Хэдхэн хоногийн өмнө Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Монголд ирсэн билээ. Тэрээр Улаанбаатарт байх хугацаандаа Төрийн ордонд хэд хэдэн улстөрчидтэй уулзаж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж, Дорноговь аймагт очиж “Говийн ноён хутагтын музей”-г сонирхсон байна. Ричард Гир нь Түвдийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Далай ламтай маш сайн харилцаатай нэгэн. Тэрээр энэ удаад Буддын шашны зүтгэлтнүүдийг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай кино хийхээр төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажлаа хангах зорилгоор Монголд иржээ.
Өнгөрсөн зуунд улс төрийн нөхцөл байдлын улмаас аргагүй эрхэнд эх орноосоо явсан лам олон жилийн дараа нутагтаа эргэж ирээд багшийнхаа шарилыг Говиос хайж байгаа талаар өгүүлэх юм байна. Киноны зохиол хараахан бэлэн болоогүй бөгөөд зарим зургийг Монголд авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс Ричард Гир “Баянгол” зочид буудалд киноны уран бүтээлчидтэй өглөөний цай хамт уужээ. Энэ үеэр “Монголчууд хэн байсан, хэн болчихов, цаашид хэн байх вэ гэдгийг тунгаан бодох цаг ирсэн” хэмээн хэлсэн байна. Монгол бол гайхамшигтай орон, Монголын ард түмэн агуу түүхтэй. Тиймээс монголчууд ядуу гэдэг сэтгэлгээнээсээ салж бусдаас тусламж гуйхаа болих хэрэгтэй. Өөрсдийнхөө өнгөрсөн түүх, заншлыг санах хэрэгтэй хэмээн ярьжээ.
Холливудын алдарт жүжигчин Улаанбаатарт байх хугацаандаа өөрийн эртний сайн танил, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахдаа шинээр хэрэгжүүлэх гэж буй кино төслийнхөө талаар ярьсан байна. Мөн Асашёорюү Д.Дагвадоржтой цуг зургаа авахуулжээ.
Алдарт жүжигчин маань өөрийн найз бүсгүй Алехандра Сильвагийн хамт ирсэн юм. Алехандра Сильва нь испани бүсгүй бөгөөд аав нь хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч, бизнесмен Игнасио хэмээх олны танил нэгэн. Алехандра Сильва монголчуудын бидний сайн мэддэг “Айвенхоу майнз” компанийг үндэслэгч Роберт Фридландын хүү Гованд Фридландын эхнэр байжээ. Өдгөө 33 настай бүсгүй анх 2015 онд Италид болсон нэгэн кино наадамд Ричард Гирийн хамт оролцож, анх удаагаа цугтаа олны өмнө гарсан. Алехандра Сильва Монголд байсан гэрэл зургуудаа инстаграм дэх хуудсандаа байрлуулжээ.
Холливудын алдарт жүжигчин одоогоос 20 жилийн өмнө Далай ламын хамт Монголд ирсэн билээ. Хамгийн сүүлд 2010 онд Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан “Монголын бурхан шашин” олон улсын хуралд оролцсон. Тэрээр энэ удаад Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг нэлээд удаан үзсэн байна.
Энэ тухай тус музейн захирал У.Сарантуяагаас тодруулсан юм.
-Танай музей өвлийнхөө хуваарьт шилжиж бямба гаригт амарч байгаа юм байна. Харин өнгөрсөн бямба гаригт Холливудын жүжигчин Ричард Гир танай музейг үзсэн гэсэн.
-Р.Гирийн аяллыг зохион байгуулсан хүмүүс өнгөрсөн бямба гаригт бидэнтэй холбогдсон. Тэр өдөр бид дотоод ажилтай байсан тул ирж үзэж болно гэсэн.
-Танай үзмэрүүдээс алийг нь илүү их сонирхож байсан вэ?
-Занабазарын бүтээлүүд тэр дундаа Цагаан Дарь эхийг нэлээд сонирхож байсан. Найз бүсгүй Алехандра Сильваг бидэнтэй танилцуулсан. Энэ үеэр түүнтэй ярилцах завшаан тохиосон юм. Амралтын өдрөөр музейг нь үзэх боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлсэн. Ричард Гир одоогоос зургаан жилийн өмнө Улаанбаатарт ирэхдээ мөн л манай музейг үзсэн. Тэр үед үзмэрүүдийг тайлбарласан манай хөтөч Ричард Гир бол Буддын шашныг маш их судалсан, их мэдлэгтэй хүн байна гэдгийг хэлж байлаа. Нэрт жүжигчин маань Цагаан Дарь эх, Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг дахин үзэхээр зорьж ирсэн, Занабазарыг ч их судалсан юм билээ. Монголын Бурхны шашинтай холбоотой гар урлалыг нэлээд сонирхож байгаа гэдэг нь мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Занабазар гэдэг ямар агуу хүн болох нь ойлгомжтой юм. Одоо ч энэ агуу хүний бүтээлүүд хүмүүсийг хөглөөд зогсохгүй, дэлхийд алдартай хүмүүс түүний бүтээлийг үзэхээр ирж байна. Өөрөөр хэлбэл, Занабазар ямар хэмжээний уран бүтээлч болох нь харагдаж байна.
Ийнхүү Холливудын нэрт жүжигчний маань шинэ уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.