Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор, ялангуяа арматур төмрийн үнэ өнгөрсөн жил тонн нь 1.7 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 3.4 сая төгрөг болж нэмэгдээд байгаа. Мөн төмөр зэсний орцтой бүхэн бага зэрэг үнэ нэмэгдсэн байна. Тэгвэл энэхүү үнийн өсөлтийг дагаж барилгын салбарын бүхий л үнэ ханш огцом нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлж, бүтээн байгуулалтын оргил үед зогсонги байдалд хүргээд байна. Харин мэргэжлийн хүмүүс энэхүү өсөлтийг арматур дагасан зориудын үнийн хөөсрөлт гэж хэлж байна. Ялангуяа орон сууцны дундаж үнэ өнгөрсөн жил метр квадрат нь 1.4-1.6 сая төгрөгийн хооронд байсан бол өнөөдрийн байдлаар метр квадрат нь 1.8-2.2 сая төгрөгт хүрээд байна. Зэрэглэл байршлаасаа хамаарч метр квадрат нь 3.5 саяын үнэтэй орон сууц ч байна. Тэгвэл хоёрхон жилийн өмнө метр квадрат нь нэг сая төгрөг байхад орон сууц худалдан авах боломжгүй байсан иргэд өнөөдөр метр квадратыг нь хоёр, гурван саяар авч чадна гэж үү? Угтаа төр ард түмнээ орон сууцжуулах хэтийн бодлого баримталж буй энэ цаг үед яалт ч үгүй анхаарах сэдэв болчихоод байна.

Саяхан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн арматур импортлогчидтой уулзжээ. Тодруулбал, Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг “Улаанбаатар менежмэнт”, “Үүртээл” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан байна. Импортлогчид “Цар тахлаас үүдэлтэйгээр арматурын нэг тонн тутмын үнэ 3.3 сая хүрээд байсан бол сүүлийн өдрүүдээс буурч 3 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ бууж байгаа боловч цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр арматурын үнэ тогтворгүй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна. Бид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байна” гэдгээ хэлжээ. Мөн импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг учирласан байна. Учир нь тахлын улмаас хоёр хөршөөс арматур орж ирэхэд 14 хоног, цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг байна. Үүнээс үүдэж дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл бий болдог талаар ярьжээ. Тиймээс БХБЯ-наас ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжийг судлахаас гадна арматур импортлогчдыг хил гаалийн татвараас тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлөх саналыг холбогдох газруудад гаргажээ. Мөн уг саналыг Монголын барилгачдын нэгдсэн холбооноос ч гаргасан байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Дэлхийн зах зээл дээрх арматурын үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүй. Харин дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина

Тэгвэл өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа цаг үетэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж танилцуулсан юм. Энэ үеэр арматурын үнэ өссөнтэй холбоотойгоор барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм. Тэрээр “Арматурын ажлын хэсгээс илүүтэйгээр БХБЯ гээд бүхэл бүтэн инстутици энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ер нь Засгийн газраас аль нэг бараа бүтээгдэхүүний үнийн огцом савлагаа гарах бүрийд очиж зохицуулалт хийгээд, хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсөв дээр аваад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг татвар төлөгчдийн нуруун дээр авчираад байж болохгүй. Үүнийг аль болох уян хатан зах зээлийнх нь горимоор явуулах хэрэгтэй. Гагцхүү үүнийг судалж үзээд зах зээлийн бус ямар нэг нөлөө байна уу гэдгийг харах хэрэгтэй. Энд монополийн зориулалттай, эсвэл тодорхой зах зээл дээр богино хугацаанд ашиг олох зорилготой дамлан борлуулж байна уу гэдэг дээр төр зохицуулалтуудыг хийнэ. Тэрнээс биш суурь үнэ зах зээлийнхээ үнээр явна. Ганц арматур ч биш. Металл хийцийн үнэ бүгд өсч байгаа. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл огцом өсч байна. Үүнтэй холбоотой үнэ өсч байгаад бид нөлөөлж чадахгүй. Одоо шингээхээс өөр арга байхгүй.Харин эдгээр бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх тээврийн зардал, тээврийн хурдыг зохицуулна. Мөн дотооддоо үйлдвэрлэх ямар потенциал байна, үүнийг дэмжих ямар бодлого байж болох уу гэдгийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол нэг өдөр шийддэг асуудал биш.Тухайлбал, цемент байна. Цемент дээр өнгөрсөн дөрвөн жил Засгийн газраас сайн арга хэмжээнүүдийг авсан. Дотооддоо цемент үйлдвэрлэлийг сайн дэмжсэн. Ингээд цементийн дотоодын зах зээлийг 100 хувь хангадаг болсон. Төмөр хийц, арматур дээр өнгөрсөн нэгдүгээр улиралд 1.9 сая байсан үнэ 3 сая даваад явчихаж байна. Үндсэндээ 40 хувийн нэмэгдэл гарсан. Цемент дээр ийм нэмэгдэл гараагүй. Энэ бол өнгөрсөн дөрвөн жил дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг сайн дэмжсэний үр дүн. Яг ийм чиглэлийг төмрийн хийц, арматур дээрээ бид авах ёстой. Тэрнээс биш дэлхийн зах зээлийг Монгол Улс удирдаж чадахгүй шүү дээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнийг хянаж, шалгах чиг үүрэг байхгүй

Орон сууцны үнэ ханшны тооцоо судалгааг хийж хяналт шалгалт тавьдаг эсэхийг ШӨХТГын дарга Б.БатЭрдэнэтэй холбогдож тодруулахад дараахь хариултыг өглөө.


Барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотойгоор шөхтгаас анхаарч ажиллаж байгаа юу?

-БХБЯ болон МХЕГ газраас хамтарсан ажлын хэсэг гарсан гэсэн. Тус ажлын хэсгээс л хариулт өгөх байх. Манайх наад асуудалтай чинь ямар ч холбогдолгүй.

Танайх орон сууцны үнэ дээр ямар нэг байдлаар шалгалт хийж байгаа юу?

-Манайд тийм чиг үүрэг байхгүй.

тэгэхээр бхбя болон мхЕг газар л хамтран ажиллаж байгаа юм уу?

-Тийм.Арматур зэрэг барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор дээрх газруудаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Чиг үүргийн хувьд шалгах боломжгүй гэдэг нь барилгын салбар танайд хамаагүй гэсэн үг үү?

-Хэрэглэгчийн эрх барилгын салбар дээр зөрчигдөж байгаа бол бид орж ажиллана. Худалдаж авсан орон сууцтай нь холбоотой асуудал үүсвэл мэдээж ШӨХТГ орж шалгана. Үнэтэй холбоотой асуудалд ШӨХТГ орохгүй. Засгийн газар Улсын онцгой комиссын тогтоолоор хүнсний чиглэлийн үнэ дээр манайх ажиллаж байгаа.

Орон сууцны үнэ хэт хөөсрөлттэй байгаа нь хэрэглэгчдийг хохироож буй асуудал биш гэж үү?

-Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш байхгүй юу. Хэрэглэгчийн эрх гэдэг чинь өөр асуудал. Худалдаад авчихсан орон сууц энд тэндээ доголдолтой, асуудалтай бол бид орно. “Байр худалдаж авах гэсэн чинь үнэтэй байна” гэдэг асуудалд орохгүй л дээ. Энэ бол салбар яамны асуудал.

Тэгвэл хэт үнийн хөөрөгдөл үүссэн байж болзошгүй гэж шалгах ч боломжгүй юу?

-Барилга дээр тийм зүйл байхгүй. Салбар яамнаас асуусан нь зүйтэй болов уу.

Д.Гантулга: Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга орон сууцны үнийн судалгааны талаар саяхан өгсөн ярицлагадаа “2020 онд м.кв барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг метр квадрат тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.Барилга байгууламж нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Дээр дурдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа. Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой” гэж дурдсан байдаг. Харин ШӨХТГ-аас дээрх асуудалд манайх хяналт тавих, шалгах эрх бүхий байгууллага биш гэсэн хариу өгөөд байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Цар тахлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг хэн хянаж, хэрхэн хөрсөн дээр буулгах вэ?

Төр засгаас эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүйн үүднээс цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж “Ажлын байрыг дэмжих зээл” буюу 3 хувийн хүүтэй зээлийг олгож буй. Зээлийг арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгож байгаа. Тэгвэл тавдугаар сарын сүүлийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд нэг их наяд төгрөг олгосон талаар Монголбанкнаас мэдээлсэн. Үүнээс 60 хувь нь аж ахуйн нэгжид, 40 хувь нь иргэнд очсон байна. Товчхондоо үүгээр 47 мянга гаруй ажлын байрыг авч үлдэхэд дэмжлэг болсон гэж байгаа. Тэгвэл эдийн засгийг сэргээхээр төрөөс бодлогоор олгож буй 3 хувийн зээл яг хэрэгтэй хүндээ, хэрэгтэй газартаа очиж чадаж байна уу гэдэг асуудал үүсэх боллоо. Арилжааны банкууд шаардлага хангахгүй нэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг хаалга мөргүүлж зөрүүлээд хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ оруулж зээл өгч байна. Харин арын хаалганы нөхдүүд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй учраас бага хүүтэй зээлийг байр, машин авахад зарцуулж, улмаар эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдөл бий болгож байна гэсэн хардлага нийгмийн дунд төрөөд байна. Арга ч үгүй биз. шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ өнгөрсөн намар 1.6 сая байсан бол байршлаас үл хамаарч дунджаар 2.5 сая хүрчихсэн байна. Хуучин орон сууцны метр квадратын үнийг захын нэг зар руу залгаад асуухад 1.8-2 сая төгрөгийн үнэтэй байна. Үнэ ханш нэмэгдээгүй салбар гэж ч байхгүй болж. Иргэдийн гол хэрэглээ болсон хүнсний үнэ бүр ярих юмгүй талийж өгсөн. Нэг хөл хорионоос гарахад л 1000, 2000 төгрөгөөр нэмэгдсээр байдаг зуршилтай болсон. Нэг уут нарийн боов дунджаар 3000 гэдэг байсан бол одоо захын дэлгүүрт 4500 болж. Бидний өдөр тутмын хэрэглээ болох өндөгний үнэ 250-280 төгрөг байсан бол хэл ам хийж байж 450 төгрөг дээр авч үлдсэн. Сүүлийн үед автомашины үнэ мөн тэнгэрт хадаж. Хэдийгээр жил бүрийн наадмын үеэр ченжүүд эрэлтэд дөрөөлж үнээ өсгөдөг ч энэ жил хил гаалийн асуудлаас болж байгаа хэдээ ахиу үнээр зарах сонирхолтой болсон байгааг иргэд ярьж байна.

Тиймээс бид 3 хувийн зээлтэй холбоотой асуудал болон нийгэмд үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар салбарын төлөөллүүдтэй холбогдож тодрууллаа.


Ч.БАТБОЛД: БАНКНЫ ШААРДЛАГААС БОЛЖ 3 ХУВИЙН ЗЭЭЛД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХҮРТЭЭМЖТЭЙ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Зарим нь авч байгаа гэх боловч “Ажлын байрыг дэмжих” 3 хувийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд эх үүсвэргүй хэмээн авахгүй зогсоосон бололтой. Энэ талаар Монголын жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын холбооны гүйцэтгэх захирал Ч.Батболдоос тодрууллаа.


-Ажлын байрыг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн зээлд аж ахуйн нэгжүүд хүртээмжтэй хам-рагдаж чадаж байна уу?

-Манайх шиг банкны өндөр хувийн хүүтэй зах зээлд 3 хувийн хүүтэй зээл гарч ирж байдаг гэдэг нэг талаас давуу тал, өгөөжтэй. гэвч зээлд хамрагдах хүрээ болоод эх үүсвэрийн нөөц бага. Хоёр их наядаар батлагдаад сүүлд эх үүсвэр нэмэгдээд гурван их наяд болсон л доо. Бид албаны хүмүүстэй багагүй уулзаж, явж үзсэн. Банкны шалгуур өмнө нь ч, одоо ч өндөр байна. Хэдийгээр ковид буюу гадны зүйлээс хамаараад үйл ажиллагаа нь зогсонги байгаа бүх жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ зээлд хүсэлт өгч байгаа боловч бүгд хамрагдаж чадахгүй байна.

-Зээлд хамрагдаж чадахгүй байгаа гол шалтгаан нь банкны шаардлага л байна уу?

-Банкны шаардлагаас хамаарч байна. Үйл ажиллагаанаас хамаараад бизнес эрхлэгчид зээл авч байгаа хэдий ч хүртээмжтэй биш.Банк өөрөө бизнесийн байгууллага учраас найдвартай үйл ажиллагааг үндэслэж зээл олгох нь мэдээж. Банк нэгдүгээрт үл хөдлөх шаарддаг. Манай холбооноос судалгаа хийхэд бидний 90 хувь нь үл хөдлөхийн шаардлагыг хангахгүй байна. Өөрийн нэр дээр үл хөдлөхгүй. Тиймээс бид бизнесийн үйл ажиллагааг нь, төслийг, санаачилгыг нь үнэлээч ээ гэсэн зүйлийг тавьсан. Энэ бол төдийлөн амжилт олоогүй. Хоёрдугаарт, үл хөдлөхийн үнэлгээ бага. Тэгэхээр үл хөдлөхгүй л бол таны бизнес ковидын орлогоос шалтгаалж зогссон байна уу, унасан байна уу хамаагүй л болчихож байгаа юм. Худалдаа наймаа хийдэг наймаачдад түлхүү гарсан нь анзаарагдсан. Барьцаа хөрөнгөтэй, борлуулалтын орлого сайтай байхад хувь хүнд ч гэсэн сайн гарсан байх. Наймаачид бага зэргийн татвар төлөөд бараа авчираад зарчихдаг. Уг үйлдвэрлэл эрхэлдэг нэмүү өртөг шингэсэн газруудад зээл гаргавал жинхэнэ монгол хүндээ цалин нь очоод, татвараа төлөөд, тог усныхаа мөнгийг төлөөд мөнгөний эргэлт нь дотооддоо үлдэх юм.

-Танай холбоонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс дунджаар хэдэн төгрөгийн зээл авч байна вэ?

-Үйл ажиллагаанаасаа хамаараад 100 сая дотор байна. Ингэхдээ 250 сая төгрөгийн зээлийн хүсэлт өгсөн бол 50 сая төгрөг гарч байна. 50 сая төгрөгийн хүсэлт өгөөд 15 сая орчим гарч байна. Би өөрөө үйлдвэрлэл эрхэлдэг, 58 сая төгрөгийн хүсэлт өгөөд 12 сая төгрөгийн зээл авсан. Би эко уут үйлдвэрлэдэг. Миний хувьд хөл хориотой байсан ч үйл ажиллагаа арай зогсчихоогүй. Буяны компанид уут нийлүүлдэг учраас үйл ажиллагаа хэдийгээр тогтвортой биш ч үргэлжилж байсан болохоор зээл гарсан байх. Гэтэл бүтэн зогсчихсон газрууд борлуулалтын орлого бүр байхгүй учраас зээл авах боломжгүй болчихож байгаа юм. Уг нь сайд дарга нарын ярьж байгаа нь ажлын байрыг хадгалж үлдье гэж байгаа. Хэрэгжүүлэгч нь арилжааны банкууд учраас шалгаруулалтаа өөрсдөө хийнэ. Ингэхдээ үл хөдлөхтэй юу, үйл ажиллагаа явагдаж байсан уу гэдэг гол шалгуур тавьчихаад байна. Нөгөө талаас банкууд өөрсдийн харилцагч, зээлийн түүхтэй, найдвартай эргэн төлөлт хийдэг газрууддаа зээлийг шийдэж өгч байна. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч гэж яриад байгаа. Гэтэл бичил, өрхийн үйлдвэрлэлийг бүр хаячихаад байгаа. Өрхийн үйлдвэрлэл хийж байгаа хүмүүст бүр байхгүй. Нэг судалгаа бас бий. Дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв гэж байдаг. Тэнд очиход 10-20 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаа.Эндээс нэг нь ч тэр гурван хувийн хүүтэй зээлийг авч чадаагүй байгаа. Хамгийн дээд үл хөдлөх хөрөнгө нь л хашаа байшин. Гэвч үнэлгээ бага учраас хамрагдах боломжгүй. Ер нь энэ зээл зарлагдахад их хүлээлттэй байсан. Тиймээс олон ч хүн хүсэлт өгсөн байх. Одоо бол хүсэлт авахгүй байгаа.

-Банкууд зээлийн хүсэлтээ авахгүй зогсоосон байна уу?

-Авахгүй байгаа. Дийлэнх нь эх үүсвэргүй гээд авахгүй байгаа. Өмнө зээлийн хүсэлт өгөөд бичиг баримтаа судлуулж байгаа хүмүүс л яваа. Ковидын үед ч авахгүй байсан. Бүр онцолбол дөрөвдүгээр сарын 8-наас сарын хугацаанд бараг хөл хорио тогтоох хугацаанд 600 тэрбумын зээл шийдэгдэж байна гэсэн мэдээллийг Сангийн яам, Монголбанкнаас хийж байсан. Хөл хорио тавигдаад банкинд зээл авахаар хандахад аль хэдийнэ эх үүсвэр дуусчихсан зээлийн хүсэлт авахгүй гэсэн хариу өгч байсан. Томоохон газруудад хөл хорио тогтоосон. Бусад газарт хөл хорио тогтоогоогүй, орон нутагт банкуудын үйл ажиллагаа хэвийн учраас зээл гараад бид бичиг баримт хөөцөлдөөд явж байхад нам зогсчихсон. Магадгүй энэ бизнесийн зээлийг хөл хориотой үед нөөцийг бодолцох хэрэгтэй байсан байх.

М.БАТБААТАР: АРМАТУРЫН ҮНЭ НЭМЭГДЭХЭД ОРОН СУУЦНЫ МЕТР КВАДРАТЫН ҮНЭ 150-160 МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л ӨСНӨ. ЭНЭ 2.5 САЯ ГАРААД БАЙГАА ҮНЭ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨӨСРӨЛТ

Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодрууллаа.


-Олон улсын зах зээл дээр барилгын материалын үнэ үнэхээр нэмэгдчихээд байна уу. Эсвэл ганц хоёр импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг далимдуулан үнийн зохиомол хөөсрөлт явагдаад байна уу?

-Барилга хот байгуулалтын яам болон Монголын барилгачдын нэгдсэн холбоо хамтран хоёр, гурван сарын өмнөөс судалгаа хийхэд цар тахалтай холбоотойгоор импортын бараа бүтээгдэ-хүүний тээвэрлэлт тасалдаж, удааширснаас үүдэж гол нэрийн цөөхөн бараа материалын үнэ нэмэгдэхээр байсан. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэгддэггүй арматур төмөр, зарим сан техник, цахилгааны материалын үнэ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байсан. Одоогоор гадаад зах зээл дээр арматурын төмрийн үнэ л нэлээд нэмэгдсэн. Бусад барааны үнэ тогтвортой байгаа. Ганцхан татан авалт л гацсаныг далимдуулаад ихэнх барилгын бараа материалын үнэ нэмэгдчихлээ.

-Үнийн хөөсрөлтэй холбоотойгоор танай холбооны зүгээс болон холбогдох байгууллагууд ямар нэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юу?

-Үүнтэй холбоотойгоор хоёр сарын өмнө БХБЯ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Засгийн газарт асуудал тавьсан. Ялангуяа гангийн арматурын хил гаалийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Ингэвэл арматурын үнийн өсөлтийг тодорхой түвшинд барьж болохоор байгаа. Гэвч энэхүү ажлыг Сангийн яамд даалгасан боловч ямар нэг тодорхой шийдвэр гараагүй байна.Арматурын үнэ тонн нь гурван сая төгрөг гараад явчихсан. Бусад барилгын материалын үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Дөнгөж сая манай холбооноос Засгийн газарт албан бичиг явууллаа. Далимдуулж үнийн хөөрөгдөлд оруулж байгаа явдал байна. Өнгөрсөн жил арматурын үнэ бага байхад худалдан авалт хийгээд ашиглаад орон сууцны карказыг босгочихсон, үнэ хямд байхад нь цементээ аваад аль хэдийнэ заслаа хийгээд эхэлчихсэн орон сууцны үнээ метр квадратыг нь хоёр сая төгрөг гаргаад нэмж байна. Энэ бол шударга бус явдал.2019 оноос эхлээд Засгийн газраас ард түмнээ орон сууцжуулах, ялангуяа гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаар болон хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр санаачилсан. Үүний дотор орлогод нийцсэн орон сууц, Түрээсийн орон сууц гээд хэд хэдэн төслүүдийг хамруулж батлаад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газраас гол зорилго нь төрийн оролцоотой орон сууцны төсөл хэрэгжүүлье гэсэн зорилгоор тогтоол шийдвэр гарсан. Аль болох боломжит хямд үнээр. Манай холбооны зүгээс эмзэглэж байгаа зүйл бол тэр зорилтоос нь хазайлгаад түр зуурын тээврийн саатал, гадаад зах зээлд зөвхөн арматурын үнэ нэмэгдсэнийг далимдуулаад үнийн хөөсрөлт болгож орон сууцны метр квадратын үнийг 2.5 сая төгрөг болгох гэсэн санаархал бий болчихоод байна. Ийм зорилготой бүхэл бүтэн бүлэг, зарим мэргэжлийн холбоодууд хүртэл ажиллаж байна.Дуртай нь хөрөнгө оруулж, дуртай үнээрээ зардаг механизмыг дахин сэдрээж ерөөсөө болохгүй. Ялангуяа гэр хороололд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт. Махны үнийг 2000, 3000 төгрөгөөр нэмчихээд Засгийн газраас шаардахаар 1000 төгрөгөөр л буулгадаг яг энэ байдал орон сууцны үнэ дээр харагдаад байна. Метр квавратын дундаж үнийг 2.5 сая төгрөг болгочихоод Засгийн газраас болохоо байлаа гэхээр за тэгвэл тохиръё гээд буулгахдаа 2.2 сая төгрөг болгоно. Ямар ч байсан хоёр сая төгрөгөөс дээш тогтоож авах гээд зориуд үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа нь харагдаж байна.Энэ бол ямар ч үндэслэлгүй хөөсрөлт.

-Арматурын үнэ нэмэгдсэн тохиолдолд орон сууцны үнэ тэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн нарийн тооцоолол гаргадаг уу?

-Бид арматурын болон зарим нэр төрлийн бараа материалын үнэ нэмэгдэх үед урьдчилсан тооцоо буюу үнийн шинжилгээ хийж үзсэн. Арматурын үнэ тонн нь 3.7 сая гээд, бас бус материалын бага зэргийн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны метр квадратын үнэ 150-160 мянган төгрөгөөр л өсөх тооцоолол гарсан. Тэгэхээр метр квадрат нь 1.4 сая байсан бол үсрээд л 1.6 сая болох юм. Энэ бол бодит үнийн нэмэгдэл. Гэтэл шууд 1.4 саяаас 2.0, 2.5 сая төгрөг болгочихож байгаа байхгүй юу. Тэгээд бүр орон сууцны үнэ цаашдаа 2.5 саяас буухгүй гэж зарим хүмүүс зурагтаар ярьж харагдсан. Ингэж зориудаар турхирч болохгүй.

-Тэгэхээр бид даруй л арматураа өөрсдөө үйлд-вэрлэхэд анхаарах хэрэгтэй боллоо. үгүй бол арматураас үүдсэн үнийн хөөрөгдөл үргэлжлэх болов уу?

-Ерөөсөө л тэр. Арматурын үнэ энэ жилдээ нэмэгдэх нөхцөл байдал яалт ч үгүй бий болчихлоо. Дарханы гангын үйлдвэрийн будлианыг гаргаад хүдрийнхээ эзэмшлийг тогтоогоод, Гангийн үйлдвэрээ ондоо багтаагаад ашиглалтад оруулчихвал ирэх жил буцаад орон сууцны1м.кв үнэ 1.4-1.6 сая дээрээ буух боломжтой.

-Барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийг хөрсөн дээр буулгахын тулд нэн түрүүн ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас л энэ орон сууцны зах зээлд үүсээд буй үнийн хөөрөгдлийг шалгаж хяналт хийх хэрэгтэй шүү дээ. Мах, хүнсний бараа гээд бүх л үнийн хөөрөгдлийг шалгах нь тус байгууллагын гол ажил. Өнгөрсөн жил үнэ хямд байхад барилга угсралтаа хийчихсэн барилгын үнийг нэг хянах хэрэгтэй. Нөгөө нь өндөр үнээр арматур авсан ч метр квадрат нь 150 мянгаар нэмэгдэхээр байхад шууд сая төгрөгөөр нэмчихсэн газруудыг мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийлгэх хэрэгтэй.Үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн энэ байдлыг цөөн тооны барилгын хөрөнгө оруулагчид л хийж байгаа. Барилгын хөрөнгө оруулалттай холбоотой төслөөр банкнаас зээл аваад тэрийгээ энэ мэтчилэн барилгын салбараас гурав, дөрөв нугалж хөрөнгөжсөн 10 гаруйхан компани л бий. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар ноднин, өнгөрсөн жил барьчихсан ашиглалтад оруулж чадаагүй 12 мянган айлын орон сууцны 8000 нь огт борлогдоогүй. Тэр борлогдоогүй орон сууцны үнийг буулгаж борлуулах байтал арматурын үнэ өсчихсөн нэрээр дээрх хөрөнгө оруулагч компаниуд үнээ нэмж борлуулах сонирхолтой болчихлоо. Түүнээс нэмж баригдаж байгаа орон сууц тун бага. Харин жирийн барилгын гүйцэтгэгч компаниуд бол өөр юман дээр санаа зовж байна.

-Юунд?

-Өнгөрсөн жил улсаас тен-дер сонгон шалгаруулалтаар гэрээ хийсэн сургууль, эмнэлэг гэх мэт барилгынхаа талыг бариад одоо дуусгах гэхээр арматурын үнэ өсчихөөд гацчихсан барилгын гүйцэтгэгч компани маш олон бий. Төсвийн хөрөнгөөр барилга барьж байгаа учраас үнийн хөөрөгдөл бий болгох боломжгүй. Улсын төсвөөс мөнгийг нь нэмж өгөхгүй. Дээр нь 1.5 саяар арматураа авч байтал одоо 3.7 саяар арматур авахаар болчихоор дунд нь нөгөө барилгын компаниуд шатаад байгаа юм. Хажуугаар нь зөвхөн арматур гэхгүй далимдуулаад бусад бараа материалын үнэ өсчихлөө, бид барилгаа барьж чадахгүй алдагдалд орох нь, ажлаа зогсоохоос арга алга гэсэн барилгачид давхар хохироод сүйд болж байна. Тэгэхээр барилгын салбарт үнэ нэмэгдэж буй байдлыг хоёр талаас харах хэрэгтэй. Хямд барьсан орон сууцаа үнэтэй зарах сонирхолтой нэг хэсэг байгаа бол нөгөө талд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийдэг 2000 орчим гүйцэтгэгч компаниуд хохирч байна. Тиймээс үнийн өсөлтийг Засгийн газраас анхааралдаа авч хэлэлцээч ээ л гэсэн хүсэлтэй байна. Одоо л жаахан дарж авахгүй бол ирэх жил үүнээс ч илүү хөөрөгдөлд хүрэхийг үгүйсгэхгүй. Хөөсөрч байгаад буухдаа хөөрсөн үнэ дээр буудаг. Дахиад үнийг хөөсрүүлэх замаар үнийг үндэслэлгүйгээр нэмсээр байгааг бодлогоор болиулах хэрэгтэй. Засгийн газраас шийдвэр гаргахдаа үнийн хөөсрөлтийг дэвэргэж орон сууцны хөтөлбөр төслүүдийг үндсэн зорилгоос нь хазайлгах гэсэн санаархал байгааг сайтар бодолцох хэрэгтэй байна.

Г.БАТЖАРГАЛ: ТӨР ЗАСАГ ЦААШДАА ЯАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ. ҮҮНЭЭС ҮҮДСЭН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ЭРГЭЛЗЭЭ ҮҮСЭЭД БАЙНА

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Монголбанк Засгийн газрын тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу “Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийг арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Тэгвэл энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэх яриа гараад байгаа. Үүнд банкуудад эдийн засагчдын зүгээс ямар нэг хяналт тавьж байгаа юу?

-Засгийн газраас 3 хувийн зээл анх гарахдаа нийгэмд нэлээд өндөр хүлээлттэй байсан. Тиймээс энэ зээлийг авах хүмүүсийн сонирхол их. Банкинд зээлийн хүсэлт маш их ирж байгаа учраас зээл гарах байдал ч удааширч байна. Хүмүүс юу гэж ярьж байна гэхээр өөрийнхөө хийж буй бизнесийг 3 хувийн зээлийн шаардлагыг хангаж байгаа гэж боддог. Гэтэл банкинд очихоор гол шалгууруудыг давдаггүй. ЗГ-аас тавьсан шалгуураас гадна банк өөрийнхөө эх үүсвэрээр зээл олгож байгаа учраас эрсдэлээ тооцож тодорхой хэмжээний шалгуур тавьдаг. Тэгэхээр шалгуурт хүрэхгүй байгаа хүмүүс энэ зээл эзэндээ хүрэхгүй байна гэсэн ойлголт үүсэх талтай. Хоёрдугаарт, ковидын өвчлөл гэнэт гараад ирчихсэн. Тогтмол үйл ажиллагаатай байгууллагууд үүнээс өмнө зээлээ авдгаа аваад байнгын банктай харьцаад явж байсан. Үндсэндээ байнгын үйл ажиллагаатай газрууд тодорхой хэмжээний шалгуураа хангаад аль хэдийнэ зээлээ аваад, төлөөд явж байдаг. Одоо шинээр зээл олгохдоо нийт эх үүсвэрийнхээ 70 хувийг олгоод, үлдсэн 30 хувийг дахиад санхүүжилт хийгээд явж байна. Дахин санхүүжилт хийхдээ банкууд харьцангуй уян хатан, харилцагчаа мэддэг болчихсон, өмнө өндөр хүүтэй зээл аваад ковидод өртсөн гэсэн газрууддаа хурдан санхүүжилт хийгээд хүүг нь бууруулчихсан байгаа. Харин шинээр зээл авахад яах аргагүй шалгуур тавьж байгаатай холбоотой асуудал байх шиг байна. Үүнтэй холбоотой удаашралт, хүлээлт их байна.

-Гурван хувийн зээлийг танил тал, хамаатан садандаа өгч байна, ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бус хувь иргэн үнэтэй байр, машин захиалж зах зээлд үнийн хөөрөгдлийг бий болгоход нөлөөлж байна гэх яриа ч бий?

-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байр, автомашины үнэд нөлөөлөхүйц хэмжээний зээл банкны системээс гарна гэж байхгүй. Яагаад гэвэл зээл гарахдаа 4-5 таван шат дамжлагатай, Бараг бүх банкнууд зөвхөн төв дээрээ шийдэж байгаа. Тиймээс танил тал, хамаатан садандаа гаргана гэдэг ойлголт байхгүй болов уу. Жишээ нь, салбараар бодоход салбарын эдийн засагч, ахлах, захирал гээд гурван шатны хүн байна. Мөн зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, төв рүү явуулахаар дахиад зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, зээлийн дэд хороо гээд хяналтын системээр дамжина. Банкуудын барьж байгаа өнцөг улсаас хөнгөлөлттэй олгож байгаа зээлийг зорилтот бүлгийн хүмүүст нь олгоно. Баруун, солгойгүй өгөх боломжгүй. Ковидоос үүдэж хүнд байдалд орсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн чиглэлээ л баримталж байгаа гэж ойлгож байгаа. Олон банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас ганц нэг цоорхой байхыг үгүйсгэхгүй л дээ.Гэхдээ энэ зээл зориулалтын бусаар ашиглахдах юм бол Монголбанк хяналт тавьж байгаа учраас арга хэмжээ авч, зээлийг банкны өндөр хүү рүү шууд шилжүүлэх хатуу заалттай. Банк өөрөө асуудалд орох учраас хяналт хатуу байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Арилжааны банкууд гурван хувийн хүү өөрсдөд нь төдийлөн ашиггүй учраас өндөр хүүтэй бусад зээлээ гаргахын тулд аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлтийг авах сонирхолгүй байна гээд байгаа?

-Эх үүсвэрийн хэмжээг Монголбанкнаас хуваарилаад өгчихсөн. Хөтөлбөрт орохдоо банкууд төрөөс явуулж буй уг үйл ажиллагааг дэмжинэ гээд орчихсон учраас эх үүсвэрээ дуустал зээлээ олгоод л явна. Зарим банкууд эхний хагас жилийн эх үүсвэрээ дуусчихсан гэж ч ярьж байсан. Ерөнхийдөө хүү буурч байгаа хэдий ч банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих л ажил.Гурван хувийн зээлийн хөтөлбөрөөс гадна Репо санхүүжилтийн 10.5 хувийн хүүтэй зээл хамт олгогдоод явж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилтот зах зээлд чиглэсэн гурван тэрбум хүртэл олгогдох арай томоохон компаниудад зориулсан зээлийн хөтөлбөр бас хэрэгжиж байгаа. Энэ хоёрыг бас хүмүүс мэдээлэл дутмаг байгаагаас ялгаж салгахгүй нэг зээлийн хөтөлбөр мэт ойлгоод байх шиг байна. Банкны зээлээ зориулалтын бусаар олгоод үнийн хөөрөгдөл үүсгээд байна гэж хүмүүс ярьж байх шиг байна. Мэдээж хардах нь зөв. Гэхдээ тоо баримт харвал мөнгөний нийлүүлэлт 2021 оны нэгдүгээр сараас хойш нэг их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнийг задалбал 400 их наяд төгрөг нь иргэн, байгууллагын харилцах дансны үлдэгдэл өссөн байна. Иргэдийнх нь харилцах дансны үлдэгдэл өссөн үзүүлтэд тэтгэвэрийн зээл аваагүй хүмүүст олгосон сая төгрөг, 300 мянга, 50 мянга зэрэг улсаас өгсөн бусад төрлийн халамж нөлөөлсөн байна. Бага болон дунд орлоготой иргэд тухайн халамжийг шууд худалдан авалт хийж байгаа бол дундаас дээш орлоготой иргэдийн харилцах дансанд хуримтлал үүсээд явж байна. Энэ мөнгөний нийлүүлэлтэд яаж нөлөөлөх вэ гэхээр сая хөл хорио 5 дугаар сард тавигдахад худалдан авалт эрс нэмэгдсэн. Үүнийг дагасан үнийн өсөлт бий болж байгаа юм. Нөгөө талаар Бараа бүтээгдэхүүний үнэ мөнгөний нийлүүлэлтээс гадна тээвэр ложистик гацсантай холбоотойгоор нэмэгдсэн байна. Нэг ачааны машин 3 сая төгрөгөөр тээвэрлэлт хийдэг байсан бол сая 20 сая хүртэл өссөн. Гэхдээ одоо тээвэрлэлтийн үнэ эргээд бага зэрэг бууж байх шиг байна. Хэрэглээний барааны үнийн индекс буюу инфляцийг харахад 2020 оны есдүгээр сард 1.7 хувь бага түвшинд байхад хүнсний барааны үнэ 2.4 хувь байсан. Энэ оны нэгдүгээр улирлаас харахад инфляци 5.4 хувь хүрч хүнсний барааны үнийн индекс12.4 хувь болоод өсчихсөн. Нэг талаас нийлүүлэлтийн асуудал, нөгөө талаас худалдан авалт идэвхижсэнтэй холбоотойгоор өссөн гэж харагдаж байна.

-Автомашины үнэ өссөн нь татан авалтаас шалтгаалж байна уу. наадмын эрэлтээс үүдэж байна уу?

-Монголд ойрын 1-2 сард хил дээр ачаа саатаж байгаатай холбоотой автомашин хилээр орж ирэхээргүй гэсэн мэдээлэл байна. Наадам болохтой дөхсөнтэй холбоотойгоор эрэлт их. Гэвч нийлүүлэлт багасчихаар одоо дотоодод байгаа автомашины үнэ өсчихөөд байна. Дотоод гадаад аль аль хүчин зүйл байгаа учраас зах зээлд үнийн өсөлт явагдаад байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд дахь тээврийн саатлыг арилгах ажлын хэсэг байгуулагдсан байна. Үр дүнд хүрч ажиллавал сайн байна. Удаан даамжирвал асуудал үүсэхээр байна. Дээр нь онцлоход эм тариа, орон сууцны үнэ нэмэгдэж байна. Ер нь эдийн засагт бодлогын арга хэмжээ авахдаа аажмаар явуулахгүй бол гэнэт зарлахаар нийгэм дунд гэнэт шок үүсч эдийн засагт нөлөөлөөд байгаа юм.

-Шатахууны үнэ бас өснө, өсөхгүй гээд сая хэсэг шуугилаа…?

-Бас нэг аюул нь нефтийн үнэ. Бидний гол хэрэглээ болох АИ92 шатахууны үнэ 1450 төгрөг. Энэ үнэ өнгөрсөн оны эхээр олон улсын зах зээлд нэг бариал нь 15-20 ам.доллар дээр байхад тогтсон үнэ. Гэтэл энэхүү үнийг тогтвортой барих гэрээ нь дуусангуут одоо шатахууны ханш үнэ өсөх талаар ярьж байна. Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель шатахууны үнэ 70 ам.доллар болчихсон байна. Иймээс инфляцийн асуудал хэдэн сарын өмнөөс дохио өгөөд байхад тоодоггүй. Яг тулаад ирэхээр иргэд нь ч бухимдана, төр засаг нь ч хувийн хэвшилүүдтэйгээ үйл ойлголцсон байдалтай байдаг. Төр засаг нь аж ахуйн нэгжүүдээ алдагдалд оруулаад байж болохгүй. Шатахууны үнийг төрөөс олон жил зохицуулалт хийгээд явчихсан учраас хувийн хэвшлийнхэн дангаараа тогтоох боломжгүй байдаг. Тэгэхээр эхний ээлжинд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоонд хүрэх. Нөгөө хувилбар нь үнэ бага байхад нь урт хугацааны форвард хэлцэх хийх боломжууд бий. Үүнд голзохион байгуулалтыг улсаас хийж өгөөд манай шатахуун импортлогчид нэгдээд төлөөлөл нь гадна талын экспортлогчтой гэрээ хийвэл уг нь зөв. Нэг компани форвард гэрээ байгуулах гэхээр хэмжээ, үнийн дүн багадаад байдаг. Тэгэхгүй бол шатахууны үнэ өслөө гээд л байнга л ярьдаг. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, эргээд буудаггүй, тэгээд мартдаг, дахиад л энэ яриа гардаг. Ийм байж болохгүй л дээ. Төрөөс бодлогоор дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Дээр нь энэ хооронд барьж байгаа нефтийн үйлдвэрүүдээ яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Нефтийн үйлдвэрийг дотооддоо ашиглалтад оруулснаар үзүүлэх бодит ач холбогдлыг дурдахгүй юу. Одоогоор импортын хэдэн хувийг нефть эзэлж байна вэ?

-Гадаад худалдааны импортын балансыг харахад нийт импортын бараг 30 хувийг дизель, автомашин, онгоцны бензин дангаараа эзэлж байна шүү дээ. Бидний хэрэглээ маш их боловч өөрсдөө хийж чадахгүй байна.Иймээс энэ хэмжээгээр гадаад валютын урсгалыг гадагшаа алдаж байна гэж ойлгож болно.

-Түрүүн ярьсан үнэтэй машинуудын захиалга дүүрсэн нь төрөөс өгч буй халамж төдийлөн нөлөөлөхгүй байх. Эсвэл туйлдаад байна гээд байгаа хэрнээ монголчууд ийм баян болчихсон юм уу?

-Тайлбарлахад их төвөгтэй л дөө. Хувь хүний асуудал учраас. Дийлэнх хүмүүс автомашин захиалахдаа урьдчилгааг өгөөд лизингээр худалдаж авдаг. Автомашин борлуулалтын 70 орчим хувь нь энэ хэлбэрээр явагддаг. Яг хэдэн зуун саяын мөнгө төлөөд машин авч байгаа хүмүүс байгаа хэдий ч бага. Энд дахиад гаалийн мэдээлэл хэлье л дээ. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс, төмрийн хүдэр. Харин импортоор автомашин, дагалдах сэлбэг хэрэгсэл, гар утас, цахилгаан бараа хамгийн их авч байна. Тэгэхээр бид уул уурхайн баялгаа гаргаад оронд нь хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн худалдаад авчихдаг. Монгол хүмүүсийн онцлог байх шиг байна. Эргээд эдийн засгийн хувьд өөрийгөө хүнд байдалд оруулдаг. Зөвхөн банкин дээр ланд крузертэй холбоотой жишээ их бий. Дөнгөж бизнес эхлээд 100, 200 сая төгрөгийн эргэлтийн мөнгөтэй болонгуутаа үнэтэй автомашины зээл авчихдаг. Сардаа 3-4 сая төгрөгийн эргэн төлөлт хийдэг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авах гэхээр автомашины зээлтэй эргэн төлөлт өндөр учраас танд зээл өгөх боломжгүй гэсэн хариу сонсдог. Үүнээсээ болоод хаалгаа барьсан олон бизнесийг мэднэ. Аль аль талдаа эдийн засгийн хэрэгцээгээ бодохгүй байна.

-Ирэх сараас бүх халамж, хөнгөлөлт зогсоно. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн байдал хэрхэн хүндрэх бол. Эдийн засгийн хувьд ямар аюул нүүрлээд байна вэ?

-Манай засаг төр цаашдаа ингэнэ тэгнэ гэсэн тодорхойгүй байна. Тодорхойгүй болохоор эдийн засаг, банк санхүүгийн байгууллагууд урьдчилан төлөвлөхөд төвөгтэй. Ямар шийдвэр гарах бол гээд хүлээлттэй. Манай улсад тодорхой юм байхгүй болж. Ялангуяа хоёр жил дараалан сонгууль болсонтой холбоотойгоор унтаад босоод ирэхэд бараг шийдвэр өөрчлөгдөөд байгаа болохоор үнэндээ хэлэхэд хэцүү байна. Өнгөрсөн оноос ковид эхлэхээс л эдийн засагч, санхүүчид ярьсан. Төсөвтөө тодотгол хийгээд нэн шаардлагагүй зарцуулалтаа хойшлуулах хэрэгтэй байна. Энэ өвчний үед 300 суманд соёлын төв барих нэн шаардлагатай асуудал мөн үү гээд үнийн дүнг нь хүртэл гаргаж ирээд ярьж л байна. Төсвийн тодотгол хийж эдийн засгаа нэмэгдүүлэх арга хэмжээ аваачээ гэж мөн ч олон хэллээ. Өчигдөр байна уу төсвийн тодотгол хийх талаар харин ярьж байх шиг байна. Төсвийн тодотгол хийгээгүйгээс болж алдагдсан мөнгийг тооцвол асар их. Сургуулийн заал нэмж барьж байхаар эхний ээлжинд амьсгалын аппаратаа хүртээмжтэй аваад хүмүүсээ хурдан эдгээгээд хэвийн амьралдаа шилжих хэрэгтэй байна. Төрийн тогтолцооны, удирдлагын менежментийн хямралд орчихоод байна. Уг нь эдийн засаг чинь амьтай зүйл байхгүй юу. Аж ахуй нэгжүүд эдийн засгийн хувьд шахах нь шахагдаад, босох нь босоод, боссон нь шахагдсанаа татаад сэргэдэг байхгүй юу. Гэтэл босгох гээд байгаа ч юм шиг, унагах гээд байгаа ч юм шиг гэнэтийн шийдвэрүүд гаргаж ирээд байгаа нь үнэхээр туйлдуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сосорбарам: Улаанбаатарт 1966 оныхоос хүчтэй үер буувал Туул, Сэлбэ зэрэг гол дагасан хорооллуудын орон сууцны гуравдугаар давхар руу ус орох хэмжээний аюултай

Мэргэжлийн байгууллагуудаас ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн бороо орж үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлээд буй. Энэ талаар техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.


Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж 1966 онд болж байсан үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл цаг хугацааны хувьд цикльтэй байх уу?

-1997-2007 оны хооронд хур бороо багатай ган гачиг болсон. Үүнтэй холбоотойгоор 23 сая мал хорогдож 40 мянган хүн хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн судалгаа бий. Ер нь байгалийн гамшигт үзэгдлийн цикль гэж байдаг л даа. Зуун жилд нэг удаа болдог үер гэж байдаг. Тэрний 67 хувьтай тэнцэх хэмжээний үер 1966 онд болсон. Тооцоо хийж үзэхэд Маршалын гүүрний дээгүүр ус хальж байсан гэсэн. Тэр усны хэмжээгээр тэмдэг тавьсан байдаг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж хот бүхэлдээ усанд автсан байдаг. Хамгийн гол нь тухайн жилийн үер 67 хувьтай. Тэгвэл зуун хувьд хүрсэн хэмжээний үер болвол Маршалын гүүр давах юу ч биш. Туул, Сэлбэ зэрэг томоохон голын ай саваар барьсан хороолол, хотхонуудын хоёр, гуравдугаар давхар руу ус орох хэмжээний үерлэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр үерийн яг эрчимтэй өнгөрөх голын ай сав хэсгээр маш олон орон сууцны хорооллын төвлөрөл бий болчихсон. Усархаг бороо хэдхэн өдөр дараалаад ороход л хот даяараа үерт автана. Энэ хэрээр ямар хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой харагдаж байгаа байх.

Зуун жилд нэг давтагдах тэр аюултай үер нь цаг хугацааны хувьд ойрхон байна уу?

-Арай болоогүй. Одоо 70-аад жил болж байна. Гэхдээ тийм хэмжээний гамшигт үзэгдэл тохиож магадгүй. Цаг хугацааны хувьд дөхөж байгаа шүү дээ.

-1966 оны гамшигт үзэгдлийн дараа нийслэлийг үерээс хамгаалах томоохон далан шуудуу босгосон байх. Энэ хамгаалалт нөлөөлөхгүй гэж үү?

-Туул голын ус 1-1.4 метр секундын хурдтай урсдаг. “Уу” булангаас үерийн ус уруудсаар арваад хоног болж нийслэлд орж ирдэг. Уг нь удаан ирж байгаа юм шиг боловч тэр үед усны харуул ч гэж байгаагүй. Улаанбаатар хот усанд нэрвэгдсэний дараа тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалт босгосон.Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар үерийн далан барьсан байгаа. Та бүхэн анзаарсан бол Туул голын дагуух далан яг Маршалын гүүрний нөгөө тэмдэглэгээний хэмжээгээр барьсан байдаг. Нэлээд олон жил барьсан. Би тухайн үед МУИС-ийн багш байсан. Оюутнууд маань ч тус ажилд оролцож байлаа. Тэр яг эцсийн найдвартай хамгаалалт биш байхгүй юу. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн энэ бол 67 хувийн үзүүлэлттэй үерийн түвшнээр барьсан далан. Хэрэв үүнээс аюултай үерлэвэл хамгаалалт болж чадахгүй.

Туул голын эхэнд усан сан буюу цогцолбор барьснаар энэ мэтчилэн олон асуудлыг шийднэ гэж хэсэг яриад чимээгүй болсон.Тэгвэл нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт юу байна вэ?

Хамгийн найдвартай хувилбар бол Туул голын дээд талд усан цахилгаан станц барих. Товчхондоо ус тохируулгын системтэй болж чадна гэсэн үг. Манай хойд хөршийн Эрхүү, Москва зэрэг томоохон хотууд эргэн тойрондоо том гол мөрөнтэй. Тиймээс хотоо тойруулаад шороон далан буюу боомт бариад усан цахилгаан станц олон тоогоор барьчихсан байдаг. Яагаад гэхээр үерээс хамгаалах хамгийн найдвартай арга байхгүй юу. Гэтэл манайд нийслэлээ үерээс хамгаалах нэг ч усан цахилгаан станц алга. Улаанбаатар хотыг үер уснаас хамгийн найдвартай хамгаалах арга бол Гачууртын хавьд боомт бариад нуур үүсгэх л явдал. Энэ нь нэгдүгээрт үерээс хамгаална. Хоёрдугаарт ган гачигаас хамгаална.

Энэ усан цогцолборын яриа олон жил яригдаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл ажил болгож чадахгүй байна вэ?

-Төр засаг ойр ойрхон өөрчлөгдөж байна. Энэ болгонд “Туулын усан сан” төслийг танилцуулж ач холбогдлыг нь тайлбарладаг хэдий ч төдийлөн ажил болж чадахгүй байна. Уг нь хөрөнгө мөнгөтэй томоохон хувийн байгууллагууд ч төслийг гүйцэтгэчих боломжтой байгаа юм. Сүүлийн үед ганц нэг хувийн компаниуд энэ тал дээр анхаарч, сонирхож байх шиг. Гачууртын дээд талд хуучин ЗХУ гурван хөндлөвч гаргасан байдаг. Нуур барих судалгаа хийгээд гурван газар боломжтой гэж үзсэн. Гэхдээ нэгдүгээр хувилбарын бүсэд зуслангийн айлууд ихтэй. Хоёрдугаар хувилбар нь газар хөдлөлийн идэвхтэй бүстэй бөгөөд хагаралт өгөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Харин гуравдугаар хувилбар нуур барихад хамгийн тохиромжтой гэсэн. Би Усны газрын дарга байхдаа жаал хөөцөлдөж явсан. Одоо энэ хувилбарт л барих ажил урагшилж магадгүй байна.Улаанбаатар хотын 1.5 сая хүний ус хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор АНУ-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд ороод ирчихсэн байна. Ингэхдээ нуур барих байтал голын доод тал руу 52 худаг гаргахаар төлөвлөж 298 сая ам.доллар зарцуулаад худгийнхаа усийг цэвэршүүлдэг систем хийхээр төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ нь 2026 он хүртэл нийслэлийг цэвэр усны хомсдолд оруулахгүй гэж хийж буй ажил. Түүнээс хойш цэвэр усны хомсдолд орно гэж үзээд байгаа. Тэр усны дутагдлыг уг нь дээр нь барих нуур буюу усан сангаар шийдэх бүрэн боломжтой байхгүй юу. Энэ чинь өөрөө усны хомсдолоос сэргийлэх нэг шинэ эх үүсвэр юм.

-“Туулын усан санцогцолбор төслийг хэрэгжүүлснээр үерээс хамгаална, цэвэр усны хомсдолд орохгүй гэж байна. Ер нь төслийн ач холбогдол, бодит үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Нийслэлийг нэгдүгээрт 1966 оных шиг үерийн аюулаас хамгаална. Хоёрдугаарт 1997-2007 онд нийслэлд болсон их хуурайшилт, ган гачигаас хамгаална. Өөрөөр хэлбэл, экологийн ус бий болгоно. Экологийн ус гэдэг чинь загас жараахай гээд тэнд амьдрал явагдаж байна. Гуравдугаарт, нийслэлийг усаар хангахад чухал ач холбогдолтой. Дөрөвдүгээрт “Туулын усан сан”-г Усны тухай хуулийн 17, 17.1-д зааснаар 200 метр тойроод хамгаалалтын бүс тогтооно. Харин энэ бүсээс цааш аялал жуулчлалын бүсийг бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Услалтын систем үүсгээд жимс, ногоо тарьдаг ч юм уу усаа тойроод загас үржүүлэг зэрэг юу л бол юу хийж болно.Маш олон ач холбогдолтой. Дээр нь ойрхон Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн шугам сүлжээ байгаа. Түүн рүү усаа нийлүүлчихнэ. Хотын хүн ам үргэлж нэмэгдэнэ. Тиймээс тэр бүхний цэвэр ус, бохирын асуудыг шийдээд явах боломжтой.

-“Туулын усан санбарихын тулд хичнээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтаар барихад 400-гаас дээш сая ам.доллар болоод явчихдаг. Сая манай улс өөрсдөө гадныхаас хамаагүй бага мөнгөөр төмөр зам барилаа ш дээ. Үүнийг хараад би үүн шиг Монголын инженерүүдээ оруулаад өөрсдөө баривал хоёр дахин бага өртгөөр “Туулын усан сан”-г барих боломжтой юм байна гэж бодсон.БНСУ-ын нэг компани энэ төслийн судалгааг хийгээд 465 сая ам.доллар гэсэн бол ОХУ 260 сая долларын төсөв гаргасан байдаг. Харин бид өөрсдөө хийвэл 200 сая ам.долларт хийх боломж бидэнд байна. Ер нь өөрсдөө аливаа томоохон бүтээн байгуулалтаа хийх сонирхолтой болж байна.Тиймээс би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа энэ төслийг удахгүй хөдлөх болов уу гэж найдаж байгаа. Ер нь үерийн даланг шороон далан, булдаж нягтруулсан боомт, бетон гэж гурав ангилдаг. Булдаж нягтруулсан боомт гэдэг нь цемент, нүүрсний үнс зэрэгтэй хольж цутгасан далан л даа, Тайширын усан цахилгаан станц шиг. Бетон далан бол өндөр өртөгтэй. Шороон далан бол хамгийн хямд өртгөөр босох хэдий ч газар хөдлөлт зэрэгт тэсвэртэй, уян хатан бүтэцтэй, найдвартай. Үнэ ч хямд тусна. Манайд шороон далан хамгийн тохиромжтой. Оросын томоохон хотууд яг ийм шороон далантай. Үүгээрээ нуур үүсгээд усан цахилгаан станц барьчихсан байдаг.

Манайд 1966 оны үерийн дараа барьсан далан нь ямар төрлийн далан бэ?

-Манайх булдаж нягтруулсан далантай. Гол нь манайд шороон боомт хамгийн тохиромжтой болохыг судалж үзээд 1981-1989 оны хооронд Оросын асар том байгууламжийн төсөл хийсэн байсныг би 2013 онд Москвад очиж авчирч байсан. Тэр үед Усны газрын дарга байхдаа нийслэлийн зарим удирдлагуудтай хамт явж ирсэн байдаг. Тэр төсөл одоо надад байна. Манайд тохирох нарийн тооцоо судалгааг хийгээд л байж байна. Би усан цахилгаан станцын инженер хүн.

Тиймээс нийслэлийг хамгаалах нэг ч гэсэн усан цахилгаан станцтай болох юмсан гэж бараг өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй, түүхгүй байх шиг. Гэтэл гадаадын олон улс оронд иймэрхүү станцыг хэдэн арваар нь барьж нийслэлээ, хотоо үер уснаас хамгаалж, дээр нь усны зохицуулалтыг хийж байна шүү дээ. Зөвхөн Японд л гэхэд 75 ийм байгууламж байна. Оросын Москва хотыг тойроод 85 усан сангийн байгууламж байна. Манайд уг нь барих бололмж бүрэн байна шүү дээ. Адаглаад сонгуулиар далимдуулж үр ашиггүй тарааж байгаа мөнгөөрөө Гачууртад нэг ийм усан сангийн байгууламж барьчихаж болох шүү дээ.

Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас усанд автах бас том шалтгаан болоод байна уу?

-Тийм. Энэ чинь зүгээр л наад захын бага мөнгөөр хийх ажил байхгүй юу. Гэтэл манайхан их мөнгө зарлагадаад брожур солиод өөр юм хийгээд байдаг.Ус зайлуулах системийг шүүрэн хоолойгоор холбодог ч юмуу хийхэд уг нь амархан ажил л даа. Үүнийг ном журмынх дагуу хийчихэж болохгүй байгааг ёстой сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан: Хүдрээ боловсруулаад арматураа өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол төмөр зам барихад зарцуулж буй хөрөнгө дотооддоо бүрэн үлдэх боломжтой

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зэвсэгт хүчний Барилгаинженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа.


Та Хөдөлмөрийн баатар шагналыг хүртэх мөчдөө нулимсаа арчаад авна лээ. Тухайн үед таны сэтгэлд ямар мэдрэмж төрж байв, үнэхээр их огшсон бололтой?

-Би шагнал авна гэж мэдээгүй. “Танай салбарын хүмүүст шагнал гардуулах гэж байна. Та Төрийн ордонд хүрээд ирээч ээ” гэсэн. Салбарынхан маань шагнуулж байгаа учраас би тэнд байх ёстой гэж бодоод шагнал гардуулж буй хүмүүсийн араар зогсож байсан. гэтэл “Та энэ сандал руу суучих” гэлээ. Би ч юм бодсонгүй сууж байтал эхний хүнийг дуудаж шагнал олгосны дараа миний нэрийг дуудаад “Хөдөлмөрийн баатар” гэж хэлэхээр нь гайхаад адилхан нэртэй өөр хүн юм байх гэж бодоод эргэн тойрноо харлаа.Тэгсэн урдаас нэг залуу “Та босно уу” гэхээр нь л сая намайг шагнаж байгааг ойлгоод боссон. Босох зуур л сэтгэл огшоод өмөлзөөд явчихсан. Тэрнээс хойш балмагдалт гарахгүй нэлээн удсан. Өмнө нь олон ч хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан. Тэр үед тамга дарж, гарын үсэг зурахдаа буруу юман дээр гарын үсэг зураад тамга дарчихвий гэж их няхуур ханддаг байлаа. дараа нь ажлаа хүлээлгээд өгчихөд “За ямар ч байсан ажлаа сайн хийгээд амжилттай хүлээлгээд өглөө” гээд сэтгэл санаа хүртэл тайван болчихдог. Гэтэл Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ гэдэг чинь дараагийнхаа хүнд хүлээлгэж өгнө гэсэн ойлголтгүй. Насан туршид л нэртэй минь дагалдах асар том үүрэг хариуцлага юм гэж ойлголоо.

Монголчууд анх удаа өөрсдөө төмөр зам барьж ашиглалтад оруулна гэдэг үнэхээр түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт юм. Төмөр замыг өөрсдөө барьснаар бидэнд ямар давуу тал бий болж байна вэ?

-Монгол Улсын түүхэнд монголчууд өөрсдөө анх удаагаа төмөр зам барьж ашиглалтад орууллаа.Манайд байгаа төмөр замуудыг Оросууд л барьж өгсөн шүү дээ.Энэ замаар өнөөдөр Монгол Улс нийт ачаа бараа эргэлтийнхээ 60-70 хувийг тээвэрлэж, төмөр замын трасст дагаад хүн амын мөн 60-70 хувь нь амьдарч байна.Ер нь төмөр зам дагаад хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, эдийн засаг эрчимтэй явагдаж байдаг. яагаад төмөр зам голлох үүрэгтэй байна гэхээр манай улс далайд гарцгүй орон.

Далайн тээвэр байхгүй учраас хамгийн хямд өртөгтэй төмөр зам эрэлттэй байгаа нь мэдээж. Манай улсын эдийн засаг төмөр зам дагаж хөгжсөн байдаг. Тиймээс л төмөр замыг бид барих ёстой юу гэвэл тийм. Ингэхдээ өөрсдөө барих ёстой. Энэ төмөр замын ажил дээр олон улсын байгууллага судалгаа шинжилгээ хийгээд эхний байдлаар зураг төслийг гаргасан байдаг. Үүнд нэг километр замыг 2.5-3 сая ам.долларт барина гэсэн төсөл ирсэн. Харин бид километр замыг нэг сая ам.доллараар барьчихаж байна. Тэгэхээр бид өөрсдөө төмөр замаа барихад нэгдүгээрт, үнэ хямд тусч байна. Хоёрдугаарт, төмөр замын ажилд зарцуулсан санхүүжилт дотооддоо үлдэж байна. Ийм давуу талтай, дээр нь төмөр зам бидэнд зайлшгүй хэрэгтэй өндөр ач холбогдолтой учраас төмөр зам барина гээд Монгол Улсын Ерөнхийлөгч арав гаруй жил зүтгэж олон ч саад бэрхшээлийг давж өнөөдөр бид түүхэнд тэмдэглэх бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Энэхүү бүтээн байгуулалтад ажилласан нь миний хувьд азтай, бахархалтай явдал боллоо. Ганцхан би биш шүү дээ. Төмөр замын ажлын цаана 10 мянга гаруй ажилчин түүний ар гэрийнхэн, хамаатан садны хамтын хүч бий. Энэ бол өглөө гараад орой гэртээ ирдэг ажил биш. Хэдэн сараар хээр хөдөө, гэр орноосоо хол байгалийн хүнд нөхцөлд өвөл зунгүй хоёр жилийн хугацаанд ажиллаж байж босож байгаа зам. Саад бэрхшээл, жаргал зовлон ч их. Эргээд харахад бид хамтдаа амаргүй цаг хугацааг туулсан байна.

Тухайлбал, бид өөрсдөө төмөр замаа барихад ямар саад бэрхшээл тулгарч байв. Энэ бүхэн бидэнд дараа дараагийн төмөр зам тавихад туршлага болох байх?

-Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд 2-3 ээлжээр 24 цагаар ажилласан. Энэ олон ажилчид, олон байгууллагыг нэг зүгт зангидаж ажиллана гэдэг асуудалтай. Нэг кноп дарахад л бүгд ажиллах ёстой. Гэтэл нэг л утас салбал тэр кноп ажиллахгүй. Үүнтэй адил 120 гаруй байгууллага, арав гаруй мянган хүнийг нэгэн зэрэг ажиллуулахын тулд Зэвсэгт хүчний Барилгын-инженерийн цэргийн удирдах газар менежмэнтээр хангаж ажилласан. Байгууллагуудыг санхүү, удирдлага зохион байгуулалтаар хангахад хүндрэл бэрхшээл бол байсан. Техниктэй, техникгүй, янз бүрийн ажилтантай аж ахуйн нэгжүүд байна. Баахан түрээсийн техниктэй. Нөгөөдүүл нь ажлаа хийхгүй хэрүүл маргаан гарна. Аваар осол гарна. Өвчин зовлон ирнэ. Бэртэж гэмтэнэ гээд зөндөө асуудал байсан. Энэ бүгд рүү л орж хамтарч ажиллаж ажлыг урагшлуулна. Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Зам тээврийн яам, Батлан хамгаалахын яам, Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамны агентлагууд, “Эрдэнэс Таван толгой” гээд холбогдох газруудын хамтын ажиллагаа сайн байсан. Ерөнхийлөгч сар болгон ажлын явцтай очиж танилцаад холбогдох газруудыг зангидаж, асуудалд үүрэг даалгавар өгч эргэж гүйцэтгэлийг хангах асуудлыг дахин давтахгүй байх зэрэгт хяналт тавьж ажиллаж байсныг дурдах нь зүйтэй. Тиймээс бүгд л ажлаа амжуулахын төлөө хичээсэн. Амжихгүй үед уурлаж бухимдах, хоорондоо маргах бол энүүхэнд шүү дээ. Ковид гарчихсан бүтээн байгуулалтын үе амаргүй цаг хугацаа ч таарлаа.Ковид тэр төмөр замын трасс дээр очоод тархчих юм бол ажил зогсчихно. Олон хүн өвчилнө. Тиймээс ажиллуулж буй хүмүүсээ шинжилгээнд хамруулах, ачаа барааг хотоос тээвэрлэж трасс руу оруулахаас эхлээд бид хууль журмын дагуу ажилласан. Дээр нь гаднаас ирж буй бараа материал хил гааль дээр гацчихна гээд олон л бэрхшээлүүдийг бид туулж ирсэн. Ийм л цаг хугацааны амаргүй үед энэхүү ажлыг гүйцэтгэсэн юм шүү гэж хэлэх нь зүйтэй байх.

Таван толгойЗүүнбаян, Таван толгойГашуунсухайтын чиглэлд тавигдсан төмөр замын гол ач холбогдол, улс оронд үзүүлэх бодит үр өгөөжийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Өндөр өртгөөр зам тавилаа, төмөр зам ямар хэрэгтэй юм гэх хүмүүс ч бий?

-Бид газрын баялагтай орон. Гэтэл энэ баялаг маань гадна, дотны хүмүүсийн гараар ороод гадагшаа урсаад дууслаа.Тэгвэл Монгол Улс “газрын доорх баялаг бүх ард түмний өмч” гээд Үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Хэн нэгэн лицензээр буюу цаасан дээр авсан байж болно. Гэхдээ энэ баялаг бол Монгол Улсын өмч.Тиймээс бид баялгийг боловсруулах, хүний хөлс хөдөлмөр буюу нэмүү өртөг шингээж гаргах ёстой. Коксжих нүүрс дэлхийн зах зээлд тонн нь 200-300 ам.доллар байна. Гэтэл бид Хятад руу гаргахдаа уурхайн аман дээрээс нь тонныг 70 гаруй ам.доллараар зарж байна. Налайхаас нүүрс аваад хот руу оруулж нугалж зардаг. Яг ийм наймааг хятадууд хийгээд байгаа байхгүй юу. Гэтэл бид боловсруулахгүй, түүхийгээр нь ч гаргаж чадахгүй, Хятад улс биднээс авч байна. Тэгэхээр бид нүүрсээ ямар нэгэн байдлаар боловсруулаад үйлдвэрлэл болгоод ажлын байр нэмэгдүүлээд цалин хөлс ажилчдадаа олгоод тэр нь амьжиргаанд нь нэмэр болоод гарсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээрх үнээр нь зардаг болбол бүхэл бүтэн улсын эрх ашиг, бодлого зорилго сая бий болно биз дээ. Ийм хэмжээнд л бодож төлөвлөж арван жилийн өмнөөс төрөөс “Төмөр замын талаар баримтлах бодлого” батлуулж тэрний дагуу Аж үйлдвэрийн паркийг Сайншандад байгуулахаар яригдаж, төмөр замын ажлууд хийгдэж байна. Энэ трассын дагуу нийтдээ 30 гаруй орд байгаа. Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Хармагтай зэрэг томоохон ордууд бий. Тэгвэл өнөөдөр бид Таван толгойг Зүүнбаянтай төмөр замаар холбосноор Сайншандын аж үйлдвэрийн паркийг үйлдвэр болгох боломжтой. Урагшлаад Ханги-Мандал, Эрээн, цаашлаад Бичигт, хойшлоод Эрээн цав гээд Япон, Солонгос, Энэтхэг зэрэг машин үйлдвэрлэдэг гангийн хэрэгцээтэй орнууд руу нүүрсээ гаргах боломж нээгдэнэ. Ганцхан оронтой наймаа хийгээд байхаар ханшийг улам дарж аваад байна. Ийм олон зах зээлтэй болоод ирэхээр нүүрсний үнэ илүү өснө. Дор хаяж тонн нь 100 ам.доллар боллоо гэж бодоход зөвхөн Таван толгойн уурхайгаас олох ашиг нэг триллион гараад явчихна. Монгол Улсыг 90 жил тэжээх байсан бол бүр 150, 200 жилээр тэжээх хэмжээнд хүрэхээр байна. Бүх ордууд эргэлтэд орно. Үүний үндсийг төмөр зам тавиад шийдчихэж байгаа юм. Сая 1.4 их наядаар төмөр зам барьсан. Тэгвэл ирээдүйд үзүүлэх үр өгөөж нь хэдэн зуун жилээр Монгол Улсыг тэжээх ач холбогдол өндөр төсөл юм. Үүнээс гадна төмөр зам тавьснаар тус бүс нутаг хөгжинө, өртөө зөрлөг зэрэг суурьшил бий болно. Ачаа бараа, нүүрс тээвэр гээд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нэг улсын хараат бус эдийн засгийн олон гарцтай болно. Зөвхөн нүүрс ч биш.Хүдрээ ч мөн түүхийгээр нь урд хөрш рүү гаргадаг. Хүдрийн ханш өмнө жил тонн нь 1.7 сая төгрөг байсан бол энэ жил 3.2 сая болсон. Тэгэхээр коксжих нүүрсээр хайлуулаад төмөр болно. Төмрөө цувиад л гаргахад арматур. Гэтэл бид арматур хийж чадахгүй байна. Нүүрс, хүдэр нь байхад бид арматур хийж чадахгүй урд хөршөөсөө тонныг нь 3.2 саяар худалдаж авч байна. Энэ хэрэгцээтэй шаардлагатай зүйлээ бид дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ бололцоог төмөр зам нээж өгч байна. Өөр нэг асуудал нь түүхийгээр нь зарж буй нүүрсээ, хүдрээ боловсруулаад гаргавал 200, 300 ам.доллараас илүү бүтээгдэхүүн ч болгож чадах боломж бидэнд байна. Ингэж чадвал цаашдаа энэ их ажилгүйдэл, ядуурлыг өөр түвшинд аваачиж чинээлэг орон болгож чадах төсөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Төслийг бид амжилттай эхлүүлж төмөр замаа барьж чадлаа. Монголчууд төмөр замын ач тусыг, ирээдүйд ирэх өгөөжийг төдийлөн мэдэхгүй байх шиг байна. Мэдэхгүйгээр нь далимдуулж зарим хүмүүс ямар ч хэрэггүй төмөр замыг өндөр үнээр барилаа ч гэж ярьж байна.

Зөвхөн нүүрс, хүдэр гэлтгүй ачаа бараа тээвэрлэлтийн тал дээр ч ач холбогдол өндөртэй гэж ойлгоод байгаа?

-Энгийн жишээ татахад, сая бид зам барихдаа бараа материалаа хотоос том оврын автомашинаар татсан. Тэгэхэд нэг машинд 30 тонноос дээш ачаа ачих боломжгүй. Вагон бол нэг чингэлэгтээ 60 тонн ачаа ачдаг. Нэг чингэлэг ачаа 800 мянган төгрөгийн тээврийн үнэтэй бол нэг машин ачаа 3.5-4 сая төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нэг чингэлэг ачаа нь хоёр машин гээд бодохоор 8 сая төгрөг. Ерөөсөө ялгаа нь л энэ. Төмөр зам тавина гэдэг маань нэгж бүтээгдэхүүн дээр очиж буй тээврийн зардлыг 10 дахин хямдруулж байгаа юм. Өөр жишээ татахад, Таван толгойгоос Улаанбаатар хот руу утаагүй түлшийг төмөр замаар тээвэрлэж ирээд зардлыг нь тооцоод түлшний зарах өртгийг тооцоход 30 хувь хямдарна гэсэн тооцоо байдаг юм билээ. Тиймээс энэ жил төмөр замаар утаагүй түлшний нүүрсийг хот руу зөөвөрлөхөөр яригдаж байна. Энэ мэтчилэн Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон орд газраас ирэх очих хоёр талдаа ачаа тээвэрлэнэ. Дээр нь Чойрт баригдсан Хүдэр боловсруулах үйлдвэр, Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэр байна. Эдгээрт үйлдвэрийн материал зөөвөрлөгдөнө. Түүнчлэн урагшаа Ханги-Мандал, Замын-Үүдээр нүүрс гараад эхэлнэ. Цаашдаа Сүхбаатар Хөөт, Чойбалсан гээд төмөр зам тавигдчихвал нүүрсээ Бичигтийн боомтоор гаргана гээд ач холбогдол, алсын хараа ихтэй ажил. Энэ хэрээрээ сая төмөр замын нээлт олны анхаарлыг ихэд татлаа.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад манай улсад суугаа АНУ-ын Элчин сайд, БНХАУ-ын Элчин сайд, БНЭУ-ын Элчин сайд, Японы Элчин сайдууд өөрсдийн биеэр очиж төмөр замын дагуу 416 км явж танилцсан. Дэлхийд эдийн засгаараа өрсөлдөж буй томоохон улсуудын төлөөлөл энэ төсөл дээр очиж танилцана гэдэг нь төслийн ач холбогдол өндөр гэдгийг харуулж байна. Нөгөө асуудал нь өөрсдөө үнэхээр төмөр замаа барьж чадаж уу гэж харсан хэрэг. Тухайлбал, бид газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээлээр барьж байгаа. Тэгвэл Энэтхэг улс манайхыг коксжсон нүүрсний ордоо үндсэн төмөр замтайгаа холбочихсон учир нүүрсийг нь зээлдээ авчихаж болно гэж харж эхэлж байна шүү дээ. Бид урд хөрш рүү нүүрсээ зараад мөнгө болгож зээлээ дарснаас шууд нүүрсээ өгчихвөл хамаагүй хялбар, амар шүү дээ. Энэ чинь бас л нэг гарц.

Цаашдаа энэхүү төмөр замтай адил ач холбогдол өндөртэй бодлогын түвшинд хөдлөх бүтээн байгуулалтаас дурдвал?

-“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын нэгдүгээр үе шат нь Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам, Дорноговиос Сүхбаатар руу Хөөт, Чойбалсангийн чиглэлд нийтдээ 700 орчим км зам тавигдана.Үүний 416 км замыг барьчихсан гэсэн үг. Хоёрдугаар үе шат нь Гашуусухайт Ханги Мандал, Бичигт гэсэн чиглэлд тавигдах төмөр зам бол гуравдугаар үе шат нь баруун тийшээ Шивээхүрэн, Говь-Алтай Баян-Өлгийг холбосон замууд байгаа. Ингээд Монгол Улс урд хэсгээрээ зүүнээс баруун тийш холбосон төмөр замтай болох л бодлого хэрэгжих юм. Одоо Таван толгойгоос Гашуусухайт чиглэл рүү 260 км төмөр зам тавигдаад дуусах шатандаа явж байна.Энэхүү төмөр зам тавигдсанаар Монгол Улс эдийн засгийн хувьд айх аюулгүй болж байна.

Бид аль болох л гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээх талаар ярьж байна. Таны ажигласнаар цаашдаа томоохон бүтээн байгуулалтад юуг анхаарах хэрэгтэй байна вэ..?

-Монгол Улс байгалийн баялгаа ашиглахдаа боловсруулах хэрэгтэй. Нүүрс, хүдрээ боловсруулах хэрэгтэй байна. Төмөр замын нийт төсөв 1.4 их наяд төгрөг. Үүнд санхүүгийн шинжилгээ хийж үзэхэд арматур, зам төмөр зэрэг төмөр хийцлэлүүдийг гаднаас худалдаж авахад 500 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 900 гаруй тэрбум нь дотооддоо үлдсэн. Жишээ нь, Бетон дэр гэхэд 210 орчим тэрбум, гүүрэнд 140 гаруй тэрбум, газар шорооны ажил 300 тэрбум болж дотооддоо үлдсэн байна. Тэгэхэд бид арматурыг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Тиймээс хүдэр боловсруулах үйлдвэрийг барих зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бид эхний ээлжинд өөрсдөдөө байгаа түүхий эдээ боловсруулах нь чухал байна. Дэд бүтцийг нь тавиад өглөө. Одоо Аж үйлдвэрүүдийн паркийг байгуулах хэрэгтэй. Үүнд мэдээж эрчим хүч ашиглагдана. Эрчим хүчээ бид гаднаас биш, дотооддоо үйлдвэрлэхийн тулд дулааны цахилгаан станц, Усан цахилгаан станцуудыг даруй барих шаардлагатай. Энэ бол нэг номерын асуудал. Энэ тал дээр улсаас баримталж буй бодлогын хүрээнд бид хамтарч ажиллах саналаа хүргүүлсэн байгаа.

Дараагийн асуудал бол малаас гарч буй түүхий эдийг боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид түүхийгээр нь гаргаад эргээд бүтээгдэхүүн болгоод ирэхээр нь хэд нугалсан үнээр худалдаж аваад байдаг. Ямар нэгэн байдлаар боловсруулаад гаргах л хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн эх уурхай нэгт уул уурхай бол нийт хүн амын амьжиргаа мал ахуй дээр яваад байна. Тиймээс малыг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох хэрэгтэй. Тэжээлийн ургамлыг тариалах, цөлжилтөөс хамгаалах, бэлчээрийн даацыг зөв зохистой ашиглах зэргийг анхаарах хэрэгтэй байна. Энэ тал дээр бодлогоор зөв зохион байгуулалтаар ажиллах нь чухал болов уу гэж бодож байна.

Ер нь томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний байгууллага, цэргийн анги гар бие оролцох нь ажлын бүтээмжид ихээхэн нөлөөтэйг давхар энэ төслөөр харууллаа. Тийм үү?

-Зэвсэгт хүчин энэ төсөлд оролцсоноороо техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүн хүчний нөөц бололцоо маш их сайжирсан. Ажилласан алба хаагчдын хувьд ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Хугацаат цэргийн албан хаагчид гэхэд өдрийн 69 мянган төгрөг авна гэдэг маань сард хоёр сая далан мянган төгрөгийн цалин. Цэргийн албаа хаагаад цалингаа давхар авчихна. Тэгэхээр нэг талдаа хугацаат цэргийн албаа хаагаад ажил хийж сураад, гэртээ мөнгөтэй харьж байгаа нь цаашдаа энэ хүн хөдөлмөрлөөд хоолоо олоод идчихнэ, алзахгүй гэсэн бас нэг давуу тал юм. Нөгөө талаасаа Зэвсэгт хүчин энэ ажилд оролцсоноороо богино цаг хугацаанд ажил гүйцэтгэх үндэс суурь нь тавигдсан. Төмөр замын доод бүтэц гэдэг бол төмөр замын нийт ажлын гуравны хоёртой тэнцэх ажил. Далан барих, хоолой хийх зэрэг ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэдэг. Энэ их ажлыг Зэвсэгт хүчин богино хугацаанд удирдаж зохион байгуулсан. Зэвсэгт хүчний давуу тал юу вэ гэхээр нэг командаар цаг наргүй ажиллаж чаддаг бүрэлдэхүүн байхгүй юу. Учир нь ажил хийгээд цалингаа авчихна. Хэн нэгний эрх ашиг зөрчигдөхгүй.Бид болж л өгвөл ажиллаж байвал ам тосдоно шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одонгоо: Манай “Vidal” салоны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн үсийг тасралтгүй 23 жил засч үйлчилж байна

Монгол Улсын Үйлчигээний гавьяат ажилтан Д.Одонгоотой ярилцлаа.


Юуны өмнө танд баяр хүргэе. Танд ч гэсэн баярлаж талархсанаа илэрхийлэх олон хүн байгаа болов уу?

-Баярлалаа.Тэгэлгүй яахав. Юун түрүүнд тээж төрүүлсэн ээж аавдаа, унахад минь түшиж уйлахад минь аргадаж дэмждэг ханьдаа, гэр бүлдээ баярлалаа. Энэ бүх амжилт минь намайг анх сам хайч зөв бариулж сургасан Заман багшийн маань ач. Мөн хөгжиж дэвшиж үсчин гоо сайхны салбарт өдий зэрэгтэй яваа нь Болдхуяг багшийн минь ач билээ. Түүнчлэн Монголын үсчин гоо засалчдын холбооны Цогзолмаа эгчдээ, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны Довчинсүрэн эгчдээ болон мэргэжил нэгт нөхдөдөө, намайг таньж мэддэг бүх хүмүүстээ, үнэнч үйлчлүүлэгчдэдээ бүгдэд нь баярлаж талархсанаа илэрхийлье.

-“Оддын үсчин Одонгоонэрийг сонсоод олон ч жил болж байна. Ер нь хэзээнээс оддын үсийг засч эхэлсэн бэ?

-Миний хувьд үсчин гоо сайхны хайч, сам нийлүүлээд 30 жилийг ардаа орхисон байна. Анх 1991 онд дөнгөж аравдугаар ангиа төгсөөд 19 дүгээр хорооллын Үйлчилгээний төвд очиж Заман мастер буюу багш дээрээ дагалдаж үсчин болсон тэр үе маань хамгийн дурсамжтай. Заман багш миний амьдралын зам мөрийг нээж өгсөн гэж боддог. Үүний дараа “Smile” салон дээр Болдхуяг багш дээрээ очиж ажиллаж байгаад 1998 онд “Vidal” салоноо нээж байсан. Болдхуяг багшаас их ч зүйл сурсан. Энэ салбарт хөгжих дэвжихэд зөв чиглүүлж өгсөн хүн бол Болдхуяг багш минь. Ер нь би их зүйл зааж сургаж чиглүүлж өгсөн багш нараараа их бахархах дуртай.Анх XI хороололд жижиг өрөөнд өөрийн гэсэн ажлын байртай болж үс засдаг байлаа. Америкийн элчин сайдын яам ойрхон байсан учраас элчингүүд дуудаж үсээ засуулна. Ингээд 1995 оноос “Smile-2” салон нээж МҮОНРТ-ийн эфирийнхний үсийг засч эхэлсэн. МҮОНТ-ийн Нараа, Бямбаа зэрэг нэвтрүүлэгч эгч нарын болон Чимэгээ, Ичинхорлоо зэрэг шууд эфирийн мундаг нэвтрүүлэгчдийн үсийг засдаг болсон доо. Үүнээс хойш олны танил хүмүүсийн үсийг засч үйлчлүүлэгч олон түмэн “Оддын үсчин Одонгоо” нэр хайрласан нь үнэхээр сайхан санаддаг. Гэхдээ үүний ард ганцхан би биш манай “Vidal” салоны хамт олон байдаг. Бид өнгөрсөн хугацаанд одоо ч рок попынхны тоглолт, зохиолын дуучдын тоглолт, “Пинтатоник”, “Балхжавын дуунууд” зэрэг соёл урлагийн томоохон арга хэмжээ, “Гоёл” наадам, “Гэгээн муза” наадам, миссийн тэмцээнд гээд бүхий соёл урлагийн наадам, тэмцээнд багаараа ажилладаг. Бүхий л амжилтыг хамтдаа бүтээж ирсэн, бүтээж яваа хамт олноороо бахархаж явдаг.


Танаар олон жилийн турш үсээ засуулж буй үйлчлүүлэгч бий юү?

-30 жил надаар үсээ засуулж буй үйлчлүүлэгч ч бий. Сая шагнал авахад хүртэл миний өмнөөс баярлаж догдлоод мэнд хүргэж байсан.

Танай “Vidal”салоныхон олон жилийн турш зорилтот бүлгийнхэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа. энэхүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудаасаа сонирхуулаач?

-Манай “Vidal” салоны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг хийсэн байдаг. Тухайлбал, асрамжийн газрын ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, зорилтот бүлгийн хүүхдүүдийн үсийг үнэ төлбөргүй 23 жилийн хугацаанд засч ирсэн байна. Түүнчдэн манай салон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “18 нас хүрсэн зорилтот бүлгийн хүүхдүүд хаачдаг вэ” гэсэн санал асуулга явуулж 24 байгууллагыг уриалан 450 гаруй хүүхдүүдийг ажил мэргэжилтэй болгоход тусалж, дэмжсэн. Цахилгаанчин, үсчин гоо сайханч, талх нарийн боов зэрэг олон мэргэжлээр сургаж ажлын байртай болгосон байгаа. Тиймээс дээрх хамтарч ажилласан байгууллагууддаа ч гэсэн баярлаж явдаг.

Дэлхийд Монголын үсчин гоо засалчдын нэр нэлээд өндөрт гарахад таны болоод танай шавь нарын үүрэг оролцоо, гаргасан амжилт их. Таны хувьд олон улсын тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

-Манай улс 1970-аад оноос хойш олон улсын тэмцээнд оролцох байдал хэсэг тасраад байсан юм билээ. Харин 2000 онд монголын үсчид Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцож шагнал авсан. Ингээд дараа дараагийн олон улсын тэмцээнд оролцох үүд хаалга нээгдсэн. Энэхүү үүд хаалгыг Монголын үсчин гоо сайханчдын холбооны Цогзолмаа дарга нээж маш өргөн хүрээтэй үсчидийг хамруулах болсонд бид үнэхээр талархаж явдаг.Ингээд мөн 2006 оноос Довчинсүрэн эгч “Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбоо” гэж байгуулаад дэлхийн аваргын тэмцээнд Монголын үсчингүүдийг оролцуулж эхэлсэн. Үүнээс хойш Монголын үсчид дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа. Энэ сайхан гарцыг нээж өгсөн Довчинсүрэн эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголын үсчингүүдийг дэлхийд гарах үнэхээр гүүр болсон хүмүүс юм. Мөн Монголын анхны гавьяат үсчин Цээсүрэн эгч гээд үе үеийн мундаг үсчид энэ салбарт олон зүйлийг нээж өгсөнд баярлаж явдаг.Дэлхийн аваргын тэмцээнд манай салоноос нэг дор долоо, найман хүн ч оролцдог байлаа. Тэр дундаас олон ч дэлхийн болон Азийн аварга үсчид төрөн гарсан байдаг.

Олон улсын тэмцээнд өөрсдийн зардлаар оролцдог уу. Тэмцээнд оролцоход хүндрэл байв уу?

-Тэгнэ. Бид олон улсын тэмцээнд өөрсдөө л зардлаа гаргаж оролцдог. Тухайн үед улс орнууд дасгалжуулагч тусгай багштай байхад бид өөрсдөө өөрсдийгөө дасгалжуулдаг байлаа. Түүнчлэн модель дээр дадлага хийдэг байхад бид хүн дээр дадлага хийдэг байсан. Дараа нь манекан толгой авч явж тэмцээнд ордог болсон. Мөн дасгалжуулагч багштай ч болж оролцдог болсон. Ингэснээр манай Монголын үсчид ч илүү амжилт үзүүлэх болсон.

Ер нь Монголын үсчид олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг. Гадны тэмцээнд оролцоход Монголын үсчид юугаараа онцлогтой харагддаг вэ?

-Монголын үсчид маш мэдрэмжтэй. Дээр нь аливаа юмыг хурдан сурдгаараа онцлогтой. Тухайлбал, олон улсын тэмцээнд оролцохдоо би эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр амжилт үзүүлж медаль авч байсан. Тэр үед гадны шүүгчид гайхаж байсан. Учир нь эрэгтэй үсчин бол эрэгтэй үсээ л засдаг. Гэтэл бид эрэгтэй, эмэгтэй хоёуланг нь засах чадвартай. Тэгэхээр манай үсчид ер нь маш ур чадвартай, мэдрэмжтэй юм байна гэж боддог. Монголын баг тамирчид ямар ч тэмцээн уралдаанд орсон маш их авьяастай, нэг нэгнээ их дэмждэг нь давуу тал бидэнд бий.

Үс тухайн хүнээ илэрхийлнэ биз. Үсний өнгө, засалт зэргийг хараад хүнийг бага ч гэсэн тодорхойлох боломжтой юу?

-Үс тухайн хүнээ илэрхийлнэ. Зарим хүмүүс тухайн үснийхээ загварыг өөрчилж залуу харагдмаар байна гэдэг бол зарим нь дүр үснийхээ засалтаар төрхөө арай намбалаг харагдуулмаар байна гэж хүсэх ч хүн байна. Тэгээд ч хүнийг өнгөөр нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгтэй адил үс зүсээ өөрийнхөө имиджид тохируулж янзлах ёстой гэж боддог. Товчхондоо хүний зан байдлын онцлогийг үснийх нь засалтаас харж болдог. Та ямар ажил хийдгээс хамаарч үсний засалтаа тохируулах бас чухал. Хүн хичнээн ганган хувцас өмсөөд үс гэзгээ янзлаагүй сэгсийчихсэн байвал явж байвал тийм ч таатай харагддаггүй шүү дээ. Гэтэл үнэтэй биш ч энгийн хувцас өмсөөд үсээ сайхан янзалчихсан байхад илүү сэтгэгдэл төрүүлдэг. Үнэхээр үс сайхан бол зүс сайхан гэдэг үгтэй үсчин хүний хувьд 100 хувь нийлдэг.

Монголын хуурай ширүүн уур амьсгалтай нөхцөлд үсэнд тохирох хамгийн сайн арчилгаа юу вэ?

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Дээр нь агаарын бохирдол гадны нөлөөллөөс болоод үс маш их хуурайшиж гэмтдэг. Манай нөхцөлд үсийг арчлахдаа өдөр бүр угаахаас л эхэлнэ дээ. Угаахдаа зөв угаах хэрэгтэй. Хүмүүс шампунь үсэндээ түрхээд хуйхаа гараараа хэт маажиж байгаад усаар зайлчихдаг. Энэ бол маш буруу. Шампуниа доод тал нь таван минут байлгаж үс, хуйхандаа шингээх хэрэгтэй. Үүний дараа хэрвээ үс тань будагтай бол будагтай үсний шампуниар угаах ёстой. Тослог болон хуурай, химитэй гээд үсэндээ тохирсон шампунь хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, үс тань тослогтдог бол угаасныхаа дараа дээрх арчилгааг хийж байгаад үс чинь тоглогтохоо болиод ирэхээр энэ төрлийн шампунь хэрэглэхээ болих ёстой. Манайхан үс нь тослогтохоо больчихсон байхад л тослог багасгадаг шампуниа хэрэглэсээр байдаг. Энэ нь үсийг гэмтээх гол шалтгаан болдог. Толгой өвдөхөөр эм ууж байгаад эдгэрэхээр больдогтой л адил юм шүү дээ, уг нь. Мөн тэжээлийн тос хэрэглэхдээ буруу хэрэглэдэг. Хуйхандаа тосоо нялчихдаг. Хүний хамар руу тос чихэхээр амьсгалж чадахгүйтэй адил хуйхаа амьсгалах боломжгүй болгочихож байгаа юм. Тэжээлийн тосоо хуйхнаас 1-1.5 см зайтай үзүүр хүртэл түрхэж өгөх нь зөв. Энэ мэтчилэн энгийн арчилгаагаа сайн хийгээд байвал үс тань эрүүл сайхан л байх болно.

Сүүлийн үеийн дэлхийн үсний стилийн чиг хандлага ямар байна вэ?

-Сүүлийн үеийн үсний загварын хандлага тэгшхэн, огцом тайруултууд давамгайлах болсон. Өнгөний тухайд зэсэн, ягаан, ягаавтар зэрэг тод өнгө зонхилж байна. Ингэхдээ битүү ууссан байдлаар будсан үс тренд болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Болд-Эрдэнэ: Сэтгэл зүй, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглоход үргэлж бэлэн байх ёстой

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын БолдЭрдэнэтэй ярилцлаа.


та суис төгсөөд л Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болж байв уу. Одоо хэд дэх жилдээ театрын жүжигчнээр ажиллаж байна вэ?

-1995-1999 онд СУИС-д сурсан. Сургуулиа төгсөөд 2000 оноос өнөөг хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байна.1999 онд сургуулиа төгсөөд анх УДЭТ-ын Ч.Түвшин найруулагч Уильям Шекспирийн “Зуны шөнийн зүүд” хэмээх алдартай жүжгийг тайзнаа тавьж байлаа. Тэрхүү жүжигт тоглож байсан. Гар урчууд гээд хэсэг нөхдүүд будлиад яваад байдаг. Тэдний нэг дүрд тоглосон. Уг жүжигт манай төгсөлтийнхнөөс Эби, Ялалт, Батболд зэрэг олон хүн тоглосон. Ер нь залуу бүрэлдэхүүнтэй жүжиг байсан. Манай ахмад жүжигчдээс Ардын жүжигчин П.Цэрэндагва ах байсан. Их сонирхолтой шийдэлтэй жүжиг болсон. Энэ бол сургуулиа төгсөөд тоглосон хамгийн анхны жүжиг.

Тэрнээс хойш 20 гаруй жил театрынхаа тайзан дээр үе үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ бүхий л уран бүтээлүүдэд оролцож тоглоод явж байна. Урлагт ажилласан энэ хөдөлмөрийг маань төр үнэлж “гавьяат” хэмээх эрхэм цол олголоо. Үүнийгээ дагаад давхар хариуцлага ирдэг юм байна. Цаашдаа уран бүтээлдээ илүү их анхаарах ёстой гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд тоглосон уран бүтээлээ тоолж байв уу?

-Драмын театрын болон гэрээт уран бүтээлүүд гээд нийтдээ 70 гаруй жүжигт гол болон туслах дүрүүдэд тоглосон болов уу. 30 орчим кино уран бүтээлд тоглосон байгаа. Мөн манай “Драмын дөрөв” гэж хүмүүс ярьдаг ш дээ. Бид, хоёр ч цомог гаргаж байсан. Ер нь дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байхдаа юм юм л туршиж үзээд завгүй явсан. Үүний нэг нь хамтлаг болж дуулсан явдал. Орцны гэж яригддаг хөнгөн хэлбэрийн өнгө аястай хайрын тухай дуунуудыг нэгтгэж “Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” гэсэн хоёр цомог гаргасан. Хоёр удаа “UB Place”-д тоглолт хийсэн гэж байгаа(инээв).

Ер нь хамтдаа дуулах санаа яаж төрсөн юм бэ. Одоодрамын дөрөвдахин дуулах талаар ярьж байгаа болов уу?

-Дуулж барья гэж бодохгүй байна. Хийх, туурвих уран бүтээлүүд ч их байна. Бүгд үндсэн ажилдаа анхаараад завгүй л явна. Анх Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс “Жүжигчид дуулж байна” уралдаан зарласан юм. 2004 оны үед байх. Тэр үед бид дөрөв нийлээд “Коммунист” нэртэй улс төрийн холбогдолтой дуунуудаас бүрдсэн попури дуулаад уралдаанд түрүүлж байсан. Тэгээд ер нь жаахан дуулаад үзье, жүжигчид юм чинь өөрсдийгөө давхар хөгжүүлье гээд дуулаад цомог хүртэл гаргасан байдаг юм. Хамтлагийн санаа ингэж л төрж байлаа шүү дээ.

Таны бүтээсэн, амилуулсан дүр бүр л үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэгээрээ хэр уран бүтээлч вэ гэдгийг тамгалах байх. Харин таны хувьд тэр олон дүрээсээ алийг нь илүү хайрладаг вэ?

-Жүжигчин хүн аливаа уран бүтээлд муу тоглоё гэж бодохгүй шүү дээ. Аль болох сайн тоглох юмсан, дүрээ зөв, сонирхолтой өнцгөөс гаргахын тулд л хичээдэг. Харин дүр таарсан таараагүй, өөрөө ажилласан ажиллаагүй яриа байж болно. Мэдээж жүжигчин хүн дүр бүртээ л хайртай. Яахав, арай илүү гэж онцолбол би Гамлетын дүрээ хэлнэ. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил гэгддэг гурван жүжгийн нэг “Гамлет” жүжгийн Гамлетын дүрд тоглоно гэдэг бол чухал хувь заяа.

Мөн ноён оргилГётежүжгийн Фаустын дүрийг ч үзэгчид танаар л төсөөлдөг гэхэд бараг хэтийдэхгүй болов уу?

-Дэлхийн жүжгийн “Гамлет”, “Фауст”, “Дон Кихот” гээд гурван ноён оргил байна. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. “Фауст” бол далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж, түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цааших амьдралыг үзээгүй тийм л хүн. Гэхдээ ганцхан шинжлэх ухаанаар эрдэм мэдлэгийн оройд гарсан ч аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй, өөрөөр хэлбэл, хүний хайр гэдгийг үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн байсан ч гэдэг юм уу тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үеийн үед эрж хайсан асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж л байна.

Сонгодог болон дэлгэцийн ч уран бүтээлд тоглохын тулд маш их судалгаа хийдэг байх. Ялангуяа сонгодог жүжигт ажиллахдаа дүрээ гаргахын тулд хэрхэн ажилладаг вэ?

-Аливаа уран бүтээлд тоглоно гэдэг тухайн жүжигчин нэг шат ахиж суралцана л гэсэн үг. Тэр тусмаа сонгодог уран бүтээлийн дүр дээр ажиллана гэдэг сургууль төгссөн дайны хэмжээнд хүн хөгждөг. Сонгодог уран бүтээлийг тавихын тулд судалгаанууд хийгдэнэ. Зохиолчийн үзэл санааг судлах хэрэгтэй болно. Тухайн зохиолчийн амьдарч байсан цаг үеийн онцлогийг судална. Дүрийн дотоод зөрчил, мөн чанарыг судална. Ер нь жүжигчний урлаг гэдэг өөрөө хүн судлал. Хүний дотоод зөрчлийг зөв олж илрүүлэх, гадаад дүр төрхийг дотроо төсөөлөх зэрэг олон судалгаа хийгдэнэ. Сонгодог жүжиг гэдэг бол тухайн дүрийг маш сонирхолтойгоор баялаг далай мэт дүрсэлж тавьсан байгаа. Тэрийг уран бүтээлч хүн өөр өөрийн өнцгөөс хардаг. Сонгодог зохиол гэдэг өөрөө он удаан жилийн туршид өгөөжтэй. Үе үеийн уран бүтээлчид шандасаа сорьсон өөр өөр өнцгөөс харж туурвидаг. Тэр бүхнийг уран бүтээлчид судалж үзэх хэрэгтэй. Түүнийхээ хэрээр уран бүтээлчдэд өгөөжөө өгдөг.

Дүрийнхээ дотоод зөрчлүүдийг судалж гаргана, ажиллана. Тухайн зохиолчтой холбогдолтой зохиолуудыг уншиж судална. Ингээд ирэхээр хүн хөгжихөөс аргагүй болно л доо.Хамгийн гол зүйл бол дүрээ графиклаж гаргах. Жүжгийн оргил хэсэг нь хаана байна, аль хэсэгт унаж байна, дүрийн зорилго нь аль юм, хүнтэй харьцахдаа хүртэл үгийн далд утга нь юу юм гээд бодож ажиллана. Хэдийгээр “Би чамд хайртай” гэж хэлж байгаа боловч үүний цаана хайрлаагүй байж болно. Энэ болгоныг уран бүтээлчид илрүүлж гаргадаг. Тиймээс энэ олон судалгааг нарийн хийдэг учраас уран бүтээлчид гарцаагүй хөгжиж байдаг. Сонгодог бүтээл маш нарийн мэдрэмж шаарддаг учраас энэ хэрээрээ өгөөжөө өгдөг. Сонгодог бүтээлд ажиллана гэдэг хөгжихийн үндэс.

Сонгодог жүжиг бэлтгэл их байх тусам дүрийн ажиллагаа улам чамбайрна биз?

-Эхлээд найруулагчийн толгойд хэдий хугацаанд явахав, үйл ажиллагаандаа ороод жүжигчид ажиллаад эхлэхээр дор хаяж 2-3 сар бэлтгэл хийж ажилладаг. Судалгаанууд хийгдэнэ. Хоорондоо мэдээллээ солилцоно. Нэг гар дор зангидагдана. Энэ шугамыг барьж, энэ зөрчлийг барьж, энэ үзэл санааг барьж жүжгийг гаргана гэдгээ ойлголцоно. Зохиол уншигдана, дүр хуваарилагдана, ширээний уншлагууд хийгдэнэ. Уншлага эхлээд нэгдсэн журмаар явна. Дараа нь дүр дүрээ уншина. Үүний дараа засварууд хийгдэнэ. Ингээд ширээний уншлага хэсэг явсны дараа хөдөлж эхлэнэ. Дүрийн зорилго, зан ааш, зөрчлийг илрүүлж бий болгоод босч уншлага хийж эхэлнэ. Дараа нь тайзны сургуулилтууд хийгдэнэ. Жүжгийн хувцсаа тааруулна, тайзны гэрлээ тааруулна гээд маш олон процессын дараа хөгжим орж ирнэ, тайзны шийдлүүд орж ирнэ. Тайзтайгаа харьцаж сурна. Уран сайхны зөвлөлд шалгуулаад хасах хэсгээ хасна. Шүүмжүүдээ аваад янзлаад дахиад дотоод хяналт, дараа нь гадаад хяналтаар орж байж тоглолт хийгддэг. Энэ урт процессыг давж байж жүжиг үзэгчдэд хүрнэ шүү дээ. Асар олон хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шингэдэг. Жүжгийн бэлтгэлийн их хийх тусам л сайжирна. Жүжиг нээлтэд их ач холбогдол өгдөг. Нээлтэд бүх хүчээ гаргаж, дээд цэгтээ хүртэл ажиллаж асар өндөр мэдрэмжээ гаргадаг. Бэлтгэл хэр сайн хийгдэнэ, тэр чинээгээр тоглолт гоё болдог. Түүнчлэн тоглолт бүрийн явцад дахиад дүр дээрээ ажиллаад сайжруулаад явна.

Нэг дүрээс дараагийн дүрд шилжихдээ оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?

-Жүжигчин хүн элдсэн гурил шиг байх ёстой гэдэг. Тэр гурилаар юу ч хийж болно. Балетчин, барилгачин гээд хэнийг ч хийж болно. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Жүжигчин хүн форумтай байх хэрэгтэй. Ялангуяа сонгодог жүжигт алхаа гишгээ, үг яриа, харц, бие хаа бэлэн байх ёстой. Дүрийн судалгаагаа хийхээс гадна, биеэ бэлэн байлгах нь хамгийн чухал. Сэтгэл санаа тайван байх, гэмтэж бэртэхгүй байх, эрүүл саруул байх. Санамсаргүй байдлаар халтирч унаж ч болохгүй. Дуу хоолойгоо хэвийн хэмжээнд байлгахын тулд нойр бүтэн, ядраагүй, хоол ундаа зохицуулах, таргалахгүй байх гээд бүхий л талаараа бэлэн байх ёстой. Жүжигчин хүн сайхан элдүүр нь ханасан гурил шиг л байнгын бэлэн байдалд байх ёстой гэж боддог.

Таныг найруулагчидБолдЭрдэнэ шинэ уран бүтээл дээр ажиллахдаа цагаан цаас шиг байдаг. Тэр цагаан цаасан дээр юу ч бичихэд бэлэнгэж ярьдаг юм билээ. Бэлэн байдлаас гадна таны төрмөл авьяастай холбоотой байх. Ер нь цагаан цаас шиг болохын тулд та бэлтгэлээс гадна их уншиж судалдаг санагддаг?

-Уншдаг хүмүүсийн хажууд бага уншина. Тодорхой хэмжээнд ном зохиол уншдаг. Ялангуяа уран зохиолын ном унших их дуртай. Ер нь ямар ч жүжиг, ямар ч дүр ирж болзошгүй учраас аль ч талаараа бэлтгэлтэй байх ёстой л гэж боддог. Энэ чинь миний ажил. Тиймээс дуртай байх хэрэгтэй. Дуртай байна гэдэг чинь аз жаргалыг өгч чадна. Сэтгэл санаа, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй.

Найруулагчтай хамтарч ажиллахад бэлэн. Найруулагч биднийг урдаас харж байгаа учраас бидний толь болж зөвлөгөөгөө өгнө, бид дотроо боловсруулна. Үүнийгэээ гаргана, харилцан тохирлцоно, ярилцана. Жүжигчин хүн ч гэсэн тактиктай байна. Дотроо тактикаа боловсруулна. Дүрийнхээ оргил цэгийг олно. Энэ дээр хүчтэй тэсрэлт, энэ дээр зөөлөн явна гэдгээ бэлтгэлийн үеэр найруулагчдаа харуулна гээд ажиллах бодох зүйл их л дээ.

-“Хоёр амь”, “Солонго үүл”, “Орхидосзэрэг таны тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс ч хараад байхад найруулагчид танд яриа багатай харцаараа, биеийн хэлэмжээрээ үзэгчидтэй харьцах дүрийг өгдөг юм шиг?

-Жүжигчид тоглох юмтай дүр гэж ярьдаг л даа. Тоглох юмтай байна гэдэг чинь зохиол сайн бичигдсэн гэсэн үг. Тоглолт багатай “цагаан” дүрүүд байдаг. Юу тоглох нь мэдэгдэхгүй хэцүү. Аятайхан зохиолтой дүрүүдэд тоглохыг бодож сонголтоо хийдэг. Дүр их гоё бичигдсэн. Дээр нь би энэ хэсэгт ингэж тогловол яахав гэж санаагаа илэрхийлэх, найруулагчидтайгаа ярилцах хэмжээний задлах юмтай, сонирхолтой, ажиллахад урамтай дүрийг бодолцож л сонголтоо хийдэг дээ.

Аль хэдийнэ үзэгчдэд хүрчихсэн хэрнээ таны оюун бодлоос гардаггүй дүр гэж байх уу?

-Байна. Жишээлбэл, Гамлетын дүрд тоглосон нэг алдартай жүжигчин 60 нас хүрээд хэлсэн байдаг. “Одоо л Гамлетад нэг тогловол болох юм шиг байна даа” гэж. Гамлетад маш олон уран бүтээлчид янз бүрээр тоглож илэрхийлэхийг зорьсон байдаг.“Гамлет” жүжиг бол их том эрдэнэсийн сан байхгүй юу.Ялангуяа Гамлетын дүрийг яаж ч илэрхийлж болох, ямар ч байдлаар тоглож болно. Энэ дүрд олон уран бүтээлч тоглож мандаж, олон уран бүтээлч унаж байсан. Тэгж байж өөрсдийгөө хөгжүүлдэг дүр. Тэгэхээр дээрх жүжигчин ч гэсэн маш удаан хугацаанд бодож боловсруулж туршлагатай болсныхоо дараа дахиад өөрөөр харж байна. Гамлетыг дахиад өөр янзаар хийж болох, өөр өнцгөөс илэрхийлж болох шижир алт лугаа дүр. Фаустын дүр ч мөн адилхан. Сонгодог гэдэг нь үүндээ л байгаа юм. Энэ утгаараа жаахан ингэх байж, тэгэх байж гэж бодогдож л явдаг. Сэтгэлгээний хувьд онцлогтой учраас энэ талаар бодно л доо.

ТэгэхээрГамлетжүжгийг өөр найруулагч өөр өнцгөөс тавихаар болбол таны хувьд дахин Гамлетад тоглоход бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Болох л байх. Хэн ч ямар ч уран бүтээл хийхэд чөлөөтэй шүү дээ. Тиймээс магадгүй хэн нэгэн найруулагч таны хэлдгээр хүсэлт тавибал тоглох байх л даа. Тэр бол найруулагчийн л сонголт.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гавьяат барилгачин О.Балдорж: Хөрсний эрсдэлтэй хоёр сумыг нүүлгэн шилжүүлсэн нь миний эх орондоо хийсэн томоохон хувь нэмэр гэж боддог

Монгол Улсын гавьяат барилгачин, инженер, геологийнТаван Үндэскомпанийн зөвлөх инженер О.Балдоржтой ярилцлаа.


Барилга бүтээн байгуулалтын салбарт хичнээн жил ажиллаж байна вэ. Таныг инженергеологич бас геологич хүн гэдэг юм билээ. Нарийн ялгаа зааг бий юү?

– Би 1968 онд Улаанбаатар хотын Политехникумын геологийн ангийг дунд мэргэжлийн геологичоор төгссөн. МУИС-ийг 1979 онд барилгын инженер, гидрогеологич мэргэжлээр төгсөж барилгын салбарт хөл тавьж байсан түүхтэй. Политехникумын геологийн ангийг төгсөж олж авсан геологийн шинжлэх ухааны суурь мэдлэг инженер-геологич, гидрогеологич болоход, үйлдвэрлэл дээр гараад ажиллахад маш их суурь түлхэц болсон юм. Тиймээс би геологич гэж ярих дуртай. Би инженер-геологич, гидрогеологич мэргэжлээр төгссөн анхны мэргэжлийн инженер Улсын барилгын төв институтийн Инженер-хайгуулын товчоонд орж ажилласан юм. Ийнхүү Барилгын салбартаа ажил мэргэжил, амьдралаа холбосноос хойш 42 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуульд “Монгол хүн аюулгүй орчинд амьдрах, Байгалийн эрсдэлээс хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэр аюулгүй орчин ба байгалийн эсрдэл гэдэг нь барилга барих газрын геологи орчин буюу газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт, цөмрөлт, мөнх цэвдэг хөрсний гэсэлт, хөрсний суулт, хөлдөлтөөс үүсэх овоолт, хөрсний усанд авталт зэрэг байгалийн үзэгдэл, хүчин зүйлсийг хэлж байгаа. Энэхүү байгалийн аюул, эрсдэлээс хамгаалахын тулд тэдгээрийг инженер-геологи, гидрогеологийн шинжлэх ухаан, инженер-геологичид, гидрогеологичид судалдаг юм.

Энэхүү судалгааг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай баталгаатай хийснээр барилгын зураг төслийн төлөвлөлт тооцоонд байгалийн хүчин зүйлийг оновчтой тооцож түүний үндсэн дээр барилгыг чанартай, бат бөх, урт насжилттай барьж байгуулах үндэс суурь болж өгдөг юм.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш инженергеологийн нөхцөлөөс хамаарч хоёр ч сумыг таны дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Төв суурин газрыг нүүлгэнэ гэдэг асар нарийн судалгаа хийгдэнэ биз?

-Барилгын инженер геологийн судалгааны ажил зөвхөн барилгын зураг төсөл, төлөвлөлтөөөс гадна бүс нутгийн төсөл, хөтөлбөр, хот байгуулалт, сум суурин газрын төлөвлөлтөд зориулсан өргөн нутаг дэвсгэр, талбайг хамарсан инженер-геологийн зураглал судалгааны ажил хийдэг юм. Миний хувьд инженер геологийн салбарт ихэнхдээ удирдах, зохион байгуулах албыг гүйцэтгэж явсан. Ингээд 1990 оноос зах зээлийн тогтолцоонд орж хувийн компаниуд, аж ахуйн нэгжүүд бие дааж ажиллах болсноос хойш мөн бие даасан судалгааны ажилд орсон. Би инженер-хайгуулын албанд техник геологичоос нь эхлээд инженер геологийн компанийн удирдлага хүртэлх бүх ажлыг хийсэн юм. Хувийн компани байгуулснаас эхлэн жинхэнэ өөрийн нарийн мэргэжлээр ажилласан түүхтэй. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш байгалийн бэрхшээл, мөнх цэвдэгээс шалтгаалж хоёр сумыг нүүлгэсэн. Нэг нь Өвөрхангай аймгийн Уянга сум мөнх цэвдэг хөрсөн дээр баригдсан байсан. Сумын барилгын 70 орчим хувь нь хагаралт үүссэн, эвдэрсэн, суусан, цуурсан, ашиглах боломжгүй болсон. Тиймээс сумын төвийг нүүлгэх асуудлыг тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас манай компанид, надад итгэл найдвар үзүүлж Уянга сумыг нүүлгэх хамгийн тохиромжтой газар олох, судалгаа хийх тухай үүрэг өгсөн. Ингээд би орон нутгийн хүмүүстэй уулзаж, зургаа, долоон газар судалгаа хийж үзээд сумын төвөөс хоёр километрийн зайд газар зааж өгсөн. Уянга сумын нутаг дэвсгэр уулархаг, мөнх цэвдэг хөрстэй. Сумын төв гэдэг чинь дор хаяж 60, 70 га газар шаардлагатай. Дээр нь тухайн үеийн сумын төвийн хүмүүс сууриа солих дургүй. Эсвэл хол нүүх боломжгүй. Сайн ноён хан Намнансүрэнгийн төвлөрсөн хийд байсан нь нутгийн иргэдийн шүтлэгтэй уялдаж газар нутгаа хол сэлгэх сонирхолгүй байсантай нь холбоотой. Тиймээс судалгааг хийж хоёр километрийн зайд мөнх цэвдэг багатай, сум байгуулах тохиромжтой газрыг судалж, холбогдох тайлан дүгнэлт гаргаснаар сумын төвийг 2000 онд Засгийн газрын тогтоолоор одоогийн байршилд шилжүүлсэн байдаг. Одоо сум сайхан төвхнөөд сайхан болчихсон байгааг харах сайхан байна. Сумын удирдлага, иргэд ч их талархаж явдгаа надад илэрхийлдэг.

Хоёр дахь нь аль аймгийн ямар сум бэ?

-Ховд аймгийн Алтай сумыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Хуучин мод үржүүлгийн газар байсан 30 орчим километрийн зайд газар зааж өгсөн. Тэр үед бүхэл бүтэн сум нүүлгэж газар заана гэдэг чинь Засгийн газар, Улсын Их хурлын шийдвэрээр гарч маш өргөн судалгааг хамарч хийдэг байсан.

Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон сайхан ажлууд бий. Үүнээс хамгийн том нь ямар төслүүд байв?

-Манай компанийн зүгээс олон сайхан ажлыг хийж гүйцэтгэж, улсынхаа бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулсан. Ард түмний хамгийн сайн мэдэх төв талбайн зүүн урд байрлах “ UBH центр” барилгын геологийн судалгааг хийсэн. Энэ барилга тухайн үедээ нийслэлийн хамгийн өндөр, олон давхар барилга байлаа. Мөн “Суруга Монгол” компанийн Японы хөрөнгө оруулалттай “Дөрвөн улирлын цэцэрлэг” гээд том төсөл дээр ажилласан. Мөн манайхны мэдэх “Баян Монгол хороолол”-ын төсөл дээр ажиллаж геологийн судалгааг хийсэн байгаа. Эдгээрийг онцолж байгаа нь тухайн үедээ л хамгийн том ажлуудын эхлэл байсан юм. Түүнээс хойш барилгын давхар, хамрах талбай, зориулалтууд асар өргөжсөн шүү дээ.

Таныг Монголын төмөр замын бүтээн байгуулалтад маш үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг… ?

-Зам гүүр, эрчим хүч, цахилгаан станц гээд бүгдэд нь л инженер-геологийн судалгааг хийдэг. Тэр дундаа төрөөс миний хөдөлмөрийг үнэлсэн гол ажлын нэг бол Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 950 км хурдны авто замын төслийн геологийн судалгааг манай баг хийсэн. Хоёрдугаарт, Таван толгой-Гашуунсухайтын 240 гаруй км төмөр замын ажил байна. Энэ бол Монголын хамгийн том бүтээн байгуулалтад ордог. Уг төмөр замын инженер-геологий судалгаа, төмөр замд ашиглах хайрга, чулуун материалын судалгааг манай компани хийсэн. Хамгийн сүүлд Зүүнбаян Таван толгойн 416 км төмөр замын судалгааг хоёр жилийн өмнө манай компани хийж дуусгаад бүтээн байгуулалтын ажил хийгдээд одоо энэ сард ашиглалтад орох гэж байна.

Манайхан зам тавилаа л гэдэг. Дараа жилийнхээ нүүрийг ч үзэхгүй хагарч, эвдэрдэг. Ер нь төмөр зам болон авто зам барихад хөрсний тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Авто зам ч, төмөр зам ч ялгаагүй. Хөрсний судалгааг хийхэд хэдэн арван километрийн судалгааг хийдэг. Ухах газар нь ухна. Өндөрлөх газар нь өндөрлөнө. Тэгвэл тэр доод байгалийн хөрс ямар шинж чанартай байх нь хамгийн чухал. Намагтай, устай, чийгтэй, суудаг, шахагддаг, хадтай, мөнх цэвдэг хөрс байна уу гэдгээс дараагийн ажил шалтгаална. Замын хамгийн гол асуудал бол байгалийн буурь, ул хөрс. Тиймээс судалгааг маш сайн зөв тооцож зураг төсөл гаргаж хийхээс замын чанар хамаарна. Зам чанартай болоход нөлөөлөх хоёрхон шалтгаан бий. Нэгдүгээрт, хөрсийг сайн судалж, түүнтэйгээ уялдуулж зөв тооцоог гаргаж гүйцэтгэх. Хоёрдугаарт, замын дээд хучаас материалыг маш сайн судалж байж далангийн бат бөх байх, тогтвортой байх, нягт сайн нягтруулсан байхаас хамаарна. Мөнх цэвдэгтэй газар цэвдгийн үзүүлэлтийг бүрэн дүүрэн тогтоож тооцоогүйгээс хагарна, намаг устай газар хөрсийг солихгүй, сайжруулахгүй тавьчихвал бас л хагарна. Энэ мэтчилэн нөлөөлөх хүчин зүйл олон бий. Зам хэдэн арав, зуу, мянган километр үргэлжилдэг учраас судалгааг маш нарийн хийх шаардлагатай байдаг.

Мөнх цэвдэгтэй болон бусад муу хөрстэй газар чанартай барилга барихын тулд хөрс болоод суурийг тавихдаа юуг анхаарах нь чухал вэ?

-Мөнх цэвдэгтэй газар барилгын төлөвлөлт хийх буюу барих хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, мөнх цэвдэгтэй газар барилга барихдаа цэвдгийг гэсгээхгүй барилгыг салхивчтай хийх. Барилгын халаалт ямар нэг байдлаар мөнх цэвдэгт нөлөөлөхгүй байхаар барих. Хоёрдугаарт, барилгын дулаан мөнх цэвдэгт нөлөөлж суулт өглөө гэж бодоход хэр суулт өгөхийг маш нарийн тооцоолох. Арав, хорин жил болоод хөрсний доод мөнх цэвдэг гэсэхэд таван сантиметр суулт үүснэ гэж үзвэл тэр таван сантиметрийн суултыг тэсвэрлэх чадвартай суурь хийх шаардлагатай. Мөн мөнх цэвдгээс гадна улирлын хөлдөлт гэсэлт ч барилгад нөлөөлдөг. Ялангуяа сүүлийн үед зуслангийн газруудад намаг, хөрсний чийг ихтэй газар барьж байгаа нэг хоёр давхар хөрсний хөдлөлтийн овойлтоос хавар эргээд гэсэхэд үүсэх суултаас маш их хагарах, хэв гажих, суух, цуурах асуудлууд гарч байна.

Монгол орны хөрсний онцлог бол суулт үүсгэдэг хөрс гэж бий. Инженер-геологид үүнийг суулттай хөрс гэнэ. Хөрсний байгалийн чийг ямар нэгэн шалтгаанаар нэмэгдэхэд уг хөрс өөрийнхөө жингээр барилгаас дарах ачааллаас хамаарч суулт үүсгэдэг. Ийм онцлог шинж чанартай хөрсөнд хийх инженер-геологийн судалгааг мөн л хариуцлагатай хийх ёстой.

Ер нь манай орны хөрсний бүтцийн хувьд аль төрөлдөө хамрагддаг вэ. Мэргэжлийн талаасаа барилга барихад хэр тохиромжтой вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн хөрсний байдлыг нийлмэл бүтэцтэй гэж үздэг. Энэ нь их олон төрлийн хөрстэй гэсэн үг л дээ. Шавар хөрс хөлдөхөөр хагардаг, чийг авахаар хөөдөг. Харин манай орны хувьд хөрсний даац, чанарын хувьд өндөртэй гэж үздэг. Барилга барих тохиромжтой хөрстэй. Улаанбаатар хотын тухайд бол гурван үндсэн хөрстэй. Хадан чулуулаг, хайрга, шаварлаг хөрснөөс зонхилж бүрддэг. Элсэн ул хөрс харьцангуй хөрс бага л даа.

Нийслэлийн ихэнх барилга хайрга бүхий хөрстэй хэсэгт баригдаж байгаа. Энэ нь наанадаж газар хөдлөлтөд тэсвэртэй юү гэдэг асуудал яригдах байх?

-Ихэвчлэн хайрган хөрстэй хэсэгт барилга төвлөрч баригдаж байна. Нэн ялангуяа голын хайрга, тэр тусмаа хөрсний устай хөрс шүү дээ. Газрын чичирхийлэл явагдахаар тухайн хөрс устай холилдож маш амархан барьцалдах чанараа алддаг. Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвх өндөр буюу ихэнх нь найман баллын бүсд байна. Энэ хэрээрээ барилгад аюултай. Гэхдээ өнөөх суурийн хөрсний геологийн судалгаагаа сайн хийгээд бүх эрсдэлийг тооцоолж зураг төслөө гаргаад хийвэл барилга барихад айлтгүй. Ер нь манай хотод баригдаж буй барилгууд найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдэг л дээ, яг стандартын дагуу хүч, нөлөөллийг тооцоолж барьсан бол шүү дээ. Манайхаас хүнд газрууд бүр олон давхар барилга барьсан л байдаг шүү дээ.

Таны залгамж халаа хангалттай бэлтгэгдэж байгаа болов уу?

-Инженер, геологийн мэргэжлээр олон мэргэжилтэн төгссөн. Манай салбарын Батсүх гэдэг хүн үүнийг бүр санаачлаад ажилласан. Тооны хувьд хангалттай бэлтгэсэн. Гэвч зах зээлийн нийгэмд шилжихэд ихэнх нь наймаа, хувийн бизнес хөөгөөд явчихсан. Манай мэргэжил хүнд ажил. Цастай, бороотой гадаа ажиллана. 12 дугаар сард барилгын ажлыг зогсоодог. Гэтэл бид тэр хүйтэн өвөл, цастайд ажлаа хийж л байдаг. Хуучин бол барилгын ажилтай адил хөрсний судалгааны ажлыг ч зогсоодог байсан. Өрмийн хүнд машинтай ажилладаг учраас өвлийн хүйтэнд эвдрэх аюултай, хүмүүс нь ч эрсдэлтэй, даарч хөрнө гэдэг байлаа. Одоо бол бүхнийг мөнгөөр шийдээд хэрвээ чи хийхгүй бол дараагийн хүн нь байна гэдэг. Тиймээс хүн хийхээс аргагүй болдог. Угтаа хүнээ хайрлаад, машин техникээ бодоод, ажлын чанараа харгалзаж үзээд өвлийн улиралдаа хөрсний судалгааны ажлыг зогсоодог бол бүр л зүгээр. Энэ тал дээр жаахан эмзэглэж явдаг. Харин түрүүн ярьсан мэргэжилтэн хангалттай юу гэвэл хангалттай. Гэхдээ залуус маань сургуулиа төгсөөд шууд инженерээр ажиллаад өндөр цалин аваад дарга болоод явах их сонирхолтой санагддаг. Уучлаарай, энэ миний л бодол шүү. Гэвч энэ мэргэжил ур чадвар туршлагаасаа хамаараад албан тушаал нь хүртэл шат дараатай юм байхгүй юу. Миний хувьд бага техникч, ахлах техникч, инженер, ахлах инженер, товчооны ерөнхий инженер, зөвлөх гээд шат дараатай ажилласан хүн. Тэр болгон өндөр цалин өгөх компани байхгүй байна. Үүнээс болоод залуу хүүхдүүд шантрах, биеэ зовоож байхаар нэг хоолны газар очоод хоол зөөгөөд явах нь илүү санагддаг бололтой. Тэр сайхан мэргэжлийг эзэмшчихээд ингээд явахаар үнэхээр харамсдаг. Тиймээс би сая салбарын яамны сайд хүлээж авахад “Миний насны хүн юу бүтээнэ гэхэв. Бүтээснийг минь үнэлж төр шагнаж байгаад баярлаж байна. Харин би зүгээр суухгүй. Санаанаас цаашгүй боллоо. Тэр санааг минь, сурсан мэдсэн зүйлээ залуу хойч үедээ үлдээх ажлыг минь дэмжээрэй” гэж хэлсэн. Би эрүүл саруул, оюун санаа сэтгэж л байвал залуу үеийнхэндээ сурч мэдсэн зүйлээ зааж сургасаар байх болно.

Таны хүүхдүүд бас мэргэжил нэгтэй байх аа?

-Өвлөж эзэмших мэргэжил гэдэг монгол ёсных юм. Миний хоёр охин аавынхаа мэргэжлийг өвлөөд ажиллаж байгаад бахархдаг. Нэг нь “Таван Үндэс” компанийн захирал. Хятадын Бээжин хотод геологийн мэргэжил эзэмшсэн, нэг нь геологийн мэргэжлээр МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. Хоёр охин маань миний мэргэжлийг цаашид авч яваад эх орондоо ихийг хийж бүтээх болов уу л гэж харж байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цэцэгнэмэх: Анх мах шулагчаар ажилд ороход ээж маань “Боль, үр минь. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ

Мах импэксХКийн Хиам консервийн үйлдвэрийн Бэлтгэх цехийн ажилтан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрэнхорын Цэцэгнэмэхтэй ярилцлаа.


Юуны өмнө танд төрдөө ажил хөдөлмөрөө үнэлүүлж Аж үйлдвэрийн гавьяат болсонд баяр хүргэе. Баярт мэдээг дуулсан агшнаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би шагнал авна ч гэж мэдээгүй. Шагнал гардуулахын өмнөх орой 20:00 цагийн орчимд ажил дээрээ байхад захирал утасдаад “Тань руу хүн ярина шүү” гэсэн. Тэгээд өөр юм хэлсэнгүй. Тэгсэн 21:00 цаг дөхүүлээд утас дуугараад Аж үйлдвэрийн гавьяат болсон талаар хэлсэн. Баярлах, балмагдах зэрэгцдэг юм байна. Хүн чинь яг тулахаар өөртөө итгэдэггүй юм билээ. “Би ингээд гавьяат боллоо гэж үү” гээд итгэж өгдөггүй. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулаад энгэрт маань гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна” гэж асуусан. Би “43 дахь жилдээ ажиллаж байна” гэтэл “За тэгвэл баяр хүргэе. Сайн ажиллаарай” гэж хэлэхэд их сайхан сэтгэгдэл төрсөн. Төрийн тэргүүнээсээ тийм сайхан үг сонсоод гавьяатынхаа тэмдгийг зүүгээд гараад иртэл бөөн хүмүүс баяр хүргээд ирэхээр хүн чинь сандраад яах ухаанаа олдоггүй юм билээ(инээв). Миний дөчин хэдэн жил ажилласан хөдөлмөрийг төр ингэж үнэлж байна гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирдэг юм билээ. Сая хамт олон маань хүлээж авлаа. Одоо болтол баярлахтай зэрэгцээд сандрал балмагдал арилахгүй л сууж байна.

Та Аж үйлдвэрийн салбараас төрсөн гурав дахь гавьяат боллоо. Энэ салбартай хэрхэн амьдралаа холбож, ажил амьдралынхаа гарааг эхэлж байв?

-Тийм ээ. Энэ сайхан салбартай хувь заяагаа холбож гавьяат гэх эрхэм цолыг хүртсэн гурав дахь хүн болсондоо баяртай байна. Би 1981 онд Хөнгөн хүнсний ТМС-ийн махны ангийг төгссөн. Төгсөөд 18-хан насандаа л “Мах Импэкс” компанид Хиам, консерив үйлдвэрийн Бэлтгэх цехэд ажилд орж байлаа. Үүнээс хойш тасралтгүй 40 жил ажиллаж байна.Анх мах шулагчаар ажилд орж байлаа. Мах шулагчаар 30 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил ангилагч, сортлогчоор ажиллаж байна. 40 жил энэ байгууллагадаа ажилласан болохоор миний хоёр дахь гэр бүл минь гэсэн үг.

Дөнгөж 18 настай охин мах шулагчаар ажиллана гэдэг амаргүй байсан болов уу. Шантрах үе байв уу?

-Сургуулиа төгсөөд л хуваарилагдаад ирсэн. Би Цэвэлмаа гээд ахлахтай брагидад орлоо.Тухайн үед мах шулагчаар ажиллах болоход үнэхээр хүнд санагдсан. Хүнд ч байсан. Тэгээд нэгэнт л мэргэжлийг нь эзэмшээд, сургуулийг төгссөн юм чинь өөр юу хийх билээ. Би хичнээн хүнд байсан ч энийг л хийж сурах ёстой юм байна гэж бодсон. Дөнгөж сургуулиа төгссөн 18-хан настай охин чинь ажлын туршлагагүй нялцгай байхаас ч яахав. Шантрах үе ч их. Гэхдээ их сайхан ахмад ажилчдын дунд бишгүй ихийг сурсан. Зэмлүүлэх ч зүйл ихтэй байлаа. Нэг удаа айхавтар зэмлүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Бид чинь дандаа үхрийн мах шулдаг байлаа. Ингэхдээ жишиг загварын дагуу ясанд нь ямар ч махны цөвдөлгүй шулах ёстой. Ахмад ажилчид махаа шулаад л “За яг ингэж шулна” гээд л харуулна. Гэхдээ тэд нэг л удаа заана уу гэхээс хоёр удаа заана гэж байхгүй шүү дээ. Тиймээс шууд нэг хараад л цэмбийтэл шулчихаж чадахгүй ш дээ. Тэгээд шантарна, мэрийнэ, хичээнэ. Сүүлдээ сурна. Одоо би боддог юм. Тэр үед бид дөнгөж ажлын талбар дээр гараад ахмадууддаа загнуулаад “Чи чадахгүй байна”, “Дахиад хий” гэж зэмлүүлж байсан хэдий ч өдий зэрэгтэй яваа нь тэдний минь ач гавьяа байж. Хэдий загнуулсан ч сурсан эрдэм нь намайг өдий зэрэгт хүргэсэн учраас үе үеийн ахмадууддаа би үнэхээр их баярлаж, талархаж явдаг. Тиймээс би одоо цехийнхээ шинэ залуу үеийнхэнд хэлдэг. Бид та нарын төлөө хэлж, ярьж, зэмлэж байжээ гэдгийг ойлгох цаг ирнэ. Залуучуудыг сайн сураасай, чанартай хөдөлмөрлөж сураасай, цалин мөнгө ахиухан аваасай. Түүгээрээ гэр бүлээ сайхан аваад яваасай л гэсэндээ хэлж байна гэж. Хүний сурч, мэдсэн зүйлийг хэн ч булааж авч чадахгүй шүү дээ.

Анх мах шулагчаар ажилд ороход гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэж байсан?

-Эхэндээ эсэргүүцэх маягтай байсан. Ажилд ороод өдөржин хутгатай ажиллаж гараа энд тэнд нь исгэчихээд боогоод л гэртээ орно. Манай ээж “Боль, хүү минь. Гар хөлгүй боллоо. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ. Уг нь намайг анги сонгох үед гурил, талх чихэр, сантехникч зэрэг олон мэргэжил байсан. Дуртайгаа сонгоод орох боломжтой. Тэр дундаас яагаад ч юм махны ангийг сонгосон. Одоо бодоход миний л хийх ёстой ажил байж л дээ.Би Дундговь аймгийн Адаацаг сумынх. Эхээс тавуулаа. Манай аав малчин Базарсүрэн, ээж цэцэрлэгийн тогооч Сүрэнхор гэж хүмүүс байсан. Одоо бурхны оронд дэвшсэн. Миний ижий аав хоёр амьд сэрүүн байсан бол энэ их баяраа хуваалцаж, ямар их баярлаж талархсанаа хэлэхсэн. Охиноо хараад ямар их баярлаж хөөрөх байсан бол гэж дотроо зураглаж л сууна.

Тухайн үед ажлын төлөвлөгөө, нормтой байсан уу. Нэг хүн өдөрт тэдэн үхрийн мах шулах ёстой гэдэг ч юм уу?

-Нормтой. Өдөрт нэг хүн арван үхрийн мах шулах ёстой. Арван үхэр шулахад нийтдээ тэдэн килограмм мах гаргана гээд төлөвлөгөө норм тавина. Эхний үед нормоо биелүүлж чадахгүй ш дээ. Тэгээд л заавал нормоо биелүүлнэ гээд л хичээнэ. Нэг л мэдэхэд ажил гарт ороод нормоо төвөггүй биелүүлдэг болсон. Ер нь тарган туранхай, сортлогооноос хамаарч нэг үхрээс дунджаар 120 килограмм мах гардаг. 1980, 1990-ээд оны үед дандаа бодын мах шулдаг байсан. Сүүлд богийн мах шулдаг болсон. Одоо бол аль алийг нь шулдаг. Бодын мах шулах, бог малын мах шулах хоёр ялгаатай. Бод малын махыг шулахад том ястай учраас илүү амар. Харин бог малын мах шулахад жаахан ажиллагаа ихтэй.Мах сэврээх хэсгээс өлгөөтэй махнууд дамжлагаар ороод ирнэ. Тэрийг цэвэрлэгээний хүмүүс сайхан цэвэрлэнэ. Үүний дараа дахиад өөр хүн жинлээд ширээн дээр эвдэж, шулахад бэлэн тавьж өгнө. Шулсан мах канивер дээр тавигдаад сортлогооны хэсэг рүү явна. Сортлогооноос ангилагдаад махны машинд орно. Ингээд хиамны цех, бууз, баншны цех рүү хүргэгдээд бүтээгдэхүүн болж гарна даа. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн хүрэх хүртэл олон дамжлага давж олон ч хүний хөдөлмөр шингэдэг юм шүү дээ.

Ер нь нэг үхрийн махыг хэр хугацаанд шулдаг вэ?

-Залуу байхад Үйлдвэрийн аварга шалгаруулахад тав зургаан хүн өрсөлдөнө. Бүтэн үхрийн мах шулна. Би анх аварга болохдоо нэг үхрийн махыг 12 минутад шулсан байдаг.

Таны ажлын багаж зэвсэг бол хутга. Бэртэж гэмтэх тохиолдол их байх уу?

-Оёдолчин хүний ажлын гол зэвсэг зүү утас байдаг бол миний ажлын зэвсэг ерөөсөө л хутга шүү дээ(инээв).Анх хутгатай харьцаж чадахгүй, хутгаа ашиглаж мэдэхгүй гар хуруугаа исгэх үе байсан. Ямар ч байсан энэ миний амьдралыг тэжээж буй, надад мөнгө олж өгч буй багаж минь. Тиймээс үүнийг л сайн ашиглаж сурах ёстой гэж бодож хичээдэг байлаа.Одоо бол мах шулахад даавуун цагаан бээлий өмсөөд гадуур нь төмөр бээлийтэй, төмөр хормогчтой ажилладаг. Манай үйлдвэр аюулгүй байдлыг маш сайн хангаж ажилладаг. Тийм болохоор одоо гараа исгэх, гэмтээх асуудалгүй л дээ. Нэг удаа найзыгаа ажил дээрээ авчраад ажлаа харуулж, танилцуулаад “Найз нь ийм л ажил хийдэг дээ” гэсэн чинь “Яасан хүнд ажил вэ. Ёстой чанга юм байна” гэж дуу алдаж билээ. Орчин үед эмэгтэй хүнд хүчир л санагдах ажил харагдах боловч намайг анх ажиллаж байхад ихэвчлэн эмэгтэйчүүд л энэ ажлыг хийдэг байлаа. Одоо харин эмэгтэй хүн ховор. Дийлэнх нь залуучууд байна.

Та энэ олон жил ажиллахдаа ажлынхаа байрыг солих, арай хөнгөн ажилтай цехэд шилжих талаар ер нь бодож байгаагүй юу. Нэг местэнд 30 гаруй жил ажилласан гэж бодохоор сонирхол татахаас гадна их тэвчээр шиг санагдаж байна?

-Би 30 гаруй жил мах шулахдаа ерөөсөө “Өөр цехэд ажиллах юмсан”, “Бууз баншны цех рүү орох юмсан”, “Хиам руу орж ажиллая” гэж бодож байгаагүй. Харин ганц халгадаг зүйл нь гэртээ хариад хутга барих(инээв). Өдөржин хийдэг ажил учраас тэгдэг байх л даа. Ер нь гэртээ нэг их хоол хийгээд байх цаг зав ч олдохгүй дээ. Өглөө ажилдаа ирээд орой ажлаа дуусгаж байж л харьдаг учраас төдийлөн гэрийн ажил хийгээд байх ч боломж гардаггүй. Би ганц хүүтэй. Хүүгийнхээ гэр бүлтэй буюу бэртэйгээ, ачтайгаа амьдардаг. Бэр маань ч хоол унд, гэрийн ажилд нэг их ойртуулаад байдаггүй.

Тэгэхээр таны амьдралын бүхий л сайхан дурсамжМах Импэксгэх энэ их айлтай холбоотой байх. Байгууллагын, үйлдвэрийн гээд олон ч удаагийн аварга гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. 40 жил гэдэг бага хугацаа биш болов уу. Олон ч удаа байгууллагын аварга, үйлдвэрийн аварга, цехийн аварга боллоо. Хүнсний тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, одоо гавьяат гэсэн эрхэм цолыг авлаа. Миний хувь заяа энэ байгууллага, тэр дундаа Хиам, консеривны үйлдвэрийн Бэлтгэх цехтэй салшгүй холбоотой. Хамт олон маань л миний хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж тодорхойлоогүй бол өнөөдөр би Төрдөө үнэлүүлээд, түмэн олондоо хайрлагдаад явахгүй байсан болов уу. Үнэхээр сэтгэл зүрхнийхээ гүнээс та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн эгч ах, дүү нар, үр хүүхдүүддээ бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье.

Ер нь залуу үеийнхэндээ юу аминчлан захидаг вэ?

-Манай Бэлтгэх цехийн хамт олон дандаа залуучууд. Үнэхээр ажилдаа сайн. Ажлаас хойш суудаггүй. За энийг нэг ингэсхийгээд дуусгачихъя гэсэн сэтгэлээр ажилдаа ханддаггүй. Нэгнийхээ үгийг маш сайхан хүлээж авдаг. Тийм болохоор би хамт олондоо үнэхээрийн хайртай. Ажилдаа мэрийгээд, хичээгээд л байх юм бол амжилт, гавьяа шагнал өөрөө хүрээд л ирнэ. Гол нь ажлыг цалгардуулахгүй, чанартай хийх хэрэгтэй. Хоёрын хооронд аргацаагаад хүний нүд хуураад сурчихвал өөрийгөө ч гэсэн хуурч байгаа л хэрэг. Цаашдаа ажлыг дутуу хийгээд сурчихна шүү гэж би ажлынхандаа ч захидаг даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа.


ТаОдодтой бүжиглэешоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ?

-“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар нэг хөдөлгөөнгүй зогсоод дуулдаг хүн. Дээр нь бие галбирын хувьд барилдана уу гэхээс бүжиглэх төрлийн хүн биш .Тэгээд ч нас маань 40 өнгийж явна.Тиймээс бие маань бэлтгэл сургуулилт дийлэхгүй алжаах байх. Карантин гээд гэртээ суугаад жин нэмчихсэн, магадгүй миний барах даваа биш байх гэж бодоод саналаас татгалзсан. Харин Продакшны зүгээс “Та сонирхоод үзээч ээ, нэг уулзаад үзье” гэсэн. Ингээд уулзахад энэ хүнд хэцүү цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг дэмжих зорилго бүхий эерэг сайхан контент болох юм байна, тиймээс шинэ зүйл сурч, өөрийгөө сориод үзье гэж шийдээд шоунд оролцсон. Анх шоунд орохдоо “За хамгийн түрүүнд хасагдах салхийг нь хагалаад арилаад өгөхгүй юм шүү” гэж бодсон. Тэгсэн салхи хагалах байтугай шоуны дунд хүртэл оролцлоо. Энэ бол миний хувьд чамлахааргүй амжилт. Шүүгчид оролцогчдоос бүр нарийн мэргэжлийн чадварыг харсан л байх. Гэхдээ үүнээс гадна тухайн хүний хичээл зүтгэл, ахиц дэвшлийг их харсан болов уу, ялангуяа над дээр (инээв).

Таныг харахад нэлээд жин хассан харагдсан. Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийдэг байв?

-Үндсэндээ гурван сар гаруй хугацааг тууллаа. Энэ хугацаанд овоо ч хөлс урслаа. Жин ч хаяж 10 кг орхилоо. Бие галбиржлаа. Шоунд цаг хугацаа бие махбод, зүрх сэтгэлээ бүрэн зориулж хүмүүсийг гэртээ хөл хорионд байх хугацаанд инээд хөөр, эерэг зүйл бэлэглэж, дархлааг нь дэмжиж амжилттай сайхан оролцсондоо баяртай байна. Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хичээл зүтгэл байгаад бэлтгэл сайн бол боломжгүй зүйл ч байхгүй юм байна. Нийтдээ есөн бүжгийн ард гарсан. Эхний дугааруудад зүгширээгүй байсан болохоор хоёр гурван дугаар дээр нэлээд ачаалал авсан. Бэлтгэлүүд ч шахуу.Өглөөний 09:00-18:00 цаг хүртэл уртын бэлтгэл хийдэг байсан. Сүүлдээ биедээ хэт ачаалал өгөхгүйгээр чухал цагтаа сайн бэлтгэл хийгээд амралтаа зохицуулдаг болсон. Миний хувьд бэлтгэлээс гадна онцгой зохицуулалт хийсэн. Манай бүжгийн хамтрагч их чамбай, чадвартай, сэтгэлтэй охин таарсан. Би жин ихтэй, гэдэстэй байсан учраас хамтрагч маань намайг зөвхөн бүжгийн техник, дасгал бэлдүүлэхээс гадна галбиржуулах дасгал маш их хийлгэсэн. Дээр нь зөв хооллох тал дээр их анхаарч, зөвлөж ажилласан нь сэтгэл санаанаас гадна бие махбодод маш их өөрчлөлт гарсан. Хэдийгээр шоу өндөрлөсөн ч би зөв хооллохыг хичээж, долоо хоногтоо нэг удаа бүжгийн бэлтгэл хийе гэсэн бодолтой байна. Учир нь хүн миний төлөө тийм их хичээл зүтгэл сэтгэл гаргасан шүү дээ. Ер нь зөв хооллолт, хөдөлгөөн гэдэг маш чухал юм байна.

Энэ шоунд оролцсоноор таны амьдралын хэмнэл өөрчлөгдсөн гэлээ. Үзэл бодлын хувьд ч чамгүй өөрчлөлт гарсан уу?

-Зөвхөн бие махбод гэлтгүй оюун санааны хувьд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах болсон. Уран бүтээлийн хувьд ч салхи оруулсан, өөр мэдрэмжийг эрэлхийлсэн явдал боллоо. Найз нөхөд ч ярьж байна. Бүжгийн спортыг сонирхож байна. Ер нь хүн болгон л туръя, туръя л гэж ярьдаг болж. Би болохоор галбиржъя гээд гоёор хэлээд байгаа. Би өмнө фитнесс хийж үзсэн л дээ. Нэг л бие эсэргүүцээд дархлаа унаад таарамжгүй байсан. Харин бүжиг бол хөдөлгөөнөөс гадна зөв галбиржилттай болдог урлаг юм байна. Манай найз нөхдөөс “Би энэ шоунд орсон бол бүтэхгүй ээ” гэдэг. Үгүй, ерөөсөө л хичээх юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй. Дээр нь бэлтгэл бас дахин бэлтгэл чухал юм байна. Миний хувьд хүүхэд байхдаа бага сага бүжиг сонирхдог. Сумын төвийн бүжигт ордог байлаа. Сумын бүжиг гэдэг чинь маш гоё ш дээ, хүмүүс хөгжим зогстол баруун зүүнгүй эргээд л. Одоо бодоход тэр чинь ардын бүжиг л юм байна л даа. Мэдээж мэргэжлийн бүжиг ардын бүжгээс өөр гэдгийг сая шоунд оролцож мэдэрлээ(инээв).

Одоо та тоглолт хийвэл их өргөн хийх нь ээ. Дуулаад, бүжиглээд л…?

-Уран бүтээлийн тоглолт хийлээ гэхэд бүжгийн номертой байх уу гэдэг асуулт их ирж байна. Найз нөхөд утсаар ярихдаа ч энэ талаар асууж, ярьж байна. Яг одоо тийм урам бүтээл хийнэ гэж амлахгүй ч төлөвлөсөн, бодсон зүйл их байна.

Уран бүтээлийн шинэ цомог бэлэн болсон гэсэн. Цомгийнхоо ажлаас сонирхуулаач?

-Би өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод арваад тоглолт, 21 аймагт дөрвөн удаагийн аялан тоглолт, 333 сум бүрт гээд 500 орчим тоглолтыг үзэгч дүүрэн халуун алга ташилт урмын үг дор туулж өнөөдрийг хүрсэн байна. Үзэгч түмэндээ л их баярлаж явдаг. Тиймээс үргэлж шинэ уран бүтээлээрээ учран золгохыг хичээдэг. Одоо тав дахь цомгоо гаргахаар бэлдэж байна. Бүгд шинэ уран бүтээлүүд. Миний уран бүтээлүүдийг харахад дандаа л хайр сэтгэлийн гэгээлэг өнгө аястай дуунууд бий. Тиймээс одоо шинэ цомогт багтсан дуунууд ухаарал хайрласан, нутаг ус, аав ээжийн тухай гээд арай өргөн агуулгатай байна. Гэхдээ өөрийнхөө имиджийг илэрхийлэх ганц нэг хайрын тухай хөнгөн ритмтэй дуу оруулж өгсөн байгаа. Дуунуудаа эхнээс нь дүрсжүүлж байна.

Дуучид шинэ дуу гаргаад дараа нь дүрсжүүлдэг. Шинэ дууг шууд цацах, дүрсжүүлээд цацахын аль нь илүү хүнд хүрдэг вэ. Эхлээд нийтэд хэр хүрч байгаагаас нь шалтгаалж дүрсжүүлдэг юм шиг санагддаг?

-Тухайн дуунаасаа шалтгаална л даа. Цаг үеэ олох, эзнээ олох, тохироо бүрдэнэ гэж ярьдаг. Миний “Дурлан дурлан хайрламаар” хүмүүсийн ярьж заншсанаар Гэзэгний үзүүр…дуу бол гарсан өдрөө яг үнэндээ нийтийн дуун дундаа түймэр асаасан байдаг. Цагийн дотор FM, радио дамжаад, дүрсгүй ч гэсэн ард түмэнд нэвт хүрсэн. Долоо хоногийн дараа баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мотоцикльтой хөдөөний залуучууд дуулчихсан явж байна гээд над руу утсаар ярьж билээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд янз бүр юм билээ. Миний хувьд дуугаа FM, радиогоор цацаад магадгүй сарын хугацаанд энэ хэлбэрээр явуулж байгаад клип буюу дүрсжүүлээд явдаг. Гэхдээ өнөөдөр бол цаг бас арай өөр болсон байна. Сошиал орчинд ямар ч байдлаар цацаж болж байна. Зарим залуус эхлээд клиптэй нь ч цацаж харагддаг. Өөр өөрсдийн өнгөөр л явж байна л даа.

Таны дуулсан хайрын тухай дуунууд дүрсгүй ч хүнд маш хурдан хүрч, амны аялга болоход дууны үг чухал байгаад байх шиг. Дууныхаа үг дээр хэрхэн ажилладаг вэ?

-Би өөрөө шүлэг зохиож чадахгүй. Шүлгийг агуулгаар нь хараад ганц нэг үг засах, санаа нэмэх байдлаар оролцдог. Магадгүй эхний ээлжинд хүнд шууд хүргэхийн тулд ухаарал хайрласнаас илүү гэгээлэг, хөнгөн, хүмүүст ойр үгийн сонголт чухал юм шиг санагддаг. Зөвхөн үг ч гэлтгүй ая, хөгжмийн найруулга гээд бүгд л сайхан зохицох ёстой. Бүгд сайхан зохицсон байхад дуучин сэтгэл зүрхнээсээ дуулж чадахгүй, жаахан дутуу дуулсан бол бас л хүнд хүрч чадахгүй хайран. Тиймээс дууны үгийг бодож, судалж, цаг үеэ мэдэрч хийхийг хичээдэг дээ.

Таныг СУИСд үеийнхнээсээ нэлээд сүүлд орсон ч оюутан байхдаа олны танил болсон дуучин гэдэг. Малчны хотноос урлагийн тайзан дээр ирсэн энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний үеийнхэн их сургуулиа төгсөж байхад би дөнгөж орж байсан. Дуурь, уртын, страдын дуулаач гэсэн ангитай байсан. Одоо ардын дууны анги нэмэгдсэн байна лээ. СУИС-д ороод дуучин болж төгсчихөөд нийтийн дуучин болно гээд С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа гээд л нийтийн дуучдын яг араас замаар нь явсан. Гуравдугаар курсийн оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа гаргасан нь олон түмэнд их сайхан хүрсэн. Ингэж л дуучны гараагаа эхэлсэн байдаг. Уг нь би дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Гэхдээ миний хоолойны зохицлын хувьд ардын маягтай, нийтийн дуу илүү тохиромжтой байсан. Ингэж л нийтийн дуу руу эргэлзэлгүй орсон доо. Харин дуучин болсон түүх нь гэвэл их сонин. 2002 онд хөдөө байхад унага тамганы найранд аавын найзууд ирээд миний дуулахыг сонсоод “Энд ингэж адууны бэлчир дээр дуулж байхаар ард түмний өмнө тайзан дээр дуулах хүн байна” гээд дуучин болохыг зөвлөсөн. Ингээд дуучин болохоор шийдэж тухайн үеийн Улсын ардын чуулгад анх ирж МУГЖ Дуламын Баасанжав багшийнхаа удирдлага дор хоолойн дасгал уншиж эхэлсэн. Гэвч халшираад хөдөө явсан. Гэхдээ өнөөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд дараа жил нь дахиад ирж 2003 онд СУИС-ийн ачит багш нартайгаа золгосон доо. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл олон сайхан хүмүүс чиглүүлж байна. Нэр дурдахаар орхигдуулснаас болоод зарим нь гомддог. Айхавтар шүү. Тиймээс нэр цохсонгүй.

Монголчууд дуулах, барилдах удмынх гэж ярьдаг түмэн. Таны авьяас ч гэсэн ээжтэй тань холбоотой гэсэн байх аа?

-Тийм ээ. Ээж маань найранд дуутай сайхан хоолойтой Ч.Цэцэгмаа гэж хүн бий. Төв аймгийн Лүн сумын харьяат. Аав минь Ч.Доржгочоо Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат хүн. Хөдөө сайхан шүү дээ. Хүмүүсийн сэтгэл тайван налгар, малын зоо тэнэгэр, өвс ургамал найгасан мөн ч гоё үе байж дээ. Биднийг хүүхэд байхад цаг ч сайхан байж унага тамганы найр, хүүхдийн сэвлэг үргээх найр хэдэн өдрөөр үргэлжилнэ. Аав, ээжийнхээ дуулж хуурдахыг харж, өөрсдөө ч сайхан найранд орж дуулж явлаа. Манай аав, ээж Улсын аварга тууварчин, малчин хүмүүс. Олон ч жил тууварт явсан малчид.

Тууварт явсан хүүхэд насны дурсамж их биз?

-Аав, ээж маань хавар мал бэлтгэлээс 1850 толгой төлөг аваад яг тоогоор нь намар маханд тушаадаг. Тэр хооронд жин нэмэгдүүлэхийн тулд зуны хүйтэн аадар бороо, хангайн сүртэй нэртэй сүүлтэй, сүүлгүй амьтнаас хамгаална гээд зөндөө бэрхшээлийг давж хавар авснаасаа хэдэн мянган тонн мах давуулж тушаана. Үүнийг нь үнэлж Улсын аварга тууварчин гэх энэ сайхан шагналыг өгсөн болов уу гэж би боддог. Хүүхэд байхад аав, ээж хоёр малаа туугаад явдаг. Намар тушаагаад ирдэг. Хавар ахиад л малаа аваад гардаг байсан. Би хамгийн сүүлийн мал туулт буюу 1993 онд 13 настай байхдаа хамт явсан. Тэр их хөгтэй ч юм болсон. Айхавтар усархаг, аадар бороотой үеэр 22-ын товчоо Сонгинохайрханы шил дээр ирээд бороонд яарч морио дутуу уяж гэртээ орсноос болж хамгийн хайртай морио алдсан. Миний мал туусан түүх иймэрхүү хөгтэй дууссан.

Морио хулгайд алдчихсан хэрэг үү?

-Тэгсэн. Дутуу уяад алдсанаас болж алдаад, хулгайн замаар л орсон байх. Хүүхэд болсон хойно болчимгүй үйлдлээсээ болж морио алдчихаад аав, ээжээсээ айж, гэмшиж нэлээн явсан шүү. Ер нь бусад үед бид өвөөтэйгөө л үлддэг байсан.

Өвөөтэй өнгөрүүлсэн дурсамж, өвөөгөөс сурсан хүмүүжил их болов уу?

-Би айлын дээрээсээ хоёр дахь. Гурван дүүтэй. Биднийг аавын аав буюу өвөө маань хардаг байсан. Өвөө маань эрдэм номтой хүн байсан. Сумын сургуульд сурахдаа ч хөдөө амралтаараа малд явахдаа ч өвөөтэйгөө л хамт явдаг байсан. Өвөөгөөсөө их зүйлийг сурсан байдаг.

Одоо та өөрөө сайхан хань ижилтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болж. Үр хүүхдүүдээ ямар зарчмаар хэрхэн хүмүүжүүлж, чиглүүлдэг вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Миний хань Цэрэнбатын Баярчимэг гээд Олон улсын эрх зүйч мэргэжилтэй бүсгүй бий. Үнэндээ том охиноо төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13, 14 жил мэргэжлээр нь ажиллуулж чадсангүй. Хүнээр хүн хийж хүний дайтай болгоно гэдэг их том ажил. Уран бүтээл гээд хүүхэд өсгөх талдаа би гэдэг хүн их тааруухан оролцсон байдаг. Энэ их ажилд бие сэтгэлээ зориулсан ханиараа бахархаж, бас баярлаж явдаг. Эхнэр бид хоёрын хувьд өөрсдийн эцэг, эхээс, өвөө, эмээгээс өвлөж ирсэн итгэл үнэмшлээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг боддог. Хүнд худлаа ярьж болохгүй, хэлсэндээ хүрдэг байх, цаг барьдаг, хүнд муу санадаггүй. Ширхэг чулуу хүртэл амьтай байдаг учраас аливаа зүйлийг хайрлаж байхыг ойлгуулдаг. Миний л хувьд шүү, хүүхдээ үнэтэй хувийн сургуульд сургаад л үнэтэй гэснийг авч өгч өгөөд “Чи сайн хүн болж аав ээжийгээ тэжээх ёстой”, “Сайн хүн болж их орлоготой байх ёстой” гээд шахаж нүдээд байхыг хүсдэггүй. Энгийн улсын сургуульд аясаар нь сургаад явуулахыг боддог. Өөрсдийнх нь сонирхсон мэргэжлээр нь боловсрол эзэмшүүлж, хамгийн гол бусдыг хайрладаг, зөөлөн энэрэнгүй хүн болоосой гэж өдөр болгон л ярилцдаг. Сая шоунд байх хугацаанд ээжтэйгээ үлдэж аавыгаа дэмжсэн.

Нэг удаа “Маона” хүүхэлдэйн кино таараад Маогийн дүрийг бүтээхийг хичээсэн. Тэр дүрийг гаргахын тулд би хүүхдүүдтэйгээ хамт суугаад хүүхэлдэйн киног үзсэн. Ингэхдээ тэр агшнаас их зүйлийг харсан, бас сурсан. Хүүхэд гэдэг чинь хачин хөөрхөн, сонин ертөнц юм шүү дээ. Тэгсэн том охин маань “Аав аа, та энэ дугаарт хасагдаж болохгүй шүү” гэж хэлсэн. Охиныхоо захиасаар тэр дугаарт хасагдалгүй харин ч сайн оролцсондоо баяртай явдаг шүү. Шоунаас хойш нэг дугаарыг хүүхдүүдтэйгээ хамт сууж үзлээ. Тэгсэн бас тэнд аав нь байхгүй болохоор үгүйлэгдээд байх шиг ажиглагдсан. Эцэг эх хүн чинь хүүхдүүддээ зааж сургахаас гадна их зүйлийг тэднээсээ сурдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх элсэгчдээс вакцин болон шинжилгээний бичиг шаардахгүй

Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгааны хэлтэс хариуцсан дарга М.Болдсайхантай элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой тодруулга авлаа.


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссан. Хичнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр 40420 элсэгч бүртгүүлсэн байна. Одоо элсэгчдийн суудлын хуваарь зарлагдаж байна. Суудлын хуваарийг тусгай программаар бодож тухайн сурагч аль ангид, хаана суухыг тодорхой болгоно. Элсэгчид шалгуулагчийн булангаар ороод бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаад өөрсдөө хэвлэж авах юм. Суудлын хуваарь зарлагдаад дууссаны дараа шалгалтын байраа бэлдэх ажлууд хийгдэнэ. Нийтдээ улсын хэмжээнд 48 шалгалтын байранд суудлын хуваарь зохион байгуулна. Хөдөө орон нутаг дахь ЭЕШ хариуцсан бүртгэгч нар шалгалтын байраа бүртгээд, бэлдээд явна. Улаанбаатар хотод байгаа 26 шалгалтын байрыг Боловсролын үнэлгээний төвөөс гарсан ажлын хэсэг бэлдэнэ. Орон нутгийн тухайд гэвэл сумдаас аймгийн төвдөө төвлөрч шалгалтаа өгөх болно.

ЭЕШд бүртгүүлсэн хүүхдүүд ихэнхдээ ямар хичээл сонгож байгаа талаар сонирхуулахгүй юу?

-ЭЕШ-ын бүртгэлээс харахад улсын хэмжээнд математикийн хичээлийг хамгийн их хүүхэд сонгосон байна. Дараа нь нийгэм, англи хэлний хичээл орж байна. Бүр нарийн задалбал Улаанбаатар хотын элсэгчид англи хэлний хичээлийг түлхүү сонгож өгч байгаа бол хөдөө орон нутгийн хүүхдүүд дийлэнх нь математикийн хичээлийг сонгож өгч байна. Харин өмнө нь төгссөн хүүхдүүд нийгмийн ухааны хичээлийг түлхүү сонгосон байна.

Тэгвэл хамгийн цөөн сонголттой хичээл?

-Хамгийн цөөн сонгосон хичээлүүдийг нэрлэвэл газарзүй, орос хэл, монголын түүх гэсэн хичээлүүд байна.

ЭЕШ өгөх элсэгчдийг хүйсээр нь ангилбал?

-Нийт шалгалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 56 хувь буюу 22466 нь эмэгтэй бол 44 хувь буюу 17954 нь эрэгтэй байна.

-40-өөс дээш насны хүмүүс шалгалт өгөх байдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна гэсэн үү?

-40-өөс дээш насны 160 хүн байна. 50-иас дээш насны 13 хүн бий. Ер нь эдгээр хүмүүсийн хувьд одоо эрхэлж байгаа ажлаа сайжруулах, албан тушаал ахих зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж шалгалт өгдөг. Зарим хүмүүс эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу шинээр бизнес эрхлэхийн тулд заавал Их, дээд сургуульд суралцсан, дипломтой байхыг шаарддаг учраас сурахаар элсэлт өгч байна. Миний мэдэхээр хамгийн өндөр настай элсэгч 73 настай хүн байсан. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурах хүсэлтэй. Тухайн хүн гурван жилийн өмнө байх аа, их сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж байсан. Иймэрхүү байдлаар хүмүүсийн сурах хэрэгцээ их, насан туршдаа л үргэлжилж байдагтай холбоотой. Ер нь сүүлийн үед 40-өөс насны хүмүүс сурах сонирхол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор элсэлтийн шалгалт өгөх хүмүүсийн тоо ч нэмэгдсэн.

Энэ жил мөн л цар тахалтай үеэр ЭЕШ явагдаж байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрсөн жилийнхтэй адилхан биеийн халууныг хэмжинэ. Амны хаалт зүүхийг шаардана. Хоорондын зайгаа барина. Шалгалтын байрны халдвар хамгаалал хийгдээд явна.

ЭЕШ өгөх элсэгчид вакцин хийлгэсэн байх шаардлагатай гэсэн мэдээлэл яваад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл яваад байгаа. Энэ бол худлаа.

Боловсролын үнэлгээний төв, БСШУЯнаас Их, дээд сургуульд элсэн сурах гэж байгаа хүүхдүүдээс ковидын эсрэг вакцин хийлгэсэн байхыг шаардаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Хувь хүн өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаад вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал. Манай Боловсролын үнэлгээний төв заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.

Тэгвэл шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Шинжилгээ өгөхийг ч шаардахгүй.

Шалгалт өгөх элсэгчид шалгалтандаа ирэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Элсэгчид суудлын хуваарийн дагуу шалгалтын байрандаа ирэхдээ шалгалт эхлэхээс цагийн өмнө ирсэн байх ёстой. Шалгалтын анги, танхим руу орохдоо дөрвөн төрлийн бичиг баримтыг шалгуулж нэвтэрнэ. Иргэний үнэмлэх буюу түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарийн бичиг. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө хаалгаа барина. Тэр 10 минутад бид шалгалтын дэг журам, санамж, зөвлөгөө, материалыг танилцуулна. Шалгалтын ангид харандаа, бал, баллуур, үзүүрлэгч, хариултын хуудас зэрэг бүхий л материалыг Боловсролын үнэлгээний төвөөс олгоно. Тиймээс дээр дурдсан дөрвөн бичиг баримтаас өөр зүйлийг биедээ авч орохгүй. Гар утас, чихэвч зэрэг ямар нэгэн нэмэлт зүйл авч орох, хэрэглэхийг хориглоно. Журамд заасан хориглосон зүйлийг шалгалтын явцад ашиглахыг завдсан тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шалгалтын тов өөрчлөгдөөгүй биз дээ?

-Өөрчлөгдөөгүй. ЭЕШ долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгалтын хариу хэзээ гарах вэ?

-Шалгалт долдугаар сарын 1-нээс эхэлж зохион байгуулагдана. Тухайн хүүхэд шалгалтаа өгч дуусангуут хариулт зарлагдаад явна. Тухай бүрт нь программаар хийгдэнэ. Шалгалтыг засч байгаа, дүн онооны мэдээлэл шууд лайваар явагдана. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ шалгалтын дүн оноонд хяналт тавья гэвэл лайв үзэх боломжтой.Мөн тавдугаар сарын 17-наас ЭЕШ-ын давтлага хичээлийг орон даяар эхлүүлсэн байгаа. Энэ бол хүүхдүүдийн тэгш өрсөлдөөнийг хангах зорилготой зохион байгуулагдаж буй ажил. Хүүхдүүд сайн дураараа оролцоно.