Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Ураны төсөл хэрэгжсэнээр Монгол Улс атомын цахилгаан станцтай болох суурь судалгаа эхэлнэ DNN.mn

Манай улс Франц улстай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг төслийн талаар Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Франц улстай хамтран явуулах ураны төсөл ямар шатандаа яваа вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-УИХ-ын сонгууль болж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Улмаар ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт салбар бүрийн маш олон зорилт бий. Тэр дундаа энэ хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гээд заачихсан. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортолно. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлж, олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, бизнесийн томоохон орчин нээгдэнэ гэж үзэж байгаа юм билээ.

Үүнтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ.

Тэгэхээр УИХ-аар ороод батлагдчихсан учраас нэг ёсондоо хууль болчихсон. Тийм болохоор зайлшгүй хэрэгжинэ л гэж харж байгаа.

-Гэтэл иймэрхүү том төслүүд хэрэгжих хугацаа нь хойшилдог. Хугацаа их алддаг тохиолдол олон. Саяхан хойд хөршийн ерөнхийлөгч айлчилсан учраас энэ төсөл зогсох вий гэсэн болгоомжлол ч байна л даа?

-Физикч, энэ салбарт олон жил ажиллаж, судалгаа хийсэн хүний хувьд хэлэхэд, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ нэг талаасаа энэ чинь улс төрийн тохиролцоо, дипломат харилцаа гээд олон зүйл бий. Нөгөө талаасаа энэ бол бизнесийн төсөл шүү дээ. Францын “Орона”, манай “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр компани хэлэлцээр хийж байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ л хэлэлцэж байгаа асуудал. Түүнээс биш энэ төслийг зогсоох ноцтой шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх шатандаа л яваа.

-Уран гэхээр л жадлан эсэргүүцдэг хэсэг нөхөд бий. Тэгвэл энэ нь үнэхээр тийм хор хөнөөлтэй зүйл юм уу?

-Физикч хүний хувьд хэлэхэд, уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай. Химийн хувьд хоруу чанартай. Идэж, уугаад байж болохгүй. “Н.Тэгшбаяр чи идэж болно гээ биз дээ” гээд дайрч л байдаг юм. Гэтэл уран идээд сууж байдаг физикч битгий хэл хуруугаа амандаа хийдэг хүүхэд ч орчин үед байхгүй. Дээрээс нь ураныг тариа буудай шиг хормойлж ирээд тарьчихаагүй. Дэлхий анх үүссэн цагаас л манай байгаа энэ хэсэгт ураны тогтоц бий болсон байна. Манайх чинь 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Ийм хэмжээний ураны нөөцтэй байгаадаа бид хувь тавиландаа талархах ёстой. Үүнийг хэрэглэх цагтаа хэрэглээд л явах хэрэгтэй.

-Тэгвэл манайх ойрын хэдэн жилдээ атомын цахилгаан станцтай болох боломж бий юу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ гэж туссан. Энэ бол үнэхээр чухал. Ямар ч зүйлд судлагаа, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй. Тэгэхээр судалгааг нь энэ Засгийн газар бүрэн хийж дуусгах юм байна гэсэн ойлголттой байгаа. Ингэсэн т охиолдолд атомын цахилгаан станцтай болох бүрэн боломжтой болно.

Мөн 2009 онд УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гэдгийг гаргасан. Дээрээс нь Цөмийн энергийн тухай хуультай. Энэ бодлого, хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэхдээ Үндэсний аюулгүй байдал, олон улсын бүхий л гэрээ конвенцэд нийцүүлээд явуулах ёстой. Мөн манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат байдлаар хамгаална гээд заачихсан. Ингэхдээ цөмийн энергийн салбараар дамжуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тэнд Монгол Улсын дуу хоолой хүрч, эрх ашиг хамгаалагдаж байх ёстой. Францтай хамтраад энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Европын холбооны том хөрөнгө оруулалтууд ч орж ирэх боломжтой. Энэ төсөл агуулгаараа манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа гэж ойлгодог. Стратегийн том ажил учраас бүхий л салбараас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм билээ. Тийм уч раас удахгүй хэрэгжинэ гэж итгэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцъё DNN.mn

Сар хүрэхгүй хугацааны дараа орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль болно. Тодруулбал, ирэх сарын 11-ний өдөр орон даяар болох юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн ирц орон даяар 69.3 хувьтай болж өнгөрсөн. Гэвч орон нутгийн сонгуулийг хуулиараа ирц хамаарахгүй болгосон. Нэг ёсондоо хэдэн хувийн ирцтэй байхаас үл хамааран илүү санал авсан нь ялалт байгуулна гэсэн үг. Уг нь бол өмнө нь 50 хувь дээр нэмэх нь нэг хувийн ирцдээ хүрээгүй бол тухайн тойргийн сонгуулийг дахин явуулах хуулийн заалттай байлаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулах магадлалтай намын хүмүүс нь бусад сонгогчдыг ирүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авах байх. Тэр ч утгаараа өнөөгийн эрх баригчид сонгуулийг баасан гаригт тааруулсан гэсэн хардлагыг бусад нам, эвслийнхэн илэрхийлээд байгаа. Манай сонгогчдод үеийн үед ажиглагддаг нэг том алдаа байдаг нь орон нутгийн сонгуулийг нэг их тоодоггүй. Нэр дэвшигчдийн тараах материалтай тэр бүр танилцаж, ам хэлийг нь асууж шалгаадаггүй. Тэгсхийгээд л сонгууль өгсөн болоод өнгөрч байгаа харагддаг. Энэ нь эрх баригчдад маш том давуу талыг бий болгосоор ирсэн. Учир нь тэдэнд хорооны дарга нар, халамжаараа бий болгосон бэлэн сонгогчид байдаг.

Гэтэл УИХ-ын сонгуулиас илүү хамгийн чухал сонгууль бол орон нутгийн сонгууль байдаг. Учир нь төрийн эрх барих дээд байгууллагад гарсан нам, эвсэл бол улс орны хэмжээний бодлогын шинжтэй зүйлсийг шийдэж, томоохон хуулийн төслүүдийг санаачлан баталдаг. Тэгвэл сум, хороо, дүүргийн төлөөлөгч нар чинь өдөр тутмын амьдралын тань асуудлуудыг голчлон шийддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод утаа, түгжрэл, замын эвдрэл, хог, шороо гээд олон асуудал бий. Энэ бүхнийг зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон нөхөд л хамтран шийдэх учиртай. Түүнээс биш яам, тамгын газрын дарга нар, УИХ-ын гишүүдээс гудамжныхаа хогийг ач гээд шаардаад байж болохгүй. Үүнтэй адил сум, орон нутгийн асуудлуудыг чинь тэд л шийднэ.

Тухайн тойрог таван мянган сонгогчтой байгаад мянга нь ирж саналаа өгсөн ч хамгийн олон санал авсан нь ялалт байгуулж, үлдсэн дөрвөн мянган хүнийг төлөөлөн шийдвэр гаргана гэдгийг л манай сонгогчид ойлгох хэрэгтэй. Түүнээс биш нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа уйлж дуулаад, улаан бичигтэй жагсаал цуглаан ямар ч нэмэргүй. Нийслэл, аймаг, суманд тань аль нам олонх болж, ирэх дөрвөн жил засаглахыг ардчилсан сонгуулийн зарчмаар л сонгогчид мэднэ. Энэ жилийн хувьд нийтдээ 8031 мандат дээр 17 мянган хүн өрсөлдөхөөр болсон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарласан. Эдгээр хүмүүсээс төлөөлөгчид сонгогдож, тэдгээрээс сум, хороо, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тодорно. Том хоёр нам буюу АН, МАН-ын хувьд тойрог бүрд хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Ирэх сарын 27-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мэдээж өдгөө иргэдээ төлөөлөн сууж байгаа хүн маш олноор нэр дэвшсэн нь харагдаж байгаа. Мөн шинээр нэр дэвшигчид, бусад нам, эвслийн дэвшигч гээд олон сонголт бий. Тэгэхээр сонгогчдод үндсэндээ хоёр сонголт байна. Хуучин буюу өнгөрсөн хугацаанд таныг төлөөлөн орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилласан хүмүүсээ дахин сонгох. Мэдээж тухайн хүмүүсийг сайн ажилласан, итгэл даадаг, эргэх холбоотой байдаг гээд олон зүйл энэ сонголтод нөлөөлнө. Гэвч хамгийн чухал нь та одоогийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Амьдарч байгаа орчин тань эрүүл, аюулгүй байж чадаж байна уу гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй. Харин энэ асуултад хангалттай гэсэн хариулт гарч ирэхгүй бол дараагийн сонголт нь шинэ хүмүүс. Шинэ нам гаргах хэрэгтэй. Та сонгуульдаа ороогүй байж амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаад элдэв юм гонгинох эрхгүй болно гэж мэдэж байгаа юу.

Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг сонгохдоо тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтыг нэг бүрчлэн харж, өмнөх хүмүүсийнхээ алдаа дутагдлыг давтахгүй гэдэгт нь итгэлтэй байх ёстой. ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол тухайн сум, дүүрэгт тулгамдаж буй олон асуудлыг олж хараад түүнийг шийдэхийн тулд төсөв татан төвлөрүүлээд засах үүргийг хүлээдэг. Гэвч ер нь таны амьдарч байгаа газарт аль нам ялах нь тийм ч сонин биш. Тэгээд ч ИТХ-ын сонгууль улс төрөөс ангид байх ёстой.

Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч нь намын харьяалалгүй байх ёстой гэдгийг хуульд зааж өгсөн байдаг юм. Харин намд нь итгээд, намын хатуу гишүүнчлэлдээ үнэнчээ харуулах гээд нөгөө л нэг худалч, хулгайчдаа сонгочих юм бол таны, миний, бидний амьдрал одоогийнхоосоо улам л уруудна гэдгийг санах ёстой.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль анх 1996 оны наймдугаар сард батлагдаж, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болж байсан түүхтэй. Харин бид энэ удаад өнгөрсөн 2020 онд шинэчлэн найруулсан хуулийн дагуу сонгуулиа өгнө. Энэ хуулиар бол нөгөө л улиг болтол яриад байгаа ирц хамаагүй болчихсон юм. Тиймээс сонгогч та ажлын сүүлийн өдөр, баасан гариг гэж ийш тийшээ явалгүй. Эсвэл “Надаар л дутав гэж” хэмээн залхуурч, хайнга хандалгүйгээр хэсгийн хороон дээрээ очоод саналаа өгөөрэй. Энэ бол Монгол Улсын иргэн болсны тань нэгэн том үүрэг, хариуцлага төдийгүй төрийн эрх барьж байгааг тань мэдрүүлэх хамгийн чухал зүйл юм. Хэрэв та, таны эргэн тойронд байгаа хүмүүс “Надаар дутахгүй”, “Хэн нь ч гарсан ялгаагүй” гэх үзлээр хандаж, саналаа өгөхгүй л байх юм бол ирээдүйд таны хүүхэд өнөө л утаатай, түгжрэлтэй, хог шороотой хотдоо амьдрах болно гэж бодоорой. Харин өнөөдөр өгсөн таны санал ирээдүйг бага ч болов өөрчилж, үр хүүхдийн тань амьдралын чанар сайжрахад бага ч болов тус нэмэр болох учиртай билээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ улс-төр

А.Бегарыс: Төр засгаас дэмжээд өгвөл Баян-Өлгий аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой DNN.mn

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга А.Бегарыстай ярилцлаа.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Бегарыс гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхлээд 10 орчим жил болж байна. Сүүлийн гурван жил Баян-Өлгий аймагтаа барилгын компани байгуулаад орон сууцны барилга барьж, төслүүд хэрэгжүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн анхны орон сууцны хотхоны төслийн ажил ид өрнөж байна. Ноднин жилийн аравдугаар сард аймгийнхаа Ардчилсан намын даргаар сонгогдсон. Ингээд нэг жилийн хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн сонгуульд орох гэж байна.

 -Орон нутагт барилга, орон сууцны том төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гарч байна. Цэвэрлэх байгууламж, төвийн шугам, эрчим хүч гээд асуудлууд бий байх л даа?

-Ер нь байгаа. Нийт 21 аймгийг аваад үзэхэд хамгийн үнэтэй газартай аймаг бол манайх.

-Шалтгаан нь юу вэ?

-Сая таны хэлсэн дэд бүтцийн хомсдолтой холбоотой. Цаашдаа барилгын салбарын асуудлуудыг улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Одоо хүйтний улирал эхлэхээр манай аймагт утааны асуудал тун хүнд байгаа. Ойрын 5-10 жилийн хугацаанд Улаанбаатарынх шиг болох хэмжээнд хүрчихсэн. Үүний шийдэл нь мэдээж орон сууц. Мэдээж бүгдийг нь орон сууцжуулж чадахгүй ч гэсэн дулаан алдагдалгүй байшингуудыг бий болгох боломжуудыг судалж байна. Үүнийхээ хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн Түмэнбаяр гэж хүнтэй уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нь танилцсан. Мөн дулаан алдагдалгүй гурван байшин барьж, одоо аравдугаар сард ашиглалтад оруулах гэж байна.

-Цаашид Баян-Өлгий аймагт зайлшгүй хийж хэрэгжүүлэх ямар чухал ажлууд байна гэж та харж байгаа вэ?

-Аймаг, улсын хөгжил гээд аваад үзэхээр бүх зүйл нь сонгуультай холбоотой байгаа юм. Харин миний хувьд сонгууль, нам гэхгүйгээр Баян-Өлгий аймгийн амбиц юу юм. Хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө нь юу байх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн салбар бүрийн болж бүтэхгүй байгаагаа аргалах маягаар явж байгаагаа хөгжил гэж андуураад байна. Гэтэл хөгжил гэдэг чинь шал өөр зүйл шүү дээ. Сүүлийн 20 жил бид боловсрол, эрүүл мэнд гэж ярилаа. Одоо ч гэсэн ярьж л байна. Энэ байдлаараа яваад л байвал цаашдаа ч яриад л байхаар юм билээ. Тэгэхээр залуу хүний хувьд Баян-Өлгий аймаг маань яагаад боловсрол, эрүүл мэндээрээ манлайлагч байж болохгүй юм уу гэж боддог. Улсын төсөв маань олон их наяд төгрөгөөр яригддаг болсон. Харамсалтай нь олигтой үр дүн харагдахгүй л байна. Өнөөдөр Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гэж яриад байгаа. Тэгвэл энэ нь яг ямар бодит үр дүн өгөх юм. Ер нь орон нутгийг хөгжүүлье гэвэл энэ удаагийн сонгуулиар суурийг нь их сайн тавьж өгөх хэрэгтэй. Сууриа сайн тавих нь маш чухал. Дээрээс нь Баян-Өлгий аймагт яг юу болохгүй байна вэ гэдгээ тодорхой гаргаж ирээд түүнийгээ сайжруулахын тулд дунд болон урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон. Мэдээж үндэсний цөөнхийн төлөөлөл байх хэрэгтэй гэж үзсэн нь зөв ч гэсэн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнөөс гээгдэх, ард нь үлдэх магадлалтай гэж яриад байгаа?

-Юм бүхэн хоёр талтай. Энэ яг маргашгүй зөв гэж тодорхойлох хэцүү. Тэгэхээр миний санаагаар бол бид хэдий болтол үндэсний цөөнх гэж, өрөвдүүлэх маягтай явах юм бэ. Адилхан л Монгол Улсын иргэд шүү дээ. Нийт 21 аймагтайгаа ялгаагүй л нэг аймаг. Баян-Өлгий аймаг яагаад улсаас татаас авдаг биш улсын төсөвт орлого оруулдаг аймаг байж болохгүй гэж. Манай аймгийг аялал жуулчлалын төв бүс болгоно гээд сүүлийн 10-аад жил л ярьсан. Гэвч яг бодитой хийсэн ажил харагдахгүй л байна. МИАТ-ын нислэг нь л гэхэд асуудалтай байгаа. Гэтэл өнгөрсөн жил Ховд аймагт олон улсын нисэх онгоцны буудалтай болсон. Манайх ч гэсэн ийм хэмжээний онгоцны буудалтай болмоор л байна шүү дээ. Өнөөдөр булангийн орнуудад ХАЛАЛ аргаар бэлтгэсэн мах авах өндөр сонирхолтой байгаа. Эхнээсээ авч ч байх шиг байна. Зах зээл нь байсаар байтал бид ний нуугүй хэлэхэд нийлүүлж чадахгүй байна. Нөөц боломж нь бий. Тийм болохоор төр засгаас хууль эрхзүйн боломжийг нь бүрдүүлээд, хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгчихвөл маш том зах зээл байгаа. Газар зүйн байршлын хувьд манай аймаг маш тохиромжтой. Энэ бүс нутагт нийтдээ 65 сая хүн амьдарч байна. Даанч өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн алга.

-Орос-БНХАУ-ыг холбосон авто зам, байнгын ажиллагаатай боомттой болох асуудал яригдаад байгаа. Энэ ажил хэр явж байна вэ?

-Босоо тэнхлэгийн 745 километр зам ашиглалтад өгсөн. Ховдын Ярантын боомтоор дамжаад хойшоо Улаан байшинтын боомтоор ОХУ руу ачаа тээвэр явдаг. Ноднин Засгийн газраас Даянгийн боомт, Цагааннуурын боомтыг холбох авто замын ажил хийхээр шийдвэрлэсэн. Гэвч бид зөвхөн дамжин өнгөрөх бааз л болчих гээд байгаа юм. Уг нь бидэнд тодорхой мөнгө үлдэж байх ёстой биз дээ. Гэтэл манайхаас шатахуунаа авахгүй. Тэр бүү хэл Оросын том компанийн жолооч нарын хоолыг хийдэг машин хүртэл дагалдаж явдаг юм билээ. Тийм болохоор зам тавилаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Улсаас зам барьсны дараах үр дүн, эдийн засгийн эргэлтийг ч тооцоолох ёстой. Замаа дагаад үйлдвэрлэл, үйлчилгээг нь ч гэсэн бодолцох л хэрэгтэй. Одоо Шинжаан Уйгар жилд 100 сая жуулчин авдаг маш том бүс нутаг байна. Үүний нэгхэн саяыг нь Баян-Өлгий аймаг авдаг болчихвол үүнийгээ дагаад асар их орлого орно. Гэвч оруулж ирэхийн тулд бидэнд юу байна. Ирсэн хойно нь тэдэнд зарж борлуулах зүйл байна уу гээд үзэхэд асуудал байгаа.

-Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд олон л ажил зохион байгуулж байх шиг байна. Танай аймагт үүнтэй холбоотой хийж, хэрэгжүүлж байгаа ажил юу байна вэ?

-Хийж байгаа ажил бараг байхгүй дээ. Хувийн хэвшлийнхэн маань л үйлчилгээгээ сайжруулж, Алтай Таван богд дээр нүүдлийн ресторан ажиллуулах зэргээр үзээд л байна. Харамсалтай нь бусад улс орнуудын аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд хийж байгаа ажлуудын дэргэд ёстой онигоотой зүйл л дээ. Үзүүлж харуулах зүйлс ч маш бага. Уг нь жуулчны гудамж гэж аймгийн төвдөө байгуулах хэрэгтэй. Тэнд бүхий л үндэстэн ястнуудынхаа амьдрал, ахуйг дэлгэн харуулж болно. Хийе гээд зүтгэж байгаа хүмүүсээ ч төр засгаас тултал дэмжих хэрэгтэй. Дээрээс нь төрийн албаны хүнд суртлыг маш яаралтай арилгах ёстой. Манай аймагт төрийн албаны хүнд суртал үнэхээр замбараагаа алдсан. Залуучуудын нөөц боломж, боловсон хүчний хомсдол нүүрлэсэн. Мэдлэг боловсролтой залуучууд нь гадагшаа гараад явчихсан. Боловсон хүчин байхгүй бол яаж ажил явах юм бэ. Залуучууд нутагтаа очиж, ажиллаж амьдрахыг хүсч байгаа. Даанч хүнд суртал, амьдрах орчин тааруу зэргээс шалтгаалаад очихгүй байна. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд манай нам дан шинэ хүмүүс нэр дэвшүүлэхээр ярьж байгаа.

-Улс даяараа л эрчим хүчний хараат байдлаас гарах тухай ярьж байна. Танай аймгийн эрчим хүчний асуудал хэр байдаг юм бэ?

-Баян-Өлгий аймгийн хувьд эрчим хүч гэхээр шууд ОХУ-аас хараат байгаа. Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг манай аймагт барихаар 2012 оноос хойш ярьж эхэлсэн. Гэтэл Ховд аймагт барихаар шийдвэр гарсан. Сэргээгдэх эрчим хүчийг олноор нь бий болгох хэрэгтэй. Бид саяхан Хаан банкны удирдлагуудтай уулзаж үзсэн. Нарны 10 мегаваттын цахилгаан станц байгуулж болохоор байгаа юм. Заавал төр засаг гэхгүйгээр хувийн хэвшлийнхэндээ өгчих хэрэгтэй. Харин газрын асуудлыг нь төрөөс шийдэж өгөөд эрхзүйн орчныг нь бүрдүүлэх л чухал. Ер нь хийх гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэж үг байдаг шүү дээ. Барилгынхаа ажлаар хоёр хөрш рүүгээ байнга явдаг. Тэгж байхад Хөшөөтийн уурхайгаас гарч байгаа нүүрсийг харахад ч бас л эмзэглэмээр шүү. Хоногтоо 150-200 машин гардаг. Гэтэл яг хилийн цаана нүүрс угаах хоёр том үйлдвэр бий. Бид өөрсдөө үйлдвэрээ бариад нүүрсээ угаагаад зарвал маш их боломж байгаа. Даанч хэт их улстөржилтөөс болоод одоо болтол хийж чадаагүй л байна. Бидэнд бүхий л боломж бололцоо, нөөц нь байгаад байдаг. Харамсалтай нь түүнийгээ ашиглаж чадахгүй байна. Арьс шир байна. Гэвч эцсийн бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд нэгдсэн том бодлого хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэх байр суурийг зарим хуульчид, тус салбарын мэргэжилтнүүд цахим орчин илэрхийлсэн юм. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.


-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Улсынхаа нийслэлийн энэ хэт их түгжрэлийг бууруулахын тулд яамдыг хотын төвөөсөө шилжүүлье гэдэг нь нэг талаасаа зөв л дөө. Гэхдээ нөгөө талаасаа шууд төрийн яамаа хөдөө орон нутаг руу шилжүүлж байгааг би гайхаж байна. Учир нь олон жилийн өмнөөс л их сургуулиудыг хотоос гаргая. түгжрэл хэцүү байна гээд асар олон тэрбум төгрөгийг судалгаа, тЭЗү хийх нэрийдлээр зарсан. Гэвч ямар ч олигтой шийдвэр одоог хүртэл гараагүй л байна. Мөн яагаад тэр их мөнгийг ямар нэгэн үр дүнгүй зарцуулсан юм. Яагаад одоог болтол тайлан, тайлбар тавихгүй байгааг би гайхаж байгаа. Ер нь төрийн мэдлийнхээ таван сургуулийг хотоос гаргаад кемп байдлаар зохицуулаад явах юм бол тодорхой хэмжээнд түгжрэлийг бодитойгоор бууруулна. Үүнээс гадна оюутнуудыг дагаад маш их айл өрх хот руу шилжиж ирдэг урсгал ч багасна. Бусад улс оронд ч гэсэн их сургуулиуд нь хотын төвөөсөө зайдуу байдаг. Гэтэл үүнийхээ оронд ийм поп шийдвэр гаргаж байгаад би гайхаж байна. хоёрдугаарт, ххаахүЯ төдийгүй аливаа яамыг 200 гаруй километр хол нүүлгэх нь Засгийн газрын кабинетын зарчмаар явах, нэгдмэл байх гэдэгт сөрөг нөлөө үзүүлнэ. долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаандаа суух хэрэг болно.

Ганцхан сайд Засгийн газрын хуралдаанд суудаг юм биш шүү дээ. Дээрээс нь ээлжит бусаар хуралдах хэрэг гарна. Шуурхай шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Мөн иргэд ч гэсэн тухайн яаман дээр очиж өөрсдийн асуудлаа шийдүүлэхэд нэн хүндрэлтэй болж эхэлнэ. Хэрвээ үнэхээр энэ яам хотын төвд байрлаад, түгжрэлд нөлөөлөөд байна гэж үзвэл хотынхоо зах руу гаргаж болно. Налайх, Багануур гээд нийслэлийн дүүргүүд байна. Энэ хоёр дүүргийг ер нь санаатайгаар орхигдуулаад байдаг нь гайхалтай. Ямар ч хөгжил дэвшил алга, ажлын байр байхгүй л байна. Майдар, Зуунмод, Хархорин хот гээд хэт алсын зүйл ярихаасаа өмнө ойрын боломжит, ухаалаг шийдвэрүүдээ гаргаад урагшлуулах нь ард түмэнд илүү хэрэгтэй. Тэр шийдвэртээ тариалангийн бүсийг нь түшиглэж нүүлгэж байгаа гэсэн утгагүй зүйл яриад байна лээ. Тэгвэл үнэхээр тариалангаа дэмжих гээд байсан юм бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаа тийш нь нүүлгэхгүй яасан юм. Гэтэл бүтэн яамаар нь зөөх гээд байгаа нь арай л өрөөсгөл шийдвэр. Одоо тэгээд Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу явуулах юм уу. Ямар ч судалгаа шийдвэргүй попорсон шийдвэр л боллоо гэж харж байна.

-Яамыг орон нутаг руу нүүлгэх нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гээд байх юм. Үнэхээр тийм заалт байдаг юм уу?

-Нийслэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэж байгаа шүү дээ. Төрийн байгууллагуудын төвлөрсөн газрыг нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар гэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ нь ямар ч судалгаа тооцоогүй, Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг хагалсан гэж л харагдаад байгаа юм. Манай улс чинь холбооны улс биш шүү дээ.

-Тухайн яаманд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нүүх, тэндээ орон байртай болох гээд эдийн засаг талаасаа маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно биз дээ?

-Энэ чинь коммунистуудыг төрдөө гаргасны л гай шүү дээ. Илгээлтийн эздээр хот байгуулна гэдэг хөөсөрсөн байдлаараа л хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ. Даанч манай ард түмэн ийм хүмүүсээр удирдуулахыг хүсээд байгаа.

-Ж.Энхбаяр сайдыг өөрийнхөө аж ахуй руу яамаа дөхүүлж байна гэсэн наргиа ч гарсан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ганцхан Ж.Энхбаяр гэж хүнтэй холбож ярьж болохгүй л дээ. Яагаад гэхээр Засгийн газрын шийдвэр чинь хуралдаанаараа баталгааждаг. АН, МАН, ХҮН-ын шийдвэр гээд л ойлгочих хэрэгтэй. Ер нь энэ асуудлаар Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд маш тодорхой заачихсан байгаа. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ гээд заачихсан. Тэгэхээр хоёр дахь нийслэл байгуулах гээд байгаа юм уу гэдэг нь ч ойлгомжгүй л байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батжаргал: УИХ-ын тогтоолоор улс жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр болсон DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хийлээ. Эдгээрт хөдөө аж ахуйн салбараас ямар томоохон ажлууд багтсан бэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч, Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан. Дараа нь ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2024 оны улсын төсөвтөө тодотгол хийлээ. Мөн эдгээрийг дагасан холбогдох хуулиудыг баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэж нэрлээд, дөрвөн чиглэл, дөрвөн бодлогоор 500 гаруй зорилт, арга хэмжээг тусгасан байна лээ. Үүнээс гадна энэ удаагийн бүрэн эрхийн хүрээнд 14 мега төслийг эхлүүлье гэж байна. Өмнө нь олон жил яригдсан төмөр замын хил холболтууд, ачаа шилжүүлэн ачих терминалуудынхаа асуудлыг шийдье гээд Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод зэрэг боомтод бүтээн байгуулалтыг дуусгах ажлыг тусгаж орууллаа. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлаа хангах, эдийн засгийг идэвхжүүлэх суурь дэд бүтэц болсон эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм.

Тийм ч болохоор эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт манай намын мөрийн хөтөлбөр дотор ч байсан. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгойн болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлуудыг эрчимжүүлэхээр тусгасан. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд гэвэл саяын хойд хөршийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бас яригдсан. Говийн бүсийн аж үйлдвэрийн хөгжлийг хангахын тулд усны эх үүсвэрийг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Тиймээс Хэрлэн-Тоонот, Орхон-Онги гэсэн цогцолборуудын асуудлыг тусгаж оруулсан. Алт, зэс угаах, газрын тос боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүд бий. Эдгээрийг эхлүүлж, ажил болгосноор улс орны эдийн засаг эрчимтэй хөгжинө гэж харж байгаа.

Бүсчилсэн хөгжлөө дэмжих тал дээр анхаарч, бүсүүдийнхээ хөгжлийн зорилтыг их тодорхой болгосон. Төвийн бүсийг хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт байхаар тусгаж өгсөн. Төвийн бүсийн гурван аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн манай улсын хамгийн том бүс нутаг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхаа хөгжлийг хангая. Үүнийг дагуулж боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлүүдийг бий болгох асуудал байна

Улс орны хэмжээнд одоо хоёр том хөтөлбөр, явж байгаа. Нийтдээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангана гэсэн том зорилттой. Ирэх оны төгсгөл гэхэд бүрэн хангах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд хүнсий ногоо, стартегийн хүнсүүд, мах, сүүний ханган нийлүүлэлтийн асуудлууд эрчимтэй явж байна.

Тийм учраас энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд “Хүнсний хувьсгал”-аа дорвитойхон явуулах, ингэж байж хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангах юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, мал аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ боловсруулж, хөнгөн үйлдвэрүүдийнхээ хөгжлийг хангах асуудал бий. Өмнөх парламентын төгсгөлд “Цагаан алт” хөтөлбөрийг баталсан. Үүгээр дамжуулж ноос ноолуур, арьс ширээ дотооддоо боловсруулна. Тийм ч учраас Дарханд Хөнгөн үйлдвэр технологийн парк барьж байгуулахаар яригдаж байгаа. Мөн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн байна. Ингэж байж уламжлалт мал аж ахуйн салбар маань уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурынхаа нөхцөлд дасан зохицсон, чанартай, бүтээмж өндөртэй болж хөгжих ёстой юм. Үүлдэр угсааг нь сайжруулах, малаа эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ боловсруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг хоршоодод өгсөн байна. Үүнийг цааш нь эрчимтэй явуулж байж хөдөөгийн болоод мал аж ахуйн салбарынхаа хөгжлийг өндөрт гаргана.

-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүд үр дүнгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл таны сонгогдсон төвийн бүс нутгаар энэ асуудал ямар байна вэ. Үнэхээр олны хэлээд байгаа шиг машин, мотоцикл болчихоод байна уу?

-Яг боловсруулж баталсан бодлого, чиглэл маань бол яах аргагүй мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх, цаг уурын эрсдлээс хамгаалах материаллаг баазыг нь нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл дээр хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгохоор тусгасан. Миний хувьд энэ дагуу л хэрэгжиж яваа гэж ойлгодог. Манай төвийн бүсийн хувьд хоршоо гэдэг шинэ тутам зүйл биш. Үндсэндээ 2017, 2018 оноос эхлээд хоршоолох үйл явц яригдсан. Хоршооллын хууль шинэчилж батлагдсантай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Төв аймаг гэхэд 2020-2024 оны хооронд Засаг дарга, ИТХ маань үүнд анхаарал хандуулж, анхан шатны, дундын хоршоодыг 300 гаруйг байгуулсан. Үүгээрээ дамжуулан том үйлдвэрүүдийнхээ бэлтгэн нийлүүлэлтийг хангах, төв суурин газрынхаа хүнсний хангамжийг шийдэх гэсэн том зорилтуудыг хэрэгжүүлсэн. Сая Төв аймагт л гэхэд дахиад 300 гаруй хоршоо байгуулагдсан байна. Гэхдээ бид энэ асуудлыг тал бүрээс нь нягталж үзэх ёстой. Энд гаргасан бодлого тэндээ очоод жаахан гажуудсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол цаашаа хэрэгжүүлээд явах зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээний хөтөлбөр байгаа юм. Ингэж байж мал аж ахуйн салбараа хөгжүүлэх учиртай

 

Мал аж ахуйн салбар ярихаар бид хоёр л зүйлийг бодох ёстой. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй байна. Нутгийнхаа цаг агаар, онцлогт тохирсон шилмэл омог гэж байна. Түүгээр нь малынхаа үүлдэр, угсааг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид малаа эрүүлжүүлэх явдал. Шинэ Засгийн газрын хөтөлбөрт орсон нэг чухал зүйл бол малын эм тарилга, вакцин үйлдвэрлэл явуулдаг Биокомбинатынхаа хүчин чадлыг сайжруулахаар болсон. Мөн эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн тухай асуудлыг ч тодорхой тусгаж өгсөн. Харин нөгөө талд нь эрчимжсэн мал аж ахуй байна. Яах аргагүй газар тариалангийн бүс нутагтайгаа давхцаж явах ёстой зүйл. Тэжээл хангалт, орчны бүрдүүлэлт чухал. Тийм болохоор Атрын IV аяныг хэрэгжүүлье, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлье гэж байгаа. Ер нь газар тариалангийн эргэлтийн талбайг 200 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлыг тусгаж өгсөн.

-Гэтэл нөгөө талдаа өмнөх парламентын сүүлийн өдрүүдэд гурилын импортын татварыг тэглэсэн. Ингэснээр энэ жилийн улаанбуудайн тариалалтын хэмжээг тодорхой хувиар багасахад нөлөөлсөн гээд байгаа. Энэ тал дээр юу хэлэх

вэ?

-Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт их өндөр байна гэсэн тооцоо судалгаанууд гарсан. Мөн бүс нутгуудийн онцлог гэж бий. Газар тариалан бага, төвөөс хол, тээврийн зардал өндөр гардаг. Тийм болохоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд УИХ дээр яриад хугацаагүй, тоо хэмжээгүйгээр малын тэжээл, гурилын импортын гаалийн татварыг тэглэсэн. Баруун бүс нутагтаа бол зохих үр дүнгээ өгсөн юм билээ. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ үндсэндээ бараг хоёр дахин буурсан. Гэтэл төвийн бүсэд нэг их өөрчлөлт гараагүй. Мөн энэ шийдвэрийг дагалдуулан Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Энэ тогтоолоор тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс улс өөрийнхөө аюулгүй буюу стратегийн нөөцөө бүрдүүлж, 100 мянган тонн улаанбуудай нөөцөлж байхаар тусгасан. Бид чинь жилдээ 300 гаруй мянган тонн улаанбуудай тээрэмдэж, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангадаг юм шүү дээ. Харин ямар нэгэн асуудал гарахад дотоодын хэрэгцээнийхээ гуравны нэгийг улсын хэрэгцээнд байлгаж, шинэчилдэг зарчмынхаа дагуу шинэчилж байхаар болсон гэсэн үг. Энэ нь үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж талдаа зохих үүргээ гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, дотоодын хэрэгцээнээс давсан тохиолдолд экспортод гаргах боломжийг бий болгоё гэсэн. Харин сая яамнаас асуудал боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны гишүүдтэйгээ санал солилцоод баруун бүс нутгаар тодорхой хэмжээний гурил, малын тэжээлийг татваргүйгээр оруулж ирдэг болгохоор өөрчилсөн. Хүнсний хангамжийн аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлыг ярьж, ийм шийдэл гаргасныг би дэмжсэн. Угаасаа би хавар шийдвэр гарах үед нь газар тариалангийн салбарт хатуу тусна гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх тухай асуудал яригдсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Төрийн байгууллагууд, тэр дундаа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг тодорхой бүс нутгууд руу гаргах, ингэж байж Улаанбаатар хотын төвлөрлийг задална гэдэг бодлого яригдаж, тодорхой дэмжлэг аваад явж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ Зуунмод хот руу Засгийн газраа нүүлгэх асуудал тусчихсан. ХХААХҮЯ харин хөдөө аж ахуйн гол бүс нутагт нь оччихвол яасан юм гэдэг асуудал яригдаж байгаа бололтой. Үүнийг миний хувьд нэг их буруудаад байх юм байхгүй болов уу гэж харж байгаа. Манай мэдээлэл харилцаа, цахим талдаа ер нь гайгүй болсон. Тийм болохоор төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцох зэрэг нь хаана байхаасаа үл хамаараад шуурхай явж болно байх. Тэгэхээр гол бүс нутаг, үйлдвэрлэлийнхээ орчинд мэргэжлийн удирдлага нь байхад буруудах юу байх билээ. Бодвол тодорхой тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэж энэ асуудал яригдаж байгаа болов уу гэж ойлгож байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эмийн чанарын тухай шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хуулийн гол онцлог зүйл заалт нь юу байх вэ?

-Нэгт, энэ асуудлыг сонирхож асууж байгаа танай сонинд баярлалаа. Тэгэхээр та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн парламент 2020-2024оны сонгуулиар бүрэлдсэн парламентын чухал том дэвшил нь Хянан шалгах тухай хууль батлагдсан. 2023 оноос хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд үүнтэй холбоотой эмийн үнийн өсөлт, учир шалтгааныг судлах хянан шалгах түр хороог байгуулж миний бие ахалж ажилласан. Ингээд 2024 оны тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хянан шалгах үйл ажиллагаа буюу тайлангаа сонсгол хийсэн. Сонсгол дээр маш олон зөрчлүүд буюу үнэтэй холбоотой, чанартай холбоотой, тогтолцооны алдааг харуулсан дээрээс нь эмийн чанар, үнэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд сонсгосон. Үүний үр дүнд энэ болохгүй байгаа бүх зүйлүүдийг, эрүүл мэндийн хамгийн чухал нэг хэрэгсэл болоод байгаа эмийн асуудалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилгоор хууль амжиж баталсан явдал юм. Хүмүүс надаас их асуудаг. Хянан шалгах хороо гээд зөндөө зүйл хийлээ, цаад үр дүн нь юу юм гээд байгаа. Үр дүн нь бид хууль баталсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл түүний тухай шинэчилсэн найруулгын хуулийг баталж чадсан явдал бол энэ сонсголын чухал том үр дүн. Сонсгол дээр ярьсан зарим зүйлүүдийг тодруулж сануулж хэлье гэж бодож байна. Тухайлбал, хугацаа нь дуусчихсан эмийг яаж нэвтрүүлдэг, хөлдөөсөн дуслыг хэрхэн буцааж зөвшөөрөөд Монгол Улсад хэрэглэдэг, үнэ хэд нугалсан байгааг тоо баримтаар харуулж чадсан.

Нөгөө чанар шалгах газар нь музей мэт болчихсон. Аппаратууд нь эвдэрчихсэн байсан. Хамаарал бүхий этгээдүүд гээд хайхаар хамаарал бус этгээдүүд ерөөсөө гарч ирэхгүй байсан. Нэрс сонсгож байсныг та бүхэн санаж байгаа байх

Нэг ёсондоо ажлаа хийх ёстой тодорхой хэдэн төрийн албан хаагчид нь хувийн хэвшлийн компаниудтай хуйвалдаа эмийн булхай луйвар хийдэг байсныг гэрчилж харуулсан шүү дээ. Үүнтэй холбоотой хамгийн чухал зүйл бол хүний эмийн зөвлөлийн асуудал яригдсан. Хүний эмийн зөвлөл дээр яагаад чухал шаардлагатай эмүүдээ гаргаж батлахгүй удаадаг юм. Эсвэл ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээгүй зүйлийг яагаад баталдаг зэрэг маш олон зөрчлүүд илрүүлсэн. Мөн дээрээс нь хувийн хэвшилд эмийн ханган нийлүүлэх байгууллагаа өгчихөөд үнээ буулга гэдэг нь хэрэгжих боломжгүй. Энэ хүртэл үнийн өсөлтийг иргэдэд өөрсдөд нь хянуулах нь хамгийн сайн механизм юм байна. “Төр түмэн нүдтэй” гэдэг шиг иргэд өөрсдөө хяналтдаа оруулж, хэд нугалж буцаагаад зардгийг үзэж хянах боломжийг хүртэл энэ хуулинд оруулж өгсөн. Тиймээс хууль аравдугаар сарын 1-нд хэрэгжих гэж байгаа явдал бол ирээдүйд Монгол Улсад эм илүү их чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа хууль. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганд тогтоолын төсөл санаачлаад энэ ажлыг улам эрчимжүүлж чадсан юм.

-Гадны том улсуудын лабораториор бүрэн баталгаажчихсан эм, эмнэлгийн хэрэгслийг Монголд оруулж ирэх гэхээр дахин шалгаж байгаа нэрээр удаадаг гэдэг асуудар яригдсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хамгийн гол сэдэв байгаа юм. Яагаад сайн эм Монголын зах зээлд орж ирж чадахгүй, цаг алддаг гэдгийн гол шалтгаан нь нөгөө бүртгэх процесс. Дээрээс нь тэр өндөр хөгжилтэй улсын сайн гэсэн эмийг Монголд баталгаажуулах лаборатори ямар байгаа билээ. Тэгсэн хэрнээ дахиад шалгана гээд байдаг. Тэгээд шалгаж чадахгүй зүйлээ шалгах гээд байдаг. Эмийн компаниудтай уулзахад тэд зовлон, жаргалаа хэлж л байна лээ. Танай Монголд хийдэггүй шинжилгээний дүнг та бүхэн нэхээд байх юм. Тэгэх шаардлага байдаг юм уу гэсэн асуудал яригдаж байсан. Тэгэхдээ яахав тусгаар тогтносон Монгол Улс байна даа.Үнэхээр чанартай эм орж ирж байна уу гэдгийг шалгаж л байх хэрэгтэй. Тиймээс лабораторийн чадавхыг сайжруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл сонсголоос тухайн үеийн Эрүүл мэндийн сайд нэлээд идэвх санаачлагатай ажиллаад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлээд 1,4 сая ам.долларын эмийн чанар шалгадаг лаборатори байгуулах шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Одоо сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийг авсан гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр бид ямар ч гэсэн Монгол Улсдаа зах дээл дээр байгаа эмийг дуртай үедээ авч үзээд чанартай байна уу, үгүй юу гэдгийг шалгах нөхцөл бүрдэж байна. Хоёрт, Итгэлцлийн гэрээ гэх маш чухал зүйлийг хуулиндаа оруулж өгсөн. ДЭМБ-ын зүгээс энэ аргыг та бүхэн хэрэглээч гэдэг зүйлийг сурталчлаад байгаа юм. Тэр нь эмийн чанараа хянаж чаддаг өндөр зохицуулалтай орнуудын эмийг итгэлцлээр энэ эмийг чанартай гэж үзсэн учир Монгол Улс дахин шалгахгүйгээр бүртгээд хэрэглэнэ гэдэг энэ тогтолцоог бид хуулиндаа оруулсан. Сая ээлжит бус чуулганы тогтоолд энийг оруулсан. Хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орон учир хамаагүй оруулж ирнэ гэж бодоод байгаа юм. Тийм биш шүү. Хоёр улсын Засгийн газар тэр дотроо Эрүүл мэндийн яам нь итгэлцлийн гэрээ байгуулах шаардлагатай. Жишээлбэл, монголчуудын хамгийн их очдог БНСУ-ын ЭМЯ-ны Эмийн агентлагтай гэрээ хэлэлцээр хийх нь байна. Манай Монгол Улс танай улсыг сайн чанарын эм хэрэглэдэг, ард иргэддээ сайн чанартай эм өгдөг учраас танай Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ хийнэ. Энэ гэрээ хийсний дараа тухайн улсад бүртгэлтэй эмийн жагсаалтыг үзэх эрхтэй болчихож байгаа юм. Хилээр орж ирэхэд гаалийн ажилтан эмийг бүртгэлд байгаа эсэхийг шалгадаг. Тэгэхээр тэр бүртгэлийг гаалийн ажилтан үзэх эрхтэй болж байгаа юм. Тэр улс зөвшөөрсөн, эх орондоо хэрэглэж байгаа эмийг бид зөвшөөрсөнтэй ижлээр Монголдоо үзээд бүртгэлтэй юм байна. Дараа эдгээр зүйлийг шалгаарай гэдэг нарийн зүйлүүд орж ирэх юм. Хоёр талдаа хариуцлагатай байх. 24 цаг онлайн байх шаардлагатай. Энэ мэтчилэн бүртгэлтэй гэж хялбаршуулаад дахин бүртгэл үүсгэхгүйгээр Монголын зах зээлд оруулж ирэх юм. Ингэхдээ эм ханган нийлүүлэх эрхтэй байгууллагууд л оруулж ирнэ. Ерөнхийдөө бүртгэх, шалгах процессыг нь хялбаршуулж өгч байгаа юм. Тэгэхээр цаг алдахгүй, төлбөр хэмнэх боломж бүрдэнэ.

-Та хавдрын эмч хүн. Гэтэл Монголд хавдрын эм, хэрэгсэл хамгийн муу байдаг гэх юм. Тийм юм уу?

-Ер нь бид өнгөрсөн 30 жилийн алдааг ярихаар эмийн чанар дээр Монгол Улс маш том бодлогын алдаа гаргасан. Тухайн үед 1990-ээд оны төгсгөл үеэр Монголын зах зээл картын бараанд шилжсэн, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйл байгаагүй. Тэгвэл тэр үед эрүүл мэндийн салбарууд эм ханган нийлүүлэх байгууллагагүй, улс мөнгөгүй, иргэд ганзгаар юм зөөдөг байсан. Чингэлгээр эмийг зардаг байлаа. Тэр үед хэрэгжиж эхэлсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль хамгийн хямд үнэтэй. Нэг ёсондоо ханган нийлүүлэлтээ алдахгүй байя гэсэн том зорилго тавьчихсан байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байдалд хүрэв. Тэр үед нэг иргэнд 300 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн оногддог байсан Монгол Улс өнөөдөр 5000 ам.доллар болчихоод байна. Хямд үнэтэй барааг шахдаг тогтолцоог Монголын нийгэм, өнөөгийн хөгжилд нийцэхгүй болж байгаагийн тод илрэл юм. Энд ганцхан хавдрын эм ч биш. Тэр ч утгаараа 2020-2024 оны парламентын гишүүн байсан хүний хувьд хэлэхэд бид энэ тогтолцоог сольсон. Жишээлбэл, Тендерийн хуулинд эмийн худалдан авах үйл ажиллагааг чанар нэгдүгээр үзүүлэлт, үнэ дараа нь гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тогтолцоог нь эрүүл болгох хэрэгтэй. Чанартай эмийг үнээр нь биш чанараар нь шалгаж авах ёстой. Эмийн хуулиар яаж чанартай гэдгийг тогтоох вэ гэдэг зүйл заалтыг оруулж өгөөд энэ эм чанартай гэдэг аргачлал руу буцаад орж байна. Тиймээс дэвшил гарч эхэлсэн. Тухайлбал, хавдрын эмийн тухайд ийм туршлага байсан. Одоо сайжраад өнөөдөр бид хямд үнэтэй гэхээс илүүтэй чанартай, хордлого бага өгдөг эм оруулж ирдэг болсон. Турк, БНСУ, Энэтхэгээс сайн эм орж ирж байна. Манайхаас хөгжил буурай орноос авдаг байснаа больж байгаа гэхэд болно.

-Сая ээлжит бус чуулган хуралдаад төсвийн тодотгол хийлээ. Ирэх оны төсвийн төслөө ч УИХ-д өргөн барьсан. Тэгвэл нөгөө яриад байсан хавдрын шинэ эмнэлгийн асуудал энд туссан уу?

-Нэгдүгээрт, шинэ хавдрын эмнэлэг өртгийн хувьд их том төсөвтэй. Ер нь монголчууд бид дэлхийд байгаа хамгийн сайн эмчилгээг ард иргэддээ өгөх төсөл байгаа юм. Түүнээс биш зүгээр амбаар барьчихаад шинэ эмнэлэг барьсан гэж хэлж болохгүй. Эмнэлгийн барилга өөр болсныг ковид, цар тахлын үе бидэнд харуулсан. Өнгөрсөн 2020-2024 онд хийж амжуулсан зүйл юу вэ гэхээр газрын асуудал. Хавдар судлалын үндэсний төв өөрийн гэсэн газартай байх нь маш чухал зүйл. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гишүүн байхдаа СХД-т газар олгох асуудалд их дэмжлэг үзүүлсэн.Тухайн үед 18 га газрыг геодизийн судалгаа хийж үзэхэд доогуур нь цэвэр усны судал урсаж байгаа учир том бүтээн байгуулалт барьж болохгүй гээд зогсоосон. Тэгээд 2022 оноос хөөцөлдсөөр байгаад Чулуутын ам буюу Богд уулын цаад талд Туул зөрлөг БЗД-т 11 га газрыг Хавдар судлалын төвийн нэр дээр авч өгсөн. Үүнийг авахад тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусалж дэмжижөгсөн юм. Харин энэ жил 11 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн. Ямар ч байсан энэ ажил явна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуултай ярилцлаа.


-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд босгосон. Энэ ажил маань хэр үр дүнтэй байна вэ?

-Нийслэл хотын хөгжил цэцэглэлт дан ганц төсвийн хөрөнгөөр явахгүй юм байна гэдгийг хэдэн жилийн өмнөөс бид хаа хаанаа ойлгож эхэлсэн. Өмнө нь нийслэл зөвхөн өөрийнхөө төсвөөр хөрөнгө оруулалтаа хийдэг байсан. Гэтэл манай хотын хүн ам бараг хоёр сая хүрэх гэж байна. Түүнийгээ дагаад барилга байгууламж, нийтийн аж ахуй нь ачааллаа дийлэхээ больж байгаа. Тийм болохоор Д.Сумъяабазар даргын үеэс эхлүүлээд одоо Х.Нямбаатар дарга үргэлжлүүлээд хууль эрхзүйн орчны шинэчлэлүүдийг нэлээд далайцтайгаар хийсэн. Үүний үр дүнд нийслэл хот маань өөрийн бие даасан байдлаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж нь нээгдсэн байдаг. Миний хувьд нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж ажиллаад, долдугаар сард нэгдүгээр орлогчоор томилогдсон. Зөвлөхөөр ажиллаж байхдаа би нийслэлийн энэ анхны бондыг гаргасан. Нийтдээ 500 тэрбум төгрөгийн дотоодын бондыг анх удаа гаргаад, эхний 30 минутад захиалга дүүрсэн. Бондын өгөөжийн хувьд Монголбанкны бодлогын хүүнээс бага зэрэг өндөр буюу зах зээл дээр суурь хүүг тогтоосноороо санхүүгийн зах зээлийн хөгжилд том түлхэц болсон. Манай санхүүгийн зах зээлийнхэн суурь хүүний өгөөжийн муруй эргэн сэргэсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байгаа. Нөгөө талдаа нийслэлийн бондын зарцуулалтыг Засаг даргын ярьж, эхлүүлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Энэ төсөл маань 100 хувь хувийн өмчөөр хэрэгжиж байгаа төсөл. Сүүлийн 40 жил буюу 1984 оноос хойш манайх цахилгааны шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй юм билээ. Харин ирэх сарын 5-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын шинэ эх үүсвэр ашиглалтад орно. Ингэснээр нийслэлд орлого орж эхэлнэ. Түүгээрээ бондынхоо эргэн төлөлтийг хийнэ гэсэн зохицуулалттайгаар явж байна.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц анх 600 мегаваттын хүчин чадалтай гэж байсан санагдаж байна. Яагаад 150 болчихов?

-Тус цахилгаан станц нийтдээ 600 мегаваттын хүчин чадалтай станц байх юм. Гэхдээ 150, 150-иар нь тусдаа блок байх юм билээ. Тиймээс эхний ээлжийн блок нь ирэх сарын 5-нд ашиглалтад орно гэсэн үг. Харин хоёрдугаар блокын ажил эхэлчихсэн явж байгаа. Ирэх намар ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс гадна бид цахилгаан хураагуур буюу батарей станцын 50 мегаваттын хүчин чадалтай станцын ажлыг эхлүүлж байна.

Ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүн дээрээ тулгуурлаад бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломжуудыг судалж байна. Эрчим хүчний яамтайгаа энэ тал дээр хамтраад нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн нэмж хэлэхэд, манай эрчим хүч өдөр нь өндөр ачаалалтай хэрнээ шөнийн илүүдэл нь хаягдаад байдаг. Тиймээс энэ батарей станц шөнийн эрчим хүчийг хуримтлуулаад өндөр ачааллын үед төвийн шугамд нийлүүлнэ гэдгээрээ онцлогтой.

-Дэлхий нийт ногоон эрчим хүчийг дэмжиж, их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж байгаа гэдэг. Тэгэхээр нийслэлээс энэ тал дээр гадаадын зах зээлд бонд босгох зэрэг ажлууд хйигдэх үү?

-Сая хэлсэн цахилгаан хураагуурын станцын санхүүжилтийг бид олон улсын байгууллагаас шийдэж байгаа. Дэлхийн банкны группт харьяалагддаг Олон улсын санхүүгийн корпорацитай яриа хэлэлцээрээ хийгээд дууссан. Яагаад энэ байгууллага орж ирж байгаа вэ гэхээр энэ төсөл бол ногоон эрчим хүчний нэг төрөл юм байна. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр өгье гэсэн. Тийм болохоор бид дараагийн цахилгаан хураагуурын төслүүдийн талаар өөр олон улсын байгууллагуудтай ярилцаад явж байна.

-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийсэн. Тэгвэл нийслэлийн төсөв дээр барьж байгаа бодлого юу байна вэ?

-Шинээр бүрэлдсэн Засгийн газар томоохон зорилтууд тавьж, тэдгээр нь төсвийн тодотголд тусгалаа олсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өргөн барьсан саяын төсвийн тодотгол болон ирэх жилийн төсвийн төсөл дээр ирэх жилүүдэд нийслэлийн хөгжил рүү анхааръя гэдэг зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч сая газар чөлөөлөлтөд 500 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би өөрөө Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх зэрэг олон төсөл яваад хөрөнгө санхүүгийн дутагдлаас болж, газраа чөлөөлж чадахгүйгээс зогсчихоод байсан. Харин Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ жилээс газар чөлөөлөлтөө шуурхай хийгээд барилга угсралтын ажлынхаа тендерийг зарлачихсан явж байна. Хөрөнгийн эх үүсвэрийг нь гадаадын зах зээлээс босгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлт дээр юу хэлэх вэ. Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байсан?

-Нийслэлийн төсвийн дийлэнх нь хувь хүний орлогын албан татвараас бүрддэг. Хуулиараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд орж ирдэг. Мөн төлбөр хураамжаас бүрддэг. Гэхдээ олон улсын жишгийг харахад хотын төсвийг бүрдүүлдэг гол зүйл нь үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр байдаг. Манайх энэ жишигт хараахан хүрээгүй байна. Тиймээс бид ирэх жилийн төсвөөс эхлэн энэ асуудлыг цогцоор нь авч үзээд төсвийн шинэчлэлийн ажиллагаа руу орох гэж байгаа юм. Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр гэж механик байдлаар нь харж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө, газар гэдэг чинь маш том хөрөнгө шүү дээ. Гэтэл эдийн засгийн эргэлтэд ордоггүй ийм хөрөнгүүд нийслэлд маш их байна. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр хотын эдийн засгийг өргөжүүлэх маш том хөшүүрэг болно. Үүн дээр захиргааны хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Одоо бол хотын төвд том газартай хэрнээ түүнийгээ ашигладаггүй. Эсвэл үнэ хүргэж зарах гээд хүлээгээд байдаг тохиолдлууд байна. Энэ нь газрын төлбөр хэт бага байгаатай холбоотой. Тиймээс үүнийг бид эргэж харна. Зориулалтын дагуу ашиглаж байна уу. Хэдэн жил ашиглаагүй байна гэдгийг үзээд болохгүй бол нийслэлийн өмчид буцаан авна. Харин эргүүлээд зориулалтынх нь дагуу ашиглах, хөрөнгө санхүүгээ шийдсэн байгууллага, хувь хүмүүст нь үнэ хаялцуулан худалдаж, нийслэлийн орлогоо дэмжих ёстой. Нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цэвэр, цахилгааны төлбөр нь маш бага. Тийм болохоор эдгээрийг цогцоор нь эргэж хараад төлбөрийг нь зохих түвшинд авна. Түүнийгээ эргүүлээд нийслэлийн газар доорх дэд бүтэц рүүгээ оруулна. Ингэж байж нийслэл маань тэлнэ.

-Таны хувьд Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцаж байгаа юм байна. Энэ ажил хэр яваа вэ. Мөн иймэрхүү бүтээн байгуулалтын үеэр газрыг нь бодитоор үнэлэхгүй байна гэсэн гомдлууд байдаг. Энэ тал дээр та тайлбар өгөөч?

-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлууд амжилттай болоогүй хэдэн шалтгаан байдаг юм билээ. Нэгдүгээрт, газар чөлөөлөлтөө хувийн компанид гэрээгээр өгчихөөд ямар барилга байгууламж барих дээр нь нийслэл бараг оролцоогүй явж ирсэн. Ингэхээр хувийн хэвшил маань газраа боломжоороо чөлөөлөөд барилгаа барьж байгаад санхүүжилт зэрэг шалтгаанаас болоод гацчихдаг. Одоо чинь хэдэн зуун өрх байна шүү дээ. Газраа чөлөөлөөд өгчихсөн. Тэгсэн хэрнээ орон сууцанд орж чаддаггүй. Эдгээр хүмүүстэй ч гэсэн бид одоо уулзаж байгаа. Гэрээг нь цуцлаад тухайн газрыг нь нийслэл өөрөө аваад барилгыг нь барья гэдэг рүү эхнээсээ орж байна. Хоёрдугаарт, хөрөнгө санхүүгийн дутагдал байсан. Хувийн хэвшилтэй гэрээ байгуулаад ажлыг нь эхлүүлээд явж байсан чинь төсөв дээр мөнгөгүй болоод ажил нь зогсчихсон. Гуравдугаарт, дэд бүтцээ татаагүй байж газар чөлөөлөөд ажлаа эхлүүлсэн алдаа байгаа юм. Тэгэхээр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалтыг бид энэ мэт алдаа гаргахгүйгээр хийж байна. Ингэхийн тулд газар чөлөөлөлтөө нийслэл дангаараа бүрэн хариуцаж хийнэ. Мөн газрын үнэлгээг нь зах зээлийн зарчмаар хийж байгаа. Хөндлөнгийн үнэлгээний компаниудаар хийлгэж байна. Одоо бол нэг айл гэхэд 160-250 сая төгрөг авч байгаа. Ингэхээр иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Сэлбэ дээр нийтдээ 158 га газрыг чөлөөлөхөд 2200 орчим айл өрх хамрагдаж байгаа юм. Энэ газартаа 12 мянган айлын орон сууц барина. Үр дүнд нь 12 мянган яндан, нүхэн жорлон байхгүй болно. Энэ нь түгжрэл, утааг шийдэх том суурь болж өгнө гэж харж байгаа. Үүнээс гадна “20 минутын хот” хөтөлбөрөө бариад ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, сургуулийг нь бүрэн шийднэ. Дэлхийн жишиг ч ийшээ л явж байна.

-Газар чөлөөлөлтийг олонхын саналаар шийддэг болсон нь бас шүүмжлэл дагуулаад байсан?

-Газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын тухай хуулийг ноднин жил УИХ-аар баталсан. Энэ хуулиараа ийм боломж нь байгаа. Гэхдээ бид аль болох ингэж захиргаадалтын аргаар шийдэхгүй байхыг зорьж байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна. Одоо зарим айл нь эзэмших гэрчилгээтэй байгаа. Ийм болохоор үнэлгээ нь арай бага гараад байгаа юм. Тиймээс нийслэлээс тухайн газрыг нь өмчлөх эрхтэй болгож өгөх зэрэг иргэдээ бодсон шийдвэрүүдийг гаргаж байна. Аль болох л иргэд хохирч болохгүй.

-Сарын дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой ч юм уу, зам засварын ажил ид хийгдэж байгаа. Гэтэл иргэд замын хашлага сольж байгаа дээр их бухимдалтай байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Замын хашлага солиод байгаадаа ч гол нь биш. Замын засвар, арчилгааны нэг хэсэг нь л юм билээ л дээ. Стандартаа бариад явахаар замаа эхлээд хусаад дараа нь хашлагаа байрлуулаад, тэгж байж хучилт хийгддэг. Гэвч үүн дээр Замын хөгжлийн газрынхандаа шүүмжлэлтэй хандаж байгаа хэд, хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, гүйцэтгэгч компаниуд маань замаа хэт урт хусчихаад ажил нь удааширдаг. Хоёрдугаарт, манайхан зам гэдгийг зөвхөн машин явах хэсгээр нь ойлгодог юм байна. Тиймээс захирамж гаргаад явган болон дугуйн зам, ус зайлуулах шугам чинь замын нэг хэсэг шүү гэдгийг тодорхой болгож өгсөн. Өмнө нь авто болон явган замын тендерээ тусад нь зарладаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд хугацааны болон стандартын ялгаа гардаг. Тиймээс одооноос зөвхөн нэг тендер зарлаад авто болон явган, дугуйн зам нэг л багцаар явна. Ингэхгүй болохоор машин зам тавьж байгаа нь явган замаа эвддэг. Явган зам хийхээрээ авто замаа сэтэлдэг байдал гараад байгаа юм. Нийслэлээс саяхан Замын хөгжлийн даргадаа хариуцлага тооцоод шинэ залуу боловсон хүчин томилсон. АНУ-д суралцаад, Монголдоо олон жил ажилласан замын инженер хүн байгаа. Тийм болохоор замын стандартыг илүү олон улсын стандартад нийцүүлнэ гэж харж байна. Мөн стандартаа тодорхой болгоод хяналтаа сайн тавих ёстой юм билээ. Миний хувьд иргэдийнхээ хардлагыг бодитой байж мэднэ гэж бодож байгаа. Учир нь замын хэдхэн компани тендерт шалгараад тухайн замаа чанаргүй тавьдаг. Тэгээд дараа жил нь дахиад тендер зарлахад нь оролцдог байх магадлалтай гэж харсан. Тийм болохоор иймэрхүү асуудлуудыг одоо таслан зогсооно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна DNN.mn

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдыг аялдан дагах, зусардах гэсэн санааг монголчууд “Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах” хэмээх үгээр илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөгийн эрх баригчдад энэ үг жинхэнэ утгаараа таарч байна. Энэ жил тохиож байгаа Халх голын ялалтын 85 жилийн ойг угтаж, бараг хагас жилийн туршид монголчуудын заналт дайсан нь Япон улс мэтээр суртал ухуулга хийв. Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгчийг урьж авч ирэхийн тулд л энэ бүгдийг хийлээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэн жилүүдэд Япон улс л тусламжийн гараа сунгаагүй бол бид балрах байсан. ЗХУ тарж эдийн засгаа зуун хувь тэднээс хараат байсан улс ёстой үнсэнд хаясан шалз гэдэг болдог юм байгаа биз дээ. Тэд туслаагүй бол нилээд зовж байж ард нь гарах байсан. Одоо ч гэсэн найрамдалт улсын харилцаагаар манай олон иргэд тус улсад ажиллаж амьдарч, суралцаж байгаа. Түүхийн бодит үнэнээс гажууд суртал ухуулгаас нь болж тэднийхээ өмнөөс яс хавталзах шиг болж байна. Харь улсад эрдмийн мөр хөөж, амьдралаа босгож яваа тэднийг хавчин гадуурхаад эхэлвэл хэрхэх билээ. Халх голын дайн бол мэдээж япончуудын хувьд эмзэг сэдэв байж таарна. Хүн ёсны үүднээс ч гэсэн бусдын эмзэг сэдвийг уулзах болгондоо хөндөөд байх нь утгагүй. Түүн шиг хагас жил орчим эл асуудлыг хөндсөн нь саяхан ирэх гэж байсан Япон улсын ерөнхий сайдын айлчлал цуцлагдахад ч хүргэсэн байж магадгүй юм. Мэдээж наанаа улс төрийн болоод эх оронд нь болсон газар хөдлөлттэй холбоотой гэж байгаа ч цаана нь ямар асуудал байгааг бид мэдэхгүй шүү дээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа тун амжилттай, чамбай явж ирсэн гэдгээрээ бид хөөрцгөлөн цээжээ дэлдсээр ирсэн. Дэлхийн том гүрнүүдийн удирдагч нар манай улсад албан ёсны айлчлал хийж, манайхан ч гэсэн гуравдагч хөршийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж буй тухайгаа гайхуулсаар байв. Өнгөрсөн 2022 онд Канад улсын Гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп, Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг хүмүүс манай улсад ирсэн. Тэгвэл ноднин жил Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис, АНУ-ын Элчин сайд Виктория Нуланд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен нарын томчууд манай улсыг зорин ирж, манай ардчиллыг дэмжиж байгаагаа баталж, цаашдын хамтын ажиллагаа болоод томоохон төсөл хөтөлбөрүүд дээр туслахаа илэрхийлцгээж байлаа. Зөрөөд манай төрийн гурван өндөрлөг ч гэсэн олон улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн. Энэ олон айлчлалаар бид бүхэн улс төрийн олон тулгуурт бодлого, гуравдагч хөрш гэдгээ л ярьцгааж, бараг бүгдтэй нь газрын ховор элемент, эрчим хүч, уран, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр боллоо гэцгээсэн. Гэтэл дайн өдөөж хөрш орон луугаа довтолгож, Гаагийн шүүхээс дайны гэмт хэрэгтэн, хүүхдийн хулгайч гэж зарласан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урьж айлчллуулсан нь дээрх бүх амжилтаа үгүй хийлээ. Гаагийн шүүхийн дүрмээр гишүүн орнууд нь гэмт хэрэгтнээр зарласан хүнийг шууд баривчилж тушаах үүрэгтэй байдаг. Гэвч бид хэдийгээр Гаагийн шүүхийн гишүүн орон ч тэгэх зүрх зориг бас хуулийн заалт ч тохирохгүй байсан. Гэрээгээ зөрчих болбол баривчилж болохгүй гэсэн Гаагийн шүүхийн заалт байдаг аж. Төрт ёстой, тусгаар тогтносон улс учраас хэнийг урьж, хэнийг хүлээн авахаа бид өөрсдөө шийдэх ч дэлхий даяараа дайны гэмт хэрэгтэн гээд зарласан хүнийг урих нь зөөлхөн хэлэхэд юм мэдэхгүй гэнэн, хатуухан хэлэхэд бодлогогүй улсаа хорлосон асуудал байв. Хойд хөршийн тэргүүний айлчлалыг эсэргүүцсэн зарим иргэдийг хорьж саатуулсан асуудал гарсан. Үнэхээр ардчилсан орон л юм бол дэмжсэн нь эсэргүүцсэнтэйгээ хамт байж байх ёстой байлаа. Үүнээс үүдэж олон улсад манай орны нэр хүнд шууд унаж ардчилал байхгүй гэдгээ харуулчихлаа. Учир нь дэлхий нийтээрээ тус айлчлалыг сонжсон, гайхсан, цочирдсон, бас дургуйцэн харж байсан.

Гаднынхан уг нь олон жил биднийг эрчим хүчний хараат байдлаас чинь гаргаад өгье. Түлш, шатахууны асуудлыг чинь хамтраад шийдье. Уул уурхайн салбарт чинь хамтарч ажиллая гэж гуйсан. Тэд биднийг ардчиллын баян бүрд гэж итгэсэндээ л тэгдэг байв. Бид ч болно, бүтнэ гэдэг ч нидэр дээрээ байнга худлаа хэлж, зохих хуулиуддаа байнга өөрчлөлт хийж, гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, улмаар хойд хөршөөсөө ам асуусаар ирсэн. Энэ нь эргээд биднийг худалч, хэлсэн ярьсандаа байдаггүй гэх ойлголтыг гадныханд өгсөн. Одоо энэ бүхнээ Оростой хийнэ гэж тохирч байх шив дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр хэлсэн үгэндээ “ОХУ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд хэлж. Үүнийг нь дээр дооргүй магтан сайшаагаад сүйд байна. Тойруу утгаар өдүүлсэн дайнаа зогсоогооч ээ гэсэн юм байх. Харамсалтай нь өнөөхөд нь ингэж ойлгоод, тэгж энхтайванд манлайлах цаг харамсалтай нь бараг үлдээгүй дээ. Дэлхий нийт энхтайванд манлайлна гэнэ гээд өдүүлсэн асуудлыг нь мартаад явчихдаг бидэн шиг биш шүү дээ. Шийтгэл хүлээлгэж заавал дайны төлбөр төлүүлнэ. Ойрын хэдэн арван жилдээ л лав дэлхийг манлайлах байтугай оршин тогтнож байвал дээдийн заяа болно. Нээрэн манай ерөнхийлөгч Францад очсоноо санаж байгаа болов уу. Бараг Напелоноосоо ч илүү хүндэтгэж байв даа францууд. Тэдэнтэй эргээд уулзах нүүр түүнд үлдсэн болов уу, юу бодож байдаг бол.

Ер нь явж явж Оросыг дагана гэж шийдээд, алив бүх асуудлаа тэднээс асуугаад, стратегийн бүхий л зүйлээрээ хараат байхыг хүсээд байгаа нь ард түмний хүсэл зориг биш. Гагцхүү төрийн эрх барьж байгаа өнөөгийн нам, тэдний эрх баригчдын хүсэл сонирхол гэдгийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш бүх монголчууд бусадтай эрх тэгш харилцаатай, хэнийг ч дээрэлхдэггүй, бас хэнээр ч дээрэлхүүлэхгүй байхыг хүсч байгаа. Мөн бусадтай л адилхан ажиллаж, хөдөлмөрлөж, түүнийгээ зохих түвшинд үнэлүүлэхийг эрмэлздэг билээ. Харин ингэж улааныг үзээд урваж, шарваад байгаа эрх баригчдаасаа өнөөдөр ард түмэн ичиж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: В.Путины айлчлалд Монголын прокурор хариуцлага хүлээх ёстойг олон улсад ойлгуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал манай улсын геополитик, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий чуулганаар ямар шийдвэр гарах вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Энэхүү шүүхэд 123 орон багтдаг. Тэдгээр улс хуралдаж, Монголын талаар нэлээд хатуу шийдвэр гаргавал манай улсын хувьд аюул ирлээ гэсэн үг. Учир нь бид дэлхийгээс тусгаарлагдана.

Уг шүүхийг их гүрний хүчирхийлэлд өмнө нь өртөж байсан үндэсний цөөнхүүд, улс орнууд өөрсдийгөө хамгаалах гэж хамтарч байгуулсан. Зөвлөлтийн хүчирхийлэл, геноцидод бид өртөж байсан учраас нэгдэж орсон. Том гүрний аль ч удирдагчид өнөөдөр Олон улсын эрүүгийн шүүхээс улам л айдаг болж байна. Учрыг жишээгээр тайлбарлая л даа. Хятадын удирдагч манайх руу ямар нэгэн хүчирхийлэл үйлдлээ гэж бодъё. Тэгвэл Олон улсын шүүхээс түүнд шууд хэрэг үүсгэнэ. Ингэвэл Хятад хичнээн том гүрэн байгаад ч нэмэргүй. Учир нь Монголд хүчирхийлэл үйлдсэн байна гээд Олон улсын шүүхээс хэрэг үүсгэчихвэл ямар ч том гүрний, ямар ч том дарга байсан үхэн үхтлээ тэр шүүхээс мултарч чадахгүй. Тиймээс энэ шүүх бол том нөлөөтэй, маш чухал байгууллага.

Одоо бидний санаа зовох гол зүйл бол Олон улсын эрүүгийн шүүх шийдвэр. Хэрвээ хатуу шийдвэр гарвал манай улс 123 улсын хоригт орно. Тэр дундаа Европын холбоо, барууны орны хоригт орно. Тэдгээр 123 орны гаргасан хоригийг Хятад, Оросоос бусад улс дагаж мөрдөнө. Ингэвэл бид маш хүнд байдалд орно.

Бид өнөөдөр гуравдагч хөршийн үйлдвэрлэсэн машиныг унаж байна. Барууны интернэт орон зайд өнөөдөр бид амьдарч байна. Өнөөдөр орос хэл мэддэг хүүхэд ховор болчихсон шүү дээ. Ер нь хүүхдүүд англиар хэлд орж байна. Барууны соёл иргэншилд нэгэнт нэгдчихээд байгаа орныг хоригт оруулчихвал бидэнд ямар аюултай тусах вэ. Хамгийн наанадаж банк санхүүгийн салбар дампуурна. Бидэнтэй барууны банкууд шууд харилцахаа байчихна шүү дээ.

-Мөн гуравдагч хөршийн болоод олон улсын донор байгууллагуудын хөгжлийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж бүгд зогсох нь, тийм үү?

-Тийм. Монгол Улсын хууль ямар ч нөлөөгүй юм байна. Путин Монголд ирээд юу хүссэнээ хийж байна. Монголчууд Путин болон Оросоос ухаан алдталаа айдаг юм байна.

Монголын хуулийг нулимаад ороод ирж байна гэдгийг Путин айлчлалаараа хөрөнгө оруулагч нарт харууллаа. Үүнийг тэр санаатай хийсэн. Монгол бол бидний дагуул, тоглоомын улс хэвээрээ шүү. Бид энд асуудлыг шийддэг гэж үйлдлээрээ үзүүллээ.

-Манай эдийн засаг Хятадаас, стратегийн чухал салбарууд жишээ нь түлш, эрчим хүч Оросоос хамааралтай учраас бид Оросыг түлхэж болохгүй. Тиймээс эдийн засгийн хувьд манайд хүндээр тусахгүй гэж үзэх нийгмийн хэсэг байж магадгүй л дээ?

-Дэлхий бидэнд ямар хамаатай юм бэ. АНУ, барууны орнууд бидэнд хамаагүй. Орос, Хятадын дунд бид хавчуулагдаж бяслаг шиг амьдаръя гэж бодож байвал болно. Гэхдээ бид тоёото приус унадаг гэдгээ мартаж болохгүй.

Хоёрдугаарт, Хятад бол маш том улс. Дэлхийн хоёр дахь эдийн засаг. Гэхдээ тэд барууны хоригт орохоосоо ухаан алдталаа айж байна. Тиймээс Хятадын банкууд Орос руу гүйлгээ хийхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр аварга гүрэн айж байна.

Бод доо. Барууны хоригт орчихвол баруунд амьдарч байгаа монголчууд ар гэр рүүгээ яаж мөнгө шилжүүлэх вэ. Өмнөд Солонгост ажиллаж байгаа Монгол иргэд мөнгөө яаж шилжүүлэх вэ. Арга ядахдаа гадаадад байгаа иргэд нутаг буцахад хүрвэл яах вэ.

Нэг зүйлийг хэлэхэд, БНСУ Оростой дайсагначихсан байгаа. Путины айлчлалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын зүгээс манайд хатуу арга хэмжээ авах байх. Учир нь бид дайсантай нь хамтарчихлаа шүү дээ. БНСУ-д Монголын олон мянган иргэн ажиллаж ар гэрээ тэжээж байгаа.

Бид гуравдагч хөршийг өнгөрсөн 30 жилд арай гэж бий болгосон. Тиймээс дэлхийгээс тусгаарлагдаж Хятад, Оросын голд бяслаг шиг хавчуулагдаад үлдчихвэл биднийг хэн ч өмгөөлөхгүй.

2002 онд Монголын удирдагчид бодлоготойгоор Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдсэн юм шүү дээ. Учир нь Хятад, Оросын хүчирхийлэлд бид өртвөл яах юм бэ, хэн биднийг хамгаалах вэ гээд Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдэж орсон. Орос, Хятадын зүгээс бидэнд ямар нэгэн хүчирхийлэл үйлдвэл ядахдаа 123 улсаар хамгаалуулах гэж элссэн.

-В.Путины айлчлалд Монгол Улс, Монголын улстөрчид яаж хандвал зохилтой байсан бэ?

-Бид Путиныг урьсан уу. Эсвэл уриулсан уу. Ер нь уриулсан байх аа даа. Би бол зориуд бодлого явуулсан гэж үзэж байгаа.

Ер нь олон улсын харилцаа, геополитикийг ойлгодоггүй бүхэл бүтэн нэг үе гараад ирчихжээ. Эрх мэдэл албан тушаалын хойноос гүйдэг болохоос олон улсын бодлого гэж юу болох, ямар арга заль хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй гэнэн үеийнхэн гараад ирж.

Тиймээс Путин уриулчих шиг боллоо л доо. Том гүрэн бол бодлоготойгоор үүнийг хийсэн. Оросоос Монголд суугаа Элчин сайдаас авахуулаад Гадаад харилцааны сайд нь удаа дараа занасан.

Харж байгаарай, та нарыг Орос, Хятадын дунд хавчиж үлдээнэ. Бусад бүх хөршөөс чинь салгана гэж удаа дараа мэдэгдэл хийсэн. Ийм мэдэгдэл хийж байхад тэдний ам руу өөрсдөө гүйгээд орчихдог нь яаж байгаа юм бэ. 30 жил бид үүнийг нь барьж явсан.

Путин биднийг Орос, Хятадын дунд хавчуулагдаж үлдэх нөхцөлд оруулчихлаа.

-Сэхээтний төөрөгдөлд ортлоо Оросын геноцидод өртсөн монголчуудаас тодорхой хэсэг хүмүүс Оросыг, Путиныг дэмжих юм. Ах дүү, амраг саднаа хядуулчихаад орос ах нар гэж гүйгээд байгаа нь ямар учиртай гэж та харж байна. Социализмын үеийн суртал ухуулгаас үүдэлтэй юу?

-Зөвлөлтийн коммунистууд Монголд геноцид хийсэн гол зорилго нь өөрсдийгөө шүтүүлэх байсан. Учир нь маш их айсан хүмүүс тэрхүү айдсыг бий болгосон хүмүүсийг шүтдэг. Хүн яагаад бурхан шүтдэг вэ. Ертөнцийн ямар нэгэн тайлагдашгүй зүйлээс айсандаа бурхан шүтдэг. Бурхан шүтнэ гэдэг бол айдсын илрэл.

Одоог хүртэл тоог нь тогтоож чадахгүй байгаа ч зарим тоогоор 40 мянга, зарим тоогоор 100 мянган хүнийг хядсан гол шалтгаан нь оросууд өөрсдийгөө шүтүүлэх гэж тэр. Айлгаж байгаад түүхийн санамж, соёл зэрэг бүхнийг тархинаас нь арчаад хаячихсан.

Айсан хүмүүс шүтэж эхэлдэг. Хүнд амьтанлаг араншин байгаад байдаг л даа. Зодуулсан нохой янаг гэдэг. Нохой айхаараа эрх болоод байдаг юм. Ийм зан чанартай хүмүүс байдаг. Оросыг шүтээд байгаа хүмүүс бол тийм хүмүүс.

Жишээ нь, “Босоо хөх Монгол”-ынхныг би ойлгодоггүй юм. Учир нь Зөвлөлтийнхөн Чингис хааныг өмхий үнэртүүлсэн зэрлэг гэж монголчуудад харагдуулсан. Монголын түүхийг арчаад хаячихсан шүү дээ. ХIII зууны монголчуудыг хүн мал нь ялгагдахгүй зэрлэгүүд байсан мэтээр, Чингис хааныг хүний мах иддэг мангас байсан мэтээр ойлгуулсан. Гэтэл “Босоо хөх Монгол”-ынхон Чингисийг шүтдэг хэрнээ Чингисийг гутааж, түүхийг нь устгах гэсэн зөвлөлт Оросыг шүтдэг. Яагаад хоёр харш зүйлийг шүтээд байгаа юм бэ. Айдас бол ийм мунхаглалд оруулдаг. Буддын гүн ухаанд айдсыг өвчин гэж үздэг.

-В.Путины айлчлалаас манайд бодит эерэг үр дүн гарав уу. Та юу гэж харж байна вэ?

-Эерэг ямар ч бодит үр дүн гараагүй. Монголд эерэг нөлөөтэй бодит үр дүн гаргах шаардлага Путинд байхгүй.

Олон улсын хоригт орчихсон, тэр бүү хэл Хятадын хоригт орчихсон Орос улстай бид эдийн засгийн харилцааг сэргээх тухай ярьж байна гээд бод доо. Тиймээс л гадныхан бидэнд анхааруулаад байна шүү дээ. Путин зориуд үүнийг хийсэн.

Барууны хориг тийм аймар биш юм бол хятадууд яагаад айгаад байгаа юм бэ. Мэдээж бид Хятад, Оростой эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлмээр л байна. Гэтэл Хятад хоригт орохоос айгаад хөрөнгө оруулагчид нь Орос руу орохгүй байна. Банкууд нь харилцаагаа зогсоож байна. Яагаад…

-В.Путин манайхаар дамжуулж олон улсад яг ямар ойлголтыг өгөхийг зорьсон гэж харж байна?

-Монгол бол миний дагуул улс гэдгийг харуулахыг зорьсон.

-Монголыг дэлхийгээс тусгаарлах нь В.Путин ерөнхийлөгчид ямар ашигтай гэж?

-Монгол бол 80 сая малтай, эрчим хүчний болоод байгалийн баялгийн маш их нөөцтэй улс. Нэгдүгээрт, энэ бүгдийг өөрийнхөө хяналтад авч, Монголыг түүхий эдийн бааз болгох гэж. Өмнө нь ч тийм л байсан шүү дээ, бид.

Хоёрдугаарт, Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нутаг дэвсгэрийнхээ нэг хэсгийг укрианчуудад алдчихсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оросын ямар ч удирдагч ийм байдалд орж байгаагүй. Тиймээс ард түмнийхээ санааг үүнээс холдуулахын тулд зориуд Монголд ирсэн. Курскийг алдсанаа үл тоосон мэт жүжиг тавьсан. Путинд олон давхар тооцоо байсан. Путин сая нэг сумаар 10-аад туулай буудчихлаа.

-Олон улсын шүүхийн “банга”-наас мултрах, олон улсын хоригт орохгүй байх ямар гарц бидэнд байна вэ?

-Олон улсын шүүхийн ерөнхий хуралдаанаас өмнө Шведийн хаан манайд ирээсэй гэж залбирч байна.

АНУ-ын Төрийн департемантын хэвлэлийн төлөөлөгч “Бид Монголчуудыг үргэлжлүүлэн дэмжмээр байна” гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Бидний өмнөөс америкууд сандраад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын ардчиллыг дэмждэг улс орнууд биднийг дэмжиж байна. Тиймээс Монголыг дэмжихээ зогсоож болохгүй шүү гэж хэлээд байна шүү дээ. Английн талаас ч хэлж байх шиг байна. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн том байгууллагууд зориуд “No war”-ийн жагсагчдыг харуулсан. Тэд бидний өмнөөс сандарч байна шүү дээ.

Хэрвээ Шведийн хааны айлчлал хойшилж байгаа бол энэ тун таагүй мэдээ шүү. Өөрөөр хэлбэл, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээгээд эхэлж байгаагийн дохио. Хэрвээ Шведийн хаан Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс өмнө ирвэл бид учир байдлаа хэлж болно.

Үүнээс гадна гадныхан ч, манай улсын иргэд ч, олон улсын байгууллагууд ч Монголын хуулийг сайн ойлгохгүй байна. Путины айлчлалд прокурор бүх хариуцлагыг хүлээх ёстой.

Монголд хэн нэгнийг баривчлах уу, үгүй юу гэдгийг шийддэг ганц л байгууллага бий. Тэр бол хуулиар прокурор. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч ч биш. Монголын Засгийн газар, УИХ ч биш. Тэдэнд баривчил гэж хэлэх эрх ч байхгүй.

Монголын прокурор төр засгаасаа хараат бус байдаг. Тиймээс саяны айлчлалд Монголын прокурор шийдвэр гаргах ёстой байсан.

Англи ч юмуу, АНУ-д прокурор нь Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу ажилладаг. Манайх бол Итали, Франц шиг бие даасан прокурортой. Тиймээс прокурор шийдвэр гаргаагүй л бол манай Ерөнхийлөгч, УИХ юу ч гэж хашхираад нэмэргүй байдаг.

Монгол Улс биш, Монголын прокурор хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнийг олон улсад ойлгуулах ёстой. Үүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд тайлбарлах ёстой.

-Тийм боломж прокурорт байхгүй юм биш үү?

-Тэгвэл прокурор Путиныг баривчилсан ч гэсэн Гаагийн шүүхэд хүргэх арга байгаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Манай улс БНХАУ, ОХУ-тай хиллэдэг.Хятад, Орос хоёрын хаагуур нь авч гарах вэ гэдгээ хэлж, тайлбарлах л хэрэгтэй шүү дээ. Путинд хэрэг үүсгэсэн явдлыг мэдээж Орос өөрсдөө эсэргүүцсэн. Мөн Хятад эсэргүүцсэн. Тиймээс энэ хоёр орон хэзээ ч Гаагийн шүүхэд Путиныг баривчилж өгөхгүй. Үүнийг нь хэлэх ёстой.

Хуулийн нэг процедент бий. Хуулийг хэрэгжүүлэхгүйгээр хэрэглэж болдоггүй. Тиймээс прокурорт хүлээсэн үүргээ хэрэгжүүлмээр байсан ч боломж байгаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

-Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг нийгэм болоод УИХ прокуророос шааардах ёстой юм байна шүү дээ. Тийм үү?

-Болдог бол АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанд ерөнхий прокурорыг дуудаж яагаад хууль хэрэгжүүлээгүйг асуух ёстой. Монгол Улсын прокурор бол УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. МАН-ынхан Орос гэхээр сүнс нь зайлчихдаг. Тиймээс АН-ынхан л прокуророос асуух хэрэгтэй. Би АН-ын нэг ч болтугай гишүүн асуучихгүй яав даа гэж харж суусан. Ингэсэн бол маш утга учиртай байх байсан. Ядаж л Х.Тэмүүжин дуугарчихгүй яав даа.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж санхүүжүүлнэ DNN.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Өнөөдөр “Барилгачдын өдөр” тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацааны 70-аад жилд нь төвлөрсөн төлөвлөгөөт, Оросын барилгын стандартаар явж ирсэн. Нэг хэсэг хятад барилгачид ч ажиллаж л байсан. Харин социалист нийгмээс ардчилсан нийгэмд ороход системийн ялгаанд барилгын салбар жаахан бүдгэрсэн. Учир нь тэр үед хувийн өмч гэж байсангүй. Одоо бол бараг бүхий л зүйл хувийнх болсон. Орон сууц гэхэд 1997 оны гуравдугаар с ард анхны хувийн гэрчилгээг авч байсан түүх байдаг. Ингээд харахаар хот байгуулалт, барилга, нийтийн ахуйн салбар яалт ч байхгүй уналт босолт, хөгжил дэвшлийг туулж ирсэн. Одоо гэтэл барилга гэхээр зөвхөн салбар төдий биш бүх хүн мэддэг зүйл болсон байна. Дээрээс нь манай улсад дэлхийн бүхий л улсад үйлдвэрлэж байгаа барилгын материал бараг бүгд байна. Хуучин нэг загвараар л барилга баригддаг байсан бол дэлхийн хаана ч байдаг орчин үеийн барилгууд баригддаг болсон.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танай салбарт ямар бодлого баримталж ажиллахаар болж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулаад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гэж байгуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын бараг тэн хагас нь улсынхаа нийслэлд амьдарч байна. Тэгэхээр шинэ хот барихаас өөр аргагүй болсон. Хамгийн ойрхон гэвэл олон улсын нисэх онгоцны буудлаа тойруулаад “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод” хот байгуулахаар болж байгаа. Ингэж хотыг задалж өгөхгүй бол хот дотроо дахин төлөвлөлт хийгээд л байвал төвлөрөл нэмэгдсээр байна. Мэдээж Улаанбаатар хот дотроо дахин төлөвлөлтийг хийсээр байх болно. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар хотоо задалж, шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага бий болсон.

Тэгэхээр манай яамнаас шинээр хот барьж нийслэлийнхээ төвлөрөл, түгжрэл, утааг задлах бодлогыг барина. Мөн гаднын орнуудын энэ талын туршлагыг давхар судалж байна. Саяхан л Хөх хот утаатай, түгжрэлтэй байсан бол одоо энэ бүхнээ шийдчихсэн байгаа. Тэгэхээр бодлоготой, төлөвлөлттэй байх юм бол богино хугацаанд эдгээр асуудлуудыг шийдэж болдог юм байна гэдгийг эндээс харах хэрэгтэй. Үүнээс гадна сум, аймгийн төв, хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ижил түвшинд аваад ирэх юм бол хүмүүс хот хүрээ газарт тэр бүр амьдрахыг хүсэхээ больчихсон. Тийм болохоор энэ талын бодлогыг барина. Хөдөөг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь инженерийн шугам сүлжээний асуудлыг л шийдэх хэрэгтэй. Ингэсэн байхад тухайн хүн өөрийн хүссэн байдлаар амьдрах орчноо бүрдүүлээд амьдарч чадна. Тиймээс төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийж өгнө. Харин та өөрийнхөө хүссэнээр байшин, орон сууцаа бариад амьдар гэдэг бодлогыг хөдөөд барьж ажиллана. Мэдээж ингэхдээ зохион байгуулалт, төлөвлөлтийг нь сайтар хийх ёстой.

-Иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг санаачилж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зогсч, сүүлдээ бага хэмжээтэйгээр гарч эхэлсэн. Үүнийгээ дагаад хээл хахуулийн асуудал ч яригдах болсон. Тэгэхээр салбар яамны зүгээс ипотекийн зээл дээр ямар ажил хйихээр төлөвлөж байна вэ?

-Иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдэх гол зүйл бол ипотекийн зээл. Одоо энэ зээлийн эргэн төлөлт нь 500-600 орчим тэрбум төгрөг байгаа юм. Дээрээс нь энэ зээлийг Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлээд ахиад энэ хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нэмэхээр болсон. Тэгэхээр жилд ийм хэмжээний хөрөнгөөр и потекийн зээлийн асуудлыг шийдээд ирэхээр таны яриад байгаа наад асуудлууд чинь харьцангуй багасна. Нэг ёсондоо нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна. Нийлүүлж чадахгүй болохоор л үнэ өсөөд, маргаан мэтгэлцээн, хээл хахуулийн асуудал гарч ирээд байгаа юм. Үүнээс гадна гадна, дотны нэн хөнгөлөлттэй зээл, тусламжаар инженерийн шугам сүлжээг өргөтгөх асуудал байна. Ирэх жил Хятадын буцалтгүй тусламж, Мянганы сорилын сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Мөн Шинэ Зуунмод хотод дээрээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад гаргасан алдааг дахин гаргахгүй байх нь л манай яамны гол зорилго. Зах зээлийн нийгмийн хүнд үед орон сууцнууддаа өргөтгөл барьчихсан. Тэр нь хувийн өмч болчихсон учраас өнөөдөр замаа өргөтгөж чадахаа байсан. Өнөөдөр Яармагийн зам хэт нарийхан, шахаад өндөр барилгууд барьчихсан. Тийм болохоор өргөтгөж болдоггүй. Ингээд шинэ хот руугаа очихын тулд Богд уулыг 15.7 км хонгил гаргаж, хоёр урсгал, зургаан эгнээ замтай байхаар төлөвлөж байна. Цаана нь өнөө яриад байгаа шинэ хот маань байх юм. Гэтэл бас тунель барьчихлаа гэхэд тийшээгээ очих гэж түгжирнэ. Тийм болохоор тунель рүүгээ очдог Ган татлагат гүүр барина. Ингэсний дараагаар бүх яам, тамгын газар буюу гүйцэтгэх засаглал нь хотоосоо гаръя гэж байгаа юм. Манай яам бол бодлогын яам. Тийм болохоор хотоо задалъя, шинэ хот барья, харин шинэ хотдоо алдаагаа давтахгүй байя гэсэн бодлого гаргаж байгаа юм. Түгжрэлгүй болчихвол нөгөө “20 минутын хот” чинь аяндаа бий болно. Гэвч бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ. Ган татлагат гүүр, тунель, Засгийн газрыг гаргах, Туул гол дагуух хурдны зам гээд төслүүдийг хийхэд 100 гаруй их наяд төгрөг хэрэгтэй. Тийм болохоор төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийгээд хүмүүсээ сэдэлжүүлье. Дээрээс нь дэлхий нийт хүлэмжийн хийг бууруулах зорилгоор асар их эх үүсвэрийг хүүгүйгээр өгч байна. Энэ мэт олон арга замыг л хайж байгаа. Өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдал нэг л өдөр бүгд засагдахгүй. Гэхдээ үүнээс цааш түгжрэл, утааг нэмэхгүй байх хэрэгтэй. Ингээд нааш нь багасгасаар байхгүй болгох хэрэгтэй л гэж үзээд байгаа юм.

-Гоё нэртэй, том төслүүдийг бид анх удаа ярьж, сонсож байгаа юм биш. Өмнө ч ярьж байсан олон гоё төсөл тэгсгээд зогссон тохиолдол бий. Тийм болохоор иргэдийн итгэл алдарсан гэж болно. Тэгэхээр энэ том төслүүдээ бүрэн дуусгахын тулд хэрхэн ажиллах вэ?

-Бүх зүйл нэг цэгээс эхэлдэг. Тийм ч болохоор хамтарсан Засгийн газар энэ эргэлтийн цэгийг эхлүүлж байна. Ер нь бол өнөөдөр бид өмнөхөө муулаад байж болохгүй. Алдаа дутагдал байгаа бол засах ёстой. Учир нь өнгөрсөн 30 жил ингээд яваад ирсэн. Дараагийн 30 жилд ямар байх нь хамаагүй гэж бодож болохгүй биз дээ. Өмнөх Засгийн газрууд дангаараа засаглахыг оролдоод, бусад нь сөрөг хүчин учраас гээд эсэргүүцдэг, нийгэмтэйгээ зөвшилцөж чаддаггүй байсан гэж үзэж байгаа юм. Дандаа ахуйтай зууралдаж байсан. Тийм болохоор одоо парламентад суудалтай байгаа нам, эвслүүд нэг ойлголттойгоор хамтраад зүтгэвэл энэ том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Бидэнд одоо өөр арга байхгүй. Энэ нийгэмд би, чи гэж талцаад байх хэрэггүй. Миний, чиний хүүхэд өснө. Өөрийн гэсэн орон сууцтай, машинтай байхыг, тав тухтай амьдрахыг л хүснэ. Тэгэхээр бид ямар ч байсан эхлүүлж байгаа юм. Харин муулах, өөлөх бол амархан.

-Том төслүүд бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тэгвэл ойрын хугацаанд нийслэлийнхээ асуудлыг бага багаар ч болов шийдэх төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Байлгүй яах вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, 1008 айлын орон сууц, Солонго-1, 2, Залуус-1, 2 гээд хийж байна. Нийслэлтэй бид маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байгаа. бүх ажлуудыг бодлогоор дэмжих ёстой. Мөн барилгын стандартуудаа шинэчлэх том ажил байна. Ажиллах хүчний хомсдол энэ салбарт том асуудал болсон. Ажлын байрны нэгж өртөгийг нэмэгдүүлэхгүй бол ажиллах хүн олдохоо байсан. Солонгос, Австралид барилга дээр ажиллахаар 3-5 дахин, магадгүй 10 дахин их мөнгө аваад байгаа учраас тийшээ яваад байна. Тийм ч болохоор энэ мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаа.

-Ипотекийн зээлээс гадна өөр арга замуудаар иргэдээ орон сууцжуулах асуудал яригдаж байгаа юу?

-Дэлхий дээр ер нь хэдхэн янзын л арга зам байдаг юм байна. Ипотек, түрээс, түрээслэх замаар өмчлөх гэж бий. Эдгээрийг зэрэгцүүлээд хийгээд явна. Мэдээж хамгийн чухал нь урт хугацаатай, бага зүйтэй зээл болох ипотек шүү дээ.

-Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгосон. Ингэснээр орон сууцны үнэ буурна гэж байсан ч эсрэгээрээ улам нэмэгдчихсэн. Дээрээс нь орж ирж байгаа цементийн чанар муу зэрэг асуудлууд үүссэн. Та салбарын сайдын хувьд энэ бодлогыг эргэж харах уу?

-Аливаа асуудлыг хэлэлцүүлгийн замаар шийдэх ёстой. Тийм ч болохоор салбарын сайдаар томилогдоод салбарынхаа ахмадууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Эндээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгээс дүгнэлт гаргаад, манай цементийн хэрэглээ хэр байна, гаднаас оруулахаар бол яах юм гээд олон зүйл тодорхой болно. Харин үүнээс үл хамаараад чанар болон жингийн асуудал байгаа юм. Гол нь хэрэглэгч хохирдоггүй л байх ёстой. Энэ тал дээр үүрэг чиглэл өгнө. Эдийн засагт нөлөөлөх гол шийдвэрийг нь үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч гурвын олон талын хэлэлцүүлгээс дундын хувилбар гаргаад явна.