Categories
мэдээ цаг-үе

​Б.Лхагважав: Төрийн гурван өндөрлөг анх удаа Таван толгой дээр нэгдсэн, одоо л явах байх, гэхдээ…

Монголын эдийн засаг макро түвшинд сайжирч байна. Сүүлийн хэдэн жилд анх удаа эдийн засгийн итгэлийн индекс өөдрөг гарчээ. Гэвч Таван толгой хөдөлж, Оюу толгойн нэмэлт хөрөнгө оруулалтын гэрээг хянах, банкуудын хөрөнгийн дутагдлыг төрөөс нөхөх зэрэг нийгмийн дунд маргаан өрнүүлсэн үйл явдал өрнөлөө. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд анх удаа итгэлийн индекс өөдрөг гарсан байна. Юу нөлөөлөв?

-Мэдээж олон зүйл нөлөөлсөн. Гэхдээ гол нөлөөлөл 2014 оноос эхэлж хийгдсэн татварын системийн өөрчлөлт гэж тооцож байгаа. Түүн дотроо НӨАТ-ын хууль гол нөлөө үзүүлсэн. Дээр нь уул уурхайн эрдсийн үнийн өсөлт, ил тод байдлын тухай хуулиуд гол нөлөө үзүүлсэн. Бид 2013-2016 оны дунд үе хүртэл нэлээд хямарлаа. Тийм учраас дараагийн сэргэж байгаа үедээ их ухаалаг байх хэрэгтэй. Индекс сэргэнэ гэдэг нь нийгэм бодлогыг дэмжиж байгаа үзүүлэлт. Бас ирээдүйд явуулах бодлогыг дэмжихийн баталгаа.

-Ил тод байдлын тухай хууль тийм их нөлөө үзүүлж чадсан уу?

-Энэ хууль хэрэгжих хугацаанд 33 мянган компани 35 шахам их наяд бараа, үйлчилгээ, орлогоо ил тод болгосон тайлангаа цэвэрлэж авсан. Өмчийн харилцаа цэвэр болсон.

-Та эдийн засгийн ихэнх нь далд байна гэж ярьдаг. Одоо хэдэн хувь нь далд үлдсэн бол?

-НӨАТ-ын хуулиар 2016 онд 207 сая талон хэвлээд 34.5 их наяд төгрөгийн гүйлгээг тэмдэглэсэн. 2017 онд 250 шахам сая талон хэвлээд 54 их наяд төгрөгийн гүйлгээг тэмдэглэсэн. Ганц жилийн дотор орлогын эх үүсвэрийн гүйлгээ 20 их наяд төгрөгөөр өссөн. Тэгвэл манай ДНБ 27 их наяд төгрөг, төсөв 7.2 их наяд төгрөг шүү дээ. Эндээс харвал эдийн засаг лав л 50 хувь нь далд байсан байна.

-Хаанаас энэ их мөнгө гарч ирэв?

-Энэ мөнгө 20-иод жилийн турш байж л байсан. Бүртгэлгүй учраас татвар төлдөггүй байсан байхгүй юу.

-Одоо НӨАТ тэмдэглэдэг хэдэн машин байна?

-70 мянга бий. Дээр нь 70 мянгын орон зай байна.

-Макро эдийн засаг өсөөд байхад нийгмийн амьжиргаа сайжрахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Банк, татварын системд өөрчлөлтхийж байна. Одоо эл байдал өөрчлөгдөнө. Систем өөрчилж байж макро өсөлт микро түвшинд нөлөө үзүүлнэ. Үнэндээ макро эдийн засгийн өсөлт гэдэг чинь зүгээр л тоо. ДНБ-ний 93 хувийг манай ТОП-100 компани үйлдвэрлэж байна шүү дээ.

-Банкууд эрсдэлд орвол төрөөс 500 гаруй тэрбум төгрөг гаргах хууль батлагдлаа. Та зөв гэж үзэж байна уу?

-Арилжааны банкуудын хөрөнгийг өсгөх гэж төр мөнгө гаргаж байгаа нь буруу. Хамгийн их ашигтай ажиллаж байгаа салбарт мөнгө гаргах гэж байна. Татварын орлого 800 тэрбумаар давсан. Тэгвэл яагаад хүнд байдал орсон барилгын салбарыг дэмжихгүй байгаа юм. Дөрвөн их наяд төгрөгийн орон сууц зарагдахгүй байгаа. Цахилгаан станц гээд хөрөнгө хэрэгтэй бусад салбар байна. Нийтийн гол хүч бол хувийн хэвшил бүтээх боломжгүй салбарт зарцуулдаг байхгүй юу. Татвар төлөгчдөд өгч болно шүү дээ.

-“Май” гээд тараагаад өгчих юм уу?

-Яг наад асуудлыг чинь хуульчлах хэрэгтэй байгаа юм. Нийтийн мөнгийг зарцуулах хууль батлах хэрэгтэй. Ийм хуульгүйгээс эдийн засгийн хямрал үүсээд байгаа юм. Нийтийн мөнгийг хувь хүн үзэмжээрээ зарцуулдаг эрхтэй. Энэ байдлыг зогсоохгүй бол их мөнгө харахаараа хямраад байдаг тогтолцоо үүсэх гээд байна. Ний нуугүй хэлэхэд АН-ын үед орж ирсэн мөнгийг гуравхан дарга хуваарилсан. Үүнээс маш том алдаа үүссэн. Өнөөдөр бас энэ алдаа руу яваад байна. МАН-д сануулаад байгаа. Төсвийн менежмэнтээ ОУВС-гаар хийлгэх болтлоо арчаагаа алдлаа.

-Нийтийн мөнгө гэж юу вэ?

-Татвар, даатгалын мөнгө. Манай Үндсэн хуульд ч нийтийн мөнгөний дахин хуваарлилтыг суулгажөгөөгүй байгаа юм. Өнөөдөр 800 тэрбум ороод ирэхэд л ямар ч хамаагүй банкинд өгөх шийдвэр гаргаж байна.

-Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалтын Дубайн гэрээг буруутгаж байна.

-Оюу толгойн асуудлаар 2009 оноос хойш би яриагүй. Оюу толгой бол сүүлийн 30 жилд хийсэн анхны том хөрөнгө оруулалт. Төр оролцсон. Гэрээнд оролцсон хүмүүсийг төр шоронд хийсэн.

-Оюу толгойн гэрээ зурагдаж байхад та хаана байсан бэ?

-Гэрээнд гарын үсэг зурагдах өдөр товлосон цагаасаа гурван цаг хойшилсон. Яагаад гэвэл миний санал болгосончлон Засгийн газрын сайд нарт гарын үсэг зурах эрхийг өгөөгүй байсан. Тэгээд Ерөнхий сайд С.Баяр ээлжит бус хуралдаан зарлаж зурах эрхийг өгсөн.

-Сайд нарт гарын үсэг эрх олгох саналыг та тавьсан юм уу?

-Тийм.

-Яагаад?

-Гэрээнд гарын үсэг зурсан ч, гэрээ хүчин төгөлдөр болоод ид ашиг орлоготой болох үед Оюу толгойнхон гэрээг бүхэлд нь хүчингүй болох эрхтэй үлдэх гээд байсан юм.

-Яаж?

-Тэд дуртай үедээ “Танай сайд нар гэрээнд гарын үсэг зурах эрхгүй байсан байна” гээд шүүхдэх хаалга нээгдэх байсан юм. Үүнийг нөгөө тал маш сайн мэдэж байгаа ч, дуугай л суугаад байсан. Тэр С.Баярцогтын бууруулсан гээд байгаа нэг тэрбум чинь төр иргэний нийгэм хамтран ашигт малтмалын хуулийг ашиглан хийсэн юм шүү дээ.

-Оюу толгойг ашигласнаар ямар гарз гарч, олз олов?

-Өнгөрсөн жил 500 шахам тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Нийслэлийн төсвөөс авсан мөнгө шүү дээ. -Дубайн гэрээг буруутгаж байна?

-Энэ бол Монголын төртэй хийсэн гэрээ. Хэрэв үүнийг буруутгаж байгаа бол дахин Монголын төрд итгэж гэрээ байгуулах хөрөнгө оруулагч олдохгүй.

-Таван толгой хөдлөх тухай ярьж байна?

-Иргэний хөдөлгөөн тэмцэж байж 2007 онд иргэдэд 1072 ширхэг хувьцааг авч өгсөн. Таван толгой маш том улс төрийн зөвшлөөр л хөдөлнө. Сүүлийн арван жил энэ асуудал төрийн гурван өндөрлөг нэгдэж чадаагүй. Харин энэ удаа ямар ч байсан нэгдсэн бодлоготой боллоо. Өөр бас хэдэн том төсөл бий. Үнэнийг хэлэхэд энэ төслүүд төрийн гурван өндөрлөг нэгдсэн тохиолдолд явдаг юм.

-Иргэдийн 1072 ширхэгхувьцааг хэн төлөөлж байна?

-Өнөөдөр хуульчлагдаагүй учраас хэн ч төлөөлөөгүй. Би бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч төлөөлж болно гэж боддог.

-Өнөөдөр төрийн гурван өндөрлөг нэгдэж чадсан уу?

-Яг энэ агшинд нэгдэж чадсан. Тийм учраас Таван толгой явна. Гэхдээ энэ гурвын нэгдэл хэр удаан оршин тогтнохоос хэрэгжилт хамаарна.

-УИХ энэ олон гэрээг хийж барах уу?

-Хөрөнгө оруулалт бараг байхгүй болсон 2013 онд УИХ сандраад том хөрөнгө оруулалтын гэрээний эрхийг нэг шат бууруулаад Засгийн газарт өгсөн. Хуульчилсан. Энэ эрхийн дагуу Бямбасайхан гэрээнд гарын үсэг зурсан юм. Ийм шийдвэр гаргачихаар Ерөнхий сайд илүү эрхтэй болно биз дээ. Тэгэхээр нөгөө хоёр нь гацаагаад байдаг байхгүй юу. Харин Таван толгойн хувьд энэ удаа тэд нэгдэж байна.

-Таван толгойн хувьцаа гаргах ажлыг Монголын хөрөнгийн бирж барах уу?

-Манайх ашигт малтмалын хуулийг хийхдээ 5.6 гэсэн заалт оруулсан. Тэр нь стратегийн ордод хөрөнгө оруулалтын компани өөрийн хувьцааны арваас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалт. Оюу толгой, Таван толгой хоёулаа зараагүй.

-Яагаад?

-Анх Оюу толгойн гэрээ зурагдахад маш их хүлээлт байсан. Тэр үед Оюу толгой хувьцаагаа Монголын хөрөнгөөр зарсан бол энэ ягаан байшин босоод ирэх байсан. Гэтэл гэрээнд энэ бүхнийг тусгаагүй. Дараа нь 1072 хувьцаа гарахад бас боломж байсан. Гэтэл бас л ашиглаагүй.

-Цаашдаа яах ёстой вэ?

-Энэ бирж амьдралын шаардлагаар гарч ирээгүй, дарга нарын зохиосон муу дугуй. Тиймээс таатай нөхцөлийг өөрсдөө ашиглаж чадахгүй өрөөлд ашиглуулдаггүй зүгээр л нэг байшин болчихсон байхгүй юу.

-Биржийг хувьчлах нь зөв үү?

-Үхдэггүй, сэхдэггүй юмыг хувьчилсан дээр дээ. 50-60 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн юмыг дараад хэвтээд байж болохгүй биз дээ. Биржийг аль нэг компани хувь хүн аваад дангаараа цааш нь явуулж чадахгүй л дээ.

-Та энэ гоё юмнуудаа Ерөнхий сайд, Сангийн сайд нарт ярьдаг уу?

-Ярилгүй яахав. Би Ерөнхий сайдад “Танхим та бүхнийг дэмжиж байна. Дөрвөн жил унасан эдийн засаг дөнгөж сэргэж байна. Эдийн засгийг сэргээх нь зөвхөн Засгийн газрын ажил биш.

-Бараг сөрөг хүчингүй Ерөнхий сайдад бодлогоо хэрэгжүүлэхэд асуудал байхгүй биз дээ?

-Сая татварын хууль баталж байгааг харахад огцорсон нөхдүүд багахан саад хийгээсэй гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Баттамир: Дата мэдээллээ алдсан байгууллага дампуурахаас өөр зам байхгүй

Өчигдөр Шинжлэх ухаан, технологийн санд БСШУCЯ технологийн “Айтүүлс” компанитай хамтран “Төр хувийн хэвшлийн түншлэл 2018” хэлэлцүүлгийг залуу судлаачдад зориулан зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох “Дата мэдээллийн сан нь бизнесийн үнэт суурь болох нь” илтгэлийг судлаач А.Баттамир тавьсан юм. Тэрээр “Айтүүлс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашдаг, 2002 онд ШУТИС-ийн Компьютер, технологи, мэдээллийн сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсжээ. Түүний үзэж буйгаар барууныхан Азийн бүсэнд IT-гийн салбарт нэвтрэх сонирхолтой. Харин энэ том зах зээлийг монголчууд л ашиглах боломжтой гэнэ.


-“Айтүүлс” компани анхны технологийн компанийн хувьцааг маш амжилттай гаргасан. Өнөөдөр хувьцааны үр дүн ямар байна?

-Бид анх хувьцаа гаргахдаа тооцоолсноос гурав дахин их захиалга авсан. Өнөөдөр бидний санал болгосон төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл Дархан хотод баригдах Дата паркийн ажил 60 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Үүнд хувьцаа эзэмшигчид сэтгэл хангалуун байгаа байх.

-Танай паркаар үйлчлүүлэх захиалга ирж байна уу?

-Банкнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Монголбанкны арилжааны банкнууд 200 км газарт нөөц дата баазад мэдээллээ хадгалуулах шийдвэр байдаг. Энэ дагуу арилжааны банкнуудтай бид хамтран ажиллана.

-Таны илтгэлд гарсан дижитал бизнес гэж юу вэ?

-Дижитал бизнес гэдэг нь өнгөрсөн хугацаанд хийсэн бизнес илүү цахимжих тухай ойлголт. Манай уламжлалт бизнес цаасан дээр тэмдэглэгдэж үлддэг. Үндсэндээ ганц хувь л байдаг. Хэрэв тэр цаас алга болох, үрэгдэх тохиолдолд бизнесийн түүх, баримт устана. Нийгэм асар хурдтай хөгжиж байгаа нөхцөлд бүх зүйл цахим болж байна. Үүнээс үүдээд дижитал бизнес нь бизнесийн хөгжлийн үндсэн суурь болж байгаа юм. Тиймээс бизнесийн загвараа өөрчлөх ёстой болж байна.

-Бизнесмэнүүд үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Хүмүүс банк орохгүйгээр мөнгөө авчихаж байна, дэлгүүрт бэлэн мөнгөгүйгээр худалдаа хийж байна, автобусанд карт уншуулаад зорчиж байна. Энэ бүхэн дижитал бизнесийн нэг хэсэг. Технологийг ашигласнаар бизнесийн зардал буурах, үйлчилгээний хурд, хүртээмж, ашиг орлого нэмэгдэж байна. Энэ бүхэн бизнесийн түүхийг эргээд ашиглах боломж олгоно. Өнгөрсөн түүхээ ашиглаад бизнесээ шинэ шатанд гаргахад маш чухал. Харин энэ тал дээр компаниуд маань хангалттай сайн ажиллаж чадахгүй байна.

-Компаниуд юу хийх ёстой вэ?

-Манай монголын зүйр цэцэн үг байдаг. “Айлаас эрэхээр, авдраа ух” гэдэг. Хэн нэг нь гаднаас ирээд бидний бизнесийг сайжруулна гэж байхгүй. Өөрсдөө байгаа бизнес түүхээ хараад, анализ хийж сурах хэрэгтэй. Өмнөх түүхэнд юунаас ашиг олж, юунаас алдагдал хүлээв гэдгээ тооцож сурах хэрэгтэй. Компанид маш их мэдээлэл байдаг ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд, хэрэгжсэн төслүүд. Хэрэгжилтийн явц, санхүү бүртгэл, зардлын тооцоо, ажилтнуудын компьютерт хүртэл их хэмжээний мэдээлэл хадгалагдаж байгаа. Энэ бүхнийгээ нэгтгээд анализ хийвэл алдаа, оноо харагдана. Тэгээд цаашдын төлөвлөлтөө хийх хэрэгтэй.

-Танайд байршуулсан мэдээлэл ямар баталгаатай вэ?

-Компаниудын байршуулсан мэдээлэлд бид орох эрх байхгүй. Зөвхөн үйлчлүүлэгч л орж чадна.

-Манай улсад мэдээллийн аюулгүй байдал хангагдсан уу?

-Маш сул байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь маш өргөн ойлголт. Энэ бол компьютертээ ямар нэг төхөөрөмж, программ суулгаад хамгаалах ойлголт биш. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өрсөлдөгчдөө болон олон нийтэд нууц мэдээллээ алдахгүй байх тухай ойлголт юм. Эрсдэл үүсээд мэдээллээ алдах, устах тохиолдолд бизнесээ яаж тасралтгүй явуулах вэ, мэдээллээ яаж сэргээх гэдэг асуудал юм. Аюулгүй байдалд лицензтэй программууд, оюуны өмчийн асуудал, ажилтнуудын ёс зүй хүртэл хамрагдана. Банкнууд гэх мэт санхүүгийн чадвартай байгууллагууд энэ нөхцөлийг хангаж чадаж байна. Жижиг дунд компаниуд харин мэдээллийнхээ аюулгүй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.

-Дата баазыг яагаад Дарханд байгуулах болсон бэ?

-Дархан хот дэд бүтэц сайтай. Одоогоор манай улсын ихэнх дата Улаанбаатарт төвлөрсөн байна. Ямар нэгэн эрсдэл, жишээлбэл газар хөдлөлөө гэхэд манай дата мэдээллүүд устах аюул бий.

-Манай дата мэдээлэл Улаанбаатарын төвд төвлөрсөн гэдэг нь…

-Хүн амын төвлөрлийг дагаад маш олон зүйл төвлөрдөг. Үүний нэг нь дата мэдээлэл. Гэтэл хөрөнгө оруулалтын нэг зарчим байдаг. “Алтан өндөгнүүдээ нэг сагсанд бүү хадгал” гэдэг. Сагсаа алдчихвал бүх өндгөө алдана. Бид алтан өндөгнөөс дутуугүй үнэт мэдээллээ ганцхан сагсанд хийчихсэн. Харин дата мэдээлэл хадгалах өөр нэг сагс нь Дарханд байгуулсан дата бааз. Манай дата мэдээлэл үндсэндээ Төв шуудан Монголбанкны хооронд л хадгалагдаж байна. Маш олон эрсдэлүүдээс манайд газар хөдлөлтийн эрсдэл өндөр. Дата уствал Монгол Улс маш хүнд байдалд орно.

-Дата уствал ямар эрсдэл үүсэх вэ?

-Орчин цагт энэ үзэгдлийг сүйрэл дээрх сүйрэл гэж үздэг. Маш их мэдээлэл устана. Төрийн мэдээлэл, тэр бүү хэл хүн нас барсны дараа ч дата нь үйлчилж байдаг. Гэрээ хэлэлцээр, өв залгамжлал, өмчийн бүртгэл гээд олон зүйл байхгүй болно. Хэрвээ датагаа сэргээж авч чадахгүй бол бизнес тэр чигээрээ зогсоно.

-Танай компанийн ирээдүй ямар байх бол?

-Мэдээллийн технологийн зах зээл байнга өсөж байна. Сонирхолтой судалгаанууд бий. Жишээлбэл, гар утасны хэрэглээ өсөхөөр суурин компьютерийн хэрэглээ буурна. Бүр хурдацтай өсөж байгаа нь серверүүдийн үйлдвэрлэл. Энэ нь бизнесүүд дижитал болоод байна гэсэн үг. Энэ хэрээр дата өснө. Түүнийг хадгалах болон боловсруулах хэрэглээ тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бизнес өсөх тусам манай дата баазын хэрэглээ өсөөд л байна.

-Япончууд та нартай ямар хэлбэрээр түншилж байна?

-Япончууд бидэнтэй эхний ээлжинд уламжлалт дата төвийн хэлбэрээр хамтран ажиллах, өөрөөр хэлбэр серверээ байршуулаад дата төвийг ашиглах. Хоёр дахь хувилбар нь крипто болон блокчейнтэй холбоотой үйлдвэрлэл. Үүнийг ашиглахад асар их цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж ашигладаг. Манай хувьд крипто валют олборлох 10 мянган тоног төхөөрөмж оруулж ирэх боломжтой. Нэг тоног төхөөрөмж жилд 5.2тн нүүрснээс гаргах цахилгаан хэрэглэнэ. Тэгэхээр Японы нүүрсний импортын зургаа орчим хувьтай тэнцэж байна. Үүнийг дагаад эрчим хүчний салбар дэмжигдэнэ.

-Крипто валют олборлох хууль эрх зүйн орчин байгаа юу?

-Технологи ийм хурдтай хөгжиж байхад бид түүнийг амдаж ашиглах чиглэлээр явж байна. Энэ чиглэлээр ажиллахаас өөр замгүй. Монголд крипто валютыг хоригловол дахиад л нэг том зүйлээс хоцорно гэсэн үг.

-Өмнө нь ямар нэгэн зүйлээс хоцорсон юм уу?

-Маш олон зүйлээс хоцорсон.

-Жишээлбэл?

-Мэдээллийн технологи. Тодорхой яривал сошиал сүлжээ. Монголчууд бүгд фэйсбүүк, твиттер хэрэглэж байна. Тэгвэл Хятад өөрийн гэсэн вичат, Орос Яндекс, өөрсдийн сүлжээтэй болсон. Бид мэдээллийн технологид хөрөнгө оруулахгүй, төр дэмжээгүй учраас энэ зах зээлийг алдсан. Саяхан 1985 онд компьютер үйлдвэрлээд зохиогчийн эрхээ авсан монгол залуусын тухай мэдээлэл гарсан. Тэр үед бидэнд чадвар байсан. Гэхдээ төр түүнийг дэмжээд, хөгжүүлээд яваагүй. Ингээд хоёр хөрштэйгөө мэдээллийн технологиор зэрэгцэн алхах боломжоо алдчихаж байгаа юм.

-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар арга хэмээ авах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, саад болохгүй байх хэрэгтэй.

-Яаж саад болж байна?

-Жишээлбэл, цахим бодлого гэж ярихаар улстөрчид нөгөө л сошиал сүлжээгээр төсөөлдөг. Асуудлыг ганц л өнцгөөс хараад янз бүрийн тайлбар хийгээд байдаг. Гэтэл нөгөө талд маш олон сайн талууд байгааг ойлгодоггүй. Цахимжуулалтын бодлогыг төрөөс нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ёстой.

-Өнөөдөр хувь хүн баахан карт авч явдаг болсон. Цахим картуудыг нэгтгэх, “Голомт банк шиг хурууны хээгээр үйлчлэх боломж байхгүй юу?

-Энэ асуудал дэлхийд аль хэдийнэ шийдэгдсэн. Манайх л 10 жилийн өмнөх байдлаасаа гарахгүй байна. Төр нэгдсэн бодлогоор л хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм.

-Цаашдаа Монголд дата бааз хөгжүүлэх зах зээл байна уу?

-Маш их боломж бий. Өвөг дээдсээс заяасан газар нутгийн байршил байна. Уламжлалт сэтгэлгээгээр хандвал бид далайд гарцгүй, хоёрхон хөрштэй гэх мэт олон гачлан тоочиж болно. Харин мэдээллийн технологийн нүдээр харвал хоёр том зах зээл, хоёр том хамгаалагчтай байгаа юм. Энэ технологийн хувьд хөршүүд маань биднийг 24 цагаар хамгаалж байгаа бие хамгаалагчид байхгүй юу. Япон болон барууны өндөр хөгжилтэй орнууд Евразийн энэ том хавтан дээр нэг дата баазаа байгуулаад дата мэдээллээ хадгалах сонирхол маш их байна. Гэхдээ Хятадад хэн ч датагаа хадгалуулахгүй. Орост мөн адил. Янз бүрийн эрсдэл өндөр. Барууныханд хамгийн боломжтой байрлал Монгол. Газар зүйн давуу байрлал дээр нэмэгдээд цахилгаан хямдаар үйлдвэрлэх боломжтой. Сэргээгдэх болон эрчим хүчний нөөц маш их. Энэ нь манай давуу тал.

-Энэ салбар тийм их цахилгаан хэрэглэх үү?

-Энэ салбарын үндсэн түүхий эд нь цахилгаан. Бид нүүрс зарах гэж үйлээ үзсэнээс хямд цахилгаан үйлдвэрлээд мэдээллийн технологио хөгжүүлбэл нүүрс зарснаас илүү их ашиг олно. Бас нэг давуу тал нь манай орон сэрүүн цаг ууртай бүсэд хамаардаг. Серверт хэрэглэх цахилгааны 50 хувь нь түүнийг хөргөхөд зарцуулдаг. Энэ нөхцөл Монголын дата баазыг асар өндөр өрсөлдөх чадвартай болгож байгаа юм.

-Энэ боломжийг яаж ашиглах вэ?

-Монголд датааг хадгалах эрх зүйн орчин алга. Манай улс Швейцарь улс шиг датааг хамаалдаг, өгөгдөл хамгааллын хууль хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр дата руу орохгүй байх хууль эрх зүйн орчныг баталгаажуулах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Монголбанк арилжааны банкуудад хариуцлага тооцож эхэллээ

Өчигдөр Монголбанкнаас нэгэн сонирхолтой мэдээлэл хийлээ. Монголбанкныхны үзэж буйгаар сүүлийн үед УИХ дээр шуурхай горимоор хэлэлцэгдэж байгаа Банкны дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн талаар санаатай, санаандгүй худал мэдээ мэдээллийн хэрэгслээр түгж байгаа гэнэ. Тус хууль зургаан бүлэг, 16 зүйлтэй. Гэхдээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн агуулга арилжааны банкуудын чанар буурсан зээл болох 510 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг банкууд өөрсдөө ирэх оноос өмнө бүрдүүлнэ. Хэрэв бүрдүүлэхгүй бол төр оролцож банкны хөрөнгө оруулагчдын хувийг эзэмших замаар тус хөрөнгийг босгож банкинд менежмэнт хийнэ. Мэдээж ямар банкны хөрөнгө оруулагч энэ бүхнийг хүсэхгүй тийм учраас энэ хэмжээний хөрөнгийг банкууд ирэх он гэхэд босгож амжина. Энэ нь тус хууль хэрэгжихгүй гэсэн таамаг мэргэжилтнүүдэд төрүүлж байгаа аж. Харин хуулийг УИХ-ын гишүүд банкны эрсдэлийн хамгаалагч гэж үзэж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар гал хамгаалагч шатахгүй байж болно. Гэхдээ шатсан тохиолдолд өмнө банк, Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан үе шиг үймж бужигнахгүй асуудлыг шийдэх гарц гэнэ. Энэ нь төв банкнаас арилжааны банкуудтай хариуцлага тооцох анхны хууль зүйн орчин аж. Энэ хуулиар иргэдийн банкинд хадгалуулсан мөнгө эрсдэлээс баталгаатай аврагдахаас гадна, олон нийт болон олон улсын санхүүгийн байгууллагуудын Монголын банкуудад итгэх итгэлийг сэргээнэ.

Дээрх хуулийн талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.


-Монголбанкнаас сүүлийн үед ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Монголбанкнаас “Банкны эрх зүйн шинэчлэл” нэртэй хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь банкуудын эрх зүйн орчинг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх, олон улсын стандартад хүргэх зорилго агуулж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Монголын банкны системд хуулиар зохицуулах олон шинэ харилцаа үүссэн. Гэтэл тэдгээрийг зохицуулах эрх зүйн орчин алга. Тиймээс Монголбанкнаас дээрх харилцааг зохицуулах зорилгоор арав гаруй хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөсөн.

-Яг ямар хуулиудад өөрчлөлт орж байгаа вэ?

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиудад оруулсан. Одоо Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль УИХ дээр яригдаж байна.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлт гэдэг нь юу вэ?

-Банк үйл ажиллагаа хэвийн явуулахын тулд банкууд өөрсдөө санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байж олны итгэлийг хүлээнэ.

-Энэ санхүүгийн чадавхыг юугаар хэмжих вэ?

-Банкууд өөрсдөө эрсдэлээ хариуцах хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. Банк олон нийтээс хөрөнгө татаж зээл олгож байдаг. Энэ зээл чанаргүйтвэл банк тэр эрсдэлийг өөрийн хөрөнгөөр нөхөх чадвартай байх ёстой. Олон нийтээс татсан хөрөнгөө хэр сайн менежмэнт хийх чадвараар банкны чадавхыг хэмждэг.

-Энэ чадвар алдагдвал ямар аюул дагуулах вэ?

-Үйлчлүүлэгчдийн итгэлийг алдана. Мөн санхүүгийн томоохон асуудал үүснэ. Гадны нөлөөнөөс эсвэл банкны удирдлагын алдаатай бодлогоос шалтгаалж эрсдэл үүсч болно. Энэ тохиолдолд банкинд нэг удаагийн тусламж үзүүлээд эргээд авч болдог. Олон улсын туршлага байдаг. Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль ийм зорилго агуулж байгаа юм.

-Анх удаа банкуудад олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээ хийсэн үү?

-Тэгсэн. Өнгөрсөн онд анх удаа арилжааны банкуудын активт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлээ. Гэхдээ энэ үнэлгээг Монголбанк, ОУВС хийгээгүй, дэлхийд алдартай олон улсын дөрвөн мэргэжлийн байгууллагын нэгээр нь хийлгэсэн.

-Монголбанк өөрөө хийх боломжгүй юу?

-Боломжтой. Гэхдээ ОУВС олон нийтэд илүү итгэлтэй байх зорилгоор олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн байгууллагаар хийлгэхийг зөвлөсөн.

-Монголбанк арилжааны банкуудын байдлыг мэдэж байсан уу?

-Арилжааны банкуудын активын үнэлгээний дүн Монголбанкны төсөөлөлтэй адил гарсан.

-Үнэлгээний дүн яаж гарсан бэ?

-Нийт банкны системд 510 гаруй тэрбум төгрөгийн дутагдаж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ хэмжээний хөрөнгө нийт банкны системд нөлөөлөхөөр дүн биш л дээ.

-Яагаад?

-Цаашид бүтцийн өөрчлөлт хийгээд, маш сайн банкуудтай байхын тулд арилжааны банкууд энэ хэмжээний хөрөнгийг босгох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ одоо бол ямар нэгэн эрсдэл үүсээгүй байгаа.

-Үүсвэл яах вэ?

-Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа олгосон. 2019 он гарахад банкууд дутагдаж болзошгүй хөрөнгөө босгосон байх ёстой.

-Эс чадвал?

-Төр тухайн хөрөнгийг нөхөж менежмэнтийг хариуцна.

-510 гаруй тэрбум төгрөгийн хэмжээг хаанаас тогтоосон бэ?

-Банкууд иргэдээс 15 орчим тэрбум, бусад эх үүсвэрээс 20 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Энэ мөнгийг эрсдэлийн удирдлага хийж бусдад зээлдүүлж байгаа. Харин зээлд эрсдэл учирвал банк өөрийн хөрөнгөөр хаах ёстой.

-Банкны өөрийн хөрөнгө гэдэг нь…

-Хөрөнгө оруулалт хийж банк байгуулсан хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө. Тухайн банк өөрийн эрсдэлийн сантай. Активын чанарын үнэлгээгээр нийт банкуудын олгосон зээлийн чанар буурсан байна. Гэхдээ чанаргүй зээл гэсэн үг биш шүү. Энэ чанар буурсан зээлийн хэмжээ нь 510 гаруй гаруй тэрбум төгрөг байгаа юм.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль батлагдсан ч ирэх он гартал хэрэгжихгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Арилжааны банкууд ирэх он гарахаас өмнө дутагдаж болзошгүй хөрөнгөө босгочихвол энэ хууль үйлчлэх шаардлага байхгүй. Бидний тооцоогоор банкууд энэ хэмжээний мөнгийг босгочих байх.

-Хууль ямар хугацаанд хүчинтэй байх бол?

-Таван жил болох болов уу?

-Нийт банкны системийн олгосон зээл хэд вэ?

-28 гаруй их наяд төгрөг байгаа.

-Олгосон зээлийнхээ хүүгээр дутагдсан хөрөнгөө нөхчих боломжтой байхад заавал хууль гаргах хэрэг байна уу?

-Энэ хууль маань банкууд товлосон хугацаанд, тогтоосон хэмжээний хөрөнгийг бүрдүүлээгүй тохиолдолд л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл дутагдаж болзошгүй хөрөнгийг босгохгүй бол хариуцлага тооцох хуулийн эрх зүйг бүрдүүлж байгаа юм. Манай Үндсэн хуулиар хувийн өмчид зөвхөн хуулиар төр халдах тухай заалт бий.

-Тэгээд хууль гаргаж хувийн банкинд халдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Банкууд хүний мөнгийг эрсдэлд оруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөнөөс гаргуулах тухай асуудал. Банкууд иргэдээс болон бусад эх үүсвэрээс мөнгө татахдаа “өсгөж өгнө” гэсэн амлалтаар авдаг биз дээ. Дараа нь “таны мөнгө” шатчихлаа” гэж болохгүй. Тийм учраас банкны хөрөнгө оруулагчийн өмчид халдаж байгаа харагдавч, нөгөө талдаа итгэж мөнгөө хадгалуулсан олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэг төрд бий.

-УИХ хэр дэмжих бол?

-Ойлгож байгаа. Энэ хуулийг тэд гал хамгаалагч юм байна гэж ярьж байгаа. Гал хамгаалагч шатахгүй бол сайн. Шатвал тухайн үед үймж сандрах хэрэггүй. Бэлэн зохицуулалттай. Буух эзэнтэй. Буцах хаягтай байх нь зөв гэж ярьж байсан.

-Олон улсын ийм туршлага байна уу?

-1997 оны Азийн хямралаар олон Засгийн газрууд ийм арга хэрэгжүүлсэн байдаг. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд ямар ч хуульгүйгээр хэдхэн хоногийн дотор шийдвэр гаргаад банкууддаа хөрөнгө оруулалт хийгээд менежмэнтийг авчихсан.

-Үр дүн?

-Шууд хувийн компанийн хувьцааг худалдаж аваад менежмэнт хийгээд банкуудыг босгочихсон. Зарим Засгийн оруулсан хөрөнгөө өсгөж авсан байдаг. Банкууд ч боссон банкинд мөнгөө хадгалуулагчид хохироогүй. Бид энэ бүхний нарийн судалсны үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан.

-Зарим мэдээллийн хэрэгслээр төрөөс банкуудад мөнгө өгсөн, жил бүр мөнгө өгөх тухай мэдээлэл гарсан.

-Одоогоор нэг ч мөнгө банкуудад өгөөгүй. Энэ хууль хэрэгжвэл ирэх оноос хэрэгжинэ. Бидний төсөөллөөр бараг хэрэгжихгүй байх. Гал хамгаалагч шатна гэж таамаглах хэрэггүй. Шатахгүй байх.

-Банкууд хувьцаа гаргаж болох уу?

-Болно.

-Гадны этгээд банкинд хөрөнгө оруулж болох уу?

-Хуулийн хүрээнд олсон хөрөнгөөр банкинд хэн ч хөрөнгө оруулж болно.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс 2020 онд сая жуулчин хүлээн авна

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг( TICA), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран (GIZ) “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 2018 оны нэгдүгээр сараас эхлээд байна. Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага юм. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар болох аялал жуулчлалыг иргэдийн оролцоотойгоор хөгжүүлж, орон нутагт ажлын байр шинээр бий болгоно. Мөн ядуурлыг бууруулахад салбар хоорондын бодлого, стратегийг уялдуулан ажиллана. Төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих аж. Судалгаагаар орон нутагт аялал жуулчлал хөгжих боломжтой гэдэг нь харагджээ. Жишээлбэл, зөвхөн Увс аймаг өнгөрсөн онд 68 мянган жуулчин хүлээн авсан гэнэ. Монгол Улс 2020 оноос жилдээ сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дээрх төсөл ихээхэн хувь нэмэр оруулна.

Энэ талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”-ийн дэд захирал О.Батболдтой ярилцлаа.


-“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн зорилго юу вэ?

-Энэ төслийг 2018 оны эхнээс Монгол, Герман, Тайланд улс хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Аялал жуулчлал тогтвортой хөгжихөөс гадна, хүртээмжтэй эдийн засаг байх ёстой. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал хөгжихийн зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Энэ өгөөжийг орон нутгийн иргэд хүртэж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж гарна. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр орон нутгийн малчид тариаланчдын орлого нэмэгдэнэ. Улмаар энэ нь ядуурлыг бууруулахад томоохон дэмжлэг үзүүлнэ гэж тооцож байгаа.

-Төсөл дэх Тайланд улсын оролцоо ямар байх бол?

-Тайланд аялал жуулчлалын асар их туршлагатай орон гэдгийг монголчууд мэднэ. Энэ орон 69 сая хүн амтай. Харин энэ жил 39 сая жуулчин хүлээж авахаар тооцож байна. Тайланд жуулчдыг олноор хүлээн авах бодлого баримталдаг. Манайхныг урьж, туршлага солилцож, сургалт явуулж байгаа. Тайланд газар нутгийн байршил, уламжлал гээд олон зүйлээрээ массын аялал жуулчлал хөгжүүлсэн улс. Харин манай улс дэд бүтцээс эхлээд олон шалтгааны улмаас жуулчин олноор хүлээн авах боломж байхгүй өнөөг хүрсэн. Тиймээс бид орон нутгийн иргэдэд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа.

-Өнөөгийн манай аялал жуулчлалын салбар ямар түвшинд байна?

-Дэд бүтцийн сул хөгжил аялал жуулчлалын тоог хязгаарлаад байгаа юм. БОАЖЯ-ны мэдээллээр өнгөрсөн жил 500 орчим мянган жуулчин хүлээн авсан. БОАЖЯ-наас бодлого хэрэгжүүлээд энэ тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ тоонд хүрэх нэг асуудал. Нөгөө талаасаа энэ хэмжээний жуулчдыг хүлээж аваад аялал жуулчлалын компаниуд хэр ашиг олох, орон нутгийн иргэдэд ямар өгөөж өгөхийг тооцох ёстой. Аялал жуулчлалын салбар, манай төслийн зорилго ч энэ чиглэлд явж байгаа. Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр орон нутгийн эдийн засаг сайжирч, иргэдийн орлого нэмэгдэх ёстой.

-Дэд бүтцээс гадна хэлэлцүүлэг дээр жорлонгийн асуудал яригдлаа.

-Гадны жуулчны хувьд бол жорлон гэдэг наад захын хэрэгцээний асуудал. Тэд жуулчлахдаа жорлонгүй газар байна гэж төсөөлдөггүй. Тайландад ажилласан манай багийнхан “Ямар ч жижиг тосгонд очсон жорлонгийн асуудлыг шийдсэн байсан” гэж ярьж байгаа юм. Жорлонгийн асуудал жижиг юм шиг сонсогддог ч аялал жуулчлалын хувьд маш чухал байдаг. Гадны жуулчин “Би Монголд гурав хонохдоо ОО асуудалтай байсан” гэж яривал, түүнийг сонссон ямар ч хүн Монгол руу зүглэхгүй.

-Төсөл хэрэгжих гурван аймаг ямар ажил зохион байгуулах вэ?

-Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд урт хугацааны бодлого боловсруулах хэрэгтэй. Бусад салбаруудынхаа бодлоготой нэгдсэн, уялдсан байх ёстой. Эхний ээлжинд хөтөлбөрүүдээ шинэчилнэ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн үндэсний зөвлөхүүд манай төсөл дээр ажиллаж байна.

-Яагаад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөхүүд гэж?

-Энэ сургууль хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Хөтөлбөр, төгсөгч нь орчин цагийн аялал жуулчлалын стандартыг хангана.

-Яаж аялал жуулчлалаас орон нутгийн иргэд ашиг хүртэх вэ?

-Манайхан Хятадаас янз бүрийн юм авчирч зардаг. Гэтэл бидэнд дотооддоо үйлдвэрлэж болох олон бүтээгдэхүүн байдаг. Тиймээс өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүнээ заавал өмнөд хөршөөс авах шаардлагагүй. Жуулчдад өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж ашгаа хүртэх боломжийг бүрдүүлнэ. Орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлогтой бэлэг дурсгалын зүйл хийх боломж байдаг. Иргэд үүнийгээ ашиглаж чадвал чамгүй ашиг олох боломжтой. Харин энэ нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд, төр засаг иргэд болон компаниудад нээж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл?

-Бид орон даяар “Баянхонгор аймгийн бэлгэ тэмдэг юу байх вэ” гэсэн уралдаан зарлаж байна. Энэ тохиолдолд улс даяар амьдарч байгаа иргэд оролцоно. Тэр тусмаа Баянхонгор аймгийн бусад аймаг хотуудад байгаа иргэд дуртай оролцоно. Тэднээс ямар ч их санаа, санаачилга гарч болно. Тэр санаанууд Баянхонгорын бэлгэ тэмдэг, брэнд болж болно шүү дээ. Ингэснээр Баянхонгор жуулчдад бэлэглэх, худалдах өөрийн гэсэн бэлэгтэй болно. Жуулчид очсон газрынхаа давтагдашгүй зүйлээр гайхуулах хоббитой байдаг.

-Орон нутгийн зам маш муу байдаг.

-Төв замууд гайгүй. Гэхдээ бид аяллын маршрутыг сонирхолтойгоос гадна хөдөө орон нутгийн иргэддээ ашигтайгаар тогтоох хэрэгтэй.

-Айл хэсүүлнэ гэсэн үг үү?

-Жуулчид нэг их тохилог газраар яваад байхыг чухалчилдаггүй. Гэхдээ мэдээж дэд бүтэцтэй газраар явна. Монголд ирсэн жуулчид түүх, өв соёлоос гадна өнөөгийн монгол ахуйтай танилцах сонирхолтой байдаг. Жишээлбэл, малчин айлд очиж айраг хийх, тараг бүрэх, өрөм загсаах, унага татах, үнээ саах зэргийг дэргэдээс нь харах маш их сонирхолтой байдаг. Дэлхий дээр массаараа аялал жуулчлал их хөгжсөн. Харин Монголд бол арай өөр.

-Юугаараа?

-Өнө эртнээс уламжилж ирсэн монгол ахуй, амьдралын хэв маяг сонирхох гэж ирдэг. Энэ тохиолдолд хэдэн зуугаараа ирэхгүй. Тэр бүү хэл мал хариулах, ногоо тарих ажилд туслах гэж ирдэг жуулчид ч нэмэгдэх хандлагатай байгаа.

-Яагаад?

-Өндөр хөгжилтэй орны иргэд асар их стресстэй байна. Монгол шиг үзэсгэлэнт, онгон байгальтай, амгалан тайван, сонирхолтой амьдрал ахуйтай газар нэг хоноход тэдэнд маш сайхан амралт болдог. Үүгээрээ манай орон давуу.

-Увс аймаг дангаараа 70-аад мянган жуулчин авсан байна.

-Тийм. Увс аймаг боломжийг маш сайн ашигласан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх олон санаачилга гаргасан. Үүнийхээ үр дүнг үзсэн. Увсын удирдлагууд хөрш Тувадаа олон арга хэмжээ зохион байгуулж, нутагтаа урьсан. Тувачуудын сонирхлыг татаж чадсан. Бизнесээ хөгжүүлж байна. Манай орны иргэд визгүй зорчдог болохоор манайх руу ирэх нь нэмэгдсэн. Одоо Увс аймагт зочид буудлууд нэмэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

П.Лхагвасүрэн: Оюутнууд барьцаагүй авсан зээлээ зургаан жилийн хугацаанд төлнө

Оюутнуудын сургалтын зээлийг хүү, барьцаагүй олгох Засгийн газрын тогтоол гарсан. Зөвхөн энэ жил энэ зээлд 30 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой. Харин зээл авах шалгуур нь оюутны сурлагын голч дүн. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр боловсролын зээлийн санд 2002 оноос ажилласан. 2016 оноос захирлын албыг хашиж байгаа аж.


-Яагаад зөвхөн сурлагын чанараар зээл өгөх шалгуурыг тавих болов?

-Зах зээлийн эдийн засагт шилжих болсонтой холбоотойгоор дээд боловсролын сургалтыг санхүүжүүлэх асуудал нэлээд түвэгтэй болсон. Харин өнөөгийн нөхцөлд бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах тохиолдолд хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэрийг Засгийн газар олгож байна.

-Нэг оюутанд хэдий хэмжээний зээл олгох вэ?

-Нэг оюутан улиралд арваас дээш кредит цаг авах ёстой. Кредит цагаас хамаарч зээлийн хэмжээ тогтоно.

-Их, дээд сургууль зээлийн ямар шалгууртай вэ?

-Зээл авах оюутан магадлан итгэмжлэгдсэн сургуулийг сонгох ёстой. Харин шинээр элсэж байгаа оюутны элсэлтийн шалгалтын оноо 600-гаас дээш байх ёстой. Оюутнууд 2.8-аас дээш голч дүнтэй байна. Магистр, доктор 3.2-оос дээш голч дүнтэй байж зээлд хамрагдана.

-Юунд итгэж энэ зээлийг олгож байна?

-Ирээдүйн орлогод итгэж олгоно.

-Ирээдүйн орлого гэж юу вэ?

-Сурсан мэргэжлээрээ ирээдүйн ажлын байрнаас олох орлогыг хэлж байгаа юм. Оюутан сургуулиа төгсөөд ажлын байранд гарна. Одоогийн тооцоогоор ажилд орсны дараа сар бүр 140 орчим мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа.

-Ямар хугацаанд төлөх вэ?

-Ажлын байранд гарснаас хойш зургаан жилийн дотор төлж барагдуулна.

-Өмнө нь зээл ямар хэлбэрээр олгодог байсан бэ?

-Анх зээл олголтоор дипломыг нь барьцаалдаг байсан. Оюутны зээлийн хөтөлбөрийг 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дараа нь 2016 оноос оюутны зээлийг банкаар дамжуулан таван хувийн хүүтэй олгож эхэлсэн. Энэ тохиолдолд банкууд барьцаа нэхнэ. Хамтран зээлдэгч шаардлагатай болно. Тийм учраас өмнөх зээлүүдэд маш цөөхөн оюутан хамрагдаж байсан.

-Зээлд хамрагдахад мэргэжил харгалзах уу?

-Тэргүүлэх чиглэл гэж байгаа. Бага ангийн багш, эмч, сувилагч, инженерийн чиглэл гээд баталчихсан жагсаалт бий.

-Энэ тухай мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Манай яамны болон сангийн цахим хуудаснаас Засгийн газрын 71 дүгээр тогтоол гээд хайхаар гараад ирнэ.

-Зээл авсан оюутнууд бултахгүй гэсэн баталгаа бий юу?

-Зээл авсан оюутнууд банкнаас зээл авсантай адил зээлийн мэдээллийн санд бүртгүүлнэ. Оюутанд санхүүгийн түүхийг нээж өгч байгаа юм. Ингэснээр тухайн оюутан ажлын талбар дээр гарсан зээлийн түүх нь дагалдаад явна. Энэ тохиолдолд олсон орлогоос нь зээл төлөгдөөд явах баталгаатай.

-Оюутан өнөөдөр сайн сурч байгаад маргааш сурлага муудвал яах вэ?

-Зээлийг зогсооно. Сайн сурсан тохиолдолд эргээд сэргээж болно.

-Хаяад явчихвал яах вэ?

-Зээлийн бүртгэлийн санд орчихсон учраас аливаа санхүүгийн гүйлгээнээс татаад авна.

-Өмнө их хэмжээний зээл аваад гадаад, дотоодын их, дээд сургууль төгсөөд сураггүй болсон тухай мэдээлэл байсан.

-Энэ талаар жаахан буруу ойлголт нийгэмд тарсан. Их хэмжээний зээл биш. Мэдээж тэр зээлүүд эзэнтэй. Ихэнх нь буцааж төлөгдсөн. Одоо төлөгдөж байгаа зээлүүд ч бий. Ер нь боловсролын зээл аваад алга болох асуудал байхгүй л дээ. Эргэн төлөлтийн хугацааны тухай л асуудал байдаг юм. Гадаад яваад сураггүй болсон хүн байхгүй.

-Гадаадад хүн сургасны үр дүн гарсан уу?

-Гарсан. 2000 хүн сургасан байдаг. Өнөөдөр мэргэжилтнүүд болж ирсэн. Одоо 100 орчим хүний тухай асуудал байгаа. Гэхдээ бид холбогдоод учраа ололцож байна. Болж өгвөл бүр олон хүн гадаадад сургах хэрэгтэй.

-Жишээ байна уу?

-Олон бий. Төрийн соёрхолт инженер Нацагням манай зээлээр сурсан. Хэдэн тэрбум төгрөгийн ашиг эх орондоо оруулж байна. “Хармони” гээд мундаг эмийг хийгээд байгаа залуу бас манай зээлээр сурсан.

-Зээлтэй оюутны ажлын байрны баталгааг хэн гаргах вэ?

-Оюутан өөрөө хичээнэ, сургууль санаа тавина. Өнөөгийнхөөр оюутнуудын ирээдүйг төсөөлж болохгүй. Улс орон хөгжих тусам мэргэжилтэн л үнэд орно. Сайн мэргэжилтнүүд хэзээ ч ажлын байраар хангагддаг. Одоо ч тийм байна.

-Оюутны зээл зөвхөн оюутнаасаа гадна их, дээд сургуулиудад томоохон хөрөнгө оруулалт болно гэж танай сайд хэлсэн.

-Санхүүгийн чадавхаас үл хамааран оюутан сурч чадаж л байвал зээлд хамрагдана. Энэ оюутнаар дамжуулан их, дээд сургуулиудад хөрөнгө оруулах боломжтой болж байна. Зөвхөн энэ жил 75 тэрбум төгрөгийн зээлийг оюутнуудад гаргана. Ирэх жил энэ зээлийг 90 тэрбумд төгрөгт хүргэхээр сайд хөөцөлдөж байгаа.

-Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сургалтын төлбөрийн журам өөрчлөгдсөн үү?

-Өнөөдөр бүтэн өнчин хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс дааж байгаа. Энэ хэвээр үргэлжилнэ. Гэхдээ сургалтын чанарт бас квот тогтоож өгнө.

-Их, дээд сургуулиуд энэ хөрөнгө оруулалтыг юунд ашиглах ёстой вэ?

-Лаборатори, номын сан, сургалтын хөтөлбөрөө сайжруулах гээд сургалтын чанарыг дээшлүүлэхэд зориулах байх. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Өгөхдөө маш олон хэлбэрээр, зарим нь нүдэнд харагдахгүй тойруу замаар үр ашгаа өгдөг.

-Зарим өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсролыг үнэгүй олгодог. Танай сайд Монголд ийм боломж бий гэж байсан. Судалгаа байна уу?

-Манай улс гуравхан сая хүнтэй. 100 гаруй мянган оюутан байна. Яагаад үнэгүй сургаж болохгүй гэж .

-Яаж?

-Маш их баялаг байна. Үүнийгээ эргэлтэд оруулахад оюутны сургалтын хэмжээний гарна гэж боддог. Ер нь улс орон хөгжих үндэс нь боловсролд хөрөнгө оруулах. Өнөөдөр сургалтын төлбөрөөс ямар их оюуны чадавхтай хүүхдүүд дээд боловсрол эзэмшиж чадахгүй байгааг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр нэг оюутанд зээлүүлсэн хэдэн сая төгрөг маргааш эх оронд хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт болохыг хэн ч мэдэхгүй. Тийм учраас боловсролд гар татах хэрэггүй л дээ. Бас нэг үг байдаг. Боловсролоос мөнгө харамлавал, шорон, эмнэлэг барих хөрөнгө хэд дахин нэмэгддэг.

-Оюутанд сурах боломж олголоо, их, дээд сургуулиудын мөрийн хөтөлбөр ямар түвшинд байгаа бол?

-Манай их дээд сургуулиудын хөтөлбөр маш их сайжирч байгаа. Зарим нь өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн.

-Дөрвөн жилийн дараахь зээлийн үр дүнг яаж төсөөлж байна?

-Энэ зээлийн ач холбогдлыг бид олон янзаар тооцож байгаа. Оюутны зээл гэр бүлийг санхүүгийн дарамтаас ангижруулна. Сургуулиудын санхүүг дэмжинэ. Нэгэнт зээл авсан болохоор оюутан ч, сургууль ч ажлын байрны төлөө шаргуу ажиллана. Өнөөдөр манай компанийн захирлууд мэргэжилтэн хомс байгаа тухай байнга гомдоллодог. Тэд сайн мэргэжилтэнг авахыг зорино. Харин оюутан сайн сурч байж л зээл авах учраас шаардлага хангасан мэргэжилтэн төрнө. Энэ зээлээр сурсан оюутан сайн мэргэжилтэн болно. Дөрвөн жилийн дараа зээлээр сурсан оюутанг компаниуд дуртайяа авна гэж харж байна. Бас зээл хүнийг хариуцлагатай болгодог. Зээлээ төлөхийн тулд мэргэжилтнүүд маш сайн ажиллана. Төр гаргасан зээлээсээ илүү бүтээн байгуулалтыг хүлээж авна гэж тооцсон.


Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас нэг иргэн 30 гаруй мянган төгрөгийн ашиг хүртэх боломжтой

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэд ашиг нэхэж болох тухай өмнө нь мэдэгдсэн. Харин саяхан хувьцааны ногдол ашиг хэд байх боломжийн талаар судалгаа хийжээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа “биежлээ”, “амиллаа” гэсэн мэдээ гарч байна. Танай байгууллага мэргэжлийн байгууллагын хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна?

-УИХ-ын тогтоолоор 2011 онд иргэн бүрт Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа үнэгүй олгох шийдвэр гарсан. Гэтэл өнөөг хүртэл энэ шийдвэр хэрэгжсэнгүй найман жилийн нүүр үзэж байна.

-Яагаад хэрэгжсэнгүй гэж?

-Хувьцаа гэдэг чинь наад зах нь ашиг хүртдэг. Дээр нь арилжих, өвлүүлэх эрхтэй байдаг байхгүй юу. Гэтэл өнөөдөр танд тийм эрх байна уу, байхгүй байгаа биз дээ.

-Найман жилийн хугацаанд нэр дээрээ 1072 хувьцаатай хүн нас барсан бол өв залгамжлагч нь авч болохгүй юу?

-Одоогийн мөрдөж байгаа дүрэм журмаар болохгүй.

-Тэр хувьцааг хэн авах вэ?

-Төрд очно. Найман жил болж байхад энэ компани хөрөнгийн бирж дээр гарсангүй, иргэддээ тарааж өгсөн хувьцаа нь арилжаанд орсонгүй.

-Иргэд энэ хувьцаанаас ашиг хүртэх боломжтой юу?

-Маш их боломж бий. Дэлхийд эхний тавд орох энэ ордоос хангалттай цөөхөн монголчууд хангалттай ашиг хүртэх боломжтой.

-Би өөрийгөө хувьцаатай хүн гэж тооцох уу?

-Уг нь бол хувьцаатай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны эзэмшлийг бүртгэдэг цорын ганц байгууллага нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага бий. Энд иргэдийн эзэмшиж байгаа бүх хувьцаа бүртгэлтэй. Гэтэл нөгөө хувьцаа гаргасан компани нь бүртгэлгүй болохоор хувьцаа өгөөжөө өгөхгүй байгаа юм. Хувьцаанаас өгөөж авах олон арга бий. Эхний ээлжинд үнэ хямдарсан үед аваад өссөн үед зарж ашиг олж болно.

-Монгол хувьцааны ийм жишээ байна уу?

-Байна. 2016 оны дундуур нүүрсний үнэ өсч эхэлсэн. Орон нутгийн жижиг Таван толгойн уурхай гэж байдаг. 51 хувь нь төрийн өмч.

-Том Таван толгойтой харьцуулахад ямар орд вэ?

-Хаана ч хүрэхгүй Таван толгойн бүлэг ордын бараг нэг хувь дээр нь ажиллагаа явуулж байгаа.

-Энэ компани юугаар давуу талтай вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд жижиг Таван толгойн нэг хувьцаа 4800 орчим төгрөг байсан. Өнөөдөр нүүрсний үнэ өсөөд компанийн үнэлгээ өсөөд ирэхээр нэг хувьцаа нь арван мянган төгрөг давчихлаа. Хувьцаат компани гэдэг чинь ийм байдаг байхгүй юу. Энэ компанийн давуу тал нь биржээр нээлттэй хувьцаагаа зарж байгаа учраас хувьцаа эзэмшигчид ашиг хүртээд байгаа юм. Энд хувьцааны үнийн зөрүүгээс ашиг хүртэж байна. Мөн компани ашигтай ажилласан тохиолдолд хувьцаанаасаа ашиг хүртэнэ.

-Жижиг Таван толгой ашиг тараасан уу?

-Саяхан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд өнгөрсөн онд 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгээ зарласан. Цэвэр ашгийнхаа 90 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасан. Нэг ширхэг хувьцаандаа 2410 төгрөг тараана. Та арван мянган төгрөгөөр авсан ч 24 хувийн ашиг авлаа. Аль ч банк танд ийм хүү амлахгүй биз дээ. Нийгэм эх орныхоо байгалийн баялагаас ийм замаар ашиг хүртдэг.

-Эрдэнэс Таван толгойгоос яаж бид ингэж ашиг хүртэх вэ?

-Хөрөнгийн биржээр л хувьцаа гаргахад болчихно.

-Яагаад Эрдэнэс Таван толгой хувьцаагаа бирж дээр гаргахгүй байна?

-Улс төрөөс дэндүү их хамааралтай байна. Ашгийг нийгэмд биш өөр хэн нэгэнд хүртээх гээд байх шиг байна. Нүүрсний үнэ өсч байгаа энэ үед ард иргэдээ бодоод хувьцаагаа гаргах хэрэгтэй. Үнийн өсөлт байнга биш.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа энэ компанийнхан 460 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн. Харин бидний мянган хувьцаанд гурван мянган төгрөг өгөх боломжтой гэсэн.

-Би тэр тоог сайн ойлгохгүй байгаа юм. Компанийн удирдлага ямар хэмжээний ногдол ашиг хуваарилахыг шийднэ. Арай ч мянган хувьцааны ашиг гурван мянган төгрөг биш л дээ. Ашгаа зуун хувь тараана гэвэл 15 тэрбум ширхэг хувьцааны нэг хувьцаанд 30 гаруй төгрөг ногдоно. Нэг иргэнд 30 гаруй мянган төгрөг ногдоно.

-Ерөнхийлөгч 100 хувь хувьчил гэсэн санал гаргаж байсан.

-Би мэргэжлийн хүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Эрдэнэс таван толгойг 100 хувь хувьчлах тухай яриагүй гэж ойлгосон. Төрөөс, тэр тусмаа улстөрчдөөс л салгах хэмжээний хувьчлалын тухай ярьсан байх гэж бодож байгаа.

-Эрдэнэс Таван толгойн хувьцааг бирж дээр гаргавал ямар ашиг гарах бол?

-Ард байгалийн баялагтаа жинхэнэ эзэн сууж, ашиг хүртэх боломж бүрдэнэ. Хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа хөгжинө. Нийт иргэд аль нэгэн компанийн хувьцаанаас ашиг хүртэж чадах л бол бусад компанийн хувьцаа руу хошуурна. Энэ эдийн засагт асар их мөнгө орох урсгалыг нээнэ. Дээр нь уул уурхайн баялагийн үр шимийг хүртсэн ард иргэд бусад ордоос хүртэхийг эрмэлзэнэ. Энэ утгаараа улстөрчид ашиг тараах мэргэжлийн байгууллага, иргэдийг л уул уурхайг удирдуулах санал өгнө.

-Энийг яаж хийх вэ?

-Энэ маш амархан. Эрдэнэс Таван толгой, Эрдэнэтийг мэргэжлийн багаар удирдуулна гэсэн улс төрийн хүчин, улстөрчдийг сонгоно. Сонгогчид хувьцааны ашиг хүртэх боломжтой бол сонгуулийн үеэр өгдөг нэг удаагийн 1020 мянган төгрөгт хууртахгүй.

-Зарим иргэд хувьцаагаа төрд зарсан. Зарим нь сургуулийн төлбөрт өгсөн. Та мэргэжлийн хүний хувьд хувьцаагаа зарах сонирхолтой иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүний амьдрал янз бүр. Зарах сонирхолтой иргэд байгаа л байх. Гэхдээ болж өгвөл зарах хэрэггүй гэж зөвлөнө.

-Яагаад өнөө маргаашдаа ашгаа өгөхгүй ч та дэлхийн маш том ордыг эзэмшиж байгаа компанийн 1000 хувьцааг үнэгүй эзэмшиж байгаа шүү дээ.

-Нас барчихвал яах вэ, буцаагаад төр авчихна шүү дээ.

-Өнөөдөр ч та зарах эрхгүй. Төр ядахнаа өвлүүлэх асуудлыг яаралтай шийдчих хэрэгтэй байгаа юм.

-Амьгүй ч гэсэн хувьцаагаа биржид өөрийн нэр дээр бүргүүлэхэд яах ёстой вэ?

-Одоо биржид өөрийн нэр дээр байршуулах боломжтой. Эхний ээлжинд Монголын хөрөнгийн бирж дээр иргэний үнэмлэхтэйгээ очоод, таван мянган төгрөгөөр нээлгэнэ. Брокерын компаниа сонгоно. Данс нээлгэх нь хувьцаагаа данс руугаа татах асуудал юм. Та дансаа нээлгэмэгц 1072 ширхэг хувьцаа чинь шууд дансанд чинь орно.

-Брокеруудын мэдээлэл, сонголтыг яаж хийх вэ?

-52 брокерын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний тухай мэдээллийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас авч болно. Брокероо сонгохдоо үйл ажиллагаа явуулсан хугацаа зэргийг харах хэрэгтэй. Хадгаламж нээх банкаа сонгохтой адилхан асуудал. Гэхдээ өнөөдөр манай иргэдийн брокер, хувьцааны талаарх мэдлэг 1990ээд оноос хавьгүй илүү болсон тул сонголт хийх чадвартай гэж бодож байна.

-Зарим иргэдийн хувьцаанаас ганц нэг хувьцаа дутсан тухай мэдээлэл байна.

-Зарим нэг төлбөрийн орон хувьцаа татсан тохиолдол бий. Жишээлбэл, оюутны сургалтын төлбөрт 500 хувьцаа суутгасан, 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд 300 мянган төгрөгөөр 300 гаруй хувьцаагаа төрд зарсан тохиолдлууд бий. Зарим тэтгэврийн насныхан хувьцаагаа нэг сая төгрөгөөр төрд зарсан. Бас есөн ширхэг хувьцааг эрүүл мэндийн даатгалд авсан мэдээлэл байдаг. Энэ тухай өөрийн амьдардаг газрын Эрүүл мэндийн даатгалын газраас лавлах хэрэгтэй.

-Төрд буцааж зарсан хувьцаа хаана байна?

-Төр мөнгөөр худалдаж авсан тохиолдолд Эрдэнэс Таван толгойн төрийн мэдлийн хувьцаа нэмэгдсэн гэсэн үг.

-Төр ба иргэдэд яг хэдэн хувь нь байна гэдгийг мэдэж болох уу?

-Болно. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс сүүлийн статистикийг авах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй

Саяхан Монгол Улсын 2017 оны ТОП 100 ААН-ийг тодрууллаа. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар өсөв. 2016 онтой харьцуулахад 2017 онд ТОП 100 ААН-ийн улсад төлсөн татварын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Тэдний төлсөн татвар улсын төсвийн 40 хувийг бүрдүүлсэн байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-ТОП 100 ААН-ийн шалгаруулалтыг та Баялгийн баяр гэж нэрлэсэн байна.

-ТОП 100 ААН-ийг шалгаруулах ажиллагаа сүүлийн гурван жил цэвэр статистик үзүүлэлтээр шалгарч байгаа. Сүүлийн жилүүдэд Төрийн ордонд хийдэг болсон нь төрөөс бизнесмэнүүддээ үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгож болно. Манай баялаг бүтээгчид өнгөрсөн жил үнэхээр амжилттай ажилласан. Энэ утгаараа ТОП 100 шалгаруулах ажиллагаа бол “Баялгийн баяр” мөн л дөө.

-ТОП 100 ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэдэг юм уу?

-Тийм. Энэ компаниудын орлого нэмэгдэхээр тэр хэрээр бусад жижиг компаниудын нийлүүлэлт нэмэгдэнэ. Тэр хэрээр ажлын байр, цалин баталгаатай хадгалагдаад зогсохгүй, нэмэгдэнэ.

-Гурван жилийн өмнөхөөс энэ жил ТОП 100-гийн бүтэц өөрчлөгдсөн үү?

-Энэ жил уул уурхай сэргэсэнтэй холбоотойгоор хэд хэдэн уул уурхайн компани шинээр орж ирсэн. Хямралын жилүүдэд бол уул уурхайн компаниудын олонх нь сураггүй болж байсан. Тэр үед үйлчилгээ, хөдөө аж ахуй гэх мэт бусад салбаруудаас түлхүү орж байсан. Өмнөх жилүүдэд арван сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн жил 30 гаруй сая тонн нүүрс олборлосон. Ингэхээр уул уурхайн компаниуд олноор орж байгаа юм.

-ТОП 100-гаас олон юм харж болох байх. Эдийн засаг солонгорох шинж тэмдэг харагдана уу?

-Байна. Тогтмол шалгардаг арван хэдэн компани байдаг. Тэд маань, худалдаа, үйлчилгээ, хүнсний компаниуд байгаа. Ийм компаниудын ашиг, алдагдал савлагаа багатай байдаг. Жишээлбэл, Энержи ресурс нэг хэсэг сураггүй байж байгаад сая орж байх жишээтэй. Зөвхөн татварт гурав гаруй их наяд төгрөг өгсөн чинь цаанаа бас тодорхой ашиг үлдэж байгаа. Тэр мөнгөө хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт өөрийгөө нөхдөг салбар луу оруулах байх. Ер нь бол жил бүр шинээр 15-18 компани ТОП 100-д орж ирдэг. Энэ хөдөлгөөнөөс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг харж болно.

-Олон жил тэргүүлсэн компани хэр их байна?

-Ер нь тогтмол ТОП 100-д шалгардаг 60-аад компани байдаг. Энэ компаниуд эдийн засагт хамгийн нөлөө бүхий, татварын бааз суурь нь найдвартай компаниуд гэж харагдаж байгаа юм. Мөнгө, санхүү муутай үед банкууд тэргүүлдэг байсан бол өнөөдөр үйлдвэрлэлийн компаниуд хүчтэй түрж орж байна. 2017 оны ТОП 100-д уул уурхай, банк санхүүгийн 30 компани л байна. Энэ бас эдийн засгийн бүтэц нааштай өөрчлөгдөж байгаа нэг үзүүлэлт.

Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК, Энержи ресурс компаниудын эзэмшиж байгаа хөрөнгө ялгаатай боловч ашиг, орлого хол зөрүүтэй байна. Саяхан Энержи ресурс-ын захирал Г.Батцэнгэл намайг захирлын ажлыг арван жил хийж байхад Эрдэнэс Таван толгой-н захирал арван удаа өөрчлөгдсөн гэсэн ярилцлага өгсөн байна.

-Тэр хүн өөрийн ажлын туршлагаас ярьж байгаа байх. Би харин “Эрдэнэс Таван толгой”-н захирал өөрчлөгдөж байгаа бол шинэ Ерөнхий сайдтай болжээ гэж ойлгодог. “Таван толгой” ХК орон нутгийн болон хувийн өмчит компани. “Энержи ресурс” бол 100 хувь хувийн өмч. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК 100 хувь төрийн өмч. “Энержи ресурс” нүүрсээ олборлоод, боловсруулаад, тээвэрлээд зах зээлийн үнээр зарж байхад “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ уурхайн аман дээрээс маш хямдхан зараад сууж байгаа юм.

-ТОП 100-д төрийн өмчийн компаниуд байна уу?

-16 компани бий.

-Тэд хэр татвар төлсөн бол?

-1.8 их наяд буюу 60 орчим хувийг төлсөн. Энэ компаниуд манай эдийн засагт маш их нөлөөтэй компаниуд. Энэ компаниудын менежмэнтийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл бүр орлого нэмэгдэнэ. Гэхдээ одоо зүгээр суугаагүй байх. Эрх мэдэл бүхий албан тушаалтны ярьснаар төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаат компани болгох талаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ ажлаа түргэвчилбэл улс орны эрх ашигт улам л сайнаар нөлөөлнө.

-Хөрөнгө оруулалтаа нөхсөн Эрдэнэт-ийн татвар нэг төгрөгийн ашигтай ажиллаагүй Оюу толгой-той харьцуулахад арай л бага биш үү?

-“Оюу толгой”-н нөөц “Эрдэнэт”-ийнхээс хоёр дахин том л доо. Та статистикийн таван үзүүлэлтийн нэг болох ашгийн хэмжээний үзүүлэлтийг ярьж байх шиг байна. Үнэхээр энэ үзүүлэлтээр “Оюу толгой” хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Учир нь “Оюу толгой” ашиг олох нь бүү хэл, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй. Гэхдээ ажилласан өдрөөсөө эхлээд бүх татвар хураамжаа төлөөд явж байгаа. Арван жилийн дараа “Эрдэнэт”-ийн нөөц бас л асуудалтай болно.

Оюу толгой-н гэрээ байгуулсан сайд нар асуудалд ороод байна. Үүнийг юу гэж харж байна?

-1997 оноос өмнөх ашигт малтмалын хуулиар бид “Бороо гоулд”-д чадуулчихсан. Тодорхой хугацаанд татваргүй байх гэрээ байгуулсан. Гэтэл нөгөөдүүл чинь татваргүй байх хугацаандаа бүх алтаа гаргачихсан. Үүнээс үүдээд иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлсний хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн ачаар өнөөдөр “Оюу толгой”-гоос бүх татвараа авч байна. “Оюу толгой”-н гэрээ байгуулах үе бол маш хүнд, хямралтай үе. Гэрээ байгуулах эрхийг УИХ сайд нарт олгосон. Гэрээ байгуулсан нь улс төрийн маш том зориг. Энэ гэрээг байгуулсан асуудалд сайд нарыг буруутгаж болохгүй. Гэрээ байгуулахдаа цаана, наана нь буруу юм хийсэн байдаг юм бол тэр нь тусдаа асуудал. Гэрээ бол улс төрийн шийдвэр. Тэр тусмаа өнөөдөр ашигтай гэдэг нь олон зүйлээр батлагдчихаад байхад.

-Хуулиар Оюу толгой-н хөрөнгө оруулалтыг хэн шийдсэн бэ?

-Тухайн үеийн хуулиар стратегийн хөрөнгө оруулалт 300 сая ам.доллараас дээш бол УИХ, 100 сая ам.доллараас дээш бол Засгийн газар шийддэг байсан.

-Дубайн гэрээнд хэн нэг нь буруутай юу?

-2013 онд эдийн засаг дахиад л хүндэрсэн. Өмнө нь дөрөв гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт байсан бол тухайн үед хасах 200 болтлоо буурсан. Нэгэнт хөрөнгө оруулалт буурахаар эдийн засаг хямарна. Хөрөнгө оруулалт татахын тулд өмнө нь УИХ шийддэг байсан асуудлыг Засгийн газарт олгосон. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ Засгийн газар эдэлсэн. Энэ гэрээ бас л хүнд үед аминд орсон. Улс төрийн шийдвэрийг буруутгахаас өмнө тухайн үеийн нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй.

-Ерөнхий сайдуудыг олон юманд буруутгадаг. Энэ удаагийнх шиг цагдан хорьж байсан тохиолдол байна уу?

-Хамгийн сүүлд Ж.Батмөнх даргыг албан тушаалаас нь буулгаж байсан. Түүнээс өмнөхүүдтэй нэлээд хатуу үздэг байсан. Гэхдээ манай Ерөнхий сайдуудын улс төрийн шийдвэртэй оросууд л хатуу хариуцлага тооцдог байсан. Орчин цагийн түүхэнд Н.Энхбаяртай хариуцлага тооцож байсан. Гэхдээ улс төрийн хэргээр бус эрүүгийн хэргээр. Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй. Тухайн үедээ буруу гэж байсан шийдвэр хожмоо маш зөв шийдвэр байсан тохиолдолд цөөнгүй бий.

-Жишээлбэл?

-Д.Бямбасүрэн гуайн XX тогтоол. Иргэд маш их буруутгаж байсан боловч картын бараанаас ганц жилийн дотор ангижруулсан. М.Энхсайханы гаалийн татварыг тэглэсэн, татварыг бууруулсан шийдвэр хүн бүрт ганзагын наймаанд явж, анхны хөрөнгийн хуримтлалтай болж, өнөөгийн том компаниудын суурийг тавьсан. Тухайн үед Азийг хямарсан том хямрал болж байсан. Монголчууд тэр хямралыг мэдрэхгүй өнгөрсөн. Н.Энхбаяр эгзэгтэй үед их өрийг тэглэх асуудлыг шийдсэн. Их хэмжээний өртэй улсад хэн ч хөрөнгө оруулахгүй. М.Энхболд дөрвөн аравтын татварын бодлогыг хэрэгжүүлсэн. С.Баяр “Оюу толгой”-н гэрээг байгуулсан. Энэ бүхний үр дүнд 2009 оны дэлхийн хямралыг бид ажрахгүй давсан. Орчин цагийн түүхэнд манайд тохиолдсон хамгийн хүнд үед Ерөнхий сайд нар тухайн үедээ шаардлагатай улс төрийн зоримог шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ шийдвэрүүдээс Монголд нэг их гай тарьсан шийдвэр байхгүй гэж бодож байна. Ерөнхий сайд өөрийн цаг үеийн хамгийн хүнд асуудлыг шийдэхийг эрмэлзэж алдаа гаргах тохиолдол байдаг. Жишээлбэл, П.Жасрай гуайн үед дэд бүтцийн асуудал хамгийн хүнд байсан. Түүн дотроо холбоо, харилцааны асуудал. Аргаа ядаад манай Ерөнхий сайд “Айбекс”, “Молам” нэртэй гадны компаниудад агаарын орон зайгаа 99 жилээр түрээслэх шийдвэр гаргаад, цуцалж байсан.


Categories
мэдээ цаг-үе

Х.Сайто: Миний хийсэн төхөөрөмж монголчуудыг эрүүлжүүлж, насыг уртасгана

Х.Сайто сан гэрлийн квант энергийн төхөөрөмжийг зохион бүтээжээ. Тэрээр компьютерийн инженер мэргэжилтэй ч, 40 шахам жилийн өмнө эхнэр нь менингит өвчин туссан гэнэ. Эмч нар эхнэрийнх нь өвчин эмчилгээгүй гэжээ. Энэ үеэс хүний биеийг судалж эхэлсэн аж. Тухайн үед Японы нэрт эмч нар эдгэшгүй гэж үзсэн өвчнийг Х.Сайто сан өөрийн зохион бүтээсэн гэрлийн квант энергийн төхөөрөмжөөр эмчилж, өнөөг хүртэл аз жаргалтай, өвчин зовлонгүй амьдарч байна. Тэрээр Монголд ирээд гурав хонож байна. Х.Сайто сан их сайхан инээмсэглэнэ. Намайг асуулт асуухаар жигтэйхэн баяртай хөхрөнө. Түүнтэй хамт түүний ажиллагааг ивээн тэтгэгч бизнесмэн И.Кен сантай ирсэн байна. И.Кен сан Монголд эмнэлгийн чиглэлээр хөрөнгө оруулах боломжийг судалж яваа гэнэ.


-Монголд ямар зорилготой ирэв?

-Би гэрлийн квант энергийн төхөөрөмжөөр хүний өвчнийг эмчлэх төхөөрөмжийг бүтээсэн Х.Сайто байна. Монголчуудын дундаж наслалт өнөөдөр 60. Би өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр энэ насыг 20 биш гэхэд 15-аар уртасгах зорилгоор Монголд ирсэн. Энэ төхөөрөмжийг ашигласнаар монгол хүн олон өвчнөөс салах боломжтой болно.

-Өмнө нь ирж байсан уу?

-Анх удаа ирж байна. Гэхдээ хүүхэд байхаасаа монголчууд болон япончууд хоорондоо яагаад ийм адилхан байдаг юм бол. Яагаад бид адилхан хөх толботой төрдөг юм бол гэх мэтээр их боддог байсан. Ер нь би Монголд их элэгтэй хүн.

-Ирэхээсээ өмнө Монголын тухай ямар сэтгэгдэлтэй байв?

-Монгол ардчилсан нийгэмд шилжсэн улс гэдгийг мэдэж байсан. Монгол Улсад ардчилал улам эрчээ авна гэж итгэдэг байсан.

-Монголд ирээд анх ямар сэтгэгдэл төрөв?

-Их амгалан тайван улс гэдэг нь мэдрэгдсэн. Нар салхи, уул ус нь ойрхон. Нарийхан харанхуй гудам байхгүй. Үнэхээр сайхан орон санагдсан. Бас их хөгжилтэй юмтай таарсан.

-Тэр нь юу вэ?

-Өглөө би зургаан цагт зочид буудлаасаа гараад салхилж явсан чинь хоёр хүн ирээд тамхи гуйсан. Би хоёр тамхи өгсөн чинь “Баярлалаа” гээд надтай гар барьсан гээд бод доо. /Инээв/

-Та их инээмтгий хүн үү?

-Би монгол хэл мэдэхгүй. Монголд ирэхийг маш хүсч байсан. Яагаад ч юм монгол хүн харахаар баярлаад, инээмээр санагддаг. Онгоцноос буугаад харсан чинь Япондоо байгаа юм шиг санагдсан. Бид царай зүс, бие бялдраараа их адилхан юм. Харсан бүхэн л их дотно санагдаад байгаа юм. Би энэ төхөөрөмжөөрөө монголчуудад туслах саналтай байгаа юм.

-Энэ төхөөрөмжийн ид шидийн жишээ байна уу?

-Энэ төхөөрөмжийг Филиппиний эмнэлгийн байгууллагад өгсөн. Тэнд нэг хүүхэд гар нь гэмтээд тайрахаас өөр аргагүй болсон. Гэтэл бидний төхөөрөмжөөр эмчлээд ямар ч сорвигүй эдгэсэн.

-Энэ төхөөрөмж туршигдаад хэрэглээнд нэвтэрсэн үү?

-Би эмч хүн болохоор энэ төхөөрөмжийг зарж чадахгүй. Тийм учраас өөрийн хамтрагчтайгаа ирсэн. Японд энэ төхөөрөмжийг үйлдвэрлээд зарж эхэлсэн. Миний хамтрагч монголчуудад их элэгтэй хүн. Энэ төхөөрөмжийг эхний ээлжид Монголд үйлдвэрлээд хэрэглээнд оруулж монголчуудын наслалт эрүүл мэндийг сайжруулах, улмаар экспортлох зорилготой ирсэн.

-Энэ төхөөрөмж Японд ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-400 мянган иен, түүн дээр НӨАТ нэмэгдэнэ. Одоо Японд сар бүр 100 орчим төхөөрөмж зарагдаж байна.

-Компьютерийн инженер хүн эмч нарын эмчилж чадаагүй өвчнийг эмчилдэг төхөөрөмж яаж зохиож чадав?

-Би Японы компьютерийн компаниудад 20-иод жил ажилласан. 1975 онд эхнэр маань мененгит өвчин тусч эмч нар эдгээж чадахгүй бууж өгсөн. Харин би ямар ч үнээр хамаагүй эхнэрээ аврах хүсэлтэй байсан. Өмнө нь би хүний биеийн анатомийг судалдаг байсан. Эхнэрээ өвчилснөөс хойш энэ чиглэлээр дагнан ажилласаар өнөөгийн амжилтад хүрсэн.

-Таны зохион бүтээсэн төхөөрөмж хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Би өөрөө өмнө нь олон удаа туршилт хийсэн. Одоо бол ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан.

-Квант энергийг ашиглах төхөөрөмжийг зөвхөн эрүүл мэндийн салбарт ашиглах уу?

– Хүн, амьтан, ургамалд ашиглаж болно. Жишээлбэл, ургамлыг ямар ч бордоо хэрэглэхгүйгээр богино хугацаанд их хэмжээний ургац авна. Ургамлын үрийг ямар ч нөхцөлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Манай орны ургац цаг уураас маш их хамааралтай. Ган, зудад тэсвэртэй ургацын үр гаргаж авч болох уу?

-Болно. Гадаах цаг уураас хамаарахгүйгээр ургац авч болно. Тухайн ургамлын үр 17.5 градус дулаанд байж чадвал ямар ч ургамал цаг уураас хамааралгүй ургаж чаддаг.

-Амьтанд хэрэглэж болно гэсэн. Манай малыг эрүүлжүүлэх боломжтой юу?

-Өвчтэй амьтан дээр туршилт хийсэн. Эрүүлжүүлж болно. Нохой жишээлбэл 15 наслаад хөгшрөөд хөдөлгөөний хомсдол, хөгшрөлд ордог. Миний хийсэн туршилтын үр дүнд хөгшин насан дээрээ сэргэлэн цовоо, эрч хүчтэй хэвээрээ байсан.

-Хүн дээр туршиж болох уу?

-Мэдээж хүний эрүүл мэндийн төлөө хэрэглэнэ. 100 хувь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан. Өнөөдөр япончуудын дундаж наслалт 85 байгаа. Энэ төхөөрөмжийг ашигласнаар 120 болох боломжтой. Би 73 настай. Надад ямар ч өвчин байхгүй.

-Монголчууд Японд бизнес хийж байна уу?

-Манай тэнд Их аварга Асашорюү Дагвадоржийн аж ахуйгаас гүүний эхэс авдаг компани байдаг.

-Гүүний эхсээр юу хийдэг юм бол?

-Эм, гоо сайхны бараа үйлдвэрлэдэг. Өмнө нь гахайны эхэс хэрэглэдэг байсан. Тэр нь маш их үнэр танартай. Харин гүүний эхэс арай бага үнэртэй байдаг. Тэр бүтээгдэхүүний үйлдвэр манай төхөөрөмжийг ашиглаад эхсийг үнэргүй болгож байгаа.

-Манай Улаанбаатарт цэвэрлэх байгууламжийн үнэр гэж аюултай асуудал байдаг. Энэ үнэрийг танай төхөөрөмжөөр дарах боломжтой юу?

-Асуудал тавиад ирвэл боломжтой гэж бодож байна.

-Нийслэлийн утааг бууруулах төхөөрөмж хийж болох уу?

-Болно. Би бас энэ талаар ажиллах бодолтой байгаа.

-Энэ санаа хаанаас төрөв?

-Анх автомашины утааг бууруулах олон туршилт хийж амжилтад хүрсэн. Одоо түүнийгээ улам төгөлдөржүүлэх санаатай. Бидний машины янданд нааж туршсан бүтээгдэхүүн зөвхөн утааг бууруулахгүй. Бензинийг бүрэн шатааж, түлшний хэмнэлттэй байх нь батлагдсан. Хятад зэрэг олон оронд хэрэгжүүлсэн.

-Та Япондоо монгол бараа бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн үү?

-Хэдэн жилийн өмнө би монгол чацарганы үйлдвэртэй хүнтэй хамтарч байсан. Одоо монголтой хамтрах гэж байгаа болохоор илүү олон монгол бараа, бүтээгдэхүүн хэрэглэх байх гэж бодож байна.

-Монголчууд Халх голын дайн гэдэг. Харин япончууд Номун хааны тулгаралт гэдэг. Энэ тухай дуулсан уу?

-Дээхнэ үед сурах бичгүүдэд байсан. Одоо бол энэ тухай ямар ч сурах бичиг байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Даваадалай: Эдийн засаг хүнд үед хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг Оюу толгойн гүний уурхай харуулсан

Өнгөрсөн пүрэв гаригт Дэлхийн банкнаас “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан”-г танилцуулав. Тайлангийн дүгнэлтээр бол Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн таамгаас давж өссөн. Гэхдээ эрсдэл байгаа тухай өгүүлсэн. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.


-Дэлхийн банк зүүн Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа Монголын эдийн засгийн байдлыг сайжирсан гэж дүгнэлээ. Яг ямар үзүүлэлтүүд сайжрав?

-Өмнөх тайланд эдийн засаг хүнд байгаа тухай мэдээлсэн. Тайланд 2017 онд Монголын эдийн засаг өссөн гэж дүгнэсэн. Уул уурхайн баялгийн үнэ өссөн.Шалтгаан нь өмнө төсөөлж байснаас илүү өндөр өсөлт гарсан. Жилийн өсөлт 5.1 хувьд хүрсэн. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн. Зэсийн үнэ маш их өссөн. Мөн БНХАУ Умард Солонгосоос авдаг нүүрсээ зогсоож манайхаас илүү ихийг авах болсон. Гэхдээ энэ нь илүү тохиолдлын чанартай нүүрсний борлуулалтын өсөлт. “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт бас их нөлөө үзүүлсэн. Бидний тооцож байснаас 900 орчим сая доллараар илүү хөрөнгө оруулалт орж ирсэн. Хоёр дахь том нөлөө бол дотоодод эдийн засгийн чанартай бодлогын арга хэмжээнүүд авсан. Засгийн газар зарлагаа бууруулж, орлого талаа нэмэх бодлого хэрэгжүүлсэн. Ялангуяа НӨАТ-аас ихээхэн хэмжээний орлого олсон. Хамгийн өндөр орлого уул уурхай, НӨАТ-аас орсон. Монголбанкны валютын нөөц ихээр нэмэгдсэн.

-Банкуудын зээл яагаад буураад байна, нөөц хангалттай юу?

-Банкуудад хангалттай нөөц бий. Банкинд үндсэндээ гурван сонголт байдаг. Засгийн газрын болон Монголбанкны бонд авах.

Мөн зээл гаргах. Зээлийн бараг тал хувь иргэдийн хэрэглээний зээл болж байна. Олон улсын түвшинд бизнесийн зээл нь их, хэрэглээний зээл нь бага байдаг. Эдийн засаг сайжирсан ч банкууд компаниудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхгүй байна. Энэ чинь зээлийн эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.

8Òүрүүч íü I í¿¿ðò8

Харин нэг сайн мэдээ бол чанаргүй зээлийн өсөлт зогссон. Гэхдээ л чанаргүй зээлийн эзлэх хувь есөн хувь байна гэдэг нь сайн үзүүлэлт биш.

-Цаашдаа яах ёстой вэ?

-Уул уурхайн өсөлт гарахаар уул уурхайтай холбоотой салбаруудын чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт банкуудын зээлийн чанарыг сайжруулахад хугацаа шаардлагатай.

-Дэлхийн банк өр ихтэй орнууд мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэсэн. Харин эсрэгээр өр их манай улс яагаад мөнгөний бодлого суллах бодлого явуулж байна?

-Манай улсын өр 2017 онд буурсан. Өр буурахад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал огцом буурсан. Засгийн газар хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөө эрс багасгасан. Цаашдаа Засгийн газар төсвөө багасгана гэсэн тохиолдолд мөнгөний бодлогоо жаахан суллахад буруу юм байхгүй.

-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсны үр дүн гарсан уу?

-Судалгаагаар бодлогын хүүгийн нөлөө 1-1.5 жилд мэдрэгддэг.

-ОУВС Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд 5.5 тэрбум доллар орж ирнэ. Энэ манай эдийн засагт хэр их нөлөөлөх мөнгө вэ?

-Маш их нөлөөтэй мөнгө. Манай эдийн засгийг доллараар хэмжвэл 11 тэрбум. Талтай нь тэнцэх мөнгө байгаа биз дээ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2.5 тэрбум хятадын своп байгаа шүү. Эндээс 1.7 тэрбумыг авчихсан байгаа.

-Улс оронд зээлийн даац гэж байдаг уу?

-Энэ ОУВС-ийн шугамаар орж байгаа зээл бол арилжааны зээл биш. Маш урт хугацаатай, маш бага хүүтэй зээл шүү дээ. Ачаалал бага гэсэн үг. Энэ эргэн төлөх боломжийг олгож байгаа юм.

-“Чингис бонд” ОУВС-ийн гэрээний хүрээнд орж ирэх мөнгө ямар ялгаатай юм бэ?

-Хялбараар ойлгуулах гээд үзье. “Чингис бонд”, ОУВС-ийн гэрээний хүрээнд орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл бол шал өөр хоёр юм байхгүй юу. “Чингис бонд” гэдэг чинь зах дээрээс авсан бараа. Энэ зээл чинь үнэгүй шахам бараа аваад удаан хугацааны дараа үнийг нь бага хүүтэй төлөхтэй зүйл.

-Дэлхийн банкнаас өгсөн 120 сая долларыг юунд зарцуулж байгаа вэ?

-Тэр мөнгийг тодорхой арга хэмжээнд зориулж байгаа.

-Тодорхой арга хэмжээ гэдэг нь…

-Төсвийн тэнцлийг яаж сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай болгох бодлого боловсруулахад зориулж байна.

-Энэ мөнгөө Дэлхийн банк хянаж чадаж байгаа юу?

-Хангалттай хяналт бий.

-“Чингис бонд”-ыг төсөлгүй авчихаад үр дүн муутай зарцуулсан гэж шүүмжилж байна. Ийм түүх давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Би танд “Чингис бонд” бол зах дээрээс авсан бараа шиг чөлөөт үнээр авсан хэрэгсэл гэж хэлсэн. Худалдагч мөнгөө эргүүлж авахыг бодохоос тэр худалдан авагч юунд яаж зарцуулахыг хянахгүй. Гэтэл ОУВС-ийн мөнгө бол хатуу болзолтой. Түүнийг юунд зарах, хэрхэн ашиглах зэрэг нь зээл олгогчийн хатуу хяналтад байх ёстой. Энэ утгаараа энэ мөнгө ямар нэг алдаатай хөрөнгө оруулалт болохгүй. Тэр тусмаа Монголд ашгаа өгөөд оруулсан хөрөнгөө өөрөө нөхөх боломжтой зүйлд л зарцуулагдана. Засгийн газар энэ мөнгийг авахын тулд үүрэг хүлээнэ. Даалгавар биелүүлнэ.

-Мөнгө угаахтай холбогдсон арга хэмжээ гэж юу вэ?

-Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас манай банкуудад үнэлгээ хийсэн гэсэн. Тэгээд алдаа гарч болзошгүй тул арга хэмжээ авах санал хүргүүлсэн гэсэн.

-Яг ямар хэмжээ авахыг хүссэн юм бол?

-Тэр бидэнд ч нууц.

-Яагаад?

-Зах зээл дээр паник үүсгэх аюул байдаг юм. Гэхдээ мэдээж гол санаа нь банкны ил тод байдлын тухай асуудал. Арван сарын хугацаа өгдөг юм. Монголбанкныхан ярьж байгаагаар аравдугаар хууль баталаад асуудлыг шийдчих байх. Мөнгө угаах гэдэг олон улсын хүрээнд хэрэглэдэг хүнд үг хэрэглээд байгаа болохоос манайд бол банкны салбарын ил тод байдлын тухай юм билээ.

-Банкуудын активын шалгалтын дүн яагаад гарахгүй байна?

-Үр дүн хүлээлтээс харьцангуй гайгүй гарсан. Мэдээллээс харахад дутагдаж байгаа мөнгө нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгө шаардлагатай юм билээ. Азийн хөгжлийн банкны үзэж буйгаар энэ гайгүй үзүүлэлт гэсэн.

-Тэр мөнгийг нь нөхөөд өгчихвөл банкууд дажгүй юу?

-Миний ойлгосноор энэ асуудлыг шийдэхэд дэс дараатай арга хэмжээ авна. Эхний ээлжинд Монголбанк арилжааны банкуудад хугацаатай үүрэг өгнө. Дутагдаж байгаа хөрөнгөө өөрсдөөр нь бүрдүүлэх даалгавар өгнө.

-Гадны хөрөнгө оруулалт татахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Энэ тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтарч бизнесийн орчныг сайжруулах алхмуудыг хийж байгаа. Гадны хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг хүнд үед оруулсан Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт харуулсан.

-Жишээлбэл?

-Дэлхийн банкнаас хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр гурван чиглэлтэй. Макро эдийн засгийг сэргээх, өрийн тогтворжуулах, нэгэнт макро эдийн засгийг тогтворжуулах учраас нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах бодлого сайжруулна. Тэдний орлогыг бууруулахгүй байх шаардлагатай. Мөн бизнесийн орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ.

-Бизнесийн орчныг яаж сайжруулах вэ?

-Хөрөнгө оруулагчдыг дэмжих, бизнес хийхэд саад болоод байгаа дүрэм журмуудыг өөрчлөх шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэх, үүнд хамгийн эхний ээлжинд малыг эрүүлжүүлэх.

-Нийгмийн эмзэг бүлгийг чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Эхний ээлжинд нийгмийн эмзэг бүлэгт очдог хүнсний талоныг үргэлжлүүлнэ.

-Одоо хэрэгжиж байгаа шүү дээ?

-Гэхдээ бид тоог нь нэмэгдүүлэх хүсэлт тавьж байна. Дээр нь мөнгийг жаахан нэмээч гэж байгаа юм.

-Хавтгайрсан халамж гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ.

-Энд асуудал байгаа юм. Маш олон халамжийн бодлого яваад байгаа юм. Үүнийг нэгтгэх хэрэгтэй. Гэхдээ аль болох ядарсан хүндээ очдог тогтолцоо бий болгох хэрэгтэй байна.

-Хөтөлбөр хэдэн жилийн хугацаанд хэрэгжих вэ?

-Гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Гэхдээ сая орж ирсэн 120 сая, ирээдүйд орж ирэх доллар зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна.

-Хариуд нь юу авах вэ?

-Эдийн засгийг сэргээх зөв бодлого санал болгоно.

-Энэ сайн бодлого юу вэ?

-Олон улсын түвшинд валютын нөөц нэмэгдүүлэх, өр бууруулахыг сайн бодлого гэдэг. Зөвхөн алтнаас 700 сая доллар орсон. Одоо зэсээс авах орлого нэмэгдэнэ. Одоо инфляци жаахан нэмэгдсэн асуудал бий.

Инфляци эдийн засаг зөв эдийн засаг уу?

-Улс орон бүр өөрийн эдийн засагтаа тохирсон инфляцитай байх ёстой. Инфляци бага болохоор бизнес хийхэд ашигггүй болдог. Инфляци хэт өсөхөөр иргэдийн худалдан авах чадвар буурна. Бага дунд орлоготой орнууд 5-7 хувийн инфляцитай байх шиг байна. Өндөр хөгжилтэй орнууд хоёр орчим хувьтай байна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Жаргал: Генетикийн нөөц бол үнэлшгүй түүхий эд

Өчигдөр Генетик нөөцийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийв. Генетик нөөцтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монголд бий болгохоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх төслийн ахлах зөвлөх Ж.Жаргалтай ярилцлаа.


-Генетик нөөц гэж юу вэ?

-Аливаа амьтан ургамал нь гениэр нөхцөлдөж цаг хугацааны шалгуурыг даван туулсан байдаг. Эдгээрийг судлаад хүнс, эм, гоо сайхны үнэт түүхий эд болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл эдгээр биетүүд маш их цаг хугацааг даван туулж өнөөг хүрснээрээ байгалийн цэвэр түүхий эд.

-Манай оронд генетик нөөц хэр их байдаг бол?

-Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай орны генетик нөөцийг тогтоогоогүй байна. Одоо “Генетик нөөцийн тухай” хууль батлагдсанаар энэ ажил хийгдэнэ. Тогтоож, гаргахад маш түвэгтэй асуудал үүснэ.

-Яагаад?

-Био технологи, судалгааны ажлыг маш өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ургамал, амьтан бүрийн генийг судална. Бүртгэлжүүлнэ.

-Өмнө нь энэ чиглэлээр судалгаа хийж байгаагүй юм уу?

-Тэгж үзэж болохгүй. Манай улсад байгаа бүх судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг байгууллагууд өөрсдийн хүрээнд боломжийн хэрээр бараг 50 шахам жил судалгаа хийсэн байдаг. Манай химийн хүрээлэнгийн нэг эрдэмтэн өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй 100 гаруй биетийг олж тогтоосон байдаг. Хөтөлбөрийн хүрээнд Монгол орны генетикийн нөөц хэр байна, юу байна гэдгийг тодорхойлно.

-Генетик нөөцөд орж болох ямар нэгэн жишээ байна уу?

-Олон сая жилийн байгалийн шалгарал, манай орных шиг эрс тэс уур амьсгалыг даваад өнөөг хүрсэн ургамал, амьтан, бичил биет бол үнэт зүйл. Жишээлбэл, өнгөрсөн жил 2-3 сар бороо ороогүй газрын ургамал бороо оронгуут ургаад сэргээд эхэлсэн. Энэ чинь тэр ургамлын тэсвэрийг баталж байгаа юм. Эрт цагийн гениэ өнөөг хүртэл хадгалж ирсний хүчинд энэ ургамал ийм тэсвэртэй болсон. Зөвхөн бороо биш, зуд, шуурга гэх мэт байгалийн гамшгийг даваад ирсэн.

-Нагоягийн протокол гэж юу вэ?

-1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод батлагдсан олон улсын баримт бичиг. Энд дэлхийн 200 гаруй орон оролцсон. Дэлхийн хүмүүс байгалиас хамааралтай амьдардаг. Гэтэл хүн богинохон амьдралынхаа хугацаанд байгалтай зэрлэг харьцаж байна. Эко системээ хайрлахгүй байна. Хэт материаллаг тал руугаа яваад байгаа. Бидний амьдарч байгаа эрин байгаль орчны сүйрлийн эрин болсон. Одоо та бид хоёрыг яриад сууж байхад олон төрөл зүйлийн амьтан ургамал мөхөж байна. Энэ тохиолдолд дээрх протоколоор генетикийн нөөцийг зөв зохистой, шударгаар тэгш хүртэх эрхтэй гэсэн зарчим барина. Гэхдээ энэ хэрэгжихэд нэлээд түвэгтэй асуудал.

-Яагаад?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллага эсэргүүцэж байна. Генетикийн нөөц хүнс, эм, гоо сайхны түүхий эд болдог. Гэтэл энэ бүхний технологийн 95 хувийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эзэмшиж байна. Үлдсэн таван хувь нь ядуу буурай орнуудад байдаг. Тэгсэн ч тэр таван хувийг буурай орнуудад байгаа өндөр технологийн компани эзэмшдэг. Гэтэл баялгийн ихэнх хувь нь ядуу буурай орнуудад байна. Тийм учраас тэгш хуваах бодлого хэрэгжихэд хүнд. Эндээс харахад дэлхийн хэмжээнд шударга бус явдал гараад байгаа юм.

-Ийм баялагтай буурай орнуудыг дээрэмдээд байна гэсэн үг үү?

-Шууд тэгж үзэж болохгүй байх. Гэхдээ нарийн хууль эрх зүйн зохицуулалтыг ашиглаад байгаа юм. Нэгэнт буурай орнуудын хууль зүйн зохицуулалт муу учраас тэд өөрсдөө ашиглаж чадахгүй үнэт түүхий эдээ хурдхан баян компаниудад зарж мөнгө болгох бодлого явуулаад байгаа юм.

-Нагоягийн протоколд нэгдсэнээр бидэнд ямар ашигтай вэ?

-Бид баялагаа ашиглах гадагшаа гаргах, гаднаас оруулах, технологи эзэмших гээд олон боломжтой болно. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд өгчихвөл эдийн засгийн хувьд ч ашигтай.

-Энэ түүхий эд хэр үнэтэй вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд энэ чиглэлийн баялагаа үндсэндээ дууссан. Тэд энэ төрлийн түүхий эдэд их хэмжээний хөрөнгө зарж байгаа нь түүхий эд өндөр үнэтэй байх баталгаа. Хүний хүнс, эмийн хэрэгцээ мөнх гэдэг нь ойлгомжтой. Мэдээж урт наслах, залуу харагдах гэдэг хүсэл их бий. Тийм учраас энэ төрлийн түүхий эд мөнхөд үнэтэй байна.

-Энэ түүхий эдийн үнэ цэнэ чухам юунд байгаа юм бэ?

-Олон сая жилийг туулаад ирсэн энэ төрлийн ургамал амьтад одоо өндөр хөгжилтэй орнуудад байхгүй. Тэдний хэрэглэж байгаа зүйлийн ихэнх нь хиймэл. Өвс ногоо гэхэд харахад л сайхан болохоор манай хөдөөгийн өвс шиг сайхан үнэр байхгүй. Энэ сайхан үнэр гэдэг тухайн ургамалд маш олон төрлийн бодис байгаа гэсэн үг. Энэ бүхнээс технологийн тусламжтайгаар ямар ч шинэ, эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой. Жишээлбэл манай оронд ургаж байгаа 3000 төрлийн ургамлаас 80 гаруй нь эмийн ургамал гэж судлаачид тогтоосон.

-Тэгээд яагаад энэ үнэт зүйлээ ашиглахгүй байна?

-Одоо янз бүрийн хэмжээгээр ашиглаж байгаа. Зарим гадны эрдэмтэд манайхантай нийлээд судалгаа хийх замаар янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ бүхнийг зохицуулсан хууль байхгүй учраас хэн, хаана, юу хийж байгааг мэдэх арга байхгүй.

-Хууль гарснаар ямар үр дүн гарах бол?

-Тэр хүн чулуу гаргалаа, тэр эрдэмтэн тийм юм хийлээ, тийм өвс гаргалаа гэсэн барих юмгүй юм яриад байгаа байхгүй юу. Энэ бүхэн нь албан ёсны биш, далд байдалд байгаа юм. Хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно. Энэ түүхий эдтэй харьцах эрх албан ёсоор нээгдэнэ. Жишээлбэл гадна, дотныхон албан ёсоор судалгаа хийх эрх нээгдэнэ. Манайхан түүхий эдээ авсныхаа тодорхой ашиг өгнө гэх мэт зохицуулалтыг хуульчилна.

-Генетикийн нөөцийн тухай мэдээллийн сан байдаг уу?

-Байхгүй. Одоо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлнэ. Хууль гараад бүх юм нэг өдөр сайхан болчихгүй шүү дээ. Хууль хэрэгжих нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэр нөхцөлийн нэг нь бидэнд ямар генетик нөөц байгаа тухай мэдээллийн сан хэрэгтэй. Бас уламжлалт генетик мэдлэгийн сан гэж байдаг. Түүнийг бас бүрдүүлнэ.

-Уламжлалт генетик мэдлэгийн сан гэдэг нь…

-Зөвхөн монголчуудад ёс заншлаар дамжиж ирсэн мэдлэг байдаг. Айраг исгэх, өрөм, ааруул. Ямар нэгэн ургамлаар ямар өвчин эмчилдэг гэх хувь хүнд байдаг мэдээлэл бас генетикийн нөөцөд багтдаг.

-Санг хэзээ байгуулах вэ?

-Бид дизайныг гаргаад судлаачдад санал болгосон.

-Энэ мэдээллийн сан нууцад хамаарах уу?

-Үгүй. Гэхдээ тодорхой хязгаартай байх шаардлагатай. Өнөөгийн хүмүүсийн ухамсар янз бүрийн түвшинд байна. Мэдлэггүй хүн ямар нэгэн ургамал дураараа хэрэглээд эрсдэлд орох магадлалтай. Манайхан дам сургаар их үнэтэй ургамал гэж дуулаад нөгөө нөөцийг устгаж мэднэ. Алт руу дайрдаг шиг юм болно. Сургаар нэг ургамлыг ходоодонд сайн гэж сонсоод амь насаа ч алдаж болно. Гэтэл энэ бүхэн чинь мэргэжилтэн хийдэг зүйл байхгүй.