Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээс бүх зүйл шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-МАН УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийхээр гарын үсэг цуглуулж байгаа. Та гарын үсэг зурав уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, шинэ хариуцлага, ёс журам хэрэгжүүлэхийн тулд шинэ бүрэлдэхүүн хэрэгтэй гэж үзсэн учраас гарын үсгээ зурсан. Өнөөдөр энэ асуудал аль ч тал руугаа шийдэгдэж магадгүй байна. Бүлгийн хуралдаанаар ороод яаж л бол яаж шийдэгдэнэ шүү дээ. Олон зүйлс яригдах байх. Нэлээдгүй мэтгэлцээн өрнөх байх.

Ер нь гарын үсэг бүрдчихсэн байгаа. Хуулиараа УИХ-ын гишүүдийн 1/3 буюу 51 гишүүний гарын үсэг байх ёстой шүү дээ. Гэхдээ гарын үсэг бүрдсэн гэдэг тийм ч чухал асуудал биш. Бүлэг дээр бүх зүйл шийдэгдэнэ.

-УИХ тарснаар парламентын дархлаа гэдэг зүйл сөхөгдөнө шүү дээ. Өмнө нь УИХ тарж байгаагүй. Анхны тохиолдол болох гэж байна.

-Анх удаа УИХ тарах талаар ингэж нухацтай яригдаж байна. Тиймээс энэ асуудалд хаана, хаанаа болгоомжтой хандах хэрэгтэй. Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх нь гол асуудал. Парламентын дархлаагаа эрсдэлд оруулчихгүйн төлөө бид явах ёстой. Энэ бол Засгийн газраа унагах гээд гарын үсэг зурж байгаа асуудал биш. Гэхдээ энэ нь улс эх орон, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Удирдлагууд нийтээрээ яриад нэг шийдэлд хүрээгүй байсан юм билээ. Харин үүнд МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг нэг, нэгээр нь дуудан уулзаж, буруу ойлголт төрүүлж болохгүй. Цаашид энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх байх. УИХ-аар хэлэлцэх бусад асуудлууд хойшоо тавигдчихаад байгаа шүү дээ. Энэ асуудал Цэц дээр унах магадлал ч байгаа юм билээ. Өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвших иргэн зургаан сарын өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай холбоотойгоор Нөхөн сонгууль явуулах тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр унаж байсан.

-Ер нь УИХ тарах нь зөв үү?

-Өнгөрөгч өвөл төрийн эрх барих дээд байгууллага УИХ хоёр сар ажлаа явуулж чадахгүй гацсан. Тэр тохиолдолд ард түмэнд үнэнээ хэлээд тарах нь зөв. Харин өнөөдрийн тухайд УИХ үйл ажиллагаа бүрэн гацахгүй, хэвийн явагдаж байгаа. Дээр нь ээлжит бус сонгууль явуулахад хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой байдаг. Чуулган хэзээ орох вэ?

-Энэ асуудлаар маргааш(өнөөдөр) чуулган хуралдана. Байнгын хороогоо өглөө нь хуралдуулаад, шууд чуулган руу оруулахаар төлөвлөчихсөн байгаа.

-Ерөнхийлөгч ямар үндэслэлээр хориг тавив?

-Нэгдүгээрт, “Ард нийтийн санал асуулга руу оруулж байгаа эхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн байна лээ. Ийм байж болохгүй. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль гэдэг гарчигтай байх ёстой” гэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлээд байгаа нь энэ заалтыг зөрчсөн, харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж нэрлэх ёстой гэсэн байна лээ. 62 гишүүнийн өргөн барьсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэх гарчигт “хууль” гэдэг үг байхгүй байна гээд байгаа юм. Журмын тухай хуулиндаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн энэ агуулгаар өгсөн юм билээ.

-Ерөнхийлөгчийн хориг дэмжигдэх магадлал бий юу?

-Ерөнхийлөгчийн хориг гэдэг барьцгүй. 27 хүн зөвшөөрсөн кноп дарсан тохиолдолд хоригийг хүлээгээд авчихдаг. Тийм болохоор хэлж мэдэхгүй байна. Хуулиараа ядаж 51-ээс доошгүй гишүүн хоригийн эсрэг санал өгч байж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна даа.

-Өнөөдөр ордноор гишүүн харагдахгүй байх шиг байна лээ. Ирц бүрдэх болов уу?

-Гишүүдийн зарим нь тойргоороо явж байгаа байх. Гэхдээ ирц бүрдэнэ. УИХ-ын тамгын газраас гишүүдэд энэ талаар мэдэгдэж байгаа.

-Та тойргоороо ер нь очиж байна уу?

-Би уг нь энэ долоо хоногт тойргоороо явах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энд гацаанд орчихлоо.

-Ямар гацаанд?

-Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын сонгуулийн хугацааг татаж, ээлжит бус сонгууль явуулах юм уу гэдгийг МАН-ын бүлэг, УИХ-аар хэлэлцэж байж шийд гарна. Энэ асуудлыг тодорхой болсны дараа тойрог руугаа явна даа. Ер нь Үндсэн хуулийн асуудал гацаанд орчихоод байна. АН гэхэд Ард нийтийн санал асуулга явуулбал оролцоно гээд байсан. Гэтэл цагаа тулахаар санаа бодол нь өөрчлөгдчихлөө. Улс төрийн нөхцөл байдал ойр, ойрхон өөрчлөгдөж байна. Одоо хоригийг авах эсэхээс бүх зүйл шийдэгдэнэ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл шинэчлэл болж чадах уу?

-УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бариад одоо хэлэлцээд явж байна. Маш олон санал санаачилгууд гарлаа. Ихэнх нь зөв зүйтэй саналууд байсан. Энэ шинэчлэл 1992 оны Үндсэн хуулийг сайжруулж чадна гэж бодож байна. Тиймээс энэ шинэчлэлийг яадаг ч байсан хийх ёстой.

-Та манай сонинд хэвлэгдсэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнгийн ярилцлагыг уншсан байх. Хавдрын эмнэлгийн барилгыг томсгох шаардлагагүй гэж байна лээ. Уг нь таны бариулсан эмнэлгийн барилгыг төр авч Хавдрын эмнэлэг болгох нь зүйтэй, ингэснээр хавдрын өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж олон хүн санал нэгддэг шүү дээ?

-Ер нь манай эмнэлгийн барилгыг аль эртнээс гацаах гэдэг байсан. Энэ бол цаанаасаа том лобби. Би бүр гайхаад байгаа юм. Орчин үеийн дэвшилтэт, том эмнэлгийн барилга баригдах гэж байхад яагаад ингээд байдаг юм бол гэж. Ухаан нь хувийн олон эмнэлгээр үйлчлэх гэж л байх шиг байгаа юм. Миний бодлоор бол нэгдсэн том цогцолбор барьчихвал хамаагүй амар шүү дээ. Одоо бол эрүүл мэндийн салбар яг ТҮЦ шиг л байна. Энд тэнд жижигхэн олон салбартай. Одоо эдгээрийгээ нэгтгэж Супермаркет болгох хэрэгтэй. Гэтэл эрүүл мэндийн салбарыг ТҮЦ-ээр нь байлгах гээд л том цогцолбор барихыг эсэргүүцээд байх шиг. Тэр нь зарим нэг бүлэг хүмүүст ашигтай байгаа нь үнэн. Нэг үгээр хэлбэл улсын эмнэлгүүдээ дорой байлгаж, хувийн жижиг эмнэлгүүдээ чанартай, өндөр үнэтэй байлгах сонирхолтой байна.

-Эмнэлгийн хүчин чадлынхаа талаар ярихгүй юу?

-Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулсан. Наймаас аравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хүсвэл VIP өрөө ч сонгож болно л доо. Орчин цагт хүн бүхний сонголт янз бүр шүү дээ. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Эмчлүүлэгчдийн өрөө нь 50 м.кв, ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгчийн систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автоматжсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай. За тэгээд эмнэлэг маань А, В, С гэсэн гурван хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг тэрэг буух боломжтой. Дотроо усан бассейнтэй, гурван давхар хүртэл урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Шударга иргэдийн нэгдсэн эвлэл буюу ШИНЭ нам Улсын дээд шүүхэд бүртгэгдлээ, баяр хүргэе…

-Баярлалаа. Бид зургадугаар сард анхдугаар хурлаа хийж байлаа. Үүнээс хойш гурван сарын дараа Улсын дээд шүүхийн албан ёсны шийдвэрээ гаргаж, манай эвсэл нам болж байна. Бидэнтэй нэгдсэн 68 мянган гишүүд, ард иргэд маань бүгд баярлаж байгаа байх. Одооноос эхэлж бидний хийж хэрэгжүүлж, байгаа маш олон ажлууд албан ёсны болно. Мөн ШИНЭ нам тамга тэмдэгтэй байгууллага болсноороо хийж, хэрэгжүүлэх ажлууд маань цоо шинэ шатанд гарах нөхцөлийг бүрдүүлнэ байх.

-Танай нам хичнээн гишүүнтэй вэ?

-Хуулиараа нам байгуулахад албан ёсны гишүүдийн тоог зааж өгсөн байдаг. Тэр хуулийн хэмжээнд нь манай их хурлын төлөөлөгчид, идэвхтэй гишүүдээ элсүүлж, хуулийн шаардлагаа хангаж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Яг манай Шударга иргэдийн нэгдсэн эвлэлийг дэмжиж гарын үсгээ зурж, регистрийн дугаараа бичиж бүртгүүлсэн албан ёсны дэмжигчдийн тоо нийтдээ 70 орчим мянган иргэн бий. Шинэ Үндсэн хууль батлагдах юм бол өнөөдөр дор хаяж 20 гаруй мянган иргэд эвлэлдэн нэгдэж улс төрийн намыг үүсгэн байгуулахаар болсон. Тиймээс шинэ Үндсэн хууль батлагдахад нам байгуулах гишүүний тоог бүрдүүлэх хуулийн шаардлагыг биелүүлчихсэн гэхэд болно.

-Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Бидний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр эсрэг байр суурьтай байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид энэ нэмэлт, өөрчлөлтийг сайжруулах зорилготой явж байлаа. Тиймээс саналуудаа төсөлд өгсөн. Бидний олон ч санал төсөлд тусч, энэ өөрчлөлтийн төсөл сайжирсан. Ард иргэдийн санал, бодлын эсрэг гарах гэж байсан олон асуудлуудыг бид болиулж чадсан. Тиймээс бид үүнийг дэмжиж байгаа.

-Та бүхэн Стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнх хувь нь ард түмэнд ногдох заалтыг өөрчлөлтийн төсөлд орууллаа шүү дээ…

-Энэ заалт дээр эцсийн мөч хүртэл бид тэмцэж, аргагүйн эрхэнд томьёоллоо оруулсан. Бидний таван гишүүн хуралдаж, бусад гишүүдээ уриалаад, нийт хорин гишүүн болж, нөгөө талтайгаа нэлээд өргөн хүрээтэй яриа хэлэлцээр хийсний үр дүнд боломжийн томьёоллыг оруулж, санал нэгдсэн. Баялгаа авахын төлөө хийсэн энэ томьёолол түүхэнд үлдэх зөв өөрчлөлт болж чадсан юм. Стратегийн энэ том ордуудын үр өгөөжийг цөөхөн гэр бүлд биш нийт ард иргэдэд хүртээх энэ заалт бидний өнгөрсөн өвөлжингөө ард түмэнтэйгээ хамт тэмцсэний гол зорилго байсан шүү дээ. Энэ зорилго маань биелэхэд нэг шат ойртлоо. Гэхдээ бид хэрэгжүүлэхдээ дагаж гарах хуулиараа л гуйвуулчихдаг шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд бүх асуудлыг зөв зохицуулсан байдаг. Даанч Үндсэн хуулиа зөрчиж, мөрдөөгүй олон салбар хууль болон органик хуулиудаараа асуудлыг гажуудуулдаг. Бидний дараагийн гол тэмцэл бол энэ баялгийг ард түмэнд хүртээх асуудлыг гажуудуулахгүй байлгахад анхаарч, сонор сэрэмжтэй байх юм. Шинэ Үндсэн хууль батлагдвал үүнээс хойш гарах гэрээ хэлэлцээр, стратегийн орд газартай холбоотой хуулиуд стратегийн орд газрын үр өгөөжийн 50+1 хувь ард иргэдэд ногдох энэ зохицуулалтаар явна.

-Энэ намар УИХ-ын ээлжит бус сонгууль болох нь гэх яриа гарч эхэллээ. Та бүхэн үүнийг дэмжиж байна уу?

-Эхлээд юу ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө бэлэн болгоё. Ард нийтийн санал асуулгаа явуулъя л даа. Үүний дараа манай бүлэг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр судалгаа хийж байгаа. Монголын өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг бүх талаас нь дүгнэж баялагтаа эзэн болох тэр цаг үеийг яаж ойртуулах вэ гэдгийг ярина. Тиймээс энэ их хурал хийж чадах уу, бололцоо бий юу, ёс суртахуун, хүсэл эрмэлзэл байна уу гэдэг дээр манай бүлэг дүгнэлт хийнэ гэсэн үг. Энэ бүх шийдвэрийг шинэ их хурал бүрэлдэж байж гаргах ёстой байж магадгүй. Харин тэгэхдээ ээлжит сонгууль явагдсаны дараа хийх юм уу, эсвэл сонгууль хүртэл хүлээх хугацаа Монголын ард түмэнд байхгүй гэж үзэж байна уу гэдэг л асуулт байна. Бид бүхий л үед нэг зүйл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр ард түмэн юу хүсч байна. Ард түмний шийдвэр юу байна гэдэг л чухал. Тэрнээс энд бид ухаантай царайлж, хуйвалдаж, зөвлөлдөж хийж байгаа асуудалдаа цэг тавих ёстой. Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентаараа дамжуулж, төрийн эрхийг барьж байна. Ард иргэд төрийн эрхийг барихын тулд л гишүүд байгаа. Чуулган дуусаад бүх тойргоороо гишүүд ажиллах байх. Тэр үеэрээ ард түмнээсээ бүгд захиа даалгавар авах хэрэгтэй. Ард түмэн ээлжит бус сонгуулийг хийе гэдэг шийдвэр гаргаж ч болно шүү дээ. Одоо бол бүх юм нээлттэй. Эндээс эхлээд иймэрхүү чухал асуудлыг ард түмнээрээ шийдүүлдэг үе шат руу орж байна гэж би харж байгаа.

-Ард нийтийн санал асуулга анх удаагаа болох гэж байна. Хуулиндаа хэрхэн явуулахаар заасан байдаг юм бэ?

-1990 оноос хойш анх удаагаа болох гэж байна. Үндсэн хуулийг батлах үйл явцад авууштай зүйл болж байна. Нөгөөх 2000 оны хулгайгаар Үндсэн хуульд орсон дордуулсан долоон өөрчлөлт байна. Тэр сайн, зөв зүйтэй шийдэгдсэн байж болно. Гэхдээ энэ өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан хуйвалдааны арга нь буруу. Үнэндээ хэдэн гишүүн ганц санал хураагаад л хийчихсэн шүү дээ. Үндсэн хуульд ингэж өөрчлөлт оруулдаггүй юм аа. Япон, АНУ гээд гадны улсуудыг хар. Хэдэн арван жилээр маргалдаж, мэтгэлцэж байж нэг л өөрчлөлтийг эх хуульдаа хийж байна шүү дээ. 2000 оны тэр үйл явдал бол үндсэн хуулиа нухчин дарсан, халдлагад өртүүлсэн өөрчлөлт болсон. Энэ бүх бидний зовлонгийн эх үүсвэр тэр дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон шүү дээ. Энэ удаагийн өөрчлөлт үнэхээр парламентаар бодитой хэлэлцүүлэг явж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад ашиглагддаг хууль нь ажиллалаа. Ерөнхийлөгчийн ахалсан ажлын хэсэг нь гарлаа. Тэгээд бүр ард түмнийхээ ч саналыг сонссон. Энэ бол Үндсэн хуулийг батлах хамгийн зөв дэс дараалал. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжсэн ч, дэмжээгүй ч Үндсэн хуульд халдах гэж байгаа бол үүнээс өөр зам байхгүй гэдгийг мэдрүүлж өглөө.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах төсвийг бүрдүүлэхдээ улсын төсвийг танах талаар бас яригдаад байх шиг байна. Түүнчлэн энэ төсвийн мөнгийг идэх гэж байна уу гэх хардлага ч газар авч байна…

-29 тэрбум төгрөг төсөвлөнө гэсэн байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо бол 15 тэрбумаар оруулсан гэж хэлсэн. Яагаад зардлыг хоёр дахин нэмсэн юм гэдгийг хянах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмэн Стратегийн орд газрыг ард түмний мэдэлд өгөх санал асуулгад 10-20 тэрбум төгрөг зарцуулах нь наад захын асуудал. Үүнд би харамсахгүй байгаа.

-Өнгөрсөн лхагва гаригийн чуулганаар “Стратегийн орд” гэх нэршил дээр нэлээд мэтгэлцээн болох шиг боллоо. Ер нь ингэж явах нь хэр зөв юм бэ?

-Манайхан муйхарлаад л байна. Монгол Улсын Үндсэн хуульд гадаад үг оруулчихлаа гээд л бухимдаад байна. Яахаараа стратеги гэдэг үг гадаад үг байдаг юм. Ер нь бүхий л дэлхийн хэл чинь бие биенээ баяжуулж ирсэн шүү дээ. Тиймээс уянгалаг сайхан монгол хэлээ бид баяжуулах ёстой. Бас хамгаалах ёстой. Тэгэхдээ бидний хэлж байгаа зүйлийг гадаад хэлэн дээр шууд ойлгодог байвал зүгээр. Ялангуяа баялагтай холбоотой зүйлийг. Стратеги гэдэг үгийн оронд бид өөр онцгой сайхан үг зохиогоод оруулахаар гадаад хэлэнд тэр үг чинь буухгүй байна. Гадныхан ойлгохгүй байна. Тиймээс бид баялгаа хамгаалж чадахгүй байгаа биз. Монголд байгаа энэ хуулийн нэр томьёог хэрэглэх нь буруу зүйл биш. Энэ үгийг ашигласнаараа харин ч гарах гарцгүй болгож байна. Стратеги бол хуульдаа байгаа, олон улсын түвшинд хөрвөж буух үг.

-Ерөнхийлөгч албан бичиг хүргүүллээ. Өөрийн бүх төсөл, саналыг татаж, Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрээ асууна гэж ярьж байна. Энд ямар байр суурьтай байна вэ?

-Эцсийн эцэст шийдвэр парламентаас гарна шүү дээ. Парламенттайгаа ярилцаад үзэх хэрэгтэй. Гэтэл шууд л Ерөнхийлөгчийн засаглал гэж хэтрүүлээд, гуйвуулаад явчихаж байгаа үйлдлийг нь хараад би гайхаж байна. Тийм бололцоо угаасаа байхгүй. Монголд бүх эрх мэдлийг Үндсэн хуулиар парламентад өгчихсөн байгаа. Гэтэл парламент нь эрх мэдлээсээ татгалзаж, Монголын ард түмэн парламентаараа дамжуулж төрийн эрхийг барьж байгаа энэ эрхээсээ татгалзана гэдэг боломжгүй. Бид 300 жил харийн дарлалд байхдаа Ерөнхийлөгчийн болон хаант засаглалтай байсан гэсэн үг. Үүнээс үзэхэд ганц хүний засаглалын тогтолцоо манайд болохгүй байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд олон зүйлийг бид буруу шийдсэн. Гэхдээ Монголдоо буруу шийдэж байна. Монгол толгойгоороо л бодож Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж байна. Ямар ч байсан энэ төсөл ханатай гарч байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхболд: Төрийн албанд шатлан дэвших шаардлага нь Мерит зарчмыг бүтнээр нь төлөөлөхгүй

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант Б.Энхболдтой ярилцлаа.


-төрийн албаны мерит зарчмын талаар ярилцлагаа эхэлье. Мөрит зарчим гэж ер нь ямар ойлголт вэ?

-Мерит зарчмыг товчлон хэлбэл шатлан дэвшүүлэх буюу карьерын (Career based) зарчим, хатуу ажилласан жил заадаггүй албан тушаалын гэж орчуулж болох (position based) зарчмын хослолыг хэлдэг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.3-т “чадахуйн зарчим (мерит)” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж зөв зааж өгсөн боловч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө Мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан. Одоо үүнийгээ доорх байдлаар Үндсэн хуулинд тусгах гэж байгаа нь Мерит зарчмыг устгасантай ижил үр дүнг авч ирнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Төслийн нэгдүгээр зүйлийн тав дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүнийн хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно гэж тусгахаар УИХ хэлэлцэж байна. Ингээд уншихаар зөв зүйтэй юм шиг уншигдаж байгаа боловч “шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх”…гэснээс харахад мерит зарчим гэдгээ шатлан дэвших гэдэг Мерит зарчмын нэг л шаардлагыг онцгойлон оруулах гэж байгаа нь харагдаж байна.

-Ингээд заахаар яг ямар сөрөг үр дүн авч ирэх вэ?

-Төрийн албанд шинэ салхи орохооргүй болгож байгаа юм. Одоо ажиллаж байгаа олон жил болсон хүнд сурталтнуудыг улам л өөгшүүлнэ гэсэн үг. Мэдээж олон жил ажилласан мэргэжлийн албан хаагчид байгаа. Гэвч үүний хажуугаар дээд шатны удирдлагадаа ч захирагдахаа больсон хүнд сурталтан буглаа нар зөндөө байна. Бидний жишээ болгон ярьдаг хөгжиж чадсан орнуудын хамгийн гол нэг давуу тал хүний нөөц, боловсон хүчнээ авьяас чадвар, хичээл зүтгэл дээр нь тулгуурлан шилж сонгож, томилон дэвшүүлж удаан ажилласан л бол Мерит гэж үзэхээс татгалзсаар байна.

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлахдаа ажилласан жилийн өндөр босго нэгэнт тавьчихсан биз дээ?

-Тийм. Жишээлбэл, Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавьж өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд хамгийн хурдандаа одоо мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ, тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу, хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал шүү.

Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмаар энэ асуудлыг шийдэж чадаагүй юу?

-Төрийн албаны зөвлөл 2019 онд 16 дугаар тогтоолоороо уг журмыг батлахдаа зөвхөн одоо төрийн албан хаагчид дотроос сүүлийн гурван жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь А байх тохиолдолд л ажилласан жилийг 50 хувь бууруулж шатлан дэвшүүлж болно гэх мэт Мерит зарчмыг цогцоор нь харсан журам болж чадаагүй.

Тэгвэл яаж үндсэн хуулинд тусгавал дээр вэ?

-Үндсэн хуулинд тусгахдаа хүрвэл “шатлан дэвших” гэдгийг дангаар оруулахыг хасах эсвэл “шатлан дэвших, чадахуйн зарчмыг хослуулсны үндсэн дээр хэрэгжих бөгөөд”…гэж заах гарц байна.

-Ингэж зааснаар ямар эерэг үр дүнтэй юм бол?

-Төрийн албаны тухай хуулийн ажилласан жилийн өндөр босго тавьсан заалт, хуулийг дагаж гарсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журамд өөрчлөлт оруулах боломж үүснэ. Өөрөөр хэлбэл төрийн албанд шинэ салхи орох чадварлаг боловсон хүчнээр цус сэлбэгдэж байх боломж үүснэ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан

Ард нийтийн санал асуулга болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.


-Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30-31-нд явуулахаар товлов. Манай улс анх удаа Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах гэж байна шүү дээ..

-Парламентаар хэлэлцэгдээд хоёр дахь шатандаа явж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг иргэдэд үзүүлж, танилцуулахаар Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах гэж байна.

Ард иргэд уг төсөлтэй танилцаад энэ хуулийн төслийг зөвшөөрөх эсэхээ шийднэ гэсэн үг.

Тиймээс ерөөсөө зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг л асуултыг тавина шүү дээ. Иргэдэд уг хуулийн төслийг таниулах, мэдээллээр хангах асуудлыг уиХ, Засгийн газар болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар хариуцах хуулийн зохицуулалттай.

-Хуулиараа Ард нийтийн санал асуулгын дүнг шууд хүлээж авах уу?

-Санал хураасны дараа УИХ санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Тэгээд УИХ-ын гишүүдийн олонх санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцох хуультай.

-Санал асуулгад иргэдийн олонх оролцоогүй бол яах вэ?

-Дахин санал асуулга явуулахгүй. Уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үздэг.

-Ард нийтийн санал асуулгыг явуулахад 28 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн. Энэ төсвийг хаанаас гаргах вэ?

-Төсвийн асуудал дээр УИХ ерөнхий шийдвэрийг нь гаргаад өгчихнө. Уг нь Засгийн газар нөөцөөрөө төсвөө бүрдүүлнэ гэж ярьж байх шиг байна. Мөнгөний асуудал тийм ч бэлэн байхгүй байгаа болов уу.

-МАН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа саналд байр сууриа нэгтгэв үү?

-Эцсийн байдлаар нэгдсэн хариу гаргаагүй байгаа.

-Хувь гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна..

-Бидний хэлэлцэж буй асуудал дотор энэ тухай байхгүй. Тиймээс Ард нийтийн санал асуулгаар зөвхөн Үндсэн хуулийнхаа саналыг иргэдээс асуух байх.

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан өөрийн саналаа бүрэн татна гэлээ шүү дээ?

-Одоо миний харж байгаагаар төсөлд хэнээс, хаанаас ирүүлсэн санал вэ гэдэг нь хамаагүй болсон. Ажлын хэсэг, байнгын хороогоор боловсруулагдаад УИХ-аар хэлэлцсэн яг л явдаг зарчмаараа явсан ийм асуудалд саналаа татна гэсэн ойлголт байх ёсгүй.

-Ерөнхийлөгчийн саналын наян хувь нь төсөлд ороогүй учраас ийм шийдвэр гаргалаа гэж ярьж байх шиг байна…

-Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан. УИХ-ын 62 гишүүн өөрсдийн саналаа өргөн бариад олон нийтэд танилцуулаад явсан. Энэ үеэр Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлэг явсны дараа өөрийн саналыг оруулж ирснээр процедур алдагдсан. Мэдээж бид Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг авъя гэж хамтарсан ажлын хэсэг байгуулсан.

Энэ ажлын хэсэг л хоорондоо ярьж, хэлэлцэж зарим хэсгийг нь авч, заримыг нь унагаасан шүү дээ. Тиймээс энэ асуудалд бага саналыг төсөлд авлаа гэдэг асуудал байхгүй л дээ. Нэгэнт УИХ-аар ороод хуулийнхаа дагуу байнгын хороогоор орж, процедураараа яваад л батлагдсан. Зарчмынхаа дагуу явж байгаа хууль шүү дээ.

-Өдгөө хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл шинэчлэл болж чадах уу?

-Нэлээд том шинэчлэлт болно гэж харж байгаа. Шүүхтэй холбоотой шинэчлэл, нутгийн удирдлагын түвш-нийг дээшлүүлсэн, УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөсөн зэрэг чухал заалтууд тусгагдсан. Тиймээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад цааш хэрэгжүүлээд явах нь зүйтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Атар IV аяныг эхлүүлснээр энэ салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ жилийн тариалалтыг хугацаанд нь хийж чадсан уу. Нийтдээ хэдэн мянган га-д тариалалт хийсэн бэ?

-Энэ жилийн тариалалтыг бид агротехникийн оновчтой хугацаанд нь хийж чадсан. Энэ нь богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд тариалалтаа хийж чадсан гэсэн үг. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган гад энэ жил тариалалт хийлээ. Энэ дунд үр тариа, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тосны ургамал багтана. Үүнээс онцгой анхаарал татдаг ургамал бол үр тариа, ялангуяа улаанбуудай юм. Улаанбуудайг 340 орчим мянган гад тариалсан. Түүнчлэн төмс, хүнсний ногоог боломжийн түвшинд тариаллаа. Өмнөх жилүүдийн хэмжээнд тариалалтыг хийж чадсан.

-Тариалалтаа хийсний дараа онцгой анхаарах асуудал бол тарьсан ургамлаа хамгаалах асуудал шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байна…

-Энэ жил бид өнгөрсөн жилийн түвшиндээ хүргэж ургац авах зорилго тавьсан. Тариалалтын дараа цаг агаарын байдал харьцангуй ялгаатай өөр байлаа. Зарим аймгуудаар бороо нэлээд оройтож орсон. Ялангуяа Сэлэнгэ аймаг, тэр дундаа манай улсын үр тарианы голлох аж ахуйнууд байдаг хэсгээр бороо үл ялиг оройтсон. Үүнээс улбаалан анхны соёолт, ургалтын байдалд харьцангуй ялгаатай нөхцөл үүссэн. Азаар долдугаар сарын дундаас бороо нэлээд орж, ихэнх нутгаар зуншлага тааламжтай боллоо. Гэвч цаг агаарын байдлын нөлөөллөөс болж, зарим нэг газруудад анхаарал татмаар асуудлууд гарч байна. Жишээ нь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудад цаг агаарын гэнэтийн өөрчлөлт явагдсан. Тодруулбал, мөндөр орж 2500 гаруй гагийн ургацыг хураан авах боломжгүй боллоо.

-Бусад талбайд ургацын байдал тогтвортой байна уу?

-Яамнаас ургацын байдалд онцгой анхаарч явц дунд нь хяналт тавьж, 10аад аймгийн хорь гаруй сумын 30 гаруй аж ахуйн нэгжийн талбайгаар явж, газар дээр нь үзэж танилцлаа. Ургацын байдал алаг цоог байна. Бороо ялигүй оройтсон газарт ургацын түвшин сийрэг, намхан, болц нь нэлээд түргэссэн шинжтэй, ихэнх талбайд үр тарианы сүүн болц дуусч байна. Тиймээс энэ жил хоёр асуудалд онцгой анхаарахаар болсон. Нэгдүгээрт, тариалсан тариандаа мал оруулчихгүй хамгаалах асуудал. Энэ асуудалд малчин, тариаланчдын хоорондын хамтын ажиллагааны асуудал онцгой анхаарал татаж байгаа. Энэ жил бидний зүгээс тариалангийн талбайг хашихаар хөрөнгө дайчилж ажилласан. Тиймээс 450 гаруй км хашаа барих ажил зохион байгуулагдаж байна.

-Ургац хураалтын үе эхлэх дөхлөө. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Энэ жилийн ургац онцлогтой байна. Нэлээд таруу, сийрэг. Алаг цоог, өндөр, нам болцын түвшин харьцангуй ялгаатай, зарим нь аарцан болцондоо орчихсон байхад, нөгөө хэсэг нь дөнгөж сүүн болц нь дуусч байх жишээтэй. Ерөнхийдөө тариа өөрөө намхан байгаа учраас энэ жилийн тариа хураалтад онцгой анхаарах, тариалалтын технологи, техникээ зөв сонгох асуудалд анхаарах шаардлага тулгарлаа. Бид орон нутагт газар дээр нь мэргэжлийн хүмүүсээ ажиллуулж, болж өгвөл тодорхой тариалангийн талбайнуудад таарсан ургац хураалтын оновчтой горимыг зөв сонгох зөвлөмж гаргаж хүргүүлэхээр болсон. Наймдугаар сардаа багтаагаад урьдчилсан байдлаар ургацын балансаа гаргах санаатай байна. Үүндээ үндэслэн ургац хураалтын ажилдаа шуурхайлан орно. Энэ жилийн онцлог байдалтай холбогдуулаад техникийн бэлэн байдлыг онцгой анхаарч байна. Одоогийн нөхцөлд ОХУ-ын техник илүү тохиромжтой юм билээ. Яагаад гэвэл орос техник намхан тариаг хадна, мөн газартаа тохируулсан өөрийн гэсэн тохируулгатай байдаг. Тиймээс ОХУ-ын техникийн хэрэгцээ илүүтэй гарч байгаа учраас манай яамны зүгээс хөөцөлдөж, Оросоос хөнгөлөлттэй зээлийн шугамаар Хөгжлийн банкны охин компаниар дамжуулж, 30 гаруй ургац хураах комбайн авахаар болсон. Одоо наашаа ачигдчихсан байгаа. Ургац хураалтаас өмнө бүгд ороод ирнэ. Ер нь энэ жил тарьсан ургацаа хаягдал багатай бүрэн хураахын төлөө л анхаарч ажиллаж байна даа.

-Энэ жил дотоодын хэрэгцээг хангах улаанбуудай хураан авах боломжтой юу?

-Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин хүнсний ногооны 80-аас дээш хувийг өөрийнхөө ургацаар хангана. Дээрээс нь энэ жил тэжээлийн ургамлыг нэлээд ахиу тариалсан. Тиймээс энэ жил өвс хадлан, ногоон тэжээлийн бэлтгэл дээр ахиц гаргах зорилготой байна. Өнгөрсөн жил 430 орчим мянган тонн улаанбуудай хурааж авсан шүү дээ. Үүгээрээ бид улсын хэрэгцээгээ бүрэн хангаад, цаана нь боломжийн нөөцтэй байсан. Энэ жил манай улс хамгийн багаар бодоход 400 гаруй мянган тн ургац хураачих бололцоотой байгаа. Ингэвэл бид дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана. Дээрээс нь үрийнхээ нөөцийг чанарын өндөр түвшинд нөөцлөөд авчих бололцоотой. Энэ жил үрийн чанарт онцгой анхаарна. Нэлээд сайн чанарын нутагшсан үрийн нөөцтэй болъё. Ингэснээр дараа жилийн ургац илүү баталгаатай болно шүү дээ. Сүүлийн жилүүдэд үрийн бодлого их хэмжээгээр алдагджээ. Тиймээс яам өөртөө үр сортын бий даасан хэлтэстэй болсон. Энэ чиглэлээр ургацын баланс тогтоох чиглэлээр талбайнууд дээр чанарын үнэлгээ өгч, улсын нөөцөд чанартай үр бэлдэх, мөн аж ахуйнууд өөрийн бэлдсэн ураншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрээ өөрсдөө нөөцөлж авъя гэдэг чиглэлтэй ажиллаж байна.

-Хураасан ургацаа хаягдал, алдагдал багатай хадгалах асуудал мөн үүсэх байх даа?

-Бид зоорь, агуулах, үтрэмийн бэлэн байдлыг хангах чиглэлээр судалгаа гаргаж, мэргэжлийн хүмүүсээ явуулж байна. Хураан авсан будаа, хүнсний ногоогоо алдагдал багатай хадгалах дээр анхаарч байна. Үүнийг дагаад нэг асуудал урган гарч ирлээ. Тодруулбал, ургац тээврийн замын асуудал. Энэ жил бороо хур ихтэй, дээрээс нь ургац тээвэрлэдэг гол засмал замууд засвартай байгаа. Жишээ нь, Дархан-Улаанбаатарын зам. Энэ замаар манай газар тариалангийн бүс болох Сэлэнгэ, Булган, Дархан, Төв аймгийн хойд сумуудаас үр тариаг тээвэрлэх хэрэг гарна. Гэтэл зам нь засвартай байж байдаг. Тиймээс орон нутгийн замаа засч тордох, дээрээс нь ургацыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэлийг одооноос хангаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зам засах ажлын хөрөнгө, санхүүгийн асуудлыг үндсэндээ шийдсэн. Ингээд Зам, тээврийн яамтайгаа хамтраад зам засварын ажлыг эхлүүлж байна.

-Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна. Газар тариалангийн салбар яг одоо ямар түвшинд явж байна вэ?

-Манай улсын газар тариалангийн салбар сэргэлтийнхээ түвшинд яваа гэж хэлье. Бид атар газар эзэмшээд 60 жил болчихжээ. Энэ 60 жилийг дотор нь аваад үзвэл хэд хэдэн онцлог үеүүдийг туулсан байна. Анхны Атрын аянг өрнүүлэхэд хоёр үндсэн зорилт дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт, Атар газрыг эзэмшсэнээр хүн амаа үр тариа хүнсний ногоогоор бүрэн хангах, хоёрдугаарт, малаа чанар сайтай тэжээлээр хангах, өөрөөр хэлбэл бэлчээрийн мал ахуйгаа байгалийн эрсдэлээс хамгаалах зорилт юм. Бид одоо төмс хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангах зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. 2007 онд Атар III аяныг эхлүүлэх үед зах зээлийн нийгэмд шилжсэн хэцүү үе байсан. Хувьчлалд орсон учраас газар тариалангийн салбар уналт задралын байдалд байсан. Өдгөө харин газар тариалангийн салбар маань бэхжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, сүүлийн таван жилд тогтвортой газар тариалангаа эрхэлж байна. Нэг үгээр сэргэж байна гэсэн үг. Энэ жил бид Атар III аяныхаа хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгнө гэж бодож байгаа. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг арваннэгдүгээр сард тэмдэглэнэ. Манай газар тариалангийн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид Атар гурав аянаа дүгнээд Атар дөрөв аяныг эхлүүлье гэдэг санал тавьж байгаа. Ер нь онол практикийн хувьд ч гэсэн эхлүүлэх цаг нь болсон байна. Өөрөөр хэлбэл Атар IV аяныг эхлүүлснээр газар тариалангийн салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно.

-Газар тариалангийн салбарт мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна гэдэг. Таны хувьд энэ асуудал дээр анхаарал хандуулах уу?

-Нөгөө л зах зээлийн харилцаанд шилжсэн задралын үед боловсон хүчнийг бэлтгэх, сургах асуудал орхигдож, энэ салбар нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчний хомстолд орсон байна. Цаашдаа мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах асуудал дээр онцгой анхаарна. Үүнийг Атар IV аяны гол зорилтын нэг гэж хэлж болно.

-Танай яаманд өдөр тутмын тасралтгүй олон асуудлууд ундарч байдаг. Өвөл ч ойртлоо. Ер нь хөдөө аж ахуйн салбарт хэрхэн анхаарч байна…

-Өдгөө бид 80 сая малтай болчихжээ. Энэ 80 сая малыг адгуулах бэлчээр, усан хангамж, мал эмнэлэг, ариун цэврийн ажлууд урьд өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа. Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг сайн хангах асуудал дээр анхаарч Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах 285 дугаар тогтоолыг гаргасан. Бүх аймгуудад чиглэл өгөгдсөн. Өнөөдөр 20 аймгийн Засаг дарга тухайн аймагтаа өвөлжилтийг хангах асуудлаар захирамж гаргаад аймаг сумдууд ажилдаа жигдрээд ороод явж байна. Энэ дээр мэдээж бэлчээр талбайг оновчтой зөв хуваарилах, худаг гаргах, өвс хадлан бэлтгэхэд анхаарна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд нэлээд эртнээс тодорхой хөөцөлдөж, энэ өвлийг өнтэй давахын төлөө ажиллана даа.

-Яг энэ сэдвээр Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана биз дээ?

-Энэ хуралдаанд оролцохоор бүх аймгийн Засаг дарга нар ирчихсэн байгаа. Эндээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ургац хураалтыг зохион байгуулах ажлын явц ямар байна гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцана.

-Манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэхүү салбарыг удирдаж байгаа сайдын хувьд үлдсэн хугацаанд ямар онцлох бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Засгийн газрын гол зорилго бол Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх. Зөвхөн уул уурхай гэдэг нэг салбараас хамааралтай байдлыг арилгах явдал юм. Энэ арга зам бол хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх юм. Яагаад гэвэл энэ салбарууд нөхөн сэргээгддэг, шавхагдашгүй баялаг.Үеийн үед уул уурхайн салбартаа түшиглэж хөгжинө гэдэг өөрөө эрсдэлтэй, нөгөө талдаа үр ашиггүй. Харин байнга өсөн нэмэгдэж, өсч төлжиж байдаг энэ баялаг дээрээ суурилсан салбарын хөгжил манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол үндэс суурь болох ёстой. Тиймээс бид мал аж ахуйн салбарынхаа тогтвортой хөгжлийг хангая. Мал аж ахуйгаас үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг дээр төвлөрч байна. Өнөөдөр 80 гаруй сая мал бидэнд байна. Гэтэл нэгж малаас ашиглаж байгаа бүтээгдэхүүн, түүний өгөөж хуучин системийнхээ үеэс хэд дахин доогуур болчихсон. Тоо нь өсөөд байдаг нэгжээс авах үр өгөөж нь багасчихсан. Тиймээс энэ аж ахуйгаа эрчимжүүлье. Энэ замыг сонгох бодит шаардлага ч бидэнд байна. Жил ирэх тусам манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ маш хурдацтай буурч байна. Тиймээс тоо толгойгоо хязгааргүй өсгөх биш, нэгжээс авах үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, мал аж ахуйн салбар маань өөрөө эрүүлжих ёстой. Тэгж байж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулна. Малын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгож, аль болохоор түүхий эдийг бүрэн боловсруулах ёстой. Мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг дотооддоо боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Газар тариалангийн салбарт хэрхэн анхаарах вэ?

-Байгаа талбайгаа оновчтой зөв ашиглаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хөрсөө хамгаалах эрчимжсэн технологиор явна. Мөн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбартаа мал аж ахуй, газар тариалангаас гарч байгаа түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүнийг болгож боловсруулах асуудал байна. Ингэж байж бид ХАА-н салбарыг тэргүүлэх салбар болгох зорилгоо биелүүлнэ. Засгийн газраас есөн төрөлжсөн хөтөлбөр гаргаж, батлуулаад явж байна.

-Мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед тулгарч буй хүндрэл юу байна…

-Мах экспортлоход тавигдаж байгаа гол шалгуур нь эрүүл ахуйн шаардлага. Мал эрүүл гэдгийг баталж байж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрч байж мах экспортод гаргадаг. Ингэхийн тулд мал, сүргээ эрүүлжүүлэх ёстой. Гарал үүслийг нь тодорхой болгох хэрэгтэй. Энэ чиглэлд нэлээд том, үе шаттай хөтөлбөр хэрэгжиж байна. Нөгөө талдаа үйлдвэрийн аргаар боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдгөө манай улсад махны 100 гаруй үйлдвэр тоологдож байгаа боловч, тэдний хүчин чадал бидний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Эдгээр үйлдвэрүүд жилд долоо сая мал эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин бид жилд 20-иос доошгүй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, цаашдаа аймаг, сум бүрт мал нядалгааны жижиг үйлдвэрүүдийг бий болгоно. Үүнийг ажил хэрэг болгохоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр туршилтын байдлаар 20 суманд мал нядалгааны үйлдвэр байгуулахаар хөөцөлдөж байна. Ингэснээр нэгдсэн системд орж, ченжийн оролцоогүйгээр малыг эдийн засгийн эргэлтэд нийлүүлэх боломжтой болно.

-АНУ болон Европын холбооны Франц зэрэг улсууд манай улсаас ноос, ноолуур экспортлох асуудал ойрын үед нэлээд яригдаж байгаа. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Экспортын чадавхыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил шүү дээ. Европын холбоотой тодорхой бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалттай болгох, чөлөөтэй экспортод хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энд хамрагдах бүтээгдэхүүний тоо хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлд гэрээ хэлцлүүд хийгдэж байна. АНУ-тай хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахаар ярьж байна. АНУ-д энэ асуудлаар хууль хэлэлцэгдэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулж байгаа. Энэ асуудлыг нээлттэй шударга, зохион байгуулах тал дээр хэрхэн анхаарч байна..

-Урьд өмнө ямар нөхцөл байдал үүссэнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ байдлыг засах ёстой. Энэ хүрээнд журмаа үндсэнд нь шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-гаас зээл олгох хоёр үе шатны сонгон шалгаруулалт яваад дуусч байна. Эхний ээлжинд 300 саяас тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй банкаар дамжиж хэрэгжих төслүүдийг шалгаруулсан. Энэ төслүүдийг шалгаруулахад цоо шинэ журам мөрдсөн. Ийм журмаар ил тодоор олон нийтийн хяналттайгаар, тодорхой албан тушаалтнуудын нөлөө орохгүй байхаар журам баталсан. Энэ зээлийг шалгаруулж байгаа зээлийн хороо гэхэд дийлэнх нь мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийн төлөөлөл орсон байгаа. Төрийн байгууллагууд тэнд цөөнх болсон. Бид энэ төслийг ил тод, олон түмний нүдэн дээр шударгаар шалгаруулахыг зорилоо. Төслийг шаларуулах даа телевизийн шоу болох “Шарк Танк”-тай төстэй маягаар шалгаруулсан. Түүнчлэн бид өнгөрсөн долоо хоногт 20-100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг шалгаруулж дууссан. Үүнийг мөн л сонгон шалгаруулалтаар явуулж, зээлийн хорооны гишүүд төсөл болгоныг газар дээр нь очиж танилцсан. Энэ асуудалд өмнө нь байсан алдаа дутагдал, албан тушаалтны нөлөөлөл одоо байхгүй болсон.


Categories
мэдээ цаг-үе

Инээдмийн лаборатори буюу Comedy Lab-ынхан

“Stand up comedy” гэдэг нь ерөөсөө үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьж хүмүүсийг инээлгэдэг урлаг юм. Stand up гэдэг нь зогсоогоороо номероо үзүүлнэ гэсэн утгатай ч зарим нь суучихсан ярьж байдаг. Энэ урлаг амархан эд биш ээ.

Үзэгчдээ зогсоо зайгүй инээлгэж, “элгийг нь хөшөөнө” гэдэг хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш. Ялангуяа тайзан дээрээс. “Stand up сomedy”-г зарим хүмүүс дуу хөгжимтэй адилтгадаг. Тэр дундаа жазз хөгжимтэй зүйрлэдэг. Тус урлаг баруунд үүсээд, ялангуяа Англид хүчтэй хөгжиж Орос, Америкт тархсан. Сүүлийн үед Азид ихээр хөгжиж байгаа юм. Монгол Улсад “Stand up com­edy” 2014 оноос орж ирээд өдгөө асар хурдацтай хөгжиж байна. Ази тивдээ манай улс хөгжлөөрөө хамгийн хурдацтай нь байгаа юм. Тэгвэл бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа “Stand up сomedy”-гийн шинэхэн клуб болох “Comedy Lab”-аас бэлтгэлээ. Тэд Монголын анхны комеди клуб болох UB Comedy-гаас өрх тусгаарлан шинэ клубээ нээгээд хагас жил ч болоогүй байна. Одоогийн байдлаар комедиан Хану буюу ч.Хантүмэн, Б.Гантулга, хар төөгөө буюу Б.Төгөлдөр, Ганга, Амартүвшин, н.Амаржин нарын бүрэлдэхүүнтэй байна. Хүмүүсийг инээлгэж баяр баясал өгдөг буянтай залуус маань Peace Tower-ийн 15 давхарт шинэ байранд оржээ. Биднийг клубийн захирал Д.Амартүвшин угтаж авсан юм. Клубийн шатаар өгсөж байхад улаан хөшгөөр хана таазаа тохижуулсан харагдана. Энэ нь “Stand up comedy”-гийн хуучны хэв загвар аж. Энд үргэлж эерэг энерги ялгарч байдаг учраас цаанаасаа л дотно мэдрэмж угтаж авсныг нуугаад яахав. Залуучууд нь ч нээлттэй, зөв бодолтой юм билээ.

Биднийг хөшигний арын өрөөнд ороход комедиан Амартүшин “Өрөө маань бүрэн тохижиж амжаагүй байгаа шүү” хэмээн учирлаад буйдан дээр суухыг урив. Бид тус клубийн хэтийн төлөв болоод өөр олон сэдвийг хөндөж суув. “Comedy Lab”-ын Лаб гэдэг нь лаборатори гэсэн үгний товчлол юм байна. Тэгэхээр энэ клуб инээдмийн лаборатори байх нь. Тийм ч биз. Клубийн хаалган дээр тус клубийн залуусын цагаан халаттай зураг томоос том өлгөөтэй харагдана. Түүнчлэн “Бид инээдийг найруулна” гэх уриатай. Мөн барны цэс нь д.Менделеевийн үелэх системийг дуурайлган кодолчихсон харагдав.

Te гэдэг нь Tequila, Be нь Beer гэх мэт. Энэ мэт өвөрмөц сэтгэдэг залуус энэ клубт байдаг. Нойлын өрөөнд нь алдарт Мэрилин Монро-гийн зураг өлгөөтэй байх жишээний. Утга нь учир битүүлэг. Тэдний анхны тоглолтын баннер нэлээдгүй шуугиан болж, сошиалаар тэд шуугианы эзэд болсон. Re­born гэх нэртэй нүцгэн зургаа сошиалд тавьж маркетинг хийсэн нь тэдний сэтгэхүй хэр задгай вэ гэдгийг харуулж байгаа юм. Хандалт авч чадсан уу, чадсан. Гол санаагаа 1990-ээд оны Америкийн “Next top model” тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн зургаас санаа авсан байгаа юм. Биднийг ийн ярилцаж суухад комедиан Б.Гантулга орж ирсэн юм. Олноо Тулгаа гэж танигдсан тэрээр Оюу толгойд цахилгааны инженер хийдэг гэнэ. Үргэлжлүүлэн бид комеди урлагийн талаар хөөрөлдлөө.


КОМЕДИАНЧУУДЫН ХАМГИЙН ТОМ АЙДАС НЬ ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЯВДАЛ

Комедианчуудыг нэг үгээр зохиолчид гэж хэлж болохоор. Ярих зүйлээ эхлээд цаасан дээр буулгаж, цэгцэлдэг. Тэгээд хошигнолоо төгөлдөржүүлэх ажилдаа ордог байна. Шинэ инээдтэй санаа, хошигнолууд олсон үедээ цаасан дээрээ тэмдэглэнэ. Өмнөх тоглолтын бичлэгээ үзнэ. Бүрэн болсон хошигнолынхоо бичлэгийг нийгмийн сүлжээнд цацаж, тухайн түүхээ дахиж тайзан дээрээс ярьдаггүй аж. Комедианчуудын хамгийн том айдас нь хүмүүсийг инээлгэж чадахгүй байх явдал. Тайзан дээр гараад хошигнол ярихад үзэгчид нь гөлрөөд суучихвал хариу үйлдэл үзүүлэх чадвар хамгийн чухал гэнэ. Ер нь комедиан хүн олон удаа тайзан дээр гарах тусам илүү чадварлаг болдог аж. Дээр дурдсанчлан Stand up Comedy бол хөгжимтэй тун төстэй. Учир нь та поп хөгжим сонсдог байж болно, таны найз улаан рок байж болно. Үүнтэй ижил комедиан бүр өөр, өөрийн төрлийн дуучид, хөгжимчидтэй адилхан өөрсдийн гэсэн өнгө аястай. Тэр нь тухайн комедианы ямар амьдралтай, амьдралынхаа ямар үе мөч дээр явж байгаагаас ч мөн шалтгаалдаг байна. Тийм учраас он жил хувьсах тусам комедианы ярьдаг хошигнолууд дагаад өөрчлөгддөг байна. Гэхдээ нийтдээ тэдний ярьдаг сэдэв насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэд өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа хар бараан асуудлыг хошин маягаар илэрхийлдэг. Гэр бүл, улс төр, нийгмийн аж амьдрал уур уцаар, стресс гээд тэр бүгдийг хөнддөг. Гэхдээ хошноор. Тийм ч учраас хүн бүрийн тембер өөр. Комедиан Н.Амаржин гэхэд морь тайлбарлах урлагийг гаргууд эзэмшсэн. Комедиан Д.Ганга хүмүүсийг эерэг байх тал дээр болон жендерийн эрх тэгш байдлыг хөндөж ярьдаг гэх мэт. Энэ талаар комедиан Д.Ганга “Хүн инээлгэсний дараахь тэр таашаал, алдсаны дараахь тэр сэтгэлийн хямрал давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тайзан дээр гарах нь өөрөө маш их том зориг. Тийм учраас манай залуучуудыг тайзнаас элдвээр хэлдэг хүмүүст хэлэхэд энэ их зоригийг нь бас үнэлэх хэрэгтэй шүү” гэсэн юм. Комедианчууд өөр өөрсдийн ажил төрөл, гэр бүлтэй хүмүүс. Үүнийхээ хажуугаар комедиан хийнэ гэдэг ихээхэн хэмжээний энерги, цаг зав, нерв шаардах нь мэдээж. Тус урлаг манайд өдий хүртэл хөгжихөд их түүхийг үзсэн гэдэг. Тайзнаас хөөгдөх, элдвээр хэлүүлэх, бүр эд зүйлс шидүүлж явсан залуус өдгөө Улаанбаатар хотод хоёр том салбар болон өргөжжээ. Бууж өгөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан залуус одоо нийгэмд тодорхой байр суурь эзлээд, хэлсэн үг нь олон хүнд хүрдэг болсон байна. Тэд “Мэдээж бидэнд дургүй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүс байгаа учраас стэнд ап урсгал цаашаа хөгжинө гэж боддог шүү. Ялангуяа бид “доллар” биш тул бүх хүнд таалагдах албагүй гэж боддог” хэмээсэн юм. Тус клубийн Н.Амаржин энэ сарын эхээр хуримаа хийсэн байна. Д.Амартүвшин “Ингээд найз маань өөрөөсөө асар их мөнгө гарган байж нэг хүний мэдэлд очлоо доо” гэж хөхрөөд “Монгол хүн байна даа дутахгүй мөнгө гаргаж, хуримаа хийх хэрэгтэй дээ манай клубийн залуус” гээд нөгөө хэд рүүгээ ёжилсон байдлаар ширтэв. Биднийг ийн хуучилж суухад аль хэдийнэ тоглолт эхлэх цаг болсон байлаа. Өнгөрсөн лхагва гаригт Ladies Laughing буюу эмэгтэйчүүддээ зориулсан комеди үзүүлбэрийг тайзан дээрээс толилуулахаар бэлджээ. Долоо хоног бүр энэ арга хэмжээ болдог гэнэ. Тэд энэ өдрийг зөвхөн эмэгтэй комедианууд тайзан дээр гардаг өдөр байлгахыг зорьж байгаа аж. Гэвч одоохондоо эмэгтэй комедиануудын чадвар нь бүрэн гүйцээгүй, нялхаараа байгаа учраас туршлагатай комедианчидтай хамтран шоугаа хийж байгаа аж. Монголд өдгөө эмэгтэй комедиан бараг л байхгүй шахуу гэнэ. Комеди, хошигнол бүр эрэгтэй хүний өнцгөөс байгаа болохоор нэг хэвийн болоод байгааг Д.Амартүвшин учирласан юм. Тийм учраас Монголын Stand up Comedy-гийн салбарт эмэгтэй хүн ус агаар шиг хэрэгэй байна гэж хэлээд цонх руугаа ширтэн “Комедиан болох хүсэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй бүсгүйчүүд минь манай клуб дээр ирж бидэнтэй холбогдоорой” гэж хэлэн санаа алдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Арга ч үгүй биз. Эмэгтэй хүн тайзан дээр гарч ирээд янз бүрийн зүйлс ярихаар хүмүүс шүүмжилнэ гэж айгаад байгаа бололтой” гэлээ.

ХҮМҮҮС ӨӨРИЙНХ НЬ АМЬДРАЛТАЙ ОЙРХОН ЗҮЙЛ ЯРИХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ИНЭЭДЭГ

Энэ талбар бол хүмүүс өөрийгөө хөгжүүлж, комедигоо туршиж үзэх, хүмүүсийг инээлгэх, хэн бүхэнд нээлттэй газар юм. Тиймээс энэ клубийнхан шинэ комедиануудыг төрүүлэхээр хайж эхэлсэн. Комедиан болох хүсэлтэй залууст зориулан тэд мягмар гариг бүр “Vergion Mic” шоуг зохион байгуулж эхэлжээ. Тэр өдөр тайзан дээр дан залуу комедианууд гарч комеди хийдэг юм байна. Түүнчлэн нэг сая төгрөгийн төлөө Stand Up Comedy хийдэг залуусыг хооронд нь өрсөлдүүлэх “Нэг саяын инээд” гэх уралдааныг зарлаж байгаа аж. Тус тэмцээн маргаашнаас эхлэх бөгөөд гурван долоо хоног үргэлжлэх аж. 21 залуу оролцохоор болсон бөгөөд оролцож чадаагүй 20 гаруй залуус үлдсэн гэнэ. Эндээс харахад комедиан болох хүсэл эрмэлзэлтэй залуус хэр их байгааг дүгнэж болох байх. “Нэг сая инээд” шоуны дараа тэд дахин таван хүн элсүүлж цусаа сэлбэх хүсэлтэй гэнэ. Энэ мэтээр ярилцаж суухад хөгжим явж, тоглолт эхлэх болжээ. Бид үзэгчдийн суудал руу шилжлээ. Тайзан дээр интро бичлэг явав. Комедиан болгоныг тайзан дээр гарахын өмнө ийнхүү өөрийг нь танилцуулсан бичлэг явдаг юм байна. Тоглолтын заал 200 гаруй хүний суудалтай бөгөөд бараг дүүрсэн харагдана. Сүүл рүүгээ зарим нь баранд орж чадалгүй буцаж байлаа. Нэг оройны шоу дор хаяж хоёр цаг үргэлжилдэг бөгөөд нэг хүнд дунджаар 30 минут ногддог юм байна. Эхний комедиан Д.Амартүвшин байлаа. Тэрээр “Хэт мэдрэмтгий, эмзэг, тоглоом даадаггүй хүмүүст эвгүй сэтгэгдэл төрж магадгүй” хэмээн сануулаад нэг нэгэндээ саад учруулахгүй байхыг хүслээ. Тэрбээр ихэвчлэн улс төр, философийн чиглэлээр ярьдаг. Харин энэ удаа бэлгийн боловсролын талаар ихээхэн хуучлав. Үзэгчид ч сэтгэл хангалуун амаа чилтэл инээнэ. Зарим нь нулимсаа арчингаа амаа даран нөгөө “савж унана” гэдэг л боллоо. Түүний 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрсний дараа Б.Төгөлдөр гарч ирсэн юм. Үзэгчидтэйгээ харьцаж, заримыг нь шоглож, үлдсэнийг нь зоригжуулж, сургаал айлдаж буй ангийн багш шиг л дүртэй хөгжөөж байгаад дуусав. Үзэгчид элгээ хөштөл инээж, зарим нь амаа даран хөхөрсөөр нойлын өрөө чиглэнэ. Ийнхүү тоглолтын уур амьсгал халуухан болоод ирэв. Комедианчуудтай зарим нь үг хаялцаж, үлдсэн нь зүгээр л “татаж унатлаа” инээнэ. Анхны эмэгтэй комедиан ч тайзан дээр гараад ирлээ. Гэрэлтүүлэг тодорч туранхай бүсгүй гарч ирэн бүтэлгүй хайрын романсаа ярьж гарав. Тэгэхдээ бүсгүйчүүдэд зөвлөнө. “Болзоонд явахдаа хэт их гоёод хэрэггүй, заримтай нь долоо хоног усанд оролгүй уулзсан ч болно” гэх мэтээр хошигнож, бүсгүйчүүдийн инээдийг барж, эрчүүдийн хамрыг сартайлгаж орхив. “Тайзан дээрх туршлага, амьдралын хөгжилтэй түүхүүдээ ярих нь комедианчуудын хамгийн том чадвар. Хүмүүс өөрийнх нь амьдралтай ойрхон зүйл ярих тусам илүү инээдэг юм” гэж Д.Амартүвшин бидний хажууд ирж зогсоод зөвлөсөн юм. Түүнийг ийнхүү ярихтай зэрэгцэн Б.Гантулга тайзан дээр гарч ирэн өөрийн амьдралын түүхээ ярьж гарав. Тэрээр өөрийг нь комедиан Ханутай андуурдаг талаар хошуугаа цорвойлгон ярихад л хүмүүс нирхийтэл инээлдээд эхлэв. Хурц үг хэллэг, үгийн баялгаа ашиглан баранд цугласан үзэгчдийг байлдан дагуулах шиг болоод л суудалдаа суусан даа. Дараагийн эмэгтэй комедиан бол Зулаа. Царайлаг гэж жигтэйхэн. Өмнөх долоо хоногт нэлээдгүй алдаа гаргаж, хүн инээлгэж чадаагүйгээ нэлээн гэмшингүй хэлэхэд үзэгчид дэмжин алга ташив. Шинэхэн комедиан маань ч зориг орон үзэгчдээ инээлгэж чадсан юм. Цаашдаа мундаг сайн комедиан болоорой хэмээн үзэгчид урам хайрлан түүнийг үдлээ. Энэ мэтчилэн комедианууд үзэгчдээ инээлгэж, хөгжөөн энэ өдрийн тоглолт дууссан юм.

Подвалиас эхэлсэн “Stand up Comedy” өдгөө Монголын хамгийн их үзэгчтэй урлагийн нэг болжээ. Дуртай зүйлээ сонирхлоороо хийж буй залуус өдгөө улам илүү хөгжлийн төлөө зорьж явна. Тэдний дараагийн бай бол гадны улс руу гарч англи хэлээр комеди хийх. Ингэснээр гадны зах зээл нээгдэх бүрэн боломж энэ салбарт байгаа юм. Түүнчлэн тус клубийн Н.Амаржин англи хэл дээр бүрэн хошигнож чаддаг аж. Комедиан залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ийнхүү амьдарч явна. Тэдний нэг өдрийг сонирхуулахад ийм байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Энэ долоо хоногт Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах торгон үе бидний өмнө ирээд байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлээгүй байсан. Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Манай улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш бид аль хэдийнэ 27 жилийг өнгөрүүлжээ. Өмнө нь буюу 2000 онд энэ шинэ хуульд нэмэлт оруулж байлаа. Эдүгээ түүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлээд сурчихжээ. Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны арванхоёрдугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгож байлаа. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулсан парламент, Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг процедурын алдааг нь засч яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. харин өдгөө буюу энэ жил УИХ-ын 62 гишүүн санал нэгдэж, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэж байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Яахав, энэ удаа цаг хугацаа бага байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд явах нь зүйтэй байх. Тэгэхдээ шинэ Үндсэн хуулийг бид ярих ёстой. Манай улсын Үндсэн хуулинд тогтоосон өнөөдрийн төрийн тогтолцоо Монголын нөхцөлд таарахгүй байна. Яагаад гэвэл аливаа Үндсэн хуулийн үр дүн гэдэг чухал зүйл бий шүү дээ. 1992 оноос өдийг хүртэлх 27 жилийн хугацаанд энэ хууль маань ямар үр дүнд хүрсэн бэ. Эрүүл ухаанаар дүгнээд үзэхэд оносноосоо алдсан нь их байгаа байхгүй юу.

-Оносноосоо алдсан нь их гэлээ. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулийн алдааны үр дүн нь хэрхэн нийгэмд илэрч байна?

-Бодоод үзье. Өдгөө дэлхийн 140 орчим орны дунд хийсэн судалгаагаар манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд 100-гаас хойш байна. Ийм л нөхцөл байдалд орсон байна шүү дээ. Зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн үзүүлэлтүүд ч дэлхийн ихэнх улс, орнуудаас сул байна. Ажилгүйдэл маш их, тэр хэрээрээ ядуурлын түвшин нэмэгдчихсэн. Монгол хүний дундаж цалин бол 350-400 ам.доллар хүрэхүйтэй, үгүйтэй л байна.

Энэхүү гучаад жилийн хугацаанд 400 ам.доллар байтугай дундаж цалингийн хэмжээ 1500-2000 ам.доллар болчих боломж байсан уу гэвэл байсан. Энэ 1992 оны Үндсэн хууль сайн хууль байж болно. Хэрэгжүүлэх дээ муу байсан байх. Гэхдээ хуулинд бас учир бий шүү дээ. Хуулиндаа маш тодорхой зааж өгөөд төрийн тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Сахилга, хариуцлагын тогтолцоо ч тэр. Сахилга, хариуцлагын тогтолцоо гэдэг хүний эрхтэйгээ зөв уялдсан байх ёстой. Мөн төр, улс, хамт олон, гэр бүл, хүний өмнө хүлээх иргэдийн үүрэг хариуцлагыг маш тодорхой болгодог хяналтын сайн механизмтай болох ёстой байсан. Ингэсэн бол манай улс ийм хүнд нөхцөлд байдалд орохгүй байлаа. Тиймээс өргөн хүрээнд харж, шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Одооны УИХ-ын 62 гишүүний өргөн барьж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хийх ёстой ажлынхаа 20 хувийг л хийж гүйцэтгэсэн гэж миний хувьд үзэж байгаа. Үлдэж буй 80 хувийг шинэ Үндсэн хууль гаргаж байж засч сайжруулж, батлах ёстой.

-Таны ярьж байгаагаар шинэ Үндсэн хуулийг батлах ёстой юм байна. Тэгвэл бид шинэ Үндсэн хуулиндаа хамгийн түрүүнд ямар өөрчлөлтийг оруулж өгөх нь зүйтэй вэ?

-Мэдээж хамгийн эхэнд төрийн тогтолцоо шүү дээ. Үүнийг л нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд төрийн тогтолцоог өөрчлөх маш олон хувилбарууд бий.

-Ямар хувилбарууд?

-Өнөөдрийн Монголын төрийн тогтолцоо нэгэнт манай улсад тохирохгүй юм байна гэдэг нь үр дүнгээрээ батлагдчихаад байна. Тиймээс төрийн тогтолцооны олон хувилбарууд дээр судалгаа хийх нь зүйтэй. Жишээ нь, парламентын засаглалтай, хоёр танхимтай байж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ч боломж бий. Хүчтэй ерөнхий сайдын засаглалтай ч байж болно. Эдгээр хувилбарууд дээр судалгаа хийгээд хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шийдэх ёстой. Хоёрдугаарт, манай Үндсэн хуулинд хүний эрхтэй холбоотой 22 заалт байдаг. Харин эсрэгээрээ хүний үүргийг зааж өгсөн дөрвөн заалт бий. Уг нь эрх, үүрэг хоёр маань уялдаж явах ёстой биз дээ. Тиймээс хүний үүрэг гэдгийг Үндсэн хуулиндаа нарийвчлан оруулах ёстой. Хүний үүрэг гэдэг маань нэг үгээр хариуцлага гэсэн үг. Үндсэндээ хариуцлагын тогтолцоо манай улсад алдагдчихжээ.

-Нийгэмд хэрхэн хариуцлагын тогтолцоо алдагдав. Энэ нь хэрхэн илэрч байна вэ?

-Нийгэмд ил тодоор илэрч байгаа. Наад зах нь боловсон хүчний томилгоо дээр хариуцлага гэдэг зүйл алга. Монголын төрийн шийдвэрийг гаргаж байгаа эрх бүхий хүмүүсийн шийдвэрт хариуцлага гэдэг зүйл алга. Тийм учраас хариуцлагын тогтолцооны талаар шинэ Үндсэн хуулинд маш сайн зааж өгөх ёстой. Түүнчлэн баялгийн менежмэнтийг асуудлыг хөндмөөр байна. Монгол ядуу буурай жижиг орон. Тэгэхээр баялгийн менежмэнтийг Монгол Улс, ард түмэнд ашигтайгаар эцэг хуулинд оруулж өгөх нь зөв. Жишээ нь нэг хүн Монголын стратегийн бүлэг ордуудыг ганцаараа авч, газрын доорх ашигт малтмалыг хятадуудтай нийлээд урагшаа гаргачихаж байна шүү дээ. Ийм менежмэнт Монгол Улсад хэрэггүй. Үүнээс үүдэж орлогын тэгш бус хуваарилалт Монголд үүсчихсэн. Энийг одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар зохицуулж өгөөгүй. Энэ мэтчилэн олон зүйл заалтыг шинэ Үндсэн хуулиар засах хэрэгтэй. Тиймээс би шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө байгаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрийн төсөл, саналаа хүргүүлсэн. Тэнд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал мөн орж ирсэн байгаа. 1992 оноос хойш манай улсын хүн амын тоо нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэсэн. Үнэхээр парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлага Монгол Улсад үүссэн үү?

-Би Дархан-Уул аймгаас сонгогдсон хүн. Тэгээд Дарханы иргэдтэйгээ Үндсэн хуулийн талаар уулзсан. Ганц Дархан ч гэлтгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар олон газраар иргэдтэй уулзаж, ярилцлаа. Тэдний зүгээс Их хурлын гишүүдийн тоог нэмэх нь үнэхээр илүү зохицуулалт, ийм байх боломжгүй ээ, хүн амын тоо ихэслээ гээд парламентын гишүүдийг тоог нэмдэг практик дэлхийн хаана ч байхгүй ээ гэж ярьж байна. Нэг жишээ татахад Хятад улс 1.3 тэрбум хүн амтай шүү дээ. Гэтэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган байнгын 3000 гаруй төлөөлөгчтэй. Яг манай нэг гишүүн 40 мянга гаруй хүнийг төлөөлж буй харьцаагаар бол 30, 40 мянган төлөөлөгчтэй байх ёстой юм шиг байна лээ. Тэдний нэг нь л гэхэд бараг хагас сая хүнийг төлөөлж байна. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улс 10 хүрэхгүй гишүүнтэй байна гэсэн үг үү. Тэгэхээр хүнийхээ тоонд энэ асуудлууд байдаггүй юм аа. Парламентын гишүүдийн тоог нэмэх нь гол асуудал биш ээ. Өөрөөр хэлбэл тогтолцоогоо өөрчлөөд хариуцлагатай хүмүүсийг сонгох ёстой. Энэ утгаараа 76 гэдэг тоо хивэндээ байсан нь зүйтэй.

-Сонгуулиар 108 гишүүнийг сонгох доо 50 хувийг мажоритар тогтолцоогоор, 50 хувийг жагсаалтаар оруулж ирнэ гэж байгаа шүү дээ. Хэр зөв бэ?

-Ийм зүйл байж болохгүй. Сонгууль бол шударга, олон нийтийн хяналт дор явагдах ёстой гэдгийг л Үндсэн хуульд зааж өгөх ёстой. Тэрнээс сонгуулийг яаж явуулах вэ гэдэг нь сонгуулийн хуулиараа зохицуулагдана шүү дээ. Тиймээс эдгээр заалтуудтай би санал нэгдэхгүй байгаа. Үндсэн хууль бол улс төрийн баримт бичиг. Нэг ёсондоо нийгэмтэйгээ хийсэн гэрээ. Энгийнээр бол ерөнхий заалтууд орж ирдэг. Тиймээс учир зүггүй нарийвчилж, намын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Салбар хуулиудаар нь зохицуулаад өгч болно шүү дээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль гэх мэтийн салбар хуулиудаараа л нарийвчлан зохицуулах хэрэгтэй.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал дээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг таван жил болгох санал орж ирсэн..

-Өөрчлөх шаардлага байхгүй. Дөрвөн жил гэдэг хамгийн боломжит хугацаа. Таван жил болгохгүйгээс болоод хуучин гишүүд нь ажлаа хийж чадалгүй тараад явчихсан юм алга.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын бүлгийн хуралдаан болсон. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, санал дээр ямар байр суурьтай оролцохоор тогтов?

-Бүлгийн хуралдаанаар бид Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, саналын заалт бүр дээр тулж ажиллаж, маш тодорхой ярьцгаасан. Энэ асуудалд нэлээд нухацтай хандсан. Ерөнхийлөгчийн зарим саналууд дээр зөвшилцлийн ажлын хэсэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсаны дараа маргааш(өнөөдөр) өглөө 10:00 цагаас дахин үргэлжлэн хуралдана. Энэ долоо хоногт үндсэндээ Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Сүнжид: 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр хэлэлцүүлэгт дурдагдаагүй төсөл, саналыг оруулсан нь хуульчид болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа. Та 62 гишүүний өргөн барьсан төслийн нутгийн удирдлагын дэд ажлын хэсэгт ажилласан. Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр нутгийн удирдлагын хэсэгт орж буй заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Улаанбаатар улсын нийслэл мөн” гэж заасан байдаг. Энэ заалтыг өөрчлөх санал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр орж ирсэн байна лээ. Дэмжүүштэй санал. Өмнө нь нутгийн удирдлагын хэсэгт ажилласан манай судлаачид Үндсэн хуулиас Улаанбаатар гэх өгүүлбэрийг хасъя гэдэг саналыг оруулж байсан. Улаанбаатар гэдэг үгийг хасчихвал “Төрийн дээд байгууллагууд орших хотыг нийслэл гэнэ ээ” гэх өгүүлбэр л Үндсэн хуулинд үлдэх юм. Тэгэхээр өдгөө яригдаж буй улсын нийслэлийг өөр хот руу шилжүүлэх санаа боломжтой болно. Энэ заалт УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр хөндөгдөөгүй цоо шинэ санал. Гэхдээ шинэ санал учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа хэрхэн авч үзэх вэ гэдэг тодорхойгүй байна.

-Хот гэдэг нэгжийг бие дааж Үндсэн хуульд оруулж ирэх санал Ерөнхийлөгчийн төсөлд мөн орж ирсэн шүү дээ?

-Үүнийг дэмжихгүй байгаа. Энэ санал дээр манай ажлын хэсгүүд бусад улс орнуудын жишгийг судалж, өөрсдийн улсын түүхийг харж дүгнэлт гаргасан. Тодруулбал, хот гэдэг тусдаа нэгж байх албагүй юм байна. Хот, тосгоныг байгуулах боломжийг нээлттэй байлгах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Яагаад гэвэл Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг судалсан баг 2018 онд нэг тайлан гаргахдаа Монгол Улсад хот, тосгон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн асуудал биш юм байна гэсэн үр дүнг гаргасан. Хотуудыг хөгжүүлэх шаардлага манай улсад байгаа шүү дээ. Гэхдээ хөгжихгүй байгаа шалтгаан нь Үндсэн хууль биш юм. Харин Хот, сумын эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт салбар хуулийг хөгжүүлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн 20 жилд энэ салбар хуулиндаа ер нэмэлт, өөрчлөлт хийсэнгүй. Тоосонд дараад мартчихсан байжээ. Одоо Хот, сумын эрх зүйн байдлын тухай хуулиндаа өөрчлөлт хийж, иргэдийнхээ тоо болон чиг үүргийг нь зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэх хоёр албан тушаалыг нэг хүн дээр тохчихоод байгаа. Үүнийг хуулиар нь салгаж, чиг үүргийг нь тус тусад нь зааж өгөх ёстой. Хот төсөвгүй бол чиг үүрэг гэж ярьж болохгүй шүү дээ. Тиймээс хотын төсвийг салбарын хуулиараа зохицуулах хэрэгтэй.

-Энэ асуудал дээр гадны улсуудад ямар сайн жишээ байдаг юм бол. Манай улсад тохирох боломжтой сайн туршлагууд бий юу?

-Манайх суурин соёл иргэншилтэй болоод удаагүй. Тиймээс хотын хөгжил гэдэг бидний хувьд шинэлэг зүйл. Бидэнд бусад улсын жишгийг автоматаар авах боломж байхгүй. Тиймээс өөрсдөдөө тохирсон бодлогоор хөгжих хэрэгтэй юм билээ.

-Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгоё гэх саналыг Ерөнхийлөгч дэмжсэн байна лээ. Энэ заалт судлаач, ард иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?

-Энэ санал дээр судлаач хүний үүднээс санал нэгдэхгүй байгаа. Яагаад гэвэл эндээс гарах бүх үр дагаврыг нь урьдчилан тооцоолох боломжгүй байна. Өмнө нь ийм жишгээр манай улс явж байгаагүй. Хэрвээ шууд 329 сум, есөн дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох юм бол үр дагавар нь яаж гарах вэ гэдэг бүрхэг байна. Бүх сонгуульд мониторинг хийсэн багууд мөнгө асар хүчтэй байна гэдэг. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлж байгаа ийм үед сумын Засаг даргын сонгуульд энэ хүчин зүйл яаж сөргөөр илэрлээ олох вэ гэдэг болгоомжлол байна. Монгол Улсын төрийн байгууламж нэгдмэл байх ёстой. Тийм учраас төрийн гаргаж байгаа шийдвэр бүх суманд хэрэгжиж байх ёстой. Тэгэхээр иргэдээсээ сонгогдчихсон Засаг дарга иргэдийнхээ өмнө амласан зүйлээ хэрэгжүүлэх гэж Засгийн газар, яамны тушаалыг дагахгүй байвал яах вэ. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсэх магадлалтай, бүрэн зураглалаа харж чадахгүй байгаа энэ үед уг заалтыг Үндсэн хуульд оруулахаа больчихсон нь дээр. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна. Тэр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал дээр бид нар нэмж тоосго өрж байна гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлал чинь нутгийн өөрөө удирдлагыг иргэдийн хурал хэрэгжүүлнэ гэж заачихсан байгаа байхгүй юу. Харин Засаг дарга нэгдмэл байгууламжтай улсын хувьд төрийн төв байгууллагаас буюу Засгийн газраас ирж буй шийдвэрийг хэрэгжүүлж байх үүрэгтэй. Тэгэхээр Засаг дарга иргэдээс сонгогдох ямар ч шаардлагагүй.

-Татвар тогтоох өмчийн эрхийг дэмжих санал УИХ-ын 62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр бий. Энд таны байр суурь ямар байна?

-Өөрөө төсвөө бүрдүүлдэг сум бараг байхгүй шахуу байна. Аймгийн төвийн хэдэн сумд, Өмнөговь аймгийн Цогтцэций гээд цөөхөн сум л төсвөө бүрдүүлж байна. Сум хөгжихгүй байгаа нь хуулийн асуудал биш эдийн засгийн асуудал юм билээ. Эдийн засгийн хөшүүрэг гэхээр суманд ажлын байр алга, аж ахуйн нэгжүүд алга, бизнес хөгжихгүй байна. Яагаад гэвэл 300 гаруй сумдын 150 нь 3000 хүрэхгүй хүн амтай. Тэгээд яг хөдөлмөрийн насны иргэн 1000 хүрэхгүй байх жишээний. Тийм газар яаж эдийн засгийг хөгжүүлэх юм бэ. Тэгэхээр сум бүрийн өөр өөрсдийнх нь онцлог хувийн үйлдвэрлэлд нь тохирсон татвар тогтоовол бас нэгэн хөшүүрэг болох боломжтой. Өөрсдөө өмчийн захиран зарцуулах эрхтэй бол эдийн засагт эерэг нөлөөтэй болов уу гэдэг үүднээс дэмжиж болмоор санагдаж байгаа. Гэхдээ заахдаа хашилтад маш сайн тайлбарлахгүй бол татвар гэдэг өөрөө хэзээ ч туйлын утгаараа хэрэглэгддэггүй. Дандаа Их хурлаас заасан хүрээнд хэрэгждэг. Одоо манай улсад орон нутагт хуулиар 13 төрлийн татвар авдаг юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө иргэдийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн байна?

-Зөв зүйтэй санал. Их хурлын оруулж ирсэн төсөл дээр энэ санал байхгүй шүү дээ. Өмнө нь бид хэд энэ заалтын үндэслэн гэдгийг хасаад харгалзан болгоход санал нэгдэж байсан. Яагаад гэвэл энэ заалтын өөрчлөлт хүн ам зүйн тоо, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юм. Сум судалдаг бие даасан судлаачдын судалгаагаар 3000 хүнээс доош хүн амтай сумдыг нэгтгэх боломжтой гэж ярьдаг. Нэн даруй өөр сумтай нэгтгэж болох сумдын тоо гэхэд 87 байна гэсэн судалгаа гарсан.

Энд сумдын онцлогийг нь харгалзан үзэх ёстой. Хил орчмын сумд гэхэд татан буугдаж болдоггүй юм байна. Одоогоор аймгийн төвүүдтэй ойрхон, эсвэл хоорондоо 5-10 км-ийн зайтай 87 сумыг нэгтгэх боломжтой байна. Өдгөө сумын ИТХ-ын саналаар сумдууд хоорондоо нэгдэж, өөрчлөгдөх боломжтой юм. Тэгэхээр сумдууд хоорондоо нэгдэх боломж бараг байхгүй. Яагаад гэвэл иргэд сумаа тараамааргүй байна гэдэг учраас ИТХ нь тийм шийдвэр гаргаж зүрхлэхгүй байна. Гэхдээ нэгтгэхгүй бол сумд хөгжихгүй шүү дээ.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар ярьж байгаа. Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай явдаг. Гэтэл хүн ам, эдийн засгийн хувьд харьцангуй шүү дээ?

-Энэ дээр дэд ажлын хэсэг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн. Одоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх нэг хуулийн дор заачихаад яваад байгаа. Тэр хуульд Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай яваад байгаа. Үүнийгээ болиод аймгийн тухай хууль, дүүргийн тухай хууль, сумын тухай хууль, нийслэлийн тухай хууль гэж тусдаа зохицуулъя гэж ярьж байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд хамгийн их хүн амтай дүүрэг. 300 гаруй мянган хүн амтай. Гэтэл сумд нь 3000 хүн амтай байдаг. 300 мянган хүн амд үйлчлэх, 3000 хүн амд үйлчлэх гэдэг асар ондоо гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс сум, дүүргийн гэдгээ больж, салгая гэж ярьж байгаа. Сум, дүүргийн чиг үүрэг ондоо байдаг. Сум гэхэд мал аж, ахуй, хадлан гээд явчихдаг. Дүүрэг тэрнээс нь өөр чиг үүрэгтэй ажиллана. Өнөөдөр сум, дүүрэг хоёрыг ижил статусаар авч үздэг. Гэтэл хүн ам, нөхцөлийн хувьд аваад үзэхээр тэс өөр шүү дээ. Ингэхээр сум, дүүргийг холбоо үгээр нэрлэж, зэрэгцүүлж ойлгох нь өрөөсгөл болж байгаа юм. Тиймээс тус тусдаа, эрхтэй, үүрэгтэй байх нь тухайн нэгжүүдийн хөгжил, өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой. 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой. Аймаг, нийслэл дээр ч мөн энэ ялгаагүй. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч, эдийн засгийн нөөцөөр нь харсан ч Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой.

Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтоох талаар ярьсан. Одоо бол ихэнхдээ хотын юм уу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт нэрлэж, чиг үүргийн хувьд ч нэг байдаг. Гэтэл захирагч, Засаг дарга нь гүйцэтгэх үүргийн хувьд өөр байх ёстой. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь Монгол Улсад хот жинхэнэ утгаараа хөгжих, удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал болсон. Тиймээс таван тусдаа хууль гаргая гэдэг дээр санал нэгдээд байгаа.

-Гадаадын улс орнуудад улсынхаа нийслэлийг ангид авч үздэг жишиг бий. Үүнийг авч хэрэгжүүлэх боломжтой юу?

-Нийслэл бусад хотоос төрийг удирдах дээд байгууллагууд байрладгаараа л өөр. Төр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг нийслэл хариуцдаг гэсэн үг. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа зохицуулаад явах боломжтой. Ерөнхийлөгчийн саналаар нийслэл заавал Улаанбаатарт байх албагүй. Харин ч өөр газар руу шилжүүлснээр Улаанбаатарын асуудал дундарч, эдийн засгийн төвлөрөл саарах боломж үүсч магадгүй. Энэ бол өнөө маргаашийн асуудал биш.


Categories
мэдээ цаг-үе

Волейболчин хөвгүүдтэй, онц сурлагатан охидтой манай ангийнхан

2013 оны хавар. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрдмийн баярын өдөр. Тэр өдөр нар ээсэн, сэвэлзүүр салхитай үлгэрийн мэт өдөр байж билээ. Эрдмийн баяр эхлэх дөхсөн ч энэ жилийн 11-ийнхэн буюу төгсөх ангийнхан жагсаалд алга. Багш нар доод үеийн сурагчид гээд л бүгд гайхсан харцтай. Төд удалгүй сургуулийн зогсоолд бага оврын автобус ирж зогсон, хаалга нь зөөлхнөөр нээгдэв. 10 жилийн турш сурлага, урлаг, спортоороо манлайлсныг батлах медалиа зүүсэн сурагчид бууж ирлээ. Зарим нь энгэрийн туузан дээрээ зай завсаргүй медаль зүүжээ. Энэ бол 2013 оны Сэлэнгэ аймгийн Орхон сумын төгсөх ангийнхан буюу манай ангийнхан юм. Манай ангийг есөн хүү, долоон охин төгссөн. Орхон сумын сургуулийг төгссөн хүүхдүүд бүгд волейболчид байдаг. Анги дааж төгсгөсөн багш минь Б.Ганхуяг. Волейболын спортын мастер төдийгүй сургуулийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч. Түүнчлэн Орос хэлний багш. Чанга гараар ангийнхан болоод шигшээ багийн тамирчдаа хүмүүжүүлдэг байсан болоод ч тэр үү, тамхи татаж, буруу замаар орсон хүүхэд шавь нар дунд нь үгүй. Хааяа түргэн ууртай ч шавь нараа гэх их хайраар биднийг хүмүүжүүлж билээ. Биднийг 11 дүгээр ангид ороход сургуулийн волейболын нэгдүгээр шигшээ багийн бүрэлдэхүүн манай ангиас бүрдэж байсан юм. Ангид волейболын багт тоглодоггүй хөвгүүн гэж үгүй. Ангийн маань хөвгүүн Г.Энхжин аравдугаар ангиасаа хойш сургуулийн шигшээ багийн ахлагчийн туузыг зүүсэн. Толгой сийрэг, шийдвэр гаргах чадвартай гээд багийн ахлагч байх бүхий л шинж нь бүрдсэн тоглогч. Царайлаг болохоор охидын дунд ч алдартай байсныг нь нуугаад яахав. Харин багийн шилдэг тоглогч, онооны машин бол Д.Отгонбаяр. Хурдтай, хүчтэй, зоригтой тэрбээр Сэлэнгэ аймгийн шигшээ багтаа ч шилдэгт нь тооцогдож байв. IQ-гийн олимпиадад бас хүчийг үзнэ ээ. Дээр нь сургуулийн атаманыг ч хийнэ. Холбон тоглогчоор ангийн хүү дөлгөөхөн Б.Баянжаргал тоглоно. Манай нутгийнхан түүнийг “сунадаг соёо” гэдгээр нь сайн мэднэ дээ. Түүнчлэн манай ангийн дарга Д.Сүх-Эрдэнэ сургуулийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд тоглоно. Өндөр нуруу, чийрэг биетэйн дээр маш хичээнгүй. Нэг ёсондоо багийн тулгуур багана байлаа. Бага ангиас эхлүүлээд ариун цэврийн даргын албыг найман жил гүйцэтгэсэн. Ес төгсөх жил ангийн дарга болж, тушаал дэвшиж билээ. Ангийнхан дунд физикээр толгой цохидог Б.Бат-Оргил маань хамгаалагч хийнэ. Хаалтны хажуугаар зоосон бөмбөгийг босгоод ирдэг найдвартай ар тал байж билээ. М.Төрболд маань сумандаа “нисдэг Төрөө” гэх хочтой. Доороо пүрштэй юм шиг л үсэрдэг байлаа шүү дээ. Ангийн реппер буюу урлагийн үзлэгээр ангийнхнаа чирдэг байсан ганц хүүхэд нь Д.Амарбаясгалан. Хип хоп дууг мундаг үглэнэ. Сургуулийн дотуур байранд байдаг учраас тэндээ бас атаман хийнэ. Гэхдээ хал балгүй. Математикийн аваргаа мартаж болохгүй. М.Бямбасүрэн маань тун чиг хэвлүүхэн яриатай, гаднаас нь харахад онц сурлагатан гэж хэлэхээргүй хөдөлгөөнтэй хүү байсансан. Өдгөө нисгэгч болох гээд л таваргаж яваа байх даа. Миний хувьд волейболын багийн хоёр номерын довтлогчоор тоглодог байлаа. Сайн муу тоглох нь гол биш. Ангийнхантайгаа мөр зэрэгцэн волейболын талбайд тоглоно гэдэг хамгийн сайхан дурсамж байдаг юм билээ. Ангиараа улсын чанартай Волейболын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн гэдгээрээ бид бахархдаг. Аймагтаа ч аваргын түвшинд үргэлж яригдана. Арга ч үгүй биз. Дунд ангид орсон жилдээ сургуулийнхаа аваргаас хүрэл медаль хүртэж 11 дүгээр ангийн ах нараа мулталж явлаа. Долдугаар ангиасаа эхлээд дөрвөн жил дараалж сургуулийн аварга болсон гэхээр ямар хоншоортой хөвгүүд байсныг илтгэх байх. Ийм л мастер багштай, спортлог ангийнхан байж билээ.

Сурлагаараа ч дутахгүй сайн байлаа, манай ангийнхан. Ангийн маань охин Б.Батхишиг бүх хичээлдээ жигд сайн. Сургуулийнхаа онц сурлагатнууд дунд номер нэг нь байлаа. Бас сурагчдын зөвлөлийн дарга хийнэ. Жил бүр сургуулийн шилдэг сурагчид нэр дэвшинэ. Даруухан дөлгөөн зантай ч цагаа тулахаар асар дайчин болчихно. Аймаг, бүсийн чанартай олимпиадыг дуусгасан даа. Харин Б.Батчимэг маань олон талын авьяастай. Сурвал сурсан шиг сурчихдаг. Тэгээд ч болоогүй волейболчин. Онц сурдаг, спортлог болохоор сургуульд нэлээд өндөр байр суурьтай. Үндэсний бүжгийг ч уяраана. Б.Тунгалаг маань харин сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй охин нь байлаа. Сургуулийн хөвгүүд хандраастай. Харин бид хамгаалагчийг нь хийнэ. Шалгалт бүр дээр л “А” үнэлгээг авна. Хичээхгүй ч хичээлдээ сайн хүүхдүүд байдаг даа. Яг л тийм охин байсан. Хааяа ангийн хөвгүүд маань өдөж, шоглож байгаад уйлуулчихна. Тэгээд эгчид нь мөн ч их загнуулдаг байж билээ. Түүний хамгийн сайн найз нь Б.Намуунзул. Тэр хими, биологийн өвчтөн байж билээ. Тийм ч учраас хичээлийн хэнээтэн байсан. Бас хамгийн хошин мэдрэмжтэй нь. Хоч өгөхдөө мастер. Шүлэг бичих авьяастай байсан юм. Б.Намуунзул мөрөөдөлдөө үнэнч байсны хүчинд өдгөө Анагаах ухааны их сургуулийг төгсч, чадварлаг эмч болсон билээ. Ангийн охид дундаас өөрийн гэсэн бодолтой, хамгийн ухаалаг нь О.Баттамир байсан. Шулуун шударга зантай. Мөрөөдөлдөө үнэнч. Мэдээж хичээлдээ сайн. Ярьж, хэлж байгаа, биеэ авч яваа үйлдэл бүрээс нь бид үлгэр дуйраал авдаг байж билээ. Хүрэхэд л хугараад уначихаар эмзэгхэн охид байдаг даа. Тэр бол манай ангийн Ж.Буянжаргал юм. Гэхдээ тэр эмзэгхэн чанарын цаана хамгийн тэвчээртэй, дайчин чанар нь нуугддаг байсан юм. Ангийн сурлагатай охидын буянд л манай хэдэн эрчүүд арван жилээ төгссөн гэхэд хилсдэхгүй дээ.

УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН АВАРГА БОЛСОН БИШ АХ НАРТАА ТООСОО ГӨВҮҮЛЭВ

2009 оны өвөл Орхоны сургуулийн урлагийн үзлэг боллоо. Энэ сургуулийн үзлэгээс л сумын шинэ жилд тоглогдох урлагийн үзүүлбэрүүдийг соёлын төвийн эрхлэгч сонгож авдаг. Бид наймдугаар ангийн сурагчид байсан учраас сумын шинэ жилийн концертод орж чадна гэдэгтээ тийм ч их итгэлтэй байсангүй. Гэхдээ тэр жил манайхан нэлээд өвөрмөц сэтгэж урлагийн үзлэгт орсон юм. Хамтлаг дуун дээрээ нөгөө л нэг зохиолын дуу биш тухайн үед од болж байсан “Outlaw” хамтлагийн дууг дуулахаар болов. Хөдөөний хүүхдүүд бид хип хоп дууг тайзан дээрээс дуулна гэдэг шинэлэг санаа байлаа. Б.Тунгалаг, Д.Амарбаясгалан бид гурав энэ даалгаврыг авсан юм. Намрын ажлаар ангиараа явах үедээ Г.Төрболдыг гайхалтай уртын дууч юм байна гэдгийг манайхан мэдэж авсан. Гоцлол дууны төрлийг тэрээр авч гарах болов. Гоцлол бүжгийг Г.Энхжин, язгуур урлагийг Б.Бат-Оргил, Г.Энхжин бид хэд ятга, ёочин тоглож аргалахаар боллоо. Бид нэлээд бэлдсэний эцэст тэр жил аваргаар нь тодорсон юм. Манай ангийнхны бэлдсэн бүх урлагийн номер сумын шинэ жилийн тоглолтод орохоор болж, баяр хөөртэйгөөр тарсан даа. Урлагийн үзлэгээсээ тарж явах замдаа ангийн хөвгүүд бид шаралхсан дээд ангийн ах нараараа тоосоо гөвүүлж, маргааш нь хөх эрээн нүүртэй сургуульдаа ирж билээ. Тэр цагаас урлагаараа ч сургуульдаа шилдэг нь болсон доо, манай ангийнхан.

Манай сургуулийн сурагчдыг намрын ажилгүйгээр төсөөлшгүй. Есдүгээр сарын 1-нд хичээл орохоос эхлээд арваннэгдүгээр сар хүртэл таван мянган төгрөгийн цалинтай төмс хураалтын ажилд оролцоно. Төмс хураагаад бүтэн өдөр халуун наранд ажиллана гэдэг бэрх даваа. Дээр нь бидний цалин ангийн фондын мөнгөнд орно. Намрын ажил дуусахад сая гаруй төгрөг фондод цуглачихдаг байлаа. Энэ намрын ажлын үед л бидний хамгийн гүн дурсамжууд өсвөр настай минь үлджээ. Намрын ажлаа тараад ачааны машины тэвшин дээр ачигдаад харьж явахдаа ядрахыг мэдэхгүй л хөгжилддөг байж билээ. Дуу дуулж, гитар тоглон шөнийн харанхуйд сэвэлзээ салхинд нүүрээ илбүүлэн бодолд автан суух юутай сайхан байдаг гээч. Ангийнхныхаа талаар бодоход энэ мэт олон сайхан дурсамж сэргэдэг юм. Манай ангийнхны хувьд ажил амьдралын гараа нь дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад л явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог хууль зайлшгүй байх ёстой

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай намын зүгээс 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хүлээж авах боломжгүй гэж удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл яагаад хоёрдугаар хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг оруулж ирэх болов?

-Манай намын зүгээс 62 гишүүний оруулж ирж байгаа Үндсэн хуулийн төсөл дээр ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй гэж үзэж байсан. Тиймээс дэмжинэ, дэмжихгүй гэх асуудлыг одоо хүртэл илэрхийлээгүй. Өдгөө ч тэр байр суурь дээрээ зогсч байгаа. Яахав Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тодорхой саналуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж ирсэн. Тиймээс бид Ерөнхийлөгчийн саналыг судалж үзэх шаардлага гарсан л даа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуульд яаж тусгах вэ гэдэг дээр оролцох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд Ардчилсан нам оролцож байгаа. Мөн бид Ерөнхийлөгч болон УИХ-ын 62 гишүүний санал гэхээсээ илүү Ардчилсан нам өөрсдийнхөө саналыг оруулъя гэж үзсэн. Тиймээс өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн. Бидний хүргүүлсэн эдгээр саналуудыг авч хэлэлцэхгүй, олонхоороо хүч түрж асуудалд хандах юм бол бид нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн зөвшилцлөөс гарна. Тэрийгээ ч илэрхийлчихсэн байгаа.

-Парламентын засаглалыг бэхжүүлэх талаар та бүхний санал дээр тусгасан байсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг саналаар оруулж байгаа юм билээ. Энэ саналыг ямар үндэслэлээр оруулсан бэ?

-Монгол Улсын засаглалын хэлбэр тодорхой байх ёстой. Одоогийн Үндсэн хуульд буй институци хоорондын харилцаа, зохицуулалт нь хоёрдмол засаглалтай болж харагдуулахад хүрээд байгаа юм. Уг нь Монгол Улс парламентын засаглалтай. Гэсэн ч яг цэвэр парламентын засаглалтай юу гэдгийг хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, төрийн институци хоорондын харилцаа, институциудын явуулж буй үйл ажиллагаа, хуулиар олгогдсон эрх үүрэг гэх мэт бүх зүйлийг нь аваад үзвэл хоёрдмол засаглалын шинж ажиглагдаж байна. Парламент нь Ерөнхийлөгчөөс хамааралтай, Ерөнхийлөгч нь парламентаасаа хамааралтай. Ийм хоёрдмол нөхцөл байдлаас болж маш олон асуудлууд бий болж байна. Тэгэхээр хуулиараа бид парламентын засаглалтай улс л юм бол бусад улс орнуудын жишгээр их хурлаасаа Ерөнхийлөгч өө сонгодог болъё. Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогдсон ч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээд явна гэсэн үг. Ингэж л засаглалын хэлбэрээ тодорхой болгож, цаашлах нь зүйтэй.

-Таны зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг УИХ-аар оруулж ирж байсан. Ардчилсан намын санал дээр мөн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал байгаа юм билээ?

-Өдгөө олонх болсон нам нь хариуцлага алдсан гишүүддээ ердөөсөө хариуцлага тооцохоо болчихжээ. Жишээ нь ЖДҮХС-гаас өчнөөн тэрбумаар нь хөрөнгө, мөнгө идэж, завшиж, ашиглачихсан, улайм цайм хууль зөрччихсөн нөхдүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байна. 800 гаруй сая төгрөгийн концесс аваад завшчихсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцсонгүй. Зөвхөн өнөөдрийн эрх баригчид төдийгүй цаашид олонх болсон намууд хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн хариуцлага тооцохгүй байх асуудал цаашид улам даамжрах магадлалтай байна.

Тиймээс Үндсэн хуулиар хэрвээ тухайн гишүүн УИХ-ын гишүүний хувьд өргөсөн тангаргаасаа няцаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн гэдэг нь нотлогдвол шууд хуулийн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татдаг байх ёстой. Үүнийг л Үндсэн хуульд суулгаж өгөх нь зүйтэй. Ингэснээр гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллаж чадахгүй, хариуцлага алддаг гишүүддээ хариуцлага тооцно. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажлаа мэддэг гишүүдэд энэ бол асуудал биш шүү дээ.

-Тэгэхээр энэ санал таны өргөн барьсан хуультай уялдаж байгаа юм байна, тийм үү?

-Яахав уялдаж байгаа. Хамгийн гол нь аль хувилбараар батлагдах нь сонин биш, Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог тодорхой хуулийн гарц гаргалгаа байх ёстой юм.

-Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та бүхэн санал оруулж буй юм билээ?

-Үүнийг нэлээн сайн судалж шийдэх ёстой. Жишээ нь, сумын Засаг даргыг шууд ард иргэдээс сонгодог байх заалт зөв, буруу эсэхийг бодох л асуудал. Нэг хэмжээ хязгааргүй, эрх дархтай хүн гарч ирчихээд дараа нь төрийн нэгдмэл бодлогыг алдагдуулаад орон нутагтаа бие даасан үйл ажиллагаа явуулж, гадныхантай нийлж хуйвалдаад янз бүрийн зүйл хийгээд яваад байвал хэцүү. Эсвэл ах дүү хамаатан саднаараа нийлээд нэгийгээ гаргачихдаг. Тэр нь баригддаггүй, захирагддаггүй болчихвол яах вэ. Тэгвэл тэр хүнтэй хариуцлага тооцоход хэцүү болно шүү дээ. Үүнийг судлах ёстой. Тэгж байж орон нутгийн бие даасан байдал, эрх мэдлийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Тэгэхээр орон нутагт төрийн бодлого нөлөөлөхгүй болох магадлалтай юм байна шүү дээ?

-Орон нутагт төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь одоо байгаа бүтцээр дамжуулаад хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Цаашдаа орон нутгийн бие даасан байдал, эрх мэдэл, засаглалыг бэхжүүлэх талаар зайлшгүй хийх ёстой алхмууд байгаа. Тэгэхдээ маш сайн судалгаатай, олон талаас нь харж байж алхмаа хийхгүй бол болохгүй. Энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдчихвэл дараа нь гарах үр дагавар сөрөг байх магадлалтай. Тэгэхээр тэр сөрөг хүчин зүйлийг дараа нь засч залруулахад хэцүү болно шүү дээ.

-Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоох асуудлыг АН хөндсөн. Ямар ч үр нөлөөгүй өр тавих асуудал өдгөө Засгийн газарт бий шүү дээ?

-Өрийн дээд хэмжээг тогтоох асуудлыг шийдэхгүй бол хэцүүдэх гээд байна. 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед өрийн таазыг 58 хувь болгоё гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл энэ хэд дайрч, довтолж Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдууллаа, эдийн засгийн аюулгүй байдлыг бий болголоо, Монголын өр авлага талийлаа гээд л улс төр хийж байсан шүү дээ. Харин өдгөө өрийн хэмжээ гэдэг зүйл байхгүй болчихжээ. Аль хэдийнэ 100 гараад явчихсан. Аль олонх болсон нам нь дураараа авирлаж, санхүүгийн сахилга батгүй яваад байх юм бол энэ улс орон хэцүүднэ. Өрийн хэмжээ улам л талийна. Энд зохицуулалт хэрэгтэй. Ямар ч нам гарч ирсэн Үндсэн хуулийг дагаж, биелүүлэх үүрэгтэй учраас эцэг хуулиндаа өрийн дээд хэмжээг тогтоож өгөх нь зүйтэй. Үндсэн хуулиар тогтоогоод өгснийх нь дараа олонх болсон ямар ч нам зөрчиж чадахгүй шүү дээ.

-Ерөнхийлөгч болон 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг байгуулагдчихсан явж байгаа. Энэ хоёр төслөөс Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой заалтууд байна уу?

-62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр ямар нэг зөвшилцөх, хэлэлцэх шаардлага бидэнд байхгүй. УИХ-д эрх барьж байгаа МАН-ын 64 гишүүн бий. Эдгээр гишүүдийн 70-80 хувь нь хуулийн хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Ийм ёс зүйн хариуцлага алдчихсан улс төрийн нам өнөөдөр Үндсэн хуулинд гар хүрэх эрх зүйн чадамжгүй юм. Тиймээс тэдний оруулж ирсэн төсөл дотроос сайн, муу аль ч заалтыг дэмжиж оролцохгүй. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй санал дээр манай намын хуулийн ажлын хэсэг, хуульч гишүүд хамтран ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс бид байр сууриа илэрхийлнэ.

-Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал дээр ямар байр суурьтай байна?

-Америк гэх том гүрэнтэй Монгол Улс энэ тэнцүү стратегийн түншлэлийн гэрээ байгуулна гэдэг Монгол Улсын хувьд харьцангуй ашигтай, том ажил болсон. Гэхдээ стратегийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудаа бид тодорхой болгох хэрэгтэй. Стратегийн түншлэлээ үр ашигтай түншлэлийн хэлбэрт шилжүүлэх ёстой. Зөвхөн нэг гэрээ хийгээд орхих биш, үр дүнтэй ажил болгох нь зүйтэй. Энэ тал дээр манайхан илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болов уу. Түүнчлэн үүнийг дагаад ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулж, АНУ-ын зах зээлд гаргаж, татваргүйгээр нийлүүлэх гэх мэтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулах ёстой.

-Улс төрийн бодлого дээр юу ажиглагдав?

-Бидний зүгээс улс төрийн бодлого илүү няхуур, нямбай харьцах нь зүйтэй болов уу. Хоёр хөршийн талаар барьж байгаа байр сууриа болгоомжтой илэрхийлэх ёстой. Бидэнд бодох юм олон байна шүү дээ.