Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэвэгийн Ойдов: Дүвчинг надаас хол илүү төрсөн гэж олон хүн хэлдэг дээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх Зэвэгийн Ойдовтой уулзаж ярилцлаа.


-Өнгөрсөн жил та яагаад олимпод яваагүй юм бэ?

-Уул нь МҮОХ, “Голомт” банк хамтарч олимпийн медальтай тамирчдыг олимп үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Ингээд явах юм болтол зохион байгуулагчийн зүгээс “Танайхан явахаа больсон. Дамдин гуай та хоёр л явах юм шиг байна” гэв. Тэгтэл Равдангийн Даваадалай “Бидний томилолт тав хоногийн хугацаатай юм байна. Хоёр хоногт нь ирж очоод таарна. Гурав хоног урьдчилсан барилдаан харснаас яваагүй нь дээр биз” гэж хэллээ. Иймэрхүү учир шалтгаанаас болоод л олимп үзэж чадаагүй.

-Гэхдээ танд хувиараа очоод үзчихье гэсэн бодол төрсөнгүй юү?

-Олон удаа олимпийн тэнгэр дор зогсч байсан хүн шүү дээ, би. 2008 оны олимпийн өмнө надад хоёр л зүйл бодогдож байв. Нэгд, олон жил хүлээсэн олимпийн аварга төрөөсэй, хоёрт, манай чө- лөөтийнхөн сайн барилдаасай гэж. Чөлөөтийн тамирчид маань медальд хүрч, санасан хэмжээнд хүртэл барилдаж чадахгүй болов уу гэсэн бодол надад тухайн үед төрж байсан. Одоо энэ талаар яриад яахав.

-Дасгалжуулагчийн ажлаа хэдэн оноос больсон бэ. Одоо юу хийж байна?

-Би чинь Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа л дасгалжуулагчийн ажил эрхэлж байсан. 1994-1996 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв. Тухайн үед цаг хүнд хэцүү байлаа. Тамирчид маань амьдрал ахуйгаа бодож, барилдахаасаа наймаа арилжаанд явахыг бодно. Гэхдээ байдал ийм байна гээд бид гар хумхиж суугаагүй. Сайхан сэтгэлт хүмүүсийн ач буянаар тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, үе үеийн шилдэг тамирчдынхаа буухиаг үргэлжлүүлэн галыг нь унтраалгүй авч явсан. Харин амжилт гаргах тал дээр бол боломж тун бага. Учир нь тамирчид маань мөнгө бодсоор байгаад бэлтгэл сургуулилт, торгон ир нь байхгүй болно. 2006 онд хоёр гар дээр юм гарч гар хатаад Багшийн сургуулиасаа гарсан. Үндсэн багш дасгалжуулагчийн ажлаасаа хөндийрсөн гэсэн үг. Гэрт зүгээр суугаад яахав гээд хотоос жаахан зайдуу Цагааннугын хүүхдийн зусланг ажиллуулдаг юм. Өвлийн улиралд гэртээ амарчихдаг.

-Таны жинд сүүлийн үед аль улсын бөхчүүд манлайлж байгаа бол. Тэдний онцлогийн тухай ярихгүй юу?

-ЗХУ, Болгар, Иран, Турк, Япон, Америкийн бөхчүүд мундаг байсан. Сүүлд Кубын бөхчүүд муугүй болоод ирсэн. Одоо тэднийг бүр барахаа байлаа. Анзаараад байх нь ээ, газар газрын бөхчүүд л сайжирч байна. Үүнд тухайн улс орны нөлөө их байна уу даа гэж бодогддог юм. Тамирчдаа сайн бэлтгэхийн зэрэгцээ спортын шинжлэх ухааныг сайн нэвтрүүлж чадаж байна. Мөн даяарчлалын эрин үе гээд тамирчид маань аль нэгэн улсын нэр дээрээс барилдах юм уу, бүр иргэн нь болох үзэгдэл хэвшмэл болжээ. Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгосын бага жингийн бөхчүүд гойд сайн байна уу даа гэж ажиглагдах юм.

-Ер нь таны залуугийн барилдаан, арга техник одоо хоцрогдож байна уу, эсвэл…?

-Хоцрогдоогүй, улам ч үгүйлэгдэж байна гэж боддог. Дэлхийн бөхийн мэргэжилтн үүд ингэж хэлэх байх аа. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэхээр миний барилдааны арга техник монгол үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Манай үндэсний бөх дутагдах юмгүй олон сайхан шинж чанарыг өөртөө агуулсан. Байр талбай гэж тусгайлсан дэвжээгүй, жин харгалзахгүй, мөн цаг байхгүй. Манайхны тактик гэж яриад байгаа өрс өлдөгчтэйгээ яаж барилдвал дээр болохыг үндэсний бө- хөөр барилдаж байгаа хүн мэдэрдэг. Дээр нь хариуцлага маш өндөртэй. Өвдөг, тохой болон толгой газар шүргэх төдийд унасанд тооцдог. Дахиж барилдана гэсэн ойлголт байхгүй.

-Та үндэсний бөхөөр барилдаж байв уу?

-Ганцхан удаа л барилдсан. 1970 онд хот руу орж ирэхийнхээ өмнө сумынхаа наадамд зодоглотол түрүүлдэг юм. Тэгэхээр би чинь сумын заан цолтой бөх байгаа биз.

-Залуу бөхчүүдийнхээ болоод дасгалжуулагчдын талаар юу хэлэх вэ?

-Бэлтгэл сургуулилт, зорьж яваа зүйлдээ үнэн лагчид мэддэггүйгээ мэддэг болчихвол тун сайн сан. -Чөлөөт бөх олимпоос хасагдах гээд байна уу даа. Чөлөөт, сонгомол хоёрын аль нэгийг нь үлдээнэ гэсэн яриа гараад байгаа? -Ийм яриа сүүлийн үед гарсныг сонсоогүй юм байна. Харин хэдэн жилийн өмнө гарч байсан. Яагаад ийм яриа гарав гэхээр чөлөөт бөхийн арга техник дэлхий нийтээрээ муудаж байна гэж үзсэнтэй холбоотой. Юунаас болоод муудав гэдгийг аваад үзвэл, барилдааныг улам их эрчимтэй, уран болгох зорилгоор барилдааны хугацааг богиносгочихсон юм. Энэ нь алдаа болохгүй юу. Ямар ч хоёр бөхчүүд гарсан даруйдаа шав шав хийтэл мэх хийхгүй. Хэн нэгнийхээ барилдааны арга техникийн мэдэх гэж ёс юм шиг 10, 20 минут тулж зогсдог. Мөн торгодог байснаа болиулсан. Энэ бас л алдаа болсон. Шүүгч торгож чадахгүй болохоор тамирчид хасагдана гэж айхаа байчихна. Түлхэлцэж, нэг үгээр хэлбэл аргацааж байлаа. Тэгсэн хэдий боловч сонгомол барилдаанаар огт барилдаж чаддаггүй. Яагаад болохгүй байгаа юм бол гэж барилдаандаа дүгнэлт хийнэ. Хөл л оролцохгүй болохоос манай чөлөөт бөхтэй ойролцоо гэж бодож байсан чинь биш юм билээ. Тун нарийн юм байна гэдгийг барилдаж үзээд л мэдэрсэн.

-Таны төрсөн дүү Дүвчин дэлхийн нэртэй бөхч үүдийн нэг. Та хоёр эхээс хэдүүлээ вэ?

-Долуулаа.

-Та хоёроос өөр спортын зам мөр хөөсөн хүмүүс байна уу?

-Бараг л гэр бүлээрээ спортын хүмүүс дээ. Манай том ах Содномдорж аймгийн заан цолтой бөх. Улсад огт барилдаж байгаагүй. Сумандаа бол олон түрүүлсэн. Ахыг У.Мижиддорж арслан “Хэрвээ улсын наадамд барилдсан бол амаргүй “боорцог” байх байсан” гэдэг. Эгч Аюур зургадугаар ангидаа гүйлтээр улсын аваргаас мөнгө, хүртэл медаль хүртээд буцаж байсан их хурдан хүн. Одоо нутагтаа амьдарч байна. Сонирхолтой нь таван аймгийн бүсийн гүйлтийн уралдаанд жирэмсэн байхдаа түрүүлээд улсад очиж оролцох боломжгүйгээр хасагдаж байсан түүхтэй. Дүвчинг Дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, уран барилдаанч улсын заан цолтой бөх гэдгийг уншигч олон мэдэх байх. Дүвчингийн яг доод талын дүү Минжмаа Хархорин сумын сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа тэш үүрийн улсын аваргаас дөрвөн хүрэл медаль авчирч байсан. Мөн отгон дүү Бямбас үрэн хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер.

-Аав тань бөх барилддаг байсан болов уу?

-Манай аав хөдөөний эгэл жирийн малчин хүн. Архангай аймгийн Лүн сумынх. Ийм нэртэй сум байж байгаад татан буугдсан. Тэгээд манайх Өвөрхангайн Хархорины харьяат болсон хэрэг. Улсын наадмыг Цэргийн наадам нэртэйгээр 1921-1924 он хүртэлх хугацаанд хийж байжээ. Тухайн үеийн наадам долоон өдөр болж байсан гэдэг. Бөхийн аманд гарахаар бүртгүүлсэн нэг цэрэг байхг үй болохоор оронд нь аавыг гарч барилд гэсэн үүрэг өгч. Тэгтэл аав гарч барилдаад учраа бөхөө давчихаж. Ингэж явсаар тав давчихжээ. Бө- хийн хууль дүрмээр бол улсын начин цолны болзол хангасан байгаа юм.

-Цэргээс халагдаж ирээд нутагтаа барилддаг байв уу?

-Аав ганцхан удаа барилдсан нь тэр юм билээ. Харин тав давснаасаа болж зэмлэл хүртсэн гэж ярихыг нь сонссон. -Яагаад тэр вэ? -“Жагсаал уясан” гэж загнуулсан байгаа юм. Учир нь цэргүүдийг жагсаалаар авчирч барилдуулаад унахаар нь буцааж командлаад өөр ажилд явуудаг байж. Тэгтэл нэг цэрэг нь унаж өгдөггүй. Жагсаалын даргынхаа бухимдлыг барахгүй юу.

-Та Дүвчин заанд нарийн чанд мэхний хувилбаруудыг нь зааж өгсөн үү?

-Өөрийн төрсөн дүү болохоор мэддэг чаддаг бүхнээ л зааж өгөхийг бодно. Бусад хүмүүс Дүвчинг надтай их адилхан л гэдэг. Зааж буй мэхний хувилбаруудаас сайн сурч байгаа шиг харагддаг. Заримыг нь ч ерөөсөө сурдагг үй. Тухайн үед яагаад сурахгүй байна гэж гайхдаг байсан. Харин дасгалжуулагч болчихоод хүүхдүүдээ харж суухад хүн бүхэн адил бишийг ойлгосон. Дүвчинд этэх мэхийг өөрөө ч зааж байсан. П.Дагвасүрэн болон Ө.Чүлтэмс үрэн арслан нараар ч заалгуулж байсан. Төстэйвтэр болохоос яг ижил сурдагг үй юм билээ. Толгой уургалах, өлгийлдөх мэхүүдийг олон заасан. Ойролцоо хийж байгаа юм шиг хэрнээ бас л өөр. Би ахын хувьд бус хувь хүнийхээ хувьд дүүгээ дэлхийн нэртэй бөх гэдгийг бардам хэлнэ. Надаас хамаагүй хол илүү төрсөн гэж Х.Намшир багшаас аваад олон л хүн хэлдэг юм.

-Та нутагтаа олон очдог уу?

-Сүүлийн хоёр жил очиж чадсангүй. Түүнээс нутагтаа үргэлж очдог.

-Хэр шүтлэгтэй вэ. Шүтдэг уул ус?

-Уул усаа шүтэлгүй яахав. Хангайн овоо гэж Хархорин сумын хойхно талд ханагар сайхан уул бий. Энэ уулыг жилд 12 удаа тахьдаг байсан гэдэг. Одоо ч ялгаагүй нутгийн олон өвөг дээдсийнхээ уламжлалыг таслалгүй тахиж сүсэглэдэг. Уул усаа шүтэхээс гадна ээж аавынхаа сахиусанд залбирч явдаг.

-Танд бөхөөс өөр сонирхдог зүйл юу байна. Эр хүнийхээ хувьд ан авд сонирхолтой юу?

-Спортоос өөр сонирхдог зүйл ховор доо. Залуудаа хорхог боодог идэх зорилгоор “хулгар шар”-ыг нудардаг л байлаа. Одоо бол тийм зүйл байхгүй. -Дэлхийд нэртэй бөхийн хувьд эмэгтэй хүмүүс барилдаж, хүндийг өргөж, боксоор хичээллэдгийг юу гэж боддог вэ?

-Шуудхан хэлэхэд, буруу гэж боддог. Гоо зүй болоод сэтгэлээсээ хандаасай гэж залуустаа хэлэх байна. Үнэн голоосоо хандахгүй бол багшийн зааж сургаж, хэлж ярьж байгаа бүхэн чихний хажуугаар, нүдний өмнүүр өнгөрөөд байх болохоосоо биш ухаан бодолд буудаггүй юм. Дасгалжуулагчдыг муулах эрх байхгүй. Учир нь арван хуруу тэгш хүн гэж ховор. Гэхдээ дасгалжуулагчид маань “Би ийм хэмжээний л хүн шүү” гэх өөрийнхөө зиндааг ойлгодог байвал сайн.

-Манайхан тэгж ойлгож чадаж байгаа болов уу? Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн бөх DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….


1990 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын тангараг өргөх ёслолд зориулсан бөхийн барилдаанд “дүүгүүр” М.Болдбаатар начин, М.Мөнгөн арслан, О.Балжинням аварга, Х.Баянм өнх аварга нарыг дархан хавсрах мэхээрээ хаяж түрүүлсэн түүнд олон түмэн “Ерөнхийлөгчийн бөх” хэмээх алдар хайрлажээ. Энэ хүн бол бөхөд хайртай монголчуудын сэтгэл зүрхэнд жинхэнэ монгол эр хүнд заяамаар эгэл сайхан дүр, хүнлэг чанар, уран хийцтэй барилдаанаараа мөнхөрч үлдсэн Жанцангийн Чулуун начин юм.

Тэрээр айлын өргөмөл хүүхэд гэдэг. Өргөсөн, өргүүлсэн түүх нь их сонин юм билээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн “Сээ” хэмээх Борын Донойн хүүхдүүдээс нэг л охин тогтож , хоёр, гурав нь багадаа энджээ. Тэгтэл 1954 оны хавар хоёр ихэр банди гараадахаж. Нялх үрсээ алган дээрээсээ алдсан Доной, Норжмаа нар хоёр сайхан хүүтэй боллоо хэмээн баярласан ч бас л тогтохгүй байж мэднэ гэж айгаад хоёр ихрээ Чойжамц гэдэг айлд өргүүлжээ.

Тухайн үед Мөнххаан сумын уугуул Намсрайн Жанцан Сүхбаатар суманд хүний бага эмчээр ажиллаж байж. Доной, Жанцан хоёр үерхдэг нөхөд тул нэг өдөр хамт айлуудаар бууж, бага сага юм уугаад, Чойжамцынд иртэл хоёр ихрийнх нь нэг өнгөрчихс өн байхтай таарчээ. Айж балмагдсан Доной үлдсэн ганц хүүгээ “Май, чи үүнийг хүн хийж ав“ гээд Жанцангийнхаа өвөрт шууд хийчихэж гэнэ. Жанцангийнх хүүхэд гардаггүй айл байсан тул Түвшинширээгээс өргөж авсан Нүрзэд хүүдээ хань болгон Чулууныг ийнхүү авчээ. Доной аавынхаас нь бас хоёр ихэр охин гарч эсэн мэнд бойжоод одоо нутаг усандаа амьдарч байгаа аж.

Ж.Чулуун 1966 онд Мөнххаан сумын бага сургуулийг дүүргээд Түмэнцогтод ирж суралцжээ. Түмэнцогтынхон Чулуун начинг манай нутгийн бөх гэж цоллуулах дуртай байсан гэдэг. Мөнххааны сургуульд байхдаа бөхийн секцэнд орж ээжийнхээ хийж өгсөн даалимбан зодог шуудгийг өмсч барилдаад 1965 онд Майн баяраар хүүхдийн барилдаанд үзүүрлэжээ. Зургадугаар ангид байх жилээ Уулбаян, Бүрэнцогт, Түмэнцогт гэсэн гурван сумын сургуулиудын хүүхдүүдийн барилдаанд түрүүллээ. Олны анхааралд бага ч гэсэн өртөөд авав. Аймгийн төвийн барааг харахын хүсэл 1969 онд багаг үй хяслантай бүтжээ.

Цанын төрлөөр зүтгээд барсанг үй тул бөхөөр үзээд ангийнхаа Төмөрбаатар гэдэг хүүг барсангүй. Аз болоход 16-18 насанд явахаар шалгарсан хүүхэд олдоогүй тул Мажиг багш нь “Чи яв” гэснээр бөөн баяр аймаг гараад өгч. Төмөрбаатар нь 13-15 насандаа гавьсангүй. Харин нас ахиж, тоо бөглөж оролцсон Чулуун хүү солгой тонгорсоор яваад түрүүлэх нь тэр ээ. Л.Дашдаваа начин “Хот руу авч явна” гээд бэлтгэлд үлдээсэн тул аймаг үзэхийн хүсэл нь хот үзэхийн мөрөөдөл болж хувирав. Ингээд 1970 оны өвөл нийслэлийн бараа харсан байна.

Энэ тухайгаа начин “Спортын төв ордны нөгөө зах үзэгдэхгүй л байх шиг санагдаж билээ” гэж дурссан байдаг. Бага насанд (13-15) дундахнуур буюу арванхоёрдугаар байрт ороод буцжээ. Дараа жил нь аймагтаа тү- рүүлж, улсад зургадугаарт шалгарч, 1972 онд түрүүлж, 1973 онд мөнгөн медаль хүртсэн байдаг. Энэ цагаас “ХААИС-ийн Чулуун “ хэмээн нэршиж, юм юм дуулгах байсан ч өвчний улмаас хоёр жил орчим барилдалг үй өнжжээ.

Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд 1976 онд түрүүлж, Р.Давааням (заан)хоёрт, Д.Батбаяр (начин) гуравт орсон бол 1977 онд Р.Давааням түрүүлж, Ж.Чулуун хоёрт, Д.Батбаяр гуравт оржээ. Яг энэ үед Ө.Тулгаа, О.Бахыт, А.Баатархүү нар эхний байранд өрсөлдөгчид байлаа. Хөвгүүд, залуучуудын барилдаанд ийнхүү барилдахын хамт улсын наадамд 1973 онд анх зодоглон хоёр даваад хашир начин Д.Галдандагвад, 1974, 1975 онд өвчний учир барилдалгүй өнжөөд, 1976 онд мөн хоёр даваад Ц.Ванчигцэрэн начинд, 1977 онд тохой мултарснаас өнжиж,1978 онд Ц.Нацагдорж (гавьяат тамирчин), Д.Одсүрэн харцага, Л.Сосорбарам арслан нарыг өвдөг шороодуулан 24 насандаа улсын начин цол хүртжээ.

Тэр жил Чулуун хуучнаар УБДС-ийн төгсөх ангийн оюутан Заамарт дадлага хийж байгаад ямар ч бэлтгэлгүй, цол авах горьдлогогүй барилдаад начин болсондоо ихэд баярлажээ. Гуйж гувшаагүй байхад “харж үзсэн” нутгийн ах, багш хоёртоо ч баярласан байна. Мядагийн Мөнгөн арслантай наадмын бэлтгэлд барилдаж байгаад зүүн хөлөө гэмтээсэн тул 1979 онд бас л барилдаж чадсангүй.

Дараагийн хоёр жил гурав давжээ. 1982, 1983, 1984 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд барилдаж түрүүлсэн байдаг. 1985 оноос хойш улсынхаа наадамд тасралтгүй барилдахдаа 1985 онд Д.Мягмар заанаар, 1990 онд Лүндэгийн Бадарч харцагаар тав давж цолоо хоёр дахин баталж, гурав шөвгөрсөн тоотой хэдэн начны нэг юм. Тэрээр гурван удаа дөрөв давж, Д.Цэрэнтогтох аварга, О.Балжинням аварга, Ж.Ганболд заан нарт өвдөг шороодсон байна. Начны барилдааны түү- хийг харж байхад өвчин, бэртэл гэмтлээс гадна 1979-1989 оны хооронд хөдөө ажиллаж байсан тул бэлтгэл муутай барилдааны цагаашрал багатай ирж наадамд барилдаж байсан нь амжилтад сөргөөр нөлөөлсөн болов уу гэж бодогдоно.

Энэ бодлыг бататгах хэд хэдэн шалтгаан бий. 40 шахсан насандаа хотод ирж барилдааны нь амжилт эрс өссөн, улсын сорилгод олон жил амжилттай сайн барилдсан. Мөн 1992 онд “Оны шилдэг найман бөх”-ийн нэгээр шалгарсан, тэгэхдээ хамгийн ахмад нь байсан юм. Хэрэв хотод ажиллаж амьдарч байнгын бэлтгэл сургуулилттай байсан бол зааны энтэй бөх гэдгийг үзэгч олноос гадна, үе тэнгийнх нь бөхчүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Ж.Чулуун начин ясны сайн нь харьсан үедээ Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбатыг нэгэн барилдаанд халбагадах мэхээр давж олныг шуугиулж байсан. Үндэсний бөхөөс самбо, жүдогийн нэртэй тамирчин, нэрт сурган хүмүү- жүүлэгч, багш дасгалжуулагч байлаа.

Categories
мэдээ тоглолтын-хуваарь утга-зоxиол энтертаймент-ертөнц

“Poetry Night” төслийн ерөнхий продюсер Ч.Ууганбаяр: Гэгээн хайрын баяраар үе үеийн шилдэг 14 найрагч хайрын шүлгээ уншина DNN.mn

Poetry Night яруу найргийн төслийг санаачлагч,ерөнхий продюсер, Болор цом-ын болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


– Зохиолын дуу, хошин шогоор биш яруу найргаар дамжуулан хүмүүст сэтгэлийн цэнгэл бэлэглэсэн, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг болсон энэхүү үдшийг зохион байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлээд асууя?


-Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болж, Ш.Гүрбазар найрагч “Тэхийн зогсоол” шүлгийг уншиж буй ховор бичлэг байдаг даа. Түүнийг үзээд яруу найргийн ийм гоё үдэшлэг хийх юмсан гэж санаа анх төрсөн. Германд таван жил сурч байхдаа “Po­etry Slam” гэж манайхаар бол яруу найргийн наадамд оролцсон. Дэлхийн олон улсад яруу найргийн ийм үдэш, уншлага болдогийг мэдсэн. Ингээд Монголдоо хийх бодол төрсөн. Яг тухайн үед манай “Болор цом” нэр нь жаахан уначихсан, тэр ч байтугай утга зохиолын маань нэр нэлээн уначихсан, хүмүүс ном уншихаас илүү өдрийн хоолоо боддог эдийн засгийн хүнд цаг үе байсан. Тэр үед хошин урлаг, энтертайнмент илүү хөгжиж байсан. Энэ бүхэнтэй утга зохиолоо яаж хослуулж болох вэ, эдэнтэй яаж өрсөлдөж, олон хүнд хүргэх вэ гэдэг нь зохион байгуулах болсон бас нэг шалтгаан. Би өөрөө утга зохиолын салбарын хүн. Тэгэхээр энэ салбараа өөд нь татахгүй бол би өөрөө энэ салбартаа олигтой байж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Та мэдэж байгаа, би өмнө нь “100 яруу найрагч 100 хайрын шүлэг”, “100 яруу найрагч 100 эх орны шүлэг” гээд л олон уншлага хийсэн. “Poetry night”- ийг Stand up Comedy хөгжиж байгаа энэ цаг үед шүлгийг ч бас Stand up хэлбэрээр найрагч нь өөрийнхөөрөө хүргэж байгаа байдлаар нь хөгжүүлэхийн сацуу мэргэжлийн тайз дэлгэцтэй, дуу хөгжим найруулгатай байх ёстой юм байна, мөн контент болгож авч үлдвэл би Б.Явуухулан найрагчийн бичлэгийг үзээд энэ ажлынхаа санааг олсон шиг хойч үе минь ч мөн адил одоо туурвиж байгаа сайхан хүмүүсийн залуу нас, дуу хоолой, уран бүтээлийг харах боломж гарах юм байна гэж харсан. Данзангийн Нямсүрэн найрагч шүлэг бүтээлээ өөрийнхөө хоолойгоор уншаад, тэр нь бидэнд үлдчихсэн зүйл байхгүй байна шүү дээ. Гэтэл бид ямар их дуртай билээ дээ. Тэгэхээр уран бүтээлчдийн шүлэг бүтээл, дуу хоолойг дэлгэцэнд мөнхөлж үлдээх нь маш чухал юм байна гэсэн санаа зорилготойгоор л хийж эхлүүлсэн.

Анхныхыг нь өөрийнхөө үеийн залуучуудаар хийсэн. Яагаад үеийнхнээрээ хийсэн бэ гэхээр ухаандаа, ерээд оныхонд юм уу, эсвэл танай үеийнхэнд, бүр Ардын уран зохиолчдод санал тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр өөрсдөө ийм болдог, ингэж хийх гэж байгаа юм гэдгээ харуулах хэрэгтэй байсан. Эхний үдэшлэгт маань үзэгчид ч цөөхөн ирсэн. Манай үеийнхэн ч зарим нь итгээгүй л дээ. Гэсэн ч эхнийх маань үнэхээр гоё болсон. Найруулга, гэрэл, дэглэлт, тайз, дэлгэц, хөгжим, дуу хуур гээд бүгд тансаг байсан. Би зориуд ойр дотныхоо шүлэг яруу найраг сонирхдоггүй хүмүүсийг хүртэл чирэх нь холгүй авчирч үзүүлсэн. Тэр хүмүүс маань би өөрийгөө шүлэг сонирхдоггүй гэж боддог байсан ч яруу найрагчийн өөдөөс харж суугаад шүлгийг нь сонсоход чих рүү биш зүрх рүү ордог юм байна гэж байсан.

-Дараа нь таван Ардын уран зохиолчоор Дахин давтагдашгүй гэж хийсэн. Тэд саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд Ш. Дулмаа гуайтай холбогдсон, Урнаа эгч их сайхан хүлээж авсан. Дараа нь П.Бадарч гуайн охин Бүжин эгч бас талархан хүлээж авсан. Настай хүмүүс учраас биеийн байдлыг нь харзнана аа л гэж байсан. Б. Догмид гуайд хэлэхэд намайг бүр гэртээ уриад, бид хоёр бүр дөрөв, таван цаг сууж яриад тайзан дээр ярих зүйлсээ бүгдийг нь нэг нэгээр нь тохирч байсан. Д.Цоодол гуай руу ярихад “Догмид орох юм уу, Бадарч байх юм уу, тэгвэл би орно шүү” гээд л. Тэр үед корона вирус яг сайн намжаагүй, дараагийн давлагаа омикрон хувилбар нь гараад ирсэн, настай хүмүүст халтай гээд бүгд санаа зовж байсан үе. Бас зохион байгуулах гэж байсан Corpo­rate маань байгууллагаараа тусгаарлагдчихсан ч байж таараад хойшлуулах гэж байтал Т.Галсан гуайн бие чилээрхээд. “Би энд л орохгүй бол дараа өөр юманд бараг орохгүй байх” гэхээр нь л зүтгээд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон доо, үзсэн хүмүүс бүгд бахархалтай үг хэлж байсан. Догмид гуайн “Хонгорзул”алдартай шүлгийг Д.Сосорбарам гуай унших гэж байгаад амжаагүй. Харин Н.Батцэцэг гавьяат үзэгчдийн суудлаас гарч ирээд уншиж байсан. Батцэцэг эгч Догмид гуайн үнэнч шүтэн бишрэгч юм билээ. Төрийн соёрхолт Д.Болд “Гоо амраг” дууг нь дуулах байсан ч ирээгүй. Уг нь ихэнх уран бүтээлчид уриалгахан хүлээж авдаг ч Д.Болдыг урьсан ч ирээгүй нь тоогүй санагдсан.

-Дараа нь ерээд оны таван найрагчийнх бас л ганган болсон?

-Тийм ээ, Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Д.Галсансүх нарыг уриад “Ерэн он руу буцсан нь” нэрээр зохион байгуулсан. Хамгийн түрүүнд би Чилаажав ахыг бодсон. “ Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Бүсгүй” гээд “Хурд”-ын тэр олон гоё хит дууг зохиосон найрагч. Чилаа ахыг утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн л мэдэхээс ард түмэн тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тоглолт үзсэн хүмүүс “Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ” гээд Хурдын Отгонбаяр ах, Дашнямтай, мөн Чилаа ах өөрөө дуулахад үнэхээр тансаг байсан. Дараа нь Б.Ичинхорлоо э г ч т э й холбогдсон. Их завгүй хүн шүү дээ. Эгч нь амжих болов уу гэ ж байсан . Тэгээд л Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Ц.Хулан найрагчид руу ярьсан. Ц.Хулан эгчтэй энэ үдэш л сайн танилцаж ярилцсан гээд бод доо.

-Одоо гэгээн хайрын өдрийг тохиолдуулан Хайр бол… хэмээх яруу найргийн үдэш болох нь ээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Тусгай дугаараа онцгойлсон нэг, хоёр найрагчаар юм уу, эсвэл нэг сэдвээр хийж байя гэж ярилцсан. Энэ удаагийн тусгай дугаарт дандаа хайрын шүлгүүд уншигдаж, хайрын дуунууд дуулагдана. Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, төрийн соёрхолт Ш.Гүрбазар тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 14 шилдэг яруу найрагч энэ сарын 13-ны үдэш “UB палас”-ын тайзнаа шүлгээ дуудна. Жинхэнэ хайрын сонгодог үдэш болно. Ер нь Poetry Night нийтдээ арван цуврал хийгдэх төлөвлөгөөтэй . Гурван жилийн дотор арван цуврал хийхээс хоёр нь тусгай дугаар байх юм. Цувралын дөрөв дэхийг Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Р.Чойном нарын шилдэг найрагчдын бүтээлээр хийнэ.

Тав дахь ньҮржингийн Хүрэлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар, Даваасүрэнгийн Ган-Очир нарын дууны уран бүтээлчдээр, зургаа дахь хип хоп төрлөөр, долоо дахь нь Мэнд-Ооёо гуайн үеийнхэн, найм дахь нь танай үеийнхнээр хийх юм. Гурван жилийн дотор ийнхүү 10 дугаар хийчихээд Улаанбаатарт “Poetry night Mongolia” гэдэг фестиваль хийхээр зорьж байна. Миний туйлын зорилго бол энэ фестиваль. Дэлхийн олон орноос зохиолч, яруу найрагчид, Нобелийн шагналтнууд Монголд ирээд Сүхбаатарын талбай дээр зүлэг дэвсч байгаад тухайн орных нь хэлээр шүлэг яруу найраг сонсоод тэдэнтэй уулзаад, талбайгаа тойруулж олон жижиг гэрүүд бариад, дотор нь нэг нэг яруу найрагч байрлаад, хүмүүстэй уулзаад зураг хөргөө авахуулаад хоёр, гурав хоногийн сайхан фестиваль зохиох мөрөөдөлтэй байгаа. Мөн үүний зэрэгцээ Их газрын чулуунд, эсвэл Мэнэнгийн талд бүгдийг нь аваачиж байгаад яруу найргийн задгай уншлага хийх бодолтой. Долоо хоногийн турш Монголд дэлхийн оюун санааны охь болсон уран бүтээлчдийг цуглуулах санаа зорилго бий. Үүнийхээ хүрээнд орчуулагч О.Чинбаяр ах, Г.Аюурзана ах гээд гадаад дотоодтой холбоотой хэлтэй устай, зөвлөгч нараараа гадагшаа холбогдуулж байна, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор ч юм уу, Гадаад харилцааны яамтай хамтраад төр засгийн хэмжээнд л хийх болно.

-Соёлын яам байгаад байвал бас хамтарч болох юм даа?

-Би бүх цувралаа хийхдээ Соёлын яаманд санал тавьдаг ч огт дэмждэггүй. Монголын ард түмэнд утга зохиолоо эргэн сэргээхийн тулд “Poetry Night”-ийг хийж байгаа, хоёрдугаарт энэ нэрийг Монголын гурван сая хүнээс ядаж тал нь мэддэг болчихоосой гэдэг үүднээс арван цуврал хийж байгаа. Бүх телевизээр үнэгүй цацаад байгаа шүү дээ. Дараа нь “Poetry night Mongolia”гэхэд монголчууд өөрсдөө тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Монголд нэг удаа хийчихээд дараа жил нь өөр улс энэ “Poetry Night”-ыг хийдэг байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд, Монголын оюун санаа, монгол хэлт уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах , ялангуяа хүүхэд залууст зориулж бүтээж байгаа энэхүү төслийг маань төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бодлогын түвшинд, санхүүгийн хувьд дэмжээрэй хэмээн уриалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Обрущанский Борбала Анна: Унгар, Монгол хоёр орны шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна DNN.mn

Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, Обрущанский Борбала Аннатай ярилцлаа.


-Унгар улсад Бат хааны тухай түүхэн киноны зураг авалт хийгдэж байгаа гэсэн. Монгол жүжигчид оролцон тоглож байгаа юм билээ. Уг киноны талаар эхлээд сонирхох гэсэн юм?

-Тийм ээ, кино зураг авалт өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр Будапештэд эхэлсэн. Энэ кино маань “1242 он. Барууны хаалган дээр” нэртэй, үйл явдал нь Бат хааны Унгар улс дахь байлдан дагууллын эцсийн цэг Эстергом хотод өрнөдөг. Энэ хот Унгарын эртний нийслэл байсан. Түүхийн эх сурвалжуудад дурдсанаар монголчууд хотыг эзэлсэн боловч уулын орой дээрх цайзыг эзэлж чадаагүй. Энэхүү уран сайхны кино нь түүхэн баримтад тулгуурласан уран сайхны зохиол бөгөөд Монгол хаан Унгарын хаант улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргах шийдвэр гаргасан 72 цагийн үйл явдлын тухай юм. Киноны бэлтгэл ажилд Унгар, Монгол, Англи, Австралийн хамтарсан уран бүтээлчид гурван жилийг зарцуулж, Унгарын талаас Унгарын үндэсний кино хүрээлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Кинонд Рэй Стивенсон, Майкл Айронсайд, Эрик Робертс зэрэг алдартай жүжигчид тоглож байна. Бат хааны дүрд Чоймболын Болд тоглож байгаа. IV.Бела хааны дүрд Матрой Ласло тоглож байгаа. Түүнчлэн тус кинонд Монголын бусад алдартай жүжигчид, каскадёрууд тоглож байна. Яг одоо үзэсгэлэнт Силвашварод тосгонд Монгол цэргийн хуарангийн зураг авалт хийгдэж байна. Монгол жүжигчид маш сайн бэлтгэгдэн, шаргуу хөдөлмөрлөж байгаад кино найруулагч Петер Шууш сэтгэл хангалуун байгаа. Тэд Унгар жүжигчдийн адил өөрсдийн түүх болон хаад язгууртнуудынхаа талаар дэлгэцэнд зөв зохистойгоор харуулахыг хүсдэг.Унгар, англи, монгол жүжигчид хамтран ажиллаж чадаж байгаа учраас кино багийн гишүүд маш их урам зоригтой ажиллаж, кино зураг авалт амжилттай явагдаж байна.

Унгарууд болон монголчуудын талаар эерэгээр харуулсан олон улсын хэмжээний уран бүтээл болно гэж кино бүтээгчид найдаж байна. Кино зураг авалт 2023 оны нэгдүгээр сарыг дуустал Унгарт хийгдэх бөгөөд дараа нь Унгарын студидэд боловсруулалт хийгдэнэ. Урьдчилсан байдлаар кино ирэх арваннэгдүгээр сар гэхэд бэлэн болно. Кино бүтээгчид киногоо Будапешт, Лондон зэрэг хэд хэдэн дэлхийн томоохон хотууд болон улсуудад толилуулахаар төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотод киноны нээлт болох бөгөөд тус киног Монголын кино театруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

-1241-1242 оны монголчуудын Европ дахь аян дайныг унгарууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манайд Бат хааны байлдан дагууллыг татарын байлдаан буюу татарын явдал гэж нэрлэдэг. Энэхүү түүхэн үеийн талаарх анхны томоохон ойлголтыг Унгарын Зичи Ладомер гэдэг судлаач түүхэн баримтуудыг судалсны үндсэн дээр 1930 онд хэвлүүлсэн номондоо, Унгарууд монголчуудыг олон газар (голчлон уулын цайз, цайзуудад) амжилттай эсэргүүцсэн хэмээн тэмдэглээд Өгэдэй хаан нас барсан учраас Монголчууд Унгараас гарсан гэсэн ойлголтыг үгүйсгэсэн. Би өөрөө энэ талаар чухал мэдээлэл олж уншсан. Их хааны нас барсан тухай мэдээ Бат хаанд хүрээгүй хэмээн тухайн үеийн Персийн түүхч Рашид-ад-дин бичсэн байдаг. Сүүлийн арваад жилийн хугацаанд Унгарын зарим түүхчид 1241-1242 оны үйл явдлуудыг дахин судалж үнэлсэн. Тухайн үеийн археологийн дурсгалт газрууд олноор шинээр олдсон.

Бат хаан ч Унгарын цэргээс болгоомжилж, Унгарын IV Бела хаантай дипломат хэлэлцээр хийхийг оролдсон нь тухайн үеийн тэмдэглэлээс тодорхой харагддаг.Сонирхолтой нь тэрээр 30 гаруй захидал илгээсэн бөгөөд үүний нэг нь бидний мэдэх захидал юм. Энэхүү захианд кумануудыг буцааж өгөхийг Унгарын хаанаас шаардсан байдаг.Мөн Унгарт довтлохоосоо өмнө тэрээр цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн байдаг.Весприми Ласло болон Унгарын олон түүхчдийн үзэж байгаагаар 1241 оны 4 дүгээр сард Унгарын цэрэг бүр мөсөн устаагүй бөгөөд цэргийн багахан хэсэг нь устсан. IV-р Бела хаан амжилттай зугтаж улсаа удирдсаар байсан.

Унгарын цэрэг ихэвчлэн цайзуудаар хамгаалагдан олон газар татаруудтай амжилттай тулалдаж байсан. Монголчууд 8 сарын турш Дунай мөрнийг гаталж чадаагүй нь унгарчуудын амжилттай эсэргүүцлийн баталгаа юм.

Хааны шилтгээнүүд болон олон цайзууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан тул Бат хаан урт хугацааны дайныг үргэлжлүүлэхийг хүсээгүй тул буцахаар шийдвэр гаргасан бололтой. Гэсэн хэдий ч монголчуудын довтолгоон Унгарын хаант улсад аюул занал учруулсан хэвээр байсан тул Бела хаан дипломат арга замаар зохицуулж, “Татарууд” дахин тус улсад довтлохоос сэргийлсэн. Тус улсын томоохон их сургуулиудын нэг болох Еөтвөш Лорандын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр уг сэдвийг судлах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн наймдугаар сард Унгарын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын томоохон хуралд хамгийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан.

-Унгар, Монголын хоёр талын харилцаа сүүлийн хоёр жилд нэлээд хөгжсөн. Унгар, Монголын соёлын харилцааны голлох ямар төслүүд байна вэ?

-Хоёр талын харилцааны үндэс нь соёлын харилцаанаас улбаатай гэдэгт би итгэдэг. Энэ нь бид бие биенийхээ соёлыг таньж, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх тухай юм. Ази тивийн олон улс орон тэр дундаа Монгол улс Унгаруудыг гарал үүсэл нэгтэй ард түмэн гэж үзэн, халуун дулаан сэтгэлээр онцгойлон хүлээж авдаг.

Элчин сайдын хувьд, хоёр улсын хоорондох соёлын харилцаан дээр тулгуурласан боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, бэхжүүлж хөгжүүлэх нь миний үүрэг юм. Өнгөрсөн жилүүдийн хоёр орны хоорондох эдийн засаг худалдааны амжилтууд нь соёлын харилцааны үр дүн юм.

Би хэдэн жишээ дурдмаар байна. 60 жилийн түүхтэй Унгар, Монголын хамтарсан археологийн экспедицийг 2021 оноос сэргээж, Хүннүгийн булшинд малтлага хийж, булшнаас олдсон яснаас генетикийн дээж авсан. Бидний зүгээс Үндэсний телевизүүдийн хамтын ажиллагааг бий болгох мөн соёлын байгууллагууд тэр дундаа киноны салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо “Унгарын өдрүүд”-ийг анх удаа зохион байгуулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Хоёр өдөр үргэлжилсэн уг ёслолын үеэр унгар ардын хөгжим, бүжгийг танилцуулан Оскарын шагналт уран сайхны киног театрт гаргаж, унгар хоол, хүнсний дээжээс амталгааг явуулсан. Унгарын Шинжлэх ухааны өдрийг бид хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр орны судлаачид ололт амжилтаа тайлагнаж, тавигдсан илтгэлүүдийг нэгтгэж, товхимол болгон хэвлүүлж байна. Үндэсний төв номын санд Унгарын яруу найрагч Петөфи Шандорын хүндэтгэлийн самбарын нээлтийг хийж, энэ үеэр Унгар улсаас хандивласан номыг гардуулан өгсөн. Өнгөрөгч аравдугаар сараас МУИС-д унгар хэлний хичээлийг эхлүүлсэн. Мөн бид саяхан, 1235-1236 онд Ижил мөрөнд аялахдаа монголчуудын тухай олж мэдэн Европт анх удаа тэмдэглэл бичиж үлдээсэн Юлианус хэмээх Унгар ламын тэмдэглэлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж олны хүртээл болголоо. Энэ тэмдэглэл бол Италийн лам Плано Карпинигийн тэмдэглэлээс найман жилийн өмнө бичигдсэн тэмдэглэл юм. Энд ташрамд, Унгар, Монгол, Австрали, Англи дөрвөн улсын хамтран бүтээж буй “1242 он. Барууны хаалган дээр” түүхэн уран сайхны кинонд Монгол талаас хөрөнгө оруулан хамтран ажиллаж буй “Mongol SAT net­works” ХХК-ний удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.

-Унгарууд өөрсдийгөө хүннүчүүдээс гаралтай гэж үздэг. Азийн хүннү нартай ямар холбоотой байж болох вэ?

-Өнөөдөр судлаачдын дийлэнх нь Европын Хүннү нарын өвөг дээдсийг Төв азиас гаралтай гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь археологи, угсаатны зүй, филологи болон сүүлийн үеийн археологийн олдвор баримтуудаар батлагдаж байна. ХХ зууны үеийн археологийн малтлагын олдворуудаар Хүннү нарын Азиас Европ руу нүүдэллэсэн замыг тодорхойлсон. XVIII зууны дунд үед Францын номлогч Жозеф ДеГиньс Хятадын сурвалжид бичигдсэн Хүннү нарын тухай хэсгийг орчуулан нийтлүүлсэн нь Европын Хүннү нарын судалгаанд ихээхэн түлхэц болсон. Гэсэн хэдий ч Европын ихэнх судлаачид Европт зэрлэг гэж тооцогддог ард түмэн ийм урт түүхтэй гэдэгт эргэлзэж, Азийн Хүннү нарыг Европын Хүннүтэй адилтгахыг эрс эсэргүүцэж байсан. Тэд Унгарын түүхэн судар руу довтолж эхэлсэн нь Хүннү нарыг үзэн ядах явдалтай холбоотой. Хүннүгийн судалгааны эргэлтийн үе бол 1924 он бөгөөд тухайн жил Петр Козлов Монгол орны умард хэсэгт малтлага хийж, Ноён уулын орчмоос Хүннүгийн хаадын булш олсон юм. Үүгээр Хүннү нар бодитоор оршин тогтнож, материаллаг соёлын хувьд өндөр хөгжилтэй байсныг баталсан.

Дорнын нүүдэлчдийн судалгаатай эн зэрэгцэн өмнө нь гот, герман гэж тодорхойлогдсон олдворуудын нилээд хэсэг нь тал нутгийн (сармат, алан, хүннү) нүүдэлчдийн олдворууд болох нь тодорхой болсон.

Олон зуун жилийн нүүдлийн явцад эдлэл хэрэглэл болон соёлын хувьд ихээхэн өөрчлөгдсөн ч Ази, Европын Хүннү нарын дунд байдаг хэрэглээ, зан үйл, заншлын (жишээ нь, морьтой нь хамт оршуулдаг зан үйл) талаар судлах боломжтой хэвээр байна. Эдгээр олдворууд дээр үндэслэн бид зөвхөн Ази, Европын Хүннү гэлтгүй Азийн Хүннү, Арпадын Унгаруудын хооронд ижил төстэй зүйлсийг олж харж болно. Мөн угсаатны зүйн шинжлэх ухааны судалгаагаар Азийн Хүннү, Европын Хүннү, Монгол, Түрэг, Унгар үндэстний хооронд ижил төстэй олон зүйлийг олж илрүүлсэн.

Дундад зууны үеийн Унгарын түүх судруудад тэмдэглэгдсэн түүхүүд бодитой болох нь археологийн олдворууд болон угсаатны зүй, археогенетикийн судалгаагаар ч өнөөдөр батлагдаж байна.

Хүннү болон Арпадын Унгаруудын тухай эртний домог, баатарлаг туульсуудад илэрхийлэгдэж ирсэн нь дундад болон төв азийн ард түмний дунд өнөөдөр хүртэл оршсоор байна. Монголын Жангар тууль нь МЭӨ III зууны төгсгөлд хаан ширээнд суусан Азийн хүннүгийн хаан Модун Шаньюгийн тухай гэж үздэг. Харамсалтай нь, Унгарын хэл, утга зохиолын шинжлэх ухааны салбарын холбогдох төлөөлөгчид сүүлийн 70 жилийн хугацаанд бий болсон олон улсын эрдэм шинжилгээний үр дүнд хангалттай анхаарал хандуулаагүй, эсхүл анхааралдаа авахыг ч хүссэнгүй.

2020-иод он хүртэл Унгарын шинжлэх ухаанд дорно дахины судалгаа хязгаарлагдмал хүрээнд байсан. Унгарын Засгийн газрын дорно дахиныг нээх бодлогын үр дүнд сүүлийн арван жилд Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдэж, Унгарын судлаачид олноороо дорнын нүүдэлчин гаралтай ард түмнүүдийг сонирхох болсон. Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэн хэмээх нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллага Монголыг илүүтэйгээр сонирхож, хоёр талын шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад маш их баяртай байна. Археогенетикийн судалгаагаар эртний Ази, Европын Хүннү нарын ураг төрлийн холбоог улам тодорхой болгосноор Хүннү нарын гарал үүсэл болон тэдний үр удам хаана амьдарч байгааг олон улсын шинжлэх ухааны түвшинд батлагдана гэдэгт итгэлтэй байна. Унгарын анхны хаант улс болох Турул хаант улс буюу Арпад гэгддэг улс Хүннүгийн хаан Аттилатай ямар жимээр холбогдож байгаа тухай маш онцгой сэтгэл хөдөлгөсөн судалгаа юм.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол: Яруу найргийн номоо гаргаж, ард түмэндээ амьд байгаагаа мэдрүүлнэ DNN.mn

Яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын хамт. 2022.10.15

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сүүлийн хэдэн жил Та орчуулга дээр багагүй суулаа. Олон ч ном гаргалаа. Гэхдээ шүлгээ бол бичээд л байгаа харагддаг. Таны яруу найргийн номыг ард түмэн хүлээж л байгаа даа?

-Пунцагийн Бадарч маань “Чи надаас ганц хоёр дүү юм байна. Сонин хэвлэлд шүлэг найргаа гаргаж, өөрийнхөө амьд явааг мэдрүүлж байгаарай. Хүмүүс намайг “Өнөө Бадарч гуай амьд уу” гэж асуудаг болсон байна. Чамайг бас тэгнэ, энүүнийг хэдүүлээ бодох хэрэгтэй юм байна” гэж нэгэнтээ хэлж байсан. Бадарчийнхаа хэлснээр би шүлгээ гаргаж, өөрийгөө амьд байгааг мэдэгдье гэж бодсон хэрэг. Би чинь Бэлхийн ууланд ирээд сураг алдарсан хүн болчихоод байна. “Уулын өвгөн” гэдэг шиг л юм боллоо. Энд долоо дахь намраа угтаад сууж байна. Манай энэ Бэлх бол аварга газар. Нутгийн хуучин хөгшид “Бэлхийн мянган уул” гэж хэлдэг. Мянган уул нь хаана байгаа юм гэтэл нэг хүн надад хэлсэн юм. “Чи нэг хар даа, энүүхэн хавьд танай гаднаас гэхэд 40, 50 уулын толгой харагдана” гэсэн. Нээрээ л үнэн. Мааньт, Үхэрт өндөр гээд тоолох юм бол гарцаагүй 40, 50 уул нэрлэгдээд явчихна.

-Та бид хоёр Явуу багшаасаа аваад утга зохиолын бүх л бурхдын тухай ярьсан. Одоо харин нэг хөгжөөнтэй юм асууя. Таны “Саруул талын ногоо”, Бямбажавын Хүрэлбаатар ахын “Хүлгийн зоонд одод гялалзана”, Зундуйн Доржийн “Өглөөний агаар” гээд гурван номын баяр болжээ. Тэр тухай Хүрлээ ах бичсэн. Их адармаатай баяр болсон байдаг?

-Миний анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийг Явуу багш, хоёр дахь номыг Пүрэвдорж гуай, гурав дахь номыг Эрдэнэ баавай эх барьж авсан юм. Тэр чинь “Саруул талын ногоо” юм. Гурвуулаа хэн хэнийг урих уу гээд 17 хүний нэр гаргалаа. Зочдоо урих газар байхгүй. Би гэхэд оюутны байранд байсан үе. Хотын захиргааны байшинд Өндгөнхүүгийн Мөнхөөгийнд цуглалаа. Бид гурвын зочид ямар юмнууд байх нь ойлгомжтой. Тэр хэддээ амсуулах тавгийн чихэр, хатуу юмны даруулга хуруун чинээ галавсай ч байхгүй. Харин хүн хүний нэг шил юмтай. Түүнээ барьчихлаа. Өнөө өлөн юмнууд чинь хурдан согтоно. Лу.Дашнямаас болоод зодоон гарсан юм. Хэн нь ч билээ нэг нь “Энэ Дашням ч нямбай, бидэн шиг хамаа замбараагүй уухгүй, Зөвлөлтөд төгссөн мундаг амьтан” гээд хэлчихгүй юу. Тэгтэл Зундуйн Дорж Лу-г хусаад авдаг юм. Агсам хүн чинь шалтгаан хайгаад, ямар нэг өө хайгаад байдаг юм байна. Тэгтэл Очирхүү хашгираад ороод явчихлаа. Шөвгөр гоё хар ботинктой, түүгээрээ хүмүүсийг амбаардаад эхэллээ. Манай муу Лочин хөөрхий минь, Ө.Мөнхөөгийн оронд бушуухан ороод хөнжлийг нь нөмрөөд хэвтээд өгсөн. Зундуйн Дорж, Очирхүү хоёр баригдаад явсан. Тийм маапаантай баяр болсон.

-Очирхүү гуайн “Тоомой панк миний аав” номыг сая олж уншлаа. Мөн ч зөөлөн сэтгэлтэй, хүнлэг гоё найрагч байжээ, бурхан минь?

-Яриа юу байхав, манай Очир гоё найрагч байсан юм. Элсний 13 гэдэг шиг Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найргийн танхимын хэдэн нөхдийн нэг юм.

“Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж байгаа алдрайхан жаахан хүүд

Алхаарай, алхаарай гэж дэм хайрла

Анхныхаа цалинг аваад баярлаж яваа хөвгүүнд

Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

…Өндөр нас ч дарлаа даа гэж гунисхийж суугаа бууралд

Өвөө та ануухан байна гэж итгэл хайрла…”.

Ингэж л шүлгэндээ ч нөхдөдөө ч халуун сэтгэлээр ханддаг найрагч байсан юм. Очирхүү, Урианхай бид гурав 1974 онд Залуу зохиолчдын төлөөлөл гээд Зөвлөлтөд явсан юм. Москва ороод тэндээс Армян, Азербайжен ороод, Азербайжаны Самед Вургун гэж манай Нацагдорж шиг алдарт зохиолчийн 70 жилийн ойд оролцож явлаа. Бид гурав их ч юм үзсэн, том орны зохиолчид гэдэг ямар их эрх мэдэлтэй, хүндэтгэлтэй байдгийг үзсэн. Гамзатовтой анх хундага тулгасан нь тэр. Расул Гамзатов, Мустай Карим гуай, Беларусийн Максим Танк гуай гээд аварга амьтад Зөвлөлтийн нэг л орны зохиолчид. Бид болохоор тусдаа унаатай, хурал болоход хамгийн хүндэтгэлийн ширээнд очоод суучихна. Гамзатов тэргүүтэй мундагууд маань зрительд сууж байна. Тэднийг хараад бид гурвын санаа зовж байгаа гэдэг жигтэйхэн. Ямар сайндаа манай Урианхай, энэ аваргууд бидэнд уурлавал яана аа гэж байхав. Бие даасан орны зохиолчид гэдэг тийм л хүндтэйг мэдэрсэн. Бие даасан эх оронтой, тусгаар улсын иргэн байх сайхан юм аа гэж бодогдсон. Армяны төв музейг үзэж байхад “Энэ япончууд уу” гэж гадны нэг зохиолч асуухад, Зөвлөлтийн зохиолчдын холбооны эмэгтэй “Үгүй ээ, энэ бол хөх тэнгэрийн орны зочид байна аа” гэж хэлэхэд нь бахархал төрж байлаа. Харин биднийг буцаад ирэхэд манай зохиолчдын хороонд онигоо гарсан байлаа. “Та гурвыг залуу зохиолчдын төлөөлөлөгч гээд явлаа гэсэн чинь Пүрэвдорж “Ээ мэдэхгүй. Тэр гурваас залуу зохиолчдын шинж харагдаагүй шүү” гэж хэлсэн дээ” гэв. Пүүжээтэй бид Москвад таарсан юм. Пүүжээ “Та гурвын тухай нэг онигоо гарсан байна, би сая дууллаа” гэж байна. Юуных нь дуулахав, өөрөө гаргачихаад хэлж байхгүй юу. Нэг нь хангинатал дуулаад байдаг тэр нь би юм байна. Нэг нь хүнгэнэтэл бөөлжөөд байдаг, тэр нь манай Очирхүү, нэг нь хэнгэнэтэл уйлаад байдаг, тэр нь Урианхай юм байна. Ийм онигоо биднийг угтсан.

-Та Сүүеэгээ санах юм уу?

-Санах юм аа. Байхгүй болсон нөхдөө бүгдийг санадаг юм байна. Хүнд чинь дурсамжаар амьдарна гэж нэг юм байдаг. Тэр дурсамжийн дотор чинь явж байсан газар ус, эдэлж хэрэглэж байсан юмнаас илүүтэй хэнтэй хамт газрын холыг туулсан юм бэ гээд бодохооро нөхөд минь л бодогдох юм. Сүрэнжав бид ойр дотно явалгүй яахав. Юм гэдэг хурдан юм даа. 2015 онд Төв аймагт “Болор цом” “Уран үгсийн чуулган” болсон. Тэгэхэд Төв аймгийн таван Ардын уран зохиолч байлаа. Энэ хэдэн жил биднээс хоёр маань буцжээ. Бадарч, Дулмаа бид гурав байж байна. Мөн Санжийн Пүрэвийгээ, Долгорын Нямаагаа санах юм. “Сүүдэр нь ихэдсэн юм шиг бараан царайтай ч сүү нь ихэдсэн юм шиг цагаахан сэтгэлтэй” гэж би Пүрэвийнхээ амьдад бичиж байсан. Тэр хүн надад их бодогдоно, гунигтай. Пүрэв бол их том зохиолч байсан даа. Алдар хүнд гээч юм хэрэг байдаг юм бол Пүрэвт маань жаахан гар татчихсан. Төрийн соёрхлыг нь өгчих л байх байсан. Харин ард нь үлдсэн өвийг нь аваад үзэх юм бол аргагүй том юм. Охин Нямцэцэг нь аавынхаа өмнө, их утга зохиолын өмнө гавьяа байгуулж байна. Тэр хүний ачаар “Би их уулын эрх хүү” гэж Пүрэвийн маань дурсамжийн ном гарлаа. Тийм их соёлтой, уужим амгалан, халуу оргисон ном ойрдоо гарсангүй. Ер нь тэгээд хүний бичсэн юм, гэрэл зураг л үлддэг юм байна. Би сүүлд Чеховын нэг зохиолыг орчуулж гаргасан. Тэр дунд “Мөрий” гэж өгүүллэг бий. Чехов бол том зөнч, агуу мэргэн хүн гэдэг нь тэр өгүүллэгээс харагддаг. Түүнийг уншихад ертөнц гэж хязгаар хярхаггүй юмыг нүдний өмнө авчирч тавьсан. Сайн зохиолч тэгж бичдэг юм байна. Шавьтайгаа ингээд ярьж суугаагийнх надад нэг хэлэх юм байна.

-Юу билээ?

-Яруу найрагч их олон жил сонин хэвлэлд ажиллавал хэл нь мохоо болдог, муугаар нөлөөлдөг гэх утгатай зүйлийг хүмүүс хэлээд байдаг. Би энэ дээр нэг бодлоо хэлэх гэсэн юм. Би энэ тухай өөрийн бодолтой явдаг хүн. Энэ яриа бол ерөөсөө худлаа. Би бол муухан найрагч яваа бол тэр нь сониноос болоогүй. Харин сонин намайг яруу найрагч, үгийн урлагийн хүн болгосон гэдгийг баттай хэлэх байна. Дээрээс нь сонин бол хүнийг амьдралтай болгодог. Хүнийг хоцрогдох, дүлий дүмбэ юм шиг амьдрахыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм л алт шиг сайхан хувь заяаг сонины гал тогоо өгдөг юм. Би чинь Төв аймгийн сонинд очиж яруу найрагч болсон хүн. “Говийн эхийн хүүд хүргэх шүлэг”-ээс аваад олон шүлгээ сонины томилолт өвөртөлж хол ойр замд явахдаа бичсэн байдаг.

-Төв аймгийн сонинд гэснээс манай Мягаа эрхлэгчийг (“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, СГЗ Жамбалын Мягмарсүрэн) Та хөдөөнөөс авчирсан гэдэг?

-Тэгсэн юм. Балдорж нэг өдөр хэлэхгүй юу. “Манай сониныг их хуучинсаг, Ардын намын гишүүд голдуу байдаг, албан хаагч байсан юмнуудыг авдаг. Ардчилсан хүчнийхнийг өөдтэй гаргахгүй байна гээд байх юм. Ардчилсан хүчинд явдаг, энэ талын хүн байна уу” гэхээр нь би Төв аймагт Ардчилсан намын чигийн нэг хүн бий. Авьяастай хүн бий гэсэн юм. Тэгтэл “Чи миний машиныг унаад Төв аймаг яв, аль болохоор авчрахыг бод” гэдэг юм. Ингээд Төв аймаг руу тавиад буучихлаа. Очоод Мягмарсүрэнгээ суртал захын хүн таньж байна. Танихаар барах уу, бүр саяхан Төв аймагт болсон өлсгөлөнг удирдан зохион байгуулсныг нь хэлж байна. Мягмарсүрэн маань ч намайг явуулдаг болов уу гэсэн юм хэллээ. Би буцаж ирээд Балд хэлтэл “Хи хи хи. Тэрийг чинь авъя. Яг таарна” гэсэн. Ингэж Мягмарсүрэн төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д ирж байсан. “Мал дагавал мал болно”, “Гэдгэр гуйлгачин”, “Чив чимээгүй Туул” өөр юу юу ч билээ түймэр дэгдээсэн нийтлэлүүд бичиж шуугиан тарьсан. Амьтдын тухай цуврал нийтлэлүүдийг уншигч түмэн мэдэх учир би юугаа хэлэхэв. Төв аймгаас тэгж авчирсан хүн маань “Өдрийн сонин”-оор өглөө бүр Монголыг сэрээж яваад нь баярлах юм аа.

Ингээд их найрагчийн сүүлд бичсэн шүлгүүдээс уншигч олондоо толилуулж байна.

Сарваа цуцахын шар тал

Малдаа л яваа улсын мэнд хүндийн үгс

Манантай нөгөө хаяанд нь сонсогдож мэдмээр тэгшхэн

Марлын доогуур жинчин өвлийн шөнө алхуулаад

Маргаашийн улаан нарнаар гэрээ хүрэхгүй уужим

Манхан чиг шар тал минь

Сариг цагаан ингэ хаана ч хүрч зарагд

Яриг цагаан ботгондоо яваад ирсэн л байдаг

Салж ядсаар найрынхан зундаа хичнээн ч дуулалд

Санаа амар хойтон нь гэгэлзтэл л дуулж суудаг

Сарваа цуцахын шар тал минь

Луу хүлэглэсэн үүл цэцгэнд нь бороотойгоо ирдэг

Лунхгар лунхгар эрс овоонд нь хадагтайгаа буудаг

Тасман чинээ горхид нь ганд автах худлаа

Тарж хэвтсэн толгод нь айлгүй харагдах худлаа

Талаар нэг айл, малын бараа

Тасарлаа гэвэл бас худлаа

Чимээгүй талдаа хүмүүс нь өнгөн дээрээ намуухан ч

Чингис Богдын үр би гэж өвөртөө ноцох нь үнэн

Чиг чигтээ тэнгэр Сарваа цуцахын тал минь

Танд минь санаархаж хичнээн хар санаатан

Тангараг тасран гэтэж ирсэн юм бэ

Шазууртай хичнээн эр чиний төлөө босч

Шаргын шаргал талаа дэрлэж унасан юм бэ

Дэлхий дээр тал хөндий төд өд л гэдэг

Дэндүү баян чам шиг чухамдаа хэд юм бэ

Төөрсөн гэрээс ижлээ олоод очиход хэцүү

Төрсний эцэст хүн орхиод буцахад бүр хэцүү

Сарваа цуцахдаа төрж ганцхан амьдарчихаад буцахад

Сайн морь үнэнд нь хэдийг өгөх ёстой юм бэ

Сарваа цуцахын шар тал аа

Харьд яваа ачдаа явуулсан эмээгийнх нь захидал

Ховдын өндөр ууланд алтан гургалдай жиргэнэ

Хорвоод төрсөн газраа тэр дуулж байна

Сөөнгө муухай гэв үү, надаасаа сураг тасарсан

Сөөсгөрхөн ач минь эмээдээ ирж дуулаач ээ

Бор л халиун говьдоо хавтгайн сүрэг тэшнэ

Ботго л явсан газраа тэд бэлчиж байна

Мөөгөн чинээ нь яахав, гэр минь чинийх шүү

Мөлхөж өссөн хоймортоо хүү минь чи ирээч

Саальтай агар хувингаа эмээ нь чирсээр ээ

Сайр дээр өссөн өндөр тогоруу болсон ч ирсээр ээ

Санаж байна эмээдээ чи ирээч

Салахын өндөр даваан дээр толгой дээр минь байгаач ээ

Үе тэнгийнхэндээ

Хар сайхан үс чинь намрын ой шиг шингэрч

Харсаар байтал өвлийн уул шиг бууралтавч бууралтаг

Хөөрхөн охидыг дальдруулж явсан нүдний чинь харц

Хөгшин морины нүд шиг номхорч гүйцвэл ч гүйцэг

Хөөцөлдөх цагийн эрхээ, хашрууд минь битгий тоо

Айлын сайхан бэр гунхаж явсан Нансалмаа

Ач гучдаа ноолуулсан нэргүй асрагч болвол ч болог

Чарлаа хөгжим, гадсан өсгийт тэртээд үлдэж

Чамайг их багагүй эмээ гэж дуудаг

Агаар муудахад бие хөшдөг, янгинадаг

Алддаггүй брометр хэн хүнгүй болвол ч болог

Анзаараад яахав, таминь цагийн дураа

Дайраад өнгөрдөг хорвоог мэдэхгүй биш

Дандаа хэвээрээ байдаг уул ч гэж байхын биш

Зуурхан ч хайрлалгүй эх орныхоо төлөө

Зул шиг насаа өргөснийг чинь бурхан мэднэ ээ

Гадаадад царай алдаж хэн нэгний

Гарын үзүүрт бөндгөнөж, гахай хариулж

Гайгүй сайндаа эмгэн асарч, нохой бөөцийлж

Галтай насаа унтрааж яваагүйд чинь баярлана

Сайн үрсээ гэж та нарыг эх орон үнэлдэг

Сангануулж гүйцсэн зарим нь л харин чамладаг

Морины тамга хаа гуянд нь тодрох шиг

Монголдоо алдар чинь хасбуу тамга шиг үлдэнэ

Мөнгөн мөнгөн толгойтой алтан алтан хүмүүс минь

Мөнхийн усаар шагнамаар аугаа их та нар минь ээ

Говь заншил

Хавтгай өлдөм шуурганд тооройн толгой уруудаж

Халиун толгод элсээ цастай зуурах

Салхинд дэрвэсэн өрх удган бөө шиг цамнаж

Сандарсан талаар хамхуул боохой шиг цогих

Шилний хонхор шиг талын нугачаан дунд

Шигдээстэй бор гэрүүд уллаж тогтох

Хотын хүн галын захад бээрчих гэж суухад

Ходоогоо гаргасан жаал тоох ч үгүй нь доогтой

Үүл ховор зундаа манханы орой хуурай

Үндсэн тагш шиг тойрмын ёроол хагсаатай

Төмөр шиг хатуу заг бударгана

Төрсөөр үг алдаагүй сайн эрсийн янзтай

Зоргоороо орчлонгийн хатуу гараар

Зодуулж говь тэвчээртэй болсон

Зовлон гэдгийг үзэхээрээ нэг үзэж

Зоо тэнүүн говь энэрэнгүй болсон

Сүүдрээсээ ч айдаг хавтгайн ботго өнчрөхөд

Сүрэгтээ явсан айлын ингэ хөхүүлдэг

Мөнхийн тэнүүлч мазаахай өлдөхөд

Мөөм шиг сүү орж гоёо нь тэжээдэг

Гуунд унтаж хоцорсон зээрийн янзагыг

Гурвансайханы янгир бууж ирж дагуулдаг

Биднээс болоод ядарсан эх орноо одоо

Биеэ тасчин тасчин говь маань тэжээж байна аа

Хуульч Сандагийн шүлэг байдаг даа. Үг зохиол гэж. Байгаль, амьтан юманд эзэн оноогоод тэр ингэж байгаа гэж байдаг. Түүн шиг ээмэг үг гэсэн юм хийж байгаа юм (Д.Ц).

Төрийн тэргүүний сэнтий дээрх үг

Чадал эрдэм, эрх мэдлээрээ бүү бард

Чамайг өмнө энд Чингис ч заларч байсныг бод

Дэмий энэхэн сэнтийгээ уужимд битгий тооц

Дэлхийн талыг тэр дэвсэж суудаг байсан юм аа

Хулсан ташуур дээрх үг

Зурайх замыг тоосруулагч морио би гуядмааргүй байна

Зугтаж яваа чонын гавал дээр буумааргүй байна

Зутарч эх орон минь бусдын ард гэлдэрнэ

Зугаалж дампуурч ханадаггүй ноёдыг л ороолгомоор байна

Цагаачийн ганзаганд зүүх үг

Эх орон төр түмнээ голсон

Эрхэм цагаач танай улсад очлоо

Сугадаарай, хүндлээрэй, хүлээж аваарай

Суут дэлхийн иргэн явж би энд амарлаа

Гоо хатагтайн толин дээрх үг

Бахдам гоо царай, нүд, шүд, уруулыг чинь

Байгаагаар нь харуулъяа би, надад итгээрэй

Баясалт царайн цаадах сэтгэлийг чинь үзүүлж

Барахгүй нь ээ би, өөрөө харж яваарай

Хутагт Равжаагийн гавал аяган дээрх үг

Хэн үүгээр ууж явсныг мэдсэнгүй ээ

Хэл дарвигнуулсан дарс хүртэж орхилоо

Говийн ноён хутагт шиг цэцэн мэргэн болсонгүй ээ

Годил толгой мансуурч бүтэн өдөр тэнэг явлаа



Хөөрөлдсөн Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Бөөстэй гэж анги хэсүүлснээр миний амьдралыг тэр чигт нь балласан” DNN.mn

Эгэл жирийн хүмүүсийн хэлсэн үг сэтгэлд хадаатай явах нь бий. Тэр жил Завханы нэгэн суманд жирийн малчин эмэгтэйтэй уулзаж байлаа. Номонд хайртай, хоймрынхоо авдрын хажууд цаасан хайрцагтай ном хураачихсан айл байсан сан. “Одоогийн хүмүүс хуучны нийгэм мөн сайхан байжээ гэх юм. Мэдээж сайхан нь байлгүй яахав. Харин миний хувьд ёстой нэг ёрын нийгэм байсан гэж хэлэх байна. Би чинь хичээл номдоо сурлагатай, холын мөрөөдөлтэй, юм юманд тэмүүлсэн идэвхтэй хүүхэд байлаа.

Аав ээжээсээ хол байрны хүүхдээс бөөс гарсан юм биз дээ. Багш нар маань бөөстэй хүүхэд гээд анги хэсүүлдэг юм. Сургууль даяараа шившиг боллоо. Ангийнхныхаа, эргэн тойрны хүүхдүүдийн нүүр харна гэхээс халуу оргиод. Аргагүйн эрхэнд дунд ангиасаа сургуулиасаа гарсан. Ингээд л миний амьдрал ганц бөөснөөс болж орвонгоороо эргэсэн дээ” гэв.

Эл эмэгтэй шиг хичнээн хүн сэтгэл санаа, хувь заяагаараа хохирсон бол гэж бодогддог. Хүний бүсгүй үрийг, алган дээр нь бөөсийг нь бариулаад анги хэсүүлж, “бөөстэй хүүхэд” хэмээн бүгдэд зарлаж явсан гэхээр үнэндээ харгис нийгэм. “Хүний эрхийг дээдэлсэн энэ нийгэмд төрөх минь яалаа гэж бодох үе бий. Тэгсэн бол ингээд уулын мухар сахиж суухгүй байх байсан” гэж гол харламаар хэлсэн. Тухайн үед мал дээр гарчихаад намайг бөөстэй нь анги хэсүүлсэн багш нараа үзэн яддаг байлаа. Дараа нь юмны наад цаадахыг ойлгохтойгоо болоод хүний эрх, нэр төр, ариун гэгээн бүхнийг булшилсан нийгмийг үзэн яддаг болсон гэв.

“Монголчууд бид чинь тэгтлээ яр янхандаа идэгдсэн ард түмэн байгаагүй. Оросууд л бодлогоор хийсэн, биднийг зах замбараагүй, муу муухай гэж дэлхийд харуулах гэж яр тэмбүүг зориудаар тараасан” хэмээн Д.Дашпүрэв докторын хэлснийг дээрх эмэгтэйн “бөөс”-тэй уялдуулан бодлоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: 2012 ОНЫ ТАВДУГААР САРЫН НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Бөхөн шарын нуруунаас долоон хошууны нутаг харагддаг юм гэдэг.

Идэр их мөрний хөвөөнд ирэ­хүйд сэтгэл нэгэнтээ яруусч, ер бусаар цэлмэн гийдэг
юм. Ямархан хувь заяаны ерөөл байдаг юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь
бий. Хав­рын хаварт, улирлын сайханд хоёр хутагтын нутагт дө­рөө мулталж, Идэрийн
голын ус­наас амсч, Бөхөн шарын нурууны салхинд адислуу­лан, тарнийн гэгээ цацруулсан
мөнгөлөг уулсынх нь тэргүүн өөд сүслэн залбирах минь хэн хүнд олдоод байх хувь тавилан
биш шүү. Тийн бодох ахуйд энэхэн насны амьдралаа улам хайрлаж, уул шиг дүнэгэр ахын
минь, утгын яруу ертөнцөд ангир шиг ганганан ирж буй алтанхан он цагийн минь хишиг
буян даа хэмээн сүслэх ажгуу.

Энэ
л ариун дагшин газарт гүйгүүл морин адил олоон бээрийн газраас суналзтал хатируулсаар
ирэхэд нуруу тэнийх шиг болдог. Ертөнцийн хязгаараас хоёр сугаа холготол дэвсээр
ирсэн шувуудын даль жигүүр нь хэрхэн амсхийж буйг бие, сэтгэлээрээ мэдэрдэг юм.
Цаг хугацааны бүхий л нандин хэрчлээсийг өөртөө шингээн урсах Идэрийн гол дотоод
сэтгэлийн минь орон зайг ер бусаар тэлдэг билээ. Номын авшиг шингэсэн уулс нь оюун
санааны, гэрэл гэ­гээний хүлэг морин мэт санаа бодолд эргэцэн байдаг даа.

Их
Нацагдорж “Үзэгдээгүй юм” хэмээх сонгомол туурвилдаа Идэ­рийн голыг зүгээр ч нэг
сонгоогүй, Идэр мөрөн гэж зүгээр ч нэг тодот­гоогүй, тусгаар Монголын их хаан Богд
Жавзундамбын арван гурван тамгатай хутагтын хоёр нь болох Хамба гэгээн, Ялгуусан
хутагтууд энэ л газар усанд номынхоо хүч, ер бусын ид шидээр зүгээр ч нэг гэрэлтэн
оршоогүй биз ээ. Лутын Лхагважав хэмээх ном эрдмийн гэгээ цацруулсан сайхан хүмүүн
тэр л голын хөвөөнөө мэндэлж, хичнээн мянган шавь нартаа даль жигүүр ургуулаад өврөөсөө
шувуу шиг нисгэсэн бол оо. Тэгээд л тэрхүү буурал багшийн авшиг бид бүхэнд ирж,
“Лхагважав сан”-гийн нэрэмжит эх хэл бичгийн чуулганд утга зохиолын өнөө цагийн
лууга­рууд, бичгийн мэргэд дорноос мандах нарны түмэн цацраг лугаа урилга өвөртөлсөөр
жил бүрийн хаврын сүүл сараар хангайн нуруу­ны ноёлог оргил Солонготын да­вааг өгсөх
болсон нь цаанаа тун чиг нарийн учир зохилдлоготой буюу.

Өчүүхэн
миний бие алдарт Солонготын давааг гуравдугаар ангийн хүүхэд ахуйдаа анх ном­ноос
нэрийг нь дуулж байлаа. Бүр тодруулбал, Буур аваргын яриа­наас юм. Балчир оюундаа тогтоож “Ямар гоё нэртэй газар вэ” хэмээн бодож байсан
Солонготын даваа цаг хугацаа алсрах тусам, нуруун дээгүүр нь хязаалан үрээ шиг шуугин
өнгөрөх бүрийд, тэргүүн юунд нь залбирч, хадган овоонд нь гурвантаа мөргөх бүрийд
нэг л утга төгөлдөр санагдах болсон билээ. Буур аваргыг арван долоо, найм­тай залуу
Завхан аймгийн наа­дамд түрүүлчихээд буцаж явахуйд багш нь “Чиний бөхийн дэвжээ
хол бий” гэж Солонготын даваан дээр хэлсэн түүхтэй. Нээрээ чиг Жамьян хүүгийн бөхийн
дэвжээ хол байж, бүх Монгол даяар нэр алдраа цуурайтуулан, “Буур” хэмээн мон­гол
бөхийн алтан хуудсанд нэр­шиж үлдсээн. Тэрхүү алдар хүн­дийг, төрийн наадмыг хэдэнтээ
магнайлах хүч чадал, ааг омгийг нь анхны багш нь харж мэдэрч бай­жээ. Түүн лүгээ
адил Солонготын давааг өгсөх бүрийд молхи надад, чиний яруу найргийн дэвжээ, бү­тээл
туурвилын, хүн чанар хийгээд мөн чанарын дэвжээ, оюун билгийн тань жигүүр уулын
гол шиг садрах тэр цаг мөн чиг хол байна даа гэж элчилгүй хөх тэнгэрийн уудмаас
хэн нэгэн шивнэх шиг, эрин цагийн босгон дээр дэргэд минь уул мэт нөмөрлөн зогсоо
Лхамсүрэнгийн Төрбаяр ах маань нүдээрээ, до­тоод ахуйнхаа нандин шижмээр шивнэн
хэлэх шиг болдог юм аа. Ийм л нэг далдын энерги, гэгээн тэмүүлэлд хөтлөгдөн, яруу
сайхны цаглашгүй онгод авьяасаар ба­дарч, сэтгэлийн дуудлагаар Солонготын давааг
давах болжээ. Ямархан хувь заяаны ерөөл билээ гэж бичил туурвилынхаа эхэнд уулга
алдсан минь ийм бүлгээ.

Тэр
нэг жил, Их Явуугийнхаа ерэн жилийн ойн яруу найргийн чуулганд оролцохоор утга зохио­лын
үе үеийн лидерүүдтэй хамт энэ сайхан давааг өгсөж зургаду­гаар сарын хорьд гэхэд
тэргүүн юун нь мөнгөн ембүү шиг цавцайж байсан цаг мөчид овоонд нь чулуу нэмж, бодолдоо
шүлэг хэлхэн явсан цаг минь дурдатгалын хууд­санд
дурайж л байна. Солонгот даваад л хутагтуудын нутаг руу, Их Явуугийнхаа нутаг руу,
Богд Очир­ваань хайрхан руу, Идэр их мөрөн рүү ойртож, уулсын салхи савир, ер бусын
эрчимлэг долгионд алга­дуулан зүрх сэтгэл мөнгөрөн гийж, түмэн зулын гэрэл лугаа
бадам­ладаг юм аа. Энэ удаа мөн чиг утга төгөлдөр сайхан хүмүүстэй хан­гайн нурууны
оргилд эрдэнийн шигтгээ адил солонгорсон давааг нуруулдаж явна аа. Тэдгээр сайхнуудын
нэгэн бол бичгийн их хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёо. Наран зүг Сүхбаатарын Онгон, Дарьгангаас тодорсон
олон авьяас билэгтнүүдийн нэгэн. Монголын утга зохиолд Алтан-Овооныхоо хөлгөн их
судрыг мөнхөлж, Мон­голын ард түмнийг Мэгжиджан­райсиг шүтээнтэй болгон мөнх­жүүлж,
Монголын их утга зохиолыг Их Явуу багшийнхаа
даалгавраар дэлхийн тавцанд гаргасан найрагч бол яалт ч үгүй Мэнд-Ооёо юм. Тэрээр
Идэрийн голын хөвөөнд хоёр дахиа, харин эх хэлбичгийн чуулганд анх удаа зорин ирж
буй нэгэн.

Явуу
багшийнхаа ойд ирэхдээ Идэрийн хөвөөнд найрагч нөхдийн хамт чуулалдаж, Сэвжидбалбар
хайрханы өвөр, Ногоон нуурын эрэг дээр хоноглосноо дурсан, төө илүүтэй сугсарсан
ногоон дээр цавцайтал цас дарсныг хараад гайхаж, үндсэндээ Идэрт дөрвөн улирлын
өнгийг нэгэн дор үзсэнээ бахдан ярьж явсаан. Түүний яриа­ны гол сэдэв эл удаа Говийн
тав­дугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байв аа. Мань хүн догшин хутагтын
тухай нэгэн туур­вилыг бүтээчихээд, Хамрын хий­дэд гэгээнтэн шиг сар жилийг үдчи­хээд,
Равжаагийн зуун найман агуйд даяанч шиг хэдэнтээ бясал­гачихаад дотоод сэтгэлээрээ
тийм гэж хэлэхийн аргагүй гэгээрчихээд тэргүүн юунаасаа гэрэл цацруулан явж буй
нь энэ. Бас сонин юм шүү. Равжаа хутагтын шастираа хэв­лэлд өгөн, оюун билэгт ард түмнээ Говийн догшин
ноён хутагттай дахин учруулчихаад хоёр хутагтын нутгийг зорьж явна гэдэг. Эндээс
л Монголын их хутагт гэгээдийн гурамсан сүлжээ мэдрэгдэж, Мэнд-Ооёо найрагчаар дамжин
бид бүхэнд номын ид шид, тарнийн гэгээ гэрэл хуралдаж байлаа. Бид­ний хүлэглэсэн
ганган хар жийпэнд Цогдоржийн Бавуудорж найрагч мөн заларч яваа. Мэнд-Ооёо Ба­вуудорж
хоёрын хооронд бас нэгэн нандин шижим буйг молхи би эртнээс мэдэх юм. Эл хоёр эрхэм
багш шавийн барилдлагатай. Цаа­на нь ч бас өөр барилдлага бий. Тэр бол Явуу юм.
Дорнын их най­рагчаар анхны номоо өлгийдүүл­сэн азтай хүмүүсийн нэгэн нь Дөн­гөтийн
Цоодол, Гомбожавын Мэнд-Ооёо нар. Дөнгөтийн Цоодол абу­гай хаврын хаварт мөн л Идэрийн­хээ
хөвөөг зорьдог нэгэн. Үсэн буурал Урианхайтайгаа нийлж аваад л хөл хөөр инээд хөгжөөн
болохыг нь яана. Төв аймгийн Бүрэнгийн их уулс, Булган хангайн Чачиртын хүрлэгэр
уулс үүлстэйгээ хамт Идэрийн голын хөвөө рүү нүүж байна уу гэмээр мөн чиг сүртэй
явна шүү дээ, тэр хоёр. Уран зохио­лын өргөөнөө далаад онд дуу шуутайхан орж ирсэн,
энэ цагийн ноён оргилууд юм аа. Д.Цоодол найрагч энэ удаа өмнөд Монголоо зориод
эзгүй байсан учир аяны дөрөө нийлсэнгүй ээ.

Нэгэн
мянга есөн зуун ерэн нэгэн онд Дарьгангын шадар гурав болох Данзангийн Нямсүрэн,
Очир­батын Дашбалбар, Гомбо­жавын Мэнд-Ооёо нар найрагч нөхдийн хамтаар хангайн
нурууны ноён оргил мөнх цаст мөнгөн залаат Отгонтэнгэр хайрханд очиж мөргөсөн байдаг.
Алтан-Овооны мөнгөн ганжирын гол сорогшинг хангайн нурууны, Отгонтэнгэрийн модоор
хийсэн юм гэнэ лээ. Түү­нээс ч болдог уу, эс бөгөөс Отгон­тэн­гэрийн өвөр дэх Бадархундага
нуур, Алтан-Овооны өвөр бэл дэх Ганга нууртай газар доогуур хол­богддог учрал ерөөлийг
ч бодсон уу, за тэгээд мэдээж Их Явуугаа дурсан Дарьгангын гурван найрагч Отгонтэнгэрт
сүслэн мөргөсөн байна. Тийн явах үед найрагчдын багт нэгэн горзгор туранхай бор
хүү нийлж, уянгын шүлгүүдээ уншин утга зохиолын цээжний хэдэн морьдод үнэлэгдсэн
нь Ц.Бавуу­дорж байсан бүлгээ. Энэ тухай Г.Мэнд-Ооёо найрагч шавийнхаа “Салхин зүгээс
цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” хэмээх но­мын өмнөтгөлд бичсэнийг санаж байна.
Ооёо ахын нургисан зөөл­хөн дууг сонсож, Равжаа хутагтын гэх тодотголтой ногоон
хаш аяга­наас нь аршаан хүртэн явахдаа эл бүхнийг эргэцүүлж байлаа.

Унаа
машинд бас нэг ланжгар амьтан ханайх нь энэ л Завхан нутгийн хүү, Монгол Улсын гавьяат
багш, хэл шинжлэлийн доктор Дашлхүмбийн Галбаатар ажгуу. Эрхэм доктор бас л сэтгэл
хан­галуун, тийм нэг айван тайван говийн намар шиг ханайж явна. Учир юун гэвэл гучин
жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, билэг оюу­наа түймэрдэн байж бүтээсэн уран зохиолын
толь бичгээ эх барьж авсан. Галаа багшийн гучин жи­лийн хөдөлмөр гээд бодохоор үнэхээр
дүнэгэр сонсогдож байгаа юм. Түүний бүтээл туурвилын тухай хэдхээн хоногийн өмнө
манай сонин дээр Долгорын Цэнджав доктор “Монголын уран зохиолын анхны нэвтэрхий
толь” хэмээн ямар ч гаргалгаагүй болтол бичсэн учир энд илүүг нуршихын хэрэг юун.

Ийм
л нэг данайсан амьтадтай суудал зэрэгцэж Идэр голын хө­вөөнд, эх хэл бичгийнхээ
чуулганд ангир шиг ганганан ирэв дээ. До­лоо, найман жийп Идэрийн голыг өгсөж явна.
Их Урианхай захир­лаа бараадчихаад тун чиг сэтгэл хан­галуун байгаа нь илт. Захирал
нь мэдээж “Шинэ Ази” группийн ерөн­хийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр. Аугаа их Урианхайг
оюун санааны зөвлөхөөрөө авсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч
л байсан бичгийн их хүмүүн Уриан­хайд “Шинэ Ази” групп сард нэг сая төгрөгийн цалин
өгч, тусдаа өрөө гарган суулгаж, өглөө оройд сайд шиг машинаар үйлчлэх бүлгээ. Оюуныг
ингэж л дээдэлдэг хамт олон. Д.Галбаатар
докторын олон жилийн хөдөлмөр шингэсэн ихээ зузаан бүтээлийг, Ц.Бавуудорж найрагчийн
“Хүннү туульс”, энэ цагийн нэгэн өнгө болсон содон нийтлэлч, зохиолч Баастын Зол­бая­рын
“Бүгээн” тэргүүт жинтэйхэн бүтээлүүдийг
“Шинэ Ази” групп, түүний захирал Л.Төрбаяр, Мэндээ нар олонд хүргэж байгаа.

Идэрийн
голоо өгсөн Их-Уулын хүрэн тэрмэгэр уулсын суга бэлээр давхиулсаар Тосонцэнгэл суманд
Д.Энхтайван ахынд хүрч ирлээ. Идэр орох замд эднийхээр заавал ч үгүй дайрна шүү.
Хүрч очсон гэрийн эзэн, Төрөө захирал хоёр сэтгэл зүрхний сайхан андууд. Очих бүрийд
үхрийн хатсан хавир­га чанаад бэлдчихсэн, шинэ гарсан идээ цагаагаар хайлмаг хийчихсэн,
үнээний шинэхэн уураг дөхүүлээд тавьчихсан, зарим үед хурга ишгээ хөнгөллөө гээд
тогоотой халуун засаа уур савсуулчихсан хүлээж байна. Энэ удаа ч ялгаагүй ээ. Энхтайван
ахынд түрхэн зуур дөрөө мултлах ахуйд олон ч хүн босгыг нь алхлаа. Дандаа л тань­даг,
мэддэг, гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд. Бүгд л Төрбаяр ахдаа ирж золгоно, Урианхайд,
өнөө олон зохиолч, эрдэмтдэд бас үн­сүү­лээд авна. Түүнийгээ Далай багшаас адис
авсан мэт тэнгэр­лэгээр бодох нь сайхан. Яриа хөөрөө энгийн задгай, зочилсон айлынхаа
хоймрын орон дээр зарим нэг нь хажуулчихсан, орны урдуур Урианхай ах хөлөө жийгээд
суучихсан, Ооёо ах гэрийн эзэгтэй­тэй тав гурван үг сольсон шигээ аанай сууж байтал
сүр пар хийгээд нэг хүн ороод ирсэн нь улсын начин Гун­гаасамбуугийн Бат-Ам­галан.
Завханы Их-Уулын уугуул тэрээр Тосондоо аж төрж байгаа ажээ.

Нэг
их том гүзээтэй, сүр бараа­тай бүдүүн улаан нөхөр чинь аавдаа золгож байгаа хүүхэд
мэт Төрөө ахын өмнө бохирч суух нь холгүй байж үнсүүлээд авлаа. Гэснээ байшингийн
хананд өлгөө­тэй хивсийг аваад нөмөрчихсөн мэт далбайсан том хар савхиныхаа халааснаас эртний хэт хутга, хууч­ны хийцтэй мөнгөн
цохилуур зэр­гийг гаргаад ахдаа барьчихав. Тэгээд л үг дуугүй алга боллоо. Салхи
шуурга дэгдэх шиг ороод гарсан түүний хойгуур инээд хөөр болох нь тэр ээ. Бат-Амгалан
начин хаа л явна олныг инээлгэж хөг­жөөдөг увдистай. Нэг удаа мань эр Тосонгийнхоо
төвд мотоцикль­той давхиж явж. Тэгтэл шүгэл тас­хийгээд цагдаа зогсоочихож. Хам­гаалалтын
малгайгүй явж байна хэмээн зэмлэсэн байна. Хариуд нь манай нөхөр “Чи намайг бодоход
боловсролтой сэхээтэн хүн. Миний энэ толгойд хамгаалалтын малгай таарах уу, чи бод
доо. Би ямар ванн углаад явж байлтай нь биш” гээд амыг нь таглачихсан гэдэг. Бат-Амгалан
гэж ийм л нэг хөөний хүн хөдөөдөө байна. Уул нь ерээд оны эхээр шуугиулж явсан залуу
хүч­тэнүүдийн нэг сэн.

Тосонцэнгэлээс
хөдөлж Тэлмэ­ний Хүрэн талын хөндийгөөр гали­гуулаад Идэрээд өгснөм. Лутын Лхагважав
багш өнөө л хуучин бүрхээ духдуулан, улаан шаргал дээлээ эгэлдэргэлж, сумын засаг
ноёд, сургуулийн захирал гээд баахан олон дарга нарыг дагуул­чихсан, хоёр ногоон
“жаран ес” таширлуулаад Бөхөн шарын ну­рууны яг чигтээ ард Идэрийн го­лынхоо хөвөөн
дээр угтлаа. Жи­лийн жилд л ийн угтдаг билээ. Унаа машинаас буухуйд уулсын эрчим­лэг
салхи оюун бодлыг цэлмүүлэн үлээж, Бөхөн шарын нурууны наагуур адуу мал энгэрлэн
налайн, Туна, Жаргалантын голын эхэнд хаваржиж буй хэдэн цагаан гэрээс хөхөлбий
утаа суунаглана. Голын хөвөөг даган бэлчээрлэсэн хонин сүргийн дэргэд ухаа хонгор
морь­той хүүхэд чавхдан ирж байгаа нь дотнохон дүр зураг даа. Хоёр талынх нь эрэг
тэр чигтээ мөнгөрөн талстаж, Идэрийн гол мөсөн хана­ны дундуур тун чиг дөлгөөхөн
мэлтэлзэж байна аа. Тэртээд Сэвжидбалбар хайрханы орой цавцайж, ихэмсэг тэргүүн
өөд нь хараа бэлчээхүйд нэг их тэн­гэрлэг бодол бие сэтгэлийг минь булхаад авах
нь бий. Идэрийн хөвөөнд ирэхүйд ийм л тэлмэгэр байдаг даа.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үг бодитой байдгийг О.Хангай харууллаа DNN.mn

Үг амьтай байдаг, бодит зүйл. Тиймээс шүншиг ерөөлийг бодож ямагт сайн сайхан үг хэлж бай, хэзээд биелдэг тухай сургаал номлолд байдаг. Энэхүү сургаалыг дагаж мөрддөг, аль болох ерөөл бэлгэтэй үг хэлэхийг эрхэмлэх хүмүүс мэдээж олон. Гэхдээ манайхны дийлэнх нь үгийн хүч, үгийн ид шид, бодит чанарт тэгтлээ үнэмшдэггүй. Чин зүрхнээсээ сүсэглээд байдаггүй. Бурхан шашны, ном соёлын хүмүүсийн ажил гэж өөрөөсөө холдуулах нь бий.

Харин үг амьтай байдаг, нөлөөт толь шиг сайны тусгал өгдгийг олон хүний жишээ, амьдралын зам мөр бидэнд харуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн наадмын түрүү бөх О.Хангай өмнө нь “Улсын аварга” хэмээн өөрийнхөө цолыг дуудуулсан явдал. Тодруулбал, өнгөрөгч жил харцага цолтнуудын халз барилдааны үеэр улсын гавьяат жүжигчин, бөх цоллооч Б.Мөнхбаатараар цолоо дуудуулсан байдаг. Тэгэхдээ “Ахаа та намайг аварга гээд дуудаад өгөөч, монгол хүн амны бэлгээр гэдэг дээ” хэмээн санаандгүй хэлчихжээ.

Засуул түүний хэлсэн ёсоор цолыг нь дуудахдаа Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор түрүүлнэ, тэгээд аварга болох учир 101 жилийн ойн наадамд аварга цолтой зодоглож байгаагаар ерөөл бэлгийг бодож цолыг нь дууджээ. Тэгтэл Мөнхбаатар гавьяатын цангинасан хоолойгоор тал нутгийг цуурайттал дуудуулсан “Монгол Улсын аварга” хэмээх тэр үг өнөө жилийн их баяр наадамд биелэлээ олсныг бүх Монгол даяараа бахархан харлаа.

Үг гэдэг ийм ид шидтэй, хүчтэй, амьтай байдаг байна. Үнэхээр бодит байдгийг Хангай аваргын энэхүү үйлдэл монголчууд бидэнд бататгаж харууллаа. Сайн юм бүхэн сайныг дагуулдаг гэдэг энэ. Аливаа зүйлд дандаа ерөөл бодож, буян хишиг санаж, ариун цагаан зам мөртэй явахыг эрхэмлэхүйд нэг л өдөр танд шагнал нь ирнэ. Үндсэндээ сайн сайхан сэтгэлийн тань үг бодитойгоор оршиж бурхны бэлэг мэт танд ирнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Габриель гарсиа Маркес “шилмэл тууж, өгүүллэгийн түүвэр” DNN.mn

Үлгэр домог, ид шидийг өдөр тутмын бодит амьдралд тусган хүүрнэдэг ХХ зууны уран зохиолын нэгэн гайхамшигт үзэгдэл бол шидэт реализм юм. Орчуулагч еншөөбү Э.Ганболд тэрхүү шидтэнгүүдийн нэг Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсиа Маркесийн “Ирендира охины итгэмээргүй гунигт түүх” тууж, бусад есөн өгүүллэгийг англи хэлнээс орчуулан гаргажээ. Эхний туужид харгис хатуу эмэг эхдээ зарагдаж байгаа, осолдож гал алдсан хөөрхий охины биеийг үнэлүүлж төлбөр төлүүлж байгаа гунигт түүх гардаг. Энэ түүхийг хил дамнуулан наймаалагчид, цөлд тэнүүчлэгч даяанч санваартан, алдуул зайгуул эрчүүд, гуйлгачин ядуу индианчууд, тонуулчин дээрэмчин, янхадын түүхтэй сүлжилдүүлэн өгүүлэх ажээ. Эцэстээ охины сахиусан тэнгэр мэт царайтай дурлалт хөвгүүн эмэг эхийг нь хутгалан цэв цэнхэр цус олгойдон нас барж байна. Харин “Үхэл дурлалаас ч хүчтэй” өгүүллэгт сонгуулийн сурталчилгаа хийж яваа сенатын гишүүн нэгэн сайхан хүүхэнд дурласан ч тэрхүү хүүхэн нь төмөр агтавчтай, агтавчных нь түлхүүр аавд нь байх бөгөөд эцэстээ сенатын гишүүн аавынх нь хууль бус хүсэлтийг биелүүлэх ам өгнө.

“Алдагдсан цагийн тэнгис” өгүүллэгт хөдөө тосгонд ирсэн америк баяны тухай өгүүлнэ. Америк баян хүн бүгдэд мөнгө өгөх бөгөөд сүүлдээ тэнгист загас мэт хөвж явахдаа олон талийгаач улам залуу сайхан болсныг гайхан үзэж байна. Төрөлх тосгон нэгтнүүдээ тонон дээрэмдэж огцом баяжсан нэгний тухай “Монтиелийн бэлэвсэн эхнэр” өгүүллэгт гарна. Үхсэнийх нь дараа бэлэвсэн эхнэр нь ганцаардан зожгирсоор үхэж буй тухай, гадаадад дүрвэн гарсан хүүхдүүд нь гэртээ хэзээ ч эргэн ирэхгүй тухай энэ өгүүллэгт хүүрнэсэн байна. Тэгвэл нэгэн бүс нутгийг үе дамжин эзэгнэж засаг захиргаа, улстөрчдийг бүрэн эрхшээлдээ оруулсан айхтар нөлөөт эмгэний оршуулгыг тойрсон мянган адал явдал түмэн үйл явдлыг “Их ээжийн оршуулга” өгүүллэгт дүрслэн харуулсан байна.

“Зургаан цагт ирсэн бүсгүй” бол бас тун сонин өгүүллэг. Өгүүллэгийн гол баатар бүсгүй хоолны газарт хэдэн цагт ирэв, хэн гэгч вэ, ердийн дурлалт бүсгүй юм уу, биеэ үнэлэгч юм уу, цаашид яах гэж байна гэдэг нь оньсого таавар мэт харилцан ярианд тулгуурласан зохиол ажээ. “Тутгалжингийн шөнө” өгүүллэгийн баатрууд хараатай ч юм шиг, сохор ч юм шиг, өдөр ч гараад байх шиг, шөнө ч болоод байх шиг, зүүд ч юм шиг, бодит ч юм шиг гайхам сонин ертөнцөд амьдарч байна.

“Хиймэл сарнай” хэмээх бэсрэгхэн өгүүллэгт Мина гэж сарнай урладаг нэгэн үзэсгэлэнт эмэгтэй түүний сохор эмэг эх хоёрын талаар түлхүү өгүүлнэ. Хэт нуршуу биш үйл явдал тодорхой байхын зэрэгцээ сохор хэрнээ охиныхоо үйл хөдлөл хөдөлгөөн хийгээд сэтгэл зүйн байдлыг нүдээр харсан мэт мэдэх эмэг эхийн зөн мэдрэмжийг маш нарийн харуулсан. Мина бүсгүй өдөрт нь сарнайгаа урлаж олон сайхан цэцгэн баглааг шимтэн хийнэ. Эх, охин, эмэг эх гурван бүсгүйн ээдрээт амьдрал бүсгүй хүний зан байдлыг нас насны онцлогт тохируулан харуулсан ээдрээт өгүүллэг юм. Мина гэх үзэсгэлэнт эмэгтэйн амьдрал хэрхэхийг энэхүү өгүүллэгээс уншиж болно.

“Нэгэн өдрийн явдал” өгүүллэгт нэгэн тосгоны шүдний эмч залуугийн нэгэн өдрийн амьдрал гарах бөгөөд тэрхэн зуур ганцхан өдрийн ажил амьдрал шиг боловч уг өгүүллэгт хүний хандлага, зан араншин ёс суртахууны байдлыг тодоор харуулна. Хүн гэдэг өчүүхэн амьтан ганц шүд өвдөхөд л дарга цэрэг, хөгшин залуу ялгаагүй өвчиндөө дардагдан шаналж нойр хоолоо хасан бишгүй зовно. Тэрхүү нэгэн өвчин зовууриасаа салж сая өвдөөгүй мэт аашлах өчүүхэн тосгоны даргаар төлөөлүүлэн нийгэм давхаргын ялгааг энэхүү өгүүллэгт ил тод харуулна.

Габриель Маркесийн “Шилмэл тууж өгүүллэгийн түүвэр”-ээс эдгээр болон бусад өгүүллэг, туужийг сонирхон уншиж болно. Орчуулагч еншөөбү Э.Ганболд нь Уолт Уйтмен, Лин Кофин, Имре Золдос зэрэг гадаадын яруу найрагчдын бүтээлийг монгол хэлнээ Данзангийн Нямсүрэн, Дамбийн Дашдондов зэрэг найрагчдын шүлгийг англи хэлэнд хөрвүүлсэн, үргэлжилсэн үгийн хэд хэдэн номыг монголчилсон туршлагатай орчуулагч юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цагдаагийн алба гэдэг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш DNN.mn

Ковидоос хойш цагдаа бүр хүнээ байсан гэх яриа нийгэмд газар авах болсон. Хуучин бол сайн цагдаа цагийн найз гэсэн үгтэй байв. Харин өнөөдөр цагдаагаас л хол явбал аминд өлзийтэй гэх болж.

Ард түмний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, аврал нь болсон цагдаа яагаад ад зэтгэр, өстөн дайсан нь болов. Энэхүү асуултад сүүлийн үеийн харгис жишээнүүд хариулт болно. Бусдын толгой дээр кофе асгасан гэх 19 настай охин өөрөөс нь мэдүүлэг авсан цагдаагийн зүй бус харилцааг нийтэд дэлгэснийхээ төлөө улс үндэстний эсрэг гэмт хэрэгтэн шиг гадуурхал доромжлолыг амссан. Цагдаагаар оролдвол эцэстээ ийм болдог гэж нийтэд харуулсан хамгийн супер жишээ энэ. Саяхан сэтгүүлч эмэгтэйтэй ёс бусаар харилцсан гэх нөхдүүд шиг иргэдэд харгис хэрцгий хандаж байгаа үйлдэл бараг өдөр бүр давтагдах болсон.

Энэ бүхнийг хараад Лу хурандаагийн үг санаанд орох юм. Лу хурандаа гэдэг нь сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлж Монголын цагдаагийн луугар хурандаа нарын нэг болсон гавьяат хуульч П.Лувсандорж. Мань аварга “Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг юм биш л дээ. Цагдаагийн албаны ажилд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч чадахгүй юм. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба” гэдэг.

Мөн “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш, хүнлэг чанар шударга зарчмаар бий болгох учиртай. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд” гэж хэлж билээ. Үүнийг цагдаагийн тангараг өргөсөн мөрдэстэй болгон санаж явахад илүүдэхгүй болов уу.