Categories
мэдээ цаг-үе

Анд минь чи, хаалгыг минь тогшооч

(Уулзалтын дурсамж)

Монголчууд 25 жилийн дараа, 35 жилийн дараа, 40 жилийн дараа цэцэг навч дэлгэрсэн зуны дэлгэр цагаар сурагч насаа дурсаад уулзалдаж байна.

Сүхбаатарын талбайд өдөр болгон дээл өмсөж, цэцэг барьж гангарсан хүмүүс тэврэлдэж уулзана. Зарим нь 8Б, 10А гэсэн хаяг барьсан үзэгдэнэ. Сурагч нас бол амьдралын өглөө, хамгийн аз жаргалтай цаг үе юм. Тэр жаргалтай цаг үедээ очиж, хэсэг инээлдэж, хөгжилтэй дурсамжаа, багш нараа ярьж, хорвоогийн аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөхийг хүснэ. Гэвч он жилүүдийн тоосонд нэлээд нь цаг бусаар хорвоог орхисон байх ажгуу.

Ангийн андууд “Анд минь чи, хаалгыг минь тогшооч”, “Анд минь чи над руу утасдаач” хэмээн бие биедээ хүсэн тэмүүлэх ажээ.

Дархан хотын 10 жилийн III сургуулийн 1981 оны 10А ангийнхан 35 жилийн дараахь уулзалтаа зохиов. Цаг хугацаа аяны шувуудыг угтаж үдэж, гучин таван хавар, намрыг нэгэнт ардаа орхижээ.

Их сургууль дөнгөж төгсөж очоод, тоо физикийн багш хэмээх алдрыг хүртэж, жинс өмслөө хэмээн захирлаас банга хүртэж, хичээлээс хоцорч, эрхлэгчээс сануулга авч, хүүхдүүдтэйгээ бөмбөг тоглон, гитар балбаж, шавь нараасаа ч ялгарахгүй нэг тийм ойворгон сагсуу явсан залуу нас минь Дарханд үлдсэн юм.

Дархан бол залуусын хот байсан. Байшингууд нь эмх цэгцтэй, цэцэрлэг модод, гудамжнууд нь эмх цэгцтэй охид, хүүхнүүд нь өнгөлөг, залуус нь жавхаалаг тийм л хот байлаа. “Залуучууд” театр шинээр ашиглалтад орж, дөнгөж сургуулиа төгссөн бүжигчин залуус ирээд, Сэвжид хэмээх агуу хүний бүжгийн ертөнцийг амилуулан түгээж, “Монгол бүжгийн чуулбар”,“Жалам хар”, “Цыган“ бүжгүүдээр Дарханы залуус амьсгалж байсан цаг үеийг, Дарханы хавар, Дарханы үдшийг, сургуулийн шуугиант танхимыг мөнхөд дурсах учир надад бий хэмээнэ.

“Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд

Үүрийн цагаан цолмон гялбаж

Үйлдвэр уурхайн яндан хүжлэх

Үлгэрийн сайхан хот байдаг юм.

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юмаа” хэмээн хүүхдийн цангинасан хоолойгоор аялгуулж байсан хүүхдүүд одоо нас тогтсон намбалаг хүүхнүүд, эрчүүд болоод:

“Айлчин ирсэн ч нүүр улаймгүй

Аж амьдралын бэл зузаараад

Аливаа юманд хөл алдамгүй

Ажил бүтээлийн бүл суугаад

Нас тогтох сайхан” хэмээн дуулах ажээ.

Эмч багш, хуульч, инженерүүд, тариаланч, тамирчин, бизнесмэн болж, чиг чигийн замаар амьдралын их замаар замнаж, ач зээгээ тойруулсан өнөр өтгөн бүлийн эзэд болцгоожээ. Зарим нь Солонгос улсад ажиллаж амьдраад орон гэрээ төвхнүүлээд ирж байхад, зөрөөд Б.Начиншонхор,Б.Цэцэгжаргал, Д.Наранчимэг, Г.Энхтуяа нарын нөхдүүд амьдралын харгуй зам, мөрийг хөөж харь холын Америк, Солонгос орныг зорьцгоожээ.

Д.Мөнхбат маань тариаланч болж, мал аж ахуй эрхлээд хаа хол Баянхонгорт тохижиж суурьшжээ. Ёс жаяг дээдэлж, ангийнхныгаа ээлжилж зулай дээрээс нь үнэрлэсэн нэг их ахмад хөвүүн, аав мэт аяглах нь хүндэтгэлтэй. Б.Батболор, Я.Оюунцэцэг нар нэртэй эмч, эм зүйч болж чагнуур зүүгээд, энхийн манаанд зогсож байхад Б.Бурмаа, Ц.Одончимэг, Г.Уранчимэг, Ц.Тулга нар инженер болж, хувийн салбарт баялаг бүтээж байна. Л.Саруултуяа маань аэро оношлогоо хийж, төөрөг ч үзэж байх шиг. Н.Сүрэн, М.Түмэндэмбэрэл нар барилгын инженерийн мэргэжил эзэмшээд, харш өргөө сүндэрлүүлж байхад зарим нь нэртэй бизнесмэн болжээ. Зах зээл хэмээх ороо бусгаа цаг дор арилжаа наймаа бизнесийн ертөнцөд дээр дороо орон ихэд үзэлцэж, амжилт гаргаад гялалзаж яваа Д.Одонгоо, Ш.Бат-Ирээдүй нар маань дэлгүүр хоршоо, зочид буудал үйлчилгээ эрхлээд чөлөө зав үгүй байхад Н.Оюунзаяа, Г.Эрдэнэчимэг нар маань нэртэй багш болж, бас төрийн албанд зүтгэж, Б.Цолмон маань компанийн захирал болоод, мэдээллийн технологийн ертөнцөд бужигнуулж байна.

Зарим нь үл ялиг мариалж Ц.Жавзмаа мэтээр зузаарсан байхад зарим нь турж гоолиг болжээ. Д.Эрдэнэбулган маань сагсан бөмбөг хөөсөөр нэлээд туржээ. Багш би ч гэсэн өтөлж, үс бууралтаж шингэрээд овор суусан. Иймээс бие биеэ, ангийн багш манийгаа ч зарим нь таньж ядаж “Энэ хаанахын хүн бэ, хэн бэ?” хэмээн шивнэлдсэнийг ч бас нуух юун. Гучин таван жил бол их хугацаа. Дунд сургуулиа төгсөөд огт уулзалдаагүй нөхдүүд ч анх удаагаа тэврэлдэн уулзаж байлаа. Нина багшийгаа дурсаж, “А” үсэг заасан С.Дуламсүрэн багшдаа мэндчилгээ явуулж, Д.Бадамхорлоо багшийгаа тэвэрч,

“Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа” хэмээн дуулалдана.

Гарцаагүй дуучин болох ёстой охид М.Ганцэцэг, Н.Энхээ нарыг маань хайртай залуу, нөхрүүд нь “урлаг дэмий” хэмээгээд тэс өөр зүг бизнесийн ертөнц рүү сугадаад оджээ. Нарсан банзаар цахилгаан гитар урлаж, түүндээ ая хамтруулж М.Ганцэцэгээрээ “Миний аз жаргалын дуу”, ”Орь залуу нас”-ыг Дарханы телевизээр ая дуу өргүүлж байсан цагийг эргэн дурслаа.

Нэхий эдлэлийн үйлдвэрийн актлагдсан цахилгаан хөгжмийг сэлбэж босгоод, анги дотроо жижигхэн хамтлаг босгож, эх эцгийн хурлын дараа нижгэр тоглолт үзүүлж, сургуулийн урлагийн үзлэгээр тэргүүлж байсан тэдний сурагч насыг эргэн саналаа.Т.Түмэнбаяр маань алтан гартай засварчин болж, М.Майцэцэг үйлдвэрт ажиллаж, Г.Хүрэлбаатар компанийн захирлын жолоо мушгиж, До.Энхтуяа маань Алтанбулагийн журамт цэргийн музей тайлбарлаж байхад, А.Отгонбаяр маань харуул хамгаалалтын дарга болоод гялалзуулж явна. Д.Уранчимэг маань хуульч прокурор болоод, Зүүнхараад ажиллаж, Ж.Эрдэнэсанаа тэргүүний нягтлан бодогч, санхүүч болсон байхад Омбоолой (Б.Отгонбаяр) маань зочид буудал, зоогийн газрын эзэн болжээ. Тамирчин болох ёстой хөвгүүд маань спортын алдраа тэмдэглэж, шил юм хугасласаар хайран амьдралаа үрсэн дуулдана.З.Доржбаатар, Г.Эрдэнэболд, Ц.Батжаргал, Ц.Энхбат нар маань он цагийн нугачаанд хорвоог орхиж, тэдэндээ эмгэнэл илэрхийлж, хором толгой гудайлгав.

Хөвгүүд, охид маань ач зээгээ, хань ижлээ ярьж, танилцуулж суухад, зарим нь хорвоогийн өнгөнд тохируулж ханиа сольж амжсан байх ажээ. Гэтэл зарим нь амьдралын нугачаанд “один”-оороо амьдралын хүндийг үүрч дүүрч явахад, хажууд нь хангай шиг түшигтэй, ханагар сайхан ангийн эр Ж.Алтаа, Г.Хүрлээ мэт нь ганцаар явахыг үзэхүйеэ хорвоо шударгуу бус, дов сондуул нугачаа ихтэй ажээ. Тэр дов сондуулыг тэгшлээд, учралын хорвоо энэ хавьцаа байж болоогүй юм уу, “Хажууд чинь Хан Хэнтий налайж байхад” хэмээгээд, хүчээр хооронд нь суулгахыг хүсэж, бяцхан найруулга зохиомжилсон ч бүтэлтэй зүйл болоогүйг нуух юун.

Харин хожмоо Ж.Алтангэрэл маань амьдралын ханиа олоод Өмнөд Солонгосыг зорьсон байлаа. Багын ажилсаг, хөдөлмөрч, зүтгэлтэй тэрбээр Солонгост очиж, Солонгос орныг хөгжин цэцэглүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй дуулдана.

Бүгд амьдралын олон салаа замаар орж, чиг чигтээ их замыг туулцгаажээ. Тэгээд дуулж, бүжиглэж, инээлдэж, хөхрөлдөж хэдэн нас нэмснийг би таашгүй. Дундуур ирсэн хорвоог дүүрэн болгоод, дүүрэн ирсэн хорвоог дундуур болгоод буцдаг нь хүний ёсон ажээ. Цаг хугацааны орчилд хүн гээч нь бие биетэйгээ уулзан учирч баяр хөөр, зовлон гунигаа хувааж өнгөрөөх жам учиртай.

“Багш” хэмээх сайхан алдрыг зүрхэнд, сэтгэлд минь гал мэт үргэлж асааж байдаг шавь нартаа зориулж энэхүү бичил тэмдэглэлийг хөтлөв. Та нарыг минь тэнгэр ивээг.

Ангийн багш Гомбын Алтангэрэл

(Монгол Улсын шилдэг зохион бүтээгч,зөвлөх инженер, багш)

Categories
мэдээ цаг-үе

Б.Нацагдорж: Монгол ноёдын эв түнжингүй байдлаас болж, монголчууд Байгал нуур орчмын газар нутгаа хүн ардтайгаа алдсан

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнгөрсөн долоо хоногт 2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулсан. Уг шагналын эзнээр гурван эрдэмтэн тодорсны нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж билээ. Тэрбээр Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалжээ. Тодруулбал, “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт судалгааны номоороо шилдэг залуу эрдэмтний шагнал хүртсэн юм. Тиймээс түүнтэй уулзаж, ХVII зууны үеийн Орос – Монголын харилцааны талаар ярилцлаа.

– ХVII зууны үеийн Монгол-Оросын харилцааны тухай далд байсан мэдээллүүдийг ил гаргасан гэсэн үг юм байна. Тухайн үеийн түүхээс сонирхуулаач. Хэзээнээс уг бүтээлийг бичих болов?

-Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу, монголчуудын түүх юм уу гэх асуудал сүүлийн үеийн судалгаанд их гарах болсон. Монгол Улсын түүх гэдэг нь өргөн утгаараа дэлхийн монголчуудын түүх гэж үзэж байгаа. Гэвч дэлхийн монголчуудын тухай ойлголт төдийлөн дэлгэрээгүй, буруу ташаа зүйл их гардгаас болоод манайхан Өмнөд монгол болон буриадуудтай хүртэл яаж хэрхэн харилцахаа мэддэггүй. Ингээд үл ойлголцох асуудал гарсаар байгаа. Тиймдээ ч би магистрт сурч байхаасаа эхлэн дэлхийн монголчууд тэр тусмаа Оросын харьяанд орсон монголчуудын тухай судалгаа хийхийг зорьж эхэлсэн. Угаас энэ чиглэлийн судалгааны ажил гэхээр зөвхөн Зөвлөлтийн үеийн оросуудын бичсэн судалгаанууд л байдаг. Харин монгол хүн бичсэн, монгол сурвалж ашигласан, монголчууд Сибирийг эзэлж авсан үйл явцыг монголчууд өөрсдөө юу гэж үзэж байсан бэ гэдэг талаас нь ямар ч судалгаа, үнэлж дүгнэсэн зүйл байгаагүй. Нэг талыг баримталсан байдаг. Энэ нь үзэл суртал орсон учраас түүхэн үнэнтэй зохицож байгаа эсэх нь эргэлзээтэй. ХVII зуунд оросууд Монголын умард хязгаараар нэвтэрч орж ирээд монголчуудыг харьяандаа оруулж авсан. Би болохоор Монгол талын сурвалжийг Оросын талтай харьцуулж судалгаагаа хийсэн. Миний ашигласан баримтуудаас хамгийн сонирхолтой нь Түвд хэлээр бичсэн “Хариадын гэрийн түүх” хэмээх сурвалж. Энэ сурвалжид ХVII зууны дундуур буюу 1650-иад оны үед Байгал нуурын баруун талын буриад руу Оросуудыг нэвтэрч орж ирэх үед острог буюу шивээ гэх модон цайз бариад алба татвар авч эхэлснийг монгол ноёд эсэргүүцэж буриад нарыг нүүлгэж авчрах ажлыг зохион байгуулсан түүхийг тусгасан байсан. Зөвлөлтийн зүгээс энэ түүхийг бичихдээ Монгол руу дүрвэж зугтаасан буриадууд, Монголын харгис феодалын дарлалд ороод, маш хүнд байдалд орсон учраас арай бага татвартай юм байна гэж буцаад сайн дураараа Орос руу зугтаж очсон гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үеийн Монгол ноёдын нүүлгэж авчирсан буриадууд бол зугтсан байгаа ч гэсэн ихэнх нь монгол нутагт үлдсэн байдаг. Тэдний угсаа нь одоогийн Хөвсгөл аймгийн урд тал, Завхан аймгийн зүүн, Архангайн хойд талаар нутаглаж байгаа хариад овогтнууд. Бид дэлхийн монголчуудынхаа түүхийг судлахдаа монголчуудыг эзэлж авсан хүмүүсийн эрх ашгийн өнцгөөс бичсэн түүхэн судалгаагаа ашиглахаасаа илүүтэйгээр монголчууд бид энэ үйл явцыг юу гэж харж байсан бэ гэдгийг судлаад, Орос, Хятад зэрэг орны судалгааны баримтуудтай харьцуулж үзвэл жинхэнэ бодит түүх нь тодорно гэдэг санаагаар бичсэн ном байгаа юм.

-Социализмын үед энэ түүхийг яагаад бичиж болохгүй байсан бэ?

-Ойлгохгүйдээ биш, энэ тухай бичих боломжгүй байсан. Нийгэм тийм хаалттай байсан учраас одоог хүртэл бичигдээгүй байлаа. Яагаад гэхээр ЗХУ өөрийнхөө харьяанд оруулсан, улсаа Орос оронд дагаар орсон, Оростой нэгдсэн, Оросын соёлыг сайн, сайхан гэж хүлээж авсан гэчихсэн байсан учир тухайн үед үүнтэй харшлах дүгнэлт гаргах боломжгүй байсан. Одоо бол түүхийн судалгааг илүү бодитоор хийх сайхан цаг ирсэн учраас энэ судалгаа гарч байгаа юм.

-Оросууд бол сайн ах нар гэх үзэл суртлыг бий болгосоор ирсэн. Гэтэл ХVII зууны үеийн түүхээс харахаар эсрэгээрээ байна. Эсрэг харагдаж буй шалтгаануудыг жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Байгал нуур орчмын Монгол нутгийг алдахгүйн тулд монголчууд бүх аргыг хэрэглэсэн. Монголын ноёд Оростой тохиролцох гэж дипломат аргаар ч тэмцсэн. Гэтэл оросууд манай албан ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс 1687 онд халхын ноёд буриадуудыг цэргийн хүчээр нүүлгэж авчиръя гэж шийдвэрлэсэн. Цэрэг явуулсан. Ингэхдээ Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн нуруунаас Эрхүүгийн буриад руу, Сэлэнгийн чиглэлээр одоогийн Улаан-Үд рүү, дорнод Монголоос Нэвчүү шивээ гэсэн гурван чиглэлээр цэрэг явуулсан байдаг. Гэвч тухайн жил их зудтай байсан тул Хөвсгөлийн замаар явсан цэргүүд цасанд боогдоод, буцсан. Уг нь Байгал нуурын ус хөлдсөн үед буриадуудыг нүүлгэж авчрах зорилготой байсан юм. Үүний хамгийн том байлдаан нь 1688 оны өвөл одоогийн Улаан-Үд орчим болсон. Монголын хоёр мянган цэрэг, Оросын талаас Москвагаас томилж ирүүлээд байсан 300-гаад бууч цэрэг байж гурав хоногийн ширүүн байлдаанд аль аль талаас нь их хохирол гарсан. Оросын цэрэг алагдаж, шархдсан нь 200 илүү болж ухран Үдийн шивээнд буцсан. Монгол цэрэг ч их хохирсон байлдааны үеэр Монгол цэргийн удирдагчдын нэг Мэргэн дайчин тайж алагдсан байдаг. Монголын цэрэг ч Байгал нуурыг туулж чадалгүй буцаж ирсэн. Оросын галт зэвсгийн хүчинд дарагдсан. Яг энэ үеэр нь халхын баруун талд дайн байлдаан үүссэн. Галдан бошигт халхын дотоод хямралд оролцоод цэрэг авч ирсэн. Үүнийг Оросын талаас бичихдээ халхын ноёдууд Манжийн өдөөн хатгалгаар Манжийн талд ороод манайхтай байлдаад бүтэлгүй болсон гэж цухас дурдсан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь оросуудаас газар нутаг, ард олноо хамгаалсан тэмцэл байсан юм.

-Монгол ноёдыг оросууд хооронд нь хагаралдуулдаг байсан гэдэг?

-1640 онд монголчууд Монгол-ойрадын их цаазыг батлаад, харийн дайсан ирвэл хамтдаа тэмцэнэ, нэг хуультай, нэг шашинтай байна гэж чуулган хийгээд, эв найрамдалтай байх талаар арга хэмжээ авч тохиролцсон байдаг. Гэвч үүний дараагийн үеийн ноёдууд чуулганы их цаазын энэ үзэл санааг хэрэгжүүлээгүй. Тархай бутархай учраас ноёдууд хааны мэдлээс гарах гэж тэмцээд, хааны захиргаа нэлээд суларсан. Тиймээс эв нэгдэлгүй болсон. Эв нэгдэлгүй байдал нь Орос, Манж зэрэг харийн нэгдсэн, төвлөрсөн засаг захиргаатай улстай харилцахад монголчуудын сул тал болж, маш их хохирол амсахад хүргэсэн. Газар нутаг, хүн ам гээд маш их зүйлийг алдсан. Эвтэй байсан бол Монголын газар нутаг, хүн амыг оросууд эзэлж чадахааргүй л байсан. Тухайн үед ноёдууд үргэлж хоорондоо муудалцдаг, хүчгүй болдог, дайснаасаа тусламж гуйдаг байв. Үүнээс болж хамаг сөрөг асуудал үүссэн гэж ойлгож болно. XYII зуунд оросууд Сибирьт нэвтрээд Орос, Монголын газар нутгийг хүн ардтай нь авч одсон нь үүнтэй л холбоотой. 1688 онд төрийн тусгаар тогтнолоо алдсан учраас Байгал нуур орчмын газар нутаг хүн ардтайгаа Оросын харьяанд орсон.

-Тухайн үеийн Манжийн түүхийн асуудалд зарим судлаачид өөр, өөр байр суурьтай байдаг юм билээ?

-Тухайн үед Орос Манж Чин улстай Хар мөрний хавь газар нутгийг булаалдан хоорондоо дайнтай байсан. Энэ сөргөлдөөндөө аль аль нь монголчуудыг ашиглах сонирхолтой байлаа. Өмнөх үеийн судлаачид үүнийг Манжийн талаас өдөөн хатгаж байсан гэж тайлбарладаг. Бодит байдал дээр монголчуудад ашиг сонирхол байсан учраас Орос, Манжийн харилцаанд оролцсон. Энэ харилцаан дотроос өөрсдийнхөө ашиг сонирхолыг хамгаалж байсан. Түүнээс биш, монголчууд Манжийн эрх ашгийг хамгаалсан юм биш. Гэхдээ монголчууд тархай, бутархай байсан. Халх гэхэд баруун зүүн гар гэж хуваагдаад, баруун гарт нь Засагт хаан, хотгойдын Алтан хаан, зүүн гарт нь Түшээт хаан, Сэцэн хаан гээд нийтдээ дөрвөн ч хаантай байлаа. Энэ ноёдууд нь хаан нэртэй, өөрсдийгөө тоосон. Бусдынхаа үгийг сонсохгүй, бие даасан бодлого явуулж ирсэн. Гадаад улстай харилцахдаа хүртэл ямар ч нэгдсэн бодлогогүй, өөр өөрийн зоргоор байх болсон.

-Нэг талаараа одоогийн төр Засгийн байдалтай төстэй юм. Монголын доройтлын энэ байдал XYII зуунаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?

-Улсын одоогийн байдалтай нэг талаараа төстэй харагдаж байгаа боловч яг тийм гэж хэлж болохгүй юм. Эцсийн дүндээ монголчууын ихэнх нь Манж Чин улсын харьяанд орсон. Ингээд 1911 онд Чин улсын төр унахад бид Манжийг дагасан болохоос биш, Хятадыг дагаагүй тусгаар улсаа байгуулсан. Энд зөвхөн Халх монгол биш, Манж чин улсын харьяанд байсан бүх монголчууд Өвөр монгол, Хөлөнбуйр, Хөхнуурын монголчууд бүгд Богд хаант Монгол Улсад дагаар орсон. Тэгэхээр тухайн үеийн монголчуудад Монгол гэдэг үзэл маш эрхэм чухал байсан учраас ингэж бүгд нэгдэж Монгол Улсаа дахин сэргэн мандуулж чадсан юм. Эндээс харахад монголчууд угаасаа эв нэгдэлгүй гэж хэлж бас болохгүй. Эв нэгдэл гэдгийг тухайн үед байх ёстойг хүн бүр ухамсарлаж байсан байна биш үү. Гэтэл одоогийн бид үүнийг тэр болгон ухамсарлаагүйтэй л холбоотой юм болов уу. Улс орон үндэстнийхээ эрх ашиг гэж хандахгүй амин хувийн эрх ашгаа л нэн түрүүнд тавьснаас энэ хямрал эхэлдэг байх.

Түүхэнд ер нь хэрвээ тэгсэн бол тэгэх байсан гэдэг ойлголт байдаггүй л дээ. Гэхдээ зүгээр бодоод үзэхэд хэрвээ бид эв нэгдлээ сахиад хамгаалж чадсан бол тийм амархан өөр улсын харьяанд орохооргүй байсан л болов уу. Хэдийгээр XYII зуунд Манж Чин улс маш хүчирхэг байсан ч гэсэн. Хэрвээ бид өөрсдөө л ямар нэг байдлаар өөрийнхөө гэрийг нураагаагүй бол гадны улс биднийг эзлээд авчихааргүй байсан гэж би бодож байна.

-Манжууд манайхыг дарласан, манж байсандаа монголчууд үлдсэн гээд хүмүүс талцах юм?

-Манайхан туйлшрах дуртай ард түмэн. Туйлын үнэн, туйлын буруу гэж байхгүй. Манж байсан учраас бид хадгалагдаж үлдсэн гэдэг нэг талаар зөв, нөгөө талаар үгүй. Манж биднийг колони болгосон дарамталж мөхөөхийн ирмэгт тулгасан гэвэл бас буруу биш ч туйлын үнэн бас биш. Одоогийн Зүүн хойд Хятадаар нутаглаж байсан, манжуудын өвөг зүрчидүүдийг монголчууд XIII зуунд анх харьяандаа оруулсан. Үүнээс хойш тэд Монголын соёлын нөлөөг хүртсэн. XYII зуунд дахин сэргэн мандаж нэгдсэн төр улсаа байгуулахдаа монгол бичгийг авч хэрэглэсэн, монголчуудын хүчийг ашигласан. Монголын тархай бутархай олон аймгуудыг эв эеэр өөртөө татсан. 1636 онд Өвөр монголын ноёдууд Манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжилсөн. Ингээд манжууд монгол цэргийн хүчээр Хятадын Мин улсыг мөхөөсөн, Солонгосын хойгийг илбэн дагуулсан, Түвдийг байлдан дагуулсан, бусад монголчуудыг эзэлж авсан.

XIX зууны эхэн болтол монголчуудын цэргийн хүчийг ашиглаж байсан. Монгол ноёд өөрийнхөө албат ардыг хуучин хэвээр захирсан. Монгол ноёд зөвхөн манжийн хааныг өөрийнхөө хаан болгосон болохоос биш, ямар нэгэн байдлаар өөрчлөлт гараагүй гэж хэлж болох юм. Гэтэл яваандаа манжууд өөрсдөө Хятадын суурин иргэншлийг шохоорхон хүлээн авч хятаджиж эхэлсэн. XIX зууны дунд үеэс эхлээд, Европын хүчирхэг гүрнүүдийн шахалт дарамтанд учирч тэгш бус янз бүрийн гэрээ байгуулан, хар тамхины хоёр удаагийн дайнд ноцтой ялагдаж, ер нь дэлхий ертөнцөөс хоцрогдож эхэлсэн учраас, орчин үежүүлнэ гэсэн бодлого явуулж эхэлсэн юм. Ялангуяа улсынхаа хойт этгээдийн уйгур, монгол зэрэг ард түмний суудаг хагас хараат газар нутгийг Орост алдах нь гэж болгоомжилж байсан учраас XIX зууны сүүл XX зууны эхнээс эхлэн хятад тариачныг Монгол газарт нүүлгэж суурьшуулан Шинэ засгийн бодлого гэдгийг эхлүүлсэн. Тэгэхлээр Манжийн эрхшээлийн эхэн үе, сүүл үе хоёр нь өөр болох нь харагдана байх аа.

-Галдан бошигт, Чахундорж хоёрын үүрэг энэ үед ямар байв?

-Түүхэн хувь хүмүүсийн түүхэнд үлдээсэн үүрэг маш их гэж харж болно. Энэ хоёрын зөрчил их. Чахундоржийн элэнц өвөг Автай сайн хаан Эрдэнэзуу хийдийг байгуулсан. Ойрадыг дайлж, харьяандаа оруулж байсан. Халхын гал голомтыг сахисан. Бид Монголын их хааны байр суурийг залгамжилж байна гэж хардаг байж. Гэхдээ Халхад зөвхөн Түшээт хаан байсан юм биш, баруун гарыг нь тэргүүлсэн Засагт хаан гэж байсан. Халхын баруун гарт Норов Засагт хаан гэдгийг нас барсны дараа хаан ширээг хэн залгамжлах вэ гэсэн тэмцэл самуун гарсан. Түүнээс нь болоод баруун гараас олон хүмүүс зүүн гар руугаа дүрвэж орсон. Шинэ суусан Засагт хаан хүмүүсээ нэхсэнийг Түшээт хаан буцаагаагүй. Тухайн үед Халхын ноёдын өвөг Гэрсэнзийн ахмад хүүгийн угсаа гэдгээрээ Монголын уламжлал ёсоор бол Засагт хаан бас өөрийн биеэ Халхыг тэргүүлэх ёстой гэж үзэж байсан. Энэ мэтээс болж Халхын баруун гарын Засагт хаан ойрадын Галдан бошигтын дэмжлэгийг авах болсон тул Түшээт хаан цэрэг авч дайлаад түүнийг хөнөөсөн. Тэрнийх нь хариуд Галдан бошигт цэрэглэн Халхад нэвтэрч орсон юм. Галдан бошигт дундад Азид их цэрэг дайн явуулсан, цэрэг нь дэг журамтай. Халхын Түшээт хааны цэргийг дийлсэн. Түшээт хаан тэргүүтэй хүмүүс аргагүй Манжийн хааныг дагах болсон. Одоо зарим хүмүүс Түшээт хаан Галдан бошогттой нийлээд Манжийн эсрэг хамтдаа тэмцэх байсан адилхан монгол угсаатай байж гэж буруутгах гэсэн зүйл харагддаг. Тэгэхээр буруутгах гэхээсээ илүүтэй тухайн цаг үеийг өөрөөр харах хэрэгтэй. Бид одоогийн үзэл бодол үнэт зүйлсээрээ тэр үеийн хүмүүсийг шүүх гээд байна гэсэн үг. Зөвхөн Чингисийн угсаа хаан суух ёстой, хааны угсаа алтан ураг гэсэн үзлийг тээгчид зэвсэг зөрүүлэн алах гэж ирсэн дайсандаа дагаж орох уу, аль эсвэл эртнээс харилцаа холбоотой байсан хүчирхэг хааныг дагаж, дайснаа дарж авахыг хүсэх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тухайн үед огт байгаагүй үндэсний үзэл гэдэг орчин үеийн үнэт зүйлийг бид тэдгээр түүхэн хүмүүсээс шаардах эрх байхгүй. Харин энэ түүхнээсээ бодит сургамж авах нь л чухал. Түрүүн хэлсэнчлэн монголчууд эвтэй байсан бол ийм зүйлд хүрэхгүй л байсан.

-Та хаана сургууль төгссөн бэ. Өөрийнхөө тухай танилцуулаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн, бакалавр магистраа МУИС-иас авсан, энэ сургуулийн бүтээгдэхүүн. 2010 оноос Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн Монголын түүхийн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар орсноос хойш эдүгээ хүртэл долоо дахь жилдээ Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарт ажиллаж байна. 2016 онд Японы Васэда их сургуульд “XVII зууны Монголын умард хязгаар” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний өвөг эцэг Довдонгийн Рэнцэндорж гэж ЗХУ-д Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуулийг 1930-аад онд төгссөн, нам улсын байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, эрдэм номтой хүн байлаа. Хүүхэд байхдаа өвөөгийн номын сангаас анх Ш.Гаадамба гуайн “Нууц товчооны нууцсаас” хэмээх их хөөрхөн хавтастай (дотроо бол үлгэрийн ном гэж бодсон хэрэг) жижигхэн номыг олж үзээд уншиж үзсэнд дотор нь харин эртний монгол үг хэллэгийг ардын аман зохиол, түүхэн үүднээс тайлбарласан их сонирхолтой ном байж таарсан. Бидний үеийнхэн монгол бичгээрээ анх сургуульд сурсан болохоор Гаадамба гуайн тайлбарласан зүйлс нь их л сонирхолтой санагдаж билээ. Дараа нь мөн л өвөөгийн номын сангаас “Монгол-татаарууд Ази, Европт” гэдэг номын доторх хавтасны зураг дээрээс Монголын байлдан дагууллын газрын зургийг олж үзчихээд Монгол гэдэг маань ийм том байсан юм уу? гэж гайхах сэтгэл төрж байсан юм. Дараа нь дунд ангид манай анги даасан багш түүхийн багш байсан нь надад их нөлөөлсөн гэж боддог. Сургууль төгсөхийн үед түүхээр явна гэж бодоогүй ч түүхэндээ их дуртай болчихсон байв. Герман хэлний ангид сурч байхдаа түүх сонирхож уншсаар, яваандаа сонирхол минь давамгайлаад түүх рүү орсон доо. Дээрээс нь өөрийгөө, өөрсдийгөө таньж мэдэх гэсэн хүсэл маань ч нэмэр болсон байх. Оюутан, магистрт сурч байх үеэс л Монголын түүх гэдэг нь Монгол Улсын түүх юм уу? Монгол үндэстний түүх юм уу? гэдгийг эргэцүүлэн бодох болсон юм. Түүхийн хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш хүмүүсээс сонсч, эрдэмтэн судлаач багш нартайгаа ярилцаж байхад түрүү ахмад үеийн түүхчид маань энэ талаар анхаарч судалж байсан ч тухайн үеийн үзэл суртлын хүлээсэнд баригдаж, судалгаа дутмаг явж ирснийг олж мэдсэн. Бидний түүх гэдэг маань эзэн богдын үед мандан бадарч дэлхийн түүхийг тодорхойлж явснаас хойш таслагдан таслагдсаар одоогийн манай Монгол Улсын хил хязгаарын хүрээнд баригдаж үлдсэн түүх болсон юм байна. Чухам эндээс л бид түүхээ дутуу мэдэж байгаа юм шиг, түүнээс болоод олон зүйлийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм шиг санагдаж эхэлсэн юм л даа. Ингээд л нэгэнт монгол үндэстний хүү болж төрсний хувьд түүхийн судалгаа хийж буй эрдэм шинжилгээний ажилтны хувьд үзэл суртлаас ангид, шинжлэх ухаанд, үнэнд ойр судалгаа хийе гэж бодож одоогийн Орос дахь буриад, тува, халимагууд, Хятад дахь монголчуудын тухай, Манж Чин улсын ноёрхлоос өмнөх Монгол-Оросын харилцааны тухай судлах болсон юм. Гэвч энэ судалгааны материал, эх хэрэглэгдэхүүн голдуу орос, манж, хятад хэлээр монголчуудыг хуваан захирсан хоёр улсын төр засгийн бодлого чиглэлийг тусгасан байх нь их. Тиймээс монголчуудын өөрсдийнх нь сурвалж бичиг, бичиж үлдээсэн түүхэн ой санамж зэрэгт холбогдох материалыг чадлын хэрээр цуглуулж “XVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” гэдэг ном болгож хэвлүүлсэн юм.


Categories
мэдээ цаг-үе

“Эрэл”-ийн угсармал орон сууцны метр квадрат нь 800 мянган төгрөг байх оломжтой

“Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд боллоо. Уг үйлдвэр нь Герман технологиор угсармал байшин барих аж. Өдөртөө л 12 давхар орон сууцыг босгочих хүчин чадалтай юм байна. Хамгийн сүүлийн үеийн угсармал барилгын технологи бөгөөд үнэ хямд, материал чанартай гэдгээрээ онцлог гэнэ.

Тухайлбал, манай улсад 1960-аад оны үед баригдсан ихэнх барилгууд Оросын угсармал байдаг. Харин түүнээс хойш ер угсармал барилга баригдаагүй өнөөг хүрсэн.

Харин агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул гэр хорооллыг орон сууцжуулахын тулд шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа аж. Уг хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа юм байна. Уг төлөвлөгөөний нэг хэсэг нь дээрх “Байшин үйлдвэрлэх комбинат-1” ажээ.

Энэхүү төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат системтэй юм байна. “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат энэ үеэр тодруулга өгөхдөө “Манай угсармал барилга газар хөдлөлтөд тэсвэртэй. Дулаан алдагдалд багатай, дуу чимээ тусгаарлагчтай. Маш хурдан хугацаанд барих боломжтой, мөн сургууль цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг цогц хороолол босгохыг зорьж байгаа” гэсэн юм.

Уг байшин үйлдвэрлэх үйлдвэр нь барилгыг маш богино хугацаанд барьдаг бөгөөд барилга нь хэлбэр дүрс, хэмжээ, загварын уян хатан байдал, удаан эдэлгээ, өндөр чанар, хялбар бөгөөд хямд тээвэрлэлт ба угсралт, суурилуулалт, газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр чадвар,задлах болон дахин барихад хялбар зэрэг онцлогтой юм байна.

Уг компанийн инженер Натоши ярихдаа “Улаанбаатарын утаа үнэхээр хэцүү байна. Үүнийг шийдэхийн тулд хямд үнэтэй, чанартай орон сууц барих ёстой. Мөн гэр хорооллыг дулааны шугамд холбох хэрэгтэй. Тэгвэл яг энэ хүнд хэцүү цагт манай “Эрэл” компанийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” агаарын бохирдлыг бууруулах хамгийн сайн барилгыг үйлдвэрлэх гэж байна. Үйлдвэрийн барилгууд сүндэрлээд ирэхээр агаарын бохирдол буурах ач холбгдолтой. Барилгаа барихдаа сургууль, цэцэрлэг үйлчилгээний төвтэй нь цогцоор нь барина” гэлээ.

Социализмын үед ажиллаж байсан уг комбинатыг 1992 онд “Эрэл” компани худалдан авсан. Улмаар үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсан бөгөөд гурван жилийн өмнөөс эхлэн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг эхлүүлсэн аж. Хуучин “Байшин үйлдвэрлэх комбинат 1” ажиллаж байсан суурин дээр энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн учир үйлдвэр барих ажил хурдацтай явагдаж гурван жилийн дотор бүрэн ашиглалтанд орох боломжтой болжээ.

Энэхүү төсөлд 2013 онд Хөгжлийн банкнаас 14 сая долларын зээл авчээ. Ингээд зээлийн мөнгөөрөө Германаас бүх тоног төхөөрөмжөө оруулж ирсэн дулаалгатай хана, цул хана, хучилтын нүхт хавтан, дам нуруу багана шат зэрэг байшин барих бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болсон аж. Жилд 250-300 мянган м/кв ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Манай улсад баригдаж байгаа барилга байгууламжийн материалын 60-70 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл тус үйлдвэр импортын хараат бус 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргах бололцоотой гэнэ. Учир нь цемент элс хайрга гэх мэт бүх түүхий эдүүдийг дотоодоосоо авах аж. Түүнээс гадна улирал харгалзахгүй үйлдвэр ажиллаж байшин угсрах боломжтой.

Засгийн газраас 888 төслийг дэмжих хүрээнд БҮК 1 төсөлд шаардлагатай санхүүжилтийг олгох шийдвэр гарсан бөгөөд нэмэлт есөн сая долларын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгох эсэх нь тодорхой бус байна.

Нэмэлт санхүүжилт шийдэгдвэл “Байшин үйлдвэрлэх комбинат-1” ирэх оны аравдугаар сараас ашиглалтанд орох аж. Нэг ээлжиндээ 50-60 хүн ажиллах бөгөөд нийт 150 хүн ажлын байраар хангагдах боломжтой. Байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдхүүнээр барьсан барилга мкв 800-1 сая төгрөгийн үнэтэй байх боломжтой. Ингэснээр барилгын өртгийг бодитойгоор бууруулж чадна гэж харж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Банкнаас зээл авахгүйгээр, хаалттай хүрээнд хөрөнгө босгож, форвард арилжаа хийнэ

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард арилжаа энэ сарын 19-нд эхэлсэн билээ. Арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, 11.5 тонн ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан.

Тодруулбал, урьдчилан захиалсан ноолуураа “Mongo­lian Cashmere World” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэлд гарын үсэг зурсан юм. Форвард арилжааны захиалга ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Захиалагч компани урьдчилгаа төлбөрийг байршуулснаар малчид захиалгыг бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд хүргэж өгөх юм байна. Форвард арилжааны захиалга бүрийг Хөдөө аж ахуйн бирж батлан дааж, гэрээ тус бүрд итгэмжлэх гарын үсэг зурна гэсэн үг. Цаашид ноолуураас бусад түүхий эдийг ч форвард арилжаагаар худалдаална гэж Хөдөө аж ахуйн бирж мэдээлсэн. Форвард арилжаа нь малчид ноолуураа самнахаас гурав хүртэл сарын өмнө биржид ноолуураа зарах захиалга өгөөд, урьдчилан мөнгө авах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэлбэр юм. Тиймээс анхны Форвард арилжааг хийсэн “Mongolian Cashmere World” компанийн гүйцэтгэх захирал Д. Ангартай ярилцлаа.

-Монголын нөхцөлд форвард арилжаа ач холбогдол өндөртэй байхаар тооцоологдож байна уу?

-Дэлхийн ноолуурын салбарын 40 хувийг Монгол хангаж байна. Манайх ноолуурын бодлогыг, үнийг, чиг хандлагыг тодорхойлдог улс гэсэн үг. Монгол Улс ноолуураа гаргахгүй бол олон улсын зах зээлд ноолуурын ханш өсдөг, Монголын ноолуурын гаралт ихсэхээр үнэ буурах хандлагатай байдаг гэх жишээний. Гэтэл энэ их боломжоо бид ерөөсөө ашиглаагүй өдий хүрсэн. Монгол Улс жилдээ 9,10 мянга орчим тонн ноолуур бэлтгэж байгаа. Гэтэл одоогоор энэ ноолуурынхаа 10-15 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгоод, Европ, Америкийн зах зээлд гаргаж байна. Үлдсэн 85-90 хувь нь Хятад руу зөвхөн угаагдаад түүхийгээр гардаг. Манайхаас авсан ноолуураараа хятад дэлхийн ноолуурын зах зээлийг тодорхойлоод байна. Уг нь бид тодорхойлох ёстой. Ноолуурын үнийг хятадын гурван том ченж л тогтоож байна. Нэг кг ноолуур есөн мянга байх уу, 60 мяанга байх уу эсвэл 20 мянга байх уу гэдгийг хятадууд мэддэг гэсэн үг. Үүгээр хятадын ченж нарыг буруутгах гэсэнгүй. Тэд мэдээж ченж учраас ашгийн төлөө ажиллаж байгаа. Тэдний гол амжилт нь “Форвард арилжаа байж. “Форвард арилжаа гэдэг нь урьдчилаад тохирчихдог, малчид тохирсон ёсоор ноолуураа самнаад тэдэнд өгчихдөг юм байна. Цагаан сарын өмнө малчдад бэлэн мөнгөний хэрэгцээ гарахаар, хятадын ченжүүд малчдын тушаах ноолуурынх нь 25-30 хувьд тохирсон мөнгийг хүүгүй өгчихдөг юм байна. Ингэхдээ өөрсдөө очихгүй, монгол хүмүүсээр дамжуулна. Ноолуур гарахаар тохирсон үнээрээ хамаад явчихдаг гэсэн үг. Хятдууд яагаад ингэж мөнгөтэй байна гэхээр хятадын бизнесийн зээлийн хүү маш бага, жилийн ердөө тавхан хувийн хүүтэй. Гэтэл монгол наймаачид дотоодынхоо арилжааны банкуудаас 30-40 хувийн хүүтэй зээл авдаг Ийм зээлийн хүүгийн асар их ялгаа байгаа урчаас хятадуудтай өрсөлдөж чаддаггүй.

Хятадууд ноолуурын үнийг тодорхойлдог шалтгаан ердөө энэ. Монгол ченж нар банкнаас тийм өндөр хүүтэй зээл аваад, малчдад хүүгүй тараавал сүйрнэ шүү дээ.

-Харин танайх банкнаас зээл авахгүйгээр форвард арилжааг яаж хийхээр болов?

-Бид тэдний схемийн дагуу ажиллая, хятадууд урьдчилж мөнгө тараадаг бол тараая. Тэдний аргыг хэрэглэе гэж байгаа юм. Форвард гэрээгээ бид шууд малчидтай хийж болно. Гэхдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулья гэдэг шийдэлд хүрсэн. Гурвалсан гэрээ гэсэн үг. Хөдөө аж ахуйн бирж манай гэрээний хэлцлийг хангаж ажиллах юм. Биднээс 30 хувийн урьдчилгаа авчихаад бидэнд ноолуураа өгөхгүй байвал малчдад хяналт тавина гэсэн үг.

-Ноолуурыг түүхийгээр нь гаргаад байгаа. Боловсруулж гаргах тал дээр хэр анхаарч байна. Танай компани мөн ноолууран утас болгож гаргахаар ажиллаж байгаа гэсэн ?

-Монголоос ноолуурыг зөвхөн угаагаад л гаргадаг. Угаадаг үйлдвэрүүд нь бүгд хятадын хөрөнгө оруулалттай, худалдаж авдаг үйлдвэрүүд нь мөн бүгд хятадынх. Биднийг ноолуур угаана гээд дундуур нь орвол ямар нэгэн байдлаар өрсөлдөөнөөс шахаж гаргана шүү дээ. Бид угаагаад, түүхийгээр нь гаргаж буй ноолууртай өрсөлдөх боломжгүй юм байна лээ. Бидэнд өрсөлдөх боломж юу байна гэхээр, утас болгоод, гадаадын зээлд гаргах нэг боломж байна. Энэ нь Монголынхоо эдийн засагт тодорхой хэмжээнд тус дэм болно. Утас хийдэг компанийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр, ажлын байр бие болно, экспорт нэмэгдэнэ. Манай ноолуурыг өөр хүмүүс аваад хийгээд байхад бид өөрсдөө яагаад хийж болохгүй гэж. Ноолуур бэлэн байна, ээрдэг, утас болгодог технологи хүртэл маш хямдхан болчихсон. Бэлэн ноолуураа өгчихдөг, манай хэдэн үйлдвэрүүд дор нь хийгээд л өгчихнө. “Говь”-ийн үйлдвэрт ноолуур өгөөд утас хийлгэе гэж өчигдөр (уржигдар) би холбогдлоо. Гэтэл “Говь” эцсийн бүтээгдэхүүнийхээ ачааллыг дийлэхгүй болчхоод, утас хийхээ больсон юм байна. Гэхдээ өөр утас хийдэг жижиг үйлдвэрүүд бол байгаа. Бидэнтэй хамтарч ажиллая гээд эхнээсээ мэдээ харчхаад хандаж байна. Том хэмжээний бизнес болгоё гэвэл бид утас хийдэг үйлдвэрт нь хөрөнгө оруулж болно. Утас хийчихсэн байхад зарагдах нь бол тодорхой байхгүй юу. Яагаад гэхээр газрын тосны гэдэг шиг дэлхий дээр ноолуур байх уу, байхгүй юу гэдгийг шийддэг улс чинь монгол. Энэ боломжийг хараад бид эхний ээлжид найз нөхдийнхөө хүрээнд 500 сая төгрөгийн эх үүсвэрийг босголоо. Цаашид хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад, илүү олон хүнийг хамруулах төлөвлөгөөтэй. Бүх боломжийг бусдад алдаад байдгийн гол шалтгаан нь хөрөнгийн зах зээл, санхүүжилтийн схем буруу байгаатай холбоотой. Өндөр хүүтэй зээлээр бизнес хийх боломжгүй, өөрсдөө хүүлэгдээд дуусдаг. Эх оронд нь зээлийн хүү маш бага учраас урд зүгийнхэн манайд ирээд бизнесээ цэцэглүүлээд байдаг. Зээлийн хүү маш сөргөөр нөлөөлж байна. Банкны захирлууд болохоор, хятадынх таван хувь байх нь хамаагүй, манайх 30 хувь байх ёстой гэж бизнесээ өмөөрдөг. Энэ зээлийн хүүгийн зөрүү нь монгол, хятад ченж нарын өрсөлдөөнийг байхгүй болгочихож байна. Санхүүгийн систем боомилчихоод байна. Хөрөнгө босгоод ногдол ашиг гаргаад ашгаа хуваарилна гэдэг байдлаар босгосон. Бид банкнаас зээл аваад форвард хийх ямар ч боломжгүй, банкнаас л мөнгө зээлбэл шатна.

-Аж үйлдэр хөгждөггүй гол шалтгаан нь банкны хүү юм биш үү?

-Яг тийм. Бүх боломжуудыг банкны хүү боомилж байна. Энэ асуудлыг бодлогын түвшинд ер харахгүй юм. Банкны захирлууд бууруулах боломжгүй гээд бизнесээ хамгаалаад, төрийнхөн түүнд итгээд байдаг. Банкны хүүгийн энэ асуудал гаднынханд боломж, бидэнд эрсдэл болоод байна.

-Ноолуурын зах зээл ирээдүйд, урт хугацаандаа хэр ашигтай байх вэ?

-Миний нэг Америк найз эмэгтэй хүний хэзээ ч татгалзаж чаддаггүй, уйддаггүй хоёр зүйл байдгийн нэг нь алмаз, нөгөөх нь ноолуур гэж хэлсэн юм. Тэгэхээр ноолуурын зах зээл мөнхөд эрэлттэй хэвээр байна гэсэн үг. Гоё дарс, гоё машинаас уйддаг хэрнээ энэ хоёроос уйддаггүй гэнэ. Эхний ээлжинд утас болгоод гаргахад эдийн засагт 2-3 хувийн өсөлт мэдрэгдэнэ. Ядуурал багасч, ажлын байр нэмэгдэнэ. Өндөр хүүнээс болоод үйлдвэржилт хөгжихгүй байна. Тиймээс бид банкнаас зээл авахгүйгээр хаалттай хүрээнд хөрөнгө босгож байгаа юм.

-Монгол ченж нар ноолуурын ханш унагадаг, ноолуурын ханш уначихвий гэж малчид айдаг?

-Монгол ченж нар форвард арилжаа хийгээд эхэлбэл, энэ салбарын өрсөлдөөн нэмэгдэнэ. Өрсөлдөөн нэмэгдэх тусам ханш өснө. Ер нь ноолуурын үнэ хоёр дахин өсөх боломжтой гэсэн үг. Эндээс урагш гарч буй түүхий ноолуур, урд очоод тушаагдахдаа үнэ нь хоёр дахин өсдөг юм байна лээ. Тиймээс малчид дотоодын ченжүүдээ дэмжиж, өрсөлдөх боломжийг нь олгох ёстой байхгүй юу. Хятадын гурван том ченжийн төлөөний хүмүүс нь монгол хүмүүс байдаг учраас мэддэггүй юм билээ.

-Хөдөө аж ахуйн бирж үүнд үүрэгтэй ажиллаж чадаж байна уу?

-Өмнө нь энэ бирж зөвхөн шар бичиг зардаг байсан юм билээ. Урагш гаргахын тулд хуулийн шаардлагаар л хүчээр шахуу арилжаа хийсэн болоод л бичгээ авдаг. Жишээлбэл, “Говь” компани биржээсээ арилжаагаа хийчихдэг болох хэрэгтэй. Форвард арилжаа бол зөв эхлэл, ингэж байж хөдөө аж ахуйн зах зээл зөв голдрилоор хөгжих ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер: Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг боловсронгуй болгох судалгаа хийгдэж байгаа

Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нейл Сакертай ярилцлаа.


-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хоёр дахь хэсэг хэрэгжиж эхэлж байна. Энэ хүрээнд бидэнд олгогдохоор болсон 79 сая ам.доллар хэзээ Монгол Улсад орж ирэх юм. Мөн зарцуулалт дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Энэ сарын 15-нд захирлуудын зөвлөлийн шийдвэр гарч 79 сая ам.долларыг Монгол Улсад зээлүүлэхээр болсон. Одоо Монгол банкны гадаад валютын санд ороод ирсэн гэж бодож байна. Энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэг дээр ОУВС үргэлж хяналт тавьж байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт дөхөж очоод байна. Цаашдаа ч өсөх төлөвтэй байгаа. Нэг жилийн өмнө нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй л байсан шүү дээ. Мөн Валютын сангаас гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар гээд тус хөтөлбөрийг дэмжин оролцож байгаа хандивлагчид өөрсдийнхөө санхүүжилтийг эхнээс нь олгоод эхэлсэн. Он дуустал нийтдээ 0.5 тэрбум буюу 500 сая орчим ам.долларын санхүүжилтийг хандивлагч байгууллага улс орнуудын зүгээс Монгол Улсад өгөх юм.

Энэ бол Засгийн газраас дэвшүүлсэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжиж байгаа санхүүжилт гэсэн үг.

-Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт ямар тодорхой өөрчлөлтүүд гарна гэж харж байна вэ?

– Төсвийн бодлогын тухайд Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон зүйлээ хэрэгжүүлээд явж байна. Богино хугацаандаа эдийн засгийн нөхцөл өнгөрсөн нэг жилтэй харьцуулахад хамаагүй сайжирсан. Урт хугацаандаа бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг хэрэгжүүллээ. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа нь Засгийн газрын бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Юуны түрүүнд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж, алдагдлыг бууруулахад авах арга хэмжээг авсан. Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгийн урсгал нэмэгдсэн, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсан нь сайн үзүүлэлт юм. Тухайлбал, олон улсын бондын зах зээлд маш бага буюу таван хувийн хүүтэй бонд гаргасан нь томоохон амжилт. Өнгөрөгч оны мөн үед 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулбал энэ нь том амжилт юм. Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид ямар их итгэж байгааг харж болно. Дотоод зах зээлийг харвал Засгийн газрын бондын хүү 18 хувиас 11 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлт байна. Банкуудыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа учраас цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна. Мөн гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Энэ мэтээр эдийн засаг өссөөр байвал 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусахад төсөв ашигтай гарах төлөвтэй байна.

-Манай улсын зээлжих зэрэглэлээс хамаарч ОУВСангаас авч хэрэгжүүлсэн хөтөлбөр илүү хүнд нөхцөлтэй байсан уу?

-ОУВСангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бол Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой. Энэ хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгд, эдийн засагт тулгараад байгаа богино хугацааны асуудлуудыг шийдвэрлэх. Хоёрт, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бааз суурийг бий болгох. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бол Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөр гэдгийг энд дахин онцолмоор байна. ОУВСангийн оролцоо бол бодлогын зөвлөгөө өгөх, хандивлагчдаас санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх юм. Валютын сангийн зүгээс ямар нэгэн нөхцөл тулган тавьдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газартай бид харилцан ярилцдаг.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танаж, татвар нэмж ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэх шиг болсон?

-Хүүхдийн мөнгөний тухайд бол нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн халамжийн чиглэлээр гаргаж байгаа зардлын үр ашгийг нэмэгдүүлэх нь маш чухал гэдгийг бид ойлгож буй. Хүүхдийн мөнгийг ядуу эмзэг бүлгийнхэнд олгож байгаа. Ер нь Засгийн газарт байгаа хязгаарлагдмал эх үүсвэрийг хамгийн хэрэгтэй зүйлд оновчтой байдлаар зарцуулах хэрэгтэй гэсэн олон улсын нийтлэг туршлага бий.

-Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Харин цаашид цалинг нь нэмэгдүүлэх ямар боломжийг та бүхэн харж байна вэ?

-Макро түвшинд харвал төсвийн алдагдлыг бууруулах гэсэн хамгийн том зүйл байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалингийн зардал их хэмжээгээр өссөн. Үүний үр дагавраар төсвийн алдагдал ч нэмэгдсэн. Төсвийн алдагдал нэмэгдэхээр Засгийн газар төсвөө санхүүжүүлэхийн тулд зээл авч, зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн. Бас хажуугаар нь төгрөгийн ханшны уналт явагдсан гээд маш олон үр дагавар гарч ирсэн. Цалингийн тухайд бол төрийн албан хаагчид түүний дотор эмч багш нарын цалин маш доогуур байна, нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бид ойлгож байгаа. Төрийн албаны цалин хөлсийг шийдвэрлэх тухайд урт хугацаанд маш сайн төлөвлөсөн төрийн албаны шинэчлэлийн хүрээнд авч үзэх нь зөв. Төрийн албан хаагчдын тоог эргэж хараад үр ашигтай бүтээмж сайтай байж чадаж байна уу үгүй юу гэдгийг үнэлж үзэх хэрэгтэй. Бид цаашдаа төрийн албан хаагчдын илүүдэл орон тоог цөөлөх замаар тэдэнд олгогдож буй цалинг нэмэгдүүлэх нэг хувилбар бий гэж харж байгаа. Гэхдээ төрийн албан хаагчдын тоог нэг өдрийн дотор бууруулж чадахгүй. Тиймээс маш сайн төлөвлөгөө гаргаж, олон жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Мөн эдийн засаг сайн өсч байгаа үед энэ арга хэмжээг авахгүй бол төрийн албанаас цомхотголоор гарч байгаа хүмүүст дараагийн ажлын байрыг бүрдүүлэх шаардлагатай. Тэр бүгдэд маш сайн бэлтгэлтэйгээр хандаж байж энэ асуудлыг цогцоор нь, илүү урт хугацаанд шийдвэрлэх боломжтой.

-ОУВСангаас шаардлага тавьсны дагуу орон сууцны найман хувийн хүүтэй зээл мөн хязгаарлагдсан байгаа. Энэ зээлийг өргөн хүрээнд олгох боломжтой юу?

-Монгол улсад орон сууцны хэрэгцээ шаардлага их байгаа учраас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөр зайлшгүй шаардлагатай. Хэрвээ Засгийн газраас ийм хөтөлбөр хэрэгжүүлбэл түүнтэй холбоотой бүх зардлаа төсөв дээрээ ил тод тусгасан байх ёстой гэсэн зарчмын хатуу шаардлагыг бид тавьсан. Анх энэ хөтөлбөрийг Монгол банкнаас хэрэгжүүлж эхэлсэн. Одоо бол Монгол банк, Засгийн газрын санхүүгийн агентийн үүргээр моргейжийн зээлийн хөтөлбөрт оролцож байгаа. Тодруулбал, урьд олгогдсон зээлийн эргэн төлөлт орж ирэхээр буцааж зээл болгон гаргаж байгаа. Зээлийн эргэн төлөлт нь үндсэн төлбөрийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр гээд хоёр төлбөр байгаа. Үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг Монгол банк тэр чигээр нь буцаагаад гаргаж байгаа бол зээлийн хүүгийн төлбөрийг буцааж гаргахдаа төсөв дээр зардал болгон тусгаж байна. Тэгэхээр маш ил тод процесс явагдаж байна гэж хэлж болно. Гэхдээ одоогийн тогтолцоог хамгийн оновчтой хувилбар гэж үзэхгүй байгаа учраас цаашдаа энэ тогтолцоог боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Засгийн газар үүнд нухацтай хандаж, олон талаас нь судалж байгаа бөгөөд ирэх оны сүүлийн хагас гэхэд ямар нэгэн шийдэл гаргаж ирэх болов уу гэж харж байна.

-Манай улсын 13 банкин дээр ОУВСангаас хяналт хийгдэж байгаа шүү дээ. Энэ хяналт шалгалт Монголын банкуудад ямар боломж хийгээд эрсдлийг авчрах вэ?

-Монгол Улс, Монгол банкнаас захиалж арилжааны банкууд дээр активын чанарын үнэлгээ хийлгэж байгаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд банкны салбар илүү хүчирхэг байж, илүү олон зээлийг бага хүүтэй олгож байх ёстой. Активын чанарын үнэлгээгээр арилжааны банкуудын нөхцөл байдал яг одоо ямар байна гэдгийг тодорхойлоод цаашдаа банкуудыг бэхжүүлэх, хүчирхэг болгоход юу шаардлагатай байна гэдгийг мэдэж авах зорилгоор үүнийг хийж байгаа гэж ойлгож болно. ОУВСан нэлээд хэдэн улсад үүнийг хийлгэсэн нийтлэг туршлага бий. Банкны салбарыг бүхэлд нь эрүүлжүүлэх том арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм. Активын чанарын үнэлгээ хийгдээд дуусч байгаа ч эцсийн үр дүн нь хараахан гараагүй байна. Гарсан үр дүнг харгалзан үзээд дараагийн алхмуудыг тодорхойлох юм.

-Арилжааны банкууд ер нь цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй гэж харж байна вэ?

-Валютын сангийн хувьд санхүүгийн салбар системээрээ тогтвортой байх нь чухал байдаг. Зах зээл дээр өрсөлдөөн их байх тусам зах зээлийн оролцогчид болон эдийн засагт бүхэлд нь сайн гэж харж байгаа. Өрсөлдөөн нэмэгдсэнээр хүүгийн түвшин буурах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

“Монгол соробан” сургалтын төвийн соробанчин хүү Б.Баярбаясгалан соробангаар хамгийн өндөр амжилтанд хүрлээ

“Монгол соробан” сургалтын төв нь соробанг япон стандартаар заадаг, японд бэлтгэгдсэн мэргэжлийн багштай өндөр чансаатай сургалтын төв гэдгийг эцэг, эхчүүд мэддэг болоод тодорхой хугацаа өнгөрсөн байна. “Монгол Соробан” сургалтын төвийн соробанчин хүү Б.Баярбаясгалан дөрөвдүгээр дангийн гэрчилгээгээ өчигдөр гардан авлаа. Япон стандартаар соробангаар дөрөвдүгээр ДАН, Соробангийн анзан буюу цээж тооцооллоор наймдугаар ДАН авсан нь монголдоо анхдагч болж байгаа юм. Тодруулбал соробангаар хичээллэдэг монгол хүүхдүүдийн дотроос хамгийн олон оронтой тоог хурдан хугацаанд бодох чадвартайгаараа тодорсон гэсэн үг. Тиймээс Монгол соробан” сургалтын төвийн захирал Д.Баярсайхан, оюун ухааны сонгомол спорт болох соробангаар, монголдоо хамгийн өндөр амжилт гаргаад буй Б.Баярбаясгалан нартай ярилцлаа.


-Танаас хэдэн зүйл тодруулж асуумаар байна. Дангийн болзол хангана гэдэг нь аль хэр чадамжтай болж байна вэ?

Д.Баярсайхан: -Монгол соробанд суралцагч Б.Баярбаясгалан Монголд анх дангийн болзол хангаж, анзан буюу цээж бодолтоор 8-р дан, соробангийн уран чадварын бодолтоор 4-р дан авлаа. Соробан нь 10-р зэргээс эхлээд 1-р зэрэгт хүрвэл хамгийн өндөр зэрэгтэй болж байна гэсэн үг юм. 1-р зэрэгт 9 оронтой тоог нэмж, хасдаг, 9 оронтой тоог 5 оронтой тоонд хуваадаг, 5 оронтой тоог 5 оронтой тоонд үржүүлдэг, бутархай тоо, сөрөг тоонууд орсон 40 бодлогыг маш богино хугацаанд бодох чадвар эзэмшсэн өндөр хурдтай хүнийг хэлнэ. Япон хүнд би 1-р зэрэгтэй гэж хэлэхэд тооцооллыг мундаг хурдтай хийдэг хүн байна гэж шууд ойлгогдоно. Дан гэхээр 1-р зэргээсээ богино хугацаанд илүү олон оронтой тооны тооцооллыг хийх чадамжтай, хурд илүү байна. Дан нь 1-с эхлээд 10-р данд хүрвэл хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм.

-Танай сургалтын төвд Б.Баярбаясгалангаас өөр ийм өндөр зэрэгтэй хүүхдүүд одоо байгаа юу?

-Манай сургалтын төвд өндөр зэрэгтэй хүүхдүүд маш олон байна. Сая 12-р сард болсон түвшин тогтоох шалгалтанд 2 дахь жилдээ хичээллэж байгаа 6 настай Марк Төгөлдөр 2-р зэргийг хамгаалсан байгаа. Бага насны хүүхэд 2 жилийн хугацаанд ийм өндөр хэмжээнд хүрнэ гэдэг нь монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг хөтөлбөр, соробангийн мэргэжлийн багшийн заах аргазүйн үр дүн гэж үзэхээс өөр арга байхгүй. “Монгол соробан” сургалтын төв нь хүүхдүүдэд 1-2 жилийн дотор маш хямд зардлаар өндөр чадварыг олгодгоороо ижил төстөй сургалтын төвөөс ялгаатай. Япон стандарт нь олон талт чадварыг хүүхдэд нэг сургалтаар олгодгоороо их онцлог бөгөөд хүмүүжил, төлөвшлийг маш сайн суулгаж өгдөгөөрөө гайхалтай юм. Том амжилтын эзэн болж чадсанд нь Баярбаясгаландаа баяр хүргээд улам хичээн Япон улсын хүчтэй тамирчидтай хурд хүчээ сорьсон Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан тамирчин болохыг хүсэн ерөөе.

-Баярбаясгалан өөрийгөө товч танилцуулна уу? Хэзээнээс соробангаар хичээллэж эхэлсэн бэ? Аль сургуулийн хэддүгээр ангид суралцдаг вэ? Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Намайг Баянмөнхийн Баярбаясгалан гэдэг. Би 97 дугаар сургуулийн 8а ангид сурдаг. Хоёр ахтай айлын бага хүүхэд. 2013 оны 12 дугаар сараас соробангийн сургалтанд явж эхэлсэн. Одоо дөрөв дэх жилдээ соробангаар хичээллэж байна.

-Соробангаар анх хичээллэхэд ямар байсан бэ? Хэцүү, шантрах үе байсан уу?

-Сургалтанд явж эхлэхэд л маш сонирхолтой санагдсан. Ялангуяа анзан буюу цээж тооцоолол надад маш их таалагддаг. Заримдаа хэцүү, бодож чадахгүй байх тохиолдол гардаг байсан. Манай сургалтын төвийн бидэнд урам өгдөг гоё үг байдаг. “Чадахгүй гэж шантрах биш чаддаг болтлоо хийцгээе” гэсэн энэ үгээ бодоод л улам их хичээн суралцдаг.

-Соробангийн юу нь хамгийн гоё вэ? Хүүхдийн сургалт хүмүүжилд яаж нөлөөлдөг юм шиг санагддаг вэ? Соробангаар хичээллэдэг хүүхдүүд төлөвшил сайтай харагдаж байна?

-Соробан дээр олон оронтой тоог нэмж, хасч, үржүүлж, хувааж бодох нь маш сонирхолтойгоос гадна соробангийн бодлогууд нь надад тархи амрааж байгаа юм шиг санагддаг. Би жоохон ядрахаараа соробангаараа бодохоор их гоё болдог.

-97 дугаар сургуулийн чинь ангиас чамтай хамт соробанд суралцаж байгаа хүүхэд бий юу? Соробангаар хичээллэдэг болон хичээллэдэггүй хүүхдүүдийн ялгаа хэр байдаг юм бол.

-Манай ангиас өөр хүүхдүүд бас соробанд явдаг. Соробангаар хичээллэдэг хүүхдүүд зөвхөн математикийн хичээл төдийгүй бусад бүх хичээлүүддээ ч сайн суралцдаг. Тархи оюун ухаан хөгжүүлдэг болохоор бусад бүх хичээлээ сурахад амархан мэт санагддаг. Ялангуяа гадаад хэл сурахад үг хурдан цээжилдэг болсон.

-Япон улсад болсон тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Тэмцээнийхээ сонин сайхнаас ярьж өгөөч?

-2015 оноос Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр оролцож байгаа. 2015, 2016 онд мөнгөн медаль, өнгөрсөн зуны тэмцээнд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль авсан. Би уг нь аварга болох зорилготой явсан. Цагтаа амжиж бүх бодлогоо бодож бүтэн оноогоо авч чаддаг байсан. Ундаръяа багш маань яагаад ийм хүрэл медальруу орчив гээд шүүгчидээс асуусан байсан. Бодлогуудын хариу бүгд зөв харин маш их олон оронтой тоо үржүүлж, хувааж, нэмж, хасдаг учираас зарим нэг тоон дээр яараад оронгийн таслал хийгээгүй харамсалтай алдаа гаргасан байна гэсэн хариу өгсөн. Япончууд маш хатуу шүүлттэй байдаг юм байна лээ. Одоо би оронгийн таслалаа яаж ч яарсан заавал хийдэг болсон.

-Хамгийн өндөр дангийн зэрэг авах хүртэл чинь чамайг сургаж, дэмжсэн гэр бүлийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Намайг хамгийн анх ээж маань соробангийн сургалтанд явуулсан. Одоог хүртэл дэмжиж тасралтгүй сургаж байгаа. Ээж маань намайг тууштай дэмжиж олон жил явуулсны хүчинд би амжилт гаргалаа. Ээж, аав ах нартаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн надад соробан зааж сургасан захирал багш Баярсайхан, Цэцэгдэлгэр, Чанцалдулам, Халиун багш нартаа маш их баярлалаа.

-Цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Би тэмцээн уралдаандаа амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг Японд гаргана гэж бодож байгаа.

-Сайхан мөрөөдөл байна. Амжилт хүсье.

Монгол соробан” сургалтын төвд суралцагч Тэмүүжингийн ээж Б.Энхжаргалтай ярилцлаа.


-“Анх хүүхдээ хоёрдугаар ангид байхад нь өгсөн. Анхандаа манай хүүхэд бага зэрэг шантардаг байсан. Одоо бол соробандаа дурлаад, маш сонирхолтой байна гэдэг болсон. Чөлөөт цагаараа цээжиндээ үргэлж тоо бодоод л явж байдаг юм. Гудамжинд явахдаа хүртэл машины дугааруудыг хооронд нь нэмж хасаад л хариуг нь гаргаад байна. Соробанд явснаас хойш биднээс хичээлээ асуухгүйгээр өөрөө биеэ даан бүх даалгавраа хийдэг, хичээлдээ онц сурдаг болсон. Соробан хүүхдийн тархийг сайн хөгжүүлдэг юм байна гэж ойлгоод байгаа. Саяхан тэмцээнд ороод, хүрэл медаль авсан. Япон руу уралдаанд орохоор бэлтгэлээ хийж байна. Цаашид өөрийнх нь сонирхлоор тасралтгүй сургаж Б.Баярбаясгалан шиг дангийн зэрэгт хүргэнэ гэж бодож байгаа. Монгол соробаны сургалт үнэхээр сайн юм байна гэдгийг ойлгоод байгаа. Монгол соробаны багш нарт ажлын амжилт хүсье” гэсэн юм.

Мөн 12-р сарын 23-ны бямба гаригт МҮОНТ-н “Өглөө” хөтөлбөрөөр Б.Баярбаясгалан оролцох тул түүний хэрхэн бодохыг үзэж сонирхоорой.

Соробангийн сургалтыг сонирхож байгаа эцэг, эхчүүд доорхи дугаараар холбоо барьж болно.

Монгол соробан сургалтын төв: Утас: 95953734, 880378878, 70003734, 11-323734,

www./facebook.com/ mon­golsoroban


Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтантуяа: Боловсролын цөм хөтөлбөрт тулгамдаж буй асуудал бол сонголттой хичээл юм

Нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтад оролцохоор ирсэн Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, монгол хэл, уранзохиолын багш Ч.Алтантуяатай ярилцлаа.


-Орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд энэ төрлийн сургалт ер нь хэр их зохион байгуулагддаг вэ. Энэ удаагийн сургалтын ач холбогдол юу вэ?

-Жилд хоёроос гурван удаа энэ төрлийн сургалт зохион байгуулагддаг. Хичээлийн жилийн эхэнд, оны төгсгөлд, элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө сургалт болдог. Энэхүү сургалт нь боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын талаар баримталж байгаа бодлого чиг үүргийг хэрэгжүүлэх, аргазүйд суралцах боломж олгодог юм. Миний хувьд гурав дахь жилдээ энэ сургалтад хамрагдаж байна. Үүнд хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн багш нарт мэдээлэл өгөх, бодлого чиглэлийг танилцуулах, сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулах зэрэгт зөвлөн туслах үүрэгтэй. Тийм болохоор математик, биеийн тамир, монгол хэл гэх мэт судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд бүгд хамрагддаг.

-Бодлогын хүрээнд яригдаж байгаа шинэ содон зүйл юу байв?

-Сайдын тушаалын дагуу боловсролын чанарын үнэлгээний журам гэж байдаг. Түүний дагуу өнөөдөр бага ангийн сурагчдыг онц, хангалттай, дэмжлэг шаардлагатай, анхаарах шаардлагатай, хангалтгүй түвшинд байна гэсэн таван хэмжээсээр үнэлж байгаа. Харин суурь боловсролын түвшинд А, В, С үнэлгээгээр, ахлах ангийн түвшинд мөн энэ үнэлгээг бариад А+ гэх мэтчилэн үнэлэх болсон. Гэхдээ ахлах ангийн түвшинд сүүлийн хоёр жилд үүнийг хэрэгжүүлээгүй. Энэ удаагийн сургалт дээр Эрдэнэчимэг дарга ярихдаа боловсролын салбарын үнэлгээний журмыг шинэчлэнэ гэж байсан.

-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудын сургалтын чанарыг үнэлдэг жишиг тогтоод байгаа шүү дээ. Танай аймгийн хувьд өнгөрсөн жил хэддүгээр байрт орсон бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдын үзүүлж байгаа амжилтыг сурлагын чанарын хамгийн дээд үзүүлэлт гэж ойлгож болохгүй. Бид хүүхдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх зорилготой болохоос биш тэднийг их дээд сургуульд бэлтгэх гэдэг туйлын зорилго байхгүй. Харин бидний ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байж болох юм. Манай аймгийн сурагчдын хувьд аль ч хичээлээр, ямар ч байсан тогтмол эхний аравт ордог. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд хоёр хүүхэд монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 800 оноо авсан. Бидний хувьд сурлагын чанар, амжилтыг бага, дунд, суурь боловсролыг үнэлж буй улсын шалгалтаар хэмжиж байгаа. Манай аймгийн сурагчид улсын шалгалтын стандарт хангалтын хувьд 100 хувь хамрагддаг бөгөөд “А”, “В”-ийн эзлэх хувь 50 хувьтай гарсан.

-Сурагчдыг их дээд сургуульд бэлтгэх туйлын зорилго бидэнд үгүй гэж та хэллээ. Үнэхээр ч багш нар сурагчдыг бие хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй хүмүүс гэж боддог. Танай аймгийн багш нарын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Даяаршиж байгаа нийгмээ дагаад хувь хүний хөгжил асар хурдацтай явагдах боллоо. Дан ганц хичээлээр “чи сайн математикч болох ёстой” гэдэг хандлагыг барих ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Тийм учраас сургалтын төлөвлөгөөнд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагууд гэж бий болгоод байгаа. Энэ сургалтын цагт хүүхдүүдийг яаж зөв төлөвшүүлэх вэ гэдэгт анхаардаг юм. Суурь боловсролын түвшинд иргэн болж төлөвшихийн тулд ямар боловсрол эзэмшсэн байх ёстой хийгээд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анги хамт олноороо хэрхэн хамрагдаж байна гэдэг чухал. Харин бүрэн дунд боловсрол эзэмшиж буй сурагчдын хувьд амьдрах чадварт суралцах үйл ажиллагааг чухалчилж байна. Энэ сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог юм. 2015 оноос 10 дугаар ангийн сурагчдад, 2016 онд 11 дүгээр ангийн сурагчид, энэ оноос 12 дугаар ангийн сурагчдад зааж эхэлсэн.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Галын шугамын тэргүүн эгнээнд явж буй хүний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал татсан асуудал байна уу?

-2012 оноос хойш боловсролын бодлого чиглэл ерөнхийдөө тогтож байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хүмүүс ерөнхийд нь “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” гэсэн гурван хэсэгтэй гэж харсан. Гэтэл “Бага дунд боловсролын чанарын шинэчлэл” гэдэг хөтөлбөр бас байсан. Энэ бол сургалтын хөтөлбөрийн шинэчлэл байсан. 2013 оноос бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр үндэсний хэмжээнд энэ шинэ хөтөлбөрөөр явж байгаа. Суурь боловсролын хөтөлбөрийг 2012 онд туршаад 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2014 онд туршиж, 2015-2016 онд хэрэгжүүлж эхлээд байна. Аль аймгийн аль ч суманд XI дүгээр анги хүртэл шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явагдаж байгаа юм. Зөвхөн XII анги л хуучин хөтөлбөрөөр явж байгаа.

Анхаарал татаж буй асуудал гэвэл бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр юм. Үүнийг би жишээгээр тайлбарлая. Хөдөө сумын сургуулийн ахлах ангид сайндаа арваас хорин хүүхэд суралцдаг. Энд эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд байлаа гэхэд хими биологийн хичээл нь сонголтоор орох боломжгүй болж байна. Аймаг орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд юу гэж зөвлөдөг вэ гэвэл багш нартаа олонхийн зарчмаар сонголт хийлгэнэ гэдэг. Олон хүүхэд сонгосон хичээлийг заана гэсэн үг. Тэгэхээр сурагчдын ихэнх нь математик, нийгмийн ухаан, гадаад хэл, монгол хэл гэсэн дөрвөн хичээлийг сонгодог. Гэтэл эмч болох хүсэлтэй хоёр хүүхэд хими, биологийн хичээлийг сонгон судалж чадахгүйд хүрч байгаа юм. Энэ асуудлаас болж багш сурагчид хохирч байна. Ингээд харахаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг аргазүй технологи чинь хаана байгаа юм. Хүүхэд бүрт хүрч чадахгүй байна гэж яригдах болсон. Сумын түвшинд энэ хичээлийг хоёр хүүхэд сонговол яах юм гэдэг хувилбар боловсруулах шаардлагатай байна.

-Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа бий гэж та харж байна вэ?

-Цөм хөтөлбөрийн хэрэгжилт эцэстээ санхүүгийн асуудалтай тулгарч байгаа юм. Хими биологийн багш хоёрхон хүүхэдтэй байсан ч энэ хүүхдүүддээ ажил мэргэжлийн чиг баримжааг нь зөв эзэмшүүлж, тухайн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж чадах юм бол тэр багш цалингаа авдаг. Хоёр хүүхэдтэй ч, хорин хүүхэдтэй ч тухайн багш цалингаа авна гэдэг бол болж байна. Гэтэл чи хоёр хүүхэдтэй учраас чамд цаг байхгүй гэдэг. Ялангуяа шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш газарзүй, хими, биологи, физик, технологийн багш нарын цаг тун бага болсон. Харин эсрэгээсээ эрэлттэй хичээлийн цаг хэт ихэсч байна. Нийгмийн ухааны багш нарын цаг илүүдэж, нэмж багш авах шаардлагатай болдог. Үүнээс болж сургалтын төлөвлөгөөг өнгөрөгч хавар дахиад өөрчилсөн. Гэхдээ сонгох хичээлийн хувьд асуудалтай хэвээр байна. Үүнийг одоохондоо зохицуулж чадахгүй байгаа юм.

-Энэ намар багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо нэлээд тэмцэж, ажил хаялт зарласан. Танай аймгийн багш нарын хувьд ажил хаялтад хэдэн хувьтай оролцов. Ямар байр суурьтай байсан бэ?

-Манай аймгийн багш нар ажил хаялтад 70 хувьтай, цэцэрлэгүүд 20-30 хувьтай нэгдсэн. Бидний хувьд ямар байр суурийг чухалд үзсэн бэ гэвэл “цалин нэмэгдүүлэх ёстой, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой” гэдэг дээр нэгдсэн. Мэдээж, гурван талт зөвшилцлийн хэлэлцээр, цалин нэмэгдүүлэх үзэл баримтлалыг таатайгаар хүлээн авсан.

-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач гэвэл?

-Миний хувьд боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Монгол хэл, уранзохиолын багш мэргэжилтэй. 1998 онд УБИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд сумын сургуульд гурван жил багшилсан. Ер нь багш хүний сайхан зүйл бол хүүхэд нь хичээл заагаад дуусахад ойлгочихсон бүгд мэдээд, чадаад, дэмжээд оролцож байгааг харах л байдаг болов уу. Нэг ч гэсэн сайн явж байгаа шавиа харахад бахархалтай байдаг. Багшаа би сайн сэтгүүлч болчихсон шүү гэж хэлэх бол багш хүний бахархал. Их олон жил багшлаагүй ч гэсэн уранзохиолын хичээл сайхан байсан учраас, таны хэлсэн үг нөлөөлсөн болохоор ийм сайхан сэтгүүлч болж чадлаа гэж хэлэхийг сонсоход сайхан байдаг. Даяаршсан өнөөгийн нийгэмд багш нар сурагчдадаа хайртай, зөв үлгэр дуурайл үзүүлж, зөв хандлага төлөвшүүлж, чиглүүлж өгөх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал хүүхэд өөрийгөө хөгжүүлээд явчихна шүү дээ. Аль ч улс орон хүнээ хөгжүүлчихсэн байхад улс орон хөгжих нь дамжиггүй. Үүний гол тулах цэг нь багшийн үнэлэмжийн асуудал юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Өлзийбаяр: Уцаарлах, бухимдах, хэт хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал

“Алт болд” эмнэлгийн мэдрэлийн эмч Д.Өлзийбаяртай ярилцлаа.


-Сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин хоёрын ялгааны тухай тайлбарлаж өгөөч?

-Бүх өвчнийг мэдрэлийн өвчин, эсвэл сэтгэцийн асуудал гэж хэлж болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр очоод буй олон хүн бий. Тэдний гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Түүнээс биш тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Уцаарлах, бухимдах, хэт хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хамаарна. Үүнээс болоод хүмүүс нөхцөл боломжийг ашиглаж чаддаггүй. Бусадтай үг зөрөөд, ойлголцохгүй байх, хэт бухимдах, бусдыг дайрч доромжлох зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй болох, идсэн хоол, үзсэн зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй байх зэрэг нь сэтгэцийн асуудалд хамаарна. Мэдрэлийн өвчин, сэтгэцийн асуудал хоёр хоёулаа тархины өвчин боловч тэс ондоо асуудал байхгүй юу. Харин толгой өвдөх, толгой эргэх, татах, саажих, нүүр сулрах зэрэг нь мэдрэлийн асуудал болно.

-Сүүлийн үед дээрх өвчлөлүүдийн тоо нэлээд нэмэгдэж байна уу?

-Угаасаа хүний нийгэм хөгжиж байгаа энэ үед мэдрэлийн, сэтгэцийн өвчин аль аль нь нэмэгдэж байна. Хүн амын наслалт уртсах, шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр мэдрэл болон сэтгэцийн өвчний тоо нэмэгддэг. Нэг талаасаа энэ нь оношлогоо сайжирсантай ч холбоотой. Сүүлийн үед тархины судасны хатуурлын улмаас танин мэдэхүйн хүрээний өөрчлөлт буюу тэнэгрэлийн асуудал нэмэгдэж байгаа.

-Мэдрэлийн өвчин ихэвчлэн юунаас болж үүсч байна вэ?

-Мэдрэлийн өвчний гол шалтгаан нь дотрын өвчний хүндрэл байдаг. Зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас тархины хямрал үүсэх, нүүр ам мурийх гээд захын мэдрэлийн өвчин тусна. Мөн эмийн буруу хэрэглээнээс ч үүдэлтэй. Түүнээс гадна үе мөчний өвчин намдаах эм бэлдмэлүүд нь эмгэг үүсгэж, танин мэдэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг. Мэдрэлийн өвчин дотроо бие даасан унадаг татдаг өвчин, халдвараас үүдсэн өвчлөл, удам дамжсан мэдрэлийн системийг хөнөөдөг эмгэг гэж ч бий.

-Харин тэнэгрэлийн өвчний гол шалтгаан?

-Маш олон шалтгаанаас болж үүсдэг өвчин. Энэ өвчний үед оюуны чадвар буурна, ой тогтоолтоо алдана. Нас ахих тусам тархины тэжээл цусан хангамж буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ тухайн насанд байх хэмжээнээс их байх нь асуудал болно. Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг нь мартах. Ойрын болон холын ой тогтоолтоо алдаж, дурсамжаа мартах, таньдаг хүнээ танихгүй болох, чаддаг зүйлээ чадахгүй болох зэргээр илэрнэ. Мөн орон зайн баримжаа алдагдана. Энэ өвчнийг дэлхий нийтээр эрт оношлох л шаардлагатай байгаа юм. Манай улсад судасны тэнэгрэл харьцангуй өндөр. Энэ нь харвалтын дараа үүсч болно. Хүний тархи тэжээлээ алдахаар цайнд дүрсэн ёотон шиг болчихож байгаа гэсэн үг. Ой тогтоолт муудах мартамхай болох зэрэг тэнэгрэлийн өвчинд хорт бодис нөлөөлж байна. Тухайлбал, архи тамхины хэт их хэрэглээ, хөнгөн цагаан сав суулга, химийн бодис, агаар орчны хортой утаа хүртэл тэнэгрэлд хүрэхэд нөлөөлж байна. Мөн ахуйн үйлдвэрийн хорт бодисууд аажимдаа тэнэг болоход нөлөөлдөг.

-Тэнэгрэлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Ажил хөдөлмөр эрхлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй байх тусам тэнэгрэлд хүрнэ. Гар хөл нь хөдөлж толгой тархи нь ажиллаж байх нь эрүүл байх үндэс. Өндөр настай хүмүүс өөрт тохирсон ажил хийж, хөдөлгөөнтэй байх тусам тэнэгрэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.

-Сүүлийн үед залуучууд тэнэгрэлд их өртөж байна уу?

-Залуу хүмүүсийн хувьд энэ өвчин харьцангуй гайгүй. Гэхдээ архи тамхины хэрэглээ, биеийн жингээ хянахгүй байх зэрэг нь эрт тэнэгрэлд өртөхөд нөлөөлнө. Үнэхээр шаардлагатай бол тэнэгрэл, сэтгэцийн өвчнүүдийн үед хэрэглэдэг эм бэлдмэл бий. Гэхдээ иймэрхүү өвчинд эм тийм ч тус болдоггүй талтай. Сэтгэл засах эмчилгээ л илүү үр дүнтэй.

Манайхан зүү төөнүүр, бариа заслыг нөхөн сэргээх эмчилгээ гээд байдаг. Нөхөн сэргээх эмчилгээний эхний шугам хүний бөндгөртэй /тархитай/ ажиллах. Хүний толгой доторх бодлыг өөрчилж байж, энэ төрлийн өвчнүүдийг эмчилнэ.


Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй нь зөвшөөрсөн ч насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол хорих ялтай

Image result for “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болжУржигдар “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн билээ. Энэ үеэр хэлэлцэгдэж буй санал, асуудлуудаас харахад бэлгийн харьцаанд орж буй охидын дундаж наслалт 13 болсон гэж байв. Мөн 16 хүртэлх насны охидын 80-90 хувь нь хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсон байдгаас ихэнх нь өөрөөсөө ах хүнтэй хавьтсан байдаг гэнэ. Өмнө нь эрүүл мэндийн хичээл, сургалтын үеэр охидод тэвчих хэрэгтэй, бэлгийн харьцаанд эрт орж болохгүй гэж заадаг байсан бол орчин цагт тэвчих тухай ярих нь бараг боломжгүй зүйл болсон гэдгийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд онцолж байлаа. Харин яаж аюулгүй, эрсдэлгүй харилцаанд орох, хэрхэн жирэмслэхээс хамгаалах зэргийг насанд нь тохируулаад заах нь зөв гэж байв. Тухайлбал, эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэгийн хүүхдүүдэд ч орох хэрэгтэй. Ингэхдээ “Чиний биед хэн хүрч болох, хэн болохгүй. Ээж нь биеийнх нь аль хэсэгт хүрч болох юм. Аав нь, ах нь, багш нь харин биеийнх нь аль хэсэгт хүрч, аль хэсэгт нь огт хүрч болохгүй вэ” гэх зэргийг ойлгуулах шаардлагатай байгаа гэнэ. Мөн бэлгийн хавьталд орж буй насанд хүрээгүй хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг шалтгаанууд нь охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байгаа нь судалгаагаар тогтоогддог гэж байна. Мөн сургууль завсардах, хөдөө орон нутагт алслагдмал газар байх тусам охидын жирэмслэлт нэмэгддэг. Сургуульд сураад, олонтой, мэдээлэл сайтай газар амьдарч байх тусам энэ эрсдэл багасдаг гэнэ.

Арван зургаан насанд хүрээгүй охидын ихэнх нь дээд ангийн хөвгүүн, таньдаг ах, фэйсбүүкээр танилцсан залуу зэрэгтэй бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Тэгэхээр насанд хүрээгүй охидын 80 гаруй хувь нь бэлгийн харьцаанд орсон гэж тооцохоор, ийм олон эрчүүд гэмт хэрэг үйлдчихээд явж байгаа гэсэн үг. Тодруулбал, эмэгтэй нь хүссэн ч байсан, үерхэж нөхөрлөдөг, харилцан тохиролцсон, эмэгтэй нь өөрөө бэлгийн харьцаанд орохыг эрэгтэйгээсээ гуйсан ч байсан эрэгтэй нь 16-аас дээш настай бол насанд хүрээгүй охин садар самуунд уруу татсан хэрэгт орно. Тухайн охины гэр бүлээс шүүхэд хандаж, охиныхоо эрүүл мэндийг хэдэн ч төгрөгөөр үнэлж болно, онгон хальс нөхүүлэх эмчилгээний зардлыг ч гаргуулна. Тухайн охин онгон байгаагүй ч гэсэн хүссэн төлбөрөө гаргуулаад, хорих ялаар шийтгүүлнэ гэсэн үг. Эрүүгийн хуулийн 122.1-д зааснаар Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэгт тав хүртэл жилийн хорих ял оногдуулна.

Харин насанд хүрээгүй хүүхэд жирэмслүүлсэн тохиолдолд, охины хүсэлтээр аборт хийж, ургийн ДНК-г шинжилж, эцэг тогтоогоод, мөн буруутанг хорих ялтай. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол гэмт хэрэгт тооцогддог гэсэн үг. Мөн эсрэгээрээ 16 насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг насанд хүрсэн эмэгтэй хүн уруу татаж, бэлгийн харьцаанд орсон бол мөн хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн насанд хүрээгүй охин хүчиндсэн гэж гомдол мэдүүлсэн л бол хүчингийн хэрэгт тооцогдоно.

Н.ГАНАА

Categories
мэдээ цаг-үе

Амай Ж.Золбаяр: Донорын хууль гартал аппараттайгаа амьдарна

Амай зурган илэрцүүд

Амай нэрээрээ олны танил болсон, Монгол бадарчин Жамбалсүрэнгийн Золбаяртай ярилцлаа. Тэрээр 2005 оноос эхлэн 11 жил бадарчилж, дэлхийг тойрсон цор ганц монгол хүн билээ. Түүний “Монгол Бадарчин” хэмээх цуврал номууд өнөөг хүртэл уншигчдадаа хүрсээр байгаа. Гэвч тэрбээр бөөрний дутагдалд орсон тул эрчимт эмчилгээнд орсон байна.


-Таны бие тааруухан эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Харин өнөөдөр (өчигдөр) номоо хүргээд явж байх юм. Эмнэлгээс гарчихсан юм уу?

-Эмнэлэгт хэвтсэн. Одоогоор аппаратад холбогдчихсон байгаа юм. Долоо хоногт гурван удаа цусаа шүүлгээд, бусад үед нь гэрээрээ энгийн амьдралын хэв маягтай байна. Ингээд бүхнийг болгохоос өөр арга байхгүй ээ.

-Хаана эмчлүүлж байна вэ. Эмчилгээний үр дүн хэр байна. Аппаратаасаа хэзээ гарах боломжтой юм бол?

-Аппаратаасаа гарах үгүйг мэдэхгүй байна. Энэ нь манай УИХ-ынхантай их холбоотой болчихож байгаа юм. Донорын хууль гарахгүй байна. Донорын хууль гарахгүй бол аппараттай л амьдарна гэсэн үг л дээ.

-Гадаадад бүрэн эмчлүүлчих боломж, бололцоо хэр байгаа бол. Та судалж үзэв үү?

-Манайхан бушуухан л гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог. Харин би Монголынхоо эмч нарт итгэж байгаа. Уг нь Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч байгаа монголчууд нийлж, нэгдээд намайг эмчлүүлье, бүх эмчилгээг нь даая хүрээд ир гээд байгаа. Намайг ингэж дэмжиж байна. Саяхныг хүртэл би өөрийгөө ийм их дэмжлэгтэй байсныг мэдээгүй байлаа шүү дээ. Ийм дэмжлэг байгаа ч би гадагш явчихмааргүй байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна шүү дээ. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихаар байна шүү дээ.

-Бөөрний өвчнөөр шаналж буй тийм олон хүн байна уу?

-Би олны танил болохоор л, олны анхаарлын төвд орчиход байгаа болохоос биш, олон мянган залуус эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж, энэ өвчнөөр шаналж байна. Тэгэхээр би тэр хууль гартал аппаратаа зүүгээд, шаналж буй бусад хүмүүсийнхээ төлөө явна.

-Та хувиа хичээхгүй байгаа юм байна. Өөрийгөө амьд үлдээхийн төлөөх бодол биш юм шиг?

-Хувиа хичээх гэдэг зүйл байх ёсгүй. Энэ олон мянган хүний төлөө хууль дүрэм гаргаад хэрэгжүүлчих хэрэгтэй байна. Миний өөрийн үзэл угаасаа ийм. Эрүүл мэндийн салбарыг нам, хэсэг фракц бүлгийн хувийн өмч шиг болгочихож. Эм тангийн бизнесүүдийг нь болиулах шаардлагатай байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орсноос болоод эрүүл мэндийн салбарын чухал хуулиуд нь гарч өгөхгүй юм. Маш олон хүний эрүүл мэнд амь нас асуудалтай байна. Ингэж өвдөөгүй байхдаа би аялал жуулчлал, соёл урлагийг илүү анхаараад, ийм хүнд байгааг нь мэдээгүй явсан байна. Аппарат цусандаа залгуулаад хэцүү байна, чанга л байна шүү дээ. Угаасаа ингээд болгохоос өөр арга байхгүй. Амьдрал баялаг шүү дээ.

-Донорын хуулиа батлаач гэж та төрийнхөнд албан ёсоор хандсан уу?

-Энэ олон жил яригдаад л, судалгаа хийгээд л байгаа шүү дээ. Гацчихаад байгаа энэ асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй, эрүүл ухаантай юм бол тэд ойлгож байх ёстой. Донорын хууль батлагдтал нь аппараттайгаа байна би. Ганцхан миний эрүүл мэнд биш, Монгол Улсад тулгамдсан асуудал тул, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Мөнгөтэй нь гадаадад эмчлүүлээд, мөнгөгүй нь амиа алддаг. Хэцүү хүнд тогтолцоог өөрийн биеэр мэдэрч, энэ байдлыг өөрчлөхийг хүссэн их зориг юм байна…

-Бөөрийг тусгай төхөөрөмжөөр цэвэрлэдэг энэхүү аппаратынх нь материалын үнэ л 200 мянган төгрөг. Нэг удаа хэрэглээд хаях аппарат гэсэн үг. Үүн дээр асаргаа сувилгаа, арчилгаа, эм тан гээд олон төлбөр нэмэгдэнэ. Би бөөрний дутагдалд орсноор долоо хоног амьдрахад 500 мянган төгрөгийн техникийн зардал гаргаж байна гэсэн үг. Эм тан зэрэг бусад зардлууд нийлээд 800 гаруй мянга болдог, зөвхөн долоо хоногт. Тэгтэл тавдугаар сараас өмнө энэ байдал бүр хүнд байж. Тодруулбал, өмнө нь энэ аппаратынхаа мөнгийг иргэд өөрсдөө төлдөг байсан юм билээ. Харин энэ оны тавдугаар сараас хойш энэ аппаратын мөнгийг улсаас даадаг болсон байна. Миний эмчилгээнд долоо хоногт улсын төсвөөс 800 мянга, сард гурван сая орчим төгрөг зарцуулж байна. Яг над шиг аппараттай хэдэн мянган хүн бий. Донорын хуулиа батлаад, энэ хүмүүсээ яаралтай аппаратаас гаргахгүй бол улсын төсвөөс маш их мөнгө гарч байна. Улсын төсөв гэдэг чинь ард түмний татварын мөнгө гэсэн үг шүү дээ. Ард түмний нуруун дээр ийм их ачаа үүрүүлээд байна.

АНУ шиг том гүрэн байгаа биш. Монголчууд цөөхөн, хоорондоо ярилцаад л гаргачих хууль шүү дээ.

-Манай эрх баригчид мэдэхгүйгээсээ болоод хийдэггүй. Донорын хуулийг боломжийн нөхцөлөөр яаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Донороо хаанаас олох вэ?

-Жишээлбэл, АНУ-д жолооны үнэмлэх олгохдоо “Та ямар нэгэн байдлаар амиа алдлаа гэхэд донор болох уу, таны эрхтэн авахыг зөвшөөрөх үү” гэж асуугаад анкет бөглүүлчихдэг юм байна. Иргэд нь “тийм ээ, болно” гэчихдэг. Монголчууд ийм байдал руу шилжиж яагаад болохгүй гэж. Миний тархи үхэжчихсэн, бусад эрхтэн нь эрүүл байлаа гэж бодоход эрүүл эрхтнүүдээ өгөөд, бусад монгол хүмүүсээ аварчихаж болно шүү дээ.

-Таныг өвдсөн гэж дуулаад, хүмүүс номуудыг нь худалдаж авч өөртөө хөрөнгө оруулж, өчүүхэн ч болов эмчилгээний зардалд нь тус болъё гэж байгаа юм билээ. Таны номууд хаагуур борлуулагдаж байна?

Номын бүх дэлгүүрүүдээр байгаа. Номыг хамгийн чанартай, хамгийн гоё байх ёстой гэж боддог. Сүүлийн гаргасан номоо урлагийн бүтээл болгочихсон. Ном тухайн айлд өвлөгдөн хэдэн үеэр үлдэх учраас гоё байх хэрэгтэй. Хүмүүс номондоо дурлаж байх ёстой. Миний номуудын хэвлэлийн бэлтгэл ажил, зардал нь 100 гаруй сая, аяллын зардал нь 400 гаруй сая болсон. Миний хийгээд байгаа ном бол айл болгонд байх ёстой тэмдэглэл, илгээмжүүд байгаа юм. Эмнэлэгт оргүй хэвтэж байгаа намайг хараад хүмүүс өрөвдсөн юм шиг байна. Их худалдан авсан байна лээ. Уншигчдадаа баярлаж байгаа. Орлого нэлээд орсон тул орлогоороо, номын хэвлэлтийн зардлын өрөө дарж дуусгалаа. Харин өнөөдөр (өчигдөр) гэр худалдаж авч байгаа юм. Би 11 жилийн турш бадарчин байсан учир өөрийн гэсэн өмч хөрөнгө ер байхгүй. Аппаратад уяатай болж байгаа учраас, өөрийн гэсэн гэртэй болох хэрэгтэй байна. Эхний ээлжид монгол гэртэй болъё, гэртэй болчихоод дараагийн зүйлсээ бий болгоно.

-Гэрээ хаана барих вэ, хотод их утаатай өвчтэй хүнд амьдрах аргагүй байна шүү дээ?

-Хотоос гарч гэрээ барина. Нэг хүн ч гэсэн энэ бөглөрөөнөөс холдож өгье. Гэхдээ гурав хоног тутамд нэг удаа хотод ирж аппаратанд орно. Намайг дагаад хотоос гарах хүмүүс байгаа байх гэж бодож байна. Хотын их бөглөрөө, агаарын бохирдол дунд бүгдээрээ хохироод байна шүү дээ.

-Юунаас болоод таны өвчин хүндэрчихэв. Бөөрний өвчлөл их залуужсан байна уу. Эрт оношлуулж, эмчлүүлж байх ёстой байх, залуучуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний ажлын онцлогтой холбоотой. Хүмүүс намайг аялагч гэж андуураад байдаг. Би олон улс судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэй хүн шүү дээ. Яавал Монгол Улсыг дэлхийд номер нэг улс болгох вэ гэж явсан. Түүнийгээ олсон. Ингэхдээ хүйтэн, хэцүү, хэт халуун, хоолтой хоолгүй, хүнд хоолтой, стресстэй зэрэг маш их бэрхшээлийн дунд явсаар ирсэн. Тиймээс өвчин тусах маш олон шалтгаан байсан. Намайг бага байхад монголчууд өвөлдөө бүсээ бүслээд, хамгийн дулаан хувцасладаг байсан. Гэтэл залуус өнөөдөр пүүз өмсөөд л өвөлжчихдөг болжээ. Доороосоо даараад байвал аз жаргалтай явах хугацаанаасаа хасаад байна гэсэн үг. Монголын өвөлд моод хамаагүй, хасах 30 хэм болдог. Даарвал нуруу, бөөр өвдөнө гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Хоол ундаа сайтар анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд давс, амтлагч зэрэг янз бүрийн юм их хэрэглэдэг болсон байна. Бид өндөр уулан дээр амьдардаг, халуун хүйтний хамгийн том хязгаарыг давдаг хүмүүс учраас тохирсон хувцас, хоол ундтай байхгүй бол болохгүй юм байна шүү гэдгийг л хэлмээр байна.

-Та аялалд яваад бие, эрүүл мэндээ зольчихлоо. Одоо харамсаж байна уу. Залуу хүн аппаратад зүүлттэй болчихно гэдэг, харуусалтай зүйл шүү дээ?

-Би харин амьд ирчихсэндээ баяртай байгаа шүү дээ. Миний туулсан замыг мэдэхгүй хүн бол мэдэхгүй. Бээжин, Нью-Йорк ороод аялаад ирсэнтэйгээ адил санадаг байх. Жишээлбэл, дэлхийн 10 гаруй дайнтай газар, элдэв өвчин, эболо вирусийн бүс, Малеригийн нутагт хоёр удаа хатгуулсан байна. Энэ бүх замыг амьд туулаад ирчихсэндээ маш их баяртай байдаг. Эх орондоо ирээд олон хүний хайр халамжид байгаадаа баярлаж байна. Миний номуудыг уншдаг хүмүүс туулсан зам үзсэн бүхнийг маань бүгдийг мэднэ. Ийм их туршлага судалчихаад Монгол Улсдаа хэрэгжүүлж чадахгүй байгаадаа харин харамсч байна. Дэлхийн бүх аялал жуулчлалын газрыг би үзчихсэн. Амрагчид юу хүсдэг, яаж хөгжүүлдэг бүгдийг судлаад ирчихсэн ч БОАЖ-ын яам руу намайг оруулахгүй байна. Дэлхийн бүх соёл урлагийг ч судалсан, очиж үзсэн. Монголын гадаад харилцааны мэргэжилтнүүдээс дэлхийн бүх газар нь очоод үзээд, судалчихаад ирсэн залуу надаас өөр нэг ч байхгүй. Судалсан, харсан үзсэнээ хэлж өгөх гэж таван удаа хүсэлт гаргаад Гадаад харилцааны яам руу орж чадаагүй. Монголоос дэлхийн хамгийн олон оронд очиж үзсэн хүн бол би байхгүй юу. Бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулаад, зураг материалтай нь аваад ирсэн, хот хүлээж аваагүй. Үүнд их гомдолтой байдаг. Би гүн сэтгэлээсээ гомдож байна. Би өнөөг хүртэл аль нэг намын гишүүн биш болохоор болохгүй байгаа юм болов уу. Яг ийм байдлаар олон жил болбол манай улс маш хүнд шат руу орохоор байна. 1990 оноос хойш хэдхэн хүн улсыг өөрийн юм шиг эзлээд, эдлээд байх боллоо. Одоо дуусах цаг болсон, бүхэл бүтэн 27 жил ийм байлаа шүү дээ.

-Аппаратаас гараад хамгийн түрүүнд юу хийх вэ. Таны цаашдын хүсэл, мөрөөдөл?

-Миний мөрөөдөл төрдөө зүтгэх. 1990 оноос хойш хүмүүст амь, амиа бодоорой гэдэг зүйлийг түгээчихсэн байхгүй юу. Манайх олон үндэстний холбооны улс биш учраас, ийм бодлого болохгүй, зохихгүй. Эх орондоо зүтгээд соёлын гоё гоё хөтөлбөрүүд гаргаад, бусдынхаа амьдралыг сайхан болгочихмоор байна. Маш олон зүйлийг судалж, мэдэж ирчихээд, хувийн ашиг хийгээд, хэд гурван төгрөг хараад ажиллах сонирхол надад алга. Тэр миний амьдралын утга учир биш байхгүй юу.

-Таныг өвдсөн гэж сонсоод олон хүний сэтгэл өвдөж байна. Мөнгөтэй, мөнгөгүй хүмүүс ч олон. Тэд танд яаж туслах вэ. Ямар тусламж хэрэгтэй байна вэ?

-Миний илгээмжүүдийг л хүргэж өгөөсэй. Сошиалд гэхэд би 20 гаруй хуудастай. Амай Золбаяр, Амай гайхамшигт ертөнц, Амай аялал гэх мэт. Энэ бүх хуудаснуудыг шэйр хийж олонд хүргэж, юм ойлгохгүй байгаа төрийн хүмүүст ойлгуулаасай. Олон хүмүүс янз бүрийн салбарт өрсөлдөөд л, нэг хүн нь шалгараад тэр хүнээ шагнадаг, өмөөрдөг. Надад өрсөлдөх, харьцуулах хүн байхгүй шүү дээ. Боловсролын яам цорын ганц монгол хүнийхээ дэлхийг тойрч ирсэн тэмдэглэл номыг яагаад боловсролын программд оруулахгүй байгаа юм. Гэтэл гадаад хүний бичсэн зүйлийг болохоор оруулчихдаг. Монгол хүн, монгол хүүхдүүддээ танин мэдүүлэх, гадаад хүн үзэл бодлоо илэрхийлэх шал өөр шүү дээ. Боловсрол, соёлын салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид гуравхан саяулаа шүү дээ. Тавхан жилийн дотор манай улс сайхан болох боломж бий.

-Боловсролтой, соёлтой залуучууд бараг эх орноосоо дүрвээд, гадагш яваад байдаг болчихож. Үүнд та юу хэлэх вэ?

-20-30 насанд залуус юм үзэж, нүд тайлах хэрэгтэй. Монголын хамгийн шилдэг залуус Монголд амьдрах чадваргүй болчихоод байна. Тийм байдлыг төрийнхөн бий болгочихож. Жишээлбэл, би юу ч хийж чадахгүй байна. Энэ бол хамгийн том жишээ. Сонгууль гэдэг тогтолцоог өөрчилж, Их хуралдай зарлах цаг нь болжээ. Нэг жагсаал хийгээд л, долоон сарын нэгэн шиг байж болохгүй. Бид өөрсдөө юмаа шатаачихаад, өөрсдийнхөө татварын мөнгөөр буцааж барина. Сонгууль гэдэг тогтолцоо, санал тоолдог гаднын машинд итгэхгүй байна, итгэх боломжгүй зүйл.