Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Цэрэннадмид: Турк улс бүс нутагтаа геополитикийн шинэ тоглолт хийж байна

Турк судлаач, доктор Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Турк улсын өнөөгийн дотоодын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Улс төрийн нөхцөл байдал нь ямархуу дүр зурагтай байгаа вэ?

-Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхийг барьсан өнгөрөгч 20 орчим жилийн хугацаанд тус улсын эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил хурдацтай нэмэгдэж, дэд бүтцийн салбарууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Дотоод улс төрийн амьдралд ч томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд хийгдэж эхэллээ. 2017 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоох байгууллагын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жил явуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, 2018 оны зургадугаар сард ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдсан. Ерөнхийлөгчөөр Таийп Реджен Эрдоган сонгогдсон ч түүний Шударга ёс, хөгжлийн нам олонх болж чадаагүй тул Үндэсний хөдөлгөөний намтай хамтарч Ардын эвслийн засгийн газрыг байгуулсан. Ийнхүү 2002 оноос хойш дөрвөн удаагийн бүрэн эрхийн хугацаанд Шударга ёс, хөгжлийн нам тасралтгүй дангаар төр, засгийн эрх барьсан уламжлал эвдэгдсэн юм. Эдгээр өөрчлөлт, шинэчлэлийн жилүүд дотоод улс төрийн амьдралыг харьцангуй тогтворгүй, сөргөлдөгч хүчнүүдийн хооронд ширүүн мэтгэлцээн, тэмцлийг өрнүүлсөн. Өнөөдөр Турк улсад парламентад суудалтай улс төрийн намуудын өрсөлдөөн, гол сөрөг хүчин байсан, одоо ч байгаа Ардын Бүгд Найрамдах нам доторх зөрчил мөргөлдөөн дотоод улс төрийн амьдралын анхаарал татсан асуудал болж байна. Мөн сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд нэр хүнд нь тодорхой хэмжээнд өсч, парламентад суудалтай болсон Сайн намын удирдагч хатагтай Мерал Акшенер, ерөнхийлөгч Таийп Реджен Эрдоган нарын хооронд маргаан дагуулсан мэдэгдлүүд дотоод улс төрийн амьдралын гол сэдвүүдийн нэг болоод байна.

-Туркийн аюулгүй байдал, гадаад бодлогын газрын гишүүн Месүт Хакки Оростой дахин байлдсан ч чадна гэж мэдэгдсэн. Энэ нөхцөл байдал цааш хэрхэн яаж үргэлжлэхээр байна вэ?

-Мэсүт Хакки Жашиний хийсэн дүгнэлттэй холбоотой дайн, зэвсэг техникийн талаарх нарийн мэдээлэл, баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор надад алга, тиймээс судлаачийн хувьд тодорхой мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал байна. Энэ бол цэрэг, стратегийн нарийн асуудал. Ер нь орчин үеийн дэлхий ертөнцөд дайн дажин хийх хүртлээ асуудал тийм ч амархан хурцдахгүй.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд бий болсон хамтын ажиллагааны үр дүн, харилцааны хандлагаас харахад ойрын хугацаанд Турк, Оросын харилцаа огцом муудах үндэсгүй. Хэдийгээр Сири улс дахь иргэний дайн, хямралтай холбоотойгоор хоёр орны харилцаанд цэрэг, батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол, сорилтууд тодорхой цаг хугацаанд байсан ч харилцаагаа хэвийн хэмжээнд барих хоёр орны хүсэл зориг хэвээр байгаа. Үүний дүнд харилцаа сайжрах үйл явц 2016 оноос эхэлсэн, цаашид энэ хандлага тодорхой хугацаанд хадгалагдах магадлалтай. Учир нь Турк улс 2016 оны арванхоёрдугаар сараас ОХУ, Иран улстай хамтран Сири улсад гал зогсоох яриа хэлэлцээг зуучилсан, батлан даагч орнууд болсон. Сири улсад энх тайвныг бий болгох яриа хэлцлийн гол тоглогчид хэвээр байгаа. 2018, 2019 онуудад Сирийн гал зогсоох яриа хэлцлийг зуучлагч, батлан даагч орнуудын хувиар Турк, Иран, ОХУ удаа дараа гурвалсан уулзалтуудыг зохион байгуулж Сирийн дүрвэгсдийг эх орон руу нь буцаах, Идлиб, Сирийн умард нутгийн аюулгүй байдалд анхаарч, терроризмд цохилт өгөх, улс төрийн үйл явцыг ахиулах зэрэг асуудлыг хамтран хэлэлцсэн юм.

-Хоёр орны харилцааг хурцадмал байдалтай байна гэж харах нь өнгөц дүгнэлт болох нь ээ?

-Туркийн зарим судлаачид Турк, Оросын хооронд зөрчил их байдаг ч хоёр орон ямар ч хэлбэрээр сөргөлдөхийг хүсэхгүй. Яагаад гэвэл энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэхгүй. Турк, Орос бие биедээ хэрэгтэй, Ойрхи Дорнодод хэрэгжүүлж буй АНУ-ын бодлого зөрчил маргаантай байсан нь энэ хоёр орныг улам ойртуулж байна гэж үздэг. Нөгөө талаас, эрчим хүч, эдийн засаг, худалдааны салбарын харилцаа тус хоёр орны хамтын ажиллагааны гол хөдөлгөгч хүч. ОХУ бол Турк улсын гадаад худалдааны гол түншүүдийн нэг. 2019 оны эцсийн байдлаар хоёр орны хооронд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ тус бүр 10 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.

Турк болон ОХУ-ын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн байгалийн хий, нефьтийн салбараар хязгаарлагдах бус цөмийн эрчим хүчний салбарт эрчимжсэн. Тухайлбал, 2023 онд буюу Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед дөрвөн реактор бүхий мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцын эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөө 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болсон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цахимаар оролцсон гурав дахь реакторын шав тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Таийп Реджен Эрдоган мэдэгдсэн юм. Тус станц бүрэн ашиглалтад орвол Турк улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангах боломжтой, нийт 60 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай байх юм. Үүгээр зогсохгүй 2026 оноос эхлэн жил дараалан үлдсэн гурван реакторыг ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн.

-Ер нь Турк улсын гадаад бодлого ямархуу чиг шугамтай байдаг юм бэ?

-Бүгд Найрамдах Турк Улс бол уламжлалт геополитикийн хувьд дэлхийн хуурай газрын хоёр тивийн заагт оршиж, өнө эртнээс өрнө, дорно дахиныг холбосон худалдаа арилжааны гол зангилаа боомт байж ирсэн. Түүндээ нийцүүлэн улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах дотоод, гадаад улс төрийн бодлогоо геополитикийн хувьд тодорхойлж ирсэн улс. Уламжлалт геополитикийн энэ үндсэн үзэл баримтлал нь дэлхий дахины хүчний тэнцвэр, геостратегийн орон зайд гарч буй томоохон өөрчлөлтүүдийг тусган шинэчлэгдэж байдаг. Иймэрхүү өөрчлөлтийн талаар гадаад бодлогын судлаачид тухай бүр тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, судлаач Н.Соёлгэрэл “Каспийн тэнгис орчмын бүс, Ойрхи Дорнодоос түүхий эд тээвэрлэлт, Торгоны зам санаачилга болон Орос, Өрнөдийн зөрчил зэрэг нь Турк Улсыг Ази, Европыг холбох гүүр болгож, Еврази, Дорно дахины улсуудтай илүү нягт харилцах суурь болдог”, “Хойд Африкт өрнөсөн Арабын үйл явцын дараа Африк, Ойрх Дорнодын улс, Туркийн улс төр, төрийн удирдлагын загварыг ихээхэн сонирхож буй нь эргээд тус бүс нутагт Анкарагийн гадаад бодлого чиглэх хөрс болж” өгсөн тухай тэмдэглэсэн байна.

-Турк цаашдаа улам хүчирхэгжих нь тодорхой болсон тухай олон улс судлаачид хэлэх боллоо. Холбоотны том бүлэглэл үүсгэж байгааг ч дурдаж байна. Энэ тухайд?

-Сүүлийн 20, 30 жилийн туршид дэлхий дахинаа өрнөсөн зөрчилт үйл явдлууд тухайлбал Украин, Сирийн дайн, олон оронд өрнөсөн өнгөт хувьсгалууд, үндэстэн дамнасан алан хядах ажиллагаа зэрэг нь цаашид дэлхийн аль ч улс оронд бүс нутгийн хөгжилд хүчтэй нөлөөлөх болжээ. Тиймээс өнөө цагт бүс нутгийн болон тодорхой улс хоорондын харилцааны асуудлыг олон улсын харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдал, хандлагаас салгаж үзэх боломжгүй юм. Бүгд Найрамдах Турк Улс, дэлхийн болон бүс нутгийн олон улсын харилцаанд ямар байр суурь эзэлж, ямар хэмжээний тоглогч болж байгааг ч мөн л энэ өнцгөөс харах ёстой болов уу.

Орчин үеийн геостратеги, геополитикийн нэр нөлөө бүхий судлаачид дэлхий дахины болон бүс нутгийн геостратегийн ирээдүйн дүр зургийг янз бүрээр таамагласан судалгаанууд хийсэн байдаг. Тэдгээрийн дотор Турк Улс бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох талаар зарим нэг анхаарууштай санаа байгааг судлаач, профессор Д.Баярхүү судалгаандаа тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Оросын футурлогч Виктор Феллер ирэх 200 жилд дэлхий дээр нэгдмэл байснаа сүүл рүүгээ Латин, Герман давамгайлж эцэст нь Слав-Туркийнх болох Европ, Иран давамгайлж байснаа Түрэг угсааны, сүүлдээ Арабуудынх болох Исламын ертөнц зэрэг том төв оршин байх тухай төсөөлөл дэвшүүлсэн байсныг энд дурдаж болно. Мөн Оросын судлаач В.А.Русаков “Якутаас Сараево хүртэлх Их Туран” хэмээх Турк төвтэй лалын үзэл баримтлалыг төсөөлж, ирээдүйн Түрэг угсаатны хамтын нөхөрлөл нь ТУХН-ийн исламын орнуудтай холбоотон болж, улмаар слав туургатан Украин, исламын Ираныг хамруулсан Оттоманы эзэнт гүрнийг сэргээх” магадлалын тухай таамаг дэвшүүлжээ. Эдгээр судлаачдын дэвшүүлсэн төсөөлөл, таамаглалын үндэслэл болон үнэн магадлалтай шинжийн тухай ярихаас илүүтэй гагцхүү дэлхийн болон бүс нутгийн геополитикийн төвүүд хэрхэн үүсч хөгжих, геостратегийн хандлага ямар байх талаар өрнүүлж буй чөлөөт үзэл бодлын орон зайд исламын ертөнц, түрэг угсаатан, Турк Улс ямар нэг байдлаар тодорхой байр суурь эзэлж байгаа нь сонирхол татаж байна.

-Бүс нутгийнхаа давамгайлах гүрэн болохоор зорьж буй нь ямар учиртай вэ?

– Ардчилсан дэглэм, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, исламын шашны уламжлалт соёлыг орчин үеийн нийгмийн ололт дэвшилтэй хослуулан хөгжиж буй энэ улсын Ази, Европ тивийн зааг дээр орших газарзүйн онцгой байрлал нь өрнө, дорнын соёл аль аль нь дэлгэрэх, Европын Холбоо, Еврази, Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудтай эдийн засаг, соёлын харилцаагаа өргөн хүрээнд хөгжүүлэх, улмаар бүс нутагтаа төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн гадаад харилцаанд нөлөө бүхий байх боломжийг бүрдүүлдэг. Энэ ч боломжоо ашиглаж Турк улс бүс нутагтаа геополитикийн шинэ тоглолт хийж байна.

Тус орны геостратегийн онцлог, улс төрийн дэглэм, төрийн байгууламжийн онцлог, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллагууд дахь оролцоо, нөлөөлөл, олон талт, өргөн хүрээтэй гадаад харилцаа, идэвхтэй гадаад бодлого зэрэг үндсэн хүчин зүйлүүд Турк Улсыг бүс нутгийн нөлөө бүхий гол тоглогчдын нэг болгож байна. Бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох нь Турк улсын үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэстний нэгдмэл шинж чанараа хадгалах, улмаар хөрш зэргэлдээ улс орнуудтай энх тайвныг эрхэмлэсэн, найрсаг харилцаатай байж, олон улсын алан хядах үйл ажиллагаа, салан тусгаарлах хийгээд хэт үзлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн аливаа эрсдэлт байдлаас сэргийлэх бодлогын зорилтуудтай тодорхой хэмжээнд холбоотой.

-Туркийн энэ бодлого дэлхийн болоод төв Азийн геополитикт ямар үр дүн бий болгох бол?

-1980-аад оны сүүл үеэс буюу ЗХУ задран унасны дараагаас Туркийн ерөнхийлөгч агсан Тургут Озалын удирдлага дор тус улс Каспийн тэнгис, Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлж, өөрийн өнгө аяс бүхий стратегийн зөөлөн хүч-пантуркизм буюу соёл, үндэс угсаа гарлын хувьд ижил төстэй, харилцан хамааралтай ард түмнүүдийг нэгтгэх бодлого явуулж эхэлсэн. Энэ нь Евразийн бүс нутаг шатрын нүүдлийн талбар болж эхэлснийг харуулж байлаа хэмээн зарим барууны судлаачид дүгнэсэн байдаг. ЗХУ задран унасан нь Турк улсад Грекийн эрэг орчмоос Хятад хүртэл долоон орныг хамарсан түрэг иргэншлийн сэргэн мандлын манлайлагч болох хосгүй боломжийг олгосон гэж барууны судлаач С.Хантингтон мөн үзсэн нь бий.

Туркүүдтэй угсаа гарал, соёл, шашин шүтлэг нэгтэй Төв Азийн шинэ тулгар төр улсуудад анх байгуулагдсан цагаас нь эхлэн өөрийн төрийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхээр Турк улс санаархаж, идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг. Эдгээр орнуудад бараг бүгдэд нь шашнаас тусгаар, иргэний, гэхдээ нэг хүний өргөн эрх мэдэл бүхий засаглалтай, ганцаар захирах бүгд найрамдах төр тогтсон. Турк улс өөрийгөө Улс Төв Ази, Каспийн тэнгис, Кавказын тэнхлэгийн бүс нутаг дахь тогтвортой байдлыг бий болгох баталгаа болж чадахаас гадна Төв Азийн бүгд найрамдах улсууд болон Кавказын орнууд дэлхийн хамтын нийгэмлэгт зохистой байр сууриа олоход ч тодорхой үүрэг гүйцэтгэж чадах бололцоотой гэж үздэг. Энэ бүс нутгийн улс орнуудын хувьд магадгүй исламын шашинт цорын ганц түнш улс нь байх нөхцөл үүссэн, энэ байдал нь Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутагт нөлөөгөө тэлэх бодлогоо хэрэгжүүлэх суурь болсон байх талтай.

-Манай хоёр орны харилцаа өнөөдөр чамалхааргүй түвшинд хүрсэн гэж хардаг. Мэдээж цаашдаа ч улам өргөжүүлэхэд анхаарах биз ээ. Ер нь ямар салбаруудыг түлхүү анхаарах нь зөв бэ?

-Монгол, Турк хоёр орны гадаад бодлогын хэрэгжилтийн явц дахь хоёр талын найрсаг харилцаа нь 1995 оноос өргөтгөсөн түншлэлийн, 2004 оноос иж бүрэн түншлэлийн шатлалаар хөгжиж, 2013 оноос стратегийн түншлэлийн харилцаанд шилжих зорилт тавин хөгжиж байна. Энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах салбарын харилцаа, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцаа өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, түүний дотор цэрэг, хууль сахиулах, шүүх прокурор, цагдаа, аудит, статистик зэрэг төрийн удирдлагын янз бүрийн мэргэжлийн байгууллагууд хооронд шууд харилцаа тогтож, идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал, далайн болон төмөр замын тээврийн боломж тааруу нь эдийн засгийн харилцаанд сул тал үүсгэдэг. Турк хүртэл авто замаар ачаа тээвэрлэхэд хугацаа их ордог, өртөг, эрсдэл өндөртэй. Агаарын тээврийн өртөг өндрөөс гадна хүчин чадал нэн хязгаарлагдмал. Турк, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд бага боловч хөгжих хандлагатай явж ирсэн ч хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлийн боломжууд хүссэн хэмжээнд хүрч хөгжиж чадахгүй байна. Цаашид Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар хоёр тал ярилцаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах нь чухал. Гэхдээ Туркийн иргэдийн очих дуртай Орхоны хөндий дэх Билгэ хаан, Культегин жанжны гэрэлт хөшөө хүртэл жижиг онгоц нисэхгүй байгаа. Улаанбаатараас машинаар явж, ирэхэд хоёр өдөр шаардагддаг зэрэг нь аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөтгөхөд саад болж байна.

Дэлхийн аливаа улс оронд компани, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай мэдлэг, мэдээлэл хийгээд материаллаг боломж бололцоо нэг дор байх нь чухал хэмээн үзэж байгаа. Ингэснээр шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, өртөг нь тодорхой болж эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Энэ салбарт Бүгд Найрамдах Турк Улс сүүлийн 30 гаран жилийн турш томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төр, засгийн түвшинд бодлогоор дэмжиж ирсэн нь Европын улс орнуудтай өрсөлдөхүйц түвшний ШУ, инновацийн төв, технологийн паркуудтай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай улс энэ чиглэлд тус улстай хамтран ажиллах, тэдний туршлагыг судлах, нэвтрүүлэх нь бусад салбарын хамтын ажиллагааны суурь үндэс болох юм.

-Турк сургуулийн захирлыг тусгай үүргийн онгоцоор авч явах нь, авч явлаа гэх зэргээр шуугьж байсан цаг саяхан. Ер нь турк сургуулиудтай холбоотой асуудал юу болсон бэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй турк сургууль тодотголтой турк, монгол иргэд хамтран хөрөнгө оруулж байгуулсан Ерөнхий боловрсролын сургуулийн асуудал хоёр орны харилцааны тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Бүгд Найрамдах Турк улсын зүгээс турк сургуулиудын үйл ажиллагааг хаах хүсэлтээ зөвхөн Монгол Улс бус Төв Ази, Африкийн олон улсад хүргүүлсэн байдаг. Эдгээр сургуулиудын үйл ажиллагааг хаагаагүй нөхцөлд алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг санхүүжүүлэгч мэт ойлгогдоно гэсэн Турк Улсын төр, засгийн албан ёсны байр суурь хэдий хурц боловч тодорхой түвшинд анхаарч үзэх ёстой асуудал юм. Цаашдаа эдгээр сургуулийн асуудлыг гадаад харилцааны шугамаар, Монгол Улсын ГХЯ-нд тавьж буй Туркийн Засгийн газрын саналыг сайтар судалсны үндсэн дээр, БШУЯ-ны холбогдох дүрэм, журам, стандартын дагуу шинэчлэн ажиллуулах, ингэхдээ эдгээр сургуульд суралцаж буй монгол сурагчдын эрх ашгийг үл хохироох нөхцөлтэйгөөр шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу

Олон улсын харилцааны судлаачпрофессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.


-2013 оны эдийн засгийн уналтаас хойш дэлхий ганц ч өдөр амар байсангүй. Өнгөт хувьсгал, поп удирдагчдын худалдааны дайн гээд л. Энэ бүхнийг та олон улсын харилцаа судалдаг хүний хувьд юутай холбож тайлбарлах вэ?

-Даян дэлхий ихээхэн донсолгоонтой байгаа нь гарцаагүй үнэн бодит байдал. 2014 оны Украины хямралаас тэр донсолгоон эхтэй. 2015 оноос Сирийн дайнд Орос, Өрнөдийнхөн оролцож, тэр донсолгооныг цааш дэвэргэсэн. 2020 оны намаржин өрнөсөн Нагорно-Карабахын дайн ч үүнд нэрмээс болсон. Гээд нэрлээд байвал олон баримт нотолгоо гаргаж ирж болно. Гэхдээ дэлхийн бодлого тодорхойлж явуулдаг улс гүрнүүд корона гэх гамшгийн өмнө эвлэлдэн нэгдээд, түүнтэй нэгдсэн зориг хүслээр тэмцээд, хэрүүл тэмцэл, өрсөлдөөнөө зогсоохгүй байгаад л өнөө цагийн гол эмгэнэл орших болов уу.

Дэлхийн шинэ дайны босгон дээр тулж ирлээ, бараг л дэлхийн III дайн дэгдчихлээ гэх шахуу дүгнэж бичиж байгаа гадаадын улстөрчид, судлаачид бишгүй дээ байна. Ямар ч гэсэн шинэ “Хүйтэн дайн”, эсвэл “II Хүйтэн дайн” дэгдэх нь дэгдсэн. Өнөөгийн Орос-Америкийн, Орос-Өрнөдийн харилцаа, Хятад-Америкийн харилцаа гэхэд л зарим талаар “Хүйтэн дайн”-ыхаа үеийнхээс дордоод байна.

Дордож байна гэдгээ та баримтаар ярьж болох уу?

-Оросоор жишээлье л дээ. Ердөө улстөрчдийнх нь аман заналхийллийг аваад үз. Улаан шугам давж болохгүй шүү хэмээн анхааруулсаар байтал Оросын эсрэг явуулж байгаа бодлогыг нь хар даа. ОХУ 2014 оноос хойш санкцанд байна. АНУ, Өрнөд Европ үгсэж байгаад л хориг тавина. Оросын эдийн засгийн хамгийн эмзэг сектор руу хориг тавьбал Орос нь Европын Холбоотой харилцаагаа таслахад бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зурагтаар ярихыг бид харсан. Тэр байтугай энх тайвныг хүсч байгаа бол дайнд бэлтгэ гэж хэлэхийг нь хүртэл сонссон. Бусад ертөнцөөс таслагдахыг Орос хүсэхгүй, гэхдээ түүнд бэлэн байх хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. НАТО-гийн үйл ажиллагаа орчин үеийн ертөнцийг аюул, эрсдэлд орууллаа хэмээн Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дэд дарга Дмитрий Новиков дүгнэсэн. НАТО-г сулруулах хүсэл ганц Орост байдаг биш, эрүүлээр сэтгэдэг бусад орнуудын ч хүсэл бас тийм гэж яг хэлнэ лээ. Америкийн заналхийлэл ч тоогоо алдаж байна. ТТГ-ын захиралд нэр дэвшсэн Вильям Бернс Сенатын хорооны хурлаар орж байхдаа Хятад, Оросын аюул заналын тухай тодорхой ярьсан. Хятадтай өрсөлдөх явдал АНУ-ын хувьд геополитикийн хамгийн том сорилт байх болно, харин Орос бол унаж яваа эзэнт гүрэн, тэгэхдээ дутуу үнэлж болохгүй хэмээн улайм цайм ярьж байна лээ. Барак Обама номдоо Оросыг хэт их гүрнийхээ статусыг алдсан гээд онолдоод, Оросын сул талуудыг ярайтал биччихсэн байна лээ. Оросыг геополитикийн ацан шалаанд оруулж, олон талаас нь боорлох кампанит ажиллагаа бүр ч эрчимжлээ. Жо Байдены өнгөн дээр бүр төрөлжиж төгөлдөрших нь байна. Беларусьт хүний эрх зөрчлөө, ардчиллыг устгалаа гэх аян шалтаг гаргаад Беларусь, Украин хоёрыг Европын Холбооны интеграцид оруулахад тусална хэмээн Байдены ярьсныг Төлөөлөгчдийн Танхимын гишүүн хатагтай Марси Каптур ил болголоо. “Төв болон Дорнод Европы Коалиц” гэх ТББ-ын цахим хуралд тэрээр хэдхэн хоногийн өмнө тэгж ярьж байсан. Трансатлантын холбоотны харилцаагаа Трамп сулруулаад байсныг эргэж бэхжүүлэх, улмаар Европын Холбоонд Беларусь, Украин мэтийн орнуудыг гишүүн болгох нь Байдены туйлын зорилго гэх шахуу ойлгогдож байна. “Беларусь дахь ардчиллын тухай хууль” гэдгийг баталчихаад өнгөт хувьсгалыг нь тал бүрээр дэмжихээ мэдэгдлээ. Вашингтоны эл алхмыг Европын Холбоо уухайн тас шүүрч аван ОХУ-ыг тойруулсан геополитикийн цагариг үүсгэх бодлогоо ил цагаан явуулж байна. 2009 оноос хэрэгжүүлсэн Европын Холбооны Дорнод түншлэлийн бодлого (The EU’s Eastern Partnership policy) эдүгээ хуучин Зөвлөлтийн зургаан улсыг хамарлаа. Үүнд Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдова, Украин нэрлэгдэнэ.

Өнөөдөр дэлхий даяар коронавирус гэх нэг дайсантай гурван он дамнан тулалдаж байна. Цар тахлаас болж олон зуун мянган ажлын байр үгүй болж, эдийн засгийн нөхцөл амаргүй байдалд байна. Энэ нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ цар тахал, хөл хорио мэдээж олон улсын харилцааны өрнөлтөд нөлөөлж байна. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн харилцан зорчих, бүр ардын дипломатын үйлсэд ч сөргөөр нөлөөлж байгааг бид олж харлаа. Үүнийг бид өдөр тутам дэлхийн хэвлэл мэдээллээс олж үзэж сонсож, бас өөрсөд дээрээ ч мэдэрлээ. Корона тахлын аюул эдийн засаг-санхүү, нийгэм-сэтгэл зүйд очиж маш хүнд туслаа. Хичнээн вакциндаад ч ойрын хоёр гурван жилдээ энэ хүндрэлийг дэлхий дахин давж чадахгүй гэсэн дүгнэлт л гадаадын сайтуудад голлож байна.

Удаа дараа болж буй энэ үйл явдлууд дэлхий нийтийг дайны үеийнх шиг л сэтгэл зүйтэй болгочихжээ. Одоо дэлхий даяар II дайны дараах үе шиг амар амгаланг хүсч байх шиг.

-Мэдээж, үргэлж зөрчилдье, тэмцэлдье, үхэлдье гэх хүсэл тэмүүлэлтэй улс үндэстэн байхгүй шүү дээ. Гэвч их гүрнүүд ашиг сонирхолдоо хөтлөгдөөд өрсөлдвөл юу болж хувирдаг жишээ сургамж шүү дээ. Коронавирус гэх аюулт тахал их гүрнүүдийг эвлэлдүүлэн нэгдүүлээд, тэд нэгдээд ганц хүчирхэг вакцин бүтээгээд дэлхийг өвчнөөс нь салгачихаж болмоорсон, уг нь ердийн хар ухаанаар бодоход. Тэгэхэд одоо коронавирусийн эсрэг вакцинаараа өвөр хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. Вакцин бүтээх түгээх дээрээ бараг холбоотон, түншээ тодорхойлох шахуу өрсөлдөөн болж байна. Хөгжиж буй ядарсан орнуудыг хувааж аваад вакцинаа шахах нь байна. Вакцинаараа Орос нь Францад геополитикийн ялалт байгуулчихлаа хэмээн Францын улс төр судлаач Паскаль Бонифас гэдэг хүн Ouest-France гэх хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Энэ санаандгүй үг биш байх аа.

Ер нь энэ бүхэн дэлхийн бодлогыг хааш нь дагуулж байна вэ?

-Дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу гэх айдас нүүрлээд ирлээ. Жо Байден сонгуульд өрсөлдөж байхдаа ч, одоо албаа хашихдаа ч холбоотны тухай их ярьсан, ярьж байна. Холбоотнуудтайгаа хамтарч даян дэлхийн худалдааны дүрэм журмыг тогтооно, тэгснээрээ Хятадын эсрэг сөрөн зогсох болно, АНУ дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг, харин дэлхийн эдийн засгийн өөр нэг 25 хувийг бүрдүүлдэг ардчилсан бусад орнуудтай хамтран Хятадын тулгалтыг эсэргүүцэх болно гэсэн нь Америк-Хятадын харилцааг бүр ч чангалах шиг боллоо. Оросыг геополитикийн бүслэлтэд оруулахад Армен-Азербайжаны дайн бүр ч түлхэц үзүүллээ. Турк өөрөө холбоотны том бүлэглэл үүсгэж байх шиг байна. Турк бол НАТО-гийн гишүүн, НАТО дотроо томхон зэвсэгт хүчинтэй улс. Бүс нутагтаа Умард Киприйн Туркийн БНУ гэсэн ганц холбоотонтой байсан бол одоо Азербайжан гол холбоотон нь боллоо, араас нь тэр альянсад нь Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргиз, Тажикистан нэмэгдэх бүрэн магадлалтай гэж үзэж байна. Учир нь Нагорно-Карабахын дайныг ашиглаад Кавказ руу гүнзгий ороод ирсэн Турк хуучин СССР-ийн орон зайд чөлөөтэй ажиллах бололцоогоо хангачихсан. Донбасст туркийн хөлсний цэрэг очоод байлдаж байна гэсэн хар мэдээ гараад ирэхэд гайхахааргүй болсон. Армены дотоод улс төр болохоо байж, төр-засаг нь тогтворгүй, арми нь яаж ч мэдэхээр байна. Армены зэвсэгт хүчин ялагдал хүлээснээр ирээдүйд Орос-НАТО-гийн хооронд дайн дэгдэх аваас иймэрхүү сценараар төгсөх болов уу гээд оросын өөрийнх нь судлаачид хүртэл анхааруулж байна лээ. НАТО-гийн бүрэн эрхт гишүүн Турк Оросын хувьд хэтдээ геополитикийн ноцтой сорилт болж мэдэх төсөөлөл бууж байна. Хар тэнгисийн эрэг хөвөөлсөн таван улс байдгийг хоёр нь болох Украин, Гүрж хоёр НАТО-гийн гишүүн болохоор хэтийдсэн лобби хийж, Гүрж нь шалгуурыг нь гайгүй хангасан бололтой. Европын Холбооны тал баримтлагч нэг бүсгүй Молдовад Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод Оростой хэл ам татлаад эхэллээ. Азербайжан цаашаа шуударчихлаа. Энэ мэтээс үзвэл Хар тэнгис, улмаар Төв Ази тэр чигтээ НАТО-гийн тоглолтын талбар болчих магадлал хэтдээ бодитой мэт. Гүн хуваагдал гэж ярьсных Ази ч эвслийн дахин бүлэглэлийн босгон дээр байна. “Хүйтэн дайн”-ы үед АНЗЮС, АЗПАК, СЕНТО, СЕАТО гэхчлэн империалист цэргийн эвслүүдийн тухай бид бишгүйдээ сонсож мэдэж байсан бол өнөө цагт тэр нь яг давтагдах аястай QSD–Quadrilateral Security Dialogue буюу Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ гэх шинэ эвсэл бүрдэж, түүнийг Азийн НАТО гэж нэрлэх нь түгээмэл байна. Энэ нь АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн дөрвөлсөн цэрэг-стратегийн альянс маягтай төлөвшиж байх шиг. Мэдээж сөргөлдөгч нь Хятад, Орос л байж таарна. Тэгж ч зарлаж байна. Гэх мэт хуваагдлын, дахин бүлэглэлийн олон баримт дурдаж болно. Африк өнөөдөр их гүрнүүдийн геополитикт ямар үүрэгтэй, ямар шинэ тавцан болчихоод байгаа, Оросын хөлсний цэрэг Африкийн олон оронд очиж яагаад байлдаж байгаа, Хятад Африкийг эдийн засгийн талаас нь барьцаалаад авсан, Хятад-Энэтхэгийн хоорондын маргаантай, хилийн будлиантай асуудал гээд ярьвал их яриа өрнөхөөр байна.

Дэлхий нийтийн бодлого чиглэл ийм байгаа тохиолдолд бид яах ёстой вэ?

-Монгол мэтийн жижиг улс том гүрнүүдийн геополитикийн хатуу ширүүн өрсөлдөөнийг хүсэхгүй. Хэний нэгнийх нь талд орж, түүний нэг оролцогч байх бололцоо ч байхгүй. Ийм ширүүн өрсөлдөөн дунд манай улс төвийг сахиж, аль алинтай нь найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн, хэвийн түвшинд нь явуулах нь өлзийтэй.

Манай улсын хувьд ч нөхцөл байдал амаргүй байна. Цар тахлаас эдийн засагт үүссэн хор уршиг хэсэгтээ л шүдний өвчин байх нь ойлгомжтой болоод байна. Энэ тохиолдолд бид яг яах ёстой вэ?

-Манай улс цар тахлын үед анх удаа хүндрээд сүйд болж байгаа гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Харин эсрэгээр өөр аргумент гаргаж тавимаар санагддаг. Монголын эдийн засаг түүхэндээ 17.3 хувьд 10-аад жилийн өмнө хүрсэн байх. Дэлхийн II дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг манай Монгол давж гарч байв шүү дээ. Тэр их оволзсон өсөлт, өсөлт дагаж орж ирсэн их мөнгө хаачсан болоод өнөөдөр эдийн засаг нь тэг заагаад иргэдийнх нь 1/3 ядуурчихсан юм бэ гэж би асуумаар санагддаг. Тэр “17.3 хувь” чинь ядуурлыг нь устгаад хаячих нь яасан юм бэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм. Төд удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарласан. Ингээд л Сү.Батболдыг байж болох бүхий л сэдвээр харлуулж, гутаан доромжлох их үйл хэргийг хэсэг бүлэг хүмүүс эхлүүлсэн. Бараг жил тойруу үргэлжилж байгаа энэ их хар пиар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам “төгсөрч” байгаа. Тусгаар улсын иргэнийг гадны улсын шүүхээр шүүлгэх гэж хүртэл оролдож байна. Энэ хугацаанд үүнийг дагасан үнэн, худал нь мэдэгдэхгүй хичнээн ч их үйл явдал болж өрнөв. Ардчилсан улсын иргэн эх орондоо албан үүргээ гүйцэтгээд сууж байхдаа гадны шүүхийн шийдвэрээр шийтгэгдэх нь л дээ. Хэн нэгний дураар аль нэг улсын шүүхийн шийдвэрээр, тэр шийдвэр нь баталгаа, нотолгоотой эсэх нь тогтоогдоогүй үед ардчилсан улсын иргэнийг шийтгэнэ гэдэг тийм ч амар асуудал биш юм аа. Энэ нь зөвхөн хувь хүний бус улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тиймдээ ч энэ асуудал хууль номынхоо дагуу димломат шугамын хүрээнд шийдэгддэг учиртай юм. Харин юу юугүй барьж хорих нь гэж туйлширч, элдэв шар мэдээ цацаж байгаа нь явцгүй улс төр болохыг бэлхэнээ харуулж байна.

Түүгээр ч үл барам гадны сонин, сэтгүүлд Сү.Батболдын талаар элдэв нийтлэл, баримт дэлгэгдлээ гэх өнөөх улиг болсон арга хүртэл явж байгаа харагдана лээ. Гадны сонин, сэтгүүлд гарсан л бол ноцтой хэрэг, үнэн баримт гэж итгэдэг цаг ард хоцорсон. Монголчууд ийм жижиг улс төрд хууртахаа больсон. Эцэст нь Сү.Батболдыг намнах халуурал нь хэтийдэж аймаар баян гэж шүүмжилдэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Ухаандаа Хятад шиг хамаг баячуудынхаа хөрөнгийг хураан хоосолж орхиод, эзнийг нь буудах болж байна уу. Коммунист нам удирдаж байгаа болохоор хятадууд л баячууддаа ийм ааш аяг гаргадаг юм. Үүнийг нотлох олон жишээ бий. Саяхан л гэхэд Жек Ма дэлхийн тэргүүлэх баян гэгдэж байсан. Манайхан хөл алдаж, Их аварга Д.Дагвадорж хүртэл хүзүү, нурууг нь бариад гүйж байсан цаг тун саяхан. Гэтэл өнөөдөр тэр хэн болчихов, өнөөх хөрөнгө мөнгө нь юу болж хувирчихав. Байдаг хөрөнгөө улсдаа хураалгачихсан, өөрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ.

Бид тэдэн шиг биш. Монгол Улс 30 жилийн өмнө хулганы хамарнаас ч цус гаргалгүйгээр ардчилал, эрх чөлөөг олж авч чадсан. Энэ бол бидэнд байгаа маш том боломж. Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй. Тиймээс одоо монголчууд нэгнээ баян, цатгалан гэж нүд үзүүрлэхээ боль оо. Ардчилсан Монголд энэ хориотой. Энэ нийгэмд чи ч, би ч, хэн ч баяжиж болно. Бид бүгдээрээ баяжих эрхтэй. Тэр хэмжээнээс дээшээ баяжиж болохгүй гэх хязгаар зааг огт байхгүй.

Сү.Батболдыг 300 сая ам.долларын хөрөнгөтэй, аймаар баян гэж цоллоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллартай хүн та бүхний хэлээд байгаа шиг аймаар баянд тооцогдохгүй ээ. Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллартай байж гэмээнэ дэлхийн хэмжээний хөрөнгөтөн гэгдэнэ. Ер нь баячуудаа элдвээр баалж, гоочилсон улс хөгждөггүй юм. Ингэж элдвээр чичлээд байгаа учраас л тэр баян гэх цол гуншинтай, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа нөхдүүд чинь Монголд хийж бүтээхийг урьтал болгохын оронд гадны орныг зорьж, амар жимэр хүсээд байгаа юм. Тиймээс бид хөрөнгө, мөнгөтэй нэгнээ баалж суухын оронд бахархдаг болох хэрэгтэй байна. Бүр тэднээс үлгэрлэж өөрсдөө баяжих хэрэгтэй. Баян болохын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг болох ёстой.

Дэлхийн хэмжээний баянтай буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван хүнтэй болоход Монгол Улсын амьдрал их өөрчлөгдөнө дөө. Мэдээж тэд танд зүв зүгээр байхад тань таван цаас сарвайхгүй. Ийм үүрэг ч тэдэнд байхгүй. Гагцхүү тэд эх орондоо ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгож, төрийн ачааг үүрэлцэх учиртай юм. Хүсвэл тэр ажлын байранд чи ажиллаж болно. Эс хүсвэл өөрөө баян болохын тулд шинийг эрэлхийлж, бусдаас илүү хөдөлмөрлөж баялаг бүтээгч, бизнес эрхлэгч болж болно. Баян болохын тулд залхуурахгүй, бусдаас илүү ихийг хийж, бүтээх хүсэл, эрмэлзэлтэй байх л чухал. Ердөө л ийм зарчимтай. Ингэсний чинь төлөө Монгол Улс чамд ямар нэгэн хорио, саад тавихгүй. Хөрөнгийг чинь хурааж, “аав”-ын хаалга татуулахгүй. Бид баячуудтай нийгмийг л байгуулах гэж яваа.

Үүнийг бид зөвхөн энэ цаг үед л хүсээд байгаа юм биш ээ. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ “Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой” гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулж байж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч Солийн Данзан “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж тунхаглажээ.

Мөн Монгол Улсын ес дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пэлжидийн Гэндэн “Баяжих тун” хэмээн нийтэд уриалж, лоозон гаргаж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс 100 жилийн тэртээгээс л баян иргэдтэй, хүчирхэг улс орон болохыг зөгнөн, мөрөөдөж, хүсч тэмүүлж байжээ. Тэдний холыг харсан энэ хүсэл зоригийг тухайн үед үгүйсгэсэн. Бүр хэлмэгдүүлэх шалтгаан болгосон гашуун сургамж энэ намд бий.

Мэдээж Ардчилсан нийгмийн үр дүнд энэ төрийн зүтгэлтнүүдийн үзэл санаа жинхэнэ утгаараа биеллээ олж эхэлсэн. Энэ нийгэм иргэдийг баян, хөрөнгө чинээтэй болгох хөшүүрэг нь болдог. Түүнээс төрөөс сарвайсанд сэтгэл ханаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг өдөр, өдрийг аргацааж явдаг арга ядсан нийгэм биш юм. Харин ч ядуу байгаагаа баалдаг болж, “Тэнгэр угсаат, хөх чоно, гуа маралын удам хөх толбот монгол хүн та хэзээ болтол ийм арчаагаа алдсан ядуу хоосон явах гээд байгаа юм бэ. Хүнээс хоол горьддог, хүнээр тэжээлгэх гэдэг, бүр болохгүй бол хүнээс булааж аваад амьдарна гэдэг зангаа боль” гэж загнадаг нийгэм шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Тэр битгий хэл төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боломжгүй юм биш үү?

-Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Анх Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 55 настай байх ёстой гэж оруулсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд “Яагаад эмэгтэй хүний тэтгэврийн насаар хуульчлах гээд байна вэ” гэж эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн явцад 50 нас болгож бууруулсан. Тэгэхээр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэдэг яриа саяхнаас гарч байгаа биз. Ердөө л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна. Яг энэ мөчтэй давхцуулаад Х.Баттулга дахин нэр дэвшихгүй гэх яриа гарсан. Маш олон хуульчид, ХҮН гэдэг намынхан хүртэл нэгэн зэрэг шаагилдаад эхэлж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу. Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д өөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга л даа. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл яриад эхэлж байгаа.

Тэгэхээр 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэх заалтыг Үндсэн хуульд оруулахыг МАН-ынхан санаачлаад батлагдаж дуусах хүртэл маш ойлгомжтой байсан. Одоо У.Хүрэлсүх үүнийг хувийн эрх ашигтайгаа нийцүүлж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэгэхээр ямар ч эргэлзээ байхгүй. Хууль буцаан үйлчилдэггүй зарчмаар ч эргэлзэх зүйлгүй.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр ч утгаараа таныг одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан гээд байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Тэр бол гүтгэлэг. МАН-ынхан гүтгэхдээ маш мундаг шүү дээ. 100 жилийн өмнө энэ нам гүтгэж байсан одоо ч тэр хэвээрээ. Д.Сүхбаатар жанжныг Богд хааны явуулсан лам хордуулж алсан гэдэг гүтгэлгээр кино хүртэл байдаг. Тэгэхээр анх байгуулагдахдаа ч гүтгэдэг байсан одоо ч энэ нь өөрчлөгдөөгүй. Өөрсдөө тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй тухай огт яриагүй байж байгаад У.Хүрэлсүх нь дэвших болохоор гэнэт тийм зүйл яриад түүнийгээ намайг хийсэн гэх. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт маш хязгаарлагдмал хүрээнд орсон. Саяын батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4-д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон. Шүүхийг хариуцлагатай болгох, Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг дээр давхацсан зүйл бий. Миний оролцоо бол зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг тайлбарлах үүрэгтэй байсан. Түүнээс би санал гаргаад түүнийг нь МАН-ын гишүүд кнопдсон зүйл байхгүй.

Ер нь Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсвэл Цэцэд хандаж үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгосны дараа дэвшиж болно гэсэн үг.

-Тэгвэл Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл заалт 2025 оноос хэрэгжих гэж байсныг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжихээр болгох санал гаргасан нь ямар учиртай юм бэ. Хугацааг наашлуулсан нь энэ маргаан гарах шалтгаан болчихоод байна л даа.

-Санал гаргаагүй ээ. АН-ын дарга байсан З.Энхболд санал гаргаад л, тэрийг МАН-ын 65 гишүүн хууль болгож батлаад байх уу. Өөрсдөө хийчихээд намайг гүтгэсэн. Тэгээд ч хууль хэрэгжих хугацааг 2020 он болгосон ч Үндсэн хуулиа барина шүү дээ. Зургаан жил Ерөнхийлөгч хийсэн хүн дахин нэр дэвших эрхгүйн тухай ярьсан болохоос биш өөр хэн нэгэн хүний тухай Үндсэн хууль дээр бичээгүй, тийм хууль батлаагүй.

-Нөгөө талаараа хууль санаачлагчид Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд тус зохицуулалтыг үг дуугүй хийчихсэн юм биш үү. Та ингэж хардаж байна уу?

-МАН-ын 65 гишүүнээс Ерөнхийлөгчид дэвших санаатай хэн нэгэн нь хийсэн байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад У.Хүрэлсүхэд нэр дэвших бодол байгаагүй. Гэсэн ч дагаж мөрдөх УИХ тогтоолыг биш, Үндсэн хуулиа л барина.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор дээрх асуудал Цэц дээр очихыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэц таны хэлснээр ойлгож, тайлбарлах болов уу гэдэг нь сонин байна.

-Ер нь Цэц дээр очсон ч Үндсэн хуулиа үндэслэж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдохын тайлбар гарч ирнэ.Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд л байгаа. Энэ Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан ч үүсгэхгүй байлгүй. Цэц харин сонгуулийн хууль нь Үндсэн хуульд заагаагүй хязгаарлалт тавьж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байгааг авч хэлэлцэж сонгуулийн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож болно.

-Та дээр ХҮН-ыг МАН-ын нэг хэсэг гэх зүйлийг хэллээ. Харин ч иргэд нэг хүчтэй сөрөг хүчин гарч ирэх нь гэж харж байгаа шүү дээ.

-Үйлдлийг нь хар л даа. Би зүгээр нэг шар сонины мэдээгээр дүгнээ-гүй. У.Хүрэлсүхийг Ерөн-хийлөгчийн сонгуульд ялуулахын тулд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гээд л яриад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль ХҮН-ын ганц УИХ-ын гишүүний тайлбарласнаар болохгүй л дээ.

-Та УИХ-ынсонгуулийн дараагаас нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийж амжуулж байна вэ?

-Хувийн компанийнхаа ажлыг л хийж байна, өөр юу хийх вэ.

-Таныг намынхаа үйл ажиллагаанд нэлээн идэвхтэй оролцох болов уу гэж харж байлаа. Гэтэл та ажигласан янзтай байх шиг.

-Хувийнхаа бизнесийг 1996 онд Төрийн өмчийн хорооны дарга болоод л орхигдуулж. Ер нь бол төрд, намд зүтгэж болсон байх аа. Хувийн компани маань 1996 онд ямар байсан тэр чигтээ таг зогссон байна. АН-ыг аваад явах олон зуун мянган гишүүн бий. Тэд ил гарч ирэх хэрэгтэй. Аль юм болгон лидер гэсэн хэдэн хүнийхээ ард нуугдахав. Жишээ нь, “МАН коронатай маш муу тэмцэж байгаа. Одоо хүртэл вакцин худалдаж аваагүй, тусламжаар ирсэн цөөхөн тоотойг тооцохгүй бол. МАН-ын Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны төсөвт 100-хан тэрбум төгрөг суулгасан бол өнөөдөр вакцинаа хийлгээд хэвийн амьдралдаа буцаад орох байлаа. Сүүлийн хоёр жил улсын төсвийн таван их наяд буюу 5000 тэрбумаар улс даяар шавар амбаар бариад 44 хувийн алдагдалтай төсөв баталсан”. Ийм зүйлийг шүүмжилдэг идэвхтэй сөрөг хүчин болгох лидер АН-ын 180 мянган гишүүдээс гарах байх аа.

-Та улс төрд эргэж орохгүй гэсэн үг үү?

-2024 он болтол хувийн ажлаа амжуулъя даа. Тэр үед нь л болъё. Чи яагаад намайг улс төрөөс гаргах гээд байна. (инээв)

-Тэгэхээр та намын даргын сунгаанд оролцохгүй юм байна. Тэгвэл ямар хүн Ардчилсан намыг удирдаасай гэж хүлээж байна вэ?

-Буцаад АН-ын дарга болох зорилго алга. 2016 онд сонгуульд ялагдсан гээд би дүрмийн дагуу ажлаа өгөөд явчихсан. Түүнээс хойш энэ намыг өөр хүмүүс авч яваа. Дүрмийн дагуу авч явах ёстой. Сонгуулийн дүнгээр намын удирдлага солигддог дүрэмтэй. 2020 оны хоёр сонгуулийн дүнгээр ялагдсан сум, дүүрэг, аймаг нийслэлийн АН-ын дарга нар ажлаа өгдөг, дараагийн даргыг гишүүд нь сонгодог дүрэм. 330 сумын талынх, 21 аймгийн ялсан найман аймгаас бусдынх нь, СБД-ээс бусад дүүргийн болон нийслэлийн АН, эцэст нь АН-ын даргын сонгууль явагдана гэсэн үг. Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. Ардчилсан намын дарга болъё гэвэл эхлээд гишүүддээ лидер гэдгээ харуулах ёстой. Сум, аймаг ч мөн ялгаагүй ийм. АН удирдлагын хэдэн хүнд биш нийт 180 мянган гишүүндээ л АН-ыг аваад явж чадна, дараагийн сонгуульд амжилт үзүүлж чадна гэдгээ итгүүл. Тийм хүсэл зориг энэ залуучуудад байх ёстой. Дүрэм нь ийм юм. Бодоход АН-ын дарга байсан хүмүүсийн ихэнх нь оролцохгүй байх. Учир нь эхнээсээ 60 нас гараад эхэллээ. Дараагийн үе нь би 55 настай болж байна. Намын дарга бол хүнд ажил. Энэ ачааг дааж, Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараахь УИХ, орон нутгийн сонгуульд намаа авч явж, улсын хэмжээний намын лидер болж чадна гэж байгаа хүн өрсөлдөх хэрэгтэй.

Уг нь зөвхөн намын дарга гэлтгүй аймаг, сум дүүргийн намын даргын сонгуулийг явуулаарай, энэ бүхнийг зохион байгуулаарай гэж С.Эрдэнэ Ц.Туваан гэдэг хүнд тамгаа өгсөн. Ц.Туваан нь энэ бүх ажлыг хийхийн оронд гишүүдээсээ дарга сонгодог дүрмийг өөрчлөх гэж оролдлоо. Тэр нь бүтэлгүйтлээ. Гишүүдээсээ даргаа сонгодог зохицуулалт бол найдвартай арга. 100 гаруй настай Английн нам энэ дүрмээр сүүлийн гурван сонгуульд ялсан. Тиймээс одоо дүрмээ бус даргаа солиод л урагш явах хэрэгтэй. Дараагийн лидерүүд гарч ирэх цаг нь болсон.

-АН УИХ-ын сонгуулиас хойш эв зүйгээ олохгүй байсаар энэ хүрлээ. Аль нэг намын оролцоогүй Ардчилсан нам өөрөө өөрийгөө л доош чангаасаар байна. Сөрөг хүчний үүргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь АН-ын нэр хүндийг улам унагаж байна л даа.

-Маш яаралтай цэгцрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампад энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.

-Саяхан Засгийн газар огцорлоо. Хариуцлага хүлээж, сайн дураараа огцорсон нь жишиг боллоо гэж буй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр гэж харах нь цөөнгүй байна. Та юу хэлэх вэ?

-Туйлын буруу жишиг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын суудлыг эмзэг биш, бат бөх, ядаж дөрвөн жил суудаг болоосой гэж мөрөөдөж зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг У.Хүрэлсүх нураасан. 18 сарын дундаж настай Засгийн газар үргэлжлээд л байна. Ингэж болохгүй. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс айсан, ичсэн. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гээд явахаар МАН-ыг, Засгийн газрыг, УОК-ыг шүүмжилж болно. Тэгж л хүний толгой эргүүлэх гэж оролдож байна. Одоо У.Хүрэлсүх нэр дэвшинэ, бүгдийг нь “хяргана”. Өөрөө энэ бүхнийг хийгээгүй юм шиг ярина. Эдийн засаг элгээрээ хэвтэж, 44 хувийн алдагдалтай төсөв баталсан нь цэвэр У.Хүрэлсүхтэй холбоотой, өөр хэнтэй ч биш. Монгол Улсын төсвийг 100 төгрөг гэвэл 44 төгрөгийг зээлэхээр төсөв анх удаа баталсан. Одоо энэ бүрийг Ч.Хүрэлбаатар хийгээд явсан шүү дээ гээд яриад явахад би лав гайхахгүй. Монгол Улс сүүлийн 100 жилд хэзээ ч 44 хувийн алдагдалтай төсөв баталж байгаагүй. Коронавирустэй жил энэ шавар амбааруудаа бариагүй бол алдагдалгүй төсөв баталж болох байсан. 2016 оноос хойш барьсан шавар амбаарын дүн 10 их наяд гараад явж байна.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулжээ Ийм хэмжээний том алхам хийхэд манай улс бэлэн үү. Үр дүнтэй байж чадах уу?

-10 их наядын гурван их наядыг ипотект зарцуулхаар байна лээ. Ипотект гурав байтугайг зарцуулж болно. 2012-2016 онд ипотекийг эхлүүлж, шаардлага хангасан хүн болгон авч болдог байсан. МАН 2017 оны нэгдүгээр сард Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгоод ипотекийг зогсоочихсон. Одоо явж байгаа багахан хэмжээ нь Ипотекийн сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа. Тиймдээ ч авлига өгч авахдаа тулаад байгаа юм. АН-ыг засаг барьж байх үед шаардлага хангасан хүн бүр ипотекийг авдаг байлаа. Ипотекийн хөтөлбөрийг хийх үед Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр ипотекийг хэрэгтэйг ойлгоод буцаж нэвтрүүлж байна. Өмнөх сайд нь эсэргүүцсээр байгаад зогсоосон юм. Оройтсон ч гэсэн эхлүүлж байгаа нь сайн. Гэхдээ энэ хугацаанд авч чадалгүй хохирсон хүн их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлд хоёр их наяд төгрөг өгнө гэсэн. Банкаар өгнө гэсэн нь зөв. Хуучин гишүүд нь хувааж идсэн алдаагаа засах гэж оролдож байна гэсэн үг. Ийм маягаар боломжийн санаанууд яригдаж байна лээ. Гэсэн ч улс өөрөө орон сууц барина гэж ярьж байгаа нь буруу, төрөөс зөвхөн ипотекийн зээлийг хүртээмжтэй, таслахгүй байх л үүрэгтэй. Орон сууцыг олон хувийн компаниуд өрсөлдөж барих хэрэгтэй. Өрсөлдөж барьснаар үнэ буурахаас биш улсаас үнэгүй цемент, арматур өгч болохгүй. Дотооддоо арматур, цемент үйлдвэрлэж чадаж байсан. МАН-ын 65 гишүүнтэй УИХ хууль гаргаж ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг зогсоосон. Дотооддоо арма-тур үйлдвэрлэхийн тулд Ч.Хүрэлбаатарын батлуулсан АМНАТ-ийн таван хувийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Манай нүүрсээр Монголд ган үйлдвэрлэхээр таван хувийн нэмэгдэл татвартай, Хятадад татваргүй байна. МАН-ынхан Монголын ашигт малтмал боловсруулдаг аж үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд байгаа хямдхан арматур Монголд үйлдвэрлэж байж л бүтнэ. “Бэрэн” үйлдвэр ганцаараа Монголыг хангах арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл коксжих нүүрсийг кокс болгож хувиргадаг үйлдвэр барихыг хуулиар хаачихсан учраас тус үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатарын хууль ч гэж нэрлэж болно. Монголд арматур үйлдвэрлэхээр таван хувь үнэтэй, Хятадаас арматур авахыг урамшуулсан хуулийг УИХ баталсан, одоо ч хүчинтэй байхад 10 их наядаар орон сууц ихээр барина гэвэл долларын ханшаа л алдана даа. “Монголчууд үйлдвэрлэл эрхэлж болохгүй ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш нь урсга” гэдэг МАН-ын хорон бодлого. Түрүүчийн УИХ-ын хийсэн хамгийн том гай энэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Бямбажаргал: 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий

Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор уг хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажил ид өрнөж байна. Үүний дагуу хийгдэх нэг чухал хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. 1992 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг бид гурван хэсэгт хуваан үзэж болно. Ингэж хуваах нь засаглалын суурь бүтцэд анх буюу 1992 онд хагас Ерөнхийлөгчийн маягийн засаглал, хожим 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Парламентын засаглал тийш хандсан, улмаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн Парламентын засаглал бүхий тогтолцоог нэг мөр баталгаажуулсан явдалтай холбоотой. Энэ нь 2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий гэдэгт гол ач холбогдол нь байгаа юм. Иймд шинээр батлагдах хууль дээрх агуулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилсэн найруулгын түвшинд батлагдах гаргах учиртай.

-Та сая хэллээ 1992-2000 он, 2000-2019 он хоорондох, 2019 оноос хойших Ерөнхийлөгчийн институцийг зарчмын ялгаатай гэж, энэ зүйлийн тодруулахгүй юу. Одоо батлагдах хууль чухам яагаад өмнөх хуулиудаас ялгаатай юм бэ?

-Гол ялгаж буй шалтгаан нь засаглалын хэлбэртэй холбоотойг. Бүгд найрамдах улс дах засаглалын хэлбэрийг ангилах гол шалгуур нь Засгийн газрыг хэн байгуулж, тэр нь хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог гэх зэргээр ангилдаг. Манай орны хувьд 1992 оны Үндсэн хуулиар хэдий сонгуулийн үр дүнд олонх болсон нам засгийн газрыг байгуулахдаа заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж Ерөнхий сайдыг томилохоор зохицуулж байв. Энэ үед Ерөнхийлөгчийн оролцоо Засгийн газрыг байгуулахад өндөр байсан учраас Да.Ганболд гэж хүнийг Н.Багабанди Ерөнхийлөгч найман удаа буцааж эцэст нь өөр хүнийг томилсон. Энэ нь манай улс холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсны нотолгоо. Гэхдээ энэ байдал нь анх 1992 онд Үндсэн хууль төсөл санаачлагчдын саналыг “281” холбоо гуйвуулсантай бас холбоотой байдаг. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Парламентын засаглал руу том алхсан бөгөөд нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг Ерөнхийлөгчөөс шууд хамааралгүйгээр буюу олонх болсон нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа гаргаад түүнийг долоо хоногт Ерөнхийлөгчтэй зөвшилцөж санал гаргаагүй бол шууд УИХ-д оруулан засгаа байгуулах боломж бүрдсэн.

2019 оны өөрчлөлт бол өмнөх 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн санааг улам бүр гүнзгийрүүлж Ерөнхийлөгчийн институцийг төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд илүү бэлгэ тэмдгийн чанартай байж түүнд цаашид гүйцэтгэх эрх мэдэлд хязгаартай оролцох агуулгаар зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулсан. Энэ дагуу нөгөө талд нь Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлэх, ачааны хүндийг үүрэг боломжийг олгосон.

-1992 онд анх Ерөнхийлөгчийн институцийг төсөл боловсруулагчдын төсөөлж байснаас өөрөөр баталсан гэдэг юу гэсэн үг вэ?

-Монгол Улсад Ерөнхийлөгч гэх албан тушаал анх 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиас эхлэлтэйгээр бий болж БНМАУ-ын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар Ардын Их Хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгож байсан. 1992 оны Үндсэн хуульд өмнөх төрийн тогтолцооны олон элемент уламжлан орсон байдаг. Ерөнхийлөгчийн институцийг Үндсэн хууль боловсруулсан ажлын хэсэг, ариутган шүүсэн Улсын Бага Хурал төрийн эрх мэдлийн хяналт тэнцэлд УИХ-аас сонгогдох агуулгаар бодож боловсруулсан болох нь эргэлзээгүй. Гэтэл Ардын Их Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад анх бодож байсан зүйлсэд зарим нэг өөрчлөлт орсон. Учир нь тухайн үед “281” гэх тодотголтой хэсэгт депутатууд Ерөнхийлөгчийг шууд иргэд сонгох ёстой гэдэг хөдөлгөөн өрнүүлж тэдний санал, шахалтаар төслийг өнөөгийн хэлбэрээр өөрчлөн баталсан түүхтэй. Энэ үед анх бодсон зүйл явцдаа өөрчлөгдөж сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай байхаар нэг талаас “281”-ийн холбооны санал, нөгөө талаас УИХ-аас хууль гаргах замаар хоёр дахь шатны сонгуулийг хийх гэх “анхдагч төслийн санал” аль аль нь зэрэг дэмжигдсэн хэрэг. Тэр үүднээсээ тухайн үед төсөл санаачлагчид УИХ-аас Ерөнхийлөгчийг томилдог, мөн огцруулдаг, Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцдаг, Ерөнхийлөгчийг зөвхөн УИХ-д суудал бүхий нам нэр дэвшүүлдэг гэдэг заалт үлдсэн юм. Харин дээрх гажуудлаас үүдэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд орж ялалт байгуулах нэр дэвшигч аль ч УИХ-ын гишүүнээс өндөр саналтайгаар, мөн ард түмний төлөөлөл гэж хэлэн засгийн бодлогод өөрөө мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцох зэргээр олонхын Засгийн газрыг улс төрийн шалтгаанаар шахан гаргаж нэг талаар Гүйцэтгэх эрх мэдэлтэй эн булаацалдах, дахин нэг Засгийн газрын үүрэг гүйцэтгэх гэсэн амбиц бүхий субьект болж хувирсан байдаг. Тийм ч учраас 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго Гүйцэтгэх эрх мэдлийн ачааны хүндийг зөвхөн Засгийн газар байх чиглэлд томоохон зарчмын шинжтэй алхам хийсэн хэрэг.

-Тэгвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл байхыг зөвшөөрөх вэ. Нөгөөтэйгүүр ямар эрхүүд нь хязгаарлагдаж байгаа бол?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямартаа ч гүйцэтгэх эрх мэдэлд оролцох Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж чадсан. Энэ нь дараахь байдлаар хийгдсэн. Нэгт, Засгийн газрыг байгуулах хүрээнд Ерөнхийлөгчид байсан эрх болох Үндсэн хуулийн 33.1.2-т заасан эрхийг хүчингүй болгож, Засгийн газрыг эмхлэн байгуулах 39.2-т шинээр оруулсан. Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заасан 33 дугаар зүйлийн 33.4-т өмнө байсан Ерөнхийлөгчид хуулиар бүрэн эрх олгож болох заалтыг хязгаарлаж зөвхөн түүний үндсэн бүрэн эрх гэж 33.1-т заасан 12 орчим бүрэн эрхийг л хуулиар зааж болох гэх томоохон өөрчлөлт оруулсан. Гуравт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналаар Үндсэн хуулийн 26.1-т түүний хууль санаачлах эрхэд хязгаар тогтоож болох заалтыг оруулсан. Чухамдаа энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгож байх болсон. Иймд Ерөнхийлөгчид 1992 оноос хойш өөрөө болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс санаачлан 40 орчим хуулиар түүний үндсэн бүрэн эрхэд үл хамаарах эрхийг олгосон хуулиудыг өөрчлөх шаардлага гарч түрүүчээсээ Шүүхийн тухай хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилдог, Сахилгын хорооны гишүүдийг томилж байсныг хязгаарласан. Товчдоо энэ мэтээр түүний бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрх болон Үндсэн хуулийн өөр хэсэгт буй бусад бүрэн эрхийн хүрээгээр хязгаарлах, мөн хууль санаачлах эрхэд хязгаарлалт тогтоох буюу Засгийн газар бодлогоо дэвшүүлэн санаачлах асуудлаар хууль давхар санаачлахгүй байх зэрэг асуудал шинэ хуулиар зохицуулагдах шаардлага үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оноос хоших буюу 1992-2019 он хүртэлх Ерөнхийлөгчийн бүрэн эрх зарчмын ялгаатай гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхээр маргаан үүсч буй. Хуульчдын зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсээр өнөөдрийг хүрлээ. Тэрээр дахин нэр дэвших боломжтой юу?

-Шууд хэлэхэд, хууль зүйн хувьд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Яагаад гэвэл анх 2019 оны зургаадугаар сард нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу найман жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвшиж улмаар нэг удаа улиран сонгогдож болох байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболд даргын гаргасан саналаар хасаж цаашид өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн зөвхөн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдах болсон. Энэ нь дараах үндэслэлтэй. Нэгдүгээрт, 1992 оны Үндсэн хуулийн зорилго буюу анхдагч үзэл санаа ёсоор бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно гэдгийн дагуу нийтдээ найман жил ажиллах боломжтой байхаар заасан. Гэтэл одоо өмнө нь нэг удаа болон хоёр удаа сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдвол шууд 14 болон 12 жил ажиллах болж буй юм. Энэ нь Үндсэн хуулийн анхдагч үзэл санаатай огт нийцэхгүй. Хоёрдугаарт, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүчингүй болсон нэг заалт бол Үндсэн хуулийн 31.7-д байсан Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэх заалт. Энэ заалт одоо Үндсэн хуульд байхгүй учир зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох гэх агуулгаараа өмнө Ерөнхийлөгчөөр нэг бүрэн эрх буюу дөрвөн жилийн хугацаанд ажилласан гурван хүний хувьд шууд одоо сонгогдох эрх нь шууд хязгаарлагдах болж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд бичээгүй л бол шууд хориглогдох Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим үйлчлэх ёстой болдог. Гуравдугаарт, анх төсөлд 2025 оноос Ерөнхийлөгчтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн заалт хэрэгжихээр заасан байсан нь өөрөө санамсаргүй хэрэг огт биш юм. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх Ерөнхийлөгчийн институцийг агуулгын хувьд өөрчилснийг өмнө би хэлсэн. Үүний дагуу одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийн хувьд дахин дээрх бүрэн эрийг эдлэхгүй болж буй хэрэг. Гэтэл 2025 хүртэл дээрх хугацааг хойшлуулсан байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь санал гаргаж шууд түүний эрх зүйн байдалд халдсан нь нэг талаасаа одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг.

-Тэгэхээр тэд хуулийг эцэст нь хэрхэн, яаж хэрэгжихийг бүрэн дүүрэн ойлгоогүй хэрэг үү?

-З.Энхболд дарга дээрх хууль зүйн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байна гэж бол байхгүй. Ойлгохын дээдээр ойлгож бүр зориулж хийсэн мэт харагдаж байгаа. Одоо бодоход хэн нь чухам Ерөнхийлөгч байсан юм болдоо гэж хүртэл бодогдохоор. Түүний энэ санал 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг хэлэлцэхэд гарсан юм билээ. Мөн тэр хуралдааны тэмдэглэлийг үзвэл Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хэрэгжих хугацааг 2021 он болгон өөрчилж буйг, улмаар ингэж өөрчлөх нь зөв мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороотой холбоотой хэсгийг бүр 2020 оны тавдугаар сарын 20-нд гэх хэрэггүй, маргаашнаас хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэх зэргээр дээрх байнгын хорооны тэмдэглэлд туссан байдаг юм билээ. Тэгээд харахаар ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан ёсны байр суурь л гэж хэлж болхоор байгаа юм.

-Одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэж байна. Энэ асуудлаар одоогийн Ерөнхийлөгч Цэцэд хандахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэцийн гишүүд өөрөөр тайлбарлах боломжтой юу?

-Харилцааны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дээрх асуудал үүсч буй. Энэ зүйлийг 2010 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуульд Ерөнхийлөгчид хэд хэдэн тодорхой бүрэн эрх олгосон. Тухайлбал, Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томьёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл хориг тавьж болохоор, хэрэв хориг тавихгүй гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурж, төрийн тамга дарж нотлон баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгалдаг. Тэгвэл Ерөнхийлөгч энэ эрхээ эдэлж 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж нэмэлт, өөрчлөлтийн Үндсэн хуулийн уг эхэд оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар өөрийн бүрэн эрхээ эдэлсэн хэрэг. Түүнчлэн нэр дурдаад буй Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол өөрөө Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байхаар түүний дөрөвдүгээр зүйлд заасан байдаг. Энэ нь дагаж мөрдөх журмын хууль өөрөө Үндсэн хуулийн нэгэн хэсэг гэсэн үг юм. Гэтэл Цэц Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буй эсэхийг хянадаг болохоос Үндсэн хуулийн нэг заалт, нөгөө заалттай нийцэж буйг бол хянах эрхгүй байдаг. Нэг үгээр хэлбэл, яг энэ асуудлаар цаашид хэн ч, тэр дундаа Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхгүй болсон. Энэ нь түүнийг энэ талаар Цэцэд хадах боломжгүй болгож буй юм.

-УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох хугацааг ирэх зургадугаар сарын 9-нд байхаар товлон зарласан. Ийнхүү товлон зарласан нь хэр зөв юм бэ?

-Зөв, эсвэл буруу гэхээс илүү бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудал. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ жил дуусгавар болж буй буюу тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж улмаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан. Тэгэхээр энэ бол хуулиар зохицуулах бүрэн боломжтой асуудал юм. Анх буюу 1993 онд энэ харилцааг Ерөнхийлөгчийн сонгуулийг түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй, 60-аас дээшгүй хоногийн өмнө явуулна гэж зааж улмаар ээлжит сонгууль явагдаж ирсэн. Одоогийн шинэ сонгуулийн хуулиар зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулахаар заасан. Тэгэхээр өнөөгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн учир анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн агуулгаас зөрөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгууль 2017 онд сонгууль зургаадугаар сард зохион байгуулагдаж байсан тул зургадугаар сарын 9-ний өдөр сонгуулийг зохион байгуулахад ямар нэг зөрчил бол гаргахгүй.

-УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд хийхээр товлон зарласан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох Үндсэн хуулийн заалт өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тийм байхад өмнөх шигээ дөрвөн жилээр Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь буруу гэж тэрээр хэлж байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хариуцлагатай алба хашиж байсан хүн гэхэд тун хариуцлагагүй санал, санаачилга гаргаж байгаа гэж харагдаж байна. Учир нь түүний хэлж буй харилцааг үндсэн хуулиар өөрт нь бус харин түүнийг дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулж байгаа. Магадгүй тэр хуулийг олж үзээгүй, эсвэл зориуд дээрх байдлаар мушгиж байгаа болов уу. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан. Харин түүний дагуу УИХ-ийн баталсан хуваарийн дагуу УИХ энэ хавар Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн батлах юм. Иймд одоогийн Ерөнхийлөгч хэдийгээр Үндсэн хуулиар хориглогдсон боловч (33.4-т заасны дагуу) бусад хуулиар олгосон зарим бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Мөн тэрээр тангараг өргөж, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль одоо хүчин төгөлдөр бөгөөд энэ хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд буюу дөрвөн жил бүрэн эрхтэй байхад нийцэн гарсан. Нэгэнт шинэ хуулиар Ерөнхийлөгчийн харилцааг зохицуулж буй Ерөнхийлөгчийн тухай хууль өөрчлөгдөөгүй болохоор тэр хуулийн зургаадугаар зүйлийн 1-д заасан түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэдэг заалт хэрэгжиж буй хэрэг. Иймээс энэ харилцааг хууль зүйн хувьд бол процедур тогтоож буй дагаж мөрдөх хуулийн дээрх зохицуулалтаар зохицуулж байгаа. Тиймээс ямар нэг эргэлзээгүйгээр сонгууль энэ жил буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж буй учир явуулах юм.

-Мөн тэрээр 2023 онд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэж байна. Энэ нь боломжтой юу?

-Сая би хэлсэн дээ. Тэгэх ямар ч хууль зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгох эрхийг шууд хууль баталж хулгайлж авч хэрхэвч болохгүй. Хэрэв тэгвэл төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг болох талтай. Мөн зөвхөн Х.Баттулга гэдэг хүнд зориулж буй Ерөнхийлөгчийн хувьд нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль дөрвөн жил байхаар зааж, бүрэн эрхийг хэрэгжүүлж буйг санах хэрэгтэй. Түүнээс биш зургаан жил гэж тэр хуульд заалт байхгүй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхбаяр: Засгийн газар төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндсөн тул 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийх хэрэгтэй

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулжээ. Өнгөц харахад олон сайхан үр дүнг авчрахаар харагдаж байгаа ч иргэдийн амьдралд төсөөлсөн хэмжээнд үр өгөөжөө өгч чадах болов уу?

-Өнөөгийн үүссэн нөхцөл байдлын үндсэн шалтгаан нь халдварт өвчний тархалт буюу коронавирусийн дотоодын тархалт. Иймээс эдийн засаг, нийгмийн аливаа хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө халдварын тархалтыг хумих, хязгаарлах арга хэмжээний цаашдын төлөвлөгөөг маш тодорхой болгох, хэзээ ямар үр дүнд хүрэх гэсэн урьдчилсан таамаглалыг боловсруулан гаргаж бизнес эрхлэгчид, нийт иргэдэд танилцуулах шаардлагатай. Ковидын тархалт, хөл хорио тогтоосны улмаас өнгөрсөн хавраас хойш олон хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байгаа аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид юуны өмнө ойрын зургаан сарын дотор үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг төлөвлөхийн тулд бодитой, тодорхой мэдээлэл шаардлагатай байна. Тухайлбал, ирэх 3-6 дугаар саруудад нийслэл хотын хэмжээнд, мөн хөдөө орон нутагт ямар үйл ажиллагааг зөвшөөрөх вэ, ямар үйл ажиллагааг нээхгүй буюу хориглох вэ, дахин хөл хорио тогтоох арга хэмжээ авах уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ийм тодорхой мэдээлэлгүй, эрсдэлтэй ойлгомжгүй байдал хэвээр үргэлжилсээр байвал бизнес эрхлэгчид, үүний дотор худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж байгаа иргэд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Ойрын зургаан сарын дотор том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэхээс илүүтэйгээр зогсонги байдалд ороод байгаа бизнесийн үйл ажиллагааг хэрхэн, аажмаар хэвийн байдалд шилжүүлэх вэ гэдэг төлөвлөгөө нь илүү чухал байна. Энэ явцдаа Засгийн газрын танилцуулсан дээрх төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байх нь зүйтэй болов уу. Барилга орон сууцны гэх мэт хөрөнгө эх үүсвэр ихээхэн шаардсан төслүүдийг богино хугацаанд эхлүүлэх боломж төдийлөн гарахгүй учир төсөл тус бүрийг хэрэгжүүлэх цаг хугацааны төлөвлөгөөг ч нарийвчлан боловсруулан гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрсөн жилүүдэд манай улсад хэрэгжүүлж ирсэн олон тооны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээс үзэхэд бидтөлөвлөлт ба зохион байгуулалтын асуудалд ихээхэн алдаа гаргаж ирсэн байдаг. Иймээс тухайн төсөл тус бүрийн зохион байгуулалтыг аль яам, байгууллага, хэн удирдан зохион байгуулах вэ гэдгийг маш тодорхой болгох, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад явцын мониторинг үнэлгээг чанартай хийж байх шаардлагатай гэж үзэж байна.

-10 их наядын хоёр их наяд төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахаар болжээ. Санхүүжилтийг нь Засгийн газраас баталгаа гаргах, Хармагтайн алтны бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар хийнэ гэж. Ийм боломж бий юү?

-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.Шийрэвдорж саяхан“Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард Хармагтайн орд газрын Хойд бүргэдийн хэсэг газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах лицензийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанид өгч, мөн оны аравдугаар сард өрөмдлөг эхлэн арванхоёрдугаар сард алтны ордын эхний хэсгийг улсын нөөцөд бүртгүүлсэн. Хармагтайн бүлэг ордын ойролцоох “Хойд бүргэд” ордод 53.14 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 53.14 тонн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ сардаа(2021 оны нэгдүгээр сард) багтаан ТЭЗҮ-ийг батлуулж, ордыг ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сараас ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгджээ.Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс ийнхүү боломжтой гэж үзэж байгаа бол алтны ордыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болов уу гэж үзэж байна.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар болжээ. Та энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Монголбанкнаас өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас хойш репо санхүүжилтийн арга хэрэгслийг хэрэглэх шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тавдугаар тогтоол,арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн зургадугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн.

Улмаар Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон. Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулна гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Монголбанк цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Гагцхүү аж ахуйн нэгжүүдийн зүгээс шаардлага хангахуйц, тодорхой төслүүдээ танилцуулж, дээр дурдсан арилжааны банкуудад хүсэлтээ гаргах ёстой. Мөн эдгээр аж ахуйн нэгжүүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа болов уу. Монголбанкны зүгээс тодорхой хэмжээний эх үүсвэрийг зах зээл рүү гаргаж байна. Гагцхүү энэхүү зээлийн боломжийг бүрэн ашиглах нөхцөл боломж бүрдэх үү гэдэг нь өнөөгийн ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлогоос тодорхой хэмжээгээр хамаарах болно.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хоёр их наяд төгрөгийг зарцуулах юм байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн 2017-2019 онуудад сайн бүрдэж ирсэн бол 2020 онд тасалдаж, төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж байна. Энэ онд ковидын нөхцөл байдал үргэлжилж, хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа, хилийн боомтуудыг бүрэн нээх боломжгүй байгаа тул эдийн засгийн сэргэлт төдийлөн амар ирэхгүй, төсвийн орлогын бүрдэлт оны эхний хагас жилд тааруу байх төлөвтэй. Ийм нөхцөлд өнгөрсөн намар УИХ-аас баталсан Монгол Улсын 2021 оны төсвийг ихээхэн өөдрөг байдлаар, зарлага ихтэй байхаар баталсан. Харин одоо төсвийн тодотголыг хийх шаардлага үүссэн гэдгийг бодолцох ёстой.

Ийм байдлаар Монгол Улсын макро эдийн засгийн орчин 2021 оны эхний хагас жилд таагүй байх төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлт аажим гурав ба дөрөвдүгээр улиралд л ажиглагдах төлөвтэй байгаа тул аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тийм хялбар бүрдэхгүй байх магадлалтай. Иймд Засгийн газраас танилцуулаад байгаа дээрх төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө санхүүжилтийн тооцоог нарийвчлан тооцож төлөвлөх, олон нийтэд дахин ойлгомжтой байдлаар танилцуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

-10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Энгийнээр мөнгө хэвлэх нь гэж ойлгож болох уу. Ер нь энэ шийдвэр нь хэтдээ эдийн засагт ямар үр дагавар авчрах бол?

-Засгийн газрын танилцуулсан мэдээлэлд дурдагдаж буй 10 их наяд гэдэг бол Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлагын 70 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Ковидын үед, төсвийн алдагдал өндөр хэмжээнд хүрсэн байхад, гадаад өрийн ихээхэн дарамттай байгаа нөхцөлд ийм хэмжээний эх үүсвэрийг гаргана гэдэг амар биш, хүнд хэцүү асуудал.

Сангийн сайд эдгээр танилцуулж байгаа асуудлын гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг нарийвчлан тооцож төлөвлөсөн байх ёстой. Ирэх дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдааны явцад эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, түүний санхүүжилтийн эх үүсвэрийн тухай асуудал хөндөгдөх болно. Иймээс Засгийн газар, Сангийн яамны зүгээс хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж, түүнээс улбаалан гарч болох үр дагаврыг олон талаас нь нухацтай тооцож байгаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх таван жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндөж байгаа тул эдгээр төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмнө төлөвлөж байсан зарим асуудлыг хойшлуулах (сумдын соёлын төв, музейн хөрөнгө оруулалт гэх мэт), улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болно. Ирэх 2022-2024 онуудад төлөгдөх ёстой гурван тэрбум гаруй ам.долларын өр, Хятадын төв банктай байгуулсан төгрөг-юаны своп хэлцэл зэрэг тулгамдсан өр төлбөр их байгаа нөхцөлд дахин өр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж болохгүй.

-Манай улсын хувьд цар тахлын эхэн үедээ эдийн засгаа орхигдуулсан тал бий. Харин одоо хамтад нь авч явахгүй бол энэ хоёр салбар хоёулаа цохилтод орох нь гэдгийг Сангийн сайд хэлж байна. Гэлээ ч багагүй хугацаа алдчихав уу даа гэж харагдаж байна.

-Ковидын анхны тохиолдол гаднаас орж ирсэн нөхцөлд манай холбогдох байгууллагууд ихээхэн цочирдож бэлтгэлгүй, төлөвлөөгүй цочмог арга хэмжээ авсан. Дотоодод халдвар тархсан нөхцөлд ямар төлөвлөгөөтэй ажиллаж, ямар арга хэмжээг ямар шат дарааллаар авах ёстой вэ гэдэг нь ч ихээхэн дутуу дулимаг байсан нь тодорхой болсон.

Бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтын нийтлэг жишгээс харахад ковидоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гүйцэтгэх засаглал бүхэлдээ буюу Засгийн газар, Ерөнхий сайд нь удирдан явуулж байна. Гэтэл манай улсын хувьд халдварт өвчний асуудалд төдийлөн хамааралтай бус УОК гэсэн байнгын бус бүтэцтэй (орон тооны бус гишүүдээс бүрдсэн, өөрийн гэсэн албагүй) бүтцэд энэхүү үүргийг хариуцуулсан нь алдаатай шийдвэр байсан. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиудыг үзсэн ч дээрх чиг үүргийг Засгийн газар, ЭМЯ хариуцан гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой байгаа. Энэ талаар би удаа дараа байр сууриа илэрхийлж, ковидтой тэмцэх асуудлыг Засгийн газар өөрөө удирдах ёстой гэдгийг олон удаа хэлж ирсэн.Нэгэнт удирдлага зохион байгуулалтын хувьд буруу газар байсан, чиг үүргийн хувьд оновчтой бус байсан тул УОК зөвхөн халдвартай тэмцэх асуудалд түлхүү анхаарч бусад асуудлыг орхигдуулж ирлээ.

Бидэнд өнгөрсөн хугацааны алдаа онооноос суралцах ёстой сургамж ч байдаг. 2000-2003 он, 2009-2010 онуудад тохиосон зудын гамшгийн дараа авсан хариу арга хэмжээ ч гэсэн өрөөсгөл, сайн төлөвлөөгүй байсны улмаас зудын хохирлоос үүдсэн эдийн засгийн асуудал нь олон жилийн туршид үргэлжилсэн нийгэм, эдийн засгийн ужиг асуудал болж, улс оронд ихээхэн дарамт болсоор байна. Нийслэлийн хүн амын төвлөрөл, авто замын түгжрэл, ЕБС, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хотын агаарын бохирдол гэх мэт энэ бүгд зудын үр дагаврыг буруу шийдвэрлэсэн явдалтай холбоотой үүссэн сөрөг үр дагавар юм. Улс орнуудын жишээ, сургамжийг үзэхэд ч халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг л урдаа тавиад бусад ЕБС-ийн сургалт, хичээл хоцрогдолт, ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгэм, эдийн засгийн бусад асуудлуудыг хойш тавьж болохгүй гэдгийг харуулж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, төр засгаас аливаа шийдвэрийг гаргахаас өмнө урьдчилан сайтар судалж, төслийг шат шатандаа олон талаас нь хэлэлцэн боловсруулж байх, гарч болзошгүй эерэг ба сөрөг үр дагаврын аль алийг нь тооцож байх, улмаар гарч болох сөрөг үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн арга зам, төлөвлөгөөг нэгэн зэрэг боловсруулж байх шаардлагатай.Ийнхүү оновчтой шийдвэр гаргах арга замыг “Бодлогын шийдвэр гаргах тогтолцоо” гэж нэрлэдэг. Манай бүхий л шатны төрийн захиргааны албан хаагчид үүнд сайтар суралцах, мэргэших шаардлагатай гэдгийг анхааруулъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол орон ядарсан орон биш ээ

Бид улс орныхоо хөгжилд сэтгэл дундуур байдаг. Эдийн засаг нь ганцхан уул уурхайгаас хараат байна, төсөв үргэлж алдагдалтай байх боллоо, өр зээлэнд баригдчихлаа гэж халагладаг. Мөнхийн хөрш болсон хоёр том гүрэнтэйгээ харилцаж чадахгүй, хэтэрхий нунж дорой байснаасаа болж татварт дарлуулж суугаагаа гайхдаг. Цаашлаад улстөрчид нь авлигад идэгдчихлээ, төрийн түшээд гэж ард түмнийхээ тархийг угаахаас өөрийг чадахгүй амьтад байх юм гэж орилцгоодог. Бид цаг үргэлж л Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэцгээж, салбар бүрийнхээ алдаа мадгийг ам уралдан ярьцгаадаг. Энэ улс хэзээ мөдгүй дампуурч, тусгаар тогтнолоо алдах нь гэж сүржигнэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг нь үнэн.

Гэвч цар тахал гарсан энэ хоёр жилд бид тийм ч ядарч зүдэрсэн, яадгаа алдсан орон биш гэдгээ мэдэрлээ. Цар тахлаас болж анх удаа хөл хориход бид дээр дооргүй сандралдсан даа. Гурил, будаа, элсэн чихрээ хэдэн арван кг-аар нөөцөлж, ерөөсөө нэг оройд бужигнацгаагаад л нийслэлийн зах, дэлгүүрүүдийн лангууг хоосолчихсон. Одоо л хүнсээ нөөцөлж авахгүй бол дахиад олдохгүй, манай улс хэзээ ч хүнсээ татаж чадаа билээ ядаж л өлбөрч үхэхгүй байх минь гэсэн сэтгэхүйгээр байгаа бүх мөнгөө шавхаад хүнсээ цуглуулсан нь энэ. Одоо ингээд л өлсгөлөн нүүрлэх юм бодоцгоосон.

Ингэж бужигнаснаас хойш дариу нэг жил өнгөрчээ. Энэ удаад Цагаан сарыг угтаж улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, мөн л хатуу хөл хорио тогтоолоо. Өнөөх бужигнасан олон дахин айж мэгдэж, шуудай шуудайгаар нь гурил, будаагаа нөөцлөх болов уу гэтэл ер тийм зүйл ажиглагдсангүй. Ёсыг бодож хэдэн хэвийн боов, тавгийн ааруул, чихрээ л цуглуулав бололтой. Жилийн өмнө л өвчин тусахаасаа бус өлбөрч үхэх вий гэдгээсээ айж суусан монголчууд энэ удаад тэс өөр ааш аяг гаргасан нь яалт ч үгүй төрдөө, улс орондоо итгэж байгааг харууллаа. Монгол Улс ядруу орон биш гэдгийг иргэдийн энэ хандлага бүрэн дүүрэн илэрхийллээ. Очоод авчих юмтай хүмүүс юундаа ч сандрах билээ.

Үнэхээр л бүтэн жилийн турш хил хаалттай байлаа. Бид бүтэн жил “цоожтой” гэрт сууцгаасан. Энэ хугацаанд бид яг л өөрсдийнхөө нөөц бололцоогоор амьдарлаа. Ард түмнээ гурил, будаа, элсэн чихрээр лав тасалсангүй. Махаар тасрахгүй нь ч ойлгомжтой. Дотоодын үйлдвэрүүд маань чадах хэмжээндээ өндгөө түгээсээр байгаа. Нарийн ногоог эс тооцвол төмс, манжин, лууван дэлгүүрийн лангуунд өрөөтэй байж л байна. Тоо ширхэг нь эрс цөөрсөн бүтээгдэхүүн гэвэл виски л байх шив дээ. Дэлхий даяар цар тахал тархаж, хаа хаанаа амь амиа бодож байгаа энэ цаг үед виски зэрэг ч тансаг хэрэглээнд орох нь мэдээж. Бид хэтэрхий тансаг хэрэглээнд дасчихаад түүгээрээ нөхцөл байдлыг хэмжиж, хэцүү болгож хараад байж болохгүй л дээ.

Хоёр нийгэм солигдож, Орос хилээ хаасан тэр цаг үед бид картын бараанд орсон. Дэлгүүрийн лангуу бүрэн утгаараа хоосорч, бүх нийтээрээ гурилаа граммлаж авч идэж байлаа. Ийм хүнд хэцүү үеийг тахлын энэ үетэй харьцуулашгүй байна аа. Саяхан “Картаа хаячихаад хоногийн хоолгүй боллоо гэж уйлж зогссон цаг саяхан даа, тэр үеийг бодоход цаг сайхан болжээ” гэж хижээл насны эмэгтэй ярьж зогссоныг тод санаж байна. Тэр үетэй харьцуулахад бид өнөөдөр чадалтай орон болжээ. Иргэд анхны хөл хорио тогтооход яг тэр картын үеийн хүнд хэцүү цаг санаанд нь бууж бүгд дэлгүүр хоосолсон. Гэвч маргааш нь дэлгүүрт ороод урьд өдрөөсөө ч их бараатай болчихсон дэлгүүрийн эзэн дахиад хэдийг авах уу гээд малилзаад угтах үед л хүмүүс өөрсдийгөө арчаагаа алдсан оронд амьдарч байгаа биш ээ гэдгээ ойлгосон байх. Хэнээс ч, хаанаас ч хараат бусаар ард түмнээ гэдэс цатгалан байлгаж чадаж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн энэ 30 жилд ямар ч бэрхшээл тулгарсан гурван сая иргэнээ хүнсээр таслахгүй байх хэмжээний чадавхтай болж. Иргэдэд ч эх орноо ийм хэмжээнд хүрч чаджээ гэх итгэл гүн бат төрсөн байна. Өөрсдийгөө дутуу үнэлж голдог цаг нэгэнт ард хоцрох болжээ.

Гэхдээ бид үүнд ханаж болохгүй. Цаашид бидэнд анхаарч, төвлөрөх олон зүйл байна. Одоо бид дараагийн шатанд гарах хэрэгтэй. Хүнсээр төдийгүй бараа таваар, нэн шаардлагатай үед хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслээр өөрсдийгөө хангах хэмжээнд хүрэх ёстой. Иймийн тулд бид шинжлэх ухааны салбараа чухалчилмаар байна. Бид өнгөрсөн 30 жилд шинжлэх ухаан гээч хөгжлийн түүчээ болох ёстой салбараа ор тас мартчихсан. Ямар сайндаа улсын төсвийн 0.2 хувийг л шинжлэх ухаанд зориулаад байж байхав. Уг нь бидэнд энэ салбараа хөгжүүлээд аваад явах боломж бүрэн бий. Тэр болгон ойшоож тоодоггүй болохоос манай улсад эрдэм мэдлэгээрээ дэлхийн энд хүрсэн эрдэмтэн ч олон доо. Бүр гадныханд чаддаг, мэддэгээ зааж сургаж яваа нь цөөнгүй юм билээ.

Үүний тод жишээ бол цар тахал гарсны дараахан монгол эрдэмтэн коронавирус яаж ч мутацид орсон бай оношлох боломжтой оношлуур бүтээснээ зарласан явдал. Гэсэн ч төр засаг хэнэггүй зан гаргаж тэрхүү эрдэмтнийг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Ер нь цар тахал гарлаа гэхэд бид гадныхан хэзээ вакцин үйлдвэрлэх бол гэж амьсгаа даран чагнаснаас манай шинжлэх ухааны салбарт ямар нөөц боломж байгаа билээ гэдгийг тогтож хараагүй. Уг нь бид малын гоц халдварт өвчин болох шүлхийг дардаг вакциныг өөрсдөө хийж чаддаг шүү дээ. Бидэнд вакцин үйлдвэрлэх дадлага, туршлага, үйлдвэр байсан гэсэн үг.

Харин бид эрдэмтдээ сонсож, итгэл үзүүлье гэсэнгүй. Эрдэмтдээ “яаж чадах вэ дээ” гээд үл тоогоод орхичихсон. Энэ цаг үед улс орон болгон өөрийн гэсэн вакциныг гаргачихсан байж байна. Угтаа бид эрдэмтдэд бүхий л нөөц боломжоо дайчлаад үзэх итгэл хүлээлгэж, багахан төсөв мөнгө гаргаад өгсөн бол өнөөдөр сайн мэдээтэй л суугаа. Лав л монголчууд өөрсдийн гэсэн вакцинтай болчихсон, иргэд нь эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тариулахаар болчихсон байх байсан биз. Эрдэмтдийн маань чадвар, чансаа вакцин хийж чадах хэмжээнд байсан учраас өнөөдөр энд халаглаад байгаа хэрэг л дээ. Бид вакцин хийж чадах байсан юм. Энэ мэтчилэнгээр бид шинжлэх ухаанаа үнэлэхгүй, дэмжихгүй байснаараа олон зүйлээс хоцорчээ. Харин одоо л шинжлэх ухаанаараа бамбай хийж хамт урагшилмаар байна.

Шинжлэх ухааны салбартай хаяа нийлүүлэн авч явах ёстой салбар бол мэдээж боловсрол. Хатуухан хэлэхэд, Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд уншиж, бичиж, тоолохыг л зааж сургадаг газар болжээ. Бие хүн болж төлөвшиж байгаа тэр үнэтэй цаг хугацаанд ядаж л сууж сурах, цагаа зөв зүйтэй төлөвлөхийг зааж, зорилго мөрөөдлөө тодорхойлж хэн болохоо шийдэхэд нь чиглүүлж чадахгүй байна. Их, дээд сургууль ч мөн ялгаагүй үүргээ биелүүлж чадахгүй байна. Жил жилийн диплом өвөртлөгчдөд мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодог, эзэн болж чадах хүн нь хэд байгаа бол. Бодох л асуудал болсон. Одоо бид энэ салбараа өндийлгөх цаг болжээ. Багш нарын чадвар чансааг дээшлүүлэхэд анхаарах цаг нь ч болсон. Ерөнхий сайдын хэлж байгаачлан англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь ч зөв. Үүнийг бүгд дуу нэгтэй дэмжих хэрэгтэй. Барууны боловсролыг нутагшуулъя гэж ярьж байгааг ч анхаарч үзэх нь зүйтэй. Боловсролын салбарт ямх ямхаар биш ингэж уг углуургаар нь өөрчлөлт хиймээр байна. Ингэж байж л ирээдүй хойч маань энэ техник технологийн эрэн зуунд бусадтай хөл нийлүүлж, цаашлаад түрүүлж алхана.

Өнгөрсөн хугацаанд бид хаа хаанаа хоногийн хоолоор тасрахгүйг хичээсэн. Тэр нь ч үнэхээр үр дүнд хүрснийг бид харлаа. Бид өнөөдөр ямар ч байдалд орлоо гэсэн бултаараа хоосон хонохооргүй болж. Одоо дараагийн шатанд гарахын тулд дээр дурдсанчлан шинжлэх ухаан, боловсрол цаашлаад үйлдвэрлэлийн салбартаа анхаарах хэрэгтэй байна. Хүн болгон шоргоолж шиг хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ бид дараагийн 30 жилд өнгөрсөн 30 жилийнхээсээ ч илүү үсрэнгүй хөгжиж чадна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Оюу толгойн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, гэрээг ямар ч байдлаар шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Оюу толгойн асуудал мөн л нийгмийг талцуулсаар байна. Таныхаар яах ёстой вэ?

-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш энэ жил 12 дахь хавартайгаа золгож байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюу толгой төслийн барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа дуусч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойших 2013 оноос гэж тооцвол Оюу толгой төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээд найман жил болжээ. Өөрөөр хэлбэл, энэ төсөл баяжуулах үйлдвэрээ барьж байгуулаад, гадагшаа бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулж эхэлснээс хойш чамгүй олон жил өнгөрсөн байна.

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой төсөл бүтээгдэхүүнээ экспортолж эхэлснээс хойш буюу 2013 оноос жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж төслийн мөнгөн урсгал эерэг болох үед буюу 2019 оноос хойш ногдол ашиг авахаар байсан. Ногдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийтдээ татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл Оюу толгой бүтээгдэхүүнээ экспортолж эхлээд найман жил, ногдол ашиг авах 2019 он өнгөрөөд хоёр жил болсон байна. Харин хоёр талын 2009 онд харилцан тохиролцсон гэрээний хэлцлүүд болон үр өгөөжийн түвшин бодит байдалд хэрэгжсэнгүй. Тэгэхээр Монголын тал хэлэлцээний ширээнд нөгөө талаа дуудах, Рио Тинтод байр сууриа хатуу илэрхийлэхээс өөр гарцгүй.

-Гэсэн ч хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж, тоймтой шийдэл гаргахгүй байсаар байна. Сүүлдээ Оюу толгойн асуудал төрийн өндөрлөгүүд үл ойлголцох хэмжээнд хүрч байна л даа.

-Засгийн газрын зүгээс маш ойрын хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж таарна, хүрсэн хэлцлийн үр дүнг нь УИХ-д шуурхай танилцуулах үүрэгтэй. Оюу толгой төсөлтэй холбогдуулан УИХ-аас 2019 онд тогтоол баталж гаргасан. Тогтоолын 1.3-т нөгөө талтай хийх яриа хэлэлцээнд манай талын хүрэх үр дүнг нь маш тодорхой зааж өгсөн байгаа. Харин бидний байр суурь, хэлэлцээнд баримтлах зарчим маань юу вэ гэж та бүхэн сонирхож байгаа байх.

Хамгийн анх Оюу толгой төслийг Монголын төр мэдээж өөрсдөө дийлэнх үр ашиг хүртэнэ, энэ төсөл ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнес харилцаанд орж байна вэ. Оюу толгой төслөөс мөн л үр өгөөж, ашиг хүртэхийн төлөө хэрэг. Тухайн үеийн эрх зүйн орчноор үр өгөөж нь татвар, хураамж болон ногдол ашгаар хэмжигдэх ёстой байсан. 2009 онд байгуулсан гэрээгээр уг төсөл Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт бодит үр өгөөжийн 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэйгээр хийсэн.

Цаашдаа Монголын тал одоогийн 34 хувь эзэмших нөхцөлөөр үргэлжлүүлэх үү, эсхүл энэ хувь эзэмших тогтсон сэтгэлгээнээсээ гарч бүтээгдэхүүн хуваах болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр 34 хувиа орлуулна уу, аль ч тохиолдолд хоёр талын анхлан тохиролцсон эдийн суурь зарчмыг л хадгалах ёстой. Монголын талын хүртэх бодит үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д заасан эдийн засгийн суурь хэлцлийн дагуу нэрлэсэн үнээр нийт үр өгөөжийн 53 хувиас доошгүй байхаар хийсэн. Энэ тоо, энэ мөнгөн үр өгөөж бол Оюу толгой төслийг эхлүүлэх үед хоёр талын хатуу тохиролцож ойлголцсон эдийн засгийн суурь тооцоолол. Төслийн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, ямар ч гэрээг шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим. Энэ төслийн үр өгөөжийн 53 хувийг хэзээ ч буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөндөх ёстой. Энэ гэрээнд эхнээс нь оролцож, ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж, тухайн үедээ Дубайн гэрээг байгуулахыг эсэргүүцэж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан хүний хувьд би ийм байр суурьтай байдаг.

Одоо харин хоёр тал хоёр тийшээ хараад суугаад байж болохгүй. Харилцан бие биенээ хүндэтгэж хэлэлцээрийн ширээнд суух, гарц шийдлийг олох ёстой. Яриа хэлэлцээ гэдэг зүйл бол бизнест байдаг л асуудал. Гэрээг харилцан ашигтай байлгаж, талууд бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэх үүднээс яриа хэлэлцээг зайлшгүй хийх шаардлагатай.

-Ингээд харахаар бидэнд Оюу толгойн гэрээнээс авч үлдэж сургамж их байх шиг.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэрээний хэрэгжилтийг харахад Монгол Улсын Засгийн газар энэ төсөлд анхнаасаа хувь эзэмших нь зарчмын хувьд буруу шийдвэр байжээ гэж хардаг. Цаашид уул уурхай, стртатегийн төслүүд дээр баримтлах суурь зарчим, бодлогын гарц шийдлүүдээ Оюу толгой төслөөс улбаалж тодорхойлох хэрэгтэй байна. Хууль тогтоогчийнхоо хувьд, хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд тодорхой хуулийн төсөл өөрөө санаачилж ажиллая гэсэн бодолтой байна. Дараагийн томоохон төслүүдээ зөв залах үүднээс хууль эрх зүйн орчноо өөрсдийн онцлогт нийцүүлж сайжруулах, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох нь юу юунаас чухал байна.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах вэ, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох хэрэгтэй байна. Төрийн зүгээс цаашид бид татвараа ядаж бүрэн төвлөрүүлдэг байхад өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах вэ. Цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгжийг хэрхэн бий болгох, боловсон хүчнийг яаж чадавхжуулах, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц хэмжээнд тогтоох ёстой юу гээд олон асуудлуудыг шийдэж байж энэ мэт үндэстэн дамнасан компаниудтай өрсөлдөнө.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсан. Нөхөн төлөх боломжит хугацааг хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

-УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар миний өргөн барьсан Малчин болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдлаа. Энэ хууль 2017 онд хэлэлцэгдэн батлагдаж, малчид, бизнес эрхлэгчид 2020 оноос 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болсон юм. Гэсэн ч энэ хууль өнгөрсөн 12 сарын хугацаанд бүрэн хэрэгжих боломж байсангүй. Нэгдүгээрт, цар тахлын нөлөөлөл иргэд, аж ахуйн нэгжид ихээхэн хүнд туссан. Мөн ихэнх аймгуудад зуд турхан нүүрлэж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэн малчдын амьжиргаа орлого муудсан. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад 20-30 хувиар бууралттай байсан. Зөвхөн махны үнэ л тогтвортой, өмнөх онтойгоо ижил түвшинд байсан. Энэ нөхцөл байдлуудаас үүдээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль хэрэгжих боломж байгаагүй. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэвэрт гарч амжаагүй, боломжгүй байсан иргэдийг тэтгэвэрт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийн төсөл санаачилж, батлуулсан юм. Ингэснээр тус хуулийн үйлчлэл 2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Уг хуульд зөвхөн өндөр настай хүмүүс бус гуанз, лангуу ажиллуулдаг ч юмуу өөрөө өөртөө ажлын байр бий болгож хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 20 гаруй настай залуучууд ч хамрагдаж болно. 5, 10 жил нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй бол энэ ондоо багтаж нөхөн төлөх боломжийг л энэ хуулиар нээж өгч байгаа юм.

-Нийгмийн даатгалын сан хангалттай хэмжээний хөрөнгөө бүрдүүлж, бүрдүүлсэн байлаа ч эрсдэлгүй хадгалагдаж чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэх болоод байна л даа.

-Яалт ч үгүй нийгмийн даатгалын тогтолцоон дээр шинэчлэл хийхгүй бол болохгүй болчихоод байна л даа. Жилээс жилд Нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдээд байдаг. Магадгүй дөрөв, таван жилийн дараа НДС дампуурах хэмжээнд хүрч мэдэх юм. Бид энэ асуудлаар Засгийн газарт тодорхой саналуудаа хүргүүлсэн. Энэ ондоо багтаж нийгмийн даатгалын бодлого дээр шинэчлэл хийх энэ асуудлуудыг хөндөж тавиач, энэ сан өөрөө өөрийгөө авч явдаг болох боломжийг хуулийн хүрээнд бий болгооч гэх саналуудыг гаргасан. Дээрээс нь нийгмийн цаг үеэс шалтгаалж, ажил мэргэжлээс хамаарч тэтгэвэрт үүссэн зөрүүг арилгах шаардлагатай байгаа.

-Намрын чуулганаар таны ахалж ажилласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсан. Хуулиар ямар зохицуулалтуудыг хийсэн юм бэ?

-Засгийн газраас түргэвчилсэн горимоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Хуулийн үзэл баримтлал нь Газрын тосны үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтыг цаг хугацаанд багтаан хийх үүднээс салбар хоорондын байгууллагын уялдаа холбоог хангах, хил гааль, тээвэрлэлт, барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлүүдийг түргэвчилсэн горимоор өгөх тухай байсан. Хуульд эдгээр асуудлуудыг нарийвчилж тусгаж өгсөн. Дээрээс нь газрын зөвшөөрөл авах асуудал багагүй үүсдэг. Газрын тосны дамжуулах хоолой барихад л гурван аймгийн 10 гаруй сумдаар, 402 гаран га газрыг дамжихаар байгаа. Газрын тосны үйлдвэр өөрөө багахан хэмжээний хотын дайтай том бүтээн байгуулалт болно. Нийтдээ 10 гаруй үйлдвэр байгуулагдана. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хил гааль хаагдаж уг төслийн үйл ажиллагаа саатах, барилга бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Ямартаа ч бид амласан ёсоороо 2025 оны эхний улиралд багтааж газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ үүднээс цар тахлаас үүсэх хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд төр засгийн байгууллага түргэвчилсэн горимоор ажиллаж, ажлыг саадгүй явуулах нь чухал юм.

Түүнчлэн энэ хуулиар олгосон давуу эрхийн хүрээнд Засгийн газар Монгол газрын тос компанид газрын тосны эрэл хайгуул хийх боломжийг олгохоор болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг дагалдаж Газрын тосны, Барилгын тухай хуульд өөрчлөлтүүд орсон. Ингэснээр тус компани давуу эрхээр Монгол Улсын стратегийн үйлдвэр болсон газрын тосны үйлдвэрийг түргэвчилсэн горимоор барьж байгуулах, түүхий эдээр тогтвортой хангахаар болсон.

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны үнэ ханш багагүй хэмжээгээр буурна гэж харж байгаа. Үүн дээр ямар тооцоолол байна вэ?

-Тэгэлгүй яахав. Өндөр өртөгтэй газрын тосны үйлдвэрийг барьж байгаа гол шалтгаан нь энэ. Нэгдүгээрт, манай улс импортын газрын тосны хараат байдлаас сална. Цаашид газрын тосны үнэ хэд ч болж өсөө билээ. Тэр үед бид өөрсдийн гэсэн газрын тосны үйлдвэртэй байна гэдэг том давуу тал болно. Хоёрдугаарт, импортын газрын тосноос хямд өртөгөөр ард иргэд, аж ахуйн нэгжийг хангаж чадна. Уг төслийн ТЭЗҮ, эдийн засгийн тооцооллоор ямар ч тохиолдолд энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн импортын газрын тосноос даруй 30-40 хувь хямд байх боломж олгоно. Хамгийн гол нь бид түүхий эдийн тогтвортой байдал, хямд өртөгтэй түүхий эдийг бий болгох хэрэгтэй юм. Нэг сая тонн газрын тос үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадлаар нь авч үзэх юм бол бидэнд түүхий эдийн хангамж хангалттай бий. Гэсэн ч түүхий эдийн найдвартай хангамжийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтын хэмжээ, эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэх шаардлага зайлшгүй бий. Энэ үүднээс ирэх дөрвөн жилийн хугацаанд бид Монгол Улсын газрын тосны салбарт эрэл хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хаврын чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж тавих болно. Нөгөө талдаа төрийн өмчит компани болох Монгол газрын тос компани өөрөө эрэл хайгуул хийж, Давст-31 гэх илэрц нь тогтоогдсон талбайд судалгааны ажлаа үргэлжлүүлэх эрхийг Засгийн газраас хуулиар олгосон. Ийм байдлаар бид газын тосны хараат байдлаас, үнийн өсөлтөөс гарах боломжийг бүрдүүлнэ.

-Засгийн газраас гуравдугаар сарын 1-нээс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлнэ гэж байна. Иргэд вакцины үр дүн, чанар зэргийг өөр өөрсдийнхөөрөө л тайлбарлаж байна. Огт итгэхгүй байгаа хүмүүс ч байх шиг.

-УИХ-ын гишүүний хувиар Засгийн газраас авсан мэдээллээр эрдэмтэн судлаачид, эмч нараас бүрдсэн баг энэ асуудал дээр ажиллаж байгаа юм билээ. Гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан гэсэн. Сангийн сайд голлож цар тахлын эсрэг вакцин авах яриа хэлэлцээг олон улсын байгууллагуудтай хийж байна. Вакцины тухайд магадгүй монгол хүний араншингаар заавал тэр улсын вакциныг хийлгэнэ гэх зэргээр байр сууриа илэрхийлж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр дэлхий дээр 8-9 төрлийн өөр өөр жороор хийгдсэн вакцин гарсан. Нэг талдаа иргэдийн аль вакцин нь хамгийн сайн эсэхэд эргэлзэж байгаа нь зөв. Энэ ч утгаараа бид иргэдэд сонголт хийх боломжийг нь олгох ёстой гэж харж байгаа. ОУВС-д хамрагдсан хөнгөлөлттэй вакциныг авч байна гээд муу вакцин нийлүүлэх асуудал байж болохгүй шүү дээ. Аль болох иргэдэд олон вакцинаас сонголт хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорсон анхны тохиолдол болсон

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-УИХ намрын чуулганаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Хуульд тусгасан гол зохицуулалтууд нь юу байв?

-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан гол хуулиудын нэг бол “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хууль байлаа. Дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг товлосон хугацаанд нь түргэн шуурхай ашиглалтад оруулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд энэ хууль батлагдсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж, зохицуулалтаас гадуур үлдсэн зарим чухал асуудлуудыг нэмж тусгахад идэвх оролцоотой ажиллалаа. Хуульд оруулсан нэг чухал зүйл бол газрын тос боловсруулах үйлдвэрийг “төрийн өмчит үйлдвэр” гэж тодорхойлон, үйлдвэр барих болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс ямар байдлаар дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан тусгасан явдал. Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Тийм учраас газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх, тухайн хайгуул хийх талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдэж өгөхөөр тусгасан.

Барилга барихад шаардагдах зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ түргэвчилсэн бүрдүүлэлт хийх, мэргэжлийн ажиллах хүч гадаадаас авах асуудлыг ч мөн Засгийн газар шийдэхээр хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, энэ хуульд заасан харилцааг Засгийн газрын журмаар нарийвчлан зохицуулахаар оруулж өгсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь 1.2 тэрбум доллар, газрын тос дамжуулах хоолой нь 300 сая доллараар хийгдэх юм. Манай улс 50-60 сая долларын шатахуун гаднаас импортолдог, оргил үедээ нэг жилд 1.2 сая долларт хүрч байгаа. Гэтэл нэг жилд импортолж байгаа шатахуунд зориулсан энэ зардлаараа бид газрын тос боловсруулах үйлдвэрийг барих боломжтой төдийгүй, нэмээд их хэмжээгээр гадагш урсаж байгаа валютын урсгалыг ч зогсоох боломжтой болж байна. Энэ чинь цаашдаа ам.долларын ханш буурахад ч чухал нөлөө үзүүлнэ шүү дээ.

-Та Монгол улс газрын тосоо хайж, олборлох нь юу юунаас илүү чухал болохыг онцолж байсан. Манай улсын хууль тогтоомж энэ харилцааг сайтар зохицуулахуйц хэмжээнд байж чаддаг уу?

-Газрын тос хайж, олборлох харилцааг 2014 онд шинэчлэн баталсан “Газрын тосны тухай” хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулж байна. 2017 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 33 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо одоо мэдээж өссөн байх. Тухайн үед Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 1.0 сая тонн орчим байсан. Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор түүнийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Тиймээс энэ үйлдвэрт газрын тос хайх, олборлох эрхийг олгосон “Газрын тосны тухай” хуульд шаардлагатай нэмэлтийг ч үүнтэй уялдуулан тусгаж өгсөн.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгагдсан. Одоо эдгээр хуулийн өөрчлөлтийг Газрын тосны үйлдвэртэй холбогдуулан 2021 ондоо багтаан өөрчлөх шаардлагатай болж байна. Тэгж байж бид шинээр үүсэх харилцааг бүрэн зохицуулах боломжтой болно.

-Манай улсын газрын тосны нөөц хэр хэмжээтэй вэ?

-Бид арвин их нөөцтэй. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бүрэн хангах боломжтой.

-Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар ирэх үр өгөөж нь юу байх бол?

-700-1000 хүний ажлын байр шууд бий болно. Үйлдвэрийг дагаад 10 гаруй үйлдвэр байгуулагдана гэсэн тооцоо судалгаа бий. Тэнд ч бас олон зуун ажлын байр шинээр бий болох нь тодорхой. Энэ хэрээр орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ. Хүн амын төвлөрлийг дагаад дэд бүтэц хөгжих зэргээр олон давуу тал бий болно гэж харж байгаа. Аймгийн төсөвт ч дорвитой хувь нэмрээ оруулна. Сайншанд хот маань зэрэглэлийн хувьд Дархан, Эрдэнэтээс ч том хот болох боломж нээгдэж байгаа юм. Бас нефть-химийн салбарын техник технологийн хөгжилд шинэ үе эхэлж, монголчууд энэ шинэ салбарт өөрсдийн судалгаа шинжилгээг хийх боломж бүрдэж байна.

-МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Цар тахлаас үүдэн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар огцорч байгаа нь хэр зөв алхам юм бэ?

-Засгийн газар өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан гэж миний хувьд үзэж байгаа. Ард иргэд ч тийм бодолтой байсан учир 2020 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжиж үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн гэж бодож байна. Олон ч том төслийг зоригтой эхлүүлж, улс болон иргэддээ ээлтэй зоримог шийдвэрүүдийг гаргаж чадсан. Цар тахлын энэ хүнд цаг үед зарим нэгэн дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорч байгаа анхны тохиолдол. Амаргүй цаг үед орхилоо гэдэг талаас нь биш, харин улстөрчид, төрийн албан хаагчдын дунд байх ёстой маш өндөр хариуцлага, том соёлын эхлэлийг тавилаа гэж харж байгаа. Тийм ч байх учиртай юм.

-Ер нь цар тахлын нөхцөл байдалд Засгийн газар, уОК-ыг хэр хэмжээнд ажиллаж байна гэж та харж байгаа вэ?

-Хэн ажил хийж байна тэр хүн л шүүмжлүүлж байдаг шүү дээ. Намайг 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга хийж байх хугацаанд шүүмжлэл их гардаг байсан. Тэр болгонд шийдвэртэй, тууштай зоримог ажиллаж, багаа сайн бүрдүүлсэн байхад ямар ч их ажлын ард гарах боломжтой гэж харсан. Гэхдээ шүүмжлэлийн ихэнх нь үйл ажиллагаатай холбоотой гэхээсээ намчирхалтай холбоотой шүүмж илүү яваад байна уу гэж харж байна. Засгийн газар, УОК шийдвэрүүдийг хурдтай, шийдэмгий гаргаж байна гэж харж байгаа. Харин төрийн албаны дунд шат, анхан шатанд очихоор тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь цэвэр хувь хүмүүсийн хандлага, ажлын ур чадварын асуудал юм. Үүн дээр л анхаарах цаг болж.

-Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдыг хэр сайн ажиллаж чадна гэж та харж байгаа вэ?

-Цар тахлын үед суларч байгаа эдийн засгийг босгох, ард иргэдийг цар тахлын эсрэг вакцинаар вакцинжуулах, дундаж давхаргыг дэмжих, цахим засаглалыг хөгжүүлэх зэрэг олон шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсад зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Залуу хүн эрч хүчтэй, зоригтой, хий багатай ажиллах боломж бүрэн байгаа тул цаашид амжилттай ажиллана гэж итгэж байгаа даа. Бид ч бас бүхий л бололцоо боломжоороо дэмжиж ажиллана.

-Та боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд харьяалагддаг. Намрын чуулганаар тус байнгын хороо онцлох ямар хуулиуд хэлэлцэв?

-Намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын тухай байлаа. Уг ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар орчин цагийн музей хөгжих чухал ажил эхэлсэн.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулж, Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна.

-Дорноговь аймгийн тухайд нэн тэргүүнд шийдэх ёстой ямар асуудлууд байна вэ. Тэдгээрийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүн амын амьжиргааны түвшин зэрэг эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүд сайжирсан. Одоо бидний зорилго бол аймгаа Монгол Улсын дараагийн хөгжлийн цэг болгох нь хамгийн чухал. Маш олон төсөл хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байгаа. Үүнийг дагаад маш их ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байраа дагаад маш олон хүн ирж суурьших тооцоо судалгаа гарч байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин ажиллана.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг шүү дээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нийгэмд чиглэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг маш олон барилга байгууламжий бүтээн босгосон. Иргэд маань ч сайн мэдэж байгаа. Ажлын байр, амьдрах орчин бүрдчихлээ. Гэтэл ажлын байранд маань ирж ажиллах хүний нөөц хомс байгаа. Ажлын байр байгаад байдаг, ажил хийх хүн олддоггүй. Ажил олгогчдод тулгардаг хамгийн том асуудал энэ. Гэвч ажил хийх хүн байхгүй гээд бид зүгээр суугаагүй ээ. Хүмүүсээ сургаж байгаа. Урт дунд богино хугацааны мэргэшүүлэх сургалтад маш олон хүн хамрагдаж байна. 2019 оноос УБТЗ-тай хамтраад төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. Эхнээсээ ажлын байраар хангагдаад эхэлчихсэн явж байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.


-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн хямрал, цар тахлын нөхцөл байдал хавсарч манай улсын эдийн засагт хүндрэл учруулаад байна. Дээрээс нь экспортын нөхцөл байдал тааламжгүй болж ирж байна. Импортын бараа бүтээгдэхүүн тодорхой хүрээнд хязгаарлагдмал болж ирсэн. Бусад улс оронд ч цар тахал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрэл үүсч байна. Цар тахлын асуудалд эдийн засгийн шийдлүүд шиг арга механизм хэрэглээд шууд тогтворжуулчихдаггүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, энэ нь эдийн засагт аюул авчирч байна. Хорио цээртэй холбоотойгоор өдөр ирэх тусам л эдийн засаг агшиж байна.

Манай эдийн засаг хэврэг, бид импортоос хамааралтай, орж ирсэн орлогоо тухайн жилдээ алдагдалтай зарцуулаад дуусчихдаг. Тиймдээ ч хуримтлалгүй улс, айл өрхөд энэ хорио цээрийн дэглэм маш хүнд тусаад байгаа юм. Аж ахуйн нэгж, айл өрхүүдийн амьдрал улам л зогсонги байдал руу орж эхэлж байна. Энэ байдлаас гаргах шийдлүүдийг хараад байхад цаг үе, нөхцөл байдлаа мэдэрсэн, хөрөнгө санхүүгээ зөв оновчтой хуваарилсан шийдвэрүүд үнэндээ харагдахгүй байна. Хорио цээр нь тахлаа хумих бус эдийн засгаа улам л унагахад хүргэж байгаа. Ядуурлын хэмжээ 30-аад хувьтай байсан бол өнөөдөр 50 гаруй хувь болж өссөн. Нийт хүн амын 50 хувь нь өнөөдөр хоногийн хоолоо яая даа гэж байна гэсэн үг. Энэ байдлаараа иргэд утга учиргүй, тооцоололгүй хорио цээрийг давахад үнэндээ бэрх.

-Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Төр засгийн зүгээс шийдвэртэй бодлого л хэрэгтэй байна. Цар тахалтай зэрэгцээд хэтэрхий улстөржөөд байна уу гэсэн зүйл л ажиглагдаж байгаа.

-Хөл хориог суллавал эдийн засаг сэргэчих нь гээд байгаа.

-Хөл хориог цуцалснаар эдийн засаг сайжирна гэсэн буруу ойлголтыг их түгээж байгаа. Богино, дунд, урт хугацааны тодорхой хэмжээ авах хэрэгтэй. Орлогогүй, хоол хүнсгүй болсон иргэдээ, ажлын байраа алдаад байгаа хувийн секторуудаа яаж хамгаалах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Энэ бүхэнд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Бидэнд боломж бий.

-Энэ оны төсвийг дотоодод цар тахал алдагдахаас өмнө баталсан. Энэ ч утгаараа цар тахлын нөхцөл байдалд чиглэсэн төсөв болж чадаагүй. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байдалд орчихсон юм чинь төсвөө тодотгочихож болдоггүй юм уу?

-Би төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинжлэх ухаанч байдлаасаа төсөв зохиох төлөвлөлт, хэлэлцүүлэг, батлах горим зэрэгт ямар агуулга байх ёстой яг түүгээрээ байсангүй. Хэтэрхий улстөржсөн төсөв зохиосон. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд хэт өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх сан, ашиггүй төрийн өмчит компанийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон. 2021 оны төсөв ч ийм байсан. Үндсэн чиг үүрэг алдагдсан. Тухайлбал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэх ёстой байтал хэтэрхий үрэлгэн төсвийг баталсан. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэрч болохуйц хэмжээнд байсан шүү дээ.

Цар тахал бидэнд дохио өгчихсөн байсан. Тийм байхад л тайван цагт зориулсан төсөв болсон. 2020 оныхоо төсвийг тэр чигт нь хуулбарлаж, ард олныхоо амьдралд, ажлын байрыг дэмжихэд дэм болох бус ашиггүй барилга байшинд зориулсан л төсөв болсон. Эдийн засгийн шийдэлд бус тодорхой эрх ямба, албан тушаалтанд зориулагдсан төсөв болсон гэсэн үг. Төсөв батлахдаа хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих ёстой байсан ч чадаагүй.

Хоёрдугаарт, төсөв батлахдаа эдийн засгийн гадаад, дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судалж түүнд үндэслэх ёстой. Гадаад өр, цар тахлаас үүдсэн эдийн засгийн агшилт зэргийг харгалзан үзэж байж төсвөө хийх ёстой байлаа.

Гуравдугаарт, нийгэм эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлээгүй. Соёлын төвийн байшин, барилга хөшөө дурсгал зэрэг нь тулгамдсан хэрэгцээтэй зүйл биш шүү дээ. Эрэмбэлээд үзвэл 10, 20 дугаарт очих байх. Хэрэгцээт бус зүйлийг улс төрийн ашиг сонирхол, амлалтдаа үндэслээд нэгдүгээрт зүтгүүлж байгаа нь төсвийн болж бүтэхгүй зүйлийн нэг юм. Үүнийг анхаарах ёстой байсан. Дөрөвдүгээрт, төсвийг үр ашигтай орлого олох зүйлд чиглүүлэх ёстой байдаг. Бусад улс орны жишиг ч ийм байдаг. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барих хэрэгтэй.

Энэ нь дунд, урт хугацаандаа эргээд төсвөө тэтгэх хэрэгсэл болдог. Дээрээс нь Засгийн газар, Монголбанк хоорондын мөнгө санхүүгийн бодлогын уялдаа, залгамж байдал байхгүй. Өр, ханш, үнийн өсөлт зэргээ тооцоололгүйгээр төсөв хийгээд байна л даа.

-Төсөвт тодотгол хийх өөр ямар шалтгаан байна вэ?

-Монгол Улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Монгол Улсын өр 2010 онд л гэхэд 5.9 тэрбум ам.доллар байсан. 2015 онд 21.8 тэрбум ам.доллар болсон. 2019 онд 29.8 тэрбум ам.доллар хүрсэн бол өнөөдөр 30 тэрбум ам.долларыг давчихсан явж байна. Өрийн асуудал бидэнд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд бондын өрийг дарлаа л гээд байгаа. Үнэндээ өрийг зээлээр л хааж байгаа үзэгдэл юм. Жишээ нь, Хөгжлийн банкны бондыг Хуралдай, Чингис, Димсам бондуудыг Гэрэгэ, Мазаалай бондыг Номад бондоор тус тус хаасан. Энэ бол өр төлөлт биш. Өрийг хааж байгаа л асуудал. Бид 2022 онд л гэхэд Чингис бондын нэг тэрбум ам.долларын, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг төлөх шаардлагатай. Үүн дээр нэмэгдээд жижиг өрүүд ч бий. Бид жижиг байшин барилга, улс төрийн сонгуулийн зорилттой зүйлүүдэд мөнгө өгч байхын оронд энэ өрийг хаах орлого олох зүйлд төсвөө хуваарилж чиглүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэтэрхий туйлширсан, хааж боосон, эдийн засгаа хэтэрхий хүнд байдал руу түлхсэн байдалтай байна. Өнөөдөр өдрийн хоолоо аргацаах гэж ядаж байгаа олон өрх айл, орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд хэдэн арван мянгаараа байна. Нэгэнт л цар тахал гарч цаг үеийн нөхцөл байдал ийм байгаагаас хойш төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.

-Тэгвэл төсөвт тодотгол хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд яах ёстой вэ?

-Төсөвт тодотгол хийхдээ үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацааны бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна. Ийм боломж төсөвт бий. Зээлийн хүүг бууруулах замаар мөнгөний бодлогоороо дамжуулаад хийх боломж бидэнд бий. Бид огт байхгүй боломжгүй зүйлийн талаар яриагүй. Хамгийн гол нь дотоод нөөц боломж нь байгаа учраас цаг алдалгүйгээр хувийн сектороо хамгаалах, ажлын байраа хадгалах тал дээр анхаарах шаардлагатай. Орж ирж байгаа орлогыг улс төрийн хэлбэрээр, үрэлгэн байдлаар зарцуулдгаа одоо болих хэрэгтэй. Нийлүүлэлтээ зөв онилох ёстой. Нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих хэрэгцээтэй байна.

Ер нь бусад улс оронд ч аж ахуйн нэгжүүддээ буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Бага хүүтэй зээлийн эх үүсвэрүүдээр хангаж байна. Манай улсад энэ тал дээр бодлогын алхмууд огт хийгдээгүй. Энэ чиглэлийн бодлогуудыг хийхгүй бол бидэнд эрэлт талд байсан боломжууд үндсэндээ байхгүй болж байна. Үндсэндээ бараа бүтээгдэхүүний хомсдолтой, үйлдвэрлэл зогсчих ийм үед шууд бэлэн мөнгө тараагаад эхлэх юм бол үнийн хөөрөгдлийг бий болгоно. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээрээ дамжуулж, тэдгээрийг санхүүгийн хямд эх үүсвэрээр дэмжих арга хэлбэрээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Энэ бол дунд, урт хугацааны арга хэмжээ. Богино хугацаанд энэ аргыг хэрэглэх гэхээр мөн л боломжгүй болоод эхэлчихлээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд ч тэсэхэд хэцүү болж байна. Шийдэл гаргахгүй л бол байдал улам дордож байна шүү.