Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Түс тас” харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог DNN.mn

Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.

Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь…Түүний “Яагаад, яагаад…” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.

Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Эрх баригчдын ам, ажил алд алдаар зөрж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Өнгөрсөн хаврын чуулган өндөрлөснөөс хойш та нутгаараа нэлээд явах шиг боллоо. Тойрогтоо ер нь хэр ажиллаж байна?

-2020 оноос хойш цар тахал, хөл хорио гээд тойрогтоо очих нөхцөл олдох нь барагтай байсан. Харин энэ жилийн хувьд хөл хорионы нөхцөл суларч, байдал арай намжмал боллоо. Нөгөө талаас манай аймгийн зарим сумдуудын тэгш ойнууд тохиосон жил болсон учраас найр наадмын цагаас эхлүүлээд намрын чуулган эхлэх хүртэл нэлээд хэд явж ажиллалаа, ард иргэдтэйгээ ч ер нь чамгүй сайн уулзалдлаа.

-Тойрогтоо Улаанбаатар хотоос эрдэмтэд, багш нар аваачаад “Боловсролд гэрэл нэмье” гээд их аятайхан ажил санаачилсан харагдсан. Ер нь сүүлийн үед боловсролын салбарт илүү түлхүү анхаарч ажиллаад байх шиг байна?

-Сүүлийн үед гэлгүй эртнээс хүүхэд, залуусын боловсролд анхаарсан олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсний үргэлжлэл нь энэ ажил. Санаа нь сайн багшаас, холын хүнээс сонссон нэг үг хүний цаашдын амьдралыг орвонгоор нь өөрчлөх шидтэй гэж итгэдэг. Миний амьдралд, надад ч ийм олон жишээ таарч байсан. Ийм учраас физик, математикийн Монголын аль шилдэг сайн гэсэн багш нарыг аваачиж хүүхдүүддээ, багш нартаа ганц ч гэсэн хэрэгтэй үгийг сонсгохоор зорьсон. Цаашид ч улам хөгжүүлээд үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ахуй, ажлын оршил сэдвээ хаагаад цаг үеийн сэдэв рүү, тэр тусмаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал руу шилжье. Одоо бол яг ирэх оны төсөв хэлэлцэж байгаа парламентын халуун өдрүүд үргэлжилж байна. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголын төдийгүй дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэр тусмаа эрх баригчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй нь лавтай. Ийм ч учраас Засгийн газраас цаг үеийн энэ нөхцөл байдалтай нийцсэн төсвийн төслийг УИХ руу оруулж ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн төсөл энэхүү хүлээлтэд хүрэхгүй байна. Төсвийн алдагдал гэхэд ил харагдах нь 1.6 их наяд байхаар тооцож оруулж ирсэн. Алдагдлаа аргалж, энэ тэнд нуучихсаны цаана бодитоороо бол ирэх оны төсөв 3-5 их наядын алдагдалтай байхаар харагдаж байгаа юм. Өнөө жил 18 их наядын зарлагатай байгаа төсөв ирэх жил 20 их наяд тэлэх нь. Ирээдүйн өв сангаас хэрэглэж буй мөнгө, зарлагын өсөлт зэргийг тооцохоор ирэх оны төсвийн алдагдал эрх баригчдын сурталчилж буй шиг буурах биш бүр өссөн болж харагдаад байгаа юм. Энэ бол Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль тэргүүтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн явдал. Төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын өр, зээл нэмэгдэнэ. Манай улсын ойрын үеийн хамгийн том эрсдэл гадаад өрийн хэмжээ байгаа. Гадаад өрийн эргэн төлөлт тулчихсан, авсан зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй, валютын нөөц багассан, цаашлаад дефолт зарлах эрсдэлтэй байдалд орчихсон байна. Гэтэл ийм нөхцөлд их хэмжээний алдагдалтай төсөв оруулж ирсэн нь тун ч харамсалтай. Энэ бол эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гэж харж байгаа.

-Ирэх онд 18.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлж байна. Үүнээс илүү орлого олох боломж байна уу?

-Ирэх онд нүүрснээс хамгийн их орлогоо олохоор тооцжээ. Энэ жил экспортод 18 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл ирэх онд энэ хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй буюу 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөчихсөн. Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засаг сайнгүй, өсөлт муутай байна. Энэ бүхнээс дүгнэхэд, нэгдүгээрт, БНХАУ манайхаас 36 сая тонн нүүрс авах уу, хоёрдугаарт, нэг тонн нүүрсний үнэ 110 долларын ханштай байх уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Магадгүй эрх баригчид нүүрсний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн шалтгаанаа төмөр замтай холбож тайлбарлах байх л даа. Гэтэл бодит байдал дээр БНХАУ-тай огтлолцоогүй, хил дамнаагүй, мухар төмөр зам байгаа. Мухар төмөр замаасаа хил гарах хүртэл автомашинаар тээвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, бид ирэх онд автомашинаар нүүрсээ зөөсөн хэвээр л байна. Үүнээс гадна ирэх онд зэсийн үнийг 8400 доллараар тооцсон байна. Гэтэл одоогийн байдлаар зэсийн үнэ 7000 долларт хүрч үнэ нь унаад байна. Мөн ирэх онд зэсийн үнэ 7800-7900 долларын хооронд байхыг олон улсын байгууллагуудаас тооцож гаргасан. Олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа үнийн төсөөллөөс ч өндөр хэмжээнд зэсийн ханшийг төсөөлсний цаана төсвийн далд алдагдал явагдаж байна гэсэн үг. Товчхондоо Засгийн газраас хариуцлагагүй, дампуу төсөв оруулж ирсэн гэж дүгнэхээр байна.

-Ер нь нүүрсний, уул уурхайнхаа өгөөжийг бид яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ?

-Уул уурхайн баялагтаа зөв менежмэнт, сайн засаглалыг ашиглаж чадвал яаж хөгжиж болдгийн жишээг Скандинавын тэргүүтэй орнуудаас бид хардаг. Харин эсрэгээрээ уул уурхайн баялагтай хэрнээ засаглал муутай бол яаж үгүйрэн хоосорч, үрэгдэн дуусдагийн жишээ Африкаар дүүрэн байна. Ийм учраас бид “Засаглалаа яаж сайжруулах вэ” гэх ганцхан асуултад анхаарах ёстой. Төр томорч буйн, дарга нар идлээ, уулаа гэж буйн, мөн энд тэндгүй төрийн өмчит уул уурхайн компани тойрсон “бөмбөг”-үүд дэлбэрч буйн шалтгаан нь бид уул уурхайн баялгаа зөв захиран зарцуулах хэмжээний засаглалгүй байгаатай холбоотой. Манай улсын хувьд уул уурхайн асар их нөөц, газрын баялагтай байгаа нь бидний аз, заяа мэт боловч үүнтэйгээ тэнцэхүйцээр засаглалын чадамжаа дээшлүүлэхгүй бол магадгүй энэ боломж нь гай, зовлонг дагуулаад байх шиг санагддаг.

-Жилээс жилд урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байна. Энэ хэрээр төр данхайж байна. Урсгал зардлын хэмжээг бууруулах боломж бий юү?

-Өнгөц харахад цалин, тэтгэврийн хэмжээг нэмсэн мэт харагдаж байгаа боловч зүүний бодлоготой, халамжийн бодлогыг урьтал болгодог нам удаа дараа засаглахаар ямар нөхцөл байдал үүсдэг нь тод харагдаж байна. Үндсэндээ сонгуульд ялж л байвал улс орны эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ өсөх нь тэдэнд огт хамаагүй байдаг юм шиг бодлоготой ажилласаар ирлээ. Сонгуулийн уран гоё амлалтуудаа умартаж, иргэдээ халамжаар угжихыг эрх баригчид урьтал болгож байна. Нэг үгээр бол эрх баригчдын ам, ажил нь алд, алдаар зөрөөд байна. Төсвийн төсөлд дээр байгаагаар манай улсын хүн амын 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. Ийм улс оронд баялаг бүтээх, төрийн аппарат нь жижиг байна гэх ойлголт байх уу. Монгол Улсын төсвийн зарлага 2018 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Тухайн үед 9 их наядын төсвийн зарлагатай байсан бол 2022 онд 18 их наяд болсон, ирэх онд бүр 20 их наяд болно. Монголын төр хоёр дахин томорсон энэ таван жилд иргэдийн амьдрал, амьжиргаа хоёр дахин дээшилсэн үү? Үгүй. Харин даргын гарын үсгээр зарцуулагддаг мөнгөний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр иргэдийн амьжиргаа улам доройтсоор байна. Үүний цаад суурь шалтгаан нь сонгуульд ялалт байгуулахын тулд иргэд, улс орныхоо ирээдүйг золиосолдог нам удаан засаглахаар юу болдгийг л бодитоор нь бидэнд харуулж байна. Төр улам л томорч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг дахь үүрэг оролцоо өдөр өдрөөр нэмэгдлээ. Төсвөөс гадуур маш их хэмжээний мөнгийг ТӨК-ууд зарцуулж байна. Үндсэндээ бол Монгол Улсын эдийн засгийн 70-80 хувь нь төртэй холбоотой болчихсон. Нэг үгээр бол бид аажим аажмаар социалист эдийн засагтай орон болон хувирч байна.

-Манай улсын валютын нөөц 50 орчим хувиар буурчихсан байгаа энэ үед уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах талаар ихээхэн ярьж байна. Ярих биш бодит ажил хэрэг болгох боломж юу байна вэ?

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх гурван арга зам бий. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, хамгийн муу хувилбар буюу өр зээл тавих. Манайх экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг муу хийж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг муу биш, маш муу хийж байна. Үндсэндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас өөр гадаадын хөрөнгө оруулалт алга. Бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Тухайлбал, 2012 онд МАН-ынхан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль санаачилж, түүнээс хойш бүх гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан. Харин Засгийн газар, эрх баригчид гадаадад өр зээл тавих ажлыг бол маш сайн хийж байна. Тухайлбал, 2016 онд Засгийн газар дөрвөн тэрбум ам.долларын өртэй байсан бол өнөөдөр найман тэрбум ам долларт хүрч хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс гадна энэ тоонд ороогүй Монголбанкны, Хөгжлийн банкны, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр асар их бий. Ингээд харахаар Монгол Улс өрөндөө баригдаж, өтөндөө идэгдэж байгаа нь бодит асуудал болсон. Биднийг ирэх онд 1.5 тэрбум ам.долларын гадаадын зээлийн төлөлт хүлээж байна. Энэ өрөө төлөх мөнгө манайд байхгүй. Гэхдээ өрийг өрөөр дардаг нэг “дархан мэх”-тэй болоод удлаа. Энэ дархан мэхээ ирэх жил ашиглаж, бонд гаргах санаатай байх шиг. Хэрэв бонд босговол өндөр хүүтэй авах нь тодорхой байна. Учир нь гадныхан биднийг эдийн засгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас өмнөх зээлийн хүүгээс 4-5 дахин өссөн дүнгээр зээл олгохоор нөхцөлтэй байна. Үүний үр дүнд жил бүр гадаад өр, зээлийн хүүгийн дарамт төсөв дээр ирнэ.

-Эдийн засгаа сэргээх талаар эрх баригчид ярьж байгаа. Гэтэл Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор бүх төрлийн зээлд хязгаар тогтоосон нь иргэн, ААН-үүдэд хүндээр тусч байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

-Төр томроод байхаар иргэд, бизнес эрхлэгч ААН-үүд жижигрэх нь тодорхой. Тиймээс төр жижигрэх, цомхон болох ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Дарга нарын захиран зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдээд байхаар бизнес эрхлэгч жирийн иргэд, ААН-үүдэд очих мөнгө багасна. Үүнийг гайхаад байх юм ердөө ч байхгүй.

-Гэхдээ эрх баригчид таны ярьж буй шиг төсвийн хэмнэлт, өр зээлээ багасгах гээд өчнөөн олон асуудлуудыг ярьдаг шүү дээ. Иргэд ч ийм л байдлаар ажиллаж байгаа гэж ойлгож байгаа?

-Тийм ээ, тэд ярьдаг. Эрх баригчид дунд, Ардын намынхан дотор асуудлуудаа ойлгодог, буруу зүг рүү явж буйг мэддэг, харьцангуй дэвшилтэт гэж хэлж болохуйц үзэлтэй залуус цөөнгүй бий. Ардын намынх л бол “муухай”, бүгдээрээ “зүүнтэн”, халамжийг “сурталдагч” гэж хэлж бас болохгүй. Энэ бүхнийг өөрчилье, зөв зүг рүү алхъя гэж ярьж буй, хариуцлагатай алба хашиж буй олон хүмүүс бий. Гэвч тэр залуус маань энэ том намынхаа буруу зүг рүү өнхөрч буй дугуйны “энерци”-ийг дийлэхгүй байна. Сонгуульд л ялбал юу ч хамаагүй, улсаа биш намаа бодъё гэсэн МАН-ынхны уламжлалт энерциэс энэ залуус нь гарч чадахгүй байна. Тиймдээ ч олон уран “гоё” санаачилга ярилаа ч улсын төсөв нь улам тэлж, төр данхайсаар л байна. Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх тухай маш их ярьж байгаа ч ОУ-ын авлигын индексийн судалгаагаар манай улс 2015 онд 74 дүгээр байранд байсан бол өнөөдөр 110 дугаар байранд орж даруй 40 орчим байраар ухарсан байна. Мөн бизнес эрхлэлтийн индексээр жил бүр байр ухарсаар л байна.

-Энэ бүхэн Ардчилсан намаас болоод байгаа юм биш үү. Ардчилсан нам төдийгүй ардчиллын замыг сонгосноос боллоо гэх хүмүүс ч их байна. Одоо тэгвэл яах ёстой юм бэ?

-Ардчилсан нам муу, муухай нь дараагийн асуудал байх. Харин ардчилсан, парламентын тогтолцоо бол хамгийн зөв зам мөр. Ер нь ардчилал бол дунджийн тогтолцоо. Ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг дүүрэг, сумын төлөөлөгчид гэдэг бол ард түмний, монголчуудын дундаж нь. Салбар салбарынхан орсон, зүг зүгээс цугласан яг л алтан дундаж нь. Түүнээс биш ардчилал хамгийн шилдэг элитүүд цуглараад, мундагууд нь ахиад байдаг систем огт биш. Тийм ч учраас тэдний гаргаж буй шийдэл, хөгжил дэвшлийн зам мөр дундаж хурдаар л явж буй. Хэт хурдан биш, бас бүр удаан ч биш. Хурдлуулъя гэвэл иргэдийнхээ дунджийг л ахиулах ёстой. Ахиулдаг арга нь боловсрол. Тийм ч учраас би ярианы эхэнд гарсан боловсролд анхаардгийн учиг энд гарч буй юм.

-Энэ жилийн төсөв халамжаас хөдөлмөрт гэсэн тодотголтой байсан. Ирэх жилийн төсвийн тухайд хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодорхойлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ жилийн хувьд халамжаас хөдөлмөрт шилжих биш, эсрэгээрээ харин хөдөлмөрөөс халамжид шилжих бодлого, зорилт дэвшүүлсэн жил болсон юм болов уу гэж ойлгогдохоор байгаа. Өнөөдөр ажил хийж, амьжиргаагаа залгуулах сонирхолтой иргэдийн тоо буурсан. Ямар нэгэн байдлаар ажил хийхгүйгээр амьдарч болдог халамжийн тогтолцоог эрх баригчид бий болгочихсон. Би дээр хэлсэн. Нийт хүн амынх нь 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг улс дэлхийд манайхаас өөр байна уу. Социализмын үед ч ийм байгаагүй байх. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх ямар механизм бүрдсэн юм. Ямар үр дүн гарав. Судалъя гэсэн ч ийм бодлого шийдвэр хаана ч байхгүй. Харин халамж авдаг иргэдийн тоо нэмэгдсэн. Ирэх оны төсвийн тухайд ч хэмнэлтийн төсөв биш үрэлгэн, зарлаган төсөв болсон.

-Ирэх оны төсвийн бас нэг онцлог нь шинээр хөрөнгө оруулалтын зардал гаргахгүй, өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудын төслүүдээ дуусгахыг зорьж байгаа шүү дээ. Энэ нь төсвийн шинэчлэлийн нэг алхам болж чадав уу?

-Эрх баригчид маш олон гоё юм ярьж байгаа шүү дээ. Ирэх онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Энэ жил 1.6 их наядын хөрөнгө оруулалт төсөвлөсөн шүү дээ. Тэгвэл шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөгүй юм бол энэ жилийнхээс даруй 1.1 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн нь хэмнэсэн хэрэг үү. Үнэндээ өмнө нь төсөвт суулгасан эдийн засгийн үр ашиггүй цемент цутгах ажлаа гүйцээх гэж байгаа хэрэг. Ирэх жил эрх баригчдын зарласан тендерт ААН-үүд орохгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Учир нь хуучин батлагдсан төсвөөр ирэх жил тендерт оролцож, байгууллагынхаа үйл ажиллагаанд саад учруулах компани байхгүй. Тийм учраас энэ ажил үр дүн муутай байх болов уу гэж харж байгаа.

-Ирэх оны төсөв дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Та УИХ-ын гишүүний хувиар болоод УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд төсвийн хэлэлцүүлгийн үеэр саналуудаа нэгтгэж хүргүүлсэн үү?

-Төсөвтэй холбоотой санал, шүүмжлэлээ УИХ-ын чуулганы үеэр болоод, холбогдох байнгын хорооны хурал дээр хэлсээр байгаа. Дээр дурдсан асуудлууд Монгол Улсын төсөвт тулгараад байгаа аюул, гамшгийн ердөө л зах зух нь. Үүний цаана маш олон асуудлууд орхигдсон байгаа. Нийгмийн даатгалын тогтолцоо нь тэр чигээрээ дампуурчихсан. Хөдөө аж ахуйн салбарт ч тулгамдсан асуудал олон байна. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махны үнэ дотооддоо буурчихсан, цаашлаад улс орон даяараа шүлхийн өвчин, халдварт өвчинд идэгдчихсэнээс үүдээд махаа экспортод гаргах боломжгүй болчихсон байна. Тэр дундаа малчдын орлого тасалдахад хүрлээ. Ойрын гурван жилдээ нойтон мах экспортод гаргах талаар яриад ч нэмэргүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх бүх асуудлаар тухай бүрд нь байр сууриа илэрхийлээд явж байгаа. Бид МАН-аас сонгуулийн амлалтуудыг нэхэх акц зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэдний амлалтууд бодит байдал дээр биелсэн үү. Амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө ажил хийгээгүй бол санаатайгаар иргэдийг хууран мэхлэх үйл ажиллагаа цаана нь явж байна гэсэн үг. Бид системтэй арга хэмжээнүүд авахаар ажиллаж байна.

-Ирэх оны төсвийн төсөл дээрх таны байр суурийг энэ хүрээд өндөрлөе. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуудал руу оръё гэж бодож байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үеэр танай намын бүлэг албан ёсоор хуралдаж, таныг бүлгийн даргаар сонгосон. Гэвч үүнийг өмнөх бүлгийн дарга үл зөвшөөрсөн үйлдлүүдийг гаргаж буй асуудал бий. Ардчилсан намын бүлгийн даргын маргаантай асуудал одоо нэг талдаа гарсан гэж ойлгож болох уу. Тухайлбал та бүлгийн даргын өрөө, тамгаа хүлээж авсан уу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа хэвийн, хууль журмын хүрээнд саадгүй үргэлжилж байна. Гэвч бүлэг дотор өмнөх даргатай үл ойлголцох ганц нэг асуудлууд бий. Төрийн тэр тусмаа улс төрийн ажил гэдэг авдаг, авсан шигээ дараагийн хүндээ шилжүүлж өгөөд явдаг ажил. Д.Ганбат гишүүний хувьд Ардчилсан намын үзэл санаан дээр бат зогсдог, туршлагатай парламентч хүн. Тэр үүднээсээ удахгүй үнэн зөвөө ялгаж таниад эвлээд урагшилна байх л гэж бодож, хардаг. Бүлгийн тамганы хувьд өмнөхийг хүчингүй болгоод шинээр гаргаж өгсөн.

-Танай бүлэг нийт хэдэн гишүүнтэй байна вэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар танай бүлэгт харьяалагдаж байгаа юу?

-Сонгуулийн үр дүнгийн дагуу 11 гишүүн манай бүлэгт бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар саналын эрх байхгүй ч манай бүлэгт харьяалагдаад, үйл ажиллагаанд хамтран оролцоод явж байна.

-Тэгвэл Ардчилсан намын тамга тэмдгийн асуудал юу болсон бэ?

-Яахав, хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэр гарсан. Уламжлал ёсоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга одоогоор байхгүй. Энэ асуудлаа намын дотроо шийд” гэсэн хариуг есдүгээр сарын 27-ны хуралдаанаар өгсөн. Тиймээс бидэнд дотооддоо учраа олохоос өөр арга зам үлдээгүй. УДШ-ийн шийдвэр эцсийнх гэдгийг бүгд мэдэж байгаа. Ямар нэгэн зохиомол тайлбарууд одоо хэрэггүй.

-Дотооддоо ойлголцох алхам, уулзалтууд хийж байгаа юу?

-Янз бүрийн санал санаачилга гараад явж байна. Ардчилсан намын бүлэг нэгдэж, нийлэх аливаа санал, санаачилгыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн АН-д тодорхой хэмжээний талцал, хуваагдал байгаа нь үнэн. Миний хувьд АН-ын бүлгийн даргын хувьд аль нэг талд нь илэрхий орохгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Амартүвшин: Экспортын бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон манайхаас өөр байхгүй DNN.mn

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


МҮХАҮТ-ыг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилладаг биш, тэднийг дарамталж, мөнгө олдог бизнесийн байгууллага болж хувирсан хэмээн зарим улстөрчид мэдэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Асар их мэдээллийн зөрүүтэй байдалд байгааг олж харсан. Уул уурхайн бус экспортыг хэрхэн нэмэгдүүлэх талаар сүүлийн гурван жил МҮХАҮТ-аас ярьж байна. Статистикийн тоо баримтаар манай улс уул уурхайн бус экспортоос 500 гаруйхан сая ам.доллар олж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортод ямар ч бүртгэл байдаггүй юм байна. Сүүлийн 30 гаруй жил цөөн тооны ченжүүдийн үзэмж, тоглолтоор уул уурхайн бус экспорт явж ирсэн. Энэ ч утгаараа манай улсын бараа бүтээгдэхүүн дэлхийд амжилттай гарсан бодит жишээ ховор. Харин үүнийг амжилттай хийхийн тулд улс орон бүр нэгдмэл зохион байгуулалттайгаар экспортоо дэмжиж ажилладаг. Бид энэ асуудлыг 2020 оноос хойш хөндсөн. Тухайлбал, самрын экспортын гаалийн мэдүүлгийг аваад үзвэл дөрвөн сая гаруй ам.долларын бүртгэл бий. Гэтэл бодит байдал дээр үүнээс хэдэн арав дахин их байгаа шүү дээ. Тиймээс нэгдмэл зохион байгуулалтад ороод, ил тод мэдүүлээд,техникийн шаардлагаа ханга гэж байгаа. Монгол Улсад ямар ч бүртгэлгүйгээр цаасан дээр компани байгуулчихаад яваад байгаа. Үндсэндээ Эрээний 2-3 ченжийн гарт самрын бизнес орчихсон. Тэд хууль хүчтэй нь, төр засагтай нь бүгдийг нь худалдаад авчихсан нь нууц биш. Үүнийг ил тод болгох асуудлыг л яриад байгаа юм. Монголчууд уг бизнесийн орон зайд ажиллах боломж нь байгаа. Монголбанктай бид экспортыг дэмжих санхүүжилтийн хүрээнд асуудлыг ярихаар “Энэ чиглэлээр ажилладаг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийнхээ статистик мэдээллийг аваад ир, үйл ажиллагааг нь нотол” гэдэг. Олж байгаа орлого, экспортод гаргаж байгаа самрын хэмжээг нотлохын тулд гааль дээр бүртгэх ёстой. Гэтэл гаалийн байгууллага “Бидний ажил биш” гэдэг. Татварын байгууллага “Манай ажил биш” гэдэг. Тэгвэл хэн үүнийг цэгцлэх ёстой юм бэ. Гэтэл самар экспортод гаргах асуудал бол уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүн дотроо хамгийн бага жин дарж байгаа, жижиг зах зээл. Цаана нь махны салбараас тэрбум ам.доллар олох боломжтой. Гэтэл яг бүртгэл мэдээллийг нь аваад үзвэл ийм тоо хаана ч байхгүй. Арьс шир, ноос ноолуур цаашлаад нүүрсэн дээр ч энэ асуудал хөндөгдөнө. Гэтэл экспортын бараа бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Бид энэ бүхнийг ил тод, бүртгэлтэй, системтэй явуулах зарчмын шаардлага тавьсан. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байгаа нь хариуцлагагүй асуудал. Бидний зорилго бол уул уурхайн бус экспортоос одоо олж байгаа 500 гаруй сая ам.долларын хэмжээг багадаа 1.5 тэрбум болгохын тулд бүртгэлжүүлэх нь чухал байгаа юм. Цаашлаад бүх зүйл бүртгэлтэй болчихвол дотоодын аж ахуйн нэгжүүдэд экспортыг санхүүжүүлэх зээл олдох боломж бий болно. Ингэснээр дотоодын компаниуд нэгдэж үр дүнтэй, хамтран ажиллах боломж нээгдэнэ. Нөгөө талаас ямар ч бүртгэлгүй дур зоргоороо ажилладаг манайх шиг тогтолцоо хаана ч байдаггүй юм байна. Тухайлбал, манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг юм бол яагаад дараа дараагийн боловсруулалтын, нэмүү өртөгийн шатанд монголчууд яагаад арилжиж чадахгүй байгаа юм бэ. Хариулт нь маш тодорхой буюу нэгдэж, нийлж чадахгүй байгаа болохоор бид боломжоо алдаж, ашиглаж чадахгүй байгаа юм. Энэ үеэр нэг зүйл нийтэд тодорхой болж байгаа нь сайн. Самрын бизнес 3-4 сая долларын зах зээл биш юм байна. Валютын урсгалын хомсдолд орчихсон байгаа энэ үед зөв мэдүүлэх юм бол дээр дурдсан тоог 2-3 дахин нэмэгдүүлэх хэмжээний тоо яригдахыг олон хүн ойлгож байгаа нь сайн.

-Манай улсын бизнес эрхлэгчдийн эрх ашгаа хамгаалах тогтолцоо бусад орны үйл ажиллагаатай харьцуулахад хэтэрхий сул байгаа юм шиг санагддаг. Үүний шалтгаан нь юу юм бол?

-Дэлхийд танхим байгуулагдаад 400 жил болж байна. Монгол Улсад 1960 онд МҮХАҮТ байгуулагдсан. Танхим байгуулагдсан гол зорилго бол хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, эвлэлдэн нэгдэх, төр засагтай ажиллах гүүр болох. Ямар орнуудад танхимын үйл ажиллагаа нь нөлөөлөл сул байна гэхээр хуучин социалист лагерын орнуудад сул байна. Учир нь эдгээр орнуудад төрийн өндөр оролцоотой асуудлыг шийддэг учраас. Ингээд сүүлийн гучин жил танхимын үйл ажиллагаа ийм сул байж болохгүй хэмээн үзээд социалист лагерт байсан ихэнх улс оргууд Герман, Австри, Туркийн дэмжлэгтэйгээр хуулиа шинэчилж, сольж байна. Бид 1995 онд Оросоос Танхимын тухай хуулийг нь шууд хуулбарласан. ОХУ-ын уг хуулийг Америкчууд хийж өгсөн байдаг. Холбооны улсын хуулийн онцлог нь манай улсын нөхцөл байдалд таараагүй. Үүнийг дундад Азийн улс орнууд олж хараад 2013 оноос эхлээд Танхимын тухай хуулиа бүгд өөрчилсөн. Бид энэ замаар л явж байгаа.Төр ямар ч үед хувийн хэвшлээс илүү хүчтэй. Тиймээс хувийн хэвшилийнхэн зөв эвлэлдэн нэгдэж байж төртэйгөө зөв хэлцэл хийдэг. Эдийн засгийн сууриа зөв болгодог. Бид 40 гаруй улс орны хуулийг судалж үзсэн. Хувийн хэвшил хоорондоо зөв эвлэлдэн нэгдэх системгүйгээр улс орон хөгждөггүй. Тухайлбал, ноос ноолуурын салбарынхан зөв эвлэлдэн нэгдэж чадвал тэдний хамгийн эхний зорилго экспортруугаа чиглэх байдаг. Гэтэл манайд ийм тогтолцоо алга. Судалгаагаар ноос ноолуурын салбарт бүртгэлтэй 26 ТББ байна.Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 ТББ байна. Би эдгээр ТББ-уудыг хоорондоо эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулдаг гэдэгт итгэхгүй байна. Ер нь том, жижгээс үл хамаарч бүх байгууллагын эрх ашиг хангагддаг байх ёстой. Ингэж байж салбарын асуудал яригдана.

-Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг эргүүлэн татчихсан шүү дээ. Тус хууль батлагдвал ямар боломжууд бизнес эрхлэгчдийн өмнө нээгдэх байсан бэ?

-Чөлөөт зах зээл хөгжсөн дэлхийн улс орнуудад төр бизнес хийнэ гэх ойлголт байхгүй. Бид 40 гаруй улс оронд мөрдөгдөж байгаа хуулийг судласан. Ер нь манай улсын хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, зөв зохион байгуулалтад орохгүйгээр, аль ч салбар нь хөгжихгүй юм байна. Бидний 30 жил үргэлжилсэн хэрүүл байсаар л байх юм байна. Нэг бол төр нь компаниудаа буруутгадаг, эсвэл компаниуд нь төрөө буруушаадаг асуудал байсаар байна. Ямар ч салбарыг аваад үзэхэд зохион байгуулалт эв нэгдлийн асуудлыг авч үзэхэд хүндрэлтэй байгаа. Маш олон ТББ байдаг ч бие биенээ үгүйсгэдэг. Тэнд бодлогын суурь судалгааг хэн ч хийдэггүй, дандаа өөр өөрсдийн эрх ашгийг л ярьдаг. Том компаниудын эрх ашиг хангагдаад, жижиг, дундууд нь орхигдож байдаг. Тиймээс бие биенээ буруутгах процесс тасралтгүй үргэлжилдэг. Өнөөдөр бүртгэлтэй 23800 орчим ТББ байна. Үүнээс 3700 гаруй нь бизнестэй холбоотой байгаа боловч ихэнх нь цаасан дээрх ТББ байна. Тэгсэн хэрнээ ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтад оролцоод л явж байдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн халаасны ТББ гэдэг чинь аль хэдийнэ бий болчихсон. Ашиг сонирхлын асуудал байнга яригддаг. Эдгээр ТББ-ууд дотроос бизнесийн, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа нь цөөн. Тэд хоорондоо эвлэлдэн нэгдэх механизм байхгүй. Энэ бүхний эцэст юу хэлэх гээд байна гэхээр Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тахимын тухай хуулиар энэ механизмыг бий болгоё л гэж байгаа юм. Танхим эрх мэдлийг төвлөрүүлэх гээд байгаа юм биш. Харин ч тараах гээд байгаа юм. Өнөөдөр МҮХАҮТ 5000 гаруй гишүүнтэй. Бид Монголын 69 мянган компанийг төлөөлөх чадамжтай юу. Хуульд төлөөлнө хэмээн заасан ч тоог нь аваад үзэхээр төлөөлөх боломж байхгүй нь харагдаж байна. Цаана нь тэр олон жижиг, дунд компаниуд асуудлын гадна орхигдоод байгаа юм.

-Танхим өөрийн гишүүн байгууллагуудаасаа хураамж авдаг уу?

-Бид танхимын гишүүн байгууллагуудаас бага хэмжээний гишүүнчлэлийн хураамж авдаг. Гэтэл танхимын үйл ажиллагаа нийтэд хамааралтай явдаг. Зөвхөн гишүүддээ ханддаггүй. Европт компани бүр танхимынхаа гишүүн байдаг. Үүний үр дүнд саналын эрхээ нээж, төрд хүргэх гээд байгаа дуу хоолойгоо нэгтгэж, илүү оролцоотой болдог. Гэтэл манайд шинээр компани байгуулагдахад улсын бүртгэлд бүртгүүлээд л болчихдог. Тэд цаашид үйл ажиллагаагаа тогтворжуулахын тулд хэнд, хаана хандахаа мэддэггүй. Ингээд амжилт олвол сайн, үгүй бол ихэнх нь дампуурдаг. Үнэндээ 180 мянган компаниас 69 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Ийм учраас л танхимдаа нэгдэх, уялдаа холбоог нь хангах чухал байдаг юм. Газар нутгийн байршлаараа аймгийн танхимууд хүчтэй байж, орон нутгийн бизнес эрхлэгчдээ хамгаалж, хөгжиж дэвших боломж олгоно. Төрийн худалдан авалтад шударгаар оролцох боломж олдоно. Дээр дурдсан цаасан компаниуд байхгүй болно. Төрийн хяналт шалгалтыг мэргэжлийн танхимууд хийгээд ирэхээр уялдаа холбоо сайжирна. Тухайлбал, аялал жуулчлалын холбоо тахим болж өргөжинө гэсэн үг. Бид тухайн салбарт шударгаар ажиллаж байгаа компаниуд зөв эвлэлдэн нэгдэх ёстой гэсэн зарчимтай байгаа. Түүнээс ямар ч ажилтангүй, бүртгэлгүй хэрнээ төрийн бүх худалдан авалтад оролцож, тендер авч дундаас нь ашиг хүртээд үлдсэн компаниудаар ажлаа хийлгэдэг энэ байдал бүртгэлийн үндсэн дээр байхгүй болох юм. Төр хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл ижил тэгш бус байна. Үүнийг ижил тэнцүү ярьж болдог орон зайг бий болгоход уг хуулийн амин сүнс нь оршиж байгаа. Бид зарим хүмүүсийн хэлж байгаа шиг нэг ч удаа бизнесийг дарамталж байгаагүй. Тийм үндэс ч байхгүй. Хувийн хэвшлийг зөв зохион байгуулалтад оруулах, асуудлаа зөв илэрхийлэх төр засгийн шийдвэрийг зөв гаргаж, зөв төлөөлөл болох нь МҮХАҮТ-ын үүрэг.

-Сүүлийн үед уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар олон жил ярилаа. Ахиц дэвшил гарч байна уу?

-Саяхан Монголбанктай хамтраад уул уурхайн бус экспортын санхүүжилтийн системийг зөв болгох тал дээр харилцан ойлголцлын санамж бичиг зурсан. Миний бие 2019 онд ажлаа аваад нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган долларт яаж хүргэх талаар л ярьсан. Манай улс 30 тэрбумын эдийн засагтай болчихвол ядуурал, утаа, сургуулийн хүртээмж гэх мэт маш олон асуудал шийдэгдэнэ. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд өнгөрсөнд явж ирсэн буруу арга замаа зогсоогоод бүгдийг шинээр эхлүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад танилцуулсан.Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр болсон. Зөв ч томьёологдсон. Болж бүтэхгүй байсан бүгдийг зогсоогоод шинээр эхлүүлж байгаа олон улс байна. Ингэхдээ зөвхөн хувийн хэвшил дээрээ суурилж байна. Бид экспортоо нэмэгдүүлэхийн тулд бүртгэлээ л сайжруулах хэрэгтэй. Тухайн салбарт ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд нийлж, нэгдэж байж амжилтад хүрдэг, зах зээлд нийлүүлэх нэг тоо, нэг үнэ ханштай, стандарттай болно.Нэгдэж нийлэх бодлого байхгүйгээс бүх зүйл замбараагүй байна. Дэлхийн зах зээлд гарч байгаа цөөхөн компаниуд өөрийнхөө сайныг хэлж чадахгүй, бусдын мууг л ярьдаг. Сүүлдээ тухайн салбар бүхэлдээ муу бодоод, Монгол Улс болж бүтэхгүйгээр л гадныханд харагддаг. Харин бодлогоо нэг бодгоод, гарцаа нэг болгочихвол Монгол сайн л гэх ойлголт бий болно. Үнэндээ ямар ч статистик байхгүй, эв нэгдэл байхгүй болохоор төрөөс алийг нь яаж дэмжихээ мэдэхгүй, төрөөс авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, бодлогууд үр дүнгүй болж хувирдаг.

-Манай улсаас гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн өндөр татвартай байдаг. Гэтэл хоёр хөрш орноос манайх руу оруулж ирдэг байраа бүтээгдэхүүний татвар бага байсаар байна. Энэ нь худалдааны тэнцвэртэй байдалд нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Манай улс хоёр хөршийн хооронд оршдог нэг талаас маш том боломж, нөгөө талаас саад тотгор. Манай улсын нийт гадаад худалдааны 8.2 төгрөг нь экспорт болж шууд БНХАУ руу гарч байгаа бол ОХУ руу 1.2 орчим хувь нь гарч байна. Бид маш олон удаа Худалдаа хариуцсан яамтай байх талаар ярьсан. Эдийн засаг хөгжлийн яам биш, Эдийн засаг, Худалдааны яам байх ёстой. Дэлхийн худалдааны байгууллагад ихэнх улс орнууд нэгдсэн байдаг. Бидний эрх зөрчигдвөл тийшээ ханддаг. Хоёр хөрштэйгөө ч үүний дагуу худалдааны хэлцлээ хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ орон зай үнэхээр орхигдчихсон байгаа. Та бүхэн анзаарч байгаа бол манай хоёр хөрш өөрт хэрэгтэйгээ ямар ч татваргүй авчихаж байна. Харин өөрийн улсдаа байгаа бараа бүтээгдэхүүн дээр өндөр татвар тавьчихаад байна. Бүх улс орны бодлого ийм байдаг. Цаагуураа улсынхаа аж, ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа хэрэг. Гэтэл энэ бодлогыг манайд хэн хийх юм бэ. МҮХАҮТ-аас уг асуудлыг ярихаар ТББ төрийн хэрэгт оролцохгүй гэдэг. ГХЯ дээр худалдааны асуудал байгаа боловч хэзээ ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс Худалдааны хууль гаргах, Худалдааны яам байгуулах нэн шаардлагатай. Дотоодын аж ахуйн нэгжүүд гадныхан орж ирээд бидний орон зайг эзэлчихлээ хэмээн гомдоллодог. Манайд тэднийг хамгаалах хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: ТЭЗҮ-гүй олон төсөл хөтөлбөрийг төсөвт суулгаж байсан нь бидний алдаануудын нэг DNN.mn

УИХын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


ИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Өмнөх жилүүдийн төсвөөс ямар онцлогтой төсөв болсон гэж харж байна?

-Энэ удаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн бодлого тогтвортой байх зарчмын дагуу буюу Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаандаа тогтвортой байх зарчимд нийцсэн төсөл болсон. Өөрөөр хэлбэл, сонгууль болгон, жил бүр өөрчлөгддөг, түүнчлэн УИХ-ын гишүүдийн байр сууринаас болоод Засгийн газраас оруулж ирсэн төсвийн дүр төрх батлагдаад гарахдаа өөрчлөгддөг байдлыг халж чадлаа. Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо өөрийн нөөц боломжоо уялдуулж, тэвчиж болох зардлуудаа хойш тавьсан төсөл боллоо. Гуравдугаарт, бидний муу зуршил юу байсан гэхээр өмнө нь зураг төсөлгүй, хэрэгжихэд бэлэн бус төслүүдийг янз бүрийн шалтгаанаар, тэр дундаа гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулах гэсэн сэдлээр улсын төсөвт суулгадаг байсан. Энэ нь эргээд ямар сөрөг үр дүн дагуулсан бэ гэхээр эхнээсээ төсөв тооцоо нь хийгдээгүйнэгэнт төсөвт мөнгө нь суучихсан гэх шалтгаанаар эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихдээ ихээхэн хугацаа зарцуулдаг. Цаг хугацаа нь хойшлох тусмаа төсвийн өртөг нэмэгдэж, үр дүн мууддаг. Яг ийм шалтгааны улмаас бүрэн дуусгаж амжаагүй төслүүд үлдчихдэг учраас тэдгээр төслүүдийг цаг хугацаа алдалгүй дуусгахаас өөр аргагүй. Иймээс бодлогын нэлээд өөрчлөлтүүд хийж “Ямар ч байсан эхлүүлсэн ажлаа дуусгаад, дараа дараагийнхаа төсөл, хөтөлбөрүүдийг ном журмынх нь дагуу ТЭЗҮ, зураг төсөлтэй, эдийн засгийн нарийн тооцоололд суурилж, бодлогыг нь Эдийн засаг, хөгжлийн яам дээрээ зангиддаг байхыг зорьсон байна. Тиймээс энэ байдал дахин давтагдахгүй байх агуулгыг ирэх оны төсвийн төсөлд шингээсэн байсан. Дөрөвдүгээрт, төсвийн алдагдлын хэмжээг өмнөх жилүүдийнхээс бууруулж оруулж ирсэн.

-Төсвийг ямар ч алдагдалгүй батлах боломжтой гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа. Таны хувьд…?

-Ямар ч үед төсвийг алдагдалгүй батлах боломжтой л доо. Гэхдээ тухайн үеийнхээ орлогыг бодитоор тооцож үзээд, олох орлоготоо тааруулж зардлаа баталчихвал төсвийг алдагдалгүй л батлана. Цаашлаад гадаадад тавих өр зээлийн хэмжээ ч багасна. Гэтэл янз бүрийн шалтгаанаар тухайн жил зайлшгүй хийх ёстой гэж үзсэн төслүүдээ суулгасаар олон жил алдагдалтай төсөв баталж ирлээ. Үүнээс үүдэн гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, сэтгэл түгшээх хэмжээнд хүрчихсэн байна. Үүнд олон учир шалтгаан бий. Үнэхээр тухайн жилд заавал хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөр, зардал байвал төсөвт суулгахаас өөр аргагүй. Тухайлбал, сүүлийн хоёр жил ковидтой холбоотой зардал төсөв мөнгийг танах боломжгүй л байсан. Хэрэв би буруу санаагүй бол өмнөх жилийн төсвийн алдагдлаас энэ жил даруй 1.4 их наяд төгрөгөөр алдагдлын хэмжээг бууруулж оруулж ирсэн. Энэ бол дараа дараагийн төсвийг батлахдаа баримтлах чиг хандлагыг тодорхойлсон алхам болсон гэж бодож байна. Одоогоор төсвийг эцэслэн батлаагүй байна. Эцсийн байдлаар төсөв батлах үед ямар ч алдагдалгүй батлах эсэх нь УИХ-ын гишүүдээс ихээхэн шалтгаална. Хамгийн гол нь дээр дурдсан төсвийн онцлогууд ганцхан энэ удаагийн төсөв дээр гарсан онцлог гэхээс илүү дараа дараагийн төсвийг батлахад жишиг, зарчим болохуйц төсвийн төсөл байлаа. Засгийн газраас улс төрийн эр зориг гаргаж, алс хэтээ харахад нь илүү анхаарал тавьснаараа онцлогтой төсвийн төсөл байсан хэмээн харж байна.

-Ирэх он бол сонгуулийн өмнөх жил гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өмнө нь сонгуулийн жилийн өмнөх төсөв дээр УИХ, Засгийн газрын гишүүд аль болох өөрийн тойрогтоо ахиухан хөрөнгө, мөнгө тавиулахыг хичээдэг байсан. Үүний үр дүнд дараагийн удаа дахин УИХ-д сонгогдох боломж хэмээн хардаг байсан биз. Харин энэ жилийн тухайд шинэ хөрөнгө оруулалтын төсөв хэрэгжүүлэх боломжгүй болсон нь улсын хөгжлийг тойргийн хэмжээнд харах биш, том зургаар нь хардаг байх жишиг рүү нэг алхам ойртож чадсан явдал уу. Эсвэл…?

-Миний хувьд Засгийн газар энэ чиглэл рүү хандуулж төсвөө оруулж ирсэн гэж харж байгаа. Ер нь бол УИХ-ын гишүүд ч нөхцөл байдлыг ойлгож байгаа. Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд хоорондоо санал солилцож байгаа. Энэ үеэр гишүүдийн хэлэлцүүлэгт хандаж, байр сууриа илэрхийлж байгаа байдлаас нь харахад тойргийн эрх ашгийг бодохоос илүү том зургаар нь улс орныхоо хөгжлийг хардаг байх зарчимд шилжихгүй бол хэтдээ болохгүй гэдгийг хэлж байна. Өмнөх жилүүдийг бодоход “Тойрогтоо заавал ийм шинэ хөрөнгө оруулалт хийнэ” гээд янз бүр болоод байх асуудал бага мэдрэгдэж байна. Гэхдээ тойрогтоо мөнгө хөрөнгө татдаг, тавиулахыг хичээдэг асуудлыг ганцхан гишүүн болох хүсэлтэй холбоотой гэж ойлгох нь учир дутагдалтай. Манай улсын сонгуулийн тогтолцоо ямар ч гишүүнийг тодорхой хэмжээгээр тойрогтоо анхаарч ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал руу түлхэж байгаа. Тэгэхээр яах аргагүй сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Монгол Улсын Цэцээс гаргасан хэд хэдэн шийдвэрүүдийн ерөнхий агуулга нь урт хугацааны, тогтвортой хөгжлийн асуудалд илүү анхаарал тавихад түлхсэн, тогтолцоотой байхад болохгүй зүйлгүй гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан. Тиймээс цаашид Үндсэн хуульд хүрэхгүйгээр бусад хууль тогтоомжид сонгуулийн тогтолцоо руу чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Зарим хүмүүс шүүмжлэлтэй л хандаж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар олон парламент дамжин яригдсан. Зөвхөн одоогийн парламентын гишүүд яриад, хөндөөд байгаа асуудал биш. Болохгүй байгаа, өөрчлөх ёстой бол өөрчлөх л учиртай.

-Хэнтий аймгаас манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдсон нь улсын төсвийн хуваарилалтад хүчтэй нөлөө үзүүлж байх шиг. Хэнд илүү эрх мэдэл байна түүнийг дагаж төсөв хуваарилагддаг байх нь хэр зүйтэй юм бэ?

-Төсвийн хуваарилалт жил бүр янз бүр байдаг. Зарим аймагт их, заримд нь бага төсөв хуваарилах тохиолдол бий. Энэ удаа Хэнтий аймагт өндөр төсөв хуваарилагдсан нь өмнөх жилүүдэд тус аймагт нэлээд өндөр төсөв тавигдаж байсантай холбоотой. Чингис хааны төрсөн нутгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүд нэлээд хэрэгжиж байгаа. Тиймээс дуусгаагүй хөрөнгө оруулалтуудаа дуусгах зорилтын хүрээнд өндөр төсөв тавигдсан болов уу гэж харж байгаа. Ирэх оны төсвийн талаар Ерөнхий сайдын өгсөн тайлбарт “Засгийн газраас оруулж ирсэн төсвийг учиргүй их нааш, цааш нь болгож хөдөлгөхгүйгээр энэ чигээр нь баталчихвал, дуугсаагүй үлдсэн, дуусгах ёстой төслүүдийнхээ 82 орчим хувийг гүйцэтгэнэ” гэж байсан. Энэ асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй байх. Ер нь бол өм цөм төсөв тавих нь юу юм, хэнд эрх мэдэл байна түүнийг дагаад төсвийн хуваарилалт хийх тохиолдол ажиглагддаг. Асуудлыг нэг талаас эрх мэдэлтэй хүмүүс өөрийн тойрогт их мөнгө хуваарилж байна гэж харж болно. Нөгөө талаас хэн бусад гишүүддээ тавьж байгаа асуудлынхаа ач холбогдлыг бусад гишүүддээ зөвөөр ойлгуулж чадсанаас шалтгаалдаг байх гэж боддог. Улс орны эрх ашиг, эдийн засагт үр нөлөө үзүүлэх төслүүд, түүнийг бий болгох дэд бүтэц рүү хөрөнгө мөнгө илүү тавих нь чухал. Тухайлбал, Төв аймгийг бусад аймгийн төвүүд засмал замаар нийслэл Улаанбаатар хоттой холбогдоогүй байхад бүх сумандаа засмал зам тавиулчихлаа гэж шүүмжилдэг. Энэ ажлыг бид илүү их эрх мэдэлтэй байсан гэхээсээ илүү Төв аймгийн дэд бүтцийг хөгжүүлснээр хөгжлийн олон гарц нээгдэнэ гэдгийг ойлгуулж чадсан учраас л төсөвт суулгуулсан.

-Шинээр хөрөнгө оруулалт тавихгүй гэдгээ халхавчлаад өмнө нь эхлүүлсэн бүх ажлуудыг дуусгах нь зөв шийдэл мөн үү. Өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ дахин ач холбогдлоор нь ангилж үзэх ёстой юм биш үү?

-Төсөв хэлэлцэх үеэр хэрэгжүүлэх бүхий л төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Манай улсын орлого Засгийн газрын тооцоолсон хэмжээнд хүрээд, элдэв хор уршиг нэмэгдэж гарч ирэхгүй бол дээр дурдсан 82 хувийн гүйцэтгэлийг эрэмбийнх дагуу гүйцэтгэх боломжтой. Ер нь цаашид төсөв дээр тавьж байгаа нэг шаардлага бол ямар ч төсөл байсан гурван жилийн дотор бүрэн дуусдаг байхаар бодож, төлөвлөдөг байя гэсэн зарчим яригдаж байгаа. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Мэдээж зарим нэг том хэмжээний төслүүдийг гурван жилийн дотор гүйцээх боломжгүй байж болно. Гэхдээ энэ зарчмаар явбал эхлүүлж орхиод олон жил болдог, төсөвт өртөг нь нэмэгддэг, үр ашиг муутай төсөл хөтөлбөрүүдээс бүрэн ангижрах боломжтой гэж бодож байна.

-Зураг төсөвгүй, ТЭЗҮ хийгдээгүй төсөл хөтөлбөрүүдийг төсөвт суулгадаг гэснээс Дарханы замыг барихдаа анхнаас нь зураг төсөл, ТЭЗҮ-гүй байхад нь яагаад баталчихсан юм бол. Хаана нь ямар алдаа гарав. Ирэх оны төсөв дээр Дарханы замын ТЭЗҮ хийх үлдэгдэл санхүүжилт болох гурван тэрбум төгрөгийг суулгасан харагдсан. Энэ ямар учиртай вэ?

-Зураг төсөл, ТЭЗҮ-гүй олон төсөл хөтөлбөрүүдийг төсөвт суулгаж байсан нь бидний олон алдаануудын нэг. Дарханы замын салаа мөчир бүртэй холбоотой бүх зураг төсөл нь бэлэн болсон байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эхлүүлэх хэмжээнд очсон хэмээн Засгийн газраас шийдвэр гарсан учраас эхлүүлсэн. Дарханы замын ажил удаашрахад цар тахлаас эхлүүлээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Нэг бүрчлэн дурдахаа больё. Миний харж байгаагаар Дарханы зам удааширсан нэг том шалтгаан нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлж хэрэгжүүлдэг төслүүдийн янвцыг шийдвэрлэх механизм нь хүнд сурталтай, олон дамжлагатай. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа зам. Манайхан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулдаг боловч санхүүжүүлэгч тал эцэслэн шийддэг. Шалгаруулалт явагдаад ажилдаа орохын даваан дээр ковид гарсан учраас гадны компанийхан орж ирэх боломжгүй болсон. Цаг хугацаа алдаад эхлэхээр манай талаас Азийн хөгжлийн банкинд хандаад гүйцэтгэгчээ солих хүсэлт хүргүүлсэн ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ мэтчилэн олон саад байсан. Түүний хажуугаар манайхан ч алдаа дутагдал гаргасныг огт үгүйсгэхгүй. Гэхдээ л бүдүүн барагцаагаар хэлэхэд Дарханы зам удааширсны 50 орчим хувь нь сонгон шалгаруулалт, гүйцэтгэгч компанийг богино хугацаанд өөрчлөх боломжгүй зэрэг механизмтай холбоотой болов уу гэж бодож байна. Ингэж хэлснээрээ би аль нэг яам, хэн нэгнийг өмгөөлж хамгаалах асуудал байхгүй. Бид асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүүтэй учир шалтгаанд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, санаа бодлоо хуваалцах нь зөв байх.

-Өнөөдөр иргэд үнийн өсөлт, өрийн дарамтад өртсөн хэвээр байна. Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байх боломжтой юу?

-Инфляци тал дээр Засгийн газраас нэлээд өөдрөг зорилт дэвшүүлсэн байна лээ. Ерөөсөө мөнгөний ханшийг тогтвортой, инфляцийг боломжийн хэмжээнд барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн гол зүйл бол гадагшаа л бараа бүтээгдэхүүн гаргах асуудал шүү дээ. Бид хичнээн дотооддоо юм үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаад ч валютын нөөц нэмэгдэхгүй. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, зах зээл, эрэлт хэрэгцээ гэдэг чинь физикийн хууль шиг бодитойгоор оршдог. Энэ хуулийг хүссэнээрээ өөрчлөх хэцүү. Бид өөрсдийн хэрэгцээнээсээ давсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш нь гаргаж байж түүгээрээ л хөгжиж ирсэн. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт маш чухал. Дэлхийн нэг ч улс орон зөвхөн дотоодынхоо хөрөнгөөр хөгжлийн дээд түвшинд хүрсэн түүх байхгүй. Дандаа гадаадын хөрөнгө оруулалт татаж, түүнийгээ зөв ашигласны үр дүнд хөгжсөн. Одоогоор манай улсад мөнгө олж байгаа ганцхан салбар байгаа нь уул уурхай. Дандаа энэ замаар яваад байна гэж байхгүй. Эдийн засгаа солонгоруулахад анхаарах ёстой. Тиймээс цаашид гол анхаарах асуудал бол яавал гадагшаа гаргадаг бүтээгдэхүүнийхээ тоог олшруулах вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбат: Олон нийтийн анхаарлыг захиалгатайгаар өөр тийш хандуулах сонирхолтой хэмээн хардаж байна DNN.mn


АН-ын гишүүн Ж.Энхбаттай ярилцлаа.


-ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотойгоор хошин шогийн нэр бүхий ж үжигчид мэдээлэл хийсэн. Таны хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-ХЗДХ-ийн яамны гадна нэр бүхий гавьяатууд үзэл бодлоо илэрхийлсэн үйл явцыг иргэн хүнийхээ хувьд эгдүүцэж хүлээж авсан. Учир нь хошин шогийн жүжигчид, улс төр урлаг соёлын зүтгэлтнүүдийг янз янзын байдлаар элэглэж, урлагийн тоглолт бэлддэг хэрнээ өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөд Хууль зүй дотоод хэргийн яамны гадна жагсаал цуглаан хийсэнд иргэн хүнийхээ хувьд маш их эгдүүцэж байна. Хошин урлагийнхан ямар нэгэн байдлаар төлбөртэй контент хийхдээ хүний эрхийг дээдэлдэггүй шүү дээ. Гэтэл зөвхөн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөх үед жагсаал цуглаан хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор байдгаа баталж, засаг төр барьж байгаа хүмүүсийн найз нөхөд гэдгээр давуу байдлаа ашиглах ёсгүй. Тэд цагдаагийн хамгаалалт дор жагсаал цуглаан хийж байна. Гэтэл жирийн иргэд ХЗДХЯ-ны гадна үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд хамгийн түрүүнд ачаад аваад явна. Гэтэл хууль яагаад тэдэнд тэгш бус хандаж байна вэ. Хошин урлагийн жүжигчид олон нийтэд үлгэр дуурайл үзүүлэхийн оронд увайгүй үйлдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Үүнд иргэн хүнийхээ хувьд маш их дургүйцэж байна.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хошин урлагийн жүжигчдийг дуулианаар дуулианыг дарах оролдлого хийлээ хэмээн шүүмжилж байна. Таны байр суурь?

-Яг одоогийн байдлаар улсын төсөв хэлэлцэж байна. Дээр нь хэдхэн хоногийн өмнө ланд 200 маркийн автомашины жолооч хоёр хүүхэд, долоон автомашинд хохирол учруулсан нь олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед дуулианыг дуулианаар дарах оролдлого хийж байна хэмээн үзэж байна. Та бүхэн санаж байгаа бол 2020 онд Дэнжийн 1000-д амьдардаг дөрвөн хүүхэд амьдрах орчиндоо тоглоомын талбай байхгүйгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох явцдаа амь насаараа хохирсон.

Тэр үед хошин урлагийнхан хаана байсан юм бэ. Мөн 2019 онд хүүхэд тогонд цохиулаад нас барахад, дөнгөж төрсөн таавчигтай ээжийг эмнэлгээс гаргаж байхад тэд хаана байсан юм бэ. Ковидын хатуу хөл хорионы үеэр нийгмийн сэтгэл зүй хүнд байхад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын дэд сайд 980 сая төгрөгөөр 14 хоногийн хугацаанд нийгмийг соён гэгээрүүлэх нэрээр хошин шогчид микрофон булаацаалдаж байхад, иргэд хоногийн хоолоо яая гэхээс гадна гал түлэх модгүй л байсан шүү дээ. Энэ үед хошин шогийн жүжигчид хамгийн их орлоготой, хамгийн баян тансаг нь л байсан ш дээ. Гэтэл өнөөдөр АИ-92 шатахууны үнэ өнөөдрийг хүртэл хэд дахин нэмэгдээд байна. Гэтэл өөрсдийгөө нийгмийн дуу хоолой хэмээн өргөмжилдөг жүжигчдийн дуу хоолой хаана байсан юм бэ. Хүний хамгийн наад захын хэрэглээ болсон Атар талхны үнэ 3000 төгрөгт хүрчихлээ шүү дээ.

-Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо илэрхийлсэн ч олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй байна?

-Нийгэмд болж бүтэхгүй асуудал олон байна. Харин нийгмийн инфлюсерүүд хаана байна вэ. Хамгийн ойрын жишээ дурдахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 130 дугаар сургуулийн сурагчид аюултай орчинд сурч боловсорч байгаа талаар мэдээлэхэд хэн, хаана дуугарч байна вэ. Ногоон байгууламж, Туул гол, Сэлбэ голыг сүйтгээд барилга байгууламж барьж байна. Гэтэл хошин урлагийнхан хаана байсан юм бэ. Зөвхөн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед л тэд дуугарч байна. Үүнийг баримт нотолгоотойгоор дэлгэж болж байна. Хошин урлагийнхан засаг барьж байгаа нам эвслийнхнийг “Хүчээ нэгтгээрэй, Миний нутгийн ах дүүг дэмжээрэй” гэх мэт сонгуулиас сонгуулийн хооронд бурсан. Гэтэл одоо яаж байна. Үүнийхээ үр дүнг Г.Алтаншагай жүжигчин хангалттай хүртсэн. Тэрээр Хэнтий аймгийн урдаа барьдаг жүжигчин байхыг үгүйсгэхгүй. Гэтэл түүний эхнэр яагаад Эрдэнэт үйлдвэрийн салбарын орлогчоор ажиллах ёстой юм бэ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэдэг маш том бүтээн байгуулалтын байгууллага байтал яагаад жирийн нэг жүжигчний эхнэр даргаар нь томилогддог юм бол. У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан жүжигчин Н.Онон яагаад МҮОНРТВ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм бэ. Жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо СХД-т баригдсан Хүүхэд залуучуудын театрын даргаар яагаад томилогддог юм бэ. Хэн нэгэн даргын ивээлд багтсан жүжигчид даам гардаг цаг ирчихсэн юм уу. Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлсэн мянга, мянган залуучуудыг мэргэжил дээшлүүлж, албан тушаал ахиулахаас өмнө яагаад өөрсдийнх нь төлөө дуугардаг, сонгуулийн сурталчилгаанд томилдог хүмүүсийг тодруулах ёстой юм бол. Хошин урлагийн жүжигчид бүр “Араа даагаарай, аятайхан байгаарай” гэх зэргээр дарамт үзүүлдэг, бүр цаашлаад заналхийлэл үзүүлдэг болсон юм байна.

-Төрд ажилласан хүмүүс нийгмийн дундаж давхаргад арайчүү багтаж байхад нам дагасан хошин шогийнхон хамгийн тансаг хаусанд амьдарч байгаа нь нууц биш шүү дээ?

-Энэ бол шударга ёс биш. Жүжигчин Бооёо, залуу бизнес эрхлэгч хоёр харилцан ямар хэмжээнд татвар төлж байна вэ гэдэг харьцуулалтаас олон зүйл хамаарах ёстой. Гэтэл үүнийг харьцуулахгүйгээр нийгэмд шударга ёсыг ярих боломжгүй. Гэтэл эрс тэс үзүүлэлттэй хэрнээ увайгүй үйлдэл гаргахыг иргэн хүнийхээ хувьд үгүйсгэж байгаа.

-Хошин шогийн жүжигчдийг мэргэжлийн алиалагчдын хэмжээнд ойлгосон нь өндрөөр үнэлсэн хэрэг хэмээн ойлгох нэгэн байна. Гэтэл хошин урлагийнхан иргэдийг нас хүйс, харагдах байдал, хэл соёлоор нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэх тохиолдол элбэг байна шүү дээ?

-Тантай санал нэг байна. Тухайлбал, ХЗДХЯ-ны гадна жагссан гавьяат жүжигчид хүнийг Үндсэн хуулийн дагуу нас хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг хориглох талаар сануулах оролдлого хийсэн. Яг үнэндээ дээхнэ үед алиалагч гэдэг нь нарийн мэргэжил байсан. Хүн бүр алиалагчийн тоглолтыг үзэхийн төлөө догдолдог, тэмүүлдэг байсан. Алиалагч гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжил. Хүүхдийн баярыг алиалагчгүйгээр төсөөлдөггүй байсан. Гэтэл өнөөдөр алиалагч гэх мэргэжлийн дор дуулианаас дуулианы хооронд шоу хийж, Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг өөр зүгт хандуулах оролдлого хийж байна. Сенсациас сенсацийн хооронд, захиалгатай, төлбөртэйгөөр жагсаал зохион байгууллаа гэж харж байна. Төрийн ордонд 2023 оны төсвийн хэлэлцүүлэг, 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын хэмжээний эдийн засгийн реформ явагдаж байна. Гэтэл цаг үетэй холбоотой иргэдийн анхаарлыг өөр тийш татах, 12 настай хүүхэд автомашинд мөргүүлснийг хөнгөн гэмтэл хэмээн цагдаагийн байгууллагаас дүгнэсэнд нийгэм бухимдалтай байна. Олон нийтийн анхаарлыг захиалгатайгаар өөр тийш хандуулах сонирхол байгаа нь гавьяат жүжигчдээс харагдаж байна. Яагаад нийгэмд өрнөсөн болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг өөр сенсациар дарах ёстой гэж. Магадгүй маргааш дахин өөр сенсацид бид анхаарал хандуулах биз. Эрх баригчид хэн намайг шүүмжлэх нь үү тэр хүнд хариуцлага тооц, цагдаад өг гэсэн зарчим үйлчилж байна.

Энэ бүхнээс дүгнэхэд, Монгол Улс сенсациас сенсацийн хооронд ажилладаг төр засагтай, сайд дарга нар нь нийгэм, эдийн засгийн бодлогод тулгуурлаж шийдвэр гаргадаг биш, цахимаар ажлаа хийж, нийгмийн бухимдлыг өөр тийш нь хандуулдаг боллоо. Төр засгийг хэн шүүмжилсэн байна тэр хүнийг барьж, шалгадаг, цагдаад өгдөг болсон. Тухайлбал, Төр засгийн удирдлагыг шүүмжилж танай сонинд ярилцлага өгсөн учраас маргааш би дахин цагдаад дуудагдахыг үгүйсгэхгүй. Миний бие есдүгээр сарын 15-нд БЗД-ийн нэгдүгээр хорооны ногоон байгууламжийг сүйтгэж, хууль зөрчиж барилга барих гэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн. Гэтэл БЗД-ийн I хорооны цагдаагийн байгууллагаас намайг “Жагсаал цуглаан хийсэн” хэмээн үзэж, зөрчлийн хэрэг нээсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх нь нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж, жагсаал цуглаан хийсэн гэж үзэгдэх боллоо. “Би лоозон бариагүй, цагаан хоолойгоор орилоогүй, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаагүй байхад яахаараа жагсаал цуглаан хийсэн хэмээн үзэж байна вэ” гэхэд “Чи зөвшөөрөлгүй хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн” хэмээн зөрчлийн хэрэг нээсэн. Би эрх баригчдаас зөвшөөрөл авч байж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх ёстой юм байна. Миний хувьд 2020 оноос хойш 10 гаруй удаа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Би өөрийгөө ардчилсан улсын иргэн гэдэгт итгэхгүй байна. Харин комминуст дэглэмтэй хойд Солонгост амьдарч байгаа мэт л ойлгож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй цагт гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна DNN.mn

-Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий-


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


ИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна.Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв дээр урсгал зардлын тухайд анхаарч, ядаж энэ оны хэмжээнд барих тал дээр анхаарч ажилламаар байна. Учир нь сүүлийн таван жилийн турш урсах зардлын хэмжээ тогтмол өсч байна. Урсах зардалд жилдээ дунджаар хоёр их наяд орчим төгрөг зарцуулж байна. Энэ хэмжээний мөнгийг хэмнэх оролдлого хийх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байгаа. Энэ жилийн төсөв дээр зарим төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Тийм ч учраас урсгал зардлын хэмжээ энэ жилийнхээс нэмэгдсэн дүнтэй орж ирсэн байна лээ. Ирэх оны тухайд бидний өмнө нэлээд олон сорилт тулгарахаар байгаа. Миний бие хил гааль, боомтын асуудлаас үүдэн эдийн засаг муудах төлөвтэй байна. Тиймээс ханшаа алдах, инфляци өсөх төлөвтэй байгаа талаар 2021 оны хаврын чуулганы үеэр хэлж байсан. Энэ оны мөнгөний бодлогын талаар УИХ-аар хэлэлцэх үед Монголбанкнаас инфляцийг 6 хувиар төсөөлж орж ирсэн. Инфляцийг зургаан хувьтай байна хэмээн төсөөлсөн нь бол мөнгөний бодлоготой огтхон ч уялдаагүй. Гэтэл төд удалгүй Орос, Украины хооронд дайн гарснаас үүдэн манай улс эдийн засгийн олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулсан. Одоо ч энэ хүндрэл арилаагүй байгаа учраас ирэх жил ханш, инфляцийн өсөлт хэвээр байхаар байна. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төсөөлөл энэ хэвээр батлагдсан тохиолдолд Мөнгөний бодлогоо хатууруулж оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орно. Тэгэхээр ирэх жил дотоодын санхүүжилтийн эх үүсвэр өндөр өртөгтэй байх нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ Засгийн газар энэ жил төмөр замын бүтээн байгуулалтуудаа дуусгаснаар орлого талаа нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, орлогоо хангалттай хэмжээнд олно хэмээн төсөөлсөн байна. Хамгийн гол нь уг төсөөллөө бодит болгохын тулд Засгийн газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай болох байх.

-Эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулах нь маш чухал. Гэтэл ирэх онд мөнгөний бодлогыг улам хатууруулбал арилжааны банкууд бүх төрлийн зээлээ хумихаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь эдийн засгаа сэргээх Засгийн газрын бодлогын эсрэг үйлдэл болох юм биш үү?

-Угтаа бид өнгөрсөн жил мөнгөний бодлогоо хатууруулах байсан. Цаг хугацаа их алдсан. Монголбанк өнгөрсөн оны есдүгээр сараас бодлогын хүүгээ өсгөж, нэмэгдүүлэх ёстой байсан. Энэ арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн. Үүний гор, төлөөсийн нэг хэлбэр нь өнөөдрийн инфляцийн өсөлт. Цаашид орлогоо нэмэгдүүлж ажиллах ёстой. Байгаа хөрөнгө оруулалтаа экспортыг дэмжсэн дэд бүтцийг нэмэх, боловсролын салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлдэх чиглэлд зарцуулах ёстой. Ингэж гэмээнэ цаг хугацааны хувьд зөв голдирол руугаа орно. Хамгийн том асуудал юу байна гэхээр ОХУ, БНХАУ цаашлаад аль ч улс оронтой худалдааны нөхцөлүүд буюу манайхаас гарах бүтээгдэхүүний татварын хэмжээг тохирох ёстой. Бид тохиролцохгүйгээр зөвхөн айлын талаас тавьсан импортын татвараар бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Үүнээс үүдэн манай улс зөвхөн түүхий эд гаргадаг улс болсон. Цаашид нэмүү өртөг шингээсэн, боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргая гэж байгаа бол боловсруулсан бүтээгдэхүүний татвар одоо хэд байгаа, цаашид хэд болгох хүсэлтэй байгаагаа наад зах нь хоёр хөрштэйгөө тохирчихсон байх ёстой. Ийм тохиролцоог хийж чадаагүй тохиолдолд бүх төрлийн боловсруулсан бүтээгдэхүүн 28 хувийн татварын хана мөргөсөөр байвал БНХАУ руу гарахгүй л байхгүй юу. Энэ тохироог хийснээр ажлын байр нэмэгдэж, валютын урсгал сайжирна.

-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байгаа нь төсвийн бас нэгэн шинэчлэл гэж зарим эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Гэхдээ өмнө нь төсөвт суулгасан бүх хөрөнгө оруулалтыг дуусгах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө төсөвлөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ирэх оны төсвийг сайн болсон гэж үзэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдээс тойргийн хөрөнгө оруулалтын санал авахгүй байгаа. Үндсэндээ улсын хэмжээний төслүүд ирэх оны төсөвт сууж байгаа. Хоёрдугаарт, олон жил царцсан хөрөнгө оруулалтын төсвүүдээ дуусгах шийдвэр гаргасан нь үр дүнтэй шийдвэр болсон. Энэ бол том амжилт. Харин зарим нэг хөрөнгө оруулалтуудыг танах, хасах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, соёлын төвүүд, ахмадын өргөөнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байгаа. Үүнийг танах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ийм хэмжээний 80 төсөл бий. Эдийн засгийн хямралтай, элдэв хориг саад бүрэн арилаагүй, хүндрэл бэрхшээл үргэлжилж байгаа энэ үед соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажил бол тэвчиж болох зардал хэмээн харж байна. Тиймээс төсвийн үр ашигтай зарцуулалтад Төсвийн байнгын хороо болон тус хорооны ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллах ёстой. УИХ-аас төсвийн зарлагыг хуулийн дагуу нэмэх боломжгүй. Харин хасах боломжтой.

-Өмнөх жилүүдийг бодвол цар тахлын болоод геополитикийн эрсдэл тулгарч болох талаар төсөөлөлтэй байгаа. Гэтэл ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд байхаар төсөөлсөн. Уул уурхайн орлогоос ихээхэн хамаардаг манай улс төсөөлсөн орлогоо олж чадахгүй бол ямар хүндрэл үүсэх бол?

-Эрсдэлтэй байна гэж үзвэл бид эрсдэлтэй үеийн төсөв, батлах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа төсвийн төсөөллөөсөө илүү танасан төсөв оруулж ирэх учиртай. Тиймээс ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт талыг хангалттай болсон гэж үзэж байгаа. Харин хуучин тавигдсан хөрөнгө оруулалтуудаа үр өгөөжийн байдлаар нь ангилж, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, урсгал зардал дээр тодорхой хэмжээний, хэмнэлт, таналт хийх учиртай. Ингэж байж бага боловч хэмнэсэн төсвөөр эрсдэлтэй байдалтай нүүр тулбал орлого тал нь төсөөлөлдөө хүрэхгүй байсан ч эрсдэлийн хэмжээ буурах боломжтой.

-Хүүхдийн мөнгийг ялгаатай байдлаар олгох асуудал олны анхаарлын төвд байна. Таны байр суурь?

-Бид халамжаас хөдөлмөрт шилжих талаар олон жил ярилаа. Манай улс нийгмийн халамжийн бодлогодоо том хэмжээний реформ хийхгүй бол болохоо больчихлоо. Миний бие Мэргэжлийн боловсролын хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэг зүйл маш тод ажиглагдаж байгаа нь халамж давхардаж олгогдож байгаагаас гадна эзнээ, байгаа онохгүй байна. Мөн ажилгүйдлийн тоо өндөр байгаа хэрнээ нээлттэй зарласан ажлын байран дээр ажиллах хүн олдохгүй байна. Энэ бол үндсэндээ иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй байна гэсэн үг. Гадаадын туршлагаас харахад халамж хүсэгч иргэнээс саналыг нь асууж, тохирсон сургалтад төрөөс үнэгүй хамруулаад, сурч байх хугацаанд нь л халамж олгодог. Сургалтад хамруулсны дараа ажлын байранд зуучилж өгдөг. Зуучилж өгсөн ажлын байранд ажиллахгүй бол халамжийг нь зогсоодог. Бид энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон л гэж үзэж байгаа. Тиймээс ч Мэргэжлийн боловсролын хууль дээр энэ концепцийг тусгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд төсөв байнга алдагдалтай баталж байгаа. Ирэх жил төсвийн алдагдлыг 1.5 их наяд байхаар төсөөлсөн нь сайшаалтай үзэгдэл мэтээр Сангийн сайд танилцуулсан. Төсвийн алдагдал гэдэг бол гадаад өр гэсэн үг. Ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ өндөр байгаа энэ үед төсвийг огт алдагдалгүй батлах боломжтой юу?

-Тоонууд дээр ажиллах хэрэгттэй. Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий. Ирэх жилийн орлого, зарлагын хэмжээн дээр ажиллах ёстой. Орлого хэд байхаас хамаарч зарлагаа тооцох биш, зарлагаа байж болох хамгийн бага хэмжээнд аваачиж, орлогоо төсөөлөх нь зүйтэй. Миний бие 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн хууль санаачилсан. Тэдгээрийн нэг бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. Яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь манай улсад нэн шаардлагатай гэдэг нь одоо улам бүр тодорч харагдаж байна. Гаднаас доллар орж ирдэг гуравхан урсгал байдаг. Тухайлбал, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, зээлээр дамжиж гаднаас доллар орж ирдэг.Манай улсын гадаад өр, зээлийн хэмжээ хэдийнэ таазандаа тулчихсан. Экспортын тухайд хил гааль, боомтын хязгаарлалтаас үүдэн санасны зоргоор нэмэгдэхгүй байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүртгэлийг нь хялбаршуулахад анхаарах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр БНХАУ-аас оруулж ирсэн хууль хэмээн нийтээрээ шуугьсан. Үүний дараа ковидын үеийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар түр хороо байгуулах санал гаргасан. Санал өгөөд хоёр жил болж байна. Одоо ч хариу ирүүлээгүй байна. Тус түр хороог байгуулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр ковидын үед гадаад худалдааг хэрхэн хөнгөвчилж, импорт, экспортын хэмжээг хэрхэн яаж сайжруулах, хил гааль боомтын гацааг богино хугацаанд шийдэх боломжтой байсан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиуд, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах тал дээр түр хороо байгуулж, асуудлаа ярихыг хүссэн боловч байгуулсангүй. Том зургаар нь харвал өнгөрсөн хугацаанд олон төрлийн оновчтой бодлого гаргасан боловч зарим нэг асуудал хоцрогдож байна. Тухайлбал, одоо болтол Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй байна. Ийм байхад гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна.

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүхий л салбарт татахаар ажиллаж байгаагаа зарласан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаагүй цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хууль эрх зүйн асуудал уриа лоозон болж хувирна гэсэн үг үү?

-Манайх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, их хэмжээгээр татах тал дээр бэлэн бус байна л гэсэн үг. Учир нь одоог хүртэл манай улс хөрөнгө оруулалтын бүртгэл талдаа хүнд сурталтай, хугацаа алддаг хэвээр л байна. Монголчууд гадаадын аль нэг оронд компани байгуулахад 1-2 хоног, зарим тохиолдолд 1-2 цагийн дотор цахимаар байгуулах боломжтой. Гэтэл манайд гадаадынхан орж ирээд дээр дурдсан хугацаанд компани байгуулах боломж хараахан бүрдээгүй байна. Хоёрдугаарт, гадныхан хөрөнгө оруулалт хийх салбарууд нь тодорхой бус байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан боловч гадныхан орж ирээд яг аль төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой нь тодорхой бус бaйна. Гадны хөрөнгө оруулагчдыг урьсан бол боломжуудыг нь нээж өгөх ёстой. Гуравдугаарт, татварын бодлоготойгоо уялдуулж өгөх ёстой. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөнгөлөлт үзүүлэхээр заасан боловч Татварын хуульд хөнгөлөлт эдлэх зүйл заалт нь байдаггүй. Дөрөвдүгээрт,манай улсад хөрөнгө оруулалт татах боломжтой гол салбар бол ердөө л уул уурхайн салбар. Тэгвэл уул уурхайн салбарт ужгирсан асуудлуудаа нэг тийш нь шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь юу л бол. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар яаж үйлээ үзэж байна. Гадны хөрөнгө оруулалтаар ч бай, хувийн хэвшлийнхэн ч бай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад асар их хүндрэл, бэрхшээлийг туулж байгаа. Тиймээс эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой. Хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг цогцоор нь харах учиртай. Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг баталсан нь нэг алхам урагш алхсан үзэгдэл байлаа.Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль болоод холбогдох хуулиудаа шинэчилж найруулах учиртай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Цоргоо олон болгоход бодлогоо чиглүүлж ажиллана DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Бямбацогт УБТЗ ХНН /хувь нийлүүлсэн нийгэмлэг/-ийн үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй өчигдөр “Ганзам палас”-т уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр төмөр замын тарифын үнийг нэмэх, мөн ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ. Нэгдсэн уулзалтын үеэр тэрээр “Жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг энэ байгууллагад тулгамдсан асуудал олон байна. Тяньжины ачаа, чингэлэг хоёр жил гаруй, Замын-Үүд-Эрээн дээр ч ачаа бараагаа авч чадахгүй зургаа долоон сар, экспортын ачаа болох жонш, нүүрс, төмрийн хүдэр бусад ачаагаа гаргаж чадахгүй жил, хоёр жилээр гацдаг. Улаанбаатар төмөр зам энэ онд 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ийн өөрийн хүчин чадал нь 14 сая тонн. Үүнийг шийдвэрлэхэд авлигын асуудал яригддаг. Ажлаа аваад есдүгээр сарын 1-нд УБТЗ ХНН-ийн ажил байдалтай танилцах үедээ уг асуудлыг шийдэх үүргийг өгч байсан. Энэ хүрээнд Замын-Үүдэд гацаад байсан бүх чингэлгийг татсан. Одоо ес дүгээр сарын 10-наас хойших 200 гаруй чингэлэг хүлээгдэж байна. Мөн Улаанбаатар хотод байсан хоосон чингэлгийг гурав дахин бууруулж, ачаагаа аваагүй иргэдийн чингэлгийг шийдэхээр ажиллаж байна . Шахаж шаардаад ажиллавал болдог юм байна. Төмөр замын хувьд цаашдаа транзит тээврийн хувьд тулгамдсан асуудал бий. Хятад улсад манайх тарифын хөнгөлөлт эдэлдэг бол ОХУ-д тарифын хөнгөлөлт өгдөг. Транзит тээврийн хувьд ачаалал бас үүссэн. Үүнийг цаашид хэрхэн яаж бууруулах вэ гэдгээ ч шийдэх хэрэгтэй болж байна. 1100 км замтай УБТЗ гэсэн нэг байгууллагатай байсан бол одоо Ханги Мандал, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян гээд олон өмчлөлийн хэлбэртэй төмөр замын нэгдсэн сүлжээ бий болж байна. Эдгээр бүх төмөр замыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах шаардлагатай болсон.

Төмөр замын тухай хууль”-д энэ бүгдийг тусгасан. Энэ бол бидний дунд болон урт хугацаандаа шийдэх, төмөр замдаа баримтлах бодлогын асуудлууд юм. Богино хугацаандаа гэвэл өнөөдрийн бидний хийж байгаа уулзалт. Ачаа бараа ачуулж байгаа, мөн илгээж, ачаа бараа зуучилж, тээвэрлэж байгаа байгууллага болон хувь хүмүүст тулгамдсан асуудлыг хурдан шийдвэрлэе, энэ асуудал дээр байдал ямар байгааг харилцан ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байгааг тодотголоо. Үргэлжлүүлэн УБТЗ-ын дарга Х.Хэрлэн мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Сүүлийн нэг жилийн турш бид ковидын улмаас багагүй асуудалтай нүүр туллаа. Монгол-Хятадын хил дээрх галт тэрэг солилцоо огцом буурав. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн терминалуудад ачаатай болон хоосон чингэлэг бөөгнөрсөн нь төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахад саад учруулсан.Бид эдгээрийг ЗТХЯ, Сангийн яам, ГХЯ, хоёр орны төмөр замын болон хил гаалийн байгууллагатай хамтран шийдэхээр ажиллаж байна. Хилийн галт тэрэгний солилцоог нэмж, экспорт импортыг нэмэх нь бидний нэн тэргүүний зорилт. Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо өнгөрсөн арваннэгдүгээр сард хоногт найм болж буурсан. Энэ оны хоёрдугаар сараас хоногт арав, долдугаар сараас 11-12 галт тэрэг болов. Сүүлийн хоёр жилд Тяньжинд бөөгнөрсөн ачаатай чингэлгүүдийг богино хугацаанд авчрах үүргийг Засгийн газраас өгсөн. Иймд Хятадаас импортын галт тэрэг хүлээн авах ажлыг эрчимжүүлсэн. Урд хөршөөс нарийн царигийн төмөр замаар өдөр бүр 7-8 галт тэрэг авч байна” гэв.

Тус уулзалтын үеэр уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг компани, ААН-үүдийн төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Хамгийн гол нь БНХАУ руу гаргаж байгаа вагоныхоо тоог нэмэгдүүлэх, ганцхан Замын-Үүд боомтоор биш олон гарцаар гаргах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төмрийн хүдрийн боловсруулалт хийдэг компанийн төлөөллийн Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай компани 300 гаруй ажилтантай. Манай байгууллагын үйл ажиллагаа доголдсоноос үүдэн ажилчид маань ажлын байргүй болж байна. Манай компани улсдаа анх удаа төмрийн хүдрийн хорголжин баяжмал үйлдвэрлэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, баялаг бүтээж, ажлын байрыг нэмэгдүүлсэн. Манай компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Төмөртэйн уурхайгаас үйлдвэрийнхээ үндсэн түүхий эдийг вагоноор татаж авдаг. Автомашинаар тээвэрлэх боломж байдаггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд төмөр замын хямралтай байдлаас үүдэн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг татаж авах боломжгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болсон. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж экспортод гаргах ААН-үүдийг бүх талаар нь дэмжихээ илэрхийлдэг. Гэсэн ч бодит байдал дээр бидэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж алга. УБТЗ-д удаа дараа хүсэлт хүргүүлж бичиг хүргүүлсэн. Наймдугаар сард гурван вагон гаргаж өгсөн. Есдүгээр сард хоёр вагон гаргаж өгөх талаар ярьсан ч одоо болтол шийдэгдээггүй. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ талбайд хураачихсан байна. Одоогийн байдлаар 1100 вагон нүүрс тээвэрт, 500 вагон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал зөөж байна. УБТЗ-аас “Та нар хувийн вагонтай бол, эсвэл вагон түрээсэл” гэдэг. Тухайлбал, үйл ажиллагаа явуулаад 50,60 жил болчихсон Эрдэнэт үйлдвэр хувьдаа вагонгүй, түрээсийн вагон ашиглахгүй байхад өөрсдийн өртгөө ч нөхөж чадаагүй үйлдвэрүүд яаж өндөр үнэтэй воганаар үйлчлүүлэх вэ. Энэ тал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт цоргоо олон болгоход бодлогоо чиглүүлж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, улс орны эрх ашиг, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бий болгосон ажлын байр, төсөвт төлж буй татвараар нь төмөр замын ачааг эрэмбэлж вагон хуваарилалт хийх. Хоёрдугаарт, экспортын цоргоо олон болгож, томруулах. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын хоёр дахь гарцтай болох. Гуравдугаарт, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгоод буй өнөөгийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгох асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх. Дөрөвдүгээрт, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг хүчитгэх, шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгох. Тавдугаарт, төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гээд нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ. Эцэст нь ойрын хугацаанд төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг шударга, нээлттэй, ил тод, боловсронгуй болгох талаар бүх талын эрх ашгийн тэнцвэрийг хангасан нэгдсэн зөв шийдэлд хүрэхэд анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Чойжилсүрэн: Эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд валютын нөөцөө хадгалах ёстой DNN.mn

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. “Өдрийн сонин” уламжлал болсон “Speak Out” булангаараа валютын ханшийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах нь зүйтэй талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Өнөөдрийн долларын ханш Монголын эдийн засгийн чадавхыг л тодорхойлж байна. Монгол төгрөг гаднаас орж ирж байгаа валютыг шингээж байх ёстой. Гэтэл үүнийг шингээх чадвар монгол төгрөгт алга. Хоёрдугаарт, долларын үнийн өсөлтийг бодит болон бодит бус хэмээн ангилах ёстой. Бодит бус өсөлт дээр асуудал байна. Монгол төгрөгийн евро, вон, юаньтай харьцах ханш тогтвортой байхад зөвхөн долларын ханш өндөр байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр иргэд олсон орлогоо долларын хадгаламж болгоод байна. Энэ бол бодит бус өсөлт. Харин бодит өсөлтийн тухайд инфляци, нийлүүлэлттэй холбоотойгоор өсч байгаа үнийн өсөлт юм. Энэ хоёрыг ялгаж, тохирсон арга хэмжээг авах ёстой. Уул уурхайн болон уул уурхайн бус салбараас доллар олох боломж бий. Засгийн газар ажиллах ёстой. Оюу толгой доллараа оруулж ирэхгүй байна. Нүүрс зарсан мөнгөө урьдчилаад авчихсан учраас одоо долларын нөөц хомсдож байна. Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Үүнээс болоод Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Хэдийгээр төгрөгийн ханш суларсан нь үнэн боловч үүнээс гаргах бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Долларын ханштай холбоотой асуудал МАН-ын бүлэг дээр яригдсан. Тусгайлсан ажлын хэсэг гаргаж мөнгөний бодлогыг хэрхэн барих, эдийн засгаа яаж өсгөх, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг шат дараатай хэрхэн бууруулах зэрэг олон асуудал дээр анхаарч ажиллахаар болсон. Тус ажлын хэсэгт миний бие орж ажиллана. Тиймээс ажлын хэсэгт орж ажилласныхаа дараа энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар нарийн мэдээлэл өгье. Хамгийн гол нь халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлого баримтална гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгохоо тооцъё. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрт олгож байгаа бэлэн мөнгө үнийн өсөлт бий болгож, эдийн засгийн өсөлтийг зогсоож, ажил хийдэг хүнгүй болгочих гээд байна. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрууд орлогоо нэмэгдүүлэх асуудал ч яригдаж байна. Тухайлбал, хорих ангиуд хоригдлуудаараа юм хийлгээд таван цаас олдог байх асуудал ч яригдаж байгаа. Ер нь бол дор бүрнээ хөдлөхгүй бол болохгүй гэдэг санаа явж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт байгуулагдахаар бүх зүйл тодорхой болно.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Долларын үнийг хязгаарлах талаар тайлбарлахад олон зүйл хэлж болно. Нэгдүгээрт, төлбөрийн тэнцэл дээрх дарамт буюу валютын урсгалын зөрүү өндөр байна. Өөрөөр хэлбэл, манай улсын олж байгаа валют, гарч байгаа валютын хэмжээгээ нөхөж чадахгүй байна. Иймээс валютын нөөцөөсөө гарах урсгалаа нөхөж байна. Ийм цаг үед тодорхой хэмжээний саад бэрхшээл үүсэх нь тодорхой. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүндрэлийн улмаас урьдчилж төлбөр тооцоог нь авсан асуудал байгаа. Ингээд авсан мөнгөө зарцуулчихсан, ганц нэг том төслүүдэд заруулсан асуудал яригдаж байгаа. Нэгэнт мөнгийг нь авчихсан учраас бүтээгдэхүүнийг нь өгөхөөс өөр аргагүй. Үүссэн хүндрэлүүдийг шийдэх тал дээр Засгийн газар ажиллаж байгаа. Бид долларын ханшийг тогтоож барья гэвэл нэг бол валютын нөөцгүй болох, нэг бол ханшийн өсөлтийг сул тавиад валютын нөөцөө хэвээр хадгалах гэсэн хоёр сонголт л байна. Валютын нөөц шавхагдвал улс орон дампуурах эрсдэлд ойртно. Тэгэхээр долларын ханшийг сул тавих, валютын нөөцөө багасгах аль аль нь амаргүй шийдвэр. Гэхдээ миний хувьд аль нэгийг нь сонгохоор бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд эргэлзэхгүйгээр валютын нөөцөө хадгалж үлдэхийг сонгоно. Энэ хоёр эрсдэлийг зэрэг бууруулах боломж байхгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Ханшийг тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө их хэмжээний доллар гаргахаас өөр аргагүй сонголтын өмнө ирсэн хүнд үе тохиож байна. Учир нь экспортын орлого сайн орж ирэхгүй байна. Импортын орлого их хэмжээгээр нэмэгдсэн буюу өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн. Ийм цаг үед бодлогын тохируулга чухал байна. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой валютын нөөцөө хангах тал дээр Монголбанк ажиллаж байна. Энэ утгаараа ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой. Тэр утгаараа төгрөгийн ханш өнөөдөр 15 хувиар суларчихаад байна. Энэ бол хангалттай хэмжээний сулралт. Үүнээс цааш эдийн засгийн утгаараа сулрах зүйл харагдахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар валютын нөөцийн хэмжээ хоёр тэрбум долоон зуун саяд хүрээд байна. Ханш бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээс хамаарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал цаашид ханш сулрах орон зай байхгүй. Бид экспортоо хэрхэн нэмэгдүүлж, нөөцөө аюулгүй хэмжээнд барих вэ гэдэг чухал асуудал болоод байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр нь тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй DNN.mn

Ахмадын баярын араас Багш нарын баяр тохиож байна. Багш хүний өнөөдрийг хүртэл байгуулсан гавьяа, ирээдүйд байгуулах гавьяа, алдар зүтгэлийг юутай ч жишимгүй гэдгийг тодотгож хэлье.

Багш нарын баяр болохтой зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь эцэг эхийн зөвлөл. Тэдний гол үүрэг нь сурагчдын эцэг эхээс хоморголон мөнгө татах. Цаашлаад ганцхан ангийн багшийг баярлууах бус тухайн ангид хичээл ордог 20 гаруй багшийг баярлуулахаар эцэг эхчүүдээс 25 мянган төгрөг хураасан тохиолдол ч байна. Үнэндээ багш нарт эцэг эхчүүд ямар ч өргүй. Тэд ажлаа л хийж байгаа. Эдийн засаг хүнд, өрхийн орлого тааруу байгаа энэ үед олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд багш нарын баяр дарамт болж байгаа талаар хэлэх хүн ч цөөнгүй байна.

Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй. Хэн нэгнийг баярлуулна гэдэг угтаа сэтгэлийн зүйл байдаг. Сэтгэлээ шингээж өгсөн бэлэг бүр сайхан. Тухайлбал, гэртээ загсаасан өрмөө чимэглэж багшдаа бэлэг барьсан хүүхдүүдийн зураг цахим орчинд тархсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ мэт багшдаа баярласан сэтгэлээ хүүхдүүд өөр өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг олгомоор байна. Гэтэл багшид “Говь” брэндийн ороолт, монетон ээмэг бөгж авч өгөх талаар эцэг эхийн зөвлөл санаачилга гаргаж байгаа нь багшийг доромжилж байгаа үйлдэл. Үнэхээр мэргэжлийнхээ үнэ цэнээ ойлгодог, мэргэжлийн ёс зүйгээ өндөрт өргөдөг багш бол ийм бэлгээс татгалзах учиртай. Харамсалтай нь тийм багш хэд байгаа бол. Өндөр хөгжилтэй оронд багш хүн ажлаа хийснийхээ төлөө эцэг эхчүүдээс өндөр үнэтэй бэлэг сэлт авах нь ёс зүйн гажуудал, авлигын хэрэгт тооцогддог. Харин манайд байдаг л үзэгдэл болсон нь боловсролын салбарын доройтлын бас нэгэн шалтгаан.

Бид өөрсдөө авлигыг ингэж өөгшүүлдэг. Цаашлаад үр хүүхдүүддээ хэрхэн авлига өгөхийг ч зааж амжлаа. Үнэтэй бэлэг хүлээдэг биш, үүнээс татгалздаг дархлааг багш нар өөрсдөдөө бий болгомоор байна.

Categories
мэдээ нийгэм

“Миний гурвалжин А үсэг” DNN.mn

– “Үй цай” номын хурим хийлээ –


Үй цай” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч “Миний гурвалжин А үсэг” гэсэн судалгаа хийжээ. “Геометрийн биетүүд бидний амьдралд” сэдвийн эрэл хайгуул үүгээр зогсохгүй. Цахилгаан станцын конус, цилиндр хэлбэртэй төхөөрөмжүүдийг физик, химийн шинж талаас нь, үүрэг тооцооллыг бас холбож судалсан сурагч ч байсан. Шүлэгт дуртай нэг сурагч нь Бавуугийн Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” шүлгээс аргамжаа гэдэг үгийг онцолсон гэнэ. Аргамжааны нэг талд гадас байна. Гадсыг цэг гэж авч үзвэл аргамжаатай морь гадсаа тойроход тойрог үүснэ гэж үзсэн байв. Сурагчдын эрэл хайгуулын онолын үндэслэлийг зангидсан “Үй цай” сургуулийн захирал, доктор Д.Баяраад “Сэлэнгэпресс” хэвлэлийн газар болсон “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” номын нээлтийн үеэр ярих зүйлс арвин байлаа.

-“Үй цай” сургууль 25 дахь хичээлийн жилдээ явж байна. Багш, сурагчид эцэг эхчүүд, биднийг дэмждэг хүмүүстэй хамтарч буй болгосон төслүүддээ үндэслээд энэ талын онол арга зүйн номыг бүтээсэн юм. Олон улсад энэ чиглэлээр ямар туршлагууд байдаг бол гээд эрэлхийлсэн. Шийдэл хайж, Москвагийн Багшийн дээд сургуулийг зорьж, тус сургуулийн захирал, академич А.И.Савенковтой танилцсан юм. Тэр сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны доктор хүн. Яг бидний хайж байсан олон улсын боловсролын салбарт түгээмэл яригдаж байгаа хүүхдийн авьяас, бүтээлч үйл ажиллагаа, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг, өөрийн гэсэн онол, үзэл баримтлалтай, хөтөлбөртэй байсан. Энэ эрхэм хүн биднийг 2018 оны дөрөвдүгээр сард сайхан хүлээж авсан юм. Би ч бас “Үй цай” сургуульд хичээлээс гадуур хөтөлбөрөөр хүүхдийн авьяасыг хөгжүүлсэн туршлагаа бичээд очсон юм. Түүнийгээ хуралд нь хэлэлцүүлсэн. Дараа нь захирал биднийг өрөөндөө хүлээж аваад, “Миний судалгааны ажил, хөтөлбөртэй ойролцоо очиж байна” гээд “Би судлаач хүүхэд” хөтөлбөр, дасгал, даалгаврын таван сурах бичиг, номоо санал болгосон. “Үүнийг эх хэл дээрээ орчуулаад сургалтдаа хэрэглээрэй. “Үй цай” сургуулийн монгол хүүхдүүдээр дамжаад, Монгол Улсын багш бэлтгэж байгаа дээд сургуулийн оюутан, сурагчдад очвол миний зорилго бүтэх юм шүү” гэсэн юм.

Харин өнөөдөр нээлтээ хийж байгаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” номын хувьд цар тахлын хөл хориотой үед бидний хэдэн багш нар олон эх сурвалжтай ажиллаж, орос, англи, хятад хэлнээс орчуулан, монгол хэл дээрх материал цуглуулж, “Үй цай” сургуулийн туршлага дээрээ үндэслэн хийсэн бүтээл юм. Энэ номын эх сурвалжийн 70 гаруй хувийг орос, үлдсэн хэсгийг англи, хятад, монгол хэл дээрх эх сурвалж ашиглан бүтээсэн түүхтэй. Төслийн болон судалгааны үйл ажиллагааг олон улсад боловсрол, сэтгэл судлалын судлаачид сургалтын нэг технологи гэж үзсэн байдаг хэмээн Д.Баяраа захирал тайлбарлав.


Номын нээлтийн ёслолд сурагч, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэт зочны ёсоор суугаа нь содон харагдав. Тэр ч бас “Үй цай” сургуулийн сурагчийн аав юм билээ.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Үй цай”-тай холбогдсон түүхээ хуучилсан бол Ардын багш, академич Б.Жадамба, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргал, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл нар мэргэжлийн үүднээс үнэлгээ өгч, хүүхдийн зохиолч О.Сундуй уран зохиолын үүднээс дүгнэлт хийж байв.

Нээлтийг хөтөлсөн, Хятад хэлний сургалтын менежер Г.Ариунжаргал: Би ч бас энэ сургуулийн тогоон дотор буцалж байгаа хүн. Анх нэг, хоёрдугаар ангийн хүүхэд судалгаа хийж, төсөл бичнэ гэхэд төсөөлөгдөхгүй байсан. Яагаад гэвэл их, дээд сургуулийн оюутнууд л үүнийг хийх ёстой гэж боддог байсан юм. Багш, хүүхдүүдийн хувьд эхлээд яахаа мэдэхгүй байсан. “Та нар геометрийн дүрсээ сайн хар, амьдралд байгаа зүйл, тэрийг бич” гэж “Үй цай” сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа чиглүүлсэн юм. Манай сурагчдын ээж, аав нар ч хүүхдүүдийнхээ судалгааны ажилд идэвхитэй оролцож, жишээ нь, саван хийсэн хүүхдийн аав нь хүүхдээ дагуулаад тест хийлгэж, бактер устгадаг гэдгийг нь тодорхойлуулж байсан. Хүүхэд “Миний хийсэн саван бактер устгаж байна шүү” гээд урам авч эхэлсэн хэмээн хуучилж амжлаа.

Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа: -Хурдтай хөгжлийн үед сайн хэл, хүмүүжил чухал. Манай хүүхдүүд судалгаа хийж, төсөл бичихдээ түүртдэггүй, илүү цагаар суухгүй, хичээлийн явцад хийдэг. Календарчлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг учраас манай сургуулийн багш, сурагчид юу хийхээ мэддэг. Канзаст нэг төгсөгч маань суралцахаар явсан. “Хими, биологи амархан байна. Нийгмийн тухай мэдлэг англи хэл дээр дутуу хийчихсэн байна” гэж багшдаа хэлжээ. Гадаадад сурч байгаа хүүхдүүдийнхээ саналаар алдаагаа хурдан хугацаанд засварлаад, сайжруулаад явдаг. Төгсөгчийн маань аав “Охин маань Америкт эмнэлэг нээх гэж байгаа” гэж хуучилсан. Манай хүүхдүүд эртнээс илтгэл тавьж, тайлан хэлэлцүүлж сурсан. Арванхоёрдугаар ангидаа диплом хамгаалдаг. Их сургуульд орохоороо “Багш аа, өөр хүүхдүүдийн материал бичиж өгөөд, мөнгө авчихаад байгаа шүү дээ” гэдэг хэмээн халуун яриа өрнүүлэв.

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргал: -Энэ номонд редакторын үүрэг гүйцэтгэсэн. “Үй цай” сургуулийг анх үүсгэн байгуулагдах үеэс хамтарч ажиллаж ирлээ. Москвагийн Багшийн дээд сургуулийн захирал, академич А. И.Савенков гэдэг эрдэмтний аргыг өөрсдийн туршлагаар баяжуулаад, өөрийн гэсэн технологитой болж байгаа “Үй цай” сургуулийн хамт олонд баяр хүргэе. Дэлхий хавтгай болоод байна. Үзэл санаа, бүтээлч сэтгэлгээ дэлхий даяар нийтлэг боллоо. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж байгаа эрдмийн уурхай гэдэг ийм л үр өгөөжтэй, үндэс мөчиртэй байдаг хэмээв.

Ардын багш, академич Б.Жадамба:- Баялаг бүтээсэн “Үй цай” сургуулийн Д.Баяраа ахлагчтай багт талархал илэрхийлье. Монголчуудын хамгийн их үнэлдэг баялаг оюуны бүтээл. Энэ бол шууд хүн болгоны амьдралд нөлөөлөхгүй ч олон жилийн дараа үр дүн нь харагддаг баялаг юм. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд нэг том дэвшил гарч байна. Энэ сургууль өөрийн гэсэн багаж, технологитой болсон байна. “Үй цай” сургуулийн нүүр царайг тодорхойлох хүмүнээр хүн хийдэг технологи боловсруулаад, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь маш их ач холбогдолтой зүйл. Д.Баяраа захирал холын ухаантай хүн юм. Дэлхий дээр прагматик сэтгэлгээтэй Америк, шинжлэх ухааны онолын сэтгэлгээтэй Орос, энэ хоёрын аль алийг нь бариад явдаг Хятад бий. Энэ гурвын туршлагыг судлаад, ийм ном бүтээсэнд хамгийн чухал ач холбогдол оршино. Боловсролд гурван зүйлийг онцолъё. Тэгш, хүртээмжтэй, чанартай. Энэ гурвыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд болгон оролцож, өөрөө хийж байж хөгждөг. Төсөлт хичээл, судалгааны ажил гэдгээр дамжиж, хүүхдийг асуудал шийддэг болгох юм. Ирээдүйн иргэд асуудлыг шийдэж чаддаг байх учиртай. Үүнд гол нөлөөлөх хоёр аргыг онцолж ном бүтээсэн байна. Хүн оролцоод хийвэл хөгждөг. Монголын агуу түүх, соёл бүтээсэн арга бол ерөөсөө л үйлийн явцдаа суралцах буюу шинжээч монгол гээд Л.Түдэв гуай бичсэн байдаг юм. Шинжээч монгол гэдэг төсөлт ажил, судалгааг хэлж байгаа юм. Австрали тэргүүтэй орнуудад “Бага сургууль ба судалгаа” гэсэн том төсөл хэрэгжиж байгаа. Түүний нэг хэлбэр нь энэ юм. Энэ номоос авууштай бас нэг зүйл нь хүүхдүүд юу бодож, хийж байна гэдэг хамгийн чухал. Энэ номд судалгаа нь багтсан сурагчид бол хүүхдүүд юм бүтээдэг, мэддэг гэдгийг харуулж байна. Үүнийг зөвхөн “Үй цай” сургуулиар хязгаарлахгүйгээр манай ерөнхий боловсролын бусад сургуулиудад ч түгээн дэлгэрүүлэхийг хүсье гэж захилаа.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Номынхоо нээлтэд урьж оролцуулсан Д.Баяраа, Д.Цэцгээ багш хоёртоо маш их баярлалаа. Сургууль байгуулах амар ажил биш. Хувийн сургуулиудын 30 жилийн түүхэнд маш олон сургууль хөл дээрээ зогсч чадаагүй. Ер нь сэтгэлтэй зүтгэлтэй, тууштай хүмүүс сургуулийг авч явдаг юм билээ. Д.Баяраа багш номын нээлтийн урилгаа надад өөрийн биеэр аваачиж өгсөн юм. Номын урилгыг хүлээж авахад олон жилийн арга технологи нь нүдэнд харагдах шиг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудын бас нэг ширээний ном бий болжээ гэж баярлаж хүлээж авсан шүү хэмээн онцлов.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл:

-Манайх судалгааны байгууллага. “Би судлаач” гээд судлаач хүүхдийг багаас нь бэлтгэж байгаа юм байна. Арав, хорин жилийн дараа манай хүрээлэнд судлаач суурьтай хүүхдүүд орж ирэх юм байна гэж бэлгэшээж байна. Бид гадныхнаар дамжуулж, монголоо мэддэг гэж Б.Жадамба багшийн хэлсэнтэй санал нийлж байна. Германы нэг судлаач Монголд ирсэн юм. Түүнтэй хамт хөдөө явж байсан чинь морьтой хүүхэд явж байна. Нөгөө судлаач “Ямар сонин юм бэ, хүүхэд ганцаараа явж байна” гээд хүүтэй хэсэг ярилцлаа. Хаашаа явж байна гэсэн чинь “Адуундаа явж байна” гэнэ. Хэдэн адуутай вэ гэхэд “Манайх дөчөөд адуутай,700-800 орчим хоньтой” гэлээ. Чи хоёр дээр хоёрыг нэмж чадах уу гэхээр “Үгүй” гэсэн. Тэгсэн мөртлөө том тоог төвөггүй хэлээд байна. Тэр судлаач надад ингэж хэлсэн юм. “Монголчуудын тархинд биг дата заяасан юм байна шүү дээ” гэсэн. Манайханд үндэсний онцлог байна. Энэ өгөгдлөө яаж гаргаж ирэх ёстой юм бэ гэж бодогдсон. Судалгаа, төсөл гэдэг том сонсогддог үгнүүдийг хүүхдэд айхаас нь өмнө биг датад нь байршуулчихвал жинхэнэ ажиллаж чадна гэж бодож байна.

Хамгийн сүүлийн мэдээ НҮБ-ын 77 дахь чуулганы үеэр “Хувьсаж буй боловсрол” сэдвээр дээд хэмжээний уулзалт болсон. Энд олон зүйлийг ярилцсанаас сургалтад гурван зүйл салшгүй юм. Үүнийг ирээдүйд 2050 он хүртэл баримжаалах хэрэгтэй гэсэн нь нэгдүгээрт эргэцүүлэн бодох, хоёрдугаарт нь судалгаа, гуравдугаарт нь хамтын ажиллагаа гэдэг зүйл байх ёстой гэсэн. 160 гаруй орны төлөөлөгчид оролцсон хурлаар дуу нэгтэй баталсан. Энэ зүйл байгаа учраас энэ номыг би өөрөөсөө салгахгүй барьж аваад байгаа юм. Та бүхэнд амжилт хүсье гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа талархалтай байна. Цар тахлыг даван туулаад энд бүгд маскгүй сууж байна гэдэг баяр. Энэ ч гэсэн бид өдөр тутам суралцаж байгаагийн нэг илрэл. Монголын ард түмэн энэ өдрүүдийг даван туулаад, давуу тал болгож байгаа нь бодит байдал. Ковидын үед бид гэртээ зүгээр суугаагүй. Оюуны бүтээл туурвиж байсны үр дүн энэ ном. Хоёр жилийн хөл хорионы дараа есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож,үг хэлэхдээ хоолой зангирч, нулимс цийлэгнээд байсан. Хүн төрлөхтөн маш том сорилтыг даван туулсан гэдгийг тэр үед мэдэрсэн. Гэхдээ тэнд хамгийн их баяртай байсан нь хүүхдүүд. Цэцэрлэгийн нээлтэд очиход хүүхдүүд уйлахгүй хүний мөрөөсөл болсон байв. Одоо хүүхдүүд ч огт өөр болсон. Тийм учраас энэ бүтээлийг цаг үеэ олсон гэж бодож байна хэмээн дүгнэсэн.

“Үй цай” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч хоёр ихэр хүүгийн аав Д.Одгэрэл: – Боловсролын салбарт инноваци бүтээж чадсан “Үй цай” сургуулийн Д.Баяраа багштай хамт олонд баяр хүргэе. Манай хүүхдүүд дөрөвдүгээр ангид сурдаг. Нэгдүгээр ангид байхад нь хоёр хүүхдийнхээ судалгаанд оролцдог, миний оролцоо их байсан. Одоо бол нөгөө хоёртоо гологдох шинжтэй байна. Хүүхдүүд маань төсөлт ажил хийхийн тулд багаар ажиллаж сурч байна. Юмыг маш сайн задлан шинжилдэг боллоо. Шүүн тунгаадаг болж байна. “Үй цай” сургуулийн хамт олон 25 жилийн цуцалтгүй хөдөлмөрөөр олж авсан туршлагаа бусадтайгаа хуваалцахаар энэ сайхан онол, практикын гарын авлага бүтээсэн нь туйлын таатай байна. Миний хүүхдүүд энэ арга технологиор хөгжиж байна. Бусад хүүхдүүд ч адилхан хөгжөөсэй гэж хүсч байна. Энэ хөтөлбөр, технологийг олон сургууль нэвтрүүлээсэй. Эцэг, эхчүүдээ төлөөлж, хүүхдүүдэд маань маш сайн боловсрол олгож, сайн хүн болгож төлөвшүүлж байгаад баярлалаа гэв.

Хүүхдийн зохиолч О.Сундуй: “Үй цай” сургуулийн уранзохиолын багш байсан хүн шүү дээ, би. Уран зохиолын багш учраас уранзохиол талаас нь ярья. Өнөөдөр уранзохиолын чиг хандлага бичигдсэн зүйлийг ойлгох гэхээсээ түүнд бичигдээгүй, зохиолын төгсгөлд шийдэгдээгүй зүйлийг ойлгох уншигчийг дэлхий нийтээр хүлээж байна. Байгаа юмыг байгаагаар нь ойлгодог биш судалдаг хайдаг, тулгарч байгаа асуудалд шийдэл болох гарц олдог уншигчийг шилдэг уншигч, тийм уранзохиолыг шилдэгт тооцож байна. Сурагчдын хэрэгжүүлж байгаа энэ судалгаа шилдэг уншигч, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна. Гэхдээ энэ бүхэн Д.Баяраа багшийн хувьд шинэ юм биш байх л даа. 1989 онд Д.Баяраа багш хэсэг оюутныг Дорноговийн Даланжаргал руу дагуулж яваад “Нөхөд минь, танхимд та нар юм сурахгүй ээ, хүүхэд судал” гээд галт тэргээр авч явж байсан хэдэн оюутны нэг нь би байгаа юм. Тэр үед л судлаач оюутан гээд ярьж байсан хүн, одоо судлаач сурагч руу орсон байна хэмээн түүх сөхлөө.

Номын гол баатрууд болох судлаач хүүхдүүдтэй ярилцав.

“Үй цай” сургуулийн наймдугаар ангийн сурагч М.Буянбилэг: Би зургадугаар ангид байхдаа монгол, хятад хэл дээр харьцуулсан судалгаа хийхдээ “Уран дүрслэл” гэдэг сэдэв аваад, “Усан доогуур 20 000 бээр аяласан нь” номын эхний найман бүлгийг монгол, хятад хэл дээр харьцуулж уншсан юм. Уран дүрслэлтэй холбоотой жишээнүүдийг түүн, монгол хэл дээр уран дүрслэлийн ийм ийм төрлүүд байна. Тэдгээр нь энэ зохиолд ингэж гарч ирээд, тэр нь хятад хэл дээр ингэж буусан байна. Уран дүрслэл нь тухайн улсынхаа сэтгэлгээний онцлог, аж ахуй соёл, зан заншилтай нягт холбоотой байдаг. Хэл гэдэг тухай үндэстний эрт үеэс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн уламжлалтай нь холбоотой учраас монгол, хятад хэлний ялгааг үндэс угсаатай нь холбож тайлбарласан юм. Хятад хэл дээр гарч ирж байгаа уран дүрслэлүүд монгол хэл дээр олдохгүй, энгийнээр товчлоод хэлчихсэн хэсгүүд ч таарсан хэмээн сонирхуулав.

“Үй цай” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч М.Амарсанаа:

– “Тарвас” сэдэвт илтгэл, судалгааг би есдүгээр ангидаа хийж байсан юм. Багш, ажилтнуудын дэмжлэгтэйгээр судалгаагаа үргэлжлүүлж, хүнсний захуудаар явж, тарвасны сортуудын ялгааг худалдаачдаас асуун, сургуулийнхаа сурагчдаас тарвасны талаар мэдлэг мэдээлэл ямархуу байгааг судалж байлаа. Энэхүү судалгааг хийсэнээр бие даан судлах чадвар нэмэгдэж, асуудлыг олон талаас нь харж, шинжлэх ухааны үүднээс харах олон олон чадваруудыг эзэмшиж байна. Сэдвээ сонгох гэж их эргэлзсэн. Аав, ээж багш нартайгаа ярилцаж байгаад энэ сэдвийг сонговол өргөн хүрээтэй, ач холбогдолтой гэж үзсэн юм. Дээр нь амьдралд ойр сэдэв гэж сонгосон. Би бас тарвасанд дуртай. Газар тариаланг судлах дуртай. Дэлхийн олон оронд өөр өөр уур амьсгалд ямар ямар хүнсний бүтээгдэхүүн ургадаг талаар судлах сонирхолтой байгаа гэлээ.

А үсгээ геометрийн гурвалжин хэмээн судалж буй бяцхан охин “Үй цай “төгсөгч ах, эгч нарынхаа адил дэлхийд нэртэй их сургуульд суралцаж, Монголоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.