Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: АН хувийн өмчид халдахыг болиулах чиг барихаар болж байна

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-АН үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хамаагүй амлах биш, баруун төвийн хандлагаа дагахаар болсон нь олзуурхмаар үйл явдал. Үнэнийг хэлэхэд голлох хоёр нам баруун, зүүнээрээ ялгарахаа болиод удаж байна. Ийм шалтгаанаар эдийн засагт халтай, буруу шийдвэрүүд олон гарсан шүү…?

– Хаашаа, яаж явахаа тодорхой болгоно гэдэг маш том алхам. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам баруун төвийн нам гэдгээ албан ёсоор тодорхойлон тунхаглаж байна. АНбаруун төвийн намуудын нэгдэл болох Олон улсын Ардчилсан холбооны гишүүн. Баруун төвийн намуудын тухайд хүний эрх чөлөөг нэгдүгээрт тавьдаг. Төр нь иргэнээ хамгаалдаг системтэй л бол бүтээлч санаа төрдөг, шинийг бодож сэтгэж чадсан хүмүүс санаагаа бизнес болгоод урагшлах нь жам гэж үздэг. Таны хэлсэн үнэн л дээ. Улс төрийн намуудынх нь чиг хандлага цэгцгүй, ойлгомжгүй болчихсон учраас эдийн засаг, нийгмийн хөгжилд янз бүрийн саад тулгараад байгааг ч үгүйсгэх аргагүй. Улс төрийн намуудын тухайд үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ илүү лидер дагасан ч юм шиг хандлага бий болсон. Зорилго нь тодорхойгүй, бүтэц нь ойлгомжгүй учраас аль нэг нам нь улс төрийн эрх мэдэлд хүрэхээрээ бодлогын алдаатай шийдвэрүүдийг олноор гаргадаг юм байна. Бизнес эрхэлдэг хүний хувьд хэлэхэд бизнест халдсан, боосон шийдвэр өнгөрсөн жилүүдэд их гарсан. Би АН-ын гишүүн. Тэр утгаараа намын үзэл баримтлалыг тодорхойлж шинэчлээд явъя гэдэг дээр санал, зорилго нэг байгаа. АНюуг эрхэмлэж яваагаа эргэж харах цаг нь болсон. АН-ын үзэл баримтлал таван үнэт зүйл, зарчим дээр тогтож байна. Нэгдүгээрт хүнээ, иргэнээ хамгаална. Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөөг онцгойлно. Хувь хүний эрх чөлөө ямар үед бүрэн хангагдах нь тодорхой. Өмчтэй байж л хангагдана. Эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол улс төрийн эрх чөлөөтэй болох нөхцөл нь бүрдэнэ. Улс төрийн эрх чөлөөтэй болвол шударга ёсны эрх чөлөө хангагдана. Тусгаар тогтнол, ард түмэн, улс эх орны эрх ашиг гэх мэт хэмжиж болдоггүй,ерөнхий, бөөрөнхий тунхагийн чанартай зүйлсээс холдож, амьдралд ойрхон, хөрсөн дээр буухаар ойлголтыг үзэл баримтлалаа болгож байна. Хөгжил улс орны эрх ашигаас биш хүнээс эхэлдэг. Хүн нь эдийн засгийн эрх чөлөөтэй, эдийн засаг нь өрсөлдөх чадвартай, улс төрийн эрх чөлөө нь хангагдаад, шударга шүүх тогтолцоо нь байвал үндэсний эрх ашиг бий болно. Иргэнээ, иргэнийхээ өмчийг хамгаалахгүй бол энэ бүхэн хангагдахгүй. АН-ын үзэл баримтлалыг мэдлэгтэй, зөв хүмүүс сууж шинжлэх ухаанчаар хандаж, олны оролцоотой боловсруулж баталсан нь их таалагдаж байгаа. Үзэл баримтлалаа боловсруулчихлаа. Жилийн турш гишүүдээрээ олон дахин хэлэлцүүлж, их хурлаараа баталсныг Улсын дээд шүүх баталгаажууллаа. Товчхондоо АНүзэл баримтлалаасаа одоо хазайх боломжгүй болж байна.

-АН баруун төвийн үзлээр явахаар болсноо өнөөдөр Блю скайд танилцуулна. Та эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангах талаар илтгэл тавина. Эдийн засгийн эрх чөлөөн дээр хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо гэсэн гурван үгийг онцолсон харагдсан. Уг нь хэрэгжүүлж чадвал эдийн засаг тэлэх асуудал биш. Энэ чигээр яг ямар бодлого барих талаар дэлгэрүүлж тайлбарлаач?

-Би бизнес эрхэлдэг хүн. Хоёрдугаарт, Монголын бизнесийн зөвлөлийн сонгуульт ажилтай. Бизнесийн орчныг сайжруулах нь миний гол зорилго, ажлын маань чиг. Таны асуусанчлан АН хувийн өмчтэй, өрсөлдөөнтэй зах зээлийг дэмжиж, төрийн бизнес дэх оролцоог хязгаарлах, хувийн өмчид халдахыг болиулах чиг барина. Хувийн өмч бол хүний эрх чөлөөний баталгаа. Татварын хувьд гэхэд л Монгол Улс байгаа хэдийгээ шүүсэлж татвар авах системтэй болчих гээд байна. Тэгвэл татварын тухайд АН-ын үзэл баримтлалд өөрөөр тусгасан. Тогоогоо аль болох томруулах чиг рүү нь хандъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгч компаниа дэмжсэн системийг бий болгох, мөн төлсөн татвараа юунд, яаж зарцуулж байгаагаа хянадаг болгох. Тийм шинэчлэлт хийвэл олон компани шинээр татвар төлдөг болно, мэдээж тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Бүр тодруулж хэлбэл ингэж байж нийгэмд зөв харилцаа үүснэ.

-АН, МАН ялгаагүй эдийн засагт халтай шийдвэрүүд гаргасаар ирсэн. АН үзэл баримтлалаа барууны гэж тодорхойлсон ч гэсэн засгийн эрхэнд гарангуутаа өмнөх алдаагаа давтаад явчихгүй гэх баталгаа бий юу?

-АН ч ялгаагүй, 2012 онд сонгуульд орохдоо бизнесээ л дэмжинэ гэсэн амлалтууд өгчихөөд засгийн эрхэнд гарсан хойноо бодлогын алдаатай цөөнгүй шийдвэр гаргасан. Шинэ үзэл баримтлалын тухайд дахиж тийм алдаа гаргахаас сэргийлэх юм. Тийм шийдвэр гаргах гээд байвал “Бидний үнэт зүйлс зарчмын эсрэг” гэж хардаг болно гэсэн үг. Системийн сэтгэлгээ гэж ярьдаг даа, системтэй болох гэж зорьж байгаагийн нэг тод илрэл гэж ойлгож болно.

-Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр маш муу үзүүлэлттэй гардаг байх аа?

-Тийм ээ, эдийн засгийн эрх чөлөөгөөрөө манай улс тун тааруу үзүүлэлттэй. Heritage foundation гэж байгууллагаас гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индексийг та хэлээд байх шиг байна. Манай улс 195 улсаас 55.7 оноогоор 125 дугаарт жагсч байна. Азийн 43 орноос 27-д нь жагсаж байгаа. “Ихэнхдээ эрх чөлөөгүй” гэдэг ангилалд багтдаг. Манай улсын өрсөлдөх чадвар хаана байна гэдгийн илрэл л дээ. 125 дугаар байрнаас яаж эхний 20 руу очих вэ гэдэгт чиглэж, зорьсон учраас АН-ын энэ бичиг баримт, үзэл баримтлал надад таалагдаж байгаа. Монгол Улс Үндсэн хуулиараа эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгосон орон. Хуулиар олгосон эрх мэдлээ хамгаалах шаардлага үүсчихсэн. Энэ эрхийг нь хамгаалахын тулд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн орчныг тунгалаг, ойлгомжтой байлгана, татварын орчныг тодорхой болгоно, татварын дарамт биш бизнесийг дэмжсэн орчныг бүрдүүлнэ, өмчтэй бол хамгаална, бизнестэй бол бизнес хийх боломжийг өсгөнө гэсэн чигийн АН барина. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр эдийн засгийн өрсөлдөх чадварыг судалдаг. Манай улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа сул гардаг. Хамгийн муу үзүүлэлтүүд нь эрчим хүч, тээвэр, усан хангамж буюу дэд бүтэц байх жишээний. Дандаа төр бизнест гүнзгий оролцдог салбарууд. Хамгийн сайн үзүүлэлттэй нь мэдээлэл, харилцаа холбоо. Манай сүлжээний чанар, интернэтийн хурд зарим газраа Нью Иоркоос илүү. Ямар учраас ийм өндөр үзүүлэлттэй гарсан гэж та бодож байна?

-Хувийн бизнесүүд өрсөлддөг болохоор уу?

-Ерөөсөө л тийм шалтгаантай. Өнөөдөр харилцаа, холбооны зах зээл дээр дөрвөн оператор өрсөлдөж байна. Үр дүнд нь хамгийн боломжийн үнэтэй, чанартай үйлчилгээг улсаараа авч байгаа. Дөрвөн оператор өрсөлдөхөөрөө шинэ бүтээгдэхүүн гаргаж байна, хэрэглэгчээ татахын тулд чанар, үнээр өрсөлддөг. Хамгийн гоё реклам гэхэд л үүрэн холбооны компаниудынх байдаг шүү дээ. Сүүл мушгидаг, өрсөлдөх чадвараас чангаадаг салбаруудаа өөд нь татах зарчмуудыг АН үзэл баримтлалдаа суулгаж өгсөн.

-Монгол Улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байж, цэгцтэй хандах ёстой. Бид маш том өрсөлдөөн дунд хөгжиж байгаа. 3.8 тэрбум хүнтэй том бүс нутагт 3.3-хан саяулаа өрсөлдөж байна. Монголын хувьд бүс нутагтаа маш жижигхэн орон. Гэтэл Япон, Хятад, Энэтхэг, Солонгос, ОХУ гээд дэлхийн хамгийн том эдийн засгууд манай бүсэд бий. Эдгээр улсууд бүгд л гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Тэгэхээр бид өмчийн эрхийг дээдлэхэд онцгой анхаарах ёстой. Ажил, амьдрал, бизнестээ хариуцлагатай, цэгцтэй хандах учиртай. Сүүлийн үед хэрэглээн дээр нэг юм анзаарагдаж байна. Найман нэрийн барааны дэлгүүрийг удахгүй шахаж гаргах юм шиг байна. Cirсle K, CU гэх мэт сүлжээнүүдэд залуус, өсвөр насныхан их үйлчлүүлж байна. Хичээлээ хийнгээ идэж уугаад тухалж суух боломжтой учраас тэр л дээ. Бүх юм нь стандарт болохоор зах зээл хүлээгээд авчихаж байна. Хэрэглэгчийн тухайд нэг сайн юмыг мэдэрсэн бол хэрэглээнийхээ түвшинг бууруулдаггүй. Монголчуудын хэрэглээ өнөөдөр 1990 оныхоос өөр болсон. Хэрэглээ төдийгөөс өдий хүртэл сайжирсаар ирсэн гэсэн үг.

Энэ мэт олон шалтгаан ерэн онд монголчууд зөв зам сонгосныг нотолдог. Монголын том компаниуд нэг хэсэг гадны захирлуудыг гэрээлж ажиллуулдаг байсан даа. Яагаад өндөр цалингаар гадаадын захирлуудыг авч ажиллуулсан нь цаанаа учиртай. Бизнесийн шилдэг стандартыг бий болгож байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй сүү, ундааны үйлдвэрүүд, ноолуурын том компаниуд, технологийн компаниуд хамгийн сайн стандартад өнөөдөр хүрсэн байдаг нь ийм учиртай. Компаниуд энэ мэтээр томроход эдийн засаг тэлж, дотоодоос санхүүжилт татах боломж багасч эхлэх нь ойлгомжтой. Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ үүсч таарна. Өөрөөр хэлбэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын бизнес, технологийн, инженер, гэрээний стандартыг мөрдөх учиртай. Наад зах нь компаниуд тайлан балансаа олон улсын стандартын дагуу хийх ёстой болдог. Өөр нэг анхаарах зүйл бол гэрээг шүтэх гэсэн ойлголт бий. Гэрээ байгуулсан л бол дагадаг байх нь чухал.

-Байгуулсан гэрээгээ мөрдөх тал дээр манайхан тогтворгүйдээ орно. Бизнест, өрсөлдөх чадварт том сөрөг нөлөө үзүүлэх хандлага гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Гэрээг шүтнэ гэдэг том соёл, чухал зарчим. Тодруулж хэлбэл өрсөлдөх чадвартай байхад нөлөөлдөг зарчим. Гэрээг талууд хамтарч юм бүтээхийн тулд эрсдэлээ хуваах гэж хийдэг. Хоёр тал тодорхой зорилгын төлөө эрсдэлээ хуваагаад эцсийн байдлаар тохироогоо хийж гэрээ хийдэг зарчим бизнест үйлчилдэг. Ажлын дундаасаа эргэж буцвал итгэх хүнгүй болох эрсдэл бий. Бизнес итгэл дээр л тогтдог. Хүнийг хуурсан сэтгэлгээ өнөөгийн дэлхийд явахгүй нь ойлгомжтой.

-Бидэнд анхаарах өөр ямар асуудал байна?

-Дэлхийн банкны харьцуулсан судалгаагаар бизнес эрхлэх талаар Монгол Улсын урд 61 орон жагсаж байна. Монголд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өндөр зардалтай гэсэн үг. Мэдээж зээлийн хүү өндөр гэх мэт санхүүжилтын өртөг их гэдгийг дээр дооргүй мэднэ. Нөгөө нь дэд бүтэц, тээвэр, эрчим хүч. Аливаа шинэ үйлдвэр барьж байгуулахад 30, 40 хувийн илүү зардал Монголд гараад байна. Ийм учраас бид бүс нутгийнхаа том эдийн засгуудтай өрсөлдөж чадахгүй байгаа. Засгийн газар үүнд анхаарах ёстой. Тооцоотой, ухаалаг бодлоготой байж л хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулалт татаж байж дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт өрнүүлнэ. Түрүүн харилцаа холбооны салбараар жишээлсэн дээ. Өрсөлдөөний орон зай гаргаж өгөөд, зохицуулалтаа зөв хийчихээр ямар ч салбар хөгждөг.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхий даяараа, АНУ, Хятад, Солонгос бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас мөнгө татахын тулд түрүүн хэлсэн шиг итгэлийг нь төрүүлэх ёстой. Дахиад хэлье. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд стандартыг нэвтрүүлж, чанд барих хэрэгтэй. Сайхан ярьдаг гээд мөнгөө өгдөг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Юуны түрүүнд бизнес нь дэлхийн стандартаар явж байгаа эсэхийг л харна. Хоёрдугаарт байгуулсан гэрээгээ хэр мөрддөгийг нь харна. Компаниуд өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийж сурч байна. Өөрөөс нь хамаарахгүй зүйл гэж байна. Тэр нь бизнесийн орчин. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байх нь Засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэр, татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байгаагаас хамаарна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт муу бол хамгийн сайн бизнес эрхэлж байсан ч унах эрсдэлтэй. Дэд бүтэц сайжрахгүй байгаа, санхүүжилтийн өртөг өндөр гээд бизнес эрхлэгчдээс шууд хамаарахгүй шийдлээ хүлээсэн олон асуудал манай улсад байна.

-Ингэхэд өмчийн эрхийг хамгаалах тал дээрээ бид яаж үнэлэгддэг юм бол?

-Өмчийн эрхийг хамгаалах үнэлгээ хийсэн судалгаагаар Монгол Улс 51 оноогоор “ихэвчлэн эрх чөлөөгүй” бүсэд хамаарагдсан. Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар гаргасан тайланд Монгол Улс 2018 онд 99 дүгээр байранд орж ухраад байгаа. Уг нь 2013 онд “Сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 93 дугаарт орлоо” гэж мэдээлж байсан юм. Онцолж хэлэхэд Үндсэн хуульд өмчийг хамгаалах тухай маш тодорхой заагаад өгчихсөн. Цаашлаад яривал эдийн засгийн загварыг Үндсэн хуульд нэлээд чамбай тусгачихсан шүү дээ.

-Манай улс эрчим хүч, шатахуунаараа бусдаас хараат гэсэн эмзэг талтай. Эрчим хүчээрээ бие даая гэхээр оросуудын эсэргүүцлээс болоод наад зах нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа ажлыг урагшлуулж чаддаггүй. Тэгэхээр эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар яриад ч ойрын хугацаанд үр дүнд хүрэхгүй юм биш үү?

-Монгол Улс ганцаараа хөгжихгүй нь ойлгомжтой. Бүс нутагтайгаа уялдаа, холбоотой байж эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Үүнийг АН үзэл баримтлалынхаа эдийн засгийн эрх чөлөө гэсэн хэсэгт маш тодорхой суулгаж өгсөн. Бүс нутгийн эдийн засагт идэвхтэй оролцогч болж байж эдийн засгийн аюулгүй байдал хангагдана. Таны асуусанд хариулахын өмнө нэг жижиг тайлбар хийе. Эрчим хүчний салбарт нэг уламжлалт ойлголт бий. Тухайн эдийн засаг хилээ хаагаад эрчим хүчний хэрэглээгээ бие дааж үйлдвэрлэж чадах уу гэдгээр нь бие даасан хараат бус байдлыг нь хэмждэг байсан юм. Тэр үнэлэмжээр бол Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдаагүй. Өнөөдөр хилээ хаачихвал тоггүй, шатахуунгүй болох нөхцөлд бид амьдарч байгаа. Гэхдээ үүнийг өөрчлөх гарц бий. Өөрөөсөө бусдыг хамааруулах чиглэлд ажиллах хэрэгтэй.

-Азийн супер сүлжээг хэлж байна уу?

-Яг тийм. Ажил амьдралынхаа сүүлийн арваад жилийг Азийн супер сүлжээнд зарж яваа минь цаанаа ийм шалтгаантай. Азийн супер сүлжээ ажил болбол хөрөнгө оруулалт татна, дэд бүтэц сайжирна, цаашлаад яривал шинэ үйлдвэрүүд баригдана. Энэ төслийг энгийнээр тайлбарлавал Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд Зүүн Хойд Азийн улсуудад, ярианы эхэнд дурдсанчлан энэ бүсийн том эдийн засагтай Япон, ОХУ, Хятад, Солонгост түгээх юм. Бүр тодруулж хэлбэл эдгээр улсууд эрчим хүчний хэрэглээгээрээ тодорхой хэмжээнд манай улсаас хамаарч эхэлнэ гэсэн үг. Бүс нутгийнхаа улсуудад хамгийн хэрэгтэй эрчим хүчийг нь эх орондоо үйлдвэрлээд түгээж эхэлбэл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдана.

-Та түрүүн эрчим хүчний салбар дахь уламжлалт ойлголт гэсэн утгатай үг унагалаа. Уламжлалт ойлголт гэхээр одоо шинэ хандлага гараад ирчихсэн гэсэн үг үү?

-XXI зуунд дэлхий даяар уламжлалт ойлголтууд эвдэгдээд байна л даа. Япон гэхэд л эрчим хүчнийхээ бодлогод өөрчлөлт орууллаа. Цахилгаан эрчим хүчнийхээ сүлжээг бусад улстай нэгтгэх нь илүү үр ашигтай байна гэсэн хандлагатай бодлого анх удаагаа гаргаж байх жишээтэй. Япон эрчим хүчний хувьд гаднаас 100 хувь хараат улс. Нефть, нүүрс, хийгүй. Бүгдийг нь гадаад улс орнуудаас авдаг. Тэр утгааараа эрчим хүч тэдний хувьд маш эмзэг салбар. Тийм учраас уламжлалт ойлголтууд өнөөдөр технологийн хөгжил дагаад өөрчлөгдөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Төр бодлогынхоо алдааг татвар нэмэх замаар засч болохгүй

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдчихлээ. Ажил олгогчид 0.5 хувь, ажилтанд 0.5 хувийн татварын дарамт ирсэн нь эдийн засаг эмзэг, долларын ханш өсөлттэй энэ үед цагаа олсон шийдвэр мөн үү?

-Аж ахуй эрхлэгч, ажилтан, ажил олгогчдод нийгмийн даатгал, цалин хөлстэй холбоотой хоёр сөрөг нөлөөлөл мэдрэгдэхээр байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойрхон, шахуу нэмчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч талд тус бүрд нь нэмсэн нь мэдээж дарамт болно. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сэргэж байгаа нь үнэн ч бүх салбарын нөхцөл байдал жигд сайжраагүй. Эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ гэсэн хоёр, гуравхан салбар тодорхойлсон хэвээр байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь нэмсэн шийдвэр цагаа олсон алхам биш. Аж ахуйн нэгжид тодорхой хэмжээнд дарамт болно. Иргэдийн бодит орлогод зохих хэмжээгээр нөлөөлнө.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдчихээр компаниуд ажилтнуудынхаа цалинг бүтнээр нь бодож даатгал төлөхөө болино гэсэн болгоомжлол бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл бодож, үлдсэн мөнгийг нь бэлнээр олгох эрсдэл өндөр байж мэдэх юм. Далд эдийн засгийг өөгшүүлсэн шийд болчихсон юм биш байгаа?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаа нь нийт даатгуулагчдын 15, 16 хувийг эзэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээс болоод тэгтлээ өсчихгүй байх. Гэхдээ хөдөлмөрийн хөлснөөс дээш түвшинд тодорхой хэмжээний тохиролцоо аж ахуйн нэгжүүдэд байдаг нь нуух зүйл биш. “500 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж, үлдсэнийг нь гар дээр дээр чинь бэлнээр олгоё” гэсэн тохироо байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид ч ийм тохироо хийх компани нэмэгдэх эрсдэл байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт энэ байдлыг өдөөх өндөр магадлалтай. Нийгмийн даатгал төлөхийн ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүй ийм үед таны саяны асуусан зүйл бодит байдал дээр биеллээ олж мэднэ.

-Уг нь авдаг цалингийнхаа хэмжээгээр нийгмийн даатгал төлөх нь ахиу зээл авахаас эхлээд иргэдэд давуу тал ихтэй. Шимтгэл нь өсчихөөр компаниуд ажилтныхаа даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхөөс гадна цалингаа өсгөхгүй хандлага руу шилжих эрсдэл ч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Байгууллагуудын цалин хөлсөө нэмэх сэдлийг бууруулах сөрөг тал бий. Мөн ажилтанд өгдөг шууд цалин, орлогуудыг нэмж, өөрчлөх хандлагуудыг бууруулах эрсдэлтэй. Ажилтнаа цалингаас бусад хэлбэрээр шагнах, урамшуулах боломжуудыг эрэлхийлэх нөхцөл байдлыг бий болгох тал байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх жил ахиад нэмнэ, ОУВС-гаас шаардсан учраас арга байхгүй гэсэн тайлбарыг эрх баригчид хэлж байна. Өөр шалтгаан байна уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсандаа ч биш л дээ. Үндсэн асуудал нь өөр юм. Монгол Улсын нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцооны нөхцөл байдал сууриараа муудсантай холбоотой. Ийм шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс аргагүйд хүрсэн. Бид эв санааны нэгдлийн гэж нэрлэгдээд байгаа хуваарилалтын системийн тэтгэврийн тогтолцоогоор өнөөг хүртэл явж байна. Тэтгэврийн тогтолцоо нь шинэчлэгдээгүй учраас тэтгэврийн сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нэмэгдэж буй зүйлийг нь бид төсвөөсөө нөхөөд яваа. Энэ оны төсөвт гэхэд 600 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн зардалд зориулахаар суулгасан. Нийгмийн даатгалыг нэмээд байгаа нь компани, иргэндээ сөрөг гэдэг нь үнэн. Гэхдээ ингэж өсгөхөөс аргагүй байдал руу орчихсон. 2010 оны үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан удаатай. Гэвч 2000 оноос хойш хийх учиртай байсан тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадаагүй. Ийм шалтгаанаар тэтгэврийн даатгалын нөхцөл байдал хүндэрсэн. Одоохондоо хүндрэл нь тийм ч хүчтэй мэдрэгдээгүй. Учир нь хөдөлмөр эрхлэгчдийн тоо харьцангуй өндөр байна. Гэхдээ өмнөхөөсөө буурсаар байгаа. Өөрөөр хэлбэл нэг ажилтанд ногддог хөдөлмөр эрхлэх чадваргүй, тэтгэвэр, нийгмийн халамж авдаг хэсгийн хувь хэмжээ цаашдаа нэмэгдэх зураг гарчихсан. Байдал иймдээ тулсан учраас 2015 онд 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Тодруулж хэлбэл тэтгэврийн тогтолцоо нь буруу учраас шимтгэл нэмэхээс аргагүй нөхцөл рүү орчихож байгаа юм. Үүнээс гадна тэтгэврийн талаар хийсэн, сүүлийн үед авч хэрэгжүүлсэн бодлогын зарим алдаанаас болоод ийм байдал руу орчихсон. Нэгдүгээрт хүн амын насжилт нэмэгдэж тэтгэвэр авагсдын тоо өсөхөөр тэтгэврийн санд ирэх ачаалал ихэссэн. Хоёрдугаарт 2012, 2013 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох өршөөлийн гэмээр хуулийг хэрэгжүүлсэн нь нэрмээс болсон л доо. 1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс 70 гаруй мянган төгрөгийн шимтгэл төлөөд даатгал төлөөгүй он жилүүдээ нөхөх боломжтой болсныг та санаж байгаа байх.

-Хэчнээн иргэн энэ боломжийг эдэлсэн юм бол?

-Багцаагаар 600 гаруй мянган иргэн ийм боломж эдэлсэн. Өнгөц харахад иргэдээ анхаарсан сайн бодлого мэт боловч яг тэр хэмжээгээрээ тэтгэврийн сан дээр дарамт болсон. Уг нь ярьж төлөвлөснөөрөө 2000 оноос бодлогоо хэрэгжүүлсэн бол харьцангуй хохирол багатайгаар шилжилт хийж болох байсан. Тэгээгүй учраас хагас хуримтлал, цаашлаад бүрэн хуримтлал, хувийн тэтгэврийн тогтолцоо гээд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй хохирлын хэмжээ улам нэмэгдчихээд байна л даа. 2015, 2016 оны байдлаар тэтгэврийн хийсвэр нэрийн дансанд байгаа мөнгөний хэмжээ 13.8 орчим их наяд төгрөг байна. Энэ мөнгө байхгүй, цаасан дээр бичигдсэн тоо төдий зүйл. Үүний 70 орчим хувь нь тухайн үедээ бодсон хүү байдаг. Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын тогтолцоотой холбоотой хүндрэлүүд байна.

-Сан нь хоосон учраас тэтгэвэр авах эсэхдээ эргэлзсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа. Хоосорсон сангийнхаа асуудлыг шийдэхээс урьтаад авах татвараа нэмээд байх нь зөв шийдэл биш байх аа?

-Санал нэг байна. Таны хэлж байгаа үнэн. Тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдэж яваагаас гадна тэтгэврийн тогтолцоон дээр янз бүрийн дарамт улам нэмэгдэж байгаа. Жишээ нь, 2040 он гэхэд тэтгэвэр авдаг иргэдийн тоо өнөөгийнхөөс 2-3 дахин нэмэгдэнэ. Яг энэ тогтолцоогоороо яваад байвал 2040 онд хэцүүднэ. Тэтгэврийн тогтолцоо 2025 он гэхэд цааш явахгүйгээр гацна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, тэтгэврийн насыг бага зэрэг цаашлуулахыг оролдож байгаа нь энэ тогтолцооны амьдрах хугацааг бага зэрэг уртасгахаас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл тэтгэврийн шинэчлэл хийж байгаа хэрэг биш. Тэгэхээр эдийн засаг өсөлттэй, хүн амын насны бүтэц харьцангуй эерэг байгаа энэ үед бид тэтгэврийн дараагийн шинэчлэлүүдээ даруйхан хийх ёстой. Гурав дахь шат, хувийн тэтгэврийн тогтолцоо гэх мэтийн зүйлсийг оруулж ирэхгүй бол Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо тав, арван жилээс илүү насгүй.

-Валютын ханшийн өсөлтөөс болж иргэдийн цалингийн үнэ цэнэ хэдэн арван хувиар буурчихсан. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд дажгүй байгаа ч нийт компаниудад хамаарахгүй гэж та түрүүн хэлсэн. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай улсад нийгмийн даатгалын шимтгэл харин ч өндөр юм биш үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ хөгжиж байгаа орны хувьд бага хэмжээ биш л дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж хэмжээ. Гэхдээ бид өндөр хөгжсөн улс биш. Хөгжиж байгаа улс. Өөрсөдтэйгөө адил улсын хувьд гээд харьцуулбал нийгмийн даатгалын шимтгэл өндөртэйд орно. Гэхдээ нэмэхгүй бол энэ тогтолцоо нурна. Нурах хугацаа нь улам наашилна. Өнгөрсөн 15 жилд л хүн амын насны бүтэц хамгийн эерэг явсан. Их төрөлтийн үеийнхэн хөдөлмөрлөж байсан үе учраас. Гэтэл далаад оныхон дөч гараад эхэлчихлээ. Үүнээс хойш 1980, 1990-ээд оныхон буюу бага төрөлтийн үеийнхэн ид хөдөлмөрлөөд эхлэхээр тэтгэврийн сангийн ачаалал улам нэмэгдэнэ.

-Богино хугацаанд өөр гарц байхгүй хэрэг үү. Наад зах нь төрийн данхар бүтэц хумигдаагүй, зардал нь багасаагүй. Ирэх оны төсөв гэхэд л хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, зардал нь бүр өссөн зурагтай байгаа. Илүү зардлаа танахаас эхлээд өчнөөн гарц харагдаад байх юм?

-Доллар өссөн учраас иргэдийн цалингийн үнэ цэнэ буурсан нь үнэн. Наад өнцөгтэй чинь санал нэг байна. Би жилийн өмнө яг ийм байр суурь илэрхийлж байсан. Иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх замаар бодлогын алдааг засна гэдэг буруу л даа. Валютын сантай тохироод илүү нааштай шийдэл гаргах боломж байсан уу гэвэл байсан. Төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелээд байгаа нь үнэн бол нийгмийн даатгалын санг төсвийн мөнгөөр түр санхүүжүүлэх хувилбарыг сонгох боломжтой. Иргэд, компаниудад ирэх дарамтыг төр өөр дээрээ авах бодлогын сонголтыг ОУВС-тай тохирох боломж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх дарамтыг нэг жилээр ч болтугай хойшлуулах, эсвэл төрийн зардлаа танах тактикийн зөв маневр эрэлхийлэх шаардлага байсныг хүлээн зөвшөөрч байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой байгаа ийм үед валютын ханшийн өсөлт том нэрмээс. Ийм байхад нь дарамт үзүүлэх сайн шийдэл биш. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс аргагүй болгосон буруутан нь иргэд биш. Зарим татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн нь ч энгийн олноос шалтгаалаагүй. Валютын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдэл, буурахгүй байгаа ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндсэн шалтгаан нь иргэд аж ахуйн нэгжүүд биш. Үнэндээ иргэд, компаниуд төрийн буруу бодлогоос болж хэлмэгдэж яваа хэсэг. Хэлмэгдэгсэд болчихсон хэсэгтээ дарамт үүрүүлэх замаар төрийн бодлогын алдааны гажуудлыг засна гэдэг зөв арга механизм биш. Хэрвээ эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монголын хөгжил огт өөр байх байсан. Тогтвортой өндөр орлоготой иргэдтэй, бизнесийн орчин нь хангалттай таатай болчихсон байсан бол валютын ханш болон нийгмийн даатгалын шимтгэлийн бага зэргийн өсөлт дээр иргэд аж ахуйн нэгжүүд ингэж эмзэг хандахгүй.

-ОУВС ингэхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол валютын сангаас доллар авч чадахгүй гэсэн тайлбар хэр ортой вэ. Үнэхээр тийм шахаа шаардлага байсан хэрэг үү?

-Төсвийн орлого нэмэгдсэн юм чинь зардлаа багасгах замаар асуудлыг шийдье гэвэл ОУВС үгүй гэхгүй. Валютын сангийн бодлогын баримт бичиг гэж 100 гаруй хуудас юм бий. Тэр дотор нэг ч хатуу заалт байхгүй. Бодлогын чиглэлүүд л бий. Яг тэрийг тэг гэсэн тулган шаардалт харьцангуй бага шүү дээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө Салхитын орд дээр болсон тусгай ажиллагагааг удирдав. Мань эр уг нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах үндэсний зөвлөлийн дарга. Ийм алба давхар хашдаг засгийн өндөр албан тушаалтан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр байдаг орд руу цэрэг удирдан халдсан нь лав л зөв алхам биш. Цаана нь ямар ч шалтгаан үүссэн, бугшсан байж болно. Гэхдээ Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа наад өнгөндөө, бүр тодруулж хэлбэл гадна ертөнцөд яаж харагдсан бол. Хуулиа мөрдүүлэхийн төлөө зориг гаргасан төрийн өндөр албан тушаалтны дүрээр харагдсан гэвэл хэтэрхий гэнэн тайлбар болно. “Салхит”-ын ордын цаана хууль зөрчсөн, авлига хээл хахууль цутгаж Монголын цагдаа хүчнийхнийг талцуулсан, хөрөнгө оруулагчид нь маргалдсан гэх мэт өчнөөн шалтаг, шалтгаан бийг үгүйсгэхгүй. Буруутай этгээдийг шийтгэх, хариуцлага ногдуулах нь хуулийн дор амьдардаг ардчилсан нийгэмд байх учиртай, байхаас аргагүй зүйл. Гэхдээ энэ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг засагт данстай зөвлөлийг удирддаг түшмэл нь жанжны дүр эсгэж удирдах хэрэг байхгүй. Шуудхан хэлэхэд хуультай, шүүхтэй, шүүхийн шийдвэрийг нь гүйцэтгэдэг тусгай газартай улсад Г.Занданшатарын “баатарлаг драм” илүүдчихлээ. Илүүдэхээр барахгүй, Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттгүй шахам байгаа Монгол улсад хатуудсан тоглоом болоод байна.

Ядаж байхад яр гэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдыг элгээр нь харуулж хэвтүүлж байгаад төрийн төмөр нүүрийг харуулсан ажиллагааны удирдагч нь гадны мөнгөтэй эрхмүүдэд хэзээнээсээ нэргүй нөхөр. Цагтаа эдийн засгийн өсөлт нь 17 хувиар хэмжигдэж, “Файнаншл таймс”-ийн нийтлэлд дараагийн БРИКС болох М3-т багтах улсын нэг гэж онцлогдож байсан Монголоос гадны хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн анхны хууль 2012 оны хавар батлагдаж байв. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах гэсэн хаягтай тэр хуулийн автор нь өнөөгийн ЗГХЭГ-ын дарга. Г.Занданшатарын санаачилж гардан байж батлуулсан тэр хуулийн балгаар эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар цангаж элгээрээ хэвтсэн нь Монгол улсын хувьд гашуун түүх болж үлдсэн. Ийм балагтай хуулийн автор гэдгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдад танигдсан Г.Занданшатар Засгийн газрыг төлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай компани руу буу шийдэм, цэрэг хүчтэй дайрсан нь яав ч таатай харагдах дүр зураг биш.

Төр засаг зүгээс энэ ажиллагааг зөвтгөж тайлбарлахдаа ч гадаад ертөнцөд аятай харагдсангүй. “Монголын баялгийг цөөхөн нь цөлмөөд дууслаа. Цөөхөн нь баяжиж таарахгүй. Баялгийг шударга хуваарилах ёстой. Цаашид ч ийм тэнцвэргүй байдлыг арилгахын төлөө төр хүч хэрэглэн төмөр нүүрээ харуулна” гэх ухааны яриа хөөрөө, тайлбар хөвөрлөө. Шууд ингэж хэлээгүй ч илт тэгж ойлгогдохоор сүржин мэдэгдэл, байр суурь засаг зүгээс дуулдав. Хувийн хөрөнгийг хураах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, бизнесүүдийг төр мэдэлдээ авах гэх мэт зах зээлийн жамаас гажсан хандлага, авир гаргасан улсын эдийн засаг элгээрээ хэвтсээр өнөөг хүрсэнийг хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх түүхээс түвэггүй харчихаж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Венесуэл байна. Инфляци нь төсөөлөхөд бэрх олон тэгтэй тоогоор хэмжигдсэн энэ улс уг нь газрын тосны баялаг нөөцтэй. Эдийн засгийн өсөлт нь дэлхийд гэж яригдаж явсан сайхан үе байсан ч өнөөдөр хэцүүхэн зурагтай аж төрж буй. Шалтгаан нь бүхнийг төрд авах гэж улайрсан, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн, хувийн хөрөнгийг адалсан төрийн удирдагчтай нь холбоотой гэдгийг цэнхэр гариг даяараа мэддэг болчихлоо. Монголын төр үүнтэй төстэй авир, хандлага гаргаад эхлэв үү гэж хардахаар өнцөг, сэжүүрийг “Салхит”-ад сая болсон үйл явдал гаргаад өгчихлөө.

Мэдээж төр засгийн өндөрлөгийн түвшинд их л ярьж зөвлөлдөж байж “Салхит”-ын ажиллагааг эхлүүлсэн байх. Гэхдээ л наад өнгөндөө, гадаад ертөнцөд ингээд харагдчих шиг болох юм. Улсынхаа дотоод уур амьсгалыг мэдэрч яваа сэтгүүлчдийн хувьд хардах бас нэг өнцөг байна. Дээр, шаргал ордонд сөргөлдөж байгаа хоёр талын нэгнээ буулгаж авахын төлөө дэглэсэн жүжгийн үзэгдэл гэж харахаас аргагүй байна л даа. У.Хүрэлсүх, М.Энхболд тэргүүтнүүд талцаад төрөө самарч дуусч буйг бид бэлхнээ харж сууна. Яг нарийндаа Салхитын лицензийг хятадуудад зарсан хүнийг М.Энхболдын уяач гэж харагдуулахад хамаг учир байна гэчихэд хэтрүүлсэн хардлага болохгүй. Түүнээс биш лицензийн наймаа хаа сайгүй гэдгийг дээр дооргүй мэддэг. Өчнөөн жил явсаар ирсэн наймаа. Тэгтлээ гайхаж цочоод сүр зарлахаар асуудал хэтээсээ биш. Магадгүй энэ удаагийн лицензийн наймааг туг бариад эсэргүүцэж яваа талын нөхөд дунд ийм наймаанд оролцсон, ийм наймаагаар мөнгөжсөн хүмүүс байж ч мэднэ. Эрх мэдэлд ойрхон улс дажгүй нөөцтэй байж мэдэх газарт лиценз авч, өнөөхөө ахиу үнээр зардаг нь үзэгдэл болчихсон учраас үгүйсгэх аргагүй хардлага. Гагцхүү энэ удаагийн сүржигнэлийн бай нь сөргөлдөгч талын нэг учраас тусгай ажиллагаандаа тулчих шиг боллоо.

Товчхондоо Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчдад эвгүй дохио өгөн барин хийх ажиллагаа мөн байв уу? Эдийн засагт тийм ч таатай биш статистикууд голлосон ийм цагт ингэж “амиа хорлон”, золиос гарган хийх ажиллагаа байгаагүй гэчихэд үнэнээс зөрөхгүй. Монгол улс УУХҮЯ, АМГТХЭГ, ҮТЕГ, МХЕГ, ШШГЕГ-тай. Энэ газруудад “Салхит”-д үүссэн асуудлыг шийдчих хуулийн мэдэл, боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Хуулийн дагуу асуудлыг шийдээд явах гарц гаргалгаа байсаар атал эдийн засагт халтай ийм сүржигнэл хийх шаардлага ер нь байв уу. Үйлдвэрлэл хөгжөөгүй манайх шиг улсад эдийн засгийн тэтгэх том хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Тэр дундаа эдийн засгаараа хараат гэж хэлж болох урд хөршийн хөрөнгө оруулагчдад илт дайсагнасан хандлага гаргах нь тийм ч оносон алхам биш. Урд хөршийн тухайд манай улсыг шахаад сурчихсан, эвгүйхэн ааш аяг гаргахад хэр хэмжээний нөлөөтэйгөө хилээ хаах төдийгөөр харуулчихдаг улс. Саяхан гэхэд л нүүрс гардаг гарцаа хаах төдийд дээр дооргүй яаж бужигналаа. Эцсийн дүндээ энэ бүхнээс үүдэж гарах хохирлыг сөргөлдөгч хоёр тал буюу У.Хүрэлсүх, М.Энхболд үүрэхгүй. Энгийн иргэд л төлөөс, хохирлыг нь үүрдэг. Гадаадын хөрөнгө оруулалт татрах хэрээр долларын ханш хаданд гарна, долларын ханш өндрөө авах тусам төгрөг үнэгүйддэг. Энгийн иргэд хохирдог гээд байгаа нь цаанаа ийм учиртай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганцхан хөрөнгө оруулагчид тоогдож байсан асгатын мөнгөний ордын түүх

Засгийн газар стратегийн ач холбогдолтой 15 ордын нэгд багтдаг Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх үүрэг өглөө. Цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн өөдрөг тодотголтойгоор “Эрдэнэс Монгол”-д очиж буй Асгатын мөнгөний ордыг түүхийг сөхье.

Асгатын мөнгөний орд газар Монголын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залгаа оршдог. Бүр тодруулж хэлбэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд аймгийн төв Өлгий хотоос 180 км, сумын төвөөс 70 км, Улаанбаатар хотоос 1800 км-т, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км-т оршдог. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Асгат гэж жижиг суурин байгуулсан нь оросуудын энэ ордыг ашиглах сонирхлоос эхтэй гэдэг.

Асгатын ордын түүх өнгөрсөн зуунаас эхтэй. 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа хийсэн байдаг. Хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай улсын гүнд 100 км-т геологийн судалгаа явуулж байж. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байв. Үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн болсон гэх мэдээллийг энэ ордын танилцуулгаас харж болно. Нэмэлт судалгаагаар үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн боломжтой гэж геологичид онцолдог. Асгатын ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий агуулгатай хүдэрт мөнгө, зэс, сурьма, висмутаас гадна дагалдах байдлаар төмөр, хар тугалга, кадми, мышьяк, цайр, алт бий гэсэн геологийн ажлын үр дүн бий. 1990 он хүртэл эрэл үнэлгээ, геологийн зураглалын ажил хийгджээ. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо дуулддаг. 500 хүний ажлын байрыг шинээр бий болгож, жилд 7.6 сая ам долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой, Асгатын мөнгөний ордыг түшиглэсэн үйлдвэрийг дэд бүтэцтэй нь байгуулахад нийт 57.1 сая ам.доллар хэрэгтэй гэх мэт мэдээлэл одоогоос зургаан жилийн өмнө цацагдаж байв.

Асгат руу очихын тулд ОХУ-ын хилийг давахаас аргагүй нөхцөл үүсдэг гэсэн шалтгаан ч ордыг өнөөг хүртэл ашиглаагүй шалтгаануудын нэг юм. 2013 оны сүүлээр тус орд хүртэл бетонон гүүр бүхий хайрган хучилттай авто зам тавьж байв. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших орд газрын ойр орчмоор өмнө нь морьтой хүн байтугай явган хүн явахад түвэгтэй, саад бартаатай төдийгүй, цаг агаарын бэрхшээлтэй зарим үед ОХУ-ын нутаг дэвсгэрээр ч дамжин очих тохиолдол байсан юм. Ийм шалтгаанаар 72.8 метр урт төмөр бетонон гүүр бүхий 7.3 км хайрган хучилттай авто замыг барьжээ.

Өндөр уулын бүсэд уул геологийн хүндрэлтэй нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрласан гэх мэт шалтгаануудын улмаас ордыг ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас төдийгөөс өдий хүртэл Оросын нэг компани л хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсныг онцолъё. ОХУ-Монголын хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал 2014 онд Москвад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар сөхөгдсөн удаатай. Тэр хүрээнд байгалийн зураглалын ажил хийж байж. Ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцээс гадна хүдрийн баяжуулалтын технологийн шийдэл тодорхойгүй гэсэн бэрхшээл асуудал яригддаг. Ардчилал эхэлснээс 1996 он хүртэл төрийн өмчийн “Монгол эрдэнэ” компанид данстай байсан энэ орд тэр үеэс хойш Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет”-ийн мэдэлд очсон юм. Тухайн үед өнгөт металлын бүх орд “Монросцветмет” гэсэн малгай дор орсон түүхтэй. “Монросцветмет” ордыг ашиглах технологийн ашигтай шийдлийг хайж ОХУ, АНУ, Австралид судалгаа хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөнгөний орд гэж ярьдаг ч шууд мөнгө гарахгүй, нийлмэл баяжмал учраас технологийн эрэл өнөөг хүртэл үргэлжилж буй гэж ойлгож болно. Мөнгөний агуулга өндөр ч мөнгө, алт, төмөр, цайр гэх мэт холимог металл бий тухай өмнө онцолсон. Баяжмал боловсруулахад хориотой, технологийн хувьд хор нөлөө ихтэй хүнцэл, сурьма тус ордын хүдэрт агуулагдаж байгаа нь асуудал болдог байна.

“Монросцветмет” ХХК, ОХУ-ын Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Полиметалл” нэгдэлтэй хамтарсан “Асгатполиметал” ХХК-ийг үүсгэн байгуулж Асгатын мөнгөний ордыг 50:50 хувийн эзэмшилтэйгээр Полиметалл нэгдлийн хөрөнгө оруулалтаар ашиглахаар гэрээ, хэлэлцээ хийсэн боловч тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр цуцлагдаж байсан юм. “Асгатполиметал”-ын хувьд Асгатыг сонирхсон цорын ганц хөрөнгө оруулагч байв. Асгатын мөнгөний ордыг УИХ-ын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж байсныг уншигчид санаж байгаа байх. Дараа нь буюу 2010 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод Асгатын мөнгөний ордын талаар санал хүргүүлж байв. Уг саналд “Асгатыг стратегийн ордод хамруулснаас хойш гурван жил гаруй хугацаанд Баян-Өлгий аймаг, баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой уг ордыг эзэмших, ашиглах талаар тодорхой бодлого гаралгүй өнөөг хүрлээ. Эрхэм Ерөнхий сайд Таны 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Монросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн хурал Москва хотноо болохыг харгалзан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор танд дараахь саналыг хүргүүлж байна. Нэгдүгээрт Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа Асгатын мөнгөний ордын дөрвөн тусгай зөвшөөрлийг Засгийн газарт шилжүүлэн авч, улмаар олон улсын нээлттэй тендер зарлах замаар хамтран эзэмшигчийг тодруулах шаардлагатай. Хоёрт тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авах асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийж, тохиролцох асуудлаар компанийн Монголын талын оролцогч Төрийн өмчийн хороонд үүрэг өгч шийдвэрлүүлэх нь зүйтэй. Гуравт тусгай зөвшөөрлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэн авахдаа “Монросцветмет” ХХК-иас Асгатын мөнгөний ордод 1993 оноос өнөөг хүртэл хийсэн хөрөнгө оруулалтын болон урсгал зардалд гаргасан 2,5 сая ам. долларыг тус компаниас улсын төсөвт ирээдүйд төлөх татварт суутган тооцох замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн онцолж байжээ.

Дахин онцлоход Асгатын ордыг өнөөг хүртэл ашиглаж чадаагүй шалтгаануудад технологийн ашигтай шийдэл олоогүй, байршил түвэгтэй хүнд нөхцөлтэй, нөөц нь мөнгөний том ордод тооцохуйц хэмжээний биш, олон элемент агуулсан бүтэцтэй гэх мэт багтаж байна.

Ийм түүхтэй ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргана. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэхдээ “Монросцветмет-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ынхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй. Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуул” гэж үүрэгдээд байна.

Асгатын мөнгөний орд тойрсон улстөрчидтэй холбоотой шуугиан ч өнгөрсөн хугацаанд олны анхааралд өртсөөр ирсэн. Нэг тод жишээ гэхэд л Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхдаа их өр тэглэх шоуныхаа ар хударгаар Оросын талтай нууц хэлэлцээ хийж, Асгатыг найр тавьсан гэх мэдээлэл тухайн үед өндрөө авч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Японы хувийн хэвшлийнхэн Монголын инженер, техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг сонирхож байна

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй гадаад худалдаа, экспорт, бизнесийн орчинд гарч буй өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг саяхан Японд айлчлах үеэр хоёр улсын эдийн засгийн түншлэлийн форум болсон. Форумаар яригдсан хамгийн гол сэдэв юу байв, ямар шийдэлд хүрэв?

– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Японы төр, хувийн хэвшлийн ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалт, эдийн засгийн түншлэлийн форум Токио хотод боллоо. Энэ бизнес форумыг МҮХАҮТ Японы гадаад худалдааг дэмжих ЖЕТРО байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. 2016 онд байгуулсан Монгол-Японы чөлөөт худалдааны хэлэлцээр /EPA/, түүний хэрэгжилтийн явц, хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг төрийн зүгээс яаж шийдвэрлэх цаашид анхаарах асуудлыг голлон хэлэлцлээ. Форумд Монгол, Японы 300 гаруй бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцсон. Миний бие энэ арга хэмжээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжсэн өнгөрсөн хоёр жилд гарсан үр дүн, цаашид анхаарах зүйлийн талаар хувийн хэвшлээ төлөөлж илтгэл тавилаа. Айлчлалын хүрээнд Японы ЖЕТРО байгууллагын дарга ноён Ишиге Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан. Японы хувийн хэвшлийнхэнд Монголын талаарх мэдээллийг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байгаагаа илэрхийлснийг онцолмоор байна. МҮХАҮТ-тай олон жилийн хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүн нь яаж гарсныг ч танилцуулсан. Мөн сүүлийн үед Японы хувийн хэвшлийнхэн Монголын инженер, техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг сонирхож байгаагаа бас илэрхийлсэн. Азийн худалдаа дэмжих байгууллагуудын форумыг ЖЕТРО тэргүүлдэг юм. Энэ форум ирэх оны есдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд манай танхимын гадаад харилцаа өндөр түвшинд хөгжсөн. МҮХАҮТ Олон улсын худалдааны төв (ITC) байгууллагаар үнэлгээ хийлгэж, Швейцарийн нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж чанарын удирдлагын ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч Монголын анхны төрийн бус байгууллага боллоо. Миний бие Олон улсын худалдааны танхимын нэгдсэн холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч, Торгоны зам олон улсын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч зэрэг удирдах түвшинд сонгогдон ажиллаж байгаа.

-Арга хэмжээнд оролцоод ирсэн нэг хүн “Танхим эсгий таавчикаа л ярилаа” гэж бичсэн байсан. Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүн бодит байдал дээр хэрхэн гарч байгаа бол?

-Монгол, Японы чөлөөт худалдааны хэлэлцээр бол манай улсын гадаад худалдаа, экспортыг дэмжих маш чухал анхны том хэлэлцээр. Үүний хүрээнд тус улс руу гарч байгаа бүтээгдэхүүний нийт тарифын 96 хувийг чөлөөлөх буюу хөнгөлж байна. Танхимын хувьд хэлэлцээр байгуулагдсанаас хойш, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 16 салбарын 1050 гаруй гарал үүслийн гэрчилгээг Монголын 40 орчим аж ахуйн нэгжид олгосон. Салбараар авч үзвэл 30 гаруй хувийг ээрсэн ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнд олгожээ. 10 орчим хувьд нь адууны хөлдөөсөн мах болон дайвар бүтээгдэхүүн багтаж байна. Монголоос Япон руу экспортолж буй бүтээгдэхүүний нэр төрлийг харахад хөдөө аж ахуйн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ анхаарах, зохицуулах зүйл маш их бий. Тухайлбал манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эсгий эдлэл, арьс шир, хивс, хивсэнцэр, чацарганы жүүс зэрэг бараа бүтээгдэхүүний уялдуулсан код хэлэлцээрт нарийвчлан заагдаагүй, хөнгөлөлтийн нөхцөлөөр гарах бараа бүтээгдэхүүний кодтой уялдахгүй байгаа учир хөнгөлөлтөө эдэлж чадахгүй хоёр жил болчихлоо.Үүнийг нааштай шийдүүлэхийн тулд асуудлыг дахин дахин гаргаж тавиад байгаа юм. Ярихаас ч аргагүй. Ганц эсгий улавч биш эсгий, арьс шир, хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик түүхий эд ашигласан хүнсний бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд маш чухал арга хэмжээ байгаа юм. Өнгөц харахад энэ нь жижиг асуудал боловч уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлье гэвэл ингэхээс аргагүй. Тодруулж хэлбэл ЖДҮ-ээ дэмжиж, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг бүтээж, бараа бүтээгдэхүүнээ хэлэлцээрүүдэд хамааруулж Япон улс төдийгүй Европын холбооноос олгогдож буй хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бүрэн ашиглах ёстой. Ингэхийн тулд байгуулсан хэлэлцээрүүдэд хамааруулахын төлөө явахаас аргагүй.

-Японы талаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд юу хэлэх вэ. Өнгөц анзаарахад автомашинаас өөр дорвитой бүтээгдэхүүн харагдахгүй юм…?

-Японоос орж ирж буй импортын төрөлд дэвшил харагдахгүй байгаа нь үнэн л дээ. Таны хэлсэнчлэн автомашины сэлбэг, тоног төхөөрөмж, хуучин шинэ машинаар л хязгаарлагдаж байна. Японоос бэлэн бараа бүтээгдэхүүнээс гадна технологи, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл босгох нь бидний зорилго. Японтой хийж буй уулзалтуудын үеэр байгаа боломжоо өргөн дэлгэр танилцуулах хэрэгтэй. Монголын зах зээл жижиг биш, хоёр талд том гүрэн байна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хөрш орнуудын том зах зээл рүү гарна. Европын холбооноос олгосон GSP+ хэлэлцээрийн хүрээнд 7200 гаруй бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл үйлчилж байна гэдгээ өргөн сурталчлах ёстой. Хамгийн гол нь Монгол байгалийн гаралтай органик түүхий эдтэй, залуу чадварлаг хүний нөөц, ажиллах хүчтэй улс гэдгээ л сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ япон хүний сэтгэлгээний онцлог, аливааг маш удаан судалж шинжилдэг нухацтай байдал, мэдээллийг зөвхөн эх хэл дээрээ авах гэсэн хүсэл сонирхлыг бодолцох ёстой л доо. Тэдний зүгээс Токиод ажилладаг Монголын худалдааны төлөөлөгчийн газарт ганцхан хүн байдаг нь хүртээмжтэй бус, Монголын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй нь урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад хүндрэл учруулдаг гэх мэт бэрхшээлийг ярьж байсан. Цаашид МҮХАҮТ, ЖЕТРО байгууллага ЖДҮ-ийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана.

-Японы тухайд ийм байж. Урд хөрштэй бизнес өргөжүүлэхэд өнгөрсөн жил танхимын зүгээс юу хийсэн бэ?

-БНХАУ бол манай худалдаа, эдийн засаг, бизнесийн гол түнш. Тэр утгаараа бид урд хөрш рүү онцгойлон анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд ч бас олон зүйл хийсэн. Улаанбаатарт болон урд хөршийн хот, мужуудад бизнес форум, үзэсгэлэн, бизнес төслүүдээ танилцуулах уулзалтуудыг харилцан зохион байгууллаа. Нэг үеэ бодоход Хятадтай хийх бизнес шинэ түвшинд гарч байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна удаан хугацааны тогтвортой бизнесийг бий болгох чиглэлд илүү анхаарч байна. Цоо шинэ зүйлийг гаргаж ирнэ гэхээсээ илүү бэлэн байгаа төслийг танилцуулах, хөрөнгө оруулалт татахад мэдээлэл өгөх чиглэлд өнгөрөгч онд түлхүү анхаарлаа. Мэдээж танилцуулга хийнгүүт шууд бизнес өрнөхгүй ч тодорхой хэмжээнд бизнесийн харилцаанд ахиц,суурь болдог.

-Ерөнхий сайд өнөө жилийн хавар бас урд хөршид айлчилсан. Айлчлалын үеэр болсон бизнес форумд танхим ямар үүрэгтэй байсан бэ?

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр МҮХАҮТ-аас Бээжин дэх ЭСЯ, БНХАУ-ын Худалдааг дэмжих хороотой хамтран Монгол-Хятадын бизнес форумыг маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Энэ үеэр зөвхөн хувийн хэвшлийн салбарт 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх 36 хэлцэлд гарын үсэг зурагдсан. Эхнээсээ ажил хэрэг болоод явж буй олон төсөл байна.

-Бүс нутгийн хэмжээнд ч бас төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа байх. Бизнесийг дэмжсэн, гадаад худалдааг хөнгөвчилсөн, эдийн засаг, экспортод илтэд нөлөөлөхүйц сайн жишиг туршлага, хамтын ажиллагаанаас сонирхмоор байна?

-Бүс нутгийн хэмжээнд Торгоны зам, Цайны зам, Талын зам, Эдийн засгийн коридор гэхчлэн маш олон арга хэмжээ, төсөл бий. Эдгээр төсөлд бизнес эрхлэгчдээ оролцуулах, үр шимээс нь хүртээх, хамтын ажиллагааг нэмэх чиглэлд голлон ажилладаг. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт Ази Номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-ны нэгдсэн хуралдаан болж, тус байгууллагын ерөнхийлөгч Джамал Иннаишвили айлчилсан. Энэ үеэр 15 аймгийн эмэгтэй бизнес эрхлэгчийг оролцуулсан чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж уг байгууллагаас өндөр үнэлгээ авлаа. Саяхан тус холбооны 32 дугаар чуулган Туркийн Истанбул хотноо болж, аялал жуулчлал, ЖДҮ, АНДО-уудын Танхимуудаар дамжуулан бизнесийг дэмжих чиглэлээр салбар хурлууд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд манай танхимын тэргүүлэгч гишүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Миний бие тус холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Товчхондоо энэ бүхэн бүс нутгийн хэмжээнд бизнесийг холбоход Монголын үүрэг оролцоо нэмэгдэж байгаагийн илрэл л дээ.

-Гадаад харилцааг эдийн засагжуулна гэж ярьдаг. Энэ чиглэлд Танхимаас олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Нааштай ахиц дэвшил, өөрчлөлт байна уу?

-Бид экспортыг нэмэгдүүлнэ гэж олон жил ярьж байгаа. Одоо яг тодорхой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү орох хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж эхэлсэн гэж ярьдаг. Сонсоход том, гоё санагддаг ч олборлосон бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргаж байна. Боловсруулаад нэмүү өртөг шингээгээд гаргавал илүү үнэ хүрнэ. Уул уурхайн бус бүтээгдэхүүн гээд үзэхээр голдуу мал аж ахуйн гаралтай түүхий эдээ л гаргаж байна. Урд хөрш рүү махны экспорт хийж байна гэж байгаа. Яг судлаад үзэхээр хятад худалдаачид орж ирээд бой хийгээд махыг шууд гаргаж байна. Энэ асуудалд ямар хяналт, зохицуулалт байгаа юм бэ? Зөв бодлогоор л журамлахгүй бол экспорт нэрийн цаана боловсруулалтгүй, нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнүүд гадагш гарсаар, ахиц дэвшил гарахгүй, ажлын байр ч нэмэгдэхгүй байна. Олон жил энэ асуудлыг судалсны эцэст Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төсөл, Олон улсын худалдааны төвтэй /ITC/ хамтран худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал, Европын холбооны санхүүжилтээр Худалдааг дэмжих төсөл (TRAM),МҮХАҮТ, Германы ХАҮТ-уудын холбоо болон SEQUA байгууллагатай хамтарч төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл бол яг үйлдвэрлэл рүү, үйлдвэрлэгч рүү чиглэгдсэн, урт хугацаанд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход суурь болсон төслүүд юм.

-TRAM болон SEQUA -гийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй, энгийнээр тайлбарлаач. Хэр хугацаанд хэрэгжиж, хэзээнээс үр дүн нь гарах вэ?

-TRAM төсөл бол уул уурхайн бус, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүнийг сонгож, түүнийгээ боловсруулахаас экспортлох хүртэлх үе шат бүрийг хөгжүүлж нэмүү өртгийн сүлжээг бий болгох зорилгоор Танхим дээр хэрэгжиж байна. 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. TRAM төслийн хүрээнд уул уурхайн бус таван салбарын бүтээгдэхүүнийг сонгож авсан. Органик гоо сайхан, ноос ноолуур сүлжмэл, гэхдээ зөвхөн ямааны ноолуур биш бас сарлагийн хөөвөр, хонь, тэмээний ноос, чацаргана, арьс ширэн бүтээгдэхүүн гэхчлэн экспортод гарах боломжтой бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Ер нь аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргах гарц нь маш тодорхой. Кластераар аж ахуй хөгжүүлж, хоршиж ажиллах л чухал. Гарааны бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд байгалийн гаралтай, малын гаралтай түүхий эдийг ашиглаж гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн хийж байна. Эдгээрийг нэгтгэж Монголын гоо сайхны органик бүтээгдэхүүн гэдгээр брэндинг хийхээр эхний кластер байгууллаа. SEQUA-гийн төслийн зорилго нь бас ойролцоо. Гэхдээ орон нутаг руу хандсан, байгаа нөөц бололцоон дээр тулгуурлан кластерын загвар байгуулах зорилготой. Эхний ээлжинд хонины ноосны болон чацарганы нэмүү өртөгийн сүлжээг бий болгох кластерын сүлжээг Архангай, Увс аймгийн хоёр багт байгуулсан. Цаашид энэ загварыг аль ч сум баг аваад хэрэгжүүлэх боломжтойгоор үе шат бүрээр нь зохион байгуулсан. Төсөл дахиад гурван жилээр сунгагдсан, тэгэхээр орон нутагт ийм загвар төвүүд олширно гэсэн үг. Танхим 20 гаруй жил Германы ХАҮТ-тай хамтран ажиллаж байна. Анх Танхимыг бэхжүүлэх чиглэлээр эхэлж байсан бол одоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн гаргах, нэмүү өртгийн сүлжээ байгуулах чиглэлд ажиллаж байна. Гурван жилийн үр дүнг Дэлхийн худалдааг дэмжих байгууллага үнэлж, “Тогтвортой хөгжлийг амжилттай хэрэгжүүлэгч Танхим” шагнал хүртээсэн.

-Экспортыг нэмэгдүүлж, худалдааг хөнгөвчлөхийн тулд төрийн байгууллагуудын хүнд суртал, авлигыг бууруулах ёстой гэж ярьдаг. Саяхан танхимаас Гүржид айлчилж, авлигыг бууруулсан туршлагаас судалсан гэж байсан. Ямар үр дүн гарсан бол?

-Төрийн үйлчилгээг ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэхэд хүнд суртал, авлигын асуудал үргэлж яригддаг. Гүржийн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгосон ганц нууц нь бүх үйлчилгээг цахимжуулж, хүний оролцоог багасгасанд байна. Бүх төрлийн бичиг баримт, зөвшөөрөл, лиценз олгож буй, татвар ногдуулж хурааж байгаа үйл явц бүгд хэн нэгэн байцаагчаас юмуу даргаас хамаарахгүй, яг ном журмын дагуу, интернэтээр явж байна. Хүсч байгаа үйлчилгээндээ тохирсон төлбөрөө төлөөд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд л хангалттай. Түүнчлэн далд эдийн засгийг ил болгох үйл явцыг жижиг гэлтгүй салбар бүр дээр хийчихэж. Ганц жишээ дурдахад манайд байдаг шиг машиндаа азын дугаар авах сонирхол тэндэхийн иргэдэд ч байна. Түүнийг нь журамлаад, дугаар тус бүрээр үнэлгээ тогтоогоод, сонгосон төлбөрийнх нь дагуу олгох бүх үйл явц нь нээлттэй. Гол нь тэр мөнгө хэн нэгэн ажилтны юмуу, даргын халаас руу биш улсын төсөв рүү орно. Ажлын байр дагасан далд бизнес байхгүй, бүх зүйл ил тод, нээлттэй, цахимжсан гэсэн үг. Аль нэг албан тушаалтан, танил тал эрж хайх шаардлагагүйгээр ажлаа бүтээж, хүссэн үйлчилгээгээ богино хугацаанд авах нөхцөлийг бүрдүүлэхэд арван жил зарцуулсан юм билээ. Манайд ч бас ийм боломж бүрэн бий. Энэ гэхдээ цоо шинэ зүйл биш. “Төрийн нэг цэгийн үйлчилгээ” гэх мэтээр манайд хэдийнэ нэвтэрсэн ч яг процесс бүрээр засч сайжруулан цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.. Бид энэ загварыг худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих зорилттой уялдуулж Гадаад худалдааны нэг цонхны үйлчилгээг нээх саналыг ГХЯ-д хүргүүлсэн байгаа.Саяхан бид Танхим дээрээ мэдээллийн нэг цонхны үйлчилгээний төвийг ХБНГУ-ын GIZ байгууллагын дэмжлэгтэйгээр нээж, шинэ оноос бизнес эрхлэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: МАН тасралтгүйгээр найман жил засаглах үед Монголын олигархиуд төрсөн

Түрүүч нь № 255(6098) дугаарт


“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-МАНАН-г харахаар танай намынханд ч ярих, шийдэх асуудал олон байна аа. АН яаж зөв хөгжих талаараа гарц гаргалгаа хайх цаг болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-АН-ыг анх байгуулагдахад тагнуул туршуулууд шургалсан гэж ярьдаг л байсан. Магадгүй. Гэхдээ энэ намын дүрэм, журам, зарчмыг анх боловсруулж явсан хүмүүсийн ихэнх нь сууж явах машиныхаа дүр зургийг иж бүрнээр нь гаргачих юмсан гэсэн чин хүсэл, зорилготой байсан нь маргаангүй үнэн. Тийм ч учраас Монгол Улсын гурван сая иргэн суух машинаа яг таг олоогүй ч анх сонгосон замаасаа ухарчихаагүй байна. Тэр утгаараа манай нам МАН-ыг бодвол арай эрүүл, тэгтлээ эвдрээгүй. Та бод доо. Ардчилал ялснаас хойш АН тийм олон жил засаглаагүй. Ихэнх жилүүдэд нь МАН засагласан. Эдэн шиг завсаргүй шахуу засаг толгойлсон бол бид ч ялгаагүй идээ бээрэндээ баригдах байсан. Ер нь ардчилал гэдэг чинь хүний сайн, муугаас болдоггүй. Зарчим, тоглоомын дүрмээр явдаг.

-МАНАН хэзээ сарних бол. Таны ярианаас анзаарахад суух машинаа олж, шилжилт дуусч байж гэрэл тусах нь ээ дээ?

-Та нөгөө талаас нь хар даа. Бүр томоор нь яривал яагаад МАНАН болчихов гэсэн асуултын хариу өөрөөр гарна. Хүн бүр ходоодтой. Манай намын хүн ч хааяа өлсөж таарна. Тэр утгаараа бүх хүн адилхан. Сая хэллээ шүү дээ, удаан жил засагласан нь идээ бээрэндээ илүү баригджээ гэж.

-1990-1992 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед өмч хувьчлал эхэлсэн, үнэ чөлөөлсөн, ардчилал зах зээлийн үе рүү шилжих ажил эрчтэй өрнөсөн гэж харагддаг. Тэр үеийн тэргүүн шадар сайд нь та. 1992-1996 оны Засгийн газар та нарын эхлүүлсэн шинэчлэлийг огт урагшлуулаагүй, өнөөгийн гацаа тэндээс эхтэй гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Унтсан нь үнэн. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, хуучнаа санагалзсаар дөрвөн жилээ барсан. Үүнийг нь ард түмэн олж хараад манай намд (манай намуудад) санал өгсөн юм, уг нь. 1996 онд. Тухайн үед МҮАН, МСДН, Ардчилсан холбоо гэсэн эвсэл байсан шүү дээ. Хэрвээ эвсэл биш өнөөгийнх шиг нэг нам, нэг даргатай засагласан бол өнгөрсөнд өрнөсөн хагарал гарахгүй байсан. Учир нь тэр үед манай намынхан, ер нь улстөрчид том мөнгө үзээгүй, эвдрээгүй байсан юм. Дараагийн сонгуулиар нь буюу 2000 онд МАН ялж үнэмлэхүй олонхиороо тасралтгүйгээр найман жил засагласан. Тэр жилүүдэд МАН-ынхан улс орноо хөгжүүлэх чин зорилготой зүтгэсэн бол байдал өөрөөр эргэх байсан. Харамсалтай нь тэгээгүй. Эрх баригчид хувь хувийнхаа эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан. Наад өнгөндөө капитализм руу оръё, машинаа сольё гэж зөвшөөрсөн хэр нь замаасаа ухарсан. Энэ үед л Монголын олигархиуд төрсөн байдаг. Ерээд онд манайхаас бусад улсад бол коммунист намынх нь өмчийг хураагаад, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон. Гэтэл бид тэгээгүй. Өнөөгийн МАН харин ч зуун жилийн настайгаараа бахархаж, хэлмэгдүүлсэн, нураасан, ухраасан, хөгжлөөс хойш чангаасан, идэж ууж, төрд идээ буглаа үүсгэснээ биш “Та нарыг ер нь бид тэмбүүнээс салгасан. Шинэ нийгмийн янз бүрийн материаллаг техникийн бааз байгуулж өгсөн” гэх ухааны яриа үүсгээд сууж байгаа нь шуудхан хэлэхэд эмгэнэл. Учир нь засаглах үедээ юу ч хийдэггүй төр гэж угаасаа байдаггүй юм. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улс ардчиллын зарчмаар явж байгаа болохоор, хүн бүр, түүний дотор аль ч намын том дарга бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон учраас Н.Энхбаяр нь тусдаа нам байгуулсан. Ийм шалтгаанаар энэ намын доторх ялзрал Монгол Улсын ялзрал болж хувираагүй. Тэгээгүй бол өдийд ямар зурагтай суух байхыг ёстой бүү мэд. Одоо дахиад хагарч байна. Ер нь хувааж идэхийн төлөө явдаг гэмт бүлэглэл дандаа задардаг. Түүх нь, жам нь тийм. Дахиад хэлье. Монгол социалист системээс татгалзсан мөртлөө бүрмөсөн баяртай гээгүй онцлогтой улс. Алдсан ч, удсан ч сонгосон замаараа явъя гэж чигээрээ урагшлаагүй. АН-ын хувьд сонгосон замаараа явъя гэж зориод өөрсдийнхөө хэмжээнд чирсээр өнөөг хүрсэн. Нялхсын өвчин, балчрын гайг ч ханатлаа амссан. МАН бидний энэ сул талыг харж ухаарахын оронд мууг маань сураад хоёр ч удаа хагарлаа. Эхлээд МАН, МАХН гэж хагарсан. Одоо парламент дахь олонх нь яг тэнцүү хоёр хуваагдчихлаа. Даажинтай хэрэг шүү.

-Хагарал нь цаашдаа ч гүнзгийрнэ гэсэн таамаг байна…?

-Үйл явдал цаашид яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тодорхой ганц л зүйл бий. Энэ нам өнгөрсөн 30 жилийн турш Монголыг мухардалд оруулсан, төдийгөөс өдий хүртэл социализм руу чирэхийг хичээж оролдсоор ирсэн. Гэхдээ үүнд ганц МАН-ыг буруутгах аргагүй. Манай намын үүрэг оролцоо ч чамгүй байсан. Өнөөдөр МАН-д найдах хүн эрс цөөрлөө. Нэг хэсэг нь хэт хуучинсаг. Арай залуу гэсэн нь хүмүүжил төлөвшил, мэдлэг боловсролоор ядмаг. Өнгөрсөн 30 жилийн засаглалынх нь туршид тэдэнд хэн ч саад болоогүй. Нам нь программгүй, үзэл санаа,төсөөлөл үнэ цэнэгүй учраас Монголын төр өнөөдөр ийм байдалд хүрчихлээ л дээ. Бүгдийг нь зангидаад урагшлуулах лидер энэ намд байхгүй. Дашрамд хэлэхэд манай намд ч тийм хүн алга. МАН-ын хийж чаддаг, хийж байгаа зүйл нь ерөөсөө л өөд уруугүй амжиж идэх. Үүнд нь Монголын нийгэм, АН хүртэл тэсвэрээ алдаж байна. Манай зарим тэсвэр багатай нь муу юмыг нь дуурайгаад эхэлчихсэн. Ямар ч баялаг бүтээгээгүй, хөлсөө дуслуулаагүй атлаа нүдэн дээр нь мөнгөжөөд байхаар хэн ч тэгнэ.

-МАН-аас болоод эвдрээд байна гэдэг голлох хоёр намын нэг нь болох хүчний хувьд арай ядмаг, өөрсдийгөө өмөөрсөн тайлбар биш үү?

-Монгол улс өнгөрсөн 30 жилийн хэдэд нь хэнээр удирдуулав гээд харахаар манай нам яаж ялзрахгүй, эвдрэхгүй байх юм. Наад зах нь би ийм гоё юм яриад суугаа хэрнээ сүүлийн сонгуульд л нэр дэвшээгүй, бусад бүх сонгуульд нэр дэвшсэн. Хөгжлийн гарц, байр суурь, үнэт зүйлээ ярьж өрсөлдөөд ялаагүй.

-Этикгүй, мөнгөнөөс өөрийг боддоггүй эрх мэдэлтнүүдтэй улсын ард түмэн нь ч ялгаагүй тийм гэсэн таны шүүмжлэл хатуу ч гэлээ үнэн л дээ. Бөх, дуучдад дуртай нь сонгогчдын олонх гэдгийг батлах жишээ танаас эхлээд зөндөө юм байна шүү…?

-Би бөхчүүдэд л их буян хийдэг хүн шиг байгаа юм. Гомдсондоо биш, өнөөхөндөө үүнээс өөр логик алга гэж хэлэх гээд байна л даа. Яг одоогийн нийгэмд нэг том гуниг байна. Буян хийдэг этгээд нь төр гэсэн итгэл үнэмшилтэй нь дэндүү олонх юм. Ийм хандлага ор мөргүй арилаагүй цагт капитализмын тухай мянга яриад нэмэргүй. Гэхдээ Монгол Улс сонгосон замаасаа ухраагүй давуу талтай гэж би түрүүн танд хэлсэн. Тийм учраас бага багаар хөгжсөөр яваа. Дээр байгаа хэд нь яаж ч идсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал босч байна. Процесс явж байгаа. Эрх барьж байгаа улстөрчид хагаралдсан ч наранцэцгийн тосоор тасрахгүй нь манай улсын давуу тал. Учир нь ургамлын тосны импорт аль нэг яамнаас хамааралгүй. Мал сүрэг өсч байгаа нь хөдөө аж ахуйн яаманд падлийгүй болсон. 1990-1992 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газар өнөөдрийн давуу талын суурь болох олон алхмыг хийсний нэг нь энэ. Элдвээр хэлүүлдэг ч бардам байх шалтгаан надад олон. Намайг яаж ч муулсан би өмч хувьчлалыг эхлүүлсэн. Дутуу байж болно. Доголон, сохор байж болно. Гэхдээ л хийсэн. Хийгээгүй бол яах юм. Хэнийгээ муулах юм. Өөлөх ч юмгүй, сонгосон замаасаа ухраад баларсан улс болчихсон байх магадлал өндөр. Венесуэл, Хойд Солонгос, Кубыг хар л даа.

-Өмч хувьчлалыг зоригтой үргэлжлүүлмээр санагддаг. Гэхдээ энэ янзаараа бол төрөөс хамааралгүй бизнестэй улс болох цаг хол байх аа даа?

-Уг нь хувьд очсон өмчийг буцааж төрд авна гэж ярихаас илүү ТЭЦ-үүдийг, МИАТ-ийг гээд улсад үлдсэн бүгдийг хувьчлах ёстой. Төр бизнес хийх ямар ч шаардлагагүй. Гэхдээ цаг нь болсон эсэхийг олонх, өөрөөр хэлбэл та бид хоёрын яриад суугаа ард түмэн шийднэ.

-Та хойд хөршийн талаар нэг таагүй үг унагасан. Венесуэл мэтийн улсын шүтээн төдий болчихлоо гэж. Орост өрнөж байгаа явдлууд манайхаас хэр ялгаатай вэ, тийм болчихгүй гэх найдлага, давуу тал манай улсын ардчилалд байгаа гэж таны ярианаас ойлголоо…?

-Та зөв ойлгосон байна. Ер нь тийм. Би танд сүүлийн үед анзаарснаа сонирхуулъя. СССР задарснаас хойших жилүүдэд ОХУ-аас бусад нь бүгд өөрийгөө ялсан, хэдий хэцүү асуудал их байгаа ч өөрийн эрхээр зовж яваа, хөгжих боломж ирээдүй бий гэж үздэг юм байна. Ганцхан ОХУ л “Бид том гүрэн байсан” гэсэн харамсал тээсэн сэтгэлгээгээр явсаар өнөөг хүрч. Орос, Украины дайныг яг ийм нүдээр харах ёстой гэж яриад байна л даа. Сэтгэлгээний программ нь өөр учраас украйнчууд Путинаас болоод ингэчихлээ гэж үздэггүй. Зовлон, асуудлаа өсөлтийнх, нялхынх гэж хардаг. “Порошенко авлигачин нь үнэн. Гэхдээ дал, наяад жил Оросын дор аж төрсөн юм чинь үүнээс өөр ямар хүн биднийг удирдах билээ” гэж ойлгож сэтгэдэг. Харин оросууд нь “Манайтай насаараа хамт байчихаад одоо бидний нуруу руу хутга зоолоо” гэж үздэг юм байна. Хуучин социалист байсан улсуудад нэг зүйл анзаарагддаг. Ерэн оны үйл явдлыг зөв гэж үздэг хэсгээс гадна буруу шийдвэр болсон, өмнөх нийгэм нь гоё гэсэн дүгнэлттэй явдаг нь ч байдаг юм байна л даа. Манайд ч, Украйнд ч байдаг үзэгдэл. Гэтэл Украинд сүүлийн үед хандлагын огцом өөрчлөлт гарчихлаа. Украинчууд дотор зөвлөлтийн үед сайхан байжээ, манай Орос гэж хардаг улс цөөнгүй байсан. Гэвч 2014 онд оросууд Крымийг нь булааж, Донбасс, Луганск руу нь дайрсан. Украинчуудыг өөрчилсөн түүхэн үйл явдал болсон л доо. Манайхаар бол ЖДҮ зөв буруу эсэхээ түр орхиё гээд гол аюул болох Оросоосоо салаад авъя гэсэн ухамсар 2014 оноос украйнчуудад төрсөн. Товчхондоо украинчууд Оросыг таньсан. Сая шашнаа хүртэл салгачихлаа. Дэлхий даяараа Украиныг босох, өөдлөх зам руугаа орлоо гэж дүгнэж байна. Путины Оросыг дэлхий бас харж байна. Путин Алс Дорнодын мужийн даргын сонгуулийг илт луйвардаж авлаа, саяхан. Өнгөрсөн есдүгээр сард сонгууль нь болсон юм. Өөр намын хүн ялангуут саналыг нь хүчингүй болгочихож байна. Тэр сонгуулийн үеэр санал хураалт болж байгаа байранд гал командын сургуулилт хийх нэрээр баахан хүмүүс дайраад ороод ирвэл яахав. Манай ардчилал сайн биш ч бид ийм юманд цочирно. МАН ч тэгэхийг зөвшөөрөхгүй, ийм үйлдэл хийхгүй. Монголын ардчилал муухай ч Оросоос толгой дээгүүр. Тэнд сонгуульдаа манайх шиг автомат машин ашигладаггүй. Цаасан дээр зурснаас хойш цагийн дараа агаартай урвалд ороод ор мөргүй арилдаг бэх ашиглуулж санал авсан байх жишээний. Харин манайд бол ийм бэх хэзээ ч хэрэглэхгүй. Бужигнаан дундуур бэх нь арилсан цаасан дээр өөрийн хүнийхээ нэрийг дугуйлах гэх мэт есөн зүйлийн арга хэрэглэлээ, сая хэлсэн сонгуулиар. Ялсан нэр дэвшигч нь баахан мөнгө идэж уугаад албан тушаалаасаа хөөгдсөн нөхөр. Иймэрхүү илт тэнэг алхмуудаасаа болж Путин яваандаа унах нь ойлгомжтой болчихлоо. Гэтэл бидний анзаарахгүй орхиж болохгүй ойрын улс болох хойд хөршид болж байгаа иймэрхүү үйл явдлыг манай төрийн тэргүүний тамгын газар нь сонсоогүй, мэдэхгүй сууна гээд бод доо та.

-Манайд ч хуучин нийгмийг санагалзсан хэсэг төрд байгаа хэдээс эхлээд тоолвол цөөнгүй хувь эзлэх байх. Тэгэхээр бид капитализмаараа замнана гээд Украин шиг нэг талдаа гарчихаж чадахгүй сууцгааж байгаа улс болж таарах нь…?

-Тийм, Монгол Улс бүхэлдээ нэг талдаа гараагүй. Украин шиг улсаараа нэгдэх үйл явдал манайд болоогүй байна л даа. Хэлмэгдэгсдийн хөшөөтэй ч гэлээ, өчнөөн арван мянган хүнээ цаг бусаар алдаж, сүм хийдээ хэдэн зуугаар нь тонуулж эвдүүлсэн гашуун түүхтэй ч гэсэн тэр бүхний өмнө хариуцлага хүлээх нам нь “Бид буруугүй” гээд олигтойхон уучлалт ч гуйхгүй яваа. Түрүүн хэлсэнчлэн Ху нам өмчөө хураалгаагүй. Байр нь, архив нь, мөнгө нь байна. Өөрсдийгөө “Бидний үед монголчууд сэхсэн, соёлжсон, шинжлэх ухаанжсан, сайхан амьдарсан” гэж зүтгэсээр байгаа. Гэтэл өнөөдөр Украин нэг талдаа гарчихлаа. Герман фашизм буруу байсан гэдэг дээр нэгдчихсэн.

-Оросын иргэд Путины сүүлийн үеийн үйлдлүүдэд хэр эгдүүцэж байна?

-Учир ойлгодог, бичдэгүүд нь шүүмжилж байна. Ердөө саяхан дэмжээд явж байсан сэхээтнүүд нь илэрхий өмөөрөхөө больчихлоо. Оросын сайтууд руу ороод харахаар төрийн тэргүүнээ магтахаа багасгасан нь анзаарагдаж байна.

-Та том жижиг л болохоос Орос, Монгол зүй тогтлынхоо хувьд ижилхэн гэж ярьж байсан. Орос шиг болохгүйн тулд ингэж хараад, яриад яваа хэсгээ сонсох ёстой л доо. Ингэхэд улстөрчид, АН, МАН-ынхан арай эрүүлээр хардаг хэсгээ сонсч чадаж байна уу?

-МАН-ыг цаанаас нь залдаг хүмүүсийн нөлөө улам багасаад байна. Жишээ нь, өнөөдөр Б.Даш-Ёндонг сонсдог хүн цөөрсөн. Э.Бат-Үүл, Баабар, Р.Гончигдоржийг сонсдог нь АН-д хэд үлдсэн бэ гээд харахаар хариу нь их гунигтай.

-Тэдний нэг нь та. Жишээ нь таныг сонсч байна уу?

-Мэдэхгүй. Өнөөдөр хорь гарчихсан, гуч дөхөж яваа, намын дарга удирдлагуудын холын хамаатан залуус намайг сонсохгүй. Учир нь номгүй хүнд боловсрол хэрэггүй байдаг юм. Наанадаж л ойлгохгүй юмыг нь ярихаар тавгүй дуулдана шүү дээ.

-Та ярилцлагынхаа эхэнд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалаас ЖДҮ эхтэй, ЖДҮ-ийг ил гаргаж, төрийн идээ бээрийг шахсаных нь төлөө “Монголын зэс корпораци”-ийнханд талархах ёстой гэсэн үг унагасан. “Монголын зэс корпораци”-ийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэсэн шүүмжлэл бий. Үүн дээр байр сууриа илэрхийлээч?

-Онолын хувьд буруу аргаар авсан байхыг үгүйсгэхгүй. Тэгж хардах эрх нь хэнд ч нээлттэй. Эхлээд ЖДҮ-гээр жишээлье. Шүүх, хуулийн байгууллагууд ухвал ЖДҮ-д хоёр асуудал бий. ЖДҮ авсан хүмүүс нь улстөрчид, УИХ-ын гишүүд ба тэдэнтэй хамаарал бүхий гэгдэж буй нөхөд. Өгсөн хүн нь ХХААХҮ-ийн сайд. Зүй нь хуулиараа өгсөн хүн буруутдаг. Мэдээж авсан нь бас буруутна. Зориулалтын бусаар авсан гэдэг утгаараа. Авсан хүмүүст нь эрүү үүсгэхгүй байж магадгүй. Харин өгсөн этгээд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Уучлал гуйгаад өнгөрдөг асуудал огт биш. Илэрхий хууль зөрчсөн учраас ял оноохоос аргагүй. ЖДҮ өгсөн, авсаны гол ялгаа нь энэ. Тэгэхээр 49 хувийг буруу авсан гэж хардаж, хариуцлага тооцъё гэж байгаа бол өгсөн хүнийг нь татах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгө өгсөн гээд байгаа хүмүүсийг нь. Хэрвээ үнэн бол улс 400 гаруй сая ам.доллараар хохирсон байж таарна биз. Үнэхээр улсын мөнгөөр авсан нь нотлогдвол 49 хувийг буцаагаад хурааж авч болно. Тэгэх ч ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр хэдэн шат дамжаад 49 хувийн талд гарлаа. Шийдвэр гаргасан шүүхэд 49 хувийг илт эсэргүүцсээр ирсэн эрх мэдэлтний шавь нар бий. Шүүхэд нөлөөллөө гэж хардахдаа тулвал өнөөдөр алх тогшиж буй шүүгчдийн ихэнх нь Ц.Нямдорж тэргүүтэй хуульч улстөрчдийн шавь нар гэдэг нь маргах аргагүй үнэн. Эрүүл ухаанаар, логик талаас нь харвал илт хууль зөрчөөгүй, жамын дагуу өрнөсөн процесс учраас л шүүх 49 хувийн талд шийдвэр гаргасан хэрэг шүү дээ.

-Таныг шүүмжилдэг сэдвийн нэг нь Оюу толгой, Дубайн гэрээ. Гэтэл нөгөө талд танай намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж явсан улстөрч Оюу толгойд таагүй ханддагаа саяхан зарлачихлаа. Оюу толгойд улстөрчид дургүй байдгийн шалтгаан юу юм бол. Да.Ганболд гэдэг хүнийг Оюу толгойтой холбож шүүмжилдэг хүмүүсийн байр суурьд хариулт өгөөч гэвэл та юу хэлэх вэ?

-Оюу толгой хахуульчдад юм өгдөггүй учраас улстөрчид дургүй байдаг юм. Ний нуугүй хэлэхэд манайхан хуучин “Эрдэнэт” шигээ санаад Оюу толгойг шантаажилсан. Мөнгө өг гэж шантаажлахад нь өнөөдүүл нь тоогоогүй хэрэг. Том компаниудын хувьд нэг хоёр удаагийн хүлээн авалт, жижиг сажиг бэлэг өгөх байдаг л жишиг. Гэхдээ манай улстөрчдийн хүсдэг шиг насных нь хоолыг өгдөг жишиг Оюу толгой шиг дэлхийн том компанийн хувьд байхгүй. Нээлттэй том компанийн бүх тоо данс олны өмнө ил байдаг юм. Тэдний дүрэм нь өөр. Харин манай “Эрдэнэт”-ийн 49 хувь хувьд очихоос өмнө тийм байгаагүй. Тийм учраас Монголын улстөрчид том компаниас мөнгө нэхэх сэтгэлгээнээсээ салж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ л дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авч 100 хувь Монголынх болгосон нь бидний хувьд том олз. Орос чинь Путины улс. Манайхаас долоон дор, “Эрдэнэт”-ээс бүр илүү их хэмжээгээр иддэг байсан. Оюу толгойн хувьд Монголын номер нэг татвар төлөгч, орлого оруулагч болчихсон. Нэг онцлог нь энэ төслөөс орж ирж буй орлого, мөнгө дундын зуучлагч, шахаа хийгч, наймаачдад очихоо больсон. Шууд төсөвт ордог болсон. Тийм учраас өнөөдөр Оюу толгойтой ярих зүйл байхгүй. Оюу толгойг шүүмжилдэг улстөрч эрх мэдэлтэн олон бий. Шалгах зорилготой ажлын хэсэг байсхийгээд томилогддог. Гэсэн хэр нь энэ төслийг зогсоож чадахгүй яваагийн шалтгаан нь ердөө энэ шүү дээ. Намайг Оюу толгойтой холбож шүүмжилдэг гэж та сая хэллээ. Хариулт нь тодорхой. Миний хувьд гацчихсан байсан Оюу толгой гэдэг төслийг хөдөлгөхөд оролцоотой ажилласан хүмүүсийн нэг. Үр дүнд нь Монгол гэдэг улсын эдийн засаг элгээрээ хэвтэх зовлонгоос аврагдсан нь булзах аргагүй үнэн. Хэдэн арван мянган хүнийг ажилтай амьдралтай аж төрүүлж, бүхэл бүтэн улсын эдийн засагт мэдрэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа төслийг хөдөлгөсний төлөө шүүмжилж буруутгана гэдэг логикийн хувьд хэр зөв хандлага вэ. Оюу толгойг хөдөлгөсөн учраас бид өдий дайны амьдарч байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Самурайн мөрөөр

“Япончууд бидэнд яалаа гэж зүгээр туслах вэ дээ, арал нь усанд автвал ийшээ ирэх нэг арга нь биз гэж хардангуй ярих монгол олон байдаг. Яг үнэндээ япончууд тийм хандлагатай ард түмэн биш. Харин ч үхлийг ихэмсэг хүлээж авах сэтгэлгээтэй үндэстэн. Хэзээ нэгэн цагт амьдардаг газар нь усанд автвал яг тэр агшныхаа сайхныг мэдрээд орчлонгоос явж чадах хүч цусанд нь байдаг юм. Япончуудыг амиа хорлолтоор тэргүүлдэг, амьдрах чадваргүй болохоороо ийм зам сонгодог гэж ярьдаг нь бас ташаа ойлголт шиг санагддаг. Тэднийг ойлгохын тулд самурайн замыг ухаарах учиртай. Самурай хүний хамгийн дээд үхэл бол харакири. Оюун санаат хүн гутамшигтай үйлдэл хийснээс үхлийг ихэмсэг угтсан нь дээр гэсэн философи л доо. Европчууд гэдэс хэвлийг доод зэрэглэлийнх гэж үздэг бол япончууд зүрх гэж ойлгодог. Япончууд хүний оюун санааг гэдсэнд оршдог гэж үздэг. Эртний япончууд амыг худалч, гарыг бузар нүгэлтэн гэж үздэг байсан бол харин хэвлийгээ хэзээ ч хуурч мэхлэхгүй үнэнч эрхтэнд тооцож байсан хэмээдэг. Хүний хүйсний дор амьдралын цэг оршдог гэж буддизмд үздэгтэй агаар нэг ойлголт байх. Самурайн хэлээр бол гэдсээ хүүлэх нь сэтгэлээ нээх гэсэн утгатай дүйдэг гэдэг юм. Үхлийн замыг мөнхрөхийн эх булаг гэж үздэг ард түмэн бол япончууд шүү дээ” хэмээн бидэнд хөтөчлөсөн Ц.Наранжаргал ярилаа. Түүнийг ингэж хэлэх үед хэзээ ч билээ уншсан “Үүрэг хариуцлага уулнаас хүнд, үхэл өднөөс хөнгөн” гэсэн Японы гардан тулааны дүрмийн үг санаанд зурсхийв.

“Нью жуулчин турс” компанийн япон зах зээл хариуцсан менежерээр ажилладаг Наранжаргал бүсгүй япон судлаач Д.Төмөрбаатарын хөрвүүлсэн “Бүшидо” номоор яриагаа үргэлжлүүллээ. “Бүшидо”г энгийнээр хэлбэл самурайн философийн ном гээд ойлгочихож болох аж. Үгчилж орчуулбал бүши нь дайчин, самурай гэсэн үг бол до нь зам мөр гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Манайхаар бол зуны сэрүү татсан агшныг санагдуулам өдөр, Японыхоор бол өвөл дөхсөн намрын сүүл үеийн жиндүүхэн өдрийн үдээс хойхно “Нарита”-д газардах үеэр бидний дунд ийм яриа өрнөсөн юм. Аяллын багийнханд хөтөч бүсгүйн самурайн дэг ёсны талаарх яриа сонирхолтой санагдаж байгаа нь илт. Ачаа тээшээ хүлээх зуураа ч яриаг нь чих тавин сонсоцгооно. Аяллын багийнхан гэдэг нь Багануурын уурхайн ажилчид. Уурхайн зүгээс Япон улс руу ажилчдаа соёлын аяллаар явуулж байгаагийн нэг ээлжийнхэнтэй нь бид аяны дөрөө нийлсэн юм. Зүгээр нэг газар нутаг, байшин барилга харах төдий биш арлын улсын хөгжлийн нууцаас суралцах, өндөр хөгжилд хүрсэн япончуудын хандлагыг сонирхох аялал учраас Наранжаргал самурайн зам мөр, философийн тухай амттай яриагаар аяллаа эхлүүлсэн байх.

Онгоцны буудлаас холгүй байрлах “Тоyoko Inn Narita” зочид буудлын зүг автобусаар явах зуур ч бид “самурай”-гаар амьсгалав. Эдийн засгаараа дэлхийд гуравт жагсдаг өнөөгийн Японы хөгжил самурайн дэг жаягийн үндсэн дээр бий болжээ. Их Монголын үед ихэс дээдэс маань юу бодож сэдэж, ямар замаар явж байсныг бид “Монголын нууц товчоо”-ноос уншдаг бол Японд самурай нарын тухай ингэж тэгж явсан гэх барим тавим түүхэн эх сурвалж ном бүтээл байхгүй гэнэ. Наранжаргалын яриаг сонсч суусан О.Туяа “Аль нэг эх сурвалж дээр дөрөөлж түүхээ унших нэг хэрэг. Амнаас ам, цуснаас цусанд дамжсан ёс суртахууны код гэдэг тэс өөр зүйл. Япончуудын хувьд самурайн ёс зүйн нөлөөллийг ингэж хэлмээр санагддаг” гэсэн нь байгаа оносон зүйрлэл санагдав. О.Туяагийн хувьд ажилчдынхаа хандлагыг өөрчлөх хөтөлбөрийг эхлүүлж энэ аяллыг санаачилсан бүсгүй юм. “Багануур” ХКийн хүний хөгжил судалгаа хариуцсан дэд захирлаар ажилладаг тэрээр “Япончууд 1800гаад он хүртэл бүхэл бүтэн 200 жилийн турш дэлхийгээс тусгаар оршсон түүхтэй. Яг тэр жилүүд самурайн философи цусанд нь шингэхэд онцгой нөлөөлсөн байх гэж би хувьдаа боддог. Япон хүмүүсийн сэтгэл хөдлөлөө барих маш том чадвар мөн л самурайн философиос эхтэй. Энэ чанар сүмочдоос нь тод харагддаг. Ямар ч том ялалтын дараа улам хичээнэ ээ, дэмжсэн та бүгддээ баярлалаа гэдгээс өөр илүү дутуу үг унагадаггүй. Япон хүний маш том чанар шүү” гэж бодлоо хуваалцав.

Ийн ярилцсаар бид хоноглох буудалдаа ирлээ. Хэтэрхий үнэтэй биш, боломжийн өртөгтэй энэ сүлжээ буудалд голчлон буудаг жуулчид нь хятадууд гэж хөтөч бүсгүй тайлбарлав. Буудлын хаалгаар оронгуут хөтчийн яриаг батлах гэсэн мэт хэсэг хэсгээрээ бөөгнөсөн хятад жуулчид угтав. Японд биеийн хүчний ажил хийдэг гадныхан дунд хятадууд жин дардаг байсан бол сүүлийн үед тэдний орон зайг вьетнамчууд эзлэх болж. Урд хөршийн хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг нь тасралтгүйгээр өсч яваа. Дундаж давхаргын бийлэгжүү хэсгийнх нь эзлэх хувь огцом өссөн гэх статистик жил дарааллан дуулдаж буй. Дундаж давхаргаа тэтгэсэн төрийнх нь бодлого хятад иргэдийг харь газар мөнгө харсан хар ажил хийлгэхээргүй болгосон гэнэ. Японд суралцдаг хятад оюутнууд цагийн ажил ч тоож хийхээ больжээ. Урд хөршийнхөн одоо Японыг жуулчлах гэж л зорих болсныг Токиогийн гудамжинд олноороо зөрөх хятад иргэдээс харж болно. Бидний буудалласан Тoyoko буудал гэхэд л өглөөний цайгаа хятад маягаар бэлтгэжээ. Агшаасан будаа, хятад маягаар амталсан бөөрөнхий мах, мантуу, шөл сэлтээс байнгын зочид нь аль үндэстэн бэ гэдгийг түвэггүй харчихаж болохоор юм. Япончууд сүүлийн үед жуулчилдаг, сурдаг, оршин амьдардаг хятадуудад нэлээд дургүй ханддаг болж. Япон хүний мөн чанараас хазайсан үйлдэл олонтоо гаргадаг учраас тэр гэнэ. Хоолны газар шүлсээ хаях, дэлгүүр худалдааны төвд урдуур дайрах хандлага гаргаж байгаа хятад иргэдтэй Токиод таарах тийм хэцүү биш юм. Хүн олонтой цахилгаан шатанд мөрөө хавчиж зогсох, метроны сандал дээр зүүрмэглэх хэрнээ цэх суух япончуудын хувьд бидэнд аягүй харагдах иймэрхүү хандлага яаж ч бодсон таатай санагдахгүй л дээ.

Хүнийг бодсон, бусдад түвэг дараа болохгүй гэсэн хандлага өдөр тутмын амьдралаас нь их тод анзаарагдах юм. Тoyoko Inn Naritaгийн хятад маягийн өглөөний цайнд орох үеэр хөтөч бүсгүй нэг сонирхолтой мэдээ дуулгав. Японд сүүлийн үед хүнээ бодсон хэрнээ санаанд оромгүй сонин шийдвэрүүд их гаргах болж. Манайхны “баасан ахын төрсөн өдөр” гэж хошигнодог ажлын сүүлийн өдөр япончуудын хувьд ч шоуны өдөр байдаг гэнэ. Ресторан, шар айрагны паб, караоке, рамён амтлах хоолны газар гээд хэд хэдэн газар дамжиж явсаар бараг үүрийн дөрөв тав хүргэдэг аж. Оройн цагаар бүсгүйчүүдийг халдлагад өртүүлэхгүй гэсэн бодлогоор яг тэр үеэр нь дан бүсгүйчүүд зорчдог ягаан өнгийн метро үйлчилгээнд явуулдаг болжээ. Настай хүмүүс бэлэн мөнгөний машинаас мөнгө авах үедээ луйвардуулах явдал цөөнгүй гарсан гэх шалтгаанаар царай, дуу хоолойгоор нь таньдаг ATMүүд хэрэглээнд нэвтрүүлэх шийдэл яригдаж эхэлсэн гэнэ.

Мөнгөн тэмдэгт дээрээ хараагүй хүнд зориулсан товгор тэмдэглэгээтэй, хаана ч очсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн л хүмүүс шиг зорчиж, аялж, шоппингдох боломж бүрдсэн Токиогийн гудамжинд дугуйгаа үүргэвчинд хийж үүрсэн хүмүүс цөөнгүй таарав. Машинаас үнэтэй, эвхээд цүнхэнд хийгээд үүрчихдэг никель дугуй сүүлийн үед моданд оржээ. Ухаалаг хэрэглээ, минималист амьдралын хэв маяг япончуудын бусдаас ялгарах бас нэг тод өнгө. Эмх цэгцийн тухай Мари Кондо гэж япон бүсгүйн ном манайд бестселлэр болж нэг хэсэг шуугиулсан даа. Япончуудын хувьд энэ чигийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн эрэлт өндөрсчээ. Мари Кондогийн хувьд дэлхийн олон оронд очиж эмх цэгцийн гайхамшгийг таниулж мэдрүүлж яваа япон бүсгүй. Түүнийг энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн өндөр үнэлгээтэй багш гэдгээр нь барууныхан анддаггүй.

Багануурын ажилчдын аяллын хөтөлбөрт Мари Кондогийн шавь Тотогоос лекц сонсох цаг багтжээ. Нэг оффисийн ажилчид дундаа хайч, цавуу хэрэглэх бол өдөр тутмын амьдралын хэв маяг нь болчихож. Сүүлийн үед настнуудын гэрт очиж гэрийг нь эмхэлж цэгцлэх, илүү эд хогшлоос нь салгах үйлчилгээ ихэссэн гэнэ. Нас өндөр гарсан япончуудын хувьд дэлгүүрээс хэрэгтэй, хэрэггүй юм худалдан авах хандлага ихэссэн нь ухаалаг амьдралын хэв маягаараа дэлхийд тэргүүлдэг япончуудын толгойны өвчин болжээ. Амьдралаас явахдаа ч цэмцгэр байя гэсэн аян өрнөж эхэлжээ. Айл гэрүүдийн хувьд ч өмсөөгүй хоёр жил болсон хувцсаа шууд хаях, өрхийн гишүүн бүр нэг л аяга, халбага, сэрээтэй байх зэрэг бичигдээгүй дүрэм үйлчилдэг гэж Наранжаргал сонирхуулав. Цэгцтэй гэр орон амжилттай, стрессгүй амьдрахын суурь гэдгийг нийгмээрээ ойлгож, амьдралдаа хэрэгжүүлсэн нь Японы хөгжлийн бас нэг нууц юм байна. Тотогийн эмх цэгцийн лекцэд суусан хүмүүс дор бүрнээ гэртээ хэрэгжүүлэх шийдлээ олж, зарим нь бүр ажил дээрээ хэрэгжүүлэх санаагаа ч олдог гэнэ.

Токиод өнгөрүүлсэн эхний өдөр Японы парламентын ордонд цаг хэртэй саатав. Хуучивтар улаан хивс дэвссэн ордоны хонгилоор явах зуур хаа нэгтээ халцарсан хана таарах нь нүдэнд содон. Татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй үрж болохгүй гэсэн хандлага хүчтэй учраас парламентын ордоны дотоод засалд дур мэдэн мөнгө зарцуулах эрх шийдвэр гаргагчдад нь байдаггүй гэж хөтөч бүсгүй тайлбарлав. Хоёр сая 500 гаруй мянган хүний хүчээр 16 жилийн турш барьсан энэ ордоныг анх 28 сая иенээр барина гэж төлөвлөсөн ч гурван сая иен хэмнэжээ. Нэлээд мөнгийг нь хааны амрах өрөөнд зарцуулсан аж. Хааны суух ширээ сандлыг алт, мөнгөн утсаар хатгамал хийж чимэглэсэн тансаг чамин энэ өрөөний эсрэг талын танхимыг зөвхөн хааныг орж ирэх үед нээдэг юм байна. Хааны сүүдэр дээр гишгүүлэхгүйн тулд танхимын гэрлийг тааз руу ойхоор байрлуулжээ. Ордоны гадна талын цэцэрлэгт Японы 47 мужийн бэлгэдэл болсон ургамал модод найгах нь парламентын ордноор зочлогсдын нүдийг хужирлахаар үзэсгэлэнтэй юм.

Эзэн хааны парламентын ордонд ирэхдээ саатдаг гантиг чулуугаар урласан гоёмсог өрөөг шилэн хоргоны цаанаас сонирхох зуур хөтөч бүсгүй “Бүшидо” номонд япончуудын хувьд эзэн хаан нь хэн бэ гэдгийг товчхон оновчтой хэлсэн байдаг. Япончууд хааныгаа зүгээр нэг хуульт төрийн амгалан энхийн оройлогч, соёлт төрийг хамгаалан хадгалагч биш газар нутагт нь оршин буй тэнгэрийн махан биет төлөөлөгч, нинжин сэтгэл тээгч ноёнтон гэж хардаг” гэж ярилаа. “Нью жуулчин турс” компанийн япон зах зээл хариуцсан менежер Наранжаргалын энэ үг сэтгэлд шууд буусангүй. Зүгээр л нэг гоёж чимсэн тодотгол шиг санагдсан ч япончуудын дунд дэлхийн хүн гэж үнэлэгдсэн Нитобэ Иназогийн “Бүшидо” номыг уншихад хариу нь түвэггүй тодорсон юм.

Усан цэргийн нэгдүгээр зэргийн ахмад Матеу Килбрэйт Перри 1853 оны зургадугаар сард Америкийн усан онгоцыг удирдан Японы эрэгт хүрчээ. Мань эр 200 жил дэлхийгээс тусгаарлагдсан бүшидо-гийн улсаас эх орноо нээхийг шаардаж зогссон тэр жил Жорж Миллерийн “Гүн ухааны жишээгээр хачирласан түүх” номын гурав дахь хэвлэл уншигчдад хүрч байж. Хүн төрөлхтний түүхэнд тод үлдсэн ухаантнуудын нэг ноён Миллер номондоо “Рыцарь ёс, эсвэл үүнтэй төстэй тогтолцоо эрт цагийн улс гүрнүүдэд ч, эдүгээ үеийн улс орнуудад ч байгаагүй” хэмээн эргэлзэлгүй хэлснийг Нитобэ Иназо “Бүшидо” номынхоо эхэнд эшлээд “Түүний мэдлэгийн дутууг өршөөн болгоож болох юм” гээд сая дурдсан Япон дэлхийд үүдээ нээсэн он цагийг дурсчээ. Миллерийг рыцарь ёсны тухай бардам ярьж бичиж суусан тэр цагт Япон улс алс аралд тусгаар нууцлаг оршиж байсан учраас ийм тайлбар зүүсэн хэрэг л дээ. Европчууд хүн төрөлхтний түүхийн нэгэн үед эр зориг, хүн чанар, ёс суртахууны үлгэр болж мандаж цэцэглэсэн рыцарь ёсоо аль хэдийнэ гээж мартсан өнөө цагт япончуудыг “бүши” нарынх нь зам мөр гэрэлтүүлсээр яваа тухай тэртээ 1899 онд Нитобэ Иназо гэгч ухаантан бахдан бичжээ. Өнөөгийн Японоор аялсан хэнд ч “Бүшидо” номон дахь энэ мөр шинэхэнээрээ уншигдаж байгаа нь гайхам хэрэг шүү. “Хүн төрөлхтний ёс зүйн хөгжлийн түүхэн дэх Бүшидогийн эзлэх байр суурь, магадгүй улс төрийн түүхэнд эзлэх Английн Үндсэн хуультай дүйх болов уу” гэсэн үгийг Самурайн зам мөр гэж монгол хэлнээ буух “Бүшидо” номноос онцолмоор байна.

Колони байсан үеийн түүхээс улбаатайгаар Япон Солонгос, Япон хятад, Япон бразилийн эрлийз энэ улсын хүн амын нэг хувийг эзэлдэг аж. Багануурын уурхайн ажилтнуудаас бүрдсэн аяллын багийн парламентын ордоныг үзсэний дараа саатсан газар нь Шибуяа дүүрэгт орших Хачико нохойн хөшөө. Түүхийг нь сонсоогүй, япончуудын сэтгэлд оршсон үнэ цэнийг нь мэдрээгүй хүнд бол тийм ч гойд сонин хөшөө биш. Анх харсан хүнд бол зэсэн өнгийн жижигхээн баримал. Ажил дээрээ зуурдаар нас барсан эзнээ амьдад нь угтаж авдаг байсан яг л тэр газраа есөн жил хүлээсэн энэ нохойн түүхийг хүн бүр мэднэ. Гэхдээ өдийг хүртэл Хачикогийн жижигхэн хөшөөг харах гэж Шибуяаг зорьдог жуулчдын цуваа яагаад тасардаггүй тухай, япончууд чухам ямар учраас энэ жижигхэн хөшөөг хайрлан хүндэлдэг талаар, Холливуд хүртэл энэ нохойн түүхийг шүүрч аваад кино болгосны учрыг ухаж бодсон нь цөөн болов уу. Эзэн ноёныхоо зөв гэж үзэн өшөөг нь авчихаад харакири хийн амиа хорлосон домогт 47 самурайн түүхийг ам дамжин бахдан ярьсаар ирсэн ард түмний хувьд үнэнч чанар гэдэг цусанд нь шингэсэн үнэт зүйл байх. Энэ мэт өөр соёлын улс ойлгохооргүй, самурайн үеэс эхтэй түүх домог өчнөөн юм билээ. Япончуудын цусанд шингэсэн үнэ цэнийг илэрхийлэх түүхийг бүтээсэн учраас Хачико нохойн хөшөө ингэтлээ хүндлэгдсэн хэрэг. Залуусын гудамж гэгддэг Шибуяад өдөртөө сая гаруй хүн зорчдог олон замын уулзвар бий. Ийм олон хүн сүлжилддэг хэр нь бие биедээ хүрэхгүйгээр зөрөлддөг гэсэн тайлбарыг хөтчөөс сонслоо. Нэгэндээ саад болохгүй аж төрөх ухааныг Шибуяагийн гудамжнаас эхлээд ер нь хаана ч мэдрэх боломжтой. Газар асууж сурсан хэнийг нь хөтөлж дагуулаад зорьсон газарт нь хүргээд өгөх хүмүүс Токиод хаа сайгүй. Заримдаа бүр санаа зовмоор энэ хандлага мөн л аль эртний бүшидогоос эхтэй гэх.

Токиогийн төвд амьдрах тийм амар биш юм. Хотын төвийн байрны нэг сарын түрээсийн төлбөр нь монгол мөнгөөр таваас зургаан сая төгрөг. Арлын орны нийслэлийнхэн хотынхоо захад боломжийн ханштай байранд амьдраад өглөө оройдоо нэг цаг метродохыг илүүд үздэг болж. Хотынхон нийтийн тээвэр, дугуйг сонгодог бол орон нутагт шатахуун бага иддэг, байгальд ээлтэй жижигхэн машин түлхүү хэрэглэдэг болжээ. Сүүлийн үед хүнсэндээ нэлээд анхаарч эхэлсэн гэнэ. Өмнө нь урд хөршөөс өндөр хяналттайгаар бүтээгдэхүүн импортолдог байсан бол ойрын хэдэн жилээс дотоодоосоо хүнсээ хангахыг нэгдүгээрт тавьж эхэлжээ. Өндөр наслалтаараа тэргүүлдэг гэдгээрээ дэлхийд танигдсан энэ улсад 100 гарсан хөгшчүүл 20 мянга давчихаж. Наслалт өндөр байдгийн нууцаа ногоон цай гэж ярих хүн олон таарав. Японы хаана ч тавиас дээш насныхан идэвхтэй ажиллах юм. Тэр дундаа үйлчилгээний салбарт ахимаг насныхан давамгайлж байна. Парламент нь хөдөлмөрийн зах зээлдээ гадныхныг оруулах хуулийн төсөл санаачлаад ид хэлэлцэж буй нь цаанаа ийм шалтгаантай аж. Сүүлийн үед мэргэжлийн ажилтан бэлдэх чиглэлд анхаарч эхэлжээ. Өнөөгийн янзаараа яваад байвал биеийн хүчний ажил хийх хүмүүс жил ирэх бүр огцом доошилно гэсэн зураг гарч. Одоогоор парламент нь гаднаас ажилтан авах эсэх дээр хоёр тал болоод байгаа аж. Дийлэнх нь гаднаас ажиллах хүч авахаас аргагүй гэдэг дээр санаа нэгдээд буй гэнэ. Сүүлд авсан мэдээллээр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс гаднаас авах ажиллах хүчийг хоёр янзын системтэйгээр оруулж ирэх хувилбар яригдаж эхэлжээ. Нэг, гурван жилээр авдаг байсан дадлагажигчийг гэхэд л таван жилээр хүлээж авах хувилбар хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа гэнэ. Дадлагажигчдад гэр бүлээ авчрах зөөлөн нөхцөлийг ч тавих магадлал өндөр байна. Цөөхөн жилээр гэрээ байгуулчихаар харлаж зугтах явдал их гардаг учраас ийм шийдлийг илүүд үзжээ.

Япон улс эдийн засгийнхаа 98 хувийг хувийн хэвшилдээ даатгажээ. Компаниуд нь шинэ санааг нэгдүгээрт тавьдаг, шинэ санаа гаргадаг баг нь илүү өндөр үнэлгээтэй байдаг аж. “Сайн санаа, сайхан бодлоос шилдэг бүтээгдэхүүн төрнө” гэсэн уриатай Тоёота автомашины үйлдвэрийг сонирхлоо. Гурван үе дамжсан энэ үйлдвэр 1867 оноос ажиллаж эхэлжээ. Анх даавуу хийдэг машин үйлдвэрлэж эхэлсэн жижигхэн үйлдвэр өнөөдөр дэлхийн машины зах зээл дээр ноёлж буйг мэдэхгүй хүн үгүй. Бидний зочилсон Тоёота хотод байрлах Тоёота Цүцүми үйлдвэрээс өдөрт 1500 машин гардаг. “Тоёота Цүцүми” хэсэг 1973 оноос ажиллаж эхэлжээ. Энд монголчуудын сайн мэдэх приус, королла, PHW-4 жип, камри, арио-г үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн төв хэсгийн үүдний том танхимын гэрэлтүүлгийг цахилгаанаар биш байгалийн гэрлээр шийджээ. Нарны гэрэл тасалгааг бүхэлд нь гэрэлтүүлэхээр шийдэлтэй бүрхүүлийг яг яаж хийснээ тусгай макетаар харуулсан нь сонирхол татахаар юм. Тайлбарлагч бүсгүй “Бид байгальд ээлтэй шийдлийг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Цахилгаан хэмнэх, усаа дахин ашиглах, мод тарих гээд хийж амжуулсан ажил их бий. Хийхээр төлөвлөсөн зүйл ч олон байна” гэж ярилаа.

Машин үйлдвэрлэлийн 98 хувийг роботууд гүйцэтгэдэг гэнэ. Зөвхөн нэг урсгал шугам дээр гэхэд л наяад төрлийн робот завсар чөлөөгүй ажиллаж байна. Будалт, угаалт, угсралт, гагнуур бүхэлдээ роботуудын ажил юм. Роботуудад нэг дор дөрвөн төрлийн машиныг ээлжилж гагнах программ суулгажээ. Үе үе цэнхэр өнгийн гэрэл гараад байгаагийн учрыг лавлахад гэрлээр гагнаж буй нь тэр гэнэ. Дотоод засал, өө сэв шалгах зэрэг цөөхөн дамжлага л хүнээс хамааралтай юм байна. Нэг машин ганц өдрийн дотор үйлдвэрээс гардаг, зөвхөн захиалгаар л үйлдвэрлэдэг учраас зах зээлд илүүдэл бараа үүснэ гэсэн зовлонгүй, ажилтнууд нь хоёр цаг тутамд арван минут амардаг гэх мэт анхаарал татахаар сонин ихтэй “Тоёота”-гийн үйлдвэрээс гарч буй машинуудын ихэнх нь цагаан өнгөтэй юм. Учир нь япончуудын дунд цагаан өнгө “мода”-нд ороод байгаа гэнэ. Ер нь цагаан, саарал, хар өнгийн машинуудын борлуулалт өндөр байдаг аж. Шинэ загвар гаргахын тулд гурваас таван жил зарцуулдаг юм байна.

Бидний дараагийн орсон газар “Асахи” шар айрагны үйлдвэр. Жүүс, шар айраг, виски гээд бүх л төрлийн уух юм үйлдвэрлэдэг энэ газрын хувьд хуванцар саваа хаялгүйгээр даавуу болгох үйлдвэрт өгдөг нь анхаарал татав. Захиалж хийлгэсэн даавуугаараа ажилчдынхаа хувцсыг шийджээ.

Багануур компанийн хүний хөгжил, судалгаа хариуцсан дэд захирал О.Туяагийн нэг үг сонирхол татав. Өрнөдийнхний “Та нар цэцэрлэг сургуулийн хөтөлбөртөө яагаад шашнаа тусгадаггүй юм бэ” гэсэн асуултад япончууд “Бурхны шашныг сургалтын системд тусгах ямар ч шаардлагагүй. Философидоо суулгачихсан учраас тухайлж заадаггүй юм. Хүүхэд бүр будда. Бүтээгч эзний тухай, хамааралтай байдлын талаар зааж сургаж болохгүй” гэсэн хариу өгдөг гэнэ. Япончууд буддын шинто урсгалыг шүтдэг. “Бүшидо”-д Шинтогийн тухай “Энэ бол эзэн ноёндоо үнэнч сэтгэлээр зүтгэх, өвөг дээдэстээ хүндлэл бишрэлээр хандах, эцэг эхийн өмнө үр хүүхдийн хүлээх үүрэг юм. Энэ гурван сургаал өөр бусад ямар ч шашны итгэл бишрэлд заагаагүй эрдэм билээ” хэмээн онцолжээ. Шинтогийн сүмийн мөргөл бишрэлийн зүйлс нь ерөөсөө л толь гэнэ. Өөрийгөө л тольд, дотоод руугаа ханд гэсэн утгатай гэж хөтөч бүсгүй тайлбарлав. Энэ тайлбар дээр Нитобэ Иназогийн “Германы түүхч эрдэмтэн Момсен герег, ром хүний ялгааг, Герег хүний залбирал нь бясалгал буюу тэнгэрт хандах бишрэл, Ром хүн залбирахдаа дотогш буюу толгой гудайн бодолд автана гэж тайлбарласан байдаг. Япончуудын шашны талаарх ойлголт яг үнэндээ ромчуудынхтай адилхан. Шинто ер нь шүтэх зүйлийг заадаггүй. Зөвхөн шүтэн бишрэх энгийн зарчмыг баримтлахыг л шаарддаг” гэсэн эшлэлийг нэмчихэд япончууд ба шашин гэх ойлголт бүрэн тодроод ирэхээр санагдав. Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг нь тэмдэглэдэг баяраас нь илт юм. Гуравдугаар сарын гурванд охидын баярын өдрөөр айлууд гурав, таван настай охидоо бэлгэдсэн япон маягийн хүүхэлдэйг шүтээнийхээ өмнө залж баярлацгаадаг бол тавдугаар сарын таванд хөвгүүдийн баяр тэмдэглэдэг байна.

Манайх шиг жилд нэг удаа олон хоногоор амарна гэсэн ойлголт завгүй япончуудад байхгүй. Олон хоног амраад явбал тухайн хүний ажлыг хэн хийх вэ гэдгээс эхлээд том асуудал үүсдэг аж. Цагаан сар буюу хаврын баяраар долоо хоног амрахдаа л аялцгаадаг гэж хөтөч бүсгүй сонирхуулав. Наймдугаар сарын дундуур сүнсний баяр гэж өөд болоочдоо хүндэтгэн амардаг юм байна. Ид халууны үе таардаг учраас хэд хоногоор амрахаас аргагүйд хүрдэг бололтой юм. Амралтын өдөр нь улс тунхагласны баяр, эзэн хааны төрсөн өдөр, биеийн тамирын өдөр, настангуудаа хүндэлдэг өдөр гэсхийгээд өндөрлөдөг аж. Сурагчид нь манайхан шиг өвөл, хавар, намрын амралтгүй, зундаа хэдэн сараар амрахгүй. Жилд сар хүрэхгүй, 25-26 хоног л амардаг аж.


Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш

“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-Улс төр тойрсон үйл явдлаар байр сууриа илэрхийлэх учиртай хүмүүсийн нэг учраас тантай энэ сэдвээр ярилцмаар байна. Сүүлд дуулиан тарьсан ЖДҮ гэхэд л улстөрчид ёс зүйгээ алдсаны тод жишээ болж харагдлаа. Уучлал гуйж толгой бөхийх хүн олдохгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Улстөрчийн этик ярихын өмнө улстөрч гэж хэн бэ гэсэн асуултад хариулах учиртай. Өнөөгийн улстөрчид гэвэл энгэртээ эрх мэдэл илэрхийлсэн тэмдэг зүүснээрээ л биднээс ялгардаг. Ямар ч байгууллага руу нэвтэрч ордог, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх мэт ялгарах эрхтэй. Тэр эрхийнх нь оргил нь бас тодорхой. Бидний өдөр тутмын амьдралын хэв зарчим, тоглоомын дүрмийг буюу хуулийг бичиж баталдаг эрхийг нь хэлээд байна л даа. Энэ хүмүүст тэр эрхийг ард түмэн олгосон. Улстөрчид ёс суртахуунгүй, этикгүй, ичих нүүргүй байгаа бол ард түмэн өөрсдөө тийм гэсэн үг. Улстөрчид биднийг хуурсан байна гэж ярих юм. Хуурагдаж яваагаа мэдэхгүй сууна гэдэг дахиад л ард түмний асуудал. Үнэн, худлыг ялгаж чадахгүй болсон нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Уран ярьдаг, гоё морь уралдуулдаг, сайхан дуулдаг, шүлэг бичдэг, бэлэг мөнгө тараадагт нь хууртаж саналаа өгсөн нь хэний буруу вэ? Та хэл дээ.

-Саналаа өгч сонгосон ард түмний буруу гэж үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Эцсийн дүндээ гурван сая монголчуудын зонхилох хэсэг нь ямар байна гэдгээс хамаарч тэдэнд таарсан улстөрчид л төрд гарч ирдэг. Социализм хүчээр Монголд орж ирсэн. Тухайн үед түрүүлээд нийгмийн хөгжлийн илүү өндөр шатанд гарсан, бичиг үсэгт тайлагдсан, аж үйлдвэржсэн, шинжлэх ухааны салбаруудад шинэ нээлтүүд хийсэн, илүү юманд хүрсэн улс орнууд ямар нэг байдлаар бидэнд дэм болж, биднийг чирч тодорхой түвшинд авчирсан байдаг юм. Сүүлдээ, олон жилийн дараа социализм буруу тогтолцоо гэдгийг ойлгоод өөр нийгэм рүү шилжих сонголт хийсэн. Хуучин нийгмийн зөв буруу эсэхийг ярихаас урьтаад нэг зүйлийг онцолмоор байна.

Өнгөрсөн нийгмийн тухайд ёс суртахууны, эдийн засгийн, улс төрийн, хууль эрх зүйн, үзэл санааны иж бүрэн систем байсан. Машинаар зүйрлэвэл сайн муу нь хамаагүй, илүү тос шатахуун хэрэглэдэг ч, үе үе эвдэрдэг ч, тохь муутайхан ч, ямартаа ч унтарчихалгүй явсаар наяад оны сүүл хүрсэн байдаг. Ерэн онд бид улсаараа өөр машинд сууна гээд хуучин машинаасаа буусан. Сонгоно гэж зорьсон машиныхаа эд ангиуд хэрхэн ажилладаг гэх мэт нарийн ширийнийг мэдэлгүйгээр чиг багцаа нь зөв гээд суучихсан. Ерэн оноос хойш олон сонгууль боллоо шүү дээ.

Эхэндээ буюу 1990, 1992, 1996 онуудад гол төлөв номтой, боловсролтой, тодорхой систем, үзэл санаа, онол ярьсан хүмүүсийг илүүтэй сонгож байсан. Тэр үед дуу дуулна, хүнд таалагдана гэсэн асуудал бага байлаа. Нийгэм л юм чинь анхаарал татахын тулд янз бүрийн арга хэрэглэж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг алиа салбадай нар бага байсан. Гагцхүү арай боловсролтой, сууж яваа машиныхаа эд ангиудыг, ажиллагааг нь гадарладаг хүмүүс төрд гарч ирж байсан юм. Гэтэл өнөөдөр социализм, капитализм, либериализм, консерватизмаа ялгахаа байчихлаа л даа. Сууж яваа машинаа ойлгодог хүн дэндүү цөөхөн болчихлоо. Таны асуугаад байгаачлан ганцхан ёс суртахуун нь доголдсон юм биш гэж хэлэх гээд байна л даа. 76 дотор ичиж, зовж, шаналж яваа нь бий. Аль ч намд ичих булчирхайтай хүмүүс байгаа. Гэхдээ олонхыг нь өөр хүмүүс бүрдүүлчихсэн учраас тэдний дуу сонсогдохгүй байна. Этик бидний сууж яваа машины олон эд ангийн зөвхөн нэг нь. Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрх мэдэлд очсон хүмүүс нь төр яаж ажилладаг, боловсрол, эмнэлэг, эрчим хүч, цөмийн энерги, нефть, газ, уурхай, барилга, экологи, түүх, генетик, гадаад харилцаа, зэвсэг, газарзүй, сансар судлал, роботын технологи, хими, биотехнологи гэх мэт салбарууд хэрхэн урагшилдаг зүй тогтлыг мэдэхгүй бол мянгантаа ичээд яах юм.

-Гэхдээ төрд бугласан идээ бээрийг шахах цаг боллоо гэж улстөрчид эхнээсээ дуугараад эхэлсэн нь сайны дохио байх шүү?

-Идээ бээрийг нь шахах ёстой гэж мянга яриад нэмэргүй. Хэн, яаж шахах юм. Нэгэнт буглачихсан хатигийг дуртай хүн очоод шахаад байдаггүй. Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш. ЖДҮ илэрсэн хугацаа болох хоёр сарын өмнөх асуудал ч биш. Асуудал юундаа байна гэхээр бид ямар машинд суухаа ч, явах зүг чигээ ч сонгоогүй байна. Хүн бүр өөр өөр машин унах сонирхолтой, тэр сонирхлоороо тал тал тийшээ үсчээд байна л даа. Зүйрлэж яривал гурван саяулаа нэг машинд, ядаж нэг цуваанд яваа машинд суугаад явах учиртай. Гэхдээ тэр машин нь хуучнаасаа илүү байх ёстой. Гэтэл одоо хүртэл машинаа сонгож чадаагүй байна. Үүнийг би шилжилтийн үе гэж хэлнэ.

-Шилжилтийн үе дуусаагүй гэх гээд байна аа даа?

-Тэгж ойлгож болно. Монголд том утгаар нь яривал социализмаас капитализм руу шилжих шилжилтийн үе дуусаагүй. Тийм учраас би таны асуусан этикийн асуудлыг бидний өмнө тулгамдсан олон асуудлын зөвхөн нэг хэсэг нь гээд байгаа юм. Өмч ямар байх ёстой юм гэдэг асуулт бас бий. Яагаад таны хөндсөн, сонирхсон асуудал үүсээд байна вэ гэдэг асуултын хариу уг нь их энгийн. Өнөөгийн Монголын төрд сонгогдсон олонх хүмүүс мэдлэг багатай, ном уншдаггүй, хэл усгүй, тархиа ажиллуулдаггүй учраас хоолоо хамгийн хялбар аргаар идэх гэж оролддог. Онцгой чадвартай хүмүүст бол уралдаан өрсөлдөөн хэрэггүй. Хэний ч хамааралгүйгээр хоолоо олоод урагшилдаг. Сайн эмч байлаа гэхэд өвчтөнүүд араас нь мөнгөө бариад гүйдэг нь жамын үзэгдэл. Чаддаггүй хүмүүсийн араас хэн ч хөөцөлддөггүй. Ийм хүмүүст хулгай хийхээс өөр арга олддоггүй юм. Хамгийн амархан мөнгөжих арга бол нэг удаа ихийг авах. Олон удаа хулгайлахаар баригдана гэсэн зовлон бий. Тэгэхээр эрх мэдэлтнүүд харьцангуй цөөхөн удаа томоор хулгайлахыг боддог. Харин хулгай хийх хүсэлтэй хүний бай нь эзэнгүй өмч. Эзэнгүй өмч зөвхөн төрд байдаг онцлогтой. Нийгэм хөгжөөд олонх гэгээрэх тусам улсын ч өмч байсан хулгайлж болохгүй гэсэн ойлголт ухамсар сууж эхэлдэг л дээ. Өнөөдрийн тухайд эзэнгүй үлдээд буй өмч гэвэл төрөл бүрийн сангуудын мөнгө байна. ЖДҮ цаанаа ийм шалтгаантай. Бас том үйлдвэрийн газруудын ашиг, зардал, худалдан авалт гэж эзэнгүй өмч бий.

-Эзэнгүй өмч төрд байдаг гэснээс сүүлийн үед хувийн өмчийг төрд хурааж авна гэж ярьдаг улстөрчид олширлоо. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийг төрд хурааж авна гэж ярьдаг. Саяхан танай намын Н.Алтанхуяг бас тиймэрхүү агуулгатай мэдэгдэл хийж харагдсан…?

-Дэлхийн түүхийг харахад төр нь хувийн өмчид халдсан улс орнуудын хөгжил урууддаг. Ойрхоны жишээ гэхэд л Венесуэл байна.Уго Чавесаас өмнө нефтийн асар их нөөцтэй, дэлхийд гэж яригдахаар хөгжиж урагшилж байсан улс. Гэтэл өнөөдөр нэг сая 300 хувийн инфляцитай болж эдийн засаг нь элгээрээ хэвтсэн. Бидний 70 гаруй жил түшиж, дагаж, зүг чигээ болгож ирсэн Орос улс сая дурдсан Венесуэл маягийн улсын шүтээн болж хувирсан гашуун үнэн бас бий. Зах зээлийн жамаар хөгжинө гэдэг өөр ойлголт л доо. Жишээ нь, өнөөдөр ХААН банкнаас ямар ч том сайд хулгай хийж чадахгүй. Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг томоохон банкуудад нэг сайн тал бий. Гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтэнд хангалттай цалин амлаж банкаа удирдуулдаг.Тийм ч учраас олон улсад банк яаж хөгжиж байна, яг тэр жишгээр урагшилж яваа. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ жамаар хөгжиж байна.

-Жаран тэрбумын цаад шалтгаан нь бас тогтолцоондоо байна уу?

-Суудал авах гэж намдаа мөнгө өгч, өчнөөн хөрөнгө зарцуулж сонгууль хийгээд орж ирсэн хүмүүс гарч ирснийхээ дараа шархаа нөхөх гээд зүтгэчихдэг нь нуугаад байх явдал биш. Хулгай нь баригдахаар “Тэгээд яачихаав” гээд гүрэлзээд байгаа нь цаанаа ийм учиртай. Товчхондоо ЖДҮ, жаран тэрбум хоорондоо холбоотой. Бүр цаашлуулж яривал ЖДҮ-ийн эхлэл нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой.

-Ойлгосонгүй, ямар сэжмээр “Эрдэнэт”-тэй холбогдоно гэж…?

-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш энэ үйлдвэрийн ашиг жил дарааллан 2-3 дахин нэмэгдэж гарлаа. Өнгөрсөн хугацаанд зэсийн үнэ огцом өсөөгүй, үйлдвэрийн өртөг зардал их хэмжээгээр буугаагүй, ажиллагсдынх нь тоо өөрчлөгдөөгүй, улс төрийн орчин нөхцөл янзаараа байгаа. Ийм байхад ашиг нь нэмэгдсэн нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Хариу нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хувийн компанийн хяналт ороод ирэхээр улстөрчид ил тодоор идэж чадахаа больсон хэрэг. Наад зах нь бүх худалдан авалтандаа тендер зарлаад эхэлсэн шүү дээ. Өмнө нь тендер зарладаггүй, бүх зүйл хөшигний ард өрнөж байсан юм. Хувийн компанийн хяналт орж ирснээс хойш үйлдвэрийн ашиг өсч эхэлсэн. Ашиг өсөх хэрээр төсөвт орж ирэх мөнгө ихэснэ гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ байгаагүйгээр ашигтай ажиллаж байхад улстөрчид эсэргүүцээд суугаа нь ийм л учиртай. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авчихаар камер тавьж, цоож зүүж, харуул хамгаалалтаа сайжруулж таарна. Ийм нөхцөлд хулгай хийх боломж нь хумигдаад ирэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн Оросын мэдлийн хувийг Монголын компани худалдаж авсаны дараа улстөрчид хараа хяналт султай, камергүй хашаа руу онилсон юм. Тэр хашаа нь ЖДҮ. Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт”-ийн дараа идэх том хоол олдохгүй болсон учраас ЖДҮ рүү орсон. Давтаад хэлэхэд “Эрдэнэт” гэдэг том идүүр нь алга болонгуут ЖДҮ нүдэнд нь торсон хэрэг. Тэр утгаар нь би холбоотой гээд байгаа юм.

-ЖДҮ чинь саяхных, 49 хувийн хувьчлал хоёр жилийн өмнөх явдал биз дээ?

-Таны асуултад хариулахын өмнө нэг жижигхэн түүх ярья. Намайг 2008-2012 онд хотын орлогчоор ажиллаж байхад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг банкуудаар дамжуулж олгодог байсан юм. Банк бидний бодлогын хүрээнд дэмжиж явуулсан төслүүдийг санхүү талаас нь шалгаж яг ашигтай, хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө санхүүжилт олгож байсан. Гэтэл 2017 оноос ЖДҮ-ийн санхүүжилтийг банкуудаас салгаад эрх мэдлийг нь ХХААХҮЯ-нд өгчихсөн. “Эрдэнэт”-ийн хувьчлал 2016 онд тодорхой болчихсон байсныг бүгд мэднэ. Мөнгө саадаг үйлдвэрийнх нь 49 хувь хувийн компанид очих нь тодорхой болчихоор эрх баригчид сандарсан. Тэгээд тэр жилдээ буюу 2016 оны сүүлээр 2017 оны төсвийг батлахдаа ЖДҮ-ийн санхүүжилтийг өөрсдөдөө ашигтайгаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, найдвартай, итгэлтэй, дуулгавартай, үгнээс нь гардаггүй этгээд болох яамаар дамжуулж жижиг дундын зээлийг олгох шийдвэр гаргасан.

-Нээрээ хэдэн өдрийн өмнө Ц.Нямдорж ийм утгатай мэдэгдэл хийсэн шүү. Тэгэхээр ЖДҮ өмнөх Ерөнхий сайдын үед зориудаар эхлүүлсэн ажил болж таарах нь ээ?

-Сэдсэнээ ажил болгож амжаагүй байхад нь дараагийн засаг гараад ирсэн хэрэг. Аваагүй үлдсэн нь авсныгаа матсан учраас асуудал ил болсон хэрэг шүү дээ. Тийм учраас би ЖДҮ-ийн шуугиан өрнөх анхны шалтаг нь 49 хувь гээд байгаа юм.Тэр утгаараа төрд бугласан идээ бээрийг шахах шаардлага үүссэнийг олон нийтэд ил болгож өгсөн газар нь “Монголын зэс”корпораци. Тэгэхээр тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой.

-АН олонх болсон бол МАН шиг ийм процесс давтагдах байсан уу?

-Үгүй. Би өчнөөн сонгуульд нэр дэвшиж явсан. Хамгийн сүүлийн буюу 2016 оны сонгуульд л нэр дэвшээгүй. Манай намд ажил албан тушаалыг ингэж зардаггүй байсан. Одоо ч тийм. Өнөөгийн даргын өнгөнд нам дотор иймэрхүү хандлага анзаарагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм том объемоор биш л дээ. Мөнгөн дүнгийнх нь хэмжээ харьцуулахааргүй өчүүхэн.

Ц.БААСАНСҮРЭН

Үргэлжлэл бий8

Categories
мэдээ цаг-үе

Шатахууны үнийг тогтворжуулж, ам.долларын ханшийг барих гарц бий юу?

Төв банк төгрөгийн ханш огцом сулрахгүй гэж дуугарлаа. Гэхдээ ам.долларыг яаж, ямар бодлогоор хазаарлах, доллар дагаад өсдөг шатахууны үнийг хэрхэн барих, инфляцийг тавиад туучихгүйгээр яажшуухан аж төрөх тухай гарц, гаргалгаатай мэдэгдэл хийхгүй байна. Долларын ханшийн хувьд Н.Баяртсайхан ямар байр суурь барихаа тов тодорхой хэлчихсэн. Ирэх жилүүдэд нүүр тулах бондын өрийг дарахын тулд валютын нөөцөө өсгөнө, ОУВС ч тийм шаардлага тавьж байгаа гэсэн тайлбарыг төв банкнаас өгч буй. Энэ мэдэгдлийг ухаж ядах юмгүй. Бүдүүн тоймоор хэлбэл компаниудын хамагаа зарж олж ирсэн долларыг зах зээлээс хамна гэсэн үг. Товчхондоо интервенцэд их мөнгө зарахгүй гэдгээ тойруугаар хэлчихэж байгаа хэрэг л дээ. Интервенцийг тодорхой хэмжээгээр хийж байгаа ч богино хугацааны арга, урт хугацаанд ногоон валютын ханшийг хазаарлаж чадахгүй гэсэн эдийн засагчдын сануулгыг энд онцолъё.

Төв банкны байр суурь ийм бүдэг байгаа нөхцөлд ногоон валютын зохиомол хомсдол газар авч, ханш чангарах эрсдэл үүснэ гэсэн сануулга ч давтамжтай дуулдаж байна. Инфляци хоёр оронтой тоо руу ороогүй гэсэн мэдээллийг ҮСХ-ноос өгсөөр өнөөг хүрсэн. Гэсэн хэдий ч иргэдийн халаасан дахь төгрөгийн ханшийн уналт, дэлгүүрийн лангуун дээрх өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй харьцуулаад харахаар аль хэдийнэ арав давсан гэх тооцоог эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Импортын багагүй хэсгийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ бүтээгдэхүүний үнэ манай улсын суурь инфляцид шууд нөлөөлдөг. 2009-2010 оны Дэлхийн банкны судалгаанд ч энэ талаар онцолж, “Нийлүүлэлтийн гаралтай инфляцитайгаа тэмцээч ээ” гэж зөвлөсөн удаатай. Инфляциа бууруулж чадсан үе бий юу гээд түүх сөхөхөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжих жилүүдэд л инфляци нам дор байжээ. 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах хуулийн балгаар төлбөрийн тэнцэл огцом муудаж долларын ханш төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт нүүр буруулсан тэр үед экспортын гол бараа болох зэс, нүүрсний үнэ хоёроос гурав дахин унаж даарин дээр давс нэмж байв. Бүр тодруулж хэлбэл 2012-2014 оныг валютаар ангасан цаг гэж тодотгож болно. Доллар хомсдох хэрээр дотоодын бензин, шатахууны жижиглэнгийн үнэ өсч эхэлснийг уншигчид санаж байгаа байх. 2012 оны өмнөх Засгийн газар сонгууль угтаж Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтээс баахан мөнгө урьдчилаад зээлчихсэн шалтгаан ч нэрмээс болж байсныг онцлох учиртай. Таван толгойн нүүрсээ барьцаанд тавиад “Чалко”-гоос зээлчихсэн мөнгөө буцааж төлөх гэж нэлээд юм болсон нь саяхны түүх. Эдгээр өрийг тухайн компаниудын орлогоос суутгаж төлөхөөс аргагүй болсон нь нөхцөл байдлыг бүр ч даамжруулж байсан юм. Тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол долларын ханш, шатахууны үнээ тавиад туух байсныг дээрх баримтуудаас түвэггүй харчихаж болно. Харин хөтөлбөр хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляци гурван жилийн дотор тэг болсон юм. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци 14 хувиас 1.9 хувь болж буурч байв.

Эдийн засагч Ч.Отгочулуу “2010-2012 онуудад бид дэлхийн дунджаас өндөр үнээр буюу нэг литр бензинийг ойролцоогоор 1.4 ам.доллараар авдаг байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн эцэст энэ үнийг 70 цент рүү буулгаж чадсан. Дэлхийн дундаж ойролцоогоор 1.2 ам доллар байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ЖДҮ-тэй харьцуулаад байх юм. Маш том ялгаатай шүү дээ. Банк Монголбанкнаас авсан зээлийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжид хөтөлбөрийн зээл олгохдоо агуулах дахь бүтээгдэхүүний нөөц болон бусад хөрөнгийг нь барьцаална. Аж ахуйн нэгжид олгосон зээлийн эрсдэлээ банк хариуцна. Компаниуд банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр агуулах дахь бүтээгдэхүүний нэмэлт нөөцийг бүрдүүлнэ. Агуулах дахь бүтээгдэхүүний нөөц нь хөтөлбөрт заасан нөхцөлийн дагуу, дотоодын зах зээлд улирлын чанартай борлуулагдаж дуусна. Тэгээд борлуулалтын орлогоосоо банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна.Монголбанк арилжааны банкинд олгосон зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлнэ. Үгүй бол данснаас нь үл маргах замаар шууд суутгаад авчихна. Ийм л зарчим үйлчилсэн. Тэгээд ч энэ хөтөлбөр олны өмнө ил хэрэгжсэн зүйл. Гэтэл ЖДҮ огт өөр. Нэг сайдын тушаалаар л бүх юм хөшигний ард шийдэгдчихсэн байх жишээний. Ийм зарчмын ялгаатай асуудлыг хольж хутах хэрэггүй л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онуудад нийт инфляцийн дунджаар 33.4 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд 18 хувь, 2014 онд 4.5 хувь болж буурсан нь бодитой үнэн. Сүүлдээ бүр доошлоод тэг болсон шүү дээ. Нийлүүлэлтийн гаралтай инфляци байхгүй болсон” гэж онцоллоо. Тэгэхээр ам.долларыг хазаарлах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед инфляциа алдчихгүй аж төрөх нэг гарц байна. Тэр нь инфляцид нөлөөлдөг суурь шалтгаан болсон шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнээ цойлуулчихгүй амьдрах гарц шийдэл хайх. Ам.долларын ханш хатуу байх тэр үед шатахууны үнийг тогтворжуулж инфляцийг аргамжиж чадсан арга нь тун энгийн. Шатахууны үнийг хоёрхон аргаар барьсан юм. Нэг нь хөнгөлөлттэй зээл, нөгөө нь валютын форвард хэлцэл. Монголбанкнаас арилжааны банкуудад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож, арилжааны банкууд шатахуун импортлогчдод бага хүүтэй зээл олгож байв. Бага хүүтэй зээл авсан импортлогчид шатахуунаа их хэмжээгээр импортолж дээд талдаа 30 хоног байсан нөөцийг 80-90 хоног болгож өсгөж байлаа. Тэр үед авсан зээлээ бултаараа төлчихсөн, өөрөөр хэлбэл хэн нь ч хэндээ өргүй гэсэн үг. Долларын ханш савлагаатай байсан тухайн цагт валютын форвард хэлцэл хийж ханшийн эрсдлийг тойрч гарсан түүхтэй. Монголбанкнаас арилжааны банкуудтай, арилжааны банкууд нь импортлогчидтой валютын форвард хэлцэл хийсэн учраас долларын ханшийн галзуурал шатахууны үнэд нөлөөлөөгүй юм. Ийм хэлцлийг хоёр сар тутам хийж байв. Долларын өнөөгийн ханш 2630 төгрөг байхад хоёр сарын хугацаатай форвард хэлцэл хийчихлээ гэж бодъё. Хоёр сарын дараа доллар 3000 төгрөг хүрсэн ч хэлцэл хийсэн гэх шалтгаанаар нэг долларыг 2630 төгрөгөөр тооцож шатахууны худалдаагаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл долларын ханшийн өсөлт шатахууны үнэд шууд нөлөөлөхгүй гэж ойлгож болно. Ийм хоёр арга хэрэглэсэн учраас шатахууны үнэ 2012-2016 оны хэцүү үед өсөөгүй юм. Өнөөдрийн тухайд ч ялгаагүй. Доллар чангарсан янзаараа, хөрөнгө оруулалт гацсан хэвээр байна. Ирэх жил нүүрсний экспорт төсөвт төлөвлөсөн шиг 43 сая байтугай өнөө жилийн хэмжээгээ нөхөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Төсөв өндөр алдагдалтай батлагдсан гэсэн анхаарлын тэмдэг бас бий. Бүр цаашлуулж яривал 1.5 их наяд төгрөг төсвийн хөрөнгө оруулалтад явах нь тодорхой болчихсон. Энэ санхүүжилтийн 40-60 хувь нь шууд импорт болж хувирна. Тодруулж хэлбэл, сонгуулийн өмнөх жилийн төсвийн нэлээд мөнгөөр барилга олноор нь барина, барилгын компаниуд импортоор бараагаа татна гэсэн тайлбарыг өчнөөн эдийн засагч хэлж байгаа. Тэр чинээгээр доллар хомсдож, гадаад валютын албан нөөц багасах эрсдэл бий. Ийм нөхцөлд инфляциа алдчихгүй, доллар, шатахууны үнэд дарлуулахгүй аж төрөх гарц хувилбарыг гаргах үүрэг төв банк, засгийн өмнө ирээд байна.

Бид долларын ханшийг барих гарц, шатахууны үнийг тогтвортой байлгах шийдэл, инфляцийг хөөргөчихгүй амьдрахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ: Долларын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгах хэд хэдэн гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замын бүтээн байгуулалт, том Таван толгой, Гацууртыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэргийг дурдмаар байна. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг аж ахуйн нэгжүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах бас нэг арга байна. Хайгуулын лиценз олгох ажлыг идэвхжүүлэх замаар гадны хөрөнгө оруулагчдыг геологи хайгуулын салбарт татах шаардлага бий.

Шатахууны үнийн тухайд импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөц бүрдүүлэхэд нь дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгийн зээлийг гадаад валютаар олгох гарцыг санал болгомоор байна. Үүнээс гадна рубль ба төгрөгийн свап хэлцэл нэвтрүүлэх боломжтой. Нийлүүлэлт их байвал үнэ аяндаа тогтворжино. Ингэхийн тулд валютын зохиомол хомсдол үүсэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

“Эгүлэ капитал” судалгааны компанийн судлаач О.БААСАНСҮРЭН: Валютын ханшийн хувьд Монголын валютын орох болон гарах урсгал, эрэлтээс хамаарч тогтдог. Нэг талаасаа, Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас хэрэглээний тодорхой хэсгээ импортолж авах шаардлага үүсдэг. Энэ нь “төгрөгийн тогтвортой байдлыг хангах” зорилготой Монголбанкинд валютын ханшийн огцом хэлбэлзлийг интервенц хийх замаар бууруулж, ханшийн инфляцид үзүүлэх нөлөөг багасгах сорилтыг бий болгодог. Гэвч энэ арга нь зөвхөн богино хугацаанд нөлөөлнө. Урт хугацааны нөлөө багатай. Мөн 2021 оноос бондуудын үндсэн төлбөр хийгдэж эхлэх тул гадаад валютын нөөцөө өсгөх даалгавар Төв банкинд давхар оногдож байна. Нөгөөтэйгүүр, эрэлт талаас Холбооны нөөцийн банкны бодлогын хүүний өсөлтөөс шалтгаалсан ам.долларын өгөөжийн өсөлт, ирэх онд хүлээгдэж буй сангийн тэлэх бодлого зэрэг нь Төв банкийг төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх буюу бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого баримтлах нөхцөлийг үүсгэсэн. Тэгэхээр Монголбанк ирэх онд бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр байна. Эндээс харахад төв банк одоогоор богино хугацааны, огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ бол үр дүн багатай арга. Иймээс ханшийг тогтворжуулах гол гарц нь ерөөсөө л эдийн засгийн суурь асуудлуудаа цэгцлэх урт хугацааны арга хэмжээ авах. Тодруулбал, эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж, засаглалаа сайжруулах, хээл хахууль, тодорхой бус байдлаа бууруулж хөрөнгө оруулалт татах таатай, шударга нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цэвэр экспортоо өсгөх, валютын албан нөөцөө өсгөх гээд олон зүйлс байна. Шатахууны үнийн хувьд үнийн огцом өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сааруулах буюу аажмаар шингээх арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.

Эдийн засагч, судлаач Г.ГАНЗОРИГ: Долларын ханшийг урт болон богино хугацаанд гэж ангилж харах ёстой. Богино хугацааны хувьд төв банкны оролцоо чухал. Валютын ханшийн хөдөлгөөн өндөр савлагаа үзүүлээд эхэлбэл төв банкнаас илүүдэл хэрэгцээг хангах буюу интервенц хийх замаар тогтворжуулдаг. Түүнчлэн үүнд бас иргэдийн оролцоо чухал. Ам.доллар, төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох гэж хиймэл эрэлт үүсгэдэг байдлыг бууруулах тухай яриад байна л даа. Сүүлийн 14 жилийн хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг хэрхэн өөрчлөгдөж байсныг судалж үзэхэд, төгрөг долларын эсрэг жилдээ дунджаар зургаан хувиар суларсан байдаг юм. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалтын аятай сайхан хэрэгсэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ ийм хэмжээний ашиг өгөх өөр олон боломж байгаа, тэдгээрийг сонирхоод үзэх нь чухал. Богино хугацаанд ашиг олж болох санхүүгийн олон хэрэгсэл байхад заавал эдийн засагтаа хортой замыг сонгохгүй байхыг л хүсч буй хэрэг. Харин урт хугацааны хувьд төв банкны интервенц, иргэдийн хүлээлт төдийлөн нөлөөгүй. Эсрэгээрээ Монгол Улсад хангалттай хэмжээний ам.долларын урсгал байгаа эсэх тухай асуудал яригдана. Энгийнээр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ёстой. Үүнийгээ бид олон арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болно. Зардаг болон худалдан авдаг бүтээгдэхүүнүүд дээрээ үнийг тогтворжуулах үүсмэл хэрэгсэл авч болно, мөн өөр бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ дэмжих ёстой. Экспорт гэхээр нэг бол зэс, нүүрс бодоод үгүй бол ноолуур, эсгий бодоод байдаг. Үүнийг давж харах учиртай юм л даа. Шатахууны үнийн тухайд үүсмэл хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. Энэ нь үнэ огцом хөдлөхөөс өмнө хийдэг арга хэмжээ. Тэрнээс бүх юм болоод өнгөрсөн хойно бослого хийж, хэдэн хүнийг зэмлээд асуудал шийдэгдэхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Отгонжаргал: Иргэд хүүгүй зээл авахаар маш ихээр хандаж байна

-ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРНУУД КРЕДИТ КАРТЫН СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН 30-45 ХОНОГТ ХҮҮГҮЙ КАРТЫН ЗЭЭЛ ОЛГОДОГ-

“Ард Кредит” Банк бус санхүүгийн байгууллагын зээл эрхэлсэн захирал Д.Отгонжаргалтай хүүгүй болон барьцаагүй зээл олгож эхэлсэнтэй нь холбогдуулан цөөн хором ярилцлаа.


-Танай байгууллага хүүгүй зээл олгоно гэсэн мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ үнэхээр өнөөгийн нөхцөлд боломжтой гэж үү. Хүмүүст итгэл үнэмшил багатай сонсогдож байна?

-“Ард кредит” ББСБ-ын хувьд энэ намраас эхлэн хүүгүй зээл олгохоор туршилтын хугацаагаа эхлүүлснээс хойш багагүй ажлууд хийгдэж байна. Бид хүүгүй зээлийн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд “Ард санхүү нэгдэл” хувьцаат компани болон түүний охин компаниудын хувьцаа эзэмшигчдэд зориулан хувьцааг нь барьцаалж, хүүгүй зээлээ олгож эхэлсэн бол энэ сараас эхлэн нийт ард иргэддээ зориулан 30 хоногтоо хүүгүй, барьцаагүй зээлийг амжилттайгаар нийтэд олгож эхлээд байна. Манай ард иргэд авсан зээлээ буцаан төлж сурч байгаа, нөгөө талаас санхүүгийн хариуцлагаа ухамсарладаг болсон. Тэгэхээр бидний гаргаж буй хүүгүй, барьцаагүй зээл маань өнөөгийн нөхцөлд эрэлт ихтэй хамгийн боломжтой бүтээгдэхүүн гэж үзэж байгаа, цаашид ч бид улам боловсронгуй болгон, цахим хэлбэрт шилжүүлэхээр зорин ажиллаж байна. Одоогоор зээлийн хэмжээ маань бага дүнгээр олгогдож байгаа учир бид барьцаа хөрөнгө шаардахгүй байгаа.

-Ийм санаачилга гаргасан, хүүгүй зээлийн бүтээгдэхүүн санал болгосон гэдгээрээ танайх анхдагч болж байна уу?

-Тийм ээ, бид өндөр шимтгэл, нуугдмал үнэ төлөхгүйгээр 30 хоногтоо хүүгүй, ашиглаад төлөөд явж болох, ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй зээлийг ард иргэддээ олгож эхлээд байгаа анхны санхүүгийн байгууллага болж байгаагаараа анхдагч гэж үзэж болно.

-Дэлхийн улс орнуудад хүүгүй зээл олгох нь хэр түгээмэл үзэгдэл вэ. Ялангуяа, манай улстай ойролцоо хөгжиж буй орнуудын Банк санхүүгийн байгууллага ийм төрлийн бүтээгдэхүүн хэр санал болгодог вэ?

-Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад дэлхийн улс орнууд ч хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд ихээр гаргаж, нэвтрүүлж байгаа. Тухайлбал, манай “Ард санхүүгийн нэгдэл” болон түүний бүрэлдэхүүнд байгаа компаниуд бид ч гэсэн тэдэнтэй мөр зэрэгцэн олон олон бүтээгдэхүүнийг нийт ард түмэндээ санал болгож явж ирсэн. Дэлхийн олон улс орнууд кредит картын системээр дамжуулан 30-45 хоногт хүүгүй картын зээл болон овердрафтын зээлийг маш түгээмэл санал болгодог байгаа.

-Танайхаас хүүгүй зээл авахын тулд иргэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Ямар нэгэн шимтгэл, хураамж төлөх үү?

-Манай “Ард кредит” ББСБ-аас хүүгүй, барьцаагүй зээл авахыг хүсч байгаа иргэддээ бид цалин болон бизнесийн орлоготой байх, Монголбанкны зээлийн мэдээллийн санд ямар нэгэн ангилалтай зээлгүй байх гэсэн гол шаардлага тавьдаг. Мөн одоогоор бид орон нутагт салбаргүй болохоор хөдөө орон нутгийн иргэддээ зээлээ хүргэх боломжгүй байгаа. Удахгүй ирж буй шинэ ондоо бид хөдөө орон нутаг ялгалгүйгээр зээлийн үйлчилгээгээ хүргэж эхлэхээр зорьж байна. Шимтгэлийн хувьд 15000-60000 төгрөг байгаа, энэхүү шимтгэл нь мэргэжлийн байгууллагын хувьд үйлчилгээ төлбөр буюу үйл ажиллагааны зардлын багахан хувийг л нөхөж байгаа юм.

-Хүүгүй зээл олгоно гэсэн цагаас хойш танайх руу иргэд хэр хандаж байна вэ?

-Зээлийн хүсэлтээ бид онлайнаар болон Төв оффис, Централ таур салбар, Шангрила салбаруудаараа авч ажиллаж байна. Иргэд маш ихээр хандаж байна, ялангуяа одоо шинэ жил, цагаан сар гээд баярууд ихээр болох гэж байгаатай холбогдуулан иргэд маань ойрын богино хугацааны хэрэглээний зардлаа санхүүжүүлэх эрэлт их байгаатай холбоотой, нөгөө талаасаа 30 хоногтоо хүүгүй учир аваад төлөөд явах сонирхол ч их байна.

-Зээлийн хүүг бууруулах, хүүгийн дарамт өндөр байна гэж ярьж байгаа энэ үед хүүгүй зээл гэдэгт олон хүн эргэлзэх, итгэж ядах хандлага бас байна. Хэдий хэмжээний төгрөгийн зээл танайхаас авах боломжтой вэ?

-Бид өнөөдрийн байдлаар зээлийн хүсэлт, шаардлагатай материалаа бүрдүүлээд өгсөн иргэдийнхээ ирүүлсэн мэдээлэлд хиймэл оюун ухаан, кредит скорингийн тооцоолол хийж, зээлийн хэмжээг тогтоон, иргэддээ 500 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх хэмжээтэй, “Ард Санхүү нэгдэл” хувьцаа эзэмшигчдэд хувьцаа барьцаалсан хүүгүй зээлийг 20 сая хүртэлх хэмжээтэйгээр олгож байгаа.

-“Ард санхүүгийн нэгдэл” финтек банк болох гэж байгаа гэсэн яриа гараад байгаа. Банк, санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, улмаар иргэдийн гарт банк, санхүүгийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, бид удахгүй шинэ оны дараагаар олон олон шинэлэг бүтээгдэхүүнийг ард иргэддээ хүргэж, банкнуудын үзүүлж буй олон төрлийн үйлчилгээг банк руу очилгүйгээр ард аппликэйшнээрээ дамжуулан олгохоор ажиллаж байгаа. Одоогоор манай Ард аппликэйшнийг гар утсандаа татаж аваад бүх төрлийн мөнгөн шилжүүлгийг дансаар болон гар утасны дугаараар хийх, онлайн худалдаа хийх, үүрэн холбоо болон орон сууцны төлбөрүүдээ хийх, биллинг үйлчилгээг ашиглаж хэрэглээний зардлуудаа шилжүүлэх, хянах, мөн харилцах данс руугаа хүүгүй зээлээ авч болох боломжтой болсон байгаа.

-“Ард Кредит” хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийнэ гэсэн мэдээлэл байна. Ийм төлөвлөгөө байна уу. СЗХ-нд хандчихсан байна уу?

-Манай ББСБ нь хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийхээр хөрөнгийн биржээс зөвшөөрлөө авсан байгаа. Одоо Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл гарахыг хүлээж байна.