Түрүү цагийн монголчууд малд их хайртай байлаа. Мал зовоохыг нүгэлд тооцдог байсан. Тэр бүү хэл нядлах гэж байгаа малыг аль болох бага зовоодог байв. Мал төхөөрөх хар хүн ирж амжаагүй байвал нядлах малаа хэсэгхэн хугацаанд ч болов тэжээгээд, ус өгч аль болох тайван байлгана. Харин нэгдлийн үе буюу сүүлийн үеийн монголчууд малд хайргүй болчихжээ. Учир нь нэгдэлжих хөдөлгөөн монголчуудыг малд хайргүй болгочихсон юм. Аргагүй шүү дээ, хувийн малыг салгахын тулд албан татварыг нь өсгөчихсөн. Тэрнээс болж ялтай мал гэх ойлголт гарч байлаа. Ерөнхийдөө мал маллана гэдэг бөөн төвөг, тээр юм шүү гэдгийг ухуулан ойлгуулах төрийн бодлого явагдсан үе. Иргэд ч өндөр татвар өгөхөөс залхаад ялтай малыг нь өгөөд бушуухан холдож хот бараадъя гэх бодолтой болчихсон. Үлдсэн хэд буюу нэгдлийн мал маллаж буй хүмүүс малдаа хайргүй, мал маллах дургүй. Бүр мал маллахыг там гэж үздэг байв. Хөдөөгийнхөнд мал маллахаас өөр сонголт байгаагүй учраас ял эдэлж буй мэтээр сэтгэдэг байжээ. Гэхдээ малаа маллахдаа өсгөе, үр шимийг нь нэмэгдүүлье гэж ер бодохгүй. Сайн маллаж үр төлийг нь алдахгүй бойжууллаа гэхэд цалин, урамшуулал нэмэгдэнэ гэж ойлголт үгүй. Яахав ганц нэг айл төр засгийн ажлыг ингэж хийдэг юм гэж үзүүлэн маягаар олон малтай байсан байх. Харин бусдад нь малтай байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй. Худлаа, үнэн нь хамаагүй малчин гэх нэр зүүе гээд хичнээн дургүй байлаа ч малаа маллана. Мэдээж хэрэг ийм сэтгэхүйтэй байхад ашиг, үр шим гэж ярих илүүц. Хамгийн гол нь тоо толгойг нь хорогдуулчихгүйхэн шиг аргацаагаад байж байвал боллоо. Илүү дутуу буюу сэтгэл гарган маллаж өөртөө ажил нэмэхгүй байх алтан дүрэмтэй амьдарч иржээ. Ингэж малыг үзэн ядуулж тээр төвөг мэтээр ойлгуулсан нэгдэлчдийн үеэс хойш олон жил өнгөрсөн. Нэг ёсондоо малчдад ийм сэтгэхүй суулгаснаас хойш хоёр, гурван ч үе өнгөрчихлөө. Тэрний үр дүнд өнөөдөр монголчууд малд үнэн сэтгэлээсээ хайргүй болсон байна. Уг нь дэлхий биднийг малд үнэхээр хайртай, малчин монголчууд гэж боддог. Гэтэл яг жинхэнэдээ бид малд дэндүү гэмээр хайргүй. Малдаа үнэнхүү харгис ханддаг ард түмэн магадгүй биднээс өөр байдаггүй байх. Хөл нь хугараад халуун наранд хэвтсэн гүүг хэзээ үхэхийг хүлээгээд гэрээсээ дурандаад сууж байдаг биз дээ. Очоод хөлийг нь боочихъё, босгоод авъя гэх ямар ч сэтгэлгүй, ойлголтгүй. Ерөөсөө л төвөг гээд бодчихно. “Өнөөдрийн энэ наранд тэсмээргүй юм, үхэх нь үү” гээд л хүлээгээд сууж байдаг. Бид иймэрхүү маягаар л малдаа ханддаг. Ямар сайндаа л хүүхэд зодож буй хүнийг хараад “Ямар мал зодож байгаа биш дээ” гэнэ. Малыг бол яаж ч байсан хамаагүй гэж боддогийн жишээ энэ. Бүр ойрхны буюу зэрлэг, балмад хандаж буйн томоохон жишээ нь хот тойрсон хонины там. Наадам дөхөөд ирэхээр хотын хоёр захад тэвш дүүрэн хонь ачиж ирээд зардаг. Сүүлийн үед наадам гэлтгүй байнга шахуу байдаг болчихож. Хэдэн мянган км-ээс ачиж ирсэн хонь, ямаагаа төмөр тэвшин дээр халуун наранд уяатай байлгана. Ус, өвс өгдөг гэвэл гонжийнжоо байлгүй. Ер нь тэнд амьд амьтан байгаа гэдгийг зарж байгаа нь ч, худалдан авч байгаа нь ч мэдэхгүй юм. Энэ тамыг бий болгохдоо хаа холоос төмөр тэвшин дээр дөрвөн хөлийг нь тэлж хүлээд авчирна. Шатахуун тээвэрлэдэг ёмкосттой тэрэгний дээд талд дөрвөн хөлийг нь тэлж уяхаас наахнуур юм болно. Замдаа өвс идүүлж, ус уулгана гэж хэзээ ч байхгүй. Бүр тэгэх ёстой гэдгийг ч мэдэхгүй. Энийг нь бид энгийн зүйл мэтээр боддог болчихож. Тэр хонийг заавал тэгж л авчрах ёстой мэтээр хүлээж авдаг учраас хэн ч гайхахгүй, хэн ч ам ангайхгүй байна. Тэгвэл хүн төрөлхтөн малыг яаж тээвэрлэдэг вэ. Халуунд сүүдэртэй, хүйтэнд нөмөртэй, доошоо тонгойгоод өвсөө идэж, усаа ууж болох нөхцөлд тээвэрлэдэг. Ингэж тээвэрлэхийг бүр хуульчлаад өгчихнө. Харин манайх энэ бүхний эсрэгээр амийг нь таслахаас наахнуур тээвэрлэж байгаа. Өөрсдөө л шинэ мах идэж, шинэ шөл ууж байвал бусад нь хамаагүй. Ингэж үйл тамыг нь үзэж авчирсан малаа хашаа нэртэй төмөр сараалжинд авчраад хийчихнэ. Улайссан халуун наранд майлах ч тэнхэлгүй болтол нь өдөржин хашсан хойноо өвс ногоо зулгаалгана гэж байхгүй. Шөнө бол бүр ч худлаа. Хулгайд алдчихна гэж айгаад машиныхаа тэвшин дээрээс ч буулгадаггүй биз. Бид олон ч удаа шөлний хонь ийм үнэтэй байна гэж сурвалжлага хийж байсан даа. Сүүлдээ тамлуулж буй малаа хараад зүрх шимширдэг болсон байна. Ер нь монголчууд мал, хүүхэд хоёртоо дэндүү харгис хандах юм. Хэл ам гаргаж зарга зальхай хийдэггүй учраас тэр. Дээрээс нь бид малаа амьд амьтан гэж огт хардаггүй. Зүгээр л мөнгө олох хэрэгсэл гэж хараад байдаг. Монголчуудад нэг муухай зан бий. Тэр нь мөнгө олох хэрэгсэл, ажил хоёртоо хайргүй чанар. Нэг үгээр хэлбэл ажлын байраа хайрладаг монгол огт байхгүй. Захын хүнээс ажил чинь сайн уу, цалин мөнгө болж байна уу гэж асуухад л ажлын байраа зүхээд эхэлнэ. Ерөөсөө л ажлаа зүхэж байх ёстой юм шиг. Хийж буй ажлаа там, ял гэж бодон хийдэг. Ялыг нь бушуухан шиг дуусгачихаад гэртээ харья, хийсэн дүр үзүүлж байгаад эртхэн тарах юмсан гэж боддог. Социализмаар дамжсан улс орон ийм байдаг юм уу, эсхүл монголчууд угаасаа ийм зантай юм уу бүү мэд. Ийм зан нь ч нөлөөлдөг байж магадгүй. Ямартай ч бид мал хайрлана гэдгийг мэдэлгүй 60, 70 жил явчихлаа. Ингэсний дүнд бид малтайгаа яаж харьцах ёс заншил, уламжлалаа ч мэдэхээ байсан байна. Тэрний жишээ нь хотын хоёр зах дээрх мал нядалгааны хэсэг. Өнөөх сараалжин дотор хашсан хонийг яаж нядалдаг гээч. Түмний нүдэн дээр чарлуулж байгаад төхөөрнө. Дэргэд нь хүүхэд, хүүхэн хэн ч байсан хамаагүй. Уг нь бол монголчууд хүүхэд, эмэгтэй хүн хоёрын нүдэн дээр мал нядлахыг тэвчдэг байсан. Ядах нь ээ, эхнэр хүүхдээ дотогш оруулж байгаад гэрийнхээ ард малаа муулдаг байлаа. Эх хүн, хүүхдэд улай үзүүлбэл хатуу сэтгэлтэй болно гэж цээрлэдэг байв. Өнөөдөр энэ ёс заншил, уламжлал хаа ч яваа юм бүү мэд. Мөнгө л олж байвал бусад бүх зүйл хамаагүй болчихож. Тэгвэл хүн төрөлхтөний жишигт ямар байдаг юм бэ. Монголоос бусад оронд малыг ил нядлахыг цээрлэдэг. Тусгай зориулалтын газар, тусгай технологиор гаргадаг. Хэрэв монголчууд шиг ил задгай, түмний нүдэн дээр зэрлэгээр гаргаж байвал хууль зөрчсөнд тооцогдож өндөр торгуул төлнө. Бүр ял эдэлж ч магадгүй. Дэлхий нийтэд амьтны эрх хүнийхээс бараг л дээгүүр тавигдаж байгаа шүү дээ. Мал бол амьтан. Бид тэрийг мэддэг, боддог болох хэрэгтэй. Мэдсэн хойноо дэлхийн хүн төрөлхтөний жишгээр амьдармаар байна. Хонь малаа зарж бололгүй л яахав. Харин зарж байгаа газрынхаа дэргэд бичил цехтэй болчихмоор юм. Тэнд малчид татвараа төлөөд малаа зарна биз. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, нүднээс далд газар төхөөрдөг болох хэрэгтэй. Худалдан авагчийн хүссэнээр гэдэс дотрыг нь цэвэрлээд, махыг нь эвдэж янзлаад өгдөг болъё. Хариуцаж буй хүмүүс нь өвс, ургамал жигдэрсэн хашаанд малаа тааваар нь идээшлүүлээд байж болно. Ингэвэл зарж байгаа амьд амьтанд ч, худалдаж авч буй хүний сэтгэлд ч хөнгөн байна. Тэгэхгүй бол сүүлийн үед мах иднэ гэхээс айдаг боллоо. Ингэж хот тойрсон хонины тамыг зогсоох хэрэгтэй. Юун төлөө бид чинь малчин монголчууд билээ дээ. Эцэг өвгөдийнхөө мал хайрладаг ухааныг өвөлж хөгжүүлээд ёс заншлын эсрэг, хүнлэг биш сэтгэлээр олсон мөнгөнд өндөр татвар ноогдуулдаг болъё. Бүр олсон орлогыг тэр чигт нь хураадаг болсон ч илүүдэхгүй. Мөнгө хүнлэг ёсноос давсан зурвас үеийг бид даруйхан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр зах зээлийн нийгэм юм чинь яасан ч яадаг юм бэ гэх үг хүн бүрийн амнаас гарч байгаа. Энэ бол туйлын буруу. Монгол Улс оршин тогтнохын тулд эхлээд хүнлэг ёс, ёс заншил, дараа нь мөнгө гэх эрэмбэтэй байх ёстой. Хүн төрөлхтөний жишиг ч ийм. Хүүхэд багачууддаа мал нядлаад махыг нь иддэг гэдгийг мэдүүлэхгүй өсгөх хэрэгтэй байна. Махыг үйлдвэрээс гаргадаг гэсэн ойлголттой болгоход ч буруудах юм байхгүй. Тэртээ тэргүй нас биед хүрсэн хойноо ойлгох юм чинь наана нь амьтан тамладаг жишээ харуулж балмад сэтгэлийг төрүүлэхгүй байя л даа. Тэрний оронд мал амьтан бол хүн төрөлхтөний анд нөхөр гэж үздэг ухамсар суулгах хэрэгтэй. Ингэж байж манай үндэстэн, монголчууд оршин тогтноно. Өнөөдөр бид хэтэрхий балар эртнийхээрээ байна. Дээрээс нь зах зээлд орсон гэх нэрийдлээр ёс заншлаа уландаа гишгэж байна. Ийм байдлыг хуулиар зохицуулах ёстой. Бид өмнө нь “Монголын үзэсгэлэнт нуур, цөөрөм 60 сая малын хөлд сүйдэж дууслаа” гэж бичиж байсан. Нуур, булгийн эхэнд малчин айл буугаад монгол орны хамаг л үзэсгэлэнтэй газрыг бузарлаад байдаг. Мал идэх ч өвсгүй болсон хойно нь хаяад нүүдэг. Байгаль цаг уур ч эмзэг болчихож. Ийм үед малыг нуур, булгаас амаар нь ус уулгахыг хүртэл хориглочихмоор байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол таван мянган хоньтой малчин аль нэг нуурын эрэг дээр зуслаа гэхэд нуурын ус малын баас, шээсэнд дарагдаж юу нь мэдэгдэхгүй лаг, шавхай болоод байна. Бүр уул уурхайтай харьцуулахын аргагүйгээр байгаль эвдэж сүйтгээд байгаа. Энэ бүхнийг хуульчилж өгмөөр байна. УИХ мал аж ахуйтай холбоотой нэг сайн хууль баталж зохицуулалт хийж өгөхгүй бол монголчууд бид мал аж ахуйн орон гэж цээжээ дэлддэг нь яамай болох гээд байна шүү.
Author: Сүхбаатарын Алтанцэцэг
Хуульч, өмгөөлөгч Р.Очирбалтай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж байгаа. Таны бодлоор уг нэмэлт, өөрчлөлтийн давуу болон сөрөг тал юу байна вэ?
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийг сайшаах зүйл байгаа хэдий ч шүүмжлэх зүйл ч олон байна. Бид Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ул суурьтай авч хэлэлцэхийн тулд агуулга, хэлбэр болон уг төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад баримтлах процесс гэсэн гурван асуудалд анхаарах шаардлагатай.
-Яг ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?
-УИХ-ын хянан шалгах түр хороо, Төрийн хяналтын байгууллага зэрэг төрийн тогтолцоонд хамаарах шинэ институтыг байгуулахаар төлөвлөж байна. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх талаарх бүрэн эрхийг хасаж, Дээд шүүхийн шүүгчдийг томилох талаарх заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан байна лээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудалд Ерөнхий сайдын шийдвэр тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Засгийн газрын чиг үүргийн яамдыг хуульд тусгайлан нэрлэн заах, Засгийн газрын яамдын тоо 12-оос илүүгүй байхаар төсөлд тусгажээ. Төрийн албаны төв байгууллагын хараат бус ажиллах нөхцөлийг хангах, төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, Монгол Улсын засаг, захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах зэрэг хэд, хэдэн томоохон асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдөж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлтийг дахин өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.
-Тухайлбал?
-УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулахаар хуульчилсан байсныг 75-аас доошгүй өдөр чуулахаар болгосон. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно зэрэг өөрчлөлт оруулахаар төсөлд заажээ. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөс Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг хязгаарлах, хасах, түүнчлэн Засгийн газрын гишүүнийг томилох асуудалд Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлэх талаарх зохицуулалтыг хуульч, судлаачийн хувьд дэмжиж байгаа. Харин төслийн бусад заалтуудыг ул суурьтай эргэн харах шаардлагатай болов уу.
-Эргэн харах шаардлагатай ямар заалтууд байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан хэдий ч одоогийн боловсруулсан төслийн эрх зүйн актыг нэршил нь тодорхойгүй “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” хэмээн томьёологдсон байгаа. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь одоогийн нэршилтэй адилхан байсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Энд дан ганц үг, нэршлийн асуудал хөндөгдөж байгаа мэт боловч агуулгын хувьд хууль зүйн томоохон үр дагаврыг бий болгодог. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд УИХ-аас Үндсэн хууль батлахгүй нь ойлгомжтой, хууль батална. Хэрэв Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь тогтолцоо, үндсэн зарчим, хэм хэмжээг алдагдуулсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн хяналт хэрэгжих боломжтой. Харин нэршил тодорхойгүй байгаа нь Үндсэн хуулийн Цэцээс нэмэлт, өөрчлөлтийг хянах боломжийг зарим талаараа хязгаарлах эрсдэлтэй. Ер нь бид одоогийн төслийн зохицуулалтын агуулгад анхаарахаас илүүтэй, Үндсэн хуулийн агуулга, зарчим хэм хэмжээг хэрхэн хадгалах, хамаалах, түүнийг зөрчсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн засварлах талаарх эрх зүйн механизмын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.
-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг эрдэмтэн, судлаачид төдийгүй жирийн иргэд олон жил шүүн хэлэлцсээр өнөөг хүрсэн. Хэрэв энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт өмнөх алдааг дахин давтвал яах вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн Үндсэн хуулийн суурь агуулга, зарчим, хэм хэмжээг алдагдуулсан зүй бус нэмэлт, өөрчлөлтийг засварлах бүрэн эрх УИХ-д байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг эрх зүйн аргаар хянаж хүчингүй болгох бүрэн эрх Үндсэн хуулийн Цэцэд хуулиар олгогдсон эсэх нь маргаантай байдаг шүү дээ. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн одоогийн заалтыг өргөжүүлэн тайлбарлах замаар Үндсэн хуулийн Цэц зүй бус нэмэлт, өөрчлөлтийг хянан үзэж хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа. Харамсалтай нь манай улсын Үндсэн хуулийн Цэц өөрийн гаргасан шийдвэрээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд хянах бүрэн эрхээ хязгаарласан байдаг. 1999 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг журам зөрчсөн гэх үндэслэлээр 2000 онд хүчингүй болгож байсан. Улмаар 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр УИХ холбогдох хуульд заасан зохих дэг, журмын дагуу Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин одоогийн нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн өөрийнх нь мөн чанар, бүтэц, зарчмыг алдагдуулсан байсан хэдий ч Цэц зохих арга хэмжээ авах боломжгүй. Учир нь Цэцийн гишүүний маргаан үүсгэхээс татгалзсан тогтоол хүчинтэй байгаа үед уг асуудлаар Цэцэд дахин хандсан ч өмнөхийн адил маргаан үүсгэхээс татгалзсан тогтоол гарах нь туйлын тодорхой болчихоод байна.
-Энэ удаагийн төсөлд төрийн эрх мэдэл хуваарилах үзэл баримтлалыг зөрчиж төрийн эрх мэдлийг олон хувааж байгаа нь буруу гэх хандлага ажиглагдаж байгаа шүү дээ?
-Төрийн хяналтын байгууллага, төрийн албаны төв байгууллагатай холбогдуулан дээрх асуудал яригдаж байгаа байх.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс Төрийн хяналтын байгууллага, түүний гүйцэтгэх чиг үүрэг, төрийн байгууллагын тогтолцоонд эзлэх байр суурь, бусад эрх мэдлийн байгууллагатай үйл ажиллагааг нь хэрхэн уялдуулах эсэх асуудал хамгийн их анхаарал татаж байна. Одоогийн төсөлд “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Их хурлын үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд Төрийн хяналтын байгууллагыг байгуулснаар УИХ-ын хяналтын механизм сайжирч, төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулдаг, албаны эрх мэдлээ хууль бусаар ашигладаг одоогийн байдлыг эерэгээр өөрчлөхөд чухал нөлөөтэй хэмээн тайлбарлаж байна лээ.
-УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болохоор, гэхдээ Засгийн газрын гишүүний гуравны нэгээс хэтрэхгүй байхаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоогийн төрийн тогтолцоонд үүсээд байгаа хямралыг шийдвэрлэхэд үр нөлөөтэй байж чадах уу?
-Ер нь Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг хянаж, хууль тогтоох байгууллагад ард түмний элчийн үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар эрхлэх нь зохимжгүй хийгээд, хяналт хариуцлагын тогтолцоог үндсээр сулруулдаг болохыг өнгөрсөн нь туршлага бидэнд тодорхой харуулсан. 1999 оноос эхлэн уг асуудлыг тасралтгүй шүүмжилж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагаврыг ярисаар өнөөг хүрлээ. Миний бодлоор УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь Үндсэн хуулийн суурь тогтолцоо, төрийн эрх мэдэл хуваарилах үзэл баримтлалыг илэрхий, ноцтой байдлаар зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөв, бурууг бус харин уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх Улсын Их Хуралд олгогдсон эсэхийг шүүн хэлэлцэх цаг нь болсон. Үүний тулд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн ойлголтын ялгааг тодорхой байдлаар зааглах шаардлагатай. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд тодорхой хязгаарлалтын хүрээнд явагдах бөгөөд Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлал, тогтолцоо, зарчим, суурь зохицуулалтыг зөрчиж, хөндөж болохгүй. Хэрэв Үндсэн хуулийн суурь буюу тулгуур хэм хэмжээг өөрчилбөл энэ нэршлээсээ үл хамааран Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх үр дагаврыг бий болгоно. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх эрх гагцхүү ард түмэнд олгогдсон учраас Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн байж болох эсэхийг Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг хуульчид, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачид ярих, хэлэх шаардлагатай байна.
-Ер нь Үндсэн хуулийг ингэж өөрчилбөл тогтвортой байдалд нөлөөлөх үү?
-Нийгмийн харилцаанд гарч буй хувьсал, өөрчлөлттэй уялдуулан Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах явдлыг үгүйсгэх аргагүй ч улс төрийн аливаа нам, бүлэглэл, институтын зүй бус хүсэл зориг болон нийгмийн түр зуурын шинжтэй үзэгдэл, үйл явцад хөтлөгдсөн хэт туйлшралаас Үндсэн хуулийг хамгаалах шаардлагатай байна. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах УИХ-ын гишүүдийн хувь хэмжээг өндөр байхаар заасан ч улс төрийн нэг нам үнэмлэхүй олонхийн суудал авсан нөхцөлд энэ нь хангалттай хамгаалалт болж чадахгүй болох нь дахин батлагдлаа. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох Үндсэн хуулийн зүйл, заалтуудыг нэрлэн зааж хуульчилсан хэдий ч УИХ энэ оны хоёрдугаар сард дээрх заалтад өөрчлөлт оруулсан. Үүнээс харахад Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тогтвортой байдлыг хангах асуудлыг давхар ярих шаардлагатай. Нийгмийн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь маш буруу. Тухайлбал, УИХ-ын хянан шалгах түр хороо, Засгийн газрын чиг үүргийн яамдыг нэрлэн заах зэрэг нь Үндсэн хуулийн тогтвортой үйлчлэлд илэрхий сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгхэн заалтад зохицуулалтын зөрүүтэй байдал байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ болгон ганцхан заалтыг онцолъё. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйлд УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэсэн байдаг. Гэтэл УИХ-ын дарга түр хороо байгуулна гэхчлэн түр хороог байгуулах эрх бүхий этгээдийг өөр өөрөөр заасан зөрчил ажиглагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ийм хариуцлагагүй боловсруулж, иргэд олон нийтээр хэлэлцүүлж байгааг мэргэжлийн хуульчид, судлаачид идэвхтэй ярих хэрэгтэй.
Бид өөрсдөө ч анзаарахгүйгээр Үндсэн хуулиа булшлах нүхээ ухаж байгааг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, УИХ цаашид анхаарах шаардлагатай. Учир нь төрийн тогтолцоо, эдийн засгийн хямралыг Үндсэн хуулийн зохицуулалттай хэт холбон тайлбарлаж байгаа нь ирээдүйд Үндсэн хуулийг үгүйсгэх үзлийг ард түмэнд бий болгох томоохон эрсдэл үүснэ. Иргэд, олон нийт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хүлээлт ихтэй байгаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь засаглалын тогтолцоонд үүссэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол бидэнд ямар үр дагавар үүсэх эсэхийг давхар бодолцох шаардлагатай байх аа.
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхитай холбоотой хэргээр хоёр жил шоронд хоригдох ял авсан. Гэсэн ч шүүх түүний ялыг тэнсэн харгалзах болгон өөрчилж залууст хар тамхины эсрэг сурталчилгаа хийгээрэй гэж сулласан байдаг. Амлалтынхаа дагуу тэрээр шоронгоос гарч ирээд хар тамхины эсрэг сурталчилгаа явуулна, хор хөнөөлийг нь залууст сурталчилна гэж мэдэгдэл хийж байна лээ. Харин түүнийг сулласан шалтгаан нь үнэхээр хар тамхийг бусдад жигшүүлэх сурталчилгаа байв уу гэхээр үнэндээ үгүй бололтой юм. МАН л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж сулласан шиг байна лээ. Х.Бат-Ундрал гарч ирээд дахиж ээжийнхээ нулимсыг үзэхгүй гэж олон нийтэд зарлаад сүйд болсон. Тэгсэн мөртлөө айлын хүүхдийг хар тамхичин гэж цоллоод ээжийг нь уйлууллаа. Хар тамхичин гэж зарлахад ээж нь өрөө өвтгөн өмөлзөж уйлсан гэдгийг энэ хүн мэдэж байгаа юм байна. Тэгвэл өрөөлийг хар тамхичин гэж нэрлэхээр ээж нь яаж хүлээж авахыг мэдэх ухаан түүнд байсангүй юу. Өөрөө болохоор ээжийнхээ нулимсыг үзэж чадахгүй гэсэн мөртлөө яагаад хүний ээжийн нулимсыг үзэх гэж маяглаад байгаа юм бэ. Чиний ээжтэй л адилхан эх хүн хүүгээ янз бүрээр хэлүүлэн шаналж суугаа юм биш үү. Хүний хүүхдийг хар тамхинд орсон, эцэг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэж донгосч буйгаас нь харахад үнэн хэрэгтээ хар тамхины эсрэг биш сонгуулийн сурталчилгаа хийлгэх гэж л түүнийг сулласан бололтой. Эцсийн дүндээ МАН энэ нөхрөөр дамжуулаад хар тамхичин байвал гоё гэсэн сурталчилгаа хийж байна. Нэг ёсондоо Ардын намынхан Х.Бат-Ундралыг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн биш хар тамхичны эерэг сурталчилгаа хийж өглөө. Залуусаа хар тамхи татаарай гэж шууд хэлсэнтэй адил тийм л сурталчилгаа болж байна. Яагаад гэвэл хар тамхи татаад шоронд орсон хүнийг улс төрийн нам урьж залаад сонгуулийн сурталчилгаанд оролцуулан бөөн бөөн мөнгө өгдөг, нэр хүндтэйгээр хэвлэлийн бага хурал хийж манддаг, ийм гоё ганган байдаг, тойроод сайхан ах эгч нар сууж байдаг юм байна гэдгийг сурталчилсан. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан хар тамхины хэрэгтэй хүнийг сайн талын баатар болгон хувиргаж байна. Ардын намынхан сонгуулийн сурталчилгаа хийхдээ ард түмнээ ер бодсонгүй. Хүнийг л муухай харагдуулж байвал нийгэмд ямар мессэж өгөх нь тэдэнд хамаагүй юм байна. Зөвхөн өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө ард түмний хойч үеийг хар тамхичин болоорой гэж шууд сурталчилсантай ялгаагүй зүйл болсон. Эцэстээ манай монгол орон хар тамхичнаа сонгуулийн сурталчилгаанд ашигладаг, гавьяат жүжигчин цол өгдөг бодлогогүй, тэнэг улс болж байна. Угтаа бол бид залуу хойч үедээ хар тамхи татвал донтдог, донтох өвчин эдгэхэд хэцүү, ийм хүн нийгмийн шаар шавхруу буюу хамгийн доод давхаргын хүн болдог гэдгийг үнэн зөвөөр нь сурталчлах хэрэгтэй юм. Хар тамхичин, биеэ үнэлэгч гэдэг бол хүн тоож харьцдаггүй доод давхаргын улс байдаг. Хүн харахын эцэсгүй өвчин зовлон тусдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гаргаж баймаар байна. Ингэхгүй бол залуус, өсвөр насныхан хар тамхичдыг нийгмийн элит хэсэг гэж андуураад байна. МАН ийм л хүмүүсийг ашиглан эх орон, ирээдүй хойчоо ч бодолгүй туйлын буруу сурталчилгаа хийлээ.
“Өдрийн сонин”-ы 2017.06.19-ний Даваа гаригийн №136, 137(5703, 5704) дугаараас авч нийтлэв.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.
-Саяхнаас манайхан өөрсдөө ачааны вагон угсарсан. Цаашдаа яаж өргөжих бол. Ер нь манайд ачааны вагоны хүрэлцээ ямархуу байдаг юм бэ?
-Юун түрүүнд манайхан ачааны вагон угсралтын туршилт хийсэн. Эхний ээлжинд арван вагон хийж үзлээ. Туршилт амжилттай болсон. Бид гаднаас сэлбэгийг нь авчраад угсраад байж болох юм байна гэдгийг мэдлээ. Цаашид тогтмол буюу байнгын вагон угсралтын үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үүний тулд зарим нэгэн технологийн хөрөнгө оруулалт хийх ёстой болно. Үлдсэн хагас жилд үүнийг судалж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдье гэж төлөвлөж байгаа. Одоохондоо туршилт хийж байгаа болохоор вагон угсралтын ганцхан цех ашиглалтад орсон. Хэрэв үйлдвэрлэлийн хэмжээнд явуулъя гэвэл дор хаяж арван вагон зэрэг угсардаг цехтэй болох хэрэгтэй. Хоёр дахь асуудал гэвэл -Та сая тээврийн хэмжээ байнга нэмэгдэж байгаа гэлээ. Транзит тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа юу. Манай улсыг тойрсон хоёр коридор ачаалал ихтэй байхад манайх сул зогсоод байгаа юм шиг харагддаг шүү дээ?
-Манай коридор бусад хоёртой харьцуулахад өрсөлдөх чадвар муутай байсан. Шалтгаан нь тарифын асуудал. Өөрөөр хэлбэл транзит тээвэр манай улсын нутгаар явахад хугацаа, хурд, хил давах үйл явц бусдаас давуу талтай байсан ч замын тариф өндөр байсан. Тиймээс манайх коридорыг биш нөгөө хоёр замаар явдаг байлаа. Шалтгаан нь Казахстан ч бай, ОХУ ч бай өөрийнхөө нутгаар тээвэр явуулахад түүнийг транзит тээвэрт тооцдоггүй. Яагаад гэвэл гаалийн нэг холбоонд элсчихсэн байдаг. Тэгэхээр тэдний тооцоо рублиэр хийгддэг. Харин манайхаар өнгөрч байгаа бол хамтын нөхөрлөлийн оронд ч ордоггүй, гаалийн нэг холбоонд ч ордоггүй болохоор Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын баталсан нэгдсэн тарифыг мөрдөж байгаа. Тэр нь Швейцарь франкаар тооцогддог учраас ханш өсөж буйгаас хамаарч ханшийн зөрүү гарч байсан. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам 2400 гаруй ачааны вагонтой. Үүний жар гаруй хувийн ашиглалтын хугацаа дууссан, заримынх нь ашиглалтын хугацаа дуусахад тун ойр байна. Өөрөөр хэлбэл, ойрын хоёроос гурван жилд бид мянга гаруй вагон жагсаалаас гаргах ёстой. Гэтэл өнөөдөр манай ачилтын хэмжээ байнга өсөж байгаа. Уул уурхайн компаниуд экспортод гаргах ачааны хэмжээгээ нэмэгдүүлж байна. Дотоодын нүүрсний бусад тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн манай нутагт орж ирж буй импортын хэмжээ өсөж байна. Ийм нөхцөлд вагоны хэрэгцээ улам нэмэгдэнэ. Тиймээс вагоны паркийг шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ гадаадаас худалдаж авах уу, эсхүл дотооддоо угсрах уу гэдэг хоёр замыг сонгох болж байна. Мэдээж Монголдоо үйлдвэрлэвэл өртөг бага байна. Гэхдээ шаардлагатай хоёроос гурван мянган вагоныг үйлдвэрлэж чадахгүй. Гэсэн ч тодорхой хэмжээний вагон угсраад хэрэгцээгээ хангаад явах боломж бий. Ингэж ойрын хэдэн жилдээ парк шинэчлэл хийхгүй бол болохгүй болчихлоо. Хоёрдугаарт бид транзит тээврийг нэмэгдүүлэх менежментийн бодлогодоо нэлээн хойрго хандаж ирсэн. Өнгөрсөн жилийн сүүлээс транзит тээврийн тарифыг хөхиүлэн дэмжих, хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьсны үндсэн дээр тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд өгч байна. Манай нутгаар дамжин өнгөрч байгаа бол 15 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн түүхий нефтийн тээвэрт ачааны хэмжээнээс хамаарч шатлалтай хөнгөлөлт үзүүлж байна. Энэ мэтээр цогц бодлого явуулж эхэллээ. Гааль дээр л гэхэд аль болох хурдан хугацаанд өнгөрүүлэх, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх гэхчлэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Түүнчлэн хөдөлгөөн зохицуулах зохион байгуулалтын технологийн өөрчлөлтүүд хийхээр тээврийн хугацаа багасахын зэрэгцээ тариф багаслаа. Үүнийг дагаад манай замын өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа.
-Тэгэхээр транзит тээвэр нэмэгдэж байна гэсэн үг үү?
-Тийм. Статистик тоогоор ярья. Энэ жилийн тавдугаар сарыг өнгөрсөн оныхтой харьцуулаад үзэхэд нийт зөөвөрлөсөн ачааны хэмжээ 12.89 хувиар өссөн. Ачаа эргэлт долоон хувиар өслөө. Үүнээс транзит тээвэр 14.14 хувиар өссөн. Гэхдээ энэ бол жилийн эхний таван сарын байдлын статистик. Ер нь бол жил бүрийн нэг, хоёрдугаар сард ачаа тээвэрлэлт уналттай байдаг. Тэгэхээр үндсэндээ дээрх үзүүлэлтийг гурван сарын өсөлт гэж ойлгож болно. Мөн манайд орж ирж байгаа ачааны хэмжээ 28.29 хувиар өслөө. Ганцхан тавдугаар сарыг өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад Хятадаас Орос руу тээвэрлэгдсэн ачааны хэмжээ 64.58 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл талаас илүү хувиар өсөж байна.
-Тээвэр ингэж огцом нэмэгдэж буйн шалтгаан юу вэ. Мөн энэ өсөлт түр зуурынх байна уу, эсхүл манайхаас хэрэгжүүлж буй зөв бодлогоос хамаарч байна уу?
-Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард “Транзит монгол” олон улсын форумыг Бээжинд зохион байгуулсан. Яагаад Бээжинд зохион байгуулав гэхээр манай нутгийн транзит тээврийн гол үйлчлүүлэгчид нь тэнд байдаг. Тэдэнд өөрсдийнхөө үйлчилгээг танилцуулсан юм. Бид санал болгож буй үйлчилгээ, шинэ үнийн саналаа тайлбарлаж ойлгуулсан. Үр дүн нь ганцхан сарын дараа л харагдаж эхэллээ. Транзит тээвэр өмнөх сарынхаас 64 хувиар өссөн. Чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн бүтэн жилийн турш 169 байлаа. Гэтэл энэ жилийн тавдугаар сарын дунд үед бид аль хэдийнэ 169 галт тэрэг дамжин өнгөрүүлчихээд байна. Хоёрдугаарт, арван хоёр жил тасарсан түүхий нефтийн транзит тээврийг энэ жилээс сэргээж байгаа. Эдийн засгийн үр дүнгээ удахгүй өгөх арга хэмжээ болж байна. Түүхий нефтийг дагаад Монголын нутгаар дамжих тээврийн коридорын өрсөлдөх чадвар дээшилнэ. Үүнээс гадна маркетингийн судалгаа хийж хурал зөвлөгөөнд оролцоод явж байхад манай нутгаар ачаа тээвэрлэх нөхцөлийг сонирхож буй хүмүүс маш их өссөн байна. Хоёр хөрш гэлтгүй Европын талаас ч гэсэн сонирхож байгаа. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд дамжин өнгөрөх тээврийн ирээдүй эерэг үзүүлэлттэй байна.
-Замын тарифыг буулгаснаар тээвэр нэмэгдэж байгаа юм чинь орлого яаж нэмэгдэх бол?
-Бид энэ оны нэгдүгээр сард замынхаа тарифыг 15 хувиар буулгасан. Нэг чингэлгээс олох орлогыг биш, чингэлгийн тоог нэмэгдүүлж орлого өсгөх бодлого баримталсан. Үнэ буурлаа гээд орлого буурах нь ойлгомжтой. Гэхдээ үнээ буулгаад эргэлт ихсэхээр нийт орлого өснө шүү дээ. Тийм л бодлогоор ажиллаж байна.
-Бээжинд форум зохион байгуулснаар транзит тээвэр нэмэгдсэн байна. Яваандаа ОХУ-д форум зохион байгуулж хэрэглэгч татах боломж бий юү?
-Ер нь иймэрхүү форумыг тогтмолжуулъя гэсэн бодол бий. Жил бүр өөрсдийнхөө давуу талыг сурталчлах хэрэгтэй. 2018 онд Москвад болдог тээврийн томоохон үзэсгэлэнд дотоодын тээвэр зуучийн байгууллагатай хамтраад павилион гаргаж ажиллавал үр дүнтэй байх гэж бодож байгаа. Цаг хугацаа дөхөөд ирэхээр шийдвэр гарах байх. Гэхдээ энэ бол одоохондоо миний хувийн бодол л байна.
-Манайхан Тяньжины далайн боомт хүртэл тээвэр хийж байгаа гэсэн. Үүний үр дүн хэр байх вэ?
-1991 онд Хятадын Засгийн газраас Тяньжинд Монголын далайн боомт гэсэн зөвшөөрөлтэй газар олгосон байдаг. Өөрөөр хэлбэл Тяньжин боомтоор дамжуулан Монголын ачаа гуравдагч оронд хүрнэ, бас ирнэ. Тэгэхээр Тяньжин бол манайд шинэ зүйл биш. Монголд орж ирж буй бүх ачаа Тяньжиний боомтоор орж ирж байгаа. Харин гардаг ачаа байгаагүй. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн Тяньжинд хүрч байсангүй. Харин одоо Монголын уул уурхайн бүтээгдэхүүн далайн боомтод очдог болсон. Тэглээ гээд Улаанбаатар төмөр замд орлогын хэмжээ нэмэгдэхгүй. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр Эрээнд очих биш гуравдагч хөршид үнэ хүргэж зарах боломжтой болж байгаа юм.
-Тээврийн хэмжээ нэмэгдэж байгааг дагаад хүчин чадал нэмэгдэнэ. Гэтэл та ярианы эхэнд парк шинэчлэл хэрэгтэй гэж байсан. Ачааллаа дааж байгаа юу?
-Парк шинэчлэл шаардлагатай. Гэхдээ шууд бүгдийг нь шинэчлэх боломж, нөөц бага учраас тодорхой хэмжээний эрсдэл үүрээд ажиллахаас өөр аргагүй. Засаж сэлбээд явуулахгүй бол тээврийн хэмжээ багасаад ирнэ. Хүрэлцээ ч гэсэн одоогийн байдлаар маш хэцүү байгаа.
-Зорчигч тээврийн галт тэрэгний тухайд хамгийн их алдагдалтай ажилладаг гэсэн. Энэ алдагдлыг бууруулж орлого өсгөх боломж бий юү. Зорчигч тээврийн галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа гэсэн. Хэд болгох юм бэ?
-Сүүлийн асуултаас нь эхлээд хариулъя. Өнөөдөр манай зорчигч тээврийн галт тэрэгний хурд чамлагдахаар биш. Дээд тал нь 90 км хүрч байгаа. Зарим газарт 100 км ч хүрдэг. Гэхдээ зогсолт ихтэй. Орон нутгийн галт тэрэг маш олон зогсоолтой учраас нийтдээ удаан явдаг мэт санагддаг байж магадгүй. Хоёрдугаарт, төмөр замын тахир тойрог ихтэй. Ялангуяа говийн нутагт өгсүүр зам, тахир тойрог ихтэй байдаг. Ийм үед хурд саардаг. Ер нь яваандаа хурд нэмэгдэх боломжтой. Зорчигч тээврийг нийтэд нь ярих юм бол дэлхийн аль ч улсын зорчигч тээврийн галт тэрэг алдагдалтай ажилладаг. Яагаад гэвэл нийгмийн чанартай буюу ашгийн бус тээвэр гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй улсууд ашигтай ажилладаг байж магадгүй. Тэнд 30-40 км явах газарт 40, 50 ам.доллар төлдөг. Манай хувьд өнгөрсөн жил зорчигч тээвэр 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Улсаас тариф тогтоож өгч зохицуулдаг учраас бид толгой мэдэж үнээ нэмж болохгүй. Мөн хямд үнээр иргэдэд үйлчлэх бодлого улсаас баримталж байдаг. Зохицуулалтын хувьд мэдээж алдагдлаа багасгахыг хичээж байгаа. Хүн цөөтэй үед вагоныхоо тоог хасаж байна, урсгал ихсэхээр нэмж холбодог. Гэхдээ энэ жил зорчигч тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо өсч байгаа.
-Гэхдээ томоохон баярын өмнө Замын-Үүд явах галт тэрэгний тасалбар олддоггүй. Тийм үед нэмэлт галт тэрэг явуулж болдоггүй юм уу?
-Тийм үе байдаг. Цагаан сар, шинэ жил, наадам болон хичээл эхлэхийн өмнө ихэнх хүн хэдэн төгрөгөө аваад Эрээн явдаг. Тийм үед хэцүүгийн хувьд хэцүү. Гэхдээ бусад үед буюу жилийн ихэнх хэсэгт зорчигч багатай, хоосон шахуу явдаг. Ялангуяа өндөр төлбөртэй суудлууд хоосон яваад байдаг. Хамгийн хямд тасалбартай суудал л хүн ихтэй явж байгаа.
-Нэг хэсэг Улаанбаатараас Парис хүртэл аяллын галт тэрэг явна гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Тэр аялал зогсоогүй. Нэг галт тэргээр явахгүй юм. Хэд хэдэн улсын төмөр замын нийгэмлэгүүд хамтраад жуулчдад зориулсан тийм үйлчилгээ гаргасан. Бээжингээс тасалбараа авсан хүн тухайн тасалбараараа Парис хүрнэ. Гэхдээ галт тэргээ сольж суудаг. Гэхдээ тасалбараа ганцхан авна. Аялал жуулчлалын чанартай л аялал. Одоогоор энэ аяллаар олон хүн яваагүй. Харин энэ жил Эрээнээс Замын-Үүд чиглэлийн зорчигч нэмэгдэж байгаа. Хятадаас нэг өдрийн жуулчид орж ирж байна гэсэн үг. Цаад нутгийн Хятадууд Монголыг сонирхож Замын-Үүд рүү орж ирдэг. Монгол хоол идээд, Монголын аж байдлыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс худалдаж аваад буцаад гардаг. Тийм зорчигч энэ жил өсч байгаа.
-Зам засварын ажил ямар шатанд яаж явагдаж байгаа вэ?
-Зам засварын ажил бас нэг толгойны өвчин болчихоод байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн гол замдаа 400 км замыг зайлшгүй засах шаардлагатай. Хөрөнгийнхөө хэмжээгээр засаад явж л байна. Өнгөрсөн онд 19 км зам зассан. Энэ жил орлогоо харж байгаад 30 км замын засварыг зориглоод эхлүүллээ. Долоо хоногт хоёр удаа хөдөлгөөн зогсоож байгаад ажлыг нь үргэлжлүүлж байна. Долдугаар сарын эхээр дуусна. Дээр нь нэмээд энэ жил орлого жаахан гайгүй байвал гэж шунахайраад намар дахиад 30 км зам засчих юмсан гэх горьдлого бий. Энэ жил 60 км зам засчихвал цаана нь 320 км зам засварын ажил үлдэнэ. Галт тэрэгний аюулгүй байдал замтай шууд холбоотой байдаг учраас хөрөнгө оруулагчдад асуудлаа тавьж байгаа. Энэ жил бид 2030 он хүртлэх техникийн шинэчлэлийн программыг батлуулж байна. Улаанбаатар төмөр зам 2030 он хүртэл ямар шинэчлэлийн арга хэмжээ авах вэ гэдэг жагсаалтын эхэнд зам засвар орсон. Хэрэв бид төмөр замаа засчих юм бол хурд нэмэгдэнэ. Энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй.
-Төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан гэсэн. Уг хөтөлбөрийн дагуу яаж хөгжүүлэх вэ?
-Гурван үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг зургадугаар сарын 27-нд болох хувь нийлүүлэгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байна. Уг хөтөлбөрийг төмөр замчид маань нэгдүгээр сард хэлэлцэж дэмжсэн юм. Нэгдүгээр үе шатанд бид 21 сая тонн ачааг 30 сая тоннд хүргэнэ. 2025 онд 54 сая тоннд хүргэхийг зорьж байна. Харин 2030 онд ачаа тээвэрлэлтийг 74 сая тоннд хүргэнэ. Ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Ингээд үзэхээр 2030 онд өнөөдрийн байдлаас гурваас илүү дахин хэмжээнд тээврийг нэмэгдүүлнэ. Энэ төлөвлөгөө бол бодитой. В.Путин ерөнхийлөгч хоёр жилийн өмнө “Улаанбаатар төмөр замын ачаа тээврийг 100 сая тонн болгоно” гэж хэлсэн. Энэ сайхан тоо ч гэлээ хүрэхэд наана нь даваа их бий.
-Тэр үед хос замтай болчихсон байх болов уу?
-Мэдээж хэрэг хос замын асуудлаа шийднэ. Хос зам, цахилгаанжуулалт зэрэг асуудал бий. Онолын хувьд төмөр замд баталгаатай ачаа байвал арга хэмжээ хэрэгжээд явна. Хөрөнгө оруулалтыг буцаж нөхөх ганц арга бол ачаа. Ачаа байхгүй бол зам хөгжүүлэх шаардлага ч байхгүй болно.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Малын удмын санг сайжруулах ажлын хүрээнд Францаас мах, ноолуурын чиглэлийн хонь авчирлаа. 600 гаруй хонь хэр үр дүнгээ өгөх бол?
-Засгийн газар “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” гэж том зорилтын хүрээнд олон дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь малын удмын санг сайжруулахын зэрэгцээ малаас гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард Францад ажлын айлчлал хийх үеэрээ тэндхийн Хөдөө, аж ахуйн яамны дэргэдэх хонины фермээр орж дөрвөн үүлдэртэй танилцсан юм. Тэр үеэс мах, ноосны чиглэлийн хонь Монголд оруулж ирэх зорилго тавин ажилласан. Манай яамны Мал аж ахуйн газрынхан францын талтай холбогдож мах, ноосны чиглэлийн хонь авчирлаа. Хүндийн жин нь 100-120 кг. Зөвхөн гурван сартай хурганы мах л гэхэд 40 кг татаж байдаг. Манай монгол хонийг 48 сар тэжэээхэд 22 кг жинтэй болдог. Гэтэл тусгай үүлдрийн хонийг 18 сар тэжээхэд 110-120 кг жинтэй болж байгаа. Эдийн засгийн утгаар нь аваад үзэхээр махны гарц гурваас дөрөв дахин нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө тэжээх хугацаа маш богино. Зарим тохиолдолд хавар гарсан хургыг тэжээж байгаад намар маханд бэлтгэхэд бэлэн болчихно. Ноосны хувьд ч гэсэн манай монгол хониноос 50 хувь илүү ноосны гарцтай. Бид үржлийн аж ахуйн чиглэлээр тэжээнэ. Тусад нь ферм байгуулаад цэврээр нь өсгөж, үржүүлэх юм. Яваандаа монгол эм хоньтой хээлтүүлж сайжирсан мах, ноосны чиглэлийн хоньтой болохоор ажиллаж байна.
-Үржилд оруулах ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ. Малчид хонин сүрэгтээ ийм үүлдрийн хонь авч удмын санг сайжруулах боломж бий юү?
-Малчдаасаа санал авна. Ирэх хавраас үржлийн ажил эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хээлтүүлэгчээ ялгаж авч байгаад төлөвлөгөө гаргаж ажиллана. Ер нь бол мэдээж хэрэг малчдадаа хүргэх зорилготой. Үүнийхээ зэрэгцээ цэвэр үүлдрээр нь өсгөж, үржүүлэх ажил давхар хийгээд явах юм. Гаднаас ирсэн мэргэжилтнүүд хэрхэн маллах, үржүүлэх, арчлах сургалт хийгээд явж байна. Яамны зүгээс улсын төсөвт малын удмын санг сайжруулах хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө суулгуулсан учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явах боломжтой.
-Мал эрүүлжүүлэх хөтөлбөр юу болж байгаа вэ. Та тавдугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ энэ тал дээр түлхүү анхаарч хөнгөлөлттэй үнээр вакцин оруулж ирэхээр болсон юм уу?
-Ерөнхий сайд тавдугаар сард ОХУ-д айлчилсан. Энэ үеэр мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг дэмжих талаар Оросын Хөдөө аж ахуйн сайд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны хүрээнд долоон сая тун вакциныг манай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон юм. Тэрний өмнө бидэнд нэн хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлье гээд дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан шүү дээ. Өнгөрсөн жилийн өдийд төвийн бүсээс бусад нутагт мялзан, шүлхий, цэцэг, боом гээд бүх төрлийн өвчин гарсан байсан. Одоо Дорнод, Сүхбаатар аймгийн нэг, нэг суманд дэглэм буурах хорио цээрийн хоног тоолох үйл ажиллагаа явагдаж байгаа.Харин одоо өвчний голомттой газраас шилжилт хөдөлгөөн хийж буй тохиолдол бүрийг анхааралдаа авч таслан зогсоож хариуцлага тооцож байна. Ер нь өвчин гарахгүй байна гэх баталгаа байхгүй. Учир юундаа байна вэ гэхээр Энэтхэгийн вакцин чанар муутай байна гэж малчид, малын эмч нар хэлээд байгаа. Энэтхэгийн вакцин хийсэн газраас өвчин дахиж сэдрэх асуудал гарч байгаа учраас уг асуудлыг яам анхааралдаа авч шалгана. Чанар муутай, хөлдүү вакцин хийсэн асуудал яригдаж байгаа. Хууль хяналтын байгууллагад асуудал тавиад явж байна.
-ОХУ-тай манай улс дөрвөн чиглэлээр хамтарч ажиллана гээд байгаа. Мах гаргах асуудал юу болж байна вэ?
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд наадмаар манай улсад айлчилна. Энэ үеэр махны экспортын асуудлыг нарийвчилж ярих юм. Ер нь бол ОХУ-ын тавьсан саналыг бид хүлээж авсан.
-Ямар санал вэ?
-Оросын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа манай дотоодын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллуулах сонирхолтой байгаа. Нэг ёсондоо хөрөнгө оруулаад тэндээ үйлдвэрлэсэн махыг авъя гэж байгаа юм. Өнгөрсөн хавар хоёр хөршийн махны экспертүүд манай улсад ирж ажилласан. Тэр үеэрээ үйлдвэрүүдтэй танилцаад зөвлөмж өгөөд буцсан. Дээр нь бид олон улсын чанар, стандартын шаардлагыг хангасан сайн үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Мөн Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзсан. Яг Оростой адил санал тавьсан. Бүтээгдэхүүн авах гэж байгаа улсын сонирхол гэж нэг юм байна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хийгээд бүтээгдэхүүнээ буцаагаад авч гаръя гэж байгаа юм. Энэ зарчим бол нэгэнт олон улсад тогтсон байдаг. Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрүүдийнхээ зах зээлийг нээж өгөхийг бодлогоор дэмжиж байгаа. Борлуулалтыг дэмжихийн тулд гадаад харилцаа маш өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт гадаад харилцаа сайн байж гэмээнэ бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадна.
-Тэгэхээр хамтарсан үйлдвэрүүд хэзээ байгуулагдах вэ?
-Үйлдвэр байгуулах хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгжүүд олон бий. Хамтарсан үйлдвэр байгуулах нь хоёр орны хувийн компаниудын яриа, хэлэлцээрийн асуудал болчихоод байгаа юм. Засгийн газар, яамны зүгээс Монгол Улсаас бараа, бүтээгдэхүүн экспортолж чадаж байгаа байгууллагуудыг дэмжинэ. Мах экспортод гаргахад ямар хүндрэл бэрхшээл учирч байна, борлуулалт нэмэгдүүлэхийн тулд ямар гэрээ, хэлэлцээр хийхээр байна, хувийн компаниудаа хэрхэн хооронд нь уулзуулах ажлыг төр зохион байгуулах ёстой.
-Засгийн газраас мах, сүүний аян зарласан. Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийсэн бэ. Өнгөрсөн хавар махны үнэ харьцангуй хямд байсан гэсэн. Дээрх аянтай холбоотой юу?
-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд төр мах худалдаж аваад иргэддээ хямд үнээр нийлүүлсэн. Энэ ажлыг бид энэ жил маш сайн хийсэн. Махны үйлдвэрүүд арилжааны банкуудаас хөнгөлөлттэй зээл авч махаа бэлтгэсэн болохоор өнгөрсөн хавар, энэ зун махны үнийг бид барьж чадаж байгаа. Цаашид намар, өвөл махаа бэлтгээд явна. Гэхдээ бас нөгөө талаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилүүдэд унасан байсан. Үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж малчдын гарт мөнгө хүргэж байгаа. Үнэгүй байсан түүхий эдүүд хамгийн багадаа 2500 төгрөг хүрээд байна.
-Мал төллөлт энэ жил ямархуу байгаа вэ. Хэдэн толгойгоор нэмэгдэв?
-Мал төллөлт 98 хувьтай явж байна. Зарим аймагт бод малын төллөлт оройтсон тал бий. Төл бойжилт 98 хувьтай байна. Энэ жил бид улсын хэмжээнд 20 гаруй сая төл хүлээж авч байгаа.
-Хаврын тариалалт юу болж байна вэ. Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа дуулдах юм. Тариалалтын гол бүс нутгуудаар зуншлага ямархуу байгаа вэ?
-Би хөдөө орон нутгаар нэлээн явж байна. Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа ч тариалалтын гол бүс нутаг харьцангуй гайгүй байгаа. Хаврын тариалалтын үеэр яамныхаа мэргэжилтнүүдийн хамт бүх аймгаар яваад ирсэн. Энэ жил улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарьсан. 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал буюу нийт 458 мянган га-д тариалалт хийлээ. Хаврын тариалалт технологийн дагуу, хугацаандаа явж дуусаад байна. Тариалалт эхлүүлэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайг 40 хувь, шатахуун 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр иргэдэд олгосон. 514 аж ахуйн нэгж 2.8 мянган тонн шатахуун, 192 аж ахуйн нэгж, иргэдэд 5.5 тонн улаанбуудайн үр өгсөн. Нийтдээ давхардсан тоогоор 1100 орчим аж ахуйн нэгж, иргэнд 14.8 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгаалах бодис, бордооны гэрээ хийж зээлээр олгосон. Ингэж байж тариаланчид маань хаврын тариалалтаа амжилттай хийгээд явж байна. Цаг агаарын тухайд энэ жил гол бүс нутгаар өвөл цас их орсон учраас харьцангуй чийгшилтэй байлаа. Одоогоор тариалалт хэвийн байгаа. Нийт нутгийн хэмжээгээр гандуу байх шиг байна. Засгийн газрын зүгээс хуурайшилт эхлэх үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж байгаа.
-Атрын гуравдугаар аяныг энэ жил эрчимжүүлж байгаа. Өмнөх жилүүдэд манайх боломжийн сайн ургац хурааж авч байсан шүү дээ. Энэ жил эрчимжүүлсэн хөтөлбөрөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Атрын гуравдугаар аяны хүрээнд бид газар тариалан эрхлэгчдийнхээ техник хэрэгслийг иж бүрэн шинэчлэх зорилго тавьсан. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдад санал тавьсны хүрээнд арван сая ам.долларын трактор, комбайн, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр олгохоор болсон. Тариаланчдаасаа хэрэгцээт техник, хэрэгслийн захиалгыг нь авсан. Манай тариаланчид Оросын техникийг олон жил хэрэглэж сурсан, гарын ая даадаг, үнэ ч боломжийн гээд авах дуртай байгаа. Атрын гуравдугаар аяны бас нэг онцлог нь хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй хэрэглэгчдийг улаан буудайн тариалалтад олгодогтой адил байдлаар дэмжинэ. Шатахуун, үр, хор, техник технологийн шинэчлэлд хөнгөлөлт үзүүлээд явж байгаа.
-Япон руу төмс экспортлох нь гэсэн яриа гарч байсан. Тэр юу болсон бэ?
-Энэ жил илүү гарсан төмсөө Япон улсад экспортлоно. Япончууд манай төмсийг шинжилж үзээд стандартын шаардлага хангаж байна, худалдаж авъя гэсэн санал тавьсан.
-Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр юу болов. Мөн хуурай сүүний үйлдвэрүүд хэзээнээс ашиглалтад орох вэ?
-Судалгаа хийгдээд явж байна. Багануурт ноос, ноолуурын чиглэлийн гурван үйлдвэр, Увсад Европын технологийн махны үйлдвэр байгуулагдсан. Өвөрхангайд мөн махны үйлдвэр нээлтээ хийх гэж байна. Ер нь ажил төлөвлөгөөний дагуу гүйцэтгэл сайтай явагдаж байгаа. Хуурай сүүний үйлдвэрийн тухайд эхний ээлжийн 16 үйлдвэр ороод ирчихсэн, суурилуулж байна. Энэ зунаас малчдаас сүүгээ худалдаж аваад боловсруулаад эхэлнэ.
“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-Өчигдөр баталсан УИХ-ын тогтоолд яг юу гэж заасан бэ?
-Монголбанкинд үүссэн алдагдал, хохирлыг Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар барагдуулах арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцохыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан. Хуулийн байгууллага шалгаж, бодитой хохирлыг нь тогтоосон тохиолдолд түүнийг барагдуулах тухай асуудал яригдана шүү дээ. Тогтоогдохгүй бол Баяртсайхан ерөнхийлөгч хохирлыг нь яаж барагдуулж, өгсөн үүргийг биелүүлэх юм, утгагүй зүйл. Арилжааны банк өөрөө гэрээ байгуулаад аж ахуйн нэгжид олгосон гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэх асуудал Иргэний хуулийн дагуу банкны нэхэмжлэлээр шүүх шийднэ. Ерөнхий сайдад ямар ч хүртээлгүй ажил л даа. Ийм юмыг мэдсээр байж даалгаж, Их хурал шийдвэр гаргаж байгаа нь бухимдал төрүүлж байна. Улс төржихөд учир баймаар байна.
Энэ жишгээр одоо цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж арилжааны банкуудаас валют худалдах, худалдан авах гэрээ хийснээс ханшийн зөрүү үүсэхэд л алдагдал хохирол, мөнгөний нийлүүлэлтээ хянах гэж үнэт цаас гаргаж, хүү төлөхөд алдагдал гэж үзэх болж байна. 3.1 их наяд төгрөг чинь нягтлан бодох бүртгэлийн хувьд л тайлан тэнцэлдээ үзүүлэхдээ ханш өсөх буурах тохиолдолд учирч болзошгүй алдагдал өнөөдөртөө үзэж, бүртгэдэг. Гэтэл алдагдал гээд Ерөнхийлөгчийг нь албан тушаалын хэргээр шалгуулдаг жишгийг тогтоолоо л доо. Одоо ийм нөхцөлд жишээлбэл, Н.Баяртсайхан ерөнхийлөгч шоронд явчихгүйн тулд зардал гаргахгүй байхаа л бодохоос нөөцөө зохицуулж, ханшаа тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, инфляцыг хянаж, мөнгөний нийлүүлэлтдээ санаа зовох уу. Хүнд нь дургүйцэхдээ институцыг нь байхгүй болгож болохгүй.
-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийсэн. Тэд дүгнэлтдээ өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк маш их алдагдалтай ажилласан, буруу бодлого хэрэгжүүлсэн гэсэн байна лээ?
-Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилээр тасалж, асуудалд хандаж байгаа эдийн засагт учраад байгаа өнөөдрийн хямралын жинхэнэ бодит шалтгааныг харахыг хүсэхгүй байна. Намуудын бодлого, үзэл баримтлал өөр өөр. Мэдээж сонгуулийн үед үүнийгээ ярьж, эрх авбал түүнээ хэрэгжүүлнэ. Алдаатай бол ард түмэн дүнг нь тавиад сонгохгүй.
АН-ын үед хэрэгжүүлсэн бодлого ямар нэгэн байдлаар алдаатай байна гэж үзээд иргэд МАН-ыг сонгосон. Одоо засаад явах нь эрх барьж байгаа намын үүрэг. Цөөнхи бид саналаа л хэлнэ. Буруу бол шүүмжилнэ. Парламентын засаглалын мөн чанар нь ийм л юм. АН-ын хувьд тухайн үед Валютын сангийн хөтөлбөрт хамрагдалгүй өөрийн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгаа хямрал үүсгэхчихгүй аваад явъя гэж оролдсон. Гурван жилийн хугацаанд бонд ч босгоод, Төв банктайгаа хамтарч Засгийн газар нь хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд янз бүрээр оролдсон. Үр дүнд нь төгрөгийн ханш өнгөрсөн найман сард болсон шиг 500-600 төгрөгөөр огцом өсөөгүй, 33-44 хувиар өсч байсан махны үнэ тогтворжсон, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буюу бидний ярьж заншсан инфляци 2012 онд байсан 14 хувиасаа буурч 1-2 хувьтай, гурван жилийн дотор 60 мянган өрх, 240 гаруй мянган иргэнийг орон сууцтай болгосон. Нэг үгээр хэлбэл ард иргэддээ татвар нэмж, ачаа үүрүүлээгүй, өргөн хэрэглээнийх нь барааны үнийг огцом ихээр нэмэгдүүлээгүй.
Энэ бүхний өртөг зардлыг Төв банк нь хариуцаад үйл ажиллагааны зардал болгоод явсан. Ажлын хэсгийн хэлж байгаагаар бол төрд учруулсан бодит хохирол болж харагдаж байгаа. Хамгийн гол нь Төв банкийг ийм бодлого явуулахад хүргэсэн улсын төлбөрийн тэнцлийн хямрал даамжирч эдийн засгаа бүхэлд нь сүйрүүлчихээгүй. Энгийн үгээр хэлбэл, 2008-2012 оны хооронд эдийн засаг хамгийн их өсөлттэй 17 хувьтай, гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн бүтээгдэхүүний орлого төсвийн зардлыг 2-3 дахин нэмэгдүүлж тансаглаж байх үедээ улсдаа ч, иргэддээ хуримтлал үүсгээгүйгээс нүүрс зэсний үнэ унахад валютын орж ирдэг урсгалын 90 хувь тасарч, зөвхөн уул уурхайд орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт 3-18-хан сарын дотор 386 сая ам.доллар болтлоо буурснаас Монголбанкны тэнцэлд 6.5 тэрбум ам.долларын хоосон орон зай үүссэнээс улбаалж, Монголбанк эдийн засагтаа мөнгө нийлүүлэхээс аргагүй байдалд орсныг төр өөрөө мартаж болохгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, аж үйлдвэрийн салбарууд гээд валют олдог олон салбартай, салбар бүрт нь гадаадын хөрөнгө оруулагчид байсан бол зөвхөн уул уурхайн салбар доргиход эдийн засаг нь бүхэлдээ ингэж сөхрөхгүй шүү дээ. Тиймээс өнөөдрийн хямралын шалтгааны ойрхон, дөрвөн жилийн хугацаан дахь үйл явдлаас бус холоос харж, шалтгаанаа тодорхойлбол дахин ийм байдалд орохгүй. Тиймээс энэ Засгийн газар одоо төсөв, мөнгөний хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үүргийг хүлээсэн хамгийн хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ л ухаарч, урагшаа харж мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай.
-Тэгж чадах болов уу?
Их л бүрхэг байна. 5.5 их наяд мөнгө гэдэг Чингис бондноос гурав дахин их мөнгө. Үүнийг юунд, яаж зарцуулахаас, нөөц, ордуудаа яаж ашиглахаас хамаарна.
-Буруу бодлогын буруутнаар тэр үед Ардчилсан нам эрх барьж Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон болохоор буруутаад байна гэж харагдаж байна?
– Тийм байна. Тийм учраас л бодит шалтгаанаа харж чадахгүй байна. Н.Золжаргал гэдэг хүн УИХ-аас жил бүр баталж өгсөн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг нь л хэрэгжүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд гарсан алдаа зөрчилүүд тэр хүнд хамааралтай ч юм байна, огт хамааралгүй ч юм байна лээ. Хамааралтайг нь зөв ялгаж дүгнэж, хариуцлагыг нь хүлээлгэе, сонгуульд зориулж, ул суурьгүй хандаж болохгүй л гэдэг байрь суурийг илэрхийлээд байгаа юм.
-Алдагдал үүссэн бас нэг шалтгаан нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноос болсон гээд байгаа. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог юм уу?
-Аж ахуйн нэгжүүдэд нэг ч зээл олгоогүй гэдгийг Монголбанкныхан хэлж байгаа.
-Тэгвэл ямар зээлийг хэлээд байгаа юм бол?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын холбогдох яамд арилжааны банк, Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаас олгосон зээл. Төвбанк Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авч, санхүүжүүлсэн болохоор тэгж ойлгоод байгаа юм.
Үнэ тогтворжуулах, валютын нөөц нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монголбанк Алт хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр, Атрын гуравдугаар аян гээд олон хөтөлбөрүүдийн өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч хэрэгжүүлж, Засгийн газрын үнэт цаасыг санхүүжүүлж, нөөц багассан зарим үед алтны компаниудад авлага үүсгэж, санхүүжилт өгөх шаардлага ч гардаг л байсан. Энэ төрлийн санхүүжилтыг Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон заалттай адилтган үзэж, хуулиар хориглосон ажиллагаа явуулсан гэж хуулийн заалтыг агуулгаар нь биш шууд махчилж, төсөөтэй ойлгон хэрэглэж буруутгах нь учир дутагдалтай. Бодлогын арга хэмжээ, бизнесийн зээл олгох ажиллагаа хоёр зорилго, нөхцөл, хэлбэрийн хувьд тэс өөр зү. Цаашид үүнтэй холбоотой Төв банкны хуулинд тодорхой зохицуулалт нэмэх шаардлага байгаа нь харагдаж байна.
Робот гэж юу байдгийг мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Хэдийгээр бидэнд танил хэдий ч өөрсдөө бүтээдэггүй болохоор дэргэдээс нь харсан хүн ховор. Харин өнгөрсөн хүүхдийн баяраар гурван метртэй робот үзүүлэн тоглолт хийж олны анхаарлыг татав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гурван метр өндөр робот яг л хүн шиг янз бүрийн үйлдэл хийж байна гэдгийг дуулаад яваад очлоо. Хүүхдүүд төдийгүй томчууд тойрч зогсоод үйлдэл бүрийг нь гайхашран сонирхож байна. Роботон дотор хүн орчихсон ажиллуулах ажээ. Нэг ёсондоо робот хүн хоёр хоршчихож. Робот өөрөө дотроо ямар ч хүнийг багтаах хэмжээтэй болохоор хүссэн хүн бүр орж болно. Дотор нь байгаа хүн хөл, гарынхаа хөдөлгөөнийг роботтой холбочихдог болохоор хүссэн үйлдлээ хийх боломжтой ажээ.
Үзүүлбэрийг сонирхохоор ирсэн хүмүүстэй гар барьж мэндчилэхээс авахуулаад үзэгчдийн хөгжөөн даллах, цай хоол авч өгөх гээд янз бүрийн үйлдэл хийж байв. Энэхүү роботыг хүүхдийн баяр болон “КООСЭН-технологийн баяр”-т зориулж Японоос авчирчээ. Зохион бүтээгч Ака Томохиро өөрийн биеэр манайд хүрч ирж бүтээлээ сонирхуулж байгаа юм байна. Тэрээр роботынхоо талаар “Монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай гэж дуулсан. Тиймээс баярынх нь өдөр олон хүүхдэд роботоо танилцуулж зохион бүтээх их хүслийг нь өдөөх гэсэн юм. Миний бүтээсэн энэ робот хүний хөдөлгөөн мэдэрч, зааварчилгаагаар олон янзын даалгавар гүйцэтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, дотор нь байгаа хүний гар хөлийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг учраас бусад хүн хэлбэртэй роботуудын хийж чадахгүй үйлдлийг хийдгээрээ онцлогтой болсон” гэлээ. Тэрээр Японы КООСЭН сургуулийг төгсчээ. Монголд анх удаа ирж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголд болсон “Робокон” тэмцээнд “Монгол КООСЭН” сургуулийн баг дөрөвдүгээр байр эзэлснийг дуулсан гэнэ. Тиймээс оюутан залууст өөрийн бүтээлээ сонирхуулахаар иржээ. Нэг сургуулийн төгсөгчид учраас тэдэнд над шиг хүссэн роботоо бүтээх боломж бий гэж байв.
Уг роботыг бүтээсэн Ака Томохиро өдгөө 28 настай гэнэ. 15 настай байхдаа Японы КООСЭН сургуульд элсэн орж 20 настай байхдаа төгсчээ. КООСЭН сургууль 15 настай хүүхдүүдэд таван жилийн турш инженерийн үндсэн боловсролыг эзэмшүүлдэг. Суралцах хугацаанд инженерийн онолыг дадлагатай хослуулдаг нь тус сургалтын давуу тал гэсэн. Тиймээс ч оюутан залуус 20 нас хүрэхээсээ өмнө цаашид мэргэших салбараа сонгож бүтээн байгуулах ажлаа эхлүүлдэг ажээ. Тэдний нэг нь Ака Томохиро. Тэрээр оюутан байхдаа анхныхаа роботын загварыг зохион бүтээсэн гэнэ. Сургуулийнхаа нэрэмжит “КООСЭН робокон” тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй тул өөрийгөө улам дайчлан хичээсээр илүү хүчирхэг үзүүлэлттэй робот бүтээхээр шулуудсан байна. Улмаар робот зохион бүтээдэг “Скелетоникс” компаниа байгуулжээ. Компаниа хөгжүүлэхийн тулд хамгийн сайн робот хийх ёстой гэж хичээн зүтгэсээр байгаад хийсэн хоёр дахь робот нь дараа жилийнхээ робоконы тэмцээнээс тэргүүн байрын шагнал авчирсан гэнэ. Тэрхүү робот нь хоёр хөл дээрээ явдаг байж. Багш нар нь оюутан Акагийн бүтээсэн роботыг ирээдүйтэй хэмээн магтсан тул улам сайжруулах хэрэгтэй хэмээн бодсоор хүний хөдөлгөөнийг судалж холбоосын механизмыг томруулах технологиор их биетэй аварга робот бүтээх санаагаа олсон байна. Энэхүү аварга робот нь “Скелетоникс” роботын анхны загвар байжээ. Анхны загвараасаа хойш шинэчлэн сайжруулсаар одоогийн байдлаар тав дахь загвараа гаргаад байгаа юм байна. Удахгүй зургаа дахь загвараа гаргах талаар төлөвлөж байгаа хэмээн инженер залуу ярьж байна лээ.
Ака Томохирогоос яагаад робот хийх болсон тухай нь асуухад “Би ер нь юм хийх дуртай хүн. Зүгээр суулгүйгээр аливаа нэгэн зүйл оролдож л суувал аз жаргалтай болчихдог. Бүтээлч байхыг юу юунаас илүүтэй хүсдэг. Бага байхдаа би зураг зурах гэж, урлагийн бүтээл урлах гэж оролддог байсан. 15 настай байхдаа сургуульд орсноор инеженерийн сэтгэхүйтэй болсон гэж боддог юм. 16, 17 настайгаасаа робот зохион бүтээх ажилд шимтдэг болсон” гэв. Ирээдүйд тэрээр роботынхоо загварыг улам бүр сайжруулж бизнесийн чиглэлд түлхүү ашиглана гэж боддог ажээ. Японд байхдаа энд тэнд болж буй үзэсгэлэн худалдаа, олон нийтийн арга хэмжээнд гурван метрийн өндөртэй аварга том роботтойгоо очдог гэнэ. Тэрээр олон хүнийг гайхшруулж, яаж ингэж чаддаг байна гэж хэлэхийг нь сонсохын тулд улам бүр хичээн ажилладаг гэсэн. Нэг ёсондоо өөрийн хийсэн бүтээлээрээ хүмүүсийг гайхшруулах нь түүний мөрөөдөл болжээ. Тэрээр “Загвар сайжрахын хэрээр роботын зах зээл дээрх өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Японд робот бүтээдэг мундаг залуу бий. Тэрээр наймдугаар сард өөрийн роботоо Америкийн зохион бүтээгчийн бүтээсэн роботтой тулалдуулах гэж байгаа. Бооцоотой, халз тулаан болох сураг дуулдаж байна” гэж байлаа. Харин Монголд ирээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ танилцуулсан тухайд “Би Японы үндэсний технологийн хүрээлэнгийн урилгаар Монголд ирсэн. Тус хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа доктор хүүхэд залууст инженерийн ухааныг сурталчлахыг хүссэн юм билээ. Тиймээс би Монголд ирлээ. Харин миний бүтээлийг ямар түвшинд сонирхох бол, залуусын анхаарлыг татаж чадах болов уу гэж бодож байсан. Гэтэл үзүүлбэрийг маш их сонирхсон. Зүгээр нэг сонирхоод өнгөрөх төдий биш хэрхэн яаж бүтээснийг олон хүүхэд асууж байна лээ. Бүр зарим нь технологийн шинэ санаа төрүүлэхүйц зүйл ч асууж байсан. Удахгүй өөрсдөө “Скелетоникс”-оос илүү загвар бүтээх байх” хэмээн ярьсан юм.
Роботын үзүүлбэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баяраа тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдийн анхаарлыг гойд татаж байгаа нь илт. Хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж баяр хүргэн алга ташиж байв. Тал бүрээс нь “Одоо баруун гараа өргө дөө, зүүн гараараа даллаарай” гэхчлэн орилж байв. Бүр зарим нэгэн нь дотор нь сууж өөрөө жолоодож үзэх санал ч гаргаж байв. Ер нь элдэв янзын марзан тоглоомнуудаас илүүтэй иймэрхүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зүйлс хүүхдүүд гэлтгүй томчуудын анхаарлыг татдаг болсон нь анзаарагдаж байв. Робот, тэр дундаа аварга том робот харсан хүүхдүүд “Яваандаа үг хэлж, ярьдаг болох боломж бий юү. “Чаппи” кинон дээрх робот шиг оюун ухаантай болох уу” гэдгийг тодруулахыг хүсч байсан. Харин аав ээжүүд нь иймэрхүү зохион бүтээх төрлийн сургалтууд нэмэгдээсэй, Монголд байдаг уу гэж зохион байгуулагч нараас асууж байв. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь салбарын тэргүүн Ц.Байгалмаа “Иймэрхүү төрлийн инженерийн сэтгэхүйг хөгжүүлэх үзүүлэн тоглолтууд манайд эрэлттэй байгааг анзаарч харж байна. Хүүхдүүд өөрийн нүдээр үзэж харсан зүйлээ дараа нь зохион бүтээхэд хялбар байх болно. Ер нь улс орны хөгжилд инженерийн зөв шийдэл хамгийн их хэрэгтэй” гэж байв. Харин зохион бүтээгч Ака Томохиро “Хүүхдүүд санаанд оромгүй олон зүйл асууж байна. Зарим асуулт миний дараагийн загваруудад биеллээ олохыг үгүйсгэхгүй. Харин Монголын хүүхэд, залууст хандаж хэлэхэд аливаа нэгэн зүйл зохион бүтээхийг үнэхээр их хүсч байвал маш том давуу талтай байна гэсэн үг. Хэдийгээр технологийг нь мэддэг, бүтээх боломж байсан ч гэлээ хүсэлгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс аливаа зүйлд дурлаж, шимтэж байна гэдэг амжилт гаргахын эхлэл шүү” гэсэн юм.
Ака Томохиро цаашид одоогийнхоос илүү хурдан хөдөлгөөнтэй, цэнэгээ удаан хугацаанд барьдаг, илүү уян хөдөлгөөнтэй робот бүтээхийг төлөвлөж байгаа ажээ. Робот хийхдээ голдуу мөнгө олох аргыг бодож зохион бүтээдэг гэсэн. Ер нь Японд робот янз бүрийн төрлөөр хөгжиж байгаа. Гэрийн ажилд тусалдаг, тоос соруулдаг, аяга угаадаг, цонх угаадаг, хувцас эвхдэг роботууд төрөл бүрээрээ бий. Мөн томоохон албан байгууллагад ашигладаг үйлчилгээний роботууд ч байдаг. Харин Ака Томохирогийн хувьд энтертайнмэнт үзүүлбэрт чиглэсэн роботууд зохион бүтээж байгаа юм. Тэрээр “Монголд ирээд тав хоноод буцаж байгаа. Энэ үеэр гэрлэн дохионы системийг сайжруулбал замын хөдөлгөөний ачаалал багасах боломжтой юм байна гэдгийг анзаарсан. Өмнө хэлсэнчлэн монгол хүүхдүүд инженерийн сэтгэлгээ сайтай болохоор тэднийг дэмжээд өгвөл япончуудаас дутахгүй зүйл зохион бүтээж чадна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-Та Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Ямар онцлогтой хуулийн төсөл вэ?
-Манай улс түүхэндээ анх удаа Багшийн хөгжлийн тухай хуультай болох гэж байна. Би боловсролын салбарт чамгүй олон жил ажилласан. Мөн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлж байна. Тиймээс багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг мэднэ. Ерөнхийдөө нийгмийн захиалга бий учраас уг хуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төсөлд багшийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байгаа. Тухайлбал, цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг чухал асуудлыг тусгалаа. Мөн энэ дундаас багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт багшийн мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд суралцах явцдаа дадлагажигч багшаар ажиллах боломжийг олгох, цаашлаад бага, дунд, их дээд сургуулиудад туслах багшийн орон тоог бий болгох саналыг мөн тусгасан.
-Туслах багш гэхээр ямар багшийг хэлэх вэ. Одоо манай боловсролын байгууллагад туслах багш гэсэн ойлголт байхгүй биз дээ?
-Албан ёсоор туслах багш болгож байхгүй. Гэтэл туслах багшийн хэрэгцээ шаардлага маш их байна. Наад захын жишээ болгож ЕБС-ийг аваад үзье л дээ. ЕБС-ийн нэг ангид өнөөдөр дунджаар 45-60 хүүхэд суралцаж байна. Тэр олон хүүхдэд ганцхан багш гэдэг үнэндээ хаанаа ч хүрэлцэхгүй. Хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа учраас туслах багшийг мөн бэлтгэх шаардлагатай. Яагаад гэвэл туслах багш гэдэг багш нарын удирдаж буй хичээлийг тухайн хүүхдүүдэд тохирсон хэлбэрээр хүргэх суваг гэж ойлгож болно. Ингэж байж бидний нөгөө хүсээд байдаг мэдлэгийг үйлдвэрлэдэг түүнийгээ баялаг болгодог оюутан байхдаа ажлаа олж авдаг ийм тогтолцоо бүрдэх юм. Түүнээс биш зөвхөн академик боловсрол олгоод, зөвхөн багш лекц уншдаг байдлаар бид цаашдаа хол явахгүй болов уу.
-Уг хуулийн төсөлд нийгмийн асуудлыг шийднэ гэсэн. Тэгэхээр багш нарын цалин өөрчлөгдөж байгаа юу?
-Багш нар сардаа 480 мянган төгрөг гар дээрээ авч байгаа. Түүгээр амьдралаа залгуулаад явна гэдэг хүнд шүү дээ. Багш нарын зэрэг, цалингийн шатлал нэмэгдэхгүй л бол цалин нь нэмэгдэхэд хүнд. Манай багш нар таван жил болж байж зэрэг ахидаг байх жишээтэй. Гэтэл 480 мянган төгрөгийн цалинтай багш, амьдралаа авч явахын зэрэгцээ нэмэлт төлбөр төлөөд зэргээ дээшлүүлнэ гэдэг үнэхээр бэрх асуудал. Тиймээс амжилтаар цалинг нь нэмдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал тухайн багш чадварлаг л бол зэрэг ахиагүй байсан ч 22 настайдаа багш болоод 24 настайдаа амжилт гаргаад үнэлэгдэж өндөр цалин авдаг болно гэсэн үг. Гэтэл одоо амьдрал дээр мундаг амжилт гаргасан багш нарын цалинг нэмэх гэхээр зэрэг, шатлал нь ахиагүй байх жишээтэй. Тэгэхээр үнэхээр тухайн багшийн хүүхдүүд амжилт гаргаад, сурагчид болон эцэг, эхийн сэтгэл ханамж өндөр байгаад, багшийн идэвх санаачилга сайн байгаад тэр хэрээрээ багшийн цалин нэмэгддэг байвал гүйцэтгэлээрээ цалин авдаг болох учир тэр багшийн ажиллах эрч хүч, эрмэлзэл ч өндөр байна. Үр дүнд нь чанартай багш нар олон болох болно. Энэ мэт багшийн хөгжих хөшүүргүүдийг хийж өгөх талаар тусгасан зүйл олон байгаа. Ажил хийвэл ам тосдоно гэдэг л зарчим. Гэтэл өнөөгийн манай системд хэн нь сайн, хэн нь муу ажиллаж байгаагаас үл хамаарч яг л ижил тэнцүү цалин өгчихдөг. Дэлхийн стандарт юу байдаг вэ гэхээр нэг сая төгрөг байлаа гэхэд сайн ажилласанд нь 800 мянган төгрөг, мууд нь 200 мянган төгрөг өгдөг тийм л тогтолцоотой. Ингээд ирэхээр багш нар 800 мянган төгрөг авахын тулд тийм хэмжээний үр дүн гаргадаг. Өнөөдөр таван жил болж байж л цалин нэмдэг тогтолцооноос болоод багш нар өдрийг зүгээр цаг өнгөрөөх байдлаар л аргацааж байх жишээтэй. Тиймээс ажлын гүйцэтгэлийг нь үнэлдэг болъё гэж байгаа юм. Ингэж чадвал цалингийн систем өөр түвшинд очно. Тиймээс энэ хуульд багшийн ур чадвараас хамаарч цалин урамшуулал тооцдог системд шилжихээр зааж өгч байгаа.
-Цалингаас өөр нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Багш нарын нийгмийн олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Багш нараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулдаг болгох, багшийн хүүхдийг цэцэрлэгт хамгийн түрүүнд бүртгээд авчихдаг байх, багш нараасаа сонгон шалгаруулаад магистр, докторын сургалтад тэтгэлгээр явуулдаг болж яагаад болохгүй гэж. Төрийн албан хаагчийн хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах зэргээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлага байна. Орон сууцжуулах хөтөлбөрт багш нарыг хамгийн түрүүнд хамруулж болох юм. Энэ тал дээр Нийслэлийн удирдлагууд санаачилга гаргаад “Багш хөгжлийн форум”-ын үеэр “Нийслэлийн хэмжээнд багшийн хөгжил-2017. Улаанбаатарын тунхаглал”-ыг батлахаар болсон нь үнэхээр сайшаалтай. Дээрээс нь бид зөвхөн Багшийн хөгжлийн хуулиар зогсохгүй холбогдох бусад хууль тогтоомжид багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх заалтуудыг тусгаад явж байна. Яваандаа багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Яаж нэмэгдүүлнэ гэж?
-Ер нь ирээдүйд манай улс багшгүй болох аюул ойрхон байх шиг. Яагаад гэвэл мэргэжлийнх нь үнэ цэнэ унаад байна. Энэ хуулийн хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан. Тус судалгаанд нийт 1852 хүүхэд хамрагдсанаас ердөө 2.9 хувь нь л багш болно гэсэн байна лээ. Гэтэл урлаг соёлын мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүд 27 хувийг эзэлж байх жишээтэй. Үүнээс юу харагдаж байна гэхээр хүүхдүүдийн дунд “Яг түүн шиг шоу”-ны оролцогч Т.Бархүү шиг болбол би гурван сая төгрөг авах юм байна, харин багш болбол бага цалинтай, сайнгүй амьдрах юм байна гэдэг ойлголт яваад байна. Тиймээс хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байна. Үгүй бол сүүлийн үед хүүхдүүд нийгэмд нэр хүнд нь уначихсан учир багш мэргэжлийг сонгохоо болиод байгаа. Хөдөө орон нутгийн дунд сургуулиуд эхнээсээ багшгүй болоод эхэлж байна шүү дээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбар ямар ч уялдаа холбоогүй болчихоод байгаа. Адаглаад математикийн багш хэд хэрэгтэй байгаа юм бэ гэхэд тоо баримт байхгүй л байна шүү дээ. Тусгай хэрэгцээт сургуулиудаар очоод үзэхэд мэргэжлийн согог зүйч багш хуруу дарам цөөн байна. Араас нь бэлтгэгдэж байгаа мэргэжлийн залгамж халаа гэж алга. Яагаад гэвэл тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж, байгаа багш нарыг дэмжих тогтолцоо байхгүй. Ер нь хүн хаана ажиллаж амьдрах таатай орчин байна тийшээ л явдаг. Тэгэхээр багш нарын хувьд тийм орчин нь алга. Шаардлагатай мэргэжлийг нь эзэмшүүлэхэд төр бодлогоор дэмжиж чаддаггүй. Тэгэхээр энэ хууль гарснаар төр өөрөө захиалгаа өгөөд, Багшийн их сургууль босго давсан өндөр оноотой хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг, төгсөөд гарахад нь тэр аймгийн тэр суманд оч гээд томилдог, тэнд нь ажиллаж, амьдрах таатай орчин нь бүрдчихсэн байх тийм л боломжийг бий болгоход чиглэж байгаа.
-Уг асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг л байсан. Гэтэл бодитой ажил хэрэг болгож чадахгүй байгаагийн учир юу вэ?
-Монгол Улс түүхэндээ боловсролын салбарын олон хууль, хөтөлбөр санаачилсан байдаг. 1995 оны Багшийн хөгжлийн бодлогод багшийн хөгжлийн талаар ярьж байсан. 2015 оны Засгийн газрын 304 дүгээр тогтоолд ч энэ талаар бас л заасан байна. Гэтэл бодитоор хэрэгжсэн зүйл алга. Эцэст нь бид ямар ч байсан бие даасан хуультай болох ёстой гэдэгтэй санал нэгдсэн нь өөрөө маш чухал. Хууль эрх зүйн хүрээнд баталгаатай болж байж багш нарын нийгэм дэх үнэ цэнэ өсч эцэг эхчүүд хүртэл багш нарыг хүндэлдэг болно. Өнөөдөр манай орчин цагийн хүүхдүүд тун хэцүү цаг үед амьдарч байна. Энэ их мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгцээтэй мэдээллийг олж авна гэдэг тун хэцүү болчихсон. Ийм чадварыг барууны орнууд эрэлхийлж байсан одоо ч эрэлхийлсээр байгаа. Цахим орчны энэ хурдтай хөгжлийн шуурганд өсвөр насныхныг яах вэ гэдэгт хамгийн их санаа зовдог. Гэхдээ тэд нэг гарц олсон нь хүүхдүүдэд шүүмжлэн эргэцүүлэх чадварыг олгосон. Энэ нь ямар чадвар гэхээр тэр их мэдээллээс яг аль нь зөв бэ гэдэг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар. Үүнийг боловсролын системдээ суулгаж өгсөн. Тиймдээ ч барууны оронд манай сурагчид, оюутнууд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай гэж тайлбарладаг. Тэр нь явсаар байгаад сэтгэл гэдэг хүний дотоод мөн чанартай холбогддог. Япон залуус гэхэд аливаа зүйлд ач холбогдол өгдөг юманд чин сэтгэлээсээ ханддаг боловсролтой байх жишээний. Үүгээр нь тэднийг хэмждэг.
-Хуулийн төсөл батлагдчихвал багш нарыг дэмжих тал дээр ямар бодит байдал бий болох вэ?
-Энэ хуулиар их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, ерөнхий боловсролын сургуулиуд бүгдээрээ багш хөгжлийн төвтэй болно. Энэ нь ямар ашиг тустай институт вэ гэхээр багш нарыг мэдээлэл, судлагдахуун, материал тоног төхөөрөмж бүхий баазаар хангадаг тийм төв гэсэн үг. Тэнд мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрөөр хангах, сургалтыг зохион байгуулах ажлыг багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь хийдэг багш хөгжлийн төвдөө давтан сурдаг тийм тогтолцоо юм. Үүний учир нь хөгжсөн багш л өөрөө хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр багш нарын хөгжил үнэхээр доогуур байна. Ганцхан жишээ гэхэд одоогийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ердөө 22 багш доктор хамгаалсан байна. Бүр тодруулбал, Монгол Улсад нийт 48577 орчим багш байгаагаас ЕБС-ийн 28889 багш бий. Боловсролын зэргээр нь ангилбал 22 доктор, 3350 магистр, 1790 бакалавр байх жишээтэй. Үлдсэн нь дипломтой багш нар болчихоод байна. Тиймээс хууль эрхзүйн зөв системтэй болж байж багш нарыгаа чадавхжуулна.
“Өдрийн сонин”-ы 2017.05.24-ний ЛХАГВА гаригийн №116(5683) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-уиХ-аар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг хэлэлцүүлэх явцад эсэргүүцэх гишүүн нэлээн гарсан. гэхдээ хэлэлцэж буй хуулийг биш таныг эсэргүүцэж байна уу даа гэж харагдаж байна лээ. Юунаас болж таны эсрэг уур амьсгал бүрдсэн юм бэ?
-Би нэг л зүйл хэлье. Хамгийн амархан ажил бол юу ч хийхгүй, хүн шүүмжлэх шүү дээ. Тэр ажлыг манай зарим нэг гишүүн их сайн хийх юм. Хүн шүүмжилж, доромжилж буйгаараа өөрийнхөө тойргийнхонд ажил хийж байгаа мэт харагддаг бололтой. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүний бүгдэд хууль санаачлах эрх байгаа. УИХ-аар батлагдах гэж байгаа бүх хуульд өөрийн саналаа оруулах, зарчмын зөрүүтэй санал хураалгах эрхтэй. Хуралдаж байгаа бүх Байнгын хорооны хуралд оролцож саналаа хэлж болдог. Тийм учраас ажил хийдэггүй, хов ярьдаг хүмүүсийн өмнөөс тайлбар хийх шаардлага надад байхгүй.
-Таны оруулж ирсэн хуулийн төслийг шүүмжлэх асуудал бас байгаа. “Х.нямбаатарыг ямар хуульч гэдэг юм” гэж хэлсэн гишүүн ч байгаа. Та ер нь ямар сургууль төгсөж энэ чиглэлээр хаана, хэдэн жил ажилласан юм бэ?
-Би 2000 онд “Орхон” их сургуулийг төгссөн. Тэрнээс хойш хуучнаар Цагдаагийн академи төгссөн. Хууль зүйн ухааны магистр, Боловсрол судлалын магистр зэрэгтэй. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, хуульчдын холбооны гэрчилгээтэй. Гэлээ гээд шүүмжилж, доромжлоод байгаа хүмүүст очиж шалгуулалтай биш дээ. Ямартай ч энэ салбарт 17 жил тасралтгүй ажиллаж байна.
Сургуулиа төгссөнөөс хойш би гурван ажил хийсэн. Багшилсан, өмгөөлөл хийсэн, нутгийн захиргааны байгууллагад ажилласан. Миний мэдлэг боловсролд эргэлзээд байгаа бол янз бүрийн шалгадаг байгууллагад матаас бичээд шалгуулж болно. Хоёрдугаарт гэвэл, би таны хэлсэн хуулийн төслүүд дээр ганцаараа ажиллаагүй. Хууль зүйн салбарын 40 орчим эрдэмтэн, мэргэд, судлаачид, практик ажил хийдэг хүмүүстэй хамтарч гаргаж ирсэн хуулийн төсөл. Би дахиад хэлчихье. Хуулиа уншаагүй байж дээгүүр харж хүн шүүмжилдэг хүн бүрт тайлбар өгөөд явах зав алга. Тэгээд ч монгол ардын зүйр үг бий. Хуцаж буй нохой болгон руу чулуу шидээд ч яахав дээ. Хүрэх газраа хүрч чадахгүй болчихно биз дээ.
-Хуулийн ямар заалтаас болж таныг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Яг ямар заалтаас болж шүүмжлээд байна вэ гэхээр юм хэлдэггүй. Хэрэв болохгүй, эсхүл буруу заалт ороод ирсэн бол тэрийг хэлэлцүүлгийн шатанд засаад явах боломж бий. Гэтэл тодорхой заалт ярьж байгаа хүн байдаггүй. О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах гэх заалтыг аваад хаячихлаа гэж нэг хэсэг дөвчигнөсөн. Мансууруулах бодистой тэмцэх тэмцэл үгүй болчихлоо гэж бас ярьсан. Гэтэл тэр хүн өнгөрсөн дөрвөн жилд өөрөө тэр хуулийг баталсан биз дээ. Би тэр үед парламентийн гишүүн байгаагүй. Санаж, сэрдэг бол хоёр жил гаруйн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нээлттэй байсан. Гэхдээ яахав дээ, ингэж ажил хийж буй хүнийг шүүмжлэх нь байдаг л зүй тогтол шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр л эрх барьж буй намыг муухай харагдуулахын тулд юугаар ч хамаагүй сенсаацладаг үзэгдлийн нэг гэж харж байгаа.
-Гэхдээ танай намынхан чинь тан руу дайрсан биз дээ?
-Шүүхээс буцна, буцахгүй гэх асуудал маргаан дагуулсан. Тэрийг Ардчилсан намын бүлгээс гаргаж ирсэн. Гэтэл тэд өөрсдөө өнгөрсөн УИХ-ын үед баталсан байдаг. Нэг ёсондоо өөрсдийнхөө баталсан хуулийн эсрэг зүйл л яриад байгаа юм. М.Билэгт гишүүн намайг албан тушаалын хэргийг хохиролтой болгож байна гэж шүүмжилсэн. Одоо тэр хууль баталсан учраас www.legalinfo.mn цахим хуудсанд тавигдана. Тэр үед нь хараарай. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт хохиролтой хэдэн хэрэг байна, хохиролгүй хэдэн хэрэг байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий. Сонссон болгон үнэн биш. Хуулиа унших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Гэхдээ над руу биш, эрх барьж буй нам руу л дайрч байгаа хэлбэр болов уу. Хэдэн нөхөд нийлчихээд дороо коммент бичдэг хөлсний хүн цалинжуулаад өдөр бүр дайраад л байх шиг байна. Тэд нь дандаа гүтгэлгийн мэдээлэл тараадаг. Би харин тийм хүмүүсийг ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэж бодож байгаа.
-Ямар хүмүүс вэ?
-DMNN гэж фэйсбүүкийн хуудас байгаа. Тэнд миний талаар маш олон удаа гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан. “Танхай эмээ” гээд хуудас бас бий. Гэхчлэн хэд хэдэн хуудсыг шалгуулна. Ер нь тэгээд зургадугаар сарын 1 гэхэд хаврын чуулганы эхэнд батлагдсан хуулиуд www.legalinfo.mn цахим хуудсанд нийтлэгдчихнэ. Тэр үед хуулиа харна биз. Буруутгаж байгаа зүйл байгаа бол хуулиа эхэлж харчихаад маргалдаж болно. Тийм эрх нь нээлттэй. Би нийгэмд шударга ёс тогтоосой, дэг журам тогтоосой гэдэг үүднээс л ярьж, ажиллаж байна. Түүнээс биш өмнөх УИХ-ын үед Ардчилсан намынхан баталсан шиг авлигачдыг өршөөсөн хуулийн төсөл санаачлаагүй. Харин нарийн яривал ноцтой ярих зүйл бий. Тэдний баталсан хуулийн балгаас болж өнөөдөр Монгол Улс хар жагсаалтад орчихсон яваа. Яагаад тэрийг ярихгүй байгаа юм бэ. Авлигаар 33 их наяд төгрөг зувчуулсан хүмүүсийг бүгдийг нь уучилж, өршөөсөн. Тэрнээс болж Монгол Улсыг хар жагсаалтад оруулах шийдэл гарах гээд байна.
-Гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй байгаад байсан. Ямар өөрчлөлт орсон юм бэ гэхээр та хувийн хуудсандаа байршуулсан гэдэг. Таны хувийн хуудас гэж www.parliament.mn дээрх хуудас мөн үү?
-Гишүүн бүрт ipad тарааж өгсөн. Дотоод сүлжээгээр дамжуулж хэлэлцэж буй бүх хуулийн төслийг ipad руу нь явуулдаг. Мөн цаасан хэлбэрээр тарааж өгдөг. Өөрсдөө тэрийг уншаагүй байна гэдэг бол тухайн хүний л асуудал. Хууль тогтоомжийн хуулийг би хоёрдугаар сард санаачилсан. Санаачилсан хуулийн төслөө өөрийнхөө цахим хуудсанд байршуулаад хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан шүү дээ.
-Ер нь гишүүд өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдээ бусдадаа хэрхэн түгээдэг юм бэ?
-Засгийн газар, УИХ-аас өргөн барьсан бүх хуулийн төсөл бүх гишүүнд цаасаар очдог. Мөн ipad-нд очиж байгаа. Өөрсдөө уншихгүй л байгаа байхгүй юу. Бүгд тийм биш л дээ. Гэхдээ бэлдээд өгсөн хуулийн төслийг уншдаггүй, судалдаггүй гишүүд бий. Ажил хийж байгаа хүнийг шүүмжилдгийг ойлгохгүй юм.
-Таныг бас залуу гишүүн учраас Засгийн газрын гар хөл болоод байна уу гэх хардлага яваад байгаа. Уг нь УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой биз дээ?
-Нэгдүгээрт, Засгийн газрын гар хөл болсон зүйл байхгүй. Хоёрдугаарт гэвэл би УИХ-ыг оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага гэж бодохгүй байна. Адилхан ард түмнээс сонгогдож мандатаа авсан хүмүүс. Үндсэн ажил нь хов ярих биш, хууль санаачилж батлуулах. Тэр утгаараа асуудалд хандах ёстой. УИХ-ын гишүүний өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй. Тиймээс гишүүд энэ ажлаа хийгээсэй.
-Та хаврын чуулганы үлдсэн хугацаанд ямар хуулийн төсөл оруулж ирэх вэ?
-Боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иргэдээсээ санал авахаар өөрийн хуудсандаа байршуулсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд байрлуулсан байгаа.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна. Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэрэл төрөл нэмсэн. Үхэв”, “Хууль зөөлөрсөн гэж О.Баацанхүүгийн үг нь хар тамхи тат гэсэн уриалга юм”, “О.Баацанхүү шиг хуулийг уншдаггүй ордны ховоор ам хийдэг хүмүүсийн хоморгонд автаж хэрэгт орж болохгүй шүү залуусаа, “Өмнөх хуулиар мансуурсан этгээдэд ямар ч хариуцлага тооцдоггүй өртсөн донтогч гэх ойлголт үгүй болж ял шийтгэл оноодог болсон”, “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй дээ” гэж жиргэжээ. Бүх ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрийг Баацанхүү болгон нийтийн сүлжээгээр доромжилж байгаа нь энэ. Монгол Улсын төрийн түшээ хүнийг бидний удирдагчдын нэг болсон дэд сайд Б.Цогтгэрэл ийн хэлж байгаа нь ёс суртахуунтай хэрэг үү. Төрийн шатлалаар Б.Цогтгэрэлийн шууд дарга нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн. Бусдыг ингэж доромжилсных нь төлөө уучлал гуй гэж МАН-ын бусад гишүүд нь энэ хүндээ хэлж, зөвлөдөг болов уу. Төрийн сайд хүн ийм болчимгүй зан гаргаж болохгүй. Та нар бод доо, социализмын үеийн Зам, тээврийн яамны орлогч сайд Б.Лувсан гуай тэр үеийн Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав гуайг ийм байдлаар доромжилбол яах байсан бол гэж. Улс төрийн товчооны гишүүнийг орлогч сайд хүн тухайн үеийнхээ сонин хэвлэлээр янз бүрээр доромжилсон байна гээд бодох гэхээр ухаан санаанд ч багтахгүй юм. Хэрэвзээ тийм зүйл болдог юм бол орлогч сайд Б.Лувсан гуайг шууд Шар хадны галзуугийн хурцын тасаг руу явуулах байсан биз. Тэр хүний сэтгэц нь хэвийн биш байна гэж үзээд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Харин өнөөгийн нийгэмд төрийн албан тушаал хашиж буй дэд сайд хүн ийм ёс зүйгүй авир гаргалаа. Монгол Улсын төрт ёсны тэр үеийн байдал одоо үеийнхээс ямар ч ялгаагүй. Зэрэг дэв, захирах, захирагдах, эх орныхоо төлөө зүтгэх, ард түмний өмнө хариуцлагатай байх, үлгэр жишээ үзүүлэх, төрийг хүндлэх энэ бүх ёс журам яг хэвээрээ байх ёстой. Гэтэл дэд сайд Б.Цогтгэрэл монгол төрийг ийн бүдүүлгээр доромжиллоо. Нэг ёсондоо бохирдуулж байна. Магадгүй дэд сайд Б.Цогтгэрэл үзэл бодлоо илэрхийлсэн нь ардчилал гэж бодож байж болох юм. Тэгвэл үүнд ардчилал ямар ч хамаагүй. Бид ардчиллын хүчинд аливаа асуудлыг, хүнийг ил тод шүүмжлэх эрхтэй болсон нь үнэн. Гэхдээ доромжлох эрх хэнд ч байхгүй. Ингэж ардчиллын нэр барьж доромжлохыг анархизм гэдэг. Хэрвээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай ярих гэж байгаа бол ардчиллыг гуйвуулсан хэрэг болно. Монгол төрийг ингэж бохирдуулж хүчгүйдүүлэх нь санаатай юу, эсхүл санаандгүй үйлдэл үү. Ийм хүн монгол төрд ажиллаж болох уу, үгүй юу гэдгийг томилсон улс нь эргэж хэлэлцэх цаг нь болжээ.