Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовтой ярилцлаа.
-Жил бүрийн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Дэлхий даяар тэмдэглэдэг болсоор 25 жилийн нүүр үзэж байна. Уг үйл явцыг улс орондоо эхлүүлсэн хүний нэг нь яах аргагүй та биз дээ?
-Үүнийг би өөрөө батлах гээд байх нь ч юу юм дээ. Харин Р.Хадбаатар ерөнхийлөгчтэй Монголын сонины холбооноос 2013 онд чөлөөт хэвлэлийн анхдагчийн нэгээр намайг тодруулж өгсөн өргөмжлөлдөө “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монгол Улсад тэмдэглэх ажлыг анх санаачилж, чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж…” гэхчилэн цохон тэмдэглэсэн байдаг. Үүнийг би үнэ хүндтэйд үздэгээр барахгүй албан ёсныд тооцож ач холбогдол өгдөг. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь аль нэгний айхтар сүрхийдээ бүтээчихдэг амар хялбар ажил үйлс ердөө ч биш. Тун бэрх түүхэн үйл явц.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх болсны учир шалтгааныг уншигчдад хэлж өгнө үү?
-1990-ээд оны эхээр Африк хэмээх том тивийн тусгаар шинэ жижиг улс Намибийн нийслэл Виндхук хотноо тухайн бүс нутгийн сэтгүүлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуран чуулж хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг айхтар хурцаар ажил хэрэгч ярилцсаны эцэст тусгай том тунхаг бичиг баталж гаргасан. Тэр нь хожмоо Виндхукийн тунхаг хэмээн алдаршсанаар барахгүй НҮБ-ын зүгээс хүчтэй дэмжлэг хүлээж чадсан байдаг. Тунхаг гарсан тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” гэж өргөн тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганы зэвлөмж хүртэл гарсан юм. Эхэндээ “International press freedom day” гэгдэж байснаа төдөлгүй “World press Freedom day” олж хувирсан. Үг дагаж утга өөрчлөгддөг болохоор үүнд бас учир ялгаа байгаа л даа. Тухайн өдрийг тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Дээд комиссар, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал нарын гурван хүнээс орон бүхний төр, засаг, олон нийтэд хандсан уриалга, илгээлт гаргадаг байснаа хожмоо тэр нь дан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлынх болсон нь ач холбогдол нь буурсандаа бус аяндаа хэрэгжиж хэвшсэнтэй нь холбоотой биз. Угаасаа хүмүүн төрөлхтний хамгийн өнөр том хамтын нийгэмлэгийн сэдэл шийдэлтэй болохоор НҮБ-ын хүрээнд дэлхийн хэмжээний дэлгэр үйлс өрнүүлдэг төрөлжсөн байгууллага-ЮНЕСКО–гийн шууд ивээл-Эгида дор болдог болохоор хэвлэлийн эрх чөлөөний өдрийг улс орон бүхэнд утга төгс тэмдэглэдэг л дээ. Чингэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тулгуур зарчим, үндсэн үзүүлэлт, гол шалгуур гэгддэг чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний байдал төлөв тухайн улс оронд ямар байна цаашид яах, хэрхэх талаар хэлэлцүүлэг яриаг жирийн өдрүүдээс илүүтэй жин дарах түвшинд өрнүүлж, уг асуудлаарх уриа, дуудлагыг улам хүчтэй чанга цуурайтуулж төр, түмний анхаарлыг тэр зүгт хандуулж төвлөрүүлэхийг зорьдог. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн алдар гавьяаг дурсан хүндэтгэл үзүүлдэг. Шаардлагатай гэж үзвэл эрх баригчдад элдэв санал тавьж өргөх бичиг өгч янз янзын акц, үйл ажиллагаа явуулж, тэр ч бүү хэл тэмцэл хүртэл хийгддэг. Манайд ч өөрцгүй эхэндээ байдал их л эмзэг хурцдуу байснаа сүүл тийшээгээ даан ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдаж, төр засгийн хэвлэл мэдээллийн харьяалал, статус өөрчлөгдөх зэргээр ахиц дэвшил гарсны хэрээр аяндаа байдал арай аядуу болсон л доо.
Монголд анх хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхэд ЮНЕСКО-гийн үндэсний комиссынхон маань бидэнтэй гар ганзага нийлж нягт хамтарч ажилласаар өдий хүрснийг өнөөдөр хэлэхгүй бол хэзээ хэлэх вэ дээ. 1994 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хэвлэл мэдээллийнхэнд олгодог хүндэт шагналын эхнийхийг надад, хоёр дахийг С.Цогтсайханд хүртээсэн. Х.Наранжаргалын тэргүүлдэг “Глоб интернэшнл” ТББ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд сайтар бэлтгэж санаачилгатай ханддагийг онцлохоос аргагүй.
Би гэхэд энэ өдөр тохиох тоолонд хэвлэлийнхний хүсэлтээр бишгүйдээ л бичиж ярьж ирлээ.
-Таныг чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэдэг шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа талаар хүн бүр өөрийнхөөрөө тайлж, тайлбарладаг л даа…
-За тэр загалмайлсан эцэг мэцэг ч яамай. Миний үзэг нэгт үнэнч сайхан нөхдөөс маань л үүссэн үг. Ямар муу санасандаа тэгэв гэж дээ. Сайн санасандаа л тэр. Энийг эс тоовол ёстой нөгөө, нөхдийнхөө тос шиг сайхан сэтгэлийг царцааж, сүү шиг санааг нь ээдүүлсэн мэт эвгүй зүйл болох учир тэгж би тэнэгтэмгүй. Эндээ гэхэд бид эгээ ч зүгээр суугаагүй л дээ. Хэдийгээр бэрхшээлтэй байсан ч ид эгзэгтэй үед чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж улмаар манай гаригийн сэтгүүлчдийн хамгийн том хамтын нийгэмлэг болох Брюссельд төвтэй ОУСХ-ны орлогч гишүүн болсноо удаж төдөлгүй жинхэлж улмаар түүний удирдах бүтцэд нь хүртэл сонгогдон төлөөлөлтэй болж чадаж байсан цаг үе ч бий. “Freedom forum”, “Freedom house”, IFEX, “Reporters Without Borders”… гэх зэрэг байгууллагын дүгнэлтээр Монгол хэвлэлийн бүрэн эрх чөлөөт орон хэмээн хэлүүлж байсан удаа ч бий. Одоо тэгвэл хэвлэлийн хагас заримдаг эрх чөлөөт орон болчихсон мэтийн мэдээг хэвлэлээс харж л сууна. Харамсалтайяа.
“Чөлөөт хэвлэл”, “Хэвлэлийн эрх чөлөө” энээ тэрээ гэдэг ухагдахуун урьд өмнө нь Монголд огт сураггүй байсан дээрээс хүн зон түүнийг хүлээж авахдаа анхны үедээ сэтгэлзүйн хувьд бэлэн бусдуу байсан даа. Watchdog, Freelance… гэхэд ойлгож ядаад ч байх шиг байснаа аяндаа дасч амт шимтийг мэдэрдэг болсон. Үүнийг өгүүлээд байгаа нь чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай онол төсөөлөл ойлголт, үзэл санааг түгээн дэлгэрүүлж хүн ардын хүртээл болгохын төлөө боломжтой тохиолдол бүхнийг алддаггүй ашиглахыг хичээж явсан сэтгүүлч та бидний хүчин чармайлт талаар болоогүй шүү гэх гээд байна л даа. Гэвч ажил дуусч асуудал бүрэн шийдэгдэх яагаа ч үгүй.
-Тэгэхээр хоёулаа дээр ярьснаа дэлгэрүүлж товч хөндсөнөө тодотгоё л доо. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чухамдаа юу юм бэ?
-Тэгье, тэгье. Тэгэхдээ ямар цаг үед юуны тухай ярилцах гэж байгаагаа урьдчилан ухаарч тохиролцъё. Ер бусын цагт ер бусын л сэдвээр ярих нь дээ. Асуудлаар дүүрэн нийгэм, асуудлаар дүүрэн сэтгүүлзүй. Ажилгүйдэл ядуурал айхтар газар авч нийгмийг нэлд нь нэрвэж аван хайлав. Улс төр улайсч, уур, бухимдал ихэсч, нийгэм доргиж, хүн ард хөдөлгөөнд ороод ч байх шиг тийм тавгүйдүү байдалд та бидэн хоёр хэвлэлийн эрх чөлөө гэсэн хүндхэн сэдвийг хөндөх нь дээ.
Хэвлэлийн эрх чөлөөг хүн үгээ хэлж, үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, түүнийгээ хамгаалах эрх чөлөө гэж хамгийн энгийнээр томьёолж болох. Дэлхий даяарт дагадаг хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын мөн 19 дэх заалтыг агуулгаар нь танилцуулъя. Тэнд “Хүн бүр өөрийн гэсэн үзэл санаа, байр суурьтай байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс, дуу авиа зэрэг аль л боломжтой арга хэрэгсэл, хэлбэрээр илэрхийлнэ” гээд ингэх нь улсын хил хязгаараас үл шалтгаална гэдгийг хэнд ч ойлгогдохоор хэлсэн байдаг. Түүнийг манай тулгуур хуульд тусгасан хэдий ч дутуу болсон. Иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ хайж олж авахыг нь хэлсэн хэрнээ хэрхэхийг нь оруулалгүй орхичихсон.
-Таны бодлоор манайд хэвлэл, мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа байж чадаж байна уу?
-Миний бодлоор гэж мэдэмхийрч хариуламгүй байна. Миний бодлоор гээд байвал хэн ч юу ч бодож болно оо доо. Миний бодлоор гэхэд тохирох ч юм бий, тохирохгүй ч юм бий. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэдэг цаг. Ялангуяа чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө мэтийн ийм эгзэгтэй, манайдаа машид шинэ тулгар сэдвээр ярихад заавал ч үгүй цаана нь барьж авах баттай эх сурвалж байх хэрэгтэйг бодолцож манай гаригийн сэтгүүлчдийн мэргэжлийн том байгууллага ОУСХ-ны нэгэн гол баримт бичигт онцолж өгүүлснийг ориг эхээр нь толилуулбаас: “There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear” буюу “Хэрэв зээ сэтгүүлчид авлига, хээл хахууль, ядуу зүдүү байдал, айдас хүйдсийн орчин нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй” гэжээ. Тэгвэл Монголд авлига, ядуурал, айдас болгоомжлолын аль аль нь байгаа ш дээ. Тулгалт ятгалга (Манипуляци), суртал ухуулга (пропаганда), цагдаж хянах (цензур) гэсэн ийм гурван зүйлийг ардчилсан чөлөөт сэтгүүлзүйд эрс цээрлэдэг ч эдгээрийн элемент их, бага хэмжээгээр Монголд байна. Ингээд бодохоор хэвлэлийн эрх чөлөө бий эсэх нь ихэд эргэлзээтэй. Тэгэх тусмаа та асуулт тавихдаа жинхэнэ утгаараа гэсэн жин дарахуйц хэрсүү хэллэг хэрэглэж байна. Тэрнийг чинь алаг хорвоогийн хаан хэл англиар болохоор “in genuine sense” гэнэ. Үүнээс наагуур хэлэх гэхээр үгийн үнэт утга нь гээгдчихнэ. Ингэхээр болохгүй. Таны тавьсан энэ асуултад өгөх хариултыг үүгээр өндөрлөх нь хангалтгүй байж мэдэх учир хэдэн үг хэлбээс хэвлэлийн эрх чөлөөг хэмжиж түвшинг нь тогтоохдоо ямар шалгуур, ямар параметр, ямар школа хэрэглэдэг нь одоогоор огт ойлгогдохооргүй бүрхэг бүдүүвч, багцаа баримжаа төдий байна. Энийг цаашид ил тод, төгс төгөлдөр боловсронгуй болгомоор байгаа юм. Өнөөдөр манай үндэсний сэтгүүлзүй хаана ямар түвшинд байна, хаашаа яваад байгааг ярих дуртай нь олон ч яг хэлж чаддаг нь хэд байна даа?!
-Хэвлэлийн эрх чөлөө хэрэгжих бодит илрэл нь чөлөөт хэвлэл мэдээлэл. Тийм болохоор чөлөөт хэвлэл гэдэг маань ер нь юу байж таарах вэ. Хэт их мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй сэдэв энэ болж хувирах гээд байна уу даа?
-Дэлхий даяарт түгж, хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, даган мөрддөг “The charter for a free press” (Чөлөөт хэвлэлийн харти): “A free press means a free people” (Чөлөөт хэвлэл гэдэг бол чөлөөт хүн ард) хэмээн хэлснээр эхэлдэг. Ингэж эхэлнэ гэдэг их учиртай. Чөлөөт хэвлэлийг иргэд түмэн гэснээс бус эрх баригчид юм уу эсвэл дарга сайд гээгүй. Мөнхүү Харти-д: “Цензур (цагдаж хянах) шууд болон дам ямарваа хэлбэрээр байж таарахгүй” (censorship direct or indirect, is unacceptable) гэж хүртэл заасан байдаг. Түүнчлэн англо-саксон хэвлэлийн уламжлалыг тусгасан 10 номлол (the ten commandments for a free press)-д: Хэвлэл чөлөөтэй байгууштай бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан байх. Хэвлэл цагдалт цензургүй, хараат бус бие даасан хийгээд шүүмжлэмтгий дөрөв дэх засаглал байх гэсэн хэрэг гэхчилэнгээр өгүүлдэг. Ардчилалгүй чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэлгүй ардчилал гэж байхгүй. Чөлөөт хэвлэл хэдий чинээ хөгжинө нийгэм төдий чинээ эрүүл байна. Монголд 400-гаад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байгаагийн дотор өдөр тутмын сонин 10 гаруй, янз бүрийн сэтгүүл 100 шахам, үндэсний гэхээр телевиз арван хэд, радио станц ная дөхөхөөр байна. Хүн амын тоотой харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт. Харин чанар нь хэр зэргийг хэлэхэд хэцүү. Одоогоор манайд чанартай чансаатай сэтгүүлзүй (Quality journalism), хариуцлагатай хаашаа ч гарцаагүй гэхээр барим тавим яв цав сэтгүүл-зүй (responsibility буюу accountability journalism), бодит сэтгүүлзүй (objective journalism) …гэх зэрэг сэтгүүлзүйн зонхилох төрөл бүгд байгаа. Үүгээр ч үл барам ялдам нялуун, ая тал зассан “sweet heart journalism”, “sweet heart media” ч бий. Зүсэн бүрийн буюу конгломерат гэмээр. Ёстой л нөгөө сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг, сархинаг гүзээтэйгээ холилдож тогоо дүүрдэг гэгч л болоод байна.
Хэдийгээр алдаж онож байгаа ч гэсэн нийгмийг идээ бээрээс нь цэвэрлэж эрүүлжүүлж төвхнүүлэх тал дээр чөлөөт сэтгүүлч, чөлөөт хэвлэл, мэдээллийн ач тус, үзүүлэх нөлөө үнэхээр үлэмж. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр чөлөөт хэвлэлийнхнээс цэрвэж эмээх, цэнэж болгоомжлох эрхтэн дархтан байдаг нь тийм ч муу зүйл биш. Хэрвээ чөлөөт хэвлэл гэж байгаагүй бол тэд яах ч байсан юм бүү мэд. Contemporary journalism буюу орчин цагийн сэтгүүл-зүйн ойлголт төсөөлөл газар авч, тэр хүрээнд солиал медиа, тоон систем, интернет сүлжээ, твиттер, фэйсбүүк гэх мэт урьд өмнө огт сураггүй байсан жирийн гэхийн аргагүй нарийн, жинхэнэ феномен гэхүйц шинэ шинэ хандлага, үзэгдэл, үйл явц шил, шилээ даран өрнөв. Өрнөдөд мэдээллийн эриний тэргүүлэн довтлогч түүчээ хүч нь технологи (Technology is the driving force of information Age)…гэхчилэн хэлж томьёолдог боллоо.
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө Монголд хууль эрх зүйн талаасаа хэр баталгаажсан гэж та үзэж байна вэ?
-Үндсэн хуульд муугүй тусгагдсан. 1998 онд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай авсаар цомхон атлаа час хийсэн чамбай заалттай хууль гарсан. Дутуу төрчих гээд дуншиж өвдөж гацаад машид зовоосон тэрхүү хууль гарахад мань мэтийн оролцоо ч байсан. Төр засагт сүжирч түүний дуулгавартай дуу хоолой рупор нь болж үйлчилж ирсэн радио, телевизийн харьяалал, статусыг өөрчилж олон нийтийнх болгосон нь чухамхүү дээрх хуулийн дэлгэр өгөөж. Сэтгүүлчдийн шилдэг корпус ч тэнд байсан. Одоо харин ямар болсон нь ойлгомжгүй. Орой болгон л өөрсдийгөө өргөн дөвийлгөж бусдаас давуу гээд байх юм. Тийм л болтугай. Муу барааг л сайн рекламдах шаардлагатай болдогсон доо. Үнэхээр сайхныг бол үтэр түргэнээр хүмүүс булаацалдаад л авчихдаг. Сурталчлах шаардлага ч гардаггүй. МҮОНТВ-ээс сурталчлаад байгаа шиг хаа сайгүй ажил сайжраад л, амьдрал дээшлээд ч, хөгжил цэцэглээд байна уу гэвэл арай л тиймгүй. Асар өөр байгаа. Хэвлэл мэдээллээр хуудуугүй үнэн, хуурамчгүй жинхэнийг л дамжуулдаг баймаарсан. Байдал төлөв ямар байна, яг тэр хэвээр нь будаж шунхдалгүй, гоёчилж гоодолгүйгээр голчтой үнэн мөнөөр нь мэдээлэх учиртай юм.
Гэхдээ телевиз бүгд бүтэлгүй биш ээ. “Ам нээвэл”, “Алаг шаазгай” “Түмний үгийг төрд нь”, “Цензургүй яриа”, “Монгол коммент”, “Ярилцах цаг”, “Зочны цаг” гэхчилэн сонин сонин нэвтрүүлэг бий. Үүнийг өгүүлэхтэй зэрэгцэж ТV8-ын “Гольф & кофе” санаанд оров. Түүнийг С.Отгонмөнх гэдэг сэргэлэн сэтгүүлч бүсгүй цоглог цовоо хөтөлдөг. Сэнгээгийн Отгонмөнх гэнгүүт Сэнгээгийн Баярмөнх маань бодолд буух чинь юу вэ?!. Саявтархан уг нэвтрүүлгээр ланжгар хуульч Д.Лүндээжанцан зангараг зааж ярьсан. Эдгээртэй эн зэрэгцэхүйц нэвтрүүлэг төрөөр тэтгүүлж, түмнээр бөөцийлүүлж, яам, газруудтай хүртэл хамтрах нэрийн дор нэг хөнжилд орох нь холгүй нөгөө МҮОНТВ-д хэр зэрэг элбэг байдаг бол. Байх нь байдаг л байх. Гадаад мэдээнийх нь чанар гэхэд л гайгүй дориун. Хэвлэлүүдэд час хийсэн чамбай, мартаж боломгүй маш даацтай материал хааяа, хааяа харагддаг. 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд байна уу даа, “Үндэсний шуудан” сонинд С.Ононтуулын бичсэн “Өрийн тэнгэрт тас эргэлдэв” гэсэн гарчигтай өгүүлэл гарсан. Түүнд дурдагдсан тоо баримт үнэн л бол үнэхээр ноцтой санагдсан. Сэтгүүлч болгон ингэж бичдэг байгаасай. Э.Энэрэл чи ч мөчөөгөө өгөхөөргүй сүрхий дээ. Таныг сонирхсоны дагуу хууль эрх зүйн баталгаа гэдэг дээр нэмж тэмдэглэхэд УИХ-аас 2003 онд хүний эрхийг хангах хөтөлбөр баталсан. 2011 онд мэдээлэл цацах, олж авах талын хууль гарсан. Тэгэв ч тэдгээрийн биелэлт тааруу. Үүгээр ч үл барам нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “хот сонин, сэтгүүл, радио, телевизтэй байж болно” гэсэн нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн заалтаас зөрж байна. Өөр ч засаж залруулж, сайжруулж дээрдүүлмээр зүйл зөндөө. Арга ч үгүй биз дээ. Монголд чөлөөт хэвлэл сонгодог утгаараа хөгжиж ирсэн уламжлал байхгүй юм чинь. Тэгэхээр бусдаас сурахаас ч өөр аргагүй. Хаанаас гэдэг ч тодорхой. Өрнөдөөс тухайлбал, АНУ, Англи, Швед, Норвеги, Дани тэргүүтнээс. АНУ-д 300 жилийн өмнө сэтгүүлзүйн мэргэжил үүсч төлөвшсөн тэр цаг үеэс л хэвлэл мэдээлэл нь улс төр, нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлдөг болсон. Францад ардчилал нь 200 гаруй жилийн түүхтэй ч радио, телевиз нь ердөө л 50 гаруйхан жилийн туршлага хуримтлуулсан. Швед 250-иад жилийн тэртээд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хуульчилснаар барахгүй хэвлэл мэдээллийн хүрээнд өөрийн зохицуулалт (self regulation), өөрийн хяналт (self control), хэвлэлийн консул, омбудсмэн мэтийг үүсгэн байгуулж ажиллуулахын үлгэр загвар болж чадсан. Энэчлэнгээр яриад байвал ч ярих юм бишгүй дээ л байж болох. Тэгэвч хэлэхийг хэмнэе.
-Манай салбарт ёс зүй гэдэг ч ёстой яриуштай сэдэв. Танаас энэ тал дээр үг сонсмоор байна?
-Яах аргагүй тийм. Хүн ёс дагана, нохой яс дагана. Ажил мэргэжлийнх нь онцлогоос хамаарч ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих шаардлага сэтгүүлчдэд хурцаар тавигдах нь олон учир шалтгаантай. Чөлөөт хэвлэл гэдэг айхтар хурц зэвсэг тул түүнийг эзэмшиж чаддаг нь эрхэлнэ үү гэхээс чаддаггүйнх нь гарт шилжвэл гай тарина. Хэвлэлийн эрх чөлөө ч өөрцгүй. Энэ эрх чөлөөг их зөв бөгөөд соёлтой ухаалаг эдэлбэл зохилтой. Урвуулж, хэтрүүлж, ухвар мөчид эдэлбэл уршигт муу үр дагавар үүснэ.
Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил. Тэмцэл тэмцэлдээ хүнд хэцүү төдийгүй хүний мөс чанар сорьж шалгадаг шаггүй бэрх тэмцэл. Болж бүтэхгүй болгонтой халз тулж, хатуу үзэлцэхдээ үзгэн жадаар сүлбэж, үгэн сумаар шүрших шаардлага гарах хэдий ч хэм хэмжээ хэтрүүлж, ёс зүй зөрчиж таарахгүй. Хэн нэгэн хэдий буруутай байсан ч гэлээ түүнийг шүүмжилж байгаа нь энэ гэж доромжилж, илчилж байгаа нь энэ гэж гөрдөж, эрэн сурвалжилж байгаа нь энэ гэж ул шагайх учир ёс байхгүй. Нөгөөтэйгүүр чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш. Тийм болохоор юм, юм рүү үсчээд л, хүн хүн рүү ноцож дайраад л сүүл агсаж, шүлс үсэргэж, урж тастчих гээд байх хэрэггүй. Сэтгүүлч ч ялгаагүй. Яллагч биш тул сав л хийвэл тэр зөв, энэ буруу, тэр гэмт хэрэгтэн, энэ биш гэхчилэн буруутгаж зөвтгөх гэж улайрах нь увайгүйтэл.
Хэн нэгнийг шүүж, хэрэгтэн мөн эсэхийг хэлж тогтоодог газар байгууллага нь гагцхүү хууль, шүүхийн институци. Тийм болохоор чөлөөт хэвлэл гэдэг нь галзуу нохой биш, сэтгүүл гэмээ нь яллагч биш үү гэдгийг сайтар санаваас зохилтой. Ёс зүйд хамааруулж нэг зүйл хэлэхэд сэтгүүлчид мэргэжлийн эв санааны нэгдэл (professional solidarity)-ийг ихэд эрхэмлүүштэй. Хэчнээн ч өлслөө гэхэд сэтгүүлч нь сэтгүүлчээ хэмлэж, идэж, хийцэлж дайрч хэзээ ч болохгүй. Чөлөөт хэвлэлийн зам болбоос аюул осолтой тул ганц нэгээр бус, гар гараасаа барьж, цувж бус цугтаа яваарай л гэх байна. Сэтгүүлчийн мэргэжлийн эв санахыг нэгдэл нэн хэрэгтэйг санаж, сахиж, хайрлаж хамгаалж хадгалж явууштай.
Сэтгүүлчид гэхээр л гангаар бүтсэн хүмүүс байдаггүй, машид эмзэг мах цусанд төрсөн бөгөөд алдах магадлал ихтэй албанд зүтгэгчид. Тиймээс тэднийг хаа, хаанаа хайрлаж, аль аль талдаа анхаарууштай. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова хатагтай илгээлтдээ таван өдөр тутамд хэвлэл мэдээллийн нэг ажилтан амь үрэгдэж байдгийг сануулсан нь сэрэмж болгоомжтой байгаарай л гэж хэлж байгаа хэрэг.
-Та сая сэтгүүлчдэд эв санааны нэгдэл эрхэм хэмээн хэлж байна л даа. Үнэхээр тийм. Сэтгүүлч гэлтгүй бүх салбарынханд, үндэстэн даяараа хэрэгтэй биз дээ?
-Хэрэгтэй байлгүй яах вэ. Хэн хэрэлдээд байхыг хүсэхэв дээ. Тэгэхдээ эвтэй байна гэхэд бас их учир бий. Эв нэгдэл гэдэг үгийг хэлбэл зохих үед, хэрэглэвэл зохих хэмжээнд эх захтай, зааг зарчимтай, зөв зүйтэй зүйлд зориулж байвал зүйтэй болов уу. Ингэхгүйгээр юм л бол эв нэгдэл гэж түүгээр хэт түрүү барьж хамаг муухайг хаацайлж, хамгаалж зөвтгөн аргалж авч үлдэх гээд байвал зарчим гэхээсээ илүү завхрал үүсч болохыг үгүй гэх газаргүй. Юуг юутай эвлэрүүлэх гээд байгаад л асуудлын гол нь байхаас бус юм болгоныг эв нэгдэл гэсэн энэ эрхэм үнэт үгтэй хутгаад гул үсэргээд байж таарамгүй. Энийг ойлгомжтой болгох үүднээс энгийн зүйлсээр жишээлье. Могой, зараа хоёр нэг дор байдаггүй. Хулгана, муур хоёрыг ч хоргонд цуг хонуулж болохгүй. Хэрвээ өнжүүлж хонуулаад өглөө босоод харвал нэг нь үлдээд, нөгөө нь үгүй болж л таарна. Хонь, чоно хоёр ч өөрцгүй. Хотонд хамт байхгүй. Энэ бол эгэл амьдралын зүгээр л нэг үнэн. Зөрчигдөшгүй зүй тогтол, зайлшгүй жам ёс ч гэж бодож болно. Болохгүй юмыг ч албаар болгох гээд байвал амжилт олохгүй. Тэгэхээр юуг юутай эвлэрүүлэх гээд байна вэ гэдэгт л хамаг учир оршино. Эвтэй байхыг иш мухаргүй тулгаж албадах нь заримдаа буруу ч байж болох. Нийгмийн тогтвортой байдал, эе эв, зөвшилцөх гэх зэрэг чөдрийн үгээр хоргоож эв нэгдэл энэ тэрээ гэсэн чамин чамин юмыг цагийг нь ололгүй улиглаж урагшгүй удирдлагыг торгоож тогтоон барих тохиолдол ч байна.
Засаг төрөөс юм нэмж төрийн гар харах хэрэггүй гэх хүн мэр сэр байдаг. Юу ярина вэ. Үгээ олж хэлж, үхрээ олж мөөрч баймаар. Төр засаг гэж байх хэрэггүй юм бол төрийн албан хаагч, түшээд гэж 180000 хүнийг тохилог тасалгаанд залж тэжээх хэрэг юун. Ямбыг нь эдэлж байгаа юм чинь ялыг нь үүрэх л ёстой.
Эв нэгдлийн тухайд хувь хүн миний боддог зүйл, баримталдаг байр суурь товчдоо иймэрхүү. Өөрийн санал өөртөө зөв гэгчээр миний хэлсэн үг бусдад заавал таалагдаж байх ч албагүй. Хэчнээн хүн байна, төчнөөн хандлага байдаг гэсэн үнэн зөв үг ч бий.
-Сэтгүүлчийн үйлсийг үггүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр та бид хоёрын ярилцвал зохих үндсэн гол сэдвийн нэг нь үг, хэлний тухайд байх ёстой. Тийм үү?
-Яг тийм. Ямар сүрхий асуулт вэ. Ёстой л хариулж баймаар хавтай асуулт байх чинь. Нээрээ л бодохноо, үг гэдэг үнэхээр эрхэм, үлэмж чухал. Хаа газрын хүн зон үгээр дамжиж ойлголцохгүйгээр юугаар дамжиж ойлголцох билээ. Ямар дохиж зангаад байлтай биш. Хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс үзсэн ч үгийн агуулга, ач нөлөө асар лут. “Ам бол аюултай үүд” гэж айлдсан ухаантан ч бий. Хариас хэдэн жишээ татъя. “Үнэн үг чулуу хагална, худал үг толгой хагалана”(Узбек), “Сайн үг хүнд хүнс, муу үг зүрхэнд зүү” (Казах), “Бодолгүй ярих нь шагайхгүй буудахтай адил” (Орос), “Хутга ч бай, сүх ч бай хүний хэлнээс хурц биш” (Малайз) гэх мэт үгс бий.
Сэтгүүлчийг хэлнээс нь салгачихвал хэн ч биш. Хий хоосон сүг лугаа болж сүйрнэ. Зүйрлэвээс ишгүй сүх, иргүй хутга, сумгүй буу, сургүй ташуур, хөвчгүй нум, хөггүй ая адил. Аугаа Л.Түдэв “Сэтгүүлчийн зэвсэг нь хэл. Тэр нь барагдашгүй их сумтай. Тэр сум нь үг” гэсэн байдаг. Өнө эртний түүхт, өндөр их соёлт өвгөд дээдэс маань үг хэлний үнэ цэн, жин бан, утга учрыг яасан ч сайхан мэддэг байсан юм бэ дээ. Ёстой бахархаад барамгүй. Тэд юу гэдэг байсан гээч. Үгээр цохихоор сүхээр цохь, үгийн шарх эдгэдэггүй, мэсийн шарх эдгэдэг, үг үзүүргүй ч үхтэл хатгана, үг нь гурил, зүрх нь царил, хүн хэлээр мал хөлөөр амны билгээс ашдын бэлгэ гэхчилэн яруу дэлгэр утгатайгаар ярьж хөөрдөгсөн. Тийм сайхнаар тэнэгэр сэтгэж гоё хэлнэ гэж байх уу?!.
Үг болгон утга тээдэг учир энд иш татсан хэллэг нэг бүр хүний мөс чанар, зан үйл, үнэлж таашаах хийгээд үзэн ядах философи, ертөнцийг үзэх үзэл хандлага гээд ер нь юм юм шингээстэй. “Хэлтэй бол хөлтэй” гэсэн ийм нэгэн энгийн хэлцийг англиар амт шимтийг нь алдагдуулахгүй орчуулах гэж олон л хүн оролдсон доо. Олигтой болж өгдөггүй л юм шиг байна билээ. Үгнээс үг, үхрээс тугал, ам нээвэл уушиг нээ гэгчээр яруу тунгалаг баялаг дэлгэр монгол хэл ямар их ядуурч байна даа. Эмтэрч, эвдэрч байна ч гэж жигтэйхэн. Эрхтэн дархтан, дарга сайд хүртэл сайхан явах гээд алцаганана гэгчээр сав л хийвэл “юу ч гэмээр юм дээ” гэхчилэн ээрч муурч маяглана гээч. Юу хэлэхээ мэдэхгүй байгаа бол хэлж ярихын хэрэг юун. Өөхөнд хучаад ч нохой тоож шиншихгүй, өвсөнд ороогоод ч үхэр ирж үнэрлэхгүй шал дэмий донгосдог байж хэний ч санадаггүйг олоод хэлчихсэн мэтээр хээхийж маадайхыг яана. Би хэлэх ёстой, бусад нь сонсох учиртай гэсэн байдлаар бардамнана. Чөмөггүй туг ширээ гэгчээр яршиг ч байна даа. Юу нь ч биеэ үгүйлдэггүй юм дээ. Хэрээ мэдэж, тараа таньж баймаарсан. Эдний суут гэж хаашаа харсан юм байх вэ дээ. “Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээрээ” гэсэн энгийн үнэн үг байдгийг энд сануулахад илүүдэхгүй байлгүй. Арслангийн авир мууранд зохихгүй. Бүргэдийн дэвэлт болжморт ахадна. Хэрээ мэдэж хэмжээгээ таньж баймаар юм. УИХ-ынхан бие биенийхээ тухай шүүж ярьж шүүмжлэхдээ “Манай зарим нөхөд, зарим гишүүд” гээд байх юм. Гэтэл 76 гишүүнийх нь дотор “Зарим” гэсэн нэртэй хүн нэг ч алга. Тэр гэх тэмдэггүй, энэ гэх эзэнгүй тийм алдуул хоосон ерөнхий ярихын ашиг өгөөж юун. Агаарт цацсантай адил замхраад өнгөрнө. Энд би зарга үүсгэх гээгүй ээ. Зарчим ярьж байна. Үг хэлний соёлт хэрэглээний үлгэр дуурайл үзүүлэх үүрэг бүхий дээд түвшнийхэн тиймэрхүү балан салан байж таарамгүй.
-Та ч “зарим нөхөд”-ийг хэлц үг хэрэглээд хатуухан аваад хаячихлаа. Миний танд тавих дараагийн асуулт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус байхын тулд ер нь яах ёстой вэ?
-Хөрөнгө санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсож чадахуйц бэл бэнчинтэй байх нь хараат бус байдлаа хадгалахад хамгаас чухал. Халаасны сэтгүүлзүй ноёлсон нөхцөлд хараат бусын тухай мөрөөдөх нь үл биелэх үлгэр. Худалдагдсан сэтгүүлчид, янхан телевиз ….гэхчилэн янз янзын үг яриа үүсдэг чинь яг үүнээс үүдэлтэй. Менежмэнт муутайгаас болоод дэн дун, дээсэн дөрөөн дээр арай ядан оршин тогтож байдаг хэвлэл, мэдээллийн газар ажиллагсдаа аргацаах төдийхнөөр цалинжуулна. Тийм редакцид сэтгүүлчийн хөдөлмөрийн далд мөлжлөг болж байхад түүнтэй тэмцдэг байгууллага ч гэж алга.
Таллойрын тунхаглалд: “Санхүүгийн тал дээр биеэ даагаагүй цагт хэвлэл үйл ажиллагааныхаа хувьд биеэ дааж хараат бус байж чадахгүй” гэсэн байдаг. Чөлөөт зах зээлийн нөхцөлд хөрөнгө санхүүгийн талаар хэний ч гар харахааргүй байна аа гэвэл хэвлэл мэдээлэлд менежмэнт хэрэгтэй. Энд энгийн менежмэнт хангалтгүй. Эрсдэл даахуйц рискт менежмэнт шаардлагатай. Сайн менежмэнттэй байх нь санаснаар бүтчих ч зүйл биш. Асар өндөр чадвар, мэдлэг, ажил бүтээх арга барил, удирдан зохион байгуулах ур дүй, овсгоо сүйхээ гэхчилэн олон давуу тал, шилдэг шинж чанар шингэсэн байх хэрэгтэй болно. Үүнгүйгээр хэвлэл мэдээллийн маш сайн менежмэнтийн тухай яриад ямар ч нэмэргүй.
-Хоёулаа яриагаа албархаг биш энгийнээр дуусгая. Эгэл амьдралын талаар таны юу бодож явдгийг тань сонсмоор байна…
-Амьдрал гэдэг алаг цоог. Амттай болоод гашуун. Хатуу, зөөлний хослол, хар, цагааны холимог. Билүү мэт зөөлөн ч, хайрга адил ширүүн. Баясна, гомдоно, инээнэ, уурлана, унана, босно, уруудна, өөдөлнө, сайдна, муудна, сална, нийлнэ. Энэ бүхэн бол амьдрал. Тэрнээс биш кока кола шимээд, зөгийн бал долоогоод, дан инээж аальгүйтэхийг агуулга төгс амьдрал гэхгүй. Хохирно, хожно, ононо, алдана, зовно, жаргана. Эцэстээ ингэсээр амьдрал дуусна. Эхлэл байсан цагт төгсгөл байж л таараа. Зарим нь мөнх байх юм шиг албан тушаалд оодорч, эрх мэдэлд эрдэж энэ хойчгүй авирлаж алийгаа алдана гээч. Энэ бол их эндүүрэл. Муугийн ёр мунхагийн шинж. Энэ бүхнийг бодосхийж би “Эрээнтэй бараантай амьдралын эвлүүлэггүй тэмдэглэл” (unfettered sketch of chequered life) гэсэн нэртэй нэг ном хүртэл хэвлүүлсэн л дээ. Болсон эсэхийг таашгүй. Амьдрал ээдрээтэй атлаа бас энгийн. Эхнэр нөхөр хоёр гэхэд л хоёр биед зовлонгүй. Хос зүрхэнд шархгүй явбал болох нь тэр. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэсэн үг бий. Нээрээ л тийм байх. Уураг зооглож харшид зовсноос ус ууж урцанд жаргах нь дээр. Амьдралын тухайд амин хувийн бодлоо илэрхийлбээс товчдоо, иймэрхүү. Болох уу?
-Бололгүй яахав. Таны хэлсэн ярьсныг олон хүн тунгаан бодох биз ээ. Ярилцлага өгсөн танд баярлалаа.