Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Монголынхоо хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замыг барих “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.

-“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын төсөл нэлээд хэдэн жилийн турш яригдаж байна. Одоо ер нь ямар шатандаа явж байгаа вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Том төсөл, түүнийг дагасан их хэмжээний санхүүжилт, их бүтээн байгуулалтын ажил тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг юм байна. Манай улс Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг хэдэн жил ярьж байж эхлүүлсэн билээ дээ, гэтэл өнөөдөр зорьж байсан төвшиндөө хараахан хүрээгүй л байгаа. Амар зүйл биш шүү дээ. Анх 2004 онд НҮБ-ын Ази Номхон Далайн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөлийн 23 орон нэгдэж, Азийн хурдны авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг гаргасан байдаг. Тиймдээ ч энэ хурдны зам бол Азийн хурдны замын сүлжээний АН-3 гэдэг замын Монголоор дайрсан нэг хэсэг. Харин Монголдоо хурдны зам барьж байгуулахын хувьд бол манай групп таван жилийн өмнөөс энэ төслийг санаачлан, судалгааны ажлаа эхлүүлсэн. Харин Засгийн газраас энэ хурдны замын төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж шийдээд 2011 онд концессийн төслүүдийн жагсаалтад оруулж, тендер зарласан юм. Манай групп өмнө хийж байсан тооцоо судалгаан дээрээ үндэслэн консерциум үүсгэн тендерт орсон. Олон улсын нэр хүндтэй олон зөвлөх компанийн оролцоотойгоор тендерийн баримт бичгээ боловсруулсан. Ингээд 2012 онд тендерт ялж, энэ төслийг хэрэгжүүлэх урилгаа хүлээн авсан. Үүнээс хойш олон ажлыг амжуулаад байгаа.

-Тэгвэл энэ зам Азийн хурдны замын сүлжээний нэг хэсэг юм байна. Хөрш орнууд маань хэр дэмжиж байгаа вэ?

-Дэлхий улам бүр даярчлагдаж байна шүү дээ. Манай улс нэг талаас харахад далайд гарцгүй гэдгээрээ эдийн засгийн хөгжлийн хувьд харилцаа хумигдмал мэт ярьдаг, гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл манай хөрш хоёр орон бол “далай шиг” том зах зээлүүд. Тиймээс хөрш орнуудын эдийн засгийн өсөлт, түүнийгээ дагасан гадаад худалдаа улам бүр өсөн тэлж байна. Улс орнуудын гадаад худалдаанд транзит тээвэр маш чухал. БНХАУ-ын хувьд гадагшаа харилцах олон сувгийг нээж байгаа, “Торгоны зам”-ыг сэргээх гэх мэт… Оросын талын хувьд Хятад улстай гадаад худалдаагаа хөгжүүлэх үүднээс ихээхэн анхаарч байна. 2020 он гэхэд ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдаа өсч 100 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг Хятадын тал хийсэн байна. Энэ бүх сонирхлуудыг шийдэх хамгийн дөт транзит зам бол Монголоор дайрах зам байх нь тодорхой. Тиймээс ч манай төрийн тэргүүн хөрш орнуудын төрийн тэргүүн нарт “Талын зам” төслийг хамтран хөгжүүлэхийг санал болгосон. Энэ хурдны авто зам маань “Талын зам”-ын таван төслийн нэг нь шүү дээ.

-Одоо энэ төсөл маань ямар шатандаа яваа вэ?

-2012 онд тендерт ялсны дараа 2013 онд Монгол улсын Засгийн газрын 99 дүгээр тогтоол, улмаар 399 дүгээр тогтоол гарч “Чингис Лэнд Девелопмент Групп”-тэй концессийн гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайдад олгосон. Ингээд өнгөрсөн жил буюу 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрыг төлөөлж эрх бүхий этгээдээр Эдийн засгийн хөгжлийн яам, нөгөө талаас манай “Чингис Лэнд Девелопмент групп”-тэй “Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл”-ийн концессийн гэрээг байгуулсан юм. Одоо замын ажлын зургаа хийх шатандаа явж байна даа.

-Та концессийн гэрээнийхээ талаар жаахан тодруулна уу. Миний мэдэхээр концессийн олон хэлбэр байдаг шиг санагдах юм.

-Тиймээ Концессийн хувьд олон хэлбэр байдаг. Манайхны хувьд BT буюу “Бариад-Шилжүүлэх” хэлбэрийг их ашигладаг юм билээ. Харин энэ хурдны замын төслийн хувьд BOT буюу “Бариад-Ашиглаад-Шилжүүлэх” нөхцөлтэй. Манай групп өөрөө хөрөнгө оруулалтаа босгож замаа бариад, 30 жилийн хугацаанд ашиглаж хөрөнгө оруулалтаа нөхөөд тэгээд улсад шилжүүлэх юм.

-Тэгэхээр Засгийн газраас ямар нэг дэмжлэг байх уу?

-Засгийн газраас хөрөнгө оруулалтын хувьд нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй. Мөн Засгийн газраас нэг ч төгрөгийн баталгаа гаргаж өгөөгүй. Концессийн гэрээгээрээ ч ийм зохицуулалттай. Концессын гэрээ гэдэг бол төрийн зүгээс шууд хөрөнгө оруулах боломжгүй төслүүд дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг зохицуулалт шүү дээ. Энэ утгаараа бол концессын гэрээний хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч компаниуд нь эрсдлээ өөрсдөө үүрээд, 100 хувь хариуцаад явдаг. Төрдөө ямар нэгэн дарамт бий болгоогүй гэсэн үг. Харин төрийн зүгээс бол концессийн гэрээний нөгөө тал гэдэг утгаараа бодлогын болоод төрийн зохицуулах байгууллагуудын дэмжлэг их чухал. Манай төсөл дээр гэхэд л Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын хүлээсэн гэрээний үүргүүд бий. Одоогоор эрх бүхий байгууллагуудын үүрэг хараахан хэрэгжээгүй л байна.

-Тэгэхээр манай Засаг төрөөс огт дэмжлэг байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж буй төсөл. Засгийн газраас бодлогын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг, дэмжлэг бол бий. Тэгээд ч энэ том төсөл, дээр нь нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой учраас ер нь манай Засаг төр, яам тамгын газраас бүгд л дэмжиж байгаа. Ийм том мега төслүүдэд хөрөнгө оруулалт татна гэдэг тун хэцүү. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаарх ойлголт ямар байгаа билээ. Хөрөнгө оруулалтын таатай бус орчинтой л гэж тэд ярьдаг шүү дээ. Монгол руу хөрөнгө оруулалтыг татахын тулд төр ч хувийн хэвшлийн байгууллагууд ч, мөн манай гурван сая иргэн ч тэр, бид бүгд нэг л баг болж ажиллах ёстой. Гадныхны өмнө бидний олсон амжилт ч, алдаа ч Монгол гэж нэг л харагддаг. Түүнээс бус төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьж гэрээ байгуулчихаад тал тал руугаа харж суугаад, нэг хэсэг нь санаачлаад түүчээлээд явахад нөгөө хэсэг нь татаж унагах, гацаах, үгүйсгэх оролдлого хийгээд байвал нэг байрнаасаа урагшаа хэзээ ч хөдлөхгүй шүү дээ. Монголчуудыгаа монголчууд нь татаж унагаадаг байж болохгүй. Тиймээс л хөрөнгө оруулагчидтай харьцахад Монголынхөө хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой.

-Тийм шүү. Өнөөдөр бид томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй ер нь их л удаад байх шиг.

-Сүүлийн жилүүдэд Монгол руу чиглэх хөрөнгө оруулалт эрс буурсан. Бид дотроо нэг баг болж чадахгүй байгаагаас л хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байгаа. Олон хүчин зүйлээс хамаарах нь чухал ч бид Монгол дотроо асуудлаа нэг болгож шийдвэрлээд тэгээд гадагшаа хөрөнгө оруулагчдад хандах нь чухал. Тухайн төслүүдээ төрд эрсдэлгүйгээр нэг мөр тооцоод, тэгээд нэг шийдсэн асуудлаа эргэж нураахгүй байх нь чухал. Улс төрийн тогтвортой байдал, залгамж холбоо ч хөрөнгө оруулалтад чухал. Энэ хурдны замаар тооцоод үзэхэд төрөөс хөрөнгө гаргахгүй, дээр нь уул уурхайн ямар нэг нөөц биш учраас гадны хөрөнгө оруулагчид концессын гэрээний 30 жилийн хугацаанд зам барихад хөрөнгө оруулаад буцаагаад оруулсан хөрөнгөө нөхөж авахад эрсдэлгүй гарах тооцоонд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхыг л харж байгаа. Үр дүнд нь монголчууд бид нэг баг болсноороо босоо тэнхлэгтээ хурдны замтай болж үлдэнэ шүү дээ.

-Уучлаарай, нэг зүйл анхаарлыг минь татаад байна. Энэ төсөл хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл вэ. Танай групп тэгээд хөрөнгө оруулалтаа яаж босгож байна даа?

-Алтанбулаг-Улаанбаа­тар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам барина. Энэ замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Хамгийн гол нь Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах болно. Энэ бүх цогц төсөлд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо хийгдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдана. Мэдээж бид хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа. Одоо төслийн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болчихоод хүлээж байна.

-Хүлээж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аан, ер нь аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулна гэдэг тийм ч амар зүйл биш гэж сая ярьсан шүү дээ, ялангуяа ийм том хэмжээний төслүүдэд. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ч тэр олон нөхцлийг харгалзан үздэг. Жишээ нь улс төрийн тогтвортой байдлыг онцлон үздэг. Гэтэл өнгөрсөн оны хавраас хойш манай улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсаар, тэгээд өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар огцорсон. Шинээр байгуулагдах гэж хэдэн сар болсон, тэр ч бүү хэл Засгийн газрыг төлөөлж манайхтай гэрээ байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам маань татан буугдчихсан. Ингээд л ТЭЗҮ тооцоо судалгаан дээрээ эцэслэн ярьж тохироод байсан өнөөх хөрөнгө оруулалтын сангууд хүлээлтийн байдалд шилжчихдэг. Одоо л Засгийн үйл ажиллагаа буцаж жигдрээд, Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, түүний дараа Засгийн газар концессийн төслүүдээ хариуцах яамтай болгож ирж байна шүү дээ.

-Тэгвэл удахгүй танай төслийн хөрөнгө оруулалт орж ирж ажил эхлэх нь. Зөв үү?

-Зөв өө, бид энэ хавар тавдугаар сар гэхэд зам барилгын ажлаа эхлүүлсэн байхаар тооцож байна. Ер нь бид өнгөрсөн хугацаанд өөрсдөөс хамаарах бэлтгэлээ сайн хангасан. Олон улсын нэр хүнд бүхий Итали, Франц, БНХАУ, ОХУ-ын зөвлөх компаниудын оролцоотойгоор замын трассаа тогтоож, ЗТЯ-ны дэргэдэх авто замын салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр дэмжүүлсэн, бас нарийвчилсан ТЭЗҮ-ээ ч батлуулаад авсан. Ер нь бол ийм мега төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хамгийн багаар бодоход есөн сарын хугацаа ордог юм байна. Замын дагуу геотехник, геодезийн суурь судалгаагаа хийгээд явж байна. Ерөнхийдөө бол 2018 оны эхээр замаа барьж ашиглалтад оруулахаар тооцож байгаа.

-Ажил ч ундрах нь дээ, энэ төсөл дээр ер нь хэчнээн хүн ажиллах вэ, хэр олон ажлын байр гарах бол?

-Түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт шүү дээ. Хурдны зам барих хугацаанд 30000-40000 ажлын байр бий болно. Олон зуун компани, бизнес дагалдан хөгжинө. Энэ зам олон улсын стандартаар баригдах зам. Тийм ч учраас монголчууд энэ төсөл дээр дэлхийн хэмжээний цалин авна. Ер нь хангалттай цалин өгвөл манайхан чинь гадныхнаас ч илүү сайн хийх байх шүү. Манайхан юм сурахдаа амархан, аливаа юмны арга эвийг олохдоо сайн шүү дээ.

-Манай улс эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа энэ үед танай төсөл эдийн засагт чухал үүрэгтэй төсөл болох нь ээ.

-Бид бол эдийн засгийн хямрал болж байна гэж харахгүй байгаа. Уул уурхайгаас хэт хамааралтай байсан нэг хэсэг үед тансаглаж, төсвийг хэт данхайлгаж, халамжийг хавтгайруулж, үрэлгэн загнаж байсан. Одоо бол хөөс хагарч бид бодит амьдралтай л нүүр тулж байна шүү дээ. Олон улсын зах зээл дээр өссөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, бууралт манайханд нэгийг ойлгуулсан байх. Одоо Шийдлийн Засгийн газар төсвийн хэмнэлт хийж, илүү зардлаа хасаж, илүү ачаагаа хөнгөлж байна. Зөв шүү дээ. Бизнест бол хоёр зүйлээс ашгаа нэмэгдүүлдэг. Нэгдүгээрт, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, зардлыг боломжит төвшинд бууруулдаг. Манай төр ч гэсэн энэ зарчмаар эхлээд томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтдаа анхаарч, нөгөө талаар зардал хэмнэж байгаа нь зөв.

-Хурдны зам баригдснаар манай эдийн засагт бий болох үр өгөөжийг та юу гэж харж байна.

-Манай групп хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа. Хурдны замын энэ төсөл бол хамгийн жижиг төсөл нь. Ганц зам гэж харж болохгүй. Энэ зам бол манай улсад хэрэгжих олон том бизнес төслийн суурь дэд бүтэц гэж ойлгож болно. Цаашлаад чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, худалдаа тээвэр, ложистикийн сүлжээ үүсэх гээд эдийн засгийн ач холбогдол бүхий зам болно. Урьдчилсан байдлаар энэ төсөлд 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хийгдэхээр тооцсон гэж хэлсэн. Энэ хэмжээний мөнгө манай 10 тэрбум ам.долларын эдийн засагт нэмэгдэж орж ирээд, эргэлтэнд орно. Төсөөлөөд үз дээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгийн урсгал орж ирнэ гээд. 2018 онд замаа барьж ашиглалтад оруулснаар одоо байгаа нэг хүнд ноогдох ДНБ хэд дахин нэмэгдэх тооцоог бид хийсэн. Гэхдээ удахгүй ажлын зураг хийгдээд дуусахаар замын төсөв бодитой гарчихна. Нөгөө талаар энэ зам бол эдийн засгийн төсөл гэхээсээ илүү нийгмийн төсөл. Зам бариад, эргээд оруулсан хөрөнгөө нөхнө гэдэг бол урт хугацааны ажил. Гэхдээ Монгол улсад маш чухал зам учраас бид зоригтой эхлүүлсэн. Монголынхоо л төлөө шүү дээ. Энэ зам бол Монголын мянга мянган бизнесийг хурдасгах дэд бүтэц байх болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.

-Үнэхээр дэд бүтэц гэдэг бол хөгжлийн гол суурь гэдэг. Ийм чухал бүтээн байгуулалтыг зориглон хэрэгжүүлж буй танай группынхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хямарсан учраас цахилгааны хөнгөлөлт үзүүлэхгүй, нүүрсээ түлээрэй

Ямар ч хямрал болсон хөдөлгөж, өөрчилж болдоггүй зүйлс гэж байдаг. Гэвч үзэл баримтлал, үнэт зүйл нь тодорхойгүй манайхны хувьд хамгийн түрүүнд л тэр зүйлдээ гар хүрчих гээд байдаг гэмтэй.

Бид Улаанбаатарын утаанд мөн ч их мөнгө урс­гасан даа. Утаат хот болгох шалтгаан болсон нүүрс­ний хэрэглээг багасгах нь хамгийн чухал асуудал байх. Сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг айл өрхийг дэмжиж, дор хаяж дулааны асуудлаа шийдэхийн тулд цахилгааны эх үүсвэрийг ашигладаг гэр бүлд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Гэвч хямралын сургаар энэ чиглэлд танал­таа хийгээд эхэлсэн нь харам­салтай. Өмнөх жилүү­дэд цахилгаанаар халаалтаа шийд­дэг айлуудад үзүүлдэг байсан хөнгөлөлт энэ оны эхнээс алга болжээ. Засгийн газраас эрчим хүчнийхэнд өгдөг байсан төсөв алга болсон учраас энэ хөнгөлөлтийг зогсоожээ. Тэгэхээр нүүрснээс татгалзаж, цахил­гаанаар дулаанаа шийдэж байсан айлууд буцаад л нүүрсэндээ орохоос яах ч билээ дээ. Бас эрчим хүчнийхний хэрэглэгчдэд хүргэж байгаа бас нэг мэдээлэл бол тэд цахилгааны үйлчилгээ үзүүлдэг хүрээгээ улам бүр хумисаар байгаа ажээ. Хуучин айл өрхүүд цахилгаан утасны гэмтэл, монтажны асуудал байвал цахилгаанаа төлдөг баруун, зүүн төвийн цахилгаан түгээх газартаа мэдэгдээд, цахилгааны төлбөр дээрээ нэмэлт төлбөрийг нь төлөөд засуулчихдаг байлаа. Харин сүүлийн үед энэ байгууллага тоолуур, холболтын төв дээрээ гарсан асуудлыг л хариуцна. Бусдыг нь бид хийхгүй гэдэг болжээ. Гэвч цахилгааны ажил бол хүссэн болгон хийчихдэг ч ажил биш шүү дээ. “Танайхан хийхгүй гэвэл иргэд хэнд хандах вэ. Зуун айлын мэргэжилтэй мэргэжилгүй нь мэдэгдэхгүй сайн дурынханд хандах уу” гэхэд “Тэгж л таарна даа” гэж хариулах болсон байна лээ. Хямралын сургаар болж бүтээд байсан нь болохоо байж асуудлыг шийддэг, ажил хийдэг хүмүүс ч байхгүй болж эхэлжээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэгтэй, хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ

Хөр цаснаар айлын нялх балчир хүүхдүүд зэрлэг адгуусны хөлд гишгэгдэн гэмтэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байхад үүнээс сэргийлэх хуулийн зохицуулалт хийгээгүй атлаа хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэгжиж амьдралд нийцэх нь мэдэгдэхгүй хуулийг үйлдвэрлэж байгаа эрхмүүд нэгийг бодмоор юм. Тавдугаар ангиас л гадаад хэл үзнэ гэсэн хууль баталж байснаас тавдугаар анги хүртэл нь хурдны морь унуулж, уралдуулж болохгүй гэсэн хууль батлах нь хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалж, хүн ёсны бодит журам заалт болж харагдах юм. Уйгаржин бичгээр албан бичиг төлөвлөнө гээд л байдаг монгол бичигтэй хэдэн хүнээр төрийн албан хаагчдаа солих юм уу, эсвэл өвөрлөгчдөөс мэргэжилтэн залж авчрах юм уу шийдэх асуудал олон л байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр онцолъё гэсэнгүй. Харин мөнгө хөрөнгөө багтааж ядсан, омог аархал нь дийлдэхээ байсан хэдэн хүмүүсийг баясгаж, бах тавыг нь хангахын тулд Монголын балчир үрс хахир өвлийн хатууд салхинд сийчүүлж, жаварт хайруулж уралдах нь хүнлэг явдал мөн эсэх талаар хөндөж байна.

АНУ-ын зохиолч Сюзанн Коллинзын адал явдалт цуврал романуудын эхнийх болох “Өлсгөлөн тулаан” номыг уншсан, киног нь үзсэн хүмүүс олон байх. Тэр кинонд эрх мэдэл, хөрөнгө мөнгө нь багтаж ядсан Капитолынхон хэсэгчлэн хуваасан 12 бүсийн хүүхдүүдээс тус бүр хоёрыг сонгон авч, амьд гарахын төлөөх тулаанд гаргадаг. Зөвхөн ганц хүн ялагч болох учраас амьдралын хатуу хөтүүг үзээгүй хүүхдүүд амьд гарахын эрхэнд нэгийгээ алж, өлсч үхэхгүйн тулд өт хорхойноос эхлээд бүгдийг иддэг. Харин үүнийг нь дэлгэцийн цаанаас зөөлөн буйдан дээрээс баячууд нь үзэж бах таваа хангаж байдаг тухай уг номд өгүүлдэг. Өөрсдийгөө баясгахын тулд тэмцээнийг галтай, мутантуудын дайралттай болгож, бас хоромхон зуур эдгээдэг ид шидийн гэмээр тосыг хаа нэг өгч үзвэрээ сонирхолтой болгоцгоож байгаа хэрэг л дээ. Манайд үүнээс ялгаагүй өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө хүүхдүүдийг адгуусны хөлд хаяж өгдөг балмад уралдаан үргэлжилсээр байна. Хэл мэдэхгүй адгуусны хөлд үр хүүхдээ өргөж байгаа өргөл гэж хэлэхэд ч хатуудахгүй ээ. 2009 онд 158 хүүхэд морин уралдааны үеэр унаж гэмтсэний 84,5 хувь нь эрэгтэй, үлдэх хувь нь охид байсан байгаа юм. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд бүр 326 хүүхэд гэмтэж тоо улам бүр өссөөр байжээ. Харин 2013 онд овоо буурсан ч 2014 онд хэд болж нэмэгдсэн бас хорогдсон мэдээлэл гараагүй байна. Ямартай ч 20 гаруй хүүхэд энэ балмад зугаа цэнгэлийн улмаас хорвоогоос эрт буцсан тухай гунигт тоо бидэнд бий. Бас 10 мянган морьтныг цуглуулж, Гиннесийн номд бүртгүүлнэ гэсэн тэнэгрэлийн үеэр зургаан хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байдаг. Өнгөрсөн 22-ны өдөр Сүхбаатарт болсон “Жавхлант Шарга” морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морин уралдаан гэгчийн үеэр 24 хүүхэд мориноосоо унаж, одоо хоёр хүүхэд нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Сүхбаатарынхан хурдан морины гүйлгээ, наймаагаараа бусад аймгийнхнаас илүүтэй олз омог олдог, гар дээрээ бэлэн мөнгөтэй байдгаараа онцлогтой гээд л байдаг. Ингэж ангир бяцхан үрсийнхээ амиар наадах шахам мөнгө олдог бол ёстой яамай л гэмээр санж. Уралдааны урд өдөр нь цас орж шуураад, зам нь мөстөж хатуурчихаад байхад ямар бөх зүрхтэй хүмүүс хүүхдээ морины хондлой дээр гаргаж чаддаг байна даа.

Үнэндээ монгол уламжлалт уралдаан наадам ч гэлээ бид үр хүүхдийнхээ амийг дээсний наана, цаана гишгэхийн хэрээтэй аз түшүүлж найддаггүй баймаар байна. Шийдвэр гаргах насанд хүрээгүй, өөрт хэр эрсдэлтэйг ч мэдэхгүй жаалуудыг унаач хүүхэд, моринд эрэмгий гэж хөөргөж, баярлуулж байгаад эрлэг рүү мордуулдгаа эцэслэх болжээ. Үүнийг өөрийнхөө зугаа цэнгэлийг хазаарлаж чадахгүй байгаа баячууд, бас үр хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа аав, ээжүүдэд ойлгуулж, хуулиар зохицуулах бодит шаардлага байна. Хүний хүүхдийг бодолгүй морио унуулж байгаа түмэнд нэртэй, манлай уяачид амьдрал дээр өөрсдийнхөө хүүхдүүдийг дөрвөн хөлтэй адгуусандаа ч ойртуулдаггүй. Харин нөгөө талд өөрийнхөө хүүхдийг малд хайртай, моринд мундаг гээд дагуулаад хөлсний ажил хайгаад явж байгаа аав, ээжүүд бүр ч аймаар. Бие жижиг, бүр зориудаар хоолыг нь хасч туниа багатай болгодог ч байж магадгүй тэр хүмүүс жилээр нь урьдчилгаа мөнгө аваад, хүүхдээ унаач хүүхдээр өгнө гээд явцгааж байдаг. Тэдний хувьд таван сая төгрөг авчихаад, хүүхдээ жилээр нь айлд суулгачихна. Бас дуртай үедээ хурдан морио унуулах, жилийн турш морины ажлыг хүүхэд нь хийх эрхийг хариуд нь өгнө дөө. Морины ажил гэж хүүхэд байтугай үүхэд ч халширмаар ажил. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж хэлэхэд ч багадна. Харин хүүхдүүдээ зарж олсон мөнгөөрөө, хоёр идэхгүй, хоосон хонолгүйгээр бас өөрсдөө ажил хийлгүй амьдрах аргаа олсон эцэг, эх зөндөө. Тэгэхээр энэ бүхнийг хуульчлах, зүйл заалтыг тодорхой болгохоос аргагүй болоод байгаа юм. Тэдний сурч боловсрох эрх чухам хаана очоод алга болсныг, хаана хэрэгжих ёстойг нь хэлж сануулах баримт бичиг бидэнд хэрэгтэй байна. Гадны улс орнуудад үр хүүхдээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон, хүнд хүчир ажил хийлгэсэн, өлсгөж, зодож, хүч хэрэглэж дарамт учруулсан бол эцэг эхэд нь хариуцлага ногдуулдаг. Бүр үл хайхарсан гэдэг зүйлчлэл ч бий. Тэнд манай улсын нутагт дэвсгэрт мэндэлсэн хүн бүр манай иргэн, манай хүн гэж ханддаг. Харин энд бол тухайн гэрт мэндэлсэн бол тэр гэрийнхний өмч гэж ойлгоод байх юм. Эцэг, эх нь хүүхдээ зодож нүдэж, хэдэн цагаар нь уйлуулж байхад гэр бүлийн дотоод хэрэг гээд оролцохгүй байна. Харин гадны орнуудад тэс өөр. Хөршүүд нь мэдээлж, нийгмийн ажилтан үүнийг хянаж шалгаж үзнэ. Хүүхдүүд тоглоом хийж 911 рүү залгасан байхад ээж, ааваас нь тусгаарлаж байгаад дарамтад байдаг эсэхийг нь лавлаж, биеийг нь хөх няц болсон үгүйг биечлэн шалгаж байх жишээтэй. Харин манайд гэмт хэргийн золиос болсон нь батлагдаад байхад буцаагаад гэрийнхэнд нь өгөхөөс аргагүй. Яагаад гэвэл тэр хүүхдийг амьдруулах байр, халамжлах төсөв хөрөнгө байхгүй. Нийгмийн ажилтан гурав хоног гэртээ дагуулж очно биз тэгээд зохицуулалт байхгүй юм чинь өгөхөөс аргагүй. Хөршүүд мэдээлэл өгөөгүй гээд бусад орнуудтай адил буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл тэдэнд ийм үүргийг хуульчлаагүй юм чинь яах ч билээ. Хэрэв утсаар мэдээлэл өгчихсөн бол дараад нь хүний хэрэгт оролцсон гээд зодуулаад үлдэх ч энүүхэнд. Гадны улс орнуудад иргэн бүрийн эрх, үүргийг хуульчлаад өгчихдөг учраас тэр хуулиа биелүүлж байгаа нь тэр. Одоо бидэнд унаач хүүхдүүдийн амь насыг аз, эзийн дэнсэнд найддаг биш хуулиар захирдаг бичиг баримт хэрэгтэй байна. Ядаж 16 нас хүртэл морь унуулдаггүй байх хуулийг баталмаар байна. Хүүхдийг малд явуулж, мал болгомооргүй байна. Дотуур байранд суулгаж, ээж аавын хараа хяналтын гадна өсгөдөг явдлыг ч зогсоох ёстой. Морин уралдааны үеэр амь насаа алдсан хүүхдүүдийн бага нь дөрөв, том нь 18 настай байсан гэнэ лээ. Гар хөлийн булчин шөрмөс нь бүрэн хөгжөөгүй дөрвөн настай хүүхдийг морин дээр суулгаж, бүр уралдуулж байна гэдэг дэндүү бөх зүрх ээ. Морин уралдаан 18 настай байтугай насанд хүрсэн хүмүүст ч эрсдэлтэй учраас нас зааж үүнийг хориглохоос аргагүй. Хамгийн гол нь хууль баталдаг байгууллагад байгаа олон хүн энэ зугаа цэнгэлээр өөрсдийгөө баясгадаг улсууд байгаа учраас, бүр зарим нь энэ байгууллагынхаа толгой нь болчихоод яваа учраас балчир жаахан үрсийн маань амийг хамгаалах баримт бичиг бий болохгүй байна. Юун кирилл бичиг, юун уйгаржин. Цаана нь чинь хүүхэд уйлж, хүүхэд унаж, хүүхэд үхэж байна. Хэрэгтэй хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ.

Categories
мэдээ цаг-үе

Норовын АЛТАНХУЯГ: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайд, Ардчилсан намын даргын ажлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгснийг манай сонин та бүхэнд хүргэж байна.

-Н.Алтанхуяг гэдэг хүн хэрхэх бол гэсэн хүлээлт нийгэмд их байна. Танаас асууж, өөрөөс тань сонсох зүйл ч цөөнгүй байна. Ерөнхий сайдаас намынхаа гишүүдийн гол оролцоотойгоор огцорсон, намын дар­гын ажлаа өөрийн хү­сэлтээрээ өгсөн, гэнэтийн осол гэмтэл, танай нам доторхи хагарал, хамаг байдгаа зольж Ерөнхий сайд болгосон хүнээ шүүм­жилж эхлэх болсон гээд олон асуултууд байна. Алинаас нь эхлэх үү?

-Ширүүн эхэлж байна шүү. Аль нь ч яахав ээ. Ярилцлага юм чинь чи асууж, би хариулах нь тодорхой шүү дээ. Би бол өнгөрснийг жаахан бага яримаар байна. Амьдрал үргэлжилж, үйл явдлууд өрнөж, цаг хугацаа зөв бурууг нь шүүж байхад би ингэсэн, тэр шийдвэр тийм учиртай байсан гэж ярих нь хүмүүст одоо сонирхолгүй байх болов уу. Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг гэж үг байдаг даа.

-Гэвч юу болоод өнгөрс­нийг олон нийт мэдэхийг хүсч байгаа. Та ч гэсэн болж өнгөрсөнд тайлбар хийж, өөрийгөө өмөөрч ямар нэг юм хэлэхгүй гэж үү?

-Зөв зам тод мөртэй гэдэг. Хийсэн бүтээсэн маань нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа. Хэн ч яаж ч хүсээд хүмүүсийн харж, барьж байгааг алга болгож чадахгүй шиг хэн ч, юу ч гэж өө хайсан бид Монголд хэрэгтэй зүйлсийг зоригтойгоор хийсэн, бүтээн байгуулсан. Аймгуудыг холбосон авто зам, өвөл болгон хөлдөж мэднэ гэж айлгадаг байсан цахилгаан дулааны асуудал, хотын түгжрэл, том хэмжээний шинэ бүтээн байгуулалтууд, үйлдвэржилт, орон сууцны найман хувийн зээл, төрийн албаны хүнд сурталгүй шуурхай байдал гээд иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудлыг бодитоор шийдсэн. Харин энэ их ажлын хажуугаар ганц л зүйлийг амжуулж чадаагүй дээ.

-Тэр нь . . .?

-Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүний миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь үнэн зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ.

Энийг л тэд маш сайн ашигласан. Гэвч худал мэдээлэл гүтгэлэг түгээгчдэдээ хэдийгээр богино хугацааны давуу тал авчирдаг ч урт хугацаандаа хүний заяагдмал ухамсарт нь бууж өгдөг юм. Хүн ёсны нийтлэг ухамсар, мэдээлэл шингээх чадамж нь нүүдэлчин монголчууд бидэнд маш сайн хөгжсөн. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал нүүдэлчин ахуй маань биднийг маш сайн бие дааж шийдвэр гаргаж сургасан юм. Энэ нь биднийг илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, аливаад хөнгөн хуумгай хандалгүй ул суурьтай өөрийн дүгнэлттэй ханддаг үндэстний давуу талыг бий болгосон. Товчхондоо бол бид зөв бурууг шүүх маш нарийн мэдрэмжтэй ард түмэн.

-Таны хэлээд байгаа тархи угаалтаас болж танай Засгийн газрын хийсэн ажлууд огт хийгээгүй харагдах болсон гэж үү. Шинэ замуудаар явдаггүй, цахилгаан дулаан хэрэглэдэггүй, найман хувийн зээл, ТҮЦ машин ашиглах шаардлагагүй мэт яригдаж бичигдэж байсан л даа. Ер нь энэ намчирхаж хийрхсэн улс төр бидний сэтгэлгээг хэт хордуулж, тэр нь эдийн засагт ч таагүй үр дагавар авчирч байх шиг?

-Ажиллах хэцүү. Харин хот босгосныг харлуулахад амархан болчихсон цаг юм даа. Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа. Манай улсын гол нэрийн экспортын түүхий эдийн үнийн уналт бол түр зуурынх. Гэтэл манайх өсөлттэй үедээ эдийн засгаа эрсдлээс хамгаалах бодлогоо орхигдуулж хэт үрэлгэн загнаж, халамж их тарааснаас болж үнийн уналттай үед хүнд байдалд орж эхэлсэн. Энэ алдааг нь засахын тулд Шинэчлэлийн Засгийн газар тэлэлттэй эдийн засгаа хадгалах зорилгоор бонд гарган мөнгө босгож дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих замаар эдийн засгийн эргэлтээ хэвийн хадгалъя гэсэн шийдвэр гаргаж түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр үр ашгаа өгч Ардчилсан намын нэр хүнд өсч, иргэд ч сэтгэл хангалуун байж, Алтанхуяг гэдэг хүний нэр сонсогдох болсон нь зарим нэг хүмүүсийг сандарган хөдөлгөж эхэлсэн дээ. Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм. Ерөнхийдөө гол зорилго нь эдийн засагт оруулсан бодит үр ашгийг ярих бус Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж муучлан, улс төр, эрх ашгийн хонжоо олж авах гэсэн үйлдэл юм даа.

-Таны ярианаас харахад энэ бүхнээс хэн нэгэн хожсон юм бол, дагаад улсаараа, иргэдээрээ хохирч байх нь тэгээд зөв юм уу. Үнэндээ бол ямар ч хожигчгүй тоглоом юм биш үү. Та манай улс төрийн хүрээний нэг лидер нь атлаа энэ бүхнийг зүгээр яриад л сууж байгаа тань тэгээд зөв үү?

-Сэтгүүлч хүн энэ бүхнийг олж хараад надаас бухимдангуй шийдэл нэхэж байгаа нь өнөөдрийн амжилт юм. Би өнөөдөр тантай үүний талаар ярьж байгаа нь ч хэн ч ярьдаггүй үеэс нэг шат ахисных. Манай улс нэг намаас олон намын системтэй “Ардчилсан” улс болж өөрчлөгдөөд, намуудын өрсөлдөөн чөлөөт хэлбэрт шилжсэнээр олон давуу талууд бий болсон ч, нэг зүйл маш буруу замаар хөгжсөн. Энэ нь өрсөлдөөний буруу хэв маяг буюу дайсагнаж, үгүйсгэн гүтгэх хэлбэр. Энэ буруу хандлага улстөрч эзэдтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин нийгэмд халдварлаж ужгирсаар өнөөдөр нийгмийн бүх давхаргын сэтгэлгээний хандлага болж төлөвшин бэхжиж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр зүйл. Нэг л мэдэхэд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, муучлагч, шүүмжлэгч, үл итгэгч олонлог болж хувирсан нь өнөөдрийн бодит үнэн. Бид бүтээгч, хөдөлмөрч, итгэгч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа. Аль ч өндөр хөгжилтэй нийгэмшилд аливаа алдаа дутагдал, сайн муу байж л байдаг. Гэвч зөвхөн тэр муу болгоныг л шүүрч аван нийгэмд түгээж байгаа нь маш их хортой. Үнэндээ өнөөдөр бидний олонхи нь эх орон өв соёлоо ярьдаг хүмүүсийг галзуу, хийе, бүтээе, хөгжье, урагшилъя гэснийгээ авлигач хулгайч, харин өөрөө юу ч бүтээдэггүй, өрөөлөөр ч юм бүтээлгэдэггүй хүмүүсийг баатар мэтээр харж хүлээн авч байгаа нь энэ том гажуудлын илрэл. Ер нь би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зарим зүйлийг илүү мэдэрсний нэг нь энэ. Бидэнд нийгмийн эерэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хэрэгтэй байна.

-Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болсон гэдэг үнэн л дээ. Гэхдээ үүнийг нийгэмдээ бий болгох төр нь өөрөө бохир, буруу жишиг болоод байгаа тал байна уу. Төрд итгэх хүмүүсийн итгэл алдарч эхэлсэн нь нууц биш шүү дээ?

-Монгол төр өөрөө бохир тоглоно гэж логикийн хувьд байхгүй. Төр бол ард түмэн, тусгаар тогтнол, хууль, итгэл, ухамсар, ёс суртахуун, хариуцлага дээр оршин тогтнодог. Төрийн нэг эд эс болох хариуцлагатан буюу албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааг төрийн буруу гэх нь маш том эндүүрэл. Үүнд бодитой хариулахын тулд хувь хүний мөн чанарыг заавал дурдах хэрэгтэй. Үеийн үед хүн төрөлхтөн засаглалын зөв хэлбэрийг хайсаар Ардчиллыг сул тал багатай гэж олонхи нь сонгосон. Аливаа засаглал нийтийн эрх ашгийн төлөөх цөөнхийн бодлого дээр суурилдаг буюу шийдвэр гаргах эрх мэдлийг хэн нэгэн болон хэсэг цөөнхөд албан ёсоор өгдөг. Харин тэр эрх мэдлийг авсан хүн асуудлыг шийдвэрлэхдээ нийтийн бус хувийн эрх ашиг талаасаа хараад байвал олонхийн эрх ашигт хүрсэн шийдвэр гаргаж чаддаггүй. Явцуу, айдастай, шуналтай, алсын хараагүй хүмүүс төрийн эрх мэдлийн хүчийг дутуу, явцуу үнэлж, өөрийн зөв гэж бодсон мунхаглалаараа хүн төрөлхтөнд маш их гай тарьдаг. Жишээ нь хүчний байгууллагууд урьд хожид байгаагүйгээр улс төржих болсон талаар дотор нь ажилладаг маш туршлагатай ажилтнууд санаа зовон ярьж байгаа. Хүний хувь заяа, язгуур үнэт зүйл эрх чөлөөнд нь улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлөөр хандан түрэмгийлээд байхаар иргэдийн итгэл алдарч, хүчний байгууллагуудын нэр хүнд унаад байна. Дарга, улс төр хоёр солигдоно. Харин үнэт зүйл, зарчим оршин тогтносоор байна гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй. Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө юм.

-Хүчний байгууллагууд урьд хожид байгаагүй улстөржих болсон талаар та хэллээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улаймцайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг. Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй. Шаардлагатай бол харин ч хатуу тэмцэнэ. АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Тэгээд эндээс гарч байгаа хэрэг хараат бус байх ямар ч боломжгүй болно. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа.

-Нам дамжсан бүлэглэл гэж та хэд хэдэн удаа хэллээ. Үнэхээр тийм бүлэглэл үйл ажиллагаа явуулж байна уу. Та шууд нэрлэж чадах уу?

-Шуудхан хэлэхэд хүмүүс намайг ямар ч үнээр хамаагүй албан тушаалд үлдэх хүсэлтэй хүн байна гэж харж байсан байх. Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ. Үүнийг ганц би хэлээд байгаа юм биш. Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдэстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой. Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй. Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг гэсэндээ би энэ бүхнийг ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.

-Би Л.Гансүх зөвлөх, бас охин Н.Саранзаяагийн тань талаар асуухаар бэлдсэн байсан юм. Гэвч та үүгээр хэлчихэж байна гэж ойлголоо. Дараагийн асуулт таныг огцорсны дараагаас явуулах пи ар ажиллагааны талаарх жагсаалт олон нийтийн сүлжээгээр тарсан байсан л даа. Та Ерөнхий сайдаасаа огцорсон, намын даргын суудлаа өгсөн. Алтангадас чинь хүртэл хоёр хуваагдлаа. Танаас өөр авчих юм юу байна, таны юу тэгтэл бусдыг айлгаад байгаа юм бэ?

-Юу тэгтлээ айлгаад байгааг тэд өөрсдөө л мэдэж байгаа байх. Би бол үнэн ил болохоос айж байна гэж харж байгаа. Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой. Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа. Нэг сумаар хоёр туулай юм уу даа. Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг. Удахгүй бүх нийтээрээ мэддэг болох нь цаг хугацааны л асуудал юм даа.

-Энэ бүхэн Ардчилсан нам засаглаж байхад ингэж идэвхжиж байгаа нь учиртай л байх. Фракциудын ашиг сонирхол дээр тогтож байдаг нам учраас танай намын энэ ужиг өвчин бусдад тоглох боломжийг амархан олгодог байх л даа…

-Манай намд ужиг өвчин гэж байхгүй. Монголд ардчиллыг нутагшуулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ирсэн нам. Ардчилсан намын гишүүд итгэл үнэмшлээрээ фракцид хуваагдах, үзэл бодлоо намын аль ч шатанд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэх мэт олон давуу талтай. Олон хүн дотор зөв буруу, төөрч будилсан цөөнгүй хүн байдгийг ч үгүйсгэхгүй. Тэд Ардчилсан намыг дотор нь хагалаад хожчихлоо гэж өнгөц ялалтандаа эрдэж байж магадгүй. Үнэндээ бол Ардчилсан нам улам л илүү бэхжиж, нягтарч, цэвэрлэгдэж байна. Хэн нь зорилго үнэт зүйл зарчмаа баримталж, хэн нь зөвхөн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг үйл явдлууд маш тодоор харуулж байна. Аль нь зөвийг цаг хугацаа харуулна. Улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж эх орноо хөгжүүлэх ёстой бол, гишүүд нь нам дотроо зорилгоо нэгтгэж, зорилгынхоо төлөө хамтдаа зангидсан гар шиг зүтгэх ёстой. Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа хамт олон дотроо нөхөрлөл, эв нэгдэл, итгэлцлийг эрхэм үнэт зүйлээ болговол зангидсан гар шиг байж чадна. Үүнийгл би өнгөрсөн зургаан жил Ардчилсан намын даргаар ажиллахдаа тууштай баримталж, хамт олонтойгоо хамтдаа зангидсан гар шиг зүтгэж олон ялалтад хүрсэн. Цаашид ч АН хагаран бутрах биш эвлэлдэн нэгдэх ажлыг өөрийн чадах хэмжээгээр хийх болно.

-Та намаа олон жил удирдсан учир намдаа хир халдаахыг хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ танай Засгийн газрыг сөрөг хүчин биш танайхан л унагасан. Нөгөө Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдэг имижээ овоо удаан тэссэн Засгийн газраа өөрсдийн гараар унаган байж батлах шиг болсон. Өнөөх л фракциудын чинь тэмцлээс болсон хэрэг биш үү?

-Бүхэл бүтэн намыг татан оролцуулаад яллаж болохгүй. Нэг хоёрхон л хүний явуулга шүү дээ. Түүнээс фракциудынх байсан бол тоглоомын дүрэм нь тодорхой илүү амар байх байсан биз. Намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ. Давхар дээл гээд л… Огцруулах хөрс сууриа далд хэлбэрт эртнээс маш нарийн төлөвлөсөн байсан. Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа хүчийг нь тодорхойлох хэрэгтэй байх.

-Өөрсдийнхөө дарсан кнопоор намын дарга нь Ерөнхий сайдаасаа огцрох амаргүй л байсан байх. Эс үйлдлээрээ гэгчээр гараад явсан хүмүүст ч гомдолтой байсан биз. Тэр дунд таны кабинетийн хүмүүс ч байсан байх аа?

-Миний кабинетэд надтай ажиллаж байсан Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарыг та хэлж байх шиг байна. Үнэндээ би УИХ-ын гишүүдэд юм санаагүй л дээ.Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа цаад хүчийг нь л тодорхойлох хэрэгтэй байх.

-Таны эргэн тойронд ажиллаж байгаа хүмүүс танд гай болох нь их байдаг юм шиг санагддаг. Г.Дэнзэн гэж яг ямар хүн байна аа?

-Би анх цуг багшилж байсан найзаасаа бүр 2006 онд тооцоо тоонд сайн хүүхэд олж өгөөч гэхэд, Дэнзэнг надад улсын математикийн олимпиадад гуравдугаар байр эзэлж байсан хүү гэж санал болгосон. Тэгээд миний туслахаас зөвлөх хүртэл хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л залуу. Гэтэл манай хэрэг эрхлэхийн дэд дарга болоод төрийн хяналт шалгалтын тал дээр, залуу хүүхэд зоригтой ажиллаж олон хүний булхайг илчилж чангатгасан нь золиослогдох нэг шалтгаан нь болсон байх. Хоёрт хамгийн бодит шалтгаан бол өнөөх л том улс төрийн золиос. Том тоотой авлигын канондсон цаас болгон дээр Дэнзэнгийн зургийг тавьж МАН-ын хөрөнгө чинээтэй амьдрал мэдэхгүй залуус бүр гүтгэж дайрсан. Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу. Өнөөгийн нийгэм, бохир улс төр ингэж л залуу хүний амьдралаар тоглосон. Тэр залуугийн хүсэл мөрөөдөл битгий унтраасай гэж хүсэх юм. Би үнэндээ өмнө нь буруутай мэт санагдаад уулзахаар эвгүй байдаг. Харамсмаар…

-Танай нам сон­гуульд ялж, зоримог шинэчлэлүүдийг хийж, бүтээн байгуулалт өрнөж иргэд ч итгэл үнэмшилтэй байсан санагддаг. Гэвч 2013 оны сонгуулийг дуусгаад л гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн. Үүнийг 2017 оны сонгуулийн буухиа гэж тайлбарлах хүмүүс ч байна?

-Би бол үгүй гэж хэлнэ. Гэхдээ үгүй гэдэг нь үгүйсгэж байна гэсэн үг биш шүү. Үйл явдлууд шалтгаангүйгээр өрнөдөггүй. Өнөөдрийн төлөөх өгөөш гэж тайлбарламаар ч юм уу даа. Яг одоо, өнөөдөр эргэн тойрноо сайн анзаараад харвал бид тархигүй мэт ойлгомжгүй нөхцөл байдал дунд амьдарч байна. Шунал, шүүмжлэл хоёрт таг хүлүүлчихээд хоорондоо тархигүй хэрүүл хийгээд хөдөлгөөнгүй суугаад байна. Шоолж, шүүмжилж, огцруулж, хамтраад юуг яаж өөрчлөв. Доллар улам өсч, халаа сэлгээ, хэрүүл тэмцэл идэвхжиж, хуулийн шинэчлэл мухардаж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаа барьж хориод, хүүхэд эхчүүдийн мөнгөө хүртэл хасч таная, албан хаагчдаа цомхотгоё гээд сууж байгаа нь бидний хожил уу. Стратегийн ордууд дахь хувь, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэж ярилцах нь бүү хэл бүр эсрэгээрээ бүгдийг нь зарж үрвэл эдийн засгаа аварна гээд сууж байгаа нь зөв шийдэл үү. Ер нь цаг хугацаагаар тайлбарлагдах олон зүйлс бидний нүдэн дээр далд хэлбэрээр ил өрнөж байна. Сайн ажиглаж харвал бүх зүйлс ил байна. Зарим нэг хүмүүс өөрийн хувийн эрх ашгийн ялалтын төлөө ялж байна гэж итгэсэн байхад цаана нь бүр илүү том эрх ашгийн хожил аваад сууж байгаа талууд ч бий.

-Маш хүнд хариулт байна. Геополитик, бизнесийн гигантуудын хувьд манайх маш чухал байршил л даа. Үүнтэй холбосон хариулт гэж ойлгож болох уу?

-Аливаа асуудал том жижиг олон янзын тайлбартай. Томоор нь харвал дэлхийн улс төр, эдийн засагт маш том хувьсгалын үйл явц өрнөж байна. Эрх мэдэл, эдийн засгийн ноёрхол тив алгасан нүүдэллэж байна. Энэ шинэ ноёрхлыг айл гэрээр авч үзвэл шинэ гэрийн тулгуур хоёр баганынх нь голд Монгол Улс маань тулга нь болон оршиж байгаа нь маш том хариуцлага. Тулгандаа гал бадамлуулж гэрээ дулаахан байлгах уу, эсвэл галаа өрдсөөр түймэр тавьж гэрээ шатаах уу гэх мэт олон асуудал холын хүмүүст маш чухал цаг үе. Дунд түвшинд харвал өөрийн чинь асуусанчлан бизнесийн гигантуудын эрх ашиг яваад байна уу гэвэл бас үгүйсгэхгүй. Ганц л жишээ дурдъя. Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.

-Шахалт нь юу байсан юм бэ?

-Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй.Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага.

-Бид аливаа асуудлыг явуулах гэхээр өөр хоорондоо ойлголцож чадахгүй гацчихдаг. Эхлээд ямар нэг байдлаар дотооддоо ойлголцож чадахгүй бол тэгээд том улсуудын тоглоом болоод дуусна биз дээ?

-Жижиг түвшинд харвал дотоодын улс төрийн үл ойлголцол, бүлэг, хувь хүмүүсийн эрх ашиг сонирхлын төлөөх тэмцэл мэт. Харамсалтай нь бидэнд хамгийн ихээр гай болж байгаа нь хамгийн жижиг асуудал болох дотоодын улс төрийн асуудлууд. Уг нь бид дотооддоо нэгдэж байж дээрх том асуудлуудтай нүүр тулгарч зөв шийдлийг олох учиртай. Энэ цаг үе бол маш чухал цаг үе. Бид эдийн засгийн хувьд ч бас шинэ бодлогоо тодорхойлж, дэлхийтэй хөл нийлэн алхах хэрэгтэй цаг үедээ тулж ирээд байна. Хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, байгалийн баялгаар тодорхойлогддог байсан дэлхийн эдийн засаг, нано технологи оюуны өндөр түвшний бизнес дээр суурилдаг болж өөрчлөгдөж байна. Том гүрнүүд үүнтэй зохицож, эдийн засгаа сууриар нь өөрчлөх алхмуудыг аль хэдийнэ хийж эхлээд байна. Тэр ч бүү хэл дэлхийн хүн амын өсөлт аюулын харанга дэлдэж байгаа талаар энд тэндгүй зоригтой дуугарч эхлээд байгаа нь өнөөдрийн том гүрнүүдийн хагарлын үндсэн цаад шалтгаан гэж тайлбарлаж байгаа нь ч оргүй хоосон таамаг биш байх. Ухаалаг ард түмэн, удирдагч нар өөрийн улс орон, иргэдийнхээ ирээдүйн оршихуйд санаа зовж тэмцэж байхад бид энд популизм, улс төржилтдөө хүлэгдэн хөдөлгөөнгүй сууж байгаа нь тун харамсалтай.

-Та ер нь Таван толгойн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн хоёр жилд Таван толгой маш сайн ажилласан. Энэ ордын олборлолт гурав дахин, борлуулалт хоёр дахин өссөн. Гагцхүү зах зээл дэх үнэ л тааруу байгаагаас ашиг бага харагдаж байгаа. Гэхдээ орд маань өөр эзэнтэй болсноор түүхий эдийнх нь үнэ дэлхий даяар өснө гэж байхгүй шүү дээ. Монгол хүн гэдгээ ухамсарлаж эх орондоо ашигтай шийдлийг олоосой гэж хүсч байна.

-Та дээр Чингис бондын хэмжээтэй дүйцэх хэмжээний хөрөнгийг өмнөх Засгийн газрынхаа амласан халамж тэтгэлэгт өгсөн гэж хэлэв үү. Энэ үнэн үү?

-Тэгсэн. Өмнө нь өгөхөөр амласан 500 мянгаас эхлээд нэг сая төгрөгийг өгөхөд тийм хэмжээний хөрөнгө гаргасан юм.

-Ардчилсан нам дотроо хагаралтай байгаа дуулдах юм. Саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын үеэр ар араасаа нэгийгээ үгүйсгэж хэвлэлийн бага хурал хийгээд л. Та өмнө нь намын дарга байхдаа ҮЗХ-гоо хуралдуулаад өөрсдийнхөө хүмүүсээ байршуулаад асуудлыг шийдчихэж болоогүй байсан юм уу?

-Зарим нэг хүмүүс намайг тэр үед эрх мэдэл нь өөрт чинь байхад асуудлыг шийдэж чадаагүй гээд буруутгаж л байна лээ. Гэхдээ надад тийм зарчим байхгүй. Өөрөө эрх мэдлээрээ дулдуйдаж хүчээр асуудлыг шийдэх нь буруу. Саяын болж өнгөрсөн манай хурлаар юм, юм л болсон дуулдсан. Би чоно борооноор гэдэг шиг асуудалд хандах дургүй. Манай зарим гишүүд орон нутгаас хүртэл утасдаж ийм заваан зүйл болоод байна гэж арга нь барагдаад ярьж байсан. Магадгүй би иймдээ ч буруутаад байдаг байж болох юм. (инээв)

Харамсалтай нь бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна. Ийм зүйлсийг яриад сууж байгаадаа би жаахан ичиж байгаа ч энэ бол бидний нүүрэн дээрх ил яр шарх учраас ярихаас өөр арга алга.

-Та намын даргын суудлаа өгөхдөө шинэ даргадаа эв нэгдлийг эрхэмлэхийг захиж байсан санагдаж байна?

-Тийм ээ. Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж. Хүн ер нь хүлээцтэй, аливаа асуудалд жаахан уужуу хандах хэрэгтэй. Хамт олон удирдана гэдэг их том хариуцлага. Ялангуяа бид Ардчилсан нам гэдгээ мартах ёсгүй.

-Ярилцлагаа шууд эхлээд таны бие тэнхээг ч асуусангүй, уучлаарай. Гэмтэл эдгэсэн үү. Ажлаа өгөөд хэдхэн ч хонолгүй осолд орчихсон. Тэр юунаас болсон юм бэ?

-Гайгүй дээ. Ажлаа хийгээд л явж байна. Би яахав, хааяа дөрвөн дугуйт унаж давхидаг юм. Тэр өдөр Туул голын эхээд явж байгаад унаж гэмтсэн. Уначихаад босч ирээд эгэм хугарчихсан байгаагаа мэдсэн.

-Та БНСУ-д нэлээд удаан хэвтэж эмчлүүлсэн. Таныг Н.Энхбаяр гуай эргэж очоод “Найзуудаа таньсанд тань баяр хүргэе” гэж хэлсэн тухай сонссон. Тан дээр очсон юм уу, нууц биш бол та хоёр юу ярив даа?

-Нууцлаад байх юм юу байхав. Монгол хүний сэтгэл биз дээ. Жимс бариад нэг удаа эргэж ирсэн. Бид хоёр нэг их нарийн ширийн улс төр яриад байдаггүй хүмүүс. Харин хөгжлийн бодлого, улс орны хөгжлийн тухай ярилцсан. Ер нь аливаа улс бодлогоо тодорхойлж чадвал ямар ч нөхцөлд урагшлах боломжтой байдаг. Харин мянга яриад бодлого байхгүй бол юу ч хийж чадахгүй. Харин тэр нөхдөө таньсангүй гэдэг үгийг олон хүнээc сонссон. Би хүн бүрийн дотор сайн, муу зэрэгцэн оршдог буддын үзэлтэй санал нийлдэг. Аль болох хүний сайн талыг харахыг хичээдэг. Хүүхдүүддээ ч тэгж сургадаг. Хүний сайн талтай нь нөхөрлөхийг хичээдэг ч муу талаа үзүүлээд байвал бас хариу үзүүлчих чадалтай хүн шүү би. (инээв)

-Таныг огцруулах болсон нэг шалтгааныг Н.Энхбаяртай хийсэн гэрээг гэдэг. Н.Энхбаяр гуай надаас болоод огцорчихлоо гэж ярьж байна уу?

-Тиймэрхүү зүйл шалтаг өгсөн байх аа л гэж байсан. Буруу болчихов уу, яав гэж байна лээ. Би “Та бид хоёр наймаа хийсэн биш, хуучин хийсэн хоёр намын хамтын ажиллагааг тогтвортой болгох асуудлыг л хөндсөн” гэдгийг хэлсэн. Манай нам 2012 оны сонгуулийн дараа “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Зарим зүйл заалтыг тодорхой болгоод гэрээгээ сунгая гэж тэдний талаас санал тавьсныг нь тогтвортой байдалд хэрэгтэй гэдэг үүднээс болохгүй зүйлгүй гэж үзсэн. Харин нөгөө талд гарын үсэг зурсан хүн нь Н.Энхбаяр байсан нь манай зарим нэг хорслоороо хооллодог хүмүүст шалтаг болсон байх.

-Гэхдээ тэднийхэн илүү шуналтсанаасаа болоод Хамтарсан Засгийн газар унаж, одоо МАХН-ынхан МАН-тай эрх мэдлээ хуваагаад бүр дэмий болсон юм биш үү?

-Тэд шунаад байсан зүйл юу байхав дээ. Бүх зүйлээ тодорхой болгоод явъя гэсэн тэдний саналыг буруу гэх нь хаашаа юм. Зүгээр Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан. Ийм л зүйл болсон. Тэгээд АН, МАХН-ын гэрээ биш. ХаринН.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний гэрээ юм шиг тайлбарлаж эхэлсэн. Манай зарим найзууд “Хаалгаараа оруулж ирчихээд аан чи, хашаа даваад ороод ирэв үү гэсэн шиг хар цагаан хоёр нохойгоороо хонгонд чинь ноцууллаа даа” гэж егөөдөж байсан. (инээв)

-Та ер нь яагаад МАН-тай хамтарч болоогүй юм бэ. Өмнө нь та, танай нам тэдний Засагт хамтраад явж байсан шүү дээ?

-Надаас маш олон хүн та МАН-тай хамтраад ч гэсэн Засгаа тогтвортой аваад явж болдоггүй юм уу гэж асууж байсан. Хамгийн амархан шийдэл бол мэдээж энэ мөн. Гэхдээ энэ сонголтыг яагаад ч хийж болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээртхэт хөшүүн, хүнд сурталтай, авлигад идэгдсэн, төрийн албыг өөрсдийгөө санхүүжүүлэх систем болгож эвдсэн МАН-ыг сольж шинэ салхи, шинэ бодлого, шинэ арга барил хүсч АН-ыг сонгосон ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ. Мөн 20 гаруй жил монгол хүн байж монгол хүндээ үзэл бодлоосоо болж хавчигдан гадуурхагдаж байсан АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг яах вэ гэдэг асуудал байсан. Дээрх асуудлуудыг шийдэх гарц бол хэцүү ч гэсэн төрийн албыг хувалз сэтгэхүйтэй хүмүүсээс цэвэрлэж, сэтгэл болоод зүтгэл байвал хурдтайгаар бүтээн байгуулж, хөгжиж, хүнд сурталгүй, авлигагүй, албан тушаалыг наймаалцдаггүй, үзэл бодлоосоо болж хоёр монгол хүн хоорондоо талцдаггүй нийгмийг бүтээхийг чухалчилсан. Гэвч сайтар бэхжсэн тогтолцооны дархлаа их хүчтэй хариу үйлдэл үзүүлдгийг бид хамтдаа харлаа. Тэгээд л зарим чухал мэдээллийг золиос гарган байж иргэддээ ойлгуулъя гэж шийдсэн. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар буруу зөрүү нэрийг зүүгээд огцорсон ч бидэнд бүх бурууг нялзаах гэж зүтгэж байгаа жинхэнэ шалтгаанууд одоо ил болж эхэлж байна. Нийгмийн тодорхой хэсэг буруу зөвийг ялгаж харж эхэллээ. Өнөөдрийн томилгоонууд, эрх мэдлийн тэнцвэр, том төслүүдийн яригдаж буй шийдэл, улс төр дэх тогтворгүй байдал зэрэг бол бидний болохгүйгээ олж харах эх сурвалж болж байна. Ер нь бид дээр дооргүй аливаа асуудлыг маш соргогоор, өргөн хүрээнд харж байх хэрэгтэй.

-Та анхнаасаа л МАН-тай эвсэхгүй гэдгээ хэлсэн. Харин таны баруун гар болон ажиллаж байсан Ч.Сайханбилэг сайд УИХ-д суудалтай бүх намуудад эвсэх санал тавьсан нь МАН-д ч хамаарагдсан?

-Би бол МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн. Гэхдээ сая яагаад хамтарсан Засгийн газарт орж ажиллах болов, яагаад намдаа бодит шинэчлэл хийж чадахгүй байна,намын удирдлагууд нь өөрийн гэсэн бодлого явуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. МАН хэдийгээр манай намын гол өрсөлдөгч ч гэсэн Монгол Улсын хувьд маш их үүрэг хариуцлага хүлээсэн хоёр намын нэг яах аргагүй мөн. Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол Улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна. Өмнө нь бид засагт хамтраад ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.

-Таныг одоогийн Ерөнхий сайдыг залгамжлагчаараа томилох гэж намын даргын суудлаа өгсөн гэж ярьдаг шүү дээ. Шинэ Ерөнхий сайдыг том биетэй Алтанхуяг ч гэж нэрлэж байсан. Та Ерөнхий сайдын үйлдлүүдэд үнэхээр сэтгэл дундуур байгаа учраас шүүмжилж байна уу, эсвэл дүр үзүүлээд байна уу?

-Байнгын хорооны хурал дээр миний Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгийг хүмүүс хэлбэр талаас нь л хүлээж авсан юм шиг байгаа юм. Уг нь агуулгын хувьд ерөөсөө дайрч давшлаагүй, зүгээр л асуудалд бодитоор нь хандана уу гэж сануулж хэлсэн төдий. Гэхдээ би шүүмжлэлтэй хандах зүйл гарвал хэлэх л болно. Өнгөрсөн хоёр жил хэцүү байсан уу гэвэл тийм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан. Чингэс бондын хэмжээтэй дүйх хэмжээний хөрөнгийг өмнөх халамжийн амлалтад гаргасан гээд. Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй. Тэгж орохооргүй хэмжээний нөөцтэй улс орон. Манай Сайханаа бүтэн хоёр жил надтай хамтраад ачааны хүндийг үүрч зүтгэсэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн. Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу. Ер нь бид төрд ажил хийх шийдвэр гаргах эрхийн төлөө л ирдэг. Шийдвэрээ шийдэмгий гаргаад зүтгэх нь төрийн хүний үүрэг. Хувь хүнийх нь хувьд бол би Сайханаагаа үнэлдэг, өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг.

-Таны тэргүүлдэг Алтан гадас фракц Соёмбо болж салж байгаа, МоАХ фракцынхан ч МоАН фракц болж хуваагдлаа гэж байна. Танай нам дотор бүлэглэл фракц хоорондын дахин хуваарилалт явагдаад байна уу даа?

-Наад таамаг дээр чинь би ганц зүйл л хэлье. Манай улс төр болон сэтгүүлзүй цаашилбал нийгэмдээ эерэг хандлага үзүүлж байх ёстой тодорхой хүрээнийхэн асуудалд маш өнгөц ханддагийн илэрхийлэл юм. Бид ихэнх асуудлын учгийг хэдхэн хүний өрсөлдөөн тэмцлээс хайгаад байдаг. Зүй нь бол бид аливааг маш жижигрүүлж харж байж том асуудлуудын шийдлийг олж харна. Нөгөө тэмцэгч шоргоолжны бужигнасан бослоготой кино төгсөөд камер нь холдоход нэг айлын хашааны буланд жижигхээн шоргоолжны үүр байдаг даа. Олон хүндрэлтэй асуудлын шийдэл ч юм билүү, илүү өргөн харсан нүүдэл л хожилд хүргэдэг.

-Хамгийн сүүлд нэг юм сонирхоход хэн нэгнийг эрх мэдэлтэй байхад дагаж гүйж, харин хэн ч биш болохоор хаяж явдаг хүний муухай зан бий. Та тэр байдлыг одоо ид мэдэрч байгаа байх даа?

-Уг нь тэгж л ярьдаг. Гэхдээ би тэрнээс чинь эсрэг байдлыг л мэдрээд байгаа шүү. Над дээр маш олон хүн ирж, уулзаж олуулаа байгаа. (инээв)

-Танаас асуухыг хүлээж байсан олон асуулт байгааг орхигдуулсан л байх гэж айж байна.Сүүлийн хариултыг танд үлдээе.

-Хувь хүний хийж чадах зүйлс, хамтын хүчээр хийж чадах зүйлс хоёрын цар хүрээ харьцуулшгүй өөр гэдгийг бага наснаас ээж минь сургаж мэдрүүлсээр амьдралын маань утга учир болгож хүмүүжүүлсэн. Би бол баг хамт олны нэг нь. Хамтдаа 25 жил Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөөзүтгэсээр байгаа журмын нөхдөдөө талархаж явдгаа илэрхийлмээр байна. Мөн хамтдаа сэтгэл зорилгоо нэгтгэн зүтгэж хоёрхон жилийн дотор сүүлийн 20,30 жилд хоосон ярьж хойш суусан хүмүүсийн эхлүүлээгүй ажлыг бодитоор барьж, бүтээж, эхлүүлж, шийдвэрлэн зүтгэхэд хамтран зүтгэсэн журмын олон нөхөд, “Шударга ёс эвсэл”, бие даагчид, ИЗНН, бүх хот аймаг, сум дүүргийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчдадаа талархал илэрхийлье. Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна. Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо. Монголын минь хувь заяа их. Хамтдаа урагшилъя.Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлуудын архи дуусаагүй талаар амьтан ах дүүс ярилцаж байна

Сар шинийн өдрүүд хуучраагүй, шинэлэгч олон ах дүүсийнхээрээ орж гарсаар, буузаа жигнэн идэж, боов боорцгоосоо нэг нэгэндээ хуваалцсаар буй өдрүүд үргэлжилж байна. Бас Гандан хийдийн үүдээр зайгүй, золголт үнсэлт ч дуусаагүй. Яг энэ өдрүүдэд онцолж чухалчилмаар зүйл байгаа нь сархад хэтрүүлэн хэрэглэж, агсан согтуу тавьж байгаа хүмүүс илэрхий бага болжээ. Монголчууд бид архийг бас ч гэж тааруулан хэрэглэж чаддаг болсон байна. Тэр жилийн шинийн өдрүүдээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэлцсээр байдаг ч шинийн 1-ний өдрөө нам согтож, тас унасан хүмүүс олон л байдаг байсан. Харин өнөө жил илэрхий багассан нь хүмүүст илт анзаарагдаж, өөр хоорондоо энэ тухай ярьсаар байна.

“Манайх өнөө жил задалсан ганц шил архиа дуусгасангүй шүү. Хүмүүс бүр архи уухаа байж. Ерөөсөө ёс болгож амсаад л гардаг болжээ”, “Хөдөө сумандаа очиход энд ч нэг, тэнд ч нэг унасан хүн байдаг байсан. Өнөө жил манай суманд ганц л хүн согтсон байна лээ. Хүмүүс бүр уухаа байжээ” хэмээн ярилцах нь сонстоно. Манай ажлын ахын ээж дээр жил бүрийн Цагаан сараар ирж золгохдоо чадвал нэг бүтэн, амжихгүй бол тал шил архи баараггүй цааш нь харуулдаг ах хүү байдаг гэнэ. Харин өнөө жил ердөө хоёр хундагыг л тогтоогоод “Илүү уухгүй. Шинэдээр архи уухгүй, муухай” гээд гараад явжээ. Ёстой л гайхсандаа хоёр нүд орой дээрээ гармаар л үйл явдал болж. Архинд живсэн монгол гээд л нэгнээ шүүмжлээд ч байгаа юм уу, цаашлаад дарвиулаад ч байгаа юм уу явж ирсэн монгол түмний архины тухай бодол үндсэндээ ихээхэн өөрчлөгджээ.

Зарим ахмад настнууд өнөө жил Цагаан сараар архи задлахгүй гээд сүү өргөж баяраа тэмдэглэсэн сурагтай. Тэгээд олон жил сурч ирснээ өөрчилж байгаа хөгшид ойр дотнынхноосоо “Хүүхээ, архи задлахгүй эвгүй байна уу” гээд сэм тандаад урмын үг хариуд нь сонсоод жигтэйхэн баяртай суусан талаар эргэн тойрны хүмүүс ярилцана. Үнэндээ ч хөөрхий, идээний дээж гээд сархад сөгнөөд ухааныг нь, биеийг нь балартуулаад гаргадагтаа ахмадууд ч зовниж явсан байх нь шүү дээ. Харин өнөө жил нэхэж уух нь ч багасч, шахаж уулгадаг нь ч өөрчлөгдөж уламжлалт баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж чадсандаа сэтгэл хангалуун хүмүүс олон байна. Зах зээлийн шуурганд хөл алдаж, хаа сайгүй хэрхэхээ мэдэхгүй явах үедээ гашуун ус ууж өөрийгөө хуурах явдал олон хүнд байсан. Нийгмээрээ нийтээрээ уугаад байгаа үед уруу татагдаж, бас өөрийгөө бусдын л жишгээр байгаа гэж андуурах хүмүүс ч олон байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Шилжилтийн үеэ ч давж, бас амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн байна. Аль болох эрүүл зөв амьдралын талаарх үгс хүмүүсийн амнаас унаж эхэлсэн. Монголд хорт хавдрын өвчлөл өндөр. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их хувийг эзэлдэг. Хавь ойрынхоо хайртай хүнээ элэгний хавдраар алдсан монгол хүн хаанаас ч олдоно.Харин элгийг гол гэмтээгч эд бол архи. Тиймээс энэ хар усны хар хорыг сэтгэл зүрхээ шархлуулан байж мэдэрсэн хүмүүс архийг үргэлжлүүлээд уугаад байхгүй нь ойлгомжтой. Ер нь монголчуудын архинаас зугтаж, архинаас аандаа холдож байгаад олон шалтгаан бий. “Бас нэгэн гол шалтгаан бол Архигүй Монгол болцгооё” гэж дээр, доргүй олон жил ярьсных яах аргагүй мөн биз ээ. Ерөнхийлөгч нь “Сүү өргөж амьдарцгаая” гээд баяр наадмаар сүү өргөөд эхлэхэд гайхашран хачирхах хүмүүс их байсан. Ямар ч утгагүй, сүү өргөөд зогсч байдаг гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Гэвч аливаа юманд хэн нэгэн эхлэлийг нь тавьж, сэдэл өгөх чухал байдаг юм байна л даа. Одоо хуримыг архигүй, Цагаан сарыг архигүй тэмдэглэнэ гэж байгаа хүмүүст тийм нэг гартаа барих, өмнөө хэлэх зүйлтэй болчихсон учраас тэдэнд ч амар хэвшил болоод явчихаж байх жишээтэй. Өнөө жилийн Цагаан сар ийм нэг сайхан, амар амгалан болж өнгөрлөө гэдгийг олон хүн хэлж байна.

Айл гэрийн хэн нэгэн нь архинд толгойгоо гашилгаж, эрүүл бус ухаанаар хандахгүй болохоор хэрүүл тэмцэл, зодоон цохион гэмт хэрэг ч багасах нь ойлгомжтой. Шинийн өдрүүдэд гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө илэрхий цөөн, багассан нь Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Зам тээврийн осол 50 хувиар, гэмт хэрэг 30 хувиар өмнөх жилээсээ буурчээ. Үүнд архи шууд нөлөөлж таарна. Цагдаагийн байгууллага ч тун сайн ажилласан гээд хүмүүс ам сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд баяраар архи уудаг хүмүүсийн тоо багаслаа гээд л байдаг байсан. Өнөө жил бүр илэрхий, гарт баригдаж, нүдэнд харагдахаар анзаарагдаж байна. Ёстой л тооноос чанарт шилжинэ гэдэг л болж байна. Архи үйлдвэрлэж борлуулдаг компаниуд баярын үеийн борлуулалтаа олон жилийн дундажтайгаа харьцуулж гаргадаг бол сонин л үзүүлэлт гарах байх даа. Гэхдээ бизнесийн нууц энэ тэр гэхгүй бол тун таатай тоо гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оноос эхлээд архи, спиртийн үйлдвэрүүд манайд борооны дараа шаагитал ургадаг мөөгшиг нэмэгдэж эхэлсэн билээ. Бас манай төсөвт ч гол хөрөнгө татаж төвлөрүүлдэг компаниуд нь эд байсныг нуухын аргагүй. Харин сүүлийн үед тоотой, томоохон хэд нь үлдээд бусад нь эрхгүй цөөрч байгаа. Нэгэнт хүмүүс хэрэглэх нь багасаад эрэлт нь татраад эхлэхээр зах зээлийнхээ хуулиар зохицоод л явчихна. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед гаднаас хүчлэх ямар ч шаардлагагүй билээ. Сүүлийн үед яригдаад байгаа Архины зохицуулалтын тухай хууль гараад ирвэл асуудал үүсгэхийг үгүйсгэхийн аргагүй. Хуурай хууль гарах тусмаа далд бизнес цэцэглэж, асуудал босгодог гэлцдэг. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, эрүүл амьдрах хэв маягийг ойлгох байдал, цаг хугацааны өөрчлөлтөөр манайхны архины хэрэглээ эрс өөрчлөгдлөө. Харин үүнийг хуулиар нэмж зохицуулбал нэмээд нэрмээс болох аюултай. Тиймээс хууль санаачлаад, өөр хоорондоо лобби хийгээд батлаад явчихдаг төрийн түшээд өнөөдрийн нөхцөл байдал, амьдрал дээрх хөрсөө мэдрээд явчихвал болчихож байгаа нь тэр. Яг хүмүүс дундаа ороод явчихвал цаана чинь хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү. Заавал уух архийг нь хэмжиж, тамхилах газрыг нь заагаад байлтгүй өөрчлөгдөөд байна. Хуулиар, хүчээр бүгдийг зохицуулах гээд байхаас сэдлээр, сэтгэлгээг нь өөрчлөөд байвал мал биш хүн хойно ойлгож л таараа. Цагаан сараар ард түмэн дундаа орж, хотын захын айл, хөдөө айлын хотонд очсон бол архи уугаад байдаг хүмүүс багасчээ гэдгийг анзаарч л таарна даа. Урьд нь хэдэн шилээр нь архиа нөөж аваад баярладаг байсан айлууд ганц гожингийнхоо ард ч гарч чадаагүй гэж байна шүү. Монголчууд бид өөрчлөгджээ. Сайн тал руугаа шүү. Архи уухаа багасч. Лав Цагаан сараар архины араас хөөцөлдөөд байдаг хүмүүс ховордсон байна. Айлуудын базаасан архи барагдаагүй талаар амьтан ах дүүс ярилцсаар л байна шүү.a

Categories
мэдээ цаг-үе

“Саусгоби Ресурс” компанийн гүйцэтгэх захирал С.ЭНХ-АМГАЛАН: Бид хууль зөрчөөгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна

Саусгоби Ресурс” компа­нийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Саусгоби сэндс” компа­нид ажиллаж байсан гадны гурван иргэн Монголын шүүхээс ял сонслоо. Энэ нөхцөл байдалд ямар тайлбар хийх вэ?

-Хэрэг гээд байгаа энэ асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Бид 31 дэх сардаа буюу бараг гурван жил явлаа. Анх асуудал эхлэхэд би байгаагүй ч “авлига өгсөн гэж” Авлигатай тэмцэх газраар шалгагдаж эхэлсэн байдаг. Авлигын хэрэгт манайх холбогдолгүй нь тогтоогдож тухайн үед хэрэгсэхгүй болсон. Тэгээд Мөрдөн байцаах газраас мөнгө угаасан байж болзошгүй гэж үргэлжлүүлэн шалгасан ч хэрэгсэхгүй болгосон. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь 6.1 их наяд төгрөг буюу тухайн үедээ Монгол Улсын жилийн төсвийн хэмжээний мөнгө шүү. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй бол­гох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Харин татварын хэрэг нь үргэлжлэн яригдсаар өнөөдрийг хүрлээ. Эхлээд 234 тэрбум төгрөгийн тухай ярьж эхэлсэн. Ер нь 2007-2011 оны хооронд манай компани 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг. Гэтэл үүн дээр яриад байгаа 234 тэрбум төгрөгийг нь нэмж тооцохоор 300 гаруй тэрбум төгрөг буюу манай компанийн нийт орлогын 75 хувийг нь татварт авна гэсэн үг.

Тэгэхээр ямар нэгэн тооцоололгүй, зохиомол тоо гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа болов уу. Манай компанийн зайлсхийсэн гэх татварын хэмжээ хэд хэдэн шинжээчдийн дүгнэлтээр тус тус буурсаар байсан. Нийтдээ дөрвөн удаа шинжээчийн баг орж ажилласнаас хамгийн сүүлд 35 тэрбум төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн. Манай компани олон улсын хоёр ч хөрөнгийн бирж дээр бүртгэл­тэй, нээлттэй компани. Нээлт­тэй компаниудын хувьд тавигд­даг гол шаардлага бол хувь нийлүүлэгчид нь итгэж болохуйц хөндлөнгийн санхүүгийн аудитын байгуул­лагаар жил бүр шалгуулж байх. Хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагаар нь дэлхийд нэр хүндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд жил бүр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг.

Эдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрүүлж байгаагүй. “Саусгоби сэндс” компанид хувь нийлүүлэгчид, тэднийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд энэ бүх тайлантай танилцдаг.

Тэгэхээр бид Татварын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж ирсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс компанийн байр суурь бол 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг огт үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

НӨАТ, Татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гарчихаад байгаа. Хуулийнхан ямар заалтыг зөрчсөн гээд, та бүхэн ямар тайлбар хийгээд байгаа вэ?

-Монголд жил бүр хэдэн мянган татварын маргаан өрнөж байдаг. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ аж ахуйн нэгжүүдтэй холбоотой татварын маргаан тодорхой хугацаанд өрнөөд, шийдэгдээд явж байдаг. Татварын маргаан үүсэхэд Татварын маргаан таслах зөвлөлөөр орж шийдэгдэх учиртай. Энэ зөвлөлөөр асуудал шийдэгдэхгүй бол дараа нь захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг.Ер нь энэ төрлийн хэрэгт татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд акт үйлдэх ёстой байдаг. Тэр актыг үндэслээд татварын маргааныг эхлүүлнэ. Гэтэл манай компани дээр татварын шалгалтыг хийгээгүй. Яагаад татварын байгууллага нь шалгалт хийж акт үйлдээгүй байхад татварын хэрэг үүсч байгаа юм бэ гэдэг нэг асуудал босч байгааюм. Тэгэхээр Мөрдөн байцаах газар, прокурор бол татварын шалгалт хийх эрх бүхий субъект биш. Гэтэл ийм байгууллагууд хөндлөнгийн шинжээч томилсон гээд асуудлыг шүүрч аваад яваад байна. Хөндлөнгийн шинжээч гэдгийг би бие даасан дүн шинжилгээ хийх чадвартай байх ёстой гэж ойлгож байгаа. Жишээ нь хоёр хүн хоорондоо өр зээлийн асуудлаар маргахад өөрийнхөө дүүгээр маргааныг таслаад өгөөч гэж болохгүй биз дээ. Дүү нь мэдээж ахынхаа талд асуудлыг шийдэх нь ойлгомжтой. Үүнтэй ижил хэргийн нэхэмжлэгч тал болж байгаа төрийн байгууллагын буюу агентлагийн албан хаагчид нь хөндлөнгийн шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргах боломжгүй. Тиймдээ ч тухайн шинжээчдийг бие даасан дүгнэлт гаргасан гэж үзэж болохгүй юм. Ямар нэгэн байдлаар компанийг буруутгасан шийдвэрүүдийг өөрсдийн хөндлөнгийн бус нөхцөл байдалд уялдуулан гаргажээ л гэж харж байна.

Одоо яригдаад байгаа 35 тэрбум төгрөгийг татвараас ямар замаар бултуулсан гэж үзээд байгаа бол?

-Үндсэндээ 35 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь ханшийн зөрүүний бодит бус алдагдал. Монгол орон бол импортлогч. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас аж ахуйн нэгжүүд гадаадаас худалдан авалт хийхийн тулд гадаад валют ашигладаг. Ам.доллар, юань гэх мэтээр. Үүнийг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүд валютаа хөрөнгө оруулалт юм уу зээл хэлбэрээр олж ирдэг. Эсвэл өөрт байгаа төгрөгөө валютаар солино. Тэгэхээр ийм ханшийн зөрүү Саусгоби сэндс компани толгой компаниасаа авсан зээлийн бодит бус алдагдлыг үүсгэж байгаа. 2007-2011 оны хооронд мэдээж төгрөг байнга суларч ирсэн. Тэр хугацаанд бид баланс дээрээ төгрөгөөр бичдэг учраас ам.доллараар авсан зээлээ төгрөгт хөрвүүлээд тэр нь жил жилдээ төгрөг суларч байгаагаас шалтгаалаад өсч бичигддэг. Түүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Бид үүнийг нь гайхаж байгаа. Жишээ нь Чингис бондыг босгосноос хойш төгрөг суларсаар өнөөдөр бараг 300 тэрбум төгрөгийн зөрүү гарчихаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Чингис бондыг босгосон хүмүүсийг хуурамчаар өглөг өсгөсөн гээд барьж аваад шийтгэх үү.Монголын олон мянган аж ахуйн нэгжүүдийг мөн адил шийтгэх үү. Дээр нь бид хуулийн дагуу хоёр өөр төрлийн тайлан өгч байдаг. Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхүүгийн тайланг өгнө гэсэн үг. Санхүүгийн тайланг Монгол Улс олон улсын нябо бүртгэлийн стандартын дагуу хүлээж авдаг. Манайх хоёр тайланг бодох ёстой аргачлалаар бодож өгдөг. Аль аль нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу. Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр буруутгах гэж зүтгээд байгаа нь заавал буруутгах сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэдэг.Шинжээч нар компанийн анхан шатны баримтууд, тайлангуудыг судлахгүйгээр дүгнэлт гаргаж, буруутгах гэж зүтгээд байгаа нь сонирхлын зөрчил байна уу гэж хардахад хүргэж байна.

-25 тэрбум нь ийм учиртай байж. Тэгвэл үлдсэн 10 тэрбум төгрөгийг нь шинжээчид юу гэж үзээд та бүхэн ямар тайлбар хийж байгаа юм бэ?

-Манай компанийг бусдад бараа бүтээгдэхүүн үнэ төлбөргүй шилжүүлж татвараас зугтаасан гэж буруутгасан. Гэтэл энэ нь гал гарсны улмаас шатсан 17 тэрбум төгрөгний үнэ бүхий экскаватор, 1.5 тэрбум төгрөгийн орон нутгийн сургууль цэцэрлэг, малчдад өгсөн өвс, нүүрсний үнэ зэрэг байгууллагад өгсөн мөнгөн хандив байгаа. Шатсан экскаваторыг Авлигатай тэмцэх газраас газар дээр нь очиж үзээд лацадсан, манай уурхайн талбай дээр байж байгаа. Тэрийг бид ямар нэг байдлаар зарж үрээгүй, ашиглах боломжгүй. Гэтэл яагаад НӨАТ ногдуулж, бид түүнийг төлөх ёстой вэ гэж. Энэ мэтээр элэгдэлд орж балансаас хасагдсан дугуйнууд бас байна.

Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтаа дэмжлэг үзүүлэх нь бараг ёс болоод хэвшчихлээ. Сургууль, цэцэрлэг, зам, зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байдаг. Үүнтэй ижлээр бид Гурвантэс суманд багагүй ажил хийж өгсний дотор цэцэрлэг барьж өгсөн. Энэ бүхэн дээр буюу хандиваас хүртэл татвар авах тухай асуудал тавиад байгаа. Бид үүнийг нь сайн ойлгохгүй л байна. Тиймдээ ч бид болон манайд хөндлөнгийн аудит хийдэг олон улсын аудитын байгууллагууд ямар ч төрлийн татварыг нэмж төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Анх авлига өгсөн гэд­гээр эхэлсэн энэ хэ­рэг яагаад сүүлд нь татва­раас зайлхийсэн гэдэг зүйлчлэлээр ял онооход хүргэв. Цаана нь ашиг со­нир­хол нуугдаж байна уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч энэ асуудал авлигын хэргээр анх төрийн албан хаагчид шалгагдахад хэд хэдэн компанийг татан оролцуулж байсан юм билээ. Тэр нь явцдаа нотлогдоогүй бөгөөд харин ч төрийн албан хаагчид албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж компаниудыг дарамталсан нь нотлогдсон. Энэ нь явсаар мөнгө угаасан гэгдсэн бол мөнгөний хэмжээ нь улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцүү хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгээд тэр нь яваандаа 400 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байхад 300 гаруй тэрбум төгрөгийн татвар авах тухай асуудал болсныг би ойлгодоггүй. Яагаад ингэж урт хугацаанд шалгагдсан юм, гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг мэргэжлийн битгий хэл энгийн хүн ойлгохоор байхад шийтгэж байгаа нь гайхашруулж байна.

Ер нь гурван жилийн явцад ойлголцох боломж гараагүй юм уу?

-Бид өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай нь хэн ямар материал хүснэ түүнийг нь өгөөд хамтарч ажиллаад л яваад байсан. Бид татварын шалгалт хийгээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Актаа өгчихвөл маргах үндэс нь тогтоно гэдгийг ярьсан. Гэтэл энэ хүсэлтэд татварынхан “Мөрдөн байцаалт хийгдэж байгаа учраас бид татварын шалгалт хийхгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Бид үүнийг нь гайхаад л байгаа. Мөрдөн байцаалт явагдах татварын шалгалт хийх хоёр хоорондоо ямар хамаатай юм. Өөр өөрсдийнхөө ажлыг л хийж байна гэсэн үг биз дээ.

Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн асуудлыг та гайхаж байгаа ч шүүхийн шийдвэр нэгэнт гарчихлаа. Танай компанид ажиллаж байсан гурван ч хүн ял сонсч танай компани 35 тэрбум төгрөгийн татварыг төлөх шийдвэр хүчин төгөлдөр болсон?

-Бид урт хугацаанд энэ байр сууриа илэрхийлж ирсэн дээ. “Монголын хууль тогтоомж, процессийн дагуу энэ асуудал явах ёстой. Та бүхний яриад байгаа нөхөн татварыг чинь та нар тогтоодог юм биш. Татварын мэргэжлийн байгууллага нь тогтоох учиртай. Тиймээс Татварын ерөнхий газар нь шалгаад асуудал байвал акт тавих ёстой. Процессийн дагуу асуудал явсангүй. Хөнд­лөнгийн гэсэн нэртэй хөндлөнгийн бус шинжээч­дийн тавь­сан дүгнэлтүүд л бий” гэж. Татварын хэрэг захиргааны журмаар бү­рэн шийд­вэрлэгддэг. Ийм асуудлыг зориудаар хүндрүүлээд эрүү­гийн хэрэг болгон гадаадын гурван иргэнийг хорьж байгаа нь маш харамсалтай. 2011 оны сүүлийн хагаст Жастин Капла 6 сар, Кажуком 4 сар ажилласан хүмүүс. Тэр хүмүүсийн ажиллаж байгаагүй хугацааны асуудлыг энэ хүмүүст зориудаар холбож байгаа юм. Ер нь ийм хэргээр, Эрүүгийн хуулийн 166-гаар хоригдох ял авсан Монгол хүн байдагт ч би эргэлзэж байна. Гэтэл ийм хэрэг өдүүлсэн гэх ямар ч үндэслэл байхгүй байхад гадны гурван иргэнийг хорьчихлоо.

Зайлсхийсэн гэх 35 тэрбум төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байсан. Гэтэл яагаад нэгдүгээр сарын 30-нд гэнэт хорих ял сонсгосон юм бол?

-Прокурорын ялын санал торгох байсан юм билээ. Гэтэл ялын саналаа сүүлийн өдөр нь өөрчилсөн байна. Уг нь ялын саналыг эхнээс нь прокурор хэлээд өмгөөлөгчид түүнийг нь үгүйсгэж мэтгэлцдэг.

Мэтгэлцээний зарчмын бүх зүйл дуусчихсан хойно прокурор нь ялын саналаа өөрчлөхөөр бүх зүйл буруу болж байгаа юм. Үндсэндээ өмгөөлөгч талд хамгаалалт хийх боломжийг нь олголгүйгээр ялын саналаа өөрчлөөд түүн дээр нь шүүгч шийдвэрээ гаргасанд бид их гайхаж байгаа. Шүүх хурал хууль тогтоомжийнхоо дагуу явж чадсан уу гэдэг асуулт бас л урган гарч байна. Асуудлын талаар хуульчидтайгаа зөвлөлдөж байна. Тэгээд ч та бүхэн шүүхийн дүрс бичлэг, тэмдэглэлтэй өөрсдөө олж танилцаад энэ бүхэн үнэн эсэхийг харж болно.

Хоригдох ял сонссон гурван хүн танай компанид ажиллаж байсан. Өнөөдөр ямар хамааралтай байгаа вэ?

-Өнөөдөр бол шууд хамааралгүй. Тухайн үедээ гэрээгээр манайд ажиллаж байсан. Гурвуулаа гадаадын иргэн. Нэг нь 2007-2011 оныг хүртэл, нөгөө хоёр нь 2011 оны дундаас эцэс хүртэл ажиллаж байсан.

Эдгээр хүмүүсийн намтар хэр цэвэр вэ. Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлж байсан нөхөд юм биш биз?

-Тийм зүйл байхгүй. Санхүүгийн хоёр мэргэжилтэн нь Филиппин улсын иргэн. Тэд нутагтаа нэр хүндтэй олон улсын компаниудад мөн бусад улсад мэргэжлээрээ ажиллаж байсан. Саусгоби сэндсийн захирлаар ажиллаж байсан Америкийн иргэн бол уул уурхайн мэргэжилтэй. Мэргэжлээрээ Монголд 2003 оноос хойш ажиллаж байгаад 2011 оны сүүлээр компанийн захирлаар ажиллаж байсан. Бас л мэргэжлийн ур чадвартай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй ийм хүмүүс бий.

Энэ хүмүүс бараг гурван жил Монголын хилээр гарч чадсангүй?

-Өөрсдийнх нь ярьдагаар гурван зул сарын баярыг үдсэн. Энэ хугацаанд ар гэрт нь олон гачигдал гарсан. Ойр дотны хүмүүс нь нас барсан. Энэ бүхэн дээр гэртээ очиж чадаагүй. Тиймээс эдгээр хүмүүсийн хүний эрхийн асуудлыг нэлээд хөндөж байгаа. Бидний хэн нь ч байсан гадаадад явж байгаад хилээр нэвтрэх боломжгүй болчихсон үед ар гэрт нь асуудал гарахад очиж чадахгүй байна гэдэг хүний ёсонд хэцүү шүү дээ. Энэ хүмүүсийг эхлээд гэрч гэсэн статустайгаар мэдүүлэг авч байгаад яваандаа сэжигтэн болгож сүүлдээ ялтан болгоод хувиргачихлаа.

Жастин Капла гэдэг хүн нь Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн байна. Үнэхээр буруутай болоод өршөөл хүсээд байна уу гэж харахаар байгаа?

-Энэ гурван хүнийг гурвуулаа Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэсэн мэдээлэл авсан. Мэдээж хэнд ч гэсэн шоронд хоригдох хүсэл байхгүй. Тиймээс хурдан гарах нэг боломж нь Ерөнхийлөгчийн уучлал юм бол тийшээ хандах нь тэр хүмүүсийн хуулиар олгогдсон эрх л дээ. Нэгэнт анхан шатны шүүхээс шудрага бус шийдвэр гарсан тул дараагийн шатны шүүхэд итгэх итгэл тэдэнд үлдээгүй байлгүй дээ.

Энэ гурван хүн сүүлийн гурван жил Монголд яажшуухан амьдарч байсан юм бол. Жилийн ихэнх өдөрт мөрдөн байцаагчийн хаалгыг сахиж таарсан байх?

-Хоёр нь өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Цагдаагийн байгууллагад тогтмол бүртгүүлдэг. Мөн Улаанбаатараас гарах тохиолдолд хэлж бүртгүүлдэг. 60 настай хүн ч бий. Бие муутай ч хүн бий. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнгөрсөн гурван жил тийм амар байгаагүй нь ойлгомжтой.

Энэ нөхцөлд хүний эрх хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг юм бол?. Судалж үзсэн үү?

-Энэ талаар нарийн судалж мэдсэн зүйл надад байхгүй. Жастин Капла бол өөрийнхөө өмгөөлөгчдөөр дамжуулаад НҮБ-ын Хүний эрхийн комисст өргөдөл гаргасан юм билээ. Зүй бусаар урт хугацаанд хилийн хориг тогтоон хохироож байна гэж. Түүний дагуу НҮБ-ын холбогдох байгууллагаас асуулга ирүүлсэн гэсэн. Би түрүүн хэлсэн дээ. Татварын маргаан бизнес эрхэлж байгаа хүмүүст тохиолддог л зүйл. Түүний төлөө хүмүүсийн чөлөөтэй байх эрхийг нь ийм урт хугацаанд хязгаарлах шаардлага байсан уу гэдэг дээр л хүний эрхийн асуудал яригдаж байгаа байх. Үүний сацуу ар гэрт нь гачигдал тохиолдол гарах бүрт хилийн хоригоор цагдах шаардлага байсан уу гэх асуулт байгаа юм билээ.

Америкийн тал хүнийхээ хойноос нэлээд хөөцөлдөж байна. Танайхтай уулзав уу?

-Хоёр орон хоёулаа л хүнийхээ хойноос, иргэнийхээ эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа. Филиппинээс Монголд Элчин сайдын яам байхгүй. Бээжингээс консул нь ирж нэлээд хэд хоног ажилласан. Байнга л өмгөөлөгчтэй нь холбоотой байгаа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллээр бичсэн, сэтгэгдэл үлдээсэн, зарим хүмүүсийн ярьж байгааг сонсоход америкчууд даварч байна гэж байна. Аль ч улсын иргэн хаана ч асуудалд ороход иргэнийхээ эрхийг нь хамгаалахын төлөө явж байвал сайн биз дээ. Манайхнаас ч гэлээ гадаадад явж байгаад асуудалд орооцолдоход манай Элчингийнхэн эргэж тойроод, юу болов гээд явж байвал баярлана биз дээ. Тэр ажлаа хийснийх нь төлөө бид “Том гүрний дээрэнгүй зан гаргаж байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болов уу. Элчин сайд нь байна уу, консул нь ч байна уу “хүнийхээ асуудлыг шүүхээр үнэн зөв шийдүүлье” гэж ярьж байгаа болохоос “хүнээ авч явмаар байна. Энэ хэргийг танай шүүхээр шийдүүлэхгүй” гэж хэлээгүй шүү дээ. Бас “Шүүгчийн тавьсан асуултыг зөв ойлгосон уу. Өөрийнх нь хэлсэн үгийг зөв орчуулсан уу” гэдэг асуудлыг Элчин сайдын яамныхан нь хөндөж байгаа нь их энгийн ойлголт гэж бодож байгаа. Хүнлэг ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой байх ёстой. “Тэр эрх нь хангагдсан байна уу. Энэ хүнийг Монголын хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байна уу. Шүүх хур­лын явц хуулийнхаа хүрээнд процедурын дагуу явж чадаж байна уу” гэдэгт аль ч орны Элчин сайд санаа зовних нь энгийн л ойлголт. Тэгээд ч Америкийн ЭСЯ-ныхан өөрсдөө шүүх хуралд бүтэн 3 өдөр суусан бүхнийг харсан. Филиппин Улсын тухайд Элчин сайдын яамны зүгээс хэвлэлтэй ажиллаагүй. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэлээ ч ялгаагүй л хүмүүстэйгээ уулзаад, тэднийхээ эрхийг хангахаар явж байгаа. Түүнээс биш америкчууд нь давуу эрх эдэлж филиппинчүүд нь дутуу эрх эдлээд байгаа юм биш.

Одоо танай байгуул­лагын зүгээс хэрхэх бол. Мэдээж давж заалдах уу?

-Давж заалдана гэж байгаа. Ялын тогтоолоо хүлээж аваад удаагүй байна. Тогтоолтой танилцаад, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаад 14 хоногтоо багтаагаад давж заалдах өргөдлөө өгнө.

Компанийн эзэд гэдэг юм уу, хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа бол?

-Манай компанийн хувьд Канадад бүртгэлтэй. Монгол дахь Саусгоби сэндс гэдэг нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Сүүлийн үед хүмүүсийн дунд сонин үзэл газар авч байх шиг байна. “Гадаад хүмүүс Монголын баялгийг зөөж байна” гэж. Тэгэхээр зарим тоон дээр түшиглээд ярихад манай компанийн гадны хөрөнгө оруулагчид гээд байгаа хүмүүс 1.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шууд оруулчихсан. Энэ компани ажиллах хугацаандаа 1.2 их наяд төгрөгийн дотоод худалдан авалт хийсэн. Уул уурхайг дагасан олон бизнес байдаг даа. Тоног төхөөрөмжөөс эхлээд ажилчдын хувцас, хоол хүртэл. Уул уурхайн салбар Монголд хүчтэй хөгжиж байх үед буюу 2010-2011 онд шилдэг татвар төлөгч байсан. Үүний зэрэгцээ энэ компанид сайн үед 700 гаруй хүн ажиллаж байсан бол өнөөдөр 400 хүн хөдөлмөрлөж байна. Энэ компанийн ажилчин 400-гаар яригдаж байгаа ч харилцан хамааралтай байдаг бусад компаниудыг оруулж тоолбол хэдэн мянган айлын амьжиргаа Саусгоби сэндсийн үйл хэрэгтэй хамааралтай. Мэдээж энэ компанид хөрөнгөө оруулсан тэдгээрийг төлөөлсөн ТУЗ-ийн байр суурь тодорхой. “Бид ямар нэгэн хууль зөрчөөгүй л юм бол давж заалдах нь зүйтэй” гэж. Хууль зөрчөөгүй гэдгийг юунд үндэслэж хэлж байгаа вэ гэхээр жинхэнэ утгаараа хөндлөнгийн аудитын тайлагнасны дагуу. Энэ аудитын байгууллагууд яагаад худлаа ярихгүй вэ гэвэл тэдний бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагч мөнгөөр нь бизнес хийж байгаа менежментийн ажлыг дүгнүүлж өөрийнхөө мөнгийг зохистой зарцуулж байна уу гэдгийг шалгуулахын тулд тэднийг хөлсөлдөг. Хэрвээ энэ байгууллагууд худлаа хэлдэг бол тэднээр шалгуулах хүн олдохгүй. Нэг л худлаа дүн гаргадаг гэсэн муу нэрийг аудитын байгууллага зүүвэл дампуураад л алга болдог. Тэгэхээр аудиторуудын хоолоо олж иддэг хэрэгсэл нь аудит. Харин манайхны шинжээч гэж нэрлээд байгаа хүмүүсийн хоолоо олж иддэг арга нь аудит биш. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчдын хувьд хоолоо олж иддэг хүмүүс үнэн хэлэх үү, ямар нэгэн байдлаар томилогдсон хүмүүс үнэн хэлэх үү гэдэг асуултын хариулт ойлгомжтой байх. Урт хугацаанд энэ аргаар хоолоо олж идье гэсэн хүмүүс л үнэн хэлнэ биз дээ. Тиймээс манай компанийн дээд удирдлагууд нэгэнт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй юм чинь давж заалдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Энэ асуудлыг гадаад ертөнц ихээхэн сонирхож байгаа бололтой. Ер нь Монгол гэдэг орон гадны хөрөнгө оруулалт, гадаад иргэдэд халтай гэж бичиж, нийтлэгдээд байх шиг байна?

-Манай компани гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай ч 99 хувь нь монголчууд ажиллаж байна. Бид Монгол хүн байж Монголынхоо нэр хүндийг унагаах сонирхолгүй. Биднээс болж Монголын нэр хүнд унаж байна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Шалгагдаж байгаа хүмүүс гадаадын иргэд байж таарсан. Гадаадын иргэд мэдээж эрх ашгаа хамгаална. Тэдний ар гэрийнхэн хийгээд бүр Америкийн зарим мужийн сенаторууд нь иргэнийхээ эрхийг хамгаалахад ихэд анхаарч байна. Тэд асуудлыг илүү өргөн хүрээнд том тавцанд гаргаад тавьчихаж байгаа юм. Тиймээс дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Гадаад хүмүүсийг нь цагдахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэдэг аудитын дүгнэлт манай дотоодын шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөд байгаа учраас ямар зүйлд үндэслэж ял оноосон бэ гэдэгт эргэлзэж байна. Дэлхий дахинд итгэл үнэмшил төрүүлсэн нэр хүндтэй байгууллагын дүгнэлтэд итгэх үү, Монголд төрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхлын зөрчил бүхий янз бүрийн дүгнэлт гаргадаг шинжээчдийн дүгнэлтэд итгэх үү л гэсэн асуудал. Ийм учраас мэдээж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага сенсаци хөөж мэдээлж байгаа. Мэдээлэх эрх нь тэднийх. Энэ компанид хөрөнгө оруулагчид болоод хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн хаана ярилцлага өгөөд явах вэ гэдэг нь тэдний эрх чөлөөний асуудал байх. Манайх харин компанийнхаа байр сууринаас нэг мэдэгдэл гаргасан. Өнөөдрийг хүртэл би гадны хэвлэлд ярилцлага өгөөгүй. Монголынхоо хэвлэлд энэ тухай ярих бодолтой байсан учраас “Өдрийн сонин”-д энэ бүхнийг ярьж байна.

Гол нь хөрөнгө оруулалт буурсан, хямарсан энэ үед шүүхийн шийдвэр ухаалаг бус байлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа юм л даа?

-Анх Монголын Эзэнт гүр­ний үед Pax Mongolica тогтоож эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр гадны худалдаачид хэнээс ч айхгүйгээр, манайхаас өгсөн пайзаар худалдаа наймаагаа чөлөөтэй эрхлээд явж байсан. Үүнийг анх монголчууд санаачилсны ачаар өрнө, дорнын хооронд технологийн нээлт ололтууд чөлөөтэй солилцогдож дэлхий дахины хөгжил хурдассан гэж ярьдаг. Гэтэл чөлөөт худалдааг мянгаад жилийн тэртээ эхлүүлж, зарлан тунхаглаж байсан монголчууд өнөөдөр яг эсрэгээрээ гадны хөрөнгө оруулагчдаа хөөж тууж байгаа нь их харамсалтай юм даа.

Танай компанийг авах цаад санаатай явуулга үргэлжлээд байна гэх таамаглал ч гарах болж?

-Би “Саусгоби сэндс”-ийн захирлаар 2013 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод жилийн дараа 2013 оноос үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг юм. Миний гол зорилго бол компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахадтөвлөрч ажилласан. Би улстөрч биш. Ямар нэг улс төрийн ажил хийж үзээгүй. Цэвэр бизнесийн чиглэлээр Монголын томоохон компаниудад ажиллаж байсан. Нүүрсний салбар ихээхэн хүндэрсэн учраас компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой явуулахыг эрмэлзэж ирлээ. Толгой компани болох “Саусгоби Ресурс” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогдлоо. Тэр цагаас хойш энэ ажилд илүү их оролцоод эхэлж байна. Хэн юу сонирхож байсан бэ гэдгийг хэрэг анх үүсэхэд байгаагүй учраас хэлэхэд хэцүү. Өнөөдрөөс хараад дүгнэхэд ч бас хэцүү. Гэхдээ миний бодлоор энэ хувь хүмүүсийн хоорондын асуудал байна уу, бизнес хоорондын асуудал байна уу тэр нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол Монгол Улсын шүүх яаж ажиллах ёстой юм бэ. Үнэхээр дотоодын болон гадаадын иргэдэд тэгш хандаж чадаж байгаа юу. Гадаадын компани, дотоодын компанийн хэргийг шударгаар шүүж чадаж байна уу гэдэг асуудал л их чухал. Тийм ч учраас шинжээчид гээд байгаа хүмүүсийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа. Яагаад ийм дүгнэлт гаргачихав. Миний өмнө байгаа асуудал бол ерөөсөө л энэ. 35 тэрбум төгрөгийн зохиомол дүнгийн асуудлыг шийдэх нь илүү чухал байна.

Асуудал урт хугацаанд үргэлжилсэн, бас ч үгүй ихээхэн ээдрээтэй байна. Шат шатны шүүх одоогийн ялын нөхцөлийг хэвээр нь үлдээгээд байх юм биш биз?

-Бид энэ асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэхийн тулд эцсийг нь хүртэл явна. Давж заалдах хоёр шат байна. Тэнд үнэн мөн нь тогтоогддоггүй юм бол хаана ярих боломжтой байна тийшээ хандах байх.

Маргааны тухайд ийм тайлбартай байна. Тэгвэл эцэст нь нэг зүйлийг тодруулахад хямарсан, эрдэс баялгийн үнэ буурсан энэ үед Саусгоби сэндс компанийн нөхцөл байдал ямар байна?

-2007 оноос өнөөдрийг хүртэл 700 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд 200 тэрбум төгрөгийн татварыг улсын орлогод төвлөрүүлсэн. Бидний төлсөн татвараар бүрэн хэмжээний 200 сургууль барьж болох мөнгө. Хэлсэнчлэн 1.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн байдаг. Энэ нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулсан гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ найман тэрбум төгрөгийн хандив, хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд зориулсан байдаг. Нүүрс олборлож, борлуулж байгаа хэмжээгээрээ ч тэр эхний 4 уул уурхайн компанийн нэг юм. 2013 онд манайх 3.2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 2.1 сая тонн болж буурсан. Гэхдээ үйл ажиллагаагаа тасалдуулаагүй. Харин өнөө жил төлөвлөгөө зорилтоо өндөр тавиад ажиллаж байна. Ингээд эцэст нь нэг зүйлийг хэлэхэд нэгэнт 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулчихсан байж юу гэж л хууль зөрчих бодол өвөрлөх вэ дээ. Тийм тэнэг хүн байхгүй биз дээ.

Л.МӨНХТӨР

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Түүхэн хэлэлцээрийн эргэн тойронд…

-ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЯПОНД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд болоод анхны айлчлалаа Япон улсад хийж байгаа нь энэ юм. Хэдийгээр хоёрхон өдрийн хугацаанд цаг давчуу байсан ч чамгүй олон уулзалтуудыг хийж, түүхэн томоохон хэлэлцээр дээр үзэглэж, гэрээ байгуулаад ирсэн. Түүний айлчлалын эргэн тойронд чухам ямар яриа болж, юу өрнөснийг тоймлон хүргэе.

МОНГОЛТОЙ ХОЛБООТОЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙДАД БАРААЛХАВ

Ерөнхий сайд Японд газардсаныхаа дараа эхний уулзалтаа “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаитай хийсэн юм. Азидаа нэртэй компанид тооцогддог “Номура холдингс” нь олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани гэгддэг билээ. Бас Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог газар аж. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийлж байлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжима Ч.Сайханбилэг сайдад бараалхсан бөгөөд Ерөнхий сайд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэг рүүгээ чиглэсэн зээл тусламж хэлбэртэй явж ирснийг цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа болгоно гэж хэлсэн нь дандаа мөнгө гаргаж байдаг банкны удирдлагад таатай сонсогдсон биз ээ. 2013 оны зургадугаар сард манайх анх удаа JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингэснээр Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд найман тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгох үүрэг бидэнд байгаа юм. Ерөнхий сайд төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд К.Яжима туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн хэмээсэн юм. Ерөнхий сайдтай уулзсан эрхмүүдээс анхаарал татаж байсан нэгэн бол Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура байлаа. Энэ корпораци нь 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа чухам манайхныг япон, монгол төрийн далбаатай тусламжийн хуурай сүүг ууж байхаас л Монголтой холбогдсон байгууллага ажээ. Тэд 1995 онд “Мобиком” компанийг байгуулахад хөрөнгө оруулж яах аргагүй манай анхдагч гадаад хөрөнгө оруулагчдын нэг болсон. Харин одоо Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд багтсан гурвын нэг болж байгаа билээ. Тэд хоёр гол чиглэлд ажиллана гэдгийг К.Накамура сан онцолж байсан бөгөөд хөрөнгө оруулалт болон маркетинг дээр голлон ажиллах юм байна.

Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки тэргүүтэй Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзсан арга хэмжээ элэгсэг дотно болсон. Эртний хийц, өнгө будаг гүн шингэсэн модон хана, тавилгатай өрөөндөө нас өндөр ч хөнгөн шингэн алхаатай парламентчид залуу Ерөнхий сайдыг хүлээж авсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг чухалчлан тэмдэглээд Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг хэлсэн билээ. Энэ үеэр тэд ярианы үеэр төлөвлөөгүй байсан визний асуудлыг хүртэл хөндсөн бөгөөд нааштай хариу удахгүй сонстох биз ээ.

АНХ УДАА МОНГОЛ ХҮН УЛСАА ТӨЛӨӨЛЖ СОЁЛЫН ЭЛЧ БОЛОВ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалынхаа үеэр Японы сумо бөхийн түүхэн амжилтыг эвдэж, 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын соёлын элчээр томилж, дипломат паспорт олгосон арга хэмжээ болсон юм. Их аварга, өөрийг нь дагалдан явах даруухан япон эхнэрээ дагуулан иржээ. Монгол Улсын соёлын элч нь Монголыг хилийн чинадад сурталчлах, соёл, урлаг түүх спорт цаашлаад хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг аж. Урьд өмнө нь гадны улс орнуудын иргэдэд энэ элчийн өргөмжлөлийг хүртээж байсан бол анх удаа монгол хүн энэ үүргийг хүлээж байна. Хакухо М.Даваажаргал “Эх орныхоо соёлын элчээр томилогдсондоо баяртай байна. Улам сайн барилдаж, амжилтаа ахиулна. Би азтай хүн. Монгол Улсад төрж, өсч, Япон улсад өдий зэрэгтэй яваа минь сүмод барилдаж байгаагийн минь хүч юм. Хоёр орныхоо гүүр болж, зүтгэх болно” гэж хэлж байлаа. Бас их аваргад дипломат паспорт олгохдоо манайхан 33 тоотыг олгосон нь дээд амжилт эвдсэн түрүүний тоо нь ажээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮРТГҮҮЛСНЭЭСЭЭ ОЛНООР ИРЖ, АСУУЛТ ТАВИХ ХҮМҮҮС ДУУССАНГҮЙ

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) Токио дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд Монголыг сонирхож байгаа байгууллагуудаас 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй хүн иржээ. Өөрөөр хэлбэл, Монголыг тэд сонирхож байна гэсэн үг. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж, нээлттэй ажиллахаа илэрхийлсэн Засаглалын тэргүүн ирж байгаа болохоор тэгж олноор ирсэн байж ч болох юм. Бас Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал салбар салбарынхаа тухай мэдээлэл өгсөн нь тэдэнд таатай санагдаж байх шиг анзаарагдсан. Манайхан яг таг, тоо хэмжээ, цаг хугацаа мэдэх дуртай япончуудын чанарт тааруулж мэдээллээ өгөхөө бас тооцоолжээ. Бас Ерөнхий сайд нь суугаад ярихаар арын хүмүүст харагдахгүй байж магад гээд өөрөө босч ирээд энгийнээр асуудлаа ярьж, асуултад хариулсан нь тэдэнд ойр санагдсан байх. Тэрбээр “Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа.Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улс төрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ” гэж Ерөнхий сайд хэлсэн. Түүнээс асуулт асуух гэсэн хүмүүс дуусахгүй байсан бөгөөд япончууд цаг барихдаа яс хүмүүс тул товлосон цаг дуусахад хаагаад л орхисон.

МОНГОЛЧУУД ТҮҮХЭН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЯПОНЧУУДТАЙ ХИЙЛЭЭ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болчихоод хийсэн мэдэгдэлдээ “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэсэнчлэн энэ удаагийн айлчлалын гол цөм, үр дүн, зорилго нь нэг хоёр гуравтаа бүгд Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байлаа. Түүнтэй энэ гэрээг албажуулж, гарын үсэг зурсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манай улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сумогийн их аварга Хакухо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм. Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна” хэмээсэн билээ. Үнэхээр гурван жил гаруйн хугацаанд хоёр талаас маш олон удаагийн уулзалт хэлцээ, маш олон хүний хүч хөдөлмөр гарсны үр дүнд энэ гэрээ байгуулагдаж байгаа юм. Манай улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр нь энэ бөгөөд япончууд биднээс өмнө 14 оронтой байгуулжээ. Энэ гэрээний гол мөн чанар бол хоёр тал харилцан ашигтайгаар эдийн засгийн хувьд түншлэх явдал гэж ойлгож болох юм. Үнэндээ гурван сая хүнтэй Монгол тэдний хувьд анхаарал татаж чадах хамтрагч мөн болов уу. Монголын хүн ам бол Токиогийн нэг дүүрэг л гэсэн үг. Манай бүтэн жилийн дотоодын нэг бүтээгдэхүүнтэй тэнцэх хөрөнгийг Япон 16 цагийн дотор бүтээж байдаг гэсэн тооцоо бий. 365 хоногийн 16 өдөр биш. 365 хоногийн нэг өдрийнх нь 16 цаг шүү дээ. Гэхдээ Монголд ашигт малмтал бий, япончуудад түүнийг боловсруулах технологи, мэргэжилтэн бас хөрөнгө оруулагчид байгаа. Харилцан нэг нэгнээ нөхөж харилцан ашигтай байх нь энэ гэрээний зорилго. Монголтой хийх энэ гэрээг Японы талаас анх удаа улстөрч хүн удирдсан гэнэ лээ. Өмнө нь дандаа эдийн засаг, бизнесийн хүн гарддаг байж. Тэгэхээр энэ гэрээ тэдний хувьд улс төрийн шийдвэр болж байгаа хэрэг.

Тус хэлэлцээр нь нийт 1200 гаруй хуудастай маш том гэрээ. Өргөн агуулга, үйл явдлыг багтаасан гэж болно. Гэхдээ манайхны хувьд хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйл бол гаалийн татваргүй болох явдал. Ингээд сонсохоор манайханд машин татваргүй орж ирэх нь гэж хамгийн түрүүнд бодогдоно. Бас зарим хүмүүс япончууд манайханд хуучин машинаа шахах гэж л энэ гэрээг байгуулж байгаа гэж мэдэмхийрч байгаа нь ч дуулдаж байна. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Үнэндээ япончуудын хувьд шинэ машинаа зарах нь л хэрэгтэй болохоос хуучин машинаа зарах тэдэнд асуудал биш. Өөрөөр хэлбэл тэд шинийг зарж ашгаа олдгоос хуучнаа зарж ашиг олно гэж байхгүй. Тэр ашиг нь машины наймаа хийдэг пакистан, монголчуудад ирэхээс Японд хамаагүй л дээ. Үнэхээр хүмүүсийн хүлээж байгаа шиг машины үнэ буурах болов уу. Машинууд гаалийн татваргүй болох ч онцгой албан татвар байна гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Арваас дээш жил ашигласан хуучин машин бас 4500-гаас дээш мотортой үнэтэй машинууд татвараас чөлөөлөгдөхгүй. Харин жирийн иргэдийн унадаг дундаж машинууд хямдарна л гэсэн үг. Энэ хэлэлцээрийг Японтой хийсэн улс орнуудад хөрөнгө оруулалт дандаа нэмэгдэж байсан юм байна. Хамгийн их нь Мехсикт 70 хувиар хөрөнгө оруулалт нь нэмэгджээ. Харин бага нь Сингапурт 4 хувь гэнэ. Мехсикийн хувьд япончууд машины үйлдвэрээ тэнд байгуулжээ. Мехсикчүүдийн хувьд гаднаас хөрөнгө оруулалт орж ирнэ, хүмүүс нь ажилтай, машин хийж чаддаг болно харин япончууд Хойд Америк руу машин нийлүүлэхэд ойрхон, бас элдэв татварын хувьд давуу талтай. Энэ мэтээр харилцан ашигтай явж ирдэг гээд ойлгочиход болох бололтой. Өөрөөр хэлбэл, Японы аж үйлдвэрийн олон улсын сүлжээнд орж байна. Нэг газарт нэг үйлдвэр биш, нэг бүтээгдэхүүний эд хэрэгслийг нь үйлдвэрлэх газар нэг орон болдог учраас бүх орнууд нь нийлээд хамтын эрх ашигтай болж байна гэж ч болох юм. Тоглоомын нэгдсэн дүрэм бий болж байна. Ланд круйзер машины шилийг нь Малайзид, чийдэнг нь Филиппинд үйлдвэрлээд явчихаж байгаа хэрэг шүү дээ.

Манайх шиг байгаагаа түүхий эдээр нь гаргаж байсан оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах ухаанд суралцахад том боломж гарна. Бас хүнийг нь сургаад өгөх нь давуу тал. Япончуудын хувьд технологио харамгүй хуваалцдагаараа алдартай. Солонгосын Хюьндэй бол Тоёото, Самсунг бол Тошиба гэдэг шүү дээ. Тэгж л үлдээж чаддаг байна. Тэгэхээр энэ хэлэлцээрийг Японтой баталсан нь бидэнд том боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын чуулганаар манайх энэ хэлэлцээрээ соёрхон батлах асуудлаа шийдэнэ. Харин япончуудын хувьд дарааллын хувьд ямар байдаг юм, ойрын үед шийдэх биз ээ. Гэхдээ тэдний парламентад Ш.Абэгийн нам олонхи байгаа учраас асуудал гарахгүй нь ойлгомжтой. Гишүүд гэснээс энэ хэлэлцээрийн төсөл яригдаж байхад манай түшээд төслийг сошиалаар сонирхуулах маягаар тавьчихсан асуудал гарч байсан. Японы хувьд ганц манайтай биш хэд хэдэн оронтой хэлэлцээрийн төслийн хэмжээнд явж байсан учраас монголчууд хачин хүмүүс гэж бодсон л байж таарна. Учир нь манайх шиг зөөлөн, хөнгөлөлттэй нөхцөлийг тэр бүр улсуудад хангаагүй л байгаа. Юутай ч монголчууд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрээ Японтой байгуулж чадлаа. Одоо албан ёсных болчихвол. Энэхүү хэлэлцээр нь бидэнд, хоёр талд өгөөжөө өгч, дараа дараагийн ашигтай хэлэлцээрүүдийг ч байгуулж, дэлхийн эдийн засгийн сүлжээний нэгээхэн хэсэг болох эхлэл нь амжилттай байх болтугай гэж хүсэх л үлдлээ.

Токио-Улаанбаатар

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Бээжин+20”-ийн өмнө бид юуг ярив? Хоёр

Үнэндээ монголчуудын хувьд гадаадын тэр дундаа Ази, Номхон далайн орнуудад тулгамдаад буй хүйсийн тэгш байдал алдагдсан зарим байдал бидэнд огтоос сонин биш байдаг. Бид дайн, мөргөлдөөнтэй орнуудад эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болдог зовлонг огт мэдэхгүй хүмүүс. Өнгөрөгч оны сүүлээр Тайландын Бангкок хотноо “Бээжин+20″-ийг хэрхэн сурвалжлах, жендерийн тэгш байдлын талаар ойлголт өгөх, охид залуучуудын асуудалд яаж хандах талаар сэтгүүлчдэд зориулан сургалтын үеэр олон сонин хүмүүстэй уулзуулж, амьдрал дээр асуудал ямар байгааг тэднээр яриулахаар хөтөлбөртөө тусгасан байсан билээ. Дайны хохирогч болсон Папуа Нью Гвинейгээс ирсэн эмэгтэйн зовлон бэрхшээлийн талаар монголчууд тэр бүр ойлгож чадахгүй болов уу. Яагаад гэвэл бид тийм зовлонг туулж үзээгүй учраас сэтгэлд буух ч үгүй. Гэтэл сүүлийн үед дайн болоосой гэж хөөрөлөгсөд манайд цөөнгүй болсон нь анзаарагдана. Дайнтай газрын зовлонг мэдрээгүй, дайн дажны ланчигийг гадарлаагүй хүмүүс ингэж гэнэхэн санадаг биз ээ. Гэтэл дайн мөргөлдөөн болоход хамгийн түрүүнд хүүхдүүд, эмэгтэйчүүд золиос болдог гунигтай түүхийг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих эмэгтэйн шимшрэм ярианаас ойлгосон билээ. Бас бидний мэдэхгүй асуудлууд ч Азийн бусад орнуудад асуудал болсоор байна. Лалын шашинтай орнуудад тухайлбал Индонезид гэрлээгүй эмэгтэй эмийн сангаас жирэмснээс хамгаалах эм худалдан авах эрх байхгүй. Гэр бүлгүй байж ийм алхам хийж болохгүй гэж шашны хатуу зарчим үйлчилдэг нь нөгөө талдаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн охидоо бага насанд нь гэрлүүлдэг явдал Зүүн Өмнөд Азийн орнуудад их. Өмнөд Америкийн орнуудад 6.6 сая, Африкийн орнуудад 14 сая, Азийн орнуудад 31 сая гэсэн тоог харж болно. Азид Бангладеш, Энэтхэг, Непал, Афганистан толгой цохиж байх жишээтэй. Харин энэ судалгаан дээр араасаа Мальдив, Монгол, Вьетнам харагдана. Ер нь охид, эмэгтэйчүүдийн хувьд асуудал болж яригддаг олон сэдэв дээр манайх эерэг үзүүлэлттэй байдгийг онцлохоос аргагүй. Бага дунд боловсрол эзэмшиж буй байдлаараа Афганистаны охид, хөвгүүдийн харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэтхэг, Пакистан, Иранд хөвгүүд нь сургуульд олноор хамрагддаг бол Тайланд, Самоа, Фижи, Монголд охид нь давуу байх жишээтэй. Охид, хөвгүүдийн бага дунд боловсрол эзэмшиж буй үзүүлэлтээр Фижи, Шри Ланка, Монгол гээд тэргүүлж байгаа нь харагдана. Дэлхийн долоон тэрбум хүний 1,8 тэрбум нь залуучууд, тэрхүү 1,8 тэрбумын 1,1 тэрбум нь Ази, Номхон далайн орнуудад амьдарч байгаа гэхээр энэ бүс нутгийнхан анхаарахаас аргагүй сэдвүүд олонтой. Бээжингийн тунхаглалд багтсан 12 тулгуур зарчмын асуудлын нэг бол эмэгтэйчүүд ба хэвлэл мэдээлэл. Ази, Номхон далайн орнуудад сэтгүүлчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд, хэвлэлийн компаниудын нэг нь эмэгтэй удирдагч эрхлэгчтэй ажээ. Харин манайд энэ салбарт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэй, өдөр тутмын сонинуудын бараг 90 орчим хувь нь эмэгтэй эрхлэгчтэй гэгддэг. Гэхдээ бидэнд бусадтай адил хүйсийн тэгш байдал алдагдсан, охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчигдөж байдаг асуудлууд ч бий. Эмэгтэйчүүдийн 70 хувь нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байдаг гэлцдэг. Энэ нь цохиж зодох, бэлгийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны, эдийн засгийн гээд бүх төрлийн хүчирхийллийн хэлбэр л дээ. Бас хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хөвгүүд өсч том болоод хүчирхийлэл үйлдэх нь ийм гэр бүлд өсөөгүй хөвгүүдтэй харьцуулахад гурав дахин их байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тэгэхээр эцэг, эхчүүдийн харилцаа, гэр бүлийн амьдрал ирээдүйн хүчирхийлэгчийг бий болгоход шууд нөлөөлдөг гэсэн үг. Дэлхийн долоон тэрбум хүнээс 600 сая гаруй хүн нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй улс орнуудад амьдардаг гэсэн тоог тэр үеэр ихээр онцолж байсан билээ. Харин тэдний гурван сая нь бид, манай Монгол Улс болж байгаа нь харамсалтай юм. Өмнөх Хууль зүйн сайдын үед нэлээд идэвхтэй яригдаж байсан энэ асуудлыг хуульчлах явдал мартагдаад өнгөрөхгүй байгаасай гэж бодогдож байсныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Тэнд яригдаж байсан сэдвийн нэг бол яах аргагүй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Гэхдээ жендер судлаачдын онцолдог гол зүйл бол үүнд хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийг олноор оруулах гээд байгаа хэрэг бус харин хоёр хүйсийн оролцоо аливаад тэгш байх нь хөгжлийн тулгуур, сайн засаглал байгуулах эхлэл болно хэмээдэг билээ. Ази, Номхон далайн 17 оронд эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо 10 хувиас бага, 20 оронд 10-20 хувьтай байгаа гэгддэг. Тэгэхээр бид өмнөх парламентад гурван хувьтай байснаа энэ парламентад 14 хувь болж өссөн болохоор арай дээр хувьтай хорин орны нэг болж чадсан гэсэн үг л дээ. Харин ажил эрхлэлтийн хувьд манай бүс нутагт ажилтай байгаа хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад 100:62 байдаг аж. Мэдээж 100 эрэгтэй ажилтай байхад 62 эмэгтэй ажилтай байна гэж ойлгож болно. Энэ мэт Ази, Номхон далайн орнуудад хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах тухайд хийх олон ажлууд байгааг “Бээжин+20″-ийн өмнөх уулзалтаараа орон орны төр засаг, нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид ярилцсан билээ. 2015 он бол одоогоос 20 жилийн өмнө цуглацгааж, Бээжингийн тунхаглалыг гаргаж байсан он цагаас байдал юугаар өөр болсныг хамтдаа хэлэлцэж, дараагийн 20 жилийн үйл ажиллагаагаа тодорхойлох түүхэн цаг хугацаа юм. Үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, нийгэмд тэдний оролцоог нэмэгдүүлэхээр эхэлж байсан 100 жилийн өмнөх тэмцэлтэй харьцуулахад байдал тун өөр болсон. Бас сүүлийн 20 жил хамгийн ололттой цаг хугацаа байсныг онцлохоос аргагүй. Харин энэ ололт бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэг-тэйчүүдийн байгууллага, ийм чиглэлд ажилладаг төрийн бус байгууллагуудын олон сая хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн билээ. Монголд ч энэ чиглэлд ажилладаг олон байгууллага байдгийн нэг нь Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС). Энэ байгууллага бол Монголын хамгийн анхны эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага гэдгээр нь хүмүүс мэддэг. Бас “Батзаяа ба түүний нөхөд”-ийн хошин шогт эхнэр нь нэлээд шударга зүйл яриад асуудалд шүүмжлэлтэй хандаж байхыг хараад нөхөр нь “Чи чинь одоо хаашаа юм бэ, ЛЭОС-ын гишүүн болчихсон юм уу” гэж хэлж байгаагаар гардаг. Үүнээс үзэхэд тухайн цаг үедээ яах ч аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байсныг мэдэж болдог. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд ЛЭОС-ийн таван эмэгтэй нь гишүүнээр сонгогдож байсан гэхээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг гаргаж ирэхэд онцгой үүрэг хүлээж байсан нь харагддаг. Хамгийн олон жил тууштай ажиллаж буй энэ байгууллагынхан НҮБ-ын UNWOMAN, Жендерийн тэгш байдлын сантай хамтран 2013-2015 онуудад “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэг-жүүлж байгаа билээ. Тэд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх сургалтад хамрагдах сэтгүүлчийн сонгон шалгаруулалт зарласнаар миний бие Ази, Номхон далайн 20 орны 27 сэтгүүлчийг хамарсан уг сургалтад хамрагдах боломжтой болсон юм. Энэ боломжийг олгосон тус байгууллагынханд талархаж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар уужим юм бэ, НАРАН ХҮНИЙ СЭТГЭЛ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал ахын маань “Монголын тал нутаг” дууны шүлэгт “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл” гэсэн сайхан мөрүүд бий. Яг энэ гайхалтай бахдал шигээр “Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл” гэж шагширмаар санагдаад байх юм. Мэдээж, энэ нь сүүлийн үед шуугиан болж байгаа Японы сумо дахь үе, үеийн дээд амжилтуудыг монгол хөвгүүн эвдсэн тэр үйл явдлаас үүдэлтэй хэрэг л дээ.

Японы түүхэнд Тайхо аваргын тамгалсан 32 удаагийн түрүүг Монголын Хакухо эвдэж 33 болголоо. Одоо цаана нь байгаа цөөхөн хэдэн рекордыг монголчууд ч эвдэнэ гээд уухайлж, буухиалж байна. Мэргэжлийн сумогийн сүүлийн дөрвөн их аварга нь монгол хүн болчихсон. Японы бөхчүүдээс хамгийн сүүлд Ваканохана 1998 онд 66 дахь их аварга болж өөрөөс нь дөрвөн жилийн өмнө энэ цолыг хүртэж байсан дүүтэйгээ 2003 оныг хүртэл барилдаж байсан билээ. Тэдэнтэй зэрэгцэн Хавай арлын бөхчүүд сумог эзэгнэж дараагаас нь монголчууд “азаргалж” эхэлснээс хойш Японы бөхчүүдэд өөрсдийн үндэсний спортдоо ид хаваа гайхуулах боломж ер гарсангүй. Одоо Мэргэжлийн сумод 67 дахь аварга нь Хавайн Мусашимару тэгээд 68, 69, 70, 71 гээд бүгд монголчууд байна. Нийт барилдаж байгаа бөхчүүдийн бараг тэн хагас нь Монголын бөхчүүд байгаа гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ сумогийн соёлыг харийнхан тэр дундаа монголчууд эвдэж байна.

Монгол хүнийхээ сэтгэлгээгээр япончуудын байр суурин дээр өөрсдийгөө тавиад үзвэл үнэндээ Наран улсын иргэдийг ойлгож чадахгүй юм аа. Хэрэв бидний үндэсний спортоор тэр дундаа монгол бөхийн дэвжээн дээр маань япончууд ирээд томорч байвал бид яах бол. Япон байтугай тува, өвөрмонгол бөх ирээд ганц даваадахвал бөөн юм болцгоодог биз дээ. Хил даваад ирэх байтугай зүлэг ногоон дэвжээн дээрээ халх, ойрадаараа хуваагдчихдаг. Сүүлийн жилүүдэд Увсын бөх баараггүй түрүүлэх боллоо. Увсын тэр хотгороос хэн нь ч байж магад, түрүүлэх бөх л тодроод байна гэж магтаал матаасын хооронд ярилцацгаана. Баруун аймгийн бөх түрүүллээ, манай нутгаас байдаггүй, эсвэл манайхан тэдэн начин, харцагатай одтой барилдлаа гээд сүйд болохыг нь харахаар хөмөрсөн тогоон дотроо мөн чиг хэцүү амьдарч байгаа маань батлагдана. Үнэндээ ч бид тэнгэр шиг том газартай мөртлөө, тогоондоо багталцаж ядсан давчуу сэтгэлгээндамьдарсаар ирлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн ярилцлагадаа “Гадныхан манай зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна. Японд анх жижигхэн шар хүү очиж байсан Хакухо сумо бөхөөр хичээллэн бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Япончууд 33 түрүү авчихаад байхад нь яаж хандаж байна. Үндэсний үзэл байх ёстой. Гэхдээ манайхны гаргадаг шиг биш. Хүчтэй монгол хүн болох ёстой” хэмээн онцолсон. Үнэхээр бид харь элгийн гэж алаг зөрүү үздэггүй, элэгсэг зочломтгой гэдгээрээ алдартай үндэстэн байсан. Энэ алагчлан үзэж байгаа хандлага бол бидний уламжлалт ёс, соёл яавч биш. Монголчууд хүртэл англи хэл сурахдаа хамгийн түрүүнд шахам “hospitable” хэмээх үгийг сурдаг нь өөрсдийгөө бусдад танилцуулахдаа хэрэглэх гэдгийнх байлаа. Монголчуудыг зочломтгой гэж харийнхан онцолдог болохоор өөрсдөө ч үүндээ итгэж, дараагийн хүмүүст ярих гэж энэ үгийг толь бичгээс хардаг байв. Гэвч өнөөдөр зочломтгой, найрсаг элэгсэг гэж энэ үгээр гадныханд өөрсдийгөө танилцуулахад итгэх болов уу даа. Монголчуу­дын зочломтгой, элэгсэг найрсаг зан чанар бүр алсарч алга болжээ. Монголын радиод япон хэлний мэргэжилтнээр ажиллаж байсан өвгөн мэргэжилтнийг зэрлэгээр хороож, худалдаа наймаа хийж он жилүүдийг үдсэн хятад хүмүүсийг алж, амьдралын мөр хөөж ирсэн вьетнам залуусыг дээрэлхэж байна. Сүүлийн хоногуудад вьетнам залуучуудыг монгол охидтой наргиж, элдэв янзын хоол идэж тансаглаж байна гээд баахан үзэн ядацгаалаа. Ёстой дөрвөн мөчөө салж унатал ажил хийж олсон мөнгөөрөө нохойгоо шараад иднэ үү, лаа луувангаа иднэ үү хамаагүй баймаар. Гэвч тэднийг мөнгө олж, найр хийлээ гэж ихээхэн дургүй байна аа. Үнэндээ тэгж дургүйцэж, үзэн ядаад байгаа хүмүүс бол тэдэн шиг нүдээ нээмэгцээ ажлаа бодож сэрдэггүй, хувхай хоосон, ажилгүй залхуу нөхөд л байгаа. Тэгээд яаж амархан мөнгө олох вэ, хаанаас хулгай хийх вэ гэж санааширна.

Тэгээд ажил хийгээд мөнгө олж, түүгээрээ найр наадам болж, хажуудаа сайхан бүсгүйчүүдийг суулгаж байгаа хэнийг ч болов үзэн ядна. Харийн тэднийг үхэж байсан төлөг гээд бүр үзэх ч үгүй. Ийм л үзэл санаа бидний дунд их болжээ. Улс төр хийж, бодлого тодорхойлох гэж байгаа хүмүүс нь хүртэл гадны хүмүүсийг үзэн яддаг хийрхэлд автаж, түүгээрээ нөгөө хэддээ таалагдахыг хичээнэ. Угаасаа нөгөө хэд нь ингэж хүсээд байгаа учраас болохгүйг нь мэдэж байсан ч дүр эсгэсээр. Энэ сэтгэлгээгээрээ гадны хөрөнгө оруулагчид муу, гадны банк хуурамч, гадныхантай түншилж ерөөсөө болохгүй гэж дээр доргүй ярих болов. Гэтэл япончууд асуудалд яаж хандаж байгааг бид тодоос тод харцгааж байна. Япончуудын хувьд сумо нь бусад тэдэнтэй хамаардаг бөхийн барилдаанаас ч тэс өөрт тооцогддог билээ. Япон хэлэнд хүндэтгэлийн хэлбэрт ашигладаг о авиаг сумогийн өмнө хэрэглэдэг, бүр сумочдын жин нэмэхэд хэрэглэдэг гэх шөлийг хүртэл чанко-о гэцгээж байгаа дуулддаг. Бас их аваргын бүс нь бурхан зүүдэг хэлхээс байдаг, бас их аварга хүн япончуудын хувьд бурхан гэцгээдэг. Гэтэл өөрсдийнхөө бурхнаа мэт боддог их аваргууд нь даруй харийнхан болчихоод байхад хүртэл тэд өөрөөр хандаж байна. Их аварга Асашёорюүг дарамталж зодог тайлахаас аргагүйд хүргэсэн гэж манайхан ярьцгаадаг. Бас Хакухог 33 давчихаар нь сануулга өглөө гэцгээж байна. Засуулууд шударга бус хандсан талаар Хакухогийн шүүмжлэлийг наана, цаанатай хүлээж авсан зүйл байгаа л байх. Гэхдээ л япончуудын хувьд сумо нь юу билээ, гэтэл тэр сумог нь монголчууд ямар болгочихоод байгаа билээ, тэр бүгдийг дааж, тэсч бас уужим ухаалаг хандаж байгаа энэ япон хүмүүс гайхалтай юм. Улсын наадмын түрүүг нь дараалаад япон хүн авах байтугай Увсынхан авчихаар үхчих гээд байдаг улсууд шүү дээ. Бид өөрсдийгөө нэг харж, хүний нутгийн хүмүүсийг харьцуулж нэг харж баймаарбайна аа. Улс төрд гарч байгаа хүмүүс нь ч гадныхныг үзэн ядаж байвал монгол хүн, эх оронч харагддаг гэсэн бодлоо өөрчилмөөр байна. Ямар бачуу юм бэ, Азийн цээжинд тархсан монголчууд,ямар уужим юм бэ, алгынхан чинээ арал дээр амьдардаг, наран хүмүүс.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Арева”-гийн санхүүжүүлэх мал эрүүлжүүлэх төсөл олон асуултад хариулт авчирна гэдэгт хүмүүс итгэж байна

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг “Арева” компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ. “Арева” групп нь нийт цахилгаан үйлдвэрлэгчдийн ашиглаж буй цөмийн түлшний гуравны нэгийг үйлдвэрлэдэг гэхээр ямар том зах зээлийг эзэлдэг вэ гэдэг нь тодорхой болох биз ээ. Гэвч Францын энэ компани Монголд салбараа нээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийг байгуулсан ч үйл ажиллагаа нь бусад орнуудад явдаг шигээ жигдэрч чадахгүй байгаа гэлцдэг. Магадгүй энэ нь монголчуудын уран гэхээр цөмийн хор хөнөөл, хог хаягдал гэж шууд ургуулан бодож, болгоомжлон ханддаг байдалтай ч холбоотой байж болох юм. Одоогоос хоёр жилийн өмнөөс тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим малчин мал нь уранаас хордож үхсэн талаар гомдол гаргах болсон билээ. Хэдийгээр Засгийн газраас томилсон нарийн мэргэжлийнхнээс бүрдсэн багийнхан тус аймагт ажиллаад “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай хамаагүй гэж тогтоосон ч үл итгэгчид байсаар л байгаа юм. Үнэхээр ураны олборлолттой холбоотой мал хуй нь хордож үхэж, магадгүй хүн амын эрүүл мэнд доройтож байна уу. Эсвэл өөр төрлийн өвчнөөр малын хорогдол гарч байгааг бид хамаатуулж ойлгож байна уу. Энэ бол олон хүний мэдэхийг хүсч байгаа асуулт. Дорноговь аймгийн удирдлагууд энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавьсныг “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн зүгээс хүлээн авч нэгэн төсөл хэрэгжүүлэхээр болсныг нь сурвалжилсан юм.

“Арева Монгол” компани Улаанбадрах сумын нийт дөрвөн баг мөн Зүүнбаян багт хоёр жилийн хугацаанд малын эрүүл мэндийг сайжруулах төслийг санхүүжүүлэхээр болж байна. Энэхүү төсөл нь нэлээд их хэмжээний буюу 1.3 тэрбум гаруй төгрөгийн төсөл гэхээр аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ төсөл нь яригдаад байдаг асуудал үнэхээр бүс нутагтаа өндөрт тооцогдох малын өвчлөлтэй нь холбоотой юу эсвэл уул уурхайн асуудалтай холбоотой юу гэдгийг нэг мөр болгож, тодорхой болгож өгөх учраас хаа хаанаа нэн чухал билээ. Хэрэв малын өвчлөлтэй холбоотой байсан бол энэ нутаг орны хүмүүс мэргэжлийн эмч нарын тусламжтай малын өвчлөлийн тухай ойлголттой болж, бас малаа ч эрүүлжүүлж, махаа ч үнэ хүргэж зарах боломжтой болохоос эхлээд ашиг тус нь их юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сайншандад болсон уг төслийн нээлтийн ажиллагааны үеэр ийм төсөл эхлүүлж байгаад талархалтай байгаагаа тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон мал эмнэлгийнхэн, малчид илэрхийлж байсан билээ. Тэдний хувьд учир нь ойлгогдохгүй энэ асуудлыг тодорхой болгох нь чухал, заавал аль нэг компанийг буруутгахдаа биш харин малын хорогдол юутай холбоотой байдгийг л мэдмээр байна гэцгээж байсан юм. Хэдийгээр энэ төслийг “Арева Монгол” компани санхүүжүүлэх ч хэрэгжүүлэх байгууллага нь хараат бус мэргэжлийн байгууллага байна гэдгийг тэд онцолж байлаа. Энэхүү том төслийг 120 гаруй хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” (МНХМЭДХ) хэрэгжүүлэх болж байгаа юм. Тэд бас мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсноо энэ үеэр мэдэгдэж байв. Уг төслийн хүрээнд нэг франц, хоёр монгол эмч Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай ажиллана. Тэд 24 сарын турш, 24 цагаар малчдад үйлчлэх гэрээтэй аж. Хэрэв малд нь ямар нэг асуудал гарвал шууд дуудлагаар эмч нар нь ирж үзэхээс гадна угаалга тарилгыг тогтмол хийж байх гэнэ. Өөрөөр хэлбэл, малыг ямар цаг хугацаанд яаж эмчилж, ариутгаж угааж байдаг стандартыг хэвшүүлэх юм байна. Үнэндээ ерээд оноос хойш мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэнээр энэ салбар уналтад орсон гэлцдэг. Малчид төрөөс зайлшгүй хийдэг вакцин тарилгыг хийлгэхээс өөрсдөө мөнгө төлөөд хийх ариутгал, угаалгыг болж өгвөл алгасах болсон. Үнэндээ албан бус сайн дурынх болчихоор малчид хойш сууж, нөгөө талд нь малын өвчлөл нэмэгдсээр ирснийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл энэ үйлчилгээг нь үнэ төлбөргүй болгож, малчдын бүр мартчихсан хашаа хороонд нь ариутгал хийдэг уламжлалыг нь сэргээвэл олон зүйл тодорхой болно хэмээн малын эмч нар үзэж байгаа юм билээ. Бас энэ төслийн гол зүйл нь малчдад малын эрүүл мэнд, арчилгаа эмчилгээний талаар сургалт явуулж, уг төсөл дууссан ч нутаг орны хүмүүс өөрсдөө малаа эрүүлжүүлээд аваад явчих хэмжээний болгоход ач холбогдол нь оршино хэмээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант ярьж байлаа.

Мөн тэрбээр “Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг бидний зүгээс хүсч байна” гэж байсан. Үнэхээр ч орон нутгийн удирдлагууд мал нь эрүүлжээд ирвэл малын махны чанар, сүү сааль, ноос ноолуурын гарц нэмэгдэж малчдын амьдралд хэрэгтэй, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулаад хүмүүсийн маань амьжиргаанд хэрэгтэй гэж байсныг онцлохоос аргагүй. Уг нээлтийн үеэр цугларсан зарим хүмүүстэй ярилцаж байхад “Сүүлийн хэдэн жил Улаанбадрахын мал хордож үхэж байна гэж баахан сенсацлаад мах ч зарагдахаа байсан. Хэрэв энэ төсөл хэрэгжиж бодит байдлыг харуулбал аль аль талдаа хэрэгтэй байна” гэцгээж байсан. Түүнчлэн уг арга хэмжээнд зориулсан үдийн зоогт Улаанбадрахын махаар хийсэн шорлог, хуушуурыг багтаасан бөгөөд монгол, францгүй бүгд л идэж байсныг хэлэхээс аргагүй. Нутгийн зарим иргэдээс “Мал хордож үхээд байдаг юм бол махыг идэх нь зөв үү” гэхэд “Мах нь зүгээр ээ. Дотор эрхтэн нь харин онцгүй болчихсон байдаг” гэж байв.

Улаанбадрахын малчдын ярьж байснаар бэлчээр дээрээ байж байгаад үхсэн зарим малын дотор гэдэс тэр дундаа уушиг нь авах юмгүй болсон байдаг ажээ. Бас сэмжнээс нь атгын чинээ бугласан идээ гарч байсан удаа ч бий гэнэ. Тэд малын ямар нэг өвчин үү, эсвэл урантай холбоотой байна уу гэдгийг л бид мэдчихмээр байна гэцгээж байсан билээ. Тэд малын паразит өвчлөл хаа сайгүй байдгийг нуухгүй байлаа. Энэ төслийн хүрээнд мэргэжлийн гадаад, дотоод мэргэжилтнүүдээс бүрдсэн “Мал эмнэлгийн оролцооны нэгж”-ийнхэн мал эмнэлгийн тусламжийг малчдад үнэгүй өгч, малын өвчнийг оношлохоос гадна дээжийг цаг тухайд нь нарийн мэргэжлийн лаборатори руу илгээж, өвчлөлийн хяналтын үр дүнгээ улирал тутам танилцуулж байх ажээ.

СОНГОГДСОН ХҮМҮҮСИЙГ СУРГАЖ МАЛ ЭМНЭЛГИЙН СЕРТИФИКАТТАЙ БОЛГОНО

Энэ төслийн талаар “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Дээхнэ үед малын эмч, малын эмчилгээ сувилгаа чухалд тооцогддог байсан ч сүүлийн үед энэ асуудал бүр хаягдсан гэдэг. Энэ үнэн үү?

-Хуучин цагт малын эмч, малчин, мал бол хоорондоо салшгүй уялдаатай гэдэг байсан ч зах зээлийн үед нэг хэсэг энэ зарчим алдагдсан нь үнэн. Харин сүүлийн үед мал эмнэлэг, малын эрүүл ахуйн асуудлыг мэргэжлийн хүнээр дамжуулж хийлгэх нь малын чанар, түүхий эдийн гарц, чанартай холбоотой гэдгийг малчид мэддэг болж эхэлж байна. Тэр ч утгаараа бидэнд хандаж хамтран ажиллах болсон.

-Танай байгууллага Дорно­говийн энэ бүс нутагт судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүн яаж гарав. Үнэхээр малын өвчлөл их байна уу?

-Бид энэ төсөл хэрэгжихээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Тэгэхэд Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян баг бусад аймаг сумдтай харьцуулахад паразит болон малын бусад өвчлөл их байгаа нь ажиглагдсан. Паразитын гаралтай өвчлөл, ургийн гажиг бас өндөр байна.

-Бас уушигны гаралтай өвчлөл их гарч байгаа гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?

-Уушгины гаралтай өвчлөл зөвхөн энд гардаг биш. Зарим аймгуудад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ бүх өвчлөл юутай холбоотой талаар бидний хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн үр дүнд тодорхой болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

-Малчид, компани аль, аль нь бодит байдал тодроосой гэж хүсч байгаа байх л даа. Гэхдээ энэ төслийг “Арева” санхүүжүүлж байгаа учраас тэдний талд шийдвэр гарчих вий гэсэн хардлага байна л даа?

-Манай байгууллага бол хараат бус мэргэжлийн байгууллага. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага ч бас хараат бус. Бидний аль алиных нь ёс зүйн дүрэмд үүнийг заагаад өгчихсөн байдаг. Бид аль нэг талд бус харин мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллана гэдэгт итгэж болно.

-Малчид сүүлийн үед мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагад хандахын оронд өөрсдөө дур мэдэн малаа эмчилдэг болсон гэдэг. Энэ хэр ноцтой вэ?

-Мэргэжлийн хүмүүст хандахаас аргагүй. Малыг туулгаж тарих цаг нь хавар 3-4 сар, намар 9-10 сар байх жишээтэй. Нутаг орны байдлаас болоод өөрчлөгдөх нь ч бий. Дур, дураараа зах дээрээс хямд эм авч малдаа хэрэглээд явах нь малын эрүүл ахуйн байдлаас эхлээд хүнсний аюулгүй байдалтай ч холбоотой. Малчдын энэ байдалд анхаарахгүй бол хот хөдөөгүй хүмүүсийн хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэх юм. Энэ төслийнхөө хүрээнд бид малчдад боловсрол мэдлэг олгох тал дээр анхаарч ажиллана. Төсөл дууслаа ч малчид мэдлэгжиж үлдэх нь тун чухал. Бид малчны бүлэг байгуулж, бүлэг бүрээс сонгогдсон малчдад цуврал хичээлүүдийг заана. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн мал эмнэлгийн үйлчилгээний нэг сарын тусгай сургалтын сертификатын хөтөлбөрт суралцсанаар малчид малын эмчийн удирдлагаар тус тусын бүлэг дээрээ ажиллах юм.

-Нутгийн хүмүүс паразит өвчлөл их байдаг талаар хэлж байна. Малчин Д.Норсүрэн гуай ч паразитгүй мал гэж юу байхав гэж байна л даа?

-Тэгж ойлгож нь буруу. Паразит бол малын хорогдолд бодитой нөлөөлдөг хүмүүсийн эрүүл мэндэд ч холбоотой өвчлөл.

-Танайх бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ, ганц­хан эмийг л төлбөртэй өгнө гэж байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэн байдаг болохоор энэ суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн секторын бизнест халдчих юм биш биз?

-Бид хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд саад болох биш харин дэмжлэг болж ажиллана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд ажлын хөлсийг нь өгч хамтарч ажиллах юм.

-Эм нь ямар эм байх бол?

-Олон улсад хүлээн зөвшөө­рөгдсөн сайн чанарын эмийг боломжийн үнээр хүргэнэ.

БИД ИЙМ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ ГЭСЭН САНАЛЫГ ГАРГАСАН

Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзоригтой ярилцлаа.

-Танай Улаанбадрах сумыг сүүлийн хэдэн жил хордсон малтай, ураны хор хордлогод орсон гэж ойлгох хүмүүс бий болсон. Яг байдал ямар байгаа юм бэ?

-Зарим малчны мал хорогдож нэлээд асуудал болж байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хүмүүс Францын энэ компанийн үйл ажиллагаатай холбож ярьж байсан учраас тухайн үедээ Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Гэхдээ уг ажлын хэсгээс “Арева”, “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоогүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт ард иргэдийн дунд ийм болгоомжлол байгаа учраас бид хүмүүсийнхээ эргэлзээг нэг мөр болгох нь зөв гэж үзээд малын асуудлыг тодорхой болгох санал тавьсан юм. Хоёр талаас багагүй хугацаанд ярилцсаны үр дүнд өнөөдрийн гэрээг үзэглэх арга хэмжээ болж байна.

-Танай суманд малын өвчлөл үнэхээр байгаа юу. Махыг нь идэхэд болох уу?

-Манай сум орон нутагт малын уушгины өвчлөл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг эмнэл зүйн талаас нь ялгаатай авч үзмээр юм байна лээ. Ийм өвчин ганц манайх гэлтгүй байдаг юм билээ. Үүнтэй холбоотой малын мах хордсон уу гэвэл би зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжид уушиг, дотор махыг нь идэхгүй бусдыг нь идэхэд ямар ч асуудалгүй гэжбайдаг.

-Уушгины өвчлөл нь танайхаас өөр газар байдаг уу?

-2013 оны тайлангаас харахад энэ өвчлөл Баян-Өлгий, Төв, Булган аймагт бас бүртгэгдсэн байна лээ. Сүүлийн үед тархаад байгаа өвчин гэж Мал эмнэлэг хариуцсан төв лабораторийнхонтой уулзах үед хэлж байсан л даа. Манай аймгийн хэмжээнд ч бас бүртгэгдсэн өвчин.

-Танай хүмүүстэй уулзаж байхад мал яг юунаас болж үхээд байгааг л мэдмээр байна гэж байна л даа. Үүнийг нь иргэддээ тодорхой болгож өгөхийн тулд ямар алхам хийж байна вэ?

-Үүнийг тодорхой болгохын тулд өнөөдрийн энэ ажлыг бид эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан өвчлөлүүд, паразитын асуудал давхар гарч ирсэн л дээ. Хоёр жилийн турш малын өвчлөлийн тохиолдол бүр дээр ажиллаж, шинжилгээ хийх энэ төслийн хүрээнд бүх зүйл тодорхой болно гэж найдаж байгаа юм.

-Мэргэжлийн байгуул­лагууд ажиллах ч санхүү­жилтийг нь энэ компани гаргах болгохоор эцсийн үр дүнд хүмүүс итгэх болов уу. Манайхан бас хартай хүмүүс шүү дээ?

-Тийм хардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ саналыг өөрсдөө тавьсан. Танайтай хамаатай ч байсан, хамаагүй ч байсан ийм төсөл хэрэгжүүлмээр байна. Харин олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ шүү гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хүрээнд “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нь цаашаа олон улсын байгууллагаа урьж авчирсан байгаа юм. Аль ч байгууллагынх нь дүрэмд хараат бус ажиллах талаар заасан байдаг юм билээ. Тиймээс бид итгэж байгаа. Ер нь нэг нэгэндээ итгэж сурах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаас бид малчдадаа үүнийг хэлж ойлгуулах ч хэрэгтэй.

-Энэ төсөл хэрэгжих нь зөвхөн танай сум орон нутгийнханд хэрэгтэй гэлтгүй малын ариутгал, эрүүл мэндийн байдлаасаа болоод гадаад зах зээлд гарч чаддаггүй манайханд стандартыг авчрах сайн талтай юм гэж харагдаж байна л даа…

-Би бас ингэж бодож байна. Мал эрүүлжсэнээр малын гаралтай түүхий эдийн гарц нэмэгдэж, цаашлаад малчдын амьжиргаа, орлого нэмэгдэх сайн талтай гэж харж байна. Энэ төслийн нэг чиглэл нь малаа эрүүлжүүлэхээс гадна малчдаа сургах зорилготой. Улаанбадрахын бүх малчин иргэдэд малын дуудлага үнэгүй, сургалт үнэ төлбөргүй авна бас шинжилгээ оношилгоо нь үнэгүй гэж байгаа. Өвчний онош нь тодорчихвол малд өгөх эмээ өөрсдөө хариуцана, бусад нь үнэгүй гэж байгаа шүү дээ.

-Өмнө нь ямар байдаг байв. Мал өвдлөө гэхэд малчин хэрхдэг юм бэ?

-Мал өвдөхөд суманд байх хувийн хэвшлийн эмнэлэгт ханддаг. Дуудлагын хөлсөө авна, шинжилгээнд явуулбал өртөг зардлыг нь гаргуулдаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр манай сумын мал эмнэлэг уг төслийнхөнтэй хамтраад санхүүжилтээ аваад явах юм. Бид ингэж ажлыг нь холбож өгсөн.

-Угаалгаас эхлээд олон зүйл үнэгүй байх нь ээ. Танай суманд нэг малын угаалгын хөлс хэд байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд нэг малын угаалгын төлбөр 250 төгрөг байдаг юм. Хуучных шиг албадан бус болохоор угаалгах хүмүүс байна, үгүй нь байдаг байсан. Харин одоо Аргалант багийн 30 000 мал дээр үлгэрлээд үзүүлэх учраас үр дүн нь хүмүүсийн нүдэнд бодитоор харагдах байх аа.

-Малчид маань энэ төсөлд хэр дуртай байна вэ. Магадгүй ажил удаад гээд дургүй байна уу?

-Үгүй ээ. Дуртай байгаа. Энэ бол тэдний хүсч байсан ажил юм.

Зүүнбаян багийн Засаг дарга Х.Отгонбаяр “Би хувьдаа “Арева”-гийн төсөл хэрэгжиж, нутаг оронд маань үр өгөөжээ өгөөсэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ мал өвчилж, хорогдох явдал гараад байгаа учраас ард иргэдийнхээ адил санаа зовних болсон. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж, хүмүүст мэдээллийг үнэн зөв өгөхөөр болж байгааг нь чухал гэж бодож байна” гэж үгээ хэлж байв. Ер нь уг арга хэмжээний үеэр цугларсан олон хүнтэй санал солилцож байхад “Бидэнд мал юунаас болж үхэж байгааг л мэдэх нь чухал байна. Үнэндээ энэ компанийн үйл ажиллагаанаас, ураны нөлөөгөөс болчихсон гэх баримт нотолгоо бидэнд байхгүй. Гэхдээ мал үхэх явдал мэр сэр гарч байна. Сүүлийн үед харьцангуй багассан ч гэсэн малын хорогдол гардаг. Үүний шалтгааныг л олоод өгчихөд болно. Энэ төсөл бидний асуултад, санаа зовж байдаг зүйлд маань хариулт авчирч өгнө” гэдэгт итгэж байна гэж байсан билээ. Тэгэхээр энэ нутаг орны хүмүүсийн учир шалтгааныг нь мэдэх гэсэн хүсэл, малын өвчлөл өндөр байгаа бүс нутгийнхны эрэлт хэрэгцээ бас гадаадын энэ компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шаардлага гэсэн олон огтлолцол дээр уг төсөл хэрэгжиж эхэлж байна. Мэргэжлийн эмч нарын үйл ажиллагаа, нарийн лабораторийн үр дүн бидэнд асуудлыг тун удахгүй тодорхой болгож өгөх биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Сайншанд-Улаанбаатар2014.11.26