Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хэлээ аваръя

Дэлхий дээр
7000 орчим хэл байдаг бөгөөд он цаг өнгөрөх бүрийд устаж үгүй болсоор байгаа гэдэг.
500 жилийн өмнө гэхэд одоогийнхоос хоёр дахин олон тооны хэл байжээ. Кенид дэгэрэ,
Солонгост чэжү, Хятадад манж хэл устаж алга болсон шиг дэлхийн энд тэндгүй бага
сагаар хүн төрөлхтний түүхэнд харилцаа холбооны үндэс болж ирсэн хэл устсаар. Дараагийн
зуунд одоогийн хэлнүүдийн 80-90 орчим хувь нь устаж үгүй болно гэсэн тооцоо байдаг
юм билээ. Тэгэхээр бид эх сайхан хэлээ аврах ёстой, авч үлдэх ёстой. Ер нь аливаа
хэлний ашиглагдахаа больж, устаж үгүй болохын цондон нь цөөхөн хүн энэ хэлээр ярьдаг
байх явдал гэсэн эхний ойлголт бий. Тэр утгаар нь үзвэл Монгол Улсын гурван сая
гаруй иргэн, монгол угсаатай 20 орчим сая хүн байдаг (тэдний цөөхөн нь монгол хэлээр
ярьдаг/) гэхээр монгол хэлээ бид хайрлаж, хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлийн
үед “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг хэл, соёлоо авч үлдэнэ гээд утга
учиргүй аашлагсад олон боллоо. Монгол хэлээ аварна, авч үлдэнэ гэхээр хэзээ ч хэрэглэж
байсан нь үл мэдэгдэх үг гаргаж ирэх, шинээр үг бүтээж, бас олон улсын түвшинд нэгэнт
тогтсон үгийг хатуугаар махчлан орчуулах хэрэг биш юм аа. Ер нь аливаа хэлэнд харь
хэлнээс үг орж ирэх, бусад хэлэнд нэвчин хэрэглэгдэх явдал байж л байдаг. Үүнийг
тухайн хэлний тодорхой хувиас дээшээ гарахгүй байх дээр хэл шинжээчид анхаарч байдаг
болохоос бүх хэлийг хатуу загварт хийж махчлан хөрвүүлэхийг зөвшөөрдөггүй. Бас аливаа
хэл он цагийн элээнд шинээр үгсийн сангаа баяжуулж, бас огт хэрэглэгдэж ашиглагдахаа
байсан үгийг ч далай түрлэгээрээ хог хаягдлаа түлхэж гаргадаг шиг цэвэрлэсээр байдаг.

Аль болох ашиглаж
ирсэн үг хэллэгээ бид сэргээх ёстой. Гэхдээ ойрхон энүүхэнд байгаагаа. Түүнээс хэдэн
зууны өмнөх үг хэллэгийг эргүүлэн авчирч, гадаад хэл сурах гэж байгаа мэт хэл амаа
орооцолдуулах нь дэндүү утгагүй санагдана. 2003 оны тавдугаар сард УИХ-аас баталсан
“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын
Засгийн газар 2004 оны 67 дугаар тогтоолоороо Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүн
дүрмийг баталсан билээ. Энэ зөвлөл маань “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг
хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд ажилладаг. Энэ зөвлөлөөс гаргасан үгийн жагсаалтыг
харсан хүмүүс “Бид чинь ямар хэлээр яриад байсан юм бэ дээ” хэмээн өөрсдийгөө хачирхаж
байсан бол зарим нь “Тэр зөвлөлийн гишүүдийг өөрсдийг нь энэ хэлээр яриулахсан”
гэж байсан билээ. Уг жагсаалт дунд хачирхмаар хөрвүүлэг ч хэд хэд харагдаж байсан
бас яах аргагүй ингэж хэвших нь зөв шүү гэсэн ухаарал ч ойлгогдож байсан. Мэдээж,
“Ёс ёмбогор, төр төмбөгөр” хойно нэгэнт дагаж мөрдөх ёстой бол мөрдөж л таарна.
Гэхдээ сайн дурын уран сайханчдын юм уу, эсвэл хэт гэгээрсэн мэргэдийн ч юм уу дуун
хөрвүүлгүүд монгол хэлээ аврах биш алах вий гэсэн айдсыг эрхгүй төрүүлэх боллоо.
Монгол хэлээ аварч байна гээд элдэв шинэ хэллэг гаргах нь эргээд хэн ч ярихгүй тэр
хэлийг бий болгож, харин тухайн хэлээр хүн ярихаа байвал устаж үгүй болдог гэдгийг
бид мэднэ.

Твиттерт
@Save_Mon­golian нэрээр жиргэдэг нэгэн жиргээч бий. Монгол хэлээ аваръя гэсэн дэврүүн
бодлоор цаг нар, хөдөлмөр хөлсөө урсгаж буйд нь талархахаас аргагүй. Гэхдээ тэнд
бичсэнээр ярина гэвэл нэгнээ ойлгох хүмүүс цөөхөн болчихмоор харагдах юм. Тэнд байгаа
“монгол хэл”-нээс хамтдаа сонирхоцгооё л доо. Тэнд магнитфон-дуутуур, исламизм-номгороо,
компрессор-шахар, калори хэмжигч-илчгэнүүр, монополь-тонжбор, леопорд-чирвэс, спортын
мастер-эрмэгч, такс-сүй, поло-бөмбөө, кет-сэмбэс, сенат-хуувь, деталь-сажиг, скоч-наалтууз,
резин-бохиг, алгебрь-тэнгэцээ, академи-төгсөлдөр, автобус-нийтрэг, жаз /хөгжим/-садраа,
телевизор-алсраа хэмээжээ. Бас медаль-зүүвэр, лобби-нөлтүүлэг, анатоми-биелэг, дизель-шур,
люкс-хээмсэг, романтик-амармаг гэхчлэн үргэлжилнэ. Тэгэхээр “Би дуутууруур номгороон
сургааль сонслоо” гэх нь ээ дээ. Мөн “Хэрэв чи тэнгэцээдээ сайн байсан бол төгсөлдөрт
ажиллах байсан юм. Сэмбэс өмсөөд сэмбэлзээд гүйгээд байсан болохоороо нийтрэгт сууж,
алсраа харж, садраа сонсохоос өөр ажилгүй сууж байна. Одоо яахав, жаахан хөлсөө
гаргаж хөдөлмөрлөөд эрмэгч болохоо бод доо. Ингээд хүүгээ хангинаж байгаа ээжийн
яриаг бидний хэд маань ойлгох бол доо.

Бас “Хуувьд
нөлтүүлэг хийж хууль батлуулж болдог ч олимпод нөлтүүлэг үзүүлж алтан зүүвэр авах
боломжгүй”, “Хээмсэг өрөөнд амармагчилж суугаа залуу хос хүний биеийн биелэг судалж
байгаа анагаахын оюутан мэт нэгнээ ширтэнэ” гэж өгүүлбэр зохиож болох юм.

Монгол хэлээ
аврах сайхан сэтгэлтнүүдийн орчуулгаар бол фашист-бүүрлэгч, хоккей-мөсний бэрээ,
монополь-тонжбор, ламбада-шавхраа, гимнастик-дэвэг, комикс-шогзор хэмээн буужээ.
Фашизм, фашист гэсэн үгийг орчуулсан орчуулаагүй дэлхий даяар тухайн он цаг, туулж
өнгөрүүлсэн үүх түүхээр нь дэлхий мэднэ. Монополь ч ялгаагүй. Үүнийг хэрэглэвэл
бид “Монополийн эсрэг хууль”-аа “Тонжборын эсрэг хууль” болгох нь ээ дээ. Мэдээж,
харь үгийг аль болох өөрийн хэлэндээ оруулахгүй байх нь чухал. Гэхдээ утга, учиргүй
өөриймчлөх нь ойлгомжгүй юм. Ядаж тэрхүү орчуулга утга нь буудаг, буусан хэрээрээ
хүмүүсийн хэрэглээнд орж ирдэг байх ёстой. Тонжбор гэдэг нь яг ямар утгатай юм,
хэдийгээс хэрэглэгдэж байгаад хэдий үеэс хэрэглээнээс гарсныг оруулж ирж байгаа
юм бол. Хэзээ ч хэрэглэгдэхгүй, санаанд буухгүй ийм үгээр хүмүүс ярихгүй. Яригдахгүй
байгаа хэл гэдэг амархан устаж үгүй болдог. Япон хэлэнд харь хэлнээс орж ирсэн олон
үг байдаг. Барууныханд нээлттэй болсноор япончуудын уламжлалд байгаагүй халбага,
сэрээ, хоолны хутга хэрэглээнд орж ирэхэд англи хэлний spoon, fork, knife гэсэн
үгийг тэр хэвээр нь авчээ. Ингэхдээ гадаад үгийг бичихэд ашигладаг катагана үсгээрээ
тэмдэглэсэн байдаг. Үнэндээ сэрээ, хутгыг өөрсдийнхөө ахуйд байх ижил төрлийн эд
хэрэгслийн нэртэй өөриймшүүлж буулгаж болох л байсан биз. Гэхдээ тэд ингээгүй. Гадаад
үгээ тэр чигээр нь авчихсан л явна.

Хэл зүйн талаас
нь, үгийн язгуур, цаашлаад утга зүйн талаас нь гээд тал бүрээс нь бодож тунгааж
байж үгийг хөрвүүлдэг байх. Гэтэл энд автобусыг нийтрэг гэж байгаа нь нийтийн тээвэр,
тэрэг гэсэн үгнээс гаргаад авчихсан бололтой. Бас деталь гэдгийг жижиг сажиг гэдгийн
сажгийг нь авчихсан юм уу гэмээр. Бас бэйкэри буюу нарийн боовны газрыг бүгнүүр,
цагаан хоолтныг даяанч, бодибилдинг-бялдаржуулал, жип-бартааны тэрэг, шалаанк-өлөнгө
гэхчлэн буулгасныг харвал хэвшээд явчихсан нарийн боовны газрыг бүгнүүр гэх ямар
шаардлага байна, шалаанк буюу усны хоолойг өлөнгө гэж дуудах хэрэг байна уу гэж
бодогдмоор. Монгол хэлээ аврах нь зөв өө. Гэхдээ энэ мэтээр аварч-алахын оронд зүй
зохистой хэрэглэж, өөрчлөл хувьслыг шингээж, уламжлалаа авч үлдээж аврах ёстой.
Монгол хэлээ аварцгаая.

Categories
мэдээ цаг-үе

Yard sale

АНУ-д ажиллаж амьдарч байсан олон хүн Yard sale (Ярд сэйл) буюу гэрийнхээ өмнөх цэцэрлэгт хуучин эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээ зарж борлуулдаг соёлыг сайн мэдэх биз ээ. Үүнийг гараашин дахь эд зүйлийн худалдаа, дээврийн хөндийн хэрэглэлийн худалдаа, хог хаягдлын наймаа, зүлгэн дээрх худалдаа гэхчлэн янз бүрээр л хэлдэг. Үндсэн зорилго нь айл бүрт л байдаг хаячихъя гэхэд болдоггүй, бас хэрэглэдэг ч үгүй тийм эд зүйлээ хэрэгцээтэй хүмүүст нь өгч, бас багахан ч гэсэн орлого олчихдог тийм л үйл ажиллагаа. Үүнийг хүссэн хэн ч хийж болно. Гэхдээ олон жилийн турш үргэлжилж, бүр уламжлал болтлоо тогтсон энэ үйл явдал нь өөрийн дэгтэй, соёлтой болж өргөжжээ. Хэн нэгэнд шал хэрэггүй зүйл нөгөө хүнд амин чухал шаардлагатай байдаг нь хорвоогийн жам. Дээрээс нь наймаа, худалдаа хийж түүнээсээ таашаал авдаг хүний төрөлх зан байна шүү дээ. Үүнд бас боломжийн юмыг хямдхан авч баясдаг сэтгэлгээ ч салшгүй холбоотой. Ярд сэйлийн үеэр хуучин хувцас, ном, эд эдлэл, бүр хуучин тавилгууд хүртэл зарагддаг. Хамгийн гол нь энэ худалдааны үеэр хэн ч бизнес эрхлэх зөвшөөрлийн бичиг, орлогын албан татвар нэхдэггүйд гол учир нь бий. Аль нэг амралтын өдрөө юм уу, нарлаг өдрүүдийг урьтуулж байгаад ярд сэйл хийх гэж байгаагаа зарлачихдаг. Хуучин цагийг бодвол одоо хаана хийх, ямар бараа бүтээгдэхүүн байх сэлтээ сошиалаар буюу фэйсбүүк, твиттер ашиглаад түгээчихдэг болохоор тун амар болсон гэж байгаа. Тэр өдөр нь зэрэгцээд шорлог, шарсан зайдас, бургер зарах хүмүүс нь хүрээд ирнэ. Хүмүүс хамаг байдгаа дэлгээд суучихна. Хамар хашааны нөхөр ирээд хайгаад олохгүй байсан багажаа зэвийг нь арилгаад авчихна хэмээн хөөрнө, эхнэрийн гуталд хэзээнээс нүд унагадаг байсан нэг нь хямдхан үнээр аваад өмсөхөөр болчихно. Хамгийн гол нь зарж байгаа хүмүүс, авч байгаа хүмүүсийн дунд сайхан яриа хөөрөө өрнөж, хүн бүр л өөртөө байсан хуучин эд зүйлийнхээ сайхан түүхийг хуучилж жинхэнэ хөршийн холбоо үүснэ шүү дээ. Хэрэглэхгүй байсан “хог”-оо зарж, экстра мөнгөтэй болсон хүн бүр баяртай, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлээ хямдхан үнээр авсандаа ч бусад нь хангалуун энэ худалдаа нэг төрлийн баяр ёслолын арга хэмжээ болдог гэдэг. Биднийг багад зуслангийн баяр болохоор элдэв худалдаа энд тэндгүй гарч, уралдаан тэмцээн болж зуслангийн хүмүүс тэр чигээрээ баярлаж хөөрдөг байсантай адилхан ч юм уу. Ялангуяа ярд сэйл бол эзэгтэй нарын хувьд сэтгэл хөгжөөх арга хэмжээ. Эмэгтэй хүн хэзээнээсээ олзворлогч сэтгэхүйтэй гэгддэг шүү дээ. Хүй нэгдлийн үеэс л жимс, цэцэгхэн түүж түүнийгээ цуглуулж нөөцөлж дараагийн алхмаа хийдэг байсан тэр чанар нь одоо ч хэвээрээ. Өнөөгийн стресс, депресс ихтэй болсон гэгдэх нийгэмд эмэгтэйчүүдийг дэлгүүр хэсч стрессээ тайлахыг зөвлөж байгаа нь шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж.

Ийм төрлийн худалдаа бол ганц АНУ гэлтгүй дэлхийн хаана чиг л байдаг. Японд ч гэсэн амралтын өдрүүдээр хүмүүс өөртөө байгаа хуучин эд зүйлсээ түрдэг цүнхэнд хийж авчраад цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа салхилангаа хэрэгцээтэй гэсэн хүмүүст нь зарчихаад халаасны мөнгөтэй болоод харьчихдаг. Үндэсний онцлог нь биз барууныхан шиг баяр хөөр болж, сүйд болоод байгаа нь ажиглагддаггүйгээс биш зарчим нь яг адилхан. Харин манайд дэлхийн хүмүүс ямар байна яг түүний эсрэг чиг хандлага үйлчилдэг нь үүн дээр ч адилхан. “Нарантуул”-ын зүүн хойд хаалган дээр баахан хуучин эд, эдлэл зардаг хүмүүс суудаг даа. Тэд бол байнгын хөөлтийн дунд худалдаа наймаагаа эрхэлдэг. Нэг мэдэхэд хөөгдчихсөн байдаг, хэрэгцээ нь байгаа учраас дахиад л цуглачихдаг. Өрөөсөн савхин бээлийгээ гээчихсэн хүн тэндээс 1000 төгрөгөөр авчихдаг гэж байгаа юм. Өөр нэг нь хэрэггүй болсон өрөөснөө тэр наймаачинд 500-гаар зарахад нөгөөх нь ахиулаад 1000-аар зараад ашгаа олж байна. Бүр гурван хүн орлого олж байгаа хэрэг ч юм уу. Тэгэхгүй бол үлдсэн нэгийгээ ашиглахгүйгээр шинээр 10000 орчим төгрөгөөр авах хэрэгцээ гардаг гэнэ л дээ. Хуучин эд зүйл хэрэглэх, хэрэглэхгүй нь хувь хүний сэжиг, сүжгийн асуудал. Үүн дээр заавал ямар нэгэн дүрэм зохиогоод байх шаардлагагүй болов уу.

Харин худалдаа наймаа эрхлэх бүхий л боломжийг бид нээлттэй, ил задгай болгож өгмөөр байгаа юм. Байж байгаад л ил задгай газар худалдаа хийгсдийг журамлана гээд талхны хэдэн бор цаасны төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүд голдуу худалдаачдыг журамлаж, тэр нь бүр дүүрэг, хотын даргын хэмжээнд очиж яригддаг л газар шүү дээ,манайх. Хүнсний бүтээгдэхүүн дээр стандарт, шаардлага байдаггэхэд тиймгүй зүйлээ гадны чөлөөт жишгийг дагаж болмоор. Манайдаа сургалт, төлбөр нь хамгийн өндөртэйд тооцогдох нэгэн сургуулийн сурагч гадаадын тэмцээнд оролцох гээд зардлын мөнгө хэрэг болоход ангийнх нь хүүхдүүд чаддаг чаддаг хоолоо бэлдэж ирээд сургууль дээрээ зараад мөнгө босгож, ангийн найздаа тусалсан тухай сонсч байсан юм байна. Бас тэр сургуульд хэрэглэсэн хуванцар саваа цуглуулдаг тусдаа булан байдаг. Уусан ундааныхаа савыг цуглуулаад түүхий эд тушаах цэгт тушаавал бага ч гэсэн орлого олдог гэдгийг хүүхдүүд мэддэг болжээ. Тийм өндөр төлбөр төлж сурдаг хүүхдүүд ийм сэтгэлгээтэй болж, арвич хямгач, нөөц бололцоогоо ашигладаг болж байна. Харин манайхан хуучин юм зарах гэлээ, авах гэлээ, өдрийн хоолондоо хоол аваад идчихэж чадахгүй гэрээсээ хоол бэлдэж ирдэг гэхчлэн нэгийгээ үзэхгүй. Австралид их сургуулийн багш нар нь оюутнуудтайгаа зэрэгцээд л гэрээсээ авчирсан хоолоо идээд суудаг сан. Манайхан сэтгэлгээндээ жаахан өөрчлөлт хиймээр л санагддаг юм.

Ер нь дэлхийн түүхэн дэх дээрэм тонуулыг худалдаа наймаа алга болгосон гэдэг нь үнэний ортой. Манайхан ч гэсэн гаднаас наймаа худалдаа хийх гэж ирсэн хятад наймаачдыг дээрэмдэж цөлмөөд гаргадаг байж. Гэтэл хэнд ч хэрэггүй хаягдах ноос, савгийг нь аваад оронд нь даавуу, даалимба өгөх хүмүүс ирэхээ больсон учраас худалдаачдад өөрөөр хандаж эхэлсэн байдаг. Их эзэн хаан Торгоны замаар наймаа хийж байгаа хүмүүсийг “Алтан цар толгой дээрээ тавиад бүтэн сар явсан ч айх аюулгүй” хэмээж, тэдэнд халдсан хүмүүсийг чанд хатуугаар шийтгэж байсан нь учиртай. АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн ч гэсэн улсынхаа хүчирхэг байх нь дэлхийн бүх хүнд ашигтай байх худалдааг хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлж байжээ. Улс гүрэн нь дотроо өмнөдийнхөн ба умардынхан гэж хоёр хуваагдан нэг хэсэг нь боолгүйгээр бид яах юм гэж нөгөө хэсэг нь нэгнээ боолчилж амьдрах утгагүй гэж зөрчилдөн иргэний дайн хийж байх үеийн Ерөнхийлөгч ингэж харж байжээ. Тиймээ, худалдаа наймаа бол нэгийгээ дээрэмдэн, илүү харахгүйгээр хамгийн шударга тогтолцоог бий болгох эхний алхам юм. Хэрэв танд илүү байгаа, танд дутуу байгаа бол солилц, харилцан сэтгэл хангалуун бай гэдэг л зарчим шүү дээ. Бид ч үүнээс салж дөлж зугтаад байлгүй дэлхийн хүмүүсийн дунд нь орж алхах сан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ цагийн “ХҮЙТЭН ДАЙН”

Хүүхэд байхдаа хүйтэн дайн гэдэг үгийг радиогоор хамгийн их сонсдог байж билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган гээд их муу хүн юм, удахгүй биднийг пуужингаар бөмбөгдөх юм байна гэсэн мэдээллийг үргэлж сонсдог байлаа. Ямартаа л хичээлдээ явсан хойгуур пуужин харваж, эмээгээсээ хол үхчих вий гэж айсандаа “Туулын усанд хамтдаа очоод үйчихье” гэж эмээдээ хэлж байхав. Тэр үеийн хүүхдүүд мэдээллээр бөмбөгдөлцөж, эчнээгээр нэг нэгнээ айлгадаг хүйтэн дайны зах зухыг сайн мэдэх хүмүүс. Ерээд оноос хойш ийм байдал бидний мэдэх хүрээнд лав алга болсон байлаа. Харин сүүлийн үед хүйтэн дайн хэдийнэ эхэлсэн талаар олон улсын судлаачид онцлох болов. Үнэндээ ч Украин Оросын асуудал дэлхийд хүйтэн дайныг албан ёсоор сэргээсэн гэлцдэг.

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “Арми-2015” экспо үзэсгэлэн дээр хэлсэн үг хүйтэн дайн хэрхэн газар авч хурцадсаныг албан ёсоор баталлаа. Бараг л хүйтэн байтугай халуун дайн болж, зэвсэгт мөргөлдөөн эхлэх гээд байгаа юм уу гэхээр л үйл явдал өрнөв. Тэрбээр НАТО-д ухаарал өгөх үүднээс ОХУ зэвсэгт хүчнээ хамгийн сүүлийн үеийн, шинэ технологийн, тив хоорондын 40 гаруй пуужингаар нэмж байгаагаа мэдэгдсэн билээ. В.Путин “Манай пуужинг агаараас хамгаалах ямар ч зэвсэг техник дийлэхгүй” хэмээн бардам ам гарсан нь анхаарал татаж байгаа юм. Мөн “Хэн нэгэн Оросын газар нутгийг маань цохилтынхоо бай болговол тэдэн рүү бид өөрийн зэвсэглэлээрээ хариу онилно” гэж хатуу мэдэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн зэвсэгт техникээрээ гайхуулсан “Арми-2015” экспо үзэсгэлэнд тавигдсан “олон бүтээл”-ээр арми ангиа хангана гэж мэдэгдлээ. Энэ дунд Ялалтын баярын парадад үзүүлж байсан алдарт “Армада” танк ч байгаа юм.

Нэг ёсондоо В.Путин энэхүү мэдэгдлээрээ барууны холбоотны эсрэг цусгүй дайныг зарлачихлаа. Үүнд нь хөөрч баярласан оросууд сүүлийн өдрүүдэд овоо хэдэн лонх хоосолж байх шиг байна. Үнэндээ оросууд өөрсдийнх нь эсрэг аваад байгаа барууны эдийн засгийн хориг арга хэмжээнд тун дургүй байгаа. Энэ хориг арга хэмжээ энгийн иргэдийн амьдралыг сөхрүүлчихээд байгаа билээ. Гэхдээ орос хүмүүсийн мөн чанар нь эх орон гээд цээжээ дэлдчих юм бол яаж ч өлсч, яаж ч зовж байсан чигээрээ улсууд гэдгээрээ бусдаас ялгаатай. Одоо өөрсдийгөө буланд шахуулж байна гэж бодож байгаа оросууд Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгэнд хөөрч догдолж, Орос гэж ямар агуу орон гэдгийг батлахыг хүсч байна. Оросууд Крымыг авсны дараа алс Дорнодод хүртэл захын орос айл баяраа тэмдэглэж байсан гэдэг. Тэд үзэл суртлаар хүмүүжиж сураагүй улс биш дээ, эх орон, аугаа удирдагчаар бахархах хүмүүжил нь дорхноо сэдэрч байгаа юм. Крымын хэрэг явдлын дараа Путины нэр хүнд гадаадад унасны хэрээр Оростоо асар өсөх болов. Харин уржигдрын урьд өдөр хэлсэн үг нь түүнийг Орост бүр баатар болголоо. В.Путин “НАТО манай хилд ойртсоор байна. Харин бид тэгээгүй ээ. Орос орон Европын орнуудад занал учруулаагүй. Харин тэдний аюулгүй байдлын баталгаа нь төвийг сахих явдал болно хэмээн санууллаа.

Үүнтэй нь зэрэгцүүлээд барууны орнууд хариу мэдэгдлүүд гаргаж байна. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри “Үр дагаврыг нь тооцоогүй мэдэгдлийг хүчирхэг гүрний удирдагчаас сонсох учиргүй” хэмээсэн. Тэд бодит амьдралаас хол мэдэгдэлд итгэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм. АНУ-ын зүгээс дасгал сургуулилт хийлгэх нэрээр нэлээд эртнээс Европ руу Б-22, Б-52, Ф-15, А-10 онгоцуудыг илгээсэн бөгөөд сүүлийн үед сөнөөгч Ф-22-ыг явуулахаар болжээ.

Ерөнхийдөө сүүлийн үед аль, аль талд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр загварын онгоцыг Сирийн дайн, Украины мөргөлдөөнд ашиглаж байсан ийм хүчин чадалтай гээд л бичигдэх болсон. Хэвлэл бол яах аргагүй хүйтэн дайны том зэвсэг байдаг. Угаасаа он гарсаар Орост цензурт оролгүйгээр ямар нэгэн мэдээлэл цацагдахаа байсан билээ. Бүхий л хэвлэл мэдээлэл Крымлийн мэдэлд байгаа гэж болно. Үнэхээр үнэн бол В.Путиний хийсэн мэдэгдэл ноцтой гэхэд дэндүү ноцтой. Хэрэв үйл явдал энэ чигээр өрнөөд явчихвал дайн гарах нь тодорхой байгаа юм. Гэхдээ бодит байдлыг үнэнээр нь дүгнэвэл дайн юу юугүй гарчихааргүй. Харин В.Путиний мэдэгдлийг эдийн засгийн хүндрэлийг эх оронч үзлийг дэврүүлэн давж гарах гэсэн оролдлого гэвэл илүү үнэний талтай. Өөрөөр хэлбэл тэр дээрх мэдэгдлээ гадаад ертөнцөд бус харин өөрийн орны иргэддээ хүргэхээр хэлсэн үг. Ер нь эдийн засгийн хүндрэлийг патроизмаар давах онол гэж бий. Ийм аргыг дэлхийд Хойд Солонгос, Куба хэрэглэдэг. Харин одоо Орос араас нь орж байна. Оросуудад дэлхийн дайнуудыг нь сануулж, аугаа Ялалтаар нь бахархуулж, В.Путинээр үе, үе ийм ширүүн үг хэлүүлээд байвал ямар ч хэцүүг давж чадах л хүмүүс. Түүнээс амьдрал дээр тийм олон тооны зэвсэг техник байхгүй болов уу. Мэдээж, үзүүлэнгийн хэмжээнд байгаа ч арми, ангийг хангана гэдэг боломжгүй гэж үзэгсэд олон байна. Тэгээд ч зэвсэг техникийн тал дээрх баримт бичгүүдэд зааснаар 2020 он хүртэл нэмэгдэх ямар ч боломжгүй юм билээ. Дээрээс нь Оросын өнөөдрийн эдийн засгийн байдал халуун байтугай хүйтэн дайн хийхэд ч хэцүүхэн байна.

Ямартай ч олон улсад ийм нэгэн байдал үүсчихээд байна. Социализмийн үеийн хүйтэн дайны гол мөргөлдөгч талуудын дунд дахин мөсөн хонгил сэвэлзэж, хоёр талаас хатуу үгээ хэлж байна. Уг нь хүйтэн дайнаас хойш дараагийн зуун гарчихаад байхад юун хүйтэн сэрүүн дайн л баймаар байх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жорлондоо нэг ширхэг тоосго хийчихлээ

Жорлондоо гэж жор­лонгийн ус хураагчинд хийсэн хэрэг л дээ. Сүүлийн үед сошиалаар хүмүүс нэг нэгэндээ жорлонгийнхоо арын ус хураагчийн сав руу нэг ширхэг тоосго хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг дамжуулж, бусад нь хэрээрээ фав дарж, шэйрлэж байна. Харин одоо үүнийгээ ажил хэрэг болгоод эхэлбэл тун учиртай байна шүү. Дундаж жорлонгийн ус хураагуурт 23 орчим литр ус нөөцлөгддөг, нэг удаагийн хүчтэй таталтаар их хэмжээний ус татагдаад байдаг тул бага ч болов хэмнэхэд тустай гэдэг үүднээс эл үйл ажиллагаа дэлгэрчээ. Нэг тоосготой жорлонгийн ус дунджаар 15 литр ус ашиглаж, 6.7 литр усыг хэмнэж чаддаг талаар Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Харин манайхны нэгэндээ өгч байгаа мэдээллээр 1,5 литрийг нэг таталтаар хэмнэх аж. Их бага нь хамаагүй ус хэмнэх ийм боломж байгаа нь сайхан юм. Тоосго гэлтгүй устай сав ч хийж болох гэнэ. Ингэснээр гэрийнхээ сарын зарлагыг овоо хэмнэх боломжтой. Наанадаж усны тоолуур бага гүйж мөнгөө хэмнэнэ. Цаашлаад эх дэлхийнхээ усыг хэмнэж, дэлхийг ган гачгаас аварна гээд бодохоор сэтгэлд нэг л сайхан байгаа биз дээ. Сүүлийн үед усны хэмнэлттэй жорлонгууд гарсан ч дэлхийн улс орнуудад энэхүү нэг тоосго хөдөлгөөн ихээхэн тархаж байна. Зарим оронд нэг тоосго хийснээр нарны энерги төвд хөрөнгө оруулж байна, байгаль орчинд дэм үзүүлж байна гэж сурталчилгаа хийж байна. Бидний хувьд Туул голоо хамгаалъя, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг хөнгөлье гэх мэтээр бүр болохгүй бол усныхаа мөнгийг бага гаргаж, талхандаа илүүчилье гээд бусдадаа түгээхэд овоо явах биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Түүнийг КЭЙТЛИН гэж дуудаарай

Өнгөрсөн даваа гаригт твиттерт нэгдсэн @Caitlyn_Jenner гэсэн аккаунт “Өөрийнхөөрөө байх гэсэн олон жилийн тэмцлийнхээ эцэст би сэтгэл хангалуун байна. Кэйтлиний ертөнцөд тавтай морил” хэмээн жиргээд дөрвөн цаг гурван минутын дотор нэг сая дагагч дагуулж Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Ингэснээр твиттерт богино хугацаанд маш олон дагагчтай болсон амжилтыг тогтоож, өнгөрсөн сард таван цагт сая дагагчтай болсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө гишгэв. Бараг л твиттерийг гацтал ачаалал үзүүлсэн энэ дуулианы эзэн хэн бэ. Түүний жиргээндээ хавсаргасан “Vanity fair” сэтгүүлийн нүүрэн дээрх ахимаг насны үзэсгэлэнт эмэгтэйн зураг хэн байв. Яагаад хавтсан дээр “Намайг Кэйтлин гэж дуудаарай” гэж онцолсон юм бэ. Өөрөө нэг ч хүн дагаагүй мөртлөө түүнийг дагагчийн тоо нэмэгдсээр байгаа энэ эмэгтэйн талаар дэлхий тэр чигээрээ шуугиж байна. Тэр хэн бэ?

Тэр бол Брюс Женнер. Эрэгтэй хүн. Биш ээ. Тэр Кэйтлин Женнер. Бүсгүй хүн. Хүйсээ солиулж, дэлхийн хамгийн алдартай трансжендер гэсэн цолыг нэгэнт хүртээд байна. Бас олимпийн аварга. Дэлхийн дээд амжилтын эзэн. Олны хараанд байдаг бүсгүйчүүдийн хойд эцэг. Одоо эх ч юм уу. Мэдэхгүй ээ. Гэхдээ ийм нэгэн хүний талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ид сонирхон, ярилцаж байна. Тэрбээр АНУ-д олимпийн алтан медалийг нэгээр нэмэгдүүлж байсан гэдгээрээ бас байнга олны анхаарлын төвд байдаг Кардишияны гэр бүлийн гишүүн, телевизийн олон ангит кино, реалити шоунд оролцдог гэдгээрээ хүмүүсийн танил нэгэн. Брюс Женнер 1949 онд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Хөлбөмбөгийн спортоор хичээллэж, энэ чиглэлээрээ тэтгэлэг авч их сургуульд суралцаж байсан нэгэн. Өвдгөндөө гэмтэл авсны улмаас хөлбөмбөгөө орхисон ч багш нар нь түүний авьяасыг хөсөр хаяхыг хүсээгүй учраас хөнгөн атлетикийн олон төрөлт тэр дундаа арван төрөлтөөр хичээллүүлж эхэлжээ. 100 м гүйж, зээрэнцэг, бөөрөнцөг шидэж, уртын болон тулгууртай харайлт, 1500 м гээд спортын олон төрөлд жигд сайн байхыг шаарддаг спортын энэ төрлөөр Женнер 1972 оны Мюнхений олимпт аравдугаар байрт орж, 1976 оны Монтреалын олимпоос 8616 оноогоор алтан медаль хүртсэн юм. Тэгэхэд залуу эр 27 настай байлаа. Олимпийн алтан медаль түүнийг эх оронд нь баатар болгосон. Хүйтэн дайны нөхцөл хүндэрсэн 1972 оны Мюнхений олимпод америкчууд сагсан бөмбөг, 100 метрийн гүйлт, арван төрөлтөөр алтан медалиа оросуудад алдсандаа тун ууртай байв. Ийм үед дараагийн олимпт алдсаныг нь эргүүлэн авчирсан хүн баатар болохоос яахав. Тэр дундаа рекорд тогтоосон. Женнерийн тогтоосон дэлхийн дээд амжилт бас хэдэн жилдээ хөндөгдөөгүй юм. Энэ спортын төрөлд оноог тогтоодог дүрэм журам өөрчлөгдөж, түүний амжилт наашаа цаашаа гүйж яригддаг байсан ч 2011 онд гаргасан жагсаалтаар тэр дэлхийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын 25 дугаарт, АНУ-ынхад есдүгээрт бичигдсэн билээ. Хэрэв өнгөрсөн цаг хугацаанд эмэгтэй хүн шиг сэтгэж, эмэгтэй хүн шиг өөрийгөө төсөөлж явснаар нь харвал түүний эрэгтэйчүүдийн төрөлд гаргасан энэ амжилт эмэгтэй төрөлдөө бүр гайхалтай амжилтад тооцогдох ёстой юм. Олимпийн медаль хүртэж ирснийхээ дараа 1976 оны Жэймс Сулливаны шагналыг хүртэж, 1976 оны шилдэг эрэгтэй тамирчин цолыг хүртэж байсан олон сайхан түүх түүнд бий. Гэвч тэрбээр өнгөрсөн он цагуудад үргэлж өөртэйгөө зөрчилдөж, дотоод хүн нь өөрийгөө эмэгтэй хүн хэмээн үзэж харин гадаад ертөнц түүнийг эр хүн тэр тусмаа олимпийн эрэгтэйчүүдийн төрөлд дээд амжилтыг тогтоож байсан тамирчин гэдгээр нь харж байсан гээд бодохоор гунигтай.

Спортын ертөнцөд ийм амжилт үзүүлж байсан тэрбээр сүүлхэнээс телевизийн урлагт хөл тавьсан билээ. Олон тооны савангийн дууриудад дүр бүтээж хамгийн муу жүжигчинд олгодог бөөрөлзгөнө шагналын эзэн хүртэл болж явав. Сүүлд 2011 онд Адам Сандлерийн инээдмийн кинонд Аль Пачинотой хамт дэлгэцнээ гарч явжээ. Амьдралын идэвхтэй, тэмцэлтэй энэ хүн уралдааны машин ч унаж явсан нэгэн. Уралдаанд түрүүлж явсан, онгоц зардаг компанитай, нэрээ патенталсан, орлого чамгүй олдог. Бас консерватив үзэлтэй БНН-ын гишүүн гэхээр их элдэвтэй эр байгаа биз.

Түүний гэр бүлийн амьдрал ч бас адармаатай явж иржээ. 1972-1981 онд Кристи Скотт хэмээх бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд хүү, охин хоёртой. Анхны эхнэрээсээ салсан тэр долоо хоногтоо жүжигчин Линда Томсонтой гэрлэлтээ батлуулж байжээ. Энэ гэрлэлтээсээ хоёр хүүтэй бөгөөд таван жилийн дараа дахиад л салсан байна. Түүний хөвгүүд реалити шоунд оролцож олны танил болсон залуус байдаг. Брюс Женнер Крис Кардишиянтай 1991 онд гэрлэжээ. Болзоод таван сарын дараа дөрвөн хүүхэдтэй Крис бүсгүйтэй гэрлэхээр болсон байна. Крис Кардишияны хүүхдүүд тэр дундаа Ким Кардишиян бол Америкийн төдийгүй дэлхийн шоу ертөнцийн том төлөөлөл болсон нэгэн билээ. Бүтээл, оюун санааны хийгээд бүтээн байгуулалт байхгүй атлаа “Кардишиянынхантай хамт” гэсэн реалити шоугаар олны танил болж, бас тэр нэр нөлөөгөөрөө мөнгө хийж баян тансаг амьдарч буй энэ бүсгүйг мэдэхгүй хүн үгүй. Сүүлийн жилүүдэд Брюс Женнер олимпийн медальт гэхээсээ Ким Кардишияны хойд эцэг гэдгээрээ алдаршаад байв. Гэр бүлээрээ олны танил болсон тэднийг америкчууд толгой дараалан мэддэг гэдэг. Кристэй гэрлээд хоёр охинтой болсон бөгөөд өдгөө 17, 19 настай Кендалл, Келли нар удахгүй эгч нараасаа давсан нэр хүндтэй болох магадлалтай. Тун хөөрхөн, үзэсгэлэнт охид.

Харин тэдний хувьд аав гэдэг хүн нь мөнхөд үгүй болж хоёр ээжтэй болчихоод байна. Брюс, Крис нар хорь гаруй жил ханилаад 2013 оноос салах болсон талаараа анх зарлажээ. Гэхдээ салах үйл явц үргэлжилсээр ердөө 2014 оны арванхоёрдугаар сард шийдвэр гарч, 2015 оны гуравдугаар сард албажсан байх юм. Брюс залуу байх үеэсээ өөрийгөө эмэгтэй мэтээр төсөөлж эхэлснээ ярьсан байдаг. Багадаа унших чадварын хомсдолтой хүүхэд байсан тэр том болоод ийм эмгэг мэдэрч эхэлжээ. Хоёр дахь гэрлэлтийнхээ дараагаас дааврын эм ууж биеэ бэлдэж эхэлсэн ч Кристэй учирснаар даавраа орхисон аж. Тэрбээр “Би эмэгтэйлэг байдлыг мэдэрч, зүрх сэтгэл маань тийш татагдаж байсан ч хэзээ ч эрэгтэй хүнд татагдаж байгаагүй ээ. Бүсгүйчүүд л намайг татдаг байсан” хэмээсэн байдаг. Магадгүй өөрийгөө олох гэж, таних гэж явсаар гурав ч гэрлэж, гурван айлын хоёр, хоёр зургаан хүүхдийн аав болсон бололтой. Харин энэ оны эхээр Калифорнийн Малибу дахь хурдны зам дээр гарсан осолд өртсөн бөгөөд үүнийхээ дараа хүйс солиулах мэс засалд орохоор шийдсэн нь харамсахгүйн тулд насан туршдаа хүсч явсан мөрөөдлөө биелүүлэх ёстойг ойлгосон ч байж болох юм. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сард олны өмнө эмэгтэй байдлаар гарч, дотоод сэтгэлээ уудалсан ярилцлага чухамдаа бөмбөг тэсэлсэн билээ. Уг бичлэгийг 20,7 сая хүн үзсэн байдаг. Хүйс солиулах мэс заслын хувьд одоо ч дуусаагүй бөгөөд үе дараалалтай явагдах юм гэсэн. Брюс нэрээ өөрчилж Кэйтлин болж буй олимпийн аварга маань удахгүй 66 нас хүрнэ. Шинээр төрсөн Кэйтлин “Брюс бол өөрийн нууцтай. Дандаа худал ярих болно. Харин Кэйтлинд нууц байхгүй. Худлаа хэлэх шаардлага байхгүй” хэмээжээ. Нээрээ л тэгэх байх даа. Түүнээс “Та одоо хамгийн түрүүнд яахыг хүсч байна даа” гэхэд “Өөрийнхөөрөө байна. Хэнээс ч нуугдах шаардлагагүй. Сайхан хувцаслаж, сайхан амарч хөгжилдмөөр байна” хэмээжээ. Түүний хувьд 89 настай ээжийгээ энэ бүгдийг хэрхэн хүлээж авах бол гэдгээс эмээж байжээ. Харин ээж нь хүүгийнхээ ярихыг сонсоод “Ойлголоо. Кэйтлин минь” гэж түүнийг ойлгож буйгаа илэрхийлсэнд тун их баярлажээ. Түүний том хүү ч “Шударгаар хэлэхэд Брюсээс илүү Кэйтлин сайн хүн байна гэж би бодож байна” гэжээ. Өөрөө ч “Брюс шиг худал дүр эсгэх шаардлагагүй юм чинь би хүүтэйгээ санал нэг байна” гэсэн байх юм. Олон жил өөрийнх нь аав гэгдэж явсан хүнийг эмэгтэй болсноо олон нийтийн сүлжээгээр зарласных нь дараа Ким Кардишиян “Ямар үзэсгэлэнтэй юм бэ. Аз жаргалтай байгаарай. Өөрөө­рөө бахархаж, өөрийнхөө хүслээр амьдраарай” гэж хариу бичсэн аж. Малибу дахь гэртээ олон янзаар авахуулсан үзэсгэлэнт эмэгтэйн дүрээр хүрч буй гэрэл зургууд нь хэдийнэ олон нийтэд хүрч эхэлжээ. Удахгүй түүний хүйсээ солиулж буй үйл явцын талаар цуврал баримтат кино гарна. Насаараа баг зүүж, бас насаараа олны анхаарлын төвд явж ирсэн түүнд энэ бүхэн хэцүү биш биз ээ. Угаасаа Кардишияны гэр бүлийнхэнд энэ бүхэн өдөр тутмынх нь үйл хэрэг. Үүгээрээ дуулиан шуугиан цацаж, хөрөнгө хэрхэн босгож болохыг тэд сайн мэднэ. Хэрэв Кэйтлин Крис нар гэр бүлээ цуцлаагүй байсан бол халуухан “охид”-ын гэр бүл нэгэн үзэсгэлэнт хатагтайгаар нэмэгдэх байжээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ

Ишиг эхийгээ хөхөн өсч байхад ямаачны хүүхэд ч ижийнхээ энгэрт эрхэлж, цагаан сүүгээр нь өсөх эрхтэй. Хорвоо ийм атал заримдаа адгуулж маллаж байгаа амьтнаасаа дор байдалд монголчууд бид амьдрах юм. “Мал дагаж мал болно” гэж манай сонин олон жилийн өмнөөс бичиж ирсэн. Дагасан малаасаа ч дор байх үе бидэнд байсаар байна. Маллаж байгаа хурга, ишиг нь өдөр бүр эхтэйгээ ээнэгшин өсч байхад, жилийн ихэнх өдрүүдэд ээжээсээ хол байгаа бяцхан үрс хуруугаа хөхөж, дотуур байранд бэтгэрэн хүүхэд насаа өнгөрөөж байна. Бүр хуруугаа ч хөхөх эрхгүй тэднийг “Эрхэндээ хатсан амьтад” гэж цоллож, анги хэсүүлж хүүхдийн доог болгон ял хүлээлгэдэг. Хуруугаа хөхөх болсны шалтаг шалтгаан юу байсан, яагаад тэр нялх амьтан хуруу хумсаа мэрж шаналах болов гэдгийн утга учрыг ч ололгүй, яллан буруутгадаг бидний сурган хүмүүжүүлэх ухаан ч гэж дээ. Жилийн 365 хоногийн 224-245 хоногийг хөдөөгийн хүүхдүүд гэрээсээ хол, сургуулийн дотуур байранд өнгөрөөдөг гээд бод доо. Хуучин найман настайгаасаа ээж, ааваасаа хол цөлөгддөг байсан бол одоо бүр зургаан нас болж урагшилсан. Монголчуудын малч ахуй, хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал зэрэг тавигдаж ирэх үеэс дотуур байрны асуудал яригдаж эхэлсэн байдаг. Малчин өрхийн хүүхдүүдийн дунд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс ардын Засгийн анхны сургуультай зэрэгцээд дотуур байр үүссэн нь 1933 онд батлагдсан “Ардын бага ба дунд сургуулийн дагаж явах дүрэм”-д туссан байдаг юм билээ. Харин дотуур байрны асуудлыг хуульчилж өгсөн нь 1982 онд хамаарагддаг. Ерөнхийдөө малыг хүнээсээ илүү тавьсан тухайн нийгэмд хийгдсэн энэ зохицуулалт нэг хэрэг. Харин мал хувьд шилжсэн өнөөдрийн цаг үед хүмүүс малаа дагах уу, хүүхдээ дагах уу гэдэг сонголтоос малаа дагаж, хүүхдээ хаяж байгаа нь тодорхой байгаа юм.

Ер нь дотуур байр бидэнд юу өгсөн юм бэ. Малчин айл өрхийн дийлэнхийн хүүхдүүд дотуур байранд суудаг. Хүүхдүүд дотуур байранд сууж ирсэн ная, ерэн жилийн хугацаанд ямар алдартан, ямар мундаг хүмүүс бидний дундаас төрөв. Дэлхийн улс гүрнүүдээс төрөн гарч буй алдартнуудыг бид нэг их мундаг биш ч гэсэн тогтсон ойлголтоор нь Нобелийн шагнал хүртсэн эсэхээр дүгнэн ойлгох нь бий. Тэгвэл өнгөрсөн 100 жилийн хугацаанд биднээс Нобелийн шагналтан төрсөн бил үү. Дотуур байрныхнаас хэн гэдэг мундаг хүн гарсан юм бэ. Үнэндээ дотуур байрны энэ сургалт маань хэн нэгнээс түрүүлж өрсөх гэсэн, адгасан яарсан, хувиа хичээсэн занг хүүхдүүддээ суулгаж ирлээ. Өнөөдрийн хотын замд өмнүүрээ ганц машин оруулчих сэтгэл байхгүй, өөрөө ч чадахгүй, өрөөлийг ч болгохгүй тийм хүмүүс зөндөө байна. “Энэ удаадаа тэр маань хожиг дээ, дараад нь надад ээлж ирэх байх” гэсэн сэтгэлтэй хүн бидний дунд алга. Жаахан л хожигдох гээд ирвэл орилоод дайрчих хүмүүс л олон юм. Интернэтийн мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч тэр. Өчүүхэн жаахан, атгаг. Энэ бол дотуур байрныхны сэтгэлгээ, тэдэнтэй адил өрсөлдөж, арсалдаж сурсан манай нийгмийн онцлог. Дотуур байрны амьдралыг туулж өнгөрсөн хүмүүс бидний дунд олон. Уурын зуух эвдэрснээс даарч хөрөх, өлсч цангах бол энүүхэнд. Дотуур байранд 200-300 хүүхэдтэй өрсөлдөж, будаатай хуурга олж идэх гэж чардайж байсан үеэ олон хүн санаж байгаа даа. Зунжин сумын төвийн чийгтэй байшинд байсан борц намар ирэхэд өтчихсөн, царвантай гурилтай өттэй шөл амнаас буцаад гарчих гээд амаргүй сэн. Арван жилийн 30 улирлыг гэрээс хол өлсч өнгөрөөдөг дотуур байрны хүүхдүүд яаж бусдаас түрүүлж хоол олж идэх тухай л бодож, боловсорч өсдөг гэхэд хилсдэхгүй.Өглөөд хоёр хавсай, өдөр том хусуурны тал будаа олж идэх гэж зүтгэж байсан хүүхдүүд үүнийг сайн мэднэ дээ. Өлссөндөө гал тогоонд орж хулгай хийх, цаашлаад сумын дэлгүүр тонож аймаг руу ачигдах хүүхдүүд одоо ч бий. Дотуур байранд хүүхдүүд анх хулгай хийж сурдаг юм. Сургуулиа төгсөхдөө тогоо шиг гэдэстэй зогсох охид ч дотуур байрных. Том ангийнханд дээрэлхүүлж, хоёрдугаар хоолоо булаалгаж байсан бол өөрөө томрохдоо дүү нарыгаа дээрэлхэж өс хонзонгоо авна. Атаман гэж хүүхдийн хоол булаасан ах нар өөрийнхөө дүүг дуудаад хоол өгчихөж чадахгүй л өссөн байдаг шүү дээ. Нэг тийм сэтгэлгүй, хүнийрхүү. Нөгөө хүүхэд эцэг, эхийнхээ хайр халамжинд өсөх ёстой гэсэн хүүхдийн эрх хаана ч байгаа юм бүү мэд. Хүүхдийн эрхийн конвецийн есдүгээр зүйл болсон “Эцэг, эх нь муухай харьцаж, үл ойшоодог биш л бол хүүхдийг эцэг, эхээс нь салгаж болохгүй” гэсэн үндсэн зарчим алдагдсан. Энэ конвенцид заасан эцэг эх нь хүүхдээ хамтдаа өсгөж, хүүхдэд нэн тэргүүнд юу хэрэгцээтэйг харгалзан үзэх үүрэг хүлээж, Засгийн газар нь үүнд нь дэмжлэг үзүүлнэ гэдэг ойлголт бүр ч байхгүй. Харин Засгийн газар нь хүүхдийг эцэг, эхээс нь холдуулахад шийдвэр тогтоолоороо л тусалж байгаа байх. Энэ бүхний эцэст гэрээсээ хол өссөн дотуур байрны хүүхдэд гэр амьтай байх гэсэн ойлголт үгүй болж, насны бөгсөнд нас дээр гарсан ээж, ааваа ч тоохгүй суурин газраас хөдөлнө гэж байхгүй. Дотуур байранд өссөн хүүхэд бүр ийм гэж хэлээгүй ч хүүхдийг төлөвшиж, хүн болох тэр торгон цагт нь ийм л нөхцөлөөр бид хүмүүжүүлээд байна шүү дээ гэж хэлэхийг хүсч байна. Үнэн үг гашуун байдаг. Хатуу ч гэсэн дотуур байр хүүхдүүдийг ийм л болгож өсгөдөг. Тэгээд ч дэлхийн хаана ямар хүүхэд хасах 40 градусын хүйтэнд гадаа жорлонд гарч бие засч байна вэ. Монголд л байна шүү дээ. Хоёр, гурван зуун хүүхэд ордог нийтийн жорлон гэж охид, хөвгүүдийх гээд тав, таван л юм байна. Тэр нь дулаан цагтаа өмхий самхай нь дийлдэхгүй, өвөлдөө дороос данхраатаж унагачих шахаад овойтлоо хөлдчихнө.

Эцэг, эхчүүд нь ч хүүхдээ сургахын тулд ингэхээс аргагүй гэсэн том халхавчаар бүх үүргээс алсарч хоцорно доо. Дотуур байрны хүүхдүүдийн хоол ундыг төрөөс дааж ирсэн бодлого ерээд оны эдийн засгийн хэцүүхэн үед алдагдаж, эцэг, эхээс нь татаас аваад эхлэх үед сурагчдын тоо эрс багассан байдаг. 1995-1996 оны хичээлийн жилд дотуур байранд хүүхдээ суулгах өрхүүдэд мал, махны ногдол оногдуулах үед хүүхдийн тоо 1990 онтой харьцуулахад 3,6 дахин буурч, 17.6 мянга болжээ. 1998 онд Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлтээр 2000 оноос төр дотуур байрны бүх зардлыг даах болсноор 1999-2000 оны хичээлийн жилд 19.5 мянган хүүхэд дотуур байранд байснаа 2000-2001 онд 27.4 мянга болж 40 гаруй хувиар өссөн байгаа юм. Ингээд харахаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ дотуур байранд суулгах нэрийн дор өөрсдийн үүрэг, хариуцлагаасаа зайлсхийх байдал ч байх шиг. Ная ерэн жилээр явж ирсэн дотуур байрны энэ бодлого дахиад ч хэдэн жилээр үргэлжлэх юм бүү мэд. Одоогийн байдлаар үүнийг өөрчлөх, цаад урхаг уршгийг нь ярьж тодорхойлох хүн байхгүй бололтой. 2012-2014 онд улсын төсвөөр 2.7 мянган ор бүхий 26 дотуур байрны барилгыг шинээр ашиглалтад оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотуур байр нэртэй боловсон шоронгийн тоо нэмэгдсээр ирлээ. Цаашлаад 9.8 мянган хүүхдийн ор бүхий 120 дотуур байр хэрэгтэй, үүнд 76.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа байгаа юм билээ. Мэдээж, хүүхэд сурч боловсрох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч заавал сурч боловсрох ёстой. Гэхдээ тэд ээж, аавтайгаа, гэр орондоо сурч боловсрох эрхтэй. Үүнийг төр засаг бодлогоороо хангаж өгөх ёстой юм. Швейцарийн төр засаг ард иргэдээсээ асууж, тэдний гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө Альпийн нурууг давсан төмөр зам барих ёстой гэж ард олны шийдвэр гарч. Тэгэхэд нь Засгийн газар нь “Бидэнд мөнгө алга байна. Тиймээс энэ асуудлыг яах вэ” гээд дахин санал асуулга явуулахад “Төмөр зам барих хэрэгтэй. Мөнгө ол” гэсэн олон нийтийн санал асуулгын дүн гарсан гэдэг. Түүн шиг хөдөө орон нутгийн хүүхдүүд сурах ёстой. Ээж, аав нь малаа малладаг онцлогтойг мэдэж байна. Гэхдээ хүүхдүүд шоронжсон дотуур байранд бус ээж, аавынхаа хайр энхрийлэлд өсөх ёстой. Үүнийг төр засаг зохицуулах ёстой.

Жич:Манай сонин дотуур байрыг халах цаг болсонталаар өмнө нь “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шо­ронг халъя”, “Дотуур байр­ны хүүхэд доголон сэтгэлгээтэй төлөвшдөг юм биш үү” зэрэг цөөнгүй нийтлэлийг нийгэмд хүргэж байсан билээ. Эдгээр нийтлэлүүдийг манай сонины DNN.MN вэб сайтаас уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

Б.Төмөрчулуун: Монголчууд Монголоо таниад ирэхээр тамир сууна

Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй, “Үйлдвэрлэл Дагнасан Сэргэн мандалт групп”-ын үүсгэн байгуулагч Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуунтай ярилцлаа.

Одоогоос хэ­дэн жилийн өмнө нийс­лэлийн хамгийн үнэтэйд тооцогдох зарлалын самбарт МАХА гэсэн бичигтэй, “Монгол даяараа…” гэсэн самбар байхыг хараад ихэд гайхаж байлаа. Харин тэр МАХА хэмээх үгийн утгыг хамгийн сайн тайлбарлаж чадах, энэ үзлийг түгээн дэл­гэрүүлэхэд оройлон оролцож байгаа хүн нь таныг гэх юм. МАХА үзэл гэж чухам юу юм бэ?

-Би эгэл жирийн л нэгэн. Надаас жин дарсан жинхэнэ үүсгэл санаа гарах нь юу л бол гэж даруу зан гаргаж болох ч, таны сонирхож буй МАХА үзэл санааныхаа талаар чин сэтгэлээсээ хэлэлцэж ярихад болохгүй нь юу байх билээ. Монголчуудын амьдрал ахуйд нь байдаг өөрийн гарвалын агуу хүчээр юуг асааж болох билээ гэсэн бодлоос минь төрөн гарсан энэ үзэл санааг МАХА гэж байгаа юм. Та санаж байгаа бол 2007 оны долдугаар сарын 7-ны өдрийг мянган жилд ганцхан тохиох бэлгэшээлт өдөр гэж үзэн, дэлхий даяар хэдэн сая хосууд хуримлан, гал голомтоо бадраасан. Энэ өдрийг тохиолдуулан бид ч нийт монголчуудынхаа дунд Монголоо гэсэн үзэл санааг эмхэтгэн цэгцлэх зорилгоор уралдаан зарлаж, бүх үеийн Ерөнхий сайдуудыг урьж, санаа бодлыг нь сонссон эрдэм шинжилгээний бага хурал, UB palace-т 3333 хүний цуглаан зэрэг ажлууд зохион байгуулж байлаа. Эдгээр ажлын хүрээнд Д.Чимид агсан, Б.Лхагвасүрэн ах, Д.Урианхай гуай, Тэргүүн хамба Д.Чойжамц багш минь, Ш.Чоймаа гуай, К.Цоохүү, их дээд сургуулийн доктор профессорууд, одоогийн тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, улс төрийн тоймч А.Баатархуяг, Улс төрд залуу манлайлагч төслийн санаачлагч С.Эрдэнэболд нарын хүмүүс “Монгол эх орноо эрхэмлэхүй” гэсэн гуравтын дэвсгэрт дагалдсан шагналаар шагнагдсан юм. ХҮЧ гэдэг үгийг гуравтын мөнгөн дэвсгэртээр төлөөлүүлсэн хэрэг. Ийм л олон хүмүүсийн үзэл санааны уулзвар дээрээс бий болж, цэгцлэгдсэн үзэл миний дотор хадгалагдсаар байсан. Ингэж явсаар 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр МАХА нийгэмлэгээ зарлан хуралдуулж байгуулсан юм.

МАХА гэсэн томъёоллыг Монголчуудыг Аугаа Хүч Аварна, Монголчуудын Амьдрах Хүч нь Агуу, Монголоороо л, Амьтайгаа л, Хүчирхэг л, Агуу л МАХА л байцгаая гэх мэт олон янзаар тайлбарлаад байна л даа.

Монголчуудын Ардын Аугаа Хүч нь асрахуйн, аврах, алсын шинж чанарыг агуулж байгаа учраас бид МАХА хэмээн томъёолсон гэж ойлгож болох нь. МАХА үзэл санаагаар, өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхэд, найз нөхөд, хамт олноо дархлаажуулж, асааж чадсан хүмүүсийг бид МАХА-чууд гэж нэрлээд одоо бүр нэршил үйлс болох тал руугаа явж байна. Үүнийг тайлбарлан хэлэх зуураа сонирхуулахад ийм үзэл санаа аливаа улс орнуудад байдаг юм байна. Байх байхдаа тэр орныхоо хөгжил дэвшлийн нөлөө бүхий суурь хүч нь байх юм. Хамгийн наад захын жишээнүүд л гэхэд Хятадын күнзчүүд, Японы самурайчууд гээд өөрийн язгуур үзэл санаагаа л шүтэж байна.

Энэ нь яг ямар үзэл гэсэн үг вэ. Та Монголоо гэсэн амин үзлээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Монголоо гэсэн амин үзэл санаа МАХА үзэл бодол дэлгэрэх цаг нь болсон юм байх аа даа. Энэ цаг дор эрх биш монгол түмнээс минь Монголоо гэсэн нинжин сэтгэл агуулсан санамсар, ухамсар төрөх болсон баймаар. Бид бусдын дарлал дор хэдэн зуун жилээр байж, талхигдаж мөлжигдөж бас туйлдаж ирсэн үндэстэн. Мөн сэргэн мандаж, дэлхийг ч донсолгож байсан үе бий. Ахмад үе минь бусадтай “хэрсүү” нөхөрлөж төр улсаа дэлхийн дээвэрт мандуулаад, бичиг үсэгт бүрэн тайлагдсан үндэстэн бэлтгэсэн ч бид заримдаа дэлхийгээ, бүр наанадахад хоёр хөршөө ч уншиж таньж чадаагүй байна уу даа гэж бодогдох юм. Монгол ахуй, монгол амьдралаа танилгүйгээр дэлхийн эдийн засгийн буданд төөрчих вий гэж санаа зовнигч МАХА-чууд энэ санаагаа олж авсандаа, бас Монголоо ямар байгааг ажиж харсандаа өөрсдөдөө ихэд баярлаж явцгаадаг.

Тиймдээ ч бид твиттэрт:

Андууралгүйгээр олж авсан МАХА үзэл

Алдуурсан унага шиг Монгол руугаа гүйж явааГүүгүүл Ажнай

Ямар их аз жаргалтай вэ гэж жиргэдэг.

Монголоо ажиж харлаа гэж та хэллээ. Таныхаар тэгээд Монгол хэрхэн харагдаж байна даа?

-Бид өнөөгийн ийм байдлаар дэлхийн доог тохуу болж хэрхэвч болохгүй. Хаа нэг газар, их бага ямар ч асуудлаар Монгол гэсэн нэрийг саараар дуулгаж болохгүй тангарагтай улс, бид чинь. Тиймээс Монголын сайн сайхныг, хоёр хөршөөсөө эхлүүлээд дэлхийн хэмжээнд мэдрүүлэх нь чухал. Дэлхийн эдийн засагт Монгол гэсэн оролцоог бий болгох хэрэгтэй. Үүний тулд бидэнд жигүүрлэх үзэл санаа, зүрх сэтгэл хамгийн чухал гэж би боддог. Өөр юу ч чухал биш. Харин тэр тэсрэх тийрэлтэт хурдасгуур нь МАХА үзэл санаа байгаасай билээ.

МАХА үзэл шинэ зүйл үү эсвэл бидэнд угаасаа байсан юм биш үү?

-Яг тийм. Монгол хүн үүссэн Монгол Улс бий болсон цагаас байсан үзэл шүү. МАХА бол бидний туулж туршиж ирсэн …измүүдболон одоо туучиж яваа ардчилал хэмээх эзэн биегүй систем лав биш. Яагаад бид одоо болтол Ардын Аугаа Хуч Асрахуйн, Авралын, Алсын чигтэй гэдэг үзэл санаагаа тууштай баримтлаагүй юм болоо гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Магад Монгол хэмээх суурь үзэл санааг талхалсан харийнхны нөлөөллийн савалгаан дунд сарнисан ч юм болов уу. Олон ч талаас нь бодож, олон ч хүнтэй уулзаж энэ сэдвээр ярилцаж ирлээ. МАХА үзэл санаа бол бүр гарвал талаасаа монгол юм. Гарт баригдаж нүдэнд харагдаж буй Монголоо л ажиж нэг, таньж нэг монгол ухаан авьяасыг нь олж илрүүлж чадвал МАХА үзэл Монголын хөрсөнд ургаж соёолж дэлгэрэх нигууртай. МАХА үзэл монгол хүн бүрт нандин чанараараа хадгалагдсаар байсан, байгаа, бас байх ч ёстой ухаалаг үндэстний заяагдмал өгөгдөл юм. Монгол өөрөө авралын орон. Дэлхийд аюул гай гамшиг болдог зүйл Монголд сонстох төдий. Тэр өлсгөлөн, хар салхи, цунами, газрын ширвэлт хөдлөлт, үер усны аюул, эбола вирус гэх мэт.

Бид юугаар ч дутаагүй. Монголын ард түмэн хэнд ч гологдохгүй. Цал буурал ахмадуудаа нэг хар даа. Ер нь бид ойрын үед ахмадуудаасаа “Бид яаж явна аа” гэж асуусан болов уу. Хараад байхад “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг л явах юм байна шүү дээ. Харин энэ алдаа бүхний үндсэн засал нь МАХА үзэл санаа. Энэ үзлээр хандаж, дадал заншлаа болгож явбал нэг хүн, нэг хэсэг хүн гэхгүй бүх Монголоороо хожно. Өнөө маргаашийн хожоо чухал уу, Монголын хожоо чухал уу. Монгол хожих л чухал.

Монгол ухаан, монголчуудын уламжлалт ухаан мундаг. Харин өнөөгийн нийгэмд залуучууд хэр хүлээж авах бол?

-1990 онд бид юу хэлж ярьж амлаж, аль эсвэл адалж байлаа даа. Хүнлэг энэрэнгүй ардчилсан иргэний нийгэм байгуулна аа л гэж хоолойгоо сөөтөл хашгирсан. Одоо эргээд хар даа. Нам төвтэй лобби ташууртай учраа олохгүй л яваа юм биш үү. Хөрөнгө талаа харсан ч, хөрс суурь талаа харсан ч бид болж байна уу? Үгүй!!! Тэгэхээр бид ундарга нь өөрт байгаагаа олж харахгүйгээр гадны л юмаар өөрөөр хэлбэл хүний юмаар л хүүдэгнээд учраа олохгүй байж. Харин яг ийм үед МАХА үзлээр аливаад хандах дадал, МАХА үзэлтэй хүмүүс өөрсдийн ч, бусдын ч учрыг түвэггүй олно гэж хэлмээр байна. Улс орноо мэдэмхийрч аль эсвэл бие биедээ тунирхаж, дээрэлхэж, муучилж удирддаггүй юм. Их даруу баймаар санагдах юм. Биесээ анхааран сонсмоор бодогдох юм. Зах зээлийн эдийн засаг чинь хожоотой байж болох боловч, нөгөө талаасаа бөөн эрсдэл, эндүүрэл, сатаарал гэдгийг эрх биш ойлгомоор цаг хугацаа тууллаа даа, ард олон минь. Залуус минь зорилготой амьдар. Залуучуудаа гадаад дотоодод сургасан шиг сургаж, уламжлал, шинэчлэлд тулгуурлан зүг чигийг нь олуулмаар байна. Боловсролтой мэдлэгтэй залуус нь зүтгэлгүй сэтгэлгүй байх нь ч байна. Болж бүтэж яваа нь бас байна аа. Иймд Монгол Улсын итгэл найдвар хөдөлгөгч хүч залуусаа тамиржуулах нь чухал. Юун нам сам бэ? МАХА үзэл санаа Монголын залуучуудыг асаах стаачир /starter/, дахин цэнэглэх аккумлятор /power bank/ юм.

Та нам, сам гэж улс төрийн намуудыг хэлж байгаа бололтой. Гэхдээ манай төрийн эрхийг барихын тулд намаар дамждаг л тогтолцоо бий. Таныхаар тэгээд яавал дээр байна вэ?

-Үндсэн хуульд нам сонгоно гэсэн ганц ч хуулийн заалт байхгүй. Иймд иргэний оролцоог намын оролцооноос дээгүүр тавь. Алдаагаа засъя гэж бодвол засаж болно. Дор хаяад сонгуулиа мажоритар тогтолцоогоор сонго л доо. Ардчилал гэдэг эзэн биегүй системийг дэндүү дур зоргын хэрэг гэж андуу бодоод байна. Андуурч болохгүй таних хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Удирдаж дийлэхгүй болохоор хямрал гэдэг “хадны мангаа” байгаа юм шиг ярьж болохгүй. Монголоо хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага гэж нэрлэчихээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд сууж байх уу. Ер нь олон юм оронцоглож байснаас нэг зорилготой, нэг ажлыг чинээнд нь тултал чамбайруулж хийх нь зөв. Монгол бол халиасан болгон нь харц тогтоодог нандин орон. Би эгэл бор амьдралаа тань, мэд гэж хэлмээр байна. Монголоо таниад ирэхээр тамир суудаг. Оюун тархины болон сэтгэл, итгэлийн тамир суухаар алдаа бага гаргадаг. Ядахдаа засч болохоор алдаатай ажилла. МАХА үзэл санааг бүү гоочил. Хүн бүр хичээх цаг. Үүрийн цолмон анивчих цагаас үдшийн гялаан гялалзах хүртэл мэрийх цаг дор МАХА-чууд Монголоо сэргэн мандуулах л болно гэдэгт хотлоороо итгэж болно.

Монголоо гэсэн амин, суурь үзэл МАХА маань хэр бойжиж байна вэ?

-МАХА үзэл санаа санаанд оромгүй хурд хүчээр асах хүчтэй мэдрэгдэж, олны талархлыг хүлээж, нутагшиж байна. Үйлийн үрийн ундаргын хүч нь хүнд өөрт нь байгааг л олж харах хэрэгтэй юм. Андууралгүйгээр олж авсан Монголоо гэсэн амин язгуур, суурь үзэл санаа МАХА-гаа дэлхийгээр нэг учраа олохгүй тэнэж яваа ИЗМ-үүдээс ялган салгаж шүтэн биширч дэлхийн эдийн засгийн буданд төөрүүлчихгүйгээр Монгол улсаа тэргүүн улс болгоно гэж хэлмээр байна. Саяхан нэг гадны хүний лекцэнд суулаа. Тэр “Ардчиллыг хэн ав гэсэн юм. Аваад юу хожив оо” гэж биднээс асууж байна. Өнөөх ардчилал маань туйлын гэх үзэл санаа үгүй, өөрчлөгдсөөр байгаа. Хоёр жилийн өмнө шууд ардчилал, төлөөллийн ардилал гэж сонгодог онол ярьж байсан бол одоо зөвшилцөх ардчилал гэлцэх боллоо. Би тэр хүнд Монголоо гэх үзэл санаа болох МАХА-гийн тухай хэлж сэтгэгдлийг нь асуухад Монголоо, монгол ахуйгаа гэсэн үзэл санаа байх ёстой гэж байна. Магад өнөө цагт аливаа үндэстнийг тийм үзэл санаа нь аврах бололтой. Бидний дунд дотроо эвтэй, гаднаа эетэй олон улсад энхтайванч байдлыг тогтоож, хоёр хөрштэйгөө эв найрамдалтай амар тайван амьдрах нь чухал. Дотооддоо ч нэгнээ хэмлэн муудалцах нь буруу юм. Ер нь МАХА үзэл санаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хадгалаастай яваа. МАХА үзэл санаа Монголын бохир улс төрийг цэвэршүүлнэ. Монголчуудыг хүчтэй болгоно гэдэгт би эргэлздэггүй.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд…

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирж, хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Ирж л байдаг, явж л байдаг албан ёсны айлчлал мэт боловч арай л өөр сэтгэгдэл төрүүлээд буцлаа, эрхэм Моди. Учир нь энэ айлчлалаас сэтгэл үнэртэж, хүндэтгэл мэдрэгдэж бас багагүй бэлдэж, базаасан нь харагдаж байгаа юм. УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцохдоо хэлсэн үг, айлчлалын хүрээнд хийгдсэн ажлууд, хандлага сэлтийг нь хамтдаа ажиглан зураглал гаргах гээд үзье. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө монголчуудад хандан бидний хэлээр мэндчилгээний сайхан үгсийг олон нийтийн сүлжээн дэх өөрийнхөө хаягаас бичиж эхэлсэн. Тэрбээр монголоор жиргэж, өөрийн фэйсбүүк дээрээ “Ардчилал, буддизм маань оюун санааны хамтрагч Монголтой биднийг холбоно” хэмээн бичсэн нь учиртай байлаа.

Эрхэм Ерөнхий сайд Нарендра Моди Монголд ирээд УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс бидэнд хандаж, тэр дундаа дэлхийд хандаж хэлсэн үгс нь анхаарал татахаас аргагүй байгаа юм. Тэрбээр “Аугаа үндэстний эх орон үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна” гээд “Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс” гэдгийг сануулж өгсөн юм. Сүүлийн үед дэлхийн хүчирхэг удирдагчдын нэгийн тоонд зүй ёсоор орж буй энэ эрхэм барууныханд хандаж Ази тив ямар хүчтэй, ямар дийлдэшгүй болж байгааг хэлэхийг хүсчээ. Гэхдээ энэ үгээ аугаа үндэстний өлгий Монголын газар шороон дээрээс хэлэхээр төлөвлөсөн байна. Эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг болсон Ази тив олон жилийн турш дэлхийд их зүйл өгсөөр ирсэн гэж анхааруулсан ньсанамсаргүй хэлсэн үг биш байж таарна. Ирж буй он цагууд Ази тивийнх болж байгааг тунхагласан дорнын нэгэн улстөрчийн үг Монголоос даян дэлхийд цуурайтсанаараа манай улсыг ч анхаарлын төвд аваачлаа. Магадгүй түүний энэ алхам нь айлчлалынхаа үеэр амласан нэг тэрбум ам.долларын зээлийн эрхээс ч үнэ цэнтэй юм.

Ерөнхий сайд Моди мөнхүү айлчлалаараа манай хоёр улс оюун санааны хөршүүд гэдгийг улам бүр батлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болчихоод хамгийн анхны айлчлалаа урд хойд хөршүүд биш, АНУ, Япон ч биш харин Энэтхэгээс эхэлж байв. Үүнийгээ эртний уламжлалт, оюун санааны хөршөөсөө анхны айлчлалаа эхэллээ хэмээн тайлбарлаж байсан билээ. Н.Моди ч хэлсэн үгэндээ “Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү ариун хэлхээ холбоо ч үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань энэтхэгчүүд бид та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг” гэж оюун санааны хөрш гэдгээ албан ёсоор тайлбарласан. Тэгэхээр оюун санааны хөрш гэдэг ойлголт нь улс орнуудын хамгийн дээд харилцааны хэлбэр ажээ. Бид энэтхэгчүүдийг азарчууд хэмээцгээж, соёл уламжлал нь шашин гэлтгүй олон салбарт тархан нэвтэрцгээсэн хүмүүс. Монгол, Энэтхэг хоёр улс уламжлалт харилцаа, сэтгэлд ойр, өег бодролтой явж ирцгээсэн нь эртний оюун санаа, сэтгэл зүрхээрээ холбоотой байсных гэдгийг энэ удаагийн айлчлал ямар нэг байдлаар баталж өглөө.

Тэгээд ч оюун санааны хөрш гэдэг нь зөвхөн бурхан шашны бус эрдэм мэдлэг, гүн ухаан, олон веда нь тархан нэвтэрсэн түүхийг хэлэх буй за. Мөн Энэтхэгтээ байхгүй болсон олон ном судар Монголд байдаг гээд эртний харилцан шүтэлцсэн тэрхүү харилцааг хэлээд байгаа хэрэг л дээ.

Энэтхэгээс өндөр дээд албаны хүмүүс айлчилдаг байсан ч анх удаа Ерөнхий сайдын түвшинд айлчлал хийлээ. Англи маягийн тогтолцоотой Энэтхэгийн хувьд Ерөнхий сайд хамгийн эрх мэдэлтэй нь. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байлаа ч Ерөнхий сайдын хүсэлтийг батламжлахаас буцаах эрхгүй, парламент нь нэг удаа буцаахаас хоёр дахь удаад хүлээн авахаас аргагүй тогтолцоотой. Энэ бүгдийг ямар анзааны айлчлал болсныг сануулах гэсэндээ нуршлаа.

Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалынхаа хүрээнд Монголд хавдар эмчлэхэд туслах бхабхатрон хэмээх багажийг гардуулж өгсөн. Энэ тухайгаа “Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно” гэсэн нь яах аргагүй учиртай үг. Эмнэлэгт тусламж өгөх гэж байгаа бол элчин сайдаараа ч өгүүлчихэж болох л байсан. Харин өөрөө ийн хэлж, гардуулж байгаа нь бидний амласан хэлэлцээрийг сануулж байгаа хэрэг юм. Энэтхэг улсад ураны хэрэгцээ их байгаа. Цөмийн туршилт, үйлдвэрлэлд ч ашигладаг. Бид энэ чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан ч гэсэн урагшлуулсан зүйл байхгүй, бахь байдгаараа байгаа учраас тэд түргэвчлүүлэхийг хүсчээ. Гэхдээ маш боловсон, дипломат аргаар. Бид хэлэлцээгээ санаад биелүүлээд байгаа шүү, харин та нар маань яаж байна гэж байгаа хэрэг л дээ. Тийм ч учраас цөмийн энергиэр ажиллах багаж хэрэгсэл өгч байгаа нь энэ. Хоёр улс энэ чиглэлд яриа хэлэлцээр хийсний дараа Энэтхэгийн ураны нэг компани орж ирсэн ч удалгүй буцсан дуулдсан. Бодвол манайхан залхааснаас буцаа биз дээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Моди аутсорсингийн төвийн шав тавих арга хэмжээнд оролцсон. Дэлхийд мэдээллийн технологиор Энэтхэг тасарчихсан орнуудын нэг болсон. Софтоор мөнгө хийж чадсан шиг нь араас нь зүтгэе гэсэн бодол бидэнд бий. Тэр ч утгаараа 2001 оны нэгдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Н.Багабанди Энэтхэгт айлчлахдаа мэдээллийн технологийн гол төв болсон Банглорт газардаж байсан гэдэг билээ. Гэртээ сууж байгаад гадны зах зээлээс мөнгө олж авчрах томоохон салбар бол энэ яах аргагүй мөн. Тиймээс бид энэ тал дээр тэднээс суралцахаас аргагүй. Мөн уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэтхэг маш сайн эм болон эмчилгээ хийж байгаа. Тэр нь үнийн хувьд зах зээлийн ханшаас хямд гэдгээрээ ялгардаг улс. Төрөлх англи хэлтэй, толгой сайтай залуус энэ салбарыг ингэж хөгжүүлж чаджээ. Дээрээс нь уламжлалт аюурвед гээд янз бүрийн ведийн ухаан нь гайхалтай. Энэтхэгийн анагаах ухааны амжилт сүүлийн үед гойд яригдаж байгаа. Боломжийн үнэтэй, дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг энэ айлтай тус чиглэлд ойртох нь манайханд ямар чухлыг нурших хэрэггүй биз ээ.

Энэ айлчлалын үеэр иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжиж байгааг зарласныгхэлэх хэрэгтэй. Манай улсын хувьд хоёр хөрш, Япон зэрэг ойрхны орнуудтай стратегийн түншлэлд хүрч байснаас өөр улсуудтай үгүй. Мөн энэ айлчлалын үеэр дурдагдаж байсан олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжиж ирсэн түүхийг бид мартах учиргүй юм. Монголчууд НҮБ-ын гишүүн улс болох гээд хэрдээ л зүтгэж байсан цаг. ЗХУ болон бусад социалист орон дэмжих ч Хятад, Чан Кайшийн Тайвань үүний эсрэг. Хятадын нөлөөллөөр АНУ, Англи зэрэг том гүрнүүд ч дэмжихгүй. Энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру НҮБ-ын индрээс “Монгол Улсыг яагаад гишүүнээр элсүүлдэггүй юм бэ. Энэ орон НҮБ-ын ямар дүрэм журмыг зөрчсөн юм бэ. Улс орноо хөгжүүлнэ гэсэн жирийн ард түмэн л энэ оронд байгаа шүү дээ. Яагаад татгалзаад байгааг ойлгохгүй юм. Энэ шударга орныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэн авахыг би хүсч байна” хэмээн хэлсэн гэдэг. Социалист бус орны удирдагч ингэж хэлэх нь гишүүнээр элсч, тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж ядаж байсан Монголд хичнээн том тулх болж байсныг хэлүүлэлтгүй болов уу. Аяганы хариу өдөртөө гэж ярьдаг монголчууд бид ч байнгын бус гишүүнээр өрсөлдөх эрхээсээ татгалзаад Энэтхэгт найр тавьж байсан удаа бий. Бас Аюулгүй зөвлөлийн таван улсын тоог нэмэх талаар яригдаж буй энэ үед асуудал шийдэгдвэл Энэтхэгийг дэмжихээ илэрхийлчихээд байгаа улс.

Мөн эрхэм Нарендра Моди Монголд хийж буй айлчлалаа хоёр баярыг тохиолдуулан ирсэн хэмээсэн нь учиртай. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулахаас гадна Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэрбээр онцолж байна. Учир нь энэтхэгчүүд олон шашин, олон үндэстэн, улс төрийн олон намтай, ардчилсан нийгэмд хамгийн олон хүн амьдарч байгаа дэлхийн цорын ганц улс хэмээн онцлох дуртай. Тэр ч утгаараа Азийн элгэнд ардчилал ардчиллаа эрж, айлчилсан нь энэ буюу. “Оюун санаа нэгтэй танай орноос би маш өндөр сэтгэгдэлтэй буцаж байна. Өөрийн гүн талархлыг Монголын ард түмэнд хүргэе” хэмээн тэр жиргээд хүлгийн жолоо залсан байна лээ. Моди гэдэг нь сувд гэсэн утгатай гэдэг. Дорнын сувд, дэлхийн сувд болсон эрхэм Моди гуай, та ч бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэтхэгийн ард түмэнд монголчууд бидний мэндийг хүргээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хэрэгт дуртай хүмүүс

Дэлхий дахины сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг уншиж суухдаа хүмүүс бид заримдаа нэгнийхээ хэрэгт дэндүү орж, хов живэнд гайхалтай шунан дурлах юм даа гэж бодлоо. Үнэндээ ч хэний ч анхаарлыг татаад байх мэдээлэл биш л дээ. Гэхдээ хэвлэлд мэдээлж байгаа нь, түүнийг сонирхон хүлээн авч байгаа маань биднийг нэгнийхээ амьдралд дэндүү оролцдог болсныг илтгээд байх шиг. АНУ-ын Мичиганд 12 хүүтэй хос саяхан шинэ хүнтэй болсон бөгөөд мөн хүү байжээ. Уг мэдээнд хосуудыг 12 хүүтэй атлаа 13 дахь хүүхдээ ямар хүйстэй болохыг мэдэхийг оролдоогүй байсан талаар хачирхан бичжээ. Үнэндээ тэдний хувьд хайрын бэлгэдэл болж ирсэн үр хүүхэд нь хүү байна уу, охин байна уу хамаагүй байж болох шүү дээ. Гэтэл хүмүүс бид нэгнийхээ амьдрал руу дэндүү өнгийх юм. Манайхан ч хүүгүй бол “Удам залгах хүүтэй болохгүй нь дээ” гэж эсвэл охингүй бол “Гэрээр дүүрэн бахиалууд, идэж уух нь дийлдэхгүй байгаа биз” хэмээн өрөвдөх, тавлахын хооронд хэлэлцэнэ. Үнэндээ нөгөө хүмүүс нь тэгж боддог ч юм уу, эмзэглэдэг ч юм уу. Бас нэг гадаад мэдээнд Сан Диегогийн амьтны хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сард мэндэлсэн бяцхан усны үхрийн хүйсийг арайхийн охин хэмээн мэдсэн талаар өгүүлжээ. Эх усны үхэр шинэ мэндэлсэн үр төлөө цөөрмийн ус ургамал дунд нууж, дөрвөн тонн том биеэрээ халхлаад байсан тул эр, эмийг нь мэдэж болохгүй байсан талаар онцолсон байх юм. Тэгээд ямартай ч охин усны үхэр гэдгийг арайхийн хоёр сарын дараа мэдлээ хэмээжээ. Үнэндээ хүмүүс бидний эр, эм хүйст ач холбогдол өгч, айл гэрийн амьдрал байтугай амьтны үр төлийг ч сонирхож, элдвийг чалчдаг байдал хэрээс хэтэрчээ. Тиймээс амьтан хүртэл үр төлийнхөө хүйсийг нуудаг ч болсон юм билүү, хэн мэдлээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралид үер болохыг хүлээснээс …

“Австралид үер болж гэнэ” гэсэн мэдээ сүүлийн үед бидэнд хамгийн сайхан мэдээ болж сонстох болов. “Юун наадам, юун цагаан сар, цаана чинь Австралид үер болж байна” гэвэл ихээхэн олон хүн баярлахаар байна. Нэгэнт тогтсон сэтгэл зүй дээр тоглож жиргээ, фэйсбүүкээр ийм мэдээ үе, үе үзэгдэх боллоо. Сүүлийн өдрүүдэд ч Австралийн зүүн эргээр үер болж байна гэлцэх болов. Үнэндээ Австрали бол маш хуурай уур амьсгалтай газар. Хавар, зуны цагтаа ихээхэн хуурайшиж, үе үе ойн түймэр дэгддэг. Хүмүүс нь ойдоо тансаг сайхан хаусаа бариад амьдардаг болохоор ойн түймэр бол ихээхэн гамшиг болдог. Сүхбаатарын Түмэнцогт сум түймрийн аюулд өртөх үед манайд байдал ямар байлаа даа. Тэнд бүр ч аюултай үйл явдал өрнөнө. Яг модон дотроо, хэд алхаад л айлын байшин.

Бас хэт хуурай уур амьсгалтай учраас бороо ороход ган болж хуурайшсан газруудад ус хальж үер болчих тал бий. Гэхдээ Австрали бол дэлхий дээр Антарктидын дараа орох хамгийн бага хур тунадас ордог тив юм. Тэгэхээр бидний хүссэнээр л тэнд үер болчихно гээд хүлээгээд байвал жинхэнэ “Бухын доодохыг харж турж үхсэн үнэг”-ний үлгэр болох вий. Австралийн хувьд өвөлдөө зунаасаа илүү хур тунадас ордог хэмээдэг юм. Бас одоо намар цаашилж, өвөл ойртож байгаа үе нь. Гэхдээ тэнд үер болоод, биднийг баясгаад байгаа зүйл ховор аж. “Саяхан Сидней хавиар жаал бороо орсноос биш үер болтол нь бороошиж байгаа зүйл алга. Ойрд нартай, дулаахан л байхаар байна шүү” гэж Австралид байгаа танил маань мэдэгдлээ. Үнэндээ үер болж байгаа сураг дуулаад “баярласандаа” асуухад маань ингэж хариулсан хэрэг л дээ. Ичмээр ч юмаа даа. Одоо бид асуудлаа шийдэж, урагшилж чадахаа байхаараа Австралид үер болох нь гэнэ үү хэмээн нэг нэгнээсээ асууж мөрөөдөж суудаг болж дээ. Ёстой л хургүй тэнгэрээс бороо цаашлаад үер хүлээж суугаа өрөвдмөөр амьтас болж. Энэ янзаараа Австралид цунами болгож, ногоон тивийг тэр чигээр нь усанд автуулчих санаа байгаа даг шүү.

Манайхан ингэж амтших болсон нь учиртай. 2005 он хүртэл харьцангуй тогтвортой буюу тонн нь 50 ам.долларт хэлбэлздэг байсан коксжих нүүрс гол экспортлогч Австралид байгалийн гамшиг нүүрлэснээс нийлүүлэлт эрс багасч үнэ нь тэнгэрт хадсан байдаг. Австралийн Куэнсланд мужид 2008 онд үер болсноос нэг тонн нь 96 ам.доллар байсан коксжих нүүрс бүр гурав дахин өсч, 300 ам.долларт хүрч байсан үе бий. Нөгөө талаас коксжих нүүрсний гол худалдан авагч БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь шууд нөлөөлсөн байдаг. 2008 онд 6.8 сая тонныг импортолж байсан улс дараа жил нь 34.5 сая тонн болгочихоор эрэлт шууд ихэсч таарна. Тухайн үед Австрали коксжих нүүрсний гол худалдан авагч Хятад, Япон, Солонгосын талтай жилээр тохирдог байсан үнээ улирлаар тохирох болсон нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулдаг. Хуучны 50 ам.долларын үнэ мартагдаж байсан тухайн үед буюу 2011 онд дахин Куэнсланд мужид үер болсноор тонн нь бүр 330 ам.долларт хүрч байсан билээ. Тэр жил Монгол Улсын ДНБ-ий өсөлт 17.4 хувьд хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан нь гол импортлогч орнуудад байгалийн гамшиг гарч, эрэлт ихэссэн болон томоохон төслийн хөрөнгө оруулалттай л холбоотой байсан байдаг. Гэвч бид үүлэн чөлөөний наран мэт гарч ирсэн энэ боломжийг ерөөсөө ч ашиглаж чадаагүй. Харин эдийн засгаа улам тэлж, зардлаа өсгөж, халамжаа хавтгайруулсан. Гэтэл ашигтай орон зайг харсан шинэ олборлогч нар ч гарч ирсэн, бас австраличууд ч дахин байгалийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн алдагдал хүлээхгүйн тулд ажиллаж эхэлсэн юм. Тэд үнэхээр шавраар дүүрсэн уурхайгаа цэвэрлэх гэж тэгтлээ цаг алдсан гэвэл худлаа юм. Харин дараа, дараагийн үерүүдэд хөл алдахгүйн тулд удаан нарийн нягт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, бид энд хэчнээн мөрөөдсөн ч, тэнд аюултай үер боллоо ч гал алдахааргүй болж авсан гэж болно.2011 оноос хойш нүүрсний үнэ тасралтгүй бууж ирлээ. Австралийн оронд гол нийлүүлэгчийн байр суурин дээр түр залраад авчихсан байсан бид эргээд байраа дор нь алдсан. Учир нь бидэнд өрсөлдөх чадвар байсангүй. Өрсөлдөх чадвар гэдэг бол чанар, үнэ л байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний гол хэрэглэгчид БНХАУ, Япон, БНСУ байх жишээтэй. Металлургийн нүүрсгэж нэрлэгддэг коксжих нүүрснээс ган хийх гол орцын нэг коксыг гаргаж авдаг. Агаар мандлын бага даралттай зууханд хайлуулах замаар нүүрснээс кокс гаргаж авдаг ажээ. Мэдээж сайн кокс гаргаж авахын тулд нүүрсний зэрэглэл, бүтэц, эрдсийн агууламж, бас халах үедээ зөөлрөх байдал, уян хатан чанар, зөв дараалалтайгаар өтгөрч байгаа эсэх нь хамааралтай. Бас нүүрсний өөрийн амьд чийг, технологийн бус чийг авсан зэрэг нөлөөлж таарна. Угаасаа шатаадаг бодис учраас чийгтэй байх муу, нүүрсний чийглэг байдал үнэд шууд нөлөөлдөг. Хятадын зүүн хойд эрэг орчмоор гол гангийн үйлдвэрүүд нь байгаа. Хамгийн ойрдоо Өвөр Монголын Бугат. Гэвч бид тэр зах зээлд Австралийг давж өрсөлдөж чадахгүй л байгаа юм. Тиймээс дэмий л тэнд үер болоосой, тэгвэл биднээс нүүрсээ авна гэж хүлээж суухав дээ. Австралийн уурхайнууд усанд автах үед хятадууд ч тэр, япон, солонгосчууд ч гэсэн дараагийн боломжуудыг хайж байлаа.

Угаасаа зах зээлийн зарчмаараа тэд биднийг сонирхсон хэрэг. Харин бид өрсөлдөх чадвартаа анхаараагүйгээс өнөөдөр эквадороос урагшаа бороо орж, үер болохыг хүлээж суух болжээ. Австралийн нүүрс бол угааж баяжуулсан сайн чанарын нүүрс. Ийм нүүрс Австралийн зүүн эргийн хил дээрээ тонн нь 98-103 ам.доллар байна. Хятадын боомтууд руу ороод ирвэл 110-112 ам.долларт хүрч байна. Харин манай хил дээр угаасан нь 70 ам.доллараас хэтрэхгүй, түүхий нүүрс 30 ам.доллараас дээшээ явахааргүй үнэтэй байна. Дээрээс нь Хятад импортын хэмжээгээ байнга бууруулсаар ирлээ. 2013 онд коксжих нүүрс 75 сая тонн, 2014 онд 54 сая тонныг худалдан авсан бол энэ онд 50-52 сая тонн болж буухаар байгааг ажиглагчид хэлж буй. Коксжих нүүрсний төлөв байдал иймэрхүү л байна. Хуучин цагийнх шигээ үнэ тэнгэрт хадахаа байсан болоод ч тэр үү, Австралийн Куэнсландэд долоо, Шинэ Өмнөд Уэльст хоёр уурхайтай “Пибоди” компани уурхайнуудаа “Шиньхуа”-д зарах хүсэлтэй, харин тэд манай “Таван толгой”-г сонирхож байв. Харин одоо байдал юу ч болж байгаа юм, бүү мэд. Бидний хувьд олон улсын стандартаар нь хэмжүүлдэггүй болохоор нүүрсээр тэдэд өрсөлдөж байна гэж хэлэх боломжгүй юм. Өөрсдөө дээгүүр байгаа мэт цээжээ дэлддэг ч нүүрсний нөөцөөр хэдэд байгаагаа харах гэхээр олон улсын хэмжээний жагсаалтад Монгол Улс орж ирээгүй байдаг. Гэхдээ манай мэргэжилтнүүдийн гаргаснаар нөөцөөрөө аравдугаарт байхаар дүн байдал харагддаг ийм л орон. Бид өнөөдөр арвангуравдугаар зуунд их гүрнийг байгуулж явсан бахархалт үндэстэн гэж өөрсдийгөө баясгадаг. Үнэндээ дэлхийн ихэнх газарт Монгол гэж хаана байдгийг, монгол үндэстний тухай нарийн сайн мэддэггүй учраас өөрсдөөрөө тэгж бахархаж байгаа нь хэр юм даа. Түүн шигээ бид Австралид үер болж байхад нүүрсээ тэдээр зарж байлаа гэх дурсамжаараа баясч суух нь их болжээ. Бас тэрхүү түүх нь хэдэн зуун алгасаагүй юм болохоор, дахиад үер болоосой хэмээн мөрөөдөх нь их. Тэгээд л болж өгвөл “Австралид үер болж гэнэ” гэсээр хэдэн жилийн өмнөх зургийг шэйрлэж бусдыгаа баярлуулдаг болж дээ.

Гэхдээ Австралид үер болж, уурхайнууд нь хаагдаж нүүрс үнэд орохыг хүлээж сууснаас арай өөрөөр гар хөлөө хөдөлгөж, бодол ухаанаа уралдуулж, хэмлэлдэж хэрэлдэж суулгүй хамтдаа сэтгэж, нэгдэхийг бодвол дээр л байх даа.

Э.ЭНЭРЭЛ