Categories
редакцийн-нийтлэл

Ё.Нямжав: Ерөнхий сайд огцрох уу, эсвэл Үндсэн хууль оршуулагдах уу

НАМЗХ-ны дэд ерөн­хийлөгч Ё.Нямжавтай
ярилцлаа.

-НАМЗХ МАН-ын дэр­гэдэх залуусын
то­моо­хон хүч. Танай хол­бооны зүгээс ямар аж­лууд хийхээр төлөв­лөөд байна вэ.
Сүүлийн үед гудамжинд жагса­хаас өөр ажилгүй гэсэн нэр зүүгээд байна шүү дээ?

-НАМЗХ Монгол орны өнцөг булан бүрт
байгаа эрч хүчтэй 60 гаруй мян­ган залуусыг эгнээндээ нэгтгэсэн залуучуудын хамгийн
том байгууллага. Нэг зүйлийг тодотгоход улс төрийн намын дэргэ­дэх залуучуудын бай­гуул­лага
гэхээр улс төрийн ихээхэн амбицтай залуусын нэгдэл хэмээн хараад байгаа юм. Бид
аль болох улс төржилгүй залуу хүмүүс хөгжих ний­гэмдээ хэрэг тустай амьд­рахад боломж
бололцоо олгоё гэдэг байр суури­наас ажилладаг. Ямар ч залуу хүний өмнө НАМЗХ-ны
хаалга үргэлж нээлттэй байдаг. Нөгөө талаас манай холбоо МАН гэдэг томоохон улс
төрийн хүчний дэргэд байдаг залуучуудын бай­гууллагын хувьд улс төрийн чиг баримжаатай
томоохон акцуудыг тас­ралт­гүй хийсээр ирсэн. Сүүлийн ажлуудаас дура­хад оны өмнө
хүний эрхийн өдрөөр 76 асууд­лыг дэвшүүлж, 76 минут чимээгүй суулт хийлээ. Өнөөдрийн
Монголын нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг социо­ло­гийн судалгаагаар гаргаж ирсэн
юм. Үүнийгээ төрийн түшээдэд өргөн барьж, цаашдаа шийдүү­лэх гарц боломжийн  араас нь явж үр дүнг нь үзнэ хэмээн бодож байна.
Дараагийн томоохон ажил нь оны босгон дээр болсон “Алтан сарнай-2013” оны шилдгүүдийг
шалгаруулах томоохон ёслолын ажиллагаа бол­сон. Уламжлал болон 13 дахь жилдээ болсон
уг наадам сүүлийн жилүү­дэд ард түмний дундаас санал авч оны шилдгүү­дийг тодруулдаг
болсон нь улс төрийн зорилготой биш гэдгийг хүмүүс ойл­гох болжээ. Уг шагналын эзэд
нийгэмдээ үнэхээр ихийг хийж бүтээж байгаа нь иргэн бидэнд ил тод байна. Тиймээс
“Алтан сарнай” наадамдаа бид сэтгэл хангалуун байдаг. 

НАМЗХ-ны залуусын үйл хэргийн хэтэрхий
нэг өнцгөөс харж туйлширч байгаа юм болов уу. Бид ард түмэнд дуу хоолойгоо нээлттэйгээр
хүргэх нэг арга нь Засгийн газрын ордны урд жагсаал хийж болно. Яагаад бид жагсаж
болохгүй гэж.

-Пүрэв гаригт жаг­саал зохион байгуулна
хэмээн яригдаад байна. Заавал яагаад улс төрийн жагсаал гэж?

-Энэ сарын 13-нд Үнд­сэн хуулийн ойн
өдөр болно. Тэртээ 1924 онд анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улс гэдгээ
тунхагласнаас хойш 1992 онд Ардчил­сан Үндсэн хуулиа батал­сан. Монголчууд хууль
хуулийн дээд Үндсэн хууль хэмээн ярьдаг. Учир нь Үндсэн хуульд хүний эрхийг дээд
зэргээр ба­талгаажуулж өгсөн бай­даг. Хүн болгон тэгш эрх­тэй гэдгийг тунхагласан.

Гэвч Засгийн газрын тэр­гүүн Н.Алтанхуяг
үндсэн хуулиа удаа дараалан зөрчиж байгаа нь ард түмнийг хуулиа мэдэхгүй, хуулийн
өмнө ноомой байна гэж дээрэлхэж байгаа  мэт
байна. Нөгөө талдаа Ерөнхий сайд маань хэнэггүй, хариуц­ла­гагүйгээсээ болж алдаа
гаргаж байгаа юм. Тий­мээс бид Үндсэн хуулийн өдрийг угтан Чингэсийн талбай дээр
энэ сарын 9-нд Монгол Улсын Үндсэн хуулийг 40 метр урттай­гаар хэвлэн Үндсэн хуу­лийг
зөрчихгүй байх тал дээр өөрсдийн дуу хоо­лойг хүргэх гэж байна. Бид Ерөнхий сайдыг
Үнд­сэн хуулиа зөрчиж байгаа юм бол “огцор” эсхүл энэ Үндсэн хуулийг “оршуул” гэж
байгаа юм. Уг жагсаалын нэр нь “огц­руулах уу, оршуулах уу” гэдэг нэрийн дор явагдана

-Ерөнхий сайдыг ямар Үндсэн хууль
зөрч­сөн гэж үзэж байгаа юм бэ?

-Ерөнхий сайдын гарга­сан ал­даа­нуудыг
он сартай нь дурд­чихъя. Монгол Улсын Засгийн газ­рын 83 дугаар захи­рамжаар ТЕГ-ын
дэд дар­гаар Ариунсанг томил­сон нь Үндсэн хууль зөрчсөн үйл­дэл болсон. Мөн 39
дүгээр тогтоо­лоор Стан­дартчилал хэмжил зүйн газрын дарга Ган­төмөрийг Үндсэн хуулийн
41 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн нэг дэх заалт,
38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн долоо дахь заалтыг зөрчин ажлаас нь чөлөөлсөн.
Түүнчлэн Хөвсгөл, Дорнод аймгуудад Ерөнхий сайд аймгийн Засаг даргын үүрэг гүй­цэтгэгч
нарыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий
сайд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос нэг хоногийн өмнө тог­тоолоо хүчингүй
болгосон. Дорнод аймгийн Засаг даргад Бадамсүрэнг нэр дэвшүүлэхэд төрийн албанд
гурваас дээш жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьсан бо­ловч, Баянхонгор
аймагт Жаргал­сайхан, Төв аймагт Батбаяр нарыг Засаг даргаар томилсон. Тэд өмнө
нь төрийн албанд ажиллаж байгаа­гүй хүмүүс.

Пүрэв гаригт төв талбай дээр болох
акц дээр Ерөнхий сайд хүрэлцэн ирэх боломжгүй бол хажуугаар нь явахдаа сонсох боломжтой.
Бид бүх мэдээллээ чанга яригчаар зарлах юм. Үүнийг жагсаал гэж үзэх үү, үгүй юу
гэдэг нь харьцангуй ойлголт. Энэ бол бидний сонгож авсан эсэргүүцлийн нэг хэлбэр.
Заавал жагсаал гэж битгий хүлээж аваасай.

-МАН мөнгөгүй болсон тул НАМЗХ
“Алтан сарнай” наадмаа “Next stop” наадмаас дутуугүй хийх ёстой хэмээн намынхаа
гишүүдээс хандив авлаа гээд байгаа. Энэ жил “Алтан сарнай” наадам хэцүүхэн болжээ
гэх юм?

-Бид аливаа зүйлд хэлбэр, хөрөнгө
мөнгөөр уралддаг хүмүүс биш. Хамгийн чухал нь агуулгаа зөв хадгалж, ач холбогдол,
үр дүнг нь бодож ажлаа хийхийг хүсдэг. Үүний бодит жишээ “Алтан сарнай” наа­дам
гэж бардам хэлнэ. МАН Зас­гийн эрх барьж байхдаа, мандаж байхдаа гэнэт ухаараад
хийчихсэн юм биш. “Алтан сарнай” наадам сурталчилгаа биш. 2001 оноос хойш Монгол
Улсад үнэхээр хийж бүтээж байгаа хүмүүсийг гарган ирж, хүмүүс түүнээс үлгэр дуурайл
авах ёстой гэдэг утгаар хийж эхэл­сэн. Энэ жилийн наадмыг би сай­хан болсон гэж
бодож байгаа. Хамгийн гол нь агуулгаа хадгалж чадсан. Тэр ч утгаараа хүмүүст таалагдсан.
Тиймээс “Алтан сарнай”-г ямар нэгэн тансаглал хэмээн ойлгож болохгүй. Наадмын тухай
элдвийг харлуулан ярьж байгаа бол аливаа зүйлийг хүчээр харлуулах гэсэн ядмагхан
арга байна гэж хэлмээр байна.

-Оны өмнө НАМЗХ Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийгөө
га­даа­дад сурч байхад нь солих гэж байна гэсэн яриа гарч байсан. Ерөнхийлөгчөө
сольсон уу?

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч маань АНУ-д
Харвардын сургуульд сурч байгаа. Мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч нараас, удирдах зөв­лөлийн
гишүүдээс хэд хэдэн хүн АНУ, Англид суралцахаар явсан. НАМЗХ-ны зүгээс залуусаа
хөг­жүүлэх ёстой. Дараа дараагийн улс төрийн тоглолт, сонгуулиудад бодлогоор дэмжиж
хөгжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. НАМЗХ-ны залуус АНУ-д сургал­тад хамрагдаад
ирсэн. Дараа дараагийн сургалтдаа хүмүүсээ хамруулахаар ажиллаж байна. НАМЗХ-ны
удирдлагууд солигдох­гүй. Бид удирдлагад шүтэж, удирд­лага давамгайлсан байгууллага
биш гэдгийг хийж буй багийн  ажлуудаас харагдаж
байгаа байх.

-НАМЗХ-ноос улс төрийн карьераа
эхэлсэн хүмүүс олон байдаг. НАМЗХ-г улс төрд орох шат болгож байгаа нь үнэн үү?

-НАМЗХ улс төрд орох гэсэн залуусын
дамжлага бааз биш. Монголын залуучуудын байгуул­лага. Гэхдээ бидэнд тодорхой хэмжээний
боломжийг олгодог. НАМЗХ-оос хоёр ч УИХ-ын гишүүн төрөөд намын Ерөнхий нарийн бичгийн
дарга, нарийн бичгийн дарга нар гарсан тул манай холбоог улс төрийн амбицтай гэж
ойлгож магадгүй. Нэг талдаа бид­ний нөөц боломж, чадавхийг үнэлсэн хэрэг болов уу
гэж бодоод байгаа юм. НАМЗХ-ноос МАН-ын ирээдүйн боловсон хүчин бэлтгэгддэг том
байгууллага гэдэг нь харагдаж байгаа юм.

-Таны хувьд цаашид хэрхэн ажиллая
гэсэн бодолтой байгаа вэ?

-Би эмэгтэй хүний хувьд цаа­шид энэ
тал дээр анхаарч ажиллая гэсэн бодолтой байгаа. Засгийн газар 2014 оныг “Гэр бүлийг
дэм­жих жил” болгон зарласан. Өнгө­рөгч оны сүүлээр гэр бүлийн хүчир­хийллийн томоохон
хэргүүд гар­лаа. Тиймээс “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан нь сайшаал­тай
боловч Засгийн газар үүнийгээ ажил болгох ёстой. Энэ зүйл тун­хагийн шинжтэй өнгөрөх
ёсгүй. Нийгмийн бүхий л давхаргыг хам­рах нь хамгийн чухал. Монгол Улсын нийт хүн
амын 51 хувь нь эмэгтэй. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны хомсдол,
эмэгтэйчүүдийн хүчир­хий­лэл зэрэг сэтгэл зовоосон олон асуудлууд байна. Үүнд НАМЗХ
хэрхэн дуугарах ёстой вэ гэдгээ бид тодорхойлно.

-Намын зүгээс залуучуу­дын­хаа
саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Намын XXVII Их хурлын өмнө намын
шинэчлэлийн талаар бид зоригтой дуугарч, өөрчлөлтийг хийхийн төлөөх томоохон алх­мууд
залуучуудаас гарсан. Залуу­чууд намын булгаа болсон авлига тэргүүт зүйлсийн талаар
залуус дуугарсан нь нам шинэчлэлийг хийх гол хүч нь мөн болохыг тодор­хойлсон. Түүний
дараа ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараар залуу хүмүүс сонгогдсон.
Тиймээс нам залуу­чуудтайгаа хамтарч ажиллаж, үгийг нь сонсдог хэмээн бодож байгаа.

-Монголын сайхан бүсгүй­гээр тодорч
явсан та хэзээнээс НАМЗХ-д харьяалагдах болов. Залуу хүний хувьд улс төрд ороход
бэлэн үү?

-Би НАМЗХ-нд нэгдээд дөрвөн жил болж
байна. Гэсэн ч уг байгууллагын юу хийдэг, юуны төлөө ажилладаг гэдгийг нь 2001 онд
мэдсэн. Би 2001 онд МАН-д гишүүнээр элсэж байсан юм. Түүнээс хойш хэсэг хугацаанд
БНХАУ, АНУ-д мэдлэг боловс­ролоо дээшлүүлэхээр сургуульд яваад ирсэн. Улс төрд орох
болсон нь улс төрч болж чадах, чадахгүй гэдэгтээ бус өөрийн чаддаг зүйлээ эх орон,
ард түмэндээ зориулах явдал гэж ойлгодог. Үүнийг цаг хугацаа харуулах байх. МАН
түв­шин түвшиндээ боловсон хүчнүүд, ирээдүйн улс төрчдөө бэлдэж байдаг юм. Тэдний
нэг болж чадах эсэх нь миний мэдрэмж, мэдлэгээс гадна гар нийлэн ажиллах багаас
шалтгаалах болно.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин: Эмээгийнхээ захиасыг биелүүлнэ

Жүдо бөхийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол
Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшинтэй ярилцлаа.

-Шинэ оны босгон
дээр Гавьяат тамирчин болсонд баяр хүргэе. Таны хувьд өнгөрөгч он амжилтаар жигүүрлэсэн
он болж өнгөрсөн байх аа?

-Өнгөрөгч он Монголын
жүдо бөхийн холбооны хувьд олон сайхан амжилт гаргасан жил байлаа. Жүдо бөхийн анхны
эмэгтэй дэлхийн аваргатай боллоо. Би өөрөө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Миний
гаргасан амжил­тыг төр засаг өндрөөр үнэлж Монго­л Улсын гавьяат тамирчин цол хүртээсэнд
сэтгэл өндөр байна. Оны өмнө шинэ жилд оролцоод нэг өдөр бэлтгэлдээ явж чадаагүй
тул О.Балжинням багшаас чөлөө авчихсан байсан юм. Маргааш өглөө нь Балжаа багшаас
дуудлага ирэхээр нь “Өнөөд­рөөс бэлтгэлдээ хийгээрэй” гэж хэлэх гэж байна гэж бодсон.
Нэг өдрийн бэлтгэлээс чөлөө авчихсан байсан тул нэлээд эмээнгүй гар утсаа автал
багш “Амараа Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Баяр хүргэе” гэж хэлсэн. Багшаас
бэргэж байсан хүн чинь гэрээр дүүрэн “Ура” хашгирсан. Гэтэл багш инээгээд “Одоо
хувцсаа бэлдээрэй” гэж хэлэхэд л анх гавьяат тамирчин болсноо мэдсэн. Гавьяат тамирчин
болсны сэтгэл хөөрөл одоо л дарагдаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин болоход
үнэхээр сайхан байсан. Гэсэн хэдий ч энэ их хайр хүндлэлийг дааж, гавьяатын хэмжээнд
барилдах хариуцлага оногдож байгааг ухаарсан.

-Та Төв аймгийн
Угтаал-Цайдам сумын унаган хүүхэд. Халхын алдарт Д.Хадбаатар аваргын араас нутгаа­саа
тодрон гарч ирж буй бөх гэлцэх юм. Төрсөн нутаг усныхаа тухай ярихгүй юу?

-Намайг Хадаа аваргатай
зүйрлэж болохгүй. Монгол даяар алдар нэрээ цуурайтуулсан энэ аваргын дэргэд би чинь
жаахан хүүхэд байхгүй юу. Миний бага нас Угтаалд өнгөрсөн. Сумын төвийн хүүхдүүд
ямар л байдаг билээ. Яг л тэдэн шиг найзуудтайгаа дээл, хувцсаа уран унан, босч,
дэггүйтэж өнгөрсөн. Зундаа Асгат хайрханыхаа бэлд өдөржин усанд шумбаж өнжинө. Намайг
багад аав, ээж минь өөд болсон тул би эмээгийн хүүхэд болж Улаан­баатарт ирсэн.
Айлуудад эмээгийн эрх хүүхэд байдаг даа. Би яг л тийм жижигхэн эрх, шар дэггүй нь
дэндсэн жаал байлаа.

-Таныг багаасаа
л хагацал үзэж, элэг бүтэн байхын жаргалыг мэд­рээгүй гэсэн. Аав тань мэнд байхдаа
бөхийн эрдэмд хөтөлж байв уу?

-Би аав, ээжийгээ
бүүр түүрхэн санадаг юм. Би мэдээ ороод удаагүй байсан болохоор сайн мэддэггүй юм
л даа. Хөдөөний хүүхдүүд бүгд барил­даанч байдаг. Би ч гэсэн тэдний нэг. Бие жижиг
болохоор барилдаад унана. Унасан ч гэсэн заавал давж байж санаа амардаг хүүхэд байв
шүү. Би дөрөв­дүгээр анги төгстлөө Угтаалд сураад дараа нь эмээгээ бараадан Хайлаастад
шилжиж ирсэн. Өдгөөгөөс 12 жилийн өмнө бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Анх
10 гаруй хүүхэдтэй Спор­тын төв ордонд ирж Ж.Баярсайхан багшийн шавь болсон нь миний
тамир­чин болох эхлэл байсан юм. Өнөөдөр миний гаргаад буй багахан амжилт анхны
минь багштай салшгүй холбоотой. Би багшийнхаа дархан мэхийг сурсан гэж өөрийгөө
боддог шүү.

-Тэр нь ямар мэх
вэ?

-Багшийн болон миний
дархан мэх баруун талдаа халз хутгах мэх л дээ. Бэлтгэл сургуулилтын үед давтаад
байж чадахгүй хирнээ, цаг дуусах үед, хожиг­дож яваа үед өөрийн мэдэлгүй хийчих­сэн
байдаг юм. Би Хайлаастын 72 дугаар дунд сургуулийг 2005 онд төгсөөд Мон-Алтиус Биеийн
тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүр­гэсэн. Одоохондоо өөрөө
тамирчин байгаа тул мэргэжлээрээ хараахан ажиллаж эхлээгүй байна. Би их спортын
замналаа өндөр­лүүлээд мэргэжлээрээ ажиллах болно. Гэхдээ “Би хэзээ нэгэн цагт барилдахаа
болино” гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй байдаг. Энэ тухай бодсон шөнө нойр хулжчихдаг.

-Багадаа та жижигхэн
биетэй байсан гэлээ. Яагаад заавал их спортыг сонгох болсон юм бэ?

-Би дээрээ гурвэн
эгчтэй. Айлын бага хүүхэд. Яагаад ч юм эгч нарыгаа хамгаална гэж боддог байлаа.

-Юунаас хамгаална
гэж?

-Тэрийг сайн мэддэггүй
юм аа. Бодвол болж бүтэхгүй юм юмнаас эгч нарыгаа хамгаална гэж боддог байсан байж
магадгүй. 20 кг ч хүрэхгүй жаахан хүүхэд байж их том юм боддог байсан байгаа биз.
Би багаасаа л барилдах дуртай байсан. Хоёр хүн өөд өөдөөсөө хараад өрнө гэдэг гайхалтай
санагддаг. Багын энэ бодол одоо ч гэсэн сэтгэлд хүч нэмдэг хэвээрээ л байна.

-Хичээлдээ номдоо
хэр шамддаг байв. Ихэнх тамирчид бэлтгэл гээд хичээл номоо цалгардуулсан байдаг
юм билээ?

-Багадаа давгүй сурлагатай
байсан. Таны хэлдгээр бөхийн бэлтгэл хийж эхэлснээс хойш хичээл цалгардсан тал бий.
Зарим үед нэг сарын бэлтгэлд гараад ирэхэд мэдэхгүй хичээл ор­чихсон байдаг байлаа.

-72 дугаар сургууль
чөлөөт бө­хөө­­рөө алдартай. Анх чөлөөт бөхөөр спортын гараагаа эхлүүлсэн үү?

-Тийм ээ. Манай сургууль
Лу.Энх­баяр багш багшилдаг байсан. Түүнээс хойш ч чөлөөтийн мундаг багш нар манай
сургууль дээр бэлтгэл хийлгэдэг байв. Би харин чөлөөт бөхөөр хичээл­лэлгүй шууд
л самбо, жүдо бөхөөр хичээллэсэн. Анх Ж.Баярсайхан баг­шийн шавь болоод үдээс хойш
бэлтгэл хийдэг байлаа. Манай үеэл Пүрэвдорж гээд залуу өглөөний ээлжинд бэлтгэл
хийж байсан юм билээ. Бид хоёр таарал­дахаараа би бөхийн бэлтгэл хийж байгаа гээд
л яваад байдаг байсан. Сүүлд амралтын өдөр нэгдсэн бэлтгэл хийхдээ хоёулаа Баяраа
багшийнхаа шавь болсныг мэдсэн. Пүүжээ маань 81 кг-ын жинд барилддаг.

-Дэлхийд эх орныхоо
нэрийг дуурсгах сайхан. Үүнд хүрэхийн тулд асар хүнд даваануудыг давна биз?

-Тамирчин хүнд бэртэл,
гэмтлээс эхлээд шантрах үе тохиолдож л байлаа. Багадаа жин хасахаас эхлээд хэцүү
зүйл их байсан. Жин хасч байхад хүйтэн ундаа, зайрмаг идэхийг мөрөөддөг байсан минь
санаанаас гардаггүй юм. Харин сүүлийн жилүүдэд жин хасах зовлонг мэдэрсэнгүй. Би
2008 онд самбо бөхийн ДАШТ-нд 52 кг-ын жинд барилдан тавдугаар байрт шалгарсан.
Түүнээс хойш “За болъё. Ингэж их жин хасч болохгүй” гээд жүдо бөхийн 60 кг-ын жинд
барилдахаар шийдсэн. 2009 онд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод
хүрэл медаль хүрт­сэн. Ингэж л жүдо бөхийн тамирчин болох гараагаа эхэлсэн.

-Тэгвэл та чинь
өмнө нь сам­богоор барилдаж байгаад сүүлд жүдо бөх рүү орж ээ?

-Харин тэгсэн юм.
2009 оноос жүдогоор хичээллэсэн. Надад жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргын
нэг ч медаль байдаггүй юм. Харин самбо бөхийнх бол олон л доо. Жүдо бөхийн доод
жин 55 кг-аас эхэлдэг. Тэгэхэд миний жин 48 кг-д барилддаг байсан болохоор жингийн
зөрүү гардаг байсан.

-Хэдэн онд самбо
бөхийн дэл­хийн аварга болж байсан бэ?

-2006 онд 48 кг-ын
жинд самбо бөхийн Залуучуудын дэлхийн аварга болсон. 2007 онд дэлхийн аваргаас мөнгөн
медаль хүртсэн.

-Монголын жүдо
бөхийн хөнгөн жин дэлхийд дээгүүр эрэм­бэлэгддэг. Тэр дундаас өөрийгөө тодруулан
ДАШТ-нд оролцоно. Тэр дундаа медаль хүртэнэ гэдэг хэцүү байв уу?

-Энэ өрсөлдөөн дунд
л тамирчин бид биенээ ирлэж, хурцалж байдаг юм. Жиндээ өрсөлдөгчгүй байх шиг гунигтай
юм байхгүй. Жиндээ олон өрсөлдөгчтэй болох тусмаа “Би түүнээс илүү бэлтгэл хийнэ.
Би сайн барилдах ёстой” хэмээн өөрийгөө дайчилдаг эрэмгий чанарт суралцдаг. Энэ
бол цагаахан атаархал гэх юм уу даа. Өнгөрсөн жилийн хувьд би оролцсон бүхий л тэмцээндээ
бо­ломжийн амжилт гаргасан. 2013 он гараад Турк, Баку гээд оноо өгдөг тэмцээнүүдэд
финалдаж, түрүүлээд байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Ч.Болдбаатар маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх­даа бэртэл авсан
тул Г.Болдбаатар бид хоёр жингээсээ ДАШТ-нд явсан.

-Өнгөрсөн дэлхийн
аваргын барилдаануудаа эргэн дурсахгүй юу. Аваргын төлөөх Японы бөхийг яалт ч үгүй
ялчих шиг санагдаад байгаа?

-Дэлхийн аваргын эхний
өдөр зур­гаан тойрог барилдаж мөнгөн медаль хүртсэн. Эхний тойргийн барилдаанаа
Хойд Солонгосын Ян Хьёк-Чолтой барилдсан. Тэр их хүнд барилдаан болсон. Намайг бярдаж
барилдаж байсан тул би хүчийг нь дагуулж барилдсан юм. Хойд Солонгосын бөхчүүд ер
нь шийд­чихсэн хүмүүс байдаг. Тэр нь ч барил­даанд нь нөлөөлдөг байх. Хоёрдугаар
тойрогт Африк тивийн аварга Яссин Моудатирийг боох мэхээр ялж, дараа­гийн тойрогт
Бээжингийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Авст­рийн Людвиг Пайшерыг
ялсан. Манай үндэсний бөхийн бусгах мэхийг ойлгох­гүй байсан тул хоёр удаа бусгаад
ялсан л даа. Хэсгийн аваргын төлөө жингийнхээ гол өрсөлдөгч Ганбатын Болдбаатартай
барилдсан. Өмнө нь би хоёр ялагдчихаад байсан юм. Бидний барилдаан оноо авалцалгүй
торгуулиар би ялсан. Болдоо үнэхээр хэцүү тамир­чин. Би ч Болдоод хэцүү санагддаг
байх. Бид бүх хүчээ гаргаж барилдсан боло­хоор дэвжээнээс буухад ёстой л сүг болчихсон
байсан. Гар юу ч атгаж чадахгүй, хамаг тамираа барчихсан байхад намайг дэлхийд нэр
алдраа цуурайтуулсан Гүржийн алдарт бөх Амиран Папинашвили хүлээж байлаа. Болдоо
бид хоёр ядарчихсан сууж байхад Түвшээ ах (олимпийн аварга Н.Түвшинбаяр) ирээд дараагийн
барил­дааны тухай зөвлөгөө өгч, зохион байгуулагч нарын хоолноос авчирч Болдоо бид
хоёр өгч байлаа. Түвшээ ах үнэхээр их гүйсэн дээ.

-Г.Болдбаатартай
дэлхийн авар­гын дэвжээнд тулах ямар байсан бэ?

-Тамирчин хүн гэдэг
тэр дундаа нэг жингийн тамирчид гэдэг жирийн үед хамгийн сайхан найзууд дэвжээн
дээр хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Дэлхийн аваргад явахаас өмнө Болдоо маань
хөлдөө гэмтэл авчихсан байсан. Тиймээс би хөлийнх нь гэмтлийг сэдрээх­гүйн тулд
гэмтэлтэй хөлтэй нь барил­даагүй. Барилдаан дууссаны дараа Болдоо маань “Түрүүлнэ
шүү. Алтан медаль аваарай” гэсэн. Болдоо дараа Амиран Папинашвилитай барилдсан.
Би Гүржийн ард түмнийг халуун цустай гэж боддог. Тэд нээх сонин хайнга хүмүүс байдаг
хирнээ барилдана гэж баавар­ласаар байгаад таарна. Уулынхан биеийн хөгжил сайтай
тул хүчтэй гэж жигтэйхэн. Түүнтэй барилдахын өмнө бие халаал­тын өмнө Түвшээ ах,
дасгалжуулаг­чидтайгаа ярилцаж байж дэвжээнд гарсан. Амиран Папинашвили дэвжээнд
гарахын өмнө зүгээр зогсож байхдаа муухай орилоод, шүгэлдээд, өөр дээрээ ус цацаад,
шашныхаа үгийг чангаар уншиж байсан. Намайг л цочоож, айлгах гэж байсан юм болов
уу. Нүдээ ирмээд чамайг даа гэсэн байртай байсан. Би ч хариугаа өгөлгүй өөдөөс нь
инээгээд эрхий хуруугаа гозойлгож байсан юм. Хүмүүсийг харахад хоёр хүн алхаж гарч
ирээд барилддаг гэж боддог. Харин дэвжээнд гарахын өмнө том тулаан болдог. Папинашвили
өмнө нь намайг хоёр ялчихсан байсан тул сэтгэл зүйн хувьд илүү байсан байх. Би харин
“Энэ удаа хариугаа авна” гэж бодсон. Ганцхан Папинашвилитэй барилдаад үхэх гэж байгаа
юм шиг л ялахын төлөө зүтгэсэн. Би бэлтгэл дээр О.Балжинням, Д.Баттулга багш  нартай баруун тулж байгаад баруун хөлд мордох
мэхийг давтаж, ярилцаж байсан. Тэр мэхээ ч даацтай хийсэн.  Амиран Папинашвили надад ялагдчихаад хоёр гараараа
толгойгоо салаавчлаад, үглээд л яваад байсан. Гурван тор­гуулиар намайг хожиж явсан
болохоор барилдаан дуусахад 20 секунд дутуу байхад цэвэр ялагдсандаа итгэж өгөхгүй
байсан биз. Тэр шокноосоо гарч чадалгүй байсаар хүрэл медаль ч хүртэж чадаа­гүй.
Надад ялагдчихаад тэр чигээрээ заалнаас гараад явчихсан. Дасгал­жуулагч нь хувцсыг
нь бариад аргадаад дагаад яваад байгаа нь харагдсан.

Аваргын төлөөх барилдаанаа
Гранд слам, гран при, мастерст түрүүлсэн, өсвөр, залуучуудын дэлхийн аварга Японы
алдарт бөх Наохиса Такатотой хийсэн. Энэ тамирчныг сүүлийн хоёр жил ямар ч бөх ялж
чадаагүй. Хүмүүс надаас медальдаа ханачихсан уу гэж асууж байсан. Би медальдаа ханаагүй.
Барил­даан уг нь боломжийн байсан ч би боломжоо ашиглаж чадаагүй. Унасан бөхөд шалтаг
мундахгүй гэгчээр одоо ярилаа гээд хүмүүс гайхах болов уу.

-Гайгүй биз дээ.
Аваргын төлөөх барилдаан эргэлзээтэй болсон гэж манайхан ярьсаар байгаа шүү дээ?

-Яг ямар шалтгаанаар
намайг тор­госныг ойлгоогүй. Уг нь дэвжээнээс ухарч гарсан, тал барьц барилаа, буруу
барилаа гээд торгодог байтал юу ч болоогүй байхад л гараа эргүүлээд торгоод байсанд
нь гайхдаг юм. Намайг торгохын өмнө би босоо үүрч тэнцвэр алдуулсан энэ мэтчилэн
идэвх гаргаад байхад яагаад торгоод байгааг барилдаж байхдаа ойлгоогүй. Зүгээр адилхан
торгууль­тайгаар дуусгаад голден скор буюу алтан оноогоор ялагчийг тодруулсан бол
надад харамсах зүйл байхгүй л дээ.

-Өдөрт хоёр бэлтгэл
хийдэг боло­хоор чөлөөт цаг гэж гарах юм уу?

-Ням гаригт л амардаг.
Бусад үед чөлөөт цаг ёстой гардаггүй юм. Манай Балжаа багш цэргийн хурандаа цолтой
хүн болохоор цагийг ягштал баримтална. Бид өглөөний найман цагт бэлтгэлээ хийж эхэлдэг.
Өдөр гэртээ харьж жаахан амраад 16 цагт дахин бэлтгэл хийдэг.

-Хэзээнээс Хил
хамгаалах ерөнхий газар харьяалагдах болсон бэ?

-2010 оны гуравдугаар
сарын гурав­ны өдөр ХХЕГ-ын “Хилчин” спорт хороонд харьяалагдаж эхэлсэн. Тэр өдөр
баасан гариг байсан. Анги нэгдсэн байсан өдөр манай штабын дарга байсан дэд хуран­даа
Мөнхбат “Тушаал гарчихсан. Одоо тангаргаа өргө” гэдэг юм. Би юу ярихаа мэдэхгүй
Лувсанпүрэв, Пүрэвсүрэн гээд хоёр багшаасаа “Би юу яринаа” гэтэл “Өөрийгөө товчхон
танилцуулаад буугаад ир” гэсэн. Цэлийсэн том тайзан дээр гараад өөрийгөө танилцуулсан.
Гэтэл “Зорилгоо хэл” гэхээр нь “Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, Монгол Улсын гавьяат
тамирчин болно” гээд хэлчихсэн. Сандарсандаа тийм том амлалт өгчихсөн хэрэг л дээ.
Оны өмнө гавьяат тамирчин болсны дараа ХХЕГ гурван гавьяатаа хүлээн авсан. Би тэгэхэд
өмнө нь гавьяат тамирчин болно гэж хэлж байснаа хэлэхэд бригадын генерал Лхачинжав
“Цэргийн хүн ингэж амлалт өгөх ёстой” дараагийн цолоо бараг л амлах уу гэчихээд
байсан.

-Монгол Улсын гавьяат
тамирчин болчихоод зогсож байхад танд юу бодогдож байсан бэ?

-Төрийн тэргүүнээс
гавьяатын тэмд­гээ гардаж байхад эмээгээ л хамгийн их бодсон. Эмээ нь минь мэнд
байсан ч болоосой гээд бодоход сэтгэл огшоод л ирсэн. Дэлхийн аваргаас мөнгөн медаль
хүртэн медалийн тавцанд гарахад мөн л тийм мэдрэмж төрсөн. Эмээ маань аав, ээжийг
сэтгэлд минь нөхөж оршсон агуу том орон зай байсан юм. Эмээгийнхээ захиасыг би хэзээ
ч мартахгүй ээ.

-Эмээ тань юу гэж
захиж байсан юм бэ?

-Эмээ маань амьдралд
ойрхон зүйлсийг их сургана. “Хүн амжилтад хүрч болно. Хүний хүрч болох ямар ч оргилд
хүрч болно. Аргаа баран гудамжинд хэвтэж байсан ч хамаагүй хүн хүн чанараа л гээж
болохгүй. Миний хүү хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл орчлонд байдаггүй юм шүү.
Хүн хэзээ ч дээд үеэ харж бэлтгэл хийх болохгүй. Дээд үетэйгээ өрсөлдөнө гэж байдаггүй
юм. Тэд цаг нь ирэхээр спортоосоо хөн­дийрнө. Өөрөөсөө доод үеэс болгоом­жилж тэднийг
харж бэлтгэлээ хийж бай” хэмээн захьдаг байлаа. Тухайн үед хэлсэн үгийг нь сайн
ойлгоогүй ч одоо бодох нь ээ эмээгийн хэлсэн яг үнэн юм билээ. Тэмцээний дараа миний
оролцсон тэмцээний бичлэгийг үзээд “Чи ингэхгүй яасан юм. Тэгэхгүй яасан юм. Энэ
мэх чинь сайхан болжээ” гээд л надтай илэн далангүй зөвлөдөг байлаа. Би эмээдээ
загнуулж үзээгүй. Эмээгийн эрх шар жаал явлаа. Намайг самбо бөхийн дэлхийн аварга
болж эмээгээ хамгийн их баяр­луулсан. Эмээ минь нулимстай нүдээр хүүгээ хараад их
баярлаж билээ. Би хаа очиж эмээгээ гомдоож яваагүй санагддаг. Хүүгээ бурхны орноос
харж явдаг байлгүй. Хүүгийнхээ ялалт, ялагдлын амттай, гашуун бүхэнд хамт л байдаг
байлгүй. Ядарсан үед эмээ минь их бодогдоноо. Эмээгээс хойш эгч нарын хийж өгсөн
хоол амтгүй санагдаад нэг хэсэгтээ л надад хүнд байсан үе бий. Аргагүй биз дээ,
миний түшиж явсан багана минь байсан юм чинь. Гудамжинд яваа ахмад настай хүмүүсийг
харахаар сэтгэлд нэг л дотнохон санагддаг. Бэлтгэлдээ явах замдаа хөгшин настай
хүн таарвал хамт алхах ч юм уу машин­даа суулгаад юм яриад явахад сайхан л байдаг
юм. Эмээгийн хүүхэд болоод ч тэр үү эмээ нартай юм ярихад яриа сайхан нийлнэ дээ.
Би багадаа ээж, аавгүй гэдгээсээ ичдэг байсан. Бодвол хүүхдийн зан байсан юм байлгүй.
Үеийн найзууд эцэг эхийн хуралд аав, ээжийгээ дагуулж ирнэ гэхэд сэтгэл хөндүүрлэнэ.
Эцэг, эхтэй хүүхдүүд дээрэлхэж байхад сэтгэл өвдөнө. Гэсэн ч би тэр хүүх­дүүдийг
дараа чамайг зодно доо гэж хэлэлгүй “Би чамаас ухаантай хүн болно” гэж дайрдаг байлаа. 

-Хэзээ гэр бүлтэй
болох вэ. Бэлт­гэл гээд цаг зав гарахгүй байна уу?

-Би гэр бүлд яарахгүй
байгаа. Эрэг­тэй хүн насан туршдаа эхнэр үр хүүх­дийнхээ хамт амьдарна. Харин надад
спортод амжилт гаргах цаг хугацаа асар богино байна. Сайндаа л 10 жил медалийн төлөө,
амжилт гаргахын төлөө тэмцэнэ. Түүнээс хойш би хичнээн хүссэн ч амжилт гаргаж чадахгүй
болох тул гэр бүлдээ хангалттай цаг заваа зориулах болно.

-Үндэсний бөхөөр
барилдах бодол байдаг уу?

-Хүн хүн өөр өөрийн
бодолтой байдаг. Манай зарим жүдоч гэхэд үндэсний бөхийн удамтай байдаг тул барилддаг
юм. Би барилдахгүй байх аа. Бид бэлтгэл дээр л үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. Үндэсний
бөхийн бэлтгэл хийх нь жүдо бөхөд их нэмэр болдог. Бүснээс барьж байгаад шахаж татах
мэхийг гадныхан тэр бүр ойлгодоггүй. Үндэсний бөх бидний давуу тал болдог. Дэлхийн
аваргад явахад Балжаа багш зодог шуудаг өмсүүлээд бэлтгэл хийлгэнэ.

-Танай удамд барилддаг
хүн бий юу?

-Манай удамд барилддаг
хүн байх­гүй. 81 кг-ын жинд барилддаг үеэл Пүрэвдорж бид хоёр бие биедээ л удам
болж таараад байна.

-Анхны тэмцээнд
оролцоод авч байсан медалийнхаа тухай ярихгүй юу?

-Дархан хотод болсон
Ус суваг компанийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээний 29 кг-ын жинд түрүүлэн алтан медаль
хүртэж байлаа. Анхны медалиа авчихаад сэтгэл гэгэлзээд болдоггүй. Дарханаас Улаанбаатар
хүртэл вагоны цонхоор харсаар байгаад ирсэн. Амьхан­даа эмээдээ яарч буй минь тэр
л дээ. Риогийн дэлхийн аваргад оролцоод эхний өдөр медаль хүртсэн тул сэтгэл гэгэлзээд
бушуухан гэртээ харимаар санагдаж байлаа. Гэгэлзээд нойр хүрэхгүй байсан тул Балжаа
багшид “Багшаа би гэгэлзээд ерөөсөө унтаж чаддаггүй ээ” гэтэл багш намайг шоолж
инээж байснаа “Зүгээр ээ. Хоёр хоно­гоос зүгээр болчихно” гэдэг юм. Багш өөрөө тэгж
байсан юм шиг байна лээ. Үнэхээр ч багшийн хэлснээр болсон.

Эмээ маань анх намайг
барилдаж эхлэхэд бүс оёж өгч байсан. Тэр бүсээ зүүж анхныхаа медалийг хүртсэн. Түүнээс
хойш тэр бүстэй олон ч меда­лийн тавцанд зогссон. Одоо тэр бүсийг би хадгалдаг юм.
Хааяа тэр бүсээ гаргаж ирж харчихаад буцаагаад авдартаа хийчихдэг.

-Дэлхийн чансаанд
хэдэд жагсч байна вэ?

-Дэлхийн чансаанд
дөрөвт жагсч байсан бол одоо гуравт эрэмбэлэгдэж байна. 60 кг-ын жинг намайг ялж
дэлхийн аварга болсон Японы бөх Наохиса Такато тэргүүлж байгаа бол хоёрт Гүржийн
бөх Амиран Папинашвили жагссан. Араас нь би шил дарж байна. Амиран Папинашвили бид
хоёрын хооронд 10 гаруйхан онооны зөрүү бий.

Манай жүдо бөхийн
тамирчдын амжилт өсөж байгаа нь жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн, ҮХАА-ын сайд Х.Баттулга, Нарийн бичгийн дарга М.Бөхбат болон
жүдо бөхийн холбооны удирдлагууд, ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв, Эрдэнэтуяа даргатай
Үндэсний шигшээ баг, спорт хороо, клубуудын хамт олны буян юм даа. Үүн дээр нэмээд
намайг Ч.Насантогтох, Х.Болдбаатар, Нямлхагва багш дэмждэг нутгийн ах Б.Мягмарсүрэн,
“Өдрийн сонин”-ы нийтлэлч, нутгийн ах Ж.Гангаа, шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням,
Д.Баттулга мөн Угтаал-Цайдам сумын Засаг дарга, аймгийн арслан Н.Гантулга ахдаа
нутгийн ахан дүүс, найз нөхөддөө талархаж явдгаа хэлье. Рио Де Жанейрогийн олимп
л одоогоор миний мөрөөдөл болоод байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Гунгаадорж: Манай нам шинэчлэгдэхээсээ өнгөрсөн навсайсан нам биш

Монгол Улсын Ерөн­хий сайд асан
Ш.Гун­гаадоржтой ярилцлаа.

  -Таны хувьд МАН-ын ахмад зүтгэлтнүүдийн
нэг. Сүүлийн үеийн на­мынхаа үйл ажилла­гааны талаар ямар бо­долтой явна вэ?

-Миний хувьд 54 жил МАН-тай холбогдож,
наа­шаа цаашаа хазайлгүй явж ирлээ. Би амьдра­лынхаа ихэнх хугацааг төрийн албанд
ажиллаж өнгөрөөхдөө бүхий л ал­бан тушаалд ажилласан байна. Тиймээс нам гэхээ­сээ
илүүтэйгээр улс орны нийтлэг эрх ашгийн төлөө явсаар ирсэн. Намынхаа шаардлага даалгавраар
ажиллаж явсан үе бий. Өнөө цагт улс төрийн хүчнүүд намчирхаж тал­цаж байгаа үед
үүнээс аль болох зайгаа бари­хыг хичээдэг. Ер нь нам­чирхаж улс төржинө гэдэг нь
тийм ч сайн үр дагав­рыг цөөхөн монголчуу­дад үлдээхгүй.

Намыг залуучууд ши­нэ­чилж, хөдөлгөх
хэрэг­тэй байна гэсэн шүүмж­лэл хориндолдугаар Их хурлын өмнө яригдаж байсан. Гэхдээ
манай нам шинэчлэгдэхээсээ өнгөрсөн навсайсан нам биш. Улс орон, нийгэм, эдийн засаг
тааруу, улс хөгжлийн шатандаа бү­рэн гарах болоогүй цагт МАН хөл нийлүүлж бод­ло­го,
арга барилдаа өөрч­лөлт оруулах хэрэгтэй. Намын залуусын зүгээс янз бүрийн хөдөлгөөн
өрнүүлж байгааг би буруу гэж үздэггүй. Манай нам хоёр дахь удаагаа сөрөг хүчин болж
байна. Сөрөг хүчин болсон үед яах ёстой юм гэдэг сайтар судлах хэрэгтэй. МАН ихэвчлэн
Засаг барьж байсан тул сөрөг хүчин байхын зовлонг мартсан байж мэднэ. Сөрөг хүчин
байх амаргүй гэдгийг 2012 оны сонгуулийн да­раа­гаас мэдрэгдэж эхэл­сэн. Сөрөг хүчин
гэдэг сөрөхийн тулд сөрөх биш, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хэрхэн ажиллахаа
бусад хүч­нүүд­тэй хамтрах вэ гэдгээ ярих ёстой. Засгийн газ­рын муу болгоныг бид
өөлөх ёсгүй. Болж бай­гааг нь дэмжиж ажиллах хэрэгтэй.

-Саяхан М.Энхболд даргын дэргэд
бод­ло­гын зөвлөл байгуулж, түүнд нь та багтсан харагд­сан. Бодлогын зөвлөлийн талаар
ямар бодолтой байгаа бол?

-МАН-ын даргын дэргэд бодлогын зөвлөл
байгуулсан. Уг зөвлөлд МАН-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын дарга,
Ерөн­хий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс багтсан. Уг зөв­лөлийг оройтож
байгуул­сан ч маш чухал зүйл байгаа юм. Төр нийгэмд өндөр албан тушаал хашиж байсан
хүмүүсээ сонсох, бодлогодоо тэд­ний санал санаачилгыг тусгадаггүй байсан. Харин
бодлогын зөвлөлд шинэчлэлийн нэг хөшүү­рэг болж өглөө. Хятадад яг ийм зөвлөл байдаг
гэсэн. Хятад өнөөдөр айх­тар байгаагийн нэг үндэс нь уг зөвлөлтэй холбоо­той болов
уу.

-Бодлогын зөвлөл гэдэг нь намынхаа
хар хайрцагны бодлогыг бо­ловсруулж байх юм гэв үү?

-Тийм ээ. Ганц намын хар хайрцагны
бодлого гэлтгүй сүүлийн жилүүдэд төрийн хар хайрцагны бодлого үндсэндээ бараг л
байхгүй болсон гэж бод­дог. Ялангуяа хоёр том хөршийн дунд оршдог манай улс төрийн
хар хайрцагны бодлогоо үр­гэлж ил зарлаад байхгүй нуух зүйлээ нуудаг байх хэрэгтэй.
Бодлогын зөв­лөл намын дарга, удир­дах зөвлөл, УИХ дахь намын бүлэгт шаардла­гатай
үед зөвлөгөө өгч ажиллах юм. Манай нам Их хурлаараа ахмадуу­дынхаа хажуугаар залуу­чуудаа
гарган ирж, залуу үе дунд үеэ холбож өглөө. Намын удирдах зөвлөлд залуучууд ихээр
орж ир­сэн. Энэ нь залуу­чуудыг удирдлагад оруул­­на гэсэн хоосон зорил­гын төлөө
биш, ер нь цус сэлбэж байх хэрэг­тэй гэдэг үүднээс залуу­сыг оруулсан.

-МАН залуусыг удирд­лага­даа оруулж
ирснээр улс төрийн тог­лолт хийх туршлага­гүйн ул­маас дараагийн сонгуульд ялагдаж
мэ­дэх л юм даа?

-Залуу хүн алдаж эндэх зүйл гарах
л байх. Би гэхэд л 28 настай яамны орлогч сайдаар ажиллаж байсан. Нэг л өдөр сайдын
ширээ­ний ард суулгасан болохоор мэ­дэх­гүй, чадахгүй зүйл тулгарч байсан үе бий.
Намын зүгээс үүнийг бо­долцон 35-40 насныхныг удирдлагадаа багтаасан. 40 хүрч дөрөө
дарсан ат гэдэг залуудаа орохгүй. Бид хашир үзэж, халуун чулуу долоолгож тэднийг
сонгосон. Туршлагагүй залуус намд орж ирснээр намыг унагах зүйл бай­даг. Үүнийг
үгүйсгэхгүй. Гэхдээ намын ахмад, дунд үеийнхэн талаас илүү хувьд нь жин дарж байгаа
үед нэг их алдаа гаргах нь бага болов уу. Хуучин манай нам залуу хүн гээд хойш нь
тавьдаг байлаа. 40 гарсан үед нь л улс төрд оруулах гэхээр хүн дэндүү хашир бол­чих­сон
бай­даг. Харин 30 гаруй насанд ухаан санаа, эр зориг оргилж байдаг үе. Алдах, онохын
алинд ч нэг зүрхтэй бай­даг болохоор энэ л иртэй үеийг ашиглах нь ч зөв.

-Та хоёр нийгмийн шилжил­тийн цаг
үед Ерөнхий сайдаар ажил­лаж байсан. Шантрах үе тохиолдож байв уу?

-Би шинэ засгийн үед 23 жил, социалист
нийгмийн үед 30 орчим жил ажиллажээ. Тиймээс эргэ­цүүлж зэрэгцүүлэх зүйл бишгүй
л байдаг. ОХУ-д сураад дөнгөж төг­сөж ирсэн хөдөөний агро­номич яамны мэр­гэжилтэн,
газрын дарга, орлогч сайд, сайд, Ерөн­хий сайдаар хүртэл ажил­лаж байв. Тиймээс
амьдрал таних ухааныг шинжлэх ухаантай харь­цуулан ажиллаж байлаа. Намайг Ерөнхий
сайдаар ажиллаж байхад социа­лист нийгэм нурж, шинэ нийгмийг зарлах өн­дөр­лөг давааны
уруу замын энхэл донхлыг зассан гэж өөрийгөө боддог. Өлсгө­лөнгийн дараа Улс төрийн
товчоо тарсан. П.Очирбат Их хурлын дарга, би сайд нарын зөвлөлийн дарга байсан тул
хоёр нийгмийн заагийг засах даалгавар авч ажлаа хийж байсан. Хуучин цагт даавуу,
гут­лаа өөрсдөө хийж, цэрэг, иргэдээ хувцаслахаас эх­лээд үйлдвэржилт хөгжиж байлаа.
1980-аад оны сүүлээр ч Горбачёвын өөрчлөн шинэчлэлтийн салхи Мон­голыг дайрч эхэлсэн.
Тухайн үед эр­чимжсэн мал аж ахуй хөг­жиж ид цэцэглэж байсан.

-Өнөөдөр ч мөн эр­чимжсэн мал аж
ахуйг ярьсаар л байна?

-Харин тийм. Өнөө­дөр эрчим­жүүлсэн
гэдгээ яг юугаар илэр­хийлэх гээд байгаа юм бүү мэд. Ямартай ч махыг нэмэг­дүү­лэхийг
тулд мал бордох хэрэгтэй л гээд байх шиг байгаа юм. Энэ чинь 20 гаруй жилийн өмнө
хийгдэж бай­сан. 1980-аад оны бүтээн байгуу­лалт, нөр их ажил зах зээл, шинэ нийгэмд
ороход нөлөө үзүүлсэн гэж боддог.

  -Та УИХ-ын гишүүнээр сон­гогдож
байсан. Өнөөдөр чуулган, байнгын хороон­доо ч суухгүй байгаа гишүү­дийг хараад юу
бодогддог вэ?

-Өнөөгийн УИХ-ын гишүү­дийг хараад
эмзэглэх сэтгэл төрдөг. Ерөнхий сайд нарын уулзалтаар уг асууд­лыг хөндсөн. Энэ
тухай би байнга ярьж, бичиж байдаг хүний нэг. Харамсалтай нь үгийг маань хүлээж
авах хүн алга. Гунгаадорж гэж нөхөр юу яриад байна гэдгийг даанч анзаарах сөхөөгүй
байна. Ер нь ч тэгээд ахмадуудынхаа үгийг сонсох тал дээр дүлий дүмбэ оргих болж
дээ. УИХ-ын гишүүд ард түмнээсээ гуйж сонгогдчихоод одоо нэг их зан гаргаад байж
болох­гүй. Сүүлд Их хурлын дарга аргаа ядахдаа хурууны хээ­гээр бүртгэдэг болно
гээд шившгээ тарьж байна. Тү­рүүлж хурууны хээгээ дарсан нь эхэлж санал хэлнэ ч
гэх шиг ийм хөгийн зүйл ярьж гад­ныханд шившиг болох ёсгүй. Төр түмэн нүдтэй. Эргээд
очих нүүртэй байх хэрэгтэй. Зарим үед парламент эрх мэдлээ алдсан байгаа нь харагдах
болсон.

-Та социалист нийгмийн үед хүмүүжсэн
болоод уг нийгмээ дөвийлгөх гээд л байна уу даа?

-Би хуучин нийгмийг маг­таад байгаа
юм биш. Шинэ нийгэмд олон сайн зүйл бай­гаа. Манайхан дээр дооргүй ардчилал гэдгийг
авралын од гээд бодчихсон. 1990 онд ардчиллыг хүлээж авахад хэн нь ч бэлтгэлгүй
байсан. Өнөөдөр ардчилал бий болж маргааш нь бүх зүйл сайхан болно гэсэн бодолтой
байв. Черчиллийн хэлсэнчлэн “Хам­гийн сайхан ч биш. Өнөө­дөр­төө үүнээс дээр зүйл
алга” гэж хэлсэн нь бараг л оносон юм болов уу. Манайхан ардчилал, зах зээ­лийг
эхлэхээс нь л ёсчлон ойлгож, хүний эрх гэж юу юм тэр бүгдээ бодож хөдлөх байсан
юм. 1990 оны сүүлч 1991 оны эхэн үеийг харахад ганзагын наймаа хийх нь наймаагаа
хийхээс эхлээд захгүй далайд сэлүүргүй завь­тай хөвж байгаатай адил байсан. Ардчилал
гэж юугаа хэлээд байгааг анзаарах сөхөөгүй байсан нь манайх­ны мэдэхгүйн зовлонтой
ч холбоотой. Тиймээс өнөөд­рийн хөгжил удаа­ширч, сун­жирч байна. Өнөөдөр дэг журам
гэдэг нь захиргаадсан лантуу биш эрх үүргээ ухам­сарлан, миний эрх чиний эрхээр
хязгаар­лагдаж бай­гааг л мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр манайхан дэг жу­рам гэдгийг
уландаа гишгэж, үл тоомсорлох болж. Энэ мэтчилэн ардчиллын алдаа оноо их бий. Тэр
үед төр жаахан зохицуулалт­тай­гаар бага багаар зайгаа тавьж өгсөн бол өнөөдөр бид
ард­чил­лын сонгодог зарчимдаа хүрсэн байс­ныг үгүйсгэхгүй.

Би 20 гаруй жилийн өмнө БНСУ-д Элчин
сайд байхдаа ний­гэм, эдийн засгийн талаар хоёр нүүр дүүрэн нийтлэл гаргаж бай­сан.
Өнөөдөр яг тэр нийтлэлийн талаар өнөөдөр ярьж байна. Тухайн үед ядаж нэг нь тогтож
уншсан ч байсан болоосой хэмээн харамсдаг юм.

-“Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн
Ерөнхийлөг­чийн уриалгыг хэрхэн хү­лээж авч байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж
ийм, тийм болсон гэдэг нь тусдаа асуудал. 1992 онд Үндсэн хуулиа батлахын тулд
430 төлөөлөгч 75 хоног хуралдаж байж баталсан. Манай Үндсэн хууль баруун, зүү­нийхнээс
нэлээд хуулж байж гаргасан. Гэхдээ хууллаа гээд муу Үндсэн хууль болоогүй. Үндсэн
хуульдаа Монгол Улс парламен­тын засаглалтай байна. Монгол Улсын Зас­гийн эрхийг
барих дээд бай­гууллага УИХ хэмээн заасан. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчөө ард түмнээсээ
сонгоно гэчих­сэн. Мон­голчууд 23 жил ийм нэг эрлийз засаглалын тог­тол­цоотой явж
ир­лээ. Монгол Улсын Ерөнхийлөг­чөөс “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд байгаа нь
аливаа зүйлийг углуургаар нь авч үзэж, түүний­гээ эргэн харж дүгнэх ёстой тэгэхгүй
бол болохгүй нь гэдгийг хэлээд байна. Өнөөдөр парламентынхаа сонгодог тогтолцоо
руу орох хэрэг­тэй байгаа юм. Тиймээс парла­ментын дээд, доод хоёр танхимтай болох
ёстой. Нэг нь хуулиа боловс­руулж түүндээ анхаарал хандуул­даг бол нөгөө нь орон
нутгаас сонгогдон төлөөлөгчид хяналт тавьдаг байдал руу шилжих ёстой юм. Болохгүй
байгаа зүйлд нь хааяа ч бол­тугай “Хөөе, наадах чинь буруу байна” гээд хэлчих төлөөлөл
хэрэгтэй байна. Өнөөдөр ард түмнээс парла­мент, Ерөнхий­лөгч хоёр сон­гогдож байгаа.
Нэг болохоор Ерөнхийлөгч мэдээд байгаа юм шиг. Нөгөө талдаа УИХ мэдээд байгаа юм
шиг ойл­гомжгүй байна.

-Сүүлийн үед улс төрийн намууд
пропорцио­наль сис­темийг чухалчлан квотоор нэр дэвшигчдийг нэмэх сураг гараад байна.
Ингэснээр улс төрд ямар өөрчлөлт гарах вэ?

-Өнөөгийн нөхцөлд Сон­гуу­­лийн пропорциональ
сис­тем давуу болоод эхэлбэл өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, геопо­лити­кийн
хувьд хоёр том гүрний хавцалд байгаа улсын хувьд бай­дал улам хэцүү болно. Пропор­циональ
давамгай­лаад ирэхээр зах хязгаар нутгийн төлөөлөл цөөрч эх­лэх юм. Тиймээс хоёр
танхим­тай парламент маш чухал. Тэгэхгүй бол намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах
вэ гэсэн шиг дур дураараа л аашилж байна. Бидэнд үндэсний эвлэрэл, эх оронч үзэл
дутаад байна. Нийтлэлч Ж.Гангаа­гийн бичсэн эх орны тухай нийтлэл тун зөв өнцгөөс
хөндсөн харагд­сан. Ядаж тэр нийтлэлийг уншаа­сай. Дан давхар дээлийг тайлуулах
ёстой. Тэгж байж улс орны хөгжил урагшаа нэг алхана. Замбараагүй Монгол Улсыг эмхэнд
нь оруулах буулга хэрэгтэй байна.

-УИХ-д бизнесийнхэн ихээр орж ирлээ.
Таныг төр түшилцэж бай­хад харьцан­гуй бага байсан. Мэргэшсэн улстөрч гэж байдаг
уу?

-Өнөөдөр үүнийг бодох л ёстой. Энэ
нийгэм хатуу ний­гэм. Гэсэн ч хүн амьдарч л таараа. Бизнес­мэнүүд гол­лож улс төрд
орж ирж байгаа нь эргэлзээтэй. Тэдэн дунд шаардлагатай үед эх орны­хоо төлөө амиа
өгөхөд бэлэн хүмүүс хэд байгаа бол. Улс төрөөр мэргэш­сэн хүмүүс улс төрд орж чадахгүй
байхад бизнесийнхэн яагаад парла­ментад ороод байна гэдгийг бид ярих хэрэгтэй. Хуучин
намдаа хэдэн зуун саяар мөнгө өгдөг байсан. Одоо бараг миллиар­даар яригдаж байгаа
биз. Энэ нь төр бохир­дохын нэг эхлэл болоод бай­на. Төр түмнийхээ төлөө гэж тэд
улс төрд орсон ч бизнес нь санаа сэтгэлээс нь гардаг­гүй л байхгүй юу. Цаашид Сонгуулийн
болон намуу­дын тухай хууль, Үндсэн хууль­даа ч үүнийг оруулах шаардла­гатай. Биз­несийх­нийг
сон­гуульд өрсөл­дүү­­лэх­гүй гэвэл хүний эрхийг зөрчсөн асуудал болох байх. Би
биз­несийн­хэнд “Зүгээр бизнесээ хийгээд яв. Татвараа төлж байгаа чинь улс орондоо
оруулж байгаа хувь нэмэр чинь тэр. Засаг төр чинь та нарын бизнест саад болохгүй
бололцоог хангаж өгнө” гэдэг юм. Сүүлийн үед томоохон улс төрийн намууд хүртэл өөрт
хэрэгтэй зүйл дээр зөвшилцөл хэмээх нэрийд­лээр ашигтай зүйлсээ авч байна.

-Та сайд, УИХ-ын гишүү­нээр ажиллаж
байсан. “Дав­хар дээл” гэж яригдаад байгаа хуулийн тал дээр ямар байр суурьтай байна
вэ?

-Тийм ээ. Би сайд, УИХ-ын гишүүнээр
ажиллаж байсан. Ганц­хан сайдын ажил л ба­рагдахгүй их байдаг. Үнэхээр сэтгэл зүрхээ
гаргаад ажил­лахад чиний цаг хугацаа ганц сайдынхаа ажлыг ч амжуулж хүрэхгүй. УИХ-ын
гишүүн гэдэг чинь чинээндээ тулсан их ажилтай шүү дээ. Гарах гэж буй хууль бүрийг
үг үсэгчлэн уншихгүй бол ямар хууль, юу батлах гэж байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байна.
УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахад хийж амжаагүй зүйлсээ бодоод бачуураад байдаг
тийм их ажилтай. Энэ том хоёр албыг нийлүүлчи­хээр яаж ажиллах юм. Ажиллах бололцоо
байхгүй. Тэгэхгүй болохоор хууль чинь гууль болж байна. Алтны худалдаанд ил тод
байдлыг бүрдүүлэх тухай хууль Их хурал дээр уначихаар нь Ашигт малтмалын тухай хууль
нэрээр дахин оруулж ирсэн. Засгийн газар зүгээр л тоглоом болчихоод байгаа­гийн
нэг жишээ энэ.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Х.Болорчулуун: Сентьерра гоулд амташсан хэрээ 13 дахина гэгчээр дахин лоббигоо оруулж ирэх гэж байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай
ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн.
Уг хуулийн төсөл нэлээд маргаан да­гуулж эхэллээ. Үүний гол шалтгаан юу байсан юм
бол?

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүү­лэх
тухай хуулийг УИХ-ын гишүүд дэмжээгүй тул чуулганы нэгдсэн хурал­даан дээр унасан.
Гэтэл Засгийн газраас уг хуулийн нэрийг өөрчлөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл нэртэйгээр орж ирлээ. Уг хуулийн төсөл дэх
заалтууд нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулиас ялгарах зүйлгүй
байгаад эсэргүүцэж бай­гаа юм. Нэг хуулийн төсөл нь уначихаар нэрийг нь өөрчлөөд
оруулж ирж байгаа нь байж болохгүй зүйл л дээ.

-Уг хуулийн төслийг хэн оруулж
ирсэн юм бэ?

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүү­лэх
тухай хуулийн нэрийг өөрчлөөд оруулж ирсэн нь Засгийн газар. Алтны таван хувийн
татвар мөн өсөн нэмэгдэх рояалтын татварыг хасаад ганцхан 2.5 хувийн татвартай бол­гох
гээд байгаа юм. Мон­гол Улс хөгжих хэрэгтэй байна. Ард түмэн ханга­луун амьдрах
хэрэгтэй байна. Эх орноо өнгөтэй өөдтэй авч явъя гэсэн чин хүсэл байдаг бол үүний­гээ
эргэж харах л хэрэг­тэй. Аль нэг бүлэглэлийн төлөө бид эх орноо мар­таж болохгүй.
Гадаадад картнаас мөнгө авахад гурван хувийн шимтгэл авдаг. Бид хэдий алтаар элбэг
дэлбэг ч ингэж бага татвар аваад байвал бидэнд юу үлдэх юм. Үр хүүхдүүддээ юу үлдээх
юм. Уг хуульд олигархиу­дын нөлөөлөл орчихоод байна гэж хардахаар байна.

-Алтны худалдаанд ил тод байдлыг
бүрдүү­лэх тухай хуулийн төсөл уначихаад бай­хад дахин оруулах шалт­гаан юу байсан
юм бол?

-АН-ын бүлэг өөрсдөд ашигтай, сонирхсон
хуу­лийн төслөө чуулган дээр унасан ч долоо хоногийн дараа нэрийг нь өөрч­лөөд оруулж
ирж байна. Биднийг ингэ гэж ард түмэн сонгоогүй. Тиймээс өөрсдийн дураар аяглаж
болохгүй. Гэтэл зарим УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан оруу­лаад байхад хэлэлцэхгүй
хичнээн ч хамаагүй хуга­цаагаар хойшлуулаад л байдаг. Энэ чинь шудар­га зарчим юм
уу.

-Алтыг их хэмжээ­гээр нууцаар хил
да­вуулж байгааг хязгаар­лах үүднээс уг хуулийг батлуулах гээд байгаа юм биш үү?

-Алтны ил тод худал­дааг бий болгох
тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэн УИХ-ын нэгдсэн чуулга­наар хаалттай
хэлэлцсэн. Үүний гол шалтгаан нь алтны татварыг бууруу­лах тухай л байсан. Алтны
татварыг бууруу­лах тухай уг хуулийн төс­лийг Бие даагчдын зөв­лөл эсэргүүцсэн.
Яагаад гэхээр манай орны алтны татвар хоёр хөршийн алтанд оногдох татва­раас харьцангуй
бага бай­даг юм. Бид татварыг бага дээр нь бүр бага болгож болохгүй. Алтны ил тод
байдлыг бүрдүү­лэх тухай хуулийг санаач­лах болсон гол шалтгаан нь алтыг Монголбанкинд
тушаалгүй нууцаар хил гаргаж байна гэсний үүднээс хуулийн төслийг өргөн барьсан
гээд бай­гаа. Энэ бол зүгээр л таамаг төдий зүйл. Үнэн­дээ нууцаар хил давуулж буй
алт нь кг-аар ярихаас биш, тонн тонноор яриг­дах ихээхэн хэмжээнийх биш.

-Алтны шороон орд ерөнхийдөө ашиглаг­даад
дууссан гэсэн сураг байна?

-Үнэн л дээ. Өлзийт, Уянга, Өлөнт,
Заамар, Гацуурт гэх мэт маш олон алтны шороон орд бүхий газруудын нөөц дууссан.
Үүнээс шалтгаалан Мон­голбанкинд тушаах алтны тушаалт багассан. Гэсэн ч өнөө жилийн
хувьд Монголбанкинд найман тонн алт тушаасан нь олон жилийн дунджаас харахад хэвийн
байгаа юм. Одоо манайхан алтныхаа үндсэн орд руу ороод эхэллээ.

-Алтны үндсэн орд нь шороон ордоос
юугаараа ялгаатай вэ?

-Шороон орд нь газрын хөрсийг хуулан
байгаль дахь алтыг шууд авдаг бол үндсэн орд гэдэг нь алтны чулуун ордыг нэрлэж
байгаа юм. Алтны үндсэн ордын дийлэнхийг гадны компа­ниуд эзэмшиж байна. Гадны компаниуд
алтны үндсэн ордыг эзэмшиж байгаа тохиолдолд Мон­гол­банкинд алт тушаасан ч манай
валютын урсга­лыг гадагшаа шилжүүлэх л болно.

Монгол Улсад алтны татварыг бууруулснаар
валюттай болно гэдэг нь баталгаатай биш. Цаа­шид үндсэн ордоос жилд 30 тонн алт
олборлоно гэж байна. Монголбанк уг алтыг худалдаж авах боломжгүй. Алт нэмүү өртөг
бий болгодоггүй хэрнээ байгаль орчинд нэлээд сөрөг үр дагавар­тай салбар байгаа
юм. Тэгэхээр цаасан мөнгө үйлдвэрлэж алтыг худал­даж авлаа гэхэд өнөө инфляцийг
хөөрөгдөх түлхүүр болно.

Улс авах ёстой татва­раа авсан цагт
баян байж, ард түмэн сэтгэл хангалуун байх болно. Өнөөдөр манай оронд алтны ганц
үйрмэг ч гэсэн амин чухал хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа алтны үндсэн
ордын татварыг яагаад ч бууруулж болохгүй. Үүн дээр бид бат зогсож байгаа.

-Хөрш орнууд алтан дээрээ татварын
ямар нөхцөл баримталдаг юм бол?

-Хятадууд алтны шороон орд дээрээ
хоёр хувийн татвар авдаг хирнээ үндсэн ордоос долоон хувийн рояалти авдаг. Мөн ашгийн
40 хувийн татвар авдаг. Гэтэл манайх 25 хувийн татвар авдаг юм. Нэмүү өртөг манайд
10 хувь байхад урд хөршийнхөн 17 хувь байх жишээтэй. Манай орны алтны татвар үнэхээр
бага. Тийм болохоор л бага татвараа бүр бага болгож болохгүй гээд байн байн хэлээд
байгаа юм. АН-ынхан нэг хуулийн төслөө нэрийг өөрчлөн оруулж ирээд зүтгүүлж байгаагаас
харахад хуулийн төсөл дээр гадныхны лобби явагдаад байгаа гэж хардах үндэслэл байна.

-Алтны худалдаанд ил тод байдлыг
бүрдүү­лэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай
хуулийг төсөлд яг ямар ямар ижил заалтууд байгаа гэж?

-Уг хуулийн нэр өөрч­лөгдсөн болохоос
ямар ч чанарын ялгаа байхгүй. Монголчууд алтан дээр суусан гуйлгачин хэмээн цоллодог
байсныг бид мартаагүй. Гэтэл алтаа зараад ч бид гуйлгачин байж болохгүй. Бид өнөөд­рөө
биш маргаа­шаа харж амьдрах ёстой. Монголын эрх ашиг эрх баригчдын эрх ашгаас дээгүүр
эрэмбэлэгдэх учиртай. Монголын ард түмэн Африз, Латин Амери­кийн замаар яв­маар­гүй
байна. Тиймээс хэтэрхий лоббинд автаж, ард түмнээсээ нүүрээ бууруулж болохгүй.

-Та Эдийн засгийн байнгын хороон
дээр “АН-ынхан Сентьерра гоулдынхантай уулзаж, сүжрээд байна” гэсэн нь олны анхаарлыг
татаж байна. Яагаад та ингэж дуугарах болов?

-Сентьерра гоулд Дорнод Цагаан-Овоод
29 тонн алт, Сэлэнгэ айм­гийн Мандал сум буюу Зүүнхараад 31 тонн алт гээд нийтдээ
60 тонн алт­ны үндсэн ордыг авахад бэлэн болчихоод байна. Сентьерра гоулд Бороо
гоулд­тай 10 жилийн гэрээ хийхдээ эхний таван жилд нь нэг ч төгрөгийн татваргүй
алтаа авч, сүүлийн таван жилд нь татвараас 50 хувь чөлөө­лөх гэрээ хийсэн. Сентьер­ра
гоулд татвар төлөхгүй эхний таван жилдээ бүх алтыг нь ухаад дуусгачих­сан. Амташсан
хэрээ 13 дахина гэгчээр дахин лоббигоо оруулж ирэх гэж байна.

-Бороо гоулдаас манайхан хэдий
хэм­жээ­ний ашиг авч байсан юм бэ?

-Бид Бороо гоулдаас ашиг авч чадаагүй.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг олонхиороо
дэмжих юм болов уу яах бол гэсэн хүлээлттэй л байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай
ярилцлаа.

-Байнгын хороод өнөөдрийнхөө (өчигдөр)
хуралдаанаар дарга нарынхаа асуудлыг авч хэлэлцэн хуучин дар­гаараа цааш нь удир­дуу­лахаар
боллоо. Харин Төсвийн байнгын хороо чимээгүй өнгөр­чих юм. Даргынхаа асууд­лыг ярихгүй
байсан юм уу?

-Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх
дараалалд ороогүй тул энэ удаагийн байнгын хороо даргын асуудлаа хэлэлцээгүй. Байнгын
хо­рооны дарга хоёр жи­лийн хугацаанд ажиллах боломжтой байдаг. Төс­вийн байнгын
хороо тэр журмаар явах байх.

-Ардын намын бүл­гийн зүгээс хоёр
сайдыг огцруулах өргөдөл гар­гасан ч дэмжлэг аваа­гүй. Цаашид бүлгийн зүгээс ямар
арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл
гарч байна уу гэвэл үгүй. Харин хоёр сайдыг нь өөрчлөөд үзвэл гарч магад­гүй. Манай
эдийн засаг өсөлттэй байсан бол заавал уг хоёр сай­дыг огцруулах хэмжээнд хүртэл
ярих шаардлага байхгүй. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар бай­гуулагдсанаас хойш
эдийн засаг байнгын ухрал­тын байдалтай байсан нь уг асуудлыг хөн­дөхөөс өөр арга
бай­сангүй. Хариуцлагагүй ажилласан хүмүүс ха­риуц­лага хүлээж байж хөгжил ирнэ.
Тэгэхгүйгээр хэн нэгний толгойг илс­нээр эдийн засаг сэргэдэг бол хамаа алга л даа.
Гэтэл эдийн засаг өсөлт­тэй байна хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж бай­гаа ч бодит
амьдрал дээр ямар ч өсөлт байхгүй нь мэдрэгдэж байна. Эдийн засаг дандаа уруу шаа­риг­дах
биш өгсөж, буурч байсан энэ хүмүүс алдаа, оноотой ч ажиллаж бай­гаа юм байна гэж
харах байлаа. Харамсалтай нь хоёр сайдын барьж буй бодлого буруу байсан.

-Хоёр сайдын хувьд өмнө нь засагт
ажиллаж байсан хүмүүс. Эдийн засгийн туршлага­тай­гийн хувьд туршлагатай даа?

-Би Сэлэнгэ аймагт Санхүү хэлтсийн
даргаар ажиллаж байсан. Ч.Улаан сайд их зарчимч хүн байлаа. Ний нуугүй хэлэхэд Ч.Улаан
сайдын ажилд сэтгэл дундуур байгаа юм. Ямар учраас яагаад ийм байдалд хүрснээ өөртөө
дүгнэлт хийж байгаа болов уу гэж бодож байна. Намайг орон нутагт ажиллаж байхад
Ч.Улаан сайдын тавьж буй шаардлага, улс орны эдийн засгийг хөг­жүүлэх тал дээр авч
хэрэг­жүүлж буй бодлого нь зөв зүйтэй явдаг байв. Өмнө нь ажиллаж байсан турш­лага
дээр үндэслэхэд тө­сөв орлогын төлөвлөлт, зарцуулалт болохгүй бай­на гэдэг санал
хэлж байсан юм. Ч.Улаан сайд эдийн засгийн өсөлттэй холбож төсвийг уялдуулж болохгүй
гэж хэлж байх жишээтэй. Төсвийг зохи­цуу­лах гол үндэс нь эдийн засгийн өсөлт л
байдаг. Эдийн засаг хэдий хэм­жээгээр өсч чадна төсөв тэр хэмжээгээр нэмэгдэх бааз
суурь болдог.

Бодит эдийн засгийн өсөлт бий болсон
үед төсвийн орлого байнга өсдөг. Бодит бус эдийн засаг өссөн тул өнөөдөр төсөв тасарч
байна. 2012 оны төсөв бодит эдийн засгийн өсөлттэй байсан юм. Тиймээс 600 гаруй
тэрбум төгрөгөөр улсын орлого нэмэгдэж байлаа. Гэтэл 2013 оны эдийн засаг бодит
өсөлт биш. Өөрсдийнх нь хэлдгээр хөөс л байхгүй юу. Хөөс ихээр бий болсон үед орлого
өмнөх оныхоос буурдаг. Ийм нөхцөл бий болчихоод байхад мэд­сээр байж эдийн засгийн
арвин туршлагатай хүн алдаж байгаа нь эрх ба­ригчдад таалагдсан бодлого барьж байгаатай
холбоотой.

-Хөрөнгө оруулал­тын хуулиа баталсан.
Одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хууль батлаг­да­на. Ам.долларын
ханш ч буураад эхэллээ. Ирэх оны төсөвт гэрэл гэгээ тусах шинж байна уу?

-Ам.долларын хувьд өмнө 1350 төгрөгтэй
байж байгаад 1780 болоход хэн ч дуугараагүй. Бүгд л чимээгүй суусан. Одоо 100-хан
төгрөгөөс ам.дол­ларын ханшийг буулгас­ныхаа төлөө бодлогын шинж чанартай арга хэм­жээ
авсан гэж цээжээ дэл­дэх шаардлагагүй. Бод­логын шинжтэй арга хэм­жээ авсан бол
энэ оны түвшингээр бүх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл оны эхэнд 1350-тай бай­сан
ам.доллар өнөөдөр 1640 төгрөг хүрсэн байгаа нь Засгийн газраас явуулж буй бодит
бод­логын үр дүн мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй. Хэвлэлээс харж байхад арилжааны
банкууд дол­лар зарах саналаа Мон­голбанкинд хүргүүлж бай­на гэсэн мэдээллийг хар­сан.
Арилжааны банкууд хаанаас валютын эх үүс­вэртэй болов. Хөрөнгө оруулалт буурсан
энэ үед арилжааны банкуудад хэн доллар байршуулаад байна вэ. Яахав ээ уг бодлого
шинэ жилийн наана иргэдийн гарт байгаа валютыг татах зорилготой төр засгаас зохиомлоор
явуулж байгаа арга хэмжээ байх. Ирэх оны эхний хагасаас өмнө валютын хомсдолд орох
болов уу. Яагаад гэхээр арилжааны бан­кууд, Монголбанк дээрх валют дуусч, иргэдийн
гарт валютгүй болсон бай­на. Өмнө нь хэдэн сарын турш арилжааны банкууд Монголбанкнаас
валют нэхэж байсан хэрнээ яаж гэнэт валюттай болчихов. Ямар бодлогоор ингэж валюттай
болсныг нь нэг талдаа би хардаж байна. Нөгөө талдаа уг бодлого удаан үргэлжилбэл
улс орны эдийн засгийн нөх­цөл байдал ард түмний нуруунд ачаа болохдоо асар хүнд
ачаа болж бууна.

Сүүлийн дөрөв, таван жил гадаадаас
улаан буудай импортлоогүй улс өнөөдөр 100 мянган тон­ныг импортолно. Үүнд татварын
хөнгөлөлт үзүү­лээч гэж байна. Тиймээс валютын урсгал мөн л гадагшаа байна гэсэн
үг. Манай орны эдийн засагт орж буй валют нь гарч буй урсгалаасаа дандаа бага байдаг.
Валютын гадагшлах урсгал бай­гаад байна гэдэг нь ам.долларын ханшийг буурахад хэзээ
ч нөлөөлдөггүй.

-Эдийн засгийн байн­гын хороон
дээр Ашигт малтмалын тухай хуу­лийг оруулж хэлэлц­лээ. Гар дээрээ уг хуу­лийн төслийг
авч хар­сан уу. Ямаршуухан төсөл болсон бол?

-Одоогоор уг хуулийн төсөл надад ирээгүй.
Хү­мүүсийн хардаж байгаа­гаар Алтны ил тод байд­лын тухай хуулийн са­нааг нэрийг
нь өөрчлөөд буцаан оруулж ирж бай­на гэсэн. Үнэхээр тийм эсэхийг нь хараагүй боло­хоор
тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.

-Танай намын бүл­гийн зүгээс гишүүдийг
ажилдаа ирэхийг шаар­даж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ авах зо­рил­готой хурууны
хээ­гээр бүртгэх төхөө­рөм­жийг суурилуулсны дараа янз бүрийн зүйл ярьж хойш чангааж
бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-Манай намын бүл­гийн гишүүд уг асуудалд
тохирсон саналыг өмнө нь өгч байсан. Хуралдаа ирдэггүй, ирээгүй гишүү­нийхээ өмнөөс
санал өг­дөг зөрчил энэ Их хуралд элбэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн хуруу­ны хээгээр
ирцээ бүртгүүлж, хуруу­ны хээгээр саналаа өгдөг байя гээд хуулийн төсөл санаачлан
оруул­сан ч уг хуулийг жил орч­мын хуга­цаанд огт хэ­лэлцээгүй. Тэгсэн хэрнээ эрх
баригч намын гишүү­ний санаачилсан хуулийг хэдхэн хоно­гийн дотор хэлэлцэхээр оруулж
ирж байгаа юм.

 

Уг хуулинд хурууны хээгээр ирцээ бүрдүүлнэ
гэж заа­сан. Ирц бүрдүүлэх яахав ээ ямар нэгэн аргаар яаж ч бүрдүүлсэн болно. Хам­гийн
гол нь санал өгдөг асуудал нь чухал байхгүй юу. Энэхүү хуулийг харахад өглөө ирж
ирцээ бүртгүүлчихээд яваад өгөхөд байг гэх газаргүй. Засгийн газрын 19 гишүүний
17 нь Их хуралд сууж байгаа болохоор тэд өөрсдөдөө таарсан хуулийг баталж байна.
Манай намын зүгээс оруулж ирсэн саналыг авч үзсэн бол ард түмний төлөөлөл болж Их
хуралд орж ирсэн хүн ажлаа л хийх ёстой гэсэн шаардлага тавьсныг мэдэх юм. Цаашид
Их хурлын гишүүд ажил­даа хариуцлагатай хандаж идэвх­тэй байх ёстой. Бид эмч, багш
нар ажлаа хийсэнгүй гэхийн оронд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед гэнэт МАН-ын бүлгээс
шаардлага хүргүүлж, шахаа хийж эхэлсэн нь магадгүй хамтарч засаг барих гэсэн санаархал
байж мэднэ гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Намын Их хурлын дараа бид орон нутагт
ажилласан. Бидний тавьж буй шаардлага ард түмний шаардлага юм шүү. Намынхны очиж
уулзсан газар бүрт амьдрал ахуй хүнд, бэрх байгаа тухай хэлж байсан. Ард түмний
хэлсэн үгийг л бид чуулганы танхимд хэлж байгаа юм. Биднийг төрийн болохгүй бү­тэх­гүй
зүйлсийг хэлж байх хэрэгтэй гэж ард түмнэ сонгоо биз дээ. МАН-ынхан хөдөөгүүр явж
ирчихээд худлаа ярьж байна гэж байгаа бол өөрсдөө орон нутагт очиж бодит байдалтай
нь танилцах хэрэгтэй. Цаашид эрх баригчид энэ байд­лаараа яваад байвал зөв зүйтэй
шаардлагаа бид тавих л болно. Магадгүй бидэнтэй нэгдэх хүсэлтэй гишүүн байхыг үгүйсгэх­гүй.

МАН-ын хувьд бид бодлогын үйл ажиллагаагаа
сайжруулаач ээ гэдэг л шаардлага тавьж байгаа. Түүнээс хамтарч засагт оръё гэсэн
бодол байхгүй. Яагаад гэхээр ийм уналттай байгаа эдийн засгаа өөд нь гаргахын тулд
өөрсдөө хичээж ажиллах ёстой. МАН засагт орчих­вол дуугарч байсан дуу хоолой үгүй
болж мэднэ. Тиймээс алдаа­тай бодлогын үр дүнд эдийн засаг улам л уруудах болно.
Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Миний
хувьд энэ Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг огт таашаахгүй байна. Өмнө нь
МАН 40 гаруй суудалтай байхдаа 20 гаруй суудалтай АН-ыг урьж Зас­гийн газартаа оруулж
ажиллаж байсан. Тэгэхгүй бол хоёр нам хоорондоо тэрсэлдээд ажил ерөө­сөө урагшилдаггүй
юм. Тэгэхэд УИХ-ын дэгийн тухай хуульд одоо­гийнх шиг өөрчлөлт оруулаагүй байсан.
Нэг нам нь завсарлага авчихвал тодорхойгүй хугацаагаар завсарлага авах боломжтой
бай­лаа. Түүнээс болж олон чухал ажил гацах нь энүүхэнд байсныг бид мэднэ. Одоо
бол харин тийм байдал үгүй болсон.

-Танай намыг сүрхий шан­таажчин
нам болсон гэж ярих болсон?

-Ардчилсан нам шантаажчин нам байсан.
Өөрсдийнхөө шийдвэ­рийг хэрэгжүүлэхийг тулд эрх барьж буй намыг дарамталж, шахдаг
байсан. Тэгж өөрсдийнхөө шийд­вэрийг гаргуулдаг байсан нь үнэн шүү дээ. Тэгэхэд
гацаанаас гара­хын тулд ардын нам АН-ыг засаг­таа урьж байсан юм. Ингэснээрээ гацаанд
ороод байсан эдийн зас­гийн өндөр ач холбогдолтой зүйл­сийг хөдөлгөөнд оруулж гацаанаас
гаргасан тул Монгол Улсын эдийн засагт өсөлт гарсан. Одоо АН бүх муу муухайгаа МАН
руу чихэж эхэлсэн. 20 гаруй жил засаг барьчи­хаад юу хийсэн юм гэж байна. Энэ хугацаанд
2.4 их наяд ам.долла­рын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Уг зээл хөгж­лийн
зээл байсан. Шинэчлэлийн Засгийн газрын авч буй зүйл нь богино хугацааны бонд байхгүй
юу. Энэ бол хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл юм. Үүнд асар их ялгаа бий. МАН
хөнгөлөлттэй зээл авч олон өөрчлөлтийг хийсэн гэдгийг мартах ёсгүй. Тэр үед АН юу
хийж байсан юм. Хугацаагүй завсарлага, шантаажаа л хийж байсан байхгүй юу.

Тэр үеийн хамтарсан Засгийн газар
Чалкотой гэрээ байгуулсан. 10 жилийн хугацаанд тогтвортой­гоор Чалкотой нүүрс нийлүүлэхээр
болсон. АН-ынхан тэгэхэд Мон­голын баялгийг эд нар Хятадад хямдхан өгөх гэлээ гэсээр
байгаад уг гэрээг хүчингүй болгосон. Мон­голд нүүрснийх нь крант байгаа мэтээр эндүүрсэн.
Бид нүүрсээ өгөхгүй байсан ч болно гээд бай­сан хүмүүс өнөөдөр өөрсдөө хята­дуудыг
царай алдан 40 ам.долла­раар гэрээ байгуулъя гээд явж байна. Аливаа хүнд холч ухаан
гэж байх ёстой. Холч ухаанаар ханд­сан зүйлийг Ардчилсан нам ойл­гоогүй. МАН-ын
бүлэг 10 жилийн турш 70 ам.доллараар нүүрсээ гаргана гэж байсан. Эрх баригчид “Бид
нүүрсээ өгөхгүй. Тэд гуйна” гэж тооцсон нь алдаатай байсныг харж байгаа биз. Өнөө
нүүрсний крант Монголд биш Хятадад л байсан байхгүй юу. 70 ам.доллараар нүүрс гаргах
гэрээгээ байлгаж байсан бол өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрс­ний үнэ буурч байгаа
үед бид л хожих байсан. Үүнийг харж чадаа­гүй. Энэ мэтчилэн олон алдааны­хаа дүнд
хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Иймэрхүү алдаа дутагд­лыг нь хэлэхээр “Та нарын алдаа­ны
лай ланчигийг үүрч байна” гэдэг. Уг нь лай ланчиг биш бодит үр дүн байсан юм.

-Сүүлийн үед бүлгийн даргаа солихоос
эхлээд танай нам хөдөлгөөнтэй байлаа. Таныг бүлгийн дэд дарга болох гэж байгаа гэх
юм?

-Их хурлаас хойш идэвхтэй ажиллаж
байна. Цаашид ч ингэж ажиллана. Намын бүлгийн дэд дарга болъё гэсэн санаа надад
алга.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Сайд нар давхар дээлээ тайлах цаг болсон

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ухаалаг
төр”-ийн сэдвээр УИХ-ын гишүүн М.Бат­чимэгтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн дэв­­шүүлсэн ухаалаг
төртэй болох тухай асуу­дал олон нийтийн анхаарлын төвд байна. Даваа гаригт Ерөнхий­лөгч
УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр ямар сэдвийг хөндөж ярьсан бэ?

-Улс төржихгуй илэн далангүй яриа
өрнүүлэх үүднээс хэвлэлгүй явагд­сан болохоос биш нууц уулзалт байгаагүй юм. Уулзалтаар
төрийн нууц­тай холбоотой асуудал ярилцаагүй. Ерөнхийлөгч ухаалаг төрийн тухай үзэл
санаагаа дахин ярьж биднийг 1990 оны хувьс­галын дараах хоёр дахь хувьсгалд уриалж
бай­гаа­гаа, уриалаад зогсох­гүй өөрөө энэ хувьсгалд оройлон оролцож, ам­жил­тад
хүргэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн. Мөн энэ хувьсгал улс үн­дэстний асуудал учраас
улс төрийн зөвшилцлөөр бүгд гар нийлж хийх ёстой гэж үзэж байгаа юм билээ.

-УИХ-ын гишүүд чуул­гандаа суухгүй
бай­гаагаас болж ирц бүрдэхгүй байна. Энэ тухай ярилцсан уу?

-Тиймээ. Миний ба­римжаагаар жар шахам
гишүүн байх шиг харагд­сан. Бараг бүгд үг хэлж байр сууриа илэрхийл­сэн. Ерөнхийлөгчийн
уриал­гыг дэмжсэн бү­тээлч зүйл ч их яригдсан. Түүнчлэн бие биеэ шүүм­жилсэн, зарим
талаар нөгөө л талцал, улс төр­жилт гэхээр яриа ч сон­согдож байсан. Хамгийн гол
нь гишүүд ихэнхдээ УИХ-ын танхимд цуглаж чуулганы дэгээр тодор­хой асуудал ярьдаг
боло­хоос ийм өргөн бүрэл­дэхүүнээр цуглаж, тэгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дар­га, Ерөнхий
сайд оролц­­сон ийм ажил хэрэгч, чө­лөөт уулзалт өнгөрсөн хориод жилд бараг болж
байгаагүй юм билээ. Ерөн­хийлөгчийн энэ ал­хам үндэсний хэмжээний зөвшилцөлд дуудсан
чухал ажил болсон гэж бодож байна.

-Ийм уулзалт цаа­шид үргэлжилнэ
гэсэн үг үү?

-Мэдэхгүй байна. Эхний уулзалтын үр
дүн яаж гарахаас л хамаарах байх.

-Монголд болж бай­гаа муу муухай
зүйл төртэй холбоотой байна гэдгийг улс төрчид ч зөвшөөрдөг болчихож. Ерөнхийлөгчийн
Ухаа­лаг төртэй болох санаа­чилга нийгэмд хүлээлт, итгэл найдвар их тө­рүүлж эхэлж
байх шиг байна. УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах бол?

-Төр гэдэг адгийн хэ­рэг­гүй зүйл
юм шиг хэт туйлшрал руу явж бо­лохгүй л дээ. Өөрийн төргүй үндэстэн тусгаар оршиж
чадахгүй. Монгол­чуудын төрт ёсны үзэл цөөхүүлээ биднийг бус­дад уусчихалгүй, түүхийн
нугачааг давж өдий хүр­гэхэд хүргэсэн гол зүйл гэж би боддог. Гэхдээ улс орон цаашаа
өгсөх үү, уруудах уу гэдэг нь үнэ­хээр төрөөс шууд хамаа­ра­хаар байна. Ийм үед
Ерөнхийлөгч хамгийн чухал асуудлыг барьж авсанд талархаж байгаа юм. Ер нь төрөө
эрүүл, ухаалаг болгох хүсэл зөв­хөн Ерөнхийлөгчид бай­гаа биш, ялангуяа ний­гэмд,
иргэдийн дунд ийм хүсэл, шаардлага өндөр байгаа шүү дээ. УИХ ард түмний төлөөллийн
бай­гууллага л юм бол Ерөн­хийлөгчийн санаачилгыг дэмжих ёстой. УИХ-ын гишүүн бүр
дор бүрнээ би юу хийх вэ, яаж гар бие оролцох вэ гэдгээ нухац­тай бодох нь чухал
гэж бодож байна.

-Хувьсгал гэдэг үг хүмүүст их содон
сон­согдоод байх шиг бай­на?

-Хуримтлагдсан асуу­дал, хүрэхийг
хүсч байгаа үр дүнгээ бодвол хувьс­гал хийх шаардлагатай байна гэж хэлэхээс арга­гүй.
Монголчууд 1990 онд улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин тогтол­цоог халах том
хувьсгал хийсэн. Нийгэм, хүмүүс эрх чөлөөтэй, олон ур­гальч болж чадсан. Ху­вийн
хэвшил чадах чинээ­гээрээ өсч өндийж байна. Харин төр энэ өөрчлөлт­тэй хөл нийлүүлж
чадах­гүй нийгмээсээ хоцроод байна. Өнгөрсөн хориод жилд төрийн институцүүд, тогтолцооны
шинэчлэл тууштай явагдаж чад­сан­гүй. Ерээд оны эхэнд бий болсон шинэчлэлийн уур
амьсгал, олсон амжилт нь бэхжиж, биежиж чадал­гүй­гээр буруу зам руу хазайсан. Төр
томорсон, хариуцлагын тогтолцоо гажуудсан, улс төрд цөөн хүний ноёрхол тогтож, дарга
нарыг тойрон хүрээ­­лэгчдийн давхарга бий болсон байна. Энэ нь улс төрийн хүрээнээсээ
хэтрээд зах зээл, хувийн хэвшилд дарамт учруулж байна. Би хувьдаа ингэж л харж байгаа.
Тиймээс Монголд ардчилсан хувьс­галын дараах хоёр дахь шатны хувьсгал хэрэг­тэй
болсон гэдэгтэй санал нэг байна.

-Энэ хувьсгалыг хий­хэд УИХ ямар
хувь нэмэр оруулах вэ. Ерөн­хийлөгчтэй хийсэн уул­залтын үеэр олон то­дорхой санал
яригдсан уу?

-Ерөнхийлөгч өнөөд­рийн хуримтлагдсан
асууд­луудын ээдрээг гар­гахын тулд эхний ээл­жинд лав 10 гаруй хуу­лийг нэн даруй
шинээр бат­лахыг санал болгож бай­гаа. Үүнийг ажил хэрэг болгох эсэх нь УИХ-аас
шууд хамаарна. Наад зах нь бид ухаалаг төрийн зарчмуудыг дэмжиж бай­гаа бол өнөөдрийн
хэ­лэл­цэж байгаа хуулиудаа ч ухаалаг гаргахын төлөө ажиллах ёстой. Жишээ нь Өрийн
удирдлагын хууль, Хяналт шалгалтын тухай хууль гэхчлэн чухал хуулиуд өргөн баригдах,
хэлэлцэгдэхээр яригдаж байна. Энэ бүх хуулиудыг зөв гаргахгүй бол УИХ өнөөгийн байдалд
нэмэр биш, нэрмээс болно л гэсэн үг.

-Та Ерөнхийлөгчийн санаачилсан
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажил­лахгүй байх хуу­лийг УИХ нэн
даруй бат­лах ёстой гэж байсан. Хуулийг хэзээ хэлэл­цэх вэ?

-Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойш­луу­лалгүй
хэлэлцэх шаард­лагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг
давхар хийж бай­гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж
бай­гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд­лээ олдоггүй гэдэг биз дээ.
Хариуцлагагүй Засгийн удирдсан тө­рийн алба яаж хариуц­лагатай ажиллах юм бэ. Тиймээс
төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх
ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол­сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр
батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар­саар байж
2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь
хүний эсрэг ажил ч биш, зарч­мын шаардлага болчи­хоод байгааг олон хүн зөвшөөрч
байна шүү дээ. УИХ-д надтай адил бодол­той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна.

-Сүүлийн үед МАН-ын зүгээс танай
на­мынх­ныг дүр эсгэсэн ардчилагчид гэж шүүмж­лэх болж. Энэ хууль яаж батлагдах
нь дүр эсгэсэн үү, үгүй юу гэдгийн хэмжүүр байх болов уу. Та юу гэж бодож байна?

-Сөрөг хүчний шүүмж­лэлд улс төржилт
их цу­халздаг. Гэхдээ шүүмж­лэл бүхэлдээ хоосон биш шүү дээ. Ер нь бол манай намын
лидерүүд энэ шүүмж­лэлд бодитой няцаалт өгөх ёстой л гэж боддог. Гэхдээ зөвхөн үг
хэлээр биш. Ялангуяа хорин жилийн өмнө дарга анги, тойрон хүрээлэгчид, хяналтгүй
эрх мэдлийн эсрэг зориглон тэмцсэн тэр хүмүүс өнөөдөр эрх баригчид болоод эрх мэдэл,
албан тушаал, мөнгө хөрөнгөнд бялуу­раад явчихаагүй, тэр үеийн зорилго, итгэл үнэмш­лээсээ
ухраагүй гэдгээ харуулах нь чухал. Үүнийг Ерөнхийлөгч л лав харуулж байна гэж би
боддог. Одоо бүгдээрээ нотлож харуулах ёстой. Ингэж байж сөрөг хүчний шүүмжлэлийг
няцаана, иргэдийн итгэлийг хүлээ­нэ. Иргэд, нийгэм гэлтгүй манай намын залуу үед
ч намын ахмад үеийн ийм үлгэр дуурайл чухал л байгаа.

-Энэ өдрүүдэд ард­чиллын ой тохиож
бай­на. Тэр үед гудамжинд тэмцэж явсан хүмүүс өнөөдрийн эрх бариг­чид. Тэдний тэмцэж
бай­сан үеийн зорилго, өнөөдрийн бодол, үйл ажиллагаа хоорондоо хэр ялгаатай байгаа
бол?

-Мэдээж цаг үе их өөр болсон. Хүмүүсийн
нас, амьдралын туршлага өөр болсон гээд олон зүйл өөр байгаа. Гэхдээ л би ч биш,
хүмүүс бүгд, жишээ нь чи ч гэсэн ард­чилсан хувьсгалын лиде­рүүд үзэл санаа, зарчим­даа
үнэнч байгаа гэж итгэ­хийг хүсч байгаа шүү дээ. Хэн ч юу ч гэж сайн муугаар хэлсэн
тэд энэ улс орны түүхэнд хоёр гайхамшигтай өвийг үл­дээж чадсан. Нэг нь хам­гийн
итгэхээргүй, боломж­гүй мэт үед хийж чадсан үндэсний зөвшилцөл. Да­лан жил тогтсон
даран­гуйлагч тогтолцоог хүртэл ярьж зөвшилцөөд богино хугацаанд өөрчилчихөж болдог
гэдгийг монгол хун дэлхийд харуулсан. Мон­гол­чууд ийм зөвшилц­лийг хийж чадсан
бол улс үндэсний сайн сайхны төлөө дараа дараагийн чухал зөвшилцлүүдийг хийж чадах
л ёстой. Хоёр дахь том өв бол Үндсэн хууль. Ардчилсан засаг төр байхын тулд Засаг­лалын
эрх мэдэл ху­ваарь­тай, бие биеэ хянаж чаддаг харилцан тэнц­вэртэй байх ёстойг энэ
Үндсэн хууль баталгаа­жуул­сан. Энэ хоёр үнэт зүйлийг Ардчилсан нам гэлтгүй монголчууд
бид бүгдээрээ хамгаалахын төлөө явах л ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Увсын тэмцэгчдэд “Шударга журам” гардуулъя

Ээ дээ, энэ улс төр үү
гэж халагламаар үе гарах юм. Учир нь улс төрөөс болж гэр бүл, ах дүү, найз
нөхөд тангараг тасрах үе бий. Улс төрөөр ордохгүй байсан ч улс төр чамаар
оролдоно гэдэг үнэн бололтой. Хаа байсан 1600 орчим км-ын цаанаас тэр дундаа
Увс аймгийн Тариалан сумаас “Шударга ёс” тогтоохоор долоон иргэн нийслэлд ирээд
бараг сар шахам хугацааг үдлээ. Тэд хэдэн мал, хавар хадгалсан багахан
ноолуураа зарчихаад ирсэн гэж байгаа. Тэднийг аймгийнх нь АН, 2012 онд нэр
дэвшсэн Нямхүү, Мэндсайхан нарын авчирсан хүн ч гэж байгаа. Чойжоо, Хүрлээ
хоёрыг нь мөнгө тараасан гэдгийг нь баримтаар нотолж нэг сая төгрөг авсан 13
хүний зургаа нь ирээд байна. Хөдсөн дээлнээсээ салалгүй хэд хонож сүүлдээ аргаа
бараад байгаа бололтой. Хөдөөнөөс ирэгсдийг даанч хүн гэж хүлээж авдаггүйн тод
жишээг СЕХ харуулаад авсан. АН-ынханд сонгуулийн талаарх албан шаардлагын
хариуг өгчихөөд тэдний албан шаардлагын хариуг өгсөнгүй. Тэд уг нь шударга
үнэний төлөө ирцгээсэн. Цагааныг хараар будах амархан. Хөдөөнийхний цав
цагаахан цас мэт шударга ёсны төлөөх сэтгэл дээр нь тэд бүжиглэж байна. СЕХ
цөхрөөх гэдэг арга хэмжээгээ авч эхлэв бололтой. Тэд цөхөрөхгүй улс төрийн
суулт зарлана гэдгээ ч мэдэгдээд буй. Шударга үнэний төлөө яваа энэ хүмүүст
“Шударга журам” медаль гардуулъя. Уг медалийг гал, уснаас хүний амь аварсан
шударга хүмүүст гардуулдаг. Харин шударга нийгмийг бүтээн байгуулахад оройлон
зүтгэсэн Э.Бат-Үүлд Улсын баатар цол олгосон. Эдгээр хүмүүсийн ардчиллын үнэт
зүйл шударга ёсны төлөө тэмцэж яваа үйл нь Үүл Баатарын хэмжээнд хүрдэггүй юм
бол шударга үнэнийг илчлэхээр яваа эр зориг, хүн чанарыг нь “Шударга журам”-аар
ядаж үнэлмээр байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Төр баялаг бүтээгчдээ дарамтлахгүй байхыг хүсэв

МАН-ын бүлгийн өргөт­гөсөн хурал­даан өчигдөр
Тусгаар тогт­нолын ордонд нээлттэй бол­лоо. Энэ удаа­гийн хурал­даанд МАН-ын дарга
М.Энх­болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнх­бат, МАН-ын бүл­гийн дарга Н.Энхболд
болон бусад УИХ-ын гишүүд оролц­лоо. Мөн бизнес эрхлэгчид, баялаг бүтээг­чид, намын
гишүүд дэмжигчид хурал­даанд сууж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Хурал­дааны эхэнд
“Бизнес эрхлэгч­дэд тулгам­даж буй асуудлууд, үүнийг хамтран шийдвэрлэх арга зам”
сэд­вээр МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа МАН-ын бүлгийн гишүүд
мэдээлэл хийж, баялаг бүтээгчидтэй санал солилц­лоо. УИХ-ын гишүүн Л.Энх-Амга­лан
“Хөрөнгө оруу­лалтын хууль батлагдсанаар хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчид адил
тэгш эрхтэй болсон. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчид давуу эрх эдэлдэг байсан
бол шинэ хуулиар адил болсон. НӨАТ, Орлогын татварыг ядаж 10 жил тогтовортой байлгах
хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Засгийн газрын өрийн тухай мэдээлэл
хийлээ. Тэрбээр “Манай орны өрийн хэмжээ бага байх ёстой. Манай орон зээл авахад
ямар ч эрсдэлгүй байсан ч одоо дундаж эрс­дэлтэй орнуудын жагсаалтад орсон. Гадаад
өрийг хязгаар­лах хэрэгтэй” гээд 1980 оны Латин Америк шиг хүндхэн бай­далд орох
вий гэдгийг анхааруулав. Түүнийг илтгэл тавьж дууссаны дараа Сү.Батболд баяр хүргэж
гар барьж байсан юм.

Тус намын бүлэг “Наран­туул” зах амардаг ганц
өдрийг сонгож мягмар гаригт хийж буйгаа тодот­гож байлаа. Гэсэн ч “Нарантуул” захын­ханы
төлөөлөл төдийлөн байгаагүй бөгөөд МАН-ын угшилтай бизнес эрхлэгчид өөрсдийн үзэл
бодлыг хэлж байгаа харагдсан. Харин хуралд оролцогчид өөрсдийн өмнө тулгамдаж буй
асууд­луудыг дэлгэ­рэнгүй ярилцаж, төрөөс ирж буй дарамтыг багасгаж, хүнд суртлыг
арилгах тал дээр намынхаа гишүү­дийн ан­хаарч ажил­лахыг захиж байв.

Хэдэн жилийн өмнө аятай­хан хөгжиж эхэлсэн жижиг
дунд бизнес эрхлэгчид өнөөдөр үүдээ барих хэм­жээнд тулсан нь төр бизне­сийн салбарт
дэндүү ихээр оролцож байгаагийн хар гай гэв. Иргэдийн зүгээс ам.дол­ларын ханшийн
чангаралтад ихээхэн санаа зовж байсан ба өнөөгийнх шиг нөхцөл байдалтай ОХУ
1990 онд нүүр тулж байжээ. Тэдний зүгээс 1995, 1996 онуудад гурван удаа реформ хийсний
дүнд өнөөгийн сэргэлтийн байдлыг олж авсан. Төгрө­гийн ханш унаж буй энэ үед мөнгөний
бодлогоо шинэчлэх хэрэгтэйг хэд хэдэн хүн хэлж байв.

Үг хэлж байсан хүмүү­сийнх ихэнх нь бизнесийн
талаар яриа­гаа эхэлж улс төрөөр дуусгаж байсан нь зарим бизнес эрхлэгчдэд таалаг­дахгүй
байгаа нь мэдрэгдэж байсан юм. “Ган хийц” компанийн захирал Н.Даваасүрэн “Баялаг
бүтээгч бид Монголын төрийг хэцүү байхад авч явсан нь үнэн. МАН төр барьж байхдаа
дорвитой шийдвэр гаргаж бидэнд дэмжлэг үзүүлж бай­гаагүй. Улсын төсвөөс “Ган хийц”
компанийн барилгын төсвийг УИХ-д сууж буй манай МАН-ынхан өөрсдөө хассан. Өнөөдөр
би тендерт ялчихаад төсөвгүй сууж бай­на. АН-ынхан гурван тэрбум нэг зуун сая төгрөг
баталсан” хэмээн ярьсан юм. АН-ынхан яаж зоригтой шийдэж, ажил хийж байна. Бидэнд
зориг дутаж байна. Манай нам хэтэрхий ноомойгоосоо болж алдаж байна. Аливаа шийд­вэрийг
зоригтой гаргах ёстой хэмээн нэмж хэлээд хуралд оролцогчдын алга ташил­таар шагнууллаа.

Гадаадад амьдарч бай­гаад ирсэн залуус бизнес
эрхэлье гэхээр Улсын бүрт­гэлийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас эхлээд хүнд
суртал гаргагчид олон. Хичнээн их урам зоригтой эх орон­доо ирсэн ч  төрийн байгуул­ла­гын хүнд суртлаас болж шантрах
тохиолдол гарч байгааг залуу бизнесмэнүүд илэрхийлэв.

“Би та нарт, МАН-д хэрэг­тэй” хэмээн цээжээ дэлдэх
нэгэн ч ирсэн байсан. Хам­гийн гол нь эдийн засгийг улс төржүүлэхээ болиочээ гэсэн
санаанууд хүн бүрийн амнаас цухалзаж байсныг онцлох хэрэгтэй. МАН ялагдсан нам гээд
урвайж суухын оронд нэг нэг ажил барьж авч ард нь гарах ёстойг ахмад үеийнхэн нь
сануулав. Биз­нес эрхлэгчид цаашид иймэр­­хүү хурал­дааныг зохион байгуулах хэрэгтэй
гэдгийг оролцогчид хэлц­гээ­сэн. Энэ өдрийн хуралдаанд ирэгсэд төр баялаг бүтээгчдээ
дарамт­лахгүй, хөрөнгө хураах­гүй байхыг эрх баригч­дад дам­жуулж өгнө үү хэмээн
онцгойлон захиж байв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюунгэрэл: Гадаад нөхөртэй надад дургүй юм бол гадаад хүргэнтэй Батзандан өөрөө яах юм

Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилц­лаа.

-Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Бель­гийн Брюсселиэс шаг­нал
хүрт­сэн тухай мэ­дээ гараад байна. Ямар учир­тай шагнал юм бэ?

-Белгийн нийслэл
Брю­ссель хотод дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтаар
бүс нутгуудын эмэгтэйчүү­дийг улс төрд оруулсан амжилтаар нь шагнал гардуулсан.
Хамгийн дээд шагналыг нь Уганда улс хүртсэн. Парла­мен­тынх нь 64 хувь нь эмэгтэй
юм билээ. Манай орны хувьд эмэгтэйчүүдийг дэмж­сэн амжилт нь огцом өссөн үзүүлэлтээрээ
шаг­нал авсан. Дээд хэмжээ­ний уулзалтаар эмэгтэй­чүүдийн оролцоогоор дам­жуулан
улс төрд ямар өөрчлөлт оруулж чадах вэ гэсэн сэдвийн хүрээнд болсон. Дэлхий нийтээ­рээ
тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд эмэгтэй­чүүдийн оролцоо их гэд­гийг онцолсон.
Миний хувьд хоёр удаа илтгэл тавьж, нэг удаа үг хэлээд ирлээ. Эмэгтэйчүүдээр дамжуулан
удирдагч нарын удирдлагын ханд­ла­гад оруулах өөрчлөлт, эмэгтэйчүүд интернэт бо­лон
өндөр технологийг ашиглахад эмэгтэй­чүү­дийн оролцоо сэдвүүдээр илтгэл тавьсан.
Манай орон “Удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсний төлөө” гэдэг шагнал
хүртсэн юм.

-Зайсангийн газрыг иргэдэд өмчлүүлэх асуу­дал юу болж бай­гаа
бол?

-УИХ-д тогтоолын төс­лийг өргөн барьсан. Одоогоор хэлэлцүүлэг
явагдаагүй байна. Зай­сан­гийн амнаас иргэдийг хөөлөө гэхэд тухайн га­зар нь онгон
дагшнаа­раа байсан бол иргэд өөр газар амьдраад байж болох байсан. Гэтэл иргэ­дийг
хөөж явуулчихаад оронд өндөр барилга ба­рин хуулиа буруу ашиг­ласан тул иргэд дургүй­цэж
байгаа. БОНХЯ анх Зайсангийн газар дээр аялал жуулчлалын бү­сийг хөгжүүлнэ гэчихээд
өндөр байшингууд барь­сан тул иргэд “Бид зүгээр хөөгдмөөргүй байна. Өөр газар очиж
төвхнөтөл нөхөн төлбөр өгөх эрх­зүйн орчин алга. Тиймээс байгаа газарт маань амьд­рах
эрхийг минь өгөөч” гэсэн шаардлага тавиад байгаа.

-Сүүлийн үед Ж.Бат­зандан гишүүний оруулж ирсэн Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд хэл ам дагуулах
болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хүний эрхийг зөрчих амархан. Харин хүний эрхийг буцааж тогтоох
хамгийн хэцүү байдаг. “Оюунгэрэл гэдэг хүн таа­лагдахгүй байна” гээд өнөөдөр уг
хуулийг батал­чихлаа гэхэд зуун жилийн дараа Батзандангийн ач охинд гай болно. Өнөө­дөр
миний эрхийг зөр­чиж болоод байгаа юм чинь маргааш өөр хүний эрхийг зөрчиж болно
гэсэн үг. Энэ мэтчилэн явах тусам зөрчлийн хаалга нээгдсээр байна. Үндэсний аюулгүй
зөв­лөлд гадаад хүнтэй гэр бүл болсон гэдгээ мэдэгд­сэн байхад тэндээс хэзээ хариу
ирэх нь тодорхой­гүй. Хэзээ нэг өдөр гадаад нөхөртэй хүнийг албан тушаалд томилохгүй
өн­гө­рөөлөө гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөр оруулж хүний эрх зөрчиж болдог
юм байна гээд хүмүүс дахин өөр зүйл сэдэж гаргаж ирдэг. Сүүлдээ гадаад хэлтэй хүн,
гадаад хүнтэй захид­лаар харилцдаг хүнийг оруулахгүй гээд эхлэх жишээтэй. Манай
их хэл­мэгдүүлэлт ийм зүйлээс эхэлсэн. Лхүмбийн хэрэг япон хүнтэй уулзсанаас эхэлсэн
байдаг. Тэр хү­нийг япон хүнтэй уулздаг, захидлаар харилцдаг, Японы радио сонсдог
гээд цаазалсан. Лхүмбэ гэдэг хүн япон эхнэртэй байгаа­гүй. Гэтэл япон нууц амраг­тай
гээд цаазаар авах ял оноосон. Үүнийг нотлох ямар ч баримт байхгүй.

-Уг хууль Лхүмбийн хэрэгтэй бараг ойрол­цоо гэсэн үг үү?

-Батзандангийн са­наа­чилсан хуулийн төсөл өнөө цагийн Лхүмбийн
хэрэг байхгүй юу. Өнөө­дөр үүнийг Оюун­гэрэ­лийн хэрэг гэж нэрлэж болно. Лхүмбийн
үед мон­гол эхнэртэй, Японы радио сонсдоггүй, япон хэлгүй гишүүд нь “Гадаа­дын тагнуулыг
зайлуул­лаа” гээд алга ташин дэм­жээд түүнийг цаазлуул­сан байх жишээтэй. Гэтэл
дараа нь Японы өөр нэг тагнуул гарч ирсэн нь Лхүмбийн жолооч бай­сан. Дараа нь Лхүмбийн
гэрийн ажил­тан, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь Японы тагнуул болж бүх хүмүүсийг
хэл­мэгдүүлж эхэлсэн. Түүний дараа Японы тагнуулуу­даа хэл­мэг­дүүлээд сэтгэл нь
ха­нах­гүй Хятад, Орос, Америкийн тагнуул хайж эхэлсэн шүү дээ. Үүгээр ч зогсохгүй
Чингэсийн удмыг устгая гээд алтан ургийнхны тайж нарыг устгаад мөн л сэтгэл нь ханахгүй
бүх шашны хү­мүү­сийг устгая гээд лам нарыг хороосон. Дараа нь шашинтнуудыг өмөөр­сөн
намын дарга нараа хэл­мэгдүүлж эхэлсэн юм. 1945 оны чөлөөлөх дайнд эх орныхоо төлөө
халуун амь, бүлээн цусаа харамгүй зориулсан цэр­гүүдээ долоон жил шоронд хорьсон
байдаг. Тэр хүмүүсийг намын ги­шүүн болж батлах авсны дараа шоронгоос сулла­сан.
Тэр дайчид япончуу­дын эсрэг байлдсан тул япон хүнтэй тааралдсан байж магадгүй,
япон цэргийн амийг өршөөсөн байж магадгүй гэсний үүднээс “Чи хэдэн япон буудаж,
хэдийнх нь амийг өршөөж, хэдэн японтой ярьж үзсэн” гэж байцаа­саар долоон жил болсон
түүхтэй. Глобалчлалын эсрэг гадаад гэдэг хард­лага гэмгүй эхэлж айм­шигтай дуусдаг.
Энэ хэл­мэгдүүлэлт гадаад гэсэн хардлагаас л эхэлсэн. Тэр үеийн хэлмэгдүүлэлт шиг
хуулийн төслийг Ард­чил­сан намаас тэр дундаа Батзандан гэдэг иргэний төлөөлөгч
санаачилж байгаа нь үнэхээр гашуудалтай санагдаж байна. 

Би нөхөртөө хайртай­даа ингэж яриад байгаа юм биш. Хүний эрхэд
хайр­тайдаа ингэж ярьж байгаа юм. Лхүмбэ гэдэг хүнийг Японы тагнуул гэхэд нь өмөөрч,
та нар цаазалж болохгүй ард нь олон хүн хэлмэгдэнэ гэд­гийг хэлэх зоригтой хүн тухайн
цаг үед байгаагүй. Тухайн үед Х.Чойбалсан гэдэг аранга байлаа. Түүний дэргэд Сталин
гэдэг хардалт өвчиндөө нэрвэгдсэн хүн байсан. Тэр бол бүх хүнийг хард­даг байв.
Сталин франц, германчуудтай нийлсэн хүмүүсээ хамгийн тү­рүүнд цаазалсан. Сүүл­дээ
Оросынхоо хэлмэг­дүү­лэлтэд ханахгүй Мон­гол руу хэлмэгдүүлэлтээ явуулж эхэлсэн.
Энэ бү­хэн хардалтын сэтгэлээс л үүдсэн. Хартай хүн айм­шигтай.

-Ж.Батзандан ги­шүүн хардалтынхаа үүд­­нээс уг хуулийг са­наачилжээ?

-Хартай хүнтэй амьд­рах хэцүү байдаг шиг нэг хартай хүн улс төрд
орж ирэхэд тэр нь үгээр хэ­лэхийн аргагүй гай да­гуулж ирдэг. Уг хууль улс төрд
ямар ч хамаагүй хүнд хүртэл нөлөөлнө. Өнгөн дээрээ улс төрд хамаатай Оюунгэрэлийг
цэвэрлэх гээд байгаа юм шиг хирнээ хэдэн жилийн дараа хаа хамаагүй хү­мүүст гай
дагуулах болно. Тиймээс энэ гайтай хуу­лийг битгий батлаач ээ гэж хэлмээр байна.
Уг хууль хүн харахад гэмгүй юм шиг мөртлөө аймшиг­тай гэмт үйлийн эхлэл болно. Энэ
хар толбо биш сүүлдээ улаан толбо болж дуусна. Муу муухай бүхний үүр уурхайг бид
тавьж болохгүй.

-Ж.Батзандан ги­шүүн хоёр өөр заалтыг нэг хуульд багтаасан нь
ямар учиртай юм бол?

-Оффшор данс гэдэг эхнэр нөхрийн асуудлаас ангид. Энэ хуулийн
хоёр заалтын нэг нь эдийн засаг нөгөө нь хүний эрхийн асуудал. Хонконг гэдэг улс
яаж яваад оффшор улс болчихвоо гэдгийг судлах ёстой. Су­далгаагүй хууль гаргана
гэдэг аюултай. Өнөөдөр бид оффшор дансанд дур­­гүй байж болно. Америк оффшор данстай
хүмүүсээ мөрдөж мөш­гих­гүй байгаа нь анхаа­рал татаж байна. Гэтэл Америкийн бүх
компа­ниуд дэлхийн бүх хөрөн­гийн бирж дээр мөнгө босгодог. Тэд татваргүй нөхцөлтэй
газарт хөрөн­гөө байршуулдаг. Офф­шор хууль гэдэг нь тат­варгүй бүс гэсэн үг. Хон­конгийн
хөрөнгийн бир­жид хувьцаагаа бор­луулж буй бүх газрууд тэнд данс нээлгэдэг юм билээ.
Америкчуудын хувьд оффшор дансаа нээлгэчихээд дансаа ил тод мэдээлдэг. Харин ор­логоо
нуувал улс төрөөс арчих бодлого барьдаг. Хүн орлогоо өөрөө ил­чилж, мэдээлдэг тогтол­цоонд
орохоор эдийн засаг, хүний эрхийн асуудлаа шийдэж чадсан гэсэн үг.

-Уг хуулийн ардчил­лын зарчмаасаа ухар­сан хэмээн үзэх хүмүүс
байна?

-Уг хууль ардчиллын ухралтыг л бидэнд өгнө. Батзанданг Монгол
гэдэг улс яагаад ардчилал руу орж, яагаад хүний эрхийг Үндсэн хуулиндаа оруул­сан
гэдгийг сайн судлаа­сай гэж боддог. Бид сэт­гэлийн хөдлөлөөр хүний эрх гэдэг асуудлыг
үнд­сэн хуулиндаа оруулсан юм биш. Монголчууд хү­ний эрхгүй орчинд амь­дарч байхдаа
зовж, зү­дэрч, хэлмэгдэж сүйрс­ний­хээ дараа уг нийгэмд орсон. Хүний эрхийн асууд­лаар
бид ертөн­цийн мухарт хорвоогоо мартагдсаны дараа дэл­хийд танигдахын тулд эрх чөлөөг
үндсэн хуулиндаа оруулсан. Глобалчлалын эсрэг учиртай явах ёстой. Тэгэхгүйгээр үүний
эсрэг тэмцэж болохгүй. Бат­зандангийн санаачилсан хууль үнэхээр муйхар, мухар хууль.

-Хуульд төрийн өндөр албан тушаалтан гэж заасан нь яг ямар хүмүүст
хамааралтай вэ. УИХ-ын гишүүд, яам­дын сайдуудад хамаа­ралтай юу?

-Төрийн өндөрлөг, дун­­даж давхарга, жи­рийн албан хаагчийг оруулна
уу зарчмын хувьд ямар ч ялгаа байх­гүй. Энэ хууль нэг хүний эсрэг гаргасан байсан
ч буруу. Нэг хүний эрхийг зөрчихөд цаана нь 1000 хүний эрх зөрчигдөх үүдийг нээж
байгаагаа­раа хууль нь буруу болж байгаа юм. Уг хууль ганц­хан Монгол Улсын Ерөн­хийлөгчид
хамаарах бай­сан ч үүнийг эсэргүүцнэ.

-УИХ-ын гишүүд ард­чилал, хүний эрх гэж ам булаалдан ярьдаг хир­нээ
хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнд гай­хаад байгаа юм?

-Хуулийн хэлэлцүүл­гийн явцад нарийн зүйл­сээ ярих боломж олдох
байх. Гишүүд ард түм­нийхээ амссан зовлонг мартсан байна. Хэт цад­сан, цамаан байна.
Хэт жаргалтай байгаа ч ард түмнийхээ зовж явсан цаг хугацааг мартах ёсгүй байхгүй
юу.

-Батзандан гишүүн­тэй хууль санаачлахын өмнө уулзсан гэж бай­сан.
Тэгэхэд юу гэж байсан бэ?

-Би Батзанданд “Га­даад эхнэр, нөхөртэй хүнд санаа зовоод байгаа
юм бол өөрт нь мэдүүлэх эрхийг нь өгчих” гэж хэл­сэн. Гэхдээ Батзан­дан­гийн оруулж
ирсэн тогтол­цоогоор гэр бүлийн асууд­лаа мэдүүлмээргүй байна. Түүний зүгээс “Өн­дөр
албан тушаалд тэр хүнийг томилох гэж бай­гаа хүн нь ҮАБЗ-д мэ­дээлнэ” гэж заасан.
Ард түмэн тэр хүнийг томилох гэж байгаа бол яах вэ. Намайг сонгосон Хан-Уул дүүргийн
иргэд ҮАБЗ-д мэдээлэх юм уу гээд тогтолцоо нь ойл­гомжгүй байгаа юм. Ойл­гомжгүй
хууль мөрдөг­дөхгүй, мөрдөгдөхгүй юм чинь тухайн хүмүүсийнхээ боломжийг хааж байна
гэсэн үг.

Үнэхээр Монгол Улс гадаад хүнээс цэрвэдэг юм аа гэхэд гадаад эхнэр,
нөхөртэй хүндээ үүрэг өгөх ёстой. Та өөрийн гадаад эхнэр, нөхрөө ямар лицензтэй
гэх мэтээр бүхий л асууд­лын талаар мэдүүлэг өгөө­рэй гэхэд л болж бай­гаа юм хэмээн
Батзан­данд хэлэхэд “Тэгье. Наа­дах чинь гоё санаа бай­на” гэж байсан. Гэтэл оруулж
ирэхдээ өөрт нь мэдүүлэх үүргийг нь өгөх­гүй тэр хүнээс мэдүүлэх эрхийг нь аваад
томилж буй хүнд өгч байгаа нь хууль зөрчиж байна. Гишүү­ний зүгээс иргэддээ нэлээд
халтай тогтолцоог сонгосон байна лээ. Нэг л хуулинд ингээд ороод ирвэл дараа дараагийн
хуулинд орж ирэх болно. Батзандан төрийн бие организмд хорт хавдар авчирч байгаа
гэж ойлгож болох юм. Уг хуулийг дэм­жиж байгаа гишүүдийг эргээд нэг түүхээ уншчих
хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хойд Солонгос гэх мэт зарим орнуудад иймэр­хүү хатуу
хөтүү үр­гэл­жилсээр байхад түүн дээр нэг зовлон нэмэх шаардлага байхгүй.

-Танай нөхрийг орж ирэхэд нь мэдээж олон шалгалтаар оруулсан байх
даа?

-Байнгын оршин суух эрхийг гадаад хүн бол­гонд өгдөггүй. Манай
нөхөр ямар ч уул уурхайн лицензгүйгээ шалгуу­лаад, эрүүл мэндийн бүхий л шинжилгээг
өгч, гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ, өөрийнхөө улсын Тагнуулын байгууллагад ажилладаггүй
гэдгээ ТЕГ-аар шалгуулсан. Манай Жефф Монголд амьдра­хын тулд ТЕГ-ын байнгын хараа
хяналтад байдаг. ТЕГ-т байгаа мэдүүлгийг нь ҮАБЗ татаж аваад үзэж болно. Батзандан
ч гэсэн нууцын журмаар үзэх эрхтэй. Ганц нэг хүнийг хардаж байгаа бол төрөө бүхэлд
ийм хар тогтол­цоонд оруулж яах гэсэн юм. Үүнийг заавал хуульч­лах гээд байх шаардла­гагүй.
Энэ хэрүүл надаар дуусаг гээд чимээгүй байж болох ч даанч надаас хойш олон хүнд
хамаа­тай болчих юм.

-Уг хуулиас болж өөрийн мэдлэг боловс­ролоо дайчилж төрд гарах
уу, гадаад нөхрөө сонгох уу гэсэн асуулт бараг гарч ирэх нь ээ?

-Гадаад нөхөртэй на­дад дургүй юм бол гадаад хүргэнтэй Ж.Батзандан
өөрөө яах юм. Батзандан гадаад хүргэнтэй. Бидний гэр бүл яахав. Өөрийнх нь гэр бүлд
зовлон ирнэ. Үүнээс харахад гадаад хүргэн, бэртэй ямар айл байна гээд шалгах болно.
Миний эсрэг энэ хуулийг батлууллаа гэхэд Бат­зандангийн өөрийнх нь эсрэг мөрдөгдөөд
эхлэх л байхгүй юу. Төр гэдэг агуу. Гэхдээ бурхнаас арай илүү агуу болж чадаагүй.
Ямар ч агуу төр хүний зүрх сэтгэлийн асуудлыг зохицуулж чадаагүй ирсэн юм. Батзандан
ги­шүү­нээс таны шүтдэг хүн хэн бэ гэвэл нобелийн шагнал­тан Ан Сан Сү Чы гэх байх. Тэр хүн
англи нөхөр­тэй байсан. Ан Сан Сү Чыгийн нам 1992 онд 80 хувиар ялсан. Манай орныг
96 хувиар Ардын намд саналаа өгч байхад тэдний 80 хувь нь ард­чилсан намаа сонгож
бай­сан. Намын дарга Ан Сан Сү Чы нь Ерөнхий сайд болох гээд байсан тул цэргийн
эргэлт гар­гаад гадаад нөхөртэй хү­нийг Ерөнхий сайд бол­гох­гүй гээд АН-ынхнаа
баривчилж шоронд хийсэн. 2011 онд Ан Сан Сү Чыгийн гадаад нөхөр хорт хавдраар нас
барсан тул түүнд сонгуульд өр­сөл­дөх эрхийг нь өгөхөд 90 хувийн саналаар гарч ирсэн.
Ан Сан Сү Чы ерөнхийлөгчийнхөө сон­гуульд анх удаа өрсөлдөх гэж байна. Ялаад гараад
ирлээ гэхэд Бирмийн ард түмний хүсэл мөрөөдлийг хэдэн жил хойш нь татаж байж гарч
ирж байна гэсэн үг. Батзандан бол энэ зуунд гарч байгаа хамгийн эмгэнэлт үйл явдлуудын
эхийг тавих гээд байгаа юм. Цаагуур өнгөрсөн зовлонг заавал нааш нь татах шаард­лагагүй.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Л.Эрдэнэчимэг: Ж.Батзандан гишүүн бид хоёр хонь, чоно болчихоод байна

УИХ-ын гишүүн Л.Эр­дэнэчимэгтэй ярилц­лаа.

-Ж.Батзандан гишүү­ний санаачилсан Ний­тийн албанд
нийтийн бо­лон хувийн ашиг со­нирх­лыг зохицуулах, ашиг со­нирхлын зөрч­лөөс урьд­чилан
сэргий­лэх тухай хуульд нэ­мэлт оруулах тухай хуу­лийн төсөл чуул­ганаар дэмжигдсэн.
Үүний эсрэг байр суурь­тай байгаа зарим гишүү­дийн нэг нь та. Ямар шалтгаанаар дэмжих­гүй
байгаа вэ?

-Уг хуулийн эсэргүү­цэгч­дийн нэг нь яах арга­гүй
би. Ж.Батзандан ги­шүүний уг хууль хоёр том асуудлыг хөндсөн бай­гаа. Төрийн өндөр
албан тушаалтан гадаад эхнэр, нөхөртэй байх юм бол Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлд
мэдэгдэх шаардлагатай гэж заа­сан байна лээ. Мөн тө­рийн өндөр албан ту­шаал­тан
оффшор ком­панийн хувьцаа эзэмшигч байж болохгүй гээд заа­чихсан. Хуулийн нэгдү­гээр
заалтыг би эмэгтэй гишүүнийхээ хувьд эсэр­гүүцэж байгаа юм. Мөн Р.Бурмаа гишүүн
үүний эсрэг маш хүчтэй тэмцэж байна. Учир нь уг гадаад эхнэр, нөхөртэй болбол Үндэсний
аюулгүй байд­лын зөвлөлд хандана гэсэн нь хүний эрх зөрчиж буй асуудал. Бид 23 жил
хүний эрхийн төлөө тэмц­сэн. Тиймээс уг алхмаа­саа ухарч болохгүй.

Монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж чаддаггүй хоёр том гүр­ний
дунд хавчуулагдсан улс. Манай орон эднээс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үздэгээрээ
ялгарч гарсан. Уг хууль батлагдвал хүний эрх зөрчигдөнө. Тиймээс 23 жил тэмцсэн
ардчилал устаж эхлэхийн дохио болох юм.

-Та яагаад ганцхан эмэгтэй хүн гэдэг ут­гаар нь
хандаад байгаа юм. Уг заалт төрийн өн­дөр албан тушаалтан эрэгтэй хүнд ч хамаа­тай
юм байна лээ?

-Хүний эрхийн зөрчил болгоны ард хохирч үлд­сэн
хүмүүс нь эмэгтэй хүн байдаг. Төрийн өндөр албан тушаалтай эрэгтэй хүн байлаа гэхэд
Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд болохдоо тулах юм бол гэр бүлээ цуцлуулах ма­гад­лал
өндөртэй юм. Үүнээс харахад гадаад, дотоод байх нь хамаагүй эмэгтэй хүн л ард нь
хо­хирч байгаа биз дээ. Үүнийг эрэгтэй хүн маш амархан хийчихдэг. Га­даад нөхөртэй
эмэгтэй хүн байлаа гэхэд өндөр мэдлэг боловсролоороо сонгуульд нэр дэвшиж ард түмний
олонхийн са­на­лаар ялалт байгуулан төрийн өндөр албан ту­шаалд очъё гэхэд улс төрийн
эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй болчи­хоод байна. Аль ч талаа­саа энэ хуулийн төсөл
буруу болоод байгаа. Бидний баталж буй хууль дүрэм үр хүүхдүүдийн маань толгой дээр
бууна. Гэтэл глобалчлагдаж буй энэ нийгэмд хүүхдүүд хаа­на, хэнтэй гэр бүл болохыг
хэн ч таах арга­гүй. Уг хуулийг санаа­чилсан Ж.Батзандан ги­шүүн өөрөө дөрвөн хүү­хэдтэй.
Тэдний хүүхдүү­дийн хувь заяаг хэн ч мэдэхгүй. Дэлхийн олон оронд Монголын иргэд
тархан суурьшиж байна. Тэр гадаадад монгол хүн­тэй суусны төлөө эрхийг нь зөрчиж,
хааж боогоод, албан тушаал өгөхгүй гэдэг асуудал яригдвал яах вэ. Энэ мэтчилэн хү­ний
эрх дэмжсэн зүйлсийг бид хэзээ ч дэмжиж болохгүй.

-Чуулганы хурал­даанд уг хуулийн төс­лийг эрэгтэй
гишүүд дэмжиж харагдсан?

-Хуулийн төслийг эрэг­тэй парламентчид олонхиороо
дэмжиж бай­гаа. Эрэгтэй гишүүдийн амнаас гарч буй үг болгон жендерийн асуудлыг хөн­дөж
байсан. Уг хуу­лийн хэлэлцүүлгийн явцад Монголын эртний түүхийг их сөхөж ярьж байлаа.
“Монголын түү­хэнд хаад нь гадаад хатантай болсноос төрт улс унаж байсан” гээд л
ярьж байна лээ. Хаа бай­сан 800 жилийн өмнөх түүхийг асуудал болгон босгож ирж байна.
Өнөө­дөр нийгэм өөр болсон тул түүхийг сөхөж яриад байх нь буруу. Сүүлийн үед уулын
овоо, морины уяа руу эмэгтэй хүн очиж, гарч болохгүй гэдэг болж. Хэзээ байхдаа
20-30 жилийн өмнө бид ийм зүйл ярьдаг байсан юм бэ. Өнөөдөр Монголын дов толгой
бүр дээр эмэгтэй хүн гарах эрхээ хасуу­лаад байна. Энэ ч мөн хүний эрхийг зөрчсөн
асуудал.

-Ж.Батзандан ги­шүүн ямар шалтгаанаар уг заалтыг
оруулж ир­сэн юм бол?

-Би Батзандан гишүү­ний оруулж ирсэн уг хуу­лийг
хүнд зориулсан хууль гэж харж байгаа.

-Таныхаар ямар хүнд зориулсан бол?

-Миний бодож бай­гаагаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд
зориулж хууль санаачлан оруулж ирлээ гэсэн бодолтой бай­на. Хэн нэгэн хүнд дургүйнхээ
төлөө хууль гаргах гэж байгаа нь утгагүй санагдаад байгаа юм.

-Ард түмний эрх ашиг гэж үүнд заавал тусгах шаардлагатай
биз дээ. Энэ талаар өөр­тэй нь уулзаж асуув уу?

-Яг энэ асуудлаас чинь болоод Ж.Батзан­дан гишүүн
бид хоёр хонь, чоно болчихоод байна. Уг заалтаас болж хоорондоо хэрэлдээд, хоёр
тийшээ хараад суу­чихсан байгаа. Бид хоёр зэрэгцэж сууж байгаад өөрсдийн байр суурийг
илэрхийлсэн. Миний хэл­сэн үгийг Батзандан хүлээж авахгүй, түүний надад тайлбарлаад
бай­гааг би хүлээж авахгүй байгаа юм. Бид хэдий нэг намын гишүүд ч гэлээ үл ойлголцох
асуудлууд их байна даа. Би гишүүнд “Энэ чинь хувь хүнд зориулсан хууль байна. Ингэж
болохгүй. Өөрс­дийн­хөө үр хүүхдийг бо­дох хэрэгтэй гэдгийг хэлсэн.

-Ж.Батзандан ги­шүүн, Ц.Оюунгэрэл сай­дад тийм
дургүй юм уу?

-Уг хуулийн асууд­лаар УИХ-д суугаа олон эрэгтэй
гишүүд Ц.Оюун­гэрэл сайдын эсрэг яриад байгаа. Ялангуяа УИХ-ын сонгуулийн үеэр гадаад
нөхөртэй гэсэн хар пиарыг хийдэг. 2008, 2012 оны сонгуулиудад яг энэ асуудлаар Оюун­гэрэл
рүү дайрч л байсан. Сүүлдээ бүр үүнийгээ хууль­чилж гаргаж ирэх гэж байна. Гадаадын
хүнтэй суусан сайд яаж Монголын өв уламж­лалыг авч явах юм гээд байгаа. Гэтэл Ц.Оюун­гэрэл
ССАЖ-ын сайдын­хаа хувьд Монгол Улсын өвийг хэрхэн хамгаалах талаар ажлууд хийж
дэл­хий нийтэд сурталчлах тал дээр сайн ажилла­сан. Америк нөхөртэй байсныхаа хувьд
Батаа­рыг Монголд авчирсан тохиолдол байгааг бид харж байгаа. Энэ чинь глобалчлалын
хүч, бусад орнуудын дэмжлэг мөн.

-Уг хуулийг чуулга­наар баталчих гээд бай­на гэх
мэдээлэл байгаа. Бусад орнуудын хувьд төрийн өндөр албан ту­шаалтандаа иймэрхүү
заалт оруулсан байдаг уу?

-Диктатуртай, мусуль­ман шашинтай орнуудад л анзаарагддаг
болохоос ардчилсан нийгэмтэй улсад байдаггүй гэдгийг би баттай хэлэх байна.

-Манайх шиг ардчи­лал, хүний эрх гэж ярих дуртай
оронд тохирох­гүй л хууль юм аа даа?

-Энэ хууль манай оронд тохирохгүй. Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл үүнийг дэмжээсэй гэж хүсэж байгаагаа нуугаад яахав. Эмэгтэй гишүү­дийн
хүч үнэхээр дутаж байна. Бид таньдаг бусад гишүүддээ хэлсэн ч анх­ны хэлэлцүүлэгтээ
уна­чих­лаа. Тиймээс дараа дараагийнхаа хэлэл­цүү­лэгт дэмжигдсээр байгаад батлагдчих
магадлал өн­дөр. Уг хууль батлагдчих вий гэхээс айж байна.

-Хууль санаачлагч нь Ж.Батзандан гишүүн гээд эрэгтэй
хүн байгаа ч гэсэн уг хуулийг яагаад дэмжээд байгаа юм бол?

-Хууль маань хамгийн гол нь эрс тэс өөр хоёр заалттай
болчихоод бай­на. Зарим гишүүд гадаа­дын иргэнтэй гэрлэх тухай заалтыг дэмжиж гар
өргөж байгаа бол нөгөө хэсэг нь оффшор данс­тай байж болохгүй гэдгийг нь дэмжээд
гар өргөөд байгаа юм. Энэ хоёр заалт нэгдэхээрээ олон­хийн саналыг аваад бай­гаа
юм. Зарим эмэгтэй гишүүд гадаад хүнтэй гэр бүл болохыг эсэргүүцэж байгаа хирнээ
олигар­хиудын асуудлыг эсэр­гүүцэж байна гээд кноп дарахаар автоматаар дэм­жигдээд
байгаа юм. Уг хоёр заалтыг тус тусад нь оруулж ирсэн бол дэм­жигдэхгүй байх байсан.
Олон гишүүнтэй ярьж уг хуулийн төслийг унагах хэрэгтэй.

-Төрийн өндөр албан тушаалтан оффшор данстай байж
болохгүй гэсэн заалт дээр ямар байр суурь барьж байна вэ?

-Өнөөдөр Монголын ямар ч хуулинд оффшор гэж юуг
хэлэх вэ гэдгээ тусгаж өгөөгүй байгаа. Дэлхий нийтээрээ тодорхойлолтоо гаргаад,
оффшор гэдэг нь мөнгө угаадаг газар мөн гэсэн үед уг хуулийг баталж болно. Оюу толгой,
Таван толгой оффшорт байдаг гэж байгаа. Мөн Хонкон­гийн бирж дээр хувьцаа борлуулах
компаниудыг оффшор данстай байхыг шаарддаг гэсэн. Манай орны компаниуд хаана хувьцаагаа
борлуулах вэ. Хувьцаагаа зарах бо­ломж нь Хонконгийн бирж дээр нээлттэй. Монголын
компани Хонконгийн бирж дээр хувьцаа гар­гахын тулд оффшор данс­тай болох шаард­лага
тулгарсан энэ нөх­цөлд амьдарч байгаа хирнээ оффшор данстай байж, хувьцаа эзэмшиж
болохгүй гэж заах үндэс байхгүй. Бид уул уурхайн компаниудын Монголын талын эзэмшлийг
ард түм­ний өмч хэмээн нэрлэ­дэг. Энэ хуулиар бид Оюу толгой, Таван толгойн хувьцаа
эзэмшигч байж болохгүй юм байна л даа. Тодорхойгүй энэ мэт асууд­лыг нэр мөр ший­дээд
уг асуудлыг ярилцах нь зөв байх гэсэн байр суурьтай байгаа.

-О.Баасанхүү ги­шүүн­тэй хэл амаа олол­цож байна
уу?

-О.Баасанхүү гишүү­ний санаачилсан Тамхи­ны тухай
хуулийн төслийг батлуулахгүйн тулд арга хэмжээ авах ёстой. Тамхи татах цэгийг манайхан
ойлгохгүй байна. Би уг асуудлаар Э.Бат-Үүл дарга, хот тохижилтын дарга нартай уулзахаар
хуулиндаа тамхины цэгийн тухай заагаагүй болохоор хориотой юм биш үү гэж байна лээ.
Бидний зүгээс “Тамхи татахыг хориглосон газ­раас бусад газар тамхи татаж болно”
гэсэн заал­тыг оруулж өгөх ёстой юм билээ. Тамхи татах цэгүүд дээр нь нийслэл, дүүрэг,
аймгийн удирдлагын гарт байгаа тул үүнийг шийдэж болно. Албан байгуул­лагын гадна
талбайд там­хины цэг байгуулах асууд­лыг яриад шийдчихсэн. Тиймээс Баасанхүү гишүүн
уг асуудлаа татаж авах байх.

Э.ЭНХБОЛД