Categories
мэдээ яруу-найраг

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Болор цом”-оо больчихсон нь дээр юм биш үү? DNN.mn

Монголын зохиолчдын байгууллагаас жил бүр “Болор цом” шүлгийн наадмыг зохион явуулдаг. Өнөө жил 41 дэх удаагаа боллоо гэж дуулдсан.

Жил бүрийн наадмын дараа хэрүүл уруул болж шүлэг зохиол бичдэг яруу найрагч нэртэй нөхдүүд бие биенээ хэмлэлцгээж, сайн муугаа дуудацгаадаг. Энэ удаагийн хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрч байгаа бололтой.

“Болор цом” авсан С.Начин гэдэг залуу “Хэн хэнд, хэдэн төгрөгийн авлига өгснөө хэл хэмээн намайг утсаар дарамталж, айлган сүрдүүлж, байх суухын аргагүй болгож байна” хэмээн мэдэгдсэн. Яруу найрагч хэмээн өөрсдийгөө өргөмжилж мандуулсан нөхдүүд нэг муу шилэн цомны төлөө нэгнээ доромжлоод зогсохгүй амь насанд нь заналхийлж байгааг юу гэж ойлгох вэ.

Зохиолч найрагчид чинь нийгмээ гэгээрүүлэх үүрэгтэй бичиг соёлын хүмүүс баймаар юм сан. Хэрүүлийн алим болоод байгаа “Болор цом”-оо одоо боль оо.

Лхагвасүрэн, Цоодол, Бадарч, Чимиддорж, Хулан, Ичинхорлоогийн үед ч “Болор цом” гоё байжээ, одоо ч биш болжээ гэж бараг хүн бүхэн хэлэх болсон. Энэ яриа л уг наадмын чинь үнэ цэнийг тодорхойлж, дэмий гэдгийг нь хэлээд байгаа бус уу. Сүүлдээ найрагчид нь биенээ үзэж чадахаа байгаад алаан хядаандаа тулжээ.

Ийм наадам хийж хоорондоо хэмлэлдэхийн оронд шилдэг сайхан бүтээл шалгаруулах юм уу арай сонгодог хэлбэр рүү орох хэрэгтэй. “Болор цомоо болиод харин оны шилдэг 10 шүлэг шалгаруулж түүнийгээ өндөр үнэлдэг болъё” гэж Төрийн соёрхолт С.Оюуны хэлснийг Зохиолчдын хороо нь ажил болгож ирэх жилээс хэрүүл уруултай наад наадмаа зогсоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гишүүдийн суудлыг нэмэх хэрэг байна уу? DNN.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй болж байгаа. Одоогийн 76 гишүүний суудал дээр дахин шинээр 50 суудал нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Чуулганы танхимын ширээ сандал, гишүүдийн суух өрөө мөн байнгын хороодын хуралдааны танхимын багтаамж зэргийг сайтар судалж, тооцоо судалгааг нарийвчлан гаргах үүрэг хүлээсэн. Урьдчилсан байдлаар чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлана гэсэн мэдээлэл байна. Энэхүү засварын ажил дуустал чуулганы хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн танхимд хийх бодолтой байгаа гэдгээ бүлгийн дарга нь хэлсэн.

Тэгвэл чуулганы танхимд засвар хийж гишүүдийн суух сандлыг нэмэх хэрэг байна уу. Сандал суудлыг нь нэмээд, хүн бүхэнд нэртэй устай өмчлөөд, хааны сэнтий шиг бэлдээд өгөхийн оронд харин сандал нь хүрэлцдэггүй, үндсэндээ 50 суудал дутуу, одоогийн 76 суудал нь хэвээрээ байвал яасан юм бэ. 126 гишүүн тангараг өргөж шинэ парламент анхны хуралдаанаа эхлүүлэхдээ нэг гишүүний суудлын хажууд сандал тавиад өөр гишүүнийг суулгах, нэг ширээнд хоёроор биш гурав дөрвөөрөө суух, хэрэв хуралдаанаас хоцорвол суудалгүй үлдэж зогсдог, кноп дарах санал өгөх эрхгүй болдог ийм жишиг рүү орвол үр дүнтэй мэт бодогдох юм. Учир нь ийм жишиг дэлхийд бий.

Тухайлбал, Английн парламентын доод танхим 651 гишүүнтэй. Гэвч чуулганы танхим нь ердөө 437 суудалтай. 214 гишүүнд суудал хүрэлцдэггүй. Хамгийн гол нь Монголын парламент шиг суудал бүхэн нь эзэнтэй биш. Аль ч суудал дээр хэн нь ч сууж болно. Гишүүд өөрийн чухал санал, хуулийн төслөө чуулганы хуралдаанд хэлэлцүүлж батлуулахын тулд хамгийн түрүүнд суудлаа хамгаалах нь чухал болох нь мэдээж. Ямар сайндаа чухал хуралдааны өмнө суудлаа бусдад алдахгүйн тулд манадаг, бүр манаж хонох тохиолдол ч гардаг гэсэн яриа бий. Суудалгүйгээс болоод тухайн хуулиа хэлэлцүүлж батлуулж чадаагүй бол сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг, улс төрийн цаашдын замд нь муугаар нөлөөлдөг болохыг судлаачид хэлдэг.

“Английн парламентын дээд танхим нь мэдээж лордын танхим. Эзэн хаанаасаа шагнагдсан бүх насаараа лордын эрхтэй 1200 гаруй хүн байна. Харин доод танхимын 651 гишүүний 214 нь суудалгүй. Энэ нь парламентын гишүүдэд маш том хариуцлагыг бий болгодог юм билээ. Өөрийнх нь сонгогдсон мужтай холбоотой юм уу, ямар ч байсан өөртэй нь хамаарал бүхий асуудал яригдлаа гэхэд эртнээс суудлаа авдаг юм билээ” хэмээн судлаач доктор, профессор Д.Чулуунжав хэлсэн бол парламент судлаач доктор П.Амаржаргал өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр “Гишүүдийнх нь тоо олон хэрнээ суудал нь цөөхөн байдаг Английн парламентын жишгээр Монголын парламент явж болно. Болохгүй юм гэж байхгүй. Манай парламентын тогтолцоо их сонин. Германы жишгээр явж байгаа гэх боловч яг герман биш. Германд гэхэд эрх баригч намын бүлэг Засгийн газар нь хуулиа барьж чуулганд ордог. Парламентад нь манайх шиг айхтар хуульчид суугаад байх шаардлагагүй. Засгийн газар, намын бүлэг  нь хариуцлагаа өөрсдөө үүрдэг. Манай парламент орон орноос жишиг авсан эрээвэр хураавар болчихоод байгаа. Үнэнийг хэлэхэд манай парламентын

гишүүд заавал танхимдаа суугаад, бүгд суудал эзэгнэж байх шаардлагагүй. Гол нь суудлаа хамгаалж өөрийнхөө саналыг өгөх л чухал. Түүнээс биш бүгд нэг нэг суудалтай байна гэсэн юм байхгүй л дээ” хэмээх хариулт өгч байна. Ийн өгүүлсэнчлэн Англид парламентынх нь гишүүд суудлаа хамгаалж, бусдад лобби хийж сонгогчдынхоо эрх ашгийн төлөө тэмцдэг байна. Яг ийм жишгээр бид явах хэрэгтэй байна.

Манай парламент ямар дүр зурагтай байдгийг хэн хүнгүй мэднэ. Гишүүдийн ирц 50 хувьдаа хүрэхтэй үгүйтэй. “Сайд нар чуулганы танхимд орж ир, гишүүд хуралдаа сууя” гээд Их хурлын дарга нь орилоод байдаг. Эрхэм түшээд ихэнх нь чуулганы танхимд хоцрон ирж, эрх ямбатайгаар суудалдаа залраад картаа шургуулчихаад буцаад гараад явчихна. Нэгэнт картаа шургуулсан бол чуулганы хуралдаанд ирц нь бүртгэгдээд санал хураалтад эсрэг саналаар явдаг. Ингээд зогсохгүй бусдын өмнөөс кноп дарах, тухайн гишүүний хувийн болоод намын эрх ашигт нийцээгүй асуудал хэлэлцвэл бусдынхаа картыг сугалах гээд хууль тогтоогчдын ичмээр үйлдлүүдийг ард түмэн энэ олон жил харж ирсэн.

“Гишүүд өөрсдөө ирцээ бүртгүүлж саналаа өгдөг байхгүй бол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь өгдөг байдал хэрээс хэтэрлээ. Эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг, ашиггүй болохоор карт сугалаад хаячихдаг, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд хандаж байна. Гишүүдийн үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэхийг УИХ-ын дарга анхаараач” гэсэн яриа чуулганы танхимд гарч байсан. Дээрээс нь сайдын суудлаар кноп дардаг, өөрийг нь сайд болгохгүй гэвэл засаг огцруулна гэж үздэг, албан тушаал томилгоо ярих болохоор хуралдаа ирдэг, бусад үед юу ч байсан хаяад явдаг ийм л байдалтай Монголын парламент явж байгаа нь үнэн. Ямар сайндаа чуулганд огт суудаггүй нэг нөхөр “Намайг дахиад сонгочих, тэгвэл би чуулгандаа таслахгүй сууна” гэж хэлж байхав.

Улс орон, ард түмний хувь заяаг шийддэг хууль тогтоогч дээд байгууллага УИХ иймэрхүү явцуу байдалтай байна. Гишүүд нь сонгогч олныхоо өмнөөс ажил хийе гэхээсээ амин хувиа боддог, албан тушаал эрх мэдлээ ашиглан улс орноо цөлмөдөг, сангуудаа хоосолдог хамгийн гол ажил болох чуулганы хуралдаанд суухаас суухгүй нь их байдаг ийм харалган тогтолцоог өөрчлөх цаг болсон. 76 гишүүн байхдаа ихэнх нь ирдэггүй, чуулганы танхим цөөн хэдэн хүнтэй, сийрэгхэн гунигтай харагддаг байсан бол 126 болж нэмэгдээд бүр олуулаа болчихсон үед ирц хангалттай дүүрэн байна гэдэгт итгэхгүй байна.

Тиймийн учир Английн парламент шиг олон гишүүнтэй ч цөөн суудалтай байх энэ зарчмаар явах нь хамгийн зөв зүйтэй шийдэл мөн. Суудлаа манаж, чуулганы хуралдаанд идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцохгүй бол хэн нэгэн гишүүн суудлыг чинь эзэгнэж, картыг нь сугалж хаяад өөрийнхөө картыг хийгээд ажлаа амжуулах улс төрийн чөлөөт өрсөлдөөн бий болно. Монголд энэ олон мэдээллийн суваг, цахим сайтууд шуурч байна. “Тэр гишүүн суудлаа алдлаа, асуудлаа хэлэлцүүлж чадсангүй” гээд нийгэм даяараа шуугина. Хэн л ийм шуугианы эзэн болж нэр төрөө баалуулаад, сонгогчдодоо есөн шидээр муу муухайгаа дуудуулахыг хүсэх билээ. Энэ талаас нь аваад үзсэн ч Монголын парламент ажил өрнөж бужигнаж байдаг чөлөөт өрсөлдөөний, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлээд байгаачлан манлайллын талбар бүрэн утгаараа болж чадна.

Эрх баригч нам нь чуулганы танхимын нэг талыг эзэгнээд бөөнөөрөө суучихсан, сүрийг үзүүлсэн өнөөгийн дүр зураг, инээдмийн гэмээр хэлбэр маяг алга болно. Бүгд тэгш эрхтэй чөлөөт байдалтай, улс орны хувь заяаны төлөө зүтгэсэн, нэгнээсээ өрсөж ажилласан дэлхийн парламентын чөлөөт тогтолцоо руу орно. Тиймээс Лаосоос ирж байгаа улаан модоор чуулганы танхимдаа дахин суудал нэмж байхаар энэ хэвээр нь үлдээж, Английн парламентын жишиг рүү оръё гэж хэлээд байгаа юм.

Д.Батбол

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ? DNN.mn

Эрх баригч МАН сүүлийн найман жил засаглаж, Монгол төрийг удирдаж байна. 2016 онд засгийн эрхийг авч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсноос хойш, он гарсаар найм дахь жилийнхээ сонгуультай золгож байна. Ингэж найман жил засаглан, ард түмний итгэлийг хүлээн дараалсан хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч улс орны хөгжилд нэмэр болохоор ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Хэдэн мухар төмөр зам л тавилаа. Өөрөөр хийсэн бүтээсэн юм алга. Харин АН-ын үед 100 хувь эх орны мэдэлд авчирсан Эрдэнэт үйлдвэрийг хураан авч, мөн тэртээ тэргүй ажил нь хууль журмынхаа дагуу явж байсан Оюу толгойн далд бүтээн байгуулалтыг өөрсдөө явуулсан мэтээр шоу хийсэн. Өөрөөр гийгүүлсэн юм үнэндээ байхгүй. Эрдэнэтийг булаан авсан шигээ Салхитын мөнгөний ордоос аваад аль л мөнгөтэй, өнгөтэй бүхнийг төр дээрэмдэж авсан. “Эрдэнэс Таван толгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилоод л, орон нутгийн гэгдэх Ажнай Бат-Эрдэнийн “Таван толгой”-д мөн л бүрэн эрхт төлөөлөгч томилоод. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, өөр юу байна, бүх л газрыг булаан авч, данс тооцоог нь атган, өөрсдийнхөө төлөөлөгчдөө томилсон. Ард түмэн Ардын намыг юу ч хийсэнгүй, дээрээс нь нүүрсний хэргээс аваад улс орноо тонон дээрэмдэж, чоно борооноор гэдэг шиг Ковидоор далимдуулан байгаа бүхнээ цөлмөснийг хорсолтойгоор ярьж байна. Үнэхээр л эрх баригч энэ нам эх орноо элгээр нь бүрмөсөн хэвтүүлчихлээ.

Сонгогч олон итгэл хүлээлгээд байхад олны итгэлийг яагаад зүтгэлээр хариулж болдоггүй юм бол, яагаад засгийн эрхийг авчихаад улс орныхоо төлөө юу ч хийдэггүй юм бол гээд нарийн ажиглаад байхаар МАН-ын цаана Орос байдаг юм шиг байна. Тиймдээ энэ намын ярьсан, хэлсэн бүхэн хий хоосон үг байдаг бололтой. Ард түмэндээ хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хандаад байдгийн учир нь үүнтэй холбоотой юм шиг байна. Бүгдээрээ бодъё л доо. Төмөр зам, цахилгаан станц, усан цахилгаан станц гээд улс орны жинхэнэ гол стратегийн том том төслүүд яагаад энэ олон жил яригдаад эцэст нь үлгэр болоод жаргав.Ховдын Эрдэнэбүрэнгийн УЦС мөн Шүрэн, Эгийн голын УЦС, Багануур, Тавдугаар цахилгаан станц гээд манай ярьсан бүхэн Оросын болоод Оросыг хамгаалагч МАН-ын улстөрчдийн эсэргүүцэлтэй тулаад хөдөлдөггүй. “Багануурын цахилгаан станцыг танай намын нөхөд зогсоосон. Тэд арай тагнуул биш биз дээ. Хоёр УЦС-ын ажил өнөөдрийг хүртэл яваагүй. Цахилгаан эрчим хүчээ нэмэгдүүлэхээр хийсэн оролдлого болгоныг үгүйсгэдэг бүхэл бүтэн бүлэгтэй болчихлоо. Энэ хүмүүс ямар зорилготой вэ” гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал чуулган дээр МАН-ын нөхдөөс ам асууж байсан.

Эрдэнэбүрэнгийн УЦС аль 1960-аад оны дунд үеэс яригдсан ч одоо хэр нь ажилд ороогүй байна. Хэрвээ энэ станц ажилд орвол баруун аймгууд эрчим хүчээр хангагдана. Эгийн голын усан цахилгаан станц ямар эсэргүүцэлтэй тулж ирснийг бүгд мэдэж байгаа. “Байгаль нуур сүйрнэ” гээд оросууд тэгнээд хэвтчихдэг. Оросоос манайд ирсэн сэтэртэй бүхэн “Монголчууд нэг ч цахилгаан станц болон УЦС барьж болохгүй. III цахилгаан станцыг чинь бид өргөтгөж өгөхөд анхааръя. Эрчим хүчний хэрэгцээг чинь Галуут нуурын УЦС-аас хангах болно” гэж хэлэхэд манай эрх баригчид үг дуугүй толгой дохидог. Хоёр жилийн өмнө Засгийн газрынх нь орлогч В.В.Абрамченко гэдэг авгай ирээд ташаа тулан даналзаад юу болов. “Тусгаар улс байна даа, өөрсдөө станцаа мэддэггүй юм уу” гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай улс 1990-ээд оны эхээр Монголоос ОХУ руу орсон ямар нэгэн гол нуур дээр УЦС баривал Оросын талаас зөвшөөрөл авахаар гэрээ байгуулсан. Тиймээс Эгийн голын УЦС дээр Оросоос зөвшөөрөл авах ёстой” гэж хэлж байсан. Зөвхөн Ч.Хүрэлбаатар ч биш Ардын намын эрх баригчид бүгд Оросоос асууна гэдгээ хэлнэ. Оросууд бүр сүүлдээ усны нөөц бий болгохыг ч хорьж цагддаг болсон. Хэдэн жилийн өмнө Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна, усны нөөц бий болгож байна гэж яаж дарамталж байлаа.

Цахилгаан станц болоод УЦС-ын тухайд ийм хөөрхийлөлтэй, өрөвдмөөр арчаагүй үнэн дүр байдал харагдаж байна. Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” ураны компанийг мөн л оросууд болиулж, Монголыг хөгжүүлэх барууны хөрөнгө оруулалтыг таслан зогсоосон. Үүнийг хийсэн хүн нь тухайн үед Ардын намын дарга, Ерөнхий сайд байсан С.Баяр. Тэрбээр 2008 оны хавар Орост айлчилсныхаа дараа шууд Мардайн ордтой танилцаж, тэндээсээ нисдэг тэргээр Чита руу Краснокаменскт Приаргуны уурхай, химийн үйлдвэрт зочилсон байдаг. Түүнийг Оросын ураны “Росатом”-ын С.Кириенко авч явсан байдаг. Приаргуны химийн үйлдвэр бол хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг байсан газар. С.Баяр Приаргуны үйлдвэрт очоод ирснийхээ дараа ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулж, цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн тухай хуулийг батлуулсан. Энэ бүхнийг Оросын үгээр хийсэн нь хэнд ч тодорхой. Канадын “Хан ресурс” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч 350 сая ам.доллар нэхэмжлэхэд, мөнгийг нь бид төлчихнө гэж оросууд хэлсэн ч төлөөгүй. Сүүлдээ хуульч гаргаж өгье, арбитрт ялагдахгүй гэсэн ч тэр бүхэн худлаа болж манай улс 70 сая ам.долларын өрөнд унаж байсан. Тэгвэл Америкууд Мянганы сорилтын сангаар дамжуулаад манай төмөр замыг хоёр болгож, хос төмөр зам тавих ажил Да.Ганболдыг Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга байхад шийдэгдсэн байсан ч Орос болиулсан.

“Мянганы сорилтын сан манайд 188 сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоё гэсэн шийдвэрт хүрээд, хоёр жил гаруй хөөцөлдсөний эцэст энэ төсөл батлагдаад гарын үсэг зурагдчихсан, яг хэрэгжиж эхлэхийн даваан дээр Оросын тал эсэргүүцсэн. Хамтарсан аж ахуйн нэгж учраас гадаадын гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг хийлгэхгүй гэсэн болзол тавьсан. Өөрийнхөө нутаг дээр байгаа төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол Улс өөрөө мэддэггүй. Бид стратегийн ордуудаа түшиглээд аль улс руу юу зөөх, ямар үнээр худалдахаа 100 хувь бие дааж шийдэх бололцоогүй болоод байна” гэж Да.Ганболд тухайн үед харамсалтайгаар хэлж байсан. Хос төмөр замтай болж бидний хараанаас алдуурах нь гэдгийг оросууд мэдээд, төмөр замын дарга В.И.Якунин Монголд сандран ирж байсан. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гээд шууд болиулсныг бид мэднэ. Хэрвээ 2010-аад оны үед өргөн нарийн хос төмөр замтай болчихсон бол Монгол Улс өнөөдөр Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Европын бүх оронтой төмөр замаар дамжин холбогдох хөгжлийн хамгийн том үүр уурхай нээгдэх байлаа. Гэвч энэхүү алтан боломжийг бид Оросын үгэнд автаж алдсан.“Богдхан” төмөр зам гэж бас нэг тод жишээ байна. 2014 онд Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн дагуу “Богдхан” төмөр замыг тавихаар тохирсон. Рашаант өртөөнөөс Богд уулын урдуур тойрч Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн болон Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин 170 км үргэлжлэхээр ТЭЗҮ нь батлагдаж, шаваа тавьсан ч одоо хүртэл сураг чимээгүй. Сүүлд, Зам тээврийн сайд С.Бямбацогт “Богдхан төмөр замын төсөл өндөр үнээр хийгдсэнийг шалгахаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон” гэж мэдэгдсэн. Уул нь энэ төмөр зам экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, хотын түгжрэлийг 57 хувь бууруулах, Хөшигийн хөндийн дагуул хотуудын бүтээн байгуулалт эрчимжиж, тээвэр логистик бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах ач холбогдолтой байсан. Сая хотод тэг зогсолт болоход 47 удаа галт тэрэг нэвтэрсэн нь гол нөлөө боллоо гэдгийг албаныхан хэлж байсан. Гэтэл хотын түгжээг бууруулах Богдхан төмөр зам бас л оросуудын биднийгээ могдорлох ээлжит үлгэр байв уу. “Бид хийгээд өгье, бидэнтэй л хамт бай” гэж оросууд хэлдэг. Ардын намынхан тэр үгэнд нь итгээд “орос ах” хийгээд өгнө гээд хий хоосон горьдож хөөрцгөөдөг. Нөгөөдүүл нь хийсэн ч юм байхгүй, эцэст нь Монголын бүтээн байгуулалтын том ажлууд дээр өгүүлсэнчлэн таг зогсдог. Ардын намыг ард нийтээрээ сонгосноор улс орон ийм байдалтай явж ирлээ. Тэгэхээр Оросын үгнээс гардаггүй, Монголдоо юу ч хийдэггүй энэ намыг дахин сонгож төрийг удирдуулах хэрэг байна уу. Ер нь оросуудын байгуулж өгсөн нам ч гэж ярьдаг. Бүтээн байгуулалт гээд үзэхээр АН-ын үед л бүх ажил бужигнаж эхэлсэн байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд яаж ажиллаж байлаа. Ганцхан жишээ хэлэхэд ихэнх аймгийг нийслэл хоттой засмал замаар холбож, “гудамж” төслөөр хот өнгөө засч, Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж Токио, Сөүлтэй өрсөлдөх шинэ Улаанбаатарыг бий болгохоор зүтгэж байв. З.Энхболд Таван толгойг ард түмэнд үлдээсэн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийсэн, Эрдэнэтийг эх орондоо авчирсан гээд өнөөдөр ард түмнийг хоногийн хоолтой нь залгуулж байгаа энэ бүх ажлыг ардчиллынхан дөрвөн жил засаглахдаа хийсэн байдаг. Ардчиллынхан ажил хийгээд, бүтээн байгуулалт өрнөөд ард түмний цалин цаваг нэмэгдээд, амьдрал өөрчлөгдөөд ирэнгүүт Ардын намынхан сурснаараа дагуулж гуядах ажлаа эхэлдэг. Амьдрал дээшилсэн хүмүүсийн омог дээр АН-ыг яаж тонгорч шороонд булахаа МАН-ынхан сайн чадна. Тэгээд л төрийн сэнтийд гараад ирдэг. МАН засагласан найман жилд татвар нэмэгдэж, цалин буурч, ард түмний нүдний гал бөхөхийг бид харж байна. Авлигажсан улс хэрхэн яаж дампуурч болдгийг бид биеэрээ мэдэрч байна. Хот маань автобус унаа ч байхгүй өвлийн хүйтэнтэй золгож, гудманд гуйлгачин мэт чичирсэн ард түмнээ харахад хөөрхийлөлтэй байна. Ийм улсад хэн аж төрөхийг бодох юм бэ. Япон, Солонгос гарах гэж нийтээрээ зүтгэж байгааг буруутгах аргагүй. Тиймээс монголчууд минь ирэх оны сонгуулиа бодолтой хийгээрэй дээ. МАН-ын цаана Орос байдгийг мартаж болохгүй. Орос биднийг огтоос хөгжүүлдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ яг үнэндээ бол Орос биднийг хөгжүүлэх үүрэггүй. Дэлхийн түүхэнд ах дүү улс гэж байдаггүй. Монголыг хөгжүүлнэ гэдэг Оросын эрх ашигт өөрт нь хохиролтой. Харин орос ах нар хийж өгнө, тэд л биднийг хөгжүүлнэ гэж итгэн хөөрцөглөж тэнэглэдэг МАН-аас салах хэрэгтэй.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна DNN.mn

Авлига улс орныг мөхөөдөг гэж алдар суутнуудын хэлсэн үг бий.Тухайлбал, “Улс орон гадаад улсын булаан эзлэлтээс бус ард түмнийхээ итгэлийг алдсан авлигажсан албан тушаалтнуудын шуналаас болж сүйрдэг” гэж Солонгосын сэтгэгч Жон Яг Юун хэлсэн юм гэдэг. Хүн төрөлхтний их сэтгэгч суутнуудын ийн хэлсэн нь гарцаа байхгүй үнэн байна. Авлигад идэгдсэн улс орон хэрхэн яаж уруудан доройтож, бүх зүйл нь урвуугаараа эргэж, нийгэм нь тэр чигтээ там шиг болдгийн бодит баталгааг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна. 2008 оноос хойш нийт нэг их наяд төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зориулсан гэх тооцооллыг өнгөрсөн жил гаргасан. “Цэвэр агаар сан”, “Утааг бууруулах сайжруулсан түлш”, “Утаагүй түлш” гээд янз бүрийн нэр өгч төсөл нэрээр нэг их наяд төгрөгийг зүгээр л идээд уучихсан. Зарим жилүүдийн тоо баримтын судалгааг сөхөхөд, 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум нийт 164.1 тэрбум, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утаанд зарцуулах нэрээр хуваагаад идчихсэн байх жишээний.

2017-2020 онд гэхэд улсын төсвөөс 273.1 тэрбум, Азийн хөгжлийн банк Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, Хятадын зээлээр нийт 168.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум нийт 456.1 тэрбум төгрөгийг мөн л утаа нэрээр эрхтэн дархтнууд нь цусалчихсан. Утааг багасгая, утаа хэрээс хэтэрлээ, “Утаагүй Улаанбаатарын төлөө” гэж ярьсан, тэмцсэн, бусдыгаа оройлсон бүхэн утааны мөнгийг хувааж хулгайлсан байдаг. “Утааны эсрэг ээж аавуудын групп” гээчээс аваад төр засгийн удирдлага, дарга сайдаасаа аваад энгийн иргэд хүртлээ бүгд утаа нэрээр улсын төсөв, гадны дотны зээл тусламж бүгдийг үлдээлгүй хувааж тоносон. Агаарын бохирдол гэж дуугарсан бүхэн авлига байсан. Одоо “Хятадын хагас кокс” нэрээр 177 тэрбумыг идэх гээд эрх баригчид шүлсээ залгиад “амташсан хэрээ” гэгчээр зогсож байна.

Утаа нь авлигал болоод зогсохгүй эцэстээ албан тушаал эрх мэдлийн илд бамбай болсон. Утаа арилгасан нэрээр одоогийн Ерөнхийлөгч, тухайн үед намын дарга байхдаа Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг яаж дахин авч байв.Мөн “Утааг ялчихлаа, одоо түгжээг тайлна” гээд улайм цайм суртал ухуулга хийсэн Ж.Батбаясгалан гэдэг нөхөр НИТХ-ын даргын суудалд заларч байна. Ингэж эрх баригчид утааны мөнгийг их наядаар нь зүгээр ч бас гударчихгүй ард түмнээ доог тохуу хийгээд сууж байна.Энэ бүхний эцсийн үр дүнд Улаанбаатарын утаа дээд цэгтээ хүрч, хорт хавдар болоод үр зулбалтын энэ олон шалтгааныг эрдэмтэд утааны хор хөнөөлтэй холбон тайлбарлах болсон. Утаатай тэмцсэн гэх сүүлийн 20-иод жил утаанд зарцуулсан мөнгөөрөө хотын гэр хорооллын 220 мянган өрхийг бараг 100 хувь орон сууцтай болгож, Улаанбаатар жинхэнэ ёсоороо утаагүй хот болох бүрэн боломжтой байсан нь тодорхой.

Тэгвэл замын түгжрэл хэмээх жинхэнэ “там-тай учирснаар мөн хориод жилийн нүүр үзлээ.Улаанбаатар хот удахгүй метротой болно гэдгээс аваад тэнгэрийн зам, цахилгаан соронзон галт тээвэр, дүүжин тээвэр, LRT хөнгөн галт тэрэгний шугам гээд замын түгжээг бууруулах мөн ч олон янзын үлгэр ярьсан. Хамгийн хорлонтой нь тэр бүгдэд гадны зээл тусламжийн мөнгийг ховх сороод зогсохгүй манай луйварчид гадныхантай нийлж улс орноо цөлмөсөн. Ганцхан жишээ хэлэхэд, Баянхошуунаас гэмтлийн эмнэлэг, ХААИС-иас Богд хааны музейгээр дамжаад Хүүхдийн ордон орох хойд урд хоёр маршруттай хотын захиргаа, Францын ПОМА компанийн хамтарсан төсөлд 180 орчим тэрбум төгрөгийг нийслэлээр шийдүүлсэн байдаг. Төслийн гүйцэтгэгч компани ПОМА руу 16.1 тэрбум, Эжис рэйл ХХК руу 6.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн ч хийгдсэн ажил алга гээд нэг хэсэг шуугиад л өнгөрсөн.

Гэтэл сая юу болов. “Түгжрэлийг бууруулах гол гарц нь нийтийн тээвэр, гэвч энэ салбар уналтад орчихлоо. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарыг цогцоор нь шийдвэрлэнэ” гэх мэдээллийг хот хариуцсан сайд, хотын удирдлагууд нь гаргаад 2023 оны төсөвт 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан.

Гэвч энэ мөнгийг улсын нууцад оруулж байгаад хот хариуцсан сайд, нийтийн тээврийн газар, худалдан авах ажиллагааны газар зэрэг бүх эрх мэдэлтэн, автобус компани хувийн хэвшилтэйгээ нийлээд шуналаа барьж дийлэлгүй хэдэн талаас нь дайраад орчихсон. Зүгээр л хуваагаад иддэг тэр жишгээрээ хувааж аваад идэх гэж үхэлджээ. 330 хэдэн тэрбум гэдэг бол үнэндээ бага мөнгө биш. Энэ мөнгөөр дэлхийн аль ч орноос орчин үеийн автобус худалдаж аваад нийтийн тээврээ олон улсын стандартад хүргэчих бүрэн боломжтой.

Солонгосын “Хьюндай”-гийн шинэ автобусууд оруулаад ирсэн бол бид яаж баярлах бол. Үнэ нь жаахан нэмчихсэн байсан ч тоохгүй, шинэ юм чинь арга үгүй л гэнэ. Тэгтэл Солонгосоос “сэг” ачаад, түүнийгээ Вьетнамд аваачиж угсраад парк шинэчлэл нэртэй 330 хэдэн тэрбумаар ёстой нэг тоглосон байгаа юм. Яагаад шинэ автобус аваагүй юм бэ гэхэд орчин үеийн автобус гоёдоно, бид дор нь хэмхлээд дуусна гэж дарга нар ярьсан гэсэн. Тэгвэл монголчууд өнөөдөр хамгийн орчин үеийн машин, тэр ч бүү хэл онгоц нисдэг тэрэг хөлөглөж байна. Шинэ автобус авбал нөгөө хулгайлах мөнгө нь бага болно гэж голоод ийм сэг босгож ард түмэндээ шахаж байгаа нь тэр.

Дээрээс нь бид үнийн өсөлт том дарамтад бүгд сөхөрчихсөн. Саяхан манай сонинд дэлхийн зарим орны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ болон Монголын барааны үнийг иргэдийн авч буй цалингийн хамт хүснэгтээр харуулсан. Манайд нэг кг үхрийн мах 19 мянга 500 төгрөгийн үнэтэй байхад Хятадад 21000, Польшид 25000 байна. Сүү Монгол 3600, Польшид 2500, элсэн чихэр Монгол 5800, Германд 7600, тахианы мах Монголд 1 кг нь 14000, Солонгост 26000, Польшид 14000, Германд 20000 байх жишээтэй. Тэгвэл монголчуудын сарын дундаж цалин 350 доллар буюу 1.2 сая, польшийн цалин 1608 ам.доллар буюу 8.9 сая, Солонгосынх 2 сая вонн буюу 5.2 сая, Хятадынх 600 ам.доллар буюу 2 сая байх жишээний. АНУ-ын дундаж цалин 3500-4000 ам.доллар гэдэг. Манай өргөн хэрэглээний барааны зарим үнэ Америкийнхтай ойролцоо гэдгийг иргэд хэлдэг. Манай цалин нь 1.2 сая, польшын цалин 8.9 сая гэдэг ч хэрэглээнийх нь үнэ нь ижил түвшинд байна гэдэг аймшигтай. Юу ч үйлдвэрлэдгүй зүгээр л хятад барааг авч ирж нутаг нэгтнүүддээ дамлан зардаг улс орон ийм болохоос ч өөр яах билээ.

Монголчууд бид өөрсдөө ийм л улс орныг бий болгосон. Энэ бүхэн монголчууд бид дээд албан тушаалтнаасаа доодох хүртлээ авлигад гүн шигдсэний баталгаа.

Томчууд нь тэрбум тэрбумаар, их наядаар нь хулгай хийж улс орноо тонодог. Доод дунд шатных нь бас л өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд хулгай хийдэг. Яг л утаа гэдэг нэрээр улсаа цөлмөсөн шиг, саяны автобусны хулгай, цавчаа шиг бүх л салбарт авлига, хулгай дээрэм, нүүрлэсэн.Наад захын жишээ хэлэхэд, машины зогсоолын төлбөр авч байгаа нөхөр сүлжээ болохгүй байна гээд НӨАТ өгдөггүй. Тэгсэн хэрнээ кассын машин нь мөнгө уншаад сүлжээ нь зүгээр байдаг. Хүмүүсийн НӨАТ-ыг бөөгнүүлж байгаад хувьдаа уншуулж амьхандаа л ажлаасаа ашиг унаган бусдыг шулж байгаа нь тэр. Яавал бусдаас таван төгрөг илүү авчих вэ гэж үхэн хатан чичирдэг ийм өлмөн зэлмэн, ёс зүйгүй сэтгэлгээ монголчуудын өнөөгийн энэ авлигын нийгмийг цогцлоосон.

Түүнийхээ хүчинд утаандаа угаартаад, үнийнхээ өсөлтөд дарлуулаад, түгжрэлдээ гарах гарцгүй ядуу хоосон амьдарч, эцэстээ нэгнээ барьж идэхдээ тулж байна. “Монголчууд хөгжихгүй, учир нь хөгжлийг бий болгодог ёс суртахуун та нарт байхгүй” гэж Япон жүжигчний хэлснийг хүн бүр бодож, ёс суртахуунаа өөрчлөх цаг болсон. Тэгж байж бид бүхэн өөдөө нар харна. Нэгнээ шулж, энэ чинь зах зээл хэмээн тэнэглэдэг адгийн сэтгэл зүйгээ одоо больё. Харин зах зээлийн нийгэм хамгийн ёс зүйтэй байхыг шаарддаг гэдгийг бүгдээрээ ойлгож хүн бүхэн дор бүрнээ хичээж өлөн сэтгэхүйгээ өөрчилж хулгайгаа зогсооё.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Тахал гарах нь гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд хэмнэнэ гээд ч юм үлдсэнгүй DNN.mn


Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Засгийн газар гэдэг бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай” тухай хэлсэн. Үндсэндээ Их хурлын даргын Их хурлын чуулганы индрээс ард түмэндээ хандаж хэлснээр бол монголчууд бид дэндүү тансаг хэрэглээтэй амьдарч байгаа аж. Тэгээд энэхүү тансаг хэрэглээгээ одоо тана, амьдралаа хэмнэлтийн горимд шилжүүл гэж зориуд анхааруулж байгаа юм байна. Занданшатар дарга аа, та ард түмнээ тохуурхаж басамжилсан амьдралгүй, амьдралаас хол хөндий үг хэллээ. Тахал гарна гээд нэг жил, тахал тусаад хоёр жил хоосон суусан ард түмэнд одоо хэмнэе гээд ч хэмнэх юм үлдсэнгүй. Өндөг, талх хоёр идэхийг л тансаглал гэхгүй юм бол өөр тансаглатлаа танаад, хэмнэлтийн горимд шилжээд байх зүйл ард иргэдэд алга. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлж байсан удаатай.

Сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Бид дэлхийд хаана ч байхгүй хямд үнэтэй талх идэж байна” гэж ядарсан иргэд рүүгээ дайрч давшилсан маягтай хэлсэн. Эрх баригчдын хэлдэгчлэн өндөг, талх хоёрыг тансаг хэрэглээнд тооцдоггүй юм бол өвчин тахал гээд сүүлийн гурван жил гуйвтлаа хоосон сууж байрныхаа түрээсийн мөнгө, ус дулааны мөнгөө арай ядан цалингаасаа илүүчилж, өвчин зовлонгийн энэ үед үнэндээ эм авах ч мөнгөгүй ард түмнийг тансаг хэрэглээгээ хэмнэ гэдэг арай хэтэрхий басамжилсан явдал. Ингэж та бүхэн эндүүрч дэмийрч болохгүй. Ер нь эрх баригчид, сайд дарга нар аливааг өөрсөд шигээ санах юм. Бодоход байсхийгээд л гадагшаа явж брэндийн дэлгүүр хэсч, аялж зугаалдаг авгай хүүхнүүд нь доллар ховордлоо гээд “боож үхэх” гэж байгаа. Бас Хөгжлийн банк тоносон дарга даамлуудаа хараад л тансаглаж байна гэж сүйд болоо биз. Мах гурилаа болгоод шинээр хувцас ч авч өмсөж чадахгүй, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өр зээлнээс өр зэлний хооронд амьдарч, галзууртлаа өсч буй үнийн өсөлтийн өмнө сөхөрч суугаа ард түмэнд өнөөдөр долларын хэрэгцээ гэж алга. Долларын өсөхийн хэрээр монгол төгрөг цаас болж байгаа нь ядарсан олонд нэрмээс болж байгаа. Түүнээс ард түмний амьдралд долларын өсөлт ямар ч падлийгүй. Дарга нар өөрсдийнхөө жишгээр бодоод монголчууд биднийг доллар бага хэрэглэ, машин унаа болоод гаднаас доллараа авдаг бүх зүйлийг таслан зогсоо гэж загнаад байгаа нь яг жинхэнэдээ ийм учиртай.

Бид сүүлийн гурван жил төр засгийн хатуу харгис хорионд байхдаа хэмнэсээр байгаад, бүсээ чангалсаар байгаад одоо ууц нуруу нь тасрах гэж байна. Ийм байтал дахиад хэмнэ, хэмнэлтийн горимд шилж гэж цэвдэг хүйтэн үг хэлэхээр чинь яах болж байна аа. Өлсгөлөндөө тулах хэрэг үү. Их хурлын гишүүүд, эрхтэн дархтан сайдууд монголчууд биднийг ер нь өлсгөлөн гуйлгачин байлгахыг хүсээд байна уу. Х.Болорчулуун гишүүн “Та нар дэлхийн хамгийн хямд талх идэж байна. Хамгийн хямд үнэтэй гурил идэж байна. УИХ чадан ядан энэ Монголыг чинь тэжээж байна. Өнөөдөр монголчууд шиг хямд мах, 1000 гаруй төгрөгийн үнэтэй талх, гурил идэж байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй. Үүнийг би баталгаатай хэлнэ” гээд ард түмнээ загнаж зандраад унасан. Болорчулуун бол Монголын хамгийн поп улстөрч. Сүүлийн арван хэдэн жил УИХ-д дараалан сонгогдож дархан эрхтэй сууж байгаа. Оюу толгой болоод гадны уул уурхайг ганц эсэргүүцдэг гишүүн. Тэрээр Дорнодын гурилын үйлдвэрийн босс. Ард түмэн гурилыг нь хямд үнээр авч байна, өндөр үнэтэй авах хэрэгтэй гээд горойж үхэх гэж байгаа бололтой. Яг бодит амьдрал дээр бид тийм хямдхан гурил, бас хямд талх иддэг улс орон биш. Англид өнөөдөр нэг кг гурил нэг паунтын үнэтэй байна. Монгол мөнгөөр 3800 төгрөг. Харин манайд нэг кг гурил 1800 төгрөг байна. Тэгвэл Англид эмчийн дундаж цалин 7 хоногтоо 2000 паунт, монгол мөнгөөр 7 сая 600 мянга, сардаа бодохоор 30 сая 400 мянган төгрөгийн цалинтай. Монголд нэг эмчийн цалин 800 мянга. Ийм хол зөрүүтэй байна. Эрх баригчид сардаа 30 саяыг больё гэхэд 5 сая төгрөгийн цалин өгчихөөд ард түмнээ хямд талх, гурил идэж байна гэж загнах хэрэгтэй. Монголчууд бид дэлхийд байхгүй бага цалин авдаг. Бараг л боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэхэд болно. Дэлхийд хамгийн үнэтэй талхтай гэгддэг дөрвөн орны талхны үнийг иргэдийнх нь цалингийн дундаж үнэтэй харьцуулсан судалгаа сүүлийн үед нийгмийн сүлжэгээр явж байна. Үүнд Исландад 1 талх 3.37 доллар бол цалин 3300 доллар, Норвегид талх 3.17 доллар цалин 3600 доллар, Швейцарьт талх 3.12 доллар, цалин 5.941 доллар, АНУ-д талх 2.8 доллар, цалин 5 сая 783 доллар Монголд талх 0.64 доллар цалин 542 доллар. Цалингийнхаа үнэтэй талхны үнээ харьцуулахад бид Болорчулууны хэлснээр дэлхийн хамгийн хямд гурил, талх идээд байна уу, үгүй л байхгүй юу.

Монгол ардын нам татвар нэмэхгүй гэж сүүлийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулж арваад жил засаг барьж байна. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины татвар гээд иргэдийнхээ халаас руу гараа шургуулж есөн төрлийн татварыг нэмсэн. Сарын 3.5 саяас дээш орлоготой иргэд 25 хувийн татвар, сүүлд шаталсан татварын тогтолцоо гэж бас иргэдийнхээ халаасыг сэгсрэхийн төлөө дарйсан. Ингээд татварын нэмэгдэлд иргэд цөөхөн хэдэн төгрөгийн цалингийн 40 хувийг татварт суулгачихаж байна. 300-500 долларын цалиндаа 40 хувийг нь татварт өгчихөж байгаа, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт нам зогссон, мөн сүүлийн гурван жилийн хатуу хорионд байсан ард түмэн юугаараа тансаглах болж байна вэ. Их хурлын дарга Занданшатар та одоогоос арван жилийн өмнө гадны хөрөнгө оруулалтын эсрэг хууль батлаад улс орныг хорлосон. Тэр уршгийн чинь гайгаар гадны хөрөнгө оруулалт нам зогсож, эдийн засгийн цусны эргэлт байхгүй болсон. Гэтэл та өнөөдөр хэмнэлтийн горим ярьж буй чинь арай дэндэж байгаа юм биш үү. Ардын намын түшээдийн ааш авир ингээд зогссонгүй. “Хойтон өвлөөс та нарын тог цахилгааныг тасална” гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн заналтайгаар хэлээд байгаа. Эрчим хүчний сайд, төсвийн байнгын хорооны дарга, Төрийн сангийн даргаар ажиллаж байсан, Сангийн яаманд мөн сайд байх хугацаандаа эрчим хүчний бүх л төсөл хөтөлбөрийг зогсоосон гэж яригддаг энэ хүн ингэж хэлж байгаа нь монголчуудаа тавлаж байгаа бус уу.

Ц.Даваасүрэн 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Монголын парламентад 16 жил сууж байна. Гэвч тэрээр “ард түмний цахилгааныг тасалж харанхуй байлгана” хэмээн тавлаж занаад зогсохгүй “Орос, Хятад хоёр хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ” гэж Их хурлын чуулган дээр мэдэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ. Даваасүрэн гишүүн ээ, энэ юу гэсэн үг юм бэ. Таны хэлж байгаа шиг монголчууд өлсөхөөрөө бие биенээ алж идэх юм уу. “Танай хоёр улс хилээ хаачих, наад монголчууд чинь хоорондоо дайтаж сүйрнэ” гэж орос, хятадуудад хэлээд байгаа юм уу. Монгол ардын намынхан, Их хурлын гишүүд та нар битгий ингэж горьд оо. Орос, Хятад хоёр хилээ хаахад монголчууд хоорондоо дайтахгүй. Битгий сэрүүн зүүдэл. Ёстой горьдсоны чинь гарз. Өлсөж туйлдсан ард түмэн хоорондоо байлдахгүй, харин улс орныг ийм байдалтай болгож, хаа хамаагүй Европт болж байгаа дайны хөлд ард түмнээ сөхрүүлсэн эрх баригчид та нарын эсрэг босч магадгүй. Ард түмнээ ядуу хоосон байлгах гэж ингэж их тохуурхсан, дээрэлхэж дарласан, баян цатгаланаа гайхуулсан, онгирч сагсуурсан та нөхдийн өөдөөс олон түмэн босч мэднэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд ард түмний тэвчээр барагдах цаг ирнэ. “Ард түмэн идэх талхгүй байна” гэхэд тэдэнд тоорт өгвөл яасан юм гэж хэлээд хувьсгал гарч дүүжлүүлсэн Францын хатан хаан Мариа Антаунетта шиг эрх баригчид ингэж галзуурахаа одоо боль. Монголын төрийг удирдаж байгаа нөхдийн дайны сургаар юу ч хийж чадахгүй дүлэгнэсэн царайг хараад дэлхийн улс орнууд биднийг дэмжихээ больж байна.

Дэлхийд ганцхан Орос гэдэг улс орон байдаг юм шиг манай эрх баригчид орос дарга нараас айгаад юу ч хийж чадахгүй гөлөгнөцгөөж байна. Оросын эрх барьж байгаа Путины “Нэгдсэн орос нам”-аас Монгол ардын намынхан маш их доллар авсан тухай, 2000 оноос хойш Монголын улс төрд явсан бүх удирдагчид нэгдсэн орос нам, Путинээс ихээхэн хэмжээний доллар авсан гэх яриа гадаад дотоодгүй дуулдах боллоо. Европт болж байгаа дайны хөл манайд ингэж айхтар нөлөөлж Монголын эрх баригчид орос дарга нараас ухаан алдацгааж байна. Тиймдээ ч “Дэлхий дахины байдал хурцадмал байдалтай байна. Дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бид бодитойгоор ойлгох хэрэгтэй” гэж Г.Занданшатар хэлж байна. Тэнд болж байгаа дайн монголчууд бидэнд юуны хамаатай юм бэ. Монгол Улс кремлийн гинжнээс салаад, ардчилсан тусгаар улс болоод 30 хэдэн жил болж байна. 1945 оны дайны үед Монголд юм ховордсон өнөөдрийнх шиг байдал үүсч байсан гэдэг. Яг түүн шиг Монголын удирдагчид толгой дараалан хулчганалдацгааж “дайн” гэж ч хэлж чадахгүй сэтгэл санааны хувьд бүгд 1945 оных шиг болчихоод байна.

Ард түмнийг зоригтойгоор түүчээлээд залаад явах удирдагчид харагдахгүй байна. Бүгд геополитикийн зөрчил боллоо, түүний сүүдэр туслаа, тансаг хэрэглээгээ боль, хоёр хөрш маань хилээ хаавал бид хоорондоо дайтна, бид хамгийн үнэтэй гурил, талх идэж байна, дахиад бүсээ чангал гэж ядарсан олон руугаа дайрцгааж байна. Улс орныг хэзээ ингэж удирдаж байсан юм бэ. Ийм удирдагчид гэж байдаг уу. Ардын намын дарга нар, төрийн түшээд та нөхдүүд орос дарга нараа бодоод ард түмнийхээ амьдралыг ингэж хөсөр хаяж, золионд гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Ард түмнийг тансаглалаа гэж доромжлон тохуурхчихаад өөрсдөө болохоор Хөгжлийн банкны зээлээс аваад улс орноо тонож хувааж идэж байгааг чинь юу гэх вэ. Ингэж улс орныг удирдахгүй ээ. Энэ бүхнээс харахад төрийн толгойд байгаа нөхдүүд энэ хэцүү бэрх тахал, дайн дажины үед улс орныг удирдах ямар ч чадваргүй болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?

Өдрийн сонин хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын талаар ингэж бичиж байв. Гэтэл өнөөдөр уг айлчлалын нөхцөл байдал ямархуу байгааг та бүхэн тунгаана биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв. Өнгөрөгч сарын сүүлээр буюу Улс тунхагласны баярын үеэр Оросын Засгийн газрын Шадар сайд В.Абрамченко албатуудтайгаа айлчилсан. Харьяат улсдаа ирж байгаа юм шиг толгой дээгүүр жигтэйхэн даналзсан орос авгай ирээд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хоёр орны төрийн албан уулзалтын үеэр “Монгол Улсад усан цахилгаан станц барих ажлыг бид дэмжихгүй. Танай Эгийн голын усан цахилгаан станц баригдах ёсгүй. Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барьж байгуулж байгаа нь Оросын хувьд маш эмзэг асуудал болоод байна. Тиймээс бид зөвшөөрөхгүй” гэдгээ дээрэнгүйгээр шуудхан мэдэгдлээ. УЦС барихыг хориглосон хэрнээ Гусиноозёрскийн төрийн мэдлийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бэлэн гэв. Үндсэндээ цахилгаан станц байгуулж болохгүй, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос төлбөртэйгөөр авч нөхөж болно гэдгээ хэлж байгаа нь тэр. Айлчлалынхаа үр дүнг сүүлд нь хэлэхдээ “Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдолыг нөхөх нь хоёр талын нэн тэргүүний асуудал” гэж тодотгосон байна лээ.

Үүнээс гадна бас нэг айхавтар мэдэгдэл хийсэн нь манай станцууд хүчин чадлын хувьд доройтсоныг анзаарч тэр тал дээр хамтарч ажиллана гээд хийн хоолойгоор дамжуулж биднийг газаар хангахаа хэлсэн. Манай цахилгаан станцыг нүүрс биш хий болгох гэсэн аюултай санал. “Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой барих, эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинээр барьж байгуулах уг төслийг Монголын тал хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэж Шадар сайд авгай таатайхнаар инээд алдаад мэдэгдсэн. Энэ нь манай цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь газ болгож өөрийн хараат болгох орос ах нарын алсын бодлого гэдэг нь ойлгомжтой. Тийм болоод уг төсөл дээр хамтарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн уриалгахан хэлээд байгаа хэрэг. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ 2022 оны хоёрдугаар улиралд дуусгавар болж, гуравдугаар улиралд гэрээнд гарын үсэг зурах тухай яригдаж байна.

Яагаад оросууд хийн хоолойг станцтай холбох гэж ингэж яарч байна гэхээр монголчууд цахилгаан станц нь хэдий доголдож байгаа ч нүүрсээ түлээд станцаа амьтай байлгаж, биднээс хамаарал харьяалалгүй аж төрөөд болоод байна гэдгийг анзаарсан. Тиймийн учир цахилгаан эрчим хүчийг нь тэр чигт нь газ болгож, түлхүүрийг нь гартаа атгалаа гэдэг шиг өөрсдөөсөө хамааралтай болгох нь л гэж хардахаар. Үнэхээр хийн хоолой тавьж манай станцуудыг бүгдийг нь газ болгоод Оросын талаас ганцхан кноп дар аа гэдэг шиг газаа хаахад манайд эрчим хүч, цахилгаан бүгд зогсоно. Амьдрал зогслоо гэсэн үг. Идэр есийн хүйтэнд цахилгааныхаа амыг барьж, газаа тасалж биднийгээ хөлдүүс болгочиход оросууд маань нэг их санаа зовохгүй болов уу. Тэд нэг шалтаг олоод л хэлчихнэ, ямар уран цэцэн билээ дээ, тийм юмандаа. Өнгөрөгч хавар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтой уулзахад баахан магтсан пиар цахимаар битүү явсан. Тэрхүү уулзалтын гол үр дүн юу вэ гэвэл ерөөсөө хийн хоолойн асуудал. Энэ тухайгаа Б.Батцэцэг “ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцсон. Бид “Газпром”-ын захирал А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хийн хоолойн инженерүүд бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна” гэж Орост айлчилсныхаа дараа хэлсэн. Тэгэхээр орос сайдын саяны айлчлалын үзүүр гогцоо ингэж тайлагдаж байна. Ямар ч байсан хийн хоолой тавих нь. Хийн хоолой манай ирээдүй үр хойчист хоолойд нь угласан дүүжлүүрийн олс болчихгүй шиг бол хийнэ л биз. Гэрээний заалтуудыг нь мэргэжлийн хүнээр хийлгэдэг юм байгаа биз. Харин түүнийг цахилгаан станцтайгаа холбож яах гээд байгаа юм бэ. Бид хувингаараа ч болтугай Багануураас нүүрс зөөгөөд цахилгаантай байгаад байгаа нь хэнд гай болоод байгаа юм бэ.

Мөн Шадар сайд авгайтай бараг зөрөөд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов баахан генералуудаа дагуулаад ирсэн. Манай Батлан хамгаалахын сайд хүлээж аваад “Бид зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон цэрэг техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжих бодлогыг цаашид ч баримтлах болно” гэж хэлсэн байна. В.В.Герасимов “Цар тахлын хэцүү үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлов” гэх албан мэдээ яамны зүгээс гарсан. Ямар төлөвлөгдсөн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн нь бүү мэд. Эгээтэй л манайд цэргийн бааз байгуулна гэж яриагүй байлтай. Ингэж У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын өмнө оросууд асар их ач холбогдол өгөөд байна. Хойноос цувран ирж байгаа нөхдүүдийн санаа зоригийг анзаарахад, У.Хүрэлсүхийн айлчлалаар их олон зүйлийг оросууд шийдүүлэх гээд хөрс сууриа урьдчилан бэлдээд байгаа бололтой. Тэд оччихсон байхад юу ч байсан хийлгүүлнэ гэж бат итгэлтэй байгаа бололтой. Дор хаяж Ленин клубийн газрыг авах юм гээ биз дээ. Манайхан ялангуяа Ардын нам хуучин Хувьсгалт намын нөхөд оросуудад үгүй гэж хэлж чаддаггүй. Тэд оросуудыг хараад налаад унадаг. Орос ах нарынхаа өмнө гөлгөнөөд сурчихсан. Тийм дээ, үгүй гэж хэлж зүрхлэхгүй, огт сураагүй хуучин ЗХУ тэдний зүрхэнд орчихсон. Аваачаад буудчихаар чинь айлгүй ч яахав.

Яг ийм жишгээр У.Хүрэлсүх орос ах нарынхаа өмнө үгүй гэж хэлж чадахгүй, юу л хүснэ тэр бүгдийг үг дуугүй зөвшөөрчихөөд буцаад ирэх байх даа гэсэн бодол төрөөд байна. Хэрвээ оросууд Монголын язгуур эрх ашигт нөлөөлсөн, улс орон ард түмний цаашдын хувь заяатай холбоотой асуудлыг тулгавал яах болж байна. Тухайлбал, ДЦС-уудаа нүүрсээр ажилладгийг нь болиулж газ болгуул, УЦС огт барьж болохгүй, цахилгаан эрчим хүчээ бүгдийг хийн хоолойд холбуул гэж тулгахад Ерөнхийлөгч маань “За за” хэмээн ам өчгөө өгчихөөд ирвэл яах вэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхдаа сүүлд айлчлахад оросууд Маршал Чойбалсангийн Москвад нас нөгцөхдөө өмсөж байсан формыг жаазлаад өгсөн дуулддаг.

Сайнаар бодвол өвөг дээдсийн чинь хувцас гэж ойлгоно, саараар бодвол “Үгэнд орохгүй бол ингээд өмсөж явсан хувцас чинь үлддэг юм шүү” гэх сануулга дохио ч байж болох. Яг үүн шиг байдал үүсвэл У.Хүрэлсүх оросуудын өмнө хатуу байж чадах уу. Хатуу байж чадахгүй ам өчгөө өгч толгой бөхөлзөөд ирдэг. Ирээд нөгөөхийг нь хийж болдоггүй. Ингээд хоёр улсын харилцаанд бас л нэг ан цав бий болох нөхцөл үүсэх юм биш байгаа.

Учир нь Монгол Улсын эцсийн шийдвэрийг У.Хүрэлсүх биш, ард түмэн нь мэддэг гэдгийг Путины дарлалд, чанга гарт байгаа оросууд яаж мэдэх билээ. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Бид парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ, парламентаа ард түмэн нь сонгодог ардчилсан орон. У.Хүрэлсүхийг нь айлгаж хуурч байгаад бүх асуудлаа шийдвэрлүүлээд авлаа гэж бодоход язгуур эрх ашиг, улс орныхоо тусгаар тогтнолын эсрэг юм байвал ард түмэн үгүй л гэнэ шүү дээ. Энэ бүхнийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань сайтар бодож тунгаасан уу. Юундаа Орос руу явах гэж яарч адгаад байгаа юм бэ? Оросууд дуудаад амраахгүй байгаа юм уу. Хоёр орны дипломат бодлого, найрамдалт харилцаа нэрийн дор дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу? Тэгвэл хэвлэл мэдээлэл, олон нийтдээ хандаач. Дэлхий нийтэд зарласан ч болох асуудал баймаар. Сүүлийн үед Ерөнхийлөгч савлхийвэл “Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байна” гэж хэлэх болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ эв найрамдалтай байна гээд тусгаар улсын язгуур эрх ашигт харшилсан юм хийж болохгүй. Ер нь монголчууд бид Орост айлчлаад хожоотой байсан удаа урт удаандаа байгаагүй. Тэрхэн зууртаа юм олоод байсан мэт боловч урт удаандаа буюу үр хойч, улс орны тусгаар тогтнолд тийм их тус дэмтэй юм нэг их хийгдэж байгаагүйг бид одоо хараад л, мэдрээд л явж байна даа.

Танд чилийсэн зургаан жил байгаа. Хойд хөршдөө хэзээ ч айлчилж болно. Оросыг хуучин шигээ ах дүү гэж бодоод итгээд яваа юм биш биз дээ. Одоо бол бусад орны жишгээр зүгээр л дипломат харилцаатай хил залгаа орнууд.

Орос бол манайхыг тултал ашиглаж ханддаг, тийм байх ч ёстой гэж үздэг түүхтэйг Ерөнхийлөгч та анхаарна уу. Орост нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар тавихаас аваад бүх зүйл дээр хавчдаг. Евразийн эдийн засгийн холбоо ба Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна л гэдэг, шийдвэрлэсэн юм байдаггүй. Мөн ШХАБ-ын ажиглагчийн статусын асуудал гэж том юм байна. Улс төрийн тогтворгүй байдал хоёр улсын харилцаанд их муугаар нөлөөлдөг гэж одоо бүр улайм цайм хэлдэг болоод байна, хоёр хөрш маань. Тогтвортой байна гээд өөрсдийнхөө сонгосон парламентын засаглалаасаа ухарч нэг дарангуйлагч гаргаж ир гээд байгаа бололтой. Энэ мэт улс төр, эдийн засгийн олон асуудал дээр Орос биднийг юун ах дүү манатай өс хонзонтой юм шиг хяхан дарамжталж, өөдөө нар харуулалгүй явж ирсэн. Сүүлд нь хэлэхэд, манай Ерөнхий сайдуудын хувь тавилан Москвад дуусдгийг Ерөнхийлөгч та эрхбиш мэднэ биз дээ. Өнгөрсөн түүхээ эргэж харж, сайтар тунгаан бодож л байгаарай. Бид муу ёрлож байгаа юм биш. Бас үнэн түүхийг худлаа нэрэлхэж цагаатгаж бодоод яахав. Одоо цагт тийм юм гэж юу байхав хэмээн бодож магад. Гэвч хуучин нийгмийн үед ч бид тусгаар улс байсныг санах хэрэгтэй. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу гэж асуугаад байгаа юм. Өгөх юм чинь л дуулдаад байх юм, авах юм чинь огт дуулдахгүй болоод ингэж эргэлзэх сэтгэл төрөх юм. Авах ч юу байхав, харилцан ашигтай наймаалцах юм чинь юу юм бэ.

Д.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкууд афган хэлмэрчээ авч гарахыг хараад “орхиод” одсон орос ах нараа санах юм даа

Сүүлийн үед Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудын асуудал дэлхийн халуун цэг болоод байна. Амьд үлдэхийн тулд эх орноосоо дүрвэхээс өөр ямар ч гарцгүй тэднийг Америк болон Их Британи, Франц, Герман, Канад, Австрали зэрэг барууны орнууд цагаачлалын бодлого барьж хүлээн аваад байгаа. Ялангуяа АНУ, Их Британи улсууд өөрсдийнх нь талд үйлчилж байсан афган иргэдийг эх орноосоо дүрвүүлэх ажлыг нь түргэсгэсэн. Тухайлбал, Их Британийн Засгийн газар “The Afghan Relocations and As­sistance Policy” хөтөлбөрийг хэрэгжүүлж одоогоор 1500 гаруй Афган хүнийг өөрийн улсад шилжүүлж аваад байна. Тэдний ихэнх нь Британийн зэвсэгт хүчинд орчуулагчаар ажиллаж байсан иргэд, тэдний гэр бүлийнхэн юм. Цаашдаа 3000 орчим афган хүнийг нэмж Их Британи руу нүүлгэхээр төлөвлөснийг Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн. АНУ-ын засаг захиргаа мөн өөрийнх нь талд ажиллаж байсан афган иргэдийг гэр бүлийнх нь хамт татаж авах ажлыг эхлүүлээд байгаа юм. Одоогоор 18 мянга гаруй афган иргэд уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-д цагаачлах виз хүсээд байгаа. “АНУ болон түүний холбоотнуудад тусалж байсан олон мянган афган хүний амь нас эрсдэлд ороод байгааг бид ойлгож байна. Тэдэнд туслах, дүрвүүлэх шуурхай ажлын төлөвлөгөөг бид боловсруулж байгаа” гэж Пентагоны генерал Марк Милли мэдэгдэж байсан.

Тэгвэл саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэртээ арван гурван жилийн өмнө өөрийнх нь амийг аварсан афган хэлмэрчээ дүрвүүлэн авч гарсан мэдээлэл дэлхий дахинд цацагдсан. Тодруулбал, 2008 онд Байден сенатор байхдаа нисдэг тэргээр Афганистанд очих үед нүүр нүдгүй цасан шуурга тавьсны улмаас ууланд ослын буулт хийжээ. Түүнтэй хамт Небраска мужийн сенатор Чак Хагел, Массачусетсийн сенатор Жон Кэрри нар явсан бөгөөд энэ үед афган хэлмэрч Аман Халили тэдний амийг аварсан байдаг. Талибанчууд засгийн эрхийг авсны дараа олон мянган афган иргэд тусгай визээр АНУ руу дүрвэцгээсэн. Халилийн виз гаралгүй Афганистанд үлдээд байсан ч саяхан АНУ-ын төрийн департментийн албан хаагчид түүнийг гэр бүлийнх нь хамт Пакистаны Исламабад хотоор дамжуулан дүрвүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Ингэж хамт ажиллаж, олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаа явуулахад хэлмэрчилж, өөрсдөд нь гавьяа байгуулж, тус нэмэр болж байсан афган иргэдээ америкууд болон барууныхан дайны талбараас авч гарч байна. Амийг нь аварсны хариуд тэд бас амийг нь аварч, үр хүүхэд гэр бүлд нь сайн сайхан амьдрал бэлэглэхийг хүчин чармайж байна.

Хүнээ дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан ардчилсан орон ийм байдаг юм байна. Дэлхий дахинд өрнөж буй энэхүү үйл явцыг хараад арав, хорин жилийн нөхөрлөлөл байтугай бүтэн 70 жилийн туршид ах дүүгийн найрамдалтай явж ирсэн орос ах нараа өөрийн эрхгүй санагалзахад хүрэх юм. Ерээд оны эхээр манай улс ардчилал, зах зээлийн замыг сонгосон тэр үед, үндсэндээ монголчуудыг орос ах нар шууд л хаяад гарсан. Ерэн онд Афганд байсан Борис Громов генерал авгай хүүхдээ Аль кайдайгийнханд алуулчихаад тэнд хамтарч ажиллаж байсан бүх хүнээ хаяад шууд ганцаараа гараад явчихсан байдаг. Түүн шиг 70 жилийн нөхөрлөл гэдэг ямар ч үнэ цэнэгүй, зүгээр л үзэл суртал байсныг орхиод явсан үйл явц нь гэрчилнэ. Тус болсон хүмүүсээ мартадгүй одооны Америк маягаар бол оросууд бүхий л улс орноороо тус дэм болж үзэл суртлыг нь дэмжих гэж өөрийн сор болсон гуч дөчөн мянган лам хар сэхээтнүүдээ алуулахаа ч тоогоогүй Монгол Улсыг бүгдийг нь мартахгүй байх учиртай юм. Мартахгүйгээр барахгүй аль болох бүтэхээрээ тус дэм болж иргэдийг чөлөөтөй харилцуулах худалдаа наймаа хийлгэх гэх зэргээр бүрэн дэмжиж байх байлаа.

Гэвч тэд биднийг “үнсэнд хаясан шалз” гэгчээр орхиод одсон. Наян есөн онд Орост өлсгөлөн нүүрлэсэн. Монголд мөн нийгэм солигдож хувьсгал явагдахад Оросын цэргийн ангийнхан гарахдаа манай хүнсний бүтээгдэхүүнийг тэр чигээрээ аваад гарсан байдаг. Гурван жилийн хүнсний нөөцтэй байсан Монгол ганцхан жилийн дотор нөөцийн 50 хувь нь алга болсон гэдэг. Гэтэл орос ах нар наранцэцэгийн тос, масло, цагаан будаа, элсэн чихрээс аваад бүгдийг ачаад явсан. Үүний гороор лангуу хоосорч гоймон давснаас өөр зүйлгүй хоцорсон гашуун түүх бий. “Оросууд дагаж явсан орнуудаа бүгдийг нь ядууруулаад хаядаг ёрын үндэстэн. Үүнийг барууныхан гайхаад байдаг юм. Барууны орнууд бол өөр. Африкт ямар орон хүчирхэг байна гэхээр Английн нөлөөнд байсан орнууд хүчирхэг байна. Гэтэл Оросын харьяанд байсан бүх орнууд ядуурсан, тэднийг зүгээр л хувхай хоосон болгоод хаясан” гэж ерээд оны эхээр Ерөнхий сайд байсан хүн хэлж байсан удаатай.

“Орос, Монгол хоёр өнгөцхөн харахад ах дүүгийн найрамдалт харилцаатай гэдэг ч яг нарийндаа бол тийм биш. Асар их дайсагналцдаг байсан. Улаанбаатараас Алтанбулаг руу хөдөлсөн галт тэрэг Сэлэнгэ хүрээгүй байхад л орос монголчууд хоорондоо архидаж, улмаар зодолдон нэг нэгнийхээ аминд хүрэх энүүхэнд. Оросууд бол манайхныг нохой шиг дээрэлхдэг байсан шүү дээ” гэж төмөр замд насаараа цагдаа хийсэн Гомбодорж гуай ярьдаг юм. Өнөөдөр хар л даа, стратегийн гол бүтээгдэхүүн болох бензин шатахуун, мөн цахилгаанаар бид Оросоос хараат байгаа. Дураа хүрэхээр шатахуунаа өгөөд, дургүйгээ хүрэхээр шууд чангалж олон улсын худалдаа, бизнесийн зарчмаар биш хувийн сэдлээр хорлоод байдаг. Мөн Оростой худалдаа хийх арга үгүй өндөр татвар тавиад гарсан, биднийгээ орхиод явахдаа. Дэлхий даяар шуугиад байгаа Хятад Америкийн худалдааны дайн бие биенийхээ бараанд 25 хувийн татвар оногдуулж бөөн юм болж байгаа нь мэдээлэгддэг. Тэгвэл манай хоёр орны хоорондох худалдааны татвар 35-60 хувь хүртэл байдаг. Энэ бүгдээс харахад яагаад дагаж байсан ганц орноо ингэж чангалаад, бүр дайсан шигээ үзээд байдгийг огт ойлгохгүй өнөөдрийг хүргэсэн монголчууд. Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг дэлхий дээр ганц бид л ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч найрамдал хамтын ажиллагаатай байв. (Тэр үеийн “ах” нараас явуулж байсан суртал ухуулгаар хэлэгдэж байсан юмыг бичиж байна аа энд) Ах дүүгийн харилцаат улс нь монголчуудыг чангалаад байхлаар “Ингэдэг л юм байх даа” гэсэн шүү л юм бодсоор өнөөдрийг хүргэж дээ, бидний цөлх ардууд. Бид Оросыг харахлаараа л шууд нөгөө “найрамдал, дружба” нь бодогдоод зүрхнийх нь цохилт түргэсээд эхэлдэг байлаа. Сүүлийн үед эдийн засгийн олон хоригт ороод, татварын ийм том дарамт, шатахуун, усан цахилгаан станцын хориг гэх зэрэг зүйлээр хоншоор луугаа тас цохиулсаар байгаад ингэдэг хүмүүн ч цөөрчээ. Дээр нь ч үе солигдож байгаа нь нөлөөлдөг биз.

Залуу үе түрэн гарч ирээд Орос улсыг зүгээр л байдаг гадаад орон гэж хардаг болжээ. Харин дэлхийн улс орнуудын харилцаа, дайн дажин хүчний хуваарилалт, солигдолт зэргийг харж байхад дагаж байсан, харьяанд нь байсан, нөлөөлөлд нь байсан улс орноо манай “ах” нар шиг ч хамаагүй “хаяад” явчихдаггүй нь харагдаад байх юм. Хаяад гэдгийг бид хаалтанд бичээд байгаа гэдгийг та бүхэн анзаарсан биз. Аваад яв гээгүй зүгээр л найз хэвээрээ байж болсонгүй юу л гэх гээд байгаа юм. Хэл соёлоо мэдэлцдэг зүгээр гэмгүй явснаар барахгүй найрамдалт харилцаатай байсан ард түмнүүдийг яах гэж ингэж чангалж татварын ган бахь шиг хатуу хоригт хийчихээд “хаячихаад” явсан нь ойлгомжгүйгээр барахгүй бараг л дайсагнасан үйл явдал болсон.

Энэ бүхэн Оросын ард түмэнтэй гэхээсээ илүү ганц хүний авторитар дэглэмтэй нь холбоотой байх. Ерөнхий зургаар нь харахад манай хоёр хөрш биднийг эрх чөлөөт орон болгохыг үнэндээ хүсэхгүй байгаа. Америкийг дуурайвал ийм болно гээд буруу суртал ухуулга үргэлж хийж байгаа харагдах юм. Гэтэл Орос, Хятад хоёрын монголчуудад буруугаар ойлгуулах гэж оролдоод байгаа Америк болон барууны үзэл суртал ямар хүнлэг энэрэнгүй, хүнээ дээдэлсэн юм бэ гэдгээ ганц Афганы жишээн дээр л тэнгэр газар шиг харагдах юм. Өөрсдөдөө тус болсон хүмүүсийг ерөөсөө мартахгүй, зүтгэсээр байгаад аваад гарчихаж байна. Барууныхны гар хөл болж тэдэнд орчуулга хийж, хэлмэрчилснээрээ талибанчуудад хамгийн түрүүнд алуулна гэдгийг ардчилсан орон сайн мэдэж байна.

Сүүлийн үед дэлхий дахинд болж буй үйл явц ардчилал эрх чөлөө гэдэг ямар хэрэгтэй, хамгийн гол нь ардчилсан орон гэдэг ямар ч үед хамтарч ажилласан хүнийхээ төлөө явдгийг хүн төрөлхтөнд харуулж байна. Монголчууд бид санаатай хийгээд санаандгүй, бодлоготой хийгээд бодлогогүйгээр “чанга гар”-ын тухай ярьж, хоёр хөрш шигээ мөнхийн удирдагчтай болохыг, нэг нам, нэг хүний дэглэмд орохыг хүсэх болсон. Учир мэдэх хүмүүс бол чанга гар гэдэг үнэхээр хүсэх зүйл биш, эрх баригч цөөн хэдхэн хүн хэмжээгүй эрх дархыг эдэлж, нийт ард түмнээрээ ямар ч эрх мэдэлгүй, сул дорой байж, эрх баригчдыг шүүмжлэх аваас шууд шоронгийн хаалга татна гэдгийг ойлгож байгаа. Өнөөдөр манайд Орос, Хятадын энэ бодлого чимээгүйгээр оршиж байна. Дарга сайдуудыг шүүмжилсэн, эсэргүүцэж жагссан, тэмцэл өрнүүлсэн бүхэн шоронд суух болсон. Тэгэхээр Америк болоод барууны ардчилсан үзлийг дагаж болохгүй гэж ятган сурталчилж буй Орос, Хятадын ухуулагт монголчууд бид огтоос автаж болохгүй. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон гэдэг өөрийн орны төдийгүй, өөрт тус дэм үзүүлсэн харийн орны иргэдийг ч хамгаалдаг байна. Үүнийг афган хэлмэрчээ авч гарсан америкууд болоод барууныханаас харахад л андашгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн үнэмлэхээр хотод жолоо барихыг хориглох хэрэгтэй

Одоогоос хоёр жилийн өмнө Замын цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Энэ байдлаараа явбал 2020 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэл тэг зогсолт хийхэд хүрнэ. Нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, өөрчлөлт хийхгүй бол аюул ойрхон байна” гэж анхааруулж байсан. Гэвч хотын удирдлагууд, төр засгийн зүгээс замын түгжрэлийг бууруулахад зөвхөн шүлсээ үсчүүлж, хий хоосон худлаа ярихаас өөрийг хийлгүй 2020 онтой золгон улмаар намрын сар дундаа орж Улаанбаатар хот өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Зуны хэдэн сар хөдөө гадаагүй тэнэж, аялж, амарч зугаалж явсан монголчууд есөн сар дөхүүлж, сургууль цэцэрлэг орох үед даргатай цэрэгтэйгээ, томтой жижигтэйгээ, хөдөө хот гэлтгүй бүгд нийслэл рүүгээ яарч иртэл замын хөдөлгөөн нэгэнт ачааллаа даахаа больж тэг зогсолт хийж угтсан юм.

Замын түгжрэл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрсэн учир Улаанбаатар хотын удирдлагуудад өөрийн гэх толгой, эрх мэдэл гэж байдаг юм бол яг одоо л зоригтой алхам хийж бодлого боловсруулмаар байна. Төр засгийн зүгээс нялганаж, нялцганаад байлгүй хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай асуудал өнгөрсөн жил яригдсан ч сошиалаар “замын төлбөр нэмэх гэлээ” гэж бүгд дайрсаар байгаад болиулсан. Сайндаа ч биш Ардын намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга байсан одоогийн Их хурлын гишүүн С.Амарсайхан нар 2020 оны сонгуулийг бодож, ард түмэнд таалагдахын тулд татвар нэмэхээ больж, жигтэйхэн сайн хүмүүс болцгоож ээлжит жүжгээ тавьсан. Гэвч авто зам ашигласны татвар нэмэгдсэнээр улс оронд ямар ашигтай байсныг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн яриа бидэнд хэлээд өгнө. Замын татварыг нэмэхийг хүчингүй болгосон НИТХ-ын хуралдаанд тэрээр “Авто замын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгэхээр ганцхан жилийн настай авто зам тавимааргүй байна. Явган хүний замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн юм. Нийслэлд автомашин ашигласны төлбөрийг нэмж, авто замыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. Зургаан сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна. Энэ бол цэвэр улстөржилт” гэж хэлж байсан. Үүний хариуд С.Амарсайхан “Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм” гэж улс орны хувь заяаг бус зөвхөн өөрийгөө бодсон, амиа хоохойлсон, Хүрэлсүхийн даалгавраар хөдөлж байгаа гэдгээ хэлсэн байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг хүчингүй болгосноор Хүрэлсүх дахин нийгмийн баатар болж, цахим ертөнцөөр дүүрэн алга ташилт үргэлжилж, Ерөнхий сайдын даалгаврыг амжилттай биелүүлсэн хотын дарга Амарсайханы нэр хүнд ч өсч, ард түмэндээ хайртай дарга болж мандсан. Түүний горыг бид энэ намар тэг зогсолтоор амсаж байна л даа. Популизмын хариу ард түмэнд ингэж л ирдэг.

Тэгэхээр хотын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан тэргүүтэй нөхдүүдэд өөрийн гэх толгой байна уу гэж асуугаад байгаа юм. Хэрвээ байдаг юм бол зоригтой алхам хиймээр байна. Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хотын удирдлагууд замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа саяхан олон нийтэд мэдээлсэн. Үүнд, сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 266 сургуулиас 71 нь автобустай байна. Ингэснээр 160 хүүхдийн дөрвөн мянга нь автобустай байдаг энэ тоо өөрчлөгдөнө. Мөн нийслэлийн гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлыг анхаарах, түгээлтийн машиныг шөнийн цагаар явуулах, зах худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах, буруу рультэй машин хилээр оруулахыг хориглох зэрэг урьд өмнө яригдаж байсан асуудлуудыг боловсруулсан байна лээ. Бид сүүлийн 10 жил ингэж яриад алхам ч урагшлаагүй өнөөдрийг хүрсэн.

Замын түгжрэлийг багасгах бодитой нэг арга бол хөдөөний жолооч нарыг хотод явуулахыг болиулах хэрэгтэй. Үндсэндээ орон нутгийн үнэмлэхээр хотод жолоо барихыг хориглох тийм шийдвэрийг хотын удирдлагууд нэн даруй гаргамаар байна. Хоёр мянгаад оны эхээр сум бүрт жолооны курс ажиллаж морь мотоциклиос өөр юм бараг сандайлж үзээгүй хөдөөнийхөн хөгшин залуу, эр эм гэлтгүй бүгд жолооны үнэмлэхтэй болоод авсан. Ингэж хөдөө суманд хониор худалдаж авсан үнэмлэхтэй нөхөд хотод орж ирээд бөглөө таглаа, аваар ослын үүр уурхай болж байна. Энэ байдлыг таслан зогсоох цаг нь болсон. Дэлхийн улс орнууд ялангуяа Америк зэрэг орнуудад жолооны үнэмлэх тухайн бүс нутагтаа хүчинтэй байдаг. Жишээлбэл, Калифорни мужийн үнэмлэхтэй хүн Вашингтон ДС-д жолоо барих эрхгүй, өнөөх үнэмлэх нь хүчингүй болдог. Тэгээд заавал шалгалт өгч жолоо барих эрхээ авдаг. Мэдээж шалгалт нь ямар нэгэн хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдэгдэнэ. Дэлхийн орнуудын ийм зарчмыг бид баримтлахгүй бол хэдэн малаараа, эсвэл ээж аав, эмээ өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр приус аваад уначихсан залуучууд хотын төвд хээр хөдөөнөө, адуу малдаа явж байгаа юм шиг дүрэмгүй аашилдаг. Хөдөөний жолоочид хот орж ирээд, жолоо барих эрхгүй яах болж байна гэсэн асуулт тулгарна, түүнд гайхаад байх зүйл огтоос байхгүй. Хотын захад машинаа тавиад автобусаар төв рүү нэвтэрч ажил албаа амжуулчих, тэгээд л болоо. Хөдөөнийхөн хотод явахаа больчихоор, дээрээс нь автобус 1 дүгээр эгнээгээр явчихаар бөглөө таглаа гэж байхгүй, бухимдах зүйлгүй ажил хурдан шуурхай бүтнэ. Сумын дарга даамал байсан, мөн аймгийн төвд алба хашиж байсан нас тогтсон хүмүүс жолоо барьж хотод ирэхдээ хотын захад машинаа тавиад хотын үнэмлэхтэй үр хүүхдээ дуудаж байдаг. Тэгэхээр энэ бол бүрэн болох хувилбар мөн.

Дээрээс нь бүсчлэлийн асуудлаа авч үзэх нь зөв. Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэл үүсэх гол шалтгаан түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаанд суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулгыг өнгөрөгч оны зургадугаар сард хийсэн. Тэрээр “Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо энэ чигээр өсөөд байвал удахгүй тэг зогсолт хийнэ” гэдгийг мөн анхааруулаад нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлыг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр тун яаралтай арга хэмжээ авахыг хэлж байв. Бүсчлээд, хотын төвдөө татвар өндөр тогтоох гэдэг хамгийн зөв алхам. Авто замын түгжрэлийг богино хугацаанд оновчтойгоор бууруулсан улс орнуудын жишгийг харахад ерөөсөө бүсчлээд татвар өндөр тогтоосон байдаг. Шведийн Стокгольм хотын удирдлагууд ажлын өдрүүдэд өглөөний 6:30-аас оройны 6:30 цагийн хооронд хотын төв болон хүн ам ихээр төвлөрсөн хэсгүүдэд зорчих тээврийн хэрэгслүүдээс бүсчлэлээс хамааран 1.19-3.24 евро буюу 11-30 швед кроны татвар авч эхэлсэн. Ингэснээр замын түгжрэл 25 хувиар буурч өдөрт 300 мянган орчим ам.доллар улсын төсөвт нь хуримтлагддаг тооцоо гарчээ.

Манай хотын удирдлагууд автобус олноор гаргана, гэвч суух хүн олдохгүй нь гэх зовлон тоочоод байгаа. Энэ асуудлыг Испанийн хотууд тун ухаалгаар шийдсэн байдаг. Хотын төвийн авто зогсоолуудыг маш өндөр төлбөртэй болгоод өгөхөөр жолоочид өөрийн эрхгүй машинаа орхиж автобусаар зорчдог болсон байна. Бүсчлэл тогтоож зам ашигласны татварыг өндөр байлгахгүй бол Улаанбаатарын төвөөр машин унаж сэлгүүцсэн залуучууд дүүрэн. Үүний баталгаа нь хотын төвийн замд урагшаа эргэх гэж дайрч ороод баахан түгжээ үүсгэж, хэрүүл уруул болсны дараа гэнэт хойшоо давхиад явчихдаг. Урагшаа эргэх аминд тулсан ажилгүй байсан юм бол яах гэж ингэж бусдадаа тээг саад болдог байна зүхээд хоцордог.

Судлаач О.Одбаярын Хотын замын хөдөлгөөнийг бууруулах 21 стратеги судалгаанд “Замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр явах маршрутаа тодорхой болгосноор замын ачаалал буурах боломжтой. Товчхондоо явах маршрут тодорхой бус байгаагаас үүдэн жолооч замын хөдөлгөөнд зорилгогүй мэт оролцох тохиолдол бий” гэдгийг оруулсан байна лээ. Мөн “Хувийн таксины үйлчилгээг эрх зүйн хувьд журамлаж нэгдсэн тогтолцоог бий болгож дуудлагын журамд оруулснаар үйлчлүүлэгч хайж хотын төвөөр сэлгүүцэх нь багасна. Албан байгууллага ажилтан албан хаагчдын нэгдсэн тээврийг бий болгох нь замын түгжрэлийг бууруулах нэг арга зам юм. Тухайлбал, 32 хүний суудалтай бага оврын автобусаар нэг байгууллагынхан зорчвол түгжрэл өндөр хувиар буурах тооцоо бий” зэргээр гаргасан байсан. Мөн З.Гантогоо гэж мэдээллийн технологийн судлаач “Түгжрэлийг бууруулах технологийн таван шийдэл”-ийг дэвшүүлснийг сонирхуулъя. “GPS-д холбосноор тээврийн хэрэгслүүдээс байршил, дундаж хурд, байнга явдаг маршрут тухайн байршлын тээврийн хэрэгслийн тоог цагаар харах, хөдөлгөөний шилжилтүүдийн мэдээллийг цуглуулах боломж бий болно. Эдгээр мэдээлэл хуримтлагдсанаар их хэмжээний Big data үүснэ. Уг дата дээр боловсруулалт хийж дараах шийдвэрүүдийг гаргахад ашиглаж болно. Үүнд, тээврийн хэрэгслүүдэд тухайн үеийн замын ачааллын талаар мэдээлэл өгөх. Ингэснээр жолооч өөр зам сонгож түгжрэл саарна. Мөн авто замыг төлөвлөх, удирдах, замуудын урсгал чиглэл эргэлт зэргийг оновчтой зохион байгуулах боломж үүснэ. Авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хянах зорилгоор газарзүйн мэдээллийн системийг ашиглах боломжтой. Мөн хиймэл оюун ухаан ашиглан камерын бичлэг, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдээс цугларсан дата зэрэг дээр тулгуурлан хиймэл оюуны алгоритмууд ажиллаж хөдөлгөөнд оролцож буй жолоочид хамгийн хурднаар хүрэх замыг санал болгох боломжтой” гэдгийг технологийн үүднээс нь тайлбарласан байна. Иргэдэд, мэргэжлийн судлаачдад ийм олон санал, судалгааг байгааг хотын удирдлагууд анхаарах хэрэгтэй. Түүнээс буруу рультэй машин оруулахгүй гэдэг үлгэрээ хэдэн жил ярих вэ.

С.Амарсайхан 2025 он гэхэд замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэнэ гэснийг, агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ. 2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно гэж хэлснийг бид мартаагүй. Дээрээс нь “Тусгай замын автобусыг эхлээд Нисэх, Долоон буудал чиглэлд 15 буудалтайгаар хийнэ, такси үйлчилгээний хувьд хүүхэд хүргэлтийн такси, ВИП такси, чиглэлийн такси зэргийг шинээр нэвтрүүлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснийг мартаагүй байгаа. Энэ нөхдүүдийн хэлсэн нь зүгээр поп амлалт төдий байлгүй. Харин орон нутгийн нутгийн үнэмлэхээр хотод жолоо бариулахгүй байх, мөн бүсчлэл тогтоож татвар тавих, авто зогсоолын төлбөрийг өндөр тогтоож, иргэдийг нийтийн тээврээр явуулах зэрэг зохицуулалтыг юун түрүүнд хийхийг дахин сануулъя. Ийм ажлуудыг түргэн шуурхай хийхгүй бол замын тэг зогсолтыг шийдэж чадалгүй өвөлтэй золгож аюул улам нүүрлэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар ажиллах нь гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Ийм яриа дуулдахтай зэрэгцэн нийгэм ихээхэн эсэргүүцэлтэй байна. Арга ч үгүй байх л даа. Хүү нь дэд сайд болж нийгэм даяар шуугьсан шуугиан, олны дургүйцэл бухимдал намдаагүй байтал аав нь Элчин сайдаар явах нь гэх яриа сонстохоор юу болох нь ойлгомжтой. “Монгол төрийн сэнтий цөөн хэдхэн хүний үе удмаараа дархлан эзэгнэдэг суудал биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг юм. Та нар монгол төрийг үе дамжин цусалж ханалаа, одоо болсон юм биш үү” гэх дайралт давшилтууд гарч байв. Ингэж Энхтүвшингийн хүү гэдгээрээ баалуулсан Золбоо нэртэй залуу Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд буюу Монгол төрийн сайдын сэнтийд ард түмний үзэн ядалт, хараал ерөөл дунд очсон. Тэгтэл даарин дээр давс нэмэр гэгчээр Энхтүвшин гуай маань өөрөө Элчин сайдаар залрахаар яригдаж эхэлдэг байна шүү.

Хамгийн сонирхолтой нь, хүү нь дэд сайд болох нь гээд ёстой амтай бүхэн цуурч, цахим сүлжээнд аав хүү хоёрыг эсэргүүцсэн, ад шоо үзсэн сэтгэгдлүүд зогсоо зайгүй давлагаалж байх үед хүүгээ сайд болохыг мэдээгүй, огтоос дуулж сонсоогүй байсан хүн нь Энхтүвшин гуай өөрөө.

Тэрээр “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй. Би хүүгээ дэд сайд болгоё гэж захиа бичээгүй. Би амьдралдаа захиа бичиж үзээгүй. Төр хэрэгтэй хүнээ өөрөө мэдээд татаад авчихдаг юм байна” гэж ёстой нэг жишим ч үгүй туусан. Нэгэнтээ УИХ-ын чуулган дээр, одоогийн Их хурлын дэд дарга Т.Аюурсайхан “Та МАН-ын даргаар ажиллаж байсан хүн. Улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй. МАН-аар яваад байна билээ. Хүүгийн чинь талаарх үнэлэлт дүгнэлтийг эцгээр нь хийвэл яах вэ. Та шантааж хийсэн, албан тушаалын наймаа тохироо хийсэн. Хэдий болтол Энэ засгийн газартаа ажиллах вэ. Та ичиж амьдрах хэрэгтэй, зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэж ёр юм шиг хэлж билээ. Тэр олон дэд сайдууд дундаас Ө.Энхтүвшингийн хүүг онцолж ирээд муу муухайгийн жишиг болгож байхад “Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй” гэсэн Т.Аюурсайхан гишүүний үг бодогдоод байв.

Монголын нийгэм яагаад таныг үзэж чадахгүй байгааг, ард түмэн олон нийт яагаад танд дургүй байгааг Ө.Энхтүвшин гуай та эрүүл саруул ухаанаар нэг бодож, өөртөө үнэлэлт дүгнэлт хийх цаг нь болсон юм биш үү. Ерөөс ард түмэн ч биш. Намын нөхөд чинь ялангуяа улс төрд яваа залуучууд чинь танд дургүй байгааг бодох цаг нь болжээ. Ардын нам өмнөх дөрвөн жил 65 суудалтай засагласан. Ганцхан жил болоод М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсоны маргаашаас л сандал ширээний төлөөх дайн тулаан эхэлсэн. У.Хүрэлсүхийн фракцийнхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулна гэж зүтгэсэн. 32, 33-ын бүлгээрээ хуваагдаад 33-ын бүлгийнхэн буюу Хүрэлсүхийн нөхдүүд санасандаа хүрч Засгийн газрыг огцруулж засгийн эрхийг гартаа авсан. Мэдээж шинэ засаг байгуулагдсан. Яг тэр үед Ө.Энхтүвшин та намын нөхдөдөө хамгийн их доромжлуулсан. Таныг Шадар сайдад дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ гишүүд хэлж байсан. “Та бол улс төрд байгаа хамгийн муу муухайгийн тод жишээ. Улс төрд бугшсан идээ бээрийн үлдэгдэл, хорт хавдар” гэж Их хурлын чуулган, монгол төрийн индэр дээрээс төрийн түшээд таныг цоллож байсан. Мөн шинэ Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн боловч маргааш нь таны байр суурь өөрчлөгдсөн гэдэг. Үүнийгээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Тэгэхээр таны нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөх юм байна гээд л залуу гишүүд тань руу дайрч давшилж байсан. Зөвхөн залуу гишүүд ч биш ерээд оноос хойш Монголын төрд дархлагдсан мэт яваа Ц.Нямдорж чинь таныг “Дорбинкдчихмоор” гэж хэлж байсан удаатай.

Тэгэхээр Ө.Энхтүвшин таны муу муухайг үзэх гээд байгаа юм биш ээ. Та бол одоо Их хурлын гишүүн биш, Засгийн газрын гишүүн биш. Үндсэндээ эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Энгийн нэг иргэн, ач зээ нараа эрхлүүлж суугаа хүн. Гэхдээ таны гар хөл Монголын төрөөс холдохгүй байна. Хүүгээ сайд болгоод ханахгүй өөрөө Элчин болох гээд зүтгэж яваа чинь хэрвээ үнэн бол та арай л дэндэж байгаа юм биш үү. Бусдын хэлдэгчлэн хийж үзээгүй ажил, хашиж үзээгүй алба, дуудуулж үзээгүй нэр төр биш. Ерээд оны эхэн үеэс хойш 30 жил төрд зүтгэлээ. Таны оронд Элчин хийчих дипломат албаны мэргэшсэн залуучууд хэдэн үеэрээ жагсаж байгаа. Ер нь тэгээд зөвхөн Ө.Энхтүвшин ч гэлтгүй дарга сайдуудын хүүхэд үе залгамжлан хунтайжаар тодордог энэ байдал Хүрэлсүхийн засгийн үед дахиад тогтлоо. Тухайлбал, Хууль зүйн сайдаар ажилласан он жилээрээ үнэмлэхүй дээд амжилт тогтоосон Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Нямдорж гуай өөрөө бас Ерөнхий сайдын зөвлөх нэртэй сууж байгаа, тэр бас саарал ордноос яваагүй. “Монголын төрийн ой санамжийн дархлаа нь ахмад гишүүд” гэж “Өдрийн сонин” бичиж байсан.

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нарыг намынх нь залуу гишүүд элдвээр хэлээд байхаар нь өмөөрч бичиж байсан.

Энэ хэд бол Монгол төрийн ой санамжийн дархлаа мөн үү гэвэл мөн, маргах юмгүй үнэн. Харин Монголын төрд энэ олон жил дархлагдаж суухдаа ерөөсөө албан тушаалын төлөө л хөөцөлджээ гэж харагдахаар. Тиймдээ ад шоо үзэгддэг байлгүй. “Энэ хэдэн егзгөрүүдээс салж байж монгол төр цэвэршинэ” гэж хэлэх хүмүүс байдаг. “Монголын нийгмийг та хэд сайн сайхан болгосон нь аль юм. Сайдын суудлын сураг сонсогдонгуут л хөл нь хөнгөрөөд хормойгоо өшигчөөд ордны хонгилоор гүйлддэг чинь үнэн биз дээ” гэж намын нөхөд нь улаан нүүрийг нь улалзтал хэлдэг. Ө.Энхтүвшин гуайн хүүгээ сайд болгосон шуугиан намжаагүй байтал өөрөө элчин болох нь гэсэн яриа хөөрөө дуулдсанаас ургуулаад бодоход намын нөхдийнх нь улаан нүүрэн дээр нь улалзтал хэлээд байдаг үг үнэний ортой ч юм шиг.

Шударга бус зүйлтэй тэмцэж байгаа У.Хүрэлсүхийн тэмцлийг ард түмэн дэмжиж, “энэ хүү л нэг зоримог шийдвэр гаргаж төрийг цэгцэнд нь оруулна, ажлыг нь үргэлжлүүлэх ёстой” гэж дахиад засаглах боломжийг өгсөн. Гэтэл ноён Ерөнхий сайд ард түмний итгэл найдварыг ийм маягаар хариулж байна. Монгол төрд аавтайгаа, хүүтэйгээ, ач зээтэйгээ хамт шургалж, төрийг мөлждөг энэ байдлыг зогсоож чадах зоримог хүн маань аавтай, хүүтэй нь төрийн сэнтийд залж суулгах нь энэ үү. Аавыг нь зөвлөхөөрөө аваад хүүг нь яамны төрийн бичгийн даргаар томилдог. Хүүг нь дэд сайд болгонгуутаа аавыг нь Элчин сайд болгохоор ярьж байдаг. Ингээд бодохоор Хүрэлсүх маань засаглаад байна уу, өнөө “егзгөр өвгөд” гэж ад шоо үзэгдээд байдаг Энхтүвшин гуайтангууд нь удирдаад байна уу. Хэдэн үеэр нь төлөөд бардаггүй яасан их өр вэ?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын шинэ гишүүд ҮАБЗ-ийн гэх тодотголтой хуулиудыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглан өөрийн цахим хуудсаараа дамжуулж захидал бичсэн. Тодруулбал, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүхээс ял сонссон тэр шөнө Америкаас бичсэн. Сонины бараг хоёр орчим нүүрний хэмжээтэй томоохон захидлыг нэг бүрчлэн тунгааж уншихад өөрийн эрхгүй агдасхиймээр. Харин нийгэм бол “Аавдаа зодуулсан хүүхэд уулын цаана очоод өөрөө өөртөө хуц, хуц гэж хий хоосон хэлдэг шиг Ч.Сайханбилэг холын Америкаас зүгээр л шүлсээ үсэргэлээ” гэх хандлагатай уг захидлыг хүлээж авсан. Уншаад үзэхээр зүгээр хий хоосон хашгирсан биш, үг өгүүлбэр бүхэн нь Монголын улс төрийн одоогийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрээс хэтэрч Монгол Улс яг энэ цаг үед хуулийн дор биш хүний засаглалд байгааг ил цагаан хэлсэн байна.

Сайханбилэгийн захидлаас тоймлон хүргэвэл: “2019 оны гуравдугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл төрийн эргэлт болсон. Олон улсад үүнийг Soft coup буюу төрийн “зөөлөн” эргэлт гэдэг. Танк, их буу, арми, хурандаа цэргүүд хэрэггүй, телевиз, радио, төрийн ордон, нисэх буудал эзлэх шаардлагагүй. Зөөлөн аргаар гэхдээ төрийн эргэлт хийсэнтэй адил үр дүнг ижилхэн олоод авчихаж байна л гэсэн үг. Үндсэн хуулийн нэг тулгуур багана шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд харж байна. Өөрчлөлт ганц прокурорын байгууллагыг хамраагүй. Х.Баттулга дуртай үедээ дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мессэжээ Салхитын гэх хэргийн далбаан дор бүх шүүгчдэд харуулсан. 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа багтлаа гэсэн үг. Процесс цаашаа үргэлжилж өнөөдөр хамгийн дуу шуутай иргэдийг богино хугацаанд барьж суллах, мөнгө төгрөгөөр торгох, шийтгэх ажлууд нэгэнт эхэлсэн. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн дам мессэжийг хүн болгонд хүргэж байна. Төрийн эргэлт гаргасан өөрчлөлтийн дараа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийсэн гэж та эндүүрч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ чиглэлээр юуг ч өөрчлөөгүй, юуг ч хөндөөгүй. Ерөнхийлөгчийн шүүх засаглалыг атгасан атгалт хэв хэвээрээ. Засаглалын гурван баганын нэг болох шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан. Өнөөдөр Үндсэн хуулийн тулгын нэг шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын нэг агентлагаас ердөө ялгаагүй болсон. Хуулийн дор амьдрах учиртай ч одоо бид хүний дор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй” гэж Ерөнхийлөгчид болоод эрх баригчдад өчжээ.

Ч.Сайханбилэгийн ноцтойгоор мэдэгдэн төрийн эргэлт гэж тодорхойлсон ҮАБЗ-ийн хуулийн өөрчлөлт гэж юу вэ. 2019 оны гуравдугаар сард Монголын парламент ээлжит бус чуулган зарлаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголын хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх, томилох боломжтой болсон. Уг үйл явц төрийн ордонд хэрхэн өрнөснийг эргэн саная.

Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэнгүүт Их хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслүүдийг хүлээн авч, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, захирамж гаргасан. Тэр даруйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайдын төрийн айлчлалын ажилтай байсан хэдий ч айлчлалын хажуугаар амжуулан Засгийн газраа нэн яаралтай хаалттай хуралдуулж “Ерөнхийлөгчийн хууль”-ийг дэмжүүлээд дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулж дэмжсэн гэсэн шийдвэрийг гаргуулан байнгын хороод руу оруулсан байдаг. Ингэж төрийн гурван өндөрлөг уг хуулийн төслүүдийг гэрлийн хурдаар гялалзуулсны хүчинд санасандаа хүрч бүх шатны ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг ҮАБЗ шууд чөлөөлдөг болж байна. Үндсэндээ төрийн гурван өндөрлөг Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй болж, хууль тогтоох дээд байгууллага парламент ёсны дээр ҮАБЗ гээч нь сандайлж суух болсон. Ийм л зохицуулалтыг Монголыг удирдаж буй гурван хүн аймшиггүйгээр хийсэн байдаг. Тухайн үед хуульч, улс төр судлаачид энэ асуудлыг эрс эсэргүүцэж байсан ч нийгмийн тархи угаалтаар уг хууль хэрэгжээд явсан. Тухайлбал, уг хуультай холбогдуулж хуульч Э.Хашчулуун “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байв.

Тэрээр “Миний хувьд Үндсэн хууль руу халдсан хууль гарлаа гэсэн байр суурьтай байгаа. Хууль зүйн хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан энэ гурван хуулийг тус тусад нь салгаж ярих хэрэгтэй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан уу. Мөн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юү гээд яримаар санагдаад байгаа юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл уг зөвлөмжийн дагуу шүүгчийг халах, солих асуудал яригдаад байгаа юм. Үүнийг дэмжихгүй байна. Олон хуульчид ч ийм байр суурьтай байгаа. Шүүхийн хараат бус байдлыг үгүй болгочихлоо гэж харагдаж байна. Зөвхөн шүүхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, дүрэмд шүүгчийн хараат бус байдал гэж юу вэ, шүүгчийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлыг бүгдийг нь зохицуулсан байдаг. Манай Үндсэн хуульд ч тодорхой зохицуулалтууд бий. Гэтэл ҮАБЗ-өөр шүүгчийн асуудлыг шийдвэрлэх нь өөрөө шүүх эрх мэдэл рүү шууд халдаж буй хэрэг юм” гэж хэлсэн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Хонгилоо нураая гэвэл Үндсэн хуулиас гадуур бусад хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой. ҮАБЗ гэдэг байгууллага дотор УИХ-ын дарга нь орж суучихаад УИХ-аас гадна шийдвэр гаргалцчихаад хурал даргалагчийнхаа хувьд буцаад УИХ-аа ингэж шийдэх ёстой гээд тулгадаг байж болохгүй. ҮАБЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлүүдийн салаа мөчрүүдийн уялдааг нь хангах, Засгийн газрын түвшинд ажиллах ёстой байгууллага. Түүнээс биш хууль тогтоох байгууллагын толгой дээр гарч сууж болохгүй. Хамгийн том аюул энэ. ҮАБЗ-ийг нэр дурдаад орхих биш, энэ байгууллага юу хийж болох, болохгүйг нь нарийн заахгүй бол ердийн хуулиар тэд Үндсэн хуулийг үгүйсгэх хэмжээний эрх мэдлийг цуглуулах гэж оролдож байна” хэмээн мэдэгдсэн. Өмнөх парламентын гишүүд яагаад Үндсэн хуулийнхаа дээр, парламент ёсныхоо дээр ҮАБЗ гэгчийг сандайлгаж суулгах болов, бүх эрх мэдлийг төрийн гурван өндөрлөгт үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэв гэхээр тэд ЖДҮ-ийнхээ хэргээр шоронд явахгүйн тулд улаан нүүрээ хамгаалж, амиа хоохойлон, Ч.Сайханбилэгийн хэлснээр “төмсөгдүүлэн” уг хуулийн төслүүдийг улайм цайм баталсан. “Өгөөш болгож тавьсан бялууны зүсэм идэх гээд урхинд нэгэнтээ орчихсон МАН-ын гишүүд шоронд суухгүйн тулд Монголын хууль батлах байгууллагад Үндсэн хуулиар олгосон төрийн эрх мэдлийг эхнээс нь ҮАБЗ-ийн даргад өгч байна. ҮАБЗ-ийг даргалах ганц эрх мэдэлтэй бий, тэр нь Х.Баттулга. Үндсэндээ энэ бол Г.Занданшатарын парламентын хамгийн том алдаа бөгөөд УИХ-ын 76 гишүүний 50-иас илүү хувь нь ЖДҮ-чин болсон гэх асуудал нь цаашдаа Монгол парламентын засаглалтай байх хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх массын тархи угаах сайхан далим болох нь гарцаагүй. Нэг бичлэг задлаад л ҮАБЗ-д хууль шүүхийн эрх мэдлийг төвлөрүүлж чадаж байгаа юм чинь Монголын парламентын 49 бүлэг хулгайчийн тухай нэвтрүүлэг хийхэд л хар масс бүхэлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хошуурахад бэлэн байна” гэж өнгөрөгч хавар Монголын хэвлэл мэдээлэл бичиж байлаа.

Ингэж ҮАБЗ гээч хэмжээгүй эрхт байдал бий болсноор дуртай бүхнээ шоронд хийж, олны хэлээд байгаа шиг дур зоргоороо авирлаж байгаа. Сүүлийн энэ олон дараалсан шүүх хурлууд, шорон, ял авсан байдал уг хуулийн заалттай холбоотой. Үндсэндээ Ерөнхийлөгчийн халаасанд орсон шүүх, прокурор түүний удирдлага командаар хөдөлж байна гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Харин энэ байдлыг таслан зогсоож чадах, шүүхийн бие даасан тогтолцоог бий болгох хуулийн зохицуулалтыг 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүд хийж чадна. Тэд ҮАБЗ-ийн гэх тодотголтой Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг өөрчилж, дахин боловсруулж батлах ийм боломжтой.

Яагаад ийм боломжтой вэ гэвэл энэ удаагийн гишүүдийнх дийлэнх олонх нь ЖДҮ гэх хууль бус зүйлээр “төмсөгдүүлээгүй” нэр цэвэр хүмүүс. Үндсэндээ тэд Х.Баттулгын атгаасанд ороогүй хүмүүс. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, хууль эрх зүйн өндөр боловсролтой Т.Доржханд гээд айхавтар хүчтэй үг хэлж, нийгэмд шулуун шударгаар танигдсан гишүүд энэ парламентад олон байна. Шинэ гишүүдийг сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан хуулийн их өөрчлөлтүүдээ хийхээс өмнө хамгийн эхэнд Х.Баттулгад ордны эргэлтээр онцгой эрх олгосон хуулиа хүчингүй болгон Монгол төрийг бусниулсан, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ алдааг засч, хуулийн шинэчлэл хийхийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс аваад олон хүн хүсч хүлээж байна.