Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ням-Очир: Монголын 1691-1911 онууд буюу 273 жилийн түүх, 2880 боодол, 658 нүүр архивын баримт бичгүүд Хятадад гарсан байна

Манай улс Манжийн дарлалд байх үеийн түүхэн баримт бичгийг тэр чигээр нь Хятадад худалджээ. Эдгээр бичиг баримтыг үндэслэн БНХАУ-д 600 боть ном гаргахаар төлөвлөжээ. Үүнээс эхний 20 боть нь худалдаанд гарчихсан интернэтээр аль хэдийнэ худалдагдаад эхэлчихэж. Энэ талаар Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.Ням-Очиртой ярилцсан юм.


-Та хэдхэн хоногийн өмнө ажлаар Хятадад очоод ирсэн юм байна. Тэнд байхдаа Монголын түүхийн нэгэн чухал үетэй холбоотой баримт бичгүүдийг ном болгон худалдаж байгаа талаар Хятадын мэргэжил нэгт нөхдөөсөө олж мэдсэн гэсэн.

-Тиймээ саяхан БНХАУ-д судалгааны ажлаар явж байхад Өмнөд Монголын судлаачид өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Монголын түүхийн архивын Манж архив” нэртэй ном худалдаанд гарсан тухай надад ярьсан. Нийт 600 боть ном гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ бол Монголын 1691-1911 онууд буюу 273 жилийн түүх, 2880 боодол, 658 нүүр архивын баримт бичгүүд Хятадад гарсан байна. Эдгээр түүхэн баримт бичгүүдийг хятадууд 600 боть ном болон хэвлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эхний 20 боть нь худалдаанд гараад эхэлчихсэн бөгөөд ойролцоогоор 3000 ам.доллараар зарагдаж байгаа юм. “Энэ түүхийн ном Монголд очсон уу, ер та нар ийм юм болсныг мэдсэн үү” гэж надаас асуусан. Ийм яриа байсныг сонссон харин ном хэвлэгдсэн эсэхийг нь мэдээгүй гэдгээ хэлэхэд интернэтэд Amazon-оор зарагдаж байгаа номнуудыг харуулсан. Япон хэл дээрх Amazon-оор уг ном нь борлогдоод дуусчихсан байсан. Яагаад ийм номнууд гарч, хурдан зарагдаад, хүмүүсийн сонирхлын туйлд хүрчихээд байгааг уншигчид ч сонирхож байгаа байх. Юуны түрүүн энэ бол манай улсын түүхийн хамгийн эмзэг үе. Манж, Чин улс хоёр нэг хөнжилд байсан үе. Энэ үеийн түүхийг судлах ажилд Хятадын эрх баригчдын зүгээс маш их хөрөнгө гаргаж байгаа. Үүнээс юм олж авах гэсэн Хятадын судалгааны байгууллагууд уг номыг маш ихээр худалдан авч байна. Эцсийн бүлэгт бол шашин, эдийн засаг, түүхийн хувьд Монгол, Хятад хоёр нэг юм байна гэсэн дүгнэлт өгөх гэсэн аюултай байдал үүсээд байгаа талаар ярьсан. Хятадын веб сайтуудаар эдгээр номнуудын талаар юу гэж бичснийг ч надад үзүүллээ л дээ. Ийм л аюултай нөхцөл байдал үүсээд байна.

-Эдгээр түүхэн баримт бичгүүдийг хэдэн онд Хятадад өгсөн юм бол?

-Энэ үйл явдалтай би гэрчийн хувьд холбоотой хүн. Би 2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байхад тус яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүн байсан. Тус яамны мэргэжлийн зөвлөл гэдэг нь янз бүрийн мэргэжлийн хүмүүс Монгол улсын түүх, соёлтой холбоотой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг байлаа. Нэг өдөр 2013 оны хавар Эрүүгийн цагдаагийн газраас тус зөвлөлд албан бичиг ирсэн. Архивын захирал Д.Өлзийбаатар нарын хүмүүс 2011 онд “Хятад Монгол архивын бичиг баримтыг хамтран эмхтгэн дижитал болгон хэвлүүлэх ажлын гэрээ”-г байгуулж Манжийн үетэй хамаатай архиваа дижиталдаад БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаар судлалын хүрээлэнд өгсөн байсан.

Энэ хүрээлэн нь хилийн тагнуулын алба л гэсэн үг. Ийм байгууллагад чухал баримтуудыг өгсөн нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэг асуудал тавьсан. Архивын материалууд нь бол манайд байгаа л даа. Гэхдээ дижитал бүтэн хуулбарыг Хятадад өгчихсөн. Миний яриад байгаа мэргэжлийн зөвлөлд түүх соёлын чиглэлээр ажилладаг олон хүн байсан. Тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас ийм албан бичиг ирэхэд зөвлөлийн гишүүдийн санал хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь үүнийг гэмт хэрэг мөн, нөгөө хэсэг нь биш гэсэн байр суурьтай байсан. Шийдэлд хүрч чадахгүй байсан тул бид Түүхийн архив дээр очиж хуралдаад нэгдүгээрт үүнийг гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёрдугаарт, БНХАУ-аас тоног төхөөрөмж аваад архивын устах гэж байгаа бичиг баримтыг хадгалж авч үлдсэн гэж ойлгуулсан. Тухайн үед бидэнд Монголд хэн ч уншиж, ашигладаггүй, үгүй болж байгаа бичиг баримтуудыг Хятадын буцалтгүй тусламжаар сэргээж аваад хариуд нь архиваа өгсөн гэж тайлбарласан. Гэтэл он цагийн хувьд дөрвөн жилийн дараа энэ бүхнийг эргээд харахад бид чинь ой санамжаа БНХАУ-д өгчихсөн байна.

БНХАУ-д тус улсын Хил хязгаарын түүх судлах хүрээлэнгийн ажилтан Би Аон Ан уг цуврал номыг эрхлэн гаргаж байгаа. Энэ хүн уг номынхоо тухай “Монгол Улсад хадгалагдаж буй Чин гүрний Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын материалыг танилцуулах нь” цуврал лекц тавьсан.Түүнийг нь бүрэн монгол хэл рүү орчуулсан байгаа.

Тэрээр лекцэндээ “Дундад улс анх удаа өөр улсад байгаа өөрийн улсын түүхийн бүхэл бүтэн архивыг авчирсан” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Хятадад байхгүй байсан түүхэн баримт бичгүүдийг авчирсандаа ихэд бахархалтай байна гэсэн үг. Хоёрдугаарт, асар их мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан ажил байсан гэж хэлсэн байгаа. Гэтэл манай архиваас өгсөн албан ёсны мэдээллээр бол 54 мянган ам.долларын тоног төхөөрөмж авсны хариуд энэ бүхнийг өгсөн гэсэн.

-Энэ үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг хуулийн байгууллагууд тогтоох ёстой биш үү?

-Хуулийн байгууллагаар тогтоох ёстой асуудлыг тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлд оруулж ирсэн байдаг. Тэр үедээ би энэ үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэж байсан хүмүүстэй санал нэг байсан. Харин өнөөдөр эргээд бодоход энэ үйлдэлд гүнээ харамсдаг. Уг үйлдэл нь гэмт хэрэг байсан гэдгийг хэлэх байна. Хоёрдугаарт, тухайн үед Эрүүгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хошууч Баярбат гэж хүн үүнийг илрүүлсэн. Гэтэл энэ залуу хэргийг хэрэгсэхгүй болгоод дээр нь түүнийг араб хэл сургахаар болж өөр тийш нь томилон явуулаад хэргийг хаасан. Уг цуврал номыг эрхлэн гаргаж буй Хятадын эрдэмтэн лекцэн дээрээ хоёр улсын төрийн өндөр албаны хүмүүс хамгаалалт өгсөн гэдгийг ч хэлснийг бичлэгээс нь үзэж болно. Ямар ч байсан энэ бол нэг хүрээлэн эсвэл архивын дарга зөвшөөрөөд хийх ажил биш. Тиймээс төрийн өндөр алба хашдаг ямар хүн энэ ажлыг зохион байгуулсан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Миний бодлоор уг асуудлаар шинжлэх ухааны нээлттэй сонсгол зохион байгуулж, С.Чулуун, Д.Өлзийбаатар, А.Очир, Л.Ганбат энэ дөрвөн хүнийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Л.Ганбат нь Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан, А.Очир гуай бол Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнд ажилладаг. Дахин хэлэхэд ямар албан тушаалтны зөвшөөрлөөр энэ түүхэн баримт бичгийг Хятадад өгсөн юм бэ, энэ үйлдэл нь манай улсын шинжлэх ухаанд ямар ашиг тус авчирсан талаар тайлбар өгөх нь зүйтэй гэж судлаачийн хувьд үзэж байна.

-Үүний хамгийн аюултай үр дагавар нь юу вэ?

-Бидэнд болгоомжлуулаад байгаа нэг зүйл гэвэл Манжийн үетэй холбоотой архивыг авсны дараа монгол хэл дээрх Түвдтэй холбоотой архивыг яг ийм байдлаар аврах аюултай. Ингэснээр манай үндэсний аюулгүй байдал улам хэврэг болж байна гэсэн үг. Тиймээс цаашдаа ч ийм зүйл гарсаар байх уу гэдэг асуудал гарч ирж байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Меркелийн дөрөв дэх ялалт


Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр ХБНГУ-д Бундестагийн сонгууль болж өнгөрсөн билээ. 19 дахь удаагийн парламентын сонгуулиар Германы канцлерийн тэргүүлдэг Христосын Ардчилсан нам хамгийн олон буюу 33 хувийн санал авсан. Ийнхүү дөрөв дэх удаагаа ялалт байгууллаа. Христосын Ардчилсан нам нь Христосын Нийгмийн холбоотой хамтран сонгуульд орсон. Гэхдээ тэднийг эвсэл хэмээн нэрлэж болохгүй. Учир нь өөрсдийгөө “Чөлөөт улс” хэмээн нэрлэхийг ихэд эрхэмлэдэг Бавари мужид тус намыг Христосын Нийгмийн холбоо хэмээн нэрлэдэг бөгөөд үнэндээ энэ нь улс төрийн нэг хүчин.

ХБНГУ-ын Засгийн газрыг А.Меркель цаашид ч тэргүүлэн ажиллана. Бундестагийн сонгуулийг сурвалжлахаар очсон гадаадын сэтгүүлч биднийг санал хураалтын өмнө байдал ямар байгаа талаар нэлээд хэдэн судлаачид, эрдэмтэдтэй уулзуулж ярилцах боломж олгосон юм. Тэдний нэг нь Касселийн их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны факультетийн багш, доктор О.Д’Антонио энэ чиглэлээр хийсэн судалгаагаа танилцуулахдаа сурталчилгаа хэрхэн явагдаж байгаа, аль мужид ямар намыг илүүд дэмждэг зэргийг дурдаж байлаа. Нийгмийн судалгаа, статистик дүн шинжилгээний “Forsa” нийгэмлэгээс сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэдэн урьдчилсан санал асуулга явуулсан бөгөөд түүний дүнгээр А.Меркелийн нам тэргүүлж байгааг хэлсэн. Хамгийн сүүлд буюу сонгуууль болохоос дөрвөн хоногийн өмнө явуулсан санал асуулгаар А.Меркелийн нам 36 хувийн санал авсан. Ердөө хэдхэн сарын өмнө дэмжигчийнхээ тоогоор тэргүүлж байсан Германы Социал Демократ нам яагаад гэнэт түүхэндээ байгаагүй бага санал авсан зэргийг онцлов.

Сөрөг хүчин болсон улс төрийн хүчин эцсийн мөч хүртлээ ялалт байгуулахын төлөө тэмцсэн. Сонгуулийн хаалтын ажиллагаагаа Берлин хотын төвд Жандарменмарктэд болж түүнийг үзэх боломж тохиосон юм. Тус намын дарга М.Шульц уг арга хэмжээг хааж үг хэлэхдээ мөрийнхөө хөтөлбөрт юуг илүүд онцолсон болохоо ч тайлбарласан. Нийгмийн эрх тэгш байдал, боловсрол, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт илүү анхаарал хандуулна гэдгээ ч хэлсэн.

Санал хураасан өдрийн орой Германы бүх намууд “Wahlparty” буюу сонгуулийн үдэшлэг хийдэг уламжлалтай. Үүнийг үдэшлэг гэхээсээ илүү сонгуулийн дүнг хүлээх мөч гэж болно. Энэ өдөр Германы Социал Демократ намын байранд очсон бөгөөд энд тэнд дэлгэцүүд байрлуулж сонгуулийн дүнг шууд дамжуулж байлаа. 22.00 цаг гэхэд Германы Социал Демократ нам ялагдал хүлээсэн нь тодорхой болж М.Шульц мэдэгдэл хийв. Тэрээр намын байранд нь цугларсан хүмүүсийн өмнө гарч ирээд “Өнөөдөр Германы социал демократ үзэлтнүүдийн хувьд маш хүнд, гашуун өдөр байлаа” гээд ялсан намтай эвсэл байгуулахгүй, хамгийн хүчтэй сөрөг хүчин болж, цаашид ч намын даргын албыг хашина гэдгээ хэлсэн.

Социал Демократуудыг германчууд дэмжихээ болив уу, эсвэл намынх нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт байв уу. Улс орны эдийн засаг, цагаачдын асуудал, ажилгүйдэл зэрэг нь өнөөдөр германчуудын хувьд хамгийн чухал асуудал. Гэтэл Германы Социал Демократ нам нь нийгмийн эрх тэгш байдлыг тогтооно гэсэн уриатайгаар өрсөлдсөн юм. Чухам яаж эрх тэгш байдлыг тогтооно гэдгээ мөрийнхөө хөтөлбөрт тодорхой тусгаж чадаагүй гэсэн шүүмжлэл ч нэлээд байсан. Ер нь ялагдах шалтгаан нь мундахгүй олон байсан. Санал хураалтын дүн гарсаны маргаашнаас л Социал Демократууд яагаад олны дэмжлэгийг хүртэж чадаагүй талаар судлаачид ярих болсон. Тус нам нь түүхэндээ анх удаагаа 21 хувь хүрэхгүй санал авсан нь хамгийн муу үзүүлэлт байсан. 2013 оны сонгуулийн дараа тус нам нь А.Меркелийн тэргүүлдэг улс төрийн хүчинтэй эвсэл байгуулан Засгийн газарт орсон нь бас нэгэн алдаа болсон аж.

Энэ удаагийн сонгуульд Германы Альтернатив нам нь маш том амжилт гаргасан юм. Тус улс төрийн хүчин нь авсан саналынхаа тоогоор гуравдугаарт орсон. Хэсэг хугацаанд Бундестагт суудал авч чадахгүй байсан намын хувьд 13 хувийн дэмжлэг авна гэдэг маш том амжилт байлаа. Хамгийн сонирхолтой Христосын Ардчилсан намыг дэмжиж байсан сонгогчид ч тэдний төлөө саналаа өгсөн гэдэг.

Христосын Ардчилсан нам дахин засгийн эрхийг барьж А.Меркель дөрөв дэх удаагаа Засгийн газрыг тэргүүлэн ажиллана. Зүүн Германаас гаралтай, канцлер асан Х.Колийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн тэрээр улс төрийн өндөрлөгт хамгийн удаж буй улстөрчдийн нэг. Тус нам нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад маш бага санал авсан хэдий ч өрсөлдөгчдөөсөө илт давуу дэмжлэг хүртсэн. Германы улс төрд түүн шиг олонд танигдсан улстөрч үгүй. Түүн шиг лидер ч байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. А.Меркельтэй өрсөлдөхүйц улстөрч нь М.Шульц байсан. Харамсалтай нь канцлер шиг олонд танигдаж хараахан амжаагүй улстөрч. Түүнээс гадна хамгийн сүүлчийн шийдвэрлэх мэтгэлцээнд илт ялагдал хүлээсэн.

12 жил канцлерийн албыг хашиж, нэг сая гаруй цагаачийг зөвхөн Европын Холбоотой тохиролцсоны үндсэн дээр хүлээн авсан хэмээн шүүмжлүүлж байсан А.Меркель шинэ эвсэл байгуулж Засгийн газраа бүрдүүлэх ажлыг Зул сарын баяраас өмнө амжуулна гэдгээ амласан. “Ямайка” хэмээн нэрлэсэн шинэ эвсэл байгуулахаар болсон талаар сонгууль болсны маргаашаас яригдах болсон. “Ямайк” гэдэг нь Христосын Ардчилсан нам, Альтернатив нам, Чөлөөт ардчилсан нам гурвын эвсэл юм. Тус намуудын бэлгэдэл болсон гурван өнгө нь Ямайкийн төрийн далбаанд ордог тул ийнхүү нэрлэжээ.


Categories
мэдээ цаг-үе

Германы Элчин сайдынд өнгөрүүлсэн өдөр

Элчин сайд Ш.Дуппел хүүтэйгээ шатар тоглож байгаа нь.

Хоёр Герман эргэн нэгдсэний 27 жилийн ой маргааш тохионо. Тус улсын төдийгүй дэлхийн түүхэнд эргэлт гаргасан өдөр тохиож байгаатай холбогдуулан энэ удаад бид ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппелтэй цуг нэг өдрийг өнгөрүүлсэн юм.

Элчин сайдын яаманд баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажил ид өрнөж бүгд л тун завгүй байлаа. Гэсэн хэдий ч ноён Ш.Дуппел бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан юм. Өглөө очиход сайдын ажил аль хэдийнэ эхэлчихсэн байв. Үүдэнд нь хүлээж суутал түүний гэргий, хатагтай Элена Алонсо Фрайлег гаднаас орж ирж таарав. Элчин сайд ч өрөөндөө орохыг урьж биднийг суух зуур ширээн дээрх бичиг баримтаа цэгцэлж амжив. Энэ хооронд гэргийтэй нь хэдэн үг солих завшаан тохиолоо. Штефан Дуппелын эхнэр испани бүсгүй.

Тэрээр зохиолч төдийгүй дуучин. Манай улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Ла Травиата” дуурьт тоглосон удаатай. “Ла Травиата” дуурийг анх 1853 онд Венец хотын Ла Фениче театрт тоглосон түүхтэй. Хатагтай Элена Алонсо Фрайлег бүр багаасаа л урлаг сонирхдог байснаа дурсав. Эмээ нь төгөлдөр хуурч бөгөөд урлагийн гэр бүлд төрж өссөн тул өөрийн эрхгүй дуу хөгжимд татагдсан гэнэ. Берлиний алдарт найрал дууны чуулгад дуулж, жилдээ хоёр ч удаа томоохон тоглолт хийдэг байжээ.

Эрдмийн театрын тайзан дээр мэргэжлийн дуучидтай хамтран тоглоход сэтгэл нь ихэд хөдөлснөө дурсав. Ийнхүү бидний яриа дөнгөж эхэлж байтал Элчин сайд ч бичиг баримтаа цэгцлэж дуусаад бидэнтэй нэгдэв. Ноён Ш.Дуппел Германы өмнөд хэсэгт орших Тюбинг хотод төрсөн, Тюбингийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн яаманд ажилд орохдоо тусгай сургалтанд хамрагдсан гэнэ. Харин эхнэр нь Испанийн Билбау хотод төрсөн. Германы өмнөд нутгийн хүн яаж яваад испани бүсгүйтэй гэр бүл болсныг сонирхоход хоёулаа Гааг дахь олон улсын шүүхэд ажиллаж байхдаа танилцсанаа ярив.

ЗУРГААН ЖИЛ БИЕ БИЕДЭЭ ЗАХИДАЛ БИЧСЭН ХОЁР

Дипломат болох хүсэлтэй хоёр залуу Гааг хот дахь олон улсын шүүхэд нэг хэсэг цуг ажиллажээ. Танилцсанаасаа хойш зургаан жил захидлаар харилцаж хааяа уулздаг байсан гэнэ. 1993 онд гэр бүл болсон. Хайрцаг дүүрэн захидлууд одоо ч гэрт нь хадгалаастай. Түүнийгээ уншиж, залуу насаа эргэн дурсдаг эсэхийг сонирхоход “Хааяа гаргаж ирээд цугтаа сууж байгаад уншдаг” гэв. Тэр үед одоогийнх шиг интернэт, и-мэйл, гар утас гэж байгаагүй. Тиймээс захидал л бичнэ. Утсаар ярихад ч үнэтэй байсан болохоор тэр болгон залгаад байх боломжгүй. Тэд анх танилцахдаа хоорондоо англиар ярьдаг байжээ. Захидлаа ч англиар бичдэг байсан гэнэ. Харийн хэлээр сэтгэлээ илчлэхэд ямар байсан талаар асуухад “Зөвхөн бид хоёр л ойлгодог нэг тийм нууц хэл байсан” гээд бие бие рүүгээ хараад ихэд учиртай инээмсэглэв.

ОЛОН ХЭЛЭЭР ЯРЬДАГ ГЭР БҮЛ

Элчин сайдын гэргий германаар маш сайн ярина. Хэдэн жил Германд амьдарсныг нь асуухад бодсоноос хавьгүй цөөхөн байв. Ноён Ш.Дуппел Аргентин, Тайланд, Испани гээд гадаадын нэлээд хэдэн оронд томилогдон ажилласан тул хамгийн сүүлд манайд ирэхээсээ өмнө Берлинд таван жил ч амьдарчээ.

Харин Элчин сайд испаниар хэр зэрэг сайн ярьдаг талаар асуухад “Манай эхнэрийн герман хэлний хэмжээнд хүрэхгүй” гэв. Эднийх хоёр хүүтэй, хоёулаа оюутан. Хүүхдүүдээ бага байхад аав нь герман, ээж нь испаниар ярихаас гадна хоорондоо ихэвчлэн англиар ярьдаг байжээ. Одоо бол герман, испани, англиар хоорондоо харилцана. Эдний гэрт албан ёсны хэл гэж үгүй. Өөрийгөө илэрхийлэхэд илүү тохиромжтой хэлээ хэрэглэнэ. Биднийг Элчин сайдынд очиход бага хүү нь Германаас ирсэн байж таарсан юм. С.Дуппелийн ууган хүү олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг, Монголд хоёр удаа ирэхдээ хөдөө нутгаар нэлээд аялсан гэнэ. Ер нь улс орнуудаар аялах их дуртай. Математикч болохоор сурч байгаа бага хүү нь гэртээ байхыг илүүд эрхэмлэнэ.

ЭЛЧИН САЙДЫН АЖЛЫН ӨДӨР МЭДЭЭТЭЙ ТАНИЛЦАХААС ЭХЭЛДЭГ

Элчин сайд энэ өдөр хоёр ч удаа хурал хийсэн юм. Өглөө 9 цагаас яамны ажилтай холбоотой асуудлаар хуралдаж, үүний дараахан 10 цагаас хоёр Герман эргэн нэгдсэний баярын арга хэмжээний бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаатай танилцахаар цомхон бүрэлдэхүүнтэй хуралдав. Түүний дараа манайд хэрэгжиж буй хоёр ч төсөлтэй холбоотой уулзалт болсон юм. Харин үдээс хойш нь Улаанбаатар дахь Конрад Аденаур, Фридрих Эбэрт сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудыг хүлээн авч Монголын улс төрийн байдлын талаар санал солилцов. Түүнээс гадна энэ оны эцсээр хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар тусгай арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан юм. Ер нь Элчин сайдын ажил найман цагаас эхэлдэг. Хэдэн цагт ямар уулзалт төлөвлөснөө смартфон дээрээ үргэлж тэмдэглэж авдаг тухайгаа ярив. Хааяа давхар цаасан дээр буулгана. Юмыг яаж мэдэхэв утас эвдрэхгүй гэх баталгаа үгүй. Элчин сайд ажилдаа ирээд хамгийн түрүүн өнгөрсөн өдрийн үйл явдлуудын талаарх мэдээллүүдтэй танилцана. Дараа нь и-мэйлээ шалгаж, ялгана. Яаралтайд нь тэр дор нь хариулах зэрэг нь чамгүй цаг авдаг гэнэ.

МОНГОЛ АМЬД АРДЧИЛАЛТАЙ УЛС

Саяхан манай Засгийн газар огцорсон нь Элчин сайдын яамны ажилд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхлоо. Хамтран тодорхой ажил хэрэгжүүлэхээр ярилцаж байсан хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс хамгийн түрүүн солигддог тул ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг гэнэ. Хамгийн харамсалтай нь үүний улмаас хоёр улсын хамтран хэрэгжүүлэх ажил хойшлогдож цаг хугацаа нэлээд алддаг аж. Гэсэн хэдий ч үүнийг Элчин сайд эерэгээр харж байгаагаа онцолсон юм. Парламентад хамгийн олон суудалтай улс төрийн хүчин Засгийн газраа огцруулна гэдэг Монголд ардчилал амьд байгаагийн илэрхийлэл гэв. Түүнээс гадна мэтгэлцээний урлаг гэж нэг юм бий хэмээн ярив. Мэтгэлцээд маргалдаад байхдаа бус ингэснээр аливаа асуудлыг тал талаас нь нухацтай авч үзсэний үндсэн дээр зөв шийдвэр гардаг аж.

Элчин сайд Ш.Дуппел нэг жил гаруйн өмнө Монголд томилогдон ирсэн. Улаанбаатарт ирэхээсээ өмнө нэлээд бэлтгэсэн гэдгээ ярив. Өмнөх Элчин сайдтай уулзахаас гадна ажлыг нь авч байгаа хүнд тусгайлсан захидал бичиж юу юун дээр анхааран ажиллах хэрэгтэйг захидаг уламжлалтай гэнэ. Харин ирсэн хойноо олон зүйл гайхашралыг нь төрүүлсэн гээд үүнийг эерэг утгаараа хэлж байгаагаа дурдав. Хэдийгээр Герман, Монгол хоёр газар зүйн байрлалын хувьд хол ч сэтгэлээрээ бол ихэд ойр гэдгийг мэдэрчээ. Монголчууд Азийн бусад орнуудын хүмүүсээс өөр, германчуудтай илүү сайн ойлголцдог тул хамтран ажиллахад ч хялбар байдаг гэнэ. Ингээд Улаанбаатарт байх хугацаандаа хийсэн ажлаасаа ярив. Германы Ахмад мэргэжилтний холбоо(SES)-ны төлөөлөгчийн газар сайн ажиллаж байгаа гэнэ. Уг нь тэтгэвэртээ гарсан, ажилдаа жинхэнэ эзэн нь болсон шилдэг мэргэжилтнүүд тус байгууллагын шугамаар ирж туршлагаасаа хуваалцдаг аж.

Харин сүүлийн үед харьцангуй залуу хүмүүс ч ирдэг болсон гэнэ. Зөвхөн тус байгууллагын шугамаар жилдээ Германаас 50-60 мэргэжилтэн Монголд ирж ажилладаг. Эдгээр хүмүүс ихэвчлэн дахин ирэх хүсэлт гаргадаг болохыг дурдав. Түүнээс гадна Улаанбаатар дахь Гёте институтын төлөөлөгчийн газар 2008 онд байгуулагдсанаасаа хойш маш амжилттай ажиллаж байгаад сэтгэлд ихэд хангалуун байдаг гэнэ. Тиймээс ч Гёте институтын төвийнхөн саяхан хуралдаж Монгол дахь салбарынхаа үйл ажиллагааг өргөжүүлж төлөөлөгчийн газар бус Улаанбаатар дахь Гёте институт болгох шийдвэр гаргасан явдалд баяртай байгаагаа ярив. Германы хэд хэдэн томоохон сангууд Улаанбаатарт төлөөлөгчийн газартай мөн л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. ХБНГУ-д сурч буй оюутан залуучууд ч цөөнгүй. Түүнээс гадна нэг жишээ дурдахад “Хил хязгааргүй эмч” олон улсын байгууллагын шугамаар жил бүр Монголд маш олон герман эмч ирдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын хувьд хамгийн чухал. Герман, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнийг улам эрчимжүүлэхээр ажиллаж байгаа хүмүүст хоногийн 24 цаг ч багадаж байгаа гэв. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компани, хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн жилүүдэд буурсан хэдий ч нөхцөл байдал арай дээрдсэн тул эргээд манай улсыг сонирхогчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тиймээс энэ боломжийг Монголын тал алдаж болохгүй, тэдний сонирхлыг татах хэрэгтэй гэдгийг дурдаж байлаа.

ЭЛЧИН САЙДЫН ГЭРГИЙ Ч ЗАВГҮЙ БАЙСАН ӨДӨР

Элчин сайдын гэргийгээс Монголд ирснээсээ хойш уран бүтээлээ туурвих зав чөлөө хэр зэрэг гарч байгааг сонирхов. Айлын эзэгтэйн ажил, уран бүтээлч хүний хувьд өөрийн сонирхлын дагуу дуулах гээд зав чөлөө тун хомс байдаг гэв. Үүний сацуу Элчин сайдын гэргийн үүрэгт ажлыг амжуулах ёстой. Энэ өдөр гэхэд үдээс өмнө Дуурь Бүжгийн Эрдмийн театрт очиж, дараа нь их дэлгүүрээс хүнсээ цуглуулсан гэнэ. Эргээд ирэхэд нөхөр болон хүүгийнхээ өдрийн хоолыг хийх цаг аль хэдийнэ болсон байжээ. Үдийн зоогийн дараа Испанид байгаа 77 настай ээжтэйгээ скайпаар холбогдсон гэнэ. Ер нь тавтай сууж зохиолоо бичих зав гарахгүй байгааг дурдав. Хатагтай Элена Алонсо Фрайлег роман, өгүүллэгээс гадна хүүхдийн ном бичсэн. Улаанбаатар ирснээсээ хойш “Адмон” хэвлэлийн газартай хамтран өнгөрсөн зургадугаар сард 1960-1970-аад оны Латин Америкийн уран зохиолын талаар лекц уншсанаа дурдав. Испанийн зохиолчдын бүтээлээс монгол хэл рүү орчуулсан ном тун цөөхөн. Дашрамд дурдахад Элена Алонсо Фрайлегийн бүтээлийг монгол хэл рүү орчуулсан нь удахгүй уншигчдын гар дээр очих гэнэ. Номын орчуулга гэдэг жижиг сажиг чимхлүүр ажил маш ихтэй. Монголын утга зохиолыг хэр судалсан талаар асуухад герман хэл рүү орчуулагдсан бүтээл хомс болохыг дурдав. Элена Алонсо Фрайлег саяхан Испанийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн хөшөөний өмнө зургаа авахуулснаа ярив. Ярилцлагадаа уг зургаа оруулж Монголын нэртэй зохиолч Германд сурч байсан гэсэн тайлбартайгаар хэвлэгдсэн гэв. Ийнхүү бид хоёрыг ярьж байхад Элчин сайд гэргийнхээ талаар “Манай хүн надаас илүү герман зантай” хэмээн ярив. Ихэд зарчимч гэдгийг нөхөр нь дурдав. Ер нь испаничууд бол сэтгэлийн хөдлөл ихтэй, чанга ярьдаг, маш их гэр бүлсэг хүмүүс гэнэ. Харин хатагтай Элена Алонсо Фрайлег дөлгөөн хүн шиг санагдсан юм. Тэрээр Монголын түүхийг маш их сонирхдог бөгөөд энэ талаар ном бичих гэнэ. Удахгүй манай орны тухай эхнэрийнх нь шинэ бүтээл уншигчдын гар дээр очно гэдэгт итгэлтэй байж болно хэмээн Элчин сайд хэлсэн юм.

Зүүн гар талаас хоёр дахь нь Элчин сайдын гэргий Элена Алонсо Фрайлег “Ла Травиата” дуурьт дуулж байгаа нь

Ийнхүү ярьж суухдаа Элчин сайдын өрөөний нэгэн буланд тортой юм нүдэнд тусав. Юу болохыг сонирхоход ноён Ш.Дуппел яамны цэцэрлэгт ургасан ногооноос авсан гээд үзүүлэв. Хятад байцаа, улаан манжин гээд нэлээд хэдэн төрлийн нарийн ногоо байв. Түүгээр салат, хоол хийх гэнэ. Ер нь германчуудыг газар тариалангүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ногоо тарьж, цэцэрлэгээ арчилна гэдэг тэдний хийх дуртай ажил. Тиймээс Элчин сайдын яамны байрны арын талбайд жил бүр ногоо, цэцэг тарьдаг гэнэ. Хоёр цэцэрлэгчинтэй, нэг нь хүнсний ногоо тарих, арчлах ажлыг хариуцдаг. Нөгөө нь бусад ажлыг нь амжуулдаг.

Биднийг ийнхүү ярих хооронд чухал ажил танилцуулах ажилтнууд нь ч орж ирж байлаа. Ийнхүү нэг л мэдэхэд 18.00 цаг болж Элчин сайд Индонезийн Элчин сайдын яамны хүлээн авалтад очих ёстойгоо хэлэв. Цаг нь аль хэдийнэ болсон тул товлосон ажлаас нь хоцруулсандаа хүлцэл өчив. Хатагтай Элена Алонсо Фрайлег цуг явах эсэхийг сонирхоход гэрт нь ажил гарсан тул эхнэр нь үлдэхээр болсон гэв.

Биднийг Элчин сайдын ажлын өрөөнөөс гарахад ажилтнууд нь аль хэдийнэ тарсан байв. Тиймээс сайд өөрөө үүд хүртэл биднийг гаргаж өгсөн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын хойгийг хямралаас гаргахад Хятадын оролцоо чухал

Пхеньян сүүлийн саруудад хэд хэдэн удаа баллистик пуужин хөөргөснөөс Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл сүүлийн нэг сарын хугацаанд гурван ч удаа яаралтай хуралдаж БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг улам чангатгах шийдвэр гаргалаа. Харин ОХУ зэрэг орнууд энэ шийдвэр тус болохгүй хэмээн үзсээр байна. Ингэж үзэх үндэслэлтэй. Урьд нь нэг бус удаа хориг тавьсан боловч нааштай үр дүн гараагүй. Аюулгүй байдлыг нь хангана гэсэн баталгаа гаргаж өгсөн нөхцөлд цөмийн хөтөлбөрөө зогсоох болзлыг Пхеньян тавьсан. Гэтэл баталгааг аль улс гаргаж өгөх вэ? БНАСАУ-ын эрх баригчид Вашингтонд бол яасан ч итгэхгүй. Ийнхүү Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины толгойны өвчин болсоор удлаа.

Ерөнхийлөгч Д.Трамп саяхан Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд БНХАУ -ыг идэвхтэй оролцож хариуцлага хүлээх санал дэвшүүллээ. Хятадад хандан ийм уриалга гаргасан нь учиртай. БНАСАУ нь ердөө хэдхэн оронтой харилцдаг. Хамгийн гол түнш нь БНХАУ. Пхеньяны гадаад дахь хамгийн гол тулгуур нь Бээжин, Хятадын хөгжлийн загварыг ч үлгэр жишээ болгодог. Өөрөөр хэлбэл Пхеньян Бээжинд л итгэнэ. Гэвч сүүлийн үед хоёр улсын харилцаанд ан цав гарснаас Хятад тус улсыг хянаж чадахаа больсон тухай ажиглагчид ярьсаар байгаа. БНХАУ нь БНАСАУ-тай худалдааны бүх харилцаагаа зогсоож, нийлүүлж буй эрчим хүчээ хязгаарлах зэргээр арга хэмжээ авч болно. Энэ нь үр дүнд хүрэх үү гэдэг бас л эргэлзээтэй байна. Аюулгүйн баталгааг гаргаж өгөхгүй бол хойд солонгосчууд өвс идэж байгаад ч хамаагүй цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн В.Путин саяхан ярьж байсан. БНХАУ-тай харилцаа нь тийм ч сайнгүй болсон хэдий ч Пхеньян ОХУ-д хандана гэдэг юу л бол.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ыг нөлөөгөө сэргээхийг шаардаад, хэрвээ БНАСАУ дахин пуужин хөөргөж дайны галыг өдөөлөө гэхэд БНХАУ-д хамгийн их хохирно гэсэн. Америк, Хойд Солонгос хоёр харилцан бие биерүүгээ пуужин харвалаа гэхэд БНАСАУ-аас юу ч үлдэхгүй. Тиймээс Д.Трампын гаргасан уриалгын цаад санаа нь Хятадыг БНАСАУ-руу цэргээ оруулж өөрсдийнхөө төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг хэлсэн хэрэг. БНХАУ нь хүчирхэг армитай, цэргээ орууллаа гэхэд Хойд Солонгос хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй.

Хятад БНАСАУ-д аюулгүйн баталгаа гаргаж өгсний хариуд тодорхой болзол тавьж болох гэнэ. Эрх баригчдаа сольж, зэвсэгт хүчний удирдагчдтай хамтран ажиллах амлалтыг өгөх жишээтэй. Ким Жөн Унд үнэнч зүтгэдэг хүмүүст ийм саналыг хүлээж авахад амаргүй байх нь ойлгомжтой.

Хэрвээ БНХАУ Солонгосын хойгийг хямралаас гаргах асуудал дээр тодорхой, үр өгөөжтэй, шийдвэртэй алхам хийвээс бүс нутагтаа нөлөөгөө бэхжүүлж, цаашилбал дэлхийн тавцан дээр нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Тэгээд ч Пхеньян Хятад руу пуужин харвахгүй гэдэг нь ойлгомжтой. Харвах гэвэл батлан хамгаалахын салбарт АНУ-тай хамтран ажиллаж болох юм.

Ер нь яаж ч бодсон АНУ-ын хувьд БНАСАУ-ын асуудлыг шийдэхэд БНХАУ-аас өөр тохирох улс байхгүй. Уг нь бол ОХУ Пхеньянтай гайгүй харилцаатай байдаг. Гэтэл “Washington Post” сонины өнгөрсөн даваа гаригийн дугаарт нэрээ хэлэхээс татгалзсан Америкийн албаны хүмүүсээс авсан нэгэн мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал Оросын дээрэмчид БНАСАУ-д янз бүрийн байдлаар тусламж үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Газрын тос, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Иймэрхүү байдлаар БНАСАУ-д хоригийн амаргүй үеийг давахад нь тусалдаг аж. Өнгөрсөн хавраас БНАСАУ, Владивостокийн хооронд явдаг усан онгоцны тоо ч нэмэгдсэн гэнэ. Оросын бизнес эрхлэгчид иймэрхүү байдлаар ашиг олдог. АНУ-ын Сангийн сайдын терроризм болон эдийн засгийн тагнуулын асуудал хариуцсан туслах уржигдар Конгресст мэдээлэл хийхдээ БНАСАУ нь Хятад болон Оросын усан боомтыг ашиглан нууцаар нүүрс зөөж байгаа талаар ярьсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Би Ч.Лодойдамба гуайн ачаар төгөлдөр хуурч болсон

С.Гончигсумлаан нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг өнгөрсөн долдугаар сараас Хөгжим бүжгийн консерватор хэмээн нэрлэх болж их сургуулийн түвшинд сургалт явуулах болсон. Манай улсад соёл урлаг ялангуяа сонгодог урлагийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тус сургууль нь анх 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Ирэх арваннэгдүгээр сард байгуулагдсаныхаа 80 жилийн ойгоо тэмдэглэхээр багш, сурагчид нь ихэд ажилтай байгаа гэнэ. Сонгодог хөгжимтэй амьдралаа холбож, анх зургаан настайдаа энэ сургуулийн босгыг давж сурагчийн ширээний ард сууснаасаа хойш өнөөдөр хүртэл тэндээ ажилласаар байгаа багш нар олон. Тэдний нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Соёлын бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Г.Занаагийнд өнжлөө. Тэрээр “Хөгжмийн цагаан толгой” сурах бичгийг 2000 од зохиосон. Энэ нь төгөлдөр хуурын анхны сурах бичиг.

Энэ сургуулийн тухай ярихад яагаад ч юм сэтгэлд ихэд дотно байдаг. Бүр багаасаа л сурагчид нь чадварлагаар төгөлдөр хуур, хийл тоглохыг сонсох болгондоо биширч, бүжгийн хичээлийн танхимд балетчин болох охид, хөвгүүдийг дасгалаа хийж байгааг өдөржингөө харж суухад их л гоё санагддаг байлаа. Тиймээс Г.Занаа багштай ярилцаж суухад сэтгэлд ихэд ойрхон санагдаж билээ.

УРЛАГТ АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙДАГГҮЙ

Монголд сонгодог урлагийг хөгжүүлэх ажил ид өрнөж байсан 1957 он. Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдаж урлагийн авьяастай хүүхүүдийг хайж олоод сургадаг байжээ. Нийслэлийн 11-р цэцэрлэгийнхнийг шалгахаар очиход зургаан настай Г.Занаа охин Баянхонгороос дөнгөж ирчихээд хүмүүжиж байсан гэнэ. Нэлээд шалгасны эцэст охиныг төгөлдөр хуурын ангид авахаар болжээ. Ингэж л долоон нас хүрээгүй байхдаа урлагийн ертөнцөд хөл тавьж Зөвлөлтийн мэргэжилтэн С.А.Ипатов багшаар мэргэжлийнхээ анхны хичээлийг заалгаж, жирийн нэгэн айлын хүүхэд урлагийн хүн болсон. Урлагт арын хаалга гэж байдаггүй гэдэг. Тиймээс ч тус сургууль хүүхдүүдийг ихэд нарийн шалгаж авдаг журамтай. Орох хүсэлтэй хүүхдүүд одоо ч олон байдаг боловч тэр болгон тэнцдэггүй. Хүүхэд нь тэнцэхгүй байна гэхээр зарим эцэг эхчүүд ихэд гомдолдог талаар Г.Занаа багш ярьж байлаа. Хичээлийн хөтөлбөр нь хүнд, үнэхээр байгалиас заяасан авьяастай байх нь чухал.

1961 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн гурван давхар шар байшин баригдаж ашиглалтанд орсон. Тэр үед “Мандах ахлагчтай социалист хөдөлмөрийн бригад Хөгжим бүжгийн дунд сургуулийн байшинг барьж байна” гээд л радиогоор ярьдаг байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм хэмээн Г.Занаа багш ярив.

Ч.ЛОДОЙДАМБА ГУАЙН ӨГСӨН “КРАСНЫЙ ОКТЯБРЬ” ТӨГӨЛДӨР ХУУР

Хөгжимчин тэр дундаа сонгодог хөгжмийн ангид суралцдаг хүүхдүүд нэлээд ачаалалтай байдаг. Ерөнхий эрдэм, хажуугаар нь мэргэжлийн хичээлдээ явна. Хөгжмөө өдөрт хамгийн багаар бодоход дөрвөн цаг давтах ёстой. Зөвхөн авьяастай байх нь хангалтгүй. Хичээнгүйлэн давтаж, хөдөлмөрлөхгүй бол авьяас хөгжихгүй. Тиймээс л багаасаа бараг л өдөржингөө төгөлдөр хуураа давтдаг байснаа ярив. Гэрт нь хөгжим байхгүй, жирийн л нэг айл болохоор авах боломжгүй. Ингээд л сургуульд орсон өдрөөсөө эхлэн ангидаа хэдэн цагаар сууж хөгжмөө давтана. Г.Занаа манай алдарт зохиолч Ч.Лодойдамба гуайн охин, төгөлдөр хуурч Л.Насанбаттай нэг ангид сурдаг байжээ. Нэгдүгээр ангиасаа эхлээд өнөөдрийг хүртэл цуг сурч ажиллаж байгаа хоёр. Л.Насанбат тэр үед “Красный Октябрь” төгөлдөр хууртай байсныг дурсав. Ангийн анд нь шинэ хөгжим авахуулж Ч.Лодойдамба гуай охиныхоо хуучин төгөлдөр хуурыг Занаад өгчээ. Ингэж л гэртээ төгөлдөр хууртай болох өдрийн бодол шөнийн зүүд нь биелсэн гэнэ. Тийм л сайхан сэтгэлтэй хүн байсан хэмээн нэрт зохиолчийг дурсав. “Красный Октябрь” төгөлдөр хуур нь өнөөдөр Ч.Лодойдамба гуайн гэр музейд байдаг гэнэ. Г.Занааг долдугаар ангиас нь Москва руу сургуульд явуулна гэхэд өөрөө дургүй байжээ. Ээжийгээ орхиод явна гэхээр нэг тиймэрхүү. Ингээд эрүүл мэндийнхээ үзлэгээс ч хоцорсон байна. Гэтэл тухайн үед Соёлын яамны сайд сайдын албыг хашиж байсан Ч.Лодойдамба гуай ээжийг нь дуудаж тус яамны коллегийн хурлаар оруулж хүүхдээ гадаад сургуульд заавал явуулах хэрэгтэй гэжээ. Түүгээр ч зогсохгүй янз бүрийн шалтаг тоочиж дуудуулж болохгүй гэжээ. “Ч.Лодойдамба гуай намайг төгөлдөр хуурч болоход ингэж л нөлөөлсөн юм” хэмээн Г.Занаа багш ярив.

Сурагч байхдаа зав гарвал Л.Насанбатыг дагаад нэрт зохиолчийн гэрт нь очиж тоглоно. Ч.Лодойдамба гуайнх хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэнэ. Эхнэр нь бидний сайн мэдэх Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай ихэд сайхан хүн байсныг дурсав. Бороо орохоор “Дарь эх минь ээ” гээд л уулга алддаг байсан гэнэ.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Б.БАТЧУЛУУН, АЛДАРТ ЧИБУЛАГИЙН АЧ ОХИН ИЖЛЭЭ НАРЫН БАГШ

Сурагч Г.Занаа долоодугаар анги хүртлээ Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч наймдугаар ангиасаа Москва хотод П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцсан. Тэндээсээ Гнессиний нэрэмжит хөгжмийн академид оюутан болж Ардын жүжигчин төгөлдөр хуурч Т.Цолмонтой нэг сургуульд сурч байсан төдийгүй оюутан байхдаа гэр бүлтэй болж хүүгээ төрүүлэхээр жилийн чөлөө авсан тул Ардын жүжигчин Т.Цолмонтой цуг төгссөн гэнэ.

Москвад сургуулиа төгсч ирээд Хөгжим бүжгийн сургуульдаа багшилсан. 1975 оноос хойш өнөөдрийг хүртэл тэндээ багшилсаар байгаа. 12 жилийн өмнөөс тэтгэвэртээ гарсан ч төгөлдөр хуурын мэргэжлийн багш гэдэг ховор тул үргэлжлүүлэн ажиллаач гэсэн хүсэлт тавьжээ. 42 жил багшлахдаа 50-60 төгөлдөр хуурч төгсгөсөн. Маш нарийн мэргэжил, оюутнууддаа ганцаарчлан хичээл заадаг тул бүхэл бүтэн ангиар нь төгсгөдөг багш нараас арай өөр. Хөгжим бүжгийн сургуульдаа багшаар очоод О.Лхагвасүрэн, И.Одбаяр нарт анхныхаа хичээлийг заажээ. Шавь О.Лхагвасүрэн нь сургуулиа төгсөөд Армянийн хөгжмийн консерваторт үргэлжлүүлэн сурсан авьяаслаг нэгэн аж. Харин И.Одбаяр нь өнөөдөр Завханы хөгжим бүжгийн дунд сургуулийн тэргүүлэх зэргийн концертмейстер. Өдгөө рок, попын ертөнцөд ихэд алдартай, дуучин, Төрийн шагналт алдарт хуурч Г.Жамьянгийн ач хүү, Гавьяат жүжигчин Б.Батчулуун нь Занаа багшийн шавь гэнэ. Их томоотой, нямбай хүүхэд байсныг дурсаад “Би Б.Батчулууны гутал тоостой байхыг нэг ч удаа харж байгаагүй” гэв. Гар нь бол үнэхээр төгөлдөр хуурч хүний гар. Тиймээс ч шалгуулахад нь шууд авсан гэнэ. Занаа багш сургуулийнхаа 37 номерийн өрөөнд хичээлээ заадаг. Б.Батчулуун ч тэр өрөөнд мэргэжлээ байнга давтана. Тэр үед “Таны шавь Б.Батчулуун мэргэжлээ давтаж байхдаа дуулдаг. Их гоё дуулах юм” гэж сургуулийнхан багшид нь ярьдаг байсан тухай дурсав. Анх сонсоод дуулдаг гэдэгт нь итгэж ядаж байсан гэнэ. АНУ явахаас өмнөхөн концертыг нь очиж үзэхдээ үнэхээр сайжирсан болохыг нь мэдэрсэн аж. Г.Занаа багш гавьяат жүжигчин Б.Солонго, түүний охин С.Номин гээд шавийнхаа хүүхдэд багшилсан. Шавь С.Номин нь өдгөө Бостоны их сургуульд мэргэжлээрээ магистр хамгаалсан. Ундрал хэмээх бас нэгэн шавь нь Бостоны консерваторт сурч байгаа. Сурагч нь байсан Г.Отгонбулган Австрид, Германд магистрт сурч буй Ч.Дөлгөөн багшийнхаа бас нэгэн бахархал нь. Яриад байвал бахархах шавь нар мундахгүй аж. Олон улсын уралдаан тэмцээнд сурагчид нь оролцож өөрөө шүүгчээр ажиллаж байсан. Өмнөд Монголын Хөх хотын хөгжмийн сургуульд ажиллахдаа алдарт морин хуурч Чибулагийн ач охин Ижлээгийн мэргэжлийн багш байсан. Тэнд байхдаа олон хүнтэй газрын ялгааг олж харсан гэнэ. Тэндхийн сурагч оюутнууд нь маш их давтдаг, шаргуугаараа манайхнаас ялгардаг аж. Ер нь нэг багш 40 жил ажиллах хугацаанд гар сайтай, сонсголтой, ритмтэй гээд хамгийн гол гурван шинж нь бүрдсэн мэдрэмжтэй хүүхэд ердөө л нэгээс хоёр л таардаг гэнэ. Тиймээс мэргэжлийнх нь багш хүн гэдэг сурагчдаа маш сайн ойлгож мэдэрч байх ёстой. Тэгээд ч мэргэжлийн хичээлээ ганцаарчилж ордог болохоор шавь нартайгаа илүү ойр байдаг нэг онцлогтой.

ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ ХӨГЖМИЙН ХААН

Ийнхүү ярьж сууснаа Занаа багш Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан” бүтээлээс тоглож сонирхуулав. “Тайберт” төгөлдөр хуурыг нь сонирхоход маш сайн хөгжим, авснаасаа хойш хоёр удаа л хөглүүлсэн гэнэ. 1981 онд 3500 төгрөгөөр авч байсан, жаахан хямдруулаач гэхэд нэг ч төгрөг буугаагүй хэмээн ярив.

Тухайн үедээ л их үнэтэй байсан. Одоо бол 15 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуур ч байдаг гэнэ. Ингээд бид хоёр төгөлдөр хуур хөгжмийн талаар ярьж, чухам яагаад хөгжмийн хаан гэдгийг асуухад “Ингэж хэлдэг нь учиртай. Энэ хөгжмийн дугаралт нь бүхэл бүтэн оркестрын бүрэлдэхүүнийг төлөөлдөг” хэмээн тайлбарлав. Түүнээс гадна хөгжим гэдэг хүний тархи, оюун ухааныг задалдаг, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг аж.


А.И.ФИЛАТОВА ГУАЙ НАДАД ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГСӨН

Урлагт төрийн бодлогын зохицуулалт заавал шаардлагатай тухай Г.Занаа багш ярив. Нийгэм бужигнах үед соёлын боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг ч дурдав. Урьд өмнө нь бол төрөөс онцгой анхаардаг байжээ. Төгөлдөр хуурч мэргэжлээр суралцуулахаар Зөвлөлт рүү явуулсан залуусыг хичээл номондоо ямар байгаа зэргийг байнга хянадаг байсан гэнэ. Нэг орой сургууль дээрээ концертонд бэлтгээд хөгжмөө давтаж байжээ.

Гэтэл Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова орж ирээд орой болсон хойно гэртээ хариагүй байгаа шалтгааныг нь асуусан гэнэ. Гэртээ бэлтгэж давтах боломж байхгүй гэхэд “Та манай нөхрийн нэр дээр өргөдөл бичээд өгөөрэй” гэжээ. Ингээд л бараг долоо хоногийн дараа гэхэд хоёр өрөө байртай болсон байна. Ингэж л уран бүтээлч хүний бүтээлээ туурвих нөхцөлийг нь хүртэл бүрдүүлж өгөхөд анхаардаг байсныг дурдав. Ер нь ар гэр, амьдрал ахуй нь тавтай байж л уран бүтээлч хүнээс сайн бүтээл гарна хэмээн ярив. Манайхан сайн тамирчдаа дэмжиж байна. Урлаг, тэр дундаа сонгодог урлаг, энэ салбарт зүтгэж яваа хүмүүсээ ч мөн ингэж дэмжих төрийн бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа. Өөрсдийгөө сурталчлаад яваа хүмүүс бол яахав дээ. Үнэндээ юу ч хийдэггүй. Үнэхээр юм хийж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд сурталчилж энэ тэр болох завгүй явдаг тухай ярив.

АЧ НАР МЭРГЭЖЛИЙГ МААНЬ ӨВЛӨНӨ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙГАА

Занаа багш гурван хүүтэй. Эднийх саяхан шинэ иргэнээ өлгийдөж аваад байгаа гэнэ. Дандаа хүүтэй болохоор бас нэгэн ач охин төрөхөд ихэд баярласан аж. Занаа багшийн нөхөр Б.Дашилсүрэн Польшид Политехникийн дээд сургуулийг авто тээврийн зохион байгуулагч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа Москвагаас Улаанбаатар хүртэл цуг галт тэргээр явж байхдаа танилцсан гэнэ. Том хүү нь морин хуурч. Канадын Ванкувер хотод амьдардаг. Том бэр нь төгөлдөр хуурч, Канадад хөгжмийн сургуульд мэргэжлээрээ ажилладаг. Удаах хүү нь Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг. Отгон хүү нь инженер мэргэжилтэй. Хүү нар маань төгөлдөр хуурч болоогүй, бол ч гэж шаардаагүй гэнэ. Харин ач охидуудаас нь төгөлдөр хуурч болох байх хэмээн ихэд найдаж байгаагаа ярив.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзлаа

МҮОНТ-ээр “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит кино саяхан гарсныг манай үзэгчид шимтэн үзсэн билээ. 2014 онд бүтээсэн уг киноны эмэгтэй гол дүр болох Шя Шяо Чаний дүрийг бүтээсэн жүжигчин Ян И, эрэгтэй гол дүр Бао Жинд тоглосон жүжигчин Хю Гэ, найруулагч Сиа Сиа Юн, киноны зохиолч Ван Ли Пин нар Улаанбаатарт өчигдөр хүрэлцэн ирсэн юм. МҮОНТ-ийн урилгаар ирсэн уран бүтээлчид өчигдөр шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Хятадын жүжигчдэд хоёр дуучин хамгийн түрүүн уг киноны “Дундрашгүй хайр” дууг нь монгол хэлээр дуулж сонирхуулав. Энэ дууны монгол хувилбарыг хятад хэлээр дуулснаас илүү хүний зүрх сэтгэлд хүрлээ хэмээн жүжигчид маань ярьсан юм.

Жүжигчин Ян И нь 1971 онд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй аж. Тэрэээр Санхүүгийн коллежид орсныхоо дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн Ланжоу муж дахь урлагийн сургуульд элсэн орсон гэнэ. Удалгүй Ардын чөлөөлөх армийн Бээжин дэх Урлагийн сургуульд оюутан болж 1992 оноос кино урлагт хөл тавьсан юм байна. Ян И нэлээд хэдэн кинонд тоглосон. Түүний амьдрал “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн бүсгүйн амьдралтай тун төстэй гэнэ. Тэрээр нэг охинтой, нөхрөөсөө салсан бөгөөд хайр сэтгэлтэйгээ хараахан учраагүй байгаа гэнэ. Шя Шяо Чанийн хайртай залуугийн дүрд тоглосон Хю Гэ нь Хятадад нэлээд алдартай жүжигчин төдийгүй дуучин, продюссер. Тэрээр 1982 онд төрж, Шанхайн кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсчээ. Хоёр жүжигчин маань амьдрал дээр илүү царайлаг, хавьгүй биерхүү хүмүүс байлаа. Тэднийг үзэгчидтэйгээ уулзсаны дараа ярилцсан бөгөөд тэд хувийн амьдралынх нь талаар асуухгүй байхыг хүссэн юм.

ЖҮЖИГЧИН Ян И:

-Ша Шао Чан нь зоригтой, тэвчээр хатуужилтай эмэгтэй. Түүний туулж байгаа амьдрал нь таныхтай их төстэй юм шиг . Үүгээрээ таньтай холбогдоод байгаа юм болов уу гэж бодогдлоо.

-Ша Шао Чан гэдэг нь илүү эрэгтэй хүнд тохирох нэр. Тиймээс энэ нэртэйгээ адилхан их эршүүд бүсгүй. Амьдралд ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулдаг. Ерөөсөө ухардаггүй, зөвхөн урагшаа тэмүүлдэг ийм л эмэгтэйн дүр. Миний амьдралд ч гэсэн олон бэрхшээл тулгарч байсан. Тиймээс ч энэ дүр надад маш их таалагдсан.

-Орчин үеийн хятад эмэгтэйчүүд Ша Шао Чан шиг гэж ойлгож болох уу?

-Өнөө үед их зоригтой өөрийнхөө зорьсон зүйлээ биелүүлэх гэж тэмүүлдэг хятад бүсгүйчүүд их олон байгаа. Энэ дүртэй холбоотой нэгэн зүйлийг үзэгчдэдээ хэлмээр байна. Юу гэхээр өөрийн хүсч тэмүүлсэн зүйлээ заавал хийж бүтээгээрэй гэж захья.

-Таны өмнө нь бүтээсэн дүрүүдээс Ша Шао Чаны дүр нь юугаараа онцлог байв?

-Киноны дүр болгон адилгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ бол маш зоригтой эмэгтэйн дүр. Адилгүй тал нь гэвэл хамтран ажилласан баг маань огт өөр энэ нь дүрийг улам амьд болгоход нөлөөлсөн гэж бодож байна.

-Киноныхоо монгол үзэгчидтэй уулзахад ямар санагдав?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Уулзалтад настай хүнээс авахуулаад хүүхэд хүртэл байлаа. Анги болгоныг нь алгасалгүй үзсэн нь бидэнд маш их урам зориг хайрласан. Энэ кинонд тоглосноор үзэгчдийнхээ хайрыг мэдэрлээ. Энэ нь миний хувьд маш том бэлэг.

-Ойрын үед шинээр ямар кинонд тоглох гэж байна?

-Нэг хүний хоёр янзын зан чанарыг харуулсан кинонд тоглож байгаа.

-Та охинтой гэсэн, хэдэн настай вэ?

-19 настай.

ЖҮЖИГЧИН Хю гэ:

-Өөрийн тань бүтээсэн дүрийг монгол хэлээр дуу оруулснаар үзэхэд ямар санагдав?

-Тоглосон дүрийг монголоор дуу оруулснаар үзэхэд гайхалтай сайхан санагдлаа. Их дотно сэтгэгдэл төрсөн. Нэг дүр дээр хятад, монгол хоёр хэлээр дуу оруулснаар илэрхийлж буй сэтгэл нь адилхан байсан. Сэтгэлээрээ бол холбоотой байсан.

-Монголчууд бид хятад хүний талаар арай өөр төсөөлөлтэй байдаг. Таны бүтээсэн дүрийг шинэ үеийн хятад хүн гэж ойлгож байгаа. энэ дүрийг бүтээхэд бэрхшээлтэй зүйл байв уу?

-Би өөрөө орчин үеийн хүн. Энэ кино бол амьдралаас үүдэлтэй кино тул энэ дүрийг бүтээхэд надад тийм ч хэцүү байгаагүй юм шиг санагддаг.

-“Ухаарч амьдрах хорвоо” киног Хятадын үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Амьдрал дээр Ша Шао Чан шиг нөхрөөсөө салсан, хэцүү байдалд байгаа эмэгтэй олон байгаа гэж би боддог. Тиймээс энэ дүр нь надад их таалагддаг. Үзэгчид ч үүнийг таашаасан байх.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Миний тоглосон шинэ уран бүтээл удахгүй Хятадын телевизээр гарах гэж байгаа. Энэ кинонд би анчны дүрийг бүтээсэн.

-Та яагаад энэ кинонд тоглох болов, дүрийн онцлог нь юу байв?

-Юуны түрүүн энэ киноны зохиол нь маш сайн байсан. Бао Жин гэдэг дүр ч маш их таалагдсан, учир нь маш шударга, цайлган хүн. Миний хамтрагч бүсгүйн дүр ч их таалагдсан, маш зоригтой бүсгүйн төлөөлөл. Энэ хоёр дүрээс би маш ихийг сурч авсан. Би ихэнхдээ түүхэн сэдэвт кинонуудад тоглосон.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээсэн бүсгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэдхэн хоногийн өмнө өөрийн зөвлөх 28 настай Хоуп Хиксыг Цагаан ордны харилцаа, холбооны асуудал хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Америкийн төрийн тэргүүний шийдвэр хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татав. Цагтаа загвар өмсөгч байсан үзэсгэлэнт бүсгүй Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээжээ. Тиймээс ч хэвлэлийнхэн Хоуп Хиксийг Цагаан ордны найдвар гэх болсон. Сэтгүүлчид түүнийг ийнхүү нэрлэсэн нь учиртай бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бүсгүй Бүгд Найрамдах намаас нэрдэвшсэн Д.Трампын хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргаар ажиллаж олон нийтийн сүлжээн дэх хуудсыг сонгуулийн сурталчилгааны үеэр хөтөлж сэтгүүлчидтэй хийх уулзалтуудыг зохион байгуулдаг байжээ. Тэр үед нэг өдөрт 250 асуултанд хариулж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр маш сайн ажилласан байна. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн стратегийн харилцааны асуудал хариуцсан даргаар томилогдсоноор Цагаан ордны хамгийн залуу ажилтан болжээ. Хоуп Хикс анх Д.Трампын охин Иванка Трамптай танилцаж түүний санаачилсан шинэ загварыг сурталчлах төсөл дээр хамтран ажилласан юм. Аажмаар Д.Трампын багт орсон гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж чаддаг, дипломат зантай зэрэг олон чанарынхаа ачаар Цагаан ордны харилцаа холбооны асуудал хариуцсан даргын албанд томилогджээ.

Хамтран ажилладаг хүмүүсийнх нь ярьснаар Хоуп Хикс маш хөдөлмөрч бүсгүй гэнэ. “Newsweek” сэтгүүлийн судалгаагаар өнөөдөр Хоуп Хикс нь Цагаан ордны хамгийн өндөр цалинтай ажилтнуудын нэг. Тэр жилдээ 179 мянган ам.долларын цалин авдаг. Бүсгүйг маш зөөлөн, хүний учрыг олохдоо сайн хэмээн хамт ажиллагсад нь тодорхойлдог бөгөөд амаргүй ааштай Ерөнхийлөгчийн учрыг ч олж чаддаг гэнэ.

Түүнийг хариуцлагатай албанд томилсон явдлыг өнөөдөр олон хүн шүүмжилж байна. Ямар ч туршлагагүй эмэгтэйг ийм албанд томилсон хэмээн Ерөнхийлөгч Д.Трампыг буруутгаж буйн шалтгаан нь Хоуп Хикс загвар өмсөгч байсантай холбоотой. Гэхдээ бүсгүйн аав, өвөө нь олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж энэ салбарт мэргэшсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Түүний аав нь Үндэсний хөлбөмбөгийн лигийн дэд ерөнхийлөгч, олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн томоохон компаниудын нэг болох “Ogil­vy Public Relations Worldwide”- ийн орлогч захирлын албыг хашиж байсан. Харин ээж нь Конгрессын гишүүний хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Аавынх нь аав буюу өвөө нь “Texaco” компанийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцсан дарга байсан бол нөгөө өвөө нь Жонсон, Никсон нарыг Ерөнхийлөгч байх үед Хөдөө аж ахуйн яаманд хариуцлагатай алба хашдаг байсан гэнэ. Манайхаар сэхээтэн гэж хэлж болох удамтай түүнийг багаас нь ихэд чөлөөтэй өсгөж, үргэлж хүслийг нь биелүүлдэг байсан гэдэг. Сургуульд байхад нь янз бүрийн дугуйланд явуулж, спортоор идэвхтэй хичээллэхийг нь дэмждэг байжээ. Тэрээр лакросс хэмээх нэлээд хүнд төрөлд тооццогддог спортоор хичээлэж сургуулийнхаа багийг ахалж байсан юм. Дасгалжуулагчийнх нь ярьснаар тэрээр багаасаа л зорилгодоо хүрэхийн тулд эцсээ хүртэл тэмцдэг байсан гэдэг. Хүүхэд байхдаа загвар өмсөгч болохыг мөрөөдөж 11 настайдаа “Ford” загварын агентлагтай гэрээ байгуулж эгчийнхээ хамт “Ralph Lauren” компанийн сурталчилгаанд зургаа авахуулж байжээ. Зураг нь хэд хэдэн номны эхний хуудсанд гарсан бөгөөд оюутан болтлоо энэ чиглэлээр нэлээд эрчимтэй ажилласан. Ингээд Даллас хотод Өмнөд Медотистийн их сургуульд англи хэлний факультетэд оржээ. Сургуулиа дүүргээд Нью-Йорк дахь “Zeno Group” маркетингийн агентлаг орсон боловч удаагүй. Дараа нь “Hiltzik Strategies” компанид ороод удалгүй “Trump Organization”-ийн харилцаа холбооны асуудал хариуцсан дарга болж Д.Трамптай хамтран ажиллах болсон ажээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч өөрийнхөө үзэсгэлэнт бөгөөд үнэнч туслахынхаа талаар “Түүнийг авч ажиллуулсан нь маш том аз. Тэр зөв дүгнэлт хийдэг. Зөвлөгөө өгөх нэрээр шахалт үзүүлдэггүй” хэмээн ярьсан байна.

2015 онд “The Washington Post” сонинд Хоуп Хиксийн тухай маш том нийтлэл гарсан юм. Түүнийг Д.Трампын багт ажилладаг хамгийн залуу бөгөөд Ерөнхийлөгчийн итгэлийг бүрэн хүлээсэн эмэгтэй хэмээн ихэд онцолсон. 2016 онд “OQ” сэтгүүл Хоуп Хикст ярилцлага авах хүсэлт тавихад Д.Трампаас яриа авахуулжээ. Энэ үеэр Америкийн Ерөнхийлөгч нь туслах Хоуп Хиксийнхээ талаар өөрийнх нь хажууд ярьсан байдаг.

Зарим хэвлэлүүд нэг хэсэг бүсгүйг Д.Трамптай холбоотой хэмээн бичиж байлаа. Үнэндээ бол Хоуп Хикс нь Д.Трампын сонгуулийн штабын дарга Кори Ливандовскитэй найзалдаг байжээ. Тэд зургаан жил үерхсэний эцэст хоёр тийш болсон юм. Зарим хэвлэлд бичсэнээр найз бүсгүй нь Д.Трампын байранд амьдардаг байсан нь залууд таалагдаагүй гэнэ. Хоуп Хикст найз нөхөдтэйгөө уулзаж гадуур явах зав байдаггүй бөгөөд энэ талаар ээж нь “New York Times” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа ярьсан юм. Охин нь маш их ачаалалтай ажиллаж байгаад сэтгэл нь зовдгоо хэлжээ.

Цагаан ордны найдвар гэгддэг бүсгүй “Forbes” сэтгүүлээс гаргасан улс төрд хамгийн амжилттай яваа залуучуудын жагсаалтад багтсан. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трампыг ихэд хүндэлдэг бөгөөд түүнийг ямар шийдвэр гаргаж байгаагаа маш сайн мэддэг, алсын хараатай улстөрч хэмээн үздэг гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

М.П.Демидов: Миний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сум

Манай улсад дэгдсэн тарваган тахал өвчний голомтыг судалж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр тусламж үзүүлэхийг Монгол улсын Засгийн газар ЗСБНХУ-аас хүссэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу уг өвчнийг эмчлэх, сэргийлэх арга хэмжээг авахаар 1943 онд Эрхүү хотын Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын эмч, судлаачид манайд анх удаагаа ирж ажилласан түүхтэй. Дайны хүнд жилүүдэд хэрхэн Монголд ажиллаж байсан тухай баримтат киног Эрхүүгийн их сургуулийн орлогч захирал Е.А.Туринцева санаачилсан байна. Тэрээр найруулагчаар нь ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоног кино зураг авахаар Баянхонгорт ажиллаад иржээ..

Демидова Елена Константиновна тахалын голомт дээр ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нарын нэг юм. Тэрээр “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахалтай тэмцэх анхны станцыг байгуулсан бөгөөд тэнд ажиллаж байхдаа буюу 1945 оны есдүгээр сарын хоёрны өдөр хүү Марк Павлович Демидовыг төрүүлсэн. Марк Павлович Демидов англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнгөрсөн долоо хоногт киноны зураг авахуулахаар өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг суманд очоод иржээ. Би түүнтэй уулзаж дэлхийн II дайны дараахан Монголд ажиллаж байсан ээж, аавынх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.


-Яаж яваад таны ээж, аав хоёр дэлхийн II дайны үед Баянхонгор аймгийн Заг суманд очиж ажиллахаар болсон юм бэ?

-1943 онд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахал гарсан юм билээ. Үүний улмаас олон хүн амь үрэгдэж тухайн үеийн танай Засгийн газрын хүсэлтээр хуучин Зөвлөлтөөс бактер судлаач эмч, амьтан судлаач, лаборант гээд найман хүн танайд ирсэн. Миний ээж Демидова Елена Константиновна эмч, аав маань амьтан судлаач байсан. Яагаад заавал Баянхонгор аймгийн Заг суманд очсон юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэнд тарвага ихтэй газар. Тарваган тахал нь тодорхой хугацааны дараа дахин дэгддэг өвчин. Ээж маань Монголд анх байгуулагдсан тарваган тахалтай тэмцэх станцын дарга байсан. Зөвлөлтөөс ирсэн анхны эмч нар байсан. Тарваган тахал судлалын дараагийн багт миний хойд эцэг Тарасов Йосиф Павлович ажиллаж уг өвчний 12 голомтыг илрүүлсэн. Тэд өвчний голомтод хөл хорио тогтоож, майхан босгож нарийвчилсан судалгаа хийж, халдвар авсан хүмүүсийг нь эмчилж, үхсэн амьтдыг нь олж шатааж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг нь ажиглах гээд маш их ажил хийсэн байдаг. Тэр үед цаг ч хэцүү байсан шүү дээ. 1944 оны хавар анхны эмч нар ирсэн. Ингээд хоёр жилийн туршид шаргуу ажилласан байдаг. Ээж маань ерөнхий ажлыг нь удирдсан юм. Тэр үед ээж 29 настай байсан. Эрхүүгээс хоёр хүүхэдтэйгээ Монголд ирж би Заг суманд төрсөн. Дэлхийн II дайн дууссан өдөр мэндэлсэн юм аа.

Хожим нь ээжийн удирдаж байсан станцыг Баянхонгор аймгийн төв рүү шилжүүлсэн түүхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө тус төв нь байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн.

-Та 2015 онд эгчийнхээ хамт өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймагт очсон гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Одоогоос хоёр жилийн өмнө би 70 настайдаа эгчийнхээ хамт Баянхонгорт очиж ээж аавынхаа ажиллаж байсан газраар явсан. Би тэнд очихоосоо өмнө аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргатай холбоо тогтоосон. Биднийг очиход маш сайхан хүлээж авч Заг сум руу автобусаар аваачиж, багадаа амьдарч байсан газартаа очиход сэтгэл их хөдөлсөн. Би хэлсэн шүү дээ ээж маань тэр үед нөхрөөсөө салчихсан, хоёр хүүхэдтэйгээ Монголд ирсэн. Эмээ маань эгч, ах хоёрыг харахаар цуг явсан. Тэр үед Баянхонгорынхон анх удаагаа машин харсан гэдэг. Дөрвөн дугуйтай, мориноос хурдан явж байна гээд л ихэд гайхацгааж байсан гэдэг.

-Та нар Заг суманд очоод Зөвлөлтийн эмч нар ажиллахаар ирсэн үед хүүхэд байсан хүмүүстэй уулзсан гэсэн?

-Ээж маань Баянхонгорт хэрхэн ажиллахаар очиж байсан үеийг өөрийн нүдээр харсан гурван хүн өнөөдөр хүртэл амьд сэрүүн байна. Нэг нь 75, нөгөө нь 82, бас нэг нь 91 настай. Тэр үед нэг нь 12 настай, миний том ахтай цуг тоглож байснаа дурсан ярьсан. Би хоёр ахтай, Монголд ирэхэд том ах Слава зургаа, хоёр дахь Валерий нь гурван настай байлаа. Бага насны хоёр хүүхэд бас ээжийгээ дагуулаад Баянхонгорт ажиллахаар ирж байсан гээд бодохоор үнэхээр зоригтой эмэгтэй байгаа биз. Танай өвөл, маш хүйтэн ер нь л хэцүү үе байсан. Монголчууд ээжийн маань морь унаж байгааг хараад гайхдаг байсан гэсэн. Аав болохоор сумуудаар явж тахал гарсан эсэхийг байнга шалгадаг. Нэг түүх ярьж өгье. Нэг айлын хүүхэд нь өвдөж. Тэгсэн аав нь орос эмч нарын ажиллаж байсан газар ирээд хашааны гаднаас нь “Хүүхэд өвдсөн, халуураад байна” гэж хашгирчихаад л буцаад давхиад явчихаж. Тэгсэн гэр лүүгээ явж байх замд нь эмч суусан машин хажуугаар нь явж өнгөрсөн гэдэг. Гэртээ ирэхэд цагаан халат өмссөн орос эмч аль хэдийн ирчихсэн хүүхдийг үзчихсэн байжээ. Бас нэг түүх сонирхуулъя. Слава ах маань нэг хүүхэдтэй найзалдаг байж л дээ. Нэг удаа шинжилгээ хийдэг өрөө рүү оруулж, туршилт хийдэг усны гахайг үзүүлээд “Эд нарыг тахлын вирусээр халдварлуулж үхүүлдэг” гэхэд нөгөө монгол хүү тэр амьтдыг ихэд өрөвдөж уйлсан гэдэг. Тэр үед Заг суманд ганцхан дэлгүүртэй, тэрэнд нь гурил, будаа, элсэн чихэр, шүдэнзээс өөр юу байх билээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн гэрт очиход чихэр, мөсөн чихэр өгнө. Тиймээс хүүхдүүдтэй нь найзлах дуртай байж л дээ.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Демидова Елена Константиновнаг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

-Удалгүй танайх Улаанбаатар руу шилжсэн гэсэн. Яагаад Баянхонгороос явах болсон юм бэ?

-Ээжийн маань Заг суман дахь ажил нь дуусахад Улаанбаатар руу шилжүүлсэн. Түүнээс гадна Валерий ах маань долоон нас хүрч сургуульд явах хэрэгтэй болсон. 1948 онд ах Улаанбаатарт Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдэд зориулсан сургуульд орсон. Үүний өмнөхөн халдварт өвчин судлаач эрдэмтэн И.П.Смирнов Заг суманд очсон. Ингээд И.П.Смирнов миний ээж хоёр гэр бүл болсон.

-Таны төрсөн эцэг, биологийн ухааны доктор Тарасов Петр Проковьевич ч гэсэн Монголд олон жил тарваган тахлыг судлахын сацуу МУИС-ийн биологийн танхимд ажиллаж “Алтан гадас” одон хүртэж байсан гэсэн?

-Тиймээ. 1943-1947 онд Монголд ажилласан. Миний аав Монголын аймгуудаар явж тахлын 12 голомтыг олж илрүүлсэн. Үнэхээр гайхалтай эрдэмтэн хүн байсан. Москвагийн их сургууль түүний эрдмийн бүтээлүүдийг дахин хэвлүүлэхээр төлөвлөж байгаа. Түүний хийсэн судалгааных нь талаар интернэтэд веб хуудас хүртэл нээсэн. Нүдний салстаар дамжин тахлын халдвар авдаг болохыг тэрбээр тогтоосон. Энэ чиглэлээр Монголд байхдаа сармагчин болон өөр дээрээ хүртэл туршилт хийж байсан удаатай.

Categories
мэдээ цаг-үе

Билл Гейтс шиг баян Жефф Безос

Хэдхэн хоногийн өмнө “Amazon”-ий эзэн Жефф Безос манай дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон талаар мэдээлсэн билээ. Интернэт худалдаа эрхэлдэг “Amazon” компани нь 500 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Жефф Безосын хөрөнгө 70 тэрбум ам.доллартай тэнцэж дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын эхний гуравт ч багтаагүй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэргүүн баян Билл Гейтстэй өрсөлдөхүйц болжээ. Хэн нь энэ жил тэргүүн баяны жагсаалтыг тэргүүлэх нь “Amazon”, “Microsoft”-ийн хувьцааны ханшаас шалтгаалах юм. Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр “Amazon” компанийн хувьцаа 1.7 хувиар өмссөн.

Билл Гейтс олон жил дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн гэдгийг хүн бүхэн андахгүй. Тэрээр цаашдаа эд хөрөнгөө арвижуулах сонирхолгүй гэдгээ өөрөө хэлсэн. Харин Жефф Безосийн “Ama­zon” компани нь хүүхэдтэй харьцуулах юм бол ид өсч яваа. Зарим судлаачдын үзэж байгаагаар “Amazon” нь удахгүй дэлхийн зах зээл дээр тэргүүлэх гэнэ. Одоогийн байдлаар түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний хэдхэн компани байгаагийн нэг нь “Walmart”.

Ж.Безос интернэтээр ном борлуулж бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 23 жилийн хугацаанд “Amazon”-ийг дэлхийн хамгийн том дөрвөн компанийн нэг болголоо. Дээр дурдсанчлан “Ama­zon” компани нь 500 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд “Apple”, “Alphabet”, “Microsoft” гурав л түүнээс илүү үнэлэгдэх боломжтой гэнэ. Номын худалдаагаар гараагаа эхэлсэн “Amazon” нь өнөөдөр робот, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд ороогүй салбар бараг байхгүй. Сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Blue Origin” салбар компани, “The Washington Post” хэвлэлийн газар хүртэл Жефф Безосын мэдэлд байдаг. ”Amazon” компанийн орлого сүүлийн арван жилийн хугацаанд 32 хувиар өссөн гээд тоочоод байх юм бол нэлээд амжилтад хүрсэн.

Тус компанийг үндэслэн байгуулагч Жефф Безос нь Нью-Мехико мужийн Альбукерке хэмээх хотод төржээ. Түүнийг дөрвөн настай байхад ээж нь Кубаас ирсэн цагаачтай гэр бүл болсон. Хойд аав нь Жеффийг үрчилж авч өсгөсөн. Харин төрсөн эцэг нь амьд байдаг гэдгийг тэрээр саяхан мэдсэн аж. Жефф багаасаа л техник сонирхдог байсан гэнэ. Нарны зай, шүхэр, хуучин сэрүүлгийг ашиглан үүдний хонх хийж, салхин тээрэм гээд хүүхэд байхдаа зохион бүтээгээгүй зүйл гэж үгүй.

Дунд сургуулиа маш сайн дүнтэй төгссөн тул түүнийг төгсөлтийн баяр дээр сурагч болон эцэг эхчүүдийн өмнө үг хэлүүлэхээр сонгосон байна. Жефф шалгалтуудаа амжилттай өгдөг, тамхи татдаггүй, үл бүтэх хүүхдүүдтэй нийлдэггүй үлгэр жишээ сурагч байсан. Сурлагаараа бусдаас ялгарч шилдэг их сургуульд орохдоо физикч мэргэжлээр суралцана хэмээн төлөвлөсөн аж. Гэвч физикийн онолыг өөрөөс нь илүү сайн мэддэг залуус зөндөө байгааг хараад компьютерийн чиглэлээр суралцахаар шийджээ.

Ж.Безос 1986 онд Пристоны их сургуулийг дүүргээд нэг хэсэг Уолл Стритэд компьютерийн чиглэлээр ажиллаж удалгүй интернэтээр олон улсын худалдаа эрхлэх сүлжээг боловсруулж эхэлсэн. Энэ үед л яагаад интернэтийн сүлжээгээр ашигтай худалдаа эрхэлж болохгүй билээ гэсэн бодол толгойд нь байнга эргэлдэх болсон гэдэг. 1994 онд Amazon.com нэртэйгээр интернэт дэлгүүрээ байгуулахдаа 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. “Amazon Kindl” нь түүний дараагийн алхам байсан. Гурван жилийн дараа гэхэд тус компанийн хувьцаа биржээр борлогдох болж 2000 онд Ж.Безос хувиараа сансрын хөлөг хөөргөх “Blue Origin” төслийг санхүүжүүлж, 2013 онд “The Washington Post” хэвлэлийн газрыг 250 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй. Нэг үгээр хэлэхэд түүний бизнес хэрхэн маш богино хугацаанд хүрээгээ тэлснийг үүнээс харж болох юм.

Өнгөрсөн гуравдугаар сард түүний мэдэлд байдаг “Blue Origin” компани нь жуулчдад зориулсан сансрын хөлгийн дотоод загварыг толилуулсан юм. Түүний онцлог нь том цонхтой бөгөөд Ж.Безосын ярьснаар энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн том цонхтой сансрын хөлөг аж. Зургаан хүний суудалтай хөлгийн суудал бүр нь хажуудаа том цонхтой. Тухлаг арьсан суудалтайгаас гадна хөөрөх үед автоматаар агаарын даралтыг зохицуулдаг төхөөрөмжтэй. “Amazon” компани нь ойрын хоёр жилийн хугацаанд сансарт жуулчин илгээх зорилт тавин ажиллаж байгаа. Тойрог замаар аялах хүсэлтэй жуулчид нь ойролцоогоор 300 мянган ам.доллар төлнө хэмээн урьдчилан төлөвлөжээ.

Интернэт дэх хамгийн том компаниудын нэг болох “Amazon”-ий эзэн, манай дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Жефф Безосын хувийн амьдралыг уншигч та сонирхож байгаа байх. Түүний эхнэрийг Маккензи Безос гэдэг бөгөөд нөхрийнхөө баруун гар нь гэнэ. Жеффийн ямар хувцас өмсөх, ямар хоол идэх гээд бүх зүйлийг эхнэр нь зохицуулдаг. Тэд 1993 онд гэр бүл болсон.

1990 онд Жефф Безос “Bankers Trust” банк, “DE Shaw&Co” компаниудын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гэр бүлтэй болох хэрэгтэй гэдгээ ойлгосон гэнэ. Найз нартаа өөрт нь тохирох бүсгүйтэй танилцуулж өгөхийг аминчлан хүсчээ. Гэвч удалгүй цуг ажиллаж байсан 23 настай Маккензиг анзаарсан байна. Тэд үерхээд гурван сар болсны дараа бүсгүйд гэрлэх санал тавьжээ. Маккензи Безос нь зохиолч бөгөөд “Na­tional Book Awards” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн. Тэд 21 жил цуг амьдарч байгаа, дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү, нэг өргөмөл охинтой.

Жефф Безос “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа унтаж амрах нь түүний хувьд маш чухал хэмээн ярьсан байдаг. Томоохон компаниудыг удирддаг чинээлэг хүмүүс амжилтад хүрэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж зарим нь хоногт ердөө дөрвөн цаг унтдаг гэдэг. Харин Жефф бол найман цаг унтаж амардаг. Цаг зав гарвал амарч байхын тулд ажлынхаа өрөөнд хүртэл аяны хөнжилтэй гэнэ.

Жефф Безосыг зарим нь хандив өргөхдөө нарийлдаг хэмээн шүүмжилдэг гэнэ. Үнэндээ тийм биш аж. 2009, 2010 онд гэхэд тэрээр Хавдар судлалын төвд 10-20 сая ам.долларын хандив өргөсөн. 2012 онд гэхэд Вашингтон олон нийтийн дунд санал асуулга явуулах ажилд Жефф эхнэрийнхээ хамт 2,5 сая ам.долларын хандив өгсөн байдаг. Ингээд өргөсөн хандивыг нь дурдаад байвал тийм ч бага биш аж.

Яагаад компаниа “Amazon” хэмээн нэрлэсэн гэж та бодож байна. Дэлхийд хамгийн томд тооцогддог Амазонка мөрний нэрийг өгсөн нь учиртай аж. Компани дэлхийд хамгийн том болгоно хэмээн мөрөөдсөн. Энэ мөрөөдөл ч биелэлээ оллоо. Өнөөдөр “Amazon” компани нь дэлхийд хамгийн томд тооцогддог болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

С.ТӨГС: “Milan Fashion Week”-ийн хаалтын парадын загварыг өмссөн

Загвар өмсөгч С.Төгс өнгөрсөн зургадугаар сард Сөүл хотноо болсон олон улсын тэмцээнээс “Asian Star Model” шагнал хүртсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцсаныг сонирхуулъя.


-Та Сөүл хотноо болсон “Asia Model Festival”-д оролцож “Asian Star Mod­el” шагналыг хүртсэн. “Asia Model Festival”-ийн тухай манай уншигчдад сонирхуулаач?

-Энэ фестиваль нь 13 дахь жилдээ зохион байгуулагдсан. Солонгосын моделийн холбоо нь олон улсын загварын холбоотой хамтран зохион байгуулдаг. Уг арга хэмжээний хүрээнд хоёр тэмцээн болдог. Эхнийх нь загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа залуухан моделуудын дунд явагддаг. Нэг орноос дөрвөөс таван загвар өмсөгчид оролцож ур чадвараара өрсөлддөг. Хоёр дахь тэмцээн нь энэ салбартаа карьераа хийчихсэн туршлагатай загвар өмсөгчдийн дунд болдог. Ингэхдээ орон бүрээс нэг л модель оролцдог бөгөөд зохион байгуулагчид нь өөрсдөө загвар өмсөгчөө сонгон урьж оролцуулдаг. Миний оролцсон тэмцээнд оролцох загвар өмсөгчдийг сонгохдоо нэлээд олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Юуны түрүүн өмнө юу хийж байсан, ямар тэмцээн уралдаанд оролцсоныг тооцон үздэг. “Asian Star Model” гэж нэрлэдэг нь их учиртай. Олон нийтийн сүлжээнд хэр зэрэг идэвхтэй эсэхийг харгалздаг.Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан аль зэрэг олон хүнд нөлөөлж чадах. Түүнээс гадна star буюу од байж чадах эсэх нь бас чухал. Түүгээр ч зогсохгүй Instagram, Facebook-т хэдэн сарын туршид дагадаг. Эдгээр үзүүлэлтийг үндэслэн оролцуулах хүмүүсээ сонгодог юм билээ. Тэр битгий хэл улаан хивсний ёслолд хэрхэн оролцож байгааг ч анзаардаг.

-“Asia Model Festival”-д оролцох урилгыг хэзээ хүлээж авсан бэ?

-Миний нэрийг дэвшүүлж байгаа гэж би сонссон. Уг арга хэмжээ болохоос нэг сарын өмнө Болормаа багш маань над руу утсаар ярьж “Баяр хүргэе. Чамайг “Asia Model festival”-д оролцуулахаар урьсан байна” гэсэн.

-Монголоос гадна ямар орны загвар өмсөгчид таньтай өрсөлдсөн бэ?

-Сингапур, Вьетнам, Мьянмар, Индонезийн загвар өмсөгчид оролцсон.

-Мэдээжийн хэрэг бүгд л загварын ертөнцөд олон жил ажилласан туршлагатай моделиуд байсан байх?

-Тиймээ. Бүгд л нэлээд туршлагатай бас олны танил болчихсон загвар өмсөгчид байсан. Зарим нь загварын ертөнцөөс кино урлаг зэрэгт орчихсон моделиуд байсан.

-Аль зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй байв?

-Үнэхээр хүчтэй. Сингапураас оролцсон загвар өмсөгч гэхэд 1.68 метр өндөртэй. Загвар өмсөгчийн хувьд бол жижигхэн боловч зураг дээрээ их гоё гардаг байх жишээтэй.

-Залуу загвар өмсөгчид оролцдог “Face of Asia” тэмцээнд хичнээн модел ур чадвараа сорив. Манайхаас оролцсон уу. Оролцсон бол ямар амжилт үзүүлэв?

-Маш олон бараг 100-гаад загвар өмсөгч оролцсон байхаа. Манайхаас дөрөв, таван загвар өмсөгч байсан. Нэг нь шилдэг аравт шалгарсан.

-Хаанахын загвар өмсөгч түрүүлсэн бэ?

-Малайзын загвар өмсөгч түрүүлсэн.

-Таныг удахгүй дахиад л гадагшаа явах гэж байгаа гэж сонссон юм байна?

-Удахгүй Манила явах гэж байна. “Asian Next Top Model”-д оролцсон болохоор Сингапур, Филиппинд намайг мэддэг, хамтран ажиллах санал байнга тавьдаг. Түүнээс гадна миний найз 2011 онд “Дэлхийн мисс” тэмцээнд хоёрдугаар байранд шалгарч байсан “Филиппиний гоо бүсгүй ” Гвендолин Руаис бид хоёр байнга хамтарч ажилладаг. Бид хоёр “Asian Next Top Model”-д хамт оролцож байсан.

-Хамгийн сүүлд гадаадад болсон загварын ямар том шоунд оролцсон бэ?

-Италид болсон “Milan Fashion Week”-д оролцож хамгийн гол загварыг нь өмссөн. Katherine Mas брендийн загвар өмссөн. Энэ бол загвар зохион бүтээгч Katherine Mas-ийн өөрийнхөө нэрээр нэрлэсэн брэнд. “Milan Fashion Week”-ийн хаалтын парадын загварыг өмссөн.

-Баруунд бол загвар зохион бүтээгчид өөрсдөө загварыг нь өмсөх моделийг сонгодог. Katherine Mas өөрийг тань сонгосон гэсэн үг үү?

-Тэгсэн, өөрөө сонгосон.

-Таныг саяхан кинонд тоглосон гэж сонссон?

-Тиймээ хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Нэг нь олон ангит кино, нөгөө нь нэг ангит кино. Одоогоор нэрийг нь хэлж болохгүй. Намайг кинонд тоглосон гэхээр хүмүүс маш сүртэйгээр хүлээж аваад байдаг. Өмнө нь надад олон удаа кинонд, тэр дундаа гол дүрд тоглох санал тавьж байсан. Би дандаа татгалздаг байсан. Учир нь сайн мэдэхгүй болохоор гол дүрд тоглоно гэдэг бол хэцүү л дээ. Харин энэ удаад өөрийгөө сорьж үзсэн, нүүр хагарсан. Ер нь кинонд тоглоход яах ёстой талаар ойлголттой болсон.