Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тийм ээ, би “зөнөг” өвгөдийн найз DNN.mn

Саяхны нэг өдөр охиндоо айхтар загнуулдаг байна шүү. “Танд ер нь залуу найз гэж байна уу. Дандаа зөнөсөн өвгөдтэй найзлах юм. Тэгээд тэдэнтэйгээ үй зайгүй утсаар ярина, ямар ядаргаатай юм бэ” гэлээ. Тэр даруй бодсон чинь Удвалын (охиныхоо) хажууд би Хэнмэдэх гуай, Өлзийбат ах, Цахилгаан гуай, Чоёгийн Даваадаш гуай, Дорж агрономич, Далхжав гуай, Цэдэв багш гээд дандаа ная хол гарсан “зөнөг” өвгөдтэй ярьдгаа мэдлээ. Сүүлийн хоёр жил бүр ч их ярьсан байх юм. Өвчин зовлонтой үед санаан зоргоор уулзаж чадахгүй учир утсаар л ярьж санаа оноогоо солилцоно.

Ингэхэд миний “зөнөг” найз нар хэн бэ гэвэл Цагааны Хэнмэдэх гуай тэртээ жараад оны эхээр Плехановын Улс ардын АА-н сургуулийг бараа судлаач мэргэжлээр төгссөн, Төв бараа бааз “вант улс”-ын түүх болсон хүн. Цай, тамхи, “араажив”-ын зайнаас аваад бүх барааг гадны аль ч орноос авчирч байсан тэрээр Эрээнд бараа гацсан сургаар даралт нь ихсэн, энэ улс орон чинь яачихсан юм гэж гутарч сууна. Өлзийбат ах хангамжийн газрын дарга даамал байсан сэхээтэн. Ах Тогтохбаяр нь Улсын ургацын комиссын гишүүн, Ачаа тээврийн газрын дарга байсан. Өлзий ахтай Мянгадын Алтанхөхийг зорих замд Ховдын хуучны сэхээтэн, урлаг соёлынхныг толгой дараалан ярьж явлаа. Тэгж л юмыг мэддэг хүн.

Элчин сайд Цахилгаан гуайг бүгд мэднэ, сүүлд би Гааяа(гэргий нь)-гийн дуртгалын номыг уншиж Ёндон гуайгаас аваад домогт дипломатуудтай “уулзаж” жаргасан.

Даваадаш ах нэрт дипломатч, орчуулагч, философийн шинжлэх ухааны доктор. Гегелийн “Логикийн шинжлэх ухаан”-ыг орчуулсан аварга. Эдүгээ 90 гарч яваа Авирмэдийн Далхжав гуай бол Дашзэвэгийн Сэнгээг шүлгээ уншихыг дэргэдээс нь харж Ринчен гуайтай уулзсан нэгэн. Ийм л өвгөдийн туулсан замналыг бахаддаг. Тэдэнтэй ярихад үнэндээ нүдний манан арилж, чихний бөглөөс онгойдог. Тэд бол улс орон мөнх оршихын дархлааг бий болгосон эрхмүүд. Тийм ээ, би ийм л “зөнөг” өвгөдийн найз.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Яамдын хурган дарга нар яаж л ард түмнээ мунхруулж төөрөгдүүлэх үү гэдгээ боддог юм шиг DNN.mn

Их хурлын чуулган, байнгын хороодын хуралдаан дээр аливаа хуулийг хэлэлцэхэд тухайн салбар яамны нөхдүүд, ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад хариулж, тайлбар хийдэг. Ихэвчлэн яамны хээнцэр залуу дарга нар байгаа харагддаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь гишүүдийн асуултад маш ойлгомжгүй, тоомжиргүй, биеийнхээ хэлэмжээр ихээхэн дургүйцсэн маягтай хариулт өгч байгаа нь ажиглагдах юм. Монгол Улсын иргэний амьдрал, хувь заяатай холбоотой зүйлд ингэж хүйтэн хөндий ханддаг нь ямар учиртай юм бэ. Мөн тухайн асуудлын үнэн учрыг нь олох гэсэн, энэ ер нь юу болчихов гэдгийг мэдэх гээд хүлээж суугаа иргэдийг төөрөгдүүлж мунхруулан, уг хуулийг бүр хоёр утгатай болгон “самардаг” нь хэнд ашигтай юм бол.

Сүүлийн ганцхан жишээ дурдъя. Эдийн засгийн байнгын хороо төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яамдын дэргэд байдаг спорт холбоод, дуу, бүжгийн чуулгууд татан буугдах уу гэж асуусан. Өнөө хурган дарга нарын жишгээр Ж.Ганбат маш ойлгомжгүй хариуллаа. Энхбаяр гишүүн дахиад асуулаа, бас л ойлгомжгүй төсөв энээ тэрээ гэсэн хариулт өглөө. Тэгтэл гишүүн гурав дахиа асуухдаа “Бид бол хууль ярьж байна. Хууль чинь гарангуутаа хэрэгжинэ. Хууль салаа утгагүй ойлгогдох ёстой. Та ярианаасаа буцаж байна. Энд олон хүний амьдрал, цалин хөлстэй холбоотой асуудал яригдаж байна” гэж учирлаад спорт холбоод болон дуу бүжгийн чуулгыг нэг бүрчлэн нэр цохож асуусан юм.

Тэгэнгүүт “Энэ нэг нойтон хамуу шиг юманд үнэнийг нь хэлэхгүй бол болохгүй нь” гэсэн шиг спорт хороодын тамирчид, Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд Биеийн тамир спортын улсын хороонд, чуулгынхан Соёлын яаманд харьяалагдана гэдгийг хэллээ. Үүнийгээ мэдэж байсан юм бол эхлээд шууд ойлгомжтойгоор ингээд хариулчихаж болохгүй байсан юм байх даа. Ард түмнийг басамжилж байгаа мэт иймэрхүү нөхдийг нийтээрээ сайн шүүмжлэх хэрэгтэй байна. Яамдын хурган дарга нар, хуулийн ажлын хэсгийнхнийг ажилдаа хариуцлагатай хандахыг байнга сануулж байх хэрэгтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лувсандамбын Дашнямын 2222 “Цольд үг” DNN.mn

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням 2222 онч мэргэн үг буюу өөрийнх нь тодорхойлж томьёолсноор “Цольд үг”-ээр ном бүтээжээ. “Зохиогч эл номондоо монгол хүний оюуны ертөнц, бодит амьдрал хоёрыг түүхэн хувьслын залгамж холбоонд нь багтаасан олон талт үйл явцыг хурааж оночилжээ. Энэ бол хэн бүхний барьж аваад хийчихдэг зүйл биш. Дашням гуайн уг бүтээлийг ойлгох судлахад херменевтик арга зүй чухал. Аливаа үгүүлэмжээр илэрхийлэгдсэн бичвэр санааны утгыг тайлахад түүний хэсгүүдийн утгаас бүхлийн утга хамаарахын зэрэгцээ бүхлийн утгаас хэсгийн утга хамаардаг гэсэн шүтэлцээг “херменевтик эргүүлэг” гэж нэрлэдэг. Философи мэдлэгийн энэ чиглэлийн нэрт төлөөлөгч Ф.Шлейермахер “Зохиогчийн санаа бодлыг зөв оновчтой ойлгохын тулд судлаач өөрийгөө түүний байранд тавьж, сэтгэж бодох хэрэгтэй”-г зөвлөсөн байдаг” гэж философийн шинжлэх ухааны доктор, академич Г.Чулуунбаатар номын өмнөтгөлд бичжээ.

“Нэгэн хийморьтой сайхан өдөр шинэ санаа бодол төрж цогцлуулж цуглуулж эхэлсэн энэ олон үг, элдэв олон илэрхийлэл бол миний л үйлийн үр юм даа. Үр хүүхэд минь л гэсэн үг. Тийм болохоор гуйх юм тэднийг минь хайр хайрлаж л үзээрэй. Энэ бүхэн миний зохиол туурвил гэхээсээ илүү миний нөгөө цаг наргүй мунгинаж мушгиралдаж суухдаа таньж олсон түмэн олон мухардлын маань л амь сүнс юм шүү” гэж зохиогч бичсэн байна. Ингээд 2222 онч үгнээс дараахь үгнүүдийг жишээ болгон татлаа. “Амаа хамхиагүй байж хаалгаа бүү сав”, “Амьдралаа л эмчлэхгүй юм бол биеэ эмчлээд нэмэргүй”, “Ярихыг сурахад хоёр жил, дуугүйг сурахад 20 жил”, “Яриад л байх болохоос юу ч хэлдэггүй зохиол бий”, “Юм үзээгүй хүн л хамгийн их хулчгар”, “Юм бүхэнд гомддог ч өөртөө гомддоггүй хүн бий”, “Эрдэм ургуулдаг хөрс болгонд эрдэмтэн ургадаггүй”, “Эмэгтэй хүнд чиний буруу гэж ойлгуулъя гэвэл чиний зөв өө гэж шивнэх хэрэгтэй”, “Шүдээрээ биш нүдээрээ мэр”, “Чухамдаа алдаа дутагдал л хүмүүсийг хамгийн их хөгшрүүлдэг”, “Цэвэр болох гэж хиртэй усанд хөлөө бүү дүр”, “Цөмөөрөө ухаангүй загнах хэр нь “ухаангүй амьтан” гэж нэгнээ гайхдаг”, “Цаашаа явсан хүнийг урдаас нь тоссон нь дээр”, “Цагийг үнэтэй гэж цоллоод үнэгүй эдэлдэг”, “Цаг зүүсэн биш цагандаа зүүлттэй хүн бий”, “Магтаалд мансуурсан хүн өлгүүр дэх хувцас лугаа адил”, “Маргаашаас амьдарч эхэлье гэсэн шиг хүмүүс бий”, “Морь унасан толгойгүй хүн” монголчуудад өөрсдийг нь ойлгуулдаг, “Мухар сүсэгтэн олшроход муу явдал ихэсдэг”, “Мэдэх гэсээр ширгэдэг ч хүн бий, оргидог ч хүн бий”. “Намтраа түүх гэж боддог хүн бий”, “Нийгэм гэдэг зовлонгоороо хэлхэлдсэн зон олон”, “Нийцтэй байна гэдэг долгинохыг хэлдэггүй”, “Зарим ном “намайг хэн ч битгий уншаасай” гэж боддог”, “Зарим сүүдэр эзнээсээ ч олонтаа толгой дохидог”, “Зарим хүн юу ч тариагүй байж ургац хураагаад авдаг”, “Зарим хэргэмтэн доошоо биш, дээшээ уначихдаг”, “Зожиг хүний уцаарлах нь арвин”, “Зорилгогүй хүн л салхи даган дэндэгнэдэг”, “Зөнөх тусмаа зөвлөх дуртай”, “Зэвэрсэн хүнийг зүлгэж болдоггүй”, “Ичмээр жаргана ч гэж байх”, “Өвдтөл хайрлана гэж бий”, “Өглөө бүр өөрийгөө чагнадагтаа биш шагнадагтаа л урт насалдаг”, “Өгөх юмгүй хүмүүс л амлах дуртай”, “Өөрийнхөө доторх агуйнуудад л хүн илүүтэй их төөрдөг”, “Өөртөө гомдсон гомдол л хэзээ ч арилдаггүй”, “Өөртөө дурласан хүн л бусдын торонд хоргоддог”, “Өөртөө хамгийн ойр байгаа хүн бол өндөр настан”, “Өшөөний өмнө нь ч, хойно нь ч өшөө л бий”.

“Салахын цагт л хайр хамгийн гоё үгээ хэлдэг”, “Сайхан дуу аялъя гэвэл ээжийнхээ тухай бод”, “Сайхан сэтгэлтэй хүн шиг үзэсгэлэнтэй хүн ховор”, “Сайхан хүний хөшөө нь хүртэл нүдэнд дулаан”, “Тал засна гэдэг талаа гээхийг л хэлдэг”, “Товчхон ярина гэдэг бусдыг хүндэтгэж, өөрийгөө аварч буй хэрэг”, “Тодорхой бодолгүйгээр тодорхой илэрхийлнэ гэж үгүй”, “Тэнэг асуултад ухаантай хариулах хэрэггүй”, “Ухаангүй хүмүүстэй ухаантай харьцах шиг ухаангүй ажил үгүй”, “Үгийн нүгэл үүл мэт сарнидаггүй”, “Хадаасаар нүхлээгүйг ухаанаар цоолдог”, “Хайр дурлалыг уулгамч мэдрэмжтэй эндүүрэх хэрэггүй”, “Хил хэтэрсэн ч хөл татмааргүй үе бий”, “Ховоогүй хүнд худаг шиг там үгүй”, “Баатруудаа таньсан зохиолч л өөрийгөө таниулдаг”, “Байгаль биднийг хорлож байгаа юм биш, оршихуйн хууль ердөө л тэр”. “Биеэ үнэлэх арга олон ч сэтгэлээ тогтоох хэлбэр ганц”, “Бурханд мөргөнө гэдэг үнэнээс зугтах арга”, “Бурхны асуудал гэж байхгүй, байгаа бол тэр нь танин мэдэхүй, хийсвэрлэхүйн л асуудал”, “Бүтэн өдөр залхуурлаа гэж бүү зэмлэ, цаана нь бүтэн шөнө бий”, “Гэмээ ухаарах нь шүдээ сугалуулахаас ч хэцүү”, “Далайн гүн рүү гэхээсээ илүү түүхийн гүн рүү шумба”, “Дуугараагүйдээ алдсан бол тэр нь таны шагнал”, “Дурлаж жүжиглэх нь дурлахаас ч хэцүү”, “Дүлий зарцтай хүн тайван амьдардаг, “Ёс зүй өмхийрдөг үе бий”.

Нацагийн Жанцанноров гуай “Би Дашнямыг үгээр бичдэг хөгжмийн зохиолч л гэж түүний зохиол бүтээлийг нүдээрээ харж, тархиараа сонсдог. Тэгж төсөөлж чадвал “хөгжмийн зохиолч” Дашнямд дуурь ч бий, симфони ч бий, бүр зүрхэнд тулдаг бяцхан аяз ч, нулимс хөхдөг энхэр дуу ч бий. Эрхэм анд минь “Гүйж яваад унахад ээжийн дуу сонсогддог” гэж тунхаглажээ. Уншигч танд унахад тань ээжийн тань дуу сонсогдож байвал “Хүнээ алдаагүй байна аа би” гэж бодоход буруудах явдалгүй мэт” хэмээн бичсэнийг шигтгэе. Дашням зохиолчийн “Цольд үг” өмнө нь гаргаж байсан “Бор дэвтэр”-ийнх нь тайлан болж бид бүхний ширээн дээр ирсэн нь талархууштай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа: Сэтгэлээ цэлмээж амьдрах юм бол муухай жил, муу амьдрал гэж байдаггүй

Өнөө жил 90 насны босго алхаж буй Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа гуайнд сар шинээр золгохдоо цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Төв аймгийн Авдарбаян(хуучнаар) сумын хүн юм. Нэгэнтээ төрсөн нутгийг нь асуухад “Төв аймгийн Баян, Сэргэлэн аль аль нь миний нутаг. Би бол Баянгийнх гэж явдаг. Гэхдээ яг төрсөн газар маань Сэргэлэнгийнх. Манайх Цээл Шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урдхан Урт худаг гэдэг газар зусч байхад би төрсөн юм билээ” гэж ярьсан удаатай. Ерэн настай буурал найрагчийн яриаг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр уншигч олноо толилуулж байна.


-Дулмаа багш аа, Та нутаг усныхаа тухай ярихгүй юу?

-Миний төрсөн газар Дуганы овооны тийшээ бий. Хуучин Ламын хүрээ гэж байсан юм билээ. Олон лам хурдаг сайхан газар байсан. Би чинь төрсөн газартаа удаан байгаагүй хүн. Сургууль соёл гээд хойшоо урагшаа явчихсан. Манай Дуганы овоо, Чулуутын гол гэдэг чинь хүн мал багширч байдаг, айл амьтан зуны гурван сард цуглаж байдаг сайхан газар. Тэнд дутагдах гачигдах юм байхгүй. Ус ургамал гээд бүх юм нь тэгш дүүрэн. Сайхан зун болно. Мал сайхан таргална. Яахав, тэнд хуучин баргын дуган байгаад сүүлд байхгүй болсон. “Сүмийн ганжир алтарч байсан Баргын дуганын туурь Сүүмийх ч бараагүй аглаг хөдөө болсон байлаа” гэж би сүүлд шүлгэндээ бичиж байсан нь ийм учиртай. Тэнд чинь Ганжуур, Данжуур хурж байсан гэдэг. Гадны хүмүүс их ирж мөргөл эргэл ч болж байсан юм билээ. Чулуутын голын хөндий гэдэг чинь чухамдаа хүрээ хотын хооронд олон залуучууд давхиж, морины сайныг унаж, хүний сайнтай ханилж, эцэг эхийнхээ буяныг эдэлж хэрэглэж явсан буянтай хөндий. Дуганын овооны хүрээ хийдийг буянтай газар гэж нэрлэдэг. Лам хуврагууд нь ч тэгдэг, эгэл борчууд нь ч тэгдэг. Буян хурна гэж бас байна аа. Тэндээс олон сайхан эрдэмтэй залуучууд гарсан даа.

-За хэн хэн байна вэ?

-Лувсандорж, Гонгор, хоёр Нацаг, Дуламсүрэн гээд байлаа. Бадмаанямбуу гэж Доржжунай гуайн охин байлаа. Доржжунай гуайн хүү Мажиг гэж сайхан залуу байлаа. Адуучин хүн. Иртэй бяртай гэж жигтэйхэн. Нутагтаа нэртэй тийм хүн байсан. Эмнэг сургахдаа ёстой нүдэнд үзэгдэж харагдахгүй сургана. Дор нь номхруулна. Өөрөө их аж ахуйч. Мал хуйдаа сайхан сэтгэлээр хандана. Булгидаг, хангал догшин морь, хэцүү адуутай насан туршдаа ноцолдсон хүн. Чихнээс нь ганцхан мушгиад л унагачихдаг гэж манайхан хөхрөлддөг. “Мажиг ах аймаар шүү, эмнэг адууг чихдээд л унагачихдаг, аа яа яа” гээд ярина. Тэр бол иртэй бяртай байсны илэрхийлэл мөн биз дээ.

-Алдарт Билэгийн Дамдинсүрэн гуай, Мөрдорж гуай та хэд чинь нэг дорын хүмүүс байх шүү?

-Нутаг ойрхон. Билэгийн Дамдинсүрэн гуай бол Зараагийн нуурын хажууд төрсөн хүн байх. Мөрдорж гуай Дунд Өгөөмөрийн урагшаа төрсөн гэдэг. Зараагийн уул гэдэг чинь ёстой нэг сайхан уул. Зараагийн уулын ар өврөөр олон айл зусч өвөлждөг байсан. Сайхан хүүхэнтэй, сайхан харцуултай нутаг. Чулуутын баргууд гэж эвэр нь хувхайрсан дэнхгэр том шарнуудтай, тэд нь жим татуулаад л цувдаг баян айлууд байлаа. Ямар сайндаа баян баргууд малаа идэхгүй, шарнуудынх нь эвэр хувхайраад хөгширчихсөн байдаг гэж халхууд хэлж байхав.

-Танайх баян айл байв уу?

-Миний төрсөн эцгийнх их баян айл байсан даа. Баян Заных гэж хэлэгддэг байлаа. Төрсөн эцэг минь Дондогийн Зана гэж хүрээ хот явдаг, явахгүй газар гэж байхгүй мундаг хүн байлаа. Бээжин Улаанбаатар хоёрын хооронд хэд ч явсан юм мэдэхгүй. Хойшоо Хиагт руу бас явна. Өөрөө бол хурал хурж дуганад суудаг лам хүн байсан. Сайн лам. Манай суманд эм барьдаг ганцхан хүн байсан нь манай тэр аав. Ядарсан зүдэрсэн хүнийг нэг тунгаар босгоно гэж ярина шүү дээ. Чадалтай хүн байсандаа л тэгж хэлдэг байсан биз. 12 хүүхэд гарсан. Айлд намайг өгөөд миний эгчийг төрсөн дүүдээ өгсөн юм. Бусад нь гэртээ өссөн. Сайхан сайхан морь унасан харцуул байлаа. Миний төрснүүдээс сумын захиргаанд, мөн багтаа алба хашдаг хүн байсан. Аймагт албатай ч хүн байлаа. Зарим урт наслаагүй дээ, хөөрхий минь. Эгч нар маань гэж сунайсан сайхан хүүхнүүд байлаа. Би дороосоо хоёр дахь нь юм. Намайг ядуухан айлд өргүүлсэн дээ. (Одоогоос арван хэдэн жилийн өмнө Дулмаа гуайнд хуучилж суухад тэрээр айлд өргүүлснээ ингэж ярьж байсан. “Долдугаар сарын эхээр халуун зунаар би төржээ. Намайг төрүүлчихээд ээжийн маань хойдох нь цөглөдөггүй. Эхэс нь гарахгүй гурав хоночихгүй юу. Тэр халуунд чинь аюултай юм болно биз дээ. Гурав дахь хоногийн өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна” хэмээн сандрангуй хэлсэн гэдэг. Төрсөн эцэг минь бурхан шашны хүн учир нэг юм мэдсэн байх. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах сүйх тэрэгний мухлагт гурав хоноод айлд өргүүлсэн дээ” гэж хуучилсан нь санаанд буулаа)

-Энэ жил их сайхан жил гарлаа даа. Бар жилийн өнгийг хэлэхгүй юү?

-Сайхан жил гарлаа. Ер нь тэгээд хүн сэтгэлээ цэлмээж л амьдрах юм бол муухай жил тохиохгүй дээ. Муухай жил, муу амьдрал гэж байдаггүй юм шүү дээ. Хүний өөрийн сэтгэлийн ариуслаас их юм шалтгаална. Сайхан хүүхэнтэй ханилъя, сайн сайхан хүнтэй нөхөрлөе гэж бодож байгаа бол сэтгэлээ л ариун байлгах хэрэгтэй. Манай суманд Балдандорж гэж их гоё морь унадаг хүн байлаа. Манайхтай ойрхон айл байдаг байсан. Тэр бол сайхан залуу. Тэдний адуу мал, морьд нь их сайхан. Сүүлд нь Ичинхорлоо ч билүү, Сүрэнхорлоо ч билүү гоё хүүхэн баян айлаас бэр буулгаж авсан. Сайхан ч айл гэр болсон. Бараг арваад хүүхэдтэй болсон байх. Манай ус голын нэг сайхан айлын нэг болсон доо, тэднийх. Балдандоржийн ижий нь үргэлж маани уншиж байдаг. Надаас нэг их олон эгчгүй дээ. Тэр сайхан хөгшин хүн бүрт сайн сайхны ерөөл хэлнэ. Орж ирсэн хүүхэд бүрд атга чихэр өгдөг. Орсон гарсан бүхэнтэй инээд алдаж сайхан юм ярина. Их өглөгч, ёстой буян нь дэлгэрсэн хөгшин байлаа. Тэр хөгшний буян хүүхдүүдэд нь ирсэн. Зарим нь хойшоо сургуульд ч явсан. Тэр сайхан хүүхдүүдийн нэг нь Балдандорж. Хүний эцэг эхийн буян үр хүүхдүүддээ тэгж оршдог юм шүү дээ.

-Ер нь монгол хүний уугуул чанар гэвэл юу юм бэ. Өнөөдөр монгол хүний мөс чанар, жудаг ёс муудлаа гэх юм?

-Ээ тэгж муудаж базаасан юм байхгүй. Монгол хүн чинь дээрээсээ дэгтэй сурсан. Эцэг эхийн сургаал, аав ээжийн буян хаачихав дээ. Мал хуйгаа хайсан, эрэлд явж байгаа хүмүүс манайхаар ирнэ. Аяны хүнд аав ээж сайхан хоол цай хийж өгнө. Унаа морийг нь чөдөрлөж тавиад, эмээлийг нь хүндэтгэн гэртээ оруулаад, хазаар ташуурыг нь дээш өлгөөд, сайхан ор дэр засч амраана. Тийм нарийн дэг байсан. Тэр бол монгол хүний шүншгэнд нь, цусанд нь, чөмгөнд нь шингэчихсэн зүйл. Ийм сайхан заншил ямар ч залуу хүнд байж л байгаа. Түүнийг нь голохын хэрэг байхгүй. Яахав, сүүлийн үед хүмүүс хот суурин газар суугаад өөр болдог байлгүй. Тэглээ ч гэсэн эцэг эхийн сургаал, хийж байсан үйлдэл, хүнийг хүндэтгэж байсан үйл нь үр хүүхдэд нь өвлөгдөж л таарна.

-Явуу, Чимид, Гайтав, Лхамсүрэн гуайгаас аваад танайд ороогүй, таны гарын цайг уугаагүй зохиолч гэж бараг байхгүй. Бадарч, Сүрэнжав, Чойном танайхаар бараг амьдрах нь холгүй байсан гэдэг. 20 настайгаас тань бодоход та бүтэн 70 жил гэрээрээ зохиолч нөхдөө бужигнуулсан хүн. Яагаад төвөгшөөдөггүй байсан юм бэ?

-Манайхаар ороогүй зохиолч гэж байхгүй ээ. Олонтой бужигнаж байхад хүн сэтгэлийн таашаал эдэлж, тэр олон сайхан хүний сэтгэлийн жаргалаар өөрөө жаргадаг байхгүй юу. Манайхан бол хэцүү л дээ. Ууна иднэ, зарим нь юм хумыг маань аваад явсан байхыг ч үгүй гэхгүй. Гэхдээ олон түмэнтэйгээ явна гэдэг орчлонд хүн болсны бас нэг гавьяа юм шүү дээ. Айлд хүн орохгүй бол хэцүү биз дээ. Манай аав төрийн хар хүн байсан. Аавын ах лам хүн. Баргын дуганд сууж байсан Ванзий гэж баргын дуганыг бараг үүсгэсэн хүний нэг. Их ухаантай хүн байсан. Намайг юу ч мэдэхгүй хариугүй амьтан байхад тэр их ухаанаасаа надад сургажээ. Тэр хүний сургасан ухааны хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа юм. Олон түмэнтэйгээ насан туршдаа явах буяныг аав минь, аавын минь ах тэр сайхан хүн өгчээ гэж боддог. Хүний амьдрал өөрөөсөө болдог эд шүү дээ. Сайн сайхан байх тухай бодож явахад бүтдэг. “Энэ амьдрал ерөөсөө болохгүй байна, бүтэхгүй байна” гэж бодох тусам урууддаг. Хүүхдүүд сайхан торниж байна, мал хуй өсч байна, төр засаг сайхан байна гэж бодох тусам өөдөө дээшээ явдаг.

-Та нөхдөө үгүйлэх юм уу?

-Үгүйлнэ ээ үгүйлнэ. Гэхдээ аль болохоор тэд маань сайн сайхан яваа гэж боддог. Түмний тоосонд миний хэдэн шавь сайхан яваа гэж залбирдаг. Бүгдээрээ нэр алдартай. Хамгийн гол нь бүгд номонд хайртай, номыг хүндэтгэдэг хүмүүс болсонд нь би баярладаг. Төр засагтаа хүндэтгэлтэй хандаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань ижилдээ хань шиг хань байх чухал. Одоо та хэд айлын эзэн, төрийн хар хүн болцгоожээ. Төрдөө үнэнч яв, гэртээ эзэн бай. Тэгээд л болоо. Гэргий хүүхдээ тэгш дүүрэн аваад явна гэдэг чинь эр хүний их том үүрэг. Бусдын сайхныг их бодох хэрэгтэй. Зарим хүмүүс бусдыг магтахаар бусад хүмүүс мундаг болоод өөрөө муу болчих юм шиг санадаг. Харин бусдыг магтах, бусдын сайн сайхныг олон түмэнд хэлж өгөх тусам чи өөрөө манддаг байхгүй юу. Тэрийг л сайн бод. Найрагчид, миний шавь нар “За, ээж ээ нэг сайхан хоол идье. Айлаар хэссээр байтал өлсчихлөө гээд ирдэг. Нэг хүүхнийд очлоо, олигтой хоол унд идсэнгүй, аав ээжээс нь зовоод гээд ирнэ. Банш бууз бэлэн байгаа юм чинь чанаад өгнө. Ганц гожин юм гаргаад өгнө. Багш дээрээ ирээд л башийгаад явчихдаг юм гэхэд нь би ч баярлана. Эмнэлэгт хэвтэхэд нь шавь нараа бүгдийг нь би цай хоолтой эргэдэг байсан. Найрагчид маань сайхан сайхан бүсгүйчүүд дагуулаад л ирнэ. Тэгээд дуу дуулна, шүлэг уншина. Нөгөө бүсгүйчүүдээ уярааж өгнө, бишрүүлнэ. Гэхдээ зарим нь тэр гоё охидтойгоо суугаагүй л байдаг. Манай сургууль (Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль) их буянтай сайхан сургууль. Сүүлийн үеийн “Болор цом”-ын эзэд чинь миний шавь нар л болоод байна. Манай Ш.Цэнд-Аюуш багш чинь хүнд муу юм санадаггүй цагаан цайлган хүн. Ер нь хүнд муу юм санаад байвал үйлс бүтдэггүй юм шүү. Дандаа цагаан цайлганаар бодох хэрэгтэй. Би бол амьдралдаа хүнд муу санаж яваагүй хүн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Цагаан сарын бөх маргаангүй, ёс төртэй болох учиртай

Цагаан сарын шинийн нэгэн бол монголчуудад жилдээ ганц тохиодог онцгой өдөр. Хүн бүхний царай гэгээн гэрэлтэй, үг бүхэн ерөөл бэлгэтэй байдаг. “Шинийн нэгний өглөө хүмүүс зүг бүхэнд мөрөө гаргадаг. Зүг бүхэн хүнд ээлтэй. Зам мөр зөв бол хаашаа ч явсан бурхны хутагт дөхнө. Хамгийн гол нь сэтгэлийн чинь зүг зөв байж зөв мөрөө үлдээсэн байх ёстой” гэж төрийн шагналт Б.Цэнддоо саяхан “Өдрийн сонин”-д бичсэн дээ. Үнэхээр энэ өдөр бид ямар нэгэн шалтаггүйгээр баярладаг. “Ууртай ууртай өвөө нарын дандаа зангилаастай явдаг хөмсөг энэ өдөр л тайлагддаг” гэдэг шиг Цагаан сар бол монголчуудын хайр талархлын баяр гэдэг нь үнэн юм. Хотын гудамжинд шүргэлцсэн жолоочид инээд алдан машинаасаа бууж ирээд хоорондоо золгочихоод “Өө зүгээр зүгээр” хэмээн хараалын үг хэлэх нь бүү хэл, хоорондоо муухай ч харалцалгүй салдаг ганц өдөр гээд бодохоор онцгой байлгүй яахав.

Цагаан сараар өвгөд хөгшдийнхөө амрыг эрэн золгох, айл хотлоороо шинэлэх үед энерги цацарсан ерөөл билгийн үгэн дунд заавал яригддаг нэг зүйл нь битүүний өдрийн бөх юм. Сар шинийн бөх ямар нэгэн маргаангүй, эрэмбэ жудагтай, ёс төртэй сайхан болоход тэр жилийн өнгө мэдрэгддэг гэж хуучцуул хэлдэг. Энэ бол зүгээр нэг мухар сүсгийн ойлголт биш байх. Гол нь Монголын ард түмний өв соёлын дархлаа болсон үндэсний их баяраа хүндэтгэсэн дээдсийн хүндэтгэл. Мөн зуун дамжиж ирсэн түүхийн уламжлал хийгээд түүнийгээ хир буртаг суулгалгүйгээр дараа үедээ өвлүүлж өгөх ухагдахуун. Түүнээс зодог өмссөн хэдэн бөхдөө ч бас биш болов уу. Цагаан сарын барилдааныг тухайн жилийн “Өнгө шинжсэн” барилдаан гэж тодорхойлдог, энэ нь дээрх ойлголттой утга дүйж байгаа юм. Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын наадамд түрүүлэх юм уу, дээгүүр барилдаж өндөр цолонд хүрдэг жишээг судлаачид хэлдэг. Уг барилдаан 1963 онд анх “Малчдын баяр” нэртэйгээ болоход Мөөеө аварга түрүүлж байсан, тэр жилийнхээ улсын наадамд түрүүлсэн. Дараа жил нь Цагаан сараар мөн л түрүүлсэн, төрийн наадамд ч дараалж түрүүлсэн.

Баянаа аварга Сар шинийн барилдаанд найман удаа түрүүлснээс 1972, 1975, 1977, 1979 онуудад улсын наадамд давхар түрүүлж байсан түүхтэй. Д.Цэрэнтогтох аварга далан найман оны Цагаан сарынбарилдаанд улсын заан цолтойдоо Мөөеө аваргатай үлдэж түрүүлсэн бол тэр жилийнхээ наадамд мөн л Мөөеөтэй үлдэж түрүүлэн улсын арслан цолонд хүрч байсан. Ойн одтой бөх гэгддэг Сэрээтэрийн Цэрэн аварга 1971 оны Сар шинийн барилдаанд алдарт Дамдин аваргатай үлдэж түрүүлээд тэр жилийн улс хувьсгалын 50 жилээр Баянаа аваргатай үлдэж үзүүрлэн даян аварга цолонд хүрч ойн одтой бөх гэдгээ бататгасан байдаг. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Ер нь төрт ёсны баяр Цагаан сарын барилдаанд бөхчүүд үнэн хүчийг үздэг, ямар нэгэн найраа, хуурамч худлаа зүйл, аваа өгөөний асуудал байдаггүй. Бэлгэ ерөөл, хийморь лундаагаа боддог гэж ярих нь бий. Хуучны бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд битүүний өдрийн барилдаан хамгийн жудагтай нь гэж зориуд тэмдэглэдэг. Энэ нь жудаг журам, ёс төрийг эрхэмлэх учиртайг шинэ залуу бөхчүүддээ сануулж хэлж буй үг болов уу.

Цар тахлын нөхцөл байдлаас болж Цагаан сарын барилдаан сүүлийн хоёр жил цуцлагдсан. Бүтэн хоёр жил бид сар шинийн бөхөө үзэж чадаагүй. Мөн өнгөрсөн жил наадам болоогүй. Ардын хувьсгалын 100 жилийн их ой бас л цуцлагдсан.Тэгэхээр бөхөө шимтэн үзэх дуртай ард түмний хүсч хүлээсэн энэ их итгэл, хүлээлт дээр усан бар жилийн Сар шинийн барилдаан болох гэж байна. Гэхдээ үзэгч олонд цагаан сарын бөх яадаг бол, маргаан мэтгээн талцалгүй болох нь бүү хэл ер нь болдог байгаа даа гэсэн үл итгэх хандлага байна. Хамгийн жудаг журамтай болдог, тухайн жилийнхээ өнгө нь гэж хэлцэгддэг битүүний өдрийнхөө бөхөд бид яагаад үл итгэх болов. Маргаан мэтгээнгүй, жагсаал цуглаангүй, талцал хуваагдалгүй болно гэдэгт эргэлзэх болов гэдэг нь өөрөө маш том харамсал юм. Нэг хэсэг монгол бөхийн нэр хүнд өндөрт хүрэхтэй зэрэгцээд бөхчүүд маань бүх зүйл дээр улангассан амьтад шиг болсон. Нэг хэсэг нь допинг хэрэглэн бусдыгаа хуурч мэхлэх гэж улангассан, нэг хэсэг нь ерөөсөө л давахын төлөө, ялахын төлөө хамаг чадлаараа улангасан зүтгэсэн. Одоо нэг хэсэг нь допингтой нөхдүүдээ барилдуулахгүй гэж улангасан дайрч байна. Бас нэг хэсэг нь допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч шийтгэл хүлээсэн ч барилдах эрх маань сэргэсэн гээд зодог шуудгаа өмсөөд үхэн хатан тэмцэж байна.

Өнөө жилийн Цагаан сараас эхлээд бөхчүүд маань энэ бүх улангассан тэмцлээ дор бүрнээ больчихвол яасан юм бэ. Зүгээр л ном журмын дагуу эрэмбэ жудгаа сахиад сайхан барилдвал болоо юм биш үү. “Бөх гэдэг дандаа давахын нэр биш” гэж Өсөхөө аварга нэгэнтээ хэлж билээ. Ямар үнэн үг вэ. Бөхчүүд гэдэг чинь ерөөсөө ард түмнээ зугаацуулах цэнгүүлэх үүрэгтэй. Баянаа аваргын инээд наргиан болгож хэлсэн “олныг баясуулагч” гэдэг цол чимэг чинь жинхэнэ утгаараа тэр байхгүй юу. Гэтэл өнөө цагийн бөхчүүд асар хурдан нэр төртэй болохын төлөө, хүлээн авч байгаа нь “Та бүхэн монголчууд биднийгээ цэнгүүлэх, зугаацуулах үүрэгтэй” гэсэн ойлголтыг л өгч байгаа юм. Түүнээс монголчууд бөх гэхээр нэг их алдар суутай, амьд бурхан шиг тахигдсан хүмүүс гэж дээдлэн өргөмжлөөд байгаа юм биш. Басхүү дорд үзээд муу муухайгийн жишээ болгоод ч байгаа юм биш.

Харин бөхчүүд маань өөрсдөө үнэ хүндгүй байдлыг бий болгочихлоо. Өнгөрсөн жилийн наадам хойшилсон байдалд бөхчүүд өөрсдөө буруутай байсан. “Төрийн наадмаар худлаа барилдаж олны өмнө жүжиг тоглодог алиа салбадайнууд. Наадмын давааг үнэн хүчээрээ давах бус найраа хийж авлига өгч авалцаж ард түмнээ, төр засгаа доромжилдог ийм бөхчүүдийг худлаа барилдуулахын төлөө бид наадам хийх хэрэг байна уу. Түүний оронд ард түмнийхээ эрүүл мэндийг бодож амьсгалын аппарат авъя” гэж залуучууд жагссан. Тэгээд л наадам хойшилсон.

Бөхчүүдийн хоорондын хуваагдал тэмцэл хэрээс хэтэрч төрийн дээд түвшинд яригдах боллоо. Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад айхтар үг хэлнэ лээ. “Бөхчүүд ард түмнээ хүндэтгэхгүй, төрт ёсоо дээдлэхгүй бол Монголын төр өгсөн цолоо буцааж авч болно шүү” гэдгийг хэлсэн. Тэгэхээр энэ жилийн Сар шинийн барилдаан бол монгол бөхийн цаашдын ирээдүй ямар байхыг, бөхчүүд жудагтай журамтай, эв эеийг эрхэмлэсэн төрт ёс, түмэн олноо хүндэтгэсэн байхыг бөхчүүдээс өөрсдөөс нь шаардсан ийм барилдаан болох гэж буйгаараа ихээхэн онцлогтой.

Хуучин Сар шинийн барилдаан ямар гоё болдог байсан тухай ард түмэн сэтгэл сэргэм ярьдаг. Тэр жил Хадаа аварга түрүүлэхдээ эхний даваанаас л үзэгчдийг уухайлуулж, “Хадаа дүүгүүрд дүүгүүрд” гэж хэлэхтэй нь үзүүр түрүүнд Долгорсүрэн зааны монгол гутлыг сугартал дүүгүүрдэж хаян түрүүлсэн байдаг. Мөн хоёр дахиа түрүүлэхдээ Цэрэнтогтох аварга, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн заан нарыг хэрхэн хаясныг үзэгчид кино зургийн кадр шиг тодхон ярьдаг. Мөн наяад оны сүүл ерээд оны эхээр Увсын Тулгаа заан Спортын төв ордны гадаа ЗИЛ-130 машинаа тавиад “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж зарлуулаад битүүний өдрийн барилдаанд аяны тоосоо гөвөөд зодоглож байсан түүхтэй. Увсын хязгаараас ирж барилдахдаа Тулгаа заан Баянаа аваргыг, Ганбаатар арсланг давж хоёр ч удаа их шөвөгт шалгарч байсан. Говь-Алтайн цахилгаан Мөнхөө гэж ерээд оны эхэн үед цагаан сарын бөхийн гол чимэг нь байлаа. Нас дээр гарсан хэрзийсэн тэр хөгшин Алтайн хязгаарт байгаа ижийдээ очиж золгож чадахгүй, амьд мэнд байгаагаа “араажив”-аар дуулгаж Сар шинийн барилдаанд зодоглодог байснаа дурссан удаатай.

Ингэж л хуучин цагийн бөхчүүд ард түмнээ зугаацуулах, үзэгч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх тэр үүргээ гүйцэтгэж байжээ. Тэд түрүүлэхийн төлөө, нэр алдарт хүрэхийн төлөө үхэн хатан зүтгээгүй байна. Тиймээс одоогийнх шиг хэл ам, хэрүүл тэмцэл улангассан энэ байдал байдаггүй, бөх нь бөх шиг байж. Баянаа аварга, Дамдин аварга, Эрдэнэ-Очир арслан, Сосорбарам арслан гээд бүгд л нас өндөр болтлоо төр түмнээ хүндэтгэж сар шинийнхээ барилдаанд зодоглодог байсан, хийморь лундаа нь ч сэргэдэг байсан биз. Гурван жилийн өмнө байна уу, Өсөхбаяр аварга зүүний магнайд гарахад “Дархан аваргатай Цагаан сар сайхан юм” гэж үзэгчид баярлаж байсан. Өнөө жил Эрхэмбаяр, Мөнхбат, Санжаадамба аваргууд төр түмнээ хүндэтгэж зодоглох л хэрэгтэй. Давах унах нь дараагийн асуудал. Батсуурь аварга, Пүрэвдагва арслан нарын асуудлыг эрхбиш Бөхийн холбоо нь нэг тийш шийдчихээ болов уу. Бүдүүн хадуун нөхдүүд барилдана, барилдахгүй гэж жагсаад Цагаан сараа гутаахгүй байлгүй дээ. Сүүлд нь дахиад хэлэхэд, ямар нэгэн маргаан мэтгээнгүй, эрэмбэ жудаг, ёс төрөө эрхэмлэсэн барилдаан болно гэж хүлээж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар

Хёлго бодонгууд овогт Ц.Мөнхдорж жанжин Д.Сүхбаатарын намтар түүхийг сүүлийн хэдэн жил дагнан судалсны үр дүнд “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” номыг бичжээ. Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай Улз гол цутгадаг Тарь нуураас хойш, Дорнод аймгийн Чулуунхороот сумаас холгүй хойд талд нь орших Гүн жалгатай гэдэг газарт цагаан дээлт Дашийн Дамдин хэмээх улиад хамниган айлын хоёр дахь хүү болон мэндэлснийг тогтоосон байна. Түүний охин дүү Дулам нь Бооржийн районы Бухын харуул гэх газарт 1906 онд төрснийг мөн тогтоосон байна. Д.Сүхбаатарыг буриад гэж нотолдог Дорнодын Цагаан-Овоогийн өндөр настан Гонгорын Пампаантай уулзжээ. Пампаан гуай 1921 онд төрсөн хүн юм байна. Тэрээр “Намайг 10 гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү Дулам хонь хариулж амьдардаг байсан. Дулам хүнтэй суугаагүй ч нэг хүү төрүүлж түүнийгээ Жангадаа өргүүлсэн” гээд дүү Дуламын ярьсан яриаг Мөнхдоржид дуулгажээ.

Дулам ярихдаа “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуулд нутаглаж байгаад 1918 онд Монгол руу Халхголд ирсэн. 300 гаруй буриад, хамниган айл малаа аваад Монгол руу нүүхэд бид цуг ирсэн. Монголд Ардын хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг байсан. Нэг удаа Жанга нагац дээр дотоод яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Багийн дарга Галсанжамц манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамталдаг байсан” хэмээн ярьсан байдаг. Номын зохиогч судалгааныхаа ажлаар олон арван хүнтэй уулзсаны дотор Чойбалсан хотын иргэн, Цагаан-Овоо сумын уугуул 85 настай Цэрэндорж гуайн яриа анхаарал татна.

Цэрэндорж гуайн аав Намдагийн Жигмэд 1891 онд Читийн дээд Бооржийн голд төрж, 70 насыг насалсан байна. Аавыг нь төрөх үед өвөө Намдагийнх нь Цагаан хуасай омгийн жаахан Дамдиныхтай хөршүүд, садан төрөл байсан гэнэ. 1893 онд Сүхбаатар мэндэлж, Цэрэндорж гуайн аав Жигмэд, их жанжин Сүхбаатар болоод, нагац Жанга нартай нь тоглож өсчээ. Жанга нь 72 насыг зооглож 1964 онд бурхны хутгийг олжээ. Цэрэндорж гуай ярьсан нь “Тавиад оны эхээр Жанга өвгөний бие муудахад С.Янжмаа (Д.Сүхбаатарын эхнэр) орос эмч дагуулж чийчаан тэрэгтэй ирсэн. Тэр үед манайх Зүүн Барьханд Жангынхтай айл нутаглаж байсан. Янжмаа ирээд буцсанаас хойш удалгүй Жанга өвгөн хоёр толгой үхэр нядлаад, гурван тэмээн тэргэнд ачиж, Дуламаас өргөж авсан Шагдарсүрэнг аваад Улаанбаатар явсан. Нэлээд удсаны хойно бие эрүүл болоод ирсэн. Гэрийнхээ гадуур дун цагаан бүрээс татсан. Янжмаа бэлэг болгон өгсөн гэдэг. Тэр үед тийм гоё цагаан бүрээстэй айл байгаагүй учир их содон харагдаж байлаа” гэж ярьсан нь бий. Түүхэнд Сүхбаатарын Янжмаа гэж нэршсэн тэр хүн ханийгаа буриад гэдгийг мэддэг, ах дүү, хамаатан садныг нь таньдаг төдийгүй нас барах хүртлээ эргэж тойрсон нинжин сэтгэлт, журамт эмэгтэй байсныг тэмдэглэжээ.

Номын зохиогч Ц.Мөнхдорж судалгаагаа мухарлахын тулд Дорнодын Эрээнцав буюу Чулуунхороот сумын хилийн шалганаар гарч Соловьевск тосгонд очжээ. Тэндээсээ Хамниганы Новая Заря тосгонд очиж Цэрэнханд болон Уваши Сүрэн Дольжина нарын хоёр хөгшинтэй уулзсан байна. Новая Зарягийн барууханд Имайлк тосгон, түүнээс цааш хорь гаруй км-т Баруун Тарь нуурын хажууд Красны Имайлк тосгон бий аж. Эдгээр сав нутаг бол тэр чигээрээ улиад хамниганы нутаг, өөр овгийнхон байхгүй болохыг тогтоож, Сүхбаатарын эцэг Дамдин улиад хамниган хүн болохыг мухарлажээ. Жараад онд Бухын харуулд Д.Сүхбаатарын нэртэй кино гарч түүнийг үзсэн 80-аас дээш насны ахмадууд улиад хамниган Дашийн Дамдины хүү Сүх нь Монголд очоод Сүхбаатар нэртэй болоод зогсохгүй халх хүн болж хувирсанд ихээхэн уурласан гэдэг. Д.Сүхбаатарын эцэг Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашжээ. Тэрээр Омкс хотноо хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхийгээ Эрхүү дэх орос гимназа төгсөнгүүт нь Омскийн Кадетад сургахаар явуулсан байна. Д.Сүхбаатар тэнд гурван жил суралцаад 1912 онд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байдаг. Ингээд Оросын хаант засгийн армиас монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургарч нарын дунд Д.Сүхбаатар багтжээ. Тэрээр 20 нас хүртлээ Сүх нэртэй байсан нь Бямбын Ринчен гуайн дуртгалд бий. Их жанжин Д.Сүхбаатарын намтрыг үнэн бодитой, судалгаатай, амьд гэрчүүдийн үгээр бүтээн гаргасанд уг номын үнэ цэнэ оршиж байна.