УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Сүүлийн үед улстөрчдийн ааш аягийн талаар ярих боллоо. Таны хувьд уиХ-д гурван удаа сонгогдсон, сангийн сайд, бүлгийн даргаар ажиллаж байгаа туршлагатай хүн. улс төрчдийн зарчим ямар байх ёстой юм бол, тухайлбал та ямар зарчим баримталдаг вэ?
-Өнөөдрийн улс төрийн араншин өөрөө сонин болчихлоо. Нэг хэсэг нь айхтар шударга ч юм шиг, эсвэл бүхэлдээ хулгайч, луйварчин ч юм шиг. Нийгэм биднийг ойлгох нь байтугай бид өөрөө өөрсдийгөө ойлгохоо байчихсан байна. Улстөрч хүний хувьд “би ийм хүн” гээд өөрийгөө тодорхойлох нь сонин биш. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол өөрийн гэсэн бодолтой, хүнээрээ л байх. Түүнээс биш “Улааныг үзэж урван, шарыг үзэж шарвана” гэгчээр зангаа өөрчлөөд байдаггүй. Бид чинь социализмын үеийн бүтээгдэхүүн. Ёс зүй, дэг журам, жудаг гээд олон зүйлсийг бид үнэт зүйлээ болгож ирсэн. Тэр л хүмүүжлээр хүмүүжсэн учир надаас социализмын үеийн хүмүүжил илүү тод харагддаг байх гэж боддог.
Үүнийг би муу чанар гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бид эргэн санах үнэт зүйлстэй хүмүүс. Өнөөдөр улс төрөөс эхлээд бүх зүйлс яагаад ийм сонин байдалд орчихов оо гэвэл үндсэндээ бид энэ нийгэм, амьдрал, нам, найз нөхөрлөлийн хүрээнд байсан бүх үнэт зүйлсээ гээчихээд байна. Тийм учраас бид өнөөдөр гэнэт шинэ сэргэг юм ярихаасаа илүү хуучин байсан үнэт зүйлсээ сэргээхийн төлөө явах ёстой. Хэрэв тэгвэл энэ нийгэм болон улс төрийн өнгө аяс ч өөр болно гэж боддог.
-Таны хэлсэнчлэн улстөрчдийг хулгайч, луйварчин, иддэг, уудаг гээд муу муухайгаар цоллож байгаа нь үнэн. “Тийм ч тендер тэрэндээ авч өгсөн” гээд л ярьдаг. Таны хувьд харин мөнгө санхүүгийн асуудалтай холбогдсон асуудал бараг дуулддаггүй?
-Улс төрчдийг нийгэмд хулгайч, луйварчин гэж хэн зарлаад байгаа юм бэ. Ард түмэн гэхээсээ илүү улстөрчдийг муу муухайгаар цоллож байгаа хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Өнгөрсөн 27 жилийн хугацааг эргэн харахад улстөрчид л улстөрчдийгөө хулгайч, луйварчин, лицензчин, тендерчин, газрын наймаачин болгосон. Түүнээс биш ард түмэн УИХ-д сонгогдоод ирсэн хүмүүсээ “Хулгайч, луйварчин гараад ирлээ” гэдэггүй л байхгүй юу.
Дээрх үгсийг ард түмэн рүү нялзаахаасаа өмнө улстөрчид өөрсдийнхөө юу ярьж, хийж байгаагаа эхэлж бодоод гаргасан алдаа завхарлаа засах чиглэл рүү явах ёстой. Өөрсдөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Зарчим, шударга ёс ярьдаг бол өөрөө зарчимтай, шударга байх ёстой. Тендер, лицензтэй холбогдсон зүйлс зөндөө л дуулддаг. Тэдгээрээс хэд нь үнэн, хэд нь худал вэ гэдгийг хэлэхэд хэцүү.
Өнөөдрийн нам доторх хуваагдал, бие биенээ давж илүү харагдах гэж, өөрөө шударга болж харагдах гэж бусдыгаа гутаан доромжилдог, гүжирддэг гүтгэдэг явдлыг л би увайгүй улс төр гэж боддог. Хүссэн хүсээгүй бид өөрсдөө энэ байдал руу гулгаад орчихлоо. Хэн нэгнийг харлуулъя гэвэл хэвлэл мэдээллийнхэнтэй тохиролцож байгаад балбаж эхэлдэг. Хуучин цагт “Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж алдаг” гээд ярьдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бид тэр зүйл рүү буцаж шилжээд байна. Сошиал орчинд ямар ч хүнийг үхдэл болтол доромжилж чадаж байна шүү дээ. Шал худлаа юмыг үнэн зөв болтол, харийн хүн байтугай хажууд нь байгаа хань ижил нь хүртэл жигшихээр хэмжээнд хэн нэгнийг харлуулж чадаж байгаа нь нууц биш.
Энэ бүхэн чинь дээр хэлсэн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанартай холбоотой асуудал. Эдгээр зүйлээс хүмүүс холдсоны гай шүү дээ. Тиймээс л би хуучин үнэт зүйлсээ сэргээж, урагшаа харж явах ёстой гэж дахин дахин хэлэх гээд байгаа юм. Ингэхийн тулд улстөрчдөөс өөрөөс нь асар их ухаан, тэвчээр, хүлээц шаардаж байгаа. Миний хувьд хууль зөрчиж төр түмнээсээ хулгай хийсэн, тендер авсан нэг ширхэг ч юм байхгүй.
-Одоогоос жил хагасын өмнө УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч баяраа тэмдэглэж байлаа. Харин жилийн дараа бүлэг нь хоёр хуваагдчихлаа. Бүлгийн даргын хувьд мэдээж эмзэглэж л яваа байх. 65 толгойг нэг чигт харуулна гэдэг амаргүй. Таниас их ухаан шаардаж байна уу?
-Манай намын дотор болоод буй зүйлсийг хүмүүс олон өнцгөөс харж байгаа байх. Мэдээж “65-ын бүлгээ базаж чадахгүй байна” гээд надад буруу тохож байгаа зүйлс бий. Би шүүмжлэл бүрийг сонсож байгаа. Аливаа зүйлд заавал шалтгаан байдаг. Энэ талцсан байдал бүлгийн даргаас болов уу, өөр хүчин зүйлсээс болов уу гэдэг нь олны өмнө ил шүү дээ.
Би 65-ын бүлэг дотроо “Та нар ард түмний итгэлийг дааж сонгогдсон улстөрчид. Хэн нь ч ялгаагүй тойрог бүрээс мандатаар сонгогдсон. Би компанийн захирал, та нар ажилчид биш. Учир нь та нар улстөрчид. Хууль тогтоох эрх бүхий байгууллагын хууль тогтоогчид. Та нарын үг үйлдэл, ухаанаас олон зүйл шалтгаална шүү. Би та нарыг нэг тогоонд базаж, нэг жимээр явуулах гэж хүчлэх албагүй. Тийм боломж ч байхгүй” гэдгийг хэлдэг. Үнэндээ 65 хүнийг та нар ингэ, тэг гээд хэлэх утгагүй. Харин энэ 65 хүн юунд захирагдах ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бидний дээр өөрсдийг нь нэр дэвшүүлсэн нам гэж байна. Тиймээс намынхаа Үндсэн хууль болох дүрэм, ёс зүйд захирагдах ёстой. Бүх зүйлд хүндэтгэлтэй хандах учиртай. Хэрэв ингэж явж ирсэн бол өнөөдрийн хагарал гарахгүй байсан. Би бодоод байгаа юм.
-Юу гэж?
-“Энэ 65-ыг дотор нь хэн хагалчихав аа” миний бодоход 65 дотроосоо өөрсдөө хагалчихаагүй юм шиг байгаа юм. Харин 66 дахь хүн хагалчихлаа гэж хараад байгаа. Тийм учраас улс төр хийхийн тулд улстөрч хүн ухаан зарах ёстой. Өнөөдрийн бидний алдаанаас дараа үе минь суралцаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна. Өмнөх үеэсээ суралцан ирээдүй рүү харж бодлоо цэгцлэн ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр эргээд хартал бид өмнөх үеэ сонсч байна уу гэвэл үгүй. Ирээдүйгээ харж, хандан ажиллаж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Залуу, дунд, ахмад үеийн гурван цагийн хэлхээ хэмээн шүлэг найраг шиг дуулж явсан бүхэн бараг алга болчихлоо.
Хоёр тал болж суучихаад маргаж, мэтгэлцэж байгаа зүйлс бий. “Бид эв зүйгээ олно. Нэг чигт явж байгаа” гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ би хэлсэн. Учраа олж л байна. Эв зүйгээ олж чадна. Ингэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл , сахилга бат, юу юунаас чухал. Өнөөдөр бидэнд нэг хэцүү зүйл байна. “Чи намын шийдвэрээс ухарлаа, чамд арга хэмжээ авнаа” гэхэд “Намын дүрэм журмаа зөрчөөд Засгийн газраа унагаагаад сөрөг хүчинтэйгээ нийлээд явчихсан хүмүүстээ эхлээд хариуцлагаа тооцчих” гээд ам тагладаг.
Засаг унах болсон үндсэн шалтгаануудыг бүлгийн даргын хувьд өөртэйгөө хамаатуулах гээд бодоод үзэхэд миний баримталж явдаг ёс зүй, зарчмаас өөрөөр явчихсан. Яагаад гэвэл бүх зүйл хууль дүрмийнхээ хүрээнд явах ёстой гэж би боддог хүн л дээ. Тэр утгаараа намын дүрмийнхээ хүрээнд бүх асуудал явна, эхлээд бүлэг дээр дараа нь Удирдах зөвлөл дээр яригдана бүр болохгүй бол Бага хурлаараа асуудлаа шийднэ гэсэн бүрэн итгэлтэй явсан. Харамсалтай нь надад ганц ч үг дуулгалгүйгээр эцсийн өргөн барих мөчид нь хэвлэлээс л мэдэх жишээтэй. Засгийн газраа огцруулах гэж байна гэсэн дэл сул яриа явж байсныг сонсож байсан.
Бид өөрсдөө намын дүрэм журамд захирагдаж чадахгүй юм бол хойшид хэнд ч шаардлага тавьж чадахгүй. Ингэснээр нам улам эмх замбараагүй, дүрэмгүй тоглодог байдал руу л хурдална даа. Нийгмийн араншин ч ингэж л өөрчлөгдөнө. Юу үнэн энэ үнэн шүү. Тиймээс эхлээд энэ нам хуучин хэвийн байдалдаа эргэн орохын тулд намынхаа дүрэм, журманд л захирагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар ч асуудлыг дүрмийнхээ хүрээнд ярилцдаг, тэндээсээ шийдвэр гаргадаг замдаа орно. Зарчим, ёс суртахууны үнэт зүйлд захирагдах ёстой. Үүнийг одоо л хийж чадахгүй бол биднийг амаргүй хувь заяа хүлээж байгаа.
-Та яриандаа 66 дахь хүний тухай дурдаад өнгөрлөө. Яг хэнийг хэлчихэв ээ?
-Ард түмний мэдэж байгаа хүнийг би заавал нэрлээд яахав ээ.
-Та нам, намын дүрэм, журам гээд ярилаа. Үнэндээ бол нам, төрийн дээр гарчихлаа гэдэг зүйл яригдаж байна. Нам, төрийн дээр гарна гэж яг юу гэсэн үг юм бэ?
-Хуучин нам төвтэй төртэй байлаа. Өнөөдөр ч гэсэн энэ зарчим хэвээрээ үйлчилж байгаа. Парламентын засаглалтай орнуудад энэ байдаг л зарчим. Яагаад гэвэл МАН сонгуульд намын өөрийн мөрийн хөтөлбөрөөр оролцсон. Ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь судалж, дэвшүүлсэн нэр дэвшигчийг нь сонгодог. Тийм учраас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа байгуулдаг. Засгийн газар байгуулахын тулд нам дээр боловсон хүчний асуудлаа шийддэг. Энэ зарчмаар явсан. Үүнийг л хүмүүс нам төрийн дээр гарчихлаа гээд байгаа юм. Үнэндээ үүнээс өөрөөр явж байгаа парламентын засагтай улс гэж байхгүй.
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад маш олон хүний хүлээлт байсан. Харамсалтай нь тэр хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадсангүй гэдэг шүүмжлэл байна л даа. Яахав 100 хоног ажилласных нь дараа харах ёстой гээд байгаа ч үнэндээ Засгийн газрын нэр хүнд өмнөх Засгаасаа илүү уналаа шүү дээ. Та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх арай эрт байна. Нийгмийн уур амьсгалыг ажиглаж байхад өмнөх Засгийн газар нь дээр байжээ гэдэг өнгө аяс илүү харагдаж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайн ажилласан. Одоогийн засагт байгаа манай туршлагатай парламентч Ц.Нямдорж гишүүн сайд болоод удаагүй байхдаа “Өмнөх Засгийн газар маш хүнд нөхцөлд, маш сайн ажилласан байна. Өр авлагыг барагдуулах, эдийн засгаа сэргээхээс эхлээд олон зүйлийг хийж амжуулсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Хэдийгээр Ц.Нямдорж сайд гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсан ч гэсэн шударгаар үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол тулхтай улстөрчийн л хэлэх үг. Харамсалтай нь өмнөх Засгийн газрын шадар сайд, одоогийн Засгийн газрын тэргүүн нь өмнөх засгийнхаа талаар дуугарахгүй байгаа юм. Мэдээж одоогийн Засгийн газраас нийгэмд асар өндөр хүлээлт байгаа.
Харин өнөөдөр бол нийгмийн хүлээлт унаж байна. Төсөв оруулж ирж байгаагаас эхлээд дотоодын зөрчил, намын талцал хуваагдал ч үргэлжилсээр. Ийм нөхцөлд ажиллах хэцүү. Үүнийгээ Ерөнхий сайд сайтар ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Би чуулганы танхимд Засгийн газрын тэргүүнд хандан “Өглөө кинон дээр Богд тамгаа барьчихаад “Би юу хийчихэв ээ” сууж байдаг хэсгийг сануулж хэлж байсан даа. Би Ерөнхий сайдыг “Би юу хийчихэв ээ” хэмээн бодож байгаа болов уу гэж найдаж байгаа. У.Хүрэлсүхэд ийм байдал үүсгэхгүйгээр Ерөнхий сайд болж намаа авах боломж хангалттай бүрдсэн байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Намын их хурлаас У.Хүрэлсүхийг намын даргаар сонгоно гэдэг хүлээлт маш өндөр байсан. Намынхаа дүрэм, журмын хүрээнд явчихсан бол манай нам ингэж хагарахгүй, төр жонхуурахгүй, бид үнэт зүйлсээ хадгалж үлдэх боломж байсан. Тэр цаг үеийг хүлээчих хэрэгтэй байсан юм.
-Нэг сар л хүлээх байж дээ…
-Үнэн. Нэг сарын л ажил байсан. Ийм тулхтай, том улстөрч яаруу сандруу хуудуутай үйлдэл хийж гарч ирсэнд нь гайхдаг. Үүнийг нуугаад байх шаардлага ч алга. Ингэлээ гээд У.Хүрэлсүхийг түлхээд чамаас л боллоо гэхгүйгээр ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Бид алдаан дээрээсээ суралцах ёстой. У.Хүрэлсүх гэдэг хувь хүн МАН-ын лидерүүдийн нэг. Энэ хүний туулсан амьдралаас ч гэсэн сайн талаасаа ч, саар талаасаа ч суралцах, сургамж авах зүйлс бий. Тодорхой цаг хугацааны дараа тухайн хүний үнэлэмж түүхэнд үлддэг шүү дээ. Тэр утгаараа намынхаа нөхрийг муу хэлээд, буруу зөрүү талаас нь ярьж шүүмжлээд, хатуу хөтүү үгээр дайрч давшлах гэсэн бодол агуулаагүй шүү.
-Шинэ засаг байгуулагдахдаа сайд нараа бүгдийг нь парламентаас сонгосон. Магадгүй Ерөнхий сайдын эмзэг цэг нь өөрөө гишүүн биш учраас гаднаас сайд авалгүй дархлаагаа давхар дээлтэй сайд нараар хийчихэв үү гэж харж байна.. Бүх сайд нар нь давхар дээлтэй болж Засгийн газрын болон МАН-ын нэр хүнд илүү хурдтай унаж эхэллээ. МАН боловсон хүчингүй нам уу гээд яриад байгаа…?
-Нэг талаасаа Засгаа хамгаалах дархлаа тогтоох гэсэн арга гэж ойлгож болно. Нөгөө талаасаа дархлаагаа бүр сулруулсан байхыг үгүй гэх газаргүй. Хоёр талдаа эвсэж, зохицож байж арай гэж Засгийн газраа байгууллаа. Эвгүй дайрвал үсрээд явчих магадлал өндөр хэвээрээ байгаа. Энэ юунаас хамаарах вэ гэвэл манай намын дотоод эв нэгдлээс л шалтгаална.
Давхар дээлийн асуудлыг МАН, АН өөрсдөө л гаргаж ирсэн. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг нь байдаг л тогтолцоо. Энэ удаа Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд парламент дотроосоо Засгийн газраа бүрдүүлэх нь илүү найдвартай, чадварлаг байх юм байна гэж бодсон байх. Ийм амаргүй цаг үед бид Ерөнхий сайдынхаа саналыг хүндэтгэн үзсэн. Ерөнхий сайдын гаргасан саналыг бид хүндэтгэн үзэх учиртай. Давхар, дан дээлийн асуудал яригдаж байгаа нь улс төрийн намуудад боловсон хүчний бодлого алга болсны хамгийн тод жишээ. УИХ-аас гадуур аль ч салбарт сайдын төвшинд ажиллах маш олон чадварлаг хүмүүс бий. Тийм боловсон хүчний судалгаа аль ч намд алга.
Уг нь судалж байх ёстой юм л даа. Одоо бол улс төрд оролцох оролцооноос эхлээд янз бүрийн үзүүлэлтээр Засгийн газрын гишүүдийн сонгодог болсон. Дан, давхар дээлийн асуудлыг улс төр болгон тоглож байхаар улс төрийн намууд боловсон хүчний бодлогоо чамбайруулах ёстой. Тухайлбал, МАН-д боловсон хүчнийг сонгон шалгаруулах журам гэж бий. Аль нэг салбарыг аваад явах чадвартай болвсон хүчиний судалгаатай байдаг бол Нам сонгуульд ялбал тэндээсээ сонголтоо хийдэг болно. Бид өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой гээд байгаа. Миний бодлоор бол эхлээд хуучин байсан сайн зүйлсээ л сэргээх хэрэгтэй. Ингэж чадвал бид алдаа мадаг багатай явах нөхцөлөө бүрдүүлнэ.
-МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш түүн рүү дайрах танай намынхны дайралтууд ихэссэн.. Тэр утгаараа ч гэдэг юм уу. Үнэндээ намын даргынхаа үгийг МАН-ынхан сонсохоо байчихсан юм биш үү. Намынхаа Их хурлаар энэ бүхэнд цэг тавьж чадах уу?
-Энэ их хурлаар ярих нэг сэдэв мөн. Үүний тухай ярина гэхээр дахиад л намын үнэт зүйлсийг ярих хэрэгтэй.. Төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүнээ сайн нэртэй явуулж байсан түүх байна уу. Бараг л байхгүй дээ.Үе үеийн ерөнхийлөгч, их хурлын дарга , ерөнхий сайд нараа аваад үз.. Эдгээр хүмүүсийг сайн нэртэй үдсэн үү гэвэл үгүй л болов уу.. Өнөөдөр манайд яг энэ зүйлс үргэлжилж байна. Нам дотор тэрний хүн, энэний хүн гэж цоллодог. М.Энхболд даргыг хамгаалаад хэдэн үг хэлчихвэл Энхболдын хүн гээд унадаг. Энэ нэг гажигаас салчихаасай билээ. Энэ юу хэлээд байна вэ гэхээр хүнийг эрх мэдэлтэй, чадалтай тэнхээтэй байхад нь одоогийн хэлээр бол пялдагадаж пялдагадчихаад эрх мэдэл чадал тэнхээ сулраад ирэхийн цагт мурьдаг нь мэдлэг боловсрол тааруу, сул дорой, ёс зүй муутай хүмүүсийн мөн чанарын илэрхийлэл болоод байна. Энэ бол намын их хурлаар шийдэх асуудал биш ээ. Хүний төлөвшил ёс суртахуунтай холбоотой асуудал.
-Та намынхаа даргыг өмгөөлж хааяадаа дуугарчихдаг. М.Энхболдын хүн гэх үү, тэгэхээр?
-Тиймэрхүү яриа байдаг л юм. Үе үеийн л намын дарга нартай хамтарч ажиллаж явлаа. Харин Энхболд даргатай бол нэгэн үеийнхэн учраас арай олон жил ажиллаж , дотно нөхөрлөж ирсэн. Би залуучууддаа хандаж хэвлэл мэдээллээр ганц нэг удаа манай залуучууд хэтэрхий түрэмгий, ёс зүйгүй авирлаад байна шүү гэдгийг сануулж хэлж байсан. Гэхдээ манай намын залуучууд ухаантай, өөрсдийн алдаанаас суралцаад явах чадвартай учраас 65-ын бүлэг доторх залуустаа итгэдэг. Энэ залуусын насыг бид тойроод биш дайраад гарсан. Хааяа бяр амтагдаж давилуун загнах үе байдаг шүү дээ . Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүн ухааждаг нь амьдралын жам учраас энэ бол засаж болох алдаа. Тийм учраас намын даргын амаргүй ачаа үүрч байгаа хүндээ маш хүндэтгэлтэй хандаж байна ёстой гэдгийг хэлмээр байна. Ингэлээ гээд энэний тэрний хүн гэж нэр зүүвэл зүүнэ л биз дээ.
-МАН-ыг сахилга хариуцлагатай нам гэдэг. Харамсалтай нь өнөөдөр тийм байж чадахгүй байна. Хэтэрхий их амбиц, албан тушаалын төлөөх тэмцэл нь давамгайлчихаад байна уу гэж харагдаж байна. Энэ бүхэндээ цэг тавьж чадах уу, танай нам?
-Түрүүн бараг хариулчихсан даа. Яагаад ийм болчихов гэдгийг бодох ёстой хүмүүс нь бодоосой. Яахав ээ, албан тушаалын төлөө янз бүрийн ааш авир гаргаж байгаа зүйлс харагддаг л юм. Би бүлэг дээрээ жишээ дурдаж байгаад энэ талаар гишүүддээ хандаж “Сайд болно гэж ярих амархан. Очсныхоо дараа би энэ ажлыг хийж чадах уу гэдэг асуултыг эхэлж өөртөө тавьж байгаарай” гэж нэгэн удаа хэлсэн. Одоо бол бид тийм асуулт тавих сөхөөгүй болчихоод байна уу даа. Сайд л болчихвол бүхнийг чадах юм шиг хэт хөнгөмсгөөр хандаж болохгүй. Гэхдээ очих салбараа би хэр сайн мэдэх вэ, тухайн салбарынхаа бодлогыг тодорхойлоод явах чадвар, дадлага туршлага бий юу, миний нас хүйс тохирч байна уу гэх мэтчилэнгээр олон зүйлсийг эргэцүүлэн боддог байгаасай гэж боддог. Намын сахилга бат, хариуцлага, боловсон хүчний бодлогын талаар энэ их хурлаар ярих ёстой гол асуудлын нэг мөн.
-Улстөрчид нь албан тушаалд хүрэх гэж зүтгэдэг муйхар байдлаас гарах цаг болж. Сайд л болж байвал сэм хуйвалддаг, ил далд наймаалцдаг боллоо. Үүнээс болж улстөрчдийн үнэлэмж газар унасан. Та нар нэрээ цэвэрлэхгүй юм уу?
-Монголд улстөрчдийн нэр хүнд шалан дор ортлоо унасан. Улстөрчид бид өөрсдөө л унагасан. Ард түмэн зүгээр байгаа хүмүүсийг энэ новш, тэр хулгайч гэж заяа нь хэлээгүй. Улстөрчид л бие биенээ элдэв янзаар хэмэлсээр байгаад ийм болсон. Үүнийг засъя гэвэл өөрсдийгөө засах ёстой. Өөр гарц байхгүй. Түүнээс биш ард түмний өмнө сөхөрч унаад “биднийг та нар битгий ингэж хэлээч” гээд нэмэр байхгүй. Бид л үг үйлдлээрээ харуулах ёстой. Би хийрхдэггүй, хэлснээ хийдэг гэж ярьдаг л бол хэлсэндээ хүрдэг байх шаардлагатай. Тэгэхгүйгээр бид энэ нэрнээс салж чадахгүй. Өнөөдөр бид шударга ёс тогтоох гээд, нийгэмд гоё ганган харагдах гээд хурц ширүүн, уран цэцэн, гоё ганган ярьж болно. Энэ бүхэн чинь улстөрчдийн араншинг нийгэмд ил болгосон. Бид ширүүн, догшин, аядуу зөөлөн ярьдаг аль алинийг нь харлаа.. Улстөрчдийн бүх өнгө аясыг харлаа л даа. Эцсийн дүнд нь хэн юу бүтээв гэдгийг ард түмэн, түүх үнэлж үлдээдэг юм. Тиймээс бага ярьж, их хийх ёстой. Сангийн сайд болсны дараа намайг чуулганы танхимын үүдэнд гарч ирэхэд сэтгүүлчид надаас хэдэн асуулт асууж байсныг би санаж байна. Тэгэхэд нь “Монгол Улс хөгжилд бэлэн биш байна” гэж хэлснээ санадаг юм. “Яагаад хөгжилд бэлэн биш байна гэж” гэхэд нь “Бид бонд босгоод түүнийг нь шууд санхүүжүүлчих бэлэн төсөл хөтөлбөр алга” гэж хэлсэн. Өнөөдөр ч гэсэн яг л тийм байна. Аливаа том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр хуваагаад, хуйвалдаад идээд дууслаа гээд чарлаж эхэлдэг. Үүний үр дүнд хэрэгжүүлсэн дорвитой төсөл ч үгүй мөнгө ч үгүй үлдээд өр нэмэгддэг жишгээр бид явж ирлээ. Үүнээс болоод улс төрчдийг бүлэг фракц болж аль нэг хувийн компанийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа мэт харлуулдаг буруу дүр зургийг алга болгох хэрэгтэй. Ингэж байж улс төрчид муу муухай нэрнээсээ сална.
-Одоо ч гэсэн манайх хөгжилд бэлэн биш байна уу?
-Бидэнд ам ажлын нэгдэл алга. Бид хангалттай ярилаа. Дээр хэлсэндээ янз бүрийн араншингаар ярьдаг улстөрчдийг харлаа гэж. Улс орноо хөгжүүлэхийн тулд улс төрчид хичээл зүтгэл гаргаж бодит ажил хийх хэрэгтэй.
Би парламентад орж ирээд 10 жил боллоо. Анх орж ирэхэд Таван толгойн тухай ярьж л байсан. Одоо ч ярьж л байна. Шийдвэр гаргах болохоор аль нэг бүлэглэл авах тухай маргаан дэгдээгээд тэр нь улс төр болоод ямар ч шийдвэр гаргаж чадалгүй өдий хүрлээ. Энэ Засгийг шийдчих болов уу гэж горьдож байна. Улс төрийн том шийдлийг гаргахын тулд зоригтой байх ёстой. Гэрээ хэлцэл тэр бүхнийг хэнтэй хийх
нь сонин биш.. Хамгийн гол нь Монгол Улсад, Монголын ард түмэнд л ашигтай байх ёстой. Аль нэгэн компанитай гэрээ хэлцэл хийчихвэл би тэр компанийн эрх ашгийг хамгаалдаг хүн болчих болов уу гээд үхээнц царайлаад өөрийгөө хоохойлоод байвал шийдэл гаргаж чадахгүй. Ийм зүйлсийг шийдэхийн тулд Засгийн газар байдаг. Засгийн газар зоригтой шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Айх хэрэггүй. Гэхдээ зоригтой шийдвэр гаргаж байна гээд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Бид үндэсний бахархал болсон үндэсний үйлдвэр, компаниа дэмжиж чадаж байна уу. Монголчууд “Говь”ХК-ийн тухай ярьдаг. Дэлхийн олон оронд “Говь” брэндийн дэлгүүрээ нээж улсынхаа нэрийг гаргаад явж байна. “Талх чихэр”, “АПУ” МАК, Петровис гэх мэт бид үндэсний үйлдвэрлэлээрээ бахархаж байх ёстой.
Харамсалтай нь тэгж чаддаггүй. Энэ бахархал болоод байгаа компаниудын эзэд нь монголчууд шүү дээ.Монголын залуус дэлхийн том компаниуд болох “Сони”, “Самсунг”, “Кока Кола” гээд л биширч унаад байдаг. Тэгсэн мөртлөө өнөөдөр дэлхийн мундагууд руу дөхөж очиж байгаа компаниудаа бид төр засагтайгаа нийлж байгаад унагаж байна шүү дээ. Тухайлбал, Эм Си Эс байна. Сайн компани гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Ямар ч байсан бүтээсэн зүйлсийг нь харж байхад дэлхийн брэндүүдийг бидэнд мэдрүүлж чадаж байна. Кока кола, Тайгер шар айрагны үйлдвэрүүд, Скай ресортыг нь хар. Дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ Шангри Ла-г барьчихлаа. Таванбогд гэхэд KFC-г оруулаад ирлээ. Монголын эдийн засгийг чирч явдаг хэдэн том компаниа бид нураах гээд ноцолдоод байх ёстой юу, аль эсвэл эднийгээ дэмжээд явах уу гэдгийг бодох ёстой. Үүнийг хийх үүрэг Засгийн газарт байх ёстой. Улстөрчидтэй нийлээд доош нь хийж байхын оронд “Энэ компани монголд ийм үйл ажиллагаа явуулаад, татварт тэдэн төгрөг өгсөн байна. Энэ компанийн төлсөн татвараар цалин, тэтгэвэр өгч байна” гэдгийг ойлгуулж, тэднээр бахархах сэтгэлийг бий болгох ёстой. Ирээдүй хойч үеэ бид үндэсний компаниудаараа бахархдаг болгох хэрэгтэй. Түүнээс биш “Эд нар хулгайчууд шүү” гэдэг үгээр өв үлдээж болохгүй. Бид үндэсний компаниудаа хэр дэмжиж ажиллана тэр хэмжээгээр хөгжил урагшилна гэдгийг ойлгох цаг болсон.
-Иймэрхүү мэдээлэл түгээгчид нь улстөрчид. Ялангуяа “поп”-ууд л даа. Тэднээс болж хөрөнгө оруулагчид үргэдэг юм байна. Эдийн засаг хэцүү үед тэдний үсчүүлсэн шүлс ямар их нэрмээс болдгийг харлаа. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ. Тэднийг ямар боль гэлтэй биш хэцүү л харагдах юм?
-Тантай санал нэг байна. Эдийн засаг уруудахын хэрээр ажилгүйдэл, ядуурал, бухимдал нэмэгддэг. Энэ нь улстөрчдийн ялгарч гарч ирдэг муу аргуудын нэг нь юм билээ. Популизм хийгчид дэлхийн аль ч оронд байдаг. Ард түмэн айхтар шударга юм яриад байна гээд сонгочихдог. Сонгогдсоны дараа ямар ч үр дүн байдаггүй. Тэрнээс болж улс орон хохирдог болохоос хождоггүй. Өнөөгийн буруу зөрүүг ялгаж салгаад засаад залруулаад явах голч ухаан хойч үеийнхэнд маань бий гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь популизм нийгмийг бүхэлд нь алж байна.. Нийгмийг хагалан бутаргаж талцуулдаг, баялаг бүтээгчдийг элдэв янзаар хэлдэг чинь популистуудаас гаралтай.
-Та өөрөө хэр популист вэ?
-Би попроод байдаг хүн биш. Попрохын хор уршгийг маш сайн мэддэг. Гэхдээ ард түмэн юу гэж үнэлдгийг би мэдэхгүй. Ямар ч асуудалд бодитой хандахыг хичээдэг. Амьдрал дээр ийм байна уу гэдгийг хэлэхээс биш ямар ч ор үндэсгүй, байхгүй зүйлийн талаар ярьдаг хүн би биш. Монголын ард түмэн гадарлаж байгаа байх.
-Удахгүй МАН-ын Их хурлаар дараагийн намын дарга сонгогдоно. Нийгэм хямарчихсан, нам нь талцчихсан энэ үед их л ухаалаг шийдвэр гаргах хүн чухал байх. Таны бодол ямар байгаа бол. Дараагийн намын дарга гээд хэд хэдэн хүний нэр ч гарчихсан байна. Таны нэр ч харагдана лээ?
-Хэн намын дарга болох тухай таамаг зөндөө л явж байгаа байх. Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлчихэж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх.
Удирдах зөвлөл гээд хэдэн хүн сууж байгаад шийдвэр гаргадаг шиг биш. Их хурлын төлөөлөгч болсон 1309 хүн маань олон талаас нь тунгааж байж Их хурал дээр гарсан нэрсээс сонголтоо хийх байх. Бид алдах эрхгүй. Их хурлаа хийх гэж байна. Нууцгүй хэлэхэд МАН орших уу, эс орших уу гэдгийн зааг дээр байна. МАН эв нэгдэлтэй хуучин шигээ хүчирхэг үлдэх үү, эс үлдэх үү гэдгийн зааг дээр байна. МАН гэдэг чинь Монголын төр л дөө.
Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Улс төрийн хүчнүүд төрөө авч явах гэж чадахаараа үзэж байна л даа. Парламент өндөр хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал 27 жилийн түүхтэй нялх. Гэхдээ МАН, АН гээд үнэхээр Монголын хөрс суурин дээр ард түмэнд танигдсан улсаа аваад явчих улс төрийн хүчин гэвэл энэ хоёр нам л даа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх шаардлагатай. Ямар ч үед улсын эрх ашиг дээр нэгдмэл шийдвэр гаргадаг ёс суртахуунтай байх ёстой. Ингэж чадвал улсын хөгжил урагшилна. Намын Их хурал ард түмний энэ их хүлээлтэнд хариу өгснөөр өндөрлөх болов уу гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцэж байхад та Төрийн тэргүүнд хандан нэлээд ширүүхэн үг хэлж байгаа харагдсан. Төрийн тэргүүн цаашид ч хориг тавина гэж байсан?
-Ерөнхийлөгч хориг тавихын тулд Ерөнхийлөгч болдоггүй байх. Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал учир хүндэтгэлтэй хандаж байна. Би хориг тавьсанд нь тэр үгийг хэлээгүй юм. Бид Төрийн тэргүүнээ харсаар байгаад нэр хүндийг нь шалан доор ортол хэлүүлээд баймааргүй байгаа юм. Тийм учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийг улстөрч хүн учраас ойлгох байх, ойлгоод тодорхой түвшинд нийгмийн дотор байгаа шүүмжлэлийг хүлээж авах байх. Алдаа байна гэвэл үүнийгээ засч залруулах байх, цаашид ажил төрөлдөө анхаарах байх гэдэг утгаар нөхөр ёсны шүүмжийг нүүрэн дээр нь хэлсэн. Шүүмж гэхээсээ илүү бодит байдлыг хэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Би ингэж хэлэх үүрэгтэй. Бид нэг үеийн улстөрчид. Алдаа оноо байвал хэлж, ярьж засахгүй бол буруутдагийн жишээ олныг харсан. Ерөнхийлөгч маань Төрийн тэргүүний үүргийг хэрхэн ойлгодог нь өнөөдөр тодорхой бус байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Өмнөх чуулган дээр Тамгын газрын даргад нь хандаж хэлсэн. Үүнийг ойлгоогүй юм шиг болохоор нь чуулган дээр орж ирэхэд нь Ерөнхийлөгчид өөрт нь хэлсэн юм.