Categories
мэдээ цаг-үе

Гавьяат эдийн засагч Х.Хурметханыд Наурыз баярын өмнөхөн өнжсөн нь

Монгол Улсын гавьяат эдийн засагч Х.Хурметханыд бид Наурыз баярын өмнөхөн өнжсөн юм. Цагаан сараар улсынхаа Ерөнхийлөгчөөс энэ нэр хүндтэй цолыг гардан авсандаа Х.Хурметхан гуай ихэд баяртай байв. Цуг ажиллаж байсан татварын хамт олон өөрөөс нь илүүтэй баярласанд ихэд догдолж байгаагаа ч ярив. Биднийг ороход ширээн дээр “Өдрийн сонин”-ы шинэхэн дугаарыг дэлгэсэн байснаа заагаад “Танайхаас өөр сонин захиалдаггүй” гэв. Х.Хурметхан гуайг хүмүүс Сангийн яамны Хурметхан, зарим нь татварын Хурметхан ч гэдэг. Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул тэрээр улс орон нь зах зээлийн эдийн засагт шилжиж байх 1990-ээд оны үед татварын салбарт томоохон өөрчлөлт хийлцсэн хүмүүсийн нэг нь яахын аргагүй мөн.

Сангийн яаманд 17 жил, Татварын Ерөнхий газарт 17 жил, нийтдээ 34 жил ажиллахдаа найман сайдын нүүр үзжээ. Э.Бямбабажав, Д.Моломжамц, Д.Даваасамбуу, А.Базархүү бидний хэлдгээр Баабар буюу Б.Батбаяр, П.Цагаан, Ч.Улаан гээд бүгдийнх нь нэрийг дурдаад “Би үе үеийн сайдууддаа бүгдэд нь талархаж явдаг” гэв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед төсвийн орлоготой холбогдсон асуудлыг бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болсон тул Сангийн яамны мэргэжилтнүүд сурах, хийх хоёрыг хослуулж байжээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй үе. Тэр үед татварын бодлогын талаар ойлголт мэдлэгтэй хүн бараг байгаагүй.

Тиймээс мэргэжлийн хүмүүс нь шинийг сурах хэрэгтэй болсон. Сангийн яамнаас салж Улсын татварын ерөнхий газар гэсэн шинэ нэртэй агентлаг байгуулагдахад түүний анхны дарга Пүрэвдорж Татварын бодлого аргачлалын хэлтэс байгуулж даргаар нь ажиллахыг түүнд санал болгожээ. Х.Хурметхан “Би чадах болов уу” хэмээн эргэлзэхэд Л.Пүрэвдорж “Чи чадна аа, чадах ч ёстой” гэж урам өгсөн гэнэ. Сангийн яам, УТЕГ түүнийг Венийн нэгдсэн институтэд макро, микро эдийн засгийн чиглэлээр удаан хугацааны сургалтад хамруулж мөн гадаад орон, олон улсын байгууллагаас зохион байгуулсан татвартай холбоотой сургалт семинарт байнга оролцуулж байсны ачаар ихийг сурснаа ярив.

Татварын бодлогын аргачлалын хэлтсийн даргаар ажиллаж байхад хэлтэс нь албан татварын олон шинэ хууль боловсруулсан аж. Өнөөдөр Монголд 20 гаруй татварын хууль мөрдөгдөж байгаагийн 90 хувийг нь түүний удирдан ажиллаж байсан хэлтэс анх боловсруулан өргөн барьсан байна. 1980-аад оны эхээр манай улсын төсвийн орлого, зарлага ердөө дөрвөн тэрбум төгрөгт эргэлддэг байсан бол одоо хэдэн их наядаар яригддаг болжээ. 1990-1992 оны хүнд үед эрчимтэй ажиллаж төсвийн орлогыг бүрдүүлдэг байсан гэнэ. Онцгой албан татварын хувь хэмжээг бараг долоо хоног бүр өөрчилж ингэснээр төсвийг бүрдүүлж цалин, тэтгэврийг хугацаанд нь тавих боломж бүрдүүлж ажиллаж. 1990-1996 он бол манай улсын хувьд орчин үеийн татварын шинэ тогтолцоог бий болгосон, хамгийн их үр дүнтэй ажилласан жилүүд хэмээн Х.Хурметхан гуай ярив.

Баян-Өлгий аймгийн Булган сумын жирийн нэгэн казах малчны хүү дунд сургуульд онц сурдаг байжээ. Сурлагаараа бусдыгаа тэргүүлдэг байсан тэрбээр Эрхүү хотын Улсын их сургуулийн бэлтгэл ангид суралцаж улмаар Сангийн яамны нэр дээр Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургууль буюу одоогоор Хөдөө аж ахуйн академид 1981 онд үйлдвэрлэлийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр суралцсан байна. Эхний жил хэлний бэлтгэлд суралцаж байхдаа нутаг орноо санаад ихэд хэцүү байснаа дурсан ярив. Шөнө болгон нутгаа зүүдэлж хүний төрсөн газар гэдэг ямар их хүчтэй бөгөөд агуу болохыг мэдэрсэн гэнэ. “Та гэрээ санаснаас тэр биз дээ” гэхэд “Үгүй гэр биш нутгаа санаад байсан юм” хэмээн тайлбарлав. Хэлний бэлтгэл хийсний дараа оюутнууд бүгд л Москва, Ленинград руу явж сурна хэмээн догдлон ярьдаг байсан гэнэ. Харин Х.Хурметхан хүү нутагтаа ойрхон гээд Эрхүү хотод сурахаар шийджээ.

Сургуулиа төгсч ирээд уг нь бол Баян-Өлгийд очиж ажиллах хүсэлтэй байсан ч явуулаагүй. Сангийн яамны Хөдөө аж ахуйн хэлтэс ч байгуулагдсан тул тийш томилжээ. Тэр үед залуухан мэргэжилтнийг ахмад ажилтанд хариуцуулж “халамжлан хүмүүжүүлэгч”-ээр сургадаг байв. З.Бадам хэмээх хүн Х.Хурметханы халамжлан хүмүүжүүлэгч нь болж амьдралд ихэд тус дэм болсон гэдэг. Тухайн үед ажилд орсон эхний нэг сард санхүүтэй холбоотой бүх хууль тогтоол, журам зааврыг уншиж судлуулдаг нэлээд хатуу байсан аж. Д.Моломжамц Сангийн яамны сайдын албыг хашиж байхад Х.Хурметхан гуайн аав Баян-Өлгий аймгаас Улаанбаатарт ирж сайдтай нь уулзаад хүүгээ авч явна гэжээ. Сангийн сайд хариуд нь “Хүү чинь сайн ажиллаж байгаа явуулахгүй” гээд “Та харин хотод нүүгээд ир, бид таны хүүд байр өгье” хэмээн ятгасан байна. Гэвч нутгаасаа, малаа орхиод нүүнэ гэдэг аавд нь төсөөлөгдөөгүй гэдэг. “Манайх олон хүүхэдтэй айл байсан. Аав маань бидэнд гар хүрч үзээгүй, гэхдээ харцаараа “зоддог” байсан” хэмээн Х.Хурметхан гуай дурсав.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд

Тэгвэл өнөөдөр Хапайн хүү Монгол улсын гавьяат эдийн засагч болжээ. Наурызын өмнөхөн гэрт нь өнжсөн тул энэ баярын тухай бидний яриа хөвөрлөө. Х.Хурметхан гуай сүүлийн үед нэлээд юм уншиж судалж байгаагаа ярихдаа Наурыз гэдэг нь перс хэлээр бол Шинэ өдөр гэсэн утгатай үг болохыг олж мэдсэнээ сонирхуулав. Казахууд энэ баяраар ирсэн зочноо байгаа бүхнээ л дэлгэн дайлдаг заншилтай. Харин көже бол заавал байх ёстой. Көже гэдэг нь мах чанаад шөлөн дээр нь гурил эсвэл будаа хийсэн хоол. Казахуудыг бешбармакгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг идэхэд ч их учиртай. Эхлээд гараа сайтар угаагаад тусгай цагаан алчуурт арчина. Хамгийн хүндтэй зочин эсвэл ахмад хүн эхлээд гар хүрнэ. Бешбармак нь таван хуруу гэсэн утгатай, тиймээс ч гараараа авч иддэг. Наурыз баярын ширээнд байдаг бас нэгэн амттан бол боорцог мөн женит. Женитийг адууны тос, ээзгий, арвайн гурил эсвэл нунтагласан боорцгийг хольж хийнэ. Казахууд Наурызаар бие биедээ зочлон, айлчилдаг гэхдээ бэлэг сэлт өгдөггүй уламжлалтай аж.

Гавьяат эдийн засагч Х.Хурметхан гуайн эхнэр М.Панзила нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч. Гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хэдий ч туршлагатай эмч тул зөвлөхөөр ажиллах хүсэлт тавьсан аж. Тэд Эрхүү хотод оюутан байхдаа танилцсанаа дурсахад гавьяат жүжигчин, дуучин Д. Жаргалсайханы

Дэрвэлзэнхэн нисээд өнгөрөх

Дэрвэж цалгисан он жилүүд минь

Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай

Эргэн дурсахад нэг л уянгатай

Эрхүүгийн хавар дэндүү сайхан

Энэ л амьдралын минь гэрэл гэгээ

Эрхүүгийн хавар, Эрхүүгийн хавар аа хэмээн дуулдаг “Эрхүүгийн хавар” дуу өөрийн эрхгүй санаанд оров. “Бид хоёр чинь ёстой л нөгөө Эрхүүгийнх шүү дээ” гээд оюутан цагаа дурсав. М.Панзила Ростов-на-Дону хотод нэг жил хэлний бэлтгэл хийгээд нутагтаа ойрхон хэмээн Эрхүүг сонгосон байна. Тус хотын Анагаахын их сургуулийн монгол оюутны зөвлөлийн дарга байхдаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга Х.Хурметхантай анх таарсанаа дурсав. Хоёулаа Консулын газар болдог хурал дээр бие биеэ харсан аж. Ингэж л танилцсан түүхтэй.

Х.Хурметхан гуайн хадам, М.Панзилагийн аав нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн гишүүн Х.Мусахан. Тэрээр Баян-Өлгийн аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Тээврийн яамны газрын дарга, Шарын голын уурхайн анхны даргаар ажилласан. 24 настайдаа аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар томилогдож байсан бөгөөд 32-хон настайдаа Сүхбаатарын одонгоор энгэрээ мялааж байсан. Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарыг буруутгаж байх үед Х.Мусахан гуайг намын хурал дээр тэднийг шүүмжилсэн үг хэл гэхэд татгалзсан гэнэ. Нэлээд хариуцлагатай алба хашиж байсан тэрээр найман хүүхэдтэй. Ихэр М.Панзила, М.Озила хоёр нь хоёр дахь нь. Нэрт хөгжмийн зохиолч С.Мааяа ихрүүдийг гадаа тоглож байгааг нь харчихаад Х.Мусаханд “Охидыг чинь харсан. Хөгжим бүжгийн сургуульд шалгуулаарай, урлагийн авьяастай байх” хэмээн захисан гэдэг. Х.Мусахан гуай ч С.Мааяа гуайн хэлснээр охидоо аваачиж шалгуулжээ. Ингээд хоёулаа хөгжимчин мэргэжил эзэмшжээ. Ятгачин М.Панзила сургуулиа төгсөөд нэг жил Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад эмч мэргэжлээр суралцахаар шийдээд шалгалт өгсөн гэдэг. Харин нөгөө ихэр нь болох М.Озила төгөлдөр хуурч, докторын зэрэг хамгаалсан, одоо ч мэргэжлээрээ ажилладаг. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Х.Мусахан гуайн дурсгалыг хүндэтгэж хүүхдүүд нь Баян-Өлгий аймагт хөшөөг нь босгосон тухайгаа ярив.

Х.Хурметханы хадам аав БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн
гишүүн Х.Мусахан

Ийнхүү биднийг ярьж суутал Х.Хурметхан гуайн хүү Х.Ербулан, бэр Г.Бадамхорлоо хоёр нь хүүгийнхээ хамт орж ирэв. Бэр Г.Бадамхорлоо нь Архангай аймгийн уугуул гэнэ. Ихэд даруухан, дөлгөөн хэмээн хадам аав, ээж хоёр нь магтав. Харин ач хүүгээ онцгой эрхлүүлэн үнсэхдээ “Казахууд чоныг шоно гэж ярьдаг. Манай ач хүүд хэн ч зааж өгөөгүй байхад шоно гэж хэлдэг. Хүний ген гэж хүчтэй байгаа биз” хэмээн эмээ нь ярив. Х.Хурметхан гуайнх хүү, охин хоёртой. Хоёулаа аав шигээ санхүүгийн мэргэжилтэй. Охин, хүргэн хоёр нь ажил ихтэй тул энэ өдөр ирж амжаагүй.

Нэлээд олон жилийн өмнө казахууд Казахстан руу нүүж байсан үеийг бид дурсан ярив. Тэгэхэд Казахстанаас өдөрт хэдэн онгоц ирж нүүлгэж байсан гэнэ. “Танайх нүүх талаар бодож байсан уу” хэмээн сонирхоход “Яагаад ч юм тэр талаар огт бодоогүй” гэв. Ер нь эднийхний ах дүү нараас нь нэг ч хүн яваагүй. Харин аавынх нь эгч нь Казахстанд амьдардаг гэнэ. Төрсөн нутаг, дээр нь дассан газар энд шүү дээ хэмээн ярив. Бидний яриа ч өөрийн эрхгүй казахуудын түүх рүү шилжив. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсан. Ер нь ойролцоогоор 180 жилийн өмнөөс Монголын баруун нутагт казахууд амьдрах болсон түүхтэй аж.

М.Хурметхан гуай энэ салбарт ажиллах хугацаандаа бүх аймгуудаар явж татварын байцаагчдад зориулсан сургалт, семинар зэргийг зохион байгуулахад биечлэн оролцсон. Ийм арга хэмжээнд зориулсан гарын авлага, тест зэргийг боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан мэргэжилтэн. Шинээр гарсан татварын хуулиудыг сурталчлах ажлыг ч маш их хийдэг байсан тухай дурсав. Татварын салбарыг бараг шинээр шахуу бий болгоход тун ч амаргүй байсан гэхдээ бид ард нь гарч чадсан гээд “Бид чинь татварын орлогоо давж биелүүлдэг байсан. Нэг төгрөг болгоны төлөө тэмцэнэ шүү дээ” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орны санхүү, эдийн засгийн байдлын талаар байнга мэдээлдэг. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байгааг нь сонирхоход “Зарцуулалт дээр нэлээд анхаарах ёстой, түүнээс биш улсад мөнгө байгаа” хэмээн мэргэжлийн хүний хувьд ярьж байсан юм.

М.Хурметхан гуайг Монгол Улсын гавьяат эдийн засагч болоход хамт олон нь өөрсдөө шагнал авсан мэт баярлаж байгааг хараад олон жил хамтдаа ажилласны сайхныг тэгэхэд мэдэрсэн байна. Надтай цуг ажиллаж байсан Пүрэвээ, Ганхүлэг, Базарзагд зэрэг хүмүүсийг маань сонин дээрээ заавал дурдаж өгөөрэй хэмээн Х.Хурметхан гуай захисан билээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Улаан: Гэр бүлийн шүүх байгуулах цаг үеийн шаардлага бий болсон

Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланд дурдсанаар иргэний хэргийн шүүх өнгөрсөн онд Гэр бүлийн эрх зүйн 4674 маргаан шийдвэрлэснээс 2980 гэрлэлт цуцалжээ. Өнгөрсөн баасан гаригт гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт болсон юм. Гэр бүлийн маргааны шалтгаан, шүүхэд хандсан хосыг эвлэрүүлэх боломж хэр байгаа талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаантай ярилцлаа.


-Шүүхэд салах өргөдлөө өгсөн хосыг эвлэрүүлэх оролдлого үр дүнгээ өгч байна уу?

-Гэр бүлийн харилцаа бол нийгмийн бусад харилцаанаас өвөрмөц, нандин. Тиймээс гэр бүл сална, харилцаагаа эцэслэнэ гэдэг тийм амар шийдэх асуудал биш. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийн хувьд зөрчилдөөн нь даамжирсан, харилцаагаа үргэлжлүүлэхгүй гэж бат итгэсэн байдаг. Тиймээс бусад маргаантай харьцуулахад эвлэрэл харьцангүй бага. Гэр бүлээ авч үлдэх эерэг ойлголт төрүүлэхэд их ажиллагаа шаарддаг.

Гэр бүл бол төрийн үндэс гэж үздэг шүү дээ. Гэр бүлийн баталгааг бэхжүүлэх, хүүхдийг элэг бүтэн өсгөх, хүчирхийллээс ангид байлгахад төрөөс авч байгаа арга хэмжээнүүдийн нэг нь шүүх хуралдаанаас өмнө гэр бүлийг гуравдагч этгээдийн оролцоотойгоор эвлэрүүлэх юм. Гуравдагч хүний оролцоотойгоор гэр бүлийн гишүүд ярилцаж, ойлголцох, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх үүднээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан.

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлагч заавал ажиллахыг хуульчилсан. Хосуудтай хэр хугацаанд ажилладаг вэ?

-Эвлэрүүлэн зуучлалын хугацаа 30 хоног. Аль нэг тал хүсвэл дахин 30 хоногоор сунгаж болдог. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулж зөвлөгөө өгүүлэх, хамтран ярилцах, ганцаарчлан уулзах зэрэг ажиллагаа явуулдаг. Мөн өөрсдөө хүсвэл ойр дотнын ах дүү, найз нөхөдтэй нь уулзах ярилцлага зохион байгуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад удаагүй байгаа. Хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэхээр болсон. Хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудтай эвлэрүүлэн зуучлагчид хэр холбоотой ажилладаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы цаана үйлдэгддэг, нууцлагдмал гэмт хэрэг. Хохирогч нь гэр бүлийнхээ нэр хүнд, үр хүүхдээ бодоод тэр бүр ил гаргадаггүй. Мөн янз бүрийн хамаарлаас үүдэж хүчирхийлэл дунд байдаг. Шинэ хуульд хүчирхийлэгчийг сургалтад хамруулах, ёс зүй болоод сэтгэл зүйг нь засах талаар заалтууд орсонд талархаж байгаа. Дан ганц шийтгээд байх биш тухайн гэр бүлийг хүчирхийлэлгүй, бат бөх байлгахын тулд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сургах, шийтгэх гэх зэрэг бүхий л зүйлийг хуульд тусгасан.

Бидний хувьд сэтгэлзүйчидтэй байнга хамтран ажилладаг. Шүүхэд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж, гэр бүлд зөвлөгөө өгдөг. Мөн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл гүүр болдог. Мэргэжлийн сургалт, уулзалтыг байнга зохион байгуулдаг.

-Ихэнх улс оронд гэр бүлийн маргааныг тусгай шүүх шийддэг. Орчин нөхцөл, бусад хүмүүсээс тусгаарлах шаардлага гэх зэрэг хүний эрх талаас нь үзвэл гэр бүлийн шүүх тусдаа байх ёстой гэдэг. Манайд ийм шаардлага бий болов уу?

-Гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох цаг үеийн шаардлага бий болсон. Гэр бүл бол нийгмийн гол харилцаа, төрийн үндэс. Тиймээс гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох ёстойг судалгааны дүн ч харуулдаг. Жил ирэх тутам гэр бүлийн маргаан ихэсч байна. Гэр бүлийн маргаан бусад хэргээс онцлогтой. Гэрлэлтээ цуцлуулах гэж шүүхэд хандсан хүмүүс нууцлаг байхыг хичээдэг. Эргээд эвлэрсэн ч шүүхээр явснаа бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Тиймээс энэ төрлийн маргааныг шийдэж байгаа байгууллагын ажиллах орчин, тэнд байгаа хүмүүс бүгд тэр онцлогт тохирсон байх шаардлагатай. Ядаж л үр хүүхдэд нь эерэг ойлголт өгөх нөхцөл шаарддаг. Гэр бүлийн амгалан тайван байдлыг хангах, бат бэх байлгахын тулд төр бодлогоо гүнзгий хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.

-Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийг ажиглахад салалтын гол шалтгаан нь юу байна вэ?

-Залуучууд сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж байгаа нь ажиглагдах боллоо. Нийгмийн асуудал ч гэр бүл салалтад нөлөөлж байна. Нэг нь гадаадад олон жил ажилладаг. Хоёр биенээсээ олон жил тусдаа амьдрахаар ойлголцохоо болих, бие биенийгээ үл хүндлэх асуудал бас байна. Архидалт бас салалтын том шалтгаан болдог. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, нэгийгээ гомдоох тохиолдол цөөнгүй байна. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, хүний гэр бүлийг үймүүлсэн хүмүүст хариуцлага тооцуулах хууль хэрэгтэй байна гэж ярих хүмүүс маш олон байдаг. Миний гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлж байгаа хүнд хариуцлага тооцуулахын тулд цагдаад хандах уу, шүүхэд хандах уу гэж асуусан хүмүүс олон бий. Хосын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлээс гадуурх харилцаанд төрөөс арга хэмжээ авах нь чухал гэж бодогддог.

1980-аад оны гэр бүлийг одоогийнхтой харьцуулъя. Тэр үед гэр бүл чөлөөт цагаараа гэртээ хамт, халуун дотно уур амьсгалтай байсан. Гэтэл одоо бүгд утсаа оролдох, телевиз үзэх гэх мэтээр тус тусдаа ажилтай болчихсон. Үүнийг судалгааны байгууллагууд зургаар илэрхийлсэн байдаг. Шинэ технологийг буруутгах аргагүй ч цахим ертөнц бий болсноор амьд харилцаа багассан. Эвлэрүүлэн зуучлалаар уулзуулахад “Энэ надтай ярилцдаггүй. Дэргэд утсаа оролдоод инээгээд суугаад байдаг” гэж гомдоллох хүмүүс байдаг. Ярилцъя гэхээр утсаараа өөр хүнтэй харилцаад, ар гэрийнхэнтэйгээ ярьдаггүй. Хайр сэтгэл нь хөрсөн гэхээсээ илүүтэй өнөөх нь зуршил болчихсон. Гэтэл эхнэр, нөхөр нь надтай ярилцахгүй, миний үгийг сонсохыг хүсэхгүй байна гэж гомдож явсаар салах шийдвэр гаргасан тохиолдол цөөнгүй бий. Сэтгэлзүйч ажиллаад, хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулахад ийм хүмүүс ойлголцдог.

Үүнээс гадна манайх, танайх гэж талцах, гэр бүлээсээ илүү аав ээж, ах дүүгээ илүү үзсэнээс болж маргалдсан хүмүүс ч байдаг. Гэр бүлийн зөрчилдөөнд энэ асуудал зонхилох хувь эзэлдэг. Үүн дээр гэр бүлийн хүмүүжил чухал санагддаг.

-Ямар шалтгаантай салсан гэр бүлийг эвлэрүүлэхэд хамгийн хэцүү байдаг вэ?

-Монголчууд гэр бүлийн нэр хүндийг маш их боддог. Үр хүүхдээ бодож байна гэж тэвчсээр л байдаг. Ингэж явж явсаар эцэст нь “Би яагаад ингэж амьдрах гэж” хэмээн тэсэрч, салах шийдвэр гаргадаг. Нас ахисан хүмүүс салахаар шүүхэд хандаж байгаа нь ихэнхдээ ийм шалтгаантай. Тийм хүмүүс шийдвэрээ өөрчилдөггүй учраас эвлэрүүлэх боломж хомс байдаг.

-Улс төрийн амлалтаас үүдсэн гэр бүлийн харилцаа, маргаан бас их бий болсон гэдэг. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг төрөөс өгч байсан үед хуурамч гэрлэлтээ цуцлуулахаар хандсан хүмүүсийн тоо ч ихэссэн гэдэг юм билээ?

-Төрөөс гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгнө гэснээс болж тохиролцоод гэрлэлтээ батлуулсан, одоо салмаар байна гэж хандсан хүмүүс 2014 онд их байсан. Одоо харьцангуй цөөрсөн. Ер нь “500 мянгын гэр бүл” дууссан гэж ойлгож болно. Гэрлэлт батлуулчихаад ямар ч холбоогүй олон жил болсны дараа шүүхэд хандахад “500 мянган төгрөгийг одоо надад өгөхгүй бол гэрлэлтээ цуцлуулахгүй шүү” гэж ярих хүн хүртэл байсан.

-Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл бас яригдаж байгаа. Үүнээс үүдэж хүмүүс гэрлэлтээ цуцлуулж төрөөс мөнгө авах хандлага үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

-Хоёр талтай. Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж өгөх нь ахуй амьдралыг нь дээшлүүлэх төрийн бодлого. Гэхдээ манайхан аливаа асуудалд туйлширч хандах талтай. 500 мянган төгрөг өгч байхад мөнгө авах гэж гэрлэлтээ батлуулсан хүмүүс цөөнгүй байсан шиг заль гарахгүй гэх үндэслэлгүй. Ганц бие бол гадаад явах боломж бүрдэнэ гэж нэг хэсэг туйлширч гэрлэлтээ хиймлээр цуцлуулах хандлага байсан. Түүн шиг тэтгэмж авахын тулд гэрлэлтээ цуцлуулах оролдлого хийхийг үгүйсгэхгүй.

-Эвлэрүүлэн зуучлалаар эвлэрсэн хос дахиж салахаар шүүхэд хандах тохиолдол бий юү?

-Миний хувьд эвлэрүүлэн зуучлагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эвлэрч яваад дахин маргалдах, салахаар шүүхэд хандсан цөөн гэр бүл бий. Харин эвлэрүүлээд явсан гэр бүл нэгнийгээ хүчирхийлж, ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хор хохирол учруулсан асуудал гараагүй. Ер нь эвлэрсэн хосуудын олонхи нь бие биеэ ойлгож, хүндэлж гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалахыг ухамсарласан байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Беларусь буюу ЦАГААН ОРОС

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусийн газар нутагт одоогоос 35 мянган жилийн өмнө анх хүн суурьшсан гэдэг. Харин яагаад Беларусь буюу Белая Русь (цагаан орос) хэмээн нэрлэсэн талаар янз бүрээр ярьдаг юм. Тус бүс нутагт амьдарч байсан хүмүүс даавуугаа өөрсдөө хийдэг тэр нь цагаан өнгөтэй байсан гэдэг. Бүгд цагаан өнгийн хувцастай байжээ. Хүмүүс нь цагаан шар үстэй, нүд нь хүртэл цайвар өнгөтэй, харахад цэвэрхэн, сайхан харагддаг аж. Цагаан орос гэдэг нь үүнээс үүдэлтэй гэж ярьцгаадаг. Харин зарим эх сурвалжид монгол-татарчуудад эзлэгдээгүй тул цагаан орос хэмээн нэрлэсэн тухай бичсэн байдаг. Ингэхдээ харийн дарлалд өртөөгүй эрх чөлөөтэй байсныг нь цагаан өнгөтэй зүйрлэн ингэж нэрлэсэн гэнэ.

Беларусчуудыг багагүй зовлон амссан гэдэг. Эрт дээр үед амьд үлдэхийн тулд зэрлэг амьтадтай нүүр тулж, өлсгөлөнд нэрвэгдэж, даарч байгалийн гамшигт нэрвэгдсэн байна. Яваандаа хэсэг бүлгээрээ амьдардаг болж, газар тариалан эрхлэх болжээ. Ингээд өмч хөрөнгөтэй болсноор ядуу, баян хэмээн хуваагддаг болж хүн төрөлхтний түүхийн жамаар явж ирсэн.

Беларусийн түүхийн талаар ярихад “Повесть временных лет” хэмээх түүхэн судар бичгийг заавал дурддаг. 835 онд бичигдсэн гэгддэг энэ бүтээл нь манайхаар бол “Монголын нууц товчоо” юм. Түүнд Полоцк хэмээх хотын талаар өгүүлсэн байдаг гэнэ. Полоцк хот нь худалдаа, гар урлалын томоохон төв болжээ. Тус хотын анхны захирагчдын нэг нь тайж Роговолд гэгч байсан. Түүнтэй холбоотой нэгэн эмгэнэлтэй түүхээс сонирхуулья. Ханхүү Роговолодын охин Рогнед хэмээх үзэсгэлэнт бүсгүйд Киевийн ханхүү Ярполык, Новогородын ханхүү Владимир хоёр бараг нэгэн зэрэг шахуу гэрлэх санал тавьсан гэдэг. Үзэсгэлэнт бүсгүй Киевийн ханхүү Ярполыкийг сонгоход Новогородын ханхүү ихэд уурлан бухимджээ. Тэрээр Полоцк хотыг дайлаар мордон эзэлж аваад ханхүү Роговолд түүний эхнэр хүүхдүүд гээд бүгдийг нь хороосон байна. Ганцхан охин Рогнедийг нь амьд үлдээж хүчээр эхнэрээ болгосон гэдэг. Беларусчууд үнэн алдартны шашинтай болсон нь ч энэ түүхтэй холбоотой .

Беларусийн түүхтэй салшгүй холбоотой Полоцк хотын тухай ярихад ханхүү Всеславаг дурдахгүй байхын аргагүй. Түүнийг хаан ширээнд заларч байхад Полоцкийн хөгжил цэцэглэлийн оргил үедээ хүрсэн гэдэг.

Зүүн өмнөд талаас нь монгол-татарчууд довтолж, үүний дараа баруун талаас Загалмайтны аян дайныг эхлүүлэхээр зэхэж байсан үе нь тус улсын түүхэнд нэлээд нөлөөлсөн юм. Тус бүс нутгийн олон жижигхэн вант улсууд харийн дарлалд автахгүйн тулд нэгдэн нэг улс болохоос өөр сонголт байгаагүй. Ингэж л Литовийн агуу вант улс байгуулагдахад Беларусь нэгдсэн түүхтэй.

Беларусийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Полоцк хотод амьдардаг байсан худалдаачны хүү Франциск Кориныг улс орондоо агуу хэмээн ихэд дээдэлдэг аж. Тэрээр Библийн судрыг эртний беларусь хэл дээр хэвлэсэн юм. Энэ нь беларусчуудын үндэсний бахархлыг бий болгосон гэдэг.

Түүх өрнөсөөр 1569 онд Речь Посполитая хэмээх улс байгуулагдсан нь өнөөгийн Беларусь аж. 1791 онд тус улсыг Орос, Австри, Прусс гурав хуваан авсан байдаг. Үүнээс хойш Оросын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон. Беларусчууд ядуу зүдүү амьдарч байсан тул XVIII зууны эх болон төгсгөлөөр эрх баригчдыг эсэргүүцсэн томоохон хөдөлгөөн өрнөсөн боловч төдийлөн амжилт олоогүй.

XIX зууны сүүлч XX зууны эхээр үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл нэг бус удаа гарсан байдаг. Эдгээр тэмцлүүдийг удирдсан, беларусчуудын бахархал болсон хүмүүсээс Янка Купала, ах дүү Луцкевич, Якуб Колос нарыг дурдах нь зүйтэй болов уу.

XX зуунд Зөвлөлтийн нэгэн хэсэг болсноос хойд беларусчууд амаргүй замыг туулсан. Дайн, өлсгөлөн, хэлмэгдүүлэлт зэргээс дэлхийн II дайныг тус улсын түүхийн хамгийн эмгэнэлтэй үе нь. Брестийн цайз, Хатынь гээд аймшигт дайныг сануулсан газруудыг хүмүүс мэднэ.

1991 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр ЗХУ задарсан тухай тогтоолд гарын үсэг зурснаар Беларусийн нэн шинэ түүх эхэлсэн. Энэ үеэс дахин тусгаар улс болжээ. 1994 онд тус улсын түүхэнд хоёр том үйл явдал болсон. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болж А.Лукашенко ялалт байгуулсан бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл төрийн тэргүүний албыг хашиж байгаа. Мөн тэр жил тус улс нь Үндсэн хуулиа баталжээ. 2004 онд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг хязгааргүй болгосон.

Өнөөдөр Беларусь нь есөн сая 500 мянган оршин суугчтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 84 дүгээрт ордог.

2015 онд Нобелийн утга зохиолын шагналыг Светлана Алексиевич хэмээх зохиолч эмэгтэй хүртсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Светлана Алексиевич нь 2000 оноос Итали, Герман, Францад амьдарч байгаад 2013 оноос Минскт эргэн очиж суурьшжээ. Баримтат зохиол туурвидаг зохиолч бүсгүй эх орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргасан гэж болно. Түүний багш нь Зөвлөлтийн үед олны танил болсон зохиолч Василий Быков мөн л беларусь хүн.

Ингээд уншигч танд Беларусийн тухай сонирхолтой баримтуудаас дурдья.

-Европын орнуудаас Беларусь нь Европын зөвлөлд ороогүй цорын ганц улс. Тиймээс тус улсын иргэд нь Страссбург дэх олон улсын хүний эрхийн шүүхэд хандах эрхгүй юм байна.

-Беларусийн рубль нь дэлхийн хамгийн ханш муутай арван мөнгөн тэмдэгтэнд ордог.

-Хэдийгээр ард иргэдийнх нь авдаг цалин бага ч гэсэн орон гэргүй, ядуу хүн байдаггүй гэнэ.

-Тус улсын иргэдийн иргэний үнэмлэх нь мөн гадаад паспорт нь болдог. Тиймээс гадаадад зорчих нөхцөлд тусгайлан паспорт авдаггүй.

-Беларусь хэлээрээ сургалт явуулдаг нэг ч их, дээд сургууль байдаггүй.

Categories
мэдээ цаг-үе

Долоон шинэ гаригийг нээлээ

NASA буюу Агаарын уудмыг шинжлэн судлах үндэсний төв нь нарны аймгаас гадуур орших долоон гаригийг шинээр нээсэн тухай мэдээлж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Эдгээр гаригууд нь эрдэмтдийн нээсэн “TRAPPIST-1” одыг тойрон эргэлддэг аж. “TRAPPIST-1” одыг судлаачид өнгөрсөн оны сүүлчээр нээсэн юм. Түүгээр дамжуулан судлах явцад шинээр долоон гаригийг нээсэн байна. Тэдгээр нь манай дэлхийтэй ихэд төстэй, чулуурхаг болохыг тогтоосон тухайгаа мэдээллээ. Бельгийн Льеж их сургуулийн одон орон судлаач Мишель Жильон энэ талаар ярихдаа саяхныг хүртэл бид Ангараг, Сугар, Меркури гээд дэлхийтэй ижил төстэй хэдхэн гариг байдаг хэмээн үздэг байсныг дурдсан юм. Хамгийн гол нь эдгээрээс гурав дээр нь ус байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл хүн амьдрах боломж тун өндөр гэсэн үг.

Шинэ гаригууд хэмжээ болон жингийн хувьд манай дэлхийтэй маш ойролцоо. Бельгийн одон орон судлаачид мэргэжил нэгт нөхдийнхөө хамт Чили болон сансрын тойрог замд байрлуулсан телескопын тусламжтайгаар нэлээд удаан хугацааны турш судалгаагаа хийсэн гэдгээ ч хэлжээ. Гаригууд нь “TRAP­PIST-1” одоос холгүй орших тул жин, хэмжээ, агаарын нягтаршлыг судлахад онцын хүндрэл учраагүй гэнэ.

Шинээр нээсэн гаригууд манай дэлхийтэй их төстэй болохыг дээр дурдсан. Гэвч хоорондоо маш ойрхон зайтай, “TRAPPIST-1” одны тойрог зам нь манай дэлхийн тойрог замтай харьцуулахад хамаагүй бага аж. Харин цаг агаар нь Ангараг гаригийнхтай тун төстэй буюу агаарын хэм нь цельсийн хасах 20-30 аж.

Эрдэмтэд гаригуудыг хооронд нь ялгахын тулд b, c, d, e, f ,g, h хэмээн нэрлэсэн байна. “TRAPPIST-1” одыг ойролцоогоор хоёр долоо хоногт нэг удаа тойрдог болохыг ч тогтоожээ. Хүн амьдарч болох хамгийн өндөр магадлалтай гурван гариг нь d, e, f. Кембрижийн их сургуулийн дэргэдэх Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Эмори Триогийн ярьснаар f нь хүн амьдрах боломжоороо нөгөө хоёроосоо илүү. Агаар нь сэрүүхэн мөртлөө зөөлөн тул ус болон бусад амьд эд эс орших бололцоотой. Судлаачид ойрын хэдэн жилүүдэд энэ чиглэлээр судалгаагаа эрчимжүүлснээр хүн амьдрах боломжтой эсэх талаар эцсийн хариуг өгөх гэнэ.

NASA-гийн энэ нээлтийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агуу хэмээн онцолсон байгаа. Энэ нь одон орон судлалд гарсан бас нэгэн том нээлт гэдэг нь маргаангүй. Гэхдээ шинэ гаригуудын соронзон талбай нь тийм ч хүчтэй биш тул аливаа тэсрэлт зэргээс хамгаалах чадвар тун бага аж. Түүнээс гадна нэг талаараа од руу харсан байрлалтай. Тиймээс энэ тал нь нар хардаггүй, харин нөгөө талд нь үргэлж нартай аж.

Одон орон судлалд маш том шинэ нээлтэд тооцогдож буй эдгээр гаригуудыг судлахад “Спитцер”, “Хаббл”, “Кеплер” телескопуудыг ашиглаж байгаа юм. Яваандаа судалгаанд “Жеймс Уэбб” хэмээн нэрлэсэн сансрын тойрог замд байрлуулах телескопыг яаж ашиглах төлөвлөгөөг боловсруулан гаргахаар болсон юм. 2018 онд сансрын тойрог замд байрлуулах уг телескоп маш өндөр мэдрэмжтэй. Тиймээс ус, метан, устөрөгч, озон зэрэг байгаа эсэхийг тогтооно. Түүнээс гадна эдгээр гаригуудын агаарын хэм, даралт ямрыг мэдэх боломжтой.

Судлаачдын ярьснаар эдгээр гариг нь манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайтай оршиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, 380 тэрбум километр зайтай оршин байна гэсэн үг. Тиймээс түүн дээр очих боломж бараг үгүй. Очлоо гэж бодоход бараг нэг тэнгисийн устай тэнцэх хэмжээний шатахуун хэрэгтэй болно гэсэн тооцоо гаргасан байна.

Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар шинэ гаригуудыг нээснээр юуны түрүүн агаар мандалд чухам юу болоод байгааг тогтооход чухал аж. Энэ нь манай дэлхийн цаг агаар ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх, тодруулбал дулаарах, хүйтрэх эсэхийг тогтооход тус болох юм.

NASA-гаас шинээр нээсэн гаригууд дээр ус байх магадлалтай хэмээн мэдэгдсэнийг зарим одон орон судлаач үгүйсгэж байна.

Нарны аймгийн шинэ системийг NASA-гийн эрдэмтэд Бернаодбоуэн хэмээн нэрлэх саналыг дэвшүүлжээ. Астрофизикийг үндэслэгч Бернард Боуэнийн дурсгалыг хүндэтгэн ийнхүү нэрлэсэн байна. Одон орон сулаач Майкл Гиллоны хэлснээр долоон гаригаас зургаа нь бий болсныхоо дараа нарны аймгийн системд орж ирсэн хэмээн үзжээ.

Америкийн “Nature” сэтгүүлийн өнгөрсөн оны хамгийн сүүлчийн дугаарт хүн амьдрах боломжтой гурван шинэ гаригийн талаарх судалгааны дүнг нэлээд дэлгэрэнгүйгээр нь нийтэлсэн билээ. Нарны аймгаас илүү одод ойрхон байрлаж эдгээр шинэ гаригуудын талаар эрдэмтэд яваандаа олон шинэ сонин мэдээллийг хүн төрөлхтний сонорт хүргэх юм.

Categories
мэдээ цаг-үе

​Женифер Зимдал Галт: Ажил эрхлэх визэнд монголчуудыг хамруулах хүсэлт тавьсан

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан юм. Тэрээр АНУ-ын ЭСЯ-ны америк гэрт сэтгүүлчдийг хүлээн авахаар болсноо тайлбарлахдаа энэ жил Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг хамгийн түрүүн онцлов. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ЭСЯ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын ГХЯ-тай хамтран эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол-Америкийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулжээ. Тэмдэглэлт ойг бүтэн жилийн туршид тэмдэглэхээр төлөвлөж ирэх гуравдугаар сард Филадельфийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж тоглолтоо хийх юм байна.

Монгол, Америкийн харилцаа 1987 оноос хөгжин гүнзгийрсэн бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд харилцаагаа улам өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгаа гэдгийг ч дурдав. Үүнд Монголын эдийн засгийг дахин сэргээх, төрөлжүүлэхэд хамтрах, Монголын ардчиллын институци, ардчиллын хөгжлийг дэмжих, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутгийн болон олон талт байгууллагуудын үйл ажиллагаанд Монголын эерэг оролцоог дэмжих аж.
Үүнийг хатагтай Женифер Зимдал Галт Элчин сайдын хувьд нэн тэргүүний зорилго болгон ажиллахаа онцлов. АНУ-д зорчих визний талаар манайханд асууж тодруулах зүйл багагүй байдаг. Тиймээс ч асуултаа энэ сэдвээр эхэлсэн юм.
-Манай ГХЯ-наас монголчуудад ажлын буюу H2 визийг олгох хүсэлт тавьсан байгаа. Энэ асуудал ямар шатанд байгаа талаар тодруулах гэсэн юм.
-Тийм ээ, танай ГХЯ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яаманд монголчуудад түр хугацааны ажлын виз олгох буюу танай улсыг H2 хөтөлбөрт хамруулах хүсэлт тавьсан байгаа. Энэ нь АНУ-д түр буюу улирлын чанартай ажил эрхлэх виз юм. Уг хөтөлбөр нь тодорхой хэмжээний квоттой бөгөөд түүнд оролцох шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд юуны түрүүнд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран ажилласан байх гэсэн шаардлага тавьдаг. Тодруулбал, Америкт бичиг баримтын зөрчил гаргаад буцах ёстой болсон Монголын иргэдэд бичиг баримтыг нь олгоход үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой. Энэ бол нэг шалгуур нь. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар Америкийн Дотоодын аюулгүй байдлын яамнаас Монголыг тус хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж үзсэн. Ер нь бол сүүлийн үед Монгол руу буцах ёстой танай иргэдэд бичиг баримтыг нь олгох тал дээр хоёр тал хамтран ажиллаж байгаа. Нэг үгээр хэлэхэд шаардлагыг хангаж байгаа гэсэн үг. H2 хөтөлбөрт Монголыг хамруулах эсэх нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шийдвэрээс хамаардаг. Хэрвээ нааштай шийдвэр гаргах юм бол Монголын иргэд АНУ-д түр хугацаагаар ажиллах боломж бүрдэнэ. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд хоёр зүйлийг хийсэн байх ёстой. Нэгдүгээрт, бидний зүгээс Монгол Улсыг H2 хөтөлбөрт хамруулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх үйл явц ирэх дөрөвдүгээр сард болох байх. Үүний дараа нааштай шийдвэр гарна гэдэгт ЭСЯ-ны зүгээс баталгаа өгөх боломжгүй. Хоёрдугаарт, уг хөтөлбөр нь яг энэ хэлбэрээрээ цаашдаа ч хэрэгжинэ гэдэгт бид баталгаа өгч чадахгүй.
ВИЗНИЙ АСУУДЛААР
Монгол Улс нь иргэдээ АНУ-д визгүй зорчдог болгох хүсэлт тавьсан байгаа. Энэ талаар хоёр улс хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь нэлээд урт хугацааны ажил. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол Улс нь олон шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, аюулгүй байдал, аялал, паспорт олголт зэрэг. Бид энэ талаар танай ГХЯ-тай хамтран ажиллаж байгаа. Нэг ялгаатай зүйл байдаг гэдгийг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл оюутны, аялал, жуулчлал, бизнесийн виз юм. Тиймээс цагаачлалын визийг салгаж ойлгох хэрэгтэй. Цагаачлалын бус виз гэдэг нь түр хугацаагаар АНУ-д зорчино гэсэн үг гэв.
Дашрамд дурдахад, Монголоос 25 мянган хүн АНУ-д ажиллаж, амьдардаг юм байна. Түүний дотор визээ хэтрүүлсэн иргэд ч цөөнгүй аж.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол-Америкийн хооронд байгуулсан олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх ил тод байдлын хэлэлцээрийг эцэслэн хэрэгжүүлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард шийдсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг хүчин төгөлдөр болгох үйл явц ирэх гуравдугаар сарын 20-ны өдөр эхэлнэ. Энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр АНУ болон бусад орнуудын хөрөнгө оруулагчдад Монгол бол хөрөнгө оруулахад найдвартай, тохиромжтой орон гэсэн дохио болно. Хатагтай Женифер Зимдал Галт нь Элчин сайдын хувиар Монголын эдийн засгийг дахин сэргээх, олон төрөлтэй болгох чиглэлээр хамтран ажиллана. Одоогийн байдлаар Монголыг ОУВС-тай хамтран ажиллахад нэлээд анхаарал хандуулж байна. Түүнээс гадна уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа нэлээд сайн байгаа.
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Манай хоёр улс батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд цаашид ч үүнийг өргөжүүлэхээр төлөвлөсөн. Монголын цэргүүд Афганистанд Америкийн цэргүүдтэй цуг энхийг сахиулж байгаа. Уг ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүнээ үргэлжлүүлэн байлгахаар болсонд бид ихэд талархсан. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох хүчнийг улам бэхжүүлэхээр хамтран ажиллана.
ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА
Иргэд хоорондын харилцааг улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан шинэ хөтөлбөрийг эхлүүлэн үүнийгээ улам өргөжүүлэхээр болсон. Энэ нь шинэ хөтөлбөрийн хүрээнд ойрын нэг, хоёр сарын дотор сурагчд ын өргөдлийг хүлээн авна. Мөн 2016 оны зургадугаар сард Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Керри Монголд айлчлахдаа залуу манлайлагчдад зориулсан шинэ хөтөлбөрийг зарласан байгаа. Энэ нь эхлээд явж байгаа бөгөөд цаашдаа улам өргөжнө.
МОНГОЛД ХАНДАХ ХАНДЛАГАД ӨӨРЧЛӨЛТ ОРОХЙГҮЙ
Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөж ажлаа албан ёсоор хүлээн авснаас хойш АНУ-ын шинэ засаг захиргаа Монголын талаар ямар бодлого баримтлан ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар сэтгүүлчид нэлээд сонирхож байлаа. Элчин сайд Женифер Зимдал Галтын ярьснаар Монголд хандах хандлагад өөрчлөлт орохгүй гэдгийг онцлон дурдсан юм.
Ю.ДЭЛГЭРМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Трамп: Би өөрийгөө Европтой маш их холбоотой гэдгээ мэдэрдэг

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Германы “Bild”, Их Британийн “Times” сонинуудад өгсөн ярилцлагыг орчуулан өчигдөр нийтэлсэн билээ. Ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


-Тэгэхээр таны бодлоор хэн буруутай вэ. Обама юу, Пакистан уу. Хэн үүний хариуцлагыг хүлээх ёстой вэ?

-Афганистанд нөхцөл байдал сайнгүй байгаа. Болж байгаа юм байхгүй. Бид 17 жил Афганистанд байсан. Эргээд харахад бид тэдэнд зорилгодоо хүрэх юмыг нь хийлгээгүй байна. Манайх ер бусын армитай. Манай ер бусын армид бид ялалт байгуулах боломж олгоогүй. Boeing, Loocked Martin компаниуд нь манай томоохон түнш. Манайх F-55 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Төлөвлөснөөсөө илүү зарлагатай байгаа учраас одоо жаахан саатсан. Үүнийг сайжруулах хэрэгтэй.

-Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд манай цэрэг зэвсгийн давуу байдал таны хувьд юу гэсэн үг вэ?

-“Исламын улс” бүлэг.

-“Исламын улс” бүлэглэлийн талаар та ямар бодлого баримтлах вэ?

-Энэ талаар юм хэлэхгүй. Би Обамагийн бусад шиг баймааргүй байна. Би үргэлж Мосулын тухай ярьдаг. Мосул үнэхээр гамшиг болсон. Одоогоос дөрвөн сарын өмнө Мосулыг эзэлнэ гэж хэлэхэд нь би “Та нар яагаад ингэж мэдэгдээд байгаа юм бэ?” гэсэн. Энэ нь таны “Та хамгийн эхлээд юу хийх вэ? Хэзээ эзэлж авах бэ? Үүнийгээ хэзээ, хэрхэн хийх вэ? Ямар зэвсэг хэрэглэх вэ? Хэдийд яах вэ?” гэсэн асуулттай ижилхэн сонсогдож байна.

-Б.Обама дайралт хийх гэж байгаагаа “Telegram”-аар мэдээлсэн гэж хэлэх гээд байна уу?

-Мосул гамшиг болчихоод байна. Учир нь бид таван сарын өмнө Мосулыг авна гэж мэдэгдсэн. Гэтэл дөрвөн сарын өмнө “Бид бэлдэж байна” гэсэн. Үүний дараа биднийг тэнд орчихсон хойно энэ талаар маш их ярьсан. Мосул хотыг авахад хэцүү байсан шүү дээ.

-Оросын Ерөнхийлөгч В.Путин Сирийн асуудалд оролцсон нь сайн уу, муу юу?

-Энэ бол нэлээд төвөгтэй хэрэг, маш муу. Бидэнд ямар нэгэн арга хэмжээ авах боломж байсан. Бид үйлчлэхээ больсон улаан шугамыг татсан хойно юу ч болоогүй. Энэ бол цорын ганц боломж байсан бөгөөд одоо бүх юм оройтсон. Дэндүү оройтсон, бүх юм ард хоцорлоо. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусах боловч Аллепо бол аймаар байсан. Хотоос явж байгаа настай эмэгтэйчүүдийг буудахыг харахад аймшигтай. Зүгээр л зугаагаа гаргах гэж тэднийг буудаж байгаа мэт санагдсан, үнэхээр аймшигтай. Аллепо бол хүмүүнлэгийн хувьд үнэхээр хүнд байдалтай байгаа.

-Оросын талаар ярихад А.Меркел бол В.Путиныг сайн мэддэг. А.Меркел оросоор, В.Путин германаар чөлөөтэй ярьдаг. Та энэ хоёрын хэнд нь илүү итгэдэг вэ?

-Одоогоор хоёуланд нь итгэж байна. Гэхдээ энэ нь аль зэрэг удаан үргэлжлэхийг харж л байя. Удахгүй ч байж магад.

-Зүүн Европын иргэд Оросоос, В.Путинээс айдаг гэдгийг та мэдэх үү?

-Тэгэлгүй яахав, мэднэ. Өөрөөр хэлбэл тэнд юу болоод байгааг би ойлгож байгаа. НАТО асуудалтай байна гэдгийг ч би нэлээд дээрээс хэлсэн. Маш олон жилийн өмнө байгуулагдсан тул НАТО хуучирсан. Хоёрдугаарт, улс орнууд төлөх ёстой мөнгөө өгөхгүй байгаа. Би НАТО-г хуучирсан гэж хэлээд маш том шахалтанд орсон.

Терроризмд анхаараагүй тул НАТО хуучирсан. Хоёр хоногийн туршид намайг дарамтлаад дараа нь Трампын хэлж байгаа үнэн гэсэн. Энэ тухай Wall Street Journal сэтгүүлийн нэгдүгээр нүүрэнд хүртэл бичсэн. Энэ сэтгүүлийн газар терроризмын асуудлыг судалдаг бүхэл бүтэн хэлтэстэй боллоо. Сайн хэрэг. Улс орнууд төлөх ёстой мөнгөө өгөхгүй байгаа нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл бид эдгээр орнуудыг хамгаалах ёстой, гэтэл тэдний дийлэнх нь мөнгөө өгөхгүй байна. АНУ-ын хувьд энэ нь шударга бус юм. Гэсэн хэдий ч би НАТО-г чухал гэж үздэг.

-Их Британи мөнгөө төлдөг үү?

-Их Британи мөнгөө төлдөг. Төлбөр өгөх ёстой орнуудаас таван орон мөнгөө өгдөг.

-Европын аюулгүй байдал нь хэдэн арван жилийн туршид АНУ-аас хамаарсан. Энэ баталгаа ирээдүйд байх уу?

-Би өөрийгөө Европтой маш их холбоотой гэдгээ мэдэрдэг. Энэ холбоо нь маш хүчтэй.

-ОХУ-ын эсрэг тавьсан Европын хоригийг та дэмжиж байна уу?

-Миний бодлоор хүмүүс хоорондоо учраа олох ёстой, шударга байхын тулд хийх ёстой зүйлээ хийх нь зүйтэй. Тийм биш гэж үү? Оросын эсрэг хориг тавьсан, бид хэдэн сайхан гэрээ байгуулж чадах эсэхийг харж л байя. Нөгөө талаас нь авч үзвэл миний бодлоор цөмийн зэвсэг бага байх ёстой бөгөөд түүнийг хорогдуулах нь зүйтэй. Гэвч энэ хоригоос болоод Орос нэлээд хохирол амсч байгаа.

-Та Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг хүчингүй болгох уу?

-Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар яахыг би хэлэхгүй. Нууцаа дэлгэмээргүй байна. Хар даа, би улстөрч биш, би гарч ирээд “Би ингэнэ, тэгнэ” гэж хэлэхгүй. Би хийх ёстой юмаа л хийнэ. Хөзөр тоглож байгаа хүн модоо гаргахаасаа өмнө дэлгэдэг гэж үү? Ираны хэлэлцээрт би сэтгэл дундуур байгаа бөгөөд байгуулсан хэлэлцээрүүдээс хамгийн муу нь гэж үздэг. Миний мэдэхийн хамгийн тэнэг гэрээ. Тохиролцооны хувьд аваад үзье 1.7 тэрбум ам.доллар бэлнээр авчихаад 150 тэрбум ам.доллар өгнө. Та нэг сая ам.долларыг бэлнээр нь, зуутын дэвсгэртээр байгааг харсан уу? Энэ бол маш их мөнгө. Тэгвэл 1.7 тэрбум ам.доллар бэлнээрээ хэр зэрэг их болох бол? Нэг онгоц дүүрэн мөнгө үү, нэлээд хэдэн онгоц шүү дээ. 1.7 тэрбум ам.доллар бэлнээр нь гэдгийг би ойлгохгүй байна. Энэ бол зүгээр л Ерөнхийлөгчийн эрх мэдлийг харуулж байгаа хэрэг. Улс орны Ерөнхийлөгч 1.7 тэрбум ам.долларыг бэлнээр нь өгүүлэх шийдвэр гаргана гэдэг маш их эрх мэдэл.

-Таны бодлоор энэ мөнгөөрөө терроризмыг санхүүжүүлж байна уу?

-Үгүй, миний бодлоор Швейцарийн дансанд байгаа. Тэдэнд энэ мөнгө хэрэггүй, тэд өөр мөнгөө хэрэглэнэ. Тэд энэ мөнгийг аваад л өөртөө үлдээчихсэн. Энэ бол миний бодол.

-Зул сарын өмнөхөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Израилийн талаар гаргасан тогтоолын талаарх Б.Обамагийн баримталж буй бодлогын талаар ямар бодолтой байна?

-Миний сонссон буруу биш бол удахгүй Их Британи хориг тавих эрхтэй болно. Тэд энэ долоо хоногийн эцсээр уулзана. Ингэх тусам хэлэлцээ хийхэд хэцүү болж байгаа нь миний асуудал болчихоод байна. Учир нь палестинчуудад урьдчилаад нэлээд юм өгсөн. Хуулийн хүрээнд ингэх ёстой боловч сэтгэл зүйн хувьд надад хэлэлцээ хийхэд хэцүү байна. Та ойлгож байгаа биз дээ.

-Таны бодлоор Ойрхи Дорнодын асуудлаар НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс ямар ч тогтоол гаргасан байсан Их Британи хориг тавих ёстой юу?

-Британи хориг тавибал би баярлах болно. Яагаад гэхээр хамгийн гайхалтай нь АНУ ингэнэ гэдэгт би итгэлгүй байна. Тэд ингэхгүй биз, тийм үү? Эсвэл та Их Британи хориг тавина гэж бодоод байгаа юм уу? Миний еврей найзууд Б.Обамад зориулан хандивын арга хэмжээ зохион байгуулсан. Би тэднээс “Та нар чинь яаж байгаа юм бэ?” гэж асуусан л даа.

-Таныг Тель-Авив дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерулсамд нүүлгэн аваачих гэж байгаа гэсэн, үнэн үү?

-Би одоо энэ талаар юм хэлэхгүй, харж л байя.

-Г.Киссинжерийн “Европтой утсаар ярих бол ямар дугаараар холбогдох вэ?” гэсэн нэг алдартай үг байдаг. Та бол ямар дугаараар холбогдох вэ?

-А.Меркел бол яахын аргагүй улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүдээс чухал нь. Их Британи, Европын Холбоог хар л даа, үндсэндээ Герман гэсэн үг. Европын Холбоо гэдэг Германы зорилгодоо хүрэх нэгэн хэрэгсэл нь. Тиймээс ч Их Британи тус холбооноос гарах болсон нь ухаалаг шийдвэр. Тэгтэл “Удахгүй BREXIT-тэй болно гэж Трамп хэлсэн” гэж гарчиг дээрээ хүртэл бичсэн. Эхэндээ хэн ч учрыг нь мэдээгүй, бүгд л намайг солиотой гэж бодож байх үед ийм юм болсон шүү дээ. Хэрвээ Европын Холбооноос гарах юм бол Их Британи бусдын адил дараалалд зогсоно гэж тэр үед Обама хэлсэн байдаг. Гэтэл дараа нь хэлсэн үгээ буцаах хэрэг гарсан. Обама ингэж хэлсэн нь буруу байсан. Миний бодлоор бүх юм гайхалтай сайхан байна.

-Та Европын Холбооны ирээдүйг ямраар төсөөлж байна. Бусад орнууд нь ч гэсэн гишүүнчлэлээс татгалзах уу?

-Маш хэцүү байх болно. Би Европын Холбооны тэргүүнтэй ярьсан. Маш найрсаг хүн над руу залгасан л даа.

-Ноён Юнкер үү?

-Тиймээ, надад сонгуульд ялалт байгуулсан гэж утасдсан. Миний бодоход энэ бүхэн тун амаргүй. Учир нь улс орон, үндэстэн бүхэн өөрийн гэсэн онцлогоо хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Их Британи ч ялгаагүй. Хэрвээ тэдэнд ийм олон цагаачийг хүлээн авахыг тулгаагүйсэн бол ийм их тулгамдсан асуудал бий болж, BREXIT бий болохгүй байх сан. Бүх юм сайхан байх байсан бөгөөд европчуудыг тэвчээр барагдахгүй байсан. Гэтэл энэ нь европчуудын тэвчээрийг барсан. Хүмүүс өөрийн гэсэн онцлогоо хадгалан үлдэхийг хүсч байна. Та үнэхээр миний санаа бодлыг сонирхож байгаа бол бусад орнууд ч Европын Холбооноос гарна.

Categories
гадаад мэдээ

​Д.Трамп: Энэ бол манай улсын түүхэнд гаргасан хамгийн буруу шийдвэр байсан

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Германы “Bild”, Их Британийн “Times “ сонинуудад өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Ноён Ерөнхийлөгч өө, таны өвөө Герман, ээж тань Шотландаас гаралтай. “Times” сонины сэтгүүлч маань шотланд, би герман. Та манай орнуудтай хэрхэн хамтран ажиллах гэж байна?
-Ер нь бол хамтын ажиллагаа ижил байх болно. Бид танай хоёр улсад хайртай, сайхан ч орон, гайхалтай газар. Их Британи Европын Холбооноос татгалзсан нь маш сонин явдал болсон. Ингэнэ гэдгийг би тодорхой хэмжээгээр урьдчилан хэлсэн байгаа. Би Тернберрид гольфийн клуб худалдаж авсан. Ажил нь ч их бүтэмжтэй явж байна. Танд гэж хэлэхэд танай фунт стерлингийн ханш унаж байгаа нь маш сайхан хэрэг. Учир нь Их Британийн зарим нутагт бизнес их сайн байгаа. Явж явж BREXIT-ийн ажил тун амжиллттай болох байх.
-АНУ, Их Британи хоёр тун удахгүй худалдааны хэлэлцээ байгуулна гэж хэлэх гээд байна уу?
-Тэгэлгүй яахав. Маш хурдан байгуулна. Би бол Их Британийн шүтэн бишрэгч. Тиймээс байдлыг залруулахын тулд бид шуурхай бөгөөд ухаалгаар аль аль талд нь ашигтай байхаар хамтран ажиллана. Бид уулзцагаана… Та хүсвэл түүний (Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйг хэлж байна) энэ талаар бичсэн захидлыг үзүүлье. Тэр уулзахыг хүссэн байна. Намайг Цагаан Ордонд нүүж очсон даруйд уулзаж, байдлыг засч залруулна.
-Таны бодлоор BREXIT-ийг байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Улс оронд нь харийн хүн ирчихээд эвдэж сүйтгээд байхыг хүмүүс хүсэхгүй. Миний эх оронд ч бид эхнийхээ өдрөөс хилийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулна. Би хамгийн түрүүн энэ талаар тогтоол гаргана. Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан ажлынхаа эхний өдөр, баасан, бямбад бус даваа гаригт шүү. Би үүнийг баярын өдрүүдийн дараа хиймээргүй байна. Сириэс манайд хэн нь мэдэгдэхгүй хүмүүс ирээсэй гэж бодохгүй байна. Тэднийг шалгах боломж ч бидэнд байхгүй. Би германчууд шиг болмооргүй байна. Хэдийгээр би Ангела Меркелийг хүндэлдэг хэдий ч түүн шиг байдалд орохгүй хүсэхгүй. Миний харж байгаагаар манайх хангалттай тулгамдсан асуудалтай. Д.Трампын талаар нэг зүйлийг баттай хэлнэ, бүх юм аюулгүй байх ёстой. Улс төрийн дүрэм үгүй бол дипломат арга байхгүй гэсэн үг.
-Сонгуулийнхаа сурталчилгааны үеэр та дэлхийн исламын шашинтнуудыг АНУ-ыг зорих гэдгийг болиулна гэж хэлсэн. Та үүнийгээ хэрэгжүүлэх хэвээрээ юу?

-Терроризмтэй асуудалтай байгаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа исламын шашинтнуудыг хэлсэн юм. Би Европын зарим хэсгийг хэлж байна, дэлхийн болон Европын зарим хэсгийг. Исламын шашинтнууд очоод асуудал үүсгээд байгаа тэр хэсэг шүү дээ. Манайхан ийм асуудалтай байгаасай гэж хүсэхгүй байна. Та хар даа. Би эдгээр асуудал болон аюулгүй байдлыг хангасан. Хил, худалдаа, цэргийн салбар зэрэг асуудлыг голчлон хөндөж байж сонгуульд ялалт байгуулсан. Манайх хүчирхэг зэвсэгт хүчинтэй байсан.

-Таны өвөг дээдэс герман гаралтай гэдгийг та дурдсан. Биеэр тань герман цус урсаж байгаа нь таны хувьд юу гэсэн үг вэ?
-Энэ бол үнэхээр гайхалтай. Би Германаар бахархдаг бөгөөд Герман бол ер бусын орон. Бад-Люркхайм гэдэг бил үү? Энэ бол жинхэнэ Герман, тийм биз дээ? Ярих ч шаардлагагүй, энэ бол жинхэнэ Герман. Би Германаар үнэхээр их бахархдаг. Би Германд хайртай, Их Британид хайртай.
-Ингэхэд та Германд очиж байсан уу?
-Очсон.
-Б.Обама Ерөнхийлөгч байхдаа хамгийн сүүлд Германд айлчилж, болдог байсан бол дараагийн сонгуулиар А.Меркелийн төлөө саналаа өгнө гэж хэлсэн. Та ч гэсэн ингэх байсан уу?
-Нэгдүгээрт түүнтэй хэн өрсөлдөж байгааг би мэдэхгүй байна. А.Меркелийг би танихгүй, уулзаж байгаагүй, гэхдээ түүнийг хүндэлдэг гэдгээ хэлсэн. Гайхалтай удирдагч. Гэхдээ миний бодлоор хууль бус цагаачдыг улс орондоо оруулж аймшигтай алдаа гаргасан. Хаанаас ирсэн нь хамаагүй, хамгийн гол нь оруулсан явдал, тэгээд ч тэд хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй. Түүнийг маш аюултай, том алдаа гаргасан гэж би боддог. Гэсэн хэдий ч би түүнийг хүндэлдэг, надад таалагддаг. Өөрөөр хэлбэл би хэн нэгнийг дэмжинэ гэж хэлж чадахгүй, ер нь би хэн нэгнийг дэмжиж байсан юм болов уу.
-Та АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд хэзээ Их Британид айлчлах вэ?

-Би маш баяртайгаар айлчлах болно. Ээж маань дэг жаягийг чандлан баримталдаг хүн байсан. Тиймээс надад ийм зан байдаг. Аав маань маш энгийн хүн байлаа. Ээж маань Английн хатан хаанд их хайртай, түүн шиг ихэмсэг хүн. Ордны дэг жаяг, тансаг, гоё байдалд их дуртай. Ийм юмыг англичууд л хийж чаддаг. Телевизээр хатан хаан гарах болгонд ээж маань үзнэ. Гайхалтай байгаа биз?

-Шотланд ээжээсээ өөр юуг нь өвлөн авсан вэ?
-Шотландчууд жижиг мөнгөндөө нэлээд анхаарал хандуулдаг. Би ч гэсэн мөн адил. Одоо би том юм хийдэг болохоор ингэх нь нэлээд асуудалтай болчихоод байгаа.
-Тэгвэл танд германчуудын ямар зан чанар байдаг вэ?
-Би дэг журамд дуртай. Юмыг хийсэн шиг хийх дуртай. Германчууд үүгээрээ алдартай шүү дээ. Би дэг журам, эрч хүчинд дуртай.
-Сонгуулийн сурталчилгааны үеэр та А.Меркелийн Сирийн цагаачдын талаар явуулж буй бодлогыг нэлээд шүүмжилсэн. Таны бодол өөрчлөгдөөгүй л байна уу?

-Миний бодоход энэ нь сайн зүйл биш. Энэ бол Германы хувьд маш том алдаа болсон. Герман шүү дээ. Гэтэл энэ улс гадаадын иргэдийг нэвтрүүлэхдээ хамгийн чанга дүрэм журамтай орон байсан. Би А.Меркельтэй уулзана. Би түүнийг хүндэлдэг, тэр надад таалагддаг. Хүн бол алдаа гаргадаг, гэхдээ энэ бол маш том алдаа болсон.

Миний бодоход бид Сирид аюулгүй бүс бий болгох ёстой байсан. Энэ нь хамаагүй хямд тусна. Персийн булангийн орнууд үүнийг санхүүжүүлэх нь зүйтэй байсан болов уу. Ер нь тэд чинь мөнгөтэй хүмүүс шүү дээ. Энэ нь одоо Германы амсч байгаагаас хамаагүй хямд тусах байсан болов уу. Сирид аюулгүйн бүс байгуул гэж хэлмээр байна.
Энэ явдал хэрээсээ хэтрэх ёсгүй байсан юм. Ирак руу довтлох ёсгүй байсан юм тийм үү? Энэ бол манай улсын түүхэнд гаргасан хамгийн буруу шийдвэр байсан. Бид энэ дайныг эхлүүлсэнээр зөгийний үүр рүү чулуу шидэх шиг л юм хийсэн. Энэ бол дэлхийн хамгимйн том гамшиг болчихоод байна. Би сая нэг юм үзчихлээ… Үүнийг танд харуулж болохгүй, нууц юм… Би талибанчуудыг харсан шүү… Талибанчуудыг харах юм бол огт өөр, тэд жил ирэх тусам улам бүр нэмэгдсээр. Ингэхэд л тэнд юу болоод байна гэж асуудаг.
Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Назарбаевын гэгдэх “GTime” сүлжээ бизнесийн салбар зөвхөн Улаанбаатар, Улаан-Үдэд байдаг

-GTIME СҮЛЖЭЭГ ЦАГДАА НАР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Сүлжээний бизнесийн “давалгаанд” бид байсхийгээд л цохиулаад байх боллоо. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад хичнээн сүлжээний бизнес орж ирсэн юм. Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс эхлээд автомашин, их хэмжээний мөнгөний ашиг олох боломж гээд л олон төрлийн сүлжээний бизнес хэрэгжиж байв. Гэхдээ ихэнх нь сүлжээний бизнес нэрийн дор бусдыг залилсан нь тогтоогдож, шоронгийн хаалга татсан байдаг. Мөн үүнийгээ дагаад олон мянган хүн хохирч үлдсэн байдаг. Сүлжээний бизнес цэцэглэх нь эдийн засагтай их холбоотой. 2011 оны хямралаар манайд 6000 гаруй иргэн хохирсон сүлжээний бизнестэй холбогдуулан “Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмаз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” зэрэг байгууллагуудыг шалгаж байсан. Үүнийг манайд гарсан сүлжээний бизнестэй холбоотой хамгийн том хэрэг гэдэг. Тэгвэл эдийн засаг хямраад байгаа энэ үед дахиад л нэг сүлжээний бизнес манай улсад хүч түрэн орж ирээд байна. Сүүлийн үед мөнгөө өсгөх гэсэн хүмүүс Казахстанаас орж ирсэн “GTime Corporation”-ийн сүлжээ рүү олноороо орж элсэх болжээ. Амнаас ам дамжсан сурталчилгаанд автсан манайхан гэр бүл, хамаатан саднаараа элсэх болов. Иргэдийн дунд “Хүүе маш амархан баяжих боломж гараад ирлээ. “GTime” гэдэг сүлжээнд элсээд хэдэн төгрөг байршуулчих юм бол гэртээ сууж байгаад л мөнгөтэй болох юм байна. Бүх таньдаг хүн рүүгээ ярьдаг хэрэг” гээд л хэн нэгний хэлсэн сурталчилгаан дээр өөрийнхөө үзэл бодлыг нэмээд л ярих ажээ. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа гэрийн эзэгтэй, тэтгэврийн хөгшид, оюутан залуус, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид гээд хот, хөдөөгүй “GTime” гэх нэртэй сүлжээний бизнесээр “амьсгалж” байна. Ямар сайндаа л гоо сайхны салоноор үйлчлүүлж байгаа хүнд гоо сайханч эмэгтэй энэ талаар хоёр цагийн турш тайлбарлаж өгөх аж. Мөн дэлгүүрийн худалдагчид хүртэл үйлчлүүлж байгаа хүмүүст тайлбарлаж өгч байна. Гар утсанд байсхийгээд л мессэж ирэх ажээ. Интернэтэд тавьсан тус компанийн албан ёсны танилцуулгыг үзэхэд Казахстанд 2012 онд байгуулагдсан, татвар төлдөг хэмээн онцолсон байна. Шунгит хэмээх чулууг ашиглан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ ч онцолсон. Шунгитыг ашиглан хийсэн ердөө гуравхан бүтээгдэхүүн танилцуулсан нь нүүр цэвэрлэгч, нүүр, гар, хөлийн тос. Тус компаниас хэдэн янзын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа дэлгэрэнгүй бичжээ. Төв нь Алма-Аты хотод байдаг гээд дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн боловч хилийн чанадад ердөө хоёрхон салбартай юм байна. Нэг нь Улаанбаатарт, нөгөө нь ОХУ-ын Улаан-Үд хотод байдаг. “GTime Corporation” компанийн албаны вэб хуудсанд янз бүрийн хөтөлбөрүүдэд хамрагдаж чамгүй ашиг олж байр, “Ford Focus” машин хожсоныг нэлээд сурталчилжээ.

Н.НАЗАРБАЕВТАЙ ХОЛБОСОН НЬ

Казахстаны “GTime Cor­poration” нь байгуулагдаад удаагүй ч эх орондоо бол бүгд л мэддэг юм байна. Хүн бүрийг амжилттай бизнес эрхлүүлж чаддаг гэх тус компани нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зөвшөөрлөө авч Монголд салбараа албан ёсоор байгуулжээ. Харин манайд яагаад ч юм тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжсэн бизнес мэтээр ярьцгааж байна. Гэтэл албан ёсны вэб хуудсанд нь Н.Назарбаев дэмжиж ядуурлыг бууруулж, дундаас доош орлоготой хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой санаачилсан гэх талаар нэг ч өгүүлбэр олдсонгүй. Уг сүлжээний бизнес нь нэлээд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хэрхэн өргөжиж байгааг сошиалаар дүүрэн бичжээ. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн тодотгож байгаа нас, хүйс, яс үндэс, мэргэжил зэргийг үл харгалзан бизнес эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг олгодог гээд л бусад сүлжээний бизнесийн л адил олны анхаарлыг татна. Сүлжээний бизнес ямар аюултай болох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа анхааруулсан байдаг. Гадаад улс орнуудад ийм бизнес хүмүүсийг юу ч үгүй болгосон гашуун түүх ч цөөнгүй. 1990 оны эхээр Орост “МММ” хэмээх компани санхүүгийн пирамид байгуулан тэр нь олон түмний нүдэн дээр нуран юу ч үгүй болж хэдэн мянган хүн хохирч байсан түүх санаанд оров. Энэ нь Оросын түүхэнд хамгийн томд тооцогдох санхүүгийн пирамид гэгддэг бөгөөд 10 мянган хүн хохирч тэдгээрээс 50 нь амиа хорлосон эмгэнэлтэй түүх бий. Өнгөрсөн тавдугаар сард Грекийн цагдаагийн байгууллагаас улс орон дамнасан санхүүгийн пирамидыг босгох байдлаар мөнгө олж, угааж байсан бүлгийг баривчлах томоохон ажиллагааг явуулсан. Энэ хэрэгт холбоотой 18 хүнийг баривчилсны дотор Украины өргөмжит консул хүртэл байсныг сануулахад илүүдэхгүй байх.

“GTime”-ийн Монгол дахь салбарынхан улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн дэвтрээ ч фэйсбүүкт тавьжээ. Гэвч татварын бүртгэлийн дэвтрийн хавтас л харагдана. Уг нь бол дотор нь ямар хаягаар хэрхэн бүртгэгдсэн, татвар төлөлт нь ямар байгаа зэрэг нь хамгийн чухал. Тус компани нь гоо сайхан, энергийн бараа үйлдвэрлэх, олон улсын аялал зохион байгуулах, хэд хэдэн оронд үйлдвэрлэдэг бугуйн цагийг гэрээгээр борлуулахаас гадна “Форд” автомашины дилер гэдгийг манайхны тархинд хоногштол бичсэн байв. Хэрвээ та энэ бизнес хөтөлбөрт эхнээс нь орохыг хүсвэл ердөө 135 мянган төгрөг л хэрэгтэй гэнэ. Гэвч хуримтлал, үндсэн, VIP, авто гэсэн дөрвөн хөтөлбөрийн оруулах мөнгөн дүн нь өөр өөр. Хөтөлбөрийн ангилал ахих тусам оруулах мөнгөний тоо нэмэгдэнэ. Хамгийн гол нь та хоёр хүнд л төслийг танилцуулахад хангалттай хэмээн фэйсбүүкт бичжээ. Үнэндээ бол танилцуулах бус элсүүлэх ёстой юм. “Та яагаад GTime-д ороогүй юм бэ, яагаад орохгүй байгаа юм бэ”, “Хүмүүс яагаад VIP хөтөлбөр рүү шургаад байна гэхээр мөнгөө хурдан өсгөж авах боломжтой” хэмээн таныг сэнхрүүлнэ. Төгсгөлд нь илүү мэдээлэл авахыг хүсвэл “Чатаар холбогдоорой” гэсэн өгүүлбэр заавал тавьсан байв. Доороо хүн элсүүлэх нь сүлжээний бизнесийн оршин тогтнох арга. Фэйсбүүкт тавьсан утасны дугаараар нь залгахад “Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгаар бий болсон бизнес” гээд хэзээ ч ирж уулзаж болно хэмээн ихэд уриалгахан ярив. “Сүлжээнийх хэмээн болгоомжлох хэрэггүй” хэмээн хэлж байсан нь цахим ертөнцөөр шүүмжлэл нэлээд дагуулж байгааг илтгэж буй бололтой. Угтаа энэ санхүүгийн пирамид нурахад Ерөнхийлөгч Н.Назарбаев тус болохгүй, хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Сүлжээний бизнес гэх нэрийн дор олон мянган хүн элсэн орж, мөнгөө залилуулдаг. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байснаас болж олон мянган хүн хохирдог. Тэгвэл олон мянган хүн элсэн ороод байгаа “GTime Corporation”-ийн сүлжээ бизнесийг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж байгаа юу гэдгийг албаны эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр “Пирамид хэлбэрээр сүлжээний бизнес хийхийг хуулиар хориглосон заалтаас өөр манай улсад сүлжээний бизнесийг хориглох хууль огт байхгүй. Үүнийг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс овжин ашиглаж бусдыг залилсан олон хэрэг гарсан. Сүлжээний бизнест итгэх нь хувь хүний өөрийнх нь асуудал. Гэхдээ тухайн сүлжээний бизнесийн талаар өргөн хүрээний мэдээлэлтэй байх ёстой юм. Иргэд мэдээлэл байхгүй, бусдын амнаас дамжсан үгээр явсаар байгаад хохирч үлддэг. “GTime Corporation”-ийн сүлжээ бизнесийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Хаанаас санхүүгийн эх үүсвэртэй байна. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу хэвийн явагдаж байна уу гэдгийг шалгаж тогтооно. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэв.

МОНГОЛ ДАХЬ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСИЙН ТҮҮХЭЭС

Сүлжээний бизнес нь анх 1997 онд Монголд орж ирсэн. Тэдний дийлэнх нь ОХУ-аас орж ирсэн бөгөөд хүмүүс гэр бүл, ах дүүгээрээ элсэж хохирсон тохиолдол зөндөө. Одоогоос хэдэн жилийн өмнө ШӨХТГ-аас явуулсан судалгаагаар 100 хүн дунд санал асуулга явуулахад 22 хувь нь 680 000 төгрөгөөс 5000 ам.доллар хүртэл мөнгөөр сүлжээний бизнест орж хохирсон хэмээн хариулсан байдаг. 48 хувь нь сүлжээний бизнест орж төөрөлдсөн гэсэн хариу өгчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагдаагийн байгууллагаас ийм бизнес эрхлэгчдийг шалгаж эхэлсэн тухай мэдэгдэж байсан. “GTime”-ийнхан фэйсбүүкт сүлжээнийхээ бизнесийг идэвхтэй сурталчилж байгааг уншсан эдийн засагч Д.Чимэддамба хэмээх хүний бичсэн сонордуулгаас сонирхуулъя. “Сэрэмжлүүлэг болгох үүднээс оюун ухаанаараа биш шуналдаа тулгуурлаад шийдвэр гаргаж элсэхээсээ өмнө уг үндсээр нь сайн судлах шаардлагатай юм. Эдийн засаг хямрахын хэрээр луйвар цэцэглэдэг. Нэн ялангуяа сүлжээний луйвар. За тэгээд мэдлэг байтугай мэдээлэлгүй байна. Элсэгч хэзээ ч компанид нь итгэж элсдэггүй юм.

…Казахстанд ийм санхүүгийн пирамид хориотой байдаг. Оруулж ирсэн гэх хүмүүс нь өөрсдөө ч зохиосон байх магадлал өндөртэй. Цэвэр луйвар шүү. Мөнгөө алдав аа. Алдчихаад амаа барьснаас алдахаасаа өмнө сэрэмжтэйгээр сайн судалж ухаж мэд. Таныг юу ч гээд сэнхрүүлчихнэ. Таны мөнгө надад хэрэггүй ээ. Гэхдээ олон мянган хохирогч гарсны дараа асуудал руу хууль хүчний байгууллага ордог юм. Алдсан мөнгөө олж авдаг тохиолдол байдаггүй шүү.

2000 оноос хойш энэ салбарыг судалж, арав гаруй судалгааны ном бичиж нэлээн олон луйврын сүлжээний шүүх хуралд мэргэжлийн шинжээчээр ажиллаж байсны хувьд магадгүй та мөнгөө өгөөд элсчихсэн бол эргүүлээд өөрийнхөө мөнгөө өөрийн танил найз нөхөд ах дүү хамаатан саднаа элсүүлж байж л олж авдаг. Өөрөөр хэлбэл, элссэн л бол хүссэн хүсээгүй эдийн засгийн онц ноцтой үгсэн хуйвалдсан бүлэг гэмт хэрэгтэн болдгийг хатуу анхаараарай” гэж бичсэн байлаа.

МОНГОЛЧУУД МӨНГӨӨ ГАДАГШ НЬ ЦАЦСААР БАЙХ УУ?

“GTime”-д элсэгчид мөнгөө өгч эхлэхэд шунгитын найрлагатай гар, нүүр, хөлийн тос, “Луч”, “Atlantic” хэмээх цагуудыг авна. VIP хөтөлбөрт нь хамрагдах бол 500 ам.доллараас гараагаа эхэлнэ, “Ford Focus” хөтөлбөрт 26000 ам.доллар төлнө. Эхний хоёр хөтөлбөрийг нь алгасаад 920 ам.долларын худалдан авалт хийвэл 500+800 ам.доллараар цалинжих боломжтой. Нэг үгээр хэлэхэд жаргалд умбана л гэсэн үг юм байх. Гэвч энэ бүх мөнгө гадагшаа л гарна. Иймэрхүү санхүүгийн пирамид эхэндээ ихэд амжилттай байдаг хуультай. Олон хүний толгойг эргүүлнэ. Харин нурахдаа доороосоо эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эцэс сүүлдээ дийлэнх нь хохирогч болж хоосон хоцордгийг дэлхийн улс орнуудын төдийгүй манайд байсан иймэрхүү сүлжээнүүд бодит амьдрал дээр харуулсан. Монголчууд бид муу үг хэлж, муу юм бодохыг цээрлэдэг. Надад л ийм юм таарахгүй гэж боддог, бусдын сайхан үгэнд амархан итгэчихдэг. Сүлжээний бизнес нурдгийг хангалттай сонсч, мэдээлэл авч байгаа хэдий ч би биш, миний дараагийн хүн тэгнэ гэж боддог. Гэнэн гэмээр ч юм уу даа. Олон хүн хохирч хууль сахиулах байгууллагад хандахад цагдаа нар хэргийг шалгаж эхэлдэг. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэдэг үг байдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Д.Трампын багт ажиллах улстөрчид хэн, хэн бэ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөж албан ёсоор ажилдаа орсон билээ. Тэрээр ажлаа хүлээн авсан даруйдаа хэнийг ямар албанд томилох саналтай байгаагаа Сенатад хүргүүлжээ. Сенат түүний дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хэлэлцсэн. Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Рекс Тиллерсоныг баталсан бөгөөд уржигдар НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Никки Хейли хэмээх Энэтхэгээс гаралтай бүсгүйг томилсон байна. Ингээд ирэх дөрвөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын багт ажиллахаар болсон улстөрчдийг танилцуулъя.


ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МАЙК ПЕНС

АНУ-ын дэд Ерөнхийлөгч бол төрийн тэргүүний адил сонгогддог. Бүгд Найрамдах намаас Д.Трамптай цуг сонгуульд өрсөлдсөн Майк Пенс нь тус улсын 48 дахь дэд Ерөнхийлөгч юм. 2013 оноос саяхныг хүртэл Индиана мужийн захирагчийн албыг хашиж байсан. Ирландаас гаралтай гэр бүлд төрсөн түүний аав нь шатахуун түгээх сүлжээ цэгүүдийг эзэмшдэг байсан. Майк Пенс нь Индианы их сургуулийн Хууль эрх зүйн сургуулийг дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1988, 1990 онуудад Бүгд Найрамдах намаас Конгресст өрсөлдсөн боловч ялагдсан. “Indiana Policy Review” сангийн тэргүүнээр ажиллаж байхдаа радиод нэвтрүүлэг хөтөлсөн нь олны танил болоход нөлөөлсөн гэдэг. Радиод нэлээд амжилттай ажилласан тул телевизэд хүчээ сорьсон байна. “In­dian Policy” телевизийн улс төрийн шоу нэвтрүүлгийг тун амжилттай хөтөлсөн. Мужийнхаа Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 12 жил ажилласан тэрээр Индиана мужийн 50 дахь захирагчаар сонгогджээ. Ультраконсерватив үзлээрээ олны танил болсон тэрээр Ирак руу Америкийн цэргийг оруулахыг дэмжиж, Гуантанамо шоронг хаахыг эсэргүүцэж байсан нэгэн. Түүнийг мужийн захирагчаар ажиллах хугацаанд Индианад үр хөндүүлэхийг хориглох хуулийг нэлээд чангатгасан гэдэг.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РЕКС ТИЛЛЕРСОН

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буюу манайхаар Гадаад хэргийн сайдын албанд томилогдсон Рекс Тиллерсон өмнө нь олон улсын харилцааны салбарт ажиллаж байгаагүй. Техас мужийн уугуул гэгдэх тэрээр Техасын их сургуульд инженерээр суралцаж төгсөөд “Exx­on Mobile” корпорацид ажилласан. 1980-аад оноос эхлэн корпорацийнхаа Хийн асуудал хариуцсан газрын бизнесийн хөгжлийн асуудлыг хариуцсан. 2006 онд тус корпорацийн Захирлын зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон тэрээр Америкаас түүхий нефть экспортлохыг зөвшөөрүүлэхийн төлөө нэлээд тэмцсэн. Түүний удирдлага дор тус корпораци нь 2014 онд 34 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж улсдаа хэдэн тэрбум ам.долларын татвар төлсөн юм. Оросын “Роснефть”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулахыг санаачилсан тэрээр Оросын Ерөнхийлөгчтэй нэг бус удаа уулзсан байна. ОХУ, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж В.Путин түүнийг “Ард түмний найрамдал” одонгоор шагнажээ. Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлэхэд ОХУ-тай онцгой харилцаатай хүнийг томилох гэж байна хэмээн дургүйцсэн гэдэг. Р.Тиллерсон нь 2015 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 25-д бичигджээ.

САНГИЙН САЙД СТИВЕН МНУЧИН

Ерөнхийлөгч Д.Трампын багт ажиллахаар болсон бизнесийн салбарт ажиллаж байсан бас нэгэн хүн бол Стивен Мнучин. Тэрээр дэлхийд хамгийн томд тооцогддог хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Gold­man Sachs” группийн дэд ерөнхийлөгч, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан даргын албыг хашиж байсан. Йелийн их сургуульд сурч байхдаа ирээдүйн Ерөнхийлөгчтэй нэг өрөөнд амьдарч байсан найзууд. 1985-2002 онд “Goldman Sachs” группт ажиллахдаа 40 сая ам.долларын орлого олсон гэдэг. Дараа нь “SFM Capital Management” санг байгуулахад нь Ж.Сорос нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр найзтайгаа хамтран “Dune Capital” компанийг байгуулж кино урлагийн салбарт чамгүй хөрөнгө оруулсан. 2007 онд “20th Century Fox” кино компанитай 500 сая ам.долларын гэрээ байгуулж “Аватар” кино хийхэд хөрөнгө оруулсан байна. Стивен Мнучин нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлыг удирдан ажилласан бөгөөд санал хураалтын дүн гарсан даруйд түүнийг нэлээд хариуцлагатай албанд томилогдох нь гарцаагүй хэмээн хэвлэлд бичсэн юм.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЖЕЙМС МЭТТИС

АНУ-ын цэргийн болоод улс төрийн зүтгэлтэн Жеймс Мэттисийг Батлан хамгаалахын сайдаар томилсон. АНУ-ын тэнгисийн явган цэргийн I корпусын командлагч, Иракийн дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн төв командлалын командлагчаар ажиллаж байжээ. Ер бусын мэдэгдэл хийдгээрээ алдаршсан нэгэн бөгөөд түүний “Зарим хүмүүсийг буудахад хөгжилтэй байдаг” гэсэн үг нь нэлээд шуугиан тарьсан. Вашигтонд төрж, Вашингтоны төв их сургуулийг дүүргэсэн. Хошууч генерал байхдаа Иракт явуулсан цэрэг дайны ажиллагааг удирдсан нэгэн. Дэслэгч генерал цолтойдоо Тэнгисийн явган цэргийн корпусын цэргийн хөгжлийн асуудлыг хариуцан ажилласан юм. НАТО-гийн Нэгдсэн цэргийн хүчний шинэчлэлийн асуудал хариуцсан дэд командлагчийн албыг хашиж байгаад АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн командлалын командлагчаар томилогдож байжээ.

ТТГ-ЫН ДАРГА МАЙКЛ ПОМПЕО

АНУ-ын ТТГ-ыг удирдан ажиллахаар болсон Майкл Помпео нь 1986 онд Вест-Пойнт дэх Цэргийн академийг дүүргэсэн. 1963 онд Калифорни мужид төрсөн тэрээр 1986-1991 онуудад АНУ-ын зэвсэгт хүчинд явган цэрэгт алба хааж байгаад халагдаж “Thayer Aerospace and Private Security” компани байгуулан хувиараа бизнес эрхэлжээ. Харвардын их сургуульд хууль эрх зүйн докторын зэрэг хамгаалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай болсон. Тэрээр уржигдар тангаргаа өргөж ажлаа албан ёсоор хүлээн авчээ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ МАЙКЛ ФЛИНН

Армийн дэслэгч генерал Майкл Флинн нь 1958 онд Род-Айленд мужид төрсөн. Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан тэрээр Род-Айлендийн их сургуулийг дүүргэжээ. Афганистанд алба хааж байсан, Ардчилсан намд гишүүнээр элссэн ч 2016 оны сонгуулиар Д.Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөхөөр ажилласан байна. “Russia Today” телевизийн 10 жилийн ойн арга хэмжээний үеэр тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хажууд суусан нь сэтгүүлчдийн анхаарлыг нэлээд татсан гэдэг. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Д.Трампын засаг захиргааг Сирийн асуудлаар ОХУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийхэд нь холбож өгөх гүүр нь болох хүн хэмээн бичсэн. Уг асуудлаар ОХУ-тай тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэдгийг Майкл Флинн ярилцлага өгөхдөө дурдаж байжээ.

АНУ-ААС НҮБ-Д СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НИККИ ХЕЙЛИ

Өмнөд Каролин мужийн захирагчаар ажиллаж байсан Никки Хейлиг АНУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр томилсон байна. Олон улсын харилцааны салбарт ажиллаж байгаагүй тэрээр Энэтхэгээс ирсэн цагаачийн хүүхэд бөгөөд Клемсонсийн их сургуулийг дүүргэсэн. Нэг хэсэг ялгацыг боловсруулдаг “FCR” корпорацид ажилласан.

Гэвч удалгүй ээжийнхээ байгуулсан маш чанартай хувцас үйлдвэрлэдэг “Ex­otica International” фирмд орж бизнес хөгжлийн асуудлыг нь хариуцсан юм. Удалгүй тус фирм нь хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй компани болж өргөжсөн. 2004 оноос улс төрд орж Өмнөд Каролин мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон байна. Никки Хейли нь тус мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон энэтхэг гаралтай анхны эмэгтэй улстөрч аж.


Categories
мэдээ цаг-үе

Улсаа тоносон экс Ерөнхийлөгч

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Гамби улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өнгөрсөн. Гэвч сонгуулийн дүн гарснаас хойш тус улсын байдал тогтворгүй болсон.

Гамби улс нь Африкийн баруун хэсэгт оршдог бөгөөд тус тивийн хамгийн жижигхэн улсын нэг. Сенегалаас өөр улстай хиллэдэггүй Гамби ДНБ-ийхээ хэмжээгээр Африкт доороосоо хоёрдугаарт ордог, нэг сая 800 мянга гаруй хүн амтай. Африкийн нэгэн жижигхэн улс сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татах болсон нь нэг л шалтгаантай. Тус улсын Ерөнхийлөгч асан Яйя Жамме гэгч төрийн тэргүүний сонгуульд ялагдал хүлээчихээд албан ажлаа өгөхөөс татгалзсан байна.

Гамбид 2016 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр анх удаагаа ардчилсан сонгууль болсон нь энэ аж. Санал хураалтын дүнг зарласны дараахан Яйя Жамме албан ажлаа өгнө гэсэн. Гэвч удалгүй бодлоо өөрчиллөө гээд огцрохоос татгалзжээ. Саналын хуудсыг тоолох явцад алдаа гарсан гэсэн тайлбараар дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, улс орондоо онц байдал тогтоосон. Нөхцөл байдал тун эвгүй болсон тул олонхийн дэмжлэгийг хүртэж ялсан Адам Бэрроу эх орноосоо явахаас өөр аргагүй болсон гэдэг. Олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Яйя Жаммегийн энэ үйлдлийг буруутгаж засгийн эрхийг хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Сенегал болон Нигер дэх цэргүүдээ Гамби улсын хил дээр бэлэн байдалд оруулж Яйя Жаммед хоёр хоногийн хугацаа өгчээ. Гамбигийн арми ч шинэ Ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Төрийн тэргүүнээр сонгогдсон Адам Бэрроу аргаа барахдаа Сенегал дахь Гамби улсын Элчин сайдын яамны байранд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн. Түүнийг төрийн тэргүүн болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа Африкийн орнууд мэдэгдсэн юм. Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Яйя Жамметэй хэлэлцээ хийсний эцэст ажлыг нь өгүүлэхээр болсон юм. Гэхдээ өөрт нь Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа хууль дүрэм зөрчсөн хэрэг хүлээлгэхгүй байх болзол тавьжээ. Ингээд экс Ерөнхийлөгчид эх орноосоо явахаас өөр сонголт үлдээгүй. 1993 оноос хойш засгийн эрхийг барьсан Ерөнхийлөгчийг ёс төртэйгөөр гаргаж өгчээ. Түүнийг үдэх ёслолд цэргийн найрал хөгжим хүртэл оролцсон юм. “Энх тайван, хайр энэрлийг эрхэмлэгч хүн” гэсэн бичигтэй цамц өмссөн үзэл нэгт нөхөд нь Яйя Жаммег онгоцонд суулган өгчээ. Тэрээр онгоцны үүдэнд очоод Коран судраа үнссэн гэнэ. Харин гамбичуудын хувьд энэ бол хамгийн баяртай өдөр байсан бололтой. Огцрох хүсэлгүй Ерөнхийлөгч явсан өдрийн орой нь иргэд бөөн баяр болж шөнөжингөө цэнгэжээ.

Энэ явдал үүгээр дууссан бол яахав. Экс Ерөнхийлөгч зүгээр ч явчихсангүй, улсын санд байсан бүх мөнгийг хуу хамаад арилжээ. Нутагтаа байх сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд улсынхаа төрийн санд байсан 11,4 сая ам.долларыг өөрийн болгосон. Түүгээр ч зогсохгүй үнэтэй машин зэрэг эд зүйлсээ ачааны онгоцоор гадаад руу гаргаж амжсан байна. Хамгийн аймшигтай нь одоо улс орон нь ямар ч мөнгөгүй болжээ. Гамби сохор зоосгүй болсныг Сангийн яам, Төв банкны ажилтнууд баталж мэдэгдэл хийсэн. Сенегал дахь Гамбигийн ЭСЯ-нд тангаргаа өргөсөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ч одоо яахыг хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Дашрамд дурдахад тэр ч нутагтаа очоогүй л байна.

Гамбигийн Ерөнхийлөгч Яйя Жамме нь 29 настайдаа буюу 1994 онд цэргийн хүчээр төрийн эрхийг булаан авсан хүн. Тэрээр Гамбигийн армид алба хааж байсан 25-30 насны таван дэслэгчийн хамт уг ажиллагааг зохион байгуулж өөрөө улсыг түр удирдах зөвлөлийг тэргүүлжээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1996 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан. Түүнээс хойш хорь гаруй жил Гамбиг удирдаж байгаа бөгөөд хэд хэдэн удаа улиран сонгогджээ. 2003 онд залуучуудтайгаа уулзахдаа борооны улирлаар залуучууд юу ч хийхгүй хөлбөмбөг тоглодог явдлыг шүүмжилж “Борооны улиралд ажил хийхгүй хөлбөмбөг тоглож улс орныхоо төлөө хөдөлмөрлөхөөс зайлсхийсэн залуусыг шоронд суулгана” гэсэн удаатай. Ингэж Гамбид хөлбөмбөг тоглохыг хориглосон түүхтэй. 2009 оны эхээр төрийн тэргүүний эгч нь нас барахад гамбичууд “чөтгөр” хэмээн нэрлэдэг ер бусын увдистай гэгддэг хүмүүсийг буруутгасан. Ингээд улс орон даяар “чөтгөрийг ангуучлах” нэртэй аян зарлаж мянгаад хүнийг хэлмэгдүүлжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnes­ty International” байгууллагаас хийсэн судалгаагаар энэ үеэр мянгаад хүн хэлмэгдсэн гэдэг. Уг ажиллагаанд цэрэг, цагдаа, тагнуулын ажилтнууд, Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хүртэл оролцож баривчлагсдыг нууц газар хорьж, мансууруулах төрлийн зүйл уулгаж байжээ. “Чөтгөрийг ангуучлах” аяны золиос бологсдын дийлэнх нь өндөр настнууд байсан бөгөөд зарим нь амиа алдсан гэдэг. Яйя Жамме өөрийгөө нэг бус удаа ер бусын увдистай хэмээн зарлаж, ХДХВ буюу бидний ярьдгаар ДОХ болон астмаг анагаадаг эмийг бүтээсэн хэмээн мэдэгдсэн. Улс оронд болж бүтэхгүй байгаа бүхэнд бэлгийн гаж буруу зуршилтнуудыг буруутгаж бүгдийг нь ална хэмээн заналхийлж байсан.

Яйя Жамме төрийн тэргүүний албыг хаших хугацаандаа хэрхэн хөрөнгөжсөнийг хараахан тогтоогоогүй. Тэрээр нэлээд хэдэн “Rolls Royces” машинтай, АНУ-ын Мэрилен мужийн Потомаке хэмээх газар 3,5 сая ам.доллараар байшин авсан байдаг. Түүний охин нь Манхеттенд нэг жилийн 40 сая ам.долларын төлбөртэй хувийн сургуульд сурдаг. Экс Ерөнхийлөгч Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн залуу төдийгүй хамгийн чинээлэг төрийн тэргүүн хэмээн бичигдсэн. 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй тэрбээр хэрхэн баяжсанаа Аллахаас илгээсэн хишиг хэмээн тайлбарлаж байжээ. Гамбигийн хэвлэл мэдээлэлд хяналт тогтоож байсан тэрээр улсынхаа бүх сэтгүүлчдэд Засгийн газрын мэдэлд байх, үгүй бол зайлах гэсэн хоёр болзол тавьсан байдаг. Тэрээр хэвлэлийнхэнд хэтэрхий дураараа байна хэмээн шүүмжлүүлдэг байсан юм. Гамбигийн экс Ерөнхийлөгчийн эсрэг хэрэг үүсгэсэн хэдий ч улсын сангаас авсан мөнгө зэргийг эргүүлэн авах найдвар бараг байхгүй. Учир нь Яйя Жамме нь Экваторын Гвинейд байгаа. Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Теодор Обиангу Нгему Мбасого нь түүний найз бөгөөд 1979 оноос хойш тус улсын төрийн тэргүүний албыг хашсан. Эквадорын Гвиней нь улс төрийн хэрэгтнүүдийг бусад орнууд төдийгүй олон улсын эрүүгийн шүүхэд ч хүлээлгэн өгдөггүй орон. Тиймээс Гамбигийн улсын сангаас алдагдсан мөнгийг эргүүлэн олж авах найдвар бараг байхгүй юм байна.