Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Батцогт: Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан нам ШИНЭ намтай хамтарч сонгуульд орохоор болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Саяхан зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дараа хот дээрх санал хураалт хэрхэн явж өнгөрөв. Намууд болон нэр дэвшигчид ер нь ямар санал авав гээд судалгаа, дүгнэлтийг хийсэн. Нийслэлд 2016 оноос хойш ялалт байгуулж, эрх бариад байгаа МАН хотын хэмжээнд дээд тал нь 30 хувийн санал л авч байсан. Саналаа өгч байгаа хүмүүсийн 30 хувь гэдэг бол маш бага тоо. Гэтэл дангаараа засаглаад байдаг. Ардчиллыг дэмждэг, ардчилсан үзэл баримтлалтай 70 хувь цаана нь байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэж мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн төсөөлөл байхгүй байна. Тийм болохоор ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ 70 хувиа хуваачихаад байгаа юм. Тэгэхээр үүн дээр үндэслээд бид хэд уулзаж, санал солилцсон. ШИНЭ намаас нийслэлд нэр дэвших маш сайн хүмүүс байна. Тэр хүмүүст намынхаа дүрмийг танилцуулаад, журмын дагуу намдаа элсүүлээд хотод нэр дэвших эрхийг нь өгсөн. Түүнээс биш намууд орон нутгийн сонгуульд эвсэж, нийлж орох боломжийг эрх баригч нам зургадугаар сарын 25-нд хаачихсан.

-Тэр юу гэсэн үг вэ?

-МАН-ын боловсруулсан хуулийн хүрээнд бид энэ эрхээ хязгаарлуулчихсан. Ид сонгуулийн өдрүүдтэй зэрэгцээд намууд эвсэх боломжийг тэд хаасан. Тийм учраас бидэнд байгаа сонголт ердөө л энэ. Үгүй бол Ардчилсан нам дутуу нэр дэвшүүлээд үлдсэн дээр нь бусад намууд хүнээ дэвшүүлэх боломжтой. Гэтэл ингэсэн тохиолдолд сонгогч нар маань ойлгож саналаа өгч чадахгүй. Дээрээс нь санал авах өдрийг дахиад л баасан гарагт тааруулсан. Баасан гарагт хүмүүс агаар салхинд гардаг. Сонгогчид хотоос гараад явчихдаг гэдгийг тэд тооцоолоод байна. Өнөөдөр МАН халамжаар бүх сүлжээгээ барьдаг.

Халамжийн сайд нь МАН-аас томилогдсон. Ардчилсан намын гишүүдийг тэгээд халамжаасаа хасдаг. энэ бодитой гэдгийг бүгд л мэдэж байгаа. Ард түмнээ ядуу байлгаж байгаад төрөөс халамж өгсөн нэрийдлээр тэднийг барихыг оролддог.

-Төрийн албан хаагчид сонгуулийн дүнд маш том нөлөө үзүүлдэг гэдэг?

-Одоо хэдүүлээ үүнийг бүр орхиё. Энэ бол МАН-ын бодож олсон арга заль. Төрийн албан хаагч нам бус байх ёстой гэдэг. Гэвч амьдрал дээр ийм биш гэдгийг бүгд л мэддэг. Өнөөдөр төрийн албан хаагчдыг ажлаар нь барьцаалж, дарамталж байгаад зохион байгуулалттайгаар командалж, сонгуульд ажиллуулдаг. Алдарт “60 тэрбумын схем” гэж байгаа шүү дээ. Төрийн албыг намын схемд оруулчихсан. үнэнийг нь ингээд ярьчихаар биднийг барих юм уу, хорих юм уу. Өөрсдийнхөө үгэнд ороогүй заримыг нь өнөөдөр барьж, хорьж байгаа нь үнэн биз дээ. Татварын дарамт үзүүлдэг. Ер нь ардчилсан нийгмийг бид 1990 онд сонгосон. Гэтэл зүүний үзэл баримтлалтай нам ардчилсан нийгмийг удирдаад байгаа нь зүйд нийцэх юм уу. Нийцэж байсан бол бид өнөөдөр сайхан амьдарч байх ёстой биз дээ.

-Нэр дэвшигчдэдээ ямар бодлого, шалгуур барьсан бэ?

-Нийслэлийн тойргийг МАН маш том болгосон. ингэж том болгосноор найман жил хулгай хийгээд түнтийтлээ баяжчихсан дарга нар нэр дэвшихэд ямар ч асуудалгүй. Тэд мөнгөтэй учраас элдэв зардалд санаа зовохгүй. Тойрог томрох тусмаа л том зардал гарна. Өнөөдөр мөнгөтэй хүн хаана байна гэвэл төрд л байна шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүсээсээ баян төрийн албан хаагчтай болчихсон. Манай улсын авлигын индекс сүүлийн жилүүдэд маш өндөр байгаа. Үүнийг нь олон улсын байгууллагууд гаргаад тавьчихсан. УИХ-ын сонгуулийн хамгийн том тойргийн зардал нь 970 сая төгрөг гэсэн байна лээ. Гэтэл насаараа төрд ажилласан маш олон хүн сонгуульд нэр дэвшсэн. Тэд яаж ийм их мөнгийг гаргаад сонгуульд өрсөлдөөд байгаа юм. харин манай намын хувьд гэвэл үйл ажиллагаа нь ч тэр, хэрүүл нь ч тэр нээлттэй, ил тод байдаг. Гишүүд нь ч гэсэн нэг хүнээр удирдуулаад дуугай сууж байдаг хүмүүс биш. Нам гэдэг Ардын нам шиг ярс хийтэл гар өргөдөг зүйл биш шүү дээ. Үзэл санааны нэгдэл дээр бий болдог, олон ургалч санаа гардаг зүйл. энэ ч утгаараа манайх нэр дэвшилт дээрээ нээлттэй байсан. Олон ч хүнд урилга өгч, санал тавьсан. Ажил хийх хүн бол туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй байх ёстой. харин ард түмний төлөөлөгч бол шударга, дуу хоолой байх хэрэгтэй. Манай нам дандаа ард түмний дуу хоолой болох буюу иргэдийн хурлын танхимд иргэдээ төлөөлж дуугарах хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ардын нам болохоор боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн гээд байна лээ. Тэгвэл манай нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ л мэргэжил, боловсролтой.

-Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй орж байна вэ?

-Мөрийн хөтөлбөр дээр манай доктор, профессор, эрдэмтэн судлаачид сууж боловсруулсан. Багийн ахлагч нь Монгол Улсын зөвлөх инженер н.Батболд доктор байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд нийслэлд манай нам засаглаж байхад Улаанбаатар хотын 32 уулзварыг шинэчилж зохион байгуулах ажлыг хоёрхон сарын дотор хийсэн хүн байгаа юм.

-Нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс манайх ч гэсэн ийшээ л явах ёстой. Улс хөгжье гэвэл хүнээ хөгжүүлье гэдэг. харин хүнээ хөгжүүлэхийн тулд хүүхэд байхаас нь анхаарал хандуулах ёстой. Манай улсад одоогоор 0-18 насны 1.3 сая орчим хүүхэд байна. энэ хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй учраас шийдвэр гаргах түвшинд хүүхдийн асуудал тэр бүр хөндөгддөггүй. Ардчилсан нам “хүүхдийн мөнгө” гэдгийг санаачилаагүй бол өнөөдрийг хүртэл хаягдсан хэвээрээ л байх байсан. үр шимийг нь манай хүүхдүүд хүртээд явж байгаа. Гэтэл МАН сүүлийн жилүүдэд үүнийг халамж гэж тайлбарласан. Уг нь энэ чинь халамж биш, хүн ам зүйн бодлого байхгүй юу. Бид хоёр том хөршийн дунд байгаа хүн ам багатай жижиг улс. Тиймээс хүн амаа өсгөх ёстой. Тусгаар улсаа ингэж байж хамгаална. Дэлхийн бусад орнуудад ч ийм бодлого байдаг. Түүнээс энэ бол халамж биш.

-Та хэд есдүгээр сарын 1 гэсэн хуулийн төсөл санаачилж байна гэж байсан. Үүнтэй холбоотой юу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийн төслийг сайн сурталчилж өгөх хэрэгтэй. Бид Уих-ын гишүүдээрээ дамжуулаад ийм хуулийн төсөл санаачилж байгаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө хүүхдүүдийг нэг өнгийгөөд харах хэрэгтэй. Бие бялдар муутай, өвчлөл их, хорт зуршилд донтох нь ихэсч байна. Өнөөдрийнх шигээ бид байгаад л байвал 20 жилийн дараа маш хэцүү ирээдүй биднийг тосч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр хэлсэн хуулиараа бид хүүхдийн хөгжлийн карт гэж гаргахаар болсон. үүгээрээ хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Багшаа сонгоод хичээллэхээр багшид нь төрөөс урамшуулал орно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ингэж бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Бидэнд мөнгө нь хангалттай байгаа. эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж болоод байхад бид хүүхдүүддээ яагаад өдий хэмжээний хөрөнгө гаргаж болохгүй юм л гээд байгаа юм. Тийм болохоор хүүхдэд ээлтэй хотыг бий болгоно. Бүх стандартыг хүүхдэд ээлтэй байдлаар сайжруулна.

-Та ярианыхаа төгсгөлд юу хэлэх вэ?

-Энэ хэдэн хулгайч нараасаа салъя. Бид дөрвөн жил тутамдаа нэг дүн тавьдаг. Одоо зөв дүнгээ тавьцгаая. залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхний ирээдүйг шийдэх хамгийн чухал сонгууль шүү. Орон нутгийн сонгуулийг эрх баригчид ирцгүй болгочихсон. Тийм ч болохоор баасан гаригийг сонгосон. Та бүхнийг санал өгүүлэхгүй байх бүх л аргыг хэрэглэж байгаа шүү. Тийм болохоор идэвхтэй оролцоод дүнгээ тавиад өгөөрэй л гэж хэлмээр байна.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Ирэх жил хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд л байна DNN.mn

Засгийн газраас хуульд заасны дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улмаар өчигдөр Сангийн яамнаас 2025 оны төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайдаас дараах тодруулгыг авлаа.

—————————————————————————————————–

-Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Гол онцлог нь юу байх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жил нэлээд сорилттой байлаа. Төсөв, орлого, хөрөнгө оруулалт дутуу явж ирсэн. Харин ирэх дөрвөн жил эдийн засгаа хэрхэн өсгөх вэ. Түүнийгээ ард түмэндээ яаж хүртээмжтэй хүргэх вэ, инфляц, эдийн засгийн халалт зэргийг хэрхэн даван туулах вэ гэсэн жилүүд байх болов уу гэсэн ерөнхий дүр зураг байна. Бид түүхий эдийн ганц том зах зээлтэй. Хятад улсаас хамааралтайгаар эдийн засаг нэлээд өсөж байгаа. Тиймээс үүнийгээ хэрхэн шингээх вэ гэдгээ харах ёстой. БНХАУ албан ёсоор нүүрсний хэрэглээгээ 3.5 тэрбум тонн гэж ярьдаг. Харин мэргэжилтнүүд үүнээс өндөр гэж үздэг. Харин манай хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд нүүрсний гарц ахисан. Энэ жил 70 сая тонныг гаргасан. Ирэх жил 80 сая тонныг гаргана гэж зорьж байна. Ер нь хятадууд нүүрс, төмрийн хүдрийг хэд л бол хэдээр нь авах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Гэвч энэ хугацаа 1015 жилдээ ийм байх нь гэсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс энэ боломжийг бид тултал ашиглах ёстой. Олсон орлогоо дэд бүтэцдээ хийх хэрэгтэй. “Шинэ сэргэлт”ийн хамгийн чухал зүйл нь тээвэр ложистик, эрчим хүч болж байна. Иймээс ирэх оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжил дээр тулгуурласан дэд бүтцийн сэргэлтийн жилүүдийг эхлүүлье гэж байгаа юм. Ирэх жил мөн зөөлөн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, соёл, спортын барилгын хөрөнгө оруулалт нэгийг ч шинээр хийхгүй. Дандаа хуучин төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин зам, эрчим хүч гэсэн салбарын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг түлхүү тавьсан төсвийг өргөн барьсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буйгаараа онцлогтой. Энэ хөрөнгийн 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, найман хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжинэ.

-Татвар дээр ямар шинэ бодлого барих вэ?

-Ирэх жилийн татварын бодлого бол баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнээ дэмжсэн байна. Ялангуяа боловсруулах чиглэлийн дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ. Өнөөдрийг хүртэл аль нэг салбараар нь ялгаж авч үзэж, тоног төхөөрөмж болон татварын дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бол ирэх жилээс салбар хамаарахгүйгээр боловсруулах чиглэлийн дараагийн шатны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ. Хоёрдугаарт, зөөлөн дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг сэргээх, ногоон байгууламж, соёл, спортын барилга байгууламж барьж, төрийн ачааллыг бууруулах бол гаргасан зардлыг нь татвараас бүрэн чөлөөлнө. Нийт борлуулалтынх нь нэг хувиар хязгаарлахаар болсон.

-Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах тухай их ярьсан. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Төрийн өмчит аж ахуйн нэгж нийтдээ 110 орчим байдаг. Орон нутгийн өмчит байгууллагуудыг нийлүүлээд тоолох юм бол 500 гаруй болдог. Гэтэл энэ бүгдийг улс бүтэн хянаж, менежмент хийж байна уу гэвэл эргэлзээтэй. Тийм болохоор Засгийн газраас болон олон улсын аудит оруулж, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай болсон. Үүн дээрээ үндэслээд томоохон аж ахуйн нэгжүүдийг нь төрдөө үлдээгээд заримыг нь олон нийтийн хяналтад оруулж, хувьцаат компани болгох, эсвэл шууд татан буулгах хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийхээр болж байгаа.

-Эрчим хүчний с албарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгасан байсан?

-Манай улс хамгийн оргил үедээ 1480 мегаватт нийлүүлэх хүчин чадалтай эрчим хүчний системтэй байна. Гэтэл цаана нь хэдээр дутаад байгааг тооцоолох ямар ч боломжгүй. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн загвараар шаардлагатай байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд дээр ирэх жилийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. Ойрын жилүүдэд бид дор хаяж 1000-2000 мегаватт эрчим хүчээр нэмэхгүй бол дараагийн эдийн засгийн өсөлтөө улс маань дийлэхгүй. Энэ салбар дээр төр, хувийн хэвшлийн түншлэл, гаднын хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Үүний тулд тарифын бодлогыг либералчлах ёстой. Ийм болгосон тохиолдолд хөрөнгө оруулалт хийхэд бүрэн боломжтой гэдгээ ч хөрөнгө оруулагчид илэрхийлдэг. Үүнд аажмаар шилжихгүй л бол энэ салбар өөрөө хөгжлийн хамгийн том саад, асуудал болно. Энэ асуудлаас бид зугтаах биш барьж аваад алхам алхмаар шийдээд явах нь зүйтэй. Эрчим хүчний тухайд Эрдэнэс Тавантолгойн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг оруулаад ойрын жилүүдэд 1200 МВт, ирэх жил 270 МВт эрчим хүчийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Ирэх оны төсвийн төсөл дээр нэлээд хэмжээний зам шинээр барихаар төлөвлөсөн байсан. Үүний ач холбогдол нь юу вэ?

-Өнөөдөр манайд замын санд бүртгэлтэй 14900 км замтай байгаа. Үүний 7500 нь хатуу хучилттай. Харин ойрын жилүүдэд 4000 гаруй км хатуу хучилттай замыг бүтээн байгуулахаар зорьж байна. Ирэх жил 2200 км замын ажлыг эхлүүлнэ. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж, хамгийн түрүүнд боомтууд руу чиглэсэн, уул уурхай, аялал жуулчлалын эргэлт сайтай замууд дээрээ илүү ач холбогдол өгнө. Арц суурь, Ульхан, Бичигт зэрэг таван боомтын замыг шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн. Ер нь хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруултууд байна гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, энэ олон зам, бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшил дангаараа хийх боломж байхгүй. Үүн шиг төр бүгдийг нь бас хийж чадахгүй. Харин төр өөрөөсөө шалтгаалах дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Үүний дараа баялаг бүтээгчид хөрөнгө оруулах боломж бүрдэж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Том, том төслүүдийн ТЭЗҮ хийх гэж олон тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Гэвч нөгөө л гацдагаараа гацах вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Нийслэлийн төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж” зэрэг бол хоорондоо уялдаа холбоотой, залгаа төслүүд г эж ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын замын түгжрэл манай улсын эдийн засгийн том түгжрэл болчихоод байгаа. Үүнийг одоо хүн бүр ойлгодог, мэддэг болсон. Нийслэлийн 75 га газарт л бүх төрийн байгууллагууд байдаг. Үүн рүү тэмүүлсэн түгжрэл бий болсон. Тийм учраас хэт төвлөрлийг задлах, төрийн үйлчилгээг урагш нь гаргах төслүүд юм. Ердөө 15 километрийн цаана хэдэн зуун га газар байж байна. Ингээд Хөшигийн хөндий, Аэро сититэйгээ холбоод шинэ дагуул хотыг барьж байгуулах маш том боломжийг бид ашиглалгүйгээр өдий хүрсэн байна. Тэгэхээр үүнийг л эхлүүлэх гэж байгаа хэрэг. Гэхдээ бид үүнийг маш сайн тооцоолол, үндэслэл, ТЭЗҮтэй хийх хэрэгтэй. Бид өмнө нь хийж байгаагүй бүтээн байгуулалтууд учраас зураг, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол жинхэнэ цаасан дээр л үлдэнэ. Түгжрэлээ бууруулаад, “20 минутын хот”-ыг байгуулахад яаж явбал зөв байх вэ гэдэг тооцооллыг гаргах хөрөнгө оруулалт, зардлыг энэ жилийн тодотголоор тавьсан байгаа. Цаашаа ямар схемээр явах вэ гэдэг нь үүнээс гарна. Том төслүүд дотроос төсвөөс хийж чадах, дийлэх хөрөнгө оруулалт бол Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор л байгаа юм. Тэгээд ч төрийн ихэнх байгууллагууд тийшээ шилжих учраас үндэсний аюулгүй байдал, нууцлалаа бодсон ч гэсэн төр өөрөө яаж ийгээд хийе л гэж зорьж байгаа. Бусад нь шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн эргэлттэй байх тэр боломжоороо л цаашаа явна. Ирэх сарын 1 болтол эдгээр том төсөлтэй холбоотой шат дараалсан хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум, АНУын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн хоногт 250 мянган м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгаж, төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Баатар: Метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатартай ярилцлаа.


-Хичээл сургууль орж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын түгжрэл ихсэж, иргэд бухимдалтай байна. Танай нэгж, хотын захиргаа ямар шийдэл олж, ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Авто замын түгжрэл нь дэлхийн бүхий л том хотуудын толгойны өвчин байсаар ирсэн. Нэг саяас дээш хүн амтай метрополис хотуудаас авто замын түгжрэлийг 100 хувь шийдчихсэн хот гэж бараг байхгүй. Түгжрэл ярихын тулд эхлээд хот төлөвлөлтөө ярих нь зүйтэй. Улаанбаатар хот өөрөө их онцлогтой. Дөрвөн уулын дунд хавчигдмал гэж ярьдаг ч дэд бүтэцдээ хашигдсан хот. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал өнөөдрийн нягтралыг үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа. Үүнийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

Механик өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байна. Нэгдүгээрт, авто машин нь хүний анхан шатны хэрэглээ болчихсон учраас үүнд буруу өгч болохгүй. Хоёрдугаарт, Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын нэг. Мэдээж 40 хэмийн хүйтэнд хүн алхахыг хүсэхгүй шүү дээ. Аль болох тав тухтай, дулаан зорчихыг бодно.

Ингээд машиныг сонгож байгаа юм. Анхны төлөвлөлтөөр Улаанбаатар хот ихдээ 300 мянга орчим авто машинд зориулагдаж төлөвлөгдсөн тул автомашины зогсоол, гарааш зэргийг тооцоолоогүй байсан. Түүнийгээ дагаад авто замын багтаамж  муу. Энэ төлөвлөлт маань нийгэм солигдсон ч өөрчлөгдөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дээрээс нь төвийн дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны хангалтаасаа үүдээд хүн ам, барилга орон сууцны нягтаршил үүссэн. Ингээд зөвхөн авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэл гэхээсээ илүү нийгмийн хүртээмж буюу сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч хэцүү болсон. Тиймээс хот төлөвлөлтийн бодлогоо шинэчилж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй УИХаар батлах гэж байна. Засгийн газар, нийслэлийн удирдлага “20 минутын хот” гэдэг шинэ бодлого боловсруулж, арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ. Эдгээртэй уялдуулж нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүдийг эхлүүлж байна. Тухайлбал, их багтаамжийн тээврийн хэрэгсэл болох метро, авто замтай огтлолцохгүй дүүжин замын тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Мэдээж зам гүүрийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах хүрээнд өргөтгөх, боломжтой байршилд шинийг барих, хоёр түвшний гарцыг байгуулж байна. Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээх гэж байна. Дараагийн хоёр нүхэн гарцны ажил эхэлсэн гээд урт хугацаандаа үр өгөөжөө өгөх олон ажлыг эхлүүлээд байна.

-Нийтийн тээвэр, дугуй, скүтэрийн тусдаа замтай болохгүй л бол түгжрэл буурахгүй нь гэж ярих хүмүүс байдаг. Ингэж шинээр зам барих боломж бололцоо бий юү?

-Одоогоор явган хүний болон авто зам эрэлтээ хангаж чадахгүй байна. Хувийн хэвшлийнхэн хэрэгцээ шаардлага байгааг олж хараад скүтэр, түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, тусгай замын хүртээмжгүй байдал, олон нийтийн хайхрамжгүйгээс осол гарсаар байгаа сөрөг үр дагавар бий. Хот энэ жил нийт авто замынхаа 80 гаруй хувийг засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Боломжтой байршлуудад явган болон дугуйн замыг байгуулж байгаа. Гэвч зарим байршилд хэт төвлөрөлтэй, зам өргөтгөх байтугай явган зам гаргах ч боломжгүй бэрхшээл тулгарч байна.  Гэсэн ч хотын удирдлага иргэнд ээлтэй хот болгоход анхаарч байгаа.

-Метроны бүтээн байгуулалт эхэлсэн гэж та дээр дурдлаа. Хэдэн ч жил ярив. Метро мөрөөдөл байсаар байна гэдэг үл итгэгч олон бий. Яг барих юм уу?

-Улаанбаатар хотыг метротой болгох судалгааг анх 1980-аад оны сүүлээр хийж байсан юм билээ. Идэвхтэй яриад бараг 20 жил болж байна. Энэ санаачилгыг гаргахдаа хэрэгцээ шаардлага бий болсныг анзаараад л гаргасан байж таарна. Харамсалтай нь, энэ сэдвийг хэтэрхий улстөржүүлж, сонгууль бүрээр сэтгэлийн хөөрлөөр хандаж ирсэн. Одоо бидний хэрэгжүүлж байгаа метроны шугамын судалгааг 2009-2011 оны хооронд Солонгосын компани байгаль орчин талаас нь, ЖАЙКА нийгэм эдийн засгийн үр ашиг талаас нь боловсруулаад, анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг нь баталсан байдаг. Бид эдгээр ТЭЗҮ-үүд дээр үндэслэж төслийн ажлыг эхлүүлээд байна. Гэхдээ хот төлөвлөлт болон Улаанбаатар хотын хүн амын нягтрал, өсөлт бидний тооцоолж байснаас илүү хурдан байна. ТЭЗҮ-ээр таамаглаж байсан 2030 онд Улаанбаатар хотын хүн амын өсөлт ийм болно гэсэн тооцооллын түвшинд аль хэдийнэ хүрчихсэн байна. Тиймээс л тээврийн хэрэгслийн тэгш, сондгой зорчилт, буруу хүрдтэй машины хориг гэж 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн шүү дээ.

2023 онд Засгийн газраас метро барих шийдвэр гаргасан. Ингээд энэ жил бид төслийн зөвлөх үйлчилгээнийхээ тендерийг зарлаж, долдугаар сарын 5-нд Солонгосын “Dohwa Engineering” компанийн консерциум шалгарч ажилдаа орлоо. Тэгэхээр метро барих асуудал хий хоосон мөрөөдөл биш болсон гэмээр байна. Э.Бат-Үүл даргын үед анх бонд босгож, хот мөнгө барьж үзэж байсан. Д.Сумъяабазар даргын үед хот татвараас бүрдүүлсэн орлогоо өөрийнхөө нэн шаардлагатай ажилд зарцуулах эрхтэй болсон.  Тэгвэл Х.Нямбаатар даргын үед хот өөрөө бонд босгож, төр хэвийн хэвшлийн түншлэлд түшиглэн том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх эрхтэй боллоо. Арван жилийн өмнө иргэд метро барихын оронд зам бариач ээ гэдэг байсан бол өнөөдөр метро шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл, метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна.

Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээнэ

-Метроны бүтээн байгуулалтыг дагаад бизнес, эдийн засгийн өөр орчин бий болно биз дээ?

-Шинэ гэхээсээ илүүтэй хүртээмжтэй үйлчилгээнүүд бий болно. Метроныхоо буудлаас бүх үйлчилгээгээ авдаг. Цагийг хэмнэж, зүй зохистой ашиглаад ирэхээр хүмүүсийн гэр бүлдээ, өөртөө цаг зарцуулах нь нэмэгдэнэ.

-Барилгын ажил нь хэдийгээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа вэ

-Ирэх онд эхлүүлнэ. Энэ жил бид төслийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах эхний шатны тендерийг зарлана. Тендерийг хоёр үе шаттай зохион байгуулна. Ирэх оны хоёрдугаар сард хоёр дахь үе шатны тендерийг зарлаад хавар гэхэд барилгын ажил гүйцэтгэх компанитайгаа барилга угсралтын гэрээгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна бэлтгэл ажил гэж асар том зүйл бий. Ирэх он бол бүхэлдээ барилгын ажлын бэлтгэл хийгдэх жил байх болно. Тоног төхөөрөмжөө оруулж ирэх, угсрах, дэд бүтэц, газар чөлөөлөлтийн асуудлуудыг бүрэн шийдэх гээд олон ажил бий.

-Метрогоо дагаад нийслэлийн эрчим хүчний асуудлыг хөндөж таарна байх. Аюулгүй, найдвартай байх тал дээр юу хэлэх вэ?

-Нийслэл төдийгүй манай улс эрчим хүчний асар өндөр дутагдалтай байгаа. Үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Түүнээс биш зөвхөн метронд зориулж цахилгаан станц барина гэж байхгүй. Метроны үйл ажиллагаанд ашиглагдах цахилгааны асуудал нь том масс дотор байгаа нэг л жижиг хэрэглэгч шүү дээ. Хамгийн гол нь найдвартай, аюулгүй байх ёстой. Тийм ч учраас энэ тал дээр бид нэлээд судалгаа хийж ажиллаж байна. Мэдээж 10 жилийн өмнөхөөс одоо огт өөр болсон. Метро ашиглалтад ортол дахиад л нөхцөл байдал өөрчлөгдсөн байна байх. Тийм болохоор бид том зургаар нь харж, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир, хөрсний усны асуудал гээд инженерингийн маш том ажлуудыг хийх хэрэгтэй болно. Аль болохоор л юмыг хаяж гээгдүүлэхгүйгээр хийх ёстой. Дээрээс нь эдгээр асуудлуудыг хот дангаараа хийж чадахгүй. Яам, агентлагуудын уялдаа холбоо, иргэдийн оролцоо маш чухал.

-Шинээр зам барих, гүүрэн байгууламжуудын тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байгааг та хэллээ. Яг бодитой, хийгээд эхэлчихсэн ямар ажил байна вэ?

-Улаанбаатар хотыг анхнаасаа машинд зориулж төлөвлөөгүй, одоо ч тиймээрээ байгаа тухай хоёулаа ярилцлаа. Ямар ч түгжрэлгүй болгохын тулд одоо байгаа авто замын хүртээмжийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Харамсалтай нь, өнөөдөр бидэнд тийм боломж алга. Улаанбаатар хот дундуураа гол болон төмөр замаар хуваагдсан. Тэгэхээр гүүрийг олноор барих, нүхэн гарцны тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Тиймээс нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр замын гарцыг нэмэгдүүлэх, хоёр түвшинтэй болгох тал дээр ажлууд хийж байна. Цаашид төмөр замын дээгүүр болон доогуур ганцхан машин гарах биш явган болон дугуйтай хүн гарах боломжийг нэмэх шаардлагатай. Өнөөдөр машины гарц нь явган хүнийхээс олон байгаа. Машинд сууж олон цаг түгжирч, тойрч төмөр замын дээгүүр гарч байхаар явганаар шууд гардаг гарцыг маш олон болгох нь түгжрэлийг бууруулахад том дэмжлэг болно. Мөн Туул гол дээгүүрх гүүрийг аль болохоор олшруулах хэрэгтэй. Үүний хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжихээр яригдаж байгаа.

-Шинээр төлөвлөсөн хоёр гүүрийг хаана, хаана барих вэ?

-Биокомбинат орчимд нэг, Яармагт ахиад нэг гүүр төлөвлөсөн байгаа. Эдгээр гүүр ашиглалтад ороод ирэхээр замын нэвтрэх чадвар нэмэгдэнэ. Мөн Туулын хурдны зам төсөл энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Төлөвлөгөөт хугацаар ирэх онд барилгын алыг эхлүүлж 2029 онд дуусгах тооцоотой. Манай нэгж яг одоо ажлын даалгавар дээр нь ажиллаж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгал мэдэгдэхүйц буурна.

-Нийслэлийн тойрог замын төсөл гэж бас яриа байгаад байгаа?

-“Их тойруу” гээд тойрог замын төслийн зөвлөх үйлчилгээг бид энэ жилдээ сонгоно. Байршлуудын хувьд ойролцоогоор 13-15 километр орчим Их тойруугаа дайрсан давхар болон дан, тунель гээд олон хэлбэрээр төлөвлөөд, трассаа гаргаад олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлана. Авто замын эдгээр төслүүдийг хийхэд их төвөгтэй боловч хийхгүй байж болохгүй ажил болчихоод байгаа юм. Хийсний дараах үр ашиг нь харин өндөр.

-Энэ том бүтээн байгуулалтуудыг хийхэд хамгийн их асуудал болдог, цаг хугацаа алдуулдаг зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Та түрүүн том төслүүд дээр иргэдийн оролцоо, хандлага чухал гэсэн. Тэгвэл иргэд энэ талдаа хэр байна вэ?

-Удахгүй ашиглалтад оруулах Таваншарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дурдъя л даа. Хүмүүс уг нь их дэмждэг. Гэхдээ газраа хэт өндөр үнэлдэг бэрхшээл бий. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа шүү. Хот ч энэ тал дээр нэлээд анхаарч байгаа. Газрын үнэ өндөр байвал төслийн зардал нэмэгдэнэ. Хоёрдугаарт, газраа чөлөөлж байгаа иргэдтэй гэрээ хэлэлцээр хийх, заримтай нь шүүхээр хүртэл асуудлаа шийдүүлэх гээд цаг хугацаа их ордог. Тэр хэрээрээ маш их хугацаа алддаг юм. Ер нь том төслүүдээ хийхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлыг урьдчилж харах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, метроны нэгдүгээр шугамын судалгааг урьдчилж хийлгэчихээд тухайн трассыг хамгаалаагүй. Шинээр газар олголт өгөхгүй, байшин барилга бариулахгүй байх ажлаа хийж чадаагүй гэсэн үг л дээ. Тухайлбал, Амгалан орчим хэт барилгажсан учраас газар чөлөөлөхөд хүндрэл гарах магадлалтай. Тиймээс бид хотын ерөнхий төлөвлөгөөндөө метроны хоёрдугаар шугамаа тусгаж өгсөн. Эхнийхийгээ хийгээгүй байж гэж бодох хүн гарч мэднэ. Гэвч босоо тэнхлэгийн метроны шугамын газрыг хамгаалах зорилгоор ингэж тусгаж өгөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй бол газар чөлөөлөлтөд тулгарч байгаа одоогийн асуудал дахиад л үүснэ шүү дээ.

-Дүүжин замын тээврийн ажил эхэлчихсэн байгаа гэсэн. Энэ ер нь юу болж байна вэ?

-Бас л олон жил ярьж байгаа ажил. Бүгд найрамдах Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл. Нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлын нэг хэсэг нь. Дүүжин замын тээвэр нь олон улсад эхлээд цанын бааз, аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаж байгаад сүүлийн 20-иод жил нийтийн тээвэрт ашиглаж байна. Дүүжин замын тээврийн хувьд газар чөлөөлөлт харьцангуй бага ч ажил саатсан шалтгааны нэг мөн. Металл хийц болон кабин, тоног төхөөрөмжүүдийг Франц улсад үйлдвэрлэж байгаа. Эхний ээлжийн үйлдвэрлэлт нь 90 орчим хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт авсан. Бараа материалын эхний хэсэг буюу тулгуур багануудыг суурьтай бэхэлдэг анкорууд нь ирэх сард Монголд бууна. Төслийн хүрээнд эхний шугамыг Улаанбаатар хотын босоо тэнхлэгт, Энхтайваны өргөн чөлөөг Наадамдчдын замтай холбосон 4.2 км урттай барьж байгуулна. Энэхүү шугам нь Туул голын дээгүүр гарч байгаа учраас тулгуур багануудын дийлэнх нь голын сав газар байрлаж байгаа. Францууд яг багана суух газрууд дээрээ геологийн нарийвчилсан судалгаа хийгээд суурийн бүтээцийг өөрчлөх шийдвэр гаргасан. Голын сав болон газар хөдлөлтийн нэлээд өндөр идэвхжилттэй бүс учраас гадсан суурь хийхээр болж, одоо нарийвчилсан зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж байгаа. Бэлтгэл ажлууд ерөнхийдөө хангагдсан. Нарийвчилсан зураг төслийн магадлалын ажил дуусангуут дулааны улирлаа ашиглаад ажлыг гурван ээлжтэйгээр явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд багтаж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дүүжин замын тээвэр жилийн дөрвөн улиралд ажиллах уу?

-Ер нь жилийн дөрвөн улиралд ажиллана. Дүүжин замын тээвэр нь хэд хэдэн онцлогтой. Жишээ нь, авто замын ачааллыг нэмэхгүй, цахилгаанаар ажилладаг учраас агаарын бохирдол үүсгэхгүй, дуу чимээ гаргахгүй, иргэн бүрт ээлтэй тээврийн хэрэгсэл юм. Мөн зорчих хурд нь тодорхой учраас хүмүүс цагаа тохируулаад сууж үйлчлүүлэх боломжтой. 4.2 км замыг нэг талдаа ердөө 11 минутад туулна.

-Найдвартай, аюулгүй байдал нь ямар байх бол?

-Ган татлагат тээврийн хэрэгсэл шүү дээ. Мэдээж өндөр технологи шаардсан хариуцлагатай ажил. Тийм ч учраас Францын тал тооцоо, судалгаан дээрээ нэлээд сайн ажиллаж байгаа. Бидний хувьд ч гэсэн бэлтгэл ажлыг хангаад явж байна. Үүнийг дагаад Европын холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 шинэ стандартыг Монголын үндэсний стандарт болгон баталсан. Ер нь бид анх удаагаа ган татлагат тээврийн хэрэгслээр зорчих гэж байгаа мэтээр ойлгож, хүлээн авах хэрэггүй гэж бодож байна. Учир нь бидний өдөр тутам суудаг цахилгаан шат чинь яг л энэ системеер ажилладаг шүү дээ. Босоо чиглэлийн цахилгаан шатыг л хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочихоод байгаа юм. Гэхдээ техник учраас аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал. Туршилтыг 3-6 сарын хугацаанд зорчигчгүй, түр ачаа өгч явуулдаг олон улсын жишээ бий. Гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд 16 мэргэжлийн ажилтан ажиллуулахаар давхар гэрээ хийсэн. Эдгээр мэргэжилтнүүдээ дагалдуулаад 50-60 хүн сургаж авна.

-Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын зам тодорхой болсон гэсэн үү?

-Хоёрдугаар шугам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл байхаар төлөвлөж, ойролцоогоор 2.6 км урттай трассаа гаргасан. Их Монголын болон Олимпийн гудамж буюу 6.5 км зам байнгын түгжрэлтэй байдаг. Энэ чиглэлд шинэ гүүр барьсан ч дахиад замаа өргөтгөх ямар ч боломж байхгүй. Тиймээс тухайн орчинд амьдардаг хүмүүс бусад чиглэлүүдээс илүү ихээр алхаж, дугуйтай явдаг нь судалгаагаар гарсан. Газар чөлөөлөх ажил бага тул эхний трасс дууссаны дараа барилгын ажлыг шууд эхлүүлэх боломжтой.

-Өмнөх жишгүүдийн адилаар хоёулаа болно, бүтнэ гэж сайхан л ярилаа. Тэр ярианууд ажил болсон бол өнөөдөр бид ядахдаа хөнгөн галт тэрэг, тусгай замын автобусаар зорчиж байх байсан шүү дээ. Ер нь тэр төслүүд хэрэгжих боломж байсан юм уу?      

-Хөнгөн галт тэрэг газар дээгүүр явна. Уг нь хэрэгжих боломжтой хугацаа байсан гэж үздэг. Метрог бодвол хөрөнгө мөнгө бага шаардах, хурдан хийх боломжтой байсан. Мэдээж хийж болоогүй олон шалтгаан байсан байх. Том төслүүдийг хийхийн тулд улс төрийн том зориг хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө санхүүгийн асуудал байна. Мөн хотод хийгдэж байгаа том төслүүдийг уул уурхайн ч юм уу, хөдөө орон нутагт хийгдэж байгаа төслүүдтэй харьцуулж болохгүй л дээ. Улаанбаатарт болохоор нөлөөллийн бүс нь маш өндөр. Тиймээс цаг хугацаа, тооцоо судалгаа, хөрөнгө мөнгө, олон нийтийн зөв хандлага гээд олон чухал зүйл шаарддаг. Авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгахын тулд улс төрийн болоод гүйцэтгэлийн түвшинд, ард иргэд маань ч гэсэн нэг цонхоор харж, нэг зорилготой явах хэрэгтэй. Яах вэ, сонгууль угтсан шоудалтын нөлөө байсан ч байж болзошгүй. Ямартай ч өнөөдөр бидний эхлүүлсэн төслүүд санхүүжилтээ шийдсэн, гараанаасаа хөдөлчихсөн учраас амжилттай болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тоогоо нэмсэн ч ажлын чанар тань дээшлэх юм уу, гишүүд ээ DNN.mn

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Улмаар ээлжит сонгуулиар бид анх удаагаа 126 гишүүнтэй парламентаа бүрдүүлж, өдгөө УИХ ээлжит бус анхдугаар чуулганаа хуралдуулж байгаа. Энэ ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны ажлын гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотгол, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсвийн төсөөлөл гээд маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөдөр чуулганы сүүлийн өдөр учраас бүх асуудлаа үүгээр шийдэж таарна байх. Үгүй бол дахин сунгаж хуралдуулах ёстой болно. Аль ч боллоо гэсэн эцсийн гарах үр дүн сайн, муу алин байх нь 126 гишүүний ур чадвар, ажилдаа хандах хандлага, хэр зарчимтай хүн бэ гэдгээс бүрэн хамаарна.

Гэвч өнгөрсөн өдрүүдийн чуулган болоод байнгын хорооны хурлын ирц, гишүүдийн хандлагыг харахад төдийлөн итгэл найдвар төрөхөөргүй л байна. Яах вэ, ихэнх нь шинээр сонгогдсон, асуудлаа ойлгохгүй, гүйцэд судалж танилцаагүй гээд зөвтгөж бодох шалтгаанууд мэдээж байгаа. Нэг үгээр бол энэ удаагийн ээлжит бус чуулган тэдний хувьд “бие халаалт” байж болно. Гэвч тамирчин хүн өдөр тутмын бэлтгэл, бие халаалтаа чин сэтгэлээсээ хийж байж амжилтад хүрдэг учиртай. Дээрээс нь улсын төсөв, ирэх жилүүдийн төлөвлөгөө гэдэг нийт монголчууд ирж буй он цагт хэрхэн амьдрахыг шийдэх маш чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Анх гишүүдийн тоог нэмэх асуудал гарахад улстөрчид төдийгүй олон нийтийн зүгээс чамгүй эсэргүүцэл гарсан. Гэвч хуралдааны ирцийг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг олон талаас нь мэтгэлцэж байж зөв замаар нь шийдэх, төлөөллийн зарчмыг нэмэгдүүлэх гээд олон талын ач тустай гэж ухуулсаар баталж байлаа. Үнэхээр ч өмнөх парламентуудын үед 15 гишүүнтэй байнгын хорооны хурал л гэхэд найман гишүүнтэйгээр явагдаж, асуудлыг таван гишүүний дэмжлэгээр шийддэг байв. Үүнээс болж улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, ард түмний амьдралд хэрэгтэй олон хууль унаж, эсрэгээрээ улстөрчид, дарга нарт ашигтайнууд нь батлагдаж байсан жишээ цөөн биш. Мөн хэт цөөн гишүүнтэй байх нь гадна, дотнын элдэв нөхдийн лоббид орох магадлалтай гэдгийг ч судлаачид дуу нэгтэй хэлдэг байв. Гэтэл энэ долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурал 14 гишүүнтэйгээр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар найм, зургаагийн харьцаагаар дэмжсэн. Уг нь бол Төсвийн байнгын хороо өдгөө 25 гишүүнийн бүрэлдэхүүнтэй.

Хэрэв бүгд хуралдаа суусан бол асуудал арай өөр байх байсан болов уу гэж санагдана. Дээрээс нь олуулаа суусан бол жинхэнэ бодлогын мэтгэлцээн өрнөж, алдаа дутагдал нь хаанаа байгааг олж тогтоог, засаж залруулах байсан байж мэднэ. Тэгээд ч тоогоо нэмсэн хамгийн том шалтгаан чинь энэ шүү дээ. Дээрх бол ердөө ганцхан байнгын хорооны бодит жишээ. УИХ яг одоо 11 байнгын хороотой гэвэл бусад нь иймэрхүү байдалтай л явсан болов уу. Ер нь төсөв хэлэлцэж байгаа үед Төсвийн байнгын хорооны хурлаас өөр ямар чухал хурал, уулзалт байх юм. Хэрэв хурлууд давхацсан бол түр хойшлуулаад ирцээ хангалттай болгож байж орж ирсэн асуудлаа хэлэлцэх ёстой байв. Олон удаа парламентад сууж, сайд дарга хийж явсан байнгын хорооных нь дарга ч гэсэн зарчмын ийм асуудлаа мэдэж л байх учиртай. Гэвч хүссэнгүй юу, ямартаа дөнгөж ирц бүрдүүлээд л хуралдаж орхино лээ.

Зөвхөн байнгын хороо гэлтгүй чуулганы ирц ч хангалттай бус байна. Ээлжит бус чуулганы сүүлийн өдөр учраас өнөөдөр ирц боломжийн хэмжээнд байх биз. Хуралд сууж байгаа нь өнөө л хэдэн шинэковууд. Тэд нар нь зөв, буруугаа ялгадаггүй юм уу. Эсвэл хууччуулаасаа эмээдэг юм уу, ямартай ч олигтой асуулт асууж чадахгүй л байгаа. Хэдийгээр эргүүлэн татахаар болсон ч асуудал дагуулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр цөөн хэдхэн гишүүн л дуугарсан. Тэд хүчтэй эсэргүүцэж, бусдыгаа сэнхрүүлж байж л эргүүлэн татахаар болсон. Түүнээс биш намуудын жагсаалтаар орсон, бусдынхаа сүрд хавчуулагдаад ороод ирсэн нөхдүүд ёстой л нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхөөр байв. Мөн ард түмэн ихийг хүлээж байгаа энэ удаагийн парламент “Мордохын хазгай” гээч болж мэдэхээр нэг зүйл болсон нь унасан асуудал дээр дахин санал хурааж дэмжүүлсэн тохиолдол болов.

Уг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд Засгийн газарт буцаахыг дэмжсэн.

Гэтэл энэ долоо хоногт төхөөрөмж болоогүй /яаж ч болдоггүй шалгарсан аргуудын нэг/ гэсэн шалтгаанаар дахин санал хурааж холбогдох байнгын хороодоор хэлэлцээд явахаар болж “авч” үлдсэн. Нэгэнт олонхоороо шийдчихсэн асуудлыг дахин оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Дээрээс нь чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаа гишүүдийг хэрхэх тухай цахим орчинд олон нийт ярьж эхлээд буй.

Тухайлбал, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга байнгын хороо, чуулганы хуралдаанд нэг ч удаа суугаагүй л байна. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч Төрийн ордонд тоотойхон үзэгдсэн. Ер нь чуулганы хуралдаанд сууж, хууль хэлэлцэх гэж л хэдхэн сарын өмнө эд чинь сонгогчдынхоо саналыг гуйж, худалдан авч янз бүрээр үзээ биз дээ. Тэгсэн мөртлөө тангаргаа өргөснөөсөө хойш үндсэн ажлаа хийхгүй байгаад л иргэд бухимдаад байгаа юм. Бас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг чуулганы хуралдаан тасалсан гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ард түмэн ялгавартай хандаж байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байна. УИХ-ын удирдлагууд ч гишүүдийн ирц оролцоон дээр хатуу анхаарах хэрэгтэй. Шинэ байна гээд улс орон, цаг хугацаа та нарыг хүлээхгүй. УИХ-ын гишүүд бас дарга ямбыг нь эдлэж эхлэсэн биз бодвол, одоо тэгвэл ялыг нь бас үүрч эхлэх хэрэгтэй байна.

Сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо учраас 126 дотор цаашдаа гайгүй сайн ажиллах болов уу гэсэн гишүүд ч бий. Энэ удаагийн ээлжит бус чуулган дээр хэлсэнчлэн “бие халаалт”. Гэхдээ л өдөр тутмын бэлтгэлээ сайтар базааж, чуулганы хуралдаандаа тогтмол сууж байх ёстойг УИХ-ын Тамгын газар нь ч, ард түмэн ч шаардаж, шахах хэрэгтэй. Тэгж байж элдэв хуудуутай хууль бага батлагдана. Хууль сайн байж гэмээнэ ард түмний амьдрал, амьжиргаанд л тустай. Мөн ард түмнээсээ ажил хүлээн авснаа гишүүд ухамсарлаж, үүрэгт ажлаа тогтмол, чанартай хийх үүрэгтэй. Түүнээс биш Их хурлын гишүүн сайхан нэртэй ч ажлаа хийхгүй юм бол дараагийн удаа ард түмэн “халж” л орхино гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй байна. Ер нь тэгээд “олдохоороо өлдөнө” гэж үг байдаг даа. Тэрэн шиг парламентаа “өлдүүлмээргүй” л байна шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Болорчулуун: Гурил, улаанбуудайн импортын татварыг нэмж, боомтуудаа хязгаарлаж, дотоодын салбараа хамгаалах хэрэгтэй DNN.mn

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын бэлтгэл ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өвлийн бэлтгэл намрын ургац хураалттай холбоотой ажлууд ид өрнөж байгаа байх. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газраас 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол гарсан. Үүгээр өвөлжилтөд шаардлагатай өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл, хашаа саравч, худаг ус гээд олон ажлыг бүх аймаг сумдад нь хариуцуулан өгсөн. Мэдээж хариуцаж байгаа олон байгууллага бий. Манай зүгээс үүрэг чиглэл өгөөд, хэрэгжилтийг нь хангаад ажиллаж байна. Хадлан, тэжээлийн аюулгүйн нөөцөө аймаг, сум дор бүрнээ бэлдээд явж байгаа. Мөн одоо намрын ургац хураалтын ажил хаяанд ирлээ. Энэ жилийн хувьд манай тариаланчдын авч хэрэгжүүлж байгаа арга технологи, цаг агаарын нөхцөл байдал зэргээс шалтгаалан ургац хураалт бусад жилүүдтэй харьцуулахад 10 орчим хоногоор урагшлах төлөвтэй байгаа. Тийм ч учраас зарим нь ургацаа хураагаад, гурил үйлдвэрлэлд эхнээсээ буудайгаа тушаагаад эхэлчихсэн байна. Ургацын ерөнхий төлөв байдлын хувьд бидний төлөвлөж байснаас 15 орчим хувиар буюу 56 мянган га талбайгаар багасаж тариалагдсан. Гэвч ургацын эхний байдлыг харахад хэмжээ, чанарын асуудал харьцангуй гайгүй байна. Тийм болохоор төлөвлөж байгаа хэмжээндээ дөхөж очих болов уу гэсэн тооцоололтой байгаа. Ургацын баланс удахгүй гарна. Үүгээр хэдий хэр хэмжээний улаанбуудай хурааж авах нь тодорхой болно. Сүүлийн жилүүдэд зуд, ган гачигтай холбоотойгоор малчдын сэтгэлгээ, хандлага арай өөр болж, байгалийн хадлан, бэлчээр дээр суурилсан мал аж ахуй эрхлэх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож, таримал тэжээл бэлдэх нь их болж байна. Үүний хүрээнд улсын хэмжээгээр 100 гаруй мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Энэ бол худалдан авагч нь бий болсон шинэ зах зээл үүсч байгаа учраас тэжээлийн тариалалт нэмэгдэж байна гэж харж байгаа.

-Төмс, хүнсний ногооны хувьд ямар байгаа вэ?

-Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, тариачид, ногоочдод хаврын тариалалтын үеэр хөнгөлөлттэй зээл олгож байгаа.

Мөн 10 гаруй хүнсний ногоонд урамшуулал олгож, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг хийж байна. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны тариалалт төлөвлөснөөс бага зэрэг давсан. Эрт ургацын ногоонууд худалдаанд аль хэдийнэ гарсан. Ногоочдод тулгамддаг гол асуудал бол зоорь, агуулах, борлуулалт байдаг. Тиймээс Хүнсний 34 дүгээр тогтоолын хүрээнд зоорь, агуулахын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эх үүсвэр гаргасан болохоор зоорь агуулахын тоо, хэмжээ нэмэгдэж байна. Мөн хэд хэдэн газар ногоочдынхоо борлуулалтыг дэмжих цэг, төв байгуулж, машины зогсоол, лангуу, агуулахаар дэмжиж байгаа.

-Та түрүүн улаанбуудайн тариалалт 15 хувиар буурсан гэлээ. Үүнд юу нөлөөлөв. Гури лын импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор улаанбуудай гэхээсээ илүү тосны ургамал тарьсан гэдэг үнэн үү?

-Өнгөрсөн тавдугаар сард гурилын гаалийн татварыг тэглэсэн. Орж ирж байгаа боомтуудын хязгаарлалтыг зогсоож, тоо, хэмжээг хязгааргүй болгосон. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээж импортоор тодорхой хэмжээний улаанбуудай, гурил орж ирж байгаа. Тус шийдвэр нэг талдаа ард иргэдээ хямд гурилаар хангах зорилттой нийцэж байгаа боловч газар тариалангийн салбарын оролцогч талуудад санхүүгийн эрсдэл үүсэх магадлал бий болсон. Тийм болохоор тариаланчид маань тариалалтаа тодорхой хэмжээгээр бууруулсан. Хоёрдугаарт, техник нийлүүлэлт хийдэг компани, ургамал хамгааллын бодис, бордоо импортолдог газрууд гээд оролцогч талууд нь санхүүгийн эрсдэл үүрч болзошгүй болсон. Тиймээс үүн дээр хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

-Оросоос орж ирж байгаа гурил чанаргүй байгаа тухай гомдлууд яаманд ирсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Чанарын асуудал байгаа юу гэвэл байгаа. ОХУ-ын стандарт буюу ГОСТ-ыг хангаж байгаа гурил манай дотоодын гурилын үнээс нэг их хол зөрүүгүй. Харин ТУ буюу техникийн нөхцөл хангаж байгаа гурил нь харьцангуй хямд орж ирж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө хэрэглэж үзээд сонголтоо хийгээд явах байх. Хэдийгээр улаанбуудайн тариалалт тодорхой хэмжээгээр буурсан ч бид ургацаараа нөхөх ямар боломж байна гэдгийг судлаад нэг их буурахгүй болов уу гэсэн тооцоололтой л байна.

-Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахгүй байх эрсдэл үүсч магадгүй юм байна гэж ойлголоо. Хэрэв ийм зүйл болбол импортоор улаанбуудай авах асуудал яригдах уу?

-Ургацын бланс харж байж л шийдэх асуудал. Хэрэв үнэхээр авахаар болсон ч импортоор орж ирж байгаа гурилаараа нөхөх үү, улаанбуудайгаар нөхөх үү гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар яригдана.

-Орж ирж байгаа гурилын чанарын асуудал дээр яаж анхаарах юм бэ. Мэдээж иргэдийг хямд, чанартай гурилаар хангахын тулд гаргасан шийдвэр ч гэлээ зорилгодоо хүрэхгүй байна гэж хараад байна л даа?

-Мэдээж бизнес хийж байгаа компаниуд өөрсдийнхөө ашгийг харна. Нөгөө талдаа гурил нь дотроо дээр хэлсэн ГОСТ, ТУ гэсэн хоёр янз л байгаа юм. Нэгэнт шийдвэр гарсан болохоор энэ нь хэрэглэгчдийн сонголт л болчихоод байгаа юм. Мөн манай дотоодын гурил үйлдвэрлэгчид бол бүгдээрээ л тоног төхөөрөмжийн шинэчлэл хийчихсэн. Тийм болохоор манай дотоодын гурил ямар нэгэн байдлаар чанарын асуудал харьцангуй гайгүй гэж ойлгож болно.

-Улаанбуудайн тариалалт ингээд жил ирэх тусам багассаар гаднаас хараат болчих вий гэх хүмүүс байна. Тиймээс дотоодын тариалалт, гурил үйлдвэрлэлийг нэмэг дүүлэхийн тулд салбар яамнаас ямар бодлого барьж ажиллах юм бэ?

-Манай тариаланчид одоо бол бүгдээрээ улсын газар эзэмшиж байгаа. Тийм болохоор төрийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Стратегийн гол бүтээгдэхүүний хангамжийг чанартай, хүртээмжтэй байлгах чиглэлд хүнсний улаанбуудайг тариалах үүрэг нь байгаа. Харин нөгөө талдаа үүргээ биелүүлээд тарья гэхээр борлуулалт хүндрээд ирвэл тариаланчид санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал бий болно. Тийм болохоор гаалийн албан татвараа нэмэх, орж ирж байгаа боомтуудаа хязгаарлах зэрэг эргэж харж арга хэмжээг авахгүй бол энэ салбар өөрөө уналтад ороод дөнгөж 2008 оноос сэргэж эхэлж байгаа салбар. Одоо бол жилдээ 400 гаруй мянган га талбайд улаанбуудай тариалаад, 470-480 мянган тонныг хурааж аваад дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд очиж байгаа учраас үүнийг бид цаашдаа тууштай бодлогоор хамгаалахгүй бол болохгүй. Тариаланчдад газар дээрээ тэжээл, тосны ургамал тарих зэрэг өөрсөддөө ашигтай тармилууд тарих сонголтууд бий болж байна. Эрчимжсэн мал аж ахуй хөгжиж буйтай холбоотойгоор эрдэнэ шиш, шар буурцгийн тариалалт гарч ирж байна. Гэвч стратегийн хүнсээ ямар ч тохиолдолд дотоодоосоо хангах бодлогоо тууштай баримтална л гэж ойлгож байгаа.

-Хилээр орж ирж байгаа стратегийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг шалгадаг лаборатори ер нь бий юу?

-Импортоор орж ирж байгаа бүх бүтээгдэхүүн дээр манай гаалийн лабораториуд бүгд ажиллаж байгаа. Гурил дээр аваад үзэх юм бол чанаргүй гэхээсээ илүү манай хүнсний гурил гэдэг стандартыг хангаж байгаа. Гэхдээ дотор нь нарийн шинжилгээгээр стандартын бага сага л ялгаа байгаа юм. Ер нь гаалийн бүрэн хяналт дор орж ирж байгаа болохоор огт стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн орж ирэх магадлал тун бага.

-Намрын ажилд шатахуун, түлшний нөөц хэр байгаа вэ. Хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна?

-Намрын ургац хураалт ө өрөө технологийн хугацаатай. Бид ямар ч байсан 14-21 хоногийн хугацаанд бүрэн дуусгах ёстой. Цаг агаарын нөхцөл байдал ч ингэж шахдаг. Энэ хугацаандаа багтах нь чухал. Ингэхийн тулд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ургац хураалтанд ажиллах хүч дутмаг байдаг. Үүн дээр яамнаас анхаарч, Боловсролын яам, зарим их, дээд сургуулиудтай яриад оюутнуудыг ажиллуулдаг. Үүнийгээ үе шаттайгаар хийгээд явна. Дээрээс нь эрчим хүч дээр ямар нэгэн доголдол, саад гарахгүй байх учиртай. Ингэж байж бид будаа тариагаа цэвэрлэх, хатаах, хадгалах зэрэг технологийн ажлуудаа хийнэ.

Мэдээж хамгийн том асуудал бол ургац хураалтад явдаг бүх техникүүдийн дийлэнх нь түлшээр ажилладаг. Тэгэхээр шатахууны хомсдол байж болохгүй. Холбогдох яамнаас өгсөн одоогийн мэдээгээр бол шатахуун, түлш дээр ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэсэн. Тийм болохоор бид харьцангуй гайгүй явах байх л гэж үзэж байгаа.

-Ган, зудын нөхцөл байдлаас болоод мал, махаа тогтмол гаргадаг байх тухай сүүлийн жилүүдэд их ярьсан. Харин саяхнаас булангийн орнуудад ХАЛАЛ аргаар мах гаргадаг болсон тухай дуулдсан. Ер нь мал, махаа гадагш нь гаргах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, санхүүгийн дэмжлэгүүдийн үр нөлөө нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч, манай салбарын импорт буурч, экспорт нэмэгдсэн. Тодруулбал, импорт 10 хувиар буурч, экспорт 6-7 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Үүнд голлох бүтээгдэхүүн гэвэл ноолуур байна. Дээрээс нь түүхэндээ байгаагүй буюу 120 орчим мянган тонн мах экспортод гаргасан. Дийлэнх нь мэдээж дулааны аргаар бэлтгэсэн мах БНХАУ руу гарсан байна. Мөн бид бусад зах зээлийг эрэлхийлж, станы орнууд буюу Казахстан, Киргизстан зэрэг улсууд руу махны экспорт хийж эхэлсэн. Булангийн орнууд буюу Арабын таван орны гурав нь Монгол Улсаас мах авъя гээд хорио цээрийн шаардлагуудаа нээлттэй болгосон. Тиймээс энэ чиглэлд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа эхлээд явж байна. Салбар яамнаас махны экспортоо тогтмол нэмэгдүүлэх бодлого бариад ажиллаж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Гэвч өчигдрийн чуулганы хуралдаанд ирц тааруу, сайд нар суухгүй байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын гишүүдэд нэлээд тулгаж өгсөн гэдэг шүүмжлэлийг гишүүд хэлж байна. Таны хувьд ч гэсэн чуулганы хуралдаан дээр хэд, хэдэн асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Яаралтай горимоор орж ирж байгаа хуулиудыг хурдтайгаар хэлэлцдэг

явдал нь УИХ-ын практикт байдаг л асуудал. Ийм тохиолдолд боломжит хэмжээндээ танилцаад л явдаг. Засгийн газрын төсөв, төлөвлөгөөг бид баталж өгдөг. Харин үүнийх нь хэрэгжилтийг бид ярих ёстой юм. Харамсалтай нь төсвөө батлуулах болохоороо сайд нар хуралдаа суучихаад төсвийнх нь гүйцэтгэлийг ярих гэхээр үзэгдэхгүй байна гэдэг буруу л асуудал шүү дээ. Ажлынхаа тайланг тавьж чадахгүй юм бол яах гэж сайд болсныг бас ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг нэхэх, шаардах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Үүнийгээ л нэхээд байгаа юм. Улаанбаатар хотын үер усны асуудал сүүлийн жилүүдэд хэцүү байгаа. Үүнтэй холбоотойгоор би өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдөр “Авлига хороолол” гэгдсэн нэг газрын асуудал байна. Энэ бол Монгол Улс хуульгүй, дүрэмгүй юм шиг даналзаж байгаа газар. Газрын наймаа, авлигын тод бэлгэ тэмдэг болчихсныг бүгд мэдэж байгаа.

Үүнийг Засгийн газар, Хотын дарга нь шийдвэр гаргаад зогсоох ёстой. Хэн техникийн нөхцөлийг нь өгчихсөн юм. Бүгдийнх нь нэр ил байгаа шүү дээ. Түүнийг нь ил болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) чуулган дээр энэ талаар асуухаар бие бие рүүгээ чихээд “мэдэхгүй” гээд сууж байна. Хотын даргынх нь гаргасан шийдвэр заавал шүүх дээр очиж унаж байх ямар хэрэгтэй юм. Унахгүйгээр Хотын даргын захирамж гаргаж болно шүү дээ.Хот байгуулалт, барилга, орон суужлуулалтын яам нь яагаад үүнийг явуулаад байгаа юм, яагаад дуугардаггүй юм. Бид авлига, шударга ёс яриад байгаа бол энэ ард түмнийг доромжлоод байгаа хорооллыг зогсоох ёстой. Хотын газрын наймаа төгсгөл болох нэг цэг нь үүнийг гэж би үзээд байгаа юм. Хоёр жил гаруй энэ асуудал дээр дуугарч байна.

-Одоо бараг барилгын ажил нь дуусч байгаа юм биш үү?

-Тийм юм шиг байна лээ. Ер нь хууль, дүрэмгүй юм шиг аашилсан л газар байгаа шүү дээ. Харин хуультай, эзэнтэй улс юм бол үүнийгээ харуулах цаг нь болсон. Үүн дээр Засгийн газар, Хотын зүгээс ажиллах ёстой. Би ч үүнийг нэхнэ, ярина. Хэн зөвшөөрөл өгч газрыг нь өгсөн юм. Хэн зөвшөөрч, тог, ус, дулааныг нь өгөх юм гээд ярих зүйл бий. Голын ай савд байгаа учраас хотод үерийн эрсдэл учруулсан. Хоёрдугаарт, төмөр замын дэргэд байгаа. Тийм болохоор яагаад ч барилга барьж болохгүй газар. Хуулиа хэрэв барьж ажиллах юм бол ийм л юм.

-Та чуулган дээр утааны асуудлыг хөндөж байсан?

-Удахгүй хүйтэрч Улаанбаатар хотын утааны асуудал дахиад л үүснэ. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд шахмал түлшний үйлдвэрийг байгуулсан. Уг нь гурван жил гаруй их аятайхан явж байснаа гэв гэнэтхэн эдийн засгийн үр ашиггүй байна гээд энэ төсөл зогсохоор боллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ чинь 40 гаруй тэрбум төгрөг зарцуулсан үйлдвэр шүү дээ. Одоо үүн дээр хэн хариуцлага хүлээх вэ. Утааныхаа асуудлыг хэн нь шийдэх юм гээд асуухаар Эрчим хүчний яам, Хотын захиргааны хэн нь ч хариулж чадахгүй л байна. Ийм байдлаар бид Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж болохгүй. Ямар ч боломжгүй. Тэгээд төсвөө тэлнэ. Төр өөрөө баахан бүтээн байгуулалт хийнэ гэж байдаг. Гэтэл төр өөрөө хийчихсэн байгаа наад захын эдгээр ажлаа хянаж, хариулж чадахгүй бол яах гэж төсөв батлаад, түүнийгээ хянаад сууж байх ёстой юм. Жүжиг тоглох хэрэггүй.

-Засгийн газрын сайд нар чуулганд суухгүй байгаа юм уу?

-Суухгүй л байна шүү дээ. Сайд нарыг нь дуудаад орж ирэхгүй байна. Сууж байгаа нь асуудлаа мэддэггүй. Мэддэг хүнтэй болмоор байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаан татна, татахгүй гэдэг асуудал яригдаж байгаад хэлэлцээд явахаар болчихлоо. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад ажил хийх гээд байгааг ойлгож байна. Том төслүүдээ хөдөлгөж, хийж болно. Гэхдээ зөв замаар оруулж ирэх ёстой байхгүй юу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв дагуулж оруулж ирээд өөрчилж болохгүй. Гол зөрчил эндээс л үүсээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг нь төсвийн шалгуурууд буюу Монгол Улс өөрөө дампуурахгүй байх. Ханш өсөхгүй байх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байхыг зохицуулах гол хэм хэмжээ нь тэнд явж байгаа юм. Тиймээс энэ хуулийг эхлээд өргөн барьж, хэлэлцэж, өөрчлөн батлаад дараа нь үүндээ таарсан төсөв өргөн барих ёстой. Бид нэг удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж байсан. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, онцгой нөхцөл байдлын үед өөрчилсөн. Одоо бол тийм онцгой нөхцөл байдал биш. Гэвч яалт ч үгүй намын бүлгийн шийдвэр гараад явахаар болж байна. Гэхдээ цаашдаа ийм маягаар оруулж ирж болохгүй. Төрийн эрх байгууллага төсөв дээр шийдвэр гаргахдаа өөрийнхөө томилдог хэдэн байгууллагын дүгнэлтийг харах ёстой. Үүнд Үндсэний аудитын газрын тайлан, дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газар, Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлт зэргийг харж байж бид шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ дөрвөн байгууллага дөрвүүлээ макро эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн дүгнэлт оруулж ирчихээд байхад яагаад ийм буруу байдлаар оруулж ирээд байгаа юм. Энэ бол асуудал. Ийм байхад бид дэмжиж санал өгөх хэцүү. Энэ чинь цаанаа долларын ханшийг өсгөнө. Ингэснээр юмны үнэ өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн логик л яваад байгаа юм. Ийм эрсдэл байх вий гээд л гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

-Та ер нь эсэргүүцэж байгаа юм байна. Гэвч танай намын бүлгийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дагах уу?

-Би энэ шүүмжлэлт байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ улс төрийн шийдвэр гарчихсан учраас бүлгийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй шүү дээ.

-Засгийн газрын эрх мэдэл их болсноор парламентын бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Саяын тэр Худалдан авах ажиллагааны тухай хууль бол буруу л байхгүй юу. УИХ төсвийг нь батлаагүй байхад тендер зарлаад гэрээ байгуулчихсан байх юм бол УИХ тэр төсвийг нь батлах ёстой гээд байсан шүү дээ. Энэ чинь УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Харин үүнийг нь ярьж байгаад ашгүй нэг юм буцааж байна.

-Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт олон гоё төсөл, хөтөлбөр багтсан байсан. Гэвч эдгээр төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэйгөөс нь эхлээд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зүйлийг хэлэх хүмүүс байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Яг л ийм байр суурийг шүүмжилж гишүүд яриад байгаа шүү дээ. Богд уулыг нүхэлж, урагш нь холбох төсөл нэн шаардлагатай. Бид шинэ суурьшлын бүсээ гаргах ёстой. Засгийн газраа нүүлгэнэ гэж байгаа нь зөв. Энэ төслүүд хэрэгжих ёстой юу гэвэл хэрэгжих ёстой.

-Дэд бүтцийн гэхээсээ эдийн засгийн үр өгөөжтэйг нь эхэлж хийе гээд байгаа шүү дээ?

-Үйлдвэр, аж ахуйн газрууд байгуулах том төслүүд л уг нь орж ирэх ёстой байгаа юм. Гэвч шинэ Засгийн газар өөрсдөө үүнийг зөв гээд оруулж ирж байгаа бол ажлыг нь гацаагаад яах вэ. Гэхдээ дараа дараагийн ажилдаа анхаараарай гэдэг үүднээс л бид шүүмжлээд байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай эрчим хүчний томоохон төсөл, тус салбарын цаашдын бодлогын талаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Таны хувьд төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр Засгийн газар байгуулагдаад төсвийг тодотгох нь угаасаа зүй ёсны хэрэг. Тодотголыг хийх ёстой. Харин хийхдээ 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хууль хамт орж ирж байгаа. Мэдээж энэ хуулийг дагасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч гэсэн орж ирж байгаа юм. Цэвэр хуулийнхаа үүднээс аваад үзэхээр төсвийн мэдэгдлээ хүчинтэй хуулийн заалтад тулгуурлаж хийх ёстой. Тэр нь төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагууд. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа биш өөрчлөлт орсны дараа гарч ирэх заалтад тулгуурлаж хийсэн. Улмаар тэр нь нийцтэй байна гэсэн дүгнэлттэй орж ирсэн нь УИХ дээр нэлээд маргаан үүсгээд буцаалаа. Энэ мэтийн алдаа дутагдлыг засах нь зүйтэй. Хоёрдугаарт, улс орны хэмжээний том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд төсвийн тогтвортой байдлынхаа тусгай шаардлагад өөрчлөлт оруулж, арай сулруулж байгаад явуулна гэсэн зүйл ярьж байгаа. Том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага байна гэдэг дээр бүрэн дүүрэн санал нийлж байна. Гэхдээ аль болохоор төсвийн оролцоо бага, эрх зүйн орчныг өөрчлөх замаар буюу татварын, бодлогын дэмжлэгийг үзүүлж, хувийн хэвшил, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж хийхийг зорих нь зөв.

Тэгэхгүйгээр төсөв ашигтай байна гээд л Засгийн газар хийгээд байх юм бол нэгдүгээрт их үрэлгэн, хоёрдугаар эрсдэл их байгаа.

-Тухайлбал ямар эрсдлүүд байна вэ?

-Өнөөдөр бид олон улсын улс төрийн байдал, эдийн засаг хаашаа яаж эргэхийг урьдчилан харж чадахгүй байна шүү дээ. Тийм болохоор ийм үед бүгдийг нь өөр дээрээ аваад явах нь эрсдэлтэй. Тиймээс хамгийн чухал төслүүд нь яг юу юм бэ гэдгээ барьж авмаар байгаа юм. Гоё, гоё романтик төслүүдийн заримыг нь хойшлуулж болно. Ийм шаардлага ч гарч магадгүй.

-Таныхаар яг аль төслүүд нь нэн шаардлагатай юм бэ?

-Эрчим хүчний төслүүд зайлшгүй хийгдэх шаардлага байна. Тавантолгойн цахилгаан станц гэж их олон жил яригдсан. Жил бүр бараг цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр БНХАУ-аас эрчим хүч худалдан авч, Оюутолгойг ажиллуулж байна. Энэ бол мэдээж Монголын эдийн засгийн хамгийн том мотор. Мөн Улаанбаатар хотод шинэ эх үүсвэр барина гээд бас л олон жил боллоо.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, нийслэлийн хэрэгцээг хангана гээд байгаа?

-Тийм. Дээрээс нь манайх чинь Оросоос сүлжээнийхээ дутагдлыг нөхөж, хэлбэлзлээ хаадаг шүү дээ. Үүнийгээ аль болох бие даасан байдалтай болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг зайлшгүй хийх ёстой. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал. Баруун бүсийн эрчим хүч хэтэрхий импортын хамааралтай. Найдвартай бус байсаар ирсэн. Тиймээс энэ том төслүүдээс нүүрсний болон усан цахилгаан станцуудаа яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байгаа.

-Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бас л олон жил ярьж байна. Уг нь анх ярьж байснаараа бол хэдийнэ ашиглалтад орох болчихсон. Тэгэхээр ер нь хэлж, ярьж байгаа том төслүүдээ товлосон цаг хугацаандаа ашиглалтад оруулаад дараагийн төслөө эхлүүлдэг байхын тулд яах ёстой бэ?

-Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд төрөөс шийдвэр гаргаад, хөрөнгө оруулагч нь эдийн засгийн хувьд ашигтай ажиллах нөхцөлтэй болгоод өгмөөр байгаа юм. Төр сонгон шалгаруулаад, өөр дээрээ хариуцлага авч хийнэ гэхээр л улс төрөөсөө хамаараад их олон жилийн хугацаа алдаж байна. Би ингэж л боддог. Тийм болохоор аль болохоор л зах зээлийн систем рүү нь оруулах ёстой.

-Эрчим хүчний суурь үнийг нэмэх, либералчлах асуудал сүүлийн үед нэлээн яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Монголд үйлдвэрлэл, барилга, бизнес хөгжүүлье гэхээр эрчим хүч хүрдэггүй. Олон төсөл, үйлдвэр эрчим хүч, цахилгааны техникийн нөхцөлөө авах гээд чаддаггүй байдалтай байгаа. Хэрвээ хангалттай эрчим хүч байсан бол улам их орлого нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тэгэхээр манай эрчим хүчний салбар маань хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байгаа юм.

Нэмэгдүүлээд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татах гэхээр цахилгааны тарифын асуудал гарч ирдэг. Дотоодынхоо цахилгаан станцын үнээс хоёр дахин өндөр үнээр Орос, Хятадаас импортоор авч байгаа. Ийм болохоор энэ салбарт хөрөнгө оруулалт ордоггүй. Үүнээсээ болоод эдийн засаг өсөхгүй, монголчуудын орлого нэмэгдэхгүй болчихоод байгаа юм. Тийм болохоор эрчим хүчний үйлдвэрлэл хөрөнгө оруулалт татахуйц хэмжээний тариф хэрэгтэй. Хоёрдугаарт, одоо ажиллаж байгаа төрийн өмчит цахилгаан станцууд үйл ажиллагааныхаа зардлаас хямдаар бүтээгдэхүүнээ зарж байгаа. Ингээд технологийн шинэчлэл хийж чадахгүй. Өрийн сүлжээнд орчихсон. Цахилгаан станц нь ингэж хямдаар бүтээгдэхүүнээ зараад байгаа болохоор тэдэнд нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг уурхайнууд ч нэг тонн нүүрсээ олборлосон өртгөөсөө хямдаар зардаг. Ингэж хаа, хаанаа алдагдалтай ажиллаж байгаагаа Засгийн газрын өрийг нэмж аргалдаг. Эргээд түүнийх нь хүү, төлбөрийг бид бүгдээрээ хувааж төлдөг байдалтай явсаар ирсэн. Ийм байдалтай байсаар нэг л өдөр Монголын эрчим хүч тэр чигээрээ савлах юм бол юун хөгжил манатай л болно. Тэгэхээр тарифыг бодит байдал руу нь оруулах хэрэгтэй байна. Ядаж алдагдлаа нөхөх хэрэгтэй. Ингэхээр тариф мэдэгдэхүйц хэмжээгээр өснө. Гэвч өслөө гээд Орос, Хятадаас хямд, Европын улсуудтай харьцуулахад бүр хэд дахин хямд байна. Алдагдал нь буураад эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ. Мөн тарифаас гадна өртөгөө нөхөх гэсэн асуудал байна. Хэтэрхий үрэлгэн байдлаас болоод өртөг нь хэтэрхий өндөр гарч байгаа зүйл бий.

-Үрэлгэн гэдгээ тодруулахгүй юу?

-Төрийн өмчийн компаниудад өнөөдөр шаардлагатайгаасаа хэд дахин их хүн ажиллаж байна. Мөн янз бүрийн шахаанууд яригддаг. Цахилгаан дамжуулах сүлжээний алдагдал гэж маш том зүйл байна. Энэ бүхнийг сайжруулбал өртөг буурна. Түүнээс биш зөвхөн механикаар тариф нэмээд алдагдалгүй болгоод байж болохгүй. Зэрэгцээд өртөгөө бууруулах ёстой. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглал өнөөдөр өөрчлөгдөх хэрэгтэй. Улс төрөөс хамааралтай, Засгийн газраас томилгоо хийдэг байх юм бол өртөг буурахгүй. Нээлттэй компанийн журмаар, мэргэжлийн хүмүүс гэрээгээр үйл ажиллагааг нь удирддаг. Улс төрийн нөлөө байхгүй. Улстөрчийн найзууд нь тэнд мөнгө эргэлдүүлж, элдэв зүйл шахаа хийдэггүй л болох хэрэгтэй. Өртөг буурвал үнээ хэт өндөр болгоод байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, өртгөө нөхөхүйц үнэ тариф тогтоолоо гэхэд менежментийг нь давхар заавал хийж явах нь чухал. Тэгэхгүйгээр ганцхан үнэ нэмээд байвал жилийн дараа дахиад л өртөг нь өндөр болчихно. Түүнийгээ нөхөхийн тулд үнээ нэмэх хэрэгтэй гэдэг зүйл мөнхөд яригдах болно.

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох асуудлыг өмнөх Засгийн газар ч ярьж л байсан. Харамсалтай нь дорвитой ажил хийгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгэхээр засагт хамтарсан ХҮН энэ асуудал дээр цаашид хэрхэн анхаарч, засаж залруулах тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ерөөсөө төрийн өмч нийтийн өмчлөлтэй хувьцаат компани л болох хэрэгтэй. Том алдагдалтай байгаа цахилгаан станц, уурхайнуудыг хувьчиллаа гэхэд хувьцаа нь үнэ хүрэхгүй. Дотооддоо олигтой авч чадахгүй. Гаднын ганц, хоёрхон компани аваад дарчихвал яах вэ. Дараагаар нь дуртай үнээ хэлээд монопол болчихвол яана гэсэн айдас байдаг шүү дээ. Үүнээс болоод эрчим хүчний салбарын хувьчлал хойшоо шидэгдэж ирсэн. Тэгэхээр юуны өмнө бие даасан, алдагдлаа нөхдөг хэмжээнд ажиллуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өмчийн дийлэнхийг нь биржээр зардаггүй юм гэхэд Засгийн газраас хамаагүй, гэрээт байдлаар мэргэжлийн удирдлагатай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, эрт, орой хэзээ нэгэн цагт хувьчлах л ёстой. Хувьчлахдаа зах зээл дээр олон талхны үйлдвэр байх юм бол талхны үнийг чөлөөтэй орхиж болно. Харин хоёр, гуравхан байхад нь үнийг чөлөөтэй орхиж болохгүй.

-Үгсэн тохирох зэргээр асуудал үүснэ гэж үү?

-Тийм. Одоо гэтэл Монголын эрчим хүчний 60-70 орчим хувь нь ганцхан том станц байна. Хувийн өмчийн үйлдвэрлэж байгаа эрчим хүч гэж маш бага шүү дээ. Тийм болохоор яг одоогийн байдлаар чөлөөлнө гэдэг үг утгагүй болчихоод байгаа юм. Эрчим хүчний тухай хуульд эрчим хүч үйлдвэрлэхэд үнэ тариф нь бизнесийн хувьд үр ашигтай байх, хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх ёстой гэсэн заалт бий. Үүнийгээ л эхний ээлжинд хэрэгжүүлэх асуудал байна. Харин үүний дараа үйлдвэрлэл нь ашигтай ажиллаад, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд, олон үйлдвэрлэгч бий болсны дараа бид чөлөөлөх асуудал ярьж болж байгаа юм. Ер нь эрчим хүчний хөгжлийн загварын хувьд Монгол Улс том, том станц биш, жижиг, дунд оврын олон тархмал эх үүсвэр байх хэрэгтэй. Тэр нь нүүрс, сэргээгдэх буюу нар, салхи, усных байна. Сүүлийн үед хүмүүс атомын цахилгаан станц ярьдаг болж байгаа. Жижиг атомын станцууд байдаг л даа. Жишээлбэл, хойд туйл дээр усан онгоц очоод зогсчихсон, 20 гаруй жил ажиллаж л байна. Энэ мэтээр олон жижиг станцууд байх ёстой. Монгол чинь том газар нутагтай. Төвлөрсөн цэгээс эрчим хүч үйлдвэрлээд түгээхээр алдагдал өндөр. Алдагдлаа багасгахын тулд тархмал байх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Хоёрдугаарт, аюулгүй байдал талаасаа ч чухал.

-Аймаг бүр л цахилгаан станцтай байна гэсэн үг үү?

-Аймаг бүр л станцтай. Гэхдээ бие даасан биш. Хоорондоо сүлжээгээр холбогддог байх хэрэгтэй. Өнөөдөр чинь дөрөвдүгээр цахилгаан станц зогсоход л улс орон даяараа зогсчих гээд байгаа. Ийм байж болохгүй. Мөн эх үүсвэрийг нь ганцхан сэргээгдэх эрчим хүч гэж туйлширч ерөөсөө болохгүй. Манайх хүйтэн газар. Нүүрсний станцууд зайлшгүй хэрэгтэй. Дорнод аймагт ноднин жил 50 Мвт-ын станц ашиглалтад орсон. Завхан аймгийн Тосонцэнгэлд жижиг станцын, Сэлэнгэ аймагт дунд оврын төсөл эхлэхээр болсон.

Миний мэдэхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Нарийнсухайтын уурхай орчимд жижиг төсөл яригдаж байгаа. Иймэрхүү 20-50 МВт-ын нүүрсний станцууд хэрэгтэй байна. Ингээд олноороо баригдаад эхлэхээр хоорондоо өрсөлдөөн үүснэ. Ашигтай ажилладаг болохоор улсын эдийн засаг нэмэгдэж, эрчим хүчний хангалт сайжирна. Тэр цагт үнийг бүрэн чөлөөлөх асуудал ярьж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Гансүх: Улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл ховор байна DNN.mn

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.


-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж байна. Олон том төсөл багтаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн мэдээлэл явж байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улсын ес дэх удаагийн парламентын сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Түүхэндээ анх удаа 126 гишүүн сонгогдож, олон намын төлөөлөл парламентад орсон онцлогтой сонгууль болсон.

 

Үүний үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдаад, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн гэрээг намын дарга нар байгуулж, одоо 45 хоног л болж байна. Ингээд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байна. Энэ үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дөрвөн зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж тусгасан байгаа юм билээ. Хамтарсан Засгийн газрын гэрээг намын дарга нар байгуулсан ч парламентад сууж байгаа гишүүд нь бүрэн танилцаж чадаагүй. Цаг хугацаагаар маш их шахаж байна гэдгийг гишүүд нь хэлээд байна. Нэг нам дангаараа бус хамтарсан засаг байгуулагдсан учраас томоохон мега төслүүдийг хөдөлгөх бүрэн боломжтой гэж миний хувьд харж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн маань найман жилийн туршид дөрвөн мянган ам.доллар байж байгаад сонгуулйин өмнөхөн таван мянга болж нэмэгдсэн. Гэтэл үүнийг 10 мянган ам.доллар хүргэнэ гэсэн том зорилт тавьсан. Харин үүнийг одоогийн эдийн засгийн хурдаар авч үзвэл төдийлөн нийцэхгүй саналуудыг оруулж ирсэн гэж судлаач хүний хувьд үзэж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийт 149 төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гээд байгаа. Ингэхдээ нийт төслийн 54.1 хувь нь дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлэх, 18 хувь нь аж үйлдвэрийг хөгжүүлэх, 27.8 хувь нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүд багтсан. Гэхдээ эдгээр дотор шүүмжлэлтэй хандах маш олон төсөл бий.

-Тухайлбал?

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд асар их мөнгө зарж байж боссон Дарханы замын төсөлд 131.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 110 тэрбум, Хөшигтийн хөндийн тунельд 55.3 тэрбум, аль хэдийн ашиглалтад орчихсон байх учиртай Газрын тос боловсруулах үйлдвэрт 25.7 тэрбум, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд 256.8 тэрбум гээд өндөр, өндөр дүн тавигдсан байгаа юм. Гэтэл эдгээр төслүүд өмнөх санхүүжилтээр хангалттай хийж болох байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн хил холболтын шугам, боомтын сэргэлт зэрэг төслүүдэд зөвхөн ТЭЗҮ боловсруулах, зураг төсөв хийлгэх, гаднын улсаас зөвлөх үйлчилгээ авах зэрэг маш их хэмжээний мөнгө тусгасан байна.

-Хамаг мөнгөө нэг зэрэг баахан төслүүдэд тараах бус эрэмбэлээд хамгийн чухал, эдийн засгийн ач холбогдолтойгоос нь эхлээд хийх хэрэгтэй гэсэн шүүмжлэл гарч байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийг хугацаагаар шахаад, тэд нар мэдээлэлтэй танилцаж ерөөсөө амжихгүй байна. Хоёрдугаарт, гишүүдийн бүрэн эрхээ эдлэх боломжийг нь олгохгүй, үг хэлэх хугацаагаар хангаж өгөхгүй байгаа юм. Ийм байхад төсвийн тодотголыг дагаж 13 хуулийн төсөл, хоёр тогтоолын төсөл орж ирсэн. Шинэ гишүүд маань яг юу баталж байгаагаа ч сайн ойлгохгүй байх шиг байна. Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлаад 10 жил болж байна. Манай улсын зарлага 2013 онд 6.2 их наяд байсан бол 2023 онд 22.5 их наяд буюу дөрөв дахин нэмэгдсэн. Гэтэл хэмнэлт хийх талаар ярих ёстой байтал төсвийн тодотгол дээр 3.1 их наяд төгрөгийн зарлага нэмээд л ороод ирлээ. Өөрөөр хэлбэл, маш үрэлгэн, эргээд санхүүгийн ямар ч ач холбогдол байхгүй, зардал нэмсэн, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт дээр суурилсан байдлаар хандаж байна. Энэ олон төсөл дунд улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл маш ховор байна гэж харж байгаа. Мөн хуулийн хулгай гэгддэг байдлаар хуулийн төслийг оруулж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хамгийн чухал заалт болох 6.1.3-ийг өөр томъёоллоор тодотгосон. Үүнийгээ тэгээд хүч түрээд батлах гэж оролдож байна.

-Энэ удаагийн парламентад олон намын төлөөлөл орсон учраас хяналт сайжрах байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл гурван нам хамтарсан Засгийн газар байгуулснаар хяналт суларчихлаа гэх хүмүүс байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ардчилсан нам, ХҮН зэрэг намууд бүгд л сонгуулийн үеэр данхайсан төр хэрэггүй. Энэ олон яамыг цөөлж, 10 дотор оруулна гэж ярьсан. Гэтэл хамтарсан засагт орсноор эсрэгээрээ төрийг улам л данхар болголоо. Энэ нь зарчмаасаа ухарсан үйлдэл гэж харж байгаа. Одоогийн байдлаар төсвийн тодотгол, мега төслүүдтэй холбоотой ямар нэгэн хэлэлцүүлэг ч явахгүй байна шүү дээ.

-Та нэлээд үрэлгэн байдалтай төсвийн тодотгол болж байна гэсэн. Тэгвэл бид тэвчиж, танаж болох зардлууд юу байна вэ?

-Нийт 149 төслийг хэрэгжүүлэхэд манай дотоодын компаниуд мэргэжлийн түвшинд хийж, тендер нь үнэн шударгаар явах болов уу гэдэг маш том эргэлзээ байна. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг ирэх жил 80 сая тонн болгоно гэж оруулж ирсэн. Манайх уул уурхайгаас олж байгаа орлогоо инноваци бүтээх, орлого олдог, экспортыг нэмэгдүүлдэг төслүүддээ зарцуулахгүй байна. Жишээлбэл, одоо 24 суманд 100 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина гээд байгаа. Халамж дээр л гэхэд 84 тэрбумыг төсөвлөсөн. Дээрээс нь олон нийт тэрбум, их наяд гэдэг тоог сонссоор байгаад одоо бүр дөжирчихлөө. Хэрэгжүүлж байгаа төслүүд нь хугацаандаа дуусдаггүй, төсвийн тодотголоор дахиад л мөнгө нэмж оруулж ирдэг. Төсвийн ямар ч хяналт, хариуцлага байхгүй. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, олж ирсэн мөнгөөрөө тоглоод байна. Энэ олон төслийг хэн хийх юм гээд хүний нөөцөө ч тодорхойлж чадахгүй л сууж байна. Энэ удаагийн Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд шууд халдсан. Давхар дээлтэй сайд нар томилсон. Эрх мэдлийн төвлөрөл хэт нэг талдаа гарсан. Парламент нь өөрөө мэтгэлцдэг, олон ургалч үзэл гардаг суурь зарчмаасаа ухарсан.

-Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулах гэсэн гэдэг шүүмжлэл гарсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өмнөх Засгийн газар цар тахлыг далимдуулаад шууд худалдан авалтыг маш их хийсэн. Нийтдээ 2-3 жил ийм байдалтай явж ирсэн. Үүн дээр ямар нэгэн аудит хийсэн, хяналт шалгалт огт байхгүй. Яг үүнтэй адилхан Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тендергүй явах, өөрсдөдөө хэт өндөр эрх авах гэсэн заалт оруулж ирээд явж байна л даа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүдээ агаарлуулдаг хөдөөтэй байх сайхан DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн амралт дуусах тийшээ хандаж, хөдөө эмээ өвөө дээрээ очсон жаалууд эхнээсээ ирж байна. Ишиг хурганы араас хөөцөлдөж, малын толгой эргүүлж, цагаан идээгээр дархлаагаа тордсон бүжин бор нөхдүүдийг харахаар өөрийн эрхгүй хайр төрнө. Улаанбаатарын утаа униар, тоос тортог, нүргээн чимээнээс хэсэгхэн ч гэсэн холдуулж, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр агаарт байлгачихдаг хөдөөтэй байх сайхан шүү. Хэдэн биенээ санасан хөгшин, залуу нөхөд зуны сарыг уйдах завгүй өнгөрөөж, элэг сэтгэлээ хэсэг дэвтээдэг. Ингэж хөдөө амраад ирсэн хүүхдүүд өвлийн ид хүйтнээр ханиад томуу тусах нь ч бага байх шиг санагддаг юм.

Харин зориод очих эмээ, хөдөөгүй болсон хүүхдүүдээ харахаар өр өвдмөөр. Хоёр жилийн өмнө эмээ нь бурхан болсноос хойш өвөөг нь хотод өөрсдийнхөө дэргэд авчихсан болохоор ийн хөдөөгүй болчихсон хэрэг л дээ. Тиймээс зориод очих эмээ, өвөө, хөдөө сайхан нутагтай байгаа дээр нь хүүхдүүдээ явуулж л байгаарай.

Эрүүл мэндэд нь тустайгаас гадна хүүхэд биеэ дааж сурдаг юм. Өвөө, эмээ нар ач, зээгээ эрхлүүлдэг ч гэсэн хэзээ ч буруу хүн болгохгүй. Сэтгэл сайтай, хүнд тустай хүн болгож өсгөдөг юм билээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Таны хувьд төсөлтэй танилцсан байх. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж зарлага нь гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн үндсэн шалтгаануудыг нь харж байхад маш олон бүтээн байгуулалтын төсөв байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг улам сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийг саармагжуулах том, том төслүүд орсон байсан. Жишээлбэл, хотын тойрог зам. Ийм тойрог зам бол ямар ч метрополис хотод байдаг зүйл. Бидний сайн мэдэх Бээжин хотод л гэхэд зургаан тойрог зам байдаг. Харин нийслэлдээ ямар ч байсан нэгийг хийе гэж байгаа юм. Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг орохын тулд хотын төвийн түгжрэлд оролгүйгээр энэ тойрог замаараа л явчихна. Дээрээс нь нэмээд дүүргүүдийн олон салаа замуудыг тойрог зам нэгтгэж өгнө. Олон жил яригдаж байгаа Туул голыг дагасан хурдны зам байна. Энэ чинь зүүн, баруун чиглэлийг холбосон маш том судас болно. Үүнээс гадна тунель гэдэг их сонин зүйл. Миний хувьд үүнийг үнэхээр дэмждэг. Ямар ч том улсад томоохон тунелүүд байдаг. Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд байрладаг.

Тэлье гэхээр чадахгүй байгаа. Тийм болохоор тунель барьснаар хотоо урагш нь тэлэх бололцоог нээж өгнө. Мөн Солонго-1, 2 хороололд улсын төсвөөс 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Улсаас хэрэгжүүлж байгаа 20 мянган иргэнээ орон сууцжуулах том хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр эмнэлэг барих, одоо байгаагаа шинэчлэх, тоног төхөөрөмж шинээр нэмж авах гээд зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Өнөөдөр монголчууд жил бүр 300 орчим сая ам.долларын эмчилгээг гаднын улсад очиж хийлгэж байна. Энэ урсгалыг дотооддоо авч үлдэх, монголчуудаа эрүүл болгох тал дээр Засгийн г азраас маш том ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Мөн бараг 400 орчим тэрбум төгрөгөөр шинээр сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарал хандуулж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол бол аж үйлдвэрийн үндсэн суурь байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, чанар нь муудсан агаарын шугамуудыг солих гээд олон ажил байна. Үндсэн парометрүүдийг аваад үзвэл харьцангуй эрүүл гэж харж байна. Улс орны эдийн засаг тэлж байхад төсөв дагаж тэлэх ёстой. Ингэж байж том том суурь эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Тэгснээр Монгол Улс хөгжинө. Мөн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан үндсэн үзүүлэлт нь 34 хувь арай хүрэхгүй байгаа юм. Манайхтай ижил төстэй улсууд буюу Киргизстан 60 хувь, Укбейкстан 38 хувь гэх мэтчилэн байна. Төсвийн алдагдлаа бид яг хоёр хувьдаа барьж байгаа. Цар тахлын дараа хоёр хувьд барьсан улс орон цөөхөн. Ингэхээр манайх эрүүл макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ авч хадгалж чадаж байна гэж ойлгож болж байгаа юм. Харин санаа зовж байгаа хоёр зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр яалт ч үгүй тодорхой хэмжээний дарамт ирнэ. Ингэснээр нэгдүгээрт, ханш болон Монголбанкны валютын нөөцөд сөргөөр нөлөөлөх үзүүлэлт. Урсгал данс оны эхнээс өнөөдрийг хүртэл 500-гаад сая ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл нийтдээ 50 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь шууд манай гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамт. Үүгээр дамжаад ханшид дарамт ирнэ. Хэрэв ханш суларвал импортоор орж ирж байгаа инфляц нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар манай инфляц таван хувь, үүний 1.8 хувь нь импортын инфляц байна. Ковидын дараа манай инфляц 15, үүний 50 хувь нь импортын гаралтай инфляц байсан. Харин тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор импортын инфляц буурсан. Мөн шатахуун, түлшний асуудлаар Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр өсөхгүй байгаа.

-Тэгвэл төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтаа яаж арилгах юм бэ?

-Нэгдүгээрт, бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Нийтдээ 14 мега төсөл, хөтөлбөр байгаа. Эдгээр нь нийтдээ 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг ямар ч улс орон өөрсдийн төсвөөрөө хэрэгжүүлж чадахгүй. Заавал гаднын хөрөнгө оруулалт буюу инженерийн, хөрөнгө оруулалтын компаниуд оруулж ирэх шаардлагатай. Улсын төсвөөр 10 орчим хувь буюу суурь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөөд үлдсэн дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ингэж чадвал төлбөрийн тэнцлийн урсгал дансаа сайжруулна. Заавал мега төслүүд гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулчихвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал одоогоор ямар байгаа вэ?

-Маш тааруу байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах гадаадын хөрөнгө оруулалтын коэффициентийг нь харахад манайх ердөө 12-15 хувьтай л байгаад байгаа юм. Үүний 10-аад хувийг нь Оюутолгой дангаараа эзэлж байна. Ингэхээр харамсалтай нь бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Азийн бар гэгддэг орнуудыг харахад маш олон жил гадаадын хөрөнгө оруулалт нь 40-60 хувь байсан. Тиймээс бид дор хаяж 40 хувьд хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх, өмч хөрөнгийг нь хамгаалсан хууль эрх зүйн байдлыг бий болгох ёстой. Хоёрдугаарт, бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, мега төслүүдээ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт сурталчилах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л хөрөнгө оруулалт татаж чадна.

-Энэ намар, болоод ирэх жилийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төлбөрийн тэнцэл болон төгрөг дээр ирж байгаа харьцангуй сайжирна гэж харж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхайн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын холболт хийснээр нүүрсний экспорт энэ оноосоо илүү нэмэгдэх учиртай.

-Энэ жилийн хувьд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн байсан. Энэ боломжтой юу?

-Миний хувьд үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл бид одоогийн байдлаар 42 сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Мөн ноднин жилийн долдугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд бид 78 сая тонн нүүрс гаргачихсан байгаа юм.

-Урд хөрш маань нүүрсийг одоогийнх шигээ тогтмол авах юм уу?

-Авах үндсэн нөхцөл нь байна. Учир нь Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Тэгвэл Австрали, Индонезиос далайн тээврээр авах уу. Эсвэл хөрш орон болох Монгол, Оросоос авах уу гэдгээ мэдээж тооцож байгаа. Тээврийн зардлын хувьд манайхаас авах нь хамаагүй хямд тусна. Мөн цаг агаарын өөрчлөлтөөс болж хятадуудын барьсан усан цахилгаан станцуудын гол, ус нь ширгэсэн. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нь багассан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний болон атомын цахилгаан станцын маш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Дээрээс нь Хятад улс жилд 1-1,2 тэрбум тонн ган хайлуулдаг. Нэг тонн ган хайлуулахад 700 кг коксжих нүүрс ашигладаг. Тэгэхээр тэнд нүүрсний хэрэглээ өндөр байна. Хэрэв бид төмөр замын хил холболтуудаа хийчихвэл 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж байгаа.

-Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь зэс шүү дээ. Энэ тал дээр ямар байдал ажиглагдаж байна вэ?

-Зэсийн макро үзүүлэлтүүд маш сайн байгаа. Нэг тонн нь одоогоор 9500 ам.доллар байна. Мөн хэрэглээний хувьд огцом нэмэгдэж, нийлүүлэлт нь багасах юм уу, тогтвортой байх үзүүлэлттэй байгаа. Яагаад гэхээр Оюутолгойтой харьцуулах хэмжээний зэсийн орд илрээгүй, ашиглалтад орох төсөөлөл ч алга. Зэсийн хэрэглээ яагаад өсөөд байна гэхээр одоогийн байдлаар дэлхийд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь электрон машин. Харин Хятад улсад 40 хувийг нь электрон машин эзэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар электрон машины хэрэглээ огцом нэмэгдээд, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 хувь хүрнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад зэсийн хэрэглээ нэмэгдэнэ. Нэг электрон машин үйлдвэрлэхэд 140 кг зэс ашигладаг юм. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь ч нөлөөлнө. Нэг мегаватт сэргээгдэх эрчим хүчний станц барихад ойролцоогоор 4.2 тонн зэс ордог. Өнөөдөр зарим улс орнууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар хичээж байна. Португал гэхэд л сая хэд хоног 100 хувь хангаж чадсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаан маргаан дагуулж байна. Энэ яг юу болсон юм бэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар өрийн тааз болон Засгийн газрын төсвийн алдагдлаа аваад хаячихсан. Харин одоо эргүүлэн оруулж байгаа гэж байсан. Энэ нь зөв л дөө. Гэхдээ хэчнээн аваад хаячихсан ч гэсэн бид үндсэн парометрүүдээ барьж чадсан. Орж ирж байгаа төсвийн тодотгол ч гэсэн үүнийгээ маш сайн барьж байгаа. Мөн 2025 оны төсвийг ч гэсэн оруулж ирэхдээ үүнийгээ барих ёстой.

-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр орж ирсэн. Гэтэл хэтэрхий олонд том төслүүд зэрэг эхлүүлж байна. Үүний орон эрэмбэлээд нэг, нэгээр нь ашиглалтад оруулаад явах нь зүйтэй гэсэн шүүмжийг зарим нь хэлж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж нэг талдаа зөв л дөө. Нийт 14 мега төсөл байгаа. Миний харж байгаагаар бэлэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн зэргээсээ шалтгаалан зарим нь илүү хурдан хэрэгжинэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын хил холболтууд гээд хурдан хэрэгжих боломжтой төслүүд бий. Харин зарим нь ТЭЗҮийн шатанд ч явж байгаа. Ер нь эцсийн үр дүндээ бид төсвийн тэлэлттэй бодлого явуулж байж эдийн засгаа өсгөнө. Үүнийгээ дагаад ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулна. Эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын зорилго бол Төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ хамгийн чинээлэг улс орон болохыг л хүсээд байгаа шүү дээ. Тиймээс ч зоригтой алхамуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.доллар болгоно гэсэн. Энэ зорилгодоо хүрэх боломж бидэнд байна уу?

-Дотооддоо бол бүрэн боломж бий. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлээс шууд хамаардаг. Нүүрс болон зэсийн үнэ. Харин үндсэн макро парометрүүд, эрэлт нийлүүлэлтийн прогноз эерэг байгаа болохоор хүрэх бололцоо нь өндөр байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран хүчээ нэгтгээд хийх ёстой нэг ажил нь зээлжих зэрэглэлээ сайжруулах юм. Хөрөнгө оруулагч нар биднийг зээлжих зэрэглэлээр л дүгнэдэг. Үүнийг сайжруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон улсад зээлжих зэрэглэлийг тодорхойлдог Эс энд Пи (S&P), Фитч (Fitch), Мүүдис (Moodys) гэсэн гурван том байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудтай тулж ажиллаад, Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлуудыг тайлбарлаад явбал зээлжих зэрэглэл сайжрах боломжтой гэж харж байгаа юм. Ер нь зээлжих зэрэглэлийг тодорхойлдог 23 үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний 22 нь шууд дотоодын эдийн засагтай хамааралтай. Үлдсэн нэг нь гадаад орчин байдаг юм. Тэгэхээр 22 дээр нь бид өөрсдөө зөв тохируулга хийгээд сайн тайлбарлаж чадвал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой. Манай улс саяхан л саарал жагсаалтад байсан. Харин Засгийн газар, УИХ, Монголбанк хамтран ажилласны үндсэн дээр амжилттай гарсан. Яг үүн шиг бид өөрсдийгөө илүү сайн ойлгуулаад, тайлбарлаж чадвал бүрэн боломжтой.