Categories
мэдээ цаг-үе

​​Ардын багш Ш.Чоймаа: Аав минь надад эрдэм номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захисан даа

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор Шаравын Чоймааг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан баярт үйл явдал болсон билээ. Түүний монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр ийнхүү үнэлсэн юм. Ингээд Ардын багш Ш.Чоймаатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш хэмээх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ дуулав. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Аардын багш гэдэг ариун алдрыг хүртээсэн баярт мэдээг шагнал авахаас хоёр хоногийн өмнө надад дуулгасан. Их баярласан шүү.

-Төр түмний их баяр наадам болж өнгөрлөө. Та сайхан наадав уу?

-Монголчууд эрийн гурван наадмаа эрт цагаас эдүгээ хүртэл өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан сайхан баяр байдаг. Бөх, морь, харваачдаа харж хийморио сэргээх гэсэн хүсэл монгол хүн бүрт байх юм даа. Очоод үзэж чадахгүй ч наадмын сонин сайхныг чагнаж, баярлаж сууна. Ер нь биднийг залуу байх үед морь, бөхийг их сонирхдог байж. Харин өнөө үед сурын харваа дэлгэрч, өргөн хүрээтэй болж байна. Морины тухайд, энэ жил эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Зарим насанд цөөн морьд уралдсан гэнэ. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Монгол наадмаа монгол төрхөөр нь байлгах нь зүйн хэрэг. Гэхдээ уралдуулахаас нь өмнө монгол адууныхаа удам угсааг хамгаалах талаар олон зүйлийн ажил үйл хийх хэрэгтэй. Биднийг залууд уяачид маань бэлчээр усаа сонгон идээшлүүлж, уяа сойлгоо тааруулаад уралдуулдаг байсан. Гэтэл одоо тамир тэнхээ оруулах элдэв бэлдмэл, амин дэм зэргийг хэрэглэж байгаа нь бөхчүүд допинг хэрэглэсэнтэй дөхөж очих байх шүү. Эргээд бодоход хурд хүчээ сорьж буй нутаг нутгийн шандаст хүлгүүдэд адилхан амин дэм, бэлдмэл хэрэглэж чадах уу. Үүнээс гадна хурдан моринд хүчтэй эм, бэлдмэл хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодууштай. Бөхийн тухайд олон сайхан залуу бөхчүүд төрөн гарчээ. Харин улсын наадамд бөхийн найраа гэх ёс зүйгүй зүйл газар авчээ. Дээр үед ахмад бөхчүүд өсөх ирээдүйтэй, сайн бөх болох залуу хүнийг дэмжин, урам зориг нэмэх гэж тахимаа өгдөг байжээ. Бүр зодог шуудгаа ч өгөх тохиолдол бий. Дараа нь өнөөх бөхөө хараад үнэхээр сайн барилдаж байвал, зөв хүнээ дэмжсэн байна хэмээн өөртөө бахдаж, баярлаж суудаг байсан. Ямартай ч наадам болдгоороо сайхан боллоо.

-Та Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Шаргын говиосоо анх хэзээ, ямархан хүсэл өвөртлөөд гарч байв даа?

-Би Шаргын говийн хүн л дээ. Тэмээ, говь, заг, элс, халуун нар, ялаа батгана. Говь минь сайхаан. Найм, ес, арван сард бол бараг халуун намраараа байдаг. Би Шарга сумандаа дөрвөн жилийн сургуулиа төгсчихөөд, зэргэлдээх Төгрөг суманд очиж долдугаар ангиа дүүргэсэн юм. Дараа нь Говь-Алтай аймгийн төвд арван жилээ төгссөн. Ээж минь намайг дөрөвдүгээр анги төгсөхөд бурхан болсон. Харин аравдугаар ангид байхад аавын минь бие чилээрхэж, би хагас жил аавыгаа асарсан. Хэдий аавыгаа асраад аравдугаар ангидаа бүрэн суугаагүй ч хавар шалгалтаа өгч, сургуулиа алтан медальтай төгссөн. Алтан медальтай төгссөн учраас хамгийн түрүүнд орж, их, дээд сургуулиудын хуваарийг сонгох эрх олдсон л доо. Ингээд л 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч хот хүрээг зорьж ирсэн дээ.

-Таны аавыг их номтой лам байсан гэж сонссон юм байна?

-Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан сууж, номын мөр хөөж эхэлсэн гэдэг. Тэндээ Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад, Да хүрээнд ирсэн юм билээ. Харин Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирэн, цаг үймэхэд нутгаа зорьж л дээ. Гэсэн ч нутагтаа төд удалгүй өвгөн лам Наваантай хамт Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр равжамбын цол хүртээд 1943 онд нутагтаа ирсэн гэдэг юм. Ямартай ч аав минь буддын гүн ухаанд нэвтэрсэн, ном судрыг дээдлэгч нэгэн байсан даа. Тиймдээ ч намайг эрдэм номын мөр хөөлгөхөөр бага балчраас минь анхаарч эхэлсэн нь дамжиггүй. Надад номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захидаг байсансан.

Ш.Чоймаа аавын хамт

-Тиймдээ ч аав тань таныг бичгийн хүн болох эхлэлийг нь тавьж төвд бичиг зааж эхэлсэн болов уу?

-Аав минь сургуульд орохоос өмнө кирилл үсгийг хэдхэн хоногт өөрөө сурчихаад, тэгээд дараа нь надад заасан. Би уншиж, бичиж, тоо боддог болчихоод л сургуульдаа орсон. Мөн надад Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан юмдаг. Монгол бичгээр байгаа элдэв сонин зохиол шимтэн уншдаг байсан даа. Харин төвд бичгийг аав минь анх зааж өгсөн. Их сургуулийн төвд хэлний багш, профессор Дорж гэдэг урьд цагийн гавж хүн “Төвд хэл бичигт суралцах дэвтэр” хэмээх гурван боть сурах бичиг гаргажээ. Эхний дэвтэр нь 1962 онд гарсан юм билээ. Тэр дэвтрийг Улаанбаатар хотоос аавд хүн явуулсан байсан. Түүнийг үзчихээд “Төвд бичгийн тухай ном хүртэл гарчээ. Засаг төрийн бодлого төвд бичгийг үзэж, сурч болно гэж байгаа юм байна” гээд надад төвд бичиг зааж эхэлсэн. Энэ мэт аав минь намайг эрдэм номын мөр хөөлгөхийн тулд сэтгэл, оюунаа зориулж байсан. Мөн надад элдэв сонин түүх, “Үлгэрийн далай”, “Саран хөхөөн үлгэр” зэргийг ярьж өгдөг байлаа. Энэ үеэс л түүх соёл миний дур сонирхлыг татах болсон хэрэг.

-Таныг их сургуульд элсэн ороход тань хэн гэдэг эрдэмтэн, багш нар угтан авч байв даа?

-Би их азтай хүн л дээ. Намайг их сургуулийн босго алхахад эрдэм мэдлэгийн ундарга болсон олон сайхан буурлууд байлаа. Алдарт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багш, Монгол бичгийн Д.Чойжилсүрэн, төвд хэлний Х.Гаадан, манж хэлний Я.Шаарийбуу тэргүүтэй олон сайхан багш нар байсан. Харин их сургуулиа төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Өнөөх сайхан буурлуудтайгаа хамт ажиллаж, бүр ч их зүйлийг сурч эхэлсэн дээ. Нөр их мэдлэгтэй, туршлагатай уул шиг түшигтэй буурал багш нар минь надад үнэхээр нөмөр нөөлөг болж байсан. Чамгүй багш болоход минь тэдний л тус дэм их байсан. Өнөөдрийг хүртэл тэр ач тусыг нь санасаар л явна. Би “Д.Чойжилсүрэн багшийн бие, хэл, сэтгэлийн дуурайл” гэсэн өгүүлэл бичсэн. Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурваас л бүрддэг. Арван хар нүгэл, арван цагаан буяныг ч бие, хэл, сэтгэл гурваараа л үйлддэг шүү дээ. Хүний хэлж, хийж байгаа нь таарна гэдэг хэцүү. Харин Чойжоо багшийн минь бие, хэл сэтгэл гурвын цагаан үйл нь нэгэн цэгт огтлолцдог тийм л хүн байлаа.

-Үйлс хэргийг тань үргэлжлүүлж буй олон сайхан шавь нар байгаа байх?

-Миний анхны шавь нар та бүхний мэдэх сэтгүүлч Ш.Ёолк, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулсан А.Авирмэд нар шүү дээ. Багш болчихоод тэдний ангийг дааж авч байсан юм. Яриад байвал олон шавь нар бий. Дөч шахам жил МУИС-д хичээл заалгасан шавь нараас гадна 1980-90-ээд оны заагийн хэдэн жил зурагтын цэнхэр дэлгэцээр монгол бичиг сурсан янз бүрийн насны тун олон эчнээ шавь бий. Гудамжинд, хөдөө гадаа “Сайн байна уу, Чоймаа багш аа” гэх таних, танихгүй маш олон хүн тааралддаг.

-Судалгаа шинжилгээний ажлаа хэдийнээс эхэлж байсан бэ?

-Оюутан болохдоо судалгааны ажлын дөртэй болох гэж хичээж байлаа. “Монгол хэлний зарим үгийн эхний “X” гийгүүлэгчийн тухай” гэсэн илтгэлийг оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж байлаа. Их сургуулийн багш хүн бол судлах, сурах хоёрыг хослуулж явдаг. Ахмад эрдэмтэн судлаачдаас сайшаалын үг сонссон анхны судалгаа маань “Монголын нууц товчооны “бээр” сул үгийн тухай” илтгэл байсан. Энэ үеэс миний судалгаа шинжилгээний ажил эхэлсэн гэж болно.

Одоогоор гадна, дотно хэвлэгдсэн 70 шахам ном зохиол, сурах бичиг, толь зэрэг байна. Судалгааны өгүүлэл нийт 80 гаруйг бичжээ. Зарим нь гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл болон эмхэтгэлд хэвлэгдсэн. Мөн эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй илтгэл тавьжээ. Судалгааны хялбаршуулсан өгүүлэл, заах арга зүйн холбогдолтой өгүүллүүд, эрхэлж, эмхэтгэсэн болон хянан тохиолдуулсан ном зохиол гээд чамгүй л зүйлийг хийж бүтээж дээ.

-Та мөн Монголын нууц товчоог чамгүй судалсан шүү дээ?

-Би Монгол хэлний түүхэн хэл зүй гэдэг хичээлийг олон жил заасан. Монгол хэлнийхээ түүхэн хувьсал хөгжлийг судлахын тулд үе үеийн бичгийн дурсгалыг зайлшгүй үзнэ. Монголын нууц товчоо болон дунд үеийн монгол хэлний хосгүй сурвалж бичгүүд. Монголын нууц товчоог олон орны нэрт монголч эрдэмтэд судалсан. Гэвч судлах зүйл их бий. Миний хийсэн зүйл гэвэл нэгдүгээрт, Монголын нууц товчооны тухай судалгааны олон өгүүлэл бичжээ. “Монголын нууц товчоо хийгээд монгол сурвалжийн судалгаа” гэсэн ном 2007 онд Өмнөд Монголд хэвлэгдсэн. 2007 оноос хойш цөөнгүй өгүүлэл бичжээ. Хоёрдугаарт, Монголын нууц товчооны эртний эхийг сэргээн бүтээх ажлыг хийсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жиийн ойгоор, Монголын нууц товчооны хосгүй ганц хувийг есөн эрдэнээр бүтээн Төрийн ордонд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, уг ажилд оролцсон. Миний бие Монголын нууц товчооны галиг эхүүд болон XIII, XIV зууны монгол бичгийн дурсгалуудыг харьцуулан судалж анхны эхийг сэргээн бичих ажлыг хийсэн. Бичгийн тигийг сонгохдоо 1312 оны Чойжи-Одсэрийн Бодичаръяа аватарагийн орчуулгын модон барын үсгийн хэв, хэлбэрийг авсан. Монголын нууц товчооны анхны эхийг сэргээн бичнэ гэдэг амаргүй ажил. Нэг үгээр хэлбэл судалгааны ажил байсан. Түүнээс гадна “Монголын нууц товчоо эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг” хэмээх ном гаргасан. Энэ номын гол зорилго нь Монголын нууц товчооны жинхэнэ эхэд тун ойр хөрвүүлсэн, үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбартай эхийг уншигчдадаа хүргэх явдал байсан. Монголын нууц товчооны талаар хийсэн миний судалгааны гол бүтээлийн нэг нь “Монголын нууц товчоон” Лувсанданзаны “Алтан товч”-ийн эхийн харьцуулсан судалгаа билээ. 2002 онд хэвлэгдсэн энэ бүтээл минь Монголын нууц товчооны судлалд багагүй хандив нэмэр болсон хэмээн судлаачид үнэлдэг.

-Та монгол бичгээ олон ч хүнд заасан. Түмэнд түгээх үйлсийг хийсээр өдийг хүрчээ. Цэнхэр дэлгэцээр ч зааж байсныг тань дээр дурдсанчлан олон хүн мэднэ байх…

-Би Монгол бичгийг бүх нийтэд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр заасан, дунд сургуулийн сурах бичгийг ч олон жил зохиолцлоо. Толь бичгийн зүйлийг ч мөн цөөнгүй гаргасан. Үндэснийхээ бичиг үсгийг монгол түмэндээ сургаж, түүгээр туурвисан олон зууны судар, шастираа уншиж, ухдаг болоход нь туслах гэж зүтгэсээр явна. Мянга шахам жилийн тэртээд энэ монгол бичгийн зөв бичих дүрмийг ямар гайхалтай мэргэн зохиосон юм бэ гэдэг нь үнэхээр бахадмаар. Зураг шиг л, тухайн үгийн гарал нь агуулагдаж байдаг. Тухайлбал, дарга гэдэг үгийг монгол бичгээр даруга гэдэг. Дарамт, дарлал, дарш, дарангуйлал, дарлал гэх мэт үгийн язгуурыг үзэхээр дару гэсэн язгуур зураг шиг л харагдана. Тэр дару язгуур нь дээрээс, доошоо хүчлэх гэсэн гол утга нь илхэн. Их Монгол Улсын үед эзлэн тохинуулсан улс, орондоо даргач нарыг тавьж, захируулдаг байжээ. Тухайн орныг даран захирч, эзлэж сууна гэсэн үг. Ингээд харахад хийсвэр ч бай, бодитой ч бай ямар ч зүйлийг олон талаас нь бодож нэрлэсэн нь гайхалтай байгаа юм.

-Та нэгэнтээ “Эх хэлнийхээ үг, эх орныхоо чулуу бүрийг хамгаалаарай” хэмээсэн байдаг. Бид эх хэлээ хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Хэл гэдэг хамгийн тогтвортой байдаг зүйл. Хэдий мөхөж алга болохгүй ч монгол хэлээ мохоож, эх хэлээ эвдэж, үндэстний бичгээ үгүйсгэж байгаа гажуудал бол байна. Тиймээс олон зуун жилийн, олон зүйл мэдлэг ухааны судар шастирын үг хэллэг, найруулгын хэв намбад эргэн суралцах нь нэн эрхэм. Үг нь монгол боловч махчлан буулгасан орчуулгын үг хэллэг монгол хэл, монгол сэтгэлгээг алгуур хөнөөх аюулын нэг бөгөөд бас л харь хэлний нөлөөтэй холбогдох зүйл. Социализмын үеэс орос зэрэг өрнө дахины хэлнээс махчлан орчуулсан цөөнгүй үг хэллэг өнөө үед бүр хэвших хандлагатай болжээ. Тухайлбал, тусламж үзүүлэх, хүндэтгэл үзүүлэх, хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Эдгээрийг туслах, хүндэтгэх, хөнгөлөх гэж бичих нь зүйтэй. Монгол хүн юм бол, монгол хэл бичгээ зайлбаргүй мэддэг байх ёстой хэмээсэн бичигдээгүй хуулийг хэрэгжүүлж, бас монгол хэлээ мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг ухааруулж чадваас монгол хэлний дархлаа бий болно. Энэ нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой шууд холбогддог тул төр, засгаас зохих хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж өгч, байнга анхаарах, хянах ёстой.

-Та ханийнхаа тухай яриач. Энэ их бичгийн хүний ар талыг авч явна гэдэг амаргүй даваа байдаг болов уу?

-Ханьтайгаа арван жилдээ л хамт сурч байсан. Тэгээд л сүүлдээ нэг гэр бүл болцгоосон л доо. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Эрдэнэбаатар: Таеквондогийн спортоор монгол хүүхдүүд хичээллэхэд хамгийн тохиромжтой

Шавь М.Түмэнбаяр

Таеквондогийн үндэсний шигшээ баг болоод “Алдар” спорт хорооны ахлах дасгалжуулагч, ОУХМ Н.Эрдэнэбаатартай ярилцлаа. Түүний шавь М.Түмэнбаяр “Korea Open-2017” тэмцээний -58кг жинд хүч үзэн алтан медаль хүртсэн билээ.


-“Korea Open-2017” тэмцээнд “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58 кг-ийн жинд хүч үзэн алтан медаль хүртлээ. Тэрээр ямар тамирчидтай учраа таарсан бэ?

-БНСУ-ын Чунчон мужид долдугаар сарын 2-ны өдөр эхэлсэн “Korea Open-2017” олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд манай тамирчин М.Түмэнбаяр -58кг-ийн жинд алтан медаль хүртлээ. М.Түмэнбаярын хувьд зургадугаар сарын 24-30-ны хооронд мөн БНСУ-д зохиогдсон ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн. Түүний дараа “Korea Open-2017” тэмцээнд мөн амжилттай оролцсон нь энэ юм. М.Түмэнбаярын жинд нийт 59 тамирчин хүч үзсэн. Тэрээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчныг хожиж улмаар шигшээ тоглолтод Японы мөн л туршлагатай, хүчтэй өрсөлдөгчөө ялж алтан медалийн эзэн боллоо. Тамирчид маш хүчтэй байлаа. Тэр дундаа Солонгосын тамирчид Ази тивдээ дээгүүрт ордог, олон сая иргэд нь таеквондогоор хичээллэдэг учраас хүчтэй өрсөлдөгчид байдаг. Ямартай ч “Korea Open-2017” тэмцээнээс авсан энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авсан Монголын анхны алтан медаль болж байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Миний хувьд шавиараа маш их бахархаж, баярлаж байна. М.Түмэнбаяр маань өсөх ирээдүйтэй сайн шавь нарын маань нэг.

Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар

-“Korea Open-2017” тэмцээн нь олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог томоохон тэмцээнүүдийн нэг шүү дээ. М.Түмэнбаярын хувьд энэхүү ялалтаараа дэлхийн чансааны хэдэд эрэмбэлэгдэх бол?

-М.Түмэнбаяр дэлхийн чансаанд илт урагшилна байх гэж бодож байна. Ямартай ч дэлхийн чансаанд эхний 32-т бичигдсэн тохиолдолд гран при тэмцээнд орох эрх нээгддэг юм. Бидний хувьд гран при тэмцээнд орох эрх нь нээгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн энэхүү тэмцээнд манай шигшээ багийн тамирчдаас өсвөр үе, бага насны ангилалд нийт 14 тамирчин оролцож байна. Дэлхийн 70 гаруй орны 3000-аад тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Иймд тэмцээн өндөрлөтөл шавь нар маань амжилт үзүүлсээр байна гэж найдаж байгаа.

-Таны хувьд хэзээнээс Монгол Улсын таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?

-Ерөнхийдөө 2013 онд Монгол Улсын таеквондогийн Үндэсний шигшээ баг байгуулагдсан юм. Түүнээс хойш ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Тухайн үед манай шигшээ баг дөрвөн тамирчинтай байлаа. М.Түмэнбаярын хувьд ч анхны шавь нарын маань нэг юм. Харин шигшээ баг маань одоо улам өргөжин тэлсээр байгаа. Манай шигшээ багийн туслах дасгалжуулагчаар туршлагатай солонгос дасгалжуулагч ажиллаж байна.

-Та Үндэсний шигшээ багаас гадна “Алдар” спорт хороо, “Олимп” клубийн таеквондогийн ахлах дасгалжуулагчийн албыг хашдаг. Ер нь нийт хичнээн тамирчинд таеквондогийн спортыг таниулж, зааж, сургаж байна вэ?

-Миний хувьд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болохоос өмнө буюу 2011 онд “Олимп” таеквондо клубийг байгуулан ажиллаж байлаа. Одоогоор өргөжин тэлж нийт гурван салбартай болсон. Нийт өсвөр үе, бага насны 150 гаруй тамирчин хичээллэж байна. Түүнээс гадна “Алдар” спорт хорооны таеквондогийн ахлах дасгалжуулагч багшаар ажилладаг. “Алдар” спорт хороонд таеквондогийн 60 гаруй тамирчин байдаг. Миний хувьд клуб болон спорт хороондоо зөвлөх, чиглүүлэх үүрэгтэй ажилладаг даа. Харин туслах багш, дасгалжуулагчид маань тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг явуулдаг. Мэдээж таеквондогийн спортыг хүмүүс сонирхож, басхүү амжилт гаргаж байгаа нь эдгээр багш, дасгалжуулагчдын хөдөлмөртэй салшгүй холбоотой. Миний хувьд Үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа илүү тулж ажилладаг юм. Тэднийхээ бэлтгэлд бүхий л анхаарлаа хандуулдаг.

-Таеквондогийн спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Таеквондогийн спортоор хичээллэсэн хэн бүхэн бие бялдрын өв тэгш хөгжилтэй болоод зогсохгүй уян хатан, хөдөлгөөний эвсэл сайтай болдог. Мөн хамгийн чухал нь энэ спорт нь ёс суртахууны өндөр хүмүүжил олгодог. Таеквондо бол маш их тэвчээр шаарддаг спорт шүү дээ. Тиймдээ ч манай Монгол хүүхдүүд хичээллэхэд хамгийн тохиромжтой спорт гэж болно. Учир нь монголчууд тэсвэр, хатуужилтай, бие чийрэг учир тулааны урлаг маш тохиромжтой байдаг юм. “Олимп” клубийн маань 10 настай шавь олон улсын хэмжээний мастер болсон ч тохиолдол бий. Мөн Р.Тэмүүжин маань олимпод амжилттай оролцож, олон ч хүүхдэд таеквондогоор хичээллэх хүсэл, тэмүүллийг бэлэглэсэн. М.Түмэнбаяр маань 2014 оны Азийн наадам, 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байлаа. Б.Намуун, Б.Энх-Амгалан нар бага насны ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ мэтчилэн тамирчид маань олон сайхан амжилт үзүүлсээр байна. Цаашид ч өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг. Ер нь бид зургаагаас дээш насны хүүхдүүдийг бэлтгэдэг юм. Миний хувьд ч энэ сайхан спортоор найман настайгаасаа эхлэн хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхэлсэн түүх нь сонин л доо. Тухайн үед таеквондогийн клубийн тамирчид бэлтгэл хийх гэж зуслан явдаг байлаа. Миний хувьд таеквондогоор хичээллэх гэхээсээ илүү зусланд явах зорилготойгоор “Цагаан үүд” клубт орчихсон юм. Харин сүүлдээ таеквондогийнхоо спортод дурлаж, тууштай хичээллэх болсон доо.

-Ер нь таеквондогийн спорт нь хэдийнээс Монголд хөгжиж эхэлсэн юм бол. Үүнээс өмнө монголчууд бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан болов уу?

-Таеквондо нь Солонгосоос гаралтай бие хамгаалах урлаг шүү дээ. Үндэсний спорт нь юм. Дэлхийн таеквондогийн холбоо 1971 онд байгуулагдаж, харин 20 жилийн дараа Монголд орж ирж байсан түүхтэй юм. Яахав үүнээс өмнө лам нар зарим төрлийн бие хамгаалах урлагаар хичээллэж байсан гэх яриа байдаг.

Categories
мэдээ цаг-үе

С.Өлзийхүү: Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн эхнэр болж анхны дүрээ бүтээж байлаа

“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-“Шилдэг өнгө” продакшныг нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Уран бүтээлийн олз, омог арвинтай юу?

-Бид хамгийн сүүлд хүүхдийн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт Ардын жvжигчин А.Очирбатын “Баавгай дуулах уу” болон “Аладдины шидэт дэнлүү” гэх жүжгүүдийг тоглосон. Харин одоогоор нэгэн дэлгэцийн уран бүтээл дээр ажиллахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Өнгөрсөн жил бид “Ядуугийн зовлон”, “Галзуу зугаалга” гэх уран сайхны кинонуудаа үзэгчдэдээ хүргэсэн. Энэ жил адал явдалт, аймшгийн гэхээсээ илүү драмын төрлийн кино хийх бодолтой байна. Мөн хажуугаар нь “ТВ 8” телевизтэй хамтран нэвтрүүлэг хийж байгаа. Энэхүү нэвтрүүлэг маань телевизээс гадна сайтуудад тавигдах юм. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз, омог болоод төлөвлөсөн ажлууд арвинтай л байна. Мөн түүнчлэн манай продакшнаас О.Бат-Өлзий ах, Г.Золбоот хоёр маань Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртсэн сайхан үйл явдал болсон.

-Хошин шогийн тоглолт хийх үү?

-Манай хамтлагт хошин шогийн тоглолт хийсэн туршлага бол бий. Гэхдээ цаг зав, төлөвлөгөө гээд тохироо маань бүрдвэл мэдээж хийнэ. Одоо бол кино уран бүтээлийнхээ ажилд илүү төвлөрчихсөн байна.

-“Шилдэг өнгө” хамтлаг шинэ залуу уран бүтээлчдээр багагүй цус сэлбэсэн. Залуучуудтай ажиллах ямар байна вэ. Мэдээж зааж, зөвлөх зүйл гардаг байх?

-Залуучуудтай ажиллах гоё л доо. Зааж зөвлөх үе байлгүй л яахав. Амьдралын болон уран бүтээлийн туршлагаасаа хуваалцах зүйл бишгүй л гарна. Засаж болох алдааг аль болох бага гаргаасай л гэж боддог юм. Бас бидэнд залуучуудаасаа ч сурах зүйл байна. Залуу хүмүүс учраас цаг үеэ мэдрэх нь арай илүү байдаг. Ер нь тэгээд цаг үе хурдацтай хөгжиж байна л даа. Бүх юм өөр болж байна. Хүмүүсийн уран бүтээлд хандах хандлага ч арай өөр болоод байх шиг санагддаг. Бидний үед уран бүтээлдээ бүхий л цаг зав, сэтгэл зүрхээ зориулж махарч ажилладаг байсан. Харин одоо бидэн шиг бүх зүйлээ урлагт зориулах хүн цөөхөн байна уу даа л гэж бодогддог.

-Та увс аймгийн Хяргас сумын уугуул байх аа. Нутагтаа хэр их очдог вэ?

-Тийм шүү. Манай өвөө эмээ, аав, ээж гээд бүгд л Хяргас суманд өсөж, торнисон л доо. Үнэхэээр сайхан нутаг. Ард түмэн нь ажилсаг, эв түнжин сайтай, нэг нэгнээ их дэмждэг, сайхан хүмүүс шиг санагддаг. Ойрдоо энэ сайхан нутагтаа очиж амжаагүй л явна. Яахав миний хувьд Хяргас сумын уугуул хэдий ч бага нас минь хоёрдугаар 40 мянгатад өнгөрсөн л дөө.

-Жүжигчин О.Энхтуултай байрны найзууд байсан гэж сонссон юм байна?

-Манай ойр хавьд 21-27-р байрнууд байдаг байлаа. Орц болгоноос манай 24-р дунд сургуулийнхан гарч ирэн сургуульдаа явцгаана. Түүний нэг нь манай О.Энхтуул л даа. Мөн манай зэргэлдээх байрнууд спортлог хүмүүс цөөнгүй байж билээ. Ширээний теннис, бокс, волейбол, байт сурын харвааны тамирчид гээд л. Манай О.Энхтуулын маань ах О.Энхтөгс байт сурын харваагаар хичээллэдэг байсан санагдана. Ер нь тэр хавийнхан бие биеэ андахгүй мэднэ л дээ. Ингээд бодоход хүний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд бага балчир нас, сурагч ахуй үед л өнгөрдөг юм байна. Хааяа байрны болон арван жилийн найзууд, сувилагчийн сургуулийн охидтойгоо уулзах сайхан байдаг шүү.

-Ингэхэд сувилагч бүсгүйг урлагт хэн уруу татсан юм бэ?

-Миний хувьд яг ч сувилагч болно гэж боддоггүй байсан л даа. Конкурс өгөх үедээ хэд, хэдэн мэргэжлээс сонголт хийсэн юм. Тухайн үед л сувилагч илүү нүдэнд туссан хэрэг. Ер нь ч тэгээд хүнийг асарч, сувилна гэдэг сайхан л даа. Ингээд л нэгдүгээр эмнэлгийн сувилагч болсон юм. Харин сувилагч байх үедээ “АСК” гээд тэмцээнд орохоор боллоо. Биднийг энэхүү тэмцээнд бэлдүүлэхээр жүжигчин Б.Батзаяа болон Ц.Төмөрбаатар ах ирсэн юм. Би тэмцээндээ Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн юмдаг. Харин тухайн үед Б.Батзаяа, Ц.Төмөрбаатар ах намайг урлагийн хүн болох хэрэгтэй гэж их зөвлөсөн. Мөн О.Энхтуул маань ч тэр “Миний найз жүжигчин болоочээ” гэдэг л байлаа. Ингээд л бүх зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг шиг л жүжигчин болохоор сэтгэл шулуудсан юм. Миний хувьд олон хүнд баярлаж явдаг. Тэр дундаа Б.Батзаяа ахдаа их баярладаг юм. Сайн ч хүн, сайхан ч уран бүтээлч. Маш олон уран бүтээлчдэд дэм тус болж урлагийн замд хөтөлсөн. Гэсэн ч тэрээр үүнийгээ дөвийлгөж, хэн нэгэнд ярьж байгаагүй болов уу.

-Та драмын театрт хичнээн жил ажилласан бэ?

-Би СУИС-иа төгсөөд шууд Улсын драмын эрдмийн театрт орсон юм. Намайг сургуулиа төгсөөд очиход Б.Цэрэнпагма, Б.Цэцэгбалжид, Д.Мэндбаяр гээд олон сайхан уран бүтээлчид байлаа. Мөн О.Энхтуул, И.Одончимэг, Ж.Оюундарь гээд өнөө үеийн сор болсон уран бүтээлчид орчихсон байв. Бид бие биеэ хөглөж, урам хайрлана. Нэг, нэгнийхээ амьдралыг ч тэр сайн мэдэцгээдэг байсан шүү. Миний хувьд театрт ороод хамгийн анх Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн гол дүрийг бүтээж байсан минь тодхон байна. Ямартай ч театртаа арваад жил ажилласан шүү. Харин дараа нь хошин урлагийн продакшн байгуулаад, үүндээ тууштай явахаар шийдсэн дээ. Сонирхуулахад продакшныхаа 20 жилийн ойг бид тэмдэглэсэн юм. Гэтэл манай продакшнд ажиллаж байгаагүй хошин урлагийн жүжигчин тун ховор юм билээ. Маш олон жүжигчид манай продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлэсэн байсан шүү.

-Тэдгээр жүжигчдээс хамгийн их гар нийлдэг нь ямар уран бүтээлч байв?

-Миний хувьд маш олон жүжигчидтэй хамтарч эхнэр нөхөр, эгч дүү, эмээ өвөө болсон байдаг юм билээ. МУГЖ О.Бат-Өлзий, С.Лхагвасүрэн ах, Золбоот, Л.Дэмидбаатар, Бооёо, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, М.Баярмагнай гээд л. Мөн хамгийн их олзуурхаж явдаг нь хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн эхнэр болж тоглож байсан юм. Өвөрмонгол бүсгүйн дүр. Тэр мундаг хүнтэй хамтран тоглох болсон минь их азтай тохиол л доо. Дараа нь “Цахилж яваа гөрөөс” кинонд Пүрэвдорж ахтайгаа хамтран тоглосон. МУГЖ Б.Жаргалсайхантай цөөнгүй дэлгэцийн уран бүтээлд хамтарсан байдаг. Мөн “Хааны сүүлчийн хатан” кинонд гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч байлаа. Ер нь жүжигчдээсээ эхнэр, нөхөр болж тоглоогүй хүн ховор доо. Бүгдийг нь хэлвэл тоймгүй их болно байх.

-Саяхан хошин урлагийн жүжигчид “Азтай бадарчин” наадмаа хийсэн. энэ мэтчилэн хамтарсан үйл ажиллагаа хэр их зохион байгуулдаг бол?

-Тийм шүү.“Азтай бадарчин” наадам маань хошин урлагийн жүжигчдийн авьяас, чадварыг шалгаж басхүү урам өгч байдаг их сайхан наадам л даа. Энэ жил манай багийн гишүүн “Мөрөөдрийн театр” продакшны жүжигчин Баттөмөр маань “Азтай бадарчин” болсонд их баяртай байгаа. Миний хувд 2000 онд “Азтай бадарчин” наадмын алтан цомын эзэн болж байсан сайхан түүх бий. Ямартай ч үргэлжлэн зохиогдож байгаад нь их баяртай байна. Ер нь энэ мэтчилэн арга хэмжээ зохиодог. Саяхан “Жүжигчид дуулж байна” гээд тоглолт хийсэн. Миний бие болон манай М.Баярмагнай тэргүүтэй уран бүтээлчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм. Жүжигчид маань маш сайхан дуулцгаасан. Баярмагнайг бүр таван удаа дахиулсан шүү. Үүнээс гадна бид хошин шогийнхон дундаа спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Теннис, шатар, сагс, волейбол гэх мэт спортын төрлүүдээр л дээ. Сонирхуулахад манай продакшнаас О.Бат-Өлзий ах маань шатар маш сайн тоглодог шүү.

-Та ханийнхаа тухай яриач?

-Би чинь өссөн, торнисон хоёрдугаар 40 мянгатаасаа амьдралынхаа хань, найз нөхөдтэйгөө учирсан юм шүү дээ. Ямартай ч миний хань надад юу ч тохиолдсон түүний ард бат зогсож түшиг, тулгуур минь болдог. Зовлон, жаргал юу ч тохиолдсон хуваалцаж чаддаг тийм л сайхан хүн дээ. Уран бүтээлийн төлөө цаг зав бүхий л зүйлээ зориулж явахад минь хэвтэрт орчихсон эмээг минь асарч, халамжилж байлаа. Эмээг минь тэгж их хайрлаж, халамжилж байгаагаас нь ямар хүн бэ гэдгийг харж болох байх. Их сэтгэл сайтай. Эргэн тойрны хүмүүс нь ч үүнийг ам бардам хэлэх байх. Ийм л хүнтэй ханилсан хүн юм даа, би.

-Охин тань кино зохиолчийн чиглэлээр дахин суралцаж байгаа гэсэн үү?

-Охин маань СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Харин одоо “Missouri State University”-д кино зохиолч, найруулагч чиглэлээр магистр хамгаалж байгаа. Монголоос анх удаагаа энэ сургуульд, энэ чиглэлээр суралцаж буй оюутан юм билээ. Харин хүү маань энэ жил дунд сургуулиа төгссөн.


Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглагсдыг бүжигчин залуус баясгаж байна

Энэ удаагийн “Шөнийн сурвалжлага”-аа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бэлтгэлээ. Нар төөнөсөн энэ өдрүүдэд оройн сэрүүнд уужирсан хэн бүхэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, голын эрэг зорих нь олонтаа байна. Үүнийг ч баталж байна уу гэлтэй 21:30 минутын үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явахад түгжрэл ихтэй байлаа. Очиход ойр хавийн зогсоол дүүрэн. Зогсоолын хүрэлцээ тааруу болоод ч тэрүү иргэд цэцэрлэгт хүрээлэнгийн замын урд талын явган хүний зам дээр машинаа тавьцгаажээ.

Цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хүүхэд суулгадаг, гэрэл гялалзуулсан удирдлагатай машинууд энд тэндгүй байх аж. Ер нь энд ирсэн хүүхэд бүр удирдлагатай машинд суухыг эцэг эхээсээ гуйдаг гэнэ. Уг машин дээр суулгаад таван минут тоглуулахад 3500 төгрөг, арван минут нь 5000 төгрөг. Эндхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй бизнес болохоор удирдлагатай машин ийн түрээслүүлдэг хүмүүс олон байдаг аж.

Хүүхдүүдэд зориулсан “Мини парк” ажиллаж байх юм. Тоглоомуудад нь тоглоход 2000-5000 мянган төгрөгийн үнэтэй. Харин томчууд сууж болохуйц галт тэрэг 4000 төгрөг, завинууд хэмжээнээсээ хамаараад 3000-10000 төгрөгийн хооронд байна. Сар болон бархасбадь гаригийг 1000 төгрөгөөр дурандах боломж ч энд бүрджээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдын хамгийн их сонирхлыг татдаг зүйл нь цэвэр агаарт салхи татуулан дугуй унах юм. Гэр бүл, найзууд, хосоороо хоёр болон дөрвөн хүний суудалтай дугуй сонгон унах боломжтой. Дугуйнууд нь 5000 төгрөгийн үнэтэй. Ер нь анзаараад байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, багачуудад зориулсан тоглоом, сонирхол татахуйц зүйлс олон байна.

Бүжигчин залуус цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчдыг хэдэн давхар тойрог болтол нь цуглуулсан нь ихэд сонирхол татлаа. Тэднийг хөгжмийн аянд тун ч эвлэгхэн, эрч хүчтэй бүжиглэхийг харсан үзэгчид алга ташин баяр хүргэнэ. Зарим хүүхэд, багачууд даган бүжиглэж байлаа. “Welcome to Mongolia” продакшны бүжигчин залуус ийнхүү бүжгийн гайхамшгаар хүмүүст бэлэг барьж байгаа бөгөөд хамтлагийн ахлагч А.Мягмарсүрэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урлаг соёлын арга хэмжээ бага болдог шиг санагддаг. Энэ чигийн үзэх, харах зүйл багатай гэсэн үг л дээ. Цаг заваа гарган байж хүрээлэнг зорин ирсэн хүмүүст үзэх зүйл ихтэй байвал сайхан гэж боддог. Тиймээс манай хамтлаг зуны дэлгэр цагт цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн хүн бүрт цаг завтай үедээ чаддаг зүйлээрээ бэлэг барихыг хүссэн юм. Хүмүүс бидний төсөөлж байснаас илүү их сонирхож байна. Энэ нь бидэнд маш их урам өгч байна. Биднийг үзэж, сонирхож, халуун алга ташилт бэлэглэдэг хүмүүстээ баярлалаа” гэсэн юм. Тэдний үзүүлбэрийг үзэн сонирхож буй хүмүүс хөгжмийн аянд сэтгэл нь хөдөлж байгаа нь илт ч зориг гарган хамт бүжиглэж байгаа нь ховор байлаа, дороо хөлөө зөөн хөдөлж, найган ганхах ажээ.

Харин үдэш бүр эдгээр бүжигчин залуус ч юм уу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд “Flashmob” буюу бүгдээрээ нэгдэн нэгэн зэрэг бүжиглэж болохуйц орчин, нөхцөлийг бүрдүүлээд өгвөл хүмүүс нэрэлхэж хойш суухгүй нь лавтай. Саяхан л гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Алтай” хамтлагийнхан үндэсний хөгжим дээр тойрон бүжиг зохиоход олон хүн оролцсон гэнэ. Цахим ертөнцөд ч уг тойрон бүжгийн бичлэгийг маш олон хүн эерэгээр хүлээн авсан билээ. Иймэрхүү олныг хамарсан бүжиг наадам нь өнөөгийн нийгмийн стрессийг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үндэснийхээ уламжлалыг сэргээж, нэгдэн нийлэхэд нэн тустай нь дамжиггүй. Мөн эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн байдаг. Хөдөлгөөний идэвх нь зөвхөн өндөр настай хүмүүст гэлтгүй хүүхэд, залууст гээд хэн бүхэнд эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Тиймээс энэ мэт олон нийтийг хамарсан бүжгийн үзүүлбэрүүдийг олон нийтийн хамгийн их зорин очдог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай зэрэгт зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Ямартай ч дээрх хамтлагийн залуусаас өөр цэцэрлэгт хүрээлэнд ирсэн олон түмний нүдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгачихаар зүйл бараг байсангүй гэж хэлж болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн элдэв төрлийн тоглоом зарж буйг эс тооцвол гар дээрх наймаа худалдаа өмнөхөө бодвол цөөрсөн нь анзаарагдсан. Хуушуур, түргэн хоолны мухлагууд үйлчлүүлэгчдийн суух ширээ сандлаа нэмж, бороо, шорооноос хамгаалсан үзэмж сайтай асартай болсон нь нүдэнд тусч байлаа. Эндээс та хуушуурыг 1000, хачиртай талхыг 4000, халуун цай, кофег 1000 төгрөгөөр худалдаж авна. Харин цэцэрлэгт хүрээлэнд оронгуут л хиншүү, хярвас утай май тавьж зогсдог шорлогчид хүрээлэнгийн зүүн тал руу нүүжээ. Тэд шорлогоо хачиртай, хачиргүйгээс нь хамаараад 5-15 мянган төгрөгөөр зарж байна. Шорлог авсан үйлчлүүлэгчид хажуу дахь зүлгэн дээр тааваараа зооглож суугаа нь харагдаж байлаа.

Цэцэрлэгт хүрээлэнд оройн агаарт салхилж, зугаалж яваа хүмүүс “Энэ хүрээлэн байгуулагдаад олон жил болоогүй ч жил ирэх бүр өнгөө засаад байна. Юмыг тэр дор нь сайжруулчихна гэж юу байх вэ. Бага сагаар юм нэмэгдээд ая тухтай орчин бүрдүүлэх гээд л хичээгээд байх шиг байна. Хэрвээ ийм цэцэрлэгт хүрээлэн байгаагүй байсан бол бид одоо хаана явж байх байсан бол. Суулгасан модод нь тав, арван жилийн дараа өндөр болж, үйлчилгээ нь улам сайжрах нь ойлгомжтой. Улаанбаатар хотод ийм цэцэрлэгт хүрээлэн дахиад нэгийг байгуулчихвал болох л асуудал” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Ичинхорлоо: Г.Ариунбаатар маань Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Их британийн Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлээд байгаа билээ. Ингээд түүний багш Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа.


-Таны шавь Г.Ариунбаатар “BBC Car­diff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлэлээ. Тэр дундаа монгол дуугаараа энэ амжилтыг үзүүлсэн нь монгол түмнээ омогшуулж чадлаа. Таны хувьд ч сэтгэл өндөр байгаа болов уу?

-Сэтгэл маш өндөр байна. Тэмцээн эхэлснээс хойш шөнийн гурван цаг хүртэл энэхүү тэмцээний нэвтрүүлэгтэй хамт байлаа. Хүүгээ дуулж байх үед нь шөнө орой гэлтгүй цагаан сүүнийхээ дээжийг өргөсөөр л зогслоо. Миний хувьд бүр заншил болчихсон зүйл л дээ. Тэмцээндээ амжилттай оролцоно гэдэгт нь итгэлтэй байсан. Энэ удаа Г.Ариунбаатар маань дэлхийн мэдээллийн системийн төвд байдаг BBC агентлагийн нөлөө бүхий тэмцээнд оролцлоо. Явахынхаа өмнөхөн ирээд тэмцээнд оролцох дуунуудынхаа сонголтыг зөвлөлдөөд явсан л даа. Ариунбаатар маань эхлээд Н.Жанцанноров багшийнхаа “Чиний минь нулимс” дууг дуулсан юм. Харин сүүлийн шатандаа Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулсан. Бэлтгэл бол маш сайн байсан.

Ямартай ч энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид “Монголын дуучин, тэр тусмаа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн энэ хүн манай уралдаанд оролцлоо. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Манай уралдааны нэрийг өндөрт өргөлөө” хэмээн онцолсон. Үүнээс гадна Ариунбаатар маань Монголынхоо хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг, тэр дундаа Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа. Энэ бол маш том гавьяа. Ер нь түүний зорилго Монголынхоо хөгжмийн зохиолчдын зохиол, бүтээлийг дэлхийн уралдаануудын урын санд оруулах байсан л даа. Энэ тухайгаа надад хэдэнтэй хэлж байсан. Түүндээ ч хүрлээ. Хангалттай амжилт гаргалаа.

-Та Г.Ариунбаатартай багш шавь болж байсан түүхээсээ хуваалцаач?

-Энэ хүүтэй багш, шавь барилдсан нь миний хувьд их азтай завшаан. Хэн, хэнээсээ сурсаар л өдий хүрлээ. Намайг ээж шигээ л хүндэтгэдэг юм. Ариунбаатарын хувьд сургуулиасаа завсардаад, сүүлд эчнээгээр сурч байсан юм билээ. Би Ариунбаатараас шалгалт авах нь битгий хэл сургууль дээр дуулж байхыг нь ч сонсоогүй юм. Гэтэл төгсөх эчнээ ангийн эхний шалгалт авч байтал өндөр, туранхай хүү орж ирээд л дуулдаг юм байна. Сайхан ч дуулсан. Гэхдээ мэргэжлийн талаасаа сурсан эрдэм маш дутмаг байсан юм. Ингээд би “Чамд дүн тавьж чадахгүй нь. Сурсан байдал, хариуцлагагүйг чинь бодохоор муу тавьчихмаар, чамд байгаа нөөц, бололцоог харахаар ингэж дүгнэж болохгүй санагдаад байна. Чи хариуцлагатайхан шиг байж, хичээх юм бол дэлхийн тайзан дээр дуулах нөхөр байна шүү. Аятайхан шиг л байж үзээрээдээ, чи” гээд л загнах, аргадахын дундуур хэлсэн. Тухайн үед Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди багш маань бурхан болчихсон, одоогоор багшгүй гээд л ганц, нэг юм учирлаж ярьснаа л гараад явсан юм. Харин дараа нь би “өнөөх хүү над дээр нэг хүрээд ирдэггүй юм байх даа, хоосонгүй хүү байсансан” гээд бодож л суулаа. Гэтэл хоёр хоногийн дараа Ариунбаатар ороод ирдэг юм байна. “Би таны шавь болъё. Би өнөөдрөөс хичээгээд, зүтгэе” л гэнэ. Цаадах чинь зүтгэе гэж их ярих дуртай. Ингэж л багш шавь болсон түүхтэй юм.

-Та хоёрын хамгийн анхны тэмцээн М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадам байсан. Үүндээ ч амжилттай оролцсон шүү дээ…

-Би Ариунбаатарыг шавиа болгож авахдаа “Чи П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд орох болно. Тиймээс энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийж, хичээх ёстой” гэдгийг хэлсэн л дээ. Мөн миний шаардлага бол өдөр болгон 15:30 минут гэхэд миний өрөөнд ирж бэлтгэлээ хийж байх ёстой гэдгийг онцолсон. Үүнийг “Сүлд” чуулгын хамт олон ч дэмжсэн юм. Ингээд бид хоёр шууд П.И.Чайковскийн уралдаанд оролцохоор бэлдэж байсан ч 2012 онд Глинкийн уралдаанд орохоор болсон. Тэр хүртэл өдөр, шөнөгүй бэлдсэн дээ. Бороо, шороотой, халуун, хүйтэн ямар ч өдөр байсан товлосон цагт нотоо барьсаар л ирдэгсэн. Ингээд суурь бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарсан л даа. Шавь маань маш хурдан хугацаанд гялалзсан. Миний хувьд хоолойн өнгийг тавих, сайхан дуулуулах, сэтгэл санааг бэлдэх гээд л дуулах аргачлалыг нь заадаг юм. Надаас гадна ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоин сайн бэлдсэн.

-Багш хүний хувьд та хэрхэн дүгнэдэг вэ?

– Авьяаслаг, хариуцлагатай, монгол хүний зүрх, зоригийг өөртөө шингээсэн сайхан хүү л дээ, миний шавь. Анх над дээр шавь болон ирэхэд нь л байгалиас заяасан авьяас, тэвчээр хатуужил нь тод байсан. Агуу их авьяастай, төгөлдөр хүүхэд юм шүү дээ. Би 40-өөд жил СУИС-ийн дууны багшийн ажлыг хийсэн ахмад уран бүтээлчийн хувьд үүнийг олж харсан. Үүндээ ч баяртай байдаг. Ямартай ч Ариунбаатар маань үнэхээр авьяас, чадвартай учраас уран бүтээлийн замд маш олон хүн дэмжиж, туслаж байна. Тухайлбал, Буриадын театрын уран бүтээлчид хоёрхон сарын дотор хоёр ч том дуурийг тоглож, шавийг минь бэлдлээ. Энэ бол уран бүтээл дээрээ өсөх, дэвжихэд нь маш том үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Уран бүтээлийн сан нь ч нэмэгдсэн. Буриадын театрын хамт олондоо маш их баярлаж явдаг даа. Түүнчлэн Санкт петербургын театрынхан франц хэл дээр “Кармен” дуурийг шавьд минь зориулж тавьлаа. Ариунбаатар маань нэг өдөрт хоёр ч том дуурийг дуулсан тохиолдол бий. Баргийн дэлхийн дуучин өдөрт хоёр том дуурийг дуулсан нь тун ховор. Энэ тухай ОХУ-ын сонгодог урлаг судлаачид шагшин магтаж, монгол хүний тэсвэр, тэвчээрийг гайхаж байсан, нөгөөтэйгүүр хоолойн цар хүрээнд нөлөөлөх вий гэх мэт маш олон саналууд ирж байсан гэдэг. Амжилт бүтээлээр дүүрэн яваа нь түүний аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ ханддагтай холбоотой болов уу.

-Г.Ариунбаатарт цаашдаа оролцохоор зэхэж буй тэмцээн, уралдаан бий юү?

-Ариунбаатарт одоо оролцоод байх томоохон тэмцээн тун ховор. Тэрээр сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаан төдийгүй М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадамд түрүүлчихсэн. Мөн үүнээс гадна Францад зохиогддог нэг тэмцээн бий. Түүнд орж болох л юм. Ер нь 32 нас хүртлээ дэлхийн хэмжээний уралдаануудад оролцох боломжтой байдаг. Дээрх нэр бүхий тэмцээнүүддээ дахиад оролцсон ч насны хувьд боломжтой. Гэхдээ уралдаанд бэлдэнэ гэдэг маш хүнд ажил шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганпүрэв: Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно

Холбоотой ЗурагМонгол угсаатны хөгжмийн товчоо ТББ-ын тэргүүн, соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Түүний гэргийг Бөртэ хамтлагийн ятгачин, Ятга хөгжмийн хатан гэгддэг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харин энэхүү авьяаслаг бүсгүй ходоодны хорт хавдрын III шатанд орж, БНСУ-д яаралтай эмчлүүлж буй юм. Түүний эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор сайхан сэтгэлт ард түмнээ халуун гараа сунгах сайн үйлсийн аян зарлаад байгаа билээ.


-Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж яваа ятгачин бүсгүйг өвдсөн тухай мэдээлэл түүний уран бүтээлийг шимтэн сонсдог хэн бүхэнд хүндхэн туссан нь дамжиггүй. Та бүхэн энэ өвчний тухай хэзээ мэдсэн бол. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Гурван жилийн өмнөөс цус багадалт их ажиглагдах болсон. Мөн сүүлийн үед ганц, хоёр удаа ухаан алдсан юм. Бид үүнийг эмэгтэйчүүд талаас нь илүү анхаарч, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэг байлаа. Харин тавдугаар сарын сүүлийн долоо хоногт хоол орохгүй, багахан зүйл идсэн ч эргэж гаргачихаад байв. Тухайн үед оюутнуудын шалгалт эхэлчихсэн байсан учир ачаалал ихтэй байсан юм. Өглөө эрт гараад л бүр орой орж ирнэ. Мөн багшийн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийнэ гээд л цаг наргүй байх нь олонтаа. Ер нь хийж байгаа ажлууддаа зүрх сэтгэлээ зориулж өөртөө төдийлөн анхаарал тавьдаггүй байсан л даа. Энэ бол хууч өвчин нь биш. Харин олон шавь нарынхаа төлөө санаа зовниж, уран бүтээлийн ард гарах гэж бүх хүч чадлаараа мэрийж, удаан хугацаанд цаг нар, амралтгүй ажилласнаас болсон болов уу. Бид ихэвчлэн уран бүтээлийнхээ ард гарах гэж жижиг хүндрэлүүдийг орхиж явдаг л даа. Бага зэрэг бие өвдөхөд эм тан хэрэглээд байх нь тун ховор. Ер нь ганцхан миний хань ч гэлтгүй уран бүтээлч хүний амьдрал ийм л дээ.

Ямартай ч биеийн байдал улам муудаж байсан учир бид яаралтай шинжилгээ өгсөн. Зургадугаар сарын 2-нд ходоодны хорт хавдарын III шатанд орсон байна гэсэн хариу сонссон. Идэвхжилт ихтэй тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатайг эмч нар зөвлөж байлаа.

-Мэс засалдаа хэдийгээр орох вэ?

-Биднийг шинжилгээнийхээ хариуг авчихаад сандарч явахад аз болоход БНСУ-ын нэгэн эмнэлгийн доктор, профессорууд Хавдар судлалын үндэсний төв дээр ажиллаж байж таарсан л даа. Тэд шинжилгээний хариуг үзээд маш яаралтай, цаг алдалгүй БНСУ-д очиж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Одоогоор эмнэлэгтээ ирчихсэн гол шинжилгээнүүддээ орчихсон. Тун удахгүй мэс засалдаа орох болно.

-Сайн үйлсийн аян эхлүүлээд буй. Хагалгаанд хүрэлцэхүйц хандив цугларч чадаж байгаа болов уу?

-Зовохын цагт сайхан найз нөхдүүд, гэгээн сэтгэлтэй хүмүүс их тусалж байна. Тэдний тус дэм их ирж байгаа. Зарим найз, нөхөд маань “Хүнд асуудлыг цаг алдалгүй дав. Мөнгө бол олдоно хүн олдохгүй шүү” гээд ямар ч хүүгүйгээр мөнгө зээлсэн. Одоогоор тэрхүү зээлээр цаг алдалгүй БНСУ-д очих визний зардал, эмчилгээний урьдчилсан төлбөр зэргийг зохицууллаа. Харин энэхүү зээлийг ард түмнийхээ халуун сэтгэлээр болон хандивын тоглолт хийж дарахаар биднийг гэдэг сайхан хүмүүс маань хичээж байгаа.

-Рок поп, нийтийн дуу, сонгодог урлагийн гэсэн гурван удаагийн хандивын тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Тоглолтын зохион байгуулагчаар “Урлаг маркет” компани ажиллаж байгаа. Мөн цаасан хэвлэл, постер, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг “Хос Хас” хэвлэлийн компани, “Үлэмж” продакшны хамт олон зохион байгуулж байна. Үндэсний урлагийн театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар ах минь ч тэр тус дэм болж байгаа. Мөн урлаг, соёлынхон маань бүгд нэгдэн нийлж тоглолтод оролцохоо илэрхийлсэн. Тиймээс бид рок поп, нийтийн дуу болон сонгодог урлаг гээд гурван удаагийн тоглолт хийх нь зүйтээ юм байна гэж шийдсэн л дээ. Тоглолтууд зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд болох юм. Энэхүү тоглолтуудын орлогоос нийт зардал тодорхой хэмжээгээр багасна гэж бодож байгаа.

-Та ханьтайгаа анх яаж танилцаж байв?

– Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн л дөө. Ч.Мөнх-эрдэнэ маань сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа ятгын багш, Морин хуурын чуулга болон одоогийн Үндэсний урлагийн их театрт гоцлол хөгжимчнөөр ажилладаг байлаа. Ухаандаа гурван ажлыг зэрэг хийдэг байсан юм. Миний сэтгэлд хамгийн их хүрсэн зүйл нь мэдээж тоглоочийн ур чадвар нь гайхалтай санагдсан. Үүнийг нь би Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг багшийн Ч.Мөнх-эрдэнэд зориулсан ятгын концертын үеэр анх харж байсан. Миний хувьд тэрхүү тоглолтон дээр түүний тоглолтын ур чадварыг биширсэн л дээ. Ингээд түүнийг өөрийнхөө “Эгшиглэн” хамтлагтаа авсан. Харин 1996 онд манай хамтлагийн зүгээс Ч.Мөнх-эрдэнэдээ Герман руу ирэх урилга өгч, тэнд бид хамтдаа уран бүтээлээ туурвиж эхлэсэн түүхтэй юм. Энэ цаг үеэс л бид хоёр хүний нутагт нэг нэгнээ гэж, одоо 20 гаруй жил ханилжээ.

-Амьдралд аз жаргалтай басхүү гуниг зовлонтой өдрүүд хосолж байдаг. Ер нь Ч.Мөнх-эрдэнэ ятгачны хувьд хэр сэтгэлийн хаттай вэ?

-Амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдоно л доо. Энэ бүхэнд уран бүтээлч хүний нэг онцлог харагддаг. Уран бүтээлч хүн амьдралынхаа цаг хугацаанд гэхээс уран бүтээлийнхээ орчинд үргэлж амьдарч байдаг юм. Тиймдээ ч амьдралын хүнд бэрхийг уран бүтээлийнхээ хүчээр давж, мартаж явдаг гэж ойлгож болно. Ер нь ч бухимдалтай, ундуйцсан байгаа үед уран бүтээл хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэгэхээр сэтгэл цэвэр байж тайзнаа гарч, уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдодоо аз жаргал бэлэглэдэг юм. Тэгэхээр уран бүтээлч хүнээс тийм л их сэтгэлийн хат гардаг гэсэн үг л дээ.

Яахав бидний хувьд хэдий хүнд хэцүү үе цөөнгүй тохиолдож байсан ч энэ цаг үе шиг хүнд бэрх нь үгүй байж. Хоёр үрийн минь ижий, амьдралын минь багана, басхүү түүний урлагт зориулсан 30 жилийн хөдөлмөр, тоглох арга барил, ирээдүйд хийх ятга хөгжимд зориулагдсан шинэчлэл гээд маш том орон зай зогсонги байдалд орж болзошгүй гэх айдас байна. Гэхдээ бид оройтоогүй. Сайхан хүмүүсийн халуун сэтгэлээр энэ өвчнөөс сална гэдэгтээ итгэлтэй байна. Миний хань ч гэсэн хүнд өвчтэй болчихсон гэж сэтгэлээр унах биш хүмүүсийн урам, дэмээр сэтгэлийн их хүчийг авч байна. Хань минь сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байгаа. Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно.

Холбоотой Зураг-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Алтай их ятга, Аху их ятганд зориулсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёрдугаар концертод багагүй цаг хугацааг зориулан ажилласан. Энэхүү бүтээл нь “Алтан намар” наадмын гран при шагнал авсан юм. Мөн Ч.Мөнх-эрдэнэ маань “Бөртэ” хамтлагийн ятгач. Гэхдээ тус хамтлаг 2011 оноос уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан юм. Ерөнхийдөө манай “Эгшиглэн” хамтлагаас гал тасдаж гарсан хамтлаг л даа. Энэхүү хамтлаг нь Герман улсад 1998 оноос эхлэн этник жазз чиглэлээр уран бүтээлээ туурвиж байлаа. Олон улсын хэмжээнд танигдсан бүтээлүүдээс дурьдвал Оскарт нэр дэвшсэн “Ингэн тэмээний нулимс” болон олон улсын кино наадмуудаас хөгжмийн шагналуудыг авсан “Шар нохойн там” киноны аялгуунууд юм. Ингээд саяхнаас “Бөртэ” хамтлаг уран бүтээлдээ эргэн шаргуу орж эхлэсэн. Бид нэгэн уран бүтээлээ дүрсжүүлэхээр баруун хязгаар луу явахаар зэхэж байлаа. Мөн Улсын их баяр наадамдаа Мөөгий маань гоцлол тоглоочийнхоо хувиар оролцох, “Алтай” хамтлаг Өмнөдмонгол руу хийх аялан тоглолт зэрэг ажлууд цуцлагдсан.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?

-Би хамгийн сүүлд МЭӨ 121 онд зохиогдсон “Хүннүгийн гунигийн дуу” гэх бүтээл дээр ажиллалаа. Доктор, профессор Гүнжийн Сүхбаатар энэ дууны үг болох дөрвөн мөртийг хөрвүүлэн буулгасан байдаг. Яг тэр цаг үеийг харуулсан энэ мөртүүдийг судалж, сэтгэлээ огшоон байж энэ дууг гаргасан. Мөн тойрон бүжиг маш хурдтай газар авсан. Би 2014 оны зургадугаар сард Якутад явж байхдаа тэндхийн тойрон бүжигт оролцсон юм. Ингээд тухайн үед хамт явж байсан доктор, профессор Л.Дашням, “Болор цом”- ын эзэн, яруу найрагч Д.Урианхай нараасаа Монголын тойрон бүжгийн тухай асууж, судалж, олон мянган жилийн түүхтэй гэдгийг нь олж мэдсэн. Ямартай ч энэ урлагийг хөгжүүлэх нь зүйтээ юм байна гэж шийдсэн юм. Түүнээс хойш судалж, тойрон бүжгийн хөгжмийг хийсэн дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбацогт: “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй

“Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа.


-Та сүүлийн үед “Ээж”, “Шүүдэр дундуур”, “Сахиусан тэнгэр”, “Бүү март”, “Өртөө” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжиж. Ер нь кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Уран бүтээлчид кино их хийдэг болж дээ. Киноны урилга ч их ирж байна. Саяхан гурван кинонд оролцон тоглолоо. Мөн “Боловсрол” телевиз хийж байгаа нэгэн сериалд тоглож байна. Дэлгэцийн бүтээл ч гэлтгүй хэсэг залуустай хамтран тайзны уран бүтээлд ханцуй шамлан орчихоод байна. “Нисдэг театр”ын маань залуус одоогоор хоёр ч хүүхдийн уран бүтээлээ гараас гаргачихсан. Энэ театрын маань уран бүтээлчид Москва, Ленинград мөн Монголынхоо урлагийн сургуульд мэргэжил эзэмшсэн. Арав гаруй залуус бий. Цагийн шалгуур давах нь даваад үлдэнэ биз дээ.

Яахав хүмүүс театрын уран бүтээл хийгээд ашиг байгаа юм уу гэх мэтчилэнгээр ярьж байна л даа. Ашиг харж уран бүтээл хийх хэрэгтэй бол би наймаа хийсэн нь дээр биз. Миний мэргэжил бол арилжаа наймаанаас хол шүү дээ. Урлаг гэдэг бол оюуны ажил. Нийгэмд хүмүүжил, ёс суртахууныг бий болгоход нөлөөлж, оюуны хөрөнгө оруулалт хийдэг.

-Та ч гэсэн дээрх залуучуудын адил театрын тайзнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Ингэхэд тэр үед театрын алтан үеийн мандагчуулаас ямар уран бүтээлчидтэй хамтарч байв?

-Сайхан хүмүүс их байсан. Намайг ороод удаагүй байхад Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гавьяаныхаа амралтад гарахаар болчихсон, тайлан тоглолтыг нь хийхээр зэхэж байсан юмдаг. Алдарт “Оттело”, “Лир ван” гэх жүжгүүдийг тоглосон. Харин би “Лир ван” жүжгийн салбадайн дүрд тоглож, Г.Гомбосүрэн гуайтай нэгэн тайзнаа гарч билээ. Ингээд бодоход их хувь заяа юм даа. Мөн Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гээд сайхан ах нар минь байсан. Ж.Оюундарьтай оюутны нэг анги болоод ч тэрүү Жаамаа ах надтай их дотно. Нэг удаа Жаамаа ах намайг өрөөндөө дуудлаа. Тухайн үед би “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрд тоглоод удаагүй байсан юм. Ингээд би өрөөнд нь ч орлоо. Кофе уу л гэж байна. Тэрээр “Би чиний тоглосон киног үзлээ. Мухар Базарын дүр тун чиг дөхөж шүү. Баяр хүргэе” гэж билээ. Би театрт ороод тийм ч их удаагүй байсан болохоор сүрдээд л олигтой ч юм ярьж чадаагүй. Одоо эргээд бодохоор амьдралын тухай санаа бодлоо солилцоод сайхан ярьсан бол хэмээн харамсдаг л юм. Гэхдээ хэт илэн далангүй биш ч яриа их нийлдэг байсан шүү. Харин Гантөмөр ахтай яриа нийлэхэд амаргүй. Хааяа нэг их таниад л сүрхий ярина. Дараа нь танихгүй болчихно.(инээв) Сайхан хүн байсан шүү. Ер нь тэгээд их л хүнд үе байж дээ. Намайг орохоос өмнө театр төсөв байхгүй. Бүтэн жилийн турш уран бүтээл хийгээгүй байж билээ. Тэр хүнд үеийн дараахан нь би орсон юм. Миний хувьд ч тэр театрт дагалдан жүжигчнээр ч болов орохгүй л бол миний том зорилго амьдрал хаашаа эргэх нь тодорхойгүй болчихсон байсан үе л дээ. Театрдаа ч орсон. Гурван сар дагалдан жүжигчин хийгээд “Сарны инээд” гэх жүжигт гол дүр бүтээж билээ. Айдастай хэдий ч сайхан мөч л дөө. Театрт байхдаа баримлын шавар шиг л найруулагч ямар хэлбэр дүрст цутгана, түүнд л хувирч, өөрчлөгдөхийг хүсдэг байлаа. Бүгдийг л чаддаг, учрыг нь олох гэж эрмэлздэг байж дээ.

-Харин яагаад драмын урлагаа орхиж дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон юм бэ?

-Би театраас гарсан л болохоос драмын урлагаа орхиогүй, хөндийрөөгүй гэж боддог. Яахав театраас гараад л зах зээл рүү орж үзье гэж бодсон. Алдсан, оносон ч юм их бий. Гэхдээ театраас гараад баян чинээлэг амьдраад явья гэж бодоогүй. Ганцхан биеэ дааж л үзмээр байсан. Намайг театрт байх үед манай ангийн Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул мөн Аглуу, Бооёо, Дооёо гэх жүжигчид орчихсон байсан. Тэр сайхан алтан үеийнхэн болоод үе тэнгийнхэнтэйгээ хамт нэгэн тайзнаа гарч байснаа эргэн дурсахад үнэхээр сайхан байдаг юм.

-Та хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд тоглож байв?

-Оюутан байхдаа “Хүн чулууны нулимс” кинонд цэрэг малгайтай, буу барьчихсан жижигхэн хэсэг гардаг юм. За, бараг танигдахгүй дээ. Гэсэн ч тоглож байгаа үедээ их идэвхтэй байж билээ. Зураг авалтын үеэр бараг л амьсгаа авахгүй, хөдөлгөөнгүй зогсож байснаа санадаг юм. (инээв) Харин хамгийн анхны гол дүрийн кино маань “Ноён солиот” байсан. Анхны гол дүр учраас миний хувьд том шалгуур байсан. Басхүү сэтгэлд их тод үлдэж дээ. Мөн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм. Харин “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан. Ер нь тэгээд “Ноён солиот”, “Салхи Дамбий”-ийн дүр л намайг олонд таниулсан даа.

-Та цэргээсээ оргон байж кино, драмын ангид элсэн орж байсан юм билээ. Ер нь таныг ингэтэл нь урлагт юу татсан юм бэ?

-Их сонин л доо. Би алиалагч болно гэж боддог байсан юм. Үүнд Чарли Чаплин, Юрий Никулин гэх хоёр нөхөр л нөлөөлчихсөн юм байхгүй юу. Энэ хоёрын киног үзээд л шүтчихсэн. Бас хүүхэд болоод ч тэрүү би Чарли Чаплинийг алиалагч гэж боддог байсан юм. Тиймдээ ч энэ хоёр шиг л хүн болно гээд зүтгэсэн минь тэр. Гэхдээ би бас зүгээр ч үгүй арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн дугуйланд таван жил явсан юм. Тиймдээ ч арван жилд байхдаа ангийнхныхаа урлагийн үзлэгийг авч гардаг байлаа шүү дээ. Манай үлээвэр хөгжмийн багшаар Гомбо гэх сайхан хүн байсан юмдаг. Багш намайг урлагаа л хөө гэнэ. Гэхдээ багшаасаа нуугдаж спортоор хичээллээд гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй, волейболын спортын дэд мастер цолтой болсон шүү. Гэсэн ч багын хүсэл мөрөөдөл минь арилаагүй. Урлагийн л хүн болно гээд л хичээсэн дээ. Харин намайг арван жилээ төгсөхөд буюу 1985 онд УБДС-ийн кино драмын анги ирээгүй юм. Ингээд Төмөр замын техникумд нэг жил сураад цэрэгт явахаар шийдсэн л дээ. Барилгын цэргийн 0119-р анги хуваарлагдсан. Харин халагдах жилээ УБДС-ийн кино, драмын ангид элсэх шалгалт өгөхийн тулд оргочихсон юм. Урлагийн хүн болох гэсэн хүсэл, тэмүүлэл нь л тийм үйлдэл хийлгэсэн биз. Харин эргээд цэргийн ангидаа ирэхэд аз болход манай цэргийн ангийн удирдлагууд их хүндээр тусгаж аваагүй юм. Хүний хувь тавилан сонин шүү. Ингээд л жүжигчин болох гараа минь эхэлсэн дээ.

-Таны оюутан ангийнхнаас мундаг жүжигчид их төржээ…

-Ангийнхаа хүүхдүүдээр их бахархдаг юм. МУГЖ Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү гээд бүгд л өөр, өөрийн өнгө төрхөө олцгоосон байна. Эд нар ч гэлтгүй манай ангид суралцаж байсан бүх хүүхдүүдээрээ бахархдаг даа. Манай ангийнхан чинь их сонин хамт олон цугласан юм. Дөнгөж арван жилээ төгссөн, цэргээс халагдаад орж ирсэн эсвэл цэрэгт явчихаад ажиллаж байгаад ирсэн гээд насны хувьд харьцангуй байж билээ. Сэтгэхүйн хувьд ч тэс ондоо. Гэхдээ бие биетэйгээ уусаж, нэг хамт олон болж чадсан даа. Бид уран бүтээлч төлөвшихөд ангийнхан минь л нөлөөлсөн. Найруулагч жүжигчинг төрүүлдэг гэхээс жүжигчин, жүжигчнээ л төрүүлдэг гэж боддог юм.

Харин ангийн багш минь Г.Доржсамбуу гуай байсан юм. Багшийнхаа тухай ярих бүрт л зүрх минь шимширдэг юм даа. Намайг урлагт хөлд оруулсан, мөн надад дүүлэн нисэх далавчийг өгсөн Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу гэх хоёр сайхан багштай хүн л дээ би. Энэ хоёр багш байсан тулдаа л би өдий зэрэгтэй явж байгаа юм. Миний хоёр багш хоёулаа л агуу хүмүүс. Гэхдээ ингээд бодоход хүнийг бурхан болсных нь дараа агууг нь мэдэрч, агуу гэцгээх юм даа. Үнэндээ байхад нь хэлэх ёстой юм шүү дээ.

-Та Завхан аймгийн уугуул байх аа?

-Ээж, аав минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүмүүс. Аав минь үйлдвэрийн слесарь хүн байсан. Бид эхээс гурвуулаа. Би чинь айлын бага юм. Манайх гэдэг айл хөдөө орон нутгаас төв газар суурьшсан айлуудын нэг л дээ.

-Хүү тань “Тагнуулч аав” кинонд тоглосон байсан. Мэргэжлийн тал дээр хүүдээ хэр их зөвлөж байна вэ?

-Хүү минь миний мэргэжлийг өвлөж, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Тагнуулч аав” киноноос гадна “Тэнгэрийн продюсер” кинонд тоглосон. Одоо ч гэсэн нэг кинонд тоглож байгаа. Миний хувьд хүүгээ нэгэнт л урлагийн хүн болж байгаа юм чинь алдаж, оноод туршлагажиг л гэж боддог юм. Туршлагаараа л мэргэшдэг ажил шүү дээ. Харин охин минь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн.


Categories
мэдээ цаг-үе

Э.Цолмонбаяр: “Яг түүн шиг” шоуг хөтлөхөө больдог ч юм уу гэж бодсон

“Өдрийн сонин”ы 2017.06.05-ны Даваа гаригийн №124,125(5691,5692) дугаараас авч нийтлэв

“TV Cocktail” хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяртай ярилцлаа.


-Та “Яг түүн шиг” шоуны хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Ер нь анх хөтлөгч болох саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Хамгийн анх “Боловсрол” суваг телевизээс “Дэлхийн олон оронд амжилттай хийгдсэн нэгэн шоуг бид Монголдоо хийх гэж байгаа. Энэхүү шоуг чамаар хөтлүүлмээр байна” гэсэн санал тавьсан юм. Нэр хүндтэй том шоу учраас бас жаахан эргэлзэж “Би чадах юм болов уу даа” гэхэд “Чи л хөтөл. Чамаас өөр сонголт байхгүй” гэсэн л дээ. Ингээд би гадны хэд, хэдэн орнуудад хэрхэн явагдаж байсныг нь сонирхож бичлэгүүдийг нь үзсэн. Их гоё ч шоу байсан. Ямартай ч болмоор санагдаад, үзээд алдъя л гэж бодсон. Надад бол их л тохироод байгаа шиг санагддаг. Тийм бодолтой хүмүүс ч цөөнгүй байсан.

-Харин таныг хөтөлж чадахгүй байна гэх сэтгэгдлүүд цахим ертөнцөд багагүй байсан. Энэ тухайд?

-Яахав цахим ертөнцөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд байсан л даа. Аливааг шүүмжлэх дуртай нэг хэсэг хүмүүс байгаад л байх шиг санагддаг юм. Миний хувьд бүр үнэхээр болохгүй гээд байгаа бол больдог ч юм уу гэж бодоод телевизийнхэнд энэ тухай саналаа хэлсэн л дээ. Гэтэл “Хэдхэн сэтгэгдлээс болж болино гэж юу байхав. Болохгүй байгаа бол бид хэлчихнэ шүү дээ” гэсэн хариу өгсөн. Нэгэнт телевизийнхэн ингэж дүгнэж байгаа хойно үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй л гэж бодсон.

Би аль болох тухайн үеийн мэдрэмжээрээ хөтлөхийг хүсдэг. Тэр нь ч надад амар байдаг юм. Харин шоу нэвтрүүлгийн онцлог нь гэнэтийн зүйлс их тохиолддог. Тэрэнд л бэлэн байх ёстой. Жишээ нь оролцогчтойгоо яриа өрнүүлэх гэтэл өөдөөс уйлчихвал би дагаад уйлж болохгүй, өөдөөс нь маазраад байж бүр ч болохгүй, эсвэл дуу явж байх үед хөгжим зогсох юм бол тухайн үеийг ямар нэгэн аргаар л аргалах шаардлага гарна. Гэх мэтчилэн гэнэтийн зүйлст бэлэн байх л хэрэгтэй байдаг даа. Ер нь бол хөтлөгч хүн хэрэгтэй зүйлээ л ярих хэрэгтэй. Хэрэггүй олон юм нуршаад байх шаардлагагүй гэж боддог.

-“Яг түүн шиг” шоуны оролцогчдын тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Хүн, хүний онцлогууд их харагдаж байна. Манай А.Хишигдалай сайн дуучин хэрнээ, хувирч чаддаггүй ч гэх юм уу. Т.Бархүү, С.Гантогоо, Г.Мэнд-Амар гэх зэрэг залуучууд бүр тасарчихаад байгаа. Тиймээс бусад оролцогчид сул байгаа мэт харагдаад байж магадгүй л дээ. Үнэндээ бүгд мундаг байна л гэж би бодож байна. Ер нь бол өмнөх жилийн оролцогчид маань анхдагчид байсан. Үзэгчид бүх зүйлийг нь цоо шинээр хүлээн авч байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчид өмнөх жилийнхтэй харьцуулахад тун их үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Ямартай ч үзэгчдийн хандалт маш их байгааг харахад шоу маань маш амжилттай үргэлжилж байна гэж ойлгож байгаа.

Ер нь энэхүү шоу нь Монголд маш сайн хийгдэж байгаа. Өмнө нь Азийн хэд, хэдэн орнуудад хийгдсэн боловч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм билээ. Тиймдээ тухайн компани монголчуудад эрхийг нь олгохдоо багахан айдастай байж л дээ. Гэтэл төсөөлж байснаас нь ч илүү мундаг байж, сайн үнэлгээ авсан. Миний хувьд энэхүү шоуг хөтөлж байгаадаа баяртай байгаа. Миний болоод оролцогчдын амьдралд хамгийн сайхан дурсамж, дурдатгал болж үлдэнэ гэдэгт хэн ч маргахгүй байх.

-“ТV Cocktail” хамтлаг хамгийн сүүлд “Гэрлэн дохио” олон ангит уран сайхны кино хийсэн. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Бид “Гэрлэн дохио” гэх дөчин ангит урт бүтээлийнхээ ард гарсан. Энэхүү олон ангит кино сериалуудтай адил үйл явдал нь үргэлжлээд явах биш дараагийн ангид дүрүүд нь шинэ үйл явдалтайгаар л өгүүлэгдэж байдгаараа онцлог. “Шоудалт”, “Шарталт”, “Болзоо” гэх мэт тухайн анги бүртээ өөр адал явдал болж байдаг гэсэн үг л дээ. Харин энэхүү киноны утга санаа нь амьдралыг гэрлэн дохиогоор зүйрлэсэн гэж болно. Ганц бие биш хэдий ч яг ч гэр бүл зохиочихоогүй, ер нь яг яах нь шийдэгдээгүй байгаа хэн нэгний амьдралыг шар гэрлээр, харин хэнд ч дурлаж, болзож болох эрх чөлөөтэй амьдралыг ногоон өнгөөр илэрхийлсэн бол элдэв хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л хичээх ёстой амьдралыг улаан гэрлээр төлөөлүүлсэн юм. Нэгэнт л улаан гэрэл ассан бол таны амьдралд шар, ногоон гэрэл байх ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа л даа. Энэ ч утгаараа хүмүүст их таалагдсан. Сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Харин одоогоор бид нэгэн шинэ уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж байна. Ирэх намраас үзэгчдэдээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа.

-Ингэхэд “TV Cocktail” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?

– Бид нэг ангийн оюутнууд л даа. Манай хамтлагийнхан “Шинэ үе” продакшнд байсан юм. Тухайн үед А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш хоёртойгоо хамт телевизийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Харин удалгүй Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Cocktail” хамтлагаа байгуулсан.

Э.Цолмонбаяр зурган илэрцүүдБид эхлээд дээр үеийнх шиг үзээд, уйдамгүй байнга зурагтаар гардаг кино хийе гэж зориод л “Guys”, “A Capella” хамтлагийнхантайгаа нийлээд “Сайн уу амьдрал минь” киног хийсэн. Хонхны баяр дөхөхөөр л “Сайн уу амьдрал минь” кино маань гарч л байдаг. Мөн дараа нь яг хамтлагаараа сайхан инээдмийн кино хийцгээе гээд л мөрөөдсөн, зүтгэсэн. “Намрын синдром” уран сайхны кино маань намар болохоор л гарч байна. Үүнээс харахад хүн өөрийгөө гололгүй зорилгоо хол тавих юм бол түүндээ хүрэхгүй ч тун дөхүүлсэн байдаг гэдгийн үлгэрээр багагүй амжилт дагуулдаг шиг санагддаг. Эдгээр киноныхоо араас бид “Мөнгөний гахай, “Омарын эрэлд”, “Босуул” гэх мэт уран бүтээлүүдийг хийлээ. Харин бидний цаашдын том зорилго, мөрөөдөл гэвэл монгол киногоо гадагшаа гаргачих юмсан л гэсэн хүсэл байдаг юм. Зөвхөн бид ч гэлтгүй кино урлагт зүтгэж байгаа хүн бүхний л мөрөөдөл байх л даа.

Ямартай ч зорилгынхоо төлөө найзуудтайгаа хамт яваадаа үргэлж баяртай байдаг. Өдөр ирэх тусам туршлагажиж, зогсолтгүй л хөдөлмөрлөсөөр байна даа. Төдийгөөс өдий хүртэл тарж, бутраагүй зорилгынхоо төлөө үнэнч яваа найзуудаараа үргэлж бахархаж явдаг юм.

-Таныг хүүхэд байхдаа кинонд тоглож байсан гэж сонссон. Кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач?

-Яахав хүний амьдрал гэдэг их сонин л доо. Би гуравдугаар ангид орох жилээ “Би эндээс явахгүй” гэх киноны гол дүрд нь тоглосон юм. Тоглох болсон тухайд гэвэл МҮОНТВ-д ажилладаг манай ээжийн нэг найз ирээд кинонд тоглох хүүхэд хайж байна гээд л намайг аваад явсан. Очиход маш олон хүүхэд байсан хэдий ч тэнцсэн л дээ. Харин тэнцсэн шалтгаан нь их сонин. Кино пробонд орж байгаа хүүхдүүдийг нэг, нэгээр нь бөөн гэрэл болсон өрөөнд оруулсан юм. Харин тэр гэрэл дунд нэг их харсан хүн сууж байдаг юм байна. Юу билээ гэж бодож зогстол өнөөх хүн чинь их л танил хоолойгоор “Миний хүү аавдаа ир” гэх нь дуулдав. Би аавгүй өссөн л дөө. Тийм болоод ч тэрүү “Аав аа” гээд л уйлаад л гүйгээд очсон. Харин миний ааваа гэж андуурч очсон хүн Ш.Гүрбазар гуай байж билээ. Телевизээр харсаар байгаад л тийм танил болчихсон хэрэг. Ингэж л кинонд тоглох болсон юм даа. Энэ киноны дуу болох “Сэтгэлийн үг” дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр дуулж хүмүүст ч маш их хүрсэн юмдаг.

Би арван жилээ 35 дугаар сургуулийг төгссөн л дөө. Намайг кино зураг авалтад явахад сургуулийнхан “Манай Э.Цолмонбаяр киноны гол дүрд тоглохоор явж байна” гээд л сүр дуулиантай гаргаж өглөө. Хөөрхий ээж минь бөөн хөөр болоод шинэ хувцас авч өгөөд л явуулж билээ. Гэтэл мань хүн кино зураг авалтдаа очоод уйлах хэсэгт нь яаж ч хичээсэн уйлж чаддаггүй дээ. Харин Ганбаатар найруулагч тэргүүтэй хүмүүс хоорондоо ярьж байна. “Одоо энэ хүүхдийг буцаая, тоглож чадахгүй юм байна. Ээж нь Улсын их дэлгүүрийн хажуу талд үсчин хийдэг юм. Замын унаанд суулгаад ээж рүү нь явуул. Бас сургуулийнхан нь мэдээд шоолно биз” гэдэг юм байна. Мэдээж тэр мундаг хүмүүс намайг уйлуулах гэж л тийм арга зохиосон байгаа юм. Би ч одоо яана даа “Ээжийгээ гомдоох нь дээ. Сургуулийнхан намайг шоолох байх даа” гэж бодоод л сууж байлаа. Гэтэл найруулагч “За нааш ир. Одоо нэг үзье. Хэрэв чадахгүй бол буцаана шүү” л гэж байна. Би ч давж чадахгүй байсан даваагаа давлаа. Уйлсан ч гэж жигтэйхэн. Бүр зураг авалт дууссан хойно ч зогсч чадахгүй уйлж билээ.

-Чөлөөт бөхөөр бас хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-Би тавдугаар ангиасаа эхлээд чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Учир нь ээжийн минь дүү самбо, жүдо бөхөөр барилддаг Ганболд гэж сайн тамирчин байлаа. Харин миний хувьд ахынхаа хүрээгүй амжилтыг гаргах гэсэн том мөрөөдөлтэй. Гэтэл хичээллээд байгаа хэрнээ нэг ч медаль авдаггүй дээ. Ингэж явсаар есдүгээр ангид ч орлоо. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гээд л бэлтгэлээ маш сайн хийгээд л байсан. Харин ээж минь урлагийн хүн болгох сонирхолтой болохоор бөхийн спортоо орхи гэж их зөвлөнө. Ингээд ээжтэйгээ тохиролцсон л доо. Яаж вэ гэхээр хэрэв би тэрхүү улсын аваргын тэмцээнээс медальтай ирвэл бөхөө сонгоно, чадахгүй бол урлагийн хүн болохоор шийдэх нь тэр. Харин тэмцээндээ оролцоод муу барилдсандаа ч биш азгүй тохиолдлоор тэмцээнээ орхих болсон юм. Ээж минь медальгүй ирсэн хүүгээ хараад жигтэйхэн их баярлаж билээ. Ингээд л СУИС-д орж, урлагийн хүн болсон доо. Гэхдээ ээжийн минь зөн, совин буруу байгаагүй. Ээжийнхээ үгнээс зөрөөгүй дээ маш их баярлаж явдаг. Басхүү ээжийнхээ мөрөөдлийг нь урлагийнхаа буянаар бурхан болохоос нь өмнө багахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж бодож, найдаж явдаг юм.

-Та аль нутгийнх вэ?

-Уг гарал минь Архангай нутаг л даа. Гэхдээ миний бага нас долоон буудалд эмээ, өвөө, ээж, хоёр охин дүүгийнхээ хамт өнгөрсөн юм. Дүү нар минь одоо том болцгоосон. Сайхан хань ижлүүдтэй учирч гэргий гэх мэргэжлийг эзэмшсэн. Олон сайхан үр хүүхэдтэй болцгоож энэ салбартаа тун чиг амжилттай яваа шүү.(инээв)

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний ханийг Т.Өлзийсайхан гэдэг. Надад өлзий, дэмбэрэлтэй амьдрал бэлэглэхээр ирсэн сайхан бүсгүй бий. Ханьтайгаа оюутан ахуй цагтаа анх танилцаж, бие биеээ мэддэг болсон. Харин танилцсныхаа дараахан манай хүн гадаадад суралцахаар явсан учир холбоо тасарсан л даа. Хачирхалтай нь олон жилийн дараа таарсан ч бид хоёр ганц, ганцаараа л явж байсан шүү. Учрах хүмүүсийн зам, ямар нэгэн байдлаар л нийлдэг байх гэж боддог юм.

Categories
мэдээ цаг-үе

Э.Батзориг: “Яг түүн шиг” шоуны нийт наян дүрийг судлах шаардлагатай болдог

“Aim4R” продакшны “The STAGE Assassins” студийн захирал, “Яг түүн шиг” шоуны бүжгийн багш Э.Батзоригтой ярилцлаа.


-Та “Яг түүн шиг” шоуны бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн тухайгаа яриач?

-Энэхүү шоуг гаргах гэж байгаа талаар анх дөрвөн сарын өмнөөс бид мэдсэн л дээ. Учир нь “Боловсрол” телевизийн зүгээс манай “Aim4R” продакшныг “60 гаруй бүжигчинтэйгээр тус шоунд оролцож чадах уу” гэсэн санал тавьсан юм. Ингээд тэр үеэс хойш “Яг түүн шиг” шоуны хамт олонтой хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хувьд Монголд болж буй томоохон концертууд дээр бүжгийн дэглэлт, найруулгыг нь хариуцаж ажилладаг. Хэдий тийм ч энэхүү олон улсын стандарт бүхий шоунд ажиллаж эхлэх амар байгаагүй. “Яг түүн шиг” шоуны эхний хоёр дугаар дээр яалт ч үгүй самгардсан. Харин одоо бол туршлагажиж, хүндрэлтэй асуудал бараг алга болсон доо. Мэдээж үүнд “Боловсрол” телевизийн хамт олны аливаад зохион байгуулалт сайтай, цаг сайн барьдаг зэрэг нь их дэм болдог юм.

Ямартай ч миний хувьд энэхүү шоуг Монголдоо хийж байгаа нь зөв зүйтэй зүйл болсон гэж бодож байгаа. Учир нь орчин үеийн тайзны тавилт гэдэг хэрхэн өөрчлөгдсөнийг, уран бүтээлчид ганцаарчилсан гэхээсээ илүү тайзны бүжигтэй харьцдаг болсныг манай уран бүтээлчдэд харуулж өгч байгаагаараа ач холбогдолтой юм л даа. Манайхан ч гэсэн тогтсон хэв маягаа өөрчлөх болов уу.

-Таны хувьд дугаар бүр дээр найман оролцогчдод сонгосон дүрийнх нь бүжиг, онцлог хөдөлгөөн, донж маяг зэргийг нь заах хүндхэн үүрэгтэй. Харин энэ чухал даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд та хэрхэн ажилладаг вэ?

-Энэхүү шоу нь бусдыг дуурайдаг гэдгээрээ онцлог. Харин оролцогчдын хувьд таарсан дүрээ судлах нэг нь судална, харин зарим нь бүр огт судлаагүй, мэдэхгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр миний хувьд үүргээ сайн биелүүлэхийн тулд судалгааг маш сайн хийдэг. Нийтдээ арван дугаарт найман оролцогчийн наян дүрийг судлах шаардлага гарч байгаа юм л даа. Ямартай ч судалгааны ажлаа баззерт таарсан уран бүтээлчийн клипийг үзэхээс эхлүүлдэг. Клипийн хийцийг үзэж зураглаач, найруулагч юу илэрхийлэхийг хүссэн бэ гэдгийг ажиглана. Мөн клипийг үзээд зогсохгүй бусад тайзнаа хэрхэн дуулсан байгаа зэргийг харах хэрэгтэй болно. Дараа нь дууны үгийг уншиж, судалдаг. Энэ мэтчилэн тухайн хүний онцлогийг харуулах бүхий л зүйлийг судалдаг даа.

Ер нь бүжиг заана гэдэг жүжиглэлтийн тодорхой нэг хэсэг болоод явчихаж байгаа юм. Тиймдээ ч оролцогчдодоо энэ хэсэгт амаа ангай, ингэж хар, энэ үед нь уна гэх мэтчилэн хөдөлгөөний жүжиглэлт заах шаардлагатай болдог. Харин үүнтэй бүжгийн найруулга холбогдоод нэг цогц үзүүлбэр болдог.

-Өгсөн үүрэг даалгаврыг хамгийн сайн тусгаж авдаг оролцогч нь хэн байна вэ?

-Өмнөх жилийн оролцогчдоос Б.Маралжингоог нэрлэнэ. Эми Вайнхаус, Пинкийн дүрийг бол үнэхээр сайн гаргасан. Б.Маралжингоог сахилгагүйг мэдэх ч Пинкийн дүрийг бүтээхэд бүр ч галзуу болж чадсан шүү. Эрүүгээ дээш нь өргө, урдуур чинь хүн үсрэхэд ингэж зогс, микрофоноо ингэж барь гэх мэтээр бүгдийг л заасан. Бидний хувьд ч маш сайн ажилласан. Мөн П.Баярцэнгэл бол мундаг байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчдоос Т.Бархүү ах маш сайн байгаа. Жүжигчин хүн учраас аливаа дүрийн онцлогийг гаргаж илэрхийлэх тал дээр түүртэхгүй байх нь дамжиггүй. Дүрээ ч тэр сайн гаргадаг, бүжгээ ч хурдан сурч, сайн бүжиглэдэг. С.Гантогоо ч мундаг байгаа. Гэхдээ мундаг байх үе бий ч зарим тохиолдолд дүрээ гаргаж ирж чадахгүй байх нь ч бий. Мөн А.Хишигдалай ч иймэрхүү асуудал гаргадаг.

-Оролцогчдод ямар дүр таарвал танд хялбар байдаг вэ?

-Надад орчин үеийн уран бүтээлчид таарвал их амар байдаг. Тухайлбал, Жастин Тимберлэйк, хүн бүхний мэддэг Майкл Жэксон, Тэйлор Свифт зэрэг дүрүүд л дээ. Харин дээр үеийн эсвэл сонгодог урлагийн хүн болоод ирэхээр тун амаргүй. Иймэрхүү баззерууд их сонгогдож байгаа шүү дээ. Түүнчлэн нэг хүн хамтлагийн дөрвөн гишүүнийг дуурайвал их сонирхолтой гэж боддог юм. Жишээ нь “Backstreet boys” ч юм уу. Ингэвэл их хүч хөдөлмөр шавхахын сацуу үзүүштэй байх байсан болов уу.

-Ес дэх дугаарт жүжигчин Г.Ундармаа, П.Баярцэнгэл нар Бойонсе, Бруно Марс нарыг дуурайсан. Энэ үзүүлбэр бүжиглэлтийн хувьд сайн байсан ч багагүй шүүмжлэл дагуулсан шүү дээ. Энэ тухайд?

-Энэ үнэхээр гоё үзүүлбэр байсан. Яахав хүмүүс Г.Ундармаа эгчийг онцгүй харагдсан гэх сэтгэгдэл их байна лээ. Гэхдээ миний хувьд Г.Ундармаа эгчийг тэгж бүжиглэнэ гэж үнэхээр бодоогүй. Үнэхээр мундаг байсан. Хоёр долоо хоногт л бэлдсэн үзүүлбэр л дээ.

-“Aim4R” продакшн одоогоор нийт хичнээн бүжигчидтэй вэ. Шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Манай продакшн 2011 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар дотроо хоёр студитэй. Түүний нэг болох “The STAGE Assassins” студийн захирлаар ажилладаг. Харин Төөгөө маань “116” студийн захирлаар ажилладаг юм. Манай продакшн жилдээ хоёр удаа сонгон шалгаруулалт явуулдаг. Үүнээс 40-өөд бүжигчин шалгаруулж авдаг юм. Гэхдээ яг энэ хүүхдүүдээс бүжгийн төлөө туйлбартай байх арваад хүүхэд үлддэг. Одоогоор манайх 100 гаруй бүжигчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ дотор олон хамтлаг бий. Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүжигчдийнхээ дунд тайзны бүжгийн тэмцээнээс гадна гудамжны бүжгийн тэмцээн зохион байгуулдаг юм. Харин манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд реппер Gee-тэй хамтран ажилласан. Мөн тун удахгүй зөвхөн бүжигтэй клипээ цацахаар бэлэн болоод байгаа. Цаашдаа ч гэсэн зун цаг ирж байгаа учраас уран бүтээлийн олз, омог ихтэй байх нь дамжиггүй.

-Та мөн “Universe best songs” наадмын бүжгийн дэглэлт дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Би “Universe best songs-2017” наадмын тайзны найруулагчаар ажиллаж байна. Бүжиг дэглэлт, найруулга гээд бүх л ажлыг хариуцаж байгаа юм. Өнөөдөр энэхүү наадмын маань тоглолт болно. Энэ наадмаас залуусыг дуулахаас гадна бүжиглэж чаддаг юм шүү гэдгийг харах байх. Сонгодог чиглэлээр дуулдаг, бүжгээс хол хэдий ч оролцогчид маань маш сайн бүжиглэж байгаад тун урамтай байна шүү.

-Та бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн үү?

-Би арван жилээ төгсөөд л бүжиг сонирхож, бүжиглэж эхэлсэн л дээ. Гэхдээ би Монгол Улсын их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн юм шүү дээ. Миний хувьд одоогоор бүжгийн урлагаас буцах эрхгүй болсон гэж болно. Ер нь бүжиг гэдэг бол маш том урлаг л даа. Үгээрээ биш үйлдлээрээ утга, санаагаа илэрхийлдэг. Энэ том урлагт бид жижигхэн ч гэсэн байр суурийг эзэлж эхэлсэндээ тун таатай байгаа. Энэ бүжигчид гудамжинд гал асаагаад тойроод бүжиглэдэг савсаганадаг залуучууд биш, шинэ зүйлийг бүтээх гэж зорьж байна гэдгийг минь ойлгодог болсонд баяртай байгаа. Тиймдээ ч бид үргэлж хичээж байна. Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд хөдөлмөрлөх нь зүйн хэрэг.


Categories
мэдээ цаг-үе

Монголын хүндийн өргөлтийн рекордыг 119 удаа шинэчилсэн Н.Баярмаа гавьяатынх

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл медальт, хүндийн өргөлтийн спортын ОУХМ энэ мундаг бүсгүй “Олимп” хотхонд хань, охиныхоо хамтаар аж төрөн суудаг юм байна. Биднийг очиход тэрээр охины хамт угтлаа. Хань Р.Мөнх-Оргил нь хөдөө ажлаар явсан байж таарлаа. Түүнийг хараад энэ шавилхан биенээс тэр хүнд төмрийг сэвхийтэл өргөх хүч тэнхээ гардаг гэхээр итгэмээргүй юм хэмээн бодогдох ч тэрээр яах ч аргагүй Монголын хүндийн өргөлтийн спортын домог болсон тамирчин билээ. Н.Баярмаа 18 жил энэхүү спортоор хичээллэхдээ 58, 63, 69 кг-ын жингүүдэд Монголын хүндийн өргөлтийн спортын рекордыг 119 удаа эвджээ.

Ингээд бид цай, цүү уунгаа спортын тухай яриа эхлүүллээ. Түүнийг анх ээж нь спортын замнал руу оруулжээ. Тэрээр “Ээж минь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхол, онцлог зэргийг сайтар анзаарч хардаг байсан байгаа юм. Миний хувьд үг дуу цөөтэй, даруухан, намбалаг байрын охин байсан. Гэхдээ сүрхий бяр, тэнхээтэй. Үүнийг ээж минь ажиглаж, спортын хүн болбол тохиромжтой юм байна гэж бодож л дээ. Ингээд 14 настай байхад минь жүдо бөхийн секцэнд явуулахаар болсон юм” гэлээ. Түүний хувьд “Хоршоолол” нийгэмлэгийн жүдо бөхийн секцэнд Очирбат багш дээр явж эхэлжээ. Харин дараа нь “Мяндас” клубт Буядаа багшийн шавь болсон аж. Мэдээж бэлтгэл сургуулилтын үеэр хүчний бэлтгэл хийдэг байж. Гэтэл нэг удаа хүчний бэлтгэл хийж байтал С.Сүхээ гэх хүн “Чи бол яг л хүндийн өргөлтийн спортын хүн байна. Чи миний дүү спортын мастер С.Хөхөө гэдэг хүнтэй очиж уулзаарай. Яг одоо Спортын төв ордон дээр байгаа” хэмээн зөвлөжээ. Н.Баярмаа “Миний хувьд хүчний бэлтгэл хийж байгаа тамирчдаас анхаарал татахуйц байсан юм билээ. Ямартай ч тэр хүний зөвлөснөөр Спортын төв ордныг зорьсон доо. Ингээд л 1998 оны тавдугаар сарын 8-нд Спортын төв ордонд очиж С.Хөхөө багштайгаа уулзаж билээ. С.Хөхөө багш намайг хараад “Чи бол яг хүндийн өргөлтийн хүн байна. Энэ спортоор хичээллэх л хэрэгтэй.

Гэхдээ хоёр спортоор зэрэг хичээллэж болохгүй. Хүний оюун ухаан, бяр чадал хоёр зүйлд хуваагдах юм бол сарнидаг. Тиймээс чи хүндийн өргөлтийг сонгох хэрэгтэй” гэсэн. Би хэдий бөхийн төрлөөр хичээллэх сонирхолтой, багагүй амжилттай байсан хэдий ч ээж, аавтайгаа зөвлөлдсөний дагуу Хөхөө багшдаа итгээд хүндийн өргөлтийг сонгосон юм. Би 20 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм шүү дээ” гэлээ.

С.Хөхөө багш нь түүнд маш их урам зориг өгсөн ч түүний хувьд өндөр амжилт гаргах эсэхдээ багахан эргэлзсээр байж. Харин гуравхан сар хичээллэснийхээ дараа Өвөрхангай аймагт болсон томоохон тэмцээнд оролцож хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ. Энэхүү амжилт нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлж, энэ спортод эргэлт буцалтгүй орох хөшүүрэг болсон байна. Ингээд 1999 онд Грекийн Афин хотноо болсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Олон улсын тэмцээн уралдаанд нэг ч удаа орж үзээгүй түүний хувьд шууд дэлхийн аваргын тэмцээнд оролцсон нь энэ. Тухайн үед заал талбай тун хомс. Гэсэн ч тэрээр амжилт гаргах том зорилгоо нэг ч удаа умартаж байсангүй гэнэ. Тиймдээ ч харанхуй, бүгчим сургуулийн подвольд шантарч, төвөгшөөлгүй бэлтгэлээ хийдэг байж. Заримдаа бүр лаа асааж байгаад л бэлтгэлээ хийдэг байсан аж. Тэрээр “С.Хөхөө багштайгаа хамт 28 дугаар сургуулийн подвольд бэлтгэлээ хийдэг байлаа. Хэдий амаргүй байсан ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохын тулд бэлтгэлээ заавал хийх ёстой шүү дээ. Харин хүнд нөхцөл байдалд бэлтгэл хийж байгааг минь Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуай дуулсан юм билээ. Тэрээр миний бэлтгэлээ хийж байгаа зааланд бүр өөрөө ирсэн шүү. Намайг хэд өргөж байгаа зэргийг тэрээр сайтар ажиглаж байгаад явсан юмдаг. Ингээд миний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг өгч, мөн хүндийн өргөлтийн спортыг маш сайн дэмждэг болсон. Түүнд үнэхээр их талархаж явдаг” хэмээн дурссан юм. Мөн түүнийг анх бэлтгэл сургуулилт хийж байх үед 15 кг-ын жинтэй зориулалтын эмэгтэй штангны гол Монголд байдаггүй байжээ. Тиймээс 20 кг-ын эрэгтэй штангны гол дээр бэлтгэлээ хийдэг байсан гэнэ. Харин олон улсын тэмцээн уралдаанд оролцоход эмэгтэй штангны голыг өргөхөд дадаж хэвшээгүй учир тун төвөгтэй байж. Харин энэ мэт асуудлаас эхлээд хүндийн өргөлтийн спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбууд тэрээр маш их баярлаж явдаг байна. “Ер нь хүнд сэтгэлээсээ туслах, дэмжих сэтгэлтэй хүмүүс олон шүү. Үүнээс “Өдрийн сонин”-ы нэрт сэтгүүлч агсан Жамбалын Гангаа ахыгаа дурсахгүй байхын аргагүй. Ж.Гангаа ах маань манай “Хүндийн өргөлтийн холбоо”-ны Удирдах зөвлөлд байдаг байлаа. Намайг маш их дэмждэг, тусалдаг, манай спортын хүнд хэцүүг ойлгодог байсан юм. Их сайн хүн дээ” хэмээн тэрээр дурслаа.

Н.Баярмаа 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпод оролцсон билээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпод оролцож чамгүй амжилт үзүүлж байсныг та бүхэн тод санаж байгаа болов уу. “2008 оны олимпод оролцоход харьцангуй туршлагатай болчихсон байлаа. Төрөөс ч гэсэн хүндийн өргөлтийн спортыг анхаардаг болчихсон байсан үе л дээ. Мөн багш дасгалжуулагчтайгаа хамтарч ажиллах, хамт олны дэмжлэг туслалцаа гээд маш олон зүйлийн үр дүнд боломжоороо амжилт үзүүлсэн гэж боддог” хэмээв. Хүндийн өргөлтөөр хичээллэсэн энэ хугацаанд бэлтгэлээ дийлэхгүй, ядарч, цуцаад шантарч байсан тохиолдол байгаагүй хэмээн тэрээр бардам хариулсан нь гайхал төрүүлэм. Бэлтгэлээ дуусгачихаад явж чадахгүй сөхөрч байсан ч больё гэж бодсон тохиол түүнд байгаагүй аж. “Эргээд бодоход би хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэнээсээ хойш нэг ч удаа бэлтгэл таслаагүй. Мөн нэг ч удаа амраагүй юм билээ. Бүх зүйлээ л зөвхөн бэлтгэлдээ зориулдаг байсан” хэмээв. “Таныг энэ спортод тэгтэл нь юу хамгийн ихээр татдаг байсан юм бэ” гэхэд “Үнэхээр тууштай байсан шүү. Ер нь зөвхөн би ч биш л дээ. Спортын төлөө зүрх сэтгэлээ өгсөн хүн бүр л тухайн спортдоо шунан дурладаг байх. Гэхдээ миний залуу нас нэлээд сүрхий дэглэм дунд өнгөрчихсөн байгаа юм. Зөвхөн бэлтгэл сургуулилт л гэсэн маршруттай. Түүнээс өөр ч бодож санах зүйлгүй. Мэдээж энэ бүхэн зорилгынхоо төлөө хийсэн миний алхам. Миний зорилго бол эх орныхоо нэрийг л дэлхийн тавцанд гаргах. Тэнд Намхайдоржийн Баярмаа гэхээс илүү Монгол гэх нэр гардаг. Тиймдээ ч маш том хариуцлага тамирчин бидэнд ирдэг. Үүнийгээ л ухамсарлаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьдог байлаа. Энэ л миний шантралгүй тэмүүлэх гол хүчин зүйл байсан. Ер нь маш олон жил бэлтгэл сургуулилт хийж, гадна дотны тэмцээнд их оролцдог тамирчдын хувьд эх оронч сэтгэлгээ яалт ч үгүй суучихсан байдаг шүү” гэв. Түүний гэрийн халаатны ард хүртэл “Mongolia” гэсэн бичиг байсан юм. Тэрээр “Халаатан дээрээ хүртэл Монгол гэсэн бичигтэй, их үндсэрхэг хүн байгаа биз” хэмээн инээмсэглэлээ.

Н.Баярмаагийн аав Хөвсгөл аймгийн Их-Уул сумынх. Харин түүний бага нас Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд өнгөрчээ. Гэсэн ч тэрээр Хөвсгөл нутаг руугаа явах тун дуртай. Цэнгэг нуур, цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль нь түүнд эрч хүч энергийг харамгүй өгдөг гэсэн. 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлээ Хөвсгөлд хийсэн нь түүний хувьд их олзуурхууштай зүйл болсон хэмээн тэрээр дурссан юм.

Түүний аав Д.Намхайдорж нь Монгол Улсын гавьяат тээвэрчин цолтой, хөдөлмөрч нэгэн бөгөөд мөн л хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. “Аавын минь спортын замнал их сонирхолтой. Аав, ээж хоёр минь ОХУ-д сургууль төгссөн юм. Аав оюутан байхдаа сонгомол бөхөөр барилддаг байж. Тиймдээ ч сургуульдаа их нэр хүндтэй байсан гэдэг. Харин Монголдоо ирээд хүндийн өргөлтөөр хичээллэж байсан. Энэ нь намайг хүндийн өргөлтийн спортод эв, дүйтэй байхад нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ аав минь тээвэрчин болсноосоо хойш тууштай явж чадаагүй юм билээ. Ингээд спортоо орхисон. Гэсэн ч тэтгэвэрт гарсан хойноо дахин хүчний гурван төрөлтөөр хичээллэж эхэлсэн юм. Ахмад, насанд хүрэгчдийн улсын аварга, бүр цаашилбал Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль авсан. Мөн өөрийнхөө насанд дэлхийн рекордыг эзэмшиж явна. Аав минь бидэндээ болоод хойч үедээ үлгэр дуурайл болж яваа сайхан хүн бий. Хүн хичээвэл бүх зүйл болдог гэдгийн тод жишээ бол аавын минь спортод гаргаж буй амжилт гэж би хэлнэ” гэсэн юм. “Аавтайгаа туршлага солилцоно биз” хэмээн асуухад “Би аавын охин л доо. Зүс царайны хувьд ч гэсэн бид хоёр тун чиг адилхан. Ер нь аавтайгаа их аминчхан. Тиймдээ ч бүхий л зүйлс дээр харцаараа ойлголцдог. Надад зааж, зөвлөж багш шиг л байдаг шүү” хэмээсэн юм. Харин түүний ээжийг Ц.Алтанцэцэг гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн уугуул, санхүүч мэргэжилтэй юм байна.

Биднийг ийн ярилцаж байх зуур охин М.Буянхишиг нь хүүхэлдэйн кино үзэж, басхүү зураг зуран завгүй сууна. М.Буянхишиг хоёрдугаар ангид сурдаг аж. Харин сургуульд нь хүргэж өгөх, авах зэрэг ажлыг өвөө, эмээ нь хариуцдаг гэнэ. Өмнө нь шахуу бэлтгэл сургуулилттай байх үед нь өвөө, эмээ нь зээ охиноо харан их тус дэм болдог байжээ. Тэрээр аав, ээждээ үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байсан. Түүний хань Р.Мөнх-Оргил нь хүндийн өргөлтийн тамирчин. Тиймдээ ч бие биеэ хамгаас их дэмжиж, ойлгодог байна. Энэ тухайд тэрээр “Амжилтад хүрэх ганц зорилготой явсан миний хувьд найз залуутай болно гэдэг боломжгүй зүйл мэт байдаг байсан л даа. Зөвхөн л бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаандаа л бүх цагаа зарцуулдаг байсан болохоор ч аргагүй биз. Ингэж явсаар хүндийн өргөлтийн заалнаасаа л амьдралынхаа ханийг олсон юм шүү дээ. Ер нь бол нас ч 30 хэдийнэ гарчихсан байсан. Гэр бүл зохиох, үр хүүхэд тээж төрүүлэх цаг нь болсон гэж бодсон л доо. Бид хоёр эртнээс бие биенээ мэддэг л дээ. Намайг анх хүндийн өргөлтөөр хичээллэж эхлэхэд л хань маань энэ спортоор хичээллэдэг байсан. Тэгэхээр нэг зааланд л амьдралынхаа бүхий л цагийг хамт өнгөрүүлсэн байгаа юм. Ямартай ч миний хань хүндийн өргөлтийн тамирчин хүн учраас намайг хамгийн их ойлгодог. Хань минь “Алдар” спорт хороонд ажилладаг. Хүнд жингийн Монголын хамгийн сайн тамирчны нэг, спортын мастер цолтой залуу бий. Бид хоёрын хувьд Бээжингийн олимпийн дараа буюу 2009 онд хөөрхөн охинтой болсон. Сонирхуулахад, тэгэхэд О.Гүндэгмаа, Х.Эрдэнэт-Од гээд цөөнгүй эмэгтэй тамирчид маань хэдхэн хоногийн зайтай л үрийн зулай үнэрлэцгээсэн шүү” гэлээ. Түүний хувьд төрчихөөд сар гаруйн дараа нялх биетэй хэдий ч бэлтгэлдээ эргэн орж байжээ. Энэ нь түүнийг спортдоо чин сэтгэлээ зориулж, зорилгынхоо төлөө хэрхэн тууштай зогсдог вэ гэдгийг харуулах нь дамжиггүй. Тэрээр ханийнхаа нурууны бүс, гарын боолт зэргийг хоймрын тавиурынхаа хамгийн дээр тавьжээ. “Ханийнхаа бүс, малгай зэргийг туйлаас хүндэтгэж, дээр залдаг юм. Энд тэнд тавих тун дургүй шүү” хэмээлээ. Гэр бүлийн хоёр хоёулаа тамирчин болохоор ханаар дүүрэн медаль, цом, өргөмжлөл. Нэг ширхэг медаль бүрийн ард олон жилийн хүч, хөдөлмөр, хөлс урссан гэж бодохоор биширмээр.

Хүндийн өргөлтийн спортын уналттай, хүнд хэцүү үеэс эхлээд хөгжилд хүрэх зам хүртэл хамтдаа байсан түүний хувьд 2014 онд хүндийн өргөлтийн спортоосоо зодог тайлсан билээ. Хэрэв өнөөдрийнх шиг хүндийн өргөлтийн спортыг харж үздэг, дэмждэг хүн олон байсан бол түүний амжилт үүгээр ч хязгаарлагдахгүй байсан нь дамжиггүй. Гэсэн ч тэрээр хүнд, хэцүүг умартан Монголын хүндийн өргөлтийг нэгэн шат ахиулж чадсан гавьяатан юм. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн сүүлийн тэмцээн нь Зүүн Азийн наадам байсан бөгөөд тэрээр алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Учир нь алтан медаль хүртсэн тамирчинтай адилхан өргөсөн хэдий ч биеийн жингээс болоод мөнгөн медаль хүртсэн аж. Сүүлийн тэмцээн байсан тул алтан медаль авч, төрийн дуулаа дахин эгшиглүүлэхийг юу юунаас илүү хүссэн нь талаар болсонд багахан харамсч явдгаа тэрээр нуугаагүй юм. Гэхдээ тэрээр энэ спортдоо залуус нас, хүч хөдөлмөр гээд чадлынхаа хэрээр зүтгэсэн гэдгээ онцолж байлаа. Мөн тэрээр “Хүндийн өргөлтийн спорт маш сайн хөгжиж байна. Энэ үед бэлтгэгдэж байгаа тамирчдыг би маш их азтай гэж боддог. Заал талбай хангамж гээд бүх л зүйл байна. Өөрөө л хичээх юм бол амжилт гаргах бүрэн боломж бий. Үүний нэг жишээ манай М.Анхцэцэг. Эх орныхоо нэрийг дуурсгаж, амжилттай яваад нь маш их бахархаж байна. Гэхдээ зөвхөн М.Анхцэцэг гэлтгүй амжилт гаргах боломжтой залуус их байна. Тэднийхээ амжилт бүтээлийг харж бахдаад суух цаг удахгүй ирнэ гэж бодож байгаа. Ямартай ч Хүндийн өргөлтийн спортыг авч яваа тус холбооны удирдлагууд болон, М.Анхцэцэгийн дасгалжуулагч Хосбаяр, дэмжигч байгууллагууд, багш дасгалжуулагчид, нийт тамирчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг, их амжилтыг хамтаар хүсмээр байна. Миний хувьд ч тэр хүндийн өргөлтийн тамирчдыг бэлтгэх зорилготой явдаг даа” гэв.

Хүндийн өргөлтийн спорт нь хэдий хүчний спорт хэдий ч техник, сэтгэл зүй хамгаас чухал гэнэ. Мөн энэхүү спортоор хичээллэх гэж буй тамирчны гар, хөлний тэгшхэн байдлыг чухалчилдаг байна. Дайчин чанар, анхаарал төвлөрөл, хурд хүч гээд энэ бүх зүйл нэг шугам дээр давхцаж секунд хүрэхгүй хугацаанд тэсрэлт өгснөөр л тухайн хүнээс хүч гардаг хэмээн тэрээр онцолсон. Ямар ч спортод тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Тиймээс бэртэл гэмтлээс аль болох хол байхын тулд бэлтгэл сургуулилтаа зөв төлөвлөж явах нь зүйтэй гэнэ. Мөн намхан нуруутай болдог, тэр дундаа эмэгтэй хүнд таарахгүй спорт гэх зэрэг ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт гэнэ. Харин ч хүндийн өргөлтөөр хичээллээд бүр ч өндөр болсон хүн байдаг аж. “Олон жил хичээллэсэн ч үр хүүхдээ гаргаад, эрүүл саруул явж л байна. Тиймээс хүүхэд, залуустаа энэ сайхан спортыг сонгож хичээллээрэй гэж зөвлөмөөр байна” гэлээ.

Гадны орнуудаас легионер тамирчин болооч гэсэн хүсэлт сайн тамирчдад багагүй ирдэг. Энэ тухай ямар бодолтой явдаг талаар түүнээс асуухад “Намайг ид бэлтгэл хийж байх үед тийм санал олон ирдэг байсан. Надад бол тэр саналыг хүлээн авах бодол байгаагүй. Тайвань, Турк, Япон зэрэг орнуудаас ирсэн юм. Эдгээр орнуудыг цаг агаарын нөхцөл байдал манайхтай харьцуулахад тэс ондоо. Гэтэл эрс, тэс уур амьсгалтай орны хүн халуун оронд очоод бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг хэцүү л дээ. Мөн монгол хүн учраас эх орондоо байх нь л зөв гэж боддог. Тиймдээ ч гадагшаа явах бодол надад байдаггүй байлаа. Гэхдээ миний хувьд легионер тамирчин болоод явж буй хүмүүсийг буруутгахгүй. Өөрийн бодол өөртөө л зөв шүү дээ. М.Анхцэцэгийн хувьд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүссэн. Энэхүү саналыг нь ч тэр би хүндэтгэж байгаа” гэв.

Н.Баярмаа зодог тайлсныхаа дараа мэдлэг боловсролдоо анхаарч эрхзүйч мэргэжлээр суралцан мөн энэхүү мэргэжлээрээ магистр хамгаалжээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй байсан түүний хувьд ийнхүү хос мэргэжилтэй болсон байна. Тэрээр одоогоор Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд бие бялдар хариуцсан сургагч, зааварлагчаар ажилладаг, ахмад цолтой. Хүссэн дуртай ажлаа хийх боломжийг олгосон “Хүч” спорт хорооны Батмөнх даргадаа болон ажлын хамт олондоо туйлаас баярлаж явдгаа илэрхийлсэн юм. Түүний хувьд өөрийн сурсан мэдсэн, туршлагаа бусдадаа харамгүй хуваалцаж 2015 онд Цагдаагийн дэлхийн тоглолтод алба, хаагчдыг бэлтгэн оруулжээ. Өөрөө алтан медаль хүртсэнээс гадна бэлтгэсэн таван тамирчин нь бүгд медаль хүртсэн байна.

Мөн түүнчлэн тэрээр саяхан болсон насанд хүрэгчдийн бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн билээ. Яагаад энэхүү спортыг сонгон хичээллэх болсон тухай асуухад “Би 20-иод жил өндөр ачаалалтай бэлтгэл хийсэн. Тэр ч утгаараа спортоо орхисноос хойш зүрх муудах аюултай байсан. Тийм ч учраас эрүүл, гоо зүйн үүднээс фитнессээр хичээллэж эхэлсэн л дээ. Миний хувьд “Хар ирвэс” клубийн Ш.Амарсайхан багшийн удирдлага дор хичээллэж байгаа. Харин саяхан болсон Улсын аваргад орооч ээ гэх саналыг “Монголын бодибилдингийн холбоо” болон Ш.Амарсайхан багш маань тавьсан. Багш маань “Өдөр тутамдаа хийж буй бэлтгэлээрээ л ороход болохоор байна” гэж урам хайрласан, басхүү дэмжиж тусласан. Ямартай ч тэднийхээ урмыг хугалалгүй амжилттай оролцсондоо баяртай байна. Цаашдаа энэ спортоороо хичээллэх болно. Мөн чадлынхаа хэрээр амжилт гаргахыг хичээнэ” гэсэн юм.

Мэргэжлийн тамирчны цаг наргүй шахуу хуваарьтай олон оныг үдсэн Н.Баярмаа гавьяатынд амралтын өдрөөр саатаж өнжихдөө хүндийн өргөлтийн спортын тухай олон сайхан зүйлийг сонссон юм. Хэдий амралтын өдөр ч гэлээ гавьяат маань гэртээ зүгээр суух дургүй бөгөөд бэлтгэлээ хийдэг юм байна. Ийнхүү Монголын хүндийн өргөлтийн спортын нүүр царай болж, тив, дэлхийд Монголынхоо алтан соёмбот далбааг нэр төртэйгээр өргөсөн гавьяатынхаас хийсэн тэмдэглэлээ энд хүргээд дуусгаж байна.