Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Умардынхны дэлхийд ба­харх­даг бас
гайхуулдаг зүйлүүдийн нэг бол “Ариранг” нэртэй лут том шоу тоглолт юм билээ.
150 мянган хүний суудалтай стадионд 100 мянган хүний бүрэлдэхүүнтэй нүсэр том тоглолт
хийнэ. Энэ шоу бүтэн сар үргэлжлэх бөгөөд орол­цогчид энэ хугацаанд гэртээ харих
эрхгүй байдаг гэнэ. Бүтэн сар нэг газар хуарагнаж, бүх зүйл нарийн хуваариар явна.
“Ариранг” фес­тиваль бол үнэндээ хүний чадам­жаас хол илүү гарсан тоглолтыг үзүүлнэ.
Хүнийг тэгж програмч­лагдсан робот мэт болгоно гэдэг санаанд багтамгүй. Яалт ч байхгүй,
хийхгүй бол болдоггүй байх л даа. Уг тоглолтод орол­цогчдын 20 мянга нь арын фононд
сууна. Тэд удир­дагчдаа магтан дуулсан бичиг­лэлийг дүрсэлж харуу­лахаас гадна тэднийхээ
дүр­сийг, эх орныхоо хөгжил цэцэг­лэлтийг, хөдөө аж ахуйгаа, баяс­галант ирээдүй
бол­сон хүүхэд багачуудаа яг л гэрэл зураг мэт үзүүлнэ. Талбай дээр тоглох 80 мянган
хүн дуу бүжиг, уран нуга­ралт, циркийн, агаарын үзүүлбэр гээд хийж, үзүүлж болох
бүгдийг хийнэ. Үзүүлбэрүүд орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн төхөө­рөмжүүдтэй
хослон улам сүртэй болно. Энэ тоглолтыг жуулч­даас гадна нутгийнх нь хүмүүс олноороо
үзэж сонирхох юм билээ. Бул­таараа жаг­саа­лаар явж ирээд, эмх цэгцтэй жагсаж зогсож
байгаад цэнгэлдэх рүүгээ орно доо. Буцаж гарахдаа мөн адил. Энэ том стадион
1981 онд ашиглалтад оржээ. 150 мянган хүнийг 15 минутын дотор оруулаад мөн хугацаанд
гаргах бололцоотой гэсэн. Нийт 70 гаруй гарцтай гэж байгаа. Мянга мянган хүнийг
хэр­хэн нэг хүн шиг болгод­гийг эндээс л харж болно. “Ариранг” шоуг 2007 онд Гиннесийн
номонд бүртгэсэн ба хамгийн олон орол­цогчтой тоглолт номинацийн эзэн аж. Хойд Солонгост
очсон хүний үзэх ёстой бас нэгэн зүйл бол пионер сурагч­дын тоглолт. Пионе­рийн
ордон нь маш том цогцолбор байх юм билээ. Пионерууд цагаан цамц, улаан бүч зүүнэ.
Яг л манай 80-аад оны сурагчид ямар байсан яг тийм. Энэ том ордонд “Хэзээд бэлхэн”
гэсэн уриаг хаа сайгүй бичсэн байна. Хөтөч пионер охин ирж ёслоод “Та бүхэн манай
агуу их удирдагч Ким Ир Сений хүүхэд багачууд бидэнд зориулан босго­сон ордонд мори­лон
ирсэнд талар­хаж байна” гэсэн утгатай үг хэлж байгаа юм. Хар багаасаа ингэж хэлж
байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар байх нь тодорхой. Пионер сурагчдын тоглолт гэж харин
мун­даг сайхан тоглолт болдог юм байна лээ. Тоглолтоо нээж үг хэлэхдээ мөн л удир­дагч­даа
магтан дуулна. Тоглолтод ардын уламж­лалт дуу бүжгийн номер, шүлэг, дан хөгжим гээд
байж болох бүхий л тоглолтыг үзүүлнэ. Тоглолт эхлэ­хийн өмнө үүдэнд нь хиймэл цэцэг
зарах бөгөөд үзэхээр ирэгсэд, тэр дундаа гадныхан их авна. Тоглолт дууссаны дараа
нь авьяаслаг сурагчдад өгөх гэж тэр л дээ. Харин тэрхүү хиймэл цэцгүүд олон дахин
ашиглах зориулалттай юм шиг. Үүдэнд нь зарчихаад, тоглолтын дараа хүүхдүүдээс буцаагаад
хураа­гаад авчихдаг бололтой юм билээ. Тэр цэцэг нь таван доллар орчим. Тоглолтыг
CD-нд буулгаад зарчихна. Үзсэн хүн бүхэн худал­даж авдаг байх аа. Пионер сураг­чидтай
бол зургаа татуулж болж байсан. Гэхдээ л хаалттай нийгэм учраас бас хамаагүй зураг
аваад байж болохгүй л дээ. Ямар сайндаа гааль дээр нь гар утас, татдаг дуран зэргийг
хурааж авдаг байхав дээ.

Хойд Солонгосын Мёхан гэдэг байгалийн
цогцолбор газарт “Улс түмний найрамдлын үзэсгэлэн” байрлана. Тэнд дэлхийн 170 гаруй
орноос БНАСАУ-д айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөөс Ким Ир Сенд бэлэглэсэн болон гадаадад
зоч­лоход нь бэлэглэсэн бэлгийн зүйлс үзмэр болон хадгалагдана. Нэг үзмэрийн өмнө  нэг минут зогсож үзэж сонирхлоо гэж бодоход бүх
үзмэрийг үзэж дуусахын тулд жил найман сар болно гэсэн тооцоо байдаг гэнэ лээ. Уг
үзэсгэлэнд Сталинаас Ким удирдагчид явуул­сан хуягт хамгаалалт бүхий сууд­лын машин,
галт тэрэг, Мао Зэду­наас илгээсэн суудлын галт тэрэг тэргүү­тэй үзмэрүүд бий. Стали­наас
явуул­сан “ЗИС”, “ЗИЛ” зэрэг маши­нууд содон үзмэрүүдийн нэг. Энэхүү лут том цогцолбор
28000 ам.метр талбайг хамран байрлах ба уулын хонгилыг ашиглан маш өндөр хамгаалалтын
дор байгуул­сан гэнэ. Уг цогцолборын дотоод тохижилтод ой тойнд багтамгүй их мөнгө
зарцуулсан нь шууд л хараг­даж байсан. Энд ажил үйлсээрээ манлайлсан, таван жилийн
гавш­гайчид, тэргүүний ажилчин тариа­чин, сэхээтнүүд шагналын журмаар ирж үздэг
бололтой юм билээ. Мөн л ялгаагүй бөөн бөөнөөрөө жагсаа­лаар явж уг үзэсгэлэнг үзнэ.
Гэхдээ бас тодорхой заасан танхимуу­даар орно. Энэхүү цогцолбор руу орохдоо аппарат
хэрэгслээ ху­раал­гах ёстой бөгөөд орж байгаа хүн болгон заавал углааш өмсөнө. Чулуун
шалан дээр хальтирчих гээд эвгүй л байсан. Уг үзэс­гэлэн­гийн хамгийн чухал, хамгийн
хүн­дэтгэлтэй газар нь Ким Ир Сений лааны тосоор хийсэн баримал бүхий том заал.
Зааланд эгнээ болон жагсаад тун чимээгүй орно. Удирдагчийн дүрийн өмнө очоод зэрэгцэж
зогсоод нэгэн зэрэг бөхийж гүн хүндэтгэл үзүүлэх ёстой. Уг танхимд ороход хөгжим
эгшиглэж, агуу удирдагч өөдөөс инээгээд зогсож байна. Ер нь бол сүрдэхээр л дээ.
Үзэсгэлэнгийн хөтөч хүмүүсийг командалж бөхийх цагийг нь хэлж өгнө. Тэнд хүндэтгэл
үзүүлээд гарч ирж байгаа хойд Солон­госын ард түмний нүдэнд нулимс­тай, царайд нь
баярын мишээл тодорсон байх хэдий ч цаанаа л нэг гунигтай харагдана. Энэ цог­цолбор
цэргийн маш өндөр харуул хамгаалалт доор байдаг ба байн­гын хүндэт харуулууд үүдэнд
нь зогсох ажээ. Хойд Солонгост ер нь хаа ч гэсэн зураг авахад үнэхээр хүндрэлтэй
юм. Гудамжинд яваа хүмүүсийн зургийг авах гэхээр нүүрээ буруулна. Хүүхдүүдийн зургийг
авах гэвэл бутраад талийж өгнө. Гадныханд байгаа байдлаа харуулахгүй гэсэн байдал
нь тэр. За тэгээд цэргүүдийн холбогдолтой зураг авна гэдэг бүр хүнд. Нэг бол мэргэжлийн
сайн аппарат дуран­гаар холоос татаж авна. Үгүй бол ар нурууных нь зургийг л авна.
Эвгүйтвэл камер сэлтийг нь булааж аваад шидчихдэг, эсвэл бүх зургийг нь устгачихдаа
сийхгүй.

Хоёр Солонгосыг зааглаж бай­даг
38 дугаар өргөрөг гэж алдартай газар бий. Энэ нь цэргийн маш онцгой бүс. Дайны дараа
түр гал зогсоох хэлэлцээрийг энд хийсэн аж. Ер нь бол хоёр Солонгос одоо ч гэсэн
дайтаж байгаа гэж үздэг юм байна лээ. Найрамдлын гэрээ биш түр гал зогсоох л гэрээ
байгуулсан. Уг гэрээг 1953 оны долдугаар сарын 27-нд БНАСАУ ба АНУ-ын хооронд байгуулсан
юм. Хойд ба өмнөдийг зааглаж байдаг хилийн урт нь 250 км. 38 дугаар өргөрөг нь Кэсон
хотын Панмүнжөм гэдэг газарт байх агаад нийслэл хотоо­соо 240 км хол байдаг. Хяналт
шалгалт нь үнэхээр чанга. Очих замдаа дөрвөн шалган нэвтрүүлэх хэсгээр дайрч гарах
ба автобусны цонхоор аппарат харагдвал бөөн асуудал үүснэ. Шууд дараагийн зогсоол
дээр хүмүүсийн каме­руудыг шалгаад цэргийн зураг байх юм бол асуудалд орлоо гэсэн
үг. Өнөөдрийг хүртэл дайны байдал­тай байгаа хоёр Солонгос их гүрнүүдийн улс төрийн
золиос болсон гэж хөтөч тайлбар хийж байсан. Гэхдээ хойдууд ярихдаа “Манай Солонгос
улс 80 гаруй сая хүн амтай. Умардад 24 сая нь өмнөдөд 50 орчим сая, дэлхий даяар
7-10 сая нь тархан амьдарч байгаа. Одоохондоо тусдаа байгаа ч бид ирээдүйд нэгдэнэ”
гэх юм билээ. Хэрвээ хоёр Солонгос нийл­вэл Азид төдийгүй дэлхийд мундаг том эдийн
засагтай хүчирхэг гүрэн гарч ирэх байх. Тийм ч болохоор их гүрнүүд тэднийг нэгтгэх
гэж төдийлөн хүчилдэггүй биз. Хэдий­гээр заагдсан зам, маршрутаар явж байгаа ч ард
түмнийх нь ахуй байдал ерөнхийдөө анзаарагдана. Замд таарах хот тосгод нь цаанаа
л нэг зэврүүн, өнгө муутай гун­дуухан. Гудамжаар алхах, авто­бусанд суухдаа дугаарлаж
байгаа энгийн иргэдийн нүд цаанаа л нэг гунигтай юм билээ. Дэлхий дахин нийслэл
Пхеньян хотыг үзүүлэн­гийн хот ч гэж нэрлэдэг. Нийслэл хотод нийгмийн гарал нь дээгүүр
иргэд амьдардаг нь сайн анзаар­вал мэдрэгдэнэ. Гаднаа айхавтар хөөр баяртай, жаргаж
бай­гаа мэт боловч дотроо арай өөр зүйл боддог доо гэж бодогдсон. Өнгөц харахад
үнэхээр сайхан диваа­жингийн орон мэт хэдий ч нөгөө талаас нь харвал байдал огт
өөр. Мэдээж байгаль, үзэж харах юмаар үнэхээр сайн, жуулчдыг ч тэр хаалт­тай гэдэг
талаасаа их татаж байгаа газар. Ямар ч гэсэн хэзээ нэгэн цагт одоогийн байгаа дэглэм
өөрчлөг­дөх биз. Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдэж байхад нийслэлдээ ажин түжин байдаг
гэгддэг Хойд Солонгосоор аялсан тэмдэглэлээ өндөрлөе.

Я.БАЯРБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Ер нь монголчууд болон солон­госчуудын
харилцаа их эртнээс улбаатай. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр солон­гос ха­тантай
байсан нь түүхэнд тэмдэг­лээстэй. Солонгосын хойгт Монгол­той холбоотой түүхийн
дурсгалтай газрууд бол чамла­хааргүй бий. Нийтийн тооллын эхэн үед Когу­рёо, Пэкжэ,
Шилла нэртэй гурван хаант улс бий болс­ныг нь түүхэнд “Гурван улсын үе” хэмээ­дэг.
Ингээд тусдаа гурван хаант улс байж байтал Шилла нь Тан улсын тус­ламж­тайгаар бусды­гаа
өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч нутгийн хойд хэсгээр Когурё нарын байгуулсан Палхэй
гэдэг улс оршин тогтносоор байжээ. 900-гаад оны эхэн үед Шилла нь суларч, Гүрёо
гэдэг улс байгуулагдаж. Харин 926 оны орчимд Палхэй гэдэг гүрэн нь Кидан нарт цохигдон
мөхсөн гэж түүхэнд бичигджээ. Кидан нар гэдэг чинь түүхэнд хамгийн их хятад­чилагдсан
нүүдэлчид гэгддэг бөгөөд монгол угсааны хүчирхэг аймаг юм. Дараа нь XIII зууны үед
Монголын эзэнт гүрний довтолгоон Гүрёо улсыг ихэд доройтуулжээ. Гэвч тухайн үедээ
Монголын эзэнт гүрний харьяат байдлаар оршиж байсан байх юм. Энэ үедээ гүнж тэргүүтнээ
хаад бие биедээ өгч, нэлээд гүн харьцаатай байжээ. Одоогийн Умард Солонгосын газар
нутаг нь ойролцоогоор 120 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ нь хэмжээгээрээ
манай Дорнод аймагтай адилхан гэсэн үг л дээ. Монголчуудын хувьд тэдэнтэй нийгэм
яаж ч солигдсон найрамдалт харилцаатай хэвээрээ байдаг. Хоёр Солонгосын дайны үеэр
Умардын талаас олон хүүхэд Монголд ирж, өсч хүмүүжиж зарим нь бүүр том дарга болсон
мэдээ ч байдаг. Ямартай ч хойд Солонгос манай улстай ямар ч үед найрам­далт харьцаатай
байсаар ирсэн нь түүхийн маргашгүй үнэн билээ.

Хүмүүс энд тэнд аялахдаа хоо­лонд
нь санаа зовох гээд байдаг. Харин тэнд монголчуудын хувьд санаа зовох зүйлгүй. Тун
амтлаг сайхан хоолтой. Харин кимчи нь арай сул амттай юм шиг санагдсан. Хуучин долоон
төгрөг 20 мөнгөний үнэтэй хиам байдаг байв даа. Яг тэр хиамыг тэндээс идэж болно.
Амтны хувьд ярих юмгүй. Котлет болон бусад амтлагч монгол хүнд тун сайн зохихоор.
Халуун ногоо бага байх л даа. Энд бид нар ямаа, тарвагаар боо­дог хийдэг бол тэнд
тахиагаар боодог маягийн юм хийнэ. Тэр нь 30 орчим еврогийн үнэтэй. Тахиа­ны боодогт
хүн орхоо­дой, төрөл бүрийн эмийн чанартай ургамлууд, будаа, амт­лагч зэрэг орно.
Гурваас дөрвөн цаг ууранд жигнэж болгодог гэж бай­гаа. Жуулчид их сонирхож иддэг
бололтой. Амтны хувьд дав­гүй ээ. Хоолон дээрээ бага зэргийн архи, пиво хэрэглэнэ.
Мэдээж согтоо­хоор их биш. Гэхдээ үйлч­лүүлэгч хүсвэл нэмж хэдийг ч авсан болно.
Хойд Солонгосын үйлчил­гээ­ний газрууд, тэр дундаа зоогийн газруудын үйлчлэгч нар
бас л юм юмтай даа. Хоол цайгаа зөөхийн хажуугаар үйлч­лүү­лэгч хүсвэл сайхан дуу
дуулж, хөгжим тоглож өгнө. Урла­гийн бяцхаан аятайхан тоглолт хийчих­нэ. Харин дуулдаг
дуу нь голдуу агуу удирдагч нараа магт­сан утгатай. Бас монгол­чуу­дын хамгийн сайн
мэдэх танил дуунууд болох “Москва орчмын үдэш”, “Катьюша” зэрэг дайны үеийн Зөвлөлтийн
дууг дуулж өгнө. Тэгээд мөнөөх бяцхан тоглол­тынхоо хаалт болгож “Интерна­ционал”
дууг бахдалтайгаар дуулж сонир­хуулна. Дуулахдаа баруун гараа зангидаад, тохойгоороо
хагас нугалан, нүдээ хагас аниад үнэхээр итгэл үнэмшилтэй дуулж байгаа юм аа. Хөгжим
нь баян хуур. Тоглож байгаа нь ч лут тоглох юм билээ.  Зөөгч-дуучдын хоолой яг нэг хэвэнд цутгасан юм
шиг адилхан. Тиймэрхүү хуучны дууг тэгж ойроос, амьдаар нь сонсох нь сонирхолтой
шүү.

Хойд солонгосчууд уран зураг, уран
хатгамлаараа дэлхийд гай­хагд­­даг ард түмэн. Хатгамал нь дотроо хоёр янз байдаг
аж. Тухайн хатгамлаа хийхийн өмнө зургийг нь зурчихаад хатгах, шууд хараад хатгах
гэж. Эхлээд зургаа зурчи­хаад хатгах нь арай хялбар байдаг гэнэ лээ. Гэхдээ нэг
бүтээл дээр ядаж л 21 хоног суудаг гэж байгаа. Пхеньян хотын хатгамлын төв ордон
гэж газар байх бөгөөд тэр нь хатгамалчдын урлан. Тэнд хамгийн удаан хатгамал хийж
байгаа гэх 50 гаруй насны нэгэн эмэгтэй ямар нэгэн дэвсгэр зураг­гүйгээр шууд харж
хатгадаг гэж байсан. Лут авьяас шүү. Тэр харь­цаа, өнгө будаг, уусалт зэргийг эх
зургаас нь бараг илүү гарахаар хатгасан байна лээ. 20 дахь жилдээ хатгамал хийж
байгаа нэг эмэгтэй аав хүү хоёрын фото зур­гийг хатгаж байсан. Нүдний өнгө, харц
арын дэвсгэрийн уусалт зэр­гийг фото зургийн хэмжээнд л хатгаж байна лээ дээ. Тэр
зургийг сар гаруй хатгаж байгаа гэсэн. Өөрийн болон гэр бүлийн зургийг энэ мэтээр
хатгуулахыг хүсвэл хэм­жээнээсээ хамаарч 100-аас дээш ам.доллар болдог юм байна
лээ. Уг ордны коридорт жин­хэнэ урлагийн бүтээлүүд байр­лана. Тэд хатгамлыг зүгээр
энгийн нэг хоёр хэмжээстээр хийгээд зог­сохгүй гурван хэмжээсээр бүтээсэн байна
гээд бод доо. 3D кино, зураг гэдэг шиг 3D хатгамал. Гайхам­шигтай. Уран зургийн
хувьд бас л хатгамал шиг ээ. Яг фото зураг. Зургийн агуулга нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүд,
нисэж байгаа шувуу, үзэсгэлэнт байгаль, тэгээд мэдээж цэрэг, эх орны сэдэвтэй. Бүсгүйчүүд
гэснээс хойд нутгийн бүсгүйчүү­дийн гоо үзэсгэлэн үнэхээр төгөл­дөр юм билээ. Бид
хэдийгээр хяз­гаар­лагдмал маршрутаар аялсан ч бүсгүйчүүд нь нийтээрээ их царай­лаг.
Цаг уур нь тун аятайхан боло­хоор тэр юм уу цайвар цагаан царай, дугариг нүүртэй.
Умардын охид, өмнөдийн залуус гэдэг хэллэг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү. Гэхдээ
умардынхан ерөнхийдөө л царай зүс сайхантай, нүдэнд ду­лаа­хан улсууд. Харин нэг
сонин зүйл анзаарагдсан нь бараг л бүгдээрээ чихээ цоолоогүй байсан.

Аливаа улс орны өнгөрсөн түүхийг агуулж
байдаг зүйл бол музей билээ. Тэгвэл энэ улсын “Дайны музей” гэдэг үзэсгэлэнд
1950-1953 оны Солонгосын дайны үеэр хоёр талын ашиглаж байсан техник хэрэгсэл, олзолсон
онгоц, буу зэвсгийг бодит байдлаар харуулс­наараа бараг өөр хаана ч байхгүй аж.
Энэ музейн доод дав­харт нь тухайн үед олзолсон таг­нуу­лын, сөнөөгч болон бөмбөгдөгч
онгоцнууд яг бодитойгоор байна. Бөмбөгний хэлтэрхий нь хүртэл үзмэр болон хадгалагджээ.
Хойд Солонгосын армийн тэнгисийн цэргийн бахархлуудын нэг торпед харвагч шумбагч
онгоцоо энд байр­­луулжээ. Тэрхүү шумбагч дайны үед дайсны сөнөөгч онгоц тээвэрлэгч
усан онгоцыг баатарлаг гавьяа байгуулж устгасан хэмээн тайлбарлагч их л бахдалтайгаар
өгүүлж байсан. Сонирхол татахуйц түүхтэй нэгэн үзмэр байсан нь маш том модны үндэс.
Дайны гал дү­рэл­зэж байх үед энэ модны доор умардынхны армийн хэд хэдэн танк, машин,
зэр зэвсгийн ихээхэн хүч түр буудаллаж, дайсны бөм­бөгдөлтөөс хамгаалагдаж байжээ.
Ийм гавьяатай модныхоо үндсийг нь хүртэл авчраад үзмэр болго­жээ. Уг дайнд тухайн
үеийн цэрэг зэвсэг, байлдааны машин меха­низ­мын хамгийн шилдгүүд нь оролцож байсан
бөгөөд нэг ёсон­доо зэвс­гүүдээ туршиж байсан гэмээр. Агаарын байлдаан хийж байгаад
сөнөсөн онгоцны их бие, мотор, сэнс, далавч гээд ер бусын сонир­холтой үзмэрүүдийг
эндээс л харж болох юм. Үзмэрт тавигдсан машин техникүүдийн багагүй хэсэг нь бензин
хийвэл асаагаад явж болохоор юм гэсэн. Түүх болох ийм зүйлсийг ингэж хадгалж, хүмүүст
үзүүлж байгаа нь сайхан л юм билээ. Энэхүү том музейд байх зураг ба жинхэнэ техник
хэрэгс­лийг хослуулан хийсэн үзмэр хэн хүний сонирхлыг татна. Энэ үзмэ­рийг 40 зураач
бүтэн жил хагас зурж, 1974 онд сая нэг дуусчээ. Эргэлддэг байдлаар бүтээгдсэн болохоор
эхлэл төгсгөл гэх юмгүй нэгэн цогц бүтээл ажээ. Энэхүү бүтээлийн аль нь зураг, аль
нь жинхэнэ техник хэрэгсэл гэдгийг ялгахад бэрх юм байна лээ. Иймэр­хүү музейг үзсэн
хэн ч гэсэн бахар­хахаар л даа. Хойд солонгосчууд энэ музейгээрээ тун их бахархдаг
нь тайлбарлагчийнх нь ярианаас мэдрэгдэж байлаа.

Өмнө хэлсэн дээ. Ирэх жил их удирдагчийн
100 насны ой болно оо гэж. Энэхүү нүсэр том арга хэмжээнд зориулж маш олон жил баригдаж
байгаа 105 давхар бү­хий пирамид хэлбэрийн барил­гаа ашиг­лалтад оруулахаар ажиллаж
байгаа аж. Их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа болохоор хүн хүчний хэрэгцээ их л
байдаг биз. Тэд бүх их, дээд сургуулийнхаа хичээлийг бүтэн нэг жилээр хаасан гэнэ.
Оюутнуудыг их ойн арга хэм­жээнд зориулсан бүтээн байгуу­лал­тад ажиллуулж байгаа
ажээ. Ер нь энэ улс дараа жилийн дөрөв­дүгээр сарын 15-нд болох их ойгоор амьсгалж
байна гэхэд бол­но. Зөвхөн их удирдагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд зориулж
150 сая амьд цэцгийг тарьж ургуулж байгаа гэнэ. Замын хоёр талаар тарьж ургуулж
байгаа цэц­гээ өрж тавьсан байхыг түвэггүй олж харна. Мөн хүлэмжүүдэд ч өнгө өнгийн
цэцэгсийг тарина. Оюутнууд бололтой ижил хувцастай хүмүүс өглөө 06 цагийн орчмоос
эхлээд бөөн бөөнөөрөө дуу дуулан жаг­саа­лаар явах бөгөөд ажилдаа явж байгаа нь
тэр бололтой. Багцаа­гаар нэг тийм жагсаалд ядаж л 200 хүн хангалттай байгаа. Ер
нь аливаа ажлыг хүний хүчээр л нугалдаг бололтой. Ямар нэгэн газар шорооны ажил
явагдаж байгаа газар улаан туг хатгаастай. Зарим газраа арай олон туг байхыг  бодвол социалист уралдаанд тэргүүлэгчид юм шиг
байна лээ. Замын хоёр талаар байх явган хүний замыг дор нь хуулж хаяад шинэ зам
тавьчихаж байгаа юм. Удирдагчийн төрсөн өдрийн баярыг угтаж хотын төвөөр байгаа
том том, өндөр моднуудыг үндсээр нь сугалж авч байгаа гэсэн. Учир нь энэхүү том
моднуудад царцаа маягийн шавьж их цугладаг гэнэ. Тэгээд тэр шавьжнууд их эвгүй,
тээртэй дуу гаргадаг нь хэцүү бай­даг бололтой. Энэ моддын оронд бутлаг өнгө үзэмж
сайхан намхав­тар бут тарих аж. Гудам­жаар нь автобустай явж байхад айлуудын гэрэлтэй
цон­хоор нэг зүйл их тод харагдах нь ханан дахь их удир­дагчдын хөрөг зураг. Ер
нь тэдний зургийг байнга харсаар байгаад дасах шинжтэй болдог юм байна лээ шүү.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР
 

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Улаанбаатар-Бээ­жин-Пхеньян
гэсэн марш­рутаар тун сонир­хол­той аяллын багт багтаж яв­лаа. Энэхүү аяллыг
Мон­гол Улсын Байгаль орч­ны яам, БНАСАУ-ын аялал жуулчлалын газ­рын хамтын
ажиллагаа­ны хүрээнд зохион бай­гуулсан юм. Хүн бүхэн Хойд Со­лонгосын талаар
янз бүрийн бо­долтой, тэр хэрээр маш их сонир­х­дог. Сонирхол татахуйц энэ
аялал маань Бээжингийн олон улсын нисэх онгоц­ны буудлаас БНАСАУ-ын “Айр Корё”
компанийн “Ту” загварын агаарын хөл­гөөр хөөр­с­нөөс эхэллээ. Нислэгийн явцад
онгоц маань гэнэт донслох шиг болсон юм л даа. Учир нь БНАСАУ-ын агаарын хи­лийг
нэвтэрч байгаа нь тэр ажээ. Тэгж онгоц ог­цом доош тонгойх маяг­тай болсон нь
их удир­дагч Ким Ир Сенд бөхийж хүн­дэтгэл үзүүлж байгаа илэрхийлэл байжээ. Нис­лэг
хоёр цаг орчим үр­гэлж­лээд нийслэл Пхеньян хо­тын нисэх он­гоц­ны буудалд га­зар­дав.
Онгоцны буудал нь ав­саар­хан жижигхэн бө­гөөд мөнхийн Ерөнхий­лөг­чийнхөө том
зургийг онгоцноос буух зорчигч­дын өөдөөс харуулан залжээ. Нисэх онгоцны буудал
нь тун цомхон жижигхэн. Аргагүй ч биз. Энд зөв­хөн өөрийнх нь агаарын тээврийн
онго­цууд л нислэг үйлдэнэ. Зор­чигчдыг тусгай авто­бусаар зөөж гаалийн шал­ган
нэвтрүүлэх хэс­гээр өнгөрснөөр Хойд Солонгосын аялал маань жинхэнэ утгаараа
эхэл­лээ. Бараг л машин унаа байхгүй, хаа сайгүй буу­тай цэргүүд байдаг гэж
төсөөлж байснаас ха­маагүй өөр орчин угтан авсан юм. Жуулчдад зо­риулсан
автобусанд сууж Пхеньян хотын төвийг зорин хөдөллөө. Замд “өвгөн бенц”, “69”
гээд нэлээн хуучны машинууд элбэг таарах юм билээ. Бидний байрлах газар Пхеньян
хотын төвд ор­ших “Яан­какдо” нэртэй дөрвөн одын зэрэглэлтэй зочид буудал
байлаа. Нийслэл хотынх нь го­лоор урсах хоёр голын уулзвар арал дээр байр­лах
эл буудлаас хотыг бүхэлд нь тольдож бо­лохоор ажээ. Хойд Со­лонгосын нийслэл тө­сөөлж
байснаас хавьгүй том бас бүтээн байгуу­лалт гайхалтай гэдгийг зам­даа харж
явлаа. 

Пхеньян
хотын нийтийн тээ­вэртээ ёстой л хэрэглэж болох юу байна бүгдийг ашигладаг.
Тэнд троллейбус, трамвай, автобус, мет­рог ашигладаг. Хүн ачаад явж болох
бүхнийг ашигласан байх агаад хуучны төв замын түгжээ улаан нэртэй автобус,
Чехсло­ва­кийн “Карос” зэрэг том оврын автобусыг троллейбус болгож өөр­чилсөн
байхыг ганц эндээс л харж болно. Метронд суухын тулд газ­рын гүн рүү 100 гаруй
метр явах хэрэгтэй. Уг нь анхны зориулалт нь цөмийн дов­тол­гооноос хоргодох
байр байгаад сүүлд нь метро болгож өөрчилжээ. Энэ метро хоёр шугам, 17 зог­соол­той.
Ханаар нь их удирдагчийнхаа ард түмэнтэйгээ баяр жаргалтай байгаа байдлыг
харуулсан том зургуудтай. Мэдээж метро болгон­доо мөнхийн Ерөн­хийлөгч Ким Ир
Сен болон одоо­гийн удирдагч Ким Чен Ирийн хөргийг хүндэт­гэл­тэй­гээр байр­луулжээ.
Хүмүүс Хойд Солонгост гар утас байдаггүй гэж боддог байх. Тэгвэл тэнд гар
утсаар ярьж байгаа хүн бас ч гэж олон харагдаж байс­ныг хэлэх хэрэгтэй. Тэдон
гэдэг гол Пхеньяны дундуур урсах бөгөөд хотоо зүүн ба баруун гэж хоёр
хуваана.  

Хойд
Солонгосын хөшөө дурс­га­лууд үнэхээр сүрлэг. Тэдний дундаас Жүчхэ үзлийн
гэрэлт цам­хаг бас л ер бусын. Дан чулуугаар барьсан 170 метр өндөр, найман
давхар бүхий энэ цогцолбор Азид төдийгүй дэлхийд цор ганц байгаа гэж
тайлбарлагч бахархалтайгаар хэлж байв. Энэ гэрэлт цамхгийг хоёр жилийн
хугацаанд барьж, 1982 онд их удирдагчийн 70 насны ойгоор бүрэн дуусчээ. Зөвхөн
хаалга нь гэхэд гурван тонн жинтэй нүсэр байгууламж байна лээ. Жүчхэ үзэл гэдэг
нь зөвхөн өөрийн хүчинд тулгуурлан хөгжих үзлийг номлодог аж. Энэхүү үзэл сурт­лынхаа
хүчээр тэдэнд хийж ча­дахгүй зүйл бараг үлдээгүй болол­той. Өөрсдийнхөө хүчээр
хийсэн суудлын машин, сүүлийн үеийн загварын дунд га­рын жийп гээд бүхнийг хийж
байна аа.   

Хойд
Солонгосын гадаадын жуулчдад үйлчилдэг хөтөч нартай хэл нэвтрэлцэхгүйн
зовлонгүй юм билээ. Тэд англи, хятад, оросоор саадгүй ярина. Бас доллар, евро,
юаниар гүйлгээ хийнэ. Жаахан тиймхэн нэг зүйл нь ханш бодох тал дээр толгой
эргүүлэхээр. Гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүн дээр бичсэн үнийн дүнгийн арын
хоёр оронг хасчихад ерөнхий багцаа гараад ирж байгаа юм. Өөрсдийн үзэл суртлыг
харуулсан марк, энгэ­рийн тэмдэг, ном зэргийг нь жуулчид маш их сонирхож, тэр
хэрээр ху­дал­даж авна. Харин Хойд Солонгосын иргэн бүрийн нан­дигнан хадгалж,
зүрхэн тушаагаа зүүдэг удирдагч Ким Ир Сений дүрс бүхий тэмдгийг тэндээс
хайгаад хэзээ ч олохгүй. Тэндээ ч гэсэн хэн нэгэн тэмдгээ хаях юм уу ямар нэгэн
зүйл болбол дахин авах гэж маш том асуудал үүсдэг бололтой. Тэр тэмдгийг зөвхөн
зүрхэн тал­даа зүүдэг нь хэдийгээр их удир­дагч маань тэнгэрт хальсан ч сэтгэл
зүрхээрээ түүнтэй ойр байна аа гэсэн бэлгэдлийн чанар­тай. Удир­дагчийн
зурагтай энэ тэмдгийг 14 нас хүрсэн иргэн нь зүүх эрхтэй болдог гэсэн. Нэг
ёсондоо хариуц­лага хүлээх чадвартай иргэн бол­с­ны баталгаа нь болдог бөгөөд
энэ тэмдгийг зүүх нь хүүхэд бол­гоны хүсэл байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ оронд
хэд хэдэн том баяр болдгийн хамгийн том нь Ким Ир Сений төрсөн өдөр. Тэр өдрөөр
ард түмэн нь төв талбайдаа цуг­лана, амарч зугаална. Улсаас иргэддээ чихэр
жимс, амттаныг тарааж өгнө. Ирэх жил буюу 2012 онд их удирдагчийн 100 насны их
ой тохиож байгаа. Мэдээж энэ өдрийг Хойд Солонгос хүн бүхэн тэсэн ядан хүлээж
байгаа бөгөөд их ойг өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэхийн тулд иргэн бүхэн
бүхнээ зориулж байгаа биз. Тэд тавдугаар сарын нэгэнд “Майн-1”, долдугаар сарын
6-нд Хүүхдийн баяр гэх мэт томоохон баяруудыг тэм­дэглэн өнгөрөөдөг аж. Энэ
улсад мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, одоогийн удирдагч Ким Чен Ир нарын зураг
бүхий маш том самба­рууд хаа сайгүй байрлана. Тэднийг гол төлөв ард түмнийхээ
дунд ихэд баяр жаргалтай алхаж яваагаар юм уу, ихэд алсыг харсан, холын ирээ­дүйг
зөгнөсөн байдал­тай­гаар дүр­сэлсэн байна. Эдгээр зургуу­дыг гол төлөв томоохон
хана барьж босгоод тэрэн дээрээ зурна. Бас явуулын ийм самбарууд ч байдаг юм
билээ. Бодвол ямар нэгэн баярынхаа үеэр ийш тийш нь аваачиж байрлуулдаг биз.
Харин зургийг зурсан ур хий­цийн хувьд үнэхээр тасархай гэхээс өөр үг олдохгүй.
Хойд Солонгост цэрэг нэгдүгээрт тавигддаг учраас төрөл бүрийн зурагт хуудсанд
цэргүүд тэргүүн эгнээнд зурагдана. Мөн хийж байгаа кинонуудынх нь дийлэнх л
цэрэг эх орны сэдэвтэй баатарлаг байдлыг харуулсан бай­даг бололтой. Хаа сайгүй
янз бү­рийн уриа лоозонгууд байх бөгөөд тэнд гол төлөв удирдагчдаа магтан
дуулсан, тэдний алдар сууг өндөрт өргөсөн агуулгатай. Ажил­чин, тариачин,
сэхээтнүүд улсын эв нэгдлийн илэрхийлэл болдог тул тэдэндээ зориулсан лут том
хөшөө дурсгал ихтэй юм билээ. Хойд Солонгосын уриа нь “Хүчирхэг, цэцэглэн
хөгжсөн үндэстэн”. 

Пхеньян
хотын төвд Ким Ир Сений нэрэмжит талбай байрладаг аж. Энэ талбайн хойд талд
“Ардын их сургалтын төв” гэдэг газар байх бөгөөд энэ нь тус улсын төв номын сан
гэнэ. Энд БНАСАУ-ын иргэд чөлөөтэй орж үйлчлүүлж болох бөгөөд харин 17-гоос
дээш насны­хан орох эрхтэй болдог гэсэн. Хойд Солон­гост зураг авна гэдэг тийм
ч нээлттэй биш ээ. Тэр дундаа цэр­гийнхний зураг авахыг бол хатуу хориотой юм
билээ. Нэг бол сайн дурантай аппаратаар холоос татах юм уу нэг бол араас нь авч
болно. Гудам­жинд нь хүүх­дүү­дийн зургийг авах гээд дурангаа чиглүүлэхэд
бутран зугтана. Гад­наас очсон жуулчид хүүхдүүдэд чихэр, түлхүү­рийн оосор
мэтийг өгөх гэх боловч тэд авна гэж ёстой номонд хазгай. Эцэг эхтэйгээ явж
байгаа жаал бол бүүр тэс хөндлөн. Бодвол харийнх­наас юу ч авч болохгүй гэж хар
багаас нь сургадаг биз дээ. Энд тэнд манай­хаар бол ТҮЦ маягийн ч юм уу жимс
зараад байгаа даавуун мухлаг маягийн зүйлс хаа сайгүй. Тэнд ундаа, мөхөөлдөс
гэх мэтийг зар­на. Бүгдэд нь улсын тэр үйлд­вэрт үйлдвэрлэв гэсэн бичигтэй.
Ундаа нь бол яг л хуучны манай улаан устай амтаараа ялгагдах юмгүй. Тун
аятайхан гоё амттай. Харин мө­хөөл­дөс нь бол нэг тий­мэрхүү сонин амттай.
Харин хүүх­дүүд төдийгүй томчууд нь ундаа, зайр­магаа их авна. Тэндээ үнэ нь ч
хямдхан байх. Гадныханд бол арай ахиу үнээр зараад байх шиг байгаа юм. Ер нь
бол Хойд Солон­госыг яг одоо байгаагаар нь очоод үзчихэд буруудахгүй. Гудамж
тал­бай, хүмүү­сийнх нь байгаа байдал, өмссөн хувцас тэргүүтэн яалт байх­гүй
өнгөрсөн үеийг санаг­дуу­ла­хаар. Бүх зүйл нь эмх цэгцтэй гэж ярих юмгүйн дээр
цэвэрхэн.

Хойд
Солонгосын газар нут­гийн бараг л 70 гаруй хувь нь уулархаг нутаг болохоор
газар тариалан эрхлэх талбай нэн хомс гэж байгаа. Тийм болоод ч тэр үү хаана
ямар сул газар байна бүгдэд нь ямар нэгэн зүйл тарьж ургуулна. Газраа
хагалахдаа голдуу үхэр анжисаар хагалдаг гэнэ лээ. Энд дөрвөн га талбайд нэг
үхэр анжис ногдоно. Хамгийн олон үхэртэй муж нь 600 гаруй үхэртэй гэсэн.
Сүүлийн жилүү­дэд төмс ахиухан тариалдаг бо­лоод байгаа юм байх. Тэрийгээ
дагаад төмсний хэрэглээ нэлээд өсч байгаа аж. Цаг агаар нь сайхан сэрүүхэн
сэвшээ салхитай. Эх газ­рын эрс тэс, тэнгисийн дулаан зөөлөн уур амьс­гал хосол­сон
болохоор дулаавтар, чийглэг уур амьсгалтай учир ямар ногоо ургах­гүй гэхийн
зовлонгүй. Сэрүүн тун­гал­гийн орон гээд нэр­лэчихэд бо­лох­гүй юмгүй сайхан
орон юм билээ.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР