Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Янжив: ”Их тэнгэр” цогцолборт галерейн 37 зургийг эрэн сурвалжилснаас 21 нь огт олдоогүй

Соёл судлалын ухааны доктор А.Янживтай ярилцлаа.


-Уран зургийн галерейд одоогоор ямар асуудал тулгамдаж байна вэ. Та яагаад манай сонинд хандах болов?

-Уран зургийн галерей нь 1991 оноос хойш Нийслэлийн өмчийн Соёлын төв өргөөний B корпуст, 2500 метр квадрат талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сард арван сая 518 мянган төгрөгийг түрээсэнд өгдөг. Гэвч манайд хоёр том тулгамдсан асуудал бий. Нэгдүгээрт, барилгын дээврээс дусаал гоождог. Борооны улиралд, хавар цас хайлахад ус нь дуслаар орж ирдэг. 2008 оноос хойш дээврээ янзлуулаагүй. Мөн Уран зургийн галерейн гурван давхарт байрлах цонхыг хоёр давхар зузаан циллоноор хаалт хийж гагнаж, байршуулсан. Үүгээр арван жилийн хугацаанд маш их хэмжээний тоосжилт орж ирсэн байдаг. Зуны халуун өдрүүдэд тэр хэсэг нь мөөгөнцөртсөн нь мэдэгддэг. Тухайлбал, галерейн зураасан зургийн сан хөмрөг гурван давхарт байрладаг. Тэрхүү сан хөмрөг рүү шууд дусаал дусдаг. Энэ бол хүнд нөхцөл байдал юм. Уг асуудлыг үе үеийн захирлууд ярьж, хөөцөлдөж байсан. Гэвч одоогоор нэг мөр шийдсэн шийдвэр алга. Нэг ёсондоо хамгаалалтын горим алдагдаж байна гэсэн үг.

-Өөр ямар асуудал тулгамдсан байна вэ?

-Хоёрдугаарт, цахилгааны асуудал байна. Одоогоор гурван давхарт хоёр зуугаад метр квадрат талбайн цахилгааны залгуур ажилладаггүй. Анх барилга баригдсанаас хойш цахилгааны хуучирсан хогийг сайтар цэвэрлэж, янзалсан нь тун ховор юм билээ. Гэхдээ өмнөх захирлуудын үед цахилгааны монтажийг сольсон ажлууд хийгдсэн юм. Гэвч монтажны эх үүсвэрүүдийг мэргэжлийн түвшинд биш юм уу, эсвэл хийгдсэн утасны чанар нь шаардлага хангахгүй байгаа юм. Иймээс гурван давхарт цахилгаан массалдаг. Олон гэрэлтүүлэг хийвэл анивчиж, массална. Тиймээс гэрлээ ээлжилж асааж, ажлаа явуулдаг. Уран зургийн галерейд 2009 оны тавдугаар сарын 18-нд цахилгаанаас үүдэлтэй галын аюул учирч байсан. Тухайн үед 100 зураг бүр мөсөн шатаж байсан. Энэхүү эмгэнэлт байдал дахин давтагдаж болзошгүй. Учир нь түймэр гарахгүй гэх баталгаа алга.

-Уран зургийн галерейд жил бүр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газраас шалгалт ирдэг гэсэн. Энэ үеэр ямар зөрчлүүд илэрдэг юм бол?

-Хадгалалт, хамгаалалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирнэ. Харин байцаагчид “За ийм арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлчихээд явдаг. Түүний дагуу хөөцөлдөхөд төдийлөн дорвитой арга хэмжээ авдаггүй. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, дэд сайд нар ач холбогдол өгч, авч хэлэлцэхгүй байна. Би УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хаяглаж, гишүүн Г.Мөнхцэцэгт өөрийн биеэр өргөдөл, гомдол хүсэлт явуулсан. Гэвч арга хэмжээ аваагүй.

-“Их тэнгэр” цогцолборт уран зургийн галерейн түүхэн зурагнууд хууль бусаар хадгалагддаг гэсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Их тэнгэр” цогцолбор, “Хатан туул” зочид буудлын ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр 1986 онд Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл тэнд байршуулсан байдаг. Тухайн үед хүлээлцэх акт үйлдэж, түр байршуулсан. 2008, 2012 онд “Их тэнгэр” цогцолборт очиж, манай уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тоолсон байдаг юм билээ. Ингэхэд “Их тэнгэр”цогцолбороос 34 зураг тоолуулсан юм байна лээ. 1986 онд явсан 40 бүтээлээс нэг л бүтээл тоологдсон. Өөрөөр хэлбэл, 33 бүтээл 1986 онд аваачсан бүтээл биш байсан. Уг асуудлыг сая ажиллаж байх хугацаандаа гаргаж ирсэн. 2008, 2012 онд очиж тоолуулсан 34 бүтээл алдартай хүмүүсийн туурвисан зургууд. Тэд яалт ч үгүй Уран зургийн галерейд байх ёстой зургууд юм. Өмнөх 40 бүтээл хаана байна вэ гэдгийг судалсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард архивын материалуудыг шүүж үзсэн. Би Уран зургийн галерейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2017-2018 оны долдугаар сар хүртэл ажилласан. Ингэхдээ мэргэжилтнүүдтэй хамтарч ажлын хэсэг байгуулж, дотооддоо шалгалт хийж үзлээ. Гэтэл хоёр бүтээл нь манай галерейн сан хөмрөгт буцаж ирсэн. 38 бүтээл нь “Их тэнгэр” цогцолборт бий гэсэн судалгаа гарсан. Төрийн тусгай хамгаалалттай газарт хүсэлт гаргаж, сая ажлаа өгөхөөс өмнө өнгөрсөн зургадугаар сард ажилласан байдаг. Тодруулбал, Уран зургийн галерей, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газар, “Их тэнгэр” цогцолборын төрийн тусгай хамгаалалттай газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гарсан. 37 зургийг эрэн сурвалжилсан. Үүнээс 21 зургийг нь огт олоогүй. Уг асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Хэн ямар журам, ямар тоот бичгээр хаашаа явуулсан бэ гэдэг асуудал нь шинэ захирлын хийх ёстой ажил юм.

-Та ажлаасаа яагаад гарсан юм бэ?

-Миний тушаал өнгөрсөн сарын 9-нд гарсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд ажил хүлээлцэх тухай тушаал гарсан байсан. Энэ үеэр Б.Сарантуяа гэдэг эмэгтэйд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэр хүний талаар тодорхой сайн мэдэхгүй. Музейн салбарт захирлуудыг ойр ойрхон солих асуудал түгээмэл болсон. Мэргэжлийн бус хүн ирж ажиллаад салбарыг дөнгөж ойлгож, яг ажил хийх гэж байхад л халж, солих асуудал их болжээ. Үндэсний аудитын газраас жил бүр шалгалт явуулдаг. Аудитын зөрчлөөр “Их тэнгэр” цогцолборын зөрчил удаа дараа дурдагдсан байдаг. Тодруулах шаардлагатай. Мөн өмнөх захирлуудын үед гарсан өрийн хэмжээ тодорхой гарч ирсэн байдаг юм билээ. Өрүүдийг тэглэх асуудал одоогоор яригдаж байгаа. Санхүү, нягтлан бодогч, хууль эрх зүйчийн мэдлэг дутмаг учраас алдаа гарсан байдаг юм болов уу. Ажиллаж байх үедээ тус асуудлуудын талаар хуулийн байгууллагад хандаж, зөвлөгөө авч байсан. Тэгэхэд хэрэг бүрдүүлэлт тодорхой биш, дутуу гэсэн утгаар хүлээж авахгүй байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж, хуулийн хэлтэст зөвлөгөө өгч, чиглэл өгнө үү гэсэн хүсэлтийг явуулж байсан. Тухайн үед үүн дээр ажиллах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Би ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа тодруулъя. Тухайлбал, би намын харьяаллын бус, хэн нэгэн албан тушаалтны лифтэнд сууж орж ирээгүй. Би тус салбарын судлаач, мэргэжилтний хувьд ажилд орохыг хүсч, удаа дараа явсан. Заримдаа тохироо нь бүрддэггүй байсан. Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны урлагийн газрын даргын албан тушаалд тэнцэж, орон тоонд орсон юм. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд намайг албанд томилсон. Нөгөө талаас мэргэжлийн хүн учраас асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн. Төр засгаас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Сайн үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээх ёстой. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлаа авснаас хойш дээврийн талаар зургаан газарт арваад бичиг, хүсэлт явуулж байсан. Гэхдээ хараахан засуулж чадаагүй. Одоо дусаал дуссан хэвээр байгаа.

Монголын Уран зургийн галерей байнгын үйл ажиллагаа явуулдаг. Ашгийн төлөө бус үзэгчдэд уран зургаар дамжуулж гоо сайхны боловсрол олгодог. Уран зургийн галерей нь туурвисан он цагийн үед бүтээгдсэн бүтээлүүдийг цуглуулж авч, сан хөмрөгтөө хадгалж сурталчилдаг байгууллага.

-Манай Уран зургийн галерей ямар зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Олон улсын Музейн зөвлөлийн ёс зүйн дүрмээр галерей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, амьтны хүрээлэн зэрэг нь бүгд музейн статуст ордог. Музей нь үзэгчдэд таашаал өгөх, гоо сайхны аливаа нэг чиглэсэн урлагийг илүү их гүнзгийрүүлэн судалж, орчин үетэй хамт амьсгалах тэр боломжийг бүрдүүлдэг орчин юм. Тэрхүү бүрдүүлдэг орчныг бий болгогчид нь музейн ажилтнууд. Ажилтнуудыг зөв чиглүүлэгч нь мэргэжлийн удирдлагууд юм. Удирдлага нь зөв арга технологиор ажиллах нь чухал байна. Уран зургийн галерей өөрөө тусдаа байртай байх ёстой шүү дээ. Бид өнөөдөр улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин хамгаалалт, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөө хадгалах хэрэгтэй байна шүү. Уран зургийн галерейг дамжсан зарим хүн сэтгэл гаргахгүй ханддаг юм болов уу гэж бодогдсон. Иймээс уг салбарт төр засгийн дорвитой бодлого үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүй болсон залуустаа өвөг дээдсээс уламжилж ирсэн бахархмаар бүтээлүүдээ хайрлаж, хамгаалж, үе үед авч үлдэх нь чухал байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Юндэндорж: Архи бол сэтгэцийн хорт хавдар

Монголын архичид аминчлахуй буюу “АА нийгэмлэг”-ийн ерөнхий менежер С.Юндэндоржтой ярилцлаа.


-Монголын “АА нийгэмлэг” хэзээ үүссэн талаар яриагаа эхэлье?

-АА нийгэмлэг нь анх дэлхий нийтийн хөдөлгөөн гэсэн нэртэйгээр 1935 онд АНУ-д үүссэн байдаг. Тухайн үед дэлхийн 130 гаруй оронд хоёр сая гаруй хүн уг хөдөлгөөнд хамрагдаж байсан гэсэн судалгаа бий. Уг нийгэмлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр шимийг нь хүртэж, архи уухаас татгалздаг юм. Монголын архичид аминчлахуй нийгэмлэг 1998 онд анх үүссэн. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага. Төрийн бус байгууллагыг нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг гэж хоёр ангилдаг. АА нийгэмлэг цэвэр гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.

Анх АНУ-д үүссэн түүхийг тодруулъя. Хоёр архи уудаг хүн хоорондын ярианаас үүсэлтэй гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүний зовлон бэрхшээлийг адилхан түвшинд буй хүн л ойлгоно гэдэг санаанаас үүдэлтэй. Хүн архи их ууж, донтож байгаагаа мэддэггүй юм билээ. Тухайлбал, “Иргэн Г за, одоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй” гэж бусдад ярьж, боддог. Гэтэл өөрийн мэдэлгүй архи уучихдаг. Давтамжтай ууж явсны эцэст, сүүлдээ архинд донтдог. Үүнийг зарим хүн архинд донтсон сэтгэцийн өвчин гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин уг үндэс нь сэтгэцийн нэг төрлийн өвчин юм байна гэдгийг анх 1950 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрдэмтэд баталсан. F10 гэсэн оноштойгоор баталж, тогтоосон. Манай улсад үүнийг өвчин гэдгийг мэдэхгүй олон жилийг өнгөрөөсөн. Архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг хүмүүсийг ар гэрийнхэн нь бие махбодод нь дур хүслийг нь дарах, албадан эмчилгээ хийлгэдэг. Харин сэтгэцийн өвчин гэдгийг анзаардаггүй. Сэтгэцийг нь эмчилдэггүй байсан юм байна лээ.

-Сүүлийн үед манай улсад архинд донтож, сэтгэцийн өвчтэй болсон хүмүүс их бий гэж судлаачид үзэж байгаа. Үүнийг хэрхэн эмчлэх ёстой вэ?

-Сэтгэцийн өвчнийг эмчлэхийн тулд хүмүүс бие биетэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Үүгээр дамжуулж, тухайн өвчнийг сэдрээхгүй байлгах ёстой юм. Архинд донтсон хүнийг ханиад хүрээд эм ууж байгаатай адил эмчилдэггүй юм билээ. Архи, согтууруулах ундааг МЭӨ үе, 5000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хэрэглэж эхэлсэн. Энэ нь цаашид ч байх зүйл. Тиймээс тухайн хүн сэтгэл зүйгээ засаж, өөрийгөө олж, шинэ зүйлийг танин мэдэж байх ёстой. Ухамсрын түвшингээ дээшлүүлж, алдаа дутагдлаа засахын тулд хичээх ёстой. Тухайн хүн өөрт нь ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг эрж, хайх хэрэгтэй. Ингээд тэрхүү алдаа дутагдалтай зан чанар дээрээ уйгагүй ажилласны эцэст үр дүн гарна. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ. Эрүүл биед саруул ухаан оршино” гэх зэрэг монгол ардын уламжлалт сургамжийг санах ёстой. Архины албадан эмчилгээ хийхэд хэсэг хугацааны туршид үр дүнтэй байна. Харин тухайн хүн ирээдүйд ямар байх вэ гэдэг нь ухамсартай холбоотой.

-Танай нийгэмлэг тодорхой үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж, ажилладаг гэсэн үг үү?

-Манай нийгэмлэг реклам гаргадаггүй. Сүүлийн үед хүмүүст тус болъё гэдэг үүднээс ганц хоёр сонинд зар гаргасан. Уг асуудал хувь хүний асуудал. Хэнд ч тохиолдож болно. Заавал тэнд очиж, эм авч уух ёстой гэсэн зарчмаар шахалт үзүүлдэггүй. Харин хүний оюун санааг зөв зүйл рүү чиглүүлсэн хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Тухайлбал, долоо хоногийн өдөр бүр нэгээс хоёр цагийн хооронд хувь хүний ярилцлага үргэлжилдэг. Хувь хүн зөвхөн өөрийнхөө л тухай ярина. Ингээд олон өдөр явж, зөвлөгөө авч, бие биетэйгээ ярилцаж, зөв алхам хийхэд цаг хугацааны явцад эмчилгээний үр дүн мэдрэгдэнэ. Тухайн хүн өөрийнхөө төлөө л хичээнэ гэсэн үг. Нийгэмлэгт 12 хөтөлбөр бий. Хөтөлбөрийг хараад уншихад амархан юм байна гэж бодогддог. Гэхдээ хэрэгжүүлнэ гэдэг тухайн хүнээс тэсвэр хатуужил, их хөдөлмөр шаардана.

-Хөтөлбөрийг тодруулахгүй юу?

-Манай нийгэмлэгт улстөрч, дуучин, бүжигчин, урлаг соёлын одод, гудамжны архичин, цагдаа, цэрэг, багш, эмч гэх зэргээр хүмүүс хамрагдсан байдаг. Архинаас гарах татгалзах олон арга бий. Манай нийгэмлэгт хамрагдахад ямар ч шаардлага тавигдахгүй. Танд зөвхөн архинаас татгалзах чин хүсэл байхад болно. Тодруулбал, хувь хүний зарчим дээр тулгуурласан хөтөлбөр юм. Тухайн хүн өөртөө итгэл үнэмшилтэй, үнэнч байх ёстой. Мөн бусдад талархаж, найз нөхөд, хүмүүст хүндэтгэлтэй хандахыг эрхэм болгоно. Үүний дагуу хүний оюун санаа эрүүл болж, архинаас хамааралгүй болох боломжийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо “Та өнөөдөр архинаас татгалзаж, эрүүл явъя гэвэл өөрийнхөө төлөө уйгагүй зүтгэсэн” үг. Ингэвэл архины асуудал шийдвэрлэгдэнэ. Манай нийгэмлэгт 12-20, 30 жил архинаас хамааралгүй явж чадсан хүмүүс ч байна. Тэдгээр хүмүүсийн ард байсан гэр бүл, найз нөхөд, ах дүү нь амар тайван болсон. Нийгэмлэгийн гишүүд “Би эрүүл амьдарвал, хөдөлмөрлөж чадна. Архи, согтууруулах ундааны зүйлсээс бүрэн татгалзаж чадвал миний ард буй гэр бүл, үр хүүхэд минь аз жаргалтай байна. Ингэх нь Монгол Улсын иргэн хүний хувьд үүргээ сайн биелүүлж, улс эх орондоо том хөрөнгө оруулалт хувь нэмрээ оруулж байгаа юм” гэж үздэг. Хамгийн гол нь хувь хүний нууцыг гадагш нь огт задруулдаггүй.

-Танай нийгэмлэгт хэдээс хэдэн насныхан голдуу хамрагдсан байна вэ?

-Ихэнхдээ 30-70 орчим насны хүмүүс хамрагдсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд насны ангилал залуужиж байгаа. 18-20 насны залуучууд ирж байна. Тэд бүр хэт их архинаас хамааралтай болчихсон гэвэл үгүй. Гэхдээ давтамжтай архи уудаг болсон. “Архи миний амьдралд зохицохгүй, болохгүй” гэдгийг ухамсарлаж ирэх тохиолдол ихэссэн. Хувь хүний мэдээллийг чанд нууцалж хадгалдаг. Иймээс статистик тоо, судалгаа гаргахад бэрхшээлтэй. Манай нийгэмлэгт улсын хэмжээнд 103 бүлгийн 3000 гаруй гишүүн байгаа гэдэг. Гэхдээ бүртгэгдээгүй хүмүүс ч бий.

-Манай улсын “АА нийгэмлэг” дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу?

-Дэлхийн албан ёсны гишүүн орон болж, бүртгэгдсэн. Өнгөрсөн жил Ази номхон далайн орнуудын хүрээнд уг нийгэмлэгийн томоохон сургалт манай улсад зохион байгуулагдсан. Туршлагын хүрээнд тогтворжсон.

-Хүмүүс архинд донтож байгаагийн шалтгаан нь юутай холбоотой байна?

-Хүн архинд донтох ямар нэг шалтгаан гэж байхгүй. Тухайн хүн архи, согтууруулах ундааг хэрхэн яаж, хэрэглэж байснаас шалтгаалж, донтолт явагдаж эхэлдэг. Нэг ёсондоо хувь хүнээс өөрөөс нь болсон хэрэг. Хамгийн гол нь хэрэглээгээ хянаж чадаагүйгээс архинд донтсон байдаг. Архинд хүний оюун санааг дарангуйлах асар их элементүүд агуулагддаг. Дарангуйлал нь яаж явагддаг вэ гэхээр тодорхой хэмжээгээр тасралтгүй хэрэглээд байх тусам хүний оюун санааг дарангуйлж, уруу татдаг гэсэн үг. Архи бол сэтгэцийн хорт хавдар юм. Ходоодны хорт хавдрыг дурандаж, юунаас болсон, ямар үе шаттай явна вэ гэдгийг харж болно. Харин хүний сэтгэцийн нөхцөл байдал гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Архинд донтоно гэдэг сэтгэцийн нэг төрлийн өвчин, эмгэг юм. Архи уухгүй бол хөдөлмөр хийж, бүх зүйл гэгээлэг болно. Оюун санааны хөтөлбөр хэрэгжүүлсэн цагт хувь хүн архинаас ангид эрүүл амьдарна. “АА нийгэмлэг”-т яваад архи ууж, алдаа гаргаж байсан хүн үгүй гэсэн судалгаа бий. “Би архи уухгүй л байх ёстой” гэсэн зарчимтай. Манай нийгэмлэг гадны хандив, тусламжаас татгалздаг. Улс төрөөс хол ангид, үнэ төлбөргүй. Хүн өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүний хүсэл эрмэлзэл, хоёрдугаарт, өөрөө өөртөө үнэнч хандах зарчмыг баримталдаг. Ингээд “Олны хүч оломгүй далай” гэдэг. Хүн хүнийхээ хүчинд явдаг. Зөв явсны шагнал гарч ирнэ. Манай нийгэмлэгийн харьяа бүлгүүд үүсчихсэн. Дүүрэг бүрд хоёроос гурван бүлэг бий. Мөн 21 аймаг төдийгүй сумдад ч бий болж байна.


Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонжаргал: Алба хаагчдын мэргэшлийн шалгалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд “хангалттай” үнэлэгдсэн

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, албан хаагч, албан тушаалтнуудын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд зохион явуулжээ. Уг арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 27-ны өдрүүдэд явагдсан байна. Шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас тодрууллаа.


-Уг шалгалтыг зохион байгуулах гол зорилго нь юу байв?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллаж буйг та бүхэн мэдэж байгаа. Нэгж, байгууллага дээр энэ зорилтын хэрэгжилт ямар түвшинд байна вэ, ер нь дэвшүүлсэн зорилтдоо хүрэхэд нөхцөл, бололцоо ямар байгааг судлах, дүгнэх, алба хаагчдын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлох нь чухал юм. Үүний зэрэгцээ уг сургалтад хамруулах зорилгоор тус үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллага 2010 онд алба хаагчдын мэргэжлийн түвшинг шалгаснаас хойш нэгдсэн журмаар ийм шалгалт явуулаагүй. Харин 2016 онд цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнээс мэргэжлийн түвшин, ур чадварын шалгалт авсан байдаг. Иймээс нийт байгууллага, алба хаагчдынхаа үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох шаардлага бий болсон юм.

-Шалгалтын үеэр сургалт зохион байгуулсан гэсэн үү. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Бид энэ удаагийн сургалт, шалгалтыг алба хаагч болон байгууллага гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан. Тухайлбал, алба хаагчийн хувьд томилогдсон албан тушаалдаа тавигдах ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангаж байгаа эсэх, томилогдсоноос хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа эсэхийг нь ажиглаж, дүгнэлээ. Газар, хэлтсийн хувьд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчил болон Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт ямар байна, практикт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна гэдгийг ч анхаарсан. Түүнчлэн алба хаагчийг хөгжүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж буйг нь шалгаж хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай сургалтыг зохион байгуулсан.

-Шалгалтын нэгдсэн дүн мэдээ гарсан уу. Ер нь ямар журмаар, хэрхэн дүгнэсэн юм бэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам, батлагдсан аргачлалын дагуу үнэлгээ дүгнэлт өгсөн. Нийт 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс нэр бүхий арван аймаг “сайн” гэсэн үнэлгээтэй шалгагдсан. Харин арван аймаг “хангалттай” түвшинд явж байна. Нэг аймаг “дутагдалтай” үнэлгээтэй тус тус шалгагдсан. Орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд дунджаар 78.5 хувьтай буюу “хангалттай” гэж дүгнэгдсэн гэсэн үг.

-Шалгалтын явцад ажиглагдсан ололттой зүйл нь юу байв?

-Ололттой зүйлс олон байсан. Цагдаагийн байгууллагын нэгэн чухал үйл ажиллагаа болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутгийн өөрөө удирдах байгууллагуудтайгаа хамтран нэлээн үр дүнтэй зохион байгуулдаг болжээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа нь ч тогтворжсон байна. Мөн зарим аймгийн цагдаагийн газраас алба хаагчдыг хөгжүүлэх сургалт, судалгааны төвийг байгуулж эхэлсэн. Энэ нь бусад газар, хэлтэс ч санал, санаачилга авч жишиг болгохуйц ажил болсон байна. Бид энэхүү үйл ажиллагааныхаа үеэр тухайн орон нутгийн удирдлага, хууль сахиулах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал, хүсэлтийг нь сонссон. Тухайн үед цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой ноцтой гомдол, санал ирээгүй. Харин ч орон нутгийн удирдлагууд, хууль сахиулах бусад байгууллага нь цагдаагийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг, тэдний хамтын ажиллагаа сайжирсан нь харагдлаа.

-Тэгвэл дутагдалтай, анхаармаар зүйл юу байна вэ?

-Энэхүү шалгалтад 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн 3400 орчим алба хаагчдын 85.2 хувь нь хамрагдсан. Шалгуулсан нийт алба хаагчдын 30 орчим хувь нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хэдийгээр алба хаагчид маань цаг наргүй ажилладаг боловч өөртөө тодорхой цаг зарцуулж хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ дээшлүүлэх, дадлагажих, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдлаа.

-Шалгалтын үр дүнгээс шалтгаалаад ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зургаан ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явуулсан. Тэдгээр ажлын хэсгээр дамжуулан шалгалтад хамрагдсан цагдаагийн газар, хэлтсүүдээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад 40 орчим саналыг уламжилсан. Үүнийг нэгтгэж шийдвэрлэхийг зохих албан тушаалтан, алба нэгжүүдэд хүргүүлээд байна. Мөн шалгалтад хамрагдаагүй үлдсэн алба хаагчдын шалгалтыг нөхөж авах ажлыг эхний ээлжинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Алба хаагчид эрүүл мэнд, бие бялдрын хувьд хангалтгүй байгаад анхаарч “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн сургалтын чанарыг дээшлүүлэх, алба хаагчид өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүдээс гаргасан саналын дагуу аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд нэгж бүрийн онцлогт тохирсон үүрэг чиглэлийг хүргүүлсэн. Шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаас тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжийг тухайн нэгжүүдэд хүргүүлж биелэлт үр дүнг жилийн эцсээр тооцохоор ажиллаж байна.

-Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарыг нийслэлд сэлгэж ажиллуулах тухай саналыг ажлын хэсгээс гаргасан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Шалгалтын явцад орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарын ачаалал нийслэлд байгаа мөрдөгчдийн ачааллаас харьцангуй бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс тухайн цагдаагийн газар, хэлтсээс тодорхой тооны алба хаагчийг тодорхой хугацаагаар түр сэлгэн ажиллуулснаар нийслэл дэх мөрдөгчдийн ачааллаас хуваалцаж, улмаар өөрсдийн мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх боломж байна гэж үзэж байгаа.

-Уг шалгалтыг нийслэлийн цагдаагийн хүрээнд хэзээ зохион байгуулах юм бэ?

-Улаанбаатар цагдаагийн хүрээ буюу нийслэлийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудад энэ оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний мэргэшлийн түвшинд үнэлгээ дүгнэлт өгөх юм. Цаашдаа мэргэжлийн түвшинд үнэлгээ өгдөг шалгалт, сургалтыг цагдаагийн төв байгууллагаас гурван жилд нэг удаа, нэгжүүд дотооддоо жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байх шаардлагатай байгаа. Түүнчлэн мэргэшлийн түвшнээрээ шалгарсан, ерөнхий болон тусгай шаардлагыг ханган, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад зэрэг олгох байдлаар урамшуулж, цалингийн тодорхой хувийн нэмэгдэл олгож байх саналыг шалгалтын ажлын хэсгээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулсан. Эдгээрийг хэвшүүлж чадвал алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол жил дараалан сайжирна гэж харж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

​Цагдаагийн есөн хурандаатай ангийнхан

Энэ удаагийн “Нэг анги” буландаа Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн салбарын ангийг 1997 онд төгссөн алба хаагчдыг онцолж байна. Цаг наргүй цагдаагийн албыг хашиж, эрдэм оюуныг хослуулан, ард түмний амар амгаланг сахиулах үйлст хүч зүтгэж яваа алба хаагчид 25 жилийн өмнөх өдрүүдээ дурсан, ангийн сонсогч бүрийнхээ нэрийг дурдаж, хэн хаана, хэрхэн ажиллаж байгаагаа ам уралдан ярилаа. Өнөөдөр тэд бүгдээрээ л албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн эрхмүүд болжээ.

Одоогоор тус ангийн 31 төгсөгчөөс цагдаагийн байгууллагад 17 хүн ажиллаж байгаа гэнэ. “Цагдаагийн хурандаа” цолтой ес, “Цагдаагийн дэд хурандаа” цолтой тав, газар, хэлтсийн дарга, тэнхимийн эрхлэгчээр есөн хүн ажиллаж байгаа аж. Ийм олуулаа удирдах алба хашиж, өндөр цолонд хүрч, хариуцлагатай албанд зүтгэж явна гэдэг аргагүй л бахархал юм. Тодруулбал, Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баяр энэ сарын 19-нд тохиосон билээ. Энэ үеэр эдний ангиас хугацааны цагдаагийн хурандаа цолоор Ц.Насанбат, Б.Түмэнбаяр нар шагнуулсан баярт мөч тохиожээ. Ингээд долоон цагдаагийн хурандаа цолтон байсныг ийнхүү ес болгож, гавьяа үйлсээ бэхжүүлжээ.

Эдний ангийн П.Батбаатар “Одоогоос 25 жилийн өмнө арван жилийн дунд сургуулиа төгссөн. Ингээд хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. 1993 онд шижигнэсэн сайхан 34 залуу Цагдаагийн дээд сургуульд элсэн орж, Хуулийн салбарын 1ё ангид хуваарилагдаж байсан юм. Тэдгээр өдрүүдээ эргэн санахад амьдралд минь үргэлж илүү тод гэгээ нэмэх шиг санагддаг. Тухайн үед Замын цагдаагийн газарт зохицуулагчаар ажиллаж байгаад ирсэн С.Хасбаатарыг курсийн орлогч буюу ангийн даргаар сонгож байсан. Атгасан гар шиг нэгдэн, нэг хамт олон болж суралцаад 1997 онд 31-үүлээ сургуулиа төгссөн. Сургуульд сонсогч байсан үед сайн сурч боловсорч, инээж баясаж, тоглож наадаж, ангиараа хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн хэзээ ч мартагддаггүй. Дахин олдохгүй, хамгийн аз жаргалтай, дурсамж дүүрэн үе минь байсан юм” гэж ярилаа. Тэрээр одоо Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа юм байна.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан нь тус ангийн онц сурлагатан байсан гэнэ. Тэрээр “Манай ангиас Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс зэрэг хуулийн бусад байгууллагад ажилладаг хүмүүс ч бий. Тухайлбал, С.Хасбаатар, У.Болдбаатар, Д.Борхүү, Б.Мөнхбаяр нар алба, хэлтэс, тасгийн даргаар ажиллаж байна. Бизнесийн салбарт л гэхэд Б.Ариунболд, Б.Сүрхийсайхан нар амжилттай ажиллаж ангийнхаа бахархал нь болж явна. Эх орноосоо алс хол Англид А.Дүүрэнжаргал, АНУ-д О.Алтан-Өлзий, Д.Дашмягмар, Ц.Сайханжаргал, БНСУ-д Д.Баттөмөр, Л.Наранбаатар, Ц.Цэрэндорж, Швед улсад С.Эндгэрэл нар гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Гэсэн хэдий ч тэд маань алс хол нутгаас хамт олонтойгоо үргэлж холбоо харилцаатай байдаг” хэмээсэн юм.

Тус ангийнхан 30 жилийн ойтойгоо золгоход цөөхөн жил үлдсэн байгаа ч гэсэн он цагийн урсгалд бие биенээ мартаагүй, нэг нэгнийхээ хийж, бүтээж байгаад нь сураг тавина гэдэг одоо цагт ховордсон чанар билээ. Тиймээс аргагүй л амь нэгтэй хамт олон гэдэг нь тод харагдаж байв. Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа T.Баатар “Сургуулиа “Онц” дүнтэй төгссөн И.Батчулуун, Б.Баярмандах нар маань шууд “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор шагнуулж байсан. Тэгэхэд ангийн багш, цагдаагийн дэслэгч Б.Батцэрэн “Шавь нарын маань хоёр нь надаас том цолтой, бусад нь надтай адилхан цолтой болчихлоо шүү дээ” гээд хошигнож байсан нь хөгжилтэй. Энэ үе огт мартагддаггүй юм” хэмээн инээмсэглэн ярилаа.

Он цагийн шалгарлыг даван туулж ирсэн тус ангийн хамт олон энэхүү үерхэл нөхөрлөлийн нандин холбоогоо гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээ гэсээр үргэлжлүүлж явна. Ангийн зарим нөхөд нь бурхны оронд одсон ч тэднийгээ мартаагүй, үргэлж дурсан санаж явдгаа ч илэрхийлж байсан юм. Мөн ангийн цагдаагийн хурандаа Т.Баатар “Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөн байцаагч байсан цагдаагийн дэд хурандаа А.Пүрэвхүүгийн хүүг Хууль сахиулахын их сургуульд элсэн ороход ааваас нь дутуугүй хандаж, бид тусалсан. Дорнод аймагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад бурхан болсон цагдаагийн дэслэгч С.Тулгынхаа охиныг мэргэжлийн сургалтад хамрагдаж, ажилтай болоход нь тусалж дэмжсэн л дээ. Энэ нь бидний үүрэг юм даа” гэж хэлэв. Бие биенийхээ үр хүүхдийг хайрлаж, хүндэлж, амьдралын замд нь хөтөлнө гэдэг үлгэр дуурайл болохоор сайхан чанар. Хүний амьдралын хамгийн сайхан нь бие биенээ хайрлаж хүндлэх гэдгийг эдний ангийн хамт олны халуун дулаан яриа, төлөвшил хүмүүжлээс нь харж болно.

Ангийнхнаасаа цагдаагийн хурандаа Т.Баатар анхлан ОХУ-ын Москва хотод Дотоод явдлын яамны Удирдлагын академийг 2008 онд төгсөж, түүний дараа цагдаагийн хурандаа И.Батчулуун 2010 онд энэ Академийг “Онц” дүнтэй төгсч байжээ. Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Би ийм сайхан залуустай нэг ангид суралцсан болохоор ажил алба маань өөдрөг байдаг гэж бэлгэшээн бодож, бахархдаг” гэдгийг хэлж байлаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр онцгой гавьяа байгуулж дэлхийн 7-8 улс орноос сайн ажилласан нэг хүнийг АНУ-ын Төрийн департаментаас баатраар тодруулж өргөмжлөл олгодог. Дээрх өргөмжлөлийг Монгол Улсаас анх удаа 2008 онд энэ ангийн төгсөгч одоо Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнбаяр хүртсэн нь ангийнхны бас нэгэн бахархал юм. Ц.Насанбат нь ч гэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд цагдаагийн хурандаа цол хүртсэн нь баярлаж, бахархмаар сайхан үйл явдал болжээ. Ангийн багш Н.Гантулга “Хурандаа” цолтой, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Хичээл заадаг байсан багш нар нь ямагт үнэт сургааль хэлж, хүн чанартай байх зэргийг зааж сургасан байна. Ангийн дарга буюу курсийн орлогч, цагдаагийн дэд хурандаа С.Хасбаатар Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, бие хамгаалах урлагаар амжилттай хичээллэсэн нэгэн гэнэ. Тэрээр Монголын гардан тулааны холбооны хар бүс, тавдугаар дантай, Каратэгийн төрлөөр Монгол Улсын спортын мастер цол хүртсэн ажээ. Мөн Цагдаагийн байгууллагын “Цагдаа” цогцолбор тэмцээнд олон удаа оролцож алт, мөнгө, хүрэл зэрэг зургаан медаль хүртсэн талаар ярилаа. С.Хасбаатар нь Цагдаагийн байгууллага, Хууль сахиулахын их сургуулийн бахархал болсон алба хаагч болжээ.

Мөн АНУ-ын Сан Франциско хотод амьдарч байгаа Д.Дашмягмар багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан чадварлаг тамирчин гэнэ. Тэрээр АНУ-д хувийн “Даша дожо” каратэгийн дэвжээг нээн ажиллуулсан төдийгүй шавь нар нь Америкийн олон тэмцээнд аваргалж, амжилт үзүүлдэг байна. Тиймээс түүнийг мундаг үлгэр жишээ болохуйц багш болсон гэдгийг ангийнхан дуу нэгтэйгээр дурслаа. Ангийн С.Эндгэрэл нь Швед улсад амьдарч байгаа. Монгол шагайн харваагаар хичээллэж, Европын тэмцээнүүдэд хоёр удаа түрүүлжээ.

Ангийнхнаас Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр хүн, Цэргийн гавьяаны одонгоор гурав, Цэргийн хүндэт медалиар 15, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдгээр 12, “Монгол Улсын спортын мастер” цолоор хоёр хүн шагнагдсан байна. Мөн хууль зүйн ухааны магистр найм, докторант нэг, Үндэсний бөхийн “Аймгийн заан” цолтой нэг төгсөгч байгаа нь энэ ангийн хамт олон аливаа ажилд идэвх зүтгэлтэй, тууштай ханддаг, хөдөлмөрч зан чанартайг нь илтгэж байгаа юм.

Нэг хамт олон болж, бие биенийхээ алдаа оноо, жаргал зовлон, ололт амжилтыг одоо хүртэл хуваалцаж нэгэн гэр бүлийн хүүхдүүд шиг ижилсэж, ихэрлэж явна гэдэг ховорхон хувь тохиол. Суралцаж эхэлсэн намтар түүхийг уншиж, анд нөхдөө дурссан халуун яриа нь үргэлжилж, бурхны оронд одсон нэгнийхээ үр хүүхдийг дэмжсэн, зүтгэсэн, сургуульдаа хүндэтгэл үзүүлсэн, сургаж заасан эрдэмтэн багш нараа дурссан гээд “Нэг ангийнхан” гэж ийм л байх ёстой доо гэж бодогдмоор олон гэгээн сайхныг дэлгэлээ.

Ангийн хайрын түүхийг ч бас өгүүлэхгүй байж боломгүй. Тэр үед шефийн холбоо гэж анги, байгууллага бүхэнд байдаг байж. Энэ нь ямар нэг үйл явдал зохион явуулдаг холбоо юм байна. Эдний ангийнхан Анагаахын их сургуулийн эмчилгээний нэг ангитай шефийн холбооны үеэр харилцаа холбоо тогтоосноор хоёр ангиас одоо гурван хос гэр бүл болжээ. Ингээд тэд олон хүүхдийн аав, ээж болон аз жаргалтай амьдарч байгаа аж. Уг гэрлэсэн гурван төгсөгч гурвуулаа “Цагдаагийн хурандаа” цолоор шагнагдсан нь ч ховор тохиолдол юм билээ.

Өнгөрсөн жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан ангиуд хамтран тэмдэглэж, төрөлх сургуульдаа Сонсогчийн хөшөө, талбайг бүтээн байгуулж, мод тарьж тохижуулжээ. Үүнийг 1997 оны төгсөлтийнхөн төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид бахархан дурсах сайхан үйл явдал болсон гэдгийг ч онцлов.

Categories
мэдээ цаг-үе

​Т.Мандхай: Сүүлийн үед стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд зонхилон тохиолдож байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Мандхайтай ярилцлаа.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөг болж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Америкийн “Hospital art” гэсэн сан бий. Тус сангийн урлагийн мэргэжилтнүүд Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм. Бид тэдэнтэй хамтарч “Өнгөт өдөр” урлагаар анагаах сэтгэл заслын өдөрлөгийг зохион явууллаа. Уг арга хэмжээнд энэ жил гурван эмнэлэг хамрагдсан. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв дээр өнгөрсөн даваа гаригаас энэ сарын 18-ныг хүртэл зохион явуулсан. Өдөрлөгт хавдартай, мэдрэлийн өвчтэй, харвалтын дараахь шинж тэмдэгтэй хүн, ямар нэг өвчнийг даван туулж байгаа хүмүүс хамрагдсан юм. Мөн хүүхэд, өсвөр үеийнхэн, стрессээс шалтгаалсан эмгэгтэй үйлчлүүлэгчид гээд 100 орчим хүн оролцсон. Дэмжиж, хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг урлагаар анагаах нь ямар давуу талтай вэ. Мөн сэтгэл зүйч, сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн үү?

-Сэтгэл засалч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Манай улсад сэтгэцийн өвчтэй хүнийг урлагаар анагаах нь давуу талтай гэсэн судалгааны үр дүн гараагүй байгаа. Бид одоогоор цөөн хүн хамруулж судалгаа явуулсан байгаа юм. Харин дэлхий нийтэд хийгдсэн олон судалгаа байдаг. Хавдартай эмчлүүлэгчид, уур бухимдлын асуудалтай хүн, стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгтэй, нойргүйдэлтэй, сэтгэл гутралд орсон, сэтгэл түгшилттэй, архаг ядаргаатай гэх зэрэг асуудалтай хүмүүс зураг зурах нь стрессийн түвшинг бууруулдаг гэж үздэг. Хүн стресст ороход ихсэх гормонууд гэж бий. Тэрхүү гормоныг урлагаар тодорхой хэмжээнд бууруулдаг гэсэн судалгаа, шинжилгээ байдаг. Нэг ёсондоо эмгэгийг эмгүйгээр эмчлэх орчин үеийн дэвшилтэт арга юм билээ

Манай төв зураг зуруулах, шүрээр бугуйвч, ээмэг болон төрөл бүрийн зүйл хэлхэх, гибсээр баримал барих зэрэг эмчилгээний аргыг 60, 70-аад оноос хойш хэвшил болгож ирсэн. Сэтгэцийг нөхөн сэргээх клиник гэж бий. Тэнд өдөр бүр эмчилгээнд ирж, хяналтад байдаг хүмүүс уг үйлчилгээнд хамрагддаг. Урлагаар хичээллэж, хөгжим сонсож, зураг зурах зэргээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.

-Урлагаар анагаах өдөрлөгийн дараа эмчлүүлэгчид ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Эмчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсоход “Их гоё юм байна. Зураг зурснаар өөр юу ч бодогдохгүй, гол анхаарлаа хандуулж чадлаа. Сэтгэл санаа тайван байсан” гэх зэргээр эерэг сэтгэгдэлтэй байсан.

-Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй хүмүүс хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Улсын хэмжээнд 2013 онд Дархлалтын судалгааг 12 мянга орчим хүний дунд явуулсан. Үүнээс үзэхэд хүмүүсийн дунд стресстэй, нойргүйдэлд орсон, сэтгэл гутралтай, сэтгэл түгших байдал сүүлийн 20 жилийн хугацаанд арав дахин ихэссэн байна лээ. Архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн гэсэн судалгаа гарсан байдаг. Зонхилж байгаа сэтгэцийн эмгэг бол архи, тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлууд юм. Мөн стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд зонхилон тохиолддог болсон.

-Сүүлийн үед монголчуудын дунд архи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх болсон гэлээ. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Нийгмийн, биологийн, сэтгэл зүйн гэсэн олон хүчин зүйлс нөлөөлдөг. Манай улсын хүн амын дунд нийгмийн хүчин зүйлс нөлөөлж буй нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, замын түгжрэл болон тэдгээрээс үүдэж стресс бухимдал ихтэй болсон. Шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж хүмүүсийн сэтгэл зүйд асуудал үүсч байна. Ингээд түүнийгээ даван туулах, стрессээ тайлах ур чадвар багассан. Удаан хугацааны туршид стрессээ тайлж чадаагүй хүн архинд донтох тохиолдол ихэсчээ. Ийм төрлийн хүмүүс манайхаар ирж үйлчлүүлж буй. Тиймээс иргэдийг сэтгэцийн эмч нар стресстэй үедээ архи хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг. Стресс тайлах олон арга байдаг. Тэдгээрийг ашиглах хэрэгтэй.

-Өнөө үед хүмүүс аминчхан үзэлтэй болчихсон гэдгийг судлаачид хэлсээр байгаа. Энэ нь сэтгэцийн өвчтэй холбоотой юу?

-Тэр болгоныг сэтгэцийн эмгэгтэй гэж хэлнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт. Сэтгэцийн хувьд эрүүл хүн уурлана, бухимдана. Гэхдээ хэзээ, ямар нөхцөлд, ямар хугацаанд вэ гэх зэргээс хамаарна. Уурласан хүн болгоныг сэтгэцийн эмгэгтэй гэж ярина гэдэг бол буруу ойлголт.

Манай монголчуудын хандлага “би өөрөө уг асуудлыг давж, туулна” гэдэг. Тулгамдаж буй асуудлаа хүмүүст хэлбэл, “намайг юу гэж бодох бол” гэх нь ч бий. Ази хүмүүс бүрэг талдаа байдаг. Иймээс үүнтэй холбоотой. Тэр бүр дотоод сэтгэлийн асуудлаа хэлдэггүй. Аливаа зүйлийг ганцаараа даван туулна гэж боддог. Чадаж байгаа хүмүүс бий. Харин тусламж хүсэх үедээ нээлттэй байх хэрэгтэй. Тухайн хүнд байнгын асуудал тулгараад байвал тусламж үргэлж хайж, эрэлхийлэхийг бид санал болгодог. Стрессээ зөв тайлж, ажил амралтын цагийг зөв зохицуулах хэрэгтэй. Ингэвэл хүний сэтгэц ямагт эрүүл байх бүрэн боломжтой.

-Насанд хүрсэн хүмүүс стрессээ тайлах чадварыг хэрхэн эзэмших ёстой вэ?

-Эрүүл мэндийн тухай хуульд “Монгол Улсын иргэн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална” гэж заасан байдаг. Тэгэхээр хүн болгон өөрийгөө эрүүл байхад тодорхой хэмжээнд ач холбогдол өгөх хэрэгтэй гэж үздэг. Сэтгэцийн эмгэгийн ихэнх нь сэтгэлийн ямар нэг шалтгаанаас үүдэлтэй. Тулгамдсан асуудлаа шийдвэрлээгүйтэй холбоотой. Иймээс дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийг бусадтай хуваалцаж байх ёстой. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Сэтгэл гутралтай тэмцэх өдрийн уриа нь “Сэтгэл гутралын тухай ярилцъя, асуудлыг хамтдаа шийдье” гэдэг. Нэг ёсондоо хүний сэтгэл санаа их хэцүү, хүнд байдал байвал хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй. Хүн хүнийхээ дэмэнд гэдэг дээ. Тулгамдсан асуудлаа ярих ёстой гэсэн үг.

-Өсвөр насныхны дунд сэтгэцийн ямар эмгэг зонхилж байгаа юм бол?

-Өсвөр насны хүүхдүүдэд цахим хэрэглээний асуудал тулгарах болсон. Мөн хэрэг түвэгт орооцолддог, олон хоногоор сургууль, гэрээсээ дайждаг хүүхдүүд ч манай төвд ирдэг. Бага насныхан орондоо шээх, нүдээ ойр ойрхон цавчих, мэдрэлийн ядаргаанд орсон гэх зэрэг асуудалтай хүүхдүүд манайхаар түлхүү үйлчлүүлж байна.

Мансууруулах бодисын хэрэглээнд холбогдсон хүмүүс манай эмнэлгийн гучин ортой клиникт хамаардаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэгт хэвтэж байгаа статистикийг ажиглахад мансууруулах бодисын шалтгаант асуудлаас болж ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Архи, тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ эрэгтэйчүүдийн дунд их байна. Харин сэтгэл гутрал, сэтгэл түгших, нойргүйдлийн асуудал эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Ихэнх нь ид хөдөлмөрлөж, бүтээх насны хүмүүс байдаг.

Манай улсад сэтгэцийн эмч хүрэлцээтэй ажиллаж байгаа. Аймагт гурваас дөрвөн сэтгэцийн эмчтэй. Говь-Сүмбэр аймагт л сэтгэцийн эмч одоогоор байхгүй. Дүүргийн эмнэлгүүдэд сэтгэцийн эмч ажлаа хийж байгаа. Манай төв 24 цагаар үйлчилгээ үзүүлнэ. Сэтгэл заслын эмчилгээ хийнэ.

-Сэтгэцийн эмгэг, архи, мансууруулах төрлийн бодисоос хүнийг ангид байлгахын тулд бага наснаас нь эхлэн тэмцэх ёстой юу?

-Багаасаа нь л анхаарах хэрэгтэй. Хүүхэд цэцэрлэгийн наснаасаа ирээдүйд ямар хүн болох төлөвшлөө олдог гэж олон улсад үздэг. Тэгэхээр тухайн хүүхдийн орчин ямар байгаагаас хамаарна. Тухайлбал, хүүхдийн аав, ээж нь их төлөвшсөн, харилцаа хандлага сайтай, мэдлэг мэдээлэл ихтэй, сэтгэл зүй, эрүүл мэндийн боловсролтой байвал эерэг нөлөөтэй. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, бие хүн болгож чадна гэсэн үг. Иймээс боловсролын системд ямагт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Дунд сургуулийн боловсролын системээс эрүүл мэндийн хичээлийг хассан байсан. Харин дахин хэлэлцэж, энэ намар эрүүл мэндийн хичээлийг оруулахаар төлөвлөсөн байгаа. Үүнд, сэтгэцийн эрүүл мэнд, стресс тайлах ур чадварууд, хорт зуршлын сөрөг нөлөө зэргийг хоёр багц, том бүлэг болгон оруулсан. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа зарцуулж, удаан хугацаанд үргэлжилж, хамтын хүчин чармайлтын үр дүнд сайн эерэг нөлөө гарах юм. Манай төвөөс сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэдэг хоёр хөтөлбөрийг боловсруулсан. Дунд сургуульд Эрүүл мэндийн хичээл орох багш нарыг шат дараатайгаар бэлдэх юм билээ. Манай төвд ирж, сургалтад хамрагдана. Манай эмч нар цогцоор нь мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллана.

Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ ямагт цаг гаргах хэрэгтэй. Өнөө үед нөхцөл байдлаасаа шалтгаалж, эх хүн дөнгөж хүүгээ төрүүлээд ажил хийдэг болжээ. Ингээд хүүгээ харуулах асрагч хөлсөлж, таньдаг хүнээрээ харуулах нь ирээдүйд сайн үр дагавар авчрахгүй байгаа юм. Хүүхдүүд эх орондоо хэрэгтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй болж хүмүүжихгүй байна. Учир нь эцэг, эхийн халамж, хайранд өссөн хүүхэд ирээдүйд зөв хүн болж төлөвшдөг гэдэг. Сүүлийн үед хүмүүс хүүхдийг уйлахаар нь утас өгч тоглуулдаг. Хүүхэд утасны хор уршгийг мэдэхгүй. Эцэстээ өсвөр насандаа гар утас, цахим хэрэглээний хамааралтай болж байгаа нь дэндүү харамсалтай. Тухайн хүүхдэд утас өгөх шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ. Аав, ээж шүү дээ. Тэд өөрсдөө хор нөлөөтэй зүйлийг олон цагаар барих уу, үгүй юу гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ хүүхдийг утас, компьютерээр тоглуулдаг. Эцэг, эхчүүд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт олон арга бий. Тэдгээрийг ашиглаж болно. Тухайлбал, салхинд авч гарч, өвс модтой газар аваачих, элсээр тоглуулах, усанд сэлүүлж сургах хэрэгтэй. Мөн шатар, сагс тоглуулж, аюулгүй байдлыг хангах ёстой. Хүүхдээ сайн хүмүүжүүлж буй эцэг эх ч байна. Хайр, итгэлээр дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд эрсдэлд ордоггүй гэдгийг санах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

​Ч.Чимэдбат: Бага насны хүүхдүүд аав ээж, ах эгчийнхээ буруугаас болж амиа алдаж байна

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Сүүлийн үед зам тээврийн ноцтой ослын улмаас бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол их гарах боллоо. Өнгөрсөн жил гэхэд хичнээн хүүхэд амиа алдсан бэ?

-Өнгөрсөн оны байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 1058 хүүхэд гэмтсэн. Үүнээс 55 хүүхэд ослын улмаас амь насаа алджээ. Эдгээрээс 47 хүүхэд орон нутгийн замд буруу тээвэрлэгдсэнээс болж, амь насаа алдсан юм. Нэг ёсондоо бага насны хүүхэд хайртай дотны аав ээж, ах эгчийнхээ хажууд явж байгаад томчуудын буруутай үйлдлийн улмаас амь насаараа хохирох болсон.

-Ноцтой зам тээврийн осол юунаас болж гараад байгаа юм бэ?

-Тухайн жолоочийн сахилгагүй, хариуцлагагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журам биелүүлдэггүйтэй холбоотой. Зарим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлдэг. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг нь ч нөлөөлдөг. Хамгаалах бүс, хамгаалах хэрэгсэл зүүлгэдэггүйгээс шалтгаалах нь бий. Ийм шалтгаануудаас болж хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд гарч байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 400 гаруй хүүхэд гэмтэж, 13 хүүхэд амь насаа алджээ.

-Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж, ажиллаж байна вэ?

-Орон нутгийн замд Замын цагдаагийн албанаас зөөврийн хурд хэмжигч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хурданд хяналт тавьж байна. Алслагдсан зуслангийн замд хяналт шалгалт хийж байгаа. Нийслэлд “Хөдөлгөөн зохицуулалт-хяналт арга хэмжээ”-ний хүрээнд бүлгийн эргүүлийг гаргасан. Тодорхой цэгүүдийг дэг журамтай болголоо. Орон нутгийн замд “Хөдөлгөөний соёл” аяныг ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулж байна. Иргэд орон нутгийн замд мотоцикльтойгоор замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхдээ тэд айраг болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага насны хүүхдийг хамгаалалтын малгайгүй, давхралдсан байдлаар авч явдаг. Тэгж яваад онхолдож, хүүхдийн амь насыг нь хохироох тохиолдол их гарах болсон.

Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч олон төрлийн нөлөөллийн сургалт, сэрэмжлүүлэг гэх зэрэг ажлыг зохион явуулдаг. Гэвч эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй явуулж байна. Хариуцлагагүй эцэг эхчүүд осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм. Ингэхгүй бол зам тээврийн осол цагдаагийн албан хаагчдын санасан хэмжээнд хүртэл буурч өгөхгүй байгаа юм.

-Хүүхдийг буруу тээвэрлэж явсан жолоочид ямар хариуцлага оногдуулж байна?

-Хүүхдээ буруу тээвэрлэдэг, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй соёлгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын эрхийг нь хассан. Өмнө нь бид тэдэнд олон удаа сануулсан. Одоо шаардлагатай арга хэмжээг дорвитой авч ажиллахаас өөр аргагүй. Тухайлбал, замын цагдаа нараас иргэд нэг удаа сануулаад өнгөрчих гэж их гуйдаг. Заримдаа сануулж, сэрэмжлүүлээд ч үр дүн гарахгүй байна. Тухайн автомашиныг зогсооход иргэд цагдаагийн нүдийг хуурдаг. Хүүхдийнхээ дээгүүр нь бүс тохчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, стандартын дагуу бүс зүүлгээгүй байдаг юм. Жолооч өөрөө бүсээ зүүгээд хэвшил болчихлоо. Одооноос хажууд суугаа хайртай дотнын хүн, үр хүүхдэдээ зүүлгэх хэрэгтэй. Мөн хүүхдийг автомашинд тээвэрлэж явахдаа дураар нь орхиж, идэх юм өгч, тоглуулж, цонхоор гар хөлийг гаргаж явах тохиолдол ч бий. Иймээс бид цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт байхгүй газар бүрт хүрч ажиллана. Замын цагдаагийн алба хаагчид энэ зун ээлжийн амралтгүй ажиллах төлөвлөгөө гарсан.

Ямар зөрчил гаргасан бэ гэдгээс хамаарч өөр өөр торгууль оногдуулдаг. Тодруулбал, хамгаалах бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй иргэнээс зөрчлийн нэг оноо хасч, хорин мянган төгрөгөөр торгуулна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодвол 400 мянган төгрөгөөр торгодог. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Мөн бид бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнга ажилладаг. Хүүхдийн амь нас хөнөөсөн хүнийг хэрхэн шийтгэх вэ гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар, шүүхээр шийдвэрлэдэг.

-Одоогийн байдлаар Замын цагдаагийн албанд ямар гэмт хэрэг их бүртгэгдсэн бэ?

-Зуны улирал болж байна. Тиймээс аялал зугаалга, гол усны ойролцоо иргэд их очдог. Сургуулийн аюултай зам, орчин гэж байдаг байсан бол одоо аюултай эцэг эх гэж гарч ирэх болжээ. Арваас доош насны хүүхдүүд метр 30-40 сантиметр байдаг. Гэтэл сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл метр 50-60 сантиметр болсон. Ингэхээр бага насны хүүхэд харгалзах хүнгүй зам дээр явж байхад харагдахгүй тохиолдол их гардаг. Эцэг эхчүүдийн хараа хяналтгүйгээс хүүхэд гэнэт замын урдуур гүйхэд хэдхэн хормын дотор аймшигт осол гарна. Эсвэл эцэг эх, асран хамгаалагчид дөрөв, таван насны хүүхдийг долоо, найман настай хүүхдэдээ найдаж, гэрийн ойролцоо дэлгүүр болон ямар нэг газар руу гүйлгэдэг. Үүний улмаас хүүхэд хариуцлагагүй жолоочийн золиос болж, амь насаа алддаг.

Мөн сүүлийн үед тээврийн хэрэгслийн доторх тээш хадгалах хэсгийг шалгадаг болсон. Ихэнхдээ автомашинд ямар нэг хууль бус зүйл хадгалах, авч явах, хулгайн эд зүйлээ нуух хэрэг гарч байна. Мөн автомашины үндсэн дугаараа солих зэрэг зөрчил гардаг. Иймээс хяналт шалгалтыг улам эрчимжүүлнэ. Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн жолоочид Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклын сэлбэгийг оруулж ирдэг. Гэр бүлийн хоёр хүн байхад нэг нь мотоциклийн дугуй, гадна биеийнх нь хэсгийг, нөгөө нь жижиг, нарийн техник хэрэгслийг нууж авч явдаг.

-Осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхэд осолд өртсөн, хүний амь нас хохирсон ноцтой ослуудын хүрээнд харьяа дүүрэг орон нутгуудад албан бичгийг хугацаатай хүргүүлдэг. Дахин гэмт хэрэг, осол гаргахгүй байх зэргийг анхааруулдаг гэсэн үг. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг автомашинд авч явахдаа заавал бүсийг нь зүүлгэж, цонхыг нь хаах зэргээр, зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал юм.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Эрдэнэдалай: Хар тамхины хэрэглээ эмэгтэйчүүдийн дунд ихэсч байна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хар тамхины хэрэглээ залуусын дунд ихэссээр байгаа. Тэр дундаа эмэгтэйчүүд хэрэглэх нь ихэссэн гэв үү?

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хар тамхины хэрэглээ иргэдийн дунд жил ирэх тусам өсч байгаа. Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэглээг бууруулахаар тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авч байна. Тухайлбал, Хар тамхитай тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээнд техник хэрэгсэл, хүний нөөцийг нэмэгдүүлснээр илрүүлэлт өссөн дүнтэй гарсан юм. 2018 оны хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 хэрэгт 201 хүн холбогдсон. Уг хэргүүдийг шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хэргээр буюу 78.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар өссөн. Ихэвчлэн 18-35 насны хүмүүс хэрэгт холбогдсон байдаг. Эрэгтэй хүмүүс их байгаа ч мансууруулах бодистой хамааралтай шалгагдаж буй эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай юм.

-Удахгүй “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам болно. Энэ үеэр залуучууд хар тамхи их хэрэглэдэг гэсэн. Цагдаагийн байгууллага энэ мэт арга хэмжээний үеэр дорвитой баривчилгаа хийх боломжтой юу?

-Улаанбаатарт хүмүүс бужигнаж, идэвхтэй амьдрал өрнөдөг болчихлоо. Удахгүй үндэсний баяр наадам болно. Мөн “Play time” болон бусад амьд хөгжмийн томоохон арга хэмжээ, наадам их зохион байгуулагддаг. Эдгээр нь нэг талаараа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлж байгаа хэрэг. Гэвч тухайн үед заримдаамансуурах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд байж байдаг. Өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Наадмын үеэр ноцтой баривчилгаа хийх нөхцөл байдал илэрч байгаагүй. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарч болох газруудад байнгын эрчимтэй хяналт, шалгалтыг явуулдаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлууд төлөвлөгөөний дагуу явагдана.

-Хар тамхины хэрэглээг хэрхэн яаж бууруулах ёстой юм бэ. Ерөнхийдөө Хан-Уул дүүрэгт элит түвшний залуусын дунд хар тамхины хэрэглээ их болсон гэсэн мэдээлэл бий?

-Аль дүүрэгт хар тамхины хэрэглээ их байна вэ гэдэгт судалгаа хийгдэж буй. Элит, чинээлэг амьдралтай айлын залуус хэрэглэж байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт. Нийгмийн аль ч хэсэгт тархах боломжтой. Хар тамхины хэрэглээ урлаг соёлын одод, залуусын дунд их байгаа нь үнэн.

-Хар тамхи хэрэглэсэн залууст хуулийн дагуу ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэж байна. Тухайн хүн хэрэглэсэн нь тогтоогдвол 30 хоног хүртэл баривчлах арга хэмжээ авна. Хэрэв хэрэг хүндэрвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал, хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хадгалсан, хууль бусаар олж авсан, хилээр нэвтрүүлж, борлуулсан этгээдүүдэд оногдуулах ял шийтгэл өндөр юм. Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай харьцуулбал ял шийтгэл нь чангарсан.

-Саяхан дуучин Эгшиглэн хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн. Мөн Г.Сарангэрэл бэлэг эрхтэндээ хар тамхины төрлийн бодис нуун хилээр оруулах гэж байгаад баригдсан байдаг. Түүнийг баривчилсан уу?

-Урлаг соёлын оддын холбогдсон хэргийг шалгаж байна. Г.Сарангэрэлд холбогдох хэрэг Шүүх рүү шилжсэн. Хар тамхи мансууруулах төрлийн бодистой хамаатай гэмт хэрэгт холбогдсон хүмүүс дахин өртөх магадлал өндөр болчихдог.

-Зарим дуучид хар тамхины хэрэгт холбогдчихоод хар шил зүүчихсэн тайзан дээр гарч дуулдаг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон урлаг соёлын оддыг шалгадаг юм уу?

-Тухайн дуучин дуулж буй дуунаасаа шалтгаалж л хар шил зүүдэг байх. Тэд хар тамхи хэрэглэчихээд нүдээ нуудаг гэж бодохгүй байна. Цагдаагийн байгууллага торгуулийн арга хэмжээ авч, баривчилж хорьж, шийтгэдэг. Мөн ял шийтгэл оногдуулдаг.

Залуус хар тамхи, мансууруулах бодисын талаар өргөн хэмжээний мэдлэгтэй болжээ. Гэхдээ эцэг эхчүүд, иргэд хүүхдүүддээ хар тамхины хор уршгийн талаар их сайн ойлгуулах хэрэгтэй юм. Тухайлбал, хар тамхины төрлийн бодисыг хэрэглэснээр тухайн хүн нэг ч эрүүл эрхтэнгүй болдог. Сайхан амьдрах боломжоо бүрэн алддаг гэх зэргийг сайтар хэлж өгөх шаардлагатай. Сүүлийн үед залуус саваагүй, сониуч байдал, найзын хүрээлэл зэргээсээ хамаарч хар тамхинд уруу татагдах тохиолдол цөөнгүй гарч байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа, холбоотой ажиллаж буй. Харин хэрэгт холбогдож буй залуучуудын гэр бүлийн хүмүүжил, хандлага зэргийг зөв төлөвшүүлэх нь нэн түрүүнд тавигдах шаардлага болоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Охин газарт унасан шонгийн модны утаснаас дугуйгаа салгах гэж байгаад амиа алджээ

Охины цахилгаанд цохиулж амиа алдсан газар

Налайх дүүргийн VI хорооны Горхины баруун салаанд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Хэргийн газарт Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиход “Болор” гэх амралтын газрын ойролцоох арван айлын цахилгаан дамжуулдаг 220 вольтын цахилгааны шон газар унасан байсан аж. Улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан охин утсан дээр унахдаа цахилгаанд цохиулж амь насаа алджээ. Одоогоор уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна.

Тэрэлжийн “Болор” хэмээх газрын “Benibana” гэх амралтын газраас доош 250 метрийн зайд цахилгааны шон унажээ. Үүнийг тэр хавийн оршин суугчид ажиглаагүй байна. Ер нь Тэрэлжийн амралтын газруудын ойролцоо байх цахилгааны шонгуудыг ажиглахад зарим нь хазайсан, аюулгүй байдал огт хангагдаагүй, ил задгай байх юм. Энэ сарын 5-нд Тэрэлжид хэсэг бороо орсны дараа нар гарч долоон настай Д.Номин гэх охин хамаатны хүүхэдтэйгээ гадаа гарч, дугуй унахаар болсон байна. Тэр хоёр гэрээс нь 250 метрийн зайд байрлах шонгийн мод хүртэл дугуй унаж, уралдахаар болсон гэнэ. Ингээд охин хурдтай явж байтал дугуй нь халтирч, газар унасан шонгийн модны утсанд орооцолдож, нүхэлсэн хэсэг рүү орчихжээ. Харин Д.Номин үсэрч модны ойролцоо шидэгдсэн байна. Тэрээр дугуйгаа шонгийн модны утаснаас салгаж, гаргаж авахаар хүрэхдээ цахилгаанд цохиулжээ. Түүний баруун гар нь тэр чигтээ хөө болж, амьсгал нь боогдсон гэнэ.

ОХИН ГЭР РҮҮГЭЭ ОЧИХ ЗАМДАА АМЬСГАЛ ХУРААСАН ГЭВ

Бид охины амиа алдсан газарт ирж, гэрийнхэнтэй нь уулзахаар очив. Гэвч гэр нь эзэнгүй байсан юм. Тиймээс хөрш айлын иргэн С.Гэрэлтнямаас зарим зүйлийг тодрууллаа.


-Амиа алдсан долоон настай охины талаар ярихгүй юу. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Д.Номин гэх охины өвөө нь “Benibana” гэх амралтын газарт манаач хийдэг. Нэг ёсондоо охины өвөө, эмээ энд ирж, зусдаг юм. Сарын өмнө охин ээж, дүү нартайгаа өвөөгийндөө ирж, амарч байсан. Тэрээр өвөөгийнхөө хамгийн бага хүүгийнх нь хүүхэд буюу ач охин нь юм билээ. Охины цахилгаанд цохиулж амиа алдсан шонгийн модонд гэмтэл гарч, бороо орсны улмаас газарт уначихсан юм байна лээ. Бид юу ч мэдээгүй. Тухайн өдөр бороо орсны дараахан үйл явдал өрнөчихсөн. Дугуй нь халтирч, шонгийн модны утсанд орооцолдож унасан гэсэн. Ингээд охин дугуйгаа татаж авахаар хүрэхэд цахилгаан цахиж, гар нь тэр чигтээ хөө тортог болж, хар болчихсон байсан гэсэн. Хажууд нь нөгөө хамаатных нь эрэгтэй хүүхэд байсан юм билээ. Тэрээр гэрийнхэнд нь ирж, дуулгасан. Охины ээж “Миний охин” гээд л сандраад, нулимс нь цийлэгнээд явсан. Гэрт байсан хүмүүс хурдхан машинаа унаад очсон чинь хоолойных нь тус газарт харлаж, хөө болчихсон байсан. Охиныг дуудахад сайн ярьж чадахгүй байсан гэнэ лээ. Тэрээр гэр рүү нь авчрах замд амьсгал хураачихсан гэсэн.

-Цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийнхан хурдан ирж амжаагүй юм уу?

-Цагдаагийн ерөнхий газар, онцгой байдлын алба хаагчид 40 орчим минутын дараа ирсэн. Тэд тухайн газрыг сайтар шинжилж, шонгийн мод, дугуй гэх зэргийг авч явсан. Биднээс шөнийн 01.00 цаг хүртэл мэдүүлэг, байцаалт авсан. Охин нэгэнт амиа алдчихсан учраас гэрийнхэн нь түргэн тусламжийнханд дуудлага өгч, моорогт байлгасан.

-Талийгаач охины аав нь хаана байсан юм бэ?

-Охины гэрийнхэн Зам-Үүдэд амьдардаг юм билээ. Аав нь Замын-Үүдэд ажил хийдэг. Ээж нь гэртээ бага насны хүүхдүүддээ асардаг байсан. Тухайн өдөр ээж нь нялх хүүгээ асарч, том охин нь гадаа тоглохоор явчихсан. Хажуугийн гэрт нь өвөө нь болон хамаатных нь хүмүүс байсан юм билээ. Эмээ нь Ховд руу ажил явдал гараад явсан гэж сонссон юм байна. Охинтой хамт тоглож явсан хүү гэнэт л чанга орилоод ороод ирсэн гэсэн. Долоон настай охин их сэргэлэн цовоо, энэ жил нэгдүгээр ангиа төгссөн юм байна лээ. Тэр хоёр дүүтэй. Нэг нь ой гарантай, нөгөө нь 5-6 зургаан сартай гэж сонссон. Харамсалтай юм. Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдчихлаа. Одоо гэр бүлээрээ Замын-Үүд явсан байх. Налайх дүүргийн VI хороо дөрвөн хэсэгтэй. Хороо хариуцсан дарга, хэсгийн ахлагч нар юу хийж явдаг байна аа. Энэ хавиар явж, шонгийн модны аюулгүй байдлыг сайтар шалгаж байх ёстой биз дээ. Одоогоор хоёр гурван хоног тог тасарчихсан байна.

-Та бүхэн хорооны засаг дарга болон хариуцсан албан тушаалтнууд руу ярьж, шаардлага тавьж байна уу?

-Бид хорооны ажилтан, хэсгийн ахлагч нар руу ярьсан. Тэгсэн шуурхай хуралдаж байна гэсэн. Тус шонгийн моднууд 1986, 1987 оны үед баригдаж байсан. Эдгээр шонгийн моднуудыг одоо налайхын Цахилгаан түгээх станц огт хариуцдаггүй. Манайх ч гэсэн бага насны хоёр гурван хүүхэдтэй. Бид одоо тэмцэнэ. Энэ ил задгай харагдах шонгийн моднуудыг цэгцэлж, гадна талд нь аюулгүй байдал хангасан зориулалтын хаалт хийх хэрэгтэй. Манай энд тухайн өдөр хүчингийн хэрэг гарсан. Мөн нэг иргэн өөрийгөө боомилж амиа хорлох дөхсөн гэсэн. Аюултай юм гэв.

Л.ГАНТӨГС: ТЭРЭЛЖ ОРЧИМД ЦАХИЛГААНЫ ХҮРТЭЭМЖ МУУ БАЙДАГ

Налайх дүүргийн Улаанбаатар цахилгаан түгээх станцын мэргэжилтнүүдтэй уулзахад “Бид шуурхай хуралдаж байна. Энэ талаар тайлбар хэлэх боломжгүй” гэсэн юм. Мөн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр очиход “Хэргийг шалгаж байна” гэв. Тус дүүргийн зургадугаар хорооны иргэн Л.Гантөгс “Талийгаач охин эмээтэйгээ манайд ирж морь унадаг байсан. Хичээлээ уйгагүй давтаж, онц сурдаг, сэргэлэн цовоо охин байсан. Их хэцүү байна. Эмээтэй нь холбогдсон. Тэдний гэр бүлд их хүнд байгаа. Налайх дүүрэг, тэр дундаа Тэрэлж орчимд цахилгааны хүртээмж их муу байдаг. Бид цахилгааны станцынханд хандахад, дорвитой арга хэмжээ авч өгдөггүй. Засаг дарга ч ажлаа хийдэггүй. Хэд хоног угаалгын машин ч ажиллуулж чадсангүй. Цахилгааны төлбөрөө хугацаанаасаа хоёр гурван хоног л хэтрэхэд биднийг хорооны ажилтнууд ирж загнадаг. Тэгсэн хэрнээ огт аюулгүй байдлаа бодож, зөв алхам хийдэггүй. Хоёр жилийн өмнө айлын цахилгааны шон унаснаас болж хүн амь насаа алдах дөхсөн. Төр, засгийн удирдлагууд ард иргэдийнхээ төлөө ямар ч ажлыг хийнэ, аюулгүй байдлыг хангана гэдэг мөртлөө огтхон ч хөдөлдөггүй. Дүүрэг, хорооны дарга нар ч гэсэн юу ч хийдэггүй. Өмнө нь бага насны хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан. Тэгээд холбогдох албан байгууллагынханд хатуу хариуцлага тооцоогүй биз дээ. Мөн хяналт шалгалт хийж, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэсэн зүйл ч алга. Ямар нэг байгууллага, төрийн алба хаагч нартай тулж ажиллах хэрэгтэй. Тэд тавьсан шаардлага, дүрэм журмаа баримтлахгүй бол торгож, шийтгэх ёстой” гэж ярилаа.

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд осолд орж, амь насаа алдсан харамсалтай хэргүүд их гарч байна. Улаанбаатар хотод цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хоёр ч хүүхэд амь насаа алдлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VII хороо “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож явсан есөн настай хүү цахилгаанд цохиулсны улмаас амиа алдсан хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 25-ны өдөр гарсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэв. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгдсэн хэрэг энэ сарын 1-нд гарсан билээ. Тухайн үед учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дунд анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварсан байдаг. Тэрээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон аж. Ийнхүү ил задгай цахилгааны утас, ухсан нүх, онгорхой траншейн зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж, цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажилдаа хойрго, хайхрамжгүй ханддаг иргэд, албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Удахгүй улсын их баяр наадам болно. Энэ үеэр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулахыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

DZ man буюу Б.Дашзэвэг: Хүн чанар минь зулгааж, байцаагчийн үгийг толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагачихлаа

-ХӨРШ АЙЛЫН ХҮМҮҮС “БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДСАН” ГЭХ БАТАЛГАА БИЧИЖ, ЦАГДАА ДЭЭР ОЧЧИХСОН-


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс есөн жилийн ял авч байсан. Харин түүний гаргасан гомдлыг үндэслэж, Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын доод хэмжээг буруу тогтоосон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ялыг гурван жил болгож өөрчилсөн билээ. Б.Дашзэвэг одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэсэн үү. Саяхан эмнэлгээсээ гарч ирэв үү. Биеийн байдал тань ямар байна вэ?

-Санаа тавьсанд баярлалаа. Одоо бие маань гайгүй болж байна. Эмчилгээ сайн хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлэгт долоо хоног эмчлүүлж байгаад энэ сарын 27-нд гарч, хорих ангид ирээд байна. Тухайн үед эмнэлгийн даргаас эхлээд эмч, сувилагч нар нь их л сайн халамжилж, тусалж дэмжлээ. Сэтгэл санаагаар их унаж, хэцүү байна. Тиймээс бие маань байсхийгээд л мууддаг юм. Би Улсын хоёрдугаар төв эмнэлгээс хорихын эмнэлэгт шилжиж, нийт найман удаа хэвтэж, эмчлүүллээ. Хүний эрүүл мэндийн төлөө ямагт бат зогсож байдаг эмч нар мандтугай гэж хэлье.

-Таныг бага насны охин хүчиндсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон гээд л яриад байна. Тухайн үед зуслан дээр яг юу болсон юм бэ?

-Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан дахь зуслангийн байшин руугаа өнгөрсөн оны аравдугаар сард очсон. Тухайн үед хөрш айлын н.Батмөнхийн хөл муутай охин үхэр хариулж явсан юм. Би аавтай нь хамт ярилцаад явж байтал охиных нь өмд норчихсон чичрээд байсан юм л даа. Очиход охин даарчихсан байв. Би өвдгийг нь барьж дулаацуулах гэтэл аав нь “Та миний охины биед битгий хүр…” гээд л аваад явчихсан. Би ч араас нь явж байлаа. Гэтэл н.Батмөнх “мөнгө өг” гэж хэлсэн. Эхлээд би уурласан. Яагаа ч үгүй байж юун мөнгө өгөх вэ гэж бодсон. Дараа нь нэр хүндэд чинь халдана гэхээр нь их айсан.

-Тухайн үед мөнгө өгнө гээд баталгаа бичээд өгчихсөн юм уу. Үүний улмаас хэрэг мандчихсан юм биш үү?

-Би тухайн үед одоо “Мөнгө бага, 300 мянга байна” гэж хэлсэн. Би ажилтай тул 1-2 хоногийн дараа авчирч өгье гэсэн юм. Тэгсэн н.Батмөнхийнх “Баталгаа бичиж өг” гэв. Тэд бүр “яг ийм үг бичиж өг” гэсэн. Бичиж өгсөн л дөө. Хэд хоноод очиход цагдаа шүүхийнхэнд нөгөө бичиж өгсөн баталгааг маань гол материал болгоод өгчихсөн байсан. Үйл явдлыг “завдсан” болгоод мэдүүлэг өгсөн юм билээ. Тэдний гэр бүлийнхэн дараа нь “Уучлаарай” гэж хэлсэн. Ингээд хэрэг мандав. Би худал ярьж чаддаггүй. Хүний үгээр зөөлхөн хүн өөртөө ял оноодог юм байна.

-Та цагдаагийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгөхдөө юу гэж хэлсэн бэ?

-Би өнгөрсөн хугацаанд их юм мэддэг гэж өөртөө итгэдэг байсан. Гэтэл хууль зүй, гэмт хэргийн талаар ямар ч төсөөлөлгүй юм байна лээ. Хөрш айлынх маань “Бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан” гэх баталгаа бичиж, цагдаа дээр оччихсон. Надаас мөнгө авахын тулд идэвхтэй хөөцөлдөж байсан юм билээ. Хүн чанар минь зулгааж, мөрдөн байцаагчийн асуусан асуултад толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагалаа. Гэнэт Б.Дашзэвэгт холбогдох шүүх хурал болох үйл явдлууд хурдан өрнөчихсөн. Миний бие өвдөөд сандарч, тэр өдрүүдэд хүнд байсан. Сүүлдээ Б.Дашзэвэгт холбогдох шүүх хурал болно гээд л мэдэгдэх хуудас ирэх болсон юм. Шүүх хурлууд болоод би суух л үүрэгтэй байв. Чих маань юу ч сонсохоо байсан. Юу ч сонсохгүй тийм нөхцөлтэй шүүх хурлуудад оролцсон. Шүүх хурлуудын үеэр хоёроос гурван өгүүлбэр л хэлж байв. Тэр үед би шүүхийнхэн их л ажиллах юм даа гэж бодсон. Надад хүн чанарын талаар том дутагдал байна. Хүний үгээр зөөлхөн хүн. Үүнийг маань хүмүүс ашиглах нь илүү олон юм байна. Ийм л зүйл бодож сууна.

DZ man буюу Б.Дашзэвэгийн шоронгийн камераас гараараа бичиж өгсөн ярилцлагын эх.

-Зуслангийн хөрш айлын чинь эзэн таныг бодож амиа хорлосон гэж сонслоо?

-Монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэж шуугьж байсан өдрүүдэд худал мэдүүлэг өгсөн. Хурц үеийг ашиглаж н.Батмөнхөд мөнгө олох санаа төржээ, хөөрхий. Тэгээд буруугаа бодоод амиа хорложээ. Гэр бүлийнхэн нь шүүх хуралд ирсэн. Тэд “Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноолоо” гэхэд их хачин болж байсан. Дараа нь н.Батмөнх гялс надтай уулзахдаа “Яана аа, би танаас мөнгө л авах гэсэн юм. Шоронд суучихна гэж огт санаагүй” гэж байсан. Саяхан тэрээр “Би 46 настай, Дашка 70 насыг хол давсан. Дашка есөн жил амьд байх болов уу” гэж байгаад боож, амиа хорлосон байна лээ. Хэрэг бол ердөө л 3-4 минут охины хөлийг дулаацуулахаар өмдийг өвдөг хүртэл тайлсан үед л мөнгө авах сэдэл төрснөөр эхэлсэн юм болов уу. Хоёр хөлгүй хөөрхий охины аав Батмөнх нь хажууд хараад зогсож байлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр гэрч байсан юм.

-Шүүхээс ял сонсоход юу бодогдсон бэ?

-Миний нулимс цийлэгнэсэн. Дотор давчдаж, юу болоод байна вэ гэж бодогдсон. Тэгэхдээ би цагдан хорих ангид журмаар нь байна гэж хэлсэн. Удирдлагатай нь эхлээд уулзаж ярилцсан. Тухайн үед би шоронд ороход гурван зүйл бодогдож, нулимс минь гарсан юм. Нэгдүгээрт, Би ямар ч нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Хоёрдугаарт, Нэгэнт л ирсэн учир ёс журмыг яс дагана. Гуравдугаарт, Энд байх хэрэгтэй, сэтгэл санаа хоол ундыг зохицуулах ёстой. Эдгээрийг бодож, хорих ангийн удирдлагад болон өөртөө ч хэлж байлаа. Одоо Цагдан хорих нээлттэй ангид байна. Эдний удирдлага, ажилтнууд хүндэтгэн хандаж байгаад баярлаж сууна. Дүү Б.Пүрэв маань миний төлөө уйгагүй, өдөр шөнөгүй нойроо хумслан байж явж байгаа. Түүний хөл нь муу ч гэсэн, өөрийгөө умартан хүмүүстэй их эвсэг харилцаж, аливаад хүлээцтэй хандаж, чин сэтгэлээсээ үнэний төлөө явж буй юм. Миний хүүхдүүд ч гэсэн адилхан.

-Ял эдэлж байхад хүмүүс таны талаар юу ярьж байна. Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай 461 дүгээр ангид хоригдсон гэсэн. Тухайн үед нөхцөл байдал хүнд байсан уу?

-461 дүгээр хорих анги чанга дэглэмтэй хэцүү юм билээ. Ямар сайндаа миний дүү ирчихээд “Та үхэж л болохгүй шүү. Үнэн зөвийн төлөө тэмцэх ёстой. Үнэн ялна” гэж хэлж байсан. Тэр үед надад “яг л үхэх юмсан, ямар хэцүү юм бэ” гэж бодогдож байсан удаатай. Хүмүүс их танхай, зэрлэг байсан. Хорих ангийн өрөөнд таваас зургуулаа байна. Тэдгээр дунд янз бүрийн хүмүүс бий. Тухайлбал, “Таны нөгөө мундаг Соёлын гавьяат зүтгэлтэн, тоймч гэдэг чинь хаана байна. Хүчингийн хэрэг хийчихсэн юм уу” гээд л янз бүрээр л хэлж, доромжилж байсан. Хоол унд ч тохирохгүй арай гэж 30 хоногийг өнгөрөөж, эмнэлэгт шилжсэн. Сэтгэл санааны байдал тавгүй. Заримдаа ар гэрийнхнээс хүн ирэхээр үг ч хэлж чаддаггүй байлаа ш дээ. Одоо энд арай дээр байна. Гэхдээ л бие сэтгэлээрээ хохирч байна. Ерөнхийдөө хорих ангийн удирдлага, дарга нар намайг зөвөөр ойлгосон. Тэд ядаж л дарамтлахгүй, “Та ядарч байна уу, ажил хийчихээд хааяа амарч байгаарай” гэдэг. Хорихын эмнэлэгт хүмүүсийн дарамт шахалт бага зэрэг байсан. Чанга дэглэмтэй 461 дүгээр хорих ангид нэг өдрийг хоёр өдрөөр тооцдог юм билээ. Тиймээс чанга хэцүү байх нь аргагүй ч үгүй биз. Би өнгөрсөн оны аравдугаар сараас ял эдэлж байна. Одоо жил болох дөхөж л байна.

-Таны дүү Б.Пүрэв долоо хоногт нэг л удаа эргэх эрхтэй. Тэр үеэр би сонин аваачиж, гэрийн хоол хийж өгдөг юм гэсэн. Уран бүтээл туурвиж байна уу?

-Шүлэг зохиол их бичиж байна. Тусад нь өөр газар очоод бичвэл сайн байдаг. Бололцоогүй тэмдэглэлийн дэвтрээ урсан, устгасан. Шоронд “Болжмор” шүлэг бичсэн. Хоёрдугаарт, “Төрсөн нутагтаа үлдээх шүлэг”. Гуравдугаарт, “Уйлах шүлэг” (ээ хөөрхий). Дан гэгээлэг биш шүлгээр отов. Уучлаарай.

Эцэст нь миний төлөө санаа тавьж, өдөр шөнөгүй хөөцөлдөж, энэ шоронгийн хаалгыг олон хоногоор сахиж байж, сэтгэлийн минь учиг, юу болсон талаарх үнэн үгийг минь ард түмэнд хүргэж буй “Өдрийн сонин”-ынхоо хамт олонд онцгой их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Наранбаатар: Соён гэгээрүүлэх нь хар тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга

Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн докторант, хурандаа Ж.Наранбаатартай ярилцлаа.


-Туркийн “Хар тамхи гэж юу вэ, яаж мэдэж болох вэ, юу хийх ёстой вэ” гэсэн номыг монгол хэл рүү орчуулж гаргажээ. Яагаад заавал энэ номыг монгол хэлнээ гаргах болсон юм бэ?

-Анх 1994 онд “Маш нууц” сонин дээр хар тамхитай холбоотой асуудлыг мэргэжилтнүүд хөндсөн юм. Тодруулбал, тухайн үед “хар тамхи манай улсын хилийн хаалгыг тогшиж байна. Энэ бол жинхэнэ тахал, үүнээс өөр аймшигт аюул байхгүй шүү. Тиймээс сэрэмжтэй байхыг сануулъя” гэсэн байдаг. Үүнээс хойш 24 жилийн дараа гэхэд л хар тамхи манай улсад айл бүрийн хаалгыг тогшиж байна. Хар тамхитай тэмцэх чиглэлээр хамгийн сайн ололт олсон газар бол Турк юм билээ. Турк улсын тэрхүү амжилтыг америкчууд хүртэл судалж, лавласан. Иймээс бид сайн жишгийг бүтээлээр дамжуулж харуулъя, урьдчилан сэргийлэх бодит туршлага нь бидэнд хэрэгтэй юм байна гэдэг дээр анхаарал хандуулсан. Уг ном нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хууль хяналтын мэргэжилтнүүд арга барил судалж, өсвөр насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга ажиллагааг танин мэдүүлэхэд ач холбогдолтой юм.

-Уг номын зохиогч нь Цагдаагийн газарт хар тамхитай тэмцэх чиглэлээр ажилладаг байсан гэв үү?

-Номын зохиогч Туркийн цагдаагийн газрын дарга Мутлу Челик юм. Тэрээр Цагдаагийн коллеж, цагдаагийн академийг тус тус дүүргэсэн. Хар тамхитай тэмцэх, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх, олон нийтийн аюулгүй байдал болон хүүхдийн цагдаагийн талаар мэргэжлийн сургалтад хамрагдсан. Хожим “Хүүхдийн цагдаа” гэдэг нэршилтэй болсон “Сургуулийн цагдаа” болон мансууруулах бодистой хийсэн тэмцлээрээ дэлхийд алдраа цуурайтуулсан нэгэн. Амжилтаа бататгаж “Гудамжны тусгайгийнхан” тасгуудыг үүсгэн байгуулагч. Интерполд Ландмарк гэх нэрээрээ алдартай 17 улсад нэг цаг минутад явагдсан олон улсын “Хүүхдийн порно” ажиллагааг амжилттай удирдсан хүн. Уг ажиллагаанд Туркийн цагдаагийн багийг “Хамгийн амжилттай ажиллагаа” , “Хамгийн шилдэг цагдаа” гэсэн алдрыг хүртэхэд Мутлу Челик хамгийн их хувь нэмрээ оруулсан юм билээ. Мөн олон шагнал хүртэж, ахлах болон их сургуулиудад лекц уншиж, хар тамхинаас урьдчилан сэргийлэх арга барилыг бодитоор дэлгэрүүлсэн нэгэн юм. Мутлу Челик бидэнтэй холбогдсон. Тэрээр “Азийнханд миний гаргасан ном хараахан хүрээгүй” гэдгийг дуулгасан. Иймээс бид орчуулахыг эрхэм болгож, түүнтэй байнга утсаар холбогдож байлаа. Тэрээр сайн тайлбарлаж өгсний үндсэнд нягт холбоотой ажиллалаа.

-Тус номд хар тамхитай тэмцэх арга барилыг нэг бүрчлэн бичсэн юм уу?

-Энэ номыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Б.Чинбат болон Г. Батхүү нарын хамт гаргасан. Номын ерөнхий бүтэц нь хар тамхи гэж юу вэ, түүнд харьяалагдах бодисыг нэг бүрчлэн тайлбарлаж, хар тамхи хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд, бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэх зэргийг түлхүү гаргаж өгсөн. Гарын авлага хэлбэртэй хэвлэгдсэн учраас төрөл төрлөөр нь ангилж хуваасан байгаа. Номд сэртхийлгэм 27 бодит явдал, сурвалжлага бүхий зүйлийг багтаасан байна.

-Хар тамхинаас болж, амь насаараа хохирсон сэртхийлгэм баримтуудаас ярихгүй юу?

-Жишээ нь, Туркт гурван найз тойрч суугаад хоол идэж байж. Тэд гэнэт “Хар тамхи хэрэглэж үзэх үү” гээд хоорондоо ярилцсан байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэчихээд нэг нь доошоо харсан чинь өөрийнх нь хөл алга болсон байж. Тэрээр хажуу дахь найзыгаа “Чи миний хөлийг хулгайлчихсан байна” гэхэд нөгөө нь “Юу яриад байгаа юм бэ” гээд хутгалчихсан хэрэг гарчээ. Улмаар нэг нь амиа алдаж, хоёр нь насаараа ял эдэлж байгаа юм билээ. Хар тамхи, мансууруулах бодисыг ганц удаа хэрэглэхэд л ийм аюултай, эмгэнэлтэй байна шүү дээ.

-Турк улсад анх хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд байсан уу. Одоо нөхцөл байдал нь ямар байгаа вэ?

-Турк улс 1930, 1940-өөд оны үеэс хар тамхины хэрэглээгээ дийлж чадахгүй болсон гэдэг. Тухайлбал, айл бүр хашаандаа хар тамхины төрлийн ямар нэг бодис тарьж, ургуулдаг. Түүнийгээ хурааж аваад экспортолдог байж. Харин хар тамхины төрлийн бодисыг эмийг зориулалтаар Америк руу явуулдаг байсан. Ингээд Америкт залуусын дунд хар тамхины хэрэглээ дэндүү их болж, дэлгэрчээ. Тухайн үед Турк улс руу АНУ-ын удирдлагууд захидал хүртэл илгээж байсан юм. “Та нар энэ асуудлаа анхааралдаа аваач ээ. Манай улсын залуучуудын хар тамхины хэрэглээ дийлдэхээ байлаа” гэж мэдэгдсэн байна. Хариуд нь Туркээс “Бид үүнийгээ зогсоох юм бол айл өрх бүрийн амьдрал амьжиргааг шууд зогсооно. Тиймээс боломж байхгүй” гэж хэлжээ. Сүүлд 1970, 80-аад оноос хойш, Туркууд “уг ойлголтыг буруу байжээ” гэдгийг ухаарсан. Хүмүүсийнх нь хэрэглээ, хэм хэмжээ тоогоо алдаад ирэнгүүт, тэмцэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгожээ. Одоо нөхцөл байдал нь багасч, нэлээн үр дүнд хүрсэн. Нэг ёсондоо хяналтаа тогтоож чадсан.

-Хар тамхины хэрэглээнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Туркууд хүүхэд, залуучууд руугаа нэлээн анхаарлаа хандуулсан. Мутлу Челик дэлхийд бараг гарын арван хуруунд багтах Хүүхдийн цагдаагийн газрыг байгуулсан. Ерөнхийдөө хүүхдийг хар тамхины хэрэглэгч болохоос байнга урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан. Харин Хятад улс хар тамхи хэрэглэсэн хүнийг шууд цаазын бодлогоор шийддэг. Тэглээ гээд Хятадад сүүлийн арав, хорин жилд хэрэглэгчид нь өсч байгаа. Ингэхээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил их чухал гэдгийг зохиогч их сайн гаргаж өгсөн. Үр үндсийг нь сайн судалж, тухайн хүнд ойлгуулах нь чухал. Энэ бодлогын хүрээнд туркууд их сайн арга барилаа олж, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулж, тулж ажиллаж чаддаг болсон байна. АНУ ч гэсэн ялын хатуу бодлого баримталснаар үр дүнд хүрээгүй. Тэд Туркийн арга барилыг судалдаг. Туркууд америкчуудаас арав дахин бага төсвөөр амжилттай ажиллаж байгаа юм.

-Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч бүрмөсөн гарч байсан тохиолдол бий юу?

-Бүхий л мэргэжилтэн, судлаачид 35-аас доош насны иргэд, залуучууд ямар нэг байдлаар аливаа зүйлд уруу татагдах магадлал их өндөр байдаг гэдэг. Иймээс хар тамхийг хүүхэд, залуучууд нэг л удаа хэрэглэж үзэж, цаашилбал “хар там” болно гэдгийг номд бодит жишээгээр оруулж өгсөн. Үүнийг номын эхний хэсэгт гаргаж ирсэн. Үнэхээр “хар там” юм. Тухайн хэрэглэгч амьдралын зорилго, мөрөөдөл зэргийн талаар бодож санах зүйл огт байхгүй болно. Зөвхөн ямар ч аргаар хамаагүй хэрэглэхийн төлөө л явна. Хэрэглэсэн хүн юу хийхийг хэн ч хэлж мэдэхгүй. Юу ч болж, тохиолдож магадгүй. Ямар ч төрлийн бодис байсан донтуулдаг. Тухайлбал, хар тамхины нэг төрлийн бодис хэрэглэлээ гэхэд дараа нь дахин хэмжээг нь нэмэгдүүлэх юмсан гэж өөрийн эрхгүй санагддаг. Мөн өөр бодис туршиж үзэхийг бодно. Зогсъё, больё гэдэг ойлголт байдаггүй. Хэрэглэгч зургаан сараас 1.6 жил эрчимтэй эмчилгээ хийлгээд гарахад тухайн хүнийг 94 хувь эдгэрүүлсэн гэж үздэг. Зургаан хувийг нь өөрөө гарах нөхцөлийг бий болгох буюу хичээх ёстой гэсэн үг.

-Уг номын зорилго нь юу байв?

-Уг номоо бид “Ирээдүйгээ хамтдаа аварцгаая” гэсэн уриан дор хэвлүүлсэн. Тус ном сурган хүмүүжүүлэгч, багш нарт сайн гарын авлага болно. Бид цаашид уламжлалт бус аюул заналын чиглэлээр тодорхой судалгаа, бүтээл хийнэ. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа зэрэгт анхаарал хандуулна. Хүүхдийн аюулгүй байдалд анхаарах нь зүй ёсны хэрэг. Энэ нь хар тамхины чиглэлээр цаашид дорвитой хийгдэх ажлын эхлэл. Манай Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх алба чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нийгэм рүү хандсан ажлыг түлхүү хийх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Манайх илрүүлж, таслан зогсоож чадаж байгаа. Гэвч цаана нь ургаж, үндэслээд байгаа уг үндсийг зогсоож хараахан чадахгүй байна. 1999 онд манай улсад хар тамхины чиглэлээр судалгаа хийхэд 45 хэрэглэгч байсан. Түүнээс 25 хүн хар тамхины хэрэглээнээс бүрэн салж, өөрсдийгөө татаж авч чадсан гэж байгаа. Харин үлдсэн нь огт чадаагүй гэсэн. Гэтэл өнөөдөр уг тоо барагдахгүй болсон байна. Тулж ажиллаж чадахгүй байна.

Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн тоо өсөхийн хажуугаар холбогдогчдын тоо тасралтгүй өсч байгаа. Энэ нь их аюултай. Үүнийг дагаж олон гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байгаа юм. Мөн шинэ гэмт хэрэгтнүүд араасаа цуварч байдаг. Зохион байгуулалттай, бүлэглэл, худалдан наймаалах, онц хүнд, хэрцгий гэмт хэргүүд дагаж гарч ирдэг. Ийм аюул байна гэдгийг мэргэжилтнүүд олж харах хэрэгтэй юм.