Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Засгийн газар нь шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

-Шинжлэх ухааны ака­демийн хүрээлэнгүүдийг татан буулгаж Их сургуу­лиудтай нэгтгэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд мэ­дэгд­сэн. Үүнийг эсэргүүцэн та Ерөнхий сайдад шаард­лага хүргүүлсэн. Энэ талаа­раа ярихгүй юу?

-УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн нэгдэж төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар дээр яригдаж буй Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгах, заримыг нь Их сургуулиудын харьяанд шилжүүлэх цаашдаа шинжлэх ухааны хүрээлэнгүй болох өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн.

Монголын шинжлэх ухааны байгууллагуудад шинэчлэлт, өөрчлөлт менежмент хийх, зарим шинжлэх ухааны төвүүд дээр явагдаж буй нээлт, технологи, ноу хауг үйлдвэр практикт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой алхам хийх шаардлага бий.

Гэхдээ нийтээр нь хоморголон Шинжлэх ухааны академийн харьяа бүх хүрээлэнг татан буулгаж Их дээд сургуулиудын харьяанд оруулах нь Монголын шинжлэх ухааны салбарт том эрсдэлийг авч ирнэ. Өнөөдрийн хүрсэн түвшинг муутгах арга замыг сонгох гээд байна. Монголын шинжлэх ухааны гадаад, дотоод дахь нэр хүндийг унагана гэж үзсэн тул асуудлыг хөндөхдөө олон талын оролцоотойгоор өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын үгийг сонсох шаардлагатай. Мөн УИХ дээр Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичиг буюу ойрын 10 жилд Монголын төр шинжлэх ухааны талаар ямар бодлого баримтлах вэ гэдэг төсөл нь хэлэлцэгдэж байгаа. Энэ баримт бичиг батлагдсаны дараа уг асуудлыг авч үзэх ёстой гэдэг байдлаар УИХ дахь бүх намын төлөөлөл, бие даагчид хамтран шаардлага хүргүүлсэн юм.

-Манайд иймэрхүү янзтай байгаа академи олон улсад ямархуу байдаг вэ?

-Ер нь бол дэлхийн шинжлэх ухааны байгууллагын хөгжлийн хэд хэдэн хэлбэр бий. Үүний гол хэлбэр нь манайд байгаа шинжлэх ухааны академи байдаг. Энэ нь доороо шинжлэх ухааны хүрээлэн төвүүдтэй байдаг л даа. Академи нь хүрээлэн төвүүдийнхээ судалгаа шинжилгээний ажил, бодлогод оролцоод дэлхийн оюуны төв болж хөгжлийн түлхүүр нь болж явдаг байгууллага. Өнөөдөр Европт гэхэд 43 оронд шинжлэх ухааны академийн төвүүдтэй. Азийн 20 гаруй оронд академи үйл ажиллагаагаа явуулж байна. ЮНЕСКО-гоос шийдвэр гаргаад сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад шинжлэх ухааны бие даасан байгууллагуудыг байгуулж үүгээрээ Африкийн орнуудын шинжлэх ухааныг хөгжүүлэхээр НҮБ-ын тусламжтайгаар хийж байгаа. Европын соёл дэлхийн хүн төрөлхтөнд үнэт өвийг тээж ирсэн. Европт байгаа 43 орны шинжлэх ухааны академиас 12 улсын шинжлэх ухааны академи нь бие даасан байдалтай бөгөөд өөрийн гэсэн судалгааны төв хүрээлэнгүүд байдаггүй. Харин их, дээд сургуулиуд дээрээ хүрээлэн төвүүд нь байдаг. Гэхдээ академи нь төсвийн мөнгөө судалгааны, техник технологийн төвүүд, хүрээлэнгүүддээ хуваарилж өгдөг. Эдгээр орнуудын нийтлэг төрхийг харвал Английн эзэнт гүрнээс улбаатай хэд хэдэн орон бий. Энэ орнуудын шинжлэх ухааны хөгжлийн түүхийг нь аваад үзэхээр хэдэн мянган жилийн өмнө шинжлэх ухааны төвүүд үүсэхдээ хувийн хэвшил дээрээ түшиглэн үүссэн байдаг. Уг орнууд нь дээрээ академитай хэрнээ их сургуулиуд дээрээ харьяалагддаг энэ хэлбэрийг манайд оруулж ирнэ гээд байгаа. Энэ нь Монголын хөрсөнд буухгүй.

Манай орны шинжлэх ухааны уламжлал түүхэнд ч нийцэхгүй. Харин ч төсөв мөнгөний эрхийг нь БШУ-ны сайд биш өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Манайд байгаа академийн тогтолцоо нь Азийн 20 гаруй, Европын 30 гаруй оронд байгаа хэлбэр. Монгол Улс шинжлэх ухаанд аль эрт үе буюу Чингэс хааны үеэс Цэцдийн зөвлөл, Хубилай хааны үеэс Шинжлэх ухааны академийн хэмжээний байгууллага байгуулж хандаж ирсэн байдаг. Үүнээс аваад үзэхээр манай улс шинжлэх ухааны 1000 гаруй жилийн түүхтэй. 1921 онд ардын хувьсгал ялж шинэ цагийн шинжлэх ухааны байгууллагыг байгуулахад Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан. Өнөөдрийн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг хөндөх юм бол дөрөв таван асуудал үүснэ.

-Тэр нь яг ямар асуудлууд гэж?

-Шинжлэх ухааны байгууллагуудын өөрчлөлт хийх гэж байгаа бол бодлогын баримт бичгийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь өөрчлөлт хийхдээ шинжлэх ухааны байгууллагуудын суурь судалгаа хийдэг нэг үгээр хэлбэр эдийн засгийн агуулгаараа суурин хүрээлэнгүүдийг академийнх нь харьяанд үлдээх шаардлагатай. Мэдээж тухайн салбарын судалгаа хийдэг техник технологи боловсруулж байгаа, шинэ санаа бүтээл дээр ажиллаж байгаа төвүүдийг яам, их дээд сургуулиудын харьяанд шилжүүлж болно. Шинжлэх ухааны академийн харьяанд 40 гаруй байгууллага бий. Суурь судалгаа хийдэг Биологийн хүрээлэн, Химийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Хэл шинжлэл, Археологи, Палеонтологийн хүрээлэн гэх мэтчилэн хүрээлэнгүүд цэвэр шинжлэх ухааны академийнхаа харьяанд байх ёстой.

Энэ хүрээлэнгүүд дээр гадаад талдаа харилцдаг нэг зөвлөхтэй олон улсын академийн хүрээлэн бий. Олон талт болон хоёр талт гэрээ хэлцэл хийж төсөл хэрэгжүүлдэг хүрээлэн байна. Тухайлбал, ОХУ-ын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах онцгой эрхтэй байгууллага Түүхийн хүрээлэн. Уг хүрээлэнг МУБИС юм уу, МУИС-ийн дэргэд авааччихвал тэр эрх нь байхгүй болчихно. Монголын түүхэнд холбогдох фото зураг, бичиг баримтыг дипломатын архиваас эхлээд нууцын зэрэглэлтэй материалыг авч ирж чадаж байна. Ийм тусгай онцгой эрх авсан хүрээлэнгүүдэд судалгаа хийдэг. Их сургуулийн харьяанд өгчихвөл энэ эрхүүд нь байхгүй болчихно.

Хүрээлэнгүүд дээр оюуны асар их өв соёл хадгалагдаж байдаг. Хэл шинжлэлийн хүрээлэн дээр гэхэд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринченээс эхлээд Монголын оюуны том өв үлдээсэн хүмүүсийн гар бичмэл, хийж байсан ажлууд нь эх сурвалжаараа үлдсэн байдаг. Түүхийн хүрээлэн дээр гэхэд 1800 оноос хойш Монголоор явсан бүх экспедицийн үндсэн эх сурвалж материал байж байдаг. Энэ бүхэн нэг Их сургуулийн харьяанд очихоороо алга болчихно. Тэр бүхэн чинь Монголын судалгааны үндсэн сурвалжууд байхгүй юу. Хүрээлэнгүүдийн энэ асуудал дээр ийм алхам хийж байсан ч амжилт олоогүй. 1996 онд АН Засгийн эрх барьж байхдаа тодорхой бүлэг хүмүүсийн хатгаасаар үүн рүү гар дүрж математик, эдийн засаг, хууль эрхзүйн хүрээлэнгүүдийг МУИС-тай нэгтгэсэн. Түүнээс болж нэр төдий бүдгэрэн алга болсон гашуун түүх бий. Бид хүрээлэнгийн асуудлуудыг оролдоно гэдэг нь өөрөө маш аюултай.

-Энэ сарын 30-нд хүрээлэнгүүдийг татан буулгахыг эсэргүүцэж хүрээлэнгийнхэн жагсаал хийнэ гэж байсан. Гэтэл зарим эрдэмтэд нь татан буулгасан нь зөв гэх юм?

-Монголд шинжлэх ухааны академи гэж байх ёсгүй. Академийг ТББ-ын хэлбэртэй ажиллаж хоорондоо өрсөлдөх ёстой. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа эрдэмтэд Монгол Улс шинэ суурь судалгаа хийхгүй, Монголоос шинжлэх ухааны шинэ бүтээл гарах боломжгүй, хүрээлэнгүүд практик дээр холбогдохгүй байна, төсвөөс авч байгаа мөнгөний цаана нь эдийн засгийн агуулга харагдахгүй байна, шинжлэх ухааны бүтээлүүдийн цаана бизнес байх ёстой гэж ярьдаг хэсэг бүлэг эрдэмтэд бий. Төрд оюуныг ойлгодоггүй, оюуны бүтээлийг үнэлдэггүй хүмүүс байгаа нь үнэн. Энэ хүмүүсийн хатгаасанд битгий ороосой гэж хүсэх байна. Монголын шинжлэх ухааны салбар бол маш тогтвортой сайн хөгжиж ирсэн салбар. Магадгүй зах зээлийн харилцаанд орсноос хойш алдаа оноо байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын олон эрдэмтэд сүүлд гэхэд Хавтгайн Намсрайд Монгол Улсын Ерөнхийлөгч Чингэсийн одон хүртээлээ. Жил бүр залуу эрдэмтдийг шалгаруулан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байна. Цагирагийн онолын математикийн эрдэмтэд, цөмийн энерги, түүхийн эрдэмтдийн бүтээл олон улсад үнэлэгдэж байна. Дэлхийн 1000 эрдэмтнийг зарлахад салбар салбартаа манайхан дээгүүр явж байгаа. Харин ч бид энэ хүмүүсийнхээ оюуны бүтээлийг, хөдөлмөрийн үнэлэмжийг нь үнэлж ирээгүй. Тэгсэн байж дээрээс нь татан буулгаж хэрэггүй. Хүрээлэнгүүдийн зохион байгуулалтыг өөрчлөн татан буулгаснаар өнөөгийн эдийн засгийн хямралаас гарахгүй. Манай улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий хоёр хувиас доошгүй мөнгийг зарцуулах ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ 0.17 хувийг л зарцуулж байгаа. Монголын төр шинжлэх ухаандаа зарцуулах мөнгөө өгч чадахгүй байна. Академи хүрээлэнгүүдээр ороход маш олон бүтээл ажил хэрэг болж үйлдвэрт нэвтэрч байгааг харж болно. Монголд төр гэж байгаа бол үеийн үед шинжлэх ухаан оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ дээдэлж явах хэрэгтэй. Монголын төр сэхээтэн, оюуны цөм болж байгаа энэ салбар руу шинэ Засгийн газар анхны ажлаа хийж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд шинжлэх ухааны хүмүүсээ дэмжин Чингэс хааныхаа одонг гардуулаад байхад Засгийн газар нь Ерөнхийлөгчийн институцээсээ зөрөөд шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй. Ядаж хүрээлэнгүүд дээр ямар ажил хийгдэж байгааг эхлээд бид харах ёстой. Бүтцийн өөрчлөлт хийх, тодорхой эрдэм шинжилгээний төв, хүрээлэнг их сургуулиудын харьяанд шилжүүлэх боломж­той. Түүнээс биш хоморголон татан буулгана гэдэг бол байж болшгүй зүйл. Энэ бол оюуны төв рүү хийж буй террор юм.

-Одоо яах хэрэгтэй гэж?

-Шинжлэх ухааны хүрээлэн гэдэг бол мань мэт шиг дөрвөн жил сонгогдоод хэдэн сар сайд дарга хийдэг ажил биш. Хэдэн мянган хүний бүхий л насаараа хийсэн оюуны бүтээл хөдөлмөр бүтээл устаж үгүй болвол манай улс асар их хохирол амсна. Хоёр гурван жил эдийн засгийн хямралд орох, дөрөв таван төсөл зогссоноос илүү хохиролтой. Манай улс төр сүүлийн үед хэт хувь хүний тоглолтод түшиглэсэн, сэтгэлийн хөөрөлд автсан мэргэжлийн бус шийдвэр гаргаж байна. Монголын төрд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол судалгаанд түшиглэсэн шинжлэх ухаанчаар асуудалд хандах зарчмын байр суурийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ ус агаар мэт дутагдаж байна. Түүнээс болж өнөөдөр хямралд орж байгаа юм. Бидний алдаатай бодлогын цаана мэргэжилтнүүдийнхээ үг яриа, баримт нотолгоог бага сонсож байгаатай холбоотой. Тэднийхээ амьдарч байгаа орон гэрийг шатаачихъя гэж болохгүй ээ.

-Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийг татан буулгана гэвэл Засгийн газрыг огцруулах хэмжээний арга хэмжээг авна гэв үү?

-Арай ч тэр хэмжээнд хүргэхгүй байлгүй дээ гэж бодож байна. Асуудлыг олон талаас нь яриад Ерөнхий сайд болон бусад хүмүүс хамтран ярилцаж зөв гарцаа олох байлгүй дээ хэмээн бодож байгаа. Өнгө мөнгөний АНУ-аас Монгол өөр шүү. Асуудлыг ярьж байхад гишүүд АНУ-ыг жишээ аван ярьж байна лээ. Америк дэлхийн тэргүүлэх гүрэн мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэнд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг. Монгол Улс бол эртнээс ирсэн уламжлалаараа явах шаардлагатай. Дорнын ард түмний онцлог гэж бий. Шинжлэх ухааныг мөнгөөр хэмждэггүй байхгүй юу. Мөнгөөр хэмжишгүй зүйл гэж байна. АНУ-д ч гэсэн мөнгө олдоггүй асар их зарлага гаргадаг хүрээлэн байгаа шүү дээ. НАСА өнөөдөр ашигтай ажилладаггүй. Хэдэн тэрбум доллар зарцуулж байгаа ч мөнгө олдоггүй зүгээр л америкийн бахархал, нэрийн хуудас.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Супер лиг супер болж байна

Сагсан бөмбөгийн спорт хүссэн ч эс хүссэн ч дэлхийн спорт болж чадсан. Монголчууд бөмбөрцөгийн спорттой танилцаад хагас зууныг үдсэн ч халхын хавтгайдаа хаймран бөмбөг залсаар саяхныг хүртэл явж ирлээ. Энэ удаагийн супер лигийн онцлог нь анх удаа АНУ-ын Нью-Йорк хотноо лигт тоглох легионер тамирчдыг сонгон шалгаруулсан. 100 гаруй легионер тамирчид сонгон шалгаруулалтад оролцож, 20 гаруй тамирчныг лигийн багууд сонгон аваад байгаа. Улиг болсон гэгддэг Монголын сагсан бөмбөгт эргэн ирэлтийг хийж, Азийн наадамд өрсөлдсөн манай баг шилдэг наймд шалгарч байсныг мартаагүй байх. Уг амжилтыг легионер тамирчдын ур чадвар, өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж болно. Энэ удаагийн супер лигийн тэмцээнд эмэгтэй таван баг буюу СБЛ Хасын Хүлэгүүд, Баянгол Фалконс, Дорноговь Таван дохио, ШУТИС Шаркс, МУИС Ирвэсүүд гэсэн багууд лигийн талбайд анх удаа гарсан нь сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Монголд өдгөө Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх хоёр ТББ үйл ажиллагаагаа явуулж байна. Сагсан бөмбөгийн спорт хамгийн өндөр хөгжсөн АНУ-д гэхэд нэлээд хэдэн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднээс Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь НБА-гээ зохион байгуулдаг. Тэгвэл Монгол Улсад Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь МНБА-гээ зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. “Хас”-ын Ч.Ганхуяг, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбоо өнөө жил лигийн тэмцээнээ зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Харин ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнийн тэргүүлдэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолт өнгөрөгч сарын 19-нд нээлтээ хийж нэгдүгээр тойргийн тоглолтууд ид дундаа үргэлжилж байгаа юм. Нэгдүгээр тойргийн тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 9-нд өндөрлөнө. Сагсан бөмбөг сонирхогч залуусын хамгийн ихээр хүсэн хүлээж байсан “Харцага”, “Хасын хүлгүүд”, “Танан гарьд” зэрэг таван баг Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт тоглоно гэж байсан ч төд удалгүй эгнээндээ нэгдэж лигийг улам сонирхолтой болгож байна.

Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилт Инчоны Азийн наадамд шинээр бичигдсэнийг бид мартаагүй байна. Тэр дундаа Тунгалагийн Санчир хэмээх залуугаа Азид таниулж Японы лигээс урилга хүртэл ирүүлээд амжсан. Сагсан бөмбөг бидний мэдэхээр Ц.Шаравжамц, Тагарваагийн Түвшинбаяр, Майбаяраар хязгаарлагддаг байсан бол Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш эдгээр лидерүүдийн халааг авч гарч ирсэн залуус Монголын сагсан бөмбөгийг хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болгож чадсан юм. Азийн наадамд оролцсон орнууд Монголын багийн талаар уулга алдацгааж байсан. Монголын сагсчдын талаар Азийн “шар хорхой”-нууд амаа ангайлгаж байгаа нь нууц биш. Бид Азид биш дэлхийд тоглох цаг ирсний ганцхан баталгаа нь Азийн наадам байлаа.

Хэдэн жилийн өмнө бол таван баг лигийн тэмцээнд хүч үзэхэд Хараагийн Харцага, Хасын хүлгүүд ноёрхлоо тогтоодог байлаа. Харин өнөө жил анх удаа 11 баг Үндэсний супер лигт хүч үзэж, хүчний тэнцвэр ижил, залуу үе хүч түрэн гарч ирж байгаа тул аль ч баг дээшээ гарах бүрэн боломжтой болоод байна. Үнэндээ энэ муу гээд хэлчих баг даанч алга. Бид ганцаарчилсан спортын төрөлд аль ч орны тамирчдаас дутахгүй гэдгээ харуулсан. Одоо багийн тоглолтоор олон улсад танигдаад эхэллээ. Угаасаа монголчууд багийн тоглолттой гэдгээ аль хэдийнэ баталчихсан улс. Чингэс хааны цэргүүд аравтын системээр тулаанд орж ялалт байгуулдаг байсныг түүх гэрчилнэ. Тиймээс багийн тоглолтыг спортын төрөлд одоо л гялалзтал харуулах хэрэгтэй.

Өмнө нь дээд лигийн тэмцээн хөрөнгө санхүүгийн гачаалаас болоод хоёр гурван жил завсарлаж байсан бол одоо тэр тал дээр санаа зоволтгүй болжээ. Сагсан бөмбөгийн шинэ холбоо шинэ менежментээр ажиллаж байна. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд байгаагүй 70 сая төгрөгийн шагналын сантайгаар эхлүүлж түрүүлсэн баг 40 сая, хоёрдугаар байрт шалгарсан баг 20 сая, гутгаар байрт шалгарсан багт 10 сая төгрөгийн шагналыг өгч байгаа. Өнөө жил ч мөн шагналын сан хэвээрээ аж. Супер лигийн тоглолтуудын дундуур хоёр үзэгчийг талбайд гарган зооны бүсээс бөмбөг шидүүлээд оруулж чадсан хүнд хагас сая төгрөг өгдөг уламжлалтай. Өнгөрөгч улиралд нэг залуу хагас сая төгрөгийн эзэн болсон бол өнгөрөгч баасан гаригт аз нь атгандаа багтсан Э.Анхбаяр гэдэг залуу зооны бүсээс бөмбөг оруулж хагас сая төгрөг халааслан, бүтэн жилийн турш лигийн тэмцээн үнэгүй үзэх эрхээр шагнуулсан юм.

Одоогоор лигийн багууд 5-6 тоглолт хийгээд байна. Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн Төв ургац баг дөрвөн хожил нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд тус багт 192 см өндөр, 90 кг жинтэй Бүүни Жуниор, 208 см өндөр, 110 кг жинтэй Холмес Жуниор нар гарцаагүй багаа хожилд хөтөлж байгаа юм. Хашир туршлагатай Ц.Мэргэний хувьд Харцага багтайгаа лигийн цом өргөж байсан бол Төв ургац багийн хамтаар дахин лигийн аварга болохоор зүтгэх нь гарцаагүй. Д.Мөнхтөр, Ц.Ганболд нар ч багтаа үнэтэй цэнтэй үүрэг гүйцэтгэж байна. Бүүнийн цагираган дээрээс довтлолт, хамгаалалт хууралт гээд бүхий л талаараа жигд тоглогч гэдгээ харуулаад байгаа бол легионер тамирчид дунджаар 20-оос дээш, 10-ээс дээш самбараас бөмбөг авсан статистик гарчээ.

Өнгөрөгч долоо хоногийн тоглолтуудаас онцлох тоглолт гэвэл лигийн дөрвөн удаагийн аварга Харцага, лигийн аваргын хүрэл медальт Эрдэнэдрийлинг Ригсийн тоглолт байв. Тоглолтын эхнээс Ригсийн довтолгоо бүр цагирагт орж тэргүүллийг авч ирсэн бол Харцага багаас Олон улсын хэмжээний мастер Ганболдын Баттөр, Золзаяа нарын ээлжит довтолгоонууд оноо болж чадсангүй. Харцагууд хоёр, гуравдугаар үед ч эргэн эрэлтийг төдий л хийж чадаагүй. Харцагуудын төвийн тоглогч, багийн ахлагч самбарын “хаан” Бат-Очирын Одбаяр Австрали улсад сурахаар явсан болохоор багт нь түүний орон зай илт үгүйлэгдэж байсан юм. Харцагуудын хувьд өнгөрөгч улиралд Маркус Хэммондсыг багтаа нэгтгэн “хар ажил”-даа зүтгүүлж байлаа. Б.Одбаяр Хэммондс нар өдгөө байхгүй байгаа ч тэднийг 198 см өндөр П.Болортулга болон 207 см өндөр Эндрю Браун нар нөхөж тоглож байгаа. Ихэр цамхагууд үүргээ амжилттай гүйцэтгэж Ригсийн М.Батжавхлан, С.Өрнүүнбилэг нар дээр ээлж дараалан блокдож үзэгчдийг босгоод ирсэн юм. Андре Брауны уран тохолтын эсрэг Ригсийн Алвин Брауны хүчирхэг тохолтууд хариуг нь барьсан юм. Харцага багийн Андре Брауны хувьд НБА-гийн “Мемфис Гриззлис”, “Шарлотт Бобкатс”, “Сиэтл Суперсоникс” багуудад 2007-2008 оны улиралд тоглож байсан шилдэг тоглогчдын нэг юм. Түүний хувьд хамгаалалт довтолгоо, самбартаа аль альдаа хүчирхэг гэдгээ тоглолтуудын туршид харуулаад байгаа. Тэгвэл тоглолтын гуравдугаар үеийн хоёр дахь минутад Ригст сарын гурван мянган ногооноор ирсэн МакКойгийн цагираг дээрээс довтолсон шилдэг довтолгоо супер байж чадсан. Цагирагт бөмбөг орсны дараа тэрбээр цагирагаас зүүгдэн савлуулсан нь Дэвон Кларкын самбар нураасан тохолтыг санагдуулсан юм. Уг тохолт энэ өдрийн шилдэг довтолгоонуудын нэгээр шалгарлаа.

Харцагуудын тоглолт төдий л гарахгүй байсан тул А.Алтан-Очир дасгалжуулагч сэлгээнээс холын зайн шидэлтийн аварга Нэмэхбаярыг оруулсан ч тусыг эс олов. Харцагын 176 см өндөр Энхцогтын Дөлгөөн 190 гаруй см өндөртэй Золжаргалын эсрэг уран довтолгоо хийж багтаа сэргэлт авчирсан. Түүнээс хойш Э.Дөлгөөний холын зайн гурван ч довтолгоо амжилттай болж эргэн эрэлтийг хийж эхлэв. Ригсийн Батжавхлангийн холын зайн шидэлт амжилтгүй болж бөмбөг ойн гарахад МакКой самбарын цаад талаас хоёр метр орчим газар үсэрч ирээд л нам тохов. Уг довтолгоо Харцагуудыг хэсэг дарж авахад хэрэг боллоо. Тоглолтын дөрөвдүгээр үеийн сүүлийн гурван минут ажиллаж эхлэхэд Ригс 84, Харцага 83 оноотой байв. Ригсийнхэн холын зайн шидэлтээ давгүй гүйцэтгэдэг Золжаргал руу бөмбөг дамжуулахад Э.Дөлгөөн дундуур нь орж таслан бөмбөгөө залсаар өөрийн самбарт оноо болгож чадсан нь лиг үзэхээр ирсэн тамирчдаас өөрийн эрхгүй алга ташилт, уухайн түрлэгийг авлаа. Энэ тоглолтод Энхцогтын Дөлгөөнийг зогсоочих сагсчин Эрдэнэдрийлинг Ригсээс гарсангүй. Э.Дөлгөөний хувьд энэ өдрийн шилдэг довтолгоо хийснийг хүргэе. Самбарын баруун талаас довтолгоогоо эхлүүлсэн Дөлгөөнийг самбарын зүүн зах хүртэл үсрэхэд МакКой, Золжаргал нар блокдох гэсэн ч тэдний суган доогуур шахам үсэрч НБА-д харагддаг довтолгоог гүйцэтгэн багтаа хоёр оноо авч ирлээ. Түүний гайхалтай тоглолтоороо авсан 29 оноо багтаа дөрөв дэх хожлыг нь авч ирсэн юм. Харцагын фанатуудад хандаж хэлэхэд багийн лидер Б.Одбаяр улирлын дундуур ирж багтаа хүчин зүтгэж магадгүй гэсэн сураг байна.

Супер лигийн тэмцээний үеэр өөрийгөө нээсэн залуу тоглогч бол лигийн аварга “Хасын Хүлэг”-үүдийн Д.Батбаясгалан юм. Өдгөө 18 настай Монголын ирээдүй болсон тоглогч хэмээн үнэлээд буй тэрбээр ухаалаг тоглолтоороо гайхшируулж байгаа.

Супер лигийн өнгөрсөн улирлын аварга СБЛ Хасын Хүлэгүүд баг лигийн гурав дахь тоглолтоо өнгөрөгч бямба гаригт Шихтулга эзэнтэй Эрдэнэдрийлинг Ригс багийн эсрэг хийлээ. Энэ удаагийн тоглолтонд Хүлэгүүдээс довтлогч А.Бямбадорж багаа тэргүүлж 28 оноо авсан. Тэрбээр өмнөх тоглолтод алсын зайн шидэлт, хурдтай довтолгоонуудаараа буудаж 26 оноо авч байсан. А.Бямбадорж цаашид ч, энэ улиралд багийн гол тоглогчдын нэг байна гэдэг нь энэ тоглолтоос харагдаж байлаа. Харин багийн лидер болох Б.Билгүүнийг багийн дасгалжуулагч Одонбаярын Баярцогт тоглолтын сүүлийн хагаст талбайд огт гаргасангүй. Б.Билгүүн талбай дээр есөн минут тоглохдоо оноо авч чадаагүй нь багт шийдэх зүйл их байгааг харууллаа. Харин Хүлэгүүдийн болон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Сэргэлэн мөн л сүүлийн хагаст талбай дээр гараагүй. Тэрээр 11 оноо, зургаан бөмбөг таслалтаар энэ тоглолтыг дуусгасан бол шигшээ багийн довтлогч М.Отгонмөнх фанатуудаа багагүй гомдоон ердөө 10 оноо авсан юм. О.Сэргэлэнгийн хувьд Барс зах дээр худалдаа эрхэлдэг бөгөөд их ажлынхаа хажуугаар ийн лигтээ хүч үзэж байна. Үзэгчдийн хүлээлтийг өөртөө үүрээд байсан Хүлэгүүдийн хоёр дахь легионер Пилл Жонс энэ тоглолтонд багтайгаа нэгдэж ердөө гурван оноо, 12 самбар авсан юм. Харин үзэгчид өнгөрөгч улирлын тоглолтод цагираган дээрээс довтлохдоо самбар нураасан Девон Кларкыг хүсэн хүлээж байснаа нуухгүй байна. Түүнчлэн НБА-гийн драфтын 2011 оны сонголт Нигерийн Чуквудиебере Мадуамбум өнгөрөгч улиралд Хүлэгүүдийн эгнээнээс хамгаалалт довтолгоо аль алийг нь чадварлаг гүйцэтгэж байсан. Түүнийг зайлшгүй ирэх байх гэсэн ч харамсалтай нь ирээгүй. Ригс багаас Хүлэгүүдийн эсрэг, багийн лидер С.Өрнүүнбилэг 23 оноо, 10 самбар авлаа. Ригс ноднин Деан Хадлей, давхар иргэншил олговол Монголын иргэн болоход бэлэн гэдгээ зарлаж байсан Маркус Скиннер нарын оронд Вилл Гиддингсийг авсан нь үр дүнгээ өгч эхэллээ. АНУ-д суралцаж байгаад ирсэн Н.Золжаргал онгоцноос буусныхаа дараа шууд тоглолтдоо оролцож 22 оноо авч байсан бол энэ удаа ердөө найман оноо, долоон самбар авлаа. Ингэснээр Эрдэнэдрийлинг Ригс баг улирлын эхний тоглолтондоо Төв Ургац багт хожигдсон ч, ийнхүү гурван тоглолт дараалан ялалт байгуулсан бол Супер лигийн хамгийн хүчирхэг баг гэгддэг өнгөрөгч оны лигийн аварга Хүлэгүүд баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ.

Супер лигийн эргэн тойрон дахь үйл явдлуулаас толилуулахад, Харцага багийн бүрэлдэхүүнээс сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн Гарьдуудын О.Ууганбаяр оноо авалтаар гайхалтай байгаа бол Ц.Азбаяр Ригсийн эсрэг трибль дабль хийгээд байсан юм. Мөн сарын 2500 ам.доллараар Лидерүүдэд ирсэн гэх самбарын “мангас” Жонатан Блэк 20 оноо дунджилж, Гамбл 10 оноо, зургаан самбар, Японы легионер Икэда Ёшифүми төдийлөн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна. Үзэгчдээс “трактор” хэмээх нэрийг хүртээд байгаа самбар доор хүчний тоглолт хийдэг М.Дорждагва 15 оноо дунджилж, 10 самбар авч байгаа бол АНУ-ын Мэрилэндийн их сургуульд од болон гялалзаж байсан холбон тоглогч Жон Гилкрист 20 орчим оноо дунджилж байгаа аж. Жон Гилкрист сарын 2000 ам.доллараар ирсэн гэнэ. Түүний хувьд Умард Каролина, Дьюк зэрэг их сургуулиудыг нэгтгэдэг АСС конференцийн 2004 оны улирлын шувтаргын МВП шагналыг хүртэж байсан юм. Харин үйлдэл бүрээрээ олны анхаарлын төвд байдаг багийн лидер Батаагийн Мөнхболд төдий л идэвхтэй тоглолтуудыг үзүүлэхгүй байгаа ч “чоно бороо”-ноор гэдэг шиг бас мэдрүүлж байна. “Ирвэсүүд” багт сагсан бөмбөг сонирхогчдын хэдийнэ сайн танил болсон Тресси Жойнер тоглож байгаа бөгөөд жинхэнэ утгаараа хурд хүчийг мэдрүүлж алсын зайн довтолгоонуудаараа багтаа ялалт авчирсаар байна. Тэрбээр өнгөрөгч улиралд Монголд буусан өдрөө тоглолтод оролцож, 45 оноо авч байсан юм. Түүний хувьд хэдэн ам.доллараар ирсэн нь одоогоор нууц байгаа бөгөөд сагсан бөмбөг сонирхогчид 4000 орчим доллараар ирсэн байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

НБА буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нэw Орлэанс Хорнэц” багт хүчин зүтгэж байсан мэргэжлийн тоглогч Карлделл Жонсон, Монголын Үндэсний Супер Лигт тоглож байна. Жонсон 2006 онд НЦАА-н нэгдүгээр дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна, тухайн жилдээ конференцийнхоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорч байсан, шилдэг тоглогч гэнэ. Супер лигт гурав дахь жилдээ тоглож буй бие жижиг ч хүчний тоглолтоор самбар доор илүү байж чаддаг бидний эчнээ танил Крис Лавсон Сентоза Арслангууд буюу хуучнаар Монторх багт хүчин зүтгэж байна. Түүний хувьд энэ зуны турш бэлтгэлээ сайн базаасан бөгөөд 10 гаруй кг жин хаясан гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Крис Лавсоны тоглолтуудыг үзэх дуртай манайхан аль хэдийнэ түүнд Лувсан гэдэг монгол нэр хайрлаад буй.

Лувсан ч үүргээ тун сайн биелүүлж Азийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчиртай тун сайн гар нийлж байгаа. Онооны мангаа гэгддэг Тунгалагийн Санчирын хувьд Хүлэгүүдээс Шонхорт ирээд байгаа бөгөөд тоглолт бүртээ 30-аас дээш оноо авч багаа тэргүүлж байгаа. Тэгвэл Арслангууд дээр хүч нэмж өнгөрсөн улиралд НБА-гийн Филаделфиа 76 багийн хөгжлийн лигийн багт тоглосон Дарин Мэнси нараар хүчээ зузаатгасан. Тэдний хувьд багаа тун сайн бүрдүүлсэн ч ердөө хоёр хожилтой дөрвөн хожигдолтойгоор нэгдүгээр тойргийн сүүлээсээ гуравт бичигдэж байгаа.

Хүүхэд залуусын хамгийн ихээр үзэж буй Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолтууд үнэхээр супер болж байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ соёл-урлаг

Норвегийн ой

Энэ удаа Японы алдарт зохиолч Харуки Муракамиг дэлхийд алдаршуулсан зохиол болох “Норвегийн ой” номыг хүргэж байна. Харуки Мураками гурван жил Нобелын шагналд нэр дэвшсэн ч хараахан уг шагналыг авч чадаагүй байна.

Тобу Ватанабэ Хамбург хотын онгоцны буудалд буугаад цээж тэнэгэр алхаж явах бөгөөд Битлзийн “Норвегийн ой” дууг сонсонгоо 20 жилийн өмнөх буюу 18 насандаа эргэн очно. 18 настай Ватанабэ Токиод суралцахаар ирж, оюутны дотуур байранд амьдарч эхэлдэг. Тэрбээр Токиод ирэхээсээ өмнө нэгэн найз охинтой байсан бөгөөд түүнтэйгээ нэг удаа энгэр зөрүүлчихээд шинэ амьдралд хөл тавьж байгаа тул найз охиноосоо салаад Токиод ирдэг. Ватанабэ оюутны байранд Нагасава гэж гэж найзтай болсноор үйл явдал үргэлжилнэ. Хорвоо уулзах ёстой хүмүүсийг ямар нэгэн сэжмээр учруулдаг шиг тэр хоёрт ном уншихаас эхлээд хийх дуртай зүйлс олонтаа. Бүгд энэхүү царайлаг, толгойтой, баян айлын хүүхэд, биеэ тоосон залуутай хүн бүр найзлахыг хүсдэг ч зожиг Ватанабэг сонгосонд нь атаархах хүн олон байна.

Нэг удаа Наоко хэмээх бүсгүйн 20 насны төрсөн өдрөөр Ватанабэ охидын дотуур байранд нь зочилсноор тэдний харилцаа эхэлнэ. Ватанабэ Наоко хоёр бие биедээ гал халуун хайр сэтгэлээ өгцгөөсөн ч Наоко хэдэн өдрийн дараа усанд хаясан чулуу мэт ор сураггүй болов. Ватанабэ хаашаа явсныг нь мэдэхгүй тул гэрийнх нь хаягаар захиа бичнэ. Наокогоос хариу захидал ирж ой дундах сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн сувилуулдаг бөглүү нэгэн сувилалд байгаа гэдгээ хэлнэ. Ватанабэ нэг л өдөр Наокогийн хэвтэж буй сувилал руу явахаар зориг шулуудан аян замд гарлаа. Наоко өөрөөсөө нэлээд эгчмэд Рейкотой цуг нэг өрөөнд амьдарч байв. Наоко өмнө нь зулайг нь гишгэж төрсөн нэг эгчтэй байжээ. Эгч нь царайлаг, сурлага сайтай тул сургуулийнх нь хөвгүүд хөлөө хугалах шахам гүйдэг байж. Нэг өдөр ээж нь “хоолоо ид” хэмээн дуудсан ч эгч нь ирэхгүй байсан тул Наоког хоёр давхар дахь эгчийнх нь өрөө рүү явууллаа. Эгчийнхээ өрөөнд орж хаалгыг түлхтэл эгч нь цонхоор юм хараад зогсож байх ажээ. Сайн анзаарч харвал эгч нь өмнөхөөсөө нэг л өндөр болчихсон мэт харагдах агаад “Ээж хоолоо ид” гэж байна хэмээн амандаа үглэн яваад очтол эгчийнх нь хүзүүнд олс углаатай байлаа. Наозогийн эгч аль хэдийнэ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Наокогийн хар багаасаа үерхсэн найз залуу Кизүки мөн ийм байдалтай хорвоогоос явсан тул сэтгэлийн хямралд орж Наоко хий юм хардаг болжээ.

Харин Наокотой цуг байдаг Рейкогийн хувьд мундаг төгөлдөр хуурч байсан тухай Наоко хуучилна. Тэрбээр төгөлдөр хуурын нэгэн тэмцээнд орохын өмнө яагаад ч юм чигчий хуруу нь хөдлөхөө байчихсан байна. Яаж ч эмчлээд нэмэргүй тулхөгжмөө түр хугацаанд ангид байх шаардлагатай болсон тухай эмч хэлнэ. Хөгжимгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон хүнд энэ нь амиа хорлосноос өөрцгүй хэрэг байлаа. Хэсэг хугацаагаар завсарлаж байхдаа 13 настай нэгэн хөөрхөн охинд гэрээрээ төгөлдөр хуурын хичээл зааж эхэлснээр олон хүний хүлээн зөвшөөрөхгүй харьцаанд орж лесби болдог тул олны дарамт шахалтаас болж Рейко энэ сувилалд иржээ. Тэр гитар дээр олон сайхан дуу дуулсны нэг нь “Норвегийн ой” байв. Яагаад ч юм энэ дуу Ватанабэд онцгой сэтгэгдэл үлдээлээ. Ватанабэ тэдэн рүү үргэлж захиа бичиж, байр хөлсөлж тусдаа гарах гэж байгаа Наоког хоёулаа цуг амьдаръя, би чамайг эдгэрнэ гэдэгт итгэж байна гэхчлэн захидлаа үргэлжлүүлнэ. Гэвч Наокогийн бие улам муудаж, захиа ч уншиж чадахаа больсон бөгөөд Рейко өмнөөс нь захидал бичнэ. Наокогийн бие муудан ээж нь ирж эмнэлэг рүү авч явсан тухай Рейко захиа бичлээ. Нэг л өдөр Наокогийн бие илааршин сувилалдаа эргэн ирсэн баяртай мэдээ дуулдан, удаагүй байтал Наоко нас бардаг. Тэр үнэхээр Наокод хайртай байжээ. Түүний үнсэлт, тэврэлтийг дөнгөж саяынх мэт санаж байв. Гэвч тэр эргэж ирэхээс нэгэнт өнгөрсөн гэдгийг санаад уй гашууд автана.

Гадуур тэнэж явсаар Ватанабэ Токиод ирж хичээлийнхээ хажуугаар хар бор ажил амьдралаа залгуулж байв. Гэтэл нэг л өдөр Наокотой хамт сувиллын нэг өрөөнд хамт амьдарч байсан Рейко гэнэтхэн ирнэ. Тэд Наокод юу тохиолдсон талаар удтал ярьцгаав. Наоко эмнэлгээс сувилалдаа ирэхдээ Ватанабэгийн захиануудыг шатааж, амьдралаа шинээр эхэлж байна гэж Рейкод хэлснээр үйл явдал үргэлжилнэ.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ө.Энхтүвшин: Намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй

МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин одоогийн намын дарга М.Энхболдод хаягласан шүүмжлэл захидал олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Ө.Энхтүвшин гишүүнээс тодрууллаа.

-Та намын даргадаа хаягласан ил захидал илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн гэсэн…

-Манайх бүлэг дээрээ ярьсан. Намын даргадаа ийм захидал бичсэн гэдгээ хэлж өчигдөр (уржигдар) гардуулан өгсөн. Намын даргыг энэ талаар ярилцах болов уу гэж хүлээсэн ч уулзсангүй. Ажил ихтэй байгаад уулзаж чадаагүй биз дээ гэж бодлоо. Гэхдээ энэ талаар уулзах байх гэдэгт найдаж байна. Захидалд нууцлаад байхаар ноцтой, намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй.

-Таны захидал дээр МАН-аас оруулж ирсэн сайдуудын чадварыг харсангүй гэдэг утгагүй зүйлс ажиглагдсан. МАН сонголтоо буруу хийчихсэн юм уу?

-МАН-ын XXVII Их хурал нэг жилийн өмнө болсон. Тус хурлаас гарсан томоохон шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний асуудал байсан. Хүнийг мэддэг, чаддаг, шударга, дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй гэсэн шалгуурыг гол болгоод үүнийг хангаж байна уу гэдгийг нухацтай ярих ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижиг хүрээнээс хайдгаа больё. Аль болох намын гишүүдээсээ, олон түмнээсээ хайя. Энэ талаар судалгаа гаргаж, бүртгэл бий болгон чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэдгийг тунхагласан. Намын боловсон хүчний түвшнийг өөр хэмжээнд аваачна гэсэн шийдвэрийг Их хурал гаргасан. Их хурлаас хойш МАН төр засагт орох анхны томилгоогоо хийж байна. Энэ ямар замаар хийгдсэн бэ гээд үзэхээр өнөө Их хурлын шийдвэрээс гарсан зүйлс байхгүй байгаа юм. Өрсөлдөөн байхгүй, намын Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан болоод шөнө болгосон. Ингээд шөнөөр шийдчихэж байна.

-Өдөр шөнийн хооронд ялгаа байсан юм уу. Эртхэн томилгоо хийж Засгийн ажлыг явуулах санаа байсан юм биш үү?

-14 хоногт багтаан шийднэ гэсэн нь яахав. З.Энхболд дарга хойшлуулъя гэсэн бол хойшлуулж л байгаа биз дээ. Тиймээс ийм тохиролцоо хийгдлээ гэдгээ намын бүлэг, Удирдах зөвлөлөөрөө хонон өнжин ярьж байгаад шийдэх байсан юм. Айхтар яараад байх шаардлага байхгүй. Манайх ийм яам авах юм байна. Бүлгийн гишүүд дотор хариуцаад явчих тийм гишүүн байна, бүлгийн гадна талд байгаа гишүүдээс ажил хийгээд явчих ямар хүмүүс байна гэдэг судалгаагаа гаргаж уриад, ярилцлага хийх хэрэгтэй гэж би хувьдаа бодож хүлээсэн. Гэтэл шууд чуулганаар орчихоор би эгдүүцэж байгаа юм.

-МАН шийдвэрээ Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордны хоёр гурван давхарт болж байна гэсэн байна лээ. МАН-ын бодлогод АН-ын оролцоо их байгаа гэсэн үг үү?

-Манай нам зургаан сайдтай засагт орж байна гээд үүндээ уусчихаж болохгүй. Том намын хажууд цөөхөн сайд дагаж орж байгаа үед ерөнхийдөө тэдэндээ хөтлөгдөнө гэсэн үг л дээ. Анхны шинж тэмдэг нь харагдаж байна.

-Ямар шинж тэмдэг?

-Яагаад бүлэг дээрээ намынхаа асуудлуудыг сайн ярихгүйгээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ярингуутаа чуулган руу оруулчихаж байгаа юм. Үүнээс харахад зарчимгүй байдал цаашид үргэлжлээд явах нь дээ гэсэн сэжиг төрж байна. Тиймээс өнгөрсөн хойно нь хашгирч байснаас томилгоо хийгдэж байгаа үед нь намынхаа XVII Их хурлын шийдвэрийг хэлж байх ёстой гэж бодсон. МАН-ын дарга байсан хүний хувьд иймэрхүү зүйлийг хэлэхгүй юм бол, намынхаа Их хурлын шийдвэрийг сануулж байхгүй юм бол намын дарга байсны хэрэг юу байнаа. Хамтарсан засагт орсон гээд бүгдээрээ амаа хамхиад суучих юм бол ямар ч зарчимгүй, нам нь ч нам биш болж улс орны хувь заяа хөөрхий болно.

-Таныг намаа хамтарсан засагт орох тал дээр эсрэг саналтай байсан гэсэн. Тэр үүднээсээ энэ бүгдийг гаргаж тавиад байгаа юм уу?

-Тиймээ, би засагт хамтарч орохыг эсэргүүцсэн. Учир нь 1.5 жилд нь бид хамтраад юу хийх юм. Хэрэв ингэж орох л байсан юм бол 2012 оны сонгуулийн дараагаас хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тухайн үед АН-ын даргатай санал солилцож байсан юм. “Та нар цаашид яаж улс орныг авч явна гэж бодож байгаа юм. Эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бид аваад явна. Бидэнд боломж байгаа. Бид “Шударга ёс” эвсэлтэйгээ нийлээд явна. Ардын намтай яасан ч эвсэхгүй. Манай ҮЗХ 80 хувиар шийдсэн” гэж байсан юм. Үнэхээр АН чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь “За за” гээд хамтарсан засагт орно гэвэл эртэдсэн шийдвэр гэж хэлнэ. Хэрэв хамтрах гэж байгаа бол их л бодох хэрэгтэй. Яах гэж засагт орж байгаа юм. Чадахгүй бол яах юм. Манай намыг ингээд орчихвол эрх баригч л гэж харна. Хариуцлагаа яаж хүлээх юм. Үүнийг ард түмэн хэрхэн хүлээж авах юм. 2016 оны сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярихгүйгээр шууд энэ сайд, тэр сайд гээд явчихаж байгаа нь буруу. Нэгдүгээр зорилгоо уг нь бүлэг дээрээ ярьчих байсан юм.

-Таны захидлыг харахад МАН-ын хагарал одоо л ил болж байна гэж харахад хүргэлээ?

-Энэ бол хагарал биш. Үнэн бодит зүйл. Өмнө нь иймэрхүү зүйл олон болж байгаагүй тул содон харагдаад байх шиг байна. Болохгүй зүйлийг нь хэлээд, захидал бичиж л байх ёстой. Тэгж байж манай нам ардчилалтай байх юм. Эв нэгдэл гэдэг нэрийн доор үгээ хэлж чадахгүй юм бол энэ бүхэн цаашаа явсаар дэлбэрнэ. Тиймээс үүнийг эртхэн сануулж байгаа хэрэг.

-Таныг МАН-ын дар­га байхад АН-ынхан тохи­рооноосоо буцаж байсан…

-Тийм ээ. Сайхан тэврэлдэж гар бариад “Цаашид ингэж явахаар боллоо” гэчихээд маргааш нь “Тийм биш юм байна. Хууль ингэж зөрчих юм байна” гээд бултчихдаг.

Хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудал. Уг нь манай хоёр хоёулаа л тангараг өргөх ёстой байхгүй юу. Сүүлд нь арга байхгүй хүчиндээд байхаар нь “тэгвэл ядаж нэг нэгээр нь намуудаасаа оруулъя” гэхэд “тэгье” гээд гар хөлийн үсэг зурахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат байсан. Тиймээс маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. “Одоо яах вэ” гэхэд “Наадах чинь Их хурлын асуудал. З.Энхболд дарга дээр оч. Сонгуулийн Ерөнхий хороо руу оч. Тэндээс ийм шийдвэр гарсан гэсэн.

СЕХ руу очихоор Шүүхээс ийм шийдвэр гарсан” гэдэг. Би иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д хууртаж байсан. Тийм болохоор дэмжихгүй байгаа юм.

-Намаасаа сонгогдсон сайд нарт дургүй байгаа юм уу?

-Уг нь намаараа нухацтай хэлэлцээд хэрэв ажиллахаар бол захиасаа хэлээд “сайн ажиллаарай” гээд духан дээр нь үнсээд, дөрөөнд нь сүү дусаагаад явуулах байсан. Гэтэл харамсалтай нь бүлэгтэйгээ ярилгүйгээр асуудлыг оруулчихлаа. Өөр нэг санаа зовж байгаа зүйлээ хэлье. Уг нь манай нам 100 хувь гадна талаас УИХ-ын гишүүн биш хүмүүсээсээ сайд болгох ёстой байсан. Учир нь энэ талаар бид хоёр жил ярьсан. 1.5 жилийн хугацаанд зарим цагийг нь УИХ дээр өнгөрөөдөг, зарим цагийг нь яаман дээр өнгөрүүлдэг сайд хэрэггүй. Өнөөдрийн хямралын үед тэндээ сууж ажилладаг сайд хэрэгтэй байна. Тиймээс үр өгөөжтэй байж чадах уу. Тухайн салбартаа нэр хүндтэй, салбараа мэддэг яаман дээрээ үргэлж байдаг хүнийг тавьсан бол төрд илүү их хэрэгтэй байсан.

-АН, МАН эвслийн Засгийн газар байгуулж байгаач АН амлалтаасаа ухарсан талаар мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн маргаантай тойргууд дээр ямар шийдвэр гаргахаар тохиролцоод байсан бэ?

-Одоогоор гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурахын өмнө ажиглахад өмнөх амлалтуудаасаа буцсан нь харагдлаа. Гэхдээ түүнийгээ өөрчилсөн байж магадгүй.

-Гурван аймаг, хоёр дүүрэг дээр маргаантай байгаа. Эдгээрийн Засаг дарга нарыг МАН авах юм уу?

-2012 оны орон нутгийн сонгуулийн дүн тодорхой байгаа. АН аль аймаг, дүүрэгт ялсан, Ардын нам хаана хаана ялсан бэ гэдэг ард түмний өгсөн сонгуулийн дүнг л баталгаажуулъя гэсэн зүйлийг тавьсан. МАН Сонгинохайрхан, Багануур дүүрэг дээр ялсан ч Ардчилсан нам булаагаад авчихсан. Хэрэв АН, МАН зөвшилцье гэж байгаа бол ард түмний сонголтыг хүндэтгэн байр байрандаа тавих ёстой л гэсэн шаардлагыг бид тавьсан. Гэхдээ яг юу болох нь вэ. Ер нь л явдалтай байна.

-Амлалтаасаа ухарсан гэдгийг та яаж мэдэж байгаа юм уу. Ардчилсан намынхан өөрсдөө хэлээд байгаа юм уу?

-Гарын үсэг зурах үед өөрчлөгдсөн байвал би гарын үсэг зурахгүй. Шаардлагыг хүлээж авсан бол гарын үсэг зурна.

-Сая гарын үсэг зурчихлаа шүү дээ?

-Тэр чинь өөр баримт бичиг.

-Та шинэ Засгийн газрын чадамж хийгээд, шинэ сайдуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би томилогдож буй сайд нарын талаар юм ярихгүй. Учир нь тэд дөнгөж томилогдож байна. Үнэхээр чадалтай мундаг хүн мөн үү гэдэг нь удахгүй ажил дээр гараад ирэхээр харагдана. Магадгүй үүнийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш энэ муу, тэр чадахгүй гэдгийг ярьж болохгүй. Бүгдээрээ харцгааж л байя.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: “Монгол контент” хөтөлбөр чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилно

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Монгол контент” хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэж байна. Нэвтрүүлэг, уран сайхны киноны 50 хувьд нь үндэсний кино, уран бүтээл байна гээд заасан. Уг хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын тогтоолын хүрээнд “Монгол контент” хөтөлбөрийг гаргаж ирсэн юм болов уу гэж бодоод байгаа. Уг хөтөлбөрийг эргээд харахад бидний явж ирсэн бүхэн сууриараа буруу байгаагийн нотолгоог үүнээс харж болохоор байна. Өнөөдөр хэн дуртай мөнгөтэй нөхөр мэдээллийн хэрэгсэл байгуулаад яваад байгаа нь зөв байсан уу гэдэг дээр суурилж ярих зүйл. Учир нь аливаа юм өөрийн орон зай, зах зээлтэй байдаг. Зах зээлийн хүрээнд нь аваад үзэхээр бидний мэдээллийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээ алдагдчихсан. Тиймээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз болон хэвлэлүүд юу гаргах вэ гээд үндсэндээ сэдэвгүй шахам болчихсон тул юу ч хамаагүй гаргаж байна.

“Монгол контент” хөтөлбөрийг хараад байхад телевизүүдэд хүчээр ийм, тийм нэвтрүүлэг хий, мөнгийг нь өгнө гээд тулгахаар байгаа юм. Энэ нь өөрөө социализмынтогтолцоо руу нь хөтлөөд байна. Нэг сайд юм уу хэн нэгэн хүнээс хамааралтай болчих гээд байгаа биз. Та телевизийнхээ 50 хувьд үндэсний кино, нэвтрүүлэг гарга мөнгө өгнө гээд хэлчихээр чанартай, чанаргүй бүтээлүүд олширно. Энэ нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилж байгаа хэлбэр болно. Улс төрийн товчоонд таалагдсан нэвтрүүлэг хийж байж телевизээр цацагддаг хуучны тогтолцоо руу явах гээд байна л даа. Ингэхээр зах зээлийнхээ замаар чөлөөтэй хөгжиж буй сэтгэлгээнд ихээхэн тушаа болох нь. Бодоод байхад яавч зөв шийдэл биш.

Одоо тэгээд хэрхэх нь зөв бэ?

-Хамгийн эхэнд сууриа зөв болгох хэрэгтэй. Жинхэнэ чөлөөт өрсөлдөөн дундаас гараад ирсэн уран бүтээлийг төр засгаас үнэлж авдаг байж болно. Хүүхэлдэйн кино гэхэд үндэсний хэмжээнд уралдаан зарлаад хамгийн боломжит хувилбаруудыг нь телевизүүд аваад гэрээ хийж нэвтрүүлдэг байж болно шүү дээ. Энэ мэтчилэн арга хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-“Монгол контент” хөтөлбөр буруу биш зөв. Гэхдээ хэт туйлширсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд хандсан юм шиг санагдаад байх юм?

-Тодорхой хүмүүсийн эрх мэдэлд шилжих гээд байгаа гэж дээр хэлсэн дээ.

Тиймээс телевизүүдийг яавч ингэж хязгаарлаж болохгүй. Уран бүтээл зах зээлийнхээ зарчмаар чөлөөтэй яваг л дээ. Төрийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавьдаг шаардлагаа жаахан өндөрсгөхөд л болчих юм. Нийгмийн шаардлагаар аяндаа шалгуурт тэнцэхгүй нь алга болно.

Би Дархан хотод ажиллаж байхдаа хувийн телевизүүд үүдээ нээх гээд тэнтэр тунтар явахад нь чадахаараа тусалж л явсан хүмүүсийн нэг. Анх хүсч байсан хэмжээндээ хүрсэн үү гэж асуувал харин ч бид хэтрүүлэн хүрсэн гэж хэлнэ. Хэвлэл мэдээллийнхэн улс төрчдийн давалгаанаас салах байх гэж найдаж байна. Хэвлэлээр хэдий чинээ их гарч, хэдий чинээ өөрийгөө сурталчилна тэр хүн төдий чинээгээрээ түмэнд танигдсан мундаг хүн болно. Намайг сонгох байх гэсэн улс төрчдийн хийрхлийн үе өнгөрч байна уу даа гэсэн бодол төрж байна. Би ч гэсэн хэвлэл мэдээллээр олон гарчих юмсан гэж хийрхэж явсан цаг үе байсан. Телевизээр олон удаа гарч, их л юм яриад байвал сайн хүн болно гэсэн бодол одоо бодоход андуу байсан юм билээ л дээ. Хүн амьдралд бодитоор хандах ёстой. Улс төрийн намуудын болон Сонгуулийн хууль эмх цэгцэндээ орчихвол телевизүүд өөр өөрсдийнхөө орон зайд очно гэж бодоод байгаа.

Өнөөдөр Монголд 170 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 200 гаруй уран сайхны кинотой манай улс хичнээн удаа монгол киногоо гаргана гэх вэ дээ?

-Өнөөдөр Монгол Улсад 170 гаруй телевиз эфирээ цацаж байна гэв үү. Эдгээрийг би сайн мэдэхгүй. Үндэсний ТВ, Ийгл, Блүүмбэрг, UBS, 25 дугаар суваг тв, ТВ5, ТВ9 гээд цөөхөн хэдэн телевизийг л мэднэ. Телевиз өөрөө өндөр зардалтай. Тиймээс үргүй зардал гаргаад хүмүүст мэдээлэл хүргэх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс байдаг гэвэл би итгэхгүй. Телевизүүдийг энэ хуулиар биш зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй. Монгол Улс 200 гаруй кинотой юм бол 170 гаруй телевиз чинь нэг өдөр л гаргаад дуусах нь л дээ. Цаашид эфирээрээ юу гаргах вэ гээд асуудал байна.

Мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийн тогтолцоо алдагдсаныг дээр хэлсэн. Эрэлт, нийлүүлэлт, үнэ гурвыг хүчээр зохицуулдаггүй гэдэг байх аа. Үнэ эрэлт нийлүүлэлт дээрээ тогтдог гэдэгтэй яг адилхан 170 гаруй телевизээс шалгарлаараа үлдэх нь л үлдэнэ. Нийгэм хөгжихийн хэрээр, улс төр тогтворжихын хэрээр ард түмний амьдрал аяндаа сайжраад ирэхээр үндэсний бахархал нь аяндаа дагаад сэргэж байдаг юм байна гэж ойлгодог хүн. Эдийн засаг нь тогтвортой цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрдэг болчихсон, бид үндэсний бахархлаа бий болгочихсон үед хүссэн хүсээгүй телевизүүд өөрсдөө хийгээд эхэлнэ. Харин хүчээр зохицуулах гэсэн оролдлогууд хол явахгүй.

Цаг нь болоогүй юм уу?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Өмнө нь хэзээ байхдаа хүүхдийн комикс номуудыг өнөөдрийн байгаа шиг хийдэг байлаа. Өнөөдөр харин хүүхдийн комикс номыг хүссэн хүүхэд нь авч чадаж байна уу гэдгийг эргэж харах ёстой. Үүн дээр би нэг жишээ хэлье. Би Дарханд “Ном” хөтөлбөрийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлсэн. Жилд 15-20 сая төгрөгөнд бүгдэд нь хүүхдийн комикс ном худалдан авч оюутнуудыг хөлслөн бүх сумдынхаа гэр хорооллын хүүхдүүдээр уншуулсан. Давхардсан тоогоор 52 мянган хүүхэд ном уншсан дүн гарсан. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүд дунд комикс номыг унших нь байтугай барьж ч үзээгүй хүүхдүүд их байлаа. Номыг нь дамжуулж уншуулъя гэхээр энэ номыг надад үлдээчих гээд уйлаад гуйж байсан тохиолдлууд хүртэл гарч байсан. Тэгэхээр бид үндэсний бахархал төрүүлэх гээд байгаа зүйлсээ, энэ хэмжээнд сэтгүүлье гээд байгаа юмаа өөр арга хэлбэрээр хэрэгжүүлсэн нь зөв. Үүнд бодлогын л буруу байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдлээ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар жил гаруйн хугацаанд хүлээгдэж байсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнийг нь АНУ-ын Элчин сайдын яам талархан хүлээж авсан байна. Энэхүү хэлэлцээрийг өнгөрөгч оны есдүгээр сард Нью-Иорк хотноо АНУ-ын Худалдааны төлөөлөгч Майкл Фроман, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар үзэглээд байсан юм. Тэгвэл тус хэлэлцээрт УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг сайд өөрийнхөө Засгийн газрын нэн тэргүүний зорилтыг тодорхойлохдоо нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэж тодорхой хэлсэн.

Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг Их хурал хэлэлцэн, соёрхон баталснаар парламент ч гэсэн хөрөнгө оруулалтыг татах асуудал дээр тууштай үүрэг хүлээж байгаа гэдгээ нотолсон чухал алхам боллоо” гэсэн юм. Түүнчлэн АНУ болон Монгол Улсын бизнесийн хүрээнийхэн бизнесээ хийхэд илүү дөхөм болно гэлээ. Хэлэлцээрийг соёрхон батлахын өөр нэг давуу тал нь худалдааны чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомжийг гадны хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид хуулийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр төсөл хэлбэрээр нь харах боломж бүрдэж байгаа гэнэ. Хуулийн төсөл дээр бизнесийнхэн өөрсдийн саналыг хэлж болох бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх явцад тэдний гаргасан саналаас тусгах боломж бүрдэж байгаа юм байна. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр авлига буурна гэж үзэж байгаа гэдгийг хэлж байсан юм. АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдэж байгаа бөгөөд манайхан ч гэсэн АНУ-д хөрөнгө оруулах боломж нээгдэж байна.

Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллээс дараахь тодруулгыг авлаа.

-Та саяхан ярилцлага­даа АНУ-ын компаниуд Монгол Улсад бизнес хийх сонирхолтой байдаг гэсэн. Ил тод байдлын хэлэлцээр соёрхон батлагдсанаар АНУ-ын аль салбарын бизнес эрхлэгчид орж ирэх бол?

-Салбар салбарын компаниуд Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой байдаг. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт ялангуяа түлхүү анхаарч байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний компаниуд ч сонирхож байгаа. Өнгөрөгч есдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Америкийн өдрүүд” гэсэн үзэсгэлэнг зохион байгуулсан. Тухайн үед аль аль талын бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгаа нь анзаарагдсан.

-Ил тод байдлын хэлэл­цээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж чадах уу?

-Бид авлигатай тэмцэж чадна гэж бодож байгаа. Учир нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаарх заалтууд уг хэлэл­цээрт маш тодорхой туссан. Түүнчлэн авлигын талаар эхэлж мэдээлсэн хүнийг хамгаалах заалт орсон.

-Хэлэлцээрийг соёрхон баталсан юм чинь чөлөөт бүсийн худалдааны гэрээг хэзээ байгуулах вэ?

-Өмнө АНУ, Монгол Улсын хооронд жил бүр Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байнга уулзалт хийдэг байсан. Зөвлөлдөх уулзалтын үеэр ил тод байдлын асуудлаар ярилцан хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Одоо хэлэлцээрээ соёрхон баталсан юм чинь Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтуудаа үргэлжлүүлэн хийх болно. Яваандаа худалдааны нэмэлт гэрээ байгуулах арга замыг эрэлхийлнэ. Хэлэлцээрийг соёрхон батлахын тулд байнгын хороод дээр нэлээд удаан явсан. Намрын чуулган эхлэх үед УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулган эхлэх үед асуудлуудын дотор байгаа гэсэн. Даруйхан ингэж баталсан нь анхаарлын төвд байна гэдгийг илэрхийлж байгаа үйлдэл юм.

-Ил тод байдлын хэлэл­цээ­рийг соёрхон баталснаар хоёр орны бизнесийнхэн ха­рилцан тэгш эрхтэй оролцох байх. Гэхдээ Монголын талд ямар боломж, давуу тал байгаа бол?

-Бизнес эрхлэгчид төсөл хэлбэрээр хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр өөрсдийн саналыг илэрхийлэх механизмыг бүрдүүлж өгсөн. Хууль батлагдсаны дараа түүнийхээ үр шимийг хүртэх боломж нээгдэнэ. Аль аль орны бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэлэлцээрээр хууль тогтоомжийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр болгох үүргийг мөн хүлээж байгаа. Ганцхан АНУ гэлтгүй Канад, Япон зэрэг олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуулийг төсөл хэлбэрээр байхад нь уншиж танилцах нь илүү өгөөжтэй гэж байсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд байдаг концепциудыг тусгасан. Яг тийм бизнесийг дэмжинэ гэдэг ч юм уу тодорхой заалт байхгүй. Тэдгээр асуудлуудыг дараа дараагийн бичиг баримтууддаа тусгах байх.

-Монголын талаас АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн хэр олон байдаг вэ. Байдаг бол ямар ямар салбарт бол?

-АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн байдаг. Өнгөрөгч долоо хоногт гэхэд АНУ-д өөрийн бизнесийг аль хэдийнэ эхлүүлсэн бизнесийнхэнтэй уулзсан. Хоёр тал руугаа чиглэсэн бизнес хийх сонирхол байдаг нь анзаарагддаг.

Хөрөнгө оруулалт, худалдаа хоёрыг салгаж авч үзвэл хөрөнгө оруулалт нь үнэт цаасны тал дээр чиглэсэн. Худалдааны тал дээр түүхий эдийн худалдааны сонирхол байдаг.

-Хэлэлцээр маань зөвхөн бизнес эрхлэгчдэд хамаатай юу. Том жижиг бизнес гэж ялгах уу?

-Ил тод байдлын тухай хэлэлцээр маань худалдаатай холбоотой хууль тогтоомжийн асуудлууд руу чиглэгдэж байгаа. Үүнд том, жижиг бизнес гэх ялгаа байхгүй. Адилхан үйлчилнэ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: АН хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал шинэ Засгийн газартхамтрах шийдвэрээ гаргаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өчигдөр сэтгүүлчид дараахь ярилцлагыг авлаа. Түүнийг бүлгийн хурлаасаа гарч ирэхийг Төрийн ордонд ажилладаг бүх хэвлэлийн сэтгүүлчид хүлээж байв. Ярилцлага авах үед ордны хоёр давхрын баруун жигүүрт түгжрэл үүсч байлаа.

-“МАНАН” байгуулсан тохиолдолд намаасаа гарна гэсэн мэдээлэл гарсан байсан.МАН Бага хурлаараа Засгийн газарт хамтрах шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр та намаасаа гарна гэсэн үг үү?

-Би Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болгох юм бол энэ намаас чинь гарна гэж хэлсэн. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үеийн яриа л даа. Тэгээд сүүлд нь энийг гуйвуулаад Засгийн газар хамтарч байгуулах юм бол намаас гарна гэж хэлсэн болгоод яваад байгаа юм. Хэрэв үнэхээр Н.Алтанхуягийг огцруулаад оронд нь Х.Баттулгыг Ерөнхий сайд болгосон бол намаасаа гарах л байсан.

Та Засгийн газарт хамтрахыг дэмжиж байгаа юу?

-Би хамтрахын хувьд анхнаасаа л эсрэг байсан. Бага хурал дээр ч гэсэн хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болох аюул байна. Хоёрдугаарт, 2012 онд эвсэл байгуулсан нам, бүлгүүд дөрвөн жилийнхээ хугацаанд ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Гуравдугаарт, энэ Засгийн газар хэр удаан тогтоо ч билээ гэдэг зүйл бодогдоод байгаа.

Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол та Засагт хамтрахыг дэмжих байсан уу?

-АН-тай хамтарч ажиллахад амаргүй. Дандаа хуурдаг, засгаас гардаг, хариуцлагаа бусад руу чихдэг улс төрийн хүчин учраас хамтрахад хэцүү. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч ажиллах вэ гэсэн өөр өнцгөөс харах юм бол жишээ нь миний хувьд яриа байсан. Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол хамтарч болох юм болов уу даа гэж бодож байлаа. Яагаад гэхээр нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их яваад байдаггүй. МАН-тай хамтраад засаг төрийн үйл ажиллагааг гайгүй аваад явчих байх гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэтийн шалтгаанаар би эсрэг байр суурьтай байсан. Би үүнийгээ Бага хурал дээр илэрхийлсэн. Бага хурал дээр олонхиороо шийдвэр гаргасан учраас миний ярьж байсан зүйл төгсгөл болж байна гэж ойлгож байна.

Таныг Засгийн газарт Хууль зүйн сайд болооч гэсэн санал тавибал яах вэ?

-Болохгүй ээ.

Засгийн газрын бүтэц, орон тоон дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Н.Алтанхуягийн цөөрүүлсэн бүтцийн тоогоор цааш явах шаардлагатай гэж бодож байна. Сайд болон яамдын тоог нэмж болохгүй. Зарим нэг яамыг нь байхгүй болгоод зарим нэг зайлшгүй шаардлагатай бүтцийг нэмэх хэрэгтэй. Угаасаа 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одоо цалин тэтгэвэр тавих чадавхи нь нэлээд хумигдсан зүйл рүү явж байна. Бүтэн хоёр жил данхайсан Засгийн газар байгууллаа. Орон тоог нь цөөл гэсэн шаардлага тавьчихаад өөрсдөө Засагт орохоороо яамд, сайдын тоог нэмээд эхэлбэл муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны асуудал байна. Тийм учраас одоо байгаа төсөв, орон тоондоо багтаагаад л төсвөө ярих хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн орон нутгийн түвшин дэх хэрэггүй зардлуудыг танах хэрэгтэй. Жишээ нь Улаанбаатар хот гэхэд дөрвөн орлогчтой. Сонгуулийн үеэр тусалсан хүмүүсээ ажилтай болгохын тулд баахан зохиомол орон тоо гаргаж ирээд 140 мянга байсан төрийн албан хаагчдын тоог 180-аад мянгад хүргэчихсэн. Орон тоог ингээд нэмээд байхаар энэ төсөв гээч чинь хүндрэх нь аргагүй. Тэгэхээр одоо нэгэнт миний эсэргүүцэл өнгөрч байх шиг байна. Хэд хэдэн зарчмын шинжтэй зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, энэ орон тоо яамд нэмэхгүй байх. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн байнга яриад байгаа, сайд нарыг гаднаас томилох асуудал бол зайлшгүй чухал. Гуравдугаарт, болж өгвөл дөрөө даах салбараа сайн мэддэг, салбараа аваад явах чадвартай сайд нартай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг дагаад хөөрцөглөөд байдаггүй цэвэр мэргэжлийн хүмүүсээр засгаа бүрдүүлээсэй гэсэн мөрөөдөл байна. Мөрөөдөл гэж хэлж байгаа нь учиртай. Дахиад л “Манай дотоод хэрэгт бүү оролц” гээд чагтлаад эхэлбэл чанартай юм харагдахгүй л байх. Уг нь болдогсон бол яам тамгын газраас Төрийн нарийн бичгийн даргаас дэд сайд хүртлээ 10-аад жил ажилласан. Мэргэжлийн, улстөрчидтэй хутгалдаад байдаггүй, төрийн ажлыг төрийн маягаар аваад явчих чадвартай хүмүүсээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадвал ахиц гарна. Үгүй бол азаар Их хурлын гишүүн болчихсон салбараа мэдэхгүй, нэг олигархийг сайдад томилчих юм бол ажилтайгаа танилцах гэсээр бүрэн эрхийн хугацаа нь дуусна.

Таны санаа зовж байсан өрийн доод таазыг нэмэгдүүлэх эсэх, Таван толгой, Оюу толгойтой холбоотойасуудлаар яг ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Өрийн доод нэмэгдүү­лэхгүй гэдэг үг баримт бичигт нь орсон байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болчихсон байна. 49 дээрээ барих юм байлгүй. Оюу толгойн асуудлыг урьд байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголд ашигтай байх хувилбараар зохицуулалт хийнэ гэсэн үг явж байна лээ. Таван толгойн хувьд мөн дээрх зарчмыг баримтална гэсэн зүйл явж байна лээ. Таван толгойн талаар УИХ-аас гарсан хоёр гурван тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана гэсэн битүү үгтэй явж байсан. Амьдрал яаж өрнөхийг би сайн мэдэхгүй байна.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхэд дахин багасгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Одоо засагт хамтрахаар боллоо. Тэгэхээр энэ байр сууриа бататгах уу?

-Мэдэхгүй байна. Эдний яриад байгаагаар цоохор засаг л болох гээд байна. Ийм сонин засаг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Миний эсэргүүцээд байгаа зүйлийн нэг нь энэ. Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа, үнэн биз. МАН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд. Дөрвөн айлаас бэр гуйчихаар зовлонтой юм болдог юм байгаа биз дээ. Уг нь нэгнээс нь л “бэр гуйсан” бол болох байсан юм. Өмнөхтэй нь болоогүй юм бол одоо болно гэж үзэж байгаадаа нэг хадаг тавьсан бол ёс суртахууны талаасаа ч тэр төрийн хуулийн зарчим талаасаа ч тэр зөв зураг тэнд харагдаад байсан юм.Юмыг яаж мэдэхэв гээд МАН-ынхан Ч.Сайханбилэгийг томилох хуралд ороогүй. Би орчих гээд ятгаад байсан. Иймэрхүү зүйл болох юм байна гэдэг зургийг би тавдугаар сард харсан хүн шүү дээ. С.Баярцогт гарч ирээд МАН-тай хамтарч Засаг байгуулъя гэж үг хэлсэн дээ. Энэ үеэс одоогийн засаг цухалзаж байсан үе. Үүний өмнө хэд хэдэн уулзалт болсныг ч би мэднэ.

МАН ямар, ямар яам авахаар тохиролцоонд хүрчихээд байна вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Би хамтарсан засгийн эсрэг байгаа хүн. Тэртэй тэргүй хамтрахдаа хүрчихсэн тул ямар яаман дээр ямар хүн байх вэ гэдгийг ярилцаад эхэлнэ. Засгийн газрын бүтцийг өргөн барьдаг хүн нь Ерөнхий сайд. Ч.Сайханбилэг ямар бодолтой байгааг би мэдэхгүй. Засгийн ажил сайн, муу явах эсэх нь томилогдох хүмүүсээсээ хамаарна. Салбартаа толгой цохисон, улс төрөөс холхондуу сайн ажиллаж чадах чадвартай хүмүүсээр танхимаа бүрдүүлбэл нэгч өдөр болох нь ээ хожно. Харин мэдлэг чадвар муутай, мэргэжлийн бус хүн тавьчихвал эргүүтсээр байгаад зургаан сарын хугацаа дуусгана. Үнэхээр чадалтай Засгийн газар байлгая гэвэл мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. АН-ын фракцууд л хамгийн гол зовлон байна. Хуучинтайгаа адилхан олигархиудаа зүтгүүлээд төрийн ажлаа умартаад явбал сайн Засгийн газар гарч ирж чадахгүй. Монголын төлөө нэг ч удаа болов АН фракцынхаа зарчмаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Нам санаатай юм чинь АН-д мэргэжлийн хүмүүс байгаа байлгүй дээ.

Сайдад нэр нь дэвших магадлалтай яригдаж байгаа хүмүүсийг та юу гэж үзэж байна вэ?

-Яамдын тоог хуваагаагүй, хүмүүсийн нэр нь тодроогүй учраас хэвлэлд захиалгат юмнууд гараад байна.

Засгийн газрын бүтцийг цөөлөх тал дээр ямар бодолтой яваа бол?

-Би ямар ч тохиолдолд бүтцийг цөөлөх зарчимтай хүн. Жишээлбэл, Боомтын захиргааны хууль гаргаад бөөн будилаан тарилаа. Замын-Үүдээр явж байхад боомтын ажиллагаа бүр дордоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Боомтын хуулийг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. Тахарын албыг нэн яаралтай байхгүй болгох хэрэгтэй. Дээр үед нэг суманд ганц ойн цагдаа байгаадбүх зүйлийг зохицуулж болдог байсан. Одоо байгаль хамгаалагч нэртэй дөрвөн ойн цагдаа байна. Тэд хийх ажилгүй. Өөрөөр хэлбэл сумын захиргаанаас Засгийн түвшинд хүртэл бүх орон тоогоо дахиж нэг бүрчлэн шүүрдээд үзэх хэрэгтэйМиний үед Цагдаагийн Ерөнхий газар85 хүнтэй байсан. Одоо 152 хүнтэй болсон. Зардал, төсөв хэд дахин нэмэгдсэн. Миний Хуульзүйн сайд байх үеийн төсөв 200 гаруй тэрбум төгрөг байсан. Энэ жил бараг 380 орчим тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн. Ийм учраас зардлын асуудлыг Сангийн яам нэг бүрчлэн хянах хэрэгтэй. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд дүүрэг бүрт явж байна. Дүүргийн зохион байгуулалт хэвээрээ байж байхад хажуугаар нь нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд явж байгаа. Хамтарсан Засгийн газар ийм асуудал дээрээ анхаарч, данхайсан төсвөө дахиж авч үзэхгүй бол эдийн засгийн байдал маш амаргүй байгаа. Цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээр асуудал тулсан, заримзүйлээ нуугаад явж байгаа нь үнэн ш дээ. Энэ Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллана шүү.

Олон намууд хамтарч байгаа нь Засгийн газрын бүтэц, төсвийг данхайлгах хэмжээнд байна гэсэн болгоомжлол байна?

-Ямар ч тохиолдолд Н.Алтанхуягийн сүүлд батлуулсан бүтцээр ажиллах хэрэгтэй. Дахиад нэг хоёр яамыг татан буулгасан ч яадаг юм.

Парламент сөрөг хүчингүй боллоо. Хяналт сулрах байх даа?

-Би лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ. Ер нь анхнаасаа л 2012 онд ингэж хамтраад явсан бол зүгээр байсан юм. Бүтэн хоёр жил талцаж, бужигнаад хамаг юмаа унагаж аваад эдийн засгаа хямраасан. АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо. 2012 онд ингэж шогшох байсан юм. Улс төрийн чинь бааз суурь дэндүү хэврэг, унана даа, бөөр рүү чинь юм явна даагэж би хэлээд л байсан. Хохирол их байгаа биз.

Бага хурлын гишүүдийн дийлэнх Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан. Энэ нь МАН дахь фракц, тэр дундаа намын даргын хотын фракц дийлэнх нь болсонтой холбоотой гэж зарим хүмүүс ярьж байна?

-Наана чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй. Харъя. Таван сард ийм шийдвэр гаргах нь надад ойлгомжтой болсон юм.

Э.ЭНХБОЛД

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

С.Дэмбэрэл: Сонгуульд зориулаагүй, эдийн засгийн хямралаас гаргах хуулийг батлах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нэлээд дэлгэрэнгүй ярьцгаасан гэсэн. Бизнес эрхлэгчид ямар санаа оноотой байсан бэ?

-Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдчихоод чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг бүгд мэдэж байгаа. Түүн дээр bell out гэж нэг томъёолол хэлсэн. Хувийн хэвшлийг түшиглэж, дэмжиж байж эдийн засгийн хүндрэл, хямралтай байдлаас гарна гэдгийг хэлж байсан. Тийм болохоор миний зүгээс 28 дахь Ерөнхий сайдыг бизнес эрхлэгчидтэй уулзуулъя гэсэн хүсэлт тавьж пүрэв гаригт уулзуулсан. Энэ нь ганц удаагийн уулзалт биш цаашид хэд хэдэн удаа уулзах байх. Эхний уулзалтад МҮХАҮТ-ын тэргүүлэгч 30 гаруй компани, зөвлөлийн 60 орчим компани болон бусад томоохон компани, банк санхүүгийн байгууллага, CEO клуб, Хувийн хэвшлийн үндэсний зөвлөл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон. Компаниуд өөрсдөд нь тулгарсан хүндрэл гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчин, эдийн засгийн төлөв байдал, ирэх онд эдийн засаг ямар байх вэ, цаашид Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд юу хийгдэх вэ гэдэг талаар гол яриа өрнөсөн.

Компанийн төлөөллүүд бизнесийн орчин дахь болохгүй байгаа зүйл, Засгийн газар яавал эдийн засгийн хямралаас гарах ёстой талаар ярьсан. Энэ бүхнийг бүлэглээд үзэхээр хамгийн нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны талаар хэлж байна. Зөвшөөрөл, лиценз, стандарт, хяналт шалгалт, гааль татвар гээд энэ бүхэнтэй холбоотой асуудлуудыг оруулж ирж байгаа ч гэсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлэх процесс УИХ дээр яагаад удаад байдаг юм гэдэг талаар хэлсэн. Үнэхээр хямралаас гаръя гэж байгаа бол эдийн засаг, бизнес санхүүтэй холбоотой хуулиудыг нэн тэргүүн ээлжинд батлаасай гэсэн нийтлэг хүслийг компаниуд илэрхийлсэн.

Бизнес эрхлэгчид гүйцэтгэх засаглалын талаар ямар байр суурьтай байх юм?

-Гүйцэтгэх засаглал хуулийг нь батлаад өгдөг. Гэтэл дунд, доод түвшиндээ урьдын адил хяналт шалгалт, дарамт хэвээр байгаа. Үүнээс гарахын тулд гаргасан хууль тогтоомж шийдвэр мөрдөгддөг орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч гоё үг хэлж, сайхан амлалт өгөөд, хичнээн сайн төлөвлөгөө боловсруулаад хана мөргөөд байгаа гэдгийг сануулсан.

Муу муухай зүйл бат бэх оршин тогтнож байгаа тул үүнийг нурааж, аливаа байгууллага, яам, аймаг нийслэл бизнесийн орчинг хэрхэн бүрдүүлж байна гэдгийг анхаар. Бизнес эрхлэгчдэд нэг цонхны үйлчилгээ, хил гаалиар гарахад шаардаж буй бичиг баримтыг цөөрүүлэхээс эхлээд цаг хугацааг хэмнэх хэрэгтэй байна. Бизнесийнхний хувьд цаг бол алт байдаг. Гэхдээ алт гэж шууд ойлгож болохгүй. Замын түгжрэл, хяналт шалгалтын давтамжийг багасгах нь алт шүү гэдгийг Ерөнхий сайд ойлгоосой гэдэг талаас нь тодорхой жишээнүүдийг хэлсэн. МҮХАҮТ-аас хамгийн сүүлд гаргасан хоёр баримт бичгийн талаар ярьсан.

Тэр хоёр баримт бичиг нь юу байсан юм бэ?

-Тухайлбал, бизнесийн итгэлийг яаж сэргээх вэ. Өнөөдөр бизнесийн итгэл алдагдчихаад байна. Аль ч бизнес хөрөнгө оруулагч байдаг гэдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төрөөс явуулж буй бодлогын хувьд итгэл алдагдаад байгааг дараагийн хагас жилд цэгцлэх хэрэгтэй гэж байгаа юм. Бизнес эрхлэгчид шинэ Засгийн газраас маш их хүлээлттэй байна. Тэдэнд найдаж байна. Бизнесийнхний таатай орчин нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тасраагүй байна.

Уул уурхай гэх мэт тодорхой салбарууд дээр төрийн өмчит компаниуд шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн хэлж байлаа. Заавал төр эзэмших гээд байхаас илүүтэй компанийн хуулинд байгаа алтан хувьцааг ашиглах хэрэгтэй. Төрийн оролцоо хамгийн зохистой бөгөөд минимум хэмжээнд баймаар байна, тэгэхгүй бол миний компани, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хооронд шударга өрсөлдөөн явуулахгүй төр нь хажуугаас бизнес болж өрсөлдөөд байдаг. Тиймээс худалдан авалтынхаа хуулийг хялбаршуулаад, шударга, хөндлөнгийн хяналттай болгож өгөхийг хүссэн.

Санхүүгийн орчны талаар юу ярих юм. Зээл авах энэ тэр гээд асуудлууд бий байх?

-Мэдээж санхүүгийн орчны талаар ярьцгаасан. Ялангуяа бидний макро түвшинд ярьдаг Төвбанкны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэх мэт бизнесийн хэлээр зээлийн нөхцөл, санхүүгийн орчин муу байна. Үүнийг ганцхан Төвбанкны ажил гээд орхимооргүй байна, Төвбанктайгаа хамтраад зээлийн хүүгийн тал дээр 1.5 жилийн хугацаанд дорвитой ажил хийгээчээ. Хүмүүст итгэлийг нь сэргээгээд гадаад дотоодын томоохон компаниудаа дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан гаргах хэрэгтэй. Энэ нь bell out-ийн үндсэн цөм нь болно шүү гэдгийг хэлсэн. Мөн бизнесийн салбарын олонх болсон жижиг дунд бизнес хийх орчныг сайжруулж өгөөч гэж байсан. Улаанбаатар хотын эдийн засаг, Монгол Улсын эдийн засаг бизнес орчин талаасаа тасарчихаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн орчин нь нийт бизнесийн орчинг сайжруулж байгаатай тэр бүр уялдахгүй. Энэ талаасаа бодолцож нийслэлийн макро эдийн засаг Монгол Улсын макро эдийн засгийг уялдуулж, санхүүгийн орчныг сайжруулж өгөөч гэсэн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсээд байна. Барилгын салбарт ажиллаж буй компаниудад төрөөс тендерийн өрөө эхлээд өгчих. Хоёр жил мөнгөө авч чадахгүй байгаа өр авлагаа авмаар байна гэдгийг ярьж байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэл концессын үзэл санааг гутаагаад байна. Тиймээс гэрээнийхээ сахилга батыг компаниудаас шаардах биш, төр өөрөөсөө шаардах хэрэгтэй.

Таван толгой, Оюу толгойн талаар яриа хөндөгдсөн гэсэн…

-Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдээч ээ. Оюутолгойг дагаж бизнес орж ирдэг. Ингэснээр ажлын байр бий болж, гэрээ хийгддэг юм. Энэ талаас анхаараачээ. Тэгэхгүйгээр 34 хувь талаасаа яриад байна. Нийт эффект талаас нь ярьж, асуудлыг бүтээлчээр харилцан ойлголцлын хэмжээнд хийх хэрэгтэй. Томоохон стратегийн обьектууд дээр тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүхий бүтцийг бий болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний эдийн засгийн зөвлөлийг байгуулахдаа бизнесийнхнээс бүрдсэн хүмүүсээр тусгай дэд зөвлөл байгуулах хэрэгтэй. Ингээд холбоод өгчихвөл эдийн засгийн прагматик талаас нь харж хэрхэн ажлын байрыг хадгалах юм, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гээд санаа оноогоо хэлээд явах боломжтой.

Оюу толгой, Таван толгойг хувьчлах хэрэгтэй гэсэн саналууд гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Энержи Ресурсийн үйл ажиллагаанаас харахад боломжийн гэх юм…

-Оюутолгойг хувьчилна гэж юу байхав. 34 хувийн асуудлыг ярьж байгаа байх. Бид Оюутолгойг Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг том төсөл гэж ойлгох хэрэгтэй. Энэ төсөл бол бизнесийнх. Гэхдээ үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх ёстой. Үүнийг газрын доорх баялгийг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан. Ард түмэндээ 1072 хувьцаа тараах аргыг сонгож авсан. Миний бодлоор дээд зэргийн үр өгөөжийг нь авах ёстой. Тиймээс Оюутолгойн хувьд хоёрдугаар шатны ажлыг нь даруйхан эхлүүлэх шаардлагатай. Шинээр санамж бичиг байгуулах нь үйл явцын менежмент тул үйл явцыг зогсоож асуудлаа шийднэ гэсэн хандлага байж болохгүй. Харин үйл явцынхаа дунд менежментээ сайжруулаад, удирдах хоёр талын ойлголцол, мэдээллийн солилцоог сайн хийж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр оролцуулан санаа оноог нь авч байгаач ээ. Тавантолгой гэхээр хүмүүс 3-4 компани ярих гээд байдаг юм. Энэ бол биш.

Менежментийн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тимосек шиг болгоно гээд байгаа шиг Хөрөнгийн бир­жийг сайн ашигла. Монголын компаниудын оролцоо, консерциумуудын оролцоог хангасан байдлаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан байх хэрэгтэй. Төр бол зөвхөн стратегийн талаас нь оролцохын тулд алтан хувьцааг хоёр төрлөөр ашиглах боломжтой. Эхнийх нь хувьчлалын арга хэрэгсэл болгох боломжтой. Нөгөө талаас менежментийн арга хэрэгсэл болго. Үүнийгээ ил тод, оролцоог хангасан байх шаардлагатай. Төр үнэхээр стратегийн орд гэж үзэж байгаа бол хориг тавьдаг эрхээ өөртөө үлдээгээд нэг ширхэг нэрлэсэн хувьцаа эзэмшин, хамгийн гол нь буруу шийдвэр гаргахад нь хориглодог байх юм. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид нь бизнесийн төсөл гэдгээр нь аваад явдаг байх хэрэгтэй. Оюутолгой дээр ч гэсэн бид 60 жилийн хугацаа ярьж, Монголын тал тэд байх ёстой гэх юм. Өмнө нь байгуулсан гэрээгээ огт хөдлөхгүй баримт бичиг юм шиг бодохоосоо илүү хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт явагдаж байгаа үед нэг үе буюу цикл байдаг. Циклүүд нь дотроо фаз буюу дэд үеүдэд хуваагдаж байгаа. Фаз бүр нь дээд ажлаа хийж, доод ажлынхаа бэлтгэлийг хангаж байх юм. Ерөнхий баримт буюу ТЭЗҮ баяжин өөрчлөгдөж талуудын хамтын ажиллагаагаар үүнийгээ яриад явдаг. Үүний дүнд ажил зогсдоггүй үргэлж урагшилж байдаг. Ингэхийн тулд хувийн хэвшлээ оролцуул. Тухайн үед Тавантолгой асуудал хөндөгдөж эхлэхэд МҮХАҮТ-аас “Эцэг ба хүүгийн үлгэр” гээд цаашид хэрхэн явуулах талаар бичсэн нийтлэл бий. Монгол 999 гээд компаниудын нэгдэл гарч л байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж тухайн үед МҮХАҮТ-ын саналаар явчихсан бол төрийн өмчит компани байгуулаад тэр нь бараа шахаж, шахуулаад, үр ашиггүй явахгүй байлаа. Нээлттэй хувьцаат компаниас гадна нээлттэй нэгдлүүд аваад явах, үүнээс нь хамгийн ашигтай уул уурхайн операцийг явуулаад хамгийн их үр дүнтэйгээр татвар хураамжийг нь зохицуулаад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар явж болох байсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар жижиг дунд бизнесийн хөтөлбөрийг сайжруулаад шууд хэрэгжүүлээд явах баримт бичиг бэлэн байна. Мөн Үндэсний манлай аж ахуй нэгжүүдийг дэмжмээр байгаа юм. Хүнд хэцүү байгаа үед нь эдгээр нь жижиг дундаа хөтлөөд явах зохион байгуулалтад орж чадвал заавал татвар хөнгөлөлт гэлтгүй явах боломж байна.

Бизнесийнхэн ам.долларын ханшийн зөрүүн дээрээс нэлээдгүй алдагдал хүлээсэн. Ирэх оны төсөвт 1750 төгрөгөөр долларын ханшийг тооцсон байгаа. Гэтэл эдийн засаг судлаачид дунджаар 1862 төгрөг байна гэсэн судалгаа хийжээ. Ирэх онд валютын ханшийн өөрчлөлт бизнест хэр нөлөөлөх бол?

-2015 онд валютыг чангаруулахаар зүйл харагдахгүй байна. Зээл аваад явъя гэхээр том асуудал болчихоод байна. Энэ шийдэгдтэлээ удна. Гэхдээ шийдэхээс өөр аргагүй. Монгол Улс эхлээд өрийн удирдлагын хуультай болох хэрэгтэй. Зөвхөн хоёр нам, хүмүүс ДНБ-ий 40 хувиас хэтэрчихлээ гээд ярьдаг асуудал биш. Удирдлагын асуудал. Төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалтын данс улайчихсан. Урсгал данс 0-оос арай дээр гарч ирж байна. Энэ тохиолдолд төлбөрийн балансын хүндрэл хэвээр үргэлжилнэ. Зөвхөн Засгийн газрын өр биш хувийн хэвшлийн өр нийлээд 2015, 2016 онуудад дарамт үзүүлэх хэмжээнд байна. Бусад салбаруудын эдийн засгийн идэвхижлийн үзүүлэлтүүдийг нэмэхээр валютын ханшийн сулрал тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Улс гэж байгаа учраас, УИХ, Засгийн газар, Төвбанк гэж байгаа учраас 1750 төгрөгөөр төсөөлчихсөн дүнг засч таарна. Ам.долларын ханш 1895 төгрөг хүрчихсэн. Психологийн түвшинд хүмүүс тэдэн төгрөгт хүрэх байхдаа гээд хүлээж байдаг. Энэ хүлээлтийг хиймлээр бий болгож болохгүй. Тэр тусмаа төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс тэд болно гэж мэдэмхийрэх шаардлагагүй. Энэ нь өөрөө маш аюултай. Хүлээлтээс болоод дамын хүчин зүйл нөлөөлөөд эхэлдэг тул валютын ханшийн талаар хамаагүй дуугарч болохгүй. Тэглээ гээд ханшийг огт удирдлагагүй орхино гэсэн үг биш. 2015 оны мөнгөний бодлого дээр тодорхой зорилгуудыг тавьсан. Тэр нь валютын ханшийг удирдах. Удирдана гэхээр зөвхөн интервенци боддог. Гэтэл дуудлага худалдаагаар валют авна гэсэн арилжааны банкууд, нийлүүлье гэсэн хоёрын дүн зөрөөд байгаа биз. Тиймээс Монголбанк бага хэмжээгээр зарж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг их наядаар танахаас өөр аргагүй боллоо гэж байсан. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн боловч анхаараагүй. Тиймээс төсвийг тодотгоно. Энэ бүх байдал нь дефолт буюу улс орон төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж байгаа юм. Энэ талаас нь бодож валютын ханшийн тал дээр анхааран хандах ёстой. Ерөнхий сайд хувийн хэвшилтэйгээ хамтран энэ бүхнээс гаръя гэснээс мөнгөний бодлогыг хатууруулъя гэж хэлэхгүй байгаа биз.

Их хурал эдийн засгийн тал дээр онцгой байдлаар ажиллах ёстой гэдгийг та хэлж байсан. Хэр удаан тэгж явах ёстой вэ?

-Төсөв дээр тэвчиж болох зардал гэж байдаг даа. Түүн шиг тэвчиж болох хууль гэж байна. Эдийн засгаа, эдийн засгийн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Ил тод байдлын тухай хууль өмнө нь цагаан захтнуудын нуусан хулгайлсан мөнгийг өршөөсөн хууль болох гэж байна гээд хойшилсон. Уг хууль өнөө маргаашгүй орж ирнэ. Ил тод байдлаар компаниуд, том жижиггүй аж ахуйн нэгжийн саналыг аваад үүнийг хийх ёстой. Энэ Засгийн газар 2015 оны эцэст хэрэгжинэ гэж бодоод НӨАТ, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёрыг батлах ёстой. Манайхан өнөөдөр татварын иж бүрэн реформ хийгээсэй гэж байна. Татвар төлөгч, татвар төлөгчдийн хооронд тэгш бус харилцааг үүсгэсэн. Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр татварын байцаагч нар нь шагнагдаад эсхүл ИТХ-ынхан нь гадаадад очиж амардаг тэгш бус харилцааны эрх зүйн орчин нь хаана нуугдаж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулин дээр байна. Татварын ерөнхий хуулиндаа төр ба татвар төлөгчдийн харьцааг харилцан итгэлцсэн, тэгш байх хэрэгтэй. Татвар төлж байгаа учраас би дээрэлхүүлдэггүй байх ёстой. Төрөөс шаардах ёстой юмаа шаардаж, хэлэх үгээ хэлж, маргаанаа шударгаар зөв шийдүүлдэг харилцааг үүсгэдэг хууль нь Татварын ерөнхий хууль байгаа юм. Эдийн засагт нуугдсан эдийн засгийг гаргаж ирсэн, сүүдрийн болон албан бус эдийн засгийг ил тод гаргасан Ил тод байдлын тухай хуулиа батлах хэрэгтэй. Бодлогын логик үргэлжлэл болгон 2015 оны хагас жилээс хойш энэ асуудлын хүрээнд иж бүрэн реформ хийгээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр бизнесийн цикл эхэлчихнэ. Энэ нь улс төрийн сонгууль л даа. Хараад байгаарай одоо нийгмийн чанартай хуулиуд их батлагдаж магадгүй. Үүнийг хязгаарлан сонгуулийн циклд тааруулсан хууль батлах биш эдийн засгийн хямралаас гаргах хуулиа батлах ёстой.

Ирэх онд бизнес эрхлэгчдийн 10 хувь нь л ашигтай ажиллана гэх юм. Хөрөнгө оруулагчид ирэх болов уу. Хэдэн сайд нараа сольвол асуудал арилна гээд л байсан?

-Асуудал нь Н.Алтан­хуягтаа байсан юм биш. Хөрөнгө оруулагчид өргөн хүрээнд хардаг. Дотоодын хөрөнгө оруулагчид “Битгий илүү дутуу шалгаад байгаач ээ. Юм л бол цагдаа, шүүх гээд байдгаа болиоч ээ. Битгий миний эрхийг зөрчөөч ээ, би хүн” гэж байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд хардаг зүйл нь энэ улс хүний эрх зөрчиж байна уу, хуулийн засаглал шударгаар хэрэгждэг улс мөн үү гэдгийг хардаг. Түүнээс биш хөрөнгө оруулалтын хуулиа шинээр баталсан, Хонконгт гоё хурал хийж байна гээд ирдэггүй. Тэр болгон хүмүүсийн хэлээд байдаггүй амьдрах орчин нь хэр юм. Гудамжаар нь чөлөөтэй явж болох уу гэдэг зүйлийг боддог. Итгэлийг өгөх, найдлагыг өгөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үг маш чухал. Би долоо хоногийн өмнө Францийн хөрөнгө оруулагчидтай уулзаад эдийн засаг ийм байна, ирэх онд тийм арга хэмжээ авна гэсэн чинь нүд нь сэргээд ирж байгаа юм. Би тэдэнд тодорхой хэмжээнд итгэл найдлагыг нь өгчихөөд байна. Яагаад гэхээр би төрийн хүн. Оюутолгой ч гэсэн үүнтэй адил зүйлийг л хүсч байгаа.

Оюутолгойн хувьцааг гадныханд худалдах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та юу гэж бодож байна?

-Мэдэхгүй. С.Ганбаатар долоо хоногийн өмнө телевиз болгоноор гараад байсан. Би чуулганы дээр түүнд “Чи гадагшаа гараад байх юм. Дотогшоо гараач” гэж хэлсэн. “Надад материалаа өг” гэхэд “Тэгье. Баярлалаа Дэмбэрэл ах аа” гээд өгсөн. Би уншиж байна. Ерөнхий сайд асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Бизнес эрхлэгчидтэй уулзахад “Биднээс асууж бай. Ямар нэгэн прагматик зөвлөгөө өгье” гэж байсан. Энэ байдлаар цаашаа явах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Бадарчин баярлах болоогүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяртай ярилцлаа.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Танай бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг томилох чуулганд яагаад оролцсонгүй вэ?

-Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэг томилогдлоо. Юуны өмнө цаашдынх нь ажилд амжилт хүсье. Шинээр томилогдсон Ерөнхий сайдад анхааруулж хэлэх хэд хэдэн зүйл байна. УИХ-ын 76 гишүүний 42 нь түүнийг дэмжлээ. Харин чуулганд суусан, суугаагүй нийлээд 34 гишүүн дэмжсэнгүй. Манай бүлэг зарчмын асуудлуудыг хөндөн тавьсан. Чуулганы хуралдаанд суугаагүй болон эсрэг санал өгсөн хүмүүс МАН-ын бүлгийн зарчмын саналыг дэмжсэн гэж ойлгож байна. УИХ-д 39-өөр олонх болдог. 39 дээр гурван хүн л нэмэгдэж кноп дарснаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдсон. Энэ нь өөрт нь нэгийг бодогдуулах болов уу. Хууль журмын дагуу УИХ-аас нэгэнт шийдвэр гарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийг нь дэмжээгүй хүмүүсийн итгэлийг хичээл зүтгэлээр олж авах ганц арга зам үлдлээ. Үүнийг онцолж хэлэх болсон шалтгаан нь гэвэл Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа Их хурлаас шууд хамааралтай. Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар хуулийг үл хүндэтгэж, улс төрийн хийрхэлд хэт автаж үүнээсээ болж огцорсон. Арга барилаа өөрчлөхгүй,парламентат төрт ёсыг дээдлэхгүй, цөөнхөд хүндэтгэлтэй хандахгүй, ямар нэгэн байдлаар шахаж хавчдаг өмнөх хийрхлээ үргэлжлүүлэх юм бол олон хавар нэгэндээ гэдэг шиг ирэх хаврын чуулганаар асуудал давтагдах л болно. Ерөнхий сайдаас хамгийн түрүүн ажил хэрэгч шийдэмгий байдлыг нийгэм шаардаж байна. Хямрал нүүрлэсэн гэдгийг МАН-ын бүлгийн хурал дээр хэлж байсан бол Ерөнхий сайд болсныхоо дараа шинэ Ерөнхий сайд маань чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүлээн зөвшөөрлөө. Энэ нь ажилдаа ажил хэрэгч байдлаар хандах эхлэл юм болов уу гэж санагдсан. Нийгэм, эдийн засаг дахь тоон үзүүлэлтүүдийг нэн тэргүүнд харах ёстой. Ажилгүйдлийн түвшин ямар байна. Ядуурал хэр газар авсан, гадаад валютын үлдэгдэл цэвэр нөөц гэх зэрэг бүхий л тоон үзүүлэлтийг үнэнээр нь хэд байгааг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ статистик үзүүлэлтүүдээ тодорхой болгоод Их хурал, Засгийн газар, цөөнх ч гэсэн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Тэгж байж тоон үзүүлэлт дээр суурилсан бодит эдийн засгаа аврах бодлогыг боловсруулна. Бодлогынхоо хүрээнд зорилго, зарчим, төлөвлөлт, гарах арга замаа зөв олох юм. Тоон үзүүлэлт буруу байвал бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалт дээр алддаг. Шинэ Ерөнхий сайд үгэндээ, БНХАУ-ын дарга Си Жиньпин айлчлалын үеэрээ амласан нэг тэрбум ам.долларыг зээлж авах тухай хэлнэ лээ. Хятад улс Монголтой бараг 5000 км орчим хил залгаа. Манайх шиг Хятадтай хил залгаа бусад улс орон Хятадаас зээл аваад төлж чадалгүй газар нутгаа төлбөрт нь алдаж байсныг бодох хэрэгтэй. Тэгж үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлаа үл харгалзан хөнгөн хандаж болохгүй л дээ. Харин төр засаг нь шууд өөрөө биш төсөл хэрэгжүүлэгч үндэсний компаниудаа Хятадаас ч юмуу өөр улс орноос зээл авахад нь араас нь дэмжлэг үзүүлж ажиллах нь ухаалаг алхам. Гэх мэт хэлсэн үгэнд нь дэмжих, дэмжихгүй олон зүйл байна лээ.

Гадныхан гэхээсээ илүү дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгтэй гэдгийг та өмнө нь хэлж байсан даа?

-Манайхан гадаад, гадаад гэж ярих болсон. Гадныхан яахав ээ манайд хөрөнгө оруулж байгаад байдал бишдээд ирвэл нэг л өдөр нүүрээ буруулаад явчихна. Гадны хөрөнгө оруулагчид манай улсыг ашиглаад авдрыг нь хаяад л явна. Эцсийн бүлэгт энэ улсыг хэдэн нөгөө адлагдаад байдаг үндэсний компаниуд л аварна. Ерөнхий сайд цаашид дотоодын хөрөнгө оруулагчдаа хэрхэн дэмжих нь онцгой анхаарал татаж байна. Үндэснийхээ хэдэн компанийг дэмжээд явбал яаж ч аргаа барсан Монголоо үнсэнд хаясан шалз шиг орхиод явчихгүй нь маргашгүй үнэн. Нөр их хөдөлмөрийн цаана асар их эх оронч үзэл хөшүүрэг болж байдаг юм шүү. Өнөөдөр үндэсний хэдэн компани л ажлын байраар ард иргэдийн амьдралын баталгааг хангаж байна. Гадныхан хөрөнгөө татахад Монголын эдийн за­саг элгээрээ хэвтэж бай­гааг харлаа. Одоо дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж энэ байдлаас гарч эдийн засгийн тусгаар тогт­­нолоо бэхжүүлмээр байна. Гэхдээ нарийн мэргэжил, өндөр шинжлэх ухаан техник технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан төсөл хөтөлбөрүүд дээр эрсдэлээ багасгах, хуваалцах үүднээс гадныхантай зайлшгүй хамтрах шаардлага байдаг. Хэтрүүлэн туйлширч л болохгүй.

Танай бүлгийнхэн чуул­ганд орж санал хураалтад оролцоогүй нь цаашид Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дэмжиж ажиллахгүй гэдэг байр суурийг илэрхийлэв үү гэж харагдаад байна?

-МАН-ын бүлгээс улс төрийн хувьд зарчмын асуудал л тавьсан. Үүнийгээ илэрхийлэн чуулганы нэгдсэн хуралдаанд ороогүй. Олонхийг илэрхийлэх 39 дээр нэмэх нь гурван гишүүн намайг дэмжиж Ерөнхий сайд болгосон шүү гэдгийг Ерөнхий сайд маань өглөө болгон бодож байх ёстой. Цаашид дэмжихгүй гэж хэт туйлширч болохгүй л дээ. Зөвхөн АН-ын Ерөнхий сайд гэж байдаггүй. Монгол Улсын Ерөнхий сайд гэж байдаг. Зөвийг нь дэмжиж, бурууг нь гацааж ажиллана.

Сүүлийн үед “түгжил­дэх” гэдэг үг моодонд орж байна. Ардын намынхан аливаа ажлыг түгждэг гэдгийн нэг нотолгоо нь чуулганы хуралдаанд ороогүй явдал болов уу?

-Эрх баригчдын зүгээс бодлогын хүрээнд буруу, хууль эрхзүйн хүрээнд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах боломжийг бид нээж болохгүй, таны хэлж байгаа агуулгаар бол таслан зогсооно. Гэхдээ түгжилдэнэ гэдгийг “Тунгалаг тамир” кино дээр гардаг шиг Түгжилийн үйлдлээр ойлговол санал огт нийлэхгүй.Өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа улс орноо хөгжүүлэх оновчтой бодлого, хуулиа дээдлэх, төрийн ажилд ес зүй, зарчимтай хандах зэрэгт хяналт тавих, хариуцлага нэхэж ажиллах үүргийг бид хүлээсэн. Энэ нь 2012 оны сонгуулийн үр дүнгээр ард түмний хийсэн сонголт байхгүй юу. 2012 онд АН-ыг илүү дэмжсэн нь биднийг цөөнх бай, сөрөг хүчин бай, алдаа дутагдлаа зас, биднээс итгэл сонголтыг эргүүлэн авахын тулд сайн ажилла гэсэн сонголтыг хийсэн. Бид энэ хүрээндээ ажиллах ёстой. Түүнээс биш төрийн ажилд шунахайн сэдлээр түгжилдээд байгаа юм биш. Төрийн ажилд бид хувийн, намын эрх ашгийн үүднээс асуудалд хандаагүй. Ч.Сайханбилэг сайдыг манай намын бүлгийн хаалттай хуралдаан дээр орж ирэхэд би байр сууриа илэрхийлсэн.

Ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?

-Зарчим талаасаа буруу байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг чин компаниар яривал тамгын дарга, спортоор бол холбон тоглогч гэсэн үг. Засгийн газрынхаа яамдыг нэгтгэж нэг алхаагаар урагш алхах холбоос үүргийг хэрэг эрхлэх газар хүлээдэг. Үнэндээ яам­дын хамтын ажиллагаа ямар байсан бэ. Маш муу байсан. Багаар ажиллаж чадаагүй. Энэ нь Ч.Сайханбилэгийн чадамжийн үнэлгээ. Өнөөгийн хямралтай үед ажлаа мэдэх, өмнөх Засгийн газрын алдааг мэддэг хүн үргэлжлүүлээд явах нь магадгүй зөв байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч өөрт нь хэлсэн. Одоо Ерөнхий сайд цаг алдах ямар ч эрхгүй болчихсон байна. Хугацаа алдах бүртээ бид хямралыг даамжруулж байгаа юм. Нэгэнт ийм шийдвэр гарсан юм чинь зүтгэх л хэрэгтэй. Хямралаас гарах гарцыг тодорхойлж хөгжлийг бодитоор бий болгоход хөндлөнгөөс сайн хяналт тавьж, хариуцлага нэхэж, ташуур өгч ажиллавал үр дүн гарна. Аливаа зүйл хяналтгүй явбал буруу тийшээ хэлтийдэг.

Шинэ Ерөнхий сайд намуудын бүлэгт хамтарч ажиллах хүсэлт хүргүүлэх байх. Танай бүлгийн гишүүд хамтарна, хамтрахгүй гээд хоёр хуваагдсан гэж дуулсан

-Засагт орно, орохгүй гэсэн яриа гарч л байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт ямар нөхцөл байдал үүссэнийг анхааралтай харж, бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь юун түрүүнд чухал. Засгийн газарт хамтрах эсэх талаар долоо хэмжиж нэг огтлох зарчмаар олон өнцгөөс харж байж шийднэ. Дараа нь харгалзаж үзэх олон өнцгөө эрэмблэнэ.

Ямартаа ч нийгэм, эдийн засагт бодит үнэлэлт дүгнэлт өгөх. Энэ нь гарах арга замыг зааж өгнө.Тэр нь засаглалын ямар хэлбэр тогтолцоотой байж хэрхэн даван туулахыг хэлээд өгнө.Хэрэв энэ нь хамтраад явахаас өөр арга зам заахгүй бол МАН-ын хувьд зарчим болон үүрэг хариуцлагын хооронд шийдвэр гаргах шаардлага тулгарна. 2012 оны сонгуулиар сонгуулийн насны нэг сая сонгогчийн 450 мянга гаруй сонгогч МАН-д санал өгсөн. Энэ нь сонгогчдын 40 гаруй хувь нь та нар эрх барь, та нарт итгэж байна гэж биднийг сонгосон. Үүнийг бид бодож үзэх ёстой. Бас ачааны хүндийг үүрч, хариуцлага хүлээж ажиллах ёстой УИХ-д суудалтай намууд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ гэдгийг хараад бүр гайхаад сууж байна.

Юуг гайхаж байна гэж?

-Шинэчлэлийн Засгийн газар хангалтгүй ажиллаж огцорсны шалтгаан нь хамтарч байсан МАХН-тай салшгүй холбоотой. Засгийн газрыг бүрдүүлж байсан МАХН-ынхан эх орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг зөвхөн хэн нэгнээ сайд байлгаж санхүүгийн болон томилгооны эрх мэдэлтэй байх гэсэн хоноцын нүдээр харж байсан нь Шинэчлэлийн Засгийн газар огцорсны томоохон шалтгаан. Үнэндээ МАХН-ынхан асуудлыг “морь хардаг” газрынхаа хэмжээнд хараад байгаа юм. Бас болоогүй үүнийг ч дотроосоо эсэргүүцэж зарчим ярьсан ганц нэгнийгээ дарга цэрэггүй нийлж боорлоно. Манай намын Удирдах зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гээд шийдвэр гарсан тэр орой МАХН-ынхан нийлж хөөрцөглөж архи уун бид засагтаа үлдэх нь хэмээн тэмдэглэж байх жишээтэй. Энэ хүмүүс ард түмэн гэж чарладаг ч тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж тэдний төлөө хамтраад ажилласануу. Тэдэнд даргынх нь эрх чөлөө, албан тушаал, эрх мэдэл л чухал, өөр юу ч чухал биш. Тэр орой МАХН-ын нэг гишүүн над руу нэлээд халамцуухан залгаж л байна лээ. Юундаа ч баярладаг юм, ямар гавьяа байгуулсан гээд баярлаад байгаа юм. Харин ч энэ хүмүүс зарчим хариуцлага гээчийг мэддэг юм бол хамтарч байсан засаг нь унасанд ухамсартай хандах хэрэгтэй. Бадарчны нэг онигоо байдаг даа. Хөдөө явж байгаад нэг айлд ороод гуйж гуйж хоол унд идэж уусныхаа дараа гэрийн эзэгтэйд “Түрүүн унтаж хэвтэнэ” гээд байсан уу үгүй юу гэдэг шиг Ардчилсан намдийм л асуудал тавиад байна. Ардын намтай хамтрахгүй, засагт зөвхөн МАХН-тай хамтарна гэх тулгалтыг тэр гэрээндээ нэмж тусгах гээд байна гэсэн. Бадарчин баярлах болоогүй ээ гээд хэлчихье.

Өөр нэг хөндөх асуудал гэвэл хяналт хаана байх юм. Энэ Засгийн газар өмнөх засаг шиг давхар дээлтнүүдээр бүрдвэл Ардын нам сөрөг хүчин хэвээр үлдэнэ. Засаг нь засаг шиг байж мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлье. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Ерөнхий сайд нь давхар дээлтэй байж болно. Тэгвэл Их хурал бүхэлдээ Засгийн газартаа хяналт тавьж чадна.Ардчилсан нам хамтаръя гэвэл бид саналыг нь нухацтай авч үзэх ёстой. Бага хурлаараа шийднэ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ: Бид Үндсэн хуулиа ашиглаж чадсан уу гэж асуумаар байна

Монгол Үндэсний Ардчилсан Нам, Шинжлэх ухааны академитэй хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр академич Г.Чулуунбаатар “1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл”, Я.Содбаатар “Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлага”, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд” сэдвээр илтгэл тавив. Тэгвэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах зайлшгүй шаардлага гарсныг онцлон тэмдэглээд дээрх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин Ерөнхий сайд асан Д.Содном гуай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн гажуудаж байгаа заалтуудыг дурдаж, дээрх заалтуудыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоогоо өөрчлөн шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.

Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.

-Монголчууд 1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш дордуулсан долоон өөрчлөлт хийснээс өөр зүйлийг хийсэнгүй гэж байна. Та харин ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах нөхцөл бүрдсэн бол өөрчлөлтийг хийж болдог. Үндсэн хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хязгаарын заалт байхгүй. Тэр утгаараа нэмэлт өөрчлөлт хийж болох ч дордуулсан долоо шиг тийм өөрчлөлтийг харин хийж болохгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхний өгүүлбэр “Монгол Улсын ард түмэн бид…” гэж эхэлдэг. Тийм болохоор ард түмнээрээ хэлэлцүүлэн хүлээн зөвшөөрүүлж дараа нь Их хурал хэлэлцэн баталж байсан юм шүү дээ. Түүнийгээ бид дэлхий нийтэд ард түмний нэрийн өмнөөс зарлан тунхагласан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүй тогтлын зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага гараад ирэв үү. Эсхүл хэсэг хүмүүст эс таалагдсан, буруу зөрүү ойлгосон, бүр ойлгоогүй, өөрсдийнх нь тухайн сонирхол эрх ашигт харшлаад байгаа гэх зэргээс болоод өөрчилж байгаа бол өөрчлөлт хийж болохгүй.

-Өөрчлөлтийг тэгээд ямар шугамаар хийх ёстой вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол түүнийхээ үндэслэлийг судалгаан дээр тулгуурлан гаргах хэрэгтэй. Түүнийгээ боловсруулчихаад ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Өмнө нь бид Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлсэн дээ. Яг тэр зарчмаар явах хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмнийхээ саналыг авах нь хамгаас чухал. Хэрэв тэгж явбал болохгүй юм гэж хаа байхав.

-Бид Үндсэн хууль гэж маш их ярьдаг ч үнэндээ бид Үндсэн хуулиа ашиглаж чадсан юм уу?

-Тийм ээ. Бид үнэхээр Үндсэн хуулиа ашиглаж чадсан уу гэж асуумаар байна. Мөн бид Үндсэн хуулиа хэр зэрэг гүнзгий ойлгож хэрэглэж байна вэ гэдэг чинь бас нэг асуулт шүү. Үүнийгээ тал талаасаа зайлшгүй бодох л хэрэгтэй байгаа юм. Тэгсний дараа өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэлээ гаргаж ирээд яривал хий хоосон өөрчлөлт хийнэ гэж яриад хийснээс хамаагүй илүү болно. Одоо бол Үндсэн хууль зөрчиж байгаа хоёр л гол субьект байгаа.

-Тэр нь юу гэж?

-Үндсэн хуулийг Их хурал л зөрчдөг юм. Сүүлийн үед Үндсэн хуулийг нам зөрчдөг болчихлоо. УИХ, нам хоёр Үндсэн хууль зөрчихөө байчихвал өөрчлөлт шинэчлэлтийн яриа байхгүй л дээ.

-Энэ яриа юунаас үүдэж байна вэ?

-Хууль бус нэмэлт өөрчлөлтөөс болоод л ийм яриа гарах болсон.

-Хууль бус гэдгээ тодруулахгүй юу?

-1999 онд Монгол Улсын Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрийг л хэлээд байгаа юм. Тэр долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон шийдвэр гармагц түүгээр л явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1999 оны нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон.

-Хүчингүй болсон өөрчлөлтийг өнөөдөр хүчинтэй мэтээр явж байгаа гэсэн үг үү?

-Хүчингүй болсон зүйлийг Их хурал 14 жил хүчиндэж Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнийг бид зогсоох хэрэгтэй.

-Яаж зогсоох боломж байна вэ?

-Яаж зогсоох вэ гээд толгойгоо гашилгаад байх юмгүй. Үндсэн хуулийг Цэцийн хүчингүй болсон тогтоолыг л биелүүлэх хэрэгтэй. Ингэж хуулиа зайлшгүй мөрддөг зарчмыг хатуу баримтлах шаардлага тулгарч байгаа юм. Үүнийгээ л биелүүлчих. Долоон нэмэлт өөрчлөлт хийсний дараа УИХ, Засгийн газрын эрх үүрэг хоёр зааг их бүдгэрсэн. Зарим талаар бүр байхгүй болчихсон. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг намууд түүний бүлэг болон фракциуд авчихсан юм уу даа. Ингэснээр Үндсэн хуулийн биш элементүүд гарч ирээд төрийн тогтолцооны Үндсэн хуулиар заасан үзэл баримтлалыг нурааж нийгмийн хямрал руу аваачих гээд байгаа юм. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ярихаас өмнө Үндсэн хуулиа судлах, Үндсэн хуулийг ёсчлон даган биелүүлэхээс эхэлж өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Одоохондоо үүнээс өөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд байх ноцтой шаардлага үүсээгүй байх гэж бодоод байгаа шүү.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг гээд янз бүрээр тайлбарлаж, түүнээс гарсан маргаан удтал үргэлжилсэн. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэсэн заалт огт байхгүй. Харин ч давхар хашиж болохгүй гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг чинь 1999 оны долоон өөрчлөлтийн нэг байхгүй юу. Тэр нь хүчингүй болчихсон. Хүчингүй болгочихсон нэмэлтийг хүчинтэйгээр мөрдөөд байгаа хуулийн хүчирхийлэл, хууль биелүүлэхгүй байгаа зарчимгүй хууль бус үйлдлээ Их хурал зогсоох ёстой.

-Манай улс Ерөнхий сайдгүй, салбар яамд нь сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа бол?

-Ингэж болохгүй ээ. Энэ бол маш буруу үйлдэл. Одоо явагдаж буй улс төрийн үйл явц буруу. Бүгд Үндсэн хуулийг зөрчөөд байгаа. Ерөнхий сайд томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа олонх болсон тэр намтай зөвшилцдөг. Олонх болоогүй бол тэр намуудтайгаа зөвшилцөөд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэх Үндсэн хуулийн заалттай. Гэтэл одоо түүнийгээ зөрчөөд фракциуд, бүлгээр хэлэлцүүлж байна. Намуудтай зөвшилцөх гээд УИХ-ын дарга урьдчилсан байдлаар санал авч Ерөнхий сайдад нэр нь дэвшиж байгаа хүнээ дагуулаад явж байна шүү дээ. Ийм зүйл Үндсэн хуульд байхгүй.

-Тэгээд ямар байдаг юм?

-Ерөнхий сайд томилохыг Ерөнхийлөгч хийх ёстой. Өмнө нь ч гэсэн тэгж л явж ирсэн. Би П.Жасрай, М.Энхсайхан нарыг Ерөнхий сайд болоход энэ л зарчмаар явсан. Тэр зарчим гээд байгаа нь Үндсэн хуулийн зарчим юм шүү дээ. Түүнээс өнөөдрийнх шиг ийм хачин балай Үндсэн хуулийн биш аргаар явж байгаагүй.

-Монгол Улсын 2015 оны төсвийг өнгөрөгч долоо хоногт баталлаа. Өмнөх жилүүдийг бодоход төсөв нэлээд танагдаж батлагдсан. Ирэх оны төсвийг та хэрхэн өөдрөгөөр харж байгаа вэ?

-2015 оны төсвийн орлого зарлагын зөрүүг харьцангуй бага 420 тэрбум төгрөгийн зөрүүтэй баталлаа. Энэ бол дэвшил. Гэхдээ ирэх оны төсвийг 2015 он гараад маш олон удаа тодотгол хийхээр баталчих шиг боллоо. Хуулинд захирагдан баталсан дүр үзүүллээ. Агуулга, ерөнхий зарчмаар нь төсвийг баталсан болохоос биш нарийн утгаар нь төсвийг хэлэлцэж чадаагүй. Салбар эрхэлсэн сайдгүй төсөв баталсан. Түлш эрчим хүч, уул уурхайн салбар гэхэд сайдгүй байна. Манай эдийн засгийн гол тулгуур салбарууд хариуцах эзэнгүй болчихоод байгаа юм. Сүүлд нь үүнийг Их хурал хариуцахгүй. Яам л өөрөө хариуцна. Яагаад түлш түлээгээ таслав. Яагаад энэ олон байр сургуулийг хөлдөөв. Яагаад гэрэл цахилгаангүй болгов. Яагаад экспортыг тасалдуулав гээд л шахаад эхэлнэ. Гэтэл хариуцлага тооцох эзэн байхгүй. УИХ өөрөө Засгийн газрыг орлож хоёр давхар үүрэг хүлээн төсвөө баталчихлаа.

-Хариуцах эзэнгүй болохоор хариуцлага хэнд тооцогдох нь тодорхойгүй болчихоор яах юм?

-Дахин хэлэхэд хариуцлага хүлээх эзэнгүй болчихсон. Их хурал л лав хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Нэг сайд томилогдоод ирснийхээ дараа “Мэдэхгүй. Намайг ирэхэд ийм төсөв баталчихсан байсан” гээд л сууж байна.

-Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байна. Намрын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байгаа?

-Үүн дээр дараа тухтай уулзаж ярилцлъя.

Э.ЭНХБОЛД