Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа. Адуу зурж, адуу шүлэглэдэг аатай найрагчтай энэ удаа уран бүтээл, шүлэг найраг, улс төр ярьсангүй. Өнөө жилийн наадмын тухай бодол сэтгэлийг нь хуваалцсанаа хүргэе.
-Монгол төрийн наадам бахтай сайхан боллоо. Наран ургах зүг Сүхбаатар нутгаас наадмын өмнө заан цолтон төрлөө. Хурдан адууны үүд хаалга болсон, хийморь лундаатай нутаг мөн дөө?
-Энэ жил олон тэгш ой давхацсан, нар хур тэгширсэн элбэг дүүрэн наадам боллоо. Миний бие Өвөрхангайн Хужиртад амрангаа зурагтаар наадмаа тухтай нь аргагүй үзлээ. Түүнээс наадмын өдрүүдэд чинь сэтгэл санаа хий дэвэлзээд морь, бөх гэж хоёр тийшээ гүйлдээд наадмаа үзэж чадахгүй өнгөрдөг. Магалжав маань наадмын босгон дээр заан цол хүртэж, нутаг нугын түмнээ баярлууллаа. Нэг сонин түүх хэлэхэд, Магалжавын өвөө халхын домогт хүчтэн Буянтоо аваргын хүү Жанцанхорлоо гуайтай би ойр дотно явсан. Ерээд оны эхээр өвгөнийх энүүхэн ойрхон Бөөрөлжүүтээр нутагладаг байв. Би гэдэг аагисан амьтан очиж өвгөнийг уруу татаж, хоёулаа ууж идэж, зураг хөргөө ч авахуулж, айл амьтнаар дөрөө харшуулан бууж явлаа. Аавынх нь ир чадлын тухай асууж сонирхоно. Жанцанхорлоо гуай тэлмүүн сайхан яриатай янхигар хөгшин байсан. Буянтоо аваргыг морио үүрээд Гандангийн дэнжид гарсан гэх түүх домог шиг яриа тухайн үед олны дунд хэсүүчилдэг байсан. Үнэн бодит яриа юм гэнэ лээ. Манай Сүхбаатар бол морь, бөхийн үүдтэй гал голомт. Залуу аварга Мөнхбат Сүхбаатар аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, тэр жилээ улсын цолны босго алхаж байсан. Мөн Баттулгын Соронзонболд заан манай аймгийн наадамд түрүүлээд тэр жилээ шууд долоо давж улсын заан цол хүртэж байсан. А.Сүхбат аварга Алтан-Овооны даншигт түрүүлснийхээ дараа улсын наадмын түрүү бөхөөр тодорч, зургаан залуу заанаас сугарч гарч ирсэн түүхтэй. Ингээд бодохоор бөхийн өлгий биш юмаа гэхэд бөхийн үүдтэй нутаг гэдэг нь мэдрэгдэнэ.
-Ажнай хүлгийн тухайд…?
-Морины тухайд бас ярих зүйл их байна аа. Аливаа юмны учрал ерөөл гэж бий. Сайн бөх ясаа тавьсан газраас бөхчүүд төрдөг гэдэг. Тэгвэл сайн уяач ясаа тавьсан газраас хурдан хүлэг төрдөг юм байна гэж боддог. Монголын анхны манлай уяачдын нэг Дамдинхүүгийн Түвдэн гэж баруун Алтай Ховдын Дарвийн нэртэй уяач байлаа. Тэр хүн Сүхбаатар аймгаас хурдан морь худалдаж аваад буцах замдаа Баруун-Уртад өөд болсон юм. Түвдэн гуай наян нэгэн онд ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойгоор гурван морь түрүүлгэж түүхэн амжилт тогтоож байсан, улс даяар зартай уяач хүн. Тэр сайхан уяачийн эрдмийг нас бие нь дийлэлгүй Баруун-Уртад өнгөрсөн. Сонин юм шүү. Өлзийбаатар гэж хүнээс авсан хязаалан үрээг нь сүүлд Дуламсүрэн тод манлай уяад сартай хонгор азарга төрийн наадамд түрүүлж байлаа. Хурдан морины бүх шинжийг хадгалж төрсөн ажнай гэгддэг Дамбадаржаагийн Ононгийн аварга хээрийг ард түмэн мэднэ. Сүхбаатарын Уулбаянгийн Агваан багшийн унаган адуу шүү дээ. Аварга хээрийн тухай үүх түүх ярьж, шүлэг найраглалдаа бичиж би Ононг уйлуулж л явлаа. Тэр сайхан хүлэг Алтан-Овооны даншигт очиж уралдаад Гангын цагаан овооны Өлгий гэдэг газар үүрд хөрвөөсөн. Манай Сүхбаатар ийм л монгол төрийн наадмын үүдтэй голомт юм.
-Мөнгөнбаатарыгаа начин болно гэж мөн ч их хүлээсэн байх. Зөвхөн сүхбаатарынхан гэлтгүй бөхөд хайртай ард түмэн бүгд харлаа, харууслаа?
-Мөнгөнбаатарыгаа нүдээрээ харлаа, сэтгэлээрээ харлаа, бүр элгээ унатал харлаа. Ховд аймгийн Булган сумын Чулуунжав гэж бүхий л амьдралаа бөхөд зориулж ирсэн сайхан хүнтэй хамт Мөнгөнбаатарын барилдааныг үзсээн. Чулуунжав гуай бол манай Сүхбаатар аймгийн хурц арслан Булганхүүгийн аав. Мөнгөнбаатарын анхных нь багш. Булганхүү маань хоёр даваад гурвын даваанд уначихлаа. Улсын наадамд хоёр ч удаа дөрөв давж начны даваанд тулж ирсэн аралтай арслан. Яагаав, хэдэн жилийн өмнө Өсөхөө аваргыг тавын даваанд сандаргаж байгаагүй юу. Гэтэл Чулуунжав гуай хүүгээ гэхгүй шавиа л гээд байх юм. Ясны бөх хүн гэдэг чинь тэгдэг юм байна. Би бөх сайн мэдэх биш дээ. “Мөнгөнбаатар маань дөрөв давчихлаа. Энэ жил нэг юм дуулгана байгаа даа” гэж тавын давааны өмнөхөн багшаас нь асуулаа. “Туучих байх аа, туучих байх” л гэж байна.
Тэгтэл Мөнгөнбаатар начны даваанд бүдэрчихлээ. Бүр элэг урагдах шиг болсон. Би чинь угаасаа уранхай нөхөөстэй элэгтэй хүн. Айхтар том харуусал гэдэг чинь цээжнээс нэг юм зулгаагаад унагачихдаг юм билээ. Багш нь уйлаад босоод явчихсан. Би болохоор нулимсаа арчаад л суудал дээрээ суугаад байлаа. Тухайн агшинд надад Мөнгөнбаатарын наян настай аав, ээж хоёр нь бодогдов. Тэр хоёр буурал ард түмэн, нутаг усны олноос илүүтэйгээр хүүгээ харж суугаа нь мэдээж. Өөрийн эрхгүй ижий аавыг нь өрөвдөж суулаа. Аав нь Донойн Шар гэж сайхан хөгшин бий дээ. Цагтаа морь уядаг, уясан хүлгүүд нь Сүхбаатарын наадамд айлгадаг л байсан. Мөн ч цалгиатай сайхан эр явсныг нь би мэдэх юм. Хүний эцэг л болсон хойно “Намайг амьдад начин болчихоосой” гэж харж байгаа. Пил аварга гэж лут бөхийн удам. Ер нь тэгээд дэндүү их итгэл хүлээлгэнэ гэдэг дэндүү их хохирол амсахын л нэр юм биш үү. Одоо Мөнгөнбаатар маань нас явчихлаа. Уг нь монгол бөхөд жудаг гэж нэг юм бийсэн. Улсын алдар цолтой бөхчүүдийн хэн нь ч гэсэн амлаад цолонд хүргэхэд “Мөнгөөр начин төрүүллээ гэж хэлэхгүй” дээ. Гэвч энэ залууг амлаад өгчих жудагтай аавын хүү байдаггүй юм байна.
-Тэр жилийн цагаан сараар аатай сайхан барилдаж түрүүлснээс хойш л ард түмэн цол аваасай гэж хүлээсэн?
-Үнэхээр ард түмний хайртай бөх юм гэдгийг энэ жил би яс махаараа мэдэрлээ. Аймгийн наадамд хоёр удаа түрүүлсэн, заалны барилдаанд арван хэд түрүүлсэн бөх гэдэг ямар ч улсын цолтой бөхтэй эгнэж очихоор. Арван нэгэн онд цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Зэрлэг гахайн соёо гэж халтай зүйл байдаг. Хажуудахаа хадраад тэсгээдэггүй. Түүн шиг тэр жилийн цагаан сараар Мөнгөнбаатарын баруун ташаа ёстой нэг хачин байсан даа. Өнөө жил улсын цолгүй 18 бөх тав тавлаа. Зарим нь шууд зургаа давж байна. Манай хүн чинь тэр хэдийн хэнээс нь ч айж бэргэхгүй. Гэтэл Дорнодын Анар гэж шавилхан залууд барьц сонгуулаад уналаа. Анар өнгөрөгч жилийн наадмын дөрвийн даваанд Эрхэмбаяр аваргыг унагаж байсан эвгүй бөх л дөө. Мөнгөнбаатарын барилдаанаас би нэг л зүйлийг ойлгож байлаа. Нутаг орны удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Сүхбаатарын гэх сэхээтнүүд бүгд худлаа юм байна. Сонгууль болохоор л саналыг нь хулгайлж, луйвардах гэж сайн хүн болж очдог. Зарим нь бүр нус нулимстайгаа холилдож очно гээч. Сая наадмын өмнө аймгийн том дарга нар нуруугаа үүрсэн, пээдийсэн амьтад худлаа инээд алдаад бөхийн галаар явж байна лээ. Тэгж л их нутагтаа хайртай хүмүүс юм бол энэ жил ганц нүүр тахалж байгаа бөхөө тунаанаас гаргах нь яасан юм. “Тавын даваа гэдэг хамгийн хэцүү. Энэ давааг л гаталчих юм бол сайн бөх цаашаа торолгүй явчихна” гэж Баянаа аварга Санжаадамбын тухай, дараа нь Мөнгөнбаатарын тухай хэлж байсан. Манай нутгийнхан хэзээнээсээ бөхдөө ээлгүй тосоо дусаадаггүй, тусаа өгдөггүй хүмүүс дээ. “Ерөнхийлөгчийн бөх” гэж төр, түмэндээ хүндлэгдсэн Жанцангийн Чулуун гэж сайхан начин байлаа. Тэр хүнийг ид барилдах насанд нь аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга чөлөө өгөлгүй чөдөр тушаа болж тамлаж байсан удаатай. Хөвсгөл аймагт Уйлган голын гурван аваргын сүрлэг сайхан хөшөө бий. Гэтэл манай спорт хорооны үүдэнд хүний инээд хүрмээр жижигхэн хөшөө байдаг. Тэр жил Шаравын Батсуурь аваргыг Сүхбаатарын хилийн цэрэгт байхад нь аймгийнхаа ойд уриагүй юм гэсэн. Үүнд нь аварга жигтэйхэн уурласан дуулддаг. Нутаг орон нь жаахан дэмжээд өгсөн бол манай Чулуун начин, за тэгээд Чойдорын Өвгөнхүү гуай, Лувсандоржийн Дашдаваа, Дахын Одсүрэн гээд аварга, арслангуудыг айлгаж явсан аатай хүчтэнүүд төрсөн. Даанч дээшээ барилдсангүй.
-“Аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гээд та омогтой байна. Аварга гэдэг нь мэдээж Санжаадамбыг хэлж байгаа байх. Та чинь хадам талаа яривал Архангай болоод давхичихна даа?
-Хазгар хүргэн хадамсаг гэгчээр манай хадам тал яалт ч үгүй шинэ аваргын нутаг Архангайн Хашаат сум л даа. Мөнгөнбаатар маань унаж нөхөөстэй элгийг минь “цөмлөөд” хаячих шиг болохоор хүний хор шар хөдөлнө биз дээ. “Хүү минь, дүү минь цол авахгүй бол хүргэн хүн байна, хадмын нутгаа дэмждэг хэрэг ээ” гээд Санжаадамбыг дэмжсэн. Аварга хүн аваргын буурьтай барилдана гэдэг сайхан юм. Ард түмэн харлаа. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Оюунболдыг илүүрхэн хаяж байгааг, есийн даваанд халхын сайхан аварга Эрхэмбаярыг шороодуулаад зүүн мөрнөөс нь адис авч буйг харахад хичнээн сайхан. Бөхийн жудаг, эрэмбэ гэдэг ийм л байдаг аж. Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргыг амлаж жудаггүй зан гаргалаа. Бөхийн ертөнц бас л булингартай байгаа юм байна гэж бодогдсон. Хужиртын амралтаас буцах замдаа хадмынхаа нутаг Хашаат сумаар дайрлаа. Манай сумаас аварга төрлөө гээд хашаатынхан цээж түхгэр, нуруу гэдгэр байна аа, аргагүй. Шүдлэн насны морьд оройхон мордож байх юм. “Яаж байгаа нь энэ вэ” гэхэд, “Санжаа аварга маань ирж байгаа. Хүчит аваргадаа шүдлэнгийнхээ уралдааныг үзүүлнэ” гэж байна. Залуу аварга оройхон Мөнх-Эрдэнэ арслан тэргүүтэй олон бөхтэй ирсэн дуулдсан. Би уулзаж чадаагүй. Харин халхын сайхан аваргыг төрүүлсэн аавтай нь очиж уулзлаа. Чимэдрэгзэн гуай ёстой нэг магнай тэнэгэр, дүүрэн жаргалтай сууна. Төрийн наадамд хүүгээ түрүүлэхийг харсан аав гэдэг бахтай байхаас яахав. Яриан дундаа мань хүн “Хүүгээ түрүүлэхийг үзлээ, ах нь. Ойрын хэдэн жилдээ үхэхгүй байх” гэж байна. Тэгэхээр нь би “Хүүгээ дархан аварга болохыг үзнэ ээ” гэж хэлсэн. Их л бэлгэшээж байна лээ. Хашаатаас өмнө нь улсын наадмын түрүү бөх тодроогүй, аварга цолтон төрөөгүй юм билээ. Уламбаярын Мижиддорж арслан тэртээ жаран гурван онд Жигжидийн Мөнхбат аваргатай үлдэж үзүүрлэж байсан гэдэг. Зөвхөн Хашаатынхан гэлтгүй ард түмний сэтгэлийн бах өнөө жил ханах шиг боллоо. Санжаадамбыг олон жил хүлээж байжээ. Монгол наадмын чимэг, хайрламаар сайхан бөх бол Сэлэнгийн Эрхэмбаяр аварга гэдгийг бас илүүтэй мэдэрлээ. Монгол эр хүн ийм байдаг гэх сүүлчийн загвар хийц, жудаг ёс, ухаан, намба байдлын төгөлдөр жишээ Эрхэмээ аварга.
-Алтан дарь овооны сахиустай Дарьгангын наадамд таны азарга түрүүлсэн дуулдана?
-Сайхан аваргын аавтай уулзаад хийморь лундаатай явтал Сүхбаатараас мэдээ ирлээ. Дарьганга сумын наадамд бодон хээр азарга минь түрүү магнай болсон тухай дуулаад омогшихгүй яадаг юм. Ямар сайндаа мэнд мэдэж ярьсан бүхэнтэй “аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гэж хэлж байхав дээ. 2009 оны зүүн бүсийн “Их хурд” наадамд миний одон хээр азарга аман хүзүүдэж намайг баярлуулж байлаа. Тэгтэл түүний төл содон хээрийн унага бодон хээр Дарьгангад магнайллаа. Би яруу найрагч хүн учир үгээр наадаж морьдоо ийн нэрийдсэн. Зэрлэг бодон гахайтай юу ч эгнэдэггүй юм, тэрхүү бэлгэдлийн бодож “Бодон хээр” гэж нэрлэсэн. Яруу найрагчийн бэлгэ ерөөл Дарьгангын наадамд оршсон байна, шүншгээ олсон байна. Таван азарга тасраад, үзүүрийн хоёр азарга уралцаад бариа руу дөхөхөд бусад нь сууж бодон хээр ганцаараа жанжлаад түрүүлчихсэн байна. Цэргийн жанжин гэдэг шиг магнайн хэдэн азарга дундаа үнэндээ жанжилсан байгаа юм. Айсуй он жилүүдэд алдарт Нийгмийн хонгорын удам, Сүхбаатарын адуун сүргээс төрийн наадмын түрүү тодорсоор байх болно гэх ерөөлөөр хоёулаа яриа өндөрлөе, болно биз дээ.