Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганаа хэлэхдээ “Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй, зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна” гэж тодорхой үнэнийг хэллээ. Тэргүүлэх эдийн засагчид Монголын банкуудаас барьцаалан зээлдүүлэхээс авсан шиг өндөр хүүтэй зээл авчихаад ямар компани нь дэвжиж, ямар үйлдвэрлэл хөгжих вэ дээ гэж гасалдаг. Хоногтоо цөөхөн цаг амарч, бусдад нь чөлөөгүй ажилладаг бизнесийнхэн ийм өндөр хүүтэй банкаас зээл аваад үйлдвэр байгуулж баялаг бүтээх байтугай байгаагаа ч нөхөж чадахгүй болсон тул гаднаас зээл хайх, эсвэл гадагшаа гарч бизнес эрхлэхийг судлах болжээ. Үнэндээ жилийн 24 хувийн хүүнд дарлагдсан тэд хэдийг нь өр зээлэндээ өгч, хэдээр нь олон зуун ажилтнуудаа тэжээж, бас хэр зэргийн ашиг олох болж байна аа. Байдал ийм байхад Монголд үйлдвэрлэл өргөжиж, хөгжих тухай санаад ч хэрэггүй. Ерээд оны үед ганзагын наймаа ид газар авч, мөнгөний эрэлт хэрэгтэй байх үед хүү нэлээд өндөр байсан байх. Урдаас авсан бараагаа хойшоо гаргаж нуга, хуга, суга ашиг хийдэг байсан үед болоод байсныг үгүйсгэхгүй. Харин одоо банкнаас авсан зээл нь ханшийн зөрүүгээс даруй 30 хувь уначихаад байхад ломбардны хүүтэй зээл аваад бизнесээ өргөжүүлж чадах шидтэн ч байхгүй. Монголд ломбард шиг хүүтэй, бас ломбардны эзэн шиг сэтгэхүйтэй банкууд олширчээ. Бас орц болгонд шахуу байрлаад элбэг гэж. Улстөрч-бизнесмэн болгон бараг хувьдаа нэг банктай болсон гэхэд хилсдэхгүй. Үүний учир нь эрүүл бус банкны тогтолцоотой холбоотой. Зээл хөөцөлдөөд банкаар явахаар хүч хөлсөө шингээж хийсэн төслийг нь зээл өгөх эсэхээ шийдэхийн тулд танилцаж байна гэсэн нэрийн дор боловсон гэгч нь дээрэмдээд авчихдаг. Хамаг санаа сэдэц, хөрөнгө оруулагчдаа булаалгасан хүмүүс дараагийн нэг алхамд өөрсдөө банк байгуулж аваад бусдыг харгислан шулах их ажилдаа орно доо. Монголын банкуудад олон улсын стандартад хүрсэн харилцагчийн нууцлалыг хамгаалах, итгэл үнэмшлийг хадгалах, бизнесийг дэмжих ёс зүйн хэм хэмжээ гэж хэдийнэ алга болсон. Алгаболсон ч гэж, ер байсан ч юм уу даа. Банк бол харилцагчийнхаа итгэлийг дааж, нууцлалыг хадгалах бат бөх хэрэм нь байх ёстой. Энгийнжишээ хэлэхэд манай сонин руу нэг банкнаас “Тэр банкны тийм тоот дансанд танай тийм хэмжээний мөнгө байгаа юм байна. Түүнийгээ манайд хадгалуулаач” гээд утасдаж байх жишээтэй. Тэгэхээр харилцагчийн мэдээлэлд яаж ханддаг нь дэндүү ойлгомжтой байгаа биз дээ.

Монголд банкны үйлчилгээ, банкны хүү ийм байхад бид том сайхан үйлдвэрүүдтэй болох тухай мөрөөдөх ч хэрэггүй. Үйлдвэрүүд байхгүй цагт бид хөгжинө гэж худлаа. Тэгэхээр ломбард шиг хүүтэй банкууд Монголын нийгмийн хөгжлийн хүлээс, чөдөр болж байна. Монголбанкнаас бодлогын хүүгээ 14 хувь болгоод нэмчихлээ. Тэгэхээр банкуудаас гарах зээл ч хумигдана. Зээл ч хомс байгаа нь өндөр хүүтэй болохоор бизнесийнхэн гаднаас мөнгө олж ирэх талаар толгой гашилгаж таарна. Гэтэл зээлжих эрх, рейтинг нь ингэж унасан монголчуудад гадаадаас зээл олдох болов уу. Урьд Засгийн газар нь баталгаа гаргаж өгдөг байлаа. Харин өнөөдөр Монголын Засгийн газрын баталгаа хөгшин ямааны ч үнэгүй болсон цаг. Тиймээс л өрийн таазыг өндөрсгөх талаар яриад байгаа хэрэг л дээ. Амьхандаа гаднаас мөнгө оруулж ирэхийн тулд аргацааж байгаа арга. Өнөөдөр бодит ийм нөхцөлд хүрсэн хойно бид бүхий л арга чаргыг олох ёстой. Уг нь талаар нэг тарж бутарсан банкууд нийлж үндэсний хэмжээний том банк болж нэгдэх ёстой. Олон улсын стандартад нийцсэн, нууцлал, итгэлцэл өндөр тийм банкийг. Бас хүү нь амжиж харилцагчаа шулж авах гэсэн зорилготой бус. Харин урт удаан хугацааны хамтын ажиллагаан дээр хамтдаа өсдөг хөгждөг зарчимтай баймаар. Гэвч тамын тогооны үлгэрээсээ салж чадахгүй монголчуудын хувьд энэ хувилбар жаахан урагш муутай. Нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч, стандарт дагадаг болтлоо багагүй хугацаа бидэнд хэрэгтэй. Хамтран бизнес хийж байгаа хүмүүс нэгэндээ итгэдэггүй, хөрөнгө оруулагчид гурваас илүүгүй жилийн дараа өмчөө хуваагаад хоёр тийш явчихдаг гэмтэй болохоор бид нэлээд л хичээж байж энэ зуршлаасаа салж таарах байх.

Дараагийн хувилбар бол гадаадын банкуудыг оруулж ирэх явдал. Гадаадын банкууд Монголд орж ирвэл ломбардны хүү газарт унаж, олон улсын зах зээлд бизнесийнхний хэрэглэдэг жишиг тогтоно. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад банкны жилийн хүү 3-4 хувь харин ядуу буурай орнуудад 20 орчим хувь байдаг гэлцдэг. Харин манайд хорь нь ч хол даваад явж байх жишээтэй. Хэрэв гадны банкууд ороод ирвэл бид гадаад зах зээлээс мөнгө татахын тулд рейтингээ өсгөх гэж зовоод байх ч шаардлагагүй болно. Олон улсын жишигт нийцсэн банк Монголд ажиллахаар болсон гэдэг нь өөрөө жишиг хэмжүүр байдаг. Тэгээд дээрээс нь Засгийн газраа барьцаанд тавьж баталгаа гаргаад байх шаардлагагүйгээр мөнгө орж ирнэ. Гадны том банкуудМонгол дахь салбарууддаа мөнгө илгээх хэрэг шүү дээ. Манайд салбараа нээх байр сууриа илэрхийлчихээд хүлээж буй “Bank of China”-гийн салбар нээгдлээ гэхэд 500 сая орчим ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо бий. Ингэснээр томоохон үйлдвэрүүдийг эхлүүлэх, мега төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм. Мэдээж хүү нь ломбардных биш, олон улсын банкны харилцагчдадаа олгодог тэр л боломжоор байж таарна. Харамсалтай нь манайд боломжийн хүүтэй зээл олгож, үйлдвэрлэлийг нэмж, хөгжлийг хурдасгах тухай бодохоосоо илүүтэй цөөхөн хэдэн төгрөгөө өндөр хүүтэй эргэлдүүлж, бусдыг шулах сэтгэлгээ нь дэндсэн учраас гадны банкуудыг оруулах сонирхол зарим хүмүүст алга. Арга ч үгүй биз. Мөнгө хүүлэх том зах зээлд нь шавар болох гээд байгаа юм чинь. Харин үүнийгээ Үндэсний банктай байх нь чухал, гадныхны халаасанд орж болохгүй хэмээн тайлбарладаг.

Ер нь үндэсний сайн банк гэж ямар банкийг хэлэх вэ гэдэг ойлголтоо бид нэг мөр болгох нь зөв биз ээ. Үндэсний сайн банк бол сайн банкны үйлчилгээ санал болгож, иргэд харилцагчдад хүртээмжтэй байх л ёстой. Хүмүүст банкинд бага хүү төлж, дарамтгүй шахалтгүй байх нь чухал болохоос Монголын гэсэн хоосон малгай хэрэггүй билээ. Олон улсад ч ийм ойлголт бий. Шинэ Зеландад бол Зеландын гэх банк байдаггүй. Тэнд Австралийн, Японы, Германы банкууд бий. Гэхдээ иргэд нь банкны сайн үйлчилгээг гадны банкуудаас авч чаддаг учраас сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ олон улсын зах зээлд ажилладаг банкууд ороод ирэхээр дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна хөрөнгийн бирж ч амилж эхлэх учиртай. Гадны хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэсэн банкаараа дамжуулж хувьцаа худалдан авч эхэлдэг гэдэг. Тэгээд ч Засгийн газар гадны банкуудыг үйл ажиллагааны хүрээгээр нь зөвхөн уул уурхай, үйлдвэрлэл гээд хязгаар тогтоож хянах механизм нь бүрэн байгаа үед худал тайлбараар нийгмийн хөгжилдөө чөдөр болох нь буруу юм.

Монголд хөгжил хэрэгтэй байна. Хөгжлийг үйлдвэрлэл авчирна. Үйлдвэрлэл үйлдвэрүүд байж явна. Харин үйлдвэрүүд мөнгө байж босно. Бидэнд мөнгө, тэр дундаа урт удаан хугацаанд бага хүүтэй зээлэх мөнгө хэрэгтэй байна. Тиймийн тул Монголыг хөгжлийн гадна байлгахыг хүсэгч дотоодын шулаач банкуудын эзэд, ашиг сонирхлыг эрүүл болгохын төлөө нийтээр тэмцмээр. Хэрэг дээрээ энэ нь хэд гуравхан хүн л бий шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Бавуудорж: Сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн болохоор тэр

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.

Төрийн шагнал хүртсэнээсээ хойш та нам жим аж төрж байна аа даа. Ер нь ч чимээгүй хүн л дээ…

-Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч хашгичаад байх юм. Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ. Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л, ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л, нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ, дэлхий минь. Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс. Ажлын байр нь тийм юм чинь. /инээв/ Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр. Чимээгүй байна гэдэг дотогшоо яваад л байна гэсэн үг гэж ойлгож болох байх аа.

-“Хулан хатан” дууль найраглалын ном, “Дотоод сансар” шүлгийн номуудыг тань үзлээ. Уншигч бүр өөрийнхөөрөө дүгнэж харж буй биз ээ. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой гэдэг. Харин зохиолчтой нь уулзаж байгаагийнх зарим номын хувь зохиолын талаар амнаас нь сонсмоор байна?

-Их аятайхан асуулт байна. Тийм шүү. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой байдаг байх аа. “Хулан хатан” дууль найраглалын номоо бүтээхэд ерөнхийд нь сэтгэлдээ цэгцэлж төвлөрүүлчихээд ер нь дээдсийн таалал яадаг юм бол гэж бодоод Бурхан Халдун руу уран бүтээлч нөхдийн хамт явсан. Дотроо бол их хатны тухай ийм нэг ном бүтээх эрх олгох нь уу, үгүй юу гээд очиж байгаа хэрэг л дээ. Намар мөртлөө нүд нүүргүй цас шуурч исгэрээд дээш гаргахгүй нэлээд зүдрээж байж хүлээж авсан. Би ч Хулан хатнаа бодоостой. За ер нь ч хүлээн авахгүй байна даа гэх эмээнгүй бодолтой л явлаа. Оройдоо бууж ирэв. Бүрэнхий нөмрөөд ирсэн байсан. Үүд мод руу орж явтал харин нэг том цагаан чоно өмнүүр гүйдэг юм. Зам хөндлөн гаруут зогтусаад биднийг ширтээд хэсэг зогссон. Хамт явсан орчуулагч Г.Аким ах “За, бид ч болоод явчихлаа. Үзэгддэггүй, нөгөө домогшоод байдаг Үүд модны цагаан чоно чинь энэбайна шүү дээ” гэлээ. Үнэндээ тийм чоно байдаг тухай сонсч ч яваагүй бид ихэд бэлгэшээж дээдэстээ баярлан их таалал олов хэмээн баяртай буцацгаасан. Би хувьдаа Хулан хатны тухай бичих зөвшөөрлийг тов тодорхой өглөө гэж машид урамшсан. Тэгээд ирэнгүүт суусан. Бүхэл бүтэн найраглалын номыг хүн итгэмгүй богино хугацаанд биччихсэн шүү. Сайн ч бичлээ гэж өөртөө урамшсан. Ер нь тэгээд их хаад, хатадтай холбоотой, том сахиус, хутагт гэгээдтэй холбоотой ч юм уу бас бус хамаагүй аван саван бариад авч болдоггүй сэдэв олон шүү дээ. Зохиолч бидэн чинь зөн совингоо чагнана. Тэмдэг дохио хайна. Их маяг жаяг болж байж нэг юм барьж авдаг хүмүүс.

“Хүннү туульс” минь харин их удаан хугацаанд намайг дагуулж бэдэрсэн найраглал байгаа юм. Анх 1998 онд ерөөсөө Хүн гүрний “Нууц товчоо”-г бичье гэж гэнэхэн, тэмүүлэмтгий амьтан өөртөө хэлэхгүй юу даа. Өөрийгөө хөөргөөд л. Тэгээд л анхны шан татсан шүлэг нь “Хүрэл чоно” шүлэг байгаа юм. Дараахан нь “Хүннү хатан” гэдэг бэсрэг найраглал бичсэн. Түүнээс хойно “Хүннү” дуурийн цомнол бичсэн. Ийн салаа мөчрүүд нь ургасаар арваад жилийн бэдрээн болж бүтсэн хэрэг. Том хэмжээний туульсын бүтээл, найраглал бичнэ гэдэг хэл сайтай байхыг эрхгүй шахдаг юм байна. Тийм учраас ямартай ч монгол хэлнийхээ эрдэнэсийн санг шүтдэг уншигчдадаа, хойч үеийнхэндээ хэлний дархлаанд нь хувь нэмэр оруулж байна гэж бодох юм. Тэдний минь таалал мэднэ дээ. За тэгээд хэн гэдгээ олж харах, судсаар нь ямархан гал гүйж явааг, зүрхэнд нь бас тархинд нь ямархан гал улалзаж байгааг сануулж, сэрээж чадаж байвал энэ номуудын минь хэрэг зорилго бүтэх нь тэр. “Дотоод сансар” номын минь хувьд шинэ шүлгүүд бас нэг найраглалаас бүрдсэн.

Өнгөрөгч, одоо, ирээдүй цаг үеийг та өөртөө хэрхэн төсөөлж байна. Уран бүтээлчийн хувьд ч, иргэний хувьд ч. Их л ерөнхий асуучихлаа?

-Хүн гэдэг чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагаас бүтэж бүрэлдэж байдаг амьтан юм уу даа. Өнгөрсөн цаг нь байхгүй бол зүрхгүй болчихдог. Одоо цаг нь байхгүй бол биегүй болчихдог. Ирээдүй цаг нь байхгүй бол толгойгүй болчихдог. Гурвуулаа байж гэмээнэ бүтэн болдог ийм нандин шүтэлцээний зангилаа гэмээр юм уу даа. Аль нэг цагийг нь илүүтэй мөрлөөд явахаар оршихуйн тэнцвэр нь алдагдаад ирдэг юм шиг байгаа юм.

Өөрийг тань их мөрөөдөмтгий хүн гэж боддог. Энэ үнэнд дөхөх үү?

-Мөрөөсөх мэдрэмж эхийн хэвлийгээс унахад л хамт төрдөг нандин зүйл байх. Эхэндээ жинхэнэ зөн мэдрэмжийн аясаар нисч байдаг. Сүүлдээ ухаан суугаад ирэнгүүт залууртай, жолоотой болоод явчихдаг хөдөлгүүр юм уу даа. Ёстой л нөгөө “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэмээр. Би мөрөөднө шүү. Гэхдээ сайн нөхдийн буянаар үзсэн Өмнөд Энэтхэгийн цул алтан дээвэртэй шилтгээн, эсвэл нөгөө Унгарын алдартай баян, эрхэм Хубагийнд уусан шиг олон жил дарсан дарс зэргийг ямар мөрөөдөөд суух биш. Толстойн нэг үг байдаг даа. “Бүх хүн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй” гэж. Ихэнх зохиолчид дэлхийг биш өөрийгөө өөрчлөх гэж, хүн төрөлхтний өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж мөрөөсөн адгадаг гэж итгэх юм. Дэлхий ертөнцөө гаднаас нь, өөрийгөө дотроос нь нэвт харах мөрөөдөл зохиолч бүхний эрхэм гол мөрөөдөл.

Таныхаар боловсрол гэж юу вэ. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Миний хувьд ганцхан л зүйлээс боловсрол авсан юм уу даа. Гэр бүлээсээ л боловсрол авсан гэж хэлмээр шиг. Аав минь их олон хүнд цусаа өгч амь амьдрал бэлэглэсэн буянтай хүн байдаг. Өөрийнхөө цээжинд буцалж байгаа ариухан халуун цуснаас тасдаад бусдын цээжинд юүлээд өгнө гээд бод доо. Хэн нэгэнд хэдхэн агшны дотор амьдрал бэлэглэж байна гээд төсөөлөхөөр. Юутай зүйрлэх буян бэ. Ертөнц дээр үүнтэй тэнцэх буян гэж байдаггүй байх. Ээж минь их олон шавьтай. Тэднийхээ төлөө өглөө, оройгүй залбирч тарниа тоолж, сүү өргөж суудаг хүн. Бусдын төлөө өөрт байгаа аль нандин бүхнээ зориулж амьдарсан ийм хоёр буурлын дундаас төрөөд, ийм халуун дулаан амьдрал дунд өссөн надад хүн болохын дээдийн дээд боловсрол эрхбиш нимгэхэн ч гэсэн сууж таарна аа даа. Миний боловсрол ердөө энэ л юм. Бусад олдмол мэдлэг, энээ тэрээ яахав ээ. Боловсрол гэж хэлэмгүй санагдаж байна. Яахав биеийг чимж яваа чимэг л юм биз дээ. Тэгэхээр миний ойлголт танилтаар бол монгол хүн гэр бүлээсээ, бас байгалиас ийм хоёр сувгаар л төрөлх боловсролоо авдаг байх.

Та уран бүтээлчийн хувьд жинхэнэ ид жагсах нас дээрээ байгаа нэгэн. Идэрхэн байхад төрсөн сэтгэгдэл, догдлол бүр шүлэг болж буудаг бол нас нэмээд ирэхийн хэрээр эргэцүүлэл бас бясалгал болдог шиг. Дотоод билэг авьяасаа, ертөнцийн тухай үзлээ хэрхэн хөглөж байна вэ?

-Тийм ээ. Шүлэг гэдэг эд хэдий богино хугацаанд бичигдэнэ вэ. Тэр чанараараа амьдлаг, увдислаг бүтээл болдог шиг санагддаг. Энэ бол онгодын хэрэг явдал. Гэхдээ бас онгодоо хүлээгээд л эвшээгээд суугаад байлгүй үсэг хөдөлгөх, утга галиглуулах юм зөндөө шүү дээ. Аль аль гарцаар нь л орж гарахыг хичээх юм. Сэтгэл оюунд ямар өтөл нас гэж байх биш. Хамгийн гол нь сэтгэлээ ариун байлгах нь чухал. Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна. Өөрт тохирсон бясалгал гэмээр юм уу даа, өөрийгөө төвхнүүлээд байх арга чарга бас хэрэглэнэ шүү дээ.

Та бас багагүй аяламтгай хүн шүү дээ. Ойрд хол ойр явав уу. Таны уран бүтээлийн нэг хөг айзам, дүр аялгуу болдог энэтхэг бүсгүй Дэвиг хааяа санагалзах юм уу?

-Зохиолч нөхдийнхөө ижил дэлхий ертөнцөө ерөнхийд нь ойлгоод авчих юмсан гэж хүсэлгүй яахав ээ. Жаахан жаахан явсаан. Харин одоо Монголоороо л жаахан явах юмсан гэж хичээж байна. Саяхан МЗЭ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад аймгийнхаа хэмжээнд номын өдрүүдийг зохион байгуулсан юм. Бидний хэсэг зохиолчид Ховд нутгаар хөндлөн гулд яваад ирсэн. Бүх сумдаар орлоо. 9000 дөхүү хүүхэд, залуустай уулзсан тоо сонсогдож байна лээ. Эх хэл, бичиг соёлын үнэ цэнэ, ёс уламжлалаа дээдлэхийн учир гээд уулзалт ярилцлага зохиож шүлэг зохиолоо уншицгааж гарын үсгээ тарааж яваад ирсэн. “Сайхан үг сарын хүнс” гэсэн үг бий. Сарын хүнс болохоо байг гэхэд тав, гурван өдрийн хүнс болчих үг бэлэглэсэн бол болоод явчихаж байгаа нь тэр. Монголчуудын дотоод үнэ цэнэ энэ нутаг оронд бүтнээрээ байгааг мэдрэхэд сайхан байлаа.

Хамгийн сүүлд дотнын уран бүтээлч нөхдийн хамт Тайванийн Чилан уулан дахь Чингис хааны модонд очсоноос хойш гадагш явсангүй. Аа, Дэви юу. Их сайхан бүсгүй. Энэтхэг гүрний гоо сайхныг ойлгоход жим болсон бүсгүй л дээ. /инээв/ Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг шүү. Тэгээд л тийм нэг сэдэв гарч ирэхгүй юу. Хааяа дурсана шүү дээ. Цөөрмөөс лянхуа ургадаг л гэдэг. Гэвч сэтгэлийг бол ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ.

Хүүхэд ахуй цагтаа тэр баруун хязгаараас МЗЭХ-д захиа бичиж, түүнийг нь Залуу зохиолчдын нэгдлийн дарга Дөнгөтийн Цоодол гуай хүлээн авч, хариу захиа бичээд сонинд өмнөтгөлтэй гаргаж байсан тухай гэгээн түүх танд байдаг. Тэр тухай эргэн дурсахгүй юу?

-Есдүгээр ангид орсон жилээ анх “Пионерийн үнэн” сонины “Сурагчийн үзгээр” буланд шүлгүүдээ илгээсэн чинь тус сонины бүтэн нүүр шахуу зайд шүлэг маань хэвлэгдсэн юм. Тэр хатуу горим дэгтэй цаг үед нүүр шахуу шүлэг нийтэлнэ гэдэг тэр сонины хувьд амаргүй ажил байсан юм байна лээ. Тэгэхэд Ц.Дашдондог зохиолч дэмжиж хэвлүүлж байсныг бүр саяхан амнаас нь сонссон.

Таны асуултын хувьд аравдугаар ангид орсон жил л дээ. Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд гэж болдог байлаа. Тэр өдрүүдийн үеэр захиа бичиж зөвлөгөө өгнө үү гээд шүлгүүдээсээ МЗЭХ-д илгээсэн юм. Залуу зохиолчдын нэгдлийн дарга нь Д.Цоодол найрагч байжээ. Надаас очсон захидлыг задлахад дэргэд нь Ш.Сүрэнжав найрагч бас байсан гэсэн. Миний шүлгүүдийг уншаад тэр хоёр Явуу багшийн нутгаас нэг авьяастай хүү төрөх нь гэж хөөрсөн гэнэ лээ. Тэгээд хэн нь захидал бичиж урам өгөх вэ. Цаашид хэн нь дэмжих вэ гэлцээд албан ширээтэйгээрээ чи ав гэж Д.Цоодол найрагчтай зөвлөлдсөн гэдэг. Төдөлгүй “Утга зохиол урлаг” сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд минь хэвлэгдэж утга зохиолын хүрээнийхний анхааралд орсон байдаг. Энэ сайхан найрагчдаас байн байн захиа ирдэг байлаа. Ямар сургуульд орох вэ. Горькийн сургуульд ч дэмжиж болно гээд л. Сайхан шүү. Утга зохиолын залгамж холбоо гэдэг ямар нарийн нандин, үнэ цэнэтэй зүйл болохыг бүр хожуу л мэдэрсэн дээ, тэнэгхэн би. Явуугаа ч нүүрэндээ барьсангүй, энэ сайхан ах нарыг ч дагасангүй “зөрүүд илжиг” шиг өөрийнхөөрөө бэдрэн бэдэрсээр утга зохиолын ертөнцөд хорь хол гарсан он жилийг нэгэнт бүтээчихжээ. Энэ сайхан ах нарын ерөөл, сурагч байхад минь Завханд очиж байсан С.Пүрэв, Т.Галсан, Ц.Балдорж гээд зохиолч ах нарын хайрласан урмаар яруу найраг руу явах зам минь шуударсан юм байна гэж боддог. Утга зохиол руу ийн даялаагүй бол зураач болох зам руу явахад бэлэн байсан.

Зураач болох байсан гэнэ ээ. Тийм итгэл, сэтгэлийн гал танд байжээ дээ. Одоо хэр зурж байна даа?

-Ихэнх яруу найрагчдад байгаль эх бичихийн зэрэгцээ, зурах авьяас хайрласан байдаг. Манай найрагчид ихэнх нь зурна шүү дээ. Би бас багаасаа зурсаан. Талийгаачдын хөргөөс эхлээд. Тийшээ явах сонирхол их байсан. Уран зохиол руу татагдаж ирээд тэгсхийгээд л хаячихгүй юу.

Нийгмийн гэрэл гэгээ төдийлөн асч бамбарлахгүй байх шиг. Жишээ нь оюун санааг үнэлэх үнэлэмж, булчинг үнэлэх үнэлэмжээс ихээхэн дор байгааг хэлэх хүмүүс бий. Зүй нь төрийн шагналт яруу найрагч үндэсний бөхийн аваргаас илүү үгүй юм гэхэд дутуугүй үнэлэгддэг баймаар. Оюун санааны үнэлэмж хэдийд дээгүүрт орох бол. Ер нь энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-За, товчхондоо нэгдүгээрт оюун санаа, хоёрдугаарт оюун санаа, гуравдугаарт оюун санаа л гэж хэлмээр байна. Сайтар дархлагдсан оюун санаан дээр л мандаж бадарч байсан түүх бэлхнээ байна шүү дээ. Нийгэм цаг үеийн жаахан будангуйрал мөдхөн сарнина биз дээ.

Цахим орчны хэл, үндэсний эх хэлийн зөрүү улам л нэмэгдээд байх шиг. Шинэ хувьсал өөрчлөлтөөр ингээд яваад байх юм уу, эсвэл эх хэлний соёлын дархлааг авч үлдэх ёстой юу?

-Эх хэлний дархлаа эмзэг байна. Зохиолчид минь их үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэр дундаа XX зууны зохиолчид минь баялаг сан бүтээсэн. Гагцхүү энэ үнэ цэнэтэй зүйлийн амтыг хүүхэд залууст мэдрүүлэх аятайхан арга хэлбэрийн ажлууд л дутаад байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг” бичиг соёлын хөтөлбөр өгөөжөө өгч байна. Саяхан төрөөс хэрэгжүүлсэн дунд сургуулийн номын санг баяжуулах хөтөлбөрт олон сайн зохиол цугларч байна лээ. Ийм сайхан хандлагууд байгаад талархаж байна. Нобелийн шагналт Томас Элиотийн нэг үг байдаг шүү дээ. “Эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун санаа мөхдөг” гэж. Эх хэлний дархлааг хамгаалан сахихад зохиолчдын минь үүрэг өндөр гэж ойлгож явдаг. Жинхэнэ монгол зохиолчдын шүү. Бүх телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд утга зохиолын хяналт тавьдаг дөмөгхөн орон тоотой баймаар байна. Ядаж л хэвлэл мэдээллийн байгууллагууд минь нэг ч үг, үсгийн алдаагүй, найруулгын асуудалгүй байвал том дэмжлэг болно. Бизнес эрхлэгчид минь ч бас энэ салбарт санаа тавьж байгаад баярладаг. Арваад жилийн тэртээгээс Завхан аймагт Л.Лхагважав багшийнхаа нэрээр шавь нар нь анх үүсгэн санаачилсан эх хэлний олимпиад байна. Одоо бол эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нэртэй болж өргөжөөд үйл ажиллагаа явуулж байгаа. “Шинэ Ази” групп жил болгон хөрөнгө мөнгөөр ивээж бараг л улс орон даяар хамрах төлөвтэй өргөжиж байгаа энэ нэр хүндтэй олимпиадыг дэмжиж олон эрдэмтэд, олон зохиолчид нэгдэж байгаа нь сайхан санагддаг. Ийм санаачилга, нийгмийн хариуцлагын арга хэлбэрээс бизнес эрхлэгчид минь санаа аваасай. Үр хойчдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт энэ шүү дээ.

Олон жилийн өмнө Хамарын хийдийн шамбалд та бичгийн хүнийхээ хувьд хийлгэсэн мөнгөн үзэг дээрээ суулгасан жижиг очир алмаазыг гээчихэж байсныг санаж байна. Та гээсэн үнэт чулуугаа тэгтэл үгүйлэхгүй бараг тэрхүү шамбалд гээсэндээ бэлгэшээгээд байгаа юм шиг харагдаж байсан л даа. Одоо тэр үзгээрээ бичиж байгаа юу?

-Бичилгүй яахав. Тэр үзгэн дээр минь нэг багшийн минь хайрласан зургаан ширхэг алмаазыг урлуулан суулгуулсан юм л даа. Тэгээд Хамарын хийдийн салхиар аравнайлуулах санаатай авч очоод тэр Шамбалын зүрхэн хэсгийн хүрэн хайргатай хэсэгхэн газарт нэгийг нь унагаж орхисон хэрэг. Тэгээд л

Архиа хуваагаагүй ч ноён гэгээнтэнтэй

Алмаазаа хувааж сэтгэл халамцав… гэж бичээд буцсан. Бид чинь бэлэг дэмбэрэл, ерөөл бодож явдаг улс. Тэнд үлдээсэн ширхэг алмаазаараа дамжуулж ноён гэгээнтний адис жанлавыг байнга авч байдаг энэ ээ тэрээ гэж өөртөө бол их хөөрцөглөнө шүү дээ.

Одоо та хэнийг уншиж байна. Ер нь энэ дашрамд уншигчдад сонголтын тухайд зөвлөөч…

-Яг одоо бол судлаач, бясалгагч Друнвало Мельхиседекийн “Амьдралын цэцгийн эртний нууц” хоёр ботийг эргүүлж сууна. Сонин сайхан ном юм. Ер нь жаахан зав гарвал орчуулагч Б.Батаагийн орчуулсан “Зэн буддизм” хоёр дэвтрийг харж суух дуртай. Уншигчдадаа хандаж зөвлөхөд XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.

Ингэхэд та хэнийг их сонсдог вэ. Уран бүтээл, амьдралын замдаа…

-Дотоод хүнээ чагнадаг. Зөн совингоо юу айлтгахыг л их чагнадаг.

Та бол ойр дөт байдаггүй хүнд бол ихэнхдээ бодлогоширсон, магадгүй дүнсгэр ч гэмээр нэгэн харагддаг. Таны инээмсэглэлийг хэрхвэл олж үзэх бол?

-Өөрийнхөөрөө л намбайгаад алхаж яваа гэж бодох юм. Тэгж харагддаг юм байх даа. Олдмол дүр төрхөнд угаасаа дургүй. Тэнгэр бурхан анх л нэг хэвэнд цутгаж гаргасан. Өөтэй ч бай, өнгөтэй ч бай тэр хэв төрхөөрөө бөмбөрч яваа л гэж итгэх юм. Инээмсэглэлийн тухайд бол хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй.

Аав тань олон хүнд амьдрал бэлэглэж ирсэн нэгэн гэж та дурдлаа. Ер нь удам судрынхаа талаар ярихгүй юу?

-Аавын минь тал гэвэл буурай аав минь товхийсэн дархан хүн байсан. Аавын минь удам сударт эрдэмтэй сайн маарамба, зураач бий. Харин ээжийн минь талд увдистай лам, шүлэгчид л бий. Ямар сайндаа өнөөдөр ч гэсэн нутгийнхан манайхныг “Буга унадагийнхан” гэж хочилж битүүхэндээ шоолсоор байх вэ дээ. Ээжийн минь талд их цэцэн худлаа ярьдаг хүн байж л дээ. Хангайн бугыг барьж авч унаад нутгаараа тойрч ан хийж элдэв дээд болсон гээд л олон дэгс хууч, домог үлдсэн байдаг. Унаж тустал худлаа ярьдаг. Тэгэхдээ их хурц тод дүрслэлтэй, бүр заримыг ньгайхмаар уран цэцэлж шүлэглэж хэлсэн байдаг. Энэ ч бас ер бусын л явдал шүү дээ. Би бол харин ч энэ нэрэнд дуртай байдаг. Би ч бас яаж зүгээр байхав. Бас “цэцэн залаад” л яваа хүн шүү дээ. (инээв) А.Гомбоо гэж нагац ах минь билиг авьяастай хүн байсан. Малчин хүн байсан л даа. Жаахан тордоод өгсөн бол сайн найрагч болох байсан. Зохиолч, яруу найрагчийн авьяас гурав дахь үе дээрээ гарч ирж уламжлагддаг гэдэг үг бий шүү дээ. Тэр цэцэн худалч өвгөөсөө л жаахан юм авч дээ гэж сүсэглэдэг дээ.

Таны яруу найргийн сэдэв бол дорно, түүний халуун амьсгаа байдаг…

-Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог. Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө. Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог. Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг.

Дорно бол том сэтгэгч. Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч. Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ. Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ. Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ. Гоё байгаа биз дээ. Энэ оршихуйгаа яруусгаж, утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол. Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ. Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм. Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

Ертөнцийн гоо сайхан нь юу юм бэ.Таны ойлголтоор…

-Ертөнцийн гоо сайхан нь хүмүүн л шүү дээ.Та бид л шүү дээ.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бээжин+20”-ийн өмнө бид юуг ярив?

1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн хурлаас хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидын эрхийг дээшлүүлэх тухай Бээжингийн тунхаглал гарч, өнгөрч буй хорь шахам жилийн дотор багагүй ахиц дэвшил гарчээ. Дэлхийнхэн таван жил тутам үр дүнгийнхээ талаар ярьсаар ирсэн бөгөөд ирэх жил нийт 20 жилийнхээ үр дүнг хэлэлцэх “Бээжин+20” хурал болох юм. Хийж бүтээсэн 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг хэлэлцэх, хүйсийн тэгш байдлыг хангаж сайн засаглалыг бий болгохын тулд дэлхийн хүмүүс бид юу хийв, цаашид юун дээр анхаарах вэ, охид эмэгтэйчүүдийн хаягдсан эрхийг хамгаалж, тэднийг чадавхижуулахын тулд хэрхэх вэ гэдэг дээр дэлхийн толгой байгууллага болох НҮБ түүний мэргэшсэн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд санаагаа чилээсээр байна. Тийм ч учраас хурал болохоос жилийн өмнө буюу өнгөрсөн сарын дундуур дэлхийн өнцөг булан бүрт улс гүрнүүдийн төлөөлөл бүс бүсээрээ цуглан урьтал хурлуудаа хийсэн билээ. Манай улс хамаарагддаг Ази, Номхон далайн орнуудын хурал Тайландын Бангкок хотноо болсон юм. НҮБ-ын зүгээс энэхүү хуралд асар ач холбогдол өгч буй нь анзаарагдаж байсан. Азийн улс орнуудаас Засгийн газрын түвшинд төлөөлөл оролцож, улс орондоо тулгараад буй асуудал бас өнгөрсөн 19 жилийн хугацаанд шийдэж чадсан ололтууд бас барахгүй байгаа асуудлуудаа нэг нэгтэйгээ илэн далангүй ярилцсан. Түүнээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, бас хэвлэл мэдээлэлийнхнийг цуглуулж, сургалтад хамруулсан нь эмэгтэйчүүдийг чадавхижуулах тэдний эрхийг хангахад сэтгэл зүтгэлээрээ ажиллаж ирсэн иргэний нийгмийн төлөөллийнхнийг цэнэглэх маш том хүч болдгийг ойлгосных биз ээ. Бас жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг яриад эхлэхэд нэг том дэмжлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж таардаг. Сэтгүүлчид өөрсдөө жендерийн мэдрэмжтэй байж гэмээнэ асуудалд зөв зүйтэй хандаж улмаар нийгэм нь өөрөө жендерийн мэдрэмжтэй болж, хүйсийн тэгш байдлыг хангасан нийгмийг байгуулах үндэс суурь нь болж өгдөг билээ. Тийм ч учраас “Бээжин+20”-ийг хэрхэн сурвалжлах, жендерийн тэгшбайдлын талаар ойлголт өгөх, охид залуучуудын асуудалд яаж хандах талаар сэтгүүлчдэд зориулан тусгайлсан сургалтыг явуулсан.

Үнэндээ сэтгүүлчид бидний хувьд жендерийн тухай мэдлэг мэдээлэл, асуудалд хэрхэн хандах талаар ойлголт байдаггүй учраас асуудлыг буруу хандуулчих гээд байх нь бий. Энэ бол ганцхан Мон­голынх гэлтгүй газар газрын сэтгүүлчдийн асуудал ажээ.

Нөгөө талаас манайд жендер гэдэг үгийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал гээд өрөөсгөлөөр бодчихдог. Харин аливаа нийгэм хүйсийн тэгш байдлыг тогтоож байж, эргээд эрүүл, зөв тогтолцоотой, сайн засаглал бүхий төрт улсыг бий болгох боломжтой болно хэмээн үзэцгээдэг. Тэр ч үүднээс НҮБ энэ асуудалд ингэтэл анхаарал тавиад байгаа хэрэг шүү дээ. Ирэх жилийн есдүгээр сард эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы авч хэлэлцэх гол асуудлын нэг нь эмэгтэйчүүдийнх байна гэхээр асуудалд ийн анхаарахаас аргагүй биз.

Тэгээд ч сүүлийн хориод жилийн турш энэ чиглэлд НҮБ хүч тавин ажилласан. Тиймээс ч ирэх жил “Бээжин”-гийн тунхаглал цаасан дээр тунхаглаад өнгөрсөн зүйл байв уу, эсвэл дэлхийн хүмүүсийн амьдралд үнэхээр өөрчлөлтийг авчрав уу гэдгийг нийтээрээ ирэх жил шүүн тунгаах юм. Тэгэхээр энэ талаар мэдээлэх, шүүн хэлэлцэх, цаашдын гаргалгааг гаргах хүмүүсээ эртнээс сургаж чадавхижуулж байгаа нь зөв хэрэг биз ээ. Ази, Номхон далайн орнуудын бүсийн энэ удаагийн хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага (UN Women) хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хуралд НҮБ-ын ажилтнуудаас гадна 50 гаруй орны төр засаг, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн гээд 700 гаруй хүн цугларсан байсан гэхээр ямархуу нүсэр ажиллагаа болсон нь ойлгогдох байх аа. Тэр дунд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Шамшад Ахтар, Бутаны эзэн хааны ээж Аши Сангай, Тайландын Ерөнхий сайдын орлогч Чоден Вангчук, Тувалугийн Ерөнхий сайд Энэлэ Сопога, Энэтхэгийн Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн сайд Манека Ганди нарын олон хүн байсан нь Азийн улс орнууд уг асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл биз. Манайхаас Жендерийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Болормаа, тус хорооны зөвлөх О.Оюунцэцэг, Хууль Зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд өөрийн орны нөхцөл байдлын үнэлгээг бусдын адил сонирхуулсан билээ.

Ерөнхийдөө тэнд өрнөж байгаа хурлын үйл явцыг харахад манай Засгийн газрын төлөөлөл болж дандаа бүсгүйчүүд явсан шиг гадны орнуудаас хүүхнүүд л түлхүү ирсэн нь ажиглагдана. Жендерийн тэгш байдлыг ярихаар эмэгтэйчүүдийн асуудал яах аргагүй яригддаг. Дэлхийн олон газар эмэгтэйчүүдийн эрх нөгөө хүйсийнхтэйгээ адил тэгш байдаггүй учраас тэнцүүлэх явдлыг ярьж эхлэхээс аргагүй болдог. Тэгэхээр л үүнийг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг яриад байна гэж эгдүүцэх гээд байдаг. Үнэндээ нийгэм, улс төрийн амьдралд хүйсийн тэгш байдал хангагдаад ирэх нь сайн засаглал төлөвшиж бий болох үндэс болдог нь нэгэнт тодорхой болчихсон. Бас дайн самуунтай газар эмэгтэй хүний оролцоо, дуу хоолой ороод ирэхэд энх тайван байдал тогтдог гэдэг нь ч тогтоогдчихсон. Олон сая хүнээ хомроглон алж, дайн тулааны үүр болоод байсан Руандад эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээ эсрэг бойкот гаргаж байлаа. Тэд “Энэ дайн самуунаа зогсоохгүй бол эмэгтэйчүүд бид та нартай бэлгийн харьцаанд орохгүй” гэж байж энэ улсад дайны гал зогсч байв. Мэдээж, олон улсын байгууллагууд энэ орны асуудалд анхаарсан. Өдгөө энэ улсын парламентын 63,8 хувь нь эмэгтэй гишүүд гэж байгаа. Энэ нь дайн дажинд нэрвэгдэж гүйцсэн тус улсын иргэд эмэгтэйчүүдийн оролцоог үнэлдэг болсных биз. Ер нь улс орон бүрт л өөр, өөрийн асуудал байдаг нь олон зүйлээс харагдаж байсан. Ялангуяа НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас (UN Women) сэтгүүлч бидэнд зориулсан тусгайлсан сургалт улс орнуудын ялгаа ямар байгааг илүүтэй ойлгуулсан билээ. Бидний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа тэгж асуудал болдоггүй. Хэн чадвартай нь илүү цалингаа аваад явдаг. Тэгвэл Азийн ихэнх оронд хүйсийн ялгаанаас болсон цалингийн зөрүү асуудал болж байдаг. Бас хүүхэд насанд нь гэрлүүлдэг, шашны асуудлаас болж эмэгтэй хүнийхээ хувьд эрүүл мэндийн тусламж авдаггүй гэсэн бидний ойлгохгүй асуудлууд бусдад том зовлон болж байдаг ажээ.

Э.ЭНЭРЭЛ

Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ онд дажгүй ээ, бид

Ерөнхий сайдаар ажиллаж байсан, манай толгой эдийн засагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал он солигдохын өмнө нийгмийн сүлжээ болох твиттерт жиргэхдээ “52 сая малтай, 450 мянган тн үр тариатай, 20 орчим сая нүүрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хүнээ өлгийдөнө. Ирэх онд дажгүй ээ” хэмээжээ. Бид чинь дандаа л болохгүй бүтэхгүйг нь түрүүлж яриад байхын оронд гэгээтэй гэрэлтэй бүхнийг ярьж хэлэх яасан сайхан юм бэ. Эдийн засаг улам л хямарна, улам л хэцүүднэ гэж дуулаад байхаас биш сайн талыг, сайхан зүйлийг харж сонсохоо байгаад уджээ. Гэтэл хүн гэдэг амьтан мөн чанараараа сайхан зүйлст дуртай, сайн мэдээнд баярладаг. Тиймээс аль болох нэгэндээ болж бүтэж байгаагаа эхэлж дуулгаж, бас түүнээс нь эрч хүч, эрчим энерги авч байх чухал юм байна аа.

Бид 1990 онд 25.9 сая малтай боллоо гээд хөөрч байсан нь саяхан. 1985 оны мал тооллогын дүнгээс даруй 3,4 саяар өссөн дүн учраас арга ч үгүй байсан биз. Малчид хувьдаа малтай болсноор тэдний өсгөж үржүүлэх, адгуулах маллах сэтгэлгээ ч эрс өөрчлөгдсөн гэдэг. Тэгвэл хөөрч баярлаад байсан тэр тооноос даруй дахин өсч, 52 сая малтай болчихлоо шүү дээ. 2013 оны мал тооллогын дүн 45.1 сая болж өмнөх жилээсээ 11 хувиар өсч байсан бол жилийн дараа өсөлт 15 хувиар тоологдож байна. Энэ урвайж, ундууцаад байх мэдээ мөн үү. Бид яагаад ч юм болохгүй бүтэхгүйгээ өмнөө барьж, түүндээ өөрсдийгөө шархдуулж эмтлээд байх юм. Харин одоо дандаа болж, бүтэж байгаагаа түрүүлж харахыг хичээцгээе. “Байна байна гэхээр байна нэмэгддэг, байхгүй бүтэхгүй гэхээр үгүй нэмэгддэг” гэдэг дээ. Өнгөрсөн хавар гэхэд 16.7 сая төл мал хүлээж авсан байдаг. Хангай дэлхий ээлтэй, тавтайхан байвал энэ үзүүлэлт ирэх хавар 18 сая болох төлөвтэй гэж байгаа.

Өнгөрч буй жилд 313 мянган га-д тариалалт хийж 520 мянган тн үр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л үзүүлэлт. Түүний өмнөх жил ургац алдаж, 388.4 мянган тн үр тариа авсан нь бидний хэрэгцээний 84 хувийг хангасан хэрэг болсон. Харин өнгөрч буй жилд хэрэгцээгээ бүрэн хангасан учраас бидний авдар үр будаатай, өлсөхгүй гэж ойлгож болно. Ер нь бид үр тариагаараа хэрэгцээгээ хангадаг болсон нь сүүлийн хэдэн оны л явдал шүү дээ. Төмсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болсноор бас овоо хэдэн жилийг үдлээ. Тэр нэг жилийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хо­рооны хурал дээр энэ мэдээ анх хэлэгдэж, тэнд суугаа гишүүд бөөн баяр болж байсан санагддаг. Хүнсний захууд дээр монгол төмс, зэрэгцээд жинхэнэ монгол төмс гэсэн хаягтай төмснөөс л сонголтоо хийдэг байлаа шүү дээ. Харин одоо хужаа төмс гэдгийг мартаж. Төмснөөс бусад хүнсний ногооны хангалт өмнөх жил нь 54 хувьтай байсан бол 2014 онд 56-57 хувь болсон гэнэ лээ. Жилд л 4-5 хувь нэмэгдээд яваад байгааг талархаад хүлээж авахад гэмгүй. 1991 оноос хойших 23 жилийн хугацаанд анх удаа 360 мянган тн хүнсний улаан буудай хурааж авсан гэж байгаа. Манай хэрэгцээ жилийн 320 мянган тн харин бид давуулаад биелүүлж. Жилдээ 320 мянган тн хүнсний буудайгаараа 250 тн гурил гаргаж идээд байхад болдог бол өнөө жил нөөцөндөө өөрсдийнхөө тариалсныг хадгалж чадав. Болж л байгаа биз дээ.

За тэгээд, Атар газар эзэмшиж ирсэн 55 жилийн түүхэндээ хамгийн анх удаа нэг га-гаас 16.9 цн улаан буудай хурааж авсан гэдэг амжилт ч бичигдэж байна. Тэгэхээр заавал бид нар болохгүй бүтэхгүй гээд л нэгнээ хэмхчих гээд байх хэрэг байна уу. Хүнс маань ч нэмэгдчихсэн хүн маань ч нэмэгдэх гээд бид хэрдээ баяртай л байгаа. Монголчууд бид гурав дахь сая хүнээ хүлээж авах өдөр хэд хоноод болох гэж байна. Хоёр сая дахь иргэнээ 1988 онд хүлээж авч байсан бол гуч хүрэхгүй жилийн дотор тэр тооныхоо тэн хагасаар нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн зууны эхэнд саяынхаа талаар л яригдаж байлаа шүү дээ. “Хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга” гэж гаргаж байсныг нь харахад цөөхүүлийн зовлон ч юм шиг. Гадна дотно хамаагүй байгаа хэдийгээ нийлүүлээд л зургаан зуун мянга гаргаж байжээ. 1962 оны хоёрдугаар сард нэг сая дахь, 1988 оны долдугаар сард хоёр сая дахь иргэнээ хүлээж авч байсан бид 2015 оны нэгдүгээр сард гурван сая иргэнтэй улс болох гэж байна. Энэ тоо тун удахгүй олны олноор үржээд явчихна. Бид чинь ядаж 5 сая болчихвол дийлдэхээ болих үндэстэн гэж ярьдаг даа. Монголын хүн амын 51.7 хувь нь эмэгтэй, дээрээс нь 800 орчим мянга нь 0-14 насных, 1.9 сая орчим нь 15-59 насныхан гэхээр хүн амын тоо цаашид нэмэгдээд явчих нь тодорхой.

Амьжиргааны доод түвшний үзүүлэлт ч байнга өссөөр ирснийг бид мэднэ. 2002 онд баруун аймгийнхны амьжиргааны доод түвшний үзүүлэлт сарын 19200 төгрөг байсан бол өнөөдөр 146600 төгрөг болсон. Мөн онд зүүн бүсийнх 20200, Улаан­баа­тарынх 24600 байсан бол одоо зүүн нь 144500, нийслэлд 169000 болсон талаар Үн­дэс­ний Статистикийн сай­тад мэдээлсэн байх юм. Үүнийг ханшийн уналт, бүтээгдэхүүний өсөлттэй холбож нэмэгдсэн гэж тайлбарлах дэндүү өрөөсгөл учраас энэ өсөлтийн цаана эерэг тал байгааг бид харгалзах л ёстой.

Бид ганцхан “Эрдэнэт” үйлдвэртэй, хоёрхон сая хүнтэй байхдаа хэчнээн сэтгэл хангалуун амьдарч чаддаг байлаа даа. Одоо түүнээсээ илүү байх боломж бидэнд бий. Илүү хүсэл, шунал тачаал зовлон авчирдаг гэдэг шиг байгаадаа сэтгэл ханахгүй, илүүг нэхэх тусам өөрсдөд маань заримдаа зовлон болох юм.

Яндаж болохгүй далай шиг

Яасан баян нутаг вэ гэж соц реализмийн сэтгэлгээгээр биччихсэн мөртүүд биш юм. Ийм дэлхийн тийм баялагтай газарт хилээ зоож, хашаалаад авчихсан бид Гаитид амьдарч байгаа юм шиг гамшгийн сэтгэлгээтэй амьдрах дэндүү гунигтай билээ. 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 11168,1 тэрбум төгрөг болж, 17.4 хувиар өсч байсан сайхан дурсамж бий. Тэр үед CNN-ий сэтгүүлч “Та дэлхийд хамгийн түргэн хөгжиж байгаа баян орон Катар гэж боддог уу. Тэгвэл дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн орон байна. Энэ бол Монгол” гэж ирээд танилцуулж байлаа. Бид гадагшаа гаргах юу ч үгүй, гадныханд харуулах ямар ч эдгүй улс биш билээ. Манай нийт газар нутгийн 17 хувь л судлагдсан гэж үздэг. Харин тэр судлагдсан газрын хэдэд нь ямар нөөц байгааг хэлүүлэх юун. Геологичид 11 тэрбум тн төмрийн хүдрийн нөөц байгаа гэдэг. Хоёр жилийн өмнө гурван сая тн, өнгөрсөн онд таван сая тнн төмрийн хүдэр, баяжмал олборлосон нь ирэх гурван жилд 11 сая тн-д хүрнэ гэсэн тооцоо гарсан. Манай эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг Эрдэнэтийн нөөц багассаар байгаа ч ойр орчимд нь хайгуул хийж таван лицензийг үйлдвэр мэдэлдээ нэмж авснаар тус үйлдвэрийн ашиглах нөөцийн хэмжээ нэмэгдсэн. Мөн дэлхийд тавдугаарт орох Оюутолгойн орд байна, Цагаан суваргын орд ч байна.Популизм хийж, ажлыг хойш нь татахгүй урагшилж чадвал бидэнд байхгүйгээс байгаа нь их шүү. Бас манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т ордог. Дэлхийнгурван зуугаад улсаас шүү. Дээрээс нь Монголд хэзээ ч нефть байхгүй гэж хүүхэд ахуйд маань яригдаж байсан цаг улирч Монгол Улс нефть олборлогч орон болсноо зарласан. Занар хийгээд цаашлаад яривал зөндөө л бий. Тэгэхээр юу нь болохгүй байна аа. Бидэнд болгох бүтээх боломж нь бүгд байна. Харин бид өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт хийж, байгаа боломжоо гарздуулж хаялгүй ашиглах нь чухал юм. Ирэх он бол монголчуудад уруудаж доройтохын бус харин урагшилж дэвжихийн он цаг байх болно. Тийм ээ, энэ онд бид дажгүй ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Эгшиглэн сийлээч

Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ. Энэ оны хамгийн сүүлийн сард болсон нэгэн тийм гэрэл гэгээтэй, сэтгэлд бүлээн дулаан амьсгалыг зөөлөн урсгасан тоглолтыг үзээд сэтгэл ихэд хөөрснөө уншигчидтайгаа хуваалцах юмсан гэж бодогдсоор байсан юм. Энэ бол урлагийн одын эсвэл алдар нэртэй уран бүтээлчийн тоглолт биш. Зүгээр л нэгэн оюутны тоглолт билээ. Гэхдээ цаашид урлагийн тэнгэрт од болон гялалзах, тэгж томоор хэлэхгүй юм гэхэд энгийн үзэгчийн сэтгэлд гайхамшигт эгшиглэнг, бишрэм аялгууг дурайтал сийлэх нэгний тоглолт байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Манайд олон сайхан хуучирчид байсаар ирсэн. Ерээд он гарсаар хуучрыг хятад гаралтай гэж ойлгох болсных уу, яагаад ч юм энэ төрлийн хөгжмийн зэмсгийг тоож хөг аялгуу гаргах хүмүүс ховордсон гэдэг. Дээрээс нь хуучир маягийн хөгжмийн зэмсгээр тоглодог үндэстнүүдээс хан үндэстэн хуучрын өв уламжлалыг сүрхий авч ирсэн учраас тэгж боддог ч байж магад юм. Гэхдээ хөгжим судлаачдын онцолж буйгаар хуучир гэдэг нь ханзаар тайлбал бүдүүлэгчүүдийн хийл гэсэн утгатай, өөрөөр хэлбэлуг гарвал нь монгол хөгжим гэгддэг ажээ. Хуучрыг тоож дуугаргах залуус ховордсон энэ үед хуучраар эгшиг аялгууг сийлээч залуухан бүсгүй гарч ирлээ. Түүнийг Энхтөрийн Цэндсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсийн оюутан. Арван хэдхэн настайгаасаа энэ хуучир хэмээх хөгжимд дурлаж, өөрөөсөө том хөгжмийг үүрч явсаар өнөөдрийг хүрчээ. Харин тэр цаашид хуучир гэх хөгжмийн урлагийг тэр чигт нь үүрч явах нэгэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь аливаа хөгжмийн төрөлд хэн нэгэн сайн хөгжимчин, сайн багш гараад ирэхээр олон нийтийн анхаарал тийш хандаж, дагаад зориулсан хөгжмийн бүтээлүүд туурвих нь ч ихэсч хөгжиж эхэлдэг. Манайд морин хуур, ятга яг энэ хэмнэлээр явж ирсэн. Тэгвэл хуучрын хөг аялгууг хүний сэтгэлд сийлэх залуухан хуучирч өөрийнхөө авьяас билгээр энэ чиглэлд ихийг бүтээх нь гэдгийг Улсын филармонийн танхимд суусан хүмүүс өөр, хоорондоо шивэр авир хийн, бахдан ярьж байсан юм. Э.Цэндсүрэн оюутан атлаа бие даасан гурав дахь концерт “Folk meets classic”-аа ийнхүү зохион байгуулж байгаа бас дотоодын болон гадаадын томоохон уралдаанаас тэргүүн байруудыг голдуу эзэлж ирсэн нэгэн аж.

Тэрбээр XVIII-XX зууны Англи, Орос, Франц, Хятад, Унгар, Испанийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг хуучрын аялгуугаар хүмүүст хүргэж байв. Тэрбээр хуучирчдын урын санд томоохон байр суурь эзэлдэг Испанийн хийлч, хөгжмийн зохиолч П.Сарсатегийн”Кармен-Уран сэтгэмж”-ийг хөгжимдсөнөөс гадна Францын Клауди Дебюссийн бүтээлээс анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон. XIX-XX зууны сод төлөөлөгчдийн нэг, имперессинизмийн урсгалыг үндэслэгч түүний байгаль ертөнцийн үй олон өнгө будгийг аялгуулж буулгах гэж оролдсоныг нь хөгжмөөр илэрхийлэхэд ихээхэн ур ухаан, авьяас хэрэг болдог гэдэг билээ. Харин Э.Цэндсүрэн өнгө бүрийн цэвэр дуугаралт, хөгжимчнөөс дотоод мэдрэмж шаарддаг түүний аялгууг хуучирт буулгахаар зориглосноо нэр төртэй биелүүлсэн. Мөн тэрбээр өөрийн орны зохиолчдын бүтээл болох Б.Шаравын “Хуучир-Симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит чуулбар-концерт” мөн С.Сансаргэрэлтэхийн “Гүнжийн бүжиг” хийл цохивор хөгжмийн чуулгад зориулсан концертыг анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон юм. Түүний аав Ж.Энхтөр, ээж Д.Тэрбиш нар охиныг нь сургаж, хөглөж ирсэн багш П.Мөнгөнцэцэгт талархаж байгаагаа байн байн илэрхийлж байсан нь арга ч үгүй биз. Харин Э.Цэндсүрэнгийн талаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Зуун зууны бүтээлүүдээс гуравдугаар дамжааны залуу хөгжимчин зориглон сонгож тоглосон нь сайшаалтай. Тэрбээр авьяаслаг, эрдэмжиж байгаа бас их ухаалаг юм. Ухаалаг нь их анзаарагдаж байна” хэмээн онцолж байсан билээ. Түүнээс “Хөгжим тоглоход ухаан шаардах уу. Авьяас байхад болох юм биш үү” гэхэд “Дэлхийн аварга З.Ойдов дэвжээн дээр барилдахад биеийн хүчээр биш толгойгоор, ухаанаар барилддаг гэж хэлж байсан шиг хөгжимчин хүн ухаанаар хөгжим тоглодог юм” хэмээн хариулсан билээ. Ийм нэгэн авьяаслаг, ухаалаг хуучирч Монголд төрж байна. Ард олныхоо зүрх сэтгэлийг эгшигт аялгуугаар сийлэн баясааж, Монголын гэх аялгууг хуучир хөгжмөөр дэлхийд тамгалан үлдээх их хөдөлмөрт чинь амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Х.Мөнгөнцэцэг: Зөвийг бодож явахад бүх зүйл аяндаа бүтдэг гэж боддог

Залуу дуучин Х.Мөнгөн­цэцэгтэй ярилцлаа.

Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Дуэт vs Дуэль” телевизийн шоунд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар хугацаанд үргэлжилж, хэр их хүч хөдөлмөр гаргав даа?

-Баярлалаа. Анхны чөлөөт, ардчилсан телевиз хэмээгддэг “25 суваг” телевизээр долоо дахь жилдээ нэвтэрч буй “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн энэ жилийнхэд “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ахтайгаа хамт оролцоод тэргүүн байрын эзэд боллоо. Урлагийн нэгэн үеийнхэн болж өсч байгаа, авьяаслаг шижигнэсэн залуучуудтай өрсөлдсөн. Бараг хорь хоногийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийт зургаан дууны төрөлд дуугаа бичүүлж, дүрсжүүлж бас нэвтрүүлгээ бичиж чухам чөлөө завгүй бас бүтээлч өдөр хоногийг өнгөрүүллээ. Их ч зүйлийг сурч, өөрийгөө сорьж, эвдэж бас хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэж бодож байна.

Өнөө жил сошиал медиагаар өрсөлдөөн хүчтэй явах шиг санагдлаа. Бас “Holly Dolly” баг уу танай “Эзэмдэгч” баг уу гэсэн халуухан тэмцэл явсан байх…

-Ер нь бүх багууд жигд, бүгд л түрүүлэхийн төлөө дууныхаа төрөл болгонд хүчээ дайчилж өрсөлдсөн. Энэ тэмцээний маань шалгаруулалтын нэг үзүүлэлт нь фэйсбүүкийн хуудсаар олон лайк цуглуулах явдал байсан. Интернэтээр манайх болон “Holly Dolly” баг олон лайк цуглуулж, өрсөлдөгч баг маань биднээс лайкийн тоогоор илүү байсан. Гэхдээ олон лайк цуглуулахаас гадна сэтгэмж, дууны сонголт, найруулга зохиомж, нэвтрүүлгийн дүрэм журмыг баримталж буй байдал эмоци өнгө төрх гээд өөр олон үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас бид хоёр түрүүлсэн байх аа. Ер нь Г.Эзэнмөнх ах бид хоёр дуу бүрийнхээ цаана давхар санаа агуулж, залуучууд, үе тэнгийнхэндээ уриалахыг оролдож байсан. Тухайлбал, хип поп дууныхаа төрөлд “Гандан буурахгүй” дууг сонгохдоо, гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хос хэрхэн аз жаргалтай амьдарч байгааг үзүүлэхийг оролдсон. Хэрэв нэг нэгэндээ итгэж, хайрлаж чадаж байвал хаана ямар нөхцөлд амьдрах нь асуудал биш, Монголын үрсийг олон болгохын төлөө гандан буурахгүй ээ гэсэн санааг агуулж хийсэн. Бас “Сэтгэлийн драм” дуугаа ч гэсэн ийм санаатай хийж байлаа.

Хосууд нэгэндээ итгэж, хайрлаж байвал амьдрал аяндаа сайхан болно гэж. Үзэгчид анзаарсан бол клип дээрээ ганц модон сандалтай эхэлж байгаа хоёр дараа нь түшлэгтэй зөөлөн сандал дээр хоёулаа зэрэгцээд сууж байдаг даа. Гэх зэргээр үргэлж нэг санаа, уриалгыг дууны төрөл бүр дээрээ гаргахыг хичээсэн. Энэ маань ч хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Шүүгчид ч үүнийг онцолж байсан. Бид хоёрт Монголд үйлдвэрлэсэн “Хүү төрлөө” нэртэй өлгийний рекламд тоглох санал ирсэн нь ч үүнийг анзаарч харсных байсан биз ээ.

Та хоёр рекламд тогло­сон мөнгөөрөө хүүхдүүдэд бэлэг авч өгсөн гэл үү?

-Тэр реклам маань тун хөөрхөн, бэлгэдэл бүхий бүтээгдэхүүний сурталчилгаа л даа. Цэвэр ноолууран өлгийг сураар хийсэн гурван бүс, дөрвөн шагай бас эсгий үнэг дагалддаг. “Хүү төрлөө” гэсэн нэртэй. Ийм бэлгэшээлтэй бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон мөнгөө бид хоёр хүүхдүүдэд зориулахаар шийдсэн.Тэр дундаа асрамжийн газарт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож түгээсэн. Бэлэг хараад нүд нь очтож байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Зарим нь тийм зүйл олон авч үзээгүй болоод ч тэр үү, бүр гайхсан байдалтай. Тэр өдөр талбай дээр зургаа авахуулах гээд шөнийн 00 цагийн үед очсон юм. Ээж, аавтайгаа явж байсан хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины хувцастай бид хоёрыг хараад, “Эзэмдэгч дуэтүүд явж байна” гээд дагаад гүйхийг хараад баярлаж л байлаа. Тэдэнд бас бэлгээ түгээж, нэг өдөр ч гэсэн өвлийн өвгөн, цасан охин шиг байж чадсандаа бид хоёр их баяртай байсан маань энэ нэвтрүүлгийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Энэ нэвтрүүлэгт ихэнх нь жүжигчин, өөрөө ганц дуучин бүсгүй нь байх шиг байсан. Хэдэн онд аль сургуулийг төгссөн билээ?

-Би СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарынхаа удирдлага дор дуу дуулах арга барилаас суралцсан. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гээд л явж байна даа.

Нэгэн үе нийтийн дууныхан хосолж дуулж гарч ирээд л од болцгоодог байлаа. Тэр үеийн дуучдыг дуурайж, урлагт хөл тавьсан залуус олон байсан байх шүү?

-Анх намайг СУИС-д орж байхад нээрээ л нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан. Багш нар маань ярихдаа СУИС-д дуучин болно гээд ирж байгаа 400-500 хүүхдүүдээс шалгалт аваад, “Ямар ангид орох хүсэлтэй байна вэ” гэхэд “Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан хэмээдэг. Энэ сургуульд орохоосоо өмнө М.Найдалмаа гэж мундаг багш байдаг гэж дуулсан болохоор багш дээрээ яваад очсон. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд хүнээр заалгаад ирж байлаа. Сургуульдаа ормогц эндээс нэг дуулсан хүн, тэндээс ганцаараа дүрээ бэлдээд өөртэйгөө ярьж байгаа хүн гээд тун өвөрмөц ертөнцөд ороод явчихсан мэт мэдрэмж төрж байлаа. Найдалаа багш маань намайг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан. Гэтэл би нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан даа. Мэргэжилдээ гайгүй байсан ч юм уу багш маань надад итгэл хүлээлгэж байсан байх, гэхдээ миний ардын дуу, нийтийн дуунд сонирхолтой байгааг мэддэг болоод ч тэр үү эвлэрсэн. Багш нартаа үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр санагдаж байна.

Анхны уран бүтээл чинь ямар дуу байв, бас тайзан дээр хэзээ анх гарч байв даа?

-Намайг хоёрдугаар курст байхад ая зохиогч Пүрэвсүрэн ах “Гэгээн хайр” дуугаа өгсөн. Тэр жил Бөхийн өргөөнд “Цаг эргэх мөч” нэртэй тоглолт болсон юм. Нийт 21 аймгаас гарч ирж буй нэг, нэг дуучныг оролцуулсан том тоглолт байсан. Бас миний хувьд анхны үзэгчтэй том тайзан дээр гарсан нь тэр байв. СУИС-ийн “Оюутан” тайз дээр л гарч байснаас өөр том тайзан дээр гарч үзээгүй би хэрэндээ л сандарч балмагдаж байсан. Тэгтэл хүмүүс алга ташиж, дахиулаад. Тэгэхэд л уран бүтээлч хүний үзэгч олныхоо алга ташилтад урам авах ямар сайхан байдгийг анх мэдэрсэн л дээ.

Ер нь багадаа дуулдаг байв уу, хүүхдүүд урлагийн үзлэгээс эхлээд л өөрийгөө сориод эхэлсэн байдаг шүү дээ?

-Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа. Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа.

Оройн сааль гэхээр өөрөө бүр хөдөөний хүүхэд юм аа даа?

-Тийм шүү дээ. Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ. Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв.

Танайх хэзээ хотын айл болсон юм бэ?

-Ижий, аав хоёр маань ерөөсөө бид гурвын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Намайг сургуульд ороход сум руу нүүж, дараа нь аймаг руу тэгээд оюутан болоход дагаад л хотын айл болсон доо. Д.Пүрэвдорж гуайн гэрээсээ гараад сум орлоо, сумаа би саналаа гээд сумаа, аймгаа, эх орноо бүхэлдээ санасан тухай сайханшүлэг санаанд буудаг юм. Хэдийгээр сургууль соёл бараадаж хотод ирсэн ч нутгаа их санадаг. Оюутан болсны дараахан ГАА гэсэн машин харахаараа манайхны хэн нь яваа юм бол гэж бодогдож бараг тэр машинд суугаад нутгаадаа явмаар санагддаг байсан.

Ээж, аав чинь хүүхдүүдээ л гэсээр иржээ. Одоо дүү нар чинь сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс. Өглөө эрт ажлаа эхэлдэг. Аав, ээжийн маань амьдрал бол хүүхдүүдээ гэсээр явдаг олон эцэг, эхийн түүх. Одоо том дүү маань ЭМШУИС-ийн нүүр ам судлалын III курс, бага дүү маань БНХАУ-д сургуульд явах гээд бэлтгэл хангаж байгаа. Үр хүүхэд нь сайн явбал ээж, аавын хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл амарч, баярладаг байх. Тиймээс үр хүүхэд нь болсон бид сайн явах л хэрэгтэй юм даа.

Танай Говь-Алтайгаас төрсөн дуучид их байдаг байх шүү?

-Тийм ээ. Манай нутгаас төрсөн сайхан дуучид олон. Тэд нар маань ч надад их тус дэм болдог. Ялангуяа МУГЖ С.Ганзориг ахдаа их талархаж явдаг. Тэрбээр сайн дуучин төдийгүй хувь хүнийхээ хувьд ховор хүн дээ. Тэрбээр 2010 онд гавьяат болсныхоо дараа нутагтаа тоглолтоо хийх болоод нутгаас төрж байгаа залуу дуучин гэдэг утгаар тоглолтдоо оролцох санал тавихад би хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Үнэндээ аймгийнхаа тайзан дээрч гарч үзээгүй, энд ирж суралцаж байгаа оюутан шүү дээ. Нэг гарахдаа хоёр дуу дуулна гэж очсон чинь хүмүүс дахиулаад сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бэлдсэн хоёрхон дуутай гэж үнэнээ хэлээд “Мандах нар” дуугаа дахин дуулж байлаа. Тэр үеэс урын сангаа нэмэх ёстой юм гэж ойлгосон. Шат шатаар л учраа олж, суралцаж яваа нь тэр шүү дээ.

С.Ганзориг гавьяаттай хамтарч дуулсан байдаг байх аа?

-Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан “Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулж байлаа. Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг.Мөн интернэтийн хандалт нэлээд өндөртэй дуу. Бас “Тавилан” дууг хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийсэн. Үүнийг маань хүмүүс сайхан хүлээж авсанд баяртай байдаг.

Өөрийг тань зохиолын дууны гүнж гэх болж…

-Монголчууд маань дуучин уран бүтээлчдэдээ ханхүү, гүнж гээд сайхан нэр хайрладаг хүмүүс. Ер нь үлгэрийн ертөнц шиг сайхан орчинд, гэгээн сайхнаар амьдрахад юуны буруу байх билээ. Харин миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөөд төрж өсч, энгийн, эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би.

-“Улаан пальто” киноны дууг дуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний анхны киноны дуу. Энэ дууг дуулах болсон нь их сонин. Нэг удаа би телевизийн нэвтрүүлэгт орох болоод гоо сайхны газарт нүүрээ будуулахаар очсон юм. Тэгэхэд нэг эгч будалт хийлгэж байсан нь зохиолч Шүүдэрцэцэг эгч байсан. Тэндээсээ гараад телевиз дээр очиход өнөө эгч маань бас очиж таараад, бид цугтаа нэвтрүүлэгт оролцсон. Тэгж л танилцаж байлаа. Эх үрийн сэдэвтэй сайхан дууг нь амьдруулах болж “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсан юм.

Залуу бүсгүй, уран бүтээлчдийг тойрч элдэв яриа хөвөрдөг. Тэрийг дааж явах амаргүй биз?

-Нэгэнт олны өмнө ил байдаг мэргэжил, зам мөрөөр явахаар бол тэр бүгдийг дааж явах л ёстой байх. Миний хувьд зах зухаас нь мэдэрч, шантармаар санагдах үе байх ч уран бүтээлээрээ л бүгдийг баталж бас үгүйсгэж байх ёстой юм байна гэж ойлгоод байгаа. Заримдаа хэвлэлээр үнэн гэхээсээ худлаа, буруу ойлголт өгөх нь их юм. Хэн нэгний чин үнэнийг мэдэхгүй байж явган яриагаар бусдыг дүгнэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулаад өгдөг шүү дээ.

Гэр бүлтэй болж, амьдрал зохиох тухайд ямар бодолтой явна даа. Шалгуур өндөр үү?

-Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж бодож явсаар мэргэжлийг нь эзэмшиж хичээж яваа шигээ сайн ханьтай учирна гэдэгтээ эргэлздэггүй. Шалгуур гээд байх зүйл юу байхав. Би тэр хүний төлөө, тэр хүн миний төлөө байж чадах тийм хүн байж л байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй гэхээсээ зөв бодолтой, зөв хүнийг л олж ханилах нь чухал байх даа. Гэр бүлийн аз жаргал бол хэрэгцээгээ хангадаг, эрүүл энх, олон хүүхэдтэй, тайван амгалан амьдрах л явдал гэж ойлгодог доо.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Балжиннямын АМАРСАЙХАН: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг

Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Балжиннямын АМАРСАЙХАН: Их хаанаа Жингис, Гингис биш Чингэс гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных

“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. “Марко Поло” киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?

-“Марко Поло” олон ангит киноны маань нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. Киноны нээлтэд кинонд оролцсон жүжигчид газар газраас цуглаж, нээлтээ хийж, бас орой нь томоохон хүлээн авалт боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь өөрийн онцлогтой, зураг авахуулах ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг нь анзаарагдсан. Загвар өмсөгч шиг л юм болсон. Зурагчид нь одоо инээ, ийшээ харна уу гээд л тун сүртэй юм билээ. Бие хаа, өмссөн хувцсаа гайхуулах нь үйл ажиллагааны нэг хэсэг нь юм байна. Холливудын киноны нээлт, Оскарын шагнал гардуулах үед жүжигчид зураг авахуулахдаа ач холбогдол өгч, өмссөн хувцсаа тайлбарлаж ярьдаг даа. Угаасаа энэ нь тийм том соёл болж хэвшсэн юм байна лээ.

-Манайхан улаан хивсний ёслолыг хийдэг болоод удаж байгаа. Хэр ялгаатай юм?

-Манайд улаан хивсэн дээрээ алхаад л ороод явчихдаг. Тэнд бол байрлал бүр дээрээс өөр, өөр зогсолттой зураг авахуулах тухайд нарийн зааварчилгаа өгөх юм. Ганцаараа зогс, одоо хоёулаа гэхчлэн алхам бүрт зааварчилж, нээлтийн үеэр зөвхөн зохиолч, найруулагч нь тайзан дээрээ гараад жүжигчдээ суудал тус бүр дээрээс нь танилцуулаад явчихдаг юм билээ. Манайхан тайзан дээр бөөнөөрөө гараад зогсдог доо. Дараа, дараадаа анхаармаар зүйлс ажиглагдаж л байлаа.

“Нетфликс”-ийн гүйцэтгэх захирал гэхэд жүжигчин бүрийг хүлээн авч, зургаа хамт авахуулж байсан. Миний хувьд киноныхоо нээлтэд оролцчихоод, Лос Анжелест очиж өөрийнхөө агентлагийнхантай уулзаж, хийсэн ажлынхаа тайланг албан ёсоор танилцуулаад ирсэн.

-Агентлагийнхаа талаар танилцуулахгүй юу. Хэр том газар вэ. Өөрөө яаж холбогдсон юм бэ?

-Манай агентлаг бол “UNEW” гэдэг агентлаг. Үүнийг задлаад уншихаар”United nations east west” гэдэг. Ер нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм.

Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ. Сая энэ дүрээ амжилттай сайн бүтээсэнд талархаж тэд маань намайг хүлээн авч, би бас хийсэн ажлаа албан ёсоор тайлагнаад ирсэн нь тэр.

-Нээлтийн үеэр монгол дээл хувцсаа өмссөн тань үнэхээр сайхан харагдаж байсан. Хувцаслалтаа хэнтэй зөвлөсөн, ямар учир бэлгэдлийг бодож тэр хувцаснуудыг өмсөв?

-Энэ кинонд гуч гаруй орны жүжигчид оролцсон, тэр дундаа монголчууд бидний тухай кино болохоор үндэсний дээл хувцсаа өмсөх нь зөв гэж шийдсэн. Ингэх нь тун утга учиртай болох талаар Монголын талаас намайг төлөөлдөг “Амин шийдэл PR” агентлаг зөвлөсөн.Цаад талын агентлаг маань ч дэмжсэн. Хэдийгээр би киноны нээлтэд монгол дээл хувцсаа өмсөөд зураг авахуулсан мэт боловч цаана нь маш олон хүний сэтгэл, санаачилга, оролцоо байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Тэнд очоод монгол үндэсний дээл хувцсаа, монгол брэндээ сурталчлах үүднээс “Говь”-ийнхоо ноолууран дээлээр гоёсон. Дээлийг “Говь кашмир”, малгайг “Бүрх” компани, гутлыг “Best shoes”, гоёл чимэглэлийг “Монгол костюмс” гээдүндэсний шилдэг компаниудаар хийлгэсэн. Бас оройн хүлээн авалтад өмсөх хувцсыг Б.Баярмаа бэлтгэж өгсөн. Дэлхийд өөрийн нэрээр нэрлэгдсэн “Баярмаа” гэсэн брэндийг гаргах гээд зүтгэж яваа тун чадалтай дизайнер эмэгтэй байгаа юм. Бидний дээлийг бүтээсэн “Говь”-ийн дизайнер Э.Батцэцэг маань энд болсон “Гоёл”-оор шилдэг дизайнер болсныг дуулаад бид хэрдээ бэлгэшээж байлаа. Бас монгол эрийн чимэг болсон хэт хутгыг дархан найз маань урлаж өгсөн. Тэнд очиход ч АНУ-д байгаа монголчууд маань сэтгэл гарган хүлээж авсан. Нисэх онгоцны буудал дээр Харвардад суралцаж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, бас тэнд ажиллаж амьдардаг дизайнер Номин нар угтаж авсан. Хоёр ихэр загвар өмсөгч гэдгээр нь монголчууд сайн мэддэг хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин С.Ижилцэцэг эгч маань бидний стилистээр ажиллаж өгсөн. Өөрөө энэ мэргэжлээрээ тэнд ажилладаг юм билээ. НҮБ-д сууж байгаа Элчин сайд О.Оч гэргий Ж.Цолмонгийн хамт байнгын төлөөлөгчийн газартаа хүлээн авсан. Бас киноны маань нээлтэд тэд оролцсон. Мөн Нью-Йоркийн дэлхийн бүх үндэстний үүх түүхийг багтаасан “Метро­политан” музейд ажилладаг С.Ариунаа эгч маань маш сайхнаар хүлээн авсан. Бас Монгол телевизийн нэвтрүүлэгч Б.Уранчимэг тэнд телевиз байгуулаад ажиллаж байгаа. Урнаа эгч маань ирж, нээлтийн үеэр ярилцлага авсан. Ер нь энэ бол дан ганц Амараа гэдэг жүжигчний асуудал биш элэгтэй, сэтгэлтэй бүх монголчуудын анхаарал тавьж, ач холбогдол өгсөн явдал байсан. Зам тээврийн сайд асан А.Гансүх, “ДиДи Ш” телевизийн захирал Ганболд нарын хүмүүс гэхэд сэтгэлийн дэм болж тусалсан. Тэд монгол хүн тэнд бусдаас дутуу харагдаж болохгүй, эн тэнцүү, илүү гэдгийг батлаарай гэж хүсч байсан нь сайхан санагдаж байсан.

-Олон орны жүжигчид оролцсон гэсэн. Танаас өөр үндэсний хувцсаа өмссөн хүн байв уу. Монгол дээл хувцас бол танай киноныхонд харин ойрхон, дотно байсан байх шүү?

-Тонгогийн жүжигчин үндэсний хувцсаа өмсөнө гэж байсан ч өмсөөгүй харагдсан. Ганцаараа би л үндэсний хувцсаа өмссөн байсан даа. Тэдний маань хувьд киноны турш өмсч хэрэглэж байсан монгол дээлний орчин цагийн хувилбарыг харах сонин л байсан байх. Хэрэв би адал явдалт, боевик кинонд тоглосон бол магадгүй костюм пиджак өмсч болох. Харин түүхэн, тэр тусмаа монголчуудын түүхийг өгүүлсэн кинонд үндэсний дээл хувцсаа өмсөөд улаан хивсэн дээр алхах нь зөв гэж бодсон. Олон ч хүн үүнийг зөв шийдэл байсан гэж байгаа.

-Киноны нээлт дээр өөрийг чинь ихэд онцгойлж танилцуулж байсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Бас олон ангит киноны нээлт гэхээр ямар онцлогтой байх юм. Хэдэн ангийг нь гаргадаг юм бэ?

-Ер нь тэрний дүрд тэр гээд л эхнээс нь хэлээд явж байсан л даа. Харин намайг зарлахдаа “Энэ хүнийг танилцуулахдаа би маш их баяртай байна. Энэ бол Монголоос ирсэн жүжигчин Амараа” гэж танилцуулсан. Нээлтэд байсан монголчууд чамайг онцолж танилцууллаа шүү гэцгээж байв. Монголчуу­дын тухай кинонд монгол хүн тоглосонд нь тийн онцолсон биз ээ. Нээлтийн хувьд нэг ангитай кинотойгоо зарчмын хувьд адилхан эхний хоёр ангийг нь кино театраар гаргаад нээлтээ хийчихдэг юм билээ.

-“Марко Поло” киног бүтээж буй “Нетфликс” компанийн тухай манайханд ойлголт өгөхгүй юу. Ямар учраас энэ бүтээлийг барьж авсан юм бол?

-“Нетфликс” компанийг телевизийн урлагт асар том шинэчлэл хийсэн гэж үздэг. Интернэтээр дамжуулаад бүтээг­дэхүүнээ үзэгчдэд хүргэдэг учраас дэлхийн өнцөг булан бүрт олон сая үзэгчтэй болчихсон. Үзэгчид нь тэдний бүтээлийг үзэх эрхийг сарын долоо, найман ам.доллараар авчихаж байх жишээтэй. Одоо хойд, өмнөд Америк, Европ тэр чигтээ “Нетфликс”-ийн бэлтгэдэг кино, нэвтрүүлэг, шоуг үзэж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн 40 оронд захиалагчтай байна гэсэн тооцоо байна лээ. Бараг дэлхий даяар захиалагчийн тоо 30 сая дөхөж, өссөөр байгаа гэсэн. Тэгэхээр энэ компанийн бүтээл дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болно гэсэн үг. Манайд “Юнивишн”-ийн видео сангаас хүмүүс мөнгө төлөөд үздэг болсон шиг хүмүүс мөнгө төлөөд “Нетфликс”-ийн үйлдвэрлэж байгаа бүх контентүүдийг үздэг гэж ойлгож болох юм.

-Энэ киноны эхний ангиуд нь гарч хүмүүс интернэтээр үзсэн талаараа санал бодлоо хуваалцаж байна л даа. Их монголжуу, монгол тал руугаа болж гэх юм. Зохиолыг нь хэн гэдэг, хаанахын ямар хүн бичсэн юм бэ?

-Энэ киног Америкийн зохиолч Жон Фуско бичсэн. Тэрбээр Холливудын хэд хэдэн киноны зохиолыг бичиж, Жет Ли, Жаки Чан нар тоглосон байдаг. Жон Фуско бол 2007 онд анх Монголд ирж, морь унаад манай хөдөө нутгаар явсан хүн. Энэ киног хийе гэж эртнээс бодож төлөвлөсөн шиг байгаа юм. Кинон дээр зохиолыг бичсэн гэдгээс гадна created гэж байгаа. Тэгэхээр энэ кино бол тэр чигтээ Жон Фускогийн бүтээл гэж ойлгож байгаа.Өөрөө продюссорлож, “Нетфликс”-т оруулах бүх гэрээг нь хийсэн юм билээ.

-Монгол талын зөвлөх гэж байгаа болов уу. Зарим кинон дээр монгол дайчдыг үзүүлнэ гэж хачин юм болгоод хаячихдаг. Гэтэл энэ киноны эхний ангиудаас харахад монгол дуу, хувцас хэрэглэл ашиглаж, бортгон малгайнаас эхлээд дайчдын өмсгөл хувцас бидэнд тун ойр санагдаж байна лээ?

-Жон Фуско одоогоос олон жилийн өмнө Монголд ирж аялж явахдаа танилцсан аяллын компанийн захирал Бямбаа гэдэг монгол хүнийг киноныхоо соёлын зөвлөхөөр авсан байна лээ. Монгол ёс заншил, ахуйг зөв гаргаж, тусгахад их анхаардаг. Долоо хоногийн нэг өдрийг гэхэд “Монголын өдөр” болгож, Мон­голыг танилцуулж, хэрэг­цээтэй мэдлэг мэдээллийг жүжигчдэдээ зааж сургадаг. Тэгэхээр өөр байхаас аргагүй юм даа.

-Та киноны эхний хоёр ангид тоглосон. Дүрээ судалж байгаа жүжигчид таниас монгол ахуй, монгол амьдралын талаар асууж л байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэнд байх хугацаандаа аль болох олон хүнд дээл хувцсаа зөв өмсөхөөс эхлээд монгол гэрт яаж суух, шагайгаар хэрхэн морь уралдуулах гээд жижиг ч болтугай зүйлсийг хэлэхийг хичээж байсан. Бас харь хэлэнд орчуулагдахгүй борц, айраг гэсэн үгнүүдийг монголоор хэлдэг. Та бүхэн анзаарсан бол “drink airag” буюу айраг уу гэж байгаа даа. Чингис хааны нэрийг гадаадууд Жингис, Гингис гэж хэлцгээдэг. Харин манай кинонд Чингис гэж дууддаг. Би бүр энэ нэрний гарал үүсэл ийм, тийм гэж ярьж хэлж байлаа.Энэ бүхэн монгол жүжигчин тэр багт л байсных. Эхэндээ жаахан шинэдэж байсан ч сүүлдээ багийнхантайгаа ойртоод, тэд ч надаас нарийн ширийн зүйл асуух гээд байдаг болсон.

-Аригбөхийн дүр арай л эрт киноноос гарчихлаа. Уг нь жаахан үргэлжилсэн бол?

-Энэ киноны хамгийн эхний сөрөг дүр нь, Хубилайн эхний дайсан нь Аригбөх болж байгаа. Киноны зохиол дээр сууж байгаа хүмүүс хүртэл Аригбөхийн дүрийг арай л эрт гаргачихлаа. Буцааж авчрах боломж юу байх бол. Зүүдэнд нь хар даруулбал гэх мэтээр ярьж байсан л даа. Зохиол яаж үргэлжлэхийг би мэдэхгүй шүү дээ. Одоогоор гуравдугаар сеазоны зохиол бичигдэж байгаа.

-Энэ кино маань хэдий өртгөөр бүтсэн бол, хэр олон анги үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Киноны өртөг 90 сая ам.дол­лар гэж байсан. Нэг сеазон нь арван анги үргэлжилнэ. Хэрэв үзэгчдийн таашаалд нийцээд байвал үргэлжлээд байх биз. Хэр олон анги гарахыг одоогоор мэдэх хүн байхгүй л болов уу.

-Их хаадын маань тухай бүтээсэн гадны кинонуудыг харахад шүүмжлэх зүйл олон байдаг. Танай кино хэр шүүмжлэл дагуулах бол?

-Тухайн уран бүтээлч ямар өнцгөөс харуулахыг хүсч байна тэр л мэдрэмжээр бүгд явдаг. Энэ киноны зохиол яаж өрнөхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Жон Фуско маш нарийн судалгаатай зохиолоо бичсэн. Би монгол хүний хувьд заримдаа байдал ийм байгаагүй, хувцас хэрэглэл өөр байна гэж гомдоллоход тэрбээр “Марко Поло Их Монгол Улсыг, хааныг юу гэж харж байснаар хийх болно. Олон зууны өмнө байдал одоогийнхоос өөр, түүнийг Марко Поло өөрийнхөөрөө л харж тайлж байсныг би тусгана” гэж байсан. Тэгэхээр тэр түүхийн дагуу өрнөх болов уу. Гэхдээ энэ уран сайхны, арилжааны кино учраас хэтрүүлэг, уран дүрслэл байх биз ээ. Жон Фуско монголчуудыг багагүй судалсан хүн гэдэг нь надад цөөнгүй зүйлээс анзаарагдсан. Тухайлбал, Жон монголчууд амьсгааны хэлээр ярьдаг ард түмэн гэж байгаа юм. Тэр нь бидний тхх, хнн, ммм гээд авиагаар зөвшөөрч, дургүйцэж, дэмжиж, эгдүүцэж байгаагаа илэрхийлдгийг хэлж байна л даа. Түүнийг энэ кинон дээр ч гаргахыг оролдсон. Хубилай бид хоёрын байлддаг хэсэг дээр Хубилай мориноосоо шууд буугаад ирж байгаа юм. Зүй нь хоёр талаас ирүүлд баатрууд гарах ёстой байтал өөрөө тулалдахаар буухад нь би өөрөө гэж үү гэсэн санаагаар “Иинн” гэхэд “Тхх” гэж байгаа юм. Харин би “Зөөз” гээд тулаан эхэлж байх жишээтэй. Үзэгчдэд тэр нь сонстох л байх. Тэгэхээр биднийг ингэж судалсан хүний бүтээл өөр л байх болов уу.

-Жүжигчдийн хувьд ямар, ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-Хубилай хааны дүрд Хонконгоос гаралтай Англид төрсөн жүжигчин Бенедикт Вонг тоглосон. Бенни голдуу инээдмийн дүр бүтээж байсан гэдэг. Анхны түүхэн киноны дүр нь. Тэрээр энэ дүрдээ тоглохын тулд нэлээдгүй жин нэмж таарсан. Марко Пологийн дүрд Италийн жүжигчин Лорензо Ричелми тоглосон. Жон Фуско өөрөө “Энэ кинонд Холливудын ал­дартай жүжигчдээс тоглуулж болох байсан. Гэхдээ алдар­тай гэхээсээ ирээдүйд алдар­тай болох, өсч яваа оддыг би сонгосон” гэсэн нь учиртай. Ер нь энэ киноны жүжигчид нэрд гарах замыг нь “Марко Поло” хөтөлнө гэдэгт итгэлтэй, ийм түүхэн кинонд тоглож байгаадаа бэлгэшээж, баярлаж байсан. Бас “Сүүлчийн эзэн хаан” киногоор нь манайхан мэдэх хятад гаралтай АНУ-ын жүжигчин Жоан Чен Хубилайн хатны дүрд тоглосон.

-Өөрөө энэ кинонд тог­лох санаачилгыг хаанаас олж, пробонд хэр олон жүжигчидтэй өрсөлдөж олж авсан бэ?

-Манай агентлаг надад Аригбөхөөс гадна Хубилай, Хайдугийн дүр байгааг санал болгож байсан л даа. Жүжигчин өөрөө сонгож аль дээр нь өрсөлдөхөө шийдэж болдог. Гэхдээ эцсийн шийд­вэрийг “Нетфликс” гаргана. Тэдний хувьд намайг монгол хүн, Аригбөхөд л илүүтэй таарна гэж шийдсэн байх. Өрсөлдөгчдийн хувьд маш олон хүн байсан. Нэг өрөө­ний ханаар дүүрэн, зөвхөн Аригбөхөд өрсөлдөж байгаа жүжигчдийн цээж зураг ха­даас­тай байсан гээд бод доо…

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

П.АНУЖИН: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуу­лиан шуугиан дагуу­лан явж эхэлсээр бас хэ­дэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үр­гэлж­лэх төлөвтэй байна вэ?

-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улир­лын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.

-Нэвтрүүлгийн хувьд ийм байж, харин таны хувьд хэр их өөрчлөлтийг энэ нэвт­рүүлэг танд авчирсан бэ?

-Уран бүтээл маань на­дад зовлон жаргалыг тэн­цүү авчирсаан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой байх аа.

Манай сэтгүүлч Э.Энэ­рэлийн П.Анужинтай хий­сэн ярилцлагын дэлгэ­рэн­гүйг ирэх даваа гаригийн дугаараас уншаарай.

Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?

-Би арван жил төгстлөө сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэгээд өөр мэргэжил сонгосон ч хувь тавилан намайг хийх ёстой бас хүсч байсан ажилд минь хүргээд өгсөн. Арван жилд байхдаа монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, шүлэг бичдэг байв. Болгар улсад болсон Олон улсын хүүхдийн шүлгийн IV ассамблейд таван шүлгээрээ оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.

Арван жилд байхдаа л бүжиглэдэг, “Манлай охин” тэмцээнд түрүүлж явсан гэж дуулж байлаа. Бас шүлэг бичиж, уралдаанд орж байжээ…

-Хүүхэд бүр л шүлэг бичих гэж үздэг шүү дээ. Тэгээд монгол хэлэндээ сайн, шүлэг энэ тэр бичдэг хүүхэд бүр л тэр үед монгол хэлний анги, сэтгүүлчийн ангид орно гэж боддог байсан байх. Намайг хүүхэд байхад манайхан нагац ахынхтай хамт амьдардаг байлаа. Нагац анх маань Монгол Улсын шинэ төрийн сүлд, тамгыг бүтээсэн Ц.Ойдов юм шүү дээ. Ахынхаар тэр үеийн урлаг соёлынхон, яруу найрагчид, тэрслүү үзэлтнүүд гэгдэж байсан зохиолчид их цуглардаг байсан. Яруу найраг, ном зохиол, уран зураг, соён гэгээрүүлсэн их яриан дунд л миний хүүхэд нас өнгөрсөн санагддаг. Сургуулиа онц төгсч, их сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авчихаад хөөр болж зогсохдоо гэнэт л өөр шийдвэр гаргачихсан. Тэр үед хүүхэд бүр л МУИС-ийн харилцааны ангид орно гэдэг байлаа шүү дээ. Бусдыгаа дагаж шуураад л, өндөр оноо авсан хүн гээд л харилцааны ангид орчихож билээ.

Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэр хүмүүсийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг чинь нээхийг хүсч байна. Ер нь хүүхэд үеэс чинь ярилцлагаа эхэлмээр байна. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээж аавынхаа талаар ярина уу?

-Эцэг эхээс хоёулаа. Аав, ээж маань хуучны хэллэгээр сэхээтэн, баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ бүтэн илэрхийлэх сайхан үг надад дутах вий гэж айж байна. Ямартай ч би сайн аав, ээжийн охин гэдгээ л хэлмээр байна. Аав маань намайг нэгдүгээр ангид ортол газар буулгахгүй үүрч, эрхлүүлж өсгөсөн. Дүү бид хоёрыг ер бусын тайван орчинд, амар амгалан өсгөснийг би сүүлд хүний гэргий болсон хойноо ойлгосон. Намайг багад нэрээр минь дуудаж сэрээлгүй, үнсч сэрээдэг байж билээ. Миний ээж бол хэзээ ч нугарч хугарахгүй, тун зарчимч гайхалтай эмэгтэй. Ээж минь биш байсан ч дагаж биширмээр хүн.

Телевизийн энэ том төсөлд орохоос өмнө зөв хооллолтын талаар хүмүүст зааж сургадаг багш байсныг тань мэднэ. Тэр замналд орсон чинь ч өөрийн учир шалтгаантай байсан гэдэг?

-Тийм ээ. Бүхий л зүйл учир шалтгаантай. Хүнд өвдөж, амьдралд тэсч үлдэх аргаа эрж хайж явахдаа хоол хүнсээр дамжуулан эрүүл болох ухааныг олсон юм. Хоол хүнс гэж ярих ч үүний цаана хүн болж, бие, хэл, сэтгэл гэгээрэхийн маш том ухаан байдаг. Бидний өглөө, өдөр, оройгүй ам руугаа халбагадаж байгаа хоол хүнс нь өөрийн биед ямар нөлөө үзүүлж байдгийг ухаж ойлгодоггүй. Хоол хүнсийг ходоодоо дүүргэх төдийд л боддог. Гэтэл хоол хүнс хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Өнөө цагт хэлбэрт ач холбогдол өгөхөө больж байна шүү дээ, хэлбэрээ анхаараад гаднаас нь угааж цэвэрлээд байхаас хүн болсоор бие махбодь, оюун санааны их цэвэрлэгээг дотроос нь хийх тухай огт мэдэлгүй, ач холбогдол өгөлгүй энэ насыг бардаг нь харамсмаар л санагддаг.

Хүмүүст эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягийг мэдүүлж, түгээнэ гэдэг буянтай ажил. Одоо телевизийн энэ завгүй ажлын хажуугаар үүнийгээ хийж амжиж байна уу. Ийм ажлаа орхиод хэл ам дагуулсан энэ салбарт орсондоо харамсдаг уу?

-Баярлалаа танд, энэ ажлыг маань буянтай ажил гэж онцолсонд. Үнэндээ тэр сайхан ажлаа төдийлөн хийж амжихгүй л байна. Эрүүл зөв хооллолт, бие махбодио дотроос нь цэвэрлэж ариусгахын ухааныг хүмүүст түгээж, ярьж эхэлсэн цагаас хойш олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй амьдарч явааг харахад баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Түүнээс гадна Монголд органик хүнсийг хэрэглэх ёстойг ойлгосон хэрэглэгчдийг бий болгож, үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүний урсгал манайд орж ирж, дэлгүүр бүрт органик хүнсний тасаг цаашлаад төрөлжсөн дэлгүүрүүд бий болсныг иргэнийхээ хувьд монгол хүний эрүүл мэнд, хүнсний салбарт оруулсан хувь нэмрээ гэж боддог.

Телевизийн салбарт орсондоо огт харамсдаггүй ээ. Хийх л ёстой ажил маань байсан.

Хүний юу идэж байгаа нь нүүрэн дээр нь илэрч, бодол санаад нь нөлөөлж байдаг гэж үнэн үү?

-Тийм ээ, хүний нүүрэнд илэрдэггүй нуугдаж үлддэг юм гэж нэгээхэн ч байхгүй. Бүр тод бичээстэй байдаг. Будгаар дарахын аргагүй, үгээр өөрийнхөө тухай юу ч гэж яриад нүүр царай, бие махбодь чимээгүйгээр бидний үнэн түүхийг илэрхийлж байдаг.

-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?

-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?

-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол “Монгол Тулгатан” шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?

-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.

Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?

-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.

Б.Баатар найруулагч та хоёрыг нэвтрүүлэг эхэлснээс хойш л хамт амьдрах болсон гэх яриа тарсан. Үүнд яг чин үнэнээр нь хариулт өгч болох уу?

-Бид хэзээ ч хамтарч амьдарч байгаагүй. Бидэнд гэр бүлийн ямар ч харилцаа байхгүй.

Гэр бүл, үр хүүхэдтэй чинь холбоотой асуулт та­вибал хэт хувийн асуудалд тань орчихсон явдал болдог юм болов уу…

-Гэр бүлийн асуудал гэдэг бол хүмүүсийн дотоод асуудал шүү дээ. Ганц Анужинтай холбоотой асуудал бол би хариулж болно оо, гэтэл гэр бүл чинь олон гишүүнтэй…

Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?

-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.

Ер нь хэвлэлийн дайрла­гад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.

Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Хувь хүний итгэл үнэм­шил, үнэт зүйл чухал ч гэ­­сэн хүн яах аргагүй нийг­мийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.

Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.

Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмж­лэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгал­зуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.

Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.

-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэвтрүүлэг дуулиан тарилаа. Түүнийг оролцуулах цаг хугацаа нь мөн байсан уу. Гаргахын өмнө хаалт хориг байсан болов уу?

-Монголын ард түмнээс сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл үзсэн. Өмнө нь хоёр Ерөнхийлөгч орсон, энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон. Түүний орох цаг хугацаа мөн байсан уу гэж чухам юутай холбогдуулж асууж байна вэ гэдгийг би асуумаар байна.

Үнэнийг хэлэхэд өнөө­дөр Н.Энхбаяраас цэрвэсэн үзэгдэл илтэд байгаа гэвэл хилс болохооргүй бус уу?

-Би дээр хэлсэн. Нэвт­рүүл­гийн зөвлөлөөрөө оролцогчдоо тодруулдаг гэж. Яг тэр зарчмаараа энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Нөгөө талаасаа бидний хэт туйлшрамтгай, хэн нэгнийг хүчтэй чадалтай үед нь дагаж, шүтээд тэнхээрхсэн цагт нь бүгд нүүр буруулдаг зан ядаж хэвлэл мэдээлэлд тусахгүй байгаасай гэж би хүсдэг. Нэвтрүүлэг гарахын өмнө төвөгтэй байдлууд ихээхэн үүсч байсныг нуухгүй. Энд үүнийг ярих нь илүүц биз.

Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн дараа зарим нь яаран нэвтрүүлэгт орж, ярилцлагынхаа багагүй хугацааг энэ сэдэв рүү хэлтийлгэж байна лээ. Намын гишүүний хувьд ирсэн анхааруулга, зэм байсан уу?

-Албан ёсоор ирсэн анхааруулга, зэм байхгүй ээ. Хувь хүн өөртэйгээ холбоотой зүйл дээр яриа өгөх эсэх бол цэвэр хүний эрхийн асуудал. С.Баяр даргын манай нэвтрүүлэг хийгээд уран бүтээлийн маань талаар харамгүй хэлсэн урмын үгийг уран бүтээлчид бид талархан хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань зочинтой холбоотой яриа болоод бусад зүйл миний хариулах зүйл биш. Хүн ер нь өөрт хамаатайг ярьж, шүүж бас хариулж байвал зохино гэж хатуу боддог. Төрийн өндөр дээд албыг он удаан жил хашиж, ард түмний итгэлийг хүлээж байсан эрхмүүд нэг нэгээрээ гарч ирж хэзээ ч огтлолцохгүй яриа тал талд өгч буй нь ч өнөөгийн Монгол төрийн эрхэм түшээдийн түүх болохоос түүнийг буй байгаагаар нь бичиж хүргэсэн уран бүтээлчид бидний ер нь хэвлэл мэдээллийнхний буруу огт биш.

Ер нь таны уулзаж байсан эрхмүүдээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамж үлдээж чадсан зочин, үг юу вэ?

-Зочин бүгд л гүн сэтгэгдэл үлдээдэг, хооронд нь харьцуулж жишихийн аргагүй ч амьдралд биеэрээ зовж үзсэн, зовлонг тэсч, хат суусан хүний яриа хүчтэй хийгээд хийгүй байдгийг анзаарсаан.

Танай нэвтрүүлэгт Женко Х.Баттулгыг ихээхэн нөлөөлдөг гэх юм. Бүр хөтлөгчөөр оролцож байсан удаа бий. Тэр хүнтэй та, танай баг ямар холбоотой юм бэ?

-Багагүй уран бүтээл хийлээ. Энэ хугацаанд бидний уран бүтээлд Х.Баттулга гэдэг хүн нөлөөлөөд дарамт болоод эсвэл мөнгө өгөөд явсан баримт би мэдэхгүй ээ. Үзэж хараагүй зүйлээ би юу гэж ярих билээ дээ. Элдвээр хардаж ядахдаа сүүлдээ ойр дотнын байдлаар холбоод ярьж байгааг ч дуулсан. Тийм зүйл байхгүй. Чухал 100 сэдэв нэвтрүүлгийн хувьд, нэлээд хэдэн дугаарыг бид хамтарч бэлтгэсэн. Чухал 100 сэдэв нэвтрүүлэг угаасаа хэн бүхэнд нээлттэй нэвтрүүлэг шүү дээ. Хөтлөгчөөр оролцохын тухайд найруулагчийн шийдэл. Найруулагч Б.Баатар болон Х.Баттулга гишүүний нөхөрлөлийн тухайд найруулагч нэгэнтээ хариулж ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хүмүүс чин үнэн нь юу болохыг мэдэхгүй атлаа өөртөө ойр байдаг, өөрийнхөө хэв маяг, ойлголтыг бусдынх гэж ойлгож, тулгаад байдаг юм уу даа.

Танд заримдаа бүх зүйл улс төр дээр очиж холбогдож, огтлолцож бүх хардлага тийш чиглэгдэх нь хэцүү санагддаг уу?

-Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж л гэж хэлнэ.

Намын гишүүнээрээ бай, эсвэл уран бүтээлчээр үлд гэсэн сонголтыг тулгавал алийг нь сонгох вэ?

-Энэ хоёр харьцуулах зүйл биш ээ. Цаг цагаараа байдаг. Мөн өөрийгөө таньсан хүн өөрийн сонголтонд л амьдардаг, тэдэнд юуг ч тулгаж чадахгүй.

Ер нь сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Сайхнаа удталхадгалахын нууц юу бол?

-Сайхан эмэгтэй гэж дотноо гаднаа сайхан байхыг хэлнэ гэж жижүүрийн мэт хавтгай хариулдаг болжээ. Дотрын сайхныг дурьдах болсон том дэвшил юм даа. Сайхан гэдэг бол үгээр гэхээсээ мэдрэмжээр хариулагдах зүйл. Хамт байхнээ, харахнээ, ярихнээ сайхан мэдрэгдээд л байгаа бол сайхан гэсэн үг, би аливааг үгээр тодорхойлохоос аль болох зайлсхийдэг, үгээр хэлэмгүй сайхан гэж байдаг. Албан ажил гэх мэтийг тодорхой үгээр товч ярьж болдог. Хайр, гоо сайхны тодорхойлолт бол үгийн хүчнээс давдаг. Үг гэдэг хязгаартай харин мэдрэмж бол хязгааргүй. Сайхнаа хадгалахын нууц бол ухаарал, хөдөлмөр бас тэвчээр юм уу даа.

Нээрээ, нэг хэсэг өөрийг чинь нүцгэллээ гэж баахан шуугисан, удалгүй эвлүүлэг байсан нь батлагдсан. Ингэж оролдох шалтгаан юу юм бол гэж бодож үзэж байв уу?

-Нүцгэлээд зургаа тавиад байна гэдэг миний ой ухаанд багтахгүй зүйл. Нарийн нандин гэдэг талаасаа шүү дээ. Харин хүн гэдэг талаасаа бол бүр сонин сэдэв биш ч байж магадгүй. Оролдоно гэдэг амжилттай яваагийн шалтгаан гэж надад олон хүн хэлдэг. Би хувьдаа онц ач холбогдол өгч тайлж бодож байгаагүй юм байна. Хүн хүний үзэж туулах харилцан адилгүй, тохиож буй бартаа саад, зовлон бүхэн түүний өсөх, хат суухын шалтгаан болж байдаг гэдгийг л мэдэж байна.

Олон хүний нүдний өмнө амьдарч явна гэдэг амаргүй байх. Хүн энэ амьд­ралыг туулахдаа да­ваа нугачаа бүрийг л давж урагшлахаас аргагүй байдаг. Яаж тайвширч, хүч тэнхээг олж авдаг вэ. Бясалгадаг уу?

-Тийм ээ саад бэрхшээл, зовлонгарч ирлээ гээд зугтаалтай бас үхэлтэй биш. Хүн зовлон даадаг шүү дээ. Бүгдийг хайрлаж уучилж өршөөж тайвширдаг. Аливаад гомдох сэтгэлээ гээгээд ирэхээр хүч тамир орох шиг санагддаг. Бясалгалыг хүн бүр өөрөөр ойлгодог байх аа. Би хувьдаа аливааг гүн ухаарахыг бясалгал гэж боддог. Ярихаас илүүтэй бодож бясалгах нь давж байвал олон зүйлийн учир аандаа л олддог.

Сүүлийн үед улстөрч­дийн хүүхдүүд үе залгам­жилж орж ирэх боллоо гэлцэх болсон. Таны төрсөн аав бас улстөрч хүн. Аавын зүгээс улс төрд хөл тавихад оролцоо байсан уу?

-Анх хөл тавихад оролцсон зүйл байхгүй ээ. Мэдээж эцэг үрийн бие биеэ дэмнэх сэтгэл аль алиных нь дотоодод байлгүй л яахав. Гэлээ гээд энд тэнд дэвшүүлж ахиулаад явсан ганц ч түүх байхгүй. Хэн хэн нь хийх ажлаа мөр мөрөөрөө л хийгээд явдаг. Намд элсэн орсон түүх бол Д.Оюунхорол гишүүнтэй анх уулзсанаар эхэлсэн юм шүү дээ. Ард түмнээсээ гурвантаа УИХ-д сонгогдсон энэ туршлагатай улстөрч, хүчирхэг эмэгтэйгээр чиг замаа заалгаж, гараас нь хөтөлж МАН гэдэг их айлын босгоор алхсандаа би баярлаж бас талархаж явдаг.

Монгол тулгатан нэвтрүүлгийн олонд ил гараагүй зүйлс их байдаг нь лав. Хэзээ нэгэн цагт түүнийг ил гаргах нэвтрүүлэг эсвэл ном бичих үү?

-Сайхан асуулт байна. Их баярлалаа танд. Тийм ээ, зочдын маань олны хүртээл болоогүй олон яриа бидэнд үлддэг. Олон цаг, өдрөөр үргэлжилсэн яриан дундаас найруулагч маань илүү давуу эрхтэйгээр тодорхой яриануудыг сонгон оруулдаг. Зочинтойгоо ярилцаж байх зуур энэ хүний энэ л талыг илүү тод харуулах юмсан гэж эрхгүй бодогдох үе байдаг, гэтэл найруулга дууссаны дараа миний бодож байснаас өөр тал нь илүү тусч тодорсон байх нь их. Тийм учраас цаг нь болохоор “Миний мэддэг 100 эрхэм” гэдэг ном заавал бичиж, өөрийнхөө мэдрэмжээр тэр хүмүүсийг үлдээнэ гэж боддог.

Хувцаслалт чинь ихээхэн анхаарал татдаг. Танд маш сайн дизайнер, имиж мэйкер байна уу. Эсвэл өөрийн мэдрэмж үү?

-Надад аль аль нь байхгүй. Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийдэг, хэн нэгэн намайг надаас илүү ойлгож мэдрээд, миний донж төрхийг тодорхойлно гэж байхгүй ээ. Хувцаслалтын маань талаар маш олон хүн ярьж, асуудаг болохоор ямар нэг байдлаар анхаарал татаад байдаг юм байна гэж ойлгох болсон. Мэргэжлийн зарим хүн нэвтрүүлгүүддээ өмссөн өөрийнхөө загваруудаар шоу хийх хэрэгтэй гэх санал ч өгдөг.

Сүүлийн үеийн зар сурталчилгааны хэв маягийн анхаарлын төвд та орж ирсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Хорьтой биш гуч давсан бүсгүй хүн ингэж сурталчилгааны гол дүр болох болсон нь юутай холбоотой бол?

-Надад санал тавьж байгаа газрууд ихэвчлэн бидний хийж бүтээж байгаа зүйл таны ярьж зааж сургадагтай агуулга таарч байгаа тул дэмжин ажиллаач л гэдэг. Гадна төрх, наснаас минь илүүтэй миний үзэл бодол, санаж хүсч явдаг зүйлийг олж харж мөн чанарт минь нийцсэн санал ирдэгт талархалтай бас хүндэтгэлтэй ханддаг. Дотроосоо нийцтэй зүйл дээр ажиллахад дүр гаргаад байх ч шаардлага гардаггүй. Тэгээд ч би жүжигчин хүн биш, байгаагаараа л байж байдаг.

Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж…

-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ. Том охин маань

Манай гэрт лили ургадаг

Миний гэрт лили амьдардаг.

Манайд бас жижигхэн лили ч бий

Миний гэрт дандаа ургадаг

Үзэсгэлэнт лили бол миний ээж” гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, “Миний ээж гарсан байна” гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ

Дэлхий дээр гуравхан оронд гадаадын банк байдаггүй. Тэр нь Умард Солонгос, Куба, Монгол Улс гэсэн яриа бий. Энэ бараг хилсгүй. Хаалттай, хяналттай гэдгээрээ дэлхийд зартай энэ хоёр улсын байр суурийг дэлхийнхэн ойлгох биз. Харин бүс нутагтаа ганцаараа ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлтэй гэж гайхуулдаг Монголд яагаад гадаадын банкууд байдаггүй вэ. Гуравхан сая хүн амтай манай зах зээлийг голоод байна уу, эсвэл бид гадныхныг хажиглаад оруулдаггүй юу. Ердөө хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, ДНБ-ий өсөлт нь 17,4 хувьд хүрч байсан, өсөлт нь буурлаа гэхэд байгалийн баялаг нь булаастай хэвээрээ, зах зээл нь шинэ ийм орныг тойрох учиргүй.

Манайхан л гадаадын банкуудыг өөрийн зах зээл дээрээ хөл тавих зөвшөөрлийг өгдөггүй нь үнэнд нийцнэ. Юуны учир бид гадны банкуудад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй юм бол. Эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгочихсон, эх оронч нь дэндсэн хүмүүстэй учраас уу, эсвэл олон улсын жишигт нийцсэн хямд хүү санал болгодог гадны банкийг дэмжилгүй дотоодынхноо дэмжих эх оронч сэтгэлтэйдээ юу, эсвэл бидэнд мөнгөний хэрэгцээ тэгтэл алга байна уу. Энэ олон асуулт, энэ олон эргэлзээг тайлъя гэвч гаргалгаа бүр нь бодит байдалтай нийцдэггүй нь гайхам.

Монгол шиг хөгжих гээд жолоог нь татавч дүүхэлзэж ядаж байгаа адуу шиг улсад шинэ зам, шинэ үйлдвэрүүд, томоохон барилга байгуу­ламжууд, дэлхийн хэмжээний техник технологиуд хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн том, том мөрөөдөлтэйгөөр мега төслүүд бариад гүйвчиг тэрийг нь санхүүжүүлэх, түүнд нь зээл олгочих хэмжээний том зах зээл бидэнд алга байна. Арилжааны хэдэн банкууд маань үнэндээ ломбардын хэмжээнд л үйлчилгээ явуулж байгаа. Монголын банкууд маань хэрээрээ л ажиллаж байгаа ч олон улсын зах зээлд үнэлгээ багавтар, ядахад Монголын эдийн засгийн үзүүлэлт буурсаар байгаа учраас тэдний татан төвлөрүүлж олж ирэх мөнгө үнэндээ бага байна. Банкуудад хөрөнгийн эх үүсвэр бага тул зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Дэлхийд банкны зээлийн 20 дөхсөн хувийн хүү гэдэг дэндүү чангадсан үзүүлэлт. Гэтэл ийм хэмжээний хүүтэй зээл авч, ашиг орлого хийж зээлээ төлөөд өөртөө хуримтлал үүсгээд явна гэдэг хэрийн компанийн хэрээс хэтэрсэн ажил билээ. Ёстой монголчууд л болсон хойно гүрийж мачийгаад ийм өндөр хүүтэй зээлийн дороос гардаг байх даа гэж бахархмаар. Хамгийн бага гэгдэх найман хувийн зээлд хамрагдагсдаас өөрийн гэсэн гэр оронтой боллоо гэсэн хөөрлийн сэтгэлээс өөр юу ч үгүй айлууд олон байгаа. Үнэндээ тэр найман хувийн зээл бол тэнгэрийн умдаг л гэсэн үг. Ихэнх орон сууцны зээл дунджаар жилийн 18 хувьтай байгаа. Жижиг, дунд бизнест зориулсан зээл ч олдохгүйгээс гадна хүү өндөр. Хэрэв энэ мэтээр үргэлжлээд байвал эдийн засаг хямарч байгаа үед зээлийнхээ дороос гарч чадах иргэн, аж ахуйн нэгжүүд үгүй болж, дагаад зээлээ төлж чадахгүй нь олширч банкуудаа татаж унагах бодит аюул ч бий. Ялангуяа төгрөгийн ханш унаж байгаа сүүлийн хоёр жил ихээхэн эрсдэл дагуулах боллоо. Бас банкнаас зээл авч бизнесээ урагшлуулдаг хүмүүс хэдийг олж, хэдийг өрөндөө төлж бас хэдийг цааш нь хийсэн бол доо.

Өнөөдрийн ийм нөхцөлд хуримтлал үүсгэж чадаж байгаа нь бараг байхгүй дээ. Ёстой л урд хормойгоороо хойдохоо нөхөөд л явж байгаа болов уу. Угаасаа гадагшаа бүтээгдэхүүн гаргаж, гаднаас валют орж ирэхгүй болохоор валют хомсдож, төгрөгийн ханш навс унаж байна. Үргэлжлээд байх ахул орлого нь төгрөгөөр орж ирдэг хүмүүсийн хувьд 30 хувийн уналт ямар ч орлого авчрахгүй болно. Угаасаа ханшийн уналтын зөрүүндээ хядуулаад эхэлчихсэн газрууд зөндөө. Энэ мэт зовлонтой байхад их хэмжээний хөрөнгө татаж оруулж ирэх гадаадын банкууд бидэнд хэрэгтэй байна. Гадаадын олон банкуудтай Швейцарь, Сингапур, Хонконг өнөөдөр санхүүгийн зах зээлд хэр хэмжээнд явааг бүгд л мэднэ. Манайд хэд хэдэн гадаадын банкууд төлөөлөгчийн газраа нээсэн ч тэдэнд бүрэн утгаар нь үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг Монголын талаас өгөөгүй байгаа. Зарим банкны хувьд тухайлсан төсөл дээр, зарим нь банкны үйл ажиллагаанд шилжих зорилгогүй одоогийн байгаа түвшиндээ олон жил ажилласан байдаг бөгөөд хамгийн бодитоор манайд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ илэрхийлсэн нь “Bank of China” юм билээ. Хэрэв гадны нэр хүндтэй банкууд манайд үйл ажиллагаагаа эхлэх болбол томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслийг санхүүжүүлэх хөрөнгө орж ирнэ.

Бас хаданд гарсан зээлийн хүү аяндаа буурах учиртай юм. Өөр орнуудад санал болгодог хүүнээсээ өндөр байлаа гэхэд манай дундаж хүүнээс илүү гарахгүй гэж байгаа. Тэр бага хүүгээр мөнгө зээлэх боломж бидэнд тун чухал байна. Хамгийн гол нь дотоодоосоо олж чаддаггүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг, удаан хугацаанд авах боломж нээгдэж байгаа нь үндэсний компаниудаа босгож ирэх том боломж юм. Манайд төлөөлөгчийн газраа бараг хоёр жил шахмын өмнө нээчихсэн “Bank of China” бол дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 600 гаруй салбартай банк. Тэд манайд үйл ажиллагаагаа нээх хүсэлтээ тавиад чамгүй хугацаа өнгөрч байгаа ч манайхан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй усанд хаясан чулуу мэт алга болчихоод байгаа юм билээ. Салбараа нээчихээд үйл ажиллагаагаа эхлээгүй ингэж удсан салбар Монголоос өөр газарт байхгүй л болов уу. Угаасаа төрийн эрх мэдэлтнүүд нь хүнд суртал харуулсаар гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргадаг тэр зарчмаараа л явж байгаа мэт харагдана. Хэрэв гадны томоохон банк ороод ирвэл дотоодын банкнуудын зах зээлийг булааж, хөл дээрээ тогтож ядаж байгаа салбараа унагачихна гэж манайхан ам хаадаг.

Тэгвэл “Bank of China” шууд өрсөлдөөнөөс зайлсхийж, манай банкуудын өгч чадахгүй байгаа томоохон төслүүдэд зээл олгоно гэж байгаа. Бас дотоодын арилжааны банкуудтай хамтарч ажиллаж, тэднээр дамжуулж жижиг, дунд бизнесийнхэн ч зээл авах боломжтой болох юм билээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх бус дэмжиж ажиллах аж. Тэд салбараа нээвэл 56 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр эхэлж, Монгол Банкнаас зөвшөөрдөг дээд хэмжээ болох 450 сая ам.доллар өөрсдөөсөө гаргаж, манай зах зээлд гаргах боломжтой гэгддэг. Бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм банк бусадтайгаа синдикат буюу хамтын зээл босгож ч манайд шаардлагатай их хөрөнгийг ч оруулж ирэхэд асуудалгүй. Гэвч өдий болтол энэ асуудал шийдэгдэлгүй, зах зээл маань мөнгөний хомсдолд явсаар ирсэнд манай бизнесийн салбарынхан үнэхээр сэтгэл дундуур байна. Тэд жилд 15 сая ам.доллар хүүнд төлөхийнхөө оронд найман саяыг төлдөг болох энэ боломжийг хүсэмжилж байгаа юм. Ингэвэл үндэсний компани өөрөө босч, цаана нь байгаа хэдэн зуун айл өрхийн хэдэн мянган ам бүлийн амьдрал дээшилнэ. Бас улс оронд маань томоохон бүтээн байгуулалтууд өрнөх нь мэдээж. Сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтыг хийж, нийслэлийн хамгийн өндөр зочид буудлыг босгосон “Туушин” компанийнхан гэхэд энэ банкнаас манай ямар ч банкны санал болгодоггүй бага хүүтэй зээл авсан байдаг. Тэднийг ийм хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь, бас их хэмжээний мөнгөө хэмнэж өөрсдөдөө боломжийг гаргаж чадсан нь бизнесийн ухаалаг алхам гэж бизнесийнхэн талархалтай хандацгааж байгаа юм билээ.

Гэвч олон улсын зах зээлд хэрэгждэг эрүүл саруул энэ тогтолцоо орж ирэхгүй байсаар. Бас хэзээ бүтэх гээд байгаа нь тодорхойгүй. Олон улсын хэмжээний банкинд итгэхгүй байх үндэс байхгүй учраас улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоор энэ хөдлөхгүй байна гэж хардахаас аргагүй байна.

Гэхдээ Хятадын банк учраас үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй гээд хэвлэлээр жаахан шуугичихад л монголчуудын цөс нь хөөрөөд ирдэг улсууд хойно. Үүнийг дэвэргэх сонирхол нь бага хүүгээр иргэдийн мөнгийг хадгалж, их хүүгээр өөрсдийг нь мачийлгаад зөрүүнээс нь өдөр тутмын үйл ажиллагаагаа аваад явчихаж байгаа банкныханд асар их байна. Дээрээс нь манай улстөрчид банкны цаад эзэд, хувьцаа эзэмшигчид байдаг учраас улс төрийн зорилготой хөдөлгөхгүй байх шиг. Гэвч үүний горыг өдрийн хоолноосоо илүү давж хуримтлал үүсгэж чадахгүй байгаа зээлэндээ дарлуулсан ард иргэд, хоногийн 24 цагаар ажиллаад ч компани нь өсч дэвжиж чадахгүй байгаа үндэсний үйлдвэрлэгчид л үүрч байна. Хятадын банк орж ирэхээр Хятадад эзлэгдэх юм шиг ярьж явдаг эрт цагийн үлгэрээсээ салах цаг болжээ. Дэлхийн хөгжилтэй бүх улсууд, хөгжиж яваа ихэнх оронд энэ банк орчихоод байна. Хятадтай ана мана үзэлцэх гэж үздэг, үндсэрхэг үзэл нь маниасаа давчихсан Вьетнамд хүртэл салбар нь байдаг гээд бод л доо. Вьетнамууд социалист орон хэдий ч чөлөөт зах зээлийн тогтолцоотой болохоороо яавал ашигтай байхыг мэдчихсэн л байна. Тодорхой хувь нь төрийн мэдлийн банк байлаа гээд яадаг юм. Ямар ч банкны хувь хувьцаа эзэмшигчид банкны мөнгийг эргэлтэд оруулж, ашиг олохыг л шаардаж байдаг. Хүмүүс ч бас аль хүү багатайг нь сонгож, өөртөө ашигтай байхыг эрмэлзэж байдаг. Ийм хоёр талын ашиг сонирхлын огтлолцол дээр банкны үйл ажиллагаа явж байдгаас хэний мэдлийнх байх нь хэнд ч хамаагүй салбар юм, энэ санхүүгийн салбар.

Хөгжилтэй орнуудад ашигтай том зээлийн хүү бүр жилийн 2-3 хувь байдаг. Харин гадаад зах зээлд хаалттай, хөгжил буурай оронд 20 хувь байдаг. Монгол хөөрхий, хар сэр ихтэй, гадныхныг дандаа өөрсдийг нь шулж, эзлэх гэж байна боддог болохоороо тэр 20 хүрсэн өндөр хувийн хүүг нь төлсөөр амьдарч байна. Ийм болохоор нь гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугтаж, ийм болохоор нь гадаадын нэг ч банкгүй дэлхийн хэдхэн улсын нэг болж байна. Удахгүй, Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ.