Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваа-Очир: Сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд “И-Монголиа” дахь мэдээллээрээ саналаа өгөх боломжтой DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа


-Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр болоход ганцхан хоног үлдлээ. Бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан уу?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт хэвийн үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороонд нийтдээ 23 мянга гаруй төрийн албан хаагч иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахаар ажиллаж байна.

Сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагаа олон нийтэд болон хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байгаа. Та бүхэн анзаарсан байх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгсэл буюу санал тоолох төхөөрөмжийг саналын хуудастай нь улс төрийн нам, төрийн бус байгууллагын ажиглагчдад шалгуулж, туршуулаад хэсгийн хороодод хүргүүлсэн. Ажиглагчдын зарим нь саналын хуудсыг халуун индүүгээр индүүдэж, хэдэн янзаар санал тоолох төхөөрөмжид уншуулаад ямар нэгэн асуудалгүй юм байна гэсэн. Хэсгийн хороодод хүргүүлсний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт орон даяар нэгэн зэрэг туршсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны байранд шалгаж, туршаад, баталгаажуулж гэрчилгээжүүлээд явуулсан төхөөрөмж тэр янзаараа санал авах байранд очсон уу, хэвийн ажиллаж байна уу гэдгийг мөн л нам, эвслийн ажиглагч, олон нийтийн өмнө нээлттэй туршсан гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд лайв хийж, мэдээ мэдээлэл бэлтгэж сурвалжилсан.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг. Энэ бүх ажиллагаа нам, эвсэл, хөндлөнгийн байгууллагуудын ажиглалт, хяналт дор болдог. Энэ жилийн тухайд нэмээд хэвлэл мэдээллээр нээлттэй олон нийтэд хүргэлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах бөгөөд саналын хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод хүргүүлсэн.

-Тэгэхээр хар машинд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг үү?

-Өнгөрсөн 2012 оноос санал тоолох төхөөрөмж ашиглаж байгаа. Дээр ярьсан процесс, хяналт байсаар л ирсэн.

Санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрж байсан удаагүй. Нам, эвслийн төлөөлөл төхөөрөмжийг шалгаж, ажиглаад өөрсдөө туршдаг. Тэгсэн атлаа нийтэд янз бүрээр ярьдаг учраас сэтгүүлчдийнхээ тусламжтайгаар нийтэд ил болгосон. Дээр нь энэ удаагийн сонгуулиар бүх хэсэгт, бүх саналын хуудсыг гараар тоолж, хяналтын тооллого хийнэ.

Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд бүрэн нээлттэй.

Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг, нэгээр гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулна.

-Энд тэнд саналын хуудас бөглүүлээд яваад байна гэсэн яриа гардаг. Тийм эрсдэл бий юү?

Ямар ч боломжгүй. Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж, шалгасан юм. Үнэт цаас хэвлэдэг тусгай зөвшөөрөлтэй компанид тагнуул, цагдаагийн 24 цагийн хяналт дор яг заасан тоогоор хэвлэдэг. Яг тоо ёсоороо хэсгийн хороодод хүргэгдээд, зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдын хяналт дор тэмдэглэдэг. Санал тоолох төхөөрөмж дээр ярьсан нууцлал, кодтойгоос өөр хуудас уншихгүй.

-Нийт хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байгаа вэ?

Улсын хэмжээнд 2198 санал авах байранд 2.058.865 сонгогч саналаа өгнө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 1341 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 969 нь тойрогт, 372 нь жагсаалтаар нэр дэвшсэн. Тойрогт нэр дэвшсэн 969 хүний 42 нь бие даан нэр дэвшигч байгаа.

Гадаад улсад суугаа монголчуудын саналыг авч дууссан. Хэдэн хувьтай оролцсон бэ. Дүнг нь хэзээ танилцуулах вэ?

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт саналаа өгсөн. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг Төв комисс болон Дипломат төлөөлөгчдийн г азруудын дэргэдэх Салбар комисс зохион байгуулсан. Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 буюу 74.53 хувь нь саналаа өгсөн байна. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан. Энэ удаагийн сонгуулиар санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо, ирцийг тэр үеийнхтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Бүртгэлийг цахимаар зохион байгуулсан, санал өгөх өдрийг дөрөв болгож нэмэгдүүлсэн нь сонгогчдын ирц, идэвхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гадаадад байгаа иргэд саналаа өгсөн хуудсаа өөрсдөө битүүмжлээд лацтай хайрцагт хийдэг. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад зургадугаар сарын 28-ны өдөр 22:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Түүнээс өмнө санал хураалтын дүн гарах ямар ч боломжгүй.

-Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол санал өгч болох уу?

Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан санал авах байранд ажиллаж байгаа. Хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой. Хурууны хээ нь уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэхээр нягталдаг гэсэн үг. Тэгэхээр сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдол И-Монголиагаас мэдээллээ харуулчих ч боломжтой. Хамгийн гол анхаарах асуудал нь сонгогчид Улсын Бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтаа шалгаж санал өгөх байраа мэдэх ёстой. Энэ удаагийн сонгуулиар хэсгийн хороод 100 гаруйгаар нэмэгдсэн. Тэгэхээр өмнө өгдөг байсан байр өөрчлөгдсөн байх магадлалтай тул санал өгөх байраа урьдчилж мэдээд очихыг зөвлөмөөр байна. Хэрвээ санал өгөх өдөр андуураад өөр байранд очсон байсан ч бүртгэлийн ажилтнаас лавлаад сонгогч дын нэгдсэн сангаас шүүлгэж хаана очиж саналаа өгөхийг шүүлгээд мэдчих бүрэн боломжтой.

УИХ-ын ээлжит сонгуульд нийт хэчнээн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид оролцох вэ?

Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гишүүн орнуудынхаа сонгуулийг иж бүрнээр ажиглаж дүгнэлт гаргадаг. Тус байгууллагаас 191 ажиглагч орон даяар ажиллаж байна. Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм. Түүнчлэн Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thom son Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency зэрэг дэлхийн нэр хүндтэй 12 агентлагийн 27 сэтгүүлч сонгуулийн үйл явцыг дэлхий дахинд сурвалжилна.

Дотооддоо нам эвсэл, төрийн бус байгууллагын 30 мянга гаруй ажиглагч бүртгүүлэн ажиллаж байна.

Нэг намын нэр дэвшигчдийг л дугуйлж байж саналын хуудас хүчинтэй гэсэн ухуулга явж байна. Энэ тал дээр тодорхой тайлбар өгнө үү?

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчдод хоёр саналын хуудас очно. Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дутуу тэмдэглэсэн тохиолдолд сонгогч бүхээгтээ буцаж суугаад гүйцээж тэмдэглэх боломжтой. Илүү тоогоор тэмдэглэвэл хуудсаа хүчингүйд тооцуулж, дахин нэг саналын хуудас аваад тэмдэглэх боломжтой. Саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчээс сонгогч мандатын тоогоор дэмжихийг хүссэн нэр дэвшигчийнхээ өмнөх зууван дугуйг дүүргэж тэмдэглэнэ. Заавал нэг нам, эвсэл байх албагүй. Таны хэлснээр нэг намын нэр дэвшигчийг дугуйлж байж хүчинтэй гэдэг огт худлаа, буруу мэдээлэл.

Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч дэмжиж буй нэг нам эсвэл эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дээр хэлсэнчлэн сонгогч дахин нэг хуудас авах боломжтой.

Иргэд, сонгогчдод хандаж юу хэлэх вэ?

Үндсэн хуульд зааснаар төлөөлөгчөөрөө уламжилж төрийн эрх барих нь иргэний үндсэн эрх. Нөгөө талаар төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөө сонгох нь улсынхаа өмнө хүлээсэн хариуцлага. Тиймээс эрхээ эдэлж, хариуцлагатай хандан Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье. Иргэд маань төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж хандана гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монгол түмнийхээ их сүлдийг цэнгүүлэгч морьтон баатрууд DNN.mn

Бороо зөөлөн шивэрсэн өглөө эртлэн дархан цаазат Богд хан уулын Шажин хурахын амыг зорилоо. Уг аманд уламжлалын дагуу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, байлдагч нар төрийн Есөн хөлт цагаан тугийг наадмаар цэнгүүлэх бэлтгэл хийж байгааг сурвалжилахаар болсон нь энэ. Налайхын замаар явсаар Хонхор руу салдаг уулзвар дээр биднийг тус ангийн захирагч, хурандаа М.Болдбаатарын жолооч угтсан юм. Ийн газарчлуулан явсаар зорьсон газраа ирэхэд ангийн захирагч өөрийн биеэр угтан авч, гэрт орууллаа. Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлдээ тэд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн гарчээ. Цэргүүд өглөө бүр 06.00 цагт босч, гимнастикаа хийж, гар нүүрээ угаагаад цайлна. Түүний дараагаас эхлэн дундаа 15-20 минутын завсарлагаатайгаар 21.00 цаг хүртэл бэлтгэлээ тасралтгүй хийдэг гэнэ. Биднийг ирэх сургаар энэ өдрийн бэлтгэл эхлэх цагийг жаахан хойшлуулсан юм байна. Түүнээс биш шиврээ бороо, нар, салхийг үл харгалзан тэд бэлдсээр байдаг аж. Арга ч үгүй биз. Монгол хэмээн омогших, эх орныхоо эзэн нь болж төрснөөрөө бахархдаг уламжлалт баяр бол наадам. Энэ л өдрүүдэд монголчууд үгийн сайныг ярилцаж, үйлсийн сайхныг хийж, төрийнхөө сүлдэнд залбирч, Есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэх ёслолыг амьсгаа даран үздэг. Тиймээс тэд бол зөвхөн үүрэг хүлээсэн ажлаас гадна үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж бэлтгэлийг ийн шаргуу хийдэг байна.

 

Шинэ шөл аягалж, хонины гэдсээр дайлуулсан биднийг гэрээс гарахад битүү нөмөрсөн үүлээ сөхөөд тэнгэр цэлмэж, Богд уулын оройгоор манан суусан нь нэн үзэсгэлэнтэй. Хажуу дэргэд гөрөөс боохирч, алсад хөхөө донгодох нь сонсголонтой. Хурандаа М.Болдбаатар “Богд уулын 30 гаруй ам байдгаас барилга байшингүй барилгүй үлдсэн цорын ганц нь энэ. Үнэхээр сайхан хангай шүү дээ” хэмээн хэлнэ. Ингэж хэлэхэд нь аргагүй л тангараг өргөсөн эр цэрэг эх орноороо бахархан, зарчмаасаа хазайлгүй явж ирсэн эр хүний бахархал мэдрэгдэнэ. Шажин хурахын амыг хааж Зэвсэгт хүчний 032 дугаар анги ийн жил бүр баяр наадмын бэлтгэл хийдгээс үүдэн тэр бүр хүн очоод газар авч, барилга бариад байж чаддаггүй бололтой юм.

Бэлтгэлийн хашаан дотор хоёр гэр, цэргүүдийн амрах болон гал тогооны майхан байна. Тэдгээрийн чанх урд нэлээд зайтай морины уяагаа босгожээ. Уяаны эхэнд хоёр загал морь, түүний араас найман шарга морь, тэдний дор торгон цэргүүдийн унах бараан зүсмийн морьд гэсэн дарааллаар уясан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг төлөөлүүлэн зууван хэлбэрээр туг хатгаж бэлджээ. Энэ нь морь, цэрэггүй багцаа авах, алхаа гишгээгээ тааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнээс гадна Цэнгэлдэхэд 20 гаруй жил есөн хөлт цагаан тугийг байрлуулсан тугны суурийг голд нь байрлуулжээ. Ноднин жил шинэ суурьтай болсон учраас энэ жилээс хуучин суурийг нь бэлтгэлдээ ашиглаж байгаа нь энэ юм. Энэ бүгдийг ярихын завсар хурандаа цэргүүддээ морио эмээллэхийг санууллаа. Тугчид болон торгон цэргүүдийн унадаг нэг морины эмээл, хазаар, ташуур, хөмөлдрөг, хударга гэхэд л нийлээд тав гаруй сая төгрөгийн үнэтэй эд байдаг аж. Энд бүх зүйл тушаалын дагуу явах учраас цэргүүд гялсхийтэл морьдоо эмээллээд сургуулилт эхлэхэд бэлэн болов.

Есөн хөлт цагаан тугийг наадам болон Их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр цэнгүүлдэг. Ингэхдээ ангийн захирагч өөрөө Төрийн хонжины үүрэг гүйцэтгэн загал морь унаж, бүхний тэргүүнд явна. Төрийн хонжин гэдэг нь тугийг цэнгүүлэх ёслолыг удирдан зохион байгуулдаг хүнийг хэлдэг аж. Түүнээс гадна Их тугч, тугчид, торгон цэргүүд гээд нийтдээ 32 морьтон энэхүү ёслолд оролцоно. Нэг ёсондоо тэд бол монгол түмнийхээ их бахархал, оройн шүтээн болсон их сүлдийг мандуулан цэнгүүлдэг морьтон баатрууд юм. Төрийн хонжингийн араас есөн хөлт цагаан тугийг гурав, гурваар нь эгнүүлэн залж явна. Ингэхдээ их цагаан тугийг голд нь Их тугч авч явдаг байна. Харин тэдний араас бараан зүсмийн морь унасан торгон цэргүүдийн ахлагч болон торгон цэргүүд жагсаалаар явна. Энэхүү бэлтгэлийг хийхдээ есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос авах болон Цэнгэлдэхэд байрлуулах хүртэлх бүхий л зүйлийг нэгд нэгэнгүй хийнэ. Төрийн хонжин тушаал өгч, хөл тавин алхсаар тугны суурийг тойрон зогсов. Бүгд төрийн туганд ёсолж хүндэтгэл үзүүлсний дараагаар тугчид жижиг тугуудыг авна. Улмаар их туганд бусдыг нь гурвантаа бөхийлгөн хүндэтгэл үзүүлээд их тугчин тугаа авдаг байна. Ингээд жагсаалаар алхаж явсаар морьд дээрээ ирэхэд морьдыг нь барьж байсан торгон цэргүүд тугийг шилжүүлэн авч тугчдыг мордсоны дараагаар эргүүлэн өгнө. Торгон цэргүүд өөрсдийн морин дээрээ очсоны дараагаар төрийн хонжин мориндоо гэсэн тушаал өгч, ташуураа өргөн жагсаалын эхэнд сүр бараатайгаар явах аж. Хашааныхаа гадуур бүтэн тойрч ирээд өнөөх сууриндаа тугуудыг байрлуулав. Тугчид, торгон цэргүүдийн энэ бүх үйлдэл бүгд тушаалын дагуу явдаг гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Мөн цэргүүдийнхээ жагсаал, морьдынх нь сургуулилтыг ажиглах, алдаа дутагдлаа засахын тулд үе, үе дрон нисгэж бичлэг хийдэг байна. Энэ нь яг наадмын нээлтийн үеэр морьдыг дроноос үргэхгүй байхад ч нөлөөлдөг болохыг хурандаа М.Болдбаатар хэлж байлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор анхны төрийн хонжин хийсэн бөгөөд энэ удаад гурав дахь жилдээ энэ хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа нь энэ юм. Харин Их тугчаар 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын сургагч ахлагч Н.Энхтайван явж байгаа юм. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул бөгөөд 032 дугаар ангидаа 2005-2006 онд цэргийн алба хаажээ. Улмаар ахлагч болсноор 2007 оноос нийтдээ 17 дахь жилдээ ёслолын ажиллагаанд оролцож байна. Эхлээд торгон цэргийн салаан даргаар явж байсан бол хөл тугч хийж байгаад Их тугчаар хоёр дахь жилдээ явах гэж байгаа аж. Анх торгон цэргийн салаан даргын хувиар Төв цэнгэлдэх рүү орж байхад төрсөн мэдрэмжээ тэр хэзээ ч мартаагүй. Харин Их тугчаар ороход маш их үүрэг хариуцлага ирдэг хэмээн өгүүлж байна. Их туг ойролцоогоор 35, хөл тугууд 25 орчим кг жинтэй байдаг гэнэ. Гэтэл үүнийг Төрийн ордноос гаргаад Цэнгэлдэх хүртэл огт хазайлгахгүй, тэнцвэрийг нь олж авч явна гэдэг маш их тэсвэр, тэвчээр шаардана. Тийм болохоор тусгайлан бэлдсэн төмрийг өргөж бэлддэг байна. Энэ жилийн хувьд таван ахлагч шинээр тугч болсон бол хугацаат цэргийн алба хаагчдаасаа сонгон торгон цэргээр авдаг. Хамгийн гол шалгуур нь морь сайн унадаг байх ёстой. Тэгэхгүй бол яг чухал үйл ажиллагаан дээр асуудал үүсэх эрсдэлтэй хэмээн Н.Энхтайван нэмж хэлэв.

А.Бадраа: Хүндтэй үүрэг хүлээсэн гэж бодохоор бүхзүйл амархан санагддаг

Бид энэ жил шинээр торгон цэрэгт явж буй А.Бадраатай ярилцсан юм.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Авъяабаатар овогтой Бадраа гэдэг. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат. 2023 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдсан.

-Хөдөө өссөн юм байна. Багаасаа морь унасан уу?

-Тийм, хүүхэд байхаасаа хурдан морь унасан.

-Хугацаат цэргийн алба хааж байх үедээ есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд торгон цэргийн үүрэг гүйцэтгэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ үнэхээр бахархалтай зүйл. Хүүхэд байхдаа баяр наадмын нээлт, есөн хөлт цагаан туг цэнгүүлэхийг зурагтаар л харж байсан. Гэтэл өөрийн биеэр энэ ёслолд оролцож байгаадаа үнэхээр их баяртай байгаа.

-Бэлтгэл хийхэд хэцүү зүйл гарч байна уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Дээрээс нь энэ хүндтэй үүргийг хүлээсэн гэж бодохоор өөрийгөө улам дайчилж, хичээдэг. Тэгэхээр бүх зүйл амархан юм шиг санагддаг.

-Хэзээ халагдах вэ. Нэмж юу хэлмээр байна?

-Одоо энэ 10 дугаар сард халагдана. Өмнөговь аймгийн Хүрмэн сумандаа ажиллаж, амьдарч байгаа аав Адъяабаатар, ээж Үүрийнцолмон нартаа танай сониноор дамжуулан мэнд хүргэе. Хүү нь сайн. Эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа шүү. Тун удахгүй халагдаад та хоёр дээрээ очно оо гэж хэлье.

Хурандаа М.Болдбаатарын хувьд эх орондоо тангараг өргөснөөс хойш Туркийн цэргийн сургуульд суралцахас эхлээд Ховдын цэнхэр хязгаар, холын Африк тивд ч үүрэг гүйцэтгэжээ. Харин сүүлийн жилүүдэд 032 дугаар ангийн захирагчийн албыг хашиж байгаа аж. Тус анги ноднин жил л гэхэд том, жижиг 300 ёслол хийсэн байна. Энэ жил ч гэсэн төрийн өндөр хэмжээний айлчлал их наадмын дараагаас уул хайрхадын тахилга тайлгад оролцох учраас энэ хэмжээний ёслолд мөн л оролцох аж. Төрийн торгон сүргийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хариулах бөгөөд тэндээс шарга морьдыг болон торгон цэргүүдийн бараан зүсмийн морьдыг сонгодог байна. Энэ жилийн хувьд нэг загал, дөрвөн шарга морийг шинээр сургаж, бэлдэж байгаа. Ер нь өмнө оролцож байсан нь уяа морьд шиг болчихсон байдаг гэнэ. Гэвч амьтан л учраас бэлтгэл сургуулилтыг улам чамбайруулж, элдэв зүйлсээс үргэж, төрийн ёслолыг тасалдуулахаас сэргийлнэ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, Цэнгэлдэхэд орох, гарах зэргээ бодитоор бэлддэг байна. Түүний хэлж буйгаар хамгийн бэрхшээлтэй зүйл нь цэрэг, морьдоо сургах бус Цэнгэлдэх рүү ороход байдаг гэнэ. Учир нь зай завсаргүй олон барилга байшин барьчихсан нь их төвөг учруулдаг аж. Гэхдээ л тангараг өргөсөн морьт баатрууд учраас элдэв бэрхшээлийг тоочиж суулгүй даваад гарна. Тэгж байж монголчуудын их цэнгэл баяр наадам өргөн дэлгэр, сайн сайхан болно. Төрийн тугийг огтхон ч ганхуулалгүй авч явж байж төр, түмний минь ажил үйлс өөдөө дэвжинэ гэсэн итгэл, бишрэлээр ажилдаа ханддаг хэмээв.

Төрийн торгон сүрэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид харьяалагддаг. Тиймээс наадмын бэлтгэл хийхийн хажуугаар гүүгээ барьж, айраг исгэдэг юм байна. Ойр хавийн айлууд нь ч унагаа номхруулаад өгөөч хэмээн гуйна. Тиймээс энэ жил нийт гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Ер нь хурандаа М.Болдбаатар бол аж ахуйч, ажилч нэгэн аж. Ямар сайндаа л Ховдод цэргийн ангийн захирагч байхдаа цэргүүдийнхээ хүнсэнд нэмэрлэх зорилгоор дөрвөн тоорой авч тэжээсэн нь сүүлдээ 60 гаруй болтлоо өссөн байх вэ дээ. Гүү сааж, айраг исгэх гэдэг бол ажилтай, анхиатай хүмүүсийн хийдэг ажил. Хоёр цаг тутам гүүгээ саана. Олон гүү бол бүр чанга. Харин энэ үүргийг Булган аймгийн Могод сумын харьяат, хугацаат цэргийн албан хаагч Чинзоригийн Очирбат үеийн нөхөдтэйгөө хамтран гүйцэтгэж байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

Ч.Очирбат: 20 гаруй гүүг 30 минутад саадаг


-Өөрөө булган аймгийн Могод сумынх юм байна. Тийм учраас л гүү саах үүрэгт ажилд томилогдсон уу?

-Тийм, ангийнхаа гүүг бариад он жавууд болон бие бүрэлдэхүүнд айраг уулгаж байгаа. Энэ ажлаа ямар ч байсан чадах чинээгээр л хийж байна.

-Айрагны хөрөнгөө хаанаас авсан бэ?

-Айрагны хөрөнгийг Булган аймгаас авч ирсэн гэсэн.

-Нийт хэдэн гүү саадаг вэ?

-Гурван азарга адууны 20 гаруй гүү сааж байна. Хоёр цаг тутамд саана. Нэг удаадаа гурвуулаа гараад 30 гаруй минут зарцуулдаг.

-Нэг удаадаа хэдэн литр саам авдаг вэ?

-Одоо унаганууд нялх байгаа учраас 10 гаруй литр сүү л авч байгаа. Манайх адуутай, гүүгээ барьдаг. Тийм болохоор би бага байхаасаа л гүү сааж байсан гэв.

Биднийг очиход Зэвсэгт хүчний 032 дугаар анги өчигдөр “Дээлтэй Монгол” өдөрлөгөө хийж таарав. Ангийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэн гээд хүүхэд томчуудгүй монгол хувцсаа өмсөж иржээ. Өдөрлөгийг нээж ангийн захирагч үг хэлэхдээ баяр ёслолуудаар амардаггүй учраас нэг өдрийг ч гэсэн анги хамт олноороо хөгжилтэй өнгөрөөг хэмээн бодож энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа тодотгосон юм. Мөн ахлагчийн албанд шилжиж, дэд ахлагч болсон Ш.Гэрэлт-Од, Г.Гантулга нарт цолыг нь гардуулж өгөв. Хурандаа М.Болдбаатар “Дээлтэй Монгол” өдөрлөгийг хийхдээ бас давхар нэг зүйл боджээ. Тэр нь олон хүний өмнө бэлтгэл хийлгэж морьдынхоо цочироог гаргаж, цэргүүдийнхээ нүүрийг хагалах байжээ. Тэр ингэж л анги, хамт олноо удирдаж, төрт ёсныхоо уламжлалт баяр наадмын нээлт, хаалтыг алдаа мадаггүй хийхийн тулд олуулаа хичээж байна.

Монгол түмнийхээ их шүтээн, есөн хөлт цагаан тугийг эгц шулуун, элчилгүй өндөрт өргөж яваа морьтон баатрууд Төрийн хонжингийн “Мориндоо” гэх тушаалаар сэвхийтэл мордож, бахархал дүүрэн салхи сөргүүлэн алхуулж явна.

…Хөл тугийг түш.

Их цагаан тугийг түш… Төрийн хонжингийн энэхүү команд зөвхөн цэргүүддээ бус бүх монголчууддаа өгч буй сануулга, тушаал гэлтэй сонсогдож байв.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Саналаа солонгоруулан өгч, эмэгтэйчүүдээ илүү дэмжье DNN.mn

Монголчууд бид энэ долоо хоногийн баасан гаригт ес дэх удаагийнхаа ардчилсан сонгуулийг өгнө. Иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн 126 хүн парламентын гишүүн болж, ирэх дөрвөн жилд улс орныхоо асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ тэд бол ард түмний төлөөлөл, цалинтай ажилд орсон хүмүүс гэдгийг сонгогчид сайтар ойлгох хэрэгтэй. Нэг үгээр бол ард түмэн энэ 126 хүнд дөрвөн жилийн хугацаатайгаар ажил өгч байгаа ажил олгогчид юм. Харамсалтай нь, сонгогдсон гишүүд нь ч тэр, сонгосон бид ч тэр энэ зарчмыг ойлгохгүй. Ойлгосон ч төдийлөн ойшоохгүй явсаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тийм ч болохоор сүүлийн жилүүдэд “Улс төр надад хамаагүй” гэсэн үзэл дэлгэрсэн. Гэхдээ энэхүү үзлийг зориудаар дэвэргэж, залуучуудыг улс төрд идэвхгүй байлгаж, бохир заваан гэсэн ойлголтыг бий болгох тархи угаалт явж ирсэн гэвэл илүү зохилтой. Үе үеийн эрх баригчид эрх мэдлээ хамгаалахын тулд хийж ирсэн энэ буруу суртал ухуулгын уршгаар сонгогчдын идэвх, ирц огцом буурсан гэж болно. Анхны буюу 1992 оны УИХ-ын сонгуульд монголчууд 95.6 хувийн ирцтэй оролцож байсан бол түүнээс хойш буурсаар 2012 оны сонгуульд хамгийн бага буюу нийт сонгогчдын 67.28 хувь нь л санал өгч байсан түүхтэй. Харин үүнээс хойш цахим орчинд залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалж, тэдний санал улс орны ирээдүйд, хөгжил дэвшилд ямар чухал болохыг уриалснаар бага зэрэг дээшилж, өнгөрсөн сонгуульд 73.6 хувийн ирцтэй оролцсон байдаг. Мэдээж энэ хувийг дотор нь насны ангиллаар гаргаад харахаар настайчуудын оролцоо хэвэндээ байдаг бол залуучуудын оролцоо бусдаасаа бага байгаа нь хэвээрээ л байна. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо ч тийм өндөр биш явсаар ирсэн.

Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцоогоор буюу томсгон бүсчилсэн тойргоор болон жагсаалт гэсэн холимог системээр явагдана. Мөн нэг хүйсийн оролцоог 30 хувиас багагүй байхаар тогтоож өгсөн. Хэдийгээр хуульд ингэж тусгасан ч бодит амьдрал дээр бол энэ нь эмэгтэйчүүдийн оролцоог л дээшлүүлэх, нэмэгдүүлэхэд чиглэсэн заалт.

Манай улсын хүн амын 60 орчим хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ердөө 17 хувийг эзэлдэг байна. Тийм ч болохоор энэ сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжих шаардлага байна гэж судлаачид үзэж буй юм. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд хүйсийн харилцаа ойролцоо болно. Үүний үр дүнгээр үргэлж дарааллын хойно орхигддог эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудалд тодорхой шийдлүүд гарах болно.

Ер нь энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд үүний ачаар тодорхой хуулийн төслүүд батлагдаж, зарим хулгай луйвар ил болсон гэж улс төрийн хүрээнийхэн үздэг юм билээ. Үнэн байж мэднэ. Дээрээс нь эрчүүдийн олж хардаггүй нарийн зүйлс, нийгмийн эмзэг асуудлуудыг эмэгтэйчүүд илүү соргогоор анзаарч, хуулийн төсөлд тусгуулдаг нь анзаарагддаг. Муу, сайнаар хэлүүлсэн ч цахим орчин дахь гадуурхал, хүүхдийн хүчирхийлэл дээр эмэгтэйчүүд л түлхүү дуугардаг. Гэсэн хэдий ч парламент дахь эмэгтэйчүүдийн дуу хоолой тийм ч хүчтэй байж чадахгүй л байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жендерийн тэгш байдлын тайланд манай улс 2022 оны байдлаар 146 орноос 70 дугаарт эрэмбэлэгдсэн байдаг.

Гэхдээ улс төрийн эрх мэдэл, оролцооны түвшингээрээ 2006 оноос 12 байраар ухарсан байгаа юм. Хэдийгээр яг л тэг дундуур нь орж байгаа ч нөгөө талаараа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэхүү тайлан харуулж байна. Тиймээс энэ сонгуулиар бид сонголтоо солонгоруулж, эмэгтэйчүүдийг дэмжих нь зүйтэй. Дээрээс нь эмэгтэйчүүд эмэгтэй нэр дэвшигчдээ илүү дэмжих хөдөлгөөнийг ч цахим орчинд өрнүүлж, уриалан дуудаж болно. Хэдий болтол эмэгтэйчүүд биенийгээ элдвээр муулж, сайн муугаараа дуудалцаж суух юм.

Манай улсын парламентын түүхээс авч үзвэл 1996 онд найм, 2000 онд есөн эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол 2004 онд тав, 2008 онд бүр гурав болж буурсан байна. Харин 2012 оны сонгуулиар 11, 2016 онд 13, 2020 онд мөн 13 эмэгтэйг сонгогчид УИХ-ын гишүүн болгож байжээ. Өмнөх найман сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн гишүүн болсноос 65 нь л эмэгтэй байгаа юм. Нам, эвслүүд энэ жилийн сонгуульд нийт 1336 хүнийг сойсон. Тэгвэл үүний 39 хувь, жагсаалтын 50 хувь нь эмэгтэй байна. Харин тойрогт нэр дэвшигчдийн 35 хувь нь л эмэгтэй байгаа юм. Ер нь эмэгтэйчүүдийг тэр бүр шийдвэр гаргах түвшинд гаргаад байдаггүй нь манайхны соёл, уламжлалтай ч холбоотой байж мэднэ. Учир нь монголчууд эртнээсээ эмэгтэйчүүдийг улс төрөөс хол ангид байлгаж ирсэн байдаг. Дээрээс нь энэ цаг үед эмэгтэй хүн улс төрд хүч үзэхийн тулд эрэгтэйчүүдээс харьцангуй их золиос гаргах хэрэгтэй болдог. Мөн тэдний эсрэг хар пиар маш хүчтэй явдаг. Гэвч цаг үе өөрчлөгдөж, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байхгүй гэсэн үзэл дэлхий нийтэд дэлгэрч байна.

Эрх баригчдын зүгээс энэ удаагийн сонгуульд багаар нь сонгохыг уриалж байгаа бол эсрэг нам, эвслүүд нь харин багаар нь солихыг иргэд, сонгогчдод уриалж байгаа. Гэвч энэ нь бодит байдал дээр “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг зүйл болдгийг бид өмнөх сонгуулиудын жишээгээр харж болно. Багт чирэгдээд гишүүн болчихсон “хүзүүнүүд” чуулганы хуралдаандаа суухгүй, гол ажил болох хуулийн төсөл санаачлахгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг. Тийм болохоор энэ удаад ч гэсэн багаар нь сонговол ийм нөхөд орж ирэх нь гарцаагүй. Тийм болохоор л сонголтоо солонгоруулж, эмэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжих ёстойг хэлээд байгаа хэрэг.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхцэцэг: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм DNN.mn

Судлаач Д.Энхцэцэгтэй улс төрийн намуудын төлөвшил, иргэд, сонгогчид намаар талцдаг байдлын талаар ярилцлаа.


-Улс төрийн намыг олон улсад юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-Улс төрийн намууд нь ардчилсан нийгэм дэх олон ургалч үзлийн илэрхийлэл болж, иргэдийн ялгаатай үзэл бодол, хүсэл тэмүүлэл, байр суурийг нэгтгэн төлөөлж, төрийн бодлого боловсруулан, түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж ардчилсан сонгуульд өрсөлддөг иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллага юм.

Ардчилсан тогтолцоонд чөлөөт сонгууль нь юуны өмнө намуудын хоорондын бодлогын өрсөлдөөн байдаг. Ийм ч учраас сонгуулийн үеэр намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь сонгогчдын хувьд шийдвэр гаргахад маш ач холбогдолтой. Монгол Улсад өнгөрсөн сонгуулиудын туршлагаас үзэхэд намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь тун ховор байж ирсэн. Улс төр судлаачдын шүүмжилдгээр сонгууль нь бодлогоос илүүтэй “хувь хүн голлосон” буюу улстөрчдийн хоорондын уралдаан байх хандлага түлхүү ажиглагдаж ирсэн. Эрүүл саруул бодлогын мэтгэлцээнгүй улс төрийн орчин нь шударга сонгуулийн үйл явц, ач холбогдол, сонгогчдын боловсролд муугаар нөлөөлдөг. Үүний нэг илрэл нь сонгогчдын санал худалдан авах үзэгдэл одоо ч амь бөх оршсоор байгаа, сонгогчдын ирц, идэвх суларсаар ирсэн асуудлууд мөн. Сүүлийн жилүүдэд сонгогчид мэтгэлцээн явуулахыг нэлээд шаардсан болохоор энэ жилийн хувьд бодлогын мэтгэлцээн нэлээд явж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэг сайн тал.

-Мэтгэлцээн хийдэг болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнөөх л өрсөлдөгчөө харлуулдаг, муулдаг арга барил хэвээрээ, улам төгс хэлбэрт шилжсэн мэт санагдаад байгаа л даа. Тэгэхээр улс төрийн намууд маань цэвэр бодлогын өрсөлдөөн хийдэг болоход манайд яг юу нь болохгүй байгаад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн хувь хүн голлосон улс төр яваад байгаа нь их хортой. Үүнээс болоод би өөрөө шилдэг сайн хүн. Харин энэ бол надтай харьцуулахад хулгайч, муу хүн гэсэн эсрэг, тэсрэг дүрүүд бий болдог. Ингээд сонгогчдын хүсээд байгаа мэдээлэлд бус нэг нэгнийгээ харлуулахад сонгуулийн зардлын дийлэнх хувь зарцуулагдаж байх магадлал байна. Тэгэхээр улс төрийн соёлыг яаж илүү бодлогын тал руугаа чиглүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэвэл аль болох бага зардлаар сонгогчдод  хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой.

-Үүнийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юу?

-Хуульд заачихсан байгаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж шинээр тусгасан нь одоогийн намын системийн хөгжилд нүүрлэсэн мухардлыг арилгахад чиглэсэн бөгөөд үүнтэй холбоотой бодлогын намыг төлөвшүүлэх тухай асуудлыг нэлээд хөндөж ярилцах болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг ноднин жилийн долдугаар сард УИХ-аас баталсан. Түүн дээр намууд бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг нэгжтэй байна. Тэр нэгж нь төсвөөс намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувиар санхүүжинэ гээд заачихсан. Дээрээс нь Сонгуулийн тухай хуульд намуудын хооронд мэтгэлцээн явуулж байвал сонгуулийн сурталчилгааны цагт нь оруулж тооцохгүй гэх зэрэг боломжуудыг гаргаж өгсөн. Тэгэхээр аваад ашиглах юм бол эрх зүйн хувьд тодорхой зүйл заалтууд байгаа. Харин зүгээр одоо улс төрийн соёлд суралцах процесс л явагдаад байна. Үүн дээр ер нь улстөрчдийн өөрсдийнх нь хандлага байх ёстой. Тэр нь л одоо дутагдаад байна уу гэж харж байгаа.

-Намаар талцдаг байдал газар авсан гэдэг шүүмжлэл их гардаг. Сүүлдээ энэ нь даамжираад нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг гарлаа шүү дээ. Энэ талцдаг асуудал дээр судлаачийн хувьд та юу хэлэх вэ?

-Хөдөө орон нутагт маш их намчирхаж байна гэдэг шүүмжлэл явдаг. Тэгвэл юунаас болж талцаад байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж үзэх ёстой л доо. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол нам өөрөө маш том ажил олгогч болж хувирсан явдал. Сонгууль бүрийн дараа гардаг төрийн албаны халаа сэлгээний асуудал байна. Багш, эмч нараа хүртэл сонгуулийн дараа халж, өөрчилж байгаа тухай хүмүүс ярьдаг. Намууд цэвэр бодлогоор өрсөлдөхгүй. Санал худалдаж авах, төрийн албыг түүндээ ашигладаг тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцооны эрэг шураг болсон хүмүүс амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл л юм. Түүнээс биш намын үзэл бодлоороо талцаж хуваагдаад байгаа юм биш. Үүн дээр нэмээд улс төрд гарч ирсэн бас нэг муу зүйл бол дайсан бий болгодог явдал. Намайг л сонгохгүй бол танд ийм аюул заналхийлж байгаа хэмээн айлгаж, түүгээрээ хүмүүсийг удирдах гэсэн оролдлого. Уг нь улс төрийн манлайлал чинь ирээдүйг харсан, уриалан дуудсан, өргөн хүрээнд сэтгэсэн, итгэл найдвар төрүүлсэн байх ёстой. Гэтэл энэ популизм чинь эсрэгцэл бий болгодог.

Энэ бүхний хохирогч нь болохоор суманд мөрөөрөө ажлаа хийгээд явж байх ёстой жирийн иргэд болчихоод байгаа юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад орлогын эх үүсвэр нь хаагдчих гээд байна шүү дээ. Ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа нь улс төрийн намууд хариуцлагагүй, төлөвшөөгүй, санхүүжилтийн орчин нь эрүүл биш байгаагийн шинж гэж л би хэлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэлд хаалттай байх тусмаа хардлага нэмэгддэг DNN.mn

Сүүлийн үед төрийн байгууллагууд чөлөөт хэвлэлийнхэнд улам л хаалттай болоод байгаа.

Энэ нь мэдээж тухайн байгууллагын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст ямар хүн ажиллаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Мэргэжлийн бус хүн байх тусмаа байгууллагаа, даргаа улам хаалттай болгож, сэтгүүлчдээс нууцалдаг. Олон нийтийн сүлжээнд бичлэг оруулж, алдаа мадагтай хэдэн өгүүлбэр оруулсныгаа ард түмэнд нээлттэй байгаа мэтээр үзэх нь ч бий. Энэ бүхэн даамжирсаар сэтгүүлч, дарга хоёр эвлэршгүй дайсан, эртний өстөн мэт болж байна. Зүй нь бол зоосны хоёр тал шиг байж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, алдаа дутагдлаа хамтдаа засч байх ёстой юм.

Гэтэл энэ хандлага хувийн хэвшлийнхэнд ч халдаад эхэлсэн бололтой. Уг нь чөлөөт хэвлэл гэдэг бол хувийн ч бай, хувьсгалын ч бай байгууллагуудын хувьд өөрсдийгөө бусдад таниулах, зөвөөр ойлгуулах хамгийн том талбар юм. Үүнийг ойлгодоггүйгээс л элдэв хардлага, таамаг нэмэгддэг. Үнэхээр ямар нэгэн байдлаар хууль бус зүйлтэй орооцолдсон, болохгүй бүтэхгүй зүйл хийсэн учраас ингэдэг ч байж мэднэ. Тиймээс л түүнийгээ нуух, хаацайлахын тулд хэвлэлээс зугтдаг байж мэднэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Молор хонгор” галын ажнай хүлгүүд өнгөтэй байна DNN.mn

Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болох гэж буй учраас уяачид хурдан морио сойж, гал болон гарчээ. Тиймээс энэ удаагийн сурвалжилгаа бид Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаярын тэргүүлдэг “Молор хонгор” гал уяан дээрээс бэлдлээ.

Энэ жилийн өвөл, хавар бараг дахиж дэлхий дэлгэнэхээргүй мэт л хүндхэн болсон. Хэдий тийм ч өвгөдийн хэлэлцдэгээр зудтай жилийн зун өнгөтэй сайхан болдог нь үнэн ажээ. Зуны дунд сар хэдийнэ гарсан болохоор арга ч үгүй биз. Хотын төвөөс гараад л хангай дэлхий номин ногоон өнгөөр тунарч, цэцэгс алаглах нь сайхан. Сэргэлэн сумын нутагт цас зуд харьцангуй гайгүй байж, малын гарз багатай давсан гэнэ. Үүнийг нь илтгэх мэт мал сүрэг ногоонд цадаж, өнгөө засаад сайхан болжээ. Сумын төвөөс баруун урагш 10 орчим км давхисаар бид зорьсон газраа ирлээ. Жижиг байшин, гурван гэр зэрэгцүүлэн барьсан сэрүүхэн дэнж ажээ. Чулуу өрж, түүнийгээ будаад машины зогсоол байгуулж, тамхи, хогийн цэг байгуулан самбар байрлуулж, тойрч суугаад цайлах сүүдрэвч хүртэл барьжээ. Унаач хүүхдүүдээ тоглох сагсны талбай хийж тохижуулсан нь ажилч хичээнгүй хүмүүс гэдгийг нь харуулна. Биднийг очиход Э.Энхбаяр уяач эзгүй, сумын төв явжээ. Түүнийг хүлээнгээ унаач хүү х.Тэмүүжинтэй хэсэг хөөрөлдлөө. Үг дуу цөөтэй юм. Гэсэн ч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас гэр бүлийнхээ хамт гурван жилийн өмнө хотод шилжин ирсэн. Одоо 13 настай, сумын төвийн сургуульд сурдаг гэдгийг нь хэлүүлж авлаа. Биднийг ярилцаж байхад галын эзэн ирлээ. Тэрээр сумын төвд хэдэн үнээтэйгээ аж төрөх аав, ээжийнхээсээ тараг авч ирсэн байна.

Авч ирсэн тарагнаасаа хүүхдүүдэд аягалж өгчихөөд биднийг дагуулан гэрт орлоо. Э.Энхбаяр Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, МҮОНТ, “ТМ телевиз” зэрэг газруудад Албаны даргаар ажиллаж байжээ. Мөн төрөлх сумынхаа Засаг даргын албыг ч дөрвөн жил хашсан байна. Албан ажилтай байх үедээ ч зуны цагт амралт, чөлөө аваад уяан дээрээ ирдэг байсан. Цаг наашлах тусам хотод байж суухад хэцүү болно. Яаж ч болохгүй. Морь мал бодогдоод, шөнө бараг зүүдэлдэг хэмээн ярих нь аргагүй л моринд хайртай, удам залгасан уяач болохыг илтгэнэ. Түүний аав Д.Энхтайван гуай морь уяж байхдаа аймаг, бүсийн наадамд шаггүй уралддаг байсан бол өвөө Д.Даш нь Монгол Улсын анхны 11 манлай уяачийн нэг ажээ. Манлай уяач Д.Даш гуай алдарт “Молор хонгор” азаргаа 1982-1987 оны улсын баяр наадамд завсаргүй айрагдуулсан халхын цуут уяачдын нэг билээ. Тийм ч учраас ач хүү нь хурдан морины гал уяагаа “Молор хонгор” хэмээн нэрийдсэн байна. Д.Даш агсан бол нэг насаараа морь уяж, улсын наадамд 10 гаруй морио айрагдуулсан бөгөөд Хэнтийн Галшар, Сүхбаатар аймгуудаас хурдан, хурц гэсэн олон морь нутагтаа авч ирсэн. Тус нутгийн хурдыг бий болгосон хүн гэж нутгийнхан нь ярьдаг байна. “Молор хонгор” галд нийтдээ 10 гаруй уяач харьяалагддаг гэнэ.

Э.Энхбаяр: Нэг л өдөр төрийнхөө наадамд айраг, түрүү хүртэнэ гэж итгэдэг

-Танай галыг “Уран бүтээлчдийн гал” гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Тийм шүү. Манай галд СТА дуучин Банзрагч, Төрмандах, ДБЭТ-ын гоцлол дуучин Эрдэнэ-Очир, дуучин Шагдар, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан гэсэн уран бүтээлчид бий. Тийм болохоор найз нөхдүүд тэгж нэрлээд байгаа юм. Мөн хуульч, инженер гээд салбар, салбарын л хүмүүс байгаа даа.

-Өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, сумынхаа Засаг дарга хийж байсан хүн яагаад уяач болчихсон хэрэг вэ?

-Телевизэд байхдаа эртнээс хэлж байгаад зундаа бүтэн сар яг л морин дээрээ ирдэг байсан. Угаасаа зун болохоор хотод байж чадахгүй. Яаж ч болохгүй байгаа юм чинь.

-Сүүлийн үед залуучууд хурдан моринд их дурлаж, уяж байх шиг байна?

-Ер нь эр хүний хамгийн зөв хобби чинь энэ шүү дээ. Түүнээс биш мөрийтэй тоглоом энэ тэр бол дэмий. Хэдийгээр морь уяахад мөнгө хэрэг болдог ч хамгийн гол нь зөв зүйлд зарцуулж байгаа гэдгээрээ их сайхан.

-Хэд орчим морь уяж байна вэ. ажил гэж барагдахгүй их байна биз дээ?

-Ажил их шүү. Өглөө нарнаар эхлээд сарнаар л дуусна. Морьдоо барьж уячихаад хэсэг амсхийнэ. Бусдаар бол ажилласаар байгаад л нар жаргаана. Гэхдээ таван морь уях, тавин морь уях ялгаагүй л гэдэг юм. Таван морьтой хүн чинь нэг хүүхэдтэй байлаа гэхэд 50 морь уявал таван хүүхэдтэй байж таарна. Тэгэхээр ялгаагүй.

-Морины ажилд хүүхдүүдийн тус дэм их үү?

-Хамгийн чухал нь л хүүхэд. Дээрээс нь моринд дуртай, хайртай хүмүүс л байдаг юм. Дургүй хүн байвал тогтохгүй. Хэцүү ажил шүү дээ. Зарим хүүхэд маань гэрээсээ оргоод хүртэл ирнэ. Ноднин зун сургууль орох гээд байдаг. Хүүхдүүд маань явахгүй гээд уул, хадаар тараад нуугдчихсан. Бид чинь хайгаад бөөн юм болсон.

-Та түрүүн гахай өдөр морьдоо ёсолсон гэж байсан. Ямар учиртай юм бэ?

-Морины ивээл өдөр гэж байдаг. Зарим айл туулай, нохой өдөр морьдоо барьдаг. Манайх бол үе удмаараа гахай өдөр морьдоо барьдаг байсан. Гахай ер нь эцэж цуцдаггүй, сүмбэр уулын оройд ганцаараа хурдан гардаг амьтан юм гэнэ лээ. Тэр үүднээсээ гахай өдөр ёсолдог. Харин унагаа бар өдөр барьдаг.

-Таны хувьд улсын наадамд хэр наадсан бэ?

-Улсын наадам гэдэг чинь босго өндөр. Хэр баргийн аавын хүү очоод айраг, түрүү авчихдаг юм биш. Ховорхон тохиолддог хувь тавилан л гэж боддог. Хэд хэдэн удаа очиж уралдсан. Айргийн араар л орсон. Гэхдээ нэг л өдөр болох байх. Тод манлай уяач Д.Даваахүү гуай “Азыг алж болохгүй” гэж хэлдэг юм. Тэгэхээр нэг л сайхан өдөр Хүй мандлынхаа дэвжээнд өөрийн унаган адуугаараа айраг, түрүү амсах байх гэж л боддог доо.

Аймгийн алдарт уяач Э.Энхбаяр анх таван настайгаасаа эхэлж хурдан морь унажээ. Улсын наадмаар 500 гаруй их насны морь уралдсан тэр жилээ наймд орж байжээ. Харин мориноос хасагдаад 14, 15 орчим наснаасаа хурдан морь гардан уяж эхэлсэн байна. Ноднин жилийн улсын их баяр наадамд Э.Энхбаяр уяач таван насны морьдтой очсон ч бүгд хасагджээ. Энэ тухайгаа тэрээр “Түрүүлж, айрагдахаас илүүтэй хэмжээсэнд тэнцэхэд нь бараг баярладаг болчихоод байна шүү дээ” хэмээн шүүрс алдан ярьж байлаа. Үнэхээр ч уяачдын ярьдгаар сэрвээний өндөр хэмжихэд олон янзын шалтгаанаас болж морьд хасагддаг. Морь яаж зогсохоос шалтгаалаад л багадаа 2-3 сантиметрын ялгаа гардаг байна. Нэг ёсондоо хэмжээндээ асуудалгүй ордог байсан нь хасагдаж, сэрвээ өндөр нь орчих тохиолдол ч гардаг гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг ямар нэгэн байдлаар бүрэн шийдэж, гомдол тунирхал, хэрүүл уруулгүйгээр төрийнхөө баяр наадмыг хийдэг болох хэрэгтэй мэт санагдана. Бүтэн жил хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж бэлдчихээд ялихгүй шалтгаанаар хасагдчих нь хэнд ч гомдолтой. Мөн сүүлийн жилүүдэд бас нэгэн маргаан дагуулсан асуудал бол уяачийн цол чимэг. Улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан морьдын эзэд нь том цолонд хүрээд гадаа гандаж, хөдөө хөхөрсөн жинхэнэ хөх уяачид нь цол чимэггүй үлддэг. Үүнийг тэрбээр “Тухайн бөхийн дасгалжуулагч, ивээн тэтгэгч нь улсын цол аваад байдаггүй биз дээ” хэмээн хэлж байна лээ. Яг л тохирсон жишээ гэмээр. Харин сүүлийн үед Алдарт, Тод манлайн болзлын босгыг нэмэгдүүлсэн байна. Улс, бүсийн наадмаас найман айраг хүртэж байж Алдарт уяачийн болзол хангах бол түрүүлсэн тохиолдолд 2-3 айрагтай дүйцүүлэн тооцдог болжээ. Мөн Тод манлай болохын тулд улсын наадамд их нас, азаргын аль нэгийг түрүүлгэсэн байх шаардлагатай гэнэ. Нэг үгээр бол даага, шүдлэн зэрэг бага насны морьдыг улсын наадамд 20, 30 удаа түрүүлгэсэн байгаад ч Тод манлай болох боломжгүй.

“Молор хонгор” галд нутаг, нутгийн хүмүүс нийлээд 60 гаруй морь сайж байна. Энэ жил улсын хэмжээнд 100 гаруй сум 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тиймээс эдгээр уяачид улсын наадам өнгөрөөгөөд сум, сумандаа очиж уралдахаар төлөвлөжээ. Хамгийн хол нь Увс аймгийн Тэс сум гэнэ. Дуучин Л.Банзрагч төрөлх сумынхаа 100 жилийн ойд морьдоо аваад очих аж. Сэргэлэн сум ч 100 жилийн ойтой учраас Э.Энхбаяр уяач ч төрөлх сумынхаа наадамд уралдана. Тус сум өдгөө ид уяж байгаа долоон Тод манлай уяачтай гэхээр Сэргэлэн сумын наадмын морины уралдаан нэлээд чансаатай болох нь тодорхой. Тэрбээр унаач хүүхдүүд, туслах уяачдаа жилийн туршид тогтмол цалинжуулдаг гэнэ. Мөн туслах уяачиддаа 1-2 уях морь зүсэлж өгдөг байна. Ингэж л хэн хэндээ тус дэмтэй явдаг аж. Мэдээж энэ бүхэнд тодорхой зардал хөрөнгө хэрэгтэй. Нэг морийг өвөлжин тэжээх зардал гэдэг л нэлээд өндөр гарна. Харин энэ асуудлыг галынхаа уяачдын дунд хуримтлалын сан үүсгэх байдлаар шийджээ.

Биднийг ийн ярилцан суутал нэг л танил хүн орж ирлээ. Гэрийн эзэнтэй хэзээний танил бололтой. Ойр зуурын зүйл ярилцаад зүүн орон дээр суухад нь гэнэт таньсан юм. Энэхүү гэнэтийн зочин бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, жүдоч Мөнхбатын Уранцэцэг байлаа. Түүний нөхөр нь морь уях дуртай нэгэн бөгөөд “Молор хонгор” галд харьяалагдаад нэлээд хэдэн жил болжээ. Тэднийх цэвэр цусны англи азарга оруулж ирсэн бөгөөд монгол азаргатай ноцолдож байгаад хазуулсан нь идээлчихжээ. Тиймээс энэ удаад азаргандаа дусал, тариа хийхээр ирсэн байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

М.Уранцэцэг: Одооноос ханиа дэмжинэ


-Та чинь морь уядаг юм уу?

-Манай нөхөр уядаг юм. Энэ олон жил нөхрөөрөө байнга дэмжүүлж ирсэн учраас одооноос ханиа дэмжихээр шийдсэн/инээв/.

-Бага байхдаа хурдан морь унадаг байсан уу?

-Унадаг байсан. Манай өвөө чинь их олон малтай, хурдан морь уядаг байлаа. Тиймээс хүүхэд байхаасаа л моринд дуртай, унаж өссөн.

-Энэ жил улсад морьдоо уралдуулах уу?

-Нөхөр маань улсынхаа баяр наадамд морьдоо мордуулах бодолтой байгаа.

-Таныхаар бол аймаг, сумын наадам “гранд слам” байх. тэгэхээр та хоёр улсын наадам буюу шууд л олимп, дэлхийн аваргад үзэх хэрэг үү?

-Өнгөрсөн хэдэн жил хурдан морины зам нэлээд үзсэн/Аймаг, сумын болон жижиг наадмуудад морьдоо уралдуулж, айргийн арханаар давхиулж байснаа ийнхүү хэлж байна/. Тэгэхээр одоо шууд л олимп, дэлхийн аваргад үзнэ дээ/инээв/. Э.Энхбаяр найзтайгаа манай нөхөр нэг гал болоод овоо хэдэн жил өнгөрч байна. Гэр бүлийн сайхан найзууд.

-Таны тулааны спорт юу болж байна вэ?

-Ер нь зодог тайлах бодолтой байгаа. Тэгээд ч мөрөндөө хүнд бэртэл авч, хагалгаа хийлгэсэн. Тэгэхээр спортоо орхих цаг нь болсон юм болов уу гэж бодож байна.

-Зодог тайлаад жүдогийн дасгалжуулагч хийх үү?

-Хийнэ дээ. Монгол түмний хайртай охин, жүдогийн спортоос мэндэлсэн манай улсын анхны эмэгтэй дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар тэрбээр үнэхээр төлөв даруу, энгийн нэгэн ажээ. Тив, дэлхийд нэрээ дуурсгахад нь ханийнх нь нөмөр түшиг хамгийн их байсан хэмээн ярих М.Уранцэцэг ийнхүү одооноос нөхрөө дэмжиж, ханийнхаа хүсэл сонирхолд цаг зав зарцуулахаар шийдсэн гэнэ.

Сэргэлэн сумаас урагш байх Булгын ар хэмээх энэ газар ялаа шумуулгүй, сэвэлзсэн салхитай, сэрүүхэн газар юм. Үнэхээр л хүлэг морьдоо сойж, хорвоогийн явдлыг эрэгцүүлж суумаар газар аж. Ерөөс хурдан морьдыг иймэрхүү салхитай сэрүүхэн газар уях сайн гэдэг.

Учир нь хэт бүгчим, ялаа, шумуултай газар бол морьд их ядардаг хэмээн ахмад уяачид хэлдэг билээ. Ийнхүү “Уран бүтээлчдийн гал” хэмээн нэрлэгдсэн “Молор хонгор” галын уяачид хурдан морьдоо сойж, аймаг, сум, төрийнхөө наадамд завгүй бэлдэж байна. Наадмын өм гэж нэг зүйл байдаг гэдэг. Харин энэ өм гээч нь нэг л өдөр нээгддэг билээ. Тиймээс “Молор хонгор” галынхны өм энэ жилийн наадмаар бүрэн нээгдэж, Э.Энхбаяр уяачийн хэлсэнчлэн төрийнхөө их цэнгэл наадмаас айраг, түрүү олныг амсах болтугай хэмээн ерөөсөөр буцлаа. Зээглэн уясан морьд үүрсэн янцгааж, цовоо хүүхдүүд гийнгоон дуу хадааж, өв уламжлалаа өртөөлөн тээж яваа уяачид маань гар даллан үдэх нь сэтгэл хорогдуулна. Гэвч ерөөл билгээр болж энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд үдээс хойш дахин уулзах биз ээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монполимет” компанийн өмгөөлөгч Г.Нацагдорж: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олоогүй байж, түүнийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй DNN.mn

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа.


-“Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Яллагдагчаар татах тухай тогтоол дотор “ТУЗ-ийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Монполимет” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон. Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан 2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг.

-Хатгагчаар хамтран оролцсон гэхээр тухайн хэрэгт холбогдуулан өөр хүмүүсийг шалгаж байгаа гэсэн үг үү?

-Авлигын гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэнийг огт тогтоогоогүй буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг прокурор болон АТГ тогтоож чадаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж байгаа нь буруу дүгнэлт юм. Ер нь бол гэмт хэрэг хэн, хэзээ үйлдэв. Ийнхүү гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн зориуд хүргэсэн гэдгийг эхэлж тогтоогоод дараа нь Ц.Гарамжав хатгасан эсэхийг шалгах ёстой л доо. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээдээ олж тогтоогоогүй байж хатгагчийг нь олж тогтоогоод, түүнийгээ цагдан хориод байгаа нь энэ цаг үеийн хамгийн эмгэнэлтэй явдал юм.

Гэмт хэрэг гардан үйлдсэн хүн гэж байхгүй юм уу?

-Тийм, энэ шалгагдаж байгаа хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй байж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй. Ер нь бол гэмт хэрэгт хамтран оролцсон гэхээр өөр этгээд заавал байх ёстой ч өөр этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй тул үнэхээр өөр хүн огт байхгүй.

-Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Харин тийм ээ, яллагдагчаар татах тухай тогтоолд яг ингээд тун ойлгомжгүй байдлаар биччихсэн юм билээ. Санхүүжүүлэх зэргээр гэдгийн ард нь ашиглаж гэсэн үг байгаа биз. Юуг гэдэг нь тодорхой бус байна. Хэрэв зээлийн мөнгийг гэчихвэл АТГ, прокурор хоёрт “Зээлдэгч зээлийн мөнгөө хэрхэн зарцуулах” ёстой нь түй ч хамаагүй болчихно. Тэгэхээр л “Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина” гэдэг шиг юуг ашигласан гэдгийг нь тодорхойлж чадахгүй, бөөрөнхийлөөд л биччихэж байгаа юм.

-Мөнгө угаасан зүйл байгаа юм уу?

-Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгө нь хууль ёсны тул мөнгө угаах гэсэн ойлголт байх боломжгүй. Хөгжлийн банк л тухайн мөнгийг хууль бус замаар олж аваагүй бол шүү дээ. Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа. Гэтэл “Монполимет” ХХК нь холбогдох баримтаа бүрдүүлээд, зохих журмын дагуу зээлээ аваад, зээлийн гэрээнд заасны дагуу эргүүлэн төлөөд, зээлийн гэрээгээ дүгнээд, хаачихсан. Мөнгө угааж байгаа юм бол мөнгийг эргүүлэн өгөх ямар ч шаардлага байхгүй.

-2014 оны зээлийн асуудалд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа, хууль хэрэглээ гээд асуудал байдаггүй юм уу?

-Зээл авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гэхээр зүйлчлэл нь тохирч өгөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад “тэд нар”-ыг зовоогоод байхаар нь 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэчихэж байгаа юм. Хүндрүүлсэн бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим огт хэрэглэгдэхгүй байна. Тэгэхээр “Монполимет” ХХК-ийг ямар нэг байдлаар нийгмээс тусгаарлах замаар айлгах, компанийнх нь үйл ажиллагааг тасалдуулах замаар хохирол учруулах зорилготой үйл ажиллагаа юм байна гэдэг нь жирийн иргэнд ч ойлгогдохоор байгаа биз дээ. Үнэхээр аргаа бараад 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх гээд үзье л дээ. Нэрлэж буй хоёр гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг нь хууль үйлчилж эхэлсэн 2017 оноос тоолоход л 2022 онд дуусчихаж байгаа байхгүй юу. Гэтэл 2024 онд эрүүгийн хэрэг үүсгээд л, цагдан хориод л, эд хөрөнгийг нь хураан аваад л, компанийн үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Энэ улсад чинь Эрүүгийн болон процессынх нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Ерөнхий прокурор байдаг ч энэ асуудлыг тоохгүй байна гэхээр түүнийг хөдөлгөхгүй байгаа “далд”-ын хүч байгаа л гэсэн үг.

-Хувийн хэвшил рүү хүчний байгууллага дур зоргоороо халдаж, үйл ажиллагааг нь зогсоож, хаалга үүд, тоног төхөөрөмжийг нь лацдаж байгаа үйлдэл нь эргээд тэнд ажиллаж байгаа ажилтан, үйл ажиллагааг нь удирдаж байгаа албан тушаалтан, тэдгээрийн ар гэрт ямар нэг байдлаар дарамт шахалт үүсгэж, цаашлаад улс эх орны хөгжлөөс хойш татсан тийм зохисгүй үйлдэл болж байгаа талаар нийгмийн бүхий л төлөөлөл цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна?

-Компанийн үйл ажиллагааг хүчээр ингээд зогсоочихоор ажилтнууд нь цалин хөлсгүй болно. Сул зогсолтын хөлс өгнө гэхээр компанийн буруугаас болоогүй тул компанид алдагдал үүснэ. Мэдээж компани орлого олоогүй тул улсад татвар төлөх боломжгүй гээд олон сөрөг үр дагаврууд гарч ирнэ.

-Монцементийн үйлдвэрийн төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан “Монполимет” ХХК зээлээ бүрэн төлсөн. Гэтэл яагаад хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм бол?

-Хохирогчгүй, хохиролгүй, бүр гэмт хэрэг үйлдсэн этгээдгүй хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой байгаа нь тус компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн сонирхол эрх мэдэл бүхий этгээдэд байгаа нь л илэрхий байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, дансыг нь хаах зэрэг ажиллагааг хийдэг ч ямар ч хохиролгүй байхад эд хөрөнгийг битүүмжилж, хурааж байгаа үйлдэл нь миний дээрх тайлбарын бодит нотолгоо болно. Дашрамд дурдахад, УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр “Монполимет” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж зээл бүрэн хаасан гэж байгааг анхаарах нь зүйтэй.

-Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татан шалгахдаа түүний хамаарал бүхий компаниуд, үр хүүхдийнх нь дансыг хааж эд хөрөнгийг нь хураан авч болдог юм уу?

-Мөрдөн шалгах ажиллагаа нь Ц.Гарамжав гэдэг хүн рүү чиглэн хийгдэж байгаа тул хувьд ногдох түүний эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, битүүмжлэх ажиллагаа хийж болох ч бусад этгээдэд халдсан бүхий л үйлдэл нь хуульд нийцэхгүй. Иймд уурхайг лацдах, бусад компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгө хураах зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй этгээдэд хохирол учруулах, бүр нарийн хэлэх юм бол хорлон сүйтгэх зорилготой л гэж ойлгогдож байна. Энгийнээр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнийг шалгаж байна гээд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож болохгүй биз дээ.

-Хэвлэл мэдээлэл, нийгэмд хандсан ажилчдын маш олон мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр явлаа. Энэ нь төр засагт тавьж байгаа шаардлага уу?

-Өөрөөс нь болон ажил олгогчоос шалтгаалахгүйгээр үйл ажиллагаа нь зогсоод цалингаа авч чадахгүй байвал зохих этгээдэд нь хандах, анхаарлыг татах эрхтэй шүү дээ.

-Энэ бүхний эцэст Ц.Гарамжав гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдвол энэ хугацаанд зогссон бүх хохирлыг хэн хариуцах вэ?

-Хохирлыг төр хариуцна. Энэ талаар хуульд тусгайлан заасан байгаа. Төр хариуцна гэхээр л эзэн биегүй болчихоод байгаа учраас тэд зориуд ийм хууль бус шийдвэр гаргаж, хууль тогтоогч нь хууль дотроо төр хариуцна хэмээн эзэнгүйдүүлж орхисон.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол мал аж ахуйн орон болчихоогүй баймаар юм DNN.mn

Сонгууль ойртоод юм, юм л болж байна. Тэр дундаа улс орон даяар “Шинэ хоршоо” гээчийг л толгойтой болгон ярьдаг болов. Нэг ёсондоо МАН зуд далимдуулаад сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлж, төгсгөл дээр нь гаргаж тавьсан зүйл нь энэ хоршоо л доо. Гэхдээ яг ч өөрсдийнх нь бодож олоод, хэдэн малчдынхаа амьдралыг өөд татчихъя гээгүй бололтой. Яахав, эрх барьж байгаа намын хүчийг харуулж, олон тэрбум, их наядаар яригдах зээл олгоод эхэлсэн л болохоос биш Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Одсэр аль хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан “Чинээлэг малчин” төслийг хуулчихсан мэт л харагдаад байгаа юм. Малчдад их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгочихвол ирээдүйд бүгдээрээ ямар ч цас зуд, ган гачгийг ажралгүйгээр мал сүргээ түм бумаар өсгөж цэнгэлийн манлайд хүрэх юм гэнэ. Гэтэл залхуу, арчаа муутай нь л дийлэнхдээ хотоо харлуулдаг гэдгийг он цаг хангалттай харуулсан биз дээ. Харин хадлан тэжээлийг гараараа зулгаахаас бусдаар бэлдэж, өвөлжөө саравчаа сайтар зэхсэн нь бараг л өнчин ишигний гарлагагүй даваад гардаг. Угаас цас зуд гээч чинь хэдэн мянганы өмнө учирч л байсан. Цаашдаа ч мянган жилээр тохиолдох л зүйл. “Нэр нэгтийн чих нэг” гэгчээр малчид гээд бичихээр мал дагасан бүхэн өөрсдийг нь мууллаа, доромжиллоо гээд сортосхийж магадгүй. Гэхдээ тийм биш гэдгийг сортоотой, ухаантай хэсэг нь ойлгоно. Мал маллана гэдэг ерөөс ажлаас залхуурсан хойрго нэгэн араас нь дагаад сажилж байхад л болчихдог зүйл биш шүү дээ. Дээрээс нь төр засгаас ингэж малла гээд заагаад өгчихдөг зүйл бүр биш. Малч ухаан гэж нэг зүйл байна. Тийм ч болохоор “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” хэмээх үг гарсан биз.

Манай сонины Ерөнхий эрхлэгч эртхэндээ “Мал дагавал мал болдог” хэмээн хатуухан бичсэн байдаг. Үнэхээр ч манай улсад мал нь бараг шашин болчихсон гэхэд болно. Үндсэн хуульдаа хүртэл “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заачихсан. Үүнээс үзвэл манайх мал аж ахуйн орон гэмээр. Гэвч тийм биш. Олон малтай болсныгоо мал аж ахуйн орон гэж хэлдэггүй байх. Хэрэв үнэхээр ийм орон мөн юм бол өнөөдөр яагаад бидэнд малын түүхий эд боловсруулах нэг ширхэг ч үйлдвэр байхгүй байгаа билээ. Сонгууль бүрээр амладаг ч барьж байгуулсан нь алга. Тийм болохоор малын түүхий эдүүд нь сохор зоосны ч үнэгүй учраас өнөөдөр жалга, судаг бүрээр өмхийрөөд хэвтэж байна. Халдварт болон гоц халдварт өвчнөө бүрэн эмчилж чаддаггүй, энэ талын мэдээллүүд нь ил тод байдаггүй учраас манайхаас мах авдаг орон ч тэр бүр байхгүй. Иран улс руу хонины мах гаргалаа гээд нэг хэсэг шуугьсан. Харамсалтай нь бид биш, тэд өөрсдөө зохих ёсоор нь нядалж, боловсруулж байж гаргасан байдаг. Гэтэл салбар яам, Засгийн газар нь эрийн сайндаа хэдэн хонь гаргачихсан аятай л аашилсан. Мал аж ахуйн орон болохын тулд мал нь эрүүл, мах нь стандартын дагуу боловсруулагдсан, түүхий эдүүд нь үнэтэй байх ёстой. Тэр ч бүү хэл түүхий эдээ дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг болж байж ярихаас биш одоогийнх шигээ байвал 70 бүү хэл 700 сая малтай байгаад ч мал аж ахуйн орон болох боломжгүй. Зарим мэргэжилтнүүдийн хатуухан хэлж буйгаар мал бидний хөгжлийг хойш татаж байна гэнэ. Учир нь таван малтай л бол өлсөж, цангахын зовлон үзэхгүй. Өлсөхгүй болохоор хөгжил дэвшлийн тухай боддоггүй, шинэ зүйл санаачилдаггүй гэх юм. Магад ч үгүй биз. Үнэхээр ч бид чинь үлгэр домог дээрээ хүртэл адгийн гуйлгачинаа “Таргийн таван ямаатай” хэмээн бичиж ирсэн ард түмэн. Нээрээ ч таван ямаатай хүн чинь яаж ч өлсөх билээ дээ. Өлсөх нь бүү хэл арчаатайхан байвал ганц хоёрхон жилийн дотор өнөөхөө өсгөөд, хавартаа хэдэн саяар тоологдох ноолуурын мөнгө, төр засгаас урамшууллын мөнгө халаасалчихна. Нэг үгээр саятан болно оо гэсэн үг. Ингээд л дутагдах гачигдахын зовлонгүй амар жимэр амьдарч байж үйлдвэр, үйлчилгээ, хамтрал хоршоо гэж явах ямар ч хэрэг байхгүй. Эдгээр нь байхгүй учраас улсын хөгжил ярих боломжгүй.

Магтаж, мандуулах зүйл байхгүй ч социализм монголчуудыг малаас нь бараг салгасан байсан гэдэг юм билээ. Малтай хэсгийн ихэх нь хагас суурин байдлаар маллаж, үйлдэр угсаагаа сайжруулах, өвчин тахалгүй байх тал дээр анхаарч ирсэн байдаг. Гэтэл одоо ардчилсан нийгэмд хэдэн малчдаа банкны зээлээр барьцаалаад таван малтай нь жалга бүрийн аманд хатаах нь. Учир нь хоршоо байгуулж хэчнээн ч тэрбум төгрөгийн зээл авсан түүнийгээ зөв захиран зарцуулах, өсгөн үржүүлж байж өр зээлээ төлнө. Ерөөс эдийн засаг, санхүү нягтлан гэдэг чинь тусгай мэргэжил болохоос бус 10 малчин нийлэхээрээ л болчихдог зүйл биш. Тийм болохоор сонгуулийн шоу дууссаны дараа зээл авсан малчид маань хэдэн малаа банкинд тушаачихаад их хотынхоо гэр хорооллыг тэлж, янданг нь нэмээд “улныхн”-ы тоонд шилжинэ. Үгүй бол өнөөх зээлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлж, арилжааны банкуудаа угжаад улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тийм ч болохоор “Шинэ хоршоо” гээч нь Монголын хөгжлийг хойш татах гэсэн бодлого биш байгаа гэж бодоход хүрч байна.

Энэ жилийн өвөл, хавар чангахан болсон. Тэр үеэр хөдөө гадаа явж байхад ихэнх малчин эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар ярьцгааж байв. Тиймээс одоо л нэг зөв голдирлоо олох нь гэсэн горьдлого төрж байлаа. Гэтэл эрх баригчид сонгуулийнхаа шоу болгож орхилоо. Аливаа зүйл өөрийн жам ёсоор хөгжиж байж л амжилтад хүрдэг. Түүнээс биш төрөөс бүхнийг зохицуулаад, мөнгөөр далайлгаад тэр бүр бүтэхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гэхэд улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдсан гэсэн дүн мэдээ байна. Сум болгонд төрийн албан хаагчид хуваарилагдан ажиллаж, малчин бүрийг гуйж яваа юм чинь арга ч үгүй биз. Ингээд зогсохгүй 157 хоршоонд нийтдээ 16.1 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд арилжааны банкуудад 256 хоршооны зээл судлагдаж байна. Тэгэхээр зээлийн мөнгөн дүн цаашдаа ч өснө. Энэ зээл яваандаа хоёр дахь Хөгжлийн банк, Боловсролын зээлийн болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болохгүй гэсэн баталгаа байхгүй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодруулга авлаа.


-Чуулган хаалтаа хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай намын Бүлгийн хувьд хэр ажилласан гэж бодож байна вэ?

-Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент өнөөдөр хаалтаа хийлээ. Ер нь парламентын түүхэнд нэлээд амаргүй парламент байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр цөөнх болсон сөрөг хүчин Ардчилсан нам маань 11 суудал авсан нь хэт цөөнх байлаа. УИХ-аас гарч байгаа аливаа хөшүүрэг бүхий хууль, бодлого шийдвэрүүд хамгийн багадаа бүх гишүүдийн дөрөвний нэгээр дэмжигдэх учиртай.

Жишээлбэл, Түр хороо байгуулах, сонсгол хийх зэрэг асуудал 19-өөс дээш, магадгүй Ерөнхий сайдын асуудлыг ярья гэвэл 25 гишүүнээс дээш байх ёстой. Тийм болохоор хэт цөөнх болсон болохоор асуудлууд байлаа.

Ардчилсан нам маань ч өнгөрсөн хугацаанд багагүй асуудалтай байсан. Гэвч нөгөө талаараа хэдийгээр цөөнх байсан ч намын бүлгийн хувьд нэлээд бололцооны ажилласан. Гишүүд маань чамгүй олон хууль санаачлан өргөн барьж батлууллаа. Энэ дотроо найман хууль батлуулсан нь ч байна. Мөн намын эв нэгдлийг хангахын тулд бүлгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллалаа. Мэдээж биднийг хэрхэн ажилласан бэ гэдэг дээр ард иргэд маань дүнгээ тавьдаг ёстой.

-Эрх барьж буй намтайгаа хэр ойлголцолд хүрч, хамтарч ажилласан бэ?

-Улс орны эрх ашгийг хөндсөн томоохон ажлууд дээр бид заавал эсэргүүцэх ёстой. Сөрөг хүчин гэсэн байдлаар хандсангүй. Тухайлбал, Үндсэн хууль, тогтолцооны өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль зэрэг ажлууд дээр ойлголцолд хүрч, улс орны эрх ашигт нийцүүлэх байдлаар ажилласан.

-Тэгвэл эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг хэр сонсож, алдаа дутагдлаа засаж сайжруулах тал дээр ямар байсан бэ?

-Би түрүүн хэлсэн. Бид энэ удаад хэт цөөнх байсан. Тийм болохоор үнэхээр хүч хүрэхгүй тохиолдол гардаг. Ийм байлаа гээд бид жижиг сажиг зүйл ярьж гоншигноогүй. Харин ч эсрэгээрээ улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ.

-Өнгөрсөн дөрвөн жилд парламент хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Бид өнгөрсөн дөрөв, найман жилийг эргээд дүгнэх хэрэгтэй. Энэ танхимд суугаад хэдэн хууль санаачлах, түүнийгээ батлуулах эсэх бол дараагийн асуудал. Хамгийн гол нь бодит амьдрал дээр ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах вэ, гарсан бэ гэдэг л чухал. Гэтэл энэ найман жилийн хугацаанд эрх баригчдын амлалт хаачсан бэ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнэ яагаад тогтмол буураад байна. Нөгөө амласан боловсруулах, арьс ширний үйлдвэр яасан юм. Нефть боловсруулах үйлдвэрийг аль найман жилийн өмнө л МАН-ынхан амлаад явж байсан. Гэтэл одоо түүхий эд ч байхгүй, бараг хоёр тэрбум орчим ам.долларын өр нэмэгдэхээр хэмжээний болчихсон байна. Бүхэл бүтэн дөрвөн жилийн дотор 200-хан км авто зам тавьлаа. Үүнд санхүү нь дутаагүй. Зөвхөн зохион байгуулах арга барил, сэтгэл зүтгэл л дутсан. Нөгөө л цэвэрлэх байгууламж, утаа, түгжрэл гээд шийдэгдсэн асуудал огт алга. Мөн өнөөдөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хэрхэн хумигдаж байгааг бид өдөр ирэх тусам харж байна. Энэ мэтчилэн цаасан дээр бичсэн хоосон амлалт бус, амьдралд хэд нь хэрэгжсэн бэ гэдгийг иргэд маань хараад дүнгээ тавьж байгаа байх л гэж бодож байна.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандаг-Очир: Газар нутгийнхаа 4.5 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна DNN.mn

УИХ-аас “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш хийсэн юм. Тэгвэл тус Түр хороо сонсголын үр дүн, тайлангийн хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор яг ямар асуудлуудыг авч хэлэлцсэн бэ?

-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ асуудал орсон. Үүний дагуу ямар ч гэсэн сонсгол хийлээ. Ер нь уг асуудал өөрөө их том. Энэ сонсголд нийтдээ 10 гаруй шинжээч ажилласан. Түр хорооны гол зорилго бол 1990-ээд оноос хойш манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хэрхэн яаж олгогдож ирсэн юм. Хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлтүүд оров. Өнөөдөр хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээллийг үнэн бодитоор иргэд, олон нийтэд өгөх байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Түүнээс биш сонсголоор улс төр хийгээд, хэн нэгнийг буруутгаж, шүүгээд байгаа асуудал огт биш.

Анх удаа уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонсголыг хийсэн нь л хамгийн гол нь юм. Хаврын чуулганаар ч сая Үндэсний баялгийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай улс ер нь хэдий хэр хэмжээний байгалийн баялагтай юм. Хэчнээн орд илэрсэн, тэдгээрийн хэдийг нь стратегийн ордод бүртгэж авсан юм. Цаашдаа яах юм, дээрээс нь үүнтэй холбоотойгоор байгаль орчин, нөхөн сэргээлт, бичил уурхайн асуудлуудыг Түр хороо маш богино хугацаанд бэлтгэж, хоёр өдрийн турш сонсгол хийж, иргэдийг мэдээллээр хангалаа. Алдаа мадаг, дутуу хийсэн зүйл байгаа л байх.

-Манай улс ер нь хэдий хэр хэмжээний газрыг тусгай зөвшөөрөлд олгосон юм бэ?

-Одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 4.5 хувийг ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр 14800 тусгай зөвшөөрөлд өгчихсөн байна. Үүний 12000 нь хайгуулын, үлдсэн нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа юм. Харин дээр хэлсэн 4.5 хувийн 0.29 хувийг нь идэвхтэй ашиглаж байна гэсэн мэдээлэл нотлох баримтын хүрээнд ил болсон. Мөн эдгээр лицензээс хэн гэж хүн, ямар компани хэдийг нь эзэмшиж байна гэдгийг ч сонсголоор ярьсан. Гадаадын 100 хувийн эзэмшилтэй 4-5 компани лиценз эзэмшиж байна. Үүнээс гадна лицензийн шилжилт хөдөлгөөн буюу эрх шилжүүлэх асуудлыг ч ярьсан. Шулуухан хэлэхэд, энэ чинь нөгөө иргэдийн хардаад байдаг лицензийн наймаа шүү дээ. Тийм болохоор энэ талын мэдээллийг ч ил болгосон. Тэгэхээр ард иргэд энэ сонсголоор зохих ёсны мэдээллүүдийг авсан гэж ойлгож байгаа.

-Илт хууль зөрчөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан тохиолдлууд ер нь байна уу?

-Монгол Улс хамгийн анх 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан байна. Тухайн үедээ хуулиараа өргөдөл бичээд л тусгай зөвшөөрлийг авдаг байсан. Хэн түрүүлж хүсэлт, өргөдөл гаргасанд нь л өгчихдөг байсан гэсэн үг. Одоо байгаа тусгай зөвшөөрлүүдийн ихэнх нь энэ үед олгогдсон байна. Дараа нь 2007 оноос сонгон шалгаруулалтаар, 2017 оноос цахимаар лицензийг олгож иржээ. Сонгон шалгаруулалт дээр асуудал байна. Тухайн үеийн салбарын сайдын тушаалаар гурван комисс байгуулагдаад сонгон шалгаруулалтыг хийдэг байж. Харин энэ удаад сонгон шалгаруулах комисст хэн, хэн орж байсан. Тэдгээрийн хамаарлыг тогтоож амжаагүй. Тиймээс цаашдаа үүнийг гүйцээж хийх ёстой. Ер нь өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын тухай хуульд бараг 400 гаруй нэмэлт, өөрчлөлт орсныг шинжээчид тогтоосон. Мөн Монгол Улсын нэлээд олон хуулийг зөрчиж байгааг Түр хороо гаргаж ирсэн.

-Тухайлбал?

-Газрын тухай хууль зөрчиж байна. Иргэн өмчлөлийн газар дээр давхцуулаад тусгай зөвшөөрөл олгосон, хайх, ашиглах зөвшөөрөл олгосон газарт нь иргэнд 0.07 га газрыг нь олгосон зэрэг зөрчлүүд их байна. Энэ бол төрийн байгууллагуудын хооронд уялдаа байхгүй, нэгдсэн мэдээллийн сангүйгээс үүдэлтэй. Үүнээс болж иргэн, аж ахуйн нэгжид үүссэн эдийн засаг, цаг хугацааны үр дагаврыг хэн хариуцах юм. Дээрээс нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж зөвшөөрөл олгосон явдлууд ч байна. Мөн Усны тухай хууль зөрчигдөж байгаатай холбоотойгоор Усны газрын даргыг гэрчээр дуудсан. Тэр хүний хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас болж 700 гаруй гол горхи, булаг шанд ширгэсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хуулиа дагаж мөрдөхгүй энэ чигээрээ явбал цаашдаа бид чинь гадаргын болон уух усгүй болох аюул бодитоор байна. Соёлын өвийн тухай хууль ч ноцтойгоор зөрчигдөж байна. Юнеско, Дэлхийн өвд бүртгэгдчихсэн үнэт ховор, түүхэн дурсгалт газар дээр зөвшөөрөл олгочихдог. Энэ бол дээр хэлсэн төрийн байгууллагууд уялдаа холбоогүй байгаагийн л илрэл. Түүнээс биш түүнийг устгая гэж хэн ч боддоггүй байлгүй дээ. Нөгөө талаар орон нутгийн иргэд, малчид нь зөвшөөрөхгүй гээд байхад түүнийг үл тоож, аймгийн Засаг даргынх нь саналыг авсан гэдэг нэрийн дор Ашигт малтмалын тухай хуулиа зөрчөөд тусгай зөвшөөрөл олгосон явдал ч ил болсон. Үүнээс болоод орон нутгийн иргэд, компаниудын хооронд үл ойлголцол үүсч, биенээ зодох, буу шийдэмдээ тулах явдлууд гарч байна. Ингээд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан үүсдэг. Шүүх нь хуулийн дагуу эсэхийг нь судлаад нэг талд нь шийдвэр гаргадаг. Улмаар авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд иргэдийн төр, шүүхэд итгэх итгэл буурч байна. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо маш их тооцоо, судалгаатай, орон нутгийн иргэдийн саналыг авч байж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамгийн олон ажлын байр бий болгож, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын нэр хүнд давхар унаад байна. Дээрээс нь энэ салбарынхан маань бүхнийг хуулийн дагуу хий. Улсад төлөх ёстой татвараа элдэв асуудалгүй төл. Хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүл, нөхөн сэргээлтээ сайн хий.

-Татварын асуудал хэр байдаг юм бэ?

-Х тайлан гаргадаг, тайлангаа гаргадаг компаниуд байна. Тэгсэн хэрнээ гаалийн мэдүүлгээр тухайн компани экспорт хийсэн байдаг. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Мөн бичил уурхайг эвдрээд хаягдсан газарт хийх ёстой. Гэтэл зүгээр газрыг зориуд эвдлээд холбогдох газрын дүгнэлт гаргуулаад бичил уурхай эрхэлсэн жишээнүүд ч байна. Энэ мэтчилэн хуулийн цоорхойнууд байгааг сонсголоор нээлттэй болголоо.

-Энэ удаагийн сонсголыг улс төрийн байдлаар ашиглалаа гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сонсголыг үзсэн иргэд, нэр дурдагдсан компаниудын хүмүүс юу гэж үзэж байгааг мэдэхгүй. Бид бол нотлох баримтын хүрээнд бодит мэдээллийг л тавьсан. Тухайлбал, МАК компани нийтдээ 40 орчим тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэдгийг Б.Нямбаатар гуай өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нотлох баримтаар ч тэгж гарсан. Харин хэвлэл мэдээллээр гэр бүлийн гишүүн бүр нь тусдаа 40 зөвшөөрөл эзэмшдэг юм шиг зөрүүтэй мэдээлэл явсан гэдгийг би сонсголын хоёр дахь өдөр хэлсэн. Тэгэхээр сонсголоор ил болсон нотлох баримтыг цахим ертөнц, хэвлэл мэдээллээр мушгин гуйвуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш Түр хорооноос хамгийн их лиценз эзэмшиж байгаа, шилжилт хөдөлгөөн хамгийн их хийсэн эхний 10 аж ахуйн нэгж, иргэний нэрийг л жишээ болгож олон нийтэд ил болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үнэн. Түүнийг нь олон нийтэд ил болгосон нь улстөржсөн асуудал гэж би харахгүй байгаа. Ер нь олон тусгай зөвшөөрөл эзэмшлээ гээд түүнийг буруутгаж байгаа юм биш. Мэдээж уул уурхайн салбарт болж бүтэж байгаа, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж байгаа зөндөө компани бий. Улсдаа хэдэн тэрбум, их наядаар нь татвар төлж, олон мянган ажлын байр бий болгож, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийсэн нь олон байгаа. Харин энэ удаагийн сонсголоор нийтийн эрх ашгийг хөндсөн, болохгүй байгаа, хуулийн ямар алдаа дутагдал байна гэдгийг л ярьсан.