Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Бүрэн эрхийн хугацаанд мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой эсэхийг харах хэрэгтэй

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр бусад сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс юугаараа онцлог ялгаатай байдаг вэ?

-УИХ, Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь тухайн сонгуульд ялсан улс төрийн намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр болон батлагдаж засаг захиргааны бүх нэгж, төрийн бүх алба зэрэг гүйцэтгэх эрх мэдлээр дамжин хэрэгждэг.Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон байна.

-Сонгогчдын зүгээс Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөөс юуг илүүтэй анхаарах ёстой бол?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байх, Монгол Улсын хөгжлийн бодлого, төсвийн хуулийн зарчимд нийцсэн байх шаардлагыг хангаж байгааг харах хэрэгтэй. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, тарааж байгаа нэр дэвшигчдийн хөтөлбөрийн хураангуй танилцуулгыг харчих хэрэгтэй.Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа болж байгаа сонгууль учир сонгогч бид юуг анхаарах ёстой вэ гэдгийг илүү чухалчлах хэрэгтэй болов уу. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зүйлсийг хүртэл тодорхой дурдсан байгаа.

-Та гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцав уу?

-Тодорхой түвшинд уншиж үзлээ.

-Нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ, УИХ, Засгийн газраа сөрж биш, хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ гэжээ. Үе үеийн төрийн тэргүүнээс бид ийм л зүйлийг хүсдэг ч биеллээ олсон нь ховор. Түүний амлалт биелэх боломжтой юу?

-Хэрвээ сонгогдвол биелэх боломжтой. Хэдэн үндэслэл хэлэх хэрэгтэй байх. Нэгдүгээрт, бүх нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хяналт тавих байгууллага нь Үндэсний Аудитын газар байна.

Хуульд заасны дагуу нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад санал авах өдрөөс 37-гоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Уг хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй. Тэгэхээр мөрийн хөтөлбөрт бичигдсэн амлалтууд өмнөх асуултад хариулсан хоёр шаардлагын хүрээнд боловсруулагдсан гэдгийг мэргэжлийн байгууллага шалгаад сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл өгсөн байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд засаглалын хувьд парламентын засаглалтай байхаар заасан байгааг нэр дэвшүүлж буй МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баталгаажуулах талаар тусгасан. Тэгэхээр нэр дэвшүүлж байгаа улс төрийн намын мөрийн хөтөлбөрт энэ зорилт байгаа учир улс төрийн зөвшилцөл саадгүй байх боломжтой.

-Мөн тэрээр эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг Ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, Их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх тухай тусгажээ. Энэ зөв шийдэл мөн үү?

-Одоогийн байдлаар улсын ЕБС-иуд гадаад хэлийг дунд ангиас заадаг санагдаж байна. Энэ зорилт хувийн сургуулиуд, төрөлжсөн сургуулиудад зориулагдсан болов уу. Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалын үүднээс авч үзвэл эх хэлээ бүрэн эзэмших зайлшгүй шаардлагатай. Гэтэл дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэх болвоос гадаад хэл сайн эзэмших хэрэгтэй байдаг. Хувь багшийн хувьд төрөлх хэл, гадаад хэл хоёрыг зэрэг сайн заах хэрэгтэй гэж бодож байна.

-Нэр дэвшигч С.Эрдэнэ Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мөн эцэг, эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн байна. Энэ нь хэр зөв юм бэ?

-Гадаадад амьдарч байгаад тухайн улсдаа мэндэлсэн хүүхдийн хувьд насанд хүрэх үед иргэншлийн асуудал сонголттой байгаа. Тэгэхээр энэ зорилт нь давхар иргэншлийн асуудал хөндсөн болов уу. Хувь судлаачийн хувьд гадаадын иргэдийн давхар иргэншлийг дэмждэггүй. Энэ бол Аюулгүй байдлын язгуур эрх ашиг болох тусгаар тогтнолын асуудалтай алсуураа шууд холбоотой асуудал. Давхар иргэншилтэй иргэн төрийн сонгуульд оролцох бол яах вэ гээд олон асуудлыг хөндөнө. Тиймээс нухацтай хандах хэрэгтэй. Харин гадаадад байгаа өөрийн улсын иргэдийн эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт, түүнд үзүүлэх төрийн дэмжлэг,гадаадад төлж буй татварыг хэрхэн дотоодын татвартай уях гэдэг ч юм уу оюуны дайжилт хийж буй иргэдийн асуудлыг илүү хөндөж тавих хэрэгтэй санагддаг.

-Мөн Засаг захиргааны анхан, дунд шатанд хоосон улстөржилт, талцал хуваагдал асар их байгааг анхааран, үүнийг арилгах үүднээс сум, баг, дүүрэг, хорооны түвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна гэсэн нь Ерөнхийлөгчийн хийх ёстой үйлдэл мөн үү?

-Мөрийн хөтөлбөрийн зорилт дотор “улстөржилт” гэж бичих нь сонин санагдсан. Улс төр судлаачийн хувьд энэ нэр томьёо олон утгыг агуулдаг учир албан ёсны хэллэг байж чадах уу гэж харж байлаа. Зорилтын агуулгын хувьд ойлгож байна. Анхан болон дунд шатны засаг захиргааны нэгжийн удирдлагын тогтолцоонд улс төрийн намын эзлэх байр суурь маш өндөр байгаа нь үнэн. Энэ асуудал засаглал, сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой.Нэр дэвшигчийн хувьд хууль санаачлах бүрэн эрхтэй учир энэ зорилтыг дэвшүүлж болно.

-Нэр дэвшигч Д.Энхбат иргэд ядууралд орох эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгох бодлогыг дэмжинэ,халамжийг хавтгайруулахгүй гэжээ. Түүний энэ амлалт биеллээ олох боломжтой юу?

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тавигдах хөгжлийн болон төсвийн бодлогын чиглэлд нийцтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгааг харах хэрэгтэй байх. Мөн Сонгуульд нэр дэвшигч нь “Эх орны хишиг”, Таван толгойн ногдол ашиг иргэдэд тараах, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг бүх нийтэд хишиг, хувьцаа, ногдол ашиг олгох, амлахыг хориглосон заалт байгаа. Тэгэхээр нийтийн хавтгай халамж бол хэн нь ч Ерөнхийлөгч болсон хэрэгжүүлэх боломжгүй.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд багтан төсөв захиран зарцуулах, төсвийн төлөвлөлттэй холбоотой эрхийн харилцаанд оролцох боломжгүй. Тэгэхээр энэ зорилт хэрэгжих боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Харин эрүүл мэндийн үйлчилгээний талаарх бодлогыг дэмжих тал дээр оновчтой санагдаж байна.

-Мөн түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана гэсэн нь анхаарал татаж байна л даа…

-Санаачилга нь хувь улстөрчөөс гарсан ч Ерөнхийлөгчийн институт цаана нь ажиллаж байна. Тэгэхээр ямар эрхийг шаардлагагүй бүрэн эрх гэж үзэх вэ, бэлгэдлийн Ерөнхийлөгч байх бол зөвхөн ёсчлох эрхтэй үлдэх улс төрийн хүсэл зориг байх уу гээд олон асуудлыг харах хэрэгтэй. Адаглаад сонгодог, хагас, бэлгэдлийн ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийн ялгаа болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийн асуудлаас эхлэх байх даа.

-Гурван нэр дэвшигч гурвуулаа авлигын эсрэг хууль тогтоомж санаачилж, авлигаас ангид байхад уриалж, соён гэгээрүүлнэ гэсэн байна. Хууль шүүхийн салбарт ч өөрчлөлт хийж, шударга шүүхийн тогтолцоог бий болгохоо амлаж. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ амлалт ганцхан Ерөнхийлөгч биш УИХ, Орон нутгийн гээд бүх сонгуулийн амлалтад орж ирдэг. Авлигын эсрэг, шудрага, ёс зүйтэй засаглалыг улсаараа хүсч байгаа. Тэгэхээр нэг талаас нийт сонгогчдын хүлээдэг амлалт. Нөгөө талаас биелээд хэрэгжээд байгаа нь харагдаад байдаггүй амлалт. Хувь иргэний хувьд дорвитой өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна.

-Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тус бүрийн онцлогийг нь судлаач хүний хувьд юу гэж харсан талаараа уншигчдадаа хуваалцаач?

-Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь улс төрийн намын үзэл баримтлал, онцлогийг шингээсэн байна. МАН-аас нэр дэвшигчийн хувьд эрх баригчтай хамт өөрийн зорилгыг биелүүлэх хүсэл зорилгоо шингээсэн “Шинэ цагийн уламжлалт Монгол Улс” байхыг амлаж. АН-ын нэр дэвшигчийн хувьд “Ардчиллыг өмчилсөн”шинжтэй хөтөлбөр болсон бөгөөд давуу тал нь ямар хуулиуд санаачлах талаар тодорхой дурдсан байсан. ХҮН-ийн нэр дэвшигчийн хувьд “Шинэлэг байхыг зөвхөн бид чадна” гэсэн агуулгатай, үүнийгээ батлахуйц бодлогын зөвлөлүүдийг байгуулах талаар амласан байгаа нь сонирхол татсан.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь гүйцэтгэх засаглал руу түлхүү чиглэсэн байгаа. Иймээс хамгийн гол анхаарах зүйлс нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байх шаардлага, Монгол Улсын хөгжлийн бодлого, төсвийн хуулийн зарчимд нийцсэн байх шаардлагыг мөрийн хөтөлбөр хангаж байгаа эсэх, зургаан жилийн бүрэн эрхийн хугацаанд мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой эсэх, мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэхийн тулд улс төрийн зөвшилцөл хийж чадах эсэхийг анхаарах хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Жо Байден, В.Путин нарын хэлэлцээнд Ойрхи Дорнодын асуудал том байр суурийг эзлэх болов уу


Гадаад бодлогын эксперт, судлаачпрофессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


ОХУын төрийн тэргүүн Владимир Путин, АНУын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 16-нд Швейцарийн Женев хотод товлогдоо. Энэ уулзалтаар юу яригдах бол, хоёр орны харилцаанд эерэг үр дүн бий болж чадах уу?

-ОХУ, АНУ-ын харилцаа доод түвшиндээ хүртэл муудаж хурцадсан байдалтай байгаа. Хоёр орны харилцаа 2014 оноос хойш жил дараалан уруудсан. Шалтгаан нь ОХУ Крымын хойгийг өөртөө хавсарган нэгтгэж, Дорнод Украин-Донбассын мөргөлдөөнд шууд бусаар татагдан оролцлоо гэсэн ял АНУ, Өрнөдийн зүгээс Орост тулгасан. Энэ хэрээрээ Оросын эсрэг хийрхэл АНУ төдийгүй өрнөд ертөнцөд дэгдэж энэ нь яван явсаар АНУ-ын гурван ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Гурван төрийн тэргүүн дамжсан их хямрал үргэлжиллээ. Хурцадмал ийм нөхцөл байдлыг “Шинэ Хүйтэн дайн” гэж нэрлэж байна. “Хоёрдугаар Хүйтэн дайн” ч гэж нэрлэх нь байна. “Хүйтэн дайн”-ы ийм хурц үед хоёр улсын удирдагч уулзах гэж байгаа нь дэлхий дахины улс төрийн өрсөлдөөн, сөргөлдөөнийг намжаахад нааштай алхам эхлүүлэх байх гэсэн горьдлого дэлхий нийтийн дунд байна. Тэр дундаа энэ хоёр гүрэнтэй хоёулантай нь найрсаг сайхан харилцаатай Монгол Улсын хувьд ч хүлээлттэй байна гэсэн үг.

Чамлахааргүй хугацаа өнгөрчихөөд байхадХүйтэн дайн”-ы тийм нөхцөл байдал намжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ухаандаа АНУ-д болоод Өрнөдөд ОХУ-ыг шүүмжилдгээр бол Украины дотоод хэрэгт оролцож, Донбассын тогтворгүй байдлыг өдөөж, Крымыг нэгтгэн авсныг нь огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дэлхийн II дайны дараа тогтсон газар нутгийн хөдөлшгүй, халдашгүй дархан байдлыг эвдсэн хэмээн тэд ОХУ-ыг шүүмжилж, тэр алдаагаа засахаас хоёр талын харилцаа сайжрах эхлэл тавигдана гэж АНУ, Өрнөд Европт үзэж байна. Харин ОХУ хэзээ ч буруугаа хүлээж, харилцаагаа тийм эхлэлээр сайжруулъя гэж эргэхгүй. ОХУ өөрийн үндэснийхээ эрх ашиг дээр хатуу зогсоно, үүн дээр буулт хийнэ гэж байхгүй. Тэс хөндлөн ийм байр суурьтай байгаагаас Орос ба Өрнөдийн харилцаа доод түвшиндээ хүртэл уначихаад байна. Мөн өнөөдөр даян дэлхийд ОХУ, АНУ-ын хоёр талын харилцаанаас ч илүү ноцтой олон асуудал тулгараад байна. Хүн төрөлхтнийг сандаргасан ковид гэх цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг-нийгэм зогсонги байдалд орсон. Үүн дээр нэрмээс болгож их гүрнүүд толхилцох нь дэлхий дахины байдлыг улам л дордуулах аюултай бус уу.

-“Хүйтэн дайнбусад улс орнуудын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулаач?

-“Шинэ хүйтэн дайн”-д БНХАУ татагдан орсон. БНХАУ-АНУ-ын харилцаа тун хүнд байна. БНХАУ-Японы харилцаа ч тэр, Орос-Японы харилцаа ч тэр тааруухан байна. Ороос-Европын харилцаа ч сайнгүй байна. Энэ олон таагүй харилцааг зөөлрүүлэхэд луужин болох нь Орос-Америкийн харилцаа юм л даа.

АНУ, ОхУын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар дорвитой үр дүн гарч чадах болов уу?

-Хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ийм тийм үр дүн гарна, тийм дэвшилд хүрнэ гэж хэлэх бололцоо үнэндээ алга. Миний ойлгосноор бол эдүгээ аль ч салбарт Орос-Америкийн ямарваа түвшний яриа хэлэлцээ явагдаагүй. Зэвсэглэлийн ч, бүс нутгийн мөргөлдөөний ч, хоёр талын худалдаа-эдийн засгийн ч, хүмүүнлэгчийн ч гээд аль ч салбарыг авч үзэхэд Орос-Америкийн харилцаа зогссон байдалтай, хэзээ эргэж сэргэх нь ч тун бүрхэг байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэ “Шинэ хүйтэн дайн” гэдэг ч юм уу, Орос-Америк, Орос-Өрнөдийн харилцааны зөрчлөөс залхчихсан байна. Том гүрнүүд учраа олж, найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа эрүүл саруулаар эхлүүлж, зөв явуулж байж дэлхий дахин тогтвортой байх ёстой. Адаглаад бүс нутгийн мөргөлдөөний голомтууд ч гэсэн дэлхийн бодлого тодорхойлдог дэлхийн том гүрнүүдийн харилцааны дунд зүгшрэх ёстой. Тэр утгаараа ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийтээрээ тэсэн ядан хүлээж, басхүү онц ач холбогдол өгөх нь ойлгомжтой юм. Улс төрийн онц ач холбогдол өгч байгаа болохоос өөр тодорхой салбарт тийм ийм дэвшил гарчихна, зэвсэглэлийг тэгээд хорогдуулчихна, дайны аюулыг урьдчилан сэргийлчихнэ гэж хэн ч зориглож ярихгүй байна.

АНУын ерөнхийлөгч Жо Байдены хувьд төрийн тэргүүнээр сонгогдоод тийм ч урт хугацааг өнгөрүүлээгүй байгаа. Гэсэн ч ОХУтай яаравчлан уулзаж байгаа нь харилцаагаа өөр түвшинд гаргахыг ихээхэн зорьж байна уу гэж харагдахаар байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод хагас жил болчихсон. Энэ нь тийм ч чамлахаар хугацаа биш. Гол нь Жо Байден Ерөнхийлөгч болоод хамгийн эхний хоёр талын өндөр дээд хэмжээний уулзалтаа БНХАУ-тай хийсэн. Энэ юу харуулав гэхлээр ноён Жо Байден Хятадтай харилцаагаа цааш нь хэрхэн авч явах вэ гэдэг дээр ОХУ-тай харилцаанаас ч илүүтэй тархиа гашилгаж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Аляскад ширүүхэн явагдсан Америк-Хятадын “2+2” форматын уулзалтыг би хэлж байна. Харин одоо Орос, Америк хоёр гүрний төрийн тэргүүнүүд анх удаа шууд халз тулж уулзахаар боллоо. ОХУ-АНУ-ын харилцаа нэн хүнд байгаа нөхцөлд хоёр орны аль нэгэнд нь энэ уулзалтыг хийхгүйгээр гуравдагч улс, болж өгвөл төвийг сахисан бүс нутаг, улсад хийе гэж тохироод Швейцарийн Женевийг сонгож авсан.

Нэг зүйлийг онцлоход, хэд хоногийн өмнө нэлээн ширүүссэн Израиль-Палестины мөргөлдөөн хүн төрөлхтөнд айдас түгшүүр төрүүллээ. Энэ мөргөлдөөн зогсохгүй бол юу болох вэ, яах вэ гэсэн асуулт тавигдсан. Үүнд АНУ, ОХУ төдийгүй дэлхийн гүрнүүд оролцож, тал бүрээс нь уриалан дуудсанаар Израиль зарим талаар буулт хийж энэ мөргөлдөөнийг түр зогсоолоо. Ойрхи Дорнодын энэхүү мөргөлдөөнийг зогсоох асуудлаар АНУ тун идэвхтэй ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен одоо хүртэл Ойрхи Дорнодын орнуудаар явж байна. Тэр ч утгаараа хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалт Ойрхи Дорнодод мөргөлдөөний гал бүрэн намжаагүй үетэй давхцаж таарах нь байна. Тиймдээ ч Ойрхи Дорнодын асуудал хэлэлцээний сэдэвт томхон байр суурь эзлэх нь гэж ойлгож байна. Сирид хоёр гүрэн халз тулгарч тулалдахад тун ойртсон, Сирид явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг АНУ, түүний холбоотнууд хүлээн зөвшөөрөхгүй, Ирантай АНУ ямар харилцаа хөгжүүлэх нь нэн бүрхэг, Орос ба хуучин Зөвлөлтийн БНУ-ын өвөр хоорондын харилцаа, Армен-Азербайжаны зөрчил, Орос-Украины зөрчил, шинээр үүсээд буй Беларусь-Прибалтикийн харилцааны хурцдал гээд хэлэлцээнд хөндөх асуудал хангалттай хуримтлагдсан болов уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Угтаал, Цээл, Заамар сумыг холбох 120 км замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй

УИХын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


БаруунбүрэнОрхонтуулЦээлБаянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар болжээ. Энэ төслийн талаар та мэдээлэл өгөөч?

-Бид энэ замыг тавих ажлыг 2018 оны улсын төсөвт суулгаж эхлүүлсэн юм. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замын зураг төслийг хийх 500 сая төгрөгийг улсын төсөвт тусгаж, батлуулсан. Энэ 120 км авто замын зураг төслийн ажил 2018 оны найм, есдүгээр сард хийгдээд дууссан. Улаанбаатар, Өвөрхангай чиглэлийн замаас салаалаад Баянхангай сумаас эхлээд Угтаал сумын нэгдүгээр баг хүртэл 30 км, тус нэгдүгээр багаас сумын төв хүртэл нь 19 км, тэндээс Цээл рүү 23 км, мөн Угтаалын нэгдүгээр багаас Заамар руу явах 47 км гээд нийт 120 км авто замын зураг төсөл, тооцоо судалгаа нь гарчихсан гэсэн үг. Геологийн судалгаанаас эхлээд замын трасс, эрчим хүчний асуудал, хөндлөн гарч байгаа газар нутгийн нөхцөл байдал гээд бүгдийг нь иж бүрэн хийж дуусгасан. Харамсалтай нь зураг төсөл гарснаас хойш эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байснаас үүдээд төсөвт хөрөнгө мөнгө тусгагдахгүй, замын ажлыг эхлүүлж чадахгүй байдалтай байна. Эдгээр сумдыг сонгож авсан нь учиртай. Төв аймаг бол Монгол Улсын газар тариалангийн томоохон бүс нутаг. Угтаал, Заамар, Цээл сумд нь Төв аймаг дахь газар тариалан эрхэлдэг гурван том сум юм. Угтаалд л гэхэд манай улсын хамгийн том үр тарианы элеватор бий. Ер нь бол Атрын I, II, III аян энэ бүс нутгуудад хэрэгжсэн. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсыг улаанбуудайгаар хангахад том үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг учраас авто замыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тэгэхээр та бүхэн анх Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замыг тавихаар зураг төслийг нь гаргаж байжээ?

– Анх бид энэ замыг хийхээр ярьж байхдаа энэхүү замыг Цээлээс хойш үргэлжлүүлээд Дархан-Булган, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Дашинчилэн, Дашинчилэн-Булганы замуудад холбох санаануудыг тусгаж байсан. Нэгэнт Цээлд зам хүрчихвэл цаашлаад Сэлэнгийн тал руу холбогдоод, үндсэндээ Төв аймаг, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгийг холбосон битүү гогцоо зам үүснэ.

Энэ нь Улаанбаатар, Дарханы чиглэлд байдаг үндсэн том трасст нэгдээд Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн дийлэнх хувь нь гол хэрэглэгч, үйлдвэрлэгч бүс нутгуудтайгаа хатуу хучилттай замаар холбогдох ёстой гэсэн үзэл баримтлалын үндсэн дээр дээрх 120 км замын зураг төслийг хийсэн юм.

Одоо бол БаруунбүрэнОрхонтуулЦээлБаянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар шийдээд байгаа.

-Одооогийн Засгийн газар гарснаас хойш замыг үргэлжлүүлээд хойноос нь Булган-Дархан-Дашинчилэнгийн замаас бид нарын эхлүүлсэн трасстай холбоод газар тариалангийн бүс нутгийг хамарсан гогцоо зам барих зарчмын шийдвэрээ гаргасан. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд, тэр дундаа Ч.Ундрам гишүүн энэ асуудлыг хөөцөлдөөд явж байгаа юм байна. Бид бүх аймгуудаа хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ холбочихлоо. Одоо эдийн засгийн гол бүс нутгуудаа том трасс замуудтайгаа холбох зайлшгүй шаардлага бий. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэхээс эхлээд маш ач холбогдолтой байна. Үүнээс гадна нэг том зорилттой уялдаж байгаа. Монгол Улс хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгасан. Энэ бодлого одоогийн Засгийн газарт ч тасралтгүй үргэлжлээд явж байгаагийн нэг баталгаа нь газар тариалангийн бүс нутгийн хатуу хучилттай замын асуудлыг цогцоор нь шийдэхээр зорьж буй явдал юм. Төр хүнсний бүтээгдэхүүнээр улс орноо хангах, том зах зээл болох хөрш хоёр орондоо нийлүүлдэг экспортлогч орон болох гэсэн хамгийн том зорилго, зорилтдоо хүрэхэд энэхүү дэд бүтцийн хөгжил онцгой чухал ач холбогдолтой юм.

Хойноос ирэх замыг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн хөндлөн гарсан трасстай холбох, уртрагаараа явж буй хоёр том трассыг холбох нэг том шугам бол Сэлэнгээс Төв аймаг руу, Төв аймгаас урд талын том замтай холбох төсөл юм. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэж Засгийн газар ч үзэж байгаа юм байна. Орон нутгийн хэрэгцээ шаардлага ч тийм байгаа.

Ч.Ундрам гишүүний зүгээс дээрх 193 км авто замын ажлыг эхлүүлэхээр шаардлагатай хөрөнгийг төсвийн хүрээний мэдэгдэл, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон гэж байсан. Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км авто замыг барих зураг төсөл нь гарчихсан юм чинь шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаад, замын ажлаа эхлүүлж байж болох юм биш үү?

-Уг нь тийм юм. Зураг төсөл нь хийгдээд, шаардлагатай материалууд нь батлагдчихсан. Төсөв хөрөнгө нь шийдэгдчихвэл эхлүүлж л баймаар байгаа юм. Сэлэнгээс орж ирэх замын хувьд мэдээж төсвийн хуулийн шаардлагын дагуу эхний ээлжинд зураг төслийг нь хийх хөрөнгө, мөнгө тусгагдаж таарна. Тиймээс 2022 оны улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж, манай Угтаал, Цээл, Заамарын замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй. Ингэвэл цаг алдахгүй, хурдан хугацаанд ажил хэрэг болж чадна. Уг нь энэ чиглэлийн замыг барихад онцгой хүнд нөхцөл байхгүй. Гол горхи, өндөр уул даваа харьцангуй цөөн, бага зэргийн намагтай газрууд л бий. Тэдгээрийн тооцоог хийчихсэн учраас түргэн хугацаанд хийчихэж болохоор төсөл юм.

-100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах амбиц МАНд байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сурталчилгаа эхлэх гэж байгаа энэ үед МАНаас сонгогдсон УИХын гишүүд хэр идэвх санаачилгатай ажиллаж байна вэ. Тойргууд руугаа очиж намаас нэр дэвшигчээ дэмжих үү?

-Хөл хорионы нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтой очиж амжихгүй байгаа тал бий. Хөл хорио цуцлагдсан хугацаанд цөөн хэдэн сумдад л очиж чадсан. Тиймээс хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулаад УИХ-ын гишүүнийхээ хувьд ч ажлаа тайлагнаж, газар дээрээс нь мэдээлэл авч мөн мэдээж сонгуулийнхаа сурталчилгааны ажилд оролцож таарна. Намын гишүүд идэвхтэй байгаа. МАН 100 жилийн ойдоо зориулж заавал ялах ёстой гэхээсээ илүү Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, эхлүүлсэн ажил нь ямар нэгэн сонгуулиас болоод зогсдоггүй, өөрчлөгддөггүй тогтвортой байгаасай гэж бодож байгаа. Энэ үүднээс манай намын гишүүд, дэмжигчид, ард түмэн ойлгож байгаа байх.

Сөрөг хүчний зүгээс Монгол Улс нэг намын дарангуйлалд орох нь гэж ихээр шүүмжилж байгаа. Ийм болгоомжлол ч нийгэмд байх шиг.

-Нэг намын дарангуйлалд орох нь, нэг нам бүхнийг авах гэлээ гэж буй. Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор аль нэг нам, ямар нэг хүн бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Ийм боломж байхгүй гэдгийн баталгаа нь парламентын засаглал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж гарах хуулиудад парламентын засаглалаа илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж, төгс төгөлдөр болгох зүйлүүдийг хийх ёстой. Үүний эцсийн дүнд улс төрийн амьдрал тогтвортой байна, бодлого тууштай хэрэгжинэ. Ийм л ойлголт, итгэл үнэмш-лээр манай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр тун удахгүй ил болно. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө юуг онцгойлон анхаарч тусгасан бол?

-Тун удахгүй мөрийн хөтөлбөр ил болж, сур-талчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөрөөс МАН-аас нэр дэвшигч ямар бодлоготой ажиллах, түүний баталгаа нь юу байх вэ гэдэг нь илүү ойлгомжтой харагдах болов уу гэж бодож байна. Төрийн гурван өндөрлөг нэг тийшээ харсан, нэг бодлого, зорилгын төлөө тодорхой хугацаанд ажиллаж чадвал улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаанд илүү хэрэгтэй байх болно гэсэн ерөнхий агуулгатай мөрийн хөтөлбөр гарсан.

Та сүүлийн үед ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах том ажил хүлээж байна. Энэ нь зөвхөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх асуудал биш, үе үеийн Ерөнхийлөгчдийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн агуулгаас гадуурх хуулиудыг хүчингүй болгох юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлоход дагалдаж гарах цөөнгүй хууль бий. Тэдгээрийг хийх ажлын хэсэгт томилогдчихоод Засгийн газраас төсөл орж ирэхийг хүлээж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Баруунбүрэн-Баянхангай чиглэлийн 193 км авто зам ашиглалтад орсноор улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


Орхонтуул сум, Төв аймгийн Цээл, угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрсан авто зам барьж улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбохоор болжээ. Энэ замын ажил ямар шатанд явж байна. Хэзээ ашиглалтад орно гэж тооцож байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөр дайрч гарах Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай авто замын чиглэлийг өөрчлөхөөр болсон. Ингэснээр Орхонтуул сумын Туул гол дээр барьж байгаа төмөр бетон гүүрийг ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв, Төв аймгийн Цээл, Угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрч Улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбогдохоор Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн авто зам барихаар болоод байна. Энэ талаарх саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт тавьж шийдвэрлүүлсэн.

Улмаар Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөв боловсруулахад шаардлагатай 1.150,0 сая төгрөгийг 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон.

Зам дагаж хөгжил гэдэг. Эдгээр сумдын хувьд ч давуу тал болж, нөгөө талдаа зам дөтлөх боломж бүрдэх нь ээ.

-Тэгэлгүй яахав. Зам дагаж хөгжил ирнэ гэж үнэн. Улсын чанартай замтай байх нь эдгээр сумдын нэгэн давуу тал болохоос гадна хөгжил дэвшилд хурдацтай нөлөөлөх нь илэрхий. Тус зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн томоохон дөрвөн суурин газар хатуу хучилттай замаар холбогдоно. Энэ нь үр тарианы тээвэрлэлтэд маш чухал ач холбогдолтой байх юм. Мөн Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймгууд руу Дарханаар дайрч тойрохгүй, 80 км зам дөтөлнө. Товчхондоо, эдийн засгийн ач холбогдолтойн дээр улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна. Тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг багасгах, богино хугацаанд хүссэн газартаа ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

Та Ерөнхий сайдын хамтаар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Засгийн газраас томоохон ямар асуудлуудад анхаарал хандуулахаар болов?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэгт орж Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, короновируст халдварт “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалт хэрхэн явагдаж байгаа талаар танилцаж үүсээд буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. Тус эмнэлгийн байранд шаардлагатай их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд шаардлагатай 3.7 тэрбум төгрөгийн зураг төсөл гаргаад байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ илэрхийлсэн нь олзуурхууштай үйл явдал болсон.

Мөн Ажлын хэсэг Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай авто замын заслын ажлын явцтай танилцлаа. Тус ажлыг 14 хоногийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд албаны хүмүүст үүрэг болгосон. Энэхүү зам нь 2022 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох юм. Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Зүүнбүрэн сумын Охиндойн талд 2.760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэнтэй танилцсан. Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байна. Ерөнхий сайдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс нутаг болгохын төлөө бодлогоо чиглүүлж ажиллана гэдгээ энэ үеэр онцолсон.

Сэлэнгэ аймаг бол тариалалтын бүс нутаг. Цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж тариалалтад нөлөөлж байгаа зүйл бий юу. Ер нь нөхцөл байдал ямархуу байдалтай байна вэ?

-Мэдээж дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахал бүхий л улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ ч утгаараа Хөдөө аж ахуйн салбарт маш хүндээр тусаж байна. Тиймээс төр засгийн зүгээс тариаланчид руу чиглэсэн тодорхой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар ХАА-г дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаан буудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо хүлэмжийн таримал үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон. Мөн миний болоод газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн санаачлан өргөн барьсан Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж зэргийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. Энэ нь төрөөс тариаланч бизнес эрхлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, дэмжлэг үзүүлж байгаагийн нэг илрэл юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар, цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Үүнд, хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээл багтаж байгаа юм. Энэхүү зээлийг Арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан гурван хувийн хүүтэй олгох юм.

Онцлоход, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээж, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийг мөнгөний бодлогын зорилтот түвшинд барих зорилт тавьж байгаа юм.

Сэлэнгэ аймагт дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Сэлэнгэ аймагт дарх-лаажуулалтад зорилтот бүлгийн нийт иргэдийн 94.2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэжээ. Харин хоёрдугаар тундаа 15 мянган хүн хамрагдсан байна. Ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.

Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тодорхой үр дүнд хүрсэн үү?

-Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдгээр асуудлуудыг судлан холбогдох газарт хандсан. Олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг холбогдох эрх бүхий байгууллага нь шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоож, шийдвэр гаргах байх.

Та сүүлийн үед ямар ажлуудад гол анхаарлаа хандуулж байна вэ?

-Холбогдох хууль тогтоомжууд дээр ажиллахын зэрэгцээ тойрог руугаа чиглэсэн хэд хэдэн ажлууд хийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, мөн Ардын хувьсгалын өлгий болсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг сумыг Сумын хөгжил хөтөлбөрт хамруулж “Жишиг сум” болгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хүсэлт гарган нааштай шийдвэрлүүлсэн. Мөн Алтанбулаг сумын музей, түүх соёлын дурсгалт өвийг сэргээн засварлуулахад Соёлын яаманд хүсэлт тавьж нэг зуун сая төгрөгийг батлууллаа. Өөрийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн 34 дүгээр сургуулийн Ерөнхий боловсролын сургууль төгсөх 1081 сурагчид 2021 оны зургадугаар сарын 28-ныг хүртэл ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулж, төлбөрийг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас гаргаж байгаа. Үүний зэрэгцээ сургалтад амжилттай хамрагдаж хамгийн өндөр оноо авсан зургаан сурагчид нэг сая төгрөгийн тэтгэлэг, хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн зургаан багшид зөөврийн компьютер өгч урамшуулна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” цахим цуврал зөвлөгөө хүргэж байна. Одоогийн байдлаар гурав дахь цуврал зөвлөгөөгөө хүргээд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ковидын бидэнд үлдээж байгаа сургамж

Сар шахам үргэлжилсэн хөл хорио өнгөрсөн бямба гаригт дуусч, нийслэлийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Өдөрт хэдэн зуун өвчлөл бүртгэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед хөл хориог үргэлжлүүлэх нь зөв байсан ч юм болов уу. Арав, хориороо нас барсаар байхад хөл хориог цуцалж байгаа нь үнэндээ санаа амар суухын аргагүйд хүргэж байна. Ажил хэцүүдлээ, бидний ашиг орлогод төр засгийн шийдвэр тээг саад боллоо гэж цамнахаас тахлаас айж, эгдүүцэж байгаа нь ч үгүй бололтой. Ажил олгогчдын дарамт шахалтаас эмээж Засгийн газар ч үг дуугүй хөл хориог цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байх. Яг жинхэнэдээ Монголд ажил хийдэг нь, ажлын байр бий болгодог нь хэд билээ дээ. Ажил хийдэг хүн байхгүйтэй адил гэчихэд бараг хатуудахгүй биз.

Ямартаа ч бид ковид гээчтэй нүүр тулаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд саар болоод санаж явах, бодож тунгаах олон зүйлстэй нүүр туллаа. Хичнээн хугацаанд ковидтой тэмцэж, үүсгэсэн шинэ амьдралын хэв маягт нь дасан зохицож амьдрахыг тааварлашгүй ч ковид бидэнд ямар сургамж үлдээж байна вэ гэдгийг бодож үзье. Зорилтот бүлгийнхээ дийлэнх хувийг дархлаажуулсан учраас “хонгилын үзүүрт гэрэл” гэгч болж энэ талаар тунгааж байгаа хэрэг юм шүү.

Ер нь хүний амьдралд маш бага зүйл хэрэгтэй аж. Тэр багахан хэрэгцээгээ бүрдүүлчихэд нэг их зовж, зүдрээд байхгүй амьдарчихдаг юм байна. Жишээ нь, ковидтой нүүр тулснаараа бид гэрээсээ гарч, том унаа хөлөглөн хотын түгжрэлд цаг заваа үрэхгүйгээр ажиллаж, амьдарч болдог гэдгийг мэдэж авлаа. Хуучин 06:00 цагт босож, ажлын цагтайгаа уралдан хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль руу нь хүргэж өгөх гэж автомашины дохиоллоо хангинуулаад л, арайхийж ажилдаа амжиж очоод өдөржин завгүй холхиод л, ажлын цаг дуусав уу үгүй юү хүүхдүүд рүүгээ яарч тэвдээд л. Түгжирсээр гэртээ харуй бүрийд ирж, өлсөж ядарснаа гайхан хүнд махан хоол зооглож, ходоодоо шөнөжин ажиллуулж, тухтай амарсан ч юмгүй өглөө чадан ядан өндийж өнөөх л нэгэн хэвийн амьдрал давтсаар. Монголчууд бид бүгд яг л ийм амьдралын хэвшилтэй байв. Одоо бол бүх зүйл дээр дурдсан шиг байх албагүй гэдгийг нийтээрээ ойлгосон болов уу.

Ажлаа амжуулж байгаа нь энэ гээд бүтэн өдрөө зориулаад байх шаардлагагүй юм байна. Бага цагт их бүтээмжтэй ажиллаж болохыг бид мэдэрлээ шүү дээ. Үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулж, тэр хэрээрээ аз жаргал ундардгийг харлаа. Мөн давхар ажил эрхэлж ч болохоор. Зөв хооллож, эрт унтаж, явган алхсанаараа бие болоод сэтгэл санаа хэрхэн сэргэдгийг ч бүгдээрээ сэхээрлээ. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж байгаа нь энэ гэж замын түгжрэлд гацсанаараа хичнээн их ядардаг болох нь ч анзаарагдлаа. Энэ бүхэн “Амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй” гэх зөвлөгөө зүгээр ч нэг хий хоосон үг биш болохыг нотолж чадлаа.

Цаашдаа энэ хэмнэлийг үргэлжлүүлэхийн тулд сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо, ууш, цэнгээний газар, кино театр цөм гэрийн ойр байх нь юу юунаас чухал болж байна. Монголын нөхцөлд ийм боломж ховор л доо. Гадны зарим улс оронд иргэд амьдардаг дүүргээсээ хотынхоо бусад дүүрэг рүү очих шаардлага бараг л гардаггүй гэх. Учир нь ажлын байр болоод дээр дурдсан бүх л үйлчилгээний газрууд нь амьдарч буй дүүрэгт нь байдаг учир заавал хэдэн дүүрэг дамжин түгжирч, автобус унаа гэх шаардлага гардаггүй байна. Манай улс ч үүнээс жишээ авч төрийн бодлогоор ухаалаг зохион байгуулалт хийх хэрэгтэй. Нэг хөндийд бөөгнөрөн байдаг нийслэлчүүдэд дүүрэг битгий хэл хороондоо ч бүхий л шаардлагатай үйлчилгээний газруудыг ойрхон, цогцоор нь байгуулах боломжтой. Төлөвлөж чадаагүйнхээ горыг амсаж, түгжрээнд байдаг цагаа барж, өөрсдөдөө ажил үүсгэн стресс, бухимдлаар дүүрэн явдаг цаг удахгүй ард хоцрох биз ээ. Тэгж чадвал унаа хөлөглөж хотын төв рүү зүглэж, түгжрэх шаардлага яахан гарах билээ. Ер нь иргэд автомашинаа долоо хоногт хоёр удаа унадаг болсон ч болохоор байна. Огт унахгүй байснаас хамаагүй дээр гэдгийг бид амьдрал дээр харлаа шүү дээ. Энэ нь явган алхах боломжийг бүрдүүлж, түгжрэлээс болж бухимдал үүсгэхгүй байх сайн талтайг бид мэддэг болсон, ийм байдлаар амьдраад сурчихсан. Өмнө нь хотын төвийн бүс рүү нэвтрэхэд тарифтай болъё гэхэд иргэд яаж хориглож, эсэргүүцэж байлаа. Одоо бол ийм шийдвэр гаргахад нэг их эсэргүүцээд байхгүй болов уу. Учир нь байх л ёстой үзэгдэл мэт хүлээж авах сэтгэл зүйтэй болсон байна, бид. Дээрээс нь болж л өгвөл машин унахгүй байх нь байгаль орчинд ч, эрүүл мэндэд ч, эдийн засагт ч ашигтай юм билээ. Арав хүрэхүй км өргөнтэй, гуч хүрэхгүй кмийн урттай хотод энэ олон машины хэрэг үнэндээ байхгүй юм билээ шүү.

Монголчууд бид энэ цаг үед аливаад хүлээцтэй хандах дадалд бага ч атугай суралцлаа. Нийтдээ гэж хэлэхгүй ч хэсэг бүлэг хүмүүс бидний хэлдгээр “юм үзсэн юм шиг” байж сурчээ. Хөл хориог тогтоох анхны шийдвэр гарахад манайхан хичнээн ичгэвтэр байдалтай байсныг та бүхэн тод санаж байгаа байх. Гурил будаа, хүнсний ногоо, мах гээд бүхий л нэн шаардлагатай хүнсний нөөц хангалттай байгаа, дэлгүүр хоршоо хэвийн ажиллана гээд байхад л өнөөх гай дагуулаад байгаа цар тахлаа ч умартан зах, худалдааны төвүүдээр чихэлдэцгээсэн. Бид сүүлийн 300 жилд, хэдэн үеэрээ алагчилсан нийгэмд хоосон, ядуу амьдарч ирсэн учраас нэг тийм өлмөн зэлмэн болчихсон. Үүнээс болоод түрүүлж дайрч байж л багахан юмтай үлдэнэ, үгүй бол хоосон хоцорно гэсэн сэтгэхгүй бидэнд нэвт шувт шингэчихсэн. Хоол хүнс элбэг дэлбэг энэ цаг үед ч тэр зан нь хэвээрээ гэдгийг цар тахлын эхэн үеийн хөл хорио харуулсан л даа. Харин өнөөдөр бид заавал урт дараалал үүсгэх шаардлагагүй, хэд хоногийн дараа очсон ч авах гэсэн зүйл минь шинэхэнээрээ сонголт дүүрэн хэвээрээ байна, тэр болгон тэвдэж сандарч гүйх шаардлагагүй юм байна гэдгийг ойлгодог болж байна. Ийм ойлголттой нэг хэсэг бий болсон нь илтэд мэдрэгдэж байгаа хэрэг. Дээр дурдсан бултаараа сандарч, тэвддэг шок биднийг хичнээн жижигхэн сэтгэхгүйтэй, жижиг ард түмэн болохыг харуулчихдаг уршигтай эд л дээ. Ер нь хүлээцтэй хандах, зай барьж, оочерлож сурах, бусдыгаа хүндэтгэх гээд энгийн мэт боловч маш чухал цөөн хэдэн дадлыг зөвхөн нэг хэсэг нь бус нийтээрээ сурмаар байгаа юм. Тэгж байж л бид өөрсдийн амьдралын хэв маягийг илүү хялбар, стрессгүй байдлаар бүрдүүлнэ шүү дээ. Маш бага хугацаанд тэсээд тэвчээд сурчих, нэг хүнийг өнгөрөөгөөд өөрөө дараа нь явах гэх мэтчлэнгийн суурин газрын алтан дүрмийг эзэмших хэрэгтэй юм байна гэдгийг энэ зай барих, дараалалд зогсох гэх мэт үйлдэл бидэнд маш тодоор орой руу ортол харууллаа.

Цар тахлын үед хөгшин настай иргэд гадуур ямар их явдаг байсан нь анзаарагдав. Дийлэнхдээ л үр хүүхдүүдийнхээ гар хөлийн үзүүрт зарагдаж, олны хөлөнд дарагдчих гээд автобус унаа хүлээж зогсдог байсан биз. Цар тахал гарснаар тэдний хөл хөдөлгөөн эрс цөөрч, өнөөх нийтийн тээврүүд бараг л суларч байгаа нь ажиглагдсан. Хүний зэрэгт хүргээд өгсөн ачийг нь санаж ижий, ааваа өтөл насанд нь санаан зоргоор нь амраачихдаг болоосой билээ. Цар тахлаас ухаарч үлдэх ёстой нэг сургамж бол яах аргагүй өндөр настнуудаа хайрлаж, халамжлах явдал байлаа.

Мэдээж эмч, эмнэлэгийн ажилчид, цаашлаад төрийн албан хаагч, шийдвэр гаргагчидтай холбоотой сургамж олонтаа байлаа. Бид эрүүл мэндийн салбарын чанар чансаа, эмч, эмнэлгийн ажилчдын чадвар, ёс зүй зэрэгт онцгой анхаарах ёстой болжээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны хувьд бид дэлхийн жишигтэй харьцуулахад чигчий хурууных нь дайнд ч хүрэхээргүй байна. Үүнийг анхааралдаа авч сайн хөгжүүлэх, хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй байдаг аж. Эрүүл мэндийн удирдах ажилтнуудын хувьд дээрээсээ эхлээд хамгийн доод албан тушаалтан хүртлээ хийж буй ажлаасаа ашиг хонжоо хайж, үүнээс надад ямар ашиг унах вэ, энэ нөхөр надад юу өгөх бол гэх хандлагатай байгаа нь үнэхээр сэтгэл гонсоймоор байлаа. Өнөөх л өлмөн зэлмүүн сэтгэхүй тэдэнд нэвт шувт шингэж. Ур чадварын гэхээсээ илүү сэтгэлгээний хоцрогдолд оржээ, тэд. Угтаа төр засгаас эрүүл мэндийн салбарынханд нэмэгдэл хөлс зэргийг чадах, ядахаараа л олгож байгаа. Гэлээ ч тэдний хандлага энэ хүнд цаг үед ч огтоос өөрчлөгдөөгүй байна. Цалин мөнгийг нь дэлхийн жишигт өгөх, төлбөр тооцоог нь дэлхийн жишигт хүргэж мөн эмчилгээ, эм хангамжийг ч дэлхийн хэмжээнд аваачих нь монголчуудын хувьд амь амьдралын хэрэг болжээ.

Шийдвэр гаргагчид, удирдах албан тушаалтнуудын тухайд ч үнэхээр сэтгэл дундуур үлдлээ. Ажил хийж сураагүй, амьдрал мэдэхгүй худал цэцэрхэгчид төр толгойлдог болсон нь маргаангүй батлагдаж байгаа юм. Тэд мэдлэг чадвартай, ухаалаг хүний үг авдаггүй юм уу, үг хэлэх хүн олддоггүй юм уу нэг л их хий хоосон амьдралгүй шийдвэрүүд “үйлдвэрлэх” юм. Хөгжингүй улс орнуудын жишээг тэд эш татах дуртай. Тэгвэл ядаж бусад улс орнуудын төрийн шийдвэр судалгааны багийн боловсруулсан тооцоо судалгаан дээр үндэслэж гардаг болохыг мэддэг баймаар юм. Цаашдаа шийдвэр гаргагчид хажуудаа судалгааны багтай байгууштай. Үүнд нь шаардлагатай төсөв мөнгийг хангалттай шийдэж, хашир туршлагатай хүн ажиллуулах хэрэгтэй. Үгүй бол удирдлага, төр засгийн менежмэнт муу, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадгаас нь болж иргэд амь насаараа хохирч байна. Тэдний чаддаг нь л хорьж, цагдах болж хувирсан. Яваандаа байдал хүндэрвэл буудаж эхлэх байсан биз гэхэд хилсдэхгүй. Азаар вакцин орж ирсэн нь сайн хэрэг болсон. Улс төрийн зөв нүүдэл хэзээд үр дүнгээ өгдгийг вакцины нийлүүлэлт харуулж байгааг дурдах нь зүйтэй байх. Үнэндээ урд хөршдөө ядарсан үед нь 30 мянган хонь аваачиж өгсөн нь үнэхээр зөв алхам болж, монголчуудын аминд орлоо. Энэ алхмыг зориг гарган хийгээгүй бол урд хөрш мөнгийг нь төллөө ч вакциныг ийм ихээр нь өгч чадахгүй байсан болов уу. Бусад улс орнууд мөнгийг нь төлөөд ч олж авч чадахгүй байгаа нь бодит үнэн шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэ уран нүүдлээс төрд гарахыг санаархагчид сургамж авах л хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

УИХын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг, Рио Тинто компанийн төлөөлөлтэй хэлэлцээний ширээний ард суусан. Хэлэлцээ цааш үргэлжилж таарах байх. Гэрээг сайжруулж, тодорхой үр дүнд хүрч чадах уу?

-Монгол Улсын эрх ашгийг хангуулах энэ удаагийн хэлэлцээ амжилттай болох ёстой, хоёр тал үр дүнд хүрч ойлголцоно гэдэгт итгэлтэй байгаа. Ямартаа ч энэ удаагийн хэлэлцээ түүхэн ач холбогдолтой. оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойших 12 жилийн түүхэн дэх гурав дахь удаагийн том хэлэлцээ болж байгаа нь энэ юм. Бизнесийн харилцаа талаасаа авч үзвэл Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, үр дүн сул, хангалтгүй байгаа. хоёр талын 2009 онд харилцан тохиролцсон гэрээний хэлцлүүд, санхүүгийн моделиор нийлсэн үр өгөөжийн түвшин болон Монголын талын шууд хүртэх үр өгөөж бодит байдалд хэрэгжсэнгүй. энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд манай талаас тУз-ийн түвшинд, хувь нийлүүлэгчдийн түвшинд байнга тавьж ирсэн.

12 жил гэдэг бол хангалттай хугацаа. Тэгэхээр Монголын тал хэлэлцээний ширээнд байр сууриа хатуу илэрхийлэхээс өөр гарцгүй. Одоо бид “Оюу толгой” төслийг эдийн засгийн сууриар эргэж харах, цаашлаад өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг эрх зүйн сууриар нь өөрчлөх шаардлагатай байгаа. Төслөөс хүртэх шууд үр өгөөжийг Монголын талд ашигтай байдлаар засах, залруулах, Монголын талын эрх ашгийг хангуулах шаардлагатай юм. Монголын талын эрх ашгийг хангуулахын төлөө Рио Тинто харилцан хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байгаа. хоёр тал яриа хэлэлцээнд үр дүн гаргаж байж л энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжинэ. Түүнээс аль нэг тал нь сэтгэл хангалуун байгаад нөгөө тал нь сэтгэл дундуур байгаад байвал энэ төсөл урагштай явахгүй. Тиймдээ ч энэхүү гурав дахь удаагийн хэлэлцээг түүхэн хэлэлцээ болно гэж харж байгаа.

Та улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлага, ёс зүйг өндөрсгөх хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Хэрэв хууль батлагдвал төрийн өндөр албан тушаалтнуудыг илүү цензуртайгаар сонгодог болох уу?

– Миний бие мэргэжилтнээс эхлээд төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай. Тиймээс ч төрийн алба чадвар-лаг, бодлого үйл ажиллагаа нь залгамж бодлоготой хөгжих ёстой гэж боддог. Олон жил энэ салбарт ажилласан, мэргэжил, ур чадвартай хүмүүс шатлан дэвшдэг, салбарын бодлогыг үргэлжлүүлж явах учиртай. Гэтэл төрийн албаны нэг эд эс болсон улс төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим үйлчлэхгүй, ямар нэг шалгуур, шаардлага тавьдаггүй.

Одоо харин улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болжээ. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Монгол төрийн босгыг хуулийн босгоор өндөрсгөх үүднээс хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 200 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. үүний 3600 нь улс төрийн албан хаагч байгаа юм. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид тухайлбал Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, зГхэГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд гээд бүгд хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих “шалгуургүй”, “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл “дарга” нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүрлээ гэж харж байгаа. Гэтэл улс төрийн албан хаагчид тухайн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. энэ ч утгаараа улс төрийн албан хаагчид ард түмэн, татвар төлөгчид болон нийтийн ашиг сонирхол, нийгмийн төлөө үйлчлэх үүрэгтэй. Бид төрийн албыг яг л энэ суурь, нийтлэг зарчмынх нь дагуу нийтийн төлөө ажиллах суурь зарчмыг бий болгох, шалгуур, шаардлагыг нь зөв тогтоож өгөх ёстой.

Улс орны хөгжлийг тодорхойлдог, бодлогыг тогтоодог, шийдвэр гаргадаг, нөгөө талаараа нийгмийг авч яваа, манлайлж байгаа эдгээр хүмүүст бид зөв шалгуур тогтоож байж л төр нь чадварлаг, хүчтэй байж, цаашлаад улс нь хөгжинө. Монголын төрд дуртай нь ороод, чадахгүй болохоороо гардаг байж болохгүй, аливаа юманд хэмжээ хязгаар, зааг шалгуур байх ёстой.

Улстөржилтөд нь хэмжээ хязгаар тогтоож өгөх үү?

-Тэгэлгүй яахав. хуулийн хүрээнд бид улс төрийн албан тушаалтнуудад шалгуур шаардлагыг тавина. Улс төрийн намууд ч гэсэн зөвхөн хуулийн шаардлагыг л хангасан хүмүүсийг томилдог, дэвшүүлдэг болно. Нөгөө талдаа хариуцлага нэхнэ. хэн нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн л бол түүнийгээ үүрч даах чадвартай байх хэрэгтэй. Гэтэл манайд ямар нэгэн сонгуулийн дараа ялсан нам нь өөрсдийнхөө намынхныг, тэдэнд үйлчилсэн чадваргүй, туршлагагүй хүмүүсийг улс төрийн томилгоо нэрийн дор төрд шургуулдаг тогтолцоо үйлчилсэн хэвээр байгаа. Олон улсын хэллэгээр бол “spoils system” буюу улс төрийн бохир томилгооны систем үйлчилж байна. Аль 1829 онд АНУ-ийн ерөнхийлөгч эндрю Жексоны үеэс энэ систем одоог болтол манайд хэрэгжиж байна. Гэтэл АНУ гэхэд 1883 оноос эхэлж “Pendleton Act” мерит системийг нэвтрүүлснээс хойш хуулийн шинэчлэлийг тасралтгүй хийж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний энэ нөхцөл байдалтай дэлхий дахин 200 жилийн өмнө нүүр тулж, давах арга чаргаа олчихжээ. Гэтэл бид түүнийг нь нэвтрүүлж, нутагшуулж чадахгүй л 30 жилийг өнгөрөөлөө. Улстөрчид, улс төрийн намууд өөрсдийн эрх ашгийн төлөө хуулийн шинэчлэлтийг хийхгүй байсаар олон сөрөг үр дагаврыг өнөөдөр нийгмээрээ амсаж байна. Авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн чадавх чадамж, нэр хүнд муу байгаа зэрэг нь энэ л асуудлаас угшилтай. Тиймээс дээрээсээ, улс төрийн албан хаагч нараасаа хариуцлагатай байх, чадвар чадавхтай байх, төлөвшсөн, зөв хүмүүсийг томилдог болох зүйн хэрэг. Нийгмийн зүгээс ч улс төрийн албан хаагч нарын мэдлэг, ур чадвар, хандлага, ёс зүй дутмаг байгааг шүүмжилдэг. Тэр утгаараа энэ өөрчлөлт нь өнөөгийн нийгмийн захиалга, зүй ёсны шаардлага болоод байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгах ёстой гэх саналыг олон нийт дэвшүүлдэг. Энэ талаар тусгах уу. Ер нь томилогдож буй улс төрийн албан тушаалтан ямар чадвар чадавхтай, ямар шаардлагуудыг хангасан байх ёстой юм бэ?

-Сайн төртэй байя гэвэл сайн засаглалтай байх, сайн төрийн албаттай байя гэвэл сайн шалгууртай л байх ёстой. Тэгэхээр хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтанг томилоход тавигдах нийтлэг болон тусгай шалгуур шаардлагыг тусгасан байгаа. Тухайлбал, сайд, дарга болон засаг дарга болох хүмүүсийн мэдлэг боловсрол, мэргэжил, тухайн салбартаа ажилласан ажлын дадлага туршлага, төрийн албанд удирдах албан тушаал хашсан байдал, ур чадварыг зэрэг 10 гаран шалгуурыг харгалзан томилох тусгай шаардлагатай болно. Улс төрийн албан тушаалын ангиллаар нь ялгавартайгаар шалгуур тавина. Өндөр албан тушаалд илүү өндөр тусгай шаардлага тавигдана гэсэн үг. Дээрээс нь ёс зүйн хувьд ял шийтгэл авч, зөрчил гаргаж байгаагүй, элдэв гаж зуршилгүй байх ёстой. Мөн эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өвчин эмгэггүй байх асуудлыг ч авч үзнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй цаг үеийн асуудлаар болон тус салбарт хийгдэж буй голлох ажлуудын талаар ярилцлаа.


Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ямар бодлого, чиглэлтэйгээр ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-ХХААХҮ-ийн салбар тогтвортой хөгжлийн бодлогуудаа тодорхойлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөдөө аж ахуйн салбар болгон хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд бид гурван зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Нэгдүгээрт, зах зээлийн сүлжээг бий болгож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах. Гуравдугаарт, алдагдаж буй боломжоо бүрэн ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх. Эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль тогтоомжуудаа боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гарч байгаа бөгөөд2024 оныг хүртэл өөрчлөлт оруулах хуулиудаа тодорхойлж гаргасан. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбар 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг баталсан. Тухайлбал, мал аж ахуйн салбарт мал сүргийн ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах бодлогын арга хэмжээ авна. Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг байгуулах, мэргэжилтнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хяналтын тогтолцоог сайжруулахаар тусгасан. Цөм сүргийн болон үржлийн аж ахуй бүсчлэн байгуулах, түүн дотроо үхэр сүргийн тоог нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн баталгаажсан үүлдэр омгийн мал, ген фондыг бэхжүүлэх, биотехнологийн ололтыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээх, усан хангамжийг сайжруулах бод-логын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Гол нь тариалангийн бүс нутгаа дагасан эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны мал эмнэлгийн нэгжүүдийг бэхжүүлэх, орон нутагт мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг байгуулж, мал эмнэлгийн нэгдсэн систем, мөрдөн мөшгих тогтолцооны чадавхыг сайжруулахад чиглэж ажиллаж байна. Үүний үр дүнд мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, халдварт өвчлөлийн эрсдэл буурч, хүн амын хүнсний аюулгүй баталгаат байдал хангагдаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.

Арьс шир, нэхий зэрэг малын гаралтай түүхий эд үнэгүйдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч ажиллахаар зорьж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын лабораторийн төвүүдийг чадавхжуулах, ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүхий эдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого чиглэлээ уялдуулж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй татаас, мөнгөн урамшууллын тогтолцоог бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр дүнтэй нь холбож боловсронгуй болгох юм. Дээрээс нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн ажлууд нэлээд бий. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, хөдөө аж ахуйн бирж, хоршооны бүтцэд тулгуурлан боловсронгуй болгох, цахим хоршоодыг бий болгох ажлуудыг эхлүүлээд байна.

Бид өнгөрссөн онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Цахим хөдөө аж ахуй стратегийн баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд салбарын нэгдсэн цахим системийг хөгжүүлж хөдөө ахуйн биржтэй уяж өгөх юм. Ингэснээр малын эрүүл мэндийн үйлчилгээ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулж бэлтгэн нийлүүлэгчийн сүлжээгээр дамжуулан хөдөө аж ахуйн биржээр арилжаалж түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Энэ чиглэлд дөрвөн ажлыг голчилж хийнэ. Дарханы арьс ширний цогцолбор, Шинэ Ховд аж үйлдвэрийн парк, Хүнсний үйлдвэр технологийн паркыг тус тус байгуулна. Арьс шир, нэхий, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж, хаягдаж байгаа нөхцөл байдлыг дээрх бүтээн байгуулалтуудын хүрээнд бүрэн шинэчилнэ. Дархан-Уул аймагт байгуулагдах арьс ширний цогцолбор нь жилд 10 сая арьс ширийг боловсруулах, 3000 тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай юм. Ховдын аж үйлдвэрийн парк нь нэг сая арьс шир, 1000 тн ноос ноолуур боловсруулах боломжтой, одоогоор дэд бүтцийн ажлыг хийж байна. 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор малын өвчлөл буурсан. Малын элдэв өвчлөлийг вакцин борлуулах зорилгоор санаатай байдлаар хийгддэг байсан юм биш үү гэх яриа иргэдийн дунд гарах боллоо. Үүнд та юу хэлэх вэ?

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мөн 21 аймагт салбар нэгжийг нь байгуулан мал эмнэлгийн байгууллагын босоо тогтолцоог нэвтрүүлж, үндэсний хэмжээнд энэ чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд л малын гол халдварт өвчлөл буурсан гэж харж байгаа. Түүнээс зарим хүмүүсийн яриад байгаа шиг вакцины бизнестэй холбоотой өвчлөл гардаг гэдэг нь ташаа ойлголт юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс урьдчилсан тандалт судалгаагаа оновчтой хийж, тарилга вакцинаа цаг тухайд нь технологийн дагуу гүйцэтгэж чадвал малын гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх боломж бүрэн бий.Дээр нь мал эмнэлгийн цахим системийг нэвтрүүлж, хяналтын тогтолцоо, малын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сайжруулж, малын халдварт болон гоц халдварт өвчний тандалт судалгааны ажлын тоог нэмэгдүүлж ажилласан.

Биокомбинатыг шинэчлэх асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Биокомбинатыг өргөтгөн, шинэчлэх ажлыг Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа, 2024 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Барилгын эскиз зураг, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээг тохирч, нарийвчилсан зураг төслийн ажлууд дуусч байна. Мөн барилгын талбайг бүрэн чөлөөлсөн, суурь дэд бүтцийн ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэнэ. Жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

Тэгвэл газар тариалангийн салбарт ямар ажлууд хийгдэж байна вэ. Бид хэзээ дотоодоо төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангаж чаддаг болох бол?

-Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, технологийн шинэчлэлийг хийж, хүнсний нарийн ногооны импортыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид газар тариалангийн үйлдвэрлэлд нэг сая га хүрэхгүй талбайг л ашигладаг. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байж га-гаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлж чадна. Гол нь усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар хүн амыг хүнсний ногоо, үр тариагаар хангах асуудал яригдана. Ингэж байж бид газар тариалангийн бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж чадах юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Үндсэндээ долоон аймгийн 12 суманд буюу нийтдээ 8000 га талбайн услалтын системийг сэргээн засварлах буюу шинээр барих төсөл хэрэгжиж байна.

Нарийн ногооны импортын хамаарлыг бууруулахад амаргүй байгаа салбарын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байна. Гэсэн ч энэ асуудлыг ойрын хугацаанд дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд шийдвэрлэхээр ажиллах болно. Нэн тэр-гүүнд бид өвөл, зуны хүлэмжийг олноор байгуулах шаардлагатай. Нэг ёсондоо хамгаалагдсан хөрсний тариаланг бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ гурил, улаанбуудайн хэрэгцээгээ хангах чиглэлд ахицтай ажиллаж чадаж байгаа. Цаашдаа дотооддоо үр үйлдвэрлэлийн аж ахуйг маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Чанартай сайн, Монгол орны хөрсөнд тохирсон үрээр тариалж байж эрүүл, органик хүнсээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд тариалангийн бүсүүдэд таримлын үрийн аж ахуйг хөгжүүлье гэж зорьж байна. Үрээ нөөцлөх, хадгалах сав зэргийг бүсчилсэн хэлбэрээр байгуулах юм. Мөн жимс, жимсгэний таримал сортуудыг турших, нутагшуулах, тариалах арга технологийг боловсруулах суулгац, үржүүлгийн төвүүдийг орон нутагт бүсчлэн байгуулна.

Хүнсний салбарт ойрын хугацаанд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Хүнсний хангамж, нийлүүлэлтийг сайжруулах бодлого арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарна. Мах, махан бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллаж байгаа. Экспортын эрхтэй үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр хил залгаа болон импортлогч орнуудтай хорио, цээрийн нөхцөлүүдээ тохироод гадаад зах зээлийг нээх чиглэлээр ажиллаж байна. Мөн хүнсний сүлжээнд зохистой дадал, угтвар нөхцөл, чанарын удирдлагын тогтолцоонуудыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, олон улсын чанарын удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлж, чанарын баталгаажуулалтын байгууллагуудаар баталгаажуулах, энэ чиглэлийн дотоодын байгууллагуудын чадавхыг сайжруулах чиглэлд анхаарч байна. Энэ тогтолцоо, олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдийг гадагш гаргах боломжийг нээж өгөх юм. Дотооддоо ч хүнсний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.

Та дээр яриандаа Цахим хөдөө аж ахуйн талаар дурдлаа л даа. Хөдөө аж ахуйн салбар цахимжсанаар ямар давуу талууд бий болох юм бэ?

-ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм. Бид мал аж ахуй, газар тариалангийн нэгдсэн систем, хөдөө аж ахуйн мониторинг хяналт, хөдөө аж ахуйн биржийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ цахимжиж буйг та бүхэн мэдэж байгаа. E-Mongolia систем дээр ХХААХҮЯ-аас олгодог тусгай зөвшөөрлийн хүсэлт, материалуудыг цахимаар аваад эхэлсэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолтуудыг олгож эхэлсэн.

Дээр дурдсанчлан цахим шилжилтийн хүрээнд мал аж ахуйн нэгдсэн системийг бий болгож байгаа. Тухайлбал, малын бүртгэл, ялган тэмдэглэх систем, малын удам зүйн үнэлгээ, мал сүргийн эргэлтийн систем, мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн баталгаажуулалтын системийг нэвтрүүлж ашиглаж эхэлсэн. Мал эмнэлгийн сүлжээ лабораториуд, махны үйлдвэрүүдэд үйл ажиллагааны хяналтын системийг нэвтрүүлж байна. Товчхондоо, мал аж ахуйн салбарын хяналтын цахим систем бүхэлдээ ажилд орж байна. Нөгөө талаар хэрэглэгч ямар гарал үүсэл, чанарын баталгаажилттай малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ гэдгээ харах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

Газар тариалангийн салбар дээр ч мөн тодорхой системүүдээ хөгжүүлж байгаа. Ирэх намраас бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүн дотроо үр тариаг хөдөө ахуйн биржээр арилжаалж эхлэхээр ажиллаж байна. Дээрээс нь цахим системүүдээ E-Mongolia систем дээр цогцоор нь байршуулж хөдөө аж ахуйн салбарт оролцогчид, иргэн аж ахуй нэгжүүдэд холбогдох зөвшөөрөл, мэдээллээ авах боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр салбарын хөгжлийг нэг шат ахиулна гэж харж байна.

Хэд хэдэн аймгуудад хаваржилт хүндэрч байгаа. Салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Улсын онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр тушаалаар томилогдсон зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх шуурхай бүлэг хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын үнэлгээг гаргасан. Үүгээр Баянхонгор аймагт хаваржилт хүндрэх маш их эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгууд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Салбарын яамнаас хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний тээврийн асуудлаар бүх шатны байгууллагатай ажиллаж байна. Мөн хаваржилт хүндрэлтэй байгаа орон нутгийн малчдын бэлэн мөнгөний орлогыг бууруулахгүй байх, зорилтот бүлгийн малчдад малын тэжээл, эм бэлдмэл, хүнсний дэмжлэг үзүүлэх ажлуудыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Ойрын хугацаанд хаваржилтын нөхцөл байдал, зарим авах арга хэмжээний талаар танилцуулга, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд хэр хэмжээний төл авах вэ. Мал төллөлт хэдэн хувьтай байгаа бол?

-Энэ жилийн хувьд нийт төллөвөл зохих 24 сая толгой эх малаас 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 69.8, хангайн бүсэд 54.1, төвийн бүсэд 50.7, зүүн бүсэд 50.3 хувьтай үргэлжилж байна. Төл бойжилт 97.3 хувьтай байна.

Сүү, ноосны урамшууллыг олгож эхэлсэн үү?

-Дээр дурдсан цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлын нэг хэсэг болгож төсвийн урамшууллын системийг нэвтрүүлсэн. Тус системд бүртгэгдэж, мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэгдэж гарал үүсэл нь баталгаажсан давхардсан тоогоор 9500 гаруй эрчимжсэн аж ахуй эрхлэгч, малчин өрхийн сүүний урамшуулалд нийт 4.2 тэрбум төгрөгийг сая олгож дууслаа.

2020 онд хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 90 гаруй мянган малчинд нийт 31.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн. Ноосны урамшууллыг энэ сардаа багтаан малчдын дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хаврын тариалалтад саад учирч байгаа юу. Ирэх намар хэр хэмжээний ургац авна гэж төлөвлөж байгаа вэ.

-Хаврын тариалалтыг технологит хугацаанд нь багтааж хийх ёстой. Тиймээс хаврын тариалалт, хүнсний тээвэр, мал эмнэлгийн технологит үйл ажиллагаа, өвс тэжээлийн үйлдвэрлэлт, тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлээр УОК, Засгийн газрын шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Мөн 1100 гаруй тариаланчдаа бүртгэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулан технологит хугацаандаа тариалалтаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ жилийн тухайд бид 500 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. 390 орчим га-д нь улаанбуудай тариалах төлөвлөгөөтэй. Урьдчилсан байдлаар 470 гаруй орчим мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөсөн. Гэхдээ байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалах олон асуудал байгаа, цар тахлын нөхцөл байдал ч бас нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Хүнсний ногооны тухайд “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг өрнүүлж, өрх бүр өөрсдийн хэрэгцээт хүнсний ногоогоо тариалахыг уриалж байгаа юм. Энэ жил улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг хүнсний ногооны үрийг авч, хүнсний ногоо тариалагчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

Эдийн засаг амаргүй байгаа энэ үед тариаланчиддаа дэмжлэг үзүүлэх үү?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулиудийг баталсан. Уг хууль батлагдсанаар Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, хүлэмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн 2021 оны тариалалтад зориулан импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн элит үр, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлага хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Түүнчлэн импортоор авч байгаа мал тэжээлийн, улаанбуудайн үрийг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас тус тус чөлөөлөөд байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮийн салбарт ямар дэмжлэг үзүүлэв. Энэ нь малчид, тариаланчдад ямар байдлаар хүрэх вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд манай салбарт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ дагуу малчдад зориулж 200 тэрбум төгрөг, ноолуурын түүхий эд бэлтгэлд зориулж 200 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоно. Мөн хаврын тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийг олгох юм. Энэхүү гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно, хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газар хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ сардаа багтаж малчид, тариаланчдын болон ноолуур бэлтгэлийн зээлүүд олгогдож эхэлнэ.

Хил гааль хязгаарлагдмал байгаа энэ үед хүнсний хангамж хэвийн байх эсэх нь хамгийн чухал. Энэ тал дээр салбар яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Гол нэрийн бүтээгэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.Гэсэн ч бид цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг урьдчилж тооцох ёстой энэ хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран тандалт судалгаа хийж байгаа. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, түүн дотроо импортоор авч байгаа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг тогтвортой байх тал дээр анхаарч байна.Тухайлбал, хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортын татвараас чөлөөлсөн.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Авах вакциныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байгаа юу

Хөл хорионы үеэр дархлаажуулалтдаа хамрагдана гэсэн иргэдийн хүлээлт талаар болсон. Хоёрдугаар тун вакцинаа хугацаанд нь хийлгэж чадаагүй иргэд төр засгийн шийдвэрийг хүлээсээр сууна. Мэдээж эрх мэдэлтэй, танил тал сайтай хүмүүс нь цаг алдалгүй вакцинаа хийлгэчихсэн байж таараа. Энгийн иргэдийн тухайд “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч л болж байна. Энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлэх бололтой. Засгийн газар ирэх долоо хоногоос Синофарм вакцины хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ, одоогоор 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа хэмээн мэдэгдээд байсан. Гэсэн ч Засгийн газар вакцин авах гэрээ хэлцлүүдээ эцэслэн шийдэж, үнэ хөлсөө ч төлөөгүй бололтой юм. Энэ талаараа Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр л ярилцаж, вакцин худалдан авах төсвөө хаанаас, хэрхэн гаргах вэ гэдгээ шийдэх юм байна.

Энэ нь ч үнэний ортойдог. Саяхан Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Талууд уулзалтаар ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэн, санал солилцож. Энэ үеэр Элчин сайд И.К.Азизов “Гэрээ хэлэлцээрийн хүрээнд вакцин татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно” гэдгээ мэдэгдсэн байна. Товчхондоо талууд вакцин авах тухай санал л солилцож, манай талын санал хүсэлтийг цааш уламжлах тухайгаа л Элчин сайд илэрхийлсэн байгаа юм. Ямар ч зүйл тодорхой шийдэгдээгүй, зөвхөн санал солилцох, хэлэлцээ хийх шатандаа яваа гэдэг нь энэ уулзалтаар түвэггүй харагдаж байна. Зах дээр гучин жил зогссон монголчууд үнийг нь төлөөгүй бол наймаа бүтдэггүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Хоёр жил вакцин яриад одоо хүртэл мөнгө нь шийдэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бид ямар хүмүүсээр удирдуулаад байна вэ гэдгээ бодож үзэх цаг ирсэн байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна

Монголчууд хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Бид өнөөдөр 100 мянган хүн тутамд туссан коронавируст халдварын тоогоороо дэлхийд тэргүүллээ. Өдөр бүр 1000 гаруй хүн цар тахлаар өвчилж, таваас зургаан хүн нас бардаг нь энгийн үзэгдэл болж хувирлаа. Зөвхөн цар тахал гэлтгүй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, архины хэрэглээнээс үүдсэн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг жилд л гэхэд зүрх судасны өвчлөлөөс болж 3900 хүнээ бид алджээ. Энэ сүрдэм өвчлөлүүдээс гадна зам тээврийн болон гэнэтийн ослуудаар энх цагт олон мянган хүнээ алдсаар удаж байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогдож байна. Байж болох хамгийн муу зүйлүүдээр дэлхийд тэргүүлж байгаа нь биднийг удирдан чиглүүлж буй хүмүүс тэр хэмжээнд л буй хэрэг. Гэхдээ зүг чигээ заалгах хүмүүсээ бид өөрсдөө л шилж сонгодог. Тэд бидний сонголтын л үр дүн. Бид сонгууль бүрээр сонголт мэргэн байг гэдэг ч өнөөдрийн Монгол Улсын байгаа царай бидний сонголт харалган байгааг илтгэж байна. Учир нь бид боловсролтой, ухаалаг, оюунлаг хүмүүсээ үл тоон орхисон. Оронд нь булчин шөрмөс нь зангирч, чухал царай гарган ухаантай харагдах гэж ядсан бөхчүүдийг сонгосон. Мөн элдэв уран цэцэн үгээр тархи угаагчдыг тоох болсон.

Монголчууд бид булчин шөрмөсөөр нь шинжиж байж удирдлагуудаа сонгодог болсныг өнөөгийн төрийн өндөрлөгүүд эргэлзээгүй нотолно. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн. Жүдогоос өөр зүйл ярьдаггүй, мэддэг ч үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр өргөдөг. Хэдэн зуун кг-аар нь өргөдөг, УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сунайдаг юм гэнэ билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн ялгаагүй хэдэн зуун кг-аар нь төмөр өргөдөг гэж байгаа. Хотын захирагч Д.Сумъяабазар бүр маргаангүй бөх хүн. Бүр үндэсний бөхөөр аварга хийсэн хүн. Бас үндэсний бөхөө орхиод нохой зодоон руу хүртэл урваж явсан цаг нь саяхан. Зөвхөн тэд ч биш. Тэднийг тойрон хүрээлэгчид, зөвлөх даамлууд нь ч мэдээж бөх, төмөр өргөж, гүйж харайж, уралдаж, зодолддог нөхдүүд бий. Тэгээд доошоо аймаг, сумдын дарга нараас хэчнээн нь бөх байгаа билээ дээ. Лав л Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Р.Сэддорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар Улсын начин А.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар нарын бөхчүүд ажиллаж байгааг мэдэх юм.

Мэдлэг, боловсролтой, соёлтой ухаалаг, төрд хэрэгтэй эрхмүүд тэднээс их ээ хол. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг шүтсэн тэд юу гэж ч хөлстэй хэдэн бөхчүүдийг тоож очихов. Нөгөө хэд нь ч юу гэж өөрөөсөө илүү хүнд найр тавихав, ярьсан зүйлийг нь тас зөрсөөр, үзэгнээс өөр юм даахгүй гэж шоолсоор хөөгөөд явуулчих биз. Хүрээллийнхээ хэдэн нөхдөөр өөрийгөө туйлын гайхамшигтай хүн болохыг хэлүүлж, яриулж түүндээ бат нот итгэх нь л тэдний хийж чадах зүйл шүү дээ. Тиймдээ ч төрийн дээр гарсан энэ хүмүүст улс орныг удирдан чиглүүлэх холч ухаан, мэдлэг, боловсрол гээч зүйл хумсын толионы чинээ үгүй. Улсыг удирдаж мэдэх ч үгүй, чадах ч үгүй. Угаасаа ч улс эх орныг чадал бяраар удирддаггүй жамтай. “Бялдар хүчээр нэгийг дийлнэ, бичиг эрдмээр түмийг дийлнэ” гэж монголчууд бид зүгээр ч нэг хэлчихээгүй юм.

Чингисийн үеийн Их гүрнийг Чилэгэр бөх, Тэв тэнгэр хоёр удирдан залж байна гээд төсөөлөөд үз л дээ. Чингис мэнгис нөгөө есөн өрлөг мөрлөгийг нь хөөгөөд явуулчихсан тэр хэд төрийн толгой дээр байгаагаар бод доо. Хэрэв тэд удирдаж байсан бол монголчууд дэлхийн энд хүрч, өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадах уу. Монгол гэдэг үндэстэн устан үгүй болох байсан биз. Яг ийм зүйл энэ цаг үед болж байна. Бөх биш юм аа гэхэд дэмий чалчдаг нөхдүүд төрд гарчихдаг зовлон ч бас бий болсон. С.Ганбаатар гишүүн үүний тодоос тод жишээ. Энэ нөхдүүдийн ижил тал нь бүгд худалч. Ичиж зовохгүйгээр, огтхон ч улайхгүйгээр худал хуурмаг юм ярина, бусдыг сэнхрүүлнэ. Хөөрхий монголчууд түүнд нь итгэж дагаж намираад эцэс сүүлдээ эргэж сэхэж чадахгүй болтлоо хамраараа газар хатгадаг. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хийсэн сонголтынхоо үр шимийг өвчин, зовлон, ядуурал, шудрага бус байдлаар хариу болгон авч байгаа нь энэ л дээ.

Өнөөдөр монголчууд цар тахалдаа хүлэгдчихээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” суугаа нь удирдлагуудад ямар ч хамаагүй болох нь илт болсон. Улс орон нь тахалд эзлэгдээд, өдөрт хэд хэдээрээ үхэж байхад үүнд санаа зовж байгаа нэг ч хүн алга байгааг эрхбиш та бүхэн харж байгаа биз дээ. Ганц аврал болох вакцин тасраад 10 хонож байхад тэр тухай дурсдаг ч хүнгүй болсон. Олж чадахгүйдээ бантаад одоо бараг вакцин хэзээ ирэх вэ гэж асуувал онц байдлын хуулиараа баривчилна биз. Тэд зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд улс төр хийдэг уламжлалт дэг жаягаа л дагаж байна. Улс удирдана гэдэг ямар өөр хэрэг вэ гэдгийг тэд огт мэдэхгүй. Улс төр хийхийгээ л улс удирдаж байна гэж бодоцгоодог. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг аваад үзэхэд тэдэнд Цэцийн хурал хэрхэн шийдэгдэх нь вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь вэ гэдэг л гол асуудал байлаа. Түүнээс өөр санааг нь чилээж, нойрыг нь хугасласан асуудал харамсалтай нь байсангүй. Ер нь ч энэ нөхдүүдэд дараагийн дөрвөн жил яаж эзэн сууж, идэж уух вэ гэдгээс өөр санаа зовох зүйл үгүй болсон. Тэд өөр хоорондоо уралцаж, улсаа нураачих нь холгүй л сууцгааж байна шүү дээ.

Өнөөдөр ард түмэн “Ядах нь ээ усан оргилуур барихын оронд уушгины аппарат авчих, Андлалын өргөөний оронд вакциныхаа төсөв, мөнгийг нөөцөлчих сүйхээ, сэтгэл зүтгэл алга байжээ” гэж халаглацгааж байна. Халаглахаас ч өөр яах билээ. Өнөөдөр халдвар ид тархаж байхад вакцин ч үгүй, эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох гээд байна шүү дээ. Хоёр хөршөөсөө үргэлж гуйж гувшиж байдаг, Японоос вакцин ирнэ дээ гэж царай алдаад л сууж байна. Төсвийн мөнгөөрөө вакцин авлаа, авна гэж нэгээхэн ч удаа ярьсангүй. Бодвол хандив, тусламжаар авах гэж гүрийгээд л хоосон суугаад байгаа нь энэ бололтой. Ийм дорой хэрнээ эрх баригч намын дарга нь 100 жилийн ойгоороо тавьсан илтгэлдээ урд хөршийнхөө талаар бодлогогүй байр суурь илэрхийлж, дургүйг нь хүргэчихсэн. Ганц чаддаг улс төрөөс нь болоод өнөөдөр нийтээрээ хоёрдугаар тунгийн вакцингүй болж, хилээ хэдэн долоо хоногоор хаалгасан нь үнэн шүү дээ. Төрийн толгойд гарсан хүн юу ярих, юу ярихгүй байх ёстойг тэдэнд хэлж, чиглүүлээд өгөх хүн өнөөдөр ховордож. Байлаа ч тэд үгийг нь юман чинээ тоохгүй, өөрсдийнхөөрөө муйхарлах биз. Хэр баргийн хүн энэ бөх барилддаг, төмөр өргөдөг уул хад шиг хар юмнуудад юм хэлэхээсээ ч айдаг болоод удлаа. Хэн тэдэнд дэмий юм ярьж байж эрүүгээ хуга цохиулахыг бодох билээ дээ.

Хатуу хөл хорио тогтоож сүр бадруулчихаад вакцинаа тарьж чадахгүй байгаа хэрнээ сонгуульдаа бэлдэн шогших төрийн түшээдээс үнэхээр ичих юм. Гол нь энэ алиа салбадай нарыг сонгож гаргаж ирсэн өөрсдөөсөө бүр ч ичиж байна. Энэ бүгд Монголын ард түмэн бидний өөрсдийн бүтээсэн л үйл лай. Энэ үйл лайгаа бид өнөөдөр эдэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бат-Оргил: Намын гишүүнчлэл, санхүүжилтийг устгаагүй үед Монгол Улс хөгжих ямар ч боломжгүй

Эрх зүйч Т.БатОргилтой ярилцлаа.


Намын хатуу гишүүнчлэлийг иргэд олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч эсэргүүцсээр ирсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би намын хатуу гишүүнчлэлээс салах ёстой гэж үздэг, энэ саналыг маш их дэмждэг. Учир нь намын хатуу гишүүнчлэл гэдэг ангийн тэмцэл гэж ярьдаг байх үеийн л үзэгдэл шүү дээ. “Бид ийм олуулаа. Тиймээс та нарыг бяц дарна” гэсэн айлган сүрдүүлэх л ач холбогдолтой. Орчин үед бол чи аль ч намын гишүүн нь байх албагүй. Намын үйл ажиллагаанд нь оролцоод хөрөнгө мөнгө босгоход нь тусалж хандив өргөж болно, заавал гишүүн байх албагүй. Өнөөгийн байдалд намын гишүүнчлэл нь тухайн хүний итгэл үнэмшилтэй ямар ч хамааралгүй, мөнгө тараалтыг далдлах, нууцлах луйврын систем болчихоод байгаа. Сонгууль болоход намын гишүүддээ мөнгө өгч, тэдгээр нь гэр бүлийнхээ гишүүдэд тараадаг болчихсон.

Гишүүнчлэлийнхээ тоог нэмэхийн тулд намууд янз бүрийн л арга сүвэгчилдэг. Ажил албанд орох гэсэн хэн нэгнийг, эсвэл үзэл бодол нь тогтож, аль нам эвслийг сонгох ёстойгоо ухамсарлаагүй оюутан, залуусыг ч ашиглаж байх шиг харагддаг л даа.

-Монгол Улсын иргэдийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульд заасан хэрнээ бодит байдал дээр намын гишүүнчлэл нь хүмүүсийг ажилд авах нэг үзүүлэлт болчихоод байгаа. Энэ нь агуулгаараа Үндсэн хуулиа шууд зөрчөөд эхэлж байгаа л хэрэг. Хэлбэрээрээ бол бүгдээрээ л худал дүр эсгэсэн байдалтай байгааг нуух ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн даргад нэр дэвшигч нам бус байна гэх зэрэг сайхан юм хуульдаа тусгасан байгаа ч хэзээ ч тэр нь биелдэггүй. МҮОНРТ-ийн даргаар тухайн намын шууд даалгавраар ажилладаггүй юм аа гэхэд үгэнд нь ордог хүнийг томилдог. Намын гишүүнчлэл байснаар тухайн улс оронд, ард түмэнд, аж үйлдвэр, эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ. Ийм нэг сайн талтай юм даа гээд хэлчих ганц ч зүйл заалт гарч ирэхгүй. Энэ нь зөвхөн ялзарсан намуудын тогтолцоонд л хэрэгтэй. Энэ нь өөрсдийнх нь эрх мэдэл, мөнгө төгрөгөө босгодог, хуваарилдаг систем нь л болчихсон, түүнээс гишүүнчлэлд өөр ач холбогдол байхгүй. Монгол Улсыг доройтол, сүйрлийн ирмэгт авчирсан гол буруутан нь улс төрийн намууд. Би зөвхөн МАН гэж хэлээгүй. Монголын бүхий л намууд, намын тогтолцоо нь энэ улсыг ангал руу түлхэж байгаа. Үүнд үндсэн хоёр шалтгаан бий.

Тэдгээрийг тодруулаач?

-Нэгдүгээрт, намын санхүүжилт. Энэ олон ажилгүй хүмүүсийг бүтэн дөрвөн жилийн туршид тэжээж, намын гэгдэх тэр их байр савыг бүгдийг нь авч явах шаардлага намын даргад тулгардаг. Энэ утгаараа түүнд намаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг бодит эдийн засгийн асуудал үүсдэг. Дээрээс нь сонгуулийн үеэр хуульд заасан дүнгээс хэдэн арав, зуу дахин мөнгө зарцуулдаг. Гэсэн хэрнээ нам гэдэг байгууллага ямар ч бизнес эрхэлдэггүй. Энэ утгаараа намын санхүүжилт гэдэг нь булай бузрыг бий болгох эдийн засгийн үндэслэл нь болчихоод байгаа юм. Хүнийг итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвараар нь төрийн албанд томилно гэдэг ямар ч боломжгүй болчихсон. Учир нь тэр намыг дөрвөн жилийн турш мөнгөөр угжиж малласан этгээд түүнийхээ төлбөрт улс төрийн шагнал, урамшуулал авдаг. Албан тушаал, тендер авч, өөртөө хэрэгтэй хууль батлуулдаг. Хоёрдугаарт, энэ бүх мөнгийг нам гэх мутацид орсон муухай байгууллагын судсаар гүйлгэдэг зүйл нь гишүүнчлэл юм. Энэ хоёрыг устгаагүй тохиолдолд Монгол Улс хөгжинө, сайхан болно гэж төр засгийн хүмүүсийн хэлж байгаа нь зүгээр л мөрөөдөл. Биелэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймдээ ч дүр эсгэсэн ардчиллын үндэс суурь нь өнөөдөр намууд болчихоод байна.

Гэтэл намууд намын гишүүнчлэлийн тоогоороо өрсөлдсөн хэвээр л байна. Угтаа аливаа намууд бодлогоороо өрсөлдөж байх ёстой биз дээ?

-Ер нь МАН, АН-ын бодлого нь юугаараа ялгаатай вэ гэдгийг мэдэх нэг ч хүн байхгүй. Намын дарга нар нь өөрсдөө ч мэдэхгүй. Эдийн засгийн ач холбогдол, эрх зүй, төрийн удирдлагын талаасаа ултай, суурьтай аваад үзэх юм бол энэ намуудын удирдлага, гишүүд нь тус намууд чухам юугаараа ялгаатай вэ гэдэгт ямар ч хариулт хэлж чадахгүй.

Яахав, яруу найраг шиг юм ярих байх л даа. Гэхдээ онолын үүднээс ярих юм тэдэнд ганц ч байхгүй. Намуудад ямар ч бодлогын шинж чанар байхгүй, зүгээр л гэмт бүлэглэлүүдийн дүрээ хувиргасан системүүд юм. Дээрээс нь нам дотроо фракц болчихсон. Аливаа улс орнуудын намд үзэл баримтлал, салбар, эсвэл сонгогчдынхоо онцлогоос хамаарч фракц үүсдэг. Гэтэл манайд гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг л илэрхийлж байгаа. Түүнээс манайд байх намуудын фракцын ард итгэл үнэмшил, үзэл баримтлал, онол байхгүй. Ингээд үзэхээр Монгол Улсад улс төрийн нам нэг ч байхгүй. Тиймээс эдгээрийг татан буулгах хэрэгтэй. Нам дотор байх эрүүл ухаантай ганц, нэг хүмүүс нь намуудаа татан буулгах зориг, эрх мэдэл хүрэх нь үү гэдэг л асуудал байна.

Нөгөөтэйгүүр бүхэл бүтэн улсыг хөгжүүлэх бодлогыг хүмүүс сонгуулийн 14 хоногийн дотор яаж ойлгож, тэр олон намуудын хоорондын ялгааг хэрхэн мэдэж сонголт хийх вэ. Бодлого гээчтэй нь танилцах боломжийг тэд хүмүүст олгодоггүй. Мөн шинээр өөр өрсөлдөгч гарч ирэх боломжийг ч тэд бий болгодоггүй. Сар хүрэхгүй хугацаанд сонгууль зохион байгуулж, хэн мөнгөтэй нь энэ зодоонд ялна гэдэг энгийн дүрмээр хийдэг. Тиймдээ ч бодлогоор өрсөлдөх ямар ч боломж байдаггүй. Бусад улс оронд тухайн нам нь өөрийнхөө бодлогыг бүтэн жилийн туршид тайлбарлах, ухуулан сурталчлах боломжтой байдаг. Мөн нэр дэвшигчдээ маш эртнээс зарладаг. Муу муухай юм байдаг бол тэр нь эртнээс ил болдог. Яг ийм эрүүл саруул процесс явахын тулд сонгуулийн хугацаа хамгийн багадаа нэг жил байх ёстой юм. Яахав, саналаа өгөх хугацаа нь долоо, эсвэл 14 хоног байж болно шүү дээ.

Та бие даагч, нам бус иргэдийн төлөөлөл. Сүүлийн үед ямар асуудлуудаар идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Бие даагчид нам биш учраас хурал зохион байгуулж, тохиролцоод яриад байх зүйл байхгүй л дээ. Бидний хувьд намуудыг татан буулгаж, шинээр бүрдүүлэхдээ босгыг нь өндөрсгөе гэсэн ерөнхий байр суурьтай. Жишээ нь, нам байгуулахад 801 хүний гарын үсэг зуруулдаг. Бие дааж нэр дэвшихэд мөн ялгаагүй 801 хүний гарын үсэг зуруулдаг. Тэгэхээр би бүхэл бүтэн нэг нам явж байгаа биз. Хамгийн гол нь ийм зүйл байж болдог юм уу. Нам, бие даагч хоёр адилхан 801 хүнээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг шударга бус зүйл гэдэг нь тодорхой. Үүнийг жаахан хүүхэд ч хэлээд өгөх байх. Монгол Улсын Үндсэн хуульд шударга ёс гэж үг байхгүй гэж Цэц дүгнэлт гаргаж байсан удаатай. Цэц нь хүртэл ийм болчихсон шүү дээ. Энэ бол гэмт бүлэглэлийн үнэн мөн царай нь юм.