Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Ууганбаяр: Аз жаргалтай байгаа хүний дэргэд өөрийн эрхгүй баяр төрөөд сэтгэл сайхан болчихдог || DNN.mn


МУСТА, жүжигчин Э.Ууганбаяртай ярилцлаа.


-“Гэм зэм” жүжгийн бэлтгэл хэр явж байна, энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Бэлтгэл ажил маш сайн байгаа, өнөөдрөөс тоглож эхэллээ шүү дээ. Энэ бол зөвхөн надаас шалтгаалах зүйл биш, багийн ажил. Арвин туршлагатай хамт олонтой бэлтгэлээ хийж, үзэгчиддээ хурдхан л үзүүлэх юмсан гэж догдолж байна. Айдсаас илүү догдлол их байна (инээв).

-Жүжгийн бэлтгэлдээ хэзээнээс оров?

-Цагаан сар өнгөрөөгөөд, хоёрдугаар сарын 10-наас бэлтгэлдээ орсон.

-Разухимины дүрийг бүтээх анхны саналыг та авсан гэсэн үү?

-Тийм ээ. Продюсер Ариука маань “Гэм зэм” нэгийг тоглохоос өмнө Разухимины дүрийг бүтээх санал тавьсан. Анхны саналыг сонсоод маш их догдолж шууд л зөвшөөрмөөр санагдсан. Уулзаад цагийн хуваарийг нь сонстол ‘’The Voice of Mongo­lia’’ шоуны маань бичлэгтэй давхцаж саналыг буцаасан. Ер нь ямар нэг ажлыг эхлүүлсэн бол түүнийгээ бүрэн, чанартай хийх зарчим баримталдаг. Тэгээд миний оронд Д.Түвшинбаяр маань тоглосон. Харин хоёр дахь удаагаа санал тавихад бичлэг, давхар ажлууд төлөвлөөгүй байсан учир зөвшөөрсөн.

-“Гэм зэм” жүжгийн хоёр дахь тавилтад шинэ жүжигчин олон нэмэгдсэн үү?

-Энэ удаагийн тоглолтод МУГЖ Б.Нармандах, жүжигчин Л.Дөлгөөн, Т.Ариунчимэг бид дөрөв шинээр нэмэгдсэн.

-Та ер нь хамгийн сүүлд хэзээ театрын тайзан дээр гарсан бэ?

-Яг арван жилийн өмнө гэр бүлийн хүнийхээ найруулсан “Гэнэтийн бэлэг” жүжгийн гол дүрд Тусгаар тогтнолын ордонд 23 удаа тоглож байсан. Үүнээс хойш жүжигт тоглоогүй арван жил болсон байна, арга хэмжээ хөтлөх гэж бол байнга л тайзан дээр гардаг.

-Одоогоор өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?

-Өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй байна. Шоуны зураг авалт зэрэг ажлууд хагас жилийн ажил байдаг. Гэрээ хийдэг учир тэр дунд өөр зураг авалт уран бүтээлүүдэд оролцож бараг амждаггүй юм.

-“The Voice of Mongolia’’ шоуны дараагийн зураг авалт хэзээ вэ?

-Дөрөвдүгээр сард болно.

-Танай гэр бүлийн хүн ч бас жүжигчин. Та хоёр хамтарч дэлгэцийн уран бүтээл хийх бодол байдаг уу?

– “Найзууд” театр маань хоёр кино, нэг жүжигтэй. Цаг үеийн нөхцөл байдал илүү сайжрахаар гэр бүлийн хүнтэйгээ зоригтойгоор уран бүтээлүүд хийж эхэлнэ. Оролцогч биш, үйлдвэрлэгч тал руугаа орохоор зорьж байна. Орфей театрынхаа хамт олныг маш зоригтой байна гэж бодож байгаа. Бид хэвийн амьдралдаа одоо л орох гэж байна. Эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын хувьд ч маш зоригтойгоор ажиллаж байгаа. Найруулагч маань “Дайны цагт урлаг илүү их ажиллах ёстой” гэж хэлдэг юм. Энэ үгээр өөрсдийгөө зоригжуулаад л ажиллаж байна даа (инээв). Үзэгчиддээ хандаж бид нарыг үзэж өөртөө хөрөнгө оруулаарай, өөрийгөө баярлуулаасай гэж хүсч байна. Хамгийн чухал нь хүн өөрийгөө баярлуулах шүү дээ.

-Танай хүүхдүүд урлагийн салбарыг сонирхож байна уу?

-Манай том хүү одоо 17 настай, ирэх жил төгсөнө. Жүжигчин болно л гээд байгаа.

-Та юу гэж зөвлөж байна?

-Чи өөрөө л хүсвэл, чадвал кинонд тоглож болох маш гоё нээлттэй цаг үед амьдарч байна. Аав хүний хувьд хүүгээ нарийн мэргэжил эзэмшээсэй гэж боддог юм байна. Гэхдээ хүн дуртай юмаа хийж амьдарвал сайхан шүү дээ. Тиймээс хүүгээ ахисан түвшинд ааваасаа илүү жүжигчин байгаасай гэж сургууль сонголтод нь маш их анхаарч байгаа.

-Сая “Хамгийн чухал нь өөрийгөө баярлуулах” гэж хэллээ. Та өөрийгөө яаж баярлуулдаг вэ?

-Аз жаргалтай байгаа хүний дэргэд өөрийн эрхгүй баяр төрөөд сэтгэл сайхан болчихдог. Чи өөрөө жаргалтай байвал ойр тойрны хүмүүс чинь дагаад жаргалтай болно. Тиймээс чи өөрийгөө л жаргалтай байлгаад сурчихвал бусдыг жаргалтай байлгана гэж боддог. Миний хувьд үргэлж өөрийгөө цэнэглэж, шинэ зүйлс туршиж үзэх дуртай.

-Та Монголын хамгийн эрэлттэй хөтлөгчдийн нэг шүү дээ, анх хэзээ ямар шоу хөтөлж байв?

-Оюутан байхдаа хадам ээжийнхээ ажлын газрын хүний хуримыг хөтлөж байсан (инээв). Чадах уу гэхээр нь чадна л гэсэн, би ер нь чадахгүй гэж хэлдэггүй. Оролдож үзсэн болгоноосоо юм сурч байдаг. Бас оюутан байхад багштайгаа хамт “Бодь” группийн шинэ жилийг хөтлөж байсан.

-Анхны хөтлөлтөд их сандарч байв уу?

-Тэгэлгүй яахав. Оюутан байхад тайзны яриа, хөтлөлтийн хичээлүүд ордог байсан. Эхнэртэйгээ хосоороо хөтлөгч хийж байсан үеэ тод санадаг. Одоог хүртэл зураг нь бий.

-Жүжигчин Г.Анхбаяр та хоёр оюутан ангийн найзууд уу?

-Анхаа маань СУИС-т надаас гурав доод ангийн төгсөлт. Анх 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоуг хамт хөтөлж байсан. Манай Анхаад надад байхгүй бүх зан чанарууд байдаг. Харин Анхаад байхгүй бүх зан чанар надад байдаг гэж боддог. Хоёр өөр хүн хамт байхаар биенийхээ дутууг нөхдөг юм болов уу.

-Г.Анхбаяр та хоёр телевизийн бичлэгт алдаа гаргах ч юмуу паян бий юү?

-Бараг байхгүй дээ, алдаа гаргахгүйг хичээдэг. Телевизийн том шоуг хөтлөхөд алдаа гарахгүй болтол нь бэлтгэл хийдэг. Алдаа гаргахгүйн тулд бид хоёрыг нэг хүнд хариуцуулж, түүний доор дахиад хүмүүс гээд маш нарийн зарчим, зохион байгуулалттай ажилладаг.

-Жишээлбэл, “The voice of Mongolia” шоуны нэг удаагийн бичлэгийг хэр удаан давтдаг вэ?

-Сарын өмнөөс бэлтгэл эхэлдэг. Ер нь ямар ч ажилд эдийн засгийн хангалуун байдлаас илүү бэлтгэл сайтай хүмүүс “Лаг” харагддаг.

-Энэ улирлын шоуг та ганцаараа хөтөлж байгаа. Ганцаараа хөтлөх ямар байна?

-Анхаагийн үгийг л хоёр дахин хэлж байна даа (инээв). Маш их бэлтгэж байгаа. Үзэгчдэд зарим зүйл дутуу санагдаж магадгүй. Анхаа маань “Centrel tv”-г байгуулж удирдлагаар нь ажиллаж байгаа. Мөн дэлхийн хэмжээний контентыг хүргэх гэж байгаа учраас давхар ажиллах боломжгүй болсон.

-Рекламанд тоглох, жүжиглэх, хөтлөх гээд бүгд таны мэргэжилтэй холбоотой ажил. Та алинд нь илүү дуртай вэ?

-Би хийж байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг, бүгд таалагддаг. Бүгд л миний хийх ёстой ажил шүү дээ.

-Хатуу хөл хорионы үед “The Voice of Mongolia” шоуг үзэгчгүй хөтлөхөд ямар байсан бэ?

-Ёстой эвгүй юм билээ. Надад тэгж санагдаж байхад дуулсан хүмүүст бүр эвгүй, ямар нэг зүйл дутуу санагдсан байх. “Ододтой бүжиглэе” шоу ч мөн үзэгчгүй явагдсан. Амьд харилцаа гэдэг их чухал.

-Киноны санал ирж байна уу?

-Ирж байна, буцаах шиг хэцүү зүйл байдаггүй. Энэ дашрамд залуучууд, найруулагч нар, продакшнуудаасаа хүлцэл өчье. Надад бүр хэцүү байгаа шүү гэж л хэлье. Жилд дунджаар хоёроос гурван киноны санал ирдэг.

-Та кинонд ихэвчлэн хөдөлгөөнтэй, хүүхэмсэг залууийн дүр бүтээдэг, өөр ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Ямар ч жүжигчнийг бид яг нэг төрлөөр нь хүсч, хүлээж авсан байдаг. Өөр өөр дүр гэхээс илүү чаддаг зүйлээ тултал нь хийхийг хичээдэг.

-Яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-Манай ээж кино үйлдвэрт инженерээр ажилладаг байсан. Ээжийнхээ ажлын хашаанд ажилчдын хүүхдүүдтэй тоглож, хүүхэлдэй үзэж өссөн. Тэр л нөлөөлсөн байх. Мөн 14 дүгээр сургуулийн Тогосоо багш, дуу хөгжмийн багш хоёр маань надад СУИС-д конкурс өгөхийг санал болгосон.

-“The Voice of Mongolia” шоуг нэгдүгээр улирлаас нь хойш хөтөлж байна. Өөрөө ороод үзье гэж бодож байсан уу?

-Үгүй, бодож байгаагүй юм байна. Энэ зөвхөн дууны шоу биш, хэн нэгэнд итгэл найдвар, урам, хүсэл тэмүүлэл өгөх зорилготой мөрөөдлийн шоу. Үүнийг үзсэн, орсон хүмүүс сайхан мэдрэмж авч, би ч гэсэн чадах юм байна гэсэн итгэлтэй болж байвал тэр л мөн чанар нь.

Сүүлийн үед сошиалд хүн бүрийн зовлонг яриулж, дуулууллаа гэх шүүмжлэл харагдсан. Тэр хүнд хэцүү байгаа ч тайзан дээр гараад дуулж байна гэдэг чинь агуу биз дээ.



Categories
мэдээ соёл-урлаг

А.Энхжин: Яг үнэндээ урлаг дотроо бид чинь бэлтгэл бүлгийн хүүхдүүд шүү дээ

“Этик” продакшны захирал, жүжигчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө трейлер нь цацагдсан шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Юун түрүүнд “Өдрийн сонин”-ы олон мянган уншигчдад энэ сайхан өдрийн мэнд хүргэе. “Этик” продакшны өргөн дэлгэцийн тав дахь уран бүтээл “Мардай” УСК-гоо ирэх сарын 4-нд нээх гэж байна. Манай продакшн 2018 онд дөрвөн гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, нийт долоон уран бүтээл хийсэн. Тэдний тав нь өргөн дэлгэцийн буюу театрт, хоёр нь IPTV-д зориулагдсан. 1984 онд Дорнод аймгийн орхигдсон, нууцлаг хот “Эрдэс”-ийн дэргэдэх “Мардай” хэмээх ураны уурхайд цаазын ялтай хоригдлууд ажилладаг байсан түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино.

-Түүхэн сэдэвтэй болохоор удаан хугацаанд судалгаа хийв үү?

-Тэгэлгүй яахав, 2019 онд ийм кино хийе гэж ярилцаад продакшны зохиолч, найруулагч Г.Даваазул маань зохиолдоо орсон. Тэр хугацаанд бид Дорнод аймгийг зорьж тухайн үед нутаглаж байсан малчид, Дорнод аймгийн архив, цэргийн болон энгийн иргэдтэй уулзаж материал цуглуулсан. Түүхээс гадна тухайн үеийн цэргүүд, хуяг ямархуу байсан гэдгийг судалж, зохиолтойгоо уялдуулаад 2020 оны сүүлээс зураг авалтаа эхэлсэн. Зураг авалт жил гаруй үргэлжиллээ.

-Ураны уурхай дээр зураг авалтаа хийсэн юм уу?

-Нэгдүгээрт уран бол маш хортой бодис, хоёрдугаарт хол учир Мардай руу очих боломжгүй. Тиймээс хоттой ойр Гордокын дэргэд 337-р цэргийн ангийн байгууламжид Мардайн уурхайг орлох гурван том павилон барьсан. Ингээд 800-900 хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтаа хийж дуусгалаа.

-Трейлерд хүнд сценууд харагдсан. Таны хувьд хамгийн хүнд нь ямар сцени байв?

-Хамгийн хүнд нь киноны эхлэл дээр гардаг хүн шатаах сцени мөн зодооны хэсэгт нэгнийгээ санамсаргүй цохих, буутай хэсгүүд, машинд мөргүүлэх зэрэг олон хүнд сцени бий. Бидний хувьд сценүүдээс гадна хамгийн шандас сорьсон үе бол 36 цаг тасралтгүй зураг авах байсан. Олон хүний чармайлт, сэтгэл, хөдөлмөр шингэсэн учир зураг авалтаа сайхан дуусгасан.

-Жишээлбэл, хүн шатааж байгаа сценийг хэдэн удаа давтсан бэ?

-Бид хамгаалалтын хувцсаа өмсөөд галаа асаахгүйгээр маш олон удаа бэлдэж, галаа асаагаад нэг удаа л авсан. Бараг 40 секунд хүн шатаадаг, хэчнээн хамгаалалтын хувцастай ч бүгдээрээ айдастай байсан. Эрүүл ахуй, гал командын хүмүүсээ бүгдийг нь дуудаж байгаад зургаа авсан даа.

-Орос жүжигчин харагдсан…

-Түүхэндээ Мардайд дийлэнх нь Орос хоригдол, 20 гаруй монгол хоригдол байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэхдээ бодит түүхээс сэдэвлэж, уран сайханжуулсан кино гэдэг утгаараа бид монгол тал руугаа татаж ихэнх нь монгол, арваад орос жүжигчин тоглосон.

-Шинэхэн уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх уу?

-Бид байгуулагдаад гурван жил суралцаад л явж байна. Хэтийн зорилго бол мэдээж олон улсын кино наадамд зориулсан кино хийх. Яг одоогоор фестивальд оролцох бодолгүй, Европын улсууд цаашлаад Австрали, Солонгос руу киногоо гаргахаар ажиллаж байна.

-Танай продакшн ихэвчлэн бодит түүхээс сэдэвлэж уран бүтээл хийж ажиглагдах юм. Энэ үндсэн зарчмуудын нэг үү?

-Амьдралаас жаахан хол, инээдмийн кино ч бий. Гэхдээ бид амьдралд ойр, хүмүүсийн мэдэхгүй түүхүүдийг уран сайханжуулж толилуулах зорилготой.

-Хүмүүс яагаад “Мардай” УСК-г үзэх ёстой вэ?

-Энэ ертөнцөд хүмүүс зовлон, жаргалыг тэнцүүлэх гэж л ирдэг байх. Энэ киноноос андын сайхан нөхөрлөл, үнэнч сэтгэл, хүн хүнээ хайрлах, хүн хүний төлөө л амьдрах ёстой юм биш үү гэдгийг ойлгох болов уу.

-Танай хамтлагт тайзны уран бүтээл хийх зорилго, төлөвлөгөө байдаг уу?

-2023, 2024 оны төлөвлөгөөнд тайзны уран бүтээл хийх тухай орсон. Яг үнэндээ урлаг дотроо бол бид чинь бэлтгэл бүлгийн хүүхдүүд шүү дээ (инээв).

-Өөрөө “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан. Одоо харьяалалтай юу?

-Харьяалалгүй, 2011 онд МУГЖ Н.Ариунболд ах Монголын хошин урлагийн томоохон продакшнуудын нэг Шинэ үед маш элгэмсэгээр хүлээж авсан. Ах, эгч нараасаа их зүйл сурсан. Одоогоор тусаа гарч, ах нараасаа сурсан зүйлээ үргэлжлүүлээд явж байна.

-Тайзнаас дэлгэцийн уран бүтээл рүү ороход ямар байв?

-2018 онд хамтлагийнхан маань амжилт хүсч, зөвлөгөө өгөөд өрх тусгаарласан. Анх зусланд амарч байгаад явахдаа дахиад хэдхэн хонох юм сан гэж санагалздаг шиг тайзаа, хамт олноо их санадаг байсан.

-Өөр продакшны кинонд тоглох санал ирж байна уу?

-Манай хамтлаг байгуулагдах үедээ зөвхөн өөрсдийн кинонд тоглоно гэдэг зарчимтай байсан. Одоо бүгдэд нь л уран бүтээлд тоглох санал ирдэг. Энэ жилээс кино болон уран бүтээл давхцахгүй бол тоглох сонирхолтой байгаа.

-Дараагийн уран бүтээлийнхээ тухай…

-Эхлээд “Мардай” киногоо хот, орон нутаг, олон улсад нээнэ. Дараагийн орчин үеийн сэдэвтэй киноны зохиол гарсан, тавдугаар сарын дундаас уран бүтээлдээ орно.

-Хөл хорионы үеэр уран бүтээлийн нөөц үүсгэв үү?

-Хатуу хөл хорионоос өмнө киноныхоо шоронгийн гаднах павильоныг барьчихсан байсан. Мэдээж багагүй хөрөнгөөр барьсан, яг маргааш нь зургаа авах гэж байтал хатуу хөл хорионд орсон. Бид 21 хоног карентилагдаад иртэл павильон нурчихсан, дахиад босготол дахиж карентилаад нийт хоёроос гурван удаа нурж дахин барьсан. Хатуу хөл хорионы үед хамтдаа карентилагдаж “Үнэн хайр” гэдэг аав, охин хоёрын тухай IPTV-д зориулсан контент хийсэн.

-Та цалин буух бүртээ сургууль дээрээ очдог гэсэн. Одоо хэзээ очих гэж байна?

-2011 онд анхны цалингаа аваад дээж 10 мянган төгрөг түрүүвчиндээ хадгалж, аавдаа 50 мянган төгрөг шилжүүлсэн. Цалингийн ихэнх хувь нь миний багшийн хөдөлмөр гэдэг утгаараа багшдаа очсон. Тэр үеэс хойш цалин буух бүртээ багш, доод үеийн дүү нар дээрээ очдог байсан. Сүүлдээ тэр хэд маань миний цалин хэзээ буухыг мэддэг болсон (инээв).

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай аав Москвагийн их сургуульд инженерээр төгссөн, оюутан байхдаа брейк бүжиг бүжиглэдэг зураач хүн. Ээж минь 1992 оны “Монголын сайхан бүсгүй”, загвар өмсөгч эмэгтэй байлаа.

-Сүүлийн үед фото моделиор ажиллаад байна уу?

-Үгүй, найз нөхдөдөө л тусалдаг. Над шиг бүдүүн хацар, том толгойтой хүн загвар өмсөнө гэж юу байхав (инээв).

-Залуу уран бүтээлчийн хувьд Монголын кино урлагт юу үгүйлэгдэж байна гэж боддог вэ?

-Надад энэ асуултад хариулах туршлага, нас болоогүй байхгүй гэж бодож байна. Өмнөх ажлаа хамгийн сайнаараа хийж байхад ах нар шигээ туршлагажна, сайжирна.

-Та хэнээс үлгэр авдаг вэ?

-Шинэ үе продакшны Бооёо ахаасаа ахуй амьдрал, ажил, менежмент, бизнесийн хувьд гээд олон зүйл дээр үлгэр жишээ авдаг.

-Хувийн бизнестэй юу, та?

-Жижиг юм бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

В.Баттулга: Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа || DNN.mn

Зууны манлай хос дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулгатай ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү...

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв…

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”… хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Соронзон: 30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол Улсын болон ОХ-ны Буриад улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой ярилцлаа.


-Сүүлийн үед Олон нийтийн сүлжээгээр тантай холбоотой олон сенсаци шуугиан дэгдэх боллоо. Энэ талаар ярилцахаар таныг зорин ирлээ. Шуугианы үндсэн шалтгаан юу вэ?

-Манай сургуульд 29 жил тасралтгүй ажилласан Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой ийм асуудал үүсэх шиг боллоо. Максим бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж өссөн, манай дотоодын Орос хүн. Монголын эсрэг байр суурьтай байх үндэслэлгүй гэж боддог. Газарзүйн багш мэргэжилтэй, сайн гүйцэтгэгч байсан. Манай сургуулийн 30 жилийн амжилт энэ хүнтэй бас холбоотой. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бид хөтлөлцөөд шахуу энэ сургуульдаа ирсэн улс. Ийм асуудал үүссэнд харамсаж байна.

-Яагаад ингэх болов?

-Максим маань сүүлийн гурван жил зан харьцаа их өөрчлөгдсөн. ОХУ-аас ирж ажиллаж байгаа менежерүүдтэй шөргөөцөлдөх, хэл ам их хийх болсон. Миний зүгээс зарим үед анхааруулж, зарим үед оролцдоггүй байлаа. Энэ 29 жилд сургуулийн байрны өргөтгөлийн хажуу өрөөнд 11 жил амьдарч, эхнэр, хүү, охин, хүргэн гээд бараг арваад хүн манай сургуульд ажиллаж, амьдарсан. Угтаа бол энэ сургуулийн үр шимээс хамгийн их хүртсэн хүн гэж болно. Түүнд асар их эрх мэдэл ч олгосон. Үүнийг Максим ч хүлээн зөвшөөрөх биз.

Эхний асуудал бол цар тахлын үед ОХУ руу амрахаар явах багш нарыг хилээр буцааж оруулахгүй байх магадлал өндөр байсан. Тиймээс хавар нь багш нартайгаа хуралдаж энэ зун Монголд үлдээд зургадугаар сард сурагчдад давтлага өгч ажиллуулаад цалинг нь бүтэн тавих, долдугаар сард амралтын мөнгөө авч амрах, амрах хугацаандаа дотоодын аялал зохион байгуулах, наймдугаар сарын 1-нээс ажилд нь оруулъя, цалинг бүтэн олгоно гэдэг арга хэмжээ авсан. Гэтэл Максим өөрийн удирддаг дунд, ахлах ангийн багш нарыг “Энэ сургууль удахгүй дампуурна, та нар буц” гэж хөөж байсан гэдэг.

Гэнэт багш нарыг хагаралдуулах үйлдлийг санаатайгаар удаа дараа гаргаж, багш нараа хэл амаар доромжилж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, багш нарын нөөцийг бусниулж эхэлсэн. Түүнээс болж бид хоёрын дунд нэлээд ширүүн яриа болсон юм. Удалгүй Максим нэргүй болон өөр хүний нэрээр Москва руу мэдээлэл бичиж, ОХУ-д шат шатандаа мэдэгдсэн. Захидалдаа багш нар болон сургуулийг муучилж, “ОХУ-ын өмчийг Монгол Улсын нийслэлийн өмч болгож бүртгүүлсэн. Эргээд ОХУ-ынх болгоход хамгийн их саад болж байгаа, Монголын эрх баригчидтай нийлсэн гол буруутан Ж.Соронзон. Энэ хүнийг зайлуулахаас нааш ОХУ өөрийнхөө өмчийн эзэн болж чадахгүй” гэж бичсэн байсан. Би үнэхээр харамсаж, бас уур хүрч Максимыг дуудаж хэлтэл уурлаад гарч явсан. Халагдах өргөдлөө нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд явсан. Тэрнээс хойш Суянз.М.М надтай уулзаагүй.

-Өмч гэж та яг юуг хэлж байна. Энэ талаар тодруулаач.

– Энэ их хэцүү асуудал юм. Сургуулийн үндсэн байшин барилга 60 айлын орон сууц, хэдийгээр Монголын өмчид бүртгэсэн ч, олон улсын гэрээн дээрээ сургуулийн өмч гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн. Энд нэг том зөрчил харагдаж байгаа биз. Өмчийн маргаан олон жил үргэлжилсээр байна. Энэ шуугианы дараа шийдэгдэх нь бараг тодорхой болчих шиг боллоо. Сургуулийн өмчийг хэнийх гэдгийг нотолдог гол баримт бичиг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичиг байдаггүй нь үүнийг бас нотолно. Одоо байгаа эрх зүйн үндэс буюу олон улсын гэрээгээрээ “сургуулийн өмч” гэж үзэхээс өөр аргагүй. Гэрээн дээр яг тэгж бичсэн байна. Тиймээс энэ сургууль бол Монголын төрийн өмчит сургууль биш. Харин нийт төсвийн 17 хувийг Монгол Улсаас өгдөг.

-Максимыг хэзээ ажлаас халсан юм бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард өргөдлийг нь үндэслэн халсан. Би уг нь түүнд тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлээд ажиллая гэвэл удирдлагуудын багт сайн туслахууд томилж өгч болно гэж хэлж байсан юм. Ичсэн хүн хүн ална гэгчээр бичсэн захидал нь баригдаад арга буюу ийм шийдэлд хүрсэн биз ээ. Тэгээд л С.Будрагчаатай учирсан бололтой.

-Танаас С.Будрагчаа сэтгүүлчийн гаргаж тавьсан баримтын талаар асуух зүйл нь дүүгийн тань нэртэй түрээсийн байр байна. Үүнд тайлбар өгөөч?

-Манай сургууль 95 бүлэг, 2700 сурагчтай. 2009 оноос арай гэж нэг ээлжинд шилжсэн. Нэг ээлжинд шилжүүлэх нь төрийн бодлого. Чухал арга хэмжээ. Бэлтгэл бүлэг буюу 5 настай хүүхдийг 15 хүүхдээр анги бүрдүүлэн, хичээллэх, унтах, амрах, тоглох орчинд бүтэн жил бэлтгэсний үндсэн дээр нэгдүгээр ангиас ОХУ -ын программаар хичээллэх бэлтгэх хангах шат юм. Үнэн чанартаа хагас сургууль, хагас цэцэрлэг. Энэ нь хүүхдийн эрх ашиг, эцэг эхийн хүсэл шаардлага байсан юм аа. Ийм бэлтгэл бүлгийг эхлээд багш нарын байранд хичээллүүлж байлаа. Багш нарын тоо олшроод арга буюу шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Гэтэл сургуулийн дэргэд шинээр байр баригдаж тэндээс түрээсэлж эхэлсэн. 2015 оноос өмнө асуудалгүй байсан. 2015 оноос түрээслэгч солигдсонтой холбоотойгоор ийм асуудал үүссэн. Яагаад ийм асуудал үүссэн, ямар үндэс шалтгаантай, Монгол Улсын хууль зөрчсөн үү, олон улсын гэрээгээр захиралд тийм эрх олгосон уу гээд хуулийн олон асуудал бий. Тэр бүгдийг би хуулийн байгууллагад тайлбарлана даа. Би юу болох, юу болохгүйг мэдэхээ байчихсан, цайчихсан тэнэг амьтан бас биш шүү. Бүх юм учир шалтгаантай. Юманд учир суманд занги бий гэдэг байх аа.

-Таныг гэр бүлийн хүн Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржийг сургуульдаа өндөр цалингаар багшлуулсан гэж байна.?

-Тийм ээ. Нөхөртөө мөнгө өгөх гэсэн зорилго байгаагүй. Харин төгсөх ангийнханд өндөр түвшний мэдлэг өгөх гэсэн сайхан санаа байлаа. Манай гэр бүлийн хүн бол нийгэм судлалын багш мэргэжилтэй, философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор хүн. Монголын нэртэй эрдэмтэн хүн. Нийгмийн ухаануудын суурь ойлголтыг орос, монгол хэл дээр тайлбарлан заадаг байлаа. Үндсэн багш биш. Гэрээгээр ажиллуулсан. Төсвийн мөнгөнөөс цалин олгоогүй. Сургууль өөрийн орлогоос цалинжуулсан. Энд бас хуулийн нарийн ширийн асуудал бий. Түүнийг хуулийн байгууллагад тайлбарлана. Үндэслэл, нотолгоогоо гаргана. Ер нь манай сургууль 12 гэрээт багштай. Тэдний цалин дээд тал нь 10 сая төгрөг. Манай хүний сарын хөлс 4.1 сая төгрөг. Татвар төлөөд 3.3 сая төгрөг авдаг байсан.

-Гэрээт багш нарын цалинг яаж тогтоодог вэ?

-Ур чадвараар нь өөр, өөр тогтооно. Олон жил ажилласан үр өгөөжтэй багш нарын цалинг өндөр тогтооно. Чадвартай хүн сайн цалин авдаг гэсэн зах зээлийн зарчмыг л барьдаг.

-Багш нараа торгосоор байгаад багшид цалин очдоггүй гэсэн шүүмж байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Бүх багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин тогтоох, цалин олгох журам зэргийг танилцуулаад харилцан зөвшилцөн гэрээ байгуулдаг. Цалин тогтоох журамд үндсэн цалин дээр анги удирдсан, дэвтэр зассан, ангийн ажил гээд л сургуульд байдаг бүх л нэмэгдлийг хэлж байгаа юм. Харин цалин олгох журам бол багш таны үр дүн, хариуцлагатай шууд хамаатай. Сурагчийн мэдлэгийг хөндлөнгөөс үнэлээд хүүхэд сургасан чанараар цалинг нэмэх, хасах тогтолцоотой. Энэ бол 20 жил хэрэгжиж байгаа арга. Үүний үр дүнд Орос-3 имиж, эрэлт, чанар, хүлээн зөвшөөрөлт бий болсон. Эцэг эхчүүдийн төлсөн төлбөрөөр, зарим багш нарт шагнал нэмэгдлээр 10 гаруй сая төгрөгийн цалин болгож өгчихөөд тэдний хүүхдийн сурсан эсэхийг шалгахгүй байж болохгүй. Багш хүүхдэд зарцуулах 40 минутын хичээлийн гурван минутыг ч хоцорч хороож болохгүй л гэсэн алтан дүрэмтэй. Багш яагаад тэр байгаагүй цагийн цалинг бүтэн авах ёстой билээ. Ангиа муу удирдсан бол яагаад анги удирдсан цалин авах ёстой билээ. Энэ бол цэвэр хариуцлагын тогтолцоо. Багш хүн шавь нартаа эрдэм ном заахын зэрэгцээ сайн хүн байх, хариуцлагатай, шударга, эх орондоо хайртай хүн болгохын тулд өөрөө үлгэрлэх ёстой. Еврейн боловсролын нэг нууц бол зөв үлгэр дуурайл шүү. Тийм учраас багш ажлаа муу хийсэн, цагийн хийдэл гаргасан бол мөн л шударга ёсны зарчмаар цалингаа хасуулах ёстой. Нэр нь торгуул гэнэ үү, хасалт гэнэ үү тэр нь чухал биш. Хүнээр ажил хийлгэх амаргүй шүү. Шуудхан хэлбэл, гадаад багш нар бидний үр хүүхдийг сургах гэж ирээгүй шүү. Тэд цалин авахаар ирсэн, хянахгүй бол эцэг эхийн мөнгө үр дүнгүй болно.

-Танай сургууль улсын өмчит сургууль уу?

-Үгүй. Монгол, ОХУ хоёрын засгийн газрын хоорондын гэрээгээр байгуулсан өөрийн өмчит сургууль. Гэрээнд тэгж заасан байна. Энэ бас өмчийн маргаан гарах нэг шалтгаан байж мэднэ. Энэ бол хуулийн нарийн асуудал. Мэргэжлийн хуульчид бол ойлгох байх. Жирийн хүмүүс ойлгоход төвөгтэй асуудал.

-Төлбөр авах эрхтэй юү?

-Манай сургуулийн үйл ажиллагааг зохицуулсан олон улсын гэрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулж орлого олохыг маш нарийн заасан. Тэр мөнгөө өөрийн дансанд байршуул гэдгийг ч заасан. Одоо арилжааны банкинд данстай ганц сургууль. Тэр мөнгийг сургуулийн зорилгод нийцүүлэн зарцуулах эрхийг сургуулийн удирдлагад олгосон байдаг юм.

-Багш нарын байранд амьдардаг багш нар түрээс төлдөг үү?

-Төлөхгүй, гурван яамны гэрээгээр багш нар байранд үнэ төлбөргүй амьдардаг. Цахилгааны төлбөрөөс өөр хэрэглээний төлбөр төлдөггүй, ор дэр, сандал, ширээ, цагаан хэрэгсэл, компьютер, хөргөгч, плитка гээд хэрэгцээт бүх зүйлийг сургуулиас бэлтгэдэг. Энэ бүх зардлыг сургууль өөрийн хөрөнгөөр хангадаг.

-Гэр бүлээрээ ирж амьдарч болох уу. Ямар зөвшөөрлөөр байх вэ?

-Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль гэж байдаг. Түүнд гэр бүлээрээ ирсэн хүмүүс Монгол Улсад түр оршин суугчаар бүртгүүлээд ГИХГазраас зөвшөөрөл аваад багш нарын байранд хамт амьдардаг. Манай сургуульд багшлах гэж байгаа бол БШУЯ-наас зөвшөөрөл авна.

-Таныг дарамт шахалт их үзүүлдэг гэж шүүмжилдэгт ямар тайлбар өгөх вэ?

-Дэг журам бол амжилтын үндэс. Би дэг журмыг барьдаг. Замбараагүй, хариуцлагагүй байдалтай эвлэрдэггүй. Энэ нь зарим хүнд хатуу мэт санагддаг буй за. Бид чинь бие биедээ шаардлага тавьж чадахгүй, янз бүрийн барьцаанд хаа саагүй орчихсон юм шиг л байх юм. Ийм байхад ажил яаж явах билээ. Эцэг эхчүүд төлбөрөө төлсөн л бол сургуулиас хариуцлага нэхэх хэрэгтэй. Муу сургавал шүүхэд ч өгч болно шүү дээ. АНУ -д тэгдэг юм гэнэлээ. Миний шаардлага, хариуцлага нэхдэг ажлын арга барил цөөнгүй хүнд таалагддаггүй байж мэднэ. Эцэстээ хүүхэд хождог гэдэгт би итгэдэг.

-Одоо таныг АТГ-т өгчихлөө, мэдээж шалгагдаж эхэлнэ. Нийтэд шуугьж байгаа мэдээлэл бүр дээр та бараг няцаалт хариу хэлж байна. Та үүнийгээ батлахад бэлэн үү?

-Олон жил шалгууллаа. Хийсэн бүхэн нийтэд ил байна. АТГ-т өгсөн, нууц гэх материалууд нууц биш ээ. Манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Бодоод үз дээ. Гэм зэм бол дандаа нууц далд аргаар гэмт санаагаар хийгддэг биз дээ. Харин ч элдэв яриа нэг талдаа шийдэгдэнэ шүү дээ. Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжлол байна.

-Гучин жилийн ойн баяраа удахгүй хийх гэж байгаа гэсэн. Сургуулийн гэрэл гэгээтэй мэдээллээр ярилцлагаа төгсгөмөөр байна.

Энэ сургуульд суралцаж зорилгодоо хүрсэн, одоо суралцаж байгаа, үр хүүхдээ итгэж элсүүлсэн эцэг эхчүүд та нарын итгэлийг даахын төлөө зүтгэсэн миний 30 жилийн хөдөлмөр зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй байх аа. Та нартаа баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг энэ шуугиан надад маш сайн ойлгууллаа. Олон жил ажиллахаар олон хүн бас дургүйцдэг юм шиг байна. Олон хүн бас үр хүүхдээ бодон зүтгүүлэхийг хүсч байгааг би бас мэднэ. Гэвч зарим хүмүүсийг алдаршуулан баярлуулаад амрах цаг дөхжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог

СТА, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?

-Юуны түрүүнд “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.

-Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.

-Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.

-“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол…

-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.

-Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?

-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.

-Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?

-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.

-Тайзаа санаж байна уу? -Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.

-“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?

-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.

-Оногдсон дүрээр амьдрахад юу чухал вэ?

-Судалгаа хамгийн чухал, найруулагч Батсайхан ах маань “Жүжигчин хүн гэдэг өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг сайн хадгалдаг” гэж хэлж байсан. Хадгалаад тогтоож авсан хүн сайн уран бүтээл гаргадаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл, би аав нь өнгөрч байгаа дүрд тогловол хэрвээ Эрхэмээ байсан бол яах вэ, аавыгаа өнгөрч байгаа дурсамжийг дотроо бодож, мэдэрч тогтоож үлдэнэ. Уран бүтээлчид нас ахих тусам сайн уран бүтээл гаргадгийн учир тэр байх. Мэдэрч, тогтоосон дурсамжуудаа онолтойгоо холбоод сайн уран бүтээл гардаг. Бүх л дүрд эд эсээ шатааж, судалгаа хийж л тоглоно доо.

-Таны мөрөөдлийн дүр ямар дүр вэ?

-Яг үнэндээ надад энэ дүр дээр л тоглочих юмсан гэдэг мөрөөдөл байдаггүй. Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог. Тэгээд л түүн дээрээ сайн ажиллахыг хичээнэ.

-Гэр бүлийнхээ хүнтэйгээ кино хийх гэж байгаа гэсэн. Гэр бүл гэдэг утгаараа догдолж байна уу, та?

-Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ ажил, амьдрал хоёрыг ялгаад сурчихсан даа. Шинэ уран бүтээл дээр найруулагчаар ажиллана, дүр бүтээхгүй.

-Таны багш “Жүжигчин хүн зорилго тоглодог юм” гэж хэлдэг байсан гэж уншсан. Ер нь таны амьдралын зорилго юу юм бэ?

-Туйлын бөгөөд үндсэн зорилго бол эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрах. Зорилго гэдэг үгэнд хүрэхийн төлөөх бодлууд маань л сайн сайхан руу хөтлөдөг байх. Жишээлбэл, би үргэлж хүний итгэлийг алдахгүй илүү хичээх юмсан гэж бодож явдаг. Хэн нэгэн магтахад, шүүмжлэхэд хүлээж авч илүү их хичээх хэрэгтэй.

-Таныхаар Монголын урлагийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Камертай болгон кино хийж, бараг хүн бүр кино найруулж байна. Нэг талаараа зөв л гэж боддог, хийгээд л, үзээд л байх хэрэгтэй. Тэгж байж үзэгчид ч, уран бүтээлчид ч хөгжинө. Өрсөлдөгчгүй бол хөгжихгүй шүү дээ. Гадны кино наадмуудаас яагаад монгол кино шагналыг нь аваад байгаа юм. Монголчууд мөнгө өгч лав аваагүй байх, тэгэхээр гадныхан үзэж байна, хөгжиж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Төмөрбаатар: Одоо би залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу, одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. “Гэм зэм” жүжгээс өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Одоогоор найруулагч М.Батболдын найруулга дор Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Энэ жүжиг гуравдугаар сарын 28-наас тоглоно. Ф.М Достоевскийн хоёр зуун жилийн ойн хүрээнд бүтээсэн “Гэм зэм” жүжиг үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 4-27-ны хооронд тоглохоор болсон. Үзэгчдийн хүсэлт учир зайлшгүй тоглох ёстой, мөн өмнө нь 100 мянган төгрөгөөр тоглож байсан бол энэ удаа 50 мянган төгрөгөөр тоглох гэж байна. Чанар, тоглолтын өөрчлөлт байхгүй, гол дүрүүд маань бүгд хэвээр, туслах дүрд тоглож байсан хоёр хүн өөрчлөгдсөн.

-Жүжгийг хэр удаан бэлтгэсэн бэ?

-Наймаас арваннэгдүгээр сар хүртэл гурван сар ажилласан.

-Бусад жүжигтэй харьцуулахад гурван сар урт хугацаа юу?

-Энэ бол постдрамын жүжиг, монголоор чөлөөт сэтгэлгээ гэх юмуу даа. Мань мэт нь ойлгохгүй жаахан удсан (инээв). Учир нь би чинь социализмын үеийн “Соц” реалист урлагийн бүтээгдэхүүн шүү дээ. Реализм бол буруудах юм байхгүй.

-Та жүжгээ удаан ойлгосон гэв үү…

-Тийм, найруулагчтайгаа олон цаг ярьж сууж, нэлээд цаг зарцуулж байж ойлгосон. Өөрөөр хэлбэл М.Батболд гэдэг найруулагчийн төгссөн сургуулийг Төмөрбаатар гэдэг хүн энэ жүжгээр бага ч гэсэн төгслөө гэж ойлгож байна. М.Батболд “Гэм зэм” жүжгийг тавьснаараа, бид тоглосноороо, үзэгчид үзсэнээрээ Монголын урлагт цоо шинэ шугам гарч ирж байна. Энэ шугам Монголын урлаг, тэр дундаа тайзны урлаг шинэчлэгдэх ёстойг хэлж өгч байгаа юм. Хэзээг хүртэл 1950, 1960-аад оны үеийн хэлбэрээр байх юм бэ, жүжигчид, найруулагчид үүнийг ойлго, сонго гэдгийг хэлж байна.

-Та жүжгийн дүрийнхээ гол утга, агуулгын талаар ярихгүй юу?

-Уг жүжгийн хувьд би баян чинээлэг газрын эзэн, Дуня гэдэг бүсгүйд дурлаад эхнэрээ бас бус хүмүүсийг хорлож байгаа дүрд тоглосон. Амьд ахуй насандаа өөрөө хор хийгээгүй ч, хортой нөлөөтэй явсан хүн. Сүүлд нь надаас болж хүмүүс ийм байдалд хүрсэн юм байна.

Ер нь муу нэртэй, муухай зүстэй хүн дурлаж болдоггүй юм уу. Тэр хүн хайрлуулахыг хүсэхгүй байна гэж үү, та нарын дунд эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн бий юү, та нар хүнд хайрлуулах гавьяатай хүмүүс мөн үү, бүгд нүгэлтэй улсууд шүү дээ, яг надтай ижил. Чи нүгэл хийсэн бол тэр нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой, миний хувьд нүглийн төлөөс маань их том учраас би өнөөдөр энэ амьдралаас явах ёстой, ийм л дүр.

-Жүжигт залуу жүжигчид олон харагдсан. Залуустай хамт ажиллахад тэдний хандлага ямархуу байна?

-“Гэм зэм” жүжигт хамгийн ахмад жүжигчин нь байлаа. Залуу жүжигчдэд хэлж ярих зүйл маш их байсан, хэрээрээ л тусалж, дэмжиж найз нөхөд шиг, эхнэр нөхөр шиг, аав, хүү хоёр шиг гээд атгасан гар шиг л байж энэ жүжгээ гаргасан. Нэг дүр нь тайзан дээр ажиллаж байхад бусад нь бодлоо хэлж найруулагчтайгаа яриад тэр дундаас дүрийнхээ гол шугамыг гаргаж ирдэг. Жүжигчин хүн гэдэг найруулагчийн өмнө баримлын шавар байх ёстой гэдэг л дээ. Баримлын шавраар найруулагч ямар дүр бүтээнэ тэр рүү л явна, жүжигчин хүн зөвхөн дотор нь юу байгаа вэ гэдгийг л гаргах ёстой.

-Сүүлийн үед кинонд тоглож байна уу?

-Өнгөрсөн онд хоёр кинонд тоглосон. Нэг нь “Миний муу найз” гэдэг киноны гол дүр, нээлтээ хараахан хийгээгүй. Халх голын сангийн аж ахуйд зургийг нь авсан. Малчин хоёр найз өвгөн, тэд гурван хүү, гурван охинтой. Өсөхөөсөө өтлөх хүртэл хамт байгаа ч яриа нийлдэггүй ёдор өвгөчүүл. Миний гурван хүү, танай гурван охиныг тоохгүй ээ, миний гурван охин ч танай гурван хүүг тоохгүй ээ гэж ярьсаар киноны төгсгөлд зургуулаа хоорондоо суугаад, нэг нь алуулах шахаад яг тэр мөчид би чамд хайртай шүү дээ, чи насаараа хамт байчихаад намайг орхиж яваад байхдаа яадаг юм, явбал хамтдаа явна гэж ярьдаг биз дээ гээд уйлаад сууж байгаа өвгөчүүлийн нөхөрлөлийн тухай кинонд ажилласан.

-Таны хувьд дэлгэц, тайзны уран бүтээл юугаараа өөр вэ?

-Тэс өөр шүү дээ, хамгийн наад зах нь амьд ба амьд бус харилцаа. Дэлгэц дээр болоод өнгөрсөн юмыг л хараад байгаа, харин тайзан дээр жүжигчинтэйгээ хамт уйлж, дуулж, гасалж, инээдэг. Тийм учраас жүжигчин үзэгчдийг байлдан дагуулахад илүү дөхөм байдаг. Кинонд тоглоход хариуцлага өндөр. Бага зэргийн алдаа гарахад л засч болохгүй.

-Нэг жүжгээ өдөр бүр анх удаа тоглож байгаа юм шиг тоглоход ямар нэг “жор” байдаг уу?

-Зүгээр л өнөөдрөөрөө тоглодог. Өнөөдөр миний сэтгэл зүй, оюун ухаан, орчин тойрны болж буй үйл явдал ямар байгаагаар л тоглодог. Би өнөөдөр тоглоод маргааш үхчихэж магадгүй.

-Киноны саналууд ирж байна уу?

-Сүүлийн үед нэлээд санал ирж байгаа. Гоо сайхны мэс засалд ороод удаагүй болохоор энэ жилдээ кинонд тоглохгүй.

-Гоо сайхны мэс засалд орох шийдвэрийг гаргахын тулд удаан бодсон уу?

-Үрчлээгээ хараад нэг татуулчих юмсан, арилгах арга байдаг болов уу гэж боддог л байсан, нэг их удаан бодоогүй ээ. Эмнэлэгтэйгээ хамтраад Төмөрбаатар гэдэг хүнд бүрэн капитал засвар хийнэ гэж зорьж байгаа. Ганцхан нүүр царай ч биш зүрх судас, бөөр, элэг, түрүү, нойр булчирхай, хүзүүний арьс татуулах, хөмсөгний үс суулгах, шүд цайруулах гэх мэт бүх эрхтэнг орчин үеийн техник, эмчилгээний аргаар капитал засварт оруулна гэсэн юм. Би үүнд их дуртай байгаа.

-Таны охидоос урлагийн салбарт орж байгаа хүн бий юү?

-Том хүү Т.Анар найруулагч, жүжигчин, охин Т.Энхжин маань бүжигчин. Эхнэртэйгээ ханилаад гурван хүүхэдтэй болсон. Том охин маань олон улсын эдийн засагч, дундах нь одоо төгсөх анги. Жүжигчин болно, бэлтгэж байгаа. Бага хүү маань есөн настай. Өөрөө бол цагдаа болно л гэдэг юм, яг мэргэжил сонгоход яахыг таашгүй. Би бол жүжигчин болгох юмсан гэж боддог.

-Удмаа таслах ёсгүй гээд үү?

-Тэгэлгүй яахав, гэр бүл гурван үеэрээ урлагийн төлөө зүтгэнэ гэдэг ховорхон завшаан. Би дүү Ц.Төмөрхуяг, эгч Ц.Уртнасангаараа бахархдаг. Миний эгч бол мундаг төгөлдөр хуурч эмэгтэй. Бидний аав ч гэсэн ямар мундаг хүн байсан билээ дээ. Тиймээс энэ хүний нэр төрийг унагахгүй юм шүү гэж хичээж, эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнээ баясгая л гэж боддог. Эцэг хүнийхээ хувьд “Үр хүүхдүүдээ зөв яваарай. Чиний ард ийм удам байгаа шүү. Тийм удмын хүн шүү” л гэж захидаг.

-Том хүүдээ урлагийг санал болгосон уу?

-Манай хүү уг нь барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн жил цэрэгт явж ирээд “Аав аа, би жүжигчин болмоор байна. Миний судсаар өвөөгийн цус гүйгээд байх шиг байна” гэж ярьж байсан юм. Гэтэл удалгүй “Улаан эрэг” гээд кинонд айхтар тоглосон байсан. Тэгээд л найруулагчаар сурсан. Төгсөөд гурав дахь киногоо хийчихэв үү дээ.

-Энэ жилдээ кинонд тоглохгүй гэлээ. Мэс засалд орчихоод яг ийм киноны ийм л дүрд тоглоно гэсэн зорилго байв уу?

-Байхгүй, өөрөө хийнэ гэж бодсон хэд хэдэн кино төсөл бий. Бөх, архины тухай болон баримтат хоёр ч кино байна. Өөрөө дүрс гарахгүй юм чинь киноны ард найруулж болно. Өвгөнөөс өөр залуу дүрд, залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна. Хүмүүс муу хэлж л байна лээ. Яахав ээ, би өөрийнхөө биеийг л аятайхан болгочихъё гэсэн болохоос тэр хүний биеийг янз бүр болгоё гээгүй. Би 20-той болъё гээгүй. Би 60 гарсан хүн яагаад 40, 50-тай юм шигээ байж болохгүй гэж. Би хөгширч үхмээргүй байна. Би цэл залуугаараа байж байгаад үхмээр байна.

-Таныг анх жүжигчин болж байх үеийн ахуй амьдрал одоогийнхоос ямар ялгаатай байна вэ?

-Цаг үе ч гэсэн өөр, би чинь 1978 онд төгссөн социализмын үеийн жүжигчин шүү дээ. Олон театртай байлаа, хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж байсан. Хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр илүү цалинтай байсан. Одоо бол бараг гуйж байж хэдэн төгрөг олж авдаг болж. Социализмын үед юунд ч санаа зоволтгүй ажиллаж болдог байсан. Өнөөдөр үхтлээ ажилласан ч цалингаа авч чадахгүй байна. Би социализмыг магтаад байгаа ч юм биш, гэхдээ нийгмийн өөрчлөлтүүд дунд монголчууд маань хөгжиж чадна л гэж итгэж явдаг.

-Соёлын яамтай болсон. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Соёлын яамтай л болсон доо, өөр юу ярихав дээ. Мэргэжлийн бус хүмүүс юу ч хийж чадахгүй, яг юу хөгжүүлэх гэж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс сууж байна.

-Монголын урлагийн салбарын хөгжлийг хэр түвшинд байна гэж хардаг вэ?

-Маш муу. Ухамсар дутагдаж байна, зүгээр карьер хөөгөөд л гүйгээд байгаа болохоос урлагаа хөгжүүлье гэсэн хүн алга. Хамгийн гол нь дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгтэй ижил. Толгой дээр сууж байгаа хүмүүс нь юугаа ч мэдэхгүй байхад яах юм бэ.

-Залуучууд таныг ахмад жүжигчин гээд түрүүлээд явдаггүй. Оройтсон ч хамт байж л байдаг гэж ярьдаг юм билээ. Таны насны уран бүтээлчид ажил, амьдралынхаа тэнцвэрийг яаж барьдаг юм бэ?

-Хуучин цагт бол уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт гэдэг байлаа. Манай гэр бүлийн хувьд 27 жил амьдарсан, эдийн засгийн хувьд тэнцвэртэй болчихоор хүнд санаа зовох зүйлгүй болчихдог. Мэдээж ажлаа тараад гэртээ очлоо, аав, хань хүний үүргээ биелүүлнэ. Ерөнхийдөө өдөр нь ажилдаа, орой нь гэртээ л байдаг.

-Зарим кинонд санхүүжилт олдохгүй удаж байхад зарим кино төрөл жанраасаа хамаараад арай хурдан санхүүжилттэй болдог юм шиг?

-Чанартай бүтээл хийхийн тулд санхүүжилт өндөр байх ёстой. Дутуу дулимаг бүтээлийг, зарим залуус 20, 30, 60 сая төгрөгөөр хийж байна. Кино гэдэг тийм өчүүхэн зүйл биш л дээ.Ийм тулдаа л манайхан ядуу байгаа юм. Ядаж хоёр хөршөө хар л даа. ОХУ-д нэг киноны гол дүрд тоглоход байр, машинтай болчихдог. Манайх бол өчүүхэн. Киноны зураг авалт эхлэхэд авсан урьдчилгаа кино бэлэн болоход дуусч, дараагийн өр тавигдчихсан л байдаг. Ийм байхад яаж баян тансаг амьдрах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Баатар: Монгол кантри урсгалаар хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гаргана

Хэдхэн хоногийн өмнөөс “Moнгол кантри” хэмээх шинэ урсгалыг үзэгчдэд хүргэж буй дуучин Т.Баатартай ярилцлаа.


-Гэнэт ийм шинэ, содон хүн хаанаас гараад ирэв. Цагаан сараар их сонин зүйл үзүүллээ шүү. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-намайг түмэндэм-бэрэлийн Баатархүү гэдэг, аав ээжээс заяасан нэр. Харин өнөөдрөөс эхлэн “Дуучин Баатар” хэмээх нэрээр уран бүтээлээ хүргэж байна. миний богино нэр л дээ, манай гэрийнхэн л Баатраа гэж дууддаг байлаа. Өмнө нь тайзан дээр энэ нэрээр дуудуулж байсангүй. Одооноос монгол кантри урсгалын дуучин Баатар гэх учиртай боллоо. Би Архангай аймгийн тариат суманд төрж, өссөн. Багаасаа л урлагийн хүн болно гэж боддог дуунд дуртай хүүхэд байлаа. хөгжим бүжгийн коллежийг уртын дууч мэргэжлээр төгссөн. Үндсэн мэргэжил маань уртын дууч, морин хуурч. таны хэлсэнчлэн Цагаан сарын тоглолт маань үнэхээр олон хүнд хүрлээ. Яг үнэнийг хэлэхэд, бид ийм хэмжээнд хүмүүс уухайлан хүлээн авна гэж бодоогүй. Миний хувьд их том гэнэтийн бэлэг боллоо. бүхнийг зохион байгуулсан “Централ” телевизийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

-Монгол кантри гэх шинэ урсгалыг бий болгож байна, яагаад ийм шинэ зүйлийг хийхээр болов?

-Би энэ ажилд хоёр жилийн өмнөөс хамтарч эхэлсэн. Манай багийн ерөнхий продюсер э.Бат-Үүл ах маань олон жилийн өмнө энэ санааг олсон юм билээ. Монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулж орчин цагийн залууст зориулсан Монгол кантри (country) урсгалаар хийсэн бүтээлүүдийг хүргэх юм. Кантри гэдэг нь хойд Америкаас гаралтай, тэндхийн уугуул хөгжим. Эрх чөлөө, энгүй тал, байгалийн үзэсгэлэн, төрсөн нутаг, хайр дурлал, цэрэг эр, хань ижлээ алс газраас санагалзан дуулдаг агуулгатай. нь монголчуудтай төстэй, сайн сонсвол оторлож яваа адуучин эр унаж буй хүлэг морио хүртэл магтан дуулдаг нь бидний амьдрал ахуйтай ижил мэт, баатарлаг түүхт, эрх чөлөөт монголчууд бид цаг хугацаа орон зайн онцлогоо хэрхэн мэдэрч ардын уламжлалт хөг аялгуугаар хүний сэтгэлд хүргэж ирсэн билээ дээ. Энэ бүхнийг судалж хийсэн учир хол биш ойр, хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гарна гэж харж байна.

-Багийнхнаа танилцуулж болох уу, та?

-Бололгүй яахав, Ерөнхий Продюсероор э.Бат-Үүл ах маань бий. хөгжмийн продюсер “A Sound” хамтлагийн аргил гитарчин д.Мөнхболд, шүлгийг Б.Батцэнгэл ах, хүмүүс Куйза нэрээр нь сайн мэднэ. Менежмэнтийн ажлуудыг “Sonor Records”-ын хамт олон зохион байгуулсан. “Limitless records”-ын р.Батболд ах миний дуулалтад зөвлөгөө өгч бичлэгийн ажлыг хариуцаж хийсэн. Зөвлөхүүд, дизайнер, зураг авалт гээд олон хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөрч хамт олон бий.

-Энэ урсгалын үнэ цэнэ, утга учир нь юу юм бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг. Монголын урлагт салхи оруулах хэрэгтэй. Хүмүүст тэс өөр, шинэ зүйл сонсгох, үзүүлэх шаардлагатай шүү дээ. Сонор рекордсын хувьд анх надтай уулзаж байхдаа үүсгэн байгуулагдсан цагаасаа л Монголд цоо шинэ байх бүтээлүүдэд хамтарч ажилласаар ирсэн тухайгаа хэлж байсан. нээрээ л бүх цаг үеийн анхдагч болох “Камертон”, “хар сарнай”, “никитон”, “татар”, “шөнийн галт тэрэг”, “алтан ураг”-тай хамтарч ажилласан. Анхдагч байна гэдэг их эрсдэлтэй, хүмүүс цоо шинэ юмыг хүлээж авахдаа тийм ч амар байдаггүй. тэдний ажлын дараагийн алхам бол энэ урсгал, ялангуяа надтай хамтрах болсонд миний хувьд их үнэ цэнэ гэж ойлгож байгаа. Би өөрийгөө дөвийлгөөгүй шүү, зүгээр л надад ийм хувь тохиолоо. Сэтгэл үнэхээр их догдолж байна. анх яг энэ догдлол шигээ эмээж байсан минь ч нууц биш. Бид дуунуудаа хийхдээ төрөл бүрээр найруулж, монгол дуулах арга барилтай их зохицож байна, үүнийгээ төгс болгоё гэж хичээсэн. одоо хүмүүс хэрхэн хүлээж авахыг л харах үлдлээ.

-Өмнө нь дуучин Т.Бат-Оргил кантри урсгалаар дуулж байгаагүй бил үү?

-Тийм ээ, кантри урсгал гэдэг өмнө нь байгаагүй биш байсан. дуучин т.Бат-ах 1990 оны дунд үеэс уран бүтээлээ хүргэсэн байдаг. Харин Монгол кантри (Mongol country) гэх шинэ урсгалын ялгаа нь ардын хэв маягийн дуулалт, монгол ахуй, шүлгийн утга, хөгжмийн онцлогтой уялдсан.

-“Сэтгэл нэрнэ” хэмээх анхны цомгоо хэвлэлтэд явууллаа гэсэн мэдээлэл байсан. Хэзээнээс үзэгчдийн сонорыг мялаах гэж байна?

-Манай “Сэтгэл нэрнэ” цомог нийт арван дуутай. Бид цомгийн гүйцэтгэлийн ажлыг Цагаан сарын өмнөхөн дуусгалаа. тэгээд л шууд CD-гээ хэвлэлтэд явуулсан. Хил гаалийн гацалт гайгүй бол удахгүй ирэх байх. Цомог бэлэн болж нааш ачигдангуут нь хэзээ худалдаанд гарах, хаанаас авах вэ гэдгээ зарлана. Бид CD-г олон хувь хэвлүүлээгүй, цаг үеийн онцлогоос шалтгаалж онлайн худалдааны платформуудад оруулах, тэр дундаа Mmusic-тэй хамтарч ажиллаж байгаа. дуунуудаа дэлхийг тойрон суугаа мянга мянган монголчууддаа хүргэх хүсэлтэй.

-Цомгийн нэр их өвөрмөц юм. Яагаад “Сэтгэл нэрнэ” гэж нэрлэсэн бэ?

-Харин их өвөрмөц нэр байгаа биз. “Сэтгэл нэрнэ” гэдэг миний “Сархад” хэмээх уран бүтээлд байдаг шүлгийн мөр л дөө. нэг бүсгүйд сэтгэл алдраад “…Сэтгэлийг минь нэрнэ ээ…” гэж дуулдаг юм. Удахгүй хүмүүсийн сонорт дуу маань хүрэхээр энэ хэсэг мөрүүд их дуулагдах байх гэж бодож байна (инээв).

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнийхөө тухай яриач?

-CD-ний нээлт, дуунууддаа дүрс клип хийнэ. Цаашлаад монгол кантри хэмээх урсгалыг бататгаж, хүмүүс хүлээн зөвшөөрөх хүртэл ажиллахыг хүсч байна. “Кантри” гэдэг ану-ын хөгжим, тэнд очиж монголчууд шинээр ийм зүйл хийсэн гэдгийг сонирхуулах, хамтран ажиллахыг зорьж байна.

-Битүүний өдөр баярын нэвтрүүлгээр индиан хувцас, нүүр будалттай байсан. Ямар утгатай юм бэ?

-“Централ” телевизийн Сар шинийн баярын нэвтрүүлгийн багтай зөвлөлдөж хувцас нүүр будалтынхаа санааг гаргасан. Зүгээр л бусдаас өвөрмөц байя, биднийг илэрхийлж болох ямар өнгө үзэмж байх вэ гэж ярилцаад Анхаа захирал, Куйза ах нарын санал болгосон шийдэлд хүрсэн.

-Урлагийн шинэ урсгалыг үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Дуу маань нэг шөнийн дотор хэдэн мянган хүнд таалагдаж, огт танихгүй хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх маш гоё мэдрэмж байдаг юм байна. нөгөө талаас яаж тэдний сэтгэлийг илүү баясгах вэ гэдэг том хариуцлагатай боллоо. Мөн сонсогчдын хүсэн хүлээсэн хөг аялгууг тэдэнд хүргэж чадсан байна гэдгийг ч харлаа. хүмүүс шинэ хамтлаг юм байна гэж ойлгосон байсан. Үүнийг зөв гэж бодож байгаа. учир нь би хэзээ ч ганцаараа уран бүтээл хийхгүй шүү дээ. Миний уран бүтээлийн нэг онцлог бол сонсогчдод амьд хөгжмөөр тоглогдож хүрэх явдал юм. Миний болон дууны нэрийг бичээгүй нь “Централ” телевизийнхний бодлого байсан. тэр нь ч хүмүүст их сонин санагдсан байх. дэмжсэн бүх үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Улам их хичээнэ гэдгээ дахин дахин хэлмээр байна. Миний шинэ цомог удахгүй та бүхний гарт хүрэх болно. Мөн “The BAATAR” нэртэй сошиал хаягуудаараа та бүхэнтэй ойр харилцаатай байх болно. Мmusic аппликэйшнийг утсандаа татаад дуугаа сонсоорой.

-Та ганц бие үү, хэдэн настай вэ?

-Энэ тухай ингэж шууд тодруулж асуух юм уу. Хариулахгүй байж болох уу.

-Би гэлтгүй, сонсогчдын хамгийн их сонирхдог асуулт байх даа.

-Тийм ээ, ганц бие. Өөр хувийн амьдралтай холбоотой нарийн юмыг ярихгүй байя, тэгэх үү (инээв).


Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Чинтөгс: Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулалт хийдэг


Сошиалаар стрийм хийдэг Streamer “CTS” буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа.


-“Стрийм” гэж яг юуг хэлж байна вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шууд дамжуулалтыг л стрийм гэж байгаа юм. Миний хувьд тоглоом тоглож түүнийгээ шууд дамжуулдаг. Үзэгчидтэйгээ шууд харилцаатайгаар сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр.

-Хэзээнээс стрийм хийж эхэлсэн бэ?

-Яг гурван жил нэг сар болж байна. 2018 оны зул сарын баярын өдөр анхны стриймээ хийсэн. Анх тэмцээний шууд дамжуулалт хийж тайлбарладаг байсан. Хэдэн сарын дараагаас өөрөө тоглож, стрийм хийж эхэлсэн.

-Яагаад стрийм хийх болов?

-Гаднын стриймийг зургаа, долоон жил үзэж байна. Эхэндээ гаднынхан л хийдэг, гоё юм гэж боддог байсан. Тэмцээний тайлбарлагч хийгээд би өөрөө хийж болох юм байна гэсэн сэдэл авсан. Багаасаа компьютер тоглоомонд дуртай хүүхэд байсан л даа. Миний хувьд энэ бол шинэ зүйл биш, үздэг байсан зүйлээ л хийж эхэлсэн. Тоглоомоо хийдэг хүн болно гэж боддог байсан ч яг үнэндээ тоглодог л хүн байсан юм билээ. Сүүлд олж мэдсэн (инээв).

-Ямар тоглоомууд тоглодог вэ?

-Би утсан дээр огт тоглоом тоглодоггүй. Байж болох бүх компьютерийн тоглоомуудыг тоглосон. Би барууны тоглоом, мэдээллийг үзэх дуртай. Тийм болохоор үздэг юмаа л тоглодог. Манай улсын айл бүр компьютертой байх боломжгүй учраас утасны тоглоом их байдаг. Хэрвээ “PubG Mobile” тоглоомоор стрийм хийсэн бол илүү амжилттай явах байсан байх. Гэхдээ сонирхдоггүй ээ.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн “Streamer” хэн бэ?

-Би.

-Стрийм хийж эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Би уг нь хичээлдээ сайн, дүүрэг, олон улсын медальтай, Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч байсан. Польш улсад сурч байгаад сэтгэлээр унаад буцаад ирсэн юм. Тухайн үед сайн охинтойгоо үерхэх, гадаадад сурах гэсэн хоёр том мөрөөдөлтэй байсан. Хоёуланг нь биелүүлээд, алдсан. Сэтгэлийн хямралд орж Монголдоо ирэхэд дуу цөөнтэй, өдөрт 100 үг л хэлдэг байсан байх. Ээждээ Монголд үргэлжлүүлж сурч байгаа гэж худлаа яриад стрийм хийж эхэлсэн. Үүнийг хийснээр хүмүүст тоглоомоо тайлбарлаж, ярьж байхдаа би яг л сэтгэл зүйчтэй уулзаж байгаа юм шиг мэдрэмж авдаг болсон. Яваандаа өөрийгөө илэрхийлж, үзэгчид маань надад дуртай болж би ч тайвширч эхэлсэн. Урьд нь өөртөө дургүй байсан. Сэтгэл дотор бугласан зүйлсээ бага багаар гаргаад, амьдрах, илүү сайжрах хүсэлтэй болсон.

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Огт дэмждэггүй, тоглоомоо боль хичээлээ хий гэдэг байсан. Эхний удаа тэтгэлэгт хоёрдугаар шатандаа унасан юм. Тэр үед ээж “Чи долоо хоногийн тоглоом тоглодог нэг өдрөө хичээлээ хийсэн бол тэнцэх байсан” гэж хэлдэг байсан. Тухайн үед би долоо хоногийн зургаан өдөр 12-13 цаг хичээлээ хийж, нэг өдөр нь амардаг байлаа. Ээжийн хувьд байж болох хамгийн муу, муухай зүйл бол тоглоом байсан. Ээж жил орчмын өмнөөс энэ бол миний ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн, ээжээсээ илүү орлоготой болж тусдаа гарсан.

-Нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Ойролцоогоор гурван сая гаруй төгрөг.

-Таны стриймийг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг вэ?

– Зарим үед 1000-1500 хүн, дунджаар 500-600 хүн үздэг.

-Ажилдаа өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Стрийм хийж эхэлж байхдаа орлогогүй, сургуульгүй гэрийн ажлаа хийж дүүгээ хооллож, сургуульд нь хүргээд бусад бүх цагийг стриймдээ зарцуулдаг байсан. Хоёр жил гаруй маш их хичээсний үр дүнд одооноос арай багасч байна. Одоогоор өдөрт 8-10 цагийг л зарцуулж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач…

-Юу ч болж байсан өмнөх ажлаа л хамгийн сайнаараа хийе гэж боддог. Стриймер болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулж ямар нэг ажил хийнэ. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Эхлээд өөрийгөө илүү сайжруулахыг хичээж байна.

-“100-ийн хайр”-д тоглож байсан гэсэн. Реклам, кинонд тоглох санал ирж байна уу?

-“100-ийн хайр”-д богино хэсэгт орсон. Рекламанд тоглох санал ирдэг. Нэг удаа кинонд тоглох санал ирсэн, би айдаг гэх юм уу. Постер зургаа ч хийж чадахгүй кино олон байна, тийм киноны хэсэг болохыг хүсдэггүй. Гэхдээ жүжигчин нь жүжигчнээ хийж, стриймер нь стриймерээ хийсэн нь дээр гэж боддог.

-2020 онд сондгой тоотой саруудад стриймээрээ хандив цуглуулж байсан. Одоо үргэлжилж байгаа юу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард “Шамбала 2056” төсөлд 142 модны таван жилийн усалгаа, арчилгаанд таван сая төгрөг хандивласан. Одоогоор хандивын ажлаа 10 сая болгоод түр зогсоосон байгаа. Үргэлжлүүлбэл илүү томоор, өргөн цар хүрээтэй хийх байх. Компьютер тоглоом гэхээр харанхуй нүхэнд pc-нд донтчихсон хүмүүс гэдэг ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөхийн тулд хандив цуглуулахыг санаачилсан. Стрийм хийснээр хүн орлоготой болж, сайн үйлсэд нэгнийгээ уриалж чаддаг гэдгийг харуулах гэж эхэлсэн. 2020, 2021 онд “Ид шидийн орон”-д төрсөн өдрөөрөө 24 цагийн турш стрийм хийж 640 мянган төгрөг хандивлаж байсан. Мөн “Азтай савар амьтанд хайртай залуус”-ын нэгдэл, “Эрдэм” сайн дурын байгууллага, Цусны төв зэрэг газарт зургаан удаагийн нийт 2.5 сая орчим төгрөг хандивласан. Хамгийн гол нь их мөнгө хандивлахдаа биш, хандивын аян, тусалж болохоор газрууд байдаг гэдэг мэдээллийг хүмүүст өгөх нь чухал шүү дээ.

-Таны ютүб суваг 140 мянган захиалагч, фэйсбүүк хуудас 247 мянган дагагчтай. Ихэнх стриймерүүдийн ютуб суваг орхигддог нь ажиглагдсан. Өдөрт хэдэн цагийг сувгуудаа хөгжүүлэхэд зарцуулдаг вэ?

-Миний ажил зөвхөн стрийм хийх биш. Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулна. Дуусаад 3-4 цаг бичлэгээ монтажлаад ютубдээ байршуулдаг.

Үргэлжлүүлээд үзэгчдийн илгээсэн зургийг сошиал хуудаснаа оруулна гээд стрийм хийж дууссанаас хойш 3-5 цаг зарцуулдаг. Ямар нэг нууц жор байхгүй, зүгээр л өнөөдрийг хүртэл бүх ажлаа өөрөө тогтмол хийсний үр дүн. Одооноос л хүн цалинжуулах хэмжээнд хүрч байна. Зарим ажлыг хүнд даатгахгүй бол их ядарч байна.

-Стриймер болох хүсэлтэй залууст юу гэж зөвлөх вэ?

-Чи чадна л гэж бодож байвал чадна. Эхний хэдэн жил их ажиллана, гэхдээ гоё л доо. Стриймерүүдийг ажиглахад зүгээр тоглох л дуртай юм шиг санагддаг. Бичлэгээ монтажлах, стриймээ сайжруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй.


Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Сайзанмаа: Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар байдаг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин доржсүрэнгийн Сайзанмаатай ярилцлаа.


-Анх СУИС-ийн босгоор алхаж байсан үеэс ярилцлагаа эхэлье?

-2016 онд СУИС-д шалгалт өгөхөөр очиход ардын дуучны анги нээгдэж байсан юм. Тэр ангид тэнцэж МУГЖ, дэд профессор Л.Чулуунчимэг багшийн удирдлаган дор таван жил суралцаж төгссөн анхны 14 оюутны нэг нь би юм л даа. Сайн багшийн шавь болсон минь их хувь заяа гэж боддог. Багшийнхаа хэлсэн үг, үйлдэл бүрийг дагаж, чиг болгоод явж байна.

-Оюутан насны хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач…

-Хамгийн түрүүнд хоолойн дасгал гамм уншаад толгой их эргэдэг байсан л санаанд орж байна (инээв). Байсхийгээд л ухаан алдах гэж байгаа юм шиг болж, толгой эргэнэ. Амьсгаагаа буруу авдаг байсан байх л даа. Дуучин хүнд амьсгаагаа зөв авч сурах нь хамгийн чухал. Багш маань чихэр өгөөд “Өө алив суу, суу” гээд л суулгачихдаг байж билээ.

-Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Мэргэжлээ сонгоход ээж маань их нөлөөлсөн. Бараг л ээж сонгосон доо (инээв). Манай эгч дүүс бүгд өөр салбарт ажилладаг. Тэдэн дундаас хамгийн азтай нь ч гэмээр юм уу, би урлагийн замыг сонгосон. Тэр тусмаа ардын дуучин гэх мэргэжлийг сонгосондоо их баярлаж явдаг. Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар шүү.

-Таны удамд урлагийн хүн байдаг уу, аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Аав, ээж маань нутагтаа ажиллаж амьдардаг. Хоёулаа сайхан дуулж, хуурддаг хүмүүс байдаг. Аав минь сумынхаа соёлын төвд насаараа ажилласан, сайхан цангинасан хоолойтой хүн бий.

-Та ангийнхаа анхны МУСТА гэсэн үү, хамт олныхоо тухай яриач?

-Өнгөрсөн есдүгээр сард энэ хүндтэй шагналыг хүртсэн. Залуу уран бүтээлчийн хувьд цаашид илүү ихийг амжуулж, хөдөлмөрлөөрэй гэж урамшуулж байгаа хэрэг болов уу. Үндэсний урлагийн их театрын гайхалтай хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байгаа минь их азтай хэрэг. Энэ их айлаас хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна.

-Анхны хамгийн том тоглолтынхоо тухай…

-2014 онд оюутан байхдаа Үндэсний Урлагийн их театрт Үлэмжийн чанар дуулалт жүжигт олны хэсэгт оролцож байсан. Тухайн үед багш маань чуулгад ажилладаг байсан учраас биднийг оруулсан юм. Тэр үеэс л энэ театрын уран бүтээл, уран бүтээлчдийн авьяас чадварыг биширсэн. Мэргэжлийн байгууллага гэж ийм байдаг юм байна, уран бүтээл дээр ингэж ажилладаг юм байна, уран бүтээлч ийм байх ёстой юм байна гэдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн.

-Таны анхны уран бүтээл хэрхэн бүтэж байв, сандарч байсан уу?

-“Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан” гэж дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй уралдаан бий. Энэ уралдаанд 2014 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа “Алсын газрын зэрэглээ” дууг өөр хувилбараар дуулж “Мартагдсан дууг сэргээн дуулсан” дуучнаар шалгарч байсан. Энэ дуугаа хамгийн анх хоолой бичүүлж дүрсжүүлж байлаа.

-Уран бүтээлүүдээсээ нэрлэхгүй юү?

-2019 онд ардын дуунуудаас бүрдсэн “Алсын газрын зэрэглээ” нэртэй киноконцерт хийсэн. Уг бүтээл ихэвчлэн мартагдсан дуунуудаас бүтсэн. “Алсын газрын зэрэглээ”, “Шандань голын дэгдээхэй”, “Эрээн жүүртэй эрвээхэй”, “Цэнхэрлэн харагдаад байна”, “Сүнжидмаа” зэрэг дуунуудаас бүтсэн. Үүнээс гадна дан шанзтай, ятгатай, хуучир хөгжимтэй зэрэг ганц ганц хөгжимтэй дуулсан ардын дуунууд урын санд байна аа. Мөн ангийн хэсэг нөхөд болон багштайгаа хамтарч хөл хорионы үеэр ардын хөгжмийн хамсраатай дан ардын намбат дуунаас бүрдсэн “Хүрээ аялгуу” цомогтой номоо гаргалаа.

-Уран бүтээл дээр ажиллахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Ардын арга барилыг нь алдагдуулалгүй дуулахыг хичээдэг. Үг, аян дээр ажиллахаас гадна дууны утга санааг илүү илэрхийлэхийг эрмэлздэг. Уйтгар гунигтай дууг инээмсэглээд дуулаад байж болохгүй шүү дээ.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ талаар…

-Өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бүх уран бүтээлдээ хайртай. Уран бүтээл бүрт маш их хөдөлмөр, туршлага, дурсамж шингэдэг.

-Ажлын гараагаа Үндэсний Урлагийн их театртаас эхэлсэн үү?

-Тийм ээ, 2016 онд их сургуулиа төгсөөд л Үндэсний Урлагийн их театртаа ажиллаж эхэлсэн. Тэр үед театрт нээлттэй шалгалт болж байгааг сонсоод шалгалт өгч тэнцсэн. Манайх чинь бас байнга нээлттэй шалгаад байдаггүй л дээ. Тухайн үед би ч сургуулиа төгсөх, нээлттэй шалгалт явагдах хоёр яг таарсан.

-Та Соёл урлагийн их сургуулийн магистр шүү дээ. Ямар сэдвээр дипломоо хамгаалсан бэ?

-2020 онд СУИС-д “Уул усны нэртэй ардын зарим дуунд хийсэн судалгаа” нэртэйгээр магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Одоогоор түвшингээ ахиулж докторт суралцаж байгаа. Сурах судлах, мэдэх зүйл их байна. Дуулахаас гадна дуугаа судлах их сонирхолтой санагддаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ. Саяхан ээж болсон гэж сонссон, баяр хүргэе. Ээж болоод уран бүтээлээсээ түр хөндийрсөн үү?

-Баярлалаа. Ээж болно гэдэг шинэ мэдрэмж бас том даваа байлаа. Амаржаад удаагүй байгаа. Гэхдээ нэг их удалгүй ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Сүүлд ажлын бүсгүйчүүдтэйгээ нийлж уран бүтээл дээр ажилласан. Ажил хувийн шалтгаанаар түр зогсоод байна.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач, урлагийн хүн үү?

-Миний ханийг Ганболдын Тэмүүлэн гэдэг. Урлагийн салбарын хүн биш ч урлагт маш их хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй залуу байдаг. Ажлыг маань маш сайн ойлгож, арын албыг найдвартай даадаг. Мөн уран бүтээл дээр санал, сонсогчийн байр сууринаас зөвлөмж, санаануудыг их өгдөг.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Орчин үеийн танилцах хэлбэр юм уу даа. Фэйсбүүкээр найз байсан. Нэг өдөр мессэнжерээр танилцах чат ирээд л анх танилцаж байлаа (инээв).

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Хүүхэд насандаа цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Хөдөө гэртээ аав, ээжтэйгээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Миний хувьд их чухал баяруудын нэг. Ээж шинийн нэгний өглөө үүрээр сэрээгээд л “Энэ жилийн өнгө шүү, эртхэн босоорой” гээд л эхэлнэ дээ. Бүх зүйл шинэ, бүгдээр бялхаж цалгисан гоё мэдрэмж авдаг баяруудын нэг. Хувцас өмсгөлөөс эхлээд идээ шүүс бэлтгэх, мөр гаргах, наадгай зэрэг бидний заавал мэдэж байх шаардлагатай уламжлалуудыг шингээсэн чухал баяр учир их ач холбогдол өгдөг.

-Энэ жил яаж тэмдэглэх гэж байна?

-Энэ жил хөдөө явж чадахгүй, хотод ёслоод л өнгөрөх байх даа. Цаг үеийн нөхцөл байдал ч ингэж таарч байна. Ер нь театрт орсноос хойш хөдөө явж тэмдэглэх нь багассан. Битүүний өдөр бөхийн барилдаан дээр ажлаа хийгээд явж байх жишээтэй (инээв). Ер нь бидэнд баяр ёслолоор тэмдэглэх цаг хомс байдаг.

-Таны энэ жилийн хамгийн том зорилго юу вэ?

-Уран бүтээлийн, судалгааны, хувь хүний гээд төлөвлөсөн ажил олон байна аа. Биеэ жаахан тэнхрүүлж байгаад эхэлнэ дээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ээжийн бэлэгний философи “Хүнд хэрэгтэйг нь өг, үгүй бол мөнгийг нь өг”

Би багаасаа л шинэ жилээс илүү цагаан сарын баярыг хүлээж яддаг хүүхэд байлаа. Учир нь малчны хотонд бенгалын гал асч, салют буудаж, байрныхантайгаа гурав, хоёр, нэг гэж тоолоод бүжиглэхгүй шүү дээ. Шинэ жил гэхээр амтат бялуу, ууттай бэлэг л санаанд орно. Харин сар шинийн баярт онцгой ач холбогдол өгч, сэтгэл гэгэлзэхтэй зэрэгцэн тоймгүй их ажил ундарна.

Цагаан сар болохоос олон сарын өмнө өвөө, эмээ, ээж гурвын үйл эхэлнэ. Ихэнхдээ өвөө эсгэж, ээж, эмээ хоёр оёно. Дан, давхар, хурган дээл, хүрэм, нударга гээд дуусашгүй олон үйл хийгээд л байна. Хэнд ч юм, хэдийг ч урлаад байгаа юм бүү мэд. Миний оролцоо гэвэл “жонхуу” халаах. Торго, дурдан, даавууг хооронд нь наадаг өтгөрүүлсэн гурил гэх юм уу даа.

Үйл дуусч, цагаан сар болохоос бараг л сарын өмнөөс ээж, эмээ хоёр гэр, амбаар, гарааш, бог, бодын хашаа хороо, тэмээний зэл, модон нойл, үнс сэвс асгадаг хад, хаа байсан урд овооны ар дээрх хогийн цэгийг хүртэл цэвэрлэнэ. Би жил бүр гэрт, гадаагүй энэ их цэвэрлэгээнд “дайчлагдана”. Өвөө маань гэрийн гурван эмэгтэйг цэвэрлэгээ хийх хугацаанд малтай холбоотой бүх асуудлыг хариуцах үүрэг хүлээнэ. Энэ их цэвэрлэгээ бол хогонд дарагдчихсан даа биш, шинэ сараа цэвэр, цэмцгэр угтах, нэг ёсондоо хүндлэл юм.

Би бол угаасаа л цагаан сар ч гэлтгүй өвөөгөө байхад хэдэн хоньтойгоо ч мэддэггүй хүнд “нөхөр” байсан. Сар шинээр хороонд хонь хонож байгаа үгүйг ч анзаарах сөхөөгүй айл хэсдэг байлаа. Цэвэрлэгээ дуусч ээж бурхны, гэрийн, могой, хорголжин гээд олон төрлийн боорцог хийнэ. Манай нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Монголын бараг л хамгийн дулаан цэг тул боорцог, буузаа цагаан сар дөхүүлж хийдэг. Хоёрдугаар сарын сүүлээр шинэлбэл хуушуур хийнэ, бууз бол гэсээд хоорондоо наалдчихна. Шинийн бэлтгэлээ нэг, нэгээр нь базаасаар, саахалтууд нэгэндээ орох ч завдалгүй. Дор бүрнээ гэрээ, хороо бууцаа цэвэрлээстэй.

Битүүний өглөө эмээ бид хоёр амбаараас хайрцагтай бэлгүүд, цагаан идээ, идээ, ууц шүүсний хоёр модон ширээ, аяга, таваг гээд хэрэгтэй зүйлсээ гэр рүү зөөнө. Өдөр тийш өвөө, том нагац ах хоёр ул боовоо тав давхарлан идээ өрж, эмээ, ээж хоёр бүрхээрт ууцаа чанана. Би харуй бүрийтэй зэрэгцэн битүүний өдөр гэрээс гарсан хогонд, могойн хэлбэртэй боорцгоо хийж шатаана. Энэ нь тухайн жилийн муу муухайг устгаж буй хэрэг. Өрхийн тэргүүн идээнээс гурван цагаан зүйл авч гэрийнхээ урд тотго, гурван мөсийг баруун тотгоны дээр тавьж сахиуснуудын орох үүдийг нээдэг. Орой болж гэр бүлээрээ урьдчилж хөлдөөсөн “Битүүний бууз”-аа жигнэж, төмсөн салат хийж, зурагтаар нэвтрүүлэг, дуу хуур сонсож тойрон сууцгаана.

Буузанд хийсэн цагаан мөнгө ихэвчлэн эмээд таарна. Цагаан мөнгө таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлгэшээдэг. Тэр үед манайх өвөө, эмээ, ээж, бага нагац ах, би гээд ам бүл тавуул байв. Ахыг бид “Амаа” гэж дууддаг. Амаа агаа бид хоёрын хувьд битүүн бол азын цагаан мөнгөний төлөөх орой юм. Эмээ зоос олмогцоо “Би зоос олж байгаа нь миний хүүхдүүд сайн сайхан явна аа” гэсэн үг гэж хэлж ах, бид хоёрыг тайвшруулна. Ингээд өвөө усанд орж ариун цэвэр сахина. Харин эмээ хойд авдарнаас бидний өглөө өмсөх дээл, малгай, бүсийг гаргана. Ах календарь үзэж бидний өглөө босоод хааш зүглэх, унших тарни, нар хэдэн цагт мандахыг танилцуулаад, ирэх жилийн цагаан сарын шинийн нэгэн хэдний өдөр байгааг ч хэлж өгнө. Ингээд өглөө өмсөх оймс, үсний боолтоо хүртэл зэхчихээд орондоо хэсэг хөрвөөнө дөө. “Өглөө хурдан болоосой, хэнийх ямар бэлэг өгөх бол, хэн хэн ирэх бол” хэмээн бодож байгаад нэг мэдэхэд ээж “Миний охин босоорой, өнөөдөр чинь шинийн нэгэн шүү дээ” гэж сэрээнэ. Би ямар ч гомдолгүйгээр босч ээжтэй хамт гэрээ цэвэрлэнэ.

Өвөө, эмээ хоёр аль хэдийнээ эцэг малынхаа байр байдал, нар мандалт, тэнгэрийн хаяа гээд олон зүйлийг шинжчихсэн байдаг. Ингээд найман цаг гэхэд нарны илч өргөө гэрийн минь тооноор төөнөж, авдран дээрх жаазтай зураг гялтганан харагдана. Ээж идээнийхээ бүтээлгийг авч, өвөө малаа бэлчээгээд хүрэн үйтэн хуар дээлээ өмсөн гэрийн баруун хойд хойморт сууж, эмээ зүүн хойд хойморт бурхандаа арц уугиулна. Ах бид хоёр шинэхэн дээлээ өмсч гийчдийг харуулдан зүүн хад руу байн байн гүйлдэнэ. Ээж тогоо дүүрэн сүүтэй шаргал цайгаа идээшүүлэн самарна. Ингэж л бидний сар шинийн баяр эхэлдэг ээ.

Өвөө, эмээ хоёр минь тус бүр эхээс есүүл. Өөрсдөө ч есөн хүүхэдтэй. Манайх чамгүй олон хүний “Их гэр”, “Том ах”, “Том эгч” нь билээ. Есөн цагтай уралдан сар шинийн эхний гийчид ирнэ. Баруун хөтлөөр цагаан машин “Хад ахынхан”, “Нутгийн ухаа” дээгүүр хоёр машин “Бүдүүмаа, Өмөө агаагийнхан” гэсээр 11 цаг гэхэд дөрвөөс таван айлын хүмүүс цугларчихдаг. Ах нар аав, ээжтэйгээ өчигдөрхөн уулзсан ч золгоод “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу

-Шинэ жил гарсаар бие тэнхээ сайн байна уу

-Өнтэй сайхан өвөлжиж, одоо сайхан хаваржиж байна уу” гэсээр хөөрөглөнө. Ач, зээ нар гадаа бужигнаж, ах, эгч нар гэрт шуугилдана. Манайх тэдний хувьд сар шинийн эхний айл учир идээний чихэр, жимс, цагаан идээ хоромхон зуурт хонхойно. Удалгүй эрчүүл цуглаж бидний тахьдаг “Зүүн дуулга” хайрхан даа гарна. Би бол ойртож ч үзээгүй. Ах нар идээний дээж сүү, будаа өргөж, хийморийн дарцаг хийсгээд арц уугиулчихаад ирнэ. Тэднийг ирсний дараа өвөө зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаараа ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн, харцаганы хоёр зураа дагуу гурав гурав эсгэж ууцаа хөндөнө.

ээж, эмээ хоёр гэрт зүүн талд давхарлаж тавьсан гурав, дөрвөн цаасан хайрцгаас бэлгээ өгнө. Шинэхэн 5, 10, 20 мянгатын дэвсгэрт гаргаад том хүмүүст 20-40 мянган төгрөг набор, хүүхдүүдэд насны ангиллаар 5- 10 мянган төгрөг чихэр, аягатай өгч гарна. Бэлэгний сонголт жил бүр өөр байдаг. Хүүхдүүдээ өрх тусгаарлаад удаагүй байхад лунжин, хөнжил, индүү, сандал бэлэглэж байсныг мартдаггүй юм. Ээжийн бэлэгний философи “Хүнд хэрэгтэйг нь өг, үгүй бол мөнгийг нь өг” юм.

Бэлгээ авч, тэд дараагийн айл болох том ахынх руу явна. Том ах, өвөөгийн хоёр дүүгийнх бол очих ёстой айлуудын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэнэ. Том ахынд очиход уяатай хоёр нохой нь барьж идэх шахдаг. Ер нь нутгийнхан очихоос эмээдэг л дээ. Гэр, хороо нь цэмцгэр, хоёр охин нь салат бэлтгэж, ах эсгэсэн “Түргэн цагаан”-аа аягалж, бэр эгч “Урьд шөнө дээлээ арай хийж дуусгасан” тухай ярих нь элбэг. Манайхнаас хамгийн олон дээлэнд “дарагддаг” хүн бол том бэр эгч.

Би гэрт ирсэн ах нарынхаа нэгийнх нь машинд бэлэгний хайрцгаа тавиад айл хэсэхээр явна. Бэлэгний хайрцаг дүүрчихвэл айлаас тор олж бэлгээ хийнэ. Ингэж явсаар харанхуйтай уралдан ядарсан, нойрмог хүн гэрийнхээ гадаа буудаг. Хэчнээн нойрмоглосон ч цуглуулсан бэлгээ өвөө, эмээ, ээждээ үзүүлж, ахдаа гайхуулна гэж бодохоор л сэргэчихдэг байлаа. Айл хэссээр шинийн нэгний орой гэрт ирэхэд эмээ гэр бүлийн гишүүдэд бэлэг өгнө. Эмээгийн бэлэг бас л их сонин, юу өгөх бол гэж бодон бодсоор харина даа. Би тэр жилийн цагаан сараар хамгийн “гоё” бэлгийг зургаатай байхад хул азаргыг нь унаж уралдаж байсан Самба ахынхаас авч байсан юм. Тэр бол ягаан өнгөтэй дуулдаг гэрийн утас. Харин нэг паян бол том бэр эгч олон хүн дунд надад бэлэг өгөхөө мартаж, би нэхэл хатуутайгаар гурван удаа “шаглаж” байлаа. Олон хүн дунд иймэрхүү бэлгээ мартах, нэг хүнтэй хоёр золгох, гурван аяга цай уух зэрэг асуудал гарна.

Шинийн хоёрны өглөө гэрээ цэвэрлээд мөн л хүмүүсээ хүлээж авна. Хоёронд ихэвчлэн худ ураг, саахалт айлынхан ирдэг. Харин шинийн гурванд хүргэн ахынхан, өвөө, эмээгийн дүү нар тав зургаан машинтай улс ирнэ. Шинийн нэгэн, гурван бол хамгийн ачаалалтай өдөр. Би ч яахав, намайг буцааж гэрт нь хүргэж өгнө гэсэн хэн бүхэнтэй явж айлаа хэссээр л. Заримыг нь “шагласаар”. Би хэд ч шагласан бэлэг өгсөөр байдаг айл бол өвөөгийн дүү Тонжоо ахынх.

Энэ маягаар шинийн таван болж, нар жаргахаас өмнө өвөө идээгээ хөндөж тав давхарласан ул боовоо гурав болгож, шүүсээ ч багасгана. Шинийн долоон хүртэл манайд хүн тасардаггүй, бараг ирэх жилийн цагаан сар хүртэл уулзаагүй хүнтэйгээ золгож, ирсэн хүний гар цайлгасаар байдаг.

Сар шинийн баяртай зэрэгцэн манай хонь төллөж эхэлнэ. Ээж “Шинийн гуравнаас хонь төллөнө” гэж хэлсэн л бол яг шинийн гурванд анхны төл мэндэлдэг. Айл бүр өөр л дөө, зарим айл цагаан сараар цөөн төлтэй болчихсон байдаг. Малчдын ажил цагаан сарын шинийн нэгэн болсон ч үргэлжилсээр л байдаг. Шинийн нэгний шөнө хотоо эргэнэ, хөлдүүшээ асгана, бууртай тэмээгээ хурааж ирнэ гэх мэт. Хүүхэд байхад “Цагаан сар болж байхад чинь буур ингээ хураагаад ирж болдоггүй юм байх даа” гэж боддог байснаа ч нуух юун. Ийнхүү хахир хатуу өвлийг өнтэй давсны баярыг тэмдэглэж, урин хавар тал нутагт минь айлчлан ирдэг. Уулын бэлээр цагаан цас хөлөрч, малчны хотонд төлийн дуу цангинаж, хаврын найраг хаа сайгүй түгэж эхэлнэ ээ.

Ингээд хүүхэд байхад үзсэн хамгийн хөгжилтэй цагаан сарынхаа тухай ярьж өгье. Би зургаан настай байлаа. Нагац ахынхаа араар хятад мотоциклонд сундлан Цэций уулын айлыг “дайлаар” мордов, манайхаас 30-аад км зайтай.

Хоёр хоног тэр хавийн бүх айлыг хэсч 50-ын шуудай, ах бид хоёрын дээлийн өвөр дүүрэн бэлэгтэй болсон. Одоо бодоход интернет, сүлжээгүй хаврын хавсаргатай өдрүүдэд мотоцикльтой хүнтэй хоёр, гурван хоног айл хэсээд явсан гэхээр овоо “хүнд гар” байсан юм шиг санагддаг. Айлаа хэсч дуусаад бид хоёр гэр рүү ирэхийн даваан дээр баруун хөтлийн цаад дор мотоцикль маань эвдэрчихдэг юм. Хоёулаа бэлгээ үүрээд шөнө гэртээ алхаж ирж байсан сан…