Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

АНУ-д 14 жил мэргэжлээрээ ажилласан ахлах программист Ц.Тэмүүжин: McDonald’s-ийн дэлхий нийтийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн

-ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХОЁР САРЫН ХУГАЦААНД СУРГАЛТ ЯВУУЛНА. СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ХОЁР ПРОГРАММИСТЫГ АМЕРИКИЙН КОМПАНИД АЖИЛД ОРУУЛНА-

Америкт 14 жил мэргэжлээрээ ажиллаж шинэ цагийн монгол залуусын чадал чансаа, оюун ухаан ямар түвшинд байдгийг харуулж чадсан ахлах программист цогбаярын тэмүүжинтэй ярилцлаа. тэрээр 12 настайдаа Америкийг зорьж тэнд 20 жил болохдоо компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшиж Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд амжилттай суралцан баклаврын зэрэг хамгаалсан байна. орчин цагийн шинжлэх ухааны хамгийн дээд мэргэжил болох программистаар америкчуудтай 14 жилийн туршид ажилласан түүхээс нь хуваалцвал Чикагод нэр хүнд бүхий Cligue Studios хэмээх Web Agancy-д таван жил, ану-ын байгууллагын вэб сайт болох колорада мужийн Денивер хотын төслийн вэб сайт болон 20-30 ecommerce цахим дэлгүүрүүд, мөн хүн бүхний сайн мэдэх McDonald’s-ийн дэлхий даяар байршсан салбар нэгжүүдийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн. одоо мөн дэлхийн алдартай Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг хариуцан ажиллаж байна.

-АНУ-д 20 жил болоод эх орондоо ирлээ. Төгссөн сургууль эзэмшсэн мэргэжил, программистаар ажилласан 14 жилийнхээ түүхээс сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 12 настайдаа гэр бүлийнхээ хамт АНУ-д очиж амьдарсан. 20 жил болоод өнгөрөгч онд эх орондоо ирлээ. Сургуулийн тухайд гэвэл эхлээд High school-аа advanced дипломтай төгссөн. Дараа нь Илной мужийн Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд дөрвөн жил суралцаад Компьютерийн шинжлэх ухааны баклаврын зэрэг хамгаалсан. Компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшээд уг мэргэжлээрээ 14 ажиллаж байна. Тэгэхдээ интернэт, техник технологийн хөгжлийн хамгийн хурдацтай газар болох Америкт тэр дундаа жинхэнэ программистуудын мэдлэг чадварыг тогтоож өгдөг нэр хүндтэй газруудад нь ажиллаж их зүйлийг сурсан. Коллежид сурч байхдаа маркетингийн нэг компанид ихэнх ажлыг дагнан хийдэг программистаар ажилд орж байсан. Уул нь тэр ажилд наад зах нь 10 жилийн туршлагатай хүнийг авдаг. Харин би дадлагажихын тулд “Та нар надад итгэ, би чадна” гэж хэлээд орж байсан, тэр хүмүүстэйгээ одоо хэр нь харилцаатай байдаг. Хүмүүс компьютер программ, цахим ертөнц л гээд байдаг. Энэ чинь цаанаа маш том шинжлэх ухаан. Энгийнээр илэрхийлэхэд компьютерээ яаж янзлахаас аваад серверээ яаж үргэлжлүүлж явуулах уу гээд гурав, дөрвөн төрлийн ангилалт яригдана. Энэхүү төрөл бүрийнх нь мэргэжлээр мэргэшихийн тулд эхлээд 120 хүнтэй хуулийн фирмд Systems Administrator (pro­grammer) Tech Support гэсэн мэргэжилтнээр анх ажлын гараагаа эхэлсэн. Тэнд хоёр жил сурахдаа компьютерийн асар их мэдлэгтэй болсон. Хуулийн компанийн 100 гаруй хүн чинь бүгд нэгэн зэрэг утсаар ярина, тэр бүх утасны системийг гартаа оруулж мэргэшиж авна. Тэр үед бүх зүйл VOIP руу шилжиж байсан. Вэб сайтын дизайныг нэг нь гаргаад өгөхөд би түүнийг кодоор яг зураг шиг дүрсийг нь адилхан хийнэ. Программчлалд би найман жил ажилласан.

-Дэлхийн брэнд McDonald’s-ийн аппликейшнийг гардан гүйцэтгэж байсан, алдарт Playboy-ийн вэб сайтыг хариуцан ажиллаж байгаа зэргээс харахад өөрийн тань амжилт төвөггүй уншигдаж байна. Ингэхэд Google юм уу, Facеbook-т ажиллах боломж байсан уу?

-McDonald’s-ийн ажилчдаараа дамжуулж бүх дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулдаг үйл ажиллагаа болдог. Шинэ хоол, шинэ брэнд юу байх уу гээд л бүтэн хоёр долоо хоног үргэлжилдэг үйл ажиллагаа болно. Тэр том үйл ажиллагааных нь аппликейшнийг би бие дааж явуулж байсан. Миний хамгийн амжилттай гүйцэтгэсэн том ажлуудын нэг бол энэ. Одоо би Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг гардаж ажиллуулдаг. Над шиг мэргэжилтэй туршлагатай хүмүүсийг Amazon, Facebook, Google бүгдээрээ авахыг хүсдэг, ерөнхийдөө урилга их ирнэ. Тэр компаниуд хүний мэдээллийг авч цааш нь цацдаг, тухайлбал фэйсбүүкт бидний мэдээлэл орлоо гэхэд тэрхүү мэдээллийг цацаж байж тэд мөнгө олдог. Миний хувьд ёс зүйгээ баримталж эдгээр компаниудад ажиллах эрмэлзэлгүй байдаг. Дэлхийг хамарсан эдгээр компаниудад ажиллахын оронд орон нутагтаа, өөрийнхөө хотдоо байгаа компаниудад ажиллах нь цаашаагаа зиндаа ахих, хөгжих боломжийг нээж өгдөг. Google ч юмуу, Facebook-т ажилд орлоо гэж бодоход тэнд хичнээн мянган адилхан программчид байна, тэднээс ахиад дээшээ дэвшээд явах боломж бага. Мөн дээрээс нь тэнд бол ганцхан чиглэлээр л дагнана. Өсч дэвших боломжгүй учир Facebook, Google-д удаан хугацаагаар ажиллах программистууд ховор байдаг болов уу гэж боддог. Харин 200, 300 юм уу, эсвэл 30 хүнтэй вэб сайт хийдэг программын газарт би өөрийн хүссэнээрээ ажиллаж, суралцах боломжтой. Анх би IT-гийн мэргэжлийг сонгохдоо “Дэлхий нийт цахим эринд шилжих нь мэдээж. Тэгэхээр энэ чигийн бүх мэдлэгийг нь сайн сураад авъя, харин сурснаа хэрэгтэй хүмүүст нь өгье, гэхдээ ашгийн бусаар өгнө” гэж бодож байсан. Энэ бол миний эх орондоо ирсэн гол зорилго маань юм.

-Тэгэхээр өөрийн мэдсэн, сурсан бүх зүйлээ Монголынхоо ард түмэнд хуваалцахаар ирсэн гэж ойлгох болох уу?

-Америкт эзэмшсэн мэргэжил, тэнд ажилласан туршлага, олж авсан мэдлэгээ хүмүүст өгөх зорилгоор эх орондоо ирсэн гэж ойлгож болно. Ахлах программистаар би 10 гаруй жилийн хугацаанд ажилласан. Дороо олон программистуудыг удирдаж ажиллана. Ямар нэг асуудал гараад шийдэл олж чадахгүй бол тэд над дээр ирнэ, би тусална. Үндсэндээ багш шиг нь явж ирсэн. Америкт ажиллаж байсан энэ жишгээрээ би сургалт явуулахаар төлөвлөж ирсэн. Сургалтыг программистуудтайгаа ажиллаж байсан тэр аргачлалаар явуулна. Хий хоосон томъёо юм уу, ном заагаад байхгүй. Манайхны хэлдгээр номлосон сургалт бус бодит практик дээр явагдах сургалт. Үндсэндээ хоёр сарын хугацааны сургалт юм. Уг сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс ирэх 4 сарын 1-ээс ажлын өдрүүдээрээ оройн 19-21 цагийн хооронд миний аpprentice.mn пэйжид бүртгүүлээд ороод ирнэ. Гар утастай хүн бүхэн энэ сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оройн 19-21 цаг гэдэг бол хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд цай хоолоо идчихээд байж байх тэр цаг гэж тооцсон. Хоёр цагийн хугацаанд суучихбал та болон таны хүүхэд интернэт орчны талаар, цахим мэдээлэл вэб сайтын талаар маш өргөн мэдлэгтэй болно. Америкийн коллежид яг ямар зүйлийг заадгийг би заана. Яг хэрэгтэй зүйлийг нь бодитойгоор заана.

Мэдээж хүн бүхэнд ойлгуулахын тулд энгийн үгээр хичээлээ явуулна. 14, 15-аас дээш насны бүх хүн хамрагдаасай гэж би хүсч байна. Өнөөдөр Монголд бүх хүн интернэт хэрэглэж байгаа, вэб сайтаар орж байгаа, бүгд Facebook хаягтай байгаа. Тэр бүгдэд мэдлэг олгоно. Энэ сургалтад хоёр сарын туршид хамрагдсан хүн вэб сайтыг хэрхэн яаж ажиллуулах, хэрхэн амжилтад хүрч болохыг мэдэж авах боломжтой. Программын хэлүүд жил бүр шинэчлэгддэг. Шинэ хэлүүд гарах бүрт шинэ алдаанууд гарч байдаг. Таван жилийн өмнө программ сурсан хүн одоогийн программтай ажиллахад хүндрэлтэй, учир нь маш хурдан шинэчлэгдэж байгаа. Программын хэл, алдаа бүгдийг сурсан байхад чадварлаг болж чадна, гадаад дотоодод амжилт үзүүлж чадна. Монголоос гаръя гэж бодож байгаа бол энэ хоёр сарын дотор надаас асуух хэрэгтэй. Дээрээс нь цахим эринд монголчууд маань яаж гаднаас мөнгө босгох вэ гэх гарц боломжийг зааж өгөх юм.

-Интернэтээс хамааралтай болсон энэ үед цагаа олсон чухал ажил гэж харж байна. Сургалтад хамрагдах хүмүүс таны пэйж хуудас руу нэвтрээд л болоо юм уу, ямар нэгэн төлбөр гэж байхгүй хэрэг үү?

-Дэлхий нийтийн хандлага өөрчлөлтийг дагаад Монголд хүссэн хүсээгүй бүх зүйл цахим болно. Тэр бол гарцаагүй. Бид интернэт ертөнцөд илүү гүнзгий нэвтэрч компьютерийн шинжлэх ухааныг ойлгож байж түвшин маань ахина. Түүнээс өнөөдөр шиг facebook-ээр хэн нэгнийхээ нэр төрийг гутаах юм уу, иймэрхүү байдалтай байвал ахиц гарахгүй. Миний заах гэж буй хичээлд хамрагдах бол танд ямар нэгэн хүндрэлгүй. Гар утсан дээрээ аппликейшн суулгаад программ хийгээд явчихад л болно. Тэр тухай би өөрийнхөө аpprentice.mn пэйж хуудсанд маш тодорхой зааврыг нь оруулсан байгаа. Сургалтын төлбөрийн үнэ 50 мянган төгрөг. Бусад сургалтын төлбөрүүд 3-4 сая гэдэг юм билээ. 10 мянган программист бэлдэж гаргана гэчихээд 3-4 сая төгрөгийн төлбөр тавьчихаар хэн ирж сурах билээ. Миний хувьд ашгийн төлөө бус гэдэг тэр зарчмаа л барьж байгаа. Уг сургалтыг хоёр сарын хугацаанд явуулахад вэб сайтын төлбөр өндөр гарна. Би Японд суурилж байгаа Amazon-ы серверийг хэрэглэж байгаа түүний төлбөрт л зориулж иргэддээ 50 мянгын босго тавьж байгаа. Хүмүүс хоёр сарын сургалтад суучихаад цаашид гүнзгийрүүлж сурахыг бодож магад. Миний хувьд ганцхан удаагийн сургалт явуулна. Харин гүнзгийрүүлж сурах хүсэлтэй хүмүүсийн утсанд нь мэдээллийн сан хийчихсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн ойлгохгүй зүйлээ асууна, би түүнийг нь хариулна, өөр мэддэг хүн нь бас хариулна. Тэр хүний асуусан асуулт мэдээллийн санд хадгалагдаад дараагийн мэдэхгүй хүмүүст мэдээлэл нь бэлэн байж байна. Энэ мэтчилэнгээр мэдээллийн санд гүнзгийрүүлсэн сургалтыг бэлдчихсэн.

-Интернэтээр дамжуулж монголчууд гаднаас мөнгө олох боломжтой гэж та хэд хэдэн удаа хэллээ. Энэ талаар сонирхоё?

-Монгол хоцорч яваа болохоос өнөөдөр дэлхийн ихэнх орнууд вэб сайтыг хөгжүүлээд иргэд нь бизнесээ өргөжүүлээд явж байгаа. Энэ тухай сургалтаараа дамжуулж ойлгуулна. Бид өнөөдөр дотроо л бие биенээ барьж идэх гэсэн уур бухимдалтай хүмүүс байх юм. Хэрвээ программын өндөр мэргэжилтнүүд гараад ирвэл гаднаас мөнгө оруулж ирэх боломж бүрэн байна. Программын мэргэжлээрээ Америкт юм уу, Герман, Европын орнуудад ажиллаж болно. Калифорнид интернэтийн суурь шинэ компаниуд байдаг. Тэгвэл Японд яг тийм компаниуд бий болчихоод байгаа. Гэтэл Японд ажиллах программистууд хангалттай байхгүй учир Монголоос авч таарна, ер нь монгол программистуудыг хайж байгааг ч би мэднэ. Монголоос олон хүн ийм мэргэжил эзэмшээд авбал ард түмний амьжиргаа дээшилж энэ их уур бухимдал, нэгнээ харлуулдаг зүйл багасах байх.

Миний хувьд гадны компанитай хувиараа гэрээ хийгээд ажиллаж байсан. Одоо бол гэрээт ажилчин, сар бүр тогтмол цалин авна. Ажлаа хийнэ үү, хийхгүй байна уу, хэдэн цаг ажиллах нь хамаагүй, гэрээний дагуу цалин тогтмол ордог. Гадны компаниудад цагаар ажилладаг хүмүүс байдаг. Тухайлбал, программ дээр лого хийдэг дизайнерууд байна, нэг хүний вэб сайт эвдэрчихлээ гэхэд янзлаад өгөх хүн байна уу гээд холбогддог. Таван цагийн дотор янзлаад өгье гэхэд цагийн 30 доллар төлнө, тэр нь монгол мөнгөөр 80 мянган төгрөг. Ингээд таван цагт ганцхан алдаа янзаллаа гэхэд тэр программистын дансанд 400 мянган төгрөг орох жишээний. Нэг вэб сайтыг бүр төслөөр нь авчихаж болно. Би энэ төслийг чинь 50 мянган доллараар хийгээд өгье өө гээд авлаа гэхэд 100 хэдэн сая төгрөг болно биз дээ. Ганц вэб сайт хийгээд ийм мөнгө авна гэдэг бол Монголд хичнээн жилийн цалин бэ. Ер нь гадны компаниуд ачааллаа дааж чадахгүй болохоор бидэн рүү явуулдаг. Америкт байгаа компаниудтай яаж ярихыг нь би хэлээд өгнө. Америкт нэг программистэд өгөх цалингаар Монголоос таван програмист авах боломжтой. Үндсэндээ манайх хангалттай цалинтай, Америкийн компани хангалттай хүчин чадалтай болно гэсэн үг. Ийм боломж гарцыг би монголчууддаа олгох төсөл боловсруулаад сургалтаа эхлэх гээд байж байна. Нэмээд хэлэхэд, Америкийн компаниудтай яаж харилцвал ажил олдохыг би хэлээд өгнө. Зөвхөн Америк гэлтгүй Герман, Итали, Франц, Япон гээд олон оронд ажилчид хэрэгтэй байгааг дахин хэлье.

-Өөрийн тань хувьд ийм өгөөмөр сэтгэл тээж, 10 гаруй жилийн туршлага болоод бодож боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр, ард түмэндээ мэдлэг өгөөхөөр ирлээ. Гэвч таны санасан хэмжээнд хүмүүс хандахгүй, хоёр сарын сургалт хөтөлбөр бодож төлөвлөсөн үр дүнд хүрэхгүй бол яанаа?

– Сургалт хэрвээ амжилттай болбол цаашид би хиймэл оюун ухаан, мөн компьютерт үг хэлэнгүүт бичгээр уншигддаг тохнологийн маш нарийн зүйлүүдийг зааж өгөх юм. Дээрээс нь сургалт хөтөлбөртөө сайн хамрагдсан программистуудтайгаа нийлж компани байгуулаад өмнө нь ажиллаж байсан Польшийн компани, мөн Америкийн нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, вэб сайтын компаниудтай хамтын гэрээ байгуулна. Ингэж монголчуудаа туршлагажуулж, амьдралд нь бодит хөрөнгө оруулалтыг хийхийг эрмэлзэж байна. Сургалтаасаа хоёр хүнийг шууд АНУ-ын компанид ажилд оруулчих боломж байгаа нь гайхалтай. Энэ бүгдийг яагаад дахин дахин хэлээд байна вэ гэхээр энэ бол АНУ-д байхдаа миний бодож зорьж төлөвлөсөн ажил минь. Хамгийн том зорилго маань юм. Харин амжилтгүй болбол яах вэ гэж та асууж байна. Мэдээж урам хугарна. Гэхдээ би бол буддист хүн. Цаг нь болоогүй байж дээ гээд л бодоод өнгөрнө.

-Гадны энэ том компаниудад ажиллаад, Google, Facebook уригдаад ингэж яваадаа өөрөөрөө бахархах үе байдаг уу?

-Бахархах нь ч юу юм. Би буддын шашин судалсан. Миний хүслийн мэргэжил гэвэл философи. Коллежид сурч байхдаа философийн их сэтгэгчдийг судалсан. Өөрийн гэх өвөрмөц зан чанар уламжилж авсан. Тиймээс хэн нэгнийг магтаад байх хүсэл, мөн бардам явах зүйл байхгүй. Хүн төрөлхтөн бид бүгд адилхан хүмүүс. Өөр нэг хүн, миний биенд ороод явах юм бол яг л над шиг амьдарна. Миний хийсэн юм, үзүүлсэн амжилт гэвэл өнөөдөр бусад хүмүүсээс шалтгаалж байгаа. Бусад хүмүүст яг над шиг боломж олсон бас л тийм амжилт үзүүлж таарна. Тиймээс бахархаад байх юм алга. Мэдээж аав ээж хоёр минь хүүгээрээ бахархдаг байх. Харин энэ удаагийн сургалтаа явуулаад хэдэн мянган хүнд хүргэчих юм бол миний бахархал.

-Сонирхож асуухад, мэргэжлийн программистын хувьд Монголын цахим сайтууд технологийн талын хөгжлийг хэрхэн дүгнэх бэ?

-Монголд байгаа вэб сайтуутын хэрэглээ бага л даа. 50-100 мянган хүн минут тутамд ороод, хандаад байдаг вэб сайтууд биш. Монголоос гоё аппликейшн гаргадаг ч юм уу, түүнээ дэлхий рүү цацлаа гэхэд ачааллыг нь дийлж чадахгүй. Тэр ачааллыг дийлэх хэмжээний хүчин чадалтай серверийн систем ч манайд байхгүй. Хүмүүс сошиалаар бараа зарж байгаа харагддаг. Гэхдээ заавал ч үгүй Facebook-ээр явуулалгүй өөрийн вэб сайтыг нээгээд бараагаа зардаг, тэр мөнгө нь шууд данс руу ордог тийм программыг бий болгоод тохируулчих хэрэгтэй юм.

Монголд гурван сая Fa­cebook хэрэглэгчтэй болбол даацыг нь даах сервер байхгүй. Хамгийн ойр байгаа гэвэл Хонгконг, гэвч Хятад руу нэгдсэн учир Хонгконгт мэдээллээ тавибал Хятад шууд авч болно. Тэгэхээр Amazon-ы сервертэй орон бол Япон байгаа.

-Сүүлд асуухад, программист болоход орчин нөлөөлсөн үү. Мөн гадны нэртэй компанийн гэрээт ажилчин гэхээр өндөр цалин хөлс авдаг уу, хүмүүс сонирхож байгаа байх?

-Манай хоёр нагац ах тухайн үедээ программчин байсан. Гэхдээ одоогийн шинэ дэвшилттэй технологитой харьцуулахад өөр ойлголт. Аав ээж хоёр маань тухайн үедээ интернэт кафе гэх үү, юм принтерлэдэг, шивдэг, бичдэг тийм хувийн компанитай байсан. Би 10 настай байхаасаа принтер нь гацаад ажиллахгүй бол яаж ийж ноцолдож байгаад ажиллуулчихдаг байсан. Программист болоход тэр бүгд нөлөө үзүүлсэн байх. Америкт бол хамт ажиллаж байсан монгол программистууд байгаагүй, би ганцаараа л байсан. Цалин хөлсний тухай гэвэл жаахан хувийн чанартай юм уу. Монголд ажиллаж байгаа дундаж программистын цалингаас дор хаяж найм дахин илүү цалин авна гээд ойлгочиход болно. Миний ажлын хамгийн сайхан нь дуртай цагаараа, дуртай үедээ, хүссэн газраасаа хаанаас ч ажиллаж болдгоороо онцлог юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Малчдын амь нас манай төрд хамаагүй юу?

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 малчны амь эрсэдсэн харамсалтай үйл явдал саяхан болсон. Дэлхий нийтийг сөхрүүлсэн коронавирусийн цар тахлын аюулт дайнд ч одоогоор 10 хүний амь эрсдээгүй байгаа. Гэтэл байгалийн гамшигт үзэгдэл шороон болон цасан шуурганы улмаас арван хүн нэг дор амь үрэгдэнэ гэдэг улс оронд үнэхээр эмгэнэлтэй үйл явдал мөн. Ийм эмгэнэлт үйл явдлыг Монголын төр үнэндээ хайхарсангүй. Ерөнхийлөгч Х.Баттулга нэг эмгэнэл илэрхийлсэн. Өөр хэн ч тоосонгүй. Нэг дор арван иргэн нь харамсалтайгаар амиа алдах нь байтугай өвлийн хүйтнээр таавчигтай хүүхэн эмнэлгээс гаргалаа гээд Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордоггүй билүү, манай энэ төр чинь. Эмэгтэй хүнийг, эх хүнийг таавчигтай нь гаргалаа гэж Ерөнхий сайдынх нь элэг эмтэрч, ард түмнээсээ уучлалт эрж, Засгийн газраа огцруулж, цаашид Монголын төрд ийм жишиг тогтлоо хэмээн төрийн индрээс хариуцлагатайгаар мэдэгдэж, жигтэйхэн гашуудсан царайтай, ард иргэддээ жигтэйхэн хайртай байгаагүй билүү. Тэгтэл өнөөдөр бүгд гөлийчихөөд юу ч болоогүй юм шиг хүйтэн царай гаргаад өнгөрч байгаа нь гунигтай юм бэ. Манай төрийн үнэн нүүр царай ч энэ дээ гэж бодогдохоор?

Дундговиос, олноороо амь үрэгдсэн малчдын тухайн аймгаас Их хуралд сонгогдсон гишүүн нь сошиалаар эмгэнэл илэрхийлэв. Мөн ч тоомжиргүй хандаж байгаа гэсэн үг шүү. Тэр сошиалыг нь олж уншдаг малчин байдаг л гэж бодохоос. Монголын төр ард иргэддээ ингэж алаг үзсэн байдалтай өрөөсгөл хандаж болохгүй ээ. 10 иргэн амь үрэгдэнэ гэдэг бол үндэсний гашуудал зарлах хэмжээний асуудал шүү дээ. Уул нь манай төр засгийнхан, Их хурлын гишүүд юм л бол малчид гээд сүйд болдоггүй билүү. Сонгууль дөхсөн үед малчид шиг бурхад байдаггүй. Ам ангайх бүртээ магтаад байдаг. Харин сонгуулийн дараа одоо хэрэггүй гэсэн шиг олноороо амь үрэгдэж байхад нь тоодоггүй ийм хөгийн, хоёр нүүртэй байж болохгүй ээ. Ядахдаа Их хурлын чуулган эхлэхэд байгалийн гамшигт амь эрсэдсэн малчдынхаа дурсгалыг хүндэтгэж бүгд босч зогсож гашуудал илэрхийлж болохгүй юу?

Монгол төрийн үнэн нүүр царай ийм байдаг байж. Тэгвэл байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон хүний амь нас яагаад эрсдэх болов гэдгийг бид сайтар бодож, бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй болжээ. Байгалийн гамшигт үзэгдэл бол хүн ардыг нөмөрсөн аюулт өвчин тахал биш. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Харин гамшигт үзэгдэл болно гэдгийг ард иргэдэд, малчдад хэдэн өдрийн өмнөөс хэлээд, сануулаад, анхааруулдаг. Тийм атал малчид малаа гаргаж туугаад араас нь явж төөрөөд арваараа үхэж үрэгдэж байна. Энэ тухай цаг уурч Д.Шагдарсүрэн “Өдрийн сонин”-д өгсөн яриандаа тодорхой дурдсан. “Наян онд Дорнод, Хэнтий, Сүхбаатарыг хамарсан шуурганд 40 хүн амь эрсдэж байсан. 2008 онд мөн Хэнтий, Сүхбаатарт 52 хүн үрэгдсэн. Яасан хаширдаггүй толгойнууд вэ. Заримдаа гомдмоор, хохь чинь хүн хэлээд, сануулаад байхад гэж хэлмээр санагддаг. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан, бас боловсрол нимгэнийх л гэж би боддог” гэж бүр нэг цөхөрсөн байдалтай хэлсэн.

Шуурганд уруудаад үхэх нь байтугай бөмбөгдөгч онгоцны сумнаас биендээ шарх сорвигүй гарч болж байгаа техник технологийн энэ эрин зуунд бид харанхуй бүдүүлэг, хамгийн арчаагүй дорой байгаагаа бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хэлснээр GPS суулгаж байршил тогтоох, утас холбоо гээд хориннэгдүгээр зуунд малчдаа шуурганд үхүүлчихэлгүй аваад үлдэх өч төчнөөн арга чарга бий. Маланд ээмэг суулгана гэдэг, тэгвэл малчинд өөрт нь байршил тогтоогч ээмэг шиг юм чихэнд нь ч юм уу, хаана ч юм суулгаад шуурганд төөрүүлээд үхүүлчихэлгүй олоод авч болно оо доо. Монгол Улс ердөө 243 мянган малчин өрхтэй шүү дээ. Дээрээс нь манай улс малаа цөөлөх бодлогыг нэн даруй явуулах хэрэгтэй. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь (бүх малыг хонин толгойд шилжүүлснээр) бэлчиж, үндсэндээ 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингэснээр газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхээр салхинд хийсэх нь амархан болж буйг судлаачид хэлдэг. Ийм улаан цөл дээрээ яаж мал маллах гээд байгаа юм бэ. Малын 360 сая туурай жигдхэн талхалж хөрсөөр нь эргүүлсэн улаан цөл чинь жаахан салхинд л нүүр нүдгүй шороон шуурга босч, үзэгдэх орчингүй таг харанхуй болно. Саяны шуурга яг ийм болж малчид гэртээ лаа асаасан тухай мэргэжилтнүүд хэлсэн. Тэгэхээр уул уурхайн уршгаар Монголын газар нутаг улаан цөл болж талхлагдсан гэж худал ярьдгаа одоо болих хэрэгтэй.

Улс орны хэмжээнд уул уурхайн зөвшөөрлийн нийт талбай нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.8 хувийг л эзэлдэг. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 8.9 хувийг эзэлдэг. Ганцхан жишээ дурдахад, нэг хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Оюу толгойн баяжуулах үйлдвэр гэхэд л 255 метр урт, 144 метр өргөнтэй газар эзэлдэг. Мөн улс орны эдийн засгийн гол цусны эргэлт болсон Таван толгойн нүүрсний орд гэхэд л нийт 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч байна. Уул нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд уул уурхай хөгжүүлж болох талаар гадна дотны эрдэмтэд саналаа хэлж ирсэн ч одоогоор хэрэгжээгүй байгаа. Тэгэхээр уул уурхай газар нутгийн ийм өчүүхэн хувийг эзэлдэг байхад бид уул уурхайн балгаар Монголын нутаг цөл болсон мэтээр ярьдаг нь ард түмэнд итгүүлэх гэсэн хоосон үлгэр. Уул уурхай газар нутгийг минь байхгүй болгож байна гэж малчдыг турхирдаг, төрийн эсрэг иргэдийг босгодог энэ байдал Монгол Улсыг үеийн үед ядуу гуйлгачин байлгах гэсэн уршигт бодлого. Үүнийг одоо ард иргэд ойлгох хэрэгтэй. Боловсрол нимгэнтэйгээр нь хамгийн түрүүнд малчдыг турхирдгийг бид мэднэ. Харин уул уурхайн хажууд малын 360 сая туурай гэдэг бол жинхэнэ бэлчээрийн эрлэг. “Нүүдэлчид говь цөлийн хүү нь гэхээсээ эцэг нь юм аа” гэж алдартай үг бий. Яагаад гэвэл нүүдэлчид говь цөлийг бий болгодог юм. Тэгэхээр одоо эрдэмтдийнхээ үгийг авч, шинжлэх ухааны үндэслэлтэй мал маллах фермерийн аж ахуй руу нийтээрээ орох цаг нь болсон. Хэн дуртай нь мал аваад уулын мухар, жалга сахиад хэвтчихдэг, ямар ч хариуцлага хүлээдэггүй энэ байдлыг одоо төр засгаас бодлогоор хорих хэрэгтэй байна. “Хониныхоо зунгагнаас салсан цагт Монгол Улсад хөгжил дэвшил ирнэ” гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан.

Хэдэн мал аваад жалгын мухар сахиад хэвтэх нь хамгийн амар ажил. Сургууль соёл, үүрэг хариуцлага гэхгүй. Ийм нөхдүүд л цаг агаарын мэдээгээр онцгой анхааруулаад байхад малаа хөөж гаргаад араас нь яваад үхэж байна. Үндсэндээ малнаас өөр юунд ч суралцаагүй, биеэ дайчилж амьдрахын төлөө зүтгээгүй юм чинь тэр хэдэн мал нь үхвэл хоолгүй болох учир хоолныхоо араас үхэн хатан явж байгаа нь тэр. Түүнээс малнаас өөр юманд суралцаж, өөрөөр амьдарч чадна гэсэн итгэлтэй бол “энэ хэдэн малнаас болж үхэлтэй нь биш дээ” гээд хаяна биз дээ. Тэгэхээр одоо дур дураараа мал малладаг энэ байдлыг болиулж, нийт газар нутгийг улаан цөл болгож буй мал сүргийн тоог эрс цөөлж, манайхны улиг болтлоо ярьдаг фермерийн аж ахуй, тоонд бус чанарт шилжих тэр байдалд нэн даруй орох цаг болсныг саяны шуурга 10 хүний амиар хэлээд өглөө.

Эцэст нь сануулахад, дур зоргоороо мал аж ахуй эрхлэхийг хорьж нэгдсэн бодлогод орох тухай хэлж байгаа болохоос Монгол Улсад мал аж ахуй хэрэггүй гэж байгаа юм биш. Тэртэй тэргүй Монголын эдийн засгийн үндэс нь энэ хэдэн малчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хөдөө аж ахуйн гол үндэс суурь болсон малчдад уй гашуу тохиож, 10 хүн амь насаа алдсан энэ үед Монголын төр, УИХ, Засгийн газар, салбар яам нь огтоос тоосон шинжгүй байгаа нь харамсалтай. Өөр улс оронд бол эдийн засгийнх нь хөдөлгөгч хүч болсон 10 эрхэм үрэгдэхэд төр засаг нь эмгэнэл илэрхийлж, нийтээрээ гашуудал зарлана. Харин малчдын маань амь манай төрд хамаагүй бололтой!!!

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаг уурч Д.Шагдарсүрэн: Би 50 жил малчдынхаа төлөө “үглэж” явна. Хэлээд, сануулаад байхад гэж заримдаа гомдох юм

Саяхан болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар цаг уурч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл боллоо. 600 орчим хүн төөрч, 10 хүний мэдээ дуулдсан амь эрсэдсэн маш харамсалтай. Малчид, ард иргэд энэ шуурганд бэлтгэлгүй байв уу. Цаг уурчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ бол яалт ч үгүй байгалийн гамшиг. Зүгээр нэг болоод өнгөрдөг шороон шуурга биш. Салхины хурд дээд тал нь 40 м/сек хүрлээ. Тэгвэл юугаараа “гамшиг” гээд байгаа юм бэ гэвэл дэндүү нарийн шороо босч барьсан мод бүү хэл зэрэгцээд явж байгаа хүн ч харагдахгүй харанхуй болсонд байгаа юм. Юуны чинь мал сүрэг. Дундговь аймгийн Луус сумын төвөөс нэг хүн надад фэйсбүүкээр зураг илгээсэн. Зураг гэсэн чинь зүгээр л тас харанхуй. Үд дунд гэртээ лаа асаасан байгаа юм. Ганц Дундговь ч биш Өвөрхангайн Хархорин (миний төрсөн нутаг)-нд бас тас харанхуй болж “Лаа асаалаа” гэж мэдээлж байлаа. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь гээд Эрдэнэт-Булганы Цахилгаан дамжуулах шугамын харьяаны бүх газарт эрчим хүч тасарсан юм. Харин яагаад ийм их шороо босч харанхуй болов оо гэдгийг ярих ёстой. Энэ бол уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй явж ирсний горыг амсаж байгаа юм. Дээрээс нь мал сүргийн тоо хэт өссөнийх бас нөлөөлж байгаа. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь бэлчиж байна. 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингээд газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхлээр салхинд хийсэх нь амархан болж байгаа хэрэг. 1975 оны 4 дүгээр сард баруун аймгуудын нутаг, 1980 оны 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар иймэрхүү онц аюултай цасан шуурга, хүчтэй салхи, шороон шуурга болж байлаа.

Цаг уурын хүрээлэнгээс анхааруулаад байтал малчид хэнэггүй зан гаргаж огтоос цочрол авалгүй, юу л шалиа аж дээ гэсэн байдалтай байсан нь ийм байдалд хүрчихэв үү. Ер нь манай малчид цаг агаарын мэдээнд бодитой цочир ханддаг баймаар санагддаг?

-Цар тахлын энэ аюулт дайнд бид 10 хүнийхээ амийг алдаагүй л байгаа. Гэтэл байгалийн энэ үзэгдлийг даваад гарах учиртай байтал 10 сайхан хүний эрдэнэт амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдлийг цаг уурчид маш эртнээс, маш тодорхой, маш сайн мэдээлсэн. Тэдний энэ хөдөлмөр, энэ амжилт, энэ чадварыг зүй ёсоор үнэлэх ёстой. Даанч төр сохор л доо. Нэг бодлын “тэд хийх ёстой юмаа л хийсэн” гэж хэлэх байх. Тэгэхдээ зүгээр л “Урьдчилан сэргийлэх мэдээ” гэж бичээд явуулчихад болохгүй юм огт байхгүй. Энэ шуурганы тухай анх хоёрдугаар сарын 25-нд УЦУОШМ-ийн хүрээлэнгийн урт хугацааны прогнозын хэлтсээс гаргадаг гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд тусгасан байлаа. Тэнд бүр 3 дугаар сарын 11-13-ны үед НИЙТ НУТГИЙГ ХАМАРЧ хүчтэй цасан болон шороон шуурга тавих магадлалтай байна гэж мэдээлсэн юм. Үүнийг би “Малчин” ТВ-ээр явуулдаг “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ үзүүлж байлаа. Дараа нь долоо хоногийн “төлөв”, тав, хоёр хоногийн урьдчилсан мэдээнүүдээр удаа дараа мэдээлсэн. Дашрамд хэлэхэд, цаг агаарын үзэгдэл орон зай цаг хугацааны туршид маш их хувьсаж байдаг учраас ингэж олон удаа нарийвчилж үздэг юм. Яг л холоос харахад дүрс төдий байснаа ойртоод, бүр ойртоод ирэхлээрээ нүүр ам, зүс царай нь тодроод ирдэг шиг л юм шүү дээ. Тэгээд л зүгээр нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ гээд хаячихгүй “дохиотой” зарлах уу, бүр аюул гамшгийн хэмжээнд “харангатай” зарлах уу гэдгийг ярилцаж, дүгнэж байж шийднэ. Ингээд байхад малчид маань даанч харамсмаар. Заримдаа бүр гомдмоор шүү. Би 1976 онд Дорнод аймагт ажиллаж байхдаа онц хүчтэй шуурга болох тухай мэдээлээд, тэр нь ёсоор болоод үр дүнд нь баахан мал хорогдож, хүн амьтан үрэгдэхэд “Урьдчилж хэлээд хэлээд нэмэр байх биш” гэж хэлээд аймгийн дарга Лхасүрэн гуайд зэмлүүлж л байлаа. Цаг уурын урьдчилсан мэдээг хэзээ ашиглаж сурах улс юм мэдэхгүй. Нэг шуурганд 600-гаад хүн уруудаж, төөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яалгах гээд байгаа улс вэ? Арай дэндүү, арай гомдмоор. Ашиглаж хэрэглэхгүй, итгэж үнэмшихгүй юм бол цаг агаарын урьдчилсан мэдээг малчдад зориулж зарлаад ч яах юм билээ. Өдөр бүр тусад нь “Малчдад зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээ” гэж гаргадаг, зарладаг юм шүү дээ. Биеэ магтахад энэ мэдээг анх би УЦУОШМХ-нд ажиллаж байхдаа санаачилж, зүтгэж байж гаргадаг болсон юм.

Ер нь таны хэлсэн дээр дөрөөлөөд асуухад, ганц нэгээрээ жалга жалгын мухар сахидаг малчдын энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй юм шиг. 10-аад хот айл нэгдэж хамтарч буудаг, ахмад настай хүн нь зааж зөвлөдөг ч юмуу тийм байдал руу орвол яадаг юм. Нэг шуурганд ингээд арваараа үрэгдээд байвал юу болох вэ?

-Тийм ээ, малчдыг намд хувааж байхаар бүлэг, нөхөрлөл, хоршоо мэтийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Захиргаагаар биш, эдийн засгийн аргаар хөдөлгөх хэрэгтэй болсон. Өнөөдөр малчид зөвхөн ноосны урамшуулал авахын тулд л худлаа хоршиж байна. Одоо бэлчээр ашиглалт, усжуулалт гээд тулгамдсан асуудал бүр дээр нь хамтач байдлыг харгалзах, шагнал урамшил дээр нь хүртэл үүнийг анхаардаг болох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс саяны гамшигт үзэгдлийг говийн угалз гэж хэлээд байв уу даа. Энэ бол угалз биш. “Угалз” гэдэг бол жижигхэн хэмжээний газар хамардаг үзэгдэл. Энэ удаагийнх бол жинхэнэ утгаараа гамшиг. Миний санаж байгаагаар 1980 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгийг хамарсан нэг аюул болсон юм. Тэр шуурганаар 40 хүн амь эрсэдсэн санаж байна. Дараа нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд бас л Хэнтий, Сүхбаатарын нутгийг хамар ч их гамшигт үзэгдэл болсон. Тэр шуурганаар 52 хүн үрэгдсэн. Аймаар байгаа биз? Даанч “Яасан хаширдаггүй толгойнууд вэ?” гэмээр санагддаг юм даа. Би 70 насныхаа 50-ийг нь малчдынхаа төлөө “үгэлж” явна. Заримдаа гомдмоор, гомдохдоо “хохь чинь. Хүн хэлээд, сануулаад байхад” гэж хэлмээр санагддаг юм. Даланзадгад, Өмнөговийн Булган сум хоёрын хооронд цахилгааны шугам мөстөөд эрчим хүч тасрахыг бол “арай ч дээ, говьд уу?” гэхээр. Шороон шуурга, хүчтэй салхийг бол говь, хээрийн бүсийнхэн мэднэ ээ. Энэ хавар салхи ихтэй байхыг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сар хэлээд л өгсөн. Ер нь хавсарга ихтэй гэдгийг. Харин яг ийм гамшиг болно гэдгийг хэн ч хэлдэггүй юм. Одоо бол энэ хавартаа дахиж ийм гамшиг болохгүй. Харин 17-18-ны үеэр тэнгэр нэг муудна. Магадгүй одоо хамгийн хэрэгтэй байгаа “нойтон юм” өгөх болов уу гэж малчид горьдож байгаа.

Малчид, ард иргэдийг яавал цаг агаарт итгүүлж аюулт үзэгдэлд сэрэмжтэй байлгах вэ. Ахмад цаг уурчийн хувьд зөвлөхгүй юү?

-Малчид цаг уурын мэдээнд итгэдэггүй биш, үнэхээр итгэдэг хүмүүс. 1960-аад оны үед “Хүүхдээ худлаа яриад байна” гэхлээр “Тэгвэл цаг уурч болго” гэсэн яриа байлаа. Одоо бол худлаа яриад байвал УИХ-д оруул гэх болсон. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан. Бас боловсрол нимгэнийх л гэж би боддог. Өнөөдөр малчдын амьдралын хэвшилд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Тэгэхдээ мэдээж захиргааны аргаар биш, эдийн засгийн аргаар. Боловсрол гэдэгт Хорвард гэж битгий ойлгоорой. Бичиг үсгийн болосролоос гадна ахуйн боловсрол нэн хэрэгтэй байна. Тэнгэрийн араншинг танихаас эхлээд газрын байдлыг шинжих ардын их уламжлалаас “савныхаа хэрээр” хутгаж авах хэрэгтэй байна. Бэлчээрийн мал маллагааны арвин их туршлагын сангаас суралцах хэрэгтэй байна. Энэ талаар төрөөс ч анхаарах хэрэгтэй. Ядаж л Ж.Самбуу гуайн “Малчдад өгөх зөвлөгөө” номыг зориуд малчдад түгээмээр санагддаг. Дашрамд нь өөрийгөө сурталчилсан болохгүй бол миний “Тэнгэр унших эрдэм” гэж жижигхээн, “Тэбишийн календарь” шиг ном бий. Түүнийг уншсан малчин байна уу, үгүй юү. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухааны мэдээ, прогнозыг сонсож, үзэж ашиглахын зэрэгцээ байгаль шинжих ардын уламжлалаас сайн суралцах хэрэгтэй байна. Ядаж л шинийн сарыг харчихдаг болоосой гэж бодох юм. Энэ бол дундаршгүй их эрдмийн далай юм шүү дээ.

Хөдөө хээр хүчтэй салхи шуурганд яваа хүн ямар арга чарга хэрэглэвэл зөв бэ. Аюулт үзэгдэлтэй гэнэт нүүр тулахад хүн яавал амиа аваад гарах вэ. Мөн Ерөнхийлөгч малчдад GPS суулгах тухай санаачилга гаргасан нь зөв санагдсан?

-Техник технологи хөгжсөн энэ зуунд манайх бүх малчин өрхдөө GPS суулгаад өгөхөд ямар ч асуудал байхгүй л дээ. Үүнд малчид өөрсдөө санаачилгатай байх, төр засгийн зүгээс бодлого болгож анхаарах хэрэгтэй. Технологийн эрин зуун гэдгээ бид сайн бодох хэрэгтэй л юм байгаа юм. Хөдөө хээр аюулт үзэгдэлтэй тулбал ямар арга хэрэглэх тухай асуулаа. Уул нь морь тэмээгээ унаад малаа хариулдагсан бол ингэж тавь жараараа үхээд байхгүй шүү дээ. Мотоциклынхоо “зогдор” дор хоргодох уу? Монгол Улсын хөдөлмөрийн баатар адуучин Шарбанди гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн байлаа. Тэдний адуу шуурга болоход ганц утасны шон бараадаад хамгийн ард нь азарга, морьд нь тэдний урд гүү байдас, хамгийн урд нь буюу нөмөрт нь унага даага нь ороод зогсчихдог байсан. Хүн байтугай мал тэгж сурчихсан байдаг юм билээ. Гайхмаар байгаа биз. Дээрээс нь өнөөдөр малчид хувцасгүй болсон. За цувцаа нэхийгээ больё. Үзүүрсгэн дээлтэй малчин өнөөдөр байна уу. Ёстой л “жавар сөрөх хувцасгүй, жалга гатлах унаагүй” болоод байна шүү дээ. Саяын их шуурганаар морьтой, тэмээтэй явсан хүн байгаа болов уу? Морь тэмээ гэдэг чинь даарахад нөмөр, төөрөхөд нөхөр болдог юм шүү дээ. “Хятад мотоцикл нь эзнээ гэрт нь хүргээд өгч гэнээ” гэж дуулсан уу? Харин морь нь тэмээ нь ямар ч шуурганд төөрөлгүй эзнийнхээ амийг аварсан тохиолдол олон шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэй байна

“Өдрийн сонин” өмнө нь “Бид бие биендээ бөхийж мэндэлдэг хуультай болох ёстой” хэмээн бичиж байсан. Түүний үр нөлөө байв уу, ямартаа ч сүүлийн үед хүүхдүүд сүрхий мэндэлдэг болсон нь ажиглагддаг. Харин энэ удаад харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэйг дэвшүүлж байна. Монголчууд бид хуучин социалист нийгмийн үед нөхөр минь гэдэг байсан. Оросын нөлөөнд байсан учир хүмүүсийн харилцаанд, ялангуяа дарга сайд нарын албан ярианд энэ нь айхавтар нөлөөлсөн. “Нөхөр тэр болбоос сайн хүн, нөхрийн ёсоор хандахад” гээд бичгийн хэл, ном зохиолд ч илэрхий туссан байдаг. Ерэн оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол Улсад хоорондын харилцааны стандарт гэдэг чухал зүйл тогтоогүй. Уул нь харилцааны тогтсон стандарттай байж, түүнийгээ дээр доргүй ягштал дагаж мөрддөг, Үндсэн хуульд зааснаар бүгд тэгш эрхтэйн адилаар, бие биетэйгээ ижил тэгш хэмжээнд харилцах нь зүйд нийцнэ.

Өндөр хөгжилтэй улс орнууд, тэр дундаа ардчилал эрх чөлөөг дээдэлдэг орнуудын нийтлэг дүр төрхийг харахад хүн бүгд ижил тэгш эрхтэй, мөн бүгд бие биенээ хууль дүрмийн дагуу ижил тэгш хэмжээнд хүндэтгэж харилцдаг. Ер нь улс орны хөгжил дэвшил эдийн засгийн тулгуур ойлголтоос өмнө харилцааны соёлын стандарт чухал гэдгийг дэлхийн орнууд мөрдлөгөө болгодог. Гэтэл манай улсын хувьд энэхүү хамгийн чухал зүйл орхигдож гээгдсэн нь бидний хөгжил дорой бүдүүлэг, зэрлэг омгийнхон шиг дур дураараа авирладаг, мөн нийгмийн эмх замбараагүй байдал зэргээс тодорхой харагдана. Төрийн үйлчилгээний ажилчид ард түмэнтэйгээ стандарт бусаар хэрхэн харилцдагийг бид өдөр бүр л харж байна. Стандарт бус гэдэг нь “Хөгшөөн, өвгөн гуай, ахмад настаан, хөөе эмэгтэй, чи, миний найз аа, миний ах аа, миний эгч ээ, миний дүү, эмгэн гуай, сайхан бүсгүй, хөдөөний залуу, намхан нөхөр өө, өвчтөөн” гэх зэргээр олны өмнө нийгмийн дунд харилцдаг. Эдгээр харилцаа нь сүүлийн 30 гаруй жил хэвшил болоод дадчихсан. Орчин үеийн хүн төрөлхтний хэв загварт байж боломгүй бүдүүлэг үйлдэл, хүнийг дээд зэргээр доромжилсон, басамжилсан, тохуурсан, хүний эрхэнд маш хэрцгийгээр хандсан явдал.

Ард иргэд ч ялгаагүй, өөр хоорондоо миний дүү, агаа эгээ, эмээ өвөө, анд нөхөр минь гэдэг. Огт уулзаж байгаагүй нэг нөхөр өөрийг тань “миний дүү” гэж ирээд үнсэж үлгэх нь холгүй харилцах нь ямар гутамшигтай вэ. Нэр усаа дөнгөж мэдэлцээд уулзаж буй үе тэнгийн залуу шуудхан “анд минь” гэж хэлэх бүр нэг зэвүү хүрмээр. Эмэгтэй хүн эр хүнийг уулзсан даруйдаа анд минь гээд налиганаж ирэх шиг муухай юм байхгүй. Манайхны харилцааны ийм доголдлыг хэдэн жилийн өмнө цэцэрлэгийн жаалхан хүү зурагтаар тов тодорхой хэлж билээ. Телевизийн сэтгүүлч бүсгүй хэлээ хазаж, нялхамсаж ирээд л “Миний дүүг хэн гэдэг вэ” гэж асуухад өнөө хүүхэд өөдөөс нь шууд “Би таны дүүг танихгүй ээ” гэсэн. Огт танихгүй эмэгтэй өөрийг нь дүү минь гэж налиганаж байгааг тэр хүү ойлгоогүй, харин өөрийнхөө дүүг асууж байна гэж бодоод танихгүй гэдгээ хэлсэн. Харваас өөрөөс тань хөгшин царайтай нөхөр агаа гэж дуудах, залуухан эмэгтэйг олны өмнө нэг хөгшин хар юм эгчээ гэж дуудах зэрэг бол дээд зэргийн бүдүүлгээс гадна доромж маягийн зүйл л дээ.

Монголчуудын харилцаан дахь ахаа эгчээ, эмээ өвөө гэсэн худлаа саймширч дүр эсгэсэн налигануур далигануур зан, зэвүү хүрмээр хуурамч хүндлэл зэрэг хэрээс хэтэрлээ. Бид их сайндаа л хүнийг та, өөрөө гэж хэлж, бусдаар бол харилцааны гажиг стандарт бус соёл үйлчилж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотын дүрмийн тухай асуудал гэж яригдаад байгаа. Бүр Бат-Үүл баатрыг хотын дарга байх үеэс хотын дүрэм яригдсан. С.Амарсайхан нийслэлийн захирагч байхдаа “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн төслийг 10 бүлэг 36 зүйлтэйгээр дахин боловсруулж хотын дүрмийн асуудлыг хөндсөн. Гэхдээ хотын дүрэм гэхээр засаг захиргааны бүтэц, үйл ажиллагааны загвар, нийтийн аюулгүй байдал, ногоон байгууламж, замын хөдөлгөөний зохицуулалт, гудамж талбайн ашиглалт гэх хөндлөн хөндлөн юм яригддаг. Хотын дүрмэнд тусгах хамгийн гол зүйл харилцааны соёлын стандарттай болох. Үнэхээр бид ийм стандарттай болж бусад хөгжингүй орнуудын жишгээр түүнийгээ ягштал мөрддөг, стандарт бусаар харилцвал торгууль өндөр, ял шийтгэлтэй байх хэрэгтэй.

Эхлээд хоорондоо найрсгаар мэндэлдэг болмоор байна. Мэндлэх ёс гэдгийг харилцааны хамгийн эхний соёл болгож нийтээр хэвшүүлэх ёстой. Тэгээд харилцааны соёлын стандартад юу гэж тусгах вэ гэхээр эрэгтэй хүнийг эрхэм ээ гэж дууддаг болъё, тэр нь дээр байх. Гадныхан ноёнтон гэдэг. Ноёнтон ноёд гэдэг үгэнд бид хэзээнээсээ дургүй, тиймээс эрхэм ээ гэх нь онох болов уу. Залуучууд, сурагчдыг “Залуу эрхэм ээ”, нас тогтсон бусад хүмүүс ахмадуудыг “настан гуай, хөгшөөн, өвгөн гуай” гэх зэргээр хүндлээд ч байгаа юм шиг, доромжлоод байгаа юм шиг харилцахын оронд зүгээр л “эрхэм ээ” гэж дуудах нь арай хүндэтгэлтэй байх.

Эмэгтэй хүнийг бол хатагтай гэж дуудаж хэвших нь зөв санагдах юм. Ямар ч хүнийг хатагтай гэж харилцахад дургүйцэхгүй. Түүнээс биш сайхан бүсгүй минь гэж хэлэх нь цаагуураа доромжлоод дооглоод ч байгаа юм шиг, эгчээ гэх нь хамгийн бүдүүлэг сонсогддог. Залуу гоё охидыг “Миний дүү” гэж найзархаад байгаа нь үнэн бүдүүлэг, соёлгүй, эрээ цээргүй харагддаг. Тэгэхээр охид бүсгүйчүүдийг “залуу хатагтай”, нас тогтсон бусад эмэгтэйчүүд, эхчүүдийг “хатагтай” гэж дуудах нь хамаагүй хүндэтгэлтэй. Их хурлын гишүүд нэгнээ эрхэмээ гэж дууддаг. Ухаандаа чуулганы үеэр “Эрхэм гишүүнээс асуулт асууя, эрхэм гишүүний асуултад хариулъя” гэдэг. Яагаад ингэж хэлэх болсон гэхээр Санжаасүрэнгийн Зоригтой холбоотой. Түүнийг Улсын бага хурлын гишүүн байхад нэг нь “Нөхөр Зориг” гэхэд, “Би чиний нөхөр биш” гэж хэлснээс үүдэн эрхэм ээ гэсэн үг гарсан. “Намайг нөхөр гэж хэллээ, би нөхөр чинь биш” гэж Зориг уурлаж ундуйцан, нөхөр гэхгүй юу гэх юм хэмээх яриа саарал ордонд үүсч сүүлдээ “эрхэм ээ” гэцгээж тэр нь Их хурлын танхимд хадгалагдан мөрдлөг болоод явж байна. Их хурлын гишүүд эрхэм, ард иргэд бид эрхэм биш хэрэг үү. Тиймээс нэг нэгнээ эрхэмээ гэж дуудаж хэвшицгээж харилцааны соёлын стандартын загварчлалыг бий болгох цаг нь болжээ.

Энэ стандартыг төрийн албан хаагчид ялангуяа олон нийттэй шууд харилцаж байгаа цагдаа нар сайтар хэвшүүлэх хэрэгтэй байна. Цагдаа бол хэв журам зохицуулах, дүрэм зөрчсөн бол тухайн жолоочийг торгож сануулах л үүрэгтэй. Гэтэл ямар дээрэнгүй, бүдүүлэг, наад захын соёлгүй, эрээ цээргүй хүмүүс гэдгийг ард түмэн хатуу хөл хорионы үед сайтар харлаа. Цагдаа шиг л эрх мэдэлтэй хүн алга. Харилцааны соёлын шинэ стандартаар цагдаа нар жолоочдыг саатуулахдаа “Сайн байна уу, уучлаарай эрхэм ээ” гэж найрсаг мэндлээд “Та сая ийм дүрэм зөрчлөө” гэдгийг нь хэлж зохих арга хэмжээг авах л үүрэг хүлээнэ. Мөн уг стандартад төрийн албан хаагчид иргэдтэй нам дуугаар, хүндэтгэсэн, талархсан, ёсорхсон дууны өнгөөр харилцана гэдгийг сайтар тусгаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд иргэдтэй яаж харилцаж байна, захын цагдаа л иргэнийг зогсоогоод “амрыг эрье” гэж хэлэхээсээ аваад дууны өнгө нь маш дээрэнгүй, тухайн иргэнийг зэвүүрхсэн, үзэн ядсан, доромжилсон, үгүйдээ гэхэд л захирсан, дээрэлхсэн ийм байдалтай байдаг.

Хууль хүчнийхнээс гадна банкны ажилчид гэж мөнгөний эзэн нь юм шиг жигтэйхэн их зантай, дээрэнгүй хүмүүс байдаг. Ямар ч банкны үйлчлэгч ёс юм шиг доошоо тонгойж байгаад амандаа үг хэлдэг. Юу хэлснийг сайн сонсолгүй дахин лавлаж асуухаар уурлачихна. Тухайн банкинд мөнгөө хадгалуулаад, дээрээс нь төлбөрөө төлөөд үйлчлүүлж байхад өөрөөс нь гуйлга гуйгаад зогсож байгаа юм шиг үл тоосон янзтай харилцах нь бүр нэг зэвүү хүрмээр. Төрийн үйлчилгээний албан хаагчид энэ мэт харилцааны гажигаасаа нэн даруй салж, шинэ стандартад суралцмаар байна. Хамгийн гол нь эрх баригчид харилцааны соёлын стандартыг бий болгож, хотын дүрмэндээ суулгаж өгч, ард нийтээрээ орчин цагийн харилцааны шинэ соёлыг мөрдөхгүй бол монголчууд энэ дэлхийн шаар шавхруу болсон, хамгийн хоцрогдсон зэрлэг бүдүүлэг ард түмэн болоход ойрхон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Түмэнжаргал: Алдарт Норовбанзад гуайгаас халуун сэтгэлийн үгтэй номыг нь гардаж явлаа

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалтай ярилцлаа.


Танайх чинь сүүлд ҮУИТ болсон. Миний хувьд ҮДБЭЧ гэж байхаас таны дууг сонсох дуртай, ардын дууны аялгуунд нь сэтгэл татагдан иржээ. Төрийн олон концерт, баяр наадмын нээлтэд дуулахыг тань хараад бахаддаг юм?

-Их баярлалаа, миний бие бүр Улсын ардын дуу бүжгийн чуулга байхаас нь энэ сайхан театрын босгыг алхсан хүн. Намайг чуулгад ороод удаагүй байхад, 2002 онд ҮДБЭЧ болсон юм. Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат Д.Баттөмөр, Ш.Даваахүү, сүүлд ардын болдог Түвшинжаргал, за тэгээд Б.Сийлэгмаа, Н.Амгалан гээд уртын болоод ардын дууны үе үеийн аваргууд тайзан дээр нь байхад би чуулгадаа орсон. Төрийн хүндэтгэлийн тоглолтод гурван ч жил дараалан гоцлол дуучнаар оролцсон, мөн 2016, 2017 оны Улсын их баяр наадмын нээлтэд энэ цагийн шилдэг дуучидтай хамт дуулснаа бодоход сайхан санагддаг.

Ер нь миний хувьд бол бүр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй ийм л хүүхэд байсан. Ямар сайндаа л багадаа “Ардын дуучин Түмэнжаргал дуулна” гэж өөрөө өөрийгөө зарлаж тоглодог байхав дээ. Ер нь олон сайхан хүний яриа хөөрөөг сонсож байх нь ээ, бага балчиртаа ирээдүйнхээ мэргэжлийг зөгнөсөн бэлгэшээсэн байдаг юм билээ. Гүррагчаа баатрын ээж “Миний хүү дөрөв, таван настай байхдаа мод бариад ээж ээ, би тэр одыг хатгавал хүрэх болов уу гэж асуудаг байлаа” хэмээн дурссан байдаг. Түүн шиг аливаа хүн өөрийнхөө зам мөрийг зөн совингоороо гэх үү, хувь заяагаараа гэх үү сонгочихдог юм уу даа. Сургуульд ороход ангийн маань багш “Дуулдаг хүүхэд байна уу” гэж асуухад, би дуулъя гээд самбарын өмнө гараад ирсэн юм. Тэгээд л “Бөмбөр бөмбөр модондоо бүргэд шувуу бөөрнө, бөөрөнхий биеийг минь төрүүлсэн ээжийнхээ ачийг яанам бэ хө” гээд л дуулж гарсан. Миний сурагч болоод хамгийн анх дуулсан дуу энэ. Би чинь олон хүүхэдтэй айлын охин. Миний ижий алдарт эхийн 1, 2 дугаар одон авсан. Одоо эргээд бодох нь ээ, ээж минь одон авч, манайх одонгийн найр хийж том гэгч ширээ засчихсан, ээжийн ажлын газрынхан, аавын ажлын газрынхан ирчихсэн мөн ч гоё найр болж билээ. Би зургаа билүү, долоон настай байлаа. Ээж аавын ажлынхан болох тухайн үеийн түүхий эдийн бааз, бараа бааз, гал командын ажилчид ирж найрлаад, дандаа л 60, 70-аад оны өнөө алтан үеийн сайхан дуунуудыг, мөн ардын дуу дуулаад л. Манай ээж чинь ардын дуу их сайхан дуулна, тиймдээ ч миний бие ээжийгээ дагаж дуулан “Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан” гэж дуулж сурсан юм. Уг дууны үг ая ямар гоё гэж санана. Бид бүхнийг өсгөж хүмүүжүүлсэн ачит ижийгийн минь хайр, халуун сэтгэл тухайн дуунд шингэсэн юм шиг санагдаад, ээжийгээ ажилдаа явсан хойгуур дахин дахин дуулж, ээжийгээ хайрлан санаж уйлдаг байлаа. Энэ дууны үг аялгуунд эхийн сэтгэл нэвчтэл шингэж, ид шид ухаарал нь оршдог байх. “Хөгшин буурал ээжийгээ хүндлэх асрах сайхан” гээд дуулахаар одоо ч би уйлдаг.

Ээжүүдийн баяр дөхсөн энэ үед бүр ч гоё байна. Ээжийгээ дагаж анх сурсан дуу тань хүртэл утга учиртай санагдлаа. Одоо хоёулаа оюутан болсон үеэ цухасхан дурсах уу. Алдарт Норовбанзад, “Алтан гургалдайЗагдсүрэн гээд жинхэнэ сонгодгууд багшилж байх үед та СУИСийн босго алхсан даа?

-Үнэхээр тийм юм шүү. Арваа төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид орлоо. Ардын дуучин болно гэж очсон хүн чинь Загдсүрэн багш дээр дуурийн дуулаачийн ангид явж таарлаа. Их инээдтэй, өглөө нь Загдсүрэн багш дээрээ дуурийн дуулаачийн сургалт хийж дуурийн таримал хоолой тавиулаад, үдээс хойш Дэлгэр багш дээр уртын дуучны хичээлд сууж, уухай дасгал уншаад хэсэгтээ манаргасан. Ингээд аргагүйн эрхэнд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар уртын дууны ангид Дэлгэр багшийнхаа гарт ирсэн. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд тоглодог алдарт дуучин Жамъянжав гуай намайг ангиа солиход жаахан дургүй байсан. “Ийм өндөр сайхан охин чинь урт даашинз өмсөөд олон гоё дуурийн гол дүрд тоглоно, дуурийн театрын алтан тайзан дээр мандана гээд боддоо” гээд л амихандаа Загдсүрэн багшид үлдээчих санаатай ятгаж хүртэл үзсэн, гэвч сэтгэл хэдийнэ уртын дуу руу явчихсан байсан. Ц.Дэлгэр гэж ямар агуу уртын дууч, ямар гайхалтай багш байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр сайхан хүний шавь болж, тэр хүний ач буянаар уртын дуу гэдэг их далайн завинд сууснаараа би бахархдаг. Хүн гэдэг чинь сүүлд нь л хүнийг мэдрэх юм даа. Багшийгаа өнө урт наслах юм шиг бодож, тэгж байгаад юм асууна гээд хойш тавиад л байсан. Тэгтэл хайрт багш минь өнгөрсөн намар бие нь муудаад хоёр сар шахам эмнэлэгт хэвтээд бурхны орондоо явсан. Багштайгаа уулзаад байгаагүй л дээ, гэхдээ сар шинээр байнга очиж золгоно, гэртээ байхгүй үед нь заавал сургууль дээр очиж золгоно. Бусад үед тоглолт энэ тэр болоход заавал ч үгүй урилга өгдөг байсан. Ийм ачит багшаа алдсан даа. Ном дор мөргөмү, багш дор мөргөмү гэж залбиръя. Алдарт Норовбанзад гуайгаар хичээл заалгасан би бас азтай хүн. Дэлгэр багш Солонгос руу нэг сарын хугацаатай тоглолтоор явах болоод уртын дуучдад багш хэрэгтэй гэх үүднээс Норовоо багшаар хичээл заалгах хувь тохиосон юм, тухайн үед СУИС-ийн зөвлөх багш байсан. Бидэнд хэд хэдэн удаа хичээл орсон. “Та нар ийм өнгө авч чадахгүй байна” гэж өөрөө үзүүлээд биднийг ангайлгаж байгаа юм чинь. Норовоо багшийг мэргэжлийн хичээл орсны дараа би гэр рүү нь хоёр ч удаа хүргэж өгсөн. Нээх гоё кракул шуба өмсчихсөн, жижиг гоё цүнх барьчихсан жигтэйхэн ганган. Их дэлгүүрийн урд талын гурван давхар байранд хүргэж өгч, гэрт нь бүр оруулж өгөөд, цай уугаад, чихэр идээд гарч байлаа.

Мөн ч сайхан хувь заяа шүү?

-Тэр жилийн өвөл цагаан сараар очиж хүндэтгэл үзүүлж золгож байсан. Тухайн үед 5000-тын дэвсгэрт шинээр анх гарч байлаа. Оюутан хүүхдэд тэр их мөнгө хаанаас байхав. Ээж ааваасаа таван мянган төгрөг аваад, тийм мундаг хүшн дээр чинь яаж хоосон орохов гээд очиж золгосон. Их л баярлаж байсан. Тэгэхэд надад “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь” номон дээрээ “Хайрт шавь Түмэнжаргалдаа дурсгав” хэмээн гарын үсгээ зураад өгсөн нь миний хамгийн үнэт бэлэг. Тэгж л би Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн алдарт дуучнаас гарынх нь үсэгтэй, халуун сэтгэлийн үгтэй номыг нь гардсан. Мэргэжлийн багш минь биш ч гэсэн Норовооо багшийг Дэлгэр багшийн минь багш гэдгээр ихэд дээдлэн хүндэтгэдэг. Дорждагва гуай, Сүглэгмаа гуай, Лхамжав гуай гээд тэр үеийн алдартай сайхан дуучид, мөн уртын дууны тухай ямар мундаг судалгаа хийж ном бүтээл туурвисан Жамцын Бадраа гуай гээд алдартай хүмүүсийн ач буянаар уртын дуу гэх барагдашгүй өв соёл бидэнд уламжлагдаж, өвлөгдөж иржээ гэж бахархдаг, биширдэг.

Чуулгад анх ороход төрийн наадмыгТүмэн эх”-ээрээ нээдэг Баттөмөр, “Алсын газрын зэрэглээ”-гийн Нэргүй гээд аваргууд байлаа гэж ярианыхаа эхэнд хэлсэн. Тэднийхээ тухай жаахан лавшруулаад ярихгүй юу?

-Баттөмөр ах маань байлаа, эрэгтэй дуучдад юм хум хэлж өгөөд л, түүнийг нь холоос ажиж харах хүртэл сайхан. Ардын жүжигчин А.Нэргүй СУИС-д багшилдаг, олон шавь төрүүлсэн. Уртын дуунд өөрийн бие сэтгэлээ зориулсан гэдгээр нь тэр хүнийг хүндэтгэдэг. Жил бүр сар шинээр очиж амар мэндийг нь айлтгадаг хүндэтгэлт дотны маань хүн. Сийлэгээ, Амгаа хоёр гавьяат бол миний хамгийн дотны эгч нар. 20 жил тасралтгүй бараг өдөр бүхэн уулзалдаж, хүний амьдралын жаргал зовлон баяр гунигаа хуваалцаж явна. Ер нь залуу дуучид, уран бүтээлчдэд зааж зөвлөж, бүр нэг чин сэтгэлээсээ ханддаг сайхан хүмүүс. Сийлэгмаа, Амгалан гэдэг чинь нэг ард түмний ямар л хайртай дуучид билээ. Амьдрал дээр маш энгийн сайхан хүмүүс. Залгуулаад манай Цогоо эгч (Цогтсайхан гавьяат), Батмэнд, Ширмээ (Ширмэнтуяа гавьяат) гээд байна. Насаар надаас ах эгч л дээ, заримыг нь чи би гээд сурчихсан, харин Цогоо эгчийг яалт ч үгүй та гэдэг юм. Манай Батмэнд чинь Норовоо багшийн отгон шавь, ёстой гарынх нь шавь байх. С.Цогтсайхан Б.Батмэнд хоёр, Д.Ширмэнтуяа Д.Амаржаргал хоёр гээд хосоороо дуулдаг байсныг манайхан мэднэ дээ. 2000-аад оны эхээр нийтийн дуу руу дуучид олноороо хошуурч орж байсан. Миний хувьд ч гэсэн нийтийн дууны талбарт хэсэг хугацаанд хүч сорьж ая зохиогч Н.Баасандоржтой “Тэр л хэвээрээ”, “Хосын хорвоо” гээд дуунуудыг хамтарч дуулсан. Ард түмний сонсох дуртай дуу болж байсан.

Саяхан таныЭнх мэндийн аялгуудууны нэвтрүүлгийг үндэсний телевизээр үзээд бас л сэтгэл цэлмэсэн. “Есөн эрдэнийн орон”-г, “Дөрвөн цагийн тал”-ыг өөрийнхөө арга барилаар маш сайхан дуулсан байна лээ. Урлаг судлаач биш учир би сайн хэлж мэдэхгүй юм?

-Уртын дуу, ардын дуугаараа кино концерт хийчихсэн юмсан гэх бодол надад олон жилийн өмнөөс байсан. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуай үндэсний телевизийн өв соёлын редакцид байхдаа “Чиний кино концертыг хийнэ. Чи хэдэн дуу бичүүлээд бэлдэж байгаарай” гэж бүр 5, 6 жилийн өмнөөс захиж байсан. Кино концертыг зуны дэлгэр цагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэр газар зураг хөргийг нь авч таарна. Тэгээд явъя гэхээр наад зах нь долоо хоног болно. Гэтэл яг тэр үед манай театрын тоглолтын ид завгүй үе, жуулчдад тоглолтоо үзүүлэх, мөн дээрээс нь баяр наадмын тоглолтын бэлтгэлд гарна. Ингээд ерөөсөө амждаггүй байсан. Харин өнгөрсөн зун хорио цээрийн дэглэм арай сулрах үед одоо л амжуулъя гээд “Үлэмж энтертайнмэнт”-ийн Отгонтуул, Золоо хоёртойгоо Архангай, Өвөрхангай, Дундговийн байгалийн сайханд зургуудаа авсан. “Есөн эрдэнийн орон”-г морины гэгддэг Нансалмаа гавьяат ардын хөгжмийн хамтлагтай анх дуулсан байдаг. Миний хувьд Нансалмаа дуучны ажиллаж байсан үндэсний театрын гал тогоонд яваа уран бүтээлч гэдгээрээ, тэр сайхан дуучны дууг өөрийнхөө дуулъя гэж шийдсэн юм. Шүлгийг нь бичсэн Пунцагийн Бадарч найрагч, хөгжмийг нь зохиосон Дашдаваагийн Баттөмөр гавьяат нарт хүндэтгэл үзүүлж, Бадарч гуайгаа дууны дүрс бичлэгт оруулсан. “Дөрвөн цагийн тал” бол Норовоо багшийн нэрийн хуудас болсоны дууны нэг. Тэр алдартай дуучны дуулсныг дуурайх биш өөрийнхөө барилаар, дуулалт болоод хөгжмийн тал дээр нь өөрчлөлт хийж дуулсан. Хоолойгоо арай зөөллөж дуулсан, хөгжмийн хувьд төгөлдөр хуур, морин хууртай дуулсан. Норовоо багш ардын хөгжмийн хамтлагтай дуулсан байдаг юм.

Сүүлд ганцхан юм асууя. Гүрбазарын шүлэг, Балхжавын хөгжимМиний Монгол наадамгэж сайхан дуу төрсөн. Уг дуу таны уртын дууны шуранхайгаар эхэлдэг?

-Тийм ээ, энэ цагийн Монголын бүх л алдартай дуучид оролцсон монгол хүн бүхний зүрх сэтгэлийг огшоосон тэр сайхан бүтээлийн эхэнд уртын дууныхаа шуранхайг хадаасандаа би баярладаг. Дууны клипийг харахаар гоё санагддаг.

Categories
мэдээ нийгэм

​МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамир: Онлайн сургалтын чанар багшийн хичээлийн бэлтгэл, оюутны зүтгэлээс шууд хамаарна

МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамиртай ярилцлаа.


-Хөл хорионы үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулж байна вэ. Эндээс яриагаа эхлэх нь зөв болов уу?

-МУБИС-ийн хувьд хичээл сургалтын үйл ажиллагааг онлайн хэлбэрээр хичээлийн хоёр ч улирал зохион байгууллаа. Онлайн сургалт нь танхимын сургалтаас мэдээж эрс өөр тул хичээллэх үйл ажиллагааны олон шинэ зохицуулалт шаардаж байна. Тухайлбал, сургалтын үйл ажиллагааны шинэ төлөвлөлт хийх, удирдамж чиглэл гаргах, багш оюутнуудад чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг цаг алдахгүй өгөх, үүсэж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг оновчтой гол нь хурдан хугацаанд шийдвэрлэх, багш нарын цахим хичээлд арга зүйн дэмжлэг үзүүлэх, оюутнуудад онлайнаар суралцахад үүсэж буй асуудлыг шийдэхэд хүч анхаарал хандуулах гээд олон асуудалтай тулгарсан. Өөрөөр хэлбэл ямар ч бэлтгэлгүй байж байтал онлайн сургалтад шууд шилжих даалгаврыг дэлхий даяар боловсролын салбарт цар тахал тулгасан гэж ойлгож байна. Энэ даалгаврыг биелүүлэх гэж манай сургуулийн удирдлага, багш, оюутнууд маш их хичээн ажиллаж байгаа. Багагүй ч амжилт олсон.

-Танай сургууль, багш, оюутнууд онлайн сургалтад хэр бэлэн байсан вэ? Энэ хугацаанд бий болсон туршлага сургамж юу байна.

-Байна шүү. Их зүйлийг хамтдаа бүтээж, шинэ шатанд гарч байна. Цар тахал эхлэх үед бүгд л бэлэн бус байсан. Манай сургуулийн хувьд захиргааны зүгээс сургалтын системийг өргөтгөх, багш нарыг чадавхжуулах, оюутнуудыг бүлгээр виртуал анги болгож видео хэлбэрээр хичээлээ орох, хэлэлцүүлэг хийх боломж олгох, дотоод сүлжээ болон дата төвөө өргөтгөх гээд багагүй хөрөнгө хүч зарцуулж олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх даалгавар сорилттой тулгарсан. Үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Манай сургуулийн багш нарын хувьд онлайн хичээл бэлтгэх, лекцийн болон семинарын хичээлээ онлайн болгох, видео хэлбэрт оруулах, лаборатори, дадлагын хичээлийн зааварчлагааг онлайнаар өгөх, асуулт даалгавар бэлтгэж онлайнаар шалгалт авах ажлыг зохион байгуулах гээд хийж хэвшээгүй олон ажлуудыг хийхээс аргагүй байдалд орж, амжилттай хийсээр байна. Багш нар видео эвлүүлэг хийх, камерын өмнө бичвэр унших, шинэ програмуудыг ашиглах гэх мэт олон зүйлд суралцах, урьд нь хийж байгаагүй шинэ ажлыг шууд хэрэгжүүлэх шаардлагатай тулж байна. Багш нар маань би чадахгүй гэж тайлбар тавихгүйгээр харьцангуй богино хугацаанд өөрсдийн хүч боломжоор хичээлээ бэлдэж оюутнууддаа хүргэж байгаа. Ахиц дэвшил ч гарсаар байна. Оюутнуудын хувьд ч зайнаас онлайнаар суралцах шаардлагыг даван туулахын тулд хичээж байгаа. Оюутнуудын бие даан суралцах чадвар, сурах арга барил нь янз бүрийн түвшинд байдгаас гадна онлайнаар суралцах арга барилын хувьд бэлэн бус байсан. Мөн онлайн хичээлийг судлах төхөөрөмж гар утас, компьютер, интернетийн боломж, датаны төлбөр гэх мэт тулгамдсан асуудал их байсан, эдгээрийг хэр хэрэндээ шийдэх гэж хичээж, мэргэжил мэдлэгтэй болох гэх зүтгэж байгаа. Багш ч, оюутан ч хүндрэл бэрхшээлийг давж багагүй туршлага хуримтлуулж байна. Үүнийг нэг талаас ковидын давуу тал гэж хэлж болох байх, цаашид онлайн сургалтын зохион байгуулах, онлайнаар суралцах ерөнхий зураглал бүрэн гарлаа, томоохон сургамжууд авлаа, туршлага хуримтлууллаа. Үүнийг бид сургалтын цаашдын үйл ажиллагааг, магадгүйболовсролын системийг бүхэлд нь шинэ хөгжил дэвшилд хөтөлж байна гэж ойлгож хүлээн авах хэрэгтэй боллоо.

-Танай сургуулийн цахим орчин суралцагчдад ямар боломжийг олгож байгаа вэ?

-Манай МУБИС нь бие даасан дата төвтэй. Сургалтын удирдлага мэдээллийн системтэй. Дотоод сүлжээний 1ГВ өндөр хурдны интернеттэй. Багш нарын 90 гаруй хувь нь зөөврийн комьпютерээр хангагдсан, энэ жил 100 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа. Сургалтын удирдлага мэдээллийн систем нь тэнхим, хичээл, багш, оюутан, дүн, төлбөр, цагийн тооцоо, хичээлийн хуваарь зохицуулалт, төгсөлтийн баримт бичиг, түүний хавсралтууд, төрөл бүрийн тодорхойлолт, лавлагаа, өргөдөл хүсэлт хүлээн авах хэсэг, сэтгэл ханамжийн судалгаа, бүх түвшний сорил шалгалтын сан, чанарын хяналт, удирдлага, санхүүгийн хэсэг, номын сан, багш нарын бүтээлийн сан, хүний нөөцийн мэдээлэл, онлайн хичээл, хичээл сонголт, хэлэлцүүлгийн хэсэг, бүх төрлийн тушаал, тайлан тооцоо гээд их сургуулийн бүхий л үйл ажиллагааг зохицуулах аварга том бүтэцтэй системийг сүүлийн 7 жилд хөгжүүлж бий болгосон. Амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд ийм түвшний сургуулийн менежментийн онцлогтоо нийцсэн өөрийн гэсэн сургалтын удирдлага мэдээллийн систем МУБИС, МУИС, ШУТИС гэсэн гурван их сургуульд л байна. Манай системийн боломж сайн болсон шүү, ер нь манай сургуулийн хувьд цар тахал гарахыг мэдсэн юм шиг сүүлийн жилүүдэд программын хөгжүүлэлт хийж явсан нь асар их давуу талыг олголоо. Энэхүү давуу тал нь оюутнуудыг онлайнаар хялбар дөхөмөөр суралцуулахад чиглэсэн байсан, үр дүнгээ ч өгч байна. Мөн энэ хичээлийн жилээс видео чатаар хичээл орох, онлайнаар хурал зөвлөгөөн хийх зэрэгт Microsoft Teams програмыг сургалтын системтэй хослуулан ашиглаж байна. Сургуулийн цахим орчин эрс сайжирлаа. Харин оюутнуудын хувьд хөдөө орон нутагт төхөөрөмжийн болон интернетийн боломж хязгаарлагдмал, онлайн хичээлд орохоор дата амархан дуусдаг байдлаас болоод санхүүгийн хувьд хүнд тусаж байх шиг байна. Оюутнууд дотуур байранд байрлах зардал, унаа хоолны зардал, бас бус зардал гээд хөл хорионы үед хэмнэсэн зардлаасаа дата авч байгаа л байх. Гэсэн ч хүндрэл гарна л даа. Үүнд дэм болох зорилгоор манай сургууль оюутнууддаа ЖиМобайлын дугаар авч өгөх, дата нь манай системд нэвтрэхэд үнэгүй байх зэрэг арга хэмжээ авсан. Гэхдээ хөдөө орон нутагт интернетийн хүчин чадал янз бүр байдаг, хэрэглээний нөхцөл шаардлага зэргээс хамаараад үр дүн нь янз бүр л байх шиг байна.

-Ингэхэд сүүлийн жилүүдэд багш бэлтгэх тогтолцоо хэр сайжирч байгаа вэ? Янз бүрийн зүйл нийгэмд их яригдах юм.

-Манай сургуулиас гадна хувь хувьсгалын нийлсэн 40 шахам сургууль багш бэлтгэж байгаа гэдгийг зориуд эхэнд нь хэлмээр байна. Энд чанартай чанаргүйн тухай асуудал гарах нь ойлгомжтой. Улсын хэмжээнд багш мэргэжлээр сурч төгсөж байгаа нийт төгсөгчдийн 50 хүрэхгүй хувийг манай сургууль бэлтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийгдэж буй. Энэ хүрээнд МУБИС сүүлийн жилүүдэд дөрвөн том шинэчлэл хийсэн.

Нэгд, хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. 2014-2015 оны хичээлийн жилээс мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын шалгуур шаардлагын дагуу шинэчлэх ажил хийж эхэлсэн. Энэ ажлын үр дүнгээ баталгаажуулах зорилгоор Олон улсын хөтөлбөрийн чанарын баталгаажуулал хийдэгГерманд төвтэй ASIIN байгууллагаар математик, байгалийн ухааны зургаан хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийлгэсэн. Магадлан итгэмжлэх байгууллагын шалгуур шаардлагыг хангахын тулд зөвхөн Математик, байгалийн ухааны сургууль дээр л гэхэд 700 гаруй сая төгрөгийн сургалтын орчин, лаборатори, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хөтөлбөрүүдээ англи хэл рүү хөрвүүлж, оюутанд англи хэл дээр хичээл судлахаар сонголт хийх боломж олгосон байх жишээтэй. Мөн Англи хэл, Герман хэлний багшийн хөтөлбөрийн олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлыг хэрэгжүүлээд дуусах шатандаа орж байна. Эдгээр олон улсын түвшний магадлан итгэмжлэлтэй зэрэгцүүлээд дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагаар багш бэлтгэх бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлэл хийлгээд дуусаж байна. Одоо сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн болон үр дүнгийн хяналт үнэлгээг үе шаттай хийж, үр дүнд суурилан сургалтын хөтөлбөрөө дахин чанаржуулах, хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг тодорхойлох ажил хийгдэж байна.

Хоёрт, сургалтын удирдлага зохион байгуулалтыг шинэчлэн, кредит системийн тогтолцоог иж бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл кредит системд шилжсэнээр оюутан төлбөр, цаг боломжоо тооцож аль улиралд хэдэн хичээлийг сонгох, сонгосон хичээлээ аль багшаар заалгах, 7 хоногийн аль өдрийн хэддүгээр цаг дээр судлах вэ гэдгээ сонгох, ямар чиглэлээр сонгон мэргэших вэ гэдгээ сонгох гэх мэт чөлөөт сонголтыг бий болгож шинэ хандлагаар сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Кредит систем иж бүрэн нэвтэрснээр гадаадын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох боломжууд бүрдсэн. Үүний үр дүнгээр өнөөдрийн байдлаар хамтарсан хөтөлбөр болон ахисан түвшний хөтөлбөрт гадаадын 6 орны 1086 оюутан манай сургуульд суралцаж байна. Сургалтын төлбөр, хоол унд, байр унааны зардал гээд жилдээ 10 шахам тэрбум төгрөгийг Монгол улсад оруулж байна. Үүнийг боловсролын экспорт гэж ойлгож, хөгжүүлэх хэрэгтэй.

Гуравт,цахим орчны шинэчлэл хийсэн. Тодруулбал, үнэн зөв баталгаатай бүртгэл тооцоог бий болгох, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, суралцагчаа эрхэмлэсэн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгын хүрээнд дотоод сүлжээг шинэчлэх, бие даасан дата төв байгуулах, сургалтын системийг хөгжүүлэх, зайн сургалтын үндэсний хэмжээний төв байгуулах гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж, өнөөгийн ихээр яригдаж буй цахим шилжилтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Дөрөвт, эрх зүйн орчны иж бүрэн шинэчлэл хийсэн. Тухайлбал, 2014 онд МУБИС хөгжлийн бодлогоо шинээр боловсруулж, стратегийн төлөвлөлтийг шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнтэй болгож 10 жилээр тодорхойлсон. Дүрэм, сургалтын журам, багшийн ажиллах журам, оюутны журам, хөтөлбөрийн чанарын үнэлгээний журам, онлайн сургалтын журам, мэдээллийн технологи, харилцаа холбоог зохицуулах журам гэх мэт олон эрх зүйн баримт бичиг шинээр боловсруулж иж бүрэн болгож хэрэгжүүлж байна. Цаашид цахим сургалтын тусгайлсан хөтөлбөр боловсруулж онлайнаар суралцах боломжийг бий болгож хөгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог иж бүрэн нэвтрүүлэх ажлууд биднийг хүлээж байна. Эдгээр чухал шинэчлэлүүдийг хийснээр манай МУБИС дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн их сургууль болох суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно, одоо биднийг тосож байгаа цаг хугацаа бол чанарт тэмүүлсэн он жилүүд байх болно.

-Онлайн сургалт танхимын сургалтаас чанаргүй гэх юм. Төлбөр хөнгөлөх тухай асуудал ч нилээд яригдсан. Энэ талаарх таны байр суурь ямар байна?

-Энд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Юу вэ гэвэл, танхимын сургалтын багшлах, заах үйл ажиллагаанд суурилсан хичээлийн хөтөлбөрийг, бие даан суралцах үйлд суурилсан онлайнаар хэрэгжүүлэхэд арга барилын зөрүү гараад байгаа юм. Мөн танхимд лекцийн хичээл 80-аас дээш оюутантай, нэг багш хоёр лекцийн хичээлтэй бол 160 оюутанд онлайнаар лекц ороод асуултад хариулаад, 160 оюутны даалгавар, бие даалтыг шалган зөвлөх ажлыг компьютерийн өмнө сууж хийхэд нэг оюутанд оногдох шууд харилцаа үүсгэх цаг маш бага, заримд нь хариулж хүрэлцэхгүй байгаа учир сэтгэл ханамж бий болгохгүй байх тохиолдол их байна. Онлайн хичээлд оюутны тоо, ачааллыг өөрөөр тооцох, хичээлийг судлах арга зүйг бие даан сурах арга хэлбэрт тохируулан боловсруулж өгөх, оюутны сурах аргыг тооцож агуулгын боловсруулалт хийх, үнэлгээ даалгавар нь тест бус гүйцэтгэлд суурилсан байх, онлайнаар сурах арга барилд суралцах, мөн онлайн багшлахуйд мэргэших гээд цаг хугацааны хүчин зүйлс их, шийдэх асуудал олон байна. Манай сургуульд онлайн хичээлийн шалгуур шаардлагын дагуу боловсруулж баталгаажуулсан хичээлийг онлайнаар судлах үйл ажиллагааг зохицуулах онлайн сургалтын журам буй, түүнд чанарын талаарх асуудлуудыг тооцож зохицуулалт хийсэн байдаг. Өнөөдөр танхимын хичээлийг цар тахлын үед онлайнаар зохион байгуулж байгаа ийм нөхцөлд чанартай холбоотой асуудал үүсэх нь зүйн хэрэг. Гэхдээ багш нар маш их цаг зарцуулан хичээлээ явуулж энэ нөхцөл байдлыг даван туулах гэж зүтгэж байна. Түүнийг хаа хаана аа ойлгох хэрэгтэй. Манай сургууль хичээлийн 10 гаруй байр, оюутны долоон байр гээд олон байрны дулааныг зогсоох боломжгүй 1000-аад багш ажилтны цалинг бууруулах үндэслэл байхгүй, уур ус, дулаан гээд улсаас ямар нэг санхүүжилт авдаггүй, саяны цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаагүй гээд онлайн байлаа гээд хэмнэгдээд байгаа зардал бага байна. Гадаад харилцааны зардал, ус ашигласан, цахилгаан зарцуулсан гээд бага хэмжээний хэмнэлт гарч байгаа ч цахим орчныг хөгжүүлэх, цэвэрлэгээ ариутгал болон хөл хорионы үеийн оюутны байранд хоол хүнс өгсөн гээд нэмэлт зардалд хэмнэлтээ зарцуулсан гэж ойлгосон. Харин манай сургуулийн хувьд оюутнуудад сүүлийн улирлын төлбөрөө хувааж төлөх боломж олгох, төлөх боломждоо тохируулан хичээлээ сонгох, интернетийн боломжоос болоод бүрэн судлах боломж гарахгүй бол танхимаар ирж нөхөх, дараагийн улиралд даалгавар, шалгалтаа өгч бодитой үнэлүүлэн дүнгээ авах боломжийг олгож өгсөн. Ер нь онлайн сургалтын чанар нь багшийн хичээлийн бэлтгэл, оюутны зүтгэлээс шууд хамаарна.

-Дадлага, лабораторийн хичээл танхимд ороогүйгээс суралцагч ур чадвар эзэмшихгүй байна. Тиймээс онлайн сургалт нь чанаргүй болж байна гэсэн мэдээлэл байна. Онлайн сургалтын үед оюутан хэрхэн суралцах ёстой вэ?

-Би нэг жишээ хэлье. Танхимын хичээлийн үед автобусаар ирж 120 оюутантай хамт лекцэд суугаад багшийн яриаг сонсож тэмдэглэл хөтөлдөг биз дээ. Цахимд мөн л адил багшийн тавьсан лекцийн хичээл, видео хичээлийг онлайнаар сонсоод тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Харин хэдэн ч удаа хэзээ ч хамаагүй давтан сонсож болж байгаа боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Семинарын хичээлийн талаар анги бүлгээр албан ёсоор зохион байгуулсан хэлэлцүүлэг, кейс ярианы дараа найз нөхөдтэйгээ цахим орчинд дахин хэлэлцүүлэг хийх, хамтран суралцах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Идэвхтэй суралцах хамгийн үр дүнтэй арга хэлбэр нь бусдад заах юм. Тиймээс нэгэндээ заах нь хоёулаа хамт хөгжих сайхан боломж олгодог. Лабораторийн болон дадлага хичээлийн хувьд орчин нөхцөл тэр бүр оюутнуудад олдохгүй учир чанарыг талаарх асуудал, санал гомдол нь үнэний хувьтай. Тиймээс бид гуравдугаар сарын 8-ны даваа гаригаас хичээлийг танхимаар явуулах төлөвлөгөөтэй байгаа. Улирлын тав дахь долоо хоногт бие даалт өгч эхэлдэг, даалгавар хийх туршилт, лабораторид ажиллах хэрэг гарна. Тиймээс танхимын хичээл эхлэхээр нэг долоо хоногийг онлайн хичээлийг бататгах 7 хоног болгож улирлын үргэлжилэх хугацааг нэг долоо хоногоор нэмэгдүүлнэ гэж төлөвлөсөн.

– Ярих зүйл их ч ингээд яриагаа өндөрлөх болж байна. Цаашид сургалтыг зохион байгуулж буй арга хэлбэр хэрхэн өөрчлөгдөх бол?

-Цаашид вертуал лаборатор бүтээх, цахим орчинд лабораторийн ажлыг хийх, бие даан ур чадвар эзэмшихэд чиглэсэн дадлага ажлуудыг боловсруулах, онлайн сургалтын арга зүйн туршилт судалгааг ихээр хийж нэвтрүүлэх ажил идэвхтэй өрнөх нь тодорхой болчихлоо. Манай сургуулийн хувьд цаашид хөл хорио цуцлагдаж хэвийн горимд шилжсэн ч онлайн хичээлийн шаардлага хангасан байхшалгуурыг тавьж лекцийн хичээлийн 80 хүртэл хувийг, онолын хичээлийн семинарын 60 хүртэл хувийг, даалгавар өгөх авах үйл ажиллагааг, өөрийгөө сорих үнэлгээний даалгаврыг, зарим боломжит лабораторийн болон дадлага хичээлийг онлайнаар сонгон суралцах боломжийг олгохын тулд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрт сургалтын үйл ажиллагаа шилжих нь тодорхой боллоо. Тиймээс онлайн сургалтын үйл ажиллагааг улам чанаржуулна. Угаасаа орчин цагийн хөгжлийн хандлага үүнийг шаардах болсон. Энэ бүхнийг бүтээхэд хүч хөдөлмөр, хөлс мөнгө, цаг хугацаа шаардах нь ойлгомжтой. Дээрээс нь бодлогын дэмжлэг хэрэгтэй, ямар шаардлага хангасан үед онлайн хөтөлбөр гэж үзэх юм, онлайнаар мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрт зөвшөөрөл олгох эсэх, онлайн хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт, кредит тооцох, цагийн задаргаа, хөлс мөнгийг тооцох аргачлал гээд нийтлэг журам яамны түвшинд ч батлагдах хэрэгцээ байгаа, түүнийг хэрэгжүүлэх гэх мэтээр олон ажил явах байх. Ингээд оюутнуудынхаа онлайн сургалтад нь амжилт хүсье. Сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно гэсэн нэгэн эрхэм хүний сайхан үг байдаг даа. Сурах хүсэл байвал. Үнсэн самбар ч хангалттай гэж өвгөдийн үг ч бий. Тиймээс цахим орчны хязгааргүй боломж, өөрийн хүч боломжийг бүрэн ашиглаарай гэж оюутнуудаасаа хүсье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сангийн сайд асан Э.Бямбажав: У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгийг тарамдуулахгүйгээр цар тахалтай тэмцэх оновчтой аргаа олж чадаагүй

Монгол Улсын Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажавтай ярилцлаа.


-Цар тахлын амаргүй нөхцөлд монголчууд аж төрж байна. Эдийн засаг айхавтар хүндэрч байна. Ер нь улс орны байдал ямар дүр зурагтай байна аа. Та бол бодитойгоор харж дүгнэж суугаа даа?

-Цар тахал бол зарлаагүй дайн, хэнийг ч ялгаагүй зовоох өвчин. Тэмцлээ үргэлжлүүлээд, улам чангараад байхыг л хичээх нь чухал. Манайхан зарлаагүй дайн, тахал гэдгийг тооцохгүйгээр төр засгаас, УОК-оос авч буй арга хэмжээ, тэмцлийг элдвээр муулаад байгаатай би санал нийлэхгүй. Монгол Улс 50, 60, 70 жилийн өмнө ямар эдийн засаг, материаллаг бааз, амьдрал ахуйтай байсан билээ, одоо хичнээн их хөгжиж сайн сайхан болоод байгааг одоогийн залуус даан ч үзээгүй, мэдэхгүй, сайхан нөхцөлд өссөн болохоор гадаад баян, хөгжилтэй орны байдал, хөгжил рүү тэмүүлэх нь ч аргагүй байх л даа. Урьдах байдлыг мэдэх байтугай, одоогийн Монгол Улсаа, эдийн засаг, боломж, хүч чадлаа мэдэхгүй байгаа нь харамсмаар. Залуус байтугай Монголын төр, засгийн болон намуудын зарим удирдлага, парламентын гишүүд ч нөхцөл байдлаа сайтар судлахгүйгээр хоорондоо хэмлэлдэж, өөр санал бодол хэлж бүгдийг эсэргүүцэж, элдвээр муугаар хэлэх нь чухал гэсэн байдлаар хандацгаах нь тун ч зохисгүй харагдах юм. Төр, засгаас авсан арга хэмжээ, зохиосон ажил бүрийг муугаар хүлээн авдаг, элдвээр үгүйсгэж эсэргүйцдэгээ зогсоомоор байна. Мэдээж өөр өөр санал, арга зам, бодол байна. Гэхдээ шийдвэр гарсан бол түүнийг эсэргүүцдэг, зогсоох, өөрчлөхийг боддог, бүх нийтийг уруу татах үйл ажиллагаа явуулдгийг болих цаг болсон.

Шийдсэн бол хэрэгжүүлэхийн төлөө бүгд зүтгэх учиртай. Эсэргүүцэх бус, шийдвэрээ хэрэгжүүлэх арга зам, гарц, шийдлийн талаар ярилцдаг болмоор байна. Тийм ээ, таны хэлсэнчлэн эдийн засаг хүнд байна. Зарлаагүй дайн болохоор өвчний аюултай эдийн засгийн хүндрэл давхцаад, энэ үед зөв гарц олох нь хамгаас чухал. Манайхан аль алиныг нь аргацаах арга хэрэглэж байгаа ч эдийн засаг сүрхий хүндэрч байгаа нь 2020 оны дүнгээс хэн ч дүгнэлт хийхээр байна. Жишээ нь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт тус тус урьд оноос 1 их наяд төгрөгөөр буурсан бол төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр багасч, зарлага нь 2 гаруй их наяд төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн орлого 200 тэрбум төгрөгөөр буурч байхад зарлага нь 700 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, урьд оноос 900 тэрбум төгрөгөөр өссөн бол уг сангаас тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо 2.5 сая (200 мянган хүнээр нэмэгдсэн) болсон. Импортын хэмжээ 800 сая доллараар буурч, улсын хилээр орсон, гарсан зорчигчдын тоо урьд оноос тус бүр 1.3 сая хүнээр цөөрчээ. Коронавируст 2.4 их наяд төгрөг зарцуулсан. Энэ бүгд нь Монгол Улсын эдийн засаг хүнд байгаагийн илэрхийлэл. Байдал цааш нь 2021 онд хэрхэн өрнөхөөс эдийн засгаа хэрхэн сэргээх, хүндрэлээс хэр богино хугацаанд гарах нь хамаарна. Гэвч одоогийн байдлаар макро түвшинд авч үзвэл бүр ч туйлын хүндрэлд ороогүй, харин микро түвшинд жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, байнгын тогтвор суурьшилтай ажлын байргүй хүмүүс зэрэг хүнд байдалд орсон, орж буй хэсэг байгаа. Төр, засаг хүнийг ажилтай болгож бага дунд ч бай байнгын орлоготой байлгах хатуу зарчим баримтлах, тийм боломж, нөхцөл бий болгоход бүх бодлого, ажлаа чиглүүлбэл зохино. Монголын эдийн засаг бидэндээ том боловч зөв бодлого явуулж, нүдийг нь олсон дэмжлэг үзүүлбэл дээш нь татах, хүндрэлээс харьцангуй бага хугацаанд гарах боломжтой. Монгол улс дампууралд ороход хүрээгүй, хоорондоо хэмлэлдэх, хэрэлдэхээ больж, нэгэнт гарсан шийдвэрээ зарим доголдолтой байсан ч хэрэгжүүлэхийн төлөө бүгд ажиллаж, бас зүтгэж чадвал, бодлого нь зөв байвал Монголын эдийн засаг сэргэх боломжтойн дээр байгалийн баялгаа зөв ашиглавал нэг их удахгүй хүчирхэг Монгол болно.

-Шинэ засаг эдийн засгийг даван туулахад хэр чадвартай харагдах юм бэ дээ?

-Шинэчилсэн Засгийн газартай болж, залуу хүн Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй байна. Эхлэлээс нь ажиглахад овоо залуу байж магадгүй ч юм шиг. Засгийн газрынхаа зорилтыг товчхон цэгцтэй тодорхойллоо. Түүнийгээ хэрэгжүүлэх ажлуудаа дэс дараатай зохион байгуулж эхэлж байна. Зорилтоо, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө бүгдийг чиглүүлж чаддаг, гүйцэтгэлийг нь тооцож ард түмэндээ ил тодоор илтгэн доголдол, дутагдлыг арилгах арга хэмжээг цаг алдахгүй авдаг, хэлснээр бус, ажлын гүйцэтгэлээр, үр дүнгээр зорилтоо хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байх нь чухал. У.Хүрэлсүх өөрөөс нь дутуугүйгээр Засгийн газраа аваад явчих Ерөнхий сайдаа бэлэн байна гэж итгэсэн, найдсан байх. Одоо шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ийнхүү итгэл, найдварыг хэрэгжүүлж идэвхтэй ажиллах өндөр шаардлага байна. Ер нь тэгээд Хүрэлсүхийн шийдвэр хэр зөв байж вэ гэдгийн хариуг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрын үйл ажиллагаа харуулах болно.

-Ингэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын алдаа оноог та юу гэж харж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэрхэн ажилласан бол?

-Алдаа, онооны харьцаа 35:65 байсан болов уу даа. Шийдэмгий байсан нь ойрын 10-15 жилийн Засгийн газруудаас илүү оноо гэж бодож байна. 2012-2016 онд маш хүндэрсэн Монголын эдийн засгийг дээш татах ажлыг Хүрэлсүхийн Засгийн газар гүйцэтгэсэн. Хүрэлсүхээс Монголын төр, засаг эдийн засгийн өндөр, нарийн мэдлэг, мэргэжил шаардаагүй, харин мэргэжлийн яамдынхаа саналыг зөв зүйтэй цэгнэж, зөв бодлогоор чиглүүлэх нь түүний чухлаас чухал зорилт, үүрэг байсан. 2020 оны эхнээс цар тахлын аюул олон улсын ч, Монголын ч төр, засгийн үндсэн бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд яалт ч үгүй саад бэрхшээл, хүндрэл үзүүлсээр байна. Энэ хүнд нөхцөл, зарлаагүй цар тахлын дайны үед Засгийн газрын явуулсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь улсынхаа эдийн засгийн чадавхын хэмжээ боломжийг чамгүй шавхсан. Ямартаа төсвийн боломжийн хязгаарлагдмал эх үүсвэр нь хүрэлцэхгүй болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд болон тодорхой төсөл хөтөлбөрийн эх үүсвэрийг ашиглан цар тахлын эсрэг арга хэмжээ авахад хүрсэн нь оновчтой бус боловч цар тахлын үеийн нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгохоос өөрөөр авч үзэх боломжгүй. Улсаас авч буй арга хэмжээ, зарцуулж буй хөрөнгө нь улсын статистикт бүртгэлтэй, эдийн засгийн микро ба макро түвшний бодлогын үзүүлэлт, үр дүнгийн нийлэл болж байх нь чухал. Үйлдвэр байгууллагаас авсан арга хэмжээ, улсын бодлогоор хэрэгжүүлсэн эдийн засгийн үзүүлэлтийг зөв дүгнэж цэгнэх нь чухал. Үндсэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын алдаанаас оноо нь илүү чухал боловч эдийн засгийг тарамдуулахгүйгээр цар тахалтай тэмцэх хамгийн оновчтой аргаа олж чадаагүй, цар тахлын дэгдэлтийг бүрэн дүгнэж, дэлгэрүүлэхгүй байх гарцаа олоогүйгээс улсын эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Засгийн газраас маш олон арга хэмжээ авмаар, цар тахлын хор холбогдлыг арилгамаар, олон хүмүүс, аж ахуйн нэгжид тусалмаар байвч Монголын хязгаарлагдмал эдийн засгийн, төсвийн боломж үнэхээр хүнд, сайхан зорилт хэрэгжүүлэхэд тээг болоод байгаа ч юм шиг ойлгогдох явдал бий.Тэгэхдээ та өөрийнхөө хөрөнгийн хэрээр, байгаа болон буй болгож болох мөнгөнийхөө хэмжээнд л бүх арга хэмжээгээ авахаас өөр арга, боломж байхгүй. Хоосон амлалт, эх үүсвэрээр баталгаажаагүй зорилт нь улсынхаа эдийн засгийг дампуурал руу л түлхэнэ. Улсын эдийн засгийн чадварын энэхүү хүнд байдлыг бодитой мэдэрч, биеэрээ туулдаг гол байгууллага нь Сангийн яам байдаг. Улс ардын аж ахуйн салбар бүрт, аймаг хот, сум болгонд авмаар арга хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр шаардсан зорилтууд маш олон байдаг ч төсвийн эх үүсвэр, орлого хязгаартай болохоор түүнд баригддаг. Үүнтэй холбогдуулан таны асуусан “Сайд Ч.Хүрэлбаатар хэрхэн ажилласан бэ” гэдэгт хариу болгоход Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 1991-1995 оныхтой адил хүнд үеийг туулах үүрэг ногдсон. Төсвийг мэддэг, эдийн засгийн макро бодлоготой төсвөө уялдуулж чаддаг эдийн засагч. Бусдыг өөр шигээ тооцож, бусдад санаагаа ойлгуулах, төсвийн байдал ямар байгааг тайлбарлан, үндэслэлийг дэлгэрэнгүй мэдээлэх нь дутагдалтай байсан. Төсвийн тодруулга хийхгүй гээд 2020 онд нэлээд яриа, хэл ам болсон.Төсөв зохиох, тодруулах нь тодорхой нөхцөл, хэзээ юу болох, яаж цаашид өрнөх, тэрний дагуу улс орны байдал яаж өөрчлөгдөх, үйлдвэр, байгууллагууд хэрхэн ажиллах, ард иргэдийн амьдрал аж ахуй яаж өөрчлөгдөх зэрэг бүхий л нөхцөл байдал тодорхой болох, тооцоо хийх, төсвийн орлого, зарлагын өөрчлөлтийг тодорхойлон төлөвлөх боломжтой үед л төсөвт тодруулалт хийх боломж гардгийг бусдад ойлгуулах ажлаа орхигдуулснаас хоосон маргаан болж байсан. Иймээс зарим хүмүүс “төсөв гэж мангас” юм шиг “төсөв рүү мөнгө оруулж болохгүй, тэр уурхай, үйлдвэр, төслийн орлогоор тийм зүйлд зарцуулна” гэж төсвөөс гадуур санхүүжилт өсөх хандлага байгаа нь нэн харамсалтай. Нөгөө талаар маргаж зөрүүдлэхээс илүү бодитой тооцоо, үндэслэлээр батлан ойлгуулахгүй байснаас Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй, хэлж тайлбарлах нь учир дутагдалтай байснаас, мөнгө их байхад Сангийн яам, Хүрэлбаатар мөнгө өгч чадахгүй гээд байна гэх ор үндэслэлгүй ойлголт бусдад төрүүлсэн байж болох үндэс бий болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч улсынхаа эдийн засгийн бодлогыг барьж буй яам руугаа ийнхүү үндэслэлгүй дайрах, төсвийн орлого хүнд байгаа, цар тахлаас болж үйлдвэрлэл зогсонги байгааг ойлгохгүйгээр “Сангийн яам харамлаад байна, Монголд мөнгө их байна” гэхгүй л байсан болов уу. Сангийн сайд нь үндэслэлгүй харамч байж болохгүй, байгаа мөнгийг зохистой зүйлд оновчтой зарцуулж байж л улс хөгждөг. Уг нь сангийн сайд нь “төмөр сайд” байж, бодлоготой, ухаантай, чадвартай, шийдвэртэй, улсын эдийн засгийн хөгжлийг харж чаддаг байх шаардлага зайлшгүй чухал. Залуус аа! Хоорондоо зохицож, ойлголцож ажиллахгүй бол улсын ажилд болон хувь хүмүүст хичнээн их хохиролтой болохыг дээрхи хоёр хүний харьцаа харуулж хэн хэнд нь сөрөг нөлөөллөө шүү дээ. Үүнээс сургамж авцгаавал зохино.

-Монгол Улсын төрийн сан хэцүүдсэн, данс улайсан гэх яриа бас гарах юм. Арай ч үгүй байх. Ер нь эдийн засаг хэзээ яаж сэргэх бол. Алт, зэс, нүүрс гээд эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ямар байх вэ?

-Төрийн сан хүнд байгаа нь бодитой, гэхдээ улайсан гэх нь арай ч юу бол? Монгол Улсыг Эрдэнэт,Таван толгой, Оюу толгойгоос гадна хувийн сектор аварч байгаа шүү дээ. Хувийн үйлдвэр аж ахуй, компаниуд цар тахалтай тэмцэн үйлдвэр үйлчилгээгээ чадан ядан зүтгүүлсээр төсөвт орлого төлсөөр л бүгдийг тэжээж байна гэж хэлж болохоор байна. 2020 онд тодотгосон төсвийн орлогоо бараг биелүүлсэн. Харин эдийн засгийн улирлын нөхцөлөөс хамаарч оны эхний үед орлого багатай байдаг болохоор энэ оны нэгдүгээр улиралд цар тахлын эсрэг тэмцэлд ихээхэн хөрөнгө шаардах үед “төрийн сан улайсан” гэх буруу ойлголт, үндэслэлгүй сурталчилгаа гарахаас сэргийлэх нь зүйтэй болно. Алт, зэс, нүүрс, хувийн секторынхон Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлсээр байх болно. Улсаас энэ чигэлээр шийдвэртэй бодлого ээлж дараатай явуулмаар байна. Миний бодлоор дараах тэргүүн ээлжийн зорилтууд тавимаар байна. Алтны “Хармагтайн орд”-д хөрөнгө зарцуулахаар Засгийн газар шийдэж байгаа нь маш чухал. Алтны үндсэн ордуудын ашиглалтыг өртөтгөвөл зохино. Алт бол шууд мөнгө. Дэлхийн зах зээлд зэсний хэрэгцээ нийлүүлэлтээсээ илүү байна. Зэсийн томоохон зарим ордууд нөөцөө шавхан хаагдах

байдалд орж байгаа болон нөхцөл байдлаас хамаарч дэлхийн зэсийн үйлдвэрлэл хэрэгцээнээсээ 20 гаруй сая тонноор бага болоод буй мэдээ байдаг. Зэсийн зах зээлийн үнэ ойрдоо өндөр хэвээр байна. Энэ нөхцөлд манайд зэсийн хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж байгаа тул тэргүүн ээлжийн бодлого болгож хөрөнгө зарцуулах чиглэл болгомоор байна. Нүүрсний тухай гэвэл, хэдийгээр байгаль орчны нөлөөгөөр цаашдаа нүүрсний хэрэглээг хязгаарлах боловч 2050 он хүртэл нүүрс хэрэглэсээр байхаар байна. Манайх шиг нүүрсний ихээхэн нөөцтөй улс үүнийгээ боломжит хэмжээгээр ашиглах нь чухал. Манай улсын нүүрсийг Хятад, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг олон орон худалдан авах сонирхол, хэрэгцээ бий. 1.2 тэрбум хүн амаа бүгдийг гэрэл дулаанаар хангахаа амласан Энэтхэгийн ерөнхий сайдад Монголын нүүрс хэрэгтэй. Австрали, Хятад зэрэг улсууд Энэтхэгт нүүрсээ гаргах бэлтгэлээ базааж, экспортолж эхлээд байна. Монгол Улс Энэтхэгт нүүрс гаргах бодлого, тээврээ цаг алдахгүй хэрэгжүүлмээр байна. Монгол шиг салхи, нар, газрын хөрсний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй орон нүүрсний ашиглалт саармагжиж байгаа үед энэ нөөцөө ашиглах сайхан боломж байна. Юуны урд Хятадын манайтай хөрш зэргэлдээ районуудад эрчим хүчний хэрэгцээ их, хангалт шаардлагатай байгаа боломжийг ашигламаар байна. Тэрчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд манай эрчим хүчийг авах сонирхолтойгоор барахгүй Монгол, Өмнөд Солонгос, Япон, Хятадын мэргэжилтнүүд хамтран боловсруулсан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Монголын сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг цаг алдахгүйгээр идэвхтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаармаар байна. Энэ тал дээр манайх идэвх сул, ирээдүйн их боломжийг харахгүй байна даа гэж боддог. Сэргээгдэх эрчим хүчийг өртөг зардал, үнэ өндөртэй гэдэг. Зөвхөн Монголын хэрэгцээгээр бус хамтрагч орнуудын, наад зах нь Хятадын манайтай хөрш бүсүүдийн эрчим хүчний дутагдлын хэрэгцээгээр тооцвол зохино. Японы сэргээгдэх эрчим хүчний үнэ өнөөгийн манайхаас гурав дахин их байгааг ч харгалзах нь зүйтэй байх. Энэ төслийн технологийн шийдэл нь (Япон, Солонгост хүргэх) бэлэн төлөвлөгдсөн байхад Монгол идэвх гаргаж ажилламаар байна.

-Одоо тантай Оюу толгойн талаар нэлээд нухацтай ярья. Оюу толгойн гэрээ тойрсон асуудал их л яригдах юм. Дубайн гэрээний заалтуудыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цуцална гэдгээ мэдэгдсэн. Ер нь Оюу толгойн асуудал юу болоод байна аа?

-Би Оюу толгойн ашиглалтыг “Рио Тинто”-той хамтрахыг эсэргүүцэгч биш. Энэ ордыг Монгол Улс, манай ард түмэн ашиглах, байгалийн хишгээс нь хүртэх эрхтэй. Бусдад хамтран хүртэх эрх олгож болох ч тэр нь харилцан ашигтай байх ёстой. Гэтэл Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, “Дубайн гэрээ” гэх санхүүжилтийн төлөвлөгөөний заалт, нөхцөлүүд хэт өрөөсгөл, “Рио Тинто”-ийн нэг талын сонирхлоор байгуулагдсан гэрээнүүд учраас Монголын сонирхолд үнэхээр нийцэхгүй байгаа. Оюу толгойн уурхай ажиллаж, “Рио Тинто” одоо ч багагүй орлого, ашиг олсоор байна. Монголын эдийн засагт “Оюу толгой” багагүй нэмэр болж, гааль, нөөцийн татвар төлж, монгол иргэд уурхайд ажиллаж, олон компаниуд туслан гүйцэггэгч, ханган нийлүүлэгч болж, энэ нь Монголын эдийн засаг, төсвийн орлогод эерэг нөлөөтэй байгааг үгүйсгэх боломжгүй. Эдгээрийн төсвийн орлого нь Оюу толгойн жилийн 1.1-1.2 тэрбум долларын орлогын 20 хүрэхгүй хувь байдаг. Гэхдээ өнгөрсөн 10 гаруй жилийн үйл ажиллагааг авч үзэхэд “харилцан ашигтай байх” зарчим ямар ч эргэлзээгүйгээр алдагдсан гэж хэлэхээр дүгнэлт, үр дүн гарч байна. Яахаар Рио Тонто илүү хожиж Монголын тал 2051 он хүртэл өрөнд баригдаж байх юм бэ? Энэ бол Рио Тинтогийн өөрийнх нь хийж, Монголын талд өгсөн тооцоолол гэдэг. Ямар санаа зовдоггүй, яахыг хүссэн бодлого, тооцоолол вэ гэдгийг Рио Тинтогоос Монголын иргэд асуух эрхтэй. Гэрээнүүдийн талаар товч юу нь болохгүй байгааг дурдъя. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээнд хэд хэдэн асуудал байна аа. Тус гэрээ 70 жилийн хугацаатай. Гэтэл Оюу толгой компани нь улсын доторх улс гэмээр 70 жил бүх төрлийн татварын тогтвортой нэг хууль, хувь хэмжээгээр ажиллана. Монгол Улсад татварын хууль өөрчлөгдөхөд Рио Тинто, Оюу толгойд хамаарахгүй атлаа татварын хэмжээ буурвал тэр ашгаас тэд хүртэнэ, татвар нэмбэл уучлаарай тэр нь “Оюу толгой”-д хамаарахгүй байх заалттай. 70 жил зам ашигласны төлбөр төлөхгүй, газрын, усны, бууны, нохойны төлбөр, татвар 70 жил хөдлөхгүй, одоогийхоор хэвээр байхаар гэрээнд заасан. “Оюу толгой” компани нь бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог боловч бүтээгдэхүүнээ ямар үнэ, нөхцөлөөр борлуулж байгааг 34 хувийн эзэмшигч мэддэггүй, хамтарч худалдаа хийдэггүй, мэдээлэл өгдөггүй, нууц гэдэг. Орлого нь Оюу толгойн дансаар бүрэн дамждаггүй, Оюу толгойн компанийн үйл ажиллагааны талаар Монголын Засгийн газар (34 хувь эзэмшигч), ард иргэд бараг мэдээлэлгүй. Бүх орлогоо гадаадад байршуулах, чөлөөтэй зарцуулах эрхийг “Рио Тинто” эдэлдэг. Гэтэл энэ орлогын 34 хувь нь Монголынх шүү дээ. Ийм шударга бус нөхцөлтэй. Мөн “Рио Тинто”-д хөнгөлөлттэй нөхцөл олгосон гэрээг мөрдөх хугацаа хэт удаан, ядахдаа 30 жилийн дараа талууд 50:50-ийн харьцаагаар хувьцаа эзэмших, гэхдээ “Рио Тинто” 16 хувийг ТӨК-д үнэ төлбөргүй шилжүүлэхийг (элдэв болзолгүйгээр) заагаагүй. Тэрчлэн татварын тогтворжуулалт, элдэв хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой заалтуудыг 30 жилийн дараа хүчингүй болгоод, цаашид хэвийн нийтийн адилаар ажиллах зарчим тогтоогоогүй. Үнэн гэвэл энэ байна.

-Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт ямар асуудал байна?

-Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн шийдвэрийг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр зааснаас болж Монголын оролцоо бараг байхгүй болсон, эрх мэдлээ эдлэх боломжгүй. ТУЗ-ийн 9 гишүүний 6 нь “Рио Тинто”-ийн талынх болохоор тэд ямагт олонх, Монгол ямагт цөөнх, шийдвэр гаргахад ямар ч нөлөөгүй. Олонх шийддэг байж болох ч шийдвэрийг зөвшөөрсөн заалтад заавал хоёр талын төлөөлөл байхыг заадаг олон улсын нийтлэг зарчмыг “Оюу толгой” компанид хэрэглээгүй. Менежмэнтийн багийг “Рио Тинто” ганцаараа тодорхойлж ажиллуулахаар заасан нь хэт өрөөсгөл, нөгөө тал нь (34 хувь) ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй болгосон. Яагаад хамтраад, ярилцаад менежмэнтийн багийг ажиллуулж болохгүй байна вэ? Эдгээр журмаас болж олон нийт, иргэд шүүмжлэлтэй хандаж, элдэв яриа, хэл ам, гомдол, хардалт их байгаа шүү дээ. Менежмэнтийн багийн төлбөрийн хэмжээг үндсэн хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс бодож олгохоор заасан нь аль болох хөрөнгө оруулалтыг элдэв аргаар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг ихээр өсгөн гаргах замаар багийн орлогоо (ажлын хөлсөө) боломжит хэмжээгээр их болгох хөшүүрэг болохоор журам тогтоосон. Менежмэнтийн багийг аль болох их зардал гаргаснаас бус, их орлого ашиг олсноос нь хамааруулан урамшуулсан ажлын хөлсний систем тогтоогоогүй,“их зардал гаргавал их хөлс олгоно” гэсэн дэлхийд хаана ч байхгүй зарчмаар менежмэнтийн хөлс төлөх журам тогтоосон нь хэтэрхий өрөөсгөл. “Рио Тинто” өөрийн томилсон менежмэнтийн багт ямар ч аргаар хамаагүй нөгөө талын зөвшөөрсөн аргаар их хөлс олгоно гэсэн хандлага гэж хэн ч хэлэх, хардах журам болсон. Оюу толгойн орд, Хөрөнгө оруулалалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, холбогдох эрхүүд, ашигт малтмалын бүх зөвшөөрлүүд, Оюу толгойн компанийн хөрөнгийг барьцаалан авсан зээлээсээ Монголын талын 34 хувьд “Рио Тинто” зээл болгон олгохдоо хөрөнгө оруулалтын санхүүжилт, үйл ажиллагааны зардлыг хольж менежмэнтийн багийн шаардсан “мөнгөн хөрөнгө”(3.1 дэх заалт) гэгчээр нэмэгдүүлж хувьцаа гаргах, зээл, өр болгох, хүүгээс хүү давхар бодох, АНУ-ын хэрэглээний үнийн индэксээр өсгөх гэх зэрэг олон арга давхар тооцоогоор маш өндөр (9.9 хувь) хүүтэй зээл олгохоор энэхүү гэрээнд зааснаас болж Монголын талын өр өссөөр байгаа. ХОГ-ээр 34 хувьд зээл олгох нөхцөл байх болохоос биш,аж ахуйн тооцоот байгууллагад түр зуурын хэрэгцээт зээл шаардагдах бол суугаа орны журам нөхцөлөөр ажилладаг олон улсад хэрэглэдэг зарчмаас гажсан журам тогтоосон. “Оюу толгой” компани зэсийн баяжмал, бусад бүтээгдэхүүнээ борлуулан орлогоороо зардлаа нөхдөг аж ахуйн байгууллага атлаа үйл ажиллагааны зардал нэрээр нэг хувь нийлүүлэгч нь нөгөө хувь нийлүүлэгчдээ өндөр хүүтэй (Liber +6.5 хувь) зээл олгосон гэж ТӨК-ийн өрийг нэмэгдүүлж байгааг өөрчлөх шаардлагатай болно. “Дубайн гэрээ”-г тохирч байх үеэс “Оюу толгой” компани жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 2.5-3 их наяд төгрөгийн орлого олж байсан атлаа эргэлтийн хөрөнгийн зээлийг нэг хувь нийлүүлэгч нөгөөдөө олгох гэдэг шударга бус заалтыг өөрчлөх нь зүйтэй болно.

-“Дубайн гэрээ”-ний бүтээн байгуулалт санхүүжилтийн талаар асууя?

-Энэ төлөвлөгөө гэх материалд ямар ч нотолгоо, үндэслэл нь тодорхойгүй олон тоон мэдээлэл оруулсан боловч тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар баталгаажихгүй байгаа. Жишээ нь, Монголын Засгийн газар Оюу толгойн төслийн үр ашгийн 53 хувийг татвар, роялтийн төлбөр, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр хүснэгтээр тооцоолол гаргаж заасан атлаа энэ талаар “Оюу толгой” ХХК болон “Рио Тинто” ямар ч үүрэг хүлээгээгүй. ”Монголын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын хэмжээгээр үйл ажиллагааны 7 жилд 9 тэрбум доллар нь Монголын ашиг ” гэж “Оюу толгой” компанийн өөрийх нь төлөө гаргаж буй зардлыг нэрлэсэн нь үндэслэлгүй. Дубайн төлөвлөгөөний дээрх хүснэгтэд заасан тоогоор бол “Монголын өр зөвхөн Монголын нутагт гарах зардлаас 4.3 тэрбум доллар болно” гэсэн зэрэг үндэслэлгүй, үүрэггүй, гэрээний тодорхой заалт зарчмаар нотлогдоогүй тоогоор Монголын талыг хуурах гэсэн юм шиг гэж хардахаар тоонууд бичсэн нь үндэслэлгүй. Дээрх хүснэгтэд “Хөрөнгө оруулалтын зардалд ногдох НӨАТ ба бусад татвар 7 жилд 0,6 тэрбум доллар” гэсэн атлаа Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр 7 жилд 2,2 тэрбум доллар буюу жилд 300 сая доллар гэсэн нь хоорондоо их зөрүүтэй, хийсвэр тооцоо хийсэн. НӨАТ-ийг “Оюу толгой” компани нь татварын тооцооллоор буцаан авдаг. Ийнхүү НӨАТ нь татвар ч биш, зардал ч биш шүү дээ. (Зөвхөн төлсөн, буцаан авсны зөрүүгээр гардаг) Тооцоолол нотлогдохгүй болохоор “Оюу толгой”компанийн бүх удирдлага менежмэнтийг хариуцагч “Рио Тинто” ямар хариуцлага хүлээхийг заагаагүй. Тиймээс ч одоо 2051 он хүртэл Монголын тал ногдол ашиг авахгүй, 22 тэрбум долларын өртэй болно гэж Рио Тинто тооцоолол ирүүлсэн нь дэндүү харамсмаар. Энэ гэрээнд оролцсон хүмүүс “Монголын тал хариуцлага хүлээхгүй болсон” гэж бичээд буй боловч тэр нь гэрээний заалт, нөхцөл, зарчим болоогүй. Оюу толгойн төслийн ТЭЗҮ-г “тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсийн төсөөллүүдэд тулгуурласан, Оюу толгойн үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг биш” гэж тодорхойлсон нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж ТЭЗҮ нь ямар ч эдийн засгийн үндэслэлгүй “Хэрэггүй цаас” гэсэн утгатай болгосон. Аливаа үйлдвэр байгуулахад түүнийг барьж байгуулагч, ашиглагч, төлөвлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч, менежмэнт гүйцэтгэгч бүх байгууллагад удирдлага, чиглэл, мөрдөх баримт бичиг байдаг ТЭЗҮ-ийн зүй тогтлолыг үгүйсгэсэн. “Оюу толгой” ХХК-ийн 2010-2014 оны 5 жилийн санхүүгийн тайланг 5 хоногийн дотор хүлээн авахыг Сангийн яаманд, Монголын талаас үзүүлсэн татварын хөнгөлөлт нь 646,2 сая доллараас “багагүй” болохыг ажлын 2 хоногийн дотор Татварын ерөнхий газарт баталгаажуулах “яаралтай” үүргийг тус тус хүлээлгэж Монгол Улсын хууль зөрчсөн, жил бүр Сангийн яам, Татварын байгууллагад тушаах хуультай тайлан тэнцэлийг 5 жил өгөөгүй байсан. Жил бүр эсвэл гэрээг хэрэгжүүлэх явцад үзүүлэх татварын хөнгөлөлтийн 2009-2012 оны тооцоог 4-6 жилийн дараа 2015 онд хийх болсон. Уг хөнгөлөлтийн нийт дүн 646,2 сая доллараас бага байж болохгүй, заавал илүү байх үүргийг татварын байгууллага хууль зөрчсөн байсан ч баталгаажуулах ёстой гэсэн хууль зөрчсөн үүргүүд өгсөн. Татварын хөнгөлөлт (урд оны) нь 646,2 сая доллар болсон бол энэ хэмжээгээр “ТӨК”-аас“Оюу толгой” ХХК-д оруулсан хөрөнгө мөн хэмжээгээр нэмэгдэх асуудлыг шийдээгүй. Энэхүү 646,2 сая доллар нь Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтад хэн оруулсан хөрөнгө болох, түүнд ногдох хувьцаа хэнийх байхыг заагаагүй орхигдуулсан. Монголын Засгийн газар нь зээлийн барьцаанд Оюу толгойн уурхайн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлүүд, Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан бүх эрхүүд, “Оюу толгой” хувьцаат ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч Оюу толгой ордоо барьцаа болгон баталгаа гаргаж байгаа атлаа “Рио Тинто” баталгааны өндөр шимтгэл авч Монголын тал “ТӨК” нь ямар ч шимтгэл авахгүй байхаар зааж зээл, хүү, шимтгэл, төлбөрийн дүнгээс 1,9 хувиар бодож Монголын өрийг өсгөхөөр заасан нь ямар ч үндэслэлгүй. Төлөвлөгөөнд АМНАТ-ыг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад бусдыг орхигдуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан молибденд АМНАТ төлөхгүйгээр заасан. Тэрчлэн хүдэр дэх бусад металл эрдэс, бүтцүүдэд ч 30+20+20=70 жилд АМНАТ төлөхгүй байхаар болгосон. Товчхон хэлэхэд Оюу толгой дээрх үндсэн 3 баримт бичигт Монголын талын ашиг сонирхолд нийцэхгүй, “Рио Тинто”-ийн нэг талын сонирхлоор байгуулагдсан гэрээнүүдэд ядахдаа миний дээр жишээ болгосон зарчим, заалт, нөхцөлүүдэд өөрчлөлт оруулж харилцан ашигтай хамтын ажиллагаа болгох нь чухал. Үүний тулд хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж элдэв амбиц, хэт өөрийгөө хичээсэн нэг талын сонирхолгүйгээр ямар баримт бичгийн чухамхуу аль заалтад ямар өөрчлөлт, нэмэлт оруулбал хоёр талын сонирхлоо хамгаалах вэ гэдгийг хэлэлцэж тохирох нь зүйтэй гэж үзнэ.

-Тэгвэл таныхаар Оюу толгой дээр манай улс цаашид ямар байр суурийг барьж явах нь зөв бэ?

-Оюу толгой дээр урд дурдсанаар элдэв маргаангүй илэн далангүйгээр хоёр талд харилцан ашигтай байхаар хэлэлцээг цаг алдахгүйгээр идэвхтэй явуулвал зохино. Тэгэхдээ манай тал дараах байр суурь баримтлах нь чухал гэсэн санал байна. Үүннд, зөвхөн Оюу толгой ХХК-д зориулсан эхлээд 30 жил, цаашдаа 50 жил,70 жил баримтлах нөхцөл, журам, механизмтай, тэдгээр нь хөнгөлттэй, Монголын ижил аж ахуйн нэгжээс бага татвар төлдөг, тэр нь 70 жил мөрдөгдөх, тэрчлэн Монголын төрийн өрийг нэмэгдүүлж ногдол ашиг ойрдоо авах боломжгүй агуулга нөхцөл хандлагатай заалтуудтай, “Улсын доторхи улс” гэж үзэгдэх Оюу толгойн гэрээнүүдэд өөрчлөлт нэмэлт оруулж, Оюу толгойн баялаг орд, байгалийн хишгийг Монгол Улс, малчин ард иргэд хөрөнгө оруулагчтай хамтран харилцан ашигтай ашиглах нөхцөлтэй болгох нь чухал. Мөн уурхайн холбогдох баримт бичгүүдэд ядахдаа дээр дурдсан заалтуудаар зохих өөрчлөлт, нэмэлтийг оруулж, далд уурхайн ашиглалтыг дахин хойшлуулахгүй байхаар “Рио Тинто”-тай хатуу тохиролцоо хийж, гэрээнд заах. Татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын заалт бүх татварт хамаарах бус, хуульд заасан 4 нэрийн татвар тогтворжихоор тохирох. Гэрээний эхний хугацаа дуусахад (гэрээгээр бол 30 жил) аливаа хөнгөлөлт, татварын тогтворжилтын талаарх заалтуудыг цаашид мөрдөхгүй болгох. Талуудын оролцоог 50:50 болгохдоо “Рио Тинто” нь 16 хувийг ТӨК-д ямар нэг төлбөргүй, нөхцөлгүйгээр шилжүүлэн өгөхөөр тохирох. Уг нь энэ тохироог анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед 34 хувийн 15 хувь нь Монголын олгож буй эрхүүд, зөвшөөрлүүдийн үнэлгээ байж, зээлийг 34 хувь бус, 19 хувь байхаар тохирох байсан. Ийм нөхцөл байгалийн баялаг ашиглах эрхийн үнэлгээ Оюу толгой шиг удаан хугацаагаар ашиглах том ордуудын гэрээнд байдаг туршлага бий.

Монголын талын хувь оролцоонд “Рио Тинто”-ийн олгох зээл хэт өндөр хүүтэй, зээлийн үлдэгдлийг болон хүүг АНУ-ын үнийн (хотын) индексээр өсгөх, хүүгээс хүү бодох зэргээр Монголын өрийг нэмэгдүүлэх заалтуудыг өөрчлөх. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас ямар хүү, нөхцөлтэй зээл авсан байна, тэр хүү, нөхцөлөөр ТӨК зээлийг олгодог байх. Харин авах зээлийн хүү, нөхцөлийг талууд хамтарч тохирдог болох. Монголын талын эзэмшлийн 34 хувийг өөр төлбөрөөр сольж, хувь эзэмшихээ болих талаар гарч буй саналыг би хувьдаа дэмжихгүй, санал нийлэхгүй тул хэвээр нь үлдээж, гэрээнд өөрчлөлт оруулах. Роялтийн төлбөрөөр 30 жилд 34 хувийг нөхнө гэж байхгүй. Бусад орнуудад роялти 10 хувь хүртэл байдаг. Оюу толгой одоо жилд 1,2-1,5 тэрбум доллар, 2023-2024 оноос 5-6 тэрбум долларын орлого олох бол 2029 он гэхэд 29 тэрбум долларын орлого жилд олно гэж “Рио Тинто” тооцжээ. Энэ тооцоолол нь бодитой бол их орлогын ашгаас урт хугацаагаар 34 хувь хүртэх нь чухал шүү дээ. Харин хөрөнгө оруулалтыг цаашид өсгөхгүй байх талаар эцэслэн тохирох, хэрэв цаашдаа өсгөх бол Оюу толгой өөрөө шийддэг, хариуцдаг болгох нь зөв. Мөн уурхайн хаалтын менежмэнт, журам, хаалтын сангийн талаар тодорхой заах, гэрээнд зааснаар хаалтын санг ганцхан Монголын төр хариуцах бус, компани нь ногдол ашиг хуваахаас өмнөх ашгаасаа уг санг байгуулдаг болох. Газар доорх далд уурхайн хаалтын асуудал нь маш том, олон нөхцөл шаардах нь мэдээж тул хаалтын санг одооноос бүрдүүлэх шаардлагатай. Ингээд яривал маш олон санал байна. Нэг бүрчлэн ярина гэвэл сонины зай талбайд багтахгүй учир ингэсхийгээд больё.

Categories
мэдээ нийгэм

“Чанга гар”-ыг нэг жил үзүүллээ, сайхан байна уу?

Манай нийгэм байсхийгээд л нэг хүний удирдлагад орох ёстой, чанга гараар удирдуулах цаг нь болжээ гээд шуугьцгаадаг. Тэгээд Орос, Хятадыг жишээ болгон “Хоёр хөршөө сайн хар, хөгжил дэвшил нь ямар мундаг байна. Монголд одоо Путин шиг, Си Жиньпин шиг удирдагч хэрэгтэй байна, чанга гар удирдаж л улс орон хөгжинө” гээд хаа сайгүй ярьж бичицгээдэг. Ялангуяа хоёр хөршийн удирдагчид ганц хүний дэглэмээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж урт удаан хугацаанд улс орноо удирдах шийдвэр гарах үеэр “чанга гар”-ын тухай бүр илүү яригдаж, нийгмийг бараг бүхэлд нь хамарна. Улс төр, нийгмийн судлаачид сүүлийн таван жилд хоёр хөршөөс ардчиллын эсрэг явуулж байгаа үйл хэрэг, үзэл санааг дэмжигчид манай нийгэмд цар хүрээгээ улам тэлснийг, мөн чанга гар хэрэгтэй хэмээн ятган ухуулах хүмүүс хаанаас ч юм гарч ирэн нэмэгдсээр төд удалгүй хүчийг авсныг баримт судалгаатай хэлдэг.

Тэгвэл монголчууд бид сүүлийн бүтэн нэг жилийн хугацаанд “чанга гар”-ыг үзэж, “чанга гар”-ын дор амьдарлаа. 2020 оны эхээр Монголын төр ковидын халдварыг дуулсан даруйдаа шууд сургууль цэцэрлэгийг хааж, залгуулаад нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж албан байгууллагуудын үүд хаалгыг янгинатал түгжсэн. Үндсэндээ ковидын халдвар дотооддоо гараагүй, иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг аль болох чандлан сахиж байхад бүгдийг хорьж цар тахлын тухай олон нийтийг дарангуйлсан хууль журам гаргаж баталсан. Ковидтой холбоотой аливаа мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисс л хууль ёсны дагуу мэдээлэх эрхтэй, бусад хэвлэлийн газрууд болох сонин, зурагт, радио, цахим сайт дур мэдэн олон нийтэд мэдээлэл хүргэх эрхгүй, хэрвээ олныг төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн амыг барьж багалзуурдах гэж дайрсан. Мөн тухайн иргэн өөрийн дуу хоолойгоо хэний ч хамааралгүй хүргэдэг хувийн орон зай цахим сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болж, төр засгийг шүүмжилсэн, УОК болоод шуурхай штаб, Эрүүл мэндийн яамныхны алдаа дутагдлыг хэлсэн бол Зөрчлийн хууль болон бусад хуулиар шийтгэл хүлээдэг болсон.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан хуучны До яам шиг алба байгуулагдсан. Ингээд ковидын мэдээлэл хийхдээ өглөө бүр “Тухайн иргэн явсан газар орноо хэлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу гурван жил хүртэлх хорих ялтай. Бусдад санаатайгаар өвчин халдаасан бол 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хуультай. Цахим орчинд худал мэдээлэл түгээсэн 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчиллаа, 590 иргэн хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох хуулийн арга хэмжээ авлаа” гэх “До яам”-ны мэдээллийг байн байн иргэдэд айдас түгшүүртэйгээр хүргэж ард олныг сэтгэл санааны дарамт, цочролд оруулдаг байсан. Амгалан хурандаагийн ахалсан албаны ганцхан удаагийн мэдээллийг хүргэхэд ийм байна. Мөн “Монгол Улсын хилийг 20 километр дотогш татсан уу” хэмээн цахимд гарангуут цагдаагийнхан маш шуурхай ажиллаж тухайн мэдээллийг анх гаргасан байж болзошгүй нэр бүхий таван хүнийг албадан саатуулж баривчилсан. Улсынхаа эсрэг гэмт хэрэг хийсэн мэтээр цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийн Баатархүү гэж нөхөр тэр дор нь сүр дуулиантай мэдэгдэл хийж байсан.

Эх орныхоо газар нутгаас 20 километр газрыг хоёр хөршийнхөө нэгд өгчихсөн юм биш биз хэмээн хардаж асуусныхаа хариуд, иргэн хүнийхээ мэдэх эрхийн хүрээнд мэдээллийг гаргаж тавьсныхаа үр дүнд бараг л төрийн эсрэг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгогдсон. Уул нь мэдээллээ гэж пижигнэх биш, энэ мэдээлэл худал бол худлаа шүү гэдгээ маш түргэн хэлэх хэрэгтэй байсан юм. Хил дотогш татсан, худал мэдээ хоёрын аль нь айхавтар үр дүнтэй вэ гэдэг нь хэний ч мэдээжийн асуудал. Хил хязгаараа хэн нэгэн нь хэн нэгэнд найр тавиад өгч байснаас худал мэдээлэл ч болтугай тараагаад ингэж сэрэмжлүүлж байдаг иргэдтай байсан нь хамаагүй дээр шүү дээ. Яг ийм байдлаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн хичнээн иргэний мэдээлэл устгагдсаныг тааварлахын аргагүй. Ямар чиг байсан цагдаагийн нэг удаагийн мэдээллээр “21 төрлийн хууль бус контентыг устгалаа” гэж мэдэгдсэнийг санаж байна. Ингэж УОК шуурхай штаб нь өглөө бүр шүд зууж ирээд л барина, хорино, торгоно, устгана гээд мэдэгддэг. “Бидний ажил үүргийг хошин урлагийн жүжигчид элэглэн доромжилж, нэр төрд минь зориудаар халдлаа, үүнийг зохих газарт нь өгч шалгуулна” гээд яаж даналзаж, тачигнаж байсныг бид мэднэ. За тэгээд гэрээсээ гарах эрхгүй, тухайн байранд сэжигтэй ганц тохиолдол гарсан бол байраар нь хичнээн ч хоногоор хамаагүй шорон шиг хорьдог, цагдаагийн битүү бүслэлтэд байлгадаг. Хөдөөнөөс автобус дүүрэн хүмүүс ирэхэд цаад газраас нь зүгээр гэж явуулчихаад 22-ын товчоонд өдөржин саатуулж, гадаа гарган бие засуулах нь бүү хэл хоорондоо ярихыг нь бараг хориглон цагдаа нар үүд хаалгыг нь түгжиж зогсоод, өдөржин байсан хүмүүс аргаа барахдаа нэг нэгийгээ халхлан автобусан дотроо хувинд бие засаж, эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг гутаан доромжилсон. Энэ тохуутай байдал нь хүний аминд ч хүрсэн гээд нэг жилийн хугацаанд монголчууд минь юу эсийг үзэв. Алхам тутам бүрт хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, ардчиллын амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг яаж боомилж, эрхтэн дархтнууд хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл рүү яаж дайрч, нийгмийг тэр чигт нь амыг нь барихын төлөө улайран тэмцсэнийг бид хангалттай харлаа, үзлээ, бие сэтгэлээрээ мэдэрлээ. Энэ хугацаанд хувь хүн гэдэг бол юу ч биш, түүнийг яаж ч дээрэлхэж ямар ч эрхийг нь гутаан доромжилж болдог юм байна гэдгийг бид яс махандаа ортол ойлгов. Хүмүүс ямар амархан эрх мэдэлд дасч тэрнийгээ хамгаалах гэж бусдыгаа гөлөг нохой болгодгийг наад захын жишээгээр хэлэхэд энэ өвөл цагдаа нар шиг эрх мэдэлтэй баян жаргалтай монгол хүн та харав уу? Гадаа байж үл ялиг даарсныг нь эс тооцвол.

Тэгэхээр монголчууд минь “чанга гар” гэдэг, нэг хүний удирдлагад байна гэдэг үнэхээр хүсмээр зүйл байна уу? Огтоос хүсэх юм биш байгаа биз дээ! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, төр засгаа шүүмжилбэл ардын дайсан болдог, цаашлаад төрийн гэмт хэрэгтэн, магадгүй төрийн эргэлт хийхийг санаархсан хүн болж хувирдаг, алхам бүртээ бусдын эрхэнд айдас түгшүүртэйгээр амьдарна гэж бодохоор юу болох уу. Ганцхан жилийн дүр зургаас харахад бид ямар дэвшилтэт, эрх чөлөөт нийгэмд өөрсдийнхөө дур зоргоор, аз жаргал дүүрэн, туурга тусгаар улсын иргэн гэсэндээ толгой дээгүүр амьдарч ирснээ яс махандаа тултал ойлгож байгаа байх хэмээн горьдож байна. Ардчилсан орон гэдэг бол хүн төрөлхтний өөрсдийн дураар амьдарч болох энгийн сайхан жишиг. “Социализмын үед сайхан байлаа, ардчилал гарч ирснээр бид ядуу гуйлгачин амьдарч байна” гэж хэлэх хүмүүс байдаг. Энэ бол дэндүү өнгөцхөн бодол байх аа. Ерэн оноос хойш монголчууд улс шиг улс болох гэж унаж босч яваа. Түүнээс өмнөх 300 жилд бид бусдын мэдэлд байсан. Эхний 200 жилд нь Монголын хувь заяаг Бээжинд шийддэг байсан. Дараагийн 80 жилд нь Москвад шийддэг болсон. Крымлын гинжнээс уяатай байхад Монголын өнгөтэй өөдтэй, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхнийг орос ах нар хядсан. Ихэнх Ерөнхий сайд нарыг Москвад егүүтгэсэн, жишээлбэл Монгол төрийн хамгийн шударга сайд гэгддэг Агданбуугийн Амарыг Монголын төрт ёсны баяр наадмын өдөр монголчуудад бэлэг барьж байгаа мэт хорсолтойгоор буудсан. Монголын агуу удирдагч гэгддэг Чойбалсанг монгол түмний баяр Цагаан сарынх нь өмнө алаад шарилыг нь нааш нь явуулсан байдаг. Сүүлд монгол төрийг 44 жил удирдсан Цэдэнбалын эмгэнэлт хувь заяаг бид мэднэ. Ардчиллыг үгүйсгэж, чанга гарыг хүсэхэд ийм л хувь заяа биднийг хүлээж байгаа.

Монголд ардчилсан хувьсгалыг байгуулалцсан хүмүүсийн нэг Э.Бат-Үүл “Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. “Чанга гар” хэрэгтэй хэмээх олон түмэн цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас дарангуйлагч болох тэр хүн зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийнхөө удирдагчийн хөнжилд орж таарна” гэдгийг шуудхан хэлдэг. Ингэснээр Монгол төрийн асуудал урьдынх шиг Москвад юм уу, Бээжинд шийдэгдэх гунигт түүх давтагдана, нүүрлэнэ. Хэрвээ тийм цаг ирвэл Үүл баатрын хэлсэнчлэн Монголын уул уурхайн баялаг тэр дотроо стратегийн ордууд (Оюу толгой,Таван толгой, Эрдэнэт)-ыг хоёр хөрш шийднэ, мөн Монголын гадаад бодлого ямар байх, ямар улстай харьцах, олон улсын ямар байгууллагад элсэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын индэр дээрээс үг хэлэх зэргийг гадаадад шийднэ. Монголыг хэн удирдахыг шийднэ, тавиул Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд бий болно. Халимаг, татар, уйгар залуучуудыг шоронд хорьсон шигээ монгол залуусыг бөөнөөр нь тууж аваачиж хорино. Монголчуудын өргөн хэрэглэж байгаа интернэтийн facebook, google, youtube, twitter зэрэг Америкийн платформуудын оронд Оросын яндекс, контакт, телеграм Хятадын wechat, weibo, baidu буюу Москва, Бээжингээс зөвшөөрсөн интернэт ертөнцөд амьдарна. Хүссэн хүсээгүй ийм байдал бий болно.

Путины эсрэг тайван жагсаал хийхэд ард иргэдээ яаж хорьж тамлаж байгааг, Си дарга авлига нэрээр Хятадын сэхээтэн бүхнийг цаанаа хядаж байгааг бид мэдэж л баймаар. Ардчиллын замаар явснаар ядуу гуйлгачин болсноо гайхаж газар сайгүй зүхдэг. Гэтэл бүтэн жилийн хугацаанд хил хаалттай байхад бид хэнээс ч гуйлга гуйлгүй сайхан амьдарч болж байна. Хуучин нийгмийн үед ингэсэн бол ёстой сүйрчихсэн, жинхэнэ ядуу гуйланчлал гэдэг чинь нүүрлэчихсэн, өлссөндөө нэгнээ барьж идэхдээ тулчихсан байгаа. Ерэн онд ганц орон хилээ хаахад л дэлгүүрийн лангуу хоосорч нийтээрээ картын бараанд орж байсан. Орос, Хятад шиг ганц хүний дэглэмд орно, “чанга гар”-аар удирдуулна гэдэг үнэндээ хүсмээр зүйл биш гэдгийг маш товчхоноор хэлэхэд ийм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?

Энэ хаврын улс төр нэлээн нүргээнтэй, дуулиан шуугиантай болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай, тиймээс хүссэн хүсээгүй улс төр пижигнэж эхэлнэ. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль цар тахлын шуурган дундуур, өвчин зовлон үхэл хагацал нүүрлэсэн хүнд хэцүү, маш эгзэгтэй амаргүй цаг үед болох нь ойлгомжтой. Өвчин тахал, улс төр, эдийн засаг хосолсон ёстой л нөгөө “хаврын синдром” гэж хэлэхүйц байдлаар улс төр өрнөх байлгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд хуулийн дагуу нэр дэвшүүлэн өрсөлдөнө. Одооны УИХ-д дөрвөн улс төрийн нам сонгогдсон. Тэгэхлээр ямар ч байсан дөрвөн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Ардын намын хооронд тулаан болдгоороо болох байх. Тэгэхээр ийм эгзэгтэй цаг үед хамгийн түрүүнд ард түмнээ бодож өрсөлдөгч намуудын аль аль нь бодолтойхон шиг улс төрөө хийх хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дүр зургийг эргэн харахад хар пиар гэгч нь хэрээс хэтэрч ёстой дайн дажин шиг юм болж байсан.

Цар тахлын үеийн сонгуульд ард түмнээ эхлээд бодоорой гэдэг нь сонгуулиас өмнө айл өрх бүрийг, хүн бүрийг вакцинд хамруулаарай гэсэн үг юм. Үндсэндээ эрх баригчид, улс төрийн хүчнүүд ард түмэн, сонгогч олноо вакцинжуулж, эрүүл мэнд амь насыг нь хамгаалж аваад дараа нь өөрсдийгөө бодох нь хамгийн зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан оны эхнээс л дуулдаж эхэлсэн. Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай хуульчид болоод улстөрчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Их хурлын дарга байсан Р.Гончигдорж шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгууль 2023 онд болох ёстой гэж хүртэл үзэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Фронтоо хаяад зугтсан хурандаа маань одоо төрийн тэргүүний сэнтийг сэрүүн зүүдэлж яваа. Хэн нь ч дэвшсэн хамаагүй. Вакцинд хамрагдаж амь нас нь баталгаатай болсон ард түмэн аль нэгийг нь сонгоод л өгнө. Хамгийн гол нь улстөрчид минь сонгуулиас өмнө ард түмнээ вакцинд хамруулж Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал гэдгийг дахин сануулъя. Тэгэхгүй саяны жагсаал цуглаан шиг юмыг зохион байгуулж ард түмнээ нүцгэн гараар нь халуун чулуу атгуулах гэсний хэрэггүй шүү. Сүүлд дуулж байхад том улстөрчид энэ жагсаалыг зориудаар ард түмнээ турхиран гаргаж ирсэн гэлцэх боллоо. Одоо үүний үр дүнг нь бид бүгдээрээ өглөө бүр 11 цагаас сонсож сууна. Жар далаараа л тахалтай хүн илэрч тахлаар нас барсан хүн дөрөв болсон. Цаашид хэд болохыг хэн мэдлээ.

Гуравхан хоногийн дараа хаврын тэргүүн сар гарах нь ээ. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг ирлээ гэсэн үг. Яагаад гэвэл Монголын хахир хүйтэн өвлөөр эдийн засаг явах байтугай амьдрал тэр чигтээ зогсдог гэхэд хилсдэхгүй. Энэ удаад цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засагт маш хүнд хаврын улирал эхэлж байна. Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар буурсныг хэлсэн. Өнгөрөгч оны эхний хагаст эдийн засаг -9.7 хувь болтлоо буурсан. Төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болсон. Банкны салбарын актив зургаан сарын дотор гэхэд -4.2 хувиар агшсан. Энэ бол өнгөрсөн жил Засгийн газрыг тэргүүлж, төр засгийг удирдаж байсан нөхдийн улс орноо сүйрүүлсний бодит үр дүн юм.

Коронавирусийн халдвар дотооддоо гараагүй байхад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бусаар хий хоосон сүржин мэдэгдлүүд хийж бүх аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон. Ёстой нөгөө сохор нохой дүйвээнээр гэгчээр юм болсон.

Аж ахуйн нэгж, албан газрууд бүтэн арван сар шахам түгжээтэй байсны гороор Монголын эдийн засаг туйлдаа хүрч, тамир тэнхээгээ барж, арайтай л өлбөрчилгүй ард түмэн нөөцөө шавхсаар 10 сартай золгосон. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, жинхэнэ ёсоор цар тахалтай нүүр тулж хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Ингэж улс орны эдийн засаг элгээрээ харуулдсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн холбоо, хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо мөн эдийн засагчид Хүрэлсүхийн Засгийн газарт ээлж дараалан шаардлага хүргүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барин дампуурахад хүрлээ гэдгийг өдөр бүр сануулж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж байсан ч хүний урманд тоогоогүй. Бүхнийг хорьсон, хаалга үүдийг нь түгжсэн хэвээр байсан. Харин энэ хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болж эрх баригч Ардын нам дахин ялалт байгуулж, үнэмлэхүй олон суудал авав. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүсээ бид Засгын газарт эргүүлэн сонгосон. Ганц гялтайх юм нь өвчин алдаагүй юм даа гэж ирээд л ийм сонголт хийчих шиг болсон. Тэгээд одоо хар даа, тахал дунд яаж амьдарч байгаагаа. Олон хүн яах гэж энэ намыг дахин сонгов доо гэж амаа барьж байна.

Л.Оюун-Эрдэнэ хатуухан сорилтой нүүр тулж таарна. Шинэ залуу Ерөнхий сайд хүүхэд шиг хөөрхөн хөөрхөн юм яриад яваа. Гааль, шүүх, татвар, газрын харилцаа гээд бүх зүйл цахимд шилжинэ, эмнэлэгт хэвтэх, эсвэл ажил бүтээхийн тулд албан тушаалтантай уулзах хэрэггүй, хэн нэгэн даргын нөлөөгүйгээр тендерт цахимаар оролцдог болно, орой эрт унтаж өглөө эрт босно, өглөө нийтээрээ гүйдэг болно гээд ярьж байна. Ойрын үед дарга нараас ингэж ярьсан хүн ховор учир сонин содон сонстож байгаа ч ачир дээрээ амьдралаас жаахан тасархай л санагдаад байгаа.

Мөн Ерөнхий сайд юм л болбол “Миний амнаас сайн сайхан үг сонсохгүй шүү” гэж дахин дахин хэлээд байгаа. Цаад санаа нь гашуун ч гэсэн үнэн үгийг хэлнэ гээд байгаа юм уу даа. Гэхдээ засгийг удирдаж байгаа хүн “Надаас та нар сайн үг сонсохгүй” гэж хөмхийгөө зууж байгаа юм шиг хэлэх нь ёр билгээ бодсон ч эвгүй юм. Дээрээс нь бас жадныхаа үзүүрийг айхавтар гүн суулгана гэж айлгаад байгаа. Улс орноо жадлах гээд байгаа юм уу, улс төр, эдийн засаг, ард түмнээ жадлах гээд байгаа юм уу. Энэ нэг жад сэлэм гэх зэрэг дэмий зүйрлэл хэлдгээ төр засгийн удирдлага одоо болих хэрэгтэй. Ер нь удирдагч хүн хувийн ааш авираа олон түмэнд гаргах шиг бүдүүлэг юм байдаггүй.

Ер нь түүнийг өглөө эрт босч, цахим үндэстэн боллоо хэмээн гар утсаа барьж гүйхээс өөр шидгүй хүн болчих вий гэж зовниж байна. Одоо нэн түрүүнд тендерээ хурдан зарлаж уул уурхай, барилга байгууламж, зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбар бүрт царцсан эдийн засгийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Уул уурхайд гэхэд “Өнөө цаг үед эдийн засгийг авч гарах том боломж” гэж Ерөнхийлөгчийн хэлээд байгаа 100-гаас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, за тэгээд Оюу толгой, Таван толгой болоод өнөө олон цахилгаан станцууд, нефьтийн үйлдвэр байна. “Оюу толгой” төслийг үргэлжлүүлнэ, У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана, Ч.Сайханбилэгийн “Дубайн гэрээ”-г цуцална гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ам ангайх бүртээ хэлж байгаа.

Зэсийн үнэ оны эхээр 8000 ам.доллараас дээш гарсан, ирэх 3-5 жилд энэ байдлаар байх боломжтойг олон улсын зах зээлийн шинжээчид дүгнэж байгаа. Уг зурвас үеийг Монголын Засгийн газар ашиглаж асуудалд улстөржилгүйгээр, манай танай гэлгүйгээр хандаж эдийн засгаа тэлэх нь чухал.

Дарханы зам гэж үхлийн тамыг хүн бүр мэдэж байгаа. 6.5 тэрбумаар түр зам барина гэцгээж ард түмнээ хуураад, засварын ажил явах үед нь хичнээн хүн амиа алдав. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 километр төмөр замын ажилд Ерөнхий сайд бүх анхаарлаа хандуулж, энэ том бүтээн байгуулалтын ард гарах хэрэгтэй. Уг төмөр замын ажилтай Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа очиж танилцаж байсан. Зүүнбаянгийн төмөр зам тавигдвал “Манлай”, “Хараат уул”, “Дулаан уул” зэрэг ашигт малтмалын олон орд газар эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг эрдэмтэд тооцож гаргасан.

Уул уурхай, төмөр зам, барилга байгууламжаас гадна газар тариалан мал аж ахуйгаа анхаарах нь зүйн хэрэг. Сүүлийн үед газар тариалан, хөдөө аж ахуй хамгийн дампуу салбар болсон. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэдэг нь тариаланчдаа дэмжиж биш, дээрэмдэн мөлждөг сан болсон, мөн тариаланчид нь тариагаа газарт бус цаасан дээр тарьдаг болсон. Хаврын хаварт улаанбуудай, үр тарианы хэрүүл зарга гардаг ийм л ажил нь явдаггүй алхайсан хэрүүлийн талбар болсон. Тэгэхээр энэ бүгдийг Ерөнхий сайд, Засгийн газар анхаарч, хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн байгаа юу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Төрийн албан тушаалтны буруугаас болж Засгийн газар огцорсон. Гэхдээ энэ бол уламжлал болгох сайн жишиг биш


Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномтой төрийн албан тушаалтнуудын ёс суртахууны асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Монгол төрийн дархлаа болсон буурал Ерөнхий сайд танаас төрийн албан тушаалтнуудын ёс зүйн талаар асуух гэсэн юм. Яагаад ингэж асуух болов гэхээр төрийн албан хаагчийн хүнлэг бус байдлаас болж Засгийн газар огцорлоо гээд байгаа?

-Төрийн зарим албан тушаалтны ёс суртахуунгүй үйлдэл олон мянган төрийн ажилтан нарын болон Монголын төр засгийн нэр хүндэд хор хүргэж байдаг. Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн зарим албан тушаалтны буруугаас, тэдний өмнөөс уучлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна. Учир нь иргэндээ үйлчлэх үүргээ ухамсарладаггүй, цэвдэг сэтгэлтэй албан тушаалтнуудтай иргэд бараг өдөр болгон дайралддаг. Тэр болгонд Засгийн газраа огцруулаад байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, аль нэг төрийн байгууллагын албан тушаалтны буруугаас шалтгаалж Засгийн газрыг огцруулаад байдаг биш, төрийн албаны анхан болон дунд шатны албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, удирдах ажилтнуудыг зөв сонгох, хүмүүжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүнд сурталтай, ёс суртахуунгүй ажилтныг тухай бүр илрүүлж огцруулдаг байх нь зөв.

Төр ба ард түмний хоорондын харилцаанд эрхэмлэдэг зүйл дотор иргэд нь татвар төлж ямар ч нөхцөлд цалин хангамжийг нь тасралтгүй өгч байх, төрийн албан тушаалтнууд нь иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлж байх үүрэг байдаг. Төрийн өмнө иргэдийн хүлээсэн энэ үүрэг хуульчилсан байдаг учраас ямар ч нөхцөлд биелж байгаа. Харин төрийн анхан болон дунд шатны зарим албан тушаалтны хүнд сурталтай, сэтгэл зүйн боловсрол сулаас болж иргэндээ соёлтой үйлчлэх төрийн үүрэг биелдэггүй дутагдал архагшсан гэж хэлж болохоор байдаг.

-Тийм үү, үүнийгээ жаахан тодруулахгүй юу. Цэвдэг сэтгэлтэй албан тушаалтнуудтай иргэд өдөр бүр тааралддаг гэчихэв үү дээ?

-Төрийн албаны хүнд сурталтай хийх тэмцэл бол төр, иргэн хоёрын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө, төрийг тогтвортой, түмнийг амгалан байлгахын төлөөх тэмцэл юм. Төрийн албаны хүнд суртал, ёс зүйгүй харилцааг арилгах тэмцлийг төр ба иргэд хамтарч өрнүүлэхэд анхаарахгүй байх аргагүй болоод байна. Манай улсын төрийн тогтолцоо, эрх зүйн одоогийн хэвшсэн нөхцөлд иргэдэд төрийн анхан болон дунд шатны албан тушаалтнаас үйлчилгээ хүсэхгүй амьдрах нөхцөл байхгүй. Төрийн зүгээс хуулийн дагуу үзүүлэх ёстой үйлчилгээг иргэнд заавал гуйлгаж, хүсэлт өргөдөл гаргуулж байж хүртээдэг. Энэ нь төрийн түшээд олшрох, хүнд сурталтан орших үндэс болдог. Цагт нь гуйгаагүй, хүсэлт өргөдөл өгөөгүйгээс хуулийн дагуу авах ёстой тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт, хөнгөлөлт, элдэв зөвшөөрлийг авч чадаагүй иргэн хохирдог. Ийм төрлийн гажуудлыг төрийн удирдах байгууллага, нийслэл, аймгийн удирдах нөхөд засах ёстой. Цахим засаглалыг бий болгоё гэж байгаа Засгийн газрын санаачилга амжилттай хэрэгжвэл хэрэг болно. Харин иргэдийн хувьд хүнд сурталтай идэвхтэй тэмцдэг байх, хүлцэнгүй байдгаа болих нь чухал юм. Төрийн дунд шатны албан тушаалтантай ярих гэхэд утсаа авахгүй, уулзахыг хүсэхэд хүлээж авахаас цааргалж, ямар хэргээр уулзахыг заавал асууж хувийн хэргээр гэж хэлсэн хүнд тоомжиргүй дээрэлхүү харьцаж эхэлбэл хүнд сурталтантай тулгарч буйгаа мэдэрч, шүгэл үлээдэг, хууль ёсны үйлчилгээг олж авахын төлөө тууштай тэмцдэг, төрийн албаны дээд шатны эрх мэдэлтэнд нь хандаж дэмжлэг авдаг байх ёстой.

Ёс суртахуунгүй, бүдүүлэг дээрэнгүй харилцдаг дарга нар ихэвчлэн иргэдэд мэдээлэгдсэн алдаршсан байдаг. Тийм даргатай аргагүйн эрхэнд уулзах гэж зөвшөөрөл авсан иргэд тэр даргын өрөөнийх нь үүдэнд удаан хугацаанд босч сууж хүлээцгээнэ, тэр зуурт хоорондоо танилцаж зовлон бэрхшээл, түүнийг шийдэх хууль журмаар санал солилцоно, “Энэ дарга өнөөдөр ямар зан ааштай байгаа бол” гэж хоороондоо шивнэлдэнэ. Тэгээд даргын өрөөнд ормогц юу тохиолддог билээ. “Орж болох уу” гэхэд “орчихоод юу гээд байгаа юм” гэж зандарна, – Та сайн байна уу гэхэд хариу мэндлэхгүй, царайгаа харуулахгүй. Харин тухайн иргэнийг гар утастай байгааг харчихвал “Чи миний зургийг авах гэж байна уу, бичлэг хийх гэж байна” гэж зандраад туслахаа дуудаж утсыг нь авч зураг авсан бичлэг хийсэн эсэхийг шалгуулна.

-Энэ бол төрийн зарим албан хаагчдын үнэн нүүр царай мөн. Олон хүн авлига энээ тэрээ авч байгаад баригдсан тал ч бий?

-Бизнес эрхлэх зөвшөөрөл өгөөч гэвэл чиний хүсч байгаа юм чинь амархан бүтдэг зүйл биш гэж хэлнэ. Өрөөнөөс нь гарах үед хамтрагч нь бололтой хүн дөхөж ирээд “Цаадахдаа таван сая төгрөг атгуулчихвал наад юм чинь бүтнэ” гэж зөвлөнө, мөн иргэнийг өөрийг нь буруутгах элдэв шалтаг ухаж гаргаж дарамтална. Тухайн иргэн ямар нэг татвар хураамжийг хугацаанд нь төлөөгүй, баримт бичгийг бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн буруутай бол заавал их хэмжээний төлбөр торгууль оногдуулна. Ёс зүйтэй харьцахыг өөрөөс нь шаардсан, дээд удирдлагад нь хандсан байвал өширхөж хэдэн зуун мянга бүр олон сая төгрөгөөр торгох шийдвэр гаргана. “Би чамайг заавал торгоно, заавал төл, чамайг торгохгүй бол авлига авсан гэж намайг хардана” гэнэ. Өөрөөр хэлбэл авлига гэгчийг иргэнийг торгоход хэрэглэдэг зэвсэг болгоно. Хүнд сурталтан, ёс суртахуунгүй, сэтгэл нь бохирдсон албан тушаалтны зан авир үүгээр зогсохгүй ээ.

-Төрийн зарим нэг албан тушаалтны буруугаас болж Засгийн газар огцорсныг та “сайн жишиг гэж хэлэхгүй” гэсэнтэй санал нэг байна. Ер нь У.Хүрэлсүх чинь Ерөнхийлөгч болох гээд фронтоо хаяад зугтсан, тэр нь одоо хүмүүст ил болоод нэр хүнд нь унаад байх шиг?

-Засгийн газар огцорсон шалтгааныг зарим эмнэлгийн удирдлагын буруугаар тайлбарласан явдал төрийн ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарал төвлөрүүлэхэд хүргэж байгаа нь сайн хэрэг. Хуримтлагдсан төвөгтэй асуудлуудаа шийдэхийг залуучуудад хариуцуулж шинэ Засгийн газрыг богино хугацаанд бүрдүүлсэн нь бас сайн. Миний ажигласан зүйл бол Засгийн газар огцрох хоёр дахь гол шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо зөрчилтэй, хамт ажиллах нөхцөлгүй болсон, түүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч магадгүй байсан. Энэ нь таны хэлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж ч магад. Гэхдээ уг асуудал жич учир нь олдох биз. Харин төрийн албан тушаалтны ажлын хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх талаар саналаа хэлье. Нэгд, сайн үйлстэй төрийн ажилтан нараа алдаршуулж урам хайрлаж байх. Төрийн байгууллагад ажиллаж байгаа эззэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа хайртай, ариун сэтгэлээр хүч бололцоогоо дайчилж төрийн үйлчилгээг ард олондоо хүргэж байдаг 200 шахам мянган иргэд бол Монголын төр засаг ба Монголын ард түмний холбоог бэх бат байлгадаг гагнаас юм. Хоёрт, иргэдийн хяналт шаардлагыг хүчтэй болгох. Төрийн ажилтны ажлыг дүгнэхдээ тэр хүний ажил, зан харилцаанд өгч байгаа иргэдийн болон удирдлагад нь ажиллагсдын үнэлэлт дүгнэлтийг гол болгож байя. Төрийн байгууллага бүрт дотоод хяналтыг бий болгоод, тэнд ажилладаг нөхдийн зан харилцаа, ёс суртахууны талаар иргэдээс санал шүүмжлэлийг тогтмол авч бүртгэдэг байя. Гуравдугаарт, сэтгэл зүйн боловсролд анхаардаг байх. Манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ талаар үлгэрлэж байгаа. Тэд иргэд үйлчлүүлэгчдэдээ ёс зүйтэй, эелдэг харьцдаг, тэгэхгүй бол байгууллагынх нь нэр хүндэд, бүтээгдэхүүнийх нь борлуулалт үйлчилгээнд нь эсрэг нөлөөлдгийг мэддэг. Гэтэл ийм мэдрэмж манай төрийн байгуллагынханд үгүйлэгддэг. Хувийн хэвшлийнхнээс сурахыг шаардъя. Дөрөвдүгээрт, сэтгэл нь бузарлагдсан этгээдүүдийг нийгэмд таниулж жигшүүлэх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг, төрийн албан тушаалтныг гүтгэдэг, нэр төрийг нь гутаадаг, хөгшин залуу, эр эм, яс үндсээр нь ялгаж доромжилдог, шоронд хат, үх тонил гэх мэтээр харааж байдаг, түүгээрээ мэргэшсэн, бузар үгийг захиалгаар бичиж хэдэн төгрөг авч амьдардаг байж ч мэдэх нэр нүүрээ нуусан хэдэн этгээд бий болсон. Монгол хүний зан араншинд байгаагүй ийм үйлдэлтэй этгээдүүд бол иргэдийн итгэлцлийг эвдэх, нийгмийг задлан бутаргах аюултай. Ийм хорт халдварыг үндсээр нь таслахгүй байж болохгүй. Тавдугаарт, иргэдийн ажил амьдралд саад хийдэггүй байхыг эрхэмлэх. Гурван хүүхэд, таван ам бүлтэй айлын амьдралыг авч яваа залуу “Би засаг төрөөс юу ч гуйхгүй, өөрийн хөдөлмөрөөр гэр бүлийн амьдралаа сайхан аваад явж байх бололцоо байна, хичээж байна. Гэтэл төрийн албаны олон байцаагч нэртэй хүмүүс бараг өдөр бүр ирж асууж байцааж, нэгжлэг хийх шахуу юм болж, тайван ажиллаж амьдрахад саад болж байна. Залхаж байна. Яах билээ” гэж ярихыг сонсож байлаа. Ингэж ярьж байгаа залуучууд олон бий.

-Төрийн албан тушаалтан ба иргэний хооронд ямар харилцаа байж болох вэ?

-Би ганцхан жишээ хэлье. “Би мал бүхий иргэдээс мал худалдаж авч төхөөрөх, мах боловсруулах жижиг үйлдвэр барих төсөл боловсруулж байна. Зөвшөөрөх дэмжих боломжтой юу” гэж нэг иргэн төрийн албан хаагч дээр оръё гэж бодъё. Хариуд нь төрийн ажилтан “Сонин санаачилга байна. Төсөл, түүнийхээ зорилго, ач холбогдлыг хэлээч” гэхэд иргэн “Төслийн хувьд хоногт 100 бог, 20 бод, жилд 12 мянган бог, 2400 орчим бод мал төхөөрч, тураг мах, дотор махны нөөцийг бүрэн боловсруулах үйлдвэр барих юм. Зорилго нь иргэдэд үйлдвэрийн нөхцөлд төхөөрч боловсруулсан малын мах хэрэглэдэг болгох, тураг махаас гадна дотор махны нөөцийг бүрэн боловсруулж хэрэглэдэг байх, арьс ширийг давсалж чанарыг нь хадгалсан түүхий эдээр боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байх, ач холбогдлын хувьд малыг зах зээлийн үнээр газар дээр нь худалдаж авснаар малчдын орлого нэмэгдэнэ, 50 орчим ажлын байр бий болно. Мэдээж чанартай, эрүүл, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас ашиг олно” гэдгээ хэлнэ. Үүнд төрийн албан хаагч, боловсруулж байгаа төсөл санаачилга амжилттай хэрэгжвэл улс орны хөгжил, ялангуяа хөдөөгийн хөгжилд чухал ач холбогдолтойг хэлээд “Сум болгон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болчихвол дотоод хэрэгцээ төдийгүй гадаад зах зээлд мах гаргаж чаддаг болж, улмаар малын тоог бэлчээрийн даацад тохирсон хэмжээнд байлгах асуудлыг шийдэх боломж бүрдэнэ” хэмээн ямар дэмжлэг хэрэгтэйг асууна. Мөн үйлдвэрийнхээ ТЭЗҮ-г боловсруулж, баталгаажуулаад аваад ир, түүнийг үндэслэж тодорхой асуудлыг ярилцъя гээд өндөр үр ашигтай байх нь баталгаатай байвал хөрөнгө оруулалтын зээлийн асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдэж өгнө. Мал худалдаж авахад шаардагдах эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд чинь нэг жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдэхэд тусална, мах болон махан бүтээгдэхүүнийг дотоод гадаад зах зээлд борлуулахад чинь дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь технологи, бүтээгдэхүүний чанар сайн, өрсөлдөх чадвартай байхад онц анхаараарай гэж хүснэ. Төр ба иргэний хооронд ийм маягийн харилцаа бий болж хэвшчихвэл улсын маань хөгжил хурдсах болов уу гэж өвгөн би харж байна.