар тариалангийн аж ахуйд өнжлөө.

Баянхонгор аймгийн ахмад барилгын инженер П.Дэлгэрийн хүүхдүүд хамтран газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. Түүний охин Д.Амарсайхан барилгын техникч мэргэжилтэй, 2003 онд отгон хүүгээ төрүүлэх үед хашаандаа ногоо тарих Францын хүмүүнлэгийн төсөлд хамрагджээ. Тэр үед нэг багш 10 сурагчид хичээл заадаг байж. Төсөл, өөрийн зүтгэлийн үр дүнд ногоо нь сайн ургаж жилийн дараагаас өөрөө сургагч багш болсон байна. Гурван жил орчим сургагч багшаар ажиллаж, НҮБ-ын төсөлд хамрагджээ. НҮБ-ын төсөл дуусахад Чингис бондын Өвлийн хүлэмжийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлж 2014 оны аравдугаар сард зээл батлагдаж гарчээ. Хүйтний улирал эхэлж байсан учир эхний хүлэмжийнхээ суурийг тавьж, амьдрах байраа барьж эхлүүлээд худгийнхаа хажууд гэртэй болсон байна.

Ирэх хавар нь хүлэмжээ гүйцээн барьж, нэг жил тоггүй өвөлжиж, халаалтаа тавиад анхны үрсэлгээгээ нэгдүгээр сарын 10-даар суулгаж байжээ. Ингэснээр Монголын анхны өвлийн хүлэмжүүдийн хоёрыг амжилттай туршжээ. Нэг хүлэмжиндээ үрсэлгээ, нэгд нь дан навч тарьсан аж. Өвлийн хүйтэнд 90 хоногт, зундаа 30 хоногт ногоо гардаг юм байна. Иймээс идэр есийн хүйтэнд ч шинэ ургац хэрэглэх боломжийг нээсэн аж.

Өдгөө тэдний бизнес өрхөөс ахан дүүсийнх болж, цаашилбал газар тариалангийн аж ахуй болон өргөжиж байна. Аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа болон бусад ах, дүү нартайгаа хамтран ажилладаг. “Биднийг зээл авах үед хүнсний ногооны үнэ хямд учир хичнээн сайн үйлдвэрлэсэн ч зээлээ төлөх боломж муу байсан. Хүү, дүү нар, аав маань байнга ажилладаг. Зээлтэй учраас гэр бүлийн хүн маань үндсэн ажлаа хийдэг. Манай гол хөрөнгө оруулагч дүү Амарсанаа маань” хэмээв.

Түүний гэр бүлийн хүнийг Б.Батбаяр гэдэг, барилгын инженер мэргэжилтэй. Тэд Б.Далайжаргал, Б.Түвшинжаргал хэмээх хоёр хүүтэй. Ууган хүү Б.Далайжаргал нь Хөдөө аж ахуйн их сургуулийг ландшафтын архитектурч мэргэжлээр төгсөн мэргэжлээрээ ажилладаг. Харин отгон хүү Б.Түвшинжаргал нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, зуны амралтаараа бизнестээ туслан талбайдаа ажиллаж байлаа.

Ил 2,5 га талбайд тариалж байна. Намрын хураалт, зэрлэг авалтад нэмэлт ажилчид авдаг. Тогтвортой гурван хүн, ногоо түгээгч, сэлбэг хариуцсан хүн гээд арын албанд цөөнгүй хүн ажиллаж байлаа. Биднийг очих үед аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа нар хот руу хүргэлтээ хийгээд талбайдаа ирж байсан юм. Эднийх гол төлөв хувь хэрэглэгчид буюу айлд, хоёр дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

“Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийнхээ гар дээр шууд очдог. “Энх шим” фэйсбүүк хуудсаар хүмүүс холбогдож захиалга өгдөг. Өнгөрсөн өвөл гэхэд 50 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийж, намрын үнээрээ бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Анх 2014 онд 1000 м.кв хоёр өвлийн хүлэмжээр эхэлсэн юм. Чингис бондын сүүлийн зээлд хамрагдсан байх. Гурван жилийн хугацаанд зээлээ төлж дийлэхгүй орон байраа багасгасан. Эрэлт хэрэгцээ байсан ч талбай бага болохоор зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Хүлэмжээ нэмнэ, хүнээ цалинжуулна гээд асуудал олон. Үр, сорт маш чухал юм билээ. Гурван жил бид үр, сортоо сонгож чадахгүй ургац маш их хэмжээгээр алдсан. Судалж байгаад хүмүүс Голландаас Хятадаар дамжуулж авч болдгийг мэдсэн. Одоо төмс хүнсний ногоон дээр хөдөө аж ахуйн зохистой байдлыг нэвтрүүлсэн байх ёстойг шаарддаг болсон. Өрхийн жижиг тариалан байсан ч хүнсний ногоо зах зээлд нийлүүлж байгаа бол эрүүл хүнс гэдгээ нэвтрүүлэх, нэвтрүүлснээ баталгаажуулсан, зохих хаяг шошготой байвал дэлгүүрт зарж болдог. Төрөөс маш сайн арга хэмжээ авдаг ч бусад ажилтайгаа уялддаггүй учир хүмүүст ач тус нь бага хүрдэг. Ямар ч байсан бид өөрсдийн чармайлт, ХААИС-ийн багш нар, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын судлаачид, Монгол ногоо төсөл гээд олон хүмүүсийн дэмжлэг, зөвлөгөөгөөр маш сайхан ургацаа авч байна” хэмээн Д.Амарсайхан ярьсан юм.

Ил талбайд арваад төрлийн ногоо тарьдаг. Байцаа гэхэд хүрэн, ногоон, цэцэгт брокколи гээд дөрвөн төрлийг тарьж байна. Гоньд, наранцэцэг, булцуут цэцэг, лууван, манжин, гүзээлзгэнэ, чацаргана, хайлаас, улиас, үхрийн нүд, интоор, амтат гуа ч тарина. Хүлэмжүүддээ нарийн навчит ногоонуудаа тарьдаг, нийт есөн хүлэмжтэй. Өвлийн хүлэмжинд өвлийн тариалалтдаа бэлтгэж байсан юм. Захиалгын дагуу хоёр хоногт нэг удаа хот руу ногоо нийлүүлдэг аж.

Хэрэглэгчиддээ зориулан 50, 80 мянган төгрөгийн багц гаргаж, багцаа хүргэдэг. Тухайлбал, 50 мянган төгрөгийн багцад 3кг төмс, 1кг сонгино, 2кг лууван, 1кг огурцы, лооль, салат навч, юуцай, бууцай 300-400гр багтдаг. Энэ талаар Д.Амарсанаа “2014 онд хүлэмж эхэлж байхад хэрэглэгчид нарийн ногоог төдийлөн хэрэглэдэггүй байлаа. Одоо хэрэглээ, эрэлт нэмэгдсэн” гэв.

Гүзээлзгэнэ тариад 4-5 жил болж байна. Мөн ХААИС-ийн багш доктор Ж.Оюунгэрэл аж ахуйд 5-6 төрлийн лооль туршжээ. Солонгос элит сорт Монголд нутагшуулж байгаа аж. Энэ жил анх удаа энэ талбайд тарьжээ. Вишни сорт үрээ гаргаж байгаа. Тэгэхээр манай улсад найдвартай сайн үр гаргаад эхэлсэн гэсэн үг юм байна.

Тэд үрэн дээр маш их алддаг. Монголд нутагшсан үр тарихад ургацаа хангалттай сайн авч байна. Ургамал хамгааллын хүрээлэнгийн докторууд маш их зөвлөгөө өгдөг. Тиймээс бүтээгдэхүүн маань чанаржиж, хэрэглэгчид мэддэг, ногоогоо ялгадаг болсон талаар ч хэлж байсан юм.

Хэрэглэгчидтэйгээ зургаан сарын хугацаатай гэрээ хийж, 7-10 хоногт нэг удаа хүргэдэг. Зургаан сард нийт 12 удаа ногоо хүргэнэ. Ногооны үнэ хэд дахин өссөн ч гэрээний үеийн үнээрээ авдаг. Ойролцоогоор 50 өрхтэй гэрээ байгуулж, гэрээгүй хувиараа 30 гаруй өрх ногоо захиалдаг гэнэ. Мөн албан байгууллагууд ч ногоо захиалж авдаг. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв гэх мэт.

Дүү Д.Амарсанаа “Бид алдаж болох ч алдаатай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх эрхгүй. Гадны оронд аялсан бол гутлынхаа улыг хүртэл угааж орж ирэх ёстой. Энэ хэсэг газраа маш их хайрлаж, хамгаалдаг. Хашаа руугаа орох машиныг хүртэл хаагуур явсныг нь асууж, дугуйг нь угааж оруулах шахдаг. Учир нь Монголын хилээс цааш ямар аймшигтай вирус, бактери байгааг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс дотооддоо үйлдвэрлэж байж Хятадаас ирж байгаа ногооноос үнэтэй байна гэж хэлдэг. Энэ тал дээр нэгдүгээрт, Хятадын хаанаас ирж байгаа гэдгийг бодох ёстой. Хоёрдугаарт, Хятадад яаж тарьж байгааг манай монголчууд битгий хэл хятадууд өөрсдөө хянаж дийлэхгүй байна. Зах зээл нь маш том учраас хянаж дийлдэггүй” гэж ярьж байлаа.

Бага багаар бүх зүйлээ боловсронгуй болгож, ариун цэврийн өрөөнийхөө бохир усыг ч соруулдаг болгохоор бэлтгэж байсан юм.

Мөн ургамал өвчилдөг, түүнийг технологийн дагуу мэргэжлийн хүнээр эмчлүүлэх, бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдаг. Хэрэглэсэн гэдгээ ч шударгаар бичих хэрэгтэй аж. Огурцы, лооль, навчнуудыг өвөл ургуулсан олон жилийн туршлагатай болжээ. Өнгөрсөн жил чинжүү нь өвөлжсөн байна. Наймдугаар сард чинжүүгээ буулгажээ. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ногоогоо тарьдаг. Ногоочид эв нэгдэлтэй байж гол, гол газруудтай гэрээ хийж нэгнийгээ нөхөж нийлүүлээд ногоогоо тасалдуулахгүй байвал импортын ногооны хэрэггүй гэдгийг хэлж байв.

Төрөөс гаргаж буй бодлого, хуулийг мөрдөөд нэгдэж чадвал хийж чадах ажил. Нэгдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм. Өвлийн хүлэмжийг өвөл ажиллуулах амаргүй. Барилга байгууламж, халаалт, нүүрс гээд. Гэхдээ бид эвлэлдэн нэгдэж гаднаас жимс, ногоо оруулж ирэхгүй байх боломжтой. Хүлэмжийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж, монгол ногоогоо экспортлох боломжтойг ч П.Дэлгэрийнхэн хэлж байсан юм.

Энэ хугацаанд түүхий нүүрсээр өвлийн хүлэмжээ шийдсэний дараа огцом сайжруулсан түлшээр солигдоход нэг жилийн ургацаа алдсан нь хэцүү байсан. Өөрөөр хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйл байгаагүй гэв.

Тэдний ажил өглөө нар мандахаас эхэлж орой нар жаргахад л дуусдаг. Дээхнэ үед услуур бариад усалдаг байсан бол одоо хөдөө аж ахуйн техник технологи хөгжжээ. Намираа, дуслын усалгаа гэж системүүд бий болсон байна. Гүний худгаар цаг агаарын байдал, ногооны онцлогоос шалтгаалан усалгаагаа хийж байгаа аж.

Эцэст нь Д.Амарсайхан Ногоочид хөдөө аж ахуйн зохистой байдлаа нэвтрүүлээсэй, нэвтрүүлсэн гэдгээ баталгаажуулаасай. Ногооны стандарттай болохоор экспортод гарах боломж нээгдэнэ. Ганц ганцаараа биш, бид нэгдэж дотоодын хэрэгцээгээ тасралтгүй хангаж байж цаашилна гээд монгол ногоочдын төлөө олон ажил хийж байгаа “Монгол ногоо” төслийн удирдагч Т.Төрмандах, төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Л.Алтанцэцэг, ХААИС, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын эрдэмтэд, эрүүл хүнс сонгож, эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчиддээ талархал илэрхийлснийг энэ дашрамд уламжилъя.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г. Мөнхбаяр: Шинжлэх ухааныг төрөөс дэмжвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Та физикийн багшаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 2004 онд их сургуульд элсэн орж 2008 онд төгссөн. Төгсөөд их сургуульдаа багшаар орсон. Физикийн багшаар яг 11 жил ажиллаад одоо Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

-Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад манай улсын баг 100 хувийн амжилттай оролцсон. Өнгөрсөн жилүүдэд ямар амжилттай оролцож байсан бэ?

-100 хувь гэдэг нь оролцсон бүх сурагч шагнал, медаль хүртсэн гэсэн үг. Өнгөрсөн жилийн олон улсын олимпиадад таван хүүхэд оролцсоноос хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр эзэлсэн. Олон улсын олимпиадад шагналт байр болон медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн топ 100 сургуульд сурах урилга авбал Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар тухайн сургуульдаа тэтгэлэгтэй суралцах боломж нээгддэг.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байна, танай сорилгод олон хүүхэд хамрагдсан уу?

-Бидний үед физикийн ангид 90-100 оюутан элсдэг байсан. Өнгөрсөн жил их сургуулийн физикийн ангид 25 орчим хүүхэд элссэн. ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан физикийн хөтөлбөрөөр суралцаж буй хүүхдүүдэд МУИС-иас 100 хувийн тэтгэлэг олгодог. Одоогийн нөхцөл байдлыг харахад олон улсын олимпиадад шагнал, медаль хүртсэн хүүхдүүдэд тэтгэлэг, мөнгөн шагналыг ч өгч байна. Багаас нь бэлдэж байгаа хүүхдүүд физикт маш сонирхолтой байна л даа. Ер нь нэг хэсэг унаж боссон үе байсан. Учир нь дунд сургуульд физикийн хичээл ордог цаг багассан. Хуучин бидний үед долоо хоногт 5-8 цаг ордог байсан бол саяхныг хүртэл хоёр цаг орсон. Мөн физик биш нийтэд нь “Байгалийн ухаан” гэдэг хичээл орох жишээтэй. Одоо бол аятайхан болж байна аа. Одооны хүүхдүүд ч арай өөр болсон. Хичээж байгаа, физикийг сонирхож байгаа нь, бодлогыг авч үзэх байдал нь ч тэр. Тиймээс энэ жил хүүхдүүдийг багаас нь бэлдэж үзье гэж шийдсэн.

-Уг нь бол хүүхдүүд байгалийн ухаан, физикт сонирхолтой байснаар инженерүүд бэлтгэгдэнэ шүү дээ. Энэ чиглэл дээр салбартаа яаж анхаарч ажиллавал зохистой юм бол…

-Төрөөс том бодлого хэрэгжүүлэх ёстой юм билээ. Ялангуяа суурь шинжлэх ухаан болох математик, хими, физик, биологи, газар зүйд. Одоо хүүхдүүд технологийн эрин зуунд яаж амар хялбараар мэргэжилтэй, ажлын байртай болох вэ гэж бодох болсон. Мэдээж байгалийн ухааны хичээл хэцүүгийн хувьд хэцүү. Тиймээс хүүхдэд “хэцүү” гэх бодол толгойд нь суучихсан сонирхолгүй байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж байгалийн ухаанаар сурах гэж буй хүүхдүүдэд шинэ боломж олгож гадны их дээд сургуулиудад сургах, мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарвал зохистой санагддаг. Энэ ажил шуурхай хийгдвэл эх орны хөгжилд маш их хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд МУИС-иас бодлого гаргаж байгалийн ухааны таван чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгож байна.

-МУИС-иас ямар таван чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгодог юм бэ?

-Математик, физик, хими, биологи, газарзүй. Одоо ч гэсэн энэ таван чиглэлийг сонирхож байгаа оюутан ЭЕШ-ын 700-гаас дээш оноотой бол 100 хувь, 600-гаас дээш оноотой бол 50 хувийн тэтгэлэгтэй сурах боломжтой. Явцын дунд тухайн 50 хувийн тэтгэлэгтэй хүүхэд онц сураад байвал 100 хувь үнэгүй сурах боломж ч бий. 600-гаас доош оноотой бол тэтгэлэгт хамрагдахгүй.

-Ер нь физик хүнд юуг өгдөг юм бэ?

-Физик хөрвөх чадвар маш сайтай. Би бас анх физикээр сурдаг байхдаа их гайхдаг байсан л даа. Яагаад гэвэл математикаар олимпиадад бэлтгэж байгаад гэнэт физикийн шинжлэх ухаан руу орж ирсэн. Жишээлбэл, физикийн бодлого өөрөө асуудлыг олон талаас нь харж шийддэг. Нэг тоог энд сууж байгаа 12 хүүхэд бүгд өөр аргаар бодож болно.Асуудлыг 12 өөр аргаар шийдэж байна гэсэн үг. Энэ нь агуулгаараа амьдрал дээр гараад тулгарч буй асуудлыг ямар аргаар шийдэх вэ, ямар боломжтой аргууд байна гэдгийг эрэлхийлнэ гэсэн үг.

-Олон улсын физикийн олимпиадад ямархуу бодлогууд орж ирдэг юм бэ?

-Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд сурагчдаар маш том асуудлыг шийдүүлэх гээд байгаа юм. Жишээлбэл, хамгийн сүүлд та бүхний мэдэж байгаачлан “хар нүх”-тэй холбоотой бодлогууд орж ирж байна. Түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг хүүхдүүдээр хийлгэдэг, оюутнуудаар биш. Тэгэхээр нэлээд хүнд бодлогууд орж ирдэг. Дэлхий дээрх маш олон судалгааны багууд шинэ нээлт болгоноо бодлого болгоод л хүүхдүүдээр бодуулаад байна гэсэн үг. Ямар шийдэл гаргаж ирэх нь вэ гээд л. Энэ жилийн олон улсын олимпиадад дэлхийн 88 орны 300 гаруй хүүхэд оролцсон. Тэдгээр 300 гаруй хүүхэд бүгд өөр өөрийн гэсэн бодолтоор бодох боломжтой.

-Олимпиад хоёр өдөр үргэлжилдэг. Нэг өдөр нь таван цаг туршилт, нэг өдөр нь бодолт. Ямар туршилт хийдэг юм бэ?

-Олимпиадын эхний өдөр туршилт хийдэг. Тухайлбал, лазертай холбоотой сүүлийн үеийн өгүүллүүд ч юмуу түүнтэй холбоотой туршилтыг яаж хийж болох вэ гэдгийг бодно. Маш энгийн бодлого байгаа юм. Эсвэл нэг гараг дээрээс 50-20 мянган метрийн өндөрт нэг бие унагана. Тэгээд түүнд ямар ямар хүч, гадны нөлөө үйлчилж байна вэ гэдгийг бодно. Гаригийнх нь тухай бид мэдэхгүй. Тэгээд тухайн гаригийн масс, нягт, хүндийн хүчний хурдатгалыг олох ёстой. Тэгэхээр хүүхдүүд төсөөлж эхэлнэ. Туршилтаас шийдэл олно.

-Монгол хүүхдүүд юун дээр түлхүү алддаг вэ?

-Бэлтгэлийн үед гол дутагдаж байсан зүйл нь хурд, цаг маш богино хийх зүйл их. Манай хүүхдүүд дахиад нэг л цаг байсан бол гэж хэлж байсан. Хүүхдүүдэд өгөгдсөн 100 гаруй хуудас цаасан материалтай таван цаг ажилладаг. Тэгэхээр бид хурд гэдэг зүйлдээ анхаарах ёстой. Энэ жил хурд маш их бэлдсэн.

Categories
мэдээ нийгэм

Б.Барслхагва: “Цурам ажиллагаа” нээлтээ ч хийгээгүй байхад гол санааны тухай ярих эрт байна DNN.mn


“Фантастик” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Барслхагватай ярилцлаа.


-“Фантастик” продакшны “ЗУРА 2: Цурам ажиллагаа”шинэ уран бүтээлийн богино трейлер саяхан цацагдлаа. Нээлтээ хэзээ хийх вэ?

-Өнгөрсөн мягмар гаригт энэ намар нээлтээ хийх шинэ киноныхоо богино хэмжээний трейлерийг үзэгчдэдээ хүргэлээ. Үзэгчид халуун дотноор, “Удаан хүлээлээ”, “Хэзээ гарах вэ” зэрэг эерэг сэтгэгдлээр хүлээн авч байна. Албан ёсны трейлер цацагдсаны дараа нээлт хийх өдрөө зарлах тул одоо хэлэх боломжгүй.

-Шинэ киноны ажилд хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Энэ оны нэгдүгээр сараас киноны бэлтгэл ажил эхэлсэн. Зураг авалт 51-52 хоног үргэлжилсэн. Зураг авалт, эвлүүлэг, өнгө, графикийн ажил, дуу гээд бүх ажил нэгэн зэрэг явсан учир цаг маш сайн хэмнэсэн.

-Ямар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хаана зураг авалтаа хийв?

-Зураг авалтыг Улаанбаатар хот, Буурь нуур, хөдөө орон нутгуудаар бага сага богино зургууд авсан. Мөн гадны нэг оронд зураг авалт хийсэн. Жүжигчдийн хувьд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах үйл явдлынхаа дагуу хоёрдугаар бүлэгт хуучин дүрээрээ эргэн ирсэн. Богино хэмжээний трейлерийг үзсэн хүмүүс ч мэдэж байгаа байх. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн ах, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Ц.Номин, УДЭТ-ын жүжигчин Д.Хосбаяр, жүжигчин Г.Баярхүү, С.Ариунбямба мөн миний бие ажиллалаа. “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Отгонтунгалаг эмэгтэй гол дүрд тоглосон.Мөн Малайз, Хонконгийн жүжигчид оролцсон. Кинонд маань үнэхээр гайхалтай сор болсон уран бүтээлчид оролцсон гэж болно.

-Та нэгдүгээр бүлэгт зургийн даргаар ажилласан. Энэ удаад гол дүрд тоглосон уу?

-Тийм ээ, энэ бүлэгт гол дүрд тоглосон. “ЗУРА” бол цааш үргэлжлэх төсөл учраас ерөнхий найруулагч Б.Тамир жүжигчдийг бөөнд нь оруулахгүй хувааж тоглуулъя гэсэн. Тиймээс киноны эхний ангид Б.Тамир, Б.Батсайхан хоёр гол дүрд тоглож энэ ангид Б.Ганчулуун, Ж.Алтаншагай, Э.Одбаяр бид дөрөв гол дүрд ажилласан.

-Үзэгчдээс жүжигчин Э.Одбаярыг үхүүлээгүй биз дээ гэсэн сэтгэгдэл олон харагдсан…

-Харин тийм /инээв/. Түүнийг манай үзэгчид киногоо үзээд л мэдэх байх даа.

-Ер нь киногоор дамжуулж үзэгчдэд ямар мессэж өгөхийг зорьсон бэ?

-“ЗУРА 1”кино маань орчин үеийн сэдэвтэй, хууль бус үйл явдал, үйл ажиллагааны талаар өгүүлдэг. “ЗУРА” төсөл өөрөө иймэрхүү төрлийн төсөл гэж ойлгож болно. “Зура” гэдэг нь санскритаар сайн сайхны “Ариун дайчин”гэдэг утгатай. Тиймээс сайн сайхны төлөөх тэмцэгчийн тухай өгүүлэх кино.

Удахгүй “Зура 2: Цурам ажиллагаа” киноны нээлт хийсний дараа хүмүүс үзээд сэтгэгдлээ хуваалцах нь зөв байх.

-Танай продакшныхан үс, сахлаа ургуулаад байгаа шүү дээ. Энэхүү уран бүтээлд ашигласан уу?

-Бид хамгийн сүүлд 2020 онд “Зура 1” уран сайхны киног хийсэн. Түүнээс хойш ямар ч кино дэлгэцэд гаргаагүй. Энэ хооронд бид түүхэн сэдэвтэй олон ангит киноны төсөл дээр ажилласан. Түүхэн кино маш их ажиллагаа шаарддаг учраас бид судалгаан дээр олон жил сууж байна. Археологийн хүрээлэн, түүхийн хүрээлэн, МУИС, угсаатан зүй судлаач, археологичид, маш олон эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны ажил маш их байна. Жишээлбэл, дээр үеийн монголчуудын оршуулах, хуримлах зан үйл гэх мэт киноны зөвхөн нэг хэсэгт гараад өнгөрөх зүйлийг судлахад маш их ажил болдог.“ЗУРА 2”-ын араас энэ төсөл рүүгээ орно.Бид хил нээгдэж нөхцөл байдал сайжрахаар “ЗУРА 2” киногоо хийх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Үс, сахлын тухайд олон ангит түүхэн кинондоо зориулж ургуулж байгаа.

-Дүр дээрээ хэр удаан ажиллав, дүрийн судалгаандаа юуг чухалчилдаг вэ?

-Бид зохиолоо нэгдүгээр сард аваад зураг авалт эхлэх хүртэл таван сар дүр дээрээ ажилласан. Жүжигчин хүн аливаа дүр дээр ажиллахдаа баримтлах ёстой систем гэж байдаг. Мэргэжил болгонд өөр өөрийн ажиллах ёстой зарчим, систем гэж байдагтай адил.

-Таны дүрийн хамгийн хэцүү сцени ямар байв?

-Яг үнэндээ амархан зүйл гэж байдаггүй. Хүмүүс жаахан хөгжилтэй, нүүрэмгий хүнийг “Чи жүжигчин болохоор юм байна” гэж хэлдэг шүү дээ. Үнэндээ тийм биш, маш их ажиллагаа шаарддаг ажил. Кинон дээрээс харахад гоё, сайхан байж болох ч бидний өдөр, шөнөгүй бүр дөрөв, тав хоног авсан зураг авалт дэлгэцэн дээр гарахдаа нэг минут хүрэх үү үгүй юү болдог. Тиймээс уйгагүй хөдөлмөр шарддаг, маш их ядардаг. Хүмүүс киноноос өнгөцхөн, сайхныг нь л хардаг учраас гоё амархан мэргэжил гэж дүгнээд байдаг. Мэдээж ямар ч мэргэжил хэцүү. Амархан мэргэжил, ажил гэж хаана ч үгүй.

-Та өмнө нь шинэ уран бүтээлийн ард гарах бүрдээ“Дахиж кинонд тоглохгүй дээ” гэх бодол төрдөг гэж хэлж байсан. Энэ удаад ч мөн тийм бодол төрөв үү?

-Зураг авалтын дундуур сэтгэлээр унадаг гэсэн үг л дээ. “Би үүнийг чадахгүй юм байна” гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Энэ эргэлзсэн бодлоос үүнийг дуусгаад дахиж кинонд тоглохоо болъё гэж боддог. Энэ удаад ч мөн тэгж бодсон. Гэхдээ энэ бодол тийм ч удаан үргэлжилдэггүй ээ/инээв/.

-“ЗУРА 2: Цурам ажиллагаа” киноны үзэгчдэд хүргэхийг зорьсон гол санаа нь юу вэ?

-Кино маань нээлтээ ч хийгээгүй байхад гол санааны тухай ярих эрт байна. Үзэгчид киногоо үзсэний дараа бидний хүргэх гэсэн санааг ойлгох байх.Энэхүү кино маань орчин үеийн сэдэвтэй экшн кино. Адал явдалт кино гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Алим ургуулахад нөмөр сайтай газар сонгох нь хамгийн чухал DNN.mn

“Говьд алим нутагшуулж тарьсан” хэмээн
олны сайшаалыг хүртээд
буй Дундговь аймгийн
иргэн П.Очир баттай
ярилцлаа.


Тайлбар байхгүй.

Сайхан зусч байна уу,
танай гэр бүл хэзээнээс
алим тарьж эхэлсэн бэ?

-Сайхан зусч байна. Та бүхэн сайн байна уу. Манай гэр бүл Дундговь аймгийн төвд амьдардаг. 2019
оны тавдугаар сараас алим
тарьж эхэлсэн, дөрөв дэх
жилдээ жимс авах гэж байна. Дундговь аймгийн Хүнс
хөдөө аж ахуйн газрын Жимс
жимсгэний хөтөлбөрийн хү­рээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үрсэлгээ олгосон
юм. Тэр үед манай гэр бүл
хамрагдаж гурван настай
арван ширхэг үрсэлгээ авсан.
Түүнийгээ тавдугаар сард
тарьж, арчлаад намар гэхэд
ес нь ургасан. Тасралтгүй
арчилсаар энэ жилийг хүртэл
есөн модондоо алим ургуулж
байна.

-Нэг модноос хэдэн кг
алим хураадаг вэ?

-Энэ жилийн хувьд найман
мод жимсэлж байна. Нас
бие гүйцэж, жигд жимсээ өгч
эхэлсэн нэг модноос 14-15
кг алим хураадаг. Манай
моднууд нас бие гүйцээгүй
учир нэг модноос 4-5 кг,
дунджаар нийт 26 кг жимс
хураадаг. Энэ жил жимсээ
хараахан хураагаагүй байна.

-Алим ургуулахын хамгийн гол арчилгаа юу вэ?

-Бидэнд өмнө нь мод,
жимс тарьсан туршлага
хомс, чацаргана л тарьдаг
байсан. Эхлээд хөрсөө сайн
бэлтгэх чухал юм билээ.
Хөрсөө гүн, өргөн, уртыг
нь яг стандартын дагуу
бэлтгэдэг. Хөрсөө бэлтгэхдээ
бууц, элс хийсэн. 60 см-ийн
радиус, гүнтэй нүх ухаад
тарихад яг л таарсан. Тогоон
доторх зэрлэгүүдийг түүж,
сайхан цэвэрлээд тогоогоо
сайн бэлтгэж байх хэрэгтэй.
Усалгааны улирал дөрөв,
тавдугаар сараас эхэлдэг.
Манай аймагт гүмүний бордоо
гэж үйлдвэрлэдэг. Хүн, мал,
ургамал хэрэглэж болдог.
Манайх ургамлын бордоог
нь авч жилд гурван удаа
усандаа уусгаж хэрэглэдэг.
Тэр бас их нөлөөлдөг байх гэж
боддог юм. Алим ургуулахад
нөмөр сайтай газар сонгох нь
хамгийн чухал.

Тайлбар байхгүй.-Говьд хаврын хавсарга,
хүчтэй салхи шороо их
тавьдаг шүү дээ. Тэр үед
алимаа яаж хамгаалж,
арчилдаг вэ?


-Хашаа, байшингийнхаа
нөмөрт тарьсан. Алимны
ургалтад нөмөр их хэрэгтэй
юм билээ. Салхинд цохиулаад
дээд хэсэг нь үхчихдэг.

-Та болон танай гэр
бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?

-Би геологич мэргэжилтэй,
сургуулиа төгсөж ирээд
аймгийнхаа Засаг даргын
тамгын газарт мэргэжилтэн, албаны дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албыг
хашиж нийт 15 жил ажилласан.
Энэ оны хоёрдугаар сараас
сурах зорилгоор төрийн албанаасаа хоёр жилийн хугацаатай чөлөө авсан. Гэргийг
маань Ганхуягийн Жавзмаа
гэдэг, Дундговь аймгийн Засаг
даргын тамгын газарт санал,
өргөдөл, гомдол хариуцсан
мэргэжилтнээр ажилладаг.
Бид хоёр хүү, нэг охинтой.
Хоёр том хүү маань зургаа,
долоон настай, охин маань
гурван настай. Өнгөрсөн жил
нэг мод хамгийн түрүүлж жимсэлсэн юм, ганцхан алимтай.
Хаврын салхинд цэцэгнүүд нь
цохигдоод уначихсан. Манай
гурав намар түүнийгээ хувааж
идсэн (инээв). Хүүхдүүд маань
алимаа услах, арчлахад маш
их тусалж, алим хураах үеийг
тэсэн ядан хүлээдэг.

Тайлбар байхгүй.-Алимны амтны талаар
бол ярилтгүй сайхан биз…

-(инээв) Шүүслэг, маш
гоё амттай. Алим ургахын
тулд эхлээд анхилам үнэртэй цагаан цэцэг гардаг.
Дараа нь цэцэгнээс алим
ургадаг. Намар дөхөөд ирэхээр бид усалгаагаа арай
нэмэгдүүлдэг.

-Нэг усалгаанд хэдэн
литр ус ордог вэ?

-Хоёр хоногт нэг удаа
усалдаг, есөн модыг нэг удаа
услахад тонн ус яг таардаг.


– Одоогоор тарьсан
алимаа гэр бүлийн
хэрэгцээнд ашиглаж байна
уу. Цаашид өргөжүүлж аж
ахуй болгох зорилго бий
юү?


-Алим тарих ажлаа өргөжүүлэхэд боломжийн юм
байна гэсэн дүгнэлтэд хүрээд л
байна (инээв). Одоо тодорхой
хэмжээний туршлагатай ч
болчихлоо. Цаашид модныхоо
тоог нэмэгдүүлж аж ажуй
болгох зорилготой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Ганц бие залуусын чуулга уулзалт 40-өөс доош насныханд нээлттэй DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.АМГАЛАНБААТАР: Би Сутай хайрханы тахилгад  сумын удирдлагуудыг тарваганы тулам авчир гэж үүрэгдээгүй

Говь-Алтай аймгийн
Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.


-Интернэт орчинд “ГовьАлтай аймагт ганц бие
залуусын танилцах уулзалт
болно” гэх мэдээлэл газар
авч байна. Хэзээ, ямар
учиртай уулзалт болох гэж
байна вэ?

-Энэ сарын 12-14-ний
өдрүүдэд Говь-Алтай аймгийн
төвд цаашлаад Дөргөн нуурт
“Алтайн залуус” чуулга
уулзалт болно. Уулзалтын
эхний өдөр бүтэн эмчийн
үзлэгтэй, хоёр дахь өдөр
сургалттай, дараагийн өдөр
нь баг болж тоглоом тоглож,
чөлөөт уулзалт хийнэ.

-Яагаад ийм уулзалт
хийхээр болов?

-Охид нь Их сургуульд
явчихдаг, залуучууд нь хөдөө
үлддэг. Хөдөөний залуус
хаягдаж байна. Иймээс залуусын чуулга уулзалт хийж
л залуучуудыгаа дэмжье
гэж зорьсон юм. Хөдөө
орон нутгийн хамгийн чухал
асуудал иргэдийн эрүүл мэнд.
Ялангуяа залуучуудын эрүүл
мэндийн асуудал нэгдүгээрт
байгаа юм. Цусны даралт
ихсэх, хоол боловсруулах
замын өвчлөл, хорт хавдар
гэх мэт өвчин залуужиж
байна. Залуусыг эрүүл
мэндийн үзлэгт хамруулах нь
уулзалтын нэгдүгээр зорилго.
Хоёрдугаарт, манай аймаг цус
ойртолтоор улсдаа хамгийн
өндөр байдаг. Зургаа болон
түүнээс доош үедээ гэр бүл
болсон хүн олон байдаг. Ийм
учраас эхний ээлжинд ГовьАлтайн залуус цаашлаад
Баянхонгор, Завхан, Ховд
аймагтай хамтарч уулзалт
хийх санаатай байна. Миний
хувьд Говь-Алтай аймгийн
Засаг даргаар хоёр дахь
удаагаа сонгогдон ажиллаж
байна. Аймгийнхаа хөдөөний
86 багаар явж иргэдтэй
уулзаж, санал бодлыг нь
сонсдог. Малчны хотонд
очоод эмчийн үзлэг хийхэд 20
настай залуус цусны даралт
ихсэх өвчтэй, 30 настай залуус
бараг 10 гаруй жил эмнэлгийн
үйлчилгээнд огт хамрагдаагүй
байх зэрэг эмнэлгийн наад
захын үйлчилгээ тэдэнд
хэрэгтэй байна.
Үүнээс шалтгаалж ГовьАлтай аймаг хорт хавдраар
улсын дунджаас өндөр байна.
Суурь өвчнүүд маш ихээр
илэрсэн. Хөдөө багаар явах
эмчийн үзлэг оношилгоог
тогтмолжуулж байгаа. Монгол
Улсын хувьд хүнийхээ эрүүл
мэнд, хувь хүний хөгжил тал
дээр огт анхаараагүй.

– Уулзалтад хэдээс
хэдэн насныхан оролцох
боломжтой вэ?

-40-өөс доош насны гэр
бүл зохиогоогүй бүх залуус
оролцож болно. Өчигдрийн
(2022.08.02) байдлаар 300
гаруй хүн бүртгүүлсэн байна.
Одоо 500, 600 хүрч байгаа
байх. Бүртгэл 10-нд хааж,
арга хэмжээ 12-ны өдрөөс
эхэлнэ.

– Уулзалтад нийт
хэдэн хүн хамруулахаар
төлөвлөсөн бэ?
-Хэд ч хамаагүй, бүртгүүлсэн бүх залуусыг хамруулна. Зөвхөн эрүүл мэндээс
гадна гэр бүл төлөвлөлтийн
асуудал орхигдсон. Эмэгтэй
хүн маш цөөн, арван залуу
ирэхэд нэгээс хоёр нь эмэгтэй
байдаг. Хөдөө орон нутагт
байгаа залуусын хүйсийн
харьцаа алдагдчихсан. Иргэдтэй уулзахад залуучуудыг
хоорондоо танилцах, уулзах
бололцоог хангаж өгөөчээ гэх
санал ч ирдэг.

– Уулзалтад ямар
сургалтууд орох вэ?

-Малчин залуусын дийлэнх
хувь нь дунд ангиасаа
сургуулиас гарсан байдаг.
Эхлээд бүртгүүлсэн бүх
хүнийг нарийн мэргэжлийн
эмчийн үзлэгт хамруулж,
шаардлагатай зөвлөгөөг өгнө.
Гэр бүл төлөвлөлт, мал аж
ахуйгаа үр ашигтай, хувийн
бизнесээ хэрхэн сайжруулах
талаар мэргэжлийн эдийн
засагчдаар зөвлөгөө өгүүлнэ.
Дараа нь хувь хүний үнэт
зүйл, хүн байхын мөн чанар,
цус ойртолт, ургийн бичиг
хөтлөлт, нөхөн үржихүйн
талаар сургалт явагдана.
Танин мэдэхүй, хөгжих тал
дээр сургалт явагдана. Үүний
дараа Дөргөн нуурын жуулчны
баазад чөлөөт арга хэмжээтэй.
Хөдөө орон нутаг, аймгийн
төвд байдаг залуус хоорондоо
танилцаж сургалтад сууж
мэдлэг мэдээлэл авна л гэсэн
үг юм. Залуус бүгд амьдрал
зохионо, бизнес хийнэ,
ажиллана шүү дээ. Бид зам
тавих, байшин барихдаа л
анхаардгаас хүнийхээ эрүүл
мэнд, хөгжилд анхаардаггүй
юм байна.

-Говь-Алтай аймгийн хүн
амын хэдэн хувийг залуус
бүрдүүлдэг вэ?

-Залуу гэдэг нь 40-өөс
доош насныхан гэж үзвэл
хүн амын 50-иас дээш хувийг
бүрдүүлдэг. Судалгаагаар авч
үзэхэд нэг суманд хамгийн
багадаа 80-90 гэр бүлгүй
залуус байна. Нэг сум 300-400
малчин өрхтэй гэж тооцоход
бүх малчин өрхийн дөрөвний
нэгийг нь ганц бие залуус
эзэлж байгаа юм.
-Уулзалтад хэдэн төгрөг
төсөвлөсөн бэ?
-Одоогоор тодорхойгүй
байна. Хүнийхээ тооноос
хамаарна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Профессор Ц.Лувсандорж: Бөх барилдах, морь уралдуулах, уул тахих гурав хөгжлийн чөдөр болоод байна DNN.mn


Монгол Улсын Боловсролын их сургуулийн профессор Ц.Лувсандоржтой ярилцлаа.


-Та саяхан “маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн” гэсэн нийтлэл бичсэн. энэ талаар ярихгүй юу?

-Тийм, би долдугаар сарын 30-ны өдөр нийтлэл оруулсан. Түүндээ бөх барилдах, морь уралдуулах, уул тахихыг хоригломоор байна гэж бичсэн. Бөх бол манай уламжлалт өв соёл ч гэлээ хичээллэж байгаа хүмүүстээ хортой. Биедээ их ачаалал авч залуудаа зүрхний савлагаатай болж байна. Хавраас хойш хоёр, гурван сар бэлтгэж, барилдаж, найрлаж, наадамлаж байна гээд маш олон залуу баялаг бүтээхгүй цаг нөхцөөж байна. Энэ нь XIII зуунд бий болж XXI зуунд ч хэвээрээ байгаа нь улс оронд ч, хүнд ч үр өгөөжгүй, хохиролтой юм. Бөхийг хориглочихвол залуус бэлэг сэлт гэж хүний гар харахгүй, эрдмийн мөр хөөж, мэдлэг чадвараар илүү баталгаатай сайхан амьдралын замыг эрт олох нөхцөл бий болох юм. Ийм сайхан эрүүл саруул залуучууд бөх гэж хайран цагаа яйран өнгөрөөж явахын оронд баялаг бүтээгч болж улс орондоо хувь нэмэртэй явбал өөрсдөд нь их хэрэгтэй. Ийм зорилгоор бөхийг яаралтай энэ улсад хоригломоор байна.

-Морь уралдуулахын тухайд?

-Энэ талаар олон жил ярьж байна. Морь уралдуулахыг ч бас хоригломоор байна. Ийм цэнгүүн эрт галавын үе, дайтаж, байлдахаас өөр онцын хийх зүйлгүй цагийн хүмүүсийн хийдэг үйл юм.

Морины уралдаан бизнес, харгислал, мөнгөний золиос болж хөгжиж байгаа нь хазгай. Мөнгөтэй хүмүүсийн эл бизнес ядуу ардын морины хүүхэд, морь хоёрыг хохироож байна. Морио сүлдэндээ тахиж, хүүхдэд ээлтэй Монгол гэдэг үгний эсрэг үйл. Журамгүй, хүнлэг бус, адгуусаа хохироож хүүхдийн амь насаар тоглодог зүйл болчихлоо. Энэ байдлыг орхиж жам, ёсонд нь оруулахын тулд дахиад л хориглох хэрэгтэй гээд байгаа юм. Морины эзэн гэдэг чинь хэдхэн мөнгөтэй хүн бусдыгаа хохироодог бохир бизнес болсон. Тиймээс хориглоод зөв замаар нь эхлүүлэх ёстой. Морины уралдаан гэдэг чинь гадны оронд хүүхэд хохироохгүй, бизнесийнхээ зарчимаар явдаг юм. Хэтэрхий дураараа, бүдүүлэг байдлыг дэвэргэж болохгүй.

-Нөгөө талаас бөх барилдах, морь уралдуулах бол монгол түмний үндэсний их баяр наадмын чухал хэсэг. Бидний ондоошил гэж үзэх хүмүүс цөөнгүй. Та түр хориглоё гэв үү, бүр хориглоё гэсэн санал дэвшүүлж байна уу?

-Шууд хориглож, аажмаар зөв байранд нь оруулах ёстой. Учир нь үндэсний бөх сүүлийн 30 жил үндсэн уламжлалаасаа гажсан. Тиймээс зохих хэмжээнд хориглож, үнэт зүйлээр нь цааш авч явах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, яг энэ байдлаараа бол бид баярлаж наадамлаад л байдаг. Үүний цаана үнэт зүйл, өөрөө өөрийгөө үгүй хийх талбар бий болоод байна. Зодоон, найраа гээд ногоон дэвжээн дээр болж байгаа эдгээр зүйлс нийгэмд асар буруу үлгэр үзүүлж байна. Хоёрдугаарт, 1024 сайхан залуу эх орондоо ажиллаж, эрдэмд шамдаж баялаг бүтээж байвал хэрэгтэй шүү дээ. Наадмаар барилдахаар гарч ирж байгаа 1024 бөхөөс үнэн барилдсан нь хэд билээ. Эдгээр мянган сайхан залуу эх орныхоо төлөө дуугарч, эрдэм ном сураасай гэж бодож явдаг. Уламжлалыг жинхэнэ соёлын үнэт зүйл болтол нь хөгжүүлэхгүй л юм бол энэ байдлаараа явахааргүй байна.

-Уул тахихыг хориглох талаар?

-Энэ бол яах аргагүй мухар сүсэг. Лам, бөөгөөс үүдэлтэй, бидний дээр үе, шинжлэх ухаан хөгжөөгүй, дэлхий хавтгай гэдэг үеийн ойлголт. Байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг цэвэр тунгалаг байдлаар нь, жам ёсоор нь хадгалж хайрлах нь эртнээс өнөөг хүртэлх хүн төрөлхтний хамгийн эрхэм ёс, үнэт зүйл юм. Уул тахих гэдэг уул бохирдуулах, дарцагуулах, суваргажуулах, хөшөөжүүлэх гэсэн утга биш. Харин байгаль, уул усаа хамгаалах, тэдний зүй ёсны орших нөхцөлийг нь эвдэхгүй байх, байгалийн зүй зохистой ухаалаг харьцааг л уулыг хайрлаж хамгаалж байна гэж тусгаж авбал ононо. Дэлхийн хаа сайгүй сайхан уул байна аа байна. Тэр бүхнийг дэлхий тахиж байна гэж бохирдуулаад байгаа юм алга. Марсын Олимпийг эндээс тахиад байгаа юм алга, харин түүнийг судалж л байна.

Дэлхийн ихэнх улс орон энэ зан үйлийг орхичихсон. Уулаа тахих нэрийдлээр их мөнгө үрж, уул усыг бохирдуулж байгаа улс манайхаас өөр байхгүй. Шинжлэх ухаан хөгжөөд энэ хэрэггүй юм байна гэдгийг ойлгочихсон байхгүй юу. Дахин хэлье, үеэ өнгөрөөсөн ойлголт гэсэн үг. Уул усыг үнэхээр хайрлах гэж байгаа бол хамгаалах талаас нь шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж түүний өөрчлөлтийг нь олж тогтоож, сөрөг нөлөөг нь багасгах хэрэгтэй. Тийм учраас энэ гурван үрлэгэнг энэ улсад маш яаралтай хориглох хэрэгтэй. Тэгэхэд эхлээд эвгүй мэт авч эцэстээ их эвтэйхэн байх болно. Хөгжилтэй, хөгжсөн юм шиг байх болно. Хамгийн гол нь хүн бүрт эдийн засгийн хувьд тэр хориг их эвтэй байх юм. Улсад бол бүр эвтэйхэн болно. Хэмнэсэн мөнгөөрөө гадаад өрөө төлнө гээд л.

-Тэгвэл уламжлал гэж юу юм бэ?

-Уламжлал гэдэг чинь шинжлэх ухаанаа дагаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг. Энэ гурван гаж зүйлийг өөрчлөх цаг болсон. Шууд өөрчилж болохгүй, хориглож байгаад өөрчлөх ёстой.

Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Урагшилж биш, ухарч байгаа буруу зүйлс аяндаа цаг хугацааны аяст орхигддог шүү дээ. Гэтэл манайд бүх юм байдгаараа, бүр гажсан зүйлийг үнэт зүйл болгож хөгжүүлж болохгүй. Харин ч уул яаж өөрчлөгддөг, тогтдог юм гээд шинжлэх ухааны туршилтаа явуулах хэрэгтэй. Төрийн дээд албан тушаалтнууд нь хүртэл хадаг уулан дээр уядаг. Ийм байж болохгүй, энэ чинь XXI зуун. Уламжлал, үнэт зүйлээ гажуудуулсан эдгээр зүйлийг хориглох хэрэгтэй. Хүн ярьж болохгүй зүйл биш шүү дээ. Буруу зүйлийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Энэ гурав бол чөдөр байна. Энэ тал дээр үндэсний хэлэлцүүлэг хийх шаардлагатай, өөрчлөх ёстой байхгүй юу. Уламжлал ухаарлаар шинэчлэгдэж, соёлжиж, иргэншиж байдаг нь хөгжлийн жам ёс юм. Хөгжил, иргэншил ийм л байдлаар явагддаг. Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Өөрчлөгддөггүй зүйл үгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Элбэгдүүрэн: Төрөлх сургуулиасаа олж авсан ур чадварууд цаашид шинжлэх ухааны жинтэй судалгаа хийх амтыг мэдрүүлсэн DNN.mn

АНУ-ын Массачусетс мужийн Новартисын Биоанагаах ухааны судалгааны хүрээлэнгийн (NIBR) Нүд судлалын тэнхимийн генийн эмчилгээний тэнхимийн ахлах эрдэмтэн Эрдэнээгийн Элбэгдүүрэнтэй ярилцлаа.


-Станфордын их сургуульд биологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч болсон танд баяр хүргэе. Эрдмийн зэргээ хэдий хугацаанд суралцаж, судалгаа хийж хамгаалсан бэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдад алс холын Америкийн нэгдсэн улсаас энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2017 оны намар АНУ-ын Станфордын их сургуулийн Биологийн тэнхимийн докторантурт элсэн орж нийт таван жил суралцан 2022 оны хавар Биологийн шинжлэх ухаанаар докторын зэргээ хамгаалсан.

-Таны судалгааны сэдвийн онцлог, зорилго юу вэ?

-Миний мэргэшиж буй судалгааны чиглэл нь Синтетик биологи болон Био-инженерийн салбарт хамаарна. Синтетик биологи нь судалгааны ба эмийн зориулалтаар эсийг программчлах, үйл ажиллагааг нь өөрчлөх, шинэ молекул зохион бүтээх зэрэг зорилготой салбар бөгөөд сүүлийн жилүүдэд эрс хурдтай хөгжиж буй шинжлэх ухааны салбар юм. Тэр дотроо, aливаа организмын эсийн түвшинд гарч буй өөрчлөлтийг судлах молекулын шинэ арга, аргачлалыг зохион бүтээх нь миний судалгааны зорилго юм. Жишээ нь докторынхоо судалгааны үр дүнд LuCID гэж нэртэй аргачлалыг бүтээсэн. Энэ нь эсийн кальцийн хэмжээ өндөр түвшинд буйг илрүүлэх чадвартай синтетик хэлхээ юм. Энэхүү аргачлалаар эсийн төрлийг судлах боломжтой бөгөөд жишээ нь тархины/мэдрэлийн эс нейрон эсвэл зүрхний эс кардиомиоцитууд зэрэг нь хэрхэн ажиллаж буйг олж мэдэхэд ашиглах юм.

-Хэрхэн Станфордын их сургуульд элссэн бэ?

-Принстоны их сургуульд бакалаврын хөтөлбөрөө Молекулын биологийн чиглэлээр төгсөх үедээ Станфордын их сургуулийн Биологийн шинжлэх ухааны докторантурт суралцах урилга авсан. Дэлхийн шилдэг сургуулиудын докторантурт тэнцэн ороход академик үзүүлэлтүүд сайн байхаас гадна судалгаа хийх авьяас, чадвар их чухал байдаг. Би бакалаврт сурч байхдаа Биохими, бүтцийн биологийн чиглэлээр бие даасан судалгаа хийж туршлага хуримтлуулсан байсан. Харин докторантурт элсэж ороод Био-инженерчлэлийн салбарыг сонирхон тэр чиглэлд судалгаагаа хийхээр шийдсэн. Мэдээж өмнөх судалгааны чиглэлээ өөрчилж, шинэ ур чадваруудыг түргэн хугацаанд эзэмшиж докторын судалгаагаар уг салбартаа цоо шинэ хувь нэмэр оруулах нь надад том сорилт байсан.

-Магистр, бакалаврын зэргээ хаана ямар мэргэжлээр дүүргэсэн бэ?

-Бакалаврын зэргээ Молекулын биологийн чиглэлээр голлон, Тархи, мэдрэл судлалын салбарт хавсран мэргэшиж төгссөн. АНУ-д байгалийн ухааны нэлээд салбарт магистрын зэрэг шаардахгүй бакалавраас докторантурт элсэн суралцах боломжтой байдаг тул би шууд докторын хөтөлбөрт хандаад тэнцсэн.

-Та 2017 онд Принстоны Их сургуулийг молекулын биологийн мэргэжлээр төгссөн гэлээ. Мэргэжил болоод сургуулийнхаа тухай ярьж өгөөч…

-Бакалаврын судалгаагаа Биохими болон бүтцийн биологийн чиглэлээр хийсэн. Ингэхдээ эсийн хуваагдлын түвшинд чухал үүрэгтэй нийлмэл уургийн бүтэц, үйл ажиллагааг судалсан. Эргээд бодоход дэлхийн топ сургуулиудын нэг Принстонд суралцаж байсан үе маань миний амьдралын хамгийн дурсамжтай жилүүд байсан. Гайхалтай эрдэмтэн профессорууд бас маш авьяаслаг хүүхдүүдээс их зүйлийг сурсан. Принстоны их сургууль миний сэтгэлгээний цар хүрээг их тэлж, аливаа зүйлийг бүтээлч, шүүмжит олон талаас нь эргэцүүлэх чадварыг өгсөн гэж боддог. Төрөлх сургуулиасаа олж авсан ур чадварууд цаашид шинжлэх ухааны судалгаа хийх амтыг мэдрүүлж ирээдүйн карьерт хөтөлсөнд их баярлаж явдаг.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Ахлах сургуульд сурч байхдаа нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийг сонирхож ялангуяа философид их дуртай байсан. Тиймээс би Принстонд ирээд хэд хэдэн гүн ухааны чиглэлийн хичээл судалсан. Ялангуяа хэл шинжлэл, математик болон бусад шинжлэх ухааны логикийн үндэс нь болдог Аналитик философийн хичээлд их дуртай байсан. Мэдээж либерал арт хөтөлбөрийн давуу тал нь суралцагч өөрийн сонирхсон чиглэлээр ямар ч хичээлийг судлах нь нээлттэй байдаг тул молекулын биологийн чиглэлээр хичээлүүдийг судалж Розалинд Франклины намтар, түүхийг их уншиж гайхамшигт эмэгтэй шиг болохсон гэсэн хүсэл мөрөөдөл төрдөг байсан. Английн эрдэмтэн Франклин нь ДНХ–ын молекулын бүтцийг судалж нээлт хийхэд маш том хувь нэмэр оруулсан хүн гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Тэгээд философид татагдсан хүслээ шинжлэх ухааны карьерээр сольж Молекулын биологиор мэргэшихээр сэтгэл шулуудсан.

-Хэдэн оноос гадны оронд суралцаж, амьдарч байна вэ?

-2006 онд ээж маань докторантурт суралцахаар бид гэр бүлээрээ АНУ-д ирж байсан. Би тэр үед 11 настай байсан. Түүнээс хойш бага, дунд, ахлах сургууль, их сургууль гээд бүхий л шатны боловсролыг энд эзэмшсэн.

-Тэгэхээр англи хэлийг багаасаа сурчээ…

-Тийм ээ, анх АНУ-д ирэхдээ би англи хэлээр ярьж чаддаггүй байсан. Англи хэлийг богино хугацаанд

сурахын тулд эх хэл дээр нь ном их уншдаг байсан. Манай сургуульд, бидний амьдарч байсан хотод нэг ч монгол хүн байдаггүй байсан тул би англи хэлээр аль болох хурдан ярьж, ойлгож сурах хэрэгтэйг мэдэрсэн.

-Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэхэд тань юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Хүүхдийн боловсролд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг, оролцоо их чухал гэж боддог. Аав, ээж хоёр маань намайг хаана ч гологдохгүй боловсролтой хүн болгохын төлөө бүхий л боломж, цагаа зориулсан. Шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй суралцахын тулд элсэлтийн шалгалтуудын оноо өндөр байхаас гадна олон талын авьяас чадвартай, өв тэгш (англиар well-rounded) элсэгч байх хүлээлт байдаг. Би тийм л шаардлага, хүлээлтийн дагуу хичээлийнхээ хажуугаар хийлийн оркестртоо явах, төгөлдөр хуур хөгжмөө давтах, Model UN–ийн хурал, мэтгэлцээний клуб, олимпиад гээд хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Ахлах сургуульд байхад надад чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Ээжийгээ дагаад амралтын өдрүүдэд номын санд сууна. Ээж маань нийгмийн ухааны салбарт АНУ-д докторын зэргээ хамгаалсан, одоо МУИС-д багшилдаг. Аав маань ч боловсролын чухлыг маш сайн ойлгодог, дэмжиж, хэцүү асуудал тулгарахад сэтгэлийн хүч их өгдөг байсан. Докторын зэргээ авахад аав маань харж чадаагүйд их харамсдаг. Намайг амжилтад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй аавтай байсандаа өөрийгөө их азтайд тооцдог.

-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ, та аль нутгийн хүн бэ?

-Би эх орондоо жил бүр зуны амралтаараа очдог. Өнгөрсөн зун очоод ирсэн. Би Өмнөговь аймагт төрж өссөн. Говьд эмээтэйгээ (ээжийн) бага насаа өнгөрүүлсэн. Аавын ээж аав, ээжийн талын хамаатнууд бүгд говьд амьдардаг.

-Гэр бүлд нь анагаах, биологийн чиглэлийн мэргэжилтэн байдаг уу?

-Ээжийн ээж маань эм зүйч мэргэжлээр олон жил ажилласан хүн байдаг. Бага байхад эмээ минь намайг ажилдаа байнга дагуулж явдаг, эмээгийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлдэг байсан даа.

-Одоо хаана ажиллаж амьдарч байгаа вэ?

-Ажил амьдралын гараагаа Новартис гэдэг Швейцарьт төвтэй том эмийн компанийн АНУ-ын Массачусетс дахь Судалгаа, хөгжлийн (R&D) институцид эрдэм шинжилгээний ахлах судлаачаар (Senior scien­tist II) эхэлнэ. Тэнд нүдний ноцтой дегенератив эмгэг өвчнийг анагаах генийн шинэ эмчилгээг нээх төсөл дээр ажиллана.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач…

-Цаашид биотехнологийн салбарын судалгааны чиглэлээр ажиллаж их зүйлийг сурч, туршлага хуримтлуулан дэлхийн олон сая хүний сэтгэлийг түгшээсэн ноцтой эмгэг өвчнүүдийг анагаах эмнэлзүйн шинэ арга, аргачлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэсэн итгэл, зорилготой явдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Нүүрсний биет хэмжээ энэ хэвээр байвал оны эцэст 20 сая тонн л хүрнэ DNN.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Олон улсын валютын сангаас энэ оны дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх шинэ таамаглалыг танилцууллаа. Таамгаас та юуг онцлох вэ?

-Олон улсын валютын сан /ОУВС/ улирал бүрийн эхэнд дэлхийн эдийн засгийн тоймыг шинэчилдэг. Дөрөвдүгээр сард ОУВС-ын хаврын уулзалт Вашингтонд болдог. Энэ жилийн гурав дахь тоймыг өнгөрсөн мягмар гаригт танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан таамаглалд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3,6 хувьд хүрнэ гэж үзсэн бол одоо 3,2 хувь болгон буурууллаа. 2021 онд 6,1 хувьтай байсан, 2023 онд 2,9 хувьтай болно гэж таамаглалаа. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2021 онд 5,2 хувь, одоо 2,5 хувь, ирэх онд 1,4 хувьтай байхаар таамагласан. Хөгжиж буй орнууд өнгөрсөн онд 6,8 хувь, энэ онд 3,6 хувь, ирэх онд 3,9 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн гол өсөлтийг хөгжиж байгаа ази буюу Энэтхэг, Вьетнам, БНХАУ улсууд бүрдүүлж байна. Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж байгаа орнууд дотроо Хятадын эдийн засгийн өсөлт тааруу байна.

-Шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол хүчин зүйл бол дайн, дайныг тойрсон хориг арга хэмжээ. Үүнээс болоод дэлхийн түүхий эдийн гол нийлүүлэлт тасалдсан. Европд эдийн засгийн хоригтой холбоотойгоор Украин, ОХУ, Беларусийн эдийн засаг хасахтай гарсан. Гурав, дөрөвдүгээр сард -9,3 гэж таамаглаж байсан бол Оросын засгийн газар, төв банкнаас авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч бууралт харьцангуй бага байна. Хэрэв Украин, ОХУ-ын дайн эхлээгүй байсан бол өдийд ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болох байлаа.

-Олон улсын валютын сангаас ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Нэгдүгээрт, улс орнууд инфляцийг хяналтдаа авах ёстой, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд. Хоёрдугаарт, мөнгөний бодлогоо хатууруулах ёстой. Гэхдээ бодлого хэрэгжүүлэхдээ эмзэг давхрагыг хамгаалах арга хэмжээгээ байнга авах ёстойг зөвлөж байна.

-Энэ тааруу таамаг нь манай улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Манай улсын эдийн засгийн сааралт гаднаас биш дотроосоо шүү дээ. Зэс, алтны үнэ саяханыг хүртэл гайгүй байлаа. Нүүрсний үнэ өслөө. Түүхий эдийн үнээс боллоо гэх асуудал байхгүй.

-Манай улсын эдийн засгийн хамгийн том асуудал юу вэ?

-Бидний тодорхойлж байгаа зорилго тохиромжгүй байна. Нөгөө л 2010 оноос хойш анхааруулж буй түүхий эдийн хамааралт байдлаа ойлгохгүй байна. Манай эдийн засаг түүхий эдээс хамааралтай, бидний мөрөөдлөөс хамаарахгүй Эдийн засагчид эдийн засаг байнгын өсөлттэй байдаггүй өсч, буурч явдаг гэдгийг тайлбарласаар байдаг. Гэвч тоодоггүй, улс төрчид үргэлж өсөлттэйгөөр төсөөлдөг. Энэ нь маш буруу. Дараа нь хилийн боомтын тээвэрлэлтийн хүчин чадлын асуудал. Манай улс Австрали, Индонез шиг урт хугацааны гэрээ хийдэггүй шүү дээ.

-Тэгэхээр дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм, 2019 онд 36,7 сая тонн нүүрс экспортлосон. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд бүгдийг нь тооцоход Монгол Улсын экспортлосон ашигт малтмалын хэмжээ 50 сая тонн болж байгаа юм. Энэ бол хамгийн өндөр хэмжээ. Тэр үед бараг жилийн 360 хоног гааль нээлттэй байсан.

Одоо тийм боломж байхгүй. Тэгэхээр ойрын жилүүдийн хамгийн тулгамдсан асуудал дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулах. Ялангуяа экспортын гол дэд бүтэц болох Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн. Энэ гурван боомт бодит боломжоосоо хамаагүй доогуур байгаа. Өнгөрсөн намар их хурал дээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сард хүлээлгэж өгнө гэж ярьсан. Гэтэл өчигдөрхөн Тавантолгой төмөр зам компанийн хэлтсийн дарга Д.Батнасан “Арваннэгдүгээр сард дуусна, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна” гэж ярьж байна. Арваннэгэн сард дуусах төмөр зам урд хил хүрэхгүй, үүнийг өөрсдөө “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” гэж яриад байгаа. Тэр хооронд 20км-ын зөрүүтэй. Одоо зураг төслөө гаргаад ажил эхэлж байна, энэ ажил 1,5 жил, монголын ажил бол хоёр жил үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр 2024 оны зун юмуу намар ашиглалтанд орно. Нүүрсний экспорт нэмэгдүүлэх тухай асуудал бол 2024 оны асуудал болж хувирч байгаа юм. Ирэх онд энэ хэвээрээ л байна. Яг Дарханы зам шиг. Дайны асуудал дууслаа гэхэд 20-25 сая тонн нүүрс л экспортолно. Засгийн газар зүгээр цаасан дээр экспорт нэмэгдүүлнэ гэж тоо бичиж байна, ямар ч амьдралгүй. Бэлтгэл ажил нь ч эхлээгүй байж ажил эхэллээ, ажил тэдийд дуусна гээд хэлчихдэг. Тэр ажил нь зөвхөн цаасан дээр явагддаг. Ингээд л алддаг.

-Валютын сангаас тааруу таамаг гарлаа, энэ жилийн эдийн засаг эвгүй байх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, бид төсвийн тухай хуулиа шинэчилсэн. Сангийн сайдын баталсан олон журам байгаа. Жишээлбэл, улсын хөрөнгө оруулалтын төслийн жагсаалт гаргах. Тэр тухай 2019 оны намар яамдуудаас ирж байгаа хөрөнгө оруулалтын төслийг жагсааж, оноогоор дүгнэнэ гэдэг журам баталсан. Түүнийг 2021 оны зун Засгийн газрын тогтоолоор тогтоол болгон баталсан. Хамгийн сайн эрэмбэтэй төсөл төсөв авна гэдэг зохицуулалт. Гэтэл цаасан дээр батлаад байгаа тогтоолууд хэрэгжихгүй байна. Хоёрдугаарт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гээд 2020 оны хавар баталсан. Таван жилийн төлөвлөгөөгөө ч баталсан. Энэ хуулийн дагуу жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөгөө эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж засгийн газар баталсан. 2023 оны төлөвлөгөөг тавдугаар сард боловсруулж, их хурал баталсан. Бодит байдал дээр мөн л хэрэгжихгүй байна.

“2023 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө” гээд л 20 гаруй хуудас хөрөнгө оруулалтын жагсаалт бий. Түүнийг төсөв дээр эх үүсвэрийн тоогоор тавина шүү дээ. Тэр тоо тавих, баталсан жагсаалт хоёрын хооронд зөрүү их бий.

Явц дундаа ажил нь бүтэхгүй, мөнгө нь дутдаг гэх мэт асуудал олон байдаг. Тухайлбал, тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил гурван жил үргэлжилж байна. Ач холбогдлын дарааллаар хийх засгийн газрын тогтоол байхгүй. Бидний төлөвлөснөөс өөрөөр эдийн засаг хумигдчихлаа. Түүндээ нийцүүлж хийх ажлаа багасгах ёстой. Тэгэхээр төсөв боловсруулахаас өмнө хөгжлийн төлөвлөгөөн дахь зорилтуудаа цомхотгох ёстой. Нөхцөл байдал 2020 оны сонгуулийн үед бодож байснаас өөр болчихлоо. Тэгвэл анх тодорхойлсон зорилтоосоо заримыг нь хойш тавих ёстой. Үгүй бол бүгдийг нь хийх гээд тал тал тийш чангаагаад бүх ажил бүтэлгүйтэж байна. Чухал биш ажлуудаа царцааж, гол ажлуудаа эхэлж ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй. 2022 оны төсвийн зарлага 18 их наяд төгрөг, маш өндөр. 2017 онд 9 их наяд төгрөг байсан төсөв энэ жил 18 болж хоёр дахин нэмэгдсэн. Эдийн засаг өсөөгүй, хоёр жил дараалан буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх үнээр харвал 2019 онд 27,9 их наяд төгрөг, энэ жил ойролцоогоор 27,3 их наяд төгрөг. 2019 оны түвшнээс буурчихсан явж байна. Нөхцөл байдал сайжирлаа ч 2024 оны эцэст 2019 оны түвшиндээ л хүрнэ. Ковид, дайн, бидний бүтэлгүй үйл ажиллагаанаас болж таван жил алдаж байна. Хуулиуд ажлаа цэгцтэй хий гэж хэлдэг ч, бодит байдал дээр хэрэгжихгүй.

-Оны эцэст нүүрсний орлого хэр тасалдах бол, ямар байдалд хүрэх вэ?

-Нүүрсний биет хэмжээ хэвээр байлаа гэхэд оны эцэст 20 сая тонн л хүрнэ. Хамгийн эхний алдаа төмөр зам. Хоёрдугаарт, хятадын өвлийн олимпийг тооцоолоогүй. Хил хаагдана гэдэг нь тодорхой байсан.

-Ирэх жилийн төсөвт төсөөллөө хэрхэн гаргавал зүйтэй вэ?

-Мөрөөдлийн тоо тавихаа больж хөрсөн дээрээ буух хэрэгтэй. 2012 онд их хурлын тогтоол гарсан. Одоогийн барих төмөр зам 2024 онд дуусна. Тогтоол гарснаас хойш 12 жилийн дараа Монгол Улс төмөр замтай болж байна. Ямар ч судалгаагүй ажиллахаа болих хэрэгтэй. Зүгээр явсан эдийн засгийн хөгжлөө баллаж байна. Тэнэглэлийнхээ горыг амсаж байна. Бусад улс оронд ижил төрлийн төсөл яаж хэрэгжиж байгааг судлахгүй зүгээр л аюултай гэдэг. Ирэх онд хамгийн эхэнд 2023 оны хөгжлийн үндсэн чиглэлээ шинээр харах ёстой, заримыг нь хойш нь тавих. Зэсээс олох орлого 2021, 2022 онтой ижил түвшинд байна. Нүүрсний үнэ энэ хэмжээндээ байвал экспорт тэрбум доллар илүү гарна. Гэтэл энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -844 тэрбум төгрөг байна. Энэ алдагдлаа бууруулах ёстой. Төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсөв алдагдалтай, валютын нөөц хорогдож байна.

-Тэгэхээр ирэх онд бүсээ чангалсан маягтай л байх нь дээ…

-Тийм, дэлхий нийтээр. ОХУ-ын гадаад хэргийн сайд өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ дайн үргэлжилнэ гэдгийг маш тодорхой хэллээ. ОУ-ын байгууллага үүнийг харж байна, дайн дууссан ч хориг арга хэмжээ 2-3 жил үргэлжилнэ. Манай улс урд хөрштэй экспортоо хэрхэн хэвээр явуулах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Ийм л таагүй байдалтай байна. Хийх ёстой юмаа хийх л ёстой цаг. Сонгуулийн жил төсөв тэлэхээ нэг удаа бууруулах ёстой. Хамгийн аюултай зүйл нь цалин, тэтгэвэр нэмэх. Тиймээс зарим арга хэмжээ, хөрөнгө оруулалтаа танах шаардлагатай. Төсвийн зарлагыг тэлнэ гэдэг дараа жилдээ их сөрөг нөлөөтэй. Шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг огт тоохгүй байна. Ирэх оны хамгийн том зорилго төлөх ёстой өрөө хэрхэн дарамт багатай давах вэ гэдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдад сайхан байгаль, том гэрээс гадна ариун цэврийн өрөө, хогийн цэг, чанартай хоол хэрэгтэй DNN.mn

Цар тахал, хөл хорионы
дараа дотоодын аялагчдын
тоо нэмэгдэж байна. Энэ сарын
9-17-ны хооронд буюу үндэсний
их баяр наадмын амралтыг
тохиолдуулан амарч зугаалах,
аялах зорилгоор Улаанбаатар
хотоос гарах, нэвтрэх дөрвөн
постоор 300-аад мянган
автомашин хөдөө орон нутгийн
чиглэлд зорчжээ.
Өнгөрсөн жил аялал
жуулчлалын салбар цар тахлын
улмаас 6.6-9.2 их наяд төгрөгийн
шууд бус алдагдал хүлээсэн
гэх тооцооллыг Улаанбаатар
Аялал жуулчлалын холбооноос
мэдээлсэн билээ.

Аялал
жуулчлал нь 20 гаруй төрлийн
үйл ажиллагаанаас бүрдэж, 40
гаруй салбартай холбогддог,
эдийн засагт голлох нөлөө
үзүүлдэг самбар юм. Аялал
жуулчлалын салбарынхан цар
тахлын улмаас алдсан хоёр
жилээ энэ зун нөхөх боломж
бүрдүүлэхийн тулд бүхий л
нөөц бололцоогоо ашиглан
ажиллах талаар уулзалт
зөвлөгөөн ч хийсэн.
Энэ зуны дотооды н
аялагчдын чиглэл баруун
аймгууд ялангуяа Хөвсгөл,
Баян-Өлгий, Завхан аймаг руу
давамгайлж байна.
Дотоодын аялагчдаас
сошиал орчинд давлагаалж
буй нийтлэг шүүмж бол
“Дотоодын аялал жуулчлал
ингэж сайн хөгжиж, идэвхжиж
байхад аймаг, сум орон нутгийн
удирдлагууд санаачилгатай
баймаар юм аа! Хүмүүсийн
хамгийн их очдог газар нутагт
явган зам, гэрэлтүүлэг, хогийн
сав, ариун цэврийн өрөө, гүүр,
машины зогсоол шийдээд
өгчихвөл болох гээд байна.
Зуны дэлгэр цагт л мөнгөний
урсгал хөдөө орон нутаг руу
чиглэдэг шүү дээ” хэмээжээ.

Үнэхээр л аялагчдад сайхан
байгаль, том гэрээс гадна
ариун цэврийн өрөө, хогийн цэг,
чанартай хоол хэрэгтэй шүү
дээ. Галт тэргээр аялагчдын
хувьд Улаанбаатар төмөр
замаас долдугаар сард хамгийн
эрэлттэй чиглэл УлаанбаатарЗамын-Үүд, УлаанбаатарСайншанд, УлаанбаатарДархан гэжээ.
Улаанбаатар- ЗамынҮүд, Улаанбаатар-Дархан
чиглэлийн галт тэргээр зорчиж
амрах боломжтой хоттой
хамгийн ойрхон газруудын нэг
бол Түнхэл тосгон.
Түнхэл тосгон нь Сэлэнгэ
аймгийн Мандал сумын нутаг,
Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км, Улаанбаатар хотоос
хойшоо 120км зайд оршдог.
Их хотын дуу чимээ, стресс,
ухаалаг төхөөрөмж, нийгмийн
сүлжээнээс ангид Хараа голын
хөвөөнд байрлах Түнхэл
тосгоныг зорих аялагчдын тоо
энэ жилээс эрс нэмэгджээ.
Тавдугаар сард 3,400 иргэн,
зургадугаар сард 4,730 иргэн,
долдугаар сарын эхний 19
хоногийн байдлаар 3,400 гаруй
иргэн Түнхэл тосгоноос зөвхөн
галт тэргээр зорчсон талаар
Түнх өртөөний мэргэжилтэн
н.Энхтуяа мэдээллээ.
Тэрээр “Наадмын өмнөөс
Түнх болон Нарс өртөө дээр
буух зорчигчдын тоо маш их
нэмэгдсэн. Улаанбаатараас
холгүй, тосгон дээрээ төмөр
замын өртөөтэй болохоор их
давуу тал болж байна” гэж
ярьсан юм.
Түнхэл тосгон руу общий
вагоноор том хүн 3,500 төгрөг,
хүүхэд 1,000 төгрөг, купе том
хүн 11,700 төгрөг, хүүхэд
5,400 төгрөгийн ханштай.
Галт тэрэгний тасалбарыг
очиж авах шаардлагагүй
“Тapatrip” аппликейшнээр
явах хүмүүсийнхээ
регистрийн дугаарыг оруулаад
захиалчихна. Галт тэргээр 10:40
цагт хөдлөөд, 14:00 цагт Түнх
өртөөн дээр бууна. Аялагчид
вагоноор явах нь машинаар
явснаас хямд амралтын
газрууд амрагчдаа тосоод
авчихдаг учраас хувийн унаа
шаардлагагүй амар байгаа
талаар хуваалцсан юм.
Наадмын амралтын
өдрүүдэд хотын залуус “Түнхэл
рүү бэлчсэн” гэхэд хилсдэхгүй.
Багадаа 2-3 хоногийн өмнө
амралтын газраа захиалахгүй
бол амралтын газар, хоног
төөрүүлэх гэрийн эрэлд гарсан
хүмүүс бишгүйдээ байна билээ.

Амралтын газраа захиалсан
л бол вагоноос буухад тосож
аваад, буцаад явахад суулгаад
өгчихдөг. Зөвхөн монголчууд
гэлтгүй гадныхан ч гэр
бүлээрээ очиж амардаг юм
билээ. Оройдоо гүзээлзгэнэ,
цагаан идээ зарсан нутгийн
хүүхнүүд ч явна.
Амралтын газруудын үнийн
хувьд Түнхэл тосгоны төв дээр
“Шовгор” нэртэй жижиг модон
байшин болон тосгоны төвөөс
8км зайтай таван ханатай
гэр нэг хоногийн 100 мянган
төгрөг, тосгоноос 2км зайтай
“Түнхэл таур”-ын байшин том
хүн өдрийн 65 мянган төгрөг,
хүүхэд 30 мянган төгрөгийн
ханштай байна. Харин тосгоны төв дээр
Хараа голын хөвөөнд байрлах
гэрүүдийн хувьд дөрвөн ортой
нийтийн гэр 35 мянган төгрөг,
хувийн гэр нэг хүний 65 мянган
төгрөгийн үнэтэй.

Дээрх үнэд
өглөөний цай, оройн тараг
багтсан. Өдөр, оройн хоолыг
өөрсдөө хийх эсвэл амралтын
газраасаа захиалах боломжтой.
Захиалгын хоёрдугаар
хоолнууд дунджаар 15 мянган
төгрөгийн ханштай. Эрүүл ахуйн
шаардлага, хоол хийж буй
тогоочдын харилцаа хандлага
гэх мэт бас бус шалтгааны
улмаас тосгоны өөр ресторан,
цайны газраас хоол захиалъя
гэвэл захиалгаар хоол хийх нэг
ч газар байхгүй. Хоёроос гурван
ширхэг хүнсний дэлгүүртэй
бөгөөд бараа бүтээгдэхүүн
нь хотоос хоёр дахин өндөр
үнэтэй. Түнхэлийн байгалийн
сайхан, амарсан шиг амрах
боломжтой амгалан тайван
орчинд бол ярих зүйл байхгүй.
Харин хоттой ойрхон, худалдаа
наймаа эрхэлж эдийн засгийн
эргэлт бий болгох, жижиг дунд
үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн
боломж, давуу талтай газар
үйлдвэрлэл, үйлчилгээний
газар, ажлын байр бий болгох
шаардлагатай санагдсан юм.
Нөхцөл байдлын талаар
амралтын газрын эзэн “Манай
энд аялал жуулчлалын
салбар энэ жилээс эрчээ авч
байна.

Цар тахлын дараа
дотоодын аялагчдын тоо ч
нэмэгдсэн байна. Хүн бүр л
гэр бүлээрээ амарч аялахыг
илүүд үздэг болж. Наадмын
өдрүүдийн захиалга дүүрсэн.
Аялал жуулчлалын салбараа
хөгжүүлэхийн тулд бизнес
эрхлэгчдэдээ зориулсан зээл
хэрэгтэй санагддаг. Бизнес
эрхлэгчид мөнгөтэй байвал
амралтын газрын тухтай
байдал, орчин, хоолны
сонголт, үйлчлүүлэгчдийн
сэтгэл ханамж гээд олон зүйлд
эергээр нөлөөлнө шүү дээ”
гэв. Энэ талаар аялал жуулчлалын холбооны менежер
Д.Энхцэцэг “Өнгөрсөн жил
Хас, Голомт, Төрийн банк
гэх мэт арилжааны банкууд
зээл олгож байсан. Гэхдээ
шаардлага, барьцаа хөрөнгө
маш өндөртэй. Энэ салбарын
бизнес эрхлэгчдийн дийлэнх
нь зээлд хамрагдаж чадаагүй.
Тоотой хэдэн амралтын бааз
л хамрагдсан. Энэ жил зээл
олгох хүсэлт гаргасан ч одоог
хүртэл шийдэгдээгүй зун дуусч
байна” хэмээн ярьсан юм.