Categories
мэдээ цаг-үе

Тракторын жолооч П.Доржсүрэнгийн халаасанд генералын мөрдөс байсан түүх

Зүүн гар талаас эхнийх нь хурандаа Б.Балдан, бригадын генерал, газрын дарга П.Доржсүрэн, офицер Баярбат нар

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Гурван жилийн өмнө буюу 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хошууч Пүрэвийн хүү Зэвсэгт хүчний хянан шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Доржсүрэн Монгол Улсын 163 дахь генерал цолтон болж байлаа. Энэ удаа бид “Танайд өнжье” булангаараа бригадын генерал П.Доржсүрэнгийн амьдралын замналыг өгүүлэх юм. Өнгөрөгч пүрэв гаригт түүнтэй холбоо барихад ажил дээрээ байна гэсэн тул бид Зэвсэгт хүчний жанжин штабыг зорилоо. Үүднийх нь жижүүр цэргээс эхлээд тавхийтэл ёсолж, дотуур холбоогоороо хэл өгсний дараа бид дотогш нэвтэрлээ. Түүнтэй уулзахаар Баян-Өлгий аймгийн Барилгын цэргийн 340 дүгээр ангийн захирагч ирсэн тул түр хүлээв. Пүрэвийн Доржсүрэн генералын бага нас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу одоогийн Зүүнхараа хотод өнгөрчээ. Зүүнхараа хотын төмөр замын хойд талын гурван давхар шар сургуулийг буулгах шахам дэггүйтэж явсан жижигхэн шар хүү өнөөдөр М.Борбаатар, О.Үржин нарын араас нэрлэгдэх Мандал сумын гурав дахь генерал цолтон болсон байх юм. Түүнийг бага байхад сургууль дээр нь багт наадам болж, хүүхдүүд сансрын нисгэгч, жолооч, цагдаа болно хэмээн өөр өөрсдийнхөө ирээдүйн мэргэжлийг ярьж байхад наймдугаар ангийн сурагч П.Доржсүрэн харин “Би цэргийн дарга болно” хэмээж багт наадамд цэргийн хувцас өмсөж орж байсан гэдэг. Түүнчлэн гурван авга ах нь зэвсэгт хүчний хурандаа цолтой, нэг авга ах, эгч нь дэд хурандаа цолтой хүмүүс байсан тухай ажлынхаа өрөөнийхөө цонхоор алсыг харан зогсохдоо хэлж байлаа.

Баруун гартаа барьсан халуун цайгаа оочин суух генералын харцнаас цэргийн амьдралын түүхийг уншиж ч болмоор юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Доржсүрэн генералын аав Пүрэв 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцохдоо Наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороонд эмнэлгийн албаны дарга, хошууч цолтой байлдаж байсан гэнэ. Генерал Доржсүрэн аавтайгаа хамт ахынх нь болох Улаанбаатар хотын Иргэний хамгаалалтын дарга хурандаа Ванчинсүрэнгийнд очихдоо цэргийн малгайг нь өмсөж, мөрдөс, бүсийг нь зүүж өөрийгөө толинд харан ёсолж, эгээ л цэрэг болсон мэт өөрийгөө төсөөлдөг байсан нь өдгөө ч түүний сэтгэлд нэн тод үлдсэн байна. Яг л энэ хувцастайгаа энэ дүрээрээ сургуулийнхаа багт наадамд оролцож байсан нь 1974 он. Цэрэг болох дэврүүн хүсэлтэй хүүг “сахилгагүй” хэмээн ангийн багш Дэмчиг нь ангийнх нь гурван хөвгүүний хамт Заамарын барилгын ТМС-д явуулжээ. 1977 онд ТМС-иа төгсөхөд “Атрын II аян” эхэлчихсэн байсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хуучнаар Номгоны Сангийн аж ахуйд очиж байшин барилга, малын хашаа саравчнаас эхлээд барилгын ажилд ханцуй шамлан оржээ.

Хурандаа П.Доржсүрэн бригадын генерал цолоо гардан авч буй агшин 2015.03.18

Гэтэл нэг өдөр Сангийн аж ахуйн дарга Пэрэнлэй түүнийг дуудаж уулзаад шууд Шаамарын ТМС-д тракторч, комбайнчаар явуулжээ. Зургаан сарын курст сууж төгсөөд Сангийн аж ахуйдаа ирэхэд Пэрэнлэй дарга нь түүнийг Ширээ нуруунд байрлах Атрын дөрөвдүгээр бригадад буулган тракторч, комбайнч болгосон гэнэ. Урт үстэй, өргөн өмдтэй, цээж нүцгэн тэрээр тариан талбайд өдөржин, шөнөжин ажиллаж байхдаа Ардын хувьсгалын 60 жилийн ойн медалиар шагнуулж байсан хэмээн урамтай нь аргагүй өгүүлэв. “Ургацын далай” дууг одоо ч сонссон сэтгэл нь догдолсон хэвээрээ шүү хэмээн инээмсэглэж байлаа. П.Доржсүрэн генерал Номгоны Сангийн аж ахуйд ажиллаж байхдаа дундуур нь Зүүнхараагийн нэгдүгээр сургуульд эчнээгээр суралцаж аравдугаар ангиа Баатарпүрэв багшийн удирдлаган доор төгссөн байна. Тэр үед тракторын жолооч нарыг цэрэгт явуулдаггүй байж. Нас нь 20 гарсан, цэрэгт явах хүсэл дүүрэн тул П.Доржсүрэн цэрэг татлага явагдаж байна гэхээр нь трактор, комбайнаа тэр чигт нь орхин чемоданаа аваад гарчээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах цэргийн комисст яваад очтол “Чи тракторч юм байна. Чамайг чөлөөлсөн, авахгүй” гэхээр нь “Яадаг юм билээ” хэмээн бодон майхны буланд сууж байтал Сангийн аж ахуйн дарга бололтой хүн цэргийн комиссын даргаас хүүхдээ салгаж авах гээд өдрийн хагас гуйсныг анзаарсан тэрээр тэр хүнтэй уулзаж “Ах аа та хүүхдээ цэргээс авах гэж байгаа юм уу. Намайг цэрэгт авахгүй байна. Танай хүүхдийн оронд би явчихъя” гээд сэм хуйвалдах маягтай тэрүүхэн хавьдаа зохицуулаад цэрэгт явжээ. Ингэж л П.Доржсүрэн цэрэгтэй амьдралаа холбосон хэмээн “Афганистан” хэмээх номыг гартаа барин зогсохдоо хэлсэн юм.

Дулаанхаан тосгоноос Улаанбаатар хотын бидний мэдэх Шархадны хоёр өндрийн гэгдэх Радио техникийн 065 дугаар ангид Сэлэнгээс Дорждэрэмийн хамт хоёулаа цэрэг болж гурван жилийн алба хаажээ. Түүнийг цэрэгт байхад сүүлд 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Цогтбаатар хурандаа штабын дарга байсан бол Нанзадын Чулуунхүү гавьяат ар талын албаны дарга, гавьяат тамирчин Артаг биеийн тамирын дарга байсан гэнэ. Цэргийн ангидаа байж байтал ангийн захирагч Балдан хурандаа өрөөндөө дуудахаар нь яваад ортол “Хүү минь чи офицер болох уу” гэхээр нь дуун дээр нь зөвшөөрсөн гэдэг. Тухайн үед авга ах нар нь “Сахилгатай байгаарай, цэргийн эрдэмд шамдаарай, дарга нарынхаа үүргийг сайн биелүүлж байгаарай. Оргож болохгүй шүү” хэмээн захидаг байж. 1979 онд Хятад, Вьетнамын хооронд асуудал хурцадсан тул офицеруудыг бэлдэж эхлэхэд ийнхүү офицер болсон байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 10 сарын курст суугаад 1981 онд Зүүнбаянгийн цэргийн ангид бага дэслэгч цолтой очиход Б.Хандмаа хошууч түүнийг хүлээн авсан байна. Энэ хүнээс би их зүйлийг сурсан. Хүний хийж эхэлж буй ажлын гараа хэр сайн тавигдана түүнээс амьдралынх нь зам эхэлдэг хэмээн онцолж байсан юм. Дайчин, шударга, чанга захирагч байсан тул шинэхэн бага дэслэгч ёстой л юм юмыг үзэж, цэргийн амьдралын хатуу хөтүү, жаргалтай байх гэхчлэн бүгдийг сургасан Б.Хандмаа захирагчдаа одоо ч баярлаж явдаг гэж байлаа. Сардаа 640 төгрөгийн цалин авчихдаг байсан гэнэ. Хүн “Ямар хүний гараар орно, яг тийм хүн болдог” хэмээн Доржсүрэн генерал өгүүлэв. Тэндээ хоёр жил ажиллаад салааны захирагч, ротын захирагч болон дэвшээд байж байтал ангийн захирагч нь Улаанбаатар руу явахдаа түүнийг Дивизийн штабт өгчээ.

Цэргийн инженерийн дээд сургуулийн сонсогч. 1988 он

Тэрээр 1983-1987 оны хооронд Дивизийн штабтаа ажилласан байна. “Миний хоёр дахь ширүүн гараар нь орсон хүн Дивизийн штабын захирагч Б.Шагдар генерал байсан. Намайг ажилд сургасан” хэмээн бахархан ярьж байлаа. 1984 онд гадаадын том сайд ирэх болсон тул Зүүнбаянд хар зам тавих хэрэгтэй болсон тул Дивизийн штабын захирагч нь түүнд үүрэг өгчээ. 1984 онд мэдлэг муу байсан тул газраас нэвчсэн нефтийн барагшууныг ухаж аван шороон хөрсийг тэгшилж байгаад хар зам тавьсан байна. Зуны халуун өдрүүдэд өнөөх зам нь хуйларч дэржигнээд, өвөлдөө овойхоос эхлээд харахад л зам болохоос бусдаар жаахан хэцүүхэн зам болж. Доржсүрэн генерал “Сүүлд сонсох нь ээ, Доржсүрэнгийн доргио хар” гээд өнөө замыг маань нэрлэсэн байж билээ хэмээн ярьсан юм. Мөн Б.Шагдар даргынхаа удирдлагаар Зүүнбаянгийн 135 дугаар ангид спорт заал барьжээ.

Ийнхүү 1987 онд Зүүнбаянгийн штабаасаа ЗСБНХУ-ын Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуульд явсан байна. Сургуульдаа таван жил сураад 1992 онд Засвар, ашиглалтын инженерээр төгсөн иржээ. Тухайн үед нийгэм ороо бусгаа хэцүү байсан ч зорилгоосоо хазайлгүй явсаар сургуулиа төгсөж ирээд Налайхын 017 дугаар ангид батальоны захирагчаар томилогдсон байх юм. Тус ангийн захирагч Дондогдорж хурандаа түүнийг Мөнгөнморьтын хойд талын Алтан судлын аманд зам тавих үүрэг өгч. П.Доржсүрэн хоёр батальон цэрэг аваад 1993 оны гуравдугаар сард яваад очтол 5-6 км үргэлжлэх намган дунд зам тавих хүндхэн даалгавар өгчээ. Тэдний цэргүүдээс гадна Мөнгөнморьтын шоронгийн хоригдлууд мөн ажиллаж байсан гэнэ. Тэнд долоон сарын хугацаанд ажиллахдаа намган дунд анх яаж зам тавихыг сурсан юм даа хэмээн инээмсэглэв. 1993 онд дээрээс дуудахаар нь яваад очтол түүнийг Батлан хамгаалах яамны инженерийн хэлтэст ахлах офицероор томилжээ.

Орос цэргийн ангиуд гараад дуусчихсан байсан тул Шивээ-Говь, Чойроос эхлээд олон буудлагын батальоны тэсрээгүй үлдсэн сум, бөмбөгүүдийг устгах ажлыг хийж байсан гэлээ. 1997 онд ОХУ-ын Москва хотын Инженерийн академид явж гурван жил суралцан улаан дипломтай төгссөний дараа уг академи татан буугджээ. Академиа төгсөөд Зэвсэгт хүчний Жанжин штабт Сургалтын хэлтсийн ахлах офицероор ажиллаж, 2001-2006 оны хооронд Булганы Хялганатын ус гатлалтын ангийн захирагчаар томилогдов. Тэнд ажиллаж байхдаа Эрдэнэтийн цэргийн ангитай хамтран ус гатлалтын томоохон хээрийн сургуулийг Сэлэнгэ мөрөнд явуулж байсан тухай Зэвсэгт хүчнийхэн өдгөө ч ярьсаар байдаг юм. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс очиж сонирхож байсан гэдэг. Улсын эдийн засаг хүнд, Хялганатын цэргийн ангийнхан нь дэлгүүр бүрт өртэй тул хүмүүсээ өрнөөс гаргахын тулд хөрөө раман дээр мод зүсэж, цагдаад хүртэл дуудагдаж байсан гэж байлаа. “Манай цэргийн ангийнхан бүгд өртэй байна. Ганц удаа ч гэсэн ангийн хамт олондоо тус нэмэр болъё гэж бодсон юм” хэмээн хэлснээр “Дахиж тэгж болохгүй шүү” гээд хөрөө рамыг нь лацдаад явсан гэнэ. Түүнийг Хялганатын цэргийн ангид захирагчаар ажиллаж байхад 2006 онд Ц.Тогоо генерал дуудаж “Хэлтсийн дарга бол” гэхээр нь “Би хэлтсийн дарга хийх болоогүй байна. Дахиад хэдэн жил цэргүүдтэй ажилламаар байна” гээд Налайхын цэргийн ангид томилогджээ. Тэндээ цэргийн инженерүүдийг бэлдэх тал дээр түлхүү анхаарч байсан гэдэг. Доржсүрэн сахилга алдсан тул албан тушаал буурч Батлан хамгаалах цэргийн академид багшаар томилогдон багшлах болсон гэдгээ хэлсэн юм.

Бригадын генерал П.Доржсүрэн ажлын өрөөндөө

Харин нэг жил гаруй багшаар ажиллаж байтал түүнийг Жанжин штабын хүний нөөцийн даргаар томилсон байна. 2010 онд Засгийн газрын шийдвэрээр барилгын цэргийн гурван анги байгуулахаар болж Баян-Өлгийд эхний 340 дүгээр ангийг байгуулах үүрэг аваад тус оныхоо зургадугаар сард Баян-Өлгий аймагт очсон юм билээ. 1990 оны өмч хувьчлалаар хувьчлагдан балгас болчихоод байсан аймгийн хуучин Авто баазын байшинг цэргийн анги болгон оржээ. “2013 онд тэр цэргийн ангид очиход үнэхээр гоё байсан шүү. Балгасыг та үнэхээр сайхан цэргийн анги болгон тохижуулсан байна лээ” хэмээн түүнд урам өгөхөд “Миний сайн гэж юу байхав. Гар нийлэн ажилласан залуучуудын минь гавьяа тэр. 2011 онд тэргүүний тохижилттой анги болсон” гэж байлаа. 2012 оноос эхлэн аймгийн хэмжээнд барилга барьж эхэлсэн бол 2013 онд маш хүнд нөхцөлд Асгатын мөнгөний ордын зам, барилга, гүүрийг барих үүрэг авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг билээ. Гол руугаа тулсан асгатай өндөр ууланд зам тавихад хамгийн хүнд байж. Стратегийн уг замыг П.Доржсүрэн хурандаагаар удирдуулсан 340 дүгээр ангийнхан есөн метр өргөнтэй замыг долоон сарын хугацаанд барьсан байдаг. Уг зам 340 дүгээр анги болон Баян-Өлгий аймгийнхны нэрийн хуудас болсон юм. Тэрээр “Бидэнтэй хамт 4-5 компани хамт орсон ч ашиггүй гээд гарсан. Бид харин өндөр эрсдэл үүрч ороод ашигтай ажилласан. Ашгаа бид Батлан хамгаалах яамны Хөгжлийн санд тушаасан. Цэргүүд маань ч мэргэшсэн” гэж байлаа. Тэднийг ажиллаж байхад нуранги асгаас 1000 шанага шороо чулуу авч байж хоёрхон метр зам ахиж байсан гэдэг. П.Доржсүрэн генерал “Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дэвшүүлсэн “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжих бүрэн үндэстэй. Улаан гараараа чулуу өргөж зам, гүүр барьж байсан хүний хувьд Алтанширээгийн 20 км замын далангийн ажлыг цэргүүд хийчихнэ. Асгатын тийм хэцүү нурангитай, хаалттай газар цэргүүд зам тавьж чадаж байгаа юм чинь Сайншанд, Алтанширээд зам тавихад ямар ч хүндрэлтэй зүйл байхгүй. Хатуу хучилттай замыг манай цэргүүд тавьчихна” гэж байсан юм.

2014 оны арванхоёрдугаар сард түүнийг гэнэтхэн дуудаж Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар томилсон гэдэг. Тухайн үед цэргийн анги нь барилгын ажил хийж байсан тул дулаан оруулаад ажлаа дуусгаад очъё гэсэн ч дээрээс өгсөн тушаал тул идэр есийн хүйтэнд суудлын пикап машиныхаа ард өөрийн хогшил болох хэдэн хайрцагтай ном, угаалгын машин, өмсөх хувцсаа ачаад Улаанбаатарт иржээ. Баян-Өлгий аймагт хэдэн жилийн өмнө очиход та монгол гэрт амьдарч байсан. Сүүлд байшин саванд орсон уу гэхэд “Монгол гэр гоё шүү дээ. Би Баян-Өлгийд очоод л гэрт амьдарсан. Ирэн иртлээ гэрт амьдарсан” гэж байлаа. Түүний одоо эрхэлж буй ажил нь товчоор хэлбэл зэвсэгт хүчний мэргэжлийн хяналт гэсэн үг. П.Доржсүрэн генерал хэзээ ч генерал болно гэж бодож байгаагүй гэнэ. Гурван жилийн цэргийн албаа хаагаад эргээд тракторын жолооч болох байх даа хэмээн боддог байсан ч хувь заяаны төөрөг түүнийг цэргийн замд хөтөлснөөр өнөөдөр бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд байгаа юм.

П.Доржсүрэн ахлагчтай “Адмирал” хамтлаг

П.Доржсүрэн хэзээний л спортод хорхойтой нэгэн. Сагс, волейболыг бол зав гарвал тоглочихдог аж. Саяхан түүнд “Алдар” спорт хорооны орлогч дарга Д.Цог-Эрдэнэ хурандаа “Олимпийн алдар” одонг гардуулжээ. Цэргийн залуусыг урлаг, спортоор давхар хүмүүжүүлэх ёстой гэдэг зарчим барьдаг хүн бол Доржсүрэн генерал. 2016 онд “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдашд хадаг барин шавь орж бөмбөр тоглож сурсан гэдэг. П.Доржсүрэн генерал хурандаа, офицер, ахлагч нараар эгнээгээ бүрдүүлсэн “Адмирал” хэмээх хамтлаг байгуулан өнөөдөр салбартаа цахиур хагалж яваа талаар Жанжин штабынхан ам уралдан ярьдаг. Түүний хариуцан ажилладаг Хяналт шалгалт, үнэлгээний газрынхан Жанжин штабын хэмжээнд спорт, урлагаараа манлайлдаг аж. 2017 онд П.Доржсүрэн генерал зам, барилгын Зөвлөх инженер болжээ. Зам, барилгын чиглэлийн хүн 2014 онд ирээд Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга болчихоод онолын ном болон өмнөх дарга нарын хийсэн ажлуудыг маш их судалж ажлаа гартаа оруулж авсан байдаг. Нэг өглөө хүмүүстээ үүрэг өгөөд зогсож байтал нүүр нь татаад амнаас нь шүлс, нүднээс нь нулимс гоожоод нүүр нь муруйчихсан гэдэг. Ядаргаанд орсон тул Цэргийн госпиталийн мэдрэлийн тасагт хэвтэн Баярсүрэн эмчээр эмчлүүлж байтал 2015 оны гуравдугаар сарын 17-ны орой эмнэлэгт байхад нь Жанжин штабын дарга Ц.Бямбажав генерал ажил дээр хүрээд ир хэмээн дууджээ. Эмнэлгээсээ яваад очтол “Монгол Улсын Ерөнхийлөгч сая 20 цагт зарлигт гарын үсэг зурсан. Та генерал болно. Өнөө шөнөдөө багтаж хувцсаа бэлд” гэхээр нь нэг л итгэж өгөлгүй гайхаж байгаад шөнөжин явж хувцсаа хийлгүүлсэн гэнэ. Үүрээр очиж хувцсаа аваад өглөө морин цагт бригадын генерал цол хүртсэн байна. Генералын мөрдөсөө аваад зогсож байхдаа л итгэсэн хэмээн инээмсэглэв. Яг генерал болох мөчид Цолмонгийн Ванчинсүрэн, Гоонойн Чимид, Ванчинсүрэнгийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат эмч, дэд хурандаа Ванчинсүрэнгийн Бадамсүрэн, дэд хурандаа Алгаа ах нарыгаа, аав, ээжийгээ бодож байсан хэмээн ихэд бодлогоширонгуй өгүүлсэн юм.

П.Доржсүрэн генерал удам дагасан цэргийн хүн гэдгийг дээр онцолсон. Тэгвэл Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад Лхагвацэрэн, нөхөр нь Насанжаргал нь Краснадарын цэргийн анги төгсөөд монголд ажиллаж байгаад одоо Воронежийн нисэхийн академид сурдаг ахмад бий гэнэ. Тэднийх хоёр хүүхэдтэй юм билээ. Батлан хамгаалахын их сургуулийн анхны барилгын ангийг төгссөн охин Доржханд нь Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байгаад одоо ар талын газарт барилгын хэлтсийн мэргэжилтэн хийж байгаа гэнэ. Доржханд охин нь АНУ-д суралцахаар шалгалт өгч нэгдүгээр байрт шалгаран тэнцээд байгаа аж. Түүний амьдралыг цэргээс салгаж ойлгохын аргагүй.

П.Доржсүрэн генерал Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбаттай цэцэрлэг, сургуульд байхын нэг ангийн хүүхдүүд юм билээ. Д.Эрдэнэбат маань онц сурдаг, толгойтой хүүхэд байсан. Манай ангиас хэлтсийн даргаас эхлээд хувийн компанийн захирлууд, аварга ногоочид төрөн гарсан шүү хэмээн ангийнхнаараа бахархаж байлаа. П.Доржсүрэн генерал “Тунгалаг Тамир” киног үргэлж үздэг гэнэ. Чөлөөт цаг гарвал бөмбөрөө дэлдэж, сагсан бөмбөг, волейбол тоглож, унадаг дугуй унах, ном унших дуртай гэж байсан. Түүний ажлын өрөө, гэрийнх нь номын сан арвин баялаг юм билээ. Ажлын ширээнийх нь хажуугийн жижиг ширээн дээр “Эстрадын Баянмонгол чуулга”, “Соёл-Эрдэнэ” гэсэн пянзнаас эхлээд нэн ховор пянз болон хуучны пянз тоглуулагч байсан юм. ОХУ-д сурч байхад нь “Мелодия” дэлгүүрийн худалдагч шинээр ирсэн пянзыг түүнд бэлдээд тавьчихдаг байсан гэдэг. Гэрт нь хичнээн пянз өрөөтэй байсныг тоолох завдал гарсангүй. Түүний ширээн дээр хөөрөг, үдээсний машинаас эхлээд үзэг, харандаа тэргүүтэн өрөөтэй байна. Мөн Батлан хамгаалах стратеги, Зэвсэгт хүчний стратеги, Монголын ардын арми, Чингис хаан, Цэргийн урлаг: түүх, сургамж, Дэлхийн түүх, Монголчууд, Социалист монгол, Аугаа эх орны дайн тэргүүт хичнээн ч ном байгаа юм бүү мэд. Чөлөөт цагаараа ном унших дуртай гэдэг нь түүний номын сангаас мэдрэгдэнэ.

Ханандаа морин хуур, домбор тэргүүт хөгжмийг залжээ. “Баян-Өлгийн хүүхдүүд өглөө эрт домбороо үүрээд Соёлын төв рүүгээ явж байгаа харагддаг. Тэд өв соёлоо ийнхүү сурч байна. Баян-Өлгийд домбор тоглодоггүй казах хүүхэд гэж байдаггүй. Харин бид үр хүүхдүүддээ морин хуураа ингэж өвлүүлж чадаж байгаа билүү” хэмээн хэлж байлаа. Мөн “Хурд” хамтлагийнхантай авахуулсан зургаар ханаа чимжээ. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. П.Доржсүрэн генерал хэдэн ч удаа нүүсэн юм бүү мэд. Орон байрны асуудлаас эхлээд цэрэг хүний өмнө тулгардаг бүхий л асуудлыг даван туулсан нь гарцаагүй. Үүрэг хүлээж хоолтой хоолгүй, байртай байргүй, хүүхдүүд нь сургуулиас сургууль дамжсан хүндхэн нөхцөлд ажиллаж амьдардаг ч хэзээ ч үүнийгээ зовлон болгож ярьдаггүй. Энэ тухай тэрээр “Цэргийнхэн насны тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж өгдөг. Үүнийг нь болиулах талаар заримдаа яригддаг. Яахав дээ, хөөрхий. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өдөржин хүйтэн цардмал талбай дээр зогсож, тэсэрч дэлбэрэхээс эхлээд бүхий л зүйлд хамгийн түрүүнд ордог энэ хүмүүсийг 20-30 жил ажиллаад тэтгэвэртээ гарахад нь амьдралын чинь баталгаа гээд 30 сая төгрөг өгдөг. Үүнээс нь хасна гэдэг. Орон байр, байшин сав, эмнэлэгт үзүүл гэж өгсөн хэдэн төгрөгөөс зулгаадагт нь гайхдаг. Тодорхой эрхээ хязгаарлуулсан, бие засахдаа хүртэл зөвшөөрөл авч гардаг ийм хүмүүсийнхээ хэдэн төгрөгөөс төр засаг хасаад төсөв бүрдэх юм уу. Надад үнэхээр таалагддаггүй” гэж байсан юм.

Генералынх эдүгээ Амгаланд орон сууцанд төвхнөөд амжсан аж. Түүний амьдралын зарчим “Хүн анх ямар байсан түүгээрээ байх ёстой. Худлаа ярьдаггүй шударга байх ёстой. Би худлаа ярьдаг хүнд дургүй. Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Болсон ч бай, болоогүй ч бай хийж бүтээж байх хэрэгтэй. Үнэн үгийг нүүрэн дээр нь тасхийтэл хэлдэг байх ёстой” гэж байсан юм. Ааваасаа сурсан энэ бүх үнэт зарчмаа өнөөдөр амьдралдаа мөрдлөг болгожээ. П.Доржсүрэн генерал хүн ялгаж харьцдаггүй гэдэг нь өдрийн хагас хамт байхад мэдрэгдэж байлаа. Ажлын хамт олон нь ч үүнийг дуу нэгтэй баталж байсан юм. Тэглээ гээд дундаа орж хавтгайраад байдаггүй аж. П.Доржсүрэн өөрөө архи, тамхийг огт хэрэглэдэггүй болоод ч тэр үү архи уусан хүнд ясны дургүй гэдгээ хэлсэн.

П.Доржсүрэн генералыг албан хаагчдадаа болон тэдний ар гэрийнхэнд үргэлж анхаарал тавьж байдаг хэмээн Б.Балдан хурандаа болон офицер Баярбат нараас гадна хамт олон нь ам сайтай байдгаа нуулгүй хэллээ. Генералын зүгээс алдаа гаргасан хүмүүсээ цалингаар нь шийтгэхээс илүү өөрөөр нь ажил хийлгэж арга хэмжээ авдаг юм билээ. Байлдагчаас нь эхлээд цэргийн амьдралын хатуу хөтүүг мэддэг болохоор цалингийн хувиар шийтгэнэ гэхээр бүлтийсэн хэдэн хүүхэд нь нүдэнд харагдаад ер болдоггүй юм гэж хэлж байсан нь нэн тодхон байна.

П.Доржсүрэн генерал гуравдугаар сарын 18-ны өдөр “Өглөө”, “Сүхбаатар” зэрэг уран сайхны киног заавал үздэг юм байна. Заамар, Шаамарын ТМС-д суралцаж, барилгачин, тракторч, комбайнчаар мэргэшсэн залуу өнөөдөр Зэвсэгт хүчний бригадын генерал цолтой болж, эх орныхоо энхийн манаанд зогсож буй Пүрэвийн Доржсүрэнгийн туулсан амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энхболд: “Дэвшилтэт холбоо”-ны зорилго шударга төр, хариуцлагыг бий болгох юм

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН-ын дэргэд УИХ-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулсан гэж байна. Үүнийг жигүүр гэж харах юм. “Дэвшилтэт холбоо”-ныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их хурал үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад УИХ-ын хэсэг залуу гишүүд ХБНГУ-д албан ажлаар явсан. Энэ нь олон улсын “Progressive alliance” хэмээн байгууллагын чуулга уулзалт байсан юм. Зүүний үзэл баримтлалтай буюу социнтерний хурал тул үзэл баримтлал нэг гээд манай намын гишүүд эхний ээлжинд дэмжиж ажиллах хэрэгтэй гэсэн. Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Монгол Улсад “Progressive alliance” байгууллагын том форумыг зохион байгуулсан. Уг форумд “Progressive alliance”-д нэгдсэн орнуудын Ерөнхий сайд, намын дарга нар ирж оролцсон гэдгийг санаж байгаа байх. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Ижил үзэл баримтлалтай намуудаа дэмжиж ажилладаг холбоо. Тэр утгаар нь арга хэмжээнд оролцсон хүмүүстэйгээ ярьж байгаад МАН-ын дэргэд “Дэвшилтэт холбоо”-ны салбарыг байгуулъя гээд намын удирдлагуудад хүсэлт тавьсан. Намын удирдлагуудын зүгээс дэмжсэн тул МАН-ын дэргэдэх “Дэвшилтэт холбоо”-г албан ёсоор байгуулж тамга тэмдгээ авчхаад байж байна.

-Үйл ажиллагааны гол чиглэл юу байх вэ?

-Мэдээж намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын түвшинд таниулах, олон намуудын хамтын ажиллагааг сайжруулна. Өнгөрсөн 25 жилийн алдаа оноог дэнсэлж, намын бүтэц зохион байгуулалт, цаашдын хөгжил ямар байхыг тодорхойлно. Манай улс Үндсэн хуулиараа намаар дамжиж төрийн эрхийг барьдаг тогтолцоотой. Тиймээс нам өөрөө бэхжих, хариуцлагатай болох, шилэн байж улс орны хөгжлийг цааш нь авч явах ёстой. Монгол Улс ирэх 25 жилээ харж ажиллая, өөрчлөлтийг бий болгоё, шударга бус үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Авлига, хээл хахуультай холбоотой цагаан захтнуудын гэмт хэрэг, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийг яаравчлан хийх цаг болсон. Тэр утгаараа нам өөрөө хариуцлагаа хүлээж чаддаг болъё, улс орныхоо төлөө эрч хүчтэй ажиллая гэж байгаа юм. Намын зүгээс дэмжиж нийгмийн өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулсан олон асуудлыг шийдэх, бугшсан зүйлийг ил тод болгох хэрэгтэй л дээ. Тиймээс бид хариуцлагатайгаар энэ бүгдийг өөрсдөөсөө эхлэх нь зөв. “Дэвшилтэт холбоо”-ны гол зорилго нь шударга төр, хариуцлагыг бий болгох юм. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын ирээдүйн 25 жилийн хөгжлийн концепцийг бий болгоно.

-Холбооны санхүүжилтээ хэрхэн босгох вэ. Олон улсын байгууллагын салбар тул тэндээсээ санхүүжих үү, намын дэргэдэх гэхээрээ намаас санхүүжилт авах юм уу?

-Бид олон улсын байгууллагатайгаа хамтын ажиллагаа хийх ёстой. Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий. Нөгөө талаасаа энэ холбоо гишүүдтэй байна. Холбооны зорилго, чиглэлийг дэмжиж байгаа хэн болгонд үүд хаалга нь нээлттэй. Гишүүд, дэмжигчдийн зүгээс хандив, дэмжлэг үзүүлж болно. Бусад ТББ шиг. Түүнчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох юм. Санхүүжилт эцсийн байдлаар ямар байх ёстой вэ гэдгээ шийдээгүй байгаа. Магадгүй гишүүнчлэлийн татвар төлөх ч юм уу, тодорхой болсон зүйл одоогоор алга.

-У.Хүрэлсүхийг тойрсон фракциас долоон хүн тасарч холбоо байгууллаа гээд байгаа л даа. Цаашид нам дотроо жигүүр болж У.Хүрэлсүх, М.Энхболдын гэх мэтчилэн талцаад явахгүй гэх баталгаа бий юу?

-Хардах эрх хэн бүхэнд бий. Бидний зорилго үйл ажиллагаа фракц бүлэглэл биш. Холбоо байгуулагдсанаар намаа хоёр, гурав хуваах эсвэл шантааж хийх, засаг төрийг үймүүлэхгүй. Авлигын эсрэг парламентын бүлэг ажиллаж байх хугацаанд нийгэмд бугшсан томоохон асуудлууд орж ирсэн. Тухайлбал, Монголбанк, Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна.

Эдгээр асуудлуудын араас явж байхад аль аль талдаа тэгш байхаар шударга авч явах ёстой гээд нам дотроо шударга ёс, зарчмыг бий болгох ёстой гэсэн юм. Намд эрүүл салхи авч ирэхийн тулд намын үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг. Нийгэмд хийх ёстой ажлуудаа хийнэ. Энэ холбоо хэн нэгний захиалгатай, хэн нэгэнд харьяалагдаж явахгүй. Миний зарчим ийм. Удахгүй албан ёсоор холбооны үйл ажиллагааны чиглэлээ зарлана. Нээлттэй гишүүнчлэлийн асуудлаа зарлаж, намын удирдлагуудтай цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудал яригдана. Одоо тамга, тэмдэг, гэрчилгээгээ авсан байгаа л даа. Удахгүй албажаад явна. Өрөө, туг далбаанаас эхлээд бэлэн болсон. Дараа дараагийн ажлууд хийгдэж байна.

-Яагаад заавал долоон гишүүн “Дэвшилтэт холбоо”-г байгуулсан юм бэ. Ардын хувьсгалын анхны долоо гэдэг шиг тэднийг бэлгэдсэн юм болов уу гэж бодогдох юм?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоон гишүүн гээд явчихлаа. Миний хувьд нүүр тулж гурван хүнтэй л уулзсан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар гишүүн бид дөрөв уулзаж байгаад энэ тухай ярьсан. Манай гурван гишүүн бусад гишүүдтэйгээ хэрхэн яаж уулзсаныг мэдэхгүй. Эхний ээлжинд 10 гаруй гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэсэн.

Анх яагаад долоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм бол. Бичсэн хүмүүс нь л мэдэж байгаа байх. Бид тэр тэр гишүүн гээд тоо зааж ярьсан зүйл байхгүй. Үүсгэн байгуулагчийн түвшинд гэвэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүн бид гурав. Тамга тэмдгээ ч гэсэн тэгж авсан. Мэдээж долоон гишүүн хангалттай бий. Анхны долоог бэлгэдсэн байлаа эхэд долоон гишүүний хувьд нэг их буруу ч юм байхгүй. Зарчмын хувьд шударга ёсыг бий болгохын төлөө зүтгэнэ.

-Намын дэргэдэх холбоо болохоор зөвхөн намын гишүүдэд хамааралтай байж магадгүй юм, тийм үү?

-Уг нь нээлттэй байх ёстой. Намын дэргэдэх гэдгээрээ хувь хүмүүсийн өөрсдийнх нь үзэл баримтлалаас шалтгаалах байх. Ялангуяа гишүүд болон нам бусчуудад нээлттэй. МАН-ын дэргэдэх гэж байгаа болохоор нээлттэй учир зарим тохиолдолд үзэл баримтлалын зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Тэр утгаараа гишүүнчлэлийн хүрээнд явах болов уу даа. Намд элсэх хүсэлтэй, шударга ёсны төлөө яваа хүмүүсээр хүрээгээ тэлж явах байх.

-МАН-д өмнө нь жигүүр, холбоод байсан. Хамгийн том нь Зүүний хүчний холбоо байсан байж магадгүй. У.Хүрэлсүхийн хүмүүс гэж та нарыг харж байгаа болохоор Зүүний хүчний холбоогоо татан буулгаад оронд нь байгуулчихлаа гэж харах нэгэн байна л даа. Намын нэр хүнд муу байгаа учраас 2020 оны сонгуульд зориулсан холбоо юм биш үү. Нэг үгээр хэлбэл уг холбоо намаа чирж явна гэдэг ч юм уу…

-Намын дэргэдэх холбоод их байдаг. Эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын холбоо гээд. “Дэвшилтэт холбоо” албан ёсоор байгуулагдаж байна. Зүүний хүчний холбоо намын дэргэдэх биш намыг дэмждэг хүмүүсийн нэгдэл. Зүүний хүчний холбоо өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Дэвшилтэт холбоо”-ны үүнээс ялгарах онцлог нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулна. Бид олон улсын байгууллагын салбар гэдэг утгаараа Монгол Улсын түвшинд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа. Би ч гэсэн тэгж ойлгож дэмжиж, нэгдсэн.

Та хоёр удаа Хүрэлсүхийн хүмүүс гэлээ. Одоо бид тэрний, энэний хүмүүс гэдгээ аль болох больчих хэрэгтэй гэж санагддаг. Засгийн газрыг огцруулах дээр хэсэг бүлэг хүмүүстэй санал нэг байсан учраас тэрний, түүний хүн гэж нэрлээд байгаа юм. Бид болохгүй талыг нь шүүмжилж, болж байгаа талтай нь хамтраад явна гэж байгаа. Түүнээс биш хуйвалдаж хэн нэгэн Доржийг дэмжинэ гэсэн үг биш. Нийгэмд ташаа мэдээлэл яваад байна. У.Хүрэлсүхийг дэмждэг хүмүүс л холбоо байгуулаад үйл ажиллагаа явуулах гээд байна гэсэн ойлголт бий болчихож.

Би тэгж харахгүй байгаа. МАН шинэчлэл, өөрчлөлтийг хурдтай хийх, хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Намын нэрээр гарч ирсэн лидерүүд янз бүрийн хэрэгт холбогдож байна. Үүнийг хурдан шийдэх хэрэгтэй. Хэрэв хариуцлага хүлээх ёстой бол хүлээ. Төрд, намд шударга ёс байхгүй явсаар хэдэн жил цаашаа үргэлжлүүлэх юм. Ард түмэн хариуцлагыг хүлээж байна. Ардчилсан намынхан Баярцогтдоо хариуцлага тооцчихлоо. Үүнтэй адилхан МАН-ынхан баримт нь ил гарсан хүндээ хариуцлага тооцож намаа цэвэрлэх ёстой байхгүй юу. “Дэвшилтэт холбоо” үүнийг хийлгэхийг шаардана. Үнэхээр баримт нь гараад ирвэл үтэр түргэн цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Дарга, цэрэг, ах, эгч, дүү байх нь бидэнд падлий ч үгүй асуудал. Хэн нэгнийг хаацайлдаг, хамгаалдаг олон нийтийн байгууллага болгохгүй.

-Танай намын гишүүдтэй холбоотой асуудлууд их байдаг. Баримт ч гарч ирдэг. Харамсалтай нь хуурамч, эвлүүлэг гэх маягтай өнгөрүүлдэг тал бий дээ, танайханд. С.Баяраас эхлээд хаус яригдаж байна…

-Энэ хүний нэр дээр АНУ-д хаусууд байна гэсэн баримт бичгийг нь явуул л даа. Хэдийгээр С.Баярыг тэнд байшинтай гээд яриад байгаа боловч өнөөдөр ямар мөнгө, эх үүсвэрээр авсан гэдгийг нь гаргаж ирж чадахгүй байгаа биз дээ. Тухайлбал, Макаод хуулийн байгууллага нь ийм мөнгөөр авсан гээд гаргаад ирдэг шиг гаргаад ирвэл өөр асуудал. С.Баяр өөрөө байшин авсан уу, хүүхэд нь, хамаатан, найз нөхөд нь авсан уу гэдгийг хэн ч тодорхойлж чадаагүй. Ярианы түвшинд л байгаа биз дээ. Сүүлийн үед поп-дох гэдэг хэллэг бий болсон. Энэ нь баримтгүйгээр хүнийг гүтгэх, гүжирдэх замаар өөрийгөө шударга хүн болгож харуулах гэдэг болсон. Харин би бол баримтанд тулгуурлаад гаргаад ирвэл ярихаас өөр арга байхгүй.

-Таван гишүүн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуулт Ерөнхий сайдад тавьсан. Хариулт ирсэн. Түүнээс хойш шинэ мэдээлэл байна уу. ЗГХЭГ-ын дарга та нарт өгсөн хариултаасаа няцсан мэт хариултыг сүүлд өгсөн л дөө, хэвлэлийнхэнд. Өмнө нь бол Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэрийн дансаар 213.3 сая ам.доллар орсон байна гэж хариулсан байсан. Тэгвэл сүүлд энэ мөнгө нь борлуулалтын орлого байжээ гэх юм. Ийм хариуцлагагүй байж болох уу?

-Хэвлэлээс харсан төдий л байна. ЗГХЭГ-ын дарга үнэхээр тэгээд хэлсэн бол бидэнд албан тоотоор тэр хариултаа бас явуулах хэрэгтэй. Энэ ийм байсан чинь ийм алдаа гарчээ гэдэг ч юм уу ирүүлэх ёстой. Үнэндээ бид зэсийн борлуулалтыг асуугаагүй л байхгүй юу. Стандарт банкнаас гарсан мөнгө Эрдэнэтийн дансаар орсон уу, үгүй юу л гэсэн. Асуултын хариултад ирсэн тоо шүү дээ. 41.2 сая ам.доллар нь Жастын өөрсдийнх нь данс руу орсон гэхчлэн хэд хэдэн тоо явсан. Засгийн газар энэ тоо андуурагдсан гэж байгаа бол тайлбараа л албан тоотоор явуулчих. Бид ижил түвшинд мэдээлэлтэй байж иргэдэд мэдээлэл өгнө.

213.3 сая ам.долларт Эрдэнэтийн удирдлагууд оролцсон уу гэсэн. Эрдэнэтийн удирдлага оролцсон гэж тодорхойлоогүй мөртлөө Ч.Ганзоригийн удирдлаган доор ажилладаг нэр бүхий гурван хүн оролцсон гээд бичиг ирүүлсэн. Эрдэнэттэй хамаарал бүхий болчихоод байгаа байхгүй юу. Эрдэнэт үйлдвэр энэ мөнгийг төлөх нь тодорхой, хариуцлага тооцох нь тодорхой. Үүнийгээ хийх ёстой. Одоо хуурамч гарын үсэг энэ тэр гэж яриад хэрэг байхгүй. Хэн төлөх ёстой юм тэр нь төл. Өнөөдөр хариуцагч нь төлж чадахгүй бол хариуцагчаар нь маргааш төлүүлэх ёстой. Хариуцагчийг нь ил болгож гаргаж ирэх хэрэгтэй.

-Зарим гишүүд Стандарт банкинд төлөх төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой гэх юм. Хувь хүний авсан зээлийг улсын үйлдвэр төлөх ёстой юм уу. Зөв зарчим уу?

-Улс төрийн өнцгөөс тэгж хараад байгаа юм. Арбитрийн шүүх Эрдэнэтийг буруутай гээд гаргачихсан. Тиймээс Эрдэнэт төлөх нь нэн тэргүүний асуудал. Үүний цаана хэн нэгэн хүн буруутай үйлдэл хийчихсэн байгаа. Эрдэнэт үйлдвэр эсвэл Засгийн газрын нөөц сангаас ч юм уу төлөхөөр бол буруу л даа. Гэхдээ хүү, алданги, торгуулийг нь нэмэгдүүлэхгүйн тулд төлөх ёстой. Стандарт банк, Арбитрийн шүүхтэй маргах биш хэн буруутай вэ гэдгээ хууль хяналтын байгууллага олох ёстой. Холбогдсон нэр бүхий хүмүүс байгаа бол тэдний хөрөнгийг битүүмжлээд улс авах ёстой мөнгөө авах л хэрэгтэй. Энэ үйлдлийг хурдан хийх ёстой л доо. Доржийн өмнөөс Дондог төлөхгүй гээд суугаад байх юм бол хүү, торгууль, алданги нь сүүлдээ хэн ч төлж дийлэхээргүй хэмжээнд хүрч Эрдэнэт үйлдвэрээ алдах вий. Төлөхгүй бол нэг л өдөр битүүмжлээд Монголын хамаг данс нэг л өдөр тасхийтэл хаана. Батхүүгээр төлүүл гээд байгаа. Өнөөдөр Батхүүгээр төлүүлэх эрх зүйн акт үүсч амжаагүй байна. Батхүү ганцаараа юм уу, Батхүү олуулаа юм уу гэдгийг тогтоох ёстой. Өнөөдрийн нөхцөлд ганцаараа нь ч мэдэгдэхгүй, олуулаа нь ч мэдэгдэхгүй байна.

-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авчхаад эргэн төлөлтийг нь Эрдэнэт үйлдвэрээр нь хийлгэх гэсэн увайгүй үйлдлүүд байгаа юм биш биз дээ. Хуулийн ч юм уу, цоорхой гаргачихсан байвал яах вэ. Улсын хөрөнгийг зувчуулаад сурчихсан юм биш үү?

-Өнгөрсөн 25 жилд хийж бүтээсэн хүмүүсийн хийсэн ажил. Нам, бүлэглэл, миний, чиний үүнд байхгүй. Бүгд л байгаа. Тиймээс өнөөдөр Монголын эдийн засаг ийм байдалд хүрсэн. Ээлжилж гарч ирсэн намууд нь улсыг ээлжилж удирдаж байгаа нэрээр иддэг, уудаг. Цагаан захтнууд нь авлигын хэрэгт холбогддог, үүнийг дагасан маргаан үүсдэг, хэрэгсэхгүй болдог. Ийм нэг чөтгөрийн тойргийг сэтлэх ёстой. Таны асуусанчлан тийм хүмүүс олон байсныг үгүйсгэх аргагүй. Төрийн мөнгийг луйвардчихаад төрөөр нь төлүүлдэг байдлыг таслан зогсоох ёстой. Эхлээд намаасаа эхлэх ёстой. Тэр утгаараа “Дэвшилтэт холбоо” байгуулагдсан.


Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Ах нарын тэврэлддэг цэг нь мөнгө, зодолддог цэг нь албан тушаал

УИХ-ын гишүүн асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжинтэй ярилцлаа.


-Ярилцлагаа Ардчилсан нам дотор өрнөж буй үйл явцаас эхэлье гэж бодлоо. Танай намын ҮБХ-ны ротаци явагдаж байна. Баабар, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл гээд цөөнгүй хүмүүс бодлогын хороондоо орж чадахгүй байгаа асуудал яригдах юм. Энэ хүмүүс бол Ардчилсан намын өнгө төрх болж ирсэн хүмүүс. С.Баярцогтыгоо бүр намаасаа хөөчихлөө. Намын дотоод асуудлууд дээрээ та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нам дотор ротаци болж нэг хэсэг хүн гарч, нөгөө хэсэг хүн орох нэг их чухал асуудал биш ээ. Улс орны хувь заяатай ч холбоотой юм биш. Гол нь одоо байгаа улс төрийн дүрэм зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой. Өнөөдөр улс төрд Ардчилсан нам, Ардын нам байх нь хамаагүй улс төрд хүчтэй үйлчилж байгаа хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, хэн нэгэн эрх мэдэлтэн, том дарга, намын ахдаа үнэнчээ нотлож, тэдний өмнө гавьяа байгуулах, байгуулсан гавьяага үнэлүүлж хувь хүртэх. Тэдгээр намын цагаан солиотнуудад өөрийнх нь хийж буй зүйл нь зөв, буруу, хуульд нийцэх эсэх, энэ улс оронд хэрэгтэй эсэх нь түй ч хамаагүй. Бүх зүйлийг даргын сэтэр, мөнгөний үнэрээр хэмждэг. Товчхондоо даргаа би үнэнчээ харуулъя, гавьяагаа үнэлүүлье гэх байдал. Энэ бол сүрэглэсэн увайгүй муйхар хар хүч л дээ. Албан тушаал, мөнгө хуваарилагчаар гавьяагаа үнэлүүлэх гэсэн тал зассан арчаагүй зан цүнх баригчдын гол дүр төрх. Бодолтой, зарчимтай хэсэг нь энэ миний зарчимтай нийцэхгүй юм байна гээд холдоход бэрдийн салхи хүссэн хүсээгүй тэр онгорхой зайд хог хийсгэж ирээд дүүргэнэ.

Хоёрдугаарт, асуудлыг мөнгөөр л шийдэж байвал тэнд улс орны хувь заяа, ардчилал, шударга ёсны үнэ цэнэ хамаа алга гэсэн бодол улс төрд ноёлчихлоо. Үүнд аль ч нам хамаагүй үрэгдэж байна. Төрийг хаа гуяар нь салгаж аваад 60 тэрбумаар зарж болж байна. Намыг бүхэлд нь түшмэдийн систем болгож хувиргаад үйлдвэрлэсэн дарга орон тоогоо мөрийтэй тоглоомын бооцоо шиг өрж болж байна. Мөнгө хаяж, мөнгө олно гэх энэ байдал улс төрийн зарчим мөн үү. Бизнес, улс төр салахгүй байгаагийн хамгийн том илрэл энэ байх. Мөнгөний систем улс төрд ноёлоод ирэхээр аль ч нам эрх мэдэл авсны дараа нь бооцоо тавьж байгаа мэт тавьсан мөнгөө буцаагаад олно гэдэг авлигын зарчим ажиллаж эхэлнэ. Нөгөө л авлига, сонирхлын зөрчил, улс орныхоо эрх ашгийг өөрийнхөө хувийн амьдралын төлөө зольдог тэр бүх зүйлийн суурь нь улс төрийн нам болоод байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг яаж шийдэх юм, яавал дүрэм, зарчмынхаа дагуу явдаг болох вэ гэдэг нь нэг намын шинэчлэл гэхээс илүүтэй Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх замаар намуудад адил дүрэм мөрдүүлж, хуулийн хариуцлагатай, олон нийтийн итгэл хүлээхүйц болгохгүй бол нэг нэгийгээ дагаад мөнгөний зодоон руу орсон энэ байдал улс орныг цөлмөөд дуусгах нь.

-Танай намынхны авч ирсэн гэж сайрхдаг ардчиллын үр дүн байх л даа…

-Иргэдийн итгэл, дэмжлэгийг авч засгийн эрхийг барих замаар тэдний төлөө ажиллахыг ардчилал гэдэг. Түүнээс биш ардчилалын нэрээр өөрийнхөө амин зуулгыг төрөөс хулгайлж олохыг хэлэхгүй. Олон нийтийн санаа оноог тандаад үзээрэй. Намуудын нэр хүнд улам унаад байгаа биз. Хамгийн том аюул нь энэ. Намын нэр хүнд унахыг би зөв гэж харахгүй байгаа. Энэ нь зөрүүлээд хэн нэгэн хувь хүн дарангуйлагч болох магадлал өсөж байна гэсэн үг. Мөнгөний зарчимтай лидерүүд, цүнх баригчдын армитайгаа намуудын нэрээр эрх мэдэлд гарч, хулгай луйвар хийгээд эхлэхээр л ардчилал золигдож, иргэд намыг үзэж чадахаа больж байгаа юм.

-Цаашид та намынхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцъё гэсэн байр суурьтай байна вэ. Нам болох таныг ҮБХ-ноос хасчихлаа. Шуудхан хэлэхэд таныг тойргийн гадна гаргачихлаа…

-Улс төр гэдэг чинь нам болж, эсхүл ардчилал гэх үг духан дээрээ шошго болгочихоод ардчиллаа мэддэггүй, Ардчилсан нам юуны төлөө зорьж, 90 онд юуг өөрчилж явсан бэ гэдэг уг үндсийг огт тоохгүй, үнэт зүйлээ нулимдаг тийм хүмүүсийн хаяг биш. Үйл хэрэг, зарчимдаа үнэнч байхаас биш өнөөдөр энэ нь дарга, тэр хүмүүс нь эрх мэдэлтэй, тэдний үгээр байх ёстой гээд хамхуул адил хийснэ гэж байхгүй. Хамхуул ч хөөрхий богино настай л даа.

-Ротацид орсон хүмүүс ҮБХ-д дахин нэр дэвших боломж нээлттэй гээд зарим хүмүүс нь дэвшсэн. Та яагаад нэр дэвшээгүй юм бэ?

-ҮБХ гэдэг бол Ардчилсан намын дотор зохион байгуулалтын л нэг хэлбэр. Тэнд байх, байхгүй нь хувь хүний л сонголт. Тиймээс тэр хүмүүс Ардчилсан намаасаа гараагүй, улс төрөө хаяагүй, өөрийн хийдэг, итгэж үнэмшдэг зүйлийнхээ төлөө явж л байгаа бол тэр нь ҮБХ-д байна уу, үгүй гэдэгтэй огт хамаагүй. Яахав ээ, даргынхаа үгээр байгаад, даргадаа таалагдаад сууж байвал би амьд байна даа гэж боддог хүмүүсээс нэг сэтрийг нь аваад хаячихаар би яанаа гэдэг айдас төрдөг байх. Р.Амаржаргал, Э.Бат-Үүл ҮБХ-ны гишүүн байна уу, үгүй юу тэдэнд ялгаа юу байгаа юм. Р.Амаржаргал Амаржаргалаараа, Э.Бат-Үүл Бат-Үүлээрээ үлдэнэ. Ямар ч цаг үед итгэж үнэмшдэг үзэл бодлынхоо төлөө дуугардаг, тэмцдэг тэр бүхнээ хийгээд явна. Түүнээс ямар шошготой байх, байхгүй нь тэдэнд ямар ч асуудал биш. Яагаад том асуудлаа гаргаж ирж ярихгүй нам доторх жижигхэн асуудалд ач холбогдол өгнө гэж. Хандлага өөр л дөө.

-Олны ам дамжсан яриа ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсийг харж, сонсож байхад Тэмүүжин Ц.Элбэгдоржийн хүн гэх юм. Олон ч жил тэгж ярьж ирсэн. Энэ удаагийн намын удирдлагууд Ц.Элбэгдоржид дургүй болохоороо түүнд хамаатай гэх хүмүүсийг намаас шахаж эхэллээ гээд байна л даа. Ц.Элбэгдорж даргатай холбоотой байна уу. Хэзээ хамгийн сүүлд уулзав, юу ярив…

-Эсрэгээрээ С.Эрдэнэ чинь өөрөө Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын хүн нь шүү дээ. Элбэгдоржийн хүмүүсийг шахаж байна гэдэг худлаа байх.

-За, ямар ч байсан та бол намынхаа үйл ажиллагаанд оролцоод явах юм байна…

-Улс төрөө хийдгээрээ хийнэ. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд, зарчим, үзэл санаагаа хамгаалахын тулд явдгаараа явна.

Ардчилал, шударга ёсыг дэмждэг үү, дэмждэг. Хүний эрх, хуулийн засаглалын төлөө явах уу, явна. Монгол Улсын хөгжихөд тус дэм болж болох бодлогын эрэл хайгуулд оролцох уу, оролцоно. Ардчилагчид энэ бидний зарчим мөн гэж байгаа бол бид хамтдаа явна. Тэгэхгүйгээр Ардчилсан нам, ардчилагч гэдэг хаяг зүүчихээд энэ бүгдийн эсрэг, хөгжил дэвшлийг гацаагч, ухраагч болоод, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг нулимаад явах юм бол эсрэгээрээ тэр хүмүүс ардчилагч гэж ярих эрх нь байх уу, үгүй юу гэдэг яриа тэнд л яригдана. Түүнээс биш хэн тамга барьж байгаадаа гол нь биш. Хэн зарчмаа барьж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал.

-Монголын улс төрд зарчим барьдаг соёл хэзээ төлөвших юм бэ. Таны хэлсэнчлэн нэг намын асуудал биш байх. Ардчилал, парламентын засаглалын зарчим буруу байна гэж хэлээд байгаа хэрнээ төлөвших ёс зүйн талаар ярихгүй юм?

-Ёс зүйсээд байх юм байхгүй ээ. Зүгээр л энэ зарчмаас гажууд амьдардаг, энэ гажууд байдлаар амь амьжиргаагаа залгуулдаг хэсэг нь холдсоны дараа таны асуусан бүхэн эхлэх байх. С.Зориг агсны хэлсэн нэг үг байдаг даа. Эрх ашгийн эрэмбэ гэж. Нэгдүгээрт, улс орон. Хоёрдугаарт, нам. Гуравдугаарт, хувь хүний асуудал байна гээд. Энэ эрэмбээрээ харж чаддаг болохын тулд энэ эрэмбээ буруу босгочихоод нэгдүгээрт, би яаж амьдрах юм бэ гээд амь амьжиргаагаа шийдэхдээ намыг хэрэгсэл болгодог. Намыг хэрэгсэл болгосныхоо дараа улс орныг тонон дээрэмддэг ийм зантай, тэр зан нь 20 гаран жилийн зуршил болчихсон хүмүүс бий. Төрд, намд бэрд болоод суучихсан нөхдүүд холдохгүй.Энэ хүмүүсийг холдуулж чадсан цагт та бид хоёр зарчимтай улс төр эхлэх үү, зарчимтай улстөрчид нь хөгжлийн бодлогоо гаргаж ирж чадах уу, ингэхийн тулд сахилга баттай баг шиг баг хүчирхэг хүмүүсийн нэгдэл чинь хаана байна гэж асуух ёстой байх. Түүнээс бэрдүүд зай эзлээд суучихсан байхад хажуугаар хог шаар л овоорно. Өмнө нь ч гэсэн танд ярилцлага өгөхдөө хэлж байсан даа, Энэтхэгийн нэг үг байдаг гээд. “Эх захгүй бөмбөр нүдэж байхад пи пи хэмээх уянгалаг хөгжмийн эгшиг сонсогддоггүй” гэж.

-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Хэсэг хэсгээрээ талцаж суугаад хэл амаа билүүдэж байгаа харагдах юм. Таныг Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шалгаж эхэлсэн. Тэр үедээ шийдчихгүй яасан юм гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байсан л даа…

-Тийм үү.

-Харин тэгж хэлсэн. Тэр үед шалгаж эхэлсэн юм биш үү?

-Намайг Хууль зүйн сайд байхад энэ асуудлыг шалгаж эхэлсэн л дээ. Өмнө нь яагаад ч юм энэ асуудал хөндөгдөж, сөхөгдөөгүй байсан. 2013 онд хэрэг үүсгээд, шалгалт эхэлсэн юм. Санаж байгаа бол МИАТ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэттэй холбоотой манай намын болон Ардын намын хүмүүсийн нэр холбогдсон хэргийг шалгаж эхэлсэн нь үнэн. Тэр нь олон хүний дургүйг хүргэсэн байх. Ардын намынхан намайг огцруулахын тулд их ч явсан даа. Манай зарим нөхдүүд мөнгө төгрөгөө гаргаж байгаад захиалгат зүйлсийг их дэмжсэн. Үр дүнд нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Би ч холдсон. Оронд нь сайхан ижилсдэг хүмүүсээ авч ирээд тавьчихсан.

Ардын нам ч засагт орсон. Энэ түүхийг мартаагүй байлгүй дээ. Ингээд энэ бүхэн замхарсан.

-Та сайд байхдаа энэ бүхнийг шуурхай шалгаад мухарлах боломж байгаагүй юм уу?

-Хууль зүйн хувьд хугацаа шаардсан ажил. Мөн Арбитр дээр маргаан гарсан учраас удааширсан байх. Эдгээрийг шалгаж эхлээд нэг жил болоогүй байхад биднийг огцруулсан. Би 2.5 жил л Хууль зүйн сайд хийсэн. Бусад нь нэг хүний гар доор эсхүл нэг хэсэг хүний гарын хүмүүс Хууль зүйн сайд хийлээ. 20 гаруй жил энэ улсаар тоглож буй хүмүүсээс гадуур асуудлыг шийдэх гэж оролдсон нь аль цаг хугацаанд байна вэ гэдгийг ялгаад харахад тодорхой дүр зураг гарна. Түүгээрээ Н.Алтанхуяг их баалуулсан даа. “Чи хэн болчихоод очиж, очиж Тэмүүжинг дэмжиж, ард нь зогсоод байгаа юм” гэсээр байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан даа.

-Манайхны хэлдэгчлэн бүлэглэлийн эрх ашгийг хангаагүйн улмаас тийм нөхцөл байдалд хүрсэн үү?

-Улс төр, эдийн засаг, хууль хүчний байгууллага гэсэн гурван схем нийлээд нэг бүлэглэл болчихоод байна. Энэ бүлэглэл сүүлдээ дотроо хоёр хуваагдаад зодолдлоо шүү дээ. Үндсэндээ банк, санхүү, эдийн засгийг атгачихсан нөгөө талдаа улс төрийн тодорхой хэсэг бүлэглэлтэй тохирчихсон, санхүүгийн болон улс төрийн дэмжлэгээрээ хуулийн байгууллагыг эрхшээлдээ авсан бүлэглэл одоо ч байна. Үндсэндээ тэд дайснаа дарж аваад дараа нь дотроо хоёр хуваагдаад зодолдсон.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэн унагасан юм. Ямар хүмүүс кнопоо дарж, ямар хүмүүс нь кнопоо даралгүй зугтсан билээ. Мартагдаагүй байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихаад дараа нь ямар хүмүүс нь нийлж, эвсэж, ярьж байгаад Засгийн газраа байгуулсан билээ. Тэд юу хийсэн бэ. Юу хийх гэж оролдоод юун дээрээсээ болж хоорондоо муудалцаад дахин хуваагдав.

-Баялгийн төлөөх тэмцэл өрнөсөн гэж харагддаг…

-Бүгд уул уурхайн төлөө үхэн хатан зодолдсон. Маш их хэмжээний мөнгө. Н.Алтанхуягийг унагахдаа хүзүү сээрээрээ холбогдчихсон бараг л эр, эм нь мэдэгдэхгүй үнсэлцсэн нөхдүүд байсан даа. Дараа нь Н.Алтанхуяг байхгүй болсон шүү, бүгдээрээ хуваагаад иднэ ээ гээд тавган дээрээ тавьж байгаад чиний, миний болж талцсан. Энэ талцал хуваагдал нь сүүлдээ бие биенийхээ амь насанд халдах хэмжээний үзэн ядалт болж хувирсан. Одоо ч Элбэгдоржоос муу хүн байхгүй болж дээ. Цагтаа хамгийн их хов зөөж “та минь шүү дээ” гэж явсан нөхөд одоо түүнийг тамд л байх ёстой мэт муулж, мангасыг дарах ариун баатрын дүрд тоглохыг харах ч ой гутам юм даа.

-Таны харж байгаагаар санхүү, эдийн засаг, улс төр, хууль хүчний байгууллагын энэ бүлэглэлийг задлах боломж байна уу. Таны хэлсэнчлэн энэ бүх хүмүүс явж цаг наашлах уу?

-Шударга ёсоо, эх орноо дайснаас хамгаалах тухай сайхан ярих, авлигатай амаараа тэмцэхийг бол үзүүлж байна аа. Авлигачидаа ар өвөртөө нуучихаад багаа сольж өмсөөд хүмүүсийг хуурах ажлаа маш сайн хийж байна. Кино зохиол, сэдэв хөөсрүүлэх зэргийг сайн ч санхүүжүүлцгээж байна. Олон нийт рүү угаасан нүүрээрээ гүйж очихдоо хурдан юм. Бодит байдал дээр энэ 28 жил хэн солигдож, юу өөрчлөгдөв.

-Байхгүй л дээ…

-Хүн нь солигдоогүй байхад зарчим солигдоно гэж байхгүй. Тэр дундаа улс төрд бүр ч худлаа. 2020 онд сольж чадах юм уу, мэдэхгүй байна. Хүн нь солигдож байж, зарчим солигдоно гэдэг нь маш тодорхой.

-Энгийн нэмэх хасахтай тоо бодъё. Энэ хүмүүс 56-60 насны хоорон дахь хүмүүс гэж бодоход 2020 онд бүгд 60 насны босго давчихна. Нэг үгээр хэлбэл тэтгэвэрт гарах насандаа очно. Тэгэхээр магадгүй хамгийн сүүлд азаа үзэх боломж нь 2020 он юм биш үү?

-Сүүлчийнх гэж хэлж мэдэхгүй байна. 2012 онд маш олон хүнийг волейболоор ярихад сүүлийн давуулалтаа хийлээ гэж ярьж байсан. Гэтэл юун 2012 он бэ. 2016 онд бүгд амилаад нэр дэвшээд явсан. 2020 онд дахин амилахаар бэлтгэлээ хийж байна. Үлгэрийн баатрууд амилсаар л байдаг юм. Тиймээс эд нар сүүлчийн давуулалтаа хийлээ гэж харж болдоггүй юм билээ.

Дараагийн үе нь нөхөж гарч ирж чадахгүй бол амь бөхтэй оршсоор л байна шүү дээ. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Дараа үеийнхэн нь гарч ирж чадахгүй байгаа тэдний буруу. Өөрсдөө зоригтой байж чаддаггүй. Энэ хүмүүс 1990 онд хэдэн настайдаа хуучин дэглэмийг түлхэн унагасан юм бэ. Хамгийн бага нь 20 нас хүрээгүй дээд тал нь 30 настай хүмүүс л байсан биз дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 28 жил амь бөхтэй оршин тогтнож байна. Гэтэл өнөөдөр 20, 30-тангууд юу хийж байна вэ.

-Цүнх барих нь цүнх бариад. Цүнх барихыг зарим нь мөрөөдөөд. Нэг хэсэг нь зорилгынхоо төлөө тэмүүлж байгаа байх?

-Өөрөө өөрсдөдөө итгэхгүй. Өөртөө асуудлыг шийдэж чадна гэж найдахаас илүүтэй “Ах минь, дарга минь” гэдэг хандлага чинь өөрсдийг нь улам хүчгүй болгоод тэдний заасан зам, тэдний хуваасан хуваагдлаар өөр хоорондоо тэмцэлддэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ. 10 жилийн өмнө бид ярьж байсан. Ах нар хувааж, зодолдуулчихаад яг хэрэгтэй зүйл дээрээ очоод тэврэлдээд, залуучуудаа золиод цаашаа явдаг гэж. Тэдний тэврэлддэг цэг нь мөнгө. Зодолддог цэг нь албан тушаал. Тэдний мөнгө, албан тушаалын зодоонд нь залуу үе гар хөл болж, тусалж хийж өгсөөр байгаад ах нараасаа илүү сорвитой болцгоосон. Сорви нь эдгээгүй, бие биенээ үзэж чадахаа больчихсон ийм дүр зураг байна.

Одоо улс төрөө харах ёстой. Юуны төлөө юу хийгээд яваад байгаа юм бэ. Энэ нь хэнд олз болж, хаана очоод байгаа юм. Мэдлэгтэй, боловсролтой, зарчимтай, асуудлыг эрүүл саруулаар хардаг ийм залуус юуны төлөө бие биенээ үзэн ядан хэмлэлдэнэ вэ. Уулзаад ярихаараа “Чи ийм хүн байсан юм уу. Ийм зүйл бодож байгаа юм уу. Бид хоёр яг адилхан бодож байна шүү дээ” гэдэг. Өөрсдөө уулзаж ярилцдаггүй, хүний үгээр хүнийг дүгнэдэг ийм байдал үргэлж бусдын олз болж байдаг.

Улс төрд ахмад, залуу гэж байна. Ахмад гэдгийг би насаар ярихгүй байгаа шүү. Оюун ухаан нь үхжирчихсэн хүмүүсийг цаг хугацааны хувьд элэгдлээ гэж байгаа юм. Тоолоход нас, харагдах байдал нь залуу боловч тархин доторх үхжирсэн байдал нь аль эрт авсандаа орж дээ гэж бодоход хүргэх хүн ч байдаг.

Бусдын үгээр талцаж хуваагдсан, зөрчилдөж тэмцсэн энэ байдал дотоод улс төрөөс гадна гадаад харилцаанд ч харагдаж байна. Тогоон дотроо хэдэн залуус нь хэмлэлдээд дараа нь бие биенээ харж байхад монгол дотроо зодолдсон зодооны үр дүнд хожил нь гадагшаа хожигдол нь дотроо үлдэж байх. Үүнийг бид бодох ёстой. Жаахан ухаан зарахгүй бол болохгүй нь. Нэг нам сүйрэх, нэг улстөрч унах байдаг л зүйл. Харин энэ улсаа унагачихвал яана аа.

-Манайхан улс орны хөгжил хийгээд сайн сайхан амьдрах энэ бүхэн улстөрчдөөс хамааралтай мэт байх болсон. Үнэндээ иргэдийн оролцоо дутаад байна уу гэж бодогдох юм?

-Иргэдийн оролцоо гэдгээ учиртай ярихгүй бол хорлонтой хоосон үг. Иргэдийн оролцоо гэдэг асуудлаа мэдэхгүй дур дураараа дуртай юмаа ярихын нэр биш гэдгийг эхлээд санах ёстой. Иргэдийн оролцоо дөрвөн зүйлээс их хамаарна. Нэгдүгээрт, эрх мэдэлгүй ч тухайн салбарын мэргэжилтнүүд салбартаа оролцоотой байх тухай яриа. Нэг нөхөр улс төрийн кранаар үсэрч орж ирж дарга болчихоод дурын салбарыг би мэдэж байна гэж тонгочуулахаас илүүтэй мэргэжилтнүүд нь эрх мэдэлгүй байж болох ч тэдний туршлага, мэдлэгийг нь салбарт нь өрсөлдөөнд оруулж аль нь илүү зөв бэ, аль нь асуудлаа шийдэж чадах вэ гэдэг асуултад хариу олох учиртай. Иргэдийн оролцооны нэг чухал зүйл нь мэдээлэлтэй, туршлагатай, салбартаа мэргэжилтэн болсон хүмүүсийн санаа бодлыг нийгмийн хэлэлцүүлгийн индэрт албан ёсоор оруулж улстөрчид сонсож сурах явдал. Монгол хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь сайн дурын уран сайханчид улс төр гэдэг олсоор, намаар дамжин орж ирчихээд бүх мэргэжлийн салбарыг мэргэжилтнүүдээс нь хулгайлж, зувчуулж, булааж авч байгаатай холбоотой. Улстөрчид үнэнээ хэлэх ёстой. Улстөрчдийн нэг авьяас нь хүмүүст таалагдах, дэмжлэг авах. Үнэхээр үүнийгээ хийж чаддаг. Иргэдийн дэмжлэгийг авч байгаа дээрээ өөрийн муйхар тэнэг бодлыг биш мэргэжилтнүүдийнхээ тооцоо, судалгаатай байр суурийг гаргаж ирэх ёстой.

Хоёрдугаарт, мэргэжилтнүүдээс гадна асуудлын хойноос олон жил хөөцөлдсөн иргэний нийгмийн идэвхтэнүүд байдаг. Энэ ийм байдаг юм байна гэж гэнэт ухаарч буй улстөрчөөс хавьгүй илүү олон жилийн сэтгэл, хийсэн ажил, туршлага тэдгээр хүмүүст байдаг. Тэр хүмүүсийн санаа бодлыг сонсох чухал. Сэтгэл, туршлага дээр нь суурилж тэр хүмүүсийн санаа бодлыг улс төрийн бодлогын нэг хэсэг болгох гэдэг бол иргэний оролцооны мөн л чухал хэсэг.

Гуравдугаарт, эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг. Асуудал босоход түүнээс болж эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол жаахан сонирхлын зөрчил үүсэх ч хамгийн бодитой бөгөөд хэрэгцээтэй шаардлагуудыг тэд тавьж эхэлдэг. Тэднийг сонсох, оролцуулах тухай яриа бол хүний эрхийг зөрчихгүй байх нэн чухал сэрэмжлүүлэлт болно.

Дөрөвдүгээрт, эрх ашиг нь хөндөгдөөгүй тухайн асуудлаар олон жилийн туршлага хуримтлуулж иргэний идэвхтэй байдлаар хөөцөлдөж байгаагүй, тэр салбарын мэргэжилтэн биш ч ардчиллын уг үндсийг мэдрээд үүнд би санаа зовж байна гээд ирж байгаа мэдээлэлтэй иргэдийг оролцуулах явдал. Энэ дөрвийг улс төрийн байр суурин дээрээ хүлээн зөвшөөрөөд сонсож чаддаг, сонссон зүйлдээ итгэж үүнийхээ төлөө явж чаддаг улс төрийн манлайлагч лидерүүд байх юм бол энэ улсад шийдэгдэхгүй зүйл цөөхөн байх биз.

-Хуульч хүний хувьд Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ. Зээл авсан хүн нь тодорхой байхад Эрдэнэт үйлдвэр зээлийг төлнө гэх юм?

-Утаа хаашаа хийсэхийг биш, салхи хаанаас салхилж байгааг харах хэрэгтэй. 2013 онд энэ хэрэг шалгагдаад эхэлсэн. Тэр үед би өөрийгөө их өөдрөгөөр бодож байсан байна лээ. 2016 он хүртэл би сайд хийнэ. Надад гурван жил байна. Манай хууль шүүхийн систем хэргийг мухарлаж, шийднэ гэж бараг байхгүй. Дор хаяж 5-6 жил болдог. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс орооцолдоод ирэхээрээ хуулийн шалгаж буй процессийг албаар удаашруулдаг. Цаг авах гэж оролддог. Замхруулах гэж хичээдэг. Ийм сорилтуудтай угаасаа тулна гэж мэдэж байсан. Ийм тохиолдолд манай хуулийнханд ямар асуудал байдаг вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгочихдог юм. Энэ зөвхөн том хэргүүдтэй холбоотой биш, ахуйн түвшинд гардаг жижиг хэргүүдтэй ч холбоотой. Иргэд ч гомдол гаргадаг. Хулгайлсан юм уу, юмыг нь залилсан этгээд маш тодорхой байдаг. Энэ надаас мөнгө авсан. Хохирол барагдуулаад өгөөч гэхээр нөгөөх нь өгнө гэдэг. Ингэж цаг авдаг. Эцэстээ чадахгүй гэдэг. Чадахгүй гэсэн нөхөр нь хуулийнхантай холбоо хэлхээ тогтоож байгаад удаашруулдаг. Нэг мэдсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог. Хохирогч болохоор авсан хүн нь энэ байна, болсон үйл явдал тодорхой байна шүү дээ. Тийм байхад миний мөнгийг олоод өгчихөлгүй яагаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм гэдэг. Хэрэг нь хэрэгсэхгүй болохоор мөнгө төгрөг нь замхраад алга болдог. Ийм байдлаар гомдогсод олон.

Манай хууль үнэхээр болхи байсан. Бид зассан. Хийсэн зүйл нь тодорхой, болсон явдал нь баримттай байхад хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа байж болно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Тэр хэргийг 10 жил шалгасан ч хамаагүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад ял завшдаг байдал зогсоно. Хариуцлага үүрнэ, хохирлоо барагдуулна гэдэг хууль хийсэн. Харамсалтай нь МАН 2016 онд засгийн эрхийг авангуутаа хамгийн түрүүнд хуулийн салбарт гар дүрж, Эрүүгийн хуулийг өөрчилж, Эрүүгийн процессийн хуулиудыг буцаасан. Тэдний хийсэн ажил ердөө л энэ. Хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах гол ганц амин сүнсийг нь авч хаясан. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр тасалдана гэснийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар гээд хийчихсэн. Шүүх хуралдааныг хэдэн ч удаа хойшлуулж болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө 10 жил ч болгож болно шүү дээ. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болно. Бид юу гэж бодсон гэхээр 2013 онд Эрүүгийн цагдаагаас хавтаст хэрэг нээсэн. Хэргийг мөрдөн шалгах эхлүүлсэн л бол Эрдэнэтийн 51 хувийг луйвардсан этгээдүүдийн хөөн хэлэлцэх 2013 он тасалдах ёстой. Өнөөдөр 2018 он болтол таван жил шалгаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа зогссон байгаа шүү. Хичнээн удаа тэлчилж хэргийг удаашруулсан хамаа байхгүй, шалгаад хууль шийдвэрээ гаргаад явна гэдэг зарчим байсан. Үүнийг үгүй хийсэн. Одоо яаж бантан зуурах юм бүү мэд.

-Та өөрийн твиттер хуудаснаа бухимдаад байсан заалт байна, тийм үү. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж болох уу?

-Тийм. Эрүүгийн хуулинд буцаагаад орууллаа гээд яах юм. Эрүүгийн хуулийнхаа зарчмаар хүнд хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зарчмаараа явах байх даа. Ийм хуулийг миний санаж байгаагаар 2007 онд бас хийсэн. Албан тушаалын хэргийг Эрүүгийн хуулиас хасангуутаа “Өө, мартсан байна шүү дээ” гэж буцаж оруулаад албан тушаалын хэсэг хасагдсан байсан тэр хэсэг дээр маш олон албан тушаалын хэрэг дээр хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй, албан тушаалын хэрэг байхгүй байсан гээд гараад явчихсан. Мэдэн будилах байдлаар санаатай, санаагүй өөрөө өөрсдөдөө зориулж хууль хийдэг байдал зогсохгүй нь ээ. 2017 онд ингэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байхад одоо “Эрдэнэт пү па” гэж хашхирч байгаа хүмүүсээс хэн нь ч салхи хаанаас салхилж байгааг олж хараагүй. Утаа хаашаа хийсэж байгааг хараад л том том юм яриад, хуулийн хуучин уламжлалаа сэргээнэ гэх шахуу юм яриад байсан. Хэлсэн. Үг аваагүй. “Тэмүүжинг сонсоно гэж юу байдаг юм. Энэний хуулийг өөрчилж л байвал болно” гээд нүдээ аниад дайрчихсан. Ах нартаа гавьяа байгуулж, өөрөө амьд үлдэх гэж оролддог хандлага толгойд нь суучихсан учраас юу хийж байгаагаа ойлгохгүй нүдэн балай, чих нь дүлий бүх зүйлийг ах нарынхаа үгээр зүтгүүлсэн. Сүүлд нь манай намд ийм муухай авлигач байсан байна гэж орилоод яах юм. Өөрсдөө тэр хүмүүсийг ялгүй байх хуулийн нүх сүвийг нь хийж өгчихөөд.

-Таныг сайдаар ажиллах хугацаандаа хууль зүйн салбарт реформ хийсэн хүн гэдэг. Манайхан шинэчлэл хийж байгаа хүмүүстээ дургүй байдаг юм шиг байдаг. Ямар нэгэн байдлаар харлуулах гэсэн хар технологи явдаг. Үүнийг биеэрээ туулсан хүн нь мөн л таныг гэдэг л дээ. Яг ямар схем, технологи явдаг вэ?

-Хүмүүс дараа нь надад зөндөө ярьсан. Гурван зүйл надад хэлж байна лээ. Нэгдүгээрт, “Чи хүмүүсийн амин зуулгаар битгий оролд л доо” гэсэн. Зарим хүмүүс хуулийн нэрээр, хуулийн сүр хүчээр амин зуулгаа залгуулдаг байсныг нь би оролдоод эхлэхээр дургүй байсан байх. Олдог ашгийг нь, бусдыг айлгадаг нэр сүрийг нь, амьдралаа залгуулдаг орлогын үүдийг нь хаах гэж оролдсон учраас дургүйцсэн. Хуулийн байгууллага ямар тэдний амин зуулга биш дээ. Хуулийн байгууллага гэдэг нийтийн ашиг сонирхол, шударга ёсны төлөө явах ёстой болохоос биш байгууллагын нэрээр амьдардаг, тэнд нь ажил хийж байгаа нэртэй, хүмүүс алх тогшоод, гарын үсэг зураад орлого олж, хөрөнгө цуглуулдаг байж болохгүй. Дахиад боломж олдвол амин зуулгаар нь оролдох л ёстой.

Хоёрдугаарт, ихэнх нь манай намынхан надад хэлж байсан юм. “Ах нарынхаа үгнээс битгий зөрж бай. Хааяа ч гэсэн үгэнд нь орж байгаа царай гарга л даа” гэсэн. Тархиа эрх мэдэл дээр сууж байгаа хүний улан доор тавьчихаад өөрчлөлт хийнэ гэж байхгүй. Тархи хүний улан доор биш, өөрийнх нь толгой дотор байж өөрчлөлт хийнэ. Тиймээс ах нарын үгэнд орох тухай биш, зөвийг нь тусгаж аваад бурууг нь хаяад өөрийн шийдвэрээ гаргачих чадалтай, өөрийн үеийг төлөөлдөг бодолтой байх хэрэгтэй л гэж зөрүүдэлсэн.

Гуравдугаарт, “Цаг нь болоогүй зүйлийг эхлүүллээ” гэж байна лээ.

-Тэр нь ямар учиртай зүйл юм бэ?

-“Зөв нь зөв. Гэхдээ цаг нь арай болоогүй байсан юм даа” гэсэн. Цагийг нь хүлээгээд байвал амин зуулгаа залгуулдаг нөхдүүд чинь тэр цагийг ирүүлэхгүй. Хаалгыг нь нээж цагийг эхлүүлдэг болохоос хаалга өөрөө нээгдэх байх гээд цагийг хүлээдэггүй. Хэдий болтол бусдын амьдралыг золин сайн цагийг хүлээх юм. Сайн цагийг хүмүүс эхлүүлдэг. Түүнээс өөрөө ирдэггүй биз дээ. Угаасаа ийм зүйлийг туулна, унах нь ойлгомжтой гэдгээ харж байгаа бол эрт унасан нь дээр. Унахгүй байя гээд дэнжигнээд байвал сүүлдээ нүүрээрээ газар харуулдан унана. Харин эрт унаж өвдгөө шороодчихоод, тулж босоод тоосоо гөвчихөөд цааш алхвал дараагийн ажилд илүү амар. Түрүүнээс хойш хэллээ дээ. Манайд банк санхүү, улс төрийн эрх мэдлээрээ хуулийг өөртөө үйлчлүүлэх гэж оролддог хэсэг хоорондоо зодолдож байгаад өөрт нь аюултай хүн гараад ирвэл нийлж байгаад балбаж алга болгочихоод буцаад хоорондоо зодолддог. Өнгөрсөн 28 жилийн түүхийг харахаар өөр хоорондоо зодолдсон дүрүүд харагдаад байгаа хэдий ч яг аминдаа тулбал өөрийнх нь идүүртэй хоолыг өшиглөх өөр хэн нэгнээс үхтлээ айна. Тийм нэгэн гараад ирвэл нийлж байгаад хөөж гаргана. Тэгээд өөрсдөө үлдсэн хойно оо дахиад хоорондоо зодолдоно. Авлига, албан тушаалын схемээрээ цөлмөж идэж байгаа нөхдүүдийг танай манай гэхгүй гортигны гадна гаргаж байж энэ нохойн замаас улс орноо гаргах байх даа.

-Эдгээрийг цэгцлэхийн тулд нэг биш, нэлээд хэдэн хүн нэр хүндээ золиослон зүтгэх шаардлагатай байх даа?

-Угаасаа энэ бүгдийг туулах байх аа.

-Тийм болохоор л өнөө залуусын зоригийг нь мохоогоод байх шиг байна?

-Хагас зэрлэгшсэн ийм нийгэмд өөрчлөлт урсгалаараа яваад хийгдчихнэ гэж байхгүй. Ялангуяа улс төрийн орчин зэрлэгшил дээрээ дайсагначихсан байна. Маш их хэмжээний мөнгө байна. Маш увайгүй нүүр царай байна. Эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй ванкурт боолоор хүрээлүүлчихсэн байна. Бүх зүйл нохойн зам дээр, уралцаантай байна. Зарим зүйл дээр нохой хажууд нь ариун гэгээн болно шүү. Ийм нөхцөлд эрсдэл маш өндөр. Унана гэдгээ мэдэх хэрэгтэй. Гэхдээ ийм хэмжээний эрсдэл гарна гэдгийг мэдээд урагшаа алхах үе олноороо байх хэрэгтэй. Улс төрийн шинэ үе, зарчим, өнгө гарч ирэхгүйгээр сая ярьсан бүхэн өөрчлөгдөхгүй.

-Та өөрийн нэр хүнд, гэр бүлээсээ эхлээд энэ бүхнээ золиослон зүтгэсэн дээ одоо харамсдаг уу. Хуулийн салбарт шинэчлэл хийсний гавьяа хаана байна. Буцаагаад хуулиудыг чинь өөрчиллөө шүү дээ?

-Ийм бодлого, тийм өөрчлөлт гэж том зүйл ярихаас илүүтэй жирийн нэг иргэний ярьсан зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Дөрвөн жилийн өмнө над руу нэг хүн утасдаад намайг загнаж байсан юм. “Чиний шинэчлэл ч гэж дээ. Яахав ээ, цагдаа нар чинь хараал хэлэхгүй байна. Аашилж загнахгүй байна. Доромжлохгүй байна. Соёлтой инээж байгаад хуулийн шаардлагуудаа тайлбарлаж байна. Ингэж инээж байгаад торгодог болсон юм биз дээ” гэж байсан. Бодвол торгуулмааргүй байна гэсэн санаа байх. Саяхан нөгөө хүн залгаж байна. “Хэдэн жилийн өмнө би чамайг загнаж байсан юм. Бараг торгуулахгүй санаатай даналзаж байв. Одоо ойлгож байна. Инээдэг цагдаа байхгүй шүү. Харааж байгаад торгочихож байна. Тэр үед би даварч байсан байна шүү. Чиний хийх гээд байсан шинэчлэл иргэн дээр ирэхээрээ юу байдаг вэ гэдгийг мэдэрч байна. Хууль зөрчсөн бол торгуулна аа, торгуулна. Гэхдээ хараалгамааргүй байна, хүнээс гадуур дорд үзэгдмээргүй байна. Ардчилсан намыхны хийсэн шинэчилэл чинь Хууль хүн дээр инээж ирж болдог гэдгийг харуулах гэж оролдсон том шинэчлэл байсан юм байна. Хүн сүүлд нь ойлгодог юм байна” гэж ярина лээ.

-Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд 4-5 удаа сайдаар ажиллачихсан. Өмнө нь хийгдээгүй зүйлсийг одоо хийх боломжтой юу?

-Бусад хүн үнэлэх зүйлийг би үнэлээд яахав. Хувь хүндээ биш, энэ хоёр улс төрийн хүчний мөн чанарт нэг зүйл бий. Ардчилсан нам гарахаараа хуулийн байгууллагыг иргэнд ойртуулах гэж оролддог. Иргэнлэг болгох гэж хичээдэг. Иргэнтэй ижил түвшинд харьцдаг соёлтой болгох гэж зүтгэдэг. Ардын намынхан гарахаараа иргэнээс тасдаж аваад даргынх болгох гэж оролддог. Бөөн генерал, цэрэг үйлдвэрлэж байгаад иргэнийг айлгаж, ичээх, дарамтлах хэрэгсэл болгох гэдэг. Юун иргэн манатай тэнгэрт суудалтай хэдэн хүн гаргаж аваад тэд нь бүгдийг захирах гэдэг л дээ. Хандлагын зөрүү ердөө л энэ.

-Та бид хоёрыг энд ярилцаж байх зуур УИХ-ын гишүүн асан С.Баярцогт сүүлийн үед үүсээд буй асуудлаар мэдээлэл хийж байна. Түүнтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байгаа бол?

-С.Баярцогт мэдээлэл хийж байна. Түүний мэдээллийг бүрэн үзэж амжаагүй явна. АН-ын нарийн ширийн дотоод асуудал болон С.Баярцогттой холбоотой асуудлаар эргэж тухтай ярилцъя. Ярилцлагаа ингээд өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Эрдэнэтийг Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаа нэгтээ явчихсан юм биш биз

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Олны анхаарлыг татсан сэдэв болох Эрдэнэт үйлдвэрийн талаарх асуудлаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 49, 51 хувь болж намаараа талцаж байна. Ш.Батхүү нарын зарим хүмүүс ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж зээл авсан гээд л. Гарын үсэг хуурамч, үгүй гэх мэтчилэн яриад л. Та Эрдэнэтийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал дээр хэвлэл мэдээллээс ихэвчлэн мэдээлэл авч байна. УИХ-ын гишүүний хувьд бидний гар дээр Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллагаас гаргасан санал дүгнэлт, шийдвэр ирээгүй байна л даа. Тиймээс тодорхой байр суурь илэрхийлэхэд түвэгтэй.

УИХ-ын нэр бүхий таван гишүүн Эрдэнэттэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулт тавьсан байсан. Хариулт нь хэвлэлээр гарсан байсныг харсан. Ойлголцлын зөрүүтэй зүйлс байгаа юм уу гэж ажиглагдсан. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан асуудлаар улс төрийн хүрээнд их яригдаж, сүүлдээ улс төр болох шат руугаа орчихов уу гэж харж байна.

-Эрдэнэтийг барьцаалан зээл авсан тэр их өр төлбөрийг хэн төлөх ёстой юм бол. Зээл авсан Ш.Батхүүгээс бусад гарын үсэг хуурамч, зөв гэж яригдаад буй хүмүүсээс эхлээд байр сууриа илэрхийлсэн. Хуурамч, зөв нь хамаа алга. Хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь зөв юм уу?

-Нэлээд ээдрээтэй асуудал байна лээ. Эрдэнэт үйлдвэр яагаад 2007 онд энэ Жаст компанид баталгаа гаргаж өгсөн юм бэ, нэг хэсэг улстөрчдийн хэлж байгаагаар дараа нь хэд хэдэн удаа баталгаа гаргасан нь үнэн юм уу, баталгаа гаргаж өгсөн гэгдээд байгаа хүмүүсийн өөрсдийнх нь тайлбарласнаар худлаа юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Том зургаар нь харвал энэ асуудал Лондонгийн Арбитрын шүүх дээр 4-5 жил явж байхад нь манай талаас ямар хандлагатай оролцов гэдэг нь ойлгомжгүй байгаа юм уу гэж бодоод байгаа. Эрдэнэт үйлдвэр буруугүй, гарын үсэг хуурамч байсан гэдэг нотлох гэрээний жинхэнэ эх хувь баримтаа Лондонгийн Арбитрын шүүхэд хүргүүлээгүйн улмаас ялагдсан гээд байгаа л даа. Үнэхээр тийм зүйл болсон бол манай тал маш хариуцлагагүй хандаж. Үүнтэй адилхан процесс Улаанбаатар төмөр зам дээр гарахад тэдний хуулийн хүмүүс нь шүүх дээр нь очиж холбогдох материалуудаа үзүүлээд, Стандарт банкныхныг ялаад, ямар ч байсан гарын үсэг хуурамчаар үйлдсэн байна гээд Улаанбаатар төмөр зам өргүй үлдсэн гэж ойлгосон. Тийм нөхцөл байдал үүсчихсэн байхад нь манай талаас цаг хугацаа алдаж, холбогдох материалуудаа хүргүүлээгүйн улмаас шүүх дээр ялагдсан байх вий дээ гэсэн эмзэглэл байна.

Нөгөө талдаа үнэхээр тийм нөхцөл үүссэн бол ялагдуулах сонирхол хэнд байв гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эдгээр асуудал нэлээд ээдрээ, түвэгтэй болчихжээ гэж харж байгаа. Ямартаа ч Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор үүнийг улстөржүүлж, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Буруутай гэдэг нь нотлогдоод холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурчихсан, хууль бус шийдвэр гаргасан бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгэн арга зальтай нөхөр улс дамжсан луйвар хийгээд олон хүнийг хөлдөө чирэх гэж байгаа бол байж болохгүй зүйл.

-213.3 сая ам.доллар Эрдэнэт үйлдвэрийн дансаар орсон гээд байгаа. Гэтэл энэ мөнгө нь Жаст группын Эрдэнэтийг барьцаанд тавьж авсан мөнгө нь гэж байсан ч сүүлд Г.Занданшатар сайдын хэлснээр борлуулалтын орлого болж таарав уу?

-Хэдэн төгрөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас 5 гишүүний асуултад хариулт өгөхдөө Жастын зээлсэн мөнгө Стандарт банкнаас Эрдэнэтийн данс руу орсон мэтээр битүү хатуу хариулсан байсан. Үнэхээр баталгаа гаргаад гарын үсэг зурсан бол тэр мөнгө Эрдэнэтийн дансаар л орно шүү дээ. Яг ингэж ойлгогдохоор хариулт өгсөн байсан л даа. Миний хувьд гайхаж л байсан юм.

Харин төд удалгүй ЗГХЭГ-ын дарга “Энэ мөнгө Жастын зээлийн мөнгө биш байна. Эрдэнэт үйлдвэр, Жаст групп хоёрын хоорондын гүйлгээний мөнгө байсан байна. Залруулга хийнэ” гэдэг зүйлийг хэвлэлээр ярьсан байсан. Энэ бол үнэхээр хариуцлагагүй асуудал. Ийм эмзэг асуудалд хамаагүй хандаж болохгүй. Эрдэнэт гэдэг саалийн үнээнээс гадна түүний ард ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон хүний эрх ашгийн асуудал хөндөгддөг. Ийм чухал бөгөөд эмзэг асуудлаар тийм хариуцлагагүй хариулт өгч хэвлэлээр гаргана гэдэг нь өөрөө маш хариуцлагагүй зүйл. Сүүлийн тайлбарыг сонсоод тэр гүйлгээнүүд нь Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь бизнесийн үйл ажиллагааных байж гэж ойлгосон.

-Засгийн газрын гишүүд нь ядаж байхад дотроо хоёр талцсан гэх мэдээлэл бий. Ядаж байр сууриа нэгтгэх ёстой байх, тийм үү?

-Талцсан эсэхийг мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн энэ асуудлуудыг улс төржүүлчих вий гэдэг болгоомжлол байна. Хэрэв үүнийг улстөржүүлээд явбал хэн ч хожихгүй. Улс хохироод үлдэнэ. Энэ мөнгийг төлөхдөө тулбал Эрдэнэт үйлдвэр төлж таарна. Эрдэнэт үйлдвэр төлөх нөхцөл үүснэ гэдгийг манай зарим улстөрч шууд л хэвлэлээр хэлчихэж байна лээ. Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлого бол ард түмний мөнгө. Ард түмний мөнгөнд ингэж хайнга хариуцлагагүй хандаж болохгүй. Одоо ч бас зарим нэг гаргалгаа байж болох талаар хуульчид, зарим улстөрч ярьж л байх юм. Тийм боломж байгаа бол эцсийг нь хүртэл төлүүлэхгүй байх тал дээр, үнэн мөнийг олох тал дээр байр сууриа нэгтгээд хатуу зогсож, шаргуу ажиллах хэрэгтэй л дээ. Эсвэл өөр сонирхол байгаад байгаа юм уу? Эрдэнэтийг Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаана явчихаа вэ. Хэнд байваа гэдэг нь сонирхол татсан асуудал болоод байна. Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол байгаагүй юм бол энэ урт хугацаанд Улаанбаатар төмөр зам шиг шуурхай ажиллаад заргаа авах боломж байсан юм биш үү гэдэг хувь хүний бодол, бас хардлага байна.

Эрдэнэтээр дамжуулан улс төрийн хүчнүүд болон улстөрчид бие биенээ намнах, нөгөө талдаа нэг хэсэг нь ашиг хонжоо олох хэрэгсэл болгож болохгүй.

-Эрдэнэт үйлдвэр мөнгийг нь төллөө гэхэд нөгөө хүмүүс нь Эрдэнэтээс төлсөн тэр зардлыг нь сүүлд нь төлөх юм уу?

-Хэн буруутай этгээд нь л төлөх ёстой шүү дээ. Чуулган эхлэхээр ажил асуудал хариуцсан албан тушаалтнууд нь бүлэг дээр нэр холбогдсон хүмүүсээ дуудаж оролцуулаад гишүүдэд мэдээлэл өгөх байлгүй дээ. Мэдээлэл өгүүлэх талаас нь бүлгийн удирдлагаас шаардах болно. Бид ямар ч мэдээлэлгүй болохоор тодорхой зүйл хэлэхэд хүнд байна.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс ямар хуулиудад түлхүү анхаарал хандуулан ажиллах вэ?

-Чуулганы завсарлагааны хугацаанд манай байнгын хорооны ажлын хэсгүүд нэлээд ажиллалаа. Байнгын хороон дээр МСҮТ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг шалгах ажлын хэсэг холбогдох яам, агентлагууд дээр ажиллаж, тодорхой санал дүгнэлтүүд бэлдээд байна. Байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх манай байнгын хорооны нэг гол асуудал бол Засгийн газраас өргөн баригдах Нийгмийн даатгалын багц хууль. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдчихвал хэлэлцэгдээд явна. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Багшийн хөгжлийн тухай хууль гэх мэтчилэн нийгмийн салбарын 10 гаруй хууль, тогтоомжийг 2020 он гэхэд баталсан байх учиртай. Хаврын чуулганаар аль аль хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн барих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүдийн зүгээс бас манай байнгын хороотой холбоотой хуулийн төсөл өргөн барих, хэлэлцүүлэх зүйлс байгаа.

-Та Архангай аймагт тойргоороо явж байгаад ирсэн байна лээ. Хаваржаа хэр байна. Цас зуд нимгэрч, малчдын нуруу тэнийж байна уу?

-Улсын хэмжээнд энэ өвлийн цас өмнөх тохиолдож байсан шиг зудын хэмжээнд биш ч, өнгөрсөн зун гантай байсантай холбоотойгоор малын тарга тэвээрэг муу, өвс тэжээл бага, ялангуяа бэлчээртээ өвсгүй болсонтой холбоотойгоор өвөлжилт хүндэрсэн байна. Архангай аймгийн хувьд зудын хэмжээнд хүртэл цасаар дараагүй ч цас ихтэй байсан, бэлчээрийн идэш муугаас малын хорогдол нэлээдгүй байсан. Яг өвлийн дүндээ хэд хоног дараалсан их хүйтрэлт өвөлжилтийг бас л хүндрүүлсэн.

Одоо ирж яваа цаг юм хойно, дулаараад арай дээрдэж байна. Гэхдээ мал төллөлт эхлэх гэж байна, цаг арай л болоогүй байна. Тайвшрах цаг биш.Цас нэмэлгүй хаврын сараа давчихвал гайгүй болов уу гэдгийг малчид ярьж байна.

-Танай тойрогт тулгамдсан ямар асуудлууд байна вэ. Ноднин засаг мөнгөгүй гээд ямар ч бүтээн байгуулалтын ажил орон даяар хийгдээгүй. Энэ жил арай өөр байх бололтой?

-2016, 2017 онд тойргууд дээр хөрөнгө оруулалт тавигдаагүй. 2018 онд улсын хэмжээнд нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэнэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэгцээ маш их байдаг. Үүнийг шийдээд явахаас өөр аргагүй. Энэ онд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх үүднээс тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь шийднэ гээд нийслэл дээр нэлээд мөнгө тавигдсан. Уг ажлууд хийгдэх байх.

Засгийн газраас оруулж ирсэн төсвийг хэлэлцэж байхад зайлшгүй шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шийдэхээр төсөвт суусан. Үүнийгээ хийх ёстой. Байнгын хорооны зүгээс хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллана.

Манай тойргийн хувьд бусад аймгуудтай л адилхан нийгмийн салбарын бүхий л хүндрэл бэрхшээлүүд байсаар л байна. Дэс дараатай шийдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа.

-УИХ-аас утааг бууруулах чиглэлд анхаарч ажлын хэсэг байгуулж, түүнийг нь та ахалж байгаа. Ажлын хэсгийн үр дүн гарч байна уу. Урин цаг ирлээ. Хэдэн сар утаа мартагдана. Намар дахин яригдана. Энэ байдлаар явмааргүй л байна…

-Засгийн газар 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Хаврын чуулганаар Засгийн газар хууль тогтоомжийн тодорхой төслүүд өргөн барих байх гэж бодож байна. УИХ-аас Засгийн газарт тогтоолоор маш тодорхой чиглэл өгсөн байгаа. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын заалт бүрийн хэрэгжилтийг хангаж ажиллуулах тал дээр анхаарал хандуулах болно.

Урин дулааны улирал бол агаарын бохирдлыг бууруулах ажлуудаа хийхэд Засгийн газраас амьсгаа аваад ухасхийх ганц боломж гэж харах ёстой. Тайвшрах цаг биш. Энэ цаг хугацааг алдаж болохгүй. Цаг мөч бүхэн үнэтэй, үүнийг үр дүнтэй зарцуулж, ажлаа сайн төлөвлөж, зохион байгуулаасай гэж хүсэж байна. Иймд дулаан орлоо гээд утааны асуудал орхигдохгүй. БНСУ-аас ирэх хөнгөлөлттэй зээлийн 500 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн УИХ-аас шийдвэр гарч “Агаарын бохирдлыг бууруулах сан” байгуулсан. Уг сангийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх юм бэ, хөрөнгө оруулалтыг нь оллоо гэхэд ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх вэ гээд асуултын тэмдгүүд байсаар байна.

Ямартаа ч агаарын бохирдлыг бууруулах ажил дээр ирэх намар гэхэд үр дүн гарсан байх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Ихэнх нам бодлогын нам биш “босс”-ын нам болж, улс орныхоо хөгжлөөс улдах боллоо

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Та ажлын хэсгийг нь ахалж байгаа. Энэ төсөлд ямар заалтуудыг илүү тодорхой болгохоор тусгаж байна вэ?

-Намууд шинэчлэгдэхгүйгээр, төлөвшихгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй гэдэг нь батлагдчихлаа. Өнөөдөр намууд энэ янзаараа яваад байж болохгүй гэдэг дохио нийгэмд хэдийнээ асчихсан. Намууд улс орныхоо хөгжилд тушаа биш, хөтөч нь байх учиртай. Намууд одоо бахь байдгаараа байх тусам олон нийтийн дунд нэр хүндээ алдаж байна. Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл алдарч байна шүү дээ. Энэ нь өөрөө тун хортой. Ийм янзаар удах юм бол хүмүүс ардчиллаас ухарч дарангуйллыг сонгож ч мэднэ. Тэгэхээр хамгийн зөв гарц бол намууд эмгэг өвчин, ээдрээ гацаанаасаа салж, сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар богино зайд уралддаг биш, бодлогоор өрсөлддөг болох явдал юм. Харин тийм боломжийг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл бий болгоно. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох” гэсэн тов тодорхой зорилт тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах манай ажлын хэсэг байгуулагдсан.

-Ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа анх нам нь парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаарч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг байхаар заалт тусгасан гэсэн. Гэвч эдийн засаг хүнд нөхцөлд бүх намууд төрөөс 100 хувь санхүүжих нь эргээд төсөвт дарамт болно гээд сонгуульд үзүүлсэн амжилтаараа санхүүждэг байх нь илүү оновчтой гэж үзсэн гэсэн мэдээлэл байна?

-Улс төрийн намын санхүүжилт өөрөө их эмзэг асуудал. Өнөөдөр өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн насаараа тэр намд зүтгэсэн хүн хаяанд нь сууж байхад хөрөнгө бэлтэй хүн хаалгаар нь биш тооноор нь орж, хатавчинд нь биш, хойморт нь гараад заларчихдаг гажуудал гаарсан. Энэ нь эргээд улс төрийн намынхаа бодлого, үйл ажиллагаанд сэв суулгаж байна. Нам дамнасан бүлэглэл гээчийг бий болгож байгаа юм. Нам иргэд сонгогчиддоо биш эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилдэг гажиг тогтолцоо руу түлхэж байна. “Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” гэдэг шиг хандив нэрээр намыг халаасандаа оруулсан нөхдүүд улс төрийн намыг утсан хүүхэлдэйгээ болгодог гажуудал руу авааччихлаа. Үүнээс болж ихэнх нам бодлогын нам биш “босс”-ын нам болж, улс орныхоо хөгжлөөс улдан чангаах боллоо. Улс төрийн нам тогтвортой үйл ажиллагаа явуулахад мэдээж мөнгө санхүү ус агаар шиг хэрэгтэй. Тэр тусмаа гишүүд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх, сонгуульд ялалт байгуулж засгийн эрх авах үндсэн зорилгодоо хүрэхэд тухайн намын санхүүгийн чадавхи чухал үүрэг гүйцэтгэж таарна. Үүнээс болж хууль бус санхүүжилт төвлөрүүлэх эрсдэлд орох аюул цаана нь сүүдэр шиг дагадаг. Үүнийг хязгаарлахгүй бол улс төрийн намаар дамжиж мөнгө угаах, авлига албан тушаалын гэмт хэрэг газар авах, цаашлаад бизнесийн орчин бохирдох аюул нүүрлэж байна.

Намын санхүүжилт нууц далд байх тусмаа хэн нэг хөрөнгө оруулагчаас хэт хараат болох уршигтай. Яахав өнөөдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар намууд гишүүний татвар, хандив төдийгөөр санхүүгийн асуудлаа зохицуулж байгаа. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээг хуулийн этгээд 10 сая, иргэд нэг сая гэж гэж хязгаарлаж өгсөн ч хуулийн энэ заалт ягштал мөрдөгдөж байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Намын санхүүжилт шударга бус байхад төрд шударга ёс тогтоох тухай ярих нь утгагүй. Би л хувьдаа улс төрийн нам эсэн бусын компани, хуулийн этгээдээс, хувь хүнээс ил далд хандив дэмжлэг авахыг эрс эсэргүүцдэг. Үүнээс болж төрийн төлөө, түмний төлөө зүтгэх ёстой нам үндсэн зорилгоо умартаж өрийн барьцаа, өглөгийн төлөөсөнд баглагдах аюултай гэж үздэг. Тийм болохоор улс төрийн намуудад сонгуульд үзүүлсэн амжилт, авсан суудал, иргэд сонгогчид тэдэнд итгэж өгсөн саналынх нь хэмжээгээр төр тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх зарчимаа хадгалах нь зөв гэж харж байгаа.

Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилт шилэн, ил тод, нээлттэй байх шаардлагыг суулгаж өгч байгаа. Ингэж байж намуудын үйл ажиллагаа зөв тунгалаг болно. Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Улс төрийн бүх намыг төр санхүүжүүлнэ гэвэл бас дахиад л буруу болно. Бараг толгойтой болгон ТҮЦ-тэй болж байсан шиг жалгын нэг нам байгуулах гээд зүтгэж мэднэ. Тэгэхээр улс төрийн нам сонгуулиар хичнээн хүний дэмжлэг хүлээв, иргэд сонгогчдын хэдэн хувь нь тухайн намд саналаа өгөв гэдгээр нь эрэмбэ шалгуур тогтоож санхүүжүүлэх нь зөв. Хуулийн төслийн үзэл баримтлал ч энэ чигт чиглэж байгаа.

-Улс төрийн намууд гишүүдийн татвар, дэмжлэг, төрөөс суудлынхаа тоогоор мөнгө авдаг. Гэсэн ч ил далд хэлбэрээр бизнесийнхнээс хандив нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авдаг нь нууц биш. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар нам бизнесийнхнээс ангид байлгаж чадах уу?

-Би харин яг наадахыг чинь л яриад байна. Намын гишүүдийн татвар гэж авдаг ч тэр нь намуудын хувьд санхүүжилтийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэж чаддаггүй нь нууц биш. Өнөөдөр УИХ-д суудал бүхий намд авсан суудлынх нь тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож улсын төсвөөс санхүүжилт олгож байгаа. Парламентад суудалгүй намуудын тухайд төрөөс ямар ч санхүүгийн дэмжлэг байхгүй. Энэ нь эргээд улс төрийн нам цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, үүнээс болж өнөөдүүл нь улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өргөн олонд биш өөрт ашигтай давуу байдлыг бий болгох сөрөг талтай байгаа юм. Тэгэхээр улс төрөөс бизнесийг салгах гол учиг нь намуудын санхүүжилтийг шилэн болгох, түүнийг хянах тогтолцоог илүү сайжруулахад байна гэдэг нь харагдаж байгаа биз.

-Одоогийн хуулиар намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин шинэчилсэн найруулгаар намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой гэх юм. Хуульд ямар байдлаар тусаж байгаа вэ?

-Өнөөдөр хуулиараа улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгэж байгаа.

Намуудыг бүртгэхдээ уг нь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын дүрмийг нь үндэслэл болгож бүртгэх учиртай. Гэтэл өнөөдөр МАН-аас өөр Улсын дээд шүүхэд намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлсэн нэг ч нам алга. Нам бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүхэд, санхүүжилтийг нь хянах ажлыг аудитад, сонгуульд оролцох үйл ажиллагааг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хариуцуулахаар ёстой нөгөө “далан задгай, жаран хагархай” гээч нь болчихоод байна. Улс төрийн намд тооцох хариуцлага эзэнгүйдэн тарамдаж байгаа. Өнөөдөр зарим нам ямар ч тодорхой үзэл баримтлалгүй ороо бусгаа байдалтай явж ирлээ. Үзэл баримтлалтай зарим нам нь түүнээсээ хадуурч давхидаг хачин үзэгдэл ганц Монголд л бий. Барууны либериал үзэл баримтлалтай нам зүүний намын бодлого үйл ажиллагаа явуулж, зүүний нам шиг амлалт өгөөд явж байх жишээтэй. Энэ бүхнийг цэгцлэх, хариуцлагажуулах, хяналт тавих эзэн байхгүй байгаа учраас намууд дуртай бүхнээ ярьж, харсан зүг рүүгээ хазайж байна. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр энэ асуудлыг нэг мөр цэгцлэхээр зорьж байгаа. Улс төрийн намыг бүртгэх, татан буулгах асуудлыг сонгуулийг гардан зохион байгуулдаг Сонгуулийн Ерөнхий Хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж хуулийн төслийн үзэл баримтлалд суулгаж өгсөн. Намуудын санхүүжилтэд хяналт тавих асуудлыг ч Сонгуулийн Ерөнхий Хороо хариуцахаар зохицуулж байна. Өнөөдөр намын санхүүжилтэд хяналт тавих асуудал Улс төрийн намын тухай хуулиар тухайн намын “хяналтын байгууллага”-д байгаа. Намын бүтцийн байгууллага нь өөрийнхөө намын санхүүжилтийг хянаад онош тавьж хариуцлага тооцно гэж юу байх вэ дээ. Мөн санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байх маш чухал заалт байдаг хэдий ч амьдрал дээр амь орж хэрэгжихгүй өдий хүрсэн байх жишээтэй. Тиймээс үүнийг өөрчилж улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

-Ер нь хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлдөө бусад намуудын саналыг хэр тусгаж байгаа вэ. Бусад намуудаас ямар саналуудыг хэлж байгаа юм бол?

-Удахгүй улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө эрдэмтэн судлаачид болон олон нийтийн дунд хэд хэдэн өргөтгөсөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Мэдээж хэрэг том бага гэлтгүй намууд өөр өөрийн байр сууриа энэ хуулийн үзэл баримтлал, зүйл заалтад суулгахаар чармайж байгаа. “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэгчээр манай ажлын хэсэг бүх намуудаас саналыг нь авч, гарсан санал бүрийг нарийн судалж, асуудалд авах гээхийн ухаанаар хандаж байна.

-Намуудыг хэрхэн хариуцлагажуулахаар төсөлд туссан бэ?

-Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Харин тэдний гурав нь л энэ парламентад суудал авсан. Би түрүүн хэлсэн. Намуудын санхүүжилт ил тод болоод ирэхээр дагаад үйл ажиллагаа нь ил тод болно. Мөн чанарынхаа хувьд “компаний нам”, “хувь хүний нам” гэгч байхгүй болж бодлогын намууд бий болно. Олон түмэн ч өөрсдөд нь ил тод байгаа зүйлээс сонголтоо зөв хийх боломж бүрдэнэ. “Угжны хурга” шиг хэн нэгнээр тэтгүүлээд сонгууль болохоор популизм хийж амь ороод бусад үед “усанд хаясан чулуу” шиг сураг алдардаг намуудад нийгмийн, төрийн босго шалгуур өндөр байх нь чухал. Том намууд эхлээд төлөвших нь нэн чухал. Тэгж үлгэр дуурайл үзүүлж чадвал жижиг намууд “нялхсын өвчин”-өөсөө аандаа ангижрана. Түүнээс биш механик аргаар улс төрийн намууд үүсч бий болохыг хориглох нь Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг боомилсон хэрэг болно шүү дээ. Улс төрийн намын тухай хууль ч, жилээс жилд дээшилж буй иргэд сонгогчдын сонгуулийн боловсрол ч энэ бүхнийг аандаа цэгцлээд өгнө. Мэдээж хэрэг аливаа улс төрийн нам үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хор хохирол учруулсан, хагалан бутаргасан үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хориглосон заалт цаашид ч хэвээр үйлчилнэ.

-Улс төрийн намууд дээр яригддаг өөр чухал зүйл нь намын гишүүнчлэл байдаг. Энэ удаагийн хуулийн төслөөр намуудыг хатуу гишүүнчлэлээс татгалзуулах заалт орсон гэх юм. Үнэн үү. Цаашид улс төрийн намууд заавал хатуу гишүүнчлэлтэй байх ёстой юу. Орчин үеийн намууд хатуу гишүүнчлэлд хамаарах ёсгүй гэдэг саналууд бий л дээ?

-Яг наад асуудалд чинь олон талаас нь маш нухацтай хандах цаг болсон. Намд хатуу гишүүнчлэл хэрэгтэй эсэх дээр манай ажлын хэсгийн гишүүд ч санал хуваагдаж байна. Хатуу гишүүнчлэлээс татгалзсанаар тухайн нам нийгэмд эзлэх байр сууриа алдах уу, үгүй юу гэдэг өөрөө их анхаарал татсан асуудал. Өнөөдөр намын хатуу гишүүнчлэл нийгэмд намчирхал, талцал хуваагдлыг өдөөгч гол хөрс суурь болж байна гэж нэг хэсэг нь үзэж байна. Харин нөгөө хэсэг нь намын хатуу гишүүнчлэл чухал гэж харсан хэвээрээ байгаа. Гэхдээ сүүлийн үед нам хатуу гишүүнчлэл бүхий олон түмний намаас татгалзаж сул гишүүнчлэлтэй, намын бүтэц зохион байгуулалтын хувьд мэргэшсэн намын хэв загварыг оновчтой гэж олон судлаач үзэх болсон.

Өнөөдөр намчирхлаас үүдэн нийгэмд ч, төрд ч багагүй хор хохирол учирч байгаа нь бодит үнэн. Үүнээс болж төрийн дархлаа суларч, тэр хэрээр төрд итгэх ард түмний итгэл буурч байгааг бид засах ёстой. Хамгийн гол нь намын хатуу гишүүнчлэлийг халснаар энэ бүх асуудал үнэхээр үг хэлгүй шийдэгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь их чухал. Өнөөдөр МАН 161.300 гишүүнтэй, АН 150.000 гишүүнтэй. Гэтэл Эх орон нам бас л 160.000 гишүүнтэй гэж Улсын дээд шүүхийн цахим хуудсанд мэдээлсэн байх жишээтэй. Тэгэхээр намын гишүүдийн тоо тийм чухал гэж үү гэсэн асуулт гарч ирээд байгаа биз. Хуулийн төслийн үзэл баримтлал эцэслэгдээгүй байгаа болохоор үүн дээр би үүнээс илүү тодорхой хариулт өгөх боломж одоогоор алга.

-Өнөөдөр үнэндээ улс төрийн нам төрийн албыг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байна. Ялсан намын хүмүүс гэдэг хэдэн мянган хүнтэй арми бий болсон. Хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намыг төрийн албанаас салгаж байна уу?

-Төрийн албаны дархлаа өндөр байх ёстой. Харамсалтай нь 2012-2016 онд АН төр барьж байхдаа энэ дархлааг үгүй хийсэн. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай олон мянган төрийн албан хаагчийг хуугаар нь ажлаас халж сольж, оронд нь улс төрийн сонгуульд намыг нь, өөрийг нь дэмжиж оролцсон хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Төлөөсөнд нь төрийн албаны нэр хүнд унасан. Дараа нь 2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулсан. Нуугаад яахав. АН-ын алдааг манайхан ч бас давтсан. Үнэхээр төрийн албан хаагчийн наад захын шаардлага хангаж чадахгүй байгаа, АН-ын далбаан дор төрд шахаагаар орж ирсэн олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхдээ саяхан төрийн албаа хүчгүйдүүлдэг, төрийн дархлаагаа сулруулдаг алдааг дахин давтахгүйн тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Улс төрийн албан тушаал, төрийн албаны зааг ялгааг үүгээр нарийн тогтоож өгсөн.

-Улс төрийн намууд сандал суудлын төлөө явахаас биш бодлого ярьдаг нь цөөн боллоо. Намыг албан тушаал, мөнгө гэж харахаас өмнө бодлого боловсруулдаг намтай болохын тулд ямар өөрчлөлтүүд тусаж байгаа бол?

-Ганцхан жишээ хэлэхэд бид “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг боловсруулж батлуулахдаа тухайн үеийн парламент дахь бүх намын төлөөллийг оролцуулсан. Том эрх ашгийнхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө урт хугацаандаа хэрэгжүүлэх нэг бодлоготой, нэг зорилготой байх нь чухал гэсэндээ тэр. Харин тэр нэг зорилгод хүрэх арга зам, тэрхүү урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга барил нь өөр өөрийн гэсэн онцлогтой байж болно л доо. Үүний хүчинд ямар ч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө намууд энэ бодлогод нийцүүлж боловсруулсан. Өнөөдөр эрх барьж буй манай намын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр ч энэ дагуу батлагдан хэрэгжиж байна. Цаашдаа бодлого ярьдаг, бодлого хэрэгжүүлдэг намууд л үлдэнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэж чадвал намыг албан тушаал, эрх мэдэлд хүрэх шат гэж хардаг бэртэгчин этгээдүүдэд орон зай үгүй болно. Мөнгө төгрөг, бэл бэнчиндээ дулдуйдсан нэгэн биш, жинхэнэ эх орондоо эрдэм ухаанаа зориулж чадах мэдлэг боловсролтой хүний нөөцөөр улс төрийн намууд хүрээгээ тэлж хүчээ зузаатгах, намууд хөгжлийн асуудлаар ул суурьтай судалгаа шинжилгээ хийдэг, бодлого боловсруулдаг болж хөгжих тэр боломж бүрдэнэ гэдэгт хатуу итгэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдагва: Бодлогын нам болох эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах

МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.


-МАН “XXI зууны улс төрийн намын хөгжил-массын намаас бодлогын нам руу” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Уг хурлыг гардан зохион байгуулсан хүний хувьд шинэ зууны улс төрийн нам ямар байх ёстой гэж бодож байгаа вэ?

-Юуны өмнө хэдэн мэдээлэл өгье гэж бодлоо. МАН хэд хоногийн өмнө 97 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Нам цаашдын зорилтын хүрээнд төлөвлөгөө гаргасан. Намын 28 дугаар Их хурлаас бүрдсэн намын удирдлагууд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлөө хуралдуулж Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд таны асуусан эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурлын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулга хийсэн. XXI дүгээр зууны улс төрийн нам ямар байх вэ гэдэг дээр хэд хэдэн зүйлийг тодорхойлж болно. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган иргэн цагаан хуудсаар санал өгч аль ч намын нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ялангуяа улс төрийн намуудад том мессэж өгсөн л дөө. Улс төрийн намууд өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон байна гэдгийн хамгийн том хатуу сануулга энэ байлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол Улс хөгжихгүй байгаа, өнгөрсөн 20 гаруй жилд улс орон хөгжөөгүй нь монголчуудаас шалтгаалсан юм биш. Өнгөрсөн 20 гаруй жил улсыг удирдсан улстөрчид, улс төрийн намуудын харалган бодлогын үр дүн” гэж хэлж байсан. Өнөөдөр улс төрийн нам зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болсон. Тэр утгаараа Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.

МАН 2018 оныг намын анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ үйл явц МАН-д хамаатай бус Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 28 намд хамаатай. МАН шинэчлэгдлээ гээд энэ систем бүрэн шинэчлэгдэнэ гэж байхгүй.

-Улс төрийн намын үйл ажиллагааны чиглэл энэ зуунд хаашаа чиглэх ёстой вэ. Манайд байгаа дүр зураг бол нам нэрээр мөнгөжих, эрх мэдэл албан тушаалын төлөөх тавагтай хоол мэт төсөөлөөд байна л даа…

-XXI зууны улс төрийн намуудын шинэчлэл явцуу эрх ашиг, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос ангид байж бодлогын нам болоход чиглэгдэж байна. Бодлогын нам гэдэг бол бодлого боловсруулах институци. Германд гэхэд таван давхар том байшинд улс төрийн ажилтан есхөн хүн ажилладаг. Бусад хүмүүс нь судалгаа, шинжилгээ хийдэг. Тэндээ бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч, хариуцлагын асуудлыг хөндөж байна. Намаа санхүүжүүлэх түвшинд хүрсэн тинк танкууд байдаг.

Манай улс төрийн намууд сонгуулийн дөрвөн жилийн циклиэр бодлого боловсруулах бус алсын хараатай бодлогоо шинжлэх ухаанд суурилуулан гаргаж ирэх бодлогын нам болох ёстой.

-МАН 200 мянган гишүүнтэй, АН 180 гишүүнтэй хэмээн гишүүнчлэлээрээ уралддаг. Улс төрийн намууд гишүүнчлэлдээ анхаарах ёстой юм уу. Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй бий?

-Олон улсад байгаа улс төрийн намуудыг харж байхад нэг хэсэг нь хатуу гишүүнчлэлтэй байхыг дэмждэг бол нөгөө хэсэг нь хатуу гишүүнчлэлгүй явдаг. Бодлогын нам болохын эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах явдал л даа. Монгол Улсын тухайд хатуу гишүүнчлэлээс татгалзах хөрс суурь нь хараахан бий болоогүй байна. Бид ардчилалд шилжээд 28 жил болж байгаа. Энэ том суурь шинэчлэлийг хийхэд цаг нь болоогүй. Цаашдаа хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай асуудал яригдах нь дамжиггүй. Өнөөдөр бэлэн биш байна.

-Эрдэмтэд улс төрийн намуудын тухайд ямар байр суурийг түлхүү илэрхийлсэн бэ. Ер нь бол улс төрийн намуудыг шүүмжлэх нь элбэг байдаг л даа…

-Судлаачдын илтгэлийг харахад шүүмжилж байгаа байр суурь байгаа бол нөгөө талдаа сайшааж буй зүйлс ч байна. Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудал дээр өмнө нь явж ирсэн зарчмыг хатуу шүүмжилж байсан. Улс төрийн намын санхүүжилт ил тод биш байгаа нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Магадгүй бохир мөнгө эргүүлдэг гэдэг хардлагыг бий болгосон нь үнэн. Цаашид МАН уг санаачилгыг гартаа авч санхүүжилт дээрээ ил тод нээлттэй байхаар бодлого боловсруулахаар ажиллаж байна.

-Намын санхүүжилийг хэрхэн шийдэх ёстой юм бэ. Гишүүнчлэлийн татвараар мэдээж хангалттай санхүүжилт босгож чадахгүй. Сонгуулиар нэр дэвшигчээсээ татвар авах эсхүл бүлэглэлүүд, бизнесийнхнээс дэмжлэг аваад явцгаах юм уу. Эсвэл төрөөс санхүүжүүлэх нь зөв үү?

-2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийг өнөөдөр бид мөрдөж байна. Уг хуулинд дөрвөн удаагийн шинэчилсэн найруулга хийсэн. Хувь хүн нэг сая, аж ахуйн нэгж гурван сая төгрөгийн хандивыг жилд нэг удаа өгч болно гээд заачихсан. Санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл маргаантай явж ирсэн нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулиа дагаж мөрдөж ирээгүйтэй холбоотой.

Түүнчлэн өнөөдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хууль энэ цаг үед нийцэхээргүй алдаатай гарсан нь харагддаг. Төрөөс нэг саналыг 1000 төгрөгөөр үнэлж, нэг суудлыг 10 сая төгрөгөөр бодож улс төрийн намд жилд нэг удаагийн санхүүжилт олгодог. Барууны орнуудад улс төрийн намууд дэмжлэг, хандиваар явдаг. Намын дотоод санхүүжилтийг бид ил болгож байж одоо яригдаж буй энэ бүх асуудлуудаас ангижрана. Удахгүй хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулиар энэ бүх асуудал тодорхой болох байх. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй ажлын хэсэг ч гэсэн мөн адил энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэсэн. Цаашид барууны орнууды жишгийг даган хоёр намын системтэй явах юм уу, олон намын системтэй байх юм уу гэдгээ сонгох зайлшгүй шаардлагатай. Манай орны хувьд одоо олон намын системтэй явж байгаа. Гэсэн ч санхүүжилтийн системтэй холбоотойгоор цөөн нам үлдэх, бусад намуудын тухайд хааж, нээх гээд олон асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс энэ шинэчилсэн найруулга улс төр судлаачид, улс төрийн намд ажиллаж буй бидний залуусын хувьд уг хууль ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа гэдгийг хэлье.

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжих болов уу?

-Эхний ээлжинд гэхэд 800 хүний гарын үсэг, иргэний үнэмлэхээр баталгаажуулаад улс төрийн нам байгуулаад явах нь зөв үү, буруу юу. Олон нам байх нь зөв үү, намуудын чанарыг яаж дээшлүүлэх вэ, санхүүжилт, гишүүнчлэлийг хатуу байлгах уу гэдгээс эхлээд олон зүйлд хариулт өгөх гол суурь нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болчихоод байна. Парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын гишүүдийн хувьд уг хуулинд дорвитой өөрчлөлт оруулъя гэсэн хүсэл зорилго бий.

Улс төрийн намын тухай хууль Монголын Улс төрийн амьдралыг зохицуулах эцэг хууль гэж хэлж болно.

-Хоёр жилийн өмнө Ардчилсан нам “Фракцийн бус бодлогын нам байя” гэсэн уриатай хэлэлцүүлэг хийгдэж байсан. Энэ удаа МАН “Массын намаас бодлогын нам руу” уриатай явж эхэллээ. Хоёр намын нэг чиг нь бодлогын нам болох юм байна. Гэсэн ч баруун, зүүний үзэлтэй хоёр өөр нам өнөөдөр бодлого, зарчимаараа ялгарах зүйлгүй болчихлоо л доо. Бодлогын нам болно гэхээр гоё сонсогдож байна л даа. Хэзээ бодлогын нам болох юм…

-Үүнд цаг хугацаа зааж хэлэх хэцүү. Намуудын удирдлагуудын эр зориг, хэр их хүчин чармайлт гаргахаас шалтгаална. Бодлогын томоохон суурь шинэчлэл өнөө, маргаашдаа шийдэгдээд явчихдаг юм биш. Цаг хугацаа шаардсан ажил.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг намаас хөөж, хассан зүйл байхгүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.


-Сүүлийн үед Ардчилсан нам олны танил Баабар, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөлөө гэдэг яриа гарч байна. Энэ нь зөв, буруу гэсэн байр суурийг танай намынхан илэрхийлж байгаа л даа. Яг ямар процесс өрнөөд байгаа юм бэ?

-Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс бид ард түмний тавьсан дүнд дүн шинжилгээ хийгээд “Намыг шинэчлэхгүй бол болохгүй юм байна. Ард түмэн биднийг шинэчлэгд гэж байгаа юм байна” гээд намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр шинэчлэлийн ажил эхэлсэн. Дүрмийн гол концепци нь намын бүх гишүүдээрээ асуудлыг шийдүүлдэг болъё гэсэн юм. Энэ хүрээнд намын Их хурлыг хуралдуулсан. Их хурлаараа бид намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Намын дарга, сонгуульд гишүүд тэр бүү хэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хүртэл бүх гишүүдээсээ асуулга авч тодруулдаг болсон. Бүх гишүүдээс томилогдон, төлөөлж ирсэн гишүүд намын үндсэн дүрмийг баталсан. Уг дүрэмд одоо хэл ам болоод буй намын ротаци буюу эргэлтийн сонгуулийн асуудал туссан. Эргэлтийн сонгууль жил бүр болохоор дүрэмд орсон.

Өмнөх намын удирдлагуудын үед 6-7 жил намын ротаци явагдахгүй байна. Ардчилсан нам шинэ залуу үе, эмэгтэйчүүдээ оруулж ирж цус сэлбэхгүй байна гэдэг шүүлмжлэлийг дотоод болон гадаад талаас маш хүчтэй ярьж байсан. Тиймээс ротаци буюу эргэлтийн сонгуулийг жил бүр хийж байхаар шийдвэр гарсан тул энэ хүрээнд болж буй үйл явц. Энэ сонгуульд хэн орох вэ гэдгийг өмнө нь манай нам ашиглаж байсан 100 онооны зарчмаар явсан. Намынхаа тухайн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон тойргийн намын тэргүүлэгчид, намын Хэрэг эрхлэх газар, Бодлогын зөвлөлийн ажлын албанаас гаргасан оноогоор дүгнэсэн. Нэг тойргоос хамгийн бага оноо авсан нэг гишүүнийг ротацийн буюу эргэлтийн сонгуульд оруулаад явж байгаа.

-Гэхдээ намаас хөөлөө гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ?

-Зарим хүмүүсийн хэлээд байгаачлан намаас хөөсөн болон намаас хасаж байгаа юм байхгүй. -Ротацид орох асуудал ийм тодорхой юм байна. Гэхдээ намаас хөөлөө гээд байгааг юу гэж ойлгох вэ. Тухайн хүмүүс өөрсдийн байр сууринаас ингэж хандаад байна уу?

-Би хувь хүний өөрийнх нь байр суурь гэж харахгүй байгаа. Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Одоогоор сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандан ажиллаж байгаа ч төр барьж байсан туршлагатай, төлөвшилтэй улс төрийн хоёр том хүчний нэг. Тиймээс манай намыг манлайлж явсан лидерүүд намынхаа дүрэм, журмыг ойлгохгүй байна гэж байхгүй. Харин өмнө нь явж ирсэн шигээ Ардчилсан намыг муухай харагдуулах, хагаралтай байгаа мэт мэдрүүлэх, намыг хуваах сонирхол бүхий хүмүүс тэр хүмүүсийн өмнөөс янз бүрийн зүйл бичиж байгаа байх. ротацид орсон нийт гишүүдийн 80 гаруй хувь нь эргэлтийн сонгуульд эргээд нэр дэвшсэн. Тиймээс энэ хүмүүс Үндэсний бодлогын хороондоо эргээд орох боломжтой.

-Дүрмийн хүрээнд гэж та ярилаа. Яг ямар заалтын хүрээнд энэ хүмүүс ротацид орчихов. Гадуур бол Үндэсний бодлогын хорооны гишүүнийхээ нэг жилийн татвар болох гурван сая төгрөгийг хэдэн жил дараалан төлөөгүй хүмүүсийг хасаж байна гэх мэдээлэл бий?

-Манай намын өмнө нь болон одоо ч гэсэн барьж буй зарчим нь Үндэсний бодлогын хорооны гишүүн гэлтгүй намын сонгуульт гишүүд тухайн сонгуульт гишүүнээр сонгогдсоныхоо хариуд төлдөг шат шатны тодорхой эрэмбэтэй татваруудаа төлөөгүй бол татвараар хасагддаг. Энэ хүн дүрэмд заагдсан татварыг төлөөгүй бол дахин нэр дэвших эрхгүйгээр өнждөг. Нэр дэвших эрхгүй нэг жил өнждөг заалт нь зөвхөн татварт хамаатай. Хэрэв тэр хүн татвараа төлсөн ч бага оноо авч эргэлтэнд орж байгаа бол эргэж нэр дэвших эрхтэй. Намаас хаслаа, хөөлөө гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх гээд байна, фракцалж байна, ялгаварлаж байна гэж ярьж байна. 2017 онд батлагдсан дүрмийн хүрээнд бид үйл ажиллагаа явуулж байгааг намын гишүүд ойлгож байгаа.

-Үндэсний бодлогын хорооноос хасагдсан хүмүүсийн дотор Баабар, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин гээд магадгүй энэ цаг үед Ардчилсан намын нүүр царай болох улстөрчид багтсанд олон хүн сонирхоод байгаа юм. С.Эрдэнэ гэдэг хүн намын хаан боллоо гээд байна л даа…

-Манай нам шударга зарчим барьдаг. 2016 оны сонгуулийн ялагдлын дараа зарчмаа улам чанд барьж, шилэн байж, шударга байхгүй бол ард түмэн дүнгээ хатуу тавьдаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс энэ дарга, тэр цэрэг орно, орохгүй гэдэг зарчим бариагүй гэдгийг тодотгоё. Ийм зүйлд оролцвол тэдэн оноо гээд бүх шалгуур үзүүлэлтүүд нь бий. Уг шалгууруудыг хараад би тэдэн оноо авсан гэдгийг харах бүрэн боломжтой. Энэ бүхэн баримттай, бүртгэлтэй. Өнгөрсөн хугацаанд хүмүүс нэлээд ирж оноогоо харцгаасан.

Таны хэлсэнчлэн Ч.Сайханбилэг, р.Амар-жаргал, Э.Бат-Үүл гэсэн дарга нараас гадна Д.Дорлигжав дарга ротацид орсон. Энэ хүмүүсээс эргээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав дарга нар нэр дэвшээд явж байна. Тухайн хүн ротацид намын дүрмээр орж байгаа болохоос хэн нэгэн Эрдэнэ, Туваан нар ялагаварлаад байгаа зүйл байхгүй.

-Ардчилсан намын шинэчлэл өрнөж байна гэж ойлгож болох уу. Гэхдээ хэл амтай л юм даа…

-Бид цагаан дээр хараар биччихсэн дүрэмдээ захирагдан үйл ажиллагаагаа явуулна. Эрдэнэ, Туваан байсан ч өөр хүн байсан ч ротаци жил бүр явагдана. Ирэх жил ч явна. Тиймээс Ардчилсан нам гэдэг өрх айлд гишүүн болж орж ирсэн хүн намынхаа дүрэм гэдэг хуулийг сахих ёстой. Ямарваа нэгэн хүн хууль зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг шиг намын дүрмээ сахиагүй хүмүүс хариуцлага хүлээх шаардлагатай. Энэ жишгээр явж байна. Бид энэ хүн тэр фракцийнх гээд гадуурхаад байгаа зүйл байхгүй. Намын гишүүд дүрмээ мэддэг, дүрмийнхээ хүрээнд энэ процесс явсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Намын зүгээс ротацид орсон хүмүүстээ “Та тэдэн оноо авснаар ротацид орж байгаа шүү” гэдгийг нь мэдэгдсэн юм уу. Мэдээгүй байхад нь гэнэт Үндэсний бодлогын хорооноос чөлөөлөгдөж байгаа мэдээлэл гарангуут цочирдож мэдэх юм?

-Манай нам жил бүрийн гуравдугаар сард ротацийн сонгууль явуулаад хэвшмэл болчихлоо. Одоо ротаци явагдах гэж байна. Хэн хэн орох нь вэ гэдгийг харж байдаг. Тухайн шийдвэрийг гурван газраас оноог нь цуглуулсны дүнд нэгтгээд намын Дотоод сонгуулийн хороо ротацид орох буюу хамгийн бага оноо авсан хүмүүсийн нэрсийг нь зарладаг. Зарласан шийд-вэрээ Дотоод сонгуулийн хорооны сайт, намын төв сайт болох www.demparty.mn-д байршуулдаг. Сошиал ингэж хөгжсөн энэ цаг үед сайт руу тавихад л хүн бүр ороод мэдчих боломжтой.

-Таны хэлсэнчлэн зарим хүмүүс яагаад зөрөх гэж байгаа юм шиг зөрүү мэдээлэл түгээгээд байгаа юм бол. Энэ бүхэнд танай намын нэр хүнд л улам унах юм биш үү. Эсвэл хүн хоорондын зөрчил байна уу. Тухайлбал, намын дарга С.Эрдэнэ нийтлэлч Баабартай таагүй харилцаатай гээд л явах байх л даа?

-Аливаа дүрэм, журмаараа яваа зүйлс дээр улс төр хийдэг. Хүн хоорондын харилцаанаас асуудалд ханддаг зүйл байдаг. Ардчилсан намын удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бид энэ удаа бид ямар нэгэн хүн, таатай, таагүй харилцаа огт хараагүй. Намын дүрмийн хүрээнд явж байгаа гэдгийг дахиад хэлье.

Ардчилсан намын рейтинг өсөөд ирэхээр хорсож байгаа, Ардчилсан нам талцал хуваагдалтай хүчгүй, хуучинсаг байгаасай гэсэн бодолтой хүмүүсийн үйл ажиллагаа. Мөн манай намын дүрэмд заагдсан өөр нэг чухал зүйл нь хариуцлага. Өмнө нь ямар нэгэн байдлаар манайхан намынхаа тухай сөрөг мэдээлэл, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр намаа ор үндэслэлгүй муулдаг байсан. Гэсэн ч дүрмээр тодорхой арга хэмжээ авч чаддаггүй байсан л даа. Харин шинэ дүрмийн нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлага тооцож чаддаг болсон. “Намын дүрмийг мөрдье” гээд намын гишүүн болж орж ирчихээд намаа муухай харагдуулах гээд байгаа бол дүрмийн хариуцлага хүлээлгэнэ. Харин намаас гарч байгаад юу ярих нь огт хамаагүй. Чөлөөтэй. Ардчилсан намын гишүүний цэнхэр батлахыг өвөртөлчихөөд намаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй муулаад явах юм бол дүрмээрээ хариуцлага хүлээлгэх заалттай.

-Намын хувьд одоо ротаци хийгдэж байна. Үүнээс өмнө танай намын зүгээс төв талбайд жагсаал зохион байгуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэр сайн ажиллаж байгаа юм бол?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Эдгээр гишүүд маань өөрсдийн өмнө оногдсон сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. З.Нарантуяа гишүүн гэхэд ганцаараа эмэгтэй гишүүн гэлтгүй бүх асуудалд оролцоод явж байна. Бусад гишүүд маань ч эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгаа гэдгийг хэлье. Төв нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ маш нягт уялдаатай ажиллаж байгаа. Зарим тодорхой зүйлс дээр намын бүлгээ дэмжих, зарим тохиолдолд бүлэг маань намаа дэмжих уялдаа холбоог маш сайн хангаж байна.

2018 он гарангуут УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үүнийг нь нам дэмжээд хугацаатай шаардлага тавьсан. Ардчилсан намын-хан ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд нэг жил зургаан сар эрх баригчдыг ажил хийх боломжоор хангасан. Тэвчээртэй байсан. Харамсалтай нь ард түмний амьдралд нэмэр болох нь бүү хэл нэрмээс болох шийдвэрүүдийг эрх баригчид гаргаж, иргэдийн амьдрал бүр хүндэрсэн. Бид ард түмнийхээ дунд ажиллаж, амьдарч яваа болохоор энэ бүхэн мэдрэгддэг. Ардын намынхан есөн төрлийн татвар гаргаж ирээд, нэмчихсэн. Улаанбаатар хотын иргэд утаандаа угаартаж байхад ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Үндсэн хуулинд дур зоргоороо гар дүрэхээс эхлээд үнэхээр замбараагүй явсан. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулна гэчихээд бүх нийтийн санал асуулгаар бус зөвлөлдөх санал асуулга гэдэг хууль зөрчсөн зүйлсийг гаргаж ирсэн. Тиймээс Ардчилсан нам энэ бүгдийг нь эсэргүүцэж хоёрдугаар сарын нэгэнд жагсаал зохион байгуулсан. Хугацаатай шаардлага өгсөн ч хариулт нь хангалттай байгаагүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайланг харсан уу.

-Харсан…

-Нэмсэн есөн төрлийн татвараа бараг бүгдийг нь буцаагаад цуцалчихсан мэт зүйл ярьж, ард түмнийг хуураад өнгөрсөн. Өнөөдөр дизель түлшний үнэ литр тутамдаа 2050 төгрөг болчихлоо. АИ92, А80 бензины онцгой албан татварыг тэглэсэн гэж баахан шоудсан ч 100 гаруй төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Мөн тэтгэврийн нас, Хувь хүний орлогын албан татварын шатлалыг бууруулах гээд хуулийн хүрээнд шийдэгддэг асуудлууд л даа. Энэ асуудлаас хойш долоо хоноод УИХ-ын намрын чуулган завсарлаад уг асуудал хойш тавигдсан. Тиймээс бат-лагдсан хуулиуд хэвээрээ үргэлжилж байгаа.

Эдгээрээс Засгийн газарт байдаг ганц эрх нь шатахууны онцгой албан татварыг бууруулах. Засгийн газар онцгой албан татварыг буулгасан боловч шатахууны үнэ яагаад өсөөд байгаа юм бэ. Монгол Улсын хүн тээвэр, ачаа тээвэр, хэрэглээний 60 гаруй хувийг эзэлдэг дизель түлшний үнэнд зохицуулалт хийгээгүйгээс болж үнэ нь 300 гаруй төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүнийг дагаад ачаа тээвэр, хүн тээвэр, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөх гэх мэт маш хор уршигтай шийдвэрүүд гарч байна. Ардчилсан намынхан засаглаж байхад нэг барель нефтийн үнэ 110 ам.доллар байсан. Энэ үед Ардчилсан нам яаж үнийг тогтвортой байлгаж чадаад байсан юм бэ. Ардын намын үед нэг баррель нефть 60 ам.доллар байхад яагаад бензиний үнэ өсөөд байдаг юм бэ.

-Таны хариулт асуултаар төгсөөд байх юм. Хариултыг нь танд үлдээе?

-Сэтгэл л байхгүй байна шүү дээ. Үүнийхээ төлөө эрх баригчид ажиллахгүй байна. Цаашид ч гэсэн бид сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандана, бурууг засахын тулд алдааг нь хэлж өгнө. Засгийн газар 100 хоногийн тайлангийнхаа үеэр худлаа зүйл ярьдгаа боль. Бодитоор ажлаа хий гэдэг хугацаатай шаардлага өгсөн.

-Хариу нь юу гэж ирэв?

-Хугацаатай шаардлагын хариу ирээгүй байна. Тиймээс бид цаашдаа тэмцлийнхээ дараагийн хэлбэрийг сонгож ард түмнийхээ талд байж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ.

-Сүүлийн үед улстөрч бүрийн амнаас гарч буй үг нь Эрдэнэт үйлдвэр гэдэг үг. Үнэхээр маргаантай байна. 1990 оны үед Эрдэнэт үйлдвэрийг Монголыг тэжээж буй цор ганц саалийн үнээ гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр ганц саалийн үнээгээ АН 49 хувь болгож, МАН барьцаанд тавьж зээл авсан гээд шүүмжилж байна. Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдал тун эвгүй байна гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм. Та ямар байр суурьтай байгаа бол?

-Эрдэнэт үйлдвэр Монголыг тэжээдэг саалийн үнээ мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Байгуулагдсан цагаасаа хойш 40 гаруй жил ард түмнийг тэжээж, төсөв бүрдүүлж ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргааныг бид хэвлэлээр хангалттай харлаа, хангалттай ярилаа. Монголд авч ирсэн гээд байгаа компани нь оросуудаас мэдээж булааж аваагүй байх. Зарна гэдэг шийдвэр гарсан болохоор худалдаж авсан байлгүй. Уг асуудал нь хууль шүүхийн шатанд явж байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ жил гаруйн өмнө “Та нар Эрдэнэтийн 51 хувийн асуудлаа яагаад ярихгүй байгаа юм бэ. Гадны банкны барьцаанд ороод, аюулд очихсон байна. Энэ асуудлаа ярь” гэж хэлж байсан. Даанч эрх баригчид тоогоогүй. Гэтэл одоо уг асуудал нь гал дээр тос нэмчихээд байна л даа. Сүүлийн үеийн өрнөж буй нөхцөл байдлыг харж байгаа байх. Маш ноцтой луйврууд илчлэгдэж байна. Мэдээж энэ бүхэн эцэслэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж ямар хүмүүс зээл авсан байдаг юм. Тэр хүмүүс мөнгөө эргүүлэн төлөх ёстой. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлдөг ёс хаана ч байхгүй. Зарим сайд нар нь “Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилладаг юм чинь үүнээс төлсөн ч яадаг юм” гэдэг утга бүхий зүйл ярьж байна лээ. Тийм зүйл байж болохгүй. Хэрэв төрийн өмчит үйлдвэрээр өрийг төлүүлэх юм бол Ардчилсан нам тэмцэх болно. Улсын төсөвт орж ард түмэнд очих ёстой мөнгө яахаараа цөөн хэдэн хүний гарын салаагаар урсах ёстой юм. Хувь хүний авсан зээлийг яахаараа Эрдэнэт үйлдвэр төлдөг юм. Энэ мэтчилэн хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ерөнхийлөгч энэ жил хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, Үндсэн хуулийн 6.1-ийг хэрэгжүүлэх хууль санаачилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгийг Монголд авч ирэх асуудлаар уулзсан гэж байсан. Явсан ажил хэр бүтэмжтэй байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ, Израйлийн АЙПАК байгууллагаас 2018 оны жилийн уулзалтад ирж үндсэн илтгэгчээр оролцох урилга ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох боломжгүй байсан учраас би төлөөлөн очсон. Гэхдээ үндсэн илтгэгчээр ороогүй. Миний АНУ-д очсон гол зорилго Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй оруулах хууль гаргуулах талаар Конгрессийн хоёр танхимын гишүүд, Худалдааны яамны хүмүүстэй уулзсан. Хоёрдугаарт, АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яам, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгүүдийг буцаан өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзаж оффшор болон манайхаас хууль бусаар АНУ-д үл хөдлөх хөрөнгө болон хувирсан хөрөнгийг хэрхэн буцаан авах талаар уулзалт хийлээ. Ерөнхийлөгчийн захидал шинэ оны өмнө явсан. Хариу нь хоёрдугаар сарын 22-нд ирсэн л дээ. Төрийн тэргүүн захидалдаа “Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр зүйл дээр тусламж хүсэж байна” гэсэн утгатай захидал илгээсэн. АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимыг Монголд зориулан хууль гаргаж өгөөч гэсэн юм.

1990 оны эхээр байсан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн хүрээнд 30-35 мянган оёдолчин эмэгтэй ажилтай байсан. Уг хууль 5-6 жил орчим хүчин төгөлдөр байв. 1990 оны дундуур АНУ-ын нэн тааламжтай нөхцөлтэй гэдэг статуст нь манайх багтдаг байсан. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад орсонтой холбогдуулан дэлхий нийтээрээ АНУ-тай нэн тааламжтай нөхцөлийн статус үгүй болж, аль нэг улсад давуу эрх олгохгүй гэчихсэн юм. Тиймээс манайд байсан оёдлын үйлдвэрүүд хаалгаа барьж, оёдолчин эмэгтэйчүүд ажилгүй болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудаа ажилтай болгохын тулд уул уурхай дээр нэмээд ажлын байр үүсгэдэг өөр бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Тэр дундаа АНУ-тай явж ирсэн худалдааны нэн тааламжтай нөхцөлийг сэргээе гэсэн юм. Гайти, Непал, Лаос, Камбож зэрэг орон АНУ-тай сайн харилцаатай гэдгээрээ улсынхаа нэртэй хууль гаргуулсан байдаг. Тиймээс Монгол Улс 30 жил болсон энэ харилцаагаа тэмдэглэж, ийм хууль гаргахад тусална уу гэсэн албан бичиг явуулсан.

Хоёрдугаар үндсэн асуудал нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзахдаа, мөн АНУ-ын Төрийн департментын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хөндөж ярьж байсны дагуу оффшор бүст байгаа манай авлигачдын хөрөнгийг эргүүлж авахад мэдээллийн тусламж үзүүлэх мөн тус улсад очоод үл хөдлөх хөрөнгө болчихоод байгаа Монголын хөрөнгийг буцааж авъя гэдэг хүсэлтийг АНУ-ын хуулийн байгууллагынхантай ярилаа.

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй, квотгүй оруулах боломж байгаа юм уу?

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй оруулах асуудлын хүрээнд Конгресс болон АНУ-ын Сангийн яам, Худалдааны яамныхантай уулзсан. Тэд “Бид судалж үзье. Хууль санаачлах гишүүдээ олоод хуулиа санаачилчихаад хэлээрэй. Бид дэмжинэ” гэдэг амлалттай ирсэн. Нэг улсад тусгайлан хөнгөлөлт үзүүлэхгүй байх гэдэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг улс орнууд барихаа больж худалдаа чөлөөтэй байхаа больж эхэлж. Хятад улс пуужингаас хамгаалах системд зориулж газраа төрд өгсний төлөө Өмнөд Солонгосын LOTTE группын бүтээгдэхүүнийг авахаа болих жишээтэй. Үүн шиг Далай ламыг Монголд ирсний дараа “Танай нүүрсийг авахаа болилоо” гэдэг дарамт шахалт үзүүлдэг гэх мэтчилэн худалдаа чөлөөтэй байх дүрэм ажиллахгүй байна. Өнгөрөгч пүрэв гаригийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тавьсан. Мексик, Канад, Австралид уг хууль үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй адилхан зөвхөн Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй авна уу гэж хүссэн. Ингэж чадвал манай ноолуур 100 хувь бэлэн бүтээгдэхүүн болохоос гадна Хятадын ноолуур манайд үйлдвэрлэгдэн цамц болоод АНУ руу гарах боломжтой.Монгол Улс дэлхийн ноолуурын талыг нь гаргадаг учраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хамгийн гол нөөц. Эцсийн зорилго нь сонгуулийн үеэр ярьсан ажлын байр нэмэгдүүлэх асуудал. Ажлын байр үүсгэдэг салбараа дэмжиж босгохгүй бол ажлын байр төдийлөн үүсгэдэггүй уул уурхайн 17 хувийн өсөлт ч гэсэн нийт ард түмэнд наалдахгүй байгааг сүүлийн 10-аад жил харлаа.

-Хэдий хэмжээний өртөг бүхий ноолуур гарах юм бол?

-Манай ноолуурыг боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд гаргахад нэг тэрбум ам.долларын экспорт байгаа юм. Оюу толгой бүх хүчин чадлаараа ажиллалаа гэхэд таван мянган хүн л ажлын байртай болно. Гэтэл нэг тэрбум ам.доллар дээр 200 мянган малчин айлаас эхлээд хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болно. Мөн даавуугаар хийдэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Үүнд: Даавуу нь гадаадаас ирэх боловч оёдолчдын ажлын байр, цалин нь Монголд үлдэнэ. Ийм ажлаар яваад ирлээ.

-Монгол Улсаас хууль бусаар гарсан хөрөнгө АНУ-д үл хөдлөх хөрөнгө болж байршсан, уг мөнгийг Монголд оруулж ирэх талаар яриа хийсэн гэлээ. АНУ-ын тал хэр нааштай хүлээж авсан бэ. Монголоос гарсан мөнгө хэдий ч өөрсдийнх нь нутагт үл хөдлөх хөрөнгө болчихоор үүнийг шийдэж өгөхөд түвэгтэй биш үү?

-АНУ хоёр гараа өргөөд дэмжиж байна. “Бид гадаадын диктаторууд, авлига, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа барина” гэсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж ажлаа аваад Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтад би орсон. “Ерөнхий сайд асан С.Баяр долоон байшин АНУ-д авчихлаа. Та нар сошиалаар дүүрэн байгаа гэрийнх нь хаягтай зүйлийг нь яагаад тогтоохгүй байна вэ. Хүүхдүүдийнх нь нэр дээр байгаа байшингуудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Хуулиараа хамаарал бүхий этгээд гээд заачихсан учраас үр хүүхдүүдийнх нь хөрөнгийг хүртэл мэдүүлдэг болсон. Ийм байхад та нар яагаад Ерөнхий сайд асан С.Баярт арга хэмжээ авдаггүй юм бэ” гэж Ерөнхийлөгчийг асуухад тэд “Манай авлигачдын хөрөнгө байгаа Англи, АНУ, Сингапуртай эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэрээ байхгүй учраас нөгөө улсын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гээд бидний амыг таглаад байсан.

Тиймээс би АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзахад “Дөнгөж зах зээлд шилжсэн зүүн Европын орнууд, Монгол Улс шиг орнуудад ийм хүндрэл байдаг. Бид 2014 оноос хойш танай АТГ, Ерөнхий прокурорын газарт цуврал сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг гадаад улсад байгааг мэдэх юм бол ийм захидал бичиж, буцааж авч болно гээд захидлаа яаж бичихийг нь хүртэл зааж өгсөн.Манай хуулийн байгууллагууд энэ тал дээр ганц ч алхам хийгээгүй. Гэтэл Румын улс авлигын хэргүүдээ яаж шийдэж байгаа билээ. Монгол Румын болон зүүн Европын орнууд Дэлхийн банкнаас адил хэмжээний туслалцаа авсан байдаг. Миний уулзсан байгууллагууд хэлэхдээ “Яг энэ хулгайлагдсан хөрөнгөө буцааж авахад эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх шаардлагагүй болсон. НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн дагуу хүсэлтээ гаргахад л болно. Тэр конвенци ЭЗХТ гэрээг орлодог, өргөдлөө ингэж бичнэ гээд захианы эхийг нь хүртэл зааж өгсөн” гэж байсан. Хуулийн байгууллагуудаас С.Баярын долоон байшингийн араас хөөцөлдөлгүй яагаад ингэж өөгшүүлээд байгаа юм бэ гэхээр “Бид хаана, хэдэн ам.долларын үнэтэй байшин байна вэ гэдгийг олж тогтоосон. Гэхдээ энэ байшинг авсан мөнгөө Ерөнхий сайд асан С.Баяр манай хүргэний бэлэг, Даваанямын бэлэг гээд яриад байна” гэдэг. Тэр хүмүүсийг нь дуудаад тогтоож болдоггүй юм уу гэхээр “Тэр байшинг худалдаж авсан мөнгө хэний данснаас яаж дамжин орсон нь мэдэгдэхгүй байна” гэдэг л дээ. АНУ-ын талаас “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энэ байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын яриад байсан зүйл худлаа болсон. Манайд тийм боловсон хүчин байхгүй гэдэг нь худлаа. Англи хэлтэй хүмүүсээ сургасан юм билээ. Түүнчлэн явуулах бичгийг нь хүртэл зааж өгсөн. Адилхан нөхцөлтэй Румын болоод байхад адилхан сургалт авсан Монголын АТГ, прокурор ажиллахгүй байгаа нь хүсэлгүй байна гэсэн үг. Ийм боломж байгаа. Хуулийн байгууллагууд үүнийг ашиглацгаа. Хулгайлагдсан мөнгийг нь эргүүлж олж өгье гэдэг эерэг хандлагатай, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байхад бид араас нь хөөцөлдөхгүй бол бидний л буруу болно.

-Манайхан боломжоо ашиглах тал дээрээ хойрго байгаа юм байна, тийм үү?

-Нэгдүгээрт, дэлхий даяараа авлига, оффшор, татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэг нь нэг улсад хийгдэхээ больж олон улсыг хамардаг болсон тул олон талын хамтын ажиллагаагаа хөгжүүлжээ. Дэлхийн бүх оронд байгаа шиг тийм боломж Монгол Улсад шинээр бий болж. Нэг улсад авлигаар авсан мөнгөө нөгөө улсад зарцуулдаг тул улсуудын хууль сахиулах байгууллагууд хүнд суртлаа хойш тавьж илүү шуурхай хамтран ажилладаг болсон.

Хоёрдугаарт, үндэстэн дамнасан том корпорациудын татварыг авах хүрээнд дэлхийн татварын албадын хамтран ажилладаг Глобал форумд Монгол Улс нэгдүгээр сарын 15-нд орсон. Оюу толгой дээр хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нь “Хаана хийсэн бэ” гэхээр материал нь олддоггүй. Б.Чойжилсүрэнгийн үед орно гэж байгаад Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод больчихсон. Үүний дараа хар жагсаалтад ороод нөхцөл байдал буруу тийшээ эргэсэн. Дэд сайдынх нь албан бичгийг үгүйсгэж байгаад Глобал форумд орсныг санаж байгаа байх. Энэ байгууллагын гишүүн болсноор Монголд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудын татварын тайланг бид бусад улсад өгөх үүрэгтэй. Тэр корпораци өөр орнуудад явуулснаа манайд татварт тооцуулна гэвэл татварын баримтыг бид авах эрхтэй болж байна. Нэг улсад оруулсан хөрөнгө оруулалтаа заагаад бусдыг нь нуудаг байдал хаагдаж байгаа юм. Тиймээс татвараа олж ав, авлигын журмаар хөрөнгөө алга болгочихгүй байх тал дээр олон орны хуулийн байгууллага, Засгийн газар, Сангийн яамд хамтарч ажиллаж байгаа юм билээ. Бид нэн даруй энэ сүлжээнд нь орж тусламжаа авч, эргүүлээд туслах үүрэгтэй.

Ингээд явбал гадаадын хөрөнгө оруулалтаас авах ашиг, татвараа бүрэн авах боломжтой.

-Та АНУ руу яваад ирсэн. Гэтэл тэнд Монгол Улс Элчин сайдаа томилоогүй байгаа биз дээ. Япон, Канад мөн Элчингүй байна. Элчин сайдуудын томилгоо хэзээ хийгдэх вэ?

-Ерөнхийлөгч чуулган дээр маш тодорхой хэлсэн. Энэ хүмүүс очоод улсаа төлөөлөн ажил хийж чадахгүй. Тиймээс хуулийн дагуу гадаад яамандаа ажилладаг төрийн албан хаагчдаасаа шинэ Элчин сайд нарын нэрийг Засгийн газар УИХ-д оруулаад зөвшилцөөд ирвэл Ерөнхийлөгч шууд томилохоор байгаа. Гацаж байгаа газар нь Ерөнхийлөгч биш Улсын Их хурал.

-Ё.Отгонбаяр дэд сайдыг энэ долоо хоногт АНУ-д Элчин сайдаар явах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна л даа…

-Элчин сайдуудын нэрсийг зөвшилцөхөөр УИХ удахгүй тодруулах байлгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг гадаад орнуудад айлчлахгүй байна. Гадаад харилцаандаа анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Гадаад харилцаандаа хэр анхаарч байгаа вэ. Энэ жил Ерөнхийлөгч хаана хаана айлчлах юм бол?

-Ерөнхийлөгчийн айчлал харьцангуй зүйл. Төрийн тэргүүнээр сонгогдчихоод “Би танайд айлчилъя” гээд явчихдаггүй юм. Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил ч болоогүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч анхны ажлын айлчлалаа Владивостокт хийсэн. Ерөнхийлөгчийн айлчлал болдгоороо болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Гадаад харилцааны ажил сайн явж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч шиг сар бүр гадаад явснаар гадаад харилцаа сайн болчихгүй. Чанарын асуудал байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд найман жил алгасалгүй явсан байна лээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт хуралд Ерөнхийлөгч зайлшгүй очих ёстой. НҮБ-ын хуралд явахад байрлах зочид буудлаас эхлээд нэлээдгүй их хэмжээний мөнгө гардаг. Тиймээс Ерөнхийлөгч зайлшгүй шаардлагатай хуралд л явна. Ерөнхийлөгчийн явах шаардлагагүй хуралд Гадаад харилцааны сайд нь явж бай гэдэг байр суурьтай байгаа.

Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн тал дээр хамтарч ажиллах, Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хөрш орнуудтай болно гэж зорьж байгаа. Дүр үзүүлсэн харилцаа биш, үнэхээр сайн харилцаатай юм бол Монгол Улсаас түүхий эд биш боловсруулсан бүтээгдэхүүн ав гэж байгаа юм. Түүхий эдээ зарахаар 30 гэр бүл л баяжаад байна. Боловсруулаад зарвал гурван сая монголчууд цалинтай, ажилтай, орлоготой болж өрөө дарна. Прагматик эдийн засагжсан гадаад бодлого. Тухайн улстай явж байгаа эдийн засгийн харилцаа, худалдаа байхгүй, 5-10 сая ам.долларын худалдаа хийж байгаа бол заавал айлчлал хийх хэрэг байна уу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш 12 аймаг, долоон дүүрэгт ажиллаж 15 мянга гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонссон гэдэг статистик мэдээлэл бий. Төрийн тэргүүний иргэдтэй уулзаж буй уулзалтын гол зорилго нь юу юм бэ?

-Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 12 аймаг, долоон дүүргийн 15400 иргэнтэй уулзсан байна. Уулзалтын гол зорилго өмнө хэлсэнчлэн сонгуулийн үеэр яригдсан ажлын байрны тухай асуудал байгаа юм. Ажлын байргүй бол ямар ч Их хурал, Ерөнхий сайд байгаад нэмэргүй. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ҮАБЗ-ийн анхны зөвлөмжийг гаргасан. Иргэдийг ажилтай болгохын тулд зах зээлээ нэмье, Япон руу татваргүй бараа гардгаас гадна АНУ руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ гаргая.

Ажлын байрыг бий болгох хүрээнд дэд бүтцийн ажлуудаа явуулж, төмөр зам, авто зам, цахилгаан станцаа барья гэсэн. Эхнээсээ ажил болоод явж байна. Иргэдийн уулзалтын үеэр мэдээж иргэдийн зүгээс өөрсдийн өмнө тулгамдсан зүйлсээ л ярина. Иргэдийн саналыг эрэмбэлээд үзэхээр тэтгэвэр, тэтгэмж амьдралд хүрэхгүй байна. Оффшор данстай хүмүүсийн мөнгийг оруулж ирэх, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд анхаарах, орон сууцтай холбоотой асуудал, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол,шүүх авлигатай тэмцэх асуудал, намаар ялгаварлан ажлаас халсан асуудлууд дээр иргэд түлхүү саналаа хэлж Ерөнхийлөгчийг анхаарал хандуулахыг хүссэн.

Тэтгэвэр яагаад иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болчихов гэхээр шинэ Их хурал гарч ирээд тэтгэврийн насыг нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 60 настайдаа тэтгэвэрт гарна гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан чинь 65 настайдаа эрэгтэй хүн тэтгэвэрт гарна гэчихээр уг асуудал хамгийн ихээр иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл шинээр байгуулагдсан Их хурлын буруутай шийдвэрээс болсон. Мөн бүх ахмадын тэтгэврийг ижилхэн 27 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ хангалттай биш. Бүх хүнд тэтгэврийг тэгш нэмэх биш бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг ахиухан нэмэх ёстой. 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 27 мянгаар нэмлээ гээд ялгаа бараг байхгүй. Харин 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнд 27 мянган төгрөг биш 100 мянган төгрөг нэмсэн бол амьдралд нь нэмэр болох байлаа. Ерөнхийлөгч иргэдийн санал дээр тулгуурлан тэтгэврийн шинэчлэл хийх хүрээнд яам, агентлагуудаар судалгаа хийлгэж байна. Ажлын хэсэг байгуулагдсан.

Иргэдийн яриад байгаа дараагийн нэг анхаарал татсан асуудал нь гадаадад байгаа хөрөнгө, оффшортой холбоотой, энэ хүрээнд АНУ-д бүртгэлтэй байгаа хөрөнгийг шүүхийн тогтоолоо авч ирээд чөлөөтэй авч болно. Тэнд байгаа байшинг аваад ирэх биш зараад мөнгийг нь аваад ирчихнэ. Ийм байдлаар асуудлыг шийдэж болно. Хоёрдугаарт, АНУ-ын хуулийн байгууллага дэлхий даяар нөлөөтэй байдаг. Энэ нөлөөгөө ашиглаад бидэнд туслаач. Тухайлбал, Швейцарийн банк, Английн үл хөдлөх хөрөнгийн газар гэх мэтээр хамтран ажиллаж болно гэсэн байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа эрсдэлгүй зээл буюу цалин, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар анхаарал хандуулж ажиллаарай гэсэн. Энэ ажил хэр бодит үр дүн өгч байгаа вэ?

-Тэтгэвэрийн зээлийн хүү буурсан. Харин цалингийн зээлийн хүүг бууруулж чадаагүй байна.

-Цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломж байна уу?

-Бүрэн боломжтой. Зээлийн хүү эх үүсвэрээсээ шалтгаалдаг. Зээлийн эх үүсвэр өндөр хүүтэй байвал зээлийн хүү өндөр л байна. Мөн эрсдлийн болон банкны ашигт ажиллагааны түвшинээс зээлийн хүү хамаараад байгаа юм. Монголбанк эх үүсвэрийн өртгийг бууруулах тал дээр арга хэмжээ авч болно. Одоохондоо түүндээ хүрээгүй байгаа юм билээ. Эрсдэл буурсан гэдгээрээ зээлийн хүү бага зэрэг буурсан. Үүнийг Ерөнхийлөгч хангалттай биш гэж байгаа. Илүү боломж бий.

Дэлхийд байхгүй зээлийн хүүтэй улсад бид амьдарч байна. С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл санаачилсан, хэлэлцүүлэг хийж байгаа. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоодог улс орнууд бий. Зарим тохиолдолд хэт өндөр хүүг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна л даа. АНУ-ын муж бүрийн зээлийн хүү харилцан адилгүй байх жишээтэй. Нью-Йорк мужид нэг сарын 25 хувийн хүүтэй бол гэмт хэрэг, 16 хувь бол зөрчил гэж хуульчилсан байдаг. С.Эрдэнэ гишүүний санаачилж буй хууль энэ чиглэлийнх байх болов уу.

Ардчилсан нам 2012-2016 онд нийт зээлийн багцын гуравны нэгийнх нь хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулсан. Бид санхүүгийн шинэ механизм ашиглаж, экспортод бараа гаргаж байгаа үйлдвэрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хөнгөлөлттэй зээл өгсөн. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг ипотекийн зээлийн хүүг 15 хувиас бууруулж найман хувь болгосон, орон нутаг болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн байрнууд таван хувь болтлоо буурсан байсан. МАН гараад зээлийн хүүг бууруулах ажлыг үргэлжлүүлж явуулах болохоос биш шинэ зүйлийг бодож олж чадаагүй. Бид ипотекийн зээлийг найман хувь болгосон нь эх үүсвэрийг нь шийдэж чадсантай холбоотой. Дагаад хадгаламжийн хүү буурна гэсэн үг. Хадгаламжийн нэг жилийн хугацаа нь дуусангуут хүүг нь бууруулаад явчихаж болно. Тийм хүсэл, зориг Ардын намд байна уу, үгүй юу гэдэг л байна. Ардчилсан нам УИХ-д олонхи биш ч олон суудалтай байхдаа нийт зээлийн хүүг 30 хувийнх нь хүүг бууруулж чадсан. Ардын нам дангаараа засаглаж байгаа үедээ нөгөө 30 хувийг нь бууруулчих. Зээлийн хүү бууруулах нь нэг өдөр хийгдэх ажил биш. Нийт эдийн засгийнхаа тэнцвэрийг харж байж хийгддэг. Дараагийн дөрвөн жилд нөгөө 30 хувийг нь буулгах маягаар явахаас биш ганц далайлтаар хийчихдэг ажил биш. Хэрэв тэгж болдог байсан бол дөрвөн жил үргэлжлэхгүй шүү дээ.

-Өнөөдөр тэтгэвэр авч буй нийт иргэдийн 70 хувь нь 240-270 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэдэг. Тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэх боломжтой бол. Тэтгэврийн шинэчлэлийн талаар чиглэл өгөх ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн?

-Би хоёрдугаар сарын 9-нд ажлын хэсэг байгуулсан. Удахгүй үр дүнгээ танилцуулна. Тэтгэврийн асуудлыг Ерөнхийлөгч дангаараа шийдэхгүй. Ерөнхийлөгч яагаад тэтгэвэр рүү оролцоод байна вэ гэхээр “Одоог хүртэл явсан бодлого чинь хэр зөв бэ. Тэтгэвэр бага байна. Нэмэх хэрэгтэй. Тэтгэврийг нэмэхийн тулд яах вэ” гэсэн. Уг асуудлын хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагууд асуудлаа судалж байна. Ерөнхийлөгч үүн дээр чиглэл өгсөн зарлиг гаргана. Ерөнхий сайд хамтарч гарын үсэг зурдаг чиглэл өгсөн зарлигийг заавал биелүүлэх ёстой байдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар тэтгэврийн бодлогоо өөрчлөх шаардлагатай бол өөрчилье, түрүүчийн Их хурлаар баталсан бодлого болж байна гэвэл хоёр жилийн хугацаанд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ.

Зөрүү арилгана гэдэг нэр томьёо бий. 1995 онд тэтгэвэрт гарсан хүнд өнөөдрийнх шиг тэтгэвэр өгнө гэсэн үг биш. 1995 онд тэтгэвэрт гарсан багш өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа багш хоёр ойролцоо тэтгэвэр авахыг зөрүү арилгах гээд байгаа юм. Түүнээс тэнцүү авч болохгүй. Сүүлд тэтгэвэрт гарсан багш нь илүү шимтгэл төлсөн. Засгийн газарт дахиад эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэр хаана байна вэ гэвэл уул уурхайн баялгаа өөрсдийн мэдэлд оруулж 30 гэр бүл ашиг хүртдэг биш нийтээрээ ашиг хүртдэг болж байж тэтгэврийн шинэчлэлийг хийнэ.

-Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн. Засгийн газар 60 хувьд нь олгож байна, ОУВС-тай тохирсон гээд байгаа л даа. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бий юу?

-Ерөнхийлөгч зарчим ярьж байгаа. Хүүхдийг хүүхэд байхад нь чи баян, ядуу хүүхэд. Чамд хүүхдийн мөнгө олгоно, олгохгүй гэж ялгаа гаргаж байгаа нь буруу. Байгалийн баялгаа 30 гэр бүлд алдсанаас болж лицензтэй баян, лицензгүй ядуу гэдэг хоёр давхарга бий болчихлоо. Үүнийгээ яагаад хүүхдүүд дээр тусгах гээд байгаа юм бэ. Наад хүүхэд чинь сургууль руугаа ороод хүүхдийн мөнгө авдаг ядуу, хүүхдийн мөнгө авдаггүй баян хүүхэд гээд хувцсаараа ялгараад, анги доторх баян ядуугийн ялгаа гаарах гээд байна. Ардчилсан нам засаглаж байхад хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгож байсан. Ч.Сайханбилэг ялгаж өгнө гээд орж ирэхэд АН-ын бүлэг зөвшөөрөөгүй тул 100 хувь олгосон. Мөнгө нь дутаад байгаа бол дэд сайд нараа цомхотгож, хэмнэсэн мөнгөөр нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг шийдэлд хүрч байсан. Сэтгэл байвал ажил хийж болно. Ялангуяа баян, хоосны ялгаагаа хүүхдэд битгий ойлгуул гэж байгаа юм. Хүүхэд ямар гэр бүлд амьдарч байгаагаасаа үл хамаараад баталгаатай 20 мянган төгрөгөө авдаг байя гэсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэ долоо хоногт өргөн барина. Хуулийн тухай хуулиар хууль санаачлаад аваачиж өгдөг байсан, больсон. Засгийн газраас бичиг авна, эх үүсвэр байна уу гэж судална, хэлэлцүүлэг хийнэ гээд хүнд сурталтай болсон. www.president.mn сайт дээр хэлэлцүүлэг явж байгаа.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байна гээд хороо, дүүрэг, сумаас иргэд саналаа өгч регистрийн дугаартайгаа, гарын үсгээрээ баталгаажуулж байна. Ард түмэн ингэж хүсэж байна гээд хэлэлцүүлгийнхээ үеэр харуулна. Хүүхдийг алагчлалгүй хүүхдийн мөнгийг бүгдэд нь өг гэж байгаа. Эхлээд нийт хүүхдийн 40 хувь байснаа 60 хувьд олгож эхэлсэн. Одоо 80 хувьд нь өгнө гэх юм. Ингэж нохойн баас шиг юм хийх шаардлага байхгүй. Энэ зарчмын асуудал.

Саяхан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгож нийтдээ 55 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг зүгээр л хаячихсан гэсэн үг. Гэтэл энэ мөнгө чинь өнөө дутаад байгаа хүүхдийн мөнгөний 20 хувь байхгүй юу. Хүүхдүүддээ 100 хувь мөнгийг нь олгох уу, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох уу гэсэн сонголтоос МАН төрийн албан хаагчдыг сонгосон. Боломж бий. ОУВС руу асуудлаа битгий чих. Өмнөх дөрвөн жил ОУВС-гүй явж болоод л байсан.

Ипотекийн зээлийг өгч болохгүй гэж Ардын намынхан хэлдэг байсан. Ардчилсан нам эх үүсвэр олоод жил бүр нэг их наяд нийт гурван их наяд төгрөгийг ипотект өгсөн.

Тэглээ гээд гамшиг болсонгүй. 80 мянган айл орон сууцтай болсон. Юу нь буруу байгаа юм. Харин МАН гараад ипотекийг зогсоосон. Барилгын салбарт ажиллаж байсан 100 мянган хүн ажилгүй болчихлоо. Эдийн засгийн үндсээ эвдэлгүй авч явах ёстой. Одоо яахаа мэдэхээ байгаад гацчихсан.

-Та эдийн засаг болон ажлын байрны талаар нэлээд ярилаа. Ялангуяа залуусыг ажлын байртай, тогтмол цалинтай болгох нэг хөшүүрэг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг янз бүрээр л тайлбарлаж байна…

-Манай Их хурлын үед “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт 20 тэрбум төгрөг өгсөн. Гол санаачлагч нь Ерөнхийлөгч маань гишүүн байхдаа л даа. Сайдын албаа өгчихөөд энэ талаар нэлээд хөөцөлдсөн. Тиймээс би Их хурлын дарга байхдаа дэмжиж 20 тэрбум төгрөг төсөвт суулгаад, барилгын цэргийн ангийг нэмж байгуулсан. Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг зургаан сар МСҮТ-д сургасан. Цэргүүд цэргийн үүргийнхээ хажуугаар МСҮТ-д сурснаар самосваль, эксковаторын жолоочийн үнэмлэхтэй төгссөн. 20 тэрбум төгрөгөөр ийм бэлтгэл ажлууд хийгдсэн. Одоо барилгын цэргийн таван анги байхаас гадна хэдэн мянган хүн сургасан. Хэдийгээр тэд халагдаад явчихсан ч гэсэн ажил байна гэвэл яваад л ирнэ. Ерөнхийлөгч яагаад “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гээд яриад эхэлсэн бэ гэхээр өөрийг нь сайд байхад Н.Алтанхуягийн Засгийн газрын “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан тогтоол гарсан. Энэ нь Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуульд нийцсэн. Гэрээт цэргээр ажил хийлгэх болохоос хугацаат цэргүүдээр ажил хийлгэнэ гээд байгаа юм биш. Гэрээт цэрэг шинэ юм биш. Жишээ нь, хилийн цэрэг 100 хувь гэрээтэд шилжих төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн боломжоосоо шалтгаалаад өнөөдөр 50 хувь нь гэрээт болчихсон. Хил дээр алба хааж буй хоёр цэргийн нэг нь гэрээт, нөгөө нь хугацаат. Гэрээт цэргүүд ахлагч болоод цалингаа авна. Хоол, байр нь үнэгүй. Үүнтэй адилхан хугацаат цэргүүд мэргэжлийн сертификаттай болоод халагдангуут бүтээн байгуулалтын ажилд ажиллах уу, цалин нь нэг сая болон түүнээс дээш, ийм хугацаанд ажиллана гээд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулаад явна.

Аль ч бүтээн байгуулалтын ажлын төсөвт цалингийн зардал нь суусан байдаг. Гадаад ажилчдад цалин өгөхийн оронд дотоодынхоо цэргүүдэд өгөх гээд байгаа юм. Төмөр зам гэхэд л далан барих нь дийлэнх ажил нь байдаг. Тиймээс далангийн ажил дууссаны дараа мэргэжлийн компани нь ирж рельсээ тавиад бусад мэргэжлийн ажлаа хийнэ. Нийт ажлынх нь 60-70 хувь нь далантай холбоотой. Далангийн гүүр, ус зайлуулах хоолойг манай цэргийн ангиуд бариад сурчихсан. Асгатын мөнгөний ордны замаас эхлээд энгийн замын компанийн хийж чадахгүй байгаа ажлыг манай цэргүүд хийж чадаж байгаа. Төмөр зам, авто замын ажил байсаар байтал залуус өөрсдөө очиж оролцдоггүй учраас гадаадын ажилчид аваад байна. Тиймээс дотоодын ажилчдаа авъя. Замын нийт өртгийн 30 хувь нь цалин байдаг. Нэг км замыг нэг тэрбум төгрөгөөр тавьдаг гээд бодоход 300 сая төгрөг нь цалин байгаа биз. Энэ 300 сая төгрөгийг хятад ажилчин авах уу, монгол цэрэг авах уу гэдэг сонголт юм. Яахаараа монгол залуус жилийн өмнө цэрэгт ирж юм сурчихаад цалинг нь авч болохгүй байгаа юм бэ. Цэрэг гээд ярихаар өрвөлзөөд явчихдаг хэдэн хүн бий.

-Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүд өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна. Хэзээ орон тоо нь бүрдэх юм бол?

-Ерөнхийлөгчийн орон тооны есөн зөвлөхийн гурав нь одоогоор хараахан томилогдоогүй байна. Удахгүй авах байх. Та нар санаа зовоод хэрэггүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль санаачлахгүй байна. Нэг ч хуулийн төсөл өргөн барьсангүй гэдэг шүүмжлэл яваад байгаа л даа?

-Тооны хойноос хөөцөлдөхгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хуулиа оруулна. Дараагийн хууль нь Үндсэн хуулийн 6.1-т заасан Газрын доорх байгалийн баялаг ард түмний өмч гэдэг хуулиа оруулах юм. Энэ жил оруулах үндсэн хоёр хууль ийм байна.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч намрын чуулганы хаалт дээр орж ирэхдээ өөрийн байр сууриа илэрхийлсэн ч гишүүдийн асуултад хариулт өгсөнгүй гээд байгаа. Байр суурь нь ямар байгаа вэ?

-Гишүүд асуулт асуугаад байсан. Эрдэнэтийн 51 хувийг хариуцах хүн нь Ерөнхийлөгч биш. Эрдэнэт үйлдвэрээр хууль зөрчиж баталгаа гаргуулж өрөнд оруулсан хүмүүс нь бүгдээрээ амьд сэрүүн байна. Тэр мөнгийг хаашаа оруулсныг өөрсдөө мэдэж байгаа. Ш.Батхүү гээд бизнесмэн, Ерөнхий сайд асан С.Баяр, Төмөр замын дарга асан Т.Очирхүү, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар гээд бүгд гадаадад байгаа байшиндаа сайхан амьдраад байж байна шүү дээ. Энэ 100 сая ам.доллар оргүй алга болно гэж байхгүй. Хаа нэг газар байгаа. Нэг сая ам.долларыг цүнхэнд хийгээд нууж болох байх. 100 сая ам.долларыг цүнхэнд хийгээд улс орон дамжуулаад явдаг юм гэж байхгүй. Бүгд шилжүүлгээр явдаг. Ямар ч улсын хилээр орсон 10 ба түүнээс дээш мянган ам.долларыг мэдүүл гэж байгаа биз дээ. Мэдүүлэхгүй бол хураагдана. Тиймээс шилжүүлгээр явдаг. Тэр бүх шилжүүлгийнх нь клиринг хийдэг газар нь АНУ-д байна. Манай хуулийн байгууллагынхан АНУ-ын ХМТ, Хууль зүйн яамтай хамтраад ажиллачихвал бүх зүйл илэрнэ. Ийм боломж бий. Ерөнхийлөгч асуулт асуусан таван гишүүнд бичгээр хариу өгсөн.

-Гэхдээ гишүүд чуулган дээр асуулт асуухад хариулсангүй зугтчихлаа гээд байсан…

-Ерөнхийлөгч чуулганд тааллаараа оролцдог. Гишүүдийн асуултанд хариулах үүрэг байхгүй. Ерөнхийлөгч асуултанд бичгээр хариулсан. “Та нар буруутай этгээдүүдээ дуудаж уулз. Тэр мөнгө хаана байна гэж асуу” гэсэн. 49 хувийг бол УИХ-д 65 суудалтай МАН улсад хурааж аваад ард түмэнд тарааж өгнө гээд амалсан. Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Сонгуулийн үеэр Эрдэнэтийн иргэдтэй уулзахдаа “49 хувийг Монголын ард түмэндээ хувааж өгнө гээд үүнийг зорилгоо болгосон улс төрийн нам байна. Байгалийн баялаг ард түмний өмч. Наад ажлаа хийцгээ” л гэж байгаа юм. Түүнээс биш 49 хувь нь зөв, Засгийн газрын зөв, буруугийн талаар яриагүй.

-Та дээр яриандаа дурдахдаа Ерөнхийлөгчийн анхны ажлын айлчлал Владивосток байсан гэсэн. Энэ үеэр яригдсан транзит тээврийн хөнгөлөлт ажил хэрэг болсон уу?

-Энэ түүхэн үйл явдал. Монгол Улс далайд гарцгүй. Тиймээс бид яаж ажлын байртай болох вэ, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг хамгийн эхний том асуудал. Монгол Улс урд, хойд хоёр хөрштэй алинтай нь ч транзит тээврийн гэрээгүй явж ирсэн. Транзит гэрээ гэдэг бол манай барааг ямар үнэ тарифаар далайн эрэгт хүргэх вэ гэдэг гэрээ. Бид хоёр хөрштэйгээ транзит гэрээ байгуулах ажлыг 1990 оноос хойш эрэлхийлж байгаа. Монголд үйлдвэрлэсэн ямарваа нэгэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнэндээ хүрнэ гэвэл хоёр хөршийн далайн боомтод хүрэх ёстой. Нэг нь Владивосток нөгөөх нь Тяньжин боомт. Зүүн хойд Хятадын боомтууд гэвэл Дан Дон, Чин Хун Дао, Тяньжин гээд байна. Оросын нутгаар Владивосток, Находкагийн боомт байгаа юм. Энэ олон боомт руу манай коксжих нүүрс хүрч байж нэг тонн 200 ам.доллараар зарагдана. Бид далайн эрэгт хүргэж чадахгүй байгаа болохоор өнөөдөр нүүрсээ 50-70 ам.доллараар өгч байгаа. Зарж болох үнэнийхээ бараг дөрөвний нэгээр өгдөг шударга бус худалдаа хийж болохгүй. Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш хөөцөлдөж байгаад 2015 онд А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа БНХАУ-тай транзит тээврийн гэрээг байгуулсан. Энэ гэрээ маш чухал. Манай нүүрс тонн нь 25-30 ам.долларын төлбөртэйгээр манай хилээс Хятадын далайн боомт хүртэл явах боломжтой болсон. Владивостокт байгуулахаар тохирсон гэрээ 2010 онд А.Гансүх Зам тээврийн дэд сайд байхдаа эхлүүлж байсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Санкт петербургт гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байна. Үүгээрээ ОХУ бусад чиглэлтэй өрсөлдөхүйц үнийг манайд өгөх үүрэг хүлээсэн. Хэмжээний хувьд гурав дахин урт зам туулах хэдий ч адилхан тариф өгнө гэдэг бол манай улсад тусалж байна гэсэн үг. 25-30 ам.доллараар хил хүрнэ. Тэгэхээр аль улсаар дамжих нь хамаагүй болчихож байгаа юм. Ямар ч байсан нэг гарцтай байсан бол Владивостокийн гэрээ хэлэлцээний дүнд хоёр дахь гарцаа олж авлаа. Дан ганц нүүрс гэлтгүй чингэлгийн тээвэр, ган, зэс, төмрийн хүдрээ далай руу гаргаж болно. Ингэснээр бид дэлхийн зах зээлийн шударга үнээр бараагаа зарна. Дэлхийн зах зээлийн үнээр бараагаа зарна гэдэг чинь ажлын байр байхгүй юу.

Намайг Их хурлын дарга байхад зурагдсан Хятадын транзит тээврийн гэрээ, Х.Баттулга Ерөнхийлөгчийг томилогдсоны дараа Владивостокт хийгдсэн Оросын транзитын гэрээ хоёр манай улсын эдийн засгийг өсгөхөд чухал ач холбогдолтой. Манай компаниуд уул уурхайн баялгаас өөр экспорт бодож олох ёстой. Зам нээгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Улстөрчид, даатгалынхан, бизнесмен, брокер, банкууд хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн хэр гарсан гэж үзэж байгаа вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээ хийгдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд банкны салбарыг харлуулах, байр суурийг нь ганхуулах үзэгдэл их болсон. Олон улсын түвшинд Монголын банкууд хүнд өвчилсөн мэт ойлголт төрүүлэх гэж оролдож ирсэн. Үүнд харамсдаг. Банкны сектор бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул энэ мэт явдлыг бид зөвшөөрч болохгүй. Харин үнэн юм үнэнээрээ гарч ирж, Европын төв банкны стандартаар хийсэн активын чанарын үнэлгээгээр хангалттай дүн авлаа. Төв банк үүсээд 500 жил, арилжааны банк үүсээд 1000 жил болсон, чөлөөт зах зээлийг 1700 оноос хөгжүүлсэн европын стандартаар улс төрийн байдал нь ороо бусгаа, төр засгийн шийдвэр нь байнга өөрчлөгддөг, төрийн бодлого нь банкны салбартаа сөргөөр нөлөөлдөг, 28-хан жилийн түүхтэй Монголын банкны салбарыг шалгасан. Монголбанкнаас зарласан банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж байна гэдэг үнэхээр сайн тоо. Монголын банкууд энэ тоог нэмчих боломжтой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энд дурдсан өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь Европын стандартаар гаргасан дүн юм шүү.

-Монголбанкнаас боловсруулсан банкны салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Их хурал дэмжсэн. Нэмэлт, өөрчлөлт орсон хуулиудад саналаа тусгаж чадсан уу?

-ОУВС-гийн зүгээс манай секторыг Европын стандарттай болгохоор шахаж байгаа. Үүнийг Монголын банкууд бүгд найрсгаар хүлээн авч, энэ стандартыг нутагшуулахаар ажиллаж байна. Гэхдээ зайлшгүй хэлэх, анхааруулах зүйлс бий. Нэгдүгээрт, бид Европ биш, банкны систем нь 28 жилийн түүхтэй. 500 жилийн түүхтэй стандартыг 28 жилийн түүхтэй секторт нааж болох ч эдийн засагт хохиролтой. Хөгжиж байгаа улсын онцлог, улс төрийн бодлого нь тогтворгүй байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Банкны салбарын чанаргүй зээлийн тодорхой хэсэг нь төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, нэг сайд, нэг дарга гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг, зогсоодог зэрэг асуудлаас үүсдэг. Засгийн газрын шийдвэрийг хараад банк зээл өгдөг, иргэд ажлаа эхэлдэг. Ингээд явж байтал засаг төр нь солигдоод тэр явж байсан бүтээн байгуулалтыг нь зогсоочихдог, эсвэл хөрөнгийг нь олгохоо больчихдог. Банк зээлээ буцаан авч чадахгүй, зээл авсан иргэн төлж чадахгүй хүнд байдалд ороод үлддэг. Энэ бүгдэд тааруулж, торомзыг нь татах үедээ татаж, тавих үедээ тавьж явах шаардлагатай. Монголын банкууд маш хүнд нөхцөлд ажилладаг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамааралтай улсад ажиллаж байгаа банкны секторт маш уян хатан стандарттай байх ёстой. Хууль тогтоомж, олон улсын стандартыг монголд нутагшуулж болно. Гэхдээ ямар улсад, ямар нөхцөлд оруулж ирж байгаагаа анхаарах ёстой.

-Европын стандартыг нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах юм бол?

-Энэ бүх дүрэм журам, стандартыг монголд нутагшуулбал банкнаас гарах зээлийн хэмжээ багасаж, зээлийн хүүгийн өртөг нэмэгдэнэ. Монголын банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэж бий. 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хэдэн хувь нь эзний оруулсан хөрөнгө байх ёстой вэ гэдэг. Томоохон банкууд 14 хувьтай байгааг 16 хувь болгох асуудал ярьж байгаа. Гэтэл олон улсад энэ нь 7-8 хувь байдаг. Олон улсаас нэг дахин өндөр шалгууртай байж дахин нэмэх асуудлыг ярьж байгаа нь эдийн засагтаа ямар өртөг нэмэх вэ гэдгийг анхаарах ёстой. Үүн дээр нэмээд Төв банкинд бэлэн мөнгөөр барих заавал байлгах нөөц 10 хувь гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл зарим улс орон заавал байлгах нөөц байдаггүй. Энэ мэт Монголын банкны салбар дэлхийд байхгүй өндөр шалгуур, шаардлагыг хангаж ажилладаг. Дахин нэмж чангатгана гэдэг нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг бууруулах эрсдэлтэй.

-Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байна. Үүнийг буулгах ёстой гэдэг шаардлага тавигддаг. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Манайд банкны зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Монголын банкууд нэлээд эртнээс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байна гэж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл банкны Гүйцэтгэх захирлууд зээлийн хүүг бууруулах нь зөв гэдэгт санал нэгддэг. Гагцхүү энэ талаар хоорондоо ярьж, эдийн засгийн эрдэмтэдтэй зөвшилцдөг болохоос олон нийтэд хэлж, таниулсан нь харьцангуй бага байж магадгүй. Тэгэхээр Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд ихээхэн анхаарч, тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа. Монголбанк, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллана.

-Банкууд ч мөн адил зээлийн хүүг бууруулах сонирхолтой байдаг гэж ойлголоо. Гэхдээ иргэдийн хувьд банк өндөр хүүгээс өндөр ашиг олдог гэж боддог…

-Зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашигтай ажилладаг гэсэн ойлголт олон нийтэд тарчихсан нь үнэн. Гэтэл бодит байдал дээрээ эсрэгээрээ. Таван хувийн хүүтэй зээл авсан хүн, 20 хувийн хүүтэй зээл авсан хүний хэн нь зээлээ эргүүлэн төлөх чадвартай байх вэ. Өндөр хүүтэй зээл авсан хүн буцаан төлөхөд хүндрэл гарч, эрсдэл үүсэх магадлалтай байх нь ойлгомжтой. Зээл муудна гэдэг нь банкинд хохиролтой. Банкны ашиг бол зээлийн өндөр хүүнээс биш, харин зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн зөрүү буюу маржингаар тооцогддог юм. Хадгаламжийн хүү 15 хувь, зээлийн хүү 18 байлаа гэхэд энэ зөрүү дээр ашиг олно гэсэн үг. 2017 онд Монголын банкны маржингийг АНУ-ын банкныхнтай би харьцуулж судалж байсан. Ингэхэд хоёул адилхан гурван хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан. Монголын болон АНУ-ын банкууд адилхан гурван хувийн ашигтай ажилладаг гэсэн үг. Гэхдээ АНУ 2000 гаруй банктай, маш ширүүн өрсөлддөг. Үүнтэй харьцуулахад Монголын банкны өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой арга хэрэгслээр бууруулах байх юм.

-Зохистой арга хэрэгслээр гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ. Их хурлын гишүүд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох ёстой гэсэн байр суурь ч гараад байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Сүүлийн үед нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудын эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах тухай яриа их газар авч байна. Монгол, Орос зэрэг улсууд 70 жил социалист, коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн хууль, чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилддөг, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, баялаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй яваа. Монгол Улс ч эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ 100-гаас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Бид хоцорчихоод байгаа юм. Гэтэл анхнаасаа чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид харж байна. 1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур ч яаж хөгжиж байгааг бид харж байгаа.

Юу хэлэх гээд байна гэвэл, зээлийн хүүг бууруулах боломжтой. Улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд хамтарч бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар, макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна.

-Та зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийг та боловсруулсан гэж байсан. Гол зарчим нь юу вэ?

-Энэ стратегид 2020 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар тусгасан. Гэтэл өнөөдөр бид огт буруу газраас юм хайгаад байна. УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Макро эдийн засгийн хуулийн дагуу зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегид тусгасан. Төгрөгийн ханш дандаа сулардаг учраас төгрөгийн хүүг зориуд өндөр тавихаас өөр аргагүй гэдгийг нь оношилсон. Чөлөөт зах зээлийн зарчмаа баримтлахад толгой өвтгөсөн, эдийн засгийн ном унших, сахилга бат, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа шаардсан ажил болно. Гэхдээ энэ бүгдээс зайлсхийж, амар хялбар аргаар шийдэхийг оролдоод байгаа нь буруу. Өнгөрсөн 27 жил гаргасан бидний гол алдаа бол энэ. Ардчилал, чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухааныг ашиглахын оронд социалист, коммунист аргаараа хүчээр шийдэж, товчлох гэсэн аргыг сонгож, төрөөс хуваарилалт хийж, бэлэн мөнгө тараадаг байдлаар явж ирсэн учраас монголчууд эдийн засгийн үзүүлэлтээрээ 100-аас хойш дугаарт бичигдсээр байна. Одоо бид сургамж авч, макро эдийн засгийн хуулийн дагуу эдийн засгаа удирдаж, толгойгоо дайчлах хэрэгтэй. Гараа хөдөлгөхгүй, хөлсөө гаргахгүйгээр, эцэж цуцахгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Эдийн засгийн зузаан ном уншихаас битгий залхуур л гэж хэлмээр байна. Бизнесийг тодорхойгүй, тогтворгүй, эрсдэлтэй болгоод байгаа бүх зүйлээ арилгах ёстой. Авлигыг устгахгүй бол зээлийн хүү буурахгүй. Яагаад гэвэл авлига өртөгт нь шингээд, бизнесийг дампууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдөр улстөрчид 28 жил хийгээгүй зүйлээ хийх ёстой.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж маш их ярьсан. Үр дүн гараагүй. Даатгалын талаар ч гэсэн иргэд ам муутай л байх юм…

-Эдийн засгийг санхүүгийн гурван багана тулж байх ёстой. Банк, даатгал, хөрөнгийн зах эдийн засгийг жигд 30, 30 хувиар тулж байхад ачаалал жигд хуваарилагддаг. Гэтэл Монголд банкны салбар ганцаар 95 хувийн ачааллыг үүрч, нөгөө хоёр нь хөгжиж чадаагүй ирсэн. Эдийн засгийн энэ ачааллыг үүрч байгаа салбараа мөнгө хүүлэгч дээрэмчид мэтээр ярих нь үнэхээр бүдүүлэг. Үүний оронд даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол банкны салбарын нуруун дээрх ачаа хөнгөрч, зээлийн хүү буурах үндэс суурь болно. Энэ хоёр салбарыг хөгжүүлэх боломж өнгөрсөн 28 жилийн турш байсан. Ганцхан сэтгэл дутсан. Бид хамтраад энэ хоёр салбарыг олон улсын макро эдийн засгийн стандартаар нь хөгжүүлэх ёстой. Бид энд шинэ зүйл зохиогоод, зээлийн хүүг хүчээр тогтоох хэрэггүй.

-Төв банкны танилцуулгыг сонсож байхад арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн 8.8 хувь нь чанаргүй ангилалд байна, үүний 20 хувь нь уул уурхайн салбарт олгосон зээл гэж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ ямар түвшинд хүрвэл банкны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ 20-25 хувь хүртэл өсөх эрсдэл 2016 онд харагдаж байсан юм. Секторын хэмжээнд 20 хувиас дээш гарвал байдал эвгүйцэх нь гэж бодож байсан. Өнөөдөр 10 хувиас дотогш орж буурлаа. Цаашдаа ч буурна. 2012 оноос хойш эдийн засгийн уналттай байсан тэр үед ингэж сайн дааж чадсан нь бизнесмэнүүд, иргэд зээлээ сайн төлсөнтэй л холбоотой. Бид тийм сахилга баттай байсан учраас эдийн засаг сэргэж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн зээл гэдэгт зөвхөн техник, тоног төхөөрөмж биш. Тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын цалингийн зээл, лизинг ч орно. Бид уул уурхайн орон гэгддэг байж энэ салбартаа зээл олгож болохгүй гэж ярих нь зохимжгүй. Энэ салбарт зээл өгөхөөс өөр аргагүй. Нүүрсний салбар уналтад орж, олон компани зогсонги байдалд орсон үед бид ажилчдад нь цалингийн зээл өгчихсөн л байсан. Тэгэхээр улс орны эдийн засгийг том тавцанд харж, олон улсын зөвлөх байгууллагуудын зөвлөгөөг учир начиртай хүлээн авч байх нь зөв.

-Гадны банк Монголд орж ирэхийг хамгийн их эсэргүүцдэг нь Банкуудын холбоо гэж зарим эдийн засагчид, улстөрчид тайлбарладаг. Та Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би мэргэжлийн хүний хувьд гадаадын банк орж ирэхийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголын банкууд гадаадын өрсөлдөөн орж ирнэ гэсэн утгаар нь эсэргүүцсэн зүйл байхгүй гэж ойлгож байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Өнөөдөр ч гэсэн холбооны нийт гишүүд, Удирдах зөвлөл надтай санал нэг байгаа. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэхгүй ч үндэсний эрх ашгийн хувьд, аюулгүй байдлын хувьд яаж авч үзэх вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой. Тодорхой зохицуулалтуудыг хийх ёстой. Ер нь бол Монголд гадаадын банк бий. Жишээлбэл, банкны системийн 90 хувийг бүрдүүлдэг топ таван банкны хоёр нь гадаадын хөрөнгө оруулалттай. 51-ээс дээш буюу дийлэнх хувийг нь гадаадууд бүрдүүлдэг. Ийм банк байж л байгаа.

-БНХАУ-ын томоохон банкны салбар нээх зөвшөөрлийг Монголбанк өгсөн байгаа. Салбар нээх, банк байгуулахын ялгаа нь юу юм?

-Гадаадын банкны салбар орж ирээд, Монголын банкны сектор өрсөлдөөнийг нь дийлэхгүй уналаа гэж бодъё. Тэгвэл ирээдүйд Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох банкийг хэн удирдах вэ гэдэг асуудал яригдана. Банкны аливаа шийдвэрийг тухайн банкны төв оффис буюу Гүйцэтгэх захирал гаргадаг. Тэгэхээр энэ ялгаатай. Монголд гадаадын банк салбараа нээх, Монголд Улсад бүртгэлтэй банк байгуулах гэсэн хоёр асуудлын ялгааг өмнө нь хүмүүс огт ярьж байсангүй. Үүнийг өнөөдөр ярьж, тодорхой мэдээлэл өгмөөр байна. Монгол Улсын банкны үйлчилгээний дийлэнх хэсгийг Монголд төв оффистой, Гүйцэтгэх захирал нь суудаг банкууд үзүүлэх ёстой. Түүнээс аль нэг банкны салбар оффис үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ. Ганцхан жишээ хэлэхэд, орон нутагт салбартай банкны захирал тэр орон нутгийн сайн сайханд нөлөөлөх шийдвэр гаргаж чадах уу, эсвэл зөвхөн төвөөс өгсөн банкны бодлогыг хэрэгжүүлэх үү. Ийм ялгаа гардаг. Өнөөдөр Монгол Улсын хувьд улс төр, стратеги, геополитикийн түвшинд шийдвэр гаргах гэж байгаа бол “Монголын банкны системд гадаадын банкууд байгаа, нэмж орж ирж болно. Гэхдээ энэ салбарын дийлэнх хувийг Монголд “толгой” төв оффистой, Гүйцэтгэх захиралтай банкууд бүрдүүлэх ёстой” гэсэн шалгуур тавих нь зүйтэй. Энэ миний мэргэжлийн хүний байр суурь. Түүнээс Лондонд эсвэл Хонконгд төв оффистой, дэлхийн 100 гаруй оронд ажилладаг, монголд нэг их сонирхолтой биш, зүгээр нэг жижигхэн салбар байгуулаад, шийдвэр гаргах эрх мэдэлгүй захирал тавьчихсан ийм банкууд манай секторын 75 хувийг эзэлж, үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ.


Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч явна

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр бидний хэлж заншсанаар Мартын 8-ны баярын өдөр. Таны хувьд энэ баярт хэр ач холбогдол өгдөг вэ. Олон сайхан дурсамж бий байх даа?

-Биднийг багад Мартын 8-ны баярыг тэмдэглэхэд нэлээд ач холбогдол өгдөг байсан. Аав “Өнөөдөр ядаж ганц өдөр ээжийг чинь гэрийн ажилд гар хүргэхгүй шүү” гээд хоол унд хийж өгч, гэр цэвэрлэхээс эхлээд бүхий л ажлаас ээжийг чөлөөлнө. Үүнийг хараад “Ямар сайхан баяр вэ” гэж боддог байлаа. Одоо манайхан Монита зарлаад байгаа болохоос биш сургууль дээрээ очиход ангийн хөвгүүд үзэг, харандаа, дэвтэр өгөх ч юм байдаг юм уу одоо эргээд бодоход хөөрхөн л тэмдэглэдэг байж. Би ОХУ-ын Ленинград хотод оюутан байлаа. Мартын 8-ны баярыг оросууд жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг байсан юм. Хэдийгээр баярын өдөр ч гэсэн эмэгтэйчүүд эрхээ хамгаалсан, би эмэгтэй хүн, ямар үнэ цэнтэй вэ гэдгээ мэдэрсэн тэр цаг үе оюутан цаг байсан. Эмэгтэй хүн хүнд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж байдаг юм байна гэж бодох болсон. Мартын 8-ны энэ өдөр би ээжийгээ, эгч нараа хайрлах агуу хайрын баяр юм байна гэж ойлгодог. Энэ л өдөр ээждээ баглаа цэцэг, бялуу аваад очиход жигтэйхэн баярладаг байсан юм. Ноднин ээж минь бурханы оронд заларсан болохоор одоо бол миний сэтгэл жаахан гунигтай л байна. Гэхдээ ээж минь тэнгэрийн орноос охиноо хараад түмэн олныхоо төлөө яваа юм байна, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа юм байна гээд баярлаж байгаа байх. Монгол Улсын хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ маш чухал тоо. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, ажлын гүйцэтгэлийг харахад маш өндөр байгаа юм. Тийм учраас эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, тэдний нөөц боломжийг ашиглах хэрэгтэй.

-Олон улсын жишиг ямар байдаг юм бол. Эмэгтэйчүүдийн оролцоо гэж их дуугардаг ч нөлөөлөл бага байна гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүдийн оролцоог судалгаанаас харахад ихэнх нь гүйцэтгэх салбар буюу оффисын ажилтан, туслах ажилтан гээд жин дарах нь хавьгүй их байна. 10 эмэгтэй байлаа гэхэд тэдний долоо нь эмэгтэй байх жишээтэй. Гэтэл шийдвэр гаргах, бодлогын түвшин, хөрөнгө мөнгө зарцуулах түвшинд хүрэхээрээ энэ байдал эсрэгээрээ болчихоод байна. 2017 оны судалгаанаас харахад Монгол Улс дэлхийн 144 орноос 107 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Гүйцэтгэх, хийж бүтээж байгаагаараа эмэгтэйчүүд манлайлж байгаа ч шийдвэр гаргах түвшиндээ харамсалтай нь бага байна л даа. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах цаг болжээ гэж бодож байгаа. Олон улсад жендерийн асуудлыг их хөндөх болсон. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өрсөлдөж байгаа юм биш. Тэгш оролцоог л нэмэгдүүлье гэсэн санаачилга. Гэр бүлийн хэмжээнд аваад үзэхэд аав, ээж хоёр хоёулаа байж гэмээнэ ямар их аз жаргалтай байдаг билээ. Улс орон ч гэсэн үүнтэй агаар нэг байх ёстой. Эмэгтэйчүүдийн үнэлэмж, тэдний орон зай, шийдвэр гаргах, бодлогын түвшинд түлхүү оролцуулах хэрэгтэй байна. Манайхан эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салах цаг болсон.

-Гэхдээ боломжийн хэрээр нь оролцуулдаг болсон юм биш үү?

-УИХ дээр аваад үзье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үеэр “Эмэгтэй гишүүд, эмэгтэй гишүүд” гээд манайхан сүйд болсон. Үнэндээ энэ хууль эмэгтэйчүүдэд зориулагдан гарсан юм биш. Эрэгтэй хүнд ч хамаатай юм шүү дээ. Эмэгтэй хүн гэхээр ар гэрийнхээ ажлыг хийдэг, эрэгтэй хүн л манлайлдаг гэдэг энэ ойлголтыг таягдан хаях хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр чаддаг зүйлсийг нь хийлгээд явах нь зөв. Энэ нь улсынхаа хөгжилд ч хэрэгтэй л дээ.

Манайд эмэгтэйчүүдийн квот гэж яриад байгаа биз. Бид дуртайдаа квот тогтоогоод байгаа юм биш. Квот тогтоохгүй бол эрэгтэйчүүдийн ертөнц гэдэг чинь сонин шүү дээ. Найрын ширээ, тоглоомын ширээнээс эхлээд янз бүрийн байдлаар эрэгтэйчүүд хоорондоо зохицоод явчихдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн шударга, шийдэмгий, зарим үед уян хатан зан чанар яалт ч үгүй хэрэг болох үе бий. Тиймээс энэ эмэгтэй үүнийг хийж чадна гэдэг итгэлийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Оросын “Үүрэг хүлээх цагт” гээд дайны үеийн кино байдаг даа. Эмэгтэйчүүд тэр хүнд цаг үед эрэгтэйчүүдээс дутахгүй дайны талбарт тэмцэж явааг харуулсан шиг бидэнд үүрэг хүлээлгэх юм бол монгол эмэгтэйчүүдэд чадахгүй зүйл бараг үгүй. Эрэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эмэгтэйчүүд маань хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө харуулах хэрэгтэй.

Өнөөдөр дэлхийд ДНБ-ээрээ эхний гуравт Скандинавын орнууд багтдаг. Норвегид гэхэд Ерөнхий сайд нь эмэгтэй, парламентын гишүүдийн 40-50 хувь нь эмэгтэй, Сангийн сайд нь эмэгтэй хүн байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 71 мянган ам.доллар байна. Швед улс гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь 43 мянган ам.доллараар дэлхийд гуравт орж байна шүү дээ. Финлянд гэхэд парламентын гишүүдийнх нь 43.8 хувь нь эмэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 41 мянган ам.доллар байх жишээтэй. Хүн амынх нь 90 гаруй хувь нь чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж байна. Энэ нь шийдвэр гаргах, бодлогын түвшинд жендерийн харилцаа тэнцүү байгаагаас харж болно. Монгол эмэгтэйчүүд ар гэрээ авч явах, боловсролын түвшингээрээ илүү байна. Тиймээс энэ давуу талаа ашиглах ёстой гэж байгаа юм. Япон улс эдийн засгийн хямралаас гарахад эмэгтэйчүүдийнхээ боломжийг ашиглах ёстой гээд Шинзо Абэ шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийг тавилаа. Үр дүн нь яаж гарсан талаараа өөрөө ярьж байна. Манайхан эмэгтэйчүүдээ үнэлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа эрэгтэйчүүдээ хайрлах хэрэгтэй. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 60-65 гэдэг. Уг нь эрэгтэй хүн ид хийж бүтээх нас л даа. Өмнө нь “Энэ эрэгтэй юм чинь амьдралаа аваад явчихна” гээд хойш нь тавьдаг байсан. Эрэгтэй хүн л болсон хойно ар гэрээ би тэжээх ёстой гээд зүтгэдэг. Зарим талаараа энэ нь стресстүүлдэг байж магадгүй. Эмэгтэйчүүд бид эрэгтэйчүүддээ боломж гаргаж өгөх, эмнэлэгт үзүүлэхээс эхлээд боломж гаргаж өгөх хэрэгтэй л дээ. Арга билиг хоёр нийлж байж амьдрал цогцолно.

-1000 ээжийн чуулга уулзалт дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн асуудлыг хоорондоо ярьцгааж байсан. Үнэхээр тийм зөрүүтэй байна уу?

-Хөдөлмөрийн үнэлэмжийг аваад үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж цалин 840 мянга байхад яг адилхан ажил хийж байгаа эрэгтэй хүний цалин нэг сая 67 мянга байх жишээтэй. Тэтгэвэр авч байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн зөрүү 68-240 мянга хүртэл зөрүүтэй байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмж ч гэсэн чухал. Засгийн газар Их хуралд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьсан. Тиймээс эмэгтэй гишүүний хувьд дуу хоолойгоо нэмэрлэх ёстой гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай ярилцсан. Цалинтай ээж, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмж олгож байгаа ч үүнээс чухал асуудал нь Гэр бүлийн тухай хууль. Энэ чухал хуулийг хэдэн парламент дамнуулан батлалгүй явж ирлээ. Хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг оруулж ирж батлуулъя, би хариуцаад явъя гэдэг саналаа хэлсэн. Манай улсын хүн амын 51.7 хувийг эзэлж буй эмэгтэйчүүддээ хандсан бодлогын арга хэмжээг бид хийх цаг болсон.

-Та эмэгтэй Их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга. Тиймээс эмэгтэйчүүд танд илүү ханддаг байх. Тэдний зүгээс ямар хүсэлт, өргөдөл голдуу өгдөг вэ?

-Ажилгүйдлийн түвшин өндөр байна. Тиймээс ээжүүд өөрсдөө ажил хийж сайхан амьдаръя гэхээсээ илүү үр хүүхдүүдийнхээ өмнөөс гүйж, өргөдөл бичдэг. Тэр нь манай хүүхдийг ажилд оруулж өгөөч гэж. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэй хүн нуруундаа үүрч, дүүрч явна. Тойргийнхоо хэмжээнд аваад үзэхэд гэр бүлийн асуудлаас болоод нөхөр нь хаяад 3-4 хүүхэдтэй үлдсэн эмэгтэйчүүд их байна. Өрхийн жижиг бизнес эрхэлж, ажил хийж, сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүдээ өгөхөөс эхлээд чөлөө завгүй зүтгэж яваа залуу ээжүүд олон байна л даа. 35-аас доош насныханд гэр бүл салалт зайлшгүй анхаарах ёстой сэдвийн нэг болчихлоо. Гэр бүл салалтын хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна л даа. Тиймээс бид залуу үеэ эртнээс гэр бүл төлөвлөлтөд бэлтгэх, сургах шаардлага бий болчихлоо. Үнэхээр эмзэг асуудал юм. Эмэгтэйчүүддээ итгэл өгөх зайлшгүй шаардлагатай. Манай эмэгтэйчүүд “Би чадахгүй байлгүй дээ” гээд өөрийгөө юмны ард үлдээж, боломжоосоо зугтаад байна. Тэгэхээр ийм эмэгтэйчүүдээ сургаж, дэмжих ёстой. Гадны орнуудад эмэгтэйчүүдийн банк хүртэл байдаг. Эмэгтэйчүүдээ санхүүгээр дэмждэг болох хэрэгтэй. Эмэгтэйчүүд дээшээ гарч чадахгүй байгаа гол шалтгаан нь санхүү. Нөхрөөсөө хараат эсхүл тэдний хөдөлмөрийн үнэлэмж бага байдаг. Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байдлыг бий болгоход анхаарах шаардлагатай л даа. Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд маань их дуугарах хэрэгтэй байна. Олон улсад ийм санаачилга хэрэгжээд явж байгаа шүү дээ.

Манай сэтгүүл зүйн салбарт эмэгтэйчүүд дийлэнх нь. Гэтэл ганц бие амьдралаа авч явах гэж цаг наргүй зүтгэж буй эмэгтэйчүүд их байдаг. Сэтгүүлчийн ажил хэцүү шүү дээ. Халуун цэг бүрт хүрч ажиллах гэж зүтгэдэг. Тиймээс тэднийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. Манайхан мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал хоёрыг ялгаж, салгаж байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байна.

-Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 105 жилийн ой мягмар гаригт тохиолоо. Сэтгүүлч хүний хувьд салбартаа ямар ажил хийх вэ. Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой гээд бор зүрхээрээ л явцгааж байна. Иргэдийн цалин, тэтгэврийн асуудлаас эхлээд бүх зүйлд анхаарал тавьдаг. Энэ салбарт зайлшгүй шийдэх ёстой ямар асуудлууд байгаа бол?

-Сэтгүүлч гэдэг оюун санааны чиглүүлэгч, пуужин байдаг. Иргэд хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авч, ажил амьдралдаа хэрэгтэй зүйлсээ ч үздэг, хардаг. Гэтэл ийм чухал салбарын ажилтнуудын цалингаас эхлээд ярих зүйл их байна. Хамгийн ажилтай салбар хэвлэл мэдээлэл хэдий ч хамгийн хоцрогдож яваа салбар болчих гээд байна шүү. Тэгсэн хэрнээ хамгийн үнэлэмж багатай. Сэтгүүлчдийн үнэлэмж хүйтэн дайны үеийнх шиг хэрнээ үнэлэмж бараг байхгүйтэй адил. Бусад орнуудад сэтгүүлч, тоймч гэдэг хамгийн чухал мэргэжлийн тоонд багтдаг. Тэр утгаараа цалин хамгийн өндөр цалин, хангамжтай байдаг. Тэр хэрээрээ үнэний төлөө дуугарч, тэмцэж чадаж байна.

Сошиал бол хүмүүсийн сэтгэгдлээ хэлдэг чөлөөт индэр. Тэнд нүцгэн мэдээлэл байдаг юм. Мэргэжлийн сэтгүүлч тухайн мэдээг баримт, нотолгоотой, өргөн хүрээнд судалж, шинжилж байж иргэдэд хүргэдэг. Ийм чухал ажил хийдэг салбараа аврах хэрэгтэй байна. Ингэхийн тулд салбарын үйлдвэрчний эвлэлүүд ажилласан шиг ажилла. Бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Бусдын төлөө дуугарч, бусдын өмнөөс явж, олны төлөө ажилладаг хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарч чаддаггүй. Загасчны морь усгүй гэдэг шиг л байдаг. Сая МСНЭ-ийн хурал болоход ямар чухал салбар вэ гэдэг нь харагдлаа шүү дээ. Улстөрчид, хувийн хэвшил, банкууд бараг орчих дөхлөө. Мэргэжлийн холбоод, сэтгүүлчид маань нэгдэж эрх зүйн орчноо бүрдүүлэх тал дээр анхаарч, сайн ажиллаж байгаа сэтгүүлчдээ үнэлдэг болох шаардлагатай.