Монголын тайз дэлгэцийн урлагт мөнхөрсөн уран бүтээлчдийн
нэг нь ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсан билээ. Чимэд-Осорын Болдтой аавынх нь
тухай ярилцсан ярилцлагыг нь дахин хүргэж байна. Нэрт жүжигчний амьдрал хийгээд уран
бүтээлийнх нь тухай ярилцлагыг уншина уу.
-Аавын тань мэндэлсний 100 жилийн ой
тохиож байна. Үр хүүхдүүдийнх нь зүгээс ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Аливаа хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг мэдээж амаргүй. Олны дунд гэгээн
зам мөртэй явсан урлагийн энэ хүний ойг даацтай тэмдэглэх ёстой гэж бодож
байна. Ойг тэмдэглэх саналыг үр хүүхдүүд бидний зүгээс Драмын театрт тавьсан
байгаа. Театрын зүгээс талархалтай хүлээж авсан. Тэд ардын жүжигчин
Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглье гэсэн албан бичгийг Соёл,
спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Яам хамтарч ажиллахаар болсон. Мөн
Монголын урлагийн ажилтны холбоо талархан хүлээн авч бүх соёл урлагийн
байгууллагууд өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэж мэдэгдсэн. Энэ мэтчилэн олон
сайхан албан байгууллага, хувь хүмүүс дэмжиж байгаа.
Бидний зүгээс хэд хэдэн номыг нь эмхэтгэх тал дээр анхаарч байна. Саяхан
“Жүжигчний ажиллагаа” номыг нь ахин хэвлүүлсэн. Одоо жүжгийг
зохиол, шүлэг, дуу тэргүүт өөрийн уран бүтээлүүдийг нь эмхэтгэн ном гаргачих
бодолтой байна. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайд аавын тухай баримтат кино
хийхээр болсныг дуулгахад үнэхээр сайхан хүлээж авсан. Мөнгө төгрөг нь
шийдэгдчихвэл эхэлчих гээд байгаа л даа. Драмын театр цэнгүүнийг нь хийхээр
болж, СУИС эрдэм, шинжилгээний бага хурлыг бие даан хийнэ гэсэн.
-Аавынхаа төрж өссөн нутаг усных нь тухай ярихгүй юу?
-Аав минь Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа жил буюу 1912 онд Архангай
аймгийн Өлзийт суманд төрсөн. Эхээс гурвуулаа. Ахыг нь Мэндбаяр гэдэг лам хүн
байсан бөгөөд Эрби гавжийнд шавилан суудаг байгаад сүүлд шар шувталж
мужаан болсон. Дүү нь Жамсран гэж байсан. Ээжийг нь Банзрагч гэдэг.
Эмээ маань баян айлд зарцлагддаг ядуу нэгэн байж. Аав багадаа айлын хурга, ишиг
хариулж байгаад эрийн цээнд хүрэхтэй зэрэг адуу, малд нь явдаг байсан тухай
ярьдаг байлаа. Ах, дүү хоёр нь ээжээрээ овоглож, аав Дэндэв гэсэн өөр нэрээр
овоглох болж.
-Дэндэв гэдэг нь төрсөн аав нь уу?
-Үгүй юм аа. 1933 онд аав цэрэгт татагдсан гэдэг. Цэргийн комиссоор ороход
бүдүүн дуутай хүдэр эр “Чимэд-Осор” гэж дуудаж. Аав ч “Би”
гэтэл “Овог чинь” гэхээр нь сандрахдаа “Зайдав” гээд хэлчихэж.
Харин өнөө цэргийн дарга “Хэн, Дэндэв гэнэ ээ” гэхээр нь бантсандаа
“Тийм ээ” гэж хэлээд Дэндэв гэж овоглох болсон гэдэг.
-Аавыг тань шаггүй зохиолч байсан гэдэг?
-1933 онд цэрэгт татагдан морин зарлага хийдэг байж л дээ. Өдөр нь ийш тийшээ
явсаар байгаад таарна. Шөнө орондоо ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч
төмөр лаазан дотор лаа асаагаад зохиолоо бичдэг байсан гэсэн. Нэг өдөр ангийн
нууцын эрхлэгч Лувсандоо гэдэг дарга нь үзчихээд “Энэ чинь овоо юм
болчихож” гээд аваад явжээ. Дараахан нь “Штаб дээр яаралтай дуудаж
байна. Баярын хувцсаа өмсөж сэлмээ зүү” гэхээр бүр гайхсан гэдэг.
Лувсандоо дарга нь гайхаад яахав. Сахилгад хийхгүй нь л лав гээд дагуулаад
ангийн даргын өрөөнд оруулжээ. Тэгээд “…Цэрэг нөхдийн дотор уран сайхны
ажлыг ихээхэн дэлгэрүүлсэн учир улсаас “Уран зохиолч” хэмээх цол хүртээсэн
байдаг шүү. Цолны үнэмлэхийг дагуулан 35 төгрөгийн үнэ бүхий гаансны сайн төмөр
толгой гардуулав гэж бичсэн байсан. Урлагийн халуун бүлд багтахад зохиол
бичиж байсан нь нөлөөлсөн гэж ихэд хөөрдөг сөн.
-Ардын армийн цэрэг урлагтай холбогдсон түүхийг сонирхож болох уу?
-Аав 20 нас хүртлээ айлд зарцлагдаж байсан юм билээ. Ардын армийн байлдагчаас
Монгол Улсын ардын жүжигчин болох уран бүтээлийн замаа эхэлсэн нь их сонин л
доо. Хужирбулан дахь зэвсгийн үйлдвэрт хугацаат цэргийн алба хааж байхдаа
“Уран зохиолч” хэмээх цол хүртсэн нь хөдөөгийн малчин залуугийн
амьдралын хүрдийг орвонгоор нь эргүүлсэн нь мэдээж. Хуучнаар “Бөмбөгөр
ногоон”-ы үүдэнд “Уран зохиолч” цолтны үнэмлэх өвөртөлсөн
цэргийн залуухан байлдагч нэлээд халган байж театрын хаалга татжээ.
Шалгаруулалтад ороход нь аавыг “Чи юу чадах уу. Дуулаад өг дөө” гэсэн
байгаа юм. Аав нутгийнхаа тухай нэг дууг солгой хоолойгоор дуулчихаж. Гэтэл
“Өөр юу чадах уу” гэхээр нь “Лимбэ үлээж чадна” гэсэн чинь
үүнийг үлээ гээд нэг лимбэ өгчээ. Өнөө лимбийг нь үлээтэл өнгө нь сааралтаад
явчихсан чинь “За одоо боль” гэж. “Зуны халуун өдөр хонь
хариулаад явж байтал нойр чинь хүрээд сууж байтал гэнэт хэдгэнэ толгой дээр
чинь ирээд дүнгэнээд байгаа дүрийг үзүүл” гэжээ. Аав “Энд чинь хонь
байхгүй байна ш дээ” гэтэл “Хонь байхгүй. Хонийг байна гэж бод.
Хэдгэнэ ч мөн адил байхгүй болохоор байгаа гэж бодоод үзүүл” гэж
шалгалтын комисс тушаасан байна. Дүрээ үзүүлсний дараа аавыг гарч бай гээд
гаргачихаж. Ингэж аав минь 1936 онд театрт дагалдан жүжигчнээр орсон
түүхтэй.
Театрт ороод удаагүй байхдаа тэр оныхоо есдүгээр сарын 16-ны өдөр Ши.Аюушийн
“15 наст Адъяа” жүжгийн олны хэсэгт гарсан юм билээ. Дараа нь
Ши.Аюушийн “Яг 18” жүжгийн Ойдовт тоглосон. Бүтээсэн дүр нь 18 настай
ядуу лам Ойдов эвлэлийн гишүүний ухуулгаар цэрэгт явсан залуугийн тухай
гардаг. Сүүлд нь цэргийн дарга болдог юм. Нэг сонин нь аавын тайз, дэлгэцийн
урлагт бүтээсэн анхны дүрүүд нь холбоочин цэргийн дүр байсан. Үүндээ их баярладаг
байлаа.
-Аавыг тань гайхалтай уран бүтээлч гэдгээр нь Монголын ард түмэн мэднэ.
Амьдрал дээрээ хэр сайн аав байсан бэ?
-Аав жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэчихнэ. Эхлээд жинхэнэ төрсөн өдрөө
тэмдэглэж байгаа юм. Дараа нь есдүгээр сарын 16-нд Монголын театрын алтан
тайзнаа анх гарсан өдөр. Зайлшгүй тэмдэглэх шаардлагатай. Миний ахин төрсөн
өдөр гэнэ. Бид “Аав ёстой сайхан далимдуулнаа” гээд инээлддэг байлаа.
1936-1960 он хүртэл театрт, 1960-1984 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан.
Ингээд бодохоор аав минь Монголын урлагт хагас зуун жил зүтгэсэн байгаа юм.
Аав өөрөө их шооч хүн байлаа. Үр хүүхдүүдээ халамж хайраар дутаагаагүй. Өнгө
будаггүй хэлэхэд сайхан аав гэдэг үг л зохино. Ээжийгээ хайрлаж яваарай гэж их
захьдаг байсан. Аргагүй биз дээ 40 хүртлээ ээжийнхээд дэргэд байсан хүн юм
чинь. Бидэнд “Аавынхаа шийрийг хатааж ардын жүжигчин болоорой” гэж
байсангүй. “Аавынхаа нэрийг хугалж архичин болуузай” ч гэж хэлээгүй.
“Ганцхан ижийгээ хайрлаж яваарай” л гэж захьдаг байсан.
-Аавынхаа уран бүтээлийн жагсаалтыг гаргаж байв уу. Нэлээдгүй урт бүтээлийн
тоо гарах байх?
-Тэгэлгүй яахав. Аав 1945 онд “Цогт тайж” киноны Ли Сан Син гэгч
цэцэрлэгч өвгөний дүрийг бүтээсэн.
-“Цогт тайж” кинонд хоёр дүр бүтээсэн байх аа?
-Тийм ээ. Өнөөх нь “Миний эрхэм хүн Цогт хун тайжийн өлмий бат оршиг”
гэдэг бадарчингийн дүр л дээ. Энэ хоёр дүрийн хооронд асар их ялгаа байгаа биз.
Аав маань 26 жил театрт ажиллахдаа 85 дүр бүтээсэн юм билээ. Харин кино урлагт
“Цогт тайж”, “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний
аав”, “Хүний мөр, “Өглөө”, “Тунгалаг Тамир,
“Моторын дуу”, “Улаан дарцаг, “Мандухай сэцэн хатан”
зэрэг 39 кинонд 44 бүр бүтээсэн. Мөн Ч.Ойдовын “Зам”, Д.Нацагдоржийн
“Учиртай гурван толгой” тэргүүтэй есөн жүжиг найруулсан бол
“Зэрэг нэмэхийн өмнө”, “Хонины найр”, “Тамирын охин”
зэрэг таван киноны ерөнхий найруулагч, түүнчлэн есөн кинонд зөвлөх буюу II
найруулагчаар ажилласан. Орчуулгын кино гээд явбал тоймгүй их зүйл бий л дээ.
Зохиолч Х.Зандраабайдий гуай аавын тухай олон талт уран бүтээлч хэмээн бичсэн
шүү.
-Хэдэн онд ардын жүжигчин болсон бэ?
-1945 онд гавьяат жүжигчин, 1981 онд ардын жүжигчин болсон.
-Чимэд-Осор гуайн үед сургууль соёлын мөр хөөх боломж тааруухан байсан.
Ямар сургуульд сурсан юм бол оо?
-Аав ямар ч сургуульд сураагүй. Тэнхимд сууж дөрвөн аргын тоо, шинэ, хуучин
үсэг заалгаж байгаагүй. Аав ч гэлтгүй алтан үеийн жүжигчид сургууль соёлын мөр
хөөсөн нь цөөхөн байдаг. М.Горькийн хэлдгээр “Амьдралын их сургууль
төгссөн” байхгүй юу. Урлагийнхан “Сонгодог уран бүтээлд дүр бүтээнэ
гэдэг нэг их сургууль төгссөнтэй тэнцүү” гэдэг шүү дээ. Театрынхан
бүгдээрээ аавыг “Өвгөн Шукарь” хэмээн авгайлдаг байв. Урлагийнхантай
утсаар ярихад “Өвгөн Шукарь”-ийн хүү байна гэхэд Болд уу гээд
андахгүй шүү. Сүүлийн үеийн уран бүтээлчид “Төрд хэрэгтэй зайран” гэх
болж. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон нэгэн дүр нь “Хүний сайхан
сэтгэл” киноны Дэнзэн хэмээх усчин өвгөний дүр байна.
-Урлагийнхантайгаа илүү ойр дотно нөхөрлөж явсан байх даа?
-Манай гэрээр хамгийн их бужигнадаг нь урлагийнхан л байлаа. Аав хүн
ялгадаггүй, голдоггүй хүн. Урлагийн бурхад манайхаар орж гарна. Гэр ойр болоод
ч тэр үү Ё.Шаравдоо гуай их ирнэ. Жүжигчид, уран бүтээлчид манай босгыг их ч
илээсэн дээ.
Цагаан сар тэмдэглүүлэхгүй гэж байхад аав хийнэ. Цагаан сарыг манайх шиг өргөн
дэлгэр тэмдэглэдэг айл байсангүй. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг дурсамжийг
хэлэх үү.
-Бололгүй яахав?
-Нэг өдөр хичээл тараад иртэл манайд хэдэн хүн сууж байнаа. Хартал Богд хаан
(ардын жүжигчин Н.Цэгмид), Сүхбаатар жанжин (гавьяат жүжигчин Д.Дашнамжил),
Дамбийжаа (гавьяат жүжигчин М.Цолмонбаатар) нар ирчихсэн халамцуухан суугаа
харагдав. Богд хаан Дуйнхар зайрантай буу халангаа хундага тулгаад, хажууд нь
Сүхбаатар жанжин Дамбийжаатай тэврэлдэн дуу дуулж байхыг харахад үнэхээр сонин
байсан.
-Та аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Хорвоогийн жамаар энэ хорвоогоос буцсаар байгаад одоо найман хүүхдээс гурав
нь л үлдэж дээ.
-Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Байхгүй. Аав бүх хүүхдээ дагуулан кинонд авч явсан. Кинонд хүртэл тоглуулсан.
Даанч жүжигчин болсон хүн байхгүй. Авьяасыг бурхан тэр болгон хүнд хайрладаггүй
юм шиг байгаа юм.
-Ээжийнхээ тухай ярихгүй юу. Аавтай тань хэрхэн танилцсан бэ гээд…
-1952 онд аав өөрөөсөө 20 дүү бүсгүй болох манай ээжтэй суусан байгаа юм. 40
хүртлээ аавыг хаагуур юу хийж явсан бэ гэсэн асуулт гарч ирдэг л дээ. Энэ
хугацаанд аав хоёр удаа гэр бүл зохиосон ч эхнэрүүд нь тэнгэр болчихсон юм
билээ. Дөч хүрэх насандаа хоёр эхнэр, гурван хүүхдээ алдсан болохоор нэг хэсэг
амьдралын жолоогоо алдахдаа хүрсэн тухай ярьдаг байлаа. Архинд ороод
урууддагийн даваан дээр ээжтэй танилцан амьдрал нь эргэсэн гэдэг шүү.
“Хэрэв би ээжтэй чинь учраагүй бол төв театр нэг жүжигчнээр дутаж, төв
захын архичин нэгээр нэмэгдэх байлаа” гэж ярьж байсан.
1952 онд аав Архангай аймгийн соёлын ордонд найруулагчаар ажиллаж байхад
байгууллагуудаас урлагийн номер гарган тоглодог байж. Тэр үед танилцсан юм
билээ. Ээж маань “Анх Чимэдээ ахаа, Чимэдээ ахаа гэсээр байгаад аваад
суучихсан” гэж ярьдагсан.
-Алтан үеийн уран бүтээлчид багагүй сархад хүртдэг байсан гэдэг. Чимэд-Осор
гуай уудаг байв уу?
-Балгана шүү. Аавын минь өвөг эцэг Зайдав гэгч хүн нанчид хүртэх дуртай байсан
аж. Тэр буурал аавыг минь дагуулан Орхон голыг өгсөж нэг балгадаг, уруудаж нэг
уудаг байж. Аавын ах Мэндбаяр лам хүн тул сархадаас хол, дүү Жамсран нь спорт
хөөсөн тул мөн л уудаггүй байсан. Харин аав “Идээний дээж” гээд
сэржим өргөх дуртай хүн байлаа. Хааяа бидэнд “Өвгөн ааваа дууриасан юм
байлгүй” гэж өөрийгөө шоолон суудагсан.
Аав хүнийг хүн гэдэг утгаар нь харьцдаг байсан. Энэ муу хүн, энэ сайн хүн
гэхгүй. Ямар сайндаа хүмүүсийн архичин гээд тоодоггүй хүнтэй хүртэл халуун яриа
дэлгээд сууна. Тэр хүмүүстэйгээ ганц хоёр лонхны бөглөө мултлан суудаг байв.
Нэр хүнд, албан тушаал, цол хэргэм аавд үйлчилдэггүй байлаа. Нэг удаа “Та
ийм муухай архичинтай уугаад байхдаа яахав дээ” гэж хэлээд загнуулж билээ.
“Аав энэ чинь хүн ш дээ” гэсэн нь одоо ч санаанаас гардаггүй. Аавыг
хааяа нэг балгасан үед нь жаахан дургүй өнгө аястай зүйл хэлэхээр “Өндөг
нь тахиагаа сургадаггүй юм аа, хүү минь” гэж хариу барина гээд боддоо.
-Чимэд-Осор гуайг өнгөрөхийн өмнө хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай ирж
уулзсан байдаг. Тэр үед юу ярилцсан бол гэсэн хүмүүсийн сониучирхсан зан одоо ч
хэвээрээ байх юм…
-Харин аав эмнэлгээс гарч ирээд “Нэг авдар архи, каракум, улаан малгайт,
баавгайтай чихэр, медалион шоколад, вафли аваарай” гэв. Тэгээд л өөрийн
ойр дотны ах дүү, анд нөхөд, шавь нараа дуудсан. “Өвгөн Шукарь өнөө
маргаашгүй болжээ” гэж сураг сонсоод ирсэн хүмүүс ч байлаа. Бие тааруу аав
минь хүн болгонтой сэтгэлээсээ ярилцаад сүүлд нь “Өвгөн Шукарийн сүүлчийн
хишиг тогтоочих” гээд сархад хундагалж, өөрийн гараар чихэр, шоколад
өгсөн. Ингэж л хүмүүстэй салах ёсоо хийсэн. Тэр үед юм ярьсныг нь мэдэхгүй юм.
Аав нэг өрөөнд ганцаараа хүмүүсийг хүлээн авч уулзаж байсан болохоор
Л.Цогзолмаа гуайтай юу ярьсныг мэдэхгүй.
Э.ЭНХБОЛД