Categories
мэдээ цаг-үе

Микрофон хэрэглэхгүй ч хамгийн арын суудалд сууж байгаа үзэгчдэд ч хүргэхээр дуулах нь бидний үүрэг

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.


-“Травиата” дуурийн 40 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Та энэ дуурийн ямар дүрийг хэзээнээс амилуулж эхлэв. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцахгүй юу?

-Анх 1977 онд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Травиата” дуурь Монголын тайзнаа мэндэлсэн түүхтэй. УДБЭТ-ын хамт олон тус дуурийнхаа 40 жилийн ойг тэмдэглэн амжилттай тоглолоо. Тоглолтын үеэр “Травиата” дуурийг тавихад оролцсон үе, үеийн уран бүтээлчид ирсэн нь онцлууштай байлаа. Би энэ дуурьт гол дүрийн эмэгтэй болох Виолеттад тоглосон. Виолетта бол дэлхийн саппрон хоолойтой дуучин бүрийн хүчээ сорихыг хүсдэг дүр л дээ. Энэ дүрийг манай театрын тайзнаа хамгийн анх Х.Уртнасан гуай амилуулсан байдаг юм. Түүнээс хойш дөрөв дэх үе нь би. Миний хувьд тав дахь жилдээ энэ дуурийг дуулж байна. Харин “Травиата” дуурийнхаа 40 жилийн ойн тоглолтоор Виолеттагийн дүрийг амилуулсандаа маш их баяртай байна. Хариуцлагатай басхүү азтай тохиол гэж ойлгож байгаа.

-Та театртаа ажиллаад хэр удаж байна вэ?

-Миний хувьд 2002 онд Соёл урлагийн их сургуулийг төгсчихөөд 2003 онд дуурийн театрт дуучнаар орсон юм. Тухайн үед театрт орж буй дуучдыг найрал дуунд дуулуулж, дадлагажуулдаг байсан л даа. Одоо бол тийм биш. Би зургаан сарын турш найрал дуунд дуулж байгаад гоцлол дуучин болж байсан юм. 14 жил өнгөрчихсөн байна шүү. Хэрэв хүний хувь, заяаг бурхан зурдаг бол минийхийг урлагтай салшгүй холбоотойгоор л зурсан юм байлгүй гэж боддог юм. Хүүхэд байхын л урлагт дур, сонирхолтой хүүхэд байлаа даа. Мөн аав, ээж минь сайхан дуулдаг учраас нөлөөлсөн болов уу.

-Таны хувьд театраас гадна хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Хувийн уран бүтээл гэвэл гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийсэн. Харин энэ жилийн театрын уран бүтээл маань “Травиата” дууриар эхэлж байгаа. Мөн цаашлаад ирэх тавдугаар сард миний дуулдаг дууриуд тавигдсан. Тийм учраас дуурийн бэлтгэл их хийнэ. Мэдээж хувийн уран бүтээлүүдээ амжуулалгүй яахав. Зарим дуунуудаа клипжүүлэх мөн ятгын Мөнх-эрдэнэ эгчтэй хамтран сонин, содон уран бүтээл хийе гэж бодож байгаа. Иймэрхүү төлөвлөгөөтэй байна даа.

-Таны мэргэжлийн багш бол МУГЖ Д.Банди гуай. Энэ хүний шавь нараас дуурийн урлагт хувь нэмрээ оруулж яваа хүмүүс цөөнгүй гэдэг юм билээ?

-Тийм шүү. Би яах аргагүй Монгол улсын гавьяат жүжигчин, дэд профессор Д.Банди багшийн шавь. Багшийн минь эрдэм, ухааныг өвлөсөн олон сайхан шавь нь УДБЭТ-д гоцлол дуучнаар ажилладаг. “Травиата” дуурьт л гэхэд Альфредод тоглож буй Б.Батжаргал багшийн минь шавь байна. Их олуулаа дуурийн театрт ажиллаж байгаа даа. Энэ бол багшийн минь бидэнд сэтгэл зүрхээ гарган байж зааж сургасных нь ач гавьяа гэж бодож байна. Ер нь бол дуурийн театрын нэг үеийг бэлдээд өгчихсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн манай төгсөлтөөс гэхэд олон сайхан дуучин төрсөн. Од дуучин ихтэй анги гэхэд болно шүү (инээв). Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Бат-эрдэнэ, Буриадын ардын дуучин, театртаа гоцлол дуучнаар ажиллаж байгаа Н.Мөнхзул, мөн Хишигбаяр гээд л сайхан дуучид бий.

-Та гадны орнууд руу явж дуулах тухайд ямар бодолтой байдаг вэ. Санал ирвэл явах уу?

-Мэдээж дуулалгүй яахав. Хувь хүн өөрийгөө дэлхийн зах зээлд гаргаж байгаа менежмэнт гэсэн үг шүү дээ. Тухайн хүн дуурийн дуучин хүнд байх чадваруудыг эзэмшээд л болно, бүтнэ гэж байвал болохгүй зүйл байхгүй. Боломж, чадвар нь байвал хэн ч аль ч газрын театрт очиж дуулах нь нээлттэй. Манай залуучууд гадагшаа гарч дуулж байгаа нь олзуурхууштай хэрэг. Манай Монголын дуурийн дуучид маш мундаг гэж бид боддог. Тийм ч учраас дэлхийд тоогдож байгаа болов уу. Дэлхийн дуучид нэг төрлийн дууриа дуулаад нэг жил аялан тоглодог. Харин манайхан нэг жилд олон төрлийн дуурийг дуулж байна. Мэдээж үзэгчдэдээ чадвар, чансаатай хүргэхийн тулд уран бүтээлчид маань хичээж ажиллаж байдаг. Манай дуучдын хоолойн өнгө арай л өөр, тослог. Техник гэхээсээ байгалийн өнгө байгаа нь ажиглагддаг юм.

-Ер нь дуурийн дуучны бусад дуучдаас ялгагдах онцлог нь юу юм бол?

-Дуурийн дуучин бол хамгийн их ачаалал даах чадвартай. Дуулаачийн хамгийн дээд хэлбэр нь дуурийн дуучин гэж хэлж болно. Нийтийн болоод поп дуунд түүртэхгүй юм шиг надад санагддаг. Яагаад гэхээр нийтийн дуучин хүн гурван бадаг дуу дуулж байхад бид гурван цаг тайзан дээр дуулахад бэлтгэгдэж байдаг. Микрофон хэрэглэхгүй ч хамгийн арын суудалд сууж байгаа үзэгчдэд ч хүргэхээр дуулах нь бидний үүрэг. Басхүү тийм чадварыг эзэмшдэг. Тийм учраас хоолойгоо бид тордож байх хэрэгтэй юм.

-Дуурийн дуучин өөр төрөл, жанраар дуулахад хоолой нь эвдэрдэг гэж ярьдаг. Энэ хэр үнэн бол?

-Биднийг нийтийн дуу ч юм уу, ер нь өөр чиглэлээр дуулахыг хатуу хорьдог байсан. Оюутан байх үед хоолойгоо эвдэнэ халтуур хийж дуулж болохгүй гэнэ. Халтуур хийж байгаад баригдах юм бол баларлаа л гэсэн үг. Барагтай бол халтуур хийхгүй учраас ээж, аавынхаа явуулсан мөнгөөр л бүх зүйлээ зохицуулдаг байсан даа. Ер нь дууриас өөр төрлөөр дуулж болохгүй, тийм дектатуртай байсан даа. Одоо бол хамаагүй болсон юм шиг байна лээ. Гэхдээ биднийг оюутан байх үед хүмүүс эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр зэргийг одооных шиг нүсэр, сүртэй тэмдэглэдэггүй байсан юм. Шинэ жилийг л харин арай дээр тэмдэглэдэг байж. Тэр үед багш нараасаа нууцаар ганц, нэг арга хэмжээнд дуулна. Оролцож байсан арга хэмжээнүүдээс санаанд хамгийн тод байдаг нь багш нарын баяраар Соёлын төв өргөөнд дуулж байсан минь л юм даа. “Тоска” дуурийн ари дуулах гэтэл даашинз байдаггүй. Манай Банди багш дуурийн театр луу Ардын жүжигчин Б.Жавзандулам эгчид хэлж л дээ. Харин Б.Жавзандулам эгч их гоё алтлаг шар даашинз өгч билээ.

-Тоглолтоор хөдөө орон нутгаар хэр их явдаг байв?

-Манай анги Төв аймгийн оюутнууд ихтэй. Тийм болохоор ангийнхаа хүүхдүүдийн сум руу нь явж тоглолт хийчихээд явна. Мөнгө төгрөг олно гэдэг нь ч худлаа л даа. Явсан зардлаа олоод л ирвэл болдог байлаа. Бас нэг удаа Багануур луу явж билээ. Тухайн үед шороон замтай байсан юм. Шороон замаар хэдэн цаг явж байгаад наана нь байдаг нэг суман дээр хэсэг амсхийдэг юм байна. Хэсэг суугаад явчихсаныг ч хэлэх үү, хөшсөн амьтад цэцэрлэг дотор нь орж тоглох юм болов. Янз бүрийн тоглоомуудтай. Хэдэн нөхөд саваагүйтэж байгаад миний гарыг хугалчихаж билээ. Оюутан хүүхдүүд байсан болоод ч тэр үү, дэггүй байж дээ. Одоо ангийн хэдтэйгээ таарахдаа “Хөөш, гар эвлүүлж өгөөрэй” гээд л цаашлуулна. Их дурсамжтай санагддаг юм.

-“Классик жем” хамтлаг дахин нийлж уран бүтээл хийх болов уу. Анх хэрхэн хамтлаг болж уран бүтээл туурвиж эхэлсэн юм бэ?

-Дуурийн театрт орсныхоо дараа хамтлагтай болж байлаа. 2005 оны үед юм байна. Гурван жил маш идэвхтэй уран бүтээлээ туурвиж, үзэгчдэдээ танигдсан. Их хурдан хугацаанд хүмүүст танигдсан шүү. Манай хамтлагийн хоёр гишүүн ОХУ-д сурдаг байсан юм. Тэр хоёр маань амралтаараа ирээд л бид хэд театрын нэг давхрын цонхон дээр сууцгаачихсан. Хамтлаг байгуулаад “Эх орон” дууг эхлээд дуулцгаая гэж ярьж байсан үе минь саяхан мэт санагдаж байна. Улс төрийн “Үүрийн туяа” хамтлагийн дуу шүү дээ. Бид сэргээж, шинэчилж дуулсан юм. Ер нь манай хамтлаг гурван жилийн турш маш их юм хийсэн шүү. Бүх л аймгуудаар явж тоглолтоо хийсэн. Нийтдээ гурван цомог гаргаж, нэг бие даасан тоглолт хийж байлаа.

Миний хувьд хамгийн түрүүнд хамтлагаасаа гарсан. Театртаа гоцлол дуучнаар ажилладаг учраас хэт хувийн уран бүтээлээ хөөгөөд явж болохгүй л дээ. Хэтэрхий өөр чиглэлээр дуулаад байх нь дуурийн дуучны хувьд зохимжгүй байдаг учраас хамтлагаасаа гарсан. Одоо бүгд тус тусынхаа ажлыг хийгээд явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Алтантуул: Морин хуурын чуулгыг ханийнхаа нэрэмжит болгох санал гаргана

“Морин хуурын чуулга”-ын ёочин хөгжимчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтантуултай ярилцлаа.


-Таны хань бол “Морин хуурын чуулга”-ыг үүсгэн байгуулсан, Ардын жүжигчин Цэндийн Батчулуун гуай. Түүний сэтгэл, оюунаа чилээн байж хөл дээр нь босгосон тус чуулгын 25 жилийн ой болох гэж байгаа гэж сонслоо. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохиогдох вэ?

-Бид 25 жилийнхээ ойн хүрээнд зориулсан тоглолтуудаа хийгээд эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд киноны хөгжмөөр дагнасан тоглолтоо хийсэн. Харин дараагийн тоглолт маань орчин үеийн, шинэлэг бүтээлүүд байх болно. Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм. Энэ өдрийг сонгох болсон учир нь “Морин хуурын чуулга” маань байгуулагдчихаад анхны тоглолтоо 1993 оны эл өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан түүхтэй.

Манай чуулгынхан энэ сарын 17-нд ханийн минь төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Мандах суманд очиж тоглолтоо хийнэ. Мөн дурсгалын хөшөөнийх нь шавыг тавих юм. Үүнээс гадна орон нутгийн удирдлагуудтай хамтран Морин хуурын чуулгыг 25 жилийн ойгоор нь ханийнхаа нэрэмжит болгох тухай санал гаргана гэсэн бодолтой байгаа.

-“Морин хуурын чуулга” үүсгэн байгуулагдсан тухай та яриач?

-Хань минь 1985 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж эхэлсэн. Тэр үеэс л чуулга байгуулах тухай бодож, зорьж байсан гэж болно. Ингэж явсаар 1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргасан юм. Чуулга ч албан ёсоор байгуулагдаж нээлтийн тоглолтод Ж.Чулуун, Х.Уртнасан, Б.Зангад, Н.Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат, Б.Нармандах, А.Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулж байсан санагдана. Ингээд уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Хамгийн анх 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд морин хуурын эгшгээ хүргэсэн түүхтэй юм. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэхэд гол түлхэц болсон гэж хань минь ярьж байсан. Ер нь бол чуулга анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ. Өөрийнхөө шавь нартаа түшиглэн байгуулж байлаа. Мөн төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон, миний бие тэргүүтэй хүмүүс чуулгад орсон доо. Нийгэм солигдчихсон хүнд үед бид Хөгжим бүжгийн нэг ангид бэлтгэлээ хийдэг байсан. 1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, эхэлсэн гэхэд болно. Ер нь тэгээд манай чуулга байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад Монголынхоо өв соёлыг сурталчилж, эх орныхоо нэрийг чамгүй гаргасан.

-Ц.Батчулуун гуай бол Г.Жамьян хуурчийн эрдэм ухааныг өвлөн авсан азтай хүмүүсийн нэг. Багшийнхаа тухай юу гэж дурсдаг байв?

-Тийм шүү. Г.Жамьяан багшийн олон шавь нарын нэг нь. Энэ хүний удирдлага дор морин хуурын эрдэм мэдлэгийг сурч, боловсорсон. Харин 1971 онд төгсөөд Хөгжим бүжгийн дээд сургуулийг Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажилласан юм. Дараа нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байгаад Хөгжим бүжгийн дээд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс хойш өөрийн шавь нараа бэлдэж, Жамьяан багшийнхаа эрдэм мэдлэгийг шавь нартаа түгээсэн гэж хэлж болно. Харин 1992 оноос бурхны оронд очин очтолоо Монгол Улсын “Морин хуурын” чуулгадаа сэтгэл, зүрхээ зориулсан даа.

Миний хань Жамьяан багшийгаа үргэлж хүндэлж, хайрлаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, үндэслүүлэх тухай ярьдаг байсан. Багшдаа буян хийх юмсан ч гэж их ярьдаг байлаа. Энэ хүслээ биелүүлж багшийнхаа тухай өөрийнхөө гар бичмэлээр ном болон уран бүтээлийнх нь цомгийн хамт гаргаж байсан.

-Ер нь морин хуурч болох сэдэл нь юунаас үүдэлтэй юм бол?

-Багын найз нь Хөгжим бүжгийн коллежид морин хуурын багш байсан юм билээ. Тэр найз нь л морин хуурч болоход уруу татсан гэдэг юм.

-Одоогоор морин хуурын чуулгад хичнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?

-Одоо чуулга маань 35 хүний бүрэлдэхүүнтэй. Ханийн минь гарын шавь Түвшинсайхан чуулгыг удирдаад явж байгаа. Мөн олон сайхан шавь нар нь ажиллаж байгаа даа. Одоогоор Улсын филармонийн байранд Морин хуурын чуулга уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэсээр байгаа.

-Та тус чуулгад хэзээ орж байв?

-Би Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашдаваагийн удирдлага дор Хөгжим бүжгийн дээд сургуулийг ёочин хөгжимчнөөр 1975 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Харин Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас эхлэн чуулгадаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна даа. Г.Дашдаваа багшийнхаа шавь нараас тарсалтгүй хөгжимчнөө хийж байгаа хүн нь би байгаа юм. Үүндээ их баярлаж явдаг. Дашрамд сонирхуулахад Г.Дашдаваа багшийн 80 насны ой энэ онд тохиож байгаа. Ингээд энэ жил байгуулагдсан Монголын ёочин хөгжимчдийн холбоо санаачилж ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ойн хүрээнд шавь нар нь багшдаа зориулж “Багш дор мөргөмүй” гэсэн хүндэтгэлийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байна. Мөн багшийнхаа нэрэмжит танхимыг Хөгжим бүжгийн коллежид хийхээс гадна намтар, уран бүтээлийн тухай болоод сургалтад зориулагдсан нот, гарын авлага зэргийг эмхэтгэн гаргах юм. Манай багш 1962 онд Хөгжим бүжгийн коллежид багшаар ирсэн. Тэр үеэс хойш мэргэжлийн ёочин хөгжмийн анги нээн сургалтын үндсийг тавьсан гавьяатай хүн юм.

-Та ханьтайгаа танилцаж байсан тухайгаа дурсаач?

-Бид хоёр Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажиллаж байсан юм. Тэр үед танилцаж гэр бүл болцгоон басхүү уран бүтээл дээрээ ч тэр хамтдаа явсаар ирсэн дээ. Хань маань мэдээж маш сайн хөгжимчин, олон сайхан шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяатай хүн. Чуулгынхаа өнөөдрийг хүртэл амжилттай, сайн сайхан явах замыг тэгшитгэж, түшиг тулгуур нь болсон. Мөн сайн хань, аав хүн байсан юм шүү. Энгийн, даруу их сайхан хүн байсан даа миний хань.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай их ойр байсан гэдэг…

-Миний хань спортод их дуртай хүн байсан л даа. Теннис, бокс, шатар, ялангуяа үндэсний бөхөд их хорхойтой. Баяр наадмаар бөхөө үзэх гээд л ажлаасаа чөлөө аваад явна. Бөхөд дуртай байсан болоод ч тэр үү, бөхчүүдтэй их ойр. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй их нөхөрлөнө. Аварга наадамд түрүүлчихээд эсвэл өмнө нь юм уу “Би ийм гайхалтай морин хуурч хүнтэй нөхөрлөж байгаагийн хэрэг юу билээ. Хуураа хөглүүлж гэрийн жавраа үргээлгэнэ” гээд л гэртээ аваачдаг байсан. Бөх хүн учраас морин хуураараа хийморь сүлдээ сэргээхийг эрхэмлэдэг байсан болов уу. Ер нь олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан шүү. Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гуайтай уран бүтээл дээр их сайхан гар нийлдэг байлаа. Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажилладаг байхдаа сайн морин хуурч байсан учраас хамтран ажилладаг байсан болов уу. Ганцхан Монголын тайзан дээр ч гэлтгүй дэлхийн тайзанд хамтдаа гарч томоохон шагналууд хүртэж явсан. Н.Норовбанзад гуай “Хамт явахад түшигтэй. Даруу төлөв” гэж их үнэлдэг байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Кино урлагаас түр завсарламаар байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа.


-Улсын драмын эрдмийн театр ээлжит аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлэхээр болжээ. Өөр ямар аймгуудаар явахаар төлөвлөж байна вэ?

-Манай театрынхан жил бүрийн намар аялан тоглолтоо хийдэг байсан. Харин хоёр жилийн өмнөөс хаврын улиралд аялан тоглолтоо хийдэг уламжлалтай болж байна. Бид аялан тоглолтоороо Дорнод, Дархан, Эрдэнэтийн үзэгчидтэйгээ уулзана. Аялан тоглолтоороо үзэгчдэдээ шинэ жүжгүүдээ хүргэх зорилготой байгаа. Тиймдээ ч “Ромео, Жульетта”, “Царцаа намжил”, “Жаргаагүй нар” гээд жүжгүүдээ толилуулна.

Ер нь бол нийслэлийн үзэгчид хүссэн үедээ сонгодог жүжиг үзчихдэг. Харин хөдөө орон нутгийн үзэгчид маань дуртай үедээ үзэх боломжгүй. Тийм учраас уран бүтээлчид бид зорьж очин тоглолтоо хийхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ харамсалтай нь бүхий л аймгуудад очиж чадахгүй юм. Зарим аймагт очиход “26 жилийн дараа ирлээ” гэж хэлж байсан ч тохиолдол байдаг шүү. Ямартай ч хөдөө орон нутгийн үзэгчид маань драмын урлагийг ойлгодог болж. Хүмүүсийн жүжгээс авах оюуны таашаал мэдрэмж хүртэл өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид бид үр дүнгээ ийн харж байгаа нь сайхан юм даа. Жүжгийн дараа ч гэсэн баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь бидэнд маш сайхан урам өгдөг.

-Аялан тоглолтоор явж байх үед хөгтэй явдал их тохиолдоно биз…

-Ер нь их сайхан шүү. Тэр дундаа Монголын минь байгаль хамгийн гайхамшигтай. Мэдээж уран бүтээлчид бид чинь дуу хууртай л явна. Нэг удаа Дорноговь бил үү, Дундговь аймагт бид тоглолтоор явж байлаа. Тухайн үед би хөл хүнд байсан юм. Миний тайзнаа гарах ээлж дуусчихсан болохоор гадагшаа гармаар санагдаад болдоггүй. Гэтэл заавал үзэгчдийн дундуур явж байж гадагшаа гардаг байж таарсан. Тэгэхээр нь арын цонхоор буучихаж билээ. Шаггүй өндөр байсан юмдаг. Манай жүжигчдээс хоёр нь түрүүлж буугаад намайг тоссон санагдаж байна. Яасан ч зоригтой байсан юм. Залуу ч байж дээ. Одоо бол тогоо шиг том гэдэстэй байж цонхоор доош бууж зүрхлэхгүй байх шүү.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд “Царцаа Намжил” жүжигт тоглолоо. Яахав, кинонд тоглох санал цөөнгүй л ирж байгаа. Гэхдээ миний хувьд кинонд тоглохоо түр завсарламаар байна. Ер нь цөөнгүй л кинонд тоглолоо. Одоо хэсэгтээ завсарлаад оюундаа хөрөнгө оруулалт хийж, ном унших бодолтой байгаа. Унших ном маш их байна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар театрын студи болоод “Сити” их сургуульд багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм.

-Та театрт орохдоо жүжигчин биш үйлчлэгчээр орж байсан нь их сонин санагдсан. Энэ тухайгаа дурсаач?

-Одоо үед хүмүүс ихэвчлэн шууд л дарга болох хүсэлтэй болж дээ. Гэхдээ хүн бүр бол биш шүү. Аливааг тэгээс нь эхэлж чадах, ядахаараа хичээдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Харин бидний үед бол хүмүүжил нь л тийм байсан. Бидэнд биеэ тоож, онгирч болохгүй, ахмадын үгийг сонсох хэрэгтэй гэж сургадаг байлаа. Ийм үнэ, цэнэтэй үгсийг сонсож өсөн, тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас ямар ч зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй гэж боддог байсан даа. Би гурван жил үйлчлэгч хийсэн. Үйлчлэгчийг цэвэрлэгээний болоод үйлчилгээний гэж хоёр хуваадаг. Намайг Таяа дарга минь үйлчилгээний үйлчлэгчээр авч байж билээ.

Image result for Ж.Оюундарь-Харин дараа нь Драмын театрын жүжигчин болчихоод хамгийн анх тайзнаа гарахад ямар байсан бэ?

-Ер нь театрын тайз гэхээсээ илүү ямар ч тайзан дээр гарах амар биш. Би хамгийн анх Багшийн дээдийн Кино, драмын ангид сурч байхдаа бидний ярьдгаар 311 номерын тайзан дээр гарч байлаа. Тэр бол үе, үеийн оюутнуудын хөлс, хүч хөдөлмөр шингэсэн хамгийн дурсамжтай тайз байсан даа.

-Та өдийг хүртэл театртаа үнэнч хэвээрээ яваа цөөн жүжигчдийн нэг. Энэ сонголтдоо харамсах үе байдаг уу?

-Би театртаа чин сэтгэлээсээ хайртай. Тийм ч учраас би өөрийнхөө амьдралыг нэг талаараа золиосолж театртаа үнэнчээр явж байгаа байх. Түүнчлэн бидний мэргэжил бол тэр чигээрээ зорилго. Оногдсон дүрээ сайн амилуулах зорилгоо биелүүлсэн ч дараагийн дүр нь мөн л шинэ зорилготой болдог. Тиймдээ ч би өөрийгөө өдийг хүртэл зорилготой амьдарсан гэж бодож байгаа. Ихэнх хүмүүс надаас харамсдаг уу гэж асуудаг юм. Би хэзээ ч харамсч байгаагүй. Зорилготой явсныхаа дүнд дуудах нэрийг ээж, аав минь өгсөн хэдий ч дуурсах алдрыг би өөрөө олж авсан. Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ эрхэм цолыг хүртсэндээ баярлаж явдаг шүү. Зорилготой явсны минь баталгаа юм даа.

-Таны аав Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав. Жүжигчин хүний хувьд аавынхаа хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө боддог уу. Ер нь хэмжээнд нь хүрэхийн тулд хэр их хөлс хүч, хөдөлмөр шаардах бол?

-Аавын хэмжээнд хүрэх нь битгий хэл, ер нь энэ мэргэжлийг гүйцэд эзэмшинэ гэж ерөөсөө байдаггүй. Би жүжигчин хүнийг мэргэжлийнхээ оргилд нь хүрлээ, мундаг боллоо гэсэн мэдрэмжийг авах эрхгүй хүмүүс гэж боддог. Оюутнууддаа ч тэгж хэлдэг юм. Бид үргэлжийн мөнх л суралцаж байх учиртай хүмүүс.

-Аавын тань бүтээсэн дүрүүдийг үзэгчид болоод мэргэжлийнхэн ч тэр үнэлсэн байдаг. Харин таны хувьд аль дүр нь хамгийн шилдэг санагддаг вэ?

-Тэр хүний ажлыг дүгнэнэ гэвэл би балчирдана. Уран бүтээл дээрээ үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг. Аливаад хайнга хандаж, оромдож өнгөрдөггүй. Бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилладаг. Миний хувьд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг нь аавын минь энэ яс чанар байх.

Ер нь аавын минь бүтээсэн ямар ч дүрийг харсан энэ дүр онцгүй шүү гэж хэлэгддэггүй гэж манай ахмадууд ярьдаг. Надад ч гэсэн. Би багадаа У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войнычийн “Овод” жүжгийн Овод зэргийг үзэж байлаа. Тэр дундаа “Овод” жүжигт Ардын жүжигчин Мэндбаяр, Нямсүрэн, Гомбосүрэн гээд манай сор болсон хүмүүс тоглосон. Надад тэр жүжиг хэзээ ч мартагддаггүй. Мөн алдарт “Гамлет” тавигдахад би хэдий жаахан хүүхэд байсан ч гурван цагийн турш гарч байгаа тэр жүжгийг шимтэн үзээд сууж байсан юмдаг. Тэгэхээр жүжигчдийн ур чадвар ямар сайн байсныг илтгэх байх. Хийсэн уран бүтээл бүр нь л их сайхан даа. Бас нэг кино байдаг юм. Бага байсан болоод ч тэр үү, киноных нь нэрийг цээжлээгүй үлджээ. Гэхдээ аав минь гэртээ орж ирээд л “Нөгөө кинонд миний тоглосон хэсгийг хассан гэнэ. Болохгүй байсан юм байх” гэж билээ. Гэхдээ тэр хэсгийг Оюун гуай гайхалтай сайхан дүр болсон байна гэж оюутнуудад хичээл болгон зааж байсан гэдэг юм. Ер нь бол баримтаар үлдсэн, үлдээгүй олон сайхан дүр байдаг. Хүмүүсийн мэдэж байгаа нь л цөөхөн боловч маш сайхан дүрүүдийг бүтээсэн дээ.

-Уран бүтээлч хүнийх нь хувьд уншигчид маань мэдэх байх. Харин аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бол?

-Аав минь нийгмээсээ түрүүлж төлөвшсөн хүн байсан юм болов уу даа. Одоо бидний нийгэмд хэрэг болохуйц дадлыг 20, 30 жилийн өмнө хүүхдүүддээ хэлж, сургаж байсан. Наад зах нь цаг барих хэрэгтэй, хог хаяж болохгүй, орцондоо сараачиж болохгүй, энэ бол та нарын орчин гэнэ. Бага ярьж их хий, аливаад сэтгэлээсээ ханд гэх мэтээр л сургадаг байв. Аав, ээж хоёр минь их нямбай хүмүүс. Энэ бүхэн нь бидэнд маш том хүмүүжил болсон юм. Ер нь аав минь хүмүүжил сайтай, уян зөөлөн хүн байсан. Заримдаа гэрийнхэндээ “Ээж, аав хоёр биднийг арай л сайн хүмүүжүүлчихжээ. Одоо үед чинь худлаа ярьж, хулгай хийдэг хүн л сайн явдаг болчихсон юм биш үү. Бага ч гэсэн сурсан бол дээр байхгүй юу” гэж наргиан болгож суудаг юм.

Ер нь тэгээд ээж, аавын тэр хүмүүжил бол хэзээ ч холддоггүй. Үр хүүхдээ ч тэр, яг л тэр жишгээр хүмүүжүүлдэг юм байна. Худлаа ярина гэдэг хулгайчийн дүү нь шүү миний хүү гээд л сургана. Бас л өнөөх цаг баримтлах тухай хэлсээр байгаад сургачихсан. Хүү минь бараг 30 минутын өмнө оччих гээд л зүтгэнэ шүү дээ.

-Ах, дүү нараас тань жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бий юү?

-Байхгүй. Гэхдээ манайхан тавуулаа их авьяаслаг хүмүүс. Аав, ээж хоёр минь сайхан дуулчихдаг, хөгжимддөг, зурдаг тал бүрийн л авьяастай. Тиймдээ ч манайхан найранд гурван дуутай, бас чиг давгүй зурчихдаг шүү. Мөн манай нэг дүү бурхан бүтээдэг. Гэхдээ би тэр дүүгээ маш сайн найруулагч болох байсан болов уу гэж хардаг юм. Уран бүтээлч хандлага, мэдрэмж маш өндөртэй. Мөн аавын минь аливааг найруулан бичих авьяас нь эгчид байдаг. Тэгэхээр бид ээж, аав хоёрынхоо авьяас, билгээс хоосонгүй л төрсөн байгаа биз. Харин гэрийнхнээсээ ганцаараа л аавынхаа мэргэжлийг эзэмших хувь надад тохиосон. Бусдадаа хүртээгээгүй юм шиг байгаа юм. (инээв)

-Хэрэв таны хүү жүжигчин болно гэвэл та яаж хүлээж авах вэ. Зөвшөөрөх үү?

-Жүжигчин болбол яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ саяхан миний хүү “Ээж ээ, би ер нь жүжигчин болох ёстой юм байна. Өвөө, ээж хоёр минь жүжигчин. Тэгэхээр би ч гэсэн жүжигчин болох хэрэгтэй. Энэ удмыг би тасалж болохгүй” гэсэн шүү. Миний хувьд “Заавал тийм шалтгаанаар жүжигчин болно гэж бодох хэрэггүй. Чи л өөрөө хүсч байвал болно. Гэхдээ л дэмий байх даа” гэж хэлсэн. Миний хувьд өөрөө л шийдвэрээ гарга гэж бодож байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Манай продакшн уран бүтээлийн хойшлуулж болшгүй ажилтай учир “Азтай бадарчин”-д орж чадаагүй

“Х-ТҮЦ” продакшны менежер, жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.


-Монголын хошин урлагийн их наадам болох “Азтай бадарчин” зохион байгуулагдахаар болжээ. Уран бүтээлчид ч хэдийнэ өрсөлдөж эхэлсэн байна. Харин Х-Түц продакшнаас нэг ч уран бүтээлч оролцоогүй байсан?

-Манайх уран бүтээлийн хойшлуулж болшгүй ажил давхацчихсан учраас “Азтай бадарчин”-д орж чадаагүй. Тухайн өдөр нь оролцох боломжгүй байгаа юм. Ерөнхийдөө Х-Түц продакшны 20 жилийн ой маань энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд тайз, дэлгэцийн чамгүй олон бүтээл хийх шахуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоогоор манай шилдгийн шилдэг тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилж байна. Харин энэхүү тоглолтоо өндөрлөөд Увс, Ховд, Завхан гээд баруун аймгууд руу аялан тоглолтоор явахаар зэхэж байгаа. Манай хамт олон 15 жилийн өмнө л баруун аймгууд руу аялан тоглолтоо хийж байсан юм билээ. Энэ мэтчилэн ажлууд хөвөрч байна.

Ямартай ч манайхаас бусад бүхий л хошин урлагийн продакшнууд маань орж байна лээ. Найз нөхөд, ах нар оролцож байгаа. Хамт олныхоо зүгээс бүгдэд нь амжилт хүсье.

-Таны бодлоор бусад хошин урлагийн продакшнуудаас Х-ТҮЦ юугаараа онцлог вэ?

-Х-ТҮЦ продакшны уран бүтээлчид бүхий л төрөл жанрт хөрвөж чаддагаараа онцлог. Дэлгэцийн, драмын, хошин урлагийн гэх мэт. Драмын төрлөөр таван жүжиг хийж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Монголд анх удаа драмын жүжиг шагийн тасалбартай болж тэсрэлт хийж байсан шүү дээ. Мөн Найдандорж гуай болон Одноо эгч маань продакшны найруулагчаар ажилладаг. Бид найруулагчтай продакшн гэдгээрээ онцлог болов уу. Түүнчлэн хошин урлагийн жүжигчдийг үзэгчид гаднаасаа жүжиглэдэг гэх мэтээр шүүмжилдэг. Харин манай хамт олон үзүүлбэрүүдээ аль болох логиктой, дэс дараалалтай байлгахыг зорьдог юм.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумаар овоглож явдаг. Аавыг минь Сүхбаатар гэдэг. Багш мэргэжилтэй хүн байлаа. Харин ээж минь санхүүч мэргэжилтэй Мөнхцаг гэж хүн байдаг юм. Уул нь аав, ээж хоёр минь Увс аймгийн Сагил сум болоод Ховд аймгийн уугуул хүмүүс л дээ. Гэхдээ манайх Төв аймгийн Угтаалцайдам суманд суурьшсан айл. Анги нэгтгэл гэж байхад ээж нярав хийж, аав ТМС-д багшилдаг байсан юм. Харин намайг хоёрдугаар ангид байхад манайх хот руу нүүсэн. Гэсэн ч би зуны амралтаараа сумандаа ирж морь их унадаг хүүхэд байсан даа.

-Жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач?

-Аав минь намайг Хүүхдийн ордны Драмын дугуйланд бүртгүүлснээр жүжигчин болох эхлэлийг минь тавьсан. Гэхдээ аав үүнээс өмнө бөх болгох гэж нэг үзсэн юм. Би ч сонирхолгүй учир болж чадахгүй нь ээ л гэлээ. Гэтэл шатарчин болгоно л гэж байна. Нэг хэсэг тэмцээн уралдаанд оролцоод муугүй явсан шүү. Харин энэ бүхнээс илүү урлаг талдаа их сонирхолтой хүү байсан. Шүлэг уншина, дуу дуулчихна. Ангийнхаа урлагийн үзлэгийн бүхий л үзүүлбэрт орчихдог нөхөр байсан юм. Үүнийг минь ч аав ажигласан болохоор урлагийн хүн болгох гарааг нь тавьсан байх. Харин Хүүхдийн ордны Драмын дугуйлангаа төгсөөд СУИС-д тайз, дэлгэцийн жүжигчний ангид ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган дор суралцаж эхэлсэн.

-Х-Түц продакшны жүжигчнээр хэзээнээс ажиллаж эхлэв. Ер нь яагаад хошин урлагийн жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө юм байна шүү. Сургуулиа төгсчихөөд байж байтал Х-Түц продакшн жүжигчин шалгаруулж авах гэж байгаа тухай багш минь хэлсэн юм. Тухайн үед жүжигчин Батаа ах “Мөрөөдлийн театр”-т ороод удаагүй байсан үе л дээ. Ингээд л шалгаруулалтад тэнцэж, продакшныхаа хамгийн залуу жүжигчин болж байлаа. Үнэнийг хэлэхэд оюутан байх үед минь Х-Түц продакшнд ажиллана гэдэг мөрөөдлийн л зүйл байлаа шүү дээ. “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэргийг үзэгчдэдээ хүргэчихсэн. Үнэхээр л сүрдмээр, бахархмаар санагддаг байсан юмдаг. Ямартай ч би өөрийгөө азтай хүн л гэж боддог юм. Одноо эгч, Онон ах гээд манайхан ярьдаг л даа. Бид Жамсранжав, Гантөмөр гуайтай тайзнаа хамт тоглож явлаа. Бид их азтай, басхүү сайхан түүхийг бичиж үлдээж чаджээ гэж хэлдэг юм. Ингээд бодохоор залуус бид ч гэсэн азтай. Учир нь хошин урлагийн түүхийг бичилцэж яваа энэ сайхан хүмүүстэй хамт тайзнаа гарч байна гэдэг бас л нэгэн сайхан түүхийг бичиж байгаа хэрэг шүү дээ.

Харин хошин урлагийг сонгосон тухайд би оюутан байх үедээ бүхий л төрөл жанраар маш сайн тоглодог болохыг хүсдэг байлаа. Харин энэ дундаас хошин урлаг бол хамгийн хэцүү нь гэж би боддог. Тиймдээ ч энэ төрөл, жанрыг сонгосон юм.

-Х-Түц продакшнд ороод хамгийн анх ямар үзүүлбэрт гарч байсан бол?

-Драмын дугуйлан болоод оюутан байх үедээ тухайн жүжгээс дуртай дүрээ сонгоод л тоглох боломжтой байдаг. Тэр тайзан дээр ёстой л өөрийнхөөрөө Онон, Одноо болоод л жүжиглэнэ шүү дээ. Харин мэргэжлийн жүжигчин хүнийг угтаж буй тэр тайз бол маш өөр. Тун хариуцлагатай. Тиймдээ ч эхний үзүүлбэр маань амаргүй даваа байсан. Анхны үзүүлбэр маань МУГЖ И.Одончимэг эгчтэй хамт Юндэн, Нансалмаа болсноор эхэлсэнд би их баярлаж явдаг даа. Гэхдээ тухайн үед сандарч, тэвдэж их л хөглөсөн.

-МУГЖ Баттулга буюу Аглуу продакшнаасаа гараад жил тойрох гэж байна. Ямар шалтгаанаар гарсан нь одоог хүртэл тодорхой биш байгаа. Ер нь яагаад гарах болсон юм бэ?

-Би энэ тухай хэлж мэдэхгүй байна. Аглуу ахаас асуусан нь дээр болов уу. Гэхдээ бид хамтарч уран бүтээл хийхгүй байлаа гээд холбоогүй, бие биендээ нуруугаа харуулсан юм байхгүй. Холбоотой л байдаг.

-Та “Итгэл” киноны гол дүрд тоглосон. Ер нь кинонд тоглох санал хэр их ирдэг вэ?

-Миний хувьд өнгөрсөн 2016 он уран бүтээлийн олз омог ихтэй сайхан жил байлаа. “Итгэл” кинонд гол дүрд тоглосон. Өнгөрсөн зун хэд, хэдэн киноны зураг авалтад орсон. Мөн кино саналууд багагүй ирж байна. Үндсэн ажлынхаа хажуугаар амжуулахыг зорьж байгаа. Хамт олны минь л ач гавьяа л даа. Энэ сайхан хүмүүсийн ачаар танигдаж, хүний нүдэнд өртөж байна гэж боддог юм.

-Өмнө нь нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэсэн үү?

-Хоёрдугаар курст байхдаа С1 телевизийн “Боролдой, Долдой” гээд нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Цалинтай, бас телевизээр гарчихна. Тийм болохоор их додигор оюутан байж билээ. Бас цалин буусан үедээ найз, нөхдөө хуушуур, буузанд даачихдаг байсан шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр маань “Bimex” компанийн ахлах менежер хийдэг. Удахгүй бүр олуулаа болно гээд бодчихсон л явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонтуяа: Би “Эмоци” продакшинд ороогүй. “Шинэ үе”-эс ч яг гарчихаагүй, чөлөөт уран бүтээлч

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам болж өнгөрлөө. Ингээд тус наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарч, алтан цолмын эзэн болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Отгонтуяатай ярилцлаа.


-Хошин урлагийн “Азтай бадарчин” их наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсанд тань баяр хүргэе. Энэхүү наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Баярлалаа. “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсандаа баяртай байна. “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр (Батаа), “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ, “Шилдэг хамтлаг”-аар “Маск” продакшны уран бүтээлчид маань тус тус шалгарсан. Ийнхүү “Азтай бадарчин” наадам маань 13 жилийн дараа дахин боллоо. Жүжигчдийн чадвар, чансааг сорьсон өрсөлдөөнтэй наадам болж өндөрлөлөө гэж бодож байна. Намайг яг хошин урлагийн жүжигчин болж байх үед тус наадам зохиогдохоо больчихсон юм. Тиймээс би анх удаагаа оролцож байгаа минь энэ л дээ. Энэ удаагийн их наадам үзэгчдээс санал асуулга авснаараа онцлог байлаа. Мөн хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран үзүүлбэрүүдээ толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа тус бүр таван эрэгтэй, эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгсөн. Тодруулбал, хоёр, хоёроороо хамтран тухайн үед сугалсан сэдвийн дагуу таван минутын дотор богино хэмжээний үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн жүжигчин ах нараасаа нэгийг нь сонгох боломжтой байсан. Миний хувьд “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, “Маск” продакшны жүжигчин Баярмагнай ахтайгаа хамтарсан. Энэ даалгавар хэн нь хэн бэ гэдгийг таниулж, жүжигчдийн чадвар, чансааг утгаар нь харууллаа гэж би бодож байна. Хамтран тоглосон найз Тэмкадаа болон, Магнай ахдаа маш их баярлалаа. Мөн Магнай ахтайгаа тайзнаа анх удаа хамт гарсан сайхан тохиол болсон.

-Тус наадамд өнөө үеийн хошин урлагийн төлөөлөл болсон бүхий л мундаг жүжигчид өрсөлдсөн. Таны хувьд өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Үе тэнгийн найзууд болох Гэрэлээ, Жавхаа маань болон мөн дүү нар өрсөлдлөө. Тэд маань бүгд л маш мундаг уран бүтээлчид. Миний хувьд түрүүлчих байх гэсэн бардамнал бол байгаагүй. Яах бол гэсэн айдас, догдлолтой л байлаа. Тайзнаа гараад хийх ёстой зүйлүүдээ гүйцэтгээд, үзээд алдъя л гэж бодсон. Мэдээж тэмцээн уралдаан учир нэг нь түрүүлдэг жамтай шүү дээ. Ямартай ч “Азтай бадарчин” бол хошин урлагийн салбарын жүжигчдийн хувьд том наадам, шагнал байдаг. Тиймээс энэ том наадамд шалгарсан болохоор баярлахын сацуу үүрэг, хариуцлага минь улам нэмэгдэж байгааг ойлгож байна.

-Жүжигчин болсон тухайгаа яриач. Хүүхэд ахуй насандаа мэдээж авьяаслаг охин байсан болов уу?

-Миний багын мөрөөдөл жүжигчин болох байсан. Харин гэр бүлд минь урлагийн хүн байхгүй. Миний аав жолооч, ээж минь тогооч мэргэжилтэй. Энгийн л ажилчин хүмүүс. Яахав, аав минь сайхан дуулж, хөгжимдчихдөг.

Ямартай ч миний хувьд багын мөрөөдөлдөө тууштай явсаар л өнөөдөр жүжигчин гэх эрхэм мэргэжлийг эзэмшсэн байна. Багын л их дүрсгүй, хөдөлгөөнтэй, дуу хөгжимд дуртай хүүхэд байсан л даа. Эмээдээ л дуулж, бүжиглэж, жүжиглэж үзүүлдэг байж билээ. Дээр үеийн 270-ын цагаан ор гэдэг байсан даа, тэр орныхоо урдуур хөшиг татаад түүнийгээ том тайз мэт төсөөлж, янз бүрийн жүжиг тоглодог байсан. Миний хамгийн анхны үзэгч бол эмээ минь. Ингээд л сүүлдээ Архангай аймгийнхаа Хөгжимт драмын театрын тоглолт, уралдаан тэмцээн гээд бүхий л арга хэмжээнд оролцдог болсон. Би 1998 онд арван жилээ төгсчихөөд 2002 он хүртэл театртаа ажилласан юм. Учир нь арван жилээ төгсөхөд минь СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирээгүй юм л даа. Цаг хугацаа их хурдан. Нэг л мэдэхээд дөрвөн жил болчихсон шүү. Ингээд л 2002 онд их сургуульдаа элсэн орж, Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн.

-“Шинэ үе” продакшнд орсон тухайгаа яриач?

-Би 2003 онд буюу хоёрдугаар курст байхдаа “Шинэ үе” продакшнд орж байсан юм. Ангидаа сууж байтал Бооёо ах намайг дууддаг юм байна. Гараад очтол “Чи манай хамтлагт тоглох уу” гэсэн. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж шууд л зөвшөөрсөн. Тэр бол миний амьдралд тохиолдсон сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Одоогоос 14 жилийн өмнө юм байна шүү дээ.

-Та “Шинэ үе” продакшнаасаа яагаад гарсан юм бэ. Одоо “Эмоци”-д харьяалагдаж байгаа юу?

-Би “Эмоци” продакшнд ороогүй. Хүмүүс орчихсон л гэж эндүүрээд байх шиг байна. Зүгээр л хамтарч уран бүтээл хийсэн юм. Мөн “Шинэ үе” продакшнаас ч яг гарсан юм байхгүй л дээ. Яахав, одоогоор бол чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.

-Таны хувьд урлагийн хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Оноогдсон дүрээ тайзнаа гараад амилуулж байх тэр үе бол жүжигчин хүний хамгийн сайхан мөч байдаг. Гэхдээ мэдээж хамгийн сайнаар үзэгчдэдээ хүргэх хариуцлагатай үүрэг хамт дагаж явдаг. Ямартай ч энэ мэргэжлийг эзэмшсэндээ өөрийгөө азтайд тооцож явдаг шүү. Сайхаан сайхан. Ер нь ч тэгээд хүн хүссэн зүйлээ хийж байна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмж гэж боддог юм даа. Хөдөө орон нутгаар ч юм уу, тоглолттой явах үед үзэгчдийн минь сайхан халуун дулаан үг маш их урам зориг өгдөг шүү гэдгийг мөн хэлмээр байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхдийн ээж болсон бэ?

-Би нөхөртэйгөө 2003 онд танилцсан. Манай хүнийг Гансэлэм гэдэг. Манай доод курсын оюутан байсан юм. Одоо бол хувиараа ажил эрхэлдэг. Хань минь амжилт ололт, алдаа оноог минь дэнсэлж, үнэнчээр дүгнэдэг. Мөн намайг үргэлж тусалж дэмжиж байдаг түшиг тулгуур минь. Тиймээс ханьдаа маш их баярлаж явдаг даа. Манайх ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Жүжигчин Ганбаа, Сөрөлт бид гурав хамтарч богино хэмжээний кино хийж байгаа. Энэ кино маань удахгүй төлбөртэй сувгуудаар цацагдах байх. Мөн энэ сардаа багтаад залуу жүжигчид хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох, хэзээ болох зэрэг талаар үзэгчдэдээ цаг тухай бүрт нь дуулгах болно. Одоогоор тоглолтынхоо бэлтгэлд орчихсон явж байна. Залуу хүмүүс учраас хийх зүйлүүд их байна. Цаашид бодсон, зорьсон ажлууд зөндөө бий.


Categories
мэдээ цаг-үе

Г.Ганхүү: “Яг түүн шиг” шоуны оролцогч болох нь миний хүсэл байсан

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн оролцогч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоуны найм дахь оролцогч шоу эхэлтэл нууц хэвээр байсан. Гэтэл энэ нууцлаг оролцогч шүүгч Ганхүү байсан нь үзэгчдийг гайхшрууллаа. Оролцогч болсон нь таны хүсэл үү, эсвэл телевизийн зүгээс тавьсан санал байв уу?

-Шоуны оролцогч болох нь миний хүсэл байсан. Шоунд орсон нь маш энгийн хоёр шалтгаантай. Миний хувьд “Яг түүн шиг” шоуны эхний дугаарт шүүгч хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин энэ удаад би шүүгч хиймээргүй санагдсан. Ухаантай, ухаантай юм яриад л хэн нэгнийг дэнслэхийг хүсээгүй юм. Мөн аливаа зүйлд өөрийгөө сорих дуртай, хэнээс ч асуухгүй дуртай зүйл рүүгээ зүтгэдэг гэх мэт зан чанар оролцогч болоход минь нөлөөлсөн болов уу. Эхний шалтгаан минь энэ байлаа. Түүнчлэн би сошиал ертөнцөд идэвхтэй хүмүүсийн нэг л дээ. Твиттерт нэг хэсэг жиргэчихдэг байсан бол одоо фэйсбүүк хуудаснаа илүү идэвхтэй байгаа. Харин нэг удаа фэйсбүүкт “70,80-аад оны эмээ, өвөө нар болимоор юм” гэх утгатай пост явж байсан. Гэтэл би 60-аад оны хүн байдаг. Тэгэхээр бид болоод түүнээс дээш үеийг бараг амьд юм уу гэж хэлэх нь холгүй болчихож байгаа биз. Ингээд дээрх постоос болоод л ер нь яагаад 60-аад оныхон “Яг түүн шиг” шоунд орж болохгүй гэж гэсэн сэдэл төрсөн. Ер нь ч найман настнаас 80 настан хүртэл үздэг энэ том шоунд заавал залуучууд орно гэсэн заалт байдаггүй. Тийм болохоор боломжтой юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд л шоунд оролцох хүсэлтэй байгаагаа телевизийнхэнд уламжилсан юм.

-Таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхлээд зөвшөөрөөгүй л дээ. Тэд “Манай шоуны шүүлтийг авч яваа хүн бол та. Таньгүйгээр шүүлт чинь уначих юм биш үү” гэх мэт зүйлийг хэлж байсан. Үүнээс гадна “Яг түүн шиг” бол “En­domol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр гардаг олон улсын шоу. Тиймээс бид тус групп рүү заавал мэдэгдэх шаардлагатай л даа. Харин бидний хүсэлтийн хариуг тус групп нэг сарын дараа илгээсэн. Тэд “Шоу гэдэг утгаараа маш сонирхолтой санаа байна. Бид баяртайгаар хүлээн авч байна” хэмээн албан ёсны хариугаа илгээсэн юм. Нийт 40-өөд оронд тус шоу гарахад шүүгч нь оролцогч болж байсан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй юм билээ. Ингээд “Боловсрол” телевизийн зүгээс миний саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нэг болзолтойгоор. Тодруулбал, яг өөр шигээ шүүгч олж өгч байж шоунд оролцож болно гэсэн л дээ. Тиймээс би ч шүүгчийн эрэлд гарсан. Маш олон хүнтэй уулзсан, зарим нь манай удирдлагуудад таалагдаагүй. Харин миний найз Б.Наранзуныг шүүгчээр ажиллуулах саналыг зөвшөөрсөн. Б.Наранзун маань урлаг судлаач, дэлхийн рок, попыг надаас ч илүү судалсан, боловсролтой залуу учраас телевизийн хамт олон татгалзаагүй.

-“Киви” хамтлагийн дуучин Ука ороогүй учир оронд нь таныг орлоо гэх хүмүүс ч байсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Шоуны зүгээс Укад санал тавьсан. Харин Ука бие давхар учраас энэ удаагийн шоунд оролцож чадаагүй юм билээ. Ер нь бол маш олон уран бүтээлч шоунд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг шүү.

-Та шоуны эхний дугаарт олимпийн зарчмаар буюу түрүүлэхдээ биш оролцож байгаадаа гол утга учир нь оршино гэж хэлж байсан. Гэхдээ нэгэнт л тэмцээн уралдаанд оролцож байгаа юм чинь түрүүлэхийг хүсэхгүй байна гэж үү?

-“Яг түүн шиг” бол мэдээж өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг. Эхний дугаар ч тэр маш их өрсөлдөөнтэй болсон. Харин миний хувьд өрсөлдөхөөсөө илүүтэй тодорхой насны төлөөлөл болж оролцож байгаа. Тиймээс залуучуудтайгаа өрсөлдөөд байх нь ч юу юм. Өөрийнхөө бололцооны хэрээр л оролцъё гэсэн бодолтой байна.

-Таны эхний дүр “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн байсан бол дараагийн дугаарт попын хаан болох нь ээ. Бэлтгэл, сургуулилтдаа орсон байх. Сарны алхааг сурч байгаа юу?

-Миний хувьд эхний дугаарт нууц оролцогч байсан учраас надад сонголт байгаагүй. Бусад оролцогчийн адил баззердаж дүрээ сонгоогүй гэсэн үг л дээ. Шоуны зүгээс Лхагвасүрэнгийн дүрд хувиран, “Монгол ээж” хэмээх дууг нь дуулаарай гэсэн. Чадах ядахаараа л дуулахыг хичээлээ. Харин дараагийн дугаарт үзэгчид маань малигар Mickeal Jackson үзэхээр болж байна. Би багаасаа л дууг нь сонсож, тэр бүү хэл концертыг нь үзэж байлаа. Ийм мундаг хүнийг дуурайх гэж байгаа учир хичээж оролцох болно. Ямартай ч дуу болоод бүжгийн бэлтгэлдээ орчихсон. Сарны алхааг ч мөн сурч байна. Өмнө нь их буруу алхдаг байж. Бүжигчдээр хөл тавилт, хөдөлгөөн зэргийг нь заалгаж байгаа. Хүний амьдрал баян гэдгийн л нэг жишээ юм даа. Надад бол сонирхолтой, сайхан л санагдаж байна. Энэ үе бол миний амьдралд тохиож байгаа сайхан мөчүүдийн нэг гэж би хэлэх байна даа.

-Та дараа жилийн дугаарт шүүгчээр ажиллах уу?

-Энэ шоу цаашид үргэлжлээд явна. Миний хувьд ч шүүгчээ хийнэ гэж бодож байна. Ямартай ч энэ удаад би оролцогч болсноороо уран бүтээлчид дуу, бүжгээ сурахаас гадна дуурайхын тулд хэрхэн хичээж, хөдөлмөрлөж байгааг өөрийн биеэр мэдэрчихэж байгаа юм. Энэ бүхнийг мэдэрчихсэн учраас би дараа жил илүү шударга, сайн шүүх болов уу гэж бодож байна.

Түүнчлэн шүүгчээрээ байсан бол дээр байсан юм даа, залуустаа байр сууриа тавьж өгөөчээ гэх ч хүмүүс байна. Гэхдээ ихэнх нь яагаад болохгүй гэж гэсэн байр сууринаас дэмжиж байгаа. Дэмжиж байгаа хүмүүс миний үеийнхэн байгаа болов уу. Манайх бол ардчилсан улс. Энэ мэтчилэн үзэл, бодлоо илэрхийлэх нь зөв. Ингэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө би 90 онд тэмцэж явсан хүний нэг. Тиймээс үүнд бол эмзэглэдэггүй. Ер нь ч тэгээд хүний амьдралд шүүмжлэл нь магтаалаасаа илүү хэрэгтэй байдаг. Гэхдээ шоуны хувьд хэдийнэ галт тэрэг хөдөлчихсөн. Одоо буцах эрх надад байхгүй. Тиймээс шоундаа оролцоод явна даа.

Image result for Г.Ганхүү-Бусад оролцогчдынхоо тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Маш мундаг залуус. Би Бархүүгээ жүжигчин л гэж боддог байснаас биш ийм авьяаслаг, мундаг дуучин болохыг нь мэддэггүй байж. Мөн жүжигчин хүн учраас давуу талууд ч их харагдаж байна. Мөн Гантогоо дүүгээ онцолмоор байна. Солонгост арав гаруй жил болчихсон ийм залуу шоуг зорьж Монголдоо ирсэн нь баярлууштай. Гантогоо маш соёлтой, хүмүүжилтэй. Хүүхдийг яаж хүмүүжүүлэхээрээ ийм соёлтой, хүмүүжилтэй болгодог юм бол гэж бодогдохоор шүү. Мөн төгөлдөр хуурч охиныг онцлох хэрэгтэй байх. Манай “Камертон” хамтлагийн Мээдээ маань ч цаашид хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болов уу. Гэх мэтчилэн бүх оролцогч дүү нар маань мундаг, авьяаслаг байна. Өмнөх дугаарын оролцогчдоос дордоогүй байх гэж бодогдож байгаа. Мөн ОХУ-аас мэргэжлийн нүүр хувиргагчид ирж ажиллаж байгаа нь олзуурхууштай. Ингээд бүх дүү нартаа амжилт хүсье.

-Эхний дугаарын шүүлтийн хувьд ямар бодолтой байв. Та байсан бол хэрхэн шүүх байсан бол?

-Би байсан бол хэрхэн шүүх байсан бол гэж бодогдсон л доо. Мэдээж олон дугаар дээр шүүгч хийчихсэн учраас яалт ч үгүй шүүгчийн нүдээр харчихдаг юм байна. Миний хувьд ганц, хоёр шүүлт дээр санал зөрж байлаа. Тухайлбал, дуучин Хишигдалай Аделийг маш сайн дуурайж чадсан. Хоолойны өнгө, нугалаа, темберийг ямар гайхамшигтай дуурайв. Би бүр нэг хэсэг нүдээ аниад ч хүртэл сонссон шүү. Үнэхээр сайн дуулсан. Харамсалтай нь шүүгчдийн оноо бүгд доогуур байна лээ. Яахав, хөгжмийн хүмүүс биш учраас сонсохгүй байсан болов уу. Онон, Ундармаа нар маань жүжигчин, Наранзун хэдий урлаг судлаач ч дуучин биш. Тиймээс дуучин хүний нүдээр харахгүй байна. Тиймээс нэг дуучин байх нь зохистой юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

Түүнчлэн шүүгч байсан хүний хувьд бусад өрсөлдөгчдөдөө өгөх ёстой гурван оноогоо оновчтой үзүүлбэрт өгөөрэй гэж дүү нартаа хэлж байгаа. Оролцогчид тухайн дугаарын хамгийн шилдэгтээ л гурван оноогоо өгөх учиртай юм. Харин түүний оронд найз нөхдөдөө тал засаж, өрсөлдөөн ширүүссэн үед хамгийн бага оноотой оролцогчдод өгөх гэх мэт оновчгүй байдал их гардаг л даа. Ийм байдал аль болох гаргахгүй хамгийн мундаг оролцогчдодоо гурван оноогоо өгөөсэй гэж бодож байна. Эхний дугаарт Бархүүгийн үзүүлбэр хамгийн шилдэг нь байсан. Харин Бархүүд саналаа өгсөн оролцогч цөөн байсан. Би цаашид ч гэсэн дугаарын хамгийн сайн оролцогчид гурван оноогоо өгөх болно.


Categories
мэдээ цаг-үе

Ноён Бондгор: Ноён Бондгор биш харин Цагаанравдангийн Амарбаяр гэж дуудуулахыг хүсч байна

Ц.Амарбаяр буюу “Ноён” Бондгортой ярилцлаа. Тэрээр тун удахгүй “Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийхээр болсон байна.


-“Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод тань хичнээн уран бүтээлчид оролцох бол?

-Тоглолт маань дөрөвдүгээр сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Би тоглолтынхоо зар сурталчилгаан дээр ямар уран бүтээлчид оролцох тухайгаа тавиагүй байгаа. Учир нь уран бүтээлч хүн бүрт тоглолтоо хийх зорилго байдаг. Миний хувьд өөртөө итгэлгүй байгаа юм шиг хэдэн гавьяатын нэр тавьж, эсвэл тоглолтыг бизнес болгож болсон болоогүй хэдэн дуу дуулаад хүмүүсийн халаасан дахь мөнгийг авахыг хүсдэггүй. Тоглолтыг хийж бүтээсэн зүйл минь хэр хэмжээнд явна вэ гэдгийг үзэх, сорих шалгуур л гэж боддог. Миний хувьд арван жил энэ урлагийн зам мөрөөр явж байна. Энэ хугацаанд хөдөлмөрлөж, зүтгэж явсны минь үр шим энэ тоглолтоор гарах болно. Тэгэхээр хэний ч тоглолт гэдэг нь мэдэгдэхгүй олон хүний нэр зоохыг хүсэхгүй байна л даа. Зөвхөн “Ноён Бондгор”-ын тоглолт гэдэг талаас нь хүлээж аваасай гэж бодож байна.

-Тоглолтоо яагаад “Монголд төрсөн минь учиртай” гэж нэрлэх болсон юм бэ?

-Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай. Миний дуучин болсон болоод өөрийн тань түмэн олонд мэдээлэл хүргээд явж байгаа зэрэг гээд бүгд л учиртай байгаа. Миний хувьд яагаад Монголд төрсөн учраа олсон шүү. Харин ямар учиртай гэдгээ тоглолтоороо тайлагнахыг хүсэж байна. Мөн үзэгч түмнээ эх нутагтаа ямар учиртай төрснөө ярилцацгаая, дуулцгаая гэж уриалах байна.

-“Би Бондгор биш” гэсэн нэртэй цомгоо гаргасан. Мөн л цомгийн нэр анхаарал татаж байлаа. Энэ тухай яриач?

-Сүүлийн үед надад энэ нэрний тухай асуудал их бодогдож эхлээд байна л даа. Ер нь хүний эцэг эх үр хүүхдэдээ сайн сайхан, эрүүл энх байлгах гэж бэлгэ дэмбэрлийг нь бодож нэр хайрладаг. Гэтэл одоо өнөөх “Нэр бүтэн заяа” гэдэг ойлголт бүр алга болжээ. Хэн хүссэн нь л нэгнийхээ нэрийг товчилж, өөрчилж янз бүрээр дуудах болсон байх юм. Тэгэхээр одоо залуус маань энэ буруу хазгай зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид ийм байхад үр хүүхэд минь бидний өгсөн нэр алдрыг хүссэнээрээ солих элийрэл рүү явна гэсэн үг шүү дээ. Үүний оронд бүтэн нэрээрээ дуудуулж дүүрэн жаргалаа эдэлье л дээ. Энэ нь гоё биш гэж үү.

-Тэгэхээр та “Ноён Бондгор” биш Ц.Амарбаяр гэж дуудуулахыг хүссэн хэрэг үү?

-Аав, ээж өвөө, эмээ минь намайг бүр жаахан байхад “Бомбоолой”, “Бондгор”-оо гэх мэтээр өхөөрдөж, хайрлаж дууддаг байсан. Энэ нэр минь найз нөхөд, анги хамт олны минь дараа нь урлагийн замд ороход минь хүртэл хамтдаа явсаар өнөөг хүрчээ. Харин урлагт орход Ноён гэдэг үг нэмэгдсэн шүү. Мэдээж энэ нэр минь ээж, аавын минь өгсөн нэрнээс илүү түмэн олонд хүрч, цуурайтаад явж байгаад залуу хүний хувьд бахархалтай явдаг л юм. Гэхдээ ямар ч хүнд аавынхаа нэр алдрыг дуурсгаж, ижий, аавдаа бахархуулж амьдрах шиг сайхан зүйл байхгүй байх.

Түүнчлэн хайрласан нэр алдрыг нь үр хүүхэд нь сайн сайхнаар дуудуулах жаргал байдаг болов уу. Яахав, хайртай хүүгээ өхөөрдөж, хайрлаж Бондгор гэж дууддаг байсан хэдий ч аав минь намайг Амарбаяр гэж нэрлэсэн шүү дээ. Тийм учраас би олон мянган үзэгч цугласан тэр их танхимд Цагаанравдангийн Амарбаяр гэж дуудуулахыг хүсч байна. Энэ ч утгаараа цомгоо “Би бондгор биш” гэж нэрлэсэн. Цомгийн нэр маань нэг бодлын заль юм л даа. Бондгор биш гэхээр хэн билээ гэж хүн бодно байх. Тэр үед нь л би бол Ц.Амарбаяр шүү гээд хэлээд өгчихье гэсэн л ухаан юм.

-Таны “Ээжийгээ зүүдэллээ” гэсэн уран бүтээл үзэгчдэд хүрсэн. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Энэ дууны аяыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, үгийг П.Далай тэрлэсэн юм. Би Пүүжээ ахтайгаа олон сайхан уран бүтээлүүд хийж байсан л даа. Миний “Амжилт хүсье”, “Миний найз”, “Хайрын солонго” гээд маш олон уран бүтээл дээр хамтарч байлаа. Нэг өдөр би Пүүжээ ахын студи дээр яваад орлоо. Төгөлдөр хуурын ард намуухан хөгжим дараад л сууж байдаг юм байна. Надад нэг ч аавын тухай дуу байдаггүй болохоор аавын тухай дуутай болох зорилготой очсон хэрэг. Гэтэл Пүүжээ ах хэлж байна. “Би удахгүй тоглолтоо хийнэ. Тоглолт дээрээ ээждээ зориулж дуулахаар нэг дуу хийлээ. Ах нь өөрийнхөө хийсэн цөөхөн дууг сонсч л огшиж уйлж байсан юм. Нэг нь чиний “Миний найз” дуу байсан бол өнөөдөр зохиосон ээжийн дуугаа сонсоод яалт ч үгүй уярчихдаг байна шүү. Ах нь нэг дуулаад өгье” л гэлээ. Сонстол үнэхээр сайхан дуу байсан. Би зүгээр ч сонссонгүй. Утасныхаа дуу хураагуур дээр бичээд авчихлаа. Маргааш нь яаруу сандруу ая данг нь тааруулж дуулаад, тоглолтоос нь өмнө бариад очсон юм. Ер нь дуу эзнээ олж, тэр агшинд уран бүтээл төрдөг байх гэж би боддог юм.

-Саяхан үзэгчдэд хүрсэн “Сайн аав” киноны “Амьдрал” дууг дуулсан байсан. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авав?

-Энэ их сайхан дуу л даа. Гэхдээ “Амьдрал” дууг яг энэ кинонд зориулж хийгээгүй юм. Өмнө нь энэ дууг хамгийн анх Мөнх-Амьдрал гэж миний хуурай дүү дуулж байсан. Нандинцэцэг гээд бүсгүй шүлгийг нь бичиж Мөнх-Амьдрал аяыг нь хийсэн байдаг юм. Гэхдээ би дуулахдаа шүлгийг нь УИХ-ын гишүүн С.Жавхлан ахаараа нэмүүлж бичүүлсэн. Ингээд дуу маань гараад удаагүй байхад “Сайн аав” киноны дуу болгоочээ гэсэн санал ирсэн юм. Яг энэ кинонд тохирох дуу байна гэсэн учир би ч гэсэн дуртай зөвшөөрсөн. Хүмүүсийн сонсох дуртай дуу болсонд баяртай байгаа.

-Гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу. Яагаад дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Би нэг ахтай, эхээс хоёулаа л юм. Би урлагийн гэр бүлд төрж өссөн юм шүү дээ. Өвөөг минь Баатарын Лхаасүрэн гэдэг. Бүжиг дэглээч, бий биелгээ судлаач хүн байсан. Өвөөгийн маань судалсан онолоор одоо болтол СУИС, ХБК зэрэг сургуулиудад зааж байгаад баяртай байдаг даа. Мөн дэглэсэн бүжгүүд нь өнөөг хүртэл тоглогдсоор байгаа. Мөн эмээ минь Долгор гэж уртын дууч байлаа. Ээж, аав урлагийн хүмүүс учир би эмээгийнхээ гар дээр л өсөж, хүмүүжсэн. Эмээгийнхээ дуулахыг сонсож, бүүвэйлэгдэж өссөн учир дуучин болсон юм болов уу даа.

Харин аав минь бүжгийн багш бол ээж минь Хилийн цэргийн урдаа барьдаг ганц бүжигчин байлаа шүү дээ. Монгол Улсын гавьяат бүжигчин Эрдэнэчимэг гэж хүн байдаг. Одоо бол ээж, аав хоёр минь хувийн бизнесээ хийгээд явж байна.

-Таныг урлагаас тэс ондоо мэргэжилтэй гэж сонссон…

-Би ШУТИС-д компьютер программистын мэргэжлээр гуравдугаар курс хүртлээ суралцаж байсан. Гэхдээ гуравдугаар курсээсээ хойш би их сургуульд сурах шаардлагагүй болсон. Сургууль надад хэзээ ч амьдралын ухаан, хүндлэлийг заахгүй юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Харин одоо би амьдралын их сургуульд сурч байна. Би сургуулиа хаяад Самандын Жавхлан гэдэг их сургуульд элссэн юм. Энэ сургуульд би үхэн үхтлээ л суралцана гэж боддог. Миний хийж бүтээж буй бүх зүйл энэ сургуулиас авч буй абшиг гэж болно. Ер нь өөрийгөө онц сайн сурч байгаа гэж бодож байгаа шүү. Хүмүүс “Чи Жавхланг л дагаад байх юм” гэдэг л юм. Надад бол Монголоо гэсэн сэтгэлтэй ахыгаа дагахад алдах зүйл байхгүй гэж боддог. Хамтдаа л Монголоо гэсэн сэтгэлээр зүтгээд явж байна. Болохгүй зүйл байхгүй шүү дээ. Бид хоёрыг эх оронч үзэл, Монголоо гэсэн сэтгэл нэгтгэж нэгэн зүгт байлгаж чаддаг юм. Ер нь ах минь луйвар хийдэг дарга нар шиг надаар мөнгө тараалгаад яваагүй. Харин надаар Монгол гэсэн сэтгэлгээг сурталчлуулж уран бүтээл хийлгэж байна. Наад захын жишээ л гэхэд ийм ялгаа байна даа.

-Улс төрд орох бодол бий юү?

-Шаардлагатай бол орно шүү дээ.

-Гэр бүлээ танилцуулаач. Хүүхэдтэй болж амжсан уу?

-Миний эхнэрийг Золзаяа гэдэг. СЭЗДС-ийг дүүргэсэн. “Тэгш нийгэм” ТББ-ыг ажиллуулж байна. Тэгш эрхийг бий болгох, зөв, сайхан зүйлийг түгээхийн төлөө тэмцдэг. Санал, санаачилгаа хамтдаа гаргадаг ч миний хувьд уран бүтээл рүүгээ илүү анхаарлаа хандуулж байна.

Одоогоор хүүхэдтэй болоогүй байна. Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг л юм болох гээд байна шүү. Ямартай ч олон хүүхэдтэй болно гэсэн бодолтой байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Бямбацогт: Би эфирт гарахдаа хамгийн дотно хүнтэйгээ ярьж байна гэж боддог

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогттой ярилцлаа. Тэрээр саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгаад байгаа билээ.


-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ сонсов?

-Хоёрдугаар сарын 22-ны 17 цаг 28 минутад 26-гаар эхэлсэн дугаар залгадаг юм байна. “Сайн байна уу? Шагдаржавын Бямбацогт гуай юу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та МУСГЗ гэх эрхэм цол хүртжээ. Танд баяр хүргэе” л гэлээ. Юу юугүй л хоолой зангираад ирдэг юм билээ. Утсаа салгачихаад бараг таван минут шахуу салфетиктай зууралдсан байх шүү (инээв). Өөрийн эрхгүй л нулимс гараад байсан. Мэдээж баяр, догдлолынх байх нь дамжиггүй. Хэрэв арав гаруйхан жил ажилласан бол төрийн энэ том шагналыг авахгүй, авсан ч хийж бүтээсэн зүйл бага тул догдлохгүй байсан болов уу. Би энэ их айлын босгыг алхаад 26 жил болсон байна. Тиймдээ ч миний хамт олон, найз нөхөд, инженер техникийн ажилчид, зураглаач, сэтгүүлч, редактор, үйлчилгээний ажилчид, үзэгч, сонсогч түмнийг минь л төр үнэллээ дээ гэж яалт ч үгүй догдолж баярласан.

Би өдий зэрэгтэй явж байна гэхээр бас муугүй хүн байх нь гэж дүгнээд байна л даа. Энэ бүхний үндэс суурь бол 50 жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 80 гаруй жилийн түүхтэй Монголын Үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн минь ёстой л чөмгөө дундартал ажилласан тэр он жилүүдийн л шим юм даа. Тэр шим нь намайг өдий зэрэгтэй болгосон. Тэгэхээр төр үе үеийн бүхий л уран бүтээлчдийг хамтад нь шагналаа гэж ойлгож байна. Тиймээс хамт олондоо баярлаад, үзэгч түмэндээ мэхийгээд ханашгүй юм даа. Монгол төрийн дуу хоолой болсон нэвтрүүлэгчдийн алтан гинжийг таслахгүйгээр үргэлжлүүлж мөн хойч үедээ ч үлдээх болно гэж хэлмээр байна.

-Та Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд орж байсан тухайгаа яриач. Ер нь яагаад телевизийн салбарыг сонгох болсон юм бэ?

-Намайг энэ их айлд орох үед Радио телевизийн улсын хороо гэсэн нэртэй байлаа. 1987 оны үед юм даа. Миний ээж, аав хоёр намайг ажиглаж, сонссон юм шиг байгаа юм. Юу гэхээр би “БНМАУ-ын Ардын их хурлын депутат Хорлоогийн Баянмөнх, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын спортын гавьяат мастер” ч гэдэг юм уу эсвэл “Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Юмжаагийн Цэдэнбал үг хэлнэ” гэх мэтээр радиогоор ярьж байгаа хүмүүсийг их дуурайдаг байлаа. Надад их гоё сонсогддог байсан юм. Дээрээс нь сургуульд байхдаа дуу, бүжигт дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан л даа. Энэ мэт зүйлсийг ажиглаад л аав минь намайг нэвтрүүлэгч болох сонирхолтой юм байна. Радио телевизийн улсын хороо руу л дагуулаад очъё гэж бодож л дээ. Арван жилээ төгсчихөөд л шууд очсон юм. Хүмүүс ярьдаг л даа “Намайг шалгуулахад 300, 400 гаруй хүн байсан. Би түүнээс цойлж гарч ирсэн юм” гэх мэтээр. Миний хувьд бол тийм зүйл байгаагүй. Аавыгаа дагаад л сонирхлоороо ирж байлаа. Аав минь тэр үед бас арын хаалга юу билээ гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л нутгийн хүн энэ телевизэд байгаа болов уу гэж асууж, сурж л дээ. Би Хэнтий нутгийнх юм. Манай нутгаас телевизийн дарга байсан МУСГЗ Жаргал, нэртэй сэтгүүлч парик Жагаа, нэвтрүүлэгч Харцага гэсэн хүмүүс ажиллаж байсан. Ингээд л аав минь хамгийн түрүүнд Харцага ах дээр дагуулаад очсон юм. Архаг уран бүтээлчдэд ч шалгууллаа. “Гайгүй шүү. Бас чиг дажгүй хоолойтой хүү байна” гэж хэлсэн. Тэгээд л ажиллаж эхэлсэн дээ.

-Арван жилээ төгсөөд л шууд ажилд орчихсон хэрэг үү?

-Тийм. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилээ төгссөн. Түүнээс хойш л телевиздээ ажиллаж байна. Эхлээд туслах найруулагчийн туслахаар орсон. Дараа нь туслах найруулагч болоод цаашлаад дагалдан нэвтрүүлэгч хийж эхэлсэн дээ. Харин нэвтрүүлэгч гэх үнэмлэхийг 1993 онд авсан юм. Хүн бүхний л сайн сайхан талаас суралцахыг хичээдэг байлаа. Хамгийн их заавар зөвлөгөөг Харцага ахаасаа л сонссон. Мөн МУСГЗ Цэенханд, Чулуунбат, Батбаяр, Доржбат, Жанцан ах, Хишигээ, Рагчаа эгч гээд энэ бүх л хүмүүсийн заавар, зөвлөгөөг сонсч байлаа.

-Анх эфирт гарч байсан үеэ дурсаач. Их сандарч байв уу?

– Эфирт гарах юмсан гэсэн дэврүүн хүсэл их байлаа. Закадраас “Сайн байна уу?” ч гэдэг юм уу ганц үг хэлчихвэл тэрэн шиг том гавьяа байхгүй мэт санадаг байж билээ. Нэвтрүүлэг, кинонд барагтай л бол дуу оруулахгүй. Харин яг эфирт гарахдаа залуу байсан болоод ч тэр үү, их эмээж байсан. Гэхдээ телевизэд ажилд орсноосоо бүр хойно ил гарч байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн сүүлчийн шат дамжлага бол нэвтрүүлэгч байдаг. Нэвтрүүлэгчид сэтгүүлч, редакторын бэлтгэсэн шив шинэхэн, халуун талхыг хүлээн авдаг юм. Харин түүнийг хүлээн авагчдадаа халуунаар нь, энд тэндээс нь эмтлэлгүйгээр хүргэх нь нэвтрүүлэгч бидний хамгийн чухал үүрэг. Ер нь бол бид төр, ард түмэн хоёрыг холбогч гүүр учраас үнэний дуу хоолой байх нь зүйн хэрэг. Энэ чухал үүргийг гүйцэтгэж байгаа учраас бахдалтай, нөгөөтэйгүүр хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог доо.

Миний бодлоор МҮОНРТ-ын мэдээ, нэвтрүүлгүүд бусад телевизүүдийнхийг бодвол сонгодгоороо байдаг. Давс, хачиргүй үнэнийг ярьдаг. Нэг нэвтрүүлгийн ард сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч, инженер техникийн ажилчид гээд бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг юм. Зарим хувийн телевизүүдийн нэвтрүүлгийг зураглаач, сэтгүүлч хоёр л хийж байх шиг харагддаг. Гэхдээ баг бүрэлдэхүүнээрээ ажиллавал илүү мэргэжлийн байна гэж би ойлгоод байгаа юм. Ер нь ч тэгээд чаддаг, мэддэг юмаа сайн хийдгийн тод жишээ бол МҮОНРТ гэж боддог шүү.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болох хүсэл, мөрөөдөлтэй олон хүүхэд, залуус бий. Та тэдэнд болоод залуу нэвтрүүлэгчдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олширсон байна. Мэдээж залуу сэтгүүлчдээ харна, сонсоно. Ил шүүмжлээд байх дургүй л дээ. Тааралдах юм бол хэд гурван зөвлөгөө өгдөг л юм. Аливаа зүйлийг хар, муухайгаар нь биш арай өөр өнцгөөс дулаан, эерэг талаас нь хүргэвэл зүгээр байгаа юм даа гэх мэтээр санаа, оноогоо хэлнэ. Мөн хүнтэй ярилцаж байхдаа нүд рүү хараад яривал их зүгээр. Гэм хийчихсэн юм шиг айж, хулмаганаад доош хараад байж болохгүй. Дотно ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа тохиолдолд сайхан яриа өрнөхгүй шүү дээ. Харин нэвтрүүлэгчдэдээ үгээ зөв тасалж, хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй байгаа юм даа гээд үглэх маягтай хэлдэг юм. Ер нь бол микрофон, камерын өмнө буюу эфирт гараад миний ээмэг, уруулын будаг ямар харагдаж байгаа бол эсвэл зангиа, хослол минь зүгээр байгаа болов уу гэж бодоод байх юм бол тэр бүтээл хэзээ ч үзэгч, сонсогчдод хүрэхгүй. Миний хувьд эфирт гарахдаа дотоод сэтгэлдээ хамгийн дотны хүнтэйгээ ярьж байна гэж боддог. Тэгвэл таны хүргэх гэж буй бүтээл тань бүх хүнд ойлгомжтой очно шүү дээ. Хэн ч ээж, аавтайгаа ярьж байхдаа түгдэрч, гацдаггүй биз дээ. Ямартай ч хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлчдийн минь зам мөр нь дардан байх болтугай. Хэн нэгэн улстөрчийн халаасанд битгий ороосой, сэтгүүлч хүн учраас өөрийн гэсэн жанжин шугамтай байгаасай гэж хүсэж байна.

-Аавыг тань урлагийн хүн гэж сонссон. Аав, ээжийнхээ тухай яриач?

-Миний аавыг Шагдаржав гэдэг. Хан Хэнтий чуулгын хөгжмийн удирдаач хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Мөн тэтгэвэртээ гарчихсан. Өвөө, эмээгийн үүрэг гүйцэтгээд Хэнтий нутагтаа амьдарч байна даа. Харин миний хань англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй байдаг. Би цэцэг шиг гурван охинтой. Том нь гадагшаа мастер хамгаалахаар явсан. Дундах нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Харин бага охин минь нэлээн сүүлд гарсан юм. Энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Та хэр сайн аав бэ. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хэр байдаг бол?

-Гэр бүлдээ аль болох их цаг хугацааг зориулах юмсан гэж боддог. Хааяа зав зай гарах юм бол хоол хийх дуртай. Рестораны хоолыг харж байгаад л дараа нь хийчихнэ. Эсвэл жор зохиогоод ч юм уу, шинэ хоол хийх дуртай шүү. Ер нь миний хувьд залуу байхдаа ар гэрийг яалт ч үгүй хойш нь тавьсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс гэр бүлдээ зарцуулах цаг зав арай ихэссэн гэж болно. Өмнө нь ёстой л байгууллагаа боддог байсан. Байгууллага гэхээсээ өөрийгөө бодож байгаа хэрэг л дээ. Сайн ажиллаж гайгүй цалин авчих юмсан л гэж. Мэдээж хичээж ажиллаж байгаа учир сайхан бүтээл үзэгч, түмэндээ хүргэчих юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Нойр хоол, өвчин зовлонг умартан өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Баяр ёслол, хагас бүтэн сайн гэж мэдэхгүй. Шинийн нэгний өглөө гэрийнхэнтэйгээ ч золгоогүй ажил дээрээ л байж байна. Би аав, ээждээ ойрын хэдэн жил очиж золгосонгүй. Аав, ээж минь л ирж золгоно. Эрхэм сайхан цол авсан хэрнээ мөн адил очиж золгоогүй л явна. Би аав, ээждээ очиж золгъё гэж хэлээд ажлаасаа чөлөө авч үзээгүй. Би өөрөө хуучны ч гэдэг юм уу, хоцрогдсон социалист үзэлтэй хүн шиг байгаа юм. Энэ бас их нөлөөлдөг байх.

-Гадуур явахад тань хүмүүс мэдээж таньдаг байх. Ямар ямар хандлагууд гардаг вэ. Хөгтэй зүйл тохиолдож байсан уу?

-Энэ сайхан ажил, мэргэжлийн минь буян юм даа. Бүгд л сайхан эерэг хандлагаар хүлээж авдаг. Энд тэнд хөдөө, гадаа явж байхад сайхан мэндэлнэ. Ер нь эхлээд голцуу манай хамаатан бил үү, хэнсэн билээ дээ гэж хардаг шиг байгаа юм. Хараад л “Сайн уу, сонин сайхан юу байна” гэдэг юм. Би тэгэхээр нь энэ чинь хэнсэн билээ гээд бас бодчихно. Энэ мэтчилэн таньж ядаад л байдаг байсан. Сүүлдээ бол ойлгосон л доо. Зурагтаар харсаар байгаад нэг л их таньдаг зүс царай, дуу хоолой болчихдог юм билээ. Тэгээд л таарсан хүмүүс их таньдаг хамаатан садан шигээ бодоод андуураад байдаг байх нь. Өнөөх таньж ядаад байсан хүн чинь “Өө нэвтрүүлэгч маань байна шүү дээ” гээд л сүүлд нь хэлдэг юм. Иймэрхүү хөгтэй зүйлүүд тохиолдолгүй яахав. Энэ сайхан итгэл, инээд баяслынх нь хариуд нэвтрүүлгээрээ л үгийг нь үг шиг хүргээд, утгыг нь сайхан гаргачих юмсан гэж хичээж явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: “Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог юм шүү”

Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Арван гурван аашаа нуумааргүй байна гээд дуу хүртэл байдаг. Ер нь хүний ааш араншинг хэрхэн судалсан байдаг юм бол?

-Хүний ааш, араншинг ерөнхийд нь олдмол буюу төрөлхийн гэж ангилдаг л даа. Зан төлөв бол олдмол. Харин темперамент төрөлхийнх. Зан төлөв нь амьдралын явцад бүрэлдэн бий болдог олдмол шинж чанартай. Хүний түргэн ширүүн, уур уцаартай, зөөлөн тайван, эмзэг мэдрэмтгий, санаачилгатай байх зэрэг нь темпераментаасаа шалтгаадаг юм. Нийт дөрвөн темперамент байдаг. Тухайлбал, холерик темпераменттай бол цочмог, шаралхуу, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй. Тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Холерик темпераменттай хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах зэрэг. Харин бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор. Бие даасан байдалд нь саад учруулбал амархан уурлах, ууртай омогтойгоор хариултыг нь өгдөг. Ийм шинжтэй. Харин сангвиникт гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог, сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургүй хэв шинжийн хүмүүс багтана. Сангвиник темпераменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог, хамт олон дотор хэнээс ч түрүүнд байр сууриа олдог. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гайхуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдлаа нуулгүй ил тод ярьж, шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чаддаг. Флегматик хүмүүс бол хүчтэй хэв шинжтэй боловч хөшүүн. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул. Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг, ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их гэх мэт. Ерөнхийдөө хүнээс гарч буй эерэг, сөрөг хандлагуудад хүний төрөлхийн зан төлөв маш их нөлөөлдөг.

-Зан төлөв төлөвшихөд юу нөлөөлдөг вэ. Үүнээс болж үүсч буй сөрөг хандлагууд юунаас үүсдэг юм бол?

-Хүүхэд наснаасаа эхлээд л бид бүхэн харилцаанд орж эхэлдэг. Гэр бүлийн харилцаа нь цэцэрлэг, сургууль цаашлаад нийгэм гэх мэт өргөжөөд явдаг. Харилцаа өргөжих хэрээр хүний үзэл бодолд өөрчлөлт ороод явдаг юм. Энэ явцад зан төлөв бүрэлдэн бий болдог. Харин сөрөг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн шарх авснаас үүсэх нь элбэг. Ингэхээр бага насанд хамгийн дотно эсвэл хүндэлдэг хүн нь урмыг нь хугалах, сэтгэлийн шарх үлдээх нь сөрөг зан төлөвтэй болох үндсийг тавьж өгдөг байх нь.

Ер нь аливаа хүн 12 нас хүрэхэд аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг. Яахав 12-18 нас хүртэл нь эцэг, эхчүүд чиглүүлж болох л байх. Харин нас биед хүрсэн хүнийг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр тэрхүү бага насанд сэтгэлийн шархаар үүссэн сөрөг зан төлөв насанд хүрсэн ч байсаар л байдаг байх нь. Гэвч ихэнх хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд юу үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй.

-Тэгвэл зохисгүй ааш авир, сөрөг зан байдал нь хүний амьдралд өөрөөр хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Хэрэв таны нойр чинь хулжаад, үргэлж таагүй мэдрэмж төрөөд, муу муухай зүйл тохиолдоод байвал таны бодол болоод зан төлөв, дадал зуршил тань сөрөг байгаагийн илрэл. Тэгэхээр таны сөрөг хандлага бодол үйлдлээр тань дамжиж амьдралын бүхий л талбарт нөлөөлж байдаг байх нь. Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог гэдэг шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Мөн сөрөг зан байдал нь өөртөө болон бусдад, мөн амьдралдаа сэтгэл ханамжгүй болж аливаа зүйлээс таашаал авч чадахаа болино. Ганцаардах, хэн ч өөрийг нь тоохгүй байгаа мэтээр мэдэрч стресст амархан өртөх цаашлаад сэтгэл гутралд орох хүртэл аюултай байдаг.

Түүнчлэн хүн уулзах хүнээ өөрөө л дууддаг гэдэг. Сайн хүнтэй сайхан зүйл ярих уу, муу хүнтэй олиггүй юм ярих уу гэдэг нь таны л зан араншин, үзэл бодлоос хамаарна.

-Харин зан аашийн хувьд тайван тогтуун байж, эерэг хандлагатай байхын тулд яах ёстой вэ?

-Үүн дээр нэг жишээ ярья л даа. Би нэг удаа гудманд явж байлаа. Хоёр хүү миний хажуугаар өнгөрсөн юм. Гэтэл нэг нь хажуугаар гарахдаа над руу нулимчихсан. Би эргэж хараад яаж байна, ингэж болдоггүй юм байхгүй юу гэсэн. Харин өнөөх хүү намайг эргэж хараад уурлаж, загнаж, хашгична л гэж бодсон байх. Нүд нь сортолзоод зогсож байснаа намайг тэгж хэлэнгүүт их гайхсан янзтай “Уучлаарай эгч ээ” гээд гүйгээд явчихсан. Хэрэв намайг уурласан бол чулуу шидэх ч энүүхэнд байх байсан биз. Хүн сөрөг хандлагатай байх юм бол тийм л хариу авдаг. Тэгэхээр энэ надтай ингэж харьцаж байгаа бол би ч гэсэн тэгж харьцана гэж болохгүй. “Юу тарина, түүнийгээ хураана” гэдэг шүү дээ.

Мөн сургуулиа төгсчихөөд нэг газар хүний нөөцийн менежерээр ажилд орсон юм. Намайг ажилд ороход тэрхүү хамт олон хоорондоо бараг л мэндэлцгээдэггүй байсан. Харин би ажилд орсон цагаасаа эхлээд бүх хүнтэй сайхан мэндэлдэг байлаа. Гэтэл гурван сарын дараа гэхэд тэр хамт олон бүгд хоорондоо сайхан мэндэлцгээдэг болсон. Би хүмүүстэй мэндэлж эхэлснээр хамт олондоо эерэг хандлагыг төрүүлж, миний үнэлэгдэх үнэлэмж хүртэл дээшилж байгаа юм. Өнөөх л ааш, араншин, зан төлөвөөс таны амьдрал шалтгаалаад байна шүү дээ.

Хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд ямар амьдрал үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Харин хүмүүс өнгөрсөнд болсон муу муухай, таагүй бүхнийг мартах гэж хичээгээд байдаг. Энэ нь буруу юм. Тэр бүхэн мартагдаагүй, сэтгэлийн мухарт тань үлдчихсэн байгаа. Иймд бусдыг уучилж өршөөж, өнгөрөөж сурах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байна

“Өдрийн сонин”-ы №018(5585) дугаараас авч нийтлэв

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэн дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл “Түр хороо” байгуулжээ. “Түр хороо”-ны даргаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Та бүхэн “Түр хороо” байгуулжээ. Яагаад байгуулахаар болов?

– Монголын чөлөөт бөхийн зүтгэлтнүүд, дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл болсон 50 гаруй хүн МЧБХ-ны өнөөгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, онц их хурлыг зарлан хуралдуулах “Түр хороо” байгуулахаар санал нэгдсэн юм. МЧБХ нь хамгийн сүүлд 2009 оны гуравдугаар сарын 14-нд албан ёсны их хурлаа хийж байсан. Энэхүү их хуралд 180 төлөөлөгч оролцон Л.Чинбатыг албан ёсны ерөнхийлөгчөөрөө сонгосон. Харин түүний эрх үүрэг 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон юм. Үүнээс хойш МЧБХ албан ёсны хурлаа хийгээгүй. Гэтэл дараа нь удирдлагаар суух гэсэн хүмүүс их хурлын материалыг ашиглан хуурамч тогтоол гаргасан юм. Дүрэм журам зөрчин, хуурамчаар тамга тэмдэг дарж, бусдын гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн тэд зөвхөн Их хурлаар хэлэлцэж өөрчлөх ёстой холбооны дүрмэнд өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүрдүүлсэн юм. Ийм хууль бус үйлдлүүд үргэлжилсээр өнөөдрийн зөрчил, хурцадмал байдлыг бий болгоод байгаа хэрэг. Энэ нь тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид, үе үеийн зүтгэлтэн дэмжигчдийн эрх ашгийг зөрчиж байна. Бидний зүгээс тэднийг шийдвэр гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа. Тиймээс МЧБХ-ны ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийн гишүүд гэх сумо бөхийн аварга, улсын цолтнууд, УИХ-ын гишүүд, мөн бусад гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Иймд МЧБХ-ны нэрийн өмнөөс гаргасан болон гаргах ямар нэгэн тогтоол, шийдвэр, сонгон шалгаруулалтыг энэ цаг мөчөөс эхлэн хүчин төгөлдөр хэмээн үзэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Эдгээр МЧБХ-ны хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн бидний гомдол, нэхэмжлэл харьяа дүүргийн шүүх болон цагдаагийн байгууллагуудаар шалгагдаж байгаа. Монголын шүүх, цагдаагийн байгууллагуудыг хэн нэгнээс хараат бусаар, үнэн зөвийг тогтоосон шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Та бүхэн МЧБХ-ны одоогийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Ямар шаардлагыг хүргүүлж байгаа вэ?

-МЧБХ нь энэ спортыг хөгжүүлэхийн төлөө цогц үйл ажиллагаа явуулдаг, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид, дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага. Тийм ч учраас хэн нэгэн эрх мэдэлтэн, УИХ-ын гишүүд орж ирэн, дур зоргоороо аашилдаг хувийн компани, тэдний өмч биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Иймд чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчин, шүүгч бөхийн зүтгэлтэн, дэмжигчид болон БТС-ын удирдах дээд байгууллага, МҮОХ-ны төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр онц их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргаж дараахь шаардлагуудыг МБЧХ-ын одоогийн удирдлага гэх хүмүүст хүргэж байгаа юм. Энэхүү шаардлагатай холбоотойгоор бид Монголын үндэсний олимпийн хороонд таван хүсэлт тавьж байна. Бүхий л спортын холбоодууд энэ байгууллагад харьяалагддаг учир МҮОХ-нд хүсэлт тавьсан гэж ойлгож болно. Энэхүү хүсэлтдээ МЧБХ-ны албан ёсны бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн зогсоохыг шаардаж байгаа юм. Иймд тус холбооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-нд энэ ажлыг их хурлаар албан ёсны удирдлага сонгогдтол түр хариуцахыг хүсч байна. Мөн МЧБХ-ны тамга, тэмдгийг хоёрдугаар сарын 2-ны дотор МҮОХ-нд хадгалуулах, мөн холбооны байрыг чөлөөлж өгөхийг хүсч байгаа юм. Түүнчлэн МЧБХ-той холбогдолтой бүхий л баримт бичиг, эд хөрөнгийг МҮОХ-нд хүлээлгэн өгч хадгалуулахыг шаардаж байна. Бид өнөөгийн МЧБХ-ны удирдлага гэх хүмүүст “Түр хороо”-ноос тавьж байгаа шаардлагын хариуг бичгээр албан ёсны дагуу ирүүлэхийг хүсч байгаа юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж байна. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Бид энэ асуудлууд дээр хуулийн зөвлөхтэй ажиллаж байгаа. Тиймээс бид өмгөөлөгчтэйгөө ярилцах болно. Ямартай ч бидний шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд тэмцэж болох ямар л хэлбэр байна, түүнийг хийх болно.

-Саяхан МЧБХ удирдлагаа сонгосон. Та бүхэн энэ хуралд оролцсон уу?

-Энэ бол их хурал биш байсан. Бид хурал хаана, хэзээ хэдэн гишүүнтэй хурал болсныг ч мэдээгүй. Бид нэгдүгээр сарын 6-нд хурал болж, удирдлага сонгосон гэх мэдээллийг авсан юм. Тиймээс багш, дасгалжуулагчид энэ хуралд оролцож чадаагүй. Ийм үйлдэл хийж буй одоогийн удирдлагууд гэх хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, чөлөөт бөхийн спортыг гэр бүлээрээ өмчлөн, өөрсдийн хувийн мухлаг мэт үзэж байна. Дүү нь ахдаа, ах нь дүүдээ албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцож байгаа нь чөлөөт бөх сонирхогч, дэмжигчид, багш дасгалжуулагчид, тамирчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.

-Та бүхэн МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж нөхцөл байдлаа танилцуулан ярилцаж үзсэн үү?

-Бид уулзаж ярилцъя гэсэн хүсэлт тавьсан. Эвээр ярилцах гэсэн боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн бид саяхан МЧБХ-ны дэд тэргүүн Б.Болдын төрсөн дүү нарийн бичгийн даргаар сонгогдсон гэх Б.Батбаяртай уулзсан. Бид түүнээс өмнөх нарийн бичгийг халсан болон өөрийг нь томилсон тушаал, хурлын протокол зэргийг байгаа эсэхийг асуусан юм. Гэтэл бидэнд дараа үзүүлнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хууль ёсны ном журмаараа юм бол яагаад тушаал, протокол зэрэг нь байдаггүй юм бэ гэж бодогдох юм. Ном журмынхаа дагуу удирдах зөвлөлөө сонгосон тохиолдолд бид хэл үггүй ажил үүргээ гүйцэтгээд л явах болно. Түүнээс бид албан тушаал горилсондоо ийм зүйл хийж байгаа юм биш.