Манай улсад хар тамхи мансууруулах төрлийн бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа. Энэ талаарх анхны судалгааг 1999 онд хийж байжээ. Тухайн үед 1000 өсвөр насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 45 хүүхэд өвсний ургамал татаж хэрэглэдэг нь тогтоогдсон аж. Түүнээс хойш энэ тоо тасралтгүй өссөөр 2013 оны аравдугаар сар хүртэл хэрэглэгчийн тоо 561 болжээ. Энэ нь арван жилийн дотор 10 дахин өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, 2012 онд л гэхэд 38 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ялаар шийтгүүлжээ. Түүнчлэн 2010-2013 онд Үндэстэн дамнасан хар тамхи мансууруулах бодисын гэмт хэрэгт 34 хүн холбогдож гадаад оронд ялаар шийтгүүлсэн гэв. Эдгээрээс хоёр хүн цаазлуулж, хоёр хүн бүх насаараа хорих ял, 15 хүн 15 жилийн ялаар тус тус шийтгүүлж байжээ. 2014 оны аравдугаар сард нийслэлийн хэмжээнд хар тамхитай холбоотой хэргээр 21 хүнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авсан гэнэ.
2004 онд манай улсад хар тамхины тухай ойлголт харийн оронд золиос болсон тохиолдлуудаар л төсөөлөгддөг байв. Харин сүүлийн жилүүдэд цагаан тахал болох хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн тархах боллоо. Өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж буй нь цөөхөн хүн амтай манай нийгмийн хөндөх асуудал болж байна. Хар тамхийг анх Манжийн дарлалд байх үед монголчуудыг дарлах, номхруулах, үндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт тариалж эхэлсэн гэдэг. Ховд аймагт хар тамхины төрлийн “олс” ургамлыг тариалдаг байсан. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бөгөөд илүү хортой нь гэнэ. Нөхөн үржихүйн, үнэрлэх, амтлах шинж чанаруудыг алдагдуулдаг бодис. Хар тамхины төрөл болох ”Cannabis” ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болчихдог гэх судалгаа ч байдаг.
Залуус зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж үздэг ч энэ нь хар тамхинд орох хамгийн эхний алхам гэдгийг мэддэггүй. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмжийг өгдөг гэнэ. Тэгэхээр ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг байна. Ингэж л өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог аж.
АНХ УРЛАГИЙНХАН ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ, АР АРААСААЦАГДААД БАРИГДАХ БОЛСОН
Монголд хар тамхинд мансуурагчдын эгнээг урлагийнхан тэргүүлж, олны танил алдартан хүмүүс ар араасаа цагдаад баригдах болсон. Тэд мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулж эхэлсэн. Олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн сонсогдох болсон. Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа тухай мэдээлэл өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг.
Ийнхүү сүүлийн үед хар тамхи хэрэглэгч нарын тоонд хүүхдүүд, сурагчид албан ёсоор багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Харин энэ жилийн хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, Нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл бий.
Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны тоон мэдээллээс харвал 18-35 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их буюу нийт тохиолдлын 76.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэдэг. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд 18 хүртэлх насны иргэд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь хоёр дахин өссөн гэв. Түүнчлэн хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдах юм байна.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН САНД НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ
Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг. Хар тамхины гэмт хэрэгт 2015 оны байдлаар 79 хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгаж байжээ. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо 19-25 насныхан 114, 26-35 насныхан 71, 35-аас дээш насны 33 хүн тус тус холбогдсон байна. Ингээд 109 эрүүгийн хэрэгт 224 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийсэн гэв. Гэмт хэргийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн гэдгийг албаныхан онцолж байлаа. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар энэ оны эхний арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хар тамхины 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй 18 хүн холбогджээ.
Хар тамхины гэмт хэрэг олон улсын хэмжээнд, нууц далд аргаар үйлдэгддэг. Энэ хэргийн талаар ямар нэгэн субъект мэдэгддэггүй, мэдээлэл өгдөггүй байна. Манай улсад илрүүлэлтийн тоо өсч байгаа гэнэ. Тэгэхээр үйлдэгдэж байгаа хэргийн тоо өсч байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын ирээдүйд нөлөөлж байгаа юм. Хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэлтэй байгааг ЦЕГ-аас анхааруулж байлаа. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр насанд хүрээгүй иргэдээс хар тамхи хэрэглэсэн тохиолдол сүүлийн гурван жилийн байдлаар жил бүр 7-10 удаа гарсан байна.
“Хар тамхи мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн хэлэхдээ “Сүүлийн 14 жилийн хугацаанд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж 12 хүн нас барсан. Нэг нь морфений тунг хэтрүүлж амиа алдав. Өөр нэг нь хугацаа дууссан морфен хэрэглэжээ. Ер нь хар тамхи хэрэглэсэн цагаасаа 2-12 жилийн дотор л нас барж байна” гэсэн юм. Мөн тэрээр Хар тамхи хэрэглэсэн хүн эрүүл мэндийн хувьд маш хүнд байдалд ордог. Нөлөөлөхгүй эрхтэн гэж байдаггүй юм. Хамгийн эхлээд мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхлэхээр нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгнө. Дараа нь сэтгэцийн өөрчлөлттэй болдог. Сэтгэц нь хар тамхиа үгүйлж эхэлдэг. Дараа нь бие нь хамааралд ордог. Манай нэг үйлчлүүлэгч гэхэд хичээлдээ удаан цагаар сууж чадахгүй болчихсон. Тэр бодисоо хэрэглэхгүй л бол уналт, таталт өгөөд байдаг. Мансуурдаг зүйлээ хэрэглэхгүй л бол амьсгалын зам нь боогддог болчихсон. Дон гэдэг өвчин ингэж эхэлж байгаа юм. Тархинд нөлөөлнө. Сэтгэцийн олон төрлийн өвчин тусдаг. Үүнийхээ дараа хар тамхи хэрэглэсэн хэрэглээгүй аль ч цаг үед тухайн хүн тэнцвэрээ алддаг болчихдог. Яг л согтуу хүн шиг гуйвж дайвж явдаг болчихно. Эндээсээ таван цул эрхтэнд нь нөлөөлж эхэлдэг. Маш хортой бодис хэрэглэж байгаа болохоор элэг цэвэршүүлж чаддаггүй. Ингээд элэгний хорт хавдар, церозтой болж байна. Зүрхэнд ачаалал өгч, зүрхний шигдээс болох, шууд хаагдах хорт үр дагавартай. Мөн арьсан дээр янз бүрийн толбо гардаг. Тэр нь огт арилахгүй. Ямар ч тос түрхэж, эм уугаад арилдаггүй. Хар тамхи хэрэглэсэн хүн эцэстээ нэг ч эрүүл эрхтэнгүй болдог юм аа” гэдгийг хэллээ. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхэн эцэг, эхээ тоохоо байдаг аж. Бүрэн эмчлэгддэггүй гэнэ.
Хар тамхи, мансууруулах бодисыг хувийн бизнестэй, санхүүгийн байдал тогтвортой хүмүүс хэрэглэх нь их байдаг. Манай улсад тус гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу, орчин үеийн техник, технологи хангалтгүй. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил зохион байгууллагддаггүй. Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай аж. Хар тамхинд өртөх хамгийн энгийн үйлдэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон баар цэнгээний газруудад илүү өртдөг аж. Хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэрэг зохион байгуулалттай болсон аж.
Дэлхий дээр 3300 гаруй төрийн бус байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн 200 гаруй сая хүн хар тамхи, мансууруулах бодис идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ гаргажээ. Үүнээс жилд 70 мянган хүн буюу өдөрт дунджаар 192 хүн амь насаа алддаг.
Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Мөн Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.