Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо


УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Сүүлийн үед ар араасаа гарч байгаа баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад олон сар, жилээр хорьдог байдал хэрээс хэтэрсэн талаар хүмүүс ярьж байгаа. Олны дунд яригдаж байгаа энэ сэдвийг та УИХ-ын түвшинд ха­риуцлагатайгаар мэдэгдлээ. Та ямар учраас энэ талаар Хүний эрхийн дэд хороон дээр хөндөхөд хүрэв?
-Хүний эрхийн дэд хороогоор манайд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, тэр дундаа хорих байранд цагдан хоригдож байх хугацаандаа иргэдийн амьд явах эрх зөрчигдөж байгаа асуудлыг ХЭҮК-ийн дарга, гишүүд болон ШШГЕГ-ын хариуцлагатай ажилтнуудыг оролцуулан хэлэлцсэн юм. Нөгөө талаар УИХ-ын түвшинд хууль, шүүхийн шинэчлэл авчрах томоохон суурь хуулиудыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодитойгоор хүлээн зөвшөөрч,  үүнийг засч залруулах арга замаа хууль эрх зүйн шинэчлэлтэйгээ холбох ёстой. Бид ерэн онд хувьсгал хийж, иргэдээ айдас дор барьдаг байсан НАХЯ-ыг, хуучин нийгмийн тогтолцоог татан буулгасан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төр, иргэн хоёр тэгш эрхтэй байхаар хуульчилсан юм. Гэтэл өнөөдөр хуу­лийн байгууллагад төр нь иргэнийхээ дээр гэсэн хандлага хэвээрээ байгаад байна. Энэ нь ялангуяа эрүүгийн хууль, байцаан шийт­гэх ажиллагаан дээр тод илэрдэг. Хүнийг эрүүдэн шүүнэ, эрүүдэн байцаана гэсэн ойлголт нэрнээсээ авахуулаад хэвээрээ. Одоо мөрдөж байгаа сталинч системээр бол хэрэгт шалгаж байгаа хүнээс мэдүүлэг авах, хэргийг хүлээлгэх гэсэн хоёрхон зүйлээр бүх амьдралыг нь шийддэг.
Сайндаа ч хүмүүсийг хориод байгаа юм биш мэдүүлэг авахын тулд л хорьдог. Тэгээд хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Тухайн шаардлагатай үед төр нь цаг үе хөгжил, хөдөлгөөний явцад үүсч байна уу, ямар нэг захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгаад өгдөг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Бид 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн. Гэтэл хорин жилийн дараа яг хуучны НАХЯ шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон байж байна. Би ерэн оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манлайлж явсан хүний хувьд, амиа ч алдсан хамаагүй тэр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж зүтгэж явсныхаа хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хараад үнэхээр халширч байна.  Ялангуяа сүүлийн үед “Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчирч байна, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дахиж нэг бодох цаг иржээ” гэж бодох боллоо. Бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн. Үнэндээ бид хариуцлагаа ухамсарлаж, үүргээ ойлгож баймааж баяр болгон тэмдэглэх ёстой гэж боддог. Одоо нийгэм нэг л айдастай түгшүүртэй, цочирдмоор болчихоод байгаа нь нууц биш. Хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд хэрэгт холбож, байцааж байгаа сэдэв, хэв маяг нь үнэхээр гайхаш төрүүлмээр болсон байна. Гэхдээ бид ийм байдлыг өөрчилнө. Өөрчлөхөөс аргагүй. Ард түмнийнхээ мандатаар сонгогдож, тэднийхээ захиалгаар хуулийг хэлэлцэж хийдэг бид тийм боломжийг ч олгохгүй. Төр, иргэн эрх тэгш байх ёстой. Энэ нийгмийг  бий болгочихоод эргээд иргэнийхээ дээр байдаг хуулийн салбартай болж болохгүй.
-Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхилоо. Хууль цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж болох ч хүний аминаас илүү үнэтэй хэрэг гэж юу байх билээ…
-Хорих байгууллагад болсон эмгэнэлтэй явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг харахад арай л дэндүү байна. Салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу,  маргааш нь шүүх хурал нь болж байх жишээтэй. Би тэнд хүн шоронд амиа алдлаа. Яаж хүний амь эрсдэхгүй, хүний эрх зөрчигдөхгүй байлгах вэ гэж асуухад албаны хүмүүс хариулахдаа талийгаач өглөө нь ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ гэж хариулж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Олон сараар хоригдсон хүн ах дүүсээ хараад баярлахгүй яадаг юм. Тэдний асуудалд хандаж байгаагаас үзэхэд ойлголтын, философийн асар их зөрүү харагдаад байгаа юм. Ийм байж болохгүй л дээ. Хүн зүгээр байж байгаад үхнэ гэж байхгүй. Цаг дээрээ хүний амь ямар бөх билээ. Манай нэг УИХ-ын гишүүн надад “Би талийгаачтай хамт  ажиллаж байсан, гэмгүй найз явсан. Ажил явдал дээр нь очмоор л байна. Даанч хардагдчих юм болов уу” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хүн ийм айдастай байхаар жирийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Би үнэхээр цочирдсон.
-Та бас хэвтрийн хү­нийг дуудаж авчруулаад бай­цаасан талаар ярьж байсан…
-Тийм ээ. Миний танилд тохиолдсон хэрэг болохоор би хэлж байгаа юм. Утасдаад ир гэхэд нь өвчтэй байгаагаа хэлэхэд заавал ир гэсэн байгаа юм. Тэгээд дөрвөн давхар руу жолооч, хүүгээрээ түшүүлээд гарсан байна лээ. Гэтэл тэдний өгч байгаа тайлбар нь манай мөрдөх алба хоёрдугаар давхарт байдаг гэж байгаа юм. Би давхрын тухайд маргах гээгүй юм шүү дээ, уг нь. Шалгах явцдаа тэр хүн нь өвчтэй байвал ирээд асууж тодруулж болдоггүй юм уу. Тэр бүх зардлыг нь тооцоод цалин мөнгө, унаа тэрэгнийх нь зардлыг өгч байгаа шүү дээ. Хүнээ боддог байвал яасан юм. Одоо тэр хүн дуудсан ч очих тэнхэлгүй, дамнуурга дээр л очих болчихоод байгаа. Хүнийг хардаж, сэрдэж болно. Битгий шалга гэж байгаа юм биш. Гэмт хэргийг хаацайл ч гэж байгаа юм биш шүү. Хүнээ боддог, хүний эрхийг дээдэлдэг байгаасай, бас ялгавартай хандахгүй байгаасай гэж хүсч байна. Юу ч байхгүй байхад юм гаргах гээд ухаад байдаг, эсвэл гэм хийсэн нь ил байхад шалгадаггүй хуучин үеийнх шиг зүйлүүд бий болчихлоо.
Та хурал дээр Бямбын Ринчингийн талаар жишээ бас дурдаж байсан…
-Тэр үед “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж сонины нүүр дүүрэн материал нийтлэгдээд, дараахнаас нь түүнийг нийгмээрээ түүнийг гадуурхаж эхэлсэн. Тухайн үед оршуулган дээр нь хүртэл шавь нар нь айгаад очиж чадахгүй байсан гэдэг. Тэр үед салах ёс хийхээр очсон миний аав хүртэл шалгагдсан. Нийгэмд айдас бий болчихоор хүмүүс хүртэл хөдөлж чадахаа байчихдаг. Өнөөдөр яг ийм технологи үйлчлээд эхэлчихлээ. Эхлээд тухайн хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруутай мэтээр бичиж, хүмүүсийг үүндээ итгүүлж үнэмшүүлнэ, нийгэмд хор шаар болгоно. Нэгэнт ин­гээд нийгэмдээ хог шаар болчихсон хүн шоронд цагдан хоригдоно уу, тэндээ нас барна уу хэн ч сонирхохгүй болно. Ийм байдлаар хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халддаг болоод байна.
-Одоо тэр үеийнх шиг болчихсон юм биш үү?
-Харин тэгсэн байгаа биз дээ. Ийм эмгэнэлтэй байж болохгүй л дээ. Ийм ч байлгахгүй. Дуугүй байх байсан бол бид яах гэж тэр үед хувьсгал хийсэн юм. Яах гэж үхнэ гэж явсан юм. Амьд үлдсэнээрээ өнөөдрийн ийм бусармаг байдалтай эвлэрэх юм уу. Яахав намайг баахан гүтгэж, хэрэг үүсгэх гэж оролдоно биз. Аль юмнаас айж явдаг юм.
-Сүүлийн үед АТГ-ыг гурван үсэгтэй газар гээд хүмүүс нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Тухайн үед УИХ-ын гишүүд Авлигатай тэмцдэг газартай болохгүй л бол болохгүй нь гээд байгуулсан биз дээ. Өнөөдөр иргэнээсээ эхлээд их хурлын гишүүд нь хүртэл айдаг болчихсоны учир нь юу вэ?
-Авлигатай тэмцэх газар байгуулахаар хуулийг санаачлагчдын дотор миний нэр байдаг юм. Тэр үед УИХ-д байхдаа С.Оюун, Р.Бадамдамдин, Батж.Батбаяр, С.Төмөр гишүүн бид хэд гадны орнуудын туршлага судалж, Монголд ийм байгууллага л байх хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байлаа. Нийгэмд байгаа авлигыг ил болгодог, муу муухайг нь ойлгуулдаг, авлига авсан хүнийг олон нийтэд ил болгож, хор уршгийг нь дэлгэдэг байгууллагатай болохоор зорьж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг нэг хүнийг буруутгаж, гэр бүлээр нь, үр хүүхдээр нь барьж хорьдог тийм аппарат болгоно чинээ бодож төлөвлөөгүй юм шүү. Уг нь авлигатай тэмцэх газрыг, авлигач хүмүүсийг нийтэд ил болгож зарлахад олон нийт тэднийг шахаанд оруулж, шийтгэлийг нийгэм нь өгч байх ёстой. Гэвч хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо. Энэ бол бидний бодож санаж байсан байгууллага биш. Гэхдээ АТГ бол УИХ-ын өөрийнх нь байгууллага. Тиймээс алдаагаа засаад явж таарна. Эднийг ингэж авирлаж болохоор хууль тогтоомжийг нь хийгээд өгчихсөн учраас УИХ-ын буруу ч байгаа. Мөрддөг, барьдаг, байцаадаг, хүнийг шоронд суулгадаг том эрх мэдлийг өгчихсөн учраас өнөөдрийн энэ байгууллага яг тийм л байгаа хэрэг. Ингэхээр хүнлэг энэрэнгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцооны маань үндсэн зарчим алдагдчихаад байна. Үүнийг бид засах ёстой.
-УИХ алдаагаа залруулах байх гэж та хэлж байна. Юу хийх вэ?
-Юуны өмнө хууль тогтоом­жиндоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бас хүний эрхийг баталгаажуулах хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулиа гаргах хэрэгтэй. Процессоо тодорхой болгох хэрэгтэй.
Байцааж шийтгэж, тамладаг, иргэнээ тагнадаг, чагнадаг  хуучин нийгмээсээ салахгүй зууралдаад аваад явж байгаа тэр бүхнийг өөрчлөх цаг болсон.
-Прокурорын дэргэд байсан мөрдөх албыг АТГ-ын мэдэлд аваачсан. Ингэснээрээ шүүх, цагдаагийн байгууллагынхан энэ газраасаа хараат боллоо гэсэн яриа ч гадуур байгаа…
-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаасаа хойш хоёр салбарт их консерватив хандсан нь боловсролын бо­лоод хуулийн салбар. Сөнөөгөөд шинээр эхлэх биш зөв голдрилоор аажимдаа амьдралын туршлагаар өөрчилнө гэж үзсэн. Хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн. Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л шоронд хийгээд л сүүлдээ амь насаа алдсан шүү дээ. Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгье гэсэн. Тэгж байс­наа прокурорыг бас л болохгүй байна, эрх баригчдын гар хөл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлига юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан. Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэчихээд байна шүү дээ. Цаад үндэс суурь тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол тагнаж чагнаж, шалгаж бүхний дээр байх эрх мэдэл нь нэг газарт төвлөрөөд байвал бас л болохгүй юм байна. Нийгэмд гэмт хэрэг бага гарч, хууль мөрдөгдөж байх ёстой. Харин энэ бүхний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Хуулийн шинэчлэл үүнд чиглэгдэж бай­гаа гэж ойлгож байгаа. Яригдаж байгаа хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй. Үүний тулд Хууль зүйн байнгын хороо ачаалал авч ажиллах цаг болсон. Хууль шүүхийн шинэтгэлийн хуулиудыг баталж чадвал өнөөгийн УИХ-ын түүхэн гавьяа нь энэ болж үлдэнэ шүү.
-Сөрөг хүчний зүгээс биднийг шалгаж байна, хэлмэгдүүлж байна гэж ярих нь бий л дээ. Харин таны харьяалагддаг нам эрх барьж байгаа энэ үед та ингэж хэлж байна гэхээр асуудал арай өөр төвшинд хүрснийг илтгэж байх шиг. Эсвэл таны ойр орчмын олон хүнийг байцааж шалгаж байгаагаас та бухимдаад байгаа юм уу?
-Энэ нь надад, миний эргэн тойронд мэдрэгдээд ингээд байгаа юм биш. Нийгэмд нэлэнхүйдээ мэдрэгдэж байгаа учраас гаргаж тавихаас аргагүй болсон байна. Намайг бол сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна. Үүнд ерөөсөө эмзэглэдэггүй. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа хүнийг сайн ч шалгаж байх ёстой, шалгуулах ч хэрэгтэй. Нэг нам гарахаар нөгөөхөө илүү шалгадаг, өөрийн нам гарахаар арай бага шалгадаг байж магадгүй. Заримдаа өөрийн намынхан эрх барьж байхад илүү ширүүсдэг ч тал бий. Би хувьдаа шалгуулахаас айж эмээх асуудал алга. Албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа юм байхгүй.
-Хэн нэгэн хүнийг баривч­лахынхаа өмнө хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлзүйг бэлддэг. Дараа барив­чилдаг болсон байна гэж та хэллээ. Үнэхээр ийм болчихоод байгаа юм уу?
Хэн нэгэн хүнийг буруутгах болбол хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлгээг бэлддэг. Үүний дараа тэр хүнийг хэдэн жил сараар хорьж байсан ч хамаагүй болж эхэлдэг. Энэ бол тоталитар нийгмийн сэтгэлгээ юм л даа. Үнэндээ хэрэг хийсэн хүн тун цөөхөн байдаг юм. Хэрэг хийсэн хүн явж, явж айдаггүй. Хэргээ нуухыг л боддог. Харин ихэнх хүн хэрэг хийгээгүй атлаа нэр хүндийг нь гутаахаас хамгийн их айдаг. Нэгэнт тэр хүнийг хэрэг хийсэн гээд зарлаад гутаачихсан хойно бол хэрэг үйлдсэн тэр хүмүүстэй л адил байр суурин дээр очно. Нийгэмдээ шахагдана. Хэрэг хийгээгүй атлаа хийсэн юм шиг л буруутан болж байна. Энэ нь хүний хамгийн нандин зүйл нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Хуучин цагт дуртай хүнээ, дуртай хэргээрээ буруутгадаг байсан болохоор хүмүүс ийм нийгмийн эсрэг боссон юм шүү дээ. Хэрэв нам төрөөс “ардын дайсан” гээд зарласан л бол тэр хүний амьдрал хэдэн үеэрээ дуусдаг байлаа. Үр хүүхэд нь сургуульд сурах эрхгүй, удмаараа дайсны үр сад гэсэн нэр зүүж явдаг байлаа.  Албан тушаалтныг шалгаж болно оо. Хэрэв буруутай нь тогтоогдсон бол шийтгээд нотолж чадахгүй бол буруугүйг нь зарлаад явах хэрэгтэй. Гэтэл найман сараар, хоёр жилээр хорьчихоод хэргээ нотолж чадахгүй үргэлжлүүлээд хориод байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нотолж чадахгүй атлаа өөрөө хэрэг хүлээтэл нь хорьчихдог. Сүүлдээ хүмүүс залхаад ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ч байдаг. Өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш өөрсдөө нотолдог байх ёстой. Хэргээ өөрөө хүлээсэн ч хуулийн байгууллага тэрийг нь нотолж чаддаг жишиг байх хэрэгтэй. Гэтэл манайд яасан нь ч мэдэгдэхгүй нэг хүнийг нийгмийн хог шавхруу болгож, шавартай нь хутгаад хаядаг. Үнэндээ тэр хоригдож суухаас илүү нэр хүндээ алдана гэдэг аймаар хэрэг шүү дээ. Хүнээ авч үлдэх, хүний нийгмээ авч үлдэх нь чухал юм бол бид үүнийг л мөрдөх цаг болсон.
-Хэрэг нь нотлогдохгүй баахан хоригдож байгаад гарсан хүмүүс “За суллагдсан нь их юм” гээд л үлдэх болж. Уг нь төрөөс нөхөн төлбөр авах ёстой биз дээ?
-Уг нь тийм. Гэхдээ хүмүүс гарсандаа баярлаад л үлдэж байна. Энэ маш буруу. Хэрэг хийснийг нь нотолж чадаагүй хорьсон байцаагчид тухайн хүний зовлон шаналалд нь дүйцэхүйц хариуцлага оногдуулах хэрэгтэй. Дахиж хэзээ ч хүнийг хилсдүүлж алдаа гаргахгүй болтол нь. Үүний нөгөө талд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдал, нийгмийн халамж, цалин мөнгөнд нь төр гар татаж болохгүй. Төрийн нэрийн өмнөөс авсан эрх мэдлээ буруу ашиглах бус Үндсэн хуулинд заасанчлан хүнлэг энэрэнгүй байхыг шаардах ёстой.
-Сүүлийн үед АТГ нь хүнийг шалгаж баривчилдаг биш соён гэгээрүүлэх ажлаа хийж байвал зүйтэй. Үгүй бол УИХ энэ байгууллагаа татан буулгавал таарна гэсэн яриа гараад байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Бидний энэ нийгмийн гол үзэл санаа тэр шүү дээ. Жишээ нь, арван хүнийг  гэмт хэрэгт сэжиглэж шалгалаа гэхэд тэр дунд гэм буруугүй хоёр хүн байлаа гэж бодьё. Тэгвэл давын өмнө тэр гэмгүй хоёр хүний гэм буруугүйг тогтоож, эрх ашгийг нь хамгаалах л чухал. Гэтэл өнөөдрийн энэ байгаа хэлбэр нь биш байна аа гэдэг дээр хүмүүс саналаа хэлж байна. Гэхдээ яавал илүү сайн болох вэ гэдгийг ярилцаж, нийгмийн зөвшилцөл хийж байж шийдэх асуудал. Ямар ч байсан гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцдэг бас айдас хүйдэсгүй тийм нийгэм л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан орон гаран хүн шиг болчихжээ

МАН-ынхны хийж байгаа улс төрийн акцууд тааварлахын аргагүй болжээ. Үзмэрч, мэргэндээ таах гээд байгаа юм биш. Ерөөсөө энгийн ойлголт, логик дараалалгүй гэнэтийн  шийдвэрүүд нь гайхаш төрүүлэх боллоо. Уг нь улс төрийн тулхтай хүчин, манайдаа институц болтлоо төлөвшсөн намын байгууллага гэж ойлгодог байлаа. Өөрсдөө тэгж сурталчлан, давуу талаа дөвийлгөдөг байсан. Гэвч тэдний гаргаж байгаа хийдэл, үзүүлж байгаа байдал нь нэг  л биш ээ.
Эдийн засгийн байдал нэгэнт амаргүй болсныг тэнд суугаа 76, энд байгаа бүгд л ярьцгаах болсон. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын турш эдийн засгаа тогтворжуулна, идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж ирээд УИХ хуралдсан биш бил үү. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр сөрөг хүчин болох МАН өөрийн саналаа тусгамаар байна гэсэн. Үүнийг нь нөгөө хэд нь хүлээж аваад төсөлдөө багтааж байгаа харагдсан. Бүр хоёр талаас ажлын хэсэг хамтран байгуулж ирээд энэхүү төлөвлөгөөгөө баталсан шүү дээ. Нээрээ ч эдийн засгийн хямралтай үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль талаасаа нийлээд ингэж байгаа нь яамай даа гэж бодогдсон.
Энэхүү эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тал талаасаа санал нэгдэн батлаад хэдхэн хонож байтал МАН-ынхан тэс өөр юм яриад ороод ирлээ. Төслөө батлаад яг долоо л хонолоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр 100 хоногт юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулаад  дөнгөж дуусаад гадны хүмүүстэй уулзалт хийж байхад нь сөрөг хүчний намын дарга М.Энхболд бараа бологчдоо баахан хэвлэлийнхэнтэй дагуулаад өрөөнд нь дайраад орлоо.  Шаардлага гардуулна гээд байсан болохоор нь Ерөнхий сайд уулзалтаасаа аргагүй эрхэнд завсарлага авсан юм уу даа.  Үнэндээ оруул гэсэн саналуудыг нь оруулж, хоёр  талаасаа ажлын хэсэг байгуулж нэг шийдэлд хүрч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраараа “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нь сайн болсон” гэдэг урмын гэмээр үг хэлүүлээд байсан болохоор нь юун шаардлага гэж бодсон биз.
Гэтэл арав хоногийн дотор асуудал шийдэхгүй бол огцруулна шүү гэдэг шаардлага  хүргүүлж байх юм. 100 хоногийн дараа л хариуцлага ярина гээд байсан хүмүүс чинь юун арав хоног яриад унав аа.  Уг нь эрх баригчид нь ажлаа эзэнжүүлэх юм болоод, сөрөг хүчин нь ард түмний өмнөөс хяналт тавих юм болоод байсан. Хэд ч хонолгүй өмнөхөөсөө өөр юм бариад ороод ирэхийг нь харвал энэ МАН чинь яачихав аа гэж халагламаар. Хэлсэн ярьснаасаа буцаад л, ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг орон гаран амьтан  гэдэгсэн. Намыг юу гэмээр ч юм бэ дээ.
МАН-ынхны сүүлийн үед гаргах болсон авир аашийг нь харвал орон гаран байтугай гаран, гаран болчихсон гэмээр байна. Гурван сар хэлэлцэж ард нь гарчихаад, үүнийгээ эхний шатанд ажил хэрэг болгож,  эдийн засгаа идэвхжүүлнэ гэчихээд арван хоногийн дотор тэс хөндлөн юм яриад, шаардаад байгаа нь ганц энэ явдал ч бус сүүлийн үед МАН-ынхны үйлдлүүд нэг л биш ээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлын үед “АН-ынхан өөрийнхөө гишүүдийг оруулж ирж тангараг өргүүлэх гэж байна” гэцгээн МАН-ынхан буйдантай суулт гэдгийг түүхэнд анх удаа Төрийн ордонд хийсэн дээ. Тэгж сөрж байснаас нь харвал Өвөрхангайгаас энэ парламентад төлөөлөл орж ирэх ёсгүй, эсвэл МАН-ын хоёр л төлөөлж суухаар байсан юм шиг аашилж байлаа. Гэвч АН-ын хоёр нөхрийг тангаргаа өргөх үед МАН-ын гишүүд элгэндээ гараа наагаад л Төрийн дууллыг дагаад дуулж байсан шүү дээ. Нэг өдөр хэлж байснаа таг мартаад, маргааш нь өөрийг яриад зогсч байдаг нь энэ намынхны онцлог болжээ.
Одоо ам.долларын ханш өссөн гээд Засгийн газартай өглөө бүр хэрүүл хийж суух юм. Тэгж яривал долларын ханшийн өсөлтийг хариуцах газар нь Монголбанк. Монголбанкны удирдлагыг томилдог, эднийхийг мэдэх ганц газар гэвэл УИХ шүү дээ. Тэгвэл УИХ долларын өсөлтөд хариуцлага хүлээх газар юм байна. Харин УИХ-ын бараг тэн хагас нь МАН-ынхан. Тэгэхээр тэд олон түмнийг төөрөлдүүлж, зорилготойгоор шороо үмхүүлэх, чулуу хөөлгөх арга хэрэглээд байна уу даа. Яагаад МАН-ынхан ингэх болов.
Боловсон хүчин сайтай, улс төрийн тулхтай, нийт эрх ашиг, ард олныхоо төлөө шийдвэр гаргадаг ганц нам гэж сүүлийн хорин жил өөрсдийгөө тодорхойлсон доо. Эрх барихаа байж, хариуцлага хүлээхээ байчихаараа яасан ч хамаагүй гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байна уу. Уг нь өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөрийг яриад эхэлдэг тэр нь өмнөхөөсөө тэс өөр утгатай логик дараалалгүй байна. Нэг бол тэдний бүхий л бузар булхайг мэддэг  ямар нэгэн хүчин цаана нь байна. Олон жил эрх барьсан МАН-д алдаа, оноо байлгүй яав гэж.  Тэрийг нь мэддэг, бидний мэдэхгүй нэг хүчин  цаана нь бий учраас  өнөөх “хар гараа” дохих тоолонгоор ярьсан тохирсноо алга урвуулахын агшинд мартахаас өөр аргагүй болчихдог юм уу.
Эсвэл тэд өнөөгийн эрх баригчидтай ямар нэгэн тохироо хийхдээ ийм арга ашигладаг болсон юм байна. Тэднээр өөрсдөдөө ашигтай ямар нэг шийдвэр гаргуулах гэхээрээ шаардлага хүргүүлж, улс төрийн шалтаг гаргаж асуудал босгодог. Өнөөх хэд нь амыг нь таглахын тулд наймаалцдаг. Харин үүнийг нь ойлгохгүй ард иргэд учрыг нь олохгүй гайхаж хоцордог.  Тэгээд эцсийн бүлэгт хоёр тал чухам л ард түмний төлөө бүгдийг хийх юм ярьж, завсарлага авч, шаардлага хүргүүлсэн болоод дуусдаг.  Бас ард түмний төлөө тэр бүгдийг нь хүлээж авч биелүүлсэн болж жүжиглэдэг. Хэрэв тиймгүй бол ийм алхмууд хийх үү. МАН-ынхан хүнээр бол орон гаран бүр гаран гаран болж гүйцэж дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд нь бойжих үрд нь л байдаг

Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харвал олон жилийн турш цагдаа нөхрийнхөө дарамтад байсан бүсгүй учир битүүлгээр өндрөөс унаж амь насаа алдсан тухай, уулнаас хоёр эмэгтэйн цогцос олдсон тэгэхдээ толгой, хөл гарыг нь тасалж, бүр овоон дор булсан байсан гэхчлэн үргэлжилнэ. Эмэгтэйчүүд гадуур  гарсан ч амь насанд нь аюултай, гэртээ байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд дарамтлуулж хорвоогоос халих цөвүүн цаг иржээ. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүмүүс бие, физиологийн хувьд ялгаатай ч нийгмийн нэг гишүүний хувьд ямар ч эрх, үүргийн ялгаагүй амьдрах ёстой. Энэ бүхэн Үндсэн хуулиар баталгаажсан улс оронд бид амьдарч байгаа. Гэвч өнөөдөр өрнөж буй үйл явдлууд үүний яг эсрэг байна. Эмэгтэй хүнийг өшиглөх эрх ганц л хүнд буй. Тэр нь эхийнхээ хэвлийд өсөн бойжиж байгаа бяцхан үрд нь байдаг. Өөр хэнд ч биш. Энэ ертөнцөд хүн болон мэндлэхээр  ирсэн тэр бяцхан хүний жаахан хөлөөрөө нудчин эхийнхээ хэвлийг өшигчих нь хязгааргүй аз жаргалыг бэлэглэж байдаг. Заримдаа эхийнхээ ууж байгаа аягатай цайг нь цалгиатал нудчих нь бий. Харин үүнээс өөрөөр өшиглөж, өр рүү нь чичиж болохгүй.
Онлайн ертөнцөд ихээхэн тархаж байгаа “Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд байдаг үрд нь л буй” гэдэг үгтэй санал нэгдэж, лайк дарсан олон мянган хүн энэ бодлоо өөрийнхөө хийдэл, байдалтайгаа тохируулан бүсгүй хүнд хүндэтгэлтэй хандаасай билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Мөнхзул: Театр бол ганц дарга, ганц уран бүтээлчийн биш олон хүний хөдөлмөрөөр хөдөлдөг газар

Дуурь бүжгийн эрд­мийн театрын захирал Ч.Мөнх­зултай ярилцлаа.
Сонгодгууд чуулдаг энэ ордонд сүүлийн үед асуудал байгаа тухай хэв­лэлд бичигдэж
байна. Тиймээс чухам юу болоод бай­гаа талаар захирал Ч.Мөнх­зулаас тодруулахаар
шийд­лээ. Түүнээс гадна өнгөр­сөн хавар түүнийг шинэ албан­даа томилогдоод хэд хонож
байхад нь ярилцлага авъя гэж ирэхэд тэрбээр “Дөнгөж ажлаа аваад байгаа би юу хийсэн
гэж ярих билээ. Харин жилийн дараа хийсэн бүтээ­сэн зүйлтэй сууж бай­на гэж бодож
байна. Тэр үед ярилцлага заавал өгнө” хэмээж байсан юм.

 
-Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын өрөөнд орж ирэх­дээ
захирал нь жилийн өмнөх шигээ төгөлдөр хууран дээр компьютерээ тавьчихаад юм бичээд
сууж байх вий гэдгээс айж байлаа шүү. Ямар ч байсан өрөөндөө ширээ, сандалтай болоод
авчээ…

-Та
өнгөрсөн хавар миний ямар байдалтай байсныг са­нуулж байна уу. Тухайн үед дөн­гөж
ажлаа аваад уран сайх­ны удирдагчаар МУГЖ А.Даш­пэлжээ гуайг хамтран ажиллахыг урьчихаад
байсан үе. Өмнөх дэд захирал маань өрөөгөө хувиасаа тохижуулсан байсан учраас тавилгаа
авч явсан. Гэтэл би хүнд ажил даалгаж өгч байж хогийн савнаас өөр хог­шил­гүй өрөөнд
суулгаад байлтай биш өөрийнхийгөө өгчихсөн байсан үе л дээ. Та орж ирээд “Дуурийн
театрын даргын ширээ төгөлдөр хуур байдаг юм уу” гэж асуусныг санаж байна. Тэгэхэд
надад театрын бичиг цаасны хувьд цэгцлэхээс эхлээд ажил их байлаа. Одоо тэр үеийг
бодвол теат­рын­хаа талаар, хийсэн зүй­лийн­хээ талаар ярих юмтай сууж байна шүү.

-Таныг энэ албанд ирэхээс чинь эхлээд л мэргэжлийн бус хүн
гэгдэж байсан. Одоо ч энэ талаар хааяа сонстох юм. Та ийм дүгнэлтэд хэр эмзэглэж
байна даа?

-Би
үүнд огт эмзэглэдэггүй. Театрыг удирдлагаар хангах нь миний үүрэг болохоос би дуулж,
бүжиг­лэж, хөгжимдөж суух үүрэг­тэй хүн биш шүү дээ. Би хөгжимчний гэр бүлд төрөөгүй,
балетын бүжигчний мэргэжил эзэмшээгүй, дуурийн дуучин шиг хоолойтой хүн биш. Мэргэжлийн
гэсэн үнэмлэх, дипломтой байх, харин тэр ажлыг хийж чадах хоёрын хооронд том зөрүү
бий гэж боддог. Гэхдээ надаас уран бүтээлч­дээ үнэлж, мэдэрч чаддаг уу гэвэл би
өөрийгөө тийм гэж хэлнэ. Би энэ театрт ажилладаг гайхамшигтай уран бүтээлчдийг дэмжиж
хөгжүүлэх зорилготой, ажил үүрэгтэй хүн.

-Танай театр ерөнхий най­руу­лагчгүй болчихсон юм уу. Энэ
албыг хашиж байсан Г.Эрдэнэбаатар ч хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байсан. Яагаад түүнийг
ажлаас нь явуулсан юм бэ?

-Г.Эрдэнэбаатар
гэдэг хүн “хөгжмийн театрын найруулагч” гэдэг дипломтой байгаа нь энэ театрын ерөнхий
найруулагчийн ажлыг хийж чадсан, эсвэл чадна гэдгийн баталгаа биш шүү дээ. Тэр хүн
ажлаа хийж чадаад, бодлогоо бариад явж байсан бол хамт олон нь ажлаа хийж чадахгүй
байна гэсэн үнэлгээ өгөхгүй л байсан байх. Би төрийн ажлыг өөрт л хал балгүйхэн
байвал илүү хөдлөхгүй, юу ч хийхгүй чимээгүй сууж байгаад л цалин аваад явж байдаг
өчүүхэн хүмүүсийн ажил биш гэж боддог. Би тийм сэтгэлээр ажиллаж ч чадахгүй. Тийм
учраас театрын эрх ашигт аль нь хэрэгтэй вэ гэж бодож шийдвэр гаргасан. Яахав, ажлаас
чөлөөлсөн хүн нь би болохоос биш Г.Эрдэнэбаатарыг ажилдаа тэнцэхгүй учраас халах
тухай яриа аль эртнийх юм билээ. Нийт ажиллагсдын дунд явуулсан санал асуулгаар
60 гаруй хувь нь түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн юм.

-Танайхны олонхи нь яагаад түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн
юм бол?

-Ерөнхий
найруулагчийн ур чадварыг уран бүтээлийн чанар, дуучдын хөгжил, ур чадвараар хэмжинэ.
Гэтэл дуучидтайгаа огт ажилладаггүй хүн яаж уран бүтээ­лийн чанарт анхаарах юм бэ.
Манай театр авьяастай, чадал­тай сайхан залуу дуучидтай. Гэтэл дуурийн нүүр царай,
нөгөө талаар “гол хэрэглэгдэхүүн” болсон дуучдын хөгжил өөрт нь огт хамаагүй мэт
байсан учраас л хүлээн зөвшөөрөөгүй болов уу. Дуучид маань “Ганц хүн ерөнхий найруулагч
гээд ажил хийхгүй сууж байхын оронд олон найруулагчтай байж, дуурь бүр дээр шинэ,
өөр хүнтэй ажиллаж хөгжмөөр байна…” гэсэн хүсэлт тавьсан. Тийм учраас бид шинэ
болон шинэчилж байгаа бүтээлүүд дээр өөр, өөр найруулагч ажил­луулж, тэр дундаа
гадны найруулагчидтай ажиллаж уран бүтээлчдээ хөгжүүлж байна. Ерөнхий найруулагч
гэдэг хүн уг нь дуурийн хөгжлийн бодлогыг тодор­хойлогч байх ёстой. Гэх­дээ тэр
хүн өөрийнхөө уран бүтээлчдийн бодит боломжийг ч мэд­дэггүй байж бодлого тодор­хой­лох
тухай ярих нь утгагүй. Энэ театрт мэргэжлийн уран бүтээлийн удирдлагаас бүрдсэн
уран сайхны зөвлөл бий. Уран сайхны зөвлөл бодлогоо бариад театрын ажил хэвийн л
явж бай­на. Энд би нэг зүйлийг заа­вал дурдмаар байна. Яагаад ерөнхий найруулагчгүй
театр гэдэг асуудал яригдаж байгаа вэ гэхээр сонгодог урлагийн мэргэжлийн боловсон
хүчний хан­галтын асуудлаас болж бай­гаа юм. Дуурийн найруулагч, удирдаач, балетмейстер,
бале­тын бүжигчин, дээд боловсролтой хөг­жимчин, фонетр эмч гээд манайд дандаа ховор,
бас хүнд мэргэжил байдаг. Эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг, ялан­гуяа уран бүтээлийн
удир­дах боловсон хүчнийг тасралт­гүй, нөөцтэйгөөр бэлтгэх бодлого алдагдсан учраас
шинэ залуу мэргэжилтэн байхгүй, бодлогын чанар­тай хүний нөөцийн асууд­лыг шийдвэрлэх
боломжгүй бай­гаад л гол асуудал нь байгаа юм.

-Энэ оны эхэн дээр театрын ерөн­хий балетмейстер Х.Гэрэл­чимэг
ажлаа өгсөн. Хэдий­гээр эрүүл мэндийн улмаас гэж хүсэлтээ гаргасан ч гэсэн өөр шалтгаантай
байсан гэсэн?

-Х.Гэрэлчимэг
багш эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гармаар байна гэсэн хүсэлтээ өөрөө гаргасан.
Та өөрөөс нь асууж болно шүү дээ.

-Түүнтэй хамтран ажиллаж чадах­гүй гэж танай балет ангийнхан
гомдол гаргасан гэдэг үнэн үү. Бүжигчдээ элд­вээр загнадаг, дарамталж ялгамж­тай
ханддаг гэж. Ер нь энэ театрт үеийн үед ерөн­хий балетмейстер нар гэж томоо­хон
дарамтлагч нар байдаг юм уу?

-Би
хувь хүнийхээ хувьд Х.Гэрэлчимэг багшийг маш их хүндэтгэдэг. Тэр бол сайн багш.
Таны асуусанчлан манай балет ангийн 20 уран бүтээлч Х.Гэрэлчимэг багштай ажиллаж
чадахгүй гэж бичгээр хүсэлтээ илэрхийлсэн нь бол үнэн. “Бүжигчдийг ялгаварлаж харьцдаг,
цөөн хүнийг л хүн гэж үздэг, бусдыг дарамталж доромжилдог учраас ажиллахад хэцүү,
балетын шинэ удирд­ла­гатай болмоор байна” гэсэн утгатай хүсэлт байсан. Ингэснээр
нэг хүний эрх ашгийг хамгаалах уу, хорин залуу хүний хүсэл, санал бодлыг хүндэтгэх
үү гэдэг том асуудал босч ирсэн л дээ. Энэ үед Х.Гэрэлчимэг багш ч хүсэлтээ гаргасан.
Түүнийг репетитор багшаар ажиллаач гэж гуйхад “Эрүүл мэндээ бодно, гадагшаа явж
эмчлүүлэх гэж байгаа, ачаалал ихэснэ” гээд татгалзсан.

-Үүний дараахан хэвлэлээр Х.Гэрэлчимэг гэдэг хүн байхгүй бол
балет хэцүүднэ гэж бичиж байсныг та анзаарсан уу.

-Би
өөрөө сэтгүүлч мэргэ­жил­тэй хүн. Мэргэжил нэгтэй байж ингэж хэлсэнд битгий эмзэг­лээрэй.
Би заримдаа сэт­гүүлч­­дэд урам хугарах юм. Сэт­гүүл­чид мэдээллийг олон эх сурвалжаас
аваад түүнийгээ үзэгч, уншигчдад бодитоор хүр­гэх ёстой болохоос биш өөрийнхөө өрөөсгөл
сэтгэгдэл, санаа бодлыг бусдад хүчээр тул­гах ёсгүй. Нэг сэтгүүлч “Х.Гэрэлчимэг
гэдэг хүн ажлаа өгснөөс болоод Монголын балет эзэнгүйдэж сөхөрч байна” гэж бичсэн
байсан. Тэр хүн манай уран бүтээлчидтэй уулзаж бодит мэдээлэл авсан уу үгүй юу гэд­гийг
би мэдэхгүй юм. Харин энэ театрын ачааг үүрээд уран бүтээлээ хийгээд явж байгаа
олон сайхан залуучуудын хөлс, хөдөлмөр, уран бүтээлчдийн маань урам зоригийг үгүйсгэх
ёсгүйг л би мэдэж байна. Балет сөхрөх биш уг нь улам л урагшилж байгаа даа.

-Тэгвэл ерөнхий балет­мейстерийн талаар одоо таны хийсэн сонголт
зөв гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Энэ
бол миний биш, манай балет ангийн хамт олны, мөн манай театрын уран сайхны зөвлөлийн
сонголт. Бид сонгон шал­гаруулалтыг нээлттэй зар­лаад, балетынхаа нийт бие бүрэл­дэхүүнээс
саналыг нь авсан. Уран сайхны зөвлөл маань хуралдаж байгаад тэр хүмүүсээс хамгийн
өндөр санал авсан хоёр хүнээс хэлэлцэж сонгосон юм. УДБЭТ-ын хувьд ерөнхий балетмейстер
гэдэг хүн бол хамт олноо бүрэн дагуулж, мэр­гэжлийн удирдлагаар хан­гаж чадах, уран
сайхны зөв­лөлд байж уран бүтээлийн бод­ло­гыг барилцдаг хүн байх ёстой. Одоо манай
ерөнхий балетмейстерээр урьд нь энэ театрын бүжигчин, багш байсан Д.Дашлхагва ажиллаж
байна. Ажил хэвийн сайн л явж байна. Уг нь энэ бол манай байгууллагын дотоод асуудал
л даа. Аль ч албан байгууллага боловсон хүчнийхээ асуудлыг дотооддоо шийдээд, хариуцлагаа
үүрээд явдаг шүү дээ. Харин “ерөнхий балетмейстер” гэдэг нэр томъёо­ны хувьд бас
жаахан бодууштай зүйл байгаа юм.

-Танай ДБЭТ-т ямар ч дар­гын үед хэл ам гарч байдаг. Бусад
урлагийн байгууллагууд гай­гүй шиг л байх юм. Яагаад Дуурийнхан ийм байдаг юм бол?

-Миний
өмнө яг ямар байсныг би мэдэхгүй, мэдэх ч албагүй байх. Гэхдээ урлаг өөрөө ширүүн,
өрсөлдөөнтэй талбар. Тийм болохоор олон жилийн турш ийм асуудалтай байсан гэдэг.
Мөнхзул байсан байгаагүй, өөр хэн ч байсан энэ маягаараа байх байсан байх. Миний
хувьд хэл амнаас айж бэргэж ажлаа хийнэ гэж байхгүй. Зөв зүйтэй гэж үзснээ сайн
хийгээд урагшлах ёстой. Ганц нэг хүний үгээр биш нийт хүмүүсийнхээ дунд санал асуулга
явуулж шийдвэр гаргаж бай­гаа. Ажилдаа тэнцэхгүй хүнийг мэдсээр байж өөгшүүлээд
байвал би ажлаа сэтгэлээсээ хийхгүй байна гэсэн үг биз дээ?

-Ярианы эхэнд та өөрийгөө уран бүтээлчдийг үнэлж дэмжиж чадах
хүн гэсэн. Та тэднийгээ дэмжиж дэмнэх тал дээр яг ямар ажил хийсэн бэ. Танай уран
бүтээлчид таны хийснийг хэрхэн үнэлж байгаа бол?

-Хүмүүс
миний хийж байгаа ажлыг өөр, өөрийнхөөрөө хүлээн авч дүгнэж цэгнэнэ. Бүгдийнх нь
сэтгэлд таарах албагүй бас боломжгүй. Миний хувьд өөрийн эрх зүйн хэм хэмжээний
хүрээнд зөв зүйтэй гэж үзсэн зүйлээ сайн хийх гэж хичээж байна. Манай театрын гоцлол
дуучдын 70 хувь, балетын бүжигчдийн 80 хувь, найрал дуучдын 50 орчим хувь, хөгжим
ангийн 30 орчим нь 27-гоос доош насны залуучууд байгаа. Тэдний хувьд мэргэжилдээ
өсч дэвжих, цааш суралцах, дадлагажих, гадаад улс оронд тэмцээн уралдаанд орж өөрсдийгөө
сорих гээд олон зүйл хэрэгтэй. Гэтэл манай төсөвт уран бүтээлчдээ үндсэн мэргэжлээр
нь мэргэжил дээшлүүлэх, давхар мэргэжлээр сургах, гадаад улс оронд явуу­лах, дадлага
хийлгэх хөрөнгө бай­даггүй. Тийм учраас би аль болох өөр эх сурвалжаас санхүүжилт
олж уран бүтээлчдээ гадаад улс оронд явуулах, дотоод­доо байгаа боломжоо ашиглаж
боловсрол, мэргэжилд нь анхаарахыг хичээж байна. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс сургалтын
танхим бий болгож дотооддоо хуулийн зөвлөгөө, нийгмийн даатгал, татвар, эрх зүй
болон бусад шаардлагатай мэдээллээр хангах сургалтын хөтөл­бөр боловсруулаад бай­на.
Тавдугаар сарын 1-нээс долоо хоногт хоёр удаа англи хэл­ний, хоёр удаа герман юм
уу итали хэлний хичээл оруу­лахаар бэлтгэж байна. Өөрийгөө хөгжүүлэх бололцоог нь
бүрдүүлэх гэж зорьж байгаа хэрэг юм.

-Та сэтгүүлчээс гадна урла­гийн менежер хүн. Ажил авах­даа
гадаад харилцаандаа анхаар­на гэж хэлж байсан. 
Энэ талаар хэр ахицтай байгаа вэ?

-Гадаад
харилцааг өргөжүү­лэх бол миний үндсэн ажлын л нэг шүү дээ. Зөвхөн 2014 оныг ярихад
нэг, хоёрдугаар сард манайд Португалийн балет­мейстер Хьюго Виэра ажиллаж “Диваа­жин
энд байна” цоо шинэ модерн балетыг тавьсан. Өнгөр­сөн хоёрдугаар сард манай дуурийн
шилдэг есөн дуучин Улаан-Үд хотод концерт тоглож тэдний үзэгчдийг байлдан дагуу­лаад
ирлээ. Мөн хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхэнд манай дуучид АНУ-ын Сан
Франциско хотод тоглоод ирлээ. Саяхан манайх Австрийн найруулагчтай ажиллаж “Дон
Жуан” дуурийг сэргээн тоглосон. Манай залуучуудыг сар гаруйхны дотор ямар сайн задарч,
ямар их хөг­жив өө гэж мэргэжлийн хүмүүс гайхаж байсан. Одоо тавдугаар сард тоглоход
нь ирж үзээрэй, өөрийн нүдээр хараарай гэж үзэгчдийг урьж байна. Дөрвөн гоцлол дуучнаа
БНСУ-ын Тэжун хотын театрт нэг сар дадлага хийл­гэхээр боллоо. Тэд дадлагаа хийчихээд
“Чио Чио Сан” дуурьт дуулчихаад ирнэ. Дуучид маань маргааш явах гэж байна. Намар
дөрвөн дуучнаа Австри улсад хоёр долоо хоногийн дадлага хийл­гэхээр явуулна. Бүх
зардлыг цаад талаас нь даалгахаар тохи­ролцсон байгаа. “Дөрвөн хүний гадаадад бүтэн
сар байх зардал өгөөч” гэвэл улсын төсөв хэцүү бай­хад битгий дэмий юм ярь л гэх
байх. Харин бид цаад талаасаа бүх зардлыг гаргуулахаар ярьж тохирч чадсан. Гоцлол
дуучин Э.Сайнбаярыг дөрөвдүгээр сард Солонгос улсад болох олон улсын концертонд
явуулах гэж байна. Бас тавдугаар сард Солонгосын шилдэг дуучид манайд ирж “Чио Чио
Сан” дуурьт дуулна. Мөн нэг хөгжимчнөө Австри улсад богино хугацааны сургалтанд
явуулах гэж байна. Ирэх арваннэгдүгээр сард манай дуучид ОХУ-д очиж тоглоно. Манай
театрт энэ оныг дуустал Испанийн шилдэг бүжгийн хамтлаг, Швейцарийн найрал дуу,
Германы оркестр ирж тоглоно. За тэгээд Солонгос, АНУ, Италийн удирдаачид ирж зарим
бүтээлийг удирдан тоглуулна гээд төлөвлөсөн ажил их байна шүү дээ.

-Маш их ачаалалтай ажил­лаж байна. Улирлын сүүл рүү бүр ч
их ажилтай байх нь гэж танайхан ярьж байна лээ?

-Энэ
жилийн хувьд ачаалал ихтэй байгаа нь үнэн. Бид энэ жил сар бүр нэг онцгой ажил хий­­нэ
гэсэн төлөвлөгөөтэй бай­­гаа юм. Ирэх зургадугаар сард Л.Мөрдоржийн “Хөхөө Нам­­жил”
дуурийг шинээр тави­на, Б.Шаравын “Чингис хаан” дуурийг бас хөгжмийн бүтээ­лийн
хувьд шинэчилж байгаа. Энэ хоёр бол манай үндэсний брэнд болгохоор зорьж байгаа
бүтээ­лүүд. Намар 52 дахь улирлын нээлтээ “Учиртай гурван толгой “дуурийн 80 жилийн
ойгоор нээ­нэ. Үндэсний ууган дуурь маань 80 нас хүрч байна. Мөн Монгол Улсад найрал
хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Тэгээд оны сүүлийн
сард бид цоо шинэ бүтээл “Төгсгөлгүй” танго балетыг тавьж 2014 оныг үдэх болно.
Энэ бол бидний хийх л ажил.

-Танай дуучид Америкт дуулсан гэлээ. Энэ талаараа тодруулахгүй
юу?

-Би
сая АНУ-ын Сан Фран­циско хотод болсон Пан Азийн хөгжмийн наадамд оролцсон Мон­голын
багийг удирдан ажил­лаад ирлээ. Энэ бол сал­барын яамнаас бодлогын чанар­тай­гаар
Монголынхоо соёл урла­гийг сурталчлах, соёлын ая­лал жуулчлалыг хөгжүүлэх анхаарч
хийсэн ажил. Тэнд манай дөрвөн гоцлол дуучин Ж.Вердийн “Реквием” дуурийг хоёр удаа
концертын хэлбэрээр бүтэн дуулж Монголын дуурийн урлаг дэлхийн түвшинд байгааг харуулсан.
900 хүний суудалтай Стэнфордын Бинг холл танхим, 1200 суудалтай Стэнфордын сүм хоёр
дуулахад нэг ч сул суу­далгүй дүүрэн үзэгчтэй байлаа. Энэ бол Монголын сонгодог
урлагийн түвшний илэрхийлэл гэж бодож байна.

-Саяхан танай дуучин Ч.Энх­тайван хэвлэлд өгсөн ярилцлагандаа
актлах болсон төгөл­дөр хууруудтай, байнгын бэлтгэлтэй байхын тулд концерт­мейстер
хэрэгтэй байна гэсэн байсан?

-Бүх
гоцлол дуучдын өрөөнд, найрал дуучдын өрөөнд, найрал дуучдын бэлтгэлийн өрөөнд,
концертмейстерүүдийн өрөөнд нэг нэг төгөлдөр хуур байх ёстой. Гэтэл одоо манайд
байгаа төгөлдөр хуурын хамгийн залуу нь 30 жил болсон хөгжим. Ихэнх нь хөг авахаа
байсан. Хөглөөд л дорхноо хөг нь гарчихна. Яг үнэндээ бодитоор бидэнд 20 төгөлдөр
хуур хэрэгтэй л байна. Ноднингоос хойш би энэ санхүүжилтийг хайгаад олоогүй л явна.
2013 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын санхүүжилтээр манайд тоглолтын
шинэ төгөлдөр хуур болон үлээвэр хөгжим цогцоороо шинэчлэгдсэн. Салбарын сайд маань
энэ жил чавхдаст хөгжмийг цогцоор нь шинэчилж өгөхөөр амласан байгаа. Төгөлдөр хуур
бол бодит шаардлага, харин бодит бус гэвэл театрын ажлыг бодитоор нь ойлгож мэдэхгүй
байгаа хүмүүсийн шальдар булдир яриа, эсвэл санаатай, санамсаргүй худал мэдээлэл
л хамгийн хэрэггүй зүйл байна даа.

-Танайх хэдэн концерт­мейстертэй юм бэ. Нэг дуучин хоёр, гурван
сараар дуулах боломжгүй байна гэх гомдол ч хэлсэн, бас театрын уран бүтээлийн удирдлагуудад
таагүй байгаагаа хэлсэн байна лээ… Энэ талаар?

-Манайх
уг нь дуурийн гурав, балетын хоёр орон тооны концертмейстертэй. Дуурийн нэг концертмейстер
саяхан амар­жаад хоёр хүн дээр ачаалал хэцүү байсан юм. Бид “Дон Жуан” дуурь дээр
гэхэд сургуулиудаас гурван концертмейстер урьж цагаар ажиллуулсан. Би энэ жил дуурийн
нэг концертмейстер, нэг контрбасс хөгжимчин авах гээд хэдэн сар хайгаад олж чадахгүй
л байна. Цалингийн фондыг нь зохицуулчихаад байдаг, хүн нь олдохгүй л байна даа.
Харин нэг хүн хэдэн сараар дуулахгүй байгаа гэдэг бол тухайн хүнээс өөрөөс нь бас
хамаардаг юм шүү. Уран бүтээлийн ажлын зохион байгуулалтыг уран сайх­ны зөвлөл хуваарилаад
шийдвэрлэдэг, гэхдээ тухайн уран бүтээлч бэлэн биш бол өөр асуудал шүү дээ.

-Хаа сайгүй эдийн засгийн хямрал гээд амаргүй байхад танайд
төгөлдөр хуур авч өгнө гэдэг юу л бол. Улсын төсөв хүндрэлтэй байгаа нь танай ажилд
хэр нөлөөлөх бол. Энэ жил олон шинэ уран бүтээл төлөвлөсөн гэж байна, санхүүжилтийг
нь хэрхэн шийдвэрлэх вэ?

-Наадахыг
чинь хэлэх юмсан гээд л бодоод байлаа. Төрийн мэдлийн байгууллага учраас, нэг чухал
зүйл бол санхүүжилт цагтаа, яг бидний төлөвлөсөн ёсоор ирдэг байх их чухал. Сая
гэхэд л бид оны эхэн дээр уран бүтээлийн зардлынхаа нэлээн их хэсгийг буюу 60 гаруй
сая төгрөг төсөвлөсөн байсан. Учир нь бүтэн жилийн тоглолтын хэрэгцээнд балетын
шаахай, трико, каскины хангалт хийх, нүүр будгийн хэрэгсэл иж бүрдлээр нь авах төлөвлөгөөтэй
байлаа. Гэтэл тэр төсөвлөсөн мөнгөний тэн хагасыг хойшлуулаад хасчих юм. Ингэснээр
бид гадаадаас авдаг чухал хэрэглэгдэхүүнүүдээ авч чадахгүй, бүр гадны байгуул­лагын
өмнө хүртэл өртэй болж хоцорч байна. 2013 онд манайх орлогоо 113 сая төгрөгөөр давуу­лан
биелүүлсэн. Энэ бол миний ажлын бас нэг үр дүн гэж бодож байна. Харин энэ мөнгийг
маань бидэнд бүтнээр нь өгөх чухал байна. Тэгвэл давсан орлогоосоо уран бүтээлдээ,
уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах илүү боломж гарна.

-Танайхны нийгмийн асуу­дал дандаа хаягддаг. Гад­наа мундаг
сонгодог урлагийн хүмүүс гээд байдаг ч халаас нимгэн явах нь бий. Та хүмүүсийнхээ
нийгмийн асуудлын төлөө юу хийж амжуулав?

-Анх
ажил авахад нэн түрүүнд анхаарч ажиллах дөрвөн зүйл байсны хамгийн чухал нь ажилтнуудын
нийгмийн асуудал байсан. Мэдээж хамгийн гол зүйл нь цалин хөлс, орон байр. Уран
бүтээлчдийн хамгийн гол асуудал болох авьяас, ур чадварыг нь үнэлэх асуудал хамгийн
чухал шүү дээ. Үүнийг үнэлэх үнэлэмжийг бодлогын дагуу зөв боловсруулах хэрэгтэй.
Би нэг л урлагийн байгууллагыг удирдаж байна. Тийм болохоор төрийн бүтэн системийг
өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд юу хийж чадах вэ гэдгээ зөв тооцоолж  түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж байна. Өнгөр­сөн
жил банктайгаа тохирол­цож манай театрын уран бүтээлчдийн цалингийн зээлийн хүүг
тусгай нөхцөлд оруулж чадсан. Галладаг байр, гэрт амьдардаг ажилтнуудынхаа түлээ
нүүрсний жил бүрийн дэмжлэгийг нь олгож, гачигдал зовлон тохиолдоход олгодог нэг
удаагийн тэтгэмжийн мөнгөн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Энэ жил хүмүүсийнхээ
унаа, хоолны мөнгийг нэмэгдүүлж, улирал тутам ур чадварын нэмэг­дэл олгох хэмжээний
цалин­гийн санг нэмж батлуулсан. Эхний улирлын ур чадварын нэмэгдлийг сая гуравдугаар
сарын цалин дээр олголоо. Гадаад улс оронд дадлага хийх, уралдаан тэмцээнд оролцох
уран бүтээлчдэдээ цалинг нь бүтэн олгох боломжтой болсон. Театртаа засвар хийж дууссан,
цэвэрлэгээг сайжруулж ажиллах дотоод орчныг нь ч таатай болгох гэж хичээж байна.
Ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр гэж боловсруулаад хөөцөлдөөд л байна. Ямартай
ч оны өмнө нэг орон сууцны компанитай тохиролцоонд хүрснээр манай арваад ажилтан
зах зээлийн үнээс 8-12 сая төгрөгийн хямд үнээр шинэ байранд ороод байна. Хийх гээд
зорьж төлөвлөж байгаа ажлууд их байна даа. Ямар ч байсан эхнээсээ ажил хэрэг болоод
явж байгаад баяртай л байгаа шүү.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр таслагддаг

Нийгмийг бүрэлдүүлэгч эр, эм хүйсийн
хувьд эрх тэгш харилцаатай
байх талаар их л
яригддаг сэдэв. Ярихаас аргагүй
байгаа нь олон зуун
жилийн турш замнаж ирсэн
уламж­лалт ойлголтоо дагасан
ч, физиологийн бие бялдрын онц­логоо дагасан ч
эр нь эм хүйс­­­тэндээ дээрэнгүйлэн хан­дах бай­дал
үргэлжилсээр бай­гаагийнх юм.
Хэдийгээр сүүлийн 100 жилийн хугацаанд энэ
байдлын эсрэг тэм­цэл
өрнүүлж, яригдсаар ирсэн ч Арабын
хийгээд Азийн зарим оронд
эмэгтэй хүн босгоны шороо
мэт үзэгдсээр л байгаа. Энэтхэгт
найз залуутайгаа явсан бүсгүйг бүлэг
залуучууд хүчирхийлэн амь насанд нь
хүрч, Пакистанд фэйсбүүк хэрэглэсэн охиныг эрчүүд чулуугаар
нүүлгэн цус нөжинд нь
хутгачихаад баярлалдан зог­сох энүүхний
хэрэг. Манайд ч гэсэндээ
гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн
эхнэрээ дөрөөгөөр нүдсээр байгаад алчихсан,
барилгын багажаар эхнэрийнхээ бүх ясыг нь
үйрүүлж хэмхчиж хороосон, дотор
эрхтнийг нь үйртэл нь
зодож гэмтээчихээд дэлүүг нь өөрөө
оёж суусан гээд сонсоход
ч чих өвдөм
хэргүүд гардаг. Гэр бүлийн
хүчирхийллийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд
тооцдог хууль эрх зүйн
баримт ч алга, хүмүүсийн
сэтгэлгээ ч үүнийг эр,
эмийн хувийн асуудал хэмээн
боддог хэвээр.

Бас ч гэж нэг
үеэ бод­вол манайх
гэр бүлийн хүчир­хийллийг
гэмт хэрэг гэдэг үүднээс
нь бодож эхлээд бай­гаа нь сайн
үзүүлэлт. Одоо нэг айлд
үймээн шуугиан болж, хэдэн
өдрөөр нэгнийгээ там­лан зовоож
байвал цаг­даа дуудчих
хэмжээний сэтгэл­гээ­тэй
болж л байх шиг.
Алтан­­хүүгийн гэгдэх хэргийн
дуулиан шуугианаас хойш гэр бүлийн
хүчирхийллийн улмаас амь насаа
алдсан охид эмэгтэйчүүдийн тухай
мэдээлэл олноороо гарах болсон. Гэхдээ
энэ нь ийм хэрэг
нэмэгдээд байгаадаа бус үүнийг гэмт
хэрэг гэж үзэж болох
юм байна шүү хэмээн
нийгэм даяараа хүлээж авсандаа
олон ний­тэд дэлгэж
байгаа хэрэг юм. Удахгүй
эхлэх хаврын чуул­ганаар
Гэр бүлийн хүчир­хийлэлтэй
тэмцэх хуульд хэрхэн өөрчлөлт
орох бол гэдэг нь
сонирхол татаж бай­на.
Мэдээж, дагалдах хууль тогтоомжуудад ч
өөрч­­лөлт орж байж
үүнийг бүхэлд нь өөрчлөх
хэрэгтэй болно. Эхлээд дор
хаяж л гэр бүлийн
хүчирхийлэл нь гэмт хэрэг
гэдгийг зааж өгөх шаардлагатай.
Цаашлаад цагдаад таслан сэргийлэх
эрх нь байдаг болбол
тун чухал. Өнөөдөр гэр
бүлийн хүчир­хийллийн дуудлага
ирэхэд цагдаа ирээд их
сайндаа эвлэрэхийг зөвлөөд явахаас арга­гүй болдог. Тэгэхгүй
бол хартай нөхөр нь
үүргээ гүйцэтгэж яваа цагдаатай хүртэл
эхнэрээ хардаж зодоод эхлэх
нь бий гэдэг.

Өнгөрсөн ням гаригт Сам­
бууням овогтой Эрдэнэбилэг хэмээх
40 настай монгол залуу АНУ-ын цагдаа нарт
буудуулж амь насаа алдсан
тухай мэдээлэл тарсан. АНУ-ын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр хөршүүдийн нь дуудлагаар цагдааг
очиход монгол залуу хамтран
амьдрагч эмэгтэйгээ үсдэж аваад зодож
байжээ. Цагдаа нарын шаардлагыг
эс биелүүлж, тэдэн рүү хүр­тэл дайрах гээд
байсан учраас таслан сэргийлэх
арга хэмжээ авч буудаж
амь насыг нь хороосноо
цагдаа нар мэдэгдсэн байна.

Цөөхөн монголчууд хүний нутагт ямар
нэг байдлаар амь насаа алдаж
байгааг дуулахад нутагтаа байгаа хүмүүст амаргүй
байдаг. Гэхдээ энэ явдал
хууль ёст оронд хууль
цааз, дүрэм журам ямар
чухал байдаг юм бэ,
бүр хүний аминаас ч
үнэтэй байдаг юм байна
гэдгийг харуулж байгаа юм.
Нэгийг нь аврахын тулд
нөгөөг нь буудаж байна.
Мон­голчууд болсон хойно
нутагтаа л байгаа юм
шиг санаж авирлажээ. Манайд
бол цагдаа нар өөрсдөө
хэд цохиулж байж салгаж
магадгүй, сог­туу бол
эрүүлжүүлэхэд аваачиж эс бол
72 цаг саатуу­лаад гаргана.
Нөгөөх нь гарч ирээд
үргэлжлүүлээд л хүчирхийллээ үйлдэнэ.
Харин АНУ-д хүчирхийллийг
таслан зогсоож, аргагүй хамгаалалт гэдэг
үүднээс нохой мэт л
буудаад алчихаж байна. Энэ
бол хууль цаазын ялгаа,
соёлын ялгаа.  Манайд
ийм тохиолдолд цагдаа галт зэв­сэг хэрэглэх эрхгүй.
Харин тэнд таны эрх
чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр
таслагддаг учраас давраад байвал
нам дарна. Эмэгтэйчүүд нь
өөрсдийгөө хамгаалах үүднээс буудчих эрхтэй.
Үүнийг аргагүй хам­гаалалт
л гэнэ. Харин
манайд насаараа нүдүүлж, идүүлж дуусаад эцэстээ
үр хүүхдээ хам­гаалахын
тулд хүн араат­ныг
алж хороочихоод, эсвэл өөрий­гөө
хамгаалах төрөлх зөн совингоороо
хүчирхийлэгчийг алчи­хаад хүний
амины хэргээр ял хүлээдэг.
АНУ-д гар бууг
өөрийгөө хамгаалах зорилгоор хүн бүр хэрэглэж
болно. Хэрэв хэн нэгэн
хүн таны гэрт дайран
орж ирвэл, танд халдаж
хүчирхийлэхийг оролдвол нам буудаад л
хаяна. Манай залуучууд автозамын
хөдөлгөөнд оролцож явахдаа өвгөн
жолоочид эр бяраа гаргах
энүүхэнд. Харин АНУ-д
тэгдэггүй нь жигтэйхэн соёлтойдоо
биш юм. Өнөөх нь
дээрэлхүүлэхгүй гээд буу гаргаж
ирээд буудчихаж болох учраас тэр
шүү дээ.

Тэгэхээр хүчирхийллийг даамжруулахгүйн тулд хууль цаазандаа
л тэр боломжийг
нь бий болгох нь
чухал ажээ. Төрийн ажил
гэхээр уддаг, хүнд суртал
гаргадаг тэр сэтгэлгээнээсээ салмаар
байна. Саяхан хүчирхийлэлд өртсөн
хүүхэд, эмэгтэйчүүдийг (эрэгтэйчүүд ч байж болно
л доо. Гэхдээ
энэ нь тун ховор
юм) хамгаалах байрыг шинээр ашиглалтад
оруулсан. Олон улсын жишигт
ийм байрыг хохирогчдын аюулгүй
байдлыг хангах үүднээс хаана
байгааг нь зарлаж, нээлтээ
хийхдээ тууз энэ тэр
хайчлаад байдаггүй л дээ. Харин
Монголд анх удаа төрийн
байгууллага ийм байрыг нээхдээ
сүртэйхэн нээлт хийсэн. Цагдаагийн
байгууллагын дэргэд нээж байгаа
болохоор аюулгүй бай­дал
нь найдвартай гэж үзсэн байж
болох л юм. Хамгийн
гол нь шинэ байранд
одоогоор нэг хүн ч
хүлээж аваагүй байна. Хүчирхийллийн
эсрэг төвийн харьяаны хамгаалах
байр нь пиг дүүрчихээд
байгаа ч төрийн хамгаалах
байранд хүн байршуулах журмыг
нь ХЗЯ-наас батлаагүй
байгаа учраас ийн хүн
авахгүй байгаа ажээ. Төрийн
гэхээрээ л ажил ингэж
удаан явдаг баймааргүй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг
бид одоо нухацтай бас
яаралтай авч үзэх цаг
болсон. Нэг нь шороонд
булагдаж, нөгөө нь шоронд
хатаагдахаас нь өмнө гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон арга
бий. Олон улсын практикт
анхдагч урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүр
хүүхэд байхаас нь л
хэрэгжүүлдэг юм билээ. Хүчирхийлэгч
болж төлөвшихөөс нь өмнө шүү
дээ. Тэгээд ч гэр
бүлийн хүчир­хийллийн өртөг
зардлын тоо­цоог гаргадаг
гадны жиш­гийг харвал
хүчирхийлэл үйл­дэгдсэний дараа
төрөөс гарч байгаа зардал
нь урьдчилан сэргийлэх зардалтай харьцуу­лахад хамаагүй
өндөр байдаг учраас улс
орнууд урьдчилан сэргийлэхийг л илүүд үздэг
гэж байгаа юм.

Гэр бүлийн хүчир­хий­лэл­тэй тэмцэх
олон арга зам бидэнд
байна. Эхлээд үүний­гээ
хуулийн дагуу гэмт хэрэг
хэмээн тооцож, ногдуулах шийтгэлийг
нь тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж,
дагалдах хууль тогтоомжуудад ч
өөрчлөлт оруулж таарна. Бас
хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүстэй
ажиллахаас гадна хүчирхийлэл үйлдэж
байгаа хүмүүстэй тулж ажил­лах
аргууд бий. Бас ийм
бай­дал дөнгөж үүсч
байгаа тохиолдолд сэтгэл зүйчид орж
ажилладаг туршлага ч бий. Цаашлаад
таслан сэргийлэх арга хэмжээ нь
тодорхой болж, анхдагч урьдчилан
сэргийлэх арга замуудыг хэрэгжүүлбэл
хамаагүй зардал хэмнэгдэнэ гэж
байгаа юм.

Тэгэхгүй
бол Монголынхоо учир замбараагүй
амьдрал шигээ эхнэрээ сар болгон балбах ёстой гэсэн бодлоороо байгаад байвал хил
даваад л хууль цаазтай орны цагдаа нарт буудуулж хороогдсоор байх нь байна шүү, бид.

Categories
редакцийн-нийтлэл

“Эрдэнэт” үйлдвэрийнхнийг шахааны бизнесээс татгалзаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжихийг Ерөнхий сайд даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гаригийн
өглөө Орхон аймгийг зорьж, нэг өдөр тэнд ажиллаад өчигдөр нийслэлд буцаж ирсэн.
Тэрбээр “Эрдэнэт”-д шахуу хөтөлбөртэй ажил­лахдаа гаднаас их хэмжээний им­портын
бараа бүтээгдэхүүн авдаг уулын баяжуулах үйлдвэрийг аль болох хэмнэж, дотоодоос
авч болох боломжтой бараа бүтээгдэхүүнээ эндээсээ ав, бусад үйлдвэрүүд нь ч өөрсдөө
боломжоороо хийдэг бол гэсэн даалгаврыг өгөхөөр очжээ. Манай улсын хувьд сүүлийн
үед гаднаас орж ирдэг валют байхгүй болсноос долларын ханш тасралтгүй нэмэгдэж байгаа.
Харин эдийн засаг­чид үүнийг гадагшаа бараа бүтээг­дэхүүн зарж, мөн гаднаас авдгаа
багасгаж хэмнэлт гаргаж чадсанаар л шийдэх асуудал хэмээн онцолж байгаа билээ. Засгийн
газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг эндээ үйлдвэрлэдэг болбол дэмжье бас гадагшаа
гаргаж чадаж байвал тусалъя гэсэн байр суурийг илэр­хийлчихээд байгаа. Монгол Улсын
саалийн ганц үнээ гэгддэг байсан “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлд­вэр хэрэгцээндээ
их хэмжээний худалдан авалт хийдэг газар. Харин аль болох гадагшаа гарах мөнгийг
хазаарлах оролдлого хийж байгаа Засгийн газрын тэргүүн маань Орхон аймагт өөрийн
биеэр очихдоо энэ талаар ярилцаж, шахааны бизнест их хэмжээний мөнгө алддаг байдлыг
зогсоох, импортын гэхээсээ дотоод­доо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ авах, энэ тоо
хэмжээг нэмэгдүүлэ­хийн тулд юу хийж, яаж хамтран ажиллах вэ гэж ярилцахаар очсон
нь тэр. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ч бас зүгээр суугаагүй гэдгээ Ерөнхий сайдад тайлагнасан.
Эхлээд үйлдвэрийнхээ хэрэгцээний зүйлсийг үйлдвэрлэж байгаагаа цех, цехээрээ сонир­хуулав.
Хүдрийн ил уурхайнхан газрын гүнд өрөмдлөг хийхэд 18 метрээс урт өрөм хэрэг болдог
учир үүнийгээ уртасгахын тулд холбоос буюу перходникийг 210 ам.дол­лараар авдаг
байжээ. Харин одоо өөрсдөө хийснээр өртөг нь 70 мянган төгрөг болсон гэж байв. Бас
ган бөмбөлөг буюу албан хэллэгээр нь ган бөмбөрцгөө ч манайхан хийдэг болоод уджээ.
1996 оноос эхэлж хийсээр өдгөө үйлдвэрийнхээ хэрэг­цээний 86 хувийг үйлдвэрлэж байгаа
юм байна. Тэд 100 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд­нээс ган бөмбөрцөг
худалдан авах талаар Оюу толгойнхон ч ярьж байгаа гэнэ. Хэрэгцээний зүйлсээ боломжоороо
үйлдвэрлэж байгааг нь сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд энэ тоо хэмжээгээ
аль болох өсгөх хэрэг­тэйг хэлж байв. Мөн “Эрдэнэт” үйлд­вэрийн гэрээ, тендерийн
асуудлыг хүмүүс байнга л ярьдаг. Өмнө нь бол үйлдвэрт хэрэгтэй юмыг авчирч байвал
нэг монгол хүн нь хэдэн цаас олог гээд нүдээ аниад өнгөрөөдөг байсан байж магад.
Одоо бол тэгүү­лэхгүй шүү. Одоо хэмнэж ажиллах цаг болсон. Шахааны бизнесийг зогсоохоос
аргагүй. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж ажил­ламаар байна” гэдгийг ч онцолсон.
“Эрдэнэт”-ийн Уулын Баяжуулах үйлд­вэрийн ерөнхий захирал Ц.Даваа­цэрэн ч ажлаа
аваад жил гаруй хугацаанд аль болох хэмнэлт гаргаж ажиллахыг хичээж, агуулахад байгаа
бараа бүтээгдэхүүнээ ашиглаж, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээг­дэхүүнээс бусдыг
шинээр авахгүй, дотооддоо хийж болох зүйлийг гаднаас авахгүй гэсэн захирамж гаргаж
ажилласан гэдгээ хэлж байв. Тус үйлдвэрийнхний танилцуулс­наар урьд нь “Белаз”-ын
нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянган ам.дол­лараар авдаг
болжээ. Өмнө нь тендер зарлаад сайныг л бол өндөр үнэтэй эсэх нь хамаагүй авдаг
цааш­лаад гэрээг хэнд өгөхийг том дарга нар л мэддэг байсан гэгддэг. Харин шинэ
захирал ирээд худалдан авал­тын нээлттэй зарчмыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хамгийн
сайныг хамгийн хямдаар гэсэн зарчимтай ажиллаж байгаа аж. Тендерийг нээлттэй, ил
болгосноор оролцож байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөөд үнээ буулгаад байх нь үйлдвэрт
ашиг авчирч байгаа гэнэ. Жилдээ 160 ширхэг “Белаз”-ын дугуй хэрэглэдэг юм байна.
Тэгэхээр нэг бүрээс 22 мянган ам.доллар хэмнэнэ гэхээр 3.5 сая ам.доллар хэмнэж.
Мөн хүхэрт натриг нэг тонныг нь 680 ам.дол­лараар авдаг байснаа 510 ам.дол­лар болгож
жилдээ 800 мянган ам.доллар цааш хийж чадсан байна. Энэ мэтээр хэмнэлтүүдээ тооцвол
2013 онд 38 тэрбум төгрөгийг авч үлдэж чаджээ. Бас энэ үеэр соних­рол­той тоо баримтууд
нэлээд яригд­сан. Уулын Баяжуулах үйлдвэр жилдээ хоёр зуу гаруй тэрбум төг­рөгийн
худалдан авалт хийдэг ажээ. 2011 онд 230 тэрбум байсан бол 2012 онд 268 тэрбумд
хүрсэн байгаа юм. Бодвол сонгуулийн жил байсан энэ тэр гээд нөлөөлөх хүчин зүйлүүд
байсан биз. Харин 2013 онд 188 гаруй тэрбумын худалдаа хийжээ. 30 орчим тэрбумын
өртөгтэй бараа бүтээгдэхүүнээ агуулахаасаа авч хэрэглэсэн гэнэ. Нөгөө “Эрдэнэт”
үйлдвэрт 00-ын цаас нь хэдэн жи­лийн­хээ нөөцтэй байдаг гэдэг яриа оргүй биш байсан
бололтой. Нийт­дээ 139 тэрбум төгрөгийн бараа таваараасаа 30-ийг нь хэрэглэсэн цаана
нь агуулахад 109 тэрбумынх нь үлдсэн байгаа ажээ.

Гэхдээ ГОК-ийнхон Ерөнхий сайдын хэлснээр шахааны бизнест авталгүй
дотоодын компаниудаа дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан. 2011 онд нийт
худалдан авалтын нь ердөө найман хувийг дотоодын үйлдвэрлэгчээсээ авч байсан бол
өнгөрсөн онд 15 хувь болсныг тэд онцолсон. Харин Ерөн­хий сайд “Үүнийгээ нэм”  гэсэн хатуу шаардлагыг тэдэнд тавьж байна лээ.
Гэхдээ түүний гол анхааруулж хэлэх гэсэн зүйлийг тус үйлдвэрийнхэн эхлүүлээд явж
байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байснаа нуугаагүй ээ. Тиймдээ ч “Сэтгэл гаргаж
ажиллаж чадвал амжилт ойрхон байна. Монголын бүх аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрийн
удирдлага шиг хэмнэлт гарган ажил­лахыг уриалж байна” гэж хэлсэн биз. ГОК-ийнхон
өнөө жил импортыг орлох бүтээгдэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэнэ гэж төлөвлөж
байгаа болохоор үндэсний компаниуд ч хичээн ажиллах хэрэгтэй болох байх. Ерөнхий
сайд Н.Алтанхуяг цахил­гааны зэс утас үйлдвэрлэдэг “Эрд­мин”, амны хаалтны “Мөнхийн
ца­гаан жим” үйлдвэрээр орж, үйл ажил­лагаатай нь танилцсан юм. “Эрдэнэт” үйлдвэр
25 хувийг нь, үлдэх хувийг нь АНУ-Монголын хамтарсан ком­пани эзэмшдэг “Эрдмин”
хувьцаат компани 1997 оноос катодын цэвэр зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас
үйлдвэрлэж эхэлжээ. Жилд 3000 тн зэс утас үйлдвэрлэж, “Эрдэнэт”  үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой
хэмээн тус үйлдвэрийн захирал Ж.Баатар ярьж байсан юм. Монголчууд зэсийг эцсийн
бүтээг­дэхүүн болгож гаргаж чадна гэдгийг өөрийн хүчин чадлынхаа хэмжээнд баталж
байгаа үйлдвэр л дээ. Цахил­гааны зэс кабель утсыг анх үйлд­вэрлэж эхлэхэд монголчууд
төдий­лөн ойлгохгүй, дассан сурснаараа орос, хятад утас авах гэдэг байжээ. Харин
одоо Монголынх нь илүү чанартай гээд авдаг болж. Гадагшаа гаргах тухайд манай хоёр
хөршийн Монголоос түүхий эдийг нь татвар­гүй, эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй
авах гэдэг хатуу бодлогын хүрээнд амаргүй байдаг гэдгээ тэд ярьж байсан.

Дөнгөж шинэ оны босгон дээр байгуулагдсан “Мөнхийн цагаан жим”
амны хаалтны үйлдвэр 15 ажилтантай багаширхан, шинэхэн үйлдвэр юм. Гэхдээ “Эрдэнэт”
үйлд­вэрийнхээ хэрэгцээг хангачих ажээ. “Монголд үйлдвэрлэв. Эрдэнэт хот” гэсэн
дардастай амны хаалтыг зүү­гээд ажиллаж байхад үйлдвэрийн ажилтнуудад сайхан л санагдах
байх хэмээн бодогдож байлаа. Нэг бүрийг нь гурван ам.доллараар оруулж ирдэг байсан
гэх амны хаалтыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Ц.Даваацэрэн даргад импортыг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэр­лэж байгаа газруудыг
дэмжин ажил­лахыг байн, байн сануулж байсан нь манай хамгийн том худалдан авагч
үйлдвэр гадагшаа гаргах мөнгөн урсгалаа багасгах нь чухал учраас тэр л дээ. Ерөнхий
сайд орон нутагт ажиллах үедээ Эрдэнэтийн дол­дугаар хороололд шинэ хороолол барих
үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий сайдыг дагалдан ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга
ажил­ласан бөгөөд Эрдэнэтийн барилгын компаниуд нийлж консерциум болж ажиллах гэж
байгаагаа энэ үеэр мэдэгдсэн. Тэд нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолборын зарчмаар ажил­лах
сонирхолтой байгаа ажээ. Ерөн­хий сайд ч аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг
эхлүүлж ажиллах учраас тэднийг дэмжихдээ дуртай байгаагаа илэрхийлж байв. Ингэхдээ
эхлээд ТОСК-иас 300 айлын орон сууцны мөнгийг эхний шатанд өгөх боломжтойгоо хэлсэн.
Бас хамгийн гол нь хоорондоо эвтэй ажиллаж, үр дүн дагуулж чадах бол цаашид ч дэмжих
боломжтойгоо хэлж байлаа.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллах үедээ биз­несийн
төлөөллийнхөнтэй уулзаж тэдний зовлон жаргалыг сонссон бөгөөд төрийн хүнд суртлаас
болж ажил нь удааширч чирэгдэж байгаа бол нээлттэй хэл, гэхдээ нэр ус эзэн хаяг
баримттай байх нь чухал шүү гэж, бас хамтран ажиллах боломжууд юу байгаа талаар
сонирхсон бизнес эрхлэгчдийн асуулт бүрт хариулж байв. Бас орон нутгийн иргэдийн
асуултад теле хэлбэрээр “Номин” телевизээр нь дамжуулж шууд ха­риул­сан юм. Иргэдийн
хувьд орон нутгийн удирдлагууд, Эрдэнэт үйлд­вэрийн ерөнхий захиралд хандсан асуултууд
элбэг тавьж байлаа. Мөн цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн даатгалтай холбоотой
асуудлуудыг салбарын яам, мэргэжлийн байгуул­лагаас өөрийг нь дагаж ирсэн хүмүү­сийг
өглөө үлдээд асуудлыг шийд­чихээд ирэх үүргийг Засгийн газрын тэргүүн өгч байсан.
Ийнхүү ганц өдрийн боловч олон ажлыг баг­таасан хөдөө орон нутгийн томилолт өндөрлөсөн
юм.

 Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Украины улс төрийн сургамж

Украинчууд  үл ойл­голцож,  нэг нэгийгээ алж хороож байгаа эмгэнэлт дүр
зургийг бид харж байна. Одоо цаашдаа хэрхэхийг таахад бэрх. Өнгөрсөн намраас
хойш үймж шуугисаар байсан энэ оронд  
Ерөнхийлөгч В.Янукович ор сураггүй алга болж, босогчид Засгийн эрхийг
авч, түр цагийн Ерөнхийлөгчийг тавьснаар үйл явдал өрнөж байна. Сүүлийн
саруудад болсон дүр зургийг өнгөц харахад танил үйл явдлууд болж өнгөрөв. Хурц
гэрэл цац­руулсан хар машин, ша­тахуун савласан лонх­нууд, галдан шатаалт бас
үймээний үеэр иргэд амь насаа алдсан явдал гээд. Дээрээс нь онц байдал хэн
тогтоох, тэр үеэр яаж ажиллах нь долдугаар сарын нэгний адил тодорхойгүй байсан
юм уу даа.

Товчдоо бидэнд сур­гамжаа
“хайрласан” зургаан жилийн өмнөх хэрэг явдалтай яг ядилхан сценари харагдсан.
Гэх­дээ Украинд хэрэг явдал урт удаан үргэлжилж, дэндүү том хүрээнийх байсан
учраас амь насаа алдагсдын тоо ч тоймоо алджээ. Жагсаал цуглаан болох үед
хуучин стан орнуудад иймэрхүү сценаритай үймээн бо­лох нь их байдаг гэлцдэг.
Өөрийн мэдэлд байсан улс орнуудаа хяналтаас гаргахгүйн тулд советууд ингэж
ажилладаг ч гэдэг. Яг тэр жишгээр явсан Украины жагсаал цуг­лаан хяналтаас
нэгэнт гарчээ. Одоо харин шинэ удирдлагууд нь юу хийж яахыг хэн мэдлээ. Гео­политикийн
хувьд хэ­зээнээс гол байршилд байсан энэ улс орны хүмүүс дэлхийн шинэ там болж
хувирахгүйн тулд өөрсдөө л ухаантай бай­хаас аргагүй цаг үе ирж байна.

Зүчийн хүү Бат хаан Их Монгол
гүрний хүрээ хилийг өрнө зүгт тэлэ­хийн тулд Киевийг өөрийн болгох хэрэгтэй
болж, ханлиг, гүнлигийн тэргүүдэд нь бууж өгвөл яах ч үгүй гэсэн амыг элчээрээ
хүргүүлсэн гэ­дэг. “Бид Киевийг өөрийн болгож, зөвхөн цааш дайран гарах гарцаа
л болгоно. Хэрэв үтэр түргэн бууж өгвөл бид толгойн үсийг ч хөн­дөхгүй, хотыг
чинь тэр хэвээр үлдээнэ” гэжээ. Харин арвангуравдугаар зууны үеийн украин ноёд
энэ шаардлагыг хүлээж аваагүй аж. Бүхэл бүтэн гурван сарын турш хориг­лон
тэмцэж. Киевийн их хаалганы гадна омогтой украинчуудыг буулгаж авахаар манай
халуун цуст өвөг дээдэс ч олмоо чангалж, араасаа их цэр­гээ дуудсан байгаа юм.
Эзэн Чингэсийн их цэрэг нэг газар гурван сараар дайснаа буулгаж авахгүй хүлээж
байсан удаагүй учраас уур хилэн ч бу­цалсан биз. Болдоггүй ноёдыг буулгаж аван­гуутаа
Киев хотыг галдан шатааж, үнсэн товрого болгожээ. Энэ түүхийг надад одоогоос
хоёр жилийн өмнө Киев хот­ноо, Украины еврей хөтөч ярьж өгсөн билээ. Хамгийн
гоё нь “Манай ноёд чадахгүй байж тэгдэг нь тэнэг л байхгүй юу. Монголчууд
хэлсэн­дээ хүрэх л байсан. Өв­лийн хүйтэнд ой модонд гурван сар хүлээсэн монгол
цэргүүд Киевийг галдсан нь шударга хэрэг байсан” гэж байсан билээ. Тухайн үедээ
Киев хотыг чимэглэн сүндэр­лэх сүрлэг барилгуудыг хараад үүнээс ч гай­халтай
дурсгал бидний өвөг дээдсийн гараар сүйдсэн гэхийг сонсох харамсалтай байсан ч
хэргийн эзэд нь мон­голчууд байсан боло­хоор тэгсгээд буруутгаж чадаагүй
өнгөрсөн юм даг. Харин сүүлийн саруудад энд тэндгүй байшин галдаж, түүхийн үнэт
зүйлс үнс нурам болж байгааг харахад украинчууд энэ удаад өөрсдийн гараар
Киевээ шатааж байна даа гэж бодогдлоо. Монгол­чуудын дунд Украинд, тэр дундаа
Киевт сургууль төгссөн олон хүн бий. Тэдний хувьд Киевийн консерваторын байр
шатаж, Крещатик гу­дамж­ны гол гол барил­гууд шатаж байгааг харахад өр эмтрэм
байгаа биз. “Батын цэр­гүүд ирээд хэрээ шавдаг гэж нэрлэсэн учраас Крещатик гэж
нэрлэсэн биз” гэж хошигнон ярьдаг байсан үеэ бодоход ч гунигтай байгаа нь
тодорхой. Хуучин цагийн Октябрийн хувьсгалын талбай энэ цагийн Май­ден Украин
яаж өөрч­лөгдсөнийг бага боловч батлан харуулдаг билээ.

Украины түр Засгийн Ерөнхийлөгч
Олександр Турчинов одоо Европын холбоотой нягт ойртон ажиллана гэдгээ юуны
түрүүнд мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри гэхэд шинэ
удирдагчдыг дэмжинэ гэдгээ зарлаж, Европын холбоо элч төлөөлөгчөө Киев рүү
илгээн улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдалд нь зөвлөнө хэ­мээв.
Харин үүний нөгөө талд ОХУ тус улсад бай­гаа Элчин сайдаа татан авахаар болж,
хуучин Ерөнхийлөгч В.Янукови­чийг татан унагаагдсанд харамсч буйгаа мэдэгдэж
байна. Өнгөрсөн бямба гаригаас хойш алга болсон түүнийг ямар хувь тавилан тосч
байгааг хэн мэдлээ. Украин дахиад Египет шиг, Сири шиг эмгэнэл дагуулсан тамын
орон болж хувирахгүй гэхийн баталгаа алга. Тиймээс одоо украин­чууд өөрсдөө л
хазаараа татаж, өөрсдөө л ухаан зарах хэрэгтэй байгаа юм. Сааль савнаасаа
халивал идээ ундаа бус угаадас болж  хувирдаг.
Түүн шиг Украины өөр хоорондын өс тэмцэл эргээд энэ үндэстэнд зовлон авчирна.
Тэдэнд оросууд ч, Европын хол­боо, америкчууд ч сайн сайхныг хүссэндээ  энэ бүхнийг өдөөгөөд байгаа биш шүү дээ.

“Бурхан Америкийг хашраах гэвэл
хар салхи илгээдэг. Харин бусдыг нь гэсгээх гэвэл Аме­рикийг явуулдаг” гэсэн
яриа онлайн ертөнцөд тэнүүчилдэг. Гэхдээ ук­раинчуудыг одоо л зогсох хэрэгтэйг
дэлхийн урлаг соёлын одод анхаа­руулж “Stop Ukrain” гэсэн хөдөлгөөнийг
өрнүүлээд байна.  Тэд одоо л өөр
хоорондоо учраа олж нэгдэхгүй бол гадаад ер­төнцөд тэднээр тоглох сонирхол хаа
хаанаа бай­гаа нь худлаагүй юм. ОХУ энэ удаад Элчин сай­даа татаж байгаа шигээ
Украинаас сонирх­лоо тийм ч амар татахгүй. Севастополь, Крымыг авч байж л гараа
суллах байх. Хар тэнгис Оросын хувьд чухал. Балтын тэнгис нэгэнт Оросын мэдлээс
гараад явчихсан болохоор Хар тэнгистэй үлдэх асар их сонирхол бий. Тэгээд ч
орос, украинчуудын хамтарч хийсэн багагүй юмс энэ бүс нутагт байдаг гэлцдэг.
Нөгөө талаас Украин, Белоруссийг барьж байх­гүй бол баруун Оросыг тэр чигт нь
алдчихна гэсэн үг. Тиймээс хэдий­гээр ерээд онд тусгаар улс болчихсон ч бод­логоо
энэ бүс нутагтаа байлгах сонирхол хэзээ хэзээнээс илүү хүчтэй байсаар байгаа.
Бас дээрээс нь Украин Ев­ропын холбоонд элсвэл НАТО-д элсч таарна. Гэтэл Орос
ЕвроАзийн холбоо гэдгээ хүчир­хэгжүүлж НАТО-той үзэ­хийн тулд Украиныг
багтаачихмаар байдаг.

Европын холбоо ч гэ­сэн дээ.
Украиныг анх­наасаа авах бодолгүй л байсан. Харин оросууд 9-11 тэрбум цаашлаад
15 тэрбум евро өгөх талаар яриад эхлэнгүүт хол­боондоо элсүүлэхэд бэлэн тухай
ярьж гал өрдлөө. Европын хол­боо­ны хувьд Украиныг бодож гаргаж байгаа шийдвэр
гэхээсээ Орос­той тулах зэвсэг болгон ашиглаж байгаа нь ч үнэн. Нөгөө талаас Ук­раин
Европын холбоонд элсвэл энэ холбооны улсуудын түүхий эдийн бааз, хямд ажиллах
хүчин болохоос өөрсдөд нь ирэх ашиг бага гэж суд­лаачид үзэж байгаа юм.
Тэгэхээр мэргэжлийн бокс тоглож, толгой руугаа нүдүүлсээр ирсэн В.Кличкогийн
хэлж бай­гаа шиг Европын хол­боонд л элсчихвэл сайн сайхан амьдрах тухай тэр
үлгэрт итгэхэд хэцүү. Юутай ч Украинд эрх мэдэл нь нэгээс нөгөөд шилжчихээд
байна. Харин одоо үйл явдал яаж өрнөхийг таашгүй. Гэхдээ гадаад нөхцөл байдал,
ашиг сонирхлыг харвал украинчуудыг тийм ч амар орхичихоор­гүй байна. Гадаад со­нирхол
хэдийчинээ байх тусам энэ үндэстэн, энэ улс тоглоом болж сүйрэх аюултай.
Тиймээс там болох аюулыг украин­чууд өөрсдөө л зогсоож чадна. Арвангуравдугаар
зуунд Чингэсийн мон­голчуудын өмнөөс сөрж чадах нь цөөхөн байхад том байж
чадсан шигээ украинчууд одоо жинхэнэ өөрсдийнхөө төлөө омог бардам байх цаг нь
ирж байна. Одоо хэн нэгэн гадны хүчний залуураар өөр хоорондоо хэмлэл­дэх бус
өөрсдийнхөө төлөө эвлэлдэх цаг иржээ. Ер нь геополи­тикийн хувьд чухал байршилд
байдаг улс үндэстэн өөрсдөө л ухаантай байхгүй бол дандаа бусдын идэш болох
гээд байдаг.

Энэ монголчууд би­дэнд ч
хамааралтай. Украины улс төрийн сур­гамж олон улс үндэстэнд анхааруулга болох
учиртай. “Эмх цэгцтэй айлын эзэгтэй рүү нохой хуцдаггүй” хэмээх айхтар үг бий.
Энэ гүрж үгийг Долгорын Нямаа гуай гайхалтай хөрвүүлсэн байдаг юм. Тэгэхээр энэ
мэт үгийг хаа хаанаа бодох хэрэгтэй.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ!

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай нэг биз­несмэн
Лас-Вегаст казинод тоглож байгаад хачин юм үзсэнээ сонирхуулж ярьж байж билээ.
Хүмүүс ид дун­даа тоглож байтал  тэр дун­дуур
живхтэй хүүхэд харайл­гаж, харин харуул хамгаа­лал­тынхан тэр нөхрийн эцэг,
эхийг олж тогтоох гэж улмаар хүүхэд хамгааллын байгуул­ла­гынхан хүүхдээ хараа
хяналтгүй орхисон эцэг эхэд нь хариуцлага тооцох гээд хууль ёсны бөөн ажил болс­ныг
“өнгөтөөр” ярьж өгсөн­сөн. Хүүхдээ өрөөндөө унтуул­чихаад зочид буудлын доод
танхимд тоглох гээд ороод ирсэн хойно жаал хүү сэрж буугаад ирж л дээ. Тухайн
үед, энэ явдлын гэрч бологч  хүн  хүүхдийн эцэг, эхэд хариуцлага тооцсонд гайхах
маягтай, сонсч суусан бид ч бас чухалчлан ухаж анхаараагүй санагдана. Үр
хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа өлсгөхгүй, өм­сөх хувцастай байлгах төдийх­нээр  явцуурах бодол­той хүмүүс манай хэнэггүй нь
дэндсэн монголчууд аа. Гэвч хүн төрөлхтний эрх үүрэг, хариуцлагын хамгийн чухал
нь хүүхдэд л чиглэгддэг.

Сар шинийн өмнөхөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт
гарсан эмгэнэлт хэрэг хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэн урсаар байгаа. Багийн
төвдөө өвөлжиж байгаа Ц.Сансар­баярынх саахалтындаа бууз банш хийхээр явж,
гэртээ 5, 7 настай охидоо үлдээжээ. Гэрээсээ гарч болохгүй шүү гээд гал өрдөж
өгөөд явсны араар нь хоёр охин зуны цагт гүйгээд очиж байсан саахалт айлынх
руугаа аав, ээжийн­хээ араас явсан байдаг. Тэгээд л хөхөө өвлийн хүйтэнд хоёр
жаалхан охин осгож, нэг нь дүүдээ дулаан хувцсаа тайлж өмсүүлээд өөрөө хорвоог
орхиж, амьд хоцорсон дүү нь өнөөдөр эмнэлэгт байна. Энэ гунигт явдлын цаана
эцэг, эх болсон томчуудын хариуцлагын асуудал эн тэргүүнд яригдах учиртай. Үр
хүүхдээ алдчи­хаад байгаа ээж, аавын сэтгэлд нэрмээс болж хатуу үг хаяж байгаа
мэт боловч томчуудын хэнэггүй зангаас болж олон арван хүүхэд хорвоогоос цагаас
эрт хальж байгаа нь бусдад алдах эрх­гүй сургамж болох хэрэгтэй. Өнгөрсөн
есдүгээр сард Баянзүрх дүүргийн арван­хоёр­дугаар хороонд дөрвөн ханатай гэр
шатаж, дотор нь байсан гурван настай охин амиа алдсан хэрэг гарсан. Гараад гүйе
гэхнээ ээж, аав нь цоожлоод явсан байсан тул яах ч билээ. Бас Говь-Алтай
аймгийн Есөнбулаг суманд нэг айлд гал гарахад таван настай эгч нь гурван настай
дүүгээ дээрээс нь дарж хамгаалсаар шатаж үхсэн байсан. Мөн л үр хүүх­дээ
цоожлоод ажил албаа амжуулах гээд явсан хойно болсон хэрэг.

Хамгийн сүүлд гэхэд л хоёр сартай хүүхдээ машинд цоожлоод
эцэг, эх нь явчихсан хойгуур ачилтын компанийн­хан нэгдүгээр эгнээнд тавь­сан
машин гээд хүүхэдтэй хээтэй нь ачаад явчихсан хэрэг гарлаа. Хүүхдийн амь насанд
эрсдэл учруулах шахсан гэж ачилтын компа­нийн­хан буруутгагдаж байгаа боловч үр
хүүхдээ орхиод явсан ээж, аавын хариуц­ла­гын асуудал яригдах л учиртай. Энэ
хэргээс улбаа­лаад сонин хэвлэлүүд сур­валж­лахад хүүхдээ машинд орхиж яваад
тэрийг нь ачилтын компанийнхан ачиж явдаг тохиолдлууд олон ажээ. Тэгээд журмын
хашаанаас машинаа хүүхэдтэйгээ очиж авахдаа гомдоллодог нь мөнгө төлөхгүйн аз
болдог жишээний тохиолдлууд гар­даг байна. Юу гэсэн үг вэ. Хүүхдийнхээ аюулгүй
байд­лыг бодохгүй байгаа хүмүүст автомашинаа байрлуулах дээр хууль дүрэм
зөрчих  энүүхэнд байх  л даа. Цонхыг нь битүүлсэн машинд хүүхдээ
орхивол ганцаар хоцорсон хүүхэд уйлдаг учраас маш богино хугацаанд бүтэж үхэх
аюултай байдаг гэлцдэг.

Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эмхэтгэлийн судал­гаа­гаар
нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадна үлдсэнээс амь насаа алддаг
гэсэн дүн гарчээ. Бас гэнэтийн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байгаа
хүмүүсийн 70 шахам хувь нь 0-4 насныхан байдаг юм билээ. Энэ юуг хэлж байна
гэхээр нөгөө л хараа хяналт дутагдсанаас болж байгаа хэрэг.  Хүнээр хүн хийж авна гэдэг амаргүй. Гэхдээ
энэ хорвоогийн учир начрыг тунгааж амжаагүй байгаа үрстээ хэлж хянах үүргийг
сайн дурын ажил мэт хүлээж авагч нийгэм-хүмүүст хариуц­лагыг мөрдөн сахихаас
арга­гүй болжээ. Дэлхийн олон улс оронд хэрэгждэг эцэг, эх байх хариуцлагын
ойлголт Мон­голд нэн учир дутагдалтай.

Хэн нэгний өмнө хариуц­лага хүлээдэггүй учраас яавал ч яахав
гэсэн маягаар хандах явдал манайд элбэг байдаг.

Дээрээс нь Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрэмд хүүхдийнхээ
эрхэнд халдаж, эцэг эх байх үүргээ биелүү­лээгүй тохиолдолд хүлээлгэх
хариуцлага гэж үгүй. Гэр бүлийн салалттай холбоотой хойд, урд нэр зүүсэн олон
хүүхэд нулимстай амьдарч байна. Тэд гэр бүлийн хүчир­хийллийн гол золиос болдог.
1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлагдаж, 2003 онд нэмэлт өөрчлөлт
оруулсан ч хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд эцэг эхэд нь үүрүүлэх хариуц­ла­гын
ойлголт огт байхгүй. Тиймдээ ч хүүхдүүд хүчир­хийлэлд өртөж, гэмт хэргийн
золиос болж бас нэмээд хэнэггүй, хайхрамжгүйн галд бяцхан үрс хуйхлагдсаар
байгааг үгүйсгэх боломжгүй.

Манайд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй.
Зөвхөн гэр бүлийн дотоод асуудал гэж үздэгээс олон арван эмэгтэй­чүүд, хүүхдүүд
хохирч үлд­сээр. Өнгөрсөн хавар аавдаа заазуурдуулсан гэх таван настай хүүхдийн
хэрэг ч үүнийг гэрчилдэг. Гурван хүүхэд­тэй хүүхэн доромж­луу­лаад
дээрэлхүүлээд тэсэхээ байгаад цагдаа дууддаг. Аз болж архи үнэртүүлсэн бол
цагдаа аваад явдаг, уугаагүй бол зохицоорой гээд орхиод явдаг. Нэг удаад
баригдаад саатуулагдаж байгаад гарч ирсэн аав хэдхэн сартай охиноо ширмэн тогоо
руу хага шидэж, нүдийг нь гэм­тээсэн байсан. Тэгээд таван настай хүүгээ хэд
хэдэн удаа заазуураар исгэж гэмтээхэд нь эмнэлгийн тусламж үзүү­лэх үеэр энэ
хэрэг олон ний­тийн анхаарлын төвд очиж байгаа юм л даа. Гэлээ гээд 72 цаг
суучихаад л өнөөх балмад аав гараад ирнэ. Хууль нь тийм. Үргэлжлээд зүхэлт,
цөхрөлт дүүрэн амьд­рал үргэлжлэх жишээтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулинд
“Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуу­лах, нийгмийн амьдралд оролцох
эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх” гэж заасан байдаг ч,
үүнийг эс мөрдсөнийг яах юм гэсэн хариуцлагын тогтолцоо байхгүй. Ерөөсөө хүн
болгож төрүүлсэн юм чинь өмч хөрөн­гө нь юм шиг л тооцогд­дог феодалын үеийн ёс
бидэнд байсаар байна.

Жилийн жилд хурдан морь унадаг хүүхэд багачууд амь насаа
алдаж, насан туршдаа тахир дутуу болох нь цөөнгүй. Эцэг, эх нь хүүхдүү­дээ 500
мянгаас нэг сая төгрө­гөөр үнэлээд айл-“амьт­ны” морь унуулдаг учраас адаг
сүүлд нь гомдолгүй гэдэг. Тэгээд л хэрэг хаагддаг. Хэрэв­зээ эцэг эхэд нь
хариуцлага тооцдог тогтолцоо байсан бол асуудалд арай өөрөөр хан­дах нь мэдээж.
Манайд үр хүүхдээ алсан ч дур, аварсан ч дур гэсэн шиг байдал үнэхээр
гамшиглажээ. Уучлаа­рай, тэгвэл одоо төр нь хүнээ мэддэг тогтолцоонд шилжмээр
байна.

Төр нь Монгол
Улсад төрж иргэн нь болсон хүнийхээ өмнөөс эцэг, эх, асран хамгаа­лагч нарыг нь
үүрэг­жүүлж, үүнийгээ биелүүлж чадахгүй 
байгаа бол хариуц­лага тооцдог болмоор байна. АНУ-д очсон манайхан
монгол маягаараа “хүмүү­жүүлж”,  асуудалд
орцгоож байгаа дуулдаж л байдаг. Бүр гадных шиг хатуу биш юм аа гэхэд дорны
орны өнгө аясаа хадгалсан бас хүүхдийн аюулгүй эсэн мэнд өсөн торних боломжийг
хангах заалтыг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Гэр бүлийн тухай
хуулинд тусгаж өгмөөр байна. Австралид гэхэд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд
хатуу шийтгэл оногдуулахаас гадна хүүхдийг хайхрахгүй орхисон гэдэг зүйл
заалтаар хүртэл хариуцлага хүлээл­гэ­дэг юм билээ. Бүүр цаашлаад үр хүүхдээ
дарамталж зодож хүчирхийлж байгааг мэдсээр байж мэдэгдээгүй гэдэг заалтаар хөрш
нь хүртэл ял сонсох заалттай. Ер нь хөршийн холбоо, хөршийн үүрэг чухал. Хэдхэн
хоногийн өмнө АНУ-д нэг залуу бай­шин­гийнхаа гадна хүүхдээ сэгсчээд байгааг
харсан иргэн дуудлага өгчээ. Цагдаа­гийнхан ирээд шалгаад үзтэл хамт байсан
ээжээс нь тариа­ны зүү хатгуур илэрч. Эцэг, эх байх эрхийг түдгэлзүүлээд
шүүхээр асуудлыг нь шийдэх гэж байгаа юм билээ. Африкийн Кенид гэхэд хоёр
гэрийн аав, ээжийг үр хүүхдээ хайхраагүй хэргээр шүүхэд дуудаад байгаа  гэсэн мэдээлэл байна. Хүүхдээ цагт нь
сургуулиас нь авахгүй байсан юм байх. 
Манайд эцэг, эх нь хүүхдээ сургаж байхад нь хошуу дүрнэ гэсэн ойлголт
байхгүй. Цаана нь эргээд хүүхдийн эрх яригдаж л байдаг. Монголчууд малаа төрийн
хамгаалалтад байна гээд Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн улс. Харин Монголд
хүн нь тэр дундаа хүүхэд малаас дор хамгаа­лал­тад байна. Хүүхдээ хүчир­хийлдэг,
хүүхдийн эрхэнд халддаг, цаашлаад хайхрамж болгоомжгүйгээсээ үр хүүхдэ­дээ
эрсдэл дагуулдаг байдлыг зогсоох хамгаалалт бидэнд алга. Хүүхэд эцэг, эхийнхээ
өмч төдийгүй эх орныхоо үнэт баялаг, төгс өмч. Тэд бие даасан хувь хүмүүс. Тэд
малчны хотны хуц ухнын дайтай үнэлэгдэх ёсгүй. Хүүхдийн эрх зөрчиг­дөж, тэдний
эрүүл энх өсөн бойжиход тусалж чадаагүй, санаатай санамсаргүй эрсд­лийн үүдийг
нээж байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага хүлээл­гэдэг хууль ёс бидэнд хэрэгтэй
байна. Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ. Соёлт ертөнц ингэж
харна.

Categories
редакцийн-нийтлэл

“Голомт”-ын Д.Баясгалан: Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь ¬мөн чанар юм

– ТАЙВАН БАЙЖ БОЛНО, “ГОЛОМТ” ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ – 

“Голомт”-ын эзэд муудалцаж гэнэ,
хө­рөн­гө мөнгөө хувааж байна гэсэн яриа гараад бага­гүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд
хэвлэ­лээр нөгөө тал нь байр сууриа илэрхийлж бай­сан ч Д.Баясгалан за­хир­лын зүгээс
ямар нэ­гэн ярилцлага өгч, мэ­дэгдэл хийсэн нь үгүй. Сүүлийн үед түүний эзэмшлийн
“Голомт” банктай холбоотой янз бүрийн мэдээлэл гар­саар байсан ч бас л байр сууриа
илэрхийлээгүй. Хэзээнээс ярилцлага өгч, нээлттэй байхдаа “хойрго” түүнд ярил­цах
санал тавихад “Би хүмүүс юу гэж бодож байгаа бол, энийг ин­гээд хэлчих юмсан, ингэж
ойлгогдчих юм­сан гэж хэзээнээс бо­дож байгаагүй. Тэртэй тэргүй үнэн мөн нь цаг
хугацаагаар шалгаг­даад тодорхой болно гэж боддог. Бидэнтэй холбоотой яриа гарч,
багагүй асуудал боссон нь үнэн. Одоо асуудал нэгмөсөн дууссан нь ч үнэн. Бидний
маргаан нь Монголын томоохон компанийн хувьцаа эзэм­шигчид, нөлөө бү­хий улстөрчдийн
хоо­ронд ил тод болсон гэд­гээрээ олон нийтийн сонирхлыг их татсан болохоос иймэрхүү
асуудал өөр орон, бусад компанийн дунд байдаг л юм байна лээ. Хү­мүүст бодитой,
үнэн зөв мэдээлэл өгөх, асууд­лыг өөр өнцгөөс харах бололцоо олгох үүднээс би юу
болсныг нь яриад өгье. Дараа нь дахин тайлбарлаад л, детальчлаад байх ч шаард­лага
байхгүй. Нэгэнт ярьсных “Өдрийн сонин”-д өгсөн нь зөв болов уу” хэмээ­гээд бидний
саналыг хүлээн авсан юм.

-Тантай уулзсаных олон асуултыг
тави­маар санагдаж байна л даа. Гэхдээ тэр олон асуулт дундаас хам­гийн түрүүнд
“Голомт” банкинд юу болоод бай­на вэ. Зарим хүмүүсийн түгшиж байгаа шиг асуу­дал,
эрсдэл байхгүй биз дээ гэж асуумаар бай­на?

-Банк асуудалтай бай­на уу, эрсдэлтэй
байна уу гэдгийг хамгийн түрүүнд банкин дээр яригд­даг хэдэн тоогоор л дүгнэдэг
юм. Өнөөдрийн байдлаар “Голомт” банк 3,7 их наяд төгрөгийн активтай, 320 тэрбум
төг­рөгийн өөрийн хөрөн­гөтэй, өнгөрсөн онд 46 тэрбум төгрөгийн татва­рын дараахь
ашигтай, одоо хоёрдугаар сарын дундуур гэхэд найман тэрбум төгрөгийн ашиг­тай, дансандаа
их наяд илүү төгрөгтэй байна. Тэгэхээр харилцагч, хад­галамж эзэмшигчид, бан­кинд
ажиллаж байгаа хүмүүс, бас энэ банкны ихэнх хувьцааг эзэмшигч миний хувьд айж, санаа
зовох юм юу ч алга. Бан­кинд юу болоод байна аа гэж айж эмээх асуудалд хариулдаг
манай тоо баримт энэ байна.

-Тэгвэл гадуур яа­гаад ийм яриа
гарах болсон юм бол?

-Та “Блүүмбэрг”, “Рой­терс” дээр гарсан
нийт­лэл, түүнээс үүдсэн зарим нэг яриаг асууж байгаа бололтой. Тэнд дурдагд­сан
ихэнх асуудал өнгөр­сөн жилийн бидний мар­гааны үед яригдаж ший­дэгдсэн, банктай
шууд холбоогүй, зарим нэг нь бүүр огт бидний мэдэхгүй асуудал ч байна лээ. Жи­шээ
нь 90-ээд сая ам.дол­ларын өр, “Кредит Свисс”-ийн маргаан, “Иточу”-д “Голомт” банк
мөнгө төлсөн, “Трафи­гура”-д 55 сая ам.долла­рын зээлтэй, “Хүннү эйр­лайнс”-ын баталгаа
гэх мэтээр асуудлыг бүрэн гүйцэд судлаагүй, өнгөц дүгнэсэн зүйлүүд их бай­сан. Тэр
дотроос нэг л зүйл үнэн. Тэр нь Арабын сангийн 2015 оны эцсээр төлөх 25 сая ам.долла­рын
хувьцаанд хөрвөх зээлийн асуудал.

-Тэр яг ямар учиртай зээл юм бэ.
Гадны нэр хүндтэй хэвлэл мэ­дээл­лийн агентлагууд худлаа мэдээлэл цац­лаа гэж үү?

-Японы “Иточу” кор­порацийн асуудал
бол “Голомт” банкны харил­цагч “Алтан Дорнод” ком­пани тэдний хооронд бол­сон асуудал.
Өнгөр­сөн онд тэд хоорондоо шүүхдэж асуудлаа бүрэн шийдсэн. “Голомт” банк­наас нэг
ч төгрөг төлбөрт өгөөгүй. Өмнө нь ч, одоо ч тэр “Иточу”-гийн өмнө “Голомт” банкны
зүгээс хүлээсэн үүрэг огт байх­гүй. Арабын хөрөнгө оруу­лалтын сангийн 25 сая ам.доллар
бол банкны нийт активын нэг хүрэхгүй хувь, нэг зээлдэгчдэд ол­гох зээлийн дээд хэмжээ­ний
тал орчимтой тэнцэх мөнгөн дүнгийн асуудал. 2009 онд Арабын сан­гийн “Стайнхоп инвэст­мент”
компаниас “Голомт” банкны хувьцааны 14 хувьд шилжих нөхцөлтэй, таван жилийн хугацаатай
25 сая ам.долларын зээлийг Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хоёрдогч өглөг
хэл­бэрээр авсан. Гол  нөхцөл нь банкийг таван
жилийн дотор гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувь­цаагаа гаргаж, олон нийтэд
арилждаг, нээлт­тэй болох болзолтой байсан юм.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй
юу?

-Арабын сангийн энэ “Стайнхоп инвэстмент”
компани бол тэдний хам­гийн эрсдэлтэй, оппорту­нист гэж бидний нэрлэдэг тэр хөрөнгө
оруулалтыг хийх зорилгоор байгуу­лагдсан компани.

Одоогоос хэдэн жи­лийн өмнө Монгол
Улсын ч тэр, олон улсын ч тэр эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Эдийн засгийн
хурдац­тай хөгжилтэй, дэлхийн хамгийн том, хурдан хөг­жиж байгаа Хятадын зэ­рэг­цээ
оршдог, байга­лийн баялаг ихтэй, хүн ам бага гээд л манай орон чинь хөрөнгө оруулагч­дын
халуун сэдэв байлаа шүү дээ. Харин одоо бид моодноос гарчихаад бай­на. Гадаадын
хөрөнгө оруулалтыг хяз­гаарлаад, Таван толгойгоо дампуу­руулаад, Оюу толгойгоо зогсоогоод,
сонгуулийн дараа гэсэн хүлээлт үүс­гэж цаг алдаад, эргээд тэрийгээ засах гэж ором­доод,
ойлгомжгүй тогт­вор­гүй байгаад байхаар Мон­голд хөрөнгө оруу­лах сонирхол эрс буурна
биз дээ. Дээр нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил саарч байна. Нөх­цөл байдал
ийм байхад олон улсын зах зээлд хувь­цаа гаргана гэдэг ойрын хэдэн жилдээ ба­раг
боломжгүй асуудал. Түүнээс гадна бидний хоорондын маргаан ч бас нөлөөлсөн. Тиймээс
тэд мөнгөө хугацаанаас нь өмнө буцааж авъя гэж байгаа. 2009 оны үнэл­гээгээр 25 сая ам.доллар нь Голомт банкны
14 орчим хувь, хэрэв банк олон улсын зах зээлд хувьцаа гаргаж зарсан бол энэ 14
хувь нь магадгүй хэд дахин өсөх байсан байх. Бидний хооронд асуудал шийдэгдсэний
дараа би тэдэнд Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал, түүхий эдийн үнийн уналт,
мөн бараг бүтэн жил маргалдсаны эцэст банкны харилцагч, хамтран ажиллагчдын итгэлийг
сэргээхэд хугацаа шаардлагатай байгааг хэлээд гэрээнд заагдсан 2015 оноос өмнө
IPO хийх боломжгүйг хэлсэн. Тэдний гол сонирхол болох IPO хийгдэхгүй болсон учир
тэд гэрээнд заасан хугацаанаасаа өмнө мөнгөө авъя гэж, тэгэхдээ 36 болгож авъя гэж
байгаа. Энэ бол зөвхөн тэдний манай хоёрын хооронд шийдэгдэх асуудал биш, Монголбанк
бас зөв­шөөрөл өгөх ёстой. Тэд гэрээний хугацаагаа дуусгана гэвэл нэг хэрэг, үгүй
гэвэл тэдний л хэрэг. Тэгвэл манайд оруул­сан санхүүгийн хэрэгс­лээ хэн нэгэнд зарах
эрхтэй. Аль нэг тал нь хохироод байх юм байхгүй. Бизнесийн шуга­маа­раа л шийдэг­дэнэ.
Банкинд ч энэ бараг хамаагүй. Тэд нар “Голомт” банкны 14 хувь руу шилжих санхүү­гийн
хэрэгслээ дур­тай үнээрээ ч зарчихаж болно шүү дээ. Гэхдээ энэ удаагийн хэрэг бидэнд
гадны хөрөн­гө оруулалтууд дээрээ эргэж нухац­тай харах шаард­лагатайг харуул­сан.
Монголын эдийн засгийн хөгжлийн бооцоон дээр гадныхан орж ирээд банкинд хөрөнгө
оруулах шугамаар энэ хөгжлийн тэлэлтийн явцад хам­гийн хурдан хугацаанд хамгийн
өндөр ашиг авахыг бодоод байхаас банк­ны ирээдүй, түүний стратеги, цааш­дын хөгжлийн
хандлага ер сонин биш байдаг юм байна л даа.

-Банк гэлтгүй бүхий л салбарт тийм
байх л даа?

-Тийм ээ. Манайхан орж ирэх мөнгөний
хэмжээ, хугацаа, хүүгээ л голлон анхаараад байдгаас биш гэрээг тэр бүр нарийвчлан
хардаггүй. Гэтэл гэрээний үг бүрийн цаана гадныхны эрх ашгийг хамгаалсан утга санаанууд
байж байдаг. Бизнес хийж байгаа хүн бүр үүнийг сайн анхаарах хэрэгтэй.  Оюутолгой дээр ч зарим нэг заалтууд, бас “Чалко”
дээр ч ийм байдал гарсан байдаг. Магадгүй, би хөрөнгө оруулалт, зээлийн гэрээний
асуудал дээр Монголдоо хамгийн их туршлагатай хүн болсон байх. Гадаадын хөрөнгө
оруулагчид л хамгийн сайн, барууны хэвлэл мэдээлэл хамгийн үнэн зөв, голч гэж боддог
ойлголтоо өөрчлөх цаг болсон. Сүүлд “Блүүмберг” ма­най талаар бичсэн зарим нэг зүйлдээ
залруулга хийснийг хүмүүс харсан байх.

-“Блүүмберг”-ээр уг мэдээ­лэл цацагдсан.
Олон улсын энэ теле­визийн салбарыг Монголд оруулж ирсэн газар нь Худалдаа хөгжлийн
банк. Банкуудын өр­сөл­дөөн ийм мэдээлэл гаргахад хүргэсэн юм биш биз?

-Би “Блүүмберг”-ээр явсан энэ мэдээлэлд
Худалдаа хөгжлийн банк холбоотой гэж бодохгүй байгаа. Мэдээлэл нь ач холбогдол багатай,
юу илэрхийлэх гээд байгаа нь ойл­гомж­гүй, дутуу ташаа баримт дээр үндэслэсэн байсан.
“Кредит Свисс” банкны зээл өнгөрсөн онд ямар ч маргаангүй төлөгдөөд дуус­сан, Швейцарийн
“Свисс Мо” ком­пани “Голомт” банкны 10, “Трафи­гура” компани тав орчим хувийн хувьцаа
эзэмшигч. “Трафигура” нь “Бодь Интернэшнл” компанид 55 биш, 8.7 сая ам.долларын
зээл өгсөн, тэр нь баланс дээрээ байгаа. Тэглээ гэхэд энэ бүгдээс би ямар ч буруу
зүйл олж хараагүй. Энэ бүгд чинь бизнесийн, байнга л хийгддэг зүйлс ш дээ. Харин
тэр 90 орчим сая ам.долларын зээл гээд юуны тухай юм бүү мэд, би л лав тийм юм мэдэхгүй,
лав андуурсан байх.  Харин энэ мэдээллийг
манай өрсөл­дөгчид дэвэргэж, давс хужир нэмж байгааг үгүйсгэхгүй. 

-Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд
“Голомт”-ын хувьцаа эзэмшигчдийн хооронд юу бо­лоод өнгөрсөн юм бэ. Нөгөө хувь ний­лүү­лэгчийн
талаас хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Харин та өнөөдрийг хүртэл дуу­гарсангүй…

-Жаахан холоос эхэлье л дээ. Манай
банк 1995 онд анх бай­гуулагдсан. Удалгүй хэд хэдэн банк дампуурч, 1997 онд Азийн
эдийн засгийн, Орост 1998 онд санхүүгийн хямрал болж байлаа. Дараа нь дахиад л Монголд
банкууд үүд хаалгаа барьж, 2008 онд  бараг
л дэлхийн санхүү, эдийн засгийн хамгийн том гэж хэлж болох хямрал болж одоо ч тэрнээсээ
зарим талаар гарч чадахгүй байна. Энэ олон бэрхшээлийг даван туулж, хүнд­рэлийн
ард гарч бид үлдсэн. Үлдэх үлдэхдээ Монгол Улсын банкны системийн хамгийн том банк
болж төлөвшсөн. Бид хуучны төрийн мэдлийн банкийг хувьчилж аваагүй, аль нэг банкийг
өөрсдөдөө нэгтгэж явсангүй. Чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээ зориулж банкныхаа төлөө
зүтгэснээрээ өнөөдрийн энэ банкаа босгож чадсан. Манай гол өрсөлдөгч болох Худалдаа
хөгжлийн банк бол хуучны гадаад худалдааны банк одоо ч хэвээрээ л байна. ХААН банк
бол бас хуучны хөдөө аж ахуйн банкны суурин дээр үндэслэгдсэн.  Хуучны уламжлалт ийм банкуудтай өрсөлдөж байж
бид хамгийн шилдэг нь болж гарч ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. 2008-2009 онд
“Голомт” банк Монголын хамгийн их хад­галамжтай, хамгийн том активтай банк болсон.
Яг тэр үед Монгол Улс маань бас олон улсын тавцанд ид моодонд орж байлаа. Уул уурхайн
салбар нь хамгийн их анхаарал татаж, өндөр хүлээлттэй орны нэг байв. Гадныхан ч
манайхыг их сонирхож, гадны хөрөнгө оруулал­тууд ч цөөнгүй орж ирсэн. Тэр ч утгаар
нь бид гадаад хүнийг захир­лаар ажиллуулж, мэдэхгүй чадахгүй зүйлээ суралцъя, шинэ
менежмент, шинэлэг зүйл нэвтрүүлье, гадаад хөрөнгө оруулалтыг татъя, банк дараагийн
хөгжлийн үе шатанд гарч ажиллах ёстой гэж шийдээд Жон Финниганыг 2007 оны сүүлээр
за­хир­лаар томилсон юм. Тэр ч эхэндээ нөхцөл байдлыг ойлгож авах, банк­ны үйл ажиллагааг
сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ удаад ирсэн
чинь банкныхаа өдөр тутмын ажилд анхаарахын оронд хаана л олон улсын хурал, дипломат
арга хэмжээ болно тэнд явж байдаг болсон. Бас өөрийгөө Монголыг хамгийн сайн мэддэг
гадны цөөхөн мэргэжилтний нэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх энээ тэрээ гээд
ажилдаа анхаарах нь суларсан. Сүүлдээ түүнд бүх зүйл амархан санагдаж, бүх л зүйл
болчихмоор санагдаа биз.  Бас Жон өөрөө шууд
хариуцаж байсан зарим нэг үүргээ биелүүлээгүй. Иймд орны хүнийг нь олох, гүйцэтгэх
удирдлагын аажим, гэхдээ шийдэмгий өөрчлөлт хийх дээр би хатуу байр суурьтай байсан.
Гэвч Жон “Голомт” банкны захирал гэдэг албан тушаалд дахиад дор хаяж 3-4 жил үлдэх,
хувьцаа эзэм­ших, улмаар банкийг хувьдаа хөрөн­гө, мөнгөтэй болох сүүлийн боломж
гэж харж байсан юм билээ. Би түүнийг ямар ч аргаар хамаагүй албан тушаалдаа үлдэх
гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ.
Маргаан зөрчил бол үүнээс л эхэл­сэн.

-Хорин жилийн түншлэл хага­рах
болсон нь гадаад захирлаас  үүдэлтэй гэж үү?

-Миний хувьд, банкны эрх ашгаа бодоход
тэр хүнийг өөрчлөхөөс өөр арга байгаагүй. Тэр хүнийг тансаг байлгаж, гадаадад хүссэн
үед нь зугаалуулж байх түүнд зориулсан банк гэж Монголд, ер нь дэлхийд байхгүй.
Монголын банк Монголын харилцагч үйлчлүүлэгч нартаа зо­риу­лагдаж, тэдэнд үйлчилж
байхаас гадны хөрөнгө оруулагчдыг амар хялбар аргаар мөнгө олоход зориу­лагдсан
биш шүү дээ. Гадаад захи­рал маань албан тушаалдаа үл­дэхийн тулд “Иточу”-гийн аккредити­вээс
“Голомт” алдагдал хүлээхээр байна гэж зориуд гуйвуулан, намайг үүнтэй холбоотой
гэж будлиан эхлүүлсэн юм. Энийг ч бас Лу.Болд боломж гэж харсан уу мэдэхгүй. “Иточу”-той
холбоотой манай банк­наас нэг ч ам.долларын төлбөр гараагүй. Банк “Иточу”-тай төл­бөрийн
ямар ч маргаан байхгүй гэдгийг дахин хатуу хэлмээр байна. Харин “Иточу”-тай төлбөрийн
асуу­дал байна уу, энэ юу болоод өн­гөрөв гэдгийг мэдэхийн тулд банк Лу.Болдын гэр
бүл болон гадныхны хүсэлтээр 1,6 сая ам.долларыг аудитын компанид төлсөн байдаг
юм. Утгагүй байгаа биз дээ. Гадны аудитын компани дүгнэлтээ гаргаад ирэхээр түүнд
нь итгэхгүй, “Худлаа байна, нэмж ийм зүйл шалга, тийм гүйлгээг үз” гэхээр тэд дахиад
шал­гал­таа нарийвчлан хийж гаргаж өгөхөөр болдог. Харин үүнд нь хугацаа нэлээд
шаардагддаг. Ийм маягаар банкны тайлан хуульд заасан хугацаандаа гараагүй цаг алдсан.
Үүнээс болоод банкны рейтинг гарах нь бас хойшилсон. Тэрнээс биш рейтинг бүүр байхгүй
болоод алдсан хэрэг биш шүү дээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлд бид асуудлаа
шийд­сэнээс хойш банк ТУЗ-өө шинээр бүрдүүлж, аудитаа дуусгаж, ажлаа цэгцлэх, өөрөөр
хэлбэл сэргээн босголтын ажлаа эрчимтэй эхлүүл­сэн. Удахгүй банкны 2013 оны аудитын
дүгнэлт гарчихна, рейтин­гээ ч тогтоолгоно. Ажил их байгаа. Түүнээс гадна банкны
хувьцаа худалдан авах сонирхолтой гадаа­дын томоохон стратегийн хөрөнгө оруулагчидтай
яриа хэлэлцээр эхэлсэн байгаа. Мөн банкны олон арван ажиллагсад хувьцаа эзэмш­дэг.
Энэ хөтөлбөрийг ч бас эрчим­жүүлнэ.

-Сайд Лу.Болд нэг ярилц­лага­даа
улстөрчийнхөө амьд­ралыг сонгож байгаа учраас ийм алхам хийлээ гэж мэдэгдсэн байсан?

-Тийм ээ. Өөрөө тэгж хэлсэн байсан.
Энэ сонголт бол улстөр­чийнхөө амьдралыг сонгож байгаа түүний сонголт. Ер нь бизнесийн
харилцаанд түншүүдийн дунд ха­рил­цан итгэлцэл 
нэгэнт л байхгүй болсон бол асуудлыг нэг талдаа гаргах нь зөв байдаг. Жаахан
алдаа гарч, үүнээс хойш эвтэй найртай байя, эргэж нэгдэж нийлье гэсэн ч нэгэнт л
харилцан итгэлцэл үгүй болсон бол үргэлжлэх ямар ч болол­цоо  байхгүй. Ер нь бизнесийн шийдвэр болгоны цаана
их бага эрсдэл, алдаа байдаг. Тухайн нөх­цөл байдалд хамгийн зөв гэсэн хувилбар
цаг хугацааны дараа буруу болох нь ч бий. Энэ нь санаа­тай үйлдэл үү, санамсаргүй
алдаа юу гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Хэрэв аль нэг тал нь итгэл байхгүй болбол
бизнесийн шийдвэрийг дагалдаж гардаг жижиг алдааг ч томруулж хараад эхэлдэг. Тэгэхээр
л бизнес явахаа байчихдаг. Энэ тохиолдолд цаашаа явах ямар ч бололцоо байхгүй. Нэгэнт
Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр
аргагүй болсон.

-Танайхны таарамжгүй байгаа нь
анзаарагдаад байсан л даа. Офисс руу дайрч орлоо гээд зураг тавигдаад, дараа нь
барилга засварын ажлын зураг ч гэж тайлбарлагдаад. Хэдийгээр та нарын хувийн бизнесийн
асуудал ч гэсэн “Голомт” банктай холбоо­той болохоор олон түмэнд хамаа­ралтай хэрэг
болчихож байгаа юм. Тэр ч үүднээсээ хүмүүс эм­зэг хүлээж авч байсан байх…

-Би бол энэ асуудлыг тэгж эмзэг­лэж
хүлээж аваагүй. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хийх ёстой засварын ажлыг л
драма болгож харагдуулах гэсэн л оролдлого шүү дээ.

-Банк санхүүгийн эмзэг сал­барт
үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд ч, олон жилийн нөхөрлөл, амжилттай бизнесийн
үйл ажиллагаагаа бодсон ч арай өөрөөр асуудлыг шийдэж болоо­гүй юм уу. Та хэдийн
энэ хэрүүл “дэндүү үнэтэй” хэрүүл юм биш үү?

-Би ч эхэн үедээ санаа зовоод л асуудлаа
тэрүүхэн хүрээндээ ярил­цаад, хэлэлцээд шийдье гэсэн бодолтой амьтан хүнээс нуус­хийгээд
байсан л даа. Лу.Болд болохоор “Энэ бүх бизнес, компани, банк бол чинийх, надад
юу ч байх­гүй, тэгэхээр алдах зүйл байхгүй” гэж хэлээд асуудлыг улам том болгох,
аль болох олон хүнийг хамруулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр аашилж эхэлсэн
юм. Өөрөөр хэлбэл хэр их шуугиан тарина, төдий чинээгээр өөрт нь буулт хийнэ гэж
тооцсон байх л даа. Үнэндээ бол харин ч эсрэгээр ш дээ. Тэр үед хүмүүс, манай захирлууд
хүртэл Лу.Болдыг яагаад өөрийнхөө биз­нес, өмчийн эсрэг ийм үйлдэл хий­гээд байна
аа гэж гайхаж байсан. Компани, банк бол түүний хувьд улс төрийн карьераа өсгөх,
сонгуульд хүн хүч, хөрөнгө санхүүгээр туслах хэрэгсэл төдий л зүйл байсан бо­лол­той.
Олон мянган харилцагчдын эрх ашиг, банкны системийн тогт­вортой байдал, цаашлаад
улс орны эдийн засгийн байдал огт хамаагүй болж таарсан. Асуудлыг улам л дэврүүлж
байвал болно гэж бодсон байх. Лу.Болд хандаагүй газар байхгүй. Манай асуудалд Монгол­банк,
төр засгийн холбогдох бай­гуул­лагууд маш их тэвчээртэй, бодитой хандсан нь үнэхээр
маш их нэмэр болсон. Би үүнд их талархаж явдаг. Одоо бол асуудал нэг мөр ший­дэгдсэн
болохоор дахин үүнийг сөхөн яримааргүй байна.

-Та хоёрыг өмчөө нэгэнт сал­гасан
гэж дуулдаж байсан. Та хоёр хэр сэтгэл ханамжтай үл­дэцгээсэн бэ?

-Одоо надад түүнтэй ямар ч өмчийн
маргаан байхгүй. Миний л сонсож, ажигласнаар бол Лу.Болд маш сэтгэл ханамжтай үлдсэн.
Надаас тэгж асуувал би юу гэж хариулахаа мэдэхгүй. Баялаг бол байнга хөдөлгөөнд
нөр их хөдөл­мөрийн үр дүнд л өсч байдаг. Үүнийг цаг хугацаа л харуулахаас хэн нь
илүү юм авсан гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Эргээд ингэдэг байж, тэгдэг байж гэж стрессдээд
байвал яаж урагшлах билээ дээ. Маргааш юу болох нь тодорхойгүй учраас л ирээдүйн
сэтгэл булаах юм нь тэр шүү дээ.

-Тэгэхээр та одоо цорын ганц хувьцаа
эзэмшигч болж үлдсэн гэсэн үг үү. Танай өөр нэг хамтрагч М.Зоригт хувь эзэмшиж байгаа
юу?

-Зоригоо маань 2004 онд анх УИХ-ын
гишүүн болж, улстөрч болох замаа сонгосон. Нэг талаар улстөрч, нөгөө талаар компанийн
эзэн байх нь улам бүр төвөгтэй болж байгаа. Ашиг сонирхлын зөрчил, компанийн зөв
засаглал энээ тэрээ гээд, мөн гадныхантай томоохон арилжаа хийгдэх болгонд энэ асуу­дал
сөхөгддөг. Иймд бид хоёр хэ­лэл­цээд би Зоригоогийн хувийг шилжүүлж авсан. Түүгээрээ
Зоригоо банкинд давуу эрхтэй хувьцаа ху­далдаж авсан. “Голомт” банк тогтмол хүү
төлнө. Үүнийгээ тайландаа тусгаад, бизнесийн шийдвэрт орол­цохгүй улс төрөө хийгээд
явах нь аль аль талдаа хэрэгтэй юм л даа. Би одоо “Бодь Интернэйшнл” ком­панийн
100 хувийн хувьцаа эзэм­шигч. Манай компани “Голомт” банк­ны 85 хувийн хувьцааг
эзэмшиж байгаа.

-Хэдийгээр та нар өөр, өөрийн замаар
салсан ч гэсэн амжилттай бизнесийг эхлүүлж чадсан хү­мүүс. Шаазан хагарч, хөрөнгөө
хуваасан тухай ярьж байгаа ч нэгдэж байсан сайхан үеүд та нарт бий. Тэр тухайгаа
дурсаач?

-Бид Оюутны холбооны найзууд л даа.
Би тэр хоёроосоо дүү. Ерөөд оноос эхэлсэн ардчилсан хувьс­галын гал тогоонд нь байлаа.
Хүмүүс амь насаа золиослон байж тэр хувьсгалд оролцсон гээд л ярьдаг юм. Худлаа
ш дээ. Нийгмийн тогтол­цоог өөрчлөх нь зайлшгүй болсон учраас л олон мянган хүн
дэмжиж, тэрний тэргүүн эгнээнд бусадтай л адил сэтгэл зүрхээрээ оролцож байв. Эгзэгтэй,
хурц, халуун өдрүүд ч зөндөө байсан. 1990 оны гурав­дугаар сарын 4-нд ардчилсан
хүч­ний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичиг өгөхөд тэрийг нь би гардуулж өгч
байв. Нам засагтай хэлэлцээр хийхэд ч орж байсан. Тэр үед санах бодох зүйлгүй, ирээдүйд
ингэнэ тэгнэ гэсэн тооцоогүй, алдах юмгүй л бүгдээрээ хамт байсан. Одоо хүмүүс өөртөө
тааруулж, заримдаа дөвийлгөж, гуйвуулж ярих гээд байдаг хандлагатай болчихож. Дараа
нь бид компаниа, тэгээд банкаа байгуулаад явж ирсэн. Бидэнд өнгөрсөн хугацаанд янз
бүрийн л түншүүд, хамтрагчид байлаа. Хувьцаа авч ирсэн, зарж ирсэн. Алдаж ч байлаа,
олж ч явлаа. Сайн муу олон төрлийн зан ааштай, хүмүүжилтэй хүмүүстэй харилцаж, хамтарч
байлаа. Би хүнтэй муудал­цаж байснаас болж л өгвөл хэл амаа ололцоод, асуудлыг эвээр
зохи­цуулах зарчимтай байдаг юм. Тэгж явсаар өнөөдрийн ийм байдалд хүрчихээд байна.
Энэ бол бидний туулах л ёстой зам байж. Гэхдээ надад анхнаасаа бүх хувьцааг нь худалдаж
аваад ганцаараа эзэн суух гэсэн далд санаа бодол хэзээ ч байгаагүй. М.Зоригт, Лу.Болд
хоёр өөр өөрсдийнхөө замаар сонголтоо хийгээд явахад би ажлаа хийгээд л үлдсэн.
Гэвч нэгэнт өнөөдрийн ийм бай­далд хүрч, таны хэлснээр шаа­зан хагарчихаад байхад
буцаж эвлүүлнэ гэх биш, бутарсан хэсгүү­дээ авц­гаагаад явахаас өөр яахав дээ.

-Таны хоёр хамтрагч хоёулаа улс
төрийн замыг сонгосон. Танд бас тэдэн шиг улс төрд орно гэсэн бодол байдаг уу?

-Би улс төрд орохгүй. Надад ямар ч
улс төрийн амбиц байхгүй. Гаднаас нь харахад ихэнх улстөрчид бол сайн дүр эсгэгчид
байдаг шиг байгаа юм. Хүсээгүй юмаа ярьж, дургүй хүнтэйгээ уулзаж, тухгүй хувцсаа
өмсч нэг ёсондоо хүний эрхээр явдаг. Миний хувь чанар ингэж чадахгүй. Би өөрөөрөө
л байх дуртай. Тиймээс би улстөрч болж чадахгүй. Харин ч хүний дургүй хүргэчихэж
магадгүй хүн. Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч
үгүй. Хүн сайхан амьдарна гэж бодож байгаа бол зүтгээд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй
гэвэл арчаагаа алдаад архиа ууж яваад үхнэ биз. Хатуу ч гэсэн амьдралын үнэн нь
энэ. Надад улс төр дүрэмгүй, эсвэл ялагч нь дүрмээ зохиодог тоглоом шиг л санагддаг
юм.

-Та хэд анх компаниа байгуу­лахдаа
гэр бүлийнхнээ оруулах­гүй гэсэн тохироо байсан уу. Лу.Болд сайдын ярианд ч гэр
бүлийнхнээ оруулж байгаагүй гэсэн байсан. Бас бүх хөрөнгө хувьцаагаа та өөрийнх
болгос­ныхоо дараа гэр бүлийн хүнээ ТУЗ-ийн даргаар томилсон байна лээ?

-Бидний хооронд тийм тохирол­цоо байгаагүй
л дээ. Гэхдээ Лу.Болд л дүүгээ оруулдаг байсан. Дүү Л.Болдхуяг нь ТУЗ-ийн дарга
хийгээд явдаг байсныг хүмүүс санаж байгаа биз. Гэхдээ тэр хэзээ ч хувьцаа эзэмшигч
байгаагүй. Саяын маргаа­ныг гартал гэр бүлийн хүн маань бидний бизнест ордоггүй
байсан, мэддэг ч үгүй байсан. Бизнес бол стресс зовлон бэрхшээл, гэр бүлийн амьдрал
бол гэр бүлийнх л байх ёстой гэж би боддог. Ер нь тийм зарчмаар явж ирсэн л дээ.
Гэргий маань өндөр боловс­ролтой, олон улсын байгууллагад ажиллаж бай­сан туршлагатай
хүн.  Би 12 жил банкны захирал, таван жил
ТУЗ-ийн дарга хийсэн. Манай банк гэхэд л 1800 гаруй ажил­чинтай. Ком­па­ни, банкинд
бараг 100 илүү захир­лууд ажилладаг, энэ бол миний бүрдүүлсэн хамт олон. Ма­гад­гүй
Монголын хамгийн чадвар­тай хамт олон ч байж магад, сая маргааны үеэр ч бас асуудалд
үнэн зөвөөр, шударгаар ханддаг нь харагдаж бас нэг шалгуур давсан. Энэ надад байгаа,
бидэнд байгаа бас нэг бая­лаг. Надад банкнаас гадна өөр салбарт хийх ажил бай­гаа.
Түүнээс гадна банкинд ямар нэг асуудал байхгүй өөрийн­хөө хөгж­лөөр явчих учраас
ойлгомжтой. Би өөрөө инже­нер геологийн мэр­гэжил­тэй. Одоо энэ чиглэлээрээ иргэ­ний
барилга байгууламж, эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр ажил­лаад эхэлсэн.

Ер нь ардчилал, зах зээ­лийн тогтолцоо
хүмүүсийг хэн ямар ча­дал­­тай байна, хаана хэрэгтэй байна яг тэр байранд нь өөрөөс
нь ч асуух­гүйгээр тавьчихдаг юм. Сая энэ зарч­маар үйл явдал өрнөсөн шүү дээ.
20 жилийн түншлэлийн дараа жаа­хан хурц илрээд асуудал харин ч түргэн ший­дэгд­сэн
байх. Үнэндээ нэг талаар хамгийн баян, нөгөө талаар хамгийн нөлөө бүхий улстөрч
байх боломжгүй л дээ. Ер нь цаашид биз­нес эрхэлдэг хүмүүс улс төрөөр, улс­төрчид
бизнес удирдаад явна гэвэл улам л хэцүү, төвөгтэй болно доо.

-Улс төр, бизнес хамт­даа байх
үнэхээр амаргүй байх. Сонгуу­лийн санал тоолох машиныг “Бодь Интер­нэйшнл оруулж
ирсэн нь АН-ынхны хийсэн хэрэг” гэж бас яригдаад байсан байх аа. Биз­несийн ажлаа
хийхээр улс төртэй хол­боод байх тал байна биз?

-Сонгуулийн санал тоол­дог ма­ши­ныг
оруулж ирсэн явдал манай компанитай ямар ч хамаа байхгүй. Тэр программ хангамж ч
хамаа­гүй. Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэхийг хийх плас­тикийг л манайх оруулж
ирсэн. Дэлхийд хамгийн сүү­лийн үеийн стандарт­тай, хуурамчаар хийх боломжгүй плас­тикийг
оруулж ирсэн болохоос дээр нь бичсэн мэдээлэл, гар хурууны хээ, зураг бусад юм бидэнд
ямар ч хамаагүй. Улсын бүртгэлийн газрын л асуудал. Бид зөвхөн түүхий эдийг нь ний­лүүлсэн.
Яг ийм нууцлалтай иргэний үнэмлэхийг өнөөдөр дэл­хийн 10 хүрэхгүй орон л хэрэглэж
эхлээд байгаа.  Ер нь улс төртэй холбогдох
нь бизнест муугаар нө­лөөлдгөөс сай­наар нөлөөлөх нь тун ховор. Бид Лу.Болдыг Батлан
хам­гаа­лахын сайд байхад ч, Гадаад харил­цааны сайд байхад ч түүнтэй холбоо­той
ямар нэгэн тендерт оролц­дог­гүй байсан. Хойд Солон­гост цэргийн онгоц зарсан, тэрэнд
нь биднийг холбоотой гээд л нэг хэсэг бичсэн. Би энэ та­лаар ямар ч ойлголт байхгүй.

-Манайд банкны эзэд гэхээр морь
мал эргүүлээд, онгоц хөлөг­лөж яваад л унааны тансагийг эдэлж хэрэглэдэг тал бий.
Нэг талаас бараг ингэж тансаг­лах нь эргээд харилцагч­дад итгэл найд­вар төрүү­лэхгүй
байх сөрөг талтай юм биш үү. Та юу гэж боддог вэ?

-Нэг их тэгээд байдаггүй байх аа.
Гэхдээ хүний өөрийн үзэл бодол сонирхлыг юу гэхэв.

 

Хүний гоо сайх­ны үнэ­лэм­жийг шүүмжилж
болохгүй гэсэн үг байдаг шүү дээ. Манайд морь мал уяад л, тод өнгийн дээл өмсч,
том хөөрөг бариад явдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ тэр хүнд тэгж явах нь таалагд­даг
бол түүнийг нь буруутгаад байх хэцүү. Намайг бас казино тоглоод мөнгө алдсан, мөрийтэй
тог­лоомд дуртай гээд л мессеж тараагаад байсан. Би тий­мэр­хүү зугаагаар таашаал
авдаггүй, тэгээд ч би өөрийн ухаан, хөдөлмөрөөр бүтээсэн баял­гаа иймэрхүү замаар
үрэн таран хийх хүн биш.

-О.Бальзакийн “Гобсек”-ийн гол
дүр болсон мөнгө хүүлэгч эр гаднаас нь харахад хэн ч тэгж санах­гүй,  уранхай навтархай дээл хувцастай ч цаад бод­ло­гоороо
Парисыг атгаж чаддаг мөнгө сан­хүүгийн гол хүн байдаг. Мөнгө сан­хүү­гийн салбарынхан
наанаа ха­раг­дахаасаа илүү­тэй цаанаа бод­логоо барьж явдаг гол хүмүүс байх ёстой
болов уу?

-Та намайг Гобсек гэх гээд байна аа
даа. (инээв)

-Үгүй л дээ. Хэдийгээр Гобсек бүх
цаг үед харамч хахирган хүн гэж онцлогд­дог дүр ч гэсэн энэ сал­ба­рынхан харин
ч ийм байх ёстой юм биш үү гэсэн санаа­гаар хэлж байгаа юм?

-Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний
өөрийнх нь мөн чанар, ажиллах меха­низм юм. Яг үнэндээ хүний мөн чанар бол хамгийн
бага хугацаанд, хамгийн бага хө­дөл­мөрөөр хамгийн их ашиг олох л тэр боломжийг
хайж байдаг. Энэ бол хэзээ ч өөрч­лөг­дөхгүй ча­нар. Хаана хам­гийн ашигтай салбар
байна, тийшээ орж байдаг. Ерээд онд баар ашигтай байхад хүн бүр л тийшээ орж байлаа.
Дараа нь тол­гойтой бүхэн ноолуу­рын бизнес хийсэн. Нэг үе хүмүүс нүүрс их зөөж
байв. Гаднаас том, том ачааны тэрэг оруулж ирээд л зөөдөг байлаа. Одоо бол бараг
хүн бүр барилга барьж байна. Газрыг замбараагүй олгосон гэхээсээ илүү­тэй хүмүүст
ямар бо­лол­цоо нээв гэдгийг бас хараарай. Эндээс ашиг олж байгаа учраас тэр. Хүн
бүр хөрөнгө оруулагч байдаг учраас хаана ашигтай байж болох нүх сүвийг гярхайгаар
анаж байдаг. Яг үүн шиг банк санхүүгийн салбар бол хам­гийн бага хүүгээр хадгаламж
аваад хам­гийн эрсдэлгүйгээр бас өндөр хүүтэйгээр зээлүү­лэх сонир­холтой байдаг.
Энэ бол манай бизнесийн суурь нь. Хэрэв хэн нэгэн, жишээ нь төрийн зүгээс ч юм уу
бага хүүтэй, удаан хугацааны сан­хүүжилт нэрээр элдэв төсөл санал болговол Гобсек
хүлээ­гээд л авна. Ашиг олж байх тэр зарчим л хаа нэг газар алдагдвал эдийн засгийн
далд гар хэний ч үг, шийдвэ­рийг хүлээж авдаг­гүй. Харин ч бүүр эсрэгээр. Тийм учраас
бизнест хөндлөнгөөс орол­цох­доо маш бол­гоомж­той хандах хэрэгтэй. Өнөөдөр мөнгө
ховор байгаа учраас үнэтэй байгаа юм. Энэ мөн­гийг олдоц ихтэй, хямд болгох тал
дээр анхаарлаа төвлө­рүү­лэх хэрэг­тэй. Тэгээд Гобсек чинь ажилладаг л байхгүй юу.

-Банкууд сүүлийн үед хэвлэл мэдээллийн
хэрэгс­лүүд­тэй байх боллоо. Энэ таныхаар хэр зөв бэ?

-Манай “Голомт” банк нэг ч хэвлэл
мэдээллийн хэрэг­сэл­гүй. Би “Голомт”-ын хувь­цаа­наас гадна магадгүй Мон­го­лын
хамгийн том хэвлэл мэдээл­лийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан,
хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээл­лийн компани маань надад үлдсэн юм.

-Та яаж яваад энэ сал­барт хөл
тавьж, сонирхох болсон юм бэ?

-Манайд сэтгүүл зүй улс төрийн өнгө
аястай бас шан­таж­ны хэв маяг­тай юм уу гэж би хардаг. Гэхдээ би улстөрч болж өөрийгөө
магтан дуу­луу­лах гэж эсвэл ойр хавийн­хаа хүмүүсийг бичүүлэх гэж энэ салбар руу
ороогүй. Бас энэ сэтгүүл зүйг эрүүлжүүлж өөрчлөх гэж ийшээ орсон гэж ч худлаа хэлэхгүй.
Зүгээр л тохиолдлоор орчихсон гэж болно. Би оюутан байхдаа буюу 1989 онд Ц.Балдорж,
О.Дашбалбар хоёртой хамт “Үнэн” сонины оны нийтлэ­лийн шагнал авч байснаас өөрөөр
энэ салбартай хол­бог­дож байсангүй. “Ийгл” телевиз нэг хэсэг гарч байгаад хаагдаад
эргээд нээгдэх тэр үед гадны ч, дотоодын ч хүмүүс нь намайг асуудлыг шийдэж, хөрөнгө
оруула­хыг санал болгосон.  “Ардын эрх” сонины
нэрийг дахин ашиг­лах бо­ломж гарах үед би нэрийг нь авч, “Боловсрол” телевиз зээлтэй
бай­гаад хөрөн­гө оруулалт хэрэгтэй болсон гэх мэтээр явсаар байгаад би
“Mongolian Mass media” телевиз, сонин, сайт, сэтгүүл, фм радиотой том компанитай
болсон. Орлогоо­роо зарлагаа нөхөөд, техни­кийн шинэч­лэлээ өөрсдөө хийгээд явдаг,
хөл дээрээ нэгэнт тогтсон компани бол­лоо. Надад улс төрийн болоод бизнесийн зорил­гоор
хэвлэл мэдээ­лэлтэй болох зорилго байсангүй. Одоо харин цаашид яавал дээр талаар
үзэл бодол, хэтийн зорилго нэгтэй найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, нийтлэлийн бодлого,
бизне­сийн оновчтой хувилбар гар­гахаар толгой­гоо гашилгаж сууна. Заримдаа хэв­лэл
мэдээ­лэлтэй байх тун амар­гүй. Хүмүүс маш эмзэг. Танай­хаар ийм юм гаргачихлаа
гээд над руу яриад байдаг, гэтэл би тэрийг нь огт мэдээ­гүй явж байх жишээтэй. Тухайн
редак­цийн хийж байгаа ажлыг би яаж мэдэхэв дээ.

-Танд дарамттай санагддаг уу?

-Дарамт гэхээсээ надад сонир­холгүй
байгаа байхгүй юу. Гарсан мэдээллийн утга учир, зорилго, үнэн зөвийг би мэдэхгүй,
би шүүгч биш шүү дээ.

-Электрон сэтгүүл зүйг хөг­жүүлж,
эхний шанг тави­хад танай медиа компани маш соргогоор мэдэрч, news.mn-ийг анх байгуулж
байсан. Харин саяын мар­гаа­ны үеэр энэ сайт Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн мэдэлд
шилжсэн гэсэн яриа гадуур байгаад та юу гэж хариулах вэ?

-Маргаан гарахаас өмнө news.mn-ий
эзэмшлээ энэ сайтыг ажиллуулж байсан Б.Тэмүүлэнд л шилжүүлсэн. Түүнээс өөр зүйлтэй
хольж хутгах хэрэггүй л дээ. Анх энэ сайтыг “Алтан тариа”-н П.Цэнгүүн бид нар нийлж
байгуулсан. Сүүлдээ П.Цэнгүүн өөрийн мэдлийн хувьцаа­гаа зараад сүүлд бид сэтгүүлчдэд
нь зарсан. Ер нь сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг улстөрчид биш, эзэд биш сэтгүүлчид
өөрсдөө л хянах юм билээ.

-Паркийн асуудал одоо танд хамаарагдана
биз?

-Паркийн асуудал маш тодорхой. Хэрэв
бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол
болчих бай­сан гэдгийг би баталгаатай хэлнэ. Анх паркийн газрыг 13 хуваачихсан байсан.
Задгай театр, музей гээд хүүхдийн тодотголтой нэрлэсэн байсан ч юу болох нь тодорхой
байсан. Хуучны ДСНК-гийн паркийн хувь заяа манай дээр ч давтагдах байсан. Гэхдээ
бид л авч үлдсэн гэж цээжээ дэлдээд байх сонирхол ч алга, зав ч алга. Паркийн төслөө
танил­цуулаад, нийслэлтэй хамтарсан компани байгуулсан. ҮСАХ компани чинь нийслэлийн
өмчит аж ахуй байгаа юм ш дээ. Хамтарсан ком­пани байгуулж авах үед 1964 онд ашиг­лалтад
орсон хэдэн хуучин тог­лоомтой, шинэ Өвгөнтийн хөндий л болчихсон байсан. Анх
34 га газар байсан.  Одоо 30 га нь байна.
Дөрвөн га газраа хот өөрсдөө нааш цааш хуваарилсан. Паркаа алдсан гэж орилоод байгаа
нь зүгээр улс төр. Богино зайн улс төр. Паркийн газар одоо ч паркаараа байж байна.
Өнгөрсөн хугацаанд бид 50 тэрбум төгрөгийг ийшээ оруулсан. Парк бүрэн дүүрэн ашиглалтад
ороогүй байгаа шүү дээ. Нийслэлийн ир­гэдийн хэрэгцээ шаардлага, хотын ирээдүйн
хөгжлийн төлөв, инженер техникийн бололцоо, хөрөнгө оруу­лал­тын өгөөж, хууль зүйн
орчин гэх мэтээр тодорхой болгох, шийдэх маш олон асуудал байгаа. Хурлын заал, үзэсгэлэнгийн  танхим, зочид буудал­тай, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн,
амарч наадах газартай олон улсын жишигт нийцсэн газрыг байгуулна. Үүний тулд дахиад
хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхийн тулд хоёр тал маш нухацтай тал талаас нь хэлэл­цэж
байна. Бид бол паркийн эзэмшил дэх хувиа хотод эргүүлж өгөхөөс аваад бүхий л боломжит
хувилбарыг үзэж байна. Ер нь парк бол төр, хувийн хэвшлийн үлгэр жишээ хам­тын ажиллагаа
болж болохоор төсөл байгаа юм. Энийг улс төрийн өнцгөөс биш, хэрэгцээ шаардлага,
ашиг орлого талаас нь харах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хуга­цаанд над дээр
паркийг гоё болгоё гэсэн нэг ч санал хүмүүсээс ирж байгаагүй, харин газраас нь яаж
салгах вэ гэсэн санал бол зөндөө ирж байсан шүү. Паркаа аваръя л гээд байна. Бид
л паркийг аварч, хадгалж байгаа болохоос бидэнд алдчихаад байгаа зүйл байхгүй. Парк
байж л байгаа шүү дээ.

-Та МҮОХ-ны дэд ерөнхий­лөг­чөөр
ажиллаж байсан. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загд­сүрэнг цагдаа прокуророос шал­гаг­даж
эхлэхэд таныг түүний эсрэг гомдол гаргасан гэсэн яриа сонстож байсан л даа. Та өргөдөл
гаргасан юм уу?

-Би өнгөрсөн онд МҮОХ-ны ерөн­хийлөгчийн
албан тушаалд өрсөлдөөд ялагдсан. Энэ бол шу­дар­га өрсөлдөөн байсан. Нэгэнт хүмүүс
тэгж сонгосон учраас надад хэлж гомдоод байх зүйл байгаагүй. Гэтэл сүүлд нь Д.Загдсүрэн
гуайг хөрөнгө мөнгө идсэн хэргээр шалгаж, барьж авч хийсэн юм билээ. Тэгэхэд огт
хамаагүй намайг өргөдөл өгсөн гэсэн яриа гарсан байсан. Би нэлээд сүүлд мэдсэн.
Би тэгээгүй, бас хэн нэгнийг тэг гэж ятгаагүй. Одоо үнэн мөн нь гараа байлгүй дээ.
Хүн асуудалд орох үед хүн бүрийг хар­даад, ингэсэн, тэгсэн байх гэж бодог­доод,
бас наашаа харсан хүн бүр аврагч мэт санагдаад л. Тэр үүд­нээсээ Д.Загдсүрэн гуай
буруу бод­сон байх гэж би санадаг ш дээ. Түүнээс хойш би Олимпийн хорооны­хонтой
холбогдоогүй, сүүлд хэвлэл мэдээллээс харж байхад Д.Загдсүрэн гуайн хэрэг өршөөлийн
хуулиар ороод асуудал нь шийдэгдсэн юм билээ. Би МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн
ажлыг найман жил хийсэн, Бээжинд улсаа төлөөлж, анхны олимпийн аварга төрүүлсэн
багийг удирдаж байсандаа бахарх­даг. Миний хувь нэмэр, хийморь ч бас байсан. Тийм
болохоор надад элдэв хар бодох юм байхгүй. Харин би олон улсын спортын хамгийн том
байгууллагын нэгнийх нь гол удир­дах хүний хувьд Олимпийн хороо ч тэр, олон нийтийн
бусад спортын холбоод ч хөгжлийн шинэ шатанд гарах хэрэгтэй л гэж бодож явдаг.

-Банк санхүүгийн салбарт олон ажил
ажиллаж ирсэн танаас эдийн засагтай холбоотой зарим асуул­тыг асуухгүй өнгөрч боломгүй
санагдаж байна. Ер нь төр банктай болоод эсвэл хувийн арилжааны банкийг өөртөө нэгтгээд
яваад байдаг нь хэр эрүүл зөв үзэгдэл юм бол?

-Төрийн банк байгуулагдаад сая “Хадгаламж”
банкийг өөртөө нэгтгээд явсан нь аргагүйдээ хийгдсэн ажил байх гэж боддог. Гэхдээ
яваандаа Төрийн банк хувьчлагдах байлгүй дээ гэж л дотроо боддог доо.

-Эдийн засаг хэцүүдлээ, бүсээ чангалах
хэрэгтэй л гэж ярих боллоо. Манайд үүсээд байгаа энэ нөхцөл байдал юутай холбоотой
юм бол, хэзээнээс энэ хямрал гайгүй болох бол?

-Албан мэдээллийг харвал жи­лийн
11-12 хувийн өсөлттэй учраас эдийн засаг тэлээд байгаа юм шиг, бизнесийн салбарынхантай
уулзвал байдал хэцүү байгаа юм шиг өөр, өөр дүн мэдээ байгаад байгаа. Аливаа орны
шийдвэр гаргагчид өөрсдөдөө хэрэгтэй, өөрсдийнхөө дуртай мэдээ­лэлд итгэдэг. Тиймээс
хажуугийн хүмүүс нь таалагдах мэдээллийг нь өгөөд вакуумжуулаад байх тал бий. Би
цөөн үгээр таны асуултад хариу­лах гэж үзье. Манайд эдийн засаг сайн биш байна.
Эдийн засгийг захиргааны аргаар удирдах гэсэн хандлага л гол саад учруулсаар байна.
Өөрөөр хэлбэл бид эхлээд хамгийн сайн, хямгийн хямд хийж чадаж байгаа зүйлээ хийж
зараад, тэр мөнгөөрөө өөрт хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ хамгийн хямд газ­раас,
чанартайг нь олж авчирдаг чөлөөт худалдааны энгийн хэлбэр лүүгээ анхаарлаа хандуулах
хэрэг­тэй. Одоо бид болж өгвөл бүх зүйлээ өөрсдөө хийх гэж оролдоод байна. Санаа
нь зөв, цаг хугацаа нь буруу байна. Монголчуудын хувьд зар

Categories
редакцийн-нийтлэл

Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг

Дэлхийд тэр чигтээ хүлээн зөвшөөрөгддөг цөөхөн
арга хэмжээний нэг бол яахын аргагүй олимпийн наадам билээ. Дайн үймээн болбол зогсоож
байгаад оролцдог, салж бутарсан үндэстнүүд нэг тугийн дор нэгдэж байгаад нэг цусныхан
гэдгээ мэдэрч, мэд­рүүл­дэг арга хэмжээ. Тийм ч учраас олимпийг хүн төрөлхт­ний
эв санааны бэлгэ тэмдэг хэмээн онцолдог. Үүнийг нь тийм биш гэж хэн ч маргаж чаддаггүй,
тийм л үйл явдал. Яг энэ өдрүүдэд дэлхий тэр чигтээ олимпизмоор амьс­галж байна.
Эртний грекчүү­дийн уралдаж тэмцэлддэг байсан нэгэн уулын нэр өдгөө маш том агуулга
утга санаа бүхий болчихоод байгаа нь олимпизм. Олимпизм нь зөв­хөн спорт, биеийн
хүчний өрсөлдөөн биш харин эрүүл энх, эв найрамдалтай амьд­рах философи гэгдэх болоод
удаж байна. Дөрвөн жилд хүлээлгэн байж болдог, догд­луу­лан байж ирдэг ийм том арга
хэмжээ чухам энэ өдрүү­дэд үргэлжилж байна. Тэр дундаа Монголын хаяа залга­сан хоёрхон
хөршийн нэгэнд болж байна. Хойд хөршид болсон 1980 оны Москвагийн олимп, урд хөршид
болсон 2008 оны Бээжингийн олимп монголчуудад ээлээ өгч байс­ныг бид мартаагүй.
Тэгвэл бас нэгэн олимп манай хойд хөршийн Сочид болж байна. Хэдийгээр өвлийн спортын
төрөлд манайхан гавьдаггүй, медалийн хүлээлт байдаггүй ч гэсэн монголчууд олимпийн
наадмын нээлт, шинэ цагийн ямар тамирчин гарч байна, хуучцуулаас хэн халаагаа тавихгүй
байна гэдгийг урь­дын адил мэдэхийг хүссээр. Олимпийн нээлт гэдэг бүхэл­дээ сонин
хачнаар дүүрэн байдаг. Сочид олимп хийх мөрөөдлөө биелүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Пути­ны дэргэд нээлтийн үеэр байсан эмэгтэй хэн болох талаар хэвлэл мэдээллийн­хэн,
дэлхийн хэдэн тэрбум иргэн сонирхож бай­на. 2010 оны Ванкуверийн олимпод цахиур
хагалж, алтан медалийг зүүнэ гэдэгт нь хэн ч эргэлзэхгүй байсан Ирина Скворцовад
харамс­маар гэхэд дэндүү харамс­маар явдал тохиолдсон билээ. Мөсний чарганы хүнд
хэцүү төрөлд өрсөлддөг залуу­хан бүсгүй Германд бэлтгэл хийж байх үедээ дараа­гийн
тамирчныг га­раанд гаргахыг зарладаг хажуугийн шүүг­чийн буруу­гаас болж хүнд гэмтсэн
юм. Өндрөөс бууж ирээд дөнгөж чарганаасаа гарч ирж байхад нь дараа­гийн тамирчин
чар­га­тай бууж ирээд цав цагаан мөсөн талбай цусан нэлий болж байсан. Буруутай
үйл­дэл­д­ээ шүүгч 3600 еврогоор тор­гуулж, харин тамирчныг олимпийн алтан медалийн
эзэн гэж дагаж шуугиж байсан оро­сууд ч мартчихсан юм. Түүнд ганцхан үнэнч хүн үлдсэн
нь ээж нь байлаа. Жил гаруй эмнэлгийн орон дээр хадагд­сан бүсгүй хэдэн жил зүтгэж
байж өөрийнхөө тэмцэл зүтгэ­лээр хөл дээрээ босч, тэр ч байтугай нутагтаа зохиогдсон
бамбарыг дам­жуу­лах хүндтэй үүрэг хүлээ­сэн. Нээлтийн өдөр өөрөө ч мэдээгүй байхад
нь Ерөн­хийлөгчийн ажлын алба­ныхан түүн дээр очиж, хаана суухыг нь зааварчил­сан
гэж байгаа. Ерөнхийлөгч түүнийг ОУОХ-ны Ерөнхий­лөгч Томас Бахтай танил­цуулж, бүр
өөрөө хэлмэрчил­сэн юм билээ. Энэ бүхэн олимпийн наадмын түм буман сонин явдлуудын
нэг. Нээлтийн дараа түүн рүү ганцхан хүн залгаж, яагаад Ерөнхийлөг­чийн хажууд сууж
байсныг нь лавласан бол маргааш өглөө­нөөс нь эхлээд түүний утас ганц ч минут зүгээр
бай­гаагүй гэж байгаа.  В.Путин юуг бодож
түүнийг онцолсныг хэн мэдэхэв.  Түү­нийг хүмүүс
санаж эхэлсэн гэсэн үг. Олимпийн наадамд гоц өрсөлдөөн, шинэ амжил­таас эхлээд хажуугийн
бүхий л зүйлүүд сонин содон байд­гийн жишээ энэ. Харин дэл­хийн хэмжээний энэ сонин
содон явдлуудыг хүргэдэг олимп бидэнд хүртээлгүй шахам болчих гээд байна. Олимпийн
нээлтийг олж үзэ­хэд хэцүү байсан гэж амтай бүхэн л ярьж байна. Бас олим­пийн наадмыг
түгээж хүргэж байгаа Монголын цо­рын ганц телевизид баяр­ла­хаас аргагүй гэцгээж
байгаа хүмүүс их байна. Үнэхээр ч олимпийн наадмыг албан ёсны эрхтэйгээр үзэгч олон­доо
хүргэж байгаа “ТВ-5” телевизийнхэнд баяр хүргэх нь зүй ёсны хэрэг. Монголд ганц
л телевиз монголчууд олимп үзэх хүсэлтэйг бас тийм эрхтэйг санажээ. Уг нь манай
телевизүүд  Сочи олимпийн хот болсныг зарласан
тэр өдрөөс л эхлэн энэ талаар бодох ёстой байсан юм. ОУОХ 2007 оны долдугаар сард
хийсэн 119 дүгээр чуул­га­наараа 22 дугаар өвлийн олимпийг Сочид хийнэ гэж зарласан
юм шүү дээ. Бүр таван жилийн өмнө. Гэвч ердөө ганц телевиз л олим­пийг дамжуулж
байна.

Олимпийн наадмыг дам­жуу­лах эрх авахын тулд хэд
хэдэн сувагтай байх ёстой, техникийн өндөр хүчин чадал­тай байх ёстой, эдийн засгийн
боломжтой байх ёс­той гээд шалгуурууд бий учир жижиг телевизүүдэд асуудал­тай байсан
нь ойлгомжтой. Тиймээс тэдэнтэй олон зүйл яриад ч яахав. Харин үндэс­ний гэсэн тодотголтой,
олон нийтэд үйлчлэхээр хуульч­лаг­даж, төсвөөс татаас авдаг МҮОНТВ энэ асуудалд
яаж хандсан бэ гэдэг нь сонин. Уг нь бүх дэлхийгээрээ нүдээ бүлтийлгэн сонирхож
байдаг спортын энэ наадам олон нийтийн тодотголтой телеви­зээр гарч л байх ёстой
бай­сан юм. Гэвч алга. Бас өчнөөн олон хэрэглэгчдээс сар бүрийн бага биш хэмжээний
төлбөр авч байдаг “Юнивижн” таг. Хятад, Оросын спортын сувгуудыг гаргахгүй гэсэн
шиг. “ТВ5”-ийнхан олимп дам­жуулж байгаа сувгийг нь дам­жуулж гаргаж өгөөч гэхэд
суваг байхгүй гээд унжсан сурагтай байсан. Харин өчигд­рийн байдлаар О.Маг­най энэ
тэрдээ тулж байж, 49 дэх сувгаар нь олимпийг нэвт­рүү­лэх болсон гэсэн шүү. Хэрэглэгчдээ,
үзэгчдээ бо­доод эрхийг нь авчихсан теле­визид суваг гаргаж өгөөд, хэл амгүй асуудлыг
шийдчихдэг л баймаар юм.

Сочигийн олимпийн нээлт хаагуур гарч байгааг хүмүүс
нэгнээсээ асууж, олон ч хүн үзэж чадаагүй байсан. Олим­пийн наадмыг түгээж буй ТВ5
олимпийн наадмыг дамжуул­на гэдгээ бусдад хүртээмжтэй бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр
түгээх хэрэгтэй байсан болов уу. Олимпийн наадмыг дамжуулж байгааг нь мэдсэн үзэгчид
цөөхөн байсан. Наанадаж л Үндэс­ний телевиз, “Өдрийн сонин”-оор дамжуулан олимпийн
наадмыг дамжуулж байгаа­гаа зарласан бол илүү олон хүн Олимпийн нээлтийг үзэж чадах
байсан биз ээ.  Учир нь энэ асуудал зөвхөн
нэг теле­ви­зийн нийтлэл нэвтрүүлгийн бодлогоос халиад явчихаж байгаа юм. Ямартай
ч “ТВ5”-ийн багийнхны Сочигоос бэл­дэж байгаа нэвтрүүлгийг мана­й­хан бүхэл бүтэн
нэг сувгаар үзэж, албан ёсны эрхтэй дамжуулалтыг нь үзэхээр болж байгаа нь сайн
хэрэг. “ТВ5”-ийн хувьд 2004 оноос эхлээд албан ёсоор олимпийг дамжуулж байгаа туршлагатай.

Тэр ч үүднээсээ ABU буюу
Азийн өргөн нэвтрүүлгүүдийн холбооноос олимп дамжуу­лах эрх авсан бололтой юм. Уг
нь энэ холбоонд Монго­лоос МҮОНТВ, ТВ5 хоёр албан ёсны гишүүн гэж явдаг гэж байгаа.
Гэтэл хувийн теле­виз нь олимп дамжуулах эрх аваад, олон нийтийн тодот­гол­той нь
хоосон үлдчих юм. Энд угаасаа ганц л юм хараг­даж байна. Хувийн компаниуд хэрэглэгчдээ
алдахгүйн тулд, тэдэндээ үйлчлэхийн тулд зүтгэдэг. Харин олон нийтийн юм нийтийнх
л байдаг. Техник үйлчилгээ, хүн хүч гээд зарах зарцуулах юм их л байдаг байх гэж
бодох ч төрөөс хэдэн тэрбумаар нь авдаг татаастай телевиз шүү дээ. Тэгэхээр дөрвөн
жилд нэг удаа зохиогдох олимпийг дамжуулах эрхийг авчихаж чадахгүй байна гэхээр
юу ч гэх вэ дээ. Хэрэв олон нийтэд үйлчлэх үүргээ гүйцэтгэж чадах­гүй байгаа бол
тэгэн тэгэн байгаад байх хэрэг байдаг ч юм уу даа. Хувийнх байсан бол гомдол санал
гаргаад ч байх юм алга. Ирэх зун дэлхийд хамгийн олон үзэгч, шүтэн бишрэгчтэй хөл­бөм­бөгийн
ДАШТ болно. Үүнийг албан ёсны эрхтэй­гээр дамжуулах нь бас л хувийн телевиз байгаа
юм билээ. “Тод харуулна” гэсэн уриатай “E-TВ” хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулахаа
зар­лаад байгаа. Хэрэв олон нийтийн телевиз бас л олон нийтдээ үйлчилж чадахаар­гүй
бол эрх авсан хувийн телевизүүд эртнээс үзэгч олондоо зараа түгээж, мэдээ­лээ өгөх
нь зөв биз ээ.