Categories
мэдээ нийгэм

Ш.Гүрбазар: МҮОНРТ-д шинэчлэл, хөгжлийн салхи сэвэлзэж эхэлсэнд баяртай байна

МҮОНРТийн Бодлогын зөвлөхөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар ажиллахаар болжээ. Шинэ ажлынх нь талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


Саяхан МҮОНРТийн шинээр томилогдсон захирал А.Бүрэнбаатар болон Үндэсний зөвлөлөөс ахмад уран бүтээлчидтэйгээ уулзаж. Уг уулзалт зүгээр нэг хүндэтгэл үзүүлэх бус харин ахмад үеийнхэн болоод залуу үеийнхний хамтран ажиллах харилцаа холбоог сэргээсэн гэдгээрээ онцлогтой талаар ярьж байна. Энэ тухайд хоёулаа яриагаа эхэлье гэж бодлоо?

-Би ерөөсөө улсын ганцхан байгууллагад ажилласан хүн шүү дээ. МҮОНРТ-д 40-өөд жил ажилласан. Монголын Үндэсний олон нийтийн телевиз гэдэг бол амьдралын минь утга учир юм. Энэ байгууллагатай миний бүхий л уран бүтээл, амьдрал салшгүй холбоотой, хоёр дахь гэр минь байхгүй юу.Тиймээс унаган байгууллага, унасан газар маань үргэлж сайн сайхан байгаасай, олон сайхан шинэ зүйл хийгээсэй гэсэн хүсэл чин сэтгэлд минь үргэлж уяатай явдаг. Телевизийн Үндэсний зөвлөл шинэчлэгдээд зохион байгуулалтад ороод МҮОНРТ-ийн удирдлагаа сонгосныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Эндээс нэг дэвшилтэй юм харагдсан. Ахмад уран бүтээлчийн хувьд үүнийг их олзуурхаж баярласанаа нуулгүй л хэлье. МҮОНРТ-д ажиллаж, цагтаа хийж бүтээснийхээ гавьяа шагналыг хүртэж байсан ахмад уран бүтээлчдээ шинэ гарсан удирдлагууд маш хүндэтгэлтэй хүлээж авсан нь их сайхан санагдлаа. Телевизээс төрөн гарсан таван ч гавьяат ахмад уран бүтээлчийг хүлээж авч уулзаад үгийг нь сонсоод “Арвин баялаг туршлага, авьяас чадвараасаа залуу үеийнхэнтэйгээ хуваалцаж, бодлогын түвшинд хамтран ажиллаж зөвлөөч ээ” гэсэн саналыг бидэнд тавьсан. Миний хувьд МҮОНРТ-ийн Бодлогын зөвлөхөөр ажиллах үүрэг хүлээсэн. Яахав, сайн дурын ажил юм л даа. Гэхдээ энэ бол ахмад уран бүтээлч бидний хувьд том хүндэтгэл. Бидний хувьд залуу үеийнхэндээ хэлж ярих юмсан, зааж чиглүүлэх юмсан гэсэн зүйл маш их байдаг. Тиймээс чадах, мэдэх юмаа залуу үеийнхэнтэйгээ боломжоороо хуваалцах юмсан гэсэн оргилуун их хүсэлтэй явдаг. Яг үүнийг мэдэрч харснаараа энэ удаагийн МҮОНРТ-ийн шинэ удирдлагууд өмнөх удирдлагуудаас нэг алхам илүү ажиллаж байна даа гэж би хувьдаа харж байна.

Энэ нь шинэ удирдлагын хувьд дотроо ажиллаж үзсэн, зовлон жаргалаа мэддэг хүн сонгогдсоны нэг давуу тал байх, тийм үү?

-Хоёр талтай юм аа. Нэгдүгээрт, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар энэ телевиз дотроо олон жил ажилласан залуу. Мөн Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг харахад мөн л энэ телевизээс амьдралынхаа гарааг эхлүүлсэн, олон жил ажиллаж байсан хүмүүс байна. Өөрөө телевиз дотроо ажиллаж байсан хүн чинь дотоод асуудлаа мэднэ, ажлаа мэднэ, албан хаагчдаа мэднэ. Энэ хэрээрээ худлаа ярьж чадахгүй, хуудуугүй ажиллах нөхцөлгүй. Энэ чинь маш том давуу тал. Хоёрдугаарт, одоо хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг харахад маш шинэлэг, оюунлаг зүйл их харагдаж байна. Гадна, дотно маш хүчтэй, чадвартай багуудыг авчирч байна. Бодлогын хүрээнд, сэтгэлгээний хүрээнд МҮОНРТ-ийг хөгжүүлэх гэж тавьж байгаа тэр мөрийн хөтөлбөр, зорилгоо бидэнд танилцуулсан л даа. Тэр нь маш их дэвшилттэй санагдсан. Биднийг уриад та нар орж гарч байгаарай гэх нэг хэрэг. Энэ бол байдаг л зүйл. Харин “Бид ийм ажил хийх гээд байна, МҮОНРТ-ийг ингэж хөгжүүлэх зорилготой байна, та нар үүнд санал бодлоо хуваалцаач ээ” гэдэг өөр хэрэг. Бидэнд үнэхээр хөгжил хэрэгтэй. Яахав, бидэнтэй бидэнгүй л хөгжих байх. Гэхдээ зөв шугамаар, зөв чиглүүлж хөгжихөд ахмад уран бүтээлч бидний үг хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Тиймээс л энэ залуучуудыг их зөв голдирлоор МҮОНРТ гэдэг байгууллагыг хөгжүүлж авч явах нь гэж ах нь баярлаад байгаа юм.МҮОНРТ-ийн удирдлагын баг, Ерөнхий захирлын мөрийн хөтөлбөрөөс харахад телевизэд одоо л нэг шинэчлэлийн салхи сэвэлзэх юм байна гэсэн итгэл төрж дотроо баярлаж суулаа. XXI зууны телевизийн контентын өнгө төрхийг удирдлагын баг 2021 онд тодорхойлон гаргаж байгааг үзэгч түмэндээ дуулгахдаа баяртай байна. Энэ их шинэчлэлтийн ажилд ахмад үеийн бид гар бие оролцох болсондоо үнэхээр сэтгэл өндөр байна.

Та бодлогын зүгээс энэ тал дээр нь түлхүү анхаарч, хамтраад телевизээ хөгжүүлчих юмсан гэсэн ерөнхий зургаа дотроо бол аль хэдийнэ гаргачихсан, төлөвлөчихсөн биз?

-Миний хувьд бүгдийг чадна гэж хэлж чадахгүй. Гэхдээ бидний насанд бүгдийг мэдэрчихсэн, туулчихсан, туршлага бий. Би МҮОНРТ-ийн Бодлогын зөвлөхийн хувьд үндэсний олон нийтийн телевизэд ямар контент, ямар чиг баримжааны нэвтрүүлгүүдтэй байвал өөрийнхөө өнгө төрхийг олох вэ гэдэгт нэмэр болох ажлуудыг бодож байна. Хөтөлбөрүүд дээр сууж эхэлж байна. МҮОНРТ-ийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргүүд байна, хуулиар өөрчлөгдсөн зүйлүүд байна. Мөн гадны орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийг харж байна. Тэндээс харахад юу бидэнд дутагдалтай байна, юуг нь урагшлуулж өгөхөөр байна, ямар контент хэрэгтэй байна гэдэг тал дээр маш сайн бодох хэрэгтэй. Ресторанаар зүйрлэе л дээ. Ямар хоолыг нэрийн хоол болгож ресторанаа цааш нь авч явж байнгын үйлчлүүлэгчтэй болох вэ гэдэгтэй л адилхан шүү дээ. Юу ч хамаагүй бантан ч хийгээд цуйван ч хийгээд, тэгснээ будаатай хуурга ч хийгээд байвал хүнд төдийлөн хүрч чадахгүй. Яг үүнтэй адилхан олон контент хийх үү, эсвэл яг Үндэсний олон нийтийн телевиз гэсэн агуулгадаа нийцсэн өөрийн гэсэн онцлогтой контент хийх үү гэдгээ сайн бодох хэрэгтэй. Арилжааны телевиз биш шүү дээ.Энэ тал дээр миний хийж чадах зүйл байвал зүтгэнэ гэсэн бодолтой байна.

Контент хийхдээ сая таны хэлсэн шиг арилжааны телевизээс ялгарах зүйл нь юу байдаг вэ, энэ олон жилийн туршлагаасаа харахад таны ажигласнаар үндэсний телевизийн хийж буй бүтээлийн гол онцлог юу байх ёстой вэ?

-Хамгийн гол нь Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг утгаараа хуулиа харах ёстой. Хувийн телевиз бол хамаагүй ш дээ, арилжааны зорилготой учраас. Үүгээрээ л ялгарч Монголынхоо гурван сая гаруй хүнээ соён гэгээрүүлэх вэ гэдэг зүйл дээр бясалгаж байна. Заавал ахмадууд телевизээр гарах биш, учиргүй бид орон тоо бөглөх гээд байгаа юм биш. Сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа ажил, үүрэг юм. Тэгэхээр сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. “Өвгөд нь ухаантай, залуучууд нь нинжин сэтгэлтэй байвал улс орон хөгждөг” гэдэг үг байдаг ш дээ. Үүн шиг бидэнд ухаантай санал бодол байвал түүнийгээ хэлж зөв чиглүүлж мэдлэг боловсролтой залуучууд нь эх орноо удирдан залаад аваад явчихна. Тухайлбал, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Жанцанноров гуай, Ардын жүжигчин Ц.Сувд гуай нарыг өнөөдөр уран бүтээлч биш гэж хэлэх ямар ч үндэсгүй шүү дээ. 60, 70 настай байна уу хамаагүй, авьяасаас шалтгаалж уран бүтээлээ хийсээр л байна.Тэгэхээр хамт олондоо жаахан чаддаг зүйлээрээ л туслах гэсэн сэтгэл гэж ойлгох нь зүйтэй байх. Яахав, өмнөх зарим удирдлагын үед телевизээрээ ахмад уран бүтээлч бидэнд орж гарах хориотой байсан үе бий. Үүнд гомдож, гуниж явах ч үе байсан. Гэхдээ өнөөдөр хүн муулаад яахав. Тэр өнгөрсөн зүйл. Харин өнөөдрийн зөв бодлогыг л дэмжих чухал. Шинэ залуу үеийнхэн зөв бодож чиглүүлэхийг хүсч буй биднийг сонсож байгаа нь үнэхээр талархалтай байна. Яг үнэндээ тэтгэвэрт л гарсан болохоос бидэнд ч бас бодох, хэлэх зүйл их байдаг, нэг талаар энэ хүмүүс чинь мэдлэгийн баялаг уурхай шүү дээ.

МҮОНРТийн олон ч нэвтрүүлгийг таниас салгаж төсөөлөх аргагүй байдаг. Энэ утгаараа цаг үеэс үл хамаарч ард түмнийг соён гэгээрүүлэх, олонд хүрсэн нэвтрүүлэг бэлтгэхдээ бодлогын хувьд ер нь гол чиглүүлдэг хүчин зүйл нь юу байдаг юм бол?

-Аливаа ард түмний түгээмэл оршихуй, үнэлэмж, боломж гэж байдаг. Түүнийг нь барих чухал.Телевиз бол намын үзэл суртлын зэвсэг байх үед ч ажиллаж л байлаа. Телевиз гэдэг чинь ард түмний оюуныг чиглүүлэх байгууллага. Өөрөө л дотроо “би эргэцүүлэл, бодрол чиглэлийн нэвтрүүлгийг сэтгүүл зүйд гаргаж ирсэн дээ” гэж боддог. “Говийн ганц айл” зэрэг нэвтрүүлгүүд олон бий. Өнгөрсөн туршлагаас харахад би намын үзэл суртлын зэвсэг байх үед ч, сүүлд нийгэм эдийн засгийн байгууллага үүссэн үед нь ч ажиллаж байлаа. 1990 оны Ардчилсан хувьсгалын үед Монголын телевизүүд маш үнэ цэнэтэй үүрэг гүйцэтгэсэн.Ард түмний талд яг зөв ажиллаж чадсан гэж боддог. Тиймээс бидэнд үлдээсэн түүх бий. Нөгөөтэйгүүр 50 жилийн түүхтэй байгууллага маань өөрөө бараг нэг жарны турш оршин тогтносон өөрийн гэсэн түүхтэй, үнэт зүйлтэй, бахархалтай гэдэг талыг боддог. Энэ утгаараа МҮОНРТ ямар бодлого, чиглэл барьж явах гэдэг тал дээр үнэхээр бодох зүйл их бий. Тэгэхгүй бол арилжааны телевизүүдийг дуурайгаад баахан ток шоу хийгээд эсвэл нэг талыг барьж давхиад байж болохгүй. Юуны тулд ард түмний татварын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг билээ гээд л яриад байвал олон хүчин зүйл байдаг юм аа.

Тэгэхээр МҮОНРТ ахмад уран бүтээлчидтэйгээ харилцаа холбоотой ажиллах болсон нь нэг талаараа ахмад уран бүтээлчдийн хувьд бодож явсан ч хийж амжаагүй ажлаа залуу үеэрээ дамжуулж гүйцэлдүүлэх боломж гэж бас харж болох нь ээ?

-Бид чинь бөөн хөөр болсон. Шинэ ажилд орж байгаа юм шиг л зураг хөргөө авахуулаад л. Бидэнд үнэмлэх өгсөн. Тэрийгээ харж баярлаад л. Гэртээ авчирч үзүүлээд “Аав нь ажилдаа эргээд орлоо” гээд л. Сэтгэл их хөдөлсөн л дөө. Энэ нь яахав ээ, зай бөглөхөөсөө илүүтэйгээр чадах юмаараа, оюун санаагаараа энэ байгууллагыг өөд нь татахад оролцмоор байна. Ерөнхий захирал А.Бүрэнбаатараар удирдуулсан бүтцийн хувьд их оюунлаг, сайхан хүмүүс гарч ирж. Чадалтай хүмүүсээр багаа бүрдүүлж байна гээд олон талаас нь харвал ахмад уран бүтээлч миний хувьд сайшаалтай байна. Би яг бодож байна л даа. Бусад уран бүтээлчид ч гэсэн адилхан бодож байгаа байх. Манай телевиз ийм байвал, иймэрхүү контент хийвэл яах вэ гээд доод тал нь арваад контентын санаа гаргаад сууж байна. Магадгүй тэр дундаас энэ чинь танд зохиж байна, та өөрөө хий гэвэл би дуртай хийнэ.(инээв). Би тэтгэвэрт гараад ганц нэг хувийн телевизэд урилгаар ажиллаад, өөрөө студи байгуулаад уран бүтээл хийгээд явж үзсэн. Ингэхэд нэг зовлон байдаг юм байна. Намайг олон жил ажилласан болохоор ард түмэн МҮОНРТ-ийн Гүрбазар гэж хараад байдаг юм байна. Суваг мушгихаар л Ш.Гүрбазар харагдаад байдаг. Ямар сайндаа миний найз Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжийн зохиолч Балхжав буюу Балхаа маань “Би чамтай хамтраад сайхан нэвтрүүлэг хийе гэж боддог Гүрээ. Гэвч болж өгөхгүй асуудал юундаа байна гэхээр суваг солихоор л МҮОНРТ-ийн Ш.Гүрбазар харагдаад байдаг байхгүй юу” гэж ярьж хошигнож байлаа. Энэ нь зурагтаар гарах сонирхол их байгаа даа биш хүн хийж байсан ажлаа их үгүйлдэг юм байна. МҮОНРТ-д олон жил ажилласан болохоор хажуугаар нь өнгөрөхөд хүртэл сэтгэл огшоод гоё байдаг. Нэг хөгжтэй явдал дурсахад, одоогоос хоёр жилийн өмнө би Цагаан сарын баярын нэвтрүүлэгт орох гээд очсон юм. Тэгсэн үүдний харуул таныг оруулахгүй гээд. Би ч “Ах нь үнэмлэхээ үзүүлье ардын их хурлын депатут байсан, ямар ч газар орох эрхтэй гээд үнэмлэхээ үзүүллээ, хоёрдугаарт нэвтрүүлэгт орно” гэтэл нэр чинь алга байна гээд наймаг хөөсөн байхгүй юу. Тэгсэн үүдэнд байсан хүмүүс гайхаад яаж байна аа, наад хүн чинь энэ телевизэд 40-өөд жил ажилласан Гүрбазар гэдэг хүн ш дээ гээд сандраад бөөн юм болоод. Өнөөх харуул ч “Номтой юм номоороо” гээд загнаад. Би ч уурлаагүй л дээ. Гэхдээ л ахмад хүмүүс чинь олон жил ажиллаж байсан газраараа ороод гарна гэдэг их сэтгэлд ойрхон зүйл байхгүй юу.

Сүүлийн үед МҮОНРТ дотроо нэлээд асуудалтай,удирдлага болоод ажилчдын дунд нэлээд хагаралтай амаргүй байсан. Одоо харин шинэ удирдлагыг арай илүү шинэ түвшинд авч явах байх гэсэн хүлээлттэй боллоо. Ер нь байгууллага удаан оршин тогтнож хөгжихөд удирдлагын бодлого чухал юм уу, тухайн ажилтны сонирхол илүү чухал байдаг уу?

-Хүн бол өөрснийхөө үеийг магтдаг юм даа. Миний ажиллаж байсан үед МҮОНРТ-д маш чадалтай, мэдлэг боловсролтой хүмүүс удирдаж, чиглүүлж байсан. Тэр үед бүтээмжийн хувьд их өндөр байсан. Надад гэхэд л уран бүтээлээрээ дамжуулж төрөөсөө аваагүй шагнал гэж бараг байхгүй. Миний хөгжих гол үндэс нь телевиз, тэр олон сайхан хүмүүсийн буянаар өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хамгийн гол нь багаар ажиллах чухал юм байна гэдгийг би өнгөрсөн хугацаанд харсан. Би ганцхан байгууллагад ажилласан болгож уг байгууллагаа сайнтай, муутай нь мэднэ. Тийм ч учраас телевиздээ дэндүү хайртай. Улам сайхан болоосой гэж боддог.Одоо ч гэсэн телевизийнхээ буянаар ард түмэн маань намайг тэтгэвэрт гараад гэртээ сууж байгаа гэж мэддэггүй(инээв). Хааяа таньж мэддэг хүмүүс таарахаараа “Ажил төрөл сайн уу Гүрээ, яагаад ойрд зурагтаар харагдахгүй байна” гэдэг. Би ч “Сайн, яахав ээ завгүй л явна” гэдэг.

Танд МҮОНТийн Бодлогын зөвлөхөөс гадна өөрийнхөө гарын шавийг бэлдэх даалгавар авсан гэж сонссон юм байна?

-Энэ удирдлага надад том даалгавар өгч байгаа. Та хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөтлөгч, нэвтрүүлэгч хүн. Хоёрын зэрэг, гурвын зэрэг ч хамаагүй өөрийнхөө халаа болох хэдэн сайхан шавь нар гаргаад ирээч гэсэн даалгавар өгсөн. Тиймээс би хоёр жилийн дотор гарынхаа хоёр сайхан шавиа гаргаж ирэх юмсан гэж бодож байна. Зүтгэнэ дээ. Өөрөө эрж, судалж байгаад хоёр сайхан залуу гаргаад ирж чадна аа. Ийм л урам зоригтой, контент энэ тэр бодсон шиг сууж байна даа Гүрээ ах нь. Зөвлөх гээд зүгээр нэг хэвтээд байж болохгүй байх, тийм үү. Ер нь манай телевизийн залуу уран бүтээлчид ч гэсэн сайхан хүлээж авч байна.

Та одоо шууд нэвтрүүлэгт орохдоо бэлддэг үү, ер нь шууд хөтлөлтөө хийгээд явчихдаг уу?

-Сэтгэл дотор ойрхон, өөрөө дуртай учраас нэвтрүүлэгтээ орчихдог. Ялангуяа би шууд нэвтрүүлэгт дуртай. Олон жил давхисан уухиа морьсон шиг л болсон. Би өдий зэрэгтэй ажилласан ч өөрийгөө хамгийн сайн хөтлөгч гэж хэлж чадахгүй. Харин хамгийн сайн хөтөлж болохыг мэднэ, тэрийгээ хүнд зааж өгч бол чадна. Залуучуудад энэ ийм юм байдаг, ийм аргаар үзвэл илүү дээр гэдэг ч юм уу маш олон хэлбэрээр сурснаа зааж бол өгч чадна. Би чинь өөрийгөө магтаж байгаа юм биш шүү нуулгүй хэлэхэд, дөрвөн ажлыг зэрэг хийж ирсэн хүн шүү дээ. Хөтлөгч, нэвтрүүлэгч, яруу найрагч, хөгжмийн зохиолч хүн би. Хөтлөх урлагт 50 жил, телевизийн урлагт 40 жил зүтгэсэн. Ямар хэмжээнд хийсэн гэдгийг бол би биш Монголын ард түмэн дүгнэх байх л даа. Тиймээс мэдэх зүйлээ телевизийнхээ хамт олонтой хуваалцахад би бэлэн шүү. Хүн ажиллаж байх үедээ үүнийгээ мэддэггүй юм байна. Жаахан хөндийрөөд ирэхээр үүн дээр нь ингээд ажиллаасай гэдэг зүйл боддог юм байна.

Ер нь та Монголд телевизийн хөгжил ямаршуухан түвшинд явж байна гэж боддог вэ?

-Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжээд яг 31 дэх жилдээ орж байна. Одоо ардчилал гэдэг юмаа ойлгочихлоо. Одоо харин цаашаа явахдаа ардчилал гэдэг юмаа базаж аваад ингэх ёстой юм байна гээд явбал илүү сайн явна. Үүнтэй адилхан баахан телевиз гарч, болсон болоогүй гарч ирээд сайнтай муутай өөрсдийнхөө өнгөөр явлаа. Тэгвэл одоо энэ оноос хойш ямар телевиз чухал юм. Ямар мэдээлэл, контент хэрэгтэй байна. Зүгээр нэг олон телевиз сольж суваг мушгихдаа биш, энэ гурван сая гаруй хүн телевизээр юу үзэж, харахыг хүсч байгаа юм гэдэг чухал байна. Тэрнээс аль олон контенттой нь, аль олон энтертаймэнт нэвтрүүлэгтэй нь хол явна гэдэг ойлголт ард үлдэж байна. Цоо шинэ байдлаар, бүтээлчээр ажиллах шаардлагатай болж байгааг хөгжил нь өөрөө тодорхойлоод өгч байна, шинэ шатанд авчирч байна. Одоо өөрсдөө л бодох хэрэгтэй байна. Улс орны хувьд ч, монголчуудын хувьд ч адилхан, дэлхийн хөгжил ч адилхан шинэ шатанд шинэ бодлого, арга барилыг шаардаж байгаа нь ажиглагдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Хонгорзул: Иргэд эсрэг биеийн шинжилгээ өгөх шаардлагагүй, өгсөн ч дархлааг бүрэн үнэлэх боломжгүй

АШУҮИСийн БиоАнагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, анагаах ухааны доктор Т.Хонгорзултай ярилцлаа.


Вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлуулна гээд шинжилгээ өгч байна. Гэтэл эрдэмтэд дархлаа тогтсон эсэхийг үзэж тогтоох ямар ч боломжгүй гэх юм. Та мэргэжлийн талаас нь дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Эсрэг бие гэдэг дархлааны уураг нь дархлааны эсээс үүсдэг. Хүний биед ямар нэгэн халдвар орж ирээд дархлааны хариу урвал өрнөсний дараа дархлааны эсүүдээс үүсдэг уургийг эсрэг бие гэж нэрлэдэг. Энэхүү уураг өвдөөд эдгэсэн хүнд ч, вакцин хийлгэсэн хүнд ч тодорхой түвшинд тодорхойлогдоно. Товчхондоо биед гаднаас харийн өвчин үүсгэгч ороод ирж байгаа учраас дархлааны эсүүд ажиллана. Ажилласан юм чинь өөрийнхөө уургийг ялгаруулна. Ийм л процесс. Тэрийг заавал шинжлүүлж тодорхойлуулах гээд байх шаардлагагүй.

Яагаад?

-Өвдөөд эдгэсэн, эсвэл вакцин хийлгэсэн хүмүүсийн гол зорилго нь эсрэг бие өндөр тодорхойлогдвол өөрийгөө сайн хамгаалагдсан гэж үзэх гээд байх шиг байна. Гэтэл эсрэг бие үүсч байгаа чинь дархлааны зөвхөн багахан хэсэг юм. Цаана нь эсийн дархлаа гээд бас нэг өөр дархлаа ажиллаж байдаг. Энэ эсрэг бие шинжилгээгээр гарахгүй ч байж болно. Харин гараагүй байлаа гээд бид дархлаа тогтоогүй байна гэж ойлгож болохгүй. Цаана нь эсийн дархлаа ажиллаад тогтчихсон байж болно. Энгийн байдлаар тайлбарлая л даа. Хүний дархлааг 100 хувь гэж авч үзвэл эсрэг биеийг зөв оновчтой шинжилж чадвал 50 хувь хүртэл дархлааг тодорхой хэмжээнд илэрхийлнэ. Харин буруу оношлуур ашиглаж шинжилбэл эсрэг бие тодорхойлогдохгүй. Тэгээд үүнийгээ эсрэг бие тодорхойлогдоогүй учир дархлаа тогтоогүй байна гэж ярьж болохгүй.

Эсрэг биетийг буруу шинжилбэл гэдгээ тодруулаач?

-Вакцинаасаа хамаараад шинжлэх эсрэг бие нь тус бүртээ ялгаатай. Манайхан нэг оношлуур ашиглаад өөр өөр вакцины үр дүнг үнэлээд байгаа нь буруу. Тэгэхээр нийт дархлааныхаа 30, 40 хувийг оновчтой шинжилж чадахгүй байгаа хэрнээ буруу юм яриад байна.Ийм учраас бид энэ шинжилгээг хийлгэх нь ерөөсөө ач холбогдолгүй гэж хэлээд байгаа юм.

Хүмүүс эсрэг биетээ тодорхойлууллаа. Спутник гарахгүй байна, веросел сайн байна гээд яриад байгаа. Тэр шинжилгээний технологи нь дуртай эмнэлэг нь хийхээр тийм түгээмэл эд үү?

-Тэр хүмүүсийн хийлгэсэн гээд байгаа хуудсыг харахад ихэвчлэн Интермэд эмнэлэгт хийлгэсэн харагдана лээ. Эсрэг бие шинжилдэг арга нь өөрөө түгээмэл, энгийн аргад хамаарна. Нарийн түвшний шинжилгээ биш. Гэхдээ вакцинаасаа хамаараад өөр өөр оношлуур ашигладаг. Жишээ нь, би нэг оношлуур худалдаж авчихаад бүх вакцины үр дүнг үзээд тодорхойлчихно гэдэг юм байхгүй. Вакцины үр дүнг үнэлдэг өвөрмөц эсрэг бие нь маш үнэтэй. Олдоц хомс. Гадуур түгээмэл байдаг нийт эсрэг биеийг тодорхойлох оношлуурыг хэрэглээд байх шиг байна. Би түрүүн хэлсэн дээ, халдвар авсан ч бай, өвдсөн ч бай тодорхой хэмжээгээр эсрэг бие үүснэ гэж. Өвдөөд эдгэсэн хүний эсрэг бие арай илүү өндөр тодорхойлогдож болно. Гэтэл үүнийг үзчихээд дархлаа сайн тогтсон байна, бусад нь бага байна гээд яриад байж болохгүй. Дотроо нарийн түвшний олон төрлийн ялгаатай зүйл байна шүү дээ. Вакцины төрлөөс, оношлуураас, вакцины дараах хугацаа, хувь хүний онцлог гээд олон хүчин зүйлээс үр дүн хамаарна. Хувь хүний бие физиологийн онцлогоос хамаарч дархлаа нь маш удаанаар, аажмаар тогтдог байж болно. Тиймээс вакцин хийлгэчихээд дархлаа тогтоцоо үнэлүүлнэ гэдэг иргэн хүндээ ашиггүй зүйл болж байна.

Тэгэхээр ихэнхдээ хувийн эмнэлгүүд ашгийн төлөө иргэдийн тархийг угаагаад байна гэсэн үг үү?

-Яг шинжлэх ухаан гэхээсээ илүү ашгийн шинжтэй байна гэж харж байна. Миний анзаарснаар “Сонгдо” эмнэлэг ямар оношлуур ашиглаж байгаагаа мэдээлээгүй байсан. “Интермэд” бол зөвхөн синофармын вакцины үр дүнг тодорхой хэмжээнд илэрхийлэх оношлуур хэрэглэж байна. Тэгэхээр “астразенека” вакцин хийлгэсэн хүмүүс тэнд очиж эсрэг биеэ тодорхойлуулах утгагүй. Хүмүүс вакциныхаа үр дүнг үнэлүүлэх гээд яваад байдаг. Энэ хэрэгцээн дээр ашиг олох гэсэн байгууллагууд тоглолт хийж байна л гэж харж байна.

Гэтэл хүмүүсСинофарм”-ынх сайн, Спутник муу юм байна гэдэг ч юм уу талцаад байдаг…?

-Үнэхээр эдгээр вакцины үр дүнг харьцуулах гэж байвал олон хүнийг хамруулж, удаан хугацаанд шинжлэх, мөн тус тусдаа өөр өөр оношлуураар тодорхойлж үзвэл багцаа үр дүнг харж болно. Ингэж үзэхэд аль нэгэнд нь эсрэг бие гарахгүй, нөгөөд нь эсрэг бие 30 хувь хавьцаа гэж тодорхойлогдвол вакцин үр дүнгүй байна гэж ойлгож болохгүй. 100 хувийн дархлааны 20-30 хувь нь эсрэг бие. 100 хувийн 20-30 хувийг тодорхойлох гэж тааж үзэж байгаагаа хүмүүст “Дархлаа тогтоогүй байна” эсвэл “Дархлаа тогтож байна” гэж хэлээд байж болохгүй. Үнэхээр тэр хүнд эсрэг бие их гарлаа, бага гарлаа гээд ямар ч ач холбогдолгүй. Эмнэлгийн байгууллагууд мэдэхгүй байж эсвэл мэдэж байж буруу зүйл рүү чиглүүлээд байгаа нь харамсалтай. Тэгээд хүмүүс тэдэн хувь дархлаа тогтсон гээд тоо яриад байна. Тэр тоо нь ямар ч утгагүй.

Тэгэхээр заавал тэр шинжилгээний төлөө хөөцөлдөөд байхгүйгээр халдвар хамгааллаа сахих л чухал юм байна. Тийм үү?

-Дээр дурдсан хугацаа, хувь хүний онцлог зэрэг олон зүйлээс хамаараад эсрэг биеийг үнэн зөв, бодитой дүгнүүлж чадахгүй. Тиймээс хоёр дахь тунгийнхаа дараа халдвар хамгааллынхаа дэглэмийг сахиад өөрөөр хэлбэл, амны хаалтаа зүүгээд, гараа ариутгаад, зайгаа бариад хэвийн амьдралдаа ороод явах нь тустай. Юмыг яаж мэдэхэв, зарим нэг газар танд дархлаа тогтчихсон байна гээд хэлдэг. Тэгэнгүүт нөгөө хүн сэтгэл нь амраад амны хаалтаа зүүхгүй, зайгаа барихаа болиод хуурамч сэтгэл ханамжаас болоод халдвар ихэсч болно. Тиймээс хуурамч мэдээллээс болоод өнөөх хүн маань халдвар авах эрсдэл үүсч ч болно. Аль үйлдвэрлэгчийн вакцинаас хамаарч дунджаар 80 хувь хамгаалагдана. Үлдсэн 20 хувиийг бид амны хаалтаа зүүж байж бүрэн хамгаалагдана. Хэдийгээр вакциныхаа хоёр тунг авчихсан ч өвдөх, халдвар авах 20 хувийн эрсдэл байна гэсэн үг. Тиймээс вакцин хийлгэсэн ч маскаа зүүж, зайгаа барьж байж бүрэн хамгаалагдана.

Дархлаа хурдан тогтох эсэх нь хүнийхээ онцлогоос шалтгаалах уу?

-Тэгнэ.Ялангуяа залуу хүмүүс настай хүнтэй харьцуулахад хурдан дархлаа тогтдог. Харин настай хүнд удаан үүсээд,удаан хадгалагдаж болно. Хувь хүний биеийн онцлогоос л шалтгаална. Вакцин хийхэд зарим нь халуурч байхад зарим нь ямар ч хариу урвалгүй байна. Энэ бол хүн бүрийн хариу урвал ялгаатай өрнөж байгаагийн илрэл.

Вакцин хийлгэхэд халуурч бүлээрч байвал сайн гэсэн. Тэгэхгүй бол бие сул байна муу гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Халуурч хариу урвал үзүүлж байвал үнэхээр сайн юм уу?

-Үгүй. Хүний бие гадаад орчинтой тогтмол харьцаж байдаг, биед орсон үүсгэгч болгон өвчин үүсгээд байдаггүй. Тухайн биед дархлааны хариу урвал өрнөж байгааг бид заавал шинж тэмдгээр мэдрэх албагүй. Өөрөөр хэлбэл, тэр хүнд вакцин хийлгээд ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан ч дархлаа тогтсон байж болно. Яагаад гэхээр бие дотор болж байгаа эсүүдийн үйл ажиллагааг гадна талдаа мэдрэх албагүй. Дотоод орчинд эсүүдийн урвал явагдаж л байдаг. Нас хүйс ойролцоо хоёр хүн ижилхэн вакциныг ижилхэн хугацаанд хийлгээд ижилхэн хугацааны дараа эсрэг биеийн шинжилгээ өглөө гэхэд нэгэнд нь гарахгүй байж болно. Гараагүй нэгэнд нь бидний шинжлээгүй эсийн дархлаа нь сайн өрнөөд дархлаа тогтчихсон байж болно. Нөгөө 100 хувийнхаа 20-30 хувийг үзчихээд үлдсэн 70-80 хувиа мэдэхгүй байж дархлаа тогтсон тогтоогүй гээд яриад байх утгагүй байгаа биз.

Гэхдээ бидний хийлгэж байгаа вакцины үр дүн, чанарыг тодорхойлохын тулд ямар нэг байдлаар шинжилж үзэх нь зүйтэй шүү дээ?

-Манай улс үйлдвэрлэгч биш, хэрэглэгч орон учраас бид дотооддоо эдгээр дөрвөн вакцины үр дүнг үнэлэх ёстой юу гэвэл мэдээж ёстой. Тэгж байж дараагийн сонголтоо бодит үр дүн дээр үндэслэн хийх ёстой. Тэрнээс олдсоныг иргэддээ хийх биш. Тиймээс мэргэжлийн байгууллагууд энэ талын судалгаа шинжилгээний ажлуудаа хийж гаргах ёстой. Судалгаа гэдэг чинь хүний тоо, урвалж оношлуур, асуултынхаа хариуг олох, зорилгоо биелүүлэх гээд арай өөр түвшинд хийгдэнэ. Олон хүнийг хамруулж байж судалгаа хийгдэнэ үү гэхээс нэг хоёр хүний үр дүн ямар байх нь сонин биш шүү дээ.Гадуур шинжлээд байгаа лабораториудын шинжилгээг судалгаа гэж нэрлэхэд бэрх байна.

Вакцины тухайд зургаан сарын дараа дахиад вакцин хийлгэнэ, вакцины үйлчилгээ дуусна гэдэг зүйл бас яригдаад байгаа. Ингэж нарийн хугацаа заадаг юм уу?

-Олон хүчин зүйлээс хамаарна. Вакцинаас хамаарахаас гадна хүнээс бас хамаарна. Халдварт өртөх үү үгүй юү гэдэг нь амны хаалт, зай барих, гар угаахаас хамаарна. Вакцин хэр удаан дархлаа тогтоох вэ гэхээр одоогийн байдлаар дунджаар 6-12 сар байна гэж үзэж байгаа. Энэ хугацаанд л судалгаа шинжилгээ хийгдсэн болохоор одоогоор ингэж үзэж байна. Нэг жил тогтоно гэж байсан бол жилийн дараа үзэхэд дархлаа тогтсон хэвээр байж болно. Дархлаа тогтоц их удаан үргэлжилдэг. Зарим вакцины дараа дархлаа тогтоц насан туршид нь үүсч болно. Хоёр жил ч болж болно. Харилцан адилгүй учраас урьдчилан хэлэх боломжгүй. Дэлхий нийтээрээ хоёр тун вакцин хийгээд тэрийгээ судлаад үр дүнг нь үзээд гаргаж ирсэн шүү дээ. Хоёр тунгаа хүмүүс бүрэн хийлгээд тодорхой хугацааны дараа судалгаа шинжилгээ хийж байж үнэхээр хэрэгтэй болвол III тун яригдана. Тэрнээс III тунг одоо ярих утгагүй. Вакцин хольж тарина гэдэг зүйлийг судалгаа шинжилгээ нотлоогүй байна. Шийдвэр бүхэн шинжлэх ухаанаар баталгаажсан баримт нотолгоонд суурилж гарч байгаасай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Эрхэмбаяр: Шуудан хүргэлтийн үйлчилгээ гурав дахин өссөн. Цаашид ч өснө

Цар тахлын үед хамгийн эрэлттэй нь шуудангийн үйлчилгээ байгаа аж. Энэ талаар Монгол шуудан ХКийн Бизнес төлөвлөлт, хөгжлийн газрын захирал А.Эрхэмбаяртай ярилцлаа.


Хөл хориотой үеэр хамгийн эрэлттэй үйлчилгээ шуудан болжээ. Энэ төрлийн үйлчилгээ өмнөхөөсөө хэр өссөн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор хот доторх гараас гарт, онлайн худалдааны хүргэлтийн эрэлт жирийн үеэс гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Бид он гарснаас хойш хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Гараас гарт хүргэлтийнхээ машиныг арав байсан бол 20 болгосон. Хөл хориотой холбоотойгоор орон нутагт тээврийн автобус болон ложистик тээврийн машинууд явахгүй байгаатай холбогдуулан манай орон нутагт явж байгаа чиглэлийн тоо болон ачаалал нэмэгдээд байна.

Хүргэлтийн төрөл гэдэг юмуу аль ангилал нь илүү эрэлттэй байна вэ?

-Манай шуудангийн үйлчилгээ дөрвөн төрөл.Нэгдүгээрт хэвлэл буюу сонин, сэтгүүл хүргэлт, хоёрдугаарт албан бичиг, захидал, гуравдугаарт, илгээмж. Үүнд онлайн худалдааны бараа хүргэлт орно. Дөрөвдүгээрт, орон нутгийн ложистик тээвэр буюу том оврын бараа хүргэлт гэж ангилдаг. Ерөнхийдөө жигд л хөгжиж байна. Улаанбаатар хотод карантинтай холбоотойгоор байгууллага хооронд цахимаар албан бичиг солилцож байгаа ч биетээр явуулах тохиолдолд шуудангаар илгээж байна. Шүүхийн бүх бичиг явж байна. Дээр нь орон нутаг руу ачаа тээвэр бас нэлээн нэмэгдсэн. Манай аль ч салбар дээр очоод аль ч сум, аймаг руу шуудан илгээх боломжтой болсон. Ер нь дэлхийн бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад манай шуудан холбоо хөгжиж яваа. Нэмэлтээр оруулах үйлчилгээ зөндөө бий. Өмнө нь ачаа бараагаа яаж нэмэгдүүлэх зэрэг хэрэглэгчээ нэмэх тал дээр илүү анхаардаг байсан. Тухайлбал, орон нутгийн тендерийн машин гэж байдаг шүү дээ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн автобус байна. Эдгээртэй орон нутгийн тээврийн хүргэлтийн үйлчилгээнд өрсөлдөхөд хүндрэлтэй байсан. Автобуснууд хүнээ тээвэрлэхийн хажуугаар жижиг хайрцагтай хүргэлтийг 5000 төгрөг гээд авчихдаг. Автобусанд 3000 ч, 5000 төгрөг ч ашигтай. Гэтэл манайх тогтсон үнэ ханштай учраас тэгж буулгах боломжгүй. Тиймээс иргэдэд манайх үнэтэй санагдаад бид энэ тал дээр өрсөлдөж чадахгүй байсан. Тиймээс яаж бараагаа хүргэх вэ гэж зохион байгуулалтын тал дээр нэлээн ажиллаж тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотод бол онлайн худалдаа нэлээн хурдтай өсч байна. Тэгээд ч иргэд нэг юм хүргэхийн тулд хотын нэг захаас нөгөө зах руу өөрөө явахгүйгээр шууданд өгчих сонирхолтой болсон. Ингэснээр тухайн хүндээ ч цаг зав хэмнэхээс эхлээд давуу талуудыг дурдвал их.

Хаягжилтын асуудал өмнөх жилүүдийнхээс сайжирсан уу. Энэ тал дээр асуудал байна уу?

-Ер нь дэлхийн 7.5 тэрбум хүн амаас таван тэрбум хүн хаягжилтын асуудалтай амьдардаг гэсэн судалгаа бий. Үүний нэг манай Монгол Улсын хаягжилтын асуудал. Шуудан илгээхдээ албан ёсны хаягаа бичих ёстой. Гэтэл хаягаа Таван шар, Дөрвөн зам, Саппоро гэдэг ч юм уу ерөнхий байршлын нэрээр хэлдэг. Оршин суугчид маань ч гэсэн албан ёсны хаягаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Шуудангийн байгууллагын зүгээс бол албан бүртгэлийн хаягжилтаар нь хүргээд өгчихдөг. Гол нь үйлчлүүлэгчид буюу илгээмж илгээж байгаа хүмүүс хүлээж авах хүнийхээ албан хаягийг мэдэхгүй байх нь түгээмэл. Гэр хорооллын тухайд гэвэл түргэний машин хүртэл айлаа олохгүй төөрдөг хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр хаягжилт дээр харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хаягжилтын мэдээллийг маш сайн хүргэх, сургалт явуулах чиглэлээр ажил хийхийг боддог. Хаягжилтын тал дээр E-Mongolia системтэй хамтрахад ч тэр, ер нь бүхэл байгууллагатай хамтарч ажиллахад тулгардаг гол асуудал иргэний үнэмлэх дээрх хаяг. 100 хүн тутмын 25 нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байдаггүй. Хүргэлт очиход “Тийм хүн байхгүй” гэдэг ч юм уу. Нүүсэн, худалдсан, шилжсэн хэрнээ хаягаа солиогүй байдаг. Тэр нь бидэнд багагүй ажлын ачаалал нэмдэг.

Шуудан хүргэлтийг хүлээж авч буй үйлчлүүлэгчдийн соёл хэрхэн дээшилсэн бол?

-2016 онд бид судалгаа хийсэн. Нийт хүргэж байгаа шуудангийн хүргэлтийн тоог Монголын хүн амд хувааж үзэхэд нэг хүнд сард нэг удаа шуудан хүрсэн байдаг. Нэг хүнд 30 хоногт нэг удаа шуудан хүргэлт хүрсэн гэсэн үг шүү дээ. 2020 онд тэр судалгааг ахиж хийхэд нэг хүнд долоо хоногт нэг удаа хүрдэг болсон байсан. Тэгэхээр энэ хэрээр шуудангийн үйлчилгээ эрс нэмэгдсэн, хүмүүс хүргэлтийн үйлчилгээг илүү сонгодог болжээ гэж харж болно. Харин шуудангийн үйлчилгээг хүргэж өгөхдөө хүлээн авах хүнтэй гурван удаа холбогдох оролдлого хийдэг. Тухайн шуудан гурван удаа очиход байхгүй тохиолдолд илгээсэн хаяг руу буцаагддаг. Гэхдээ энэ тохиолдол ховор. Бид илгээмж авахдаа хүлээж авах хүний утасны дугаарыг тэмдэглэж авч урьдчилан холбогдож мэдэгддэг байгаа.

Төрийн үйлчилгээг шуудангаар хүргэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Ер нь төрийн өөр ямар үйлчилгээг шуудангийн үйлчилгээнд шилжүүлж болохоор харагдаж байна?

-Төрийн байгууллагуудын хоорондын, эсвэл хувь хүнд чиглэсэн үйлчилгээнд алхам алхмаар ахиц гарч байгаа. Манайх шүүхийн байгууллагатай сүүлийн таван жил ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор тус байгууллагатай холбоотой албан бичгийн шуудан хүргэлт мэдээж хэд дахин нэмэгдсэн. E-Mongolia систем буюу төрийн цахим үйлчилгээнээс иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг орон даяар хүргэж өгч байна.Улсаараа цахим системд шилжих зорилт тавиад ажиллаж байгаатай холбоотой ажлуудын нэг л дээ. Ингэхдээ тухайн иргэн холбогдох бичиг баримтын талаар цахимд хүсэлт гаргана. Үүний дараагаар хүргэх ажлыг манайхаас хийж байгаа. Дэлхий нийт ийм л жишгээр явж байна. Иргэдийн хувьд маш их сэтгэл хангалуун байгаа. Сүүлд сонсоход “E-Mongolia” систем нэг сая хэрэглэгчтэй болсон байсан. Тэгэхээр төрийн үйлчилгээ энэ мэтчилэн улам л цахим хэлбэрт шилжих байх.

Шуудан, хүргэлтийн үйлчилгээг сайжруулахын тулд, иргэдэд илүү ойр, хялбар болгохын тулд хийж буй өөр шинэ ажил, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

-Манайх стратеги төлөвлөгөөгөө дөрвөн жил тутамд шинэчилдэг. Өнгөрсөн жил ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Үүнээс хамгийн гол зорилтоо хуваалцахад цахим шилжилт. Жишээлбэл, манайд банкууд бүрэн цахимжчихлаа, төрийн үйлчилгээнүүд цахимжиж байна. Тэрийгээ дагаад шуудангийн үйлчилгээ ч гэсэн цахимжих ёстой. Бид он гарсаар гар утасны аппликэйшн хөгжүүлж, вэб сайтаа шинэчилж байна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр салбарууд дээрх ачаалал нэмэгдсэн. Оочер дараалал ихэссэн. Дээрх шинэчлэлтүүдийг хийснээр хүмүүс үйлчилгээгээ цахимаар авдаг болно. Жишээлбэл, би гадагшаа, эсвэл орон нутаг руу юм явуулахаар бол гэрээсээ цахимаар илгээмжийн хаягаа бөглөөд, төлбөрөө төлөөд бэлдчихнэ. Өмнө нь бэлдчихсэн учраас илгээмжээ шуудангийн салбар дээр дугаарлахгүйгээр үлдээгээд л явчихна. Ингэснээр дугаарлалт багасах юм. Энэ мэтчилэн аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр цаг хэмнэсэн ажлуудыг шат шатандаа хийж байна.

Үнэ тарифтай холбоотой асуудал их гардаг. Ялангуяа карантины үеэр иргэд хөдөөнөөс нэг хонины мах шуудангаар авахын тулд дахиад нэг хонь авах хэмжээний мөнгө төлсөн. Энэ талаар тайлбар өгөхгүй юү. Шуудангийн бодит үнэлгээг хэрхэн гаргадаг вэ?

-Монгол шуудан компани 2013 оноос хойш үнээ өөрчлөөгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай үнийг баталдаг. Хөл хорионы үеэр иргэд орон нутгаас идшээ авахтай холбоотойгоор сая таны хэлсэн хэл ам нэлээд гарсан. Өмнө нь манайх орон нутгийн хэмжээнд том оврын ложистик тээврийн үйлчилгээг бага үзүүлдэг байсан гэж түрүүн хэлсэн дээ. 50 кг-аас дээш бол том оврын илгээмж гэж үздэг. Гэтэл дээрх махны тухайд илгээмжийн тарифаар бодохоор үнэтэй болоод байсан. Өмнө нь бид долоон аймаг руу ложистик тээвэр хийдэг байсан бол тухайн үеэс эхлэн 21 аймаг руу хийдэг болж хүчин чадлаа өргөтгөсөн. ХХААЯ-тай гэрээ байгуулж хамтран ажиллан махны тээвэр хийсэн. Үүнтэй холбоотойгоор тусдаа үнэ гаргасан л даа. Үүнээс өмнө үнэтэй тусаад асуудал үүссэн. Тухайн үед бидний хувьд ч махны тээвэр шинэ үйлчилгээ болсон. Тиймээс тэр үед нь дээрх арга хэмжээг даруй аваад үнэ батлаад асуудал багассан. Гэхдээ алслагдсан Увс, Ховд зэрэг баруун аймгуудад километрт хуваагаад боломжит гэсэн үнээ гаргахад л холоос шалтгаалж бас л үнэтэй тусаад байлаа. Учир нь хөл хорионоос өмнө тухайлбал, Увс руу том оврын машин хотоос ачаа авч явахдаа хоёр талын үнээр явдаг. Яагаад гэхээр эргэж ирэхдээ хоосон ирдэг учраас хоёр талын үнэ авдаг болохоор эндээс үнэтэй. Харин эргээд ирэхдээ хоосон явж байхаар гээд ачаа олдвол хямд аваад ирдэг. Тийм болохоор иргэд тэрэнтэй харьцуулаад манайхыг үнэтэй байна гэж ойлгоод байсан тал бий. Үүнтэй холбоотойгоор бид сая тавдугаар сарын 1-нээс үнээ дахиад хямдруулсан байгаа.

Жишээлбэл, Сүхбаатар аймгаас нэг хонины мах явуулъя, мөн ДарханУулаас бас нэг хонины мах шуудангаар явуулъя гэж бодъё. Тэгвэл хол ойроос хамаарч шуудангийн үнэ харилцан адилгүй гарах уу?

-Тэгнэ. Манай цахим хаяг дээр ойрын болон холын аймгууд, хот доторх үнэ тариф дэлгэрэнгүй байгаа. 30-100 кг ачааны үнэ нэг килограмм тутам нь ойрын аймгуудад 450 төгрөг бол холын аймгуудад 800 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр Дарханаас 100 кг ачаа илгээхэд 45000 төгрөг гэсэн үг. Энэ үнэд нь НӨАТ болон гэрт нь хүргэж өгөх хүргэлт орсон байгаа. Гэтэл зарим хүн үнэтэй байна гэж бодоод байдаг. Дарханаас тендерийн ч юм уу автобусанд өгөхөд багадаа 20000 төгрөг төлнө. Дээр нь хотод ирэхээр нь очиж авна гээд чирэгдэл ихтэй. Бараг дүндээ дүн болж байгаа биз. Гэхдээ иргэд иймэрхүү ялгааг ойлгодог, шуудангийн давуу талыг нэг үеэ бодоход мэддэг болсон. Энэ үнэ гэхдээ тавдугаар сарын 1-нээс өмнөх үнэ. Одоо дахиад бага зэрэг хямдарсан байгаа. Ер нь иргэд мэддэг болсон учраас баталгаатай, найдвартай гээд шуудангийн үйлчилгээг их сонгодог болоод байна.

Монголоос гадаад руу нэг килограмм ачааг бараг 40 мянган төгрөгөөр явуулж байна гэж санал гомдол гардаг…?

-Монгол шуудан ХК Дэлхийн шуудангийн холбооны гишүүн байгууллага. Тус холбоотой байгуулсан гэрээний дагуу дэлхийн аль ч орон руу шуудан явуулна. Тус холбооноос нэг килограммын үнийг нэгжээр тогтоож өгдөг. Тухайн орноос хамаараад үнийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Солонгос руу шуудан явуулахад нэгж тарифын үнийг бид төлнө. Тиймээс гадаад руу илгээх шуудангийн үнэд тус улсад төлөх үнэ, каргоны зардал, үйл ажиллагааны зардлыг нэмээд гардаг дүн багтсан байдаг. Анх үнэтэй холбоотой хэл ам гарсан л даа. Ихэнхдээ Солонгос улс руу илгээмж явуулахад иргэд шууд карго үйлчилгээ явуулдаг газруудтай харьцуулдаг байсан. Карго үйлчилгээний газрууд нэг кг ачааг 8000 вон буюу 18000 гаруй төгрөгөөр явуулдаг. Харин манайх нэг кг нь 36000 мянган төгрөг. Тэгэхээр хүмүүс шуудан хоёр дахин үнэтэй байна “шулаач” гэж боддог. Тэгвэл каргогоор хоёр кг ачаа явуулахад 36000 мянган төгрөг болно, манайх 46000 мянга хавьцаа болно. Үнэтэй юм шиг боловч 5 кг ачааг каргогоор явуулахад манайхаас үнэтэй болно. Ялгаа нь юундаа байна гэхээр карго килограмм тутамдаа нэг нугарч нэмэгддэг. Харин манай Монгол шуудангийнх нэмэгдэх тусам үнэ нь хямд тусдаг. Солонгост ачаа нь очлоо гэхэд каргоны үйлчилгээ бол таны ачаа ирсэн гээд хэрвээ хүн очиж авах завгүй бол дахиад тухайн улсын хүргэлтийн үйлчилгээгээр мөнгө төлж авдаг. Харин манайхаас очсон бол шууд эндээс өгсөн хаягаар гэрт нь хүргэгддэг байгаа. Энэхүү ялгааг иргэд ойлгодог болсон учраас тогтмол илгээмж явуулдаг үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байна. Харин зарим орон руу Дэлхийн шуудангийн холбооноос энэ сард ачаалалтай байна, зөвхөн буухиа үйлчилгээ авна гэвэл тэр дагуу л үйлчилгээг авдаг.

Буухиа үйлчилгээ нь энгийнээс арай үнэтэй тарифтай. Энэ учрыг мэдэхгүй иргэд мөн л эднийх ачаалал нэмэгдэнгүүт орлогоо бодоод зөвхөн үнэтэй үйлчилгээгээ авч байна гэж ойлгоод байдаг.Биднээс хамаарахгүйгээр иймэрхүү үйлчилгээний өөрчлөлтүүд бол хааяа гардаг. Ямартаа ч бид энэ бүхний цаана Монголынхоо иргэдэд шуудан, хүргэлтийн үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх тал дээр үргэлж анхаарч ажиллаж байна. Сүүлийн үед иргэд ч Монгол шуудангийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байх болсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

О.Гантулга: Би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна

Нарны жимолон ангит киноны гол дүрийн жүжигчин, дуучин О.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байгаа юм.


Та ковидын голомтод сайн дураар жолоочоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажиллах саналыг хэрхэн гаргав?

-Би Баянзүрх дүүргийн Соёлын төвд ажилладаг. Дарга ажилтнуудаас “Ковидын голомтод сайн дураараа ажиллах хүн байна уу” гэж асуусан. Би төрийн албан хаагч, тэгээд ч карантинд гэртээ зүгээр сууж байгаа учраас нэг ч гэсэн ажилд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлье гэж бодоод “Би ажиллая” гэж хэлсэн. Тэгсэн дарга “За тэгвэл чи салхийг нь хагалаад сайн ажиллаадах” гэсэн. Ингээд жолоочоор ажиллахаар болсон. Анх ойлгохдоо надтай хамт ээлжинд нэг багш байгаа гээд. Тэгэхээр нь нэг өдөр гараад нэг өдөр амарна гэж бодсон чинь яг ажиллахаар болоход нэг өдөр гараад нэг өдөр гэртээ харьж эрсдэл үүрч гэр орондоо очиж болохгүй. Долоо хоногоор ээлжилнэ.

Долоон өдөр гараад буухдаа шинжилгээнд хамрагдаад эрүүл саруул, энх тунх гэртээ харина гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Одоо дөрөв дэх өдрөө ажиллаж байна.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань эхлээд их айж, түгшсэн байдалтай хүлээж авсан. Яг юу хийх юм бэ гэхээр нь шинжилгээ эерэг гарсан айлуудаар эмч нартай явж зөвлөгөө өгнө, шинжилгээ авна, шаардлагатай үед зөөвөрлөнө гэдгээ хэлэхгүй юү. Тэгсэн “Хамгаалалтаа сайн хийгээрэй” л гээд захиад байгаа. Эхнэр бид хоёр охиноо эмээгийнд нь хүргэж өгсөн.

Өдөр ажиллачихаад орой гэртээ харьж байгаа юм уу?

-Бидэнд эхний хоёр өдөр байр сав олдохгүй, хувцас хунараа сайн ариутгаад л гэртээ харьж байсан. Эхнэр маань байгаа учраас бас эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс хамаг хувцас хунараа ариутгаад л, гэртээ ордог. Өнөөдрөөс байр яригдаад бүтэж байх шиг байна.

Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна?

-Өглөө 09:00 цагт ажилдаа цуглараад хуралдана. Хүмүүсийн хүнд нь хаана, хөнгөн нь хаана гээд л тодорхой мэдээллийн дагуу ажлаа эхэлнэ.

Хамгийн хол хороонууд нь Улиастай, Ботаник, Шар хад руу байдаг. Гол асуудал нь гэр хорооллоор явахад хаяг нь их хүнд юм. Бас зам маш муу. Би уг нь баргийн газар, байршлыг олоод л давхичихдаг. Гэтэл зорьсон айлаа олох гэж нэлээд юм болж байна. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй ажиллаж байгаа учраас эмнэл зүйн багт хуваарилагдсан. Шинжилгээний багтай ажилладаг. Эерэг гарсан айлуудаар эмч нар маань орж шинжилгээ авна, тандалт, судалгаагаа хийнэ гэсэн үг. Надаас гадна “Старикс” машинтай хүн зөөвөрлөх багийнхан хамт явдаг. Харин орой 22:00 цаг орчимд тардаг.

Халдвартай нь тогтоогдсон айлуудаар явдаг гэлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Захын гэр хорооллын айлуудын нөхцөл байдал ер нь хүнд харагдаж байна. Доторх асуудлыг бол би мэдэхгүй шүү дээ. Зөвхөн царай төрх, зан байдлаас нь харахад их бараан, ууртай уцаартай, гундуу харагддаг. Нийгэм ард түмний амьдрал тун таагүй, стресстэй байна л гэж бодох юм. Эхлээд тухайн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс рүү утсаар холбогдож ярина. Зарим нь “Би юу гэж халдвартай байдаг юм. Худлаа”, “Юу яриад байгаа юм” гэж хэрэлдэнэ, уурлана. Цөөн хэсэг нь “Өө тийм үү, одоо яах билээ. За тэгье шинжилгээгээ өгье” гэж хүлээцтэй хүлээж авах жишээтэй. Халуураад байна гээд өөрсдөө дуудлага ч өгнө. Тэр тохиолдол болгонд бид яаралтай ажиллаж, холбогдох газарт нь хүргэж өгдөг.

Хамгаалах хэрэгслийн хангамж хэр байна. Хоол ундаа хэрхэн шийдэж байна?

-Хамгаалах хэрэгсэл өглөөд тавьж өгдөг. Орой тайлж үлдээгээд ариутгал халдваргүйжүүлэх багт үлдээнэ. Өдөртөө ажлынхаа завсраар эндээ хоол иднэ. Харин гадуур яваад оройтчихвол гэртээ харьж хоолоо иддэг.

Ийм хүнд нөхцөлд голомтод ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Мэдээж хүн л болсон хойно эхэндээ халдвар авчихвал яана аа гэсэн бодол төрж байсан. Гэвч энэ хүнд үед олон мянган хүн халдварыг дарахын тулд хичээж, хамтдаа хэрхэн тэмцэж байгаа билээ. Хойш суух биш. Харин ч гар бие оролцох хэрэгтэй гэж бодох болсон. Мэдээж халдвар хамгааллаа сайн сахих ёстой болов уу. Хүн хүчний хувьд дутагдалтай байдаг юм байна. Манай Баянзүрх дүүргийн Засаг дарга төрийн албан хаагчдаа энэ хүнд үед сайн дураараа цар тахлын голомтод хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж, сайхан цагийн төлөө зүтгэнэ гээд мэдэгдэл хийсэн. Тиймээс сайхан цагийн төлөө зүтгэнэ ээ л гэж бодож байна. Цар тахлын хүнд цаг үед 50 өрхөд дэм болох үүднээс нэгдүгээр гурил, бүхэл үрийн гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүний багцаар хандив өргөж МУЗН-т хүлээлгэн өгсөн. Ер нь хүн бага ч гэлтгүй боломжоороо нэгэндээ тусалж, нэгийгээ дэмжих байгаасай л гэж боддог доо. Бас би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна.

Таныг халдварын голомтод сайн дураар ажиллаж байгааг хараад урлагийнхан, уран бүтээлчид нэгдэж байна уу?

-Нэгдэх байх аа (инээв). Би биш, бид амьдарч байна. Зөвхөн та биш таны гэр бүл, үр хүүхэд, ах дүү, аав ээж гээд хайртай бүхэнд тань хамаатай учраас бүгдээрээ нэгдэж, хичээж энэ аюулт өвчний ард гаръя гэж л уриалмаар байна даа.

Ардын дуучин Б.Алтанжаргал, “Жонон” хамтлагийн морин хуурч, хөгжмийн зохиолч Отгонцэнгэл, “ilab” студийн захирал,зураглаач Амартүвшин бид тав хамтарч нийгэм рүү чиглэсэн уран бүтээл хийж байгаа. Өнгөрсөн жил миний хийсэн “20/20” контентын хаалтан дээр дуучин Б.Алтанжаргалыг урьж “Би монгол хүн” дууг дуулсан нь хүмүүст их хүрч нэг өдрийн дотор сая гаруй хандалт авсан. Түүнээс хойш хувь хувьдаа уран бүтээл хийдэг ч гэсэн хамтарч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд рүү чиглэсэн, үр өгөөжтэй уран бүтээл хийе, бусдыгаа уриалъя гэж ярилцаад ажиллаж байна.“Эвийн түшигтэй анд” дууг бас гаргасан. Удахгүй нэг уран бүтээлд орохоор бас бэлтгэж байгаа.

Онцгой байдлын аврагчид гал, усны аюулыг сөрж хүний амь насыг хэрхэн авардаг гээд энэ мэргэжлийн онцлогийг өгүүлэхНарны жимкинонд та гол дүрийг бүтээж байсан. Үүнээс хойш кино уран бүтээлд тоглосон уу?

-Тухайн үед ганц хоёр киноны санал ирсэн ч дуу хуур талдаа илүү анхаарч ажиллахаар татгалзсан. Гэхдээ кино уран бүтээл гэдэг их нүсэр боловч сайхан ажил гэдгийг “Нарны жим” киноны зурганд явсан бүтэн жилийн хугацаанд мэдэрсэн дээ. Хэдийгээр бүтэн жил зурганд явсан ч миний хувьд маш хурдан өнгөрсөн, их юм сурсан хугацаа байсан. Би “Нарны жим” олон ангит кинонд гурван ч удаа проб өгч тэнцэж байсан. Энэ кинонд тоглох санал тавьсан, хамтран ажилласан бүх сайхан уран бүтээлчдэдээ талархаж явдаг даа.

Таны үндсэн мэргэжил экологийн инженер юм билээ. Бас удамд тань урлагийн талын хүн байхгүй гэж байсан. Тэгэхээр урлаг гэдэг өөрийн тань цэвэр сонирхол, хичээл зүтгэлээс үүдсэн авьяас бололтой…?

-Тийм ээ, би ШУТИС-ийг экологийн инженерээр төгссөн. Хүүхэд байхын л дуу хууртай, оюутан болоод ч ШУТИС-ийн “Дэвжээ” наадамд идэвхтэй оролцож тэргүүн байрын шагналыг хүртдэг байлаа. Тэр бүртээ урам авч өөртөө байгаа авьяасаа алхам тутамдаа хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь дуу хуур, урлаг миний дуртай, хайртай салшгүй нэг хэсэг маань яах аргагүй мөн.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Улам-Оргих: Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай

МУИСийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.УламОргихтой ярилцлаа. Тэрээр УОКын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.


Халдвар ямар хурдтай, хэрхэн тархаж байгааг та мэргэжлийн хүний зүгээс иргэдэд энгийн байдлаар тайлбарлаад өгөхгүй юү?

-Энэ оны гурван сарын дунд үеэс хот болон хөдөө орон нутагт өвчлөл өргөн тархаж, нэг өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор таван өдөрт хоёр дахин нэмэгдэж эхлэлээ. Өсөлтийн энэ аюултай хурдыг сааруулахын тулд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол хүндээр өвчлөх, нас барах хүний тоо гурав дахин байх байсан. Үүнээс цааш хөл хорионоос илүүтэй вакцинжуулалтын нөлөө их байх болно. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Ер нь гадуур тархаж буй халдварын тоо бага үед хувь хүн, гэр бүл өөрсдийгөө бүрэн сэргийлээд явах боломжтой байдаг бол халдварын тоо ихсэхийн хэрээр энэ боломж хумигдаж байдаг. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн ойр дотны хүнтэйгээ сэжиггүй харьцаж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн автобус зэрэг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдэлтэй байна.

Энэ удаагийн хөл хорио эрчимтэй тархалтыг хэр бууруулж чадах бол?

-Хөл хорионоос өмнө халвар авсан хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр илэрнэ, мөн замын түгжрэл багассанаас илрүүлэлтын хурд нэмэгдэнэ. Ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо буурч хөл хорионы төгсгөлд болон түүний дараах долоо хоногт 400 орчим болж багасах тооцоо гарч байгаа. Үүнийг хараад “Өө, нөлөө алга аа, хэвээр л байна шүү дээ” гэж бодогдож болох боловч үнэн чанартаа энэ удаагийн хөл хорионы нөлөөгөөр есдүгээр сар хүртэл 100 мянган хүнийг халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Цаашдын хүндрэлээр өвчилсөн хүмүүсийн 1 хүртэл хувь нь нас барж болзошгүй учраас мянгаад хүний амь насыг сэргийлж байна гэж ойлгож болно. Өнөөдөр хөгшин залуу гэлтгүй хэн ч ковидоор өвчлөөд хүндэрч болзошгүй байгаа тул энэ сэргийлэгдэх тоонд та ч, би ч орж байж болох юм. Хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт илрэх өвчлөлийн тоо 3000 давж болох байлаа.

Гэхдээ л халдварын тархалтыг бүрэн гүйцэд хумьж чадахгүйгээс хойш хөл хорио нэг л үр дүнгүй мэт иргэдэд санагдаад байх шиг?

-Халдварын тархалтыг хумих тал дээр маск зүүх, зай барих, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг хязгаарлах, сургууль цэцэрлэг хаах зэрэг олон арга байдаг боловч хамгийн үр дүнтэй хоёр л арга байдаг. Эдгээр нь хөл хорио ба вакцинжуулалт юм. Вакцин гараагүй үед мэдээж хөл хорио юм. Халдвар тархалтыг таслан зогсоох, нөлөөг нь бууруулах зорилгоор хөл хориог орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хувьд янз бүрийн арга хэлбэрээр зохион байгуулдаг. Хөл хориогоор халдварыг бүрэн дарна гэвэл дор хаяж 45 хоногийн хөл хорио хэрэгтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

Гэвч аль нэг замаар дахиад л дэгдэнэ. Тэгэхлээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио ямар ч үр дүнгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм. Гэвч зорьсон үр дүндээ хүрсээр ирснийг цохон тэмдэглэе. Тухайлбал, эхний хоёр удаагийн хөл хорионы үр дүнд өдөрт гарах халдварын дундаж тоог 20 орчимд байлгаж халдварын голомтыг хоёрдугаар сар хүртэл хяналтандаа байлгаж чадсаны үрээр нас баралт маш бага байсан. Ийм үр дүнтэйгээр вакцинжуулалттай золгосон. Харин цагаан сарын үеийн хөл хорионы үр дүн гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж энэ дундаж тоог 40 орчимд барьж ирсэн. Гуравдугаар сарын дундаас харин ядаж ажлын тав, амралтын дөрөв нийтдээ есөн хоногийн хөл хорио тогтоосон бол тооцоо ёсоор 40 гэсэн энэ тоог цаашид ч тогтоон барих боломж байсан. Харамсалтай нь бид цаг алдсаар 1000 гаргачихлаа. Нэгэнт вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

Аль ч оронд ямар ч өвчний үед эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж, мэдлэг чадвар хамгийн гол үүрэгтэй. Гэтэл манай УОКын шийдвэрүүдээс харахад эрдэмтдийн зөвлөлийн мэргэжлийн санал зөвлөмжийг тоохгүй, хайхрахгүй байх шиг?

-Ковидтой амжилттай тэмцэж байгаа улс орнууд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагаа их түшиж ажиллаж байна. Тухайлбал, Ирланд, Япон, Тайвань, Шинэ Зеланд улсуудыг нэрлэж болно. Засгийн газар, УОК-ын хувьд эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтон дээр байсан. Чиглэл чиглэлийн эрдэмтэд ч өөр өөрийн зөвлөмж хүргүүлсэн байх. Манай судалгааны багийн зүгээс (одоо бол төлөвлөлтийн баг) болон ХӨСҮТ-ийн судалгааны багаас хөл хорио тогтоох хамгийн боломжит хувилбаруудыг удаа дараа гарган өгч, ЭМЯ-наас нэгтгэн УОК-т саналаа хүргүүлж тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан хэлж байсан. Ер нь судалгаа дүгнэлтээ салбар салбарын эрдэмтэд нэгтгэн боловсруулж санал нэгтэй өгч байх тал дээр анхаарууштай санагддаг. Энэ тал дээр зохих зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн.

Үнэхээр бодит байдал дээр эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Учир нь энэ бол өнөөгийн нөхцөлд хүний амиар хэмжигдэж буй хамгийн том асуудал болчихоод байгааг та бид харж байгаа шүү дээ?

-Тийм ээ, энэ тал дээр яг фронтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ, эрдэмтдийнхээ үгийг саналыг хүндэтгэлтэй, чухалчлан сонсох шаардлагатай гэж байнга харагддаг. Эрдэмтэд шийдвэр гаргахад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлийг мэдэж байгаа. Манай тооцоо, шинжилгээний багийн тухайд гэвэл цаашдын прогнозыг цаг тухайд нь гарган өгч байгаа. Бид анх дотоодын анхны халдвар гарах үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн УОК, шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж эхэлсэн. Энэ бүлэг өдөр бүр цуглан өглөө үдэшгүй ажиллаж, нууцын гэрээ байгуулж 2-3 хоногт нэг удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан зөвлөмж гарган өгч байсан. Халдвар, тархвар судлал, анагаахын мэргэжилтнүүд мөн математик-физикийн хүмүүс багтсан сайхан баг ажиллаж байсан.

Харамсалтай нь энэ шуурхай бүлгийг тараагаад зарим эрдэмтдийг нь УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд нийлүүлэн ажиллуулж байна. Энэ зөвлөл өдөр бүр хуралддаггүй, тодорхой асуудалд хэрэгтэй үед хаяа нэг хуралддаг байнгын ажиллагаа байхгүй. Заримдаа асуудлыг санал хураалтаар шийддэг нь учир дутагдалтай. Энэ зөвлөлийг байнгын ажиллагаатай болгож, эрч хүчтэй ажиллах эрдэмтдээр шинэчлэх шаардлагатай санагддаг. Товчхондоо УОК шийдвэр гаргахдаа голомтод тулж ажиллаж буй эмч, эрдэмтдийнхээ дүгнэлтийг илүү үндэслэх хэрэгтэй байна.

Таны хувьд халдварыг хөл хорионоос гадна ямар байдлаар хумих боломжтой гэж харж байна вэ?

-Вакцинжуулалт. Нэгэнт вакцин гараад ирсэн учраас дэлхий нийтээрээ энэ л аргыг сонгож байна. Вакцин ийм хурдан хугацаанд бий болж байгаа нь шинжлэх ухааны ач гавьяа юм. Хөл хорио бол эрс өсөлтийг удаашруулан цаг хожиж, эрүүл мэндийн системийг цагаан тугаа өргөхөөс хамгаалах ач холбогдолтой боловч нэг мөсөн хэзээ ч дарж чадахгүй. Харин вакцинжуулалтаар дарах боломжтой. Түүнээс гадна ухамсарт хүн бүр энэхүү өвчний талаар үнэн зөв мэдлэгтэй болох нь түүнээс сэргийлэх гол зэвсэг. Шинэ төрлийн цар тахал дэлгэрээд жил тойрон болоход түүний талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл хангалттай их бий боллоо. Нийтийн сүлжээний элдэв мэдээллээр аж амьдралаа эрсдэлд оруулж болохгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Дээр дооргүй үүнд их анхаарах шаардлагатай байгаа. Өөрөө хичээвэл халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

Намар гэхэд халдварыг намжааж чадах болов уу?

-Тооцоо шаардахгүй хоёр зүйлийг хэлье. Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд ковидоос өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Энэ бол БШУЯ-ны шийдвэрлэх тулгамдсан асуудал байх. Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь”

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг сонирхож ирсэн. Гадна төрх, бүтцийн хувьд илэрхий өөр хоорондоо адилгүй ч хүн гэдэг утгаараа ижилхэн байж болох. Гэтэл сэтгэл зүйн хувьд асар ялгаатай байдаг нь өнөөг хүртэл олны анхаарлыг татсаар байдаг. Тэгвэл “Нью Йорк таймс” бестселлерийн зохиолч Майкл Гориан“Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь” номондоо эрэгтэй хүний уураг тархи эмэгтэй хүнийхээс юугаараа өөр байдаг, энэ нь сэтгэл хөдлөл, дадал зуршлаар нь хэрхэн илэрдэг талаар судалгаанд үндэслэн тайлбарлахыг оролджээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийн хэзээ ч эрчүүдийг ойлгодоггүй зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан байна. Тухайлбал, хэн нэгэн эмэгтэй хөнгөн авто осол гаргасан гэвэл түүний найз залуу, эсвэл нөхөр хамгийн түрүүнд яагаад осол гаргасан тухай сонсохыг бус машиныг хэрхэн засах тал дээр анхаарал хандуулдаг байна. Үүнд эрчүүдийг мэдрэмжгүй хэмээн буруутгах аргагүй аж. Учир нь эрчүүдийн тархины онцлог нь тэр.Бид хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай гэж боддог ч яг үнэндээ хамгийн ялгаатай зүйл нь тархи аж. Пенсилвианы их сургуулийн сэтгэл судлаач Рубен Гур хүний тархийг өнгөт МRI буюу соронзон резонанст томографигаар харахад эмэгтэй хүний тархи эрчүүдийн тархинаас цусны эргэлтээрээ 15 хувиар их байсан аж. Энэ нь ярьж бодож, санах, бусадтай харилцахдаа эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс асар ялгаатай гарчээ. Түүний анхдагч судалгаа өдгөө дэлхий нийтийн шинжлэх ухаанчдаар батлагдсаар байгаа аж. Уг номын зохиолч Майкл Гориан зүгээр ч нэг эрчүүдийн тухай ном биччихээгүй. Тэрээр эр, эмийн ойлгоход төвөгтэй ялгааны тухай судалгаа хийж мэргэшсэн нэгэн аж. 1996 онд байгуулсан Гориан судалгааны төв нь хүйс, олон чанарын судалгааг хийдэг байна. Мөн тэрээр “Хүйсийн биологи” гэдэг хичээлийг анх удаа их сургуульд зааж байсан бөгөөд Харвард, Стэнфорд зэрэг олон их сургуулийн бодлого төлөвлөлтөд оролцож байжээ. CNN зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд түүнд анхаарлаа хандуулсаар байна.

Номын тухайд цааш үргэлжлүүлэн ганц нэг жишээ татвал та цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар машинтай өнгөрч яваад хэсэг эрчүүд сагс тоглож байгааг харж байна гээд төсөөлье. Тэд хэл ярианаас илүү орон зайгаар холбогдож байгааг харах болно. Тэд бөмбөг хэмээх зүйлийг орон зайд хөдөлгөж, сагс хэмээх зүйлээр дамжуулан дотно байдлыг мэдэрдэг. Харин кофе шопод сууж байгаа эмэгтэйчүүдийг харвал орон зайд биш, хэл яриагаар илүү дотно байдлыг хоорондоо үүсгэж байгааг анзаарна. Эрчүүдийн тархинд серотонин, окситоцин хоёр хамгийн бага ялгардаг учраас үг хэлнээс илүү үйлдэл түрүүлэх хандлагатай байдаг гэнэ. Харилцан яриа зэрэг хэлний нарийн дохионд хариу үйлдэл үзүүлэхээсээ илүү тодорхой дохионд илүү хурдан үйлдлээр хариу үйлдэл үзүүлдэг байна. Энэ бол зөвхөн эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг бодвол дуу цөөтэй, ярихаасаа илүү үйл хөдлөлөөрөө сэтгэл хөдлөлөө илэрхийлдгийн жишээ. Үүнээс гадна эрчүүдийн тархины бүтэц онцлогтой холбоотойгоор олон сонирхолтой судалгаа, жишээг энэхүү номонд бичжээ. Ер нь эрчүүд юу боддог, гэр бүлтэй болох нь тэдний хувьд юуг илэрхийлдэг, үр хүүхэд, гэр бүлийн талаар юу гэж боддог болохыг зохиолч өөрийн болон олон жишээнээс үндэслэн тайлбарлахыг оролдсон нь сонирхолтой санагдав. Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдийг яагаад ийм мэдрэмжгүй юм, хөргөгч онгойлгоод яг нүднийхээ дор байгаа зүйлийг харахгүй асуудаг юм, дэлхийн аваргын тэмцээний ялагч, тоглогч фенийхээ нэрийг санадаг хэрнээ өчигдөрхөн ярилцсан зүйлээ санадаггүй юм гэж бодож байгаа бол “Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь” номыг уншаад үзэхэд илүүдэхгүй л болов уу. Ядаж л эмэгтэйчүүд бид эрчүүдийг “Яагаад миний ойлгож байгааг ойлгоход юу нь хэцүү байдаг байна” гэж гомдлохын оронд эрчүүдийн онцлогийг хүлээн зөвшөөрч хэрхэн хоёр биенээ ойлголцож амьдралаа авч явах, амжилтад хүрэх талаар бодож эхлэх байх. Энэ л зохиогчийн гол зорилго юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шуурхай штабын бүрэлдэхүүн халдварыг дотооддоо алдахгүйн тулд бүтэн таван сар амралтгүйгээр ажиллаж байна

Дэлхийн 216 улсад коронавируст халдвар тархаж 19 сая орчим хүн уг халдвараар өвчлөөд байна. Халдвар тахлын хэмжээнд хүрч 700 мянга орчим хүн эндлээ. Цаашдаа цар тахал чухам хэдийд дарагдах эсэх нь тодорхойгүй. Улс орон бүр цар тахлын эсрэг чадах чинээгээр тэмцэж урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авахаар эрдэмтэд нь мэрийж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусын халдварын 293 тохиолдол бүртгэгдснээс 244 хүн эдгэрч эмнэлгээс гарсан сайн мэдээтэй. Хэдийгээр манай улсад халдварын тоо цөөнгүй бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Бид дотооддоо халдварыг алдаагүй учир ард иргэдийн амьдрал ч тайван үргэлжилж байгаа билээ. Улс орон ийн тайван амгалан байгаа гол шалтгаан нь Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн болох мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүн юм.

Бид энэхүү Шуурхай штабад өнжиж нэг өдрийн ажлын үйл ажиллагааг нь сурвалжиллаа.Шуурхай штаб гэж иргэд мэдэхээс биш энэ дотор Үйл ажиллагааны баг, Санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг гэсэн дөрвөн том бүрэлдэхүүн коронавирус дэгдсэнээс хойш улс орон хэрхэн арга хэмжээ авч, ямар бодлого баримталж ажиллахыг чиглүүлж зангидаж буй гол газар байгааг төдийлөн мэдэхгүй болов уу. Эдгээр багуудад ОБЕГ, ЭМЯ, ГХЯ, ЗӨСҮТ, МХЕГ, НМХГ, ЦЕГ, ХХЕГ, МИАТ зэрэг байгууллагуудын төлөөллүүд хуваагдан чиг үүргийнхээ дагуу ажилладаг. Эдгээр штабад ажиллаж буй хүмүүс бол зүгээр ч нэг төрийн албан хаагч бус. Цар тахалтай холбоотой бүхий л үйл ажиллагааг шуурхай зохицуулж ажиллахад холбогдох арга хэмжээг авч чадах, шаардлагатай үед шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд юм байна. Биднийг очих үед Шуурхай штабын танхимд байрлуулсан дэлгэцээр Алтанбулагийн боомт харагдаж байв. Эндээс Алтанбулагийн боомтын ажиллагааг шууд камераар хянаж байна гэсэн үг. Яг энэ үеэр тус боомтоор ОХУ-аас 150 гаруй иргэдээ татан авч буй үйл ажиллагаа харагдаж байлаа.

Уг ажлыг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан газар дээр нь ажиллаж байгаа аж. Харин энэ сарын 9, 10-нд ОХУ-аас манай улсын сургууль цэцэрлэгт ажилладаг 180 гаруй орос багш нарыг татаж авах юм байна.

Шуурхай штабын Үйл ажиллагааны багийн ажилтан хурандаа Ж.Дамдинсүрэн “Манай Ажиллагааны баг дотроо гурван хэсэгтэй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг татан аваад, байшуулаад, ариутгал халдваргүйтгэлийг хийдэг нэг хэсэг байна. Монгол Улсын Засгийн газрын таван тогтоолд багтсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах хүч, иргэдийг татан авах ажиллагаан дээр төвлөрч байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд манайд хүсэлтээ эхлээд тавина. Ингэхдээ ямар зорилгоор ажиллах хүч оруулж ирэх гэж байгаа, тусгаарлалтын журмыг хэрхэн баримтлах зэрэг төлөвлөгөөгөө гаргаад хандах ёстой. Төлөвлөгөөг нь энд байгаа эрх бүхий албан тушаалтнууд хянаад, тусгаарлах байрыг нь очиж шалгаад шаардлага хангаж байна уу, үгүй юү гээд газар дээр нь танилцаад улмаар хариу өгөх юм. Мөн Замын-Үүдээр ажилчдаа оруулж ирэхэд шаардлагад нийцсэн халдвар хамгааллыг гадагш алдахгүй байх зорилготой био ариун цэврийн өрөөтэй автобусаар тээвэрлэлтийг хийнэ. Замдаа хоол идэх зэрэг ямар нэг байдлаар зогсохгүйгээр шууд тусгаарлах байранд хүргэх. БНХАУ-аас ирэх ажилчид 48 цагийн хугацаатай “COVID-19” халдварын шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Дараа нь тусгаарлах байранд орсны дараа ХӨСҮТ-ийн зүгээс шинжилгээ авна. Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүд орж байна. Мөн ОХУ-аас орж байгаа. Одоогоор нийтдээ 226 иргэнийг оруулсан байна. Зарим аж ахуйн нэгжүүд тавьсан шаардлагыг хангахгүй, материал дутуу, тусгаарлах байр шаардлага хангахгүй гээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдол бас байна. Энэ зөвхөн байгууллагын бүтээн байгуулалттай холбоотой юм биш. Улс орны аюулгүй байдалтай холбоотой юм” гэсэн тайлбарыг өглөө. Харин тусгай үүргийн нислэгийн талаар ЗХЖШ-ын хурандаа Д.Жавхланбаяр “Тусгай үүргийн нислэгийг төлөвлөхөөс эхэлнэ. Тусгай үүргийн нэг онгоц буухад л маш олон албан хаагчид өөр өөрсдийн чиг үүргийн дагуу нарийн зохион байгуулалттайгаар ажилладаг. Иргэд харахдаа маш амархан юм шиг санадаг. Гэвч үүний ард Шуурхай штабын асар том баг ажиллаж байна. Жишээлбэл, нэг удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийг 3-4 буудалд хуваарилдаг. Тухайн буудлууд долдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоц хүлээж авсан бол иргэдийн 21 хоногийн тусгаарлалт дуусгаад 2-6 хоногт цэвэрлэгээ, ариутгалыг хийж дуусгаад дараагийн хүнийг хүлээн авах боломжтой болно. Тусгаарлах байрнууд боломжоо гаргаад өгчихнө. Тусгаарлах байр хариуцсан багийнхан боломжит суларсан байруудаар ороод шаардлага хангах эсэхийг хянаад явдаг” гэв. Тус орой буюу (өнгөрсөн баасан гаригт) “Токио-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 258 зорчигч эх орондоо ирэх хуваарьтай байв. Төлөвлөгөөний дагуу зорчигчдыг “Альфа”, “Хабу”, “Кентавр” буудлуудад тусгаарлахаар хуваарь гаргажээ. Ингэхдээ тус онгоцыг ирэхэд мэргэжлийн байгууллагууд хэрхэн үүрэг оролцоотойгоор ажиллахыг нарийвчлан нэр ус, утасны дугаартай бичиж тушаал хүртэл гарсан байх аж. Иргэдийг байрлуулах буудлуудад хэн гэдэг эмч ажиллах, цагдаагийн хэдэн албан хаагч тусгаарлах байрны эргүүл хамгаалалтад гарах, онгоцны багийнхан ирээд хаана тусгаарлагдах, агаарын хөлөгт ажиллах байцаагч нарын хэн нь хөлөгт, хэн нь ачааны хэсэгт ажиллах гээд бүх зүйлийг урьдчилан нарийн төлөвлөгөө гаргасан байв. Бүр ЗӨСҮТ-өөс ямар албан хаагчид, ямар дугаартай автомашинтай орж ариутгал хийх, зорчигчдыг тусгаарлах байр руу ямар дугаартай хэн гэдэг жолоочтой автобусаар зөөх нь хүртэл тодорхой аж. Ер нь Шуурхай штабтай холбоотой бүх үйл ажиллагааг, мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах, ямар үед ямар шуурхай арга хэмжээ авах зэргийг Төлөвлөлтийн баг гаргадаг байна. Тус багийн гишүүн ЭМЯ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан “Манай төлөвлөлтийн баг Шуурхай штабын үйл ажиллагааг ерөнхийд нь төлөвлөдөг. Хамгийн эхэнд энэ оны гуравдугаар сарын 20-нд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх стратеги салбар хооронд яаж уялдаж ажиллах вэ” гэсэн төлөвлөгөөг боловсруулсан. Үүний дагуу бүх үйл ажиллагааг төлөвлөж гаргадаг. Бас нэг гол ажил бол гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг төлөвлөх. Иргэдээс маш их өргөдөл, гомдол санал ирж байна. Энэ бүхнийг манай баг дотроо мөн ажлын хэсэг гараад зохицуулж ажилладаг. Мөн хоёр гол ажлын нэг нь нийслэл болон орон нутагт тусгаарлах байр бэлдэх ажлын хэсэг ажилладаг. Тусгаарлах байрыг зүгээр ч нэг очоод сонгочихдоггүй. ЭМЯ, НМХГ, ЦЕГ зэрэг нийслэлд таван байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад тусгаарлах байрны эрүүл ахуйн байдлыг хангаж байна уу, харуул хамгаалалт авч болохоор уу, аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу зэрэг байдлыг төлөөллүүд үзээд байраа бэлдүүлдэг. Ингээд тухайн буудлын ажилчид, үйлчлэгч гээд ажиллах албан хаагчдад халдвар хамгааллын сургалт, мэдээлэл өгч ажиллах гээд нэлээд хэдэн дамжлага бүхий ажлын дараа тусгаарлах байр бэлэн болдог. Ингэж багууд хоорондоо уялдаа холбоо сайн ажилласнаар бид өнөөдрийг хүртэл тусгаарлах үйл явцтай холбоотой хүмүүсээс халдварт өртөөгүй нь бас нэг том давуу тал. Одоо бид дотооддоо халдварыг алдаагүй байна. Ер нь халдварыг дотооддоо алдвал мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой шуурхай ажиллах тал дээр ч төлөвлөлт хийж гаргасан байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгөв. Тус багийнхан иргэдээс ирсэн бүхий л гомдлыг ялган ангилж хажуудаа хураасан байх аж. Учир нь нэг иргэн хэдэн арван удаа өргөдөл өгсөн тохиолдол ч байна. Бүгдийг хаанаас ирсэн, ямар учиртай гээд ангилжээ. Энд мөн ХӨСҮТ, ЭМЯ-ны төлөөлөл байна. Наад зах нь гадаадаас эрүүл мэндийн шалтгаантай гээд өргөдөл өгсөн иргэдийн оношийг ЭМЯ-ныхан уншиж, ямар оноштой ямар өвчтэй, нислэгт багтах хэмжээний хүндрэлтэй эсэхийг тодорхойлдог байна. ХӨСҮТ-ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Долгормаа “Одоогоор манай улсад бүртгэгдсэн халдварын 72 хувь нь оюутан, 12 хувь нь сурагч байгаа бол хүйсийн хувьд эрэгтэй давамгайлж байна. Мөн 6-80 насны хүмүүс байна. Нийт тохиолдлын 40.9 хувь нь залуучууд эзэлж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 16 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Маргааш Франкфуртын онгоц ирлээ гэхэд өнөөдөр нь бид эндээс тус онгоцонд явах эмчийнхээ нэрийг урьдчилаад визэнд оруулдаг. ХӨСҮТ нислэг болгонд нэг эмч, хоёр мэргэжлийн хяналтын байцаагч явдаг. Зарим газар үнэхээр эмч хүлээж авахгүй гэх тохиолдол бий. Яагаад гэхээр тухайн улс орноос явах зорчигчдыг урьдчилан дүгнэж үзээд зайлшгүй шаардлагатай биш гэх тохиолдол бий. Ер нь бол онгоцонд манайхаас эмч явах нь олон давуу талтай. Сая л гэхэд Истанбулаас ирсэн онгоцонд хоёр ихэр хүүхэд мэндлэхэд эх барьж авлаа. Ирээд онгоц дахь зорчигчдыг маш хурдан ангилан эрэмбэлдэг. Улмаар онгоц буухад эндээс манай хариу арга хэмжээний баг очоод сэжигтэй тохиолдлоо ХӨСҮТ рүү хуваарилж, эрүүл мэндийн эмчилгээ шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү хуваарилдаг. Ингээд зорчигчдоо ирсэн даруйд ХӨСҮТ-өөс шинжилгээгээ цаг алдалгүй авна. Ингээд 24 цагийн дараа хариу гарна. Тусгаарлагдсан иргэдийн хувьд хамгийн сүүлийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд бидэн рүү илгээдэг. Үүнийг нь манай баг цагдаа руу өгдөг. Ингээд тухайн сөрөг гарсан иргэдийг тусгаарлалтаас гардаг. Энэ бүхэн нарийн шат дамжлагаар явдаг даа“ хэмээн онцлов.

НМХГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгаалалын улсын ахлах хяналтын байцаагч Г.Батсүрэн “Хилээр орж байгаа иргэдийн татан авах ажиллагаатай холбоотойгоор хилийн нэвтрэх цэг дээр манай байцаагч нар хамгийн түрүүнд иргэдтэй тулж ажилладаг. Ялангуяа эрүүл ахуйн байцаагч нар өндөр ачаалалтай ажиллаж байна.Ажлын хэсэг яваад тусгаарлах байраа сонгочихлоо. Үүний дараа ялангуяа сүүлийн үед олон нислэг ирж байгаатай холбоотойгоор тусгаарлах байрны талаар гомдол их гарч байна л даа. Тухайлбал, сүүлд МҮИС-ийн дотуур байртай холбоотой гомдол их гарч байна. Зочид буудал биш учраас гомдол ирж байна. Анх тус байрыг тусгаарлах байраар сонгохдоо оюутныг байруулахаар сонгож байсан. Ингээд амьдралын явцад тухайн байр зочид буудлын байдлаар ажиллах боломжгүй гэдэг нь харагдлаа. Гол шаардлагуудаа хангахгүй байгаа учраас мэргэжлийн хяналтаас тусгаарлах байраар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргачихсан байгаа. Мөн нэр бүхий буудлуудад ч асуудал гарсан. Урьдчилан сэргийлэх хяналтыг бол дүүрэг дүүргийн хариуцсан байцаагч нар хийж байгаа. Иргэд гарснаас хойш 2-6 хоногийн дотор цэвэрлэгээг хийдэг. Зарим газар үүнийгээ дутуу хагас хийдэг. Нүдэнд ил харагдахгүй хэсгийг хийдэгтэй холбоотой. Хоолтой холбоотой асуудал бас байна. Мэргэжлийн бус тогооч оруулсан тохиолдол гарсан. Энэ мэтчилэн асуудлуудыг тухай бүрт нь хяналт шалгалт хийгээд шийдээд явж байна. Аль болох цаашдаа энэ талын зөрчлийг гаргуулахгүй байх бодлогоор ажиллаж байна” гэлээ.

Зочид буудлууд бүр тусгаарлах байраар ажиллахыг хүсэхгүй. Зарим нь халдвартай иргэд байрлахаас сэрэмжилдэг, ариутгалын бодис буудлын эд хогшлыг сааралтуулж өнгө алдуулдаг гээд татгалзах шалтгаан их. Тиймээс тусгаарлах байраар зөвшөөрсөн буудлуудаа аль болох торгох бус зөрчлийг нь арилгуулахыг зорьдог байна. Түүнчлэн хоолтой холбоотой асуудал их гардаг нь цаанаа бас учиртай бололтой. Манайд дээд зэрэглэлийн л биш бол төдийлөн буудал бүр өглөөний цайтай байдаггүй аж. Мөн гал тогоо нь олон хүний хоол тэр бүр хийгээд байдаггүй. Гэтэл тусгаарлагдсан тэр олон хүмүүст хоол хийхээр тогооч нар туршлагагүйтдэг, амт чанаргүй хоол хийх, мэргэжлийн бус хүн хөлслөх гээд асуудал их гардаг аж. Ямартаа ч буудлууд хоёр гурав дахь удаагаа хүн хүлээж аваад ирэхээр гомдол багасч туршлагатай болж ирдэг байна. Хаа хаанаа л туршлага суудаг бололтой. Үүнээс гадна “Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 2500 гаруй иргэн тусгаарлах байранд байна. Иргэн бүр адилгүй. Зарим хүмүүс хоол унд дажгүй, агаар салхинд амралтад сайхан байна гэж байхад өөр нэг хүн хотод тусгаарлах байранд шилжүүлээд өг гэнэ. Иргэдийн хүсэлтийг үндэслэн бөөн юм болж хотод тусгаарлах байранд шилжүүлэхээр энд муухай байна. Буцаад амралтын газраа очъё гэдэг. Хүмүүсийн ааш аягтай холбоотой асуудал бол их. Энэ бүх арга хэмжээ цар тахлын үед хийгдэж буй ажлууд учраас аль болох хамтдаа хичээж хүнд үеийг давах чухал байна. Гэтэл гомдол гаргаад дулаан байранд халуун хүйтэн устай байгаа иргэнийг гадаа нь чийгтэй гэрт, дусаал гоожсон харуулын байранд цагдаагийн албан хаагчид ялаа шумууланд бариулан, усан хаван гүйн байж хамгаалж, эргүүлд гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тусгаарлах байртай холбоотой асуудлаар Шуурхай штабын холбогч офицер ахмад Д.Төмөрчөдөр онцлов. Шуурхай штаб дээр 77770105, 18001105 гэсэн шуурхай утас ажиллаж иргэдээс 24 цагаар гомдол санал, хүсэлтийг хүлээж авдаг байна. Улмаар яаралтай гомдол, саналыг холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай бол шөнийн хэдэн цаг болж байсан ч мэдэгддэг байна. Мөн МИАТ-ийн байцаагч Б.Мөнх-Ертөнц “МИАТ компаниас Шуурхай штаб байгуулагдсан цагаас эхлэн нэг ажилтан төлөөлөн энд ажиллаж байна. УОК-ын шийдвэрийн дагуу гарч байгаа захиалгатай нислэгүүдийг зохион байгуулж, гадны улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагаанд гар бие оролцон ажиллаж байна. Цар тахлын үед МИАТ нийт 44 тусгай нислэгийг гүйцэтгэж 10 мянга гаруй иргэдээ авчраад байна. Тухайн нислэгүүдийн төлөвлөгөөг гаргах, нислэгийн зөвшөөрлийг авах шаардлагатай бичиг баримтыг штабынхантай хамтран ажиллаж гаргах. Эм эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас гадагш чиглэлтэй нислэгээр явах хүсэлтэй иргэд бас их байдаг. Энэхүү өргөдлийг нь хүлээж аваад тухайн улсад ямар дүрэм журам баримтлах зэрэг шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэдэг байгаа” гэв. Мөн Гадаад харилцааны яамыг төлөөлөн н.Хонгор гэх төлөөлөлөгч ажиллах бөгөөд гадаад харилцаатай бүхий л асуудлыг хариуцан бусад мэргэжлийн байгууллагуудтай холбож шуурхай арга хэмжээ авдаг байна. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн чиг үүргийн дагуу эх орондоо халдвар алдахгүйн төлөө ажиллаж байна.

Нэг зүйлийг онцлоход, Шуурхай штабт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид бүтэн таван сарын турш амралтын өдөргүй ажиллаж байна. Хэзээ коронавирусийн тахал хумигдаж, тэд амралтын өдрөө эдлэх нь даанч тодорхойгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэлмэг: М.Энхсайханы ялыг хэвээр үлдээсэн шийдвэртэй санал нийлэхгүй учир хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болно

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч, доктор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.


-Таны үйлчлүүлэгч М.Энхсайханы давж заалдах шатны шүүх хурал болсон. Хурлын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 30-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох 40 хавтаст хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр нь баталсан. Өмгөөлөгч бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй учир хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болно.

-Давж заалдахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, олон улсын гэрээ конвенцийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гээд долоон ч үндэслэл дурдсан байсан. Давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлүүдийг хүлээж аваагүйгээ хэрхэн тайлбарласан бэ?

-Эхний үндэслэл нь Таван толгойн мега төслийг УИХ-д өргөн барьсан үйл явдал нь 2015 онд болсон учир тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёстой гэж бид үзсэн. Учир нь албан тушаалын гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд үлэмж хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэг болдог байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй үйлдэл хийснээр гэмт хэрэгт тооцдог болсон.Хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хуулиар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хуулийн 1.8-д заасан бөгөөд зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байтал эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүх нүд анин өнгөрөөв. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлийн алинаар нь ч М.Энхсайханыг зүйлчилсэн үлэмж хэмжээний буюу 8,5 сая төгрөнөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд л гэмт хэрэг болно, гэтэл гэрээний төслийг УИХ-аар хэлэлцээгүй учир ямар ч хохирол учраагүй, гэмт хэрэг биш болчихоод байсан учир анхан шатны шүүх НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийг баримталж байгаад 2015 оны хүндрүүлсэн Эрүүгийн хуулийг баримталж ял оноосныг зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт: Таван толгойн төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг хөдөлгөхийн тулд харилцан ашигтай нөхцөл заах нь хэнд ч тодорхой.

Гэтэл прокурор, шүүхээс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгосон гэрээний зүйл заалтуудыг түүж аваад яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний заалтаас огт дурдсангүй.

-Тухайлбал?

-Олон жил маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай гол гол заалтуудыг зориуд орхигдуулж яллалаа.Давуу байдал олгосон гэдгийг гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн үеэс эхэлж тооцох ёстой доо, энгийн ухаанаар бодоход. Гэтэл байгуулагдаагүй гэрээний төслийг боловсруулсны төлөө ялтан болж байгаа нь цаашид мега төслийг хөдөлгөх албан тушаалтан Монголд олдохгүй болж магадгүй.

Гуравт: М.Энхсайханыг дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж албан тушаалаа урвуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Тэрээр дангаараа Таван толгойн гэрээний төслийг боловсруулаагүй бөгөөд ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамжаар байгуулагдсан/, үндсэн ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт 17 гишүүн гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг ингэж харлуулж таамаглалаар хүнийг буруутгаж болохгүй.

Дөрөв: Таван толгойн мега төслийг өргөн барьсан асуудлыг нь прокуророос албан тушаалаа урвуулснаас гадна давхар хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж үзээд шүүхэд шилжүүлснийг шүүх нотлогдохгүй байна гэж прокурорт буцаасан. Буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг удирдлага болгоогүй нь тус хуулийн 1.6-д заасан “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмын заалтыг зөрчиж байгаа юм. Зүй нь нотлогдохгүй л бол хэрэгсэхгүй болгох учиртай атал заавал яллана гэж байгаа юм шиг тусгаарлаж шийдвэрлэхээр заасныг буруу гэж давж заалдсан.

Тав. Хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарласныг зөвтгөх гээд ЭХХШтХ-н 34.18 дугаар зүйлд зааснаар “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гэсэн заалтыг барьсан юм болов уу гэж таамаглаад хартал тухайн зүйлд “…Шүүх зөвхөн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлана” гэж заасан ба өмгөөлөгч, прокурор нарын хэн нь ч санал гаргаагүй.

Зургаа. Хамаарал бүхий этгээдээсээ автомашин худалдан авсан үйлдлийн тухайд гэмт хэргийн шинжтэй байж болох ч үнэлгээг зөв хийх ёстой. Уг автомашин 2013 онд улсын хилээр 13000 mile гүйлттэй орж ирснийг анх хүлээн авсан жолооч гэрчилдэг, гэтэл шинжээч нар 2019 оны байдлаар 120,000 mile гүйлттэй үед нь үнэлгээ хийх жишээтэй.Тэгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар манай нөгөө өмгөөлөгч нар нэлээд мэтгэлцсэн боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

-М.Энхсайхан давж заалдах шатны хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан байсан. Шүүх энэ хүсэлтийг яагаад хүлээж аваагүй юм бол?

-М.Энхсайхан өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахимаар хуралд оролцож өөрийн санал, хүсэлтийг илэрхийлсэн.

-Шүүх хурал хуулийн хүрээнд явагдсан уу. Гэр бүлийнхэн нь оруулахгүй байна гэж ярьж байсан?

Шүүх хурал хэлбэрийн хувьд хуулийн хүрээнд явагдсан. Дээр өгүүлсэнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ар гэрийн хүмүүсийг нь шүүх хуралд оруулахгүй байгаа. Цахимаар оролцож санал хүсэлтээ илэрхийлэхэд техник гацсан, сонстохгүй байх зэрэг асуудал гараагүй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Нямбаяр: Алдаатай оношлуур хэрэглэж байхаар Монголынхоо эрдэмтдийн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлмээр байна


Японы үндэсний эрдэм шинжилгээний РИКЭН хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт эрдэмтэн Др.Ноёори Рёожигийн хамт

ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, ЭМЯ-ны ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн зочин профессор, зөвлөх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай онлайнаар холбогдож ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Германд ямар ажил хийж байна вэ?

-Би хүний их эмч, иммунологич буюу дархлаа судлаач хүн.ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн харьяа “ТранслаТУМ” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагчаар ажиллаж байна.Миний хувьд саяхнаас ХБНГУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар “Covid-19”-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж байна.Энэхүү төсөлд дөрвөн том их сургууль оролцож байна. Мөн аравдугаар сараас Японы оношлуурыг сайжруулах төсөлд эрдэм шинжилгээний багийн удирдагчаар ажиллах урилга ирсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр хөгжингүй орнууд өөрсдийн оношлуураа засч сайжруулж, улмаар улс орныхоо хэрэгцээг хангах оношлуурын нөөцөө бүрэлдүүлэх зорилгоор дор бүрнээ хөдлөөд эхэлсэн.

-Манай улс “Ковид-19” вирусийг илрүүлэх зорилгоор хэрэглээндээ Япон болон Германы оношлуурыг ашигладаг. Эдгээр оношлуурыг 100 хувь баталгаатай биш гэж таны зүгээс хэлж байна. Та ямар нотолгоог үндэслэн ингэж үзэж байна вэ?

-Оношлуурыг маш богино хугацаанд яаран хийхдээ япончууд болон германчууд зарим нэг алдаа гаргасан байх магадлалтай. Уг оношлуураар шинжилгээ хийсэн тохиолдолд “хуурамч эерэг” болон “хуурамч сөрөг” хариу өгөх магадлалтай. Япон улсаас худалдан авч хэрэглэж буй“Ковид-19” PCR оношлуурын чухал бүрдэл хэсэг болсон праймерын нуклеотидын дараалалд алдаа байсан. Тиймээс нэгдүгээр сард Японы Эрүүл мэндийн сайд оношлуурт алдаа гаргасандаа албан ёсоор уучлал гуйж алдаагаа засч сайжруулсан. Гэвч засч сайжруулсан гэх оношлуурын риверс праймерын дараалалд дахин нэг алдаа одоог хүртэл байгаа юм. Хоёр алдаа байсны нэг нь л засагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүний үүднээс харахад оношлуурын заавар дээрх тун хачирхалтай форвард болон риверс праймерийн тэнцвэргүй концентрациар хэрэглэх зааварчилгаа байгаа нь урвалын нөхцөлийг бараг хүчээр хийсэн гэж дүгнэхэд болохоор байна.

-Герман оношлуурын тухайд мэдрэг чанар муу гээд байгаа. Энэ нь шинжилгээнд хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ?

-Германы оношлуурын тухайд гэвэл мэдрэг чанар султай хамгийн муу оношлуур гэж үнэлэгдсэн. Дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж байгаа оношлууруудыг харьцуулж АНУ-ын Йелийн Их Сургуулийн судлаачдын судалсан эрдэм шинжилгээний бүтээл “Нэйча” сэтгүүлд нийтлэгдсэн байгаа. Тус нийтлэлд энэ тухай бичсэн байгаа юм. Германы оношлуур нэгдүгээрт мэдрэг чадвар маш сул. Вирусийн титр буюу тоо нь нэг микролитрт 100 байхад тодорхойлж чадахгүй байгаа нь хуурамч сөрөг үр дүнд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнийг халдваргүй хэмээн оношилж халдвар алдах аюулд хүргэх магадлалтай. Мөн вирус бүрэн биеэс гадагшилж дуусаагүй тохиолдолд өвчтөн эдгэрсэн байна хэмээн дүгнэхэд хүргэж болох магадлалтай. Хоёрдугаарт, вирусийн мутацид орсон хэсэгт праймерийн дараалал нь байгаа учир шинжилгээний хариуг буруу гаргах, улмаар халдвартай хүнийг оношлоход эргэлзээтэй үр дүн гаргах магадлалтай.

Гуравдугаарт уг оношлуур хоёр шатлалаар үздэг тул өвөрмөц чанар муутай. Эхний шатанд улирлын чанартай ханиад үүсгэгч хүртэл багтдаг бүх төрлийн корона хэлбэрийн вирусийг (МЕRS, SARS мөн үүнд орно) илрүүлэх Сарбеко Е тестийг хийдэг. Үүний дараагаар эерэг гарсан хүмүүсийг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох хоёр дахь шатны оношлуураар шинжилдэг бөгөөд үүнийг нь RdRp тест гэдэг. Уг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох RdR pоношлуурын мэдрэг чанар маш муу байгааг дурдсан байна. Гэтэл уг оношлуурын загвараар дэлхийн ихэнх,жишээ нь Рош гэх мэт, том компаниуд оношлуураа үйлдвэрлэж байгаа. Манай улсын хэрэглэж буй Германы “МолБиол” компанийн үйлдвэрлэсэн оношлуур яг энэ загвараар хийгдсэн байдаг. Нэг зүйлийг онцлоход, Японы оношлуурын мэдрэг чанар нь Герман улсынхаас доогуур учир уг судалгааны ажилд ашиглаагүй байна.

-Дарханы PCR төхөөрөмжид тохирохгүй оношлуур хэрэглэж байна гээд байгаа. Яг тохирох оношлуур нь ямар байдаг, хаанаас авч болох вэ?

-Дарханд хэрэглэгдэж байгаа PCR аппаратандаа тохирохгүй оношлуураар шинжилгээ хийж байгаа. Тодруулбал, Германы оношлуурын вирус илрүүлэх RdRp хэсэг нь FAM буюу “ногоон”өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 буюу “улаан”өнгөөр уншигддаг боловч Дарханд ашиглагдаж байгаа Японы Такара PCR төхөөрөмж нь зөвхөн FAM (ногоон) болон ROX (хөх) өнгийг л бүртгэх чадвартай. Хэрвээ тухайн хүний “ногоон”-оор уншигдах RdRp нь сөрөг байлаа гэж бодоход тухайн хүний сорьцоос РНХ материал зөвөөр ялгарсан эсэх, урвал зөв явагдсан эсэхийг үзүүлэх ёстой “улаан” өнгөөр бүртгэгдэх ёстой дотоод хяналт нь уг “улаан” өнгийг бүртгэх чадваргүй Такара аппаратанд уншигдахгүй учир шинжилгээний хариуг хүчингүй болгоно.

Тиймээс сөрөг буюу халдваргүй гэж хариу гарсан хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг байх магадлалтай юм. Энэ алдаатай шинжилгээний хариунд үндэслэвэл яг жинхэнэ халдвартай хүнээ эрүүл хэмээн алдах цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй. Энэ асуудлыг манай ажлын хэсгээс эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид удаа дараа анхааруулга, зөвлөмж өгсөн. Гэвч энэ асуудалд анхаарахгүй засагдахгүй хэвээрээ байгаа учраас би цахим орчинд энэ тухай арга буюу мэдээлсэн. Манай ажлын хэсгээс Монгол Улсын нөөц боломж болон техник тоног төхөөрөмжинд таарч ажиллах оношлуур бүтээх ажлын хүрээнд бүх оношилгооны төвүүдээс мэдээлэл цуглуулахдаа энэ ноцтой алдааг илрүүлсэн юм. Гэтэл ЭМЯ-наас намайг эсрэгээрээ худал хэлсэн мэт, юу ч мэдэхгүй мэдлэггүй хүн мэтээр мэдээлэл өгсөн. Миний бодлоор бол эдгээр хүмүүс мэдээгүй биш мэдсээр байж үнэнийг гуйвуулсан, санаатайгаар үйлдсэн. Нарийн яривал энэ чинь улсын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг шүү дээ.

-Эрүүл мэндийн яамны зүгээс таны мэдээлэлд тайлбар өгсөн байсан. Ард иргэдийг айх хэрэггүй оношлуурт итгэж болно гэж…?

-Эрүүл мэндийн яамнаас миний мэдээлэлд тайлбар өгөхдөө хамгийн шилдэг нь гээд байгаа Германы оношлуур бол хамгийн мэдрэг чанар муутай муу оношлуур. Үүнийг нь “Нэйча” сэтгүүлд нотолчихоод байна. Энэ фактыг үгүйсгэх баримт нотолгоо байвал гаргаж тавих хэрэгтэй. Дээр нь нэмээд хэлэхэд, ДЭМБ хэзээ ч аль нэг арилжааны оношлуурыг хамгийн сайн нь, үүнийг хэрэглэ гэж зөвлөхгүй. Хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүс ард түмнийг илт хуурсан, ийм увайгүй мэдэгдэл хийж болохгүй л дээ.

-Тэгэхээр манай хэрэглэж байгаа оношлуур 100 хувь баталгаатай биш юм бол бид халдваргүй хүмүүсийг халдвартай гэж эмчилсэн байх магадлалтай, эсвэл халдварыг дотооддоо алдах магадлалтай юм байна. Тийм үү?

-Гол нь дээрх оношлуурууд 100 хувь баталгаатай биш, мэдрэг чанар сул учраас энгийн ханиадтай хүнийг ч коронагийн халдвартай гэж дүгнэх, эсвэл халдвартай хүнийг халдваргүй гэж оношлох аюултай гэдгийг л би анхааруулаад байгаа юм. Ер нь миний анх үүнийг бичих болсон шалтгаан нь Эрүүл мэндийн яамыг одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тохирох зөв арга хэмжээ авахад шаардлагатай шинжлэх ухааны нотолгоо бүхий үнэн зөв мэдээллээр хангахад чиглүүлэхэд оршиж байсан. Тэрнээс биш ЭМЯ, Эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаа, цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж буй эмч мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг гутаан харлуулах зорилгоор бичээгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ манайд нэг өөр байр суурь гараад ирвэл цаанаа ямар нэг ашиг сонирхолтой байна гэж харддаг онцлогтой. Энэ ч танд мэдрэгдсэн байх?

-Тийм. Хэсэг бүлэг хүмүүс миний бичвэрүүдийг цаанаа зорилготой, хүмүүсийн хийсэн ажлыг харлуулах гэж байна гээд байгаа. Ер нь монголчууд бид шинжлэх ухааны салбарт англиар “constructive criticism” хэмээн нэрлэдэг Монголоор бол бүтээлч шүүмжийг сонсож ерөөсөө сураагүй, шүүмж хэлсэн хүнийг хувь хүн рүү дайрч байгаа мэтээр дайсагнан хүлээн авдаг. Энэ гаж сэтгэхүйгээсээ одоо салах болсон. Энэ хэвээр байвал хөгжил дэвшилд саад болохоос нэмэр болохгүй.

-Эрүүл мэндийн яамны ажлын хэсэгт орж хийж байгаа оношлуурынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Манай эрдэмтдийн бүтээсэн оношлуур одоо ашиглаж байгаа оношлуураас хоёр дахин бага хугацаанд буюу хоёр цагийн дотор хариу нь гардгаараа давуу талтай. “Covid-19”-ийг үүсгэгч вирусийг илрүүлэх мэдрэг чанар маш өндөр, өвөрмөцөөр таньдаг оношлуур. Мэдрэг чанар өндөр оношлуурын нэг ач холбогдол нь хуурамч сөрөг үр дүнг багасгах. Вирус үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Манайд гадаадаас худалдан авч буй оношлуурууд нь вирус мутацид орсон тохиолдолд оношилгоонд хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг бол бидний бүтээсэн оношлуур нь вирус мутацид орсон тохиолдолд тухай бүрт нь таарсан өөрчлөлтийг оруулж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Мөн бид дотооддоо хийх учир гадаадаас бэлэн арилжааны оношлуур худалдан авснаас үнэ өртгийн хувьд ч гэсэн хамаагүй хямдхан тусах болно.Би шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил Япон болон Герман улсын хамгийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаагийн хувьд,бидний бүтээсэн оношлуур нь одоогоор дэлхийд хамгийн шилдэгт тооцогдохоор хийгдсэн гэдгийг итгэлтэй хэлнэ. Нэмээд хэлэхэд, зохих үр дүн дата бүрдэж дууссаны дараа манай ЭМЯ нь “Covid-19”-ийг илрүүлэх оношлуур бүтээснээ ДЭМБ-д бүртгүүлэх шаардлагатай. Ингэж бүртгүүлснээр монгол эрдэмтдийн маань бүтээл дэлхий нийтэд нээлттэй болох юм. Одоогоор ДЭМБ-ийн вэб хуудсанд ХБНГУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орны эрдэмтдийн бүтээсэн бүтээл нээлттэй байгаа.

-Яагаад монгол эрдэмтдийн оношлуурыг цааш хөгжүүлж, нийлүүлж болохгүй байгаа юм бол. Та бүхний хийж буй оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хичнээн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ?

-Япон, Герман улсын оношлууртай харьцуулахад манай ЭМЯ-ны ажлын хэсгийн бүтээсэн оношлуурын мэдрэг чанар нь маш өндөр. Жишээлэхэд, Германы оношлуур нэг микролитрт 200 вирусийн геномын материал байхад арай ядан илрүүлж байхад манай бүтээсэн оношлуур нэг микролитрт 10 вирусийн геномын материал байхад илрүүлэх чадвартай нь тогтоогдсон. Монгол эрдэмтэд яагаад герман, япончуудаас илүү оношлуур хийж чадахгүй гэж. Өөрсдийн мэргэжилтнүүддээ итгэж сураагүй болохоороо аль дөрөв, тавдугаар сард дуусгачих ёстой байсан ажлыг манайхан шат шатандаа гацаасаар одоог хүрлээ. Дээр нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Дармаа бидэнтэй хамт ажлын хэсэгт байсан. Яагаад гарсан гэхээр Дармаа эмч ажлын хэсгийнхэнтэйгээ хамтарч ажиллахаас цааргалж, ажил гацааж, ажлын хэсгийнхээ ажлын харлуулж, бүр цаашлаад ажлын хэсгийнхээ нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан нь илэрсэн юм.

-“Глобал” сангаас манайд оношлуур авч өгөхөөр болсон. Үүнийг бас та эсэргүүцэж байгаа. Энэ тухайд?

-Эрүүл мэндийн яам дотоодын эрдэмтдийн оношлуурыг хөгжүүлэхэд төсөв хөрөнгө байхгүй гээд байгаа. Тэгсэн атал “Глобал” сангийн санхүүжилтээр 524 мянган ам.доллараар оношлуур болон халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл авна гээд байна. Тэр дундаа АНУ-ын“GeneXpert”хаалттай системийн оношлуурыг манайхан 50 мянган ам.доллараар худалдан авах гэж байгаа. Уг PCR оношлуур нь хаалттай системийн буюу ямарваа нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй учир жишээ нь вирус мутацид орсон тохиолдолд хэрэглэх боломжгүй, хүчин чадлын хувьд олон нийтийг хамруулсан шинжилгээнд хэрэглэх боломжгүй, агаар дуслын замаар халдварладаг “КОВИД-19” өвчин үүсгэгчийн шинжилгээнд шаардлагатай био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн өндөр шаардлагад нийцэхгүй оношлуур юм.

Татвар төлөгчдийн гурван тэрбумаар авах гээд байгаа урсгал зардал маш өндөртэй, тэгээд зөвхөн үйлдвэрлэгч Рошийн мэдрэг чанар султай оношлуураа л уншдаг хаалттай системийн PCR төхөөрөмж худалдан авч бас нэг үхмэл хөрөнгө болгохын оронд тэр мөнгөөрөө нээлттэй системийн PCR төхөөрөмж багаар бодоход 30 ширхэгийг авбал ядахдаа Монгол Улсад жинхэнэ үлдэцтэй хөрөнгө оруулалт болно.

Нээлттэй системийн 30 ширхэг PCR төхөөрөмжөөр хоногтоо хамгийн багаар бодоход 15 мянган хүнд шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Бас дан ганц “Ковид-19” бус бас бусад төрлийн өвчин үүсгэгчийг оношлоход цааш цаашдаа хэрэглээд явах боломжтой болох юм.

Улсын хэмжээнд хамгийн багаар бодоход хоногтоо 15 мянган хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол манай улс коронавирусээс айгаад байх шаардлагагүй, эдийн засгаа сэргээж, хүүхэд залуусаа сургууль соёлд нь явуулж болно, мөн гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчирч болно шүү дээ. Ер нь ганцхан ХӨСҮТ гэлтгүй бусад PCR төхөөрөмжтэй био аюулгүйн зохих шаардлагыг хангасан олон газарт үздэг болгох хэрэгтэй. Ингэснээр тусгаарлалтын хоногийг багасгаж ачааллыг бууруулах ч боломжтой.

-ДЭМБ-аас халдварын нууц үеийг 1-5 хоног гэж мэдээлсэн байна. Гэтэл манайх гаднаас ирсэн хүнийг 21 хоног, гараад 14 хоног гээд арай л олон хоног тусгаарлаж байна гэж иргэд шүүмжилж байна. Үүнийг багасгах боломжтой юу?

-Боломжтой гэж бодож байна. Мэдрэг чанар сайтай оношлуур хэрэглээд цаг тухайд нь шинжилгээ хийгээд явах юм бол энэ 35 хоногийн тусгаарлалтыг 14 хоног болгох боломжтой гэж үзэж байна.

-Тэгэхээр манайх хэтэрхий сүржигнээд байна уу. Нэгэнт л гаднаас шинжилгээ өгөөд ирж байгаа хүмүүсийг бага хоног тусгаарлах нь наад зах нь дараагийн хүмүүсээ авахад байрны хүрэлцээ бий болох юм шиг?

-Шинжилгээ өгөөд ирчихсэн, эх орондоо ирээд эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүсээ ийм олон хоног тусгаарлаж байгааг ойлгохгүй л байна. Магадгүй ХӨСҮТ-ийн шинжилгээний хариунд итгэхгүй байгаад учир байгаа байх. Бас дээр хэлсэн,манай улсын шинжилгээ хийх хүчин чадал хангалтгүй байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Уг нь эрүүл хүмүүсийнхээ тусгаарлалтын хоногийг багасгаснаар бага хугацаанд илүү олон хүн гаднаас авах боломж үүсэх юм.

-Тухайлбал, Германд тусгаарлалт хэд хоног вэ?

-Германд бол эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүст 14 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж байгаа.

-Таны байгаа Германд тухайлбал ямар оношлуур хэрэглэдэг вэ?

-Манай Анагаахын их сургуулийн эмнэлгийн хувьд “КОВИД-19” өвчтөнүүдийн шинжилгээнд мэдрэг чанар муутай Германы оношлуурыг хэрэглэхээ больж өөрсдийн эрдэмтдийн бүтээсэн мэдрэг чанар өндөр оношлуураар үздэг болж эхлээд байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Хандмаа: ”Ковид-19” халдвараар өвчилсөн ч эдгээд гарч байгаа хүнийг дараагийн орж байгаа хүн хараад “Би ч гэсэн эдгэрнэ” гэсэн итгэлтэй болдог

Голомтод ажилласан багийнхан

ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн арга зүйн сувилагч Б.Хандмаатай ярилцлаа.


-Халдварын голомтот бүсэд ажиллаж байгаа алба хаагчдыг орон сууцны квотод хамруулсан. ХӨСҮТ-өөс квотод хамрагдсан эмч нарын нэг болох танд баяр хүргэе. Та ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би маш их баяртай байгаа. Би ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн арга зүйн сувилагчаар ажилладаг. Эрүүл мэндийн салбарт 30 дахь жилдээ, ХӨСҮТ-д 20 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын өмнө Засгийн газрын шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтнүүдэд 400 байрны квот олгосон. Тэрний нэг болж батламж авсандаа маш их баяртай байгаа. Миний ажилласан гучин жилийн хугацаанд ер нь эрүүл мэндийн салбарын нийгмийн асуудлыг ингэж олноор нь шийдэж байсан түүх байхгүй. Засгийн газар эрүүл мэндийн салбарын ажилчид ялангуяа сувилагч, асрагч, үйлчлэгч нарын байгаа байдалд дүн шинжилгээ хийж ийм олон нийгмийн асуудлыг нь шийдэж байртай болгож байгаад туйлын их баяртай байна. Одоо миний ажиллаж буй шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг гэдэг нь манай ХӨСҮТ дотроо нэг ёсондоо олон улсын дүрмээр зохицуулагддаг халдварт өвчөнүүдийг хүлээж авдаг, хамгийн онцгой объект буюу онцгой байдлын тасаг гэж хэлж болно.

-Та бүхэн хагас жил халдварын эсрэг тэмцэж байна. Таны хувьд гэхэд л өдөрт хэдэн цаг ажиллаж байна вэ?

-Ерөнхийдөө БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй халууралттай ийм уушгины хатгалгаа өвчин гарлаа гэж 2019 оны арванхоёрдугаар сард мэдээлэгдэж байсан. Тэрнээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 9-нд хамгийн анхны шалтгаан тодорхойгүй халуурал гэсэн оноштой хүнийг анх манай тасаг хүлээж авсан. Ингээд нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид бүхэн хагас цэргийн зохион байгуулалттай, цаг наргүй нойр хоолгүй ажиллаж байгаа. Миний хувьд яг тэр шинэ болон сэргэж буй голомтыг хүлээж авдаг тасгийн арга зүйчээр ажилладаг учраас арын албыг нь хариуцаж, тасгийн үйл ажиллагааг жигд явуулах бүх ажлыг зохион байгуулдаг. Ерөнхийдөө арын ажлыг нь дааж ажилладаг. Гэхдээ сая би зургадугаар сард “Ковид-19”-ийн голомтод орж тусгаарлагдаж ажилласан. Тусгаарлалтад 14 хоног, дотроо 14 хоног нийт 28 хоног ажилласан. Ажлын долоон цаг ажиллах хуваарьтай байдаг. Гэвч хагас цэргийн зохион байгуулалттайгаар өглөөнөөс орой хүртэл бид 11 цаг ажиллаж байгаа. Хэрвээ хорионд орвол 24 цагаар ажиллана.

-Ядарч байна уу?

-Мэдээж хүн л болсон хойно ядарч байгаа. Гэсэн ч бидэнд өргөсөн тангараг гэж байгаа учраас хүн ардынхаа төлөө, ялангуяа манай Монгол Улс гуравхан сая хүн амтай тул энэ айхавтар өвчнийг дотроо алдчихгүйн тулд маш өндөр хариуцлагыг үүрч, үүргээ ухамсарлаж ажиллаж байна. Тиймээс ядрах гэдэг үгийг бараг л мартсан.

-Тусгаарлалтад орж ажиллахад хэр байсан бэ?

-Яг хорионд орж ажиллаж байгаа эмч, сувилагчид маань багаараа орж ажилладаг. Эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нэг баг ороод 14 хоног ажилладаг. Хорионд орж ажиллаж байх хугацаанд бол хүн өөрөө сэтгэл зүйгээ маш сайн бэлдээд, айдсаа даван туулж чадвал тэнд ажиллахад бэрхшээл бага байдаг. Яагаад гэвэл тэртэй тэргүй сэтгэл зүйгээ бэлдээд орсон хүн өөрийн үүргийг ухамсарлаж, хийх ёстой ажлаа л хийнэ. Түүн дээр нэмэгдэх нэг зүйл нь юу вэ гэвэл бүрэн хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөх нь болохоос биш бусдаар би өөрийн хийх ёстой ажлаа хийгээд л, сэтгэл зүйгээ бэлдсэн байхад надад айхавтар тулгарсан асуудал байгаагүй. Гэхдээ одоо олон залуучуудыг оруулж байна. Ингэхдээ тэр дотор сэтгэл зүйгээ бэлдээгүй хүн ч байгаа. Үүнээсээ болоод шантрах, уйлах хэмжээнд хүртэл хэцүү үе бий. Түүнийг нь хамт ажиллаж буй багийнхан нь тусалж дэмжиж л ажиллаж байна. Миний хувьд энэ онцгой тасагт олон жил ажилласан учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй, шантрах зүйл байхгүй, чадна гэсэн өөдрөг сэтгэлтэй орсон.

-Халдварын голомтод хэдэн удаа ажиллаж байсан бэ?

-Би ХӨСҮТ-д 20 гаруй жил ажиллахдаа олон голомтот халдваруудад орж байсан. Жишээ нь, тарваган тахлаар хүн өвчиллөө гэхэд л хамгийн түрүүнд манай тасгийнхан бэлэн байдлыг хангаж ажиладаг. Бас N1H2, SARS, 2015 онд дэгдсэн улаанбурхны үед ч мөн адил ачааны хүндийг үүрээд л ажиллаж байсан. Манай тасаг хорин хүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс энэ хүмүүс асар их сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Халдварын голомтод энэ үндсэн тасгийнхан түрүүлж ордог. Сая ч гэсэн “Ковид-19”-ийн голомтод хамгийн эхэнд манай үндсэн тасгийн сувилагч Түмэндэмбэрэл орсон. Ороод гараад ирэхэд дараачийн сувилагч нартаа сэтгэл зүйг нь бэлдэж өгөөд, бас тодорхой хэмжээнд сургалтууд тасралтгүй явагдсаны хүчинд манай ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар сэтгэл зүйгээр сайн бэлтгэгдэж байна. Мөн хамгаалах хувцас хэрэгслийг яаж өмсөх талаар сайн дадлагажсан гэж бодож байгаа. Айдас ч багассан. Хамгийн анх өвчин гарахад хэн хэн нь л айж байсан, яг юун дээр орж байгаагаа мэдэхгүй учраас. Миний хувьд тэр тасгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд эмчилгээ үйлчилгээ болон өвчтөн, хорионд орсон эмч нарын хоол ундыг зөөхөөс эхлүүлээд тэнд яг юу хэрэгтэй байна, бүх ажлыг тасралтгүй жигд явуулахын тулд л нойр хоолгүй, өдөр шөнөгүй бид зүтгэдэг. Үүнээс ажиглаж байхад миний хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйл нь юу вэ гэвэл “Ковид-19”-тэй хамгийн анхны өвчтөнг Чинбаяр эмч маань авч ирээд манай тасгийн үндсэн ариутгагч, сувилагч, асрагч нар маань ороход нь “Би эд нарыгаа юу руу оруулж байна даа” гэж бодогдоод нүдний нулимс цийлэгнэж байсан. Гэхдээ тэд нарынхаа дэргэд би уйлаагүй. Хэрвээ уйлах юм бол тэд маань ч бас айдастай байгаа. Тиймээс тэднийхээ зоригийг нь чангалж “Та нар минь мундаг шүү, бүгдээрээ үүний ард гарч чадна аа” гэж сэтгэл санаагаар нь дэмжээд оруулж байсан. Тэгээд тэр хэдийгээ 14 хоноод гараад ирэхэд нь үнэхээр их баярлаж байсан. Тэр ХӨСҮТ-ийн хамт олны хамгийн том баяр байсан. Мундаг эмч ажилчдаараа үнэхээр бахархаж байсан.

-Өвчтөнүүдийн сэтгэл зүйн байдал мэдээж хүнд байдаг байх. Эмч нар эмчилгээ хийхээс гадна халдвартай өвчтөнүүдийн сэтгэл зүйг анхаарах нь чухал байдаг болов уу?

-Өвчтөнүүдийн сэтгэл зүй их хүнд байдаг. Дэлхий даяараа шахам энэ өвчнөөр өвдсөн л бол үхээд байна гэсэн ойлголттой. Тийм учраас “энэ өвчнийг тусчихлаа, би ер нь үхэх болов уу” гэсэн айдастай өвчтөнүүд орж ирж байсан. Гэхдээ манай эмч, ажилчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг үргэлж хийж байдаг учраас тэр хүмүүсийн сэтгэл зүй дээр хамгийн эхэнд ажилладаг. Халдвартай хүн дээр орох тоолондоо тэр өвчтөнийхөө сэтгэл зүйг бэлдэж, тайлбарлаж сургалт сайн хийсний үр дүнд эдгээд гарсан хүмүүсийг хараад дараагийн хүмүүс итгэлтэй болж байсан. Өмнө нь монгол цөөхөн хүн амтай, тоног төхөөрөмж муутай, бараг л хүнээ сэхээрүүлж чадах болов уу л гэдэг байсан. Бас айхавтар хүнд өвдсөн хүн ирээгүй, ихэвчлэн залуучууд хөнгөн хэлбэрээр өвчилсөн учраас монгол хүний дархлаа сайтайгаас харьцангуй хүндэрсэн хүнгүй, сайн эмч, сувилагч нар маань эдгээж чадаж байна.

-Өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдсэн хүн, эдгэрээд гарсан хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Эхлээд онгоцоор ирсэн хүмүүст эмчлэх эмч нь халдвар авсан, тусгаарлагдах талаар нь хэлнэ. Тэгэхэд хүмүүс маш хүндээр хүлээж авдаг. Зарим нь надад зовиур алга, би халдвар аваагүй, бараг л танай энэ шинжилгээ худлаа юм биш үү гэх мэтээр үл итгэсэн байдалтай хүлээж авдаг. Гэхдээ эмч нар маань манай вирусологийн лаборатори бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас хариу худлаа гарах боломжгүй гэдгийг маш сайн тайлбарлаад сүүлдээ ойлгодог. Харин эдгээд гарахдаа бол бүгд баяртай байдаг. Эмчлэгдээд гарч байгаа хүмүүсийн доод тал нь 14, дээд тал нь 50 гаруй хоног эмчлэгдсэн. Тэр хугацаанд сэтгэл санаа нь өөдрөг болоод, хүмүүс эдгээд гарах тусам өөртөө ч итгэлтэй болж, өөрсдөдөө тавих хяналтаа ч мөн сайжруулж байсан. Үүнээс хараад байхад өөртөө итгэлтэй, анхаарал сайн тавьдаг хүмүүсийн эдгэрэлт нь ч хурдан байх талтай байна.

-Та тасгийнхаа баг бүрэлдэхүүний талаар ярихгүй юу?

-Манай ХӨСҮТ бол ерөнхийдөө халдварт өвчний голомтууд дээр улсын хэмжээнд тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага. Тэр дундаа манай шинэ болон сэргэж буй халдварын тасаг хамгийн түрүүнд явдаг. Энэ тасагт нийт хорин эмч, ажилчид ажилладаг. Энэ хүмүүс сэтгэл зүй болон бүх зүйлээрээ бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Эхний ээлжинд ороод дараа нь ХӨСҮТ тэр аяараа голомтод орж ажиллаж байгаа. Ялангуяа эмч нар харьцангуй цөөхөн, 200 гаруй сувилагчтай. Одоогоор өвчлөл багасаад 40 гаруй өвчтөнтэй байгаа болохоор арай гайгүй амсхийгээд байж байна.

-Тусгаарлалтад орж, бүтэн цагаар ажиллахад эмнэлгийн орчин тав тух хэр байдаг вэ. Эмч нар ямар нөхцөлд ажилладаг бол?

-“Ковид-19” гарснаас хойш харьцангуй эмч, эмнэлгийн ажилчдын тав тухыг хангах талаар маш сайн арга хэмжээ авсны хүчинд бидэнд өглөөний цай тогтмол өгдөг болсон. Мөн яг энэ “Ковид-19”-ийн голомтод ажиллаж байгаа ажилчдад өдөрт гурван удаа хоол, мөн дархлаа сайжруулах бэлдмэлүүдийг өгдөг болсон. Манай тасаг яг энэ халдварт өвчний зориулалтын тасаг учраас арын албанд ажиллаж байгаа ажилчдад бас тусгай өрөө байдаг. Харьцангуй олуулаа бус нэг өрөөндөө гурвуулаа суух жишээний. Тэгээд хоол унд, шинжилгээг нь зөөж аваачих гэх мэтээр хэвийн үйл ажиллагааг хангах талаар их хичээж ажилладаг. Яг энэ клиникийн салбарыг зангиддаг хүн бол халдвар судлаач эмч байдаг. Манай халдвар судлаач Оюунгэрэл эмч маш сайн зохион байгуулдаг. Яг яавал халдвар хамгааллын дэглэмээ баримтлах вэ, гадагш болон дотооддоо халдвар тараахгүй байх вэ гэдийг маш сайн төлөвлөдөг. Бас ард түмэндээ бид бүхэн маш их баярлаж байгаа. Бидний ажил хөдөлмөр, нөхцөл байдлыг ард түмэн минь сэтгэл зүрхээрээ ойлгож маш их хандив цугларсан. Тэр дотор маш их дархлааны бэлдмэл, хандив өгч түүнийг ХӨСҮТ-ийн захиргаа энэ голомтод ажиллаж байгаа хүмүүстээ яг л тэгш хуваарилж өгсөн. Бас биднийг дэмжиж ажиллаж байгаа ЭМЯ, Засгийн газартаа ч бас их талархаж байна.

-Тангараг өргөсөн эмч хэдий ч гэртээ бол айлын эзэгтэй шүү дээ. Энэ их цаг наргүй ажлын хажуугаар ар гэрийнхээ ажлыг хэрхэн зохицуулж байна даа?

-Би Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, нөхөр, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Нөхөр маань төрийн тусгай хамгаалалтад ажилладаг. Нэг охин маань “Ард Кредит” байгууллагын эрсдэлийн менежер, бага охин маань 12 настай. Ар гэрийн хувьд харьцангуй гайгүй. Яагаад гэвэл манай нөхөр өөрөө цэргийн хүн. Бас тушаалаар л ажилладаг. Харин хоёр охин маань том болчихсон учраас ар гэрийнхээ ажлыг зохицуулдаг. Ер нь намайг ямар онцгой тасагт ажилладаг вэ гэдгийг ойлгодог учраас би зөвхөн ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг. Энэ ажилдаа ямар их дуртай гэдгийг, чин эрмэлзлийг минь мэддэг учраас ар гэрийнхээ амьдралыг тэд маань л үүрч явна даа.

-Таныг халдварын голомтод ажиллах болсныг ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Янз бүрийн голомтот халдвар гарлаа, өвчлөл гарлаа гэхэд хамгийн түрүүнд дуудагдаж ажилладаг болохоор ар гэрийнхэн маань үүрэгт ажил чинь л юм чинь яахав дээ гэж хүлээж авсан. Тэгж дэмждэг болохоор энд ингэж цаг наргүй ажиллах боломжийг олгож байна. Хэрвээ ар гэртээ ямар нэгэн асуудалтай байвал бас хэцүү. Яг энэ халдварын үед хүнд асуудлуудтай зөндөө тааралдаж байсан. Манай голомтод ажиллаж байсан асрагчийн маань аав нь нас барахад үүрэг хүлээсэн цагт очиж чадахгүй байх жишээний. Намайг голомтод ажиллаж байхад миний ээж хавдартай гэж оношлогдсон. Яг дотор ороод ажлаа хийж байхад надад бол хүнд тусаж байсан. Би өөрөө эмнэлгийн хүн байж ээжийгээ үзүүлж, асарч чадахгүй нь дээ гэж дотроо бодож байлаа. Тэгээд л нэг сэтгэлээ онгойтол уйлаад л эргээд ажилдаа шамдаж, энэ бол угаасаа миний үүрэг гэж хүлээж авч байсан. Би өөрөө мэргэжлийн хүн учраас энэ ажлыг хийхгүй бол өөр хэн хийх вэ, ард түмнийхээ дунд энэ айхавтар халдварыг тараачихгүй юмсан гэдэг сэтгэл зүрхээр бүхнээ л дайчилж ажиллаж байна даа.

М.ЭНХЗАЯА