Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээх цаг болсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал УИХ-аар хэлэлцэгдээд дэмжсэнгүй. Хуулийн төсөл батлагдсан бол ямар зохицуулалт хийгдэхээр байсан бэ?

-Банк санхүүгийн үйл ажиллагаа төрөөс ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл 28 жил ямар ч дарамт шахалтгүй, чөлөөтэй явж ирсэн гэсэн үг. Төрийн зохицуулалт хийгдэхгүй явснаас болж банк, санхүүгийн байгууллага монополь болсон. Бүр вант улс шиг болчихсон юм. Сүүлийн арван жил банк санхүүгийн байгууллагын нийт актив зээлийн эх үүсвэр 6.8 дахин өссөн. Ингэж өссөн хэр нь зээлийн хүү ерөөсөө буураагүй. Нөгөөтэйгүүр зээлийн эрэлт, нийлүүлэлт тодорхой хэмжээгээр зохицуулагдах ёстой. Гэтэл зээлийн эрэлт өндөр хэвээрээ байхад нийлүүлэлт нь хуучнаараа бага буюу хомсдолтой байгаад байдаг.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр надад “Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудад Монголбанк долоон их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэж ярьсан. Үнэхээр дэмжлэг үзүүлсэн бол энэ мөнгө хаашаа орсон юм бэ. Монголд банк, санхүүгийн байгууллагуудад төрийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарчихсан байна. Нийт мөнгөний урсгал буюу активийн 95 хувь нь арилжааны банкуудад төвлөрчихсөн байгаа. Яагаад арилжааны банкууд ийм их хэмжээний мөнгөний урсгалыг бариад байна гэхээр өндөр хүүтэй хадгаламжийг төлдөг болчихсон юм. Тэгэхээр өндөр хүүтэй хадгаламж байгаа цагт хувь хүн байна уу, аж ахуйн нэгж байгууллагууд ч байна уу ялгаагүй өөрийнхөө мөнгийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад хийж, эрсдэлтэй байдал үүсгэж байхаар гээд шууд хадгаламжинд байршуулдаг. Ингээд амар тайван, ямар ч алдагдал, эрсдэлгүй, хуулийнхаа дагуу хүүгээ хүртээд суудаг. Мэдээж энэ нь тэдэнд ашигтай. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд гадаадаас маш бага хүүтэй мөнгө татаж оруулж ирээд түүнийгээ Монголын арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгаламжинд байршуулдаг болж. Тэр дундаас нь мөнгө хүүлж, хөлждөг. Ямар ч ажил хийхгүй, зүгээр сууж байгаад зардалгүй, эрсдэлгүй хүүгээр мөнгө хүүлэх ийм үйл ажиллагааг ч явуулж байна.

Энэ бүгдийг таслан зогсоохын тулд уг хууль өндөр ач холбогдолтой байсан.

Хоёрдугаарт, Монголд хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байна вэ. Яагаад улс орны бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоо бага байна вэ. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр тогтож байна шүү дээ. Энэ бүгд үндсэндээ банкны гаж тогтолцоонд байгаа юм. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгье, тэрхүү хязгаараас давсныг нь мөнгө хүүлэлт гэж үзээд хариуцлага тооцдог байхаар энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан.

-Заавал төрийн зохицуулалт хийх шаардлага байгаа юм уу?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлаад өгөхөөр банкны хадгаламжийн хүү дагаад буурна. Хадгалам-жийн хүү буурахаар банкинд мөнгөө хадгалуулж хүүгээр нь хөлждөг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөр ашигтай зүйл рүү хөрөнгөө чиглүүлдэг болно. Энэ дагуу тэр хүмүүс хаана, ямар ашигтай хөрөнгө оруулалт, бизнес байна гэдгийг эрж хайж эхэлнэ. Ингэснээрээ улсын эдийн засагт томоохон хөшүүрэг болж өгөх юм болов уу гэж харсан. Тэр утгаараа уг хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ дан ганц зээлийн хүүг бууруулах гээд байгаа юм биш.

Нөгөө талаасаа баялаг бүтээж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй байгууллага, хувь хүмүүст банкны зээлийн хүү гэдэг үнэхээр хэцүү дарамт болдог. Хамгийн багадаа жилийн 20, 30 хувийн хүүтэй зээлийн дор босч, ашигтай ажиллана гэдэг боломжгүй, хэцүү зүйл. Хамаг юмаа барьцаанд алдана, сүүлдээ дампуурна. Юун нөгөө бизнес, үйлдвэрлэл. Ингээд ядуурал руу явж орж байгаа хүмүүс их байна. Тэгэхээр ийм нөхцөл байдал амьдрал дээр байгаа учраас үүнийг зөв болгохын тулд төрийн зохицуулалт хийе л гэсэн юм.

-Зээлийн хүүг бууруулах талаар байнга ярьдаг хэрнээ яагаад уг хуулийн төслийг дэмжээгүй юм бэ?

-Ер нь арилжааны бан-куудын зээлийн хүүгийн дээд хэмжээг боломжийн хэмжээнд тусгаж өгсөн гэж харж байгаа. Тэгэхээр арилжааны банкуудад алдагдалтай зүйл биш байсан. Харамсалтай нь уг хуулийн эсрэг банкуудын лобби маш хүчтэй явлаа. Дээр нь арилжааны банкуудын лоббиг Монголбанк бодлогын хувьд дэмжлээ. Монголбанк чинь төрийн байгууллага шүү дээ. Мөнгөний бодлого, банк санхүүгийн тогтвортой байд-лыг хангаж ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь өөрөө арилжааны банкуудын талд орчихоод лоббиг хүчтэй явууллаа. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнга хороон дээр үг хэлсэн гишүүд бүгд дэмжсэн хэр нь санал өгөхдөө бүгд эсрэг өгсөн. Тэр гишүүдэд хүсэл зориг байгаа мөртлөө санал нь эсрэг явж байна гэдэг лоббид орсны л илрэл.

-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүнд хувийн эрх ашгийн сонирхлоор хандсан гэсэн үг үү?

-Тийм. Арилжааны бан-кинд хэдэн тэрбумын хадгаламжтай гишүүд байж л байгаа. Өөрөө биш юм гэхэд ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь өндөр хадгаламжтай байгаа. Тэдэнд ашиг сонирхол шууд л үйлчилнэ шүү дээ.

-Хуулийн төслийг дэмжээгүй. Одоо яах бодолтой байна вэ?

-Олон нийтэд илүү их таниулж, сурталчилна. Ямар ч байсан Монгол Улсад шударга, өөрсдийгөө бус ард түмнээ хүндэтгэдэг, улс орны эдийн засгийг боддог улс төрийн хүчин ялах цаг ирнэ биз дээ. Ийм хүмүүсээр олонх нь бүрдсэн Их хурал бий болох цаг ирэх байх. Тэр үед нь уг хуулийг батална даа.

-Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг та өргөн барьсан. Их хурал хууль санаачлагчид нь буцаалаа. Их хурал үүнийг дэмжээд явах боломж байсан уу. Нам харгалзаад унагачихав уу?

-Энэ хуулийг анх өргөн барихдаа хэдэн хүнд төрөөс хөнгөлөлт үзүүлэх төдийгөөр асуудлыг авч үзээгүй юм. Аливаа улсад түүхэн үйл явдлууд байдаг. Нийгмийг өөрчилсөн томоохон хувьсгал хөдөлгөөнүүд тэр нь тухайн улсдаа түүх болж үлддэг. Хорьдугаар зууны төгсгөл хориннэгдүгээр зууны босгон дээр Монголд болсон том содон үйл явдал гэвэл ардчилсан хувьсгал байсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Ардчилсан хувьсгалын түүхэн ололт амжилт, үнэ цэнийг ярих цаг болсон. Тэр утгаараа түүхийн томоохон өөрчлөлт хувьсгалыг санаачлан эхлүүлж, ардчилсан хөгжлийн замыг сонгоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь гавьяа зүтгэлийг нь үнэлэх үүднээс хуулийг санаачилсан. Түүнээс Ардчилсан намын болон МоАХ-ны хэдэн хүнд байр, мөнгө өгөх гэж байсан юм биш.

Эрх баригчдын зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр ардчиллыг гутаах гэсэн явуулга сүүлийн үед явж байна. Социализмыг магтан дуулсан үйлдвэртэй бол үйлдвэртэй байсан, хүмүүс ажилтай бол ажилтай, элбэг хангалуун сайхан нийгэм байсан юм байх. Яг бодит байдал ямар байсан бэ гэхээр магтан алдаршуулаад байгаа социалист нийгэм тэнд амьдарч байсан хүмүүс өнөөдөр 45-аас дээш насныхан болчихсон байна. Үүнээс доош насныхан тухайн үеийн нийгмийн амьдралыг бараг ойлгохгүй. 30-аас доош насныхан мэндлээ ч үгүй байсан. Тиймээс ардчилал гарчихсан бүх зүйл нээлттэй болчихсон, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх нь чөлөөтэй болчихсон байсан юм. Тэд бүх цаг үед ийм л байсан гэж ойлгодог. Ийм нөхцөл байдалд залуучуудын уураг тархийг угаах, хордуулах ажлыг эрх баригчдын зүгээс зориуд хийж байна. Тиймээс ийм цаг үед энэ хуулийг батлуулах, төслийн үнэ цэнийг хүүхэд залуучуудад коммунизм, социализмын хөнөөл юу байсныг бодитоор ойлгуулах нь чухал болсон. Уг хуулийг эрх баригчид унагалаа. Гэхдээ ямар үндэслэлээр энэ хуулийг баталж болохгүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. Ардчилал гэдэг нэр зүүсэн болохоор энэ хууль унасан.

-Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 70 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ их мөнгө байхгүй гэж Ардын нам яриад байсан. Тийм их мөнгө шаардлагатай байсан уу?

-1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад байр, тэтгэмж өгсөн. Тэр хүмүүс хэний, юуны хүчинд АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн болж байсан юм. Хөрс суурийг бэлдэж шинэ Үндсэн хуулийг хэн санаачилсан юм гээд яривал олон зүйл бий. Тухайн үеийн депутатуудын гуравны хоёр нь тухайн үеийн МАХН-ын гишүүд байсан. Ингээд яриад байвал аль намын гаралтай хүн нь ардчилсан хувьсгалын ололтын үр дүнг хүртэж ямар нь хүртдэггүй юм. Үндсэн хуулиар хүний нийгмийн гарал, үзэл бодол, шашин шүтлэг гэх мэтээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ынхан алхам тутамдаа Үндсэн хууль зөрчиж байна. Хүүхдийн мөнгөн дээр мөн л Үндсэн хууль зөрчсөн. Өөрсдөө суурь хуулиа зөрчсөнөө ойлгохгүй юм. Хүүхэд хаана ч төрсөн бай төрийн хайр хишгийг адилхан хүртэх ёстой. Харамсалтай нь Ардчилсан намтай холбоотой, ардчилал орсон үг бүхнийг үзэн яддаг хэсэг бий.

-Хүүхдийн мөнгийг мөн 100 хувь олгох асуудлыг хэлэлцсэн дэмжээгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээгээ зөрчиж болохгүй гээд байсан…

-Ардын намынхан Ардчилсан нам хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох шийдвэр гаргаж байсан гэж баахан зөрүүлж бухав даа. Тэд асуудлаа ялгаж салгаж ойлгохгүй юм. Тухайн үед нийгмийн хамгааллын зорилтот бүлгийг тодорхойлох асуудлын хүрээнд 19 категориор өрхийн амьжиргааны түвшинг тогтоосон. Зорилтот бүлгийн хүүхдүүддээ хүүхдийн мөнгөө өгөөд амьжиргааны түвшин дээгүүр өрхийн хүүхдүүд хүсвэл хүүхдийн мөнгөө авдаг, хүүхдийн мөнгөө авахгүй байгаа бол хүүхдийн мөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй байхаар шийдэж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх замаар хуульчилсан. Үүнийг хольж хутгаад АН хүүхдийн мөнгийг 60 хувьд өгсөн юм шиг яриад байгаа юм. Хэмнэсэн хүүхдийн мөнгөөр таван аймгийн хүүхдийн зусланд огт засвар хийгээгүй байсныг их засварт оруулж байсан. Хүүхдийн хөгжлийн найман төв байгуулж байсан юм. Энэ нь шууд бус утгаараа хүүхдэд чиглэсэн ажил болж байгаа байхгүй юу. Эцэг, эхчүүд нь хүүхдийн мөнгийг аваагүйгээрээ нийт хүүхдэд хөрөнгө оруулж байгаа юм шүү дээ. Энэ зөв хуулийг Ардын намынхан гарч ирээд хүчингүй болгосон. Ардын намынхан гарч ирээд хүүхдийн мөнгийг дандаа байхгүй болгодог. 2012 онд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр олгож байсныг Ардын намынхан бүр байхгүй болгосон байсныг нь 20 мянга болгож байсан юм, бид.

Улс оронд мөнгө байхгүй гэж худлаа яриад байгаа хэр нь өөрсдийнхөө тансаглалыг бүрдүүлээд л явж байна. Сүүлдээ Сангийн сайд нь цагаандаа гарч “Мөнгө байгаа, гэхдээ ОУВС зөвшөөрөхгүй байна” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ юу гэсэн үг юм. Монгол Улсыг ОУВС удирдах ёстой юм уу, шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Тэгвэл тэр ОУВС-даа төрийнхөө эрх мэдлийг тамга, тэмдэгтэй нь хамт өгчих хэрэгтэй шүү дээ. Хэрэв бие даасан тусгаар улс мөн л юм бол бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Ер нь бол хүүхдийн мөнгийг нийт хүүхдэдээ олгох ёстой. Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ, конвенцид нэгдчихсэн. Уг конвенцид хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байна гэж заасан байдаг. Гэтэл эрх баригчид Монголын хүүхдүүдийг эцэг, эхээр нь, баян, ядуугаар нь ялгаварлаж байна. Ийм байж болохгүй шүү дээ.

Хүүхдийн мөнгө чинь эрх баригчдын яриад байгаа шиг халамж биш. Хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Эрх баригчид мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр ол-гоно гэчихээд хамгийн их ялгаварлаж байгаа хүмүүс. Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гээд юмыг эрүүлээр хардаг гишүүд эрх баригчид дунд бий. Даанч тэднийгээ нүд үзүүрлээд байх юм. 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эрх баригчид юу ч хэрэгжүүлсэнгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн хэрнээ өрийг өрөөр дарсан. Баялаг бүтээж бодит хөрөнгө босгож өр дараагүй л байхгүй юу.

Ардын нам гараад нэг км авто зам ч тавьсангүй. Өнгөрсөн жил Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг дуусгаж шоу хийлээ. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орчихсон байгаа тул эрх баригчид авсан тэр их зээлээрээ юу хийснээ тайлагнах цаг болсон. Нэг удаа тэтгэврийг 27 мянгаар нэмсэн. Өөр юу хийв. Эмч, багш нар нь талбайдаа гарчихсан жагсаал цуглаан хийгээд л. Би тэднийг дэмжиж байгаа. 400 мянган төгрөгөөр тэд яаж амьдрах юм. Ам.долларт шилжүүлбэл 100 гаруй доллар болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Үүрэх үүрэг хариуцлага гэж байдаг бол хариуцлагаа хүлээх болсон. Шоуддагаа боль. 2012-2016 онд АН-ыг муулсаар байгаад нэр хүндийг нь унагаасан. Одоо ч гэсэн өмнө нь тэгсэн гээд ярих юм. 65 суудалтай МАН-д бүх боломж бий. Ямар нэгэн хуулийн гацаа алга. Хүрэхгүй гэх эрх мэдлийн зовлон алга.

-Ардчилсан намын зүгээс хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндсөн ч асуудал нам жим боллоо. Юу болж байна вэ?

-Бидэнд албан ёсоор хариу ирүүлээгүй. Сошиалаар л ийм хариу өгсөн гэдэг юм яриад байгаа. Бусад оронд улстөрчдийн хүлээх үүрэг хариуцлага өндөр байдаг. Ямар нэгэн асуудалд холбогдсон л бол огцордог, шалгуулдаг ёс зүйтэй байж чаддаг. Монголд нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд гүрийдэг. Ц.Нямдорж сайд байранд мөнгө төлөхгүй сууж байгаа, хүүхдийнхээ Эрдэнэт үйлдвэрт шахсан шахааг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс илүү яаж нотлох юм. Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь мөнгөтэй холбоотой асуудал, Хотгор шанагын уурхайг зарсан асуудал нь нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд суугаад байдаг. Энэ чинь ёс зүйгүй байгааг харуулаад байгаа юм. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нар хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадсан юм уу. Чадсан гэж хэн ч хэлж чадахгүй. Хууль зөрчсөн хоёр сайдаа илт хамгаалаад байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөө хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадаж байна уу. Чадахгүй байна шүү дээ. Бид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг ингээд орхихгүй. Үндсэн хуулийн Цэцэд асуудлыг тавина.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би Н.Энхбаярын өмгөөлөгч нь байсан. Намайг олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Н.Энхбаяр дарга МАХН-ын ээлжит бус Их чуулганыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний өмнө Бага чуулганаа хийсэн. Тэндээс намынхаа дүрмийн шинэчилсэн найруулгыг хийж Улсын дээд шүүхэд өгөхөөр болж байгаа гэсэн. Ээлжит бус Их чуулган зарлах боломжтой юу?

-МАХН дүрэмтэй. Уг дүрмийн хүрээнд МАХН-ын дарга Их чуулганыг зарлаж болдог. Бага чуулганы ги-шүүдийн гуравны хоёрын шаардлага өгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд зарлаж болно. Гүйцэтгэх товчоо мөн зарлаж болох дүрэмтэй. Дүрмийн дагуу МАХН-ын Бага чуулганы гишүүд гээд анхдугаар чуулганаар батлагдсан 139 хүн байсан. 104 хүн нь Бага хурлаа зарлаад хуралдсан. Бид тухайн үедээ 70 гаруй хүний гарын үсэгтэйгээр хурлаа хийх шаардлагаа намын даргад өгөхөд Уламбаяр гэдэг залуу манай намын ахмад гишүүн Магнайбаяр гуайг зодсон. Хуулийн байгууллага 100 мянган төгрөгөөр торгосон. Биднийг “ална, хядна” гэсэн заналхийлэл хэрээс хэтэрч байсан ч 104 хүн маань аймаг бүрээсээ төлөөллүүдээ авч ирэн 800 хүнтэйгээр арванхоёрдугаар сарын 8-9-нд намын Их хурлаа хийсэн. Биднийг хурлаа хийсний дараа Н.Энхбаяр дарга Бага хурлаа хуралдуулъя гэсэн ч боломжгүй байсан учраас Улсын циркт мянгат, түмтийн зөвлөгөөн гэдэг юм хийсэн. Ихэнх дарга нар нь байгаагүй. Тэндээсээ 21 дүгээр зууны хоёрдугаар Их хурлаа хийе гэсэн шийдвэр гаргасан. Тэр нөхдүүд 1000 хүн авч ирлээ гээд том шоу хийсэн. Тэгээд материалаа дээд шүүхэд өгсөн ч Бага хурлаараа Их хурлаа зарладаг юм байна гээд буцаасан. Дараа нь тэд тэр хүнийг тэгж халсан, чөлөөлсөн гэсэн бичиг Улсын дээд шүүхэд аваачиж өгсөн. Тавдугаар Үндсэн хуулийг баталлаа гээд байгаа. Нэгдүгээрт, улс төрийн нам тавдугаар Үндсэн хуулийг баталдаг байгууллага биш. Хоёрдугаарт, тавдугаар Үндсэн хуулийн дагуу гээд зүйлс бичсэн байна. Та нар тавдугаар Үндсэн хууль гэдэг зүйлээ эшлэх эрх байхгүй. Хамгийн гол нь Бага хурал чинь Их хурлаа зарлаагүй байна гээд буцаасан. Тэд үнэнд гүйцэгдсэн.

АН, МАН-аас мөнгө авч хурал хийсэн гэж намайг гутаан доромжилж, манай намын гишүүдийг зодсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг дайрч доромжилсон л доо.

-Өвөл таны хуралдуулсан хурлыг хүчин төгөлдөр бус гээд байсан даа…

-Хүчин төгөлдөр гэдгийг Н.Энхбаяр гэдэг хүн хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-ын дагуу бид шүүхэд гомдлоо гаргаад явсан. Тэд манай бүртгэлийг татгалзуулах гээд Их хуралд янз бүрийн хүн орсон гэдэг яриа гарсан. Ядарсан хүмүүсээр гарын үсэг зуруулж, гомдол гэж юм бичүүлээд аваачиж өгөнгүүт шүүх “Намын доторх маргаанд оролцохгүй” гэсэн. Харин биднийг шахчихсан байхгүй юу. Н.Энхбаяр даргын тойрон хүрээлэгчид булчинтайдаа бардаад байна. Ардчилсан нам тэр дундаа С.Эрдэнэ энэ хүнийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаагийн баталгаа нь тэд илгээлт өгсөн. МАН мөн дэмжиж байгаа юм. Тэдэнд О.Баасанхүү биш, Н.Энхбаяр гэдэг хүн хэрэгтэй байгаа байхгүй юу. 2012-2016 онд энэ хүнийг дэргэдээ байлгаж байгаад ямар зүйлсийг амжуулсан билээ дээ. Эрдэнэтийн 49 хувийг авсан, Оюу толгойн Дубайн гэрээг хийсэн, хүүхдийн мөнгийг 60 хувь болгож, эдийн засгийг хямраасан. Түүний дэргэд байсан сайд дарга нар буруудаж зарим нь шоронд орсон.

МАХН-аас сонгогдсон ганц гишүүний хувьд ард түмэндээ амласан зүйлээ биелүүлэхийг хүсээд байгаа юм. Хэдийгээр би ганцаараа ч гэсэн энэ улсыг цэвэрлэхийн төлөө зөв баг, зөв бодлого, зөв хөтөлбөр, зөв хүмүүстэй хамтарч ажиллах зорилгоо биелүүлэхийн тулд ингэж янз бүрээр хэлүүлээд явж байна.

-Н.Энхбаяр даргатайгаа муудалцаад байх юм. Нэг дээвэр дор багтахаа больчихсон хүмүүс юм уу?

-МАХН гэдэг бол Н.Энхбаяр даргатай муудалцах биш. Бид хоёрын аль нэг нь буруу үйл ажиллагаа явуулсан бол буруугаа үүрээд явъя. Н.Энхбаяр дарга бүх сонгуульд ялагдуулсан. МАН-тай эвсэж сонгуульд орж болох байсан ч тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Нарангэрэл академчийг дэвшүүлж болох байсан шүү дээ. Ядаж орон нутгийн сонгуульд ялах боломж байлаа. Дандаа буруу зүйл хийсэн. Нэг голын усанд хоёр удаа сэлдэггүй гэдэг байх аа. Н.Энхбаяр дарга байхдаа олон сайн зүйл хийсэн гэдэгтэй маргахгүй. Харамсалтай нь буруу хүмүүстэй буруу аргаар нөхөрлөөд энэ намыг унагаасан гэдгийг намынхан маань хэлээд намаа шинэчилье гэж байгаа юм.

Одоо шүүхийн байгууллагыг татан буулгана гээд хувьсгалд уриалж, хүчирхийлэлд турхирч байна. Ийм байж болох уу. Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх албан тушаалыг хашсан. Оюу толгойн гэрээ ингэж буруу явсанд Н.Энхбаяр дарга шууд холбоотой. Фрийдландад яагаад А лиценз өгсөн юм. 2009 оны тавдугаар сарын 16-нд Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарч байхад яагаад болиулж болоогүй юм. Үүнийг үндэслээд Их хурлын тогтоол гарсан байна. Бүх эрх мэдэл өөрт нь байсан шүү дээ. Шүүх, прокурор, цагдаагаас эхлээд бүх зүйл дээр өөрийнх нь хүн байсан болохоор хүссэн бүхнээ хийдэг байсан. “Албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хэрэгтэй” гэж номондоо бичсэн шигээ байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас дараагийн үе нь ингэж өндийж байгаа юм.

-Одоо Н.Энхбаяр дарга МАХН-ын дарга уу, та намын дарга уу. МАХН гэж нэг нам байна уу, хоёр нам байна уу?

-Улсын дээд шүүх шийднэ. МАХН нэг нам. Таны асуулт мөнгөтэй нь намын дарга уу, мөнгөгүй нь намын дарга уу гэж асууж байгаа юм шиг санагдлаа. МАХН гишүүд дээрээ суурилсан нам мөн юм бол би намын дарга. Тойрон хүрээлэгч, хэвлэл мэдээллээрээ өөрийгөө сурталчилсан, компанийн засаглалаар удирдах ёстой гэвэл Н.Энхбаяр намын дарга юм шиг байна. Би намынхаа гишүүдэд хандаж мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон. 50 мянган хүнийг ажлын байртай болгоё, таван үйлдвэр барья гэж байгаа юм. Одоо гудамжны тэмцлээ хойш нь тавиад 50 мянган хүнийг ажилтай болгоё. Түүнээс биш үнэгүй орон суууцанд оруулж, юу ч хийгээгүй байхад нь таван сая төгрөгийн цалин олгоё гэж явахгүй. Хуулийг хэрэгжүүлдэг хуулийн засаглалтай болох ёстой. Нам, дарга хууль биш ээ. Хууль гэдэг бол батлагдсан мөрдөх ёстой зүйлийг дарга, цэрэг гэлтгүй бүгд дагах ёстой. Тиймээс бид тэгш үйлчлэх зарчмыг оруулж ирье гэж байгаа юм. Настай юм даа больё доо, Ерөнхий сайд байсан юм даа хөөрхий дөө, Ерөнхийлөгч байсан юм даа эвий дээ гэлгүй буруу зүйл хийвэл хариуцлагаа хүлээдэг болох цаг болсон.

Манай намын гишүүд тавдугаар Үндсэн хууль гээд байгаа зүйлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Бид одоогийн Үндсэн хуулийг сайн гэж байгаа юм биш. Яагаад өнөөдрийн Үндсэн хуулийг оролдохгүй байна вэ гэхээр бид 26 тэрбум ам.долларын өртэй байна. Бид Украины араас ормооргүй байна шүү дээ. Үнэндээ бид Тимошенко шиг болчихлоо. Ленин гадаадад очоод гадны мөнгөөр хувьсгал хийсэн байдаг. Эцсийн зорилго нь ахыг нь шоронд алсан учраас тэр. Аймшигтай биш үү. Сүүлдээ Ленин нялх хүүхдийг хүртэл буудаж алсан. Тэр хүний агуу ихийн дэмийрэл нь өс хонзон дээр суурилсан байсан байхгүй юу. МАХН 100 жилийнхээ түүхэн дээр шинээр алхам хийх ёстой. Сайн зүйлээ улам сайжруулж, муу зүйлсээ засаад явцгаая. Түүнээс биш бидэнд хэмжээгүй эрхт хаант засаг хэрэггүй. Халамжийн улсыг бий болгох гээд байх юм Энхбаяр дарга. Мөнгө дуусна шүү дээ. Кадаффи ард түмэндээ 1000 ам.доллар өгдөг байхад ард түмэн нь яагаад дургүй байдаг байсан юм. Учир нь болохгүй байна гээд бодлого ярих гэхээр мөнгө өгчихдөг. Бүр болохгүй бол буудаад алчихдаг байсан. Өөрөө алтан жорлон дээр суудаг байсан тул ард түмэн нь түүнийг эсэргүүцдэг байсан шүү дээ. Үүнийг нь гадныхан өдөөгөөд явсан. Манайд гадаадад олон жил болсон хүмүүс тэдний гар хөл болж Монгол Улсыг мөхөл рүү явуулж байна. Өс хонзонгоо авлаа гэхэд ард нь улс байгаа гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн. Таван толгойгоо зараад мөнгийг нь ард түмэнд өгье гэх юм. Хэн авах гээд байгаа юм бэ.

-Засгийн газар Таван толгойгоо эргэлтэд оруулж, 30 хувийг нь IPO болгон олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөв гарвал болно. Дахиад булхай явбал хэцүү. IPO гараад бэлэн мөнгө орж ирвэл тэр мөнгөөрөө өөрсдөө ашиглалтаа сайжруулаад цаад хүмүүстээ 30 хувийн ашгийг нь өгөөд бид 70 хувийн ашгаа авцгаая. Ингээд явж болно. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг яваад яах вэ дээ. Асуудлын гол нь энэ чинь 100 тэрбум ам.долларын өртөгтэй компани байхгүй юу. Хашаандаа нүүрс буулгах гэж байгаа юм шиг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Өмнө нь Таван толгойг хувийн компанид өгөх гэж байхад нь Өргөдлийн байнгын хороон дээр гомдол ирээд Засгийн газарт “Хувийн компанид өгч болохгүй. Ард түмнээсээ асуу” гэдэг чиглэлийг би өгч байсан. Үүний дараа намайг Өргөдлийн байнгын хорооны даргаас шууд огцруулсан. Ардчилсан намынхнаас асуусан чинь “Танай дарга чинь л гуйсан шүү дээ” гээд Ж.Батзанданг даргаар нь тавьж байгаа юм даа. Зөв юм хийхээр ингэдэг байхгүй юу.

-Таныг зодсон гээд байх юм. Нөгөө хэсэг чинь таныг зодоогүй гэх юм. Ер нь ямар учиртай юу болчихсон юм бэ?

-Хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ талаар би ямар ч байр суурь илэрхийлээгүй. Танай сонинд ч илэрхийлж болохгүй. Задлахгүй гээд гарын үсэг зурчихсан юм. Хуулийн байгууллага нь шалгана биз. Нөгөө нөхдүүдийн хэлж байгаагаар би буруутай бол буруугаа үүрье. Миний бодож байгаагаар тэд буруутай бол тэд буруугаа хүлээгээд явах ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш. Үүнийг тайлбарлаад хэвлэлийн хурал хийх дэмий шүү дээ. Ялангуяа Ц.Оюунбаатар ийм зүйл ярих хэрэггүй. Сайн муу ч гэсэн дөрвөн жил нэг ширээнд суусан. Эрдэнэжамьян ийм зүйл ярьж болохгүй. Хоригдох гэж байхад нь хойноос гүйж харайгаад явсан хүн нь би. АТГ-т оччихсон бүгд хаяад зугтсан байхад нь би гүйж очиж өмгөөлж, хамгаалж үлдээсэн. Ц.Шаравдорж ч ийм юм яриад байх шаардлагагүй. Тэнд яриад байгаа хүмүүс нь ичмээр шүү дээ. Манай хамаатан шахуу хүн тэнд очоод суучихсан Хяналт, ёс зүйн хороон дарга ч гэнэ үү юм яриад сууж байсан. Энэ хүмүүсийг ийм байдалд оруулах хэрэггүй.

-2020 оныг угтаад л замаа цэвэрлээд байгаа юм биш үү?

-Гишүүн болох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм бэ. Гишүүн болох нь эцсийн зорилго уу, зөв бодлого дэвшүүлэх нь эцсийн зорилго уу. Тэд ямар гишүүн болж үзээгүй биш. Н.Энхбаяр дарга төрийн хамгийн дээд өндөрлөгт очсон уу очсон. 2012-2016 онд бид боломж өгсөн үү өгсөн. Багаа удирдаж явж чадаагүй. 2020 онд шинэ бодлого, чиглэлээр авч явах ёстой. Ингэлээ гээд улсаа сүйрүүлэхийн төлөө явж болохгүй. Улсын дээд шүүхийг татан буулгая гээд байгаа. Шүүхээ татан буулгая гэдэг чинь төрөө устгая гэсэн үг. Төрийн эсрэг гэмт хэрэг.

Их хурлыг тараая гэх юм. Тарааж болно. Маргааш ямар хуулиар сонгууль явах юм. МАН, АН-ын 50, 50 хувь нь орчих гээд байна. Яриад байгаа зүйлд нь хүрэлгүй үгүйсгэлийн бүр үгүйсгэлийн хуулиар явж болохгүй.

-Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг томилсон. Таны байр суурийг сонирхъё?

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн санал бүрийг унагаадаг хэрнээ дэмжвэл иймэрхүү маягаар л дэмжиж байна. Хүүхдүүдээсээ 12 тэрбумыг хармаллаа шүү дээ. Цэцийн гишүүн боллоо гээд бүгд долоолоо шүү дээ. Би юм болгонд нь орж яриад яахав. Манай намын үед ийм зүйл хийгдэхгүй. Хатуу хэлэхэд манай нам МАН, АН-тай төрийн эрх ашгийн үүднээс тохирч болохоос албан тушаалаар тохирч болохгүй.

Би Н.Энхбаяр даргын нэг зүйлд баярладаг. Тэр нь намайг сайд болгоогүй явдал. Туршлагагүй хүн сайд хийгээд хэрэггүй.

-Яагаад?

-Монгол Улсын эрх ашгийн өмнөөс гээд гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг чинь гэмт хэрэг болдог. Гарын үсэг зурахгүй бол ажил хийж болдоггүй, зурахаараа шоронд орчих гээд. Тэгээд шившгийн хөндийгөөр явдаг. Тэд шударга ёс тогтоож чадахгүй гэдэг нь эрх баригчидтай биш, ганцхан надтай тэмцэж байгаагаас харж болно. О.Баасанхүүг эгүүлэн татъя л гээд байдаг. Нөгөө 75 дотроос нь татах хүн олдохгүй байгаа юм байх аа. Сүүлд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгнө гэнээ. Надаас бусад нь ёс зүйтэй юм байх аа. Өмнө www.tug.mn сайтыг ажиллуулдаг хүнтэй ойрхон байсан нэг хуульч надаас 10 тэрбум төгрөг нэхэж, аав, ээжийг минь дарамталсан шүү дээ. Хачин юм болж байсан. Энэ бүгдийг бий болгосон хүн ямар аргаар хүнийг шившгийн хөндий болгох вэ гэдгээ мэдэх байхгүй юу. Тиймээс өнөөдөр би зоригтой байгаа. Надад айдас алга. Хойд Солонгост Зим Ир Сен гэж агуу хүн байж. Монголд цор ганц агуу хүн байгаа нь Н.Энхбаяр. Үндсэн хууль бичээд өгчихье гээд “болохгүй” гэсэн хүн бүр буруутай болж байна. Н.Энхбаяр дарга нийгмийн хувьд амиа хорлож байгааг хараад харамсч байгаа. Хууль дүрэм гэж байгаа. Одоо зогс. Галт тэрэг явчихсан. Дүү шигээ хүнийг шоронд хийгээд өгөөч ээ гээд өөрийн гар хөлүүдээр бичиг өгүүлж яаж чадаж байна аа. Би өмгөөлөгч нь байсан хүн шүү дээ. Баасанхүү олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ. Би ТВ9 телевизийг чинь Японд очиж Засгийн газарт нь ноот бичиг явуулаад хамт олондоо авч өгч байсан. Би ТВ9-д ажилладаг байсан шүү дээ. Намайг биш МАН, АН-ыг шүүмжил л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Я.Ариунболд: Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч явна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Махатир Мохамадад захидал илгээсэн. Уг захидалд 2006 онд Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх, гэмт этгээдүүдийг зохих ялаа эдлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүссэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын уг захидал олон улсын анхаарал татаж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдтой ярилцлаа.


-12 жилийн өмнө Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг шийдвэрлэхэд анхаарал хандуулж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор олон улсад мэдэгдлээ. Хэрэг шударгаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Та энэ мэдэгдлийн ач холбогдлын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Махатир Мохамадад баяр хүргэсэн захидалдаа жирийн бүсгүй, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх, гэмт этгээдүүдэд ногдуулсан зохих ял шийтгэлийг эдлүүлэхэд анхаарал хандуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан. Энэ нь эрх зүй, харилцаа, хүмүүнлэгийн үүднээс цагаа олсон, оновчтой шийдвэр юм.

Гурван жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Махатир Мохамад өөрийн хөтөлдөг блогтоо “Ерөнхий сайд (асан) Нажиб Разак энэ хэргийн цаана байж болзошгүй, цагдаагийн ажилтан тушаал биелүүлснийхээ төлөө цаазлуулах нь шударга бус, хэн тушаал өгснийг иргэд мэдэхийг хүсч байна” хэмээн бичиж Малайзыг 22 жил удирдсан намыг цочроож байсан. Ерөнхийлөгчийн захидал энэ хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүлээж байгаа Монголын ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн юм. Энэ хэргийн шийдвэрлэлт нь Малайзын ард түмний сонгуулийн дараа гарах нэгэн чухал хүлээлт учир Ерөнхий сайд Махатир Мохамад анхаарал хандуулж ажиллана гэж найдаж байна.

-Та тухайн үед Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн тул энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх байх. Ноцтой бөгөөд ярвигтай хэргийн мөрдөн байцаах, шүүх ажиллагаа тухайн үед ямар байв?

-2006 оны аравдугаар сарын 19-нд иргэн Ш.Алтантуяа сураггүй болсон талаар мэдээлэл анх ирсэн. Малайзын талаас тодруулахад Ш.Алтантуяа хилээр нэвтрээгүй гэсэн хариу өгч, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг хаасан байв. Талийгаачтай хамт явсан хоёр найз, талийгаачийн ааваас бодитой мэдээлэл авч ажиллаж эхэлсэн. Хэрэг гарснаас нэг сарын дараа Малайзын цагдаагийн ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг гүйцэтгэгчээр, улс төр судлаач Абдул Разак Багиндаг захиалагчаар сэжиглэн баривчилсан. Үүнээс хойш энэ хэргийн шүүгч, прокурорыг солих, сэжигтний хэргээ хүлээсэн баримтыг хүчингүй болгох зэргээр хэргийн шийдвэрлэлт удааширсан. 2009 оны наймдугаар сарын 9-нд Абдул Разак Багиндаг чөлөөлж, 2013 оны наймдугаар сарын 23-нд Малайзын Холбооны Улсын давж заалдах шатны шүүхээс цагдаагийн хоёр ажилтныг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээ ирсэн. Хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаанд Сирул Азхар Умар Австралид гарсан, гэхдээ цагдаагийн хоёр ажилтны ялыг сэргээж чадсан юм.

Гадаад харилцааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Гадаад харилцааны яам, Бангкок дахь Элчин сайдын яам, манай төрийн бус байгууллага, хэвлэлийн төлөөлөгчид, талийгаачийн аав Малайзад очиж шүүх хуралд оролцсон. Малайзын Гадаад харилцааны яам, шүүх, прокурорын байгууллагатай уулзалт хийж, хүний эрхийн болон олон улсын байгууллагад хандсан. Шүүхийн бие даасан байдлыг хангаж, хэргийг шударгаар шийдвэрлэх талаар 2007, 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайдаас Малайзын Ерөнхий сайдад, 2008 онд Гадаад харилцааны сайдаас Малайзын Парламентын бүх гишүүдэд, Малайзын Гадаад харилцааны сайдад, Ерөнхий прокуророос Малайзын Ерөнхий прокурорт, Хүний эрхийн комиссоос Малайзын Хүний эрхийн комисст захидал хүргүүлж байсан юм.

Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн хохирол зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч явна. Талийгаачийн аав С.Шаарийбуу 12 жил хэргийн араас бүх боломжоороо, тасралтгүй хөөцөлдөж байна. С.Шаарийбуу энэ хэргийг шударгаар, хууль ёсоор, хүмүүнлэгээр шийдвэрлүүлэх үүднээс Малайзын Холбооны Улсын Хаан, Ерөнхий сайд, Шадар сайд нарт хандаж охиных нь амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаагийн цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольж хөнгөрүүлэх, талийгаачийн хоёр хүүхдийн хохирлыг барагдуулах өргөдлийг 2009 онд бичсэн ч хариу өгөөгүй юм.

-Энэ хэрэг олон жилийн дараа дахин сөхөгдөж байгаа болохоор нааштай хариу ирэх болов уу?

-Би хувьдаа энэ хэргийг нааштай шийдэгдэх таатай нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Эрүүгийн хэрэгт шүүхээс ногдуулсан ялыг эдлүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шүүхээс сулласан шийдвэрийг эргэн харах, давж заалдах зэрэг асуудлаар Малайзын шүүх, прокурор, С.Шаарийбуугийн өмгөөлөгч нартай холбогдож ажиллана. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал долдугаар сард болно гэсэн тов гарсан. Энэ шүүх хуралд ажиглагч оролцуулахаар төлөвлөж байна.

-Амиа алдсан иргэнийхээ араас Монгол Улсын Ерөнхийлөгч санаа тавьж, ийнхүү асуудлыг сөхөж байгаа нь иргэнээ хамгаалдаг улс гэсэн дохиог олон улсад өгсөн байна. Гэхдээ цаашид энэ мэтчилэн иргэдийн асуудлуудад Ерөнхийлөгч оролцох нь зөв үү?

-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Малайзын өнөөгийн Ерөнхий сайд гурван жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээ хүн амины энэ ноцтой хэргийн цаана байж болзошгүй талаар мэдэгдэж байсан. Гадаад улсын нөлөө бүхий улстөрчийн нэр холбогдсон, хоёр улсын харилцааны түвшинд хүрсэн, Монгол иргэн, жирийн эмэгтэйг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг олон жил шүүхээр шударгаар шийдээгүй энэ нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлөх Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдад захидал бичсэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа там болгохгүй байх нь боловсролтой байхаас хамаарна

Хаврын шалгалт хаяанд ирж, ирээдүйн мэргэжлээ сонгохоор 18 настнууд ном, дэвтэр шагайгаад тун завгүй байна. Энэ жилээс Их, дээд сургуулиудын босго оноо нэмэгдэж ихэнх сургуулийн жишиг 480-580 онооны хооронд байгаа юм. Энэ нь Монголын ирээдүй болсон залуу үеэс өндөр мэдлэг боловсролыг шаардаж эхэлсэн нь маш зөв. Хүн хүссэн мэргэжилдээ хүрэхийн тулд өөрийгөө дайчилахад сургаж байгаа юм. Улс орнуудын хөгжлийн тулгуур нь өндөр боловсролтой залуу үеэс шууд хамааралтай. Дэлхийн хөгжлийг тодорхойлж буй тэргүүлэх гүрнүүд “ходоод хоосон ч тархи хоосон байх ёсгүй” гэдэг алтан зарчмыг мөрдөж ирсэн. “Дэлхийг бурхан биш инженерүүд бүтээсэн” гээд зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Инженерүүдийн ачаар хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг байдгийг нээж, тэнгэр баганадсан өндөр барилга сүндэрлүүлж, тив алгасан нисэх онгоц бүтээснээс эхлээд дурдаад байвал олон зүйл бий. Тиймээс л дэлхий даяараа инженерүүдийг чухалчилж ирсэн. Монгол Улс бодлогоор байгалийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг хөрөнгө заран өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшүүлмээр байгаа юм.

Боловсролыг дорд үздэг улс хэрхэн сүйрч там болдгийг Сири нотолно. Мөн Муаммар Кадаффигийн 40 жил тэргүүлсэн Ливийн жишээнээс харж болно. Кадаффи байгалийн баялгаас орж ирсэн мөнгөө боловсролд зарцуулахаас илүүтэй ард түмнээ гахай шиг тэжээсээр байгаад эцэст нь өөрөө амиа алдсан. Боловсролгүй хүн эрх мэдэлд хүрвэл харц ардын амьдрал шавар намагт унадаг. Өөрөө боловсролгүй ч боловсролтой залуу үеэ бэлдэх нь нэн тэргүүний асуудал. Кадаффигийн гашуун жишээг Монгол давтахгүйн тулд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх инженерүүдээ бэлдмээр байна. Дэлхий дээрх газрын диваажин болсон Япон улс гэхэд дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан. Ийм улс өнөөдөр дэлхийн топ гүрнүүдийн тоонд орчихлоо. Тэд Toyota, Sony зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг ажлын байр, боловсрол зэрэгт зориулснаар ирээдүй рүү итгэл төгс алхаж эхэлсэн. Японы залуу үеийг барууны орнуудад өндөр боловсрол эзэмшүүлж, тэнд эзэмшсэн барууны мэдлэг боловсролоор энэ улс өнөөдрийн өндөрлөгөө бүтээсэн. Япон хүн ухаантайдаа улс нь хөгжөөд монголчууд мунхагтаа мэдлэг боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм биш. Боловсролын салбарыг хэр дэмжиж байгаагаар нь улсын хөгжлийг тодорхойлдог. Тэд үүнийг хамгийн сайн ойлгосон учраас дэлхийн тэргүүлэх эдийн засгийг бий болгож чадлаа.

Япончууд ирээдүйг харсан хөгжлийн бодлогоо чанд баримталж, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг харж, тэр чиглэлд боловсон хүчнээ бэлддэг нь дэлхийн хөгжлөөс үргэлж нэг алхам урд явдгийг илэрхийлэл. Монгол Улс 10 гаруй жилийн өмнө дэлхийн технологийн хөгжлийг бид амдан алхдаг болно хэмээн ярьж байсан. Хөгжлийн галт тэрэг хэдийнэ дараагийн өртөөндөө хүрч байхад монголчууд морьтой чигээрээ ташуураа барин давхих юм. Дэлхийн технологийн хөгжлийн талаар ярьдаг ч хүнгүй боллоо. Боловсрол ярьсан нэг нь хэнхэг солиотой гэгддэг ийм л цаг үеийг туулж байна даа. Технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх болсноо Л.Гантөмөр салбарын сайдаар ажиллаж байхдаа зарлаж, алга ташин хүлээж авсан нь дөрвөн жилийн өмнө юм. Саяхнаас японд суралцуулах хүмүүсийн тоо гүйцэхгүй байна гэсэн утгагүй зүйлсийг албаны хүмүүс хэлэх боллоо. Социализмын үед малчны хүүхэд хүртэл хойно сурч өндөр боловсрол эзэмшүүлж байсан шигээ танил тохой таталгүй, гар харж уцаарлан гох дэгээ тавихгүй явуулна гэвэл 1000 байтугай хүн явах хүсэлтэй байгаа. Монголд дуучин, хуульч, эдийн засагч тэргүүт мэргэжил савандаа багтахгүй хахлаа. Ойрын 10 жилдээ энэ чиглэлд ажиллах хүмүүс хангалттай болчихлоо. Тиймээс дахин нуршихад инженерүүдээ л бэлд.

БНСУ, БНХАУ гээд өөрсдийн ойрын жишээг авахад тэд залуу үеэ баруунд өндөр боловсрол эзэмшүүлж чадсанаар дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд болсон. 20 гаруй жилийн өмнө Монголын хөгжлөөс хол хаягдаад байсан Хонгконгийн жишээг дурдъя. Азийн бар болох нь бүү хэл арай ядан хоол ундаа залгуулж явсан ч боловсролын тогтолцооныхоо шинэчлэлийг хийж, шинэ боловсролын стандартыг баталж, бүх нийтийн боловсрол ба, дээд боловсролд голлон анхаарсан нь зөв алхам байсан нь өнөөдөр харагдаж байна. 1954-1961 оны хооронд бүх нийтийн боловсролын хүрээнд хэдэн мянган шинэ сургуулыг барьж, 1966 он гэхэд сургуулийн насны бүх хүүхдээ сургуульд хамруулж чадсан гэдэг. Харамсалтай нь манайд бичиг, үсэг мэдэхгүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж яваагаас харахад даанч хол байна даа хэмээн бодогдоно. Эдийн засгийн хөгжил боловсрол, шинжлэх ухааны салбартай салшгүй холбоотой. Монголчуудад мэддэг ч юм алга, мэддэггүй ч юм алга. Тиймээс аливаа томоохон шийдвэр гаргахдаа гадны экспертүүдийг урьж амыг нь харж байхаар адилхан экспертүүдээ бэлдэх цаг хугацааны хуанли эргээсээр байна. Манайд харин ч эсрэгээрээ боловсролыг зүхэгчид нэмэгдэж, боловсролгүй нэг нь хог ухаад ч болов амьдарна гэж цэцэрхэнэ. Тэнгэр заяат Чингисийн удам гэж цэхэлзэнэ.

Сингапур улс үнэндээ ядуугийн туйл байхад Англид өндөр боловсрол эзэмшсэн Ли Куан Ю нутагтаа очсоны буянаар хөгжлийн өөр замд орсон гэдгийг манайхан мэднэ. Манайд Их, дээд сургуулиуд бараг гудамж бүрт таардаг ч боловсрол олгохоос урьтаж мөнгөний машин ажиллуулж ирсэн нь боловсролын систем шаландаа унасныг илтгэнэ. Боловсролгүй иргэнтэй улс тэгж хөгжиж дэлхийд тэгж цойллоо гэж лав дуулсангүй. Боловсрол, шинжлэх ухаанаас хол нэг үе бүрэлдсэн нь 1990 оны нийгмийн шилжилтийн донсолгоонд боловсролоо хамт гээсэн 30 гаруй настнууд байна. Тэд ихэвчлэн сошиалд солиорч элий балайгаа гайхуулна. Ойгоос ирсэн сармагчин шиг адгах залуус сошиалд амьдрахаас биш, соёлт нийгэм рүү алхахгүй байна. Залуусын хандлага, мэдлэг, боловсрол фэйсбүүк орчинд толины өмнө зогсож байгаа мэт харагдах юм. Улсаа там болгож мэдэх хүмүүс тамын тогоондоо ёстой арзганах аж. Боловсролгүй тэнэгээ гайхуулсан тийм нэг үеэ ядаж МСҮТ-д хамруулж, арай дөнгүүрүүдийг нь мэдлэг боловсролоор хангаж, хандлагыг нь өөрчилж, галуу шувууны мах идүүлэх сэн.

Технологийн дэвшил цаг, минут бүрээр шинэчлэгдэж байхад манайхан шинэ гар утас авах гэж үйлээ үзэхээс биш, шинэ гар утас бүтээх ухаанд суралцсангүй өнөөдрийг хүрлээ. Боловсрол ярьдаг нэгнээ элий балай гэж үзэх хэмжээнд хүртлээ боловсолд өсөрхөж, сэхээтний давхарга өдөр ирэх бүр хумигдсаар. Бүгдээрээ Солонгос руу гарч ажил хийвэл мөнгө олоод гоё л доо. Хэдэн жилийн дараа эргээд ирэхэд нь хөгжилгүй, буурай улс нь угтан авна шүү дээ. Нэг хэсэг нь гадагшаа явж боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө зүтгэж байгаа ч нийтээрээ хамрагдаж чаддаггүй. Боловсрол хил хязгааргүй болж байгаа энэ цаг үед өндөр боловсролтой залуу үеэ вагон вагоноор нь ачаад ч болтугай явуулахгүй бол улсаа там болгох ирээдүй их ойрхон байна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Оюу толгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Та Оюу толгой төслийн гэрээний хэрэгжилтийн шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оюу толгой төслийн хувьд ажлын хэсэг ажиллаж байна. Би Тэрбишдагва гэдэг хувь хүний байр суурийг илэрхийлж болохгүй. УИХ-ын 13 гишүүн багтсан ажлын хэсэг ажиллахын зэрэгцээ, таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг боломжийн ажиллаж байгаа. Сэтгэлд хүрэх, хүрэхгүй зүйл гарах л байх. Дэд ажлын хэсгийн тайлангуудыг байнга сонсч байна. Энэ долоо хоногт ажлын хэсгийн ахлагчийн хувьд дэд ажлын хэсгийнхэнтэй уулзана.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллана. Хүмүүс янз бүрийн ярьж л байна. Хүмүүс хоёр гурав хуваагдаж нэг хэсэг нь Оюу толгой шиг мундаг зүйл байхгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь Оюу толгойг хөөгөөд гаргая гэдэг зүйл ярьж байх жишээтэй. Хөндлөнгийн байгууллагууд, эрдэмтэд, хөндлөнгийн шинжээчид гээд оръё гэсэн хүн бүрийг оруулж байгаа. Эндээс бодитой дүгнэлт гарах байх.

-Оръё гэсэн хүн бүрийг оруулчихаар холион бантан болохгүй юу. Зарим хүмүүсийн зүгээс Оюу толгойг 300 хүн байцааж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-300 байцаагч биш. Засгийн газар, Үндэсний аудитын газар, УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Би дээр хэлсэн дээ. Манай ажлын доор таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж байгаа гэж. Их хурлын ажлын хэсэгт 13 гишүүн бий. Би ажлын хэсгийн ахлагч тул нэг бүрчлэн зүйл дээр гүйж очин орох шаардлага бага л даа. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь очоод асуудлыг сонсоод явах нь зөв. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эцсийн шийдвэрийг гаргах болохоор Засгийн газар, Үндэсний аудитын газрын ажлын хэсэгтэй хамтарч ажиллахдаа тэдний санал дүгнэлтийг сонсоно. Тэгэхгүйгээр гурван өөр дүгнэлт гаргаад байж болохгүй биз дээ.

-Зарим гишүүд Эрдэнэт 500 тэрбум төгрөгийн татвар төлөөд байхад Оюу толгой хоёр дахин бага татвар төлдөг гэж шүүмжилдэг. Энэ бүгдийг бас тооцож үзэх үү?

-Оюу толгойн талаарх яриагаа ингээд зогсооё. Яривал маш олон зүйл бий. Зарим хүн “ мангар” гэсэн үү тийм зүйл яриад байсан. Төрийн хүн бол Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотойгоор улс орондоо, нөгөө талдаа ч ашигтай байр суурийг илэрхийлэх ёстой. Түүнээс биш Монгол ашигтай, нөгөө тал нь ашигтай гээд яриад байж болохгүй. Явцын дунд яриа хэлэлцээрүүд амжилттай хэрэгжих боломжтой гэж найдаж байна.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ. Зургадугаар сарын 10-нд гарсан байна гээд байсан даа. Хойшилж магадгүй гэх юм…

-Зургадугаар сарын 23-нд ажлын хэсгийн дүгнэлт гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил 30-70 хувьтай явж байна гэсэн. Дэд ажлын хэсгүүд зарим материалуудтай гарцаагүй танилцах шаардлага гарвал хугацааны хувьд жаахан цаашилж магадгүй. Ямар ч байсан хугацаанд нь ажлын хэсгийн дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Таван толгой төслийг хөдөлгөх, олон улсын хөрөнгийн зах зээлд 30 хувийг нь IPO болгон гаргах асуудлыг хэлэлцсэн гэсэн. Засгийн газраас төслийг ямар замаар явна гэж танилцуулсан юм бэ?

-Энэ талаар мэдээлэл алга. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаад ирлээ.

-Монголын эдийн засгийн форум найм дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн форумд сэтгэл дундуур хүмүүс их байлаа. Хамгийн гол нь форумаас гарсан шийдвэрүүдээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх ёстой. Та Эдийн засгийн форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн форум чухал. Дэлхийн бусад орнууд ч гэсэн эдийн засгийн форум зохион байгуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчидтэйгээ төр засгийн бодлогоо уялдуулж өгөхөд форум өөрөө өндөр ач холбогдолтой. Монголчууд чуулган зохион байгуулж, хууль дүрэм батлаад явж чаддаг болсон байна. Харин бидний чадахгүй байгаа зүйл форум зохион байгуулсны дараа салан баавгайн үлгэр гэдэг шиг ярьсан зүйлсээ мартчихдаг. Хийж хэрэгжүүлье гэж ярьсан зүйлийнхээ араас хөөцөлддөггүй. Өмнө нь гарсан баримт бичгүүдтэйгээ давхардсан шийдвэр гаргадаг. Эхэлсэн ажлаа дуусгалгүй дундаас нь хаяад явдаг. Нэг асуудлаа олон жил дараалан ярьдагт асуудлын зангилаа байгаа юм. Хууль гаргалаа гэхэд хэрэгжүүлдэггүй. Хууль хэрэгжиж эхлэхээс нь өмнө түрүүлээд шүүмжлээд эхэлдэг. Монголчууд шүүмжлэгч ард түмэн болсон. Аливаа зүйлсийг болохгүй талаас нь ярьдаг. Гэхдээ ярьсан, хэлсэн нь хэрэгжихгүй болохоор аргагүй л дээ, бас.

Энэ удаагийн форум өмнөх форумуудаас арай илүү өргөн дэлгэр байна уу гэж харагдаж байна. Төрийн гурван өндөрлөг маань оролцож өөрсдийн бодлогоо ярьж байгаа нь сайн. Төрийн гурван өндөрлөгийн ярьж, хэлсэн нь Үндэсний аюулгүй байдал талаасаа хэр уялдаж өгч байна вэ. Тэдний ярьсан зүйлс хэрэгжих үү гэдэг нь байнгын эргэлзээ төрүүлдэг. Ард түмэн ингэж эргэлзээг байгааг буруутгах арга байхгүй. Төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн форумаас гарсан үр дүнгээ хэрэгжүүлэх нь чухал.

-Үр дүн гарсан үгүй нь мэдэгдэхгүй жил бүр форум хийсээр байх уу?

-Өмнөх жилийн форумаас гарсан дүгнэлтийг энэ жил хэлэлцэх байдлаар явах ёстой. Ноднин форумаар ийм зүйл ярьсан, энэ нь хэрэгжихгүй байгаа нь зохион байгуулагч, улс төрийн тогтворгүй байдал, сонгуулиас шалтгалав уу, бид ажил хэрэг болгож чадахгүйдээ байна уу гэдгийг бид тодорхой болгомоор байна. Өмнөх алдаа дутагдлаа дүгнээд цаашаа ажлаад явбал их сайн. Форумаас үр дүнд хүрээгүй асуудлуудаа байнга ярьж, ажил хэрэг болгох ёстой. Ингэж байж үр дүнд хүрнэ. Манайхан хэрэгжих боломжгүй зүйлийг хэрэгжүүлнэ гэж амладаг тал бий. Энэ бүгдээ дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон бол илүү зөв болох байлаа. Олон жил шүүмжлүүллээ, тиймээс цаашид төлөвлөгөө гаргаад эрчимтэй ажиллах шаардлагатай. Монголын Улсын хөгжлийн загварын хэлэлцүүлэг дээр очиж би панелистаар оролцож үг хэлсэн. Бидний өмнө тулгамдсан асуудлуудыг жижиг, том гэж ялгалгүйгээр хийгээд эхлэхгүй бол өчнөөн олон хөгжлийн бодлого, загвар ярив. Дахиад өнөөдөр хөгжлийн загвар яриад л сууж байна. Хөгжлийн загвар дээр олон зүйл бодоод байх шаардлагагүй, цөм нь хүн өөрөө. Түүнээс зэс, алт, ноолуур биш юм билээ. 20 сая малтай Монгол Улс 66 сая толгой малтай боллоо. Тэглээ гээд улс хөгжсөнгүй. Тиймээс хүнээ хөгжүүлж, хүн бүрийг ажлын байраар хангаж, өндөр цалинтай ажиллах, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсролтой боловсон хүчинтэй болох ёстой.

-Эдийн засгийн форумын үеэр том төслүүдийг хөдөлгөх тухай яригдаж, олон ч хүн саналаа хэлж байсан. Том төслүүд дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Том төслүүдийг хэрэгжүүлэх ёстой ч хоорондоо маргалдаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Гэхдээ маргалдахгүйгээр төсөл хэрэгжүүлбэл ямар нөхцөл байдалд хүрдгийг гашуун туршлагуудаасаа харж болно. Том төсөл хэрэгжих ёстой ч манайд тийм олон том төсөл хэрэгжих шаардлага байна уу. Монгол Улс хөгжлийн томоохон шатанд гаръя гэвэл яалт ч үгүй энэ төслүүд хэрэгтэй. Тэндээс олсон мөнгөө хөгжлийн бодлого болгож салбаруудаа хөгжүүлэх, боловсолыг дэмжих, хүнээ бэлдэхэд зарцуул. Хүнээ хөгжүүлэхгүйгээр ямар ч ажил явахгүй.

Нөгөө талаасаа том төслүүд хөдөллөө гээд Говь-Алтай, Баянхонгорт ч юм уу ажлын байрыг шууд нэмэгдүүлж чадахгүй. Хэдэн төгрөг өгснийг нь халамжинд өгөөд ажлын байр бий болж чадалгүй үлддэг. Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна. Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлддэг загварууд бий. Орон нутагт яваад очихоор жижиг дунд үйлдвэрлэлийг аваад явах мэргэжлийн хүмүүс байдаггүй. Ядаж мастер тогооч, мастер слесарь гээд байх хэрэгтэй. Зарим аймаг 1000 км-ийн цаана Улаанбаатараас талхаа зөөж байгаа. Ядаж талхаа барьж сурах боловсон хүчнийг бэлдэх ёстой. Улаанбаатараас талхаа зөөнө гэдэг чинь харамсалтай байхгүй юу. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг дунд үйлдвэрлэлийн эздүүдийг бэлдэх нь чухал. Тэгж гэмээнэ тухайн орон нутагт ажлын байр бий болж, иргэд ажилтай, цалинтай болно. Оюу толгой, Таван толгойн төслүүдээс бид хүүхдийн мөнгө, тэтгэмж авах байдлаар явах нь хөгжлийн бодлого биш. Өнөөдөр том төслүүд чухал хэдий ч хүндээ тулсан бодлого алга л гээд байгаа юм. Ажилгүйчүүдийн тоо 39 хувьд хүрлээ гэж байна. Яагаад тэд улам ядуу болоод байна гэхээр ажилгүйгээс болоод орлогогүй байна л даа.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь дээд сургуульд орж байгаа. Дээд сургуулиа төгссөн хүүхдүүдийн 79 хувь нь ажилгүй байна. Оюутнуудаа сургахын тулд аав, ээж нь цалин, тэтгэвэр, малчны зээл авдаг. Нэг жилд хүүхэддээ 6-7 сая төгрөг зарцуулдаг юм билээ. Сургуулиа төг-сөөд шууд ажилд орж эцэг, эхийнхээ зээлийг төлдөг болох хэрэгтэй. Дээд сургууль төгссөн хүүхэд бүр ажилтай байх ёстой. Ингэхийн тулд дээд сургуулиудын босгыг өндөр болгож, чанартай боловсон хүчин бэлдэх нь чухал.

-Гадаад, дотоодын сургуулиудад суралцуулж, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бий шүү дээ. Энэ боломжоо манайхан бүрэн ашиглахгүй байгаа юм биш үү?

-Японд 1000 инженер бэлдэнэ л гэсэн. Түрүүчээсээ ар өврийн хаалгаар явж жинхэнэ явах ёстой хүмүүс нь явж чаддаггүй. Явсан хүмүүс нь хөөгдөөд ирдэг. Германы шугамаар хөөцөлдөөд нэлээд оюутнууд явуулсан. Хэдэн сарын өмнө Германы эрдмийн солилцооны албаны хүмүүстэй уулзахад “Танайхтай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө зогсооё гэж бодож байгаа” гэдгээ хэлж байсан. “Яасан бэ” гэтэл “Танай хүүхдүүд чинь очоод сурч чадахгүй байна” гэсэн. Тиймээс сургалтын чанарт анхаарч, Их, дээд сургуульд орж байгаа хүүхдүүд улам чадваржиж дэлхийн хэмжээний сургуульд суралцах боломжтой болох ёстой. Гадны сургуулиудад амжилттай сурч байгаа оюутнууд бий, тэднийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ нийт хэмжээгээр нь аваад үзэхээр бидний сэтгэлд хүрэхгүй байна. Үүний хамгийн том жишээ ажилгүйдэл, ядуурал.

-Эдийн засгийн форумаар жил бүр ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хуулиар дарамтлахгүй байя гэх мэтчилэн хэдэн сэдвийг тойруулж ярьсаар дуусдаг. Энэ жил мөн л давтан ярьж байна. Өмнө нь ярьсан зүйлс огт хэрэгжихгүй байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн форумын үеэр эдийн засгийн нөхцөл байдлыг статистикт тулгуурлан ярихад яг наад асуудлууд чинь гарч ирээд байгаа юм. Эдийн засгийн форум гэж байгаа болохоор энэ бүгдээ зайлшгүй ярих шаардлагатай болчихоод байна. Дахин хэлье. Өмнө нь ярьж байсан зүйлс юунаас болов гэдгийг тодорхой болгох ёстой.

-Эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарсан гэж Засгийн газар мэдэгдсэн. Одоо бол зургаан хувиас давсан гээд байгаа. Цаасан дээр гарсан энэ өсөлт иргэдийн амьдралд огт мэдрэгдэхгүй байна. Энэ өсөлтийн үр шимийг ард түмэн хүртэх ёстой биз дээ?

-Монгол Улсын Ерөн-хийлөгч нүүрсний үнэ өссөн, Хойд Солонгосоос болсон гээд хэлчих вэ дээ. Түүнтэй адилхан эдийн засгийн тоон үзүүлэлт нэг асуудал. Эцсийн үр дүн чухал. 10 жилийн өмнө ярьж байсан зүйлээ өнөөдөр ч гэсэн ярьдаг энэ байдлаасаа салах ёстой. Бид шавар дотор хий эргэх биш, хамтдаа машинаа шавраас гаргах хэрэгтэй. Эдийн засаг өсөхгүй болохоор улстөржсөн зүйлс маш их болдог. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хүн бүр ажлын байртай болох ёстой. Ингэхийн тулд өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчинтэй болох шаардлагатай юм. Өнөөдөр манай залуус Солонгост аюултай, хортой, хүнд нөхцөлтэй газарт ажилладаг. Ийм газар руу явахын тулд өдөржин, шөнөжин манайхан дугаарлаж байна. Уг нь Солонгост нэг жил мэргэжлийн боловсон хүчин бэлдүүлээд нэг жил үйлдвэр аж ахуйн газарт ажиллуулаад мэргэжилтэн бэлдэх ёстой л доо. Тэд ирэхдээ жижиг дунд үйлдвэрийн эзэд, орчин үеийн шинжлэх ухаан технологитой харьцаж сураад ирнэ. Энэ чиглэлд л бид анхаарч сургалт, ажиллах боломж хоёрыг давхар хийх шаардлагатай.

Монгол Улсад орчин үеийн инженерүүд хэрэгтэй байна. Гэтэл ирээдүйд үнэ хүрэх өндөр мэргэжлийн боловсон хүчиндээ мөнгө зарцуулдаггүй. Дэлхийн хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ 3-5 хувийг зарцуулж байхад манайх ДНБ-ийнхээ 0.12 хувийг зарцуулж байгаа юм. Ийм байхад яаж шинжлэх ухаанд тулгуурласан бодлого явах юм бэ. Бааз суурь яаж бэхжих юм бэ. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур гэхэд иргэд нь ажилсаг, шинжлэх ухаан технологи, боловсролдоо анхаарал хандуулж мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэж чадсанаар тэд хөгжсөн.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-УИХ-аар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Гишүүд их шүүмжилж байна лээ. Гол асуудал нь юундаа байгаа юм бэ?

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 2019 оны Үндсэн чиглэл ярьж байхад 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг харьцуулан өсөлт, бууралтыг гаргах хэрэгтэй байгаа юм. 2018 оны Үндсэн чиглэлийг өөр цаг хугацаанд дүгнэж байгаа бол 2019 оны Үндсэн чиглэлийг мөн л өөр хугацаанд хэлэлцэж байна. Цаг хугацааны зөрүүгээс болж тухайлбал, 2018 оны биелэлтийг 2019 онд ямар болсон бэ гэдгийг харьцуулах харьцуулалтгүй болчихоод байгаа юм. Хоёрдугаарт, манай зарим гишүүд шинэ болоод ч тэр юм уу, Үндсэн чиглэлийг төсөвтэй хутгаж ойлгоод байна. Засгийн газар бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдэг тоон үзүүлэлтийг зарим зүйл дээр тавьдаг. 2019 оны Үндсэн чиглэл төсөв шиг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл гишүүдийн тойргийн болон салбарын сонирхол орж ирж байгаа нь буруу. Хэдийгээр бид сөрөг хүчин ч эрх баригчдад “Үндсэн чиглэлд ийм зүйл орохгүй ээ, ингэж явдаггүй юм аа” гэж хэлээд байхад ойлгохгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байна. 2019 оны Үндсэн чиглэл оныхоо Төсвийн хүрээний мэдэгдлийн тооноос давах ёсгүй. Нэг үгээр хэлбэл тэр хүрээндээ хийгдэх ёстой. Гэтэл анхны хэлэлцүүлгээсээ маш буруу явж байгаа нь эрх баригчдыг ямар ч бодлогогүйг илтгээд байгаа юм.

-Анхны хэлэлцүүлгээсээ буруу явчихсан юм бол алдаагаа засах боломж байхгүй юм уу?

-Энэ Их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Алдаа олон гарсан. Сүүлдээ УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж эхэллээ. Энэ сайн зүйл биш. УИХ-ын нэр хүнд бодлогын шийдлийг гаргаж чадаж байна уу, тийм чадвартай гишүүд байгаа эсэхээс их зүйл шалтгаалдаг. Ард түмний дунд Их хурлын нэр хүнд үүнээс болж унаж байгаа нь үнэн. Үнэхээр бодлого алга. Их хуралд 65 суудал авсан эрх баригчид өнөөдрийг хүртэл сөрөг хүчин шиг ажиллаад байгаа юм. Үнэмлэхүй олонх гэдгээ мэдэрдэггүй. Цаанаа янз бүрийн шалтгаан байдаг байх. Гэхдээ тэд эрх баригчид. Эрх баригчид улс орны хувьд заяаг үүрч яваа гэдгээ мартсан. Бүх шийдвэрийг гаргаж, ямар ч ажлыг хийх бүрэн эрхтэй мөртлөө өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчнээ муулсан, муутгасан, тэр үеийн тоон харьцуулалттай өнөөдрийг харьцуулах гэсэн оролдлого хийж байгаагаас биш, ирээдүйд чиглэсэн нэг ч бодлого явуулсангүй.

-Ерөнхий сайдад Засгийн газрын хоёр гишүүнтэйгээ хариуцлага тооцох тухай асуудлыг танай намын бүлгээс тавиад байгаа?

-Бид Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг санаан зоргоор тавиагүй юм. У.Хүрэлсүхийн кабинетад анхааруулга өгөх хэд хэдэн зүйл байсан. Хуулийн, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь үнэн.

-Тухайлбал…

-Засгийн газрын сайдууд маш их улстөржиж байна. Засгийн газар бол гүйцэтгэх засаглал. Тиймээс сайд нар аль болох улстөржихөөс зайлсхийх ёстой. Төрийн гүйцэтгэх ажил хийж байгаа гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа хүмүүс хэт популист байж болдоггүй. Сайд нар нь аливаа юмыг ирээдүй цаг дээр ярьдаг. Зарим нь кабинетынхаа хийж байгаа ажлыг үгүйсгэдэг. Хоорондоо зөрчилддөг зүйл нийтлэг харагдаж байна. Сөрөг хүчний хэлж байгааг зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Сөрөг хүчин хяналт тавих үүрэгтэй.

Мөн хариуцлага тооцохыг шаардах эрхтэй байдаг юм. Ард түмний өмнөөс бидний тавьж байгаа шаардлага, хяналт. Үүнийг их эмзэглэж хүлээж авдаг. Эмзэглэх тусам эд нарт муу. Бид хэдий цөөхүүлээ байгаа ч бодлогогүй үйл ажиллагааг нь байнга хэлж, шүүмжилж байгаа. Монгол төрийн нэрийн өмнөөс үгээ хэлнэ. Ингэлээ гээд биднийг адлах шаардлагагүй. Харин ч өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийх ёстой. Тийм чадвар байна уу, үгүй юу гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй. Ийм байдлаар цаашаа явах юм бол төрийн бодлого, төрийн тогтвортой үйл ажиллагаа гэж байхгүй болно. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн юм чинь асар их зүйл хийнэ гэдэг хүлээлт байсан. Энэ хүлээлт талаар өнгөрч байна. Үлдсэн хоёр жилд ажил хийнэ гэж худлаа. Амлалт худлаа байдаг, таван төгрөгөнд хууртаж санал өгч болохгүй юм байна гэдгийг ард түмэнд шууд ойлгуулж байгаа юм. Энэ дөрвөн жил маш сургамжтай он жилүүд болон өнгөрч байна. Монголын эдийн засаг жижигхэн. Тэд Монголын эдийн засгийг авангуутаа түүхийн эдийн үнийн өсөлттэй зэрэгцээд эдийн засаг тэлэх босгон дээр хэд хэдэн алдаатай шийдвэр гаргасан.

-Тухайлбал, ямар шийдвэрүүд гэж. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан эдийн засгаа тэлж байна гээд байгаа шүү дээ…

-Нэгдүгээрт, баялгийн түүхий эдийн үнийн өсөлт бий болох нь ойлгомжтой байсан үед ОУВС-д шууд орсон нь алдаа байсан. Хоёрдугаарт, Хөгжлийн банк, Монголбанкаар хэрэгжиж байсан бодлогын хөтөлбөрүүдийг төсөв рүү нэгтгэсэн нь алдаа. Төсөв бол зөвхөн орлого, зарлагын харьцааны бүтэц. Монгол руу орж ирж буй аж ахуйн нэгж, экспорт, импортын татварын орлогоос эхлээд бүгдийг нь төсөв рүү оруулж байна. Төсвийг данхайлгахгүй байсан юм. Төсөв тодорхой хэмжээ хязгаарт яригддаг, төсвөөс гадуур Монголын эдийн засгийг тэлэх бодлого, боломжийг хумьчихсан. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үеийн бодлогыг эрх баригчид алдаа гэж шүүмжилдэг. Харин би алдаа биш гэж хардаг. Хумигдсан эдийн засгийг мөнгөний бодлогоор аварч гарсан юм. Нүүрсний үнэ 20 ам.доллар, зэсийн үнэ 3000 ам.доллар байсан гэдгийг хэн ч анзааралгүй өнгөрсөн. Ямар ч байсан эдийн засгийг аварч үлдэхийн тулд бүтээн байгуулалт нэрийн доор ажлын байрыг хадгалах, цалинг үнэгүйдүүлэхгүй байх, инфляцийг тогтоож барих ажлуудаа хийж чадсан. Ингэхдээ бид төсөв рүү оруулаагүй. Хөгжлийн банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, уул уурхай, дэд бүтцийг дэмжих чиглэл рүү маш эрчимтэй явсан. Мон-голбанкаар ипотекийн зээл, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс эхлээд маш их эдийн засгийн зөв эргэлтүүдийг хийж чадсан. Тиймээс эдийн засгийн өсөлт гарах хүртэл монголчууд тэвчиж ирсэн. Үүнийг бид хэлэхгүй бол өөр хэлэх хүн байхгүй. Одоо бол мөнгөтэй байгаад ч ажил явахгүй байгаад асуудал байна. Эдийн засаг маш хүнд байхад иргэдийн орлого нэмэгдэж, цатгалан амьдрах боломж байгаагүй ч гэсэн өнөөдрийнх шиг ингэж уруудаагүй. Үнэхээр эдийн засаг өсөөд байгаа юм бол яагаад иргэдийн амьдрал улам доройтоод байгаа юм бэ. Монгол Улсад мөнгө орж байгаа юм бол яагаад ажлын байр нэмэгдэхгүй, иргэд улам ажилгүй болоод байгаа юм бэ. Үүнд хариулт өг гэхээр хариулах хүн алга.

-Тэрийг нь та юу гэж харж байгаа юм бэ?

-Бүгдийг төсөв рүү чихдэг нь алдаа байсан. Хөгжлийн банкаар дамжуулах томоохон бүтээн байгуулалтыг хийх боломжийг нь нээлттэй орхих нь зөв байсан. Ипотекийн зээл Монголбанкны уламжлалт бус бодлогоор явуулж байсан нь алдаа биш байсан юм. Иргэдээ ажилтай, орлоготой байлгая гэвэл энэ бүх өсөлтийг иргэдэд хүрсэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болохоос төсөвт төвлөрүүлэх нь нэн тэргүүний асуудал байгаагүй. ОУВС-гийн хөнгөлөлттэй зээл, эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа давуу орлого бүхэлдээ төсвийн зардал руу яваад байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, зээлийн хүүг бууруулах нэг хэсэг нь захиргааны данхайсан бүтцийг тэтгэх, халамж тэлэх чиглэл рүү явж байна. Тэгэхээр төсөвт боомилогдсон энэ их мөнгө иргэдийн амьжиргааг тэтгэх зүйлд зарцуулагдахгүй. Худлаа ярьсаар байгаад ипотекийг зогсоогоод хоёр жил боллоо. Гэтэл Ипотекийн ард хичнээн хүний ажлын байр хадгалагдаж үлдэж байсныг эрх баригчид ойлгоогүй. Иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, до-тооддоо үйлдвэрлэх процесс санхүүжилтийн эх үүсвэргүйгээс болж бүгд зогссон. Барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс, жижиг дундаар өөрийгөө болгоод яваад байна даа гэсэн хүмүүсийн бүх зүйл байхгүй болж, итгэл найдвар тасарсан учраас гадагшаа ажиллахаар явж байна. 2012-2016 онд явж ирсэн бодлогыг өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа алдаа байна гэж харж байсан бол өнөөдөр бид ч гэсэн тэдний энэ бодлогыг алдаа байна л гэж байгаа.

-2020 онд Ардчилсан нам сонгуульд ороод яллаа гэж бодоход МАН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогыг бас л үгүйсгэх үү. 2030 он хүртэлх хөгжлийн бодлого гээд баталж байсан. Энэ бодлогын баримт бичгүү-дийн хэрэг гардаг юм уу?

-Төрийн уламжлалт чанар хадгалагдах ёстой гэдэгтэй би санал нэг байдаг. Харамсалтай нь олон зүйл дээр хадгалагдахгүй байна. Нэг улс төрийн хүчин гарч ирээд нөгөө улс төрийн хүчний бодлогыг үгүйсгэж, гэмт хэрэгтэн мэтээр хардаг нь маш буруу. 2012-2016 онд бид хөгжлийн бодлогыг шинээр гаргаж ирж тавьсныг олон хүн анзаараагүй. Түүнээс өмнө төсөвт дулдуйдсан уул уухайн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр амьдарч ирсэн улс байсан юм. 2012-2016 онд ийм хүндрэл ирнэ гэдгийг муу, сайн ч гэсэн төсөөлж байлаа. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт эхлэхгүй бол гадаад хөрөнгө оруулалт байхгүй боллоо, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад яах вэ гэдэг дээр хийгдсэн тооцоолол. Үнэндээ тухайн үед их мөнгөтэй засгийг хүлээлгэн өглөө гэж ярьдаг боловч Монголбанкны дансан дээр бичигдсэн гадаад валютын жаахан нөөц байснаас төсөв цагаарчихсан байсан. Нөхцөл байдлыг мэдрээд цоо шинэ хэд хэдэн зүйл хийсэнд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Өнөөдөр харааж, ерөөгөөд байгаа Чингис, Самурай бондыг босгоогүй бол улс мөнгөгүй болчихсон байлаа. Тэглээ гээд бид өмнө эрх баригчдыг буруутгалгүй өмнөх ажлаа хийсэн. Монгол Улс тусгаар улсын хувьд хувь заяагаа яаж шийдэх вэ гэдгээ өөрсдөө мэдэх болохоос гаднаас хараат байдлаар шийдэж болохгүй.

Эдийн засаг хүндэрсэн ч иргэдээ ажилтай, орлоготой, хоолтой байлгахын тулд ямар цэг дээр хүрэх ёстой вэ гээд ипотек гэдэг зүйл дээр очиж байлаа. Ипотек маш олон хүнийг ажлын байраар хангах, үндэсний бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан. Энэ ипотекийн ард хэдэн мянган гэр бүл тэжээгдэж байсан байхгүй юу. “Сайн” хөтөлбөрүүдийн ард малчид, оюутнууд тэжээгдэж байсан. Бид мөнгө байхгүй гээд суугаад байсан бол инфляци, валютын ханш хэд болох байсан юм. Бүгд ойлгомжтой зураг. Харин энэ үед монголчууд хүнд цагт хөдөлмөр хийдэг гэдгийг харуулсан. Тэр үед Монголоос гардаг хүн цөөн, зарим нь “эх орондоо ирье” гэж ярьдаг байлаа. Зам, гудамж талбайгаас эхлээд олон зүйлийг хийхэд ажлын байр ихээхэн нэмэгдэж байв. Өнөөдрийн дүр зурагтай харьцуулаад бод доо. Тухайн үеийг бодоход өнөөдрийн эдийн засаг нартай сайхан өдөр шиг байна. Тэгсэн мөртлөө Монгол гэдэг тусгаар улсынхаа мөн чанарыг алдаж эхэллээ. Эдийн засаг өсч байхад бид яагаад ОУВС-гаас зээл авч тэдний заавраар өөрсдийнхөө асуудлуудыг шийдүүлэх ёстой юм бэ. Ядаж хүүхдийн мөнгөө асууж, хүнд хэцүү үед ч гэсэн ажлын байраа хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүдийг яагаад нэмж дарамтлах ёстой юм бэ. Хуримтлалгүй байгаа иргэдийг ажилласных нь төлөө яагаад татвар нэмж авах ёстой юм бэ. Эдийн засаг өнөөдөр илүү сайжирсан юм бол тэр үеэс илүү иргэдийг хөдөлгөх бодлого хэрэгжүүлэх ёстой юм байгаа биз дээ. Ганц төсвийн бодлого явуулах байсан юм бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ямар шаардлагатай байсан юм гэдэг асуудал үүсч байгаа.

Өнөөдөр харамсалтай нь бид буцаад төсөвт дулдуйдан амьдардаг боллоо. Хуучин руугаа эргээд орж, халамжийн бодлого нь өсчихлөө. Хүнээр юм хийлгэх биш, ангаахайны аманд хоол хийж өгдөг шиг төсвийн бодлого яваад эхэлсэн. Биднийг халамжийн улс болгох гээд байгааг яагаад анзаарахгүй байгаа юм бэ. Төсвөөс гадуур хийгдэж байгаа ямар ажлууд байна, яагаад зогсов. Олон жил явж ирсэн бүтээн байгуулалтын ажлууд эдийн засаг өсч байхад яагаад гацаад эхлэв. Яагаад шийдэл байхгүй байна вэ гэдэг асуулт мөн биз дээ.

-Ардчилсан намын үед тавьсан өрийг дараад олсон таван төгрөг нь байхгүй болчихоод байгаа юм биш үү?

-Ардчилсан нам, Ардын намын тавьсан өр гэж байхгүй, Монгол Улсын өр гэж байгаа юм. Монгол Улсын өр сүүлийн 20 гаруй жилд ямар хэмжээний өр тавьсан бэ гэдэг тооны үргэлжлэл явж байна. Олон Засгийн газрын үед тавьсан өр өнөөдрийг хүртэл явж байна. Өрийг өрөөр дарж, хүүг багасгасан нь тэгж шоудаад байх зүйл биш. Хэдийгээр дотоод өрөө дарж байгаа нь сайн. Гэхдээ дотоод өрийг гадаад өрөөр дарж, гадаадын өрийг нэмж байгаа нь буруу. Хүү бага гэж бүү гайхуул, өр л бол өр. Ардчилсан намын үед хоёр тэрбум ам.долларын өр тавилаа гэж шүүмжлээд байсан бол өнөөдөр 6-7 тэрбум ам.долларын өр нэмэх тухай яриад хэрэгжүүлээд явчихлаа. Дотоодын банкуудад тавьсан өр, гадаадад тавьсан өр хоёрын аль нь үндэсний аюулгүй байдалд харш юм. Үүнийг бодож байгаа хэн байгаа юм бэ. Гадаад өр бол гадаад өр. Хүний мөнгөөр хүүдгэнэж эхэлж байгаагаа бид гайхуулах шаардлагагүй. Ямар ч гэсэн үлдсэн хоёр жилийн хугацаанд том бүтээн байгуулалтын төслүүдээ үргэлжлүүлээд, ипотекийн зээлийг явуулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ сэргээж, экспортын асуудлаа шийдвэрлэ л дээ. Хоорондоо хэрэлдэхээ боль. Монголоороо нэг хэрэлдэж, талцдаг боллоо. Үүнийг ардчилсан нам өдөөгөөгүй, үнэмлэхүй олонх өөрсдөө өдөөж байгаа гэдгээ ухаарах цаг болсон. Энэ чинь Монголын хувь заяаны асуудал. Түүнээс биш сөрөг хүчний есхөн гишүүн тэнд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсний төлөө Монгол Улсыг үймээн самуунд орууллаа гэвэл түүн шиг ташаа зүйл байхгүй.

-Оюу толгойг юу гэж харж байна вэ. Улам шахаанд ороод байгаа юм биш үү. Ажлын хэсэг гарсан гээд байгаа. Ажлын хэсгийн гишүүд нь гоё харагдахын тулд дахиад л популизм хийгээд явах байх даа?

-Оюу толгойн гэрээг байгуулсан болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг. Хэн ч дуугарахгүй юм. С.Баярын төлөө МАН-ынхан дуугармаар санагдах ч тэгэхгүй байна. Оюу толгойн гэрээг байгуулахад засагт байсан 4-5 хүн өнөөдөр Их хуралд сууж байгаа ч хэн ч юм ярьдаггүй. Оюу толгой Монголын эдийн засгийг тэлсэн ч Монголын хөгжлийг авч ирээгүй шүү гэж өмнө нь танд ярилцлага өгөхдөө би хэлж байсан даа. Энэ үг улам батлагдаж байна. Тэлсэн энэ том эдийн засгийг цаашид авч явахын тулд Оюу толгойн гэрээг зөв сайжруулаад явах ёстой. Ажлын хэсэг байгуулсан. Тэд Оюу толгойн гэрээн дээр нухацтай хандаасай гэж боддог. Засч сайжруулах зүйл бий гэдэг дээр саналаа хэлнэ. Оюу толгойн 34 хувийг өндөр хүүтэй дамжуулан зээлж байгаа асуудалд анхаарах ёстой. Мөн Оюу толгойн баяжмалын орлого нь Монголын банкаар дамжихгүй байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тал талдаа харилцан ойлголцоод засч сайжруулах зүйлс бий.

-Оюу толгойг тойроод баривчилгаа явах юм. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогтоос эхлээд хэд хэдэн хүнийг шоронд хорьж байна. УИХ-ын гишүүд үгээ хэлэхгүй байна гэж та хэлсэн. Харин та өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Шалгах ёстой зүйл байгаа бол шалгах ёстой. Шоронд хорьж байгаа нь буруу. Ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаа бол үүнийг шалгах ёстой тул хэн нэгэн саад, тээг болж болохгүй. Би ч гэсэн Их хурлын гишүүний хувьд тээг болж болохгүй ч нэг зүйл ажиглаад байгаа юм. Монгол Улс Ерөнхий сайд, сайд байсан хүмүүсээ шууд баривчилдаг нь ямар учиртай юм бэ. Хилийн хориг тавиад явчихад л болно. Тэр хүмүүс зугтана гээд байгаа юм уу. Харин ч өөрсдөө шалгуулъя гээд гадаадад байж байгаад ирээ биз дээ. Хорихгүйгээр асуудлыг шийдэх олон зам бий. Тэд төрийн бодлогыг нуруундаа үүрч явсан шүү дээ. 1937 оноос хойш Монгол Улсад ийм зүйл огт гараагүй. Тэр тусмаа ардчилсан Монгол Улсад. 1937 онд Ерөнхий сайд нараа баривчилж, Орост аваачин буудуулж байсан. Оюу толгойн гэрээ бол тэр үеийн УИХ, Засгийн газрын гаргасан төрийн шийдвэр. Төрийн шийдвэрт алдаа, оноо аль аль нь байдаг. Гэхдээ ерөнхий том зургаараа Монголын эдийн засаг тэлсэн. Би чуулганы хуралдаан дээр ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орсон тулдаа эдийн засаг эерэг яваа юм. Түүн дээр нь одоо эрх баригчид бүжиг эргэж байгаа шүү. Эрх баригчид 2019 оны үндсэн чиглэлд өөрсдөө эдийн засаг өссөн асуудал нь 2016 онд далд уурхайн анхны хөрөнгө оруулалтаас 400 сая ам.доллар, 2017 онд 800 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирж Монголын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн гээд цагаан дээр хараар биччихсэн. Энэ өсөлтийг бий болгосон хүмүүсээ шоронд аваачаад хийчихсэн. Цаашаа энэ төсөл явах юм уу, үгүй юм уу. Шийдлээ хий л дээ. Энэ бүхэн чинь Монголыг талцуулж, нийгмийг хоёр хуваачихаад байна. Хэнд ашигтай юм энэ нь. Том бүтээн байгуулалтуудаа хий. Сүүлдээ бүгд айгаад эргэлзээд эхэллээ. Төмөр зам алга. Нефть боловсруулах үйлдвэр яваасай гэж боддог. Зэс хайлах үйлдвэрийн төсөл сураг алдарлаа. Эрчим хүчний үйлдвэрүүдийг ярьж байсан бүгдийг зогсоосон. Энэ бүхэн хаашаа цэгцрээд байна. Өнөөдөр Монголд юм хийж бүтээх сонирхолтой ямар хүн байна вэ. Бүх том бизнесүүдийг чимээгүй болгосон. Засгийн газартай хэлэлцээд хийж байсан зүйлсийг нь улстөржөөд цавчаад унагасан. Монголд амаараа улстөржиж, ажил гацаадаг зүйл их болсон. Одоо болно. Ажил хийдэг хүмүүсээ дэмжихгүй юм уу, хэн юм хийх юм бэ. 76 гишүүн лав юу ч бүтээхгүй. Зүгээр л саад болохгүй байх хэрэгтэй. Монголыг баялаг бүтээдэг, бизнес эрхэлдэг зоригтой, том үйлдвэрүүдийг босгох чадалтай аавын хүүхдүүд бүтээнэ. Би бүх зүйлд эрүүл байх юмсан гэж хүсдэг. Эрдэнэбат гэдэг хувь хүнийг элдэв зүйлтэй холбож, муу муухай болгож бичдэг. Би ерөөсөө тоодоггүй. Улс орноо л эрүүлээр хар. Бид гуравхан саяулаа. Хоёр том далайн дунд байгаа жижигхэн арал. Яаж амьдрах гээд байгаа юм. Бидний ойлголцол, зөвшилцөл, эв нэгдэл хэрэгтэй болохоос улстөрчдийн хоорондын толхилцол энэ улсад ямар ч ашиггүй.

БУлХай лУйвар нь Ил гарна гэСэн айдаСтай ХүмүүС энэ УлС төрИйг зОХИОн БайгУУлалттай эХлүүлСэн

-Таныг чинь 49 хувийг өмгөөлж хамгаалдаг гэх юм билээ. тэгээд л цоллоод байна шүү дээ?

-Намайг янз бүрийн зүйлтэй нэр холбож байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол нутагтаа оруулж ирэх шийдвэрт гарын үсэг зурсанаа өнөөдөр ч зөв гэж боддог. ОХУ-ын байсан өмчийг Монголд оруулж ирсэн юм. Монголын ард түмэн үүнээс болж огт хохироогүй юм аа. Явдаг журмаараа яваад шийдэгсэн бол аль хэдийнэ нэг талдаа гарах байсан. Гэвч улс төржүүлсэн.

-Энэ 49, 51 хувийн маргаан хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна…

-Шуудхан хэлье. Ард түмний өмч нэрийн доор улстөрчдийн олон жилийн булхай луйвар, хулгай хувийн өмчид очингуут ил гарна гэсэн айдастай хүмүүс энэ улс төрийг зохион байгуулалттай эхлүүлсэн.Өмнө нь Лхүмбэ, Данзан, Бодоогийн хэрэг гэдэг шиг янз бүрийн хоч зүүж байгаад Эрдэнэбатыг 49-ийн бүлгийн гэмт хэрэгтэн гэдэг шиг болгох юм байна л даа. Би хэн нэгнээс авлига горьдож, 49 хувиас хувьцаа горьдож гарын үсэг зураагүй юм. Би уурхайчин хүн. Тэнд ямар хүмүүс, ямар хамт олон, уурхайн ажил яаж явдгийг дэндүү сайн мэднэ. Ямар үед уурхай ашигтай ажилладгийг ч мэднэ. Одоо Монголынхоо дотоодын зовлон болгоод орхисон. Би 51 хувь шиг ард түмний нэр барьж хулгай хийгээ юу, худлаа яриа юу. Ах дүү нартаа албан тушаал өгөө юу, сэлбэг материал 10 нугалж зараа юу. Ард түмний өмч байгаад уурхай ашигтай байдаггүй юм. Наадах чинь өөрөө популизм. Уурхай өгөөжөө өгч байгаа үед л ашигтай байдаг. Өгөөжийг маш сайн менежмэнтийн баг хийдэг болохоос улстөрчид хийдэггүй юм. Хэрэв Эрдэнэтийг өгөөжтэй ажиллуулна гэж байгаа бол төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх ёстой юм.

-Эдийн засгийг тэлэхийн тулд том төслүүд хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. том төслүүдийг хөдөлгөхийн тулд аж үйлдвэрлэл нэн тэргүүнд чухал. Жижиг зүйлээр хөөцөлдөөд эдийн засаг сайжирдаггүй юм байна гэдгийг хангалттай харлаа. аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж ямар байна вэ?

-Аж үйлдвэрийн бодлого хол болж эхэлсэн. Дахин уул уурхайн салбарт түшиглэсэн байдал руу явж байна. Ганц тулгуурт эдийн засгийн зовлон энэ. Ухаантайсан бол эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалыг бий болгох ёстой. Хуримтлалын сангаараа бид төсвийн алдагдлаа нөхөж байгаа юм. Үүнийгээ зөв гэж хамгаалаад байгааг нь буруу. Төсөвт дулдуйдан амьдарч байхад хэзээ ч эдийн засгийн бодит өгөөж гарахгүй. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нь данхайгаад л байна. Тэр зардал нь Монголын бүтээн байгуулалтын ажилд орж шалихгүй. Хэдэн сургууль, цэцэрлэг барина. Сургууль, цэцэрлэг хэрэгтэй ч үүгээр Монголын эдийн засгийг хэмжиж болохгүй. Монголын эдийн засаг чөлөөтэй байх ёстой. Болж өгвөл жижиг зах зээлийг тэтгэхийн тулд өндөр татвараас зайлсхийх шаардлагатай. Иргэдийн орлого, жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авдгаа л больчих. Бид дундаж давхаргыг бий болгохын төлөө яваа. Та нар минь мундаг шүү гэж байгаад Монголыг халамжийн орон, өрийн сүлжээ рүү түлхээд эхлэв үү гэж харж байна. Хангалуунаа байг гэхэд бид сэтгэл ханамжтай амьдрах ёстой биз дээ. Үүний тулд Засгийн газар бодлогоо зөв хийх хэрэгтэй.

-Засгийн газрын гишүүд чинь айдастай байгаа юм биш үү. Ч.Хүрэлбаатар сайд “том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргасан хүмүүс шоронд орж байна” гээд хэлсэн байна лээ…

-Айдсыг тэд өөрсдөө бий болгосон. Хэтэрхий буруу улстөржилт хүний хоол болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие биенээ ад шоо үзээд хэн ч биш болголоо. Төрд очиж байгаа хүн бүр нэр, нүүрээ барж, хулгайч гэж хэлсэн хүн өөрөө хулгайч болж хувирлаа. Энэ төрд дотроо ярих сэдэв, иргэдэд нээлттэй сэдэв гэж бий. Харамсалтай нь бид төрийн торгон ухаанаа алдчихсан байна.

-Эдийн засгийн өсөлт гарсан гээд байгаа ч өнөөдөр хүүхдийн мөнгөний асуудлаа бид шийдэж чадахгүй байна. та бол ОУвС-гаас бүх зүйлээ асуудаг боллоо гэсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байна уу?

-Хүүхдийн мөнгөөр улстөржиж болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бүрэн боломж өнөөдөр Монголын төрд байгаа. 40 тэрбумын боломжгүй юм уу. 40 тэрбумыг гаднаас асууж байна гэдэг бол тусгаар улсынхаа статусыг алдсан байна гэж уншигдана. 400 тэрбум байсан бол арай өөр асуудал. ОУВС хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болохгүй гэж хэлээ ч үгүй. Хүүхдийн мөнгөөр улс төр хийж байгаа нь үнэн. Эрх баригчид 2019-2020 онд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж шоу хийнэ. Зорилтот бүлэг гээд Нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулаад Хүний хөгжил сангаас гараад Нийгмийн хамгааллын санд оруулчихсан учраас болохоо больчихсон гэдэг. Болохоо больсон зүйлийг засах боломж 65-д бий. Хуулиа л өөрчилчих. Нийгмийн хамгааллын тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөөд асуудал шийдэгдэнэ. Долоохон хоногийн ажил. Үүнийг яагаад хүсэхгүй байгаа юм. Хүсэхгүй байгаа нь хүүхдийн мөнгөөр улс төр хийж тоглож байгаа. Эрх баригчид зорилтот бүлгийн талаар ярьдаг. Зорилтот бүлэг гэвэл бүх хүүхэд зорилтот бүлэг мөн. Эцэг эхийн асрамжинд байдаг Монголын ирээдүйг баян, ядуугаар нь ялгадаг нь логикийн хувьд асар буруу. Төр ямар хүмүүсээ зорилтот бүлэг гэх вэ гэдгээ тодорхой болгочих. Монголын бүх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нйигмийн халамжид хамрагдах ёстой зорилтот бүлэг чинь энэ. Жилийн өмнө 60 хувь байсан зорилтот бүлгийн хүүхдүүд яагаад нэг жилийн дараа 80 хувь болчихдог юм. Ямарыг нь зорилтот бүлэг гэж хуваагаад 20 хувийг нь яаж нэмчихэв гэхээр тайлбар өгөх хүн байдаггүй. Ажлын хэсэг байгуулж, Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг хамтад нь хэлэлцэхээр болсон нь зөв хувилбар. Их хурал үүн дээр эрүүл хандсан.

Байнгын хороо буруу хандсан. Ажлын хэсэг байгуулагдаад анхны хуралдаанаараа хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг дээр санал нэгдээд гарсны дараа асуудал өөрчлөгдсөн. Яасан гэтэл Ардын нам бүлгээрээ хэлэлцээд олонхын саналаар 80 хувь дээр тогтсон гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ тун харамсалтай зүйл болно. Бүлгийн шийдвэр гээд зүгээр л 65 кноп автоматаар ажиллаж, дахиад бид бодлогын алдаа руу орно. Зарим айл хүүхдийн мөнгө авдаггүй гэж байна, эрх баригчид. Хүний амьдрал сонин шүү дээ. Өнөөдөр болж байгаа амьдрал маргааш болохоо байсан олон жишээ бий. Хүүхдүүдийн аав, ээж мөнхийн баян, нөгөө хэсэг хүүхдийн аав, ээж мөнгийн ядуу байх юм уу. Яагаад бид амьдралыг бодитоор харж чадахгүй байгаа юм бэ.

дарХан, Сэлэнгэ эрЧИмЖСэн мал аЖ аХУйн БүС нУтаг БайХ ёСтОй нь тОдОрХОй БОлСОн

-Танай тойргийн тухай асуудал өнгөрөгч засгийн газрын хуралдаанаар орж газар тариалангийн бүс нутгийг зарласан байна лээ. Сэлэнгэ аймаг бүхэлдээ үүнд хамаарах ёстой байх. таны байр суурь ямар байгаа бол?

-Сэлэнгэ аймаг хөдөлмөрийн нөөцтэй, үржил шимт хөрстэй арвин баялагтай нутаг. Том утгаар нь харвал Сэлэнгэ Монголыг хүнсээр тэжээж байгаа. Харамсалтай нь олон жил бодлогогүй явж ирсэн нь манай аймагт том зөрчил үүсгэж байна. Би бүх судалгааг нь хийлгэж дууссан. Уул уурхай, газар тариалан, малчид гэсэн гурван том зөрчил үүссэн. Улс орны эрх ашгийн хувьд бид аль нэг сонголтыг хийх ёстой. Бид дөрвөн жил энд суух гэж тэнд нэр зүүж очоогүй. Би тэр бүс нутгийг амьдралтай бүс нутаг байлгах ёстой гэж хардаг. Дархан, Сэлэнгэ Монгол Улсыг үеийн үед хүнс тэжээлээр хангаж байх ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Үүнийг бодлого болгох ёстой гэдэг хатуу байр суурьт хүрсэн. Энэ нь зарим хүнд таалагдаад заримд нь таалагдахгүйг ойлгож байна. Гэхдээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг байх ёстой юм байна гэдэг нь тодорхой болсон. Сэлэнгэд уул уурхай эрхэлбэл ирээдүйд Монгол Улсын хүнсний хангамж байхгүй болно. Тэнд хэн дуртай нь газар ухаж, мал аваачиж, газар хагалж ногоо тарьж байна шүү дээ. Эдийн засгийн үр өгөөж байхгүй амь амиа бодсон зүйл олон жил явсан. Тиймээс эрэмбэтэй цэгцлэх ёстой. Эрэмбэтэй цэгцлэгдсэн газар эдийн засгийн өгөөж бий болдог. Сэлэнгэ аймагт уул уурхайн 200 лиценз байгаагийн 90 хувь нь алтных.

Тэр тэжээх нутгаа эвдээд дуусах нь Монголын эрх ашиг биш. Тэр 200 лицензийг эргэж хараач гэсэн байгаа. Дахиж нэмж лиценз бүү олго. Хайгуулын лицензүүдийг зогсоох хэрэгтэй. Надад ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ Эрдэнэбатын асуудал биш, энэ газар нутгийг амьд авч үлдэх тухай асуудал юм. Монголын ард түмний амь амьдралтай холбоотой. Газар нутгаа сүйдэлж дуусчихаад хаана нь бид хүнсээ тарих юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Хилээр 400 мянган тонн нүүрс алддаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдийн мөнгөн дээр хэрүүл хийх шаардлагагүй

Улсын их хурлын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан 268 мянган тонн нүүрсний учир шалтгаан тайлагдаж байна уу. анх энэ асуудлыг та олон нийтэд ил болгож, араас нь хөөцөлдөж байсан. Одоо асуудал ямар байгаа вэ?

-Хамгийн товч хариулт гэвэл энэхүү 268 мянган тонн нүүрсний асуудлын ард нь гарна. Одоогоор учрыг нь олохоор тодорхой ажлууд явагдаж байна, шалгах процесс нь үргэлжилж байгаа. Засгийн газраас Сангийн яамаар ахлуулсан арав орчим агентлаг, газрууд оролцсон ажлын хэсэг гарчихсан. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт ирэх сарын 10-наас өмнө гарчихсан байх юм билээ. Би энэ асуудлаар улс төр огт хийх гээгүй. Яг бодит байдал дээр юу болж байгаа вэ гэдгийг л гаргаж ирсэн. Тэнд асуудал байна уу гэвэл байгаа. Анхнаасаа энэхүү асуудлыг олон нийтэд ил болгосон хүний хувьд эцсийн цэгийг нь үзэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Миний хувьд энэ асуудлаарх цуглуулах ёстой баримт, мэдээллүүдийг хангалттай цуглуулчихсан. Гэхдээ үүнийг хэн хийв гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Монголын гурван сая иргэний өмч алга болсонд харамсдаг. Энд өнөөдөр 18 сая ам.долларын асуудал яригдаж байна. Өнөөдөр бид хүүхдийн мөнгөн дээр маргалдаж, дөч, тавин тэрбум төгрөг олох гэж Монголын төр зовж байна. Гэтэл тэрхүү 268 мянган тонн нүүрс алга болсон нь манай улсын хувьд эдийн засгийн том асуудал болж байгаа юм. Өөр нэг харамсалтай зүйл бол хэн нь авсныг тодорхойлоогүй байж орон нутгийн Таван толгой төлнө гээд гэрээ байгуулчихсан. Тэрхүү гэрээ байгуулсан этгээд Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж байна гэсэн үг. Үнэхээр өрөнд оруулаагүй юм бол Таван толгой хувьцаат компаниас энэ нүүрс ийшээ ингээд орчихсон гэсэн баримтаа харуулчих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэрхүү баримтыг харуулж чадахгүй байгаад асуудал байгаа юм. Тийм болохоор тэрхүү олон арван тэрбум төгрөг хаашаа орсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үнэхээр орон нутгийн Таван толгой уг асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа бол шударгаар хэлэх хэрэгтэй. Бид тэдэн онд ингээд авчихсан юм, энэ данс руу тэр мөнгө орсон гэдгээ олон нийтэд ил болгох ёстой. Ингэж олон нийтээр янз бүрээр хэлүүлж, надаар хулгайчаараа дуудуулах шаардлага байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хариуцлагын асуудал энд яригдана. Яагаад хүний нутаг дэвсгэр дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр нөхөр захирал эрх өгч нүүрс авдаг юм бэ.

Тэр хүмүүс өнөөдөр хариуцлагаа хүлээгээд зайлах ёстой. Товчхондоо энэ асуудлын ард хоёр л харамсалтай зүйл үлдэж байна. Нэгд, Өмнөговьчууд өрөнд орох нь тодорхой болчихоод байх шиг байна. Гэхдээ хэн нь төлөх вэ гэдэг асуудал нөгөө Стандарт банкны өрийг Эрдэнэт үү, Батхүү юу гэдэгтэй адилхан асуудал үүсчихээд байгаа юм. Гэхдээ ирэх сарын дундуур гэхэд энэхүү асуудлын учир, зангилаа бүрэн тайлагдана.

-Та ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?

-Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзчихсан. Авлигатай тэмцэх газрынхантай ч уулзсан. Тэдэнд “Би энэ асуудлын хойноос явсаар нэг цэгт хүрчихсэн байгаа шүү” гэж хэлж байгаа. Хэрэв миний хүрсэн цэгт АТГ, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг хүрсэн байвал ажлаа зөв хийжээ гэж үзнэ. Харин миний тэрхүү цуглуулсан баримт, мэдээллийг олж авч чадаагүй бол төр ажлаа хийж чадаагүй юм байна гэж ойлгоно. Хэрэв хүрч чадахгүй бол нөгөө нэг нүүрс дагасан том мафийн сүлжээ төрд ороод ирсэн байна гэж үзнэ. Тэгэхээр ингэж харагдуулахгүйн тулд Төр ажлаа сайн хийх байх аа гэж итгэж байна. Итгэж байгаа учраас тодорхой хугацаанд чимээгүй байгаа юм.

-Энэхүү асуудлаас болж таныг Гашуунсухайт боомтын даргаар өөрийнхөө хүнийг тавих гээд шахаа хийж байна гэсэн яриа гадуур их явсан…

-Ер нь энэ хулгайн нүүрсний асуудлыг би бодитоор харсан. Ерөнхий сайд ч хүртэл харсан. Тийм учраас тэнд байгаа асуудлыг системээр нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд арав гаруй жил тэнд ажилласан хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явуулъя гэж ярихаар намайг өөрийн хүнээ тийшээ оруулах гэж байна гэж харддаг. Ажлын хэсгийн дүгнэлт гараад олон жил ажилласан хүмүүс ийм хууль бус үйлдэл хийдэг бол Засгийн газар нэн яаралтай тэр хүмүүсийг явуулах ёстой. Ер нь зарчмын хувьд харахад төрийн өмчид хайхрамжгүй хандсан удирдлагын асуудал байгаа. Нэг нь тэрхүү нүүрсийг авч байхад нөгөө нь чимээгүй хараад сууж байдаг асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг харж, хэдэн төгрөгийн цалин аваад сууж байгаа тэр хүмүүс хариуцлагагүй байна гэсэн үг. Харин өнөөдөр энэхүү хариуцлагагүй байдлаасаа зугтаахын төлөө хулгай хийгээгүй, түр авчихсан, одоо төлөх гэж байгаа юм гэсэн тайлбар хийгээд сууж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй.

-Энэхүү асуудал яригдаад таван жил боллоо. Өнгөрсөн хугацаанд яагаад шийдчихэж болоогүй юм бол?

-Ер нь бол аль эрт шийдчихэж болох байсан юм билээ. 2010-2011 онд 379 мянган тонн нүүрс буюу 37508 машин нүүрс мэдүүлэггүй гаалиар гарсан гэдэг нь тогтоогдчихсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор дээр очоод хэрэгсэхгүй болчихсон байдаг. Үүнийг удахгүй олон нийтэд ил болгоно. Тухайн үед нь мэдүүлэггүй гаргасан асуудлыг шийдээгүй болохоор одоо энэхүү гаалиар мэдүүлэггүй гаргадаг процесс үргэлжилж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл тухайн үед энэхүү хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой байсан юм. Нэг жилд 379 мянган тонн нүүрс гаалиар мэдүүлэггүй гардаг гэж бодохоор одоо алга болсон гэж яригдаад байгаа 268 мянган тонн нүүрс хулгай байх магадлал өндөр болчихож байгаа юм.

-Та яриандаа нүүрсний мафийн асуудлыг олон удаа хөндлөө. Нүүрсний мафи гэдэг зүйл Монголд хэзээнээс яригдах болов оо. Үүнийг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?

-Нүүрсний мафи гэдэг зүйл манай улсад 2007 оноос эхэлж явагдсан гэж харж болохоор. Үүнийг зогсоох хамгийн гол байгууллага бол төр. Өөрөөр хэлбэл төрөөс томилогдон, татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинждаг Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Хилийн тагнуул зэрэг байгууллагууд ажлаа сайн хийх ёстой. Эдгээр байгууллагууд ажлаа муу хийснээс болж иймэрхүү асуудлууд давтан гараад байгаа юм. Ажлаа хийж чадахгүй бол нэн яаралтай мэргэжлийн хүмүүсээр солих хэрэгтэй. Эсвэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг давхар хянадаг механизмыг сайжруулах шаардлагатай. Нэн түрүүнд алдаа гаргасан, ажлаа тааруу хийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж би харж байгаа. Хатуухан хэлэхэд жилд хилээрээ 400 мянган тонн нүүрс алдчихдаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдэд олгох дөчин тэрбум төгрөг дээр хэрүүл хийдэг УИХ байгаад яах юм. Тийм учраас энэ асуудалд өнөөдөр цэг тавих цаг нь болсон.

-Хүүхдийн мөнгө олгох асуудлаар Засгийн газар болоод Ерөнхийлөгчийн зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Нэг нь 80 хувьд, нөгөөх нь 100 хувьд олгох ёстой гэж. Үүнийг нэгтгээд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Таны хувьд хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох ёстой гэж харж байна?

-Миний барьж буй гол байр суурь бол энэхүү асуудлаар улс төр битгий хийгээсэй гэсэн бодолтой байна. Яг бодит амьдрал дээр энэ мөнгийг авдаг нь наян хувь л байгаа. Гэхдээ хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байх ёстой. Зуун хувьд нь олгох ёстой гэсэн саналыг дэмжиж байгаа ч улс орныхоо эдийн засгийн байдлыг харж үзэх ёстой юм. Манай улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсон . Энэхүү хүнд байдлаас одоо л нэг амьсгаа авах гэж байхад иймэрхүү хавтгайруулсан хөрөнгө гаргах хэрэггүй юм.

-Том төслүүдээ хөдөлгөх ёстой гэж улс төрийн хоёр том хүчин ээлжилж ярьсаар удлаа. Энэ том төслүүд хөдлөхгүй байгаа цаад шалтгаан юунд байна?

-Том төслүүдээ хөдөлгөхийн тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Хөдлөхгүй байгаа гол шалтгаан бол бид шийдвэр ерөөсөө гаргаж чадахгүйд байгаа юм. Хэрэв эдгээр төслүүд идэвхжиж ирэх юм бол манайх шиг шиг эдийн засагтай, хүн ам багатай улс орон хурдан хугацаанд хөгжих боломжтой. Гэвч хэтэрхий их улстөржилт, талцал, намчирхсан байдал нь эдийн засагт асар их саад болж байна. Хэрэв хэн нэгэн нам, улстөрч ямар ч хувийн эсвэл намын эрх ашиг ярихгүйгээр, улс орон ард түмнийхээ төлөө гэсэн бодолтой байвал энэ том төслүүд хөдөлж эхэлнэ. Ер нь хоног хоногоор бид хугацаа алдаж байна. Гэхдээ оройтсон ч гэсэн том төслүүдээ хурдан эхлүүлэх шаардлагатай.

-Төрийн өндөр алба хашиж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө энэхүү асуудал улс төрийн хэлмэгдүүлэлт битгий байгаасай гэж бодож байна. Шүүх, прокурор олон нийтэд ил байгаасай. Эдгээр хүмүүс том төсөл дээр гэрээ хийсэн үү хийсэн. Гэхдээ тэрхүү гэрээг хийхдээ ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсэхийг бид одоогоор мэдэхгүй байна. Үүнд хууль, шүүхийн байгууллага шударга ажиллаасай гэж найдаж байна. Үнэндээ олон жил гацчихсан байсан төслүүдийг явуулсан нь том ололт, давуу тал. Гэхдээ энэхүү процессийг хэрхэн яаж явуулсан бэ гэдгийг шударгаар шалгаж, хурдан шийдэх хэрэгтэй. Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэж, хийгээгүй бол хориод байх хэрэггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байгаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар хэлэлцүүлж байна. Яг ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийг хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг илүү өргөжүүлсэн. Сүүлийн арван жилд гэмт хэргийн тоо тогтмол өссөн. Гэмт хэргийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Өчнөөн айлын элэг бүтэн амьдрал сүйрч, төчнөөн олон хүн гаслан зовлонд унаж буй. Эдийн засгийн талаас нь авч үзэхэд гэмт хэргийн улмаас жилд 200 шахам тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирч байна. Ийм байхад гэмт хэрэг зөрчлийг зөвхөн гарсан хойно нь “гал унтраах”, илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулах нь үнэхээр тэнэг хэрэг болно. Дээрээс чулуу унаж буйг мэдсэн атлаа зайлж бултах биш “…за яахав толгой хагалчихсан хойно нь бооё, хэн унагав гэдгийг дараа нь олж мэдье…” гэсэнтэй л адил юм болно шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болж таарч байгаа биз. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдгийг нэмж тодотгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Зөрчил даамжирвал, давтагдсаар байвал гэмт хэрэг болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг өнөөдөр зөрчил гаргасан этгээдийг өөгшүүлвэл ирээдүйн гэмт хэрэгтний толгойг илж байна л гэсэн үг.

Гэмт хэрэг зөрчилтэй уриа тунхагийн байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Бас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгөхгүйгээр урагшаа гишгэхгүй гэдэг нь ч харагдсан. Тийм ч учраас би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин сэргээн байгуулсан. Одоо харин энэ хуулиар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байна. Морио чөдөрлөчихөөд ташуурдаад байвал хол явахгүй.

-Хуулийн төсөл өргөн баригдаад батлагдлаа гэхэд хууль эрх зүйн орчинд ямар ахиц гарах бол?

-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч батлагдсан. Энэ бүхэн бол Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл боловсруулах бас нэгэн практик шаардлага мөн үү гэвэл мөн. Төрийн үндсэн чиг үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог. Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар л нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог. “…Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг нарийвчилсан. Үүнд Үндсэн хуулиас авахуулаад Эрүү, Зөрчил, авлига, хүчирхийлэл, мөнгө угаах, хүүхэд хамгаалалтай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа. Нэг ёсондоо энэ хууль дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий хууль нь болж таарч байгаа юм.

-Уг хуулийн төсөл Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хэр нийцэж байгаа вэ?

-Мэдээж нийцэлгүй яахав. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хамгийн гол цөм нь урьдчилан сэргийлэх явдал гэж би дээр хэлсэн. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрөө гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайн байж, буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах явдал мөн шүү дээ. Энэ ажлын үр дүн сайн байх нь дараагийн эрсдэлийг давхар бууруулж байдаг. Хулгай хийвэл илрүүлчихдэг юм байна, хүн дээрэмдвэл олоод шийтгэдэг юм байна гэх дохиог эргүүлээд нийгэмд өгдөг гэх утгаараа тэр. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэг л эрч муутай, бүтэлгүй яваад байвал гэмт этгээдүүд дахин давтан гэмт хэрэг үйлдэх, үл бүтэх нөхдийн санаа сэдлийг өдөөх аюултай. Тийм болохоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол гэмт явдлыг хөтөлгөө морьтой байж хөөж гүйцэж, аюул эрсдэлээс хамгаална гэдгийг л харуулаад байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэсэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультайгаа илүү уяж өгсөн гэдгийг хэлэх байна.

-Манайх хууль батлаад байдаг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв шаардлагатай болдог. Уг хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэр хэрэгтэй вэ?

-Наадах чинь их чухал асуудал. Өнөөдрийг хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувийг зарцуулах шинжтэй. Энэ бүгд нийлээд улсын хэмжээнд нэг тэрбум орчим төгрөг л болдог. Нийслэл хот, 21 аймаг, 330 суманд үүнийг хуваагаад үзэхээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэвэл хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг өндөр байлгахын тулд санхүүжилтийн асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Айлаар жишээлэхэд авдрандаа ганц цоож хийхгүй байж, хашаандаа ганц камер тавихгүй байж гэр орондоо юм хураагаад ер нь яах вэ дээ. Нийгмээ айдас түгшүүргүй, нийтээрээ амгалан тайван байхыг хүсч л байгаа юм бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гар хоосон хэдэн цагдаа, ганц улаан мөнгөгүй хууль сахиулагчиддаа найдаад орхих нь ёстой бэртэгчин явдал болно. Тийм учраас бид хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувь гэж өргөтгөж оруулсан.

-Та хэлэлцүүлгийн үеэр жилд гэмт хэргээс болж 200 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэж байсан. Энэ хохирол бодитой хэмжээгээр буурах уу?

-Яг тийм. Гэхдээ өөрийн чинь хэлээд байгаа тэр 200 тэрбум төгрөгийн хохирол чинь шууд хохирол шүү дээ. Шууд бус хохирлыг авч үзвэл түүнээс ч өндөр дүн гарна. Гэмт хэргийг илрүүлэх гэж цагдаа нар хэдий хэмжээний цаг нар, цалин шатахуун зарцуулав, хэрэгт хяналт тавих гэж прокурор, шийдэх гэж шүүгч нар ямар ачаалалтай яаж ажиллав гээд тооцвол их өөр тоо гарна. Түүн дээр гэмт хэргийн улмаас ойр дотны хүнээ алдсан, эрүүл мэнд, эд материалын хохирол амссан хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч үнэлэх аргагүй шүү дээ. Гэмт этгээдийн тухайд ч аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдээ амьдын тамд унагаж, сэтгэлийн зовлон учруулж байгаа. Ял шийтгүүлсэн этгээдэд хорих ял эдлүүлэхэд төрөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа билээ. Энэ бүхнийг нэгтгээд тооцох юм бол 200 тэрбум төгрөг биш, их наядаар яригдах хэмжээний шууд бус хохирол гарч байгаа биз. Тэгэхээр заавал “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн” үйлдэл хийдэг байх биш урьтаж “бороо шорооноос өмнө өрхөө татаж үүдээ хаадаг” байдалд илүү анхаарах л ёстой болж таарч байна.

-Хууль батлагдсанаар иргэдэд яг ямар бодит боломжууд нээгдэж байгаа вэ. Гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх боломж хэр нэмэгдэх бол?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл дотор соён гэгээрүүлэх чиглэл гэсэн нэг чухал чиглэл байгаа. Бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох асуудал үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Өнөөдөр бид Монгол Улс бол хүүхэд залуучуудын орон гэж их ярьдаг. Гэтэл хүүхэд залуусаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр хэр анхаарч чадаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол гэсэн хичээл ордог ч энэ хичээлээр эрх зүйн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байгаа. Гэтэл хүүхэд шилжилтийн насандаа, дунд ахлах ангидаа ямар хүн болох вэ гэдэг нь үндсэндээ шийдэгдчихдэг. Олуулаа хөөрч дарвиж яваад гэнэн болчимгүй байдлаас болж алдаж эндэх тохиолдол их бий. Хүний юм зөвшөөрөлгүй авбал яах вэ, хэн нэгнийг санаатай, санаандгүй цохьчихвол юу болох вэ, зодоон цохион хийвэл хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг тухай тэдэнд ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Үүнээсээ болж амьдралд хөл тавихаасаа өмнө “аавын хаалга” татаж амьдрал, хувь заяагаа орвонгоор нь эргүүлэх явдал ч гарч байна. Энэ хуульд хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүргийг ч илүү тодорхой болгосон. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл бол нийгмийнхээ сэтгэл зүйн залуур дээр сууж байгаа хариуцлагатай салбарынхан. Гэтэл зарим нь (бүгдээрээ биш шүү) гэмт хэргийн тухай мэдээлэхдээ бараг гэмт хэрэг яаж хийх тухай хичээл заачихдаг. Үйлдэл бүрийг нь нарийвчлан харуулж, дүрсэлж, бичиж, бараг л яавал цагдаад баригдахгүй байсан талаар нь зааж орхидог.

Нөгөө талдаа нийгмийн хариуцлага гэдэг зүйл бүх салбарт байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис сурталчилсан кино, контент гаргах нь маш ёс зүйгүй хэрэг. Түүнийг нь заавал хэн нэгэн, аль нэг байгууллага хэлж сануулах хүртэл “нүдэн балай чихэн дүлий” байх нь дэндүү увайгүй явдал шүү дээ. Ямар ч асуудлыг өөр дээрээ тавьж үзэж байх хэрэгтэй. Тэр харуулаад үзүүлээд байгаа болохгүй зүйлийг чинь таны үр хүүхэд үзвэл яаж нөлөөлөх бол гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Таны хийж байгаа мэдээг үзээд хэнд ямар сэдэл төрөх бол гэдгийг анхаарах учиртай. Мэдээж хэн ч , ямар ч сэтгүүлч гэмт хэргийг өөгшүүлэх гэж, магтан дуулах гэж мэдээлдэггүй л байх. Гэхдээ хэт дуулиан шуугиан хөөсөн байдлаас болж нөгөө талдаа нийгэмдээ засч болохгүй хор хөнөөл учруулах вий гэдгийг байнга санаж байгаасай. Бас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн мэдээ мэдээлэл, нийгмийн чанартай реклам сурталчилгааг түгээхэд гүүр нь болоосой гэж хүсэх байна. Амьдралд бүхнийг мөнгөөр харж үнэлж болохгүй. Энэ нийгэмдээ, бас ирээдүйдээ чаддаг зүйлээрээ, чадаж байгаа юмаараа сайн сайхны хөрөнгө оруулалт хийх нь хуулийн гэхээс илүү бидний жам ёсны үүрэг гэж ойлгодог.

-Та УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Дэгийн тухай хуулиар ямар зохицуулалтуудыг хийх вэ? Гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг суулгаж өгч, эгүүлэн татах арга хэмжээ авна гэсэн?

-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үг бий. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” ч гэдэг. Үнэхээр хариуцлага, ёс зүйг гишүүд өөрсдөөсөө эхлэхгүй бол болохгүй болчихлоо. Өөрөө хуралдаа суудаггүй, цагтаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байж ер нь хэнээс хариуцлага нэхэх юм. Тэгэх ямар ёс суртахууны эрх байх юм. Өнөөдөр УИХ-ын нэр хүнд уналаа л гээд яриад байгаа. Энэ чинь дотор нь байгаа гишүүдээсээ л хамаарч байгаа байхгүй юу. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж хурдан батлах ёстой. Гишүүд өөрсдийнх нь хариуцлага, ёс зүй, нэр хүндтэй холбоотой асуудалд хойрго хандаж болохгүй. Энэ хуулийн төсөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааны гуравны нэгд суугаагүй гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт оруулсан. Бас санал хураалтын ирцийн босгыг өндөрсгөж, ирцэнд орохдоо, санал хураалтад оролцохдоо заавал биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлэхийг хуульчилсан. Ингэснээр хүмүүсийн шоглон хэлдгээр гишүүд “төгөлдөр хуурддаг” байдал эцэс болно. Цөөхөн хэдэн гишүүн сууж байгаад, ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж хууль баталдаг байдал арилна. Үүний цаа-на ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих эрх нь бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

-Дэгийн тухай хуулиар гишүүдийг нэлээд чангалах бололтой. Ийм хуулийг гишүүд дэмжих болов уу?

-Дэмжихээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл хэн хариуцлага, ёс зүйгээс бултаж булзаж байна вэ гэдэг нь ард түмний нүдэн дээр тодорхой харагдана. УИХ-ын гишүүний нэр хүнд гэдэг цол чимэг биш. Ард түмнийг төлөөлж ажил хийнэ, тэдний дуу хоолойг төрд хүргэнэ гэчихээд тэр үүргээ биелүүлэхгүй байх нь хэтэрхий даварсан явдал шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг дарга биш, иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон адилхан л хүн.

Олон түмний сонголтоор гарч ирсэн гэдэг утгаараа харин илүү их хариуцлага хүлээх, илүү ёс зүйтэй байх, илүү ачаа үүрэх ёстой. Ингэж чадахгүй бол өөрөө хүсэлтээрээ явж чаддаг байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадахгүй байгаа учраас л УИХ-ын дэгийн тухай хуулиар таны хэлдгээр ”чангалахаас” өөр арга алга. Энэ хуулийг дэмжихгүй бол гишүүд өөрсдөө их муухай харагдана. УИХ-ын нэр хүндийг улам шороотой хутгана. Энэ нь эргээд Монголд дарангуйлал үүсэх , олон нийт нэг хүний засаглалыг хүсэмжлэх хөрсийг бий болгоно. Тэр цагт бүх зүйл оройтсон байх болно гэдгийг өнөөдөр санаж сэрэх хэрэгтэй. Том эрх ашгаа бодож, улс гэрээ бодож хувийн өчүүхэн эрх ашгаасаа татгалзаж, энэ улсын төлөө чадлаараа зүтгэдэг байх учиртай. Гишүүн байна гэдэг төрд түшээ байх ёстой болохоос тушаа болохын нэр биш шүү дээ.

-Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж шалгаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байна. Би хувьдаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар зарим нэг хүмүүс шиг эх орноосоо бултаж зугтаасангүй, ирээд шалгуулж байгааг нь харин ч үнэлж байна. Бас гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог хууль шударга ёсны зарчимд итгэдэг. Тэр болтол хэн ч хэнийг ч буруутган яллах эрх байхгүй. С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээ УИХ-д танилцуулагдаж Засгийн газар гэрээ байгуулсан нь үнэн. Харин ийм бодлогын шийдвэр гаргасан нь буруутай байсан, тэр буруутан нь энэ хүн гэж ирээд хамтаараа гаргасан шийдвэрээс хэн нэгнийг нь сугалж аваад яллах нь арай л хэтийдсэн хэрэг болно. Ингээд байх юм бол аль ч Засгийн газар, ямар ч Ерөнхий сайд улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дорвитой ажил хийж чадахгүй. Хаяагаа манасан, өдөр шөнийг аргацаасан тийм л байдлаар ажилладаг буруу жишиг тогтоно. Хууль шүүхийн салбар улс төрийн захиалгаар ажилладаг болчихвол улс төрчдийг сонгодог ард түмэн биш харин хуулийнхныг далдаас захирдаг, заавар өгдөг тэр нууц ноёнтон л эрх мэдэлтэй болно. Миний хувьд ямар ч хүнийг унасан хойно нь дэвслэх, араас нь шороо цацах хүмүүжил байхгүй. Тийм жудаггүй явдалд үнэн голоосоо дургүй. Шүүх үнэн мөнийг нь тогтоотол хэнийг ч буруутгах хууль зүйн болоод ёс суртахууны эрх надад алга даа.

-Монгол Улсын хамгийн том төсөл Оюу толгойд болгоомжтой хандахгүй бол гадны хөрөнгө оруулалтаа үргээж мэднэ. Аль өнцгөөс нь харах ёстой вэ?

-“Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг зүйл болчихгүй байгаасай. Гэхдээ Оюу толгойн гэрээний хувьд засаж залруулах зүйл хангалттай бий. Би бүр 2011 оноос хойш Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой шүү гэдгийг удаа дараа сануулж хэлж л байсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилж байсан. Гэвч энэ заалт харамсалтай нь хэрэгжээгүй өдийг хүрсэн. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах тухайд би ярьж байсан юм. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олсны дараа гэдгийг зориуд оруулсан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүртэлх хувь эзэмшихээр оруулж ирсэн. Бас өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал нь байнга өсч ирлээ.

Үүнээс болж Оюу толгойгоос Монголын ард түмэн ахиухан ашиг хүртэх асуудал хойшилсоор л байгаа. Үүнийг засахын тулд Засгийн газар ажиллах ёстой. Учир дутагдалтай гэрээгээ засаж сайжруулах ёстой болохоос улс гэрээ түүнээс болоод нураачихаж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай үзэж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Сүүлийн үед УИХ-ын гишүүдээс хуулийн байгууллагынхан мэдүүлэг авах боллоо. Танд болон Ж.Батзандан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал юу болж байгаа вэ?

-1990 онд бид огт өөр нийгэм рүү шилжсэн. 1990 оноос өмнө ийм зүйл байсан. Хүнийг цаазлах юмуу, хуулийн арга хэмжээ авахдаа нэр хүндийг нь гутаадаг. Тэр үед хэлмэгдээгүй хүн бараг үгүй. Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд С.Буяннэмэх гээд үргэлжилнэ. Б.Ринчен гуайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь шоронд хорьж байлаа. Өнөөдөр тэр хүн буруу зүйл хийгээгүй байж гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл тухайн үед тэс өөр ойлголтыг өгч байсан. Тухайн хүнийг аймшгийн муу, муухай хүн мэт нийгэмд ойлгуулчихаад энэ хөшигнийхөө ард хэлмэгдүүлэлтийг явуулдаг байлаа шүү дээ. Ийм нийгмийг бид 1990 онд өөрчилсөн. Гэтэл зарим хүчнүүд энэ арга барилаа огт тавихгүй байна.

Бүх зүйлийг хуулийн дагуу, хуулийн хүрээнд явах ёстой байтал өнөөдрийг хүртэл хичнээн удаа, хичнээн хүнд хэрэг нээлээ, буруутгаж гүтгэж байгаа нь тэр цаг үедээ богино зайн улс төр хийхийн тулд хүний нэр хүндэд халддагийг бид мэднэ. Цаанаа тендер авдаг юм уу, Засгийн газрыг огцруулдаг юм уу, сайд, агентлаг авдаг ч юм уу улс төрийн хожооны зам руу орчихлоо. Тиймээс нийгэм өөрийгөө хамгаалдаг дархлаатай болох ёстой.

Өнөөдөр хичнээн хэцүү байсан ч бидэнд дуугарах, эсэргүүцэх, хамгаалах эрх нь бий. Тиймийн учир өнөөдөр тодорхой гишүүд байр сууриа илэрхийлж, үүнийхээ төлөө сайн, муу янз бүрийн зүйл сонсож байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг зүйл олон удаа яригдлаа. Их хурал дээр эрх нь зөрчигдсөн хүмүүс зовлон бэрхшээлээ яривал гишүүд сонсох үүрэгтэй. Цаад талд нь албан ёсны Их хурал нь ард түмнээсээ хаалга үүдээ хааж байгаад нууцаар хуралдаад хаалттай, далд хүрээндээ тохирсон асуудлаа шийдээд явж байгаа. Өнөөдөртөө яахав ингээд явж болдог юм аа гэхэд алсдаа үнэн зөв нь ил болно. Эрүүгийн хэрэг үүсгэлээ, шалгалаа. Энэ бүхэн байдаг л процесс. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байтугайг л үзлээ.

-Хууль хүчний байгууллагынхан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж нэр хүндийг нь сэвтээчихээд эргээд ийм зүйл болж гээд мэдээллэдэггүй. Энэ нь тухайн хүмүүстээ маш хүнд цохилт болдог байх?

-Монголчууд их хэлмэгдүүлэлт үзсэн ард түмэн. Хэдэн арван мянгаараа сэхээтэн, лам, эх орныхоо төлөө зүтгэсэн хүн бүрийг цааш нь харуулсан том махны машин явсан. Сэхээтний төөрөгдөл нэрээр махны машинд Монголын нэгэн үеийн сэхээтнүүд арчигдсан. Энэ бүхэн цаанаа заавал том зорилготой байдаг.

Тухайлбал, ард түмнийг эрхшээлдээ байлгах, эдийн засаг бизнесийн сонирхлоо гадаад, дотоод гэлтгүй гүйцэлдүүлдэг. Үр дүнг нь бид өнөөдрийн өндөрлөгөөс харж байна. 1992 оны Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг ард түмэнд өгсөн. Ард түмэн буюу гурван сая иргэн засаг барих бололцоогүй тул 76 УИХ-ын гишүүн сонгоод тэр хүмүүсээрээ дамжуулан ард түмэн төрийн эрх барилцдаг. Тиймээс тэр 76 гишүүнд маш их эрх мэдэл төвлөрч байгаа учраас үүнийг тойрсон барьцаалалт, тэр хүмүүсийг эрхшээлдээ оруулах гэсэн том тэмцэл сүүлийн 30 жил явлаа. Үүний нэг илрэл нь өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ. Заримдаа ялагдана, заримдаа ялна. 2020 онд ялагдвал ард түмний эрх мэдэл өөр тийшээ шилжинэ. Гарч байгаа шийдвэрүүд нь ард түмний эрх ашгийн төлөө гэсэн баталгаа улам л байхгүй болно. Тодорхой бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай ч үзэж байна. Өнөөдөр маш сонин эргэлзээтэй, эмзэг нөхцөл байдал бий болчихлоо.

-С.Зориг агсан амь насаа алдаад 20 жил болчихлоо. Телевизийн нэвтрүүлгээр баримт гаргаж ирж байна лээ. Ж.Батзандан гишүүн Нэг сэтгүүлчээс доор мэдээлэл ч авч чаддаггүй ийм Их хурал тарах хэрэгтэй гэж байсан. Их хурал өнөөдөр мэдээлэл авч чадахгүй байна уу?

-Энэ Засгийн газар байгуулагдах болсон нэг шалтгаан нь С.Зоригийн хэргийг ил болгож, ард түмэнд нэг мөр ойлголт, итгэл үнэмшил өгнө гэдэг асуудал яригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлаа аваад С.Зоригийн хэргийн хэргийг ил болгоно гэж хэлж байсан. Түүнчлэн Их хурал дээр ч гэсэн шаардлага их тавигдсан. Засгийн газар таван сар гаруйн өмнө С.Зоригийн хэргийн материалын зарим хэсгийг төрийн нууцаас гаргаж, ил болгохоор болсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр шийдвэр хэрэгжээгүй. Нэг үгээр хэлбэл Их хурлын гишүүдийг даапаалаад байгаа байхгүй юу. Хэрэг нь ил болоод зургаан сар болох гэж байна. Их хурлын гишүүд та нар хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, та яагаад өөрсдөө олж үзэхгүй байгаа юм гэж ярьдаг. Өнгөрсөн зургаан сарын турш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулъя гэж ярьсан. Парламентын гишүүн хэргийн материалтай очиж танилцъя гэж байгаа бол парламент, байнгын хороо, ажлын хэсгийн мандат байх ёстой. Нэхэж нэхэж, нөгөө тал нь цааргалж, цааргалж хоёр долоо хоногийн өмнө дөнгөж ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг нь өнгөрсөн долоо хоногт хуралдах ёстой байтал хуралдсангүй, Байнгын хороо нь ч хуралдаагүй. Энэ асуудлыг зориудаар хойш-луулж, цаг алдуулж байгаа. Ийм тохиолдолд гишүүд материалтай танилцах боломжгүй. Ажлын хэсэг очоод материалтай танилцъя гэхээр материал нь үнэндээ байхгүй л байгаа байхгүй юу. С.Зоригийн хэргийн материалтай танилцах боломж үнэндээ алга. Харин бид анх удаа хэвлэлийн ярилцлагаас өнөөдрийг хүртэл ил болоогүй, мэдэгдээгүй байсан болон өнцөг, мэдээллийг авлаа. Ингэж байж ажлын хэсэг ажилдаа орлоо. Хохирогч тал болон яллагдсан хүмүүсийн талаас тэнцвэртэй мэдээллийг авсан. Прокуророос урьсан боловч ирээгүй. Гэхдээ энэ долоо хоногт Байнгын хорооны хурал дээр ирж Прокурорын удирдлагууд хэвлэлд хариу өгч болсон юм чинь Их хурлын гишүүддээ хариулт, мэдээлэл өгөх байлгүй дээ. Энэ долоо хоногт шинэ мэдээлэл гарах байх.

-Уг нь хэргийн материал ил болсон л юм бол нээсэн шиг нээгээд явчихаж болохгүй байгаа юм байх даа?

-Нууцын зэрэглэлтэй 77 хуудас материал нь нууцдаа хамаардаг юм байгаа биз. Бусдыг нь судлаач, шинжээч, Их хурал гээд судлах ёстой субъектууд нь судлаад, өөрсдийнхөө дүгнэлтийг хэлээд явах хэрэгтэй. Энэ ердийн процесс. Гэтэл үүнийг зориудаар улс төржүүлэн хөөсрүүлээд ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлсэн гишүүдийн араас мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлээд байж болохгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна.

-Уг нь та нарын л эхлүүлсэн ардчилал биз дээ…

-Ардчилал утгаа алдчихсан байна. Хараахан ийм түвшинд хүрчихсэн гэж бодоогүй явлаа. Монголын парламент нь парламент биш, Монголын хууль хоёр утгатай мөрдөгддөг болсон юм байна. Ард түмэн төрийн эрх мэдлээ үл мэдэгдэх хүчинд алдчихсан юм байна. Монголчууд монголынхоо эрх ашгийн төлөө биш үл мэдэгдэх гараар удирдуулдаг болчихсон юм байна. Нөхцөл байдал тун эгзэгтэй болж. Ард түмэн энэ цаг үед өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, улсынхаа хавь заяаг гартаа авах хөдөлгөөнүүд гарч ирж байгаа нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн томоохон жагсаал цуглаан хийж, том тэмцэл эхлүүлж байгаагаа зарлалаа. Ард түмний эрх ашиг гэдгийн ард зовж, зүдэрч, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашиг байдаг. Иргэд байхгүй сайхан зорилтын төлөө биш амьдрал дээрээ тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө явснаар жинхэнэ мөн чанар нь илэрнэ. Миний хувьд Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаа. Ард түмэн хувь заяагаа гартаа авах цаг нь болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Оюу толгойтой холбоотой хүмүүсийг барьж, хорьж шалгаж байгаа процессийг та хэрхэн үнэлэх бол. Оюу толгой том төсөл. Гэхдээ үүнийг зогсооё гэсэн хүмүүс байх шиг байх юм?

-Нөхцөл байдлыг харахад дээр хэлсэнчлэн хэн, хаанаас яаж удирдаад байгаа юм бэ. Монголын төр, хуулийн байгууллагыг хэн алсын удирдлагаар удирдаад байна вэ. Ямар ашиг сонирхлын үүднээс удирдаж байна вэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй болчихлоо. Оюу толгой бүтэн зуун жил Монголын ард түмнийг авч явах том төсөл. Үүн дээр гарч байгаа УИХ, Засгийн газрын шийдвэр нь өөрөө тусдаа, олон улсын түвшинд хүлээж байгаа Монгол Улсын хариуцлагын асуудал. Монгол Улс гэрээгээ сайжруулж, барьцаа ахиулж байх үүрэгтэй. Сонгууль бүрээр үүнийг шаардаад хийж чадахгүй бол хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Гэхдээ Оюу толгойн гэрээг зогсоо гэж байгаа юм биш шүү. Нөгөө талд нь эргэлзээтэй зүйл байгаа бол үүнийгээ шалгаж байх ёстой. Энэ нь манай дотоодын асуудал. 10 жил шалгалаа гэж ойлгож байгаа. Шалгаад зөрчил байгаа бол үүнийгээ нотлоод хуулийн хүрээнд ажлаа явуулах ёстой шүү дээ. Түүнээс таамаг, хардлага, улстөржилтийн байдлаар хандаж болохгүй. Шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хяналгүй л яахав. Гэхдээ цаанаа улс төрийн зорилго, эрх ашгийн тооцоотой зүйл хийгдэж байгаа нь хүний эрх, улс орны эрх ашиг талаасаа сөрөг, ухралт дагуулсан үйл явц өрнөж байна. Үүн дээр Монголын төр өөрийн дүгнэлтээ хийх байх.

-Заавал хүмүүсийг барьж хорьж байцаалт, мэдүүлэг авах ёстой юу?

-Залхаан цээрлүүлэх маягтай барьж хорьж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь хөрөнгө оруулалтад халтай, бүтэлгүй улс гэдэг мессэжийг өгч байна. Улсаа хорлох маягаар ингэж хандаж болохгүй. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар эх орноосоо гараад зугтаачихгүй л бол ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хязгаарлах замаар шийдэж болно. Оюу толгойтой холбоотой асуудал бол олон жил яригдаж байгаа зүйл. Тэр хугацаанд хангалттай нотолгоо юм цуглуулсан байлгүй дээ. Үүнийгээ гаргаж ирээд явбал ямар нэгэн эргэлзээгүй л дээ. Эцсийн бүлэгт барилаа, хорилоо гэдэг нь залхаан цээрлүүлэлт юм уу, хэлмэгдүүлэлт юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Цаашаа үргэлжлэх процесс нь ч оньсого мэт. Нэг сарын хугацаанд хүмүүсийг хорьж мэдүүлэг авсан бол гарга л даа. Тэр хүмүүс чинь нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Үүнийг дагаад найз нөхөд, гэр бүл, улс төрийн хүчин нь хүртэл хохирол амсч байгаа. Ямар зүйл нь дутуу болчихоод суллалаа гэчихээд хоёр цагийн дараа эргүүлээд хорьчихож байгаа юм бэ. Үүний цаад үр дүн, зорилго нь юу вэ. Энэ бүхэнд хариулт өгнө гэхээсээ илүү асуулт нь дэндүү олон болчихоод байна. Байнгын ажиллагаатай парламент үүнийг нь сонсох ёстой. Тиймээс энэ бүхний гол гогцоон дээр байгаа Улсын ерөнхий прокурорын удирдлагын байр суурийг Хууль зүйн байнгын хороо сонсох хэрэгтэй. Прокурорын тухай хуулийн 49.1-т “Ерөнхий прокурор хуулийн хэрэгжилтээр жилд нэгээс доошгүй удаа ажлаа тайлагнана” гээд заачихсан. Юун нэгээс доошгүй байтугай өнгөрсөн парламентын үед нэг ч удаа тайлагнаагүй. Тиймээс нээлттэйгээр энэ бүхэнд хариулт өгөх, бид мэ-дээлэл авах шаардлагатай. Прокурор дээр маш олон асуу-дал хуримтлагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Их хурал өнөөдөр хэлэлцэх асуудалгүй болчихлоо гээд байгаа хэрнээ яагаад энэ бүхэнд тайлбар, мэдээлэл авч болохгүй байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмнээс санал авч тэр хүмүүсийнхээ нэрийг өргөн барьсан…

-Байгууллагын мөн чанар хийгээд тэнд хэн байгаа гэдэг нь надад сонин биш байна. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч УИХ-д асуудал орууллаа. Байнгын хорооны хуралдаан дээр дэмжинэ, дэмжихгүй гээд санал хураадаг. Энэ тусдаа асуудал. Гэхдээ үүнийгээ заавал Их хурлаар оруулж дэмжинэ, дэмжихгүй гэдгээ хэлэлцдэг. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэхэд байнгын хороо дэмжээгүй. Гэтэл Их хурлаар орж ирэнгүүт дэмжээд явсан. Энэ суурь зарчим.

-Б.Хурцтай холбоотой асуудлууд шийдэгдсэн үү?

-Би зургаан сар шүүхийн үүд сахилаа. Гэрийн хаягийн маргаанаар өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй буцаасаар байгаад хамгийн сүүлийн өргөдлийг хүлээн авлаа. Харамсалтай нь үүнийг гурван удаа буцаасан шүүгч дээр дахиад хуваарилж байна. Би шүүгчээсээ татгалзаж байгаа. Өмнө нь гурван удаа шударга бус шийдэж байсан хүн дөрөв дэх дээрээ шударгаар шийднэ гэдэгт эргэлзэж байна, үнэн дээ. Нөгөө талд нь миний тавьсан асуудалд тайлбар ирсэн. Одоо шүүх хурлаа хүлээж байна. Энэ хооронд тэр хаягаар Ж.Батзанданг хоёр ч удаа шүүхэд өгөөд нөгөө тал ялчихсан. Ж.Батзандан гишүүн нэлээд том мэдэгдэл хүлээсэн. Гэсэн ч үнэнд нийцэхгүй гээд шүүхэд өгөөд шүүх тодорхой шийдвэр гаргасан. Ж.Батзандан гишүүн бид хоёрыг нээлттэй сонсгол хийлээ гэж эрүүгийн хэрэг нээх өргөдлийг прокурорт гаргасан. Эхний байцаалтаа авсан. Дараагийн шатанд яах юм бүү мэд. Улс төрийн агуулга бүхий хуулийн байгууллагыг тойрсон зүйлс тасрахгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа салах ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Оюу толгойн ажлын хэсэг гэрээг шалгаж байгаа. Сүүлийн үед харин нам гүмхэн байх чинь. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийг ахлахаа больсон гээд байгаа үнэн үү. Ажлын хэсэг хэр ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюу толгойг шалгах ажлын хэсэг хэд хэдэн хуралдаан хийсэн. Мөн Оюу толгой компани хөрөнгө оруулагчдын зүгээс холбогдох мэдээ мэдээллийг татаж авах, гаргах ажиллагаа явагдаж байна. Бодит нөхцөл байдалтай танилцсаны дараа ажлын хэсэг дээр тодорхой санал дүгнэлтүүд гарч эхлэх байх. Үе, үеийн УИХ, Засгийн газар Оюу толгойн гэрээг сайжруулах талаар санал санаачилгатай ярьж ирсэн. Хамтрагчтайгаа зөв ойлголцоод гэрээг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцох, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн боломж нөхцөлөө зөв тооцоолж асуудлаа тавих нь чухал. Зөвхөн Их хурал гэлтгүй Засгийн газар дээр Оюу толгойн гэрээг сайжруулах хүрээнд яриа хэлцэл хийгээд явж байгаа. Засгийн газрын хийж буй хэлцэл бодитой үр дүнд хүрээсэй гэж бодож байна. Ажлын хэсэг байгуулснаар бодитой, үр дүнд хүрсэн, зарим зүйлийг ойлголцсон алхам хийх ёстой. Ажлын хэсгийн ахлагчийг өөрчилж байгаа процесс явагдаж байна. Хуулийнхаа хүрээнд шийдэгдээд явах байх.

-Ямар шалтгаанаар Д.Дамба-Очир гишүүнийг сольж байгаа юм бэ?

-Ажлын хэсгийн ахлагч нар өөрийн саналаар болон удирдах байгууллагын саналаар сольдог л доо. Энэ удаа Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэнэ. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оюу толгой компанитай бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлын хэсгийн ахлагчийн ажлаа өгсөн юм болов уу гэж ойлгож байгаа. Үүн дээр өөрөө тодорхой тайлбар өгөх байх.

-Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах бол. Гэрээг шалгаж байна гээд л ярих юм. Нөгөө талдаа Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хорьсон…

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ хорьж шалгах нь би буруу гэж харж байгаа.

Төрд тангараг өргөж, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хувь хүн талаасаа ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зөв. Төрийн өндөр алба хашиж байсан, бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол буруу. Аливаа төрийн зүтгэлтнийг бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол хэлмэгдүүлэлт болдог. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хоёр гурван хувилбараас тухайн цаг үедээ хамгийн боломжтой гэсэн ганц хувилбарыг сонгож шийдвэрээ гаргадаг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг бодлого, шийдвэр гарга гэж сонгодог, томилдог. Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс хүссэн ч, эс хүссэн ч бодлого, шийдвэр гаргах ёстой. Хоёр хувилбарыг зэрэг сонгох болохгүй тул аль нэгийг нь сонгож шийдвэр гаргасны төлөө “Чи буруу шийдвэр гаргасан” гээд яллаж болохгүй. Тэр хүмүүс нь үнэхээр авлига авсан, хөрөнгө мөнгөтэй холбогдсон бол өөр асуудал. Тиймээс улстөрч, төрийн зүтгэлтнүүд үүнийг ялгаж салгаж авч үзэх ёстой.

Улс төрийн хэмлэгдүүлэлт гэдэг зүйлсийг харж байхад бодлого гаргаад урд хөршөө дагах уу, хойд хөршөө дагах уу, эсвэл улс орны хөгжлийн замыг сонгохдоо зах зээлийг сонгох уу, социалист системийг сонгох уу, гадаадын хөрөнгө оруулалтаа нэг оронтой хийх үү, нээлттэй бодлого явуулах уу гээд үргэлж сонголтын өмнө ирж аль нэгийг нь сонгодог нь бодлогын сонголт. Засгийн газар, УИХ, ҮАБЗ нь шийдвэр гаргаад шийдсэн бол бодлого гаргасных нь төлөө тэр хүмүүсийг шийтгэж болохгүй. Үүн дээр ардчилсан Монгол Улс маш хатуу зарчим барьж байх ёстой. Ингэхгүй бол цаашид бодлого, шийдвэр гаргадаг хүн Монголын төрд байхгүй болно. Тиймээс энэ хоёр заагийг ялгаж үзэх хэрэгтэй.

Бид хоёр парламент дамнуулан Эрүү, Зөрчлийн болон шүүх засаглалын хуулийг батлан гаргасан. Ингэхдээ бид аль болох хорьж шалгадаг байдлыг таслан зогсоох үүднээс хуулиудыг өөрчилж, шүүхийн шинэтгэл хийж байна гэсэн шүү дээ.

-Гэхдээ нийгэм өндөр албан тушаалтнуудыг үзэхгүй болж…

-Миний хувьд Ерөнхий сайд, Сангийн сайдын алба хашиж байсан хүмүүс улсаа худалдаад эсвэл оргон зайлж төрдөө хүндэтгэлгүй хандана гэж бодохгүй байна. Тэр хүмүүс цаг тухай бүрт нь очиж мэдүүлгээ өгөөд үнэн зөвөө тогтоолгоод явах ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүс гэж харж байгаа. Тиймээс хоёр, гурван сараар нь хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа холдох ёстой. Энэ зөвхөн Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогтын асуудал биш. Энэ нь бидний үргэлж ярьдаг ардчилал, хүний эрх болсон үнэт зүйлсийнхээ суурь зарчмыг эвдэж болохгүй. Жирийн иргэнээс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн ч бай хэн ч байсан хүний эрх, ардчилал чөлөөт нийгмийн суурь зарчмыг хамгаалж, дуугарч байх ёстой.

Оюу толгойн гэрээний тухайд олон улсын зах зээлд Монголыг гаргаж ирсэн. Монголын олон аж ахуйн нэгжүүдийг ажлын байраар хангаж байгаа, Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа төслүүдийн нэг нь Оюу толгой. Гэрээг сайжруулж, илүү ашиг авах ийм шаардлага байгаа юу гэвэл тийм. Миний хувьд цаашид гэрээг сайжруулаад төрийн эзэмшлийн 34 хувийг болих ёстой гэж боддог. 34 хувьдаа багтсан рояалти буюу нөөц ашигласны татварыг борлуулалтаас нь аваад явдаг болох хэрэгтэй. Энэ нь манай улсад илүү ашигтай гэж хардаг. Оюу толгой компани өнгөрөгч онд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Бид Оюу толгойн орд дээр 15-20 хувийн рояалти тохирч чадвал жил бүр 300-400 сая ам.долларыг борлуулалтаас нь шууд авчих боломжтой. Борлуулалтаас шууд авдаг татвар учраас компанийн дотоод үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд Монгол Улс, хөрөнгө оруулагчдын хооронд үйл ойлголцол болоод байгаа асуудлуудад цэг тавина гэж харж байна. Рио Тинто олон улсын хөрөнгийн бирж гарсан компани болохоор үндэстэн дамнасан корпорациуд глобал гэрээгээр томоохон ханган нийлүүлэлтүүд нь явагддаг. Үүнийгээ дагаад компанийн соёл өөр байдаг. Нэг үгээр хэлбэл энэ компани хөрөнгийн бирж дээр ашгаа хийж, хувьцааны өсөлт, бууралтаар ашиг орлого нь тооцогддог. Яг компанийн үйл ажиллагаагаа хамгийн өндөр өртгөөр, хамгийн аюулгүй байдлаар явуулдаг. Энэ нь зарим үед манайхтай зөрчилддөг үндэс болчихоод байгаа юм. Тиймээс бид компанийн дотоод үйл ажиллагаанд аль болох бага оролцох ёстой.

Дубайн гэрээгээр бид 2037 оноос 34 хувьдаа ногдох ашгаа хүртэж магадгүй. Нэгэнт ногдол ашиг ирэхгүй байгаа учраас 34 хувиа барьж байхаар рояалти руу шилжүүлээд ирэх жилээс шууд борлуулалтаасаа ашгаа хүртээд явах нь монголчуудын хувьд илүү зөв хувилбар байх. Хөрөнгө оруулагч талдаа хүнд тусах ч манайхан асуудлаа зөв гаргаад явбал болохгүй гэх зүйлгүй. Бид Оюу толгой гэдэг нэг завинд хамтдаа суусан учраас завиа цоолж, хөмрүүлж болохгүй.

-Ингэж баривчилгаа явуулж байгаа нь нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчөө намнаж байгаа хэлбэр мөн үү?

-Монголын улс төр халуундаа халуун, намдуудаа намдуу явж ирсэн. Монголын улс төр өрсөлдөгчөө намнахдаа хэзээ ч хууль хүчний байгууллагыг бүү ашиглаасай гэж хүсдэг. Ашиглах гэсэн тохиолдол бүрт би эсэргүүцэж ирсэн. Тиймээс цаашдаа Монголын улс төр шударга, бодлогын хүрээнд хөгжих ёстой. Сүүлийн үед өрнөөд буй баривчилгааг харахад улстөрчдийн хоорон дахь толхилцоон гэхээсээ илүү хууль хүчний байгууллагын алдаа биш байгаа даа гэж харах юм. Хүнийг заавал хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Гэрийн хорионд, хязгаарлалтын бүсийг нь тогтоох гэх мэтчилэн тэр хүмүүсийн хэрэг шийдэгдтэл хорих шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтан гэлтгүй жирийн иргэдийг бүтэн сар хорьчихоод ганц удаа байцаалт авдаг. Ийм тохиолдол заавал барьж хорих ямар шаардлага байгаа юм бэ. 70-80 жил явж ирсэн хорьдог сэтгэлгээнээсээ бид салаагүй байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргын үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавал болсон гээд ард нийтийн дунд санал асуулга явуулж хоёр хүнийг энэ байгууллагын удирдлагууд нэр дэвшүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гээд буцаасан байна лээ. Таны байр суурь ямар байгаа бол?

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлсэн асуудлыг Их хурал хэлэлцэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Учир нь хуулийн тодорхой заалтын хүрээнд хэлэлцэх учиртай тул үүнийгээ зөрчих гээд байгаа юм. Тиймээс хэлэлцэх боломжгүй.

Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаа АТГ-ын даргыг олон түмний саналаар нэр дэвшүүлж байгаа гэсэн “шоу” тоглолт хийж байна. Ядаж дэвшүүлж байгаа хоёр хүнийг нь нийгэм таньдаг юм уу. Их өндөр санал авлаа л гээд байгаа. Ах дүү, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь л таних байх. Явуулсан санал асуулга нь ч ойлгомжгүй байна лээ. Ард түмнээр хэлэлцүүлэх асуудал байж болохоос ард түмнээр хэлэлцүүлсэн нэртэй тэдний нэрийг барьж өөрсдийнхөө явуургүй тоглолтыг хийж болохгүй. Өмнө нь ийм хандлага гаргах гэж улстөрчид оролдсон ч бүтэлгүй болж байсан. Ардчиллын болон ард түмний нэрийг барьж улс төрийн жижиг тоглолт хийх гэсэн оролдлого бүр бүтэлгүйтдэг. Тэр үйл явцын л нэг байх. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хуульч, эрх зүйч, салбарынхаа түүчээ болсон хүмүүс байсан бол өөр хэрэг. Би Монголын төрд зүтгээд 20 орчим жил болж байна. Энэ хоёр хүнийг нь бол танихгүй юм билээ. Жирийн иргэдийн түвшинд тийм өндөр санал өгсөн гэдэгт эргэлзэж байгаа юм.

Сүүлийн хоёр парламент дамжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том асуудлыг ярьж байгаа шүү дээ. Үүндээ Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар хүрээнд байх юм, Ерөнхийлөгч гэж хэн юм, түүний институци нь ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг тойроод байгаа нэг согог нь энэ. Ерөнхийлөгч болсон хүн бүр хууль хүчний удирдлагуудыг өөрийн үзэмжээр солих гэж оролдож, тэр хүмүүс өөрсдөд нь үйлчилдэг. Өнөөдрийн Ерөнхийлөгч биш өмнөх Ерөнхийлөгч нарын үед гарч байсан зүйл давтагдаж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа хүрээнд асуудлаа оруулж ирээд төрийн ажил явдаг дэг жаягаараа асуудлаа тавиад явбал парламент хэлэлцээд нэг талд нь гаргаад явах байх.

-Яг ямар хууль зөрччихөөд байгаа юм бэ?

-Хууль зүйн байнгын хороон дээр тодорхой хуулийн заалтыг ярилцсан байна лээ. Их хурлын институцийн байр сууриа илэрхийлээд энэ хүрээнд нэр дэвшүүлээд явбал хэлэлцээд явна. Тэгээд ч одоогийн АТГ-ын даргын бүрэн эрх хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг нь маргаантай байна. Мөн өргөн барьсан процесс нь алдаатай. Тийм учраас хуулийн зөрчилтэй зүйлийг Их хурал хэлэлцэх шаардлагагүй.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхийлөгч 100 хувь олгох саналтайгаа илэрхийлсэн, Засгийн газар 80 хувьд нь олгоно гэсэн. Хоёр институци төслөө хамтдаа хэлэлцэхээр болсон байгаа?

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь зүйтэй. Хүүхдийн мөнгөөр дамжин тодорхой халамжийн бодлого явагдаж байна. Нөгөө талдаа хүн амаа өсгөх, иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого явагдаж байгаа тул өнөөгийн нөхцөлд 80 хувьд нь буюу зорилтот бүлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлого явуулж байгаа нь зөв гэж үзээд Засгийн газар бодлогоо өргөн барьсан. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн. Парламент хэлэлцээд нэг асуудал юм байна гээд хамтад нь хэлэлцээд тогтоол гаргаж байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно. Ерөнхийлөгчийн 100 хувь олгох ёстой гэдэг асуудлыг судалж үзэх хэрэгтэй.

Сүүлийн 10 жилд хүүхдийн мөнгө олгож ирсэн түүхийг авч үзэхээр иргэдийн 20 хувь нь хүүхдийн мөнгөө авдаггүй. Хүүхдийн мөнгөө авахаар банк руу яваад байх шаардлага бага байдаг юм шиг байна лээ. Магадгүй цаашид 20 хувь нь хүүхдийн мөнгөө авъя гэсэн хүсэлтээ өгөөд авдаг хэлбэр рүү орж болно. Үүнийг судлахын тулд тогтоолын төслийг гаргаж байгаа.