Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн аравдугаар сард хотын өмнөх дарга Э.Бат-Үүл даргаас ярилцлага авахад нэг давхарт өрөө нь байсан санагдаж байна. Харин таных гуравдугаар давхарт юм байна. Энэ өрөө өмнөх хотын дарга нар суудаг байсан өрөө мөн үү. Таныг ажлаа авсны дараахь хамгийн эхний дуулиан өрөөндөө үнэтэй засвар хийсэн гэсэн шүүмжлэл байсан болохоор асууж байна л даа…

-Тийм ээ. Миний энэ өрөө бол Монгол Улсын нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар сууж байсан өрөө. Харин Э.Бат-Үүл дарга яагаад ч юм энэ өрөөнд суугаагүй юм билээ. Та хоёрын ярилцлага хийсэн нэг давхрын өрөө нь уулзалтын өрөө нь байсан байх. Өөрийнх нь албан өрөө хоёр, гуравдугаар давхар дамжсан өрөө байсан. Би ажлаа аваад уулзалтын өрөөнд хоёр сар шахам суусан л даа. Гэхдээ би үе, үеийн хотын дарга нарын ажиллаж байсан энэ өрөөнд, олон мундаг, буянтай буурлуудын нийслэлийг удирдаж байсан ерөөл шүншиг шингэсэн өрөөнөөс ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Хэвлэл, сошиалаар яваад байсан шиг сүртэй засвар хийсэн өрөө биш байгаа биз дээ. Өмнө нь өөр нэг алба хэлтэс орж ажиллаж байсан өрөөнд энгийн засвар хийгээд орсон. Гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлыг нь шийдсэн. Гэтэл нэлээд сүртэй мэдээллүүд явчихсан л даа. Зарим зургууд нь хотын захиргааны байрны маань хонгилын том баганын зураг байсан. Манайхан нөгөө “алтан өрөө”-г чинь үзье гэж орж ирчихээд жирийн компанийн захирлын өрөөнөөс ч энгийн юм байна гэлцээд байсан. Ерөнхийдөө бол ийм л юм. Номын тавиурын тухайд хуулга наасан тавиурууд. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа цуглуулсан маш сайхан номын сантай, өдөр тутмын үйл ажиллагаанд маань хэрэг болдог номуудаа хажуудаа байлгаж, харах хэрэгтэй учраас номын тавиур хийлгэсэн.

-Модон дээр сийлсэн нэр нэлээд сүртэй харагдаж байсан шүү. Сүүлдээ хүмүүс аль дээр үеийн зураг дээр нь байна, хуучин хэрэглэж байсан эд зүйл нь байж гэж ойлгох шиг болсон…

-Миний нэг найз арван жилийн өмнө халуун орны улаан модоор хийлгэсэн нэрийг маань дурсгаж байсан юм. Ер нь Азийн улс орнуудад албан тушаалтнуудын нэрийг бичээд ширээн дээрээ тавьдаг соёл их бий л дээ. Сүүлдээ кириллээр биш латинаар бичсэн гээд бас баахан шүүмжлэх шиг болсон. -Та одоо приус машин унаж байгаа юу. Таныг ирээд өмнөх хотын даргын унаж байсан приусыг унасангүй, том машин унаж тансаглаж байна гэж бас шүүмжилж байсан…

-Би одоо ч приус унаж байгаа. Манай хотын захиргааны баазад том жижиг нийлсэн 70-80 машин байна. Хотод өдөр тутмын хэрэгцээнд приус, хөдөө ажлаар явбал 2007 оны ланд 570 машин байдаг. Өнгөрсөн наадмаар унах үед авсан зургийг тавиад баахан шүүмжилсэн. АСЕМ-ын үеэр хэрэглэж байсан машинуудыг тарааж өгөхөд хотод нэг машин ирсэн. Тэрийг бас заримдаа унадаг. Ерөнхийдөө нийслэлийн авто баазын мэдэлд байгаа машинуудыг бид хэрэглэдэг.

-Та бол яах аргагүй манай мэргэшсэн парламентч. Дөрвөн ч удаа УИХ-д сонгогдсон. Тийм атлаа яагаад нэр дэвшээгүй юм бэ. Олон удаа нэг газраас гарах боломжгүй гэж үзсэн юм уу. Эсвэл таныг дэвшүүлээгүй юм уу?

-Би 2016 оны УИХ-д нэр дэвшихгүй гэдэг шийдвэрээ бүр сонгуулийн яриа эхлэхээс өмнө буюу 2015 онд гаргачихсан байсан л даа. Энэ бол зөвхөн цэвэр хувь хүнийхээ хувьд гаргасан шийдвэр байсан юм. Тасралтгүй дөрвөн удаа УИХ-д сонгогдоно гэдэг миний насны хүний хувьд рекорд гэвэл үнэн. Тойрогтоо байгаа рейтинг, намаас нэр дэвших эрхээ авахын хувьд надад асуудал байгаагүй. Олон жил сонгогч олныхоо итгэлийг хүлээж, улс орныхоо бодлогыг тодорхойлж ажиллалаа. Би парламентад ч, Засгийн газарт ч ажиллаж байсан. Гэхдээ би парламентын гишүүн байж, бодлого тодорхойлж суухаас өөр, илүү бүтээлч ажил хийх нь зөв юм гэж бодох болсон. Шулуухан хэлэхэд салбар хариуцаж ажиллая гэсэн бодолтой байсан юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхаас аль болох татгалзаж, давхар дээлгүй байх тухай яригдах болсныг би дэмжиж байсан. Тиймээс би УИХ-д нэр дэвшилгүй, Засгийн газарт орж ажиллах бодолтой байсан. Миний нэрээ дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийг тухайн үедээ намын нөхөд маань гайхаж хүлээж авч байсан л даа.

-Намаа ялна гэдэгт их итгэлтэй байжээ. Та хотын дарга болно гэж миний төлөвлөгөөнд байгаагүй гэж хэлсэн байсан. Танд энэ томилгоо нэлээд цочирдом байжээ. Арай дургүйлхсэн юм биш биз?

-Улс төрд олон жил явж ирсэн хүний хувьд УИХ-ын сонгуулиар МАН ялна гэдэгт итгэлтэй байсан. Улс төрд явахад гэнэтийн сонин, цочирдом үйл явдалтай үргэлж нүүр тулж байдаг. Хотын даргын албан тушаалын хувьд өмнө нь ер бодож байгаагүй гэдэг үүднээс тэгж хэлсэн юм. Эхэндээ тулгамдаж байсан. Гэхдээ илүү бүтээлч, илүү цараатай ажил хийхийг хүсч байсан болохоор жинхэнэ үзүүлээд өгөх ажил гэж ойлгож байгаа. Багийнхантайгаа хамтарч нэг сэтгэлээр ажиллахад бэлэн байна.

-Та нэг газраа олон жил ажиллаж, туршлагажиж, хатаагдаж ширгээгдэх нь ямар чухлыг сайн мэдэх хүн. Гэхдээ таны баг үнэхээр чадварлаг баг бүрэлдэж чадсан гэдэгт итгэлтэй байна уу. Намын шахааны хүмүүс л олон болсон гэсэн яриа дуулдаад байгаа…

-Манай багийнхан голдуу 80-аад оны залуучууд. Ер нь насаар нь дундажлаад үзвэл 32-33 насныхан. Би парламентад олон жил ажилласан, туршлага мэдлэгээрээ дээгүүр байх ч манай залуус сурч мэдсэнээрээ, шинийг мэдэрч санаачлахаараа бол мундаг. Яахав, намын шахаа ороогүй гэж би хэлэхгүй. Улс төрийн албан тушаалтны хувьд намд олон жил ажиллаж, нэг үзэл бодлын төлөө хамтдаа зүтгэж, намынхаа ялалтын төлөө ажиллаж байсан нөхдийнхөө үгийг авах учиртай. Гэхдээ би зөрүүлээд хатуу шаардлага тавьсан нь санал болгож байгаа хүн нь миний ажлын хурдыг гүйцэж, мэргэжлийн шаардлагыг хангах, чадварлаг боловсон хүчин байх ёстой гэсэн. Хуучны туршлагатай хүмүүс нь бий ч, яах аргагүй шинэ үеийнхэн гарч иржээ гэж би харж сууна. Угаасаа манай нам залуучуудаа, шинэ үеэ дэмждэг. Бусад намуудын хувьд ерээд оны партизанууд нь одоог хүртэл хэвээр байдаг биз дээ. Харин манайх үе, үеэрээ шинэчлэгдсээр ирсэн. Томилгоон дээр МАН-ынхан халаа, сэлгээ их хийж байна гэсэн шүүмжлэл сонстож байна. Удирдах албан тушаалтны хувьд боловсон хүчний өөрчлөлтийг хийж байгаа. Гэхдээ яг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын тухайд ямар ч өөрчлөлт хийгээгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нэг ч гэсэн хүнийг ажлаас нь халахгүй байх бодлого барьж байна. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жилүүдэд орон тоог маш ихээр нэмэгдүүлсэн юм билээ. Багтаж шингэхийн аргагүй их орон тоотой болгож.

-Нийслэлд баахан урлагийнхан ирээд дарга болчихсон байна гэсэн яриа гараад байгаа. “Номин талст”-ын хоёр гишүүн газар, хэлтсийн дарга, “Камертон”-ын Д.Болд орон тооны бус зөвлөх гээд. Олны танил тэр дундаа урлагийн хүмүүсийг мэргэжлийн албанд тавьсанд гайхаж байх шиг байна л даа…

-“Номин талст”-ын А.Хаянхярваа бол өмнө нь НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, нийслэлд алба хашиж байсан туршлагатай хүн. Бас НАМЗХ-нд олон жил явж ирсэн намын идэвхтэй гишүүн. Тиймээс хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тавьсан. Д.Батсүх бол хуульч, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй чадварлаг залуу. Тиймээс би аялал, жуулчлалын газрын даргаараа авсан. Ямар нэг хамтлагт хамтдаа дуулж байсан хоёулаа болохгүй гээд байлтай биш. Хувь хүмүүсийн чадвар, туршлагыг нь харж томилсон. Бас дуучин Б.Сарантуяа байна. Насаараа урлагт зүтгэж, Монголын ард түмэнд өөрийнхөө дуу хоолойг зориулсан гайхалтай дуучин. Одоо нийслэлийн маань хамгийн том соёл урлагийн газар болох СТӨ-ний дэд даргаар ажиллана. Салбараа мэддэг, амьдралаараа туулсан хүний хувьд сайн ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Ер нь соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг болж явдаг.

-Та Улаанбаатар хотын 32 дахь дарга. Нийслэлийн 377 жилийн ой тохиож байна. Баярын хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиохоор төлөвлөсөн бэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр нийслэл хотын маань ойн өдөр. Өнөө жилийн хувьд тэгш ой биш. Гэхдээ уламжлал болон зохиогддог ажлууд бүгд хийгдэнэ. Миний хувьд энэ өдөр нийслэлчүүдэд онцгой, баярын өдрөө гэж мэдэрдэг, нийслэл хотоороо бахархдаг тийм өдөр нь байгаасай гэж боддог. Зүгээр нэг баяр гэж хөөрч тэмдэглэхдээ бус мэдэрч, бахархдаг байх нь чухал юм. Мөн бид энэ өдрөөр нийслэлийнхээ залуу иргэд болох хүүхдүүддээ хандсан арга хэмжээг онцлон зохион байгуулж байна. Жил бүр явагддаг хүүхдийн найрал дууны наадмыг өнөө жил нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан хийж байна. Мэдээж нийслэлийнхээ төлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие оролцож, авьяас чадвараа зориулж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулна.

-МАН Засгийн эрхийг авсан цагаас хойш өмнөх засгийнхаа хийж байсан ажлуудыг үгүйсгэж, шийдвэрийг нь цуцалж байна гэгдэх болсон. Нийслэлд ч нэлээд ажил хийгдэж байсныг бид мэднэ. Бас л эхнээс нь цуцалж байх шиг. Яг ямар ажлууд нь үлдэж, ямар нь өөрчлөгдөх вэ?

-Би ажлаа хүлээн авсан анхны ИТХ дээрээ л “Өмнөх хотын дарга нарын хийж байсан сайн бүхнийг үргэлжлүүлнэ. Дутагдалтай бурууг нь засч залруулж явна” гэж зарласан. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн гарч ирээд дөрвөн жилийн хугацаанд шоуддаг, дөрвөн жилийн хугацаанд шинийг санаачилдаг. Тэгээд тэр нь үр дүнтэй, үгүй нь мэдэгдэхгүй байж болохгүй. Би өмнөх Засаг дарга нарын хийж байсан хотын дахин төлөвлөлтийн ажил, гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ бол манай үе, үеийн хотын дарга нарын хийж байсан ажил. Хамгийн анхны дарга Баяр гэдэг хүн эсгийн хотыг хэрхэн яаж орчин үеийн хот болгох вэ гээд ажлаа эхэлж байлаа. Ганцхан Э.Бат-Үүл энэ талаар яриад эхэлсэн юм биш шүү дээ. Хотод шийдэх ёстой, чухал ажлуудыг үргэлжлүүлээд аваад явна. Мэдээж, Батболдын үед ингэж шийдэгдсэн гэж ялгарах ажлыг хийхийг би хүсч байна. Би мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Хийх ажлууд маань хүн рүүгээ чиглэсэн байх учиртай. Хот гэдэг бол зөвхөн төв хэсэгтээ гялгар, цардмал замтай, цэцэг модтой байгаад захын хороолол руугаа бохир заваан байх учиргүй. Захын хорооллын иргэн, хотын төвийн иргэн ялгаагүй эрх тэгш үйлчилгээ авах ёстой.

-Гэхдээ хэрэгжиж байсан замын түгжрэлийг шийдсэн, нийтийн тээврийн цахим карт гээд сайн зүйлүүд байсныг та хүлээн зөвшөөрнө биз дээ. Шөнийн цэнгээний газрууд 4:00 цаг хүртэл ажилладаг байсныг та алдаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан…

-Хүмүүсийг харахад шинэчлэл хийсэн юм шиг харагдах олон ажил байна. Харамсалтай нь, үр дүнд хүрэхгүй байгаа юм. Би энэ талаар ам нээгээгүй байсан, өнөөдөр яахав хэлчихье. Хийсэн ажил их байгаа мэт ч үр дүн нь өөр байгаад байна. Нийтийн тээврийн асуудал байна. Нийтийн тээвэрт татаас гэж 57 тэрбум төгрөгийг өгч байна. Смарт карт гаргасан ч мөнгөө олох ямар ч хөшүүрэг байхгүй. Компаниуд орлого бүрдүүлэхэд ямар ч үүрэг хүлээхгүй учраас 500 төгрөг төлж байна уу, 100 төгрөг төлж байна уу жолоочид ямар ч хамаа байхгүй. Зөвхөн компаниуд хотоос л татаасаа авна. Ингээд ирэхээр орлого шалдаа буусан. Харахад нэг гоё карт уншуулаад явдаг болсон боловч бодит байдал нь ийм байна. Гэтэл тэр 57 тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчих мөнгө шүү дээ. Шөнө дөрвөн цаг болтол баар, цэнгээний газар ажиллах буруу биз дээ. Дээр нь айл амрах гээд байдаг доор нь хүмүүс хашгичаад байхаар. Зориулалтын байранд байдаг бол хамаагүй. Гэтэл манайд орон сууцны нэг давхарт голдуу байна. Би үүнийг алдаа гэж хэлсэн юм. Одоо ч иргэд хэцүү байдаг талаар надад гомдол гаргаж ярьж, бичиж байна. Зориулалтын бус байранд байгаа газруудыг үүр цайтал ажиллуулахгүй гэж хэлснийг маань гуйвуулж, буруутгаж байна. Ер нь би ирэх нэгдүгээр сарын 1-нээс эмх цэгцэнд нь оруулна. Замын уулзваруудыг янзалсан гэж байгаа ч хэчнээн төгрөгөөр хийсэн гэдгийг нь сонсоход хэлэх үг алга. Эдийн засаг хямралтай үед мөнгөө зохистой хэрэглэх ёстой. Метро барина гэж хоосон яриад БРТ замын ажлыг зогсоож, гацаасан. Уг нь өмнөх УИХ-аар ороод хөрөнгө мөнгийг нь шийдсэн байсан ч метро барина гээд гацааж БРТ зам ч, метро ч байхгүй үлдсэн. Гэтэл метрог дөрвөн жилд барьчихдаг ажил биш. Одоо эхний ээлжинд ирэх хавраас эхэлж бид Энхтайваны гудамжнаас Сансарын тойрог хүртэл, мөн хорооллын эцэс хүртэл БРТ замын эхний хоёр шугамыг хоёр жилдээ багтаагаад барьчих боломжтой гэж харж байна.

-Метро хэрэгтэй биз дээ?

-Хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн манай бодит эдийн засгийг харахад 2025 оноос нааш ярих боломжгүй.

-Тэгвэл С.Батболдыг хотын дарга байх үед ямар, ямар асуудлууд шийдэгдэж, эхлэл нь тавигдсан байх бол?

-Дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөнө. Давхар замын асуудал, гүүрэн гарц, хот хоорондын замын асуудал бүгд миний үед шийдэгдэнэ. Гэхдээ бүх асуудал хүн рүүгээ чиглэсэн байна. Улаанбаатар хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг өөрчилнө. Хоёр ээлжээр хичээллэдэг болно. Бүх хороо цэцэрлэгтэй болж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувь цэцэрлэгт хамрагддаг болно гэхчилэн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Бүх бодлого шийдвэр хүн рүүгээ чиглэсэн гэдгээрээ өмнөх дарга нарын бодлогоос ялгарах болов уу. Мөн дэд бүтцийн хувьд хотыг задлах алхмууд хийгдчихсэн байна. Улаанбаатар хот зөвхөн Сүхбаатарын талбайгаа тойроод хөгжиж байгаа хот. Тэгвэл цаашдаа дөрвөөс доошгүй төвтэй болж, тэнд ялгаагүй эмнэлэг, сургууль, үйлчилгээний төв, оффистой, хотын А зэрэглэлээс ялгаагүй үйлчилгээ авдаг болно. Цаашлаад Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгоно. Нийслэлд ирсэн гадаад, дотоодын жуулчдыг уйдаахгүй, аюулгүй байх орчинг бүрдүүлэх болно.

-Таны мөрийн хөтөлбөрт Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэсэн байсан. Үнэхээр энэ бүс нутагт манайх төв нь болох боломж бий гэж үү. Япон, Солонгос гээд жуулчлал өндөр хөгжсөн орнууд байхад…

-Солонгосоос наашаа, Зүүн хойд Хятад, ОХУ-ын Сибирийн хэсэг гээд энэ хүрээнд 70 орчим сая хүн амьдарч байна. Энэ бүс нутагт цорын ганц нийслэл нь Улаанбаатар хот. Дээрээс нь Хятадын хойд тал, Сибирь хавийн бүс дотроо хамгийн нээлттэй, барууны маягийн хот болж хөгжих боломжтой нь манайх. Бас тэр хүмүүсийн багагүй нь монгол гарал угсаатай. Тиймээс бид тэднийг татах бүрэн боломжтой. Тэрхүү 50-70 сая хүнээс ганц хоёр саяыг нь татах тухай бид ярьж байна. Тэгэхэд л манай Улаанбаатарт хангалттай тоо. Мөн манайх Зүүн Хойд Азийн хотууд дундаа сэрүүн бүсийн хот. Япон, Солонгос, Хятадад зундаа ямар халуун болдог билээ. Тэндхийн хүмүүс бүгд сэрүүн газарт очихыг хүсдэг. Оюутан, сурагчдын амралт нь таарч, бүгд бөөнөөрөө аялах газар хайж эхэлдэг. Харин тэр долоо, наймдугаар сард нь Монголд цаг агаарын хамгийн таатай үе байдаг. Тэгэхээр Монголд +25 градус байна, ийм сайхан байгаль дунд ийм, ийм үйлчилгээг санал болгож байна гэдгээ тодорхой хүргэх ёстой юм. Монголд ирсэн хүмүүс үзэж сонирхож, нутагтаа авдаггүй өвөрмөц содон үйлчилгээ, нүүдэлчний онцлог сонин бүхнийг бид санал болговол аялал жуулчлалын төв болох бүрэн боломжтой. Манайд олон улсын нэртэй сүлжээ буудлууд, олон үндэстний зоогийн газрууд байна. Сурталчилгаагаа сайн хийвэл аялал жуулчлалтын томоохон хотуудаас дутахгүй.

-Улаанбаатарын брэнд гаргана гэж байсан. Манай брэнд юу байж болох вэ?

-Манайх брэндгүй хот. Яг Улаанбаатар хот гэхээр нүдэнд юу бууж болох вэ. Сүхбаатар, Чингисийн хөшөө эсвэл морь, тэмээ юу. Брэндинг хийе гэхээр улс төрийн өнцгөөс хардаг ч юм уу, намын логотой хүртэл холбоод нэг явж өгөхгүй байна. Бид олон улсын болон дотоодын компаниудтай хамтран ирэх өвөл энэ чиглэлээр семинар зохион байгуулах гэж байна.

Манай хотын брэнд юу юм, анх нисэх буудал дээр буухад, төв талбай дээр ирэхэд ямар нэртэй, ямар байх ёстой юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Улаанбаатар гэсэн нэр маань ямар бичигдэлтэй байх, өнгө нь шар эсвэл хөх байх уу гэдгээс эхэлнэ шүү дээ. Цаашлаад лого нь ямар байх, уриа үг нь юу юм, хангарьд бэлгэдлийг маань ойлгож байгаа нь хэд байна гээд нарийн судалгаа хийж, нийслэлийн брэндийг бий болгоно.

-Таны мөрийн хөтөлбөрт байсан органик хүнс, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг олзуурхаж харсан. Манайд төр засаг нь ард олныхоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө урд нь орж явахаасаа хоцрох нь их. Харин энэ талаар дуугарсан байгаа нь баярлуулахаас гадна гайхаш төрүүллээ…

-Хот маань сая таван зуу орчим хүн орж гардаг гэхээр яах аргагүй том хот. Энэ том хотын иргэдийн хүнсний аюулгүй байдал, иргэдээ эрүүл байлгах явдал бол хотын даргын хувьд том үүрэг хариуцлага. Өнөөдрийн байдлаар нийслэлд маань хүнсний тогтвортой хангамжийн тогтолцоо байна уу гэвэл байхгүй юм аа. Сүүний хангамжийн хэдэн хувь нь хаанаас орж ирж байгаа талаар ерөнхий тоо байгаа боловч урсгал нь хаанаас юм, баталгаатай мах, сүү, ногоо яг тэндээс орж ирж байна гэсэн бодлого алга. Хот тойрсон мах, сүү, хүнсний ногооны аж ахуйг байгуулж, мах гэхэд л үйлдвэрийн аргаар технологийн дагуу бэлтгэснийг оруулж ирэх хэрэгтэй байна. Хуучин цагт махны чанарыг сортолж, тамгалдаг байсан шиг хотын хоёр захад баталгаат мах бэлтгэх үйлдвэр байгуулж, хотын иргэдэд хүргэдэг болох нь чухал. Эхний шатанд үйлчилгээний байгууллагууд, хүнсний дэлгүүрт тийм баталгаатай мах хэрэглэхийг шаардана. Ийм том хотод хүнсний аюулгүй байдлыг ярихгүй байж болохгүй. Мөн хүнсний ногооны аж ахуй болон өвлийн хүлэмжний аж ахуйн талаар хөндөх ёстой. Сул газрыг ашиглаад бид олон тооны хүлэмжийн аж ахуй байгуулах ёстой. Жилийн турш иргэдээ хүнсний ногоогоор хангачихдаг болох хэрэгтэй байна.

-Харшил үүсгэгч ургамлуудыг цэвэрлэх талаарх заалт жижиг гэлтгүй таалагдсан. Манайхан шарилж, луулиа ургахаас өмнө цэвэрлэчихдэг бол олон хүн харшлаар зовохгүй гэдэгсэн. Үнэхээр манай хот шарилжгүй хот болж чадах уу?

-Хотын ерөнхий менежер энэ асуудлыг надад танилцуулж орж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард шарилж устгах арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх жилээс бүр тусгай төсөл болгоод бүх албан байгууллагуудыг хогийн ургамлыг цэцэглэхээс нь өмнө цэвэрлэж, устгахыг шаардана. Албан байгууллагууд эзэмшил газрууддаа, эзэмшлийн бус газруудад бид төсөл хэрэгжүүлж цэвэрлэнэ. Ингэснээр ирэх наймдугаар сар гэхэд харшил үүсгэгч ургамлууд манай хотод ургахгүй болно гэж надад танилцуулсан. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй бидний нэг ажил маань.

-Уучлаарай, та ямар нэг ургамлын харшилтай юу?

-Үгүй.

-Улаанбаатар хотод зарах газар үлдсэн үү. Өмнөх дарга хотод маань зарах газар байхгүй. Бүгдийг нь урьд өмнөх дарга нар зарчихсан гэж байсан…

-Газар гэдэг бол аль ч даргын хувьд том өв юм л даа. Гадна, дотнын хөрөнгө оруулагчид ирээд хөрөнгө оруулалтыг нь шийднэ, газар өгөөч гэдэг. Гэтэл надад тэдэнд өгөх газар байхгүй. Тиймээс Улаанбаатар хот маань газрын сантай болох нь чухал гэж үзэж байгаа. Газрын сан хэнд ч нээлттэй, тийм газар байх ёстой юм. Одоогийн байдлаар хотод эзэмшилгүй нэг ч ширхэг газар байхгүй. Бүгд хувь хүмүүс, аж ахуйн газрын эзэмшилд очсон. Зарим нь дуудлага худалдаагаар очсон байгаа. Бүгд л тухайн цаг үеийнхээ хууль эрх зүйн орчноос хамаарч олгогдсон байдаг. Иргэдэд газар очсоныг буруутгахгүй, гэхдээ яг хууль зүйн дагуу очсон байна уу, газраа зориулалтаар нь ашиглаж байна уу, байшин барилгаа барьсан уу эсвэл шарилж ургасан хашаа болгож хадгалаад байна уу, бүгдийг шалгаж, шинээр бүртгэлжүүлэх ёстой гэж би үзэж байна. Хэрэв авсан газартаа хоёр жилийн хугацаанд барилга бариагүй бол буцааж авах ёстой. Ийм байдлаар бас мөнгөтэй бол хот мэдэлдээ газар худалдаж аваад өөрийн санг бий болгох ёстой.

-Наадах чинь баахан хэл ам дагуулсан ажил гарах юм байна даа?

-Би хэл амнаас айхгүй байна. Жижигхэн газар чөлөөлөхөөс эхлээд бөөн асуудал үүснэ. Мэдэж л байна. Би ажил хийж байхад шүүмжлэл, хэл ам дагадгийг мэднэ. Гэхдээ би тэр бүгдээс айхгүй байна. Ер нь газрыг чөлөөлөөд хот өөрийн сандаа авч чадвал дараа нь маш зөв төлөвлөлттэй хотыг босгож болно. Хотын шинэ төв гэгдэж байгаа Баянхошуу, Сэлбэ рүү маш том шугам тавигдаж байна. Ойр орчмын газруудыг сандаа авч, маш зөв төлөвлөж эргээд иргэддээ өгч болно. Миний хийхээр төлөвлөсөн ажлууд 100 хувь биелэхгүй байж болно, гэхдээ дуусгахгүй юм аа гэхэд зөв эхлэлийг нь тавихын төлөө би ажиллана. Иргэдтэйгээ хамтдаа ярилцаж, хэлэлцэж хотынхоо асуудлыг шийдэх болно. Энэ бол бидний, үр хүүхдүүдийн маань амьдрах хот учраас хотын даргын хувьд гаргасан шийдвэрээ биелүүл гэхээсээ хамтдаа ярьж шийдэх болно.

Бас нэг асуудал байдаг нь Богд хан уулын дархан цаазат газар нийслэл, Байгаль орчны яам хоёрын дунд байгаад байдаг. Нийслэлийн маань дундуур урсдаг Туул голын сав газар, Богд уулын амуудад нэгэнт суурьшлын бүс бий болчихоод байгаа тохиолдолд нийслэлийн мэдэлд өгчих хэрэгтэй байгаа юм. Бид энэ талаар Засгийн газарт асуудал тавьсан. Хот өөрийнхөө төлөвлөлтөөр хийнэ гэхээр яам дундуур нь ороод ирчихдэг. Тусгай хамгаалалттай газар гээд хэдхэн хүнд ам, амаар нь хашаад өгчихдөг. Гэтэл үнэндээ сая гаруй хүнтэй иргэдэд маань очих газар алга. Дархан цаазтай гээд харах эзэнгүй, хэдэн мод нь үхэж байдаг тэр байдлыг нийслэл хариуцаж хотынхоо аялал амралт, зугаалгын бүс болгож болно шүү дээ. Гоё зочид буудлуудтай, дугуйн замтай, усан сантай, явган хүний замтай, аялал жуулчлалын бүс бий болговол хэдхэн хүн хашиж аваад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байдгаас өөр, олон хүнд хүртээмжтэй нийслэлийнхэн маань очих дуртай газар болно.

-Таны өмнөх ярианаас гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ гэж ойлгосон. Бас хуучин орон сууцны хорооллын дахин төлөвлөлт яригдах уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэгэнт эхэлчихсэн ажил. Үргэлжлүүлж явуулна. Гэр хорооллын 24 байршилд хийгдэж байгаа ажлууд дунд сайн яваа нь ч байна, дампуурч хүмүүсээ гудамжинд гаргачихсан нь ч байгаа. Тиймээс бид хохирсон, гудамжинд гарчихсан байгаа иргэдээ орон сууцаар хангах тал дээр ажиллана. Түр суурьших орон сууцыг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар 232 түр суурьших байр байна. Цаашлаад 1000 айлын түр сууцтай болж, газрыг нь чөлөөлж аваад богино хугацаанд компаниуд байшинг нь барьж дараа дараагийн айлууд нь ороод явдаг зарчимд шилжинэ. Хуучин орон сууцны дахин төлөвлөлт ч чухал хэсэг нь болно. Бас дүүрэг болгонд жишиг гэр хороолол барихаар ярьж байгаа. Заавал байшин гэлтгүй, дэд бүтцийг нь шийдчихвэл уламжлалт орон сууцандаа орчин үеийн байдлаар амьдрах боломж бүрдүүлж болно. Тухайлбал, Гандан хавийг тэгж хөгжүүлэх боломжтой. Гандан хавь бурхан шашны, аялал жуулчлалын төв болох боломжтой. Уламжлалт сууцандаа, утааны асуудлаа шийдсэн тийм төслийг иргэдтэйгээ хамтраад хийнэ.

-Гандан гэснээс даншиг наадмыг нийслэлээс зохион байгуулж хийх болсон. Ер нь төр, шашин тусдаа байх ёстой биш бил үү. Нийслэл үүнд анхаарч хийхийн учир юу юм бол?

-Шашин төр тусдаа байх учиртай нь үнэн. Гэхдээ аль ч улсад тухайн улсын зонхилох шашныг төрөөс дэмждэг. Шашнаар дамжуулж үндэсний өв соёлоо залуучууддаа хүргэдэг. Энэ утгаараа шашин, соёлын баяр гэж дэмжиж байгаа болохоос төр нь шашиндаа оролцож, нөлөөлж байгаа хэрэг биш юм. Даншгийн үеэр хурж буй уншлагууд хотын, иргэдийн маань сайн сайхны төлөө байдаг. Бас нэг гол нэг шалтгаан бол аялал жуулчлалыг татах зорилготой. Монголд зуны саруудад гадна, дотныхон ирдэг. Гэтэл гол зүйл болох наадам нь долдугаар сард болоод өнгөрчихдөг. Даншиг наадам наймдугаар сард болдог нь жуулчдыг татах зорилготой. Ер нь бид Хүй долоон худагтаа зуны турш залуучууд, гадныханд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх нь зөв гэж үзэж байгаа.

-Нохойнд мэс ажилбар хийнэ, таван тэрбум төгрөг зарцуулах гэнэ гэж нэлээд шуугисан. Хотын хувьд таван тэрбум төгрөг хэр их мөнгө вэ?

-Манайхаас санаачилж ямар нэг тийм зүйл яриагүйг хүмүүс ойлгосон байх. Мэргэжлийн хүмүүс, байгууллагууд ямар нэг санал санаачилга гаргаж ирдэг, түүнийг нь манайхан судлаад болно, болохгүй гэж хариугаа хэлдэг. Таван тэрбум төгрөг маш их мөнгө. Юун нохойд зарцуулах таван тэрбум. Бидэнд байхгүй. Дунджаар ийм хэмжээний мөнгөөр 75 хүүхдийн ортой цэцэрлэг хоёрыг, засварлаж өргөтгөх бол 240 хүүхдийн цэцэрлэг барьчих мөнгө. Гэхдээ хотын даргын хувьд нохойны асуудал даамжирч бага насны хүүхдийг гэмтээж, амь насанд нь хүрч байгаа явдал бол анхаарлын гадна үлдээх асуудал биш. Хотод шийдэх асуудал их, эдийн засгийн боломж нөөц нь бага байна. Тиймээс ач холбогдлоор нь жагсааж байгаад хамгийн чухлаас нь хийхээс аргагүй. Би өмнөх хотын удирдлагад их атаархаж байгаа. Маш их мөнгөтэй байсан. Зөвхөн төсвийн мөнгө биш бондын зарцуулалт, Хөгжлийн банкны мөнгө, концесс гээд олон эх үүсвэртэй байсан. Харамсалтай нь энэ бүгдээ үр дүнтэй зарцуулж чадаагүй. Бид бол тэгж хэрэгтэй, хэрэггүй юманд мөнгө зарцуулж чадахгүй. Маш хүнд эдийн засагтай хот хүлээж авсан учраас байгаа мөнгөө аль болох хэмнэж, бага өртгөөр их зүйл хийхгүй бол болохгүй байна.

-Түүхэндээ байхгүй хамгийн их төсөвтэй хотыг хүлээлгэж өглөө гэж байсан даа?

-100 тэрбум төгрөг гэдэг бол ийм хотын хэмжээнд урсгал зардалд байж л байдаг мөнгө шүү дээ. Одоо ч гэсэн манай дансанд 82 тэрбум төгрөг байна. Хотын эрүүл мэнд, урлаг соёл, нийтийн тээвэр гээд орж гарч байдаг мөнгө. Надад тусдаа сан болгоод ийм хэмжээний мөнгийг хотын хөгжилд зарцуул гээд үлдээж өгсөн бол би үнэхээр талархаж үүнийгээ хаа ч хэлнэ. Түүнээс байнга орж гарч байдаг урсгал зардлыг үлдээсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Нийслэлийг дагуул хоттой болгоно гээд л байдаг. Болсон нь үгүй. Та ч бас ийм төлөвлөгөөтэй байх шиг байсан. Харин яаж?

-Ер нь би суурьшлын хэсгийг тодорхой болгож, улаан шугам татах ёстой гэж бодож байна. Хэрэв хотод суурьших гэж байгаа бол зөвшөөрөгдсөн тэр бүсэд амьдрах ёстой. Түүнээс хөдөөнөөс орж ирчихээд дуртай газраа очоод суучихдаг, тэгээд ус, цахилгаан залгаж өг гээд нэхээд байдаг байж болохгүй. Хотод ирж байгаа бол шинэ суурьшлын бүсэд эсвэл Багануур, Багахангай, Налайх, Зуун модонд суурьш, үгүй бол таны хүссэн газарт бид зам тавьж, цахилгаан татаж өгч чадахгүй гэдгийг шууд хэлнэ. Манайд жинхэнэ утгаараа дагуул хот болох газар бол Хөшигийн хөндийг дагаж байгуулагдах аэро хот юм. Одоо Налайхаас Хөшигийн хөндий рүү хурдны зам баригдаж байгаа. Богд хан төмөр зам баригдчихвал хотын энэ их төвлөрөл алга болно.

-Энэ төмөр замын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Богд хан төмөр замыг эхний ээлжинд Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү барьчих санаатай үзэж байна. Тэгээд тэндээсээ Налайх руу тойруулахад илүү амархан болчихож байгаа юм. Ингэхэд Хөшигийн хөндийгөөс ердөө 20 минутад Улаанбаатарт орж ирэх боломжтой болно.

-Богд уулыг нүхэлж зам барих тухай олон жил яригдаж ирсэн. Энэ хэрхэх вэ?

-Тэгэх шаардлагагүй. Ийм сайхан байгалийн нөхцөлтэй байхад уулаа бид сэтлэхгүй тойроод явах боломжтой. Харин дээр хэлсэнчлэн уулаа эзэнгүйдүүлэхгүй эзэнтэй болгож, нийслэлийн иргэдийнхээ очиж амардаг сайхан хүрээлэн болгох хэрэгтэй.

-Ер нь сүүлийн үед УИХ-д сууж байсан туршлагатай хүмүүс хотын даргаар томилогддог жишиг бий боллоо. Хот маань өргөжиж томрохын хэрээр хотын даргын шалгуур өсөөд байна гэвэл та санал нийлэх үү?

-Хот маань Монгол Улсын тал шүү дээ. Тэгэхээр энэ улсын талыг авч явах хүнд өндөр хариуцлага ирж таарна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Нийслэлийн иргэн танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-оор дамжуулж нийслэлийнхээ бүх иргэддээ нийслэлийн ойн өдрийн мэндийг хүргэе.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Энхтүвшин: Хүн нэг үгтэй, нэг нүүртэй байгаасай гэж боддог

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн үр дүнд танай нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Шинэ хүчин засгийн эрхийг аваад хэрхэн ажиллах бол гэсэн хүлээлт ард түмний дунд байсан, танай намын энгийн гишүүдэд ч байсан байж таарна. МАН-ын гишүүний хувьд таны хүлээлт эхнээсээ ямар байна даа гэж ярилцлагын анхны асуултаа тавимаар байна?

-Сонгууль дуусаад үндсэндээ хоёр сар орчим өнгөрч байна. Тодорхой үр дүн шаардах болоогүй. Гэхдээ аливаа зүйлийн гараа их чухал шүү дээ. Би ойрдоо тойргийнхоо сонгогчидтой уулзаж байгаа. Тэдний санаа бодлыг тандахад, Их Хурал, Засгийн газрын дараа, дараагийн алхмуудыг харъя гэсэн янзтай, ”Ардын нам” юм чинь бас ч гайгүй ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байх шиг. Зарим нь шууд шүүмжилж байна. Ялангуяа “Цалин хасна, татвар нэмнэ” гэдэг анхны төсөл эмзэг тусчээ. Цалин тэтгэврийг жил бүр нэмнэ, татвар нэмэхгүй гэсэн бидний амлалтыг тун сайн санаж байна. Бас зарим сайд дарга нарын томилгоонд сэтгэл дундуур байна даа. Хүмүүс тэр, тэр таалагдаж байна гэж тоочихоосоо илүү таалагдахгүй байгаа зүйлүүдээ онцолж ярьдаг шүү дээ. Тэгэхлээр ажлын эхлэл сайн гэж хэлэхэд эрт.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгийг танайхан ихээхэн онцолсон. Тийм ч учраас хүлээлт их байсан байх. Харин түүнтэйгээ дүйцэхийг байгуулж чадсангүй гэх яриа их байна…

-За яг наад асуудлыг чинь олон сонгогч хөндөж байна. “Мэргэжлийн Засгийн газар” гэсэн нэр томьёог өмнө нь аль ч улс төрийн хүчин хэрэглэж байгаагүй. Харин манай нам мөрийнхөө хөтөлбөрт оруулсан. Ингэснээр онцгой хүлээлт бий болгожээ. Санаандгүй, шахааны томилгоонууд хийгдэхгүй юм байна, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, зангарагтай, чадалтай, чансаатай мэргэжилтнүүд томилогдох юм байна гэж ойлгожээ. “Гэвч хэлсэндээ хүрч чадсангүй” гэж тэд шүүмжилж байна. Харин би тэдэнд “Чадна, чадахгүй гэж урьдчилан хэлэхээсээ өмнө үр дүнг нь харъя. Засгийн газар байгуулагдаад 100 хоноход тодорхой хэмжээгээр мэдрэгдэнэ. Дахиад хагас жил болоход бүр илүү ойлгогдоно. Тэр болтол хэдүүлээ харах ёстой. Хариуцлага ярих, тооцох хугацаа бий” гэж хэлж байгаа.

-Хэвлэлүүдээр ах дүүс, хамаатан саднаа албанд томилж, зарим нэг холбооныхон бүгдээрээ шахуу албан тушаалд очсон гэх юм байна шүү дээ. Ерөнхийдөө шинэ Засаг байгуулагдах үед олон талын бүлэглэл, фракцын эрх ашгийг аль болох хангах оролдлого хийгддэг. Харин энэ удаад танайх тэгж оролдохыг хүссэнгүй шиг…

-Тийм шүүмжлэл хэвлэлүүдээр гарч байгаа нь үнэн. Төрд томилгоо хийгээд байгаа эрх мэдэлтнүүд үнэхээр үр хүүхэд, эхнэр, нөхөр, ах дүү, амраг садан, бизнесийн бүлэглэл, нутаг ус, жалга довоосоо томилоогүй гэдгээ тодорхой тайлбарлаж, албан ёсоор олон түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Ядах юм байхгүй шүү дээ, сайндаа л 100 гаруй хүний бүртгэл, намтар түүхийг сөхөж үзээд тулгаад харчихна. Тэгээд л гүйцээ, тийм биз дээ?

-Монголчууд цөөхөн болохоор бараг хэн ямар ахыгаа, ямар дүүгээ хаана тавьсныг мэдчихэж болно. Харин сүүлийн үед нам дамнасан бизнесийн бүлэглэлийн талаар тун хүчтэй яригдаж байна. Бараг УИХ-ын гишүүдээ тэр, тэр энэ группийнх гэж ангилж болохоор боллоо. Улс төрд бизнесийн бүлэглэлүүд нөлөөгөө зузаатгах хэр аюултай гэж та боддог вэ?

-Хамгийн аюултай. Сүүлийн жилүүдэд төрийн нэр хүнд унасан нь үүнтэй бас холбоотой. Уг нь бол төрийн хэрэг тусдаа, түрийвч, хэтэвчнийх нь бүр тусдаа байх ёстой. Ингэж их олон жил ярьцгаалаа, гэвч хэрэг дээрээ улам найрсаад бүр сүжрээд байгаа нь үнэн юм. Эцсийн дүндээ, төрийн эрх ашиг хохирч, бизнесийнх нь хождог учир би “маш аюултай” гэж хэлдэг. Энэ аюулыг таслан зогсоож чадах юм бол манай нам ёстой ардаараа овоглосон жинхэнэ “Ардын нам” гэдгээ харуулах болно доо.

-АН-ын хувьд олон фракцтай, тэр бүгдийн эрх ашгийг хангах гээд амаргүй байдаг байсан. Танайд тийм бүлэг фракц ил үгүй ч цаанаа бий л гэдэг. Хэдийгээр та аль нэг бүлэглэлд багтдаггүй ч намд чинь хотын, залуучуудын байгууллагын гээд томоохон бүлэглэлүүд дуулддаг. Аливаа асуудлыг шийдэх үед тэр нь мэдрэгддэг үү?

-АН-аас ялгаатай нь манай намд албан ёсны фракц гэж байхгүй. АН-ын фракцууд гэдэг чинь бие биеэ төдийгүй, намаа хэмлэж, тамирдуулаад, сүүлдээ бүр төрийг тал талаас нь зулгааж, мэрж байсан бүтэц юм шүү дээ. Нэг ёсондоо, нөгөө халуун орны цэцэ гэдэг хувалз-шумуул шиг. Энэ зовлонгоо ойлгосон зарим нь “Одоо больё, фракцаа устгая” л гэдэг юм билээ. Даанч чаддаггүй. Яагаад гэвэл, фракцууд нь АН-ын оршин тогтнох арга, амин сүнс нь болчихсон юм чинь. Манай нам бол өөр. Хэрэв манайд тийм фракцууд байсан бол, удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ гээд ингээд зогсож байх уу, үгүй юу? Харин, сүүлийн жилүүдэд МАН дотор тодорхой сонирхлоороо сүрхий ойртсон, бас тэгээд тэрүүхэн тэндээ аминчхан бүлэглэл маягийн юмнууд энд тэнд үнэртээд байгаа нь нууц биш. Намайг намын дарга болсны дараахан хэсэг хүн надад өргөх бичиг барьж байлаа. Одоо ч тэр нь бий. Уг өргөх бичигт “МАН-ын зохион байгуулалтыг өөрчилж, нээлттэй фракцын зарчим руу намаа шилжүүлье” гэсэн байсан. Бүр шаардлага болгож гардуулсан гээч. Тэгээд бүр сонин зөвлөгөө өгч байсан. “Та намын даргын хувьд өдөр бүр ийм олон хүнтэй уулзаад суух хэрэггүй, фракцын дарга нартай л харьцана. Орон нутгийн сонгууль боллоо гэхэд аймаг, дүүргүүдээ фракцуудад хариуцуулчих. Ялах юм бол тухайн фракц нь томилгоогоо хийг, таны ажил ч их хөнгөрнө” гэх жишээтэй. Тэгэхэд миний дургүй үнэхээр хүрч билээ. “Би энэ намыг толгойлж байгаа үедээ наадхыг чинь хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж хэлээд тас цохиж байсан. Тэр яриа түүнээс хойш дахиж гараагүй.

-Ийм далд бүлэглэл томилгоонуудын үеэр илүү тод болдог бус уу?

-Үнэн…

-Танай намынхан өнгөрсөн жилүүдэд шинээр гаргасан хотын нэг хувийн татварыг маш шаргуу эсэргүүцэж байсан байж өөрсдөө өчнөөн олон татвар нэмэх тухай яриад эхэлсэнд хүмүүс нэлээд цочирдсон. Засгийн газар туршлага дутав уу. Та чухамдаа энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн арван хэдэн төрлийн татварыг нэмэх төслийг УИХ дахь намын бүлэг хүлээж аваагүй. Угаасаа ард түмэндээ “татвар нэмэхгүй” гээд амлачихсан юм чинь яаж хоёр нүүр гаргаж болох билээ. Цалин хасна, татвар нэмнэ гэхээсээ илүү орлогоо нэмэгдүүлэх арга замыг сайн хай гэдэг чиглэлийг бүлгээс Засгийн газарт өгсөн. Орлогыг нэмэгдүүлэх, үрэлгэн зардлыг багасгах боломж их бий. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр олон их наяд төгрөгийг хэсэг компани хувааж авсан. Түүнийг хүүтэй нь төлүүлэх ёстой, бондын мөнгөнүүд байна, бас 672 тэрбум төгрөгийн вексел бичиж тараасныг шалгах шаардлагатай. Түүнчлэн “концесс” гэж баахан мөнгө зувчуулдаг арга бий. Үүнийг бас нягтлах ёстой. Гэх мэтээр, айлаас эрэхээр авдраа уудалбал олон тэрбумын нөөц далдаас гарч ирнэ. Татваруудыг нэмэх тухай төслийг буцаах үед өгсөн өөр нэг чиглэл бол татварын бодлогоо бүхэлд нь эргэж нягтлаач гэсэн. Ямар, ямар төрлийн татвар, хураамжийг хэдэн шатлалтай, хэдэн хувиар тогтоох вэ гэх мэт асуудлыг цогцоор нь оруулаад ир гэсэн үг. Бүр мэргэжлийн хүмүүс, судлаачдаас бүрдсэн том баг гаргах хэрэгтэй.

-Үнэнийг хэлэхэд, МАН гарч ирснээр тэрийг ч зогсоолоо, үүнийг ч болилоо гэх юм. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бүхнийг өөрчлөх гээд байгаа юм уу. Уг нь зөвийгөө аваад явж болмоор юм. Төрийн залгамж чанар байх ёстой биз дээ?

-Төрийн залгамж чанар байх ёстой. Өмнөх дөрвөн жилд шүүмжлэлтэй зүйлс их байсан боловч бас үргэлжлүүлэх бодлого, арга хэмжээ нэлээд бий. Харин ялгаж салгах хэрэгтэй.

Тухайлбал, орон сууцны ипотекийн зээл байна. Үүнийг шүүмжлэх хүмүүс байдаг ч 90 шахам мянган хүн орон сууцтай болсон. Орон сууцны зээлтэй хүн сар бүр зээлээ төлөхийн тулд ажилтай, орлоготой байх хариуцлага хүлээдэг. Үүнийг үргэлжлүүлэх ёстой төдийгүй байрны зээлээ сар бүр төлөөд явах боломжийг хангах талаас нь төр бас анхаарах учиртай. Байрны зээлтэй хүний цалинг хасаад байвал утгагүй.

-Цалин хасах тухай яриа олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Ардын намын бүлэг тэр шийдвэрийг нэг удаа буцаалаа. Орон нутгийн сонгууль өнгөрсний дараа Засгийн газар дахиад оруулаад ирэх юм биш биз?

-Үгүй байлгүй дээ. Буцаагаад оруулаад ирвэл би л лав эсэргүүцнэ. Цалин хасч болохгүй хэд хэдэн ноцтой үндэслэл байгаа. Нэгдүгээрт, бид сонгуульд оролцохдоо цалин, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр нэмнэ гэж амласан. Хорогдуулах биш байнга нэмнэ гэж хэлээд 65 суудал авсан. Хоёрдугаарт, сүүлийн дөрвөн жил цалин тэтгэврийг УИХ, Засгийн газар үндсэндээ нэмээгүй. Өмнө нь 20, 30 хувиар нэмдэг байсан. Нэмж чадаагүй байж хасна гэдэг дэндүү харалган үйлдэл мөн. Нэмж чаддаггүй бол ядахдаа танаж хасахгүй байх ёстой. Гуравдугаарт, сүүлийн дөрвөн жилд барааны үнэ их өсч ам.долларын ханш үлэмж чангарсан тул төгрөгийн худалдан авах чадвар суларч тэр хэмжээгээр бодит цалин хорогдсон. Бод л доо, доллар 1200 төгрөгтэй тэнцэж байх үед 500 мянган төгрөгийн цалин гэдэг чинь 416 ам.доллараар солигддог байв. Тэгвэл одоо 2250 төгрөгөөр тооцвол өнөөх 500 мянга маань ердөө 222 ам.доллартай дүйцэхүйц болтлоо багассан. 194 ам.доллартай дүйцэхүйц хэмжээний цалин алга болсон байна гэсэн үг.

-Засгийн газар цалин хасна, татвар нэмнэ гэж зүтгээд харин олонхийн бүлэг нь эсэргүүцээд л байх юм. Нэг нам байж бодлогоо уялдуулж болдоггүй юм уу?

-Зөв л дөө. Бодлогоо уялдуулах ёстой. Засгийн газар маань шинэдээд гэх үү, цочирдоод гэх үү тийм алдаа гаргалаа. Засгийн газар ажлаа хүлээж авсан даруйдаа Улсын сангаа нээгээд үзсэн чинь авдар нь хов хоосон, баахан өрийн данс байсан бололтой. Тэгээд л хүчтэй шоконд орсон байх. Хоёрдугаарт, байгуулагдаад хорьхон хоногийн дараа төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирсэн шүү дээ. Хорин хоногийн дотор туршлага багатай тэр хүмүүс яаж ажилтайгаа бүрэн танилцаж чадах билээ дээ. Ялангуяа орлогыг яаж нэмэгдүүлэх талаар олигтой тооцоо хийж чадаагүй. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн амархнаар нь цалин хасах, татвар нэмэх аргыг л сонгосон. Уг нь сайд нар эхлээд салбар салбарынхаа гол гол төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэнтэй уулзаж саналыг нь сонсон бас ард иргэдийнхээ бодол хүслийг тандан юу хийх талаар ерөнхий баримжаа төсөөлөлтэй болсныхоо дараа төсвийн тодотголоо барьж авах ёстой байсан байх. Тэгээд төсвийнхөө гол гол зарчмын асуудлаар бүлгийнхэнтэйгээ зөвлөлдөж санал нэгдсэний дараа УИХ-д өргөн барьсан бол ийм их шуугиан дуулиан гарахгүй байсан болов уу. Яахав нэг удаа алдлаа. Үүнийгээ давтахгүй биз.

-Үрэлгэн зардлыг багасгах ёстой гэж та хэлж байна. Энэ талаар ямар, ямар арга хэмжээ авч болох вэ?

-Сүүлийн үед ч төрийн албан хаагчид их тансагласан шүү. Байгууллагаараа төрийн мөнгөөр гадаадад их зугаалсан. Хөдөө томилолтоор явах хүн заавал Лексус-570 юм уу, Ланд 200 шаардан баазын нөхдийг толгой түрүүгүй загнаж байхыг харж л байлаа. Одоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хөрсөн дээрээ буух цаг болсон нь үнэн. Юун төлөө 65 суудалтай билээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хотыг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болгон аймаг сумдаа цөөлөх хэрэгтэй. Аймгийн төвийн хажууханд сум байх ямар ч шаардлагагүй. Сургуулиуд нь хоосон шахуу байдаг юм билээ. Нийтдээ 70 орчим сумыг татан буулгах боломжтой гэсэн тооцоо байдаг юм. Бас сум бүхэнд 11, 12 жилийн сургууль байх шаардлага байна уу. Сүүлийн үед төрийн байгууллагууд олон тэрбум төгрөгөөр хот хөдөөгүй тус тусдаа том, том байр барьж эзэгнэх болсон. Бөөн зардал. Төрийн байгууллагуудыг байр савны хувьд нэгтгэх хэрэгтэй. Суларсан байгууллагуудыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг болгох боломжтой. Зардал их хэмнэнэ. Хотод зарим эмнэлэг байр сав байхгүй. Хувийнхнаас байр түрээслэн иргэдэд олигтой үйлчилж чадахгүй байна. Энэ мэтчилэн яриад байвал өөрчлөн зохион байгуулах зүйл зөндөө байна.

-Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хууль бий. Харин танай намын даргын хувьд Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болсон. Та үүнийг чуулган дээр шүүмжилж байсан байх аа?

-Тийм. Буруу шийдвэр гэж үзэж буйгаа би Намын Удирдах зөвлөлийн хурал дээр, бас чуулганы танхимд ч хэлж байсан. Парламентын засаглалтай ямар ч улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайдаа хийж, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын хөтөлбөр болгон гардан хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулдаг. Хямралтай энэ хүнд цаг үед бүр ч тийм шаардлага тавигдаж байна. Ийм л тодорхой зүйл дээр манайхан өөр шийдвэр гаргасан. Үүнийг Энхтүвшин ч хэлээд байгаа юм биш, дэлхий нийтэд нэгэнт тогтсон зүйл юм.

-Сонгуульд амласнаа биелүүлж чадахгүй бол дараа нь хариуцлагыг Ж.Эрдэнэбат гэдэг хүн хүлээх үү, эсвэл М.Энхболд дарга уу?

-Хариуцлагыг тэр хүлээнэ, энэ үүрнэ гэж ярьдаг л юм. Яг үнэндээ, нам ялагдвал хариуцлагын хүнд, хохирлын ихийг жирийн гишүүд, дэмжигчид л хүлээдэг шүү дээ.

-УИХ-д 38 суудал авахад л олонхи болох байсан. Гэтэл танайх 65-уулаа. Олон байхын зовлон байна уу. УИХ-д ингээд олноороо ороод ирэхээр “Мэргэжлийн Засгийн газар” байгуулахад ч хүндрэл үүссэн гэж танайхан ярьж байсан?

-Олдохоороо өлдөнө гэдэг үг бий нь бий. Гэхдээ арай ч тэгэхгүй байх гэж найдах юм. Сайн зохион байгуулж чадвал 65 гишүүнтэй бүлэг гэдэг маш том хүч шүү. Хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр хүссэн бүхнээ өөрчилж чадна. Үндсэн хуулийг ч дангаараа өөрчилж чадна.

Зохион байгуулж чадахгүй бол бас юуг ч бусниулж дөнгөнө. Зохион байгуулна гэдэг нь эхлээд эв нэгдлийг хангана гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хуурамч, дүр эсгэсэн биш, итгэлцэл дээр тулгуурласан, жинхэнэ эв нэгдэл байх ёстой. Адилхан л тойрог, тойрог дээрээ өрсөлдөж, намын буянаар сонгогдсон хэрнээ нэг хэсэг нь таахалзаж данхагнаад л, харин нөгөөдүүл нь хатавч хавьд захлагдаад эхэлбэл хэрэг бишдэх нь тэр дээ.

-Удахгүй орон нутгийн сонгууль, он гараад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Орон нутгийн сонгуулийн дүнгээс иргэд танай намд ямар дүн тавьж байгааг харж болох уу?

-Болно. Ардын нам УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоод баталчихлаа. Улс орны байдал маш хүнд байгааг ард түмэн сайн ойлгож байна. Засгийн газрын ажил дөнгөж эхэлж байна. Дээрээс нь ирэх сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд манайхан тун боломжийн хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ард түмэн ухаантай юм хойно, саяын сонгууль шиг ноён нуруутай шийдвэр гаргах байх аа.

-АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь байтугай намын дарга хэн болох нь мэдэгдэхгүй удаан явлаа. Харин танайхаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой гэх юм. Энэ үнэн үү?

-Манай намын 220 мянган гишүүний өмнөөс хэн тэгж сайн мэдэж яриад байгаа юм бол? Цаг нь болохоор тэр шийдвэрийг олон түмний саналыг үндэслэн намын Бага Хурал гаргана. Нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөн явах байх. Би намын дарга байхдаа тийм л зарчим баримталж байсан.

-Нээрээ, та МАН-ын дарга байхдаа, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүнтэй өрсөлдөөд байсан байх аа?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нартай өрсөлдсөн. Хэн нэг хүн ямар нэг албан тушаалыг өмчлөх ёсгүй гэж боддог учир анх удаа манай намд тийм өрсөлдөөн болсон юм. Манай Лүндээгийн хэлдгээр, ардчиллын салхийг сэвэлзүүлсэн гэх үү дээ.

-Тэгэхээр энэ удаад өмнөхийн адил зарчмаар явна гэж та бодож байна уу?

-Манай нам ардчилалтай нам учир тэр зарчмаас гажихгүй байх. Гол нь ард түмэн ямар хүнийг, хэнийг хүсч байна гэдгийг л мэдрэх асуудал шүү дээ. За, энэ ч яахав, цаг нь болохоор хүссэн, хүсээгүй яригдах асуудал.

-Улстөрчдийн хүүхдүүд улс төрд ихээр орж байна гэсэн шүүмжлэл явдаг. Гэтэл дэлхийн жишигт улстөрчдийн хүүхдүүд улс төрд амжилттай яваа нь анзаарагддаг. Таны хүү улс төрд хөл тавихад та хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хүний хүүхдүүд өөр, өөрийн хүсэл сонирхолтой. Би дөрвөн хүүхэдтэй. Улс төр сонирхдог нь байна, бас сонирхохгүй нь ч байна. Өөрийн чинь асуугаад байгаа хүү маань 2000 оноос хойш сонгуульд намайг дагаж явлаа. Аравдугаар ангиа дөнгөж төгсөөд л сонгуулийн штабт орж, сонин, сурталчилгааны материал тараахаас ажлаа эхэлсэн. Тэгж явсаар аяндаа улс төрд татагдсан байх. Түүнээс биш аав нь хүчээр улс төрд оруулна гэж юу байхав. Э.Золбоо маань өнөө жил миний сонгуулийн штабыг удирдлаа. Сайн ч удирдсан. Хүү маань намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч, хотын намын хорооны тэргүүлэгч гээд тун завгүй л хүн явах юм байна шүү дээ.

-Таны хүүг албан тушаалд томилох гэтэл татгалзсан гэж дуулж байсан юм байна. Та болиулсан уу. Та хүүдээ хэр нөлөөлдөг вэ?

-Би ер нь авгай, хүүхдээ дарга болгох гэж хөөцөлддөггүй. Харин сургуульд сургах гэж хөөцөлддөг. Үнэхээр мундаг хүн болсон юм бол, өөрөө дээшээ явна биз. Наадмаар хэдэн ахмад аварга, арслан, заануудаар өөрийгөө амлуулж, буулгаж аван, даваа, даваа ахиулаад шөвгөрдөг, чадал муутай бөх шиг амьтан болчихвол яах юм бэ. Өөрийнхөө орон зай, цаг хугацааг өөрөө бүтээж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж гарч ирэх нь зөв шүү дээ. Хүүгээ би нэг зүйл дээр үнэлж байгаа. Сонгуулийн дараа бараг хүн бүхэн дарга болно, албан тушаал авна гээд улайрч байхад мань эр огт тэгэхгүй байна лээ. Нам дээрээ, Залуучуудын холбоондоо үлдье гээд хоцорсон. Зөв шүү дээ. Нас байна, цаг байна. Ер нь, нам, төрийн ажлыг дороос нь эхлэх ёстой юм. Ажилд нухлуулсан хүмүүс их өөр байдаг. Аливаад сэтгэлтэй ханддаг. Зөв шаардлага тавьж чаддаг. Гэтэл, зарим залуучуудыг хараад байхад шууд л дарга болно гэх юм. Хэн нэг даргын цүнхийг барьж яваад л дарга болчих санаатай. Төрд ерөөсөө ажиллаж үзээгүй мөртлөө дэд сайд, газрын дарга болно гээд анкет бөглөөд сууж байна. Энэ бол төрийн боловсон хүчний бодлого дээр завхрал гарч байгаагийнх. Анхнаасаа зарчим алдагдчихаар бүгд ингэж дайрдаг юм. Зарчим нь тодорхой, шаардлага хатуу, босго нь өндөр байсан бол бүгд ингэж улайрахгүй.

-Таныг “Нам бодлоготойгоор бэлдсэн боловсон хүчин” гэж дуулж байсан юм байна. Үнэн үү?

-Би намын ажлыг 1980 оноос түүхийг нь судлах ажлаас эхэлсэн. 10 шахам жил эрдэм шинжилгээний дэд ажилтан хийсэн. Дараа нь Төв хороо намайг жинхэнэ намын ажилтан болгох гэж Москвад Нийгмийн ухааны академид явуулсан. Төгсч ирмэгц, эрдэм шинжилгээний ахлах ажилтан болгож, намын түүхийг үргэлжлүүлэн судлуулсан. Тэгж байж, 1996 оноос Намын удирдах албан тушаалд дэвшүүлсэн. “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, хотын намын хорооны дарга, намын нарийн бичгийн дарга, тэгээд 2012 онд МАН-ын дарга гэсэн шат дарааллаар явжээ. Ийм л намтар, түүхтэй. Уг нь ингээд бодохоор, нам надад их анхаарал тавьжээ. Гэсэн ч хүн хойно алдаж, оносоор явна даа.

-Та өнгөрсөн жилүүдэд зарчим алдагдсан байсан, одоо ч анзаарагдаж байна гэлээ. Төрийн албанд мөнгө төлөөд очдог тийм байдал газар авсан юм биш үү?

-Би мөнгө өгч, авалцаж байхыг нүдээрээ харсангүй. Гэхдээ мөнгөөр албан тушаалд томилогдоод байна гэсэн яриаг сонсч байсан. Сонгуулийн өмнө тарсан бичлэгтэй холбоотой зүйлс хэвлэлүүдээр ч их бичигдэж байна. Ийм яриа газар авах нь тун хортой. Үүн дээр манай нам яаралтай хариу өгөх цаг болсон. Төрийн албыг мөнгөөр худалдсан зүйл байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэх ёстой. Чимээгүй байна гэдэг зөвшөөрч байгаагийн илрэл гэж хүмүүс ойлгоно. Томилгоо хийсэн хүмүүс үүн дээрээ тайлбар өгөх цаг болсон.

-Танай нам эв нэгдэлтэй, зангидсан гар шиг гэж онцлох дуртай. Бодлогоор оруулж ирсэн зүйлсийг өөрчлөх, шүүмжлэх дургүй. Харин та шүүмжилж байгаа нь тод харагддаг. Намын бодлогын эсрэг яриад байх нь хааяа гал дууддаг уу?

-Би намынхаа бодлогын эсрэг хэзээ ч явж байсангүй. Цаашдаа ч үгүй. Харин намдаа, намынхаа нөхдөд тус болох үүднээс хааяа хааяа шүүмжлэл тавьдаг нь үнэн. Цаашдаа ч тэгнэ. Алдаа дутагдал гарвал хэлж байх ёстой шүү дээ. Ажил хийж байгаа хэн ч алддаг. Юу ч хийхгүй байгаа бол ямар алдаа гарах вэ дээ. Тийм учраас алдахаас айх хэрэггүй. Харин алдаагаа ухаарч, засч чадаж байна уу үгүй юу гэдгээс л цэцэн эсхүл тэнэгийн алин болох нь харагддаг. Шүүмжлэлийг хүлээж аваад, алдаа дутагдлаа дор нь засч чадаж байгаа бол тэр нам хүчирхэг, тийм хүн ухаантай. Зарим хүн хэлэх ёстой үед нь хэлээгүй байж өнгөрсөн хойно “Тээр, ингэх гээд байсан юм аа. Би мэдээд байсан юм” гэж ухаалаг, шударга дүр эсгэдэг. Тэр бол шал дэмий хэрэг. Би ийм бодолтой явдаг учраас хааяа шүүмжилчих гээд байдаг юм. Эргээд бодох нь ээ, би дээд дарга нартайгаа үе үе “шөргөөцөлдсөөр” иржээ. Н.Энхбаяр даргатай сайхан ажиллаж байснаа сүүлдээ “дарангуйлал тогтоолоо” гээд жигүүр хүртэл байгуулж явсан. С.Баяр даргыгаа бас шүүмжлээд авсан. С.Батболд маань намын даргаар 100 хувийн саналаар сонгогдох гэж байхад “ардчилал алга болох нь” гээд л бас заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн. Одоо бас тэсэлгүй М.Энхболдыгоо үе үе гөвөх юм, золиг чинь. Гэхдээ хар буруу санасандаа биш, туслах л гээд байгаа ухаантай. Ер нь нүднээс далд, араар нь биш нүүрэн дээр нь хэлэх нь чухал. Хүн нэг үгтэй, нэг нүүртэй байгаасай гэж боддог.

-Таныг шүүмжлэл хэлсний дараагаас албан тушаал авах гэж тэгж байна, өмнө нь жигүүр байгуулж байгаад албан тушаал авсан гэсэн яриа гарч, сониноор шүүмжилдэг. Ингээд ирэхэд нь больё доо гэж халширдаггүй юу?

-Үгүй ээ. Хэлж л байна биз, бичиж л байна биз. Муу хэлүүлэхээс халширч байгаа бол улс төрд орохын хэрэг юу байна. Хэнээр ч муулуулахгүй гэвэл гэртээ суугаад эсвэл зах дээр бараа зараад зогсч болно шүү дээ.

-Удахгүй аравдугаар сарын 2 болно. Улс төрийн аллага гэгддэг С.Зоригийн хэрэг сонгуулийн өмнө бас засаг солигдсоны дараагаас ёс юм шиг яригддаг болоод удаж. Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийлгэж, түүнийг холбогдуулж байгааг мэдэгдлээ. Та энэ талаар юу гэж бодож явдаг вэ?

-Юу гэмээр юм бэ дээ. Ардын нам олонхи болсон үед Э.Бат-Үүлийг барьж хорих гэж оролддог хэмээн шуугиад байх юм. 2000 онд бас нэг ийм явдал болж байсан. Санамсаргүй юм уу, санаатай юм уу. Би энэ хэргийг шалгаж мөрдөж байгаа улсуудтай ямар нэгэн холбоо байхгүй, мэдээлэлгүй учраас шууд дүгнэж чадахгүй. Миний хувийн бодол гэвэл энэ улсад чинь төр гэж байгаа юм бол, цагдаагийн байгууллага, тагнуул гэж байгаа юм бол энэ хэргийн учрыг даруй олж, нэг мухарлаасай гэж хүсч байна. Байж байгаад л үе, үе босч ирдэг нэг ийм хэрэг сүүлийн хорь шахам жил явж байна. Ямар учиртай болохоор энэ хэрэг илэрдэггүй юм бол. Уг нь илрүүлэх гээд янз янзаар оролдоод байдаг. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад ХЗДХЯ-наас энэ хэргийн талаар үнэтэй мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгөөр шагнана гэж зарлаж байлаа. Тэр үед илэрчих юм болов уу гэж байтал тэгсгээд чимээгүй болоод бүдгэрсэн. С.Зориг алагдсан нь эмгэнэл, үүнийг илрүүлж чадахгүй байгаа нь бүр ч том эмгэнэл шүү.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх тухай яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан ч шийдэлд хүрсэнгүй. Та энэ нэгдлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ талаар дөрвөн жил ярьсан даа. Нам ч бай, гэр бүл ч бай хуваагдана гэдэг хүсэх зүйл биш. Нэгдэнэ гэдэг гайхамшиг. Би энэ логикоор ханддаг. Муудалцаад салсан гэр бүл эргээд эвлээд нэгдэх сайхан шүү дээ. Ам зөрөөд дуугарахаа байсан хоёр нөхөр ойлголцоод буцаад нөхөрлөөд явах сайхан. Тийм л асуудал юм. Сонгуулийн өмнө нэг тийм боломж бүрдсэн, бодит зүйл болж чадсангүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-д элсэх гэж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлээр явах болсон. Үнэн болов уу?

-Ёстой мэдээгүй юм байна. Арай үгүй байлгүй дээ.

-Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай л гэдэг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүний бүрэн эрхийн хугацаа дуусч, Төрийн ордонг орхиод явахад ганцхан та цэцгийн баглаа бариад үдэж гаргасныг одоо ч мартдаггүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд тэгэх үүрэг хүлээв үү, хүнийхээ хувьд тэгэх ёстой гэж бодсон уу?

-Төр талаасаа ч, хамт зүтгэж явсан нөхрийн хувьд ч тэгэх л ёстой байсан. Бидний хувьд харилцааны урт түүх бий. Гар нийлж, сайхан ажиллаж байсан жилүүд, бас жигүүр, энээ тэрээ гэх мэт сонирхолтой хуудсууд ч бий. Хамгийн гол зүйл бол хүн чанар гэж нэг юм байх ёстой. Төрийн ажлын журам, дүрэм, ёс зүй гэж бий. Тэр талаасаа л цэцэг барьж очсон. Намд ч, төрд ч хийсэн юмтай хүн шүү дээ. Бас алдаа ч бий. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн гурван том албыг хашсан гэдэг нь нэгийг хэлээд байгаа хэрэг.

-Та Н.Энхбаяр даргатай үнэхээр олон жил хамт ажилласан. Тэр хүний байгуулсан гавьяа, хийсэн нүглийг дэнсэлбэл аль нь илүү жин дарах бол?

-Хүний хувь заяа гэж сонин юм даа. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр гэдэг хүнийг эзэн хаан, оройн дээд Очирдарь гэх нь холгүй байлаа. Бөхөлзөж тонголзсон, шагшин магтсан тойрон хүрээлэгчид ч мөн олон байлаа. Өнөөдөр болсон чинь зарим нь нэрийг нь хэлэхээс ч цэрвэдэг болжээ. Энэ цагийн араншин юм байлгүй. Бусдыг нь ч ийм л хувь заяа хүлээж байгаа байх. Н.Энхбаярт хийсэн юм их бий шүү дээ. Яг өнөөдрийнх шиг хүнд үед буюу 2000-2004 онд намаа ялуулж, засгаа толгойлон хямарсан орныг босгоод ирж чадаж байсныг түүх гэрчилнэ. Мянганы зам, иргэдэд газар хувьчлах гэх мэт томоохон ажлууд түүний нэртэй холбоотой. Орост төлөх их өрийг тэглэсэн гээд тоочоод байвал бага биш жагсаалт гарна. Н.Энхбаяр дэргэдэх хүмүүсээ маш сайн шахаж ажиллуулдаг. Өөрөө ч амрахгүй, бусдыг ч амраахгүй шүү дээ. Бас алдаа ч нэлээд гаргасан. Сүүлдээ амжилтандаа толгой нь эргэж эхэлсэн. Шүүмжлэлд дургүй болсон. Реклам шоуг шохоорхох нь нэмэгдсэн. Хүн танихдаа улам муу болсон гэх мэт дутагдлаа өөрөө тэр бүр мэдээгүй л дээ. Гэхдээ л яалт ч үгүй энэ цаг үеийн том лидер мөн.

-Удирдагч хүнийг эвддэг тойрон хүрээлэгчид гэж үнэхээр байдаг уу?

-Байлгүй яахав. Аль ч цаг үед байдаг үзэгдэл шүү дээ. Удирдагч хүн тэднийг тэр бүр анзаардаггүй. Анзаарсан ч нэг л мэдэхэд тэдний нөлөөлөлд автчихдаг бололтой юм билээ. Аль ч удирдагч дээшээ явах тусам улам хартай болж хэрэгтэй хэрэггүй мэдээлэлд их дуртай болдог. Үүнийг нь түүнд наалдах гэсэн нөгөө эвгүй нөхөд тун сөргөөр мэдэрч, овжноор ашигладаг. Худал үнэн мэдээлэл хов жив зөөж долигоносоор байгаад тэд даргын хамгийн итгэлтэй хүмүүс буюу тойрон хүрээлэгчид болдог. Ингээд нэг л мэдэхэд удирдагч маань самрын яс шиг бүрхүүлд орж бодит орчноос тусгаарлагдсан нэг талын мэдээллээр ажлаа явуулдаг өрөвдмөөр амьтан болж хувирдаг. Олон түмнээс хөндийрсөн ийм дарга яаж удаан тэсэх вэ дээ. Удалгүй унадаг жамтай. Унасных нь дараа харин нөгөө тойрон хүрээлэгчдийнх нь зарим нь бусдаас түрүүнд дуугарч шударга дүр эсгэн удирдагчаа дэвсэлж гардаг. Ийм л нийтлэг дүр зураг харагддаг юм билээ. Эвгүй байгаа биз.

-Нэг хэсэг Ерөнхий сайдыг огцруулахаар намын гишүүд нь гарын үсэг цуглуулж байна гэсэн яриа сонстсон. Тэр дунд таны нэр явж байсан. Энэ үнэн үү?

-Юу гэж тийм юм байхав дээ. Ямар, гарын үсэг цуглуулах, огцруулах дон туссан биш. Ажлаа дөнгөж эхэлж байгаа, тэр тусмаа, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газрыг оролдох биш, дэмжих талаас нь хандах ёстой шүү дээ. Цаашдаа гагцхүү ажлын үр дүнг нь харж ярьцгаая. Хариуцлага тооцох хугацаа хангалттай бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны бие ямар үнэтэй вэ?

Та ингэхэд ямар үнэтэй вэ. Өөрийнхөө үнэ цэнийн талаар, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу. Мэдээж, ээж аавдаа, танд хайртай бүхий л хүмүүст та үнэтэй байж таарна. Гэхдээ өөртөө байгаа бүхнээ үнэлж байсан удаа танд бий юу. Тэр үнэлэмжид тань байр сууц, машин тэрэг орохгүйгээр үл барам таны бүтээж чадсан нэр хүнд, авьяас чадвар ч орохгүй. Зүгээр л энэ ертөнцөд ирсэн нүцгэн биеэрээ та ямар үнэтэй вэ. Зарим хүний хувьд хос эрхтнээ зарж, амь зуух мөнгө олох гэж байдаг бол зарим нь амьд үлдэхийн төлөө хэдийг ч зарлагадахад бэлэн, таарах донороо хайж байдаг.

Зарим бүсгүйчүүдийн өгзөг рүү дуртай нь өшгичиж байдаг бол зарим нь хэдэн сая ам.доллараар даатгуулж үнэлдэг. Хувь хүний бий болгож, үнэлж үнэлүүлж чадсанаар бүх зүйл харьцангуй мэт боловч энэ хорвоод хүн ирэхдээ өөрийн өмчтэйгөө ирдэг. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэх боловч нүцгэн тэр бие чинь өөрийн үнэ цэн, үнэлэмж дагуулдаг юм.

Бид байгаа бүхэндээ сэтгэл дундуур байдаг ердийн тэр сэтгэлээрээ хоосон гуйрамчаа эхэнд хэлээд байдаг боловч хүний биеийг олж төрөхдөө бид өмчтэй, үнэлэмжтэй ирдэг ажээ.

Колумбын их сургуулийн багш нар хүний биеийн үнэлэмжийг тогтоон гаргахдаа 27 триллион ам.доллар гэж үнэлжээ. Тэгэхээр бид энэ дэлхийд ирэхдээ тэр хэмжээний өмчтэй ирдэг юм байна. Харин тэрийгээ хэрхэн анхаарч, хэр гамтай явснаас бүх зүйл шалтгаалдаг. Энэ хорвоод төрөхдөө 10 мянган их наяд эстэй төрж, олон төрлийн эд эрхтэн, яс арьс, мах уураг, ус цус, хар мянган төрлийн химийн нэгдлүүдээс бүтсэн хүний биеийг үнэлбэл нээрээ ч хязгааргүй үнэ цэнд хүргэж болохоор юм шиг, үнэгүйгээ хүрвэл нохойн арьсны ч үнэд хүрэхгүй мэт санагдана. Олон улсын нэгэн сэтгүүлд хүний биеийн бүхий л эд эрхтэн, биеийг бүрдүүлж байгаа бодисуудыг граммаар нь тооцоод бодож гаргахад 45 сая ам.доллар болох талаар тооцсон байсан. Хүний биеийн 65-90 хувийг ус бүрдүүлдэг. Нийт биеийн 99 хувийг бүрдүүлж байгаа зургаан элемент бол хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, фосфор үлдэх нэг хувьд нь бидний мэдэх, мэдэхгүй өчнөөн олон бодис бий. Зөвхөн эдгээр элементүүдийг грамм бүрээр нь бодоход хүний бие 45 сая ам.доллар буюу манайхаар 95 сая төгрөг.

Тэгэхээр бид ээж, ааваас төрсөн энэ сайхан биеэ үнэ цэнийг нь алдуулахгүй авч явж, эрүүл саруул амьдарч, өтөлж наслахдаа ч өвчин зовлон багатай, өөрсдөдөө ч үр хүүхдэдээ ч гай болохгүйн ухааныг эртнээс сурах цаг болжээ.

Монголчууд бид хэнэггүй гэхэд гоёдмоор, тэнэг гэхэд гомдмоор үндэстэн л дээ. Энэ биеэ эрүүл саруул авч явж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголт байхгүй улс. Урьдчилан сэргийлэлгүй гамгүй явсаар эцэст нь хавдрын сүүлийн үедээ орсон хойноо мэдэж амьдралын төлөө үхэн хатан тэмцдэг. Урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголтгүй, гал унтраах аргаар өдийг хүрчээ. Үнэндээ эрүүл мэндийн тогтолцоо нь ч тийм, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр юу ч хийгээгүй явж ирсэн. Хэрэв амьдралын эрүүл зөв хэв маягийн талаар, эрүүл амьдрах ухааны талаар хүүхдэдээ багаас нь зааж сургаж ирсэн бол бид ийм л үндэстэн гэж хэлэгдээд сууж байхгүй байлаа. Уг үндэстнийхээ хувьд харин ч бид эрүүл зөв амьдрах талаар эртнээс ярьж сургаж ирсэн уламжлалтай ард түмэн. Харин түүнийгээ нэг хэсэг алдаж, монголчуудын амьдралын хар ухаан, уламжлалаа гээснээр өнөөгийн бидэнд илүүтэй олон асуудал тулгараад байна.

Монголчууд эртнээс хоёр нарны хооронд амьдарч ирсэн улс. Наран жаргахад хонь малаа хотлуулаад, тэр өдрийн ажил өндөрлөж амралт эхэлдэг, нар дөнгөж цухуйх үед орноосоо босчихоод ажилдаа шамддаг. Тэгвэл өнөө цагт шөнө 1 цагаас өмнө орондоо орж, унтдаг айл гэж ховор болжээ. Залуусын хувьд өдөр, шөнө нь хэдийнэ солигдож, шөнөөр унтаж өгдөггүй өдөр босч өгдөггүй нэгэн үеийнхэн бий боллоо. Гэтэл нойр бүтэн зөв цагтаа унтах хэчнээн чухал гээч. Зуны сарууддаа нойтон махны бараа хардаггүй монгол уламжлал мартагдаж, өдрийн хоёр гурваар нь махан хоол идсээр жин ихтэй, биеийн хор хордлого ихтэй хүмүүс болчихоод байна. Уг нь хүний бие гэдэг маш ухаалаг машин гэгддэг. Юу болохгүй, юу таарахгүй байгаагаа хэлж, болохгүй бүтэхгүйгээ дотоодын хүчин чадлаараа засаад явчихдаг гэж байгаа. Гэвч бид даанч гамгүй хэрэглээд тэр машинаа эвдэлчихдэг. Амьдралын буруу хэв маяг, буруу зуршил таны хөрөнгө болсон үнэт эд эрхтэн, бие махбодийг жилээс жилд хороон хумсалж, эцсийн үр дүндээ машинаар бол төмрийн сэгтэй үлдчих эрсдэл бий. Тиймээс бид өөрсдийнхөө тэр ухаалаг машиныг гамнах талаар бодож эхлэх хэрэгтэй байна. 50 мянган ам.доллараар машин авчихсан бол түүндээ А92 биш А95 бензин хийнэ гээд, үнэтэй моторын тос хийнэ гээд зүтгэчихдэг биз дээ. Түүнтэйгээ адил энэ биеийнхээ дотор оруулж байгаа хоол хүнсэндээ бид анхаарах хэрэгтэй. Манайхан хоносон лавшаа илүү гоё амттай болдог гээд хонуулж байгаад идэх нь холгүй байдаг. Гэтэл бактер үржээд тийм амттай болсноос ер сайн зүйл тэнд байхгүй. Архи, тамхи гэсэн хорт зуршлууд нөгөө хэдэн сая долларын биенээс чинь өм цөм аваад л явна. Биеийг юу ч үгүй болтол нь өвчлүүлж, аврах аргагүй үедээ мэдэхээсээ наана урьдчилан сэргийлээд биеийнхээ байдлыг ямар байдгийг хянаад явж байхад гэмгүй. Биедээ байгаа кальцийн хэмжээ багассаныг мэдэх хамгийн амархан. Захын шинжилгээний төвүүд гаргаад өгнө. Сайн муу өөх, тосныхоо хэмжээг мэдэж, жилдээ нэг удаа нарийн мэргэжлийн шинжилгээ өгөөд яваад байхад биднээс юу уначих вэ дээ. Тэгвэл цус харвалтын зовлонг бид мартахаа байна.

Дасгал, алхалтыг амьдралынхаа хэвшил болгож, өдөрт 10 мянган алхмыг яаж ийгээд хийчихийг хичээж байгаарай. Ус хангалттай ууж, цагаан гурил, давс, будаа, сахарын хэрэглээгээ өөрчлөх гээд үз. Бас хангалттай унтаж амрах хэрэгтэй. Хамт ажилладаг залуус маань өглөө эрт ажилтай ч гэсэн эртдээ гэхэд л 00:00 цагт цаашлаад, 1:00, 2:00 цагаас нааш унтдаггүй гэж байна лээ. Уг нь орой 22:00 цагт унтаад өглөө 6:00 цагт сэрж байх хамгийн зөв унталт гэдэг. Өсвөр насныхны хувьд 23:00 цагийн үед өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг, тэр нь унтаж байхад ялгардаг учраас өндөр болно гэж яриад явахын оронд унтдаг цагтаа унтаж байх нь зөв ажээ. Даавар гэснээс хүний биеийн хамгийн чухал зүйл даавар. Стрессгүй, аливаа асуудлыг сэтгэлдээ зөөлөн, эерэгээр хүлээн авч байвал өөрийн биедээ л амар. Нөгөө үнэлэгдсэн эд эрхтэн, бодисоосоо хороохгүй л гэсэн үг. Унтаж амарч, инээж баясахад ялгардаг даавар, дасгал хөдөлгөөн хийхэд гарах даавар өөр юу байдаг юм бид машинаа жигд зөв ажиллуулж бүгдийг гарган авч байх хэрэгтэй. Тэгж байж л бид өндөр насалсан ч өвчин зовлонгүй, хүний гарт орчихолгүй сайхан насална. Өндөр насална, урт насална гэдэг зөвхөн нас биш ээ. Бидэнд хуанли дээрх насаараа залуу байхаас биологийн буюу энэ биеийнхээ насаар залуу байх нь хамгийн чухал байна. Хүн эхээс төрөхдөө хоосон ирдэггүй. Өчнөөн саяар нь үнэлэгдэх эрүүл сайхан энэ биетэйгээ ирдэг. Харин хүний хорвоод саатан үдлэхдээ тэр бүхнээ бага эвдэж, эрүүл сайхан амьдраад буцах нь чухал юм. Амьдралын зөв хэв маяг энх тунх, эрүүл сайхан амьдралыг авчирна. Энэ талаар мэддэг, ярьдаг олон мундаг хүмүүст талархаж, бас яагаад ч юм үүний талаар эргэцүүлж амжаагүй байсан заримдаа амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-д шинэ салхи сэвэлзэх цаг болжээ

Ардчилсан нам авсанд ороогүй байлтай, арай дэндүү нам гүм байна аа. Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-нд АН-ын ҮЗХ хуралдана гэсэн мэдээлэл сайтаар хальт мулт үзэгдээд алга болов. ҮЗХ-ны гишүүдээс сураглавал “Албан ёсоор хурал болох мэдээлэл бидэнд ирээгүй ээ. Ер нь хэдийд болох чиг ч алга байна” гэцгээж байна. АН-аас нэр дэвшсэн гишүүдийн viber группт энэ талаар нэгнээсээ чиг сураг асууж, албан мэдээлэл үгүй учраас сүүлд нэгдэж цуглаад байгаа залуучууд зориуд ийм мэдээлэл гаргасан байж болох юм хэмээн тааварласан шигээ байж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд ар далаараа тавиулсан улсууд ялагдлын шокноосоо гарах цаг болчихмоор юм даа. Цаана чинь дараагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдчихээд байхад.

Унасан бол дээлээ нэг гөвж, шороогоо унагаж хаячихаад урагш харан цаашдын зам мөрөө бодох цаг иржээ, АН-ын ах нар аа. Одоогоос арав гаруй жилийн өмнө улс төрийн чиглэлээр анх бичиж байхдаа нэгнээсээ тамгаа авч зугтсан АН-ын дарга нарын талаар АН-ын ах нар аа гэж хандаж байгаад “Тамгатай тамгагүй хутагтууд” гэж бичиж байсан маань санагдаж байна. Одоо дахиад л АН-ын ах нар аа гэж бичиж байгаа нь өнөөх л хэд энэ намдаа хэвээр, шинэ үеэ ч хүлээн зөвшөөрдөггүй, оруулдаг ч үгүй, буглаж бугшсан мэт салахгүй намаа ч өөд нар харуулалгүй байлгасаар ирснийх биз ээ. 2004, 2008 оны сонгуулиар ардчиллынхныг дэмжиж байсан сонгогч олны дэмжлэгийн давалгаа далай мэт нэгдэж 2012 оны сонгуулийн үр дүнд АН-ынхан хамтраад болов Засгийн эрхийг барих болсон билээ. Гэвч дөрөвхөн жилийн дараа дүгнүүлэхдээ ёстой далан таваар хусуулав. МАН-ынхан жаран таваараа ялсандаа харамсангуй суугаа нь үнэн юм. Үнэн хүчийг үзэж ялж гарч ирсэн гэх ямар ч таашаал байхгүй, бүгд бор халзан зүстэй болсондоо дургүйцэх нь хэр. Дээрээс нь бүгдээрээ шахам УИХ-д ороод ирсэн болохоор нөгөө яриад байсан Мэргэжлийн энэ тэр Засгийн газраа байгуулах талаар мөрөөдөх ч аргагүй болчихсон. МАН-ыг баярлахаас нь шаналах болтол нь ялагдсан өнөөх АН-ынхан маань хаана байна вэ. Ер нь АН гэж юу юм, хэн юм бэ. Хорь гаруй жилийн өмнө хоёр, гурван удаа жагсаал хийгээд ардчилагч гэсэн насан туршийн нэр зүүгээд АН-ыг байтугай Монголын ардчиллыг өмчилж авсан тэр хүмүүс шинэ үе, шинэ урсгалд орон зайгаа тавьж өгөхгүй байсаар байх уу.

АН-ын өнөөгийн байдлыг шинжвэл ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагджээ. Баабар, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд шинэ үеийг хүлээн зөвшөөрч, шинэчлэл өөрчлөлтийг хийж намаа, ардчиллаа аврах хүсэлтэй нь байна. Нөгөө талд намын эрх мэдлийг ашиглаж, авч ирсэн зангаараа бүлэг фракцид хувааж талцуулж чаддаг юм бол булаагаад ав гэх зуумхай нөхөд ч байна. Тэдний хувьд өнгөрсөн дөрвөн жилд эрх мэдэлтэй, удирдах албан дээр байсан улсууд. Тиймээс аль болох эрх мэдлээс салахгүй байхын тулд фракцийн тэмцлээ үргэлжлүүлэх хүсэлтэй. Ядаж байхад гэгчээр, АН-аас УИХ-д сонгогдсон гарын хуруунд багтах гишүүд нь бүгд нэг нэг фракцийн төлөөлөл. Тиймээс “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-аас Д.Эрдэнэбатыг, “Алтан гадас”-аас Я.Санжмятавыг, МоАН-аас Л.Болдыг намын даргад дэвшүүлнэ гэж байхав. Ардчиллыг АН гэж хардаг, АН-тай холбож ойлгодог олон мянган хүн бий. Тэр олон хүний итгэл үнэмшил дээр өнөөдрийн АН өндийж боссон юм. Тиймээс АН муу явах нь Монголын ардчилал үнэгүйдэж, цэнэгүйдэхэд хүрээд байгаа учраас АН-ынхан та нар муу байж болохгүй байна. Ардчилал бол нам дагасан та нарын биш Монголын иргэдийн, монгол түмний өмч.

Тиймээс АН-ынхан та нар арчаатайхан шиг байж, бүлэглэл фракциар хуваагдаж, гэдсэндээ хөлөө жийлцэж суулгүй ардчиллын үнэ цэнийг өргөх үүрэг хүлээсэн гэдгээ ойлгомоор юм даа. Ардчиллын мөн чанарыг Ардчилсан нэртэй намдаа шингээж, үйл хэрэгтээ харуулмаар байна. МАН-ыг ерэн жилийн настай, хөгширч өтөлж байгаа гэж шүүмжилдэг мөртлөө АН-ын гишүүд нь ерээд онд л байснаасаа хойш салхи оруулсангүй. Одоо зайгаа тавьж өгөх нь өгөөд, шинэ үеэ гар тосон угтаж, шинэчлэл уламжлалыг хослуулж урагшлах цаг чинь болжээ. АН-ын ҮЗХ жилд хоёр удаа хуралдаж, жил бүр 1/3-ээр ротацийн сонгууль хийж шинэчлэгдэж байх ёстой ч сүүлийн долоон жил ийм шинэчлэлийн зий ч дуулдсангүй. Ерөөсөө л шинээр хүмүүс оруулж хуучнаа хөдөлгөвөл намын даргын зангидаж байгаа хүчний харьцаа уначих гээд байдаг учраас болгоомжлоод хийдэггүй. Үр дүн нь өвгөрч хөгширч байгаа АН сонгуульд ялагдаж, үржиж шинэчлэгдсэн МАН өөрсдийнхөө олноос ичмээр ялж байх юм. МАН-ын байгуулсан Засгийн газарт нь 50-иад оны нэг ч сайд байхгүй байна гэж байна. Хамгийн хөгшин нь гэхэд 1962 оны ЭМ-ийн сайд байв уу даа. Ерөнхий сайд нь гэхэд 1973 оны Ж.Эрдэнэбат. АН-ынхан сөрөг хүчний үед бүлгийн дарга хийж байсан Л.Гансүхээ фракцийн зодооноосоо болж шоронд илгээж байхад МАН-ын бүлгийн дарга нь идэр залуу, эрч хүчтэй Хууль зүйн сайд болоод явж байх жишээтэй. Ийм л ялгаа эрхгүй харагдаад байгаа юм. Гэтэл АН-д эрч хүчтэй, идэр залуу нь хэн юм бэ. Хамгийн залуу гэгддэг Х.Тэмүүжин нь 1971, Л.Гантөмөр нь 1973 оных шүү дээ. Тэгээд хамгийн галтай, хамгийн ширүүн тойрог руу нутаг зааж явуулаад унагачихаж байж жишээтэй. Тэд намдаа залуу гэж дандаа дарагдана. Гэтэл улс төрд залуу, туршлагагүй гэж хэзээ ч хэлэгдэж, харагдаж байгаагүй Ж.Мөнхбат гэхэд 1979 оных. Одоо тэгээд Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга болж кабинетийнхаа залуу гишүүн нь гэгдэж байна. Ийм нэг ялгаа байна аа.

ҮЗХ-гоо хуралдуулахгүй долоон жил хав дарсных өнөөдөр АН-д танигдсан залуу улстөрч хэн байгаа юм бэ. Гэтэл МАН 1987 оны залууг Хэнтий рүү явуулаад аймагтаа шаггүй ажил хийсэн гэгдэж байсан аймгийн дарга Ж.Оюунбаатарыг шороо үмхүүлж, 29 настай УИХ-ын гишүүнийг төрүүлж байна. Уг нь АН-ыг гэсэн сэтгэлтэй, ардчиллыг үнэт зүйлээ гэж үздэг олон залуус бий. Гэвч тэд ерээд оны залуус, өнөө цагийн зайгаа тавьж өгдөггүй хайрцагласан өвгөчүүдээс болж ардчиллаас эрхгүй зугтахад хүрч байна. Уг нь АН-д тордоод дэмжээд өгвөл Х.Тэмүүжин, Л.Гантөмөрөөс гадна чадалтай залуус мундахгүй. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэйд нэр дэвшсэн О.Эрдэнэбулган гэхэд шинэ цагийн улстөрчийн үнэрийг ханхийлгэсэн гэсэн. Юм амлахгүй, хэн нэгнийг муулахгүй бодлого ярьж, тараах материал нь ч худал магтаал агуулаагүй сонгодог загвар болохоор байсан гэж олон хүн ярьж байв. Гэвч сонгогчдын түвшинд өрсөлдөгч Засаг даргын мөлхөө сүлжээ арай ойр буусан байх. Төв аймагт ч гэсэн өрсөлдөгч намынхаа дарга нарт өгөөш хаяж өгч байгаа шиг залуу бүсгүйчүүд явуулахын оронд Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Тувааныг явуулсан бол өөр дүн гарах байсан гэх хүмүүс бий. Тэрбээр АН-ынхны сонгуульдаа барьж орсон Сайн малчин, Сайн хувьцаа, Сайн хашаа гээд гол бодлогуудын цаад автор гэгддэг. БГД-т УИХ-ын даргын тойрогт бие дааж нэр дэвшээд маш олон тооны санал авч чадсан гэх Хассуурийн Ганхуяг гэхэд АН-д явж байсан залуу. Салхи оруулдаггүй, залуусаа дэмждэггүй болохоор АН-аас гарахад хүрсэн ийм өч төчнөөн залуус бий. Гэхдээ л тэд далаад оныхон. Гэтэл АН-д ная, ерээд оныхон гэж байна уу. ҮЗХ-ны ротацийн сонгуулийг хав дарж, үмхийрүүлсний үр дүнд шинэ үе, шинэ давалгаа АН-д байхгүй болжээ. Намаа өөрчилж, намаа сайжруулж шинэчилж авахын оронд “Чаддаг юм бол мөргөөд ав л даа” гээд сууж байна. Зуумхай нэг хэсэг нь ингэж зууралдаж байхад, өөрчлөгдөх ёстой, зайгаа тавиад өгье гэх дэвшилтэт хэсэг нь байна. Гэхдээ тэд даанч цөөхөн юм. Баабарын хэлсэнчлэн АН-ын ялагдал шинэ шинэ бололцоо авчирч байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрснөө үгүйсгэхгүй, шинээ хүлээн зөвшөөрч залгамж чанараа хадгалан тэд намаа авч үлдэх ёстой. Шинэ залуу хүмүүс АН-ыг өөрчлөх шинэчлэх тухай ярьж байна. Энэ бол яригдах зүй ёсны асуудал. Өнгөрсөн жилүүдэд тэгэх гэж үзсэн залуус үйлээ үзэж байсныг бид мэднэ. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлт ярьж байгаа залуусын дотор руу өнгийгөөд үзэхэд өнөөх л хуучны хэдийнхээ гар хөл болж яваагүй, жинхэнэ энэ намын төлөө сэтгэлээр зүтгэж байх учиртай. Ардчилалд итгэдэг, дагаад АН-д саналаа өгдөг иргэд олон. АН-ынхан ялсан шиг ялна гэсэн хэмжээгүй их тэнэглэлээрээ пропорциональ агуулсан холимог тогтолцоогоо мажоритор болгоод ялагдсан шиг ялагдсаны цаана ардчилалд саналаа өгсөн ард түмний санал гээгдэж хоцорсон. Тэр саналаа хаа нэгтээгээс олж чадахгүй байгаа хүмүүс ирэх орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиж байгаа. 330 сум, дүүргийн 150-иад иргэдийн төлөөлөгчийг сонгох асуудал дээр тэд гээгдэж хоцорсон саналыг тэнцүүлэхийг оролдож таарна. Цаашлаад АН-ынхныг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ тодруулахдаа алалддаг шигээ алалцаад байлгүй, эртхэн шиг зүг чигээ олсон байгаасай гэж хүсч байгаа юм. Дандаа л хоорондоо толхилцож, муу муухайгаа дуудалцдаг танай намын өрсөлдөгч хэдийнэ тодорчихоод байгаа шүү. Эцэст нь хэлэхэд Монголын ардчилал бол АН-ын өмч биш, ард түмний өмч. Ард түмний ардчилалд итгэдэг итгэл сэтгэл дээр ус цацаж, мөс болгож гулгаж тоглохоо болиорой. АН-д шинэ салхи сэвэлзэх цаг болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АСЕМ”-ын алсдаа ирэх үр шим гэж бий

Сүүлийн хоёр жил бидний ярьсан АСЕМ-ын хурал амжилттай болж өндөрлөлөө. АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг авлаа гэсэн эхний мэдээлэл жаахан гэгээтэй байсан байх түүнээс хойших бүхий л мэдээлэл эдийн засаг хэцүү байхад хурал хийх гэлээ, хурлаа зохион байгуулаад дампуурлаа зарлах уу, гаднаас татваргүй машин оруулж ирээд хэн хожих гээд байна, утга учиргүй зардал гаргасан энэ хурлаа өөрсдөө л хариуцаж хийгээрэй, хурлын үеэр иргэдээ хотоос хөөж гаргах нь гэхчилэн дандаа бүүдгэр, сөрөг мэдээлэл явж эхэлсэн дээ. Хар, сөрөг мэдээлэл нь давамгайлаад эхлэхээр АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэдэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ажлын хэсгийн ахлагч Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамныхан, за тэгээд албаны цөөхөн хэдэн хүний ажил мэт болж үлдсэн гэхэд болно. Дэмжлэг гэхээсээ дандаа эсэргүүцэл дунд зохион байгуулагдсан энэ ажил үнэндээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар сайн зохион байгуулагдаж, дэлхийн төр засгийн тэргүүнүүд сэтгэл хангалуун буцаж байгааг хараад хүмүүсийн ч сэтгэл санаа өөрчлөгдлөө. Энэ хурлыг эх орондоо авчрах эхний алхмыг хийсэн Ерөнхийлөгч, амжилттай ард нь гарч зохион байгуулсан ажлын албаныхан, сайн дурынхан, салбар салбарын албаны хүмүүст талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Энэ үйл ажиллагаа бидэнд нэг бодол санаатай, эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байхын чухлыг эргээд нэг сануулж чадлаа. Монголчууд бид аливаад хүлээцтэй, ухаантай найрсаг улсууд юм. Уурлаж байснаараа бол сүйд болж байхаар байсан. Гэтэл тулаад ирэхээр хэрэндээ л хичээцгээлээ. Хотоос гаргах гэлээ гэж уцаарлаж байсан нөхөд бүгд шахуу урт амралтын өдрүүдээ тааруулаад хөдөө гараад яваад өгчихсөн байх жишээтэй. Сэтгэгдлүүд нь ч эерэг, санаа бодол нь ч таатай харагдана.

АСЕМ-ын хурлыг том зургаар нь авч үзвэл яавчиг Монгол Улсад ашигтай байсан. Хөрөнгө санхүү амаргүй үе таарсан ч Ази, Европын орнуудыг нэгтгэдэг энэ хурлын ач холбогдол өндөр. Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн худалдааны болон ДНБ-ий 60 хувь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарагддаг. Европын 30 улс, Ази тивийн 21 улс, AСЕАН, Европын холбоог гишүүндээ нэгтгэдэг гэж байгаа. 2008 онд манайх элсч орсон атлаа найман жилийн дараа хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Энэ нь Монгол Улсыг үнэлж байгаа хэрэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа байгуулагдсаны 20 жилийн ойн хурал тохиож байна. Гишүүн орнууддаа хоёр жил тутам зохион байгуулагдана гэж үзвэл дараагийн зуунаас нааш бид дахин АСЕМ-ыг зохион байгуулахгүй. АСЕМ-ыг тааруулан төр засгийн тэргүүнүүд төрийн болоод албан, ажлын айлчлалуудыг хийлээ. Хоёр талын уулзалтууд олноор хийгдсэн. Энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн уулзалт гэхэд өглөөний 07:00 цагаас эхэлж дараагийн өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн хэмээж байсан. Шинэдэж, залуудаж, жулдаж байгаа нь анзаарагдсан ч Ерөнхий сайд маань ч завгүй хөлд дарагдав. Монгол Улс АСЕМ-ыг даргалж, хурлыг зохион байгуулж буй улс учраас анхаарлын төвд яах аргагүй байлаа. Тийм ч болохоор жилд авдаг албан болоод төрийн айлчлалуудыг энэ хэдхэн өдөрт хийж, албан уулзалтууд олноороо боллоо. Уулзаж байна гэдэг харилцаа нэг шатаар өгсч, нэг алхмаар хоорондоо ойртож байгаа хэрэг юм. АСЕМ-ын хуралд оролцохоор ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян албан айлчлалын үеэрээ тавь, жар мөн ерээд оны зээлийн үлдэгдэл болох 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн гэдгээ мэдэгдэв. Мөн 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг бүрэн барьж, тохижилттой нь гардуулан өгөхөөр болов. Монгол, Хятад хоёр улсын хувьд хүслээ гээд нэгнээсээ салаад явахын аргагүй мөнхийн хөршүүд. Хятадуудын хувьд хөршүүд нэг нь хожиж бус хамтдаа хожиж хөгжинө гэдгийг байнга онцлох болсон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хөрш маань билээ. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар хоёр тал харилцан визгүй 14 хоног зорчдог байсан нь 30 хоног болж, Мальта улсад дипломат, албан паспорттой иргэд визгүй зорчдог болсныг мэдэгдэв. Вьетнамууд Богд хаан, Чойжин ламын музейг засварлахаа мэдэгдэж, арьс ширний үйлдвэрүүд байгуулах болсноо илэрхийлэв. Польшийн Ерөнхий сайд уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой нэг сая еврогийн зээл олгохоо мэдэгдэж, хаачихсан байсан ЭСЯ-аа нээх болсноо мэдэгдлээ. Мөн энэ айлчлалуудаас анхаарал татсан нэгэн айлчлал нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал байлаа. Японы Ерөнхий сайд нэг улсад гурван удаа айлчлан очиж байсан тохиолдол анхных болж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад ирж байгаа гэдэг нь анхаарал эрхгүй татна. Угтан авах ёслолын үеэр дотно гэгч нь тэврэлдэн уулзсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Шинзо Абэ нар нийтдээ ес дэх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Албан уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсыг бие даасан хөгжилтэй улс болгохын төлөө Япон улс чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Мөн Монголын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр нам хүчин засгийн эрхийг авсан ч хоёр улсын харилцаа урьдын адилаар үргэлжилнэ гэсэн нь манай нөхцөл байдлыг сайн мэддэг түнш гэдгээ баталж байгаа хэрэг. Түүнээс гадна стратегийн иж бүрэн түншлэлийг тогтоосон гүрний хувьд манайд эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулбал зүгээр гэж харж байгаа талаараа нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад зөвлөгөө өгсөн дуулдсан. Өөрийн улс орны онцлогт тохируулсан эдийн засгийн зөв бодлогыг гаргаж, абэномикс гэж нэршил гаргахад хүргэсэн улстөрчийн хувьд Монгол Улс эхлээд ОУБС зэрэг мэргэжлийн санхүүгийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, мөн олон улсад алдагдсан үнэлэмж, итгэл үнэмшлээ эргүүлэн авахад анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм билээ. Өчигдрөөс БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн төрийн айлчлал эхэллээ. Энэ үеэр улс төр, эдийн засгийн арав гаруй гэрээнд үзэглэхээр төлөвлөгджээ.

Дэлхийн томоохон улс гүрний төрийн тэргүүн, төрийн өндөр дээд албан тушаалтны түвшинд зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын үр өгөөжийг цөөн хэдэн албан айлчлалын хүрээнд авч үзэхийн аргагүй. АСЕМ Монголд зохион байгуулагдсаны ач холбогдол улс төр, эдийн засаг, соёлын салбарт тулгын гурван чулуу мэт ирж таарна. Монголын тухай мэдээлэл энэ өдрүүдэд дэлхийн таван тэрбум хүнд очсон гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Францад болсон террорист үйл ажиллагааг буруушаан эмгэнэл илэрхийлснээр эхэлсэн АСЕМ-ын уулзалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд шахам мэдээлсэн. Энэ бол Монголын гадаад сурталчилгааг хийх ихээхэн зардлыг хэмнэж байгаа хэрэг. Ер нь энэ өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Францын хэрэг явдал, Туркт гарсан цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого, Монголд зохиогдсон АСЕМ гэсэн гурван үйл явдалд анхаарлаа хандуулсан.

Улаанбаатарын тунхаглал нэртэй баримт бичгийг АСЕМ 11-ээр баталж, манай нийслэлийн нэртэй албан бичиг дэлхийн баримт бичгийн түүхэнд үлдэж байна. Гадны зочдод сонирхуулсан бэсрэг наадмаараа Монгол гэж чухам ямар үндэстэн гэдгийг харуулж өгч чадлаа. Дэлхий даяаршихын хэрээр үндэстэн онцгойрохын чухлыг нэгэнт ярих болжээ. Үндэсний онцлог маань ийм гэдгийг бид боломжоороо таниулж, тамгалж өгч чадав. Тиймээс ч зочид маань “Монголыг ямар улс гэдгийг бид мэддэг байсан. Харин одоо монгол үндэстэн ямар болохыг ойлголоо” гэж дуу нэг хэлсэн нь үүнийг батална.

Мөн АСЕМ-ыг зохион байгуулсан гэдэг нь бидэнд дараа дараагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлага болж, тэр хэрээрээ ажлууд авах эхлэл болно. Албан аялал жуулчлал гэж том салбарын талаар бид юу ч мэддэггүй. Багагүй мөнгө эргэлдэж байдаг энэ салбарынхны анхаарлыг бид татаж чадвал иргэд нь найрсаг, байгаль нь тансаг, терроризмын аюул заналгүй Монгол Улс таатай сонголт болж таарна. АСЕМ-тай холбогдон ирж байгаа бодит эдийн засгийн ашиг, “бэлэг”-ийн талаар олныг нурших хэрэггүй биз. Улс төрийн талаасаа ач холбогдлыг нь авч үзвэл үлэмж их. Аливаа улс гүрнүүдийн хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, бүс нутагтаа нөлөөллөө бий болгож, хүлээн зөвшөөрүүлнэ гэж томоохон үүрэг байдаг. Хэдийгээр дэлхийн том эзэнт гүрнийг байгуулж явсан гэж бахархдаг ч бодит байдал дээр улс орноо хүлээн зөвшөөрүүлэх том эрмэлзэл бидэнд бий. Энэ эрмэлзэл ямар ч том гүрэнд байж л байдаг зорилго. Тэгвэл АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхацсан хурлыг эх орондоо хүлээн авснаар бид тэднээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж омогших эрхтэй. АСЕМ бол тусгаар тогтнолын асар том үйл ажиллагаа байлаа. Цаашлаад Ази, Европыг холбох зангилаан дээр бид сууж байгаа гэдгээ харуулж, хоёр тивийн улсуудыг холбох коридор нь энд гэдгийг сануулж, хүлээн зөвшөөрүүлж байна. АСЕМ-ын улс орнуудын хэлэлцэх асуудлын мөнхийн сэдэв болж байдаг Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван байдал, Хойд Солонгостой ойлголцох асуудал дээр Монголын санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээр чухал гэдгийг 11 дэх удаагийн энэ хурал давхар баталж, итгүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ мэт АСЕМ-ын үр ашиг, өгөөжийн талаар цөөнгүйг дурдаж болно. Өнөөдөр харагдахгүй ч алсдаа дагуулах үр шим их. АСЕМ-ын үр өгөөж хурал болсон хоёр өдрөөр хязгаарлагдахгүй, алсдаа ирэх үр шимээр хэмжигдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар… (II)

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА –

Түрүүч нь 145(5410) дугаат

Хэв маяг ч өөрчлөгдөж болно. Харин сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг амаргүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албан хаагчид, багш, оюутнуудад уншсан лекцийнхээ үеэр тодорхой хэлж байлаа. Олон улсын хуралдааны төвд болсон уг уулзалтад 2000 гаруй хүн иржээ. Олон улсын худалдааны төв гэж дуулж байснаас хуралдааны төв гэж сонсч байсангүй. Аргагүй л дэглэмийн хүчээр хүмүүсээ барьдаг газар сонсгол лекц хийдэг ийм нэг газар хэрэгтэй байсан биз. Гаднаасаа жигтэйхэн том сүрлэг. Манай хаана ч байхгүй том барилга. Гэхдээ энэ удаад уг газарт Мьянмарын төрийн албаныхан амьдралдаа сонсч байгаагүй үгсийг сонслоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү лекц бол магадгүй бидэнд сонин биш. Яагаад гэвэл бидний мэддэгийг, өөрийнхөө хийж давж ирсэн бүхнээ тэр ярьсан. Харин тэдэнд сонсоод ч төсөөлөмгүйг тэр ярьж байлаа. Ардчилал гэж иргэн бүрийн оролцоог хэлнэ гэж тэр хэлсэн. Ерөнхийлөгчийн өрөө байсан танхимд иргэд цуглаж хууль батлахад саналаа хэлдэг болсон, дарга эрх мэдэлтнүүдийн төлбөр тооцоо шилэн дансны хуулиар хянагддаг болсон тухай, ардчиллын үнэт зүйлийг асран хамгаалах нь нэг далайлтаар биш үргэлжийн мөнхөд хийх ажил, хэрэв иргэдэд эрх чөлөө байвал амархан сурдаг, их зүйлийг хийж бүтээж чаддаг, социалист нийгэмд хүний алдааг уучилдаггүй бол ардчилсан нийгэмд хүн алдаан дээрээ суралцаж урагшилдаг гэж түүний ярьсныг ойлгох хүмүүс цөөхөн байж магадгүй. Гэхдээ тэд муудаа ойлгохгүй байгаа биш ерөөсөө үзэж сонсоогүй юмаа төсөөлөхөд хэцүү байгаагаас тэр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол сэтгэлгээний өөрчлөлт хамгийн удаан явагддаг, хамгийн чухал нь” гэж онцолж хэлээд байсан нь аргагүй юм. Ерөнхийлөгч “Ардчилал гээд явахаар авлига гэдэг асуудал заавал гарч ирдэг. Та бүхэн үүнийг туулан өнгөрөх учраас хэрхэн даван туулахаа урьдаас тооцох хэрэгтэй гэхэд тэнд цугларсан төрийн албаны хүмүүс зөвшөөрөх ёстойгоо эсэргүүцэх үгүйгээ ч мэдэхгүй хажуудах руугаа ч харж чадахгүй урагш гөлрөн суух нь анзаарагдана. Та нар дэмжиж алга ташиж эсвэл эсэргүүцэж үгээ хэлж болно гэсэн нь ч тэднийг гайхашруулав. Үнэхээр улс оронд нь тогтолцоо өөр болсон ч үүндээ дастал сэтгэлгээ өөр болох хугацаа хэрэгтэй ажээ. Асуух асуулт байвал асуугаарай гэж хэдэнтээ сануулсан ч таг. Асуулт тавих зоригтой хүн байна уу гэхэд хоёр залуу асуулт тавьсан. Үнэндээ тийм нийгэмд төрсөн тэд асуулт тавьж чадсаныг нь эр зориг ч гэхээс яах билээ.

Харилцаа холбооны яаманд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан залуу “Та оролцооны талаар ярилаа. Манайд үндэсний цөөнхийн тухайд оролцоо амаргүй байдаг. Танай улсад үндэсний цөөнх хэр олон байдаг вэ. Асуудлыг хэрхэн шийддэг вэ” гэж асуусан бол түүний дэргэд сууж байсан эр “Авлигын асуудлыг хэрхэн яаж хянасан бэ” хэмээн асууж хариултаа авсан. Тэнд цугларсан олон зуун хүн хэдийд алга ташиж болох, сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргах, лекц дууссаны дараа босч болох эсэхээ ч мэдэхгүй тээнэгэлзэн байгаа нь анзаарагдана. Бараг л одоо алга таш, тэг ингэ гэвэл хөдлөөд сурчихсан хүмүүс. Лекцийн төгсгөлд “Одоо та бүхэн чөлөөтэй” гэж Ерөнхийлөгч хэлснээр тэднийг суудлаас нь босгосон билээ. Азийн элгэн дэх ардчиллын өлгий нутгийн төрийн тэргүүний тэдэнд хэлсэн “Та бүхэн чөлөөтэй” гэж хэлсэн нь хурлын танхимаас гарах төдий зөвшөөрөл биш байлаа. Энэ гүрэн, энэ үндэстэн чөлөөтэй гэдгээ мэдрээсэй гэсэн ардчиллын лидерийн хүсэл байв.

Цагтаа их Монгол гүрний дайралтад өртөж явсан мьянмарчууд жинхэнэ шилжилтийн үедээ байна. Намайг багад телевизээр гарч байгаа хүн бүр шилжилтийн үедээ явж байна гэдэг сэн. Тэгэхэд нь яасан ч удаан шилждэг юм бэ гэж бодож байснаа мартдаггүй юм. Тэгэхээр энэ улс гүрний шилжилтийн үе ч багагүй хугацаанд үргэлжлэх биз ээ. Тэдэнд биднээс илүү туулах, биднээс илүү давах олон даваа бий. Наад зах нь энх тайван тэнд тогтож чадаагүй л байна. Аун Сан Су Чи эгчийн хамгийн эхний зорилго бол дайны галыг зогсоож, амар амгаланг тогтоох явдал байгаа болов уу. Мьянмар маш олон үндэстэн ястантай. Хүний эрхийн зөрчил, дотоодын мөргөлдөөн маш их. Бид бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулж, баячууд зэрлэг зугаагаа гаргаж байна гэж шүүмжилдэг бол тэнд цэрэг хүүхдүүдийн асуудал саяхныг болтол яригдсаар ирсэн. Одоо ч тийм амар шийдэгдээгүй болов уу. Хүүхдийг цэрэг болгож зарахдаа 40 ам.доллар эсвэл нэг дайз сум үгүй бол сав будаагаар зарчихдаг гэж байгаа. Дайны гал үнэртсэн хүүхэд насанд хүрсэн цэргээс илүү зэрлэг, хайрлах сэтгэлгүй болж өсдөг гэдэг.

Цагтаа Зүүн өмнөд Азийн хамгийн хөгжилтэй орны тоонд Мьянмар багтаж байлаа. Английн колони байсных бас өөрийн баялагтайг хэлэх үү. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд энэ бааз нутгийг эзлэхээр дайрах үед англичууд ч Мьянмараа бөмбөгдөж эхэлсэн юм. Дэд бүтэц зам юу ч үгүй болтол нь хоёр талаас нь бөмбөгджээ. Харин одоо тэнд зам сайхан тавигдаж. Барилга байшин ч гэж харагдахгүй Нэйпидо хотод юу байна зам байна, нэвсийтэл ургасан ой мод байна. Барилга байгууламж гэж нүдэнд торойх нь үгүй. Дөрвөн давхар орон сууц хаа нэг байх нь төрийн албан хаагчдынх. Гэхдээ эрүүл мэндийн яамныхан ногоон байшинд, хөдөө аж ахуйн яамныхан цэнхэрт сууна гэж ангилсан нь аргагүй л дэглэмт орны илэрхийлэл юм даа. Зэргэлдээ хотууд нь 300-400 км-ийн зайтай. Төрийн албан хаагчид нь дөрөв дэх өдөр гэр рүүгээ явцгааж даваа гаригт эргэж ирдэг гэж дуулсан. Ард түмнээсээ айсандаа 2005 оны арваннэгдүгээр сард гэнэт эрх мэдэлтнүүд нь хулгайгаар шахам нүүн ирж байсан энэ хотод хүүхдийн дуу цангинаж, хүмүүсийн хэлцэх, худалдаа наймаа эрхлэх, мотоциклийн пажигнасан дуу хангинаж байж л ардчилал аажмаар ирж байна гэж бодох байх даа гэж надад санагдаж байлаа. Хүн ч байхгүй, дээшээ биш өргөөшөө нэлийсэн олон тооны зочид буудал, дугуйтай ч хүн явахгүй өргөн замуудыг харахаар амьдрал байхгүй, ардчилал байхгүй мэт санагдаж байсныг нуух юун. Гэхдээ түм түжигнэсэн амьдрал буцалсан олон газар мэдээж бий. Бүхий л бизнес нь генералуудын гарт байх ёстой юм шиг санагддаг тэр сэтгэлгээ арилан одохын цагт ардчилал иржээ гэж тэд бодох биз ээ. Одоогийн байдлаар тэд хүний хөгжлийн индексээр дэлхийн 187 орны 150-д нь яваа юм билээ.

Мьянмарчууд шиг намуун дөлгөөн бас шашинд гүн итгэл бишрэлтэй ард түмэн нэг сэхээрээд ирвэл боссон шиг босох биз ээ. Одоогийн Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгч Тейн Сейнийг манайхан санаж байж болох. Тэр хүн 2015 онд манай улсад ирж байсан. Аун Сан Су Читэй нас чацуу тэрбээр 2007-2011 онд Ерөнхий сайд, 2011-2016 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан. Аун Сан Су Чи 1989-1995, 2000-2002, 2003-2010 онуудад гэрийн хорионд байсан гэхээр эрхэм Тейн Сейнийг эрх мэдэлтэй байх үед хоригдож байсан гэсэн үг. Армийн генерал тэрбээр Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө маргаашаас сүмд шавилан суух болсон нь үнэндээ дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Тэрбээр үлдэж буй амьдралаа сахил хүртэн, буяны мөр хөөж амьдрахаар шийджээ. Насаараа цэргийн хүчээр бүхнийг шийдэж явсан энэ хүн насны бөгсөнд буян хийж явахыг эрхэмлэх болж. Бас л сонин шийдвэр шүү. Мьянмар гэж үнэт эрдэнийн чулуунд нүд сохорч, хар тамхины цэцгэнд мансуурч, цагаан будааны тариаланд зүдэрч, бурхны суварганы тоонд гэгээрэм тийм нэгэн сонин улс юм. Гэхдээ тэнд ардчиллын бэлгэ тэмдэг болсон эмэгтэйтэй ардчилал мэдэхгүй ард түмэн их шилжилтийнхээ гарам дээр зогсч байна. Маргад эрдэнийн орны ард түмэндээ амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар…

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийгээд ирлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарны түүхийг үзсэн ч тэгтэл ойртон дотноссон нь үгүй. Үнэндээ асуудал нь Мьянмар улс өөрөө дэлхийн улс орнуудаас тасархай, зожиг явсаар ирсэнтэй нь холбоотой юм. Олон жил цэргийн дэглэмтэй явсан болохоор дэлхийн улс гүрнүүдэд нээлттэй байсан нь үгүй. Багадаа бирм ардын үлгэрүүд гэж уншдаг байсан сүүлд гэрийн хорионд байсан улс төрийн хоригдол Аун Сан Су Чигийн дуулианаас өөрийг бид бага сонссон нь аргагүй юм даа.

Бидний мэдэх Бирм буюу Мьянмар улс шилжилтийн жинхэнэ торгон үе дээрээ явна. Тийм ч учраас тэдэнд социалист тогтолцооноос ардчилсан зах зээлт улс болж чадсан Монголын туршлага ихээхэн хэрэгтэй биз ээ. Олон жилийн турш нэг хэв маягаар явж ирсэн хүмүүс тэр сэтгэлгээнээсээ суллагдана гэдэг хамгийн амаргүй байдаг. Бид ч тийм замналыг тойроод биш туулаад гарсан хүмүүсийн хувьд гадарлаж л байгаа. Эрх чөлөөтэй болсноо мэдрэх гэж цаг алдана, хэт чөлөөтэй болохоороо даваадуулж даварна. Нэг зөв голдрилдоо орох гэж тун амаргүй дээ. Мьянмаруудын хувьд шилжилтийн үеэ туулах, тэгээд ардчилсан улс орон болох гэж тун урт зам байна даа гэж эрхгүй бодсон билээ. Тэр тусмаа цэргийн дэглэмт орноос шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд анх удаа энэ оронд төрийн айлчлал хийж байсан. Харин энэ удаагийн ажлын айлчлалаар нийслэл Нэйпидо хотод хүрэлцэн ирсэн юм.

Нэйпидо нь хаадын хот гэсэн утгатай. Хаадын энэ хотод хүн амьтны барааг олж харахад тун бэрх бололтой юм. Уг нь 54-55 сая хүн амтай энэ улсад хүн гэж багширч баймаар. Гэвч Нэйпидод замаар мотоцикль дээр сундалдсан хоёр хүн, замын хажууд цэцэрлэгжүүлэлт хийж байгаа хоёр, гурван хүнийг харахаараа баяр болж байсан нь тэднийгээ энгийн ард түмэн гэж ойлгож байсных л даа. Бусад бидэнтэй таарсан хүмүүс албан ажилтнууд учраас бараг хүний тооноос хасчихсан гэх үү дээ. Нэйпидо бол 2005 оноос Мьянмарын албан ёсны нийслэл хот болсон, 2002 оноос цэргийнхний хүчээр байгуулсан хот юм. Ерөнхийдөө цэргийн дэглэмт улс орны эрх баригчид ард түмнээсээ зугтаж өөрсдөдөө бариулсан цайз гээд ойлгочиход болно. Уг хот 4800 кв.км газар нутгийг эзлэн орших бөгөөд америкчууд манай Манхатенээс 78 дахин том гэж уурсан бичсэн нь бий. Гэхдээ уурлаж гайхашрах гол шалтгаан нь тэр хот нэг л хиймэл, амьдрал өрнөхгүй байгаад болов уу. Энэ хотод байх Ерөнхийлөгчийн ордон руу явахад 20 эгнээ замаар явж очно гээд бод доо. Онгоц буулгахад зориулж хийсэн том зам гэх. Гэхдээ тэр зам дээр бидний яваа цуваанаас өөр ямар ч автомашин явахгүй нь гунигтай. Бид АСЕМ болохоор яана даа, энэ зам гацаа болоод баларна даа гэж зовж байгаа бол санаа зовоох машин тэрэггүй зам байна гэдэг бүр ч эмгэнэлтэй юм билээ. Цэргийн эрх мэдэлтнүүд хэзээ нэгэн цагт ард түмэн босоод ирвэл гэж болгоомжлон тэрхүү ордноо байгуулсан нь харваас илт. Эртний цайзууд шиг хэдэн давхар далан түүний дээрх төмөр гүүрийг давж байж ордонд хүрнэ. Асуудал босоход тэр далан усаар дүүрч, төмөр гүүр нь дэлбэрдэг эсвэл эвхэгддэг байхаар хийсэн бололтой. Нейпидо хот 24 цагийн цахилгаантай байдаг энэ улсын цорын ганц хот гэнэ. Ерөнхийлөгчийн өргөө 100 өрөөтэй гэгддэг. Баруунд энэ ордныг бирм дээвэртэй, сталинч маягийн барилга гэдэг юм билээ. Ерөнхийдөө асар их эрх мэдлийг дагалддаг тансаг хэрэглээ тэндээс харагдана. Энэ ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяутай албан ёсны хэлэлцээ хийж, соёлын салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгч Тин Чяу бол 1946 оны хүн. Цагтаа Япон, АНУ-д боловсрол эзэмшиж, хатагтай Аун Сан Су Чигийн ойрын хүн байсан юм билээ. Түүнийг хоригдож баригдаж явахад өмнөөс нь гаднах ажлуудыг нь амжуулж явсан нэгэн гэгддэг. Тиймээс түүнд Ерөнхийлөгчийн албыг хаших боломж ирсэн ч байж болох юм. Мөн түүнтэй уулзсаны дараа манай Ерөнхийлөгч хатагтай Аун Сан Су Читэй уулзсан. Цаг эргэж, төр өөрчлөгдсөнөөр цэргийн эрх дархтнуудын эсрэг гэрт хоригдож байгаагаараа л тэмцэж байсан эрхэм хатагтай эрх мэдэлтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дөрөвдүгээр сард Төрийн зөвлөхөөр томилогдон ажиллах болжээ. Төрийн зөвлөх гэсэн алба бол ерөнхийдөө манайхаар Ерөнхий сайд гэсэн үг. Тэгэхээр их дайны дараахь нам гүм мэт тэгсэн мөртлөө буцалсан их ажлыг гардан хийх хүн энэ эмэгтэй болсон гэсэн үг. Манай Ерөнхийлөгчид бараалхахаар зөөлөн, зөөлөн алхлах түүнийг харахад яавч дал гарсан мэт харагдахгүй. Эрх мэдлийг аваад өөртөө итгэлтэй ч болсон мэт, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж ялж чадсанаараа залуу ч болсон мэт. Ойр ойрхон гишгэлсээр тэгсэн атлаа донжтой биеэ хаялсаар явж өнгөрсөн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар эртний танилууд. Түүнийг гэрийн хорионд байхад төв Азийн элгэн дэх нэгэн ардчилсан улсын Ерөнхийлөгч бусад улсын тэргүүнүүдэд хандан уриалга гаргаж, суллуулахыг, цэргийн эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлэхийг уриалж байсныг тэр мартдаггүй байж болох юм. Дараа нь олон удаагийн уулзалтууд дээр тэр хоёр элгэмсэг тэврэлдэн уулзалддаг байсан. Харин энэ удаад өөрчлөх гээд хүсээд байсан улсынхаа толгойг мэдэж, эрх мэдлийг авсныхаа дараа тэд уулзаж байна. Энэхүү уулзалтын маргааш хатагтай Аун Сан Су Чи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зоог барьсан бөгөөд анх удаа гэртээ гадны төрийн тэргүүнийг урьсан нь манай улсын Ерөнхийлөгч болж түүхийн хуудаснаа бичигджээ. Энэ нь олон жил хаалттай байсан тус улс бусад улс гүрнүүдэд нээлттэй болохын нэгэн том эхлэл болсон биз ээ. Ерөнхийдөө ойрын үед нээлттэй Мьянмарт ирэх гадны зочид ихсэх болжээ. Аун Сан Су Чи олон жил ардчиллын төлөө тэмцсэн. Гэхдээ тэр жагсаал хийж, цуглаан удирдаж байгаагүй. Зүгээр л гэрээсээ гарахгүйгээр, хоригдож байснаараа тэмцэж буйгаа харуулж байлаа. Нутаг руугаа ирвэл хоригдоно гэдгээ мэдсээр байж ирснээрээ тэр тэмцэгч гэгдэж, Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ. Английн колониос гарч, тусгаар улсаа дөнгөж тогтоож ядаж байсан тэр үед нь цэргийн эрхтэн дархтнууд дэглэмээ тогтоосон. Аавыг нь сайдуудынх нь хамт хурлын танхимд буудаж хороогоод цэргийн хүчээр авсан тэр засаглалыг унагахын төлөө тэр дуугүй хоригдож тэмцэж байлаа. Харин одоо түүнд хүссэн эрх мэдэл нь иржээ. Мориноосоо буугаад төрийг эмхлэх амаргүй гэдгийг мэдэрсэн он жилүүд 71 настай энэ эмэгтэйд тулгараад байгаа нь түүний харцнаас анзаарагдах шиг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд бизнес форумаас гадна “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялгийн сайд нарын олон улсын семинарт оролцсон юм. Монгол, Мьянмар, Киргиз гээд уул уурхайн ашигт малтмал ихтэй түүнийгээ хэрхэн зөв ашиглах талаар толгой гашилгаж байгаа, асуудал адилтай орнуудын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Монгол Улс бол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэвч энэ баялгийг зөв зохистой олборлож, менежмэнт хийнэ гэдэг бидний хувьд том сорилт болоод байна. Энэ салбарт бид чамгүй туршлага хуримтлуулж, алдаж оносон нь ч бий. Монголын эдийн засаг өсөлт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан удаатай. Тухайн үед Монголын төсөв эрс нэмэгдэж, тэр хэмжээгээр зардал ч өссөн. Гэвч Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан нь манай орны өсөлт хөгжилд ч нөлөөллөө. Үүнээс хойш бид чамгүй бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрчээ. Ингээд бид байгалийн баялгаа зөв зохистой ашигласан Норвеги тэргүүтэй улс орны туршлага, шийдлийг судалсан. Энэ салбарт бид бусад улс орны туршлага судалж, баялгийн сан байгуулах, улс төрийн манлайлал гаргах гэх мэт ажил чухал болохыг ойлгосон. Байгалийн баялгаас ашиг ихээр орж ирэх үед Монголын улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө амалж, хөрөнгийг их хэмжээгээр зарцуулснаас бид хатуу сургамж авсан. Уул уурхайн ашиг орлогын зарцуулалтыг оновчтой болгохоос гадна сайн засгийг хөгжүүлэх, авлигыг бууруулахгүй бол баялгийн зөв зохистой менежмэнт хийхэд бэрх юм гэдгийг бид мөн ойлгосон. Ингээд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн, авлигын эсрэг хуулийг чангатгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, хуулийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн юм. Бид чухам ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх болов? Хэрэв улс орон, ард иргэдийнхээ амьдралыг амгалан тайван байлгая гэвэл илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх нь Монголд зөвхөн төр засгийн биш бүх нийтийн хийх ажил болоод байна. Аливаа улс оронд аюул занал гаднаас биш дотроос нүүрлэдэг. Хөрөнгө мөнгө ихтэй дээрээс муу засаглал, менежмэнттэй бол бэрхшээл учирна. Монголчууд бид бусдад зааж сургах хүсэлгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сайн сургамж, туршлага бий. Монголын ардчиллыг хэрхэн хөгжүүлсэн, улс орноо хэрхэн нээлттэй ил тод болгосон, иргэний оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад бид чухам ямар саад бэрхшээлтэй тулгарснаа бид бусадтай хуваалцахыг эрмэлзэнэ” хэмээлээ. Мьянмар бол ашигт малтмалын асар их нөөцтэй орон. Гайхалтай эрдэнэсийн чулуунууд рубин, сафир, очир алмаз энд элбэг. Бараг л чулуу болгон нь үнэт чулуу байдаг гэхэд хилсдэхгүй газар нутагт мьянмарчууд амьдарч байна. Маргад эрдэнийн орон гэсэн үг. Гэхдээ тэд дэлхий ертөнцөөс хаалттай байж ирсэн учраас өөрсдөө ашгаа олохоос илүү хөрш зэргэлдээ тайландчуудад олз болдог байв. Тэднээс хямдхан аваад цааш үнэт чулууны хэргийг гаргаж худалдах нь элбэг гэдэг. Мөн хүний эрх, хөдөлмөр мөлжих явдал газар авснаар дэлхийн томоохон брэндүүд эндээс рубин чулуу авахаас татгалзах болсон. Бас энэхүү газар нутагт дэлхийн цагаан будааны дийлэнхийг тариалдаг. Цагаан будаатай зэрэгцээд хар тамхи тариална. Дэлхийн хар тамхины зах зээлд 25 хувь орчмыг нь нийлүүлдэг улс эднийх. Олон улсад хаалттай байх шалтаг шалтгаан нь ч энэ байсан байх. Одоо 2015 оны сонгуулийн үр дүнд хатагтай Аун Сан Су Чигийн нам парламентын хоёр танхимд ялалт байгуулснаар эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуцлагдаж эхэлжээ. Тэгэхээр бирмчүүдийн явж ирсэн арга зам ч өөрчлөгдөж таарах болов уу.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Бүдүүлэг жолооч нараас нь халшраад таксинд суухаас дөлдөг боллоо

Таксинд суухаас халширдаг боллоо. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед таксины жолоочид хэл амаа сугалуулж, үзэл бодлыг нь сонсч, өөрийнхийгөө хэлэх гэж бөөн түвэг болж байна. Ороод суунгуут ёс мэт “Хаана ажилладаг хүн бэ” гэнэ. Худлаа хэлэлтэй биш, сэтгүүлч гэнгүүт явж өгнө дөө. Угаасаа сэтгүүлч биш байсан ч хамаагүй зорчигчоосоо элдвийг шалгааж бас өөрийн үзэл бодлоо тулгахыг ажлынхаа нэг хэсэг гэж боддог хүмүүс шиг байдаг, таксины жолооч нар. Тамхи татаж, утаа суунаглуулсан таксинд суугаад явж байхдаа үйлчилгээ авч байгаа биш гуйж дайгдсан мэт л санана. Угаасаа сум хооронд жолоо мушгиж, замын дайврын хүмүүс авч чалчиж сурсан нөхөд хотод ирж таксины жолооч болдог болоод ч тэр юм уу.

За тэгээд, эрчүүд болсон хойно хоёрдугаар сувгаар ярихгүй л бол болдоггүй гээд ойлгочихсон мэт. Арван зургаан нас ч хүрээгүй цэцэг цэврүү шиг охидыг суухад утасны цэнэг дуусчихлаа нэг залгаад өгье гэж өөр рүүгээ залгаад дугаарыг нь мэдчихээд араас нь эргүүлдээд эхэлнэ. Ерөөсөө ёс зүй, хариуцлага огт байхгүй. Таксинд юмаа орхиж буух энүүхэнд. Тэгвэл түүнийгээ нохойн замаар орсон гэж бодохоос аргагүй. Манайд нийтийн тээврийн үйлчилгээний стандарт гэж алга. Тэгэхээр яаж хөгжихөв дээ. Такси компаниуд нь хатуу стандарттай болоод ирвэл дагаад энэ салбарт ажиллаж байгаа хувийн машины жолооч нар ч юм бодоод эхэлнэ. Австралид гэхэд таксины жолооч нарын ёс зүйн код гэж зүйл бий. Үнэнч, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, үйлчлүүлэгч нартаа түвэг удалгүй, баталгаатай, хурдан хүрэх газарт нь хүргэж өгнө гэх мэтээр ёс зүйн код нь үргэлжилнэ. Харин манайд эсрэгээрээ. Ерөөсөө жолооч нарын бүдүүлэг зангаас болж таксинд суухаас залхаж оронд нь алхах юм уу гүйчихийг илүүд үзэх боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн алтан аргамжааг бат болгох үүднээс хариуцлага тооцож сургах хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ДУМ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хууль санаачилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж, олны чихийг дэлдийлгэсэн. Үнэхээр манайх шиг газарт байж баймаар хууль юм гэж олзуурхах хүмүүс ч байна. Яг махчилбал “Сэлгүүцсэн депутатыг эгүүлэн татах хууль” хэмээх энэ хуулийг өнгөрсөн сарын 22-нд өргөн бариад 26-ны өдөр баталжээ. Энэхүү хуулийг “Шударга Орос” намын лидер Сергей Миронов санаачилж, В.Путин ихээхэн дэмжсэнээр ДУМ-аар гэрлийн хурдаар шийдэгдэж, энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжих болсон юм. С.Мироновын хувьд хурлын дарга байхдаа Монголд хэдэнтээ ирж манай сонины “Мироновын мяраалт” нийтлэлийн эзэн болж байсан өнөө Сергей Миронов шүү дээ. Мэдээж, ДУМ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж, тэдэнтэй хариуцлага тооцох талаар ярьж байгаа учраас гишүүдэд тэр бүр таатай байгаагүй л байх. Тийм ч учраас С.Мироновыг В.Путинг дагаж гүйлээ, тал татлаа гэсэн шүүмжлэл нэлээд явсан юм билээ. Тэр талаас нь аваад үзвэл энэ хуулийг В.Путины санаачилгаар С.Миронов санаачилсан байж ч магадгүй. Юутай ч энэ хууль батлагдаж, хойд хөршид маань хэрэгжиж эхлээд байна. Угаасаа В.Путины зүгээс явуулж байгаа хуулийг эсэргүүцвэл нэг бол шоронд нөгөө бол гадаадад гарахаас аргагүй хэмээх хүмүүс байдаг.

Тийм айдас байсных уу, эсвэл ажлаа тасалдаг, ажлаасаа хоцордог, дур зоргоороо сэлгүүцдэг гишүүдэд хариуцлага тооцох цаг болсон гэж үзсэнийх үү юутай ч уг хууль хэрэгжээд явж байна. Гадагшаа гараад алга болсон гэх Илья Пономарев, Алексей Митрофанов нарын гишүүд анхны шийтгүүлэгсэд болж магадгүй байна. Уг хуулиар жилийн турш 30 өдөр ажил тасалсан гишүүд, хоцорсон цаг нь мөн 30 хоногтой тэнцэхүйц гишүүдийг эгүүлэн татдаг болж байгаа юм. Тэгэхээр гишүүн болохоороо бүрэн эрхтэй болсон мэт дээгүүр дэвдэг хүмүүст энэ яах аргагүй хэрэгтэй хууль болж таарна. Манайд бол бүр ч хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь “Уг нь хоцорч болохгүй. Гэхдээ би хоцордог юм” гэж хэлээд хошин шогийн тоглолтын сэдэв хүртэл болж байсан улс шүү дээ. Үнэнийг хэлэхэд манайд хариуцлагын хууль зайлшгүй хэрэгтэй байна. Илүү өргөн хүрээнд ч байх хэрэгтэй.

Ирц ч гэсэн ажлын нэг хэсэг юм. Ёстой л таны өмнөөс үхэхэд бэлэн гэх шахуу болж амлаж гарчихаад ажлаа хийдэггүй хүмүүс зөндөө. Тийм хүмүүс үе үеийн парламентад байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн үед гишүүдийн ирцийг ил болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд түгээдэг болсон. Түүнд нь УИХ-ын гишүүдийн дургүй гэдэг жигтэйхэн, тамгын газрын ажилтнуудыг ирц ил болголоо гээд хяргачихаа шахдаг байсан гэдэг. Зарим нэг нь хэвлэлийн албаныханд хандаж, “Та нар үүнийгээ тараахаа байчих л даа. Ээж харчихаад ажлаа хийхгүй юу хийж явдаг юм гэж загнаад байх юм” гээд учирлаж суусан гэдэг. Сонгогчдоосоо үгүй гэхэд ээжээсээ айж байгаа нь яамай даа. Энэ парламентад УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн ирц дээр хатуу байр суурьтай байгаа. Хуралдаа ирэхгүй, хоцорч байгаа гишүүдийг нэр цохон дуудаж, ирцийг олон нийтэд ил болгодог. Гэхдээ гишүүдэд ирцийг олон нийтэд зарлах төдийгөөр арга хэмжээ авах хангалтгүй л дээ. Манайх шиг төлөөллийн парламенттай газар олон түмнээ төлөөлөөд УИХ-д суусан хүмүүстэй хариуцлагыг нарийн чанд ярихаас өөр газаргүй. УИХ-ын гишүүдтэй цалин хасна, цалингийн хувиар тооцно гэдэг инээдэмтэй хариуцлага. Ямар хүүхдийн тоглоом биш дээ. Нөгөө “Японы Ерөнхий сайд “Манай иргэд сарын 3000 ам.долларын цалинтай. 2000 ам.доллараа бүхий л зардалдаа зарцуулаад үлдсэн 1000-аа яадгийг бид мэдэхгүй гэхэд Монголын Ерөнхий сайд “Манай иргэд сарын 600 ам.долларын зардалтай. Цалин нь 300 ам.доллар. Үлдсэн 300-гаа яаж олдгийг бид мэдэхгүй” гэдэг онигоо шиг гишүүдийн хувьд цалин нь хэрэглээнийх нь хувьд юу ч биш. Цалингаараа амьдардаг гишүүн ч гэж юу байхав.

Тийм мэдээжийн зүйл дээр хариуцлага ярина гэхээр утгагүй учраас тэдний хамгийн их айдаг гишүүн байхаа больчихно гэдэг дээр нь хариуцлага яривал ажлаа сайн хийх байх даа. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдээд байж байгаа. Уг хуулийн төсөлд зааснаар сахилга, улс төр, ёс суртахууны хариуцлага ногдуулах бөгөөд өөрт нь ганцаарчилж, эсвэл олон нийтэд нээлттэй зарлах сахилгын хариуцлага гэж бий. Мөн Үндсэн хууль зөрчсөн бол албан тушаалаас нь огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хязгаарлах, хууль, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн албан тушаалаас огцруулж, эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хязгаарлах тухай яригдаж буй. Харин ёс суртахууны хариуцлагад уучлал гуйж эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах талаар заасан байгаа. Манайд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь үйлдэл дээрээ баригдахгүй л бол хариуцлага тооцох хууль үгүй.

Харин төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдог жишиг бол олон улсад шинэ зүйл биш. Хойд хөршид батлагдсан шинэхэн хуулийн талаар дээр дурдсан. Урд хөршид ч Төрийн албаны сахилгын тухай хууль гэж бий. Мөн хариуцлага алдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх заалттай. Тэгэхээр энэ бол байх ёстой жишиг хариуцлагын тухай хууль. Харин өөрсдөд нь хариуцлага тооцох энэ хуулийг гишүүд уужим ухаан гаргаж, төрийн хүний цэгц бодлогоороо батлах нь чухал юм. Үүнийг мэдээж, шинэ парламентын гишүүд баталж чадахгүй. Харин энэ парламентын гишүүд баталж, ирэх парламентад хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Угаасаа янз бүрийн хуулиуд үлдсэн алийг нь гэж батлах нь ойлгомжгүй байгаа тохиолдолд үүнийг л “чулуу” болгож чадвал сонгуулийн өмнө өөрсдөд нь ч хэрэгтэй л дээ. Уг нь улс оронд, ард түмэнд хэрэгтэй юм. Гэхдээ заримдаа сонгогчдод их таалагдана даа гэвэл үгэнд орох ч тохиолдол бий. Мэдээж, бүх гишүүдийг нь хэлсэнгүй. Зарим нэг нь гэлээ. Аль ч утгаараа ойлгосон бай, хариуцлага хүлээж, хүлээлгэж сурах зарчим бидэнд хэрэгтэй учраас төрийн алтан аргамжааг илүү бат бөх байлгах үүднээс төр түшиж байгаа улсууд нэгийг бодох буй заа.

Categories
мэдээ цаг-үе

Жон Белл: Mонгол харилцагчид шинэ технологиор амьсгалж, шинэ үйлчилгээг хүлээж байдаг хүмүүс юм

ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Беллтэй ярилцлаа. Банк санхүүгийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ албанд томилогдсон юм.

-Юуны өмнө Монголын үндэсний хэмжээний томоохон банк болох ХААН банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон танд баяр хүргэе. Ярилцлагаа энэ албанд томилогдсон сэтгэгдлийг тань хуваалцсанаар эхэлбэл ямар вэ?

-Би өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албаа хүлээж аваад байна. Монголд ирээд ХААН банкинд ажиллах болсон маань надад үнэхээр сонирхолтой бас сайхан байна. Миний хувьд бас нэгэн шинэ туршлага болж байна. Монголын банкны салбарын нөхцөл байдал ч миний сонирхлыг ихээр татаж байгааг хэлэх хэрэгтэй. ХААН банкны хувьд бүх орц найрлага, хөрс суурь нь бүрдсэн байгууллага. Маш том салбар нэгжийн сүлжээ, хүчирхэг дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад олон улсын стандартууд, шинэ дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэгэнт нэвтрүүлжээ. Бас банкаа цаашид улам бүр өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, банкныхаа үйл ажиллагаанд ихээр анхаардаг чадварлаг боловсон хүчин, итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчид, Төлөөлөн Удирдах зөвлөл байна. Нэгэнт ийм сайхан орц найрлага нь байхад зөв тохируулж, тааруулах л хэрэгтэй. Зөв тааруулж, амталж чадвал банк маань хөгжлийн өндөр түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж харж байна. ХААН банк маань өөрөө иргэдийн банк. Миний хувьд 25 жилийн турш банкны салбарт тэр дундаа иргэдийн банкинд ажиллаж байсан туршлагаа ашиглах сайхан боломж гарч байна гэж бодож байна даа.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай орны банк санхүүгийн салбарын талаар ямар төсөөлөлтэй байв, ирээд харахад төсөөлж байснаас тань хэр өөр санагдаж байна?

– Үнэнийг хэлэхэд ХААН банкнаас надтай холбогдож, ажиллах санал тавихаас өмнө Монгол улс, Монголын банкны салбарын талаар төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Жил гаруйн өмнөөс л Монголын талаар судалж эхэлсэн гэхэд болно. Миний хувьд Төв Европын орнуудад ажиллаж байсан болохоор тэндэхийн банк санхүүгийн салбарыг мэддэг, харин Ази тив тэр дундаа Монголын талаар мэдэхгүй байсан. Би Монголд ирээд арав орчим сар болох гэж байна. Тэгэхээр ирснээсээ хойш төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцах нь зөв болов уу.

Монголд ажиллах нь Зүүн Европын орнуудад ажиллаж байснаас маань юугаараа ялгаатай байна вэ гээд асуувал юуны түрүүнд ижил төстэй зүйлс байна аа. Тэс ондоо нь ч байна. Төстэй зүйл гэвэл Банкны тухай хууль тэр дундаа арилжааны банкны хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд нь нэлээд ойролцоо. Магадгүй хуучин ЗХУ-ынхтай ижил төстэй зохицуулалт аль алинд нь ажиглагдаж байна. Энэ нь эргээд надад ажиллахад дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл үндсэн хоёр ялгаа ажиглагдлаа. Нэгдүгээрт банкны бизнесийн загвар нь өөр байна. Монголын банкуудын хувьд бүхий л харилцагчийн түвшинд хүрч үйлчилдэг. Маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байна. Ер нь маш өргөн хүрээнд, олон талбарт үйл ажиллагаа явуулдаг харагдсан. Зөвхөн томоохон хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн бүх харилцагч нартаа хүрч үйлчилдэг. Миний ажиллаж байсан газарт хотын төв хэсэг, төв сууриндаа голчлон анхаарахаас орон нутаг руу нэг их анхаараад байдаггүй. Гэтэл манай ХААН банкны хувьд орон нутгийн бизнес үндсэн бизнесийнх нь тодорхой хувийг эзэлж байх жишээтэй. Тэгэхээр ХААН банкны бизнесийн үйл ажиллагааны загвар нь маш сонирхолтой юм. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа малчин ард иргэдэд хүрч үйлчилж, тэдний амьдралын эд эс, нэгээхэн хэсэг болж чадсан нь надад үнэхээр бахархам санагдаж байна. Шинэ Гүйцэтгэх захирлын хувьд тэр чиглэлд анхаарч ажиллаж, ажил өрнөх тусмаа сонирхол эрхгүй татаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Хоёр дахь том ялгаа нь бол манай харилцагчид. Манай харилцагчид банкны шинэлэг үйлчилгээг соргогоор хүлээн авч өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихдаа маш хурдан байгаа нь анзаарагдаж байна. Харин Зүүн Европын орны хүмүүс нэлээд хуучинсаг. АТМ-ны функцүүдийг яаж ашигладаг талаар тэр бүр сонирхохгүй, интернэт банк ухаалаг банкийг ашиглахдаа удаан хойрго ханддаг. Болж өгвөл хуучин тооцооны төвүүдээрээ очихыг эрмэлздэг. Төв Европын банкууд иргэдээ энэ талд татан оролцуулахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг бол Монголд хэрэглэгчид нь банкуудаасаа шинэ технологийг сайн хүлээн байдаг нь тод анзаарагдлаа. Жинхэнэ шинэ технологиор амьсгалж байдаг гэхэд болно. Шинэ үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд дорхноо эзэмшчихдэг хүмүүс юм байна.

-ХААН банкны хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэдэг нь таны анхаарлыг татаж байна гэлээ. Таны өмнө ажиллаж байсан орнуудад орон нутгийн харилцагчид руу чиглэсэн үйлчилгээ бага байсан нь юутай холбоотой юм бол?

-Би Польш, Чех, Румынд ажиллаж байлаа. Миний ажиллаж байсан “Citibank”, “ABN AMRO” банкууд дээрх Төв Европын орнуудад салбараа нээн ажиллуулж байсан. Мэдээж, тэр орнуудад хөдөө аж ахуйн салбар, малчин тариаланчид байлгүй яахав. Ерөнхийдөө миний ажиллаж байсан банкууд маань төвлөрсөн газартаа илүү анхаарал өгдөг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн улсуудын үндэсний банкууд нь хөдөө орон нутгийн хүмүүстээ түлхүү үйлчлээд явдаг байсан. Одоо эргээд бодоход, ХААН банкны үйлчилгээтэй харьцуулахад үндэстэн дамнасан банкуудын үйлчилгээ нь ч гэсэн дутмаг юм байна шүү гэж бодогдож байна. ХААН банк орон нутгийн харилцагчдадаа тулж хүрч чаддаг яах аргагүй Монгол даяар тархсан хамгийн том сүлжээ юм даа.

-Та манайхтай адил хуучин социалист гэгдэх орнуудад яг шилжилтийн үед нь ажиллаж байжээ. Тэс өөр системээс нөгөө рүү шилжихэд банкны салбарт ямар асуудал гардаг вэ. Таныхаар Монгол улс тэр үеийг яаж давж чадсан шиг танд санагдсан бэ?

-Миний хувьд Монголын талаар нарийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан бүрдүүлж чадаагүй учраас яг ийм, тийм учиртай гэж шууд харьцуулан хэлэхэд хүндрэлтэй байгаа ч өөрийн судалж мэдсэн мэдээллээс л харахад шилжилтийн үеэ амжилттай давжээ гэж бодож байна. Банкны салбарт социалист системийн үеэс үлдсэн бул хар чулуу хүнд суртал энэ салбарт алга байна. Өмнө нь миний ажиллаж байсан Европын орнуудын хувьд төрийн өмчит банк, төрийн өмчит байгууллагыг хувьчлагдах үед олон улсын байгууллагууд, олон улсын банкуудтай өрсөлдөх үед бэрхшээл учирч байгаа нь харагддаг байсан. Тухайн үед олон улсын банкууд аль хэдийнээ зах зээлд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн өрсөлдөөн их, өндөр түвшинд хүрчихсэн учраас дөнгөж хувьчлагдсан банкуудад хэцүү байсан байх. Дөнгөж хувьчлагдсан банкууд хөл дээрээ зогссон газруудтай өрсөлдөж, тэдний хэмжээнд хүрэхийн тулд амаргүй байсан л даа. Харин Монгол улсад өнөөдрийн байдлаар олон тооны төрийн өмчит банк алга. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн нь харагдаж байна. Тэр ч утгаараа олон улсын стандарт, банкны системийн стандарт нэлээд өндөр түвшинд тогтож чаджээ гэж харж сууна. Жишээлбэл, манай банкны хувьд илүү сайжруулах зүйлс байхад аль хэдийнэ олон улсын түвшинд хүрчихсэн зүйлүүд ч бас байна.. Манай тооцооны төвүүд, эсвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нээсэн манай Экспресс банкны төвүүдээр нэг ороод үзээрэй. Дэлхийн ямар ч оронд байхуйц тооцооны төвүүд, экспресс банкны төв ажиллаж байна. Тэгэхээр Монголчууд технологийн хувьд ч, дотоод дизайн заслын хувьд ч олон улсын түвшинд хүрч чаджээ.

Тэгэхээр Монголын банкууд олон улсын банкуудын хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болох уу? Эсвэл хийх зүйлс их байна уу?

– Яг үнэнийг хэлэхэд миний хувьд өмнө нь олон улсын банк орж ирээгүй байгаа зах зээл дээр ажиллаж үзээгүй л дээ. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд өрсөлдөөн байх ёстой. Харин ХААН банк нь өнөөдөр Монголд байгаагаасаа илүү нөлөө бүхий зах зээлийн тоглогч байх боломжийг олж харсан учраас ирсэн юм. Миний зорилго бол ХААН банкийг БНХАУ, АНУ ер нь дэлхийн аль ч банктай өрсөлдөхүйц, тэдний том өрсөлдөгч банк болгохын төлөө эрмэлзэж ажиллаж болно. Би өрсөлдөөнөөс айхгүй байна.

-Таны ажиллаж байсан орнуудаас шилжилтийн үедээ банк санхүүгийн салбартаа зоримог шинэчлэл, зөв алхам хийж байсан орон гэвэл аль вэ?

-Монгол Улсад ирэхээс өмнө ажиллаж байсан орнуудын жишээнээс авч үзвэл хамгийн сонирхолтой нь Польш улс юм даа. Польш эдийн засгийн хувьчлалыг маш эрчимтэй хийж чадсан орон. 1990-ээд онд Сангийн сайд нь аль болох төрийн өмчийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь эргээд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгоно гэж үзсэн. Өрсөлдөөн нь эдийн засгаа дэмжээд ирнэ гэсэн үндэслэлээр хувьчлалыг эрчимтэй хийсэн нь үр дүнгээ өгсөн. Манай банкны хувьд, ер нь банк санхүүгийн салбарт хувьчлал бол тэгтэл нөлөөлөөгүй ч тус улсын хувьд эдийн засаг нь маш эрчимтэй тэлж байсан. Гадны хөрөнгө оруулалтууд маш ихээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулагчдыг татахад тэд их анхаарсан. Польш АНУ-тай гэхэд худалдааны маш сайн харилцаатай, тэгээд Польшийн Засгийн газар шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ хөрөнгө оруулалтыг авчрахад маш эерэг ханддаг дэмждэг байсан. ЗХУ-ын системийн орнуудаас Польш хувьчлалыг хамгийн түрүүнд хийсэн нь бас 40 гаруй сая хүн амтай, хэрэглэгчдийн тоо өндөр нь тэдэнд их боломж авчирсан.

-Танай ХААН банк гадны захирлуудтай эртнээс хамтарч ажилласан. Өмнө нь америк хүн дараа нь таны өмнө япон захирал байлаа. Дорнын арга барил зөрөлдөх үе гарч байна уу. Олон үндэстний ажиллах хэв маяг өөр, өөр байна уу гэж асууж байна л даа…

-Би өмнөх захиралтай удаан ажиллаж чадсангүй, хэдхэн сар л ажиллалаа. Като захирал өмнө нь Европ, Ойрхи Дорнодод ажиллаж байсан туршлагатай банкир учраас олон улсын удирдлагын зарчимтай гэж хэлж болно. Миний хувьд Өрнө, Дорнын ялгаа гэлтгүй ХААН банкны чадварлаг хамт олонтой ажиллахад амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай банкны ажилтнууд маш нээлттэй, хөдөлмөрч, ажилдаа хичээл зүтгэлтэй хүмүүс юм.

– Танай банк бол Монголд хамгийн олон салбартай, хамгийн ихээр тархсан банк. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүрч үйлчилдэг банкны олон салбартай байхад ажиллагаа ихтэй юу?. Ер нь манай нөхцөлд банк ямар чиглэлд ажиллавал зүгээр гэж бодож байна вэ?

-Би ирсэн цагаасаа хойш ажигласан, цаашдын хэдэн жилдээ ХААН банкны хувьд юун дээр анхаарч, юуг илүү сайжруулах талаар бодож төлөвлөж байгаагаа хуваалцая. Мэдээж нэн тэргүүнд харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа. Ингэснээр эргээд манай банкинд маш том боломж гарч ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ загвар хэрэгжүүлэхэд ирэх нэг жилийг онцгой ач холбогдол өгч ажиллана. Дараагийн зорилт маань эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бизнесээ үр дүнтэйгээр нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээх явдал. Эдийн засаг хэдийгээр хүнд байгаа боловч бизнесийн өсөлтөө гаргах зорилтоо тавиад явж таарна. Гэхдээ бизнест өсөлт гаргана гэдэг нь бүх талбарт биш. Заримд нь болгоомжтой хандаж, нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийнэ зарим зүйл дээр нь нэлээд идэвхтэй ажиллана гэсэн үг л дээ. Бас нэг анхаарах зүйл бол боловсон хүчнээ хөгжүүлж, боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх явдал. Банкныхаа олон мянган чадварлаг ажилтнууд дотроос ирээдүйд энэ банкийг удирдаад явах, ирээдүйн хөгжлийг дагуулах боловсон хүчнүүдийг олж илрүүлж, тэднийгээ улам чадваржуулах ажлыг хийх болно. Үүнд зориулсан тусгай хөтөлбөр бодлого ч байгаа. Энд яригдаж байгаа бүхэн бидэнд чухал. Бүгдэд нь эн тэнцүү ач холбогдол өгч, хөгжүүлэх ёстой.

-ХААН банкны харилцагчид ямар ч банкныхаас олон байдаг. Магадгүй энэ бүхэн нэг талаасаа амжилтын баталгаа ч нөгөө талдаа үйлчлүүлэгчид бухимддаг байсан. Харин Экспресс банк үйлчилгээ нэвтэрснээр тэр бухимдал алга болсон. Үүнд танай хамт олонд талархал илэрхийлэхээс аргагүй. Энэ хэзээнээс эхэлсэн төсөл вэ? Таныг ирсний дараа эхэлсэн төсөл үү?

-Намайг ирэхээс өмнө дэвшилтэд технологид суурилсан банкны үйлчилгээг харилцагчдад хялбар, шуурхай хүргэх Экспресс банкны төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байсныг хэлэх хэрэгтэй. ХААН банкны салбар нэгжүүд их дараалалтай, ачаалалтай байдаг асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд миний өмнөх удирдлагын багийнхан ярьцгааж, ямар арга шийдэл байж болохыг судлаад Экспресс банкийг нэвтрүүлэх болсон юм билээ. Энэ бол маш сайн стратеги байсан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Бид үүнийг улам бэхжүүлж, улам сайжруулахад ажиллах болно. Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий. Тэгэхээр хамгийн гол нь харилцагчдадаа тэр сувгуудыг хэрхэн яаж таниулж, хэрэглүүлж сургах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Бид нэгэнт бүх боломжийг нь зах зээлд нэвтрүүлчихлээ, одоо харилцагчид маань үүнийг хэрэглэж сурах нь чухал байна. Гуравхан минутын гүйлгээ хийлгэх гэж банкинд 30 минут хүлээгээд суугаад байж болохгүй учраас бид харилцагчдаа өөрөө өөртөө үйлчлэх Экспресс банкийг ашиглаж хэвшихэд ихээхэн анхаарч байна.

-Тэгэхээр тэр зорилтын чинь нэг хэсэг болж, “Амьдралдаа их, банкинд бага хугацаа зарцуулъя” гэж уриалж, цахим банкаа тогтмол ашигласан хэрэглэгчдээс азтан шалгаруулж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Цахим аяныхаа хүрээнд цахим банкны үйлчилгээ ямар давуу талтай болохыг таниулж, энэ аянаа зохион байгуулж байна. Тооцооны төвд очихоор ажиллаж байгаа газрыг нь хайна, авто зогсоол хайна. Арайхийн нэг зогсоол олоод тавьдаг тэгээд хүлээх болдог. Харин цахим банкаар үйлчлүүлбэл энэ цаг хугацаагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой гэдгийг бид хэлээд байгаа юм. Одоогоос 10-15 жилийн өмнөх банкны үйлчилгээг харилцагчдад хүргэж байсан хэлбэр өнөөдөр тэс өөр болсон. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар банкны салбар хувьсан өөрчлөгдөж байна. Шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник технологитой бид ч, харилцагч нар маань ч хөл нийлүүлж алхах ёстой.

-Манайхан эдийн засгийн үед маш амжилттай, их хэмжээний хөрөнгө оруулалт орж байсан үеийн талаар та дуулсан л байх. Гэхдээ тэр үед бид ямар ч хуримтлал үүсгэж чадаагүй. Төр улс нь ч, ард иргэд нь ч . Иргэд гэхэд л маш олон тэрбумыг смарт утас, лед телевиз, үнэтэй машинд үрсэн байх жишээтэй. Ер нь мөнгө орж ирсэн үед яах ёстой байдаг юм бэ. Мөнгөгүй үед бас ямар сахилга батыг анхаарах хэрэгтэй вэ. Би таныг банк санхүүгийн салбарын хүн учраас сонирхон асууж байна л даа…

-Үүнд нэг талаасаа банкны байгууллагуудын үүрэг, оролцоо байх ёстой л доо. Банкууд зөвхөн шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдаж явах тал дээр зөвлөгөө өгдөг байх ёстой юм. Европын болон, АНУ-ын банкуудын хувьд зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулдаг биш. Харин харилцагч нартаа зөвлөгөө өгдөг, зааж зөвлөдөг болж өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, RBS банкинд харилцагч нарт зориулсан нэг тусгай хөтөлбөр байдаг байлаа. Энэ нь харилцагчид өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар зөвлөгөө өгдөг тусгайлсан үйлчилгээ л дээ. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч гэсэн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж ирэх үед хүмүүс илүү их мөнгө орж ирэх юм шиг санаад хэтэрхий үрэлгэн хандаж эхэлдэг. Илүү зүйлд мөнгө зарцуулж, худалдан авалт хийдэг. Яг тэр үед банкууд нь харилцагч нартайгаа уулзаад их орлого олж байгаагийнхаа хажуугаар хадгалах талаар зөвлөх ёстой юм. Ирээдүйн санхүүгээ хэрхэн хангах тал дээр нь харилцан ярилцах мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байх хэрэгтэй. ХААН Банкны хувьд харилцагчдаа хадгаламжтай болохыг нилээд хэдэн жилийн өмнөөс уриалж иржээ. Жишээлбэл сар бүрийн орлогоосоо тодорхой дүнгээр орлогоо хуримтлуулдаг “Хуримтлалын үйлчилгээ” гэх мэт олон бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд хуримтлалтай болоход нь үр дүнгээ өгсөөр байна. Мөн бид зээлийн эдийн засагч болон Бизнес Инкубатор төвөөрөө дамжуулан санхүүгийн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй сургалт явуулсаар ирсэн. Цаашид зээлийн эдийн засагч маань илүү зөвлөгч талаасаа ажиллаж, ирээдүйн хэрэгцээг тань хангахын тулд ингэмээр байна, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг одооноос ингэж зохицуулах хэрэгтэй гэж нарийн хэлдэг болно. Энэ бол яах аргагүй банкны хийх ажил.

– Сүүлийн үед иргэд нилээдгүй орлогоосоо хуримтлал үүсгэдэг болж банкууд ч бас хуримтлалын ашиг тусыг нилээдгүй сурталчилах болжээ. Олон улсын банкууд анх хуримтлалын үйлчилгээг хэзээнээс санал болгож эхэлсэн юм бэ? Манай банкууд үүнтэй хэр хурдан мөр зэрэгцэж байна гэж та боддог вэ?

-Түрүүнд жишээ авсан RBS банкны түүх л дээ. Энэ бол Их Британийн банк. 2008 оны эдийн засгийн хямралын дарааагаас дээрх үйлчилгээг гаргаж ирсэн юм. 2008-2009 онд яг энэ хөтөлбөрийг гаргаж байхад би Их Британид очиж, энэ үйлчилгээний талаар сонирхон анзаарч байлаа. Хямралаас өмнө бас л хуримтлалын үйлчилгээг санаагүй л байсан. Олон улсын банкны хувьд ингэж байсан гэхээр Монголын банкууд харин ч олон улсын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлнэ.

Таны хувь хүний онцлог, ажлын арга барил нь сонирхол татаж байна. Тухайлбал таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

– Би ажлаа эрт эхлүүлэх дуртай эртэч нэгэн. Миний ажлын өдөр өглөө 07:30 эхэлдэг. Би имэйл харилцаанаас илүүтэйгээр хүмүүстэйгээ нүүр тулан үулзаж, ажлыг их бага гэлтгүй ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, хэмжих дуртай хүн. Мөн ажилтнууддаа шинэ санаа, санаачлага байгаа бол дуртай үедээ надад хандаж нээлттэй хэлээрэй, мөн санаачлагатай ажиллаж, ажлаа үргэлж яавал илүү сайн хийх вэ гэдгийг бодож тунгааж байгаарай гэж зөвлөдөг. Харин ажлаас гадуур чөлөөт цагаараа би ууланд авирах дуртай. Урин дулаан цагт бол гольф тоглох дуртай. Эдгээр спортоос би маш их эрч хүчийг авдаг даа.

-Та Монголд ирээд хэр дасч байна даа. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Мэдээж, миний Монголд ирэх шалтгаан бол ХААН банк байсан. Үнэндээ өмнө нь Монгол орны талаар сайн мэддэггүй байлаа. Манай гэр бүл ах дүүс маань АНУ болон дэлхий даяар тархан амьдарч байна. Аав, ээж маань намайг Монголд ирснээс хойш Монгол орны талаар сонирхон судалж байгаа. Нэг өдөр энд ирж үзэж таарах байхаа. Ээж маань Монгол орны ахуй соёл, зан заншил тэр дундаа анч бүргэдийг илүүтэй сонирхож байгаа, харин аав маань загасчлах дуртай. Надад Монгол орны хүн ард, үзэсгэлэнт байгаль, ёс заншил таалагдаж байгаа шиг гэр бүлийнхэнд маань ч гэсэн Монгол орон таалагдана гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.