Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эерэг талаас нь бодох илүү сайхан

Эдийн засаг хямарлаа, бэлэн мөнгө хомсодлоо. Компаниуд цалингаа ч тавьж чадахгүй байна гэж хэн хүнгүй л ярих юм. Үнэндээ ч тийм л байна. Гэхдээ яагаад ч юм, болохгүй бүтэхгүй гэж ярихаа хойш нь тавиад гэгээлэг сайхан бүгдийг нь эхлээд бодъё л доо.

Бид юуны өмнө тусгаар тогтносон эрх чөлөөтэй оронд амьдарч байна. Манайд дайн дажин алга, ахиулаад бодвол аль нэгэн алан хядагч бөмбөг тэслэх вий гэх аюулаас ангид байна. Тал дүүрэн бэлчсэн хэдэн сая мал маань биднийг юу, юугүй өлсгөлөнд хүргэчихгүй. Угаасаа бид нар өлсч үзээгүй үндэстэн. Өвлийн идшээ хийчихсэн айлууд тогоо дүүрэн махаа чанаж идээд л сууж байгаа, адаглаад зах дээрээс хамгийн хямдаар авч иддэг гэдэс дотрын цуглуулга хамгийн эрүүл хоол. Хамгийн гол нь бид эрүүл энх байна. Элэг бүтэн үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Өвлийн жаварт хацар хайруулавч удахгүй хавар ирж, цаг наашилна гэж бодох нь сэтгэлд нэг сайхан. Эрүүл саруул хөл дээрээ алхаж байна гэдэг өөрөө үнэ цэнэ. Ингээд нэг бодоод үзвэл танд ямар санагдаж байна. Мэдээж, дээр хэлсэн бүхэн дээр үгүйсгэл олж болно л доо. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзэх илүү сайхан байгаа биз дээ. Хүн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Тиймээс болж бүтэхгүй бүрийг болох бүтэх талаас нь шүншиглэж, ирж яваа цагийг өнөөдрөөсөө илүү гэрэлтэй болно гэж итгэж найдах нь бүх зүйл хэцүү болсон гэгдэх цаг дор илүү амар юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчний хугацаагаа гүйцээх нь дээ

1996-2000 онд сөрөг хүчин байсныг нь эс тооцвол ялагдаж үзээгүй босоо цагаан МАН 2012 оны сонгуулийн дараа ялагдсанаар үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайв. Улс төрийн намын хувьд унаж босох байх л асуудал мэт боловч МАН-ын хувьд энэ ялагдлаасаа хойш босч ирсэнгүй. Ядаж сөрөг хүчний ажлаа хийсэнгүй, бүр энэ байр суурин дээрээ ч дөхөж ирсэнгүй өнөөг хүрлээ. Сөрөг хүчин ч биш, юу ч биш явсаар байтал сонгууль эхлэхэд хагас жилийн хугацаа л үлдэв. Лам хар ихтэй байсан тэр цагт хөдөө гарч хараар амьдраагүй атлаа хүүхдийн ч эцэг болж, хүүхний ч залуу болж явдаг лам нарыг асман лам гэдэг байсан гэлцдэг. Түүн шиг эрх баригч ч биш, сөрөг хүчин ч биш юу хийж байгаа нь мэдэгдэхгүй цаг нөгцөөх Ардын нам асман банди шиг гүйсээр байгаад сөрөг хүчнээр ажиллах хугацаагаа дуусгаж байна. Дандаа эрх баригч байсан МАН-ынхан үнэндээ сөрөг хүчин юу хийдгийг, яах ёстойг ойлгож чадсангүй. Одоо ойлгох ч хугацаа үлдсэнгүй. Сонгуулийн дараа УИХ шинээр байгуулагдахад тэд хуучны их зангаа тавихгүй томорч байгаад бүр бүлэггүй үлдэх дээрээ тулж байлаа. Дандаа бусдыг даргалж, бусдыг хүлээлгэж сурсандаа эрдсэн биш галт тэрэг хэдийнэ хөдөлж байнгын хороо ч үгүй баахан явсан даа. МАН-ынхны сөрөг хүчин болоод хийсэн анхны акцийг нь одоо ч хүмүүс ярьдаг. Өвөрхангайн хоёр гишүүний маргаантай асуудал дээр тэд эсэргүүцэл зарлаж, УИХ-ын чуулганы танхимын орох хаалгыг диван тавьж хааж байлаа. Гэтэл олон жил УИХ-ын гишүүн, дарга даамал хийж явсан тэр хүмүүсийг сөрөг хүчний байр сууринаас хэн ч харсангүй.Тэгээд ер нь зөөлөн буйдан дээр хийж байдаг жагсаал цуглаан ч гэж юу байхав. Ямартай ч сөрөг хүчнийхний энэ эсэргүүцэл амжилтад хүрээгүй нь Өвөрхангайгаас УИХ-д МАН-ын биш АН-ын хоёр гишүүн суух болсноор батлагдана.

Уг нь сөрөг хүчний ажлыг бас ч гэж хийж болдог доо. Гэтэл өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан манай “Өдрийн сонин”-ы хэмжээнд хүрч ажиллаагүй гээд бод л доо. Эрх баригчдын ажлыг шүүмжилдгээрээ шүүмжилж, ад үзэгддэгээрээ үзэгдсээр бид ажлаа хийсэн. Харин сөрөг хүчин болсон МАН “Хэвлэлүүдэд ч хэлэх үгээ хэлж чадахгүй байна, биднийг тоохгүй байна” гэж өрөвдөм гомдоллохоос өөрийг хийхгүй байсан тул тэдний дуу хоолой, байр суурийг нь дамжуулахаар бид хичээн ажилласаан. Уг нь манайх аль нэг намын сонин биш л дээ. Гэхдээ тал талын байр суурийг гаргаж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэх үүднээс хэн ч тоохгүй байгаа МАН-ыг “тоож” тусалж байв. Өч төчнөөн хэвлэлтэй, телевизтэй баймаар, гэтэл үгээ ч хэлж чадахгүй байгаа тэр хүмүүсийг яаж сөрөг хүчин бай гэж шаардах вэ дээ. Бүхэл бүтэн нам байж шилэн Цогоогоосоо л муу байна шүү дээ. Харин энэ залуу сүүлийн үед сөрөг хүчин байх ажлыг нь нугалаад байгаа юм биш үү.

Ер нь өнөөдрийн улс төрийн үйл явдлыг хөлбөмбөгтэй зүйрлэж болохоор харагдана. Эрх баригчид болсон АН-ынхан супер старуудыг цуглуулсан баг шиг өөр хоорондоо л үзээд байна. Суперүүд хувийн амжилтынхаа төлөө ганцаарчилсан тоглолт хийгээд алдаа гаргадаг шиг АН-ынхан тэнд өөрсдийнхөө хаалганд гоол хийгээд завгүй. Харин энэ алдаан дээр нь тоглож, ялалт байгуулж байх ёстой МАН-ынхан хаана байгаа нь ч бүү мэд. Хаалгач ч байхгүй тоглолтод орж байх юм. АН муу байгаа ч МАН бүр муу байгаад асуудал нь байна. Ямартай ч АН сөрөг хүчингүй өнгөрсөн дөрвөн жилийг ардаа хийлээ.

Тэднийг ийм муу байгааг улс төрийн хүрээндээ “МАН-ынхан өөрсдөө төмсөгдүүлчихсэн учраас юу ч хийхгүй байна” гэж тайлбарлах ажээ. Тэдний ярьж байгаагаар улстөрчид нэг асуудлаараа барьцаанд орчихдог, улс төр хийх гэхээр нөгөөхдөө уначих гээд байдаг учир нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг гэх юм. Эсвэл зөрүүлээд тохироо хийж явдаг гэх. Үнэндээ МАН шиг ерэн жилийн уламжлалтай, институци болтлоо төлөвшсөн ийм улс төрийн хүчин ингэж дээрэлхүүлээд байгаа нь үнэхээр харамсалтай юм. Өмнө нь өөрсдөө дангаар Засаг байгуулж чадах атлаа АН-ыг урьж залаад хамтарч байсныг нь хүмүүс мартаагүй. Тэгсэн мөртлөө дангаараа Засаг байгуулж чадахгүй АН-ынханд жийгдэж байгаа нь тэдний л муугийнх. Танайхыг авахгүй гэхээр яс горьдсон нохой шиг үлддэг, дараа нь хүрээд ир гэнгүүт нь далласан газар нь дав хийгээд гараад ирдэг. Адаг сүүлд нь хөөлөө гэхэд нь чив чимээгүй яваад өгдөг. Хэзээ МАН ийм байсан юм бэ. Ямар ийм сөрөг хүчин байдаг юм бэ. Арга ядахдаа “Ардчилсан намыг эрх барьж байх үед сөрөг хүчин байх хэрэггүй. Өөрөө өөрсдийгөө хэмлээд дуусдаг” гэсэн яриа гаргаж ажил хийж чадахгүй байгаагаа цайруулж суух вэ дээ, энэ МАН-ынхан. Уг нь дэлхийн жишигт сөрөг хүчний намын рейтинг багадаа 40 хувьтай байдаг юм гэсэн. Автоматаар сөрөг хүчний хувь нь нэмэгдэж, намын дарга нь топ таван улстөрчийн тоонд багтаж эхэлдэг. Гэтэл манайд сөрөг хүчин нь эрх баригч намтайгаа нийлээд нийлээд 50 хувийн рейтингтэй байна шүү дээ. Үлдсэн 50 хувийн итгэл нь хаана хэнд байна, тэдний ажлаа хийж чадаагүйн гороор хариуцлага хүлээх чадваргүй нөхөд хууль тогтоох байгууллагад ороод ирвэл хэний буруу болох юм гээд яривал ярих зүйл бас бий. Одоо топ улстөрчдийн жагсаалтад МАН-аас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хамгийн өндөр рейтингтэй цохиж яваа. Гэтэл 2000 оны үед сөрөг хүчний намын дарга Н.Энхбаяр 62 хувийн рейтингтэй байсан гэдэг билээ.

Өнөөдрийн МАН-ын байгаа байдал нь социал демократ намуудын байр сууриас ихээхэн өөр харагддаг юм. Одоо тэргүүлэх байр сууриа МАХН, ХҮН-д алдаад дуусах нь. МАН-аас Ж.Сүхбаатарыг явахад орон зай гарлаа гээд баярлах хүмүүс байсан л биз. Гэхдээ тэр урваач шарваачдаа яваагүй байх. Харин тийм хэмжээний боловсон хүчнийг энэ намд байх аргагүй болсны бурууг тэд дотроо тунгаах нь тэдний дараагийн ажил үйлст чухал болов уу. Ямартай ч сөрөг хүчингүй дөрвөн жилийг бид үдэж байна. МАН-ынхан сөрөг хүчин болохоо ойлгох гэж, ойлгоод ажиллах гэсээр байтал хугацаа нь хэдийнэ өнгөрлөө дөө.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сүүн шүдээ арчлахгүй бол байнгын шүд асуудалтай…

Хүүхэдтэй айлын нэг том асуудал бол хүүхдийн шүд өвдөх явдал байдаг. Яагаад ч юм бид сүүн шүдийг унаж солигдох учраас байнгын шүдээ ургах үеэс сайн арчлах ёстой гэж бодож ирсэн. Гэвч үнэндээ тийм биш ажээ. Харин ч сүүн шүдний эрүүл байдал, зөв бүтэц нь эрүүл сайхан байнгын шүдтэй болох нөхцөл учраас бүр эртнээс анхаарч байх ёстой юм байна. Ингэхийн тулд хүүхдээ бүр нярай байхаас амны хөндийг нь цэвэрлэж эхлэх ёстой гэнэ. Шүд ургаагүй байх үед ч амны хөндийн салст, буйл, дээд уруулын хөвч, хэлэн дээрх өнгөрүүдийг зөөлөн хөвөн эсвэл самбайгаар хуруугаа ороон буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх ёстой ажээ. 6-8 сартайд шүдэлж эхлэх үед ч дээрх цэвэрлэгээгээ хийсээр байх бөгөөд 1.5-3 настай үед нь оо тавилгүй сойзоор угааж эхэлнэ. Эхийн сүүний хүчил шүдний пааланг гэмтээж уусгах магадалтай учир нэг нас хүрснээс нь хойш шөнийн цагаар хөхүүлэхгүй байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн нас насанд зориулсан шүдний арчилгаа, шүдний оо, сойзыг сонгох нь чухал гэдгийг хэлүүлэх юун. 4-6 настайд хүүхэд бүрэн шүдэлж дээр, доороо арав, арван шүдтэй болсон байдаг учраас оо хэрэглэж занших ёстой.

Нөгөө эцэг, эх бидний солигдох шүдийг арчлах шаардлагагүй гэсэн харалган бодлогын үр дүн энэ үед л гарч, эмнэлгээр явах их ажил эхэлдэг шүү дээ. Хамгийн түрүүнд хорхойтож үйрсэн үүдэн дөрвөн шүд, цаашлаад чихэрлэг хүнс хэрэглэсний улмаас хүчилд цоорсон шүднүүд балчир үрсийг маань ч зовоож өгдөг. Тиймээс хүүхдүүдээ байнгын сайхан шүдтэй болгохын тулд сүүн шүдийг нь анхаарч арчлахаа бүү мартаарай, эцэг эхчүүд ээ. Шүд эрүүл, сайхан бол ходоод, дотор гэдэс бас зүс сайхан байж таарна аа даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Женифер Зимдал Галт: Ардчиллыг тогтоож бэхжүүлнэ гэдэг үнэндээ маш хүнд хөдөлмөр

АНУаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт өнгөрсөн сарын 5-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар үүрэгт ажлаа албан ёсоор эхлээд байгаа билээ. Тэрээр Төрийн департаментын олон нийттэй харилцах товчоонд ахлах зөвлөх, Зүүн Ази, Номхон далайн товчооны олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд захирал, Белград, Тайпэй дахь Америкийн хүрээлэн, Мумбай, Бээжин, Шанхай болон Брюссельд ажиллаж байв. Хатагтай З.Галт хамгийн сүүлд БНХАУын Гуанжоу муж дахь АНУын Ерөнхий консулын газарт тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 133 америк, 300 гаруй хятад ажилтнаас бүрдсэн багийг удирдаж байсан байна. Ирээд удаагүй байгаа ч монголчууд аль хэдийнэ тэдний хэллэгээр хатагтай Гаалт хэмээн дуудалгүй өөрсдийнхөөрөө Галт гэж дуудан өөриймсөх болсон билээ. Элчин сайд Женифер Зимдал Галт уржигдар Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй анх удаа нүүр тулан уулзаж, ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.

Та элчин сайдын албаа хүлээн аваад удаагүй байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар, ямар чиглэлд ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би Элчин сайдынхаа хувьд хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр хичээн ажиллах болно. Ингэхдээ олон зорилго тавьж ажиллаж байгаагаа үндсэн гурван бүлэгт хуваан үзэж болох юм. Нэгдүгээрт, эдийн засгийн харилцааг улам бүр нэмэгдүүлэхээр зорьж ажиллана. Үүний тулд Монгол Улсын Засгийн газартай ойр ажиллаж, хөрөнгө оруулалтыг сайжруулахад АНУ-ын компаниудтай тулж ажиллах юм. Мөн манай хоёр улсын хооронд жил гаруйн өмнө байгуулагдсан Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг ханган ажиллуулахад анхаарах болно. Энэ гэрээгээ хэрэгжүүлж эхэлснээр Монголд хөрөнгө оруулах Америкийн компаниудад зөв ойлголт, дохио болж очно гэж бодож байна. Би АНУ-ын компаниудыг Монголд хөрөнгө оруулахад нь уриалж ажиллах бодолтой байна. Ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Мянганы сорилын сангийн дараагийн гэрээг хэрэгжүүлж эхлүүлэхэд өөрийн зүгээс анхааран ажиллана. Монголын Засгийн газар, МСС нь хамтран компакт гэрээгээ боловсруулах шатанд явж байна. Чухам аль, аль салбарт хөрөнгө оруулах хэрэгцээтэй байгаа талаар төлөвлөгөөгөө гаргаж, бидэнд тавихыг хүлээж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын ардчилсан тогтолцоог улам бүр бэхжүүлэхэд, олон улсын тавцанд монголчуудын үзүүлж буй ардчилсан үзэл санааг түгээхэд дэмжин ажиллах болно. Батлан хамгаалах чиглэлд хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бодитой үр дүнтэй ажиллаж ирсэн. Бид ч үүнийг нь өндрөөр үнэлдэг. Мөн Зүүн хойд Азидаа томоохонд тооцогддог энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт “Хааны эрэлд”-ийг Монгол Улс сүүлийн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирлээ. Мөн Монголын ардчиллыг улам бүр бэхжүүлэх дараагийн шинэ үеийн залуусыг, лидерүүдийг бий болгож төлөвшүүлэх тал дээр би анхааран ажиллахыг хүсч байгаа.

Мэдээж гурав дахь чиглэл маань хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх явдал. Ирэх жил Энхтайвны корпус Монголд үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ой болох юм.

Манай Энхтайвны корпусын үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд томд тооцогддог. Одоогийн байдлаар Монголын аймаг бүрт манай 137 сайн дурын ажилтан англи хэл зааж, эрүүл мэнд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж байна. АНУ-д суралцаж, аялахаар виз хүсэгчдийн тоо жил бүр өсч байдаг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд л энэ үзүүлэлт 17 хувиар өссөн.

Монгол Улсын байнга төвийг сахиулах бодлого дээр ямар бодолтой байна вэ?

-Би байнга төвийг сахиулах бодлогын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нартай ярилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бодлогыг тодорхойлох болсон шалтгаан, зорилгынхоо талаар надад дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд талархаж байна. Энэ бодлоготой холбоотой хуулийн төсөл УИХ дээр явж байгаа гэж ойлгож байгаа. Бид энэ чиглэлд цаашид харилцан ярилцаж, ойлголцохдоо нээлттэй байх болно.

Та Монголд ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Манай хоёр орны бизнесийн түвшний харилцааг ямар байна гэж харав. Ил тод байдлын гэрээний хэрэгжилт бизнесийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт болсон Америкийн бизнесийн тэнхимийн уулзалтад оролцож үг хэлэхдээ би “Өнөөдөр Монголд тулгараад буй бизнес, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бид тийм ч гэнэн бодолтой байгаа юм биш ээ” гэж хэлж байлаа. Гэхдээ би энд ирсэн хоёр сар гаруйн хугацаанд гэхэд АНУ-ын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхэлж байгаа хоёр ч компанийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ нь Монголд байгаа нөхцөл байдлыг зөв үнэлж, нүдээ сайн нээгээд харвал боломжууд зөндөө байгаа гэдгийг харуулж байгаа юм. Манай яамны худалдаа, эдийн засгийн хэлтсийнхэн өдөр бүр АНУ руу холбогдож, бизнесийнхэнд Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулж хамтран ажиллахад нь тусалдаг.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс бизнест нээлттэй орон гэдгийг хэлсэн. Энэ мессэжийг АНУын компаниуд дуулсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Түрүүнд би намайг ирснээс хойш АНУ-ын хоёр компани нээлтээ хийсэн гэдгийг хэллээ. Америкийн худалдааны танхимаас “Америкийн өдрүүд” үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад тэнд оролцох хүсэлтэй америк компаниудын тоо нэмэгдэж, сонирхлоо олноор илэрхийлж байгаа нь анзаарагдсан гэдгийг хэлмээр байна.

Саяхан Улаанбаатар хотын захирагч Э.БатҮүл БНАСАУд ажлын айлчлал хийсэн. Мөн урьд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж байсан. Монгол Улс БНАСАУтай ойр харилцаатай байдагт АНУ хэрхэн ханддаг вэ?

-Бусад ямар ч орны адил Монгол Улс өөрийн хөршүүдийнхээ хүрээлэлд оршин тогтнодог. Монгол Улс зэргэлдээ хөршүүдээсээ гадна бусад хөршүүдтэйгээ ч ойр дотно байдагт бид баяртай байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд миний мэдэхээр сүүлийн цөөхөн хэдэн сарын хугацаанд БНХАУ-д гэхэд хоёр ч удаа айлчилсан. Ингэж хөрш орнуудтайгаа харилцан ойлголцолтой, эерэг дулаан уур амьсгалтай байх нь чухал юм.

Монголчуудын хууль тогтоомжийн байдлын талаар та юу хэлэх вэ. АНУын иргэн Жастин Каплаг баривчилж, шүүхээр ял ногдуулсан тухайд америкчууд ямар бодолтой явдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах явдал бидний анхаарах нэн тэргүүний асуудал гэж боддог. Монголд хөрөнгө оруулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж ярих хөрөнгө оруулагчид байдаг. Би Америкийн бизнесийн танхимынханд Монгол Улсын хилээр гадаадын иргэнийг гарахад нь тавьдаг хориг арга хэмжээн дээр анхаарч ажиллахыг хүсч саналаа тавьсан. Гадаадын иргэнийг хилээр буцаж гарахыг нь хориглож байсан явдлууд бий.

Энд ирэхээс өмнөх Монголын тухай таны төсөөлөл бодит байдлаас нэлээд өөр байсан талаар та нэгэн уулзалт дээр дурдаж байсан. Чухам юу ингэтэл өөр байсан юм бэ?

– Би АНУ-ын Колорадогоос гаралтай хүн. Монголд ирээд сайхан санагдсан зүйл нь би яг төрөлх нутагтаа байгаа юм шиг санагдаж байгаа. Жилийн бараг 300 гаруй хоног нарлаг байдаг нь адилхан санагдаж байна. Харин Монголын тухай ирэхээсээ өмнө огт бодож төсөөлж байгаагүй. Ирээд харин надад гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр зүйл байгаа юм. Монголын нийгэм, монгол хүмүүс ерөнхийдөө маш өөдрөг юм. Төр засгийн албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн ч тэр, та нарын үеийн сайхан залуус ч тэр. Энэ нь Монгол орны гэрэлтэй сайхан ирээдүйд, манай хоёр орны хамтын ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байна.

Өөр нэг зүйл нь Монгол Улс АНУ-тай хамтран ажиллах эрмэлзэл зорилго дүүрэн байгаа нь надад мэдрэгдсэн. Маш халуун дулаанаар угтан авч, хамтран ажиллахдаа бэлэн байгаа нь миний ажлыг ч ихээр хөнгөвчилнө гэсэн үг л дээ.

Монголчууд бүс нутагтаа ардчилсан цөөхөн орны нэг гэж онцолдог. Сүүлийн үед монголчууд бид ардчилал маань буруу замаар яваад байна гэж шүүмжлэн ярих боллоо. Мьянмарын ардчиллын удирдагч Ан Сан Су Чи Монголд ирэхдээДүр эсгэсэн ардчилал илүү аюултайгэж хэлж байсныг иш татаж шүүмжлэх хүмүүс ч их болсон. Та бол ардчиллын орон гэгддэг АНУаас ирсэн. Гаднаас нь манай улсыг харахад юу гэж бодогдож байна вэ?

-Америкчууд өөрсдийгөө илүү төгс төгөлдөр ард түмэн байх сан гэж ярилцдаг. Энэ нь илүү сайн сайханд тэмүүлсэн сэтгэл байхаас гадна нөгөө талдаа дутуу байна шүү гэсэн агуулгыг хадгалдаг. Ийм Америкийг бий болгохоор тухайн үед манай шилдэг хүмүүс эрслэн босож, улсаа үндэслэж байсан шиг Монголын залуу лидерүүд одоогоос 25 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийсэн. Маш зоригтой, чухал шийдвэрийг нь АНУ-ын зүгээс бишрэн хүндэтгэж, дэмжин хүлээж авсан. Өнгөрсөн 25 жилийн турш бид Монгол Улсыг дэмжин ажиллаж ирсэн шигээ цаашид ч ардчиллыг хөгжүүлэн өргөжүүлэхэд хөхиүлэн дэмжиж ажиллана. Манай улс ардчиллын 239 жилийн туршлагатай хэдий ч одоо ч засч сайжруулах зүйлс зөндөө. Ардчиллыг тогтоож бэхжүүлнэ гэдэг үнэндээ маш хүнд хөдөлмөр. Тун замбараагүй, тогтворгүй зүйлийг бэхжүүлнэ гэдэг их зүтгэл, хөдөлмөрийг шаарддаг. Танайхан сонгууль дөхөөд ирэхээр бүх зүйл замбараагүй болдог талаар ярьж байсан л даа. Манайд ч ялгаагүй. Ирэх жил сонгууль болно. Бас л нэг тийм бужигнаантай, хөл толгой нь мэдэгдэхгүй юм болдог. Ардчилал ийм л байдаг. Ийм замаар явдаг. Та асуултдаа ардчиллыг дүр эсгэсэн болж байна гэж шүүмжилдэг гэлээ. Тэгэхээр хүмүүс шүүмжилж чадаж байна гэдэг чинь, засгийн газраа, төрийн удирдлагуудаа шүүмжилж байна гэдэг чинь ардчилал байгаагийн эхний баталгаа шүү дээ. Америкчууд ч ардчиллаа өдөр бүр, хоногийн 24 цагт шүүмжилж байдаг юм. Үүнийг бид ардчиллаа улам бүр сайжруулах боломж гэж хардаг даа.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид нийгмийн сэтгэл засалчид байх ёстой

Сэтгүүлчээс муу хүн байхгүй болов. Чухам муу хэлж, хөдөлмөрийг нь үгүйсгэж л байвал хүнд тооцогдох шиг авирлаж байна. Хог шавхруунууд энд цуглаж, хамгийн ядуу, хамгийн арчаагүй хүмүүс энэ ажлыг хийдэг гэж бодогсод олшров. Ийм мэдээллийг санаатай хийгээд санамсаргүй түгээгчид шуургаллаа. Үүнийг нь дагаад нийгмийн хуйлран давалгаалагч хэсэг ч тэр чигээр нь хүлээн авч байна. Ялангуяа цахим ертөнцөд энэ ойлголт тун чиг хүчтэй. Магадгүй мэдээлэл хүлээн авах арга боломжийн хувьд харьцангуй боломжтой тэр хэсгийнхэн өөрсдийгөө мэдээлэл дамжуулах гол цөм гэж ойлгож эхлээд байгаа учраас сэтгүүлчийн мэргэжил хэрэггүй мэт, сэтгүүлчийн хөдөлмөр амар мэт, сэтгүүлчид байхгүй байлаа гэхэд тэдний гүйцэтгэж ирсэн ажлыг амжуулчих мэт санагдаж байх шиг. Цахимаар мэдээлэл дамжуулах боломж бидэнд олон шинэ өөрчлөлтийг авчирсан нь үнэн. Гэхдээ энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг орлон хийнэ гэсэн үг биш юм. Твиттерийн жиргээ мэдээ гаргасан сонины редакц шиг хариуцлага хүлээдэггүй учраас хүлээн авагчийн итгэл үнэмшлийн асар том зөрүү бий гэдэг. Тэр утгаараа сэтгүүл зүй гэгддэггүй.

Сэтгүүл зүй нь мэдээллийг олж цуглуулж, боловсруулж тараах цогц ажиллагаа байдаг. Энэ цогцын ялимгүйг гүйцэтгэж байгаагаа сэтгүүлчийн ажлыг өмнөөс нь хийчихэж байгаа шиг санаж үгүйсгээд байж болохгүй л дээ. Монголын нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд асар унажээ. Энэ нь өнгөрсөн баасан гаригт, хэвлэлийн хурал “хийнгээ” өөрийгөө галдагчийн хэрэг явдлын үеэр тун тод харагдлаа. Тэр хүн ямар зорилготой ийм алхам хийсэн, үнэхээр цөхөрч аргаа барсных уу, улс төрийн захиалгаар ингэсэн үү гэдгийг энд шүүх гэсэнгүй. Харин үйл явдлын зэрэгцээ сэтгүүлчдэд хандаж байгаа хандлага дэндүү гэмээр байлаа. Зүгээр л энэ салбарт ажилладаг бүх хүмүүс рүү бензин цацаад галдах мэт дайрлаа.

Хүн өөрийгөө шатааж байхад сэтгүүлчид микрофоноо авч зугтсан талаар шүүмжилж, ерөөсөө хүний адаг, хорвоогийн хогнууд нь тэнд байсан мэт бичиж эхлэв. Мэдээж, цахим ертөнц бол тухайн хүний үзэл бодлоо хуваалцах индэр учраас элдэв олон санал байж л таарна. Гэхдээ нарийн учрыг нь мэдээгүй атлаа нэгнээ дагаж хуухирсан хөөрөлхөл илт харагдаж байлаа. Харин сэтгүүлчдийн хөдөлмөрийг гадарладаг ганц нэг хүмүүсийн зоригтой хариу дайралт, “Өдрийн сонин”-ы жиргээ, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн байр суурь, МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Галааридын сэтгүүлчид ажлаа мэргэжлийн түвшинд хийсэн тухай мэдэгдэл тэднийг жаал хазаарласан юм.

Тэнд байсан сэтгүүлч, зураглаачид галыг хүрмээрээ унтраах гэж оролдож, түргэн дуудаж, галын хор авчирч цацсан мэдээлэл сэтгүүлчдийг жадлагсдыг арай тайвшруулсан бололтой. Гэхдээ л микрофоноо авсан гэж буруутгаж, С.Эрдэнээс асуулт асуусан гэж шүүмжилж, сүүлдээ гал асч байхад зураг авсан гэж яллаж байна. Уучлаарай, хэрэв тэнд тэр хэдэн адлуулаад байгаа нөхөд байгаагүй бол энэ мэдээллийг та мэдэх байсан уу. Хэн нэгэн өөрийгөө галдаж байхыг харна гэдэг тийм ч амар, тийм ч хүсмээр зүйл биш. Жирийн нэгэн хэвлэлийн хуралд очсон хүмүүст энэ цочирдом явдал. Тэр дундаа дөнгөж хорь гаруйхан настай, бүсгүй голдуу сэтгүүлчдэд. Үйл явдал өөрөөр эргэж байхад ажлын багаж зэвсгээ хямгадаж, шинээр өрнөж буй тэрхүү мэдээ сурвалжлагаа хүмүүст хүргэхээр бэлэн байдлаа хангаж байгаа тэр хүмүүсээс мэргэжлийн алдаа олж хараагүй. Харин ч мэргэжлийн гээд ярих юм бол тэд зөвхөн үндсэн ажлаа л хийх байсан гэж яригдахыг ч үгүйсгэх аргагүй.

Өөрийгөө галдсан С.Эрдэнийн зурагтай зэрэгцүүлээд зулын гол болж буй гадны ламын зургийг олон нийтэд цацсаныг манайхан анзаарсан л байх. Вьетнамын буддын шашинтан Тич Куанг Дак 1963 оны долдугаар сарын 11-нд Сайгоны төвд олон нийтийн өмнө өөрийгөө галдан шатаасан түүхэн зураг. Тэрбээр Вьетнамд түрэмгийлэн орж ирсэн гадны Засгийн газрын католик сүм хийд нь буддистуудыг дарангуйлж буйг эсэргүүцэн амиа егүүтгэсэн юм билээ. Харин уг зургийг Сайгон дахь Ассошиетед Пресс агентлагийн Малколм Браунэ дарж, улмаар энэ зургаараа оны шилдэг гэрэл зургийн эзэн болж байсан. Тэгэхэд Малколм Браунэг замын голд завилан суугаад өөр дээрээ шатамхай бодис асган шүдэнз асаасан ламыг аварсангүй гэж хэн ч буруутгаагүй. Харин ажлаа сайн хийжээ гээд шагнасан байгаа биз дээ.

Польшид ч гэсэн 1968 онд нэг нөхөр өөрийгөө олны өмнө шатааж байсан удаатай. Ургацын баярын фестивальд оролцож байгаа 100 мянган хүний нүдэн дээр тэр дундаа улс төрийн лидерүүд, дипломат албаныхны өмнө болсон энэ хэрэг гэрэл зурагт мөн л үлдсэн байдаг. Монголд энэ жишээнд сэтгүүлчид нь буруутахын үлгэрт ярих юм алга.

Ер нь яагаад сэтгүүлчийн нэр хүнд, энэ мэргэжлийн нэр хүнд ингэтэл уначихав аа.

Энэ нь нэг талаас бидний өөрсдийн маань ажлаа хийж байгаа байдал, хариуцлагагүй явдлаас үүдэлтэй байж болно. Гэхдээ сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, тэдний нэр хүндийг ямагт дор байлгаж, үүгээрээ ашиг хонжоо олох бүлэг хүмүүсийн олон жилийн зорилгот ажлын үр дүн иймд хүргэжээ. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ямар ч үед сэтгүүлчийг нэр хүнд муутай, шударга биш гэж тодорхойлохыг хүсдэг бөгөөд өөртэй нь холбоотой элдэв булхайг нь сэтгүүлч дэлгэх үед “Тэд л худлаа хэлдэг” хэмээн уснаас хуурай гарах бэлэн жор, бэлтгэлтэй явдаг. Ийм хүмүүст сэтгүүлчид ядуу дорой, үнэт зүйлээ өчүүхэн хэдэн цааснаас худалдчихаар байх нь тун хэрэгтэй байдаг. Бас тэдний нэр хүндэд халдахад тун амар. Ердөө л “Хуулийн байгууллагад хандана. Захиалгатай мөнгө авч хийсэн” гэж ам таглах бөгөөд цаашлахаараа редакцийг хаалтын гэрээ хийсэн гэж буруутгана.

Үнэхээр тэгсэн үү, тийм юм байдаг уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Худал хэлснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, эцэст нь энэ мэргэжлийнхний нэр хүнд унасаар.

Тэднийг ингэтэл “замнуулснаараа” сэтгүүлчид буруутай. Тухайлбал бид хэзээ ч нэр хүндэд маань халдаж, сэтгүүлчийн хөдөлмөрийг үгүйсгэж байхад эсэргүүцэж нэгнээ өмөөрдөггүй гэмтэй улсууд. Нэг талаасаа өөрсдөө хүнийг шүүмжилдэг болохоороо хэр баргийн зүйлст урваганаж гоншигонохоо байчихдаг. Сэтгүүлчийг гүтгэж доромжлох байтугай айлгаж, сүрдүүлж амь насанд нь заналхийлж байхад даваад гарчихдаг. Иймдээ ч “Муу л бол хойд гэрийн хар овоохой” гэсэн шиг хандсаар ирсэн хүмүүсийн өөдөөс юм хэлэлгүй, нэгийгээ өмөөрч хамгаалахгүй байсаар байгаад өдийг хүргэжээ. Сүүлдээ ингэж муулуулж, доромжлуулсаар байгаад хамгийн ядуу салбарын хамгийн ядуу алба хаагчид болоод хувирчихлаа.

Баялаг бүтээгчдээ үзэн яддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэдэг, үндэсний чадалтай бизнесмэнүүдээ үзэн яддаг хөөсөрсөн нийгмийн аяыг дагасаар байгаад өнөөдөр салбар маань юу болов. Эрх мэдэлтнүүдийн хувьд хэвлэл мэдээллийн салбар ядуу, сэтгүүлчид тарчиг байх нь хамгийн чухал байдаг. Тийм тохиолдолд гар хөлийнхөө үзүүрээр зарна гэсэн төлөвлөгөөгөөр тэд ажиллаж, сэтгүүлчид ч арганд нь унажээ. Гэхдээ энэ ганцхан сэтгүүл зүйн салбарын эмгэнэл биш юм шүү. Мэдээлэл хүртэх, мэдээлэл авах эрхтэй бүх иргэдийн хувьд эмгэнэл болж байна. Редакц хүчтэй, редакц эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтож чадах нь дурын улстөрчийн аливаа бусармагт санаархсан сарьсан хоншоорыг хага цохиж чаддаг болгодог. Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газрыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тараасан гэж ихээр буруутгаж байсныг санаж байгаа байх. Хэвлэлүүдэд 5-10 сая төгрөгөөр мөнгө шилжүүлж гэж ирээд л аль алийг нь зүхэж байсан даа. Гэтэл төр засаг хийсэн ажлаа, хэрэгжүүлэх шийдвэрүүдээ түмэн олонд хүргэхийн тулд бизнесийн байгууллагуудад мөнгийг нь төлөх ёстой биз дээ. Төлөхгүй гэвэл дээрэм болно. Харин ч энгийн бизнесийн байгууллагуудын дэргэд бүтэн жилийн хугацаанд мэдээллээ таван сая төгрөгөөр гаргана гэдэг дээрэм л байсан байх. Мэдээлэхгүй гэвэл иргэдээсээ бүхнийг нуусан буруутан болно. Гэвч энэ хийрхэл явсаар Ц.Оюунбаатар гишүүний санаачилгатай нийлж бодит үр дүнд хүрсэн. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд суларч, ард түмний мэдээлэл авах эрх нь хөсөр хоцорсон. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл рүү мөнгө шилжүүлж, үйл ажиллагагаа олон түмэнд нээлттэй хүргэх зоригтой хүн алга болов. Хэрэв хэвлэлийн байгууллага руу мөнгө шилжүүлсэн бол Исламын бүлэглэлийн алан хядагчдад мөнгө өгснөөс илүүтэй үзэн ядаад эхлэх тул өнөөдүүл нь ч айдаг болжээ.

Тэгэхээр сэтгүүлчийн ажил хөдөлмөр юу байдгийг олон түмэнд ойлгуулах нь чухал болжээ. Ингэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, эрх ашгийнхаа төлөө дуугарч өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүр номын хуудсаараа мэргэжлийнхээ онцлогийн төлөө зоригтой дуугарч байсан шигээ аливаад нэгийгээ өмөөрөх хэрэгтэй юм байна. Мэргэжлийнхээ нэр хүнд, салбарынхаа нэр хүндийг хамгаалж, боломж л олдвол шавартай хутгачих гээд байдаг буруу ойлголттой хүмүүст нь мэдрүүлж, зорилготой гутаадаг хүмүүст гишгэх газар өгөхгүй байх ёстой юм байна. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг уурхайчны мэргэжилтэй эн дүйцэх хүнд хөдөлмөр юм шүү дээ. Энэ нь дэлхийн сэтгүүл зүйд жишигжсэн ойлголт. Сайн нийгмийг бүтээхийн тулд сэтгүүлчдийн боловсрол, амьдрал ахуй, ажиллах эрх зүйн орчныг сайжруулах нь үндэстний, ард түмний эрх ашиг байх учиртай. Чингэтэл, нийгмийг доройтуулж байгаа бүхнийг, ард түмний оюун санаанд дэлгэж, зэм магтаалыг зэрэгцүүлж, оюун дүгнэлт хийлгүүлснийхээ төлөө яллуулах ёсгүй. Телевиз, радиогоо унтрааж, сониноо хамхивал, хөгжил хамт хамхигдана. Хүний эрх, эрх чөлөө хаа нэгтээ гээгдэнэ. Тиймээс сэтгүүлчдийнхээ тухай ойлголтыг хамжааргатайхан сэнхэрвэл зохино биз ээ. Өнөөдрийн сэтгүүлчид төгс төгөлдөр биш байж магад. Гэвч сэтгүүлч гэдэг мэргэжил бол төгс тийш тэмүүлсэн мэргэжил гэж хэлбэл хилсдэхгүй. Тиймийн тул бүх сэтгүүлч сэтгүүлч шиг сэтгүүлч байх хэрэгтэй. Нийгмийн сэтгэл засалчид байх ёстой. Тэгвэл жинхэнэ зэмлэлийг нийгмээрээ тургиж үл чадах биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч!?

-Энэ нь ардчилагчдын шударга үнэнд хэр дуртайн бодит тусгал болно-

Аравдугаар сарын 2-н удахгүй тохионо. 1998 оны эмгэнэлт энэ өдрөөс хойш 17 дахь жилтэйгээ золгож байна.

Урьдынхаараа хэвлэлүүд С.Зориг агсны тухай санагалзаж, маргааш нь журмын нөхөд, ах дүүс нь цэцэг өргөсөн тухай даруухан мэдээллээр дуусна. Бас сэтгүүлчид түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюунаас ярилцлага авч, тэрбээр хэрэг илрэхгүй удсаар байгаа, эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байгаагаа хэлж шүүмжилнэ. Ингээд л энэ өдөр өнгөрнө. Жил болгон ийм дүр зураг угтсаар байгаад хүмүүс ч дасчихаж дээ. Ерөөсөө ингэдэг л юм шиг, ингэх ёстой юм шиг боддог болж. Гэтэл Монголд нэг иргэнийг нь хөнөөсөн хэрэг яагаад өдийг хүртэл илрэхгүй байна вэ. Эгэл жирийн иргэн ч биш ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн МУИС-ийн багш С.Зориг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг шүү дээ. Гэр бүлийнхэн нь араас нь хөөцөлдөж чаддаггүй, учраа мэдэхгүй хүмүүс гэхэд хэцүү. Түүний ах нь төрд олон жил зүтгэж яваа, дипломат албанд ажиллаж олон жил гадаадад элчин сайдаар сууж буй С.Баяр. Түүнд танил тал, нөлөө их л байгаа байх. Төрсөн дүү С.Оюун байна. Ахыгаа нас барсны дараахь нөхөн сонгуулиар УИХ-д орж ирсэн цагаасаа тасралтгүй таван парламент дамнан төрийн түшээ гэгдсээр ирлээ. Энэ хоорондоо УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайд, Байгаль орчны сайд гээд одоогоор манайд ямар ч эмэгтэй хүний хүрээгүй өндөр албан тушаалыг хашсанд тооцогдож байна. Тэгэхээр санаа тавьж, хөөцөлдөлгөө дутмааргүй санагдаж байгаа юм. Тийн атал энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ. С.Зориг агсантай мөр зэрэгцэн зүтгэж явсан найз нөхөд хамтрагчид нь өнөөдөр эрх мэдэл, нөлөөгөөр ер дутаагүй. Хамгийн өндөр албан тушаалыг хашиж байна. Э.Бат-Үүл нь Улаанбаатар хотын дарга, Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч, намынхан нь УИХ-д олонхи байна. УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь, шүүхийн шийдвэрийн Б.Билэгт нь ч, тагнуулын Б.Хурц нь ч АН-ынхан байна. Төгс төгс эрх мэдэлтэй байна санж. Хүсэл зориг, итгэл үнэмшил байвал саад тотгор огт үгүй. Ийм байхад юунд энэ хэргийн учир тайлагдахгүй удна вэ. 2000 оны сонгуулиар хуучнаар МАХН-ынхан “Бид л гарч байж энэ хэргийн учрыг тайлна” гэсээр байгаад УИХ-д олонхи болж байлаа. Тэр үед хэргийн учрыг тайлагдаж байгаа гэж мэдэгдэж байсан Цагдаагийн Ерөнхий газрын дарга байсан Д.Мөрөн дараа нь УИХ-ын гишүүн болж, улмаар хариуцлагатай өндөр албан тушаалуудыг хашсаар ирсэн. Бэлэн зэхээний үгээ хэлж, ам өчгөөрөө баталж байсан хүн нь байгаад байхад энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ. С.Зоригийн хэрэг бол утга, учиг нь бүрхэг олон хэргүүдийн дэргэд олон гэрчтэй хэрэг. Аллага болж байхад эхнэр нь гэгдэх Д.Булган байж байсан. Тэр ч байтугай орцонд нь хоёр хүү тамхилаад зогсч байсан гэгддэг. Гэвч энэ хэргийн эзэн тайлагдахгүй байсаар олон жилийн нүүр үзлээ. Хэргийн гэрчүүд нь хэзээ ч ам нээхгүйгээр олон нийтээс зугтаж, хотын залуус нь хөдөө очиж амь зуудаг болсон талаар ч чих дэлсэнэ. МАХН гарч байж л энэ хэрэг илэрнэ гэдэг байсан бол дараа нь ардчиллынхан гараагүй цагт алуурчин нь баригдахгүй ээ л гэх болсон. Үнэндээ С.Зоригийн гэх хэрэг сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн хүчнүүд нэгийгээ яллах бороохой нь болж хувирав.

Гэтэл Монголын ард түмэн С.Зоригийн гэх хэргийн алуурчныг аль нэг өдөр олж зарлана гэж хүлээсээр. Үнэндээ хэрэг тогтоож, буруутныг олно гэх чин хүсэл байх юм бол манай хууль, хүчний байгууллагынхан ямар хурдан хугацаанд, ямар мундаг баримт бүрдүүлж чаддаг гэдгийг бид нүүрсний гэх хэргээс харлаа. Аудиторууд нь яаж мундаг шалгаж, шинжээчид нь гайхалтай баталж, АТГ, прокурорууд, шүүх яаж ажилладгийг бид мэддэг болов. Тэд ингэж ажилладаг тохиолдолд Монголд гэмтэн гишгэх газаргүй болмоор юм. Монгол бол Мехсик шиг гэмт хэргийн илрүүлэлт гурван хувьтай байдаг орон биш. Гэмт хэргийн илрүүлэлт манайд дэлхийн дунджаас хамаагүй илүү, бараг 97 хувьтай шахуу яриа ч сонсогддог. Гэтэл илэрдэггүй гэх гурван хувьд нь энэ ноцтой хэрэг үлдсээр он жилийг үдэж байгаа нь эргээд анхаарал татаж байна. Ардчилсан хувьсгалын туг нь байсан С.Зоригийн амь хар нүүрсний үнээс дор байна гэж үү дээ. Ардчилсан хувьсгалынхаа 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй нийт монголчууд, ардчиллынхан энэ хэргийн илрүүлэлтэд анхаарах цаг болжээ.

С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болго оо. Ард түмэн үүнийг хүсч байна. Илрүүлж чадахгүй байгаа юм бол тэрийгээ хэлээд, яг ямар хүчин зүйлс, ямар ашиг сонирхлоор хэрэг гацсаныг ил болгох хэрэгтэй байна. Олон нийт, Монголын ард түмэн тэртээ тэргүй өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийчих улсууд. Харин энэ хэргийг илрүүлэхгүй, ил болгохгүй бол эргээд гайхаж, ард түмний үзэл бодол өөрчлөгдөх хэмжээнд хүрээд байна.

Үнэндээ бүх гэрчүүд нь байдаг, төрсөн ах, дүү нь хөөцөлдөх эрх мэдэл чадалтай, найзууд нь хүч нөлөөтэй, нам нь олонхи, олон түмэн алуурчныг олох ёстой гэсэн бат бодолтой байхад энэ хэрэг илрэхгүй байхын учир юу байна вэ. Хөөрхий муу ижий нь амьд байхдаа энэ хэргийн учрыг олоосой гэж голоо гогодтол боддог байсан биз. Харин өөр ингэж бодож байгаа хүн байна уу. Илрүүлэхгүйн дээр ил болгох хүсэлгүй байвал харин ч хуйвалдааны шинж чанар улам бүр дархлагдан хадгалагдаж байна гэж хардахаас аргагүй байна. Бүр гадны хүчин үүнд хамаатай, тэр хүчний нөлөөнөөс эрх мэдэлтнүүд шахалтад ороод энэ хэргийг илрүүлдэггүй юм биш үү гэсэн хардлага ч олон нийтийн дунд яригдаад эхэлжээ. Хоёр том хөрш, гадны улс орнуудын шахалт дарамт барьцаанд төрийн өндөрлөгүүд орчихдог, тиймээс үндэстний эрх ашиг гэхээсээ өөр шаардлагад нийцүүлэх зовлон байдаг гэж хардах хүмүүс удахгүй үгээ хэлэх шинжтэй. Нэгэнт олон нийтийн дунд С.Зоригийн хэрэг илэрдэггүй нь хуйвалдааны шинжтэйгийнх юм уу гэсэн хардлага гарчихсан тохиолдолд үтэр түргэн ил болгох л зам үлдэх шиг. Бүр 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө яаралтай хийх ажил байх аа. Энэ нь ардчилагчдын шударга үнэнд хэр дуртайн бодит тусгал болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хенри гүнтний нутгаар

Дэлхийн хамгийн баян орон аль нь гэж та боддог вэ. АНУ, Япон эсвэл Хятад уу. Нэг бол Скандинавын орнуудаас ч байж болох юм. Хүн амьдрах хамгийн таатай орон, хүний хөгжлийн индексээрээ эднийх л дээгүүрт ордог доо. Эсвэл газрын тосны нөөц ихтэй Арабын баян орнууд уу.

НҮБ-ын 2014 оны үзүүлэл­тээр нэг хүнд ногдох ДНБ-ээрээ нэгдүгээрт Люксембург улс бичигджээ. Тэгэхээр Европын жижигхээн энэ орон дэлхийн хамгийн баян улс болж таарах нь ээ дээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад болсон АСЕМ-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганыг сурвалжлахаар цөөхөн хоногт тус улсад саатсан юм. Мэдээж удаагүй болохоор тэр бүрий ихийг хэлж чадахгүй ч явсан газрынхаа сонин болгон энэхүү тэмдэглэлийг тэрлэлээ.

Баруун Европын далайд гарцгүй энэ орны албан ёсны нэр Люксембургийн их гүнт улс. Манайхан Люксембургийн вант улс гэж нэршиж дадсан даа. Тус улсыг дэлхийд цор ганц үлдсэн гүнт улс гэх нь бий. Ямартай ч төлөөллийн ардчилалтай, эзэн хаант засаг­лалтай энэ улсыг Люксем­бургийн их гүн Хенри тэргүүл­дэг. Ромын эзэнт гүрний үед нэг хэсэг нь байж, Наполеоны үед эзлэгдэж явсан ч их Бонопартын засаглал нуран унаснаар 1815 оноос эхлэн өөрсдөө гүнгийн ширээг уламж­лан залгамжлуулах бол­сон. Одоогийн гүн Хенри 2000 оноос төрийг тэргүүлж иржээ.

Манайхтай адил далайд гарцгүй энэ орон гурван хөрш­тэй. Хойд болон баруун хэсгээрээ Бельги, зүүнээрээ Герман, өмнө талаараа Франц­тай хиллэх бөгөөд бид­ний­хээс ялгаатай нь олон мянган км хиллэх урт хил байхгүй. Угаасаа 2.586.4 км2 нутаг дэвсгэртэй газрыг яаж ч өөрийнхөө 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай зүйрлэх билээ. Уртаашаа 82 км, өргөөшөө 57 км газар шүү дээ. Дэлхийн 194 улс орноос газар нутгийн хэмжээгээр 179-т бичигдэнэ. Хүн ам нь 562.958 гэхээр манайхаас цөөхөн хүнтэй улс байна гэж “өегшмөөр” ч юм шиг.

Эртнээс нааш геополи­тикийн чухал байрлалд бай­даг хэмээн онцлогддог Люксембург хэзээнээс олон улсын тавцанд голлох суурьтай байж ирсэн. Газар нутаг жижиг, хүн амын цөөнөөр улсын нөлөөтэй үгүй нь хэмжигддэггүй ажээ. Тэд НҮБ, НАТО, Европын холбооны анхдагч гишүүн, санаачлагч улс гээд бод л доо. Бараг хот улс гэгдэх энэ улсын нийслэлд нь Европын холбооны хэд хэдэн байгууллагын төв нь бий.

Ерөнхийдөө Люксем­бур­гийн гудмаар алхаж байхад хүмүүс нь харьцангүй ихэмсэг, их зантай хүмүүс юм уу даа хэмээн санагдаж байлаа. Гэхдээ тэр хүмүүсийн хэд нь люксембург хүн, хэд нь хөрш зэргэлдээ орнуудаас ирж ажиллаж байгааг нь хэн мэдэх билээ. Миний ярилцсан таксины жолооч португаль эр гэхэд Люксембургт ирээд дөрвөн жил болж байгаа ажээ. Түүнээс “Нутгаа санаж байна уу, буцаж явах уу” гэхэд “Never” хэмээн хариулсан. Түүний хувьд төрсөн эх орноос нь илүү Люксембург таалагдаж, тэнд илүү цалин авч байгаа учраас “Хэзээ ч үгүй” хэмээн хариулсан биз ээ. Эх орондоо дуудлагын том оврын таксины жолооч хийлээ гэхэд сард 400 евро цалин авдаг. Харин энд 1900 евро авдаг гэнэ. Францад нутгаас нь хамаагүй их ч Люксембургээс бага. 1100 евро авдаг гэлээ. Тэр залуугийн эцэг, эх нь ч ажил хайж Францад ирээд амьдарч байдаг гэсэн. Хаа газар амьд­рал хайн тэнүүчлэх юм даа, зөвхөн монголчууд ч биш. Сүүлд нарийвчлан харах нь ээ ажил мэргэжилгүй хүмүүсийн хувьд сарын цалингийн доод хэмжээ 1900 евро юм билээ. Манай 192 000 төгрөг юм байна л даа. Гэхдээ энэ маань дөнгөж 88 евро хүрэхтэй. Энэ улсын хувьд сүүлийн жилүүдэд сарын цалингийн доод хэмжээ 1700 еврогоос бага сагаар нэмэгдсээр байгаад 1900-д хүрчээ. Хэдийгээр Европын улс орнуудаас Люксембургт бүх зүйл өндөр үнэтэй бай­даг ч гэсэн цалин өндөр боло­хоор бүгд л хошуурна. Бельги, Герман, Францаас ирж өдөртөө ажиллачихаад оройдоо буцдаг хүмүүс олон ажээ. Өөрсдийнх нь нутагт хүнс, бараа хямд. Өндөр цалин авч, хямд зардлаар амьдрахад юунд болохгүй байх билээ. Харин энэ бай­дал нь сүүлийн жилүүдэд маш олон тооны гадаад хүмүү­сийг Люксембургийг зориход хүргэсэн учраас Люксембургийн иргэншлийн хуулийг 2008 онд гаргахаас аргагүйд болжээ. Уг хуулиар бол нэгдүгээрт гарал үүсэл нь люксембург байх ёстой, хоёр­дугаарт энэ улсад хөрөнгө оруу­лалт хийсэн байж болно гэж байгаа. Энэ хоёр шалгуурыг давж иргэншил авах учраас хүссэн хүн нь чадахгүй болжээ. Гэхдээ уг хуулиар хоёр иргэншлийг зөвшөөрсөн. Дээрээс нь тэнд долоогоос доошгүй жил оршин суусан байх ёстой мөн иргэншил хүсч байгаа хүнээс люксембургиш гээд бүх хэлний цуглуулга болсон хэлээрээ шалгалт авна гэж байгаа. Угаасаа тэнд ажиллах санаатай хэн боловч германаар ч юм шиг, францаар ч ярьж байгаа юм шиг сонсогдох энэ хэлийг сурах хэрэгтэй болдог. Люксем­бургийн албан ёсны хэл нь люксембургиш, герман, франц хэл. Мэдээж дэлхийн хэл болсон англиар ярьж болно. Гэхдээ л францаар эсвэл германаар ярьж байж л илүүд тооцогдох янзтай юм билээ. Энд байгаа хүмүүс хэзээ хаана ч аль ч хэлээр ярьж магадгүй. Бид л монгол, орос, нэмээд англиар ярьчихвал боллоо гэж бодоод байдаг бол тэнд ёстой бүгдээр нь ярихгүй бол болохгүй. Яах аргагүй хэрэгцээ нь юм даа. Европт хил хязгаар алга, тэр дундаа төв огтлолцол дээр байдаг Люксембург бүр ч. Дэлгүүр хоршоо нь 18-19 цаг хүрэнгүүт л хаагдана. Орой тэр эрт гудамж эзгүйрнэ. Хөгжсөн орны иргэд болохоор аль болох эртхэн амрах санаа­тай. Гэхдээ өглөө үүр цүүрээр ажлаа амжуулж эхэлдэг гэнэ лээ. Амралтын өдрүүдэд дэлгүүр нь онгойно гэж горьдолтгүй. Гудамжинд гуйлга гуйж суух хүмүүс мэр сэр тааралдсан. Магадгүй төмөр замын буудалтай нь ойрхон буусан болохоор тэр биз. Гэхдээ гуйлга гуйж байгаа мөртлөө дэргэдээ нохой хөтөлсөн, түүндээ лаазтай махан таташ хоёрыг задалж өгчихөөд гуйлга гуйна гэхээр “том” байгаа биз.

Цаг агаарын хувьд далайн бүс нутгийн уур амьсгалтай зундаа сэрүүн, өвөлдөө зөөлөн гэх. Бидний байх үед өглөөдөө битүү манан бууж, үдээс хойшдоо цэлмэн бага сага бороо хаяж байлаа. Орой 20 цаг гэхэд зам цэлийж, хот хоосрохыг хараад, аргагүй дээ, хүн цөөн улс хэмээн бодож байв. Гэвч өглөө, оройдоо замын түгжрэл овоо юм билээ. Магадгүй, тэр өдрүүдэд АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцохоор тавь гаруй орны төлөөлөгчид ирснээр тийм гацаа үүссэн байх талтай. Гэхдээ л замын түгжрэл Люксембургийн хувьд бодит асуудал болчихоод байгаа гэсэн шүү. Тэндхийн нэг хүнд ногдох машины хувь хэмжээ өндөр болсноос түгжрэл аюул дагуулах болжээ. 1000 хүнд 680 машин ногддог гэсэн байх шүү. Тиймээс үүний эсрэг томоохон алхмуудыг хийхээр болсон гэх. Үүний тулд нийтийн тээврээр нийт иргэдийнхээ 25 хувийг зорчдог болгож, дахиад 25 хувийг хөдөлгөөнт тээвэр буюу дугуй унах, алхах, ролик хөлөглөх боломжоор хангах юм гэсэн. Үлдэх 50 хувь нь хувийн машинаараа. Тэд замын түгжрэл бууруулах 2018-2019 оныг хүртэлх мастер төлөвлөгөөг зохиожээ. Дээр үед хаачихсан трамвайн замаа ойрын жилүүдэд ашиглалтад оруулна гэсэн. Гүйж алхаж, дугуйгаар явна гэх нь үнэндээ ч цэлийсэн том хот Астана ч биш, чигжүүхэн Люксембург болохоор боломжтой л хувилбар юм даа. Энэ улсад Монголын 20 орчим иргэн амьдардаг ажээ. Ихэнх нь суралцдаг гэж дуулдсан. Ерөнхийдөө азиуд цөөхөн харагдаж байсан нь анхаарал татаж байсан.

Мэдээж, Люксембургийн тухай ярихдаа эдийн засгийн талаар нь дурдахгүй өнгөрөх аргагүй. Зах зээлийн эдийн засгаасаа өндөр орлогыг удаан хугацаанд хүртэж, инфляци бага явж ирсэн улс. Хэзээнээс ажилгүйдийн түвшин бага, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр жаахан өссөн гэдэг. 1960-аад оныг хүртэл аж үйлдвэрлэлээрээ орлого олж байжээ. Төмрийн үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл энэ улсын гол түшиг нь байсан бол сүүлийн жаранд банк санхүү энэ улсын гол хөдөлгөгч хүч болж ирэв. Дэлхийн хамгийн нэр нөлөөтэй хөрөнгө оруулалтын сан энэ улстай холбогддог. Мөн сүүлийн үед цаг үеэ дагаад интернэт компаниудад ч анхаарлаа хандуулах болжээ. Люксембургийн татварын чөлөөт бодлого нь олон улсын зах зээлээс мөнгө татаж, хүссэнээрээ эргэлдүүлэх боломж өгдөг хэмээдэг нь учиртай. Энд тэндхийн их хэмжээний мөнгөтэй хүмүүс татвар бага, нууцлал сайтай эдний банк руу хандах нь их ажээ. Нэг хэсэг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Илийн нууц дансан дахь дөрвөн тэрбум ам.долларын ихэнхийг Люксембургт байдаг гэсэн яриа гарч байлаа. Газар нутаг, газрын баялаггүй шахам улсын өөрсдөдөө бий болгож чадсан имиж нэр хүнд, баялаг нь энэ юм даа.

Люксембургийн нисэх онгоцны буудал нь төвөөсөө ердөө зургаан км зайтай. Арга ч үгүй дээ. Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэ сум ч хүрэхгүй хил дээрээ оччих юм чинь. Тэндхийн цорын ганц нисэх онгоцны буудал нь тун даруухан санагдсан. Хажууд нь манай нисэх онгоцны буудал догь. Монголчууд бид заримдаа бухимдахаар санагдахаараа хөдөө замд гарч, хурдлан давхимаар санагддаг. Харин энд чадамгүй мэт. Гэхдээ Люксембургийнхэн манайд хөдөө бий шүү гэж бахархдаг юм билээ. Нээрээ ч нэлээд хэдэн жилийн өмнө Францаас Герман руу машинаар явж байхдаа Люксембургээр дайрч, усан үзмийн бутнууд зэрэгцсэн зэлүүд газраар явж байснаа саналаа. Тэдний газар нутгийн хэмжээг бодож үзэхэд хөдөө ч гэж юу баймаар гэж санагдмаар. Харин тэд бид хөдөөтэй гэж хөөрөлхөнө. Хүн байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж сурах нь чухал юм аа. Энд тэнд явахад улс орноо л харьцуулж явдаг нь хэн хүний зан байх. Улс гүрэн том байсан ч, ядруухан байсан ч аль нэг зүйлээр нь адилтган харьцуулж боддог. Тэгээд харахад улс оронд газар нутгийн том бага, газрын доорх баялгийн их бага хамаагүй бололтой юм. Харин зөв бодлого, зөв хандлага чухал юм даа. Тэгж чадвал хамгийн бага газартай, хамгийн цөөхөн хүн амтай ч хамгийн баян, хамгийн том улс байж чаддаг л юм байна. Энэ нь Хенри гүнтний нутгаар явахад тод мэдрэгдэв.

Categories
булангууд мэдээ томилолт

АСЕМ-ийн хурлууд Монголын мэдэлд ирлээ

Ирэх жилийн долдугаар сард
манай улсад болох АСЕМ-ийн уулзалтын өмнөх
нэгэн чухал арга хэмжээ
энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургийн
их гүнт улсад болж
өнгөрлөө. АСЕМ-ийн гадаад хэргийн
сайд нарын 12 дугаар уулзалтад манай
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон
бөгөөд ирэх жилийн Төрийн
тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах орон
гэдгээрээ энэ хуралд Монгол
Улс голлох үүрэгтэй байлаа.
Ази, Европын уулзалт буюу
АСЕМ-ийн ахлах ажилтнуудын
хурал, Гадаад хэргийн сайд
нарын уулзалт, Төрийн тэргүүнүүдийн уулзалт
гээд үндсэн гурван том
арга хэмжээ бий. Техникийн
бэлтгэл ажлыг хангадаг ахлах
ажилтнуудын уулзалтын өмнө агуулга, бодлогыг
бэлтгэдэг Гадаад хэргийн сайд
нарын уулзалт ийнхүү болж
өнгөрлөө.

Энэхүү Гадаад хэргийн сайд
нарын 12 дугаар удаагийн уулзалтад
Европын холбоо, АСЕАН болон
Ази, Европын гишүүн орнуудын
төлөөлөгчид, Гадаад хэргийн сайдууд,
дэд сайдууд мөн төрийн
нарийн бичгийн дарга нар
оролцсон юм. Европ хийгээд
Азийн улсууд хоорондоо уулзаж,
асуудлаа ярьдаг энэ хурлыг
дэлхийн хэмжээнд газар нутаг, хүн
амынх нь тоогоор аваад
үзвэл хамгийн нөлөөтэй, хамгийн
чухал цугларалт гэдэг нь хэнд
ч тодорхой. НҮБ-ын хурал харьцангуй
албан хүрээнд болж өнгөрдөг.
Харин АСЕМ-ийн хурлууд
аль болох албан бус
энгийн болдгоороо онцлогтой. Энгийнээр нэг нэгэнтэйгээ тулж
ганцаарчлан уулзаж ярилцах үеэр
асуудлыг шийдэх гарц гардаг
ч гэдэг дээ.
Хоёр жил тутам болдог
Гадаад хэргийн сайд нарын
уулзалт өмнө нь 2013 онд
Энэтхэгт болсон бол энэ
удаад Люксембургийн их гүнт улсад
боллоо. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй
ирээдүйн төлөө хамтын ажиллагаа”
сэдвийн хүрээнд үргэлжилсэн энэ
хурлын үеэр бүс нутгийн
олон асуудлыг хэлэлцсэн. Энэ дундаа уур
амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, олон улсын анхааралд
байгаа бүс нутгийн аюулгүй
болон тогтвортой байдлыг хангах талаар
нээлттэй ярилцлаа. Мөн дүрвэгсдийн асуудал,
хүний эрх, авлигын асуудлыг
ч хөндсөн нь
мэдээж. Ерөнхийдөө АСЕМ-ийн хурлыг
асуудал шийддэггүй гэж шүүмжлэнгүй хандах
нь их бий. 1996 онд
Бангкокт анхны хурлаа хийснээс
хойш 20 жил болох гэж
буй тус байгууллагын шүүмжлэгддэг
сул тал өдгөө сайн
тал нь болсон гэхэд
буруутахгүй. Учир нь олон
улсын тавцанд улс орнуудын
нөхцөл байдал, харилцаа холбоо
ч ихээхэн өөрчлөгдсөн.
Харин ийм цаг дор
хатуу шийдэлд хүрэхгүй ч
асуудлаа ярилцдаг, ний нуугүй үгээ
хэлж ойлголцдог ийм индэр байх
нь ихээхэн чухал гэгдэж
байна.

Мөн Америк-Ази, Европ
Америкийг холбосон чөлөөт худалдааны бүс
бий болчихоод байхад Ази, Европыг
холбосон сүлжээ байхгүй байгаад
анхаарах болсон гэдгийг тэнд
цугларсан Гадаад хэргийн сайдууд
онцолж байсан. Тэр тусмаа
АСЕМ гээд ийм хүчтэй
байгууллага байхад худалдааны томоохон
сүлжээг бий болгохоос хойш
суухын аргагүй хэмээн үзжээ.
Үнэндээ ч АСЕМ-ийн
гишүүн орнуудын нийлбэр хүчин чадлыг
аваад үзвэл дэлхийн тун
зангарагтай том холбоо гэдэг
нь харагдаж байдаг. Тийм ч
учраас уг чуулганыг нээж
хэлсэн үгэндээ Люксембургийн Их
гүн Хенри “АСЕМ-ийн
гишүүн орнуудын 11 нь Их 20-д
багтдаг. Энэ хоёр тивийн
улс гүрнүүд нийлээд дэлхийн
нийт GDP-ийн тэн хагасыг
бий болгож, дэлхийн худалдааны
60 хувийг бүрэлдүүлж байна. Мөн дэлхийн
нийт хүн амын 60 хувь
нь энэ хоёр тивийн
иргэд юм” гэж онцолсон
биз ээ.

Үнэндээ ч дэлхийн геополитикийн гол тоглогчид АСЕМ-ийн бүрэлдэхүүнд бий. Тэр ч утгаараа АСЕМ-ийн хүрээнд явагддаг бүхий л хурал цуглааныг нутагтаа хийх нь нэр төрийн хэрэгт тооцогддог. Харин монголчууд АСЕМ-ийн хурлууд дундаа хамгийн том нь болох бүх гишүүн улсын төрийн тэргүүнүүд оролцдог хурлыг зохион байгуулахаар болчихоод байгаа билээ. Ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орны хувьд Монгол Улс, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурлын гол зочин нь байв. Хоёр өдөр болсон уулзалтын дараахь хэвлэлийн бага хурлыг ердөө гурван хүн хийлгэсэн нь Люксембургийн Гадаад хэргийн болоод Европын асуудал хариуцсан сайд Жин Асселборн, Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар байлаа. Ерөнхийдөө уг хэвлэлийн бага хурлын гол асуултууд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлуудын тухай байгаа нь анзаарагдаж байсан. Сэтгүүлчид АСЕМ-ийн улсууд хоорондын халуун сэдвээ хэрхэн шийдэж чадсаныг нь хурлын үеэр асууж байсан нь учиртай. Ямар нэг албан шийдвэр гаргадаггүй учраас улс орнууд энд л цуглаж, өөр хоорондоо байгаа асуудлаа ярилцаж авдаг ажээ. Уурлах нь уурлаж, хэлэлцэх нь хэлэлцсээр нэгнийхээ байр суурийг мэдэх учраас дагаад дараа нь албан шийдвэр гаргахад ихээхэн дөхөм байдаг байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын комиссын Гадаад хэрэг, Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б.Хойер нартай уулзахаас гадна зарим улс орны Гадаад хэргийн сайдуудтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Манай сайдын хувьд ийшээ ч герман, тийшээ ч англиар ярих бөгөөд францаар бүрэн дүүрэн ойлгодог нь жинхэнэ Люксембургийнхний хэв маягт нийцүүлсэн гэлтэй. Люксембургийн хувьд хүмүүс франц, герман, англиар ярихаас гадна аль алийг нь багтаасан люксембургиш хэлтэй юм билээ.

Дэлхийд хамаарах нутаг дэвсгэрийн хувьд ч, хүн ам, улс орнуудын тоогоороо ч Ази, Европынхны уулзалтад хэлэлцэх асуудал их. Зөвхөн бүс нутгийн асуудлаар гэхэд л Сирийн дайн, Европ руу урсан орж ирэх дүрвэгчид, Украины зөрчил, аль эртний Израил Палестиний мөргөлдөөн, Ливийн хэрэг явдал, дуусдаггүй Солонгосын хойгийн асуудал дээрээс нь Өмнөд Хятадын тэнгисийн маргалдаан гээд ар араасаа цуварна. Тийм ч учраас дэлхий тэр чигээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ийш анхаарал тавих аж.

Дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарах сэдэв байна гэдэг нь ирэх жил болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаагаараа Монгол автоматаар дэлхийн анхаарлын төвд очиж таарах нь гэсэн эхний бодлыг төрүүлнэ.

Ирэх жил Монголд болох 11 дэх удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын асуудал энэ удаагийн сайд нарын уулзалтын ярилцах нэг сэдэв байлаа. Өнөө жил НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоо сүр дуулиантай хийж, ихээхэн анхаарал тавьж байгаа шиг АСЕМ-ийн хувьд ирэх жил 20 жилийн ой нь тохионо. Тэгэхээр зөвхөн төрийн тэргүүнүүд уулзаад зогсохгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Улаанбаатарын тунхаглалыг гаргахаас гадна, дараагийн 10 жилийн ажлаа төлөвлөх том зогсоол манай улс байх нь ээ.

Энэ жил анх удаа зохион байгуулсан Залуу лидерүүдийн анхдугаар уулзалтын дараагийнхыг нь АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы өмнө манайд зохион байгуулахаар болсон. Мөн худалдааны ахлах ажилтнуудын хурлыг зохион байгуулах үүргийг манайд өгсөн. Ер нь ирэх жил АСЕМ-ийн хүрээнд 15 орчим хурал болохын нэлээд нь зохион байгуулагч орны хувьд манайд болох юм. Энэ тоолонгоор мөнгө цаас урсах нь гэж үсээ үгтээх хэрэггүй болов уу. Манайхан АСЕМ хийгээд дампуурах нь гээд ярьж байгаа. Хүмүүсийн тэрхүү ойлголтыг тээсээр сониучирхан энэ хурлыг сурвалжлахаар очсоноо нуухгүй. Гэтэл ахлах ажилтнуудын хурлын зардлыг Европын холбоо, залуу лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох залуусын зардлыг Ази, Европын сан (ASEF), манайд ирээд байрлах байрны зардлыг Швейцарь улс гаргахаар болсон байх жишээтэй. Бидний хувьд зохион байгуулалтыг нь сайтар хариуцах, хариуцлагатай байхаа л хичээчихмээр юм байна даа гэж бодогдсон. Саяын хурлын үеэр Монгол эдийн засгийн хувьд асуудалтай байгаа учраас улс орнууд хэрхэн тусалж дэмжиж, хамтарч ажиллах уу гэдгээ ярилцсан гэнэ лээ. АСЕМ гээд арван толгойтой атгаалжин хар мангас мэт ярих хүмүүс их бий. Тэгвэл Монгол Улсаа траншейны хүүхдүүд, Солонгост хараар ажиллагсад, Европын улс орнуудад дэлгүүрээс бараа хулгайлагч гэсэн муу имижээр нь бус ямар үндэстэн, ямар улс гүрэн гэдгээ батлах боломж АСЕМ юм байна. Гадаад сурталчилгаа хийх ёстой, гэтэл яаж гэдгээ мэдэхгүй байна, төсөв мөнгө муу байна гэхийн оронд АСЕМ-ийг улс гүрнээ сурталчлах том боломж гэж харах нь зөв юм. Дунджаар 300-500 орчим сэтгүүлч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах гэж очдог. Тэгвэл манайд болох 20 жилийн ойн хуралд 800 бүр цаашлаад 1000 хүрч магадгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм билээ. Бас ирсэн зочин бүр өндөр зэрэглэлийн зочид буудал, хэр тааруу буудал гээд олон газарт байрлана, бас иднэ, ууна. Тэр бүхэн манайд л үлдэнэ.

Ази, Европыг багтаасан АСЕМ гэх айлын дээд хэмжээний уулзалтыг өрхийн нэг гишүүний нь хувьд нэр хичээн сайтар зохион байгуулах нь чухал. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараахь хэвлэлийн бага хурал дуусахад олон сэтгүүлч манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгээс иш татан “13 дугаар зууны үеэс Ази, Европыг холбосон гол бүс байсан их эзэнт гүрний Монголд ирэх жилийн АСЕМ-ийн хурал болно” хэмээн мэдээнүүдээ төгсгөсөн байгаа харагдсан билээ.

Ямартай ч Люксембургт болсон Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хурал өндөрлөснөөр АСЕМ-ийн дараагийн нэг цикл Монгол Улсын мэдэлд ирлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуудай: Ёс зүйгүй гэж буруутгах бол намайг буруутга

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү, “Гранд лайн” компанийн захирал асан Б.Чулуудайтай ярилцлаа.

Сүүлийн үед тантай хол­боо­тойгоор аавыг тань ихээр буруутгаж, бүр огцруулах хүртэл асуудлыг сөхөх болсон. Харин энэ бүх “хэргийн эзэн” та дуугүй яваад л байх юм. Энэ бүх явдалд хамгийн бодитой мэдээллийг өгөх хүн бол та шүү дээ…

-Миний нэрийг оролцуул­сан хэл яриа гараад бас нэлээд удлаа. Дуугарч, юу болж байгааг хэлмээр санагддаг байсан ч зорьж төлөвлөсөн ажлынхаа ард гараад, хийж бүтээсэн ажлаа­раа хариуг нь үзүүлье гэж бодож байлаа. Юу юуны духанд хүрэлгүй тайлбар тавиад явснаас ажлаа сайн хийе гэж бодож ирсэн. Нөгөө талаас яг надаас ярилцлага авмаар байна, та хариулт өг гэж сонин хэвлэлийнхэн хандаагүй л дээ. Би өнөөдөр л тантай уулзаж байна. Харин ч нэг ний нуугүй ярьчихъя гэсэн бодолтой таны өмнө сууж байна. Ингэхэд танд эхлээд асуулт тавьчихвал болох уу. Та ингэхэд дахин төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Энэ ажил цаашдаа үргэлжлээд яваасай гэж боддог уу?

Манай нийслэлийнхний асуудал болгож ярьдаг хэт төвлөрөлт, утааны асууд­лыг шийдэж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх чухал гарц нь дахин төлөвлөлт гэж бай­гаа биз дээ. Миний хувьд энэ асууд­лууд түр­гэн шийдэгдээд цаашлаад хуучны орон сууц­ны байшин­гууд ч дахин төлөвлөлтөд орж, шинэч­лэгдэхийг хүлээж байдаг.

-Тийм ээ. Дахин төлөв­лөлтийн талаар ярьж эхлэхэд хүмүүс тэр бүрийд ойлгодоггүй байлаа. Аав маань анхлан үүнийг ярьж эхлэхэд хүмүүсийн санаанд буухгүй байсан байх. Бага багаар хүмүүс учрыг нь ухаж эхэлсэн. Тэгээд аав болоод түүний багийнханд хүмүүс итгэл хүлээлгэж, аав ч хотын захирагч болсныхоо дараа энэ ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өрнүүлснийг хүмүүс мэдэж байгаа. Энэ ажлыг эхлүүлсэн нь ч, цаашдын олон арга хэмжээ нь ч бүгд НИТХ-ын баталсан тогтоол журмын дагуу явж ирсэн, явдаг гэж би ойлгодог. Уг тогтоол журмын дагуу иргэдийн өөрсдийнх нь гаргасан санал санаачилгаар эхний ээлжинд найман байрлалд дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ санал санаачилга, дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манай “Гранд лайн” компанийн оролцсон консерциум Амгалангийн Жанжин клуб орчмын 15,4 га газарт дахин төлөвлөлтийг хийхээр шалгарсан юм.

Харин энэ шалгаруулалтад хотын даргын хүүгийн компани багтсан концерциум шалгарсан нь буруутаад байгаа юм биш үү?

-Энэ шалгаруулалтыг манай аав ч юм уу, хотын аль нэгэн албан тушаалтан хийдэггүй юм. Үүнийг тэр газар нутагт оршин сууж байгаа иргэд өөрсдөө хийдэг. Үүнийг хүмүүс мэдэж байгаа ч зориуд мэдэн будилж байгаа юм уу, шийдвэрийг иргэд биш эцэг нь гаргасан мэтээр яриад байгаад асуудал байгаа юм. Манай “Гранд лайн” компанитай салбартаа олон жилийн туршлагатай “Зуншин”, “Сайрам булаг” гэсэн компаниуд ажлын төлөвлөгөө, зураг төслөө гарган шалгаруулалтад хамт оролцсон. Тэгэхэд энэ 15.4 га газрын дахин төлөвлөлт дээр 14-15 компани өрсөлдөж, гурав нь шалгарч үлдэж байлаа. Харин энэ гурван компаниас иргэд өөрсдөө сонголтоо хийсэн юм. Санал асуулгаар манайх 90 санал, дараагийнх нь 30, 20 санал авч, өрсөлдсөн компаниуд маань иргэдийн өгсөн энэ саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа батламжилж гарын үсэг зурсан баримт бичиг нь ч энэ байна. Бүх зүйл хууль журмын дагуу явж ирсэн гэдгийг батлах баримт бичгүүд миний өмнө байна. Та аль дуртайгаасаа аваад надаас асууж болно. Иргэд бол биднийг хийж чадна гэдэгт итгэсэн учраас саналаа өгсөн, бид ч тэдний итгэлийг дааж ажиллаад өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилдаа орж байлаа. Манай тэнд оршин суудаг 228 өрхийн 215-тай нь бид гэрээ хийж чадсан. Энэ бас мундаг үзүүлэлт шүү. Нийт айл өрхийн 75 хувьтай нь тохиролцож чадвал ажлаа эхлүүлдэг байхад бид 95 хувьтай нь ойлголцож чадсан.

Гэвч 2013 оны сонгуулийн үеэр улстөржих болж Э.Бат-Үүлийн хүүгийн компани үүнд оролцоод явж байгааг буруутгаад эхэлсэн юм. Сүүлдээ хамтрагч хоёр компани маань хэл амнаас түвэгшээж энэ төслөөс гарахаар шийдсэн. Үнэндээ бизнесийн хүмүүс ийм хэл амнаас болгоомжилдог, зүгээр л урд байгаа ажлаа хийхийг эрхэмлэдэг хүмүүс. Гэтэл зүгээр бизнесээ хийгээд явж байгаа тэр хүмүүс надаас болоод асуудалд орохыг хүсээгүй. Одоо үүнийг хэлж байгаа нь зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй байна. Дахиад тэднийг хэл аманд оруулчих вий гэхээс санаа зовж байна. Туршлагатай, сайн компаниуд байсан. Надад үнэхээр харамсалтай байлаа. Бизнес хийж, ажлын ард гаръя гэсэн тэр хүмүүс яах аргагүй байдлаас болж төслөөс гарсан.

Тэгээд танайГранд лайнХХК ганцаараа үлдсэн юм уу. Ингэхэд танай энэ компани хэзээ байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь ямар компани вэ. Та өөрөө байгуулсан уу, хэн нэгнээс дамжуулж авсан уу?

-Ингээд ганцаараа үлдсэн. Энэ компани маань 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн компани. Би танилаасаа энэ компанийг шилжүүлэн авч, брокер дилерийн үйл ажиллагаагаар гадны компанитай хамтран ажиллаж байсан. Манай “Гранд лайн” компани бол хөрөнгө оруулалт зуучлалын компани. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк гэж байдаг шиг хөрөнгө оруулалт зуучлалын компани. Тухайлбал, энд байгаа Бат гэдэг хүний газар дээр би хөрөнгө оруулалтын зуучлал хийгээдДорж гэдэг хүний хөрөнгийг бас өөрийнхөө хөрөнгөтэй нийлүүлээд бүтээн байгуулалт хийгээд Батдаа, Дорждоо бас өөртөө ч ашигтай ажиллахыг хэлээд байгаа хэрэг л дээ. Ийм төрлийн бизнес дэлхийн хаа ч байдаг. Сөүл, Бээжинд ч газар зохион байгуулалт ийм зарчмаар явагдаж, дахин төлөвлөлт хийж ирсэн. Тэр зарчмаар би энэ ажил руу орсон юм. Үнэндээ би ялаад, шалгараад үлдчихнэ гэж бодоогүй энэ шалгаруулалтанд орсон юм шүү.

Түрүүлнэ гэж бөх барилд­даг шиг ялна гэж шалгаруулалтад ордоггүй юм уу?

-Чин үнэнийг хэлэхэд би шалгарчихна гэж бодоогүй байсан. Ямар ч байсан залуу хүн байна энэ шалгаруултад төсөл төлөвлөгөөгөө бэлдээд ороод үзье, өөрсдийгөө сориод үзье л гэж орсон юм. Бас нөгөө талаас аавынхаа хүү нь учраас эхлүүлж байгаа, санаачилж байгаа ажлыг нь дэмжээд өрсөлдөж байгаа олон компанийн нэг нь болж хүч нэмье гэж санасан. Гэтэл манай хорооны иргэд бидэнд, манай компанид итгэж байгаагаа илэрхийлж, бусдаасаа тасархай санал аваад гараад ирсэн. Та бүхэн санаж байгаа бол үүний дараа аав очоод тэр иргэдтэй уулзаад, энэ компанийг больчих оо, өөр компанийг сонгочих гэж хэлсэн ч ам руугаа алгадуулаад буцсан.

Тухайн үед телевизээр гарч байсан санагдаж байна. Хүмүүс бараг хотынхоо даргыг загнаад буцааж байсан даа

-Тийм ээ. “Таны мэдэх асуудал биш ээ, бид өөрсдөө асуудлаа мэдье” л гэсэн. Аав уг нь манай компанийг биш өөр компанийг сонгочих гэж ятгаж очсон юм шүү дээ. Гэтэл иргэд бидэнд итгэсэн, түүнийгээ аавд, хотын даргад хэлж, түүний хэлснийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь би ч урам орж улаан галзуу дайрчихсан. Үнэндээ манай компанийн залуус, би, бид бүгдээрээ энэ ажлын ард гарах гэж хичээн зүтгэсэн дээ. Гэтэл даанч болдоггүй юм байна. Гүжир гүтгэлэг, дайралт үнэндээ хүнийг туйлдуулдаг юм байна (санаа алдав).

Та нар иргэдэд ямар санал тавьсан бэ. Тэр олон хүний хүсэл таашаалд нийцүүлнэ гэж амаргүй биз дээ?

-Мэдээж, иргэдтэй тохиролцоно гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр авдаг ажил нь энэ. Тэнд 0.07 га газартай иргэдэд бид 120 м/кв орон сууцыг санал болгосон. Брокер дилерийн чиглэлд ажиллаж байсан болохоор манай залуус тооцоо судалгаанд гаргуун. Тэгээд бид нарийн тооцоо гаргаж, бас газраа өгч байгаа иргэдээ ч хохироолгүй тав тухтай амьдруулах үүднээс 120 м/кв орон сууцыг өгөхөөр шийдсэн. Үнэндээ 120 м/кв бол бага хэмжээ биш. Аавыг маань дахин төлөвлөлт гээд ярьж эхэлж байхад хашаа байшингийн үнэ тун бага байсан юм шүү дээ. Газраа барьцаалаад зээл аваад сайхан байшин барих боломжийг судлахад газар нь ямар ч үнэгүй болохоор барьцаа болж чаддаггүй байлаа. Биднийг гэрээ хийх үед орон сууцны м/кв-ын ханш одоогийнхоос өндөр, манай санал болгосон байраар бодоод үзэхэд бид нэг айлын хашааг 200 гаруй сая төгрөгөөр үнэлж байсан. Одоо м/кв-ийг 1.5 сая төгрөгөөр бодлоо гэхэд 144 сая төгрөг шүү дээ. Гэтэл тэр үед хашаа таван сая төгрөг, ихдээ 20-30 сая төгрөг байлаа. Харин одоо газрын үнэ тэнгэрт хүрсэн нь дахин төлөвлөлтийн ажлын үр дүн юм аа. Банкинд барьцаанд тавих хөрөнгө болж чаддаггүй байсан айлын газрыг үнэд хүргэх аавын минь бодол биелсэн. Бид гэрээ хэлцэл хийж явахдаа иргэдийнхээ хүсэл бодлыг сайн тусгаж явсан. Тэдэнд анх 60 м/кв байр өгнө гэхэд тэд боломжгүй гэдгээ хэлж байлаа. Тэр хашаанд ганцаараа биш, үр хүүхэд, бэр хүргэнтэйгээ амьдардаг улсууд, бидэнд жижиг метр квадрат байр аваад амьдрахад багтаж шингэхгүй хэцүү гэсэн. Тэгээд бидний зүгээс 40, 40м/кв-аар нь гурван байр авч болох саналыг тавьж, иргэд ч саналыг маань дуртай хүлээж авсан. Дээрээс нь хашаанд байгаа тоосго байна уу, мод, палк байна уу бүх байшинг нь тодорхой хэмжээгээр үнэлж м/кв-ын хэмжээг нь нэмээд өгч байгаа юм.

Тэндхийн иргэд маань зөвхөн байртай болоод дуусмааргүй байна, орлогын эх үүсвэртэй болохыг хүсч байна гэснийг ч бас бодолцсон. Тэндээ худалдааны төв барихаар болж, улмаар өрх бүрт таван м/кв лангуу үнэ төлбөргүй ашиглах эрхийг өгсөн. Бид тэдний үгийг сонсч, тэдэнд бас санал маань таалагдсан учраас учиргүй ажил уях хүн байгаагүй. Тэгээд ч иргэд маань ухаантай учраас дахин төлөвлөлтийг дэмжээд ажлыг түргэн урагшлуулсан. Мэдээж шүү дээ, хэн тохилог орон сууцанд дээрээс нь орлогын эх үүсвэртэй амьдрахыг хүсэхгүй байх вэ дээ. Яахав, заримдаа хэлэлцээ хүндрээд ирэх үед нь би нэмэгдэж ороод тавыг нь тав гэлтгүй кв-ыг нь нэмээд, нэмээд ажлаа явуулж л байсан. Ингээд маш хурднаар энэ ажлынхаа ард гарсан. 30 гаруй тэрбум төгрөгөөр 15 га газрын худалдан авалт хийгдсэн гэсэн үг. Үүнийгээ га-д нь хуваагаад үзвэл хоёр тэрбум төгрөг болж байгаа нь Зайсангийн газрын үнэлгээтэй бараг дөхөж очиж байгаа юм. Цаашлаад бид хөрөнгийн зах зээл дээрээс ч брокерын үйл ажиллагаагаар мөнгө босгох төлөвлөгөө байсан. Газрыг эргэлтэд оруулж, проперти бизнес хийх гэж үүнийг хэлж байгаа юм. Тэр үед залуус маань үнэн эрч хүчтэй, ажиллах, хийж бүтээх гүн эрмэлзэлтэй байсан. Би тэднээрээ одоо ч бахархдаг.

Танай хажууханд дахин төлөвлөлтийн ажил руу орсон барилгын компанийнхан хүмүүстэйгээ 100 м/кваар тохирч байсан ч Б.Чулуудайд чирэгдээд 120 м/квыг өгөхөөр болсон. Аавынхаа ажлыг дэмжээд ханш өсгөөд байсан гэж таныг буруутгангүй ярьж байхыг сонсч л байсан юм байна

-Бид нарийн тооцоо хийсэн гэдгийг дээр хэлсэн. 120 м/кв бол иргэддээ ч ашигтай, компаниудад ч ашигтай. Хоёр тал аль, аль нь сэтгэл ханамжтай үлдэх ёстой. Манай гэр хорооллынхон цахилгаантай л болохоос аль XIX зуун, бүр түүнээс өмнөх зуунаараа л амьдарч байна шүү дээ. Тэгвэл энэ бүхэн өөрчлөгдөх цаг болсон. Үүний төлөө аав маань бас олон, олон хүн зүтгэсэн. Үүний хүчинд гэр хорооллынхны газрын үнэлэмж өөр болсон. Дахин төлөвлөлтийн ажил маань улам өргөжөөд 30 гаруй компани шалгараад явж байгаа гэж сонссон. Тэр хүмүүс бас яах гэж ингэж зүтгэж байгаа юм. Эцсийн үр дүнд гэр хороололд маш том бүтээн байгуулалт босч, дэд бүтцийн хувьд таатай, эрүүл ахуйн хувьд аюулгүй тийм орчинд амьдрах явдал шүү дээ. Үүнийг ач холбогдлоор нь үзвэл маш том ажил юм.

Өөрөө яагаад бизнесийн салбар руу орсон юм бэ. Тэгээгүй бол энэ бүх хэл ам үүсэхгүй байсан гэж боддог уу?

-Би хүүхэд байхаасаа улс төрийн амьдрал гэж юу болохыг сайн мэддэг байсан. Бараг манай гэрт анхны нам байгуулагдаж байлаа шүү дээ. Ардчиллын партизанууд чинь манайд цуглаж хурлаа хийдэг байсан. Ээжийн маань ганзаганд яваад олж ирсэн хэдэн төгрөгийг аав хурааж аваад намын байраа тохижуулж байсныг би харж л байсан. Ардчиллын мөн чанар гэж юу болохыг би үеийнхнээсээ хамаагүй эрт ойлгосон байж ч магад. Тэр үеэс л би улс төр хатуу, ар гэрийн амьдрал золиосонд байдаг гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч би бизнесийн салбарт хүчээ үзэж амьдрахыг хүссэн. Одоо ч хүсч байгаа. Жинхэнэ улс төр гэдэг бол элдвийн наймаа, худал хуурмагт оролцож болдоггүйг яс махаараа мэдэрсэн. Би 19 нас хүрээд ээжийнхээ ажилд туслах болсон. “Сонор” дуу бичлэгийн студиэ ажиллуулж, хамтлаг дуучидтай хамтарч дараа нь “Инфо” радиогоо байгуулж, бүр анхны интернэт радиог ч үүсгэж байлаа. “Сонор”-ын таван жил гэж тэр үедээ л үндэсний том баяр болж хамтлаг, дуучид бүгд л стадион дүүрэн уухайлж дуулж байсныг санаж байна. Бас хамтлаг, дуучдыг амьдаар нь дуулуулж, шууд радигоор цацдаг паб маань гурван жил дараалж АПУ компанийн шилдэг харилцагч болж байсан гэхээр сүрхий л байж гэмээр байна. Бид анхны хүүхдийн аудио үлгэрийн номын цоморлигийг хэвлэж гаргаад гурван жил дараалан хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж л байлаа.

-“Татархамтлагийг продюсерлэж гаргаж ирсэн дээ. Бараг хамтлагийг бүтээж, гаргаж ирэх анхны оролдлого байх шүү?

-“Татар” хамтлагаараа би их бахархдаг. Дэнжийн 1000-ын хүүхдүүд шүү дээ. Бас л гэр хорооллынх. Бид үзэгчдээр битүү дүүрсэн хэд хэдэн тоглолтуудыг сайхан хийж байлаа. Улаанбаатар паласт 25 мянган хүнтэй тоглолт хийж, Японд очиж тоглолт хийгээд “Sony music”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Мөн бид “Татар” хамтлагийн “Аз жаргал Bad boy” киног хийгээд сар хагасын дотор 360 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, шинэ монгол киноны сэргэлтийг эхлүүлж л явлаа. Тэр үед би 25-26-тай байж дээ. Ингэж явж байсан хүн яаж бизнесээс ангид байх билээ. Нэг хэсэг нэлээд амжилттай явж байсан дуу бичлэг, CD борлуулалтын бизнес маань аяндаа унаж эхэлсэн дээ. Технологийн хөгжилд нэг ёсондоо чирэгдэх болсон. МР3 гарснаар хүмүүс дуугаа бие биенээсээ, компьютероос хуулаад авчихдаг боллоо. Яг энэ үед миний дотнын ах надад хатуу зөвлөсөн юм. “Би аав, ээжийг чинь мэднэ ээ. Энэ гэр бүлдээ чи ирээдүйтэй, зөв нэр төртэй бизнес хийх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн юм. Тэгээд би гадагшаа явж сурахаар шийдсэн. Сингапурт хоёр жил бизнесийн удирдлагаар суралцлаа. Энэ үедээ хөрөнгө оруулалтын бизнесийн талаар чамгүй судалсан юм. Хөрөнгө оруулалтын зуучлал хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулалтын бизнес ашигтай ажилладаг юм байна гэдгийг ойлгож аваад ирсэн дээ.

Ирээд ямар ажил хийсэн бэ?

-Тэнд суралцаж байх үеэсээ эхлээд газар, уул уурхайтай холбоотой төсөл, барилга хөдөө аж ахуйн чиглэлд нэлээд судалгаа хийсэн. Хөрөнгө оруулалт салбар бүрт байж болох учраас бүгдийг судалсан. Төгсч ирээд “Samsung”-ийн хөрөнгө оруулалтын банкны Монгол дахь төлөөлөгчөөр ажиллав. Энэ үедээ бас чамгүй сайн ажилласан гэж боддог. Харамсалтай нь толгой компани маань хөрөнгө оруулалтын банкны чиглэлд ажиллахгүй болсон учраас Азийн орнуудад, Монголд байсан салбараа татан буулгасан. Энэ хооронд би 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж ирж чадсан. Үүний дараа хувийн компанийн ажилдаа ороод явж байтал 2012 онд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн дээ.

Дахин төлөвлөлтийн автор бол яах аргагүй танай аав. Одоо сонгууль дөхөж байгаа болохоор аавтай чинь холбоотой сөрөг таагүй мэдээлэл эсрэг намынханд хамгийн чухал. Ийм байдал үүснэ гэдгийг мэдэж л байсан байх. Яах гэж аавтайгаа хол­боо­той энэ ажил руу орсон юм бэ. Үлдэж болоогүй юм уу?

-Одоо аавыг маань ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж сөрөг хүчний намын аппарат тэр чигээрээ, ер нь бүх нам, тэр дундаа өөрийн намаас нь ч нийлчихсэн буруутгаж байна.

Хотын дарга ямар ч ёс зүйгүй үйлдэл хийгээгүй ээ. Миний аав ёс зүйгүй байгаагүй. Ёс зүйгүй гэж буруутгахаар бол намайг буруутга. Ёс зүйгээ алдсан хүн олоод ир гээд байгаа бол би 100 хувь буруугаа хүлээе. Хуулийн хариуцлага хүлээх ёстой бол би хүлээнэ.

Гэхдээ яг юуг ёс зүй гээд байгаа юм бэ. Надад 2012 онд хүмүүс хэлж байсан. “Чи энэ ажилд орохоор бол ард нь нуугдаж ор оо. Хүмүүс хэл ам гаргана” гэж байсан. Яагаад гэвэл урьд нь хэн нэг даргын хүү, аль нэгэн эрх мэдэлтний хүү нь, дүү нь, хамаатан ах дүүс нь ингэж л яваад ирсэн учраас тэд надад тэгж хэлээд байжээ. Харин би ингэж нуугдаж орвол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно гэж бодсон. Надад нуугдаж ажиллах шаардлага байхгүй, би ил тод, бизнесийн зарчмаар шударгаар ажиллах болохоор нэрээ хэлж байгаад, Бат-Үүлийн Чулуудай гэж зарлуулж байгаад энэ ажлыг сайн хийнэ л гэж бодсон. Дээрээс нь надад аавынхаа санаачилсан энэ ажлыг хүүгийн хувьд гар бие оролцоод дэмжчих юмсан гэсэн чин хүсэл байсан. Аав маань гэр хорооллын хүмүүсийг таатай, тохитой орчинд амьдруулмаар байна, газрыг нь үнэтэй болгомоор байна гэж хэдэн жил хоолойгоо сөөтөл ярилаа. Цаад ач холбогдол нь чухал учраас иргэн хүнийхээ хувьд ч би хараад суумааргүй байсан. Харин гар бие оролцож, гэр хорооллыг сайхан бүтээн байгуулалт болгох тэр их ажилд хүчин нэмэр болмоор санагдсан юм.

Тэгээд ч би хэн нэгнээс газар авчихаад хүний араар нуугдаад бизнес хийгээд явахыг хүсдэггүй, хүсэх ч үгүй байна. Ийм нийгмийг миний аав бий болгосон юм. Би бол яах аргагүй энэ нийгмийн, ардчилал, чөлөөт зах зээлт нийгмийн үр шимийг хүртэж яваа, тэр үзлээр хүмүүжиж бий болсон хүн байж бусдаас нуугдаж, хулгайч шиг явахыг хүсэхгүй. Хэрэв тэгсэн бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болох байсан юм. Гэвч болдоггүй л юм байна даа.

Э.БатҮүл дарга ярилцлагадааБи хүүгээ энэ төслөөс гаргасангэж хэлсэн. Таныг их шахсан уу, та дурамжхан байв уу?

-Би үнэхээр дургүй байсан. Яагаад гэвэл эхлүүлсэн энэ ажлынхаа ард нь гарахыг хүсч байсан. Гүжир гүтгэлгийн эсрэг хийсэн ажлаа харуулъя гэж санаж байсан. Гэвч болсонгүй.

Газрыг олгох шийдвэр танай аавынх биш, иргэдийнх байсан юм байна. Тэгвэл дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр танай компанид олгосон таван тэрбум гаруй төгрөгийн асуудлыг та юу гэж тайлбарлах вэ. Хотоос танайх руу өгсөн байх аа?

-Дэд бүтэц, шугам сүлжээ татах нэрийдлээр биш татуулахаар хотоос гаргаж байгаа мөнгө. Амгалангийн Жанжин клуб орчмын тэр хавийн дэд бүтцийг шийдэхээр хот өөрөө гаргаж байгаа хөрөнгө. Манай дансаар орж ирсэн болохоос биш, тэр ажлыг гүйцэтгэж байгаа компаниудад очсон хөрөнгө. Тав ч биш 11 тэрбум юм. Өнөөдрийн байдлаар үүний зургаан тэрбум орчим нь ажилдаа зарцуулагдсан байгаа. Дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн бүх компаниуд руу дэд бүтэц, шугам сүлжээний хөрөнгийг НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу шилжүүлсэн байдаг. Энэ чиглэлд ажилладаг компаниуд нь өөрсдөө хийгээд, манайх шиг өөрсдөө хийддэггүй нь бусад гүйцэтгэгч компаниар хийлгүүлсэн. Та манай дансны хуулгыг харж байна. Тэр яригдаад байгаа таван тэрбум чинь дандаа зарлага болоод бусад компаниуд руу гарсан байгаа биз дээ. Манайх үүн дээр ажил хийгээгүй учраас нэг ч төгрөг аваагүй, гүйцэтгэгч компаниудад өгсөн.

Таны нэг бичлэг интернэтээр цацагдаад байсан. Гүйцэтгэгч компанийн хүмүүстэйгээ ойлголцохгүй байгаа бололтой

-Ажлаас болж хүмүүс маргалдаж л байдаг. Ажлаа сайн хийж, ажлаа урагшлуулахын төлөө хүмүүсбүгд тэгдэг байх. Тэр бичлэгийн хувьд нийслэлээс хөрөнгө оруулалт авахын тулд НИТХ-ын гаргасан тогтоол журмын дагуу бид таван хувийн барьцааг урьдчилан байршуулах ёстой байсан. Үнэндээ шугам сүлжээ тавих ажлыг бид хийхгүй учраас бид мөнгө авахгүй. Тиймээс би гүйцэтгэгч компаниуддаа урьдчилгаа төлбөрийн баталгаагаа өөрсдөө хариуцаад яваарай гэдгийг хэлсэн байсан. Цагаа тулахад мөнгө гаргах газрууд байгаагүй. Би тэдний өмнөөс барьцааны мөнгийг өгч, гэрээ байгуулсан учраас манай компанитай гэрээ байгуулаад явах талаар мэдэгдэл хүргүүлсэн юм. Манайх тэдний өмнөөс барьцаа өгчихсөн байдаг, тэд ажлаа хийхгүй алга болчихвол би хариуцлагад унана. Тиймээс тэднийг барьцаагаа өг гэж хэлсэн. Гэтэл тэрнийг мушгиж тайлбарлаад, зориудаар гүтгэж байна лээ. Манай энэ хорооны дэд бүтэц, шугам сүлжээнд зарцуулагдах 11 тэрбум төгрөг бол нийт дахин төлөвлөлтийн найман байршлаасаа бараг багад нь тооцогдох байх. Зарим компаниуд бүр 50-60 га газарт дахин төлөвлөөд явж байгаа. Энэ компаниудын аль нь ч төслөөс гараад явлаа гэхэд тийшээ яваад очсон дэд бүтэц, шугам хоолойг чинь тэврээд явахгүй шүү дээ. Тэндээ үлдэх юм. Тэр хавийн хүмүүст ач тус, үнэ цэн нь ирж, газрыг нь бүр үнэтэй болгох л юм. Ер нь аль хотын даргын үед гэр хорооллынхны төлөө ингэж хөрөнгө гаргаж, анхаарч байсан юм бэ. Одоо Амгалангийн хүмүүс бэлэн 150 саяыг өгвөл өг гээд сууж байдаг болсон. Энэ чинь жинхэнэ үр дүн, жинхэнэ ёс зүй биш юм уу.

Та тэр туркуудтэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэд луйвардуулсан гээд гомдолтой байгаа шүү дээ?

-Би энэ ажлаа амжилттай явуулахын төлөө олон газраар явсан. Хятад, Япон, Солонгос, Турк гээд олон орны хүмүүстэй хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзаж, судалгаа хийж явсан. Япон, солонгосчууд дахин төлөвлөлтөөр маш их туршлагатай хүмүүс. Туркуудыг ч сонирхох шалтгаан байсан. Тэд барилгыг маш хурдан сайн барьдаг, мөн гэрээ хэлцэлдээ мөнгө төгрөгийн тухайд итгэл төрүүлсэн учраас хамтрахаар болсон юм. Энд бид Турк улсын тухай яриагүй юм шүү. 216 Япи Үрэти нэртэй ХХК-ийн тухай л ярьж байна. Үүнийг уншигчид маань ялгаж салгаж ойлгоорой.

Энэ компанитай хийсэн гэрээндээ бид Монголын тал 55 хувь, Туркийн тал 45 хувийн санхүүжилтийг гаргана гэж заасан. Эхний ээлжийн 365 айлын орон сууцын барилгын ажлыг эхлүүлэхэд есөн сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж үзээд үүнийг дээрх хувиараа тооцсон. Гэхдээ хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр буюу валютаар хийнэ гэдгийг нарийн заасан байдаг юм. Нэмэлт заалтаар Б тал нь гарын үсэг зурж, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэснээр А талын хувьцааны 50 хувийг эзэмшинэ. Ингэхдээ А талын урьд нь гаргасан хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргана. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхгүй гэрээнээс буцвал нөгөө талдаа хувийг нь буцааж олгоно гэж заасан. Энэ гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд хийсэн.

Тэгээд юу болсон бэ?

-За ингээд гэрээгээ байгуулаад Компанийн тухай хуулийн дагуу хувь хувьцаагаа бид шилжүүлсэн байдаг юм. Гэтэл туркууд ажлаа эхлээд явж байх зуур гэрээн дээрх тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Туркт намайг аваачаад цахилгааны ажлыг энэ компани хийнэ, энэ манай найзын компаниас цахилгааны тоног төхөөрөмжөө авна. Бид энэ хүмүүстэй өөрсдөө мэдээд гэрээгээ хийгээд явна. Энэ бүхэн манай талаас оруулж байгаа хөрөнгө оруулалт, чи зөвшөөрөх ёстой гээд яриад эхэлсэн. Нөгөө бэлэн мөнгөөр хөрөнгө оруулах гэрээний заалт зөрчигдөх болсон. Би тэдэнд “Та нараас оруулж ирсэн хөрөнгийг би өөртөө байршуулахгүй, та нар дансандаа байрлуул. Баруун, зүүнээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явъя. Гэхдээ худалдан авалтыг “Гранд лайн” компанитай хийгээд явах ёстой” гэдгийг хэлсэн. Яаж ч бодсон тэдний нөхцөлийг зөвшөөрөх боломжгүй байсан. Энэ үеэс бидний маргаан эхэлсэн юм. Ирээд байж байтал нөгөө хэд аль хэдийнэ баахан газартай гэрээ хийгээд найман контейнер бараа явуулсан, аваарай гэлээ. Түүнийгээ 800 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалтад тооцно гэсэн. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаараа хөрөнгө оруулахыг шаардаж эхэлсэн юм. Өнгөрсөн бүх хугацаанд миний нэг талд барилга хариуцсан мэргэжилтэн, нөгөө талд нягтлан нь тэгээд орчуулагчтайгаа байдаг байлаа. Би гэж хүн хоногийн 24 цагийн турш байнгын дагуулуудтай. Байнгын хяналт дор байдаг байлаа. Миний алхам бүрийг мөшгинө. Дээрээс нь намайг гарын үсэг зурах эрхээ өг гэж шахах болсон. Би энэ ажлаа явуулахыг хүсч байсан болохоор тэдний аяглалуудыг хүлцэж байлаа. Компанийн удирдах эрхийг авна гээд байхаар нь өгөөд холдож ч үзсэн. Гэтэл бүх хүмүүсийг маань дуудаад зайлах нь зайлаарай гэсэн байгаа юм. Нягтланг маань дуудаад хоёр тайлан хөтлөх даалгавар өгсөн. Нэгийг нь өөрсдөдөө зориулж, нөгөөг нь татварт зориулж. Манай нягтлан над руу утасдаад “Намайг хоёр тайлан хөтөл гэж байна. Би ийм юм хийж ч үзээгүй, хийх ч үгүй. Энэ ажлыг нь өгье дөө. Танд мэдэгдэх ёстой гээд залгалаа гэсэн”. Арай ч дээ. Нутаг дээрээ бид ингэж доромжлуулж байж болохгүй биз дээ. Тэгээд би “Та нар гурван тайлан гаргах юм байна. Нэг нь өөртөө, нэг нь татварт бас дахиад нэгийг Чулуудайд гаргаж өгөх юм байна. Монголд ийм юмыг зөвшөөрдөггүй юм. Хууль бус ажиллагаа, залилан гэдэг юм. Таны нягтлан энэ бүхнийг чинь баримтжуулаад өгөхөд та шоронд суудаг юм” гэхэд “Би мэдээгүй” гэж байгаа юм. Ингээд л мөр мөрөө хөөе гэсэн дээ. Тэгээд гэрээ анхнаасаа хэрэгжээгүй учраас би гаргасан мөнгийг чинь өгье, та нар надаас авсан хувиа шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэвч тэд нутаг руугаа буцаад хэдэн сар алга болж, ажил гацаасан. Байдал иймд хүрсэн учраас би өнгөрсөн жилийн наймдугаар сард Арбитрийн шүүхэд хандсан юм.

Танай талаас гомдол гаргасан юм уу?

-Тийм ээ. Уг нь манай тал гаргаж, манай гомдлын мөрөөр 2015 оны дөрөвдүгээр сард Арбитрийн шүүхээс шийдвэр гарсан юм. Гэтэл Туркийн талыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Б.Оюунбилэг “Туркууд гомдол гаргасан. Тэдний гомдлын мөрөөр мөнгө гаргуулах болсон чинь хулхидсан” гэж сонин хэвлэлээр ярилцлага өгөөд яваад байгаа.

Арбитрийн шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ?

-Туркуудын оруулсан гэж байгаа 400-н хэдэн мянган ам.долларыг би буцааж өгөх, харин туркууд авсан 50 хувийн хувьцаагаа буцааж өгөх гэсэн шийдвэр гарсан. Дээрээс нь татварыг нь төлөөд оруулж ирсэн бараагаа дундаа хэрэглэх, эсвэл тохироод аль нэг тал нь авах тухай шийдвэр гарсан. Гэтэл туркууд өөрсдийгөө хохирсон гээд 1,3 сая ам.доллар нэхэмжилж байгаа. Тэд Монголд ирээд амьдарч байсан зардал, бүр хоолонд орсон мөнгөө хүртэл нэмээд надаас нэхэмжилж байгаа. Гурван инженер ажиллуулсныхаа төлөө надаас сар хагасын цалинд 98 000 ам.доллар нэхэмжилсэн. Өндөр үнэтэй бараа материалыг өөрийн компанийн нэр дээр шахсан гэх мэтчилэн, манай компанид Турк талын хувьцаа эзэмшигч нар бүдүүлгээр хандаж улмаар бид шүүхэд хандахад хүрсэн. Энэ чинь өөрөө Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаа хэлбэр учраас шүүх үүнийг тогтоогоод хувьцааг буцааж Монгол талд бүрэн шилжүүлсэн. Манай энэ хурал чинь Арбитрийн шүүхийг найм хоног хуралдуулсан гээд их алдартай хэрэг ш дээ. Их урт болсон болохоор. Хоорондоо өгсөн авсан гэх төлбөр мөнгөний баримтыг нэг бүрчлэн шалгаж байж дүгнэлтээ гаргадаг. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэд нэхэмжлэл хүргүүлсэн. Дараа нь Арбитрийн шүүх хуралдаад хүлээн авах үндэслэлгүй гэж тавдугаар сард шийдвэрээ гаргасан юм. Арбитрийн шүүх шийдвэрээ нэг удаа л гаргасан бол давж заалдах эрх байдаггүй.

Өмгөөлөгч Б.Оюунбилэг гэдэг хүний ярианаас арай өөр юм ойлгоод байсан л даа. Гэхдээ та Туркийн талд мөнгө өгөх ёстой юм байна, тийм үү?

-Тийм ээ. Надад учруулсан хохирлыг хасаад үлдсэн мөнгийг нь би өгнө. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу СХД, БГД, БЗД-ийн шүүхээс ШШБГ-т албан бичиг хүргүүлж, шилжүүлэн авсан 50 хувийг буцааж надад өгөх шийдвэрийг гүйцэтгэхийг даалгасан. Энэ хүрээнд ШШБГ-аас Бүртгэлийн ерөнхий газарт хандаад явсныг нөгөө өмгөөлөгч Б.Оюунбилэг маань нөлөөлөлтэй гэж хардаад АТГ-т өгчихсөн байгаа дуулдсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн төрийн албан хаагчдыг шалгуулахаар өгчихсөн байна лээ. Хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан ярьж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай. Заримдаа ийм тохиолдолд уур ч биш инээд хүрэх юм. Эмгэнэлт инээдэм гэдэг шиг л. Би өнгөрсөн бүх хугацаанд энэ хүнийг яахыг нь хараад сууж байлаа. Одоо бол тэгэхгүй. Би түүнийг шүүхэд өгөх болно. Би бодит байдлыг яаж гуйвуулж, яаж улстөржүүлжаав руу минь хамаатуулж байгааг өнгөрсөн хугацаанд дуугүй хараад сууж байсан. Одоо тэгэхгүй. Шалгадаг газраар нь шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгоно. Надад шүүхээр нэг бүрчлэн шалгуулж үзүүлсэн баримтууд маань энд байна. Шүүхэд шалгуулж байхад баримтаа нэг нэгээр нь тулгуулж, тэр дэд бүтцийн мөнгө төгрөгт холбогдоогүй гэдэг нь гараад л ирсэн. Одоо дахиад шалгуулахад ч бэлэн байна. Худлаа улстөржүүлж, цээжээ дэлдэж байгаа тэр улс цаана нь газраа байраар солино гээд итгэж найдаад хүлээж байгаа хүмүүсийн хувь заяаг огтхон ч бодохгүй юм.

Нээрээ тэр хүмүүс одоо яах вэ. Та төслөөс гарчихсан. Удахгүй орон сууцанд орно гээд хүлээж байгаа хүмүүсийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?

-Надад үнэхээр амаргүй байна. Би тэр хүмүүст хэлж ярьж байснаараа сайхан орон сууцанд амьдруулахыг хүсч байсан. Гэтэл үйл явдал ингээд өрнөчихлөө. Гэхдээ би ажлаас гарчихлаа гээд тэднийг орхиогүй ээ. Би өнгөрсөн цаг хугацаанд энэ төслийг маань аваад явчих, миний төлөвлөснийг гүйцэлдүүлэх газруудыг эрж хайж, судалж бас гуйж нэлээд гүйлээ. Үнэндээ том ажлынхаа ард гарчихсан байсан юм шүү дээ. Бидэнд гэнэтийн бэрхшээл ч гарч ирж байсан. Барилгын ажлаа эхлэхээр зургийн дагуу ажлаа эхлээд явж байтал нэг төрлийн бодис тэндхийн хөрснөөс илэрсэн. Шалгуулахаар болтол манайд шалгадаг лаборатори байхгүй байх жишээтэй. Үл мэдэгдэх цагаан бодисыг Чех улсаас шинжилгээний багийнхан ирж шинжлэхээр аваад явсан. Гэтэл энэ нь пестицид байсан. Бүр социализмын үед тэнд устгалд оруулахгүй аваачаад хаясан нь энэ ажлын үеэр мэдэгдэж байгаа юм. Ингээд БОЯ-наас хөрсний цэвэрлэгээ хийтэл барилгын ажлыг явуулахгүй шийдвэр гарчихсан. Хэзээ хүн ирж цэвэрлэхийг хүлээгээд ажлаа явуулахгүй байлтай биш төлөвлөлтөө өөрчлөөд цутгалтаа эхэлж байлаа.

Энэ бүх хэл ам гарч эхлэхэд аав намайг төслөөс гар гэсэн. Би жаахан хүлээж байгаач, хариуцлагатай сайн компани олж өгөөд гаръя гэж гуйсан. Турк талынхан маань бол худлаа сайхан царай гэдгийг ойлгосон. Хятадын компаниуд байсан ч больсон. Харин саналыг маань үндэсний бүтээн байгуулагч “Бэрэн” хүлээж авсанд баяртай байгаа. Тэднээс манай зүгээс айлуудтай хийсэн гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй хэвээр нь авч явахыг хүссэн. Тэгээд л боллоо, надад. Би өөрийн хувь, бас туркуудээс буцааж авсан хувь гээд бүгдийг “Бэрэн”-д шилжүүлсэн. Надад одоо ашиг хамаагүй, өөрийн гаргасан хөрөнгө мөнгө ч яамай. Үнэндээ өнгөрсөн хугацаанд надад яваагүй банк, ломбард гэж байхгүй дээ. Байр, машинаа ч ломбарданд тавьчихаад явж байна. Өөрийн хөрөнгө, хавийн хүмүүсийн хөрөнгийг тавьчихаад айлуудынхаа түрээс, банкны зээл, гүйцэтгэлийн мөнгөө өгөөд явж байлаа. Татварын өр, банкны хүү гээд байгаа ч хорооныхоо хүмүүсээ л хүссэн байранд нь оруулах болсон маань чухал байна.

Түрээсний мөнгө гэж юуг хэлээд байна вэ?

-Нүүлгэн шилжүүлсэн айлуудынхаа түрээсний мөнгийг сар бүр бид төлнө шүү дээ. Айлууд маань байраа олно, бид төлбөрийг нь төлнө. Дунджаар сард 500-600 мянган төгрөг төлдөг. Эхний ээлжинд 41 айл нүүсний түрээсийг нь бид төлж байсан. “Бэрэн” манай цутгалт дээр 16 давхар байшингаа барихаар зураг төслөө бүрэн гаргаж дууссан байна лээ. Зарим айлуудаа өөрсдийн бэлэн байрууд руугаа оруулахаар тохирсон гэж дуулдсан. Тэгэхээр айлууд маань хохирсон зүйлгүй байгаа.

Өөрөө багагүй хэрэг явдлын ард гарчээ. Энэ ажил руу хэрэггүй ордог байж гэж харамсдаг уу?

-Бизнес хийж байгаа хүн унадаг, босдог. Тэр утгаараа би энэ удаад шатжээ, хамаагүй. Гэхдээ сэтгэлдээ надад уучлалт гуйхаас аргагүй хэдэн хүн байна.

Юуны өмнө би ааваасаа уучлал гуймаар байна. Бүр танай сониноор дамжуулж байгаад өршөөл эрье. Би чөлөөт иргэн, ардчилсан орны хүн юм байгаа биз дээ гэж байгаад энэ ажил руу орж байсан. Тэгж байхдаа улс төр гэж асуудлыг ийм утгагүй, ийм хошин шог шиг болгочихно гэж ерөөсөө санаагүй. Аав маань залуугаасаа энэ орны төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн аавынхаа нэр хүндэд, байгаа бүгдэд нь хар толбо суулгасандаа үнэхээр шаналж байна. Очиж, очиж хүү нь болсон би аавыгаа ийм байдалд хүргэсэндээ үнэхээр хэцүү байна. Аав маань над руу загнаад хашгирдаг ч дотроо өмөрч л байгаа. Дээр нь би ээжээсээ, настай болсон эмээгээсээ уучлалт гуймаар байна. Тэд миний төлөө сэтгэлээ хамгийн их зовоож, ширгээж байгаа хүмүүс. Ээж маань энэ яриа гарсан цагаас хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Намайг хамгийн их сонсож ойлгодог хүн. Эмээ маань дээр гарсан настай. Телевизээр гарсныг үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй, хөөрхий. Санаа зовж л суугаа. Миний хувьд энэ хүний хүү, тэр хүний ач гэдгээрээ нэр төртэй амьдрах ёстой (хоолой нь зангирав).

Гэр бүлийн хүмүүжил, өвөөгийн маань сургаал намайг тийм байх ёстой гэж ойлгуулж сургаж ирсэн. Бас надад итгэж, манай компанид саналаа өгч байсан иргэдээсээ уучлал гуймаар байна. Тэдэндээ хэлж ярьж байснаараа хамтдаа их ажлынхаа ард гарч амжаагүйдээ уучлал гуйя. Тэр хүмүүс намайг гаргах гээд аавыг очиход бид мэдэж байна гээд буцааж байсан хүмүүс шүү дээ. Д.Сумьяабазар иргэдийг хулхидаж байгаа талаар худлаа нэвтрүүлэг цацаж байхад тэр дунд манай хорооны иргэдээс хэн ч байгаагүй. Бодвол намын гишүүдээ авчраад яриулсан юм байлгүй. Харин манайхан надад итгэж байсан.

Одоо та юу хийх вэ. Бизнесээ хийх үү, эсвэл шантарчихсан уу?

-Яг үнэндээ юу хийхээ мэдэхгүй л сууна. Гэхдээ бизнес хийж баялаг бүтээж байж улс орноо хөгжүүлэх ёстой. Амаа биш гараа хөдөлгөж амьдрах ёстой. Түүнээс биш цүнх барьж, хийж бүтээсэн зүйлгүй мөртлөө худлаа ярьж байгаа залуусыг харахаар би ичдэг юм. Би тэднийг өрөвдөж байна.

Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт бол ганц Э.Бат-Үүлийн ажил биш юм шүү. Үүнийг хоосон улстөржүүлж байгаад нураачих вий гэдгээс би айдаг. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө тэмцээрэй. Тэр компаниудаа дэмжиж ажиллаарай. Мэдээж иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байна гэхдээ нөгөөдүүлээ ч бас бодолцож байгаарай. Энэ ажлын ард гарах гэж зүтгэж байгаа олон компани, олон хүн бий. Би өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Д.Баттулга ахыг үнэхээр биширсэн. Тэр хүн энэ бүхнийг жинхэнэ ажил болгож, ард нь гарах гэж ямар мундаг зүтгэж байгаа гээч. Мундаг удирдагч юм байна гэдгийг ойлгосон.

Одоо танд хийхээр төлөвлөж байгаа ажил байхгүй гэж үү?

-Надад өр ширнийхээ асуудлаас эхлээд шийдэх асуудлууд байна. Туркуудэд ямар ч байсан ялагдахгүй. Захын нэг турк ирчихээд монголчуудыг ингээд байдаг, аавын минь нэр хүндийг унагаад байж болохгүй биз дээ. Би аавынхаа ажлыг дэмжих хүсэлтэй байна. Гэхдээ ямар нэг аж ахуйн хэлбэрээр оролцохгүй. Гэр хорооллынхонтой уулзахад нь дагаж яваад ч болов дэм болж, тэр хүмүүст хэлж, тайлбарлаж зөвлөж өгөх юм сан гэж санагддаг. Үнэндээ бас улс төр болоод буруутчихдаг юм болов уу. Одоо нэг ийм айдастай болчихоод л байна шүү. Би хүүхэд байхаасаа л зах дээр хүртэл зогсч, ажиллаж байсан болохоор зүгээр суухаар сонин санагддаг л юм байна. Бүх хүнээ тараачихсан, одоо ганцаараа л байна. Мэдээж, ямар нэг ажил хийж л таарна. Ажил хийвэл бараг хилийн бүсээс гарч байж хиймээр юм уу. Урам үнэхээр хугарч байна. Дугуй түгжигчийг миний бизнес гэж ирээд баахан бичсэн. “Сонор Плаза” ч гэнэ үү энд тэнд баригдаж байгаа байшинг минийх гэж ярьдаг гэсэн. Гэтэл би тэрийг нь харж ч байгаагүй. Үүн шиг миний огт мэдэхгүй, дуулж ч байгаагүй зүйлтэй холбоод л байдаг. Үнэн үнэнээрээ ялгарах өдөр ирнэ ээ. Би ярианыхаа төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Саяхан би такси барьсан юм. Жолооч залуу намайг танимхайраад зөндөө зүйл ярилаа. Тэгсэн их хөөрхөн. “Ах аа, би их азтай ш дээ” гэж байна. Тэгээд “Би саяхан хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд таксинд явах болсон, бас нэг хүүхэнтэй танилцаад гэр бүл болсон. Бид хоёр мөнгөө цуглуулаад Ханын материалын тэнд хашаа байшин таван саяар аваад байж байтал ашгүй тэр газар маань дахин төлөвлөлтөд ороод байранд орохоор болж байна. Бүр ганц өрөө ч биш гээд бод доо. Би аймаар азтай байгаа биз” гэж тэр залуу ярьсан. Би тэр машинаас буухдаа сэтгэл жигтэйхэн сайхан болчихсон байсан. Хэдийгээр энд муу хэлүүлээд явж байгаа ч тэнд хүний амьдралд ингэж л нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр энд аавыг минь, бас намайг хүртэл хавчуулаад муулж байгаад гомдоод ч байх юм алга, тийм ээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Архи, авгай, ан эргүүлээд явагсдыг аврах ангийнхан хайсаар байх уу?

“Энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан Халдун, Ононгийн халуун рашааны чиглэлд таван иргэн Ланд-80, Ланд-200 загварын хоёр машинтай гараад арав хоног сураггүй байна. Энэ сарын 15-нд эргэж ирнэ гээд сураггүй болсон иргэдийн талаарх дуудлагыг 18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Олон хоног сураггүй байгаа хүмүүсийн араас онгоцтой биш машинтай аврагчид явуулсанд ар гэрийнхэн нь сэтгэл дундуур байна” гэсэн утгатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсныг манайхан санаж байгаа байх. Удалгүй энэ мэдээлэл маань Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг алга болоход нисдэг тэргээр хайж байсан мөртлөө энгийн таван залууг явган нүцгэн онцгойгийнхон хайж эхэллээ гээд улстөржөөд явчихсан л даа. Ерөнхий сайдыг эрж хайсан асуудлын хувьд хуульчлаад өгчихсөн асуудал. Гэхдээ энэ бол хөндөх гэсэн сэдэв маань биш.

Өөр асуудлыг та бүгдийн анхааралд хандуулах гэж байна. Залуус алга болсон мэдээллийг сонссон хүмүүс өөр хоорондоо “Өдий цагт хоёр жип машинтай гарсан гэхээр тэд ан хийхээр л гараа биз дээ. Тэгж гарсан улсууд бэлтгэл гайгүй байж таарна. Удахгүй олдсон дуулдана даа” хэмээн ярьж байлаа. Нээрээ ч уг мэдээллээс нэн удалгүй ар гэрийнхэн нь нисдэг тэргээр очоод авчээ хэмээн сонстсон. Үнэндээ энэ хүмүүс ямар учир шалтгаантай эндээс гарсан, тэдэнтэй юу тохиолдсоныг хэн ч сөхсөнгүй. Бодвол албаны хүмүүсээс урьтан очих шалтгаан байгаад ар гэрийнхэн нь өндөр үнээр нисдэг тэрэг хөлсөлсөн биз гэсэн хар таамаг, таавар хөврөөд үлдсэн. Гэхдээ болж өнгөрсөн энэ явдал бидэнд ярилцах, хэлэлцэх шалтаг болж өглөө. Үнэндээ манайхан тун хариуцлагагүй, хэнэггүй анхаарал муутай хүмүүс. Тэгээд л асуудал болбол нөгөө онцгойгийнхон хаана байна, төр засаг анхаарахгүй байна болоод явчихдаг. Тийм атлаа өөрсдөөсөө хамаарах зүйлсээ, хүлээх үүргээ биелүүлдэггүй. Хөдөө орон нутагт гэрээсээ гараад хэдэн хоногоор архи дарс эргүүлээд явчихсан нөхрийг алга боллоо гэж, айлын бүсгүйнд очоод хэвтчихсэн залуу хархүүг хэл авалцахгүй болчихсонд сандарна. Эсвэл найз залуугаа дагаж хонуутаар явчихаад айсандаа дахиад хэд хоног нэмээд чимээ алдарсан охиноо олохоор хөл хөдөлгөөн болж, шинэ цаснаар ганзага мялаачих санаатай гарсан нөхдийг хэл сураггүй хэсэг болбол ар гэрийнхэн нь эрэл сурал болно. Үүнийг дагаад онцгойгийнхон ч үүрэг биелүүлэхээр гарч одно. Ийм нэг хэв маяг манайд тогтоод удлаа. Сүсэг бишрэлээ дагаж, байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг манайхан их зорьдог. Нэг удаа ийм зорилгоор явчихаад төөрч, бензин тосгүй таг суусан хүмүүсийг онцгойгийнхон хайсаар яваад очтол, “Ганцхан шатахуун авчирлаа. Хоол хүнс авчирсангүй” гээд барьж авч зодчих гээд байсан эмгэнэлт түүх ч бий. Татварын мөнгөөр цалинждаг байж хоол хүнс авчирсангүй гээд омогдоод байдаг гэдэг. Бас цасанд боогдчихоороо айлд очоод даалуудаад суучихсан харин энд ар гэрийнхэн нь сандраад Онцгойг хөдөлгөж байсан удаатай. Ер нь юм, юм бий дээ.

Гэрээсээ халамцуу согтуугаар өвлийн хүйтэнд гараад мориндоо мордоод явчихдаг гарууд хөдөө талаар маань дүүрэн. Тэгээд араас нь ах дүүс нь дуудлага өгч, эрэл сурал болж байсан олон тохиолдол бий. Үнэндээ нөгөөх маань эхний айлдаа орж, шимийн юм нэхэж уугаад тас уначихсан л хэрэг шүү дээ.

Бас дээрээс нь цас бороо орж, байгалийн гамшиг болох үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад замуудаа хаадаг. Гэтэл мэдсээр байж хотоос гараад давхичихдаг нөхөд их. Нэгийгээ цаснаас татаж гаргана гээд нэмж өөрсдөө суучихаад түвэг болж байгаа юм л даа. Бас зам хаачихаар хулгайн замаар гарч давхиад бүр том асуудал үүсгэдэг. Цаашлаад буухыг хориглосон газар сонсож мэдсэн атлаа гэрээ барьчихаад үер бууж, цахилгаан хүчдэлийн асуудал босохоор өнөөх л онцгой хаана байна гэсээр суудаг. Бид ийм л маягаар дэндүү хэнэггүй, хариуцлагагүй болохоор нэг нэгэндээ ихээхэн түвэг удаж, төсвийн мөнгийг үрэлгэн зарахад хүргэж байна. Алга болсон гээд бөөн дуулиан болоод байсан нөхөр зэргэлдээх сумын айлд хэвтэж байгаад ирсэн нь мэдэгдмэгц ар гэрийнхэн нь ичсэндээ олдсон гэдгийг нь ч хэлдэггүй. Гэтэл нөгөө талд эрлийн нөхөд яваад л байдаг, баахан хүмүүс дайчлаад үзээд л байдаг. Цаг зав, бензин тос, төсөв хөрөнгө гарын салаагаар урсана. Зарим тохиолдолд эрэлд гарсан хүмүүст мэдэгдэж зогсоочихсон хэрнээ тойргийнхоо УИХ-ын гишүүнд гомдол мэдүүлж матсан явдал ч байдаг гэдэг. Энэ бүхэн хэн ч гайхдаггүй бидний араншин л даа. Баримт сөхье л дөө. Зүгээр нэг аймагт богинохон хугацаанд гарсан үйл явдлууд гэхэд л ийм байгаа юм.

…Сүхбаатар аймгийн Онгон сум II багийн Олон худаг гэдэг (сумаас хойш 40км-т) газар М хонио хотлуулаад гэр лүүгээ орох хооронд алга болсон. Хоттой хонь гэр хоёрын хооронд 500 м, уг иргэн нүд муутай гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 22:10 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон байна…

…Сүхбаатар аймгийн Наран сумын II багийн нутаг “Гэзгий Гуу” гэдэг (сумын төвөөс урагшаа 20 км-т) газар Г (27 настай, эрэгтэй) энэ сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед хониндоо гараад одоо болтол алга гэсэн мэдээг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан аж. Тус сумын орлогч И-ээр ахлуулсан дөрвөн хүн, нэг автомашинтай эрэн хайх явцад өөрөө уржигдар шөнийн 01:40 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоожээ…

…Сүхбаатар аймгийн Асгат сумын II баг, сумын төвөөс урагшаа 60 км газар М (41 настай эрэгтэй) дан цамцтай, халамцуугаар 2015 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагийн орчим алга болсон. Эл мэдээг энэ сарын 21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч, тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Д-ээр ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байгаа аж…

…Улаанбаатар хотоос Шарын гол сум руу шинийн 2-ны орой явсан машинтай хүмүүс замаасаа төөрч, Шийрийн бригад орчим уулын аманд цасан хунгарт суужээ. Энэ сарын 21-ний өдөр 13:50 цагт мэдээ хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас зургаан албан хаагч, нэг автомашинтай очсон аж. УНЦ 82-07 улсын дугаартай портер загварын автомашинтай жолооч Л, эхнэр хүүхдийн хамт цасан хунгарт суусан байсныг татаж гаргажээ…

…Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон IV баг Цулхар хорооны гудамжны хашаа гэр лүү Цулхарын голоос усны халиа урсаж ороод байна гэсэн дуудлага 2015.02.21-ний өдрийн 10:55 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн 15 алба хаагч, нэг автомашинтай очиж, ус хальж гарсан газрын мөсийг нь хөрөөдөж далан босгож шуудуу татаж урсгасан байна…

…Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн зургаан алба хаагч, нэг автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан…

…Сүхбаатар аймгаас урагш 60 км-т “Жарийн овоо” гэдэг газар арваад машин суусан, 60-70-аад хүн байна гэж иргэн У мэдэгджээ. Энэ мэдээг 21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагч, нэг автомашинтай очиж эхний ээлжинд гурван машин, есөн хүнийг цаснаас гаргаж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэт иймэрхүү мэдээлэл хэдэн арваараа хөвөрнө.

Мэдээж, төр засаг нь иргэнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллаж, иргэд ч аварч, хамгаалж, хайж араас нь явах хүчин байгааг мэдрэх нь сайхан л байх. Гэхдээ хүмүүсийн хариуцлагагүй байдал, дор дороо өөрийнхөө төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж нь суларснаас үүдэн гарч буй энэ хэргийн төлөө жинхэнэ татвар төлөгчдийн мөнгийг сул зармааргүй байгаа юм. Харин энэ мэт утга учиргүй дуулиан тарьж, бөөн мөнгө төгрөгийн зардал гаргасных нь төлөө хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулдаг байхад ч болохгүй зүйл үгүй. Эрэн хайх ажиллагаанд явж байгаа нэг хүнд хоолны мөнгө гэж 18 мянган төгрөг, өдрийн гурав гэж бодохоор 54 мянган төгрөг гарна. Тэгээд ганц нэгээрээ хайх биш дээ. Арван хүн гээд бодохоор өдрийн 540 мянган төгрөг дээрээс нь нэмээд унаа тэрэг, тос бензин гээд явж өгнө. Дунджаар нэг удаагийн энгийн үйл ажиллагаанд таван сая гарах жишээтэй. Олны олонд энэ бага гэлтгүй явж өгнө. Гэтэл төсөв ямархан байгаа билээ. Хэзээнээс мөчиг тачигхан Онцгой албанд төсөвлөгдөж ирсэн цөөхөн бор юм нь архи, авгай хүүхэн, ан гөрөө эргүүлээд явчихсан нөхдөд зарцуулагдана гэхээс гомдмоор байгаа биз дээ. Уг нь Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны чиглэл нь гамшгаас хамгаалах эрх зүй, бодлогын баримт бичгийг боловсронгүй болгох, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, улсын нөөцийн асуудлыг хариуцаж, хүмүүнлэгийн тусламжид анхаарах, бүс нутаг, дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Гэтэл манайд байдал ямар байна даа. Худаг руу уначихсан ишиг аваад өг, бараг л гэрээсээ өрөөсөн гутлаа олохгүй байна, хаана байна гэх юм байна шүү дээ. Тиймээс ийм хэнэггүй, хайхрамжгүй тэнэг монголчуудад арай өөрөөр ойлгуулахгүй бол болохгүй нь ээ.

Үүний тулд ерөөсөө хариуцлагын асуудал яригдаж таарна. Эдийн засгийн торгууль шийтгэл бүр ч ойр тусах болов уу. АНУ-д байтугай дэлхийд 911 гэсэн дуудлагын утсыг мэднэ. 911 дуудахад эмнэлэг, цагдаа гээд мэргэжлийн байгууллагууд нь бүгд ирнэ. Гэхдээ 911 дуудлаа гэхэд чамгүй төлбөр төлдөг учраас хүмүүс хэзээ юун дээр дуудлага өгөхөө байнга бодож байдаг. Манайд 103, 105, 102 гэсэн дуудлагын нэлээд хувь нь хуурамч дуудлага байдаг зовлон бий. Харин АНУ-д хуурамч дуудлага өгсөн тохиолдолд маш өндөр торгууль төлөх учраас эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ анхааруулж хариуцлага хүлээхээс урьдчилан сэргийлдэг гэдэг билээ.

Манай аврах ангийнхныг багагүй чилээдэг нэг асуудал бол хуурамч дуудлага байдаг гэдгийг бүгд хэлдэг. Тэгвэл хуурамч дуудлага өгсөн болон дээр дурдсан хувь хүний хариуцлагагүйгээс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, зардал мөнгө гаргахад хүрсэн бол хариуцлага хүлээлгэж, торгууль тогтоодог болмоор байна. Үнэхээр нөгөө хэн нэгнийх рүү гараад туучихсаныг нь алга болсон гэж боддог жишээг даатгалын хөшүүргээр зохицуулж болох биз. Тэд даатгалаа төлж, ийм тохиолдол гарвал даатгалын ажилтнууд явдаг байхаар яаж ч зохицуулж болно. Аврах ангийнхныг явуулж, асуудал үүсгээд байж болохгүй. Ингэж эдийн засгийн хөшүүргээр энэ хүмүүсийг хариуцлагажуулахгүй бол өмнөх шигээ хэнэггүй нөхдийн эрэлд хатсаар хаа хаанаа хэцүүдсээр байх болно шүү.