Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү

Засгийн газрыг унагах ээлжит хуйвалдаан эхлээд басчиг удлаа. Манай сонин энэ талаар “Цөөврүүд дахин улилдаж эхэллээ” хэмээн бичиж байсан. Намнаж идэх амьтнаа дагаад л, хаанаас ч юм бүү мэд цөөврүүд ганц нэгээрээ нэмэгдээд байдаг даа. Үүний адилаар Засгийн газрыг огцруулах нөхдийн тоо өөр өөрийн эрх ашгийн хүрээнд нэмэгдсээр л байгаа дуулдана. Яг үнэндээ тэрхүү сүрэгт нарийн бодож тунгаасан, төлөвлөж тооцоолсон зүйл алга. Зүгээр л гарын үсгээ зурна, зурахгүй гэж богино зайн тоглолт хийж байгаад ганц нэг тендер авах, шийдүүлэх асуудлаа зүтгүүлэх бодол байх шиг. Энэ бол цөөврүүдийн бодит зураг. Харин тэр цоохор сүргийг турхираад сууж байгаа эзэд нь сөрөг хүчин МАН. Тэдний хувьд АН-ын ээлжит Засгийн газрыг унагачихвал өрсөлдөгч намынх нь нэр хүнд улам бүр унаж, нөгөө талд нь хонжоо олно гэж тооцоолж байж болох юм. Магадгүй 2000-2004 онд дөрвөн Засгийн газрын нүүрийг үзүүлж байсантай нь харьцуулахад нэгийг унагаад нэгтэй явж байгаа нь чамлалттай санагдаж байгаа байх. Гэвч цаг үе өмнөхөөс өөр болжээ. Үүнийг МАН-ынхан зөв тооцоолох хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиас хойш улс төрийн намуудын рейтинг унасаар ирснийг тэр дундаа хоёр том нам болох АН, МАН-ын рейтинг хосоороо шааригдсаар уруудаж орхисныг бид бүгд мэднэ. МАН-ын нарийн бичгийн дарга болох нэг бүсгүй “Ард иргэдийн дэмжлэг манай нам руу эргэлээ” хэмээн мөрөөдөнгүй ярилцлага өгсөн нь үнэндээ амьдрал дээрхтэй нийцэж чадахгүй л байлаа. Эрх баригч АН-ын нэр хүнд унахын хэрээр хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа МАН-ын нэр хүнд буусан янзаараа л байна.

Тэгэхээр Засгийн газрыг унагалаа гэхэд Засгаа эвдүүлсэн АН-ын рейтинг унахаас гадна МАН-ынх ч бас бууна. Бүр дагаад Монголд парламентат засаглалын нэр хүнд, итгэл үнэмшил хог дээр үсэрнэ дээ. Төлөөллийн ардчилал, парламентат тогтолцоо бол үндсэндээ Монголын тусгаар тогтнолын баталгаа юм. Гэтэл парламентын засаглалд итгэх ард олны итгэл үнэмшил байхгүй болчихвол юу болох билээ дээ. Энэ парламентыг ажиллаж эхэлсээр юуг ч хийсэнгүй, юуг ч амжуулсангүй гэж шүүмжилж байгаа. Дуусахад ганц намар, ганц хаврын чуулган үлдчихээд байхад хийсэн ажлын 60 хувь нь Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал байлаа хэмээн буруутгадаг. Хэрэв дахиад нэг Засгийн газрыг боомилохоор болбол хийсэн ажлынх нь 80 хувь нь Засгийн газрын хувь тавилангаар тоглох ажил байжээ хэмээн түмэн олон дүгнэнэ. Уучлаарай, гэхдээ энэ парламент миний эсвэл хэн нэгэн Дорж, Дулмаа сууж байгаа парламент биш, харин АН, МАН-ын гишүүн таны дийлэнх нь сууж байгаа парламент шүү дээ. Та бүхний холыг хараагүй шийдвэрүүд чинь эргээд Монгол дахь парламентын засаглалыг үгүйсгэхэд хүргэх аюул бий учраас ийн улиглаж байгаа юм.

Засгийн газрыг огцруулах нь заан тугаллахаас удаан. Үнэнийг хэлэхэд Засгийн газрыг огцруулах бас тэгээд шинийг томилох үйл явц багагүй цаг авч таарна. Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар боллоо гэхэд үндэслэлээ гаргаж, өргөн барьж, тэр дунд нь завсарлага энэ тэр авсаар байгаад шинэ жил болгож таарна. Эргээд шинийг байгуулна гэж тэрнээсээ бүүр удна. Тэрний тэр, энэний энэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, өөрчилнө. Тэгсээр байгаад Мартын 8 хүргэж эмхэлбэл дээдийн заяа. Дунд нь УИХ-ын чуулган завсарлаж таарна, ээлжит бус зарлана, үгүй гэсээр байгаад шинэ Засгийн газрыг байгуулах гэж багагүй цаг гарзадна. Сонгуультай зэрэгцэж байгуулагдсан Засгийн газар юу хийж чадах вэ дээ. Зуу хоногоо дүгнэх, зулай битүүрлээ гэж ярихыг ч саналтгүй. Их сайндаа Үндэсний их баяр наадмаа ёслон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах наадмын комиссыг томилно биз. Үнэндээ өөр юуг ч хийж амжихгүй. Тийм байтал ингэж тулсан цаг хугацаанд Засгийн газрыг огцруулах тухай ярина гэдэг амиа хорлосноос ялгаагүй. Ялангуяа хоёр том нам болох АН, МАН-ын хувьд. Бусдын хувьд бага сага хонжоо гарч болох л юм. Арай дөнгүүрт итгэж байсан МАН, АН-ын нөхдийг ийнхүү амиа егүүтгээд өөрсдийгөө хорлоод хаячихвал сонгогчид бусдад итгэж саналаа өгч таарна. Аливаа үймээн самууны үеэр хонжоо хайж явдаг үхэшгүй мөнхийн хувилгаан Цамба энэ тэр ч билүү баахан амьтад тодордог шиг 2016 оны сонгуулийн дараа баахан бие даагч, баахан популист гараад ирчихвэл гайхах юм алга. Улс төрийн нам болж төлөвшөөгүй, үзэл баримтлал, үнэт зүйл гэж байхгүй баахан нөхрийн цуглуулга, эргээд хариуцлага хүлээх чадваргүй баахан бие даагч гараад ирчихвэл хэцүү л юм даа.

Тэр үед одоогийн сэхээний ширээн дээр дусал залгуулаад хэвтэж байгаа Монголын эдийн засаг жинхнээсээ цааш харах болно. Одоо бол бас ч гэж Оюутолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалт, Тавантолгойн төсөл, энд тэндээс орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийн сураг арай ч үхүүлчихгүй дэм болж байна. Энэ үедээ том намууд нэг нэгнээ дэмнээд, байгаа Засгийн газраа багалзуурдчихын оронд чиглүүлээд зүтгүүлээд бас хамтарч шахаад ажиллуулаад үзвэл аль ч утгаараа дээр юм. УИХ дахь бие даагч Ц.Даваасүрэн гишүүний нэг хэлсэн үг бий. Тэрбээр “Та нар эх орондоо амьдрахгүй АНУ руу гараад зугтчихна гэж бодож байна уу. Тэндээс чинь та нарыг авчраад шүүх болно. Бид шударга төр, шударга засгийг тогтооно” гэсэн. Энэ бол эрх баригчдад ч юм уу, АН-д ч юм уу. Эсвэл Оюутолгойн ТУЗ-ийнхөнд хэлээд байгаа үг биш юм. МАНАН-д зориулж хэлж байгаа үг. Ерээд оноос хойш өдийг хүртэл ээлжилж, хамтарч засгийн эрхийг толгойлж байсан бүх хүчнүүдэд, хүмүүст зориулж хэлсэн үг. Хуулийн хүрээнд ажиллах хуульт засаг гэж байхаас шударга засаг гэж юусан билээ. Хуульд захирагдалгүй өөрсдийн шударга гэж бодсоноороо тэрхүү шударга засгийг тогтоох нь коммунист засаглалаас ялгаа ч юу байхав. Ийм хүмүүсийн гарт Засгийн эрх очвол, парламентат засаглалд хүмүүс итгэхээ байгаад өөрийг илүүд үзвэл ямар аймшигтай вэ. Тэр үед эдийн засаг сайжирсан муужирсан гэж яриад ч хэрэггүй. Монгол Улсын хувь заяаны талаар ярих болж таарна. Олон жил нэг даргын, нэг намын буулганд байж ирсэн хүмүүс үнэндээ тийм засаглалыг хүсэхгүй байна. Үйл явц нь удаан зовиуртай ч ардчилалтайгаа, хэрүүлтэй ч гэсэн хариуцлага хүлээх улс төрийн хүчинтэйгээ байх нь дээр байна. Тиймээс Засгийн газрыг унагах гэж төлөвлөж яваа, шордож байгаа улс төрийн хүчин, түүний гишүүд жаахан хазаар татаж өнөөдрийн жаахан хонжоо яахав, маргаашийн ирэх үр дагаврыг бодож, хэлэх үг, хийх үйлдлээ анхаарна уу.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Алдагдсан эрх мэдлээ олж авахаар олигархиуд надтай үзэлцэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Муу мэдээ сайнаасаа хамаагүй хурдан, хол цацагддаг

-Танайхантай холбоотой маш олон сөрөг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ бүхэн дээр танаас хариулт авчихъя. Тухайлбал, смарт картны компанийн сонгон шалгаруулалтаар багагүй мөнгө цохьсон гэж буруутгаж байгаа. Бага үнийн санал хэлсэн дотоодын компанийг биш Солонгосынхыг нь шалгаруулсан нь ямар учиртай юм бэ?

-Би түрүүнд дурдсан. Зохион байгуулалттай гүжир гүтгэлгийг зорилготойгоор цацаж байгаа гэж. Би одоо хүмүүстээ хэлээд байгаа. Яг ийм зорилготой худал мэдээллийг цацаж байгаа хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй. Тэгж шүүхээр үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй байна. Манайхан гүжир гүтгэлгийн эсрэг тайлбар, мэдээлэл өгч байгаа хэдий ч хүмүүс сайнаасаа мууд нь илүү итгэж байна. Угаасаа ч үүнийг социологийн шинжлэх ухаанаар тогтоочихсон байдаг юм. Сайн үгнээс муу үг илүү хурдтай, илүү хол тардаг гэж. Германы Хамбургийн хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд алдаатай гүжир гүтгэлгийн мэдээлэл гаргасан бол залруулгаа яг тэр зай талбай дээрээ 12 удаа гарга гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, муу мэдээлэл үнэн үгээс 12 дахин хурдтай тардаг байх нь ээ дээ. Нийслэлээс зарцуулж байгаа төсөв мөнгийг бид ил тод зарлаж, сайтдаа тайлагнаж байхад хэн ч тоож хардаггүй, сонирхдоггүй хэрнээ үүнийг гуйвуулаад, худлаа мэдээлэл болгон цацаад ирэхээр үнэмшдэг.

-Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө танайхан зарцуулсан төсөв мөнгөө сайт дээр ил тавьдаг байсныг санаж байна шүү?

-Харин тийм. Манайх хаана хэдэн төгрөг зарцуулснаа бүгдийг нь ил тавьдаг л байсан. Хэн ч сонирхож байгаагүй, бас хэн ч санахыг хүсэхгүй байгаа нь нөгөө худлаа мэдээлэл үнэнээсээ хүчтэй байдагт байгаа юм.

-Та сард долоон сая төгрөгөөр утсаар ярьдаг юм уу?

-Өнөөдрийн цагт олон ажлыг утсаар амжуулдаг гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх аа. Гэхдээ намайг буруутгаад байгаа тэр долоон сая төгрөг бол Иргэд хүлээн авах төвийн зардал байгаа юм. Нийслэлийнхээ иргэдийн санал хүсэлтийн дагуу тэдэнтэй холбогддог, нэг ёсондоо иргэн, хот хоёрын холбоог ойртуулдаг арга хэрэгслийн нэг л дээ. Гэтэл Бат-Үүл долоон сая төгрөгөөр утсаар ярилаа гээд шуугиад байгаа. Одоо тэр мөнгө Иргэд хүлээн авах төвийн зардал юм байна гэдэг бодит мэдээллийг өгсний дараа хараарай. Хол явахгүй дээ. Угаасаа ийм л байдаг.

Тойрогт ажиллах төсвийг болихоор бол хаа хаанаа л зогсоох хэрэгтэй

-НИТХ-ын гишүүд тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?

-Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.

-Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй” гэхээр АН-ынхан олонхиороо хүч түрээд “авна” гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үед гарч байсан, МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. Инфляц, ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалаад нэрлэсэн үнэ нь хуучнаасаа өндөр сонсогдож байж магадгүй. Үнэндээ тэр МАН-ын нөхдүүд чинь энэ мөнгийг хамгийн дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.

-НИТХ дахь МАН-ын гишүүд таныг огцруулах өргөдлийг өргөн барьчихлаа…?

-МАН-ынхан яагаад ингэтлээ бачимдаад байгааг би дээр хэлсэн дээ. Тэд алдагдсан эрх мэдлээ олж авахын төлөө, нийслэлд тэдний хийгээгүйг манай АН хийж байгаа учраас, иргэдийн өмнө хариулах үггүй болчихоод байгаадаа ингэж байна гэж. Харин манай намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нийслэлийн намаа муулж, шүүмжилж ярьсны дараа НИТХ дахь МАН-ын бүлэг огцруулах асуудал тавьж байгаа нь хамгийн хачирхалтай санагдаж байна.

-Хотын татвар бас л шүүмжлэл дагуулж байгаа. Ард иргэдийн амьдрал иймхэн байгаа үед нэмж татвар татаас авах хэрэг байсан юм уу?

-Өмнө хүмүүсээс татвар аваад л байдаг. Тэр мөнгө яг хаашаа орсон нь мэдэгдэхгүй, юу болсон нь тодорхойгүй төсвийн орлого руу шингээд алга болдог байсан. Хүмүүс ч ийм тохиолдолд татвар өгөх дургүй байдаг. Замын татвар гээд л аваад байдаг хаана байна гэж асуудаг байсан даа. Гэтэл хүмүүс “Зам ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь би татвараа дуртай өгнө өө” гэдэг болжээ. Тэгж өөрчлөгдсөн байна. Одоо хотын татварын мөнгийг яг юунд зарцуулж, ямар ажилд зориулж байгаа нь мэдэгддэг болох юм. Хуучин иргэдээс авсан татвараараа хүнд суртал үйлдвэрлэдэг байсан явдал өөрчлөгдөнө.Тухайлбал, бид зочид буудлын төлөөллүүд оролцуулсан удирдах зөвлөл байгуулаад тэндээс орж ирсэн татвараараа хамтраад юу хийхээ ярьдаг болно гэсэн үг юм. Гэх зэргээр чиглэл чиглэлээрээ хамтарч, удирдах зөвлөл байгуулаад, шийдэлд хүрснээ ИТХ-аар шийдүүлээд явна.

Нэг нь шилэн, нөгөө нь харанхуй хоёр нам байж байг л дээ

-Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөг нь АН-ынх, хотын захиргаа нь бас АН-ын мэдэлд ирсэн ийм цаг үед танай нам төр барьж байна. Сүүлийн үед АН-ынхан хоорондоо таарамж муутай байгаа гэж ярилцах боллоо. Та энэ намын нэг лидерийн хувьд үүн дээр юу гэж хэлэх вэ. Байдаг л зүй тогтол уу эсвэл…

-АН-ыг шилэн нам гэж болно. Ямар ч цаг үед манай намын үйл хэрэг, дотоод байдал ил л байсан. Зарчмын зөрүүтэй санал гарвал манайхан ил үзэлцэнэ. Даргаа шүүмжлэхээс айдаггүй. Сая хүртэл би намынхаа даргын талаар ярьчихаж л байгаа биз дээ. Энэ бол бидэнд байдаг л зүйл. Ингэж байж бид эрүүл байдаг. Үүнийг хортой гэж бодох хэрэггүй. Хүмүүс ч АН-ынхан зөрчилтэй байна гэж шүүмжилдэг мөртлөө үүнд нь дуртай байх шиг байдаг. Үзэгдэл нь ил, үйл хэрэг нь ил байх нь хүмүүст таалагддаг.

-АН-ынхан хэзээнээс ийм гэдгийг мэдэх ч эрх баригчид хоорондоо эв түнжингүй байх нь зөв биш харагдах юм. Нөгөө нам чинь атгасан гар шиг л гэж өөрсдийгөө онцолдог шүү дээ…

-Үгүй. Харин ч эрх баригчид болох тусмаа илүү шилэн байх ёстой юм шүү. Энэ нь илүү зөв, ард түмэнд ашигтай. МАН хэзээнээс дотоодын зөрчлөө нуусаар ирсэн нам ш дээ. Хэзээний л нууцлаг, хэзээний л хаалттай нам. Өөрчлөх гээд ч нэмэргүй. Нэг нь харанхуй нууцлаг, нөгөө нь шилэн ийм хоёр нам байж байг л дээ. Хүмүүс аль нь дээр гэж үзэж байна тэр итгэл үнэмшлээрээ сонголтоо хийг.

Надтай хүний, өөрийнгүй л үзэцгээж байна

-Танай намынхан ил шударга гээд нэгийгээ шүүмжлээд байдаг нь бүхэлдээ нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгээд байгаа мэт харагддаг. Саяхан гэхэд л Ж.Батзандан гишүүн танайхныг буруутгаж дөрвөн зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн байх аа?

-Нэг зүйлийг та бүхэн анзаарч байгаа болов уу. Сүүлийн үед над руу дайрч улс төрийн карьераа өсгөгсөд олширсон. Надаар байлж байгаад улс төрийн нэр хүндээ өсгөх боллоо. МАН-ын Ж.Мөнхбат намынхаа хурлын өмнө миний эсрэг баахан гүжир гүтгэлгийн материал бэлдэж гаргаад шагналд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан. Түүний тараасан мэдээлэл худлаа гэдэг нь нотлогдож, надаас уучлалт гуйсан ч харамсалтай нь энэ үнэн түүний тараасан гүжир гүтгэлэг, муу мэдээ шиг өргөн далайцтай хүрээгүй. Мөн МАН-ын Г.Аюурсайхан гээд нөхөр их тодорлоо. Дараа нь Д.Дэмбэрэл гишүүн байна. Уг нь өөр намынхан л намайг ингэж муулж, гүжирдэж байж улс төрд тодордог байсан бол энэ халдвар нь манай нам руу шилжиж байх шиг байна. Ж.Батзандан над руу энэ аргаар дайрч, тодрох гэж ядаж байна уу даа. Гэхдээ би Ж.Батзандан гишүүний хэлээд байгаа дутагдал нь юу болох, түүнийг арилгахын тулд юу хийж болох вэ гэдгийг тодорхой болгож ажилла гэсэн үүрэг даалгаврыг Тамгын газартаа өгчихсөн.

-Чин үнэнийг хэлэхэд эрх мэдэлтэй байгаа намын хүндээ асуудал барьж орж ирдэг, тэрийг нь бүтээхгүй бол дайсан болж үлддэг явдал манай төрд хэзээнээс л байж ирсэн. Танд энэ мэт байдлууд хэр асуудал үүсгэж байгаа вэ?

-Илэн далангүй хэлэхэд надтай ганц МАН-ынхан үзээд байгаа юм биш. Ерөөсөө бүгд л үзэж байна. Намбарын Энхбаяр гэхэд л хувийн нам, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд байгаа бүгдээ миний эсрэг турхирч, дайчлан ажиллаж байна. Э.Бат-Үүл үгүй болоосой гээд л тулалдаж байх шиг байна. Бас нэг бүлэг хүмүүс байна. Энэ бол олигархиуд. Би өмнөх дарга нартай нь адилхан биш учраас тэд надад дургүй байна. Өмнө нь тэд мөнгөө төлчихөөд дарга нараар асуудлаа шийдүүлчихдэг байжээ. Дарга мөнгийг нь авна, тэдэнд үйлчилдэг байж. Харин одоо тийм боломж гарахаа байсан учраас хүний өөрийнгүй намайг унагахын төлөө аян дайнд мордож байна даа. Тэд алдагдсан засгийн эрх мэдлээ авахын төлөө тулалдаж байна. Миний эсрэг тулж байгаа тэр хүмүүс бүгд хөрөнгө мөнгө арвинтай улсууд. Одоо тэр болгоноо нийлүүлж байгаад үзэж байх шиг байна. Бүхий л хэвлэл мэдээлэл миний эсрэг боллоо доо, үндсэндээ. Би ухуулах хуудас нааж, Дотоод явдлын яаманд баригдаж, цаазаар авахуулах ял уншуулахдаа хүрээд явж байсан тэр цагаас хойш үхэхээс бусдыг үзлээ. Тийм учраас намайг нугалж дийлж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Би тэдний эсрэг тэмцэж, хэрэгтэй бол жагсч босоход ч бэлэн байгаа. Даргад үйлчилсэн ийм төр, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр хувийн бизнес хийдэг энэ байдлыг таслан зогсоох цаг ирээд байна.

Олигархиуд шургаадаа гаргуун

-Таныг шударга шулуухан хүн гэдгийг хүмүүс нэгэнт мэднэ. Та өөрөө олигархиудын хүслээр ажиллахгүй гээд үзээд байж болно. Тантай хамт ажиллаж байгаа баг тань, таны удирдлагад ажиллаж байгаа хүмүүс яг тийм байж чадаж байгаа болов уу. Та үүнд хэр итгэлтэй байгаа вэ?

-Миний бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө манай баг үнэхээр нойр хоолгүй зүтгэж байгаа. Янз бүрийн хов живийн яриа явж байгааг үгүйсгэхгүй. Хуучин цагт үүнийг шургаа гэдэг байсан юм даа. Хэн нэгний талаар шургаж, буруу зөрүү ойлголт үүсгэх гэж үздэг. Үүндээ олигархиуд гаргуун. Ийм шургаа зөндөө явдаг. Гэхдээ би багийнхныгаа ажлын үр дүнгээр дүгнэнэ. Би тэдэнд хууль бус үйлдэлд нэр холбогдож, ашиг сонирхлын зөрчилтэй гэгдвэл ханддаг газар нь хандаж, нэрээ цэвэрлэж аваарай. Хэрэв хандахгүй бол та нарын нэр холбогдоод байгаа хэрэг үнэн гэж үзнэ шүү гэж анхааруулдаг. Энэ бол миний баримталдаг зарчим. МАН-ын залуус намайг АТГ-т өгч байх шиг байна. Би ажилтнуудаасаа шаарддагийн адил өөрөө ч шалгуулах хүсэлтээ өгнө.

Ер нь үнэн зөвийг тогтоодог газар л үнэнийг тогтооно. Түүнээс би харын өвчин туссан юм шиг багийнхандаа итгэхгүй бол ажил урагшлахгүй шүү дээ. Тэр тусмаа олигархиудын шургаа газар авсан энэ үед.

Би өөрт чинь нэг зүйл ярья л даа. Нэг нөхөр олон нийтийн газар, бас ч олон хүний дунд “Би Э.Бат-Үүл даргыг шударга хүн гэж боддог байлаа. Их ч хүндэлдэг байлаа. Сая очоод нэг юм гуйхад “Шийдээд өгье. Гэхдээ 30 сая төгрөг өг” гэж нэхлээ. Миний дотор харлаад явчихлаа” гээд их чанга дуугаар ярьсан байгаа юм. Энэ яриаг нь сонссон хүмүүс намайг яадаг хөгийн амьтан бэ гэж бодож байгаа ш дээ. Шургаа гэж үүнийг хэлж байгаа юм. Ядахад тэр нь ямар хурдтай, ямар бядтай тархана гээч. Гадныхан бол хэзээ ч хэн нэгний талаар хов живийн чанартай яриа гаргадаггүй. Тэр нь нэг мундагтаа, соёлтойдоо ч биш. Нөгөө хүн нь дуулсан бол шүүхэд өгчихдөг, дагаад хариуцлага нь ирдэг учраас тэгж ярьж явдаггүй хэрэг. Хүнийг худлаа гүжирдэнэ гэдэг улаан нүүр рүү нь цохиж зодож байгаа хэрэг шүү дээ. Манайд худал хэлсэндээ хариуцлага хүлээдэг жишиг байхгүй учраас шургаа тахал шиг тархаж, мань мэт нь учир зүй нь ч олдохгүй өртөөд явчих юм даа.

Үе үеийн хотын удирдлагуудаас бараг хамгийн бага төсөвтэй нь бид

-Саяхан Д.Баттулга дарга та хоёр ил захидалдаа “Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ” гэж онцолсон байна лээ. Яг юун дээрээс болж ингэх болов. Хэнийг тэгж хэлээд байна вэ?

-Сүүлийн үед төсвийн ачааллаа орон нутагт үүрүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсөв санхүүгийн эрхийг хязгаарладаг муу зуршил тогтсоныг бид шүүмжилсэн юм.

2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлсэн. Жилээс жилд өсөн нэмэгддэг нүсэр ажлаа үүрүүлэхэд нь бид харж л байсан. 2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон гээд яривал их зүйл бий. Биднийг нэг их төсөвтэй гэж ойлгоод байгаа ч үнэндээ үе, үеийн хотын удирдлагуудаас хамгийн бага төсвөөр ажиллаж байгаа нь бид юм шүү. Ханшийн зөрүүнээсээ мөнгөний хэмжээ өссөн мэт харагдаж байгаа ч тэр үед талх хэд байлаа, шатахуун хэд байлаа гээд нарийн тооцоог нь гаргаад ирэхээр өөр дүн харагдаж байгаа юм. Тэгээд харахаар бид М.Энхболдыг хотын дарга байх үеэс 30 хувь, Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын үеэс даруй 10 хувийн бага төсөвтэй ажиллаж байгаа. Гэтэл ийм төсөвтэй хэрнээ өнгөрсөн гурван жилийн дотор юу, юуг бид хийж байгаа билээ дээ. Ийм учраас бид ил захидал бичсэн. Яг нэр цохож хэлээд байгаа юм байхгүй. Бид хүнийг нь гэхээсээ зарчмыг нь хэлж байгаа юм. Ардчиллын нэр барьсан мөртлөө захиргаадалтын арга барилаар ажиллаж байгааг шүүмжилсэн хэрэг. Ардчиллаар овоглосон мөртлөө социалист сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс бидний дунд захаас аваад байна. Тэд ардчиллын тухай ойлгодог ч үгүй юм.

-Та түрүүнд хэрэгтэй бол жагсахад ч бэлэн гэлээ. Та нар залуу цагтаа жагсч, хувьсгал хийж ардчилсан нийгмийг байгуулж байсан. Одоо дахиад хувьсгал хийх хэрэгтэй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Би өнөөдрийн залуучуудад хандаж, ерээд онд бидний хийж байсан шиг хувьсгалыг та нар эхлүүлэх цаг болсон гэж хэлмээр байна. Бүр тэгж уриалмаар байна. Ийм уруу дорой байж болохгүй. Та нар жагс, цугла. Гэхдээ зорилго чинь тодорхой байх ёстой. Төрийн эрх мэдлээр бизнес хийдэг ийм ангийн эсрэг тэмцэх цаг болсон. Үүнийг өөрчлөхөөс аргагүйд хүрчихээд байна. Ардчилсан хувьсгалыг бид хийсэн ч өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг авч явсан хүмүүсийн дарга шүтдэг тэр уламжлал нь бүр боловсронгуй болоод өнөөдрийн байдалд хүргэлээ. Би энэ талаар бүр УИХ-д байхдаа ч хэлдэг байсан. Тэгээд нэг удаа үүнийг өөрчилье гээд жагсаал зарлахад арав гаруй хүн цуглаж, амьтны элэг доог болж л явлаа. Даргад үйлчилсэн төрийн тогтолцоо нь эцэстээ Монгол Улсыг элгээр нь хэвтүүлнэ гэдгийг түрүүлж хэлээд ойлгохгүй болохоор энэ өөрчлөлтийг хотоосоо эхэлье гэж шийдээд ирсэн нь энэ юм шүү дээ.

-Эрх баригч намын гишүүн, тэр дундаа хотын дарга хүн “Болохгүй байна, тэмц бос” гэж байгаа нь надад үнэндээ гайхаш төрүүлж байна. Үнэхээр тийм бол ингэж чадаж байгаагийн төлөө танд талархмаар л байна…

-Би нэг юмыг байнга хэлдэг. Даргын албан тушаал бол миний хувьд хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Хүмүүс дарга болох гээд үхэлдээд байх юм. Ийм хүмүүс ардчиллыг сульдааж, ардчиллыг гутааж байна. Төр нь иргэндээ хүнд буулга дараа болдог биш үйлчилдэг гэдгийг харуулахын тулд хотоос эхлэхээр өнгөрсөн жилүүдэд ажиллалаа.

Энэ хотыг иргэндээ үйлчилдэг хот болгох гэж хичээж байна. Яг л гар утасны оператор компани шиг, банкны теллер шиг түргэн шуурхай үйлчилдэг болгомоор байна. Барилгын зөвшөөрлийг түргэн гаргаж өгдөг зэргээс эхлээд хотод сайжирсан зүйл байгаа л байх. Гэхдээ би чамласаар л байгаа. Үнэндээ даргад түшиглэсэн тогтолцоог өөрчлөх нь өргөс авахтай адил амар биш юм. Гэвч тэгж өөрчилж гэмээнэ ардчилал маань улам төгс болно. Энэ зорилгыг минь биелүүлэхэд, тэгж өөрчлөхөд туслахгүй юм бол энэ даргын албан тушаал шиг хэрэггүй зүйл надад алга. Төрийг өөрөө өөртөө үйлчлүүлдэг үе үеийн дарга нарын хэрээс хэтэрсэн байдал улам бүр ихэссээр л байвал маргааш бүх зүйл утгагүй болно. Үүнийг би залуучуудад хэлж байгаа юм. Та нар өнөөдөр тогтчихоод байгаа увайгүй үйлдлийг зогсоож чадахгүй юм бол маргааш та нарын эрх энэ хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг болно шүү. Та нарын амьдралын сайхан байдал дарга нарын шуналаар хязгаарлагддаг болно шүү. Өөрийгөө үгүй юм гэхэд үр хүүхдээ бодоорой. Үүний төлөө зүтгэх хэрэгтэй. Дарга нар хэзээ ч ийм нийгмийг байгуулахыг хүсэхгүй.

-Та хэдийг анх гарч ирсэн цагаасаа төрд олон жилээр зайдагналаа. Залуучууддаа боломж өгөхгүй байна гэж нэр зааж ирээд шүүмжилдэг. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Манай зарим залуус ингэж их ярьдаг байсан л даа. Тухайлбал, Х.Тэмүүжин. Одоо та нарын үе дууссаан, бид байх ёстой гэж. Харамсалтай нь манай залуус өөрсдийнхөө юу хийж чадах тухай биш, эрх мэдэлтэй болох тухай л ярьдаг байсан. Ийм явцуу улс төр хол явдаггүй юм. Эрх мэдэл, бялуу ярьсан улс төрөөр замнасан хүмүүс бүгдээрээ шившгээ хутгаж дуусдаг. Г.Уянгыг хар л даа. Гудамжинд байхдаа юу ярьдаг байлаа. Одоо төрийн эрхэнд гарсан хойноо “Бүх зүйл хууль ёсных байх ёстой шүү” гэдэг номлогч болон хувирснаас цааш хэтэрсэнгүй. Ямар байснаа юу болж байна. Эргээд харахад зүгээр эрх мэдэл булаалдсан тэмцэл хийж байсан нь харагдаж байгаа биз.

Харин одоогийн залуус эрх мэдлийн ээлж дугаарын ярианаас залхсан байх гэж би найдаж байна. Нэг даргыг нөгөөгөөр солиод сайжирдаггүйг мэдсэн байх. Тэд амьдралынхаа аюулгүй байдлын төлөө зовниж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Залуус сайн сайхан амьдралынхаа боломжийг дарга нарын гайгаар алдаж байгаа гэдгээ ойлгосон учраас дарга шүтсэн тогтолцоог өөрчлөх зориг бий байх.

Ерөнхийлөгчийн жижиг албан тушаалыг сонирхохгүй гэж хэлье дээ

-УИХ-ын гишүүний суудлаас буухаар өөр мэдрэмж төрдөг үү. Өөр гэдэг нь одоо байгаа гишүүд танд ихэмсэг дээрэнгүй ханддаг тал байна уу гэж асуух гээд байна л даа. Ц.Нямдорж гишүүнтэй иймэрхүү утгатай маргаан хийснийг санаад байна…

-УИХ-ын зарим гишүүд өөрсдийгөө улсын эзэн болсон шиг санаад байх шиг байдаг юм. Хуучин Улс төрийн товчоо гээд есөн хаантай байсан бол одоо 76 эзэнтэй болсон юм уу даа. Уучлаарай, УИХ-ын гишүүд бол иргэдийг төрд төлөөлөх зарц байх ёстой юм. Дарга биш зарц нар. Ц.Нямдорж “төрөө дээдэл, төрөө шүтдэг ард түмэн бий” гээд байдаг. Цаад утгаараа өөрийгөө л шүт гээд байгаа санаа юм уу даа. Надад тэгж санагддаг. Гэтэл иргэндээ үйлчилдэггүй, иргэнээ хүндэтгэдэггүй төрийг шүтээд яах юм бэ. Иргэнээ хуурч мэхэлдэг төрөөр золигоо хийх вэ дээ.

-Сүүлийн үед Засгийн газрыг унана, дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэсэн таамаглал их явж байна л даа. Энэ хэр ортой бол?

-Засгийн газрыг унагах яриа гарах нь сайн юманд хүргэхгүй ээ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байдаг үнэн л дээ. Ингэж үе, үе Засгийн газрыг унагах тухай яриа гаргаж, Ерөнхий сайд хэн болох вэ гэцгээж байгаа нь нөгөө л эрх мэдэлтэнд үйлчилдэг төрд дараагийн ээлжийн дарга, үйлчилгээг нь авахаар дугаарлагсдын оролдлого идэвхжсэнийх байх. Түүнээс биш мундаг Ерөнхий сайд болоод бодлого гаргаж хэрэгжүүлье гэсэн нь юу л бол. Гэхдээ ийм юм байдаггүй юм, тийм хөтөлбөр ч байхгүй.

-Таны нэр Ерөнхий сайд болох хүмүүсийн дунд яригдаж байна лээ?

-Би Улаанбаатар хотоо зорьж байгаа шигээ хөгжүүлмээр байна. Нийслэлээ Сөүл шиг ч юм уу нэг сайхан хот болгочихмоор байна. Гэр хороололд шинэ сайхан Улаанбаатар хот сүндэрлүүлэхийг харах гээд завгүй байна, би. Миний хүсэл мөрөөдөл ердөө л энэ. Сөүлийн Хан мөрнөөс урагш хэсэг нь ерээд оноос өмнө манай гэр хороолол шиг байсан юм билээ. Тэгээд иргэд нь газраараа хоршиход банкууд нь зээл өгч, шинэ цагийн Сөүлийн өнгө төрх бий болсон байдаг. Нөгөө Ганнам дүүрэг тэгж л гэр хороололд боссон байдаг. Түүн шиг манай Баянхошуу яагаад тийм Ганнам болж болохгүй гэж. Уулс дундаа, тийм гоё байгальтай. Чингэлтэй яагаад Саппоро шиг болдоггүй юм. Бүрэн боломжтой. Иргэдэд зээлийг нь өгчихөд ганц зуны дотор хотхоноо барьчихна даа. Иргэд өөрсдөө дандаа ухаалаг шийдвэрээ гаргаж байдаг. Ногоон хөгжил гэж яриад байлтгүй хүмүүс приус машинаа худалдаж аваад унаж байна шүү дээ. Шинэ Улаанбаатараа гэр хороололдоо босгох нь, метрогоо барих нь миний мөрөөдөл болохоос юун Ерөнхий сайд, юун Ерөнхийлөгч.

-Хэдийгээр та 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн ч яригдаад л байдаг сэдэв. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юу?

-Дахиад л хэлье. Би өөр мөрөөдөлтэй. Ерөнхийлөгч гэдэг жижиг албан тушаал дээр очихгүй ээ. Ийм жижиг албан тушаал сонирхдог хүн би биш. Байн байн асуугаад байдаг болохоор ингэж л хариулъя даа. Надад илүү том мөрөөдөл байна.

-Метро гэснээс хэдийд баригдах бол?

-Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарчихсан. Японы тал бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн байдаг. Гэтэл Засгийн газрын түвшинд жаахан дэмжлэг тааруухан байна даа.

-Та чинь Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байвал гарч ирээд шүүмжилчихдэг биз дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гэрээ хийлээ гээд шүүмжилж байсан. Одоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг шүүмжлэх зүйл алга уу?

-Би хувь хүнийхээ хувьд Ч.Сайханбилэгт сайнаар ханддаг юм. Өөрөө хувийн менежмент сайтай, асуудлыг дандаа эв дүйгээр шийдэх гэж оролддог. Түүнээс сайн үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг би байнга ярьж явдаг. Мэдээж, шүүмжлэх зүйл гарвал хэлэлгүй л яахав. Манай нам шилэн нам гэдгийг баахан ярьсан даа. Хэн нэг нь үнэхээр буруу зүйл хийсэн бол хэлээд, шүүмжлээд гараад ирдэг. Шаардлагатай бол тэмцэл ч хийдэг. Энэ мэт ажлын төлөөх маргаан бол хагарал биш. Харин ажлаа улам сайжруулах оролдлого байдаг.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та хоёр нэг ангийнх байх аа. Та түүнийг тэгж шүүмжилснийхээ дараа ойлголцсон уу, ер нь ажил хэргийн маргаан гэдгийг хүмүүс хэр ойлгодог бол?

-Н.Алтанхуяг намын эрх мэдэл рүү шууд халдсан учраас шүүмжилсэн юм. Сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэхээ мэддэг намын дээд эрх мэдлийн өмнүүр орж, Н.Энхбаяртай нийлээд тойрог хуваасанд дургүйцсэн. МАХН бол Н.Энхбаяр гэдэг хүний хувийн өмчийн нам байж болно. Харин АН бол тийм биш. Иймээс хэлэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ манай намынхны онцлог учраас нэг нь шүүмжлээд гараад ирэхэд бүгд ойлгож хүлээж авдаг байх.

-Таны ярианаас ардчиллын нэр хүнд унаж яваад ихэд бухимдаж байгаа нь анзаарагдлаа…

-Өмнө ч хэлсэн. Одоо ч хэлье. Дарга нарыг шүтсэн энэ тогтолцооноосоо салахгүй удаан явбал дарга шүтсэн мафийн төр бий болох аюул байдаг. Одоо л бид үүнийг ойлгож зогсоохгүй бол тэр бүгдийн ард ардчилал маань амь тавих гээд байна. Ардчиллаа аварч үлдэхийн төлөө би бүгдийг хийхэд бэлэн. Н.Энхбаярын нам, тэдний байдлыг харахад даргад үйлчилдэг тогтолцооны тод жишээ шууд харагдана. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, хэрэв жирийн иргэн ял авч, хэрэгт буруутгагдсан бол ингээд зүгээр явж байх юм уу. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хамаа алга. Үнэндээ шүүхийн шийдвэр гараагүй байхад Н.Энхбаяр руу дайрч, барьж, хориход нь “Ингэж болохгүй” гэдгийг би хэлж байлаа. Уучлаарай, харин одоо өөр. Шүүхээс шийдвэр нь гарсан. Н.Энхбаяр хоригдох ялтай хүн. Гэтэл Төрийн ордонд Засгийн газрын асуудал шийднэ гээд явж байна шүү дээ. Үнэхээр хуулиас гадуур хүн юм. Даргад үйлчилдэг төр байгаагийн илрэл энэ юм биш үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.БАТ-ҮҮЛ: Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг

-Хотын даргатай уулзаж байгаагийнх ярилцлага маань нийслэл хоттой холбоотой сэдвээр эхлэх ёстой байх. Гэхдээ тантай илүү өргөн хүрээнд ярилцах хүсэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар гэр хорооллын барилгажилт танай багийн гол барьж гарч ирсэн туг нь байсан. Энэ ажил хэр явж байна даа. Одоо сонгууль ч дөхлөө. Үүнийг бид бүтээлээ гээд харуулах зүйл хэр байгаа вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хариуцсан хороог Д.Баттулга даргалж байгаа. Гүйцэтгэх удирдлагыг нь миний орлогч дарга С.Очирбат хариуцаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүмүүсийнхээ хийсэн ажилд дүн тавь гэвэл би онц дүн тавина. Үнэндээ гэр хорооллын дахин төлөвлөлт бол хэн хүний хэрээс хэтэрсэн ажил юм шүү. Энэ бол яах ийхийн зуургүй амархан бүтээд, нүдэн дээр босоод байдаггүй. Японд гэхэд 6.7 га газар дээр дахин төлөвлөлт хийх гэж 16 жилийг зарцуулсан байдаг. Газрынхаа эзэдтэй хөрөнгө оруулагч тал нь тохироход 12 жилийг зарцуулж, үлдсэн дөрвөн жилд нь барилгажилтаа хийсэн байх жишээтэй. Сөүлд гэхэд ийм ажилд таваас доошгүй жил зарцуулдаг гэдэг. Үүн­тэй манай хоёр даргын хийсэн ажлыг харьцуулаад үзэхээр үнэхээр хурдтай, дээ­рээс нь сайн байгаа юм. Улаан­баатарын гэр хорооллыг дахин төлөвлөх энэ ажлын дундуур МАН-ын Д.Сумьяабазар орж ирээд, гутаах гэж хичнээн оролдов доо. Ажил урагшилж байхад голоор нь их муухай хор гүйлгэсэн. Уг нь газрын эзэн, бизнесийн байгууллага хоорондын тохиролцоо явж байхад хэн ч дундуур нь орох ёсгүй юм. Нарантуул зах дээр хоёр хүн наймаа хийж байхад хажуугаас нь Д.Сумьяабазар ч юм уу, МАН ч юм уу гүйж ороод байвал утгагүй шүү дээ. Нэг нь газраа үнэтэй өгөх гээд, нөгөөх нь хямд авчих гээд аль аль тал нь сэтгэл хангалуун үлдэхэд амаргүй ийм наймааг хөндлөнгөөс хэн нэгэн үймүүлэх эрхгүй юм. Наймаа тохирч байгаа хүмүүс өөрсдөө л шийдэх асуудал.

-Тэр олон хүнтэй тохиролцож, газрыг нь аваад байшин барина гэдэг ихээхэн эрсдэл дагуулсан, хөдөлмөр зарцуулсан ажил байх шүү?

-Та бүхэн санаж байгаа бол анхны санаа маань иргэд хамар хашаагаараа хоршиж, газраа барьцаалж зээл аваад газар дээрээ байшин барих тухай байлаа. Гэхдээ тэр үед газрын үнэ үнэхээр бага. Баянхошуунд гэхэд 5-8 сая төгрөг, Дамбадаржаад 2-5 сая гэх жишээтэй л байсан. Газар өөрөө барьцаалбар болох чадваргүй байлаа. Тэгэхээр нь компаниудыг өнөөдөр хэрэгжиж байгаа хэлбэрийн дахин төлөвлөлтийн ажил руу уриалаад оруулсан. Үнэндээ ч компаниуд маш их эрсдэл хүлээж үүн рүү орсон. Тооцоогүй уруу татагдаад орсон гэнэн компаниуд ч бий. Нэгжийн талбар дээр тэдний газар ч байхгүй, нэг газрын эзэн өөр юм хэлээд суухад л ихээхэн эрсдэл хүлээхээр ийм ажил руу тэр компаниуд орчихсон. Харин тэдний харанхуй эр зоригийн үр дүнд нь газрын үнэ эрс өссөн юм. Байршлаасаа шалтгаалаад янз янз байгаа ч зарим газар 250 сая ч гэж байна, зарим нь 80 саяар яригдаж байна. 20-30 саяын ч газар байгаа. Ямар ч байсан барьцаа болох боломжгүй байсан газруудын үнэ дунджаар 10 дахин өссөн юм. Өнөөдөр иргэд тэр бүр газраа зарах бодолгүй хүлээзнэж байгаа нь үнэ цэн нь өссөнийх. Харин одоо анх ярьж байсан ажлаа хэрэгжүүлэх боломжтой болж байна. Чингэлтэй дүүрэгт есөн айл газраа нийлүүлээд тэндээ 56 айлын орон сууц барих гэж байна. Есөн айл нь байрандаа ороод үлдсэнээ зарах нь байна шүү дээ. Ийм боломж бий болж байна. Санаанд нь буухгүй байсан зүйлс эхнээсээ биелж байна.

-Үнэндээ ч анх сонгуулиар ярьж байхад үнэмшилгүй санагдаж байсан л даа?

-Хүмүүс их энгийн асуултыг өөрсдөдөө тавьдаггүй юм. Өөр нэг хувийн компани Яармагт газар аваад барилга барьж болдог, харин бид яагаад газар дээрээ хотхон байгуулаад орж болдоггүй юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьж чаддаггүй. Том компанийн ажил нь өөдрөг байж болдог, харин биднийх ийм уруу дорой байна гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг. Би анх үүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулах гэж үсэрч дэвхцэхээс наагуур зүйл болж байлаа шүү дээ. Угаасаа миний ярьж байгааг эхэндээ хүмүүс хүлээж авдаггүй, үнэмшдэггүйд нь сурчихсан юм. Анх монгол хүнийг гадаадад зорчих чөлөөт паспорттой болгоно гэхэд гайхаж, малыг малчдад өгнө гэхэд галзуу солиотой зүйл ярилаа гэдэг байлаа. Гэвч биеллээ олсон, хэнд ч гайхам сонин байхаа больж. Одоо газраа барьцаалж зээл аваад байшингаа барих боломжтой болж байна.

-Тэгэхээр яг хэдийд шийдэгдэнэ гэсэн үг үү. Хэдийгээр явц нь удаан байдаг гэж байгаа ч нэг багцаа хэрэгтэй байна л даа?

-Одоо бид Азийн хөгжлийн банкнаас эхлээд банкуудтай ид ярьж байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар урьдчилсан байдлаар ярьж байна. Зээл өгч байгаа талд алдах зүйл юу ч байхгүй. Хэрэв зээлээ өгч чадахгүй байвал тэр 56 айлын орон сууцыг нь авна л гэсэн үг ш дээ. Алдах юм огт байхгүй. Гэхдээ иргэд маань үүнийг хүлээгээд суулгүй яаж хоршихоо тохирч, байшингийнхаа эскизээс эхлээд ажлын зураг гаргах том ажлуудаа хийх нь чухал байна. Энэ бүгдийгээ биднийг хүлээлгүй зэрэгцүүлээд хийж байгаарай гэдгийг иргэддээ хэлээд байгаа юм. Сан байгуулахаар л эхэлнэ гээд хойш суувал оройтно шүү.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хотын удирдлагууд мөнгө угааж байна гэдэг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд барилгын компаниуд хөрөнгө мөнгө байхгүйгээс ажил зогсчихоод байна. Өнөөдөр угаалгаад байх мөнгө хаана ч байхгүй. Дээрээс нь тэнд шийдвэрийг дарга нар биш иргэд гаргадаг. Би энэ асуудлыг нугалж авч яваа орлогч дарга С.Очирбатдаа байнга хэлдэг юм. Хэрэв энэ мэт яриа хөөрөө гарах юм бол шууд шүүх хяналтын байгууллагад хандаж учрыг нь олуул аа. Энэ бол чиний ч асуудал биш гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг том бодлогыг гутааж байгаа хэрэг юм шүү гэж. Та нар анзаарч байгаа байх. Өмнө нь МАН хэзээ ч ингэж аль нэг хүний, хүчний эсрэг улайрч тэмцэж байгаагүй. Гэтэл одоо шатаж байна шүү дээ. Үнэхээр атаархаж хорсч байна. Учир нь тэднээс нийслэлчүүд “Та нар урьд нь асуудлуудыг яагаад ингэж шийдэж байгаагүй юм бэ” гэдэг асуулт тавивал юу гэхээ мэдэхгүй улалзах учраас өнөөдөр бидний хийж байгааг юу ч байсан хамаагүй гутаан доромжилж байна. Тэр асуулт Ардын намынхны хувьд хамгийн хүнд тусах, сэтгэл өвтгөсөн тулгалт юм.

МАН-ынхны шээс нь гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна

-Танай нам засаглаж байгаа сүүлийн гурван жил гаруйн хугацааг эс тооцвол нийслэлийг дандаа МАН-ынхан удирдаж байсан юм байна шүү?

-МАН-ынхан ерэн жилийн турш нийслэлийг удирдаж байлаа шүү дээ. Бид засаглаж байх хугацаандаа зам барих дээд амжилтыг тогтоолоо. Хүй долоон худгийн 8.2 км замыг 22 хоногийн дотор тавьсан. Социализмын үед ч ингэж хийж байгаагүй. Замынхандаа хандаж “Та нар рекорд тогтоолоо доо” гэхэд “Эвдэнэ ээ” л гэцгээж байсан. Одоо зуслангийн дөрвөн урсгалтай том хэмжээний замыг хоёр сар гаруйн хугацаанд тавьж байна. Үнэхээр тэд өнгөрсөн хугацаанд замын салбарт гарсан амжилтыг эвдэж байгаа нь энэ. Хүмүүс энэ бүгдийг нүдээрээ харж байна, бас хийж болдог л байсан юм байна гэж өөр хоорондоо ярилцаж байна. Нийтийн тээвэр хуучин ямар байсан билээ дээ. Одоо хүмүүс хэн нэгэнд загнуулж, чимхүүлэлгүй, урд хаалгаараа ороод хойд хаалгаараа буудаг соёлтой үйлчилгээг авч байна. Смарт картыг хэрэглээнээс нь авч хаях боломжгүйгээр бид соёлтой үйлчилгээнд дасал болж байна. Сүлжээ төлөвлөлтөө өөрчилснөөр захын хороолол руу автобус хүрдэггүй байсан бол одоо очдог боллоо. Ингэж хүн ачдаг байсан нийтийн тээврийг хүнд үйлчилдэг нийтийн тээвэр болгон шинэчилж байна. Тийм учраас л энэ бүгдийг өмнө нь яагаад хийж болоогүй юм бэ гэдгийг МАН-ынхнаас асуухаар шээс нь гоожихоо алдахдаа сөрөг мэдээлэл, элдэв гүжир гүтгэлэг цацаад амь тэмцэж байна. Сая цас ордог өдөр автобусныхан урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ажил хаяхад МАН-ын төлөөлөгч нөхөр дунд нь хутгаад л гүйж байсан. Тэр нөхөр бусдад ямар хохирол учрах вэ гэдгийг боддог байгаа даа. Тэр хүн өөрөө өмнө нь нийтийн тээвэрт байсан. Тэр үедээ нийтийн тээврийг сайжруулахгүй яасан юм, хэн гарыг нь барьж хориод байсан юм бэ. Гэтэл одоо иргэдээ бодохгүй, өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө бусдыг хохироож байна. Ийм хүмүүс байгаа нь харамсалтай.

-Шинэчлэл хийж байгаа нь сайн ч автобусанд дамжин суух хүмүүст үзүүлэх хөнгөлөлтийн асуудлыг түргэн шийдэхгүй байгаагаас чирэгдэл учруулж байна. Эсвэл шинээр оруулж ирсэн урт автобус нь салаад уналаа гэх мэтийн жижиг зүйлүүдээс болоод том ажлууд чинь унаад байгаа юм биш үү?

-Энэ бол жижиг зүйлээс болж унаад байгаа юм биш л дээ. Зүгээр зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн улмаас тэгж ойлгогдоход хүрээд байгаа юм. Нөгөө оруулж ирсэн урт автобус нь салаад, хуваагдаад унаж гэнэ гэдэг цуурхал сошиалаар дүүрэн явсан. Энэ бол огт үндэслэлгүй гүтгэлэг. Өөр улс оронд байсан бол бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан хэргээр Беларуссын талд бид төлбөр төлөхөөр болчихсон байгаа. Хорлоод ч байгаа юм шиг, тоглоод, шоглоод ч байгаа юм шиг үнэндээ байж суух газраа олохгүй л байх шиг, Ардын намынхан. Бид анхнаасаа хагас цагийн дотор дараагийн автобусанд шилжиж суухад үнэгүй зорчих нөхцөлийг судална гэдгээ хэлсэн шүү дээ. Эхлээд шинэ сүлжээндээ шилжих хэрэгтэй, тэгээд нэгээс нөгөө рүү шилжин сууж байгаа хүмүүсийн тоо хэмжээг гаргаж, хэр хэмжээний төсөв хэрэгтэй байгаа судалгааг гаргах ёстой болно. Ийм нэг хүлээх үе байна шүү гэдгийг анхнаас нь хэлж байсан. Одоо тооцоогоо нягтлаад бид ажиллаад байж байна. Хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах юм бол түгжрэл байхгүй болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Дэлхийд түгжрэлийн эсрэг цорын ганц арга хэмжээ бол нийтийн тээврийн үйлчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр аль болох бага төлбөртэй байх нь чухал.

Манай нийгэмд дарга нарт л асуудал байна

-Хоттой холбоотой танд тавих асуултууд байна аа. Гэхдээ одоо өөр асуулт асуумаар байна. Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон хүний тань хувьд, ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцэгч, энэ нэрийг тэгтэл хамгаалж хайрладаг хүний тань хувьд ардчилал маань юу болчихоод байна вэ. Ардчиллын нэр хүнд, мөн чанар хааччихаа вэ гэж асуумаар байна?

-Ардчилал маань өнөөдөр юу болчихоод байна вэ, бид цаашид ардчиллыг авч явж чадах уу гэдэг нь бидний ярих сэдэв мөн. Эртний их сэтгэгч Платон гэхэд ардчиллын өөрийнх нь мөн чанарын талаар тэртээ олон зуун жилийн өмнө хэлж байжээ. Тэрбээр ардчиллын нэг гажиг бол сонгогчид хэнийг сонгоно түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Сонгогчид хулгайч, луйварчныг сонгосон бол түүнийхээр л явахаас аргагүй гэдгийг хэлж байжээ. Өнөөдрийн хувьд манай ардчилалд яг тэр гажиг нь илэрчихээд байна. Хуучин бид төр нэрийн дор дарга нарын эрх ашигт үйлчилдэг тэр нийгмийг буруутгаж тэмцэж байсан. Тэгээд ардчилсан хувьсгал хийж тэр болгоныг өөрчилж байлаа. Гэтэл өнөөдөр эргээд л дарга нарын төлөө үйлчилдэг тийм төртэй болчихлоо. Одоо хэн бүхэн дарга болно л гэдэг болсон. Нэг үгээр хэлбэл дарга болох дуртай синдром бий болчихсон. Гэхдээ тэр үеийн дарга нараас илүү муухай жигшүүртэй нь юу гээч. Тэр үеийн дарга нар одоогийнх шиг бизнестэй байгаагүй, төрийн нэрээр хувийнхаа бизнесийг явуулдаггүй байсан юм. Энэ байдлаас болж ардчилал үзэшгүй, ой гутам төрхтэй болж байна.

Барилгын компаниудад дарга нар газрыг нь өгөөд тэд байшин бариад орлого олж болоод байдаг. Энгийн иргэд нь болохоор болдоггүй. Ийм алагчлал гэж байж болох уу. Ингэж ардчиллыг зэрэмдэглэж болох уу. Компанид өгдөг эрхийг нь тэр иргэнд өг л дөө. Үнэндээ манай нийгэмд дарга нарт асуудал нь байна. Ийм дарга нар ардчиллыг гутаагаад хаячихлаа. Элий балай болгочихлоо. Одоо хүмүүс ардчиллыг үзэн ядаж, ардчиллын эсрэг асар том хөдөлгөөн бий болох гээд байна шүү дээ.

-Төрд орж эрх мэдэлтэй болж, өөрийнхөө бизнесийг явуулдаг олон хүн байна. Тэднийг хараад ингэдэг юм байна гэсэн залуус ч цүнхийг нь бариад өөрсдийгөө бэлдээд явж байна шүү дээ…

-Нийтийн алба гэдэг нэрийг нь бодоод нэг үзээрэй. Нийтийн төлөө үйлчилнэ гэсэн үг. Гэтэл төрийн алба, өөрийгөө төр гээд бодсон хүмүүс олон байна. Дарга болоод бизнес хийгээд байх хэрэггүй. Бизнесээ хиймээр байвал албаа өгөөд хувиараа ажиллаж болно. Улс төр хүнийг их эвддэг болсон. Жинхэнэ муу хүмүүсийг үйлдвэрлэдэг газар боллоо. Хуучны цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатан үйлдвэрлэдэг болжээ. Найз нөхөд байсан хүмүүс тэнд орохоороо нэгэнтэйгээ тулалдаж эхэлнэ. Дотуур байранд боорцог булаалдаж байгаа хүүхдүүд шиг л байх юм даа. Том зорилгогүй улс төр хийж, өөрийгөө бодож байгаа хүмүүс ийм л байдаг. Юундаа ингэнэ вэ. Зөндөө л боломж өмнө чинь байна шүү дээ. Муу улстөрч, нүгэлтэй лам хоёр яг адилхан. Сахил санваар хүртчихээд нүгэл үйлдээд явдаг лам нар байдаг даа. Үүний нөгөө талд гэгээрсэн лам нийтийнхээ төлөө явах хүсэлтэй улстөрчид бас адилхан юм.

-Манайд ч нүгэлтнүүдийн тоо гэгээнтнээсээ хэдийнэ давчихсан л даа…

-Юун гэгээнтэн. Гэгээнтэн гэж байхгүй байна шүү дээ. Бүгд ардчиллыг гутаагаад амьтны элэг доог болгоод явж байна. Гэхдээ үүнд сонгогчдын хариуцлагыг салгаж ойлгохын аргагүй. Тэд л өнөөдрийн энэ хүмүүсийг сонгосон. Нутгийн минь хүү гээд л хулгайч луйварчдыг сонгочихдог энэ байдлыг Платон аль эрт хэлчихсэн юм.

Аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүйг ойлгосон

-Дарга нар эрх мэдлээ ашиглаж болохгүй, бизнес хийж болохгүй талаар та хэлсэн. Таны хүү Б.Чулуудайг аавынхаа нэр хүндийг ашиглаж барилгын бизнес хийж байна гэсэн шүүмжлэл ер тасрахгүй байгаа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Б.Чулуудайн “Гранд лайн” компанийн жишээ миний хувьд тун амаргүй жишээ юм. Хүү маань надад “Аав аа би ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Би бусдын адил бизнес хийх эрхтэй, бас аавынхаа эхлүүлж байгаа ажилд тусалмаар байна” гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил руу гадна дотнын хөрөнгө оруулагч хүмүүстэй ярьж байгаад орсон юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүү маань “Аавынхаа ажил албаас болоод бизнес хийх эрхгүй болбол хэцүү байна” гэхэд нь “Тийм ч юм уу” гэж бодсон нь миний алдаа байжээ.

Үүнийг эхлээд биш явцын дунд ойлгосон нь миний буруу. Аав нь хотын дарга байдаг, хүү нь барилга барина гэдэг ямар ч зөвтгөл байхгүй юм байна, нийгэм үүнийг ойлгохгүй юм байна гэдгийг ойлгосон. Дахин төлөвлөлтийн шалгаруулалт дээр таван компани өрсөлдөөд “Гранд лайн” шалгарсан. Уг нь энэ шалгаруулалтыг би биш газрын нэгж эзэд буюу иргэд өөрсдөө шалгаруулдаг юм ш дээ. Тэд энэ компаниар хийлгэмээр байна гээд шийдвэрээ гаргасны дараа би тэдэн дээр очоод “Шийдвэрээ өөрчилж өгөөч ээ, дахин төлөвлөлтийн ажлыг маань гутаах гээд байна” гэж хүртэл хэлэхэд тэд “Гранд лайн”-аар хийлгэнэ л гэсэн. Иргэд нь энэ компанийг сонгосон. Тиймээс би бүх үйл ажиллагаагаа ил тод байлгахыг тэднээс шаардаж, тэд ч ил тодоор ажлаа явуулсан. Үнэндээ тэр ил тод байгааг нь хэн ч сонирхдоггүй юм билээ. Харин сөрөг хүчнийхэн маань үүнийг зуудаг нохой шиг л хав зуугаад авсан. Буруу талаас нь тайлбарлаад эхлэхээр үүн шиг сонирхол татсан асуудал байхгүй болж хувирсан. Эцэстээ ашиг сонирхлын зөрчил гэдгээр ойлгогдох болсон доо.

-Эцэг хүний хамгийн их итгэх нь хүү, хүргэн хоёр гэж манай өвгөцүүл ярьдаг. Тэр утгаараа хүү тань энэ ажил руу орсныг буруутгах аргагүй мэт. Хамгийн сайн хийнэ гэж өөрөө ч бодсон байх, та ч итгэсэн байх. Гэвч болсонгүй. Хүү тань алдаа гаргав уу?

-Би алдаа гаргасан гэж хэлэхгүй. Төслийг нь харж байхад хамгийн сайн төлөвлөлт хийжээ гэдэг нь харагдаж байсан. Аавынхаа ажилд ч тусална, бизнесээ ч хийнэ гэж бодож байсан байх. Гэхдээ нэг зүйл яагаад ч байж болохгүй нь аав нь дарга байхад хүү нь бизнес хийж болохгүй юм байна. Төсөл нь сайн, алдаа гаргаагүй, гүйцэтгэл нь мундаг байсан ч гэсэн нийгмийг бурууд уруу татсан, зохисгүй зүйл юм байна гэж үзээд би хүүгээ энэ төслөөс нь татан гаргасан. Дээр хэлж байсанчлан буруу тогтолцоог зөвтгөсөн мэт харагдуулж байсан учраас би ажиллаж болохгүй гэдгийг хүүдээ хэлсэн. Үнэнийг хэлэхэд аав, хүү хоёрын хооронд бяцхан тэмцэл болсон.

-Гэхдээ таныг хотын дарга болохоос өмнө танай хүү барилга барьдаг байсан байх аа. Таныг төслөөс нь гаргасанд гомдож байгаа болов уу?

-Уг нь ч тийм. “Эрдэнийн төгөл” гээд хотхон барихад нь би газар дээрээ эзэд нь нийлж барилга барьж болох юм байна гэдгийг ойлгоод үүнийгээ сонгуульд ярьж явж байлаа. Уг нь би даргын хувьд газар өгөөгүй, хүүгийнхээ компаниар ажил хийлгэх зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв тэгсэн бол адгийн ёс зүйгүй хэрэг болох байв. Иргэд нь шийдэж, иргэд нь газар дээрээ бариулна гэсэн. Хүү ч би танаас зөвшөөрөл аваагүй, газар аваагүй гэж л байлаа.

Гомдохын тухайд бизнес хийх урмыг нь хугалсан явдал болсон байх даа.

-Туркуудын гаргаад байгаа яриа ямар учиртай юм бол доо?

-Энэ бол цэвэр Чулуудай эсвэл туркуудаас нь асуух асуулт. Хоёр талын маргаан дундаас нь би ороод ярих юм бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно. Дарга гээд юу дуртайдаа дундаас нь ороод өөрийнхөө зүгээс тайлбар өгөөд байх нь утгагүй. Хувьдаа улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн тус

Төр бизнесийг дэмжих хамгийн сайн ач тус бол ерөөсөө оролцохгүй байх явдал гэдэг. Угаасаа төр муу менежер гэдгийг бид мэддэг, их ч ярьдаг. Гэтэл ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Төрийн гар хөл оролцоод ирэхээр л зах зээлийн зарчмаараа, бизнесийн шударга өрсөлдөөнөөр явах гэж байсан салбар унаад ирэх нь бий. Монголд төрийн өмчит болон өмчийн оролцоотой 100 гаруй компани байдаг гэх. Гэхдээ дийлэнх нь ашиггүй ажилладаг хэмээх статистик нэгийг сануулна. “Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд менежментээ зөв зохион байгуулаад явж байхад төр дундуур нь орж саад болдог тохиолдол байна” хэмээн ТӨХ-ны удирдах албан тушаалтан хэвлэлд ярьжээ. Хамгийн сүүлд гэхэд л төрийн өмчийн оролцоотой махны чиглэлийн корпораци байгуулагдахаар болсон мэдээлэл хамгийн тэнэг хийгээд ухаангүй шийдвэрт тооцогдож байгаа. Энэ шийдвэр нь эрүүл зах зээлийг хүсэгч бүхэнд, үүнээс зөв үр дүн хүртэхийг хүсэгчдийг гуниглуулсан. Улс төрийн намууд нь ч үүнийг буруутгаж байгаа. Албан тушаалдаа дулдуйдан ашиг олох гэсэн эрх дархтнууд ичихгүйгээр энэ бизнест орж, хувийн хэвшлийнхнээ боомилж дуусаад дараагийнх руу шилжих байх л даа. Хувийн хэвшилд байсан болгоноо буцаад улсын мэдэлд шилжүүлснээр өнөөдөр Венесуэл улс дэлхийн доог болоод л явж байна. Үнэндээ төр аль болох бага оролцоотой байж, дангаараа хөгжих боломжийг бизнесийнхэндээ өгдөг нь олон улсад тогтсон ойлголт. Харин манайд энэ таг эсрэгээрээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд нийтийн тээврийн асуудалд төр гараа лавхан дүрснээс болж хүмүүс явгарлаа. Нийтийн тээврийн асуудал төрийн анхаарлаас гарч болохгүй чухал асуудал мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бодлогоор дэмжээд өгөхийн оронд хэрээс хэтэрч, голд нь хэт орж, дүрдээ итгэж тоглосноос өнөөдрийн байдал үүсчихээд байна.

Аравдугаар сарын 7-ны өглөө. Хүйтний ам нааш эргэснийг баталж, цас лавсан ороод хоножээ. Автобусны буудал дээр аргаа барж, эргэлдсэн хүмүүс битүү байсан. Яагаад ч юм автобуснууд явахгүй, учир начрыг нь мэдэхгүй хүмүүс нэгнээсээ лавласаар. Нийтийн тээвэрт үйлчилгээнд явдаг 1010 автобусны 600 гаруй нь эхний өдөр үйлчилгээнд гараагүй. Тэд бүгд хувийн хэвшлийн автобусууд. Төрийн мэдлийн автобусуудыг зарим чиглэлд нэмж гаргасан ч цөөхөн хэд нь юу ч болох билээ дээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниудын захирлууд нь цуглаад “Ажил хаяж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд зогсолт хийхэд хүрлээ” гэсэн тайлбарыг өгсөн. Долдугаар сарын 29-нд смарт картын үйлчилгээнд шилжсэнээсээ хойш салбараараа 10 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, түлшний мөнгөгүй болчихлоо гэж тэд ярьж байгаа юм. Тасалбар түгээгчтэй байхдаа нэг автобус цагт 34 мянган төгрөг олдог байсныг, шинэ тогтолцоонд шилжсэнээр 14800 төгрөгөөр тооцож санхүүжүүлсэн нь алдагдалтай явсаар ийм байдалд хүргэлээ гэж тэд тайлбарлаж байгаа юм.

Төрийн уурга нь урт, хуйв нь уужим байх тусмаа хувийнханд ирдэг асуудал энэ. Мэдээж, нийтийн тээвэрт шинэчлэл хийж, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх гэснийг буруутгах аргагүй. Гэхдээ хийсэн нь илүү их яршиг түвэг, чирэгдэл учруулахаар бол шинэчлэл хэрэггүй. Цаг нь болоогүй шинэчлэл хөрсөн дээрээ бэхжиж чадахгүй нь үнэн юм. Өнгөрсөн найм, есдүгээр сарын турш хүмүүс нийтийн тээврээр явахад амаргүй байгаагаа гомдоллосон. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр л байсан. Хуучин нэг автобусаар хүрдэг байсан газраа хоёр, гурав дамжиж байна. Өдөрт 1000-2000 төгрөг зарцуулдаг байсан бол 2000-4000 төгрөг боллоо гэсэн шүүмжлэл ер тасраагүй. Одоо харин нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийнхэн зогсч, зогссон шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна. Дээрээс нь ажилдаа очихдоо 500, харихдаа 500 нийлээд мянган төгрөгөөр харьчихдаг байсан нөхдүүд дамжихаас аргагүй болж, 2000 төгрөг төлөх болчихоороо төсөв нь хүндрээд эхэлчихэж байгаа юм. Тэгээд л баахан зуут шургуулж байгаа царайлаад нэг удаагаасаа 200 төгрөг хэмнэх маягаар мөнгөний зохицуулалтыг өөрсдийнхөө хэр хэрээр хийж эхэлнэ. Ядуу нийгмийн ядуу иргэдийн сэтгэлгээг хөгжингүй орны иргэдтэй харьцуулж шүүмжлээд ч яах билээ. Бас гараа болгон дээрээсээ жолооч тасалбар түгээгчидтэйгээ нийлж хэдэн цаас “гөвдөг” байдал нь хумигдаад ирсэн. Хайрцагт мөнгө хийлгэдэг болсны дараахан хайрцагнаасаа мөнгө авах гэж оролдож байгаа хоёр нөхрийн дүрс бичлэгийг цацаж, бид ч муу муухайг нь дуудаж байсан даа. Үнэндээ бидний байгаа л царай энэ. Ядуу хүмүүсийн хоногийн хоолондоо нэмэрлэхээр илүү харж, билүү долоодог зан.

Ийм хөрс суурьтай байж, тийм арга хэмжээ аваад ирэхээр аяндаа өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсч байгаа юм. Үр дүнд нь иргэд намрын жихүүнд хотоороо хөл дүүжлэх унаагүй үлдлээ. Аравдугаар сарын 7-ны өдөр ийм байсан. Аравдугаар сарын 8-ны өдөр бас тийм. Бүр дордсон нь дараагийн өдрөө үйлчилгээнд 300 хүрэхтэй үгүйтэй автобус л явсан. Үнэндээ төрд өөрийн данстай унаа нь 200 гаруйхан юм билээ. Үлдсэн 800-гаад нь хувийн хэвшлийнх. Гэтэл тэдэнтэйгээ ойлголцохгүй болоод ирэхээр дунд нь иргэд л хохирч байна. Төр засгийн томчууд маань тэднийг шалгана, барина гээд л уурлаж загнаад байгаа сурагтай. Үнэндээ төр аль болох буулгаа бага буулгаж, оролцоогоо хумьчихвал дээр байх биз ээ.

Хувийн хэвшлийнхнийг дэмжээд өгөхгүй мөртлөө шалгана, барина, хорино, данс хаана, бооно гэдэг нь эргээд л тэр зах зээлийг унагах шалтаг болж байдаг. Өнгөрсөн хавраас яригдсан илүү гүйлт тэмдэглүүлээд улсаас тэрбумаар нь шамшигдуулсан хэргийн талаар зарим хүн “Үнэндээ ганц хоёр суудлын машинд тавьж олсон илүү гүйлтийн мөнгөөр бусад зуун автобусаа ажиллуулах сэлбэг хэрэгслээ авч байдаг байхгүй юу. Бизнес хийхийн зовлонг мэдэхгүй хүмүүс барьж хорихоо юун түрүүнд бодох юм даа. Барьж хориод эхлэхээр ажиллах хүнгүй болж, тэр салбар унадаг юм даа” гэлцээд байсан билээ. Хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэвэргэх гэсэнгүй. Гэхдээ хувийн хэвшлийнхнээр төрийн ачаанаас татуулах гэж л байгаа бол савраа багахан дүр гэж хэлмээр байгаа юм.

Угаасаа төр хэзээ ч ухаалаг, сайн менежер байж чаддаггүйг дээр өгүүлсэн. Төрийн нэрээр хэн нэгний эрх ашиг үргэлж цухалзаж явдаг учраас салбараа татаад л унагачихдаг юм. Тиймээс ямар ч салбарыг өөрийнх нь жамаар явуулчихвал яаж ийгээд л зүй тогтлоо олоод явчихдаг билээ. Нийтийн тээврийн шинэчлэл, смарт карт гээд зунжин, намаржин л шуугилаа. Үр дүнд нь нийслэлийнхэн тэр аяараа гудамжны хүлээлгэнд орчихоод байна. Хүүхэд, хөгшдийн хувьд хамгийн эхний хохирогчид. Угаасаа автомашины хязгаарлалт хэвээрээ учир машинтай хүмүүс ч хохирогчдын тоонд багтана.

Тэртэй тэргүй амаргүй байгаа өнөөдрийн нөхцөлд дахиж битгий нэрвээд байгаасай гэж хүсэхээр байна. “Муу дээр муухай, улаан дээр улцан” гэгчээр чадан ядан яваа өнөөдрийн нөхцөлд төр хуруугаа боловч бага дүрээчээ. Нэрвээсэнд нь нэвт нидрүүлчих гээд байна шүү, муу сайн ард түмэн чинь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүхийн шүүх хурлаас бид юуг харав

Бидний дунд
болж байдаг үй олон үйл явдал, сураг ажгийг бид анзаарахгүй өнгөрөөж байдаг. Нийгмийг
цочирдуулж, анхаарлыг татталаа өрнөхгүй бол шүү дээ. Туркийн эрэг дээрээс олдсон
гурван настай Сири хүүгийн цогцсыг гэрэл зургийн хальсан дээр буулгаж, олон нийтийн
анхааралд хүргэснээр Европ руу үерлэсэн дүрвэгчдийн урсгал дэлхийн түүхийг өөрчлөхөд
хүргээд байна. Түүнтэй адил Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүх
хурал олон нийтэд нээлттэй хүрснээр хүмүүс хэргийн талаар өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлтээ
хийх боломжтой боллоо. Хэдийгээр хэн нэгний гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ч
хувь хүн бүр өөрийнхөө мэдлэгээр, мэдрэмжээр, ёс суртахууныхаа хэм хэмжээсээр буруу
хаана байгааг үргэлж л луужинтай яваа мэт ойлгож байдаг. Хурал олон нийтэд нээлттэй
явагдсанаар Л.Гансүхийн гэх энэ хэрэг сэжигтнээр татагдсан хүмүүсийн тухай тодорхой
ойлголттой болохоос гадна өнөөдрийн нийгмийн мөн чанар ямар байгааг, төрийн нэрийн
өмнөөс алба хашдаг тэр хүмүүсийн тухай, шүүгчид, яллагчид, аудитор, шинжээчдийн
үнэн төрх бас буруутан болоод байгаа тэр хүмүүс, тэднийг өмгөөлж байгаа хуульчид,
удирдлагаар хангасан үүргээ хүлээнэ гээд зогсч байгаа Ерөнхий сайд асан эсвэл нөхөрлөлийн
тухай олон эргэцүүллийг бидэнд үлдээж байна.

Хэвлэл мэдээлэл:
Хэвлэл мэдээлэл яагаад дөрөв дэх засаглал гэгддэг юм бэ гэдгийг энэ
удаад олон нийт бүрэн утгаар нь ойлгож чадсан байх аа. Сүүлийн үед зорилготой, үгүй
нь мэдэгдэхгүй хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндэд халдаж, энэ салбарт ажиллаж
байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хандлага ажиглагдах болсон. Харин хийсэн
ажлын үр дүн нь голдуу мэдэгдэхгүй өнгөрч, шүүмжлэлд бол давуухан өртдөг энэ салбарынхны
үйл ажиллагааны үрээр иргэд, олон нийт мэдээлэл авч, бодит байдлыг өөрийнхөөрөө
дүгнэх боломжтой боллоо. Энэ шүүх хурлыг дөрвөн өдрийн турш зай талбай, техникийн
боломждоо тааруулан үзэгчдэд хүргэж чадсан “Ea­gle”, “TV9” телевизийн хамт олонд
онцгойлон талархахаас аргагүй. Мөн онлайнаар шууд үзэх боломжийг олгосноор Монголд
хэргийг хэрхэн шүүдэг гэдгийг харьд байгаа монголчууд ч олноороо харжээ.
“Eagle”-ийнхэн мэдээлэхдээ тэдний онлайн хандалтын тоо 140000-д хүрсэн нь дээд амжилтыг
тогтоолоо гэж байсан. Шүүх хурлыг шууд дамжуулснаар иргэдийн мэдээлэл авах эрх нь
ямар нэгэн элдвийн хачир нэмэлт, тархи угаалтгүйгээр хэрэгжиж чадав.

Л.Гансүх ба бусад шүүгдэгчид: Гэм буруутайд сэжиглэгдэн жил дамнан шалгагдаж яваа хүмүүс. Гэмт
хэрэгт холбогдсон ямар ч хүн өөрийгөө хамгаалж, үгээ хэлэх эрхтэй. Л.Гансүхийн хувьд
УИХ-ын гишүүн, сөрөг хүчний бүлгийн дарга, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын
ахлах зөвлөх гээд төрийн хийгээд улс төрийн хариуцлагатай албыг хашиж ирсэн хүн.
Энгийн иргэнтэй харьцуулахад олны өмнө ярьж, бусдад өөрийгөө ойлгуулж сурсан нэгэн.
Шүүх хурал дээр тасралтгүй гурван цагаар ярьж байхыг нь харвал ажлаа мэддэг, хийснээ
бас үүрснээ мэддэг хүний чанар харагдаж байна лээ. Бас нөгөө талаас өөрийнх нь хэрэг
гэгч юу болоод байгааг мэдэж байгаа хүний хувьд хүлээцтэй бас цөхөрсөн байдал анзаарагдсан.
Тэр яллаж байгааг нь дөрвөн үндсэн хэсэгт хувааж тайлбараа тавьсан бөгөөд өөрийг
нь яллаж байгаа заалт өөрт нь огт хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн буруутгагдаад
байгаа нягтлан бодогч Мөнгөнтуяа тайлбараа хэлж зоримог дуугарсан нь олны анхаарлыг
татаж байсан. Тэрбээр “Үгсэн хуйвалдаж яллаж байгааг ойлгохгүй байна” гээд “Би цалингаа
аваад явсан нягтлан болохоос биш энэ гэрээ надад ямар хамаатай юм, надад ямар ашигтай”
юм гэж эгдүүцэж байгаагаа нуухгүй байна лээ. Үнэндээ өөрийгөө л хамгаалж тэд үг
дуугарахгүй бол шүүхийн танхимд өмгөөлөгчдөөс бусад нь бүгд л эсрэг байгаа харагдсан
шүү дээ.

Өмгөөлөгчид: Хэрэгт буруутгагдаж
буй хүмүүсийн өмгөөлөгчид өөр, өөрсдийнхөө арга барилаар асуулт тавьж тайлбар хийж
шүүх хуралд оролцож байгааг нь хүмүүс нарийн ажигласан байх аа. Аль аль нь сүрхий
улсууд юм гэж олон нийт ярилцаж байна. Мэдлэг чадвартай, эзэмшсэн мэргэжлээ өөрийн
болгон, боловсорч чадна гэдэг ямар чухлыг олон хүн энэ хурлаас ойлгосон. Өмгөөлөгч
Ц.Баасандоржийг онцлохоос аргагүй. Тэрбээр энэ салбарт орж ирээд удаагүй, харьцангүй
шинэ. Гэхдээ итгэл үнэмшлийнхээ төлөө, өөрийн үйлчлүүлэгчийн төлөө хуулиа барьж
мэтгэлцэж байгааг нь харахад бахархах сэтгэл эрхгүй төрж байна. Тэр эр зоригтой
залуу юм. Өмгөөлөгчдийн хувьд энэ салбараас, энэ тогооноос хоолоо олж иддэг хүмүүс
тул шүүгч нартай муудалцах дургүй. Бас сүүлийн үед манай өмгөөлөгч нар АТГ-ын байцаагч
нартай сөргөлдөхөөсөө эмээдэг болсон. Болж өгвөл аяар нь, эвтэй найртай явахыг хүсдэг.
Гэтэл Ц.Баасандорж гэдэг өмгөөлөгч халдаж халдаж хар халзандаа гэгчээр тэднийг улс
төрийн зорилгоор асуудалд хандаж байгааг шүүмжлэн, шүүх бүрэлдэхүүн, хурал даргалагчаас
хоёр ч удаа татгалзаад авсан. Өмнө нь цөөнгүй хурлуудыг шоронд хийдэг байлаа. Тэгэх
шаардлагатай болоод тэгдэг биз ч гэж боддог байв. Харин Л.Гансүхийн хэргийг шүүх
хурлыг шоронд хийхээр болж, үүнийг нь Ц.Баасандорж хүчтэй эсэргүүцсэнээр гэм буруутай
нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг шоронд шүүх нь буруу юм байна гэдгийг хүмүүс
илүүтэй ойлгож авсан. Түүний үйлчлүүлэгчийнхээ төлөө гэсэн итгэл үнэмшил цаашлаад
шударга ёс, хуульт нийгмийн төлөө гэсэн том үзэл санаа нь хүмүүст мэдрэгдээд байгаа
учраас олон нийт түүнд ам сайтай байгаа. Ямар сайндаа л “Ц.Баасандорж өмгөөлөгчийг
авбал алзахгүй” гэсэн яриа гарахав дээ.

Н.Алтанхуяг:
Энэ шүүх хуралд Н.Алтанхуяг гэрчээр оролцох гэнэ гэсэн яриа гармагц
олон нийтэд нэг л итгэл үнэмшил төрөхгүй байсан. Хэдийгээр Н.Алтанхуягийн өгсөн
үүрэг даалгаврыг Л.Гансүх гүйцэтгэсэн, дарга цэрэг, магадгүй найз нөхдийн харилцаа
байдаг гэж бодлоо ч төдийлөн буухгүй байлаа. Учир нь улс төр дэх уламжлалд ийм жишиг
байгаагүй юм. Шүүх хуралд нь оролцох байтугай “Би танихгүй” л гэдэг хүмүүс шүү дээ,
манай улс төрийн хүрээнийхэн. Гэвч Н.Алтанхуяг тэр ойлголтыг эвдэж чадав. Одоо
1000 найзтай байснаас нэг Н.Алтанхуяг шиг найзтай бол гэсэн яриа гарчээ. Түүнийг
эрийн хугархай гэж хэлэхээс аргагүй. Уг нь улс төрд хүнийхээ хувьд ийм хүмүүс байх
ёстой байх. Харин манайд хэлснээсээ буцдаг, нэг эрх ашиг дээрээс нөхдөөсөө урвадаг
тийм хүмүүсийг “Аргагүй ээ, улстөрч хүн” гэж зөөллөдөг болжээ. Хувь хүнийхээ хувьд
хүн болж төлөвшөөгүй хүмүүс яаж төрийг засаглаж чадах билээ. “Л.Гансүх буруугүй.
Шүүхээр бол намайг шүү” гэж зоригтой хэлж чадаж байгаа Н.Алтанхуяг найз нөхрийн
хувьд ч бас бусдад үүрэг даалгавар өгч ажил хийлгэдэг удирдагч хүнийхээ хувьд ч
өөрийгөө харууллаа. Түүн шиг хүмүүс улс төрд ч, төрийн албанд ч олон болоосой.

Шүүгчид: Шүүхийн шинэчлэл
гэж ярьсаар бас ч олон жил өнгөрчээ. Магадгүй хэлбэр талаасаа шүүх шинэчлэгдэж ирсэн
биз ээ. Цалин хөлсний хувьд тэд дундаж иргэдээсээ нэгэнт тасарсан. Бас бус хийсэн
ажлууд ч бий байх. Харин одоо агуулга нь шинэчлэгдэх ёстой болсныг Л.Гансүх нарын
гэгдэх энэ хурал баталж өглөө. Шүүхийн танхимд тэр бүрий хүмүүс очоод байдаггүй
учраас ямар орчин нөхцөлд, ямар дарамт цөхрөл дунд хурал болдгийг мэдэхгүй байх.
Эхний өдрүүдийн хуралд шүүгч, прокурорууд өдөр тутамд ямар байдгаа тэр чигээр нь
харуулсан. Шүүгч нар маань аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн тайлангаа улиралд гаргадгийг
мэдэхгүй сар бүр гаргах ёстой гэж боддог юм байна. Бас төрийн ажлыг хувийн компани
хийж болдог юм уу гэж нүдээ томруулахыг харахад юу ч гэмээр юм дээ. Хар нөмрөг өмсөөд,
алх бариад сууж байгаа шүүгч нар шүүгдэгчдийн гэм буруутайг эцэслэн шийдвэрлэдэг
болохоор хүмүүс тэдний зөв, тэдэнд итгэх ёстой гэж боддог. Гэтэл үнэндээ өөрсдөө
төлөвшиж амжсан болов уу, нөлөөнд автахгүй хөндлөнгийн байгууллага гэдгээ ойлгодог
юм болов уу гэж эргэлзлээ хэмээн ярих хүмүүс олон байсан. Прокурорууд бол төр төлөөлөн
яллаж байгаа харин шүүгч нар хөндлөнгийн төлөөлөл. Хоёр талын өмгөөлөгчид, хохирогчид,
шүүгдэгчид нарын мэдүүлэг, хоёр талын мэтгэлцээн дундаас өөрийн итгэл үнэмшил болоод
хуульд заасны дагуу тэд шийдвэрээ гаргаж, хуулийн хэллэгээр буулгах ёстой байдаг
байх. Гэвч энэ хурлаас шүүгч нар аль нэг талд нь илт давуу эрх олгож, нэгийг нь
шахамдуулж байгаа нь шууд харагдаж байлаа. Бас өөрсдөөс нь татгалзахаар зөвшөөрөхгүйгээр
үл барам өмгөөлөгчид торгуулийн шийдвэр ногдуулах юм. Тэгэхдээ цалингийн доод хэмжээг
1-4 дахин нэмэгдүүлнэ гэснийг 192 мянгаар нь биш дөрөв үржүүлж 768 мянгаар торгох
нь хойд аавын гадуурхал мэт. Эсвэл өөрсдөө хагас сардаа бараг гурван саяыг авчихдаг
болохоор дандаа өндрөөр нь боддог болчихсон ч юм уу.

Энэ хурлын
шүүгч нар ерөөсөө тогтдоггүй, тэгсэн атлаа дүү Х.Тамир нь хар тамхины хэргээр АТГ-т
шалгагдаж байгаа Х.Идэр нь татгалзуулан татгалзуулан ганцаараа үлдээд байдаг нь
анхаарал татам. Ямартай ч хурлаас ганц хоногийн өмнө шинэ шүүгчтэй болсон нь 40
хавтас 10 мянган хуудас материалыг ганцхан өдрийн дотор уншдаг супер шүүгчийг олж
харлаа гэж сошиал медиад бичигдэхэд хүргэсэн билээ. Урьд нь гэмт хэрэг хийсэн гэм
буруутай хүмүүс ял авдаг гэж бид ойлгодог байсан. Харин одоо бас тиймгүй ч байх
нь гэдгийг хүмүүс гадарладаг болчихлоо. Ингэж олны анхааралд өртөөгүй, улстөрч биш,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоогүй бусад хэргүүд яаж шийдвэрлэгдэж байсан
бол гэхээс айдас төрөх шиг.

Прокурорууд:
Тэд бол төрийн нэрийн өмнөөс гэм буруутай этгээдийг яллаж байгаа
хүмүүс. Гэхдээ яллахын тулд яллах биш, шударга үнэнээ барьдаг баймаар. Ямар ч төр
иргэнийхээ эрх ашгийг дээдлэх ёстой. Харин манай прокурорууд аль хэдийнэ яллачихаад
орж ирдэг ажээ. Уг хэргийн нэг прокурор нь АТГ-аас зарласан хурал дээр очоод суучихсан
байсан гэдгийг өмгөөлөгч нар нь онцолж байсан. Харин тэр хурал нь Н.Алтанхуягийн
Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх чуулганы хуралдааны өмнөх өдөр байсан нь
анхаарал татаж байгаа. Үнэндээ хууль, хүчнийхэн ямар нэгэн чиглэл, үүрэггүй ажилладаг
гэдэгт итгэх үндэс прокуроруудын үйлдлээс харагдахгүй байлаа.

Шинжээч, аудитор: Зүй нь шинжээч
нар бол хамгийн мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс байх ёстой болов уу. Харин уг шүүх
хурлаас учраа ч мэдэхгүй, юу ч мэдэхгүй хэдэн нөхөд байдаг юм байна гэж ойлгогдлоо.
Асуултаа ч ойлгохгүй, яриад байгаа асуудлаа ч мэдэхгүй. Ерөнхийдөө бэлдээд өгсөн
материалыг хуулаад дүгнэлт биччихсэн улс юм байна гэдэг нь ойлгогдсон. Аудитын байгууллага
нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон шууд харьяаны УИХ-ын чиглэл, үүргийн
дагуу ажиллахыг хуульд заагаад өгсөн байтал АТГ-ын хүсэлтээр шалгалт хийсэн нь буруу
болжээ. Үүнийг нь шүүгдэгчийн өмгөөлөгч байтугай шүүгч нь хүртэл хэлээд байхад Ш.Ичинхорлоо
аудитор ойлгохгүй байна лээ. Мөн АТГ-ын нягтлан бодогч-байцаагчийн дүгнэлтийг хальт,
хальт харж, “ямар мундаг юм бэ” гэж бодсоноо нуугаагүй юм. Аудитор өөрийн зүгээс
шалгалт хийгээгүй, “будаа идсэн” гэсэн асуулт ургаад ирэхэд “Өөрийнхөө хэмжээг мэдье
гэж бодсон” гэж хэлээд зогсч байх юм. Шүүхэд дуудахад ирдэггүй гэрч гэдгээрээ хүмүүсийн
сайн мэдэх болсон түүний хариулт одоо хэр олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Хохирогч,
гэрчүүд:
Үнэндээ энэ хурлын хохирогчид нь хэн байгааг ойлгож чадаагүй. АТГ-аас
хохирсон юм байна гэсэн учраас хохирогч болж орж ирсэн гэдгээ ихэнх нь хүлээсэн.
Хохирогчид нь төрийн байгууллагыг төлөөлж буй ажилтнууд. Үнэндээ төрд ийм хүмүүс
ажилладаг, төрийг төлөөлж суудаг ийм нөхдийг татвар төлөгч бид цалинжуулдаг гэхээр
уйлмаар санагдсан шүү. Гэрчүүдийн хувьд хуульд зааснаар зогсч хариулах ёстой. Бүтэн
өдөржин тэнд тэгж хүмүүсийг залхааж байгаа манай тогтолцоо бас харгис юм даа гэмээр.
Ёстой амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг үнэн юм гэж санагдсан.
Эм гаргаж ууж, нүүрээ байн байн арчих гэрч хохирогч нарыг “Дуу хоолой нь чичирч
худлаа ярьж байгаа мэт, үнэнийг хэлж байгаа бол яагаад сандраад байна” гээд жиргээчид
хэдийнэ шүүгээд эхэлсэн нь нэгийг хэлнэ.

АТГ: Энэ ер нь
ямар байгууллага яаж ажиллаад байна аа гэж олон түмэн эргэлзэж эхэллээ. Авлигатай
тэмцэж, авлигачдыг цээрлүүлэх ийм байгууллага байгуулагдахад хүмүүс баяртай байсан.
Харин энэ удаагийн хурлаас харахад бүхий л төрийн байгууллагуудад чиглэл өгч, үүрэг
даалгавар өгөөд зохиомол хэрэг үүсгэчихсэн юм биш биз гэж гайхахад хүрч байна. Л.Гансүхийн
хэрэг дээр 12 байцаагч ажилласан гэгдэж байсан. Сар бүрийн хоёр сая төгрөгийн цалинтай
гэхээр жилд зөвхөн цалиндаа 288 сая төгрөг нэмэлт зардал, унааны зардлаа нэмбэл
300 сая гарах байх. Анхандаа 3.2 тэрбумын хохиролтой гэх энэ хэргийн мөнгөн дүн
худлаа болоод явчихлаа. Жилд 10 тэрбумын төсөвтэй атлаа илрүүлж байгаа хэргийн дүн
нь бага гэж УИХ-ын гишүүд шүүмжлээд байсан. Үнэхээр ингэж их зарлага гаргадаг байгууллагынхан
яг яаж ажиллаад байна вэ. Хохирогч бол гэсэн чиглэл өгөөд, бэлэн шалгалтын дүн хуулуулж
дүгнэлт гаргуулаад явдаггүй баймаар. Тэднээс даалгавар авчихаад өмнөөс нь сөргөлдөх
төрийн албан хаагч үнэндээ байхгүй. Төрийн албанд ажилд орох, томилогдох хүмүүс
АТГ-аас тодорхойлолт авдаг болохоор сонирхлын зөрчилтэй болж таарна. Тэгэхээр “Шахалт
ирсэн гэхдээ хэн гэдгийг хэлэхгүй” гэж улаан цайм хэлээд зогсч байгаа хүмүүсийг
ойлгохоос аргагүй юм.

Өнгөрсөн
баасан гаригт завсарлага авснаар дууссан Л.Гансүх нарын хэргийг шүүх хурал өнөөдөр
үргэлжилнэ. Шүүхийн шийдвэр ингэж гарна гэж хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ яаж ч гарсан
гэлээ олон нийт нэгэнт өөр өөрсдийнхөөрөө дэнсэлж шүүчихсэн л суугаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газраа гадныханд түрээслэх нь эх оронч шийдвэр

Сүүлийн үед “Зүүн аймгийн нутгуудыг харийнханд өгөх гэж байгаа гэнэ, Халх голын сав газрыг гадаадуудад худалджээ. Монгол минь хаа байна, эх орончид хаана байна. Гадаадын гар хөл дэндлээ” гэж халагласан, улигласан ишлэлүүд энд тэндгүй харагдаж, сонстох болов. Нийгмээ түүчээлэн авч явах ёстой хэвлэл мэдээллийнхэн ч тэр, өөрсдийгөө гол мэдээлэгчид хэмээн тодотгодог сошиал медиагийнхан ч тэр.

Тэр бүгдийг харахаар зүүн аймгуудыг тэр чигт нь ухаад аваад явчих гэж ч байгаа юм шиг, бүх газрын баялаг, тарьсан тариаг цааш нь зөөчих гээд ч байх шиг ер нь улаан шороогоо тэврээд хоосон хоцрох гэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Эх орончид гэж өөрсдийгөө боддог хүмүүс энэ тухай бодохоос л өр нь өвдөж, үсээ үгтээмээр байгаа бололтой. Эх орноо худалдсан гээд Р.Бурмаа сайдыг шонд дүүжилж, шоронд хатаана гэсэн хүмүүс ч олон байна. Өнөө Р.Бурмаа сайд нь “Тэндхийн нэг сөөм ч газар солонгосчуудад байхгүй. Хятадууд, япончуудад ч тэр. Солонгосчууд манай яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээ татваргүйгээр аваад гарна гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал. Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна” гэж хариулсан байна лээ.

Хэн нэгний санаатай явуулга ч бай, өөр бусад зорилготой ч бай хамаагүй, манайхны энэ асуудалд хандаж байгаа хандлага нь нэг л биш юм аа. Монгол гэдэг чинь хууль цаазгүй орон уу, энд үйлчлэх дүрэм журам гэж байхгүй гүрэн үү. Хэн нэгэн гадаад ороод ирэхээр цөлмөх гэж байна, луйвардах гэж байна гэж харддаг маань хэрээс хэтрэх юм аа. Монголчууд 1,5 сая кв/км газар нутагтайгаараа дэлхийн гурван зуугаад улсаас 19 дүгээрт орж байна. Харин нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ айргийн тав руу ороод ирдэг. Нэг монгол хүн 0.6 км2 газарт ганцаараа байхад болохуйц өргөн уудам газар нутагтай.

Монгол нутгаараа хөндлөн гулд явж байхад дэндүү уудам, дэндүү уужим газар нутагтай гэдгээ манайхан мэдэрдэг биз ээ. Хэдэн бээрийг туулсан ч ган хийх хүн таарахгүй, хаа нэг хаягдсан мэт харагдах гэрүүд ч үзэгдэхгүй байх нь элбэг билээ. Цахилгаанаас алслагдсан, зам харгуйгаас хаягдсан хөдөөгийн тийм айлуудаар ороход цөөхөн маань буруутай ч юм шиг, том газар нутагтай нь түвэгтэй ч юм шиг санагдах нь бий. Гэтэл дэлхийн ихэнх улс орнуудад хүний гар хүрсэн нь шууд харагдах тариалангийн талбай, усан үзмийн бутнууд амьдрал тэнд л байгааг батлаад байдаг. Бас хэн нэгний хатаагаад орхисон хувцастай хэц, айлын хүүгийн унаж байгаад хаясан дугуй хүртэл үүнийг гэрчилдэг. Харин манайд зах хязгааргүй үргэлжлэх их тал, хаяа нь үл харагдах өндөр уулсын бараа баяр баяслыг төрүүлэвч тэнд амьдрал байгаа гэдгийг баталж чаддаггүй. Магадгүй тэнд хүн харагдаж, хүний гараар бүтээсэн амьдрал харагдаж байж илүү төгс төгөлдөр болдог байх.

Газрыг гадныханд өгөх гэлээ гээд шуугиад л байна. Үнэндээ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж үнэ цэн нь ирдэг болохоос өөрсдөө ч хаа нэг үзэгддэг эзэнгүй ээрэм талд ямар ч үнэ цэн байдаггүй юм. Өөрсдөө үзэгдэж нэг, ашиглаж нэг үнэ цэнийг нь гаргая гэвч дэндүү цөөхөн хүн амтай, бид. Эдийн засгийн хөгжлөөрөө, олон улсад хаалттай байдлаараа Солонгостой адил болъё гээгүй л юм бол бид газраа эргэлтэд оруулж, хэрэгцээтэй гэвэл түрээсэлж ашиглаж, орлого олох ёстой юм. Мэдээж, ийм шийдвэрийг гаргахад амаргүй. Сүргийн ойлголтыг давж шийдвэр гаргахад улс төрийн эр зориг хэрэгтэй байж таарна. Хуучны айл өрхүүдэд орон сууцыг нь хувьчилж, малыг малчдад нь өгч, өмч хувьчлалыг эхлүүлж байсан зоримог шийдвэрүүдээс ч амаргүй байж таарна. Гэхдээ хоосон хамгаалж үлдсэнээр эх оронч болчихдоггүй болохоор эх орноо хайрлах, хамгаалах гэж юуг хэлээд байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Магадгүй, газраа гадныханд өгөх нь гэж харамсаад хайрлаад байгаа тэр “эх орончид” дөрвөн уулынхаа дундаас холдож үзээгүй л байгаа. Хэрэв үзсэн бол Монгол гэж ямар уудам бас ямар эзгүйг мэднэ. Бас ямар их боломж ч бидэнд байгааг ойлгох байсан биз. Нэлээд юм үзэж, элдвийг тунгаасан ахмадын хэлснээр “Тэд энэ улс орноо улсын дайтай авч явахын тулд юу хийх хэрэгтэй талаар толгой гашилгаж ч үзээгүй, нийгмийн амьдралд ямар ч хамааралгүй явж ирсэн, боловсролын дипломтой ч хүн болохын боловсролд шамдаагүй хүмүүс байгаа даа. Учир начрыг ухаж, өөрийн гэсэн төлөвшил суусан хүмүүс үүнийг арай өөрөөр харна” гэсэн нь үнэний хувьтай биз ээ. Монголчуудын тоо гурван сая. Гурван зуун жилийн дараа өсөөд өсөөд эзгүй нутагтаа амьдарсан энэ хэвээр л байна. Гэтэл бид эзгүй уудам энэ нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ядуу зүдүүхэн амьдарч байгаа иргэдээ хүний дайтай амьдруулах бүрэн боломжтой орон. Газар түрээслэх тухай ярихаар хэн нэгэн хужаа хүрз барьж орж ирээд төмс тариад сууна гэвэл дэндүү өрөвдмөөр бодол.

Харин бид гадныханд ашиглуулж, монголчууддаа хэрэгтэй гэрээ хийвэл эзгүй газар хот тосгон босно, шинэ технологи үйлдвэрлэл нэвтэрнэ. Арга туршлага орж ирнэ. Салхинаас өөр хүрэх зүйлгүй байсан газарт амьдрал бужигнана. Энэ нь өөрөө хөгжил. Тэр газар нутаг Монголынх л байна. Монгол орон л байна. Түүнээс Япон, Солонгосынх болчихгүй. Заримдаа манайхан хуульгүй оронд амьдарч байгаа юм шиг бодох юм. Үнэндээ авлига, эрх мэдлийн далайд живчихсэн улстөрчид нь иргэдээ тэгж цөхрөхөд хүргэсэн байх ч талтай. Гэхдээ Монгол Улс өөрийн төртэй, өөрийн хуультай, өөрийн ард түмэнтэй орон болохоос живж хоцорсон эзэнгүй усан онгоц биш.

Тиймээс бид эдийн засгийн ашиг бүхий л боломжийг алдахгүй байх нь зөв юм. Мэдээж, газар нутгаа түрээслүүлж ашиглуулах гэж байгаа бол олон улсад жишиг болсон эрсдэлийн үнэлгээг маш сайн гаргах хэрэгтэй. Улс орноо эдийн засгийн ашиг орлого олохоор түрээсэлсэн орнууд байж л байдаг. Сингапур гэхэд л Английн цэргийн баазад газар нутгаа түрээслүүлээд ДНБ-ийхээ 20 хувийг олж л байсан. Гэтэл үнэндээ Сингапурт газар гэх юу байгаа билээ дээ. Өөрсдөө хуурай газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр гадаадаас элс, шороо импортолж авдаг улс. Улсынхаа зүүнээс баруун руу 50 км, урдаас хойшоо ердөө 26 км газар нутагтай. Нэг захаас нөгөө рүү нь хэдхэн минутад л оччихно. Гэтэл бид баруун аймгууд руу очих гэж 1500 км-ээс хол замыг туулж, хонон өнжин, өнжин үдлэн эзгүй талаар давхидаг шүү дээ. Банк, санхүүгийн төвийг босгож чадсан сингапурчууд тооцоо, эрсдэлийг хийж л түрээсэлсэн байж таарна аа даа. Сингапур далайд хуурай газар бий болгож газар нутгаа нэмэгдүүлэхийн тулд Индонезиэс элс, шороо худалдан авдаг. Газар шороогоо ухаад, харьд худалдлаа гээд манайхан шиг уурлах юм бол Индонезийн 250 сая хүн ам зүүн өмнөд Азийг нураачих биз ээ. Гэтэл өч төчнөөн эзэнгүй арал байгаа хойно ингэж л мөнгө олно шүү дээ гэж тэд тайлбарладаг. Олон сая амаа хоолтой байлгах гэж, мөр бүтэн явуулах гэж хийж байгаа алхам болохоос эх орондоо хайргүйдээ тэр биш байх аа. Бид өнөөдөр таван малчны өвөлжөөний газрыг хамгаалж үлдэнэ гээд тэмцээд байхаас тавиулаа, таван мянгуулаа, тавин мянгуулаа, таван саяулаа хэрхэн сайхан амьдрах талаар бодох цаг иржээ. Самрын ясаа хаа сайгүй тарааж хаячихаад миний газар, миний нутаг гэж цээжээ дэлдэх нэг хэрэг. Харин тэр сайхан нутгаа эзэнтэй, ээлтэй авч явж, хүмүүсээ жаргалтай, хүүхдүүдээ инээд хөөртэй амьдруулах нь өөр хэрэг. Монголын газар нутгийг зарах тухай, хэн нэгэн нь тэр дундаа аль нэг дарга илүү ашиг олж жаргаж суух тухай энд яриагүй байна. Бидэнд байгаа газар нутгаа ухаантайхан эдэлж, монгол хүн өлсөхгүй, зовохгүй эрүүл зөв амьдрах тухай хөндөж байна. Эргэлтэд оруулсан газар бүхэн ашиг авчирдаг гэдгийг бид түүхээс харсан. Хонконгийг хар л даа. Хэдийгээр хятадууд ашиг олохоор Сянган буюу Хонконгоо Англид өгөөгүй ч үр ашиг нь тэдэнд ирчихсэн л байдаг шүү дээ. Хятадын бараа эргэлт, том зах зээлийг өөрийн болгож авах гэж англичууд дараа нь Англи-Францын холбоотнууд Хар тамхины дайныг өдөөсөн байдаг. Сүүлдээ Манж Чин улсыг шахаанд оруулж, Нанжингийн гэрээнд зуруулснаар Сянган 100 жилээр Английн мэдэлд ирсэн. Гэхдээ гэрээ бол гэрээ гэдгээр 1997 онд Хонконг Хятадад буцаж ирэхэд англичууд соёлоо авч явж чадаагүй, санхүү эдийн засгийн гол төвийг үүрч дүүрээд явж чадаагүй. Технологи, хөгжил, иргэншил бүхий л зүйл тэнд, хятадуудад хоцорсон билээ. Макао ч адил. Тэгэхээр хүсээгүй тэд хүртэл ашгийг нь хүртсэн байхад эдийн засгийн эрсдэлээ тооцож, хууль хяналтаа бүр чангатгаж, нарийн тооцоо гаргаж чадвал бидэнд юу байна, газар л байна шүү дээ. Энэ бол хөгжлөө түргэтгэж, хоцрогдлоо арилгах боломж. Дахин хэлэхэд эх оронч гэхээр газраа хамгаалж байна гэж хоосон цэцэрхэгчдийг биш эх орноо хөгжүүлдэг, иргэнээ хайрладаг хүнийг хэлэх юм шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр Алтайн өвөрт

Амралтын эхний өдрөө л баруун тийш аянд дөрөөлөв. Аав, ээжийн уугуул аймаг сум бий ч хотод орж ирээд удсан тэднийгээ дагаад, тэгээд ч дөрвөн уулынхаа дунд төрсөн болоод ч тэр үү, ер нь уугуул суугуул нутаг ус гэж аминчирхдаггүй, очихноо ч тулсан ах дүүс үгүй хүн л дээ. Харин сүүлийн 15 жилийн хугацаанд ханиа дагаж, нутаг усанд нь очсоор өөрийгөө Ховд чигт хамааруулахнаа ч хачирхахааргүй болчихсон байж магадгүй юм. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүйн үлгэрээр хүүхнүүд хэтдээ нөхрийнхөө аймаг сумаар овоглогдох нь бий. Хоёр жилийн өмнө гэр бүлийн хүний ахан дүүс Гомбосүрэн зангийнхан ургийн баяраа хийж, нутаг орондоо шүтээн өргөж, наадам хийгээд 2015 онд болох сумынхаа 90 жилийн ойгоор бүгдээрээ ирнэ ээ гээд тараад явж байсан билээ. Цаг хугацаа ч дорхноо юм, хүүхдүүд ч хөдөө явахаа хуруу тоолоод эхлэх нь товлолт цаг дөхөөд ирснийх биз ээ. Ингээд манай гэр бүл жолоочийн хамт тавуулаа Ховд аймгийн Чандмань сумын ойн баярт оролцохоор халуу шатсан долдугаар сарын сүүлчээр нийслэл хотоосоо гарсан юм. Биднийг гардаг өдөр Улаанбаатар хотод хувин, биш ээ, торх торхоор цутгах мэт асгарсан их бороо шаагиж, хотын гудамж тэр чигтээ эзгүйрч, хүмүүс бөөн бөөнөөрөө бээвийсэн болжмор мэт борооноос нөмөрлөж зогссон сонин өдөр байлаа. Наадмын халуун өдрүүдэд хаачихаа мэдэхгүй байсан хотынхон тэр өдрөөс хойш сар шахам бороонд норсон гэж дуулдсан. Харин бид бороо шаагисан хотоосоо гарч, халуу шатсан баруун хязгаарыг зорьсоор. Уг нь Архангай аймгаар дайрч, Завханаар ороод Ховд руу дөхөх эхний хөтөлбөртэй гарсан ч түрүүлж гарсан ах дүүс маань хойд зам шавар шавхай ихтэй бас А92 бензин ч олдохгүй байна гэж мэдээлэл хүргэснээр хүргэн ах Амгалангаар толгойлуулсан манай багийнхан төв замаар явах боллоо. Айвуу тайван амарч, хоноод очноо гэсээр гурван машин ханьсан явсан нь тэр. Өвөрхангай өнгөрүүт нэг хоноод, өглөө дорхноо Баянхонгорт хүрч, Бөмбөгөр сум, Бууцагаанаар орсоор Говь-Алтайн нутаг руу ороод явчихлаа. Хоёр жилийн өмнө дайрахад шинэхэн зүссэн модны үнэр ханхийж, шинэ сум төслөөр бүтээн байгуулалт хийгдэж байсан Бууцагаан сумаар дахин дайрахад нүдэнд харагдаж гарт баригдтал шинэ сум төсөл мэдрэгдсэн нь үгүй. Ерөөсөө хэвээрээ, бүр хуучнаасаа ч дээрдээгүй юм шиг. Үгүй л байгаа даа. Энд тэндхийн гүүрнүүд эвдэрснээс зам хайж эргэлдэх машинууд харагдана. Жолоочийн маань хэлснээр тендерээр баригдаад удаагүй л гэлцэх юм.

Шаргын говь, Хүйсийн говийг машины хөгжмийн хуурцаг дахь зохиолын дуучдаа дагаж дуулсаар өнгөрөөлөө. Баянхонгорт замын гэр хоолны газарт аяга гурилтай шөл идсэнээс хойш охин бид хоёрын дотор жаахан эвгүйрхэх болсон билээ. Цуйван идсэн эрчүүд зүгээр байдаг, харин охид баахан баргардуу. Хоол хийж байгаа үйлдэл бүрийг нь хараад сууж байснаас үүдэн дотор эвгүйрхлээ гэж би дүгнэсэн бол жолооч Тайванаа ах маань хол замд дуулж, доторхоо гаргаж явдаггүй бол ингэх гээд байдаг юм гэсэн билээ. Тэгээд л номонд бичигддэг тэр говиудыг дуулж барсан нь тэр гэх үү дээ.

Хэдхэн хоногийн дараа 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Чандмань сумынхан үүднээсээ л өнгө засаад сайхан харагдана. Нутаг усандаа халуун сэтгэлтэй Д.Ганхүү, С.Гансүх нарын хүмүүс сумын угтах хүндэтгэлийн үүдийг сүндэрлүүлж аргаль,тэх өөд өөдөөс нь уулзуулан цутгасан баримал бүхий гоёмсог талбай тохижуулжээ. Үнэндээ ч Алтайн энэ л уулсад аргаль угалз, янгир тэх нь харайлддагийг мэдэх. Тэнд л чихээ хулмайлган хатирах бөхөнг олноор харж чадах билээ. Чандмань сумынхан 90 жилийн ойгоо долдугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэхээр тов тараажээ. “Сум орон нутгийн удирдлагууд энэ үүдэн дээрээ сүү хадаг барьсан Дүүриймаа нар зогсоож, нутагтаа ирж буй ах дүүсээ тосон авах гэсэн юм дуулдсан шүү. Та нар эрт ирсэн болохоор алга байна. Удахгүй угтах үйлчилгээ эхлэх байх” гэж нуг нуг хөхөрч суусан нутгийн хүний яриа үнэн байжээ. Нээрээ л наадам дөхөөд ирэхэд сум руу орох үүд талбай ихээхэн хөлтэй болж эхлэв. Сураг дуулахнээ, түрүүлж ирсэн зарим нь биднийг угтаж аваагүй гээд бяцхан тунирхаж, буцаж машинтайгаа очоод угтуулж авахуулсан гэнэ. Найрсал, хүндлэлцлийн л илэрхийлэл юм даа. Бас сум орон нутгаас өрөө байр, гэр сав боломжоороо бэлдээд нэг өрөө өгөхөд хоёр өрөө авна гэх нь ч байсан гэх. Ер нь ийм нэг яриа манайхан дунд их гардаг. Өнгөрсөн жил түгээмэл болсон сумдын 90 жилийн ойн наадмуудаар цуврал хошин шогийн ном гаргахад ч бэлэн зүйлс их сонстож байсан билээ. Харин тэр бүгдтэй харьцуулахад Чандмань сумын наадам зохион байгуулалт сайтай, дэгтэй болох шиг санагдсан. Тэгээд ч тэр олон хүнийг хэнийг нь хэн гэж хүлээж авах билээ дээ, өөрсдөө л майхан саваа авч очоод нутаг усандаа очиж, баясч бахархаж өөрсдөдөө ч, өрөөлд ч түвэг бололгүй наадаж, амраад ирж байвал зүгээр санагддаг.

Сумандаа очсон өдрөө хань маань дагуулан явж, хүүхэд байхдаа тоглож гүйсэн ширэг дэвсэг, орой дээр нь гарч ямаа харуулддаг байсан дов толгод дээрээ аваачлаа. Тэгэхдээ “Чи Урд голыг минь юу гэж хэлж байлаа” гэж байна. “Урд гол” эсээг нь хүмүүс мэдээд байх шиг байдаг. Уншсанаас л тэр биз. Урд голоо өгсч нэг, уруудаж нэг явснаар хүүрнэж хөтөлсөн зохиомжтой. Тэрхүү бүтээлээр нь Урд голыг илүүтэй мэдэх болсноор би уянгалаг тэр гол сумын хаагуур урсдаг байж болох вэ гэж олж ядаад асуухад “Яагаав, Аагаагийн гэрийн хажуугаар урсдаг даа” хэмээн хариулсан юм. Тэсэлгүй “Аль, нөгөө жижигхэн ус уу” гэж асуусныг маань марталгүй санаж явдаг байх нь шүү. Бас “Бундан зүрхний Дүмбэн”-г нь уншчихаад хаана байна гэж заалгачихаад бас алдас болсон удаатай . Ер нь хүн гэдэг нутаг усаараа тэжээгдэж, тэтгэгдэж явдаг шигээ нутаг ус, уул талаа алдаршуулж магтаж явдаг амин шүтэлцээтэй юм даа гэдгийг тэгж ойлгосон билээ. Нутаг усаа гэх чин сэтгэлд горхи булаг ч мөрөн мэт, толгод гүвээ ч оргил сүмбэрээр бодогддог нь тод ажээ. Хэрэг дээрээ ч голын эх горхи, уулын эх бэл л билээ дээ.

Харин энэ удаад амьхандаа “Намайг бас ойлгох хэрэгтэй ш дээ. Би чинь гол гэхээр Туул гол бүр багадаа Сэлбэ голыг харж өссөн болохоор тэгээд хэлчихсэн хэрэг” гэж өөрийгөө өмөөрч, дэргэдээ булагтай, ширүүхэн бас шимтэйхэн урсдаг Урд гол үнэхээр ч сайхан гол юм гэж өөртөө хүлээн зөвшөөрсөн билээ. Хүүхэд байхдаа өөр өөрийнхөөрөө оноосон хомоол усанд уралдуулж тоглодог байсан гэсэн нь одоо ч хэвээр. Харин уралдааны “морь” нь төрөл бүрийн өнгөтэй ундааны бөглөөнөөс эхлээд сонголт нь арвин болжээ. Бас гийнгоолж, хомоолон морио урагшлуулдаг байсан тэдний үе алсарч Урд голоо дагаж, онгоц уралдуулах жаалууд “Дагз минь яваад өгөөч” гэж “урам” нэмэх юм. Тэрийг нь сонсохоор твиттерийн ертөнцөд нэгнээ ац, дагзаар нь дуудах иргэншсэн ертөнцийн нөхөд санагдана. Цаг, цагийн аяс гэж энэ.

Аймгийн төвд зулай цоортол халуун төөнөж байсан бол Чандмань суманд арай сэлгээтэй ажээ. Өнөө жил бороо хуртай, байгаль дэлхийн гарц сайхан байгаа ажээ. Анх айлын бэр болоод нутагт нь ирж байхад, жигтэйхэн гантай жилүүд үргэлжилж байсныг санаж байна. Тэгэхэд нөхрийн маань өвөө буюу бидний дууддагаар хөгшин аав маань “Уг нь манай Алтай сайхан нутаг. Өнөө жил л жаахан ийм байна” гээд өөрөө буруутай юм шиг, цайруулж суусан сан. Нутаг ус нь зон олноо тэтгэдэг, тэд нь алдаршуулж, өмгөөлж өмөлздөг гэдэг л үнэн юм даа.

Чандмань сумынхан хөөмийн өлгий гэдгээрээ алдартай. Ховдын хоёр халх сумын нэг. Монголын нэртэй сайн хөөмийчид эндээс л төрж гарсан байдаг. Бас Чандмань сумаас сайн сайн бөхчүүд төрж гарсан байдаг. Ч.Бямбадорж, Ч.Батзориг заан гээд.

Ерэн жилийн ойн үзүүр түрүүнд улсын баяр наадмаар нэр нь яригддаг Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа нар үлдэж байна гэдэг нэгийг хэлнэ. Аль, аль нь энэ сумын хүүхдүүд болохоор түрүүлчих хүсэл байсан биз. Увсын наадмаар түрүүг нь авахаа шахсан Б.Пүрэвсайхан сумынхаа ойн барилдаанд түрүүлсэн билээ. Хэрэв түүнийг Увсын наадмын түрүүг авчихсан байсан бол Чандманийн наадмаар Увсын бөхчүүд бөөнөөрөө ирэх байсан биз гэсэн явган яриа энэ тэрүүгээр чих дэлсэх нь бөхөө тойрч ярьдаг монгол наадмын нэг хэсэг нь л энэ байх даа гэж бодогдуулж байлаа. Тэртээ баруун хязгаарын 1500 км-ийн зайтай газар морио уралдуулахаар Төв аймгаас морио ачаад ирсэн хүмүүс байна гэхээр манайхан ч зуны хэдэн сарыг яахын аргагүй наадаж өнгөрөөдөг улс ажээ. Чандманийн наадам эрийн хоёр наадамтай явж ирснийг нөхрийн ах дүүс болох “Цэцэгт Олхонуд” овгийнхон эрийн гурван наадам болгосон нь энэ наадмын бас нэгэн өнгө байлаа. Т.Галхүү ах маань өнгөрсөн хавраас эхлээд сур харвааны эд хэрэгсэл, нум сум яриад явсан нь учиртай байжээ. Чандмань сумын цэнгэлдэх хүрээлэн тун хөөрхөн. Эргэн тойрондоо модтой. Сумын наадмын үйл ажиллагаа сунжруухан болж, хүмүүс эхнээсээ цэнгэлдэхээ тойрон нэг нэгтэйгээ уулзалдаж хөөрөлдөх нь жинхэнэ сумын наадам гэдэг тэр ажгуу. Олон жил уулзалдаагүй хүмүүс нэгнээ харж баясч, зарим нь таньж ядан, зарим нь хэвээрээ байгаагаа ярилцана. Радио узель дээр тэдэн оны төгсөлтийнхөн тэнд уулзацгаая гэсэн зар сонсогдоно. Чухамхүү энэ л сумын наадам, тэр дундаа 90 жилийн ойгоо хийж буй сумын наадмын өнгө ажээ. Харин таних хүнгүй мань мэтийн хүргэн, бэрүүдэд цэнгэлдэхээ тойроод хэлхэлдээд байгаа нь жаахан ойлгомж муутай мэт. Тэгээд анги, ангиараа уулзалттай гээд хэдэн хүүхэд, хөгшид үлдээд бусад нь таран одох нь бүр амаргүй. Гэхдээ энэ л миний Монголын гурван зуу гаруй суманд онцлох жилүүдээр тохиодог сумын наадам билээ л. Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Чандмань сумын уугуул. Сумандаа шат шатны бүх ажлыг хийж, сумын даргаар ажиллаж байсан тэрбээр аймгаа толгойлон удирдаж байгаа. Тиймээс Чандмань сумынхан аймгийн даргатайгаа илүү хүртээмжтэй наадамласан нь энэ.

Энэ нутагт ирэх болгондоо хүн зон нь байгалийн их шалгарал дунд тэсвэр тэвчээрийг заан амьдардаг мундаг улс юм даа гэж эрхгүй бодогддог юм. Ирэх замдаа Завхан, Архангай, Өвөрхангайгаар дайрахдаа харьцуулан хараад улам бүр тэгж бодов. Өндөр уулаадаа гарч зусч, малаа дагаж тэсгим хүйтэн, аагим халууныг давна гэдэг амаргүй. Халуунаас нөмөрлөх ширхэг модыг ч тэндээс олохгүй. Түлээ түлшийг харганаар орлуулна. Гэхдээ сүрлэг их уул харж, тэр их уулсын зулай дээр нь гишгэж амьдарна гэдэг бас ховорхон заяа биз ээ. Чандмань нутгийнхан найр наадмын нарийн дэг жаягтай хүмүүс. Түүнийгээ ч нарийн чанд дагаж ирсэн уламжлалтай ажээ.

“Хоёр Алтай нутаг минь цэнхэртэн найгаад байна

Хошууны олон түмэн минь ялгамж юуны билээ” хэмээн Бумбат, Жаргалант хоёр хайрхнаа онцолж, нутгийн түмэн олныхоо эв найрыг бэлгэдэн дуулж найр наадмаа эхлүүлдэг ажээ. Бид наадмын хоёр өдрийг суман дээр өнгөрөөгөөд Дөргөн нуурын хөвөөнд амарч зугаалахаар очсон юм. Зөөлөн атлаа, эрчлэг бидрээтэй Дөргөн нуур бол гайхалтай үзэсгэлэнтэй. Ховдын холбоо гурван нуурын хамгийн жижиг нь атлаа намбалаг намуухан нь. Нууран дээр удалгүй уул өгсөх болсон нь дараагийн ажил товлогдсоных. Бага авга ахын охиныг хүн гуйж ирэхээр болсон учир ах дүүгээрээ Бумбат хайрхнаадаа өгсч, далайн түвшнээс хоёр мянган гаруй метрийн өндөрт зусланд нь очихоор болов. Бэр гуйгсад гэрээсээ шөнийн гурван цагт гарах ёстой, гэтэл айлдаа өглөөний долоон цагаас өмнө орж ирэх ёстой гэж дуулдав. Дөрөв, таван цаг явна гэж юу байхав. Хүүхэн гуйх гэж байгаа хүмүүс жалганд үүр цайтал суух нь сууж, хэвтэх нь хэвтэж байгаад зургаан цаг өнгөрөөгөөд ирчихсэнээ хожим ярьж суух. Орж гарах цагийг нарийн заадаг монгол үйл заншил гэж. Гэр нар зөв тойроод машинтай улс буух нь бэрийн гуйлгаар ирсэн хүмүүс ажээ. Найр наадмын нарийн дэг гэдгийг энд л харах шиг болсон доо. Цай цүү, идээ будаа хүртээгээд, дараа нь бүхэл мах зооглуулна, хоол барих болоогүй л гэнэ, цаад талын хүмүүс дуулах гурван дуугаа дууллаа, одоо тийм идээ будаа оруул л гэнэ. Хүргэнийх хойд голынх ажээ. Өөрөөр хэлбэл, хоёр Алтайн нэг Жаргалант хайрхнаар нутагладаг хүмүүс. Үеэл Бат-Өлзийгийн гэргий Уранчимэг бас л хойд голынх. “Тэрбээр нутаг ус руугаа хамтдаа ирээд сайхан л байдаг юм. Харин ирсэн хойноо нэг нь урд уул руугаа, нөгөө нь хойд уул руугаа явах гээд асуудал эхэлнэ дээ. Одоо манайхан тэнд хүлээсээр байгаа” гэх нь гэрийн эзнээ дагах гэргийн хүлээцтэй зангийнх байлаа. Ийнхүү жилийн гурван зуу гаруй хоног нам гүмхэн байдаг ууланд нь гурав, дөрөвхөн өдөр бужигнаж, бужигнасан гийчид буцлаа. “Та нарыг ирэхэд хичнээн сайхан, буцсаны чинь дараа эзгүйрээд амаргүй шүү” хэмээн нутгийн халамцуухан эр уйлаад байсан үнэн ажээ. Надтай адил энэ айлын бэрүүд болсон Даариймаа, Баяа хоёр бэргэн маань нулимс дуслуулсаар, “Хайртай шүү” гэж аяархан шивнэсээр үлдсэн билээ. Хоёр Алтайн өвөрт ийн ирж очсоор, очин ирсээр байх амьдрал Чандманьчуудынх аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганы өмнөх улс төр

Хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн тод байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаагаас гадна АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа”-ны гэрээ цуцлагдаж байгаа учраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгосон. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газраас хөөх тухай шийдвэр гаргаж, МАН гарсан ч болохгүй зүйлгүй гэдгээ нэгэнт мэдэгдчихсэн байгаа нөхцөлд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах зар гайхах зүйл биш байлаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга нарыг дуудаж Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирмээргүй байна гэдгээ хэлсний дараахан болж байгаагаараа анхаарал татам байсан байж болох юм. Ерөнхийдөө уг уулзалтын дараа АН-аас сонгогдсон төрийн гурван өндөрлөг нэг байр суурин дээр байж чадахгүй байна гэдэг нь харагдсан, хүмүүс ч ийм цэг дээр ирэхээр нэг нам байсан ч хагарахаас аргагүй байдаг гэдгийг урьд өмнийн улс төрийн нөхцөл байдлуудаас мэддэг болохоор төдийлөн гайхаагүй гэж болох юм. Харин одоо улс төр хэрхэн цааш өрнөх бол, зуны халуун дээр халуун болж байсан энэ сэдэв усан бороо шаагих намрын өдрүүдийг хэрхэн хөтлөх бол гэдэг нь анхаарал татаж байна.

Амралт эхэлсэн ч асуудал хэвээрээ

Ямартай ч энэ өдрүүдэд төр засгийн ажил ч, намуудын ажил ч хэсэгтээ зогсоод байна. Нэгэнт ээлжит бус хуралдааны тов гарсан учраас хаа, хаанаа амрахаар явжээ. Намуудын хувьд наадмын өмнөх бүлгийн хурлуудаа нэлээд ширүүн хийж аваад тарцгаасан сурагтай. Ээлжит бус чуулган хойшилж магад гэсэн яриа гарсан ч одоогоор баттай зүйл үгүй. Өмнөх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах захирамж гаргавал хууль бус үйлдэл болох талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Бас гишүүдээс санал асуухад ээлжит бус чуулганыг есдүгээр сард болгох хүсэлтэйгээ дийлэнх нь илэрхийлсэн дуулдсан. Гэхдээ УИХ-ын дарга наймдугаар сарын 3 гээд өдрийг товлосноор түшээд түр таран одсон билээ. АН-ын хувьд МАН-ыг Засгаас гаргах шийдвэр нь нэгэнт тодорхой болчихсон. Хэзээ ч МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулахгүй гэж байсан Н.Алтанхуягийг огцруулсны дараа Ч.Сайханбилэг МАН-аас эхлээд бүх намын төлөөллийг багтаан Шийдлийн Засгийн газраа байгуулсан юм. Харин түүний харьяалагддаг намаас МАН-ыг гэрээний амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжилж, тэднээс салах улс төрийн шийдвэр гаргасан учраас тэр тун хэцүү байдалтай байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарласан уулзалтын үеэр МАН-ын сайд нарыг огцруулахгүй гэдгээ намынхаа даргын өөдөөс харж байгаад хэлж чадлаа хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч нэгэнт галт тэрэг хөдөлчихөөд байхад юу хийж чадах нь тун эргэлзээтэй байгаа юм. Хэрэв МАН-ын сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрийнх нь асуудал яригдах учраас өөр гарц түүнд үгүй хэмээж байгаа нь үнэний ортой. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа даргадаа сайд нарынхаа асуудлыг өөрөө оруулж ирнэ гэж хэлсэн гэж дуулдлаа.

Хэрэв Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирвэл танхимын тэргүүн нь оруулж ирж байгаа асуудал учраас дорхноо шийдэгдээд явна. Өөрөө оруулж ирэхгүй бол АН-ын бүлэг буюу тус бүлгийн гишүүдээс асуудлыг өргөн барих учиртай. Энэ тохиолдолд МАН-аас Удирдах Зөвлөлөөрөө асуудлыг хэлэлцэж, цаашлаад Бага хурлаараа хэлэлцэх процедурын асуудал гарах учраас наад зах нь асуудал долоо хоногоор сунжирна. АН-ын хувьд ҮЗХ нь эрх мэдлээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн учраас Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр эцсийн болоод яваад байгаа юм билээ. МАН-ын дарга М.Энхболд Ч.Сайханбилэгийг намын гишүүдийг нь аваад явсан хүний хувьд өөрөө авчраарай гээд байсан. Хэрэв Ерөнхий сайд тэдний асуудлыг өөрийн биеэр оруулж ирвэл МАН-ынхан хариуг нь барьж түүнийг огцруулах асуудлыг ч өргөн барьж таарна. МАН-ынхны хувьд Оюутолгойгоос эхлээд асуудал зөндөө байна гээд анхааруулсаар сууж буй.

МАНЧ.Сайханбилэгийг огцруулж чадах уу?

Гэвч тэд огцруулахыг хүсэвч амаргүй нь үнэн юм. Үнэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаасаа салаад зогсох уу, бүрэн бүрэлдэхүүнээрээ унах уу гэдэг нь АН-ынхан бусад нам хүчнүүдтэй ямар тохироо хийснээс шалтгаалах билээ. МАН-ыг засгаас гарна гэхэд АН-ын дундаж гишүүдээс дутахгүй баярлаж байгаа хүмүүс “Шударга ёс эвсэл”, ИЗНН-ын гишүүд байлаа. Бас тэдэн дээр бие даагч нар ч нэмэгдэж байгаа. Хэрэв энэ бүх талуудын эрх ашгийг АН-ынхан хангаж чадвал МАН-ынхан хичнээн эсэргүүцээд парламент дээр хүчгүйднэ. Нэгэнт саналын дийлэнхийн 44+5 тэдэнд ирчих учраас МАН-ын явуулах сөрөг пи арыг эс тооцвол айх аюулгүй гэж үзэж болох юм. Гэхдээ АН-ынхан өөрсдөө нэг цул болж, нөгөөдүүлтэйгээ ч ойлголцох хэрэгтэй болж таарна.

АНзургаан сайдын ихэнхийг бусдадааөгөх төлөвлөгөөтэй

Одоогийн байдлаар АН-ын барьж байгаа тактик нь Сангийн яамыг өөрсдөө аваад бусад таван сайдын суудлыг бусад хүчнүүдэд өгчихье гэж байгаа юм билээ. Бас Шадар сайдыг аваад бусдыг нь хуваая гэсэн хувилбар ч бий. Аль болох нөгөө хэддээ сэтгэл ханамжийн баталгаа өндөр өгнө. Өөрсдийн нь Засгийн газрын хувь заяа шийдэгдэх учраас тэгж л таарах болов уу. Гэхдээ АН-ынхныг урьдчилан таамаглахад хэцүүхэн хүмүүс. Барьцгүй улсууд л даа. Намын дарга нь тэгж бодлоо гэхэд энэ удаагийн бялуунаас хувь хүртэхийг бодогсод олон байгаа. Тиймээс албан тушаал хуваах үед хэд хуваагдаж, хэд урвахыг таашгүй. “Тэгж олон суудлаа өгөх нь буруу, ЭМЯ-ыг нэг намд өмчилсөн мэт дамжуулсаар ирсэн нь бодлогын алдаа болсон, сайжирч байсан салбар МАХН-ын сайдаас сайдын хооронд муудлаа” гэх яриа ч АН-д хүчтэй сонстож байна лээ. Бас Шадар сайдыг МАХН-д өгч, Д.Тэрбишдагва боллоо гэвэл нэмж хоёр яам өгч болохгүй ч гэлцэж байгаа аж. Шинэ хуваарилалтаар МҮАН-д зүсэм томоохон ирж магадгүй. Гэхдээ М.Энхсайхан өөрөө сайд бололгүй, намынхандаа боломж өгөх саналаа хэлсэн гэх. Бие даагч гурав яаран сандран сайд болох санаагүй байгаагаа хэвлэлийн хурлаар зарласан нь учиртай. Тэднийг албан тушаалын тохироонд орчих гээд байдаг гэсэн шүүмжлэл Шинэчлэлийн Засгийн газраас эхтэй. Саяхан МАН Засгаас гарах сэдэв яригдаж эхэлснээр тэд ч муу нэр сонсч эхэлсэн. Гэхдээ тэд сайд болохгүй гэж зарласнаараа АН-тай тохирохгүй байгаа гэсэн үг биш ажээ. Харин ч ойлголцож байгаа гэх. Магадгүй бие даагчдаас Ц.Даваасүрэн сайд болох, ингэхдээ уг намд нэгмөсөн орох яриа гарахад гайхах зүйлгүй ч байж магад. Ерөнхийдөө АН-ын зүгээс тэднийг хамтарч ажиллая, бүр нэгдье гэсэн шахалтыг хийж байгаа дуулдсан. АН өөрсдийн гаргасан шийдвэрээ хүчтэй болгохын тулд бусдадаа сайн өгч, өөрсдөө татуухан үлдье гэж зорьж байгаа ч амьдрал дээр хэрхэн өрнөхийг харж л суухаас өөр үггүй.

Бас бус хувилбарууд

Улс төр яаж ч өрнөж, улсуудын сэтгэл яаж ч хувирахыг тааж хэлэхийн аргагүй билээ. АН-ынхны дотооддоо барьж байгаа бодлогоор өөрсдөөсөө хүн гаргана гэвэл УИХ-ын гаднаас, бусад намуудын хувьд УИХ дотроосоо хүн томилох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ нь УИХ дахь ирцийг баталгаажуулах үүднээс, нөгөө намуудад гаднаас хүмүүс орж ирвэл яаж самрахыг мэдэхгүй учраас чингэх бололтой. Гэхдээ зургаан сайдын суудлыг хувааж авахдаа намуудын тохироо яаж ч эргэж магад. АН-д одоо байгаа дэдүүдээ жинхэлье гэсэн хувилбар яригдсан ч дэмжлэг аваагүй дуулдсан. Дараагийн хүн өөртөө шанс гарахыг хүлээж байгаагаас ч тэр, 2016 оны сонгуулиа бодсон ч энэ хувилбар төдийлөн дэмжлэг авахгүй бололтой. Засгийн газарт зарим сайдын орон гарах, цаашлаад Засгийн газар солигдож ч магадгүй сургаар дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн таамаглал хөвөрч байгаа. Р.Амаржаргал, З.Энхболд бүр Х.Баттулгын ч гэсэн нэр дуулдсан. Р.Амаржаргалын хувьд Ч.Сайханбилэгтэй ил өрсөлдөж байсан хүний хувьд төлөвлөгөө нь өөрчлөгдсөн нь юу л бол. З.Энхболдын хувьд болохгүй гэдгээ намынхаа хүрээлэлд дуулгасан хэмээн дуулдах. Хэрэв намын дарга Ерөнхий сайд болох зарчмаар тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болохоор боллоо гэхэд УИХ-ын даргын суудал эзгүйрнэ. УИХ-ын дарга байж Засгийн газраа томилуулах учраас УИХ даргагүй болчихвол жинхэнэ парламентын хямрал гэдэг нь болох биз. Тиймээс ийм гоомой зүйлийг тэд хийхгүй. Х.Баттулгын хувьд бүлгийн хурал дээр зарим нөхөд нь түүнээс тийм санаа байгаа эсэхийг асуухад “Боль л доо” гэж хариулжээ. Уг хурал дээр Х.Баттулга Ерөнхий сайд болох, Д.Арвин сайд болох санаа өвөрлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шударга ёс” эвсэл тарвал бүлэггүй болох учраас гоомойдохгүй

МАН-ыг хөөх тухай яригдаж эхлэх үед МАН, МАХН хоёр нийлэх талаар ярьж байгаа гэнэ гэсэн яриа дуулдаж эхэлсэн. Үнэндээ энэ хоёр намыг нэгтгэх хүсэлтэй хүмүүс олон бий, доод дунд шатандаа ч энэ талаар ярилцдаг. Харин дээд түвшиндээ тэгж ойлголцох нь юу л бол. МАН-ын лидерүүд дунд Н.Энхбаяртай нэгдэхгүй гэсэн хатуу байр суурьтай хүмүүс их бий. Нөгөө талаас тэр асуудал яригдвал 2012 оны сонгуульд эвсэл болж орсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл” задрах болно. Эвсэл задарвал УИХ-д бүлэг ч байхгүй болж, тэгснээр юу болж доош ордгийн зовлонг 2004-2008 оны парламент бэлхнээ харуулсан, Н.Энхбаяр дарга ч өөрөө халуун цөмд нь байсан хүн сайн мэдэж байгаа. Нөгөө талдаа уг хоёр нам эвсэл болж орохдоо тун хатуу гэрээг хоорондоо хийсэн гэдэг. Тиймээс эвсэл задарч, МАХН, МҮАН салах асуудал байхгүй болов уу. Саяын улс төрийн үйл явдлын өрнөлөөр МАН, МАХН-ын талаас хүмүүс уулзалдаад байсан, нэгдсэн тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтаа хэрхэн хийх үү гэдгийг яриад авсан дуулдсан. Гэхдээ МАН-ын зүгээс ихэрхэж 80:20 гэсэн хувийг санал болгосноос амбицтай МАХН тэдэнтэй яриа тохироогүй гэсэн яриа ч дуулдаж байлаа.

МАН хэрхэн харагдах бол?

АН нэр муутай байна. МАН-ын нэр хүнд өссөн үү гэвэл бас тиймгүй. Олон жил эрх барьж ирсэн энэ намынхан гудамжинд гарсан хоёр жилийнхээ хугацаанд барьц алдаж, туйлдсандаа АН-ынхныг гар дэлгэнгүүт гүйгээд Засагт хамтарчихсан. Одоо тэгээд ажлаа хийж чадаагүй нэр зүүгээд хөөгдөж байгаагаар нийгэмд уншигдаж байна. Засгийн газарт хамтрахыг дэмжээгүй хүмүүс Ц.Нямдоржоос эхлээд “Тэр хэлээгүй юу” гээд намын даргаа баалаад эхлэх нь энүүхэнд болов уу. Энэ нь тэртээ тэргүй цавтаад байсан МАН-д томоохон эргэлт эхлэх шалтаг болохыг ч үгүйсгэх аргагүй. МАН-д дарга М.Энхболдынх нь тэргүүлдэг хотын фракц томоохон байр суурьтай. Энэ намд албан ёсны фракцын тогтолцоо байхгүй гэдэг ч хотын, залуучуудын, Сү.Батболдын, 50-иад оныхны гэсэн бүлэглэл байдаг нь хэнд ч ил. М.Энхболд намын эрх мэдлийг авч, Бага хурлаа бүрэлдүүлэхдээ дан өөрсдийнхнөө оруулж, нөгөөдүүлээ илт тойргийн гадна үлдээсэн нь тухайн үед багагүй шуугиан болж байсан. Хэдийгээр бусад бүлэглэлүүдээс хариу үйлдэл гаргаагүй ч хөвдөнд гал уугих шалтаг болсон юм. Харин залуучуудын фракцийг хоёр хувааснаар энэ хагарал бүр тодорхой болсон байна. Одоо МАН-д хотын бүлэглэл тэдний нөгөө талд нь бүх бүлэглэлүүд нэгджээ. Тэгэхээр МАН-ын Засгийн газраас хөөгдвөл намын их хурлыг ч хуралдуулахад хүргэхийг үгүйсгэх аргагүй. М.Энхболд намын даргын хувиар биш бүлэглэлийн даргын хувиар цөөхөн хэдхэн хүнтэй харьцаж вакумд орсон нь буруу гэх улсууд олон байна. Тэрбээр яг энэ байдлаасаа болж 2008 оны сонгуулийн өмнөхөн намын их хурлаар С.Баярт эрх мэдлээ шилжүүлэн өгч байсан билээ. М.Энхболдыг сүүлийн үед насаараа намдаа зүтгэж ирсэн лидерүүдээ сонсохгүй харин “7-гийн фракц”-ийн үгээр хөдлөх боллоо гэсэн шивнээ яриа гараад эхэлжээ. Тэрхүү “7-гийн фракц”-д нь С.Бямбацогт, Д.Сумьяабазар, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Төмөрхүү нар багтаж байгаа бөгөөд албан тушаалтай, мөнгөтэй залуучуудад ихээр найдлага тавьж байгаа нь түүний алдаа гэж буруутгагсад ч бий аж. Ямартай ч тэдний хооронд 2017 оны сонгуульд М.Энхболдыг дэмжиж нэр дэвшүүлнэ гэсэн тохироо байгаагаас 2016 оны сонгуулийг ч тоохгүй байна хэмээн намынхан нь хардаад эхэлжээ. Тэдний энэхүү тохироогоор эхний ээлжинд НАМЗХ-ны удирдлагыг авах ажиллагаа явсан гэх бөгөөд хотын намын удирдлагыг Д.Сумьябазарт шилжүүлснээр тохиролцоо үргэлжлэх сурагтай.

МАН-ын энэ мэт явдал бодитой үргэлжилж байгаа бөгөөд “Ардын хүч” нэртэй жигүүр өдөлж эхэлсэн нь ч жирийн хэрэг биш болов уу. Ямартай ч Засгийн газарт багтаад, зарим хүмүүс нь ажилтай болоод явж байсан үе өнгөрч, хөөгдсөн нэр зүүх болж магадгүй нь уугиж эхэлсэн цогийг гал болгох аюултай гэж улс төр ажиглагчид дүгнэж байна.

Ээлжит бус чуулганы өмнөх улс төрийн нөхцөл байдал ийм байна. Байдал хэрхэн өрнөх нь яриа хэлэлцээр, тохироо, талууд сэтгэл ханамж хэр үлдсэнээс шалтгаалах биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Хоёр намын үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа.

Монголчууд таныг анхны Ерөнхийлөгч маань гэж хүндэтгэн нэрийддэг. Ярилцлагынхаа эхэнд одоогийн байдлаар та яг ямар, ямар алба хашиж байгаа талаар албан ёсоор асуумаар байна?

-Би Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 2004 оноос тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ ШУТИС-ийн Геологи Уул, уурхайн сургуульд зөвлөх профессорын ажилтай. Эд бол миний үндсэн ажил. Мөн ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүний үүрэг хүлээдэг, дээрээс нь уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг. Ийм л ажлууд хийж байна даа.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд давхар хийхийг зөвшөөрдөггүй ажлууд гэж бий юу. Таны давхар хашиж байгаа энэ албуудаас Цэцийн гишүүний ажилтай чинь зөрчилдөж байгаа ажил байгаа юу?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд давхар хашихыг хориглодог албан тушаал гэж бий. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, Дээд шүүхийн шүүгч нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байж болохгүй гэсэн хязгаарлалт байдаг. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн тавдугаар заалтад Цэцийн гишүүдийг засаг захиргаа, нам, улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа мөн үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй гэсэн хязгаарлалт бий. Дээрх хуулиудад хязгаарласан ажлуудтай миний хашдаг албууд зөрчилдсөн зүйл байхгүй.

Гэхдээ та Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасныг зөрччихсөн юм биш үү?

-Өөрийн чинь асуусан хууль 2012 оны нэгдүгээр сарын 19-нд батлагдсан юм. Энэ хуулинд 2014 оны зургадугаар сарын 5-нд өөрчлөлт оруулж, 20 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гээд нэмж оруулсан байдаг.

-Тэгэхээр та “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм биш үү?

-Хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн байгааг анхаараарай. Хуульд өөрөөр заагаагүй байсан бол би зөрчсөн болж таарна. Харин Үндсэн хууль болоод Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрөөр заагаад өгчихсөн учраас энэ хуулийн зүйл заалт Цэцийн гишүүнд хамаарахгүй болж байгаа юм. Энэ бол нийтлэг хууль. Цэцийн гишүүний үйл ажиллагааг заасан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрөөр заасан байдаг тул түүнийг баримтална гэсэн үг, заагаагүй байсан бол энэ хуульд хамаарагдах байжээ гээд ойлгочиход болно. Тиймээс би хууль зөрчөөгүй.

-АТГ-аас таныг хууль зөрчсөн гэж үзсэн юм биш үү?

-АТГ энэ талаар хоёр, гурав салгаж үзсэн байна лээ. Би 2010 оноос “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд багтсан. Энэ хууль 2012 онд батлагдсан, хууль эргэн үйлчлэхгүй учраас өмнөх нь хамаагүй. Харин 2012, 2014 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах гэрээг сунгасан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэс байна гэж тэд үзсэн байна лээ. Ер нь бол энэ заалт 2014 оны зургадугаар сард нэмэгдсэн, тэгэхээр өмнөх нь хамаагүй болж таарна. Хамааралтай гэвэл 2014 оны аравдугаар сард гэрээг сунгасан явдал орж таарах ч дээр хэлснээр хууль эрх зүйн үүднээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хийж болохгүй гэсэн ажлын хязгаарлалтад ороогүй учраас би хууль зөрчөөгүй гэдгийг дахин хэлмээр байна.

-Таныг яг ямар үндэслэлээр шалгаж өгөх хүсэлтийг хаанаас АТГ-т тавьсан юм бэ. Одоо АТГ-аас танд хариуцлага тооцох хүсэлтийг Цэцийн даргад өгөх үү?

-Цэц рүү өгөхгүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд, дарга О.Баасанхүүд хариуг илгээсэн гэсэн. Ер нь бол намайг хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн, “Энержи Ресурс”-ийн Удирдах зөвлөлд ажилладаг нь хууль зөрчсөн гэж УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, “Хос дэнс” ТББ-аас шалгаж өгөх хүсэлт гаргасан. Харин шалгаад Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Нөгөө хууль зөрчсөн эсэх дээр ирүүлсэн хариуг нь би дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа шүү дээ.

-Таныг “Энержи Ресурс”-ийн удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдагийн хувьд 24 мянган ам.долларын цалин авдаг гэж хэвлэлээр нэлээд шуугисан. Та энэ талаараа ХОМ-тээ тусгасан байсан уу?

-Энэ бол цалин биш, урамшуулал юм. Жилд нэг удаа компани тайлан тооцоогоо хийж үзээд Удирдах зөвлөлийн гишүүддээ урамшуулал болгож 20 мянган ам.доллар шилжүүлдэг юм. 24 мянга гэж байгаа ч татвар энэ тэрээ аваад 20 мянган ам.доллар ирдэг. Би бүх орлогоо өөрийн Капитрон банкин дахь хадгаламжийн дансанд байгаа мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүгдийг мэдүүлсэн. Үүнийгээ ч би АТГ-т тайлбарласан. Тэд ч бүгдийг мэдүүлэгтээ дурдсаныг хүлээн зөвшөөрөөд дэлгэрэнгүй салгаад биччихвэл илүү амар байжээ гэж байсан. Миний хувьд ингэж нууж, хаагаад буяндаа бузар оруулаад байх шаардлага байхгүй. Харин зорилготой, зорилгогүй нь тодорхойгүйгээр буруу зөрүү яриад байхад нь би түргэн шалгаад олон түмэнд мэдээллийг нь өгөөсэй гэж хүсч байлаа.

-Та хөрөнгө орлогын мэдээллийг маань буруу мэдээлж, нэр хүндэд халдлаа гээд УИХ-ын дарга руу айхтар ширүүн үгтэй албан бичиг илгээсэн байгаа харагдсан. Бас уучлал гуйхгүй бол шүүхэд хандах болно гэсэн байсан. УИХ-ын дарга ч хариуг нь шуурхай өгч, твиттерээр уучлалт гуйсан харагдсан…

-Тийм ээ. Намайг хөрөнгө орлогоо нуудаг, дардаг хүн гэсэн ойлголтыг санаатайгаар нийгэмд бий болгох гээд байна уу гэж ойлгох болсон. Төрийн хариуцлагатай алба хашдаг хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг нь албан ёсоор хэвлэгдэж, олны хүртээл болчихоод байхад миний мэдүүлснээс өөрийг сайтуудаар цацаж, цаашаа телевизүүд цацаж байх жишээтэй. Нэг сайтын худал мэдээлснийг УИХ-ын дарга З.Энхболд цааш дамжуулан жиргэж, олон мянган дагагчдадаа түгээсэн тул уучлал гуйхыг шаардсан юм. Харин албан шаардлага хүргүүлсэн даруйд орой нь жиргээгээр уучлалт гуйж, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга нь орой 22 цагийн үед над руу хариу болгосон албан бичиг хүргэж өгөх гэсэн юм гээд ярьж байна лээ. Тэгээд дараа өдөр нь би хүлээж авсан.

-Таны хэр хөрөнгийг хэд гээд мэдээлсэн байсан юм бэ. Их хөрөнгөтэй гэж бичээгүй багасгаад мэдээлсэнд та бухимдаад байгаа юм уу?

-Би унаж байгаа автомашинаа зах зээлийн үнэлгээгээр нь 90 сая төгрөг гээд бичсэнийг 40 мянга гэчихэж байгаа юм. Хадгаламжинд байгаа хөрөнгийг маань хоёр сая төгрөг гээд бичсэн байх жишээтэй. Гэтэл өнөөдөр 40 мянган төгрөгийн үнэтэй ямар автомашин байх вэ дээ. Төрд насаараа ажилласан өдий насны хүн хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэж бичвэл хэн надад үнэмших вэ дээ.

-Хэд байсныг хоёр сая төгрөг болгосон гэж?

-Хоёр миллиард. Хөрөнгийг ихэсгэж, багасгахдаа биш үнэн юм үнэнээрээ байх ёстой. Өөрчилж тарааж байгааг би зорилготой гэж ойлгоод байгаа юм. Тэгээд л тэрийг нь С1, NBC1 телевизүүд нь мэдээгээрээ уншаад явчихдаг. Бас мал хуй байхгүй гэснийг 90 мянгаар үнэлэгдэх мал аж ахуйтай гэж байгаа юм. Шөлний ганц хонь зуун хэдэн мянгатай байхад намайг ингэж бичсэн гэхээр хүмүүст итгэл төрөх үү.

-Таныг төрд насаараа ажиллаад ийм хэмжээний хөрөнгө мэдүүлэхэд хүн худал хэлж байна гээд итгэхгүй гэдэг шиг хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ганц ч өнчин ишиггүй байна гэхээр харин итгэмээргүй юм. Хөдөөнийхөн чинь төрийн тэргүүндээ сүргийн дээдээсээ бариад байдаггүй бил үү?

-Юмгүй гэхээр ингээд хүмүүс итгэхгүй байгаа биз дээ. Тэгэхээр мэдүүлгийг маань багасгасныг би зорилготой гэж үзэхэд хүрээд байгаа юм л даа. Төрд 50 гаруй жил ажилласан П.Очирбат худлаа хэлж гэж хүмүүс ойлгоно оо доо. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол орныхоо 21 аймаг, хот мөн 300 гаруй сумаар нэг бус удаа очиж байсан. Төрийн тэргүүнээ яваад очихоор хүмүүс маань ч хонь, малнаасаа бэлэглэнэ. Баян-Өлгийд ч морь мал, Говийнхон хүртэл цагаан тэмээ өгч л байлаа. Тэгэхэд эзэнд нь архи, чихэр бариад морь малд нь хадаг зүүгээд ижил сүрэгт нь тавина шүү дээ. Түүнээс ямар өгсөн юм чинь гээд аваад явна гэх юм биш. Хүндэтгэл ёслолын чанартай л зүйл. Хэдийгээр надад нэрлэж өгсөн ч би аваад ирэхгүйгээс хойш надад ямар ч мал сүрэг байдаггүй юм.

-Та яаж яваад “Энержи Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болсон юм бэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Би 2010 онд энэ компанийн ТУЗ-д орсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албыг хашиж байсан хүн хаана ямар юманд орох гэж байна гэдгээ мэдэж байж л орно шүү дээ. Хуульд харшлах зүйл байгаагүй учраас энэ албанд орсон. Нэгэнт надаас дэлгэрэнгүй ярьж өгөөч гэж байгаа юм чинь би нэлээд дээрээс эхлээд ярьчихъя. Яагаад заавал “Энержи Ресурс” юм, яагаад заавал Таван толгой юм гэж. Би Таван толгойн орд газартай 1966 оноос хойш хөөцөлдөж яваа хүн. Өөрөөр хэлбэл, зарим нэг хүмүүсийг энэ хорвоод мэндлэхээс нь ч өмнө Таван толгойн асуудлыг яриад явж байсан толгой болж таарч байна аа даа. Таван толгой бол миний мэргэжлийн ажил, мэргэжлийн обьект байсан. Сургуулиа төгсөөд Таван толгойд очиж ажиллана гэж боддог байлаа шүү дээ. Ш.Цэвэлмаатайгаа гэрлэх гэж хөөцөлдөж явахдаа “Би сургуулиа төгсөөд уурхайчин болно. Увсын Хар Тарвагатай юм уу, Таван толгойн уурхайд очиж ажиллах байх. Тохилог байр сууц байхгүй цаанаас нь нэг бор гэр л өгөх байх даа” гэхэд “Хувь тавилан тиймээс хойш чадахгүй гээд яах билээ” гэж хүртэл хариулж байсан юм. Тэр үед Таван толгойн орд Үйлдвэр хоршооллын мэдэлд буюу одоогийнхоор хувийн шахуу мэдэлд байх үед бид Аж үйлдвэрийн яамны мэдэлд авахаар хөөцөлдөж байлаа. Тэрэг нүүрсийг тэмээ, малаар солих зэргээр ажил нь явдаг байхад Таван толгойг үйлдвэрлэлийн аргаар олборлоно гээд зөвшөөрөл авахаар Үйлдвэр хоршооллын газрын дарга Дэмчиг гэдэг хүн дээр ороод “Чи ямар сонин залуу вэ. Уурхай байгуулах гэж байгаа бол өөрөө байгуулна биз, хүмүүсийн барьсныг авах гэж байдаг” гээд зад загнуулаад гарч л мэдэлд авахуулахаар буруу л юм хийж явж, би. Тэгээд 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч, үйлдвэрлэлийн аргаар ашиглахаар яамны мэдэлд шилжүүлсэн юм. Тухайн үед намын том бодлогоор аж үйлдвэрийг хөгжүүлэхээр хоршооллын өмчийг бага, багаар төрийн мэдэлд шилжүүлж байсны нэг нь Таван толгой л доо. Хэзээнээс би Таван толгойг Монголын эдийн засагт том байр суурь эзлэх том орд байгаасай гэж хүссээр ирсэн. Миний судалж, үзэж харсан ч их. Үүний төлөө ч ажиллаж ирлээ. 1973 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын Нүүрсний үйлдвэрийн яамны сайд Б.Ф.Братченко манай яамны сайд М.Пэлжээ гуайтай Таван толгойн уурхайд ирэхэд би ордынхоо талаар танилцуулж, давхаргын зузаан энэ тэр гээд нарийн ширийнийг ч тайлбарлаж явсан юм. Бас Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн (ЭЗХТЗ) орнуудад Таван толгойн коксжих нүүрсний ордыг эзэмших боломжийн талаар санал тавьж байлаа.

Одоогийнхоор бол дэлхийд гаргах гээд явж байгаа нь тэр шүү дээ. 1987 онд Улаанбаатарт ЭЗХТЗ-ийн орнуудын гүйцэтгэх хорооны хурал болоход ордынхоо талаар Ю.Цэдэнбал даргаар үг хэлүүлж байлаа. 1988 онд БНАСАУ-ын дарга Ким Ир Сен ирж, Таван толгойн коксжих нүүрсийг хамтран ашиглахаар Монгол, Орос, Солонгосын талууд тохирч байсан юм. Хойд Солонгост металлургийн үйлдвэр сайн, Орост БАМ гээд бужигнаж байсан үе. Орост төмөр замын рейс хэрэгтэй, бид Солонгос руу коксжих нүүрс гаргана. Харин оросууд бидэнд мөнгийг нь өгнө. Ийм гурвалсан гэрээний талаар хүртэл ярьж байлаа. Ким Ир Сений дараа Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд нь Таван толгойн асуудлыг ярихаар тусгай онгоцоороо хүртэл ирж байв.

-Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд ямар хариу өгч байсан юм бэ?

-Бид Болгар, Унгар, Польш, Румын, Чехословак, Герман гээд бүгдэд нь хандахад Румынаас бусад нь оролцох боломжгүй гэж байсан юм. Тэд Монголоос нүүрс авахад дэндүү хол байна. Бараг алтны үнэтэй нүүрс ирэх нь гэж байлаа. Тухайн үедээ дэлхийд гаргах гээд бүтээгүй. Гэхдээ би үүнийг заавал юм болгох ёстой гэж үргэлж оролдож байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Ерөнхий сайдаар Н.Энхбаярыг ажиллаж байхад “Монгол алт” гээд үндэсний хөтөлбөр шиг нүүрсээр үндэсний хөтөлбөр гаргах санал Засгийн газарт оруулсан ч шийдэж өгөөгүй юм.

-Таван толгойн лицензийг “BHP” эзэмшиж байгаад буцаагаад өгчихсөн байх аа?

-“BHP” лицензээ буцаагаад өгчихсөн, яах нь тодорхойгүй болсон үе байлаа. Тэр үед Монголын “Майн Инфо” лицензийг нь авсан юм. Тэгэхэд би “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэгчээр үндэсний компаниуд нийлээд үүнийг юм болгоё гээд өдөөж явсан хүн. Өөрөөр хэлбэл, Таван толгойг юм болгох гээд дэлхийгээр эрээд барсангүй, Засагт хандаад хөдөлсөнгүй. Хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд консорциум байгуулж байлаа. Санаачлагчдад заримдаа ажлаа үүрч гарах үүрэг ногддог. Чанарын судалгаа, нөөц тогтоох урьдчилсан тооцоо энэ тэр гээд ажил аюулын урагшилж байтал 2008 онд улс мэдэлдээ авна гэсэн шүү дээ.

-Тэгээд Ухаа худагийг хувийн хэвшлийнхэнд үлдээсэн…

-Хувийн компаниуд хийнэ гээд явж байхад улс хийнэ гээд 96 хувийг нь төр мэдэлдээ авч, дөрвөн хувийг нь буюу 480 сая тоннын нөөцтэй Ухаа худагийн тасархай хэсгийг нь үлдээсэн. Харин улсад зургаан миллиард хэрийн нөөцтэй үлдсэн.

-Хувь эзэмшиж байсан зарим компаниуд улсад өгөөд, заримыг нь “MCS” нэгтгэж авч байсан санагдаж байна. Танд энэ орд дээр хувьцаа байдаг уу?

-Хувьцаа байсаан. Анхнаас нь үүн дээр явж байсан хүн яаж хоосон явах вэ гээд 100-гаад мянган ам.доллараар хувьцаа худалдаж авсан байсан. Харин сүүлд нь хувийнхан дөрвөн хувь дээр нь үлдэхэд “Тэнгэрийн цаг” компанитайгаа хамт хувьцаануудаа “MCS”-т худалдчихсан юм. Хоёрын хооронд цөөхөн хувьцаагаар яахав гээд худалдчихсан хэрэг. Хадгаламжинд байгаа мөнгө бол энэ хувьцаагаа зараад олсон мөнгө юм шүү дээ. Их мундаг тоо сонстоод байгаа нь хувьцаагаа зарсан доллараа монгол төгрөгөөр шилжүүлээд тэр.

-Нээрээ танд “Тэнгэрийн цаг” гээд компани байсан шүү дээ. Бас ийм нэртэй ном гаргаж байсан. Одоо танд хувийн компани байгаа юу?

-Би “Тэнгэрийн цаг” гээд компанитай, “Тэнгэрийн цаг” гээд номтой нэг хэсэг сүрхий л явлаа. Анх Жаргалантын САА-н тэнд өвс хадаж, Япон руу адууны мах гаргадаг япон бизнесменд өвсөө нийлүүлдэг байв. Сүүлдээ нөгөө япон ч компаниа хаагаад явсан, манай ажил ч тэгээд зогссон доо. “Тэнгэрийн цаг” компаниа би хувьцаатайгаа хамт зарчихсан. Одоо надад ямар ч компани байхгүй.

-Яаж яваад “Энержи Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов оо гэдэг дээр…

-Надаас илүү Таван толгойн талаар мэдэх хүн үнэндээ байхгүй. Тиймээс энэ залуучууд надад зөвлөж тусалж яваач гэсэн санал тавьсан юм. Олон улсын зах зээлд анх удаа IPO хийж гарсан шүү дээ. Ингэснээр олон улсын компани болчихож байгаа юм. Олон улсын биржийн дүрэм журмын дагуу ТУЗ-д байх есөн хүний гурав нь хараат бус, хөндлөнгийн, гүйцэтгэх эрх мэдэлгүй, хувьцаагүй хүн байх ёстой гэгддэг. Энэ хүмүүс нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахад анхаарч ажилладаг, ашиг сонирхлын зөрчилгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдоггүй байх ёстой. Тэр хүмүүсийг эндээс ч биш харин гаднаас өндөр шалгуураар шалгаж тодруулдаг. Тэгээд Монголоос манай нэртэй банкир Ж.Үнэнбат бид хоёр, Хонконгийн банкир, эдийн засагч Чан гэдэг хүн шалгарсан. Чухам нарийн шалгуураар, олон улсын шалгуурыг давж гарч ирсэн учраас бас миний хийж буй ажилтай зөрчилдөхгүй учраас би энэ албыг хаших болсон юм. Гэтэл 24 мянган ам.долларын цалин авдаг гээд л шуугиж өглөө.

-Энэ мөнгө чинь жилд нэг удаа л орж ирдэг гэсэн байх аа?

-Тийм ээ. Урамшууллын мөнгө жилдээ нэг орж ирдгийг би ХОМ-тээ дурддаг. Өнгөрсөн 2014 оны урамшууллын мөнгө одоо болтол орж ирээгүй л байгаа. Ер нь хаа, хаанаа эдийн засгийн хувьд амаргүй л байх шиг байгаа юм.

-Каймений аралд бүртгэлтэй гэгддэг нь ямар учиртай юм?

-Олон улсын компаниуд дэлхийд аль хөнгөлөлттэй нөхцөлтэй газруудад бүртгүүлэх боломжийг хайж байдгийг бид мэднэ. Татвар арай бага, нөхцөл нь хөнгөлөлттэй учраас тэгж бүртгүүлсэн болов уу. Гэхдээ “MMC” компани бол Монголын хуулийн этгээд. Монголд татвараа төлдөг компани.

-Таван толгой дээр хувь нь хувийнхаараа, улс нь улсынхаа ажлыг хийгээд явж болохгүй байсан юм уу. Одоо харахад бөөн л талцал, хуваагдал болж харагдах юм…

-Засгийн газраас тендер зарлахад Монгол, Япон, Хятадын хамтарсан консорциум орсон гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Олон улсын дүрэмд харилцан ашигтай байх нөхцөлийг давын өмнө хангасан байх ёстой. Тэр зарчмаар энэ гурван компанийн нэгдэл нэг нэгийгээ нөхөөд тун догь бүрдэл боллоо гэж харагдаж байсан. Таван толгойг овоо том маштабаар 30 сая тонн нүүрс гаргаж борлуулах нь гэхээр би үнэхээр баярлаж байлаа. Япон өөрөө коксжих нүүрс байхгүй, асар том зах зээл. Борлогдох болов уу гэж айх аюулгүй болно. Хятадууд ч дэлхийд том хөрөнгө оруулагч болсон. Энэ уурхайд япон, хятад хүн ажиллахгүй. Монголчууд ажиллана. Зах зээл, хөрөнгө, арилжаа наймаагаа хариуцаад нэг нэгийгээ сайн нөхөх нь гэж бодож байлаа. Баахан яриа хэлцэл болж, арайхийж тохироод нөгөө талаас ч хүмүүс гарын үсгээ зурахаар ирсэн байхад дундаас нь УИХ саад болоод ороод ирсэн шүү дээ.

-УИХ-ын ажлын хэсгийнхэн ашиггүй гэрээ гэж үзээд байгаа юм биш үү?

-Ер нь энэ бол УИХ-д хамаагүй ажил, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд хийгээд явчих ажил юм шүү дээ. Засгийн газрын шийдэх асуудлыг УИХ татаж аваад батлах эсэх асуудлыг шийднэ гэсэн. Сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо хаврын чуулганаар амжих юм уу мэдэхгүй юм даа. Ажлын хэсгийг нь харахад бүтэлтэй зүйл болохгүй л харагдаж байна. УИХ ч гэж, УИХ-д байгаа хэдэн гишүүн л энэ ажлыг явуулахгүй байгаа юм. Зүүн хойшоо гарах төмөр замаа Таван толгойн бүрэлдэхүүн хэсэгтээ оруул ингээд шийдвэл эрхийг Засгийн газарт өгье гэж байсан чинь одоо болохоор хойшоо чиглэсэн 1300 км замыг энэ компаниар хийлгэнэ, гуравдагч орны төлөөллийг оруулж ирнэ гэж байгаа дуулдсан. Уг нь Засгийн газар эхлээд оруулсан гэрээнийхээ хэмжээнд ажиллаад дараа дараадаа нөхцөлүүдээ хүлээж авъя гэмээр харагдах юм. Гэвч УИХ-ынхаа амыг дагаад л байх юм. Гөжөөд байлгүй харилцан дундын хувилбараа авч үзмээр байх юм даа. Үнэндээ гадны компаниудтай гэрээ хэлцэл хийхээсээ дотроо бөөн тэмцэл, бөөн наймаа. Их бүдүүлэг яривал бүдүүлэг юм зөндөө байх юм даа. Алаагүй баавгайн арьсыг хувааж авах гээд бөөн юм болж байна. Зарим нэг нь год таарчих гээд сандралдаад л. Үнэндээ тэдний нарийн ухаанд миний молхи ухаан хүрэхгүй юм даа.

-Үнэндээ таны хэлдгээр аль нь ашигтай, аль нь ашиггүй. Хэн үнэн, хэн худал хэлээд байгааг ард түмэн ялгаж байгаа юм алга. Гэхдээ олон нийт энэ дарга нар хоорондоо ойлголцохгүй байна гэдгийг мэдээд байна. Та ч бас төрийн өндөр дээд албыг хашиж байсан хүн. Таны ажиллаж байсан үеэс арга барил өөр болж уу?

-Газар тэнгэр шиг ялгаатай. Намайг Ерөнхийлөгчөөр Д.Бямбасүрэн, П.Жасрайг Ерөнхий сайдаар, Н.Багабандийг УИХ-ын даргаар ажиллаж байсан үеийнхээс тэс өөр байна. Тэр үед аль нэгээс хувь хүртэх хувийн ашиг сонирхол байгаагүй. Сүүлийн үед гарч ирээд байгаа хамгийн бузар зүйл энэ. Асар их хэмжээний мөнгө зарж, албан тушаалыг арилждаг ийм бузар үе байгаагүй юм. Одоо хувийн сонирхолгүй гишүүд гэж алга болж дээ. Шударга үнэний төлөө яваа гишүүд цөөхөн л байна. Дээдэс юу хийгээд байгаа юм бол бас л сонирхлын зөрчил байна уу, ямар нөлөөнд автаад ингээд байдаг юм, би мэдэхгүй байна.

Ямартай ч Монголын ардчиллын нэр хүндэд, эдийн засгийн ардчилалд аюул болох зүйлийг одоогийн төр засаг, намууд хийж байна. Энэ маягаараа бол Монгол Улс хөгжихгүй.УИХ эдийн засгийн ардчиллыг саатуулж байна, сааруулж байна. Таван толгой, Оюутолгойг цаг алдалгүй эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монголд нэн чухал шаардлагатай байна. Үүнийг батлалгүй хурд хүчийг нь сааруулбал алдсан цаг бүр нь дандаа мөнгө. Энэ бол нэмэгдэж байгаа биш хорогдож байгаа мөнгө. Үүнийг хэн ингээд байна вэ. Ард түмэн биш. Шийдвэр гаргагчид тэгж байна. Шийдвэр гаргагчид гэж УИХ шүү дээ.

-Та өөрөө энэ компанийн ТУЗ-д байдаг болохоороо тэр талаас нь хараад байгаа юм биш үү. Таныг тэгж хардах үндэс байна л даа?

-Монголчууд эх орондоо хайртай.Эх орондоо хайртай гэж баатар болох гэсэн хүмүүс олон байна. Харин би ийм маягаар баатар болохгүй. Би бол ардчиллыг эхлэхэд төр тэргүүлж байсан хүн. Дайн дажин, аллага хядлагагүй ардчилсан тогтолцоо руу шилжих үед төрийн тэргүүн байсан гэдгээрээ үлдэнэ. Би тийм үед төр тэргүүлж байсан хүнийхээ хувьд Монголын эдийн засгийн ардчилал улс төрийн ардчилалтайгаа зэрэгцэж яваасай гэж хүсдэг. Монголчууд бид УИХ-аа, Ерөнхийлөгчөө зургаа, зургаан удаа ардчилсан сонгуулиар тодруулчихлаа. Зохих түвшинд амжилттай явж байна. Үүнтэйгээ адил эдийн засгийн ардчилал хөгжөөсэй гэж боддог хүн. Зах зээлийн зонхилох үүргийг хувийн хэвшил нь үүрээд явдаг. Манайд ч ДНБ-ий 80 хувь нь хувийн хэвшлийнхээс бүрддэг байлаа. Харин сүүлийн үед төрийн өмчийг түлхүү хөгжүүлж, хувийнхнаасаа булааж авах гэдэг болов. Эдийн засагт төрийг хүчтэй болгож, төрийн байгууллагыг хувийнхтай өрсөлдүүлдэг болгож байгаа нь буруу юм шүү. Эрх мэдэл нь байгаа төрийнхтэй яаж өрсөлдөж босч ирэх вэ дээ. Би эдийн засгийн ардчиллыг улс төрийн ардчилалтайгаа эн тэнцүү яваасай гэдэг хүний хувьд энэ хоёр толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэж үздэг. Тэр ч үүднээсээ асуудалд хандаж байна. Насаараа Таван толгойн төлөө зүтгэж ирсэн хүнд бухимдах юм гарах юм аа. Би УИХ-ын даргыг зэмлэж шүүмжилсэн. Гэвч хүмүүст таалагдаагүй. Тавин жил үүний төлөө зүтгэсэн хүнийг бухимдаж байна гэж харахын оронд надаас өө эрж, шалтаг хайх болсон. Миний ТУЗ-ийн гишүүний ажил ч дуусна, Цэцийн гишүүний ажил ч дуусна. Надад ажлаасаа салж чадахгүй байгаа юм байхгүй. Харин Монгол оронд хэрэг болох том төслүүдийн төлөө бол би үгээ хэлнэ ээ. Намайг өөрийнхөө төлөө явж байна уу, улс орныхоо төлөө явж байна уу гэдгийг хүмүүс салгаж ялгах байх аа.

-Танаас нэг зүйл заавал асуумаар байна. Монголчуудын анхны Ерөнхийлөгчдөө бариад өгсөн байшинг хувийн компанид зарж, тэр хөөрхөн байшинг үгүй хийсэн гээд хүмүүс танд дурамжхан байгаа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ард түмний хөрөнгөөс 50 сая төгрөг өгч, хувийн орон сууцтай бол гэсэн. Тэгэхэд тэр хөөрхөн хоёр давхар байшингаа бариулсан юм. Үнэндээ мөнгө маань байшингийн 30 орчим хувь болсон. Өөрсдөө, үр хүүхэд маань нэмэрлээд тэр байшингаа бариад бид амьдрах болсон. Үнэндээ, өнчин байшин сантехник, халаалт, дулаалгаас эхлээд амаргүй гэдгийг хүмүүс ойлгох байх аа. Хөдөө гадаа яваад ирэхээр хагарчихсан байхаас эхлээд хоёр хөгшинд ажиллагаа ихтэй. Гэхдээ бид ард түмнийхээ буян хишиг болж ирсэн байшиндаа 13 жил амьдарсан. Ингээд байж байтал “MCS” надад санал тавьсан юм. Сайхан өндөр байшин барья, та тэгээд тэр байшинд орвол яаж байна

гэсэн. Би хашаа байшингаа, газартай нь өгнө, тэд надад хариуд нь байр өгнө гээд нэг ёсондоо бартер хийхээр тохирсон. Ийм л юм болсон. Манай газар Шангрилагийн нэг зах нь болж, сайхан байшин босох юм байна. Хотод маань тийм том цогцолбор, бүтээн байгуулалт босох гэж байхад үгүй гэж хэлж болохгүй биз дээ.

-Яг хэр том байр авахаар тохирсон юм бэ. Хотын төвийн газар үнэтэй байж таарна…

-Надад нуугаад байх зүйл алга аа. Би хамт өтөлж яваа гурван дүү, хоёр охин буюу хүргэддээ, тэгээд хоёр охины маань хоёр, хоёр нийт дөрвөн зээдээ тэгээд хөгшин бид хоёр гээд арван айлын байр, арван машины гарааж, мөн өөртөө оффислоод суух үйлчилгээний багахан талбай авна гэж гэрээ хийсэн. Тэгээд хашаа байшингаа 760-770 сая төгрөгөөр үнэлсэн юм. Нас дал гараад ирэхээр юм юм л бодогддог юм байна. Төрийн ажил гээд хүүхдүүдээ өглөө унтаж байхад нь гараад унтсан хойно л ирдэг байлаа. Үр хүүхдэдээ төрийн буян хишгээс хүртээе, ард түмний буянг тэд маань ч эдэлж, талархаж яваг гэж бодсон юм. Өтлөхийн цагт үр хүүхэд, зээ, дүү нартайгаа ойрхон байхыг хэн хүнгүй л боддог юм билээ. Түүнээс төрийнхөө буянг зарж үрсэн юм биш, харин ард түмнийхээ хайрласан хишгийг илүү түгээж, эвтэй тохитой болгож ашиглаж байна гэж бодоход болно. Үнэн нь гэвэл ийм. Нөгөө талаас хууль эрх зүйн үүднээс бол энэ миний хувийн өмч. Зарна уу, байна уу миний хэрэг болж таарна аа даа.

-Таны охиныг Оюутолгойд ажилладаг гээд бичсэн байсан. Одоо тэндээ юу?

-Миний хоёр охин нэг нь Москвад инженер эдийн засагч, нөгөө нь Бээжинд Ардын их сургуулийг бизнесийн эрх зүйгээр төгссөн. Том охин Гадаад харилцааны яаманд Оросын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Москва дахь ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо ирж байгаа. Бага охин маань англи, хятад, орос хэлтэй. Хувийн компаниудад эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч захирал энэ тэр гээд ажил эрхлээд явж байна. Оюутолгойд ажиллаж байсан, одоо ажилладаггүй. Уг нь миний хүүхдүүд хаана, ямар ажил эрхлэх нь хэнд хамаатай билээ. Гэвч ааваас нь болоод бас хэл аманд оруулах л юм даа.

-Бас таныг хуульч мэргэжилгүй, уул уурхайн хүн байж Үндсэн хуулийн Цэцэд ажилладаг гэлцдэг. Цэцийн гишүүн заавал хуульч байх ёстой байдаг уу?

-Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн хоёрдугаарт Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэсэн байдаг. Би хуульч биш ч улс төрийн мэргэшилтэй гэдэг утгаараа Цэцийн гишүүн болсон хүн. Би Үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга байсан. Нэг утгаараа 1990 оноос хуулиа батлуулаад 2004 оноос сахиулахаар суусан хүн юм. Надтай холбоотой хэвлэл дээр бичсэн зүйлүүдийг асууж байх шиг байна. Тэр зөв өө. Хуулийнхаа учрыг мэдэхгүй хүмүүсийг яах ч билээ дээ. Гэхдээ хүмүүст зөв мэдээлэл өгөхөд хэрэгтэй. Бас нэг нь Таван толгойг бичээгүй байж, Оюутолгойн номыг бичсэн гэж буруутгасан байна лээ. Үнэ төлбөргүй ном бичээгүй байлгүй гээд. Би “Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй” гэдэг номоо 2010 онд бичсэн. Үүнийгээ бас гадуур борлуулж байсан. “Таван толгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” номоо бүр 2006 онд гаргаж байсан. Бүгдийг эхнээс нь мэдэх хүний хувьд би бичихгүй, хэн бичих юм. Тэгээд ч энэ том төслүүдээ явуулж байж, эдийн засгийн ардчиллыг хөгжүүлнэ гэж үздэг хүн шүү дээ.

-Сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар танаас асуухгүй өнгөрч боломгүй байна. АН, МАН хамтарч Засгийн газрыг байгуулж байсан нь саяхан. АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргачихлаа. Одоо “Шийдлийн Засгийн газар” тарахаар болж байх шиг байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Маш буруу. Хоёр намын хоорондын зөрчил явж, явж Монголын ардчиллыг аюулд хүргэж байгаа юм. Тэдний энэхүү үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй. Үүнийгээ ойлгож, улс эх орон, Монголын ард түмний эрх ашгийг бодож энэ хоёр нам цадиггүй үйлдлээ зогсоох хэрэгтэй байна. Сайн ч, муу ч энэ хоёр том нам алдаан дээрээ суралцаад явж болох байтал ингэж зөрчилдвөл ард түмэн итгэхээ байж, өөр хүчинд найдах болно. Гэвч Монголд байгаа гуравдагч хүчин нь популизм ярьсан, ардчиллын эсрэг, гадны хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн зүйлс яриад сууж байдаг. Хэрэв тийм байдал даамжирвал дэлхий биднийг тоохоо байж, бид дэлхийн хөдөлмөрийн хуваарийн гадна үлдсэн зожиг орон болж хувирна шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмэгтэй бол илүү ухаан зарах хэрэгтэй

“Хүүхэд асрах үйлчилгээний тухай хууль”-ийг батлах асуудал яригдах үед манай парламентад урьд өмнө үзэгдээгүй зүйл болсон нь УИХ дахь эмэгтэй гишүүд энэ асуудал дээр нааштай шийдвэр гаргахгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн “айлгасан” явдал байлаа. Энэ нь энгийнээр хэлэхэд айлгасан явдал мэт боловч албан ёсоор бол бойкот үзүүлсэн хэрэг юм. Олон улсад улс төрийн үйл явц өрнөж байхад бойкот үзүүлэх явдал байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд эрчүүдийн эсрэг ийм байдлаар бойкот үзүүлж байсан жишээнүүд олон билээ.

Бойкотын хамгийн том жишээнд Руанда улсад болсон эмэгтэйчүүдийн бойкот яах аргагүй дурдагддаг юм. Улс оронд нь иргэний дайн 20 орчим жил үргэлжилж, нэг нэгнээ хоморголон алах улайрал хэрээс хэтэрчихээд байлаа. Гуравхан сарын дотор 800 мянган хүнээ хорооно гэдэг дэндүү аймшигтай хэрэг. Эрчүүд дотоодын энэ дайнд бүр улайрчихсан байх үед эмэгтэйчүүд өөрсдийн чадах хэмжээнд сөрж боссон нь “Хэрэв та нар энэ дайнаа зогсоохгүй бол бид та нартай бэлгийн харьцаанд орохгүй” гэсэн бойкот байсан юм. Дайнд ханиа, үр хүүхдээ алдсан эмэгтэйчүүд энэ цусан голыг зогсоохын тулд өөрсдийнхөө чадах хэмжээнд хөдөлсөн нь тэр. Тэдний сөрөг арга хэмжээ ч үр дүнгээ өгсөн. Дайн дажингүй, зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхэд эмэгтэй хүний өрөвч, зөөлөн сэтгэл хамгийн гол зэвсэг байдаг гэдэг нь нэгэнт батлагдсан. Тийм ч учраас 2008 оны сонгуульд Руанда улс парламентын сонгуульдаа эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг тусгаж өгсөн бөгөөд сонгуулиас сонгуульд эмэгтэйчүүдэд итгэх сонгогчдын тоо нэмэгдсээр өдгөө парламентын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд болчихжээ. Ингэснээрээ Руанда дэлхийд засаглалын хувьд эмэгтэйчүүд давамгайлсан цорын ганц улс болчихоод байгаа юм. Хэрэв эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэхэд тэд тэнэгэрч, тархины бяд дутаад байсан бол сонгогчид ингэтэл тоог өсгөхгүй байсан байх л даа. Түүн шиг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж байж, тэдний чадах эсэхийг мэддэг болов уу. Саяхан улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагынхантай уулзах үедээ УИХ-ын дарга З.Энхболд “Би 2007 онд Сонгуулийн тухай хууль яригдах үед эмэгтэйчүүдийн квотын эсрэг явж, тэр заалтыг унагахад оролцож явлаа. Харин энэ парламентыг даргалж ажиллаж байхад эмэгтэй гишүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, аливаад эрчүүдээс илүү хариуцлагатай ажилладаг гэдгийг харж байна. Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана” гэж хэлсэн гэнэ лээ. Энэ бол зүгээр хүүхнүүдэд зориулж хэлсэн хэн нэгний хоосон үг биш, харин тэдэнтэй хамтарч ажиллаад ойлгож мэдэрсэн төрийн хүний үг болов уу. Эмэгтэйчүүд ар гэртээ амьдрал ахуйн нарийн ширийнийг анзаарч, үр хүүхдийнхээ өдөр тутмын үйл явдал эрүүл мэндэд анхаарал тавьж чаддаг. Яг энэ чанараараа улс орон гэх том гэр бүлийн чухал асуудлуудад ч оролцож саналаа оруулж байх нь чухал билээ. Хэрэв чуулганы хуралдаанд оролцохгүй гэж бойкотлох 14 эмэгтэй гишүүн байгаагүй бол гэртээ цоожлогддог хүүхдүүдийн асуудал бахь байдгаараа, цэцэрлэг, яслийн хомсдол хэвээрээ тэгээд тэдэн хүүхэд гэртээ шатаж үхлээ, тэдэн хүүхэд асрах хүн үгүйгээс түлэгдсэн, цуу уусан, цонхоороо унаж үхсэн гэсэн мэдээ урьдынхаараа үргэлжлэх байсан биз.

Энэ бол хүүхэд гаргаад гэртээ байж байгаа ээж нарыг ажилтай болгох юм уу, хэдэн хүнд сарын 250-350 мянган төгрөгийн цалин олгох асуудал биш. Харин эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийн, манай нийгмийн асуудал юм. Энэ ч утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж байнга яригддаг биз ээ. Оролцоотой холбоотой хөгжилтэй гэмээр нэг түүх байдаг нь Израилийн Ерөнхий сайд асан Голда Мэйртэй холбогддог. Тухайн үед хатагтай Голда Мэйр Ерөнхий сайд болоогүй танхимын нэг гишүүн байж л дээ. Оройн цагаар эмэгтэйчүүд халдлагад их өртөж байгаа талаар Засгийн газрын гишүүд ярилцаж, нэг эрэгтэй сайд “Эмэгтэйчүүд халдлагад өртөөд байгаа тул хөл хорио тогтооё. Хүүхнүүдийг оройд гэрээс гаргахаа байя” хэмээн санаачилга гаргажээ. Харин энэ үед Голда Мэйр “Уучлаарай, хөл хорио тогтоох юм бол эрчүүдэд тогтоох болохоос хүүхнүүдэд тогтооно гэдэг утгагүй. Эрчүүд л тэр хэргийг хийгээд байгаа юм байгаа биз дээ” гэсэн байгаа юм. Хэрэв тэр кабинетэд эмэгтэй хүн байгаагүй бол, эм хүйсийн оролцоо байгаагүй байсан бол эрчүүд ядах юмгүй хүүхнүүдэд хорио тогтоох байж л дээ. Гэхдээ энэ бүхэн нь эрчүүд муу, эмэгтэйчүүд сайн гээд байгаа хэрэг биш юм. Ерөөсөө аливаа зүйл дээр баланс барих буюу жин бан нь аль аль талаасаа таарч байж, сайн шийдвэр гардаг гэдгийг л хэлж байгаа юм. Аль нэг хүйсийнхээ сайн хийж чаддаг, чаддаггүй зүйлийг нэг нь нөгөөгөө нөхөөд тэнцвэржүүлээд явна гэсэн үг. Тэгснээр төр засаг сайн шийдвэр, ухаалаг бодлого гаргана гэсэн үг шүү дээ. Угаасаа жендерийн тэгш байдал нь сайн засаглалыг тогтоох үндэс суурь болж байдаг гэгддэг. Манайхны хувьд өмнөх парламентад эмэгтэйчүүд ердөө гурван хувийг эзэлж байсантайгаа харьцуулахад 14,5 хувь болж нэмэгдсэн. Гэхдээ энэ нь дэлхийн дундаж болсон 21,9 хувьтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.

2005 онд УИХ-ын 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, 2015 он гэхэд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн өмнө монголчууд бид тийм үүрэг даалгавар авсан. Харамсалтай, үүнийгээ биелүүлж чадаагүй. Угаасаа нэр дэвших боломжоос нь эхлээд энэ бүхэн хязгаарлагдмал хүрээнд явж ирсэн. Тухайлбал, 1992 онд 293 хүн дэвшсэнээс гурав, 1996 онд 302 нэр дэвшигчээс найм, 2000 онд 602 хүн дэвшсэний 9, 2004 онд 244 нэр дэвшигчээс таван эмэгтэй хүн сонгогдож байв. Харин 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байсан бөгөөд ердөө гурав, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байсны 11 эмэгтэй УИХ-ын гишүүн болж байсан байдаг. Энэ бүх нөхцөл байдал нь шийдвэр гаргах түвшинд, аймаг, нийслэлийн ИТХ-д Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд заасан нөхцөлүүд хэрэгжиж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр бид олон улсад амлалт авахаар биелүүлж чаддаггүй, дотооддоо хууль батлахаар хэрэгжүүлж чаддаггүй болохоор яах ёстой вэ.

Юуны өмнө бид сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй шиг байгаа юм. Монголчуудын хүчирхэг байдгийн нууц гэгддэг хаан, хатан ухааны тэнцвэрт байдлыг алдагдуулахаар манжуудын бодлого болгож ирсэн “Янтгар хатан зарга шүүдэггүй, ямаан толгой ямбанд гардаггүй” гэсэн ойлголтыг бидний уламжлалт бодлого биш гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Дээрээс нь эмэгтэй түшээдэд эрчүүдээс илүү өндөр шаардлага тавьж, эрчүүдээс илүү ухаалаг байхыг шаарддаг нь хэр шударга вэ гэдгийг эргэцүүлмээр байгаа юм. Яг үүнтэй эсрэгцээд шийдвэр гаргах түвшинд гарахаар бэлтгэгдэж байгаа эмэгтэйчүүдээ ч бэлдмээр байгаа юм. Эрэгтэй улстөрч хаа нэг газар бүжиглэсэн бол мундаг байна, нээлттэй байна гэдэг. Л.Эрдэнэчимэг бүжиглэчихвэл тэнэг нь тэр хэр гэдэг. Хэн нэгэн эрэгтэй гишүүн баавгай алсан байхад хүмүүс юм хэлэхгүй мөртлөө эмэгтэй нь чихмэл туулай бариад зогсохоор буруудчихдаг ийм нийгэмд бид амьдарч байгаа. Энэ нь эмэгтэй түшээдийг илүү сайн байж, илүү хийгүй ажиллаж амьдрахыг л шаардаж байгаа хэрэг л дээ. Бас хэн хэзээ ч гаргасан юм эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэсэн ойлголт нэлээд хол явж ирсэн. Гэтэл үнэндээ сүүлийн хэдэн сонгууль дамнасан судалгаанаас харахад эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ санал өгдөг болжээ. Учир нь тэд эмэгтэйчүүдээр дамжуулж, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ асуудлыг шийдүүлж чадна гэдгээ мэддэг болсон байна.

Эмэгтэй түшээдийн хувьд алдаа нь эрчүүдийнхээс том болж харагддаг, алдааг нь шүүмжлэхээсээ дооглож доромжлох гээд байдаг учраас илүү сайн хичээж, дэргэдээ мэргэн түшмэд, мэргэжлийн баг ч ажиллуулмаар санагддаг юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдтөл өөр нөхцөлд ажиллана гэж ойлгож болно. Харин мэддэг чаддаг гэдгийг нь ойлгоод эхлэхээрээ хүмүүсийн байр байдал тэс өөр болдог. Тухайлбал, энэ парламентад Л.Эрдэнэчимэгийн хийсэн, хэлсэн бүхэн буруутаад байдаг атлаа хэдэн парламент дамжиж хатаагдсан тулхтай, туршлагатай гишүүд болох Д.Оюунхорол, С.Оюун нартай холбоотой яриа гараад байдаггүй. Тиймээс эмэгтэй нэр дэвшигчдийг бэлдэж, боловсруулах нь хэдэн эмэгтэйн асуудал биш нийгмийн асуудал болчихоод байна. Хүн амын 50-иас дээш хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь дэндүү бага. Оролцоо ойролцоо, жигд байх нь эмэгтэйчүүдийн асуудлыг өндөрт аваачиж тавиад байгаа хэрэг биш харин улс орондоо сайн засаглалыг бүрдүүлэх л үнэт ашигтай билээ. Энэ бүхнийг удахгүй яригдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгаж, чиг мөрийг нь суулгаж өгөх нь нийт монголчуудад үр ашигтай байна гэдгийг нурших нь илүүц болов уу.