Categories
мэдээ нийгэм

“Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” дахин хэвлэгдлээ DNN.mn

Уншсан хэн боловч “Ёстой хөөрхөн юм аа, ямар гоё ном бэ” уулга алддаг сонирхолтой номыг “Өдрийн сонин”-ы редакцаас гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч шимтэн уншдаг энэхүү ном бол “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” гэдэг бүтээл билээ.

Энэ ном нь “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн бүтээл гэдгийг уншигчид андахгүй.Амьтдын ертөнцийн ер бусын нууцлаг, бас тэр бүр хүмүүсийн огт мэдэхгүй амьдралыг нүдэнд харагдтал өгүүлэх аж. Гаднын тв сувгуудаар гардаг амьтны нэвтрүүлэг шиг нэвтрүүлэг хийе гэвэл “Долоо дахь хөхний гавар”-ыг уншихад л зохиол нь бэлэн гэхэд хилс болохгүй. Амьтны ааш аяг, байгалийн зөн, биесээ хайрлах совин, байгалийн төгс зохицол гээд байж болох бүхнийг энэ номд дурдсан байх нь.

Ер нь лав л манай дэлхий дээр төгс төгөлдөр зүйл огтоос байхгүй гэдэг ч байгаль эх болоод амьтдын ертөнц үгээр хэлэхийн аргагүй төгс билээ. Ер нь ч хэн ийм гайхалтай зүй зохицлыг төгс биш гэх юм бэ. Ийм л онцгой төгөлдөр харилцааны тухай гайхмаар гоё өгүүлжээ. Тийм ч учраас бүх л насныханы сонирхлыг, тэр тусмаа хүүхдүүдийг өөртөө татдаг ном гэж болох биз ээ. Товчхон хэлбэл “Хүүхдийг номд оруулдаг ном” гэсэн ч болно. Сонирхолтой гэдгээс гадна тээршаамаар урт өгүүллэг байхгүй. Богинохон, уншууртай гэсэн үг.

“Олби оготно шиг гэж хүмүүс ярьдаг. Гэвч жинхэнэдээ олби бол оготно биш бараг шувуу юм шүү дээ. Нүд нь биедээ ахадсан том. Айж эмээхээрээ нүд нь бүр том болно гээч…”, “Уутгүй л болохоос Австралийн кенгру, манай алаг даага хоёрт ялгаа байдаг юм уу. Кенгруг 1000 дахин багасгаад тавьчихаа юу гэлтэй…” гээд л өгүүллэгүүдийг уншиж эхлэхэд л цааш үргэлжлүүлэн унших хүсэл эрхгүй төрөх авай. Уншигч танд өргөн барьж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

 Хуучин барилгуудаа ядаж дулаалаад авахсан DNN.mn

Монголчууд бид эрчим хүч, түлш шатахуунаар нэг улсаас хараат байхын горыг хангалттай амсаж байна. Тэгээд бүүр тэгэхээс тэгж ид өвлийн хүйтэнд. Уг нь манай улсыг удирдаж байгаа хүмүүс ухаантайхан байвал энийг боломж гэж хараад гадны улсын хараат байдлаас гарчих боломжтой санагдана. Одоо технологи хөгжсөн.

Ямар л бол ямар байдлаар асуудлыг шийдэж болж байна. Ийм хүйтэн өвөл болдог манай улс магадгүй барилгуудынхаа дулаан алдагдлаараа дэлхийд дээгүүрт орох байх. Уг нь ийм хахир газар амьдардаг бид байшин барилгын дулаан алдагдлыг аль болох тэг болгож чадвал дориун хэмнэлт хийж болмоор.

Улаанбаатар хотоор жишээлэхэд хуучны дулаан алдагдал өндөртэй барилгууд ихтэй. Дориухан шиг төсөл хэрэгжүүлээд бүх орон сууцуудаа нэг стандартаар дулаалчихвал эдийн засгийн томоохон хэмнэлт гарах нь мэдээж. Уг нь энд тэнд алаг цоог дулаалсан болж л байх шиг байдаг. Гэлээ гээд далайцгүй ажил хэтэрхий удаан явцгүй байх юм. Хавар урь унахтай зэрэгцээд ахиухан хөрөнгө мөнгө шийдээд орон сууцнуудыг дулаалаад эхэлбэл намар гэхэд ихэвчилж болмоор харагддаг.

Хэдэн жилийн өмнө гадны нэг улсын буцалтгүй тусламжаар “Танай хуучин орон сууцнуудыг европ стандартаар сайхан дулаалаад өгье. Дулаан алдагдалгүй аятайхан болно. Чимээ шуугиан ч нэвтрэхгүй, том зургаараа танай улсын эдийн засагт ч нэлээн тустай юм шүү” гэсэн чинь нэг том дарга нь надад хэдийг өгөхийн гээд тэр төсөл буцсан тухай ам дамжсан яриа байдаг. Үнэхээр тийм явдал болсон бол эмгэнэлтэй хэрэг шүү. Нэг даргын ёроолгүй шуналаас болж нийслэл тэр чигээрээ хохироод үлдсэн байх нь.

Одоо байдал нэгэнт ийм дээрээ тулаад байгаа юм чинь цахилгаан дулааны шинэ эх үүсвэртэй болтлоо дулаалгын ажилд анхаарцгаая. Ямар сайн стандарт байна, тэрийг нь олж ирж нэвтрүүлье. Утаагүй түлшинд их наяд илүү мөнгө зарцуулсан ч үр дүн гараагүй. Уг нь энэ их мөнгийг шинэ эх үүсвэр барих, ийм маягаар дулаалга хийх гээд хэрэгцээтэй зүйлсэд зарцуулсан бол энэ улсад хэчнээн хэрэгтэй байсан бол.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Худалдааны зохицуулалт хэрэгтэй болжээ DNN.mn

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн системд шилжээд даруй гуч гаруй жилийг ардаа үлдээжээ. Үнэ тохиролцдог дэлгүүрүүдээс өнөөдрийн бидний үйлчлүүлдэг дэлгүүрүүд, худалдааны төвүүд боломжийн хэмжээнд төлөвшсөн байна. Харин бид бүхэн туйлын өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Мэдээж нэгэнт л зах зээлийн зарчим үйлчилж, эзэн нь тухайн бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр зарж борлуулах нь түүний эрх. Гэлээ гээд гурав дахин нугалсан үнээр зарна гэдэг ер нь дэлхийн хаана ч байхгүй үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэвч эдийн засагчдын үг сонин биш. Монгол үйлдвэрлэгч орон биш учраас бараг тэр чигээрээ импортын бараагаар хэрэглээгээ хангахаас өөр аргагүй. Яах вэ холоос тээвэрлэгдэж ирдэг, хил гаалийн болон бусад татварууд нэмэгдээд дээрээс нь олох ашгаа нэмэх нь зүйн хэрэг. Харин тэрхүү бараа бүтээгдэхүүн бараг бүгдээрээ 2-5 дахин нугалсан өндөр үнээр зарагддаг. Өргөн хэрэглээний барааны үнэ ямар ихээр нэмэгдээд байгаа тухай амтай болгон л ярьж бичдэг ч тэрхүү өндөр үнэтэй нэгэнт дасчихжээ. Өндөр үнэ бүх салбарт илэрхий харагддаг. Жишээ нь, эмийн үнэ. Монголд эм тамтаггүй өндөр үнэтэй хэрнээ үйлчилгээ нь туйлын муу. Бараг үйлчилдэггүй ч юм болов уу гэж бодохоор. Ердөө хилийн цаана байх эмийн санд 1500 төгрөгөөр зарагддаг эм Монголд орж ирмэгцээ 10500 төгрөг болчихдог гэх. Энэ мэт байдал тэгээд эрүүл зүй тогтол мөн үү. Яаж ч харсан эрүүл бус тогтол байгаа биз. Гаднаас танил хүнээрээ захиж авчруулсан эмийг гурав хоног уугаад өвчин нам болж байхад эндээс авсан эмийг 14 хоног уугаад ч эдгэхгүй байх тохиолдол маш их. Яг иймэрхүү үнийн хэт хөөрөгдлийн жишээг тоочоод байвал дуусахгүй. Эм бол зөвхөн нэг л жишээ нь. Бидний жишээ болгон ярих дуртай улс орнуудад ч иймэрхүү зүйл байхгүй. Мэдээж тэд үйлдвэрлэгч орон. Гэсэн ч импортын бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэдэг. Тэглээ гээд манайхан шиг дөрөв, тав нугалдаггүй. Иймэрхүү зүйлсийг зохицуулах худалдааны хууль ч юм уу ямар нэгэн зохицуулалт ер нь хэрэгтэй болж байна даа.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрнө дорнын соёлыг агуулах Шанхай, Тяньжин DNN.mn

Монголчууд бидний хамгийн сайн мэдэх хийгээд бас хамгийн муу мэдэх улс бол өмнөд хөрш Хятад. Түүхийн бүх л үеийн туршид нүүдэлчид тэдэнтэй ямагт хөрш оршин, хэн хэнийгээ эзлэхдээ эзэлж, ялагдахдаа ялагдаж ирсэн. Тэглээ гээд бид өнөөдөр ч гэсэн хөрш оршсоор. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын эхний хоёрт бичигдэх тус улсын хөгжил гарцаагүй шинэ шатанд гарчээ. Нэг үгээр бол бидний өмнө нь мэддэг байсан Хятад огт өөр, цоо шинэ Хятад болсон байна.

Бээжин хотод бууж түр амсхийж аваад оройхондоо орон нутгийн зорчигч тээврийн цахилгаан галт тэргээр Шанхай хотыг зорин хөдөллөө. Шанхай хот бол өнгөрсөн хийгээд одоо, өрнө болоод дорно дахиныг хамтад нь агуулж байдаг өвөрмөц хот билээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг нь цагт 345 км хурдалдаг. Туйлын тав тухтай. Цонхны шил нь хүртэл хүний нүд эрээлжлэхээс сэргийлсэн тусгай давхаргатай. Суудлын аравч нь зорчигчоо ядраахааргүй хойшоо сайн налж өгнө. Унтаад явахад ямар нэгэн тээргүй. Сүүлийн жилүүдэд хот хооронд явахдаа өндөр хурдны галт тэргийг сонгох нь давамгай болж. Хүссэн газартаа хурдан, тав тухтай, аюулгүй хүрчихдэг учраас. Хүний нэн тэргүүний хэрэгцээ болох ариун цэврийн өрөөний үйлчилгээ нь үнэхээр сайн. Хүн ороод гарах болгонд арчиж цэвэрлээд дараагийн хүн ороход ямар ч асуудалгүй болгоно. Ажиглаад байхад 30 минут тутамд хогийн савыг цэвэрлэж байх жишээтэй. Хятадын хөгжил дэвшлийг харуулах нэг зүйл нь яалтгүй энэхүү хурдны галт тэрэг ажээ.

Хятад улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Шанхай хот 26 сая орчим хүн амтай, санхүү худалдаа арилжааны төв цэгүүдийн нэг. Шанхай хотын газар зүйн ашигтай байршил нь худалдааны тун чухал зангилаа болоход нөлөөлсөн гэж үздэг. “Дорнын далайн сувд” гэж нэрлэгддэг Шанхай хот тэнд очсон хэн бүхний харааг булаах, сонин гоё үзүүштэй газруудаар арвин. Хятад даяарын хамгийн алдартай цэцэрлэгүүдийн нэг бол тус хотод байх “Юү” цэцэрлэгт хүрээлэн. Шанхай хотын жуулчдыг татах ер бусын газрын нэг бол гарцаагүй. Мин гүрний үед буюу XVI зууны хавьцаа нэгэн ноён аав ээждээ зориулж уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг. Ер нь хаа газрын хуучны сүм барилгууд хүмүүст ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлдэг дээ. Юү цэцэрлэгт хүрээлэн бол яг л тийм газар. Мэдээж гадны болон дотоодын жуулчдын хөл тасрахгүй. Шанхай хотод очвол заавал үзэх газар. Шанхай хотын худалдааны гудамж болох “Нанжин зам” бол Азидаа төдийгүй дэлхийд нэлээн дээгүүр “жаалах” томоохон худалдааны гудамж. Өдөртөө дор хаяж л сая илүү хүн тэр хавиар явж арилжаа худалдаа хийдэг гэх. Саяхныг болтол энгийн хэрэглээний барааны зах байсан бол өдгөө дэлхийн том, том брэндүүд, дээд зэрэглэлийн ресторан, зочид буудлуудаар дүүрсэн супер газар болжээ.

Шанхай хотыг нэг амьсгаагаар үзээд барахгүй нь мэдээж. Гэхдээ заавал очиж үзэх газар бол Хуанфу мөрний баруун эргээр байрлах Бунд гэх газар. Энэ газар барилгын архитектураараа алдартай. Бунд готик, сэргэн мандлын үеийн архитектурын хэв маягийг агуулсан хуучин цагийн барилгуудаар элбэг газар. Дээрээс нь нэмээд орой болмогц эрэг дагуух

барилгуудын гэрэлтүүлэг ер бусын чамин үзэмжтэй харагдана. Энэхүү үзэмжийг мөрний голоор явах жуулчдад зориулсан усан онгоц дээрээс тольдоход хараа булаам. Өнгөрсөн зун Монголд түрээсийн дугуйн үйлчилгээ  явж эхэлсэн. Тэгвэл яг тийм дугуйн үйлчилгээ тэнд үнэхээр хүчийг авчээ. Хаашаа л харна, өнгө өнгийн түрээсийн дугуй. Үнэ хөлс нь ч боломжийн юм. Шанхай хотын гудамжийг чимэх бас нэг зүйл байгаа нь дотоодын үйлдвэрийнх нь цахилгаан автомашинууд.

Бүрэн цахилгаан машин нь ногоон дугаартай. Загвар хийцийн тал дээр бол яалтгүй “тасраад” алга болсон байна аа. Гадна загвараас гадна салоных нь чамин тансагийг гайхмаар. Магадгүй ирээдүйн машины чиг хандлага өнөөдөр Хятадад бий болж байх шиг. Мэдээж цахилгаан машин өөрөө шинэ гэж хэлж болохуйц. Гэхдээ ирээдүй яалтгүй цахилгаан машин болох учраас өмнөд хөршийнхөн энэ талын хөгжилд ихээхэн мөнгө зарцуулсныг төвөггүй харж болохоор.

Шанхай хотын гудамжинд сигнал орилуулж байгаа автомашин олж харсангүй. Тэр олон мянган машин холхиж байгаа ч эв зүйгээ олоод хэн хэндээ төвөг бололгүй зохицоод явчихаж болж байна. Хуучны болон орчин цагийн барилгын хэв маягийн сонгодог сүлэлдээн дундаас ялгарах нэг зүйл бол Шанхай дахь олон улсын санхүүгийн төв барилга. Энэхүү санхүүгийн төвийн барилга 492 метр өндөртэй, нэн орчин цагийн дизайныг агуулсан бөгөөд тэнгэр баганадан сүндэрлэнэ. 101 давхар уг барилгад дэлхийн 20 гаруй орны үндэстэн дамнасан санхүүгийн байгууллага, томоохон худалдааны төвүүд байх бөлгөө. Хятадад бэлэн мөнгөний хэрэглээ эрс багасчээ. Алипэй, вичатаар л голдуухан гүйлгээ хийцгээж байна. Зам харилцаа, хүмүүсийнх нь аз жаргалтай байдал гээд бусад зүйлсийн талаар ярих юмгүй болжээ. Үйлдвэрлэгч улс учраас өргөн хэрэглээний төдийгүй бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн хямдхан. Монголчууд бид “аймшигтай” үнэтэй бараа худалдан авч байна. Мэдээж хэн нэгэн хүн тухайн бараагаа өөрөө хэрхэн үнэлэх нь дурын хэрэг боловч манай хэд бол бас арай л гэмээр, арилжаа наймааны ёс зүйгүй хэд дахин нугалж зарж байх шив дээ.

Шанхай хотоос хойшоо Тяньжин хот руу хурдны галт тэргээр дөрвөн цаг гаруй явж хүрэх юм. Өмнөд хэсгийн хотоос хойшлох тусам цаг агаарын хувьд бага зэрэг сэрүүсэх боловч даарах зүйлгүй. Тяньжин хот бол хойд Хятадын далайн хамгийн том боомтыг түшиглэсэн хот. Эдийн засгийн хувьд хүчирхэг. “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэгдэх нь ч бий. Байгалийн баялгаар арвин. Байгалийн хий болон газрын тосны дориун нөөцтэй газар аж. Түүх соёлын талаар бас л Герман, Англи, Франц, Орос, Грекийн барилгын хэв шинжийг агуулсан олон арван барилгатай. Эртний Грекийн сонгодог хэв маяг, итал маягийн хөшөө дурсгалуудтай газар юм. Бараг л тэр хэсэг газрыг “Бяцхан европ” гэхээр юм билээ. Энэ дунд Италийн аялагч Марко Пологийн нэрэмжит талбай байх бөгөөд голдуухан зоогийн газрууд, уушийн газрууд төвлөрсөн жуулчдын диваажин энд байрлана. Энд зарж байгаа шар айрагны амт ер бусын таашаалтай. Намрын сайхан чимчигнэсэн айрагтай зүйрлэмээр юм уу даа. Мэдээж мөн л хуучны барилгын дурсгалт газруудтай. Бараг мянга орчим жилийн түүхийг хадгалсан Дүлө гэх буддын сүм Тяньжин хотод оршино. Эртний соёлын гудамж нь Хятадын эртний соёл хийгээд түүхийг хадгалан үлдсэн бөгөөд амттай хоол, эд өлгийн зүйлс, хоол хүнс гээд ер нь байхгүй юм байхгүй. Худалдаа арилжаа хийхэд тэнгэрт хадсан үнэтэй биш. Гэхдээ хүнсний зүйл нь амттай, чанартай. Элдэв бэлэг дурсгалын зүйлсээр элбэг. Тяньжин хотод очсон хэний ч харцыг булаах нэг зүйл бол “Тяньжиний нүд” хэмээх 110 метрийн голчтой, 48 бүхээгээс бүрдэх алсыг харагч. Нэг бүтэн тойроход гуч орчим минут зарцуулдаг супер байгууламж нь энэ хотыг тольдох нүд гэж болно.“Тяньжиний нүд” нь төмөр замын гол буудлаасаа холгүй, Хай голын дунд сүндэрлэнэ. Энэ хотод очсон хэн ч бай уг алсыг харагч дээр заавал суух ёстой л юм байна лээ.

Тяньжин хотод байх ёстой л түм түжигнэсэн газар бол Шаазан байшин байрлах гудамж ажээ. Битүү шаазангаар хучигдсан энэ барилга хачин чамин үзэмжтэй харагддаг. Шаазан байшин анхандаа бол франц маягийн жижгэвтэрхэн барилга байсан ч эзэн нь хожмоо битүү шаазангаар өнгөлөөд, хашаа хороог нь шаазан ваараар барьснаар жуулчдын үзэх дуртай, тус хотын хамгийн гоё газруудын нэг нь болжээ. Уг байшин дотор орвол Хятадын хуучин цагийн модон эдлэлүүд олноороо байх юм билээ. Хуучны эдлэл сонирхдог хүний хувьд яалт ч үгүй нүд булаахуйц тавилга сэлт давхар бүрд нь өрөөстэй. Ер нь Тяньжин хот нь гар урлалын бүтээгдэхүүн, баримлууд, далайн гаралтай хоолоороо Хятад даяар алдартай. Бараг л аль ч зоогийн газраар нь орсон, томоохон хүнсний дэлгүүрээр орсон бай далайн хүнсээр арвин. Харахаас ч дотор арзаймаар эвгүй эвгүй амьтад энд бол жирийн л хүнс юм даа. Тийм ч болохоор далайн хүнсээрээ алдартай.

Тяньжин хот нь манай улсын хувьд ч мөн чухал ач холбогдолтой. Жишээ нь, жилдээ гэхэд энэ хотын боомтоор дамжин 90 000 орчим чингэлэг ачаа манай улсад ирдэг. Уг боомт бол жилдээ 500 орчим сая чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай юм билээ. Дэлхийн 180 гаруй орон, бүс нутгийнхаа 500-гаад боомттой холбогддог асар том боомт хот юм. Боомтын үйл ажиллагаагаараа асар их ашигтай ажиллана. Том боомт хот учраас харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй.Тяньжин хот нь нийслэл Бээжингээс холгүй, хурдны галт тэргээр 30-аад минут давхиад орчих газар тул ер нь нэг очоод үзчихээрэй гэмээр хот байна лээ. Үзэх харах юм арвинтайгаас гадна шоппинг хийхэд тун аятайхан газар. Шанхай болон Тяньжин хотууд тухай цухасхаан өгүүлэхэд нэг иймэрхүү. Аяллаар явж байгаа бол эдгээрээс гадна үзэж болох маш олон газрууд бий. Бас Хятадаар аялбал техник технологийн үсрэнгүй хөгжлийг ч мэдрэх хэрэгтэй. Гар утаснаас эхлээд цэвэрлэгээ болон хоол хүргэлтийн ботууд, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан автомашин гээд олон олон зүйл байна даа.

 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Таван тойргийн судар” DNN.mn

Байлдах, бие хамгаалах урлагийн тухай сонирхолтой номууд мэр сэр бий. Саявтархан “Таван тойргийн судар буюу Самурайн дайтан тулалдах урлаг” хэмээх тун дажгүй нэгэн номыг “Арвис паблишинг”-аас эрхлэн, Б.Батзаяагийн орчуулгаар гаргажээ. Ер нь дэлхийн улс үндэстнүүд ерөнхийдөө өөр өөрийн гэсэн онцлогуудаа шингэсэн тулааны урлагтай. Бие хамгаалах, тулааны төрлүүд хоорондоо ижил төстэй зүйлс маш их. Тэр ч мэдээж хэрэг. Хятад гэхэд шаолин, япончууд каратэ, жүдо, бразил жиү-жицү, монгол банди-зо гээд. Тэгвэл япончуудын энэ төрлийн бас нэг чухал төрөл нь самурайн дайтах урлаг юм. Энэхүү номыг бичигч Мияамото Мусаши бээр 1584-1645 оны хооронд амьдарч байсан домогт дайчин, тулаанч, гүн ухаантан бөгөөд ронин буюу эзэнд эс харьяалагдах самурай байсан байх нь. Амьдралынхаа туршид 61 тулаан хийсэн тэрээр нэг ч ялагдаагүй гэгдэн алдаршжээ. “Таван тойргийн судар” гэх энэхүү ном нь өрсөлдөгчийгөө болоод өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай нэн чухал бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог агаад Сүнзийн алдарт “Дайтах урлаг”-тай эн зэрэгцдэг ажээ.

Мияамото Мусашигийн үлдээсэн богино сургаалуудаас хамгийн алдартай нь түүний хамгийн сүүлчийн “Гагц өөртөө найдахуйн эрдэм” буюу хэрмэл тулааны баримтлах 21 дүрэм гэх айлтгал ажээ. Энэхүү 21 дүрэм нь өөртэйгөө, бодит байдалтай нүүр тулах тухай сургаал аж. Эдгээрт “Үл тоомсорлон өнгөрөөх зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй, Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон, Өнгөрсөнд харамсахгүй байх, Аливаад хоргодон гашуудахгүй байх, Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй, тойрч үл чадах тул үхлээс бүү ай” гэх зэрэг болно.

Уг нь ном нь “Шороо”, “Ус”, “Гал”, “Хий”, “Огторгуй” гэх таван бүлгээс бүрдэнэ. Тэргүүн бүлэгт тулааны эрдмийн суурь үндсийг бий болгож, өөрийнхөө үүсгэсэн арга барилын ойголтыг тайлбарлах болно. Дараагийн бүлэгт оюун ухаанаа ус мэт байлгах тухай яруугаар өгүүлнэ. Ус бол ямар ч хэлбэр бүхий саванд хэлбэр даган өөрчлөгдөх шидтэй. Тиймээс ус мэт зохицохуйн тухай энэхүү бүлэгт өгүүлэх аж. Гуравдугаар буюу гал бүлэгт аливаа тулаан тэмцлийн утга учрын тухай өгүүлэх болно. Билэг оюундаа томыг харж, жижгийг тольдон бясалгах, агшин бүр шийдвэрлэх мөч болдог тухай, юу ч хормын төдийд шийдэгдэх тул билэг оюунаа хичээн шамдан суралцахуйн тухай өгүүлэх аж. Харин хий хэмээх дөрөвдүгээр бүлэгт өөрийн буй болгосон эрдмийг бус бусад төрлийн тулаануудын арга барилуудын тухай бичжээ. Тулааны бусад хэв маягуудын хувилбарууд, давуу хийгээд сул талуудын арга мэхийн тухай тайлбарлан өгүүлэх болно. Угаас бусдыг танин мэдэхгүйгээр өөрийгөө олох, ойлгох боломжгүй агаад гэрэл сүүдэр ямагт хамт байдгийн адил ямар ч эрдэмд тэрсүүд замнал заавал зэрэгцэн орших тухай тайлбарлажээ. Ерөөс эхнээсээ зөв мөр, чин шударгуу замналаар эс замнаваас хойшдоо залруулж үл чадах том гажуудлыг үүсгэдэг билээ. Тиймээс аливааг эргэцүүлэн бодох тухай өгүүлэх ажгуу. Тавдугаар бүлэг огторгуйд хоосон чанарын тухай дурдана. Эхлэл болоод төгсгөл хэмээгч хоосон чанарт үгүй ба аливааг сурахад төгсгөл үгүйн тухай, тулааны эрдэмд огторгуйн хязгааргүй адил эрх чөлөө оршин байдгийг өгүүлжээ.

Тулааны урлаг нь сэтгэл зүйн тулаан гэхэд болох ба өдөр тутмын сэтгэл зүйтэйгээ адилхан байлга гэж номложээ. Эгэл амьдрал болон дайн тулааны алинд ч хянуур, тайван, холын бодолтой байж, шийдэмгий хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө хором ч бүү авт гэжээ.

Энэхүү алдартай судар нь хэдийгээр тулааны урлагийн тухай авч орчин цагт цэрэг арми, бизнес хувь хүний хөгжил гээд бүх л салбарынханы судалдаг судлагдахуун бүтээл болж, тэр хэрээрээ хүний амьдралд багагүй хувь нэмрийг үзүүлж, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ямартай ч уншаад үзээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Дэрсэн шүүрээр гудамжаа шүүрдэхээ одоо больцгооё оо DNN.mn

Улаанбаатар хотын гудамжуудыг цэвэрлэх гэж багагүй ажил болдог. Бараг тэр чигээрээ гар ажиллагаатай буюу урт иштэй дэрсэн шүүрээр тохижилт үйлчилгээний ажилчид гудамж талбайг шүүрддэг. Яахав, олон хүнийг ажилтай байлгаж байгаа, тэр хэрээр амьжиргаанд нь хэрэгтэй л гэх байх. Гэтэл Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж томорч байна. Одоо уг нь алийн болгон дэрсэн шүүрээр шүүрдэх вэ. Саяхан олон нийтийн сүлжээгээр элдвээрээ хэлүүлээд байсан шороо шүүрддэг машинаас л ахиухан хэдийг оруулаад ирмээр байгаа юм. Тэгээд одоо ажиллаж байгаа ажилчдаа сургаад, ээлжээр тэр машинаараа цэвэрлэгээ хийдэг болчихвол хаа хаанаа мөн ч хэрэгцээтэй баймаар. Шүүрээр шүүрдэхийн хамгийн хэцүү нь нэгэнтээ байнга хамар ам руу орчих гээд байдаг тоосон дээр нэмээд шүүрээр боссон шороо нэрмээд үнэхээр асуудал болж байна аа. Хаана шороо шүүрдэж байна, ойр хавиар нь хүн байтугай мал явахын эцэсгүй шороо тоос бужигнана. Тэгээд бас нэг утгагүй нь шүүрдэж овоолсон шороогоо нэг газарт бөөгнүүлж байгаад өөр нэг газарт зөөж хаяна. Эсвэл ойр байх шороотой талбай руу хүрздээд хаячихаж байгаа харагддаг. Тэгж тоос шороо босгон байж шүүрдсэний ямар ч хэрэг байхгүй ээ гэсэн үг. Илт хог хаягдал ихтэй шороог бол тэгсгээд хогны машинд ачих боловч тээвэрлэх машин нь ирэх гэсээр байтал бараг тал нь буцаад салхинд хийсчих юм.

За тэгээд буцаад шүүрдэнэ, шороо босно, ам хамар руу чихнэ. Нэг иймэрхүү байхаа одоо ерөөсөө цэгцлэхгүй бол болохгүй санагдаад байна аа. Бүхэл бүтэн улсын нийслэл байж алийн болгон ингэж байхав дээ. Тэр түгжрэлд зарцуулах хэдэн зуун тэрбумаасаа тун жаахныг аваад хот тохижуулах үйлчилгээний газраа нэг сайн өөд нь татаад авмаар байна. 200 ширхэг тийм тоос сорогч машин байхад л нийслэл цэмбийгээд ирэхээр байгаа юм. Саяны цаснаар зүтгүүлээд байдаг машины мөн зориулалт нь цас цэвэрлэх биш, замын шороог соруулах үүрэгтэй эд л дээ. Уг нь гудамж талбай нь цэвэрхэн байгаад байвал аяндаа хогоо ил задгай хаяхаа болиод төлөвшөөд ирнэ. Харин хогийн саваа ахиухан болгох ажил гарах биз. Хэдий болтол, хэр удаан ирээдүйд бид дэрсэн шүүрээр шороо шүүрдэж, шороогоо агаарт бужигнуулж, тэрүүгээр нь иргэд бид амьсгалж явах вэ. Багахаан сэтгэл гаргачихад л шийдэгдэх асуудал л даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сүүнээс болж зодолддог “соц” үе ба чөлөөт зах зээл DNN.mn

Олон нийтийн сүлжээгээр “соц” үеийн нэг мэдээ нэлээн явж байгаа харагдсан. Тэр нь сүүтэй холбоотой. Одоо уншихад ч яахав инээдтэй, хөгийн харагдаж байгаа юм. Гэтэл тухайн үед бол яалт ч үгүй болж байсан үйл явдал. Тухайн багц мэдээ нь гурван хэсэгтэй. “Сүүнээс болж зодолджээ”, “Манаачаас болоод…”, “Ашиг багатай бараа” гэсэн гарчигтай жижиг мэдээнүүд л дээ. Эхнийх дээр 27 дугаар дэлгүүрт сүү нь ирчихээд байхад худалдагч нь ирэхгүй байснаас болж тэр хавьдаа олныг хамарсан зодоон болсон тухай. Дараагийнх нь 13 дугаар дэлгүүрт сүү хүргэхээр машин ирсэн боловч манаач нь байхгүйгээс болоод буцаад явчихсан тухай. Сүүлийнх нь сүүнээс ашиг маш бага буюу 30-50 мөнгөний л ашигтай байдаг учраас худалдагч нар нь дургүй байдаг гэсэн агуулгатай.

Эдгээрээс монголчууд нийтлэгээрээ ажлын хариуцлага гээч зүйл огт байдаггүйг харж болно. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүсийн магтан дуулаад байдаг “соц” үе бол жинхэнэ хөгийн цаг хугацаа байсныг бэлээхэн харуулж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ховор, тэр чигээрээ оросоос хамааралтай. Орос бараа л хорвоод хосгүй чанартай гэсэн ганц ойлголттой. Бусад бараа бүтээгдэхүүнийг харьцуулж сонголт хийхийн эцэсгүй ганц л сонголт монголчуудын өмнө байсан. Үнэндээ орос бараа гэгч нь ямар байсныг хэлүүлэх юун. Элдэв түүхээс харж байхад тухайн үед оросуудын манайхтай хийдэг худалдаа нь гэж хөгийн л юм байсан харагддаг. Монголоос авч болох бүхнийг туйлын хямдаар авах мөртлөө эргээд бидэнд муухан бараагаа асар үнэтэй зардаг. “Дугуй булант” цай гэхэд л хаягдал шахуу иш энэ тэрхэнийг нь нийлүүлж шахаад Монгол руу нийлүүлэх жишээтэй. Жилдээ бараг ганц удаа шахуу шинэ жилийн хавьцаа л алим, жүрж амсана. Авах гэж дэлгүүрт ёстой л “алаан” болно. “45-н” нэртэй гутал авах гэж их дэлгүүрийн хамаг шатыг дүүргэсэн их дараалал үүснэ. Ингээд явбал монголчууд үнэхээр хөөрхийлөлтэй амьдарч байсан юм шүү дээ.

Уг нь бол хэдүүлээ чөлөөт зах зээлийн буянаар өнгөрсөн бүх цаг үеийнхээ туршид хэрэглэж байгаагүй чанартай гэсэн болгоныг өөрсдийнхөө сонголтоор авч байна. Энэ бүхэн үнэндээ чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгмийн л ач өгөөж шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Аналог эргэн ирсэн нь” номын тухай товчхон өгүүлэхэд… DNN.mn

“Номад паблишинг”-аас эрхлэн гаргасан “Аналог эргэн ирсэн нь-Бодит зүйлс хийгээд тэд яагаад чухал болох нь” ном уншигчдын хүртээл болоод байна. Уг номыг Дэвид Сакс хэмээх бикнес болон соёлын сэдвээр дагнан бичдэг сурвалжлагч, нийтлэлч эрхэм бичжээ.

Энэ бүтээл хавтаснаасаа, нэрнээсээ эхлээд уншигчийн сонирхлыг эрхгүй татна. “Аналог эргэн ирсэн нь”… Ердөө өчигдөрхөн гэж болох цаг хугацааны өмнө бүх л зүйлс цахимжиж, дижитал болж байлаа. Гэтэл бүх л зүйлс дижитал болохын хэрээр аналог маш хүчтэй эргэн ирж байна. Хамгийн энгийнээр бодоход дуу хөгжим бараг л бүхэлдээ компакт диск, мр3 гэх мэт төрөл бүрийн дижитал форматад бараг бүрэн шилжээд байтал гэнэт л аналог хүч түрэн орж байна. Наад захын жишээ пянз. Хөгжмийн ертөнцөд пянз жинхэнэ утгаараа эргэн иржээ. Сүүлийн хэдхээн жилд пянзны эрэлт арав дахин нэмэгджээ. Хүмүүс CD-нээс МР3, МР3-аас itunes рүү хүссэн хөгжмөө хуулан сонсож байсан ч пянз дахин эргэж ирсэн нь гагцхүү наалдацтай гоё сонсогдолт, бараг л амьд хөгжмийн эгшиг шиг байсанд байх шиг. Эцэг эхчүүд дижитал төхөөрөмжид дуртай дуугаа хадгалж байсан бол залуу үе өөр сонин содон зүйл эрэлхийж эхэлсэн нь пянз байж таарч. Залуусын хувьд эцэг эх нь хэрэглээд эхэлсэн бол ямар ч зүйл догь дэгжин байхаа больдог гэж номонд өгүүлжээ. Тэгэхээр пянз бол эргэн ирсэн аналогийн том төлөөлөл мөн. Пянзнаас гадна цаас эргэн ирж байна. Хэдхэн жилийн өмнө бас л ялгаагүй цаасны оронд технологи шингэсэн төрөл бүрийн төхөөрөмжид тэмдэглэлээс эхлээд бусад зүйлсээ хадгалдаг болж эхэлсэн. Гэтэл эргээд цаасан дэвтэр… Дэвтэр бол дижиталд төвлөрсөн энэ зууны аналоги бэлгэ тэмдэг аж. Бас нэг чухал зүйл нь үзэг, цаасанд ямар нэгэн тэжээлийн эх үүсвэр, тусгай программ хангамж энэ тэр шаардлагагүй. Цаасан тэмдэглэл, бичвэрийг устгаад шатаачихгүй л бол хэдэн зууны туршид ч хадгалагдаж, баримт архив болдог онцгой давуу талтай. Цаас эргэн иржээ.

Гэх мэтээр хүчирхэг эргэн ирэлт хийж байгаа зүйлс олон бий. Кино хальс, хөлөгт тоглоом гээд. Дэлгэцэн дээрээ элдэв төрлийн хөлөгт тоглоом тоглох нь бас л байлдан дагуулж байсан бол одоо эргээд яг бодит байдлаар тоглох нь таашаал төрүүлдэг зүйл болжээ. Ямарваа шинэ зүйлс дэлхий дахиныг доргион ирдэг бол өмнөх үеийн хуучин гэгдэх зүйлс ч бас л ялгаагүй шинээр эргэн ирэхдээ бүүр илүү болдог аж.

Цаасан хэвлэлийг хүмүүс тун удахгүй байхгүй болно. Оронд нь бүх хэвлэл дижитал болно гэж ярьцгааж байсан нь тун саяхан даа. Гэтэл эсрэгээр. Хүн хэвлэмэл бүтээгдэхүүнийг дижиталаас илүү хурдан олж мэддэг аж. Хэвлэгдээд гарсан л бол ямар нэгэн байдлаар уншигч түүнийг анхаардаг нь нэгэнт батлагдаж. Уламжлалт цаасан хэвлэлийн нэг гол төлөөлөгч бол сонин. Хэдийгээр цахимаар уншиж болох боловч сонины цаасыг гараар мэдэрч унших нь тун өвөрмөц таашаал. Цаасан хэвлэлийн сэргэн мандалт нь дижитал технологийн шийдлүүдээс эхтэй гэдгийг Стивен Ватсон гэх эрхэм хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэн нэгэн сонин, сэтгүүл гаргах, ном бичих зэрэг нь гарцаагүй дижиталын үр өгөөж мөн ажгуу. Учир нь дижитал л тэр бүхнийг хийхэд ихээхэн хялбар болгож өгсөнд байна. Мөн хэвлэмэл зар дижитал зараас илүү хүнд хүрдэг нь нэгэнт тодорхой болж. Яагаад гэвэл нэгэнт хэвлэгдсэн зар сурталчилгаа урт хугацаанд хэрэглэгчдэд харагддаг. Харин дижитал бол тийм биш. Магадгүй тухайн агшинд харагдаад үй олон ижил төстэй заруудад “живчихдэг.” Яг ийм шинж чанарыг ч манайхан анхаарууштай л санагддаг. Энэ мэт тун сонирхолтой зүйлсийн талаар өгүүлсэн энэ номыг эрхэм та ч гэсэн сонирхож уншаарай. Технологийн дэвшил, дижитал бидний амьдралыг үнэхээр хөнгөвчилдөг ч гэлээ аналог түүнээс дутахгүй таашаал, мэдрэмжийг өгдөг. Аналог нэгэнт эргэн иржээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “UB Quiz Night”-д оролцоцгоож байя л даа DNN.mn

Долоо хоног бүрийн пүрэв гаригт “UB Quiz Night” гэдэг арга хэмжээ болдог юм л даа. Ерөнхийдөө яадаг вэ гэхээр дээд тал нь зургаан хүнтэй баг бүрдүүлж орно. Тэгээд таван хэсгээс бүрдэх 30 асуултад хариулах ёстой. Зурган, холимог, сэдэвчилсэн, логик асуулт гэх мэт. Дүрэм нь ч энгийн. Ер нь бол энэ тэмцээн анхандаа цөөхөн баг ордог байснаа одоо 60 гаран баг оролцдог томоохон арга хэмжээ болсон юм. Ерөөсөө асуулт хариултын тэмцээн гэдэг дэлхий дээр хамгийн түгээмэл тэмцээнүүдийн нэг байдаг юм билээ. Оюун ухаанаа сорих, бусдаас суралцах, найз нөхдийн хүрээллээ тэлэх гээд маш олон давуу талтай. Тэдгээр олон давуу талаас нэлээд чухал нь хувь хүн өөртөө мэдлэг хуримтлуулах, туршлага суух юм байна гэж боддог. Их л бүрэгдүү байсан хэд хэдэн хүн энэ тэмцээнд ордог болсноос хойш нийцтэй, нөхөрлөхөд аятайхан сайхан залуучууд болж хувирсныг би өөрийн биеэр мэдэх юм. “UB Quiz Night”-ийн бас нэг давуу тал нь насны хязгаар байхгүй. Хэн л бол хэн өөрийнхөө багийг бүрдүүлээд орж болно. Бүүр ганцаараа ч байж болдог. Мэдээж уг тэмцээнд оролцож нэг оройдоо цагийг аятайхан өнгөрөөхийн тулд тодорхой бооцоог тавьдаг. Эхний байруудад орсон багууд бооцоогоо авна.

Том жижиггүй цагийг аятайхан үр дүнтэй зугаатай өнгөрөөчих газар ховор талдаа, манайх шиг газарт энэ тэмцээн мөн ч нүдээ олсон зүйл гэж санагддаг юм. Зохион байгуулагч залуус ч гэсэн энэ тал дээр нэлээн хүч, сэтгэл зарцуулдаг нь анзаарагддаг. Хэдэн найзуудтайгаа “UB Quiz Night”-д орж бас ч гэж чамлахааргүй амжилт үзүүлчихсэний дараа их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Байгууллага хамт олноороо, нийлдэг найз нөхдөөрөө энэ тэмцээнд тогтмол ороод цагийг зугаатай, хөгжилтэй, бас танин мэдэж өнгөрөөхөд гэмгүй шүү дээ. Энд тэнд салбараа байгуулаад улс даяар яг нэг цагт зэрэг эхэлдэг үндэсний хэмжээний тэмцээн болоод өргөжвөл бүүр сайхан. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт ийм хэлбэртэй соёлын арга хэмжээ байвал тун зүгээр дээ. “UB Quiz Night”-д баг бүрдүүлж орцгоож байя л даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ DNN.mn

Хүн төрөлхтний хөгжил дэвшил өдөр хоногоор ахиж, өчигдөр шинэхэн гэгдэж байсан зүйл өнөөдөр хуучинд тооцогдох нь холгүй байна. Дэлхий ертөнц цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцийн гол түлхүүрийн нэг нь яалт ч үгүй технологийн шинэчлэл юм. Хэдхээн жилийн өмнө фэйсбүүк, твиттер өнөөдрийнх шиг өндөрлөгт хүрнэ гэхэд итгэх хүн цөөн байсан. Ухаалаг гар утас гэдэг зүйл хэзээ ч ингэж хурднаар хүний амьдралд нэвтэрч, хүн бүрийн хэрэглээ болчихно гэж алдарт “Нокиа” ч төсөөлөөгүй. Гэлээ ч энэ бүхэн ухаант хүний амьдралын салшгүй хэсэг болж чаджээ.

Сүүлийн хэдэн жилд цахилгаан машины хөгжил нэгэнт эрчийг авлаа. Заавал цахилгаантай утсанд “дүүжлэгдэж” явдаг троллейбуснаас өөр цахилгаан машины төсөөлөлгүй шахуу байсан монголчууд өнөөдөр бүрэн цахилгаан машин хэрэглэдэг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй гэгдэх бүрэн цахилгаан машинууд хотын төвөөр хэдэн арваараа явахыг бид бүхэн харж байна. Нэг цэнэгээрээ 500 км хүртэл явдаг гэх машинуудын давуу талууд үнэхээр их юм билээ. Дугаарын хязгаарлалтад орохгүй, агаар бохирдлын татвар төлөхгүй, бас тун хүчтэй гэх мэт. Нэг цэнэглээд авахад бараг долоо хоногоо даачихдаг гэж байгаа. Өөр нэг чухал давуу тал нь дуу чимээ багатай. Дотоод шаталтын хөдөлгүүргүй учраас.

Монголын эрс тэс нөхцөлд асуудалтай байх гэж олон хүн эргэлздэг. Мэдээж хэт халуун, хүйтэнд цэнэгээ хурдан алдах магадлал өндөр. Гэхдээ хот дотор бол асуудалгүй гэж цахилгаан машины хэрэглэгч ярьж байсан. Мөн хотод суурин цэнэглэх станцууд цөөн байгаа нь энэ төрлийн машин сонирхож байгаа хүмүүст нэг бэрхшээл байх л даа. Яахав удахгүй цэнэглэх байгууламжууд энд тэндгүй баригдаад эхлэх биз. Саяхан бид эрлийз хөдөлгүүртэй машинд таатай бус ханддаг байсан бол одоо хүн бүхэн шахуу унаж хэрэглэж байна. Тиймээс бүрэн цахилгаан машин бидний хэрэглээ болох нь цаг хугацааны л асуудал биз. Ирээдүйгээ хараад цэнэглэх станцуудаа байгуулж эхлэх цаг нь болсон байх шүү. Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ.