Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны хувьд хоёр Ардчилсан нам гэж байхгүй гэж хэлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр Ардчилсан нам нэгдмэл биш байдалтай байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Би хэлээд байгаа юм биш шүү дээ. Хууль нь л тийм юм чинь. Нөгөө талаас очоод Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэр байна уу, Ардчилсан намыг төлөөлөх эрх яг хэнд чинь байгаа юм бэ гээд асуу л даа. Юу үзүүлэхийг нь харах хэрэгтэй. Надад өнөөдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн тогтоол гээд бүх юм байна. Ардчилсан намын VII Их хурлын тогтоол ч хэвээрээ байна. Нөгөө талд юу байгаа юм. Хэнд хууль ёсны эрх байна, тэр нь л хууль ёсны байгууллага. Ер нь хуулийн этгээд нэг л байдаг шүү дээ. Хэрэв тийм биш юм бол аль дуртай байгууллагынхаа нэрийг хоёр, гурав хувааж хэрэглээд, би захирал нь хэмээн цээжээ дэлдээд байх хэрэг үү. Ийм зүйлийг зөвшөөрөх юм уу.
-Ардчилсан намын дүрмийн дагуу Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо дараагийн даргыг сонгох эрх, үүрэгтэй байдаг. Ц.Тувааны талаас хамгийн сүүлийн Их хурлаас сонгогдсон хүчин төгөлдөр ҮДХ, ДСХ-ны удирдлагууд саяын намын даргын сунгааг явуулсан учраас бидний хийсэн сонгууль хүчин төгөлдөр гэж хэлж байгаа л даа.
-Уучлаарай, тийм биш л дээ. Тэд X Их хурлыг хүчинтэй гээд байгаа. Тэр Их хурлыг Дээд шүүхээс хүчингүй гээд хэлчихсэн. Тэд энэ Их хурлаар Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах гэж үзсэн ч Дээд шүүх түүнийг нь бүртгээгүй. Хоёрдугаарт, хэрэг болохоороо л хүчинтэй гээд байгаа болохоос тэд X Их хурлаар тогтоол гаргаад ҮДХ, ДСХ-г татан буулгачихсан шүү дээ. Ц.Туваан нарын гарын үсэг ч тэнд бий.
Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т “Намын Их хурлаар батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно” гэсэн байдаг. Төлөөллийн төв байгууллага гэдэг нь манай намд бол Үндэсний бодлогын хороо юм. Манай Үндсэн дүрмийн 5.22-ын 5.7-д ДСХ-ны дарга, дэд дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байдаг. Гэтэл тэдний хүчинтэй гээд байгаа ҮДХ, ДСХ 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдсан намын VII Их хурлаас батлагдсан юм. Би намын дарга болж, санал оруулснаар баталж байсан учраас маш сайн санаж байна. Энэ утгаараа 2021 оны хоёрдугаар сард тэр ДСХ, ҮДХ-ны бүрэн эрх дуусгавар болчихсон. Бүрэн эрх нь дуусгавар болсон учир эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг. Тиймдээ ч манай намын ҮБХ-ны хуралдаан болж ҮДХ, ДСХ-ны бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцож, шинэ бүрэлдэхүүнийг томилчихсон. Дөрөвдүгээр сарын 7-нд болсон Ардчилсан намын XI Их хурлаар ҮБХ-ноос гарсан тогтоол шийдвэрийг мөн давхар батламжилж, ёсчилсон. Тэгэхээр одоо ямар ч асуудал байхгүй. ДСХ-ны журам гэж байдаг юм. Тэр журмын 4.1-т ДСХ-ны бүрэн эрх дөрвөн жил байна, бүрэн эрх дууссан тохиолдолд эрх бүхий байгууллага дараагийн бүрэлдэхүүнийг томилох хүртлээ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Түүнийг И.Мөнхжаргал буруу тайлбарлаад байгаа юм. Манай намын Үндсэн дүрэм дээр намын удирдах дээд байгууллага нь намын Их хурал байна гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр дүрмийг дагаж журам гардаг, дүрэм нь хуулиа дагаж гардаг. Маргаан үүслээ гэхэд ямар ч тохиолдолд хуулиа л барина шүү дээ. Хэрвээ нам дотор маргаан үүсвэл журмыг бус дүрмээ л барина. Эрх зүйн чадамжийн хувьд дүрэм журмынхаа дээр байна шүү дээ.
-Ардчилсан намын дүрэмд цахим сонгууль явуулах заалт байхгүй. Тэгэхээр цахим сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр байж чадах уу?
-Төлөөллийн төв байгууллага нь өөрөө намын Их хурлаас баталсан дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрхтэй гээд хуульчилсан. Тэгэхээр төлөөллийн төв байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд журам, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд баталчихсан. Тэр нь ямар ч хууль, дүрмийн зөрчил биш. Дээрээс нь энэ асуудал дүрмээр бус, журмаар зохицуулагддаг юм. Дүрэм дээр цаасаар болон цахимаар явуулна гэсэн заалт байхгүй. Ерөнхий заалтууд л байдаг болохоос биш заавал цаасаар, цахимаар сонгууль явуулна гэсэн зохицуулалт байдаггүй. Үүнээс гадна цар тахалтай холбоотойгоор Гамшгийн тухай хууль гарсан. Зөвхөн Монголд бус дэлхий нийтээрээ цахим хэлбэрт шилжчихээд байна. Энэ утгаараа хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй.
-Дээд шүүхээс цаасан болон цахим сонгуулийн үр дүнгээс сонгогдсон хоёр нэр дэвшигчийн аль нэгийг нь намын даргаар батламжилж таарна. Хэрэв М.Тулгатыг батламжилбал та нөгөө талтай эвсэж, нэгдэх үү?
-Ямар нэгэн эвсэлдэх асуудал байхгүй. Яасан гэж эвсэлдэх юм. Нэг л үзэл суртлын тугтай, үзэл баримтлалтай, үндсэн дүрэмтэй, нэгдмэл нэг л нам шүү дээ.
-Гэхдээ хоёр тийш харчихаад байгаа нь үнэн шүү дээ.
-Зүгээр л дүрэм, журмыг уландаа гишгэж байдаг, эрх мэдэл албан тушаалдаа ташуурсан хэсэг бүлэг нөхдүүдийн хийж байгаа дүрмийн бус үйлдэл шүү дээ. Бидэнд хууль, дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Улсын дээд шүүх дээр энэ асуудал очлоо гэхэд Үндсэн хуулиа л барьж таарна. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд юу гэж заасан байна, түүгээрээ л явна. Энэний ард Ерөнхийлөгч, УИХ-ын олон гишүүн байгаа учраас бүртгэнэ, тэрний ард АН-ын одоогийн удирдлагууд, жирийн гишүүд байгаа учраас бүртгэхгүй гэж үзэмжээр хандах эрх хэнд ч байхгүй. Хууль бидний талд байгаа учраас бид итгэлтэй байна. Ямар нэгэн итгэмжлэлгүйгээр Ардчилсан намыг шууд төлөөлөх эрх нь надад бий. Өөр хэн нэгэн төлөөлөх шаардлага гарвал миний итгэмжлэл олгосон этгээд Улсын дээд шүүхэд хандах ёстой. Би тухайн үед Ц.Туваанд итгэмжлэл олгосон. Үндсэн дүрэмд намын дэд дарга намын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Би намын даргын хувьд түүнийг намын Их хурлаа хийж, хамгийн их санал авсан нэр дэвшигчийг намын даргаар батламжлаад тамга, тэмдгээ хүлээлгэн өгөөрэй гэсэн үүрэг өгсөн. Гэсэн ч миний өгсөн үүргийг биелүүлэлгүй дөрөв, таван сар болсон учир би арга буюу эргэн ажлаа авсан. Итгэлийг минь хөсөрдүүлж, өгсөн үүрэг даалгаврыг минь биелүүлэхгүй байсан учир ийм алхам хийсэн хэрэг. Хүмүүс янз бүрээр мушгидгаараа мушгиж, Эрдэнээ намын даргаараа дахин дөрвөн жил ажиллах нь гэж ярьсан л даа. Тийм биш, би энэ алдаа мадгийг засаж, дараагийн намын даргад өөрөө тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр шилжүүлэх ёстой юм байна гэсэн зарчмын байр суурь дээр байсан хэрэг. Энэ ч утгаараа Ардчилсан намын баярын өдөр намынхаа XI Их хурлыг амжилттай хуралдууллаа.
-Таны ард МАН байгаа юм уу. Таныг нэр холбогдоод байгаа хэргээсээ болж МАН-ын гар хөл болж байна. Тиймдээ ч нөгөө талтай эв зүйгээ олох саналыг хүлээж авахгүй байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Нотолгоо ярья л даа. Эрдэнээ МАН-тай хуйвалдаж байна гэдэг үлгэр. Огт үндэслэлгүй, худлаа зүйл. Намын гишүүдийн дургүй зүйлийг надад наах замаар миний нэр хүндийг унагаах гэсэн л оролдлого. Харин ч намын даргын сонгуулийг нэг болгож явуулах тал дээр бодит алхам хийсэн тал нь бид. Бид хууль ёсны нам учраас түрүүлж хөдөлж байгаа нөхдүүддээ боломж олгоё, эв эеийг хичээе гэдэг байдлаар хандсан. Бид дөрөвдүгээр сарын 25-нд намын шинэ даргын сонгуулийг явуулахаар төлөвлөж байсан ч тэдний зарласан гуравдугаар сарын 28-ны өдөр сонгуулиа хийхээр болсон. Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл хийхдээ нөгөө талд нэр дэвшиж байсан дөрвөн хүнийг давхар бүртгүүлээд, сунгаанд ороод яв, бид гадуурхахгүй гэж ч хэлж байсан. Ийм боломжуудыг бид олгосон. Гэсэн ч тэд ирээгүй, сонгуулиа гуравдугаар сарын 28 болгочихоод байхад нэгдсэн сонгууль байгуулах ажлыг тэд хийгээгүй, зориуд зугтаасан. Тэд сонгуульдаа нэг тэрбум 420-иод сая төгрөг зарцуулсан бол бид 140-өөдхөн сая төгрөг зарцуулсан. Тэд зөвхөн нэг тэрбум 420 сая төгрөгийг зараад зогсохгүй үүн дээр нэмээд гишүүдэд мөнгө тараасан, санал худалдаж авсан, үнэтэй машин хөлсөлж хүн зөөсөн, явуулын хайрцаг явуулсан, намын гишүүн биш хүнд батлах бичиж санал өгүүлсэн. Энэ мэтчилэн түмэн гомдол гарчихсан байна. Гэтэл цахим сонгууль дээр ямар ч гомдол гараагүй. Дунд нь 20 минутын кибер халдлага болсон ч бид тэр бүхнийг урьдчилан тооцсон байсан учраас даруй программаа шилжүүлээд, цааш саадгүй санал хураалтаа үргэлжлүүлсэн. Үүнээс үүдэж ямар нэгэн саналын зөрүү гараагүй.
-Тэгвэл Ц.Тувааны гэх тал яагаад тантай нэгдэхгүй байгаа юм бэ. Шалтгаан нь юу юм?
-Ард нь тодорхой тооны урьдчилан чиглүүлж байгаа нөхдүүд байна. Тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас нэгдэх дургүй байна шүү дээ. Шулуухан хэлэхэд, одоогийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд хоёр л ард нь чиг үүрэг өгөөд сууж байгаа. Би бол энэ бүгдээ болиоч ээ, нэг нам юм бол нэгдээд яваач ээ гэсэн л зарчим барьж байгаа.
-Одоогийн төрийн тэргүүн АН-аас дахин Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаа нь тодорхой. Та түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжихгүй байгаа учраас ингэж талцаад байгаа юм биш үү?
-Би өнөөгийн Ерөнхийлөг-чийг АН-аас нэр дэвших асуу-далтай холбоотой нэг ч байр суурь илэрхийлээгүй байгаа. АН-тай харьяалалтай хэн ч бай Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь нээлттэй. Манайх ардчилсан нээлттэй нам шүү дээ.
-Хоёр талаас Ерөнхийлөг-чид нэр дэвшихээр хоёр нэр очоод, аль нь ч хүчингүй болчих юм биш биз?
-Дээр хэлсэн шүү дээ. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гээд үүрэгжүүлчихсэн. Хууль дээдлэх зарчмаа л барих ёстой.
-Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үү?
-Сунгаа явах ёстой. ҮБХ хуралдана, түүний дараа тодорхой болно. Хуулиараа санал хураалтаас 40 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж, гурав хоногт багтаан дуусгах ёстой. Тэгэхээр тавдугаар сарын 2 бол нэр дэвшилтийн эцсийн хугацаа байна.
-Та бүхэн АН-ын зарим гишүүд үзэл суртлын хоригдол болсон гэх тогтоол гаргажээ. Үзэл суртлын хоригдол гэдгийг юу гэж ойлгох талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Бид улс төрийн зорилготойгоор яллагдаад явж байгаа зарим лидер гишүүдийнхээ талаарх мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд руу явуулах зорилгоор тус тогтоолыг гаргасан. Хүний эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байх ёстой ч бараг 20, 30 дугаарт жагсаад байх шиг. АН мөн л юм, Монгол Улс ардчилсан улс мөн л юм бол хүний эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Хүний эрхийг үгүйсгэсэн улс оронд хувь хүний эрх, эрх чөлөө гэж байдаггүй. Эрх чөлөөгүй хүн хэзээ ч сэтгэл хангалуун амьдарч чадахгүй шүү дээ.