Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

УИХ-ын
даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

-УИХ-ын
ээлжит бус чуулган наймдугаар сарын 3-нд хуралдах уу гэдэг асуу­дал анхаарлын
төвд байна. Их хурлын дарга хаврын чуулганы хаалт дээр найм­дугаар сарын
гурванд ху­рал­­дах товтой байгаа гэд­гийг хэлсэн. Одоогоор албан ёсоор шийд
гарсан уу?

-УИХ-ын
ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх асуудал нь хуулиараа УИХ-ын даргын бүрэн
эрхийн асуудал байдаг. Хэрэв ээлжит бус чуулган хуралдана гэвэл УИХ-ын дарга
тусгайлан хэлэлцэх асуудлын дараалал бүхий захирамжийг гаргах ёстой. УИХ-ын
дарга хаврын чуулганы хуралдаан дээр хоёр зүйлийг тодотгож хэлсэн. Нэгдүгээрт,
Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн тухай
хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг онцгой ач холбогдол бүхий хуулиуд батлагдаж
амжсангүй. Тиймээс эдгээр хуулийг зайлшгүй, яаралтай батлах шаардлагатай. Нөгөө
талаас хоёр намын хамтарсан Шийдлийн Засгийн газарт анх ороход байгуулсан
гэрээний биелэлтийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг дүгнээд
хангалтгүй гэж үзсэн. МАН Засгийн газраас гарахад бэлэн гэдгээ албан ёсоор
мэдэгдсэн. Тиймээс үүнийг шийдэх нь зүйтэй гэдэг утгаар наймдугаар сарын 3-нд
ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг зарласан. Ээлжит бус чуулганаар
хэлэл­цэгдэж амжаагүй дээрх хуулиуд болон МАН-ын зур­гаан сайдыг чөлөөлж, орны
хүмүүсийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс наймдугаар сарын 3-нд
ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн.

Хоёрдугаарт,
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай Ажлын хэсэг ажлаа
хийж дууссан гэж үзсэн тул ээлжит чуулган эхлэхээс өмнө тусгайлан ес­дүгээр
сард ээлжит бус чуул­ган зарлан хуралдуулж хэлэл­цүүлэхээр төлөвлөж бай­на
гэдгийг мессэж болгон өгсөн.

-Их хурлын
дарга захирамжаа гаргасан юм уу?

-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) УИХ-ын дарга ээлжит бус
чуулган зарлан хуралдуулах захирамжаа гаргаагүй байна. Би хувьдаа наймдугаар
сарын 3-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах байх гэж ойлгож байгаа. УИХ-ын
дарга хаврын чуулганы хаалтан дээр нэгэнт тэгээд хэлчихсэн болохоор ээлжит бус
чуулган орох байх. Харин МАН-аас есдүгээр сард нэг мөсөн ээлжит бус чуулганаа
хийе гэдэг санал тавьж байгаа сураг сонссон. УИХ-ын дарга үүнийг хэрхэн хүлээж
авахыг мэдэхгүй байна. З.Энхболд дарга хаврын чуулганы хаалт дээр үг хэлэхдээ
ээлжит бус чуулган хуралдуулна гээд хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус
чуулганыг зарлах байх.

-Ээлжит бус чуулган хуралдах үгүй нь хэзээ тодорхой болох
юм бэ?

-УИХ-ын дарга энэ сарын 24-26-ны хооронд Өвөрхангай
аймагт болох Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн арга
хэмжээнд албан ёсоор оролцоно. Тэнд оролцоод ирэх долоо хоногийн даваа гаригт ирнэ.
Үүний дараа л асуудал тодорхой болно.

-Их хурлын дарга ээлжит чуулган хуралдуулах үгүйг шийднэ
гэлээ. Гэхдээ сүүлийн үед дийлэнх гишүүд есдүгээр сард ээлжит бус чуулганаа
хийе гэсэн санал өгсөн гэх юм. Энэ нөхцөлд яаж шийдэх ёстой вэ. Хуульдаа юу гэж
туссан бол?

-Ээлжит бус чуулганыг зарлах бүрэн эрх нь УИХ-ын даргад
байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд юу ярих нь огт хамаагүй. Хууль бол хууль.
УИХ-ын гишүүд санал гаргаж болох ч бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа. УИХ-ын
гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах уу, үгүй юу гэж кноп дардаг бол гишүүдэд
эрх мэдэл нь байнаа гэж ойлгоно. Одоо захирамж гарсан л бол УИХ-ын гишүүд ямар
ч саадгүй ажлаа хийх л ёстой.

Ээлжит бус чуулганыг зарласан тохиолдолд гишүүд ирдгээрээ
ирнэ. Одоо бол хэлэлцэх асуудал нь ойлгомжтой байгаа. Засгийн газрын энэ
асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Засаглалын асуудалтай холбоотой зүйлсийг
эргэлзээтэй маягаар байлгаад байвал олон асуудалд эрсдэл үүсгэдэг. Өнөөдөр
яамдуудын ажил хийгдэхгүй байгаа, ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс нь яаж байгаа
бол. Бидний үед мэдэгддэг л байсан. Тухайн үед биднийг гар гээд янз бүрийн зүйл
болж байлаа. Сайд удахгүй явах юм чинь гээд ажил хийх хүнгүй болж асуудал
цаашаа явдаг. Үүн дээр туйлбартай, богино хугацаанд асуудлаа шийдээд явах
хэрэгтэй. Энэ чинь зарчмын асуудал байхгүй юу.

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь намын бүлгийн
дарга нар болон, намын дарга нарыг дуудаж уулзахдаа засаг тогтвортой байх
ёстой. Ерөнхий сайд асуудлыг гартаа ав гэсэн. Харин Ерөнхий сайд зургаан сайдаа
огцруулахаар өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нөхцөлд яах ёстой вэ?

-Монгол төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийг илэрхийлэгч
хүний хувьд Ерөнхийлөгчийн байр суурь зөв л дөө. Би ингэж л ойлгож байгаа.
Гэхдээ Ерөнхий сайд бүх асуудлыг гартаа ав гэдэг хууль байхгүй. Монгол чинь парламентын
засаглалтай орон. Одоо Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтөөр чинь
Ерөнхий сайдад эрх өгнө гэж байгаа. Өнөөдрийн нөхцөлд одоо байгаа хуулиараа л
явна. Монгол Улс парламентын засаглалтай. Тиймээс энэ парламент дээр бүх
асуудал шийдэгдэнэ. Тогтвортой байдлыг алдагдуулах гээд Их хурлын дарга
асуудалд хандаад байгаа юм биш. Харин ч тогтвортой байдлыг бий болгохын тулд
яаравчилж байна. Нэгэнт намуудын болон бүлгүүдийн шийдвэр гарчихаад байхад үгүй
гээд байвал юу болох уу.

-Харин юу болох бол?

-Юу ч болж мэднэ. Парламентын хямрал руу ч чирээд орж
магадгүй. Ерөнхий сайд зургаан сайдаа өргөн барих эсэх нь өөрийнх нь асуудал.
Гэсэн ч энэ нь зарчмын хувьд асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Ерөнхий сайд
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон. Ерөнхий сайд чинь улс төрийн томилгооны
хүн. Ерөнхий сайдыг дэвшүүлэгч анхны үндэс нь нөгөө л Ардчилсан нам байхгүй юу.
Одоо Ерөнхий сайдын асуудал ярилаа гэхэд нам л ярихаас биш хэн нэгэн хүн болно
гээд болчихдог юм биш. Ерөнхий сайд үүнийг ойлгож байгаа гэж бодож байгаа. Энэ
бол намын шийдвэр, өөрөө энэ намын хүн. Ерөнхий сайд гэдэг бол Ерөнхийлөгчтэй
адил намаас түтгэлздэггүй болохоор Ардчилсан намын л гишүүн.

Ч.Сайханбилэг сайд намын гишүүний батлахаа өвөртлөөд явж
байнаа гэдэг чинь намын шийдвэрээ даганаа гэсэн үг. Манайхан ҮЗХ-ны шийдвэр
гараагүй гэх гээд байдаг. Үнэндээ Шийдлийн Засгийн газар байгуулах, Ерөнхий
сайдаар Ч.Сайханбилэгийг томилох, дараа нь ямар нэгэн асуудал гарахад шийдэх
бүх эрхийг нь Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн. Тиймээс эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх
зөвлөл гаргадаг.

МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргалаа ч гэсэн
засгийн тогтвортой байдал алдагдахгүй. Харин бие биетэйгээ сөргөлдсөн, нам
дотор мөргөлдөөн бий болгох ийм байдал руу түлхээд оруулчихвал харин ч Засгийн
газрын тогтворгүй байдал бий болно. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газрыг огцруулах
асуудлыг Их хурлын гишүүд яриад эхэлбэл яах вэ. Тиймээс АН-ын шийдвэр, бүлгийн
шийдвэрээ шууд хэрэгжүүлээд зургаан сайдыг нь нөхөж томилоод яваасай. Харин
эвсэх гэж байгаа “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид ч гэдэг юм уу тэр
хүмүүстэйгээ цаашид хамтарч ажиллах ажлаа их сайн хийсэн байх ёстой.

-Өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан
хүний хувьд эвслийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудал дээр
ямар байр суурьтай байгаа вэ. Хувь хүний байр суурийг сонсмоор байна?

-Яривал олон юм бий. Ний нуугүй хэлэхэд 2008-2012 онд
АН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажилласан. Тэр үед Засгийн газарт орсон
зургаан сайд, тэр үед ажиллаж байсан парламент, өнөөдрийн хамтарсан Засгийн газар,
парламент хоёр тэнгэр газар шиг ялгаатай.

-Яг юугаараа ялгаатай байна гэж?

-2008-2012 онд УИХ нь Засгийн газраа маш тууштай дэмжиж
ажилладаг байлаа. Түүнчлэн Засгийн газарт орж ажилласан АН-ын зургаан сайд
үнэхээр сайн ажиллаж чадсан. Манай сайд нар үнэхээр том том ажлуудын ард
гарсан. Засгийн газар дээрээ зөрчил байсан ч гэсэн гадна талдаа ямар нэгэн
зөрчил байгаагүй. Бие биенийгээ маш их дэмжиж ажилласан.

Өнөөдөр олонх болоод байгаа АН-ын бодлого шийдвэрийг
хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал дээр хамтарч байгаа МАН-ын гишүүд дэмжлэг
үзүүлэх биш харин ч эсрэгээрээ ажиллаад байна. Надад тэгж ойлгогдож байгаа.
Өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрын эсрэг ямар нэгэн бодлогын үйл ажиллагаа
явуулж байгаагүй шүү дээ. Аль болохоор уулзаж, ярьж зөвшилцдөг байлаа. Тэгж
зөвшилцдөг байсан болохоор асуудлыг маш сайн шийддэг байсан. Гэтэл өнөөдөр
МАН-ын Засгийн газрын гишүүд нь орон нутагт очоод АН-ынхаа парламент, Засгийн
газрын гишүүдийг муулаад явж байна. Үүнийг яаж хамтарч байна гэж хэлэх юм. Энэ
нь байдлыг улам хүндрүүлээд байна уу даа гэж улс төрчийн хувиар харж байна даа.
Тиймээс АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг хүлээн
зөвшөөрч байгаа. Цаашид ингэж яваад нэмэргүй. Одоогийн байгаа энэ нөхцөл бол
хамтарсан биш харин ч хэн хэндээ саад учруулсан, асуудлыг хүнд байдалд орох
тийм зам руу явах гээд байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Найданхүү: Мянганы бүтээн байгуулалтууд манай улсаар дамжвал эдийн засаг, газарзүйн том боломжууд бий болно

Хөгжлийн
бодлого суд­лаач, доктор М.Найданхүүтэй ярилцлаа.

-Баяр
наадмын өмнө Төрийн тэргүүн Уфа хотноо очиж Орос, Хятадын тэргүүнүүдтэй уулзаад
ирлээ. Энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол нь эдийн засгийн коридор
байгуулах байсан тухай ярьж байна. Энэ удаагийн уулзалтын үр дүнг та юу гэж
тодорхойлох вэ?

-Гурван
орны төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалтад сэтгэл хангалуун байгаа.
Үнэхээр үр дүнтэй уулзалт болсон гэж дүгнэж байна. Бид хөрш улсуудтайгаа
хамтарсан найрсаг харилцаа хөгжүүлэхгүйгээр урагш хөгжихгүй, цааш явахгүй гэдэг
нь нэгэнт тодорхой болсон. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд
эрчимтэй хөгжиж эхэлсэн. Бид тэдний хэрэгжүүлэхээр зорьж буй эдийн засгийн том
хөтөлбөр, төслүүдээс хоцрохгүй, гадна үлдэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Гурван
орны төрийн тэргүүн эдийн засгийн коридор байгуулах тал дээр аль аль нь нааштай
байгаагаа илэрхийлсэн. Одоо энэ боломжоо ашиглах ёстой.

-Цаашид
манай улс хоёр хөрштэйгөө хэрхэн харилцах нь зүйтэй вэ. Хоёр хөршийн хувьд
манайхыг гэхээсээ илүүтэйгээр Казахстан тэргүүтэй бусад орнуудад илүү талтай
байна уу гэсэн зүйл ажиглагдах боллоо?

-Бид
хоцрохгүй, тэдний анхаарлаас гадна шоовдорлогдон үлдэж болохгүй. Манай мундаг дипломатчид ихэнх нь Москвад өндөр
түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тэднийхээ мэдлэг, ур чадварыг л ашиглах хэрэгтэй.
Тэгэхээр Казакстанаас дутах зүйлгүй гэж бодож байна. Гагцхүү хэлсэн үгнээсээ
буцдаг найдваргүй гэсэн муу нэр зүүвэл хэн ч тоохгүй. Хоёр хөрштэйгөө харилцаа
сэргээд ирсэн энэ үед бид хөгжлийн тогтвортой бодлогоо бий болгох нь чухал. Сая
хийгдсэн гэрээ хэлэлцээр, яриа гэрээндээ үнэнч байх хэрэгтэй байна. Баталгаатай
бодитой гэрээ хэлэлцээр хийдэг төр засагтай болох хэрэгтэй. Худлаа хэлэх нь улстөр
биш, хулгай хийх нь ухаан биш гэдгийг л хүн бүр эрхэмлэх хэрэгтэй байна. Энэ
байдал даамжирвал бид дэлхийд ганцаардан шоовдорлогдох болно гэдгээ л хэн
хүнгүй хатуу ухамсарлаж ойлгох ёстой. Ойрын жишээ Орос, Хятадад бид найдваргүй,
овилгогүй хөрш гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй.

-Манай орны хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын
хуралдаанд ажиглагчийн байр сууринаас оролцдог. Энэ удаад Ерөнхийлөгч мөн
Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалахаа тодотгосон…

-Манай улс ШХАБ-ын ажиглагч статусаа хадгалсан нь зөв.
Жишээ нь, Европын Холбоо байна. Норвеги улс Европын холбооны гишүүн бус орон.
Хүн ам цөөтэй байгалийн асар их баялагтай энэ улсын бодлогоос л бид чухалчлан
судлах хэрэгтэй. Түүнчлэн зарим талаар ШХАБ-ын үйл ажиллагааны зорилго тодорхой
бус мэт санагддаг. Улс төрийн өөр өөр дэглэмтэй улсууд нэгдэнэ гэдэг нь нэг л
ойлгомжгүй мэт санагддаг.

-Монгол, Орос, Хятадыг холбосон нефтийн хоолой, газ хоолой
явуулах уу гэдэг асуудал хөндөгдөх байх. Мөн цахилгаан дамжуулах хоолой татах
уу, хос төмөр зам тавьбал харилцан ашигтай байж чадах уу гэдэг зүйлс анхаарлын
төвд орж ирлээ. Бид юун дээрээ анхаарах ёстой бол?

-Олон тэрбyмын өртөгтэй мянганы бүтээн байгуулалтууд манай
улсаар дамжин өнгөрвөл бидэнд эдийн засгийн, газарзүйн, хүн амзүйн том
боломжууд бий болно. Ажлын байр бий болж Монголчуудын амьжиргаа дээшлэх нь
гарцаагүй. Үүнийг дагаад хөгжил бий болох юм. Эзгүй хээр талуудад амьдрал бий
болно. Үүний тулд монголчууд бид мэдлэг, чадвар, чадамжийн хувьд л аль ч улсын
иргэдээс дутахгүй байх хэрэгтэй. Эх оронч үзэл бол хөдөлмөрлөж, бүтээж, хэнээс
ч дутахгүй амьдарна гэсэн үг гэдгийг л бид хатуу ойлгох хэрэгтэй.

-Уфад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр
талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх дөрвөн баримт бичгийг
байгуулсан байна лээ. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би энэхүү уулзалтыг зөв өнцгөөс харахыг хичээж байна.
Хамгийн гол нь хөрш yлcтaйгaa хамтран ашигтай, эв найртай амьдрах нь л чухал.
Бусадтай муудалцсанаар дэлхийд ганцаардаж ард олноо зовлонд унагаж буй улс орнууд
байгааг харж л байна. Уг нь гурван улсын хамтын ажиллагааны тод жишээ бол нэгэн
жарныг ардаа орхиод буй төмөр замын салбар. Төмөр зам Монголд хөгжил авчирсан.
Төмөр замаа дагасан олон тооны хот, тосгод, өртөөнүүд бий болсон. Тиймээс
транзит тээврийн асуудлыг шийдээд явах нь үр дүнтэй болов уу.

-Энэ удаагийн Бриксийн уулзалтын гол зорилго нь юу байсан
гэж та харж байгаа вэ. Мэдээж дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын
төрийн тэргүүнүүд мэдээж өөрийн улсын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх
тал дээр голлон анхаарсан байх?

-Өнөөдөр Украины асуудлаас үүдэлтэй ОХУ болоод АНУ
тэргүүтэй Европын улс орнуудын хооронд зөрчилдөөн үүсээд байна. Эдийн засгийн
хоригууд ОХУ-ын эсрэг хэрэгжиж байна. ОХУ дэлхийн тавцанд ганцаардахгүйг хичээж
байна. Энэ цаг үед БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагаа идэвхжиж байна.

Үүндээ манай улсыг орхигдуулахгүй хамтруулж буй нь сайн
хэрэг. Дээр хэлсэнчлэн бид л өөрсдөө хүчирхэг, чадвартай байх хэрэгтэй. Ашиг
харахгүй амьдрал гэж байхгүй. Ах дүүгийн найрамдалт харилцаа аль хэдийнэ хойно
үлдсэн. Мартагдсан түүх болж байна. Тэгэхлээр бид өөрсдөө л чадварлаг, ухаалаг
байх хэрэгтэй.

-Сүүлийн үед БРИКС G20-ийн шийдвэрт нөлөөлж чадаж байна
хэмээн шинжээчид үзэж байгаа юм билээ. БРИКС-ийн байр суурийг та юу гэж дүгнэж
байна вэ?

-Одоохондоо үр дүн, зорилгыг нь дүгнэхэд эрт байна даа.
ОХУ-ын эдийн засаг их л хэцүү байна. Ард олон нь хэр удаан тэсвэрлэхээс л
хамаарна. БНХАУ-ын эдийн засаг ч мөн адил асуудалтай байгаа. Хэр удаан нууж
чадах бол. Эдийн засгийн дотоод асуудлаа цэгцэлж чадаагүй улс орнууд G20-д
нөлөөлж чадах нь юу л бол. Яг энэ асуудлаар намайг нааш ирэхээс өмнө Норвегийн
Амьдралын шинжлэх ухааны их сургууль дээр олон улсын хуралдаан болсон. Илтгэл
тавьсан эрдэмтэд манай хоёр хөршийн эдийн засаг тун эмзэг буйг л голчлон дурьдаж
байна лээ. Манай зарим судлаач, сэтгүүлчид хамаагүй мэдэгдэл хийж иргэдийг
хямруулах юм. Дайсагналаас л аль болох бид хол байх хэрэгтэй. Яг үнэндээ
эдгээрт дүгнэлт хийх нь бидэнд ахадсан асуудал байж болно. Эхлээд дотоод
тогтвортой хөгжлийн бодлогоо бий болгох нь л бидний нэг номерын асуудал.
Баялагтаа эзэн болж Норвеги шиг хөгжих нь л гол асуудал.

-Таны хувьд Норвеги улсад нэлээд олон жил судалгааны ажил
хийж ажиллаж амьдарсан. Монголыг өөр орны нүдээр харахад ямар харагдаж байна.
Дотор нь байгаа хүмүүс тэр бүр мэдэхгүй байна гэдэг?

-Би тэнд доктор хамгаалж ирээд удаагүй байна. Ямар ч
байсан зөв хэрэглээнд суралцаж буй байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл
харамч, хямгач байдалд хувь хүмүүс суралцаж эхэлж байна. Мөнгөний үнэ цэнийг
ойлгож эхэлж буй нь сайн хэрэг. Харин төрийн хүмүүст бол хамааралгүй бололтой.
Монголчууд маш орой унтаж, орой босч, буруу амьдарцгааж байна.

Улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлж, улс орноо бүтээн
байгуулж хөгжүүлэхийг шоу хэмээн андуурсан, буруу төлөвшсөн муур багш болох улстөрчдөөс
болж бид жинхэнэ шоучин үндэстэн болон хувирчээ. Уг нь бидэнд цаг хугацааг
алдалгүйгээр хийх, бүтээх ажил маш их байгаа. Зуу, зуун жилийн хоцрогдлоо бид
шоудаж, найрлаж, наадамлаж биш шаргyy хөдөлмөр, хичээл зүтгэл, зөв бодлогоор л
нөхөж чадна.

Бусад нь алхаж байвал бид гүйж байх ёстой, бусад маань
гүйж байвал бид хурдалж байх ёстой, бусад нь амарч байвал бид ажиллаж байх
ёстой юм. Олон жил сайд, дарга хийсэн улс төрийн хоронд суралцсан муур багш
нартаа бид хууртагдсаар л байна. Норвегийн бүх л бодлого, баялаг, хөрөнгө
мөнгөний хуримтлал ирээдүй хойч үедээ зориулагдсан байдаг.

-Норвеги алтан дунджийн нийгмийг цогцлоож чадсан. Харин
манайх алтан дунджийн нийгмийг бий болгох хэрэгтэй гэдэг ч нэг л ахиц муутай
байх юм. Алдаа нь юундаа байна?

-Тийм, Норвегийн иргэн бүр баялагтаа эзэн болж өндөр цалин
хөлстэй ажиллаж сайн сайхан, эрүүл энх аж төрдөг.Тэнд хэт баян, хэт ядуу хүн
байхгүй.Цөөхөн хүн амтай манай улсад Норвеги шиг ингэж хөгжих боломж байгаа.
Сонгуулиас сонгуульд урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөөд oгт урагшлахгүй
дороо эргээд байна. Сэхээтнүүд маань нийгмээ сэрээхгүй байна, Иймээс би сая
ирээд “Эрдэмтэн, судлаачдын холбоо”, “Зөв хөгжил-Зүүний хөгжил” гэсэн нийгэмд
үйлчилдэг ТББ-ууд байгууллаа. Үйл ажиллагаа маань идэвхжиж байна. Норвегид олон
жил амьдарч, суралцахдаа бэлтгэсэн “Алтан дунджийн нийгмийг бүтээн байгуулъя”,
“Монголын ХАА-д Хамтран ажиллах хоршооллын системийг нэвтрүүлж хөгжүүлэх” гэсэн
хоёр хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж эхэлнэ. Мөн “Баялгийн зөв хуваарилалт”
гэсэн хэлэлцүүлэх лекц бэлдээд сууж байна. Хүмүүсийг амарч, наадамлаж дуусахыг,
сургууль соёл цугларахыг хүлээгээд байж байна даа.

-Та бол уул уурхайн салбарын талаар өөрийн байр суурийг
илэрхийлдэг. Норвегийн жишээг харахад манайд хөгжих боломж хэр байна?

-Уул уурхайгаа ард олондоо тэгш хүртэхээр л бид шийдэх
ёстой. Норвеги шиг төрийн мэдэл, эзэмшилдээ 100 хувь авах ёстой. Норвегид хэн
баян байна, төр нь баян байна. Тэнд төрөөсөө баян болчихсон нэг ч олигарх алга.
Төр ард олондоо өндөр цалин, өндөр тэтгэвэр, үр хүүхдэдээ өндөр халамжаар
иргэддээ баялгийн зөв хуваарилалтыг зохицуулж байна. Норвегийн бүх иргэд нь 2-3
сая долларын эд хөрөнгөтэй, зөв хэрэглээг эрхэмлэсэн, эрүүл чийрэг, мэдлэг
боловсролтой боллоо.

Бид гуравхан сая мөртлөө маш ядуу амьдарч байна. Төрийн
дэвшүүлэн тавьж буй хөгжлийн бодлого туйлын буруу яваад байгаа юм. Эрдэнэт,
Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга гэх мэтчилэн дэлхийн хэмжээний мөнгө
босгох олон тооны баялаг уул уурхайн орд байна.

Харамсалтай нь Монголчууд цайны мөнгө буюу типэнд хууртаад
явж байгаа. Бид баялaгтаа эзэн болохын тулд олон тооны гадаад дотоод хөрөнгө
оруулалттай олборлох оператор компаниуд болоод тэднийг удирдан ажиллуулах олон
мянган өндөр цалинтай, өндөр хариуцлагатай, өндөр мэдлэг боловсролтой Төрийн
менежерүүдийг бий болгох шаардлагатай байна. Дээр нь бид ХАА-н хямд түүхий эд
дээрээ түшиглэсэн Хүнс ба Xөнгөн үйлдвэрлэлийн Хоршоолсон цогцолборyyдыг
хөгжүүлэх хэрэгтэй байна.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Засуулуудын энгэрт камер байрлуулсан бол одоо сонсъё

Одоогоос
яг жилийн ємнє танил бизнесмэн ах маань “Би ерөөсөө энэ бөхчүүдийг ойлгохгүй
юм” гэв. “Яав” гэвэл “Ах аа, дүү нь улсын начин болох гэсэн юм. Тусалж дэмжээч
гэсэн. Үнэхээр тийм бол яахав дээ гээд хэдэн төгрөг өгөөд явуултал наадмын
дараа утасдангуутаа, дүү нь улсын цол авчихлаа. Хүмүүс нутгийнхаа цол авсан
бөхчүүдэд байр өгөөд байна. Та дүүдээ байр єгєх юм байгаа биз дээ гэж ярьдаг
байгаа. Уур хүрээд утсаа салгачихаад сууж байна” гэсэн юм.

Улсын цолонд
хүрсэн бөхийн амьдрал хэрхэн өөрчлөгддөг болохыг Б.Гончигдамба гарьд төрийн
наадамд үзүүрлэснийхээ дараа жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэдэг. Наадмын урд єдєр
хүүхэддээ эм авч өгөх мөнгөгүй байсан ч ердөө наадмын маргаашнаас нь амьдрал
тэс өөр болсон тухайгаа ярьж байлаа.

Өнөө жил
шинэ арслан, харцага, начинтай сайхан наадам боллоо хэмээн хөл хөөрцөг болж
цолонд хүрсэн нөхдөө байр, бандгар жийпүүдээр булж орхилоо.

Хэн нь
хэндээ юугаа өгөх нь маньд падгүй л дээ. Гэхдээ жил жилийн наадмын дараа тэр
төдөн төгрөгөөр начин боллоо гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа гардаг. Манай сонин наадмын өмнөх дугаартаа “ШӨХТГ,
АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна”
гэж бичиж байсан. Тэгвэл бөхчүүдийн хоорондоо мөнгө өгч авалцдаг цолны найрааг
батлах мэт нэгэн зураг цахим ертөнцөд тарж олны анхаарлыг татаад байна. Тэр нь
улсын арслан цолтой бөх засуул дээрээ ирчихээд засуулынхаа утсаар хэн нэгэнтэй
яриад, асуудал шийдэгдэв бололтой
аймгийн цолтонд унаад өгч буй зураг л даа. Утсаар ярихдаа найраа хийсэн үгүйг
улсын өндөр цолтны дэргэд байсан засуул болон утасны цаанаас чагнаж байсан хүн
хоёроос өөр хэн ч сонсоогүй байх. Наадмын өмнө МҮБХ засуулуудын энгэрт камер
байрлуулна гэж мэдэгдэж байсан. Үнэхээр камераа байрлуулсан уу. Хэрэв тийм бол
одоо л тэр засуулын камерийг шалгаж улсын цолтны ярьсан яриаг сонсмоор байна.
Тийм яриа өрнөсөн эсэхийг МҮБХ ил тод гаргах цаг нь болжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ш.Хаан: Хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой

Налайх
хотын захирагч Ш.Хаантай ярилцлаа.

-Ямартай
ч Налайх хот анх удаа захирагчтай боллоо. Зарим байгууллага, газруудаа дүүргээс
салгаж хотод харьяалуулах гээд ажил ихтэй явна гэж дуулсан. Ажил нь хэр цэгцэрч
байна вэ?

-Урд нь
Налайхыг хот болгох хэд хэдэн шийдвэр гарч байсан юм билээ. Ийм
шийдвэр гарч байсан ч Налайх маань дүүрэг байсаар байсан. Тэгвэл өнөөдөр хот
болчихлоо. Бид ч гэсэн хотын иргэд болсон. Налайх хотын иргэд хотын үндсэн
дүрмээ өөрсдөө баталж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч
Налайх маань хот болж захирагчаа сонгосон үйл явц нь анх удаагийнх болсон. Одоо
харин цаашдаа ямар бүтэц зохион байгуулалтаар, хэрхэн яаж ажиллах вэ, ажлын
албаа байгуулах гээд л ажил ихтэй л явж байна.

-Дүүргийн
Засаг дарга, хотын дарга хоёрын ажил үүргийн хуваарилалт хэрхэн явагдах вэ.
Налайхын Засаг дарга ямар үүрэгтэй, та ямар үүрэгтэй, ямар асуудлуудыг шийдэх
юм бэ. Дүүргийн төсөв, хотын төсөв гээд тусдаа байх уу. Хотын захирагчийн ажлын
алба ямар үүрэгтэйгээр цаашид ажиллах вэ?

-Хуульд
Засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тодорхой тусгаад өгсөн
байгаа. Тиймээс бид хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот
болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад ажиллаад явах
ёстой гэж би үзэж байгаа шүү. Налайх хот болж байгааг зарим нэг хүмүүс
ойлгохгүй байгаад байх шиг байна.

-Харин
хаа хаанаа ойлголт тааруу, мэдээлэл хомс байх шиг байна?

-Дүүргийн
засаг дарга, хотын захирагч хоёрын ажил үүргийн хуваарийг давхардуулахгүй байх,
ажлын албаны бүтэц зохион байгуулалт нь ямар байх талаар бид ажиллаж байна.

Төрийн үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга, Налайх хотын
аж ахуй, бүтээн байгуулалт, хөгжлийн ажлыг Хотын захирагч хийнэ. Мэдээж Засаг
дарга, Хотын захирагч хоёрын цаад зорилго бол Налайхын хөгжлийн төлөө. Бид
хамтарч холбоотой ажиллах нь мэдээж ойлгомжтой. Угаасаа Налайх хотын үндсэн
дүрмэндээ дүүргийн Засаг даргатай Хотын захирагч нь хотын нийгэм, эдийн засгийг
хөгжүүлэх төрийн бодлого мөн төрийн ажлыг уялдуулах гээд олон асуудлаар хамтарч
ажиллина гээд заагаад өгчихсөн. Харин төсвийн тухайд Улс, нийслэлд төвлөрүүлдэг
татварын орлогыг Налайх хотдоо авч үлдэн хотын иргэд захиран зарцуулах эрх бий
болж байгаа юм.

-Та
мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг шийдэхээр тусгаад байгаа вэ. Ерөнхийдөө
шийдээд явахад хүндрэл гарахаар байна уу?

-Миний
мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл бол ажлын байр болон түүнийг дагасан
ажилгүйдэл. Өнөөдөр Налайхад маань тулгамдаад байгаа асуудлын нэг нь ажилгүйдэл
юм. Шийдээд явахад боломжгүй зүйл гэж байхгүй ээ. Жижиг дунд үйлдвэрийг олноор
бий болгож, үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжинэ. Мөн хөрөнгө
оруулалтыг олноор татаж тэдэнд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж өгнө.
Ингэснээр ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл багасна.

-Таны
бүрэн эрх хэдэн он хүртэл үргэлжлэх вэ. Ирэх жил улсын хэмжээнд сонгууль болно.
Дараа нь Нийслэлийн сонгууль болдог. Тэр үед мөн сонгууль явагдах уу. Эсвэл
дөрвөн жилээ дуусгах уу?

-2019 он
хүртэл хотын захирагчийн бүрэн эрх хэрэгжинэ. Энэ хугацаанд би ирээдүйд хийх
ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ард иргэддээ танилцуулсан байгаа. Тийм ч учраас
Налайхын ард иргэд надад итгэж намайг сонгосон. Хэрэгжих ч боломжтой зүйлүүд
миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Би энэ бүх зүйлийг ажил хэрэг
болгож хотынхоо иргэдийн сайн сайхны
төлөө ажиллана. Бидэнд байгаа ажилгүйдлийг багасгах хамгийн ойрын бодитой зүйл
бол уурхай. Олон сая тонн нүүрс байна. Ажиллах боловсон хүчин Налайхад маань
хангалттай бий.

-Налайх
хотын ирээдүйг та хэрхэн хардаг вэ. Цаашид Налайх уурхайг түшиглэж хөгжих үү,
өөр нөөц боломж юу байна вэ?

-Налайх
дүүргийг өнөөдөр Нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш Налайх хот гэдгээр
хүн бүр харах хэрэгтэй. Манай Налайх чинь Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх
хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай орчин үеийн аж үйлдвэржсэн хот
болон хөгжиж дэвших бүрэн боломжтой газар гэдгийг би дээр дурдсан. Хүн бүр нь
ажилтай, орлоготой, бизнесийн таатай орчин нөхцөл нь бүрдсэн, эрүүл саруул
иргэд, эрдэм боловсролтой хүүхэд багачуудаар дүүрэн тийм л бүтээлч, хөгжингүй
хот болно гэж харж байгаа. Мөн Тэрэлж, Горхи гээд Улаанбаатар хотод ойр аялал
жуулчлалын бүс манай Налайхын нутагт хамаардаг. Аялал жуулчлал ч гэсэн Налайхад
хөгжих бүрэн боломжтой. Цаашид хөгжих бүрэн боломжтой салбар гэж харж байгаа.
Налайх хот хөгжих маш олон гарц байна. Гэхдээ эхлээд бид эдийн засгийн асуудлаа
шийдэх хэрэгтэй үүний тулд яах вэ гэвэл Налайх хот маань өөрөө уурхайгаа түшиглэж
байгуулагдсан газар.

Өнөөдөр
ч, цаашид ч бидэнд байгаа эхний боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн
засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Налайхын маань хөрсөн доор
хөндөгдөөгүй батлагдсан 50-60 сая тоннын
нөөц бүхий нүүрс бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож
тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эхлээд уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж
үзэж байна. Жилдээ сая тонн нүүрс олборлоод байхад Налайхчууд бид хангалттай
ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд
маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон газар, хамгийн гол нь айл
бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо
эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх
боломжтой. Хүүхдүүдээ сайн сургуульд сургаж, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж
өгнө, ахмадууддаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар
шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.

-Таныг
хүмүүс аль нутгийн хүн бол гэж гайхан хүлээн авч байна. Төрсөн нутаг усныхаа
талаар танилцуулахгүй юу. Өмнө нь та хаана юу хийж байв?

-Манай
аав Шаравхаан гэж гавьяат уурхайчин хүн байсан. Аав маань Ховд аймгийн Булган
сумын хүн л дээ. Тэгээд Налайхын их уурхайд ажиллахаар болж аав анх Налайхад
ирсэн юм билээ. Ингэж л манайх гэдэг өрх айл Налайхтай салшгүй холбоотой болсон
юм. Миний хувьд 1962 онд Налайхад төрсөн.

-Налайхын
унаган хүүхэд гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Би чинь Налайх хотын унаган хүүхэд байхгүй юу. Манай Налайх ай даа мөн ч
сайхан нутаг даа. Энэ нутгаас л миний амьдралын бүхий л гараа эхэлж байсан юм.
Би 1983-1988 онд Украинд уул уурхайн инженер мэргэжлээр сургууль дүүргэж ирсэн.
Тэр цаг хугацааг эс тооцвол Налайхаасаа холдож үзээгүй л хүн. Сургуулиа төгсөж
ирээд шинэхэн уурхайчин уурхайд ажлын гараагаа эхэлж байлаа. 1997 он хүртэл их
уурхай тарах хүртэл уурхайд ажиллаж байсан. Их уурхайг тарсны дараа би “Янтарь”
ХХК байгуулж бизнес эрхэлж байгаад 2012 онд орон нутгийн сонгуулиар дүүргийн
ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож Налайхын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж
байна. Тийм болохоор унаган нутгийнхаа төлөө чадах бүхнээ хийж ажиллана гэж
боддог шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ардчилсан намд үүссэн түймрийн оч Монголын төр рүү битгий үсрээсэй

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тай ярилцлаа.

-Наадмын өмнөхөн МАН-д “Ардын хүч” гэж шинэ фракц бий боллоо гэсэн яриа гарсан. Яалт ч үгүй үнэхээр “Ардын хүч” гээд зөвлөлдөх уулзалтыг цөөн тооны хүмүүсийн хүрээнд хийсэн байна лээ. Та тус фракцийн гишүүн гэж дуулсан. Фракцийнхаа талаар ярихгүй юу?

-“Ардын нам-Ардын хүч” гэдэг зөвлөлдөх уулзалтыг манай намын хэсэг залуусын санаачилгаар зохион байгуул-сан. Энэ арга хэмжээндээ УИХ, Засгийн газар, намын удирдах зөвлөлийн тодорхой гишүүдийг урьж оролцуулсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ хоёр маань дэлхийн хамгийн шилдэг сургууль болох Харвард, Стэнфордын их сургуульд эрдмийн ажил хийгээд ирсэн. Тэд Монгол Улсыг гадна талаас нь харж өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, үүсээд буй нөхцөл, мухардлыг гадны судлаачидтай хамтарч дүгнэж үзсэн юм билээ. Тэрийгээ бидэнд танилцуулсан. Манай улс яагаад гурав дөрвөн жил гайгүй явж байгаад мухардалд ороод байгаа юм. Ялангуяа 2012 оноос хойш унасан нийгэм, эдийн засгийн уруудалт сүүлдээ хямралын байдалд хүрлээ. Үүнээс бид хэрхэн гарах вэ гэдэг хүрээнд ярилцсан.

-Тэгээд гол буруутан нь хэн болж таарав?

-Муу юмны эх сурвалж болоод байгаа зүйл нь улс төрийн намууд, улс төрийн тогтолцоонд байгаа юм биш биз гэж үзсэн. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж улс төрийн намууд, улс төрийн тогтолцоогоо өөрчилье гэсэн. Бодлого гаргадаг, бодлогоороо уралддаг. Үнэт зүйл зарчим дээрээ тууштай зогсдог, манлайлж чаддаг улс төрийн хүчнийг бий болгож, улс төрийг төлөвшүүлэх нь зүйтэй гэдгийг хэн хэн нь онцолж байсан. Энэ хүрээнд бид ярилцсан. Тэглээ гээд ганц АН-ыг ч биш Ардын нам гээд бүх намыг тойрч ярьсан. Түүнээс таны асуусан шиг “Ардын хүч” гэсэн фракц албан ёсоор байгуулагдсан зүйл алга л байна.

-Цаашдаа иймэрхүү уулзалтууд болох уу. Яах аргагүй ийм фракц бий болсон гээд байгаа юм даа. Намраас тэсэрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс дотроосоо хэлээд байгаа шүү?

-Арга хэмжээнд намын дэргэд гишүүдийн байгуулсан Шинэчлэлийн хорооноос эхлээд янз бүрийн хөдөлгөөн, бүлгэм, клубууд оролцсон. Намын анхан шатны байгууллагын төлөөлөл гээд 200 гаруй хүн цугласан юм. Цаашид “Ардын хүч” гэдэг нэрэн доор нэгдэж, зохион байгуулалтад оръё гэсэн санал хуралдааны үед яригдсан. Гэхдээ яг тэгээд явна гэж яриагүй. Тиймээс жигүүр болон ямар нэгэн зохион байгуулалтын хэлбэрт ороогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр намдаа төдийгүй нийгэмд хандсан лекц, семинаруудыг цувралаар зохион байгуулж байгаа. Зандаа маань “Монгол Улсын Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” гэдэг томоохон уулзалтыг Нобелийн шагналт эрдэмтдийг авч ирж хийсэн. Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хоёр удаагийн танилцах аялал “Asian leadership” уулзалтыг зохион байгууллаа. Монгол бүү хэл дэлхийн оюуны цөм болж байгаа хоёр том сургуулийнхан Монголын асуудлыг гаргаж тавина гэдэг нь өөрөө чухал. Тиймээс журмын нөхдийн хувьд энэ тал дээр нь тусалж дэмжиж ажиллана гэж байгаа юм.

-“Ардын хүч” уулзалтад очсон хүмүүс У.Хүрэлсүх даргын фракцийнхан гэх юм, бас Сү.Батболд бий ч гэх юм?

-Зохион байгуулсан хүмүүс нь ямар хүрээнд хүмүүсээ урьсныг сайн мэдэхгүй байна. У.Хүрэлсүх, Сү.Батболд дарга нар энэ уулзалтад оролцоогүй.

-Өнөөдрийн энэ Засгийн газрын нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганаар Ардын намын зургаан сайдыг солино гэдэг зүйл яригдаж байна. Ерөнхийлөгч ч гэсэн нам эвслийн бүлгийн болон намын дарга нарыг дуудаж уулзаад өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлсэн?

-Ардчилсан намын хийж байгаа үйлдэл цаашаа хэрхэн өрнөх нь тэднээс л шалтгаална. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Яг ямар шийдвэр гаргахыг анхаарал тавин ажиглаж байна. Би л хувьдаа иргэдтэйгээ адилхан харамсч харж байгаа. Монголын улс төр цаашид зөв төлөвшөөсэй, улс төрийн намууд үнэт зүйл зарчим дээрээ зөв төлөвшөөсэй гэж хүсдэг.

Тиймээс Монголд олон намын тогтолцоо байж, намууд хоорондоо шударгаар өрсөлддөг байгаасай гэж хүсэх ч манай намын гол өрсөлдөгч Ардчилсан нам нялхсын өвчнөөсөө салаагүй байгаа юм байна. Уг нь өдийд Ардчилсан нам эрийн цээнд хүрч байх ёстой. Харамсалтай нь эрийн цээнд хүрэх хэмжээний хугацаа болчихоод байхад ухаан бодол нь гурван настай хүүхдээс доогуур сэтгэх хэмжээнд байна. Ардчилсан намынхан төр барихад балчирдаж байна. Тэр утгаараа АН-д харамсал илэрхийлье.

Ардын нам Засагт орохдоо Ардын нам Засагтай зууралдахгүй. Үнэхээр бид ачаагаа аваад үүрье. Бид эрх баригч байя гэвэл ачаагаа үүр. Бид бэлэн байна. Энэ нь зөв ч байж мэднэ. Нэг талаасаа бид энэ Засгийн газарт оръё гэж ороогүй. Хоёр жил гаруй дэлхийд гайхагдаж байсан эдийн засгийн өсөлтийг унагаж хаячихаад чадахаа болилоо ирээч гэж гуйсан. Зургаан сарын хугацаанд нэлээд зүйлийг нь цэгцэлж өглөө. Дахиад бид аваад нэг мөсөн дуусгачихъя гэж байгаа бол хамаа алга. Бидэнд албан тушаалтай зууралдах сонирхол байхгүй ээ.

-Одооны нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байхад сандал ширээ болж цөөн хэдэн хүн сонгуулиас урьтаж дахиж сонгуульд ялахгүй юм чинь нэг ялсан дээрээ ямар ч хамаагүй аргаар сайд болъё гэж бодож байгаа бол түүн шиг ойрын зайн бодол байж болохгүй. Одоо бол тийм л замаар яваад байна.

-Ардын намынхан ажил хийх гэж Засагт орсон ч гэсэн Ардчилсан намынхан харин эсрэгээр нь яриад байгаа. Хийж байгаа ажлыг байнга гацаадаг. Завсарлага авдаг гээд л?

-Хоёр намын хамтын ажиллагааны гэрээг нийтэд ил болгоосой гэж хүсч байгаа. Түүнийгээ ил болгоод сонгогчдод өөрсдөд нь эрхийг нь олгох ёстой. Ардын намын гишүүн толгойлсон ажлын хэсгийн ажлууд биеллээ олсон. АН-ын гишүүн толгойлсон ажлын хэсгийн ажлууд Их хуралд ч орж ирээгүй байна. Үндсэн хуулийн ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн хуулийг Р.Бурмаа, Улс төрийн намуудын тухай хуулийг С.Баярцогт, Таван толгойн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг ахалж байгаа. Аль нь ч Их хурлаар орж ирээгүй.

Ялангуяа эдийн засагтай холбоотой томоохон төслүүдийг АН-ынхан санаатайгаар гацааж байгаа. Ерөнхий сайд нь ийм ийм ажил хийнэ гээд телевизээр ярингуут маргааш нь Их хурлын дарга нь гацаасан. Төрийн хоёр том институцийг тодорхойлж байгаа Ардчилсан намын гаралтай хоёр хүний зөрчилдөөн дээр, АН-ын улс төр, эдийн засгийн бүлэглэлийн авалцсан гал дээр л ажил явагдаж байна. Ардчилсан намд үүссэн түймрийн оч Монголын төр рүү битгий үсрээсэй. Ардчилсан нам дотор албан тушаал эрх мэдлийн асар том түймэр авалцаж байна.

-Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна гээд таны өгсөн ярилцлага нэлээд хэл ам дагуулав даа. Хамтарсан Засгийн үед ийм зүйлийг ярьж байгаа нь өөрөө хариуцлагагүй зүйл гэдгийг АН-ынхан хэлж байсан?

-Бид хамтарч үзээгүй биш үзсэн. Хамтарч байх үед хоёр талдаа гоморхох үйл ойлголцол гарвал жоомоо алах гээд гэрээ шатаадаггүй байлаа. АН-ынхан Засагт хамтарч байгаад сонгуулийн өмнө хаяад гарч байсан тохиолдол бий. Үүнийг нь хүн бүр өөрийнхөөрөө дүгнээд үлдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг аваад үзэхээр албан тушаал авсан нэг хэсэг нь өөр зүйл ярьдаг. Их хуралд байгаа З.Энхболд, Н.Батбаяр тэргүүтэй нөхдүүд партизаны дайн хийж байгаа мэт асуудалд ханддаг байсан үе бий. Бид бол тэгээгүй. Харин манайхан болохоор асуудалд анхнаасаа бодитойгоор хандана. Ухаандаа зөвийг дэмжиж, бурууд нүд хурц байна гэдгээ хэлсэн. Энэ ч зарчмаараа ажиллаж байгаа. Түүнээс биш АН-ын, МАН-ын, хамтарсан Засгийн газар байна уу аль нь ч хамаагүй. Бизнес эрхэлж байгаа, ажил амьдралаа авч явах гэж байгаа, тэтгэврийн зээл авч байгаа хүмүүсээс “Амьдрал сайн уу. Хэр боломжийн байна” гэж асуувал дийлэнх нь хүнд байна. Энэ улс орон чинь дампуурч байгаа юм биш үү гэж хариулж байгаа.

Авлигын мөнгө авсан, бондын мөнгө цохисон цөөн хүмүүст энэ хүндрэл бэрхшээл мэдрэгдэхгүй байгаа байх. Тэр хүмүүс л ийм үгийг хэлэхгүй байна. 2014 оны нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2015 оны эхний улирлын статистик гарчихсан. Үүнийг харахад ойрын үед Монголын ирээдүйд гэрэл гэгээ харагдахгүй байгаа юм. Улаан гэрэл асаалттай байна. Ослын гэрэл асаалттай байгаа тул аваарт орчих вий гэж анхааруулж хэлсэн юм.

Бидний өмнө ойрхон хоёр жишээ бэлхнээ харагдаж байна. Эхнийх нь эдийн засгаа улстөрчид нь яаж үймүүлж, дампууруулж болдгийг Грекийн жишээ харууллаа. Бие биенээсээ өрсч нийгмийн хамгааллын амлалт амладаг, улстөрчид нь төрийн нэрээр компани байгуулж эдийн засаг руу ордог. Гаднаас буруу гарын мөнгийг улс орондоо оруулж ирж, бужигнуулдаг. Бодлогогүйгээр өр зээл авч өөрсдөө олсон мэт авирладгийн балгаар 10-хан жилийн өмнө олимпийн наадам зохион байгуулж байсан Европын холбооны гишүүн орон дампуурлаа зарлаад сууж байна.

Гадны янз бүрийн хүмүүсийн гар хөл болсон хүмүүсээр дүүрсэн парламенттай, парламент дотор байгаа болон гадна байгаа улстөрчид нь эдийн засаг улс төрийг холилдуулаад, улс төрийн намууд нь алга болж лидерүүд нь хоорондоо сүлэлдсэнээс болж Украин гэдэг улс тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрлээ. Эдгээр хоёр улсын хувьд аль аль нь хөгжлийн болон соёлын хувьд ч манайхаас түрүүлж явсан орнууд. Энэ хоёр орны хувь заяа манай улсад ирэхэд тун ойрхон байгаа.

-Одоо хэрхэх нь зүйтэй вэ?

-Манайхан тодорхой гарц ярих ёстой. Тодорхой зарчмын зүйл дээр нэгдэн улс төрийн намууд тунхаг гаргаасай гэж хүсч байна. Үндэсний эв нэгдлийг нэгдүгээрт тавьж, бүх шатандаа энэ талаар ярих цаг болсон. Нам дотроо, гэр дотроо гэр бүлийнхэн нь хүртэл учраа олохоо байчихлаа. Улс даяараа намууд нь учраа олохоо байчихсан.

Төрийн институци нь гурван тийшээ хараад суучихсан байна. Ядахдаа төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд айл өрх бүр үндэсний эв нэгдэл, ойлголцлоо нэгдүгээрт тавих ёстой. Хоёрдугаарт, нэлээд олон жил дуншсан тогтолцооны шинэчлэлээ энэ парламент хийх хэрэгтэй. Үүнд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль гэсэн томоохон хуулиудаа өнгөрөгч хугацааны алдаа онооны дэнсэн дээрээс батлах шаардлагатай. Гуравдугаарт, томоохон төслүүд дээрээ хувийн эрх ашгаа жаахан хойш тавиад, компанийнхаа ашиг сонирхлыг ардаа үлдээж байгаад шийдмээр байна. Хэрэв ингэж чадахгүй бол парламент ээлжит бус сонгууль руугаа явах нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхбаяр: Айдсын даваанд аавтайгаа дааганы уралдаан үзээд уйлж билээ

Наадам айсуй өдрүүдэд “Өдрийн сонин”-ы хамт олон олны танил эрхэм хүндтэй хүмүүс болоод тэдгээрийн үр хүүхдүүдийн наадмын талаархи дурдатгал, ярилцлага, нийтлэлийг уншигчдадаа хүргэдэг. Тэдгээрийн заримаас сонирхуулж байна.

Барселона болон Бээжин­гийн Олимпийн наадмын хошой хүрэл, дэлхийн
хо­шой аварга, Монгол Улсын гавьяат та­мир­чин Доржсүрэнгийн Мөнхбаяртай ярилцлаа.
Өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон юм.

-Та
дэлхийн цомын томоохон тэмцээнүүдийг амжилттай өндөрлүүлсний дараа эх орондоо ирлээ.
Олон жилийн дараа ирж байгаа болохоор сэтгэл хөдөлж байгаа байх?

-Мэдээж төрж, өссөн монгол нутагтаа ирээд сэтгэл өндөр байна. Би
Мюнхен хотноо ажиллаж амьдарч байгаа. Энэ өдрөөс (өчигдөр) яг нэг сарын өмнө Мюнхен
хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Түүний дараа Словений
Марибо хотод зохион байгуулагдсан дэлхийн цомын тэмцээнд хийн бууны төрөлд оролцон
тавдугаар байрт шалгарлаа. Зургадугаар сарын 23-нд Монгол Улсдаа ирээд байна. Миний
ирэх болсон гол зорилго аав, ээжийнхээ төрсөн нутгаар явах байсан юм. Ямартай ч
аав, ээжийнхээ хүй цөглөсөн бууцыг тойроод ирлээ. Төрийн их баяр наадам энэ өдрүүдэд
болж байгаа тул нэг ирснийх наадмаа үзчихээд долдугаар сарын 13-ны өдөр буцна даа.

-Та
баяр наадмаа үзэлгүй хэдэн жил болсон байна вэ?

-Би Монгол Улсдаа наадамлаагүй зургаан жил болжээ. Хамгийн сүүлд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ирэхдээ наадмаа үзсэн. Тэр үед монгол
туургатны анхдугаар чуулган болж түүнд оролцохоор урилгаар ирсэн л дээ. Наадмаар
эх орондоо ирнэ гэж боддог байсан ч тэр бүр цаг зав гардаггүй байлаа. Бидний тэмцээний
календартчилагдсан тэмцээнүүд давхцаж таардаг байсан юм. Яг одоо Бээжингийн дэлхийн
цомын тэмцээн явагдаж байгаа ч Германы баг уг тэмцээнд оролцдоггүй тул өөртөө чөлөө
олгоод Монгол Улсдаа ирээд байна даа.

-Бээжингийн
дэлхийн цом энэ оны сүүлийн дэлхийн цомын тэмцээн байх аа?

-Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болдог. Германы баг Мюнхен,
Марибо хоёрт оролцсон. Дэлхийн цо­мын цувралуудаас оноо цуглуулан дэлхийн цо­мын
шигшээ тэмцээний эрхээ авдаг. Уг тэмцээн аравдугаар сард болох юм. Миний хувьд эл
тэмцээнд оролцох эрхээ авчихаад байгаа.

Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно.
Дөрвөн жилд нэг удаа болдог болохоор яалт ч үгүй буудлагын тамирчин бидний хүсэн
хүлээдэг хамгийн том тэмцээний нэг.

-Дэлхийн
аваргын бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Бэлтгэл сургуулилтынхаа торгон ирийг тааруулах цаг хугацаа одоо
эхэлж байна. Дэлхийн аваргын тэмцээн чансаагаараа бараг олимпоос илүү гэж болно.
Дэлхийн аваргад оролцох тамирчдын тооны хувьд ч, болж буй цаг хугацааг нь аваад
үзсэн ч том тэмцээн гэдэг нь илэрхий юм. Цар хүрээ нь өргөн, чансаа өндөртэй тэмцээн.
Мөн есдүгээр сард Рио Де Жанейрогийн олимпод оролцох эрх өгч эхлэх болохоор үүрэх
хариуцлага тэр чинээгээрээ нэмэгдэж байна гэсэн үг.

-Мюнхений
дэлхийн цомд О.Гүндэгмаа болон Хятадын тамирчинтай хамт медалийн тавцанд зогссон.
Өмнөх олимпийн түүх давтагдчихсан уу?

-Нэг зүйл залруулахад О.Гүндэгмаа бид хоёртой хамт медалийн тавцанд
зогссон хятад тамирчин Бээжингийн олимпод оролцсон хүн биш юм аа. Хэрэв тэгээд гурвуулаа
гараад ирсэн бол сайхан л байх байлаа. О.Гүндэгмаа маань уг тэмцээнээс алтан медаль
хүртэн төрийн дууллаа эгшиглүүлж байхад өөрийн эрхгүй догдолсон. Би өөрөө төрийн
дууллаа эгшиглүүлж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж төрсөн. Тийм ч болохоор Гүндэгээдээ
хандаж “Үнэхээр сайхан байлаа. Баярлалаа” гэдгээ хэлсэн юм. Хэдийгээр Германы нэр
дээр тэмцээнд оролцож байгаа ч төрж, өссөн Монгол Улсын минь төрийн дуулал эгшиглэж,
төрийн далбаа намирч байхыг харах сайхан байсан. Медалийн тавцан дээрээс үүнийг
мэдрэх бас л өөр мэдрэмж шүү.

-Таныг
Сэлэнгэ, Увс аймгийн хүндэт иргэнээр өргөмжилсөн гэж дуулсан. Энэ тухайгаа ярихгүй
юу?

-Ээж маань Увс аймгийн Давст сумын уугуул. Төрсөн нутгаасаа гараад
60 гаруй жил болсон. Ээж минь одоо Унгарт амьдардаг. Тиймээс ээжийгээ тэндээс авч
ирээд Монголдоо төрж өссөн нутаг усаар нь зочилж, төрсөн гэрийнх нь бууцанд нь дагуулж
очлоо. Зургаан жилийн өмнө ээж ирэхдээ Улаангомд оччихоод буцсан юм. Тиймээс энэ
удаа төрсөн сумаар нь очиход үнэхээр сэтгэл нь хөдөлж байна лээ. Ус нутагт нь аавыг
нь эсэргүү хэмээн баривчлан авч яваад иргэж ирээгүй юм билээ. Тухайн үед эмээ ээж
хоёрыг эсэргүүний эхнэр, хүүхэд гээд хэцүү бэрхийг туулж явсан. Аргаа барахдаа ээжийн
минь овог нэрийг сольж сургуульд оруулж байсан юм. Энэ бүхнийг эргэн санахад нэг
талдаа ээжид минь хүнд байсан байж магадгүй.

Аав маань Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат. Тиймээс аавынхаа төрсөн
нутаг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Цагааннуурын дэнж дээр очлоо. Биднийг очиход сумынх
нь наадам давхацсан нь их бэлгэшээлтэй зүйл болсон. Аав, ээж хоёр минь нутаг уснаасаа
гараад нэлээдгүй удсан байсан. Ямартай ч хоёр аймгийн хүндэт иргэн болсондоо маш
их баяртай байна. Нутгийн иргэд үнэхээр сайхан хүлээж авсан. Энэ нь надад үзүүлсэн
том хүндлэл, хайр нөгөө талаасаа хариуцлага байлаа. Нутгийнхны зүгээс спортын тал
дээр дэмжлэг хүсвэл өөрийн чадах зүйлээрээ тусална гэж бодож байгаа.

-Дараагийн
олимпод та Герман улсын нэр дээрээс оролцох уу?

-Герман улсын нэр дээрээс олимпийн наадамд оролцоно доо.

-Та
ямар фирмийн буугаар буудаж байгаа вэ?

-Одоо Вальтер фирмийн буугаар буудаж байгаа. Лондонгийн олимпод өөр
фирмийн буугаар буудсан. Тэр үед харамсалтай нь буунд гэмтэл гарснаас болж амжилтад
нөлөөлсөн. Лондонгийн олимпийн дараа Вальтер фирмийн буугаараа дахин буудаж эхэлсэн.

-Таны
иргэншлийн тал дээр ташаа мэдээлэл гарсан байсан. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Үнэхээр тэр
мэдээлэл нь үнэн зөв байдаг бол бичиж болно. Зөвхөн би гэлтгүй олны танил болсон
хүмүүсийн талаар бичихдээ ор үндэсгүй зүйлд холбон бичиж эмзэглүүлж байна. Үүн дээрээ
анхааралтай хандах хэрэгтэй. Сэтгүүлч гэсэн нэрийн доор хаа тааралдсан зүйлээ хуулаад
бичээд байж болохгүй. Хамгийн гол нь ард түмэнд ташаа мэдээлэл өгч байгаа нь өөрөө
сөрөг үр дагавартай. Спортын сэтгүүлчид миний тухай чин үнэнийг бичдэгт баярладаг.
Сүүлийн үед иргэншлийн тал дээр худал мэдээлэл гарч байгаа. Мозанбикийн иргэн болж
байгаа гэх мэдээллийг би өөрөө ч мэдэхгүй явсан. Одоо цагт хүмүүс надаас илүү намайг
мэддэг болчихоо юу даа.

-Та
Рио-гийн олимпод оролцвол долоо дахь олимпдоо оролцоно. Өмнө нь долоон удаа олимпод
орж байсан тамирчид хэр олон байсан юм бол?

-Монгол Улсаас долоон олимпод оролцсон тамирчин одоогоор алга байна.
Цаашдаа олон гайхалтай тамирчид төрөл гарах байх аа. Герман улсад долоон олимпод
оролцсон хоёр хүн байгаа. Араас нь би залгах байх гэж бодож байна даа. Ямар ч улсад
долоон олимпод оролцсон хүн цөөхөн. Манай буудлага спорт бусад спортын төрлүүдийг
бодоход харьцангуй олон жил өрсөлдөж амжилт гаргах боломж их байдаг.

-Буудлага
спортын дүрэм шинэчлэгдсэн. Шинэ дүрэмд сөрөг зүйлс байна гээд байгаа?

-Өмнө нь тэмцээнд оролцоход өмнө нь буудсан оноогоо аваад финалд
ордог байсан. Шинэ дүрмээр тэр нь байхгүй болж финал эхлэхэд дахин тэгээс эхэлдэг
болсон. Ноднин би дэлхийн цомд маш өндөр оноотой финалдсан. Гэтэл бага оноотой финалдсан
тамирчин буудсаар байгаад гуравт орж байх жишээтэй. Дүрэм шинэчлэгдсэнээр тамирчдад
ойлгомжгүй зүйлс гарч байгаа.

-Монгол
Улс давхар иргэншлийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрдөггүй. Өндөр амжилт гаргасан
зарим хүмүүст давхар иргэншил олгох асуудлыг та юу гэж боддог вэ?

-Би хувьдаа давхар иргэншлийг дэмжиж байгаа. Германы иргэншлээ буцаагаад
дан ганц Монгол Улсын иргэн болох гээд байгаа зүйл биш. Энэ миний л асуудал болохоор
би олны өмнө ил болгохыг хүсээгүй. Миний хүсэл Германы иргэншлээ буцаалгүйгээр Монголын
иргэн болж болох уу л гэсэн хүсэлт юм. Хуулийн хүрээндээ мэдээж болохгүй тул хуулинд
өөрчлөлт орвол маш нарийн шигшүүртэйгээр давхар иргэншлийг тамирчдад өгч болно.
Тийм ч жишиг гадны орнуудад байдаг. Үүний нэг жишээ нь Герман улс.

-Өндөр
амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр цалин олгож байгаа. Таны хувьд анхны дэлхийн
аварга, олимпийн хүрэл медалийнхаа мөнгийг авч болохгүй юм болов уу. Уг нь Монголын
нэр дээрээс тэмцээнд оролцож байсан болохоор таныг ялгаж үзэхгүй байх хэрэгтэй байх?

-Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн хэдий ч бурханы оронд одсон
тамирчдын гэр бүлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Өнөөдөр Мөнхбаяр сэрүүн
тунгалаг байна. Миний хувьд амжилт гаргахын сацуу Монголынхоо нэрийг гаргасаар л
яваа. Уг хүн нь Германы нэр дээрээс тэмцээнд ордог гэсэн байр сууринаас ханддаг.
Энэ нь өрөөсгөл ойлголт л доо. Намайг тэмцээнд оролцох бүрт Монголд төрсөн, Монгол
гаралтай гэж тэмцээн бүр дээр бичигддэг. Монголын нэрийг Германы нэртэй хамт хосоор
нь л гаргаад явж байгаа. Энэ тал дээр төрийн өндөр албан тушаалтнууд нэг зүйлийг
бодох л байх. Гэхдээ цаг хугацаа нь хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Би Германы иргэншилтэй
тул уг мөнгөн урамшууллыг надад өгөх боломж байхгүй. Надад ирэх тэр мөнгө насаараа
хөдөлмөрлөсөн хүмүүсийг тэтгэвэр болоод явж байгаа гэсэн бодол тээж явдаг. Улс орны
эдийн засаг хүнд байгаа энэ үед “надад мөнгө өг” гэж чаргууцалдахын оронд ахмадуудын
тэтгэвэр болоод явж байг дээ. Энэ бол улсын өөрийнх нь л шийдэх асуудал.

-Таны
иргэншлийг хүлээж авахгүй байгаад та гомддог уу?

-Хуулиндаа давхар иргэншил байж болохгүй гээд заачихсан болохоор
юунд нь гомдох вэ дээ.

-Төрийн
баяр наадам болох гэж байна. Та сэтгэлд хоногшсон наадмуудынхаа дурсамжаас хуваалцахгүй
юу?

-1990-ээд оны үед аавтайгаа хамт анх удаа Айдсын давааны тэнд дааганы
уралдаан үзсэн юм. Тухайн үед хурдан морьдыг хараад хүмүүс уйлдаг тухай хүмүүсээс
сонсож байснаас өөрөө түүнийг мэдрээгүй явсан. Даага унасан жаахан хүүхдүүдийг хараад
өхөөрдөхгүй, уйлахгүй байхын аргагүй юм билээ. Тэр жилийн наадмаар дааганы уралдаан
үзээд уйлж байсан минь сэтгэлд ойрхон байна. Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, омогшдог
юм билээ л дээ. Монгол наадам цаанаа л нэг өөр. Хийморь сэргээд явчихдаг юм.

-Германд
үндэснийхээ баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Монголчууд цуглаж аль болох чадахаараа идээ будаагаа засч тэмдэглэдэг.
Монгол дээлээ өмсөцгөөн айлуудаар зочлоод л явна шүү дээ. Цагаан сараар хоорондоо
золгож, буузаа идээд сайхан ярьж хөөрч байгаад л тардаг.

-Та
наадмаар өмсөх гоёлоо бэлдэж амжив уу?

-Би наадмын гоёлтойгоо ирсэн. Алтан шаргал эмжээртэй хар хүрэн өнгийн
дээлээр гоёно.

-Бээжингийн
олимпоос Монгол Улс анх удаа алтан медаль хүртсэн. Та ч гэсэн хүрэл медалийн тавцанд
зогссон. 2008 оны тэр цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-О.Гүндэгмаа тэр үед финалд нэгдүгээр байраар шалгарчихаад байсан.
Би дотроо “Гүндэгээ маань алтан медаль авчих байх” гэдэгт бат итгэлтэй байлаа. Олимпийн
өмнө Монголчуудыг сайн мэддэг Германчууд “Хоёр монгол медалийн тавцан дээр хамтдаа
зогсох юм биш үү” гэж ярьцгааж байсан. Намайг “Чи Монголд очиж хамтарсан бэлтгэл
хийсэн ч болно” гэдэг байсан юм. Гүндэгээг алтан медаль авчих байх гэж итгэж найдаж
байсан ч финалын буудлагаа хийчихээд харахад бид хоёр нэг нэг оноогоор ухарсан байв.
Тэрхэн мөчид бид хоёр хоёулаа л оноогоо голсон байх. Гэхдээ олимпийн медаль гэдэг
чинь том амжилт. Гүндэгээ олимпод оролцсон цагаасаа эхлэн байнга финалдаж байсан
ч түүнийгээ 2008 онд медаль болгож чадсан. Түүнчлэн хамтдаа медалийн тавцанд зогсох
юмсан гэсэн миний битүүхэн хүлээлт биелэлээ олсон юм. Гүндэгээтэй хамт финалд гарч
ирэхэд үнэхээр их баярлаж байсан тэр мөч одоо ч бодогдсоор байна. Нэг газар төрж
өссөн хүмүүс болоход цаанаа л нэг сэтгэлд өег байдаг юм билээ. Олимпийн финалд шалгарна
гэдэг чинь бас л хүнд шүү дээ. “Гүндэгмаа алтан медаль авчихвал Монгол Улс минь
олимпийн алтан медальтай болох нь дээ” гэж баярлаж байснаа нуугаад яахав.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Ард түмний “аварга, аварга” хэмээх уухайн түрлэгийг одоо ч боддог. Тэр бол давтагдашгүй мөч

Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү Улсын аварга Сумъяа­базартай ярилцлаа.

-Төрийн их баяр наадам хаяанд ирж монголчууд хүчит бөх, хурдан морь¬дынхоо талаар яриад эхэл­лээ. Нэгэн цаг үед бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэг­нэнхэн барилдаж байсан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга болохоор болсон. Залуу зургаан заан төрийн наадамдаа барилдах болов уу гэсэн хүлээлт байна. Та барилдах уу?

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе ээ.

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа.

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг ут¬гаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог. Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Мон¬голын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүү¬тэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон. Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг ус¬наас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан. Гэхдээ одоогийн залуучуудад шүүмжилмээр нэг зүйл байгаа нь их спортоор хичээллэхгүй байна. Их спортоор хичээллэхгүйгээр тэсвэр хатуужил, уян хатан, хурд хүч, сэтгэн бодох чадварыг олж авч чадахгүй. Эдгээр чанарууд байж гэмээнэ илүү их амжилт гаргана.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралц¬сан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог. Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архан¬гай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу. Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм. Бид чөлөөт бөхөөр маш эрчимтэйгээр зургаан минутаар таван барилдаан дараалаад хийдэг байлаа. Орсон гарсан, орооцолдсон 30 минутын барилдаан хийхэд эхэндээ зүрх халгам байсан ч яваандаа үүнийг давдаг болсон. Үүнд л хамаг учир байгаа юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо. Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм.

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлд¬сэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг. Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй. Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наад¬мын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа. Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхиүлэн дэмжиж байв шүү дээ.

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан. Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм. Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ. 1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан.

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж бай­лаа. Өөлдийн дош хатуу шүү. /инээв/ Залуу бөх байхдаа төрийн наадамдаа зодоглон улсын начин болж байлаа. Одоо бол аймгийн арслан болчихоод дараа нь цэргийн наадамд түрүүлэх гэдэг болж. Энэ нь эрэмбэлдэг болсноос хойш аймгийн цолонд ач холбогдол өгдөг болсон байна. Том цол мөрөөдөж байгаа хүн том л байх ёстой. Бодол нь, төлөвлөгөө нь том байж түүндээ хүрэхийн тулд чин шударгаар саад бэрхшээл гарсан ч гуйвж дайвалгүй явж гэмээнэ амжилтад хүрнэ. Түүнээс шантрах, халшрах л юм бол амжилт, цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тамирчин хүн өөртөө л ялагдахгүй байхад амжилтад хүрнэ гэж боддог.

-Бөхийн дэвжээн дээр гэнэдүүлэх тохиолдол гардаг уу?

-Гаралгүй яахав. Барьц тавих үед барьцнаас боогоод жаахан муужруулаад сөхрүүлчихнэ шүү дээ. Пунцагийн Сүхбат гарьдтай барилдахад тийм зүйл болсон. 1994 оны заалны барилдааны үеэр толгой уургалчихаад талбай голлох үеэр боохоор нь сөхөрчихсөн. “Та намайг боочихлоо” гэсэн чинь “Чи чөлөөтийн хүн байж боолгоод байхдаа яадаг юм” гээд л өнгөрсөн. Эрчүүдийн тулаан юм чинь яая гэхэв. Миний өөрийн хариуцлагагүй байдлаас үүссэн болохоор хохь нь л байхгүй юу. “Би боолгочихлоо. Намайг боочихлоо” гээд шалчигнаад явах шаардлагагүй. Хэн болом­жоо ашиглаж чадсан нь давна.

-Д.Цэрэнтогтох аваргаар улсын цолтны бүлд багтахад ааваараа яриулсан уу, аварга нутгийн дүү гэж таныг амласан юм уу. Яриа хөөрөө болж байв уу?

-Тэр үед ямар юмных нь найраа байхав дээ. Нутаг орноосоо гарч ирж буй залуу бөхчүүдийг дэмждэг уламжлал байсан. Аварга, арслангуудын залгамж халааг бэлдэх тэр л зүйл явж байсан хэрэг. Нутаг орноос нь хэн сайн барилдаад гарч ирнэ түүнийг дэмждэг байв. Д.Цэрэнтогтох аварга, Ч.Дамдиншарав багш, бид гурав холбоотой хүмүүс л дээ. Цээеэ аваргын чөлөөтийн багш нь Дамийл багш байсан. Дамийл багш Өвөрхангайн Гучин-Ус сумынх. Цээеэ аварга Нарийнтээлийнх, би ааваараа явахаар Хужиртынх юм. Дамийл багш Цэрэнтогтох багш дээр очоод “Сумъяабазарыг чи шууд амлаж ав. Чи аварга цолтой хүн энэ хүүг дэмжиж гарга” гэж хэлсэн юм билээ. Түүнийг нь бүр сүүлд мэдсэн л дээ. Цээеэ аваргаар анх удаа улсын цол хүртэж, аваргын араас аварга болсондоо баяртай байдаг. Үнэхээр буянтай хүн юм даа гэж бэлгэшээдэг. Аймгийнхаа түүхэнд нэг багшийн хоёр шавь аварга болсноороо үлдэнэ. Бид ийм л хувь заяатай хүмүүс байж. Багшийн алсын хараа, Д.Цэрэнтогтох аваргын нутаг орноо бодсон уужуу холч ухаан гээд олон зүйлийн нийтгэл нь энэ юм. Цагаан сараар Д.Цэрэнтогтох аварга дээр очиж байнга золгодог уламжлалтай.

-Та заан цолтой Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд барилдахдаа хоёр удаа тахим буулгасан. Тэр үед давчих боломж байгаагүй юу?

-Б.Бат-Эрдэнэ аварга бэлтгэл сургуулилт, биеэ авч яваа байдал, бөх хүний хувьд ч бусдаасаа хол давуу тасарчихсан байлаа. Тэр хүний бяр хүч ч гэж ид жагсаж байсан. Өнөө залуу зургаан зааныг нэлээд “агшаадаг” байсныг нуугаад яахав. Цолоор хайчинд оруулна гэж юм бий. Тэр нь амлаж аваад дараагийн нугалаан дээр хооронд нь тааруулна гэсэн үг. Аваргын хайчинд ороод бид хоорондоо ана мана үзнэ. Тэгж явсаар байгаад нэг нь л аваргатай барилдана. Энэ чинь л монгол бөхийн үндсэн зарчим. Баагий аварга бөхийн спортод сахилга бат өндөртэйн дээр бэлтгэлийг яс хийдэг байсан. Үнэхээр тэр барилдаануудыг яаж ч болоогүй юм аа.

-Тэгвэл Өсөхөө аваргатай хоёр удаа үзүүр түрүүнд үлдэж унахдаа нулимстай зогсож байсныг ард түмэн мэднэ. Дараа нь тэврэлдэж байгаа харагдсан. Найзууд хоорондоо яриа хөөрөө хийж байгаа юм уу?

-Миний ухаан санаанд мөнгө төгрөгтэй холбоотой бууж өгөх, найраанд орох гэсэн асуудал байхгүй. Би тэгж ч хүмүүжээгүй. “Энэ жил чи надад өгчих” гээд “Дараа жил би өгье” гэх юм уу. Өсөхөөг дэмждэг хүмүүс, намайг дэмждэг хүмүүс бид хоёрыг харж байхад тэгж заваараад явж байх уу. Намайг ид барилдаж байхад “Чи хөгшиндөө өгчих” гээд ирсэн бол надаас айж байна гээд давуу байдлаа ашиглаад дайраад л хаячихна. Энэ чинь сул тал шүү дээ. Эн тэнцүү хоёр бөх бие биедээ найр тавина гэдэг байж болохгүй зүйл.

-2006 оны түүхт ойн наадмын шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга та хоёр таарч та давсан. Тэр барилдааныг л танд өгчихлөө гэж ярьдаг?

– Тэгэхэд Г.Өсөхбаяр аварга түрүүлсэн бол шууд дархан аварга болох байсан. Би түрүүлбэл шууд аварга болох байв. Хөлбөмбөгийн чанга багууд нэг хэсэгт орчихоор үхлийн хэсэгт таарлаа гэдэг. Энэ чинь л үхэх сэхэхээ үзэж байгаа хэрэг. Өсөхөө, Сумъяа хоёрын өрсөлдөөн Ар, Өвөрхангайн залуучуудын хэн нь баяр наадмын түрүү авах гэдэг асуудал. 800 жилийн ой 100 жилд ганц тохионо. 900 жилийн ойгоор хэн түрүүлэхийг би мэдэхгүй. Ямартай ч 800 жилийн ойгоор Д.Сумъяабазар аварга түрүүлж байсан юм билээ л гэж ярина. 1906 онд Чүлтэм аварга түрүүлж түүхэнд үлдсэн. Ийм хариуцлагатай барилдаанд найр тавина гэж байхгүй. Хэн хэн нь түрүүлэх хүсэлтэй байсан. Ийм асуулт дахиж битгий асуугаарай. Бидний зургаан заан хэзээ ч бие биендээ найр тавьж үзээгүй.

-Танай аав Монгол Улсын заан цолтой бөх. Ээжийн тань талаас улаан хүзүүт Дэлэг гэж арслан байсан. Энэ бүхэн таныг бөхийн замд хөтөлсөн үү?

-Монгол бөхийн гэр бүлд төрж, хүн болж өссөнөөрөө бахархдаг. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь аварга Дагвадорж, үндэсний бөхийн 19 дэх аварга Сумъяабазар хоёр ах дүү аваргууд гээд түүхэнд үлдэнэ. Аав маань заануудын манлай, нагац ах маань Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслан гээд ээжийн талаас байна. Энэ сайхан гэр бүлээс аварга цолонд хүрсэн минь сайхан санагддаг. Сайн аавын хүү болно гэдэг мэдээж сайхан. Би эмэг эх дээрээ найман сартайгаасаа 16 нас хүртлээ байсан хүн л дээ. Тэнд ажил хийх, хүн байхын ухаанд суралцсан.

-Аварга цолонд хүрч байсан тэр мөчөө эргэн хуваалцахгүй юу?

-Би аварга болно гэсэн бодолтой л байсан. Би начин, заан, гарьд цол аваад цолны мялаалга гэж хийж байгаагүй. Харин хамгийн сүүлд аварга болоод цолны мялаалгаа хийсэн. 2006 онд Г.Өсөхбаяр аваргыг шөвгийн дөрөвт давчихаад Д.Азжаргал арслантай барилдахын өмнө Улсын арслан цолоо авчихаад барилд гэсэн. Өмнө нь арслан цол өгөөгүй байж одоо цолоо авчихаад барилдана гэдэг зүйл байхгүй гээд шууд л барилдсан. Би өөрийгөө түрүүлнэ гэдэгт дэндүү итгэлтэй байсан. Д.Азжаргал арслантай удаан барилдана ч гэж бодоогүй. Ард түмний “аварга, аварга” хэмээх уухайн түрлэгийг би одоо ч бодож явдаг. Тэр бол давтагдашгүй сайхан мөч.

-Төрийн наадамд зодоглож байхдаа хамгийн харамсалтай барилдааныг хэзээ хийж байв?

-Би харамсаж байгаагүй. Харин давах барилдаан дээрээ унаж явсан үе бий. Зөвхөн бэлтгэл сургуулилт сайн байлаа гээд түрүүлнэ гэж байдаггүй. Тухайн цаг үед хэн барилдаанаа мэдэрч чадсан нь давдаг тал бий. А.Сүхбат аваргад гар ачуулаад унасныг хараад хүмүүс “Сумъяа харамсдаг байх” гэж боддог юм билээ. Тэр жил миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Барилдааны төгсгөлийг хэн сайн хийсэн нь давдаг. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Өсөхөө аваргатай барилдаад унасан. Тэр үед миний бэлтгэл сайн байсан ч давж чадаагүй. Тиймээс барилдааныхаа төгсгөлийг сайн хийх ёстой.

-Таныг барилдаж байхад аав тань ирж зөвлөгөө хэр өгдөг байсан бэ?

-Аав маань өөрөө барилдаж байсан болохоор бөх үзэхэд хэцүү байдаг байсан болов уу гэж боддог. Тэнцүү барилдаанууд ямар хүнд нөхцөлд болдгийг аав маань яс махаараа мэдэрдэг тул надад тэгж, ингэж барилд гэж хэлдэггүй. Харахаас ч халширдаг байсан байлгүй.

-Энэ жилийн түрүү бөх хэн байх вэ гэдгийг ард түмэн тааварлаад эхэлжээ. Таныхаар хэн түрүүлэх бол?

-Нэг, хоёрын даваанаас хэн өнгөтэй байгаа нь харагддаг. Түрүүлэх бөх аяндаа мэдрэгддэг. Би Г.Эрхэмбаяр аваргыг нэлээд дээшээ явж барилдах болов уу гэж бодоод байгаа. Мөн С.Мөнхбат аварга сайн барилдах байх. Наадмын эхний өдөр л очоод харна даа.

Э.ЭНХБОЛД

Л.ГҮНДСАМБУУ

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Ажлаа хийхгүй цалин авч, Төрийн ордонд тоо бөглөөд явж болохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хороо сүүлийн хэд хоног олны анхаарлын төвд байна. Хуульч гишүүд нь Эрүүгийн хуулийг эсэргүүцэн байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн. Таны хувьд чуулганы хуралдаан дээр байр сууриа хатуухан илэрхийлж байгаа харагдсан. Өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Миний хувьд өнгөрөгч баасан гаригт тойрогтоо ажиллахаар явсан хойгуур тиймэрхүү зүйл болсон байна лээ. Тэдний хувьд өөрөө өөрсдийгөө л хуульч гээд байгаа болохоос бусад гишүүдийг хуульч биш гэж хэн хэлээд байгаа юм. Энэ Их хурал, Байнгын хороонд хуульч гишүүд хангалттай байна. УИХ-д байгаа 76 гишүүн чинь бүгд хууль тогтоогчид байхгүй юу. Тэд үнэхээр хуульч гишүүд юм бол ингэж байхаар хуулиа батлаад л явах хэрэгтэй болохоос энд тэнд овлигогүйтэж явах шаардлагагүй. Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан. Тухайн үедээ энэ хууль цаг үеэ олсон зөв хууль байсан байж болно. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Одоо хэлэлцэгдээд явж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль цаг үедээ тохирсон, өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа. Өмнөх хуулиас хамаагүй илүү хууль байхгүй юу. Бидний хийх ёстой ажил хууль тогтоох. Өөрсдийгөө хуульч гэж яриад байгаа ч тэдний ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тэд хуулиа уншаагүй байж ингэж ярьж болохгүй. Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт эдгээр гишүүдийг бүлгээс нь оруулсан. Цаана нь ажлын хэсэгт орох хүсэлтэй олон гишүүд байсан. З.Баянсэлэнгэ гишүүн гэхэд Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт орж ажилламаар байсан ч бүлгээс хүнээ томилсон гэдгийг хэлсэн шүү дээ. Эх оронч гэдэг нэрээр эх орноо хорлодог, хуульч нэрээр хуулиа балладаг тийм жишиг рүү явж байна. Үүнийг нь хэлж засахгүй бол өнөө л овлигогүй зангаараа шоудаж асуудалд хандаж болохгүй. Сүүлийн хоёр сар ажлын хэсэг маш ачаалалтай ажилласан. Тэд өөрсдөө орж гараад л явж байсан шүү дээ. Байнгын хороо, Их хурал дээр би цөөнх боллоо гээд үгээ хэлээд явж л байсан. Одоогийн энэ үйлдэл нь тодрох гэсэн, худлаа эх оронч царайлсан хэлбэр. Энэ хуулийг нийгэм нь шаардаж байна. Тэдний хувьд өөрөө өөрсдийгөө би хуульч гэж цоллоод байгаа болохоос бүгд хуульч шүү. Тэдэнтэй адилхан диплом нь байна уу, байна. Үндсэн хууль батлалцаад хууль батлаад 20-30 жил болсон Д.Лүндээжанцан, Л.Болд, Р.Гончигдорж тэргүүтэй гишүүдийн хажууд О.Баасанхүү эд нар ингэж овлигогүйтэх нь инээд хүрмээр зүйл л дээ.

-Одоо яах ёстой вэ?

-Энэ гишүүдийг сонгосон тойрог, бүлэг, намаас нь хуулиа батал аа гээд явуулсан байгаа. Бидний гол ажил хууль батлах. Тэр тусмаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль бол маш чухал хууль юм. Хууль зүйн байнгын хороонд орж, энэ хуулийн ажлын хэсэгт орчихоод ингээд яваад байж болохгүй ээ. Их хурлын гишүүд нь ажлаа хийхгүй бол энэ улс орон чинь юу болох юм бэ. Тэгсэн хэрнээ цалингаа хасуулахгүй бүтнээр нь авна. Ийм үлгэр дуурайллыг ард түмэндээ үзүүлж болохгүй л дээ. Чуулганы хуралдаан дээр хатуу үг хэлсэн байж болно. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд зохих шаардлагаа тавина. Иргэдийн саналыг авч, намын жагсаалтаар орж ирсэн байж болох ч өргөсөн тангарагтаа үнэнч байж сайн ажиллах хэрэгтэй. Ажлаа хийхгүй байгаагаа ард түмэндээ гайхуулж байгаа юм шиг асуудалд хандаж болохгүй. Ажлаа хийхгүй цалин авч, Төрийн ордонд тоо бөглөөд явж болохгүй.

-Байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн гишүүдтэй уулзаж үзэв үү. Байнгын хорооны ирц бүрэлдэхгүй хэцүүхэн байх шиг байсан?

-Хууль зүйн байнгын хорооноос гаръя гэж байгаа бол гарч болно. УИХ-аас гаръя гэж байгаа бол гарч болно. Чаддаг юм бол гараач дээ. Тэр хүний эрхийн асуудал. “Би ажил хийхгүй” гээд байхад нь дарж байгаад ажил хийлгэх хэрэггүй биз дээ. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Ажилд садаа бололгүйгээр бусдад зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Худлаа эх оронч царайлаад улс орныг хорлох ямар шаардлага байнаа. Ц.Нямдорж гишүүнийг бол ойлгож байна. Түүний хувьд 2002 онд уг хуулийг батлахад гар бие оролцон ажлын хэсгийг нь ахалж батлуулж байсан. Тэгэхээр энэ хууль бол Ц.Нямдорж гишүүний хүүхэд гэсэн үг. Тухайн үедээ энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Хууль боловсруулахад би ганцаараа ажиллаад байгаа юм биш. Ажлын хэсэг, Хууль зүйн яам, шүүх прокурорын бүх байгууллагууд нь орж саналаа хэлээд хоёр жил ажилласан. Бусад орнуудын жишиг хуулиудтай жишсэн. Хууль зүйн байнгын хороо О.Баасанхүү, Ж.Батзандан гэдэг хоёрхон гишүүнтэй биш. Цаана нь 10 гаруй гишүүн бий. Ирц хангалттай бүрдэж байгаа. Өглөө ирцэд бүртгэгдсэн бол хурал орхиж гарсан ч гэсэн тэр нь татгалзсанаар гардаг.

-Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө баталсан хуулийг хамгаалж байна. Бусад гишүүдийн хувьд Эрүүгийн хууль дээр сонирхлын зөрчил байгаа болоод эсэргүүцээд байгаа юм болов уу?

-Энэ хууль дээр Их хурлаас байгуулсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт бүлгээс гишүүдээ сонгож оруулсан. Чуулган дээр цөөнх болж үгээ хэлээд явсан байж логикгүй орон гаран юм яриад явах юм. Мэдэн будлиад байгаа юм уу, зориуд мэдэн будлиад байгаа юм уу. Үүнийг нь хүмүүс харж байна. Үргэлж аливаа юмыг буруутгах муулах өнцгөөс хандаад байж болохгүй. Бүх хуулиуд хууль хэлэлцэх дэгийн дагуу явж байгаа. Юу гэж эдний яриад байгаа шиг юм болохов дээ. УИХ дээр үг хэлүүлэх үгүйг хурал удирдаж байгаа УИХ-ын дарга мэддэг болохоос би мэддэггүй. Гишүүдийг үг хэлж байхад би хэзээ ч үгийг нь тасдан дундуур нь орж үг хэлдэггүй. Гадна талд Монгол Улсыг “Hotel Mongolia” гэж байна. Монгол Улсыг шоронжсон улс гэж байна. Манай улс шоронжсон хэвээр цаашаа явах юм уу. Ямар ашиг сонирхол байгаа болоод ингээд байгаа юм бүү мэд. Өөрсдийнхөө өчүүхэн жижиг нэр хүндийг дээшлүүлэх гэсэн популизм хийж байгааг нь хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нөхдүүдийн хэлсэн нь үнэн юм шиг ойлголт төрчих гээд байна.

-Та чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх асуудлын дарааллаас хассан байна гэж байсан. Ямар шалтгаанаар хассан юм бол?

-Уг нь наадмаас өмнө батлагдах ёстой. УИХ дээр 133 хууль байна. Гэтэл гуравхан хууль батлагдлаа гээд Ардын намынхан шүүмжилж байсан. Би гэхэд хоёр хуулийн ажлын хэсгээ ахлан бүх зүйлийг нь бэлэн болгоод бусад хуулиудаа батлаад явж байна. Хууль зүйн байнгын хорооны зогссон ажлууд бүгд явж байгаа. Урин дулааны цагт хууль батлагдаад явбал хууль хүлээж байгаа хүмүүс нь хүртэл ажил, амьдрал ахуйгаа цэгцлээд явчихна. Хуульч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нөхдүүд амьдралын нарийн ширийнийг ойлгох ёстой. Тэгэхгүйгээр шоу хийж, өөрсдийнхөө рейтингийг ямар нэгэн байдлаар өсгөж л байвал болоо гэсэн үзлээр асуудалд хандаж болохгүй.

УИХ-ын даргын зөвлөл гэж байдаг. Баасан гариг бүр долоо долоо хоногоор хэлэлцэх асуудлуудаа баталдаг. Ингэсний дараа дараагийн долоо хоногтоо хэлэлцэх асуудлаа заавал хэлэлцэх ёстой байдаг юм. Гэтэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиа хэлэлцэх асуудлын дарааллаас яасан юм бүү мэд авчихсан байна. Дур мэдэн ингэж хасах ёсгүй. Ингэж үзэмжээрээ асуудалд хандаж болохгүй. Эрүүгийн хууль дээр нам эвслийн бүлгүүд хангалттай завсарлага авлаа.

-Танай нутгаар улс төржилт хэр байна. Ардын намынхан улс төрийн сонгуулийн аянаа зарлачихлаа?

-Би сүүлийн үед амралтын өдрүүдээр Баянхонгор аймагт очиж тойргоороо явж байна. Иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсож байгаа. Хуулийн төсөл, бодлогод тусгах юм юу байна гэдэг саналыг авч байна. Төвийн аймгуудаар гантай байгаа гэсэн ч Баянхонгор аймагт зуншлага сайхан байнаа. Хүмүүсийн сэтгэл санаа байгаль цаг уураа дагаад сайхан л байна лээ. Бүх намууд хамтраад ажил хийх гэж байгааг ойлгож байна. Улс төр тогтвортой байгаасай гэж хэлж байсан шүү. Засгийн газар тайлангаа тавьж иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байгааг хэлэх ёстой. Манай тойргийн иргэд тэтгэврийн насыг нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Хууль зүйн байнгын хороо тааруу ажиллаж байна гэдгийг байнгын хорооноос гарах хүсэлтээ өгсөн гишүүд илэрхийлж байсан. Хаврын чуулганы хугацаанд ямар хуулиуд дээр ажилласан юм. Үнэхээр тийм чамлалттай байгаа юм уу?

-Хууль зүйн байнгын хороо сүүлийн нэг жил маш ачаалалтай ажиллаж байгаа. Гацаанд орсон байсан Галын аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Шүүхийн болон прокуроруудын хуулийг баталж гаргасан. Манай байнгын хороо боломжийн ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хуулинд оруулсан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ. Тэгвэл өчигдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс 25 хорих байгууллагатай. Үүнээс үзэхэд наймаас 10 мянган хоригдлыг үйлдвэрлэж байдаг махны машин байгүй юу. Энэ Эрүүгийн хуулийн гол зорилго хорих ялыг хавтгайруулан хэрэглэж бүгдийг нь шоронд явуулдаг байдлыг таслан зогсоох юм. Уг хуулинд хорихоос өөр ялыг нэмэгдүүлж байгаа. Түүний нэг нь хуулийн төсөл өргөн баригдах үед гэрийн хорио гэх нэршлээр өргөн баригдсан ч чуулганаар эрх чөлөөг хязгаарлах ял болон хувирсан зүйл анги л даа.

Өмнө нь албадан хөдөлмөрлүүлэх гэдэг гоё үгтэйгээр зорилгоо хэрэгжүүлдэг байсныг нийтэд тустай ажил хийх гэдэг ял болгож хувиргаж байна. Ял эдэлж байгаа хүнийг хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлэх гэж байгаа бол үр дүн нь нийтэд тустай байхаас биш хэн нэгний хувийн байшинг барьдаг байж таарахгүй. Энэ мэтчилэн философийнхоо хувьд ялгаатай болж өгсөн.

-Эрүүгийн хуульд ямар шинэтгэл хийгдэж байгаа вэ. Хуулинд хэрхэн тусч байгаа бол?

-Эрүүгийн хуульд томоохон ямар шинэтгэл бий болж байна гэхээр хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татдаг, ял оноодог шинэ механизм бий болж байна. Өмнө нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс гэмт хэрэг хийчихээр хуулийн этгээд нь биш нягтлан, гүйцэтгэх захирал нь юм уу шийдвэр гаргасан, ажил хариуцаж байсан хэн нэгэн хувь хүн шоронд ордог байсан. Юун түрүүнд татвараас зайлсхийсэн гэмт хэрэг гэнгүүт нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг нь юун түрүүнд барьж хорьдог байсан бол одоо хуулийн этгээдийг мөрдөн шалгахад тусдаа журам үүсгээд ямар нэгэн хувь хүнийг барьж, хорих тухай ойлголт байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр хавтгайруулан хорьдог систем арилж байна л даа. Мөн хуулийн этгээдийн ялыг хэн нэгэн хувь хүн үүрдэг байдлыг таслан зогсоож байгаа. Энэ нь ял халдан хэрэглэх зарчмыг хэрэглэхгүй байх гэсэн Үндсэн хуулийн зарчмыг бодит утгаар нь бий болгож байгаа юм.

-Гүтгэх гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хууль руу оруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уг хуулийн хамгийн гол зүйл нь мэдээж доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа юм. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна. Судалгаанаас харахад ердийн гүтгэх гэмт хэргийн дийлэнх нь сэтгүүлчид рүү эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна. Тиймээс социалист агуулгатай гүтгэх гэдэг гэмт хэргийг болих ёстой. Харин гэмт хэрэгт холбогдуулж хүнийг гүтгэсэн байх юм бол шүүхэд худал мэдүүлэх гэдгээр өөр гэмт хэргээр явах ёстой. Энэ хүнийг хулгай хийж байхыг харсан, энэ хүнийг хүн алж байхыг харсан гэж худлаа ярьсан бол шүүхийн өмнө худлаа гэдгээ хэл гэдэг зарчим руу явж байгаа.

Сонгуулийн үед сонгуулийн дүнд нөлөөлөх, будлиантуулах, төрийн эрх хууль бусаар авах зорилгоор нэр дэвшигчдийн талаар илт худал мэдээлэл тараах юм бол энэ нь өөр гэмт хэрэг болж тусад нь хуульчилна гэж асуудлыг шийдэж байгаа. Энэ мэтчилэнгээр Эрүүгийн хуулинд дэвшилттэй олон зохицуулалт орж байна. 25 жилийн өмнө ардчилсан зах зээлийн иргэний нийгмийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийг хүндэтгэдэг энэ үнэт зүйлсээ хамгаалдаг Эрүүгийн хуультай болж байна гэсэн үг.

-Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хууль руу оруулсан ч хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ нь хоёр сая төгрөгөө өгөөд гүтгэлгийг улам хавтгайруулах юм биш биз гэсэн санаа гарч байсан. Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ?

-Одоо байгаа хуулиар таван жил шоронд сууна гэсэн байгаа. Үүнийгээ дэнслээд үзэхгүй юу. Та таван жил хайртай хүмүүсээсээ хол, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй шоронд суух уу эсвэл хоёр сая төгрөг хүртэл торгуулах уу гэдэг нь таны сонголт. Ер нь бол гүтгэх гэдэг чинь хориотой зүйл. Хууль бус худал мэдээллийг тарааж хүний нэр хүндэд халдана гэдэг чинь угаасаа хууль бус үйлдэл.

Хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох нь торгуулийн хэмжээ. Түүнээс хохирсон хохирлоо төлүүлэх нь иргэний эрхийн асуудал. Тиймээс мөнгөтэй хүн болгон бүгдийг хийгээд байна гэсэн үг биш.

-Твиттер, фэйсбүүкт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө торгуулах, ял эдлэх заалт орж байгаа гэсэн. Тэр юу болсон бэ?

-Одоогийн Эрүүгийн хуулиар твиттер, фэйсбүүкээр бүү хэл хоёр хүн хоорондоо ярьж байхдаа гүтгэх юм бол шийтгүүлэх хуультай. Одоо бид ямар хуулин дор амьдарч байгаа вэ гэдгээ унших ёстой. Тэгэхгүйгээр цоо шинэ зүйл ороод ирчихсэн мэт харж болохгүй. Гурван хүн зогсож байгаад нэг нь яваад өглөө гэхэд үлдсэн хоёр нөхөр нь муу хэлэхэд доромжилсон гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.

-Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн хуулийг дэмжихгүй гээд чуулганы хуралдааныг орхин гарсан байна. Гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар заалтууд уг хуульд тусчихаад байгаа юм бэ?

-Мэдээж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаралгүй л яахав. Манай улс шинэ нийгэмд шилжээд 25 жил болж байгаа боловч хууль бичдэг хэл нь социализмаараа, ойлголтууд нь социалистоороо б а й н а . Ө н ө ө д ө р г э х э д экстермист үйл ажиллагаа явуулах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах гэдэг хоёр ойлголтыг Монгол Улсын Эрүүгийн хуулинд яаж оруулах вэ гэдэг дээр маргаан гарч байна. Өмнө нь энэ ойлголт манай улсад байгаагүй. Тухайлбал, экстермист үйл ажиллагаа гэж юуг хэлээд байна вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчдыг хөөе, гадны хөрөнгө оруулагчид Монголын баялгийг сорон мөлжиж байна гэдэг ч юм уу иймэрхүү үзэл бодол байж болно. Энэ үзэл бодлоо илэрхийлэх эрх 100 хувь иргэнд нээлттэй байгаа. Эрхээ эдлэхдээ харин гадны хөрөнгө оруулагчдыг харсан газраа бууд, хятад хүнийг хүн биш гэж тооцох тул тааралдсан газраа зодъё ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар Монгол Улсын ямар ч хуулиар хүний өмч хөрөнгө рүү дураар халдах, амь насыг бүрэлгэх эсвэл нэр төрийг нь шууд гутаан доромжилсон байдлаар хүч хэрэглэж халдахыг хориглодог. Энэ чинь хууль бус үйл ажиллагаа. Тэгэхээр экстермист үйл ажиллагаа гэдэг маань нэгдүгээрт хууль бус. Хоёрдугаарт хүч хэрэглэсэн байдаг юм байна. Гуравдугаарт өөрийн үзэл бодлыг цорын ганц туйлын үнэн гэж үзэн бусдыг үгүйсгэдэг. Энэ чинь өөрөө социализмын үед Марксист үзэл туйлын үнэн өөр зүйл яривал буруу номтон гэж үздэг тэр агуулгаар ялгарах юм алга. Хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг орнуудад экстермист үйл ажиллагааг хуулиараа хориглодог. Тэр нь манайд шинэ ойлголт тул хэрхэн орчуулах вэ, яаж томъёолох уу гэдэг маргаан гарч байна. Тэгэхээр үүнийг хуучин социалист хэлээр бичиж болохгүй. Тиймээс шинэ хэлээр бичиж таарах тул маргаан гарч байгаа юм.

-Ямар маргаанууд гарч байгаа вэ?

-Шинэ Эрүүгийн хуультай холбоотой маш их маргаан гарч байгаа. Эрдэмтэд маш хүчтэй эсэргүүцсэн. Эсэргүүцэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг шиг шинэ ойлголтуудыг ойлгохгүйгээсээ болж зарим нь эсэргүүцэж байна. Зарим хэсэг нь хувийн ашиг сонирхолтой байна л даа. Тухайлбал, хуучин Эрүүгийн хуулиар маш их ном биччихсэн хүний тэр ном шинэ Эрүүгийн хууль гарчихаар үнэгүй болох нь. Миний хичээлийн агуулга утгаа алдах нь гэсэн бодолтой хүмүүс ч байгаа шүү. Өөр нэг хэсэг нь хуучин хуулийн нэр томъёогоор сүржигнэн хүнийг айлгадаг байсан бол одоо өөр болж эхэлсэн.

Санал хураалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагчийг гүтгэх юм бол гэмт хэрэгт тооцно гэдгийг алга болгож байна. Учир нь хүмүүсийн хамгийн ихээр хүсдэг зүйл нь эрх чөлөөгөө хамгаалахын тулд хардаж, энэ чинь юу вэ гэж асуух ёстой хүмүүс нь прокурорууд байхгүй юу. Тэдний гарт хууль гэдэг том хэрэгсэл бий. Харин нөгөө хүмүүсийн гарт юу ч байхгүй аманд нь өөрийгөө өмгөөлөх үг л байдаг. Тэгэхээр үгээ хэлснийхээ төлөө шүүгч, цагдаа, прокурорыг гүтгэсэн гээд гэмт хэрэгт холбогдож болохгүй байхгүй юу.

Бид 1992 оны Үндсэн хуулиар нэр төр гэдэг ойлголт бол хувь хүнд байдаг гэж оруулж өгсөн. Төрд харин нэр төр гэдэг ойлголт байхгүй. Төр гэдэг чинь хүний жам ёсны эрхийг хангаж өгөхийн тулд үүссэн үүсмэл зүйл тул хүний нэр төрийг үгүйсгэж болохгүй гэсэн үзэл санаа руу орсон мөртлөө одоог хүртэл социалист агуулгаараа төрийн нэр хүндийн тухай ярьж болохгүй. Гэх мэтчилэн үнэт зүйлсийн ялгаа байгаа тул үүн дээр зөрчилдсөн хүмүүс шүүмжилж байна.

-Та хуулийн салбарыг шинэчилнэ гэж байсныг санаж байна. Гэтэл шинэ сайд гараад хуучин хэвэнд нь оруулах зүйл яриад байх шиг байсан л даа. Энэ үед Эрүүгийн хууль гарч байна. Хуулийн салбар цаашид хэрхэн явах бол?

-Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан Эрүүгийн хуулийг татаж аваад Эрүүгийн хуулийг дахин өргөн барьсан. Өмнөх хуулийн төслөөс ялгаатай зүйл бараг байхгүй. 95 хувь нь бараг тэр чигээрээ өргөн баригдсан болохоор эрүүгийн шинэтгэлийн үйл явц дэмжигдээд явж байна. Анх гүтгэх гэмт хэргийн Зөрчлийн хуулинд оруулсан байсныг эргүүлээд Эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэж оруулсан байсныг Их хурал дээр хасаад Зөрчлийн хууль руу орууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Ажил хийх хүмүүсээ томилох нь ажил хэрэгч явдал

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-АН МАН-ыг Засгаас хөөх үү гэдэг яриа сүүлийн үед газар авлаа. АН бүлэг хуралдаад МАН-ыг Засгаас гаргах нь зөв гэсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл нь гаргана. Эдийн засаг ийм хүнд байхад холио солио хийх нь зөв үү. Улс төрийн энэ процессыг та хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн холио солио хийх нь эдийн засагт тийм ч бэрхшээлтэй биш. Ажил нь урагшаа явахгүй байгаа бол солих л хэрэгтэй. Эдийн засаг хямарчихсан байна гээд ажил нь таг зогсчихоод байхад байлгаад байж болдог юм уу. Энэ намууд Засагт яах гэж хамтарсан юм. Ажил хийх гэж хамтраа биз дээ. Гэтэл хоёр нам ажлаа дүгнээд үзсэн чинь ажил нь явахгүй байна гэсэн. Одоо бол ажил хийх хүмүүсээ томилоод ажиллуулах нь зөв. Тэгэхгүй нэг нь хөөнө, нөгөө нь хөөгдөнө гээд заваараад суугаад байх юм уу. Ийм улс төрийн соёл байдаг юм уу.

Ажил нь явахгүй байгаа бол ажил хийх хүмүүсийг нь томилж чадвал харин ч ажил хэрэгч явдал болно гэж хувьдаа бодож байгаа. Тэгэхгүйгээр дургүй ламд дарж байж сахил хүртээх юм уу. Хэрэв тэгвэл энэ улс орны эдийн засаг чинь улам л муудна. Хэн хэн нь ажлаа дүгнээд ажил нь явах замыг олох ёстой.

-Таны харж байгаагаар ямар зам байна вэ?

-Ажил хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүсийг солих хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Өөр аргагүй. Тэгэхээс өөр аргагүй гэдэг нь харагдаж байна.

-МАН Засгаас гарлаа гэхэд Засгийн газраа хэрхэн бүрдүүлж ажиллах юм. Бас л цаг хугацаа алдсан зүйл болох болов уу?

-Ард түмний сонголт ямар байна түүнийг дагах хэрэгтэй. 2012 оны сонгуулиар ард түмэн ямар сонголт хийсэн юм. Хэн нь ачаагаа үүрч, хэн нь хяналт тавиад яв гэсэн юм гэдгийг бодох л ёстой. Тэр саналыг харгалзан үзэх ёстой байх аа.

Нөгөө талаар ажлаа үр дүнтэй явуулах замаа олох шаардлагатай. Дубайн гэрээ шиг ийм олон гэрээ хэлцэл хийгээд байвал ард түмний эрх ашигт ноцтой харшилна. Тэгээд үүнийгээ засч залруулахгүй юм. Монголчуудын эрх ашигт нийцсэн гэрээг оруулж ирэхгүй бол энэ сайд нараа солиод чаддаг хүмүүсийг нь оруулж ирээ гэсэн байр суурьтай байна. Алдаа дутагдлаа засах бололцоог нь бид олгосон. Бид харсаар л байна. Гэвч таг дуугүй амандаа ус балгачихсан юм шиг байсаар байна л даа. Нийтлэг эрх ашгаа хохироож байснаас нийтлэг эрх ашигт нийцэх шийдвэр гаргаж чадах хүнээ тавиад яв.

-“Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн энэ асуудалд ямар байр сууринаас хандах юм?

-“Шударга ёс” эвслийн бүлэг Дубайн гэрээгээ засч сайжруул. Тодорхой заалтуудаа эргэж хараад зас гэдгээ хэлсэн. Бид нэгдмэл байр суурьтай байгаа. Хэрвээ энэ Засгийн газарт боломж олгоод байхад сайжруулж чадахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцно гэдгээ би мэдэгдэл гаргаад зарласан.

-Дараагийн Засгийн газрын зураг гээчийг гаргаад эхэлчихэж. МАН-ын зургаан сайдын оронд Шударга ёс эвсэл Сангийн сайдад хүнээ оруулна. Тэр нь таныг гээд бичигдээд эхэлсэн байна?

-Одоогоор албан ёсоор яригдсан юм алга. Энэ яахав таамаг төдий зүйл явж байгаа байх.

-Хэрэв энэ таамаг үнэн байгаад таныг сайд бол гэвэл яах уу?

-Эхлээд энэ Засгийн газар ямар байх ёстойг шийдэх хэрэгтэй. АН аль нам, эвсэлтэйгээ хамтарч, ямар харьцаатай Засгийн газраа байгуулах вэ гэдэг нь яригдаагүй байхад янз бүрийн таамаг дэвшүүлээд хэрэггүй байх. Одоогоор МАН Засгаас гараагүй байна. АН дараагийн Засаг байгуулах ажилдаа ороогүй байгаа биз дээ. Урьдчилж ярина гэдэг чинь цуурхал дэгдээсэн хэрэг болно шүү.

-УИХ, Засгийн газарт нэлээд удсан хүний хувьд Засгийн газарт ямар боломж гаргаад ажиллавал үр дүнд хүрэхээр харагдаж байна. Засгийн газрын алдаа нь кабинет толгойлж буй Ерөнхий сайддаа байна уу эсвэл энэ намуудад байна уу?

-Улс орны хөгжилд дэмтэй сайн сайхан зүйл хийж чадахгүй бол ядаж монголчуудын эрх ашигт муу юм л битгий хийгээсэй. Сонгууль дөхсөн, хугацаа бага үлдлээ. “Ид шид гэдэг зүйл байдаггүй юмаа. Асар их зүйлийг хүлээж байна. Энэ бодитой биш шүү. Амьдралаа зөв залгуулахаас ажлаа эхлээрэй” гэдгийг энэ Засгийн газар байгуулагдахад хэлж байсан. Өнөөдөр бид Монгол Улсын ирээдүйд хортой асуудлуудыг шийдэж бужигнуулмааргүй байна. Одоо ид шидэнд найдаад хэрэггүй ээ. Монголчууд бид өөрсдөө л энэ байдлаас гарна. Ухаанаа уралдуулж байж зөв замаа олох хэрэгтэй байна. Юуны өмнө нөхцөл байдлаа ойлгож түүнд тохирсон бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр (өчигдөр) УИХ дээр Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудал хэлэлцэгдэж эхлэхэд “Хоёр удаа тодотгол хийж өгчихөөд байхад яагаад төсөв тасраад байна” гэдгийг гишүүд асууж байна. Тэгэхээр бид бодлогоо онож гаргаж чадахгүй байгаа гэсэн үг. Өнөөдөр байгаа байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт өгч өөрсдийнхөө хүчин чармайлтыг нэмэгдүүлж ажиллах ёстой. Хэн нэгэнд итгээд, ид шидээр бүх зүйл шийдэгдэнэ гээд суух шаардлагагүй.

Шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэдэг юм. Бид энэ байтугай хүнд байдлаас гарч байсан ард түмэн. 1990-1992 онд нөхцөл байдал ямар байсныг та бараг санаж байгаа байлгүй. Тийм хүнд байдлыг бид даваад л гараа биз дээ. Улс төрийн систем солигдоод эдийн засгийн чадвар ямар байдалд байсан билээ. Бүгд л санаж байгаа. Үйлдвэрүүд зогсож, юмны үнийн өсөлт 320 хувьд хүрчихсэн байхад саалийн ганц үнээ Эрдэнэтийн баялгийн үнэ урьд хожид байгаагүйгээр уначихсан байлаа. Улсын төсөвт орлого бүрдүүлэх нь бүү хэл улсаас дэмжлэг авдаг болчихсон байхад бид зөв бодлогоор даваад гарсан. Өнөөдөр бол Эрдэнэт хэвийн үйл ажиллагаагаа явуулж, Оюу толгой гээд Эрдэнэтээс гурав дахин том үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орчихсон байна. Зөв бодлого явуулж чадвал энэ байдлаас гарна.

-Зөв бодлогоо тодорхойлж чадахгүй байгаа нь юундаа байна вэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гээд парламентад суудалтай бүх нам хамтарсан. Өнөөдөр гэтэл би, чи дээ тулаад сууж байх юм?

-Мэдээж улс төржилт шүү дээ. Бүгдээрээ нийлээд эрүүл саруулаар үзэл бодлоо нэгтгээд явахын оронд улс төрийн хожоо хайж байна. Бие биенийхээ үйл ажиллагааг гуйвуулж байна. Үүнээс болоод бид улс төрийн нэгдмэл бодлогоо зангидаж чадахгүй байгаа юм. Энэ гэхдээ бидний муугаас ч болоод байгаа юм биш.

-Өөр ямар хүчин зүйл байна гэж?

-Гаднаас орж ирсэн бодлогын нөлөөнд автагдчихаад байна.

-Тухайлбал?

-Ойлгомжтой. Монгол­чуудыг аль болох дотор нь нэгдмэл байр суурьтай байлгахгүй байх. Хооронд нь талцуулж, толхилцуулах бодлого бариад тэр хооронд нь байгалийн баялгийг нь хямд үнээр цөлмөж авах гэсэн гадны бодлого явж байгаа нь нууц биш.

Харамсалтай нь бид үүнийг нь ухаарч, луйврын аргыг нь олж хардаггүй. Нэг хэсэг нь тэдэнд худалдагдаад гар хөл нь болчихоод давхиад байдаг.

Нийлээд нөхцөл байдлаа сайжруулаад гадныхантайгаа хэл амаа ололцъё гэхийн оронд хоорондоо толхилцоод дууслаа.

-Ер нь сүүлийн сонгуулиудыг харж байхад аль нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж дангаараа засаглах боломж харагдахгүй байна. Аль нэг намтай эвсэж Засгийн газраа байгуулан ажиллаж байж үр дүнд хүрэхээр байгаа. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хамтраад ч нэмэргүй болж байх шиг байна?

-Энэ бол 2004 оноос хойш болж байгаа үйл явдал. 2004 оны сонгуулиас хойш үнэмлэхүй олонх болсон нам байгаагүй. Ганцхан манайх гэлтгүй дэлхийн бусад орнуудын жишиг ч мөн ийм л байна. Одоо бол хуучных шиг нэг нам нь 72 суудал авдаг нөхцөл байдал алга болсон. Аль болохоор эвсэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болоод байгааг ухаалгаар шийдэх болохоос хамтарч байна гээд хуйвалдаж, нуудаг байж болохгүй.

Ирэх оны сонгуулиар ч гэсэн аль нэг нам үнэмлэхүй олонх болж чадахгүй байх. Тиймээс эвсэж хамтарч л ажиллана. 1990 оноос хойш эдийн засгийн өөрчлөлтийг ажиглаад байхад эвсэж, хамтарсан үедээ бид алдсан байдаг. Хамтрах бүрт эдийн засгийн бэрхшээл, уналт явагддаг байсан нь тодорхой болчихсон зүйл. Тэгэхээр бид хамтарч ажиллах тал дээрээ чадвар муутай юм болов уу. Үүн дээр дүгнэлт хийх хэрэгтэй байх. Ийм нөхцөл байдал үүсвэл уулын согоо үзээд унасан морио мартдаг байж болохгүй. 2012 оны сонгуулийн дараа улс төрийн хүчний хуваарилалт оновчтой болсон гэж боддог. Олонх болсон АН нь улс орныхоо төлөө үүрэх ачаагаа үүрч, МАН хяналтаа тавиад явах боломж байсан ч бие биедээ дэгээ тавьсан. Бие биенээ үгүйсгэсэн. Ил далд, гадна дотноос нь шахаж, хатгасаар байгаад Засгаа өөрчилж авсан. “Бид чадна, ороод сайхан болгоод өгнө” гэсэн. Сайхан болж байгаа зүйл харагдахгүй л байна даа. Сүүлдээ багтахаа байгаад бие биенээ хөөж туухдаа хүрч байна. Улс төрийн хамгийн соёлгүй явдал чинь энэ. Хариуцлагатай улс төрийн хүчнүүд ийм хариуцлагагүй юм яриад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Тиймээс бид туйлын буруу замаар яваад байна.

-Зөв замдаа ороод явъя гэхээр бүлгүүдийн ашиг сонирхол, фракцуудын зөрчил нь яалт ч үгүй талцуулаад байх шиг?

-Нийтлэг эрх ашиг гэж нэг юм байх ёстой. Түүнд бүх эрх ашиг захирагдаж байх ёстой гэж би боддог. Гэтэл хэсэг бүлэг фракцийн эрх ашиг давамгайлаад ирэхээр бүх зүйл утгаа алддаг. Нэг эрх ашгийнхаа доор нэгдээд явбал ийм зүйл болохгүй. Дээр асуудал намуудад байна уу гэж та асуусан. Тиймээ асуудал намуудад байна гэдгийг одоо хэлчихье. Парламентыг намууд бүрдүүлдэг. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн хамт олны төлөөлөл байдаг. Гэтэл намууд маань гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалалгүйгээр тодорхой эрх ашиг, намын удирдлагад гарсан хүмүүсийн сонирхлоос болж буруу яваад байна.

-Тэгэхээр энэ Засгийн газрын аль намд нь асуудал байгаа юм бол. Олонх болсон АН, Засагт дагаж орсон МАН-д байна уу?

-Аль алиндаа байна. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг зүйл болчихсон. Нэг нь цав цагаан нөгөө нь хав хар байгаа юм биш. Парламентад байгаа намуудын төлөвшил ийм л байна.

-Засгийн газраас наадмын өмнө Таван толгой, Гацууртын ордын төслийг дахин өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн яриа гарчээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Үүнийг сонсохоор Засгийн газар тийм ч хурдан сэлгээ хийхгүй бололтой гэж ч бодогдох юм?

-Чуулган завсарлахын өмнө, баяр наадмын үеэр хүмүүсийн анхаарал төвлөрч амжаагүй байхад нь асуудлыг чимээгүйхэн шийддэг муу зуршил хэвшил болчихсон. Бүх чуулганы төгсгөлийг аваад үзээрэй. Яг ийм байгаа. Магадгүй хаврын чуулганы төгсгөлөөр зарим асуудлууд хоёр, гурав дахиа орж ирэх байх. Цаана нь ямар нэгэн сонирхол байгаа болоод зүтгүүлдэг биз. Тийм болохоор чуулганы төгсгөлд ямар нэгэн иймэрхүү асуудал хэлэлцэхгүй байх нь зөв. Намрын чуулганы төгсгөлд гэхэд “Шударга ёс” эвслийн бүлэг таван удаагийн завсарлага авсан. Асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй гээд завсарлага авсан юм. Бидэнд байгаа хөшүүрэг нь тэр байсан ч бид чадаагүй. Тиймээс энэ байдал давтагдахыг үгүйсгэхгүй.

Би бол өөрийнхөө энэ байр суурин дээр хатуу байна. Нөхцөл байдал өөрчлөгдлөө гээд хувираад байдаг хүн биш. Гацууртын ордыг дахин оруулж ирээд хэрэггүй. Тэртэй тэргүй шийд гарчихсан. Тавал толгойн орд газрын асуудлыг нэлээд нухацтай шийдэх ёстой. Түүнээс биш босон суугаа ийм үед шийддэг асуудал биш. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг нухацтай ярих хэрэгтэй. Асуудлыг нухацтай авч үздэггүйгээс болоод алддаг. Оюу толгойн гэрээг үндсэндээ Их хурал хэлэлцэж батлаагүй шүү. Их хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хийчихлээ гэсэн. 2008 оны тогтоолоор удирдамжийг нь баталж өгсөн. 2009 онд Эдийн засгийн байнгын хороогоор нарийвчлах асуудлуудыг нь зааж өгсөн юм. Гэхдээ тэр нь гэрээнд яаж туссан бэ гэдгийг Их хурлаар авч хэлэлцээгүй. Үүнээс болж өнөөдрийн энэ ойлгомжгүй байдал үүссэн. Ил тод нээлттэй хэлэлцэж нэгдмэл байр суурьт хүрэх ёстой.

Э.ЭНХБОЛД