Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сайхан” өвчин ба цаг хугацаа

…Монголчууд муухай болоод байгаа юм биш, харин бид муухай муухай юм бишгүйтэй гэдгээ л таньж байгаа юм.

Өөрсдийгөө “Оюун санаа бие бялдрын хувьд тэгш боловсорч буй социалист байгуулалтын гишүүд” хэмээн ойлгож байсан цаг саяхан. Хүний нийгмийн хаана ч таарч болох алдаа эндлийг ч сонин байдлаар тайлбарлаж байв. Социалист нийгмийн гишүүн хулгайч байж таарахгүй, ийм учраас бусдын гээгээгүй юмыг олсон этгээд бол өнгөрсөн нийгмийн үлдэгдэл болж таарна. Ингээд хулгай худалтай хийх тэмцлээ “өнгөрсөн нийгмийн хоцрогдолтой хийж буй дайн” хэмээн таниулна. “Ямар ч худал үгийг зуу давтахад үнэн юм шиг санагдана” гэгчийн үлгэрээр нийгмээрээ хүний хайлан болоод ч байгаа аятай сэтгэгдэл төрөх болжээ.

…Хоёр хүчирхэг гүрний дунд тусгаар тогтнолоо алдан, олон явж ирсэн цөөхөн монголчуудад урам зориг ундраагч дотоод хөдөлгүүр болсон үзэл санаа хэрэгтэй байжээ. Тэр үзэл санаа нь бодит амьдрал дээрх тэгш бус байдлыг өөрчлөн төсөөлүүлж, тусгаар тогтнолын үзэл санааг нь мөнхөд тэжээх учиртай байсан ажгуу.

Чухам ийм үзэл санааны ачаар, харийн эрхшээлд байсан он жилүүдэд ч өөрсдийгөө унтаж байгаа арслан, түр зуур муужирсан баатар эрээр төсөөлөн санаж байж. Төсөөлөл, итгэл үнэмшил нь тусгаар тогтнол эрх чөлөөний үл унтрах бамбар болон дүрэлзсээр ирсэн байж ч магад бөлгөө.

ХХ зууны эхэн хүртэл Чингис хааны суу алдар, “Халхын заяа их юм гэнэ лээ” гэсэн итгэл найдвар, Орос газар сууж, Манжийг дарах боломжит цагийг “түм наслан” хүлээж буй Амарсанаа вангийн домог энэ тэрээр дамжин тэрхүү үл унтрах бамбар асч байлаа.

Харин ХХ зуунд тусгаар тогтнолоо сэргээн, иргэншин суурьшиж, түүнийхээ төлбөрт зөвлөлт маягийн коммунист улс байгуулах явцад “Бид өрнөдийн маягаар хөгжиж байгаа, Бид Хятадаас ялгаатай өрнөдийн орон болно. Энэ нь бидний тусгаар тогтнол, бусдад үл автах байдлын баталгаа” гэсэн итгэл бий болжээ.

Яг ямар учиртай, үнэн хэрэгтээ бодитой эсэх нь эргэлзээтэй “социалист нийгмийн гишүүн”, “өв тэгш коммунист хүн” зэрэг нь “бид оньсон техник эзэмшсэн европынхны дайтай хүн болж, тэр хэрээрээ улс орон маань Европын улс шиг хүчтэй болно” гэсэн итгэл найдварын илэрхийлэл байв.

Гэтэл ерээд оны ардчилал, шилжилтийн үе эхэлж хуучин систем өнгөрсөн үеийн итгэл үнэмшил хамтдаа нуран уналаа. Жаргаагч коммунизм, өв тэгш социалист хүний үлгэр ч өндөрлөв. Живж буй хүн зэгс шүүрдгийн адилаар монголчууд эрхэм дээд үзэл санааны хөтөч тэмтэрлээ.

Төдөн жил болоод коммунизмд орж, тэгээд нийгмийн баялгаас хүссэнээрээ хүртэн жаргах баримжаагаар өдөр хоногийн хүнд бэрхийг юманд бодохгүй давж явсан үндэстэн мөрөөдөлгүй болчихлоо. Тийм сайхан, тийм гоё болно гэж найдах юм байхгүй болохоор “тийм лут байсан” гэх гайгүй дурсамж руугаа эрэл хайгуулаа чиглүүлэв. Аз болоход тийм юм байж таарав.

Чингисийн удам, бурханаас монгол хүнийг онцгойлон тэмдэглэсэн “хөх толбо” зэрэг “үзэл суртал” ингэж эхлэв. Хүсвэл дэлхийг эзэлж чаддаг үндэстний удам, бурханаас заасан тэмдэгтэй улс үндэстнийг сайхан ирээдүй хүлээж таарна. Ийм “шилмэл” үндэстэнд дахин Бээжингийн хараат байх, эргээд Зөвлөлтийн дагуул болох заяа давтагдах учиргүй байж таарна.

Ийнхүү, ялангуяа сүүлийн зуун жилд монголчуудыг дараалан өвчлүүлсэн хоёр том хийрхэл нь маш их учир утгатай “өвчин” болж таарсан юм. Энэ “өвчин” монголчуудыг сэтгэл санаагаар туйлдахаас хамгаалсан дархлаа, хямран доройтох үеийн итгэл найдвар болж байсан юм.

Гэвч энэхүү “авралт өвчин”-үүдийн сүүдэр талд үнэхээр ч дутагдалгүй, төгс үндэстэн аятай гэнэн итгэл, хуурмаг үнэмшил үлджээ. Тэрнээсээ болоод хүний хорвоогийн сүүдэр болсон хулгай луйвар, заль мэх, харгис зан чанараа өөр юм руу чихэж, өөрийгөө зөвтгөж сурсан байна. Эсвэл түүнийгээ эх оронч үзэл, ард түмнээ хайрлах хайраар хучин зальдаж сурчээ. Бүр арга бараад ирэхээр өлсөхийн эрхэнд хулгай хийсэн, эх орноо хайрлахын эрхэнд рэкээтэлсэн, улс үндэстнээ гэх сэтгэлээ барьж дийлэлгүй дээрэмдсэн болгон тайлбарлана.

Ер бусын монголчууд хулгайч, луйварчин, дээрэмчин тэр байтугай ерийн шуналтай этгээд байж таарахгүй учраас зээлээ төлөхөөс зугтаагч бус өглөг тараагч, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөгч бус харийн түрэмгийлэгчээс хамгаалагч, авлигач хулгайч бус шударга бус хуваарилалттай тэмцэгч болж байгаа хэрэг.

Ийм гарц олж чадалгүй хулгай баригдсан, дээрэм дээрээ гардуулсан нэгнээ гайхаж “Монгол хүний чанар муудлаа”, “Хэзээд муухай юм хийж байлаа, бид” хэмээн гайхаж байна.

Монгол хүн муу болоогүй. Харин бусадтай л адилхан муу болохоо таньж байгаа хэрэг. Бусадтай адилхан муутай байгаа хойно, бусад шигээ сайнтай байх нь дамжиггүй.

Өөрсдийгөө жинхэнээр нь харах хэрэгтэй цаг иржээ. Зурвас зурвас цаг үеүдэд хэрэг болж байсан “өвчин” эмгэгээсээ салах цаг. Яаж ч хэрэг болсон байлаа гээд сайхан өвчин гэж байх биш дээ. Гэнэтхэн мухар олгой нь үрэвссэнээс болоод сүйрэх учиртай онгоцноос хоцорсон явдал байж болох ч уг өвчин аминд ээлтэй гэсэн үг биш билээ, тийм үү?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрвээ ажлыг сайжруулснаар нь үнэлдэг бол?

Монгол Улсын хүний гавьяат эмч Зэвэгийн Мэндсайхантай хийсэн ярилцлага.


-Мэндээ эмч ажлаа өгчээ. Халагдах өргөдлөө өөрөө өгсөн байх юм. Хална гэхээр үгүй гэж зүтгээд, шүүхдээд эргэж томилогдоод, ядаж ажилгүй үеийнхээ цалинг нөхөж аваад байдаг болсон “сайхан” цагт яасан сонин явдал вэ гэж…

-Цэргийн албанд байтал Сайдын зөвлөл ажлын тайлан хэлэлцэнэ гэж дуудлаа. Уул нь тайлан хэлэлцэнэ гэдэг нь тодорхой хугацаатай, өөрийн дүрэм журамтай эд. За энэ ч яахав гээд чөлөө аваад очлоо.

-Галзуурахад ч дэс дараа байдаг гэгчээр тайланд хугацаа байдаг гэдгийг ойлгож байна. Харин өдий насны хүн “цэргийн алба ч гэх шиг”, “чөлөө аваад ч гэх шиг” юу ярьчихаваа.

-Би армид алба хааж байгаад бэлтгэлээр халагдсан ахлах офицер, өнөөдрийн байдлаар бэлтгэл хурандаа хүн л дээ. Монгол Улсын хуулиар дуудсан цагт бэлхэн байж, цугларалтад очих үүрэгтэй. Энэ л үүргийнхээ хүрээнд цугларалтад дуудагдан татагдаад байтал Сайд дуудсан. Эрхбиш энх цаг юм хойно чөлөө аваад очсон хэрэг. Гэтэл эмнэлгүүдийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэдэг юмаа хэлэлцээд хамгийн муу үнэлгээтэй хоёр эмнэлгийн тоонд манайхыг оруулаад ирлээ. Ингэнгүүт л “За өнөө гуя дагуулж хүзүү зарна” гэгч л болж байна гэж бодогдоод суулаа. Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлөн Сайдын зөвлөлд нэг гишүүн асууж байна аа -“Энэ үнэлгээнд мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаг уу?” гэж. Яамны Хяналт үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунсүрэн гээч охин: “Мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаггүй” гэж тууж байна. Би тун их гайхаж суулаа. Мэргэжлийн хяналтын агентлагаас эмнэлгүүдийн чиглэлээр явуулж байгаа чанарын хяналтын үйл ажиллагааг яам нь байгууллагуудынхаа ажлыг дүгнэхэд хэрэглэхгүй юм бол яах гэж энэ том агентлаг байгаа юм бол гэсэн асуулт гарна.

Олоон жилийн өмнөөс яамдууд харьяа байгууллагуудаа үнэлэх дүгнэх нь өрөөсгөл субъектив хандлагатай байна гээд улс төрийн шийдвэр гарч хөндлөнгийн үнэлгээ шалгалт хийж байхаар Улсын мэргэжлийн хяналтын газар гэх энэ том агентлагийг байгуулаагүй бил үү? Эмнэлгүүдийнхээ магадлан итгэмжлэлийн дүнг ч бас харгалздаггүй байх нь гэсэн шүү юм бодож суулаа. Сайдын зөвлөлийн бас нэг гишүүн асууж байна аа. Жилийн өмнө гэмтлийн эмнэлгийн удирдлага хэд хэд солигдоод яаж хямарч байлаа. Гэтэл жил гаруйхан хугацааны дараа тогтворжиж эхэлж байна. Тэгэхээр энэ байгууллагыг тогтвортой ажиллаж байсан бусад том, бага байгууллагуудтай “нэг шүүр”-ээр үнэлж болж байгаа юм уу? гэхчилэн асуусан боловч олигтой хариулт хэн нь ч өгч чадсангүй. Том, бага аливаа эмнэлгийн гол ажил нь эмчилгээ, үйлчилгээний ахиц дэвшил.Үүний түвшинг Мэргэжлийн хяналтын агентлаг болон эмнэлгүүдийн магадлан итгэмжлэлийн дүнгээр тогтоодог. Магадлан итгэмжлэл нь ирж үзээд дөрвөн жилдээ ажил үүргээ дажгүй гүйцэтгэнэ гэсэн үнэлгээ өгөөд удаагүй байдаг. Ер нь олон улсын практикт энэ магадлан итгэмжлэл гэдгээр үнэлэгдсэн байвал уг байгууллагад гадаад, дотоодын аль ч хэрэглэгч итгэлтэй хандаж болно гэсэн үг л дээ. Нэг, хоёр жилээр эргэж үзэхээр хугацаа өгвөл энэ байгууллага бас жаахан “но”той засч сайжруулах юмтай л гэсэн үг. Бас л нэг хөндлөнгийн үнэлгээний хэлбэр. Эмнэлгийн ажлын үзүүлэлт нь хоног болоогүй нас баралт, хэвтсэн өвчтөний тоо, сайжирсан, нас барсан өвчтөний тоо, дундаж ор хоног, орны эргэлт гээд дэлхийн стандарт болсон өдий төдий статистик үзүүлэлт нь гэмтлийн эмнэлгийн хувьд ноднингийн эхний хагас жилээс сайжирч гарсан байдаг. Гэтэл энэ гол үзүүлэлтээ харгалздаггүй юм байна. Тэгээд эдгээр ажлыг нь “монитор”-дож байдаг мэргэжлийн хяналтын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн үнэлгээгүйгээр дүгнэнэ гэж байх уу? Тэгээд л зориуд зохион байгуулалттайгаар миний эсрэг хийж байгаа ажил болох нь ойлгомжтой болж ирлээ. Гаргасан үндэслэл нь бүтэмжгүй болоод ирэхээр “манлайлал” энэ тэр гэж хүртэл ярьсан…

-Ажил бол сайн байсан гэх гээд байна уу?

-Хэрвээ эмнэлгийн ажлыг нас баралт, эндэгдлийн тоо мэтийн дээрх үзүүлэлтүүдээр үнэлсэн бол энэ хамт олны ажил сайн байсан. Энэ тоог хаанаас ч харж болно.Энэ жил гаруйн хугацаанд Франц-Монголын засгийн газар хоорондын гэрээгээр 4,5 сая ёврогийн өртөг бүхий оношилгооны болон мэс заслын багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн үйлдвэр зэргийг энэ хамт олон эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж цаг хугацаанд нь суурилуулсан. Хүчилтөрөгчийн үйлдвэрийг байшинг нь барьж зэс хоолойгоор сэхээний тасгийн ор болгонтой холбож үйлдвэрийг гуравдугаар сар гэхэд суурилуулснаар сар тутам таван сая гаруй төгрөгөөр хүчилтөрөгч худалдаж авдаг байсан зардлыг хэмнэж чадсан.

-Ажлын цаг, үр ашиг гэдэг хоёр ойлголтын нэгдэл их чухал гэж ярьдаг.

-Хүмүүс ажилдаа цагтаа ирэх нь байгууллагынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага. Харин цагтаа гэртээ харьж байх нь ажилтныхаа өмнө байгууллага өөрөө хүлээх хариуцлага. Ийм учраас ажлын цагийг баримтлах ба түүнийг үр ашигтай байлгах асуудал бол менежмэнтийн гол хэсэг.

Олон жил ашиглаж чадаагүй байсан өргөтгөлийн барилга дахь хоёр хагалгааны өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн засварлаж ашиглалтад оруулснаар 21-22 цаг болж байж хагалгаа дуусдаг байсныг ажлын цагтаа дуусгадаг болсноор ажиллагсдаа цагт нь тарааж чаддаг болсон, олон сая төгрөгийн илүү цагийн мөнгө хэмнэж чадсанаас гадна хагалгааны өрөөний хэт ачааллыг бууруулж эмнэлгийн доторхи халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж чадсан. Угаалга ариутгалын өндөр үнэ бүхий орчин үеийн машинуудыг өрөө тасалгаа болгонд нь засвар өргөтгөл хийж суурилуулж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан.Бараг бүх тасгууд өөр өөрсдийнхөө хуримтлалаар олон арван сая төгрөг босгож тасгуудаа тохижуулж засч чадсан.

Ялангуяа хүүхдийн тасгууд /эрхлэгч Б.Жаргалсайхан, М.Болдбаатар/, түлэнхийн тасаг /эрхлэгч Галбадрах/сэхээний тасаг/ Ж.Батмагнай, Түмэн Өлзий/ онцгой идэвх санаачилгатай ажилласан. М.Болдбаатар эмч санаачлан Японы өвсний үндэс хөтөлбөрөөр бүхэл бүтэн тасаг тохижуулахад хүрэлцээтэй эмнэлгийн ор каталка захиалсан нь хэзээ мөдгүй буух дөхөж байна. Түлэнхийн тасгийн эрхлэгч Галбадрахын санаачилга идэвхтэй хөөцөлдөөний дүнд Солонгосын Хюндай корпорациас санхүүжилт олж тасагтаа 100 гаруй сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлуулж чадсан.

Хэрвээ байгууллагын ажлыг ашигтай ажилласан, хэмнэснээр үнэлдэг бол манай эмнэлэг шиг ашиг орлоготой ажиллаж ирсэн нь цөөн байх.Ганцхан жишээ дурдахад: Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг дээр сард улсын төсвөөс 29 сая төгрөгөөр түрээслэж, өдөр тутмын телевиз, радиогоор “цоллуулж” байсан Түлэнхийн тасгаа бид үр дүнтэй менежмэнт хийж байж, мөн бүтэн хоёр сар эмнэлэг дээрээ “субботник” хийж байж гурвын гурван тасгийг засварлан шилжүүлэн байрлуулж байж эмнэлэг дотроо оруулж багтаасан. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Үр дүн нь төсөв хүнд үед бид улсын төсвөөс 400 гаруй сая төгрөг хэмнэж чадсан. Энэ үр дүнг 2014 оны ажил дүгнэхэд хэн нь ч ойлгож ач холбогдол өгөөгүй. Байгууллагуудынхаа ажлыг “цаасан буу”-гаараа л дүгнээд өнгөрсөн. Би ч тэгэхэд нь олон юм хэлээгүй. Сүүлд нэг хурал дээр улсын төсвийг 400 сая төгрөгөөр хэмнэснийг ярилцахад Шийлэгдамба сайд сонсоогүй явж байсан..Өөрсдийн орлогоор Тэрбум 200 сая төгрөг хуримтлуулж төрийн санд тушаасан.Энэ орлогын багагүй хувийг түрээслэгч байгууллагуудаас оруулсан байгаа.

Хэрэвээ сайн менежмэнт хийж захиргааны аппаратыг боловсронгуй, үр ашигтай болгосноор хэмждэг бол бид сайн ажилласан. Албан тушаалтай болгон нэг нэг өрөө эзэмшиж байсныг болиулж, японы ажлын байрны зарчмаар нэг танхимд төвлөрүүлснээр эмчилгээ үйлчилгээний ямар их боломж, талбай гарсныг манайхан хэлээд өгнө. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бараг 100 эмч сувилагчдийг гадаад дотоодод богино хугацааны сургалтад хамруулж чадсан. Тийм ээ, энэ хамт олон муу ажиллаагүй, атгасан гар шиг нэгдэлтэй зүтгэлтэй байж энэ том ажлуудын ард гарсан даа. Тиймээс энэ 600-гаад хүний ажлын салбартаа байтугай өөрөө “нялх” охин, сайдынхаа амаар гутааж хамт олныг доромжилсонд би бухимдсаан. Үнэн.

-Хэвлэлээр таныг ажлын байрны түрээстэй холбоотой асуудлаар буруутгасан мэдээлэл тарааж байсан.

-Та нар анзаарсан бол ажлаа өгсний дараа Эрүүл мэндийн яамнаас тараасан мэдээлэлд намайг өөрийн хүмүүсээ тийш нь оруулсан мэтээр гүтгэсэн байгаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэлээ гэгчээр манай сайдын албатууд дотор эмнэлэг рүү утасдаад лавлачих сэхээтэй амьтан байгаагүй бололтой. Үнэн хэрэгтээ би тэнд томилогдож очоод тэнд байсан нэг ч газрын хэрэгжиж байсан гэрээг нь цуцлаагүй. Сайн ч, муу ч ажил олгогч,цаанаа өдий төдий хүн тэжээж, бас татвар төлж яваа аж ахуйн нэгжүүд. Би хувийн секторт мундахгүй олон жил ажилласан тул мөнгө яаж бий болдгийг яс махаараа мэдэрч ойлгосон хүн. Хэвийн үйл ажиллагаагаа явуулаад болоод байгаа, татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн ажлыг нураагаад хэрэггүй гэж үзсэн. Тэрийгээ хэлээд гэрээний сахилгаа л сайн мөрдөхийг үүрэгдсэн. Зарим нь намайг очихоос арваад жилийн өмнө ч орсон газрууд байгаа. Тэр, өөрийнхөө эмийн санг байгуулсан гээд байгаа нь ч оргүй худал. Сая яамаараа, сайдтайгаа десант бууж ирж шалгасан гэсэн.Эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаа аптекуудад Монг-Эм ХХК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн монгол эм тан нэг ширхэг ч байгаагүйг нүдээрээ үзээд явсан байна лээ. Цайны газраас эхлээд эмнэлгийн үйлчилгээг дагасан үйлчилгээ л шүү дээ. Тэрнээс биш баар, ресторан, их дэлгүүр тэнд байна гэж үгүй. Энэ үнэнийг мэдэнгүүтээ л сайд нь сонгон шалгаруулалт хийгээгүй оруулсан байна гээд л телевизээр яриулж байна.Аль ч эмнэлэг дээр түрээсээр ажиллаж байгаа хувийн аж ахуйн нэгжүүдэд хэзээ ч сонгон шалгаруулалт хийгдэж байгаагүй юм байна лээ. Харин намайг очсон даруйд тэрийг нь ч гаргах энийг нь ч гаргах хүсэлт шаардлагууд ирж байсан. Энэ эмнэлгийн дүрэм журмыг зөрчөөгүй л бол энэ аж ахуйн нэгжүүд хэнд гай болоод байгаа юм, ажлаа хийж л байг гэсэн. Түрээслэгчдийг дуудаад гэрээний үүргээ чанд биелүүлж байгаа нөхцөлд энэ эмнэлгийн эрхтэн дархтан, эмч ажиллагсад та бүхнээс “нэг аяга хоол ч үнэгүй дарамталж идэх” эрх байхгүй шүү. Хэн нэгэн их бага хэмжээгээр дарамталбал шууд нэртэй устай нь над дээр авчраарай гэж ч хэлж байсан. Түрээслэгчид миний энэ үгийг бүгд санаж байгаа гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэг дээр түрээсэлж байгаа байгууллагуудаа сонгон шалгаруулалт хий гэдэг үүргийг сая долдугаар сараас хойш АТГ тус эмнэлэг дээр шалган туслах, соён гэгээрүүлэх ажлаар ирэх үедээ зөвлөмж болгож өгсөн. Энэ дагуу сонгон шалгаруулалт нь яваад дууссан одоо бодвол шийдвэр нь гараа биз. АТГ гэснээс миний ажлыг авсан оройгоо яамныхан 25-р телевизээр, Мэндсайхан дарга АТГ-д шалгуулж байгаа, 11 газрыг түрээсээр оруулсан байсан учир ажлаас өөрчилж байгаа юм гэсэн утгатай гүтгэлэг цацсан. 25-р телевизээс асуухад ЭМС Яамнаас өгсөн захиалгат нэвтрүүлэг байсан гэсэн ам тайлбар өгсөн дөө.

Уг нь АТГ-ын зуны үзлэг бол өөрсдийнхөө графикийн дагуу л эмнэлгүүдээр хийж байгаа төлөвлөгөөт ажил гэсэн. Одоо ч дараа дараагийнхаа эмнэлгүүдээр хийж л яваа биз.Тэд танайх гайгүй байна аа. Зарим нэг тушаал дээр чинь хүчингүй болсон тушаалын номер байна. Уг нь яам чинь ийм ийм тушаалууд хүчингүй болсон гэдэг мэдээллээр эмнэлгүүдээ хангаж байх ёстой юм. Энэ тэрээ засаарай гэсэн зөвлөмжөө өгсөн.Энэ зөвлөмжийг одоо хэн ч үзэж болно Түрээсээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ хууль биелүүлэх үүднээс сонгон шалгаруулалт хийх үүрэг өгөөд есдүгээр сарын 1 гэхэд хийсэн ажлаа эргэж тайлагна гэсэн үүрэг өгсөн. Бид ч тайлангаа хүргүүлсэн, одоо хариугаа авсан биз.

“Мэндсайхан даргыг АТГ шалгасан юм огт байхгүй” гэж надаас ажил хүлээж авсан ГССҮТ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Бат-Оргил эмч хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн гэсэн.Нэвтрүүлгээр гарахдаа утга нь өөрчлөгдөж монтажлагдаад гүтгэлгийн чанартай болсон байсныг бүгд л үзсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэн нь хэзээ, хэний үед энд ажиллаж эхлэснийг хэлэлгүй зориуд орхигдуулж байна л даа Тэртэй тэргүй хамт олон нь хэзээ хэрхэн орсныг нь нэгд нэгэнгүй мэдэж байхад ингэж гөрдөх нь өөрсдийгөө л хэн гэдгээ харуулчихлаа. Хүмүүс өөрийн бодолтой.Хуучин шиг сайд л үнэн байх ёстой гэж итгүүлдэг, итгэдэг үе маань өнгөрөөд 25 жил болчихоод байна шүү дээ. Хэрвээ гэмтлийн эмнэлэгт хүний эрүүл хөлийг тайрлаа гэж гөрдөөд баригдах дээрээ тулахаар” нээрээ тэгсэн, гучин жилийн өмнө болсон явдал” гээд байвал ямар байх вэ, тийм юм.

Ажил үйлчилгээ ажилтан авах журам сонгон шалгаруулалт дээрээ тулах юм бол сайдын өөрийн эргэн тойрны чухал албан тушаалтны хэд нь хууль зөрчөөгүй томилогдсон болохыг асуувал харин ч хариулт гарч ирнэ…

-Монхимо гэдэг компаниар эмнэлгийн байрыг нураалгаж өөрөө тасаг нээх гэж байсан ч гэх шиг юм яригдсан байсан.

-Монхимо компани ясны сийрэгжилтийн лаборатори байгуулах, хэвтэж байгаа өвчтөнийг үнэгүй үзэж өгөх, амбулаторийн өвчтөнг хөнгөлөлттэй үнээр үзэж оношлож өгөх нөхцөлтэйгөөр нэлээд том талбай түрээслүүлэх санал тавьсан юм. Гэвч эмнэлэгт тийм том талбай олдоогүй, манай өвчтөнүүд Мөнгөн гүүр эмнэлэг рүү явган нүцгэн цувж мөнгө төлж үзүүлдгийг нь “нэг цэгийн үйлчилгээ” болгох санаатай, хүлээн авах яаралтай тусламжийн дээр байдаг дөрвөн баганыг шилэн витринээр үзэмж төгс бөглөөд шатаа хийж заал болгон түрээслэх, гэхдээ ТӨХ-ны зөвшөөрөл болон барилгын шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг өгөөд хамтран ажиллах гэрээ хийгээд амралтаа аваад явсан. Амралтаас буцаад иртэл эмнэлгийн дээр энэ компани ажлаа эхэлсэн, эмнэлгийн зааж өгсөн тэр хэсгийг буулгаж байсан. Юу хийж байгааг асуутал барилгын экспертүүд барилгын энэ хэсэгт цууралт үүссэн бөгөөд дээврийн хэсгийн 200 тонн тоосго бетонон хэсгийг бид өөрсдийн зардлаар буулган хөнгөлж 50 тонн болгож байгаа юм гэсэн хариулт өгч байсан. Гэвч удалгүй захиргаанаас өгсөн чиглэлээс тэс өөр, дураараа загнан жижиг байшин барих гэж байсан нь илэрсэн тул захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хохирол барагдуулах үүрэг өгөн гэрээг цуцалсан даа. Олон арван шийдэл шийдвэр гаргаж байсны доторх нэг алдаа, хүнд итгэснээс болсон миний алдаа байсан. Гэвч эмнэлгээс нэг ч төгрөг гаргаагүй, цууралтыг зогсоох, барилгын ашиглалтыг сайжруулсан эсэхийг цаг хугацаа харуулах биз.

-Түрүүн нэг манлайлал энэ тэр гэх шиг болсон.

-Манлайллаар тааруу байна гэж сайд хэлсэн. Манлайлал гэдэг бол ХХ зуунд хувьсгалт нам, хувьсгалт залуучуудын эвлэлийн амьдралд бий болсон ойлголт. “Намын гишүүний манлайллын шалгалт ирсэн”, “Аймгаас ирсэн төлөөлөгч эвлэлийн гишүүдийг шалгаж байна” гэхчилэнгийн хэллэг байсныг тэр үеийнхэн мэднэ. Царайлаг залуухан эмэгтэй гишүүний манлайллыг илүү “нухацтай” шалгадаг төлөөлөгчийн тухай жиг жуг ч бишгүй байсан, энэ ч энд ямар хамаа байхав.

Орчин үед англи хэлний Leadership хэмээх үгтэй дүйцүүлэн хэрэглэх болсон энэ үгийн утга нь тухайн цагтаа арай ондоо байсан. Намын даргадаа долгиносон, салбарынхаа удирдлага руу “шовгор” барьж гүйсэн, хийж бүтээхээсээ илүү сүржигнэж давхисан, “хувьсгалт сонор сэрэмж” нэрийн дор хавь ойрынхноо хардаж парнойтсон, найз нөхдөө матаж сүйдэлсэн, “Монгол-зөвлөлтийн найрамдалд үнэнч” нэрийн дор хүн амьтныг хэрэг түвэг рүү түлхсэн сэнтэгтэй амьтны нэр л байсан шүү дээ.

Харин орчин үед манлайлал гэдэг нь зөв зохион байгуулах чадвар, удирдсан газраа үр ашигтай байлгах авьяас, хамгийн гол нь ёс суртахууны хувьд үлгэртэй байх гэж л ойлгосон, шинэ цагийн манлайлал буюу Lead­ership гэдэг үгийг.

Хуучныхаар бол удирдах ажил, өнөөгийн ойлголтоор мэнэжмэнт гэдэг надад цоо шинэ зүйл ч биш. Гуч хүрээгүй байхдаа л эмчээ хийхийн хажуугаар их бага хамт олныг удирдаж, очсон газар болгоноо өөд нь татаж босгож явсаан. Дөнгөж төгсөөд УКТЭ-д дотрын эмчээр ажиллаад гурван жил болж байхад Сайд нарын зөвлөлийн тусгай тогтоолоор 1980 оны шинэ жилийн маргаашнаас Цэргийн госпиталд хэдэн нөхдийн хамт томилогдож дотрын тасгийн эрхлэгч, дотрын зөвлөх, Армийн дотрын зөвлөх зэрэг албыг 1991 он хүртэл хашиж явлаа. Үндсэн ажлын зэрэгцээгээр ходоод гэдэс уушгины уян дурангийн шинжилгээг анх удаа Армийн Клиникийн Төв Эмнэлэгт нэвтрүүлж байв.

1990 оноос дотрын зөвлөхийн албатайгаа хавсруулан Уламжлалт Анагаах Ухааны тасгийг байгуулан улмаар пүүс компани болгон өргөтгөн зохион байгуулсан нь өдгөөгийн Эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн Монгол эмнэлгийн Монг-Эм ХХК. УАУ-ны 200 гаруй нэр төрлийн эм тан өөрсдөө үйлдвэрлэдэг, оношилгоо эмчилгээ, судалгаа явуулдаг, жилд 1000 гаруй хүн хэвтэн зөвхөн Дорно дахины уламжлалт аргаар дагнан эмчилгээ хийлгэдэг ийм цогц байгууллага байгуулсны төлөө 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнуулж байв.

ГССҮТ-д ч тухайн үеийн ЭМЯ-ны удирдлагуудын хүсэлтээр, олон дарга солигдсон, бослого хөдөлгөөн гарсан хүнд үед нь ирж байв.Даалгасан ажлыг нь нүүрийг нь улайлгахгүйгээр хийх итгэл зүтгэл өвөрлөн нэг жил дөрвөн сар гаруй зүтгэлээ.

2014 онд 10 хоног, 2015 онд үнэндээ 15 хоног л амарсан. Хэн нэг нь ажилдаа ор гэж дарамтлаагүй ч төсөв мөнгө байхгүй, дулааны болон цэвэр бохирын шугам олон дахин хагарсан,засварын төсвийг нь хассанаас компьютер болон MRI аппарат доголдсон, энэ айлыг энэ өвөл хөлдөөчихгүй, хоног тутам ирдэг ухаангүй хүнд өвчтөнүүдэд нь нэн чухал хэрэгтэй дээрх хоёр аппаратыг нь тасалдуулчихгүйн тулд л ажилдаа орж өөрөөс шалтгаалах болгоноо хийж ирсэн дээ. Байгууллагаа зөв удирдсан, зөв менежмэнтээрээ ашигтай үр дүнтэй ажиллуулсан хүнийхээ хувьд ёс сурталтай л байсан, эмнэлгийн хаалгаар халамцуу байтугай юм үнэртүүлчихсэн шагайсан удаа ч ядаж байхгүй.

Харин хувьсгал ёсны нам эвлэлийн манлайллаар бол яваагүй ээ, ажил хамт олон, яам тамгагүй мэднэ. МАХН-ын хүн сайд боллоо гээд Эрүүл мэндийн салбарт коммунизм байгуулна гэсэн үг биш байлгүй дээ.

-Ярилцлагын эхэнд гуя дагаж хүзүү ч гэх шиг юм болсон гэж нэг үг хэлсэн юуг юутай зүйрлэсэн явдал болохыг асууя гэж бодож байсан юм.

-Яг үнэндээ бол социализмын үеийн нам эвлэлийн манлайллаар ажилладаг андынхаа нэгийг л манай сайд аврах гэсэн, өөр бусад найз нөхдөдөө энэ суудлыг ямар ч аргаар хамаагүй авч өгөх гэснээс бүх юм үүдсэн. Тэрийгээ ч надад гуйх тулгах байдлаар хэлж шахаж байсан үе бий. Би тэгэхэд нь эмч болоогүй, хүн болж хүмүүжээгүй хүнийг би эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг хамгийн чухал гал тогоон дээрээ тавьж чадахгүй ээ л гэдгээ хэлсэн..

Ер нь дээшээ зүүгдэж тогтдог хүний доод ажил нь нурдаг байхгүй юу даа. Тийм нэг андыгаа аврахын тулд, бас шахаасны хүндээ нэгхэсэг суудал бэлэглэхийн тулд “Энэ ганцаараа муу байгаа юм биш, хэд хэдэн газар муу байна” гэж харуулахын тулд золигт гаргах амьтан хайхгүй юу даа.

Тэр амьтнаа ганцааранг нь зодохоос халгаад “Харав уу, чи. Ганцхан чамайг балбаа юу” гэж өөрийгөө зөвтгөх байсан уу, “дутагдал хавтгайрсан учраас хамтдаа засахаас өөр аргагүй” гэж нийтэд нялзаах, хажуугаар нь шахаж байгаад зайлуулж нэг бус орон тоо гаргаж авах гэсэн арга л гэж үзэж байна.Түүнээс биш долоо хоногт 200 гаруй мэс засал хийдэг ийм том байгууллагыг геронтологийн төв, хүүхдийн сувилал, арьсны эмнэлэг/эднийг би муу байгууллага гэдэг утгаар зүйрлээгүй гагцхүү жингийн тавагны хоёр талд гэмтлийн эмнэлэгтэй зэрэгцүүлж тавьж болохгүй гэдэг утгаар хэрэглэснийг ойлгоно гэж бодож байна./ энэ тэртэй зүйрлэх аргагүй, ядахнаа орж гарсан хүмүүсийн тарьсан хог нь л гэхэд хэдэн зуу дахин их байдаг юм чинь.

Тэгээд хамгийн түрүүнд удирдах ажлаа сайн хийхийн оронд удирдах хүнтэйгээ сайн ажиллаж сураагүй мань мэт л бууны овоо хараанд орсон хэрэг.

Энэ санааг нь нэвт хараад миний дургүй хүрч халагдах өргөдлөө ширээн дээр нь орхисон. Өргөдөлдөө эрүүл мэндийн салбарын бодлого ноцтой алдагдсан учраас цаашид тэвчиж ажиллах боломжгүй болсноо тэнд дурдсан даа.

-Таныг сайн дураараа ажлаа өгсөн байтал араас чинь буруутгах шалтаг эрж давхиад байгаагийн учир юу юм бол,

-Эрүүл мэндийн тогтолцоог зөв голдрилоор явуулъя. Социализм ч биш капитализм ч биш нэг хурлийз бантан болчихоод яваа тухай, эрүүл мэндийн тогтолцоо эмнэлгийг улстөрчдөөс хол байлгая, даатгалын тогтолцоогоо өөрчилье. Эмнэлгүүдийн засаглалыг сайжруулъя, гэх мэтээр би сүүлийн 20-иод жил өөрийн үгээ хэлж нийтлүүлж яваа хүн. Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж яваагийн гол буруутныг миний бие Шийлэгдамба гэх этгээдээс хайгаад буруутгаад байгаа ч юм биш. Энэ амьтан махны машин ажиллуулах зэрэг олиггүй үйлээс өөр юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой атал “бөөсөнд хутга” гэгчээр сайн ч муу ч сайд гээд сууж байгаа учраас л энэ амьтанд хаяглаж бичсэн хэрэг.

Гэтэл энэ этгээд эрүүл мэндийн салбарт мундаг реформ хийж явахад нь би гэж нэг өчүүхэн бөөс таван үгтэй өргөдөл өгөөд хамаг нэр хүндийг маань унагачихлаа гэж эр бяраа гайхуулж байгаа ухаан нь энэ. Тавхан үгтэй өргөдөлд ингэж унаж үхэж байгаа бол өөртөө л гомдохоос. Өөрийн хийсэн, хийж явсан, хийж яваа муу үйл чинь таныг ийм болгочихсон юм биш үү. Харин энэ далимд миний бие эрүүл мэндийн тогтолцоонд бодлого ноцтой алдагдаж байгаа гэж үзэж яваагаа батлахын тулд сайд таныг хэвлэл мэдээлэл, телевизүүдийн өмнө нээлттэй мэтгэлцээнд урьж байна.Нэгэнт мэргэжлийн бус хүн гэдгийг чинь харгалзаад таныг яамныхаа бодлого тодорхойлж яваа гэгдэх “үүрэг гүйцэтгэгч” нартайгаа цуг ирж дэмжлэг туслалцаа авахыг тань зөвшөөрье. Хэдийд хаана хийх гэдгээ эрх барьж байгаагаараа та шийднэ биз. Миний хувьд өвгөн буурал толгойгоо мөрөн дээрээ ганзагалаад ганцаараа очих болно.Таныг ирэхгүй байсан ч би зөвөөр ойлгоно.

Харин энэ далимыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог зөв горимд оруулах талаар санаа бодол үг хэлээ цээжиндээ хадгалан бухимдаж явдаг эрүүл мэндийн олон арван ахмад эмч, эрдэмтэд ,ажиллагсадтай ийм нээлттэй хэлцүүлгийг орон даяар хийж байхыг хувь хувьсгалын хэвлэл мэдээллийн олон ажиллагсад сэтгүүлчдэдээ уриалмаар байна. Энэ бол та бид “гэртээ” сайн эрүүл мэндийн тогтолцоотой байх уу эсхүл гадны сайн эмнэлэг рүү хэдэн бор төгрөгөө бариад гүйгээд байх уу(эмнэлгийн туршилт ч болж байгаагаа тэр болгон мэдэхгүй шүү дээ) гэдгээ шийдмээр байна.

Өнөөдөр мөхөс миний бодлоор хөгжсөн бас өндөр хөгжилтэй орнууд эмнэлгүүд хэдэн арван сая төгрөг хаян хаян монголын өчүүхэн зах зээлийг улам бүр эзэлж байна. Дэлхийн Банкны тооцоогоор монголчууд 700 тэрбум төгрөгийг гадаадын эмнэлгийн үйлчилгээнд зарцуулж байна гэсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр улсуудын зах зээлийн түрэлтэд хамгийн түрүүнд манай төрийн байгууллагын албан хаагчид хамрагдан оролцох болсон явдал. Эд ичих нүүргүйгээр гадны том эмнэлгүүдийн брокер болсон байна. Ийм л юмхнаар хүнийхээ үнэт зүйлсийг худалдаж чаддаг болсон байна.

Өнөөдөр улсын том эмнэлгүүдийн үүдэнд аль нэг улсын хандив тусламжаар авсан зарлалын самбарт тухайн эмнэлгийг биш тэр самбарын эзэн орныг, эмнэлгийг сурталчилсан реклам хөвөрч байгааг хүмүүс ажигладаг байх.

Би нэг аймагт ажиллаж явахдаа манай/ГССҮТ/ эмнэлэгт байсан нэг эмчээс сонин яриа сонсож билээ. Жижүүртэй хоносон нэг ахмад сайн эмч түүнд “хоёулаа жаахан ачаалалтай хононо оо” гэжээ. Гэтэл шөнө ч болж. Нэг өвчтөн хагалгаанд оруулж. Түүний гарыг залгах учиртай юм байж. “Чи сайн наркоз өгнө шүү. Би хийдгээ хийнэ” гэлээ. Учрыг бүрэн ойлгоогүй ярилцагч маань сонин мэс засал болох нь дээ гэж бодоод орж. Мэс засал 6-8 цаг үргэлжилж. Учир нь бүхэл бүтэн гар залгасан байна. Хагалгааны дараа өнөөх эмчлэгч эмч маань надад 800.000 төгрөг өгдөг юм байна. Гайхаж мэгдэж хартал “энэ чамд ногдох учиртай юм аа. Энэ хүний хагас тасарсан гарыг би өчигдөр салгаад хаячихсан бол над 30 минут л хангалттай байсан. Би сэтгэл гаргаад гартай нь үлдээж байгаа юм. Энэ хүнд мэс заслыг найман цаг хийлээ гээд, хүнийг гартай нь үлдээлээ гээд миний цалин өнөөх л “ТҮ” зэрэглэлээрээ л байна шүү дээ. Энэ бол гартайгаа үлдсэн иргэний баярласан сэтгэл. Хахууль биш шүү. Манай тогтолцоо иймээс хойш, би хүнээ гартай болгоод зохих ёсны урамшууллаа хүнээсээ л авч байгаа юм. Дүү минь цочирдох юмгүй ав. Систем нь ийм юм чинь чи бид хоёр баригдвал хоёулаа алуулна. Харин энэ хүнд бол өрөөсөн гараа тайруулаагүй эрхтэн бүтэн үлдэж байхад хоёр сая төгрөг юу юм бэ” гэсэн гэнэ…Тийм ээ, би ийм тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй гэж үзэж зүтгэж явдаг хүн.

-Таныг бас Гэмтлийн эмнэлэгт Уламжлалт эмнэлгийг нэвтрүүлж байгаа, өөрийнхөө үйлдвэрийн монгол эм танг Гэмтлийн эмнэлэг дээрх таван аптекаар борлуулдаг гэж буруутгасан байсан.

-Гэмтлийн эмнэлэгт надтай, надгүй уламжлалт эм тан зайлшгүй хэрэгтэй юм аа. Юу гэхээр аливаа гэмтэл бэртэл авахад гэмтсэн халуун гээч юм үүсдэг. Үүний хорыг дарахгүй бол цаашид гэмтлийн урхаг муу цус болж үүсдэг. Энэ муу цус нь эсхүл даралт ихсэх, цус өтгөрөх, магадгүй элгэнд хурж хуримталсаар элэгний хавдар ч юм уу олон архаг эмгэг үүсгэдэг жамтай хэмээн Уламжлалт Анагаах Ухаанд сургадаг. Ер нь нүүдэлчдэд голлон тохиолддог өвчин бол бэртэл гэмтэл байсаар ирсэн тул үүнийгээ анагаах мянганы туршлага уламжлалтай гэдэгтэй маргах хэрэггүй.

Өнгөрсөн жилийн ГССҮТ-ийн “Онол практикийн бага хурал”ын эмхэтгэлд “Уламжлат Анагаах Ухааны тулгуур судрууд дахь Гэмтэл ослын тусламжийн талаар өгүүлсэн нь” гэх утгатай том өгүүлэл нийтлүүлсэн байгаа.

Уг нь Монголын гэмтлийн эмч нарын нэг давуу тал нь энэ уламжлалт эм тангаа, гэмтсэн хүмүүстээ зөв хавсруулан хэрэглэж чаддаг болбол мөн их буян болохоос гадна “хос морьтой” болж хоёр цонхоор харж чаддаг болж байгаа юм. Энэ талын арвин баялаг өвтэй Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг олон орон ингэж хэрэглэж ирсэн. Одооны хэлээр яривал гэмтлийн бас нэг эмчилгээний Modality-ийн бүхэл бүтэн систем нэмэгдэж байна гэсэн үг. Би энэ эмнэлэгт дарга хийхийн зэрэгцээ аль нэг хүнд өвчтөнийг эмч нарынхаа хүсэлтээр үзэж ганц нэг эм тан бичиж өгч хүмүүс нь түргэн илааршиж байсан. Манай эмч нараас сэхээний зөвлөх Батмагнай, мэс заслын тасгийн эрхлэгч Өлзийбаатар зэрэг олон эмч өвчтөн дээр нь үр дүн гаргаад байгаа болохоор ихэд сонирхон хэрэглэх болсон. Яс бороолуулахад л гэхэд өдий төдий монгол эм тан бий. Гэтэл ийм үр дүнтэй эм Европын АУ-д байхгүй л байгаа шүү дээ.

Иймээс 2015 оны тендерт гэмтсэн үед хэрэглэдэг цөөн тооны олон найрлагатай монгол эм танг оруулахаар шийдвэрлэж Уламжлалт Анагаахын ШУТехникийн корпораци /Ардын эмнэлгийн хүрээлэн/ шалгарч эм тан нийлүүлж, өвчтөнд туршлагатай клиницист ахмад эмч Зина ахлагчтай сэргээн засалтын эмч нар эмчлэгч эмч нарын хүсэлтээр эмчилгээний нэг хэсэг болгон хэрэглэж байгаа.

Гэтэл Ардын эмнэлгийн хүрээлэн өөрсдийн хийж чадахгүй байгаа зарим цөөн эм танг миний ажиллаж байсан Монг-Эм ХХК-ийн үйлдвэрээс авахаар аль гуравдугаар сард гэрээ хийж, тендерт орсон нь сайд албатуудтайгаа ГССҮТ дээр десант буух үеэрээ “илрүүлж”,“Уламжлалт эмийг гэмтэлд хэрэглэж болохгүй, энэ тендерийг зогсоо, мөнгөөр /мөнгө нь шальгүй юм байгаа/ нь европ эм ав” гэж ярьсан байгаа юм. Гэтэл Монгол Улс аль 25 жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанаа европ эмнэлэгтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготой улс. Эрүүл мэндийн хуулинд бүр “Сум тосгоны эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уламжлалт болон орчин үеийн аргаар үзүүлнэ” гээд заачихсан юм ш дээ, түүнийг үзсэн баймаар юм. Намайг таван аптекаар эмээ зарсан гэж гөрдсөн нь бишдээд ирэхээр ийм юм гаргаж ирж байгаа юм. Уг нь эмнэлэгт, тендерт аль нэг байгууллага орохдоо өөрт байхгүйгээ бусад компанитай гэрээ хийх замаар хамтран нийлүүлэх нь аль эрт хуулиар зөвшөөрөгдсөн эд л дээ. Манай эмнэлэгт/ГССҮТ/ хүнд өвчтөн дээр монгол эм хавсран хэрэглээд олон хүн боссон. Нэг жишээ нь автын аюултай осолд ороод, эдгэрч боссон Атармаа эмч(Эрүүл мэнд, спортын дэд сайд асан)байна.

-Та чинь бас Нэгдүгээр эмнэлгийн дарга байгаад “хөөгддөг” бил үү, хэдэн онд билээ?

-1996 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдон зургаан жил орчим ажиллаад 2001 онд сонгуульд оролцсон “улстөрч” хүн гэдэг шалтгаанаар ажлаас халагдаж байв. Дээд Шүүхээс үндэслэлгүй халагдсаныг тогтоосон ч би дахиж орохыг хүсээгүй. Нэгдүгээр эмнэлгийг би 70 гаруй сая төгрөгийн өртэй хүлээж аваад 150 гаруй сая төгрөгийн ашигтай хүлээлгэж өгч байв. Улаанбаатар тойрсон гүүний саамны сувиллыг бид эхлүүлж байв. Нэгдүгээр эмнэлэгт “аж ахуйн дотоод тооцоо” нэвтрүүлж тасаг нэгжүүд ажилласны хэрээр цалин пүнлүүгээ нэмэгдүүлж бас хорогдуулж болдог систем нэвтрүүлж байв. Эмнэлгийн гал тогоо угаалга болон бусад боломжийн туслах үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлэх ажлыг эмнэлгийн байгууллагад анхлан нэвтрүүлж байсныг 2010 онд л концессын хууль болгон батлан гаргасан.

-Нэгэнт уулзсаных танайхан чинь бараг бүгдээрээ эмч нар гэл үү?

Эхнэр Цэвэлмаа зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор. III эмнэлгийн зүрх судасны тасгийг сүүлийн хориод жил ахалж явсан алтан гартай эмч дээ. Зүрх судасны аль хүнд ноцтой эмгэгийг гардан эмчлэхдээ гаршсан хүн. Хоёр жилийн өмнөөс тэтгэвэртээ суусан ч долоо хоногийн хоёр дахь өдөр болгон III эмнэлэгтээ /тасагтаа/ очиж зөвлөгөө өгдөг. 1, 3, 5 дахь өдрүүдэд Монг-Эм эмнэлэг дээрээ зүрхний эхо-гоо хийж хүн шавуулсан, хажуугаар нь намайг гэмтэлд очсоноос хойш энэ жижиг эмнэлгийнхээ тамгыг барих ажилтай суугаа. Хоёр охин нэг нь сэхээний, нөгөөх нь Уламжлалтын эмч. Хүү маань харин комьпютерийн инженер.

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Танд баярлалаа.

-Би нэг юм хүсвэл болох уу.

-За ямар ч байсан хүсээд үз. Болох болохгүйг дараа нь хэлье.

-Нэг талаасаа улиг болсон, сэтгүүл сониныхон дургүй байдаг зүйлийг хүсэх гэсэн юм. Танай сэтгүүл зүйн салбарт багш шавийн холбоо ямар байдгийг мэдэхгүй. Их төлөв хувь хүний авьяас билиг дээр тогтож явдаг болохоор багш энээ тэрээ гээд сүйд болоод байдаггүй ч байж магад. Харин анагаах ухаан бол боловсрол, авьяасаас гадна туршлага дээр оршин тогтнодог. Ийм учраас эмчийн багш бол насан турш хэрэг болж, эрдэм онолоос гадна туршлагаараа тэтгэж явдаг насан туршийн багш байдаг.

-За ойлголоо. Энэ завшааныг ашиглан гэж ирээд л баахан багшийн нэр хэлэх нь байна.

-Ер нь бол тийм

-За яахав, гаргалгаа нь сонин санагдлаа шүү.

-“Энэ завшааныг ашиглан” сонины тань уншигчид болон намайг эмнэл зүйн анагаах ухаанд хөтлөн оруулж бас нэг “эмчирхүү дүр” оруулахад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн Монголын анагаахын ноён оргилууд болсон Монгол Улсын гавьат эмч доктор профессор Ч.Цэрэннадмид, Х.Гэлэгжамц, Цагаанхүү, Ичинхорлоо /эмэгтэйчүүдийн/, И.Пүрэвдорж, Д.Дүнгэрдорж, Дашзэвэг болон бусад ачит багш нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн мэндчилье дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Тамхинаас гарах нь

Тамхи таван
нас хороодог гэсэн үг байдаг. Гэхдээ л бид ямар сэтгэлийн цэнгэлээр түүнийг татдаг
билээ. Нэг орчихвол гарах тухай яриа ч сонсохоос дургүй хүрмээр байдаг. Бага залуу
насандаа эргэн тойрны хүн бүр тамхи татаад байхаар уруу татагдаад тамхинд ордгийг
бид бүгд мэднэ. Ялангуяа нөлөөнд нь автдаг найз нөхөд хүндэлж биширч явдаг баатрууд,
мөн аав ээжүүд тамхи татах нь тамхичин болох гол зам бүлгээ.

Гэхдээ би
тамхинаас яаж гарах тухай бичих гэсэн болохоос хэрхэн тамхичин болох тухай хэлэх
гээгүй. Залуу байхад тамхины хор хөнөөл нэг их мэдэгддэггүй юм. Нас жаахан ахиад
ирэхээр хар аяндаа тамхины хор хөнөөл мэдэгдээд ирдэг. Зүрх өвдөх, амьсгаадах, хэтрүүлж
хэлэхэд бараг үнсний сав шиг тамхины бохь нэвт ханхлах зэргээр өөрт болон эргэн
тойрны хүмүүст төвөг тээр болж эхэлдэг. Дээр нь нийгмээс байнга ад үзэх хандлага
нэмэгдэж тамхины үнэ өсөж эдийн засгаар ч хохирол учруулах нь наад захын хэрэг.
Яагаад гэвэл нас ахих тусмаа тамхинд нэвт орж бараг цаг минут тутамд тамхи руу гар
сунгаастай байх болдог юм. Ингээд тамхинаас гарах хэрэг яалт ч үгүй гарна. Тамхиа
цөөлөх, бага багаар дасгаж байж гарах, утаагүй тамхи татах гэхчилэн түмэн арга байдаг.
Үүнээс хамгийн гол, хамгийн амар арга бол эхлээд “Би тамхинаас гарах шаардлагатай
байна. Тамхинаас гарч чадна” гэсэн итгэл үнэмшил өөртөө бий болгох хэрэгтэй. Ийм
итгэл бий болгоход нэлээд цаг хугацаа ордог. Энэ хооронд тамхиа татаад авдаг сэтгэлийн
цэнгэлээ аль болох авч байхгүй авсан ч багасгах гэж оролдож байвал зүгээр. Гэхдээ
энэ бараг худлаа. Тэднээс гарна гэж цаг товлох нь бүүр ч улам тамхиндаа шуналтай
болгоод байх шиг санагддаг. Ямар ч байсан тамхинаас гарахаар нэг мөсөн шийдсэн бол
одоо тамхиа хаях л үлдлээ. Тэгвэл яах вэ гэж үү. Шууд л тамхиа хаях хэрэгтэй. Өөр
арга байдаггүй юм. Мөн ч их зориг шаардагдана даа. Гэхдээ буцах замгүй. Хэрэв буцвал
өөрөөсөө урваад байх шиг санагдаад сэтгэлийн зовлон болдог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна

Саяхан Монгол
Улсын Ерөнхийлөгч Хятадыг чөлөөлөх дайны ялалтын парадад оролцсон. Уг парадын ёслолд
уригдсан улс орнуудын төрийн тэргүүн нарыг Хятадын дарга Си Жиньпин найрсгаар угтан
авч, өөд өөдөөсөө харилцан мэхийн ёсолцгоож байв. Энэ бол төрийн ёслол хүндэтгэлийн
протоколын дагуу явагдаж буй зүйл гэдэг нь тодорхой. Манай Ерөнхийлөгч Хятадын даргатай
бусад улс орнуудын удирдагч нарын адил гар барьж мэхийн хүндэтгэсэн. Тэгтэл тухайн
үйл явцын дараа “Элбэгдорж Хятадын даргын өмнө толгой бөхөлзлөө” гээд Монголын нийгэм
даяар шуугиан татаад явчихлаа. Сошиал ертөнцөөр бөөн шуугиан дэгдэж, эх захгүй маргаан
мэтгээн өрнөснийг бид мэдэж байгаа. Үүнээс улбаалаад монголчууд дорно дахины соёлтой,
дорнын голлох ард түмэн биш билүү гэх бодол сэрхийтэл төрсөн юм.

Монголчууд
дорнын соёл, сэтгэлгээний үндсэн гол элемент болох мэндлэх, хүндлэх, авгайлах ёсыг
сахиж, хадгалж ирсэн улс үндэстэн. Өнөөдөр дорнын соёлын чиг шугамыг барьж, амьдралынхаа
үндсэн философи, мөрдлөг болгож буй Япон, Солонгос, Хятад шиг ард түмэн юм. Бид
эзэн хаан, эрхэм дээд өвгөд, бичиг соёлын мэргэдээ мэхийн хүндэтгэхээс гадна сөхөрч,
сөгдөж, бохирч, шүтэж дээдэлж ирсэн билиг төгөлдөр хүмүүс билээ. Хааныхаа өмнө бохирон
сууж төрөө дээдлэх, хуулиа эрхэмлэх чанар бие сэтгэлд нь оршиж ирсэн. Гүн хүндэтгэлт
нэгэнтэй уулзаад салахдаа ар нуруугаа харуулдаггүй ёс байсныг бид мэднэ. Ар нуруугаа
харуулалгүй элгээ харуулж гарна гэдэг элгэмсэг дотно, энэрэн хайрлах сэтгэлийнх
нь илэрхийлэл. “Эрхэм тан дээр хүйтэн сэтгэл өвөрлөж ирээгүй юм шүү” гэж ёс жаягаараа,
бичигдээгүй хуулиараа, амьдралынхаа үндсэн философиор хэлж буйн дохио л доо. Мөн
дорнын соёлт улс үндэстний хувьд аливааг бэлгэшээн боддог, ёс төрийг эрхэмлэдэг,
үгийн утга, цаад гүн санааг нь мэдэрч байдгийн илэрхийлэл ч гэж хэлж болох юм.

“Болсон тариа
бөхөлздөг” гэсэн японы зүйр үг байдаг. Энэ нь тариан түрүү буюу толгой хүнд байдаг,
тийм хэрнээ уян хатан чанараа дотроо агуулж, хугарч нугараад унадаггүй гэсэн ойлголтыг
төрүүлнэ. Мөн солонгосын “Найгадаг мод хугардаггүй” гэсэн үг бий. “Болсон тариа
бөхөлздөг” гэдэгтээ агаар нэг. Модны хувьд нэмж тодотгоход, салхины эсрэг горзойгоод
зогсоод байвал нэг л өдөр үндсээрээ булга үсрээд унана гэсэн далд санаа яваад байгаа.
Дорно дахины цэцэн мэргэн сургаалуудаас тогтож уншаад, ухаарч бодмоглоход эрдэнийн
чулуу адил гэрэлтэж байдаг гайхмаар үг өгүүлбэр, тарни мэт шад мөрүүд зөндөө. Энэ
бүхэн нарийндаа бол уян хатан чанар, бие биеэ мэхийн хүндэтгэх, хүндлүүлэх харилцааны
соёлын үнэт сургаалууд билээ.

Гэвч ахмад
буурлуудаа дээдлэх, ач гавьяа, алдар замналыг нь хүндэтгэхээс аваад дорнын соёл,
сэтгэлгээний үндсэн элемент мэндлэх хүндлэх ёс Монголд үгүй болжээ. Бүр ул мөргүй
алга болж байна уу даа гэх бодол төрөх аж. Амьдарч буй нийгмээ, эргэн тойрноо эрүүл
саруул ухаанаар нэг харъя л даа. Ахмадаа дээдэлж, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх
нь үүх түүхээр тэгтлээ бахархаж байгаа бил үү. Үр хүүхдээ энхрийлэн хүндэтгэж, хайрлан
энэрч байна уу. Нялх балчир үртэйгээ зэрлэг балмадаар харьцаж, гарынхаа зугаа болгож
байгаа жигшмээр хэрцгий хэрэг тасрахгүй байна. Дунд сургуулийн сурагчид самбарын
өмнө хичээлээ зааж байгаа багшийнхаа араас бүгд салаавч гаргаж, дунд хуруугаа гозойлгосон
зураг цахим ертөнцөд хоёрхон хоногийн өмнө тавигдсан байна лээ. Энэ чинь юу гэсэн
үг вэ. Эрдэмт багшаа хүндэтгэх, бичгийн мэргэдээ дээдлэх өнөө дорнын соёл минь хаачив.
Ул мөргүй алга боллоо гэсний нэгэн жишээ энэ л дээ.

Мөн залуу
үеэ хүндэтгэж, алдаа оноог нь дэнслээд хэлчих саруул ухаантай, аливаад буйртай нуруулаг
ханддаг, өнөө “найгадаг мод хугардаггүй” гэдэг шиг өвгөд үгүй болжээ. Нэг л их цэцэрхсэн,
гоморхсон, цээжээ дэлдэж эх оронч царайлсан, залуу үеэ ор тас үгүйсгэсэн “сахалтай
эмгэд” хаа сайгүй олширсон санагдана. Монголын нийгэм ийм хахирган хүйтэн, хүүхэд
хөгшидгүй уур бухимдлаар сагаж, муу муухайгийн үүр уурхай болсон нь ердөө л бидний
зан чанартай холбоотой. Бид юуг ч тэвчиж тэсвэрлэж, хичнээн дургүй хүрсэн ч мэндлэх
хүндлэх ёсоо алдаагүй дорнын соёлоо уландаа гишгэснийхээ горыг одоо амсаж байна.
Япон, Солонгост ажиллаж амьдарч, сурч байсан найз нөхөд ойр дотнын маань хүмүүс
Монголд ирээд, нийгмийн энэ их уур бухимдал нэгийгээ харааж зүхэж буйг үзэж сонсоод
хэлэх үггүй болдог. Монголоо хичнээн их санаж, сайн сайхан зүйл хийж бүтээхийн агуу
их хүсэл тээж ирсэн хүмүүсийн өөдөөс бид тэгж л нулимж угтдаг болжээ. Энэ байдлаараа
Монголын ард түмэн соёлт хүн төрөлхтний өөдөөс нулимж, энэ дэлхийн бөмбөрцөгт нүүрээ
хийх газаргүй зэрлэг бүдүүлэг омгийнхон болж хувирах нь.

Дорнын соёлын
голлох үндэстэн болох Японд “Өөрийгөө буруутгах соёл” гэж байдаг. Тухайн хүнд дургүй
байсан ч та инээж, бөхөлзөх хэрэгтэй. Чиний буруу байлаа ч өөрийгөө буруутгах ёстой
гэсэн бичигдээгүй хууль бий. Уг соёл, ёс жаягаа баримтлаагүй, манайхаар бол хар
амиа бодож толгой дээгүүр явсан нөхөд яалт ч үгүй нийгмээсээ шахагддаг гэсэн. Энэ
тухай япон судлаач Д.Төмөрбаатар нэгэнтээ бичиж байв. Гэтэл монголчууд бид ноён
зантай, бөхийж мэхийхийг мэддэггүй хүмүүс. Үүний үр дүнд яав. Хар яр хийж нохой
шиг хэрэлдэж хэмлэлдсэн нийгмийг бий болголоо. Өөр гэгээтэй юм алга “Капиталист
нийгэмд улс орон минь шилжиж байна. Монголчууд бид нэгийгээ хүндэтгэн бөхөлзөх хэрэгтэй
байна. Бид чинь бүгд гэдгэр зантай хүмүүс. Гуйлгачин нь хүртэл гэдрэг гэдийж байх
юм” гэж “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
нэрт нийтлэлч Жамбалын Мягмарсүрэн аль тэртээ ерээд онд “Гэдгэр гуйлгачин” нийтлэлдээ
бичиж байсан.

Монголчууд
гэдгэр ноён зангаа орхиж нэгнийхээ өмнө мэхийн ёсолдог, хүндэтгэлтэй хандан мэндчилдэг
болох хэрэгтэй. Үндсэндээ дорнын соёлын гол зүйл болох үг өнгөрөөж сурах хэрэгтэй.
Үүний тулд харилцааны тухай хууль гаргамаар байна. Уг хуульд “Монголчууд уулзсан
хүнтэйгээ мэхийн ёслох учиртай”, “Албан газрын хүмүүс сайн байна уу гэж хэн нэгэндээ
хүндэтгэлтэй хэлж ажлаа эхлэх ёстой” гэх зэргээр зааж өгмөөр байна. Мөн дээрх хуулинд
“Тухайн албан газар орсон хүн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөлгүй, албаны хүмүүстэй
мэхийж ёслоогүй бол түүний асуултад хариулахгүй байж болно” гэдэг ч юм уу, эсвэл
“Ахмад настан, бичгийн мэргэд, төрийн түшээд гээд нэртэй төртэй хүмүүст тухайн хүн
45 градус бөхийж мэндчилнэ” гээд заачихад ч буруу нь юу байх билээ. Дорнын соёлтой
улс үндэстэн ингэж л мэндчилж, халуун дотно, найрсгаар жаргалтай аж төрж байна.
“Өрнө, дорнын үндэстэн угсаатны соёлын ялгаа олон зүйлээр илэрдгийн дотор мэндлэх,
хүндлэх ёс багтдаг. Өрнө дахины хүмүүс гол төлөв гар барьж мэндэлдэг. Дорно дахины
уламжлалт мэндчилгээ бол гар барьдаггүй. Хоёр гараа цээжиндээ аваад бөхийж мэндчилдэг.
Энэ бол дорно дахины ард түмний соёл, сэтгэлгээний үндсэн суурь юм. Өрнө дахины
мэндчилгээнд төвөөс зугтах хүч үйлчилдэг бол дорнын мэндчилгээнд төвд тэмүүлэх хүч
үйлчилдэг” гэж хятад судлаач доктор М.Чимэдцэеэ хэлсэн.

Монголчууд
хүний урд төрөл нь нохой байсан гэлцэх нь бий. Нохой байж байгаад хүн болсон гэж
ярьдаг. Өнөөгийн нийгэм цаг үеийг, монголчуудын аж амьдрал, соёл, зан харилцааг
харахад бид чинь хүн байж байгаад эргээд нохой болж байгаа юм биш биз дээ гэх бодлыг
төрүүлж байна. Хичнээн алдар суутай, бахдам гавьяатай, төрийн өндөр алба хашиж буй
хэн ч байсан нийгэм хүндэтгэхээ байж. Үгийг нь сонсч, үзэл бодлыг нь хүлээж авахаа
байж. Цахим ертөнцөөр нэгийгээ элдэв дээдээр зүхсэн, хараасан, хэмлэсэн хүмүүс л
байх юм.

“Гүррагчаа
баатрыг цагаа олж төржээ гэж би баярладаг. Хэрвээ өнөөдөр төрсөн бол монголчуудын
энэ атаа жөтөө тэр хүнийг сансрын хөлөгт суулгахгүй. Монгол Улс сансрын нисгэгчгүй
байх байсан” гэж төрийн тэргүүн “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлдээ өгүүлсэн удаатай.
Бид ийм л нохой шиг нийгмийг бий болгочихлоо. Одоо үүнээсээ больж дорнын соёлын
язгуур нийгмээ байгуулах хэрэгтэй байна. Эрхэм төрийн түшээд харилцааны тухай хууль
даруйхан санаачлан батлаадахаач. Монголчууд дугаарын хязгаарлалтыг яаж даган мөрдөж,
замын хөдөлгөөний хуулийг дор бүрнээ сахиж байгаа шигээ харилцааны тухай хуулийг
хүндэтгэн хүлээн авах болов уу. Тэгэхгүй бол дорнын соёлоо уландаа гишгэж, нохой
шиг нийгэмдээ хэмлэлдэн амьдарсаар байх болно.

Categories
мэдээ цаг-үе

Бөх судлаач Б.Цогтбаатар: Цэрэнтогтох аварга монгол бөхийн барилдааны гайхамшгийг үзүүлсэн домогт бөх

Угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох юм. Хүчит аваргын тухай бөх судлаач, бөхийн тайлбарлагч Бямба­доржийн Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.

-“Хоёр Мөнх”-ийн араас залгаж төрсөн хүчит аваргуудын нэгэн бол яах аргагүй Дашдоржийн Цэрэнтогтох аварга. Монгол бөхөд уран хурц барилдаан, мэхний олон хувилбарыг оруулж ирсэн гэж бөх судлаачид үздэг юм билээ?

-Бөхийн түүхэнд “Хоёр Мөнх”-ийн араас залгаж гарч ирсэн хоёр хүчтэн бол Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Цэрэнтогтох аваргын барилдаан эхнээсээ л бөхөд хайртай олны сонирхлыг татсан байдаг.

Барилдааны явцад угсраа олон мэхний хувилбар гаргаж болдгийг биеэрээ үзүүлж, монгол бөхийн барилдааны гайхамшгийг, жинхэнэ мөн чанарыг нь бодитойгоор үзүүлсэн хүн. Үүнийг миний бие тодорхойлж хэлж байгаа юм биш. Бөх судлаачид, олон түмэн далаад оны сүүл үеэс л ингэж ярьж, бичиж эхэлсэн байдаг. Их аварга маань хувь хүнийхээ талаас цөлх монгол ухаантай, бөхийн ёс жудаг, эрэмбэ дарааг машид баримталж хадгалж ирсэн. Гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн гярхай хүн байсан. Тэр нь барилдаанд нь нөлөөлдөг байж. Уран дайчин, иртэй зоримог барилдаан гаргаж байж л “Хоёр Мөнх”, Хадаа, Дагвасүрэн, Мөнгөн гээд тэр олон хүчтэнүүдийн дундаас цойлж гарч ирнэ шүү дээ. Далан найман онд дархан аварга Д.Дамдингаар долоо, Х.Баянмөнхөөр найм, Ж.Мөнхбатаар ес давж түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гэнэт ингээд гараад ирэв дээ” гэж гайхсан, эргэлзсэн, баярласан байртай асууж байсан гэдэг. Үнэхээр Цэрэнтогтох аварга бол далаад оны дунд үеэс монгол бөхийн дэвжээнд дуулиан шуугиантай гарч ирсэн. Түүний барилдааныг харах гэж, тухайн цагт хэнбугайд ч тахимаа өгч, элэг бүсээ тайлаагүй байсан хоёр Мөнхтэй хэрхэн барилдахыг нь үзэх гэж наадамчин олон тэсэн ядан хүлээдэг байсан. Мөнхбат, Баянмөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн бол Цэрэнтогтох аварга шүү дээ.

-Зүүнбаянгийн цэрэг төрийн наадамд шууд зургаа давж байв. Бас луугаруудыг унагаж байсан түүх бий?

-Далан нэгэн онд Зүүнбаянд цэрэгт татагдаад дараа нь “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх алтан медаль авч байсан. 1980 оны Москвагийн олимпод тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлж байсан амжилтыг нь бахдаад барамгүй. Далан хоёр оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг шууд зургаа давж заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Тэгээд дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан байна. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө.

Ингээд Зүүнбаянгийн цэрэг Цэрэнтогтохыг тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаж барилдаад унасан байдаг. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан, ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлсан нь энгүй их хүчтэн Цэрэнтогтох аварга байжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг мөн л ид үед нь хаясан. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртайсан. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очихсон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй” гэж байлаа.

-Мөөеөгөөс өөр бөхөд барагтай бол тахимаа өгөөгүй босоо байсан Баянааг Цэрэнтогтох аварга хэд хэдэн удаа унагасан. Тэр тухайгаа өөрөө ч ярьдаг байсан?

-Цэрэнтогтох аварга Баянаа аваргатай барилдаж байхдаа ямар мэхэнд яагаад уначихав гэдгээ эхэн үедээ сайн мэддэггүй байж л дээ. Аваргатай барилдах учраа олохгүй байсан хэрэг. Тэгээд яавал би Баянаа аваргыг унагаж болох вэ гэдгээ маш их бодсон байгаа юм. Янз бүрийн мэхний хувилбар бодож боловсруулж, түүнийгээ өөр бөх дээр туршиж, давтаад байж. Ерөөсөө л Баянаа аваргыг давна гэсэн зорилго тээж бэлтгэл сургуулилтаа хийсэн байна. Түүнийх нь үр дүн гаралгүй яахав. Улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин, Цэрэнтогтох аварга гурав үлджээ. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тэгэхэд Баянаа аваргыг маш өвөрмөц сонин мэхээр унагасан байдаг юм. Өөрийнх нь хэлснээр бол тал хутгаа гэж ойлгогдоод байгаа. Тэр нь самбо барилдааны мэх юм байна. Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэж байв.

-Заан болдог жилээ түрүүлчих боломж байсан гэдэг юм?

-Улсад зургаа давж одоогийнхоор бол харцага цол хүртсэний дараахь он жилүүдэд буюу 1974-1976 онд төрийн наадамд зодоглоогүй өнжсөн байдаг. Тухайн үед улсын шигшээ багийн тамирчин байсан. Олон улсын тэмцээнүүдэд яваад наадамд зодоглох боломж олдохгүй байсан нь мэдээж. Улсад зодоглоогүй тэр он жилүүдэд би Хадыгаа гүйцэхээргүй хол алдсан гэж аварга хэлдэг байсан. Өнөө Хадбаатараа хэлж байгаа хэрэг. Хадаа нь далан таван онд Мядагийн Мөнгөн, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Донровын Долгорсүрэн нарын хүчтэнүүдийг тав, зургаа, долоогийн даваанд тунаж орхисноор заан цол, дараа жил нь П.Дагвасүрэнтэй үлдэж түрүүлэн арслан цол хүртсэн. Нэг жил начин цолыг хамт хүртэж байсан Хад нь төрийн наадмын түрүү бөх болчихсон мандаж байхыг харах Цэрэнтогтоход нь хэцүү байж. Түүнийг яаж гүйцнэ дээ гэж боддог байж л дээ. Ингээд далан долоон онтой золгосон байна. Тэгтэл ашгүй чөлөөтөөс түр хугацаагаар завсарлуулсан байна. Үндэсний бөхийн бэлтгэлдээ шамдаж тэр жилээ Мөнгөн, Дасрангийн Мягмар нараар тунаж тав, зургаа даван зааны даваанд Хадбаатартайгаа тунаж барилдан давснаар заан цолонд хүрсэн. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амласнаар Баянаа Цэрэнтогтох хоёр тунасан байдаг.

“Баянаа аваргыг хаях боломж байсан. Гэвч би арай л яарчихсан юм. Их ч ядарч билээ” гэж харамсч байсан удаатай. 1978 онд наадмын манлай гурван дархан аваргыг дараалуулж орхин улсад түрүүлж, арслан цол авч Бал даргыг гайхшруулж байсныг нь дээр өгүүлсэн. Харин 1979 оны улсын наадмын өмнө болсон Монголын бүх ард түмний зургадугаар спартакиадад 31 бөх тойргоор барилдсанаас нэг ч уналгүй 30 давж түрүүлэн Монгол Улсын аварга цол хүртсэн түүхтэй. Хадаа, Цэрэнтогтох хоёрын хэн нь давахыг үзэхээр очсон хүмүүс спортын төв ордонд багтахгүй, гадуур нь пиг дүүрэн, сонсоод зогсож байсан гэдэг шүү. Цэрэнтогтох аварга Монгол бөхийн дээд цол болох улсын заан, арслан, аварга, даян аварга, дархан аваргыг таван жилийн хугацаанд жил дараалан хүртсэн бөх юм. Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын алдарт аваргууд ингэж жил дараалан цол хүртсэн гэж өөрөө бахархалтайгаар хэлдэг байсан. Дамдин, Мөнхбат, Баянмөнх нарын алдарт аваргуудын халааг авч, ерээд оны эхэн үед цагийг эзэлсэн их хүчтэн Бат-Эрдэнэ аваргад монгол бөхийн өндөрлөгийг хүлээлгэж өгөх ховор хувь тавилан Цэрэнтогтох аваргад тохиосон нь гайхмаар.

-Та бол Халхын их хүчит аваргатай ойр дотно явсан хүний нэг. Мөн нутаг ус ч нэг дорынх гэж хэлж болох юм. Цэрэнтогтох аварга Өвөрхангайн Нарийнтээл сумынх, та зэргэлдээ Хайрхандулааных?

-Миний сэтгэлдээ бишрэн дээдэлж хадгалж явдаг хүмүүсийн нэг бол их аварга маань байлаа. Урт холын аянд явчихсаныг нь сонсоод сэтгэл эзгүйрэх шиг л болсон. Гэхдээ монгол бөхөд уран дайчин барилдаан, угсраа олон мэх, цөлх сайхан ухаан, ёс жудаг, эрэмбэ дараа гэдгийг дархлан үлдээснийг нь бодохоор өег дулаан санагдах юм. Аварга бол Нарийнтээлийн хангай, говь хосолсон үзэсгэлэнт нутаг Ханхөгшин хайрханы өвөр бэлд төрсөн хүн л дээ. Аав нь “хөл” Дашдорж гэж барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байж. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан юм билээ. Тэр хүн л аваргыг багад нь хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг. Бөх барилдана гэдэг бяр тэнхээнээс гадна тухайн хүнээс их авьяас, мэдрэмж шаарддаг зүйл л дээ. Халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргад тэрхүү авьяас мэдрэмж илүү их заяажээ гэж бодогддог юм.

Categories
мэдээ цаг-үе

Шагдаржавын Нацагдорж агсны охин Ариунгуа: Аав маань харгис Чингисийг магтан дуулсан ял сонсч байсан

Монгол Улсын
төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Шагдаржавын Нацагдорж
агсны охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуатай ярилцсанаа хүргэе.

-Аавыг тань “Мандухай цэцэн хатан” түүхэн
киноны зохиолч гэдгээр нь манайхан сайн мэднэ.
Эрдэмтэд бол “Халхын түүх”, “Хубилай хаан” номуудыг нь ихэвчлэн ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Манай
аавын туурвисан “Халхын түүх”, “Чингис хааны цадиг”, “Монголын феодализмын
үндсэн замнал”, “Хубилай сэцэн” нэгэн сэдэвт зохиолууд нь нэгэнт Монголын түүхийн сонгодог зохиолууд болжээ.
Манай аав 28 настайдаа “Сүхбаатарын намтар”
бүтээлээр 1946 онд төрийн шагнал болох Чойбалсангийн шагнал хүртсэн.
Тэрхүү зохиол нь англи хэлээр орчуулагдан АНУ-д Конгрессийн номын санд байдаг.
Ц.Дамдинсүрэн гуай, Б.Ренчин, Э.Оюун нарын эрдэмтэдтэй аав тухайн үед төрийн
шагнал хүртсэн гэдэг. Тэр тухай нь би сайн мэдэхгүй юм даа.

-Нацагдорж гуай 1930-аад оны эхэн үеэс
хойших Монголын бүх л сэхээтнүүдтэй ойр дотно байж хамтран ажиллаж, бүтээн туурвиж
ирсэн. Өнөөдөр домог мэт яригддаг эрхмүүдтэй зорилго нэг явсан алтан үеийн гавьяатнуудын
нэгэн?

-Аав маань
Монголын түүх судлалын ажлыг 17 наснаасаа эхлэн хийж улмаар энэхүү судалгаанд
бүх амьдралаа зориулсан хүн юм. Тэрээр ХХ зууны 30-аад оны үед 17 настайдаа манай улсын анхны эрдэм
шинжилгээний байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн Түүхийн тэнхимд
ажиллаж манай орчин үеийн утга зохиолын үндэслэгч Д.Нацагдорж болон Өвөр
Монголоос ирсэн түүхч Буянчуулганы хамт гурвуулаа шинэ цагийн Монголын түүх
судлалын үндсийг тавьж эхэлсэн билээ. Удалгүй Д.Нацагдорж нас барж Буянчуулган
гуай хэлмэгдэн баривчлагдаж миний аав 19
настайдаа Түүхийн тэнхимийн эрхлэгч болсноос хойш 50 гаруй жил Монголын орчин
үеийн түүхийн шинжлэх ухааныг толгойлон хөл дээр нь босгосон гавьяатан билээ.
Тэрээр Монголын ХХ зууны 40-өөд оны үед
хөсөр хаягдсан Монголын эртний сүм хийд, түүхийн дурсгал болох Хархорины
балгас, Гандан Тэгчинлэн хийд, Орхоны бичээс, Түргийн үеийн дурсгал зэрэг манай
улсын олон арван хөшөө дурсгал, орон хийдийг аврах, хамгаалах ажлыг санаачлан
зохион байгуулж, гар бие оролцсон юм. Аав Д.Нацагдоржтой бүтэн хоёр жил хамт
ажиллаж түүнээс ихийг сурсан ба Д.Нацагдорж
манай аавыг “Үндсэн ажилтан болгон авбаас тэр авьяас бүхий тул яван
явсаар их л хэрэгтэй хүн болох болов уу” хэмээн тодорхойлсон байсныг аав хожим
архиваас олж мэдсэн байдаг.

-Та бол аавынхаа үндэс суурийг нь тавьсан
түүхийн шинжлэх ухааныг үргэлжлүүлж судалж яваа эрдэмтэн. Тэгэхээр “Чингис хааны
цадиг”, “Хубилай хаан”, “Мандухай цэцэн хатан” гээд алдарт түүхэн бүтээлүүдийнх
нь үнэ цэнийн талаар ярихгүй юу. Өнөө жил Хубилай хааны өндөр ой тохиож байгаа.
Үүнд аавын тань гавьяа их байгаа нь мэдээж?

-Би аавтайгаа
адил түүхийн мэргэжилтэй. Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины
факультетийн Хятадын түүхийн ангийг дүүргэсэн. Тэр үед чинь Их сургуулийг таван
жил сурч байгаад төгсдөг байлаа. Төгсөж
ирээд ШУА-ийн Дорно Дахины хүрээлэнд
(одоогийн ОУХХ) ороод одоог хүртэл ажиллаж байна. Миний судалгааны сэдэв
бол эрт дундад зууны болон орчин үеийн Монгол-Хятадын харилцаа. Тухайн сэдвээр
монографи зохиол бичсэнээс гадна Улсын таван боть түүхийн гуравдугаар ботийн
зохиогчийн нэг. Чан Чунь бумбын Өрнө зүгт зорчсон тэмдэглэл хэмээх хятад
сурвалжийг орчуулсан. Орчин үеийн
судлалаар олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн дээ. Би эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор.

Дээр дурдсан
зохиолуу­дыг нэг бүрчлэн дүгнэн ярихад их цаг хугацаа орох тул базаж хэлэхэд
манай аавын судалгааны гол зорилго бол Монголын нүүдлийн нийгмийн хөгжлийн зүй
тогтлыг илрүүлэхэд чиглэгдэж байсан.
Тухайлбал “Чингис хааны цадиг” хэмээх зохиолд Монголын нийгмийн
байгууламжийн онцлог юунд байсан, Чингисийн аян дайны шалтгаан, түүний хийсэн
аян дайн Монголын нийгэм болон дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөөний талаархи фундаментал судалгаа юм. “Халхын түүх”-ийн
хувьд гэвэл Манжийн үеийн түүхийг бүхэлд нь дүгнэн бичсэн зохиол бөгөөд дэлхийн монгол судлалд Манжийн
үеийн Монголын түүхийн судлалаар тэрхүү зохиолыг давж гарсан зохиол хараахан
үгүй гэж гадаад дотоодын түүхчид хүлээн
зөвшөөрдөг. Манай Монголын түүх судлалд Хубилай хааны талаар түүхчид янз бүрийн байр суурьтай байдаг
бөгөөд түүнийг Юань гүрний нийслэлийг
Хятадад шилжүүлснээр Хятадын хаан болж
Монголоо орхисон гэх мэтээр бичдэг нь нууц биш юм. Энэхүү байр суурийг манай
аав ер хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд үүнийг маш ухвар мөчид дүгнэлт хэмээн
үзэж байсан юм. Хубилайн сүр хүч Хятад орныг голлон тулгуурлаж байсан төдий
биш, харин юуны урьд Монгол орноо эзэгнэн захирч байсанд шууд дулдуйдаж байв
гэдгийг онцлон тэмдэглэсээр байсан юм. Тэрээр Хубилайтай тэнцэх эзэн хаан
ертөнцийн түүхэнд урьд хожид гарсангүй. Хубилай бол Дорно, Өрнийг холбосон,
нүүдэл, суурин иргэншлийг хослон хөгжүүлэхийг оролдсон түүхийн асар том бодгаль, дэлхий нийтийн
түүхэнд тодорсон үлэмжийн том эзэн хаан хэмээн тодорхойлсон нь зөвхөн Монголын
их хааныг монгол түүхч л тийнхүү тодорхойлон хэлэх билээ.

-Шавь нар гэвэл ямар хүмүүс байна?

-Шавь нар гэвэл
тухайн үед Түүхийн хүрээлэнд манай аавтай хамт ажиллаж байсан бүх л судлаачид мөн хэл, философийн эрдэмтэд бүгд л аавыг багшаа гэдэг байсан. Гарын шавь
нар гэвэл доктор С.Цолмон, М.Ринчин,Ц.Ишдорж, Ч.Даш­даваа, Ц.Энхээ, А.Очир,
Д.Дашбадрах, Ж.Гэрэлбадрах, Т.Мөнхцэцэг гэх олон сайхан эрдэмтдийг дурдаж
болно.

-“Мандухай цэцэн хатан” киноны түүх янз
бүрээр л яригддаг. Зохиолыг нь нам төрийн зүгээс хорьж байсан гэдэг.

-Тийм ээ. Ганцхан
“Мандухай цэцэн” зохиол ч биш. Манай аавыг хэлмэгдүү­лэлтийн хар сүүдэр байнга
дагалдаж явсан ба тэр үед түүхийн зохиолыг туурвих нь амаргүй
байсан юм. Аав маань Чингис хааны судлалд өөрийн оюун ухаан, эрүүл мэнд,
нэр төрөө зориулсан хүн юм. Миний аавын амьдарч, туурвиж байсан үе бол манай
улсад эв хамтын ёс (коммунист үзэл) ноёрхож Чингис хааны түүхийг судлах цээртэй
байсан юм. Хэдий тийм боловч Монголын түүхч нар бололцооны хэрээр эзэн
Чингисийнхээ талаар судалгаа хийж, түүхийг үнэнээр өгүүлэхийг чармайн иргэний
болон түүхч хүний эр зоригийг гаргасаар ирсэн билээ. Тэдний нэг нь яах аргагүй
миний аав байсан бөгөөд алдарт “Нууц товчоо”-г Ц.Дамдинсүрэн гуай анх удаа
орчин цагийн хэлнээ хөрвүүлэхэд аав маань тус зохиолын оршлыг бичихдээ “Халуун амь бүлээн цусаа үл хайхран эх
орныхоо төлөө тэмцэж байсан Чингис хааны үеийн монгол хүний эр зориг, баатарлаг шинж чанарыг дурдан
магтаж, улмаар тухайн үеийн Монголын төрөөс “Харгис Чингисийг магтан дуулсан” ял
сонсож хатуу зэмлэл хүртсэн түүхтэй. Хэдий тийм боловч аав мань огт шантралгүй Чингис хааны 800
жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргаж
ойн хурал дээр үндсэн илтгэлийг нь
тавьсан юм. Үүнийхээ дараа хатуу зэмлэл хүртэж оюун санаа, эрүүл
мэндээрээ маш их хохирсон билээ. Чингис хааны түүхийг судлахад миний аавд учирч
байсан бэрхшээл, зовлон нь түүний хувь
хүний амьдралыг болон Монголын нийгмийн хувь заяаг тусгасан
бүхэл бүтэн өвөрмөц түүх юм.

-Танайхаар үе үеийн мэргэд орж гарч, бүтээл
туурвил, түүх соёлын талаар ярьж байсан нь дамжиггүй. Сүүл үеийн эрдэмтдээс Нацагдорж
гуайтай хэн хэн их ойр байсан бол?

-Сүүлийн үед үзэл
бодлоороо манай аавтай хамгийн ойр байсан хүн бол доктор, төвд судлаач Ү.Хүрэлбаатар
агсан юм. Тэр хоёр Монголын шашны тэргүүн Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийн
талаар санаа маш нийлдэг байсан бөгөөд урьд аав маань Өндөр гэгээнийг янз
бүрийн дайралтаас ганцаар бөөцийлөн хамгаалж байсан бол залуу төвд судлаач Ү.Хүрэлбаатар
гарч ханьтай болов гэж байсан. Өндөр гэгээний түүхэн үнэлэмжийг зөвөөр гаргахын тулд түүхэн сурвалжийн мэдээ хангалтгүй учир
тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг тодруулахад төвд хэл дээрх данс харааг
судлах хэрэгтэй гэж үзэж байсан ба энэ талаар Хүрэл­баатар доктор их зүйлийг
хийсэн байх. Харин манай аав монгол хэл
дээрх данс харааг судласны үндсэн дээр “Галдан бошигт аврагч биш, Өндөр гэгээн
урвагч биш” хэмээн хэдхэн үгээр Манжийн дарлалд орж байсан Монголын түүхэн
нөхцөл байдлыг гярхай тодорхойлсон нь
бодит үнэнд туйлын нийцэх болов
уу.

-Үр хүүхдүүддээ захиж хэлж байсан зүйл
гэвэл юу байна. Ухаантай, амьдрал туулсан хүний үг гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам
үнэтэй санагддаг даа?

-Хүүхэд бид нарт
хар багаас минь сургамжийн үг хэлдэг байсан. Зориуд цаг зав гаргаад ярьдаггүй өдөр тутмын яриан дундаа л зэрвэсхэн хэлээд
өнгөрдөг байсан боловч бид сургамжтай үгийг
нь маш ойр тусган хүлээж авч, өөрсдийнхөө амьдралд мөрдлөг болгохыг дор бүрнээ
хичээсээр ирсэн. Хамгийн их хэлдэг үг нь уурын мунхаг хэцүү. Хэдхэн хором л
биеэ бариад тэвччих хэрэгтэй, ууртай байхдаа хэзээ ч битгий шийдвэр гаргаж бай.
Маргааш өглөө асуудал өөр өнцгөөс харагдана. Заль бол нэг хэсэг хугацаанд л
үйлчилнэ. Харин ухаан бол хэзээд ялна” гэж ярьдагсан. Туйлшрахаас их
болгоомжлох хэрэгтэй, хүнтэй хэзээ ч битгий зүй бусаар харьц, хүнд муу юм бүү
хий. Нөгөө хүнийхээ нүд рүү хожмын өдөр бардам харах нүүртэй бай гэж сургадаг
байсан. Ер нь тэгээд ном л унш, ном уншваас оюун ухаан чинь задарна, тэлнэ
гэж сургадаг байсан. Чамайг хүн юу ч гэж
хэлсэн бүү тоо харин чи өөрөө л хүний тухай муу юм ярихгүй бол боллоо гээд
их сургамжилдаг байсан. Одоо бодох нь ээ өөрийн туулсан амьдрал,
туршлагаасаа улбаалан ийнхүү ярьдаг байсан байх. Хааяа алтан дундаж чинь их зөв
үзэл юм шүү гэдэг сэн. Хичээлдээ гурав аваад ирэхэд эх орны алтан гурав уу гээд
их инээдэгсэн. Та алтан дундаж их зөв
үзэл гэдэг биз дээ гэж хэлээд зэмлүүлж байсан.

-Аядуу зөөлөн, ихэд зарчимч хүн байсан
болов уу. Хувь хүн талаас нь, аав гэдэг талаас нь дурсахгүй юу?

-Манай аав
жинхэнэ сэхээтэн хүн байсан. Гарал
угсаагаараа ч гэсэн гурав дахь үеийн сэхээтэн. Энэ бол нүүдлийн Монголын
нийгэмд ховор тохиолдол. Эртний сэхээтэн номын хүмүүс ямар овор төрхийг хадгалж
байдаг бүх л тэр шинжийг хадгалсан хүн байв. Гүн ухаантай,
онцгой авьяастай, их мэдлэгтэй, ухаалаг зан чанартай, их энгийн, зөөлөн уян
сэтгэлтэй, маш өрөвч хүн байсан. Маш их тэвчээртэй. Эгэл жирийн хүмүүст их
хайртай, их ардач үзэлтэй. Царай зүсний хувьд их сайхан, дэгжин ганган хүн байлаа.

-Эцэг эхээс хэдүүлээ байв. Удам гарлынх
нь тухайд та хэр мэдэх вэ?

-Дамбадорж гэдэг
нэг дүүтэй байсан боловч тэр нь бага сургуульд байхдаа ертөнцийн мөнх бусыг
үзүүлсэн гэдэг. Манай аавын өвөө Ө.Балданцэрэн гүн гэж хүн байсан. Тэрээр Богд
хааны ордонд хүмүүжсэн хятад, манж хэлтэй. Их бичгийн хүн байсан. Богд хаан
түүнд “билигт” хэмээн цол өгсөн гэдэг. Хятадын эртний сонгодог зохиол, Манжийн
“Энх-Амгалан хааны бодлогын бичгийг” Богд гэгээний зарлигаар монгол хэлнээ
буулгасан. Эдгээр нь бүгд Улсын номын сангийн ховор номын санд хадгалагдаж
байдаг. Манай өвөө бичгийн хүн байхаас
гадна Богд хааны тагнуулын албыг хариуцаж байсан. Энэ тухай архивуудад баримт
бий.1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд биечлэн оролцож явсан, Богдын
өргөөний хашаа руу хатираагаараа орж явчихдаг ганц хүн байсан гэж эмээ маань
надад их л аминчлан ярьдаг байж билээ. “Эрүү цагаан болжмор
шувуу” дууны зохиогч. Аавын аав Шагдаржав бол бас бичиг үсэгтэй, гэрийн боловсролтой. Цэргийн яаманд
Д.Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав нарын гарын нарийн бичгийн даргаар ажиллаж
байсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд “цэцэрлэг”

Оюуны хөдөлмөр эрхлэн амьдрах замыг нэгэнт бараадсан этгээдийг илэрхийлэх “Оюутан” хэмээх оноосон нэр ХХ зууны эхний хагасаас улбаатай. Шавийг сурагч (ученик), багшийг сургагч (учитель) хэмээн хувьсгалчаар өөрчлөн нэрлэж, коммунизмын замаар иргэншлийн босго алхах тэр үеийн нэр. Улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг сүрэг малын өсөлтөөр бус эрдэм соёлын дэлгэрэлтээр төсөөлж байсан өвөг дээдсийн хайрласан мөрөөдлийн нэр…

Өнөөдөр манай орон 10000 хүнд ногдох оюутны тоогоор дэлхий дээр магнайлж, орчин үеийн цэрэг-эдийн засаг төдийгүй соёлын импери болох АНУ-ыг хүртэл ардаа орхисон. Үүнийгээ дагаад түмэн хүнд ногдох дээд боловсролтны тоо, эзлэх байр шууд пропорционалаар өснө биз дээ. ХХ зууны эхэн үеийн үндэсний сэхээтнүүд чихэндээ итгэмгүй, дал наяад оны нам засгийн удирдагчид нүдэндээ үнэмшимгүй статистик бидний өмнө байна. Тэд бүх нийтээрээ зөвхөн бичиг үсэгтэй болох, бүх хүүхдийг зөвхөн бүрэн дунд боловсролын хөтөлбөрт хамруулахыг л зорьж байсан. Харин одоо бүх хүүхэд дээд боловсрол эзэмших хөдөлгөөн өрнөөгүй байна гэж үү?

Гэтэл “Алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаана байна” гэлээ гэдэг шиг америкийг ардаа орхисон дээд боловсрол эзэмшигчдийн чинь хэрэг нь хаанаа байна аа гэсэн үлгэрийн асуултад хариу алга. Нэг талаасаа бид маш ихээр дээд боловсролыг эзэмшиж байна, нөгөө талаасаа Монголын дээд боловсрол ба манай гаригийн ердийн дээд боловсрол хоёрын дунд зарчмын ялгаа гарсан гэдэг нь харагдаж байна.

Зарим ажиглагчид тооны хойноос хөөцөлдөж хэтэрхий олон дээд сургууль байгуулсан явдалд боловсролын бодлого хэрэгжүүлдэг сайд, яамыг буруутгаж байна. Өөр хэсэг хүн их дээд сургуулийн төлбөр хэтэрхий бага байгаагаас учир шалтгааныг хайж байна. Тэд, Монголдоо нэр хүндтэйд орох их дээд сургуулийн төлбөр нь чанартай дунд сургууль байтугай боломжийн цэцэрлэгээс бага төлбөртэй байдгийг ч сануулж байгаа юм.

Гэхдээ асуудлыг шүүмжлэн харахаас өмнө нөхцөл байдлын зүй зохистой эсэхийг хамтдаа тунгаах гээд үзье. Нэг талаасаа ямар ч аргаар хамаагүй хүүхдээ дээд боловсролын дипломтой болгох эрмэлзэл хүн ардад байна. Энэ эрмэлзэл дээр олон арван хувийн дээд сургууль үүссэн. Ингээд бодохоор, зуугаар тоологдох их дээд сургууль байгуулагдсан нь зүй зохистой үзэгдэл юм байх нь.

Нэгэнт л дээд боловсрол нь бүх нийтийг хамарсан үзэгдэл болсон учраас түүний өртөг төлбөр нь мөн л бүх нийтэд боломжтой байх учиртай. Ийм учраас ард түмний хүсэл зоригийн дагуу дээд сургуулийн төлбөрийг зохих хэмжээнд барьж байх нь улстөрчдийн гол үүрэг болсон хэрэг. Дээд боловсролын төлбөрийн өнөөгийн хэмжээ нь нийгмийн захиалгаар хязгаарлагдаж байгаа байх нь ээ.

Энэ байдал ойрын үед нэг их өөрчлөгдөхгүй байх. Учир нь хойтон, хойтонгийн болох сонгуулиудаар ард түмэн үр хүүхдээ улам дээд боловсрол эзэмшүүлсээр байх нөхцөл бололцоог л нэмж нэхнэ. Улс төрчид эрх мэдэлд хүрэхийн тулд “Шинжлэх ухааны туяат оргилд хүрэх өргөн дардан зам” зассаар байх нь дамжиггүй.(Хуучин соц-ийн үед марксизм-ленинизмыг үндэслэгчдийн хэлсэн гэх шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгүй. Бэрхшээл энээ тэрээгээс айхгүй зүтгэсэн нь түүний туяат оргилд хүрнэ гэсэн утгатай үгийг багш нар маань ишилдэгсэн)

Өнөөгийн монголчуудын дээд боловсролын цангааг үндэстнээрээ гэгээрч боловсрон улсын дайтай улс болох зуун дамжсан мөрөөдөл, социализмын үеийн уралдаант шалгалтын хатуу шалгуур, намын ажилтны хоёр жилийн курс, маркс судлалын оройн дээд мэтийг төгсгөөд л насаараа дарга болдог байсан уламжлал гээд олон зүйлээс хайдаг.

Нөгөө талаас өнөөгийн дээд боловсролын чансааг бүгд харж ойлгож байгаа, диплом нь сайндаа дэлгүүрийн худалдагч болгохоос хэтрэхгүй тохиолдол маш олон гэдгийг нийтээрээ зөвшөөрч байгаа. Ойлгож, зөвшөөрч байгаа хэрнээ, ашиг багатай сургалтад төлбөр төлөөд яваагийн учир юу вэ?

Харин нүүдэлчин амьдралаас иргэншилд шилжиж яваа үндэстэнд бүрэлдсэн сурган хүмүүжүүлэх үзэл санаа, итгэл үнэмшлийн тодорхой үе шатны онцлог гэдэг талаас нь харвал илүү сонин санагдаж байна.

Хүүхдийнхээ амьдралд хэрэгтэй бүхнийг гэр бүл дотроо зааж сургасаар ирсэн уламжлалтай монголчууд ХХ зууны дунд үеэс үр хүүхдээ цэцэрлэг сургууль, анги хамт олон, эвлэл пионерийн байгууллагад даатгах болсон юм. Хүүхдийг амьдралд хөлөө олон олтол нь төр засаг өөрөө ч юм уу, нам эвлэл гэхчлэнгийн юмаар дамжуулан хариуцах(хариуцуулах) ёстой гэсэн итгэл үнэмшил энэ зуур бий болжээ. Ажилчдынхаа хүүхдээс эхлээд ажилтныхаа ёс суртахуун, хүмүүжил, гэр бүлийн байдал, архи дарс ууж байгаа эсэх түүнчлэн үл бүтэх хүнтэй нөхөрлөх явдал гаргуулахгүй талыг байгууллагын дарга нар хариуцаж байлаа. Гэр бүлээсээ салах, ханилснаасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоо тогтоох, хүүхэд нь муу сурах юм уу, хүмүүжлээр доголдох тухай бүрт нам захиргаа, эвлэлийн байгууллага авч хэлэлцэж тогтоол гаргаж байсныг мэдэх нэг нь мэднэ дээ.

Цай уух зуур сонирхуулахад, дээхнэ үед Өвөрхангайд гэлүү дээ ийм явдал болсон гэдэг. (Гавьяат нэгдэлчин Рагчаа гуайн яриа юм. Намайг “Соёлын довтолгоо” номын материал цуглуулж байхад ярьсан хэрэг) Золигийн хархүү сумын төвийнхөө гайгүй гэсэн бүсгүйчүүлтэй холбогдоод болдоггүй, эхнэр нь сумын намын үүрт гомдол гаргасан байгаа юм. Хархүүг намын үүрт дуудаад, эхнэртэй атлаа өөр бүсүйчүүлтэй холбогдоод байгаа асуудлыг нь буруушаан хэлэлцсэн байдаг. Золигийн сэргэлэн хархүү нам, засгийн асуултад золигийн хариу барьжээ “ Хөөрхий муу эхнэр минь ганцхан юм даа гэж бодоод завсар зайгаар нь өөр хүнээр орлуулж, аминдаа гамнаж байгаа маань л энэ шүү дээ” гэсэн байна. Намын үүрээс “эхнэрийг гамнахгүй байхыг үүрэг болгосугай” гэсэн тогтоол гарсан гэдэг юм.

За энэ ч яахав, гол юмандаа оръё. 1990 оны ардчилсан хувьсгал хувь хүн өөрийнхөө хувь заяаг хариуцах үүрэгтэй, эрхтэй болгосноор хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд эхнэрээ гамнах хүртэлх “глобаль” асуудал хариуцдаг үзэл суртлын аппарат нурлаа. Гэвч нам эвлэлээс эхлээд НАХ яам, цагдаагийн бүх талын хяналтан дор хүмүүжсэн бүтэн үеийнхэнд өөрийн үр хүүхдээ хэний ч хяналтгүйгээр бие даасан амьдрал руу үдэх зүрх зориг байсангүй. Сургуулийн ширээнээс цааш нь хүмүүжүүлэх учиртай эвлэл, намын байгууллага, социалист хөдөлмөрийн бригад, халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн бүгд байдаггүй. Ингээд олон олон эцэг эхчүүд бээр дунд сургуулийн дараагийн шатанд хүүхдийг нь хэдэн жил хараад өгөх газар хайх болсноор манай орны их, дээд “цэцэрлэг”-үүдийн тогтоц бий болсон бололтой.

Эрдэм сурч сүйд болохгүй ч гэсэн хүүхдийнх нь араас “хүүе хаая” гээд байх сургууль багш нар байгаа нь юу юунаас чухал. Сургууль багш нарын хараа хяналт дор гурав дөрвөн жилийг өнгөрөөх зуураа хүүхэд өөрөө төлөвшөөд амьдрах зам мөрөө олоод ирнэ. Аз байвал сайн сурч цаашдынх нь зам нээгдэнэ. Аз байвал төгссөн хойно нь ажил олдоно. Харин хүүхэд дунд сургуулийн дараахь энэ дөрвөн жилд бие хүн болон төлөвших чухал үе шатыг “их дээд” сургуулийн хараа хяналтын дор туулах учиртай… Манай орны их дээд “цэцэрлэг”-ийн учир энэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмөөрөө үхэхээр гоё…

Энэ муусайн баяачууд…харахаар хорсол төрж байна. Тэд л амар тайван амьдралыг минь булааж байна. Муусайн баячууд байгаа цагт бид жаргахгүй ээ, жаргахгүй. Хамгийн муухай нь тэд над шиг л байсан байхгүй юу…тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.

Надтай л адилхан цалингаас цалингийн хооронд гол зогоож, сонинд ороосон тамхиа хуваан татаж, автобусны тавин мөнгөн дээр ажиллаж чадвал баярлаж, маханд оочерлоод дан булуу ногдоогүй өдрийг балжинням, дашнямтайд тооцож явсан хэвтэж…тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.

Муусайн баячууд ичих нүүргүй дамын наймаа хийсэн. Чи өөрөө наймаа хийхгүй яасан юм бэ, гэж үү? Тэгээд л тэнэг юм шиг эрээнээс гахай зөөх юм уу. Муусайн баячууд өмч хувьчлалаар зөндөөн юм авсан. Би аваагүйдээ гоморхсон юм биш. Өгсөн ч авахгүй байсан. Байр хувьчлал уу, нохойн баас. Хэдхэн өрөө, тэгээд угсармал. Чаддаг юм бол буцаагаад аваач, харах юмсан.

Эх орны хишиг түгээж байгаа, амьдрал сайжирна гэж ирээд л нэг их пиар хийж гэнэ. Бүгдэд нь адилхан өгч байгаа юм чинь, яаж амьдрал сайжрах юм бэ?

Муусайн баячууд миний энэ насны зовлон болоод байна. Намайг гэрт байхад муусайн баячууд өвлийн сууцтай болоод эхэлсэн. Тэхээр нь яахав хүн юм чинь гээд өвлийн сууц барьчихаад харсан чинь муусайн баячууд орон сууцанд орсон байсан. Мачийж байж орон сууцанд ороод хувьчлаад автал нүүгээд явчихсан. Юмыг яаж мэдэхэв, буцаад хашаандаа буугаад гэр барьчихсан юм биш байгаа гээд тандтал муусайн баячууд анхны боловсон апартмент гээчийг бариулаад орчихсон.

Тэд аль ч цагт шаарууд байсан юм. Намайг усны морин тэргэн дээр хааяа дөчийн бидоноо дайдаг байхад тэд унадаг дугуйтай болчихсон. Анхны дугуйгаа авахад муусайн баяачуул мотоциклио асааж байсан. Бүр социализмд шүү.

Дараа нь намайг Дамбын ногоон Лиаз-наас зүүгдээд автобустайгаа гуйвж явахад “Москвич”-ээ унасан, арай гэж Жигули аваад хартал “эксэл”-ээрээ шунгинаад өнгөрсөн. Хүн л юм хойно хичээж байгаад Элентра аваад хартал Ландкрузерээ унаад алга болсон байсан. Ландкрузер аваад ч яах юм билээ, тэд “лексус 570”- аа унах юм чинь. Яагаад…Яасан гэж намайг ингэж байгаа юм бэ?

Ардчилаад л нэг жаргах юм ярьсан, хаа байна? Муусайн баячууд араас нь хөөх тусам цаашлаад байхад хэн жаргах юм бэ? Ер нь Цэ даргын үед тэд их цөөхөн, хүн ядуу байх тусмаа рейтингтэй байсан нь үнэн юм шүү. Сэхээтнүүдийг төөрөгдөлд ордог учраас хатуу хяналтад байлган, үе үе хашраадаг байсныг уншсанаа тодхон сананам. Сэхээтэн болоогүй эгэл олноо хайрладаг, нам нь тэдэндээ итгэн тулгуурладаг шударга цаг байгаагүй биш байсан юм гэсэн. Муу Лоохууз, цөллөгт байгаагаа мэдэхгүй хурганы арьс элдэх замаар мөлжлөг хийж цулайчихсан байхад нь хоншоорыг нь тас цохисон явдлыг өвөө маань амьд сэрүүндээ бахтай хуучилдагсан. Лоохуузыг шоронд хийсэн нь хурганы арьсаа элдэж чаддаггүй олон ардыг мөлжлөгөөс аварсан үзэл суртлын чухал арга хэмжээ болсон юм гэнэ лээ…за энэ ч яахав.

Арай гэж хүүхэнд тоогдоод гэрлэмэр болоход муусайн баячууд хоёр дахь эхнэрээ авч байсан юм. Ард биднийг авгайгаа шинэчлэх мөчид минь муусайн баячууд мисс нуудгайтай болоод эхэлсэн. Мисс нуудгай олохын цагт, тэр муусайн шаарнууд мисс эхнэртэй болох мэтээр энэ салбарт бараа тасарсан…Ёстой, шударга ёс гэж үнэхээр алга юм байна лээ, мэдсэн.

Хүн хүнтэйгээ адилхан байж болдоггүй хорвоо юм уу? Бурхан минь та намайг баян болгох гэж үйлээ үзэж хэрэггүй ээ. Баячуудыг л ядуу болгоод өг. Тэд траншейнд биш юм аа гэхэд гэр хороололд хашаанд сууж, гадаадад сурдаг хүүхдүүд нь тэргэнцрээр ус зөөг. Би баяжих гэсэн юм биш, зүгээр л сэтгэл амар унтах гэсэн юм.Эргэн тойрноо харахаар үхмээр байна. Гэхдээ тэд амьд үлдчихээр би яах юм бэ,аан. Бурхаан…аан. Цөмөөрөө зэрэг үхдэг бол би бэлэн л байна… За даа муусайн баячууд үхэж хатахгүй байгааг бодоход, бурхан гэж байдаг ч юмуу даа?

Би баяжих гэсэн юм биш. Би эдийн шуналгүй шударга ард. Хэзээ ч муусайн баячууд шиг болохгүй, гуйсан ч баяжихгүй, мэдэв үү? Би хүнтэй адилхан амьдарч үнэхээр дийлэхгүйгээс хойш хүмүүс цөмөөрөө надтай адилхан амьдраг. Болдог гэж байна шүү, болдог гэж байна.

Миний мөрөөдөл товчхон, шударга. Би цалин орлогоо нэмэгдүүлэх гээд байгаа юм биш. Аав ээж минь намайг тийм муухай шуналын микроов болгож хүмүүжүүлээгүй юм шүү…шударга ёсны төлөө л яваа хэрэг. Нийгэмд тэгш шударга амьжиргааны түвшин бий болгохын тулд өөртөө юм хурааж үзсэн, бүтэхгүй юм билээ.

Шударга ёсны төлөө өнгөрүүлсэн амьдрал маань нэг л юмыг ойлгуулсан. Би орлогоо яаж ч нэмэгдүүлсэн, муусайн баячууд байсаар л байх юм байна. Тэгээд би өөрийгөө тэдэн шиг болгох гэж үйл тамаа цайхаа болихоор шийдсэн. Оронд нь тэднийг өөр шигээ болгох гэж тэмцсэн нь дээр юм байна гэдгийг хатуу ухаарсан даа. Хэрвээ муусайн баячууд хоосроод ирвэл би хөрөнгөжих гэж зүтгэхийн зовлонгоос сална. Маш олон юмыг бий болгох боломж бага, зарим тохиолдолд огт байдаггүй. Харин бүх юм алга болгох,сүйдэх боломжтой байдаг юм билээ.

Би шийдсэн. Одоо тэмцэнэ. Ард түмэн цөхрөнгөө барахаар тэмцдэг юм, угаасаа. Хувьсгал хийнэ. Ялж ч байсан хувьсгалын бэлэн туршлага байна. Самарна даа. Хөрөнгө хураана, нийгэмчилнэ. Ийм тохиолдолд би ч гэсэн модоо барина, яадгийн. Цөмөөрөө ижилхэн ядуу болох юм чинь гоё. Хувьсгал дайснаа алж дуусахдаа цусны амтанд нэгэнт ордог тул үр хүүхдээ залгиж эхэлдэг гэсэн. Намайг ч бас алах байх. Гэхдээ л цөмөөрөө үхэх болохоор гоё…………………….?

2011 оны 12 сарын 14

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан” шаантаг

“Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явна”

Эрэлхэг цэрэг Швейк. (Я.Хашек

Нэг. Залгихыг нь би, зогьсохыг нь чи

Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.

Хямралын буруутан нь мэдээж улс төрчид,төрийн түшээд. Яалт ч үгүй бидний дунд “шургалсан этгээд”-ээс хамаг юм болж байгаа.

Гэхдээ энэ хямралын уг сурвалж монголын ард түмний 2012 онд хийсэн сонголтоос эхтэй. Энэ сонгуулиар Н.Энхбаярын нам үнэн хэрэгтээ ялсан юм. (МАХН гэдэг бол түүний хоч төдий зүйл бөгөөд үнэн хэрэгтээ гэр бүлийн нам билээ).

Сонгуулиар АН ялж, МАН чамгүй олон санал авсан. Харин МАХН-д ард түмний өгсөн жаахан санал(2012 оны сонгуулиар) энэ намгүйгээр засгийн эрх барих ямар ч боломжгүй болгосон. АН эрх барихуйц олонхи болохын тулд тэднийг засагтаа оруулах хэрэгтэй, засагтаа оруулахын тулд юу хүссэнийг нь хийхээс өөр аргагүйдээ тулсан. Энэ утгаараа, МАХН-ын эзэн Н.Энхбаяр дарга хаана суугаагаасаа үл хамааран монголын засгийн газрын “албан бус тэргүүн” хийсээр дөрөв дэх жилдээ орох гэж байна. Сая өршөөлийн хуулийн талаар ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд буй “хилийн чанадаас засгийн газрыг удирдаж буй хүн”-ий тухай тодорхойлолт үүнд холбогдоно.

Ийм учраас хууль цаазаа боловсронгуй болгож, засгийн эрхэнд шаантаг болж орсон гэр бүл, компанийн намууд болон онцгойлон тодорсон сайн дурын уран сайханч нарын хамаарлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цаашдаа манай хууль, төрийн тогтоц энэ хэвээрээ явах юм бол улс төрийн намуудаас илүү гуравдагч хүчин, парламентад шаантаг болж орсон бүлэглэлийн гарт улс орны хувь заяа шилжих болно.

Үүнээс болоод улс төрийн намууд төлөвшин хөгжих, дотоод ардчилал бүхий хүчирхэг улс төрийн нам бүрдэх процесс өөрөө зогсох болно. Олонхи, цөөнхийг бүрдүүлдэг эрх баригч намын хэсэг буюу“барын сүүл” байсанд орвол ямар ч үед эвсэл бүрдүүлээд, болж өгвөл сангийн, багадаа эдийн засгийн яамыг нь авчихдаг гэр бүлийн нам, “батганын толгой” явсан нь дээр гэдгийг захын тэнэг ойлгоно биз дээ. Нэгэн үе манай улс төрд “алтан гадас” фракци гэж их чухал бүлэглэл байв аа. Харин өнөөдөр “алтан шаантаг” болж, түүгээрээ “алтан шантааж” үйлдэж чадвал бүхнийг шийдэх цаг ирж.

Ингээд зогсохгүй хамаг хариуцлагыг хоёрын хооронд олонхи болсон улс төрийн нам хүлээдгийг хэлэх үү? “Залгихыг би залгина, зогьсохыг чи зогьс” гэсэн үг мөн үү?

Гэтэл өөр хүнд идүүлчихээд өөрөө зүгээр суултай биш. Хамаг лайг нь үүрч байж бусдаасаа бага идэлтэй ч биш, тийм үү?

Хоёр. Улс төрийн “улаан бурхан”

Нөгөө талаасаа энэ бол монголын төрийн нялхсын өвчин, туулан гарахаас өөр замгүй жам ёсны үзэгдэл юм. Монголын ардчиллын хорин тавны жил (хий насгүйгээр)орж байна.Энэ бол ардчилсны ой ч биш ерөөсөө орчин үеийн маягтай, тусгаар тогтносон монгол улсын өөрийн гэсэн төрийн хорин тавны ой.Хүний үеийг дундаж наслалтаар бус үржлийн чадвар бүрдэх мөчлөгөөр тооцдог аргачлалаар бол хүмүүний амьдралын нэгэн үе дуусч, шинэ нь эхэлж байгаа гэсэн үг.

Монголын төр наанадаж найман зууны, цаанадаж хоёр мянганы түүхтэй ч өнөөгийн ертөнцийн залуу, бүр орь залуухан төр. Хүннүгийн төр, Чингисийн Их монголын төр нь үндэстнээрээ баялаг бүтээж, улсаа цэцэглүүлэхийн оронд дайны олз хувааж, бэлэн юм хуваарилдаг ганц бизнестэй байгууламж байсан.

Олз хуваахгүй бол овог аймгийн гишүүд эзнээ хаяад явна. Ийм учраас байнгын “нөхөр”-тэй, үргэлжийн олзтой байхын тулд хажуу хавиргынхан руугаа байнга довтолж, дайтахаас өөр гарц байсангүй. Монгол төрийн “нийгмийн хамгааллын бодлого”-д байнга хэлмэгдэж ирсэн хөршүүд нь үе дамжин хаширч, залхаж ирсэн нь дамжиггүй

Яг нарийндаа, Манж нар, сүүлд Зөвлөлтүүд учиргүй их олз олох, тал нутгийн тодорхойгүй баялагт шунахаасаа илүүтэйгээр хэдэн жил тайван амьдрахын тулд монголчуудыг эрхшээлдээ байлгахаас өөр гарцгүй болсон ч юм билүү!

Үйлдвэрлэх, бүтээхийн оронд булааж аваад хуваадаг монголын төр ёсны уламжлал нийгмийн халамж гээч юмыг анх бий болгожээ. Орчин үеийн судлаачид ч нийгмийн халамжийн ууган жишээг Монголын их гүрэн, Юань улсаас хайж олж, энэ санаагаа батлах нь байдаг.

Өнөөгийн монгол төрд ч энэ уламжлал бат шингээстэй.Дайн хийж олз олохоо байсан ч гэсэн бөөн мөнгө, гэнэтийн олз тараагаастай. Хүүхдийн мөнгө, оюутны далан мянга, уул уурхайн хувь, ерөөсөө монгол хүн болсны шан харамж гэхчлэн тараана. Сонгуульд орохдоо иргэд нь “Бидэнд хэр хэмжээний дайны олз хуваах вэ” гэдгийг сонирхож, аль болох их мөнгө өгөх нам эвсэлд “биеэ худалдана”. Харамсалтай нь өнөөгийн монголчуудад дайн хийж юмыг нь булаах гадаадын дайсан олдохгүй. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдынхаа юмнаас зээлж, булааж тараана.

Хөрөнгө оруулагчид аа гэж… Очиж байлдах, хот сууринг нь эзлэх илүү дутуу ажилгүй. Өөрснөө хөрөнгөө авч ирээд булаалгадаг гадаадын хөрөнгө оруулагчид бол юун Хорезм, юун Алтан улс, юу яасны Тангуд вэ,бэлэн зэхээний, буян нь дэлгэрсэн дайсан ажгуу. Өнөөдөр монголын сонгогчид “Хэн гадаадын хөрөнгө оруулагчдын бусдаасаа илүү дээрэмдэж, бидэнд ахиухан юм хуваах бол” гэдгийг сонирхож байна.Хуучин цагийн дайны олз нь өнөөдөр эх орны хишиг хувь нэртэй болжээ. Ийм учраас монголын уламжлалт төр нь орчин үеийн төрөөс нэлээн ялгаатай. Эдийн засаг хөгжүүлж, үндэстнээрээ баялаг бүтээлгэн хөгжихийн оронд бусдын юмыг булааж аваад тараадаг “дайн үеийн жанжин штаб” маягтай, нэг талаасаа. Эсвэл манж ч юмуу, Зөвлөлтийн төрийн бодлогыг дагаж хэрэгжүүлдэг тийм онцлогоор хөгжиж ирсэн байна. Энэ уламжлалаасаа одоо ч салж чадахгүй хэцүүдсээр.

Монголын төр анх удаагаа биеэ дааж, дайн олз хуваахын оронд баялаг бүтээн үндэстнээ хөгжүүлэх замаар орсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хулгайч луйварчин аль ч үед байсан л байх. Гэхдээ хулгай луйвраа хуулиар халхлан хийж, булхайгаа хууль ёсны болгож, өөрсдөө өөрсдийгөө хууль ёсоор өршөөж байгаа энэ бүхэн бас л анхны тохиолдлууд. Бие даасан, энх цагийн монгол төрийн, иргэншлийн замд бэдэрсэн, ардчилсан нялх төрийн ууган шуухинаа, анхны ханиад, эхний хатгаа эрэмбэ ёсоороо тусч байх шиг байна.

Гурав. Сайн хүн дууссаан, дууссан!

Нөгөө талаасаа бидний уламжлалт итгэл үнэмшил үеэ өнгөрөөн хямарч байна гэж хэлж болно. Үлгэр домог, хаант ёс, ард түмний нэрээр дарангуйлах тогтоцоос үүдэлтэй итгэл үнэмшил хямарч байгаа хэрэг. Хувь хүн өөрөө тавилан заяагаа хөтлөн тодорхойлох чадваргүй бөгөөд хүн ард улс үндэстнээ аврах заяатай төрсөн баатар л тэднийг жаргааж өгдөг тухай домог амьдаараа л байна. Чингис хааны цадиг, ардын хувьсгалыг санаачлан хэрэгжүүлэгч Сүхбаатарын домог, ард түмний эцэг Чойбалсангийн хайр халамжийн үлгэр, удирдагч Цэдэнбалын мэргэн жолоодлогын туульс… одоо ч амьд, идэвхтэй хэвээр. Ард түмнийг аз жаргалын замаар удирдан залсан МАХН-ын зөв мэргэн жолоодлогын тухай нэн шинэ домог ч амьд, идэвхтэй хэвээр.

Ийм болоод л “монголыг аврах учиртай сайн нам маань юу болчих нь энэ вэ” гэж балмагдаад л, тэнд л нэг “сайн хүн” гарч ирж байна хэмээн шаваад л, энд л харин “эх орноосоо өөр юм боддоггүй гайхал” төрсөн шиг байна гэж хуйлраад л, одоо тэр нам л хамгийн сайн нь бололтой гэж уяан дээр нь тоос босгоод л байгаа юм. Онош нь тодорхойгүй хүнд өвчин туссан хүн тэр ч бариач, энэ ч үзмэрч, эндхийн ч маарамба, тэндхийн ч зайран руу гүйсээр тамираа бардаг шиг үзэгдэл.

Үнэн хэрэгтээ орчин үеийн улс төрийн ертөнцөд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно”, “Ард түмний заяа буянаар төрсөн жанжин Түгжил” байдаггүй. Харин системийн сул тал, нийтийн итгэл үнэмшлийн сиймхийг соргогоор харж тоглолт хийдэг, эрх мэдлийг гартаа оруулж чаддаг овжин гарууд бол байсан, байгаа, байх ч болно.

Ний нуугүй хэлэхэд, ард түмний төлөө төрдөг “сайн хүн” аль эрт бурхан болсоон. Алтан савыг нээлгэхэд “Үүрд нирвааныг олсон тул завсрын ертөнцөд эгэхгүй” гэсээн. Сайн хүн эрж хаширсан хүн төрөлхтөн “хүн сайн байхаас өөр аргагүй” хяналтын тогтоц, удирдлагын механизм бодож олсон.

Америкийн ерөнхийлөгч, тэдний төр бол бурханы бэлэг, иргэдийнх нь заяа буяны хэмжүүр биш. Харин улс үндэстнийх нь мөн чанарын тусгал. Оросын ерөнхийлөгч ч ялгаагүй. Нэг айхавтар нөхөр хаа нэгтэйгээс гарч ирээд Кремлийн эзэн болчихоогүй, үндэстнийхэээ чин эрмэлзлийн биелэл болон тодорсон удирдагч. Цаашлаад, Ленин, коммунизм, Сталин бүгдийг үндэстний онцлогтой холбон судлаачид тайлбарлах нь байдаг.

Яг түүнчлэн Үндэсний удирдагч, “улсын гурав дахь”, ардчилал, АН, МАН, МАХН бүгд л бидний мөн чанарын илэрхийлэл. Эрх баригчид авлига авах, авлигаа хамтарч цагаатгах, үүнийг хуулиар дамжуулан хийх нь зөв гэж байгаа юм биш. Энэ талын дархлаа суугаагүй эмзэг нялх төрийг хамгийн түрүүн нэрвэдэг халуун ханиад, ужиграх аваас раак болдог эмгэг туссан тухай ярьж байна.

Хүн болгон хувь заяаныхаа эзэн бөгөөд ямар ч улс төрч, зүтгэлтэн түүнийг удирдах жолоодох заяанд төрөөгүй гэдгийг ухаарахад өнөөдрийн туршлага багадаж байгаа бол “сайн хүмүүс”цаашдаа ч дахин дахин төрж, үндэстний хувь тавилангаар тоглосоор байх болно.

Олон хүний хувьд нам нь сайн муугийн зааг, танай тал ба манай талын хуваагдал хэвээр байна. Сайн улстөрчид таны төлөө байдаг юм биш, харин муу улстөрчдийг, хэзээд хулгай хийж мэдэх албатуудыг өөрийнхөө төлөө байлгах, хулгай хийлгэлгүй зүтгүүлэх учиртай гэдгийг ухаарах хэмжээний туршлага хуримтлагдаагүй бол “сайн улс төрч” нар эргэн төрсөөр цаашаа явна.

Энэ нь зөвхөн эрх барьж буй ардчилсан намуудад тохиож байгаа хямрал бэрхшээл ч биш.Харин үндэсний шинжтэй үзэгдэл. Авлига хэмээх төр ёсны “улаан бурхан”, “салхин цэцэг” туйлдаа хүрч төр үндэстнээрээ халуурч, дэмийрч байгаа гэмээр үе. Энэ үзэгдэл бараг зайлшгүй бөгөөд үүнийг амжилттай туулж чадвал манай төр нэгэн дархлаа тогтох учиртай.

Төгсгөл.

Гурван төгсгөл

Өрнөж буй үйл явц биднийг гурван гарцтай төгсгөл рүү хөтөлж байх шиг. Сайхнаас эхэлж ярихад, бид давах ёстойгоо туулаад, Монголын төр зохих дархлаагаа тогтоогоод цаашаа явна. Ингэхийн тулд сайн хүн ба сайн намын эрин дууссан байх ёстой. Улс төрийн зөв итгэл үнэмшилгүйгээр зөв механизм тогтох аргагүй.

Бидний ямар ч байсан “ухаалаг төр” гэж томъёолоод байгаа тэр хөтөлбөрийг хэлж байна. Гэтэл ухаалаг төр ухаарсан иргэнгүйгээр бүтэх юм биш. Төрд нүүрлэсэн хулгай, ичгүүргүй авлига, маргааш илүү том юм үмхэхийн тулд өнөөдөр гэмгүй царайлан гайхуулж яваа бэртэгчингүүд өөрснөө гэм буруутай. Гэхдээ тэднийг сонгож, бүтээн амилуулж өгсөн бид нар толинд өөрсдийгөө нэг сайн харах учиртай. Толинд юмны байршил солигдож, баруун гар зүүн талд гардгийг ч бодон бодон харах учиртай.

Хэрвээ…хэн нэгэн маань бусдаасаа илүү биднийг хайрлана гэдэгт үнэмшсээр байгаа цагт… Эх оронч гэж эх орноо хайрладаг тусгай сайн хүн төрдөг гэдэгт найдсан хэвээр цагт… Тэр сайн хүнийг л олоод толгой дээрээ залахын цагт жаргаана гэж санасаар яваа цагт… Бүх юм энэ л хэвээрээ байна. Яг л ээжийн мөөм бол хамгийн сайхан мөөм, амттан гэж итгэсэн хэвээр яваа жаал орь нас руу хэзээ ч алхаж чадахгүйн адил. Бас сүүлийн хоёроос өөр гарц биднийг тосохгүй.

Сүүлийн хоёр гарц гэж юуг хэлээд байна вэ гэхээр ийм юм. Төр нь тогтворгүй, дээр нь улс орноо бүрэн хянах чадамжгүй хөрш бол ямар ч гүрний аюулгүй байдалд харшилна. Дээр нь бас орчин үеийн терроризмын бялтыг нэгэн үзүүрээс нь асааж байдаг үл хүлцэх үзэл, эс тэвчих итгэл үнэмшлийн голомттой гэж байгаа. Ийм хөршийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хянах, тодорхой утгаар эрхшээлдээ байлгах нь хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхол мөн болно.

Яг л, гэрт орж ирээд түйвээхгүй мөртлөө байнга зодолддог, архидаж эсэн бусын амьтан цуглуулдаг, гэмт хэрэг гаргахаас ч сийхгүй хөрш ямар түвэгтэй билээ. Яаж ийгээд хавчиж байгаад нүүлгэх, боломжтой бол байрыг нь худалдаж авахаас өөр замгүй болдог шиг зүйл. Гэтэл хөрш айлыг нүүлгэж болдог ч хөрш улсыг нүүлгэж болохгүй. Иймд “байрыг нь худалдаж авах” л үлдэж байна, зүйрлэвээс. Яригдаад байгаа “Авлига тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай.

Нөгөө талаас авлига цэцэглэж, хямрал үргэлжилсээр байх юм бол үндэстнээрээ цөхөрч болно.Төрийн түшээддээ алдарч байсан итгэл нь сүүлдээ төр рүү шилжинэ. Дунд нь амьдарч байсан сайн сайхан “эх оронч” нар нь төрийн жолоо барингуутаа л цагаандаа гарсан амьтан болчихоод байхаар төрдөө итгэл алдахаас өөр яах билээ.

Өөрийн гэсэн төрдөө итгэхгүй болж эхэлнэ. Эндээсээ цаашлаад өөрийн гэсэн төртэй байхдаа эргэлзэж, өөрөөр хэлбэл тусгаар тогтнол эрх чөлөөндөө эргэлзэнэ. Хүн өөрөө хууль цааз,эмх журмыг хүсэж, нэхэж байдаг амьтан.Ингээд эмх журам, хууль цааз, шударга ёсыг сэргээгээд өгвөл хэн ч байсан яах вэ гэсэн бодол төрнө. “Авлига тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай юм шүү.

Олон хүнийг уурлуулсан нэг үнэнийг төгсгөлд хэлэхээс өөр арга алга. Тусгаар тогтнол газар нутгийн том багаас хамаардаггүй. Тусгаар тогтнол эдийн засаг дээр тогтдог юм. Аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй байж болох ч тусгаар тогтнол мөнгөн дээр л тогтоно. Монголд хөрөнгө оруулалт хийлгэхгүй, эдийн засгийг сэргээсэн том төслүүдийг хэрэгжүүлэхгүйн төлөө хийж байгаа бүхий л тэмцэл хөдөлгөөн нь манай эх орны нутаг руу орчин үеийн аргаар довтолж байгаа, газар нутгийг булаан эзэлж байгаа явдал мөнөөсөө мөн.

Мөнгөгүй болсон хүн гуйлга гуйж, өөрийг нь наашаа гэсэн хэний ч болов угаадсыг долооход хүрдэг шиг эдийн засаг нь унасан ямар ч орон хандив тусламж амласан ямар ч гүрний хараат болоход бэлэн дээрээ очдог.

Манайхан социализмын үеийн “Алтан өргөө” киног ишлэн “алтгүй амьдарч болно, усгүй амьдарч болохгүй” хэмээн цэцэрхэх нь их болж. Үлгэрийн киноноос зүгээр сэтгэлийн таашаал авчихаж чаддаггүй сонин “народ” шүү. Үнэн хэрэгтээ, устай хүн биш алттай хүн цангадаггүй юм. Алтаар усаа хамгаалж, усаа цэнгэгшүүлж, өөрийн усыг гамнахын тул бусдын усыг худалдаж аваад уучихдаг, бүр ерөөсөө байгаагүй усыг ч бий болгодог юм. Саудын араб устай учраас биш мөнгөтэй учраас баян байгаа юм. Ээрэм цөлийн энэ үндэстэн алттай учраас хангалттай устай болж, тэр байтугай Антарктидаас зөөсөн эрмэл мөсийг усандаа холин ууж, тансаглаж байгаа хэрэг. Хэзээ ч энд орж байгаагүй цасыг хүртэл бий болгож, цанаар гулгаж явна, ямрав дээ?

Гэтэл дэлхийд хоёрт ордог цэвэр усны нөөц болох Виктори нуурын эрэг дээрх Уганда, Танзани энэ тэр устай боловч мөнгөгүй учраас ядуу. Ус алт хоёрын бодит харьцаа гэж энэ. Меконг мөрний эрэг дээрх Лаос, Камбож, цэнхэр Нилийг хөвөөлөх өмнөд, хойд Судан, Египетийг ч хар.

Тусгаар тогтнолыг нь булаахын тулд газрыг нь булаадаггүй юм. Зүгээр л эдийн засгийг нь унагаад өөрийнхөө хараат болгочихоод “Чи муу өлсөхөөрөө намайг гэхгүй өөр яах юм бэ” гэж тавладаг юм даа.

…Төлөг тааруу л байна. Гэхдээ хүн төрөлхтний хайрыг булаасан баатрын нэг, цэргийн комиссоос “албан ёсны мангуу” гэсэн дүгнэлт авсан эрэлхэг цэрэг Швейк “юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” хэмээн хэлдэг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншиг ба “нутаг болдоггүй” Улаанбаатар

САЙН ЯВАА
Л БОЛ САЙХАН НААДАМД!

Монгол хүний аз жаргалын
хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн
явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол
нөхрийн чанар л танигдана гэдэг. Жалга жалгын мухарт сар, жилээр бясалгасан ганцаардлаа
үргээж, олон түмэнтэйгээ бужигнах тэр өдрүүдэд гангарах морь, гоёх дээлтэй байвал
амьд яваагийн хэрэг бүтдэг ард түмэн, бид. Их Д.Нацагдорж бээр үндэстнийхээ эрүүл
энх ба аз жаргалын ийм мэдрэмжийг “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн яруу сайхан
илэрхийлсэн байдаг. Эрүүл явахын цаад зорилго нь наадам үзэх гэж л хэлээд байна
даа.

Тийм болохоор сум
орондоо эмнэлэг сургууль барьсан удирдагчийг бус тэгш ойг нь сайхан тэмдэглүүлж,
гоё наадам хийлгэсэн дарга нарыг хайрлан хүрээлдэг. Тийм учраас тэмдэглэлт ойн дараа
бүтээн байгуулалт бус харин сумын төдөн жил гэсэн хөшөө, “Тавтай морилно уу” гэдэг
хаалга үлддэг. Олон түмэн түүндээ сэтгэл хангалуун хоцорно.

Дээр доргүй, үнэн
сэтгэлээсээ ханддаг болохоор монгол наадам
үнэхээр төгс төгөлдөр. Үнэн голын баяр хөөрөө шингээж нааддаг болохоор гадаадынхан
монгол наадмыг сонирхоод байдаг бололтой.

ДАНШИГ БОЛ ЧИНГИСИЙН
ЭРЭЛ

Даншиг наадам сэргээн
хийж байна. Анхдугаар богд Өндөр гэгээнийг
хутагтын ширээнд залаад “мандтугай” хэмээн хийсэн наадам бололтой, даншиг
гэдэг нь.

Их Чингис хааны үед
бар арслан явсан монгол үндэстэн нэг мэдэхэд
бутран салж, тал нутаг дүүрэн “батганы толгой” болон таржээ. Энэ үед нийт монголчуудыг
нэгтгэх үзэл санааны шүтээн эрэлхийлж явсаар шарын шашныг сонгосон аж. Анхдугаар
Богдыг ширээнд залснаар жалгын нэг тарж явсан монголчууд нийт дундын үзэл сурталтай,
оюун санааны удирдагчтай болоод авав. Түүнийг Түшээт ханы гэр бүлээс тодруулсан
нь ч завсрын тохиол бус. Нийт монголчуудын үзэл санааны удирдагч эзэн Чингэсийн
алтан ураг дотроос тодорсон нь алсын хараатай улс төрийн бодлогын үр байсан хэрэг.
Үүнийгээ тэмдэглэж их наадам хийсэн нь даншиг бөлгөө. Энэ утгаараа даншиг нь монголчуудын
нэг нэгдлийн баяр, Чингис хааныг орлохуйц үзэл санааны удирдагчтай болсны тэмдэглэлт
өдөр ажгуу. Нэгэнт үзэл санааны нэг удирдлагатай болсон монголчууд түүнийгээ тойрон
хүрээлж, их гүрнээ сэргээх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монголчуудын ийм санааг
ойлгосон Манж Чин гүрний хаан яаралтай хариу бодож олоод Богд Жавзандамба хутагтын
дараа дараагийн дүрийг зөвхөн Түвдээс тодруулж байх зарлиг буулгасан байна.

УЛААНБААТАР БОЛ
НУТАГ БИШ

Хүн амын гуравны нэгээс
илүү нь нийслэлдээ суух боловч монголчууд Улаанбаатар хотдоо сэтгэл багатай. Ахмад
үеийнхэн нь төрсөн нутаг хэмээн аль нэг аймаг сумыг нэрлэнэ, үр хүүхэд нь “Сэлэнгэ
аймгийн, Хөвсгөл аймгийн уугуул” хэмээн өөр газарт сэтгэл зүрхээрээ харьяалагдана.
Улсын наадмаар “Улаанбаатар хотын уугуул” хэмээн цоллуулах бөх байдаггүй нь нэгийг
өгүүлэх мэт.

Нийслэлийн иргэд маань аль нэг аймаг сумаас Улаанбаатар хотод насаараа
томилогдсон элчин, төлөөлөгчийн сэтгэлтэй. Анхны хайраа мартаж чаддаггүй, түрүүчийн
авгай нь сэтгэлээс гардаггүй нэг тиймэрхүү хань ижлийн төрхтэй. Аятайхан боломж
гармагц л нутагтаа очоод мал маллаад суучих санаатай явуулын хүн, бусдын нутагт
малаа таргалуулж яваа оторчинтой ч адил юм уу?
Гэтэл хөдөөнөө байгаа, ялангуяа залуу үе нь хот газар орж, иргэншлийн бужигнаанд
нэгдэх бөөн мөрөөдөл.

ХХ зууны эхний хагасаас
социалист маягаар суурьшиж, 1990 оноос жам ёсны иргэншил рүү орсон бидний нүүдэлчний
сэтгэхүйн нөлөө л юм даа. Учир нь нэг газарт
хаашаа ч нүүлгүй, нэг насаараа байтугай хэдэн үеэрээ хөдөлгөөнгүй сууна гэдгийг
бидний далд ухамсар хүлээн зөвшөөрөх болоогүй л бололтой. Хот бол өвөлжөө, хаваржаа,
зуслан, намаржааны аль нь ч биш гэдгийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч дуусаагүй аж.
Хотыг соёлжуулан, иргэншүүлэх ажлын амин сүнс нь чухам энд буй санагдана.

ӨӨРИЙН НААДМААС
ӨӨРИЙН НУТАГ

Даншиг наадмыг нийслэлийн
наадам, Улаанбаатар хотынхны их баяр болгон тэмдэглэж байгаа бололтой. Даншигийг жуулчдыг татах зорилгоор
хийж байгаа гэх боловч цаад учир холбогдол нь өөр юманд байгаа санагдана. Найр наадамд
дуртай монголчуудад аз жаргалын шинэ мэдрэмж нэмнэ гэдэг бол асуудлын зөвхөн өнгөн
тал нь. Хамгийн гол нь хотын өөрийн гэсэн наадамтай болно. Магадгүй, бөхчүүдийг
“Хан уул, Сүхбаатар дүүргийн уугуул” хэмээн цоллож, “Чингэлтэй дүүргээс ногт ганзагалж
ирсэн бөх гэнэ” гэлцэн шивэр авир хийнэ л биз. Чингэлтэй ч, Хан уул ч хотын маань
л хэсэг. Хамгийн гол нь монголчууд нийслэлийн,
хотын наадамтай болно гэдэг нь түүнээ тойрон нягтрах, “минийх” гэсэн соёл, үзэл
суртлын голомт үүсгэх сайн талтай.

Бид хотын соёл, энээ
тэрээ гээд их ярьж байна. Энэ нь “Улаанбаатар
хот бол минийх” гэх сэтгэл бий болгохоос эхтэй. Харамсалтай нь бид нийслэлээ, Улаанбаатар хотоо түр сууж байгаа намаржаа, хэсэгхэн
зуурын өргөн айлсалт мэтээр далд ухамсартаа төсөөлөөд байгаа юм. Бид, ер нь бол
“Улаанбаатарт байгаа миний аав” гэгчээр
Завханаас, Дорнодоос, Увсаас нийслэлд сууж байгаа хүмүүс байхаа болих учиртай. Шинэ
үеийн багачуудын сэтгэхүй өөр болсон байж болох ч хотынхоо хувь заяаг тодорхойлж
байгаа хэсгийн сэтгэл зүй ийм л байгаа.

Монголчуудын хувьд
орон нутгаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам, цагаан сар. Бөх үзэж байгаа хүмүүс
энд л нутаг нутгаараа талцаж, аймгийнхаа, бүсийнхээ морь бөхийг дэмжинэ. Харин даншигаар
дамжуулан хот өөрийн наадамтай болж байгаа нь Улаанбаатар өөрөө “нутаг” болох эхлэл
санагдана.

Нутаг гээд байгаа
нь ийм учиртай. Улаанбаатараар дүүрэн нутгийн зөвлөл байдаг нь бараг л албан бус
засаг захиргааны нэгж гэлтэй. Хэнтий бол нутаг, Дорнод бол нутаг байхад Улаанбаатар
бол нутаг биш аж. Улаанбаатар хотын ой энээ тэрээ болох боловч тэр нь улсын нийслэлийн
хувьд яригдаад хот нь тоогдохгүй өнгөрнө. Даншигийн тухай ярьсны учир энэ.

Ер нь монголчуудын
хамгийн дуртай баяр, амьд яваагийн бахдал болсон баяр наадмыг ч үндэстнийхээ эв
нэгдэл рүү чиглэсэн менежмэнтээр хөтлөх цаг болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын
дийлэнх сумд, өнөө жил үлдсэн хэсэг нь 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Наадмыг
муухай хийж үзээгүй монголчууд бүгдийг нь үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэсэн.
Гэтэл энэ нь хуучин хошуугаа тарааж бутаргасны л ой юм шүү дээ. Өрх тасран айл гэр
нэмэгдэх нь жам ёс, амьдралын баяр мөн. Харин аймаг хуваагдан, хошуу тасрах нь үндэстний
бахархал яавч биш төдийгүй хэтийдвэл улс
задрахын цондон.

Иймээс хуучин аймаг
хошууныхаа ойг нийлж тэмдэглэвэл дөрөв таван зуугаар хэмжигдэх сүртэй урт ой болох
ба ойр хавийн сум аймаг нэгдсэн нижгэр наадам болно. Одоо ч “манай сум, танай сум,
манай аймаг, чиний аймаг” гэлцэн хэрэндээ толхилцож явдаг хүмүүс нэг хошуу, нэг
аймгаа эргэн санаж төрөлсөж, ах дүүснэ. Монголчууд нэг талаасаа тарж бутрах дуртай
боловч түүнийгээ нөхөх мэт төрөлсөх дотносох шалтаг хайж явдаг онцлогтой. Хуучин
аймаг хошуугаа дагасан сайхан нөхөрлөл, дотносох нөхцөл дорхноо бүрдэнэ. Жишээлэхэд, “Манай Цэцэн ханыхан” гээд ярихад өнөөгийн хэдэн
аймаг, олон арван сумаар салсан хамтлагийг
нэг туган дор авчирна. Ийм ой наадмууд нь үндэстний эв нэгдлийн цөм үүсгэх бөгөөд
бидний иргэншлийн замд ус агаар мэт хэрэгтэй “улсаараа нэг гэр бүл” гэдэг үзэл санаа
руу нэг алхам дөхүүлнэ.

Жич: Хэрвээ чи монгол
хүн юм бол наадамд дуртай л байгаа. Бөх барилдаж, морь уралдаж байхад дэргэдүүр
нь өнгөрч чадахгүй. Бас, монгол хүн л болсон хойно дуртай юмыг нь хийхээр дургүй
нь хүрч “Даншиг гэнэ ээ, хэнд хэрэгтэй юм бэ” хэмээн учиргүй чадуулчихсан дүрээ
үзүүлж ч яваа бол уу? Яагаад гэж үү, чухам энэ сэдвээр л “Иргэншлийн замд: Монголын
соёлын альманах” гэж ном бичлээ шүү дээ. Нөгөө “Сайн эрээс хулигаан, коммунистаас
жентельмэн” гэдэг нэрээр бичээд байсан ном ш дээ.

07.08.2015