Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Лхагважав: Долдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”, дотны хэдэн найз маань намайг аварсан шүү

“Маршал” клубын найзууд

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Найзууддаа манай сонины цахим хувилбарыг бүтэн жилийн турш унших эрх бэлэглэхээр утасдахад чинь их олзуурхлаа. Найзуудтайгаа нийлж клуб байгуулаад олон жил болсон гэж сонссон юм байна. Тэр найзууд чинь үү?

-Өнөөдөр (өчигдөр) хулгана жилийн хулгана сарын хулгана өдөр байгаа юм. Жилийн турш “мэрж” ашиглах хамгийн гоё бэлэг бол яалт ч үгүй “Өдрийн сонин” л доо. Таны асуусан клубийн маань найзууд мөн мөн. Танай сонинг бэлэглэх гээд найзууд руугаа чат бичсэн юм. Тэгээд эхэлж хандсан арван найздаа бэлэглэлээ. Бүгдээрээ баярлаад сүйд байна (инээв).

-Найзуудаараа нийлж клуб байгуулсан түүхээ сонирхуулаач?

-“Маршал” гэж клуб бий. 37 гишүүнтэй. Анх Н.Болд, Ц.Наранцэцэг бид гурав “Жи Си Ай” байгууллагын “Капитал” салбарыг 2003 оны наймдугаар сарын 17-нд байгуулж 16 залуусыг урьж анхны сургалтаа явуулж байсан юм. Гол зорилго нь хувиараа бизнес эрхэлж, аж ахуйн нэгж удирдаж байсан хүмүүсийг нэгтгэх байсан л даа. “Жи Си Ай” байгууллагын хувьд 40 нас хүртэл гишүүнчлэлтэй явдаг юм. Дөч гараад ирэнгүүтээ клубийн хэлбэрт оруулж байлаа.

-Клуб болж найзуудтайгаа хамтдаа хөгжиж урагшилна гэдэг үлгэрлэмээр жишиг байна шүү. Тэр үеэс өдий хүртэл яаж хөгжицгөөв?

-Тухайн үед найзууд маань Монголын нэлээд том компаниудын гүйцэтгэх захирлууд байсан юм. Найзууддаа “Гуч гарсан насныхаа ид хүчийг хувьдаа зарцуулж өөрөө баялаг бүтээх үү, эсвэл хүний бүтээж яваа баялагт туслах уу гэдгээ өөрсдөө шийдээрэй. Хөдөлмөрийн гэрээнд чинь гурван сараас илүү тэтгэмж та нарт байхгүй шүү. Монголын эдийн засаг 2004 оноос өснө” гэж хэлж байлаа. Яг тэр үед буюу 2003 оны арванхоёрдугаар сард Н.Энхбаяр их өр төллөө, Орост өргүй боллоо гэж зарласныг та санаж байгаа байх. Тэр үйл явдлаас хойш манай эдийн засаг өсөлтийн замдаа орсон түүхтэй. Арван жилийн хугацаанд тасралтгүй өгссөөр арав дахин өссөн. Эхэлж нэгдсэн 16, сүүлд нийлсэнтэй нь тооцвол 57 найз маань цугаараа компаниа байгуулж, яг энэ өсөлттэй хамт өсөцгөөсөн.

-Том компанийн гүйцэтгэх захирлын албаа өгөөд бүгдийг тэгээс эхэлнэ гэдэг бас л том эрсдэл шүү…?

-Тэгэлгүй яахав. Би одоо боддог юм, тэр үед би найз нартаа эрсдэлтэй алхам санал болгох маягаар буян болжээ гэж. Бидний гол зорилго бол байнга биесээ хурцалж хөгжүүлэх. Одоо ч тэр чигээрээ нэгдэж яваа. Сард нэг удаа үйл ажиллагаа зохион байгуулдаг.

-Тэр үед ажлаа өгөөд бизнесээ эхэлсэн найзуудаасаа нэрлээч?

-“Адидас”-ын Л.Огторгуй байна. Тухайн үед “Номин”-д ажиллаж байсан. Баянхонгорт улаанбуудай тарьж яваа Б.Ганхуяг маань тухайн үед “Таван богд”-д ажилладаг байлаа. Женкогийн “Сити” гээд такси баазад ажиллаж явсан найз маань хувьдаа барилгын компанитай болсон. Ер нь хамт олон гэдэг байнга биесдээ чимэг болж, хүч өгч явах учиртай. Бидний хэн нь ч амьдралынхаа зовлон, хөндүүрийг бусдадаа үүрүүлэх сонирхолгүй. Ачаагаа өөрсдөө л үүрээд аж төрье, гэхдээ ачаагаа үүрч амжилттай яваа нэгэндээ оюун, сэтгэл зүйн дэмжлэг, хүч өгье гэсэн уриатай бүлэг найз нар.

-Манай сонины цахим хувилбарын жилийн эрхийг яагаад, ямар шалтгаанаар найзууддаа бэлэглэх болсон тухайгаа дэлгэрүүлж яриач?

-Чөлөөт зах зээл, ардчилал, бие даасан хүмүүсийн мэдээлэл дамждаг ганц сонин бол “Өдрийн сонин”. Миний найзууд бол бие даасан хүчирхэг хувь хүмүүс. Ийм хүмүүст бие даасан хүчирхэг хэвлэл хэрэгтэй гэж бодоод танай сониныг цахимаар унших жилийн эрх бэлэглэлээ. Цар тахлын дараах үе буюу цоо шинэ үе эхлэх гэж байна. Ийм үед оюун сэтгэлгээний цэгцтэй шинэ алхам хийхээс аргагүй. Энэ алхмыг хийхэд сонин л хэрэг болно. Мэдээ, мэдээлэл хоёр тэс өөр, маш том ялгаатай. Мэдээллийг нь “Блүүмбэрг” ч юм уу, танай сонин гаргаад байдаг юм. Мэдээг хэн ч цацна. Хуучин нийгмийн ойлголтоор бол орцны гадаа хэдэн эмээ нар хов жив яриад суудаг байсан даа. Цахим ертөнцийн шуугиан үүнээс нэг их ялгарахгүй. Редакцитай газруудын гол сайхан нь ямар нэгэн мэдээ хүний оюун ухаанаар дамжиж мэдээлэл болж гардагт байгаа юм. Оюун ухаанаар дамжсан мэдээллийг өдөр тутамдаа авбал тархи хогоор дүүрэхгүй. Стив Жобс гэдэг хүний бүтээлийн ачаар хүн төрөлхтөн мэдээллийн эрин зуунд амьдарч яваа ч мэдээлэл авах, дамжуулах, хадгалах нь хүний онцгой эрх байдаг. Тийм ч учраас аль ч улс хүний эрхийг ярихдаа мэдээллийг заавал онцолдог. Гэтэл манайх мэдээлэл авахыг хүний эрхийн гол асуудал гэдгийг мэддэггүй. Дарга нарын өгдөг мэдээллийг л дамжуулах гэж ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Тэр утгаараа “Өдрийн сонин” мэдээлэл авах, дамжуулах, хадгалах үүргийн хувьд маш сайн оролцоотой явсаар өнөөг хүрсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

-“Өдрийн сонин”-оос онцгойлж хардаг контентуудаа сонирхуулаач?

-Контент гэдэг бол бүтээгдэхүүн. Талхаар зүйрлэвэл хөөлт, исгэлт, амт нь таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь танай сонин. Сүүлийн үед шинжлэх ухааны бүтээлүүд нийтэлж байгаад нь олзуурхаж суугаа шүү. Хуучны бөх, зохиолчдын хөөрөлдөөн амттай уншигддаг. За тэгээд эдийн засгийн мэдээлэл, ярилцлага, нийтлэлүүдийг алгасахгүй харахыг хичээдэг. Танай сонины арын нүүрийг би брэнд гэж хэлнэ. Эхний нүүр, гуравдугаар нүүр гээд нэгэнт брэнд болчихсон олон булан бий дээ. Усан мэдээллийг аль болох бага гаргахыг хичээдэг нь танай сонины хамгийн гол онцлог. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд танай сонины цахим хувилбар өглөөний гурван цагт мэйлээр ирчихдэг маш их олзуурхдаг. Мэдээж цаасан сонин кайфтай л даа. Халуун кофе өмнөө тавьчихаад шинэ сониноо дэлгэж уншихын сайхныг ярих юм биш. Тахлын хөл хорионоос болоод цаасан сониноо уншиж чадахгүй л байна.

-Тахлын үед орлого мөнгө нь багассан гэх мэт олон хэцүү асуудал байгаа ч ажилчдаа халчихалгүй тэсч яваа цөөн салбарын нэг нь хэвлэл мэдээлэл гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүрэн нийлнэ. Ер нь ийм хэцүү цагт аливаа хамт олныг барьж үлдэнэ, орлоготой амьдруулна гэдэг асар чухал ажил. Өнөөгийн 60 мянган аж ахуйн нэгж 1995 оноос бүрэлдэж бий болсон юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 25 жилийн бүтээл. Тэгэхээр хамт олныг хайрлах нь төр, хамт олон, ер бүгдийн үүрэг. Хамт олныг тараах шиг амархан юм үгүй. Дахин байгуулж хөл дээр нь босгохын тулд дахиад 20 жил шаардлагатай. Оюу толгой, Эрдэнэт, Өгөөж, АПУ-г бий болгоход дахиад гуч, дөчин жил шаардлагатай. Жишээ нь, танай хамт олон 24 жил салбартаа магнайлж яваа. Хамт олны үнэ цэнэ үнэртдэг учраас энэ олон жилийн турш түүчээлж яваа гэж би хувьдаа хардаг. Үнэ цэнээ хадгалсан хамт олноос төрж буй бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байдаг нь жам л даа. “Өдрийн сонин”-ы нэг онцлог бол 2005 оноос хойших бүх хямралд хамт байсан. 2008, 2009 оны хямрал, 2013 оны хямрал, 2017 оны онцгой хямрал, яг одоо нэрвэж буй ковидын хямрал гээд маш олон хямралын үед уншигчидтайгаа хамт байж, дуу хоолойгоо хүргэж явсан гэдгийг онцлохгүй өнгөрөх аргагүй. Тийм учраас танай сонины үнэ цэнэ улам өндөрсчихөж байгаа юм. Тэр утгаар нь олон уншигч танай сонинд элэгтэй, хайртай явдаг болов уу. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг мэдэхгүй мөртлөө сонингоор нь дамжуулаад таньдаг, хүндэлдэг хүмүүс маш олон бий гэдгийг та ч мэднэ. “Ургацын далай”-г хөтөлдөг эрхмийг танихгүй, мэдэхгүй хэрнээ гэрт нь явж ороод хүнгэнэтэл ярихад ямар ч малчин хоймроо урьж хүндэтгэдэг шиг танай сонины сэтгүүлчийн нэр уншигчдад танил дотно санагддаг нь өөрөө үнэ цэнэ л дээ.

-Харамсалтай нь ингэж үнэ цэнээ бүтээчихсэн, олон хүнийг ажилтай орлоготой авч яваа хувийн хэвшилдээ баярлалаа гэсэн үгийг, эдийн засгийг нуруундаа үүрч яваад нь талархсан хандлагыг төр засгаас илэрхийлэхгүй юм даа. Муусайн баячуудын хөрөнгийг хураах хэрэгтэй, төр л бүгдийг хийж байна гэсэн хандлага л их тод анзаарагдах юм…?

-Яг үнэн. Тийм хандлагыг л илүү тод харуулж байна л даа. Цар тахлын хэцүү цагт Монгол улсын сая иргэнийг ажилтай, орлоготой амьдруулж яваа хүн болгондоо баярлалаа гэж хэлж чадах зоригтой даргагүй цаг үед бид амьдарч байгаа нь гашуун үнэн шүү. Уг нь жаран мянган компанидаа баярлалаа гээд хэлчих хэрэгтэй байгаа юм.

-Түрүү жилийн сүүлээр ярилцаж байхад та “Өдрийн сонин” намайг аварч байсан түүхтэй гэж цухас дурдаад орхисон. Тухайн үедээ тодруулж сонирхоно доо гэж байгаад мартчихсан байсан. Яг ямар явдал болсон юм бэ?

-Долдугаар сарын 1-нд болсон явдал л даа. Яагаав нөгөө онцгой байдал зарлахад хүргэдэг үйл явдал. Тэр өдөр танай сонины сэтгүүлчид ярилцлага өгөх гээд өдрийн 12 цагийн үед хуучин МАХН-ын байр, одоогийн тусгаар тогтнолын ордны хажуугийн “Улаанбаатар” ресторанаас гарч явсан юм. Танай сонины редакцид ирж ярилцлага өгсний дараа найзууд маань намайг зочид буудлын нэг өрөөнд цоожилсон түүх бий (инээв).

-Намынхаа даргыг шүүмжилсэн яриа өгч байл уу?

-Тэгсэн. “С.Баяр дарга аа, сонгогчдын 25 хувь нь хуурамч байхад шударга сонгууль гэж үзэхгүй” гэсэн утгатай ярилцлага өгсөн юм.

-Долдугаар сарын 1-ний хавьцаа таныг цоожилсон гэхээр найзууд чинь дараа нь юу болохыг сүрхий мэдэрч шүү?

-“Чамайг тийш нь явуулахгүй. Чи юманд өртчихнө” гээд л цоожилчихсон. Би гарна гэж зүтгээд бараагүй. Орой нь онц байдал зарласны дараа намайг ээжид тушааж байлаа (инээв). Тэгж хорихгүй л бол гал руу орчих гээд байсныг мэдээд байж л дээ, манай хэд. Тэгэхээр яалт ч үгүй намайг “Өдрийн сонин”, гурван найз маань аварсан. Танай сонинд ярилцлага өгөх гэж Улаанбаатар зочид буудлаас гарч яваагүй бол яах ч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнөө жилийг өөдрөгөөр төсөөлсөн Монголбанкны таамагтай эдийн засагчид санал нийлэхгүй байна

Энэ жил эдийн засаг зургаан хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамгийг Монголбанк, Сангийн яамнаас хэлж буй. Гэвч цар тахлын давлагаа дэлхийг нөмөрсөн өнөөдрийн таагүй нөхцөлд эдийн засаг өндөр өсөлт үзүүлэхгүй гэж болгоомжлох эдийн засагч цөөнгүй байна. Тэдний нэг нь эдийн засагч Н.Энхбаяр. Тэрээр “Эдийн засгийн өнөө жилийн өсөлт дөрвөн хувиас илүү гарахгүй байх” гэж тодотгосон бол Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.лакшми “Эдийн засгийн хамгийн том асуудал бол ковид, ковидоос үүдэлтэй хөл хорио болчихоод байна л даа. Манай улсын эдийн засаг түүхий эдийн экспортоосоо шууд хамааралтай. Өнгөрсөн жилийн хавар ковид эхэлж байхад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом доошилсон тохиолдол бийг мартаж болохгүй. Түүхий эдийн экспортоос гадна гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалт тааруу болчихлоо. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулагчид Монголд итгэж мөнгөө оруулах эсэх нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг шууд таамаглахад хэцүү. Олон улсын байгууллагууд гэхэд л эдийн засгийн таамгаа ойр ойрхон өөрчлөөд байна шүү дээ. Болгоомжлонгуй хэлэхэд эдийн засаг гурван хувийн өсөлттэй байх болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин СЭЗИС-ийн багш, эдийн засагч ж.Дэлгэрсайхан “Монголбанк, Сангийн яам цар тахлын халдварыг дотооддоо алдахаас өмнө бүр найман хувийн өсөлт үзүүлнэ гэж өөдрөгөөр таамаглаж байсан удаатай. Цар тахлыг дотооддоо алдсанаас хойших таамгаа яаж гаргахыг хэлж мэдэхгүй юм. Бидний хамгийн том эрсдэл бол цар тахал хэдий болтол үргэлжлэх вэ гэсэн асуулт. Тахлын хөл хорионоос болж эдийн засгийн өсөлтийн боломж хумигдаж байна. Эдийн засгийн өсөлт 4-5 хувьд хэлбэлзэх болов уу” гэсэн юм.

Эдийн засагчдын хувьд өнөө жилийн ганц найдвар уул уурхайн салбар, тэр дундаа коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт түүхий эдийн экспорт гэж ам нийлүүлж байна. Нүүрсний зах зээл ямархуу өнгөтэй байхыг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодруулахад “Хятадын эдийн засаг энэ жил өсөлттэй гарах учраас коксжих нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Австралиас нүүрс авахгүй байгаа. Энэ утгаараа Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна. Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрсний эрэлт өсөж байгаа. Энэ түр зуурын өсөлт байх магадлалтай ч бидний хувьд боломж. Боломжийг аль болох бүрэн дүүрэн ашиглаж чадвал нүүрсний экспорт мэдээж эдийн засагт гол үүргээ 2021 онд ч гүйцэтгэнэ. Нүүрсний зах зээлийн эрсдэлийг бас тооцох хэрэгтэй. Хятадад эрэлт өндөр байхад Австралиас авахаа зогсоосон ч Монголоос олигтой авахгүй байна. Шалтгаан нь ковидын хяналт шалтгалт. Хэрэв ийм байдлаар цааш үргэлжилбэл эрэлт өслөө ч бид олигтой нүүрс гаргаж чадахгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр хоёр улсын хоорондын гадаад худалдааны харилцаа их чухал байна. Оросын хувьд ирэх жилүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх мэдээлэл давтамжтай сонсогдож байгаа. Гэхдээ 2020 онд тэдний нийлүүлэлт бас л буурсан дүнтэй гарсан. Хятад Австралиас аваагүй, Монголоос багахан авсан. Дээр нь Оросоос буурсан дүнтэй авсан. Дотоодын уурхайнуудынхаа хүчин чадлыг шавхаж ажиллаж, зарим томоохон компанид үнээ хэт өсгөхгүй байх талаар чиглэл өгсөн зэрэг мэдээ бий. Тэгсэн хэрнээ сүүлийн сард гаднаас нүүрс бараг авсангүй. Бидний хувьд цорын ганц том хэрэглэгч БНХАУ-ыг сайн ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй. Болж өгвөл нийлүүлэлтийн хэмжээгээ жил, улирлаар нь багцаагаар тохиролцож сурах л чухал байна” гэлээ.

Эдийн засагч Н.Энхбаяраас “Монголын Засгийн газар яг ямар шийдэл хэрэгжүүлбэл энэ оныг эрсдэл багатай давах вэ” гэж тодруулахад “Вакцин, хөл хорио гэх мэт байгаа бүх боломжоо дайчлаад вирусээ дарж авах нь л номер нэг асуудал. Европын олон сая хүнтэй улс орнууд хөл хорио тогтоочихлоо. Манайд тэднээс ялгарах нэг онцлог бий. Хүн ам сийрэг гэсэн давуу талтай. Бидний хувьд багшралдаж шамбааралдсан асуудал нийслэлийн тав, зургаахан дүүрэгт л хамаатай. Гарч явж ажил төрөл хийж байгаа нь 500-хан мянга. Энэ хэсгийнхээ хөдөлгөөнийг хянахад асуудал байхгүй. 500-хан мянган хүний байршлыг мэдэх боломж гар утас шүү дээ. Жишээ нь, Энхсаран сувилал дээр халдвар илэрлээ гэхэд тухайн хугацаанд тэр орчим ямар дугаартай утаснууд холбогдож байв гээд хайхад л шийдчих асуудал. Тэр дэлгүүрт орсон хүн очиж шинжилгээ өгөөрэй гэж араас нь хөөх шаардлагагүй. Тэгэхээр халдварыг барих ганц арга бол хурд ба технологи. Технологи дээрээ суурилаад математик загвараар бодож олох асуудал шүү дээ. Засгийн газар санаачилгыг гартаа авч, Мэдээллийн технологийн газар, их дээд сургуулийн эрдэмтдэдээ үүрэг өгөөд ажиллахад халдварын тархалтыг бууруулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тэд шийдлийг нь гаргаж ирж, УОК-т үүрэг өгч ажиллах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдрийнх шиг УОК дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн хариу өгсөн юм. Түүний онцолсон дараагийн шийдэл бол төсөв. Сум бүрд барих соёлын төв, хөшөө,музейн бүтээн байгуулалт гэх мэт үр ашиггүй зардлуудаа хугацаа алдахгүй танах эрэлт хоолой дээр тулсан асуудал болсныг Н.Энхбаяраас гадна олон эдийн засагч онцолж буй.

Н.ЭНХБАЯР: МАНАЙ ГАНЦ НАЙДЛАГА КОКСЖИХ НҮҮРС Л БАЙНА

Эдийн засагч Н.Энхбаяртай энэ оны дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Манайх шиг хөгжиж байгаа зах зээлүүдэд дэлхийн эдийн засаг том нөлөөтэй. дэлхийн эдийн засгийн өсөлт өнөө жил ямархуу байх бол, олон улсын байгууллагуудын таван хувь гэсэн таамаг доошлох эрсдэл үүсчихэв үү?

-Он гараад дэлхий нийтийн халдварын тархалт идэвхжиж 84 саяд хүрчихлээ. ОУВС гэх мэт байгууллагууд өнгөрсөн онд гаргасан таамгаа бууруулахуйц нөхцөл үүслээ л дээ. ОУВС энэ сарын сүүлээр таамгаа шинэчилнэ. Тав гэсэн тооноос нэлээд доошлох байх. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2021онд 4.5 хавьцаа болж буух болов уу.

-Цар тахал багагүй хугацаанд үргэлжлэхээр байна уу?

-Европын улс орнууд цар тахлын гуравдугаар давлагаа руу түрүүчээсээ орж байна. Их Британи, Франц гэх мэт хэд хэдэн улс хөл хорио тогтоочихсон. Вакцинжуулалт эхэлж байгаа боловч тухайн улс орны хүн амынх нь дор хаяж 40 50 хувь хүрч байж эрсдэл нь багасдаг. Жишээ нь, Америкт эхнийхээ вакциныг хийлгэчихээд долоо хоночихоод халдвар авсан тохиолдол их гарсан. ОХУ гэхэд л долоо, наймдугаар сард хүн амынхаа 60, 70 хувийг вакцинжуулж хүчирнэ гээд мэдэгдчихсэн. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж буй Хойд Америк, Европ аль аль нь хүндрэлтэй байгаа. Харин Азийн улс орнуудын нөхцөл байдал харьцангуй сайн байна. Хятадын эдийн засаг найман хувь өснө гэсэн найдлага бий. Энэтхэг, Вьетнамын эдийн засаг ч бас тэр хавьцаа өсөх таамаг бий. Гэхдээ Энэтхэг тэвдэж байгаа, вакцинжуулалтаа дөнгөж эхлэх гэж байна.

-Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт хэр нөлөөлөх дүр зурагтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг гээд аваад үзвэл Ази, Европ, Хойд Америк гэсэн гурван төв бий. Хоёрт нь аялал жуулчлал, худалдаа тасалдалтай хэвээр байх нь тодорхой болчихсон. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт огцом багасах эрсдэл байгаа. Гангийн болон өнгөт металлын эрэлт хэрэгцээ төдийлөн сайн өсөхгүй. Ингээд харахаар гангийн үйлдвэрлэл тийм ч их өсөхгүй болов уу. Хятадын саяхны судалгаан дээр гангийн үйлдвэрлэлээ бууруулах төсөөлөл гаргасан байна лээ. Товчхондоо энэ бүх шалтгааныг тоймлоод харвал Хятадын эдийн засаг наймаас дээш гарах нь юу л бол.

-Та түрүүн оны эхний хагаст болох гол гол үйл явдлуудаас дэлхийн эдийн засаг яах нь хамаарна гэж ярьсан даа. Яг ямар үйл явдлуудыг онцолж байна вэ?

-Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Хоёрдугаар сарын 10-ны орчим Конгресст АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд баримтлах гадаад, дотоод бодлогын асуудлаар үндсэн бодлогоо танилцуулна. Гуравдугаар сард багтаж Хятадын хоёр их хурал болно. Дөрөвдүгээр сард НАТО-гийн уулзалттай. Тав, зургадугаар сард их долоогийн уулзалт өрнөнө. G-7-гийн энэ жилийн уулзалтыг зохион байгуулагч нь Их Британи. Их Британийн Ерөнхий сайд сарын өмнө Австрали, Өмнөд Солонгос, Энэтхэгийн төрийн тэргүүн нарыг их долоогийн уулзалтад урьсан. Өөрөөр хэлбэл, их долоо дээр нэмэх нь гурав гэсэн форматтай хурал болно. Яагаад энэ гурвыг урих болов гэдэг нь өөрөө сонирхол татахаар том асуудал. Өнгөрсөн аравдугаар сард Токиод дөрвөлийн уулзалт гэж болсон. Тодруулж хэлбэл АНУ, Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нар уулзсан юм. Тэр уулзалтын үеэр Энэтхэг, Номхон далайн бодлого гэдэг асуудлыг голчилж ярьсан. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн сайд “Хятад Номхон далай гэж ярьдаг болохоос Энэтхэг, Номхон далайн бодлого гэж байж таарахгүй” гээд Австралийн эсрэг хориг тавьчихсан. Жо Байден Хятад, Оросын эсрэг хатуу бодлогыг хэвээр үргэлжлүүлнэ гэсэн таамгийг судлаачид онцолж байгаа. Хоёрдугаар сард Конгресс асуудлыг хэлэлцэх үеэр Байдены бодлого тодорхой болно.

-хятад, америкийн худалдааны дайн өргөжинө гэсэн таамаг дээр та ямар байр суурь хэлэх вэ?

-Дөнгөж сая өнгөрсөн долоо хоногт гэхэд л Нью-Йоркийн Хөрөнгийн бирж Хятадын гурван том компанийг жагсаалтаасаа хасна гэчихлээ. Хятадын хувьд хориг арга хэмжээ авна гэсэн хариу өгсөн. Худалдааны дайн үргэлжлээд өргөжөөд явж байгаагийн илрэл л дээ. Шилжилтийн Засгийн газрын үед ийм хариу арга хэмжээ авч байгаа юм чинь Жо Байден бодлогоо хэрэгжүүлээд эхлэхээр Орос, Хятадын эсрэг илүү хатуу арга хэмжээ үргэлжилж таарах байх. Тэгэхээр ирэх онд дэлхийн эдийн засгийн гадаад худалдааны таатай нөхцөл бас л ажиглагдахгүй гэсэн үг. Нэг талаас ковид, нөгөө талаас улс хоорондын геополитикийн зөрчилдөөн, худалдааны маргаантай байдал гээд дэлхийн эдийн засгийг доош нь чангаах хүчин зүйл маш их байна.

-Сая таны дурдсан эрсдэлүүд хөгжиж байгаа орнуудад яаж буух бол?

-Дэлхий нийт ингэчихээр хөгжиж байгаа орнууд өрөнд орж төлбөрийн чадваргүй болно. Ийм байдалд орсон улс орнууд олон улсын байгууллагуудаас тусламж хүсч таарна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Блүүмбэргт ярилцлага өгөхдөө “Дэлхийн банк, Валютын сан бол зөвхөн донор орнуудаас бүрдүүлсэн мөнгөөр л хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Дэлхийн банк мөнгө хэвлэдэг газар биш” гэчихсэн. Өөрөөр хэлбэл, манайх шиг хөгжиж байгаа улс орнууд их хэмжээгээр мөнгө хүссэн байлаа ч хүсэлт бүрийг хэрэгжүүлэх боломж олон улсын байгууллагуудад байхгүй гэсэн үг. Тэгэхээр хөгжиж буй улс орнууд өндөр хөгжилтэй орнуудаас зээл мөнгө хүсч дарамт нэмэхээс өөр гарц харагдахгүй байна. Товчхондоо манайх шиг улсуудын эдийн засгийг дэмжих эх үүсвэр улам багасна.

-Ирэх жилийн зун гэхэд дэлхийд ковидын тархалт буурна гэсэн өөдрөг таамаг хэр бодитой бол?

-Вирусийн халдварын тархалтын нөхцөл байдал 2021 онд дуусахгүй. Дэлхий даяар 2022 онд л эрсдэл багаслаа гэж ярих боломж гарна. Өөрөөр хэлбэл, ирэх жил л дэлхийн худалдаа эдийн засаг, аялал жуулчлал сэргэх тухай асуудал яригдах болов уу.

-Хятадын эдийн засаг дажгүй юм чинь бид алзахгүй гэсэн тайлбарыг Сангийн яам, Монгол банк тавьсаар ирсэн. одоо ч тийм тайлбар хэлэх байх. Бидэнд ийм найдлага бий юу?

-Нийт эдийн засагт түгээмэл ойлгодог алдаа энэ л дээ. Хятадын эдийн засаг найм болчихоор манайх дагаад өсөх боломж гарна гэж харах аргагүй. Нэгдүгээрт, шууд хамаарлыг нь судалсан судалгаа байхгүй. Хоёрдугаарт, Хятадын эдийн засагт энэ жил ажиглагдах өсөлт шууд утгаараа манай эдийн засагт нөлөөлнө гэдэг өрөөсгөл дүгнэлт. Хятадын өсөлтийн дийлэнх нь эдийн засгийнх нь том төвүүд болох Шанхай, Гуанжоуд хамаарна. Манайтай ойролцоо зах зээл гэвэл Ганьсу, Өвөр Монголын раойн гэдгийг бүгд мэднэ. Тэнд айхтар өндөр өсөлт ажиглагдахгүй. Хил залгаа хэсэгт маань ажиглагдах өсөлтөөс Монголд оногдож байгаа боломж нь маш өчүүхэн. Бидний нийлүүлэх юм өнөө л хэдэн түүхий эд маань. Зэс Хятадын эдийн засагтай шууд хамааралгүй. Дэлхийн эдийн засгийн цахилгааны хэрэглээ гэх мэтээс хамаарна. Хятадтай хамааралтай боломж гэвэл ерөөсөө л нүүрс, төмрийн хүдэр, газрын тос гурав.

-Тэгвэл нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнийн таамаг хэр өөдрөг байна?

-Тийм өөдрөг биш байна. Хамгийн осолтой нь ирэх гуравдугаар сард хуралдах Хятадын хоёр их хурлын үеэр яригдах 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын коммунист намын төв хороо энэ төлөвлөгөөг хэлэлцсэн. Төлөвлөгөөг хэлэлцэх үеэр дотоодын эдийн засгаа онцгойлж дэмжинэ гэчихлээ. Сүүлийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллийг харахаар Өвөр Монголын раойнуудын нүүрсний олборлолт нийлүүлэлт эрс нэмэгдэж байна. Австралиас авах байсан нүүрснийхээ орон зайг дотоодын олборлолтоор нөхсөн зураг харагдлаа л даа. Манай ганц найдвар коксжих нүүрс л байна. Харамсалтай нь боломжоо ашиглая гэхээр дэд бүтэц нь бахь байдгаараа. Сүүлийн хоёр гурван жилийн их сайн амжилтаа харахад л бид урд хөрш рүү 30 сая тонн коксжих нүүрс л гаргасан. Өнөө жил 30 саядаа ч хүрээгүй. Ирэх жил өнөө жилийнхээс нэмэгдэх нөхцөл харагдахгүй байна. Тэгэхээр манай зэс, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллароосоо давахгүй. Гэхдээ нөхцөл байдал сайн байвал шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Энхбат: Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг


“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-Засгийн газар салбарын яам нь Боловсролын багц хуулийн төсөлд өчнөөн санал авлаа, сууриар нь өөрчилнө, илүү шинэлэг өөр хууль гаргана гэцгээж байна. Яг энэ үед таны санаа бодлыг сонсмоор санагдаад зорьж ирлээ…?

-Сууриар нь өөрчилсөн юм надад лав харагдахгүй байна. Цахим асуулгад 56617 хүн оролцож өнөөдрийн байдлаар 24299 санал өгчихлөө гэсэн мэдээг танай сониноос харсан. Хууль өөрчилнө гэж баахан зардал гаргаж санал асуулга авдаг иймэрхүү арга маш олон жил үргэлжилж байгаа. Ажил хийсэн гэж харагдах гэсэн л нэг хэлбэр. Багш нараас санал аваад юу ч ирэхгүй. Өнөөдрийн багш нар дээрээс ирсэн үүргийг биелүүлээд сууж байгаа хагас цэрэгжилтийн байдалд орчихсон хүмүүс. Цалингаа нэмүүлье, эрт тэтгэвэрт гаръя гэх мэт өөрийгөө тойрсон л зүйл ярина уу гэхээс боловсролын агуулгын тухай яриа өрнөхгүй. Боловсролын агуулгын тухай ярьсан байлаа гэж өөдрөгөөр бодъё. Олон нийтээс санал авсан гэсэн тайлбар хийгээд өөрсдийнхөө бодлыг л хуульд хийдэг нь хэнд ч ил үнэн шүү дээ.

-Цахим эринд шилжиж байгаа учраас цахим боловсролд анхаарна энэ тэр гээд давгүй өнцгүүд олоод харчихсан яваа юм биш үү?

-Цахим сургалт бол жижиг асуудал. Үндэс нь юу юм бэ гэдгээс асуудлыг хөөж харах ёстой. Үндэс нь өөрчлөгдөөгүй тохиолдолд хичнээн гоё юм яриад нэмэргүй. Боловсролын хуулийг өөрчлөхөөс аргагүй болжээ, нийгэм ёс суртахууны доройтолд орчихож гэцгээж байна. Цагдаа хүчнийхэн олон аймшигтай хэргийг нийтэд мэдээлэхгүйгээр УИХ, Засгийн газарт хаалттай мэдээлэл маягаар дуулгадаг байх. Энийг нь сонссон улстөрчид нийгэм ёс суртахууны доройтолд орчихлоо гэж халаглацгааж байна л даа. Улстөрчдийн “Нийгэм ёс суртахууны доройтолд оржээ” гэж харах болсон хоёр дахь том шалтгаан нь өөрсөд рүү нь дайрах нийтийн хандлага. Цахим орчинд хамгийн том дайралтад өртдөг хэсэг улстөрчид гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

-Улстөрчид цахим орчинд дайралтад өртдөг том хэсэг л дээ яалт ч үгүй. Хууль зүйн сайд хүртэл энэ хандлагад эмзэглэж хуульд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн нь саяхны кейс. Тэд энэ бүхнийг ёс суртахууны доройтлоос боллоо гээд боловсролын хуульд анхаараад эхэлчихлээ гэж хэлэх гээд байна уу, та?

-Тэгж л харагдаад байна. Эцсийн эцэст ёс суртахууны асуудлыг шийдэх эхний алхам нь Ерөнхий боловсролын сургууль биш.

-Тэгээд хэнээс эхэлнэ гэж, бага балчраас нь эхлэх ёстой юм биш үү?

-Улстөрчид өөрсдөөсөө эхлэх ёстой. Загас толгойноосоо өтдөг гээд яривал өчнөөн юм тоочиж болно. Ерэн онд нийгэм өөрчлөгдөнгүүт яах учраа олохоо байчихсан тал бий. Улс орноо хэрхэн удирдах аргыг сайн мэдэхгүй хүмүүс баахан мэдэмхийрсэн. Зах зээлийг мөнгө, хүнийг зах зээл, мөнгө гээд харчихсан. Хүмүүс хоорондоо хүн ёсоор харилцах харилцаа алдагдсан л даа. Тухай нь би чамайг мөнгө гэж хардаг системийг өнгөрсөн жилүүдэд бүтээчихсэн. Ёс суртахуун гэгч оршин тогтнох бололцоогүй орчныг бий болгосон гэсэн үг. Германууд Үндсэн хуулийнхаа эхэнд бид ийм ёс суртахуунтай нийгэм байгуулна гэж бичиж байгаад өнөөхөө задлаад тайлбарлаж байхад манайх монгол хүний үнэт зүйл юу вэ гэдгийг тодорхойлоогүй мөртлөө ёс суртахууны тухай ярьсаар өнөөг хүрсэн.

-Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно гээд заачихсан шүү дээ, уг нь. Энэ үнэт зүйлийн эхлэл биш үү?

-Хүмүүнлэг, ардчилсан нийгэм ямар үнэт зүйлтэй юм, юуг үнэт зүйл болгох вэ, юуг эрхэмлэх вэ гэдэг хэмжүүр нь байхгүйд хамаг учир байгаа юм. Ийм хөрсөн дээр хүмүүжил ёс суртахууны тухай ярихаар ямар ч баримжаагүй болчихож байна л даа. Хүүхдийн хүмүүжлээр жишээлье. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ зориулахад бэлэн амьдардаг. Манай нийгэмд хүүхдийн хүмүүжлийн төлөө ямар их эрч хүч, хөрөнгө байна вэ. Гэтэл энэ бүх хүч хөрөнгө хүүхдийнхээ төлөө биш хүүхдийнхээ эсрэг зориулагдаад байна. Өнөөдөр амьдрал дээр хүүхдээ “алаад” хаячихсан хүн зөндөө бий. Гэхдээ дандаа сайхан юм бодож. Сургууль, төр ч сайхан юм бодож байгаа. Хэрвээ ямар нэгэн бодол төрж байгаа бол шүү дээ. Ганцхан үнэн бий, энэ бүхнийг сайхан сэтгэлээр хийж болдоггүй. Ер нь төрийн бодлого гэдэг чинь зарчим болохоос сайхан сэтгэл биш.

-Гэтэл улстөрчид нь ёс суртахууныг нь сайжруулаад зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийг олноор бий болговол улсаараа хөгжинө гэж хараад байна гэж үү?

-Яг тийм. Зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх тусам нийгэм ёс суртахуунтай болно гэж байхгүй. Нийгэм ёс суртахуунтай болно гэдэг бол тэс өөр ойлголт. Нийгэм гэдэг үзэл баримтлал дээр тогтдог. Үзэл баримтлал маань түрүүн таны онцолсон хүмүүнлэг ардчилсан нийгэм.

-Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж яг юуг хэлээд байна гэдгээс бүх юм эхлэх нь ээ?

-Тэгнэ. Бид хүүхдийн хүмүүжил ёс суртахуун гэхээр ерөнхийдөө уламжлал ёс заншлаа сэргээгээд явчихвал болно гэж хараад байдаг. Хүмүүнлэг нийгэм гэдэг бол яг үүний эсрэг.

-Уламжлал ёс заншлын эсрэг гэж үү?

-Тийм. Та бодоод үз дээ, 100 жилийн өмнөх Монгол ямар байлаа? Бүр цаашлуулъя. 800 жилийн өмнөх Монгол ямар байсан билээ. Бид социализм муухай, түүнээс өмнөх нь ёс уламжлал гэх мэтээр ойлгож хардаг болчихсон. Чингисийн өмнө ба дараа ямар байлаа? Амьдрал үхэх үү, сэхэх үү гэдэг дээр л байсан. Тийм учраас бултаараа хүчтэй хааныг дагаж, сүр хүч нөөлөг дор нь амьдарч байсан. Хувь хүн гэж байгаагүй. Иргэд бол албатууд. Хувь хүн гэсэн тодотгол Чингис тэргүүтэй цөөхөн хүнд л хамаарч байсан байх. Тэгэхээр тийм нийгмийн ёс суртахуун, үнэт зүйлийг өнөөдөр эргээгээд цогцлооно гэж байх уу. Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг. Эргээд өнгөрсөн рүүгээ орно гэсэн үг. Гэтэл бид чинь урагшаа тэмүүлж байгаа улс биз дээ.

-Уламжлал ёс заншил, уламжлалт хүмүүжил гэж ярьдаг эрдэмтэн, судлаачдад таны энэ үг тэрсүү сонсогдох байх даа?

-Уламжлал ёс заншлаар хүүхдээ яаж хүмүүжүүлдэг тухай ямар эрдэмтний ямар ном байна вэ гээд хайхаар олддоггүй. Төв номын санд нь Алтангэрэл гэнэ үү, Сарангэрэл гэнэ үү баахан боодолтой номнууд бий. Заримыг нь нээж ч үзээгүй, тийм гоё, тийм ховор гэж номын сангийнх нь хүмүүс ярьж байх жишээний. Энэ бидний үнэлэмж. Мэддэг хүн үгүй, мэдэмхийрдэг хүн л зөндөө болчихсон. “Монголын нүүдэлчдийн тайлбар толь” гэж хийхэд оролцох чадвартай хүн олдоогүй. Арайхийж гурван боть гаргасан. Мундаг бол яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ. Би уламжлал ёс заншил руугаа дайраагүй. Урагшаа тэмүүлэх тухай л ярьж байна. Үүнийг өөр талаас нь тайлбарлая. Хүмүүнлэг гэж юу юм бэ гэдэг асуултад шинжлэх ухаанч хариулт хайя, хоёулаа. Хүмүүнлэг гэдэг ойлголт XVI, XVII дугаар зууны үед Европт гарсан чиг хандлага. Тэр үзэл юунаас улбаатай вэ гэхээр нэгдүгээрт шинжлэх ухаан үүсч бий болсонтой холбоотой. Хүн төрөлхтөн анх үлгэр домгийн ертөнцөөр амьдарч, хорвоо ертөнцийг үлгэр домгоор төсөөлж байсан. Дэлхий үүсэхээс эхлээд бүгдийг. Дөрвөн яст мэлхийн дээр дэлхий тогтдог, тэнгэр хилэгнэхээр бороо ордог гэх мэтээр бүх зүйлийг амилуулж төсөөлдөг байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ямар гоё фантаз вэ. Тийм цагт хүн төрөлхтөн амьтан, ургамлыг шүтдэг байж. Тодорхой хугацааны дараа ямар нэг хүнийг, бурханыг шүтдэг болсон.

-Хүн шүтнэ гэдэг нь…?

-Бодлыг, янз бүрийн сургаалыг шүтдэг болсныг хэлээд байна л даа. Будда, Христ гээд бүгд хүн шүү дээ. Бурхан бүхнийг бүтээсэн, хүн бурхнаар л зам мөрөө заалгах ёстой, энэ нас чинь зовлон, тийм учраас энэ насандаа чи буян хурааж байж дараагийн насандаа жаргана. Ингээд хэлчихээр хүмүүс зовоход бэлэн болчихож байгаа юм. Ингээд явж байтал Европт үүнийг худлаа гэдгийг нотоод эхэлсэн. Лютерээс эхлээд. Сүм хийдээр дамжина гэж юу байдаг юм, хүн бүр бурхантай шууд харьцах ёстой гэцгээгээд эхэлсэн л дээ. Би Чингисийг боддог юм. Бөөгөө хөнөөсөн нь үнэн бол үүнтэй их адилхан үзэгдэл болсон байх.

-Бөөгөөр дамжуулахгүй, би тэнгэртэй харьцана гээд үү?

-Тийм, тэгсэн байх. Хаа газар болдог л үйл явдал юм байна гэдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. За тэгээд шинжлэх ухаан гарч ирэнгүүт Коперникоос эхлээд бурхан бүгдийг бүтээсэн дэлхийг нар тойрдог гэх үзлийг няцааж “Уучлаарай дэлхий нарыг тойрдог юм байна” гэчихсэн. Урьд цагийн бүх ойлголт худлаа гэдгийг шинжлэх ухаан нотлоод эхлэнгүүт шашныхан шинжлэх ухааны эсрэг дайрсан.

За тэгээд шинжлэх ухааны хөгжлийн зэрэгцээ арилжаа наймаа хөгжөөд ирэнгүүт хүмүүс мөнгөтэй болсон. Мөнгөтэй болох хэрээр пээдийнэ биз дээ, Европын өндөр хөгжилтэй орнууд чинь. Мөнгөөр эрх мэдэл худалдаж авч, бурхнаас хувь тавилантай хаад ноёдыг тоохоо больж эхэлсэн. Ингээд янз бүрийн хүмүүс янз бүрийн байдлаар “Бурхан бүгдийг залдаггүй юм байна, явж явж хүнийг бүх юмны төвд тавих ёстой, хүнээс хэмжээ хязгааргүй их чадвар гарна, ер нь хүн өөрөө бурханлаг” гэж харах болсон. Тийм учраас хүн бүрийг хөгжүүлэх замаар нийгмийг сайхан болгоно гэдгийг олоод харчихсан. Бурхан биш хүн төвтэй энэ хандлагыг л хуманизм гээд байгаа юм. Грек, Ромын үед үүсгэл нь бий болсон ч нэг хэсэгтээ тасраад дахиж цэцэглэсэн үзэл л дээ. Хүний хөгжил гэдэг асуудал чинь энэ байхгүй юу. Хүн хөгжүүлнэ гэдэг тоо бодуулж сургах асуудал огт биш. Чи өөр, би өөр хүн, онцлогт тохирсон арга замаар л хүнийг хөгжүүлэх ёстой.

-Хүнээ хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой гэсэн үг байх нь?

-Яг тийм. Япон улс гэхэд л япон хүнийг яаж хөгжүүлэх вэ гэдгээ олж хараад тэр замаараа яваа. Энэ чинь л үндэсний хөтөлбөр. Түүнээс биш монгол бичиг зааж, шагайгаар тоглуулаад шийддэг эд биш. Хүмүүнлэгийн тухай бидний ойлголт нинжин сайхан сэтгэл гэдгээс хэтрэхгүй байна л даа. Нинжин сайхан сэтгэлийг нэмэгдүүлсээр байгаад нийгэм ёс суртахуунтай болно гэж хэзээ ч байхгүй. Нинжин сайхан сэтгэлтнүүд өмнө нь ч байсан, өнөө ч өчнөөнөөрөө бий. Хүмүүс яагаад өнөөдөр ийм болчихсон юм бэ гэдэг асуултын хариулт уг нь маш тодорхой. Энэ нийгэмд муу аргаар амьдрахгүй бол болохгүй учраас л ийм болчихсон. Муу аргаар амьдрахгүй бол гуйлгачин болно. Тэгэхээр энэ бүхэн цэцэрлэг, сургуулиас болоод байна уу, дээрээс үүдэлтэй юу?

-Муу аргаар явахгүй бол амьдарч болохгүй тогтолцоог үүсгэчихсэн удирдагчдаас хамаг юм болж байна гэж үү?

-Ерөөсөө л тийм. Ерэн оноос хойш улс орноо авч явах орон зайд нийгмийн тухай ойлголтгүй, зөвхөн мөнгөөр, тоогоор бүхнийг хэмждэг хүмүүс гараад ирчихсэн. Өөрөөр хэлбэл, байгалийн ухааны хүмүүс гарч ирсэн. Нийгмийн ухааны ямар ч мэдлэггүй тоочид улсыг удирдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд цоо шинэ нийгмийг тоогоор хүлээгээд авчихсан. Боловсролыг өөрчлөх гэж байгаа бол хамгийн түрүүнд эх хэл байх ёстой. Эх хэл гэдэг нь монгол бичиг биш шүү, эх хэлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг, эх хэлээрээ юм ойлгож чаддаг, ойлгосноо амьдралдаа хэрэглэх чадварыг хэлээд байгаа юм.

-Таны ярианы агуулгыг багцаалдахад уламжлал ёс заншил гэсэн хуучин юмнаасаа салаач, хүнийг хөгжүүлэх талаас нь хараач ээ л гээд байгаа юм байна. Бас герман, япон хүмүүс ялгаатай ч улс нь хүнээ шинжлэх ухаанчаар хөгжүүлж чаджээ гэж ойлголоо.

-Та зөв анзаарсан байна. Япон, герман хүн өөр л дөө. Европт хувь хүн талыг илүү чухалчлах хандлагатай бол Японд хамт олонч хандлагыг хамгийн түрүүнд тавьдаг. Гэхдээ цаагуураа нэг зүйл дээр нэгддэг. Хоёулаа ямар их хувь хүмүүс вэ. Хувь хүний хоёр өөр янз харагддаг. Нийлээд бужигнаад найгаад, сүрэглээд явдаг улс биш байна л даа. Миний нэг танил япон япончуудын онцлогийг хувь алба хоёрыг ялгаад сурчихсан гэж тодотгож байсан. Гэтэл манайд ямар билээ. Юу ч ярилаа гэсэн хувь, албаа ялгаддаггүй. Ямар нэгэн шүүмж өрнөхөд намайг л ингээд байна гэдэг. Ямар нэг асуудлыг дуртай үедээ хувийн, дургүй үедээ албаны асуудал болгочихдог.

-Хүмүүнлэг нийгэм гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан, гэтэл бид тэр мөн чанарыг нь ч олж хараагүй өнөөг хүрсэн гэхээр улсаараа нийгэмшээгүй яваа гэсэн үг үү?

-Нийгэмшээгүй. Их хурлын гишүүдийн ихэнх нь нийгэмшээгүйгээ ил тод харуулдаг шүү дээ. Цаагуураа зүгээр л нэг хувь хүн гэж харагдаад байдаг. Нийгмийг төлөөлж чадахгүй байна. Тийм учраас л ёс суртахуун хүмүүжил гээд ярихаараа “Би аав хүн учраас, би ээж хүн болохоор” гэж яриагаа эхлээд байна шүү дээ. Улстөрч гэдэг хүн олон нийтийн илэрхийлэл болж чадахгүй байгаа учраас Боловсролын багц хуулийн өөрчлөлт хэдэн хүний хувийн сэдлээр цуглуулсан санааны цуглуулга төдийхөн болчихоод байна. Уг нь нийгмийн асуудлыг цэгцлэх хууль болох ёстойг чи би, бид бүгдээрээ мэдэж байгаа.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ, илүү бодитой гарц шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Гарц гэдгийг чинь ажиллаж байж, маргаж байж бий болгодог болохоос энд тэндээс шуудхан олчихдог юм биш л дээ. Асуудлыг шийдэхээр асуудал ундарна, энэ тасрахгүй цикль. Нэг асуудлыг шийдээд нөгөө асуудал ургангуут дахиад хариу хайдаг. Энэ чинь л шийдэл. Гэтэл манайхан яг чам шиг бэлэн жор нэхээд байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх дээр аваад үзье. Бүх хүүхэд адилхан гэж үзэж байгаагаас ялгаагүй хэрэг шүү дээ. Гэтэл хүүхэд бүр өөр. Нэг жор таарахгүй. Хүн бүр өөр учраас би бүгдэд таарсан нэг жор гаргаж чадахгүй.

-Тэгвэл бүр энгийнчилье. Герман хүн цаг яг барьдаг энэ тэр гээд герман хүн гэсэн брэнд бий болчихсон байдаг. Тэд яагаад брэнд болчихов, хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу бол?

-Хамгийн түрүүнд хэлэнд нь байх шиг. Хэл нь маш конкретный. Аливааг маш нарийн тодорхой хэлдэг, ялангуяа шинжлэх ухааныг. Гэтэл манайхан ямар билээ. Би юу яагаад тэр тэгчихлээ гэх мэт хэдхэн үгээр ойлголцдог.

Хүмүүнлэг гэдэг үгийг тухай хоёулаа сая ярилаа шүү дээ. Хүмүүнлэг гэдэг үгийн үүсэл, үүх түүхийг харахгүй, зүгээр л хүн ёс нинжин сэтгэлийн тухай юм гээд багцаалдаж ойлгоод нинжин сэтгэлийг нэмэх тусам сайхан нийгэм бүтнэ гээд бодчихдог. Бид ийм л байгалийн баримжаатай улс. Байгалийн ухаанаар хандаж байгаа юм. Зүй нь бидний яриа байгалийн биш нийгмийн ухаанаар өрнөх учиртай. Байгалийн ухаан амархан бол нийгмийн ухаан тийм биш. Нийгэм гэдэг чинь их өөр, хийсвэр чанар. Ийм нарийн зүйлийг байгалийн ухаанаар сэтгээд хууль гаргаад байвал юу ч бүтэхгүй. Хэл нь тов тодорхой учраас герман хүн цаг барьдаг, юманд их нарийн ханддаг. Япончууд гэхэд л хүний юмыг өөриймшүүлж авдгаараа бахархдаг. Ямар бүтээлч юм бэ. Гэтэл бид бүх юмыг өөрсдөө үүсгэсэн гэдэг. Компьютер Монголоос үүссэн өртөө чинь л энэ байсан байхгүй юу гэцгээдэг. Хүнд хамгийн чухал зүйл бол одоо цаг. Энэ цаг үеэ хамгийн их үнэлэх ёстой шиг байгаа юм. Энэ цаг үеэ бүтээхийн тулд түүх хэрэгтэй, ирээдүй бас хэрэгтэй. Дан ганц түүх рүүгээ ороод халтираад байж болохгүй. Өнөө цагаа хаяад түүх рүүгээ орно гэдэг чинь өнөө цагтай ноцолдож чадахгүй, асуудлынхаа өмнө ирээд бууж өгч байна л гэсэн үг. Ихэнх хүн болно доо гэж сэтгэдэг. Нийгмийн амьдрал гэдэг чинь үүнээс өөр. Өнөө л бор гэртээ, өнөө л байгальдаа, бүх юм нүдэн дээр болж байсан үеийн хүмүүжлийг өнөөдөрт нааж болохгүй. Монгол хүн ийм тэнэг болчихсон юм уу.

-Өөрөөр хар гэж үү?

-Жинхэнээс нь хараач ээ л гээд байгаа юм.

-Германчуудын хүчирхэгжлийн том шалтгаан хэл гэхээр бид монгол хэлийг чухалчлах ёстой гэж ойлголоо…?

-Маш чухлаар тавих ёстой. Монгол хэлний хичээл дээр маш олон төрлийн мэдлэг олох боломжтой. Тооны хичээлээр тоогоо л бодно. Монгол хэлний хичээлээр нэгдүгээр ангиасаа эхлээд хорвоо ертөнцийг таних боломжтой. Гэтэл манай монгол хэл гоё бичих, зүйр цэцэн үг олныг мэдэх, оньсого таах, шүлэг урнаар унших гэх мэт хүрээнд л өрнөж байна.

-Та Боловсролын хууль дээр яг энэ санаагаа хэлээд явбал ойлгохоор л тодорхой асуудал байна даа. Жишээ нь, та салбарынхаа сайдад хандсан уу, энэ асуудлаар?

-Би үе үеийн Боловсролын сайд нарт хандсаар ирсэн. Ямар ч боловсролын сайдад надтай уулзах хүсэл байдаггүй.

-Шинэ сайд ч гэсэн үү?

-Түрүүчийн сайдын үед энэ хуулийн чимээ сонсогдсон юм. Нэг удаа хэлж үзсэн ч олигтой хариу сонсоогүй. Хувь хүний асуудал, зарчмын асуудал хоёроо ялгахгүй байна л даа. Яамаар дүүрэн ийм хүн бий. Шинэ сайд чинь энэ яаманд ажиллаж байсан хуучин хүн. Муу муухайгаа мэдэгдэхгүйгээр хуулийн цоорхой ашигладаг хүмүүс яам болгонд бий. Яамны үндсэн ажилтан болчихсон, сайд нараа янз бүрийн асуудлаас авардаг, янз бүрийн дүрэм журам хөтөлбөр бодлогын чанартай юмнуудыг хэл мэддэг ганц хоёр хүн нь хуулаад тавьчихдаг. Шинэ сайд маань ийм хүмүүсийн нэг. Би өчнөөн удаа бичиг явуулсан. Сайд болонгуут нь бүр “Хүчээ нэгтгэе” гэсэн бичигтэй тамга хийлгэж аваад бичиг явуулсан.

-Тэгээд хариу өгсөн үү?

-Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй агуулгатай ганц нэг бичиг ирээд таг болсон.

-Та Боловсролын багц хуулийн төсөлд санаа оноогоо албан ёсоор хэлэх үү?

-Бараг хэлээгүй нь дээр гэж бодож байгаа. Санаагаа хэлэхээр өөрсдийнхөө санаануудын өө, сэвийг дараад гаргачихдаг аргатай, тэд чинь.

-Буруу, алдаатай санаануудынхаа өөг дараад шууд уншчихад аятайхан ч юм шиг болгоод найруулчихдаг гэж үү?

-Ерөөсөө л тэгдэг. Үзэл бодлоо хэлнэ гэдэг өө сэвээ далдлахад нь тусалж, санаа шийдлүүдийг нь улам гоё болгож харагдуулахад дэм болохоос хэтрэхгүй байна л даа.

-Тэгвэл яг энэ нь ингээд болохгүй байна гэсэн шүүмжлэл санаа шийдлээсээ манай сонины уншигчидтай хуваалцаач?

-Ганц л юм хэлье. Өнөөдөр Монголын боловсрол, хүний, хүүхдийн хөгжлийн асуудал дээр ямар чиг хандлагаар явахаа эхлээд тодорхойлох ёстой. Уламжлал ёс заншлаар явах уу, эсвэл илүү шинжлэх ухаанчаар хандах уу гэдэг сонголтоо хийх учиртай. Уламжлал бол захиргаадалт маягтай зүйл. Ахмадын өмнөөс үг сөрж болохгүй гэдэг. Амьдралынхаа туршлагаар давамгайлж байна гэсэн үг. Амьдралын туршлага насны эрэмбээр дээшилнэ гэсэн логик цаана нь байна аа даа. Гэтэл мэдлэг гэж юм гараад ирсэн. Мэдлэг бол нас харгалзахгүй. 25 настай доктор малын тэжээлийг яаж хийх, малын үс ноосыг хэрхэн сайжруулахыг ямар ч туршлагатай өвгөнөөс илүү, шинжлэх ухааны үндэстэйгээр мэднэ. Хийж хэрэгжүүлж чадна. Эндээс уламжлал дээр суурилах уу, мэдлэгт дөрөөлөх үү гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Уламжлалаа дагана гэвэл угаасаа өөр концепци гарч ирнэ. Захиргаадалтаараа явна л гэсэн үг. Тэгвэл ардчилсан, хүмүүнлэг нийгэм гэдгээ авч хаях хэрэгтэй. Үүнийгээ шийдэхгүй бол гарц хэлэх аргагүй шүү дээ. Шийдчихвэл гарц шийдэл гэх мэтээр дараагийн яриандаа ороход асуудалгүй. Би уг нь У.Хүрэлсүхийн үед боловсрол зөв хандлагаа олох байх гэж горьдож байсан юм. Гэтэл өнөөдөр үгийг нь сонсохоор аавын яриа яриад суух юм.

-Би хөвгүүдтэй хүн гээд үү?

-Харин тийм. Гэтэл өнөөдөр ийм яриа хоцрогдчихсон. Өнөөдөр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярих ямар ч ач холбогдолгүй болчихлоо. Хүүхдийн хүмүүжил юунаас хамаарч байна гэхээр юуны түрүүнд нарийн мэргэшсэн хэл үгээр ярих ёстой. Би эцэг эхэд буруу өгч чадахгүй. Хүүхдийнхээ төлөө хамгаа зориулж байгаа хүмүүсийг яаж муулах юм. Тэд яаж хүмүүжүүлэх аргаа л мэдэхгүй байна. Багш нар ч ялгаагүй, буруутгах аргагүй хүмүүс. Сургуульд нь хүмүүнлэг гэж юу юм гэдгийг зааж өгөхгүй байна шүүү дээ. Хүмүүнлэг гэдэг чинь сайхан сэтгэл гэж хөндлөнтөөд байж таарахгүй. Сэтгэлийн сайхнаар нийгмийг байгуулахгүй. Нийгэм гэдэг чинь маш том ажил, маш том зарчим.

-Таны ярианаас анзаарахад Боловсролын хуульд уг сууриар нь ингэж хандах хүн олдох болов уу даа, яг одоо ярьж суугаагаа л сайжруулж гаргана гээд зүтгэх байх. Ингэхэд танд ямар нэг найдлага байна уу?

-Одоо У.Хүрэлсүх л хүсвэл зөвөөр эргүүлж чадна. Өөр ямар ч гарц харагдахгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Сэлэнгэ: Цэц зөв шийдвэр гаргалаа, УИХ алдаагаа засч хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэтэй Үндсэн хуулийн Цэцийн өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Та энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач болохын хувьд зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ингэснээр УИХ-д алдаагаа засах, цаашид хүний эрхийг зөрчсөн хууль гарахаас сэргийлж байгаа нь сайн талтай. Гэхдээ миний мэдээлэлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож сэргээх тухай хуулийг гаргаснаар шүүх эрх мэдэлд халдсан гэж үзсэнийг Үндсэн Хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байна.

-Хуульч, судлаач хүний хувьд УИХ-аас баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн агуулгыг цөөхөн үгээр тайлбарлаач гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ хуулинд нэгдүгээрт, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон авлигын гэмт хэргийг сэргээн шалгаж, ял оногдуулах, хоёрдугаарт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, гуравдугаарт, Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй байхаар заасан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, ардчилсан ёсны зарчим, хүний эрхийг зөрчиж, хууль тогтоох байгууллага төдийгүй хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулах, хууль зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргах болсон хамгийн гол шалтгаанаа онцлооч, ардчилсан улсад байхгүй жишгийг хуульчилсан гэх шүүмжлэл давтамжтай дуулдаж байгаа?

-Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ардчилсан улс оронд байхгүй.Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд байхгүй юм. Энэ нь Монголын хууль зүйн шинжлэх ухааныг харлуулж, хүний эрхийг зөрчсөн учраас Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.

-УИХ яагаад Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн хуулийг батласан гэж та харж байна вэ?

-УИХ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн зорилго нь зөв боловч арга нь буруу байсан. Судлаач хүний хувьд, УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаанд гажуудал бий болгосон хуулийг батлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь, Монгол Улс тухайн үед хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх үйл явц хэтэрхий удаашралтай байгаа. Олон жил мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсний эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт этгээдэд ял завших боломж болгож байгаа нь нөлөөлсөн гэж хардаг. Нөгөө талаар УИХ-д шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд үндэслэн хууль баталдаг парламентын жишиг бүрэн төлөвшөөгүй байна. Мөн улстөрчдөд улс төрийн тоглолт хийх сайхан боломж байсан болов уу.

-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх ёстой биш үү. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд нийцэж байгаа гэж зарим улстөрч тайлбарласан харагдсан. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн ял оногдуулах тухай заалт байхгүй. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх, хөхиүлэн дэмжих”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчим, үнэнч шударга байх явдлыг хангах” замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байгаа. Эдгээр заалтыг хууль тогтоогчид хууль зүйн үүднээс ойлголгүйгээр конвенцийг зөрчсөн хуулийг баталсан.

-Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний хэд хэдэн нөхцөлийг зөрчсөн гэж сонссон…?

-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаарх шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөж, тогтсон ойлголтуудыг зөрчсөн хуулийг баталснаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын олон конвенц, пактыг зөрчсөн. Дээр хэлсэнчлэн Авлигын эсрэг конвенцийн заалтыг зөрчсөнөөс гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан “хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.

-Гэмт хэрэгтэй, тэр дундаа албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тэмцэх нь хэр үр дүнтэй, хуулийн үндэслэлтэй арга вэ?

-Ийм аргыг ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд хэрэглэдэггүй. Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг, хууль зүйн шинжлэх ухааны ололт, амжилтыг харлуулсан арга болсон учраас үр нөлөөнийх нь тухай ярих боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох хууль зүйн үндэслэл, практик орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд болон ардчилсан улс орнуудад байхгүй байна. Танай сониноор дамжуулан иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай шинжлэх ухааны товч ойлголт өгөх нь зөв байх. Хүний эрх, эрх чөлөөг төр хөндөж буй тохиолдолд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуулийг буцаан хэрэглэх онцгой нөхцөлийг аль ч улс орны Эрүүгийн хуульд заадаг. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон хуучин үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэхийг хэлээд байгаа юм.

-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцэд нэгдсэн улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцвэл илүү үр дүнд хүрэх бол. Монгол Улсад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог гэсэн шүүмжлэл их байдаг. Үүний цаад шалтгаан нь юу вэ, хуульд асуудал байна уу эсвэл…?

-Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг төдийгүй аливаа гэмт үйлдэлтэй тэмцэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Юуны өмнө Эрүүгийн хуулийн хөөн хэлэцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой. Үүнээс гадна мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлж, хуульчдын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах хэрэгтэй.

-Өнөөгийн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт хангалтгүй байна гэсэн үг үү. Гадаадын улс орнуудад яаж зохицуулсан байдаг юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан ч, хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтыг бүрэн сайжруулж чадаагүй, хийдэлтэй хэвээр байна. Эрүүгийн хуулинд мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын ялгаа, заагийг гаргаж хуульчлаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлүүдийг нарийвчлан хуульчлаагүй хэвээр байгаа. Харин гадаадын улс орнууд эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацаа эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусах үндэслэл, ямар гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг нарийвчлан хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, гэмт этгээд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх, харин гэмт этгээд яллагдагчаар татагдсан болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх болсон хөөн хэлэлцэх хугацааг зогсоох гэх мэт үндэслэлүүдийг нарийвчлан заасан байдаг. Харин манай улсын Эрүүгийн хуулинд ийм зохицуулалтыг хуульчилж байгаагүй.Ийм болохоор гэмт этгээд оргон зайлсан ч, яллагдагчаар татагдаагүй нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна л даа.

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой гэж та түрүүн хэллээ. Гадаадын улс орнуудын Эрүүгийн хуультай харьцуулбал Монгол Улсын авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ямар байна вэ?

-Авлигын эсрэг тэмцэх Сингапурын болон Шведийн гэсэн хоёр загвар бий. Авлигын эсрэг тэмцэх Сингапурын загварын дагуу зарим улс орон авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаас гадна авлигын гэмт хэргийн төрлийг нэмэгдүүлж, нарийвчлан хуульчлах болсон. Улс орнуудын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь дунджаар дээд тал нь 10-25 жилийн хорих ялыг оногдуулахаар тусгасан байдаг.Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг конвенцэд зааснаар авлигын гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгадаг. Тэр утгаараа авлигын гэмт хэрэгт оногдуулах ял чанга, хатуу байдаг юм. Хэрвээ ялын дээд хэмжээ таван жилийн хорих ялтай бол таван жилээс дээш хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжгүй гэсэн үг. Харин Манай улсын Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ дунджаар дээд тал нь 5-12 жил байгаа.

-Монголд яагаад авлига, албан тушаалын хэргийг олон жил мөрдөн шалгадаг юм бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлийг хуульчилж өгөөгүй нөхцөлд авлига, албан тушаалын гэх мэт томоохон гэмт хэргүүдийг олон жил мөрдөн шийдвэрлэж, хугацаа ихээхэн алдаж байгаа нь ял завшуулах, эцэст нь хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна.Иймд хөөн хэлэлцэх хугацааны эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусгавар болгох үндэслэл болон ямар хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх заалтуудыг Эрүүгийн хуулинд тусгах нь авлигын төдийгүй аливаа гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга зам гэж хэлээд байгаа юм. Нөгөө арга зам нь хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, тэдний ажлын ачаалалыг багасгах нь аливаа хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх нэг нөхцөл гэж үзэж байна.

-Хэргийг олон жил мөрдөн шалгаж шийдвэрлэж байгааг хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагатай холбож байна. Хүнд хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд хугацаа орох юм биш үү?

-Аливаа хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэх хуульд заасан хугацаа бий. Энэ хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхэд хэргийн болон гэмт этгээдийн нөхцөл байдал, мөрдөгч, прокурор, шүүгчдийн ажлын ачаалал, ур чадвар, туршлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч томоохон хэргүүдийг олон жил шалгаж мөрдсөн атлаа анхан, давах, хяналтын шатны шүүхээс хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар прокурорт буцах явдал их байгаа нь мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагад эргэлзэхэд хүргэж байна л даа. Нөгөө талаар мөрдөгч, прокурор, шүүгчдийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах талаарх онол, практикийн мэдлэг ихээхэн дутмаг санагддаг. Энэ тал ч нөлөөлж байгаа.

-Шүүхийн хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрлэсэн хэргийг дахин сэргээн шалгахыг хуулиар даалгаж болох уу. Энэ нь эрх мэдэл хуваарилах зарчимд хэр нийцдэг вэ. Үндсэн хуулийн Цэц яагаад шүүх эрх мэдэлд халдаагүй гэж үзсэн юм бэ?

-Шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож, дахин сэргээн шалгаж шийдвэрлэхийг хуулиар тогтоодог онол, туршлага хууль зүйн шинжлэх ухааны түүхэнд байхгүй. Судлаач хүний хувьд олон улс орны хуулиудыг судлаад ийм зохицуулалтыг олоогүй. Хууль, шүүхийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас эрх зүйн бус (хүний эрхийг зөрчиж, хууль зүйн шинжлэх ухааны ойлголтыг гажуудуулсан) хууль батлах замаар оролцохыг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын үүднээс шүүх эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх юм бэ. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг авсны дараа Цэцийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг мэдэх боломжтой.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Энэхүү үүргийг зөрчих нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг алдагдуулж, улмаар төрийн бодлого гажуудах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Иймд УИХ алдаагаа засч, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн өсөлт ирэх сараас шатахууны үнэд нөлөөлөх нь

Ковидын вакцин тойрсон эерэг мэдээнээс хойш дэлхийн эрдсийн зах сэргэж эхэлснийг алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны ханшаас харж болохоор байна. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таамаглал, судалгаа, тоймыг долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхлээд буй. Өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 14-20-ны хооронд таваарын зах зээл ямархуу байсныг сонирхуулъя.


Өнгөрсөн долоо хоногт “West Texas Intermediate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 46.66 ам.доллараас эхэлж, оргил үедээ 49.16 ам.долларт хүрч эцэстээ 47.66 ам.доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 50.09 ам.доллараас эхэлж, оргил үедээ 52.32 ам. долларт хүрч эцэстээ 50.47 ам. доллар дээр тогтсон байна. ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнууд 2021 оны нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээгээ өдрийн 500 мянган баррелиар нэмэгдүүлж, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман сар бүр зохион байгуулагдах уулзалт нь олборлогч орнуудад зах зээлийг ажиглах биш идэвхтэй удирдах боломж олгож байгааг онцлоод буй. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Новак саявтар хийсэн мэдэгдэлдээ дэлхийн газрын тосны эрэлт цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өдрийн 6-7 сая баррелиар доогуур хэвээр байгаа учир зах зээлд хүчтэй хариу нөлөө үзүүлэх ажлыг идэвхжүүлнэ гээдэхсэн. Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр АНУ-ын Засгийн газар 900 тэрбум ам.долларыг эдийн засгийг тэтгэх хөтөлбөрт зарцуулахаар баталж, өрх бүрт 600 ам.доллар олгож, ажилгүйдлийн тэтгэмжийг 300 ам.доллараар нэмэгдүүлэхээр зориод эхэлчихсэн. Энэ арга хэмжээ эдийн засгийг дэмжиж, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зорилгод чиглэсэн гэж “Голомт капитал”-аас гаргасан таваарын үнийн таамаглал, судалгаанд онцолжээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн сэргэлтийн нөгөө талд шатахуунаа 100 хувь гаднаас импортолж хэрэглэдэг манайх шиг улсуудад шатахууны үнэ нэмэгдэх бодит үнэн бий.

“Блүүмбэрг” саяхны мэдээлэлдээ газрын тосны үнийн сэргэлтэд вакцин, Байдены ялалт, Хятад тэргүүтэй Азийн улсуудын эдийн засгийн хурдтай сэргэлт, ОПЕК-ийн үйлдвэрлэлээ нэмэх тохироо нөлөөлсөн гээд коронагийн идэвхтэй тархалт газрын тосны үнэд хазаар болж магадгүйг ч онцолжээ. Хэрвээ газрын тосны үнэ одоогийн түвшиндээ үргэлжилбэл 2021 оны нэгдүгээр сарын бензиний үнэ 59 ам.доллараар, өвлийн дизелийн түлшний үнэ мөн 59 ам.доллараар өсөх тоооцоо гарч байна. Харин газрын тосны үнэ энэ түвшиндээ хадгалагдвал хоёрдугаар сарын бензиний үнэ 12 ам.доллараар, өвлийн дизель түлшний үнэ 10 ам.доллараар өсөх зураг харагдаж байгаа юм. Товчхондоо сүүлийн үед дэлхийн зах зээлд ажиглагдсан газрын тосны үнийн сэргэлт манай улсын хувьд шатахууны үнийн өсөлтөөр илрэх нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл ирэх сараас шатахууны үнэ нэмэгдэх нь. Онцолж хэлэхэд газрын тосны үнэ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 3-нд 50 ам.доллар давж байсан юм. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад тухайн үед шатахууны жижиглэнгийн үнэ Улаанбаатарт 1650-1750 төгрөг байж.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ “ЯВАН ЧАНГАРНА”

Баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-нд төмрийн хүдрийн ханш сүүлийн есөн жилийн хамгийн өндөр цэгт хүрчээ. Төмрийн хүдрийн арилжаа 2011 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрч, 2020 онд 78 хувь өссөн зурагтай харагдаж байна гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт төмрийн хүдрийн ханш өссөнд цаг агаарын хүнд нөхцөлөөс үүдэлтэйгээр Бразилийн төмрийн хүдрийн экспорт зогссон нь нөлөөлж. Өөр нэг том нөлөө нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлт. Урд хөршийн ган үйлдвэрлэлийн сэргэлт Австрали, Бразилийн төмрийн хүдрийн импортыг нэг тэрбум тонноор өсгөжээ. Хятадын гангийн арилжаачид барилгын салбарын ган төмрийн бүтээгдэхүүнүүд тэр дундаа арматурын ханш арванхоёрдугаар сарын 21-25 нд чангарах төлөвтөй байгаа хэмээж. Гангийн ханш цаашид ч өсөх таамаг давамгайлж байгаа аж. Товчхондоо коронагийн дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлт төмрийн хүдрийн үнийг “яван чангарахад” нөлөөлөх нь тодорхой болжээ.

ГАНГИЙН ӨССӨН ХЭРЭГЛЭЭ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨ НЭМНЭ

Гангийн хэрэглээний өсөлт гангийн үйлдвэрийн гол түүхий эд коксжих нүүрсний зах зээлд ч өнгө нэмэх нь. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байна. “Голомт капитал”-ын шинжээчид БНХАУ Австралид тавьсан импортын хоригоо цуцлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй хэвээр байгаа хэмээн тодотгожээ. Австралийн Аж үйлдвэрийн сайдын мэдэгдэж байгаагаар энэ онд тус улсын металлургийн нүүрсний экспортын орлого 35 хувиар унаж 22 тэрбум австрали долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн комиссоос дотоодын нүүрсний нийлүүлэлтийн хомсдолыг арилгах зорилгоор гадаадын 10 томоохон эрчим хүчний байгууллагуудад нүүрс экспортлох зөвшөөрөл олгожээ. Тус зөвшөөрөлд Австралийг оруулаагүй аж. Монголд “Ковид-19” эрчимжиж байгаатай холбоотой Ганц модны боомтоор өдөрт дунджаар 170 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа гэх мэдээллийг SxCoal онцолжээ.

АНУ, ЕВРОП, ХЯТАДЫН СЭРГЭЛТ ЗЭСИЙН ХАНШИЙГ ӨСГӨЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн салбарын металлуудын эрэлтийн өсөлт болон агуулахын нөөцүүдийн бууралттай холбоотойгоор LME зэсийн ханш 8000 ам.доллар давжээ. Түрүү долоо хоногт DXY индекс унаж 90 ам.доллараас доош орсон буюу ам.долларын ханш сул байгаа нь зэсийн ханш өсөхөд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн “Голомт капитал”-ын шинжээчид онцолж байна. АНУ-ын конгресс эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөртөө 900 тэрбум ам.долларыг зарцуулахаар болоод буй. Тус хөтөлбөрийн 600 тэрбум ам.доллар нь шууд дэмжлэг хэлбэрээр зарцуулагдах бол үлдсэн 300 тэрбум ам.доллар нь ажилгүйдлийг бууруулах хэлбэрээр олгогдох төлөвтөй байгаа. Тус мэдээлэлтэй холбоотойгоор зэсийн ханш цаашид өсөх хандлагатайг олон улсын байгууллагууд мэдэгджээ. АНУ, Европ, БНХАУ зэрэг орнуудын аж үйлдвэрийн салбарын сэргэлт нь цаашид зэсийн ханш өсөх суурь нөхцөл болж байгааг dailyfx-аас мэдэгджээ. Бүр тодруулж хэлбэл, Хятадын аж үйлдвэрийн салбар дахь зэсийн эрэлт өндөр байх төлөв тод анзаарагдаж байгаа юм. Ханшийн өсөлттэй холбоотойгоор зэс олборлогч компаниудын үнэлгээ, ашиг ч өсөөд эхэлчихэж. Дэлхийн томоохон зэс олборлогчдын нэг Freeport- McMoRan Inc NYSE:FCX-н ханш гэхэд л гуравдугаар сараас хойш 350 хувь өсчээ. Төгсгөлд нь онцлоход, Newmont Corp-ийн Richard Adkerson 2021 онд хүү татварын өмнөх ашгаа хоёр нугалах боломжтой болсноо мэдэгдэж, 2016 оноос хойших хамгийн ээлтэй жил болно гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Цар тахал Монголын эдийн засагт яаж нөлөөлөв?

Энэ жилийн эдийн засаг тахлын үеийн гэдэг тодотголоороо урьд жилүүдийнхээс эрс ялгарч байна. Засгийн газар оны эхнээс л тахлын голомт болсон Хятад руу хийх нүүрс тээвэртээ хориг тавьсан юм. Нүүрс тээвэр удаан хугацаанд зогссоноос үүдэлтэй орлогын тасалдал санасныг бодоход өндөр биш гарсан нь нүүрсний үнэтэй холбоотой.

Австралид Хятадын зүгээс тавьсан хориг, ковидын вакцин тойрсон эерэг мэдээллээс үүдэлтэй том улсуудын эдийн засгийн сэргэлт гэх мэт хэд хэдэн шалтгаан нүүрс төдийгүй зэс, төмрийн хүдрийн үнэд эерэгээр нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг авч яваа ганц салбар нь уул уурхай болсныг өнгөрсөн саруудад улсаараа илүү тод мэдэрлээ.

Засгийн газраас хувийн хэвшилд хандсан даацтай дэмжлэг үзүүлээгүй учраас ажлын байр олноороо хумигдсан гэсэн шүүмжлэлийг хувийн хэвшлийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд хэлж байна. Гүйцэтгэх засаглал нэг талаас ийм шүүмжлэлтэй тулгарсан ч нөгөө талаас иргэд рүү хандсан хүүхдийн 100 мянган төгрөг, тэтгэврийн зээлийн тэглэлт, цахилгаан, дулааны үнийн тэглэлт гэх мэт шийдлүүдийг ажил болгосон юм.

Эдгээр шийдлүүдийг эдийн засагчид УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж буй. Мөн тахлын хэцүү цагт орлогоо алдсан иргэд рүүгээ хандсан бодитой дэмжлэг гэсэн тайлбарыг ч эдийн засагчид хэлж буй. Гэхдээ хувийн хэвшил рүү хандсан ямар ч дэмжлэгийг Засгийн газраас үзүүлээгүй гэвэл хэтрүүлсэн дүгнэлт болно. Засгийн газраас уул уурхай гэх мэт цөөн салбараас бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлээд байна. Саарал жагсаалтаас гарсан, алтны ханш өсөлтөө алдаагүй гэх мэт гэгээлэг мэдээ ч цөөнгүй дуулдсан жил байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь саадгүй үргэлжилж буй Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт гэж онцлохоор зүйлгүй бас нэгэн жилийг үдэх гэж байна. Төсвийн хувьд долоон их наядын алдагдал бий болгосон гэх шүүмжлэл Монгол Улсын 29, 30 дахь Ерөнхий сайдад ирж байгааг дашрамд тодотгоё. Сум бүрд улаан булан, музей, хөшөө, цогцолборт зарцуулах яаралтай биш зардлуудаа хэмнэвэл дор хаяж хоёр их наяд төгрөгийг төсвөөс хэмнэх боломжтой гэж үзэх эдийн засагчид цөөнгүй байна.

Цар тахал эдийн засагт яаж нөлөөлснийг тоон үзүүлэлтүүдээр тодотгоё. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ -7.3 хувийн бууралттай гарсан юм. Олон салбаруудад уналт газар авч, үйлдвэрлэлийн түүхий эд, материал, сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог компаниудын хувьд хэцүүхэн сорилттой нүүр тулсан жил болов. Цаас, цаасан бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, тамхи, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2020 оны эхнийдөрвөн сард 2.5-58.9 хувиар буурсныг статистикаас харж болно. Аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн жил байсныг мөн онцлох ёстой. Аялал жуулчлал дагасан зочид буудал гэх мэт үйлчилгээний салбаруудын хувьд ч орлого ашиг нь огцом хумигдсан сарууд үргэлжиллээ. Гэхдээ ирэх жил ч аялал жуулчлалын салбар сэргэхгүй гэж эдийн засагчид онцолж байна. Аялал жуулчлал дагасан үйлчилгээний салбарууд ч ирэх оны намар хүртэл сэхээ авахгүй гэх гутранги таамаглалыг ч тэд хэлж байгаа юм.

Зочид буудлуудын тухайд цар тахлын хөл хорионд орсон хүмүүст үйлчлээгүй бол орлого ашиггүй таг суухаар байсан юм. Зочид буудлын салбарын нийт орлого 2020 оны эхний есөн сард 101.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр сох дутсан гэх тоог Үндэсний статистикийн хорооныхон хэлж байв. Нийтийн хоолны салбарын орлого ч мэдрэгдэхүйцээр буураад буй. Нийтийн хоолныхон оны эхний есөн сарын байдлаар 328.9 тэрбум төгрөг олж, орлого нь өмнөх оны мөн үеэс 28.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт оны эхний есөн сард 15.2 их наяд төгрөг гэж гарчээ. Өмнөх онтой нь харьцуулбал 1.7 их наяд төгрөгөөр буурч. Банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өссөн дүнтэй гарсан юм. Гэхдээ нэг, хоёрдугаар улиралд ДНБ -10.7 хувийн бууралттай байсныг үзвэл, эдийн засгийн уналтын хурд намрын улиралд тодорхой хэмжээгээр саарсан зурагтай гарсныг онцолъё. Оны эцсээр -5, -6 хувь орчимд хэлбэлзэх болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийн байдал огцом муудахад уналтын эсрэг хэрэгжүүлсэн шийдлүүд тодорхой хэмжээгээр уналтыг зөөлрүүлж, эмзэг бүлэг, үйлдвэрлэл, нийт бизнест чиглэсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгсөн гэж үзэх эдийн засагч ч байгаа юм. Энэ онд эдийн засаг ямар байсан талаар эдийн засагчдын байр суурийг сонссоноо хүргэе.

Ч.ХАШЧУЛУУН: ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ БИЗНЕСТ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛСОН

Эдийн засагч Ч.Хашчулуун:

-Засгийн газар эдийн засагт чиглэсэн хэд хэдэн чухал шийдлийг ажил болгосныг онцолмоор байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хувь хүмүүс, ААН-үүдийн орлогын татвар, НДШ-ийг бууруулсан нь том дэмжлэг болсон. Үүнээс гадна бензиний үнийг бууруулсан, ноолуурын салбарыг, малчдыг дэмжсэн шат дараалалтай арга хэмжээ ч тусаа өгсөн. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүрээнд Төв банк бодлогын хүүг түүхэндээ доод хэмжээнд бууруулж, намраас үйлдвэрүүдэд зориулсан 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг гаргаж, ирэх улиралд дахиад 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийхээр шийдэж, энэ улиралд 82 тэрбумын зээлийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, дахиад 400 гаруй үйлдвэрүүдийн зээл удахгүй шийдэгдэх шатанд орсон. Цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх хүрээнд үйлдвэрүүд, өрхүүд 650 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авсан нь бизнест том дэмжлэг болсон. Мөн түрээсийн төлбөрийг бууруулах арга хэмжээ авсан байгаа. Экспортыг дэмжих үүднээс олон улсын гэрээ хэлэлцээрийг идэвхтэй хийж, боомтуудын тасралтгүй ажиллагааг хангасан нь эдийн засгийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэхэд эерэгээр нөлөөлсөн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлд анхаарах, боловсрол, аялал жуулчлал гэх мэт хүчтэй цохилт авсан салбаруудын бодлого хэрэгтэй болж байна. Эцэст нь хэлэхэд манай эдийн засаг Япон, АНУ шиг том биш. Хөгжиж буй орон гэхэд зохих хэмжээнд арга хэмжээ авч, уналтыг зогсоох, иргэдийн ачааллыг бууруулах талд бодитой анхаарч чадсан.

Д.ЭНХБОЛД: ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АЧААГ УУЛ УУРХАЙ Л ҮҮРЧ ГАРЛАА

Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд:

-Монголын хувьд уул уурхайн салбар эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Оны эхэнд цар тахлын голомт урд хөрш байсан гэдэг утгаар нүүрсний экспорт зогссон гэх мэт асуудал гарсан. Тахлын хөл хорио үргэлжилсэн өдрүүдэд улсын эдийн засгийн гол ачааг уул уурхай үүрч явдаг нь илүү тод харагдлаа л даа. Уул уурхайн экспортын орлого макро хэмжээндээ эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа ч том зургаар нь харвал нийт эдийн засгийн ихээхэн хэмжээг хэрэглээний эдийн засаг эзэлдэг нь харагдлаа. Тахлын онцгой нөхцөлд хэрэглээний эдийн засаг ямар хүчтэй цохилтод орсныг бултаараа мэдэрлээ. Шуудхан хэлэхэд, одоогийн байдлаар уул уурхайгаас өөр үйлдвэрлэлийн, нийлүүлэлтийн, хэрэглээний салбарт нөлөөлдөг эдийн засгийн салбар Монгол Улсад алга. Нөгөө талаас Монголын уул уурхайн хэмжээ жижгэвтэртээ орж байгаа нь мэдрэгдлээ. Ойрын ирээдүйд “Ковид-19”-өөс салах боломж харагдахгүй байна. Энэ утгаараа ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт шинээр орж ирж, өөр ордуудыг нээнэ гэх магадлал маш бага. Олзуурхууштай нь бидэнд олон жил уйгагүй хэрэгжсэний эцэст ашиглахад бэлэн болчихсон төслүүд бий. Эдгээр төслийг урагшлуулж, орон нутагт ажлын байр олноор бий болгож, төсвийн орлогоо ахиулах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжууд ирэх жилүүдэд харагдаж байна. Хятадын хэрэглээ өссөн, зарим улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүнд хориг тавьсан гэх мэт шалтгаан дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийг өсгөсөн, ирэх жил ч өсөлт үргэлжилнэ гэж байна. Ийм таатай цонх үеийг ашиглаад бэлэн болчихсон төслүүдээ дэмжээд эхлүүлэх шаардлагатай.

О.АМАРТҮВШИН: ХУВИЙН ХЭВШЛИЙН 96 ХУВЬД ЦАР ТАХАЛ ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

-2020 он бүхэлдээ Монголын эдийн засгийн орчин хувийн хэвшлийнхэнд халгаатай хүндхэн жил болж өнгөрч байна. Тахлын хөл хорио бизнесийг бүхэлд нь зогсонги байдалд оруулчихлаа. Танхимын таван удаагийн үе шаттай судалгаанаас харахад компаниудын нөхцөл хүндэрсээр байгаа. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар хувийн хэвшлийн 96 хувьд цар тахлын нөхцөл байдал хүчтэй нөлөөлсөн зураг харагдлаа. Монголын эдийн засаг үндсэндээ уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа гэсэн гурван зүйл дээр л тогтдог. Хөдөө аж ахуйн бүтээмж маш бага. Тэгэхээр ийм хэцүү цагт худалдаа болон уул уурхайн салбараа л түшихээс аргагүй. Дэлхийн томоохон институтууд ирэх оны гуравдугаар улирлаас л байдал хэвийн болно гэж үзэж байна. Гэхдээ дэлхий даяар цөөн хэдэн улсын эдийн засаг өсөлттэй яваа. Тэдний нэг нь Хятад. Хятад улсыг дагаж уул уурхайн эцсийн боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээж урд хөршид экспортлох гэх мэт ажлыг зохион байгуулж чадвал эдийн засгийн эрсдэлээс сэргийлж чадна. Хамгийн гол хүчин зүйл гэвэл УОК-ын гаргаж буй шийдвэрүүд. Улс орнууд эрүүл мэнддээ анхаарахаас гадна эдийн засагтаа анхаарч байгаа. Хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорио бизнесийг хүнд байдалд оруулж байна. Ирэх он бүхэлдээ хүндхэн сорилтуудыг давсан өдрүүд байх болов уу. Хувийн хэвшлийн ажлын байрыг хамгаалахгүйгээр улс орон эдийн засгаа хэвээр хадгалж өсгөх ямар ч боломжгүй. Судалгаагаар ядуурлын түвшин 50-60 хувь руу орохоор байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах хэрэгтэй. Хоёр их наядыг хэмнэж ажлын байраа сэргээх чиглэлд хөнгөлөлттэй зээл болгож өгвөл хувийн хэвшлийнхэн эдийн засгаа сэргээж чадна.

Ч.ОТГОЧУЛУУ: ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ “БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ” ГЭДЭГ БОДЛОГО ТУЛГАСАН ЖИЛ БАЙЛАА

Эдийн засагч Ч.Отгочулуу: -2020 онд гадаад орчин эмзэг байсан нь үнэн. Гэхдээ манай гол худалдан авагч Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой байлаа. Сүүлийн саруудад экспорт нь эрс өсч эдийн засаг хурдтай сэргэж байна. Дэлхийн эдийн засаг хасах 4.5 хувьтай буюу агшихаар байхад Хятадын эерэг өсөлттэй гарахаар байгаа. Манай эдийн засгийн бодлогын удирдлага маш буруу байсан. Аргентин, Венесуэл, Грекийн эдийн засгийг дампууруулсан зүүний популизм оргилдоо хүрсэн жил болж өнгөрлөө. Сонгуулийн төсвүүд баталдаг мөчлөг дагасан буруу жишиг гүнзгийрсэн. Сонгуульжсан төсвийн алдагдлаас болж гадаад өр өссөнийг онцолж хэлмээр байна. ОУВС-аас таван тэрбум долларын төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжиж манай нэр хүнд ч унасан. Коронаг ирэх Ерөнхийлөгчийн сонгууль угтсан пиар болгож ашигласан нь зах зээлийн хуулийг эвдэж, урт хугацааны хувьд засагдашгүй том алдаа гаргах эрсдэлийг бодитоор бий болгочихлоо л доо. Өмнөх 30 жил арайхийж биежиж байсан орчин үеийн тогтолцооны сүйрлийн эхлэлийг тавьчихлаа. Цахилгааны үнийг хэрэглэгчийн хувьд төрөөс нь даана гэж эрчим хүч дулааны эх үүсвэрээ эрсдэлд оруулсан гэж харж байна. Эрдэнэтээс мөнгө гаргуулснаар давхар төсөвтэй болж, олон төсөвтэй болох эхлэл тавигдлаа. Ер нь төрийн том өмчийн компани эрсдэлд өртөмтгий эмзэг байдаг, гэтэл энэ буруу загварыг тахин шүтүүлж байна. Эдгээр зүүний популист бодлогоос болж манай жижиг эдийн засаг маань ямаан дээр тэмээний гарз үзлээ. Эдийн засгийн ноён нуруу нь ЖДҮ, дунд давхарга байдаг. Гэтэл энэ салбарыг боомилсон, “би үхэхээр чи үх” гэдэг бодлогыг эрх баригчид хувийн хэвшилдээ тулгачихлаа, 2020 онд. Төсвийн алдагдал ба төлбөрийн тэнцлийн алдагдлууд эдийн засгийн 10-14 хувьд хүрч өсчихлөө. Ингэснээр ажилгүйдэл ядуурлын хувь өсөөд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто: Гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 6.75 тэрбум ам.доллар зарцуулна

Дубайд үзэглэсэн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.3 тэрбум ам.доллар гэж тусгаж, 2021 оны эхний улиралд багтааж гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн ч геологийн нөхцөл байдлаас болж энэ тооцоонд өөрчлөлт гарсан юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал геологийн нөхцөл байдлаас болж нэмэгдэхээс аргагүйд хүрсэн гэх мэдээллийг төслийн зүгээс өгч байв. Хөрөнгө оруулагч тал зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацааг 16-30 сараар хойшлох нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийг өгч байсан билээ. Бүр тодруулж хэлбэл, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нийт санхүүжилтийн хэмжээ 6.5-7.2 тэрбум ам.доллар болж, ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэл хойшлохоор болоод байлаа. Сайн мэдээ дуулгахад тодорхойгүй байсан зардлын хэмжээ, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл явагдах хугацаа тодорхой болоод байна. Рио Тинто компани энэ долоо хоногийн лхагва гаригт Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах нийт зардлын хэмжээг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцож, 2022 ны аравдугаар сард гүний уурхайн олборлолт эхэлнэ гэсэн мэдээ дуулгав. Өмнө нь тус компани хөрөнгө оруулалтын зардлыг 1.2-1.9 тэрбумаар нэмэгдэж магадгүй гэсэн таамаг хэлж байсан бол нарийвчилсан тооцоо хийсний эцэст зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болсон гэсэн үг. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж буй гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг ийн товлохдоо цар тахлын нөлөөллийг ч бодолцжээ.

ОЮУ ТОЛГОЙ 2030 ОНД ДЭЛХИЙН ДӨРӨВ ДЭХ ТОМ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛНО

“Рио Тинто” компани “2021 онд Оюу толгойн гүний уурхайн төсөл блокчлон олборлох ажил эхлүүлэхийн тулд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар, Туркойс Хилл Ресурсез компани хамтран дараахь гурван асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байна. Үүнд, Засгийн газраас авахаар хүлээгдэж буй зөвшөөрлүүд, санхүүжилт, эрчим хүчний шийдэл багтаж байгаа. Ингэснээр Оюу толгойн үнэ цэнийн дийлэнх хэсгийг агуулж буй хэсгийг ашиглалтад оруулж, Оюу толгойн хувьцаа эзэмшигч талууд болон Монголын ард түмэнд томоохон үр өгөөжийг хүргэх боломж бүрдэнэ” хэмээн онцлоод байна. Төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн ёсоор саадгүй үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно хэмээн тооцоолсноо ч дуулгав. Риогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Бид Оюу толгойн хамгийн үнэ цэнэтэй хэсэг болох гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх арга замыг эцэслэн боловсрууллаа. Цаашид төслийг урагшлуулах чиглэлээр буюу шаардлагатай бүх зөвшөөрлийг авч дуусгах, эрчим хүч, санхүүжилтийн шийдлыг гаргах талаар Монгол Улсын Засгийн газар, Туркойс Хилл компанитай үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээв. Засгийн газрын өмнө Оюу толгойн Техник, эдийн засгийн үндэслэлийг батлах, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн тухайд гүний уурхайн төслийн нарийвчилсан тооцоолол, уурхайн зураг төсөл, төсвийн өөрчлөлтийг батлах ажил байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал ил уурхай, баяжуулах үйлдвэр, дагалдах бүтцийг оролцуулж тооцвол нийтдээ 11 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюу толгойд хийгээд буй. Үүний дөрвөн тэрбум ам.доллар нь гүний уурхайн төсөлд зарцуулагдсан юм. Монголын компани, ханган нийлүүлэгчдээс гурван тэрбум гаруй ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан гэсэн тооцоо гарчээ. Оюу толгой компани 2010 оноос хойш 2.8 гаруй тэрбум ам.долларыг татвар, хураамж бусад төлбөр хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн статистик байна. Дашрамд сонирхуулахад, Оюу толгойн хөрөнгө оруулалттай Хөгжлийг дэмжих сангаас жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн төслүүдэд зориулж байгаа юм байна.

Өдөрт 95 мянган тонн хүдэр гаргахад шаардагдах гүнийуурхайн панел 1, 2-ын байгуулалт дээр нэмэлт судалгааны шат үргэлжилж байгаа аж. “Оюу толгой” төслийн хэмжээнд 2028-2036 онд жилдээ 480 мянган тонн зэс үйлдвэрлэх төсөөллийг “Рио Тинто” гаргажээ. Гүнийуурхайн олборлолтод шаардлагатай огтлох түвшний малталтын ажлыг 2021 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Шинжээчдийн хувьд Рио Тинтогийн мэдээлсэн нэмэлт санхүүжилтийн хэмжээ болон төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааны хувьд 2019 онд урьдчилан тооцож байснаас илүү сайн үр дүнд хүрсэн болохыг онцолжээ. Төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн гэх асуудлын тухайд бид хэд хэдэн эдийн засагчид хандаж бай суурийг нь сонирхсон юм. Ер нь ямар ч том төслийн зардал нэмэгддэг нь байх л үзэгдэл, наад захын жишээ гэхэд л Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын зардал тодорхой хэмжээнд өссөн, аливаа төслийн зардал нэмэх, хасах хорин хувь дотор хэлбэлзэх нь хэвийн зүйл, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 25-30 хувьд хэлбэлзэх нь байх л жишиг гэх мэт үндэслэл тайлбарыг эдийн засагчид хэлж байна.

Ч.ОТГОЧУЛУУ: РИОТОЙ ОЙЛГОЛЦООД ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ Л ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ

Эдийн засагч Ч.Отгочулуугаас зарим зүйлийг тодрууллаа.


-рио тинто гүний уурхайн олборлолтыг 2022 онд эхлүүлнэ гээд мэдэгдчихлээ. тэр үед зэсийн ханш өнөөгийнхөөс өснө гэх мэт эерэг мэдээлэл дуулдаж байна. манай эдийн засагт маш том эерэг нөлөө мэдрэгдэх байх тийм үү?

-Оюу толгойн далд уурхайн олборлолт 2022 онд эхэлнэ гэдэг бол их сайн мэдээ. Учир нь Оюу толгойн ордын хамгийн их баялагтай хэсэг нь газрын гүнд бий. Таны сая хэлсэнчлэн гүнийуурхайашиглалтад орох үед зэсийн үнэ өндөр байх хүлээлттэй байна. Ингээд харахаар Оюу толгойгоос Монголд экспортын орлого болж орох мөнгөн дүн дөрөв дахин өсөх боломж нээгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жилд 4-5 тэрбум ам.долларыг зөвхөн борлуулалтаас олно. Гүнийуурхайн бүтээн байгуулалт амжилттайгаар явснаас үүсэх өөр нэг давуу тал бол гадаадын хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголыг боломжтой улс гэж харагдуулахад маш том нөлөө үзүүлнэ. Ковидын дараа зэсийн хэрэглээ нэлээд өсөх шинжтэй байна. Зэсийн хэрэглээний өсөлтийн нөгөө талд зэсийн нийлүүлэлт унаж яваа гэх асуудал бий. Тодруулж хэлбэл, зэсийн зах зээл дээр томоохон хомсдол үүсч магадгүй. Мэдээж энэ бүхэн Оюу толгойд маш том боломжийг олгож таарна.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтрэлтийн хувьд байр сууриа хэлээч?

-Зардал хэтрэлтийн тухайд яалт ч үгүйшалтгаан бий. Говийн эмзэг хөрс, геотехнологийн асуудалтай холбоотой гэж харж байна. Гэхдээ манай улсын өр нэмэгдэх ёсгүй. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалтыг хувьцаагаар санхүүжүүлсэн. Тэнд манай өр ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар байгаа гэж ойлгосон. Хамгийн гол асуудал гэвэл цаашдаа зардлыг бага байлгах хэрэгтэй. Блокчлон олборлох аргын тухайд өөрийн өртөг маш багатай аргад тооцогддог. Тийм учраас зардлаа бага байлгаж, ашигаа өндөр байлгавал манай талын өр нэг улирлын орлоготойнь тэнцэхүйц байгаа. Тийм учраас зардлаа бага байлгаад ирээдүйд ногдол ашгаараа төлнө гэсэн өрөө урьдчилж төлөх арга хэмжээг авах нь зөв байх. Эсвэл 34 хувиасаа татгалзаад рояалтигаа өндөр болгох гарц бий. Тэгвэл ямар ч эрсдэлгүйгээр, зардлаас айлтгүйгээр их хэмжээний мөнгө эдийн засагт орох боломж бүрдэнэ.

-Та эдийн засагчийнхаа хувьд Засгийн газрыг юунд анхаарах ёстой гэж бодож байна вэ?

-Рио Тинтог жижиг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгч зарга мэдүүлж байгаа юм билээ. Хэрвээ гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилт ямар нэг хэмжээгээр эрсдэлд орвол эцсийн хариуцлагыг Рио Тинто дангаараа үүрэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Дубайн төлөвлөгөөгөөр Монголын Засгийн газрыг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдэд нэлээд таагүй мэдрэмж төрүүлж байх шиг. Хэрвээ Монголын Засгийн газар тодорхой хэмжээгээр төслийн эрсдэлээс хуваалцаж байсан бол тэдэнд илүү найдвар төрөх нь тодорхой. Дахиад хэлэхэд, Дубайн төлөвлөгөөгөөр Рио Тинто эцсийн бүх хариуцлагыг дангаараа үүрсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдэд таагүйбайх шиг байна. Тэгэхээр засаг нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчид богино хугацаанд хувьцаан дээр тоглох сонирхолтой байдаг. Жижиг хувьцаа эзэмшигчтэйгээ нэгдээд шүүхдээд явна гэдэг маш буруу стратеги. Эндээс хожих хүмүүс нь зөвхөн хятадууд. Үүнийоронд нэгэнт урт хугацааны эрсдэлээ дааж байгаа учраас том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотойгоо хэл амаа ололцоод төслөө амжилттайүргэлжлүүлэх нь Засгийн газрын хувьд илүү зөв, илүү үр дүнтэй, алсаа харсан прагматик шийд байх болов уу.

ОЮУ ТОЛГОЙН АЛТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨСНӨ

Гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх эцсийн хувилбар арбитрын шүүхийн маргааны дараа нэг тийш болох хүлээлттэй байна. Туркойз Хилл Ресурсын удирдлагуудын хувьд энэ сард арбитрын шүүх тэднийнэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэхэд дор хаяж таван сарын хугацаа шаардлагатай, үүний дараа Оюу толгойн гүнийуурхайд шаардлагатайүлдэгдэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар тодорхой шийдэл гарна хэмээн мэдэгдээд байгаа.

Оюу толгой төслийн өнөөгийн үйл ажиллагаа ямар байгаа тухайд товч мэдээлэл дуулгахад уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өсчээ. Төслийн зүгээс гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахдаа ингэж онцолж байв. Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн тухай 2020 оны төлөвлөгөө буюу 140.000 – 170.000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155.000-180.000 унцт үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгаа аж. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй гэсэн мэдээллийг Оюу толгой төслийн зүгээс өгсөн юм. Төслийн гуравдугаар улирлын тайланд “2020 онд ил уурхайн агуулга сайтайхэсэг рүү олборлолт шилжсэнтэйхолбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортойбайдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтайхэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм” хэмээн онцолжээ.

Нэмж хэлэхэд Рио Тинто компанийн шинэ гүйцэтгэх захиралаар өчигдөр группын санхүү эрхэлсэн захиралын албан тушаалд ажиллаж байсан Якоб Страушом томилогдлоо. Тэрээр Оюу толгой уурхайтай ирж танилцаж байсан юм. Шинэ захирал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эрдсийн зах тойрсон эерэг мэдээнүүд

Манай улсын экспортын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн таамаглал, судалгаа, тоймыг “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт таваарын зах зээл ямархуу өнгөтэй байсныг тоймлон хүргэе.


CITIGROUP: АЛТНЫ ХАНШ ИРЭХ ЖИЛ 2000 АМ.ДОЛЛАР ДАВНА

Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1.789.14 ам.доллараас 1838.86 ам.долларт хүрч өсчээ. Ханш ингэж өсөхөд ам.долларын ханшийн уналт зонхилж нөлөөлсөн гэж “Голомт капитал”-ын шинжээчид дүгнэжээ. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтэд хүрээгүй, мөн эдийн засгийг идэвхжүүлэх сангийн тэлэх багцыг хэрэгжүүлэх яриа эргэн сэргэсэн зэрэг нь ам.доллар сулрахад нөлөөлж алтны ханш өсөхөд хүргэсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены БНХАУ-тай байгуулсан ФАЗ1 хэлэлцээрээс гарч, асуудлыг илүү өргөн хүрээнд бүрэн хэмжээний бодлоготойгоор хэрэгжүүлнэ гэх мэдэгдлийг ч шинжээчид онцолжээ. Citigroup-ийн таамаглалыг ч тэд таваарын зах зээлийн долоо хоногийн тоймдоо тодотгосон байна. Алтны ханш 2021 онд эргээд 2000 ам.долларын босгыг давна гэсэн таамгийг Citigroup-ийн шинжээчид гаргажээ. Алтны ханш ингэж өсөхөд мөнгөний зөөлөн бодлого нөлөөлнө гэж тайлбарласан байна. Улсын өрийг санхүүжүүлэх үед ам.долларын ханш унах эрсдэлтэй гэнэ. Citigroup алтны ирэх гурван сарын хугацааны дундаж ханшийг 1850 гэж таамаглаж байгаа юм байна.

Харин ирэх оны 6-12 дугаар сарын ханшийг 2100 ам.доллар гэж тооцоолжээ. Мөн ирэх оны эхний хагаст ханшийн дундаж 1900 ам.доллар орчимд хэлбэлзэж, хоёрдугаар хагасаас буурах таамаглалыг дэвшүүлээд байгаа аж. Харин UBS-ийн хувьд алтны ирэх оны эхний улирлын ханшийн таамаглалыг 2000-аас 1950 ам.доллар болгон бууруулжээ.

КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЭЕРЭГ МЭДЭЭ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ

Өнгөрөгч долоо хоногт “West Texas Intermedi­ate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 45.24 ам.доллартaй эхлэн, оргил үедээ 46.66 ам. долларт хүрч, эцэстээ 45.10 ам. доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 47.85 ам.доллараар эхлэн, оргил үедээ 49.75 ам.долларт хүрч эцэстээ 49.04 ам.доллар дээр тогтсон байна. Ханшийн хөдөлгөөнд хэд хэдэн компани коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн нь амжилттай байгаа талаар мэдэгдсэн нь нөлөөлжээ. Вакцин тойрсон эерэг мэдээний нөлөөгөөр худалдан авалт нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт, жилийн эцсээр нийлүүлэхээр төлөвлөж байсан вакцины хэмжээ хоёр дахин буурсан ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өндөр хэвээр байгаа аж. Ханшийн өөрчлөлт нөлөөлсөн хоёр дахь шалтгаан нь ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнуудын 12 дахь сайд нарын уулзалт юм байна. Тус уулзалт арванхоёрдугаар сарын 3-нд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Уг хурлаар нийлүүлэлт хязгаарлах гэрээний дагуу 2021 оны нэгдүгээр сараас өдрийн 8 сая баррелиас 6 сая баррель хүртэл бууруулах төлөвтэй байсан ч өөр шийдвэр гарсан билээ. Хурлын үеэр энэхүү шийдвэрийг цуцалж, нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээг өдрийн 500.000 баррелиар нэмэгдүүлэх, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Энэ өөрчлөлтийг зах зээл эерэгээр хүлээн авч, газрын тосны ханш эргэн сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. “Голомт капитал”-ын үнийн тоймд “Зах зээлд оролцогчдын дараагийн томоохон хүлээлт нь АНУ-ын Засгийн газраас батлах зах зээлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн. Шинжээчдийн таамаглалаар “West Tex­as Intermediate(WTI)” ханш оны эцэст нэг баррель 50 ам.доллар, “Brent” газрын тосны ханш өнгөрөгч долоо хоногийн түвшнээсээ улам бүр өсөх хандлагатай байна” хэмээн тодотгожээ.

ЗЭСИЙН ХАНШ СҮҮЛИЙН ЕСӨН САРЫН ТУРШ ТАСРАЛТГҮЙ ӨСЧ БАЙНА

Зэсийн ханш сүүлийн есөн сарын турш тасралтгүй өссөн нь сүүлийн 10 жилд тохиолдоогүй үзэгдэл гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолжээ. Тэд таваарын зах зээлийн үнийн тоймдоо “Австрали болон Хятад улсуудын хооронд улс төрийн үл ойлголцлоос үүдсэн худалдааны дайн өрнөж, хориг тавигдсанаар асар их хэмжээний зэсийн хүдэр ачсан усан онгоцнууд Хятадын усан боомтууд дээр гацаад байна. Хэдийгээр Хятадын компаниуд нэгэнт төлбөрөө төлсөн ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа аж. Зэсийн номер нэг олборлогч Чили, номер хоёр олборлогч Перу улсуудад коронавирусын халдвар авч буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Чили улс коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд 22-т жагссан бол Перу улс дэлхийд 15-т жагсаад байна. Тухайн улсууд нь ядуу, буурай орон тул олон хүн халдвар авах, их, бага хэмжээгээр хөл хорио бүсчлэн тогтоож байгаа нь эдийн засагт нь маш хүнд цохилт болоод байна. Түүгээр ч зогсохгүй зэсийн олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг асар ихээр удаашруулсаар байгаа юм” хэмээн онцолжээ. Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчид 2021 онд зэсийн ханш 1762 ам.доллараар өсч 9500 ам.долларт хүрнэ гэж таамагласныг “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. Gold­man Sachs-ийн ханшийн таамаглалаа өсгөсөн шалтгаан нь Хятад, АНУ болон Европын холбооны улсууд ногоон эрчим хүчний чиглэл рүү ирэх жил асар их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаатай холбоотой аж. Салхи, ус, нарны эрчим хүчний тоног төхөөрөмж, эд ангиудыг үйлдвэрлэхэд их хэмжээний зэс ордог юм. Зэсийн ханшид нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байгаа гэнэ. Хятад, Австралийн улс төрийн үл ойлголцол дуусч, Хятад улс Австралиас импортолж эхэлбэл зэсийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэнэ. Дараагийн нөлөөлөл нь Чили болон Перу улстай холбоотой юм байна. Эдгээр улс Хятадаас коронавирусийн эсрэг вакциныг худалдаж авах гэж байгаа. Ойрын хугацаанд ард түмнээ вакцинжуулалтад хамруулан, дотооддоо үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарвал зэсийн олборлолт, экспорт өсөж, ханшид сөргөөр нөлөөлөх магадлал бий гэж шинжээчид үзжээ.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ӨНГӨРСӨН САРААС ХОЙШ ТОГТМОЛ ӨСЧЭЭ

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сарын сүүлээс хойш тогтмол өссөөр байгаа шалтгааны нэг нь нүүрсний зах зээлийн голлох тоглогч Австралитай холбоотой аж. “Голомт капитал”-ын шинжээчид “БНХАУ Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Харин Монгол Улсын хувьд коронавирусийн дотоодын халдвар ихэсч, хяналт чангарсантай холбоотой нүүрсний экспорт уналтад ороод байгаа. Тодруулбал, дунджаар 700-1000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан бол арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 120 гаруй автомашин нүүрс тээвэрлэжээ. Энэ мэт шалтгаануудын улмаас БНХАУ-д коксжих нүүрсний ханш өсч, Далианы таваарын биржийн 12 сарын коксжих нүүрсний ханш арваннэгдүгээр сарын 20-ны сүүлийн уналтаас буюу 1310-аас тогтмол өсч 1564 юаньд хүрээд байна” хэмээн онцолжээ. БНХАУ-ын гангийн зах зээлийн PMI (Purchasing Managers Index) тавдугаар сараас хойш уналтад ороод байсан бол өнгөрсөн сараас 3.5 хувиар өсч 49.3-т хүрсэн аж. Тус индекс нь тавдугаар сард 50.9 байсан бол есдүгээр сард 43.9 хувь хүртэл унасан удаатай. Гангийн PMI индекс нь БНХАУ-ын гангийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлогч индекс юм. Уг индекс өсөлт үзүүлж байгаа нь гангийн салбар, цаашлаад коксжих нүүрсний эрэлт өсч буйг илэрхийлж байна гэж шинжээчид тодотгожээ.

VALE-Н МЭДЭЭЛЭЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖЭЭ

Төмрийн хүдрийн зах зээл ч өнгөлөг байна. “Голомт капитал”-ын шинжээчид шалтгааныг нь “Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч Vale тэргүүлэгч байр сууриа алдах төлөвтөй байна. Тодруулбал, тус байгууллага 2020 онд хамгийн багадаа 310 сая тонн төмрийн хүдэр боловсруулах төлөвлөгөөтөй байсан бол тэдний олборлолт нь 300-305 сая тоннд хүрэх төлөвтэй болчихлоо. Мөн 2021 онд төмрийн хүдрийн гарцаа 315-335 сая тоннд хүрэх төлөвтэйгөө мэдэгджээ. Харин Rio Tinto-ийн хувьд 2020 онд 324-334 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэхээр байна. Vale-н өгсөн мэдээлэл төмрийн хүдрийн нийлүүлэлт дэлхийн хамгийн том импортлогч орон болох БНХАУ-ын эрэлтийг хангаж чадах уу гэдэг асуултыг дахин тавихад хүргэж байна. Азийн захыг хаасны дараа мэдэгдсэн тус мэдээлэл нь ханшийг огцом өсгөхөд хүргэсэн.

Энэ өсөлт БНХАУ-ын эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр болон Австралийн дараахь дэлхийн томоохон экспортлогч Бразил болон Өмнөд Африкийн олборлолт буурсантай холбоотой байгаа талаар mining.com сайтаас мэдээллээ” хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх: Шүүх хавтаст хэрэгт нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг буруутгасан

Монголын шүүх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс эхлээд улстөрчдийг баривчилж, шүүж, ял оноож “завгүй” ажиллацгаалаа. Одоо ч шүүх ажиллагаа үргэлжилсээр байна.УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс цувран шүүгдэж шүүхээр шийтгэгдсэнийхээ өмнө нь ч, дараа нь ч “…Монголын шүүх улс төрийн даалгавар гүйцэтгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна, улс төрийн хоригдлуудыг бий болголоо” гэсэн утгатай мэдэгдэл хийцгээсэн. Ийм ойлголт, дүгнэлт нийгэмд бий болсон нь ч нуух юмгүй ил үнэн. Гэтэл нөгөө талд шүүхийн зүгээс нотлох баримтад тулгуурласан, шүүгдэгчдэд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн зорилго, шинж байхгүй гэсэн утгатай тайлбар хийж, үүнийхээ жишээ болгон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шийтгэх тогтоолыг бараг бүхэлд нь “Зууны мэдээ” сонинд нийтэлснийг уншигчид санаж байгаа байх. Тиймээс бид шүүхийн мэдээллийн жишээ болсон Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцсан юм.

ХАМТЫН ШИЙДВЭРИЙГ НЭГ ХҮНД ТОХООН БУРУУТГАХ НЬ ХУУЛЬ БУС

-Зууны мэдээ сонинд гарсан “Ж.Эрдэнэбат нарын авлига, албан тушаалын гэмт хэрэг 15 хавтас нотлох баримтаар нотлогдсон” гэх нийтлэлд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь гаргасан гэж ойлгосон. Ерөнхий сайд асан ж.Эрдэнэбатыг гэмт хэрэг үйлдсэн юм байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхээр алхам болсон гэж би хувьдаа харсан. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь бол тодорхой хэргийн тухайд шүүх ямар шийдвэр гаргасан талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг би үгүйсгэдэггүй.

Харин хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг бүхэлд нь олон нийтийн хүртээл болгох нь хуулиар хориотой төдийгүй хууль бус үйлдэл. Миний үйлчлүүлэгч Ж.Эрдэнэбатын хэргийн талаар “Зууны мэдээ” сонины 158 дугаарт нийтлэгдсэнийг би уншсан, бүр нухацтай судалж үзсэн. Тухайн нийтлэл нь Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсгээс зөвхөн буруутгасан дүгнэлтүүдийг нь л бичсэн байна билээ. Тиймээс үүнийг шүүхийн шийдвэрийн талаар хийсэн энгийн мэдээлэл гэж үзэхгүй байна. Хэргийн бодит байдлын талаар олон нийтэд буруу ойлголт өгөх зорилгоор зориуд хийгдсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байгаа.

-Хэргийн бодит байдал гэж та юуг хэлж байна вэ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаснаас гадна зарим нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийн талаар ч нийтлэлд тодорхой дурдсан байсан…?

-Хэргийн бодит байдал гэдэг бол аливаа эрүүгийн хэрэгт заавал тогтоосон байх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчим болгон заасан хууль зүйн ойлголт. Мөрдөгч, прокурорын тухайд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бол шүүхийн тухайд өмгөөлөгч, улсын яллагч /прокурор/-ийн мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчлагдсан. Тэгэхээр хэргийн бодит байдлыг тогтооход хэд хэдэн чухал зарчим байгааг та анзаарч байгаа байх. Үүнд мөрдөгч, прокурорын тухайд “яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”, шүүхийн тухайд “өмгөөлөх, яллах талын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчим багтана. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан Ж.Эрдэнэбат нарыг цагаатгах нотлох баримт, үндэслэлүүдийг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тэднийг буруутгаж байгаа үндэслэлүүдээ тусгаж, энэ үндэслэлийг нь нотолж байгаа гэж үзсэн баримтуудыг л нэрлэн заасан байдаг. “Зууны мэдээ” сонинд гарсан нийтлэл нь бүхэлдээ шүүхийн уг шийдвэрийн үндэслэл болгосон хэсгийг нь энд тэнд нь оруулж бичсэн тул бодит байдалд нийцээгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл Ж.Эрдэнэбатыг хэрэг үйлдээгүй, буруугүй гэж үзэх нотлох баримт та бүхэнд байгаа гэсэн үг үү?

-Бидэнд ч байгаа, хэрэгт ч хангалттай бий. Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан. “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад тус компанид олгосон гэж буруутгасан. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотолж байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй юм.

-Тийм гэж үү. Тухайлбал ямар баримт байгааг хэлж болох уу?

-“Элбэг орд” ХХК-тай холбоотой асуудлын тухайд тус компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авсан үйл явдал Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш дөрвөн сарын дараа болсон, мөн тухайн талбайг 2018 сүүл, 2019 оны эхээр улсад буцаан өгсөн болох нь “Элбэг орд” ХХК-ийн захирлын мэдүүлэг, тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, буцаан өгсөн баримтуудаар, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан болох нь Засгийн газрын 2018 оны 300 тогтоол болон бусад баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд УУХЯ-ны хуулийн хэлтсийн даргын С.Мандахбатын бичгээр өгсөн зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн байдаг. Шүүх түүний өгсөн зөвлөгөөг хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгон, цагаатгасан. С.Мандахбатыг цагаатгасан үндэслэл, нотлох баримт нь Ж.Эрдэнэбат болон бусад шүүгдэгч нэгэн адил хамааралтай байхад шүүх энэ асуудалд бодитоор хандаагүй.

-Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд ганцаараа дур мэдээд гаргачихдаггүй. Хамтын шийдвэр гэж явна биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг. Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байдаг. Ж.Эрдэнэбатыг буруутгах үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол нь эдгээр хуулиар тогтоосон танхимын зарчмын үндсэн дээр гарсан. Ж.Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж, тус хуралдаанаас гаргасан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зурсан. Гэтэл шүүх танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлээд гаргасан шийдвэрийг Засгийн газрын нэг гишүүн болох Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хамаатуулан, уг тогтоолыг ганцаараа гаргасан мэтээр тайлбарлаж, шийдвэрлээд буйг бид хууль бус гэж үзэж байгаа.

Ж.ЭРДЭНЭБАТ БОЛ ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ХАЛДАШГҮЙ БАЙДАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН

-Таныхаар иргэн Ж.Эрдэнэбат статусын хувьд өнөөдөр яг хэн бэ. УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн, СЕХ-ны тогтоолоор бол Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэж өөр, өөр ойлголт байх шиг байна.

-УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтаар Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон сонгогчийн санал авч УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон. Сонгуулийн Ерөнхий хороо Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. УИХ гишүүн бол түүнийг сонгосон ард түмэн (сонгогчдын)-ий элч тул сонгуулийн дүн гарснаар УИХ гишүүний халдашгүй байдал үүснэ гэж би үздэг. Харин бүрэн эрхийн тухайд тангараг өргөснөөр үүсдэг бөгөөд халдашгүй байдлаас ялгаатай хууль зүйн ойлголт. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хууль санаачлах, чуулганы болон байнгын хорооны хуралдаанд оролцох, байнгын болон дэд хорооны гишүүн байх гэх мэт хуульд заасан бүрэн эрхийг хамааруулан үздэг.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон, улмаар түүний хэргийг шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулсан нь Үндсэн хууль, болон бусад хуульд заасан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг зөрчсөн зөрчилд хамаарах уу. Ийм тохиолдол Монголын парламентын болон шүүхийн практикт урьд өмнө байсан уу?

-Тухайн үед үйлчилж байсан УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний үндсэн дээр хэргийг нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Гэтэл прокурорын байгууллага, шүүхээс хуульд заасан журмыг зөрчиж, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг явуулсан. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг баталгаажуулсан Үндсэн хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэргийг нь шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулж байсан тохиолдол шүүхийн практикт урьд нь нэг удаа гарч байсан. Тэгэхдээ тэр үед бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэж байсан. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр цагдан хорьсон асуудал анхных нь энэ хэрэг дээр гарсан. Энэ зөрчлийн талаар бид УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарсан талаарх мэдэгдлийг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн. Манай УИХ-ын дэргэд Монголын парламентын бүлгэм ажилладаг. Энэ бүлгэмээс зургадугаар сард Олон Улсын Парламентын Холбоонд Ж.Эрдэнэбатын асуудлаар гомдол гаргасан юм билээ.

-Нийтлэлд бичигдсэнээр хэргийг шийдвэрлэсэн шүүгч Ж.Эрдэнэбатын УИХ-ын халдашгүй байдлын талаар “…Ж.Эрдэнэбат нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголтын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм…” гэж тайлбарласан байсан…?

-Энэ бол шүүх хуулийг гуйвуулан тайлбарласан хэрэг л дээ. Хууль зүйн хувьд бол хуулийг илтэд буруугаар тайлбарласан зөрчил. Сая таны асуултад дурдсан үндэслэл бол хэргийг шийдвэрлээд гарсан шийтгэх тогтоолд заасан үндэслэл. Харин Ж.Эрдэнэбатыг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдынх нь хувьд холбогдуулан шалгаж байгаа хэрэгт УИХ-ын гишүүний халдашгүй байдал хамаарахгүй…” гэсэн агуулгатай огт өөр, хууль зүйн хувьд бүр утгагүй үндэслэл заасан байдаг. Нөгөө талаар шүүх тодорхой нотлох баримтад тулгуурлаж, тодорхой хуулийг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Эрүүгийн эрх зүйд хуулийг төсөөтэй хэрэглэх, таамаглалд үндэслэн хэрэг шийдвэрлэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ олон улсад байдаг жишигт үндэслэж болохгүй гэсэн үг.

-Тэгэхээр олон улсад тийм жишиг байдаг гэсэн үг үү?

-Тэр нь ч бүр худлаа. Парламентын гишүүний халдашгүй байдлыг шүүхийн хийсэн дээрх үндэслэлээр тайлбарлавал үүнийг бусад улсад огт ойлгохгүй. Манай шүүх ингэж тайлбарласан юм аа гэж хэлэхэд ч их хүнд байгаа. Нөгөө бусдын өмнөөс нүүр хийх газар олдохгүй гэдэг л болоод байгаа.

-Өнөөдөр Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс ял оноосон үйл явцыг анзаарахад тухайн улстөрчийн хувьд маш олон “анхны” гэх тодотголыг үүсгэчихлээ л дээ. Халдашгүй эрхтэйгээ хоригдсон анхны УИХ-ын гишүүн, цаашлуулаад яривал СЕХ-ны зөвшөөрөлгүй хоригдсон анхны нэр дэвшигч, 461-ээс сонгогдсон анхны УИХ-ын гишүүн, хамгийн гол нь анхан шатны шүүх дээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон анхны УИХ-ын гишүүн гээд жагсаавал хэд хэдэн тодотгол хэлж болж байна. Дараагийн асуултдаа оръё. Мэдээж хэргийн талаарх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх та бүхний гомдлыг хүлээн авалгүйгээр өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр баталлаа гэж бодъё. Тэгвэл Монгол Улсын шүүхийн процесс дуусч байгаатай адил та бүхний өмгөөлөл мөн дуусах уу?

-Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Ямар шийдвэр гаргах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Шүүхийн шийдвэрийн зөв бурууг зөвхөн дээд шатны шүүх л тогтоодог хуультай. Энэ бол ганцхан манай улсад ч биш дэлхийн бүх улс оронд байдаг асуудал. Монгол Улсын хувьд шүүхийн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр болгон зөв гарсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт, харин түүнийг хүссэн, хүсээгүй хүлээн зөвшөөрөх зарчим үйлчилдэг. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ үүргийн дагуу хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцид заасан хүрээнд холбогдох Олон улсын байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэж бодож байна.

Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД УЛС ТӨРИЙН ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛСӨН

-Таныхаар Ж.Эрдэнэбатын гэх энэ хэрэг үнэхээр эрүүгийн гэмт хэрэг үү, эсвэл улс төрийн хэрэг үү?

-Гэмт хэргийг зөвхөн эрүүгийн хуулиар тодорхойлдог. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд улс төрийн гэж тусгайлан тодорхойлсон гэмт хэрэг байхгүй. Харин улстөрчдийг улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгах, эсхүл гаргасан алдаа, зөрчлийг нь улс төрийн зорилгоор гэмт хэрэг болгон шалгах, ял шийтгэх үзэгдэл манай улсад төдийгүй бусад улс орнуудад гарч байгаа. Үүнийг олон нийт улс төрийн хэрэг үзэж тайлбарлах болсон. Өнөөгийн нийгмийн харилцаа, эрх зүйн ухамсрын хүрээнд олон нийтийн дунд бий болсон энэ ойлголтыг үгүйсгэх боломжгүй юм. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэгт яллаж, шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдал, шүүх хурлыг нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед, түүнчлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө шийдвэрлэх гэж зүтгэсэн зэрэг байдлаас үзэхэд түүний хэргийг шийдвэрлэхэд улс төрийн шинжтэй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Вакцин тойрсон эерэг мэдээ зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлөв

– ЗЭСИЙН ҮНЭ 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 2011 ОНД ТОГТООСОН 10170 АМ.ДОЛЛАРЫН РЕКОРДЫГ ДАВЖ МЭДЭХ НЬ –

Коксжих нүүрс, зэс, алтны үнэ өсөлттэй яваа энэ өдрүүдэд зэсийн үнэ мэдрэгдэхүйц өссөн мэдээ анхаарал татаж байна.

Тодруулж хэлбэл, Хятадын эдийн засгийн сэргэлт, ковидын вакцин тойрсон эерэг мэдээ зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн тухай дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж эхэллээ.

“Pfizer” вакцины эхний шатны туршилт 90 хувийн үр дүнтэй гарсан нь зах зээлд оролцогчдын хүлээлтэд эерэгээр нөлөөлж зэсийн үнэ сэргэлээ гэх мэт зэсийн үнийн өсөлтийг вакцинтай холбосон мэдээлэл хөвөрсөөр байна. Онцолж хэлэхэд, зэсийн үнэ 7750 ам.долларт хүрсэн нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Эдийн засагч Ч.отгочулуу зэсийн үнэ өссөн шалтгааныг “Зэсийн үнэ өсөх хандлагатай анзаарагдаад эхэлчихлээ. Зэсийн үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа.

Нэгдүгээрт Чили, Перуд коронатай холбоотойгоор үйлдвэрлэлүүдийг хаалттай горимд шилжүүлсэн. Ийм шалтгаанаар нийлүүлэлт багассан тал байна. Хоёрдугаарт, Хятадын эрэлт эргээд сайжирч байна. Ялангуяа өнгөрсөн сард Хятадын экспорт 22 хувийн өсөлттэй гарлаа. Урьд хөршийн экспорт санаснаас маш хурдан эргэж сэргэж байгаа нь сайнаар нөлөөлнө. Америк, Японы эдийн засгууд сэргээд эхэлсэн. Тийм учраас эрэлтийн шалтгаантайгаар зэсийн үнэ өсөх хандлага тод ажиглагдаж байна. Зэсийн үнийн энэ өсөлт манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө” хэмээн онцлов.

Ирэх хоёр, гурван жилд ч зэсийн ханш өсөлтөө хадгална, огцом өсөх магадлал ч бий гэсэн таамаг бий. Блүүмбэрг Лондонд зэсийн үнэ сүүлийн долоон жил хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ гэж онцлоод энэ өсөлтийг Хятадын эдийн засгийн өсөлттэй холбон тайлбарлажээ. Блүүмбэрг “Зэсийн үнэ одоогийн байдлаар тав дахь долоо хоногтоо өсч байна. Дараа жилээс Хятадыг дагаад өөр бусад өндөр хөгжилтэй орнуудын эрэлт ч нэмэгдэнэ. Коронавирусийн вакцины туршилт амжилттай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж эхэллээ. Ингэснээр металлын хэрэглээнд эерэгээр нөлөөлөх нь тодорхой болж байна. Зэс бол ногоон дэд бүтцэд шаардлагатай металл. Тийм учраас хөрөнгө оруулалт татах тал дээр ч эерэг өнгө анзаарагдаж байгаа” хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн эрэлт ирэх жилээс огцом өсөлт үзүүлж мэдэхээр өнгө аяс дэлхийн зах зээлд анзаарагдаж эхэлсэн аж. Чилийн Antofagasta уурхайн Ivan Arriagada “Зэсийн үнэ өсч байгаа нь сайн хэрэг. Хятадын зэсийн эрэлт тогтвортой байна. Дараа жил дэлхийн зэсийн зах зээлд хомсдол үүсэх эрсдэл анзаарагдаж байгаа” хэмээн “Блүүмбэрг”-т ярьжээ. Дашрамд сонирхуулахад Чили, Перу улсад цар тахлын хөл хорионоос болж уурхайнуудын үйл ажиллагаа тасалдаад байгаа юм. Чилийн Antofagasta уурхайн зэсийн олборлолт одооноос л аажмаар хэвийн голдиролдоо ороод байгаа аж. Тус уурхайн уурхайчдын гуравны хоёр нь ажилдаа эргэн оржээ.

“Citigroup”-ийн шинжээчид ч эерэг таамаг хэлж байна. Тэд таваарын зах зээл ирэх жил өсөлттэй байна, ирэх оны эцсээр зэс, хөнгөн цагааны үнэ өснө гэж тооцоолжээ. Үнэт металлуудын тухайд алтны үнэ 2021 оны эхээр өсөх хандлагатай гэсэн таамаг гаргажээ.“Citigroup”-ийн шинжээчид ч металлуудын үнийн өсөлтийг вакцины эерэг мэдээлэлтэй холбон тайлбарласан байна. Онцолж хэлэхэд ирэх оны сүүлээр металлуудын үнэ оргил түвшиндээ хүрнэ гэсэн өөдрөг таамгийг тэд гаргаад байгаа аж.

CNBC “Голдмен сакс”-ийн таамгийг онцолжээ. Зэсийн үнэ ойрын хугацаанд оргилдоо хүрнэ гэсэн өөдрөг таамгийг “Голдман сакс”-ийн шинжээчид онцолжээ. Шалтгааныг нь Хятад болон Өмнөд Солонгосын үйлдвэржилт эрчимжсэнтэй холбон тайлбарласан байна.Мөн зэсийн нийлүүлэлт багасч, доголдсон, ногоон эдийн засгийн өсөлт, Хятад улс коронавирусийн хөл хориогоо сулласан гэх мэт шалтгааныг ч дурджээ. “Голдман сакс”-ийн шинжээчид “Энэ удаагийн зэсийн үнийн өсөлт гэнэтийн үйл явдал биш. Зэсийн зах зээлийн өөдрөг ирээдүйн дөнгөж эхлэл” гэж байгаа бол Уолстрийт банк “2021, 2022 онд ч зэсийн үнийн өсөлт тогтвортой өндөр байна. Дараа жилийн дундаж үнэ нь 8625 ам.доллар, 2022 онд 9175 ам.доллар болно. 2022 оны эхний хагаст 2011 онд тогтоосон 10170 ам.долларын рекордыг давах өндөр магадлалтай” хэмээн тодотгож байна.

2022 онд зэсийн үнийн өсөлт рекордоо эвдэж 10 мянган ам.доллар давбал манайд эерэг нөлөөгөө үзүүлнэ гэж эдийн засагчид онцолж байна. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж буй гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд гэж таамаглаж байгаа юм.

Улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэлбэл зэсийн эрэлт улам өснө гэсэн таамаг голлож байгаа аж. Вакцин тойрсон эерэг мэдээллээс гадна ам.долларын хүч суларсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого явуулснаар долларын ханш суларч, доллартай харьцах юанийн ханш чангарах үзэгдэл ажиглагдаж 2018 оны зунаас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь Хятадын зэс худалдан авагчдад таатай боломж болоод байгаа аж.

Зэсийг ирэх жилүүдэд моодонд оруулах гол шалтгаан нь ногоон эдийн засаг гэж буй. Хөгжингүй улсууд ногоон эдийн засгийг онцолж, энэ хандлагыг дагасан үйлдвэрлэл эрчимжиж байгаа. Наад захын жишээ нь бензин дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах хандлага хүчээ авч байна. Ирэх жилүүдэд цахилгаан машины үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэсэн таамаглал бий. Цахилгаан машинд зэсийг их хэмжээгээр ашигладаг юм. Нэг цахилгаан автобусанд гэхэд л 300 кг зэс ордог гэх мэдээлэл дуулддаг.

Зэснээс гадна коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ ч өсөлттэй байх таамаг давтамжтай дуулдаж байна.