Categories
мэдээ цаг-үе

Төрийн хэргийг түвшин сайхан баривал…

Хүүхэд байхдаа уншиж байсан “Чойжид дагинын
тууж”-ийг саяхан нэг эргүүлэн уншлаа. “Болор судар” хэвлэлийн газраас эртний алдарт
зохиолууд болох “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал”,
“Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав, шимийн
дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх
шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойны эхдээ тус хүргэсэн нэрт судар
оршивай” хэмээх есөн бүтээлийг “Эртний сургаалын зохиолууд” болгон эмхэтгэсэн нь
хүүхэд залууст нэг дорын бүтээл болгон хүргэх гэснийх ажээ. Хүний энэ насандаа хураасан
буян, бүтээсэн бүхэн ирэх насны амар амгаланг бэлгэдэж, хийсэн нүгэл, муу үйл бүхэн
бас туулан өнгөрөх зовлон болдог гэдгийг эртний зохиол бүтээлд нягт нарийн өгүүлжээ.
36 насандаа нэр, нас андуурагдан эрлэгийн үүдийг татсан Чойжид бүсгүй 18 тамыг нэг
бүрчлэн үзэж, 18 тохиол учралыг нүдээр харж байгааг өгүүлдэг. Харин энэ дундаас
өнөөгийн төрийн түшмэдэд хэрэг болуужин хэмээн нэгийг нь ишилье. Хөх торгон дээлтэй
залуухан түшмэл Хятадын Сүн хааны дотоод яамнаа алба хашиж байгаад тэнд очжээ. Эрлэгийн
түшмэд түүний хийснийг толь данснаа үзээд хууль ёсыг сайн чандлан сахиж, муу нүглийг
хийсэнгүй. Хэрэг буруу шүүсэнгүй, ямагт зөв шийдэж ирсэн тул тэнгэрийн арван долоон
төрлийн дотроос зөв онолтой ариун тэнгэрийн орны хөвгүүнээр дахин төрүүлэхээр болдог.
Харин тэрхүү түшмэл цааш баярлан одохдоо “Ноёд түшмэдүүдэд төрийн хэргийг түвшин
сайхан барьж, үнэнч шударга шийдвэл жаргалыг эдлэх юм байна шүү хэмээн захиарай”
гэж байгааг өгүүлдэг. Тэгэхээр энэ насандаа чадаад байгаа, болоод байгаа юм шиг
бодож өөрийг илүүд бодож, өрөөлийг хохироогоод байхад дэнс нь цаанаа эргэж л байдаг
байх нь шүү. Бас төрийн хэргийг түвшин сайхан барихад ач тус нь энэ насанд үгүй
юм гэхэд ирэх насанд ирдэг ажээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн хаана дэвших вэ? (II)

УИХын сонгуульд хэн аль намаас нэр дэвшихээр төлөвлөж, хэн аль тойргийг тордож байгаа талаар бид тоймлон хүргэж байгаа билээ.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймагт мандат нь нэг болсноор 2012 оны сонгуульд АН-ын Ц.Баярсайхан жагсаалтаар УИХ-д орох үүдээ нээж, Д.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөж байлаа. Харин өнөө жил тэд байраа солих магадлалтай. Гэхдээ энд нэр нь яригдах бас нэгэн хүн бол Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа. Аймагтаа бас боломжийн ажил хийсэн гэдэг итгэлтэй тэрбээр УИХ-д хүч үзэх хүсэлтэй байгаа. Харин МАН-аас шинэ нэр дуулдаж байна. Өмнө нь энэ тойргоос МАН-даа нэг бус удаа суудал авчирч өгч байсан “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэн нэр дэвших бодолгүй байгаа юм билээ. Тиймээс орон нутгийн бизнесмэн Б.Энхболд гэсэн залуу яригдаж эхэлжээ.

БАЯНХОНГОР

АН-ын хувьд тодорхой. Д.Ганбат, Х.Баттулга хоёулаа явна гэх. Тэдний рейтинг Баянхонгортоо урьдын адил байгаа гэлцэнэ. Шинэ сум байгуулах төсөл баянхонгорчуудад наалдаж очсон байж таарна. Бидон савны дуулиан ч нутаг орондоо нэмэх оноо болж таарах биз. Хэрэв Х.Баттулга жагсаалт руу орох хувилбар яригдвал АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Жип сервис”-ийн Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу явах болов уу. Гэхдээ намынхаа даргаа зоригтой шүүмжлээд байдаг гэх түүнд боломж олдох эсэх нь эргэлзээтэй. Харин МАН-ын хувьд Г.Занданшатар, “Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нарын нэр зоогджээ.

АРХАНГАЙ

Архангайд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар дахиад тойрогтоо очно гэж байгаа. Учир нь тэнд рейтинг нь тун өндөр байгаа гэнэ. Архангай ч хэзээнээсээ цэнхэр газар, тэд ч өнгөрсөн дөрвөн жил гүйцэтгэх засаглалд ээлжлэн орж байсан хүмүүсийн хувьд хөрөнгө ихээхэн шийдүүлжээ. Гэхдээ Фортуна буюу Н.Батбаяр гишүүн жагсаалтад орно гэж үзэж магадгүй. Тэр тохиолдолд Р.Гончигдорж гишүүн улстөрчийн карьераа дуусгаж өөр тийш очно гэсэн шийдвэр гаргачихгүй бол очих биз ээ. МАН-аас НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн очно. Өмнөх сонгуульд аав нь очихоор сайтар бэлдсэн байсан ч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр нэр дэвшээгүй. Харин энэ удаад аавын бэлтгэсэн боломж хүүд нь ирнэ гэх хүмүүс байна. МАН-ынхан энэ сонгуульд дарга нараа жагсаалтад үлдээх бус халуун цэг рүү явуулна гэсэн тооцоотой байгаа. Үүний дагуу намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангайд ирж таарч байгаа ажээ. Хэрэв жагсаалтад бичигдэхээр болбол оронд нь Т.Бадамжунай эсвэл Ё.Баатарбилэг нар яригдана.

БАЯН-ӨЛГИЙ

Энэ тойрог бусдаас онцлогтой газар. Олон жил цөөн хэдэн нэр дэвшигч ээлжлэн нэр дэвшиж, ээлжлэн гарч ирсэн газар. Сураг дуулахнээ Баян-Өлгий МАН-ын нэр дэвшигчдийг тодруулах хэлэлцүүлэг сунгаа ид явагдаж байгаа ажээ. МАН-ын намын хорооны дарга Г.Солтан, дэд дарга А.Гыламхан мөн ХХАА-н дэд сайд асан Ж.Сауле нар тэргүүлж байгаа гэнэ. Гэхдээ өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан А.Тлейхан гишүүн, Ж.Баделхан нар нар дэвших эрхийн төлөө хүчтэй өрсөлдөнө. Одоогийн УИХ-ын гишүүн А.Тлейхан тойрогтоо яах аргагүй хүчтэй өрсөлдөгч болж таарна. Гэхдээ тэрбээр жагсаалт руу орж ч болох талтай. Баян-Өлгийчүүд жагсаалтад өөрсдийнхөө төлөөллийг оруулахыг нэлээд шахах бололтой. Тэгвэл эмэгтэй бас цөөнхийн төлөөлөл гээд давхар эрх ашгийг хангаж чадна гээд Ж.Саулегийн нэр ч яригдаж таарах байх. Бас Т.Аубакир хэмээх залуугийн нэр сонстож эхэлсэн бөгөөд орон нутгийн сонгуульд намаасаа нэгээр бичигдэж иргэдийн төлөөлөгч болсон мөртлөө хуралдаа нэг ч сууж байгаагүй, Казахстанд амьдардаг гэсэн хэл ам дагалдаж байгаа гэнэ. Ерөнхийдөө Баян-Өлгийгөөс УИХ-д нэр дэвших дээр МАН-ынхан ихээхэн өрсөлдөөнтэй байгаа бололтой. Гэхдээ орон нутгийн иргэд нэр дэвшигчдийн асуудал дээр өөрчлөлт хийж, салхи оруулах цаг болсон гэж ихээхэн ярьж байгаа юм байна. Казах түмний нэрээр төрийн түшээ болчихоод хэрэг түвэгт орооцолдож, улмаар гадагшаа зугатан гарч байгаа хүмүүсийг олон жилийн турш сонгон явуулж байсан нь алдаа болж, харин залуу шинэ хүнийг дэмжих бас эмэгтэй хүнд итгэл үзүүлэхэд болохгүй юуных вэ гэлцэх болжээ. Казахын уламжлалаар эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөхөөс цааргалж ирсэн ч өөрчлөгдөж байгаа бололтой. Харин АН-ын хувьд нэр дэвшигчид нь тодорхой байна. УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан саяхан Ерөнхий сайдын зөвлөх болсон Х.Ержан нар нэр дэвших ажээ. Бас аймгийн Засаг дарга Х.Дармен боломжийг хүлээн суугаа байж таарна. Мөн сүүлийн үед сошиалаар сурталчилгаа нь харагдах болсон А.Алаубек хэмээх залуу МАХН-аас өрсөлдөхөөр бэлдэж байгаа юм байна. Түүнийг УИХ-ын гишүүн К.Сайраны хүргэн хэмээж байна.

ЗАВХАН

Энэ тойрог бас л тулаантай тойргийн нэг. Харин ч Завханы хүчтэй нэр дэвшигчийн нэг Д.Оюунхорол жагсаалтад орсноор бусдад нь бас ч боломж гарлаа. Мөн бас нэг хүчтэй нэр дэвшигч бол Я.Санжмятав. АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав эндээ дахин үзэж таарна. Ер нь бол аль ч намын нэр дэвшигч түүнтэй л өрсөлдөх гэж түүртэх байх. Бас Төрийн банкны захирал Д.Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны З.Нарантуяа нарын нэр ч явж буй. З.Нарантуяа бол АН-ын нэр хүндтэй, чамбай эмэгтэйчүүдийн нэг. УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ирсэн. МАН-аас Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу явахаар яригдаж байна. Харин ах дүүг сэлгэх болсон шийдвэр нь төрсөн ах дүүсийг эвдрэлцүүлэх шалтгаан болжээ. Намын зүгээс ахыг нь болсон гэж үзээд дүүд нь боломж өгснөөр “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу нар таарамжгүй, хөрөнгө өмчийн асуудалдаа тулж байгаа гэдэг. Тиймээс гишүүн асан Ш.Сайхансамбуу МАХН-аас нэр дэвших боломжийг судалж, үгүй бол бие даах төлөвлөгөөтэй гэсэн. Мөн сүүлийн үед тойргоо тордож, Завхан руу завгүй жирийлгэх болсон хүн бол “Сонор трейд”-ийн Б.Энхболд. Тэрбээр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга бөгөөд хүүхдүүдийн дунд математикийн уралдаан тэмцээнээс эхлээд олон зүйл зохион явуулсан гэсэн. УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир энэ удаад мөн нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд боломж олдохгүй бол МАХН-ыг сонирхож байх талтай.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай хэзээнээс нэр дэвшигчид олонтой, өрсөлдөөн тэмцэлдээн ихтэй тойрог. Энэ парламентад гэхэд Өвөрхангайн гаралтай УИХ-ын гишүүд хамгийн олон байгаа ч гэгддэг. МАН-аас гэхэд өмнөх сонгуульд жагсаалтаар орж ирсэн Я.Содбаатар гишүүн төрөлх тойрогтоо өрсөлдөж таарна. Бас өмнөх сонгуульд бараг ялсан ч парламентад сууж чадаагүй С.Чинзориг яах аргагүй өрсөлдөж таарна. Мөн МАН-ын намын хорооны дарга Д.Тогтохсүрэнг өнөө жил нэр дэвшүүлэхгүй үлдээхийн аргагүй гэгдэж байгаа. Бас өнгөрсөн сонгуульд анх удаа хүч үзсэн мөртлөө өндөр амжилт үзүүлсэн Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү бас ирэх талтай. АН дээр ч яригдаж байгаа хүмүүс олон. Хуучин Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт гээд хуучцуул жин дарж сонстдог байсан бол одоо залуус яригдах болжээ. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваацэрэн, МОАХ-ны Төмөрөө гэгддэг ТӨХ-ийн хорооны дэд даргаар ажиллаж байсан нэгэн бас намын хорооны дарга Мөнхжаргал нар гэсэн нэрс яригдаж байна. Тэднийг ахмадууд нь тус тусдаа дасгалжуулж байгаа бололтой. Ч.Даваабаярыг АН-ын дарга З.Энхболдоос дэмжлэгтэй гэх бол нөгөө талдаа ҮЗХ-ны хорооны гишүүн ч биш учраас орон нутгаасаа дэмжлэг авахгүй гэлцэнэ. Харин Б.Даваацэрэнг Г.Батхүү, С.Дэмчигийг Д.Зоригт дагуулж байгаа гэнэ. Б.Даваацэрэн нь Өвөрхангайгаас ҮЗХ-ны гишүүнээр арав шахам жил сонгогдсон “Crown”-ийн хүн ажээ. Ирэх сонгуульд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригтын хувьд өрсөлдөхгүй гэсэн.

УВС

АН-ынхны хувьд Увс хатуу тойрог. Ерөөсөө улаан талын газар. Тиймээс тийш зүглэх хүмүүс ховор гэлцэнэ. АН-ын дарга байсан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн үед нутгийн зүг хүлгийн жолоо ихээр татах болсон. Ерөнхий сайдын албаа өгчихөөд УИХ, Засгийн газрыг шүүмжлэх үедээ хатуухан үг хэлчихээд бусад үед нь нам гүм байх болсон түүний нэр хүнд өндөр байгаа. Тиймээс Увсад өрсөлдөөч гэж аймгийн намаас нь уриад байгаа дуулддаг. Гэхдээ 2012 оны сонгуульд намын жагсаалтаар орж ирэхээсээ өмнө удаа дараа сонгогдож байсан Сонгинохайрханаа орхихгүй байгаа гэхээр нийслэлд ч хүч үзэх юм болов уу гэмээр. Бас намаас нь нэр хүндтэй байгаа, шууд АН-ын лидерүүд гэж харагдах фигурүүдээр жагсаалтаа бүрдүүлнэ гэж үзвэл түүнийг жагсаалт руу дахиад урихаас аргагүй болж таарах байх. Мөн аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн захирал О.Цогтгэрэл Увсад нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар энд үзэж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Д.Дорлигжав ч Увсад үзэхгүй бас Эрдэнэт рүү очихгүй гэж байгаа болохоор жагсаалтад найдаж байгаа бололтой. МАН-ын хувьд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хэвээрээ. Өмнө гурван суудал байхад Ц.Нямдорж гишүүн эд гурвалдаг байгаад 2012 онд мандат хоёр болоход Ц.Нямдорж гишүүн жагсаалтад орсон байдаг. Гэхдээ энэ удаад нийслэлд өрсөлдөх бөгөөд Ч.Хүрэлбаатар жагсаалтыг бодож байх талтай. Сүүлийн үед хэл ам болоод байгаа нийслэлийн мандатыг нэмэх асуудал нэлээд өөрчлөлтийг дагуулна.

ХОВД

Ховд хэзээнээсээ нэр дэвшигчид олонтой бас чанга гэгддэг. АН-ын хувьд хамгийн баталгаатай нэр дэвших хүн нь Д.Батцогт. Гэхдээ судалгаагаар рейтинг өндөртэйдөө биш зүгээр л АН-ын дарга түүнд амлачихсан учраас гэж намынхан нь ярина. АН-д байж байгаад МҮАН-д орж эргээд АН-даа ирэх үед нь тийм амыг өгсөн гэх. Харин үлдэх нэг суудал дээр нь АН-ынхан өрсөлдөгч олон. Өнгөрсөн сонгуульд бие дааж өрсөлдөөд хэдхэн саналын зөрүүгээр ард хоцорсон Ш.Адьшаа рейтингтэй байгаа дуулдана. Бас Засгийн газраас сайн аймгуудын жишээ татахад Сүхбаатар, Ховд гээд зуузай дарж зэрэгцдэг болохоор аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нэр хүндтэй байгаа нь ойлгомжтой. Харин өөрийнх нь дэвших амбиц хэр байгаа юм гэхээс. Бас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдорж улс төрийн сонголтоо хийж ажлаа өгсөн гэж мэдэгдсэн байгаа. Тэрбээр ажилтай нь холбоотой хэл ам гарахаас өмнө Ховдын тойргийг байнга торддог байсныг хүмүүс мэднэ. Кёкүшюзан Д.Батбаяр ч өмнөх сонгуульд унаад шороодсон тойрогтоо боломж олдвол үзээд алдах хүсэлтэй байгаа. МАН-ын хувьд нэр дэвшигчид нь жаахан сул сонстож байгаа. Хуучин Ц.Дамиран, Д.Дэмбэрэл, Ж.Бямбадорж, Д.Пүрэвдорж гээд ланжгарууд гарч байсан энэ тойрогт сүүлхнээс С.Бямбацогт гээд залуу лидер төрсөн. Харин одоо Н.Очбадрах, Батнасан гэсэн нэр дуулдах. ТӨХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдоржийн хүү П.Хангал аавынхаа нутгаар нэлээд явж байгаа сурагтай. Уг нь МАН-аас нийслэлийн төлөөлөгч хоёр ч удаа болж байсан тэрбээр МАХН-д элссэн байдаг. Гэхдээ энэ удаад МАХН-аас эсвэл бие дааж нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа бололтой.

ХӨВСГӨЛ

МАН-аас нэр дэвших хүмүүс эртнээс тодорхой болж “ажиллаад” эхэлчихсэн газар. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өмнөх сонгуулийн адил эндээ өрсөлдөнө. Бас өмнөх сонгуулиар богино хугацаанд маш эрчимтэй ажиллаж гайхмаар өндөр үзүүлэлт, гаргасан гэгддэг Л.Мөнхбаатар дахин өрсөлдөх юм билээ. 2012 оны сонгуулиар Хөвсгөлд Л.Энх-Амгалан гишүүнтэй хамт АМГ-ын дарга Д.Батхуяг явах гэж байсан байдаг. Гэвч шүүх цагдаагаар асуудал өрнөөд явчихсан учраас МАН-ынхан хуучин Бүртгэлийн газраар ажиллаж байсан Л.Мөнхбаатарт хүндхэн үүрэг ногдуулсан. Харин сүүлийн мөчид орж ажилласан гэхэд сайн санал авсан ч Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарт арай хүрсэнгүй гэж тухайн үедээ бичигдэж байсан санагдана. Ц.Даваасүрэн гишүүний хувьд улс төр дэх попуудын адилаар рейтинг өндөр байгаа. Түүнтэй хамт явж ирсэн бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар ХҮН-д орж, Х.Болорчулуун МАН-тай дотночилж байгаа үед экс МАН-ын гишүүн юу бодож явааг хэн мэдэх билээ. Ямартай ч Хөвсгөлдөө нэр дэвшиж таарна. АН-аас аймгийн намын хорооны дарга Ч.Батцогт (Шонхор фракц), ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун (Нэг ардчилал фракц), “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн н.Болдбаатар (МоАХ фракц) өрсөлдөхөөр нэрээ өгсөн байгаа талаар хэвлэлээр бичигдэж байгаа. Өмнө энд өрсөлдөж байсан Ц.Сэдванчиг явахгүй гэж байгаа бололтой. Л.Гүндалай гоё нэртэй нам байгуулаад Эрдэнэтэд өрсөлдөнө гээд тийшээ нүүгээд явчихсан байгаа.

ГОВЬ-АЛТАЙ

МАН-аас Ж.Энхбаяр явна гэж байгаа. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон учраас Ц.Дашдоржтойгоо сэлгэх нь гэж харагдаж байгаа. Бас Говь-Алтайд МХЕГ-ын дарга асан Ш.Раднаасэд дэвшихэд чадамжтай кандидат. Ах нараасаа үл дутах. Гэхдээ мандат нь нэг, Ж.Энхбаяр нутгаасаа өөр газарт гарч чадахгүй гэж айгаад байвал түүнд боломж олдохгүй байж мэдэх. Харин АН-ын хувьд хэн очих нь бас л яригдаж байгаа сэдэв. Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан оны өмнө ажлаа өгсөн нь дэвших нь гэж харагдаж байгаа ч, өмнө нь ч бас ТЕГ-ын даргын албаа ч бас хэл амгүйхэн өгчихөж байсан хүн л дээ. Ер нь АН-аас Говь-Алтайд нэр дэвших хүмүүсээр Б.Ариунсан, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Аймгийн засаг дарга Л.Амгаланбаатар нар яригддаг. Гэхдээ гурван ч удаа өрсөлдөж байсан Б.Ариунсан дэвших эсэх талаар одоохондоо ам нээгээгүй байна. АН-ын сайн генсекийн нэг гэгдэж байсан Ц.Оюундарь мэргэжлийнхээ байгууллагад очоод завгүй болсон тул дэвшихгүй байх. Тэрбээр дэвшихээр бол энэ сарын 30-наас өмнө ажлаа өгөх учиртай. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан ч ирэх долдугаар сард болох “АСЕМ”-ийн хурал түүнд нэр дэвших боломж өгөхгүй байх магадлалтай. Улс орныхоо нэр нүүрийг авч гарах том хэмжээний арга хэмжээг ГХЯ зангидаж байгаа болохоор Л.Пүрэвсүрэн сайд орхиж явж түвдэхгүй байж болох юм. Уг нь Говь-Алтай цэнхэртэж өгдөггүй бас цөөхөн хэдэн гишүүдээсээ уйдаж өгдөггүй газар. Ямар сайндаа сүүлийн хэдэн жил тэнд толгой суусан хоёр гишүүн нь ээлжлээд жагсаалт, тойрог гэж байхав. Гэхдээ сүүлийн үед орон нутгаа АН удирдах болсон зэрэг нь өөр сонголтыг авчирч болох юм.

АН-ЫН ЖАГСААЛТАД ХЭН БАГТАХ БОЛ?

Одоогоор АН-ын жагсаалтад хэн багтах вэ гэдэг нэлээд бүрхэг гэгдэж байна. Мэдээж орох хүсэлтэй хүмүүс маш их байгаа ч жагсаалтын 28 хүн түүнээс УИХ-ын гишүүн болох магадлалтай эхний аравт орох дээр л үзэж тарна гэсэн үг л дээ. АН-ын жагсаалтыг намын дарга З.Энхболд өнгөлж таарна. Түүнийг нэг хэсэг тойрог руу явах нь Дархан, Чингэлтэй, Сүхбаатарыг сонирхож байна гэж дуулдаж, сүүлхнээс Баянгол дүүрэгт С.Эрдэнэтэй хамт явах нь гэцгээж байгаа ч намаа базаж орох биз ээ. Мөн жагсаалтад намын генсек орж таарна. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн даргын алба одоогийн үүрэг гүйцэтгэгчээс өөр хүнд очиж мэдэх гэсэн яриа байгаа учраас нэр заахад хэцүү. Өмнөх сонгуульд генсек нь тавдугаарт бичигдэж байсан зарчмаараа явах болов уу.

АН-ынхан жагсаалтаа нэр цэвэр, шууд АН гэж харагдах хүмүүсээр бүрэлдүүлнэ гэж тооцоолж байгаа. Үүгээр Р.Амаржаргал жагсаалт руу орж ирж магад. Бас тэгж яривал түүнтэй хамт нэг тойрогт зүтгэдэг БСШУ-ны сайд Л.Гантөмөр ч байж болно. Тэд МҮДН, Нэг ардчилал фракцуудын толгойд байдаг учраас аль аль нь магадлалтай. Гэхдээ тойргоос суудал авч ирэх хүмүүс бас мөн учраас байдал хэрхэхийг таамаглахад хэцүү юм. Жагсаалт руу орж ирэх магадлалтай хүмүүст Лу.Болд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Бриж Д.Ганхуяг, Г.Батхүү гээд нэрс явж байна. Мөн эмэгтэй нэр дэвшигчид орж ирж таарна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшихгүй намаа дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхэд намын даалгавар учраас гээд байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Саяхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа гишүүн Баянголдоо өрсөлдөнө, жагсаалтад орохгүй гээд ярилцлагадаа хэлсэн. Уг нь жагсаалтад нэр нь бичигдэх албан тушаал ч өөрөө тойрог руу явна гэж байгаа бол Ерөнхий сайдын Б.Ургамалцэцэгийн нэр зүй ёсоор орж ирэх болов уу. С.Одонтуяатай ана мана өрсөлдөж, ердөө ганцхан хүний саналаар ард үлдсэн нь түүнийг нам дотроо эмэгтэйчүүдийн дэмжлэг маш өндөртэй байгаа, нэр хүнд сайтайг байгааг баталлаа гэж нэлээд бичигдэж байсан. Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж зааж өгсөн нь өмнөх сонгуулийн 20 хувиас нэмэгдсэн. Энэ заалтаар намын жагсаалтын 28 нэрсийн 9-10 нь, тойргийн 48 мандатын 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байж таараад байгаа юм. Хэдийгээр хүйсийг хэрхэн эрэмбэлэх талаар яригдаж байсан нь уг хуульд тусгагдаагүй ч АН-ынхан өнгөрсөн 2012 оны сонгуульд эхний аравт хоёр эмэгтэй багтааж байсан амжилтаасаа ухрахгүй биз ээ. Зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг жагсаалт руу бичигдэж таарна гэж байгаа бол зарим нь өмнө жагсаалтад орсон болохоор энэ удаад тойрогт очиж таарна. Ингэхдээ төрсөн нутаг Дорнод руу явах болов уу гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм.

Гэхдээ орон нутаг дахь мандатын тоо цөөрөх эсэхээс бүх зүйл хамаарч, горилогчид энэ шийдвэрийг харгалзан хаана нэр дэвшихээ шийдэж ядаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ​

Монголын парламент бол төлөөллийн парламент. Энэ нь та, би, манай хорооныхон, дүүргийнхэн, бүр сонгуулийн тойргоороо нэг хүнийг төрд төлөөлөл болгож түмэн олны өмнөөс шийдвэр гаргаарай гэж явуулж байгаа хэрэг. Харин хэнийгээ явуулахаа бид УИХ-ын сонгуулиар шийддэг. Түмэн олны нэрийн өмнөөс ажиллаж, төр улсын хэмжээнд хууль баталж бодлого боловсруулж явдаг хүмүүсээ бид мөн ч их шүүмжлэх юм даа. Мэдээж, өөрсдийгөө төлөөлүүлж явуулсан юм чинь тэр хэрийн шүүмжлэл байж таарах л байх. Гэхдээ парламентад буг болтлоо суулаа, УИХ-ын гишүүнээр өчнөөн жил сонгож өглөө гээд загнах нь их.

Үнэндээ парламентад удаан суух нь муу юм биш юм аа. Харин ч аль болох урт удаан сууж, туршлагажсан хүмүүст бид өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах эрхээ өгдөг байх нь чухал юм. Үдлээд өнгөрөхийн дайтай төрийн хэргийг шийдэж, тохиолдол, хувийн эрх ашгийн үүднээс сонгогдоод нүүдлийн шувууд шиг хаяад явах хүмүүсээр төрийн алтан аргамжааг зангидуулж боломгүй.

Шинэхэн сонгогдсон гишүүд хүүхэд шиг “хөөрхөн” байдаг. Хаашаа явахаа мэдэхгүй, эхний, эцсийн хэлэлцүүлгээ ч ялгаж мэдэхгүй. Тийм байхаас ч яах билээ. Бүгд л тийм замыг туулж боловсорсон. Зарим нэг сүрхий нь дорхноо учраа олоод асуудлыг гартаа аваад явчихдаг бол зарим нь дөрвөн жил дуугүй сууж байгаад элдэв нэр хоч авах нь ч бий. Үнэндээ учрыг нь олохыг хүлээж, олоод хэсэгтээ хөөрч бас дээш доош хөвсөлзөж явдаг үеийг ч тэд туулдаг. Юмныхаа учрыг олоод ирэхээр гэнэт дуу орж, сүүлдээ энд тэндхийн юмыг хамж яриад ам авч давхидаг адуу шиг дүүхэлзэх нь ч бий. Гэхдээ төрийн ачааг даах шалгаралд бүхий л талаар үл тэнцэх зарим нэг хүмүүсийг сонгуулийн хөөрөлд автаж сонгочихоод дөрвөн жил сургаж, дөрвөн жил татварын мөнгөөр цалинжуулж, хооллож ундалчихаад хортой хөнөөлтэй, бодлогогүй үйлдлийн нь илдэнд сүлбүүлэх мэт хорлогдоод байх л хэцүү дээ. Тиймээс бид хэнийг яаж сонгохоо зөв тунгааж, сонголтоо хийх нь чухал юм. УИХ-д сонгогдож, төлөөлж ирсэн хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргах гэж байгаа тэр хүмүүс баян байх, нэр алдартай байх эсвэл залуу сайхан байх тийм чухал биш. Харин зөв байж, ямагт эх орон, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, хайрлаж, ухаалаг шийдвэр, бодлогыг тодорхойлж чаддаг байх нь гол зарчим юм даа. Өөрөөр хэлбэл, цагийн шалгуурыг давж чадсан, ончтой, цэцэн бодлогыг тодорхойлж ирсэн, ямар ч үед ноён нуруугаа алддаггүй, хат ширээгдсэн тийм л хүмүүсээр Монголын парламент бүрдэх ёстой. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг хэн одоо болно гэж хэлэх юм бэ. Тэрбээр 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2013 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж ирсэн байдаг. Д.Лүндээжанцан гишүүн бол 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болсноос хойш тасралтгүй Монголын хууль тогтоох байгууллагад ажиллаж ирлээ. Энэ хугацаанд байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Д.Дэмбэрэл гишүүн байна. 1992 оноос хойш тасралтгүй хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж ирсэн хүн. УИХ-д бүлгийн дарга, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын даргын албыг хашиж ирсэн. Ц.Нямдорж гишүүн мөн адил. 1992 оноос хойш сайдыг хэдэнтээ, УИХ-ын даргын албыг ч хашиж ирсэн нэгэн. Ийм хүмүүсийн хэлж байгаа үг, чиглүүлж байгаа зам мөрийг сонсохгүй, дагахгүй гээд яах ч билээ. Угаасаа тэдний хэлж байгаа нь яах аргагүй жин дарж, бодож хэлэх нь илүү цараатай байдаг. Улс төрийн ашиг сонирхол, бүлэглэл фракцийн нүдээр харвал тэднийг үл тоомоор мэт санагдавч үнэндээ монгол төрийн бодлогыг тодорхойлоход тэдний л хараа илүү уужим байж чаддаг. Тэдний хэн ч Үндсэн хуулийн Цэцэд очоод, эцэг хуульд зааснаас гажиж зөрвөл засан тохинуулж чадах хүмүүс. Сүүлийн үед аливаад насаар нь ялгаварлах чиг хандлага нэлээд ажиглагдах боллоо. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг сонгоход насны хязгаар тавьж, 65 болгов. Х.Тэмүүжин гишүүн хуульч хүн. Хуулийн мэргэжлийн сургуульд багшилж байгаад хууль тогтоох байгууллагад хоёр ч удаа сонгогдсон, дахиад олон ч жил Монголын төрд зүтгэх нэгэн гэж харагддаг. Бас улс төрийн хатуу хүтүүг ч туулж, усаар бол жавар нь гарч, галаар сан бол хоруу чанар нь хоцорч үлдсэн нэгэн байх. Үндсэн хуулийн Цэцэд сайн хуульч, сайн мэргэжилтэн ажиллах ёстой бол Х.Тэмүүжин шиг хүн ирээдүйд хэрэг болж ч болох юм. Гэтэл түүний санаачилсан төслөөр хууль өөрчлөгдсөнөөр түүн шиг анзааны төрийн хар хүн Цэцэд ирэхээргүй болсон нь харамсмаар л санагдана.

Оюун ухаант хүн нас явах тусам, алив бүхий л алдаанаас нэгэнт ангижирдгийг бид угтаа мэдэх л. Дэлхийн түүхэнд нас дээр гарч ирээд парламентын гишүүнээр ажилласаар байх байтугай анх шинээр болж байсан түүх арвин. Сонгодог парламентат Их Британид гэхэд Самуэл Янг 1892 онд 70 настайдаа парламентын гишүүн болж, 97 нас хүртлээ буюу насан эцэслэтлээ төрийн албыг залгуулж байсан байдаг. Тэгэхээр тэр 26 жил парламентын гишүүнээр ажиллаж байсан байх нь. Одоо ч гэсэн Их Британийн парламентад 1930 онд төрсөн Жеральд Кауфман гишүүнээр сонгогдоод ажиллаж л байна. 1970 онд 40 настайдаа анх парламентын гишүүн болж байсан тэрбээр Сүүдрийн Засгийн газарт орж ажиллаж, сөрөг хүчний байр сууринаас хандаж, улс төрийн үй түмэн үйл явдлыг үзсээр 2015 онд 85 настайдаа дахиад гишүүн болж байх жишээтэй.

Ер нь дэлхий дээр 46552 парламентын гишүүн байдгийн хамгийн олон нь буюу 3000 нь Хятадынх гэсэн статистик бий. Бас дэлхийн бүх парламентын гишүүдийн дундаж наслалт нь 53 гэж байгаа. Дундаж нь шүү дээ. Гэтэл манайд 50 хүрээд ирэхээр нь хавчаад, 60-65 хүрэнгүүт нь хуулиар л “зохицуулчих” гээд байх шиг.

Дорнын орнуудад улстөрчдийн нас бүр ч өндөр байдгийг бид юу эс андахав. Хятадад ахмад улстөрчдийн үг үнэ цэнтэй хэвээр. Энэтхэг бол нас дээр гарсан, өндөр настай туршлагатай улстөрчдөөрөө төрөө захируулж ирсэн гэдгээрээ алдартай бас өөрсдөө үүгээрээ бахархаж омогшдог үндэстэн. Бас л дэлхийн олон хүн амтай том гүрэн. Сүүлийн үед ардчилсан тогтолцоо, эдийн засгийн өсөлт, дэлхийн том тоглогчдын эгнээнд баттай зогсох болсон зэрэг нь эдний имиж болсон. Гэтэл үнэндээ Энэтхэг 1947 онд л тусгаар тогтносон. Саяхныг болтол Энэтхэгт “Манай Ерөнхий сайдууд дотор тусгаар тогтносон Энэтхэг улсад мэндэлсэн Ерөнхий сайд байхгүй” гэж яригддаг байлаа. Ердөө жил гаруйхны өмнө 1950 онд төрсөн Нарендра Моди Ерөнхий сайд болсноор тэд энэ яриагаа эцэслэсэн билээ. Нөгөө талаас энэ баримтаас аугаа их Энэтхэгийг үеийн үед дандаа ахмадууд нь удирдаж иржээ гэж уншигдахаар байгаа юм. Модигийн өмнөх Ерөнхий сайд 1932 онд төрсөн Манмохан Сингх байлаа. Тэрбээр 72 настайдаа Ерөнхий сайд болж, арван жил энэ албыг хашсан. Өөрөөр хэлбэл 82 нас хүртлээ шүү дээ. Түүний өмнөх Атал Важпай байна. Бүр 1924 оны хүн. Бас л 74 настайдаа энэ албыг авч 80 нас хүртлээ ажилласан. Тэднээс ч өмнө 77, 81 насандаа ч энэ албанд очиж байсан хүмүүс бий. Энэтхэгчүүд тэднээрээ бахархдаг. Олсон амжилтынх нь үндэс тэд ч байсан гэдэг юм билээ.

Энэтхэгт дундаж наслалт манайхаас доогуурхан буюу 65 гэгддэг. Төрийн алба хаагчид 60 насандаа тэтгэвэрт гардаг орон гэдгийг санаарай. Тэгэхээр тэд төр улсаа ахмадуудаараа удирдуулахын чухлыг эртнээс мэддэг үндэстэн ажээ.

Их сэтгэгч Плато “The Rebublic”-даа “Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ” хэмээн бичиж үлдээсэн нь нэгийг хэлнэ. Эртнээс ингэж сургаж, шалгаруулж ирсэн байхад бид буг болтлоо суусан, буурал болтлоо ажилласан гэж хоорондоо толхилцож муудалцаж суух зөвгүй. УИХ нь ч, Үндсэн хуулийн Цэц нь ч ингэх завгүй баймаар. Эвийг эрхэмлэн хууль тогтоох дээд байгууллага нь дээд байгууллага шигээ, Үндсэн хуулийг сахин манах улсууд нь бас сахин манагчид баймаар байна. Төр улсад туулсан туршлагатай, хатуужиж тунгаагдсан шилмэл хүмүүс хэрэгтэй. Төрд чадалтай, цагийн шалгуурыг давсан хашрууд засаглах болохоос хэт идэр залуу, үйлс, сэтгэл хатаагдаагүй, шалгагдаагүй хүмүүс тэнцэхгүй, ачааг нь даахгүй юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та D витамины тухай ямар ойлголттой явдаг вэ?

Монголчуудын дийлэнх нь D витамины дутагдалтай байдаг гэдэг нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна. Нярай болон бага насныхан харьцангуй гайгүй байдаг нь D витаминыг тунгаар авдагтай холбоотой аж. Манайхан шинэ төрсөн хүүхдүүддээ D витамин өгөхгүй бол хөлрөөд байдаг, рахит болно гэхчилэн сүрхий анхаардаг. Харин томроод ирэхээрээ энэ асуудлыг таг хаячихдаг учраас үнэндээ насанд хүрэгчид D витамины асар их дутагдалтай явдаг ажээ. D витаминыг бол байгаль дээр нарнаас авдаг. Харин хангалттай авч чадахгүй бол нэмэлт тунгаар хүртэхээс аргагүй байдаг байна. Уг нь Монгол бол нарлаг орон. Жилийн 365 өдрийн бараг гурван зуугаад нь нартай байдаг. Гэвч нар ташуу тусдагаас нарнаас хангалттай D витаминыг авч чаддаггүй ажээ. Жилд гагц дөрөвдүгээр сард нарнаас дээрх витаминыг авах боломжтой үе тохиодог гэх боловч бид ид хаврын салхи хавирга нэвт гээд жигтэйхэн зузаалж явдаг үе л дээ. Гадаадад очсон монголчууд шинжилгээ өгөхөд D витамины хомсдолд орчихсон, бүр байх ёстой хэмжээнээсээ 200 дахин бага гэгдсэн тухай сонсч байлаа. Гэтэл D витамин хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис яах аргагүй мөн юм. Хүний дархлааны гол хүчин зүйл. Хэрэв дархлаа муудаад өвчин ороож нэг л өөдлөхгүй бол D витамины хэмжээ хэр байгааг мэдэх л ёстой гэсэн үг. Үүний дутагдал нь хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, зүрхний өвчлөл, даралт ихсэх, депрест орох, жин нэмэх, аутизмтай хүүхэд төрүүлэх гээд олон өвчлөлийн шалтгаан болж байдаг байна. Бас манайхан кальци багассан гээд л ходоодоо өвдтөл кальцийн шахмал хэрэглэх болсон. Гэтэл энэ нь D витаминтай хавсарч ясанд хүрдэг болохоос дангаараа бол худлаа л гэдэг. Тэгэхээр нялх хүүхдэд өгдөг болохоос томчуудад хэрэггүй гэж ойлгодог D витамины тухай ойлголтоо бид өөрчлөх цаг болжээ. Аз болоход дөнгөж хоёр, гурван жилийн өмнөөс эхлээд Монголд D витамины дутагдлыг тогтоодог болсон. Томоохон шинжилгээний газруудад очоод та D витамины хэмжээгээ үзүүлээд авахад илүүдэхгүй юм байна шүү. Ерөнхийдөө оношлууртайгаа холбоотой байх, хэмжээг нь тогтооход 50 орчим мянган төгрөг гэгддэг юм билээ. Гэхдээ сүүлийн үед үнэ нь бууж байгаа сурагтай байсан. “Онош-мед”-д 38000 төгрөгөөр үздэг нь хамгийн боломжтой үнэтэйд тооцогдож байна лээ. Учир шалтгаангүй олон өвчлөлийн шалтгаан болдог D витаминыхаа хэмжээг үзүүлээд бага байвал тунгаар авч хэрэглэх ёстой шүү.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн хаана дэвших вэ?

2016 оны УИХ, Орон
нутгийн сонгууль дөтөлж байна. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна,
оруулахгүй нь гэсээр нэр дэвшигчдийг ч, намуудыг ч хүлээлтэд байлгаад эдүгээ
бүх зүйл тодорхой болоод байна. Яригдаж байсанчлан жагсаалтад бичигдэгсэд
бүсчилсэн хэлбэрээр өрсөлдөхөөргүй болж, нэг тойрогт үзэгсэд аймгаа урд,
хойгуур нь хувааж аваад жижигсгэсэн тойрогт тулах биш, хуучнаараа, томсгосондоо
нэг намын гишүүд ч хоорондоо өрсөлддөг сүүлийн хоёр сонгуулийн жишгээр явах нь.
Он солигдохын өмнө нэр дэвшихээр мандатын эрх горилогчид намдаа мөнгөө хэдийнэ
тушаасан байгаа. Гэхдээ тэдний зарим нь намаасаа нэр дэвших эрхээ авч сонгуульд
өрсөлдөх бол нэг хэсэг нь мөнгө тушааснаараа л горилогч хэвээр үлдэх.

Одоогоор аль тойрогт
аль намаас хэн, хэн дэвших нь хараахан эцэслэгдээгүй ч ерөнхий чиг тодорхой
болжээ. Дэвших санаатай тойргоо тордсоор ирсэн, оны өмнө хэн хэрхэн ямар
байдалтайгаар “бөөцийлсөн” гэдгээс бүх зүйл ойлгогдоно. Эцсийн шийдвэр намаас
гарах учиртай ч албан ёсны уг шийдвэрээс өмнөх урьдчилсан таамаг сонин байдаг
билээ. Тиймээс ирэх сонгуулиар аль тойрогт хэний намаас хэн өрсөлдөх
таамаглалыг хамтдаа сонирхъё. Нийслэлээс хүн амын тоондоо тааруулж мандатын
тоог нэмж өгөх саналыг УИХ-д хүргүүлчихээд байгаа. Хэрэв энэ хүсэлтийн дагуу
нийслэлд байсан 14 мандат дээр нэмж, 22-24 болгох шийдвэр гарвал орон нутгийн
8-10 мандат танагдах талаар яригдаж таарна. Гэхдээ тойргууд дээрээ хэн яаж
ажилласан, рейтинг нь ямар байгаагаас шалтгаалж намууд сонголтоо хийх учиртай.

СҮХБААТАР АЙМАГ

Наран ургах зүүнтээ,
Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигчийн хувьд угаасаа тодорхой. Аймгийн Засаг
даргаар сүүлийн найман жил ажиллаж байгаа Ж.Батсуурь энэ удаад УИХ-д нэр
дэвшинэ гэж байгаа. Өмнөх сонгуулийн үед орон нутагтаа ажилламаар байна гэснээр
М.Зоригтод боломж гарч тэр УИХ-ын гишүүн болж байлаа. Зүүн гурван аймгаасаа
барилгажилт, дэд бүтэц гээд юм юмаараа дутуу байсан Сүхбаатар аймаг сүүлийн
жилүүдэд нүүрээ угаасан мэт болсон. АН-ын Засгийн газрууд ч орон нутагт сайны
жишээ авахаараа Сүхбаатар аймгийг жишээлэн үлгэр болгож үзүүлж ирсэн. Олон
талын утгаараа Сүхбаатар аймгийн нэг мандат хаана ирэх нь тодорхой гэгдэж буй.
Үүнтэй эсрэгцээд МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших хүн олдоход хэцүү болжээ.
Уг нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэж
байсан ч сүүлийн үед Дархан руу дэвшихээ илэрхийлэх болсон. МАН-аас Сүхбаатар
явна гэж хэлэх хүн ховор байгаа гэх бөгөөд “Моннис”-ийн Б.Чулуунбаатар байж
магадгүй гэсэн яриа бий. Харин МАХН-аас бол Ч.Улааныг ирж магад гэж үзэж
байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон
өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын нэрээр албан тушаал хүртэж байсан бүх
хүмүүсийг тойрогт явж өрсөлд гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд өнгөрсөн
сонгуульд жагсаалтад орсон Ч.Улааны хувьд хуучны ээлтэй тойрог Сүхбаатартаа ирж
магадгүй.

ХЭНТИЙ АЙМАГ

Хэнтийд рейтинг өндөр
байгаа хүн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэх. Гэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд өрсөлдөж үндэсний хэмжээний санал авч байсан, өмнө нь дандаа тойрогт
өрсөлдөж гурван ч удаа ялсан гэдэг утгаараа шууд намын жагсаалтад орж мэдэх.
Тэгэхээр МАН-аас нэр дэвших хүмүүсийн хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч асан
Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нарын нэр яригдаж байгаа ажээ.
Н.Ганбямбын хувьд Хэнтийн МАН-ын хорооны дарга. Гэхдээ сүүлийн сонгуульд эндээсээ
гарч чадаагүй, дандаа хоёроор нь, гурваар нь ялдаг байсан МАН-ын суудлуудад
цэнхэр завсар оруулсан. Л.Оюун-Эрдэнэ Харвард төгсч ирээд удаагүй байгаа, шинэ
гэдгээрээ Хэнтийнхэнд сонин байж таарна. Хэнтийн Бэрхэд төрж өссөн, Хэнтийдээ
салбар нэгжээс нь эхлээд ажиллаж байсан гэдгээрээ орон нутагтаа танигдсан. Оны
өмнөхөн шинэхэн хэвлэсэн “Азийн хүлэг” номоороо Хэнтийн бүх сумдаараа явж лекц
уншсан дуулдаж байсан. У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин эсвэл Н.Ганбямба гээд
тогтсон хэдхэн хүн ирдэг байсан Хэнтийн тойрогт МАН-аас шинэ хүн ирэх нь бас
анхаарал татаж болох юм.

АН-ын хувьд аймгийн Засаг дарга
Ж.Оюунбаатар нэр дэвших нь тодорхой байгаа. Тэрбээр бас ч аймагтаа хийсэн юм
ихтэй гээд рейтинг өндөр байгаа аж. АН-ын нөгөө нэр дэвшигч харин тодорхойгүй
байгаа бөгөөд “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван байж магад гэгдэж байгаа. Гэхдээ
Ж.Оюунбаатар, Ч.Энхтайван нар зэрэг дэвших нь худлаа, юу гэж “Цагаан шонхор”-т
хоёр мандат өгөх вэ гэлцэж байгаа юм. Мөн ГОК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч
дарга Д.Даваасамбуу нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байсан ч эх сурвалж үүнийг
үгүйсгэж байна. Ер нь ГОК-ийн удирдлагуудаас сонгуульд нэр дэвшиж, улс төр рүү
орох хүн байхгүй ажээ. Энэ тохиолдолд Хэнтийн дараагийн нэр дэвшигч “Лектор
төв”-ийн Ц.Баатархүү байж болно.

Бас Н.Алтанхуяг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад
саяхнаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх болсон М.Хүдэрбаатар явж байгаа.
Тэрбээр оны өмнө тойргуудаараа бэлэг тарааж нэлээд явсан дуулдаж байсан. Мөн
оны өмнө нэлээд хөрөнгө гаргаж явсан горилогч бол Н.Учрал. Намдаа багагүй мөнгө
өгч нэр дэвших эрхээ авч байгаа гэсэн яриа гараад байгаа. МАХН-аас хуучин Засаг
дарга байсан С.Жаргал нэр дэвшинэ. Ерөнхийдөө Хэнтийд нэр нь яригдаж байгаа
хүмүүс бол тэд. Өмнө сонгуульд Хэнтийгээс сонгогдож гарч ирсэн Д.Гарамгайбаатар
гишүүний хувьд УИХ дахь бүлгийн даргын хувьд намын жагсаалтад орох учраас
тойрогт нэр яригдахгүй байгаа юм. Ерөнхийдөө Хэнтийд МАН, АН-ын хувьд өмнөх
сонгуулийн адил 1:1 гэсэн дүн гарч, Оюун нэртэй хүмүүс илүү шанстай гарч ирнэ
гэсэн яриа тэнд яригдах болжээ.

ДОРНОД АЙМАГ

Өнгөрсөн
сонгуулиар энэ аймгаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун нар
сонгогдон гарч ирсэн байдаг. Өнөө жил энэ хоёр ч мөн нэр дэвших ажээ. Гэхдээ
Х.Болорчулууны хувьд өмнөхийн адил бие дааж бус харин МАН-д элсч тэндээс нэр
дэвших гэж байгаа бололтой. МАН-ынхны хувьд бие даагч, популист гишүүдийн нэр
хүнд өндөр байгааг ашиглан нэг суудал баталгаатай гэж тооцоолж байх шиг байна.
Хэрэв Х.Болорчулуун намд элсэхээр яригдаж байгаа хувилбараа дагахааргүй болбол
МАН-аас УИХ дахь МАН-ын бүлгийн чадварлаг хуульч Б.Энхбаяр нэр дэвших санаатай
байгаа. Бас Дорнодоос хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Одбаярыг мартаж
болохгүй. Тэрбээр сонгуульд ялагдсанаасаа хойш Дорнодод амьдрах болсон. Харин
АН-ын хувьд П.Алтангэрэл явах нь тодорхой. Тэрбээр Чойбалсан хотын захирагчаар
ажиллаж байснаас гадна 2008-2012 онд тус аймгаас УИХ-д сонгогдсон. 2012 оноос
шинэхэн байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
билээ. Өмнөх сонгуульд Н.Номтойбаяраас 300 хүрэхгүй саналын ард үлдсэн гэхээр
Дорноддоо олон саналтай нэр дэвшигчийн л нэг. АН-ын өөр нэгэн суудал дээр
өрсөлдөгчид олон байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт нэр
дэвшихгүй гэж сошиалаар зарласан ч Дорнодыг дотроо бодоод явж байх талтай. Өмнө
нь эндээс сонгогдож байсан ч дахин нэг үзэхдээ ялагдсан учраас шууд аавынхаа
нутаг Сүхбаатар руу явж нэг гарсан. Одоо эргээд ээжийн нутаг гээд яриад ирэх
талтай. Р.Бурмаа сайд уг нь энд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч Халх голын
чөлөөт бүсийн асуудал гээд олон хүчин зүйлсийн нөлөөтэй төлөвлөгөө өөрчлөгдсөн
гэх. АН-аас дэвших бас нэгэн магадлалтай хүн бол Дорнодын АН-ын дарга
Д.Цэрэнчимэг. АН-аас намын хороог даргалах болсон анхны эмэгтэй гэгддэг.
Нэг
хэсэг АН-ынхан орон гарсан дэд сайд нарынхаа талаар яригдах үед намын дарга нь
түүний нэрийг дэвшүүлж буйгаа зарлахад орон нутгаас үүнийг нь эсэргүүцэж буйгаа
илэрхийлж шаардлага төв намдаа хүргүүлж байсан билээ. Түүнээс гадна намдаа олон
жил зүтгэж, өмнөх сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж явсан эмэгтэй бол Б.Мөнхцэцэг.
Тэрбээр төрийн албаа өгөөд намынхаа ажилдаа шуударснаас үзэхэд бас л дэвших
байх. Мөн Дорнодоос нэр дэвшиж магадгүй хүний хувьд казино гэгдэх генерал
Д.Энхбаатарын нэр хүчтэй яригдаж эхэлсэн. Түүнийг тойрогт үзнэ гэдгийг ойр
дотных нь хүмүүс батлах болсон бөгөөд энэ тохиолдолд буриад зоноо түшиж
Дорнодоос дэвших нь тодорхой. Бас ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар ч Дорнодод
ажиллаж байгаа.

ДУНДГОВЬ АЙМАГ

Энэ
тойрогт өмнө АН-аас ялалт байгуулан дөрвөн жил УИХ-д суугаа Б.Наранхүү гишүүн
нэр дэвших нь тодорхой. Угаасаа МАН-ынхан ч тус тойрог дээр 1:0-ээр ялагдана
гээд тооцчихсон суугаа гэсэн. МАН-аас өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан МАН-ын
нарийн бичгийн дарга асан Б.Амарсанаа өрсөлдөж таарна. Гэхдээ орон нутгийнхан
нь дандаа гаднаас дарга тавьж, гаднаас хүмүүс ирж өрсөлддөг, тэгээд гарсан
хүмүүс нь сум орон нутгийн төлөө юу ч хийдэггүй гэсэн гомдолтой байгааг
харгалзан үзэх талтай. Хэрэв энэ хувилбараар явбал тус аймгийн ИТХ-ын дарга
С.Буджав нэр дэвшиж магадгүй. Гадаадад боловсрол эзэмшсэн, хөдөө орон нутагтаа
ажиллаж амьдарч ирсэн хүмүүсээ дэвшүүлнэ гэвэл тэр нь зөв сонголт байж болох
юм.

ДОРНОГОВЬ АЙМАГ

Зарим
аймгуудад маш олон нэр дэвшигчтэй, хэн нь ч нэр дэвшиж магадгүй учраас
өрсөлдөөн ихтэй байгаа бол зарим газар хэн нэр дэвших нь тодорхой бас хэн гарах
нь ч тодорхой газрууд байна. Тухайлбал, МАН-аас “Дорнын говь”-ийн
Б.Дэлгэрсайхан тодорхой гэх хүмүүс олон байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд тус
аймагт жинхэнэ тулж ажиллана гэдгийг үзүүлж байгаа бөгөөд нутгийн зөвлөлийн
нэрээр их юм тараасан бас хийсэн ч гэлцэнэ. “Болд төмөр Ерөө гол” компанийн
ерөнхий захирал түүнийг ихээхэн нууцлаг хүн гэдэг байна. Гэхдээ хоёр ч удаа
намдаа суудал авчирсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ямар сонголт хийхийг харгалзаж
таарна. Бас өнгөрсөн сонгуулийн өмнө баривчлагдаад нэр дэвшигчдийг зарласны
дараа суллагдсан Ц.Анандбазар ямар бодолтой явааг хэн ч мэдэхгүй. Тойрогтоо
хамгийн шургуу ажиллаж байгаа нь дээрх Б.Дэлгэрсайхан бололтой.

Н-ын
хувьд Аймгийн засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нар аль аль нь
санаатай. Энэ байдлаасаа болж ч хоорондоо тааруу байдаг гэж хэвлэлээр
бичигддэг. Гэхдээ АН-ын эх сурвалжууд ИТХ-ын дарга нь нэр дэвшинэ гэж тодотгож
байгаа юм.

БУЛГАН АЙМАГ

Тус
аймаг бол мөн л ганц мандаттай аймаг. Хэзээнээсээ улаан аймаг гэж нэрлэгддэг.
Үеийн үед МАН-ынхан энд ялалт байгуулж байсан. Одоо ганц мандаттай болсноор
МАН-ынхан хоорондоо ихээхэн өрсөлдөөнтэй тойрог болсон. Мэдээж, УИХ-ын гишүүн
Ё.Отгонбаяр өмнө ялалт авчирсан тойрогтоо үзэж таарна. УИХ-ын гишүүд нь
тойрогтоо давуу эрхтэй байх бичигдээгүй хууль аль ч намд бий. Гэхдээ горилогчид
ч бас ажилласаар иржээ. Ё.Отгонбаяр гишүүнээс гадна МАН-ын, сахал гэгддэг
Ж.Бат-Эрдэнэ, бас “UFC”-гийн О.Амартүвшин нар тойргоо тордсоор ирснийг онцлох
нь зүй. УИХ-ын гишүүд нийслэлийн тойрог руу шилждэг жишиг Булганд гарахгүй л
бол Ё.Отгонбаяр давуу эрх эдэлж таарах байх. АН-ын хувьд нэр дэвшигчид
тодорхойгүй л байна. Булганы Засаг дарга Д.Эрдэнэбат үзчих санаатай байгаа
гэсэн. Өмнө нь өрсөлдөж байсан Булганаас ҮЗХ-нд орж ирсэн, ТМ телевизийн үндсэн
хөрөнгө оруулагч Д.Түмэнжаргал даагаа нэхэхийг үгүйсгэхгүй.

СЭЛЭНГЭ АЙМАГ

Сэлэнгэ
аймаг бол АН-аас хэн, хэн явах, МАН-аас хэн хэн өрсөлдөх нь хамгийн тодорхой
тойргуудын нэг. АН-аас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн
сайд Д.Эрдэнэбат нар явна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад
хэргийн дэд сайд асан Н.Оюундарь нар өрсөлдөх гэж байгаа ажээ. Уг нь С.Баярцогт
бол тойрогтоо хэд дараалан сонгогдсон, өмнөх сонгуулиар жагсаалтад ороогүй, тэр
утгаараа энэ удаад жагсаалтад ороход болохгүй зүйлгүй хүн. Офшор банкин дахь
дансаа мэдүүлээгүй асуудлаар баалуулж байгаагаас жагсаалтад оруулахгүй байж
магадгүй. Гэвч сэлэнгэчүүд түүнийг үргэлж ивээдэг, өөрөө ч хичээдэг. С.Баярцогт
энэ тойрогт өрсөлдөнө гэдгээ зарлачихаад байгаа. Д.Эрдэнэбат сайдын хувьд өмнө нь
намын генсек гэдгээрээ жагсаалтаар гишүүн болсон учраас энэ удаад яах аргагүй
тойрогт үзнэ. Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь бол аль аль нь МАН-ыг Засагт багтах үед
Засгийн газарт багтаж байсан хүмүүс. Ж.Эрдэнэбат өмнөх сонгуулиар дэргэдээ
МАН-аас С.Гэрэлмаа хэмээх эмэгтэйг дагуулж явж голдуу 1:1-ийн харьцаатай хоёр
намд санал өгдөг тойрогтоо ялж байсан. Харин Н.Оюундарийн хувьд боловсролтой
эмэгтэй учраас тэр тоглолтод орох нь юу л бол. Сэлэнгийнхний хувьд аймгийн төв
нь АН-д, Зүүнхараа нь МАН-д саналаа өгчихдөг газар.

ОРХОН

Өнөө
жилийн хувьд энд МАН-аас хэн ирэх нь тун тодорхойгүй байна. Тодорхойгүй юу
байхав, тухайлсан лидер алга гэж Эрдэнэтийнхэн ярьж байгаа юм билээ. О.Содбилэг
гишүүний хувьд тэндээ дорвитой ажиллаагүй болохоор очиход нүүр халуун учраас
өөр тийш сэлгэж магадгүй дуулдана. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир бас өрсөлдөх
санаатай гэх. АН-ын хувьд тус аймгийн намын хорооны дарга М.Батчимэг гишүүн анх
удаа тойрогт өрсөлдөнө. Харин өөр нэг нэр дэвшигч нь Хууль зүйн сайд
Д.Дорлигжав байна гэж байсан ч сүүлийн үед жагсаалтад орох тухай дуулдах
болсон.

Ерөнхийдөө
Эрдэнэтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер ирчихвэл гарах магадлалтай гэдэг нь
судалгаагаар харагдаж байгаа юм билээ. Гэхдээ хэн зориглож ирэхийг хэн мэдэхэв
болоод байна. МАН-аас Ж.Энхбаярыг тийш дэвшвэл гарна гэх яриа хэдийнэ гарсан
бөгөөд өөрөө шинэ газар зориглож дэвшихийг таашгүй. Түүнээс Л.Гүндалай,
Данзанбалжирын Энхтайван нар бол мэдээж өрсөлдөхөөр бэлдэж байгаа ажээ.
МАХН-аас өмнөх сонгуульд Л.Цог эндээс нэг суудал авчирсан бөгөөд дахин эндээ ирж
магадгүй.

ДАРХАН-УУЛ

2012
оны сонгуулиар энэ тойргоос бие даагч С.Ганбаатар, МАН-ын Д.Хаянхярваа нар
сонгогдсон. Бие даагч С.Ганбаатар шинэхэн намын гишүүн болчихсон. ХҮН-ын хувьд
түүнийг урдаа барьж, тойргоос нэг суудал авснаар намын нэрээр авсан суудлаа
баталгаажуулна гэж тооцож байгаа бол С.Ганбаатар гишүүн ярилцлагадаа намын
даргын хувьд жагсаалтад орохыг үгүйсгэхгүй гэсэн байна лээ. Гэхдээ түүний
хэлснээр бэлдсэн тойргоо залуучууддаа өгнө гэвэл тойргоос ганц суудал авахаа
баталгаажуулах гэсэн ХҮН-ын хувьд дэндүү эрсдэлтэй хэрэг болох болов уу.

МАН-аас
гишүүн Д.Хаянхярваагаас гадна Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан
өрсөлдөх гэж байгаа. Тэрбээр Сүхбаатарыг тооцоолж байсан ч Ж.Батсуурьтай
өрсөлдөх эрсдэлтэй гэж үзсэнээс Дарханд ирж байгаа аж. Нэр дэвших гэж байгаа
учраас албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. АН-аас Л.Гансүх нэр дэвших боломжгүй
болсноос ах дүү Дашуудаас нэр дэвшиж таарна гэцгээж байна. Н.Мөнхдаш нэр дэвшиж
таарна. Бас АН-ын дарга З.Энхболд ирж магадгүй гэж нэг хэсэг ярьсан ч жагсаалтад
орох нь тодорхой болж байгаа гэсэн.

ТӨВ АЙМАГ

Цэнхэртэж
үзээгүй цөөхөн аймгийн нэг бол Төв аймаг. Хуучин дөрвөн гишүүн сонгогддог
байхад дөрвүүлээ МАН-аас байдаг байлаа. Энэ удаад цэнхэр туяа татах эсэхийг хэн
мэдлээ. Төв аймагт өрсөлдөөд хоёр ч удаа унасан Эрчим хүчний дэд сайд асан
Д.Доржпүрэв гурав дахь удаагаа өрсөлдөхөөр шийджээ. Мөн анх удаа Баянгол
дүүргээс нэр дэвшин гарч, 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад гуравдугаарт
бичигдэж гишүүн болсон Х.Тэмүүжин гишүүний нэр яригдаж байна. Бас Нийгмийн
халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Тувааны нэр явж байгаа. Аль, аль нь
Төв аймгийн угсаа гарвалтай хүмүүс. Энэ удаад 1:1-ээр тэнцчих сонирхол
АН-ынханд их байгаа аж. Харин МАН-аас хоёр Энхболд нэр дэвших нь тодорхой
байна. Уг нь М.Энхболд намын даргын хувьд жагсаалтын нэгдүгээрт бичигдэх ёстой.
Гэхдээ намын дарга жагсаалтад нуугдаж үлдэх биш хуучин тойрогтоо нэр дэвших
болж байгаагаараа нэр хүнд хаана ч өндөр гэдгээ батлах гэж байгаа бололтой.
Урьдчилсан судалгаагаар ч Төв аймагт М.Энхболд тасархай байгаа гэсэн. Тиймээс
жагсаалтад бичүүлэлгүй, нөгөө намуудын дарга нарыг биетээр үлгэрлэж тойрогт
өрсөлдөх тактик барьж байгаа бололтой. МАН-ын өөр нэг нэр дэвшигч нь Н.Энхболд.
Сүүлийн үеийн яриагаар нэр дэвшихээ болиод намаа ялах үед гүйцэтгэх засаглалд
орж ажиллах хүсэлтэй байгаа дуулдсан. Хэрэв тэр тохиолдолд жагсаалт руу явна
гэж таамаглаж байгаа Су.Батболд тойрогтоо ирж болох юм.

АН-ын
жагсаалт эр “царайлаг” вэ?

МАН-ын
дарга нь жагсаалтад бичигдэлгүй, тойрогт үзнэ гэдэг нэг талаасаа эрсдэлтэй мэт
боловч нөгөө талдаа намаа өргөх том зориг байх талтай. Гэхдээ үүний нөгөө талд
намын жагсаалт тун сүр хүч муутай харагдана. Бусад намуудын дарга нь жагсаалтын
нэрсээ манлайлах бол МАН-ыг хэн толгойлж бичигдэх вэ. Энэ удаагийн сонгуулийн
өмнөхөөс ялгаатай нь намын нэрээр санал авахдаа жагсаалтад багтсан хүмүүсээ
саналын хуудсанд бичиж таарна. Тиймээс жагсаалтаа тун царайлаг байлгах тал дээр
намууд анхаарахаас аргагүй. Эдний нам аргагүй л том кадруудтай шүү гэж харагдах
нь чухал. МАН-ын хувьд одоо яригдаж буй хувилбарын нэрс жулдаад байгаа
дуулдана. Намын дарга байхгүй учраас жагсаалтыг тэргүүлэх хүн ерөнхий нарийн
бичгийн дарга болж таарна. Ж.Мөнхбатаар МАН жагсаалтаа эхлүүлнэ гэвэл эртний
түүхт энэ намын илэрхийлэл төгс байх уу гэсэн асуулт гарах төлөвтэй. Зарим нэг
яриагаар намын дарга нь удирдлагууд тойрогт үзэх ёстой гэж шахсанаас Ж.Мөнхбат
Архангай руу бас ч явахаас аргагүйд хүрсэн гэгддэг. Өмнө жагсаалтад орсон
хүмүүсийг энэ удаад оруулахгүй гэх хандлага аль ч намд байгаагаас намуудын
жагсаалтаар нэр дэвшигчдийн асуудал ихээхэн амаргүй, бас нухацтай бодохыг
шаардаж байгаа аж. Ардын намд ч адил. 2012 оны сонгуульд жагсаалтад бичигдсэн
гэдэг шалтгаанаар Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын шалгарсан
тодорхой гишүүдэд энэ нь анхаарлын тэмдэгтэй. Эднийг намын илэрхийлэл болгохгүй
гэвэл тулхтай, хашир туршлагатай гэгдэх парламентчид жагсаалтад харагдахгүй
болж байгаа юм. Нөгөөтэйгүүр МАН, МАХН-ыг тус тусдаа нам гэж харвал энэ
гуравгүйгээр МАН-ын жагсаалтыг бас төсөөлөмгүй. Ахмад, дунд, залуу үеийн алтан
хэлхээнд бодлогоо тодорхойлдог гэдэг ууган намд өмнө жагсаалтад бичигдсэн
гишүүн дахин жагсаалтад бичигдэхгүй гэсэн хууль байхгүйг энэ хашрууд нь
сануулахтайгаа. Улирах гэж байгаа парламент хүний хуучин, дээлийн шинэ гэдгийг
чухам сануулж байгааг намууд анзаарахаар. Жагсаалтыг хэн толгойлох нь одоогоор
тодорхойгүй ч УИХ-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээгүүр бичигдэж таарна. Угаасаа
бүлгийн дарга тэгээд ч тойргоос хоёр удаа ялалт авчирч байсан болохоор маргах
хүн гарахгүй. Жагсаалтын удаагаар бичигдэх хүн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэгдэж
байгаа. Бас олон жил Завханаас суудал намдаа авчирч байсан. Нөгөө талаас
өнгөрсөн жагсаалтад МАН аравдугаарт л эмэгтэй нэр дэвшигчээ эрэмбэлж байсан
алдаагаа энэ удаад засах гэж байгаа бололтой. МАН-ын жагсаалтад орох өөр нэг
эмэгтэй бол НАМЭХ-ны дарга Ц.Цогзолмаа байгаа. Өмнө нь жагсаалтдаа АН-ынхан
хоёр ч эмэгтэйг урдуур бичиж гишүүн болгож байсныг тэд мартаагүй бололтой.
Гэхдээ Ц.Цогзолмаагаас өмнө бичигдэх хүмүүс Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд нар байна
гэсэн таамаг бий. Аваргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн кандидат
нь, Су.Батболд бол М.Зэнээ гуайн оронд орж ирсэн нөхөн сонгуультайгаа нийлээд
дөрвөн ч удаа парламентад сонгогдсон хүн. Мөн жагсаалтад У.Хүрэлсүх бичигдэх
аж. У.Хүрэлсүхийн хувьд өмнө жагсаалтад бичигдсэн ч үүнийгээ ашиглаагүй гэдгээр
дахин бичигдэх бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сар гаруй хугацаанд ажиллаад
ар гэрийн асуудлын улмаас ажлаа өгснөөр жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл
гишүүн болж байсан.

Дээрх
хүмүүсийн дараа жагсаалтад нарийн бичгийн дарга нарын нэг (Т.Гантулга,
Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа) нарын нэг гэсэн хувилбар орж ирэх магадлалтай.
Бас Говь-Алтайн Ц.Дашдорж, Үнэн сонины эрхлэгч Б.Ганболд гэж үргэлжилнэ. Үнэн
сонины эрхлэгчийн хувьд жагсаалтад нэр нь зайлшгүй бичигдэж таарах аж.

Ерөнхийдөө
магадлал, яригдаж байгаа хувилбараар МАН-ын жагсаалт ийм хүмүүсээр ирэх болов
уу. Гэхдээ жагсаалт олонд ил харагдана гэдэг үүднээс танигдсан, хүлээн
зөвшөөрөгдсөн түшээдийг оруулж ирэхийг зөв гэж үзвэл өөрчлөхөөс аргагүйд хүрэх
биз ээ.

Үргэлжлэл бий.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Малчдыг мал шиг нь тэжээх буруу

Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ тогтоолын хувьд яг л урьд өмнө шигээ малчдад улсын нөөцөөс буцалтгүй тусламж болгон өвс олгож, тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлөх асуудал юм. Сонины хуудсуудыг эргүүлэхэд 2009 онд ч, 2012 онд ч яг үүний нэг адил хэвэнд цутгасан мэдээ мэдээллүүд харагдана. Ер нь л жилийн жилд ийм нэг малчид руу чиглэсэн тэтгэмж асрамжийн асуудлууд болдог л доо. 2009 онд “Өнгөрсөн зун, намар зарим аймгийн нутгаар гантай, бэлчээрийн гарц муу байсны зэрэгцээ их хэмжээний цас унаснаар өвөлжилт хүндэрч байна. Мал төллөлт, өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх тул улсын нөөцийн цэг салбаруудаас өвс, тэжээл худалдан борлуулахыг зөвшөөрч, малчдад хямд үнээр өвс тэжээл худалдахыг Засгийн газрын тэргүүн салбарын сайдад даалгалаа” гэсэн байгаа бол 2012 оных нь “Улсын онцгой комисс хуралдаж, улсын нөөцөөс мал төллөлт хүндэрсэн аймгуудын малчдад өвс, тэжээлийг 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Улсын нөөцөөс 3903.56 тонн өвсийг тусламж хэлбэрээр, 1695.56 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өгч зөрүү болох 857.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах болов” гэсэн байх жишээтэй. Энэ удаа бүр улсын нөөцөөс 6500 тонн өвсийг үнэгүй өгч, 2.6 тэрбумыг үүнд цацахаар болж байх шиг байна. Энэ өвлийн хувьд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна гэсэн албан мэдээ байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдаж, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэжээ гэсэн байгаа юм. Өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цаашид хүндрэх магадлалтай байгаа учраас ийм шийдвэрийг гаргасан гэх.

Одоо үнэгүй олгох өвсийг авахдаа малчид тухайн сумын малчин мөн болохыг тодорхойлсон сум, багийн Засаг даргын тодорхойлолт, хэдэн боодол өвс авах тухай зөвшөөрлийн бичгийн хамт авчирна гэж зарлаж байна. Гэхдээ үүнд ойлгомжгүй зүйл байна аа. Өвөл жил бүр л болдог. Болдгоороо л болж, ирдгээрээ л өвөл ирнэ шүү дээ. Болох болохдоо тасхийлгэж, жавар хайруулсаар л буцдаг. Гэтэл анх удаа өвөлтэй нүүр тулж байгаа юм шиг жилийн жилд ийм нэг онц гоц, гамшгийн асуудлыг гэтлэх арга хэмжээ авдгаа зогсоомоор байна.

Малчид бол мал гэдэг хувийн өмчтэй хүмүүс. Тэр хувийн өмчөө өсгөж үржүүлэх, хамгаалж хайрлах нь тэдний л хэрэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах хэрэгтэй, мөнгө олдог бизнесээ хамгаалж чадаагүй бол дампуурдаг зах зээлийн хуультай. Хэдийгээр бид Үндсэн хуульдаа мал бол төрийн өмч болох талаар дурдсан байдаг ч үнэн хэрэгтээ зөвхөн малчны өмч. Тухайн малчнаас өөр хэн ч тэр айлын хотноос шөлний төлөг авчих эрхгүй. Гэтэл хувийн ямар ч салбартаа үзүүлдэггүй халамж, тусламжийг Засгийн газар малчдад л үзүүлдэг. Өвс тэжээл, татварын хөнгөлөлт, малд нь татаас гээд. Тэглээ ингэлээ гээд, зуднаар хэцүүдэхэд тусаллаа гээд дараа жил нь өвөлжилтийн бэлтгэлдээ анхаардаг малчин байдаг гэж үү. Бахь байдгаараа л. Ер нь хувийн барилгын компаниудад хямрал боллоо гээд улсаас цемент өгдөг үү, хувийн хэвлэлүүдэд мэдээллээ сайн түгээ, хууль сайн сурталчлаарай гээд цаас өгдөг бил үү. Үгүй шүү дээ. Уг нь малчдын хувьд ийм л байх ёстой юм. Аль нэг хувийн салбарыг онцлоод ялгаад эхэлбэл тэгш бус харилцаа үүснэ. Татвар дээр өршөөл үзүүлээд эхлэхээр хууль дүрмээ биелүүлээд ягштал явж байсан компаниуд бас гомдмоор л байдаг даа.

Гэвч манайд энэ бүхэн хэнд ч падгүй, бүх зүйл голдрилын эсрэг явж ирлээ. Уламжлалт мал аж ахуй маань гээд л, нүүдэлчин уламжлалаа хадгалж, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа юм минь гэж ирээд хошуу дэвссээр удсан. Гэвч тэд өөрчлөгдөж, өөдөлж дэвжихийг урьтал болгодоггүй. Зуд болсон ч төрөөс өвс үнэгүй өгчих юм чинь гээд хаврын тарчиг цаг өнгөрөв үү үгүй юу дахиад өвөл болдгийг мартана. Өвлийг мартсан хүнд зуд юуны хамаа билээ. Зун намрын зургаан сардаа архидаж, айраг наадам эргүүлээд өнгөөрөөчихнө. Засгаас өгсөөр байгаад сургачихсан учраас сонгуулийн өмнөх жил бол бүр ч гэдрэг суухаа мэднэ. Сонгуулийн өмнө улстөрчид, улс төрийн намууд халамж тусламжийг боломж л гарвал, гарахгүй байсан ч гаргаж байгаад тараадаг. Тэр тусмаа хөдөөний сонгогчдыг онилж байгаад түгээдэг. Нөгөөдүүл нь ч мэддэг болчихсон. Хүлээгээд суучихна.

Энэ бүхэн тэр хүмүүстээ тус болох нь ховор юм даа. Харин ч гай болох бодлогыг төрөөс барина. Хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, бусдаас гар хардаг болгож байна гэдэг шүүмжлэл хэт ерөнхий санагдаад байж магадгүй. Тэгвэл энэ байдал нь малчдыг хэзээ ч аж ахуйтан болгож, хувийн эд хөрөнгө нь өсч нэмэгддэг болгохгүй байгаа юм. Осолдохгүй дуртай үедээ шөл уудаг эрх мэдэлтэйгээрээ нэгдлийн малчнаас дээр л гэх байх. Гэвч ийм шар нар, бор хоногийг өнгөрүүлсэн амьдрал тэдэнд дэм болно гэж үү. Өөрсдөө улам бүр хождох, шалтаг шалтгаанаа хайж эхэлцгээнэ. Бүх хүүхдүүд зургаан настай сургуульд орж байхад малчны хүүхдийг арай хожуухан оруулмаар байна гэлцэнэ. Зургаан настай хүүхэд сумын төвд гэрээсээ хол бие дааж сурч чадахгүй учраас найман нас болгомоор гэх. Гэтэл бусад хүүхдүүд 12 жилийн дараа сургуулиа төгсөхдөө 18 настай байхад малчны хүүхэд 20 настай төгсөх үү. Бараг л эхнэр авч, нөхөрт гарсан хүмүүс дүү нартайгаа сурахаас ичээд завсардаж таарна. Тэгвэл малчны хүүхдүүд боловсрол олж, хот хүрээнд цаашлаад хил дамнан суралцах чадалтай боловсон хүчин болж чадахгүй л болно. Ойрын зайндаа туслаад дэмжээд байгаа мэт боловч холын зайндаа хор болох шийдвэрээс бид хол явах л учиртай. Хөдөө хөхөрч, зүтгэж яваа улс гэж тэднийг хайрлаж л байгаа бол хал нь гаднаа байх ёстой юм байна. Жилийн жилд аймгуудын хөдөө аж ахуйн хэлтсээс малчдад зориулж өвөлжилтөд бэлтгэх зааварчилгаа өгдөг. Түүнд нь Өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах талаар, Малчдын аюулгүй байдлыг хангах талаар, Мал сүргээ онд мэнд оруулах талаар, Орон нутгийн нөөц ашиглаж тэжээл бэлтгэх гэж ирээд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хуудас хуудсаар нь тараадаг. Тэнд бичигддэг таана хөмүүлийн зоодой, агь, халгайн ханд, мангирын сорсыг хэд нь бэлтгэдэг бол, гэрийн ойролцоо цас бага унагахаар дарцаг 5-7 метрийн зайтай хэд хэдийг хийсгэдэг малчид нь хэд бол доо. Сүүлийн жилүүдэд мотоциклиор малаа эргүүлж, морь уналга бэлдэхээс залхуурч, нөгөөдүүл нь эмнэг догшин болсон л дуулддаг. Бас бог малын хөл хүрэх зайд малаа бэлчээж, урт хөлийн малыг үржүүлж тэжээхээс ч зайлсхийх боллоо л гэдэг.

Малчид ийм байдалд хүрчээ. Малчдыг ийм байдалд хүргэжээ. Энэ нь олон жилийн төр засгийнхны, улстөрчдийн арьсаа хамгаалж, малчдад таалагдах гэсэн богино зайн явуургүй бодлогын үр дүн. Одоо энэ нь сонгуулийн буухиагаар бүр л хүч нэмэх байх даа. Уг нь богино зайдаа бус урт хугацаандаа, ирээдүйгээ харж бодлогоо гаргамаар байх юм. Одоо өвс үнэгүй өгөхөө болих хэрэгтэй. Намартаа эргүүлж авах болзолтой өгвөл таарна. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хахир хатуу цагт тусаллаа эргээд төлбөрөө төлөхийг шаардаж болно. Хүүгүй зээл ч цагтаа хэрэгтэй л байдаг. Малчдыг мал шиг нь тэжээх буруу. Тэд мал биш хүн. Хүн болохоор зах зээлийнхээ зарчмаар, өрсөлдөөнөөр тэсч үлдэх ёстой. Энэ нь тэдний илүү том болж, илүү том бизнес эрхлэх үндэс нь болж өгөх учиртай юм. Түүнээс өнөөдрийн энэ явуургүй арга нь тэднийг яг л энэ хэвээрээ, өдөр шөнийг аргацаан амьдрахад хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2014.01.17-Ы АРХИВ: Монцгор төртэй байснаас монжсон иргэдтэй байсан нь дээр

Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг санаачилгыг чухам дээр дооргүй л ярьцгааж байна. Сөрөг хүчин хүртэл үүнийг дэмжиж, урьд өмнө өөрсдөд нь падгүй байж байгаад чухам одоогийн төрд л хамаатай юм шигээр ярьцгааж байна аа. Гэхдээ энэ тэр нь хамаагүй, хамгийн чухал нь данхайсан толгойтой, цүрдийсэн гэдэстэй төртэй байснаас иргэд нь гэдэс дүүрэн, халаас бүтэн байхыг хаа хаанаа мэдсэн нь сайн юм. Төр нь монцойчихсон, иргэд нь мөр унжгар явснаас хонжоо монжоо нь иргэддээ ирдэг байх нь хэрэгтэй юм аа. Төр бизнест нь оролцоод байдаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш бас өөрсөдтэй нь өрсөлдөөд байдаггүй байгаасай гэж бизнесийнхэн хүсч байгаа. Тэгээд ч төр гэдэг зангараг ханхлуулж сүрдэм сонстдог ч тэнд эзэн байдагг үй билээ. Төрд очсон өмч бүр үнэгүйдэж тэндээс алдагдал л хүлээж байдаг нь үнэн. Төрийн өмчийн нэр дээрх байгууллагын тоо урьдын адил их сонстсоор. Одоо эднийг эхнээс нь хувьчилж, төрийн мэдлээс гаргах нь том төр данхайж бус харин зөв менежмент хийж ухаалаг шийдвэр гаргадаг болоход хүрнэ. Тухайлбал МИАТ, Эрдэнэт, Монросцветмет, Оюутолгойн төрийн мэдлийн хувийг, улсын эмнэлэг, сургуулиуд, МОНЦАМЭ, МҮОНРТ, Монгол шуудан, цахилгаан станцууд, Хөтөл, Шивээ овоо, Багануур хувьцаат компани, Монголын Цахилгаан холбоо компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд төрийн нэр дээр буй олон газрууд бий. Яагаад эднийг хувьчлах ёстой вэ.

МИАТ компанийг төрийн өмчийн гэдгээр нь үндэсний агаарын тээвэрлэгч статустай болгосон. Гэхдээ энэ статус компанийн өмнөх тодотголыг нэмэгдүүлсэн болохоос биш зорчигчдын халаасан дахийг хэмнэхэд ширхэг ч тусаа өгөөгүй. Тэр ч байтугай агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно гэсэн төрийн бодлогын баримт бичигтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн. Төр агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргах, замын зардлыг багасгах ямар ч бодлогыг хийхгүй харин өөрийн мэдлийн компаниа аргацааж авч явах боломж бололцоогоо нэгдүгээрт тавиад байхаар ямар юмных нь ухаалаг төр болж чадах вэ дээ. Гэтэл чөлөөт өрсөлдөөн бодит амьдрал дээр яаж тусгалаа олж байдгийг сүүлийн хэдэн жилийн дотор иргэд харж байна. МИАТ ашиггүй гээд хаячихсан, үүнийг нь дагаад тав тухтай, аюулгүй байдлын асуудал бүр хаягдчихсан орон нутгийн нислэг бас ч гэж сайжраад байгааг бид харж байна. “Изинис”, “Аэро Монголия”, “Хүннү эйр” гээд хувийн компаниуд энэ салбарт орж ирснээр дааж давамгүй байсан үнэ өртөг бас ч гэж боломжийн болоод байгаа. Одоо гадаадын ашигтай нислэгүүд нь төрийн компанидаа үлджээ. Үндэсний гэдгээрээ томордог ч ижил төрлийн бусад авиа компаниудынхаа аманд ороод л нислэгийн тоо нь улам цөөрөөд л байдаг. Өөр сонголтг үй зорчигчид нь харийн компаниудын аманд багтсан үнээр өртөг өндөртэй нислэгээр явсаар удлаа. Гарах гарц нь хойно байгаагаа сэгсрүүлээд нисэхээс өөр яах билээ дээ. Сэтгэл дутдаг, эзэнгүй байдаг төрийн компанийн жишгээр МИАТ ч бас алдагдалтай ажилладаг. Дөрвөн онгоцтой төрийн компанид 780 хүн ажилладаг бол 3-5 онгоцтой хувийн компаниудад 200-230 хүн ажилладаг гэх юм билээ. Бас том ялгаа байгаа биз. Төрийн мэдлийн компанид бол хэнбугай ч ингэж ханддаг. Ямар өөрөөс нь мөнгө гарах юм биш ширхэг хадаасыг хоёр хүн дамжлаад явах боломжийг хайж байдаг. Харин хэмнэлт ашиг харж байдаг хувийн секторт шуудайтай хадаасыг нэг хүн үүрэх үүргийг өгдөг. МИАТийн удирдлагуудын идсэн уусан хэргийг бид залхатлаа л сонслоо. Төрийн нэрийн дор эрх мэдэлтэй хэдэн хүмүүст идэж уух эрхийг нь өгөхийн оронд Монгол Улсын төрөөс МИАТ-ийг шугамаа булаалгадаггүй харин ч тэр “Korean air”, “Air china”, “Aeroflot”-той өрсөлдөх үүрэг өгөх байсан юм. Энэ бол ухаалаг төрийн хийх ажил байв. БНСУ-ын төрөөс хэцүү бэрх цагт “Daewoo”-г яаж дэмжиж бас дэмнүүлж, “Samsung”-т дэлхийн хэмжээний компани болох үүрэг өгч байсныг жишээ болгож ярьдаг. МИАТ компаниас хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт буруудсан хүмүүсийг шоронд олон жилээр хорих тухай ярихаас илүүтэй алдсанаа тэднээр төлүүлж, тултал нь ажиллуулах тухай шийдвэр гаргавал ухаалаг шийдэл болох байсан биз. Тэгж яривал цөөхөн монголчууд дунд боловсролтой чадалтай хүмүүс цөөн. Тэр дундаа нисэхийн салбарт ажилладаг мэргэшсэн толгойнууд хуруу дарам цөөхөн. Тиймээс тэднийг унасан салбарыг босгож, МИАТ-ийг дэлхийн хэмжээний авиа компани болгож нүглээ наминчлах боломжийг өгвөл хэн хэнд нь хэрэгтэй байсан байж болох юм. Шийтгэлийг хорьж биш харин ухаан хүчийг нь шавхан авдаг хувилбарыг манайх ер боддоггүй, шоронжсон тогтолцоогоо л өөгшүүлэхийг хичээдэг. Хадгаламж зээлийн хоршооны хэргийг манайхан одоо ч ярьсаар. Хоршооны эзэд нь “Бид мөнгөө босгох аргаа мэдэж байна. Хүмүүсийг хохиролгүй болгож чадна. Битгий хориоч” хэмээцгээж бүр хохирсон хүмүүс ч “Эднийг хориулалг үй байж л бид мөнгөө авч чадна” гэж байсан ч хуулийнхаа дагуу гээд аваачаад л хийсэн. Тэгээд хохирогчид олж долоосон юм ч байхгүй, хадгалуулсан мөнгө нь өнөөх бизнесмэнүүдийн хуруу хумсаа хугалан байж цуглуулсан хамаг хөрөнгийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхны гараар ороод л дууссан. Хуулиа дагаж мөрдөх ёстой ч төр ухаалаг байсан бол аль ч талдаа ашиггүй ийм алхмыг хийх хэрэггүй байв.

Үлгэр домог мэт үргэлжилж байж арайхийн баталсан Оюутолгойн гэрээн дээр ч ярих асуудал бий. Стратегийн ордын нөөцөд батлагдсан болохоор төр тодорхой хувийг нь авна гэдгээрээ л зүтгэчихсэн. Төр хамтрагч болоод эхлэхээр хөрөнгө оруулж таарна. Бас хариуцлагаа ч хамтдаа үүрэх болчихно. Хөрөнгө оруулах мөнгөгүй болохоороо зээл авна. Гэтэл төр бүх төрлийн татвараа аваад явчихсан бол үүнээсээ хамаагүй дээр байх байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгэхээр төрийн мэдлийн хувь дээрээ ч бид бодолцмоор байгаа юм. Төрд өмч авах биш харин өмчгүй болгоод ухаалаг зохицуулалт хийх боломжийг л эрэлхийлмээр. Чөлөөт зах зээлийг мөрдлөг болгодог олон улсын жишиг ингэж л явдаг.

Төрийн мэдэлд байдаг МОНЦАМЭ агентлаг, олон нийтийн тодотголтой МҮОНРТ-ийн талаар ч ярилг үй өнгөрч боломгүй. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй болохоор болж, улмаар ОНРТ-ийн хууль батлагдаж төрийн мэдлийн радио, телевиз байхгүй болж байв. Үүнийг төр биш олон түмэн маань л мэдээллийн хүчирхэг хэрэгсэлтэй болсон гэж байгаа амьдрал дээрээ худлаа. Мөнгө нь төрийнх, томилгоо нь улст өрийнх, байшин барилга нь ч төрийнх. Тэгэхээр төрийн бус олон нийтийнх гэсэн жүжигт хэн хэн маань ч итгэхг үй. Ядаж гаргаж буй контент нь олон нийтийн хэрэгцээг хангадаг ч биш. Энэ салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор бас л эрүүл биш.

Цахилгаан, дулааны станцуудын хувьд үнийг нь чөлөөлж, хараат бус болгож байж л бид эрчим хүчээ борлуулах талаар бодож эхлэх байх. Түүнээс хараат байдлаараа бол юун гадагшаа гаргах, бусдын аяыг хардгаараа л байна. Шуудангийн байгууллагыг хувьчилдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааг хувьд шилжүүлэх тухай бид бодох л хэрэгтэй болж байна. Төр баялгийг үйлдвэрлэнэ гэж хэзээ ч байхгүй. Төр үйл ажиллагаа явуулаад ашиг олно гэж ч байхгүй. Харин баялаг үйлдвэрлэх боломж, ашиг олдог чиг замыг нь аж ахуйн нэгжүүд, иргэддээ л нээж өгмөөр. Хорин жилийн өмнө ярьж байснаа одоо давтаж, дороо эргэлдэх эргүү төлөг шиг байгаа ч дахиад хорин жил эргэлдэхгүйн тулд одоо эхэлмээр байна. Төр мэдэлдээ өмчтэй байгаад үржүүлж нэмэгдүүлээд иргэддээ өгнө гэж үгүй. Харин төрд эзэн байдаггүй учраас хэн эрх мэдэлтэй байна, хэн зувчуулах боломжтой байна тэр хүний хуруун салаагаар л гарна. Магад тэгээд нэг нам нь ялахаар нөгөөхөө баривчилж, нөгөө нь дараагийнхаа гэх мэтээр явж өгнө. Дуусашгүй өс хонзон. Төр өмчтэй байх нь ийм хэргүүд гарахын үндэс болчихдог. Тиймээс хэн яаж мөнгөтэй хөрөнгөтэй болсныг олж тогтоож судалдаг, буруутгах гэж оролддог тогтолцоогоо ерөөсөө төр нь хөрөнгөтэй байдаггүй тогтолцоогоор халмаар байна. Төр хөрөнгө нэмэх гэж ухаан, цаг зарахын оронд хүмүүсээ яаж хөрөнгөтэй мөнгөтэй байлгах вэ гэдэгт л анхаарвал таарна. Угаасаа төрийн хөрөнгө иргэнд ирж наалддаггүй юм. Баян төртэй байснаас баяжсан иргэдтэй болж, монцгор төртэй байснаас монжсон ардтай байсан нь дээр хойно.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Арал худалдаж авах ч биш өөрсдөө арал байгуулъя

Өвлийн цагт жавар, утаанд хоёр талаасаа хавсруулаад ирэхийн цагт эрхгүй халуун орны дулаахан амьсгалтай арлыг мөрөөдөж байгаа биз дээ. Өвлийн ид хүйтнээр халуун газар руу яваад ирэх тэр олон хүний хүсэл мөрөөдөл, эрэлтийн дагуу хэд хэдэн газар руу чартер нислэг хийгддэг болоод удаж байна. Чадалтайнууд нь өвөл эхэлмэгц дулаан газарт өвөлжихөөр явдаг, дунджууд нь жилдээ нэг удаа ухасхийж далайн чийглэг агаарт 5-7 хоночихоод ирнэ. Харин бусад нь явахсан, очихсон, ирэх жил амжуулна даа гэж мөрөөдлийн жагсаалтаа нэгээр нэмсээр үлддэг. Явж байгааг нь ч, явалгүй үлдсэнийг нь ч гоочилж буруутгахын аргагүй. Бүх л хүмүүс явмаар байна, явах ч эрхтэй. Гэтэл тийм боломж нь хаана байна вэ. Далайд гарцгүй, өвөлдөө тэсгим хүйтэн ийм л газар төрсөн учраас бидний хохь гээд сууж байх хэрэг үү. Үгүй гээд иргэншлээ сольж, цагаач болж явах уу.

Хүүхэд, хөгшдөө өвлийн хүйтэнд аваачаад өвлийн ганц сард нь амсхийлгэх боломж бол арал худалдаж авах гарц хэмээн манай сонины зүгээс онцолж “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” гэсэн нийтлэлийг саяхан бичиж олон нийтэд хүргэсэн. Уг нийтлэлд “Баячуудыг гадагшаа, дулаан орон руу, Улаанбаатарын утаанаас зайлж нүүдлийн шувуу шиг нисчихдэг гэж нүд үзүүрлэдэг байсан бол бүх монголчуудад тэдэн шиг нисэх боломж байх юм. Хэрэв Монгол Улс өөрийн гэсэн аралтай болоод иргэдээ тийшээ хямд зардлаар хүргэдэг нислэгтэй болгочихвол манайхан өвлийн ид хүйтнээр ээлжийн амралтаа аваад тийшээ л зүтгэнэ. Ирж очих зардал нь 500 мянган төгрөг байхад л мөнгөө цуглуулж байгаад яаж ийгээд явахыг хичээцгээнэ. Өвлийн хүйтнээр тэнд нэг сар амарчихаад ирэхэд бараг л жавар уярч таарна даа. Хямрал, уур унтуу, утаанаас холдоод түр ч болтугай амгалан, дулаахан газарт амьдраад эхэлбэл сэтгэл санаа тайвширч, нийгэм маань жаахан ч гэсэн зөөлөрнө. Өвлийн жавар тачигнаад эхлэнгүүт хүн бүр л ам амандаа “Амралтаа аваад арал улсдаа очоод шинэ оноо угтана аа” гээд л ярьдаг цаг ирэх ч юм бил үү” хэмээн бичсэн. Үүний дараа олон уншигч бидэнтэй санал бодлоо хуваалцсан. Мөрөөдөл юм даа гэх нь байсан бол дийлэнх нь бид яагаад энэ талаар өмнө нь бодож байгаагүй юм бэ. Үнэндээ улсаасаа төсөв гаргаад ганц арал худалдаж аваад, хүмүүсээ ээлж ээлжээр аваачиж болохгүй нь юу байх билээ гэх хүмүүс олон байлаа. Харин зарим нэг нь худалдаж аваад байх ч зүйл байхгүй, барьж байгуулж болно шүү дээ гэж байв. Үнэндээ зарим нэг бүтэшгүй мэт саналыг хэвлэл мэдээллийн томоохон редакциуд хөндөн гаргаж, тэр нь цаашлаад бүх нийтийн анхааралд хүрч асуудал босгон, амжилтад хүрч байсан түүх бий. Манай сонины зүгээс дулаахан арал худалдаж авч болох боломжийн талаар өгүүлсэн нь дараагийн сэдэл, шийдлийг бий болгож байгаа юм.

Арал худалдаж авах боломжийн тухайд бид л төдийлөн анзаарч, хөндөж байгаагүй болохоос биш маш түгээмэл асуудал. Дэлхийд арал худалдаалагч хамгийн том брокер гэгддэг Фархад Влади өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 2600 гаруй арал худалдаалжээ. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлууд энэ хүний гараар дамжиж бусдад хүрсэн байдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд харин үлдэх нь япон болон арабууд гэнэ. Ерөнхийдөө бид энэ зах зээлээс хамаагүй хол хүмүүс гэдэг нь тодорхой. Влади 1971 онд анхны арлаа худалдаж байсан бөгөөд энэ нь Энэтхэгийн далайд байх Кузин арал байсан гэдэг. Далаад онд 350 мянган ам.долларын үнэтэй байсан бол арал эзэмшигч нь 2010 онд 10 сая ам.доллараар үнэлсэн гэхээр үл хөдлөх хөрөнгө дундаа арлын үнэ хэрхэн өсч байдгийн жишээ болох байх. Уг арал дээр 2002 онд “Битлз”-ийн алдарт Пол Маккартни хоёр дахь гэрлэлтийнхээ бал сарыг тэмдэглэж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг.

Энэ мэт арал бүр өөрийн түүхтэй, үнэ цэнтэй. Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газар бүх зүйл нь тодорхой. Эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй байвал гадаадын иргэнд шууд зарчихна. Элдэв яриа, гомдол байхгүй.

Гэхдээ монголчуудын хувьд дулаахан сайхан бас нэг их хол нисч буугаад баймааргүй арал зүгээр байж таарна. Газрын гачаалд орсон гэгддэг Японд хүртэл хүн амьдардаггүй арал байдаг гээд үзэхээр далайн их усанд боломж их бий. Япончууд 1929-1945 оны хугацаанд байлдааны зориулалтаар бактерологийн туршилт хийж байсан Окуношима арал дээр хүн амьдардаггүй. Гэхдээ туршилтын нөлөөгөөр хачирхалтайгаар өөрчлөгдсөн туулай зэрэг амьтдыг үзэхээр очдог хүмүүст саяхнаас нээгдсэн гэдэг юм билээ. Энэ мэт арлууд тойрсон яриа дуусахгүй биз ээ. Уншигчдын хөндөж байгаа гол сэдэв нь заавал арал худалдан авна гэлтгүй өөрсдөө бүтээн байгуулж болох тухай юм. Хүн төрөлхтөн хэзээнээс газар нутгаа өргөтгөж, эзэмшлээ өргөн дэлгэр болгохын төлөө тэмцэж ирсэн. Тэр зарчмаар эртний египетчүүд ч усан дээр газар бий болгох эхний алхмуудыг хийж байсан түүх бий. Гэхдээ орчин цагийн түүхээр бол Нидерландад хамгийн анхны хамгийн том хиймэл арлыг 1969 онд ашиглалтад оруулж байсан юм. Ингэснээр тус улсын 12 дахь аймаг тус арал дээр төвхнөжээ. Сүүлхнээс Арабын нэгдсэн Эмиратад 2006 онд байгуулсан Яс арлын талаар бид сонсч байсан. Амралт зугаалга, энтертайнмэнт төвүүдийн цогцолбор бүхий энэ арлын өртөг 40 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэдэг. Нийт 25 км2 бүхий энэ арал руу машин, онгоц, хөлөг онгоцоор гээд хүрэхэд хялбар.

Хиймлээр газар байгуулахдаа голдуу нисэх онгоцны буудал болгож ашигласан нь элбэг юм билээ. Осакагийн нисэх онгоцны буудал ачааллаа дийлэхээ байсан тул Осака буланд шинээр арал байгуулж, Кансай нисэх онгоцны буудлыг 1994 онд нээж байсан түүхтэй. Хуучин ус байсан газарт бий болгосон уг буудал бүс нутагтаа хамгийн том буудлын нэг болчихоод байгаа нь нэгийг хэлнэ. Ер нь япончуудын уснаас газар босгодог туршлага мундаг л даа. Шинийг байгуулах хөрс шороо нь хаана байна гээд хогоор л бүтээн байгуулаад байх нь тэр. Токио буланд байгуулсан хиймэл арлыг 12.3 сая тонн хогоор байгуулсан гэдэг. “Бидний гишгэж байгаа газар бол хиймэл газар. Үүнийг хог хаягдлаар байгуулсан юм” гэж хэлэхийг сонсоод чихэндээ итгэхгүй явсан үе ч бий. Яаж усан дээр газар босгож байна, тэр тусмаа хогоо газар болгож, түүн дээр нь өвс ногоо халиурна гэдэг төсөөлөмгүй л санагдаж байлаа. Тэр ч байтугай япончууд Тэнгисийн ойг бүтээж байна. 2016 онд үүдээ нээх хүний гараар бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд 480 мянган зулзаган модыг 88 гектарт ургуулжээ. Өөрөөр хэлбэл хогон дээр босгож байгаа цэцэрлэгт хүрээлэн юм даа.

Магадгүй, далайн эргийн улс орнуудын хувьд усан дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, арал босгох нь боломжтой, харин бидний хувьд худлаа мэт санагдаж байж болох юм. Гэвч бидэнд ч бас боломж бий шүү дээ. НҮБ-ын Далай, тэнгисийн хуулийн конвенцид заасны дагуу далайд гарцгүй орнууд бусадтай адил далай тэнгисийг эзэмшиж, ашиглах эрхтэй. Бид бусад орнуудын адил далайн баялгаас хүртэж, үр шимийг нь авах ёстой. Түүнийхээ хүрээнд Номхон далайн хязгааргүй уудамд хэсэгхэн га газарт улсынхаа арлыг байгуулж болох байлгүй дээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс гэрээ заалтыг нь судлаад үзэхэд олон боломж бидний өмнө нээгдэж таарна. Сүүлийн жилүүдэд далайд гарцгүй орнуудыг хөгжүүлэх, тэднийг далайд хүргэх боломжийн талаар олон улсын байгууллагууд ихээхэн анхаарч ажиллах болсон. Далайгаас хишиг хүртэж амьдардаг олон орон бий. Бид далайн гүнээс байгалийн баялаг олборлох биш, загас жараахай барьж идэх биш. Ганц авдаг ашиг нь далбаагаа түрээслүүлж хэдэн цаас олдгийг л хэлэх байх. Заримдаа далайн дээрэмчдэд түрээслүүлчихээд хэл аманд орчих гээд байдгийг эс тооцвол. Үнэндээ бид далайгаас авч байсан удаагүй. Тиймээс арал барьж, өвөлдөө ээлжээрээ өвөлжих гэсэн санааг маань буруутгахаасаа дэмжигсэд олон байх биз ээ. Улаанчулуутын хогоо аваачиж арал барина гэж томроод яахав. Чулуу, элс, хөрс шороо гээд захаас нь жаахан сэмлээд авааччихад нэг байтугай нэлээд хэдэн арал байгуулах боломж бидэнд байна. Ачаа тээврийн хөлс нь их болоод байдаг юм бол Сингапурыг өргөсгөхийн төлөө өөрсдийнхөө хэдэн зуун арлаас элс, шороо экспортолдог Индонезиэс ч авах боломж бий. Ер нь эхний санаачилга нь гараад ирвэл дараагийн боломжуудыг судлаад явчихаж болно шүү дээ. Манай сонины зүгээс санаачилсан арал худалдаж авах санал маань цаашлаад арлаа өөрсдөө байгуулах тухай болж нэмэгдэж байна. Хууль эрх зүйн хүрээндээ ямар боломж байгааг судлаад үзвэл илүү гарцууд хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Өөрсдөө боомтоо байгуулж, далайд гарцтай улс болдоггүй юм гэхэд өвлийн утаанаар өвгөд хөгшид, хүүхэд багачуудаа аваачиж амсхийлгэдэг газартай болъё л доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ядуу байх нь нүгэл

Ирландын нэрт зохиолч, илтгэгч Бернард Шоу “Ядуу байх нь нүгэл хийж байгаа хэлбэр” хэмээн хэлсэн байдаг. Нобелийн шагнал болон Оскарын шагналыг хоёуланг нь хүртсэн цорын ганц хүн гэгддэг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй билээ. Бас түүний хэлснийг хахир хатуу, хүнлэг бус гэж шүүмжлэхийн ч аргагүй. Хатуу ч гэсэн үнэнийг тэр хэзээ ч шийтгэл нь ирэхийг мэддэггүй атлаа үйлийн үр, нүглээс айж эмээж явдаг хүн төрөлхтөнд зориулж хэлжээ. Ядуу байна гэдэг тухайн тэр хүний өөрийгөө хүндлээгүй, өөрийнхөө өмнө бурууг хийж байгаа хэлбэр яахын аргагүй мөн билээ. Цаашлаад өөрийг нь энэ орчлонд авчирч, өсгөж өндийлгөсөн ээж, аавыгаа чилээрхэхийн цагт эм аваад өгөхийн чадалгүй ядуу байна гэдэг яах аргагүй том нүгэл. Бас үргэлжлэлээ болгож төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө ч нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Үр хүүхдээ сургаж, боловсруулж, эрүүл саруул өсгөж, бие, ухаан тэнцүү бяд суулгаж чадахгүй хоногийн хоолоо ч олж чадахгүй, бүр хүүхдүүдээ гудамжинд гаргаж уух архины мөнгөө олуулахаар явуулж байна гэдэг аав, ээж хүнд гэтлэхийн аргагүй том нүгэл.

Бас нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвар төлдөг байх үүргийг ч тэд огоорч л байгаа хэрэг. Татвар өгөх нь байтугай нийгмийн халамж, хоолны талон нэхээд суудаг хүмүүс зөндөө бий. Бас нэг талаасаа ийм нүгэлгүй амьдрахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ үзэн яддаг байдал ядуу хүмүүсээс нэвт шувт ханхалдаг. Өөрсдөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж амьдрахгүй байж зүтгэж бүтээсэн нэгнээ үзэн ядах нь ядуу байхын нүглээс бүр ч илүү том нүгэл биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Автоматжуулсан тооллогоос татгалзвал ухралт

-Хар хайрцаг гэж хардаж байснаас ажлаа сайн хийвэл болох бус уу-

Сүүлийн үед монголчуудын ганц яриа нь сонгуулийн хар хайрцагны тухай сэдэв болов. Яг тэр хар хайрцаг яадаг учраас, яачихсан учраас ингэж ярианы бай болоод байгаа нь сонин.

Уг нь энэ хар хайрцгийг хэн нэгэн нөхөр авчирч, хүчээр бидний саналыг авчихсан юм байхгүй. Хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргаснаар сонгуулийг энэ “хэргийн эзэн”-ээр явуулахаар болсон юм. Тухайлбал, 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аас Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан байдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын Их хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулга (цаашид “сонгууль” гэх)-ыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг.

Гэтэл одоо автомат тоолох хэрэгслээсээ татгалзан, буцаад гар аргаараа тоолох тухай яриад байж байгаа нь харамсалтай юм. Уг нь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс сэргийлж автомат тооллогод орсон баймаар юм. Харин одоо хар машинаас аймаар амьтангүй мэт ярих зарим нэгэн улс төрийн хүчин бий болжээ. Хэрэв сонгуулийн автоматжуулсан тогтолцооноос татгалзаж, буцаад гар арга руугаа шилжих юм бол ухарсан шийдвэр болно. Дээхнэ цагт хот орж ирэх гэж ачааны машин дээр сар шахам явдаг байсан гэдэг шиг онгоц байсаар байтал итгэхгүй ээ гээд газраар явбал ачааны тэрэг, бүр үхэр тэргийг сонгосон шиг л юм болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм” гэж учирласан байна лээ. Уг нь сонгуулийн автоматжуулсан системд шилжсэнээр бидний дунд эргэлзэнгүй хандахад хүргэдэг байсан олон зүйл тодорхой болсон. Үүднээс орохоос эхлээд хурууны хээгээр таны тухай мэдээлэл гарч ирж, дэлгэцэнд гарах зураг чинь сонгуульд ажиллаж байгаа ажилтан, ажиглагчдаас гадна дэргэдийнх нь хүмүүс хүртэл хянах боломжийг өгсөн. Цаашлаад бидний өгсөн саналыг хэн нэгэн тоологч давхар зураад хүчингүй болгочихгүй нь гэсэн итгэлтэй болгосон юм. Гар аргаар тоолох үед гардаг хууль бус зүйлсийг бид зөндөө л сонсч байсан даа. Сонгуулийн хэсэгт орж ажилладаг нам дагасан хүмүүс сонгуулиас сонгуульд хэрхэн сонгуулийн хуудсыг хүчингүй болгох вэ гэдэгтээ бүр мэргэшчихсэн байдаг гэдэг сэн. “Ард түмний саналыг алтан бөгжтэй булцгар хуруу шийддэг болсон” гэсэн яриа тухайн үедээ оргүй хоосноос гарч ирээгүй юм. Хумсны завсартаа хийсэн балны үзүүрээр давхар нэр дугуйлахад тэр хуудас хүчингүй болно. Ер нь саналыг булхайцан өөрчилж, утгагүй болгох өчнөөн олон арга байдаг гэлцдэг. Сүүлдээ энэ байдал даамжирч, ард түмэн сонгуулийг үнэн шударга явдаг гэдэгт итгэхээ байчихсан учраас саналын хуудсыг автомат тооллоготой явуулах болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал яг л ийм зүйлээс улбаатай. Олон нийт “Бидний өгсөн санал хаачив. Ард түмний өгсөн санал яав” гэж асуулт нэхэн эрх баригч МАХН-ын (одоогийн МАН) цагаан байрны үүдэнд очиж байлаа. Сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэн болохоос үнэндээ өөрийнх нь өгсөн санал, олны олонд өгсөн санал өөрөөр гарч ирсэнд бухимдсан олон мянган хүн тэнд цугларсан байсан юм. Сонгуулийг автомат тооллогод шилжүүлэх болсон явдал нь долдугаар сарын 1-ний үймээнээр амь насаа алдсан таван иргэнийхээ дурсгалд зориулж гаргасан шийдвэр гэж ойлгодог. Улмаар гаргасан алдаагаа залруулж, дахин ийм явдал болгохгүйн төлөө Монголын төрөөс хийсэн алхам гэж ухагддаг. Хэрэв сонгуулийг шударга хийдэг байсан бол, иргэдийн өгсөн санал үнэн зөв тоологддог байсан бол тэнд хүмүүс тэгж олноороо цугларахгүй байсан. Энхийн цагт амьдарч байгаа атлаа энгийн таван иргэн амь насаа алдахгүй л байсан.

Тийм ч учраас 2011 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын нэртэй албан бланк дээр З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Дондог, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, С.Оюун, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Энхбат нар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байж таарна. Тийм ч учраас энэ хуулийг 2008-2012 онд УИХ-д сууж байсан гишүүд олонхиороо 2011 оны арваннэгдүгээр сарын 10-нд баталсан байж таарна. Энэ үеийн парламентын олонхи гишүүн нь МАН-ын гишүүд байсан. Уг хуулийг батлахыг дэмжсэн 36 гишүүний 22 нь бас МАН-ынх байсан юм билээ. Харин энэ хуулийн төслийг өргөн барьсан 12 гишүүний зургаа нь МАН-ынх, гурав нь АН-ынх, хоёр нь ИЗНН-ынх, нэг нь бие даагч байв.

Тэгэхээр энэ хар машинд л учир байгаа мэт, АН-ынхан үүнийг өөрсдөдөө тохируулж сонгуулийг булхайтуулж байна гэж буруутгах нь учир дутагдалтай юм. Хар машин үнэн зөв тоолж байна гэдгийг харуулах оролдлого дандаа л хийгдэж ирсэн. Автомат машины тооллого үнэн зөв эсэхийг батлахаар сонгуулийн хэсгүүдийг санамсаргүй сонголтоор сонгож, давхар тооллого хийж л байлаа. Улс төрийн бүх нам хүчнүүдийн төлөөллийг нь оролцуулж хийсэн давхар тооллогоор ноцтой гэх асуудал гарч байгаагүй. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд СЕХ намуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхнийг байлгаж байгаад санал тоолох туршилт хийлээ. Бас л яг таг таарсан л гэсэн. Нөгөө кинон дээр Сүхбаатар жанжны гэргий Янжмаа голио чихрийг хүүхдэд идүүлэх гээд “Би энэ чихрийг дандаа иддэг юм, манай хүүхэд ч бас иддэг” гээд өөрөө идэж үзүүлдэг шиг л юм болж өнгөрөв.

Сор залж, золигт гаргаж байгаа мэт шатаалгаад байсан хар машинд учир байхгүй ээ. Харин хүндээ, хүмүүс бидэнд өөрсдөд маань асуудал байгаа гэдгийг сайтар ойлгомоор байна. Хар машинд итгэхгүй байна гэж байгаа нам хүчнүүд бол үнэндээ өөрсдөдөө итгэхгүй байна л гэсэн үг. Тэд ард түмнийхээ төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж чадаагүй учраас асуудлыг ингэж машин руу чихэж байна гэж ойлгогдож байна. Эсвэл сонгуулийг дандаа ингэж будлиантуулж, булхайцаж санал авч ирсэн болохоороо дараагийнхаа эрх баригчдыг бас тэгж байгаа гэж хардаад байдаг юм болов уу.

Бодоход үүний оронд ажлаа л сайн хийчихэд болмоор санагдах юм. Гараар тоолдог байснаа машин болгож, тэгснээ үүнийгээ буцаад гараар тоолно гэвэл үнэнхүү ухралт, хуучин руугаа буцах гэсэн тэнэглэл болно. Гар бас машинаар давхар тоолно гэж ярих хүмүүс байна. Ингэх юм бол автомат болгох гэж хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулах ямар хэрэг байсан юм. Дээрээс нь тэр гар, машин хоёрынх нь дүн зөрлөө гэхэд алийг нь зөв саналд тооцох юм гэсэн асуулт гарч ирнэ. Харин түүний оронд шалгалтын тооллогоо санамсаргүй байдлаар сонгоод саналын дүнг баталгаажуулчихад болно. Ер нь хүнээс илүү хорлонтой сонгууль будлиантуулах хүчин гэж байх биш дээ. Хүний хүчин зүйл орох тусмаа аюултай байдаг. МАН-ын гишүүд хар машин шатааж, хардлага сэрдлэг тээж байхын оронд өмнөх ажлаа л сайн хийчихвэл аяандаа ард олон санал өгөх байлгүй. Ажлаа сайн хийж, итгэл сайн дааж байгаа хүмүүст сонгогчид саналаа өгдөг. Ард олноос санал авч чадна гэдэгтээ итгэхгүй байгаа хүмүүс л амьгүй энэ машинтай ноцолдоно шүү дээ. Хугацаа бага үлджээ, сонгууль болоход. Тиймээс амжиж ажлаа сайн хийгээрэй, намын гишүүд ээ.