Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Баруунд боловсрол эзэмшсэн охид, архи үнэртүүлсэн бүдүүн эрийн өмнө “дүүриймаадах” гэж очих болж байна уу? DNN.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг гишүүн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн гол амин сүнс нь гадаадын шилдэг их сургууль төгссөн, мөн НҮБ-д ажиллаж байсан залуусыг төрийн албанд шууд авч ажиллуулах, улмаар төрийн албаны дундаас дээш албан тушаалд шууд томилон ажиллуулах бүхий заалтууд юм.

Тодруулбал, шинээр өргөн барьсан энэхүү хуулийн 23.7-д “Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй болно” гэж заасан. Одоогийн мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн 23.2-т төрийн захиргааны албан тушаалд томилогдох хүнд дараахь шаардлага тавигддаг.Үүнд, 23.2.1Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх, 23.2.2 Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, 23.2.3 Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэдэг мерит зарчим үйлчилж байгаа юм.

Төрийн албаны тухай хуульд салхи оруулсан, төрийн албан хаагчдын үнэлэмжийг эрс дээшлүүлсэн уг хуулийн төсөл УИХ дээр очоод гацчихаад байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард санаачлан боловсруулж, аравдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд батлагдалгүй дуншсаар байгаа. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучууд бидний суудлыг булааж авах нь, хоолноос минь салгах нь хэмээн төрийн албан хаагчид үхэн хатан зүтгэцгээж, тэд лобби хийгээд уг хуулийн төслийг батлуулахгүй байгаа бололтой. Тэгж хардахад хүргэж байгаа хэрэг. Ер нь манай төрийн албан хаагчид үнэнийг хэлэхэд хоцрогдсон харагддаг. Хэл усгүй, харилцааны соёлын хувьд асар их гажуудалтай, юм үзэж нүд тайлаагүй, тэр хэмжээгээр ёс зүйгүй бүдүүлэг байдал илт ажиглагддаг.

Өнөөдөр олон улсын байгууллагад ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа, аж ахуй удирдаж байгаа залуус ямар өндөр мэдлэг боловсрол, чадвар чансаатай, бусдыг хүндэтгэх харилцааны соёл, хандлагын хувьд хэрхэн өөр болсныг бид харж байна. Саяхан олон нийтийн сүлжээгээр гадны дөрөв таван орны хэлээр зэрэг ярьж, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж байгаа залуугийн тухай явж байсан. Тэгвэл улс орны үндсэн дархлаа болсон төрийн алба нь яагаад ийм уруу дорой, сулхан, үхээнц байдалтай байна вэ гэхээр гол тулгуур нуруу нь болох төрийн албан хаагчдын чадваргүй, ёс зүйгүй, эзэмшсэн боловсрол мэдлэг дутмагаас ийм байдалд хүрсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Амьгүй албатууд буюу хэн нэгэн дарга эрх мэдэлтний шахаасаар дүүрсэн төр маш хурдан ялзарч илжирдэг нь жам ёсных.

Тиймээс дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн, баруунд боловсрол эзэмшсэн, олон улсын индэр болох НҮБ-д ажиллаж байсан залуусаа монгол төр, төрийн албан хаагчаар шууд авч улс орныхоо хувь заяаг гарт нь атгуулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгасан заалтын дагуу төрийн захиргааны албан тушаалд шууд тохоон томилох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг 50 их сургуулийг тэргүүлж буй Их Британийн Оксфорд, Америкийн Стэнфорд, Харвард, Калифорнийн технологийн хүрээлэн, Массачусетсийн технологи, мөн Их Британийн Кембриж, Америкийн Принстон, Жон Хопкинс, Швейцарийн холбооны технологийн хүрээлэн, Колумбын их сургууль, Канадын Торонтогийн их сургуулийг төгссөн, үндсэндээ дэлхийн боловсрол эзэмшсэн залуу Монголдоо ирээд, төрийн албанд орлоо гэхэд дотооддоо боловсрол эзэмшсэн төрийн албан хаагчаар удчихсан ааш муутай авгайн дор ажиллаад, кофенд нь зарагдаад явна гээд бодохоор юу болох вэ. Ямар дүр зураг харагдах уу.

Уучлаарай, миний бие дотоодын их сургуулиа муу муухай гэж хэлж байгаа юм биш. Гол нь дэлхийн шилдэг их сургуультай харьцуулж байгаа нь энэ. Яагаад төрийн албанд шилдэг боловсон хүчин цус сэлбэж орохгүй, яагаад дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуус төрд биш, олон улсын байгууллагад, гадны орнуудад нэр тэр төртэй ажил эрхлээд байдгийн үндсэн шалтгаан ердөө энэ. Дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгийг дүүргэчихээд, дипломыг нь авчихаад дэлхийн аль ч улсад, олон улсын ямар ч зэрэглэлийн байгууллагад ажиллах баталгаат бүрэн эрхээ авчихаад Монголдоо ирээд төрийн албанд орохдоо архи үнэртүүлсэн бүдүүн даргын өмнө “дүүриймаадах” гэж очих болж байна уу. Одоогийн мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар бол “Тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил ажилласан байх ёстой” гээд хатуу заачихсаныг дээр хэлсэн.

Тэгэхээр 16 жил завсаргүй дүүриймаа хийж, дарга нэртэй бүдүүн эрийн өмнө архи, хадгийг нь барин гүйж, ааш муутай эмэгтэйн зарц хийж явахыг хэн хүсэх юм бэ.16 жил гээд бод доо. Амьдралынхаа 16 жилийг хэн нэгэн даргын зарц хийж урд хойно нь гүйж байж дараа нь төрийн албанд хүссэн ажилдаа очих гэж тэр хүн дэлхийн боловсрол эзэмшсэн болж таарах уу. Шилдэг боловсон хүчнүүдээ хяхан хавчсан төрийн албаны хуулийн энэ харгис хатуу заалтаа больж, шинээр өргөн барьсан хуулийг даруй батлах хэрэгтэй. Энэ харгис заалтаас чинь болж төрийн албанд өндөр боловсрол мэдлэгтэй, дэлхийн хэмжээний залуучууд ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. Тэдэнд тээг саад болж байна, тэвчээр зоригийг нь мохоож байна.

Дэлхийн шилдэг сургууль дүүргэсэн шилдгүүд нь тийнхүү цөхөртлөө арван хэдэн жил зүтгэж байж багахан эрх мэдэлд хүрдэг ордог төрийн албанд хэн байдаг вэ гэвэл ихэнх нь дарга нарын татаасны хүмүүс байдаг. Мөн боловсрол мэдлэгийн хувьд нимгэн гэж хардахаар, эрээ цээргүй, ёс зүйгүй, дур дураараа авирласан нөхдүүд байх нь бий. Манай дарга нар, ялангуяа дунд тушаалын дарга нар авлигаар юм уу, юугаар ч юм жигтэйхэн баяжчихсан, “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг архи үнэртүүлж, адуу мал, хурдан морь, үнэтэй хөөрөг гаанс ярьдаг. Ерөөсөө ярьдаг, хийдэг ажил нь тэр гэхэд хэтийдэхгүй. Улс орны хөгжил, Монголын ирээдүй тэдэнд хамаагүй юм уу гэж бодогдохоор. Мөн хэн нэгний тушаалаар тавигдсан нөхдөд нь тухайн хүндээ долигонож, тэр хүнийхээ заавраар ажиллаж, дээдэст зусарч доодост хэрцгий ийм л байдаг. Хэрвээ УИХ дээр гацчихаад байгаа Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дэлхийн шилдэг сургууль төгссөн залуучууд төрийн албанд шинэ цус сэлбэж орж ирнэ. Тэд хэн нэгэн дарга, албан тушаалтны үүрэг даалгавраар биш, өөрийн сэтгэл зүрхний дуудлагаар ажиллана.

Тэд бусад шиг оймсондоо мөнгөө нууж, авлига авч, гадны компаниудаас улайм цайм хувьдаа мөнгө нэхэж, одоогийн төрийн албанд байгаа юм үзээгүй гуйлгачин дарга нар шиг нэр нүүрээ барж ёс зүйгүй авирлахгүй байх. Америк, Англи гээд барууны орнууд, ардчилсан орнуудын төрийн алба яаж явдаг, ямар зарчмаар ажилладаг тэр зарчмыг барьж ажиллах нь мэдээж. Хэрвээ хууль батлагдаад, түүнээ мөрдөөд явбал өнөөгийн төрийн албаны үхширмэл байдал, шунаг шунахай сэтгэл, үгсэн хуйвалдаж бүгд хувааж иддэг, улсаа тонодог цөлмөдөг байдал хязгаарлагдаж эхэлнэ. Төрийн албанд барууны зарчим, ёс зүй үйлчилнэ. Яагаад манай төрийн алба энгийн иргэнээ ингэж их дарамталдаг, иргэндээ ээлгүй, хүнд суртал, авлига хээл хахуулийн үүр уурхай болсон гэдэг нь ерөөсөө Оросын колони орны нөлөө. Одоогийн төрийн албан хаагчдын багш нар, тэднийг бэлтгэсэн багш нар, сургалтын систем бол хуучны социализм үеийн буюу Оросын колони орны системээр явж ирсэн. Тиймдээ бүх үйлчилгээ нь хууль журмын хүрээнд биш дандаа танил тал, найз нөхдийн хүрээгээр шийдэгддэг, энгийн иргэдээ эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө бөхөлзүүлэх, тэдний эрхэнд байлгах гэсэн ийм л хуультай.

Гааль, татвар, иргэний бүртгэл, нийгмийн даатгал гэж бодохоор иргэд шууд цөхөрч, бул хар чулуу толгой дээр нь буух шиг болдог. Ингэж монгол төр иргэдээ өмнөө сөхрүүлсэн. Хууль, шүүх, цагдаа, прокурор, тагнуул гэхээр ямар дээрэнгүй, айдас хүйдэс нөмөрдөг билээ. Сүүлийн үед цагдаа хуулийнхныг Орост биш баруунд, Япон, Солонгост бэлдэж байя, тэгвэл оросууд шиг ийм дээрэнгүй хэрцгий болохгүй гэсэн хандлага нийгэмд бий болсон нь үүнтэй холбоотой. Хэдэн жилийн өмнө Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр улс даяар иргэдийн дунд санал асуулга явуулсан. Түүнд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь төрийн алба хүнд сурталтай байна, авлига хээл хахуульд идэгдсэн байна, нэр хүнд нь унаж төрд итгэх иргэдийн итгэлийг илт бууруулж байна гэж үзсэн. Мөн төрийн албаны чадавхын талаар Дэлхийн банк сүүлийн 10 жилийн судалгааг хийсний дүнд “Төрийн албаны гүйцэтгэл Монгол Улсын хөгжлийг хойш нь чангаасаар байна” гэж мэдэгдэж байсан.

Ингэж монгол төрийн алба монголчуудаа тавлаж байна. Уул нь зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд монгол төр чөмөг суусан. Ард түмнээ аз жаргалтай, амар тайван амьдруулах хөрс суурь боломж бүрдсэн. Хамгийн гол нь сэтгэл, боловсрол хоёр дутаж байна. Дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн харгис заалт нь тээг саад болоод байна. Эцэс сүүлд нь дахин хэлэхэд, баруунд боловсрол эзэмшсэн хүмүүсээр төрийн албаа залгуулж Монгол төрийн чадавх чансааг дээшлүүлж, иргэддээ ээлтэй, иргэнээ дээдэлсэн энэрэнгүй төртэй болох цаг нь болжээ. Харин хуучин хэвээрээ явбал төрийн алба улам уруудан доройтож, боловсрол, ёс зүйг уландаа гишгэсэн харанхуй бүдүүлгийн туйл болно!

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая монголчуудад дөрвөн сая галзуутай байх арай хэтрэх үү? DNN.mn

Анзаараад байх нь ээ, Монголд өдөрт бараг гурван галзуу нэмэгдэж байх шиг. Тэд хамгийн гол нь хэвлэл мэдээллээр гарч байж, дараа нь нийгмийн сүлжээнд шуугиан үүсгэн тодордог бичигдээгүй хуультай. Галзуучуудыг бид хэлүүлэлтгүй мэднэ. Бурханаар бөөлждөг бүсгүй, хэвлэлийн хурал хийж байгаад гэнэт өөрийгөө шатаахаар дайрсан үйлдвэрчний эвлэлийн нөхөр, Өэлүн хатан эмээ маань надад тэгж хэллээ гэж нийтэд мэдэгдсэн хунтайж, өөртөө Чингисхаан нэр өгсөн өнөөх залуу, “Өэлүн эх” гэж нэрийдэх болсон зураач эмэгтэй, төрийн ордныг тойрч сөхөрч мөргөөд явсан намын дарга, зурагтаар ярьж байснаа эфирийн өмнө дэргэдэх хүнтэйгээ үг сөрөн шууд зодолдож орилж чарлаад явчихаж байгаа хуульч, өмгөөлөгч, МАНАН-тай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлж хөгжлийн шинэ хувьсгал хийхээр гадаадаас ирсэн улстөрч, хүн хүн рүү хөөс сахруулан дайрцгааж байгаа энэ олон лайвчид гээд галзуучуудыг олон нийт нэгд нэгэнгүй сайн мэднэ.

Сүүлийн үед галзуучуудын эгнээг “Даяар Монгол”-ын нөхдүүд хүч түрэн эзэрхийлж, ард иргэдийг тэмцэлд уриалах, дайн байлдаанд өдөөх, цус урсгая гэсэн үйлдлийг ил цагаан явуулах болсон. Тэдний нэг “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх нөхөр “Эхний удаад гурил цацлаа. Дараагийн удаа ташуурдана…” яана яана ч гэнэ үү. Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүсийг эгээтэй л буудна гээгүй байгаа. “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар төрийн ордон руу буудсанаас хойш иргэний хөдөлгөөнийхний, энэ галзуучуудын олон нийтэд хандан хэлж байгаа үгийг бичихэд сэтгүүлч би өөрөө хүртэл хэрэгт орохоор тийм айхтар хууль бус үгнүүдийг хэлж, юу ч хамаагүй донгосч болдог гэх ойлголттой явдаг юм байна. “Монголоо Беларусь болгохгүй” нэртэй жагсаалын үеэр “Даяар Монгол”-ынхон уг жагсаалыг зохион байгуулж байсан нөхдүүд рүү гурил цацсан үйлдлийг бид нийтээрээ харсан. Энэхүү үйл явдлаас улбаалж хэлэхэд, Монголын нийгэмд яг одоо Украины талын галзуучууд, Украины эсрэг Оросын талыг баримталсан улаан галзуучууд улангассан хэвээр байна. Тэд хаа байгаа Европт болж буй хоёр орны дайнаас үүдэж өөр хоорондоо “дайтаж”, алаан шудаандаа тулж харгис хэрцгий өсөрхөж байгаа нь эмгэнэл.

Нийгмийг донсолгосон, жагсаал цуглаан тэмцэлд турхирсан, Монголыг хагалан бутаргах гэсэн, улс орны хөгжил дэвшлийг гутаасан, ард түмнийг оюун санааны төөрөгдөлд оруулсан, мунхрал тэнэгрэлийн бодит жишээ болсон галзуучуудыг нийгэмд ингэж тодроход юу нөлөөлж байна вэ. Хамгийн түрүүнд нийгмийн сүлжээ, эх захаа алдсан энэ сошиал ертөнц гэж хүн бүхэн хэлж байгаа. Гэвч яг жинхэнэдээ нийгмийн сүлжээ биш. Тэгээд юу юм бэ гэвэл ерөөсөө хэвлэл мэдээлэл. Нийгмийн сүлжээнийхэн цаанаа бас айхавтар бодолтой. Нэг нөхөр хэвлэлийн хурал хийх юм уу, бүр нэг элий балай зүйл яриад унахад шууд цацалгүйгээр хараад байдаг. Үндсэндээ хэвлэл мэдээллээр явахыг нь хараад, отоод байдаг. Хэрвээ хэвлэл мэдээлэл түүнийг гаргахгүй бол шуугьж сүйд болдоггүй. Өөрсдийнхөө ганц нэг сошиал сувгаар явуулсан болоод өнгөрнө.

Харин тухайн үйл явцын мэдээлэл бүтэн өдөржингөө сайтуудаар яваад, орой нь зурагтын суваг бүхнээр гараад, маргаашийн сонинд нийтлэгдсэн байвал тэгээд л нийгэмд шуугиан болдог. Үндсэндээ шинээр тодорсон галзуу албажиж байгаа нь тэр. Хэвлэл мэдээлэл дээр гараад ирэнгүүт өнөө галзуугийнхаа хэвлэлийн хурал, элий балай акцыг нийгмийн сүлжээнийхэн хүлээн зөвшөөрч бүхий л сувгаараа дамжуулж эхэлдэг. Тэгэхээр нийгэмд тодорч од болон “од” болоод буй галзуучуудыг үйлдвэрлэж байгаа фабрик нь ердөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бид байна. Дөрөв дэх засаглал, нийгмийг соён гэгээрүүлэх гээд олон чухал үнэт зүйлтэй хэвлэл мэдээлэл эцэстээ ийнхүү галзуучууд үйлдвэрлэдэг фабрик болж хувирсан байна.

Монголд өнөөдөр 400 гаруй мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулдаг юм гэсэн. Тэр бүх сайтын ард сэтгүүлчид байгаа. Өмнө нь сонин, телевиз, радиод ажиллаж байсан ч байна уу, мөн хөгшин залуу, цол хэргэмтэй эсэх нь хамаагүй ямар чиг байсан сургууль номыг нь үзсэн мэргэжлийн сэтгүүлчид сайтуудад ганц нэгээрээ ч болов байж л байгаа. Дээрээс нь энэ олон телевиз, бүгд мэргэжлийн сэтгүүлчидтэй. За тэгээд өдөр тутмын сонин гээд нарийсаад явахаараа мэргэжлийн редакци, хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллага мөн. Гэтэл өнөөдөр яг үнэндээ бид л Монголын нийгэмд галзуучуудыг төрүүлж байна. Бурханаар бөөлжсөн гэх тэр эмэгтэйг хэн анх Монголын нийгэмд таниулсан юм бэ. Орон нутгийн телевизийн сэтгүүлч “амьд бурхан”, “ер бусын хүн” гэж мэдээлээд, дараа нь олон түмний итгэл хүлээсэн Монголын нөлөө бүхий том телевиз мэдээллийнхээ хэрэгслээр Монгол даяар цацсан. Хуучны “Алтан цөгцний хэрэг”, төрийн үзмэрч, өөрөөсөө гал гаргадаг эмэгтэй шиг ард түмний тархийг угаасан. Тэр Үнэн ба юу ч билээ дээ намын залууг хэвлэл мэдээлэл зогсоо зайгүй сурталчилж үг бүрийг нь, амнаас нь гарч буй шүлс бүрийг ард түмэнд наасаар эцэст нь өнөө залуу өөрийгөө хамгийн мундаг хүн гэж итгээд сонгууль болгонд нэрээ дэвшүүлж, төрийн сэнтийг сэрүүн зүүдэлж явна. Яг энэ залуу шиг Чингис хааныг, Өэлүн эхийг, түрийвчээрээ даллаад мөнгөтэй болдог гэх эмэгтэйг хэвлэлийнхэн бид л тодруулсан.

Одоо энэ фабрикаа зогсооё, галзуучуудыг үйлдвэрлэхээ больё. Гурван сая монголчуудад дөрвөн сая галзуу арай хэтрээд байна. Монголчууд бүгдээрээ ажил хийдэг, нийгмийн энэ элийрэл балайрлаа зогсоож, хүн бүхэн хөгжил дэвшил ярьдаг, шинжлэх ухааныг дээдэлсэн ард түмэн болъё. Ингэхийн тулд хамгийн түрүүнд галзуучуудын хэвлэлийн хурлыг сэтгүүлчид очиж сурвалжилдгаа болих хэрэгтэй. Саяны Х.Бээжингийн хэвлэлийн хурлыг бүх сайт, хэвлэл мэдээлэл явуулж байгаа нь үнэндээ гутамшигтай харагдсан. “Энэ элийрч самуурсан галзууг гаргаад байхдаа яахав дээ, ээ хөөрхий минь” гэж бодсон. Тэр нөхрийн ярьсан яриаг бүгд анзаарсан байх. “Орос орон байхгүй бол Монгол орон байхгүй” гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Монгол Улс Оросын харьяаных болж таарч байна уу. Тэр хүн “Оросыг эсэргүүцсэн бүхнийг би хядна” гэж хэлж болно. Мэдээж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Харин тийм тэнэг зүйлийг нь “ээ мундаг, ёстой гоё” гэж алгаа ташин дэмжээд бүх сайтууд гаргаж, зурагтын сувгууд тал талаас нь үзүүлж байгаа нь инээдтэй юм. Шуудхан хэлэхэд, шившигтэй ичмээр санагдсан. Ер нь манай вэб сайтынхан иймэрхүү юмыг нэг их мундаг, сенсааци гэж уралдан сайтдаа оруулдаг ерээд оны шар хэвлэлийн, нийгмийн гажиг сэтгэхүйгээсээ одоо гарах хэрэгтэй. “Бат-Үүлийг ташуураар ороолгоно” гэхээр л ёстой гоё, нийгмийн дуулиан гээд бодоод байна. Ямар утгаар, юуны учир тэгж хэлэв, цаана нь улс орны ямар эрх ашиг, юу хөндөгдөж байна, өнөөдөр Э.Бат-Үүлийг маргааш магадгүй намайг өөрийг минь ороолгох юм байна гэж хэрсүү бодох ёстой.

Дээрээс нь хэн ч хамаагүй ирээд хэвлэлийн хурал хийдэг энэ байдлаа хэвлэл мэдээллийн төвийнхөн болих хэрэгтэй. 50 юм уу, 80 мянган төгрөг өгөөд л хэн, юуны ч тухай ярьж болдог ийм хямдхан, үнэ цэнэгүй мэдээллийн төв гэж байх уу. “Та ямар асуудлаар юуны тухай хэвлэлийн хурал хийх вэ” гэж заавал асуудаг баймаар. Хэрвээ улс орны эсрэг шинжтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тийм хурал хийх төлөвтэй байвал шууд цуцалдаг байх ёстой. Түүнээс хэнээс ч хамаагүй таван халтар төгрөг аваад үнэт зүйлээ доромжлуулаад суух цаг одоо биш. Мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна. Илтээс тэнэг, мунхралын, галзуучуудыг гаргасан сайтад албан бичиг хүргүүлж анхааруулдаг байх, хэрвээ олон удаа зөрчвөл тухайн сайтын эрхийг нь хаадаг, ийм жишгийг тогтоодог хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байна.

Энэ бүгдийг сайтар тооцоолж хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчид хариуцлагатай, ухаалаг ажиллахгүй бол галзуучууд мэдээллийн хэрэгслээр гарч, улмаар нийгмийн сүлжээгээр нэвтрэн өт шиг язганаад эцэстээ Монгол Улс галзуучуудын орон шиг болоод байна. Фэйсбүүк, твиттер, инстаграм,телеграм болон пэйж хуудас, сошиал сувгууд, телевиз гээд нэг хүнд 200, 300 мэдээллийн суваг байна. Нэг хүн ийнхүү 300 сувагтай юм бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа 6000 хүний хичнээн суваг байж таарах вэ. Мөн фэйсбүүк хэрэглэгчийн тоогоороо бид дэлхий бараг толгой цохидог, Азидаа бол номер нэг гэж байгаа. 3.3 сая хүн амтай дөрвөн сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Ийм мэдээллийн шуурган дунд од болон тодорч буй бүхэн галзуучууд байгаа нь аймшигтай. Хуучин цагт од болон гялалзах сайхан байсан бол өнөөдөр нийгэмд тодрох гэдэг ичгэвтэр, гутамшигтай болсон. Од болсон нэгийгээ “За нэг галзуу нэмэгдэж байна даа” гэж цөөн хэдэн эрүүл ухаантнууд нь харж тохуурхаж сууна.

Галзуучууд өдөр өдрөөр нийгэмд ингэж үржиж байгаа нь улс орны ирээдүйд айхавтар хорлонтой байна. Төмөр замын цариг, уул уурхай, лиценз хаана л хөгжлийн түлхүүр байна тэр бүгдийг эсэргүүцэж, нухчин дарах гэж нийгмийн шуугиан болгодог. Төр засгийг ажил хийлгэдэггүй, төр засаг ч үүнд нь дуртай байдаг бололтой. Урд хилээ нээх хүнд хэлэлцээрт орохын оронд төрийн ордонд пүүзтэй орж болно гэх шийдвэр гаргах нь манай эрх баригчдад хамаагүй хялбар. Ард түмнийхээ шаардлагаар ийм шийдвэр гаргалаа гээд өнөө галзуучуудаа улам галзууруулчихаж байх жишээний. Урд хил хаалттай, хойд хөрш дайнтай эдийн засгийн энэ хүнд нөхцөлд хилээ нээгээч гэж нийгэм даяар шуугиан болгож, жинхэнэ цамнаад гараад ирэх галзуу байхгүй байгаа нь сонин. Хилээ нээгээч, бид өлсөж үхлээ гэж амь тэмцэхийн оронд орос байхгүй бол монгол байхгүй гээд монголчуудаа алж хядах тухай ярьж буй галзуучуудтай байгаа нь харамсал. Өвчин зовлонгоор далимдуулж хоёр хөрш маань бидэнд ямар харгис хүйтэн хандаж байгааг уг нь мэдэж л баймаар юм даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг эргэн дурсахуй DNN.mn

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар


“Хөх үндэсний гал” найргийн наадам

Хоёр мянга арван гурван оны өвлийн цагаан будан татсан гэрэлт өдөр Өвөрхангай аймгийн театрт Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” наадмыг жулдрайхан би эхлүүлж байлаа. Үндсэндээ түрүү жилийн эзэн дараа жилийнхээ цомыг нээдэг тэрхүү уламжлалын дагуу 30 жилийнх нь тэгш ойд түрүүлсний хувьд Пүрэвдорж гуайнхаа наадмыг “Өвгөд минь өндрийн салхи болохуйд” шүлгээрээ нээж байсан. Тэрхүү хувь заяагаа би дандаа сүслэн боддог. Пүрэвдорж гуай өөрөө санаачилж эхлүүлсэн, анхны түрүүг нь хүртсэн авшигтай эл наадмыг 80 насных нь их ойгоор өөрийнх нь нэрэмжит болон хүмүүн биеийг олсон халуун голомт Өврийн хангай нутагт нь болоход нээнэ гэдэг хувь заяа гэхээс өөр яалтай. Шүлгээ дуудчихаад, шүлгээ уншихаар гараанаас эргэх гэж буй морьд шиг тогтож ядан байгаа найрагчдынхаа дунд орж ирэхэд омог төгөлдөр байсан даа. Эрдэнэ-Очир ах минь, Хөөдөө ах минь, дархад Мийгаа ах минь, Лхамсүрэнжавын Ганзул ах минь бүгд шүлгээ унших гээд ирийтэл зогсож байсан сан. Мөн ч алтанхан сайхан он жил байж шүү. Наадмын урьд өдөр “Уран үгсийн чуулган”-д Монголын яруу найргийн их оргилууд Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Пунцагийн Бадарч нарын тоосон дунд орж цомын эзэн хэмээн Ичинхорлоо найрагчаар зарлуулж байснаа одоо эргээд бодох нь ээ, айх ч шиг. Их найргийн бурхдын сүрд дарагдсан бахдал дүүрэн он цаг минь.

Хоёр мянга арван долоон оны аравдугаар сарын цас будагнасан намрын орой. Их найрагчийн “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зорьж яваа бидний нөхөд Шартын давааны хөтөл дээр дуу шуутайхан гарч ирэхэд зөөлөн цагаан цас бударч байлаа. Эндээс бид тэнгэрлиг найрагчийнхаа онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг харан баясаж, бүгд л сэтгэл зүрхэндээ залбирч байлаа. Хайрт хүүгийнх нь халуун зүрхний дуулал болсон “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг” уул нь яг л дүрээрээ угтсан сан. Алдарт Шарлингийн голыг гаталж Их Монгол уулын хаяа, Монгол Улсын минь төв цэг алтан хүйс нь болсон Бүрдийн төвд их найрагчаа дурсан суусан тэр үдшийн сайхныг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Төрбат ах “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь аньсага дүүрэн нулимстай зүрхнээсээ дуулж байсан нь чихэнд минь сонсогдсоор л байна. Санжийн Пүрэв баавай үе үе сэтгэлд гэгээ таттал зөөлнөөр инээмсэглэн, тамхины цэнхэр утаа суунаглуулан нургилтал гоё ярьж, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн Пүдо-тойгоо дөрөө харшуулж явсан дурсамжаасаа хуваалцан хайр бахархлын инээд татуулж эрхэмсэг сууна.

Цэцтэй найрагчийн одод тэнгэрийн дор цээж огшин, Их Монгол элсний алтан шаргал нурлагыг чимээлэн шөнийн аниргүйд хэсэгхэн алхаад өрөөнд орж иртэл өөдөөс “Мөнхийн үсэг”-ийн Ганбат ах “Эрхэм дүүгээ ирснийг Ичинхорлоо найзаасаа сонслоо. Дүүтэйгээ нутгийнхаа тэнгэр дор уулзахгүй ах нь яаж явах билээ” гээд угтдаг юм байна. Монголын хэвлэлийн зах зээлд түүчээ нь болж чухамхүү алтан үсгээр бичигдэх гавьяаны эзэд бол “Мөнхийн үсэг”-ийнхэн юм. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч ахуйдаа тухайн үеийн “Дархан сэргэлэн” компанийн захирал Гэлэгжамцын Батмөнх гэж эрхэм хүмүүний нэрийг зурагтаар зохиолчдын амнаас олонтаа сонсч байсан. “Болор цом”-ын эздийн Эрдэнэт, Дарханаар явсан гэлт тэрэгний аялал, Дарханд болсон Төрийн шагналт зохиолчдын уулзалт, мөн Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт эл бүхний ард “Дархан сэргэлэн”-гийн гэх тодотголт Баянхонгор нутгийн хүмүүн Батмөнх гуай байжээ. Чимиддорж ахын “Мөнхийн үсэг” шүлгэнд тодорхой бий дээ. Батмөнх гэж номын шүншигтэй хүмүүний охин нь эдүгээ Гадаад харилцааны сайд хатагтай Батцэцэг юм. Эрхэм сайдын хань нь тэртээ 2004 оны Монгол төрийн их баяр наадамд Дашдоржийн Цэрэнтогтох аваргаар улсын цолны босго алхсан Довдонгийн Ганбат начин билээ. Батцэцэг эгч, Ганбат ах хоёр намайг дөнгөж дээд сургуулийн ширээнээс салаад анхны номоо гаргачих санаатай хэдэн навтарган хуудас сугавчилж явахад халуун дотно хүлээн авч “Дотоод орон зайн урсгал” номыг минь хямдхаан үнээр хэвлүүлж өгсний ач буяныг би мартдаггүй. Ганбат ахтай, ангийнхан нь болох хэл уран зохиолын багш бүсгүйчүүдтэй яриа өрнүүлж, Пүрэвдорж гуайнхаа “Урт намар” тэргүүтэй олон шүлгийг би цээжээр уншин сэтгэл бадарч суусан.

Маргааш нь 10 дугаар сарын 15-ны өдөр. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн төрсөн өдөр. Нутгийн зон олондоо омог бардам шүлгээ дуудаж байсан Бүрдийн Соёлын төвийн ерөөлт тайзнаа “Хөх үндэсний гал” бадамлан аслаа. Тангадын Галсан гуай минь “морин толгой” найзынхаа тухай нулимс гармаар олон сайхан дурсамж өгүүллээ. Дамбын Төрбат шавь нь “Сүү” шүлгээ нүднээсээ нулимс асгаруулан зүрхнээсээ сүү асгаруулан уншиж багшдаа ерөөлийн дээж өргөлөө. Тэр наадмын шүүгчээр “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай суусан гээд бод доо. “Азын цэнхэр уул”-ын сэтгэлийн нөмөрт шүлгээ уншсан азтай л хүүхдүүд дээ, бид.

“Эх хэлээ эрхэмлэн шүтэж

Хөрст дэлхийд Монголоо дархалсанд

Эзэн Чингисийнхээ сүлдийг тахиж

Хөх үндэсний галаа манасанд

Дэндэвийн Пүрэвдоржийн алтан тоонотоос

Дээж найргийг тань алдаршуулан хүндэтгэв” гэх бичээс бүхий өргөмжлөлийг Их найрагчийн халуун голомт Хажуу булгийн буурал хонд, Эрээн уулнаас миний бие гэрийнхээ хойморт залсан юм. Бүрд сумын 2 дугаар багийн малчин Тойвын Жамбалдорж гэж хүний ивээн тэтгэж өгсөн 1 сая төгрөгнөөс бусдадаа хишиг хүртээж үлдсэнийг нь тоо ёсоор нь гэргийдээ авчирч өгсөн юм. Жамбалдорж ах “Миний ивээн тэтгэсэн шагналыг дүү хүү хүртсэнд…” гээд сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой цагаан портерынхоо кабинд гэргий хүүхдээ суулгачихсан ирж билээ. Миний бие ном бүтээлээ зөрүүлж барьсаан. Сааль ханхалсан гэргийд нь үнсүүлэхэд нэг л гоё санагдаж, намрын хонгор цагаар Хөшөөтийнхөө голд очсон юм шиг гэгээн бодол төрж байсан. Найргийн наадмыг хүндэтгэн зорьж ирсэн Наранхүүгийн Пүрэв, Жунайн Даваасүрэн гээд Өвөрхангайн гэгээн сайхан ах нараар үдүүлж аян замын туршид их найрагчийн шавь Заяатын Ядмаа, Нацагийн Даваадаш нартай багшийг нь дурсаж инээд наргиан дунд буцсан даа.

Тэгвэл дараа жил нь буюу 2018 оны 10 дугаар сарын 15-нд Их найрагчийн 85 насны ойн “Хөх үндэсний гал” наадам Улаанбаатар хотноо Улсын дуурийн театрын тайзнаа болж билээ. Энэхүү эрхэмсэг тайзнаа 2004 онд багш шавь хоёр (Пүрэвдорж, Төрбат) Монголын уран зохиолын дээжис 108 ботийн ном нээх хүндэтгэлийн ёслолыг соёрхон хийж их найрагч ёстой л араагаа гартал тас тас инээн, амандаа гал зуусан бүргэд шиг лундаатай байж билээ. 108 ботийн хүндэтгэлээс дөрвөн жилийн дараа 2008 оны өвөл Дөнгөтийн Цоодолын “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” мөн л энэ тайзнаа болоход их найрагч нэг их гоё улаан зангиа гялалзуулаад Цоодолынхоо үдэшлэгийг нээж байсан. Эл бүгдийг миний бие нүдээр үзэж, дэргэдээс нь бахдан биширч явсны хувьд Дуурийн театрын тайз Пүрэвдорж гуайн цог жавхааг эрхгүй санагдуулж байсан. Монголын дуурийн алтан гургалдай Аюушийн Загдсүрэнгийн хоолойд зориулж, агуу их Ламзавын Ванганы захиалгаар бичсэн “Алтан намар” дуу нь энэ театрын тайзыг 70 жил эзэгнэн байна гэж бодохоор сайхан.

Тэрээр урлагийн энэ сүм рүү үзэгчдийн хаалгаар бус амьдрал өрнөж байсан тэр талаас нь шууд орчихсоноо дурсаж, Халхын цоохор Цогт, Арслан тайж, Хулан хатан, Гүенбаатар, Улаан малгайт дүрээрээ зогсож байхад би сүрдэхгүй хайчих юм гэж хэлж байсан. Тэгэхээр энэхүү театр нэрт найрагчийн шүншиг оршсон, идэр залуугийнх нь сүлд хийморь оршсон ариун сүм юм. Энэ л ариун сүмд 85 насных нь “Хөх үндэсний гал”-ын дөлөнд ёстой л гал бутартал шүлгээ уншиж аман хүзүүдэн алтан тайзан дээр нь бас л мялаалгах нь тэр ээ. Тайзнаас буухуйд их найрагчийг өөрийнх нь өчсөнөөр “Бээжинд жасаалсан хохь тайж” байхад нь Элчин сайдаар тохоогдож, хадаг сүүтэй угтуулсан аварга Дагвын Цахилгаан баяр хөөр дүүрэн тэвэрснийг санаж байна. Ингэж молхи би Монголын яруу найргийн хөх сүмбэр оргил Пүрэвдорж гуайнхаа Хөх үндэсний гал”-ын дөлөнд хоёр жилийн намар төрсөн өдрөөр нь онгод цоргисон авшиг авч, дараа нь жил Сэгс цагаан Богд найраглалын гэрэлт хөшөөнийх нь алтан туузыг хайчилсан ерөөл билгээ бодож гурван намар Пүрэвдорж гуайдаа үнсүүлснээ зүрх долгилон сананам.

Пүрэвдорж гуайн дурсамжууд

Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж бол яах аргагүй их урлагийн алтан үеийн бурхдын дунд явсан сод хүмүүн. Өнөөдөр домог мэт яригддаг хоёр Цэгмид, Гончигсумлаа, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж, Намхайцэрэн, Гомбосүрэн гээд урлагийн бурхдын эгэл нандин дурсамжуудыг Пүрэвдорж гуай л ярина. Үндсэндээ тийм л зиндааны ховор хүн байж дээ. Ингээд Пүрэвдорж гуайнхаа дурсамжаас хүргэе. Эхлээд төрийн шагналт, ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг нь сөхье. “Цагааны Цэгмид гуай үргэсэн мэт дав дэвхийсэн огцом хөдөлгөөнтэй гялалзуур хүн. “Сүхбаатар” кинон дээр Сью Шү Жаны зул үлээдэг тэрхэн хоромд жүжигчний олсон дүрийн гайхалтай нээлт хувь хүний төрхтэй авцалдаж хэтний цахил мэт гялсхийдгийг үзэгчид андахгүй. Намайг театрт байхад “Сэрэлт” киног бүтээсэн юм. Уг киноны лам ах руугаа хилэнгийн дөлд ноцон орж байгаа хэсэгт Цэгмид гуайн огцом хөдөлгөөн дүрийн туйлын өрнөлийг харж болно. Дашрамд өгүүлэхэд, орос эмчид тоглосон Доржпалам хэмээх орос царайтай гозгор охиныг анх би тэр үед харсан юм. Харин яагаад ч юм бэ З.Баттулга (“Хөх тэнгэр” романы зохиогч Зо Па Жингийн Баттулга) гуай түүнийг манай охин гэдэг байлаа. Баттулга ч яахав дээ, Янжинжав(Сэрэлт киноны Сүрэнд тоглодог)-ыг бас манай охин гэж байгаад Эрдэнээгээр түлээ хагалуулчихдаг хүн л дээ. Би чухам яагаад Баттулгын тийн хэлдэг байсныг учрыг өөрөөс нь ч, Чимид гуайгаас ч асуугаагүй. Тэр бүсгүйг хожмын ардчилсан хувьсгалч Зоригийн эх болж зовлон үзнэ гэдгийг яахин төсөөлөх билээ. Миний найз Гомбосүрэн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байхдаа намар оройхон салхинд гарч айраг ууя, ганц нэг хулгар шар ч юуны магад гэлээ. Би гэдэг тогоо буудахаас өөрийг чаддаггүй болохоор Ц.Цэгмид гуай, боорцог хэмээх Лувсан гуай хоёрыг хань татаж хамт явлаа. Тэр хоёр хөвөнтэй өмд цамцтай, Цэгмид гуай дугуй хар малгайтай явсан сан. Цэгмид гуай замд гараад л Далай хятад болчихов.

-Далай гуай таныг Алтан гадсаар шагнажээ. -Ай яа, хэдэн лан…-Далай гуай таныг хөдөлмөрийн баатар болгох гэнэ. -Чи юу ялисаан. Хуучин цаг өмд баатар хэлсэн. Одоо бас ямар баатар хэлнээ. -Далай гуай та монгол дуу сурсан биз дээ. -Дуулж бол ч чадаагүй. Үг бол ч мэднээ. -Нэг дуулахгүй юу. –“Нэг нуур байсан ваа, тэр мөс болсоон. Загас үхчихлээ хөөрхий” энэ ямар дуу байсаан. Ёстой үнэн шүү. Бас нэг дуу байнаа. Нэг жаахан шар морь явсаан. Бас нэг лам хүн байсаан. Тэр ламуны нэг юм газар ойчсон ваа. Тэр юу ойчсоон, манай мэдэхгүй… гэхчлэн инээд барж хоосон дош харж явсаар орой тийш Хүй долоон худагт нутаглаж байсан жолоочийн аав ээжийнд очлоо. Зэврүүхэн байсан тул дотроо халааж байгаад хүйтэн айраг ууж шөнө орой болтол наргиж суухад Цэгмид гуай Далай хэвээрээ л байлаа. Түүнийг морь харахаар гарахад гэрийн эзэн эзэгтэй хоёр “Дотор хүн гэхэд айхавтар монголжжээ. Айраг сайн ууж байна шүү” гэхэд бид ч амыг нь дагуулж багадаа ирсэн юм гэнэлээ гээд тайлж өгсөнгүй. Цэгмид гуай “мал байнаа ам тос байна. Мал байхгүй тос байхгүй. Монгол газар ёстой сайхан. Мах иднээ манай дотор газар бол ногоо идсэн шүү. Манай Дулмаа мах дуртай” гэв. Тэгэхээр нь “Танай Дулмаа хорины даргатай ходий гэх чинь билээ” гэхэд -Хорин даргаа янчаан байхгүй, ядуу, дандаа мөнгө гуйна. Би яахав, танай бас өгнөө хөөрхий, архи их дуртай золиг оо. -Одоо ч танай Дулмаатай жаргаж байгаа даа. -Муу золиг, би явлаа, явуваа гэж огло үсрэн босоход гэрийн эзэд хоорондоо хартай бололтой гэж ирмэлцэнэ. Бид худлаа худлаа Далай гуай. -Тийм байхаа, би үхье санасан шүү гэж тайвшран сууна. Энэ мэтээр наргиж хоноод маргааш нь үнэн учрыг хэлэхэд, тийм байх аа. Даанч их айраг уусан юм гэж бөөн хөхрөлдөөн болж билээ.

Цэгмид гуай эл аяг энгийн наадам наргиа мэт боловч түүний дүрд хувилж чаддаг гаргуудын авьяасын өчүүхэн жишээ мөн. Түүнийг “Цогийн идэр нас” жүжигт гурван ч туслах дүрд хувилж чадахад театрын би танихгүй байсан гээд боддоо. Нэг өвөл Сэнгээ багш хэсэг зохиолчдын хамт хэдэн сангийн аж ахуйгаар ороход Цэгмид гуай явсан юм. Орхонтуул суманд бид уулзалт хийв. Тэдний клуб гэж цагаан баавгайнаас өөр амьд амьтан тэсэх аргагүй мөсний хөндий. Бид үстэй дээлтэй эсгий гуталтай. Гэтэл Цэгмид гуай хувцсаа сольж судалтай хар костюм, лаакан шаахайтай гялалзан орж ирээд жүжгийн хэсгээс тоглож бас “Төмөр тэргийг унаад гарваа Түшээд вангийн хошуугаар дайрч гарваа…” гэж дуулчихаад тэвхэлзэн гарч билээ. Үзэгчдээ хүндлэх жүжигчин хүний сэтгэлийн эрчим цог хийморь гэдгийг тэгэхэд би гайхан биширсэн юм” гэсэн байдаг.

Тэгвэл “Богд хаан”-ы дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн тухай ийн өгүүлсэн байдаг юм. “Нямын Цэгмид гуай бол түшигтэй нуруутай, гүндүүгүй гайхамшигт монгол хүн. Элдэв ов мэх, бултаа зайлаа байхгүй, түс тас хэлчихнэ. Харин нэг “үгүй” гээд гэдийчих юм бол дөргүй бух шиг зүтгэнэ. Бичиг цаасны ажилд дургүйгээс гадна чадах ч үгүй тул гарын үзүүрт намайг зарна. Нэг удаа өрөөнд нь сууж байтал утас нь хангинав. Цэгмид, -Аан Болод дарга сайн уу. Концертоо, ямар ч бололцоогүй, чадахгүй…чадахгүй…чадахгүй гээд утсаа тавьснаа “Шинэ уран бүтээл өгөх гэж байхад концерт бэлтгэж тоглуул гэнэ. Энэ дарга нарын дураараа гэдэг нь…” гэж байна. Цэгмид гуай гарч тайз гэрэл тохируулж байсан хүмүүс дээр очоод зааж зураад л би халаасанд хараад зогсож байтал нөгөө Болод дарга нь ороод ирлээ. -Тэр Цэгмидийн дууд гэж зандрангуй хэлэхэд нь би очиж дуулгавал -Байз би ажлаа хийж байна. Тэр яасан завтай дарга вэ гээд хөдөлдөггүй. Болод гуайн уур нь хүрч байгаа бололтой түүний шарангуй царай улайчихсан харагдана. Хэд хэдэн хүнээр хэлүүлсэн боловч Цэгмид гуай тайз гэрэл, жижиг хэрэглэл шалгаж зааварлаад л яваад байв. Нэлээд удсан хойно Болод гуай дагаад явлаа. Маргааш нь юу болсныг сониучилбал Цэгмид гуай -Өрөөндөө ороод ирэхээр нь хаалгаа цоожилж түлхүүрээ хармаалчихаад ширээний ард суугаад “Би дээд даргатайгаа гудамжинд ярьдаг хүн биш. Та ярих юмаа энд ярь” гэлээ. Болод ч шатаж байна. “Биеэ тоосон их зантай, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гээд бууж гарлаа. Би дуугай л суугаад байлаа. Асуултад ч хариулсангүй. Хүн аль болгон ганцаараа ярих вэ дээ. Хад өшиглөж байгаа юм шиг болоо биз. Дуу нь зөөлөрсөөр дуугай болохтой нь зэрэг би -Та ярьж гүйцсэн бол би ярья гэж байгаад хамаг зовлонгоо тоочлоо. Орон тоо, төсөв гээд надад нэхэх юм зөндөө байлгүй яахав. Мань эр сүүлдээ залхав бололтой. -Энэ асуудлыг жич ярья, би явлаа гэдэг байгаа. -Үгүй шүү даргаа. Нэгтэй л ам нээснээс дотроо уудалж шавхаж байж л салъя даа гээд шалаад суучихлаа. -Больж үз Цэгмид минь хаалга онгойлго. Миний ажил сүйд боллоо гээд байхаар нь гаргасан. Тэгэхдээ ч бас хэдэн юм нааштай ам ангайлгаж авсан. Манай Болод улаан халз үзсэн хүнд сайн хүн юм шүү дээ гээд хүд хүд инээж билээ.

Тайзны машинист Осор хойшоо дадлагаа явах тул тодорхойлолт бичиж суулаа. Би ч магтаж бичээд л. Ер нь сайхан хүн юм чинь. Тэгтэл гэр бүлийн байдал гэдэг асуулттай тулгарав. Тэрбээр эхнэрээ солиод удаагүй байсан болохоор би “Гэр бүлийн талаар” гэтэл Цэгмид гуай –Тэр чинь нээрээ нэг золигтоод байгаа гэлүү. Гэр бүлийн талаар маапаантай гэж бич гэж байна. Тэгж бичилтэй нь биш дээ. Гэр бүлийн асуудал нь суралцахад зөрчилдөх зүйлгүй гэсэн ухааны юм бичиж дарга ч зөвшөөрлөө. Илтгэл айлтгал тодорхойлолт иймэрхүү ажил тасрахгүй. Нэг удаа би уран сайхны зөвлөлийн хурал дээр “Би ер нь утга зохиолын эрхлэгч юм уу, Нямын Цэгмидийн нарийн бичиг юм уу” гээд тавьчихсан чинь “Чи утга зохиолын эрхлэгч мөн. Нямын Цэгмидийн нарийн бичиг мөн” гээд л таг. Цэгмид гуай удирдах хэсгийнхнийг ёстой улаан нүдэлтэл хуралдана. Коллективээр шийднэ гээд суучихаараа өөрөө ч гарахгүй, биднийг ч гаргахгүй.

“…Манай театрын зорилго болвол

Маарштал хуралдахад байдаггүй юм

Төв театрын зорилго болвол

Төгсгөлгүй хуралдахад байдаггүй юм” гэж би ямар сайндаа хуучин дууны аянд үг тааруулж суух вэ дээ. Тэр үед ямар нэгэн дарга нь хойшоо явсан уу, эсхүл нөгөө Бал нь “Правда” сониноо улаан хөх харандаагаар зурсан уу, “хамтын удирдлагын зарчим” гэж нэг юм гаргаад бидэнд тэр нь гай болж дарга, уран сайхны удирдагч шийдчих юмыг хурал тэмдэглэл тогтоол болгодог байлаа. Цэгмид гуай зузаан илтгэлд дуртай. Ванган бид хоёр арга сүйхээллээ. Бичгийн цаасыг голоор нь хуваагаад томоор цөөхөн мөр бичих арга олов. Ванган гол санааг хэлж би найруулан бичих үүрэгтэй. Цэгмид гуай хааяа -Ололт явж байна уу…тэрийг сайн бич гэхэд Ванган тэр чинь сая тоглолт тасалсан гэвэл -Тийм үү…тэгвэл муу гэж бич гэнэ. Харин хойшид тавих зорилтын хэсэгт хогийн шүүр, шалны алчуур гэхчлэн баахан юм бичүүлнэ. -Хэдэн хуудас болж байна вэ. -Зуу гарчихлаа. -Болж байна, сүүлд нь нэг сайхан зоригжуулсан, уриалж дуудсан үг бич гэнэ. Улирлын тайлан бусад хурлын хэрэг иймэрхүү маягаар бүтэх бөгөөд тоглолт тарсны хойно эхэлдэг болохоор үүр цайлгах үе ч тохиолдоно. Гэвч бидний зуу гаруй хуудас илтгэл машинаар цохиход арваад хуудас л болдог байсан юм.

Цэгмид гуайн тухай явган шог мундахгүй. Танихгүй шахам Банзрагч гуайг нэг удаа хүргэж өгөөд “Би чамтай сууна шүү” гэсэн. Хуучин их дэлгүүрийн баруун модон гүүрэн дээгүүр гарч явтал үжирсэн банз цөмөрч л дээ. Авгай нь эргэж хараад “Юугаа хийгээд байгаа юм бэ, явъя” гэхэд “байз, би хөлөө авч байж явна” гэсэн. “Сүхбаатар кино хийж байхад Ташкентад трамвайгаар явж байхдаа “Миний өвөрт нэг гар яваад л байна” гэж байснаа хэдэн буудал өнгөрсөн хойно “энгэрийн цаг алгаа” гэсэн… ч гэх шиг. Цэгмид гуай ер нь амгалан, аажуу хөдөлгөөнтэй уцаарлахаас уурладаггүй бодь хүн байсан даа. Намайг Бээжинд байхад Цэгмид гуай минь таалал болсон. Сураг сонсоход алдаг оног аяга сүүтэй цайтай байсан гэнэ лээ. Энд бас л нөгөө төрийн хатуу сэтгэл. Үндэсний соёлд ойж гарсан од гэдэг одоогийн сонин дээр гардаг шиг гэрэлт цох биш ээ” хэмээн дурссан байдаг. Энэ мэт Пүрэвдорж гуайнхаа дурсамжийг бичвэл их урлагийн бурхдын минь гэгээн он цаг ургаад ирнэ. “Алтан үеийнхний зарц” гэж их найрагч өөрийгөө хэлсэн байдаг. Энэ бол цаагуураа “Би алтан үеийнхний нэг юм шүү” гэсэн даруухан өчил байжээ.

“Хөвсгөл нуурын мандал тэнгэрийн хаяанд хөвхөрлин уусахыг, Мэнэнгийн тал дундаас нар хайлмагтан ургахыг, Алтай таван Богдын цаст оргил үүл сүлбэн алдрахыг харсан. Увс нуур баримтаг тайлж аварга мөсөн цөн мөргөлдөн цоройхыг, Эг, Тарвагатайн бэлчирт тул загас улаан сүүл даллахыг, Гурван нуурын толинд их эзэн Чингисийн дүр сэтгэлд ургахыг үзсээн. Хатан Сэврэйн Толь хаданд Ноён уул болрын талст гялбалзуулан эрхлэхийг, Ногоон цавын хоолой зэрэглээнд хошмоглохыг, Орхоны улаан цутгалан нүргэлж буухыг, Найман нуур уулсын тахил мэт мэлтрэхийг биширч суусан. Аяа миний Монгол юутай түмэн үзэсгэлэн” гэж Пүрэвдорж гуай минь дуу алдсан нь бий. Миний бие энэ л сайхан уул усанд яруу найргийн буян, “Өдрийн сонин”-ыхоо буянд очиж тэр бүрийд их найрагчийн сүр сүлдийг сэтгэлдээ дууддаг. Тийм ээ, Агуу их Пүрэвдорж гуайн минь суу билэг цагийн цагт орших болтугай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: “Таван толгой-Зүүнбаян”-гийн төмөр замын тээврийг үндэсний компани нь буюу “Монголын төмөр зам” ТӨХК хариуцах учиртай DNN.mn

Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, дэлхий даяар тээвэр, логистикийн хямрал нүүрлэн гагцхүү төмөр замын тээвэр л саадгүй явж, давуу тал нь мэдрэгдэж байгаа. Олон нийтийн хүсэл сонирхол төмөр зам дээр тогтсон энэ үед “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км шинэ төмөр зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийж эхэлсэн Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасантай ярилцаа.


-Бид шинээр төмөр зам барьж байгуулан, тээвэрлэлтийг эхлүүлсэн нь яах аргагүй танай хамт олны гавьяа. Төмөр зам хэдийнээс баригдаж эхлээд, хэзээ дуусаад, тээвэрлэлт хэзээ эхэлсэн, юу тээвэрлэж байна гэдгээс яриагаа эхэлье?

-Монгол Улс 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн баримтлах бодлого”-доо Говийн бүсийн, Зүүн босоо тэнхлэгийн, Баруун босоо тэнхлэгийн, Хэвтээ тэнхлэгийн гэсэн 4 чиглэлийн, нийтдээ 5,600 км урттай төмөр замын үндэсний, дотоодын нэгдсэн сүлжээтэй болно тодорхойлсон байдаг. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам нь энэ бодлогын хүрээнд барьж байгуулагдсан, Говийн бүсийн чиглэлд хамаарах төмөр зам юм. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавих ёслолын ажиллагаа 2019 оны 5-р сарын 24-ны өдөр болж байсан бол өнөөдөр суурь бүтэц үндсэндээ баригдаж дуусаад байна. Гурван жилийн л ажил. Төмөр замыг ашиглалтад өгөхийн тулд зүгшрүүлэлт хийхийг стандарт шаарддаг, зүгшрүүлэлтийн тээврийг энэ оны 3-р сарын 15-ны дотор төлөвлөсөн хугацаандаа багтааж эхлүүллээ. Манай Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын жилд тээвэрлэх хүчин чадал нь 15 сая тонн, цаашдаа хүчин чадлаа өргөтгөж 30 сая тоннд хүргэх боломжтой Бид энэ жилдээ зүгшрүүлэлтийн тээврийн хүрээнд 1.2-3 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж байна. Эхнийхээ тээврээр Оюу толгойн 6400 тонн зэсийн баяжмалыг Замын Үүд-Эрээн боомтоор гаргаж далайн Тяньжин боомтод хүргэсэн, энэ нь манай улсын хувьд анх удаа Тяньжин боомт хүрсэн шууд экспорт болсон. Далайн боомтод хүрнэ ээ гэдэг дэлхийн зах зээлд нэгдэж байна. Бид энд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж нээгдэж байна. Зэсийн баяжмалын тээврээс гадна сайжруулсан түлшний түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэлээ, ирэх намар, өвөл энэ тээвэр үргэлжлэн хийгдэнэ. Бидний үндсэн зорилтот ачаа бол нүүрс. Замын Үүд-Эрээн боомтоор хоногт 1 галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүгшрүүлэлтийн тээвэр эхэлснээс хойш 10 галт тэрэг буюу 30.000 тонн ачаа тээвэрлээд байна. Хятадын тал нүүрс гаргахыг түр зогсоочихоод байгаа нь манай нүүрс тээвэр түр зогсоход хүргэж байна.

-Уурхайнуудыг хилийн боомттой холбосон зам харилцаа дутмаг байдгаас болоод манай улс экспортоо санасан хэмжээнд хийж чаддаггүй, нэг зах зээлээс хараат байдалтай, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр зарж чаддаггүй гээд олон олон асуудлууд шийдэгдэх нь ээ?

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын жилд тээвэрлэх хүчин чадал нь 15-30 сая тонн гэхээр Монгол Улсын жилийн экспортын хэмжээ 15-30 сая тонноор шууд утгаараа нэмэгдэнэ. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн энэ төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхэлж, Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүрч УБТЗ-ын гол шугамтай холбогдон, улмаар Монгол Улсад цаашдаа байгууулагдахаар төрийн бодлогод туссан бүх төмөр замуудын шугамд очиж холбогдоно. Гол зангилаа дээр байршилтай ба экспортын найман гарцаар тээвэрлэлт хийх боломжтой. Үүнд УБТЗ-ын гол шугамд холбогдсоноор хойшоо Сүхбаатар-Наушк боомтоор, урагшаа Замын Үүд-Эрээн боомтоор тээвэр хийнэ. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд холбогдсоноор Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийнэ. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд очиж холбогдсоноор Ханги-Мандал боомтоор, Зүүн босоо тэнхлэгийн төмөр замд очиж холбогдсоноор хойшоо Эрээнцав-Соловьевск боомтоор, урагшаа Бичигт-Зүүнхатавч боомтоор тус тус тээвэр хийнэ. Баруун босоо тэнхлэгийн төмөр замд очиж холбогдсоноор хойшоо Арцсуурь-Цагаантолгой боомтоор, урагшаа Шивээхүрэн-Сэхэ боомтоор тээвэр хийх юм. Эдгээр төмөр замууд маань барьж байгуулагдсанаар таны асууж буй экспортоо алсын хэмжээнд хүргэх болно.

-Сайхан л сонсогдож байна, эдгээр төмөр замууд тэгээд хэзээ баригдаж, бодитой болох бол?

-Манай төмөр замаас салаалсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлчихсэн, энэ ондоо багтаад ашиглалтад орчихно, тэгэхээр манай төмөр замаар Ханги-Мандал боомт хүртэл экспортын тээвэрлэлт ондоо багтаад хийгдэж эхэлнэ. Засгийн газраас баруун босоо болон зүүн босоо чиглэлийн төмөр замуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон, энэ бол түүхэн шийдвэр. Манай хамт олон эдгээр төмөр замуудын бүтээн байгуулалтыг даруй эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Эдгээр төмөр замууд ашиглалтад орсноор төрийн бодлогод тодорхойлсон үндэсний төмөр замын сүлжээ бүрэн утгаараа ажиллаж, экспортын шинэ шинэ гарцууд нээгдэн, Монгол Улсын тээвэр, логистикийн саад тотгор бүрэн утгаараа арилах болно. “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийж төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр төрийн бодлогоор байгуулагдсан “үндэсний төмөр замын компани” юм. Манай хоёр хөрш улс, цаашлаад бидэнтэй тээвэр, логистикийн харилцаанд ордог бусад улс орнуудад ч гэсэн “үндэсний төмөр замын компани” гэсэн энэ бүтэц үндэсний төмөр замынхаа сүлжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бие даан хараат бусаар, бизнесийн зарчмаар ажилладаг. Төмөр замын бүтээн байгуулалт бол их хөрөнгө шаардсан мега төсөл. Төсвийн эх үүсвэр дутагдалтай манай улс гэлтгүй хөгжилтэй улс орнууд ч тэр бүр төсвөөсөө мөнгө гаргаад төмөр замаа барьж байгуулах боломжгүй байдаг. Улс орнуудын төмөр замаа барьж байгуулсан туршлагаас харахад ихэнхдээ концессоор хувийн хэвшлээр бариулаад тодорхой хугацааны дараа төрийн өмчид эргүүлж авах, эсхүл төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулаад ашиглалтын явцад нь төрийн оролцоо, хяналтаа хадгалж явах арга замаар хэрэгжүүлж ирсэн байна. “Монголын төмөр зам” ТӨХК нь зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 426,6 км болон баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийсухайт чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтыг зураг төсөл-барих-ашиглах-шилжүүлэх концессын эрхээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна. Энэ ондоо багтаад хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-Төмөр зам барьж байгуулахад их хөрөнгө шаарддаг хэдий ч ашиглалтын зардал өөрийн өртөг хямд гэж яригддаг, автотээвэртэй харьцуулахад хямд байх уу?

-Хямд байлгүй яахав, автозамын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулна. Ачааг асар их хэмжээгээр тээвэрлэх боломжтой нь гол давуу тал. Ачаагаа тээвэрлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад тээврийн өртгийг хэмнэхээс гадна нэг дор ихээхэн хэмжээний борлуулалт хийх боломжийг олгоно. Автозамын тээврийн нэлээдгүй хэсэг нь төмөр замд шилжсэнээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудлыг үлэмж багасгах экологийн ач холбогдлыг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозамаар жилд 10 сая тонн ба түүнээс дээш хэмжээний нүүрс тээвэрлэхэд өдөр бүр автозамаар 1500 дээш хэмжээний автомашин явж байгаа нь байгаль орчинд нэн их хохирол учруулж байгааг бүгд харж байгаа. Экологийн ач холбогдолд илүү анхаарах шаардлагатай. Бид төмөр замын трассын дагуу ойжуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ нь говийн бүсийн цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг зогсоож, төмөр замыг элсний нүүдлээс хамгаална. Төмөр замын тээвэр цаг уурын ямар ч нөхцөлд, жилийн 365 өдөр, хоногийн 24 цагт тасралтгүй ажилладаг нь бас нэг давуу тал. Цаг хугацааны үнэ цэнэ алт болсон орчин үед энэ маш чухал хүчин зүйлийг баримтлах ёстой биз дээ. Төмөр замын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд төмөр замын тээврийн мэргэжлийн байгууллага, сайтар бэлтгэгдсэн инженер, мэргэжлийн ур чадвар сайтай төмөр замчид хэрэгтэй. “Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй төмрийн хүдрийн орд дээр байрлах Төмөртэй өртөөгөөс Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт эзэмшин ажиллуулж, төмөр замын олон улсын үндсэн сүлжээтэй холбогдож, уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тээврийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэж ирсэн. Компани нь өөрийн эзэмшлийн есөн зүтгүүр, ачааны 300 гаруй вагонтай ба төмөр замын тээвэрлэлтийг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг манай төмөр замчид босгосон, одоо тээврийг нь мөн манай төмөр замчид гүйцэтгэж байна.

-Тэгэхээр Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээврийг “Монголын төмөр зам” ТӨХК цаашдаа хариуцаж хийнэ гэсэн үг үү?

-“Монголын төмөр зам” ТӨХК нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн захиалагч, захиалагчийнхаа чиг үүргийн хүрээнд тус төмөр замын зүгшрүүлэлтийг хийгээд, ашиглалтад хүлээлгэж өгөх үүрэгтэй. Төмөр замыг энэ оны сүүлээр ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх ба түүний дараа тус төмөр замаар хийгдэх тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэнд хариуцуулан гүйцэтгэх вэ гэдэг тал дээр төрөөс тодорхой шийдвэр, чиглэл гаргах шаардлагатай. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээний анхдагч төмөр зам, үүнийгээ үндэсний төмөр замын компани нь хариуцан гүйцэтгэх учиртай, тэгж байж үндэсний гэсэн төмөр замын сүлжээтэй болно, хөгжүүлнө гэсэн төрийн бодлого бодитой болно. Би ингэж л бодож ажиллаж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулсан “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс тус төмөр замыг эзэмшиж, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдах сонирхлоо бас илэрхийлээд байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэс Таван толгой” ХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх туршлага, ур чадвар байхгүй. Таван толгой-Зүүнбаян төмөр замын төслийн санхүүжилтийг босгох зорилгоор үүсгэн байгуулагдсан “Зүүнбаян төмөр зам” ХХК-иар дамжуулан удирдаж чадна гэж үзээд байгаа бололтой. Гэтэл “Зүүнбаян төмөр зам” ХХК нь төслийн санхүүжилт босгох зорилгоор байгуулагдсан завсрын бүтэц, төмөр замын тээвэрлэлт хийж ирсэн туршлага байхгүй, мэргэжлийн боловсон хүчингүй. Иймэрхүү маягаар Монгол Улсад бүтээн байгуулагдах төмөр замууд тус, тусдаа эзэмшилтэй, тус тусдаа үйл ажиллагаа явуулаад эхэлбэл нөгөө нэгдсэн удирдлагатай үндэсний төмөр замын сүлжээтэй болж, хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого яах уу? Улс орнуудад “Үндэсний төмөр замын компани” гэсэн бүтэц ажиллаж, улсынхаа төмөр замын гол магистрал сүлжээгээ эзэмшиж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллуулж байдаг. Манай улсын төмөр замын сүлжээ хүссэн ч, эс хүссэн ч тэдгээрийн төмөр замын сүлжээтэй холбогдож ажиллана. Тэрхүү хүчирхэг сүлжээтэй холбогдож, эрх ашгаа эн тэнцүү илэрхийлж ажиллахын тулд манай төмөр замын сүлжээ өөрөө хүчирхэгжиж, хөгжих учиртай. Хөрөнгөө оруулсан хувь байгууллагын эрх ашиг, институц хоорондын ашиг сонирхол байгаа хэдий ч төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх үндэсний эрх ашгаа эхэнд тавих ёстой. Төмөр замыг хэн нэгэн этгээд, хэн нэгэн компани өмчилж, түүгээр тээвэрлэх ачаа бараанд хяналт тавьдаг, зохицуулдаг байж болохгүй, төмөр зам нь нийтийн эзэмшлийн байх ёстой ба түүгээр ача бараагаа тээвэрлүүлэх эрх бүгдэд нээлттэй, чөлөөтэй байх ёстой. Дэлхийн улс орнууд төмөр замыг ашиг олох хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа гэж үзэн үндэсний төмөр замын сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх чиг баримжаагаа хадгалж, төмөр замыг либералчлах бодлогодоо ч болгоомжтой, няхуур хандаж байгааг анхааралдаа авах нь зүйтэй.

-Дэлхийн улс орнуудын төмөр замын хөгжлийн чиг хандлагын талаар та дэлгэрүүлж яриач, сүүлд эхэлсэн улсын давуу тал нь тэдгээрийн алдааг давтахгүй, харин ололт амжилтыг нь хуулбарлаж хөгжинө гэдэг байхаа?

-Төмөр замыг ложистик шийдлийн нэг хэсэг болгох өөрчлөлт орчин үеийн төмөр замын ачаа тээврийн салбарт хийгдэж байна. Уламжлалт зах зээлд төмөр зам нь дэд бүтцээ бий болгож, ажиллуулах тал дээр илүү анхаарлаа хандуулдаг байсан бол орчин үед үйлчилгээний үр ашигт анхаарлаа хандуулж, ачаа илгээгч, тээвэр зууч, гуравдагч этгээд гээд төмөр замын тээвэрлэлтэд оролцогчид нийлүүлэлтийн сүлжээг цогцоор нь харж, ложистик шийдлүүдийг санал болгодог, сайтар төлөвлөлт бүхий төмөр замын коридор болж хөгжих чиг хандлагатай байна. Олон улсын төмөр замын тэр коридорт очиж нэгдэхийн тулд зөвхөн дэд бүтцээрээ, төмөр замын рейсээрээ очиж холбогдох нь хангалтгүй. Төмөр замын үйлчилгээнд нэвтрэх, харилцан уялдаатай ажиллах, хил дамнасан төмөр зам, хилийн боомтын харьяа байгууллагын үйл ажиллагаанд нэгдэн орох зэрэг холболтуудыг хийсэн байх шаардлагатай. Холболтыг олон улсын олон талт болон хоёр талт баримт бичиг байгуулж хэрэгжүүлдэг. “Монголын төмөр зам” ТӨХК нь орчин үеийн энэ чиг хандлагаар Олон улсын төмөр замын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, дэлхийн төмөр замын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

-Тээвэр, ложистик өөрөө цогц асуудал гэдэг ч үнэн шүү, энэ хоёр асуудлыг салгаж харж ирснийх өнөөдөр манай улс тээвэр, логистикийн хүндрэлд орчихоод байгаа гэдэг дээр та санал нийлэх үү?

-Тээвэр, ложистикийг зөв удирдвал тухайн улс орны өрсөлдөх чадварыг огцом нэмж, харин муу удирдвал эдийн засгийн хувьд бусад улс орноос хараат байдал руу түлхдэг гэж ярьдаг, энэ бол үнэн. Манай улс “Транзит Монгол хөтөлбөр” хэрэгжүүлнэ гэдгээ зарласан, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого ч үүнд чиглэж, ямар ч байсан тодорхой алхамууд хийгдээд эхэлчихлээ. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс бодож төлөвлөж, хийхээр зорьж байгаа тодорхой ажлууд бий. Хилин боомтуудын төмөр замуудаа барьж эхлэх тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, Шивээхүрэн хилийн боомтын төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессын нөхцлөөр хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэн, энэ асуудлаар БНХАУ-ын “Хөх хотын төмөр зам групп” ХХК-тай цахимаар уулзалт хийж, Монгол, Хятад хоёр улсын хилийн Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын хил огтлолын цэгийг тохиролцох тухай асуудлыг хэлэлцсэн ба ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилдаа ороод байна. Энэ ондоо багтан ажил хэрэг болгоно. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51 хувийн оролцоотой “Монгол порт групп” компани нь БНХАУ-ын Тяньжин хотын Дунзьяан боомтод 10 га газрыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 50 жилийн хугацаатай эзэмшиж, “Тяньжин тээвэр логистик төв”-ийг байгуулж тээвэр логистикийн үйлчилгээ эрхлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нь Монголын төмөр замын дотоодын сүлжээг Тяньжин боомт хүргэх холболтыг бий болгох манай бааз суурь болж хөгжих юм. “Монголын төмөр зам” ТӨХК нь Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг эзэмшдэг. Тус төв нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэх техник технологийн боломж бололцоог бүрдүүлэх болно. Бид тус төвийг түшиглэн ачааны холимог тээврийн терминал, логистикийн үйлчилгээг бий болгож, авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежмэнтийн системийг иж бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлж, олон улсын ачаа тээврийн коридорыг хөгжүүлэх, коридорын дагуу үр ашигтай интермодал ложистик төвүүдийг бий болгох чиглэлд хийхээр бидний зорьж байгаа ажлуудын эхний алхам юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас цар тахлын хөл хорионы улмаас Замын-Үүд боомт хэрэгжиж байгаа О цэгийн чингэлэг солилцох үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан гүйцэтгэж байгааг бас энэ далимд тодруулаад хэлье. Манай компани О цэгээр орж ирсэн чингэлгийг хүлээн авах, түүнчлэн хоосон чингэлэгийг Бүс нутгийн логистикийн төв дээрээ хүлээн авч, О цэг рүү ачуулах ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

-Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажилладаг, ихээхэн өр ширтэй гэж яригддаг, танай компанийн хувьд байдал хэр байгаа вэ?

-Манай компани 2021 оны санхүүгийн тайлангаар 24,5 тэрбум төгрөгийн борлуулалтай орлоготой, 220,7 сая төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Намайг өнгөрсөн оны наймдугаар сард ажил авахад компанийн хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлээр 588,8 сая төгрөгийн алдагдалтай, борлуулалтын орлогын төлөвлөгөө тасалдалтай нөхцөл байдалтай байсныг он дуустал хугацаанд нөхөж, биелэлтийг хангаж ажиллаж чадсан. Өнгөрсөн хугацаанд компанийн ашигт ажиллагааг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажилласан. Компани нь төсөвт байгууллагын чиг хандлагатай ажиллаж ирснийг бизнесийн зарчим, хандлага руу шилжүүлэх зохион байгуулалтыг юуны өмнө хийж ажилласан. Манай компани нь төмөр замын зам засвар, арчлалтын 82 төрлийн машин механизм бүхий, мэргэжлийн бэлтгэгдсэн замчид, боловсон хүчинтэй зам ангитай. Тус зам ангийг бие даалган салбарын зохион байгуулалтад шилжүүлсэн. Тус зам анги нь жилд 100 км төмөр замын суурь бүтэц барих, 50-60 км зам засварын ажил гүйцэтгэх хүчин чадалтай юм. Одоогоор тус анги Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн үе угсрах ажлын нэг хэсгийг гэрээгээр хийж гүйцэтгэхийн зэрэгцээ тус төмөр замын зам засвар, арчлалтын ажлыг мөн гэрээгээр хийж гүйцэтгэж байна. Цааш цаашдаа баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох, баригдсан төмөр замуудын зам, засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой нэгж байгаа юм. Төмөр замын байгууллагын өрсөлдөх чадварын нэг гол үзүүлэлт нь хөдлөх бүрэлдэхүүн. Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр байнга анхаарлаа хандуулан ажиллаж байна. Юуны өмнө зүтгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр үйлдвэрлэгч компани болон санхүүгийн байгууллагуудтай ярьж байна, ондоо багтаад дөрвөн зүтгүүр авахаар зорьж байна. Вагоны хувьд өнгөрсөн онд 30 вагон авсан, энэ жилдээ хувийн эзэмшлийн вагонуудаар тээвэрлэлтээ гүйцэтгээд, ирэх оноос вагоныхоо тоог нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна. Компанийн хамгийн гол капитал бол төмөр замын мэргэжлийн боловсон хүчин. Энэ капиталаа бий болгож, тогтвор суурьшилтай ажиллуулж, байнга сургаж хөгжүүлж байж компанийн ирээдүйн зорилго, алсын хараа биелнэ. Манай компанид ОХУ, БНХАУ, БНСУ гээд улсуудад сурч боловсорсон, төмөр замын бүхий л чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байна. Төмөр замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад мэргэшсэн өндөр ур чадвартай инженерүүдээс эхлээд ашиглалтын бүхий л төрлийн инженерүүд, замчид, тээвэр зохион байгуулалтын инженер ажилтнууд, төмөр замын тээврийн аюулгүй байдлын инженер, байцаагч нар гээд бүхий л төрлийн төмөр замчидтай. Бид ХНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвтэй хамтран Төмөр замын мэргэжлийн зөвлөлийг санаачлан байгуулаад байгаа ба төмөр замын мэргэжлийн боловсон хүчнийг аттестачлах, сургаж дадлагажуулах тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлээд байна. Товчхон дүгнэхэд, “Монголын төмөр зам” ТӨХК нь түүнд даалгасан төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго, чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ төрд ачаалал үүсгэхгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, үр ашигтай ажиллаж байгаа компани болно. Өр төлбөрийн хувьд, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлсэнтэй холбогдуулан “Эрдэнэс Таван толгой” ХК-д 1 их наяд гаруй, тус төслийн гүйцэтгэгч нарт 70 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа болно. Төслийн гүйцэтгэгч нарт өгөхөөр хүлээгдэж байгаа 70 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжилтийн хуваарийн дагуу энэ 5 дугаар сард багтаан гүйцэтгэх ба харин “Эрдэнэс Таван толгой” ХК-д төлөх төлбөр нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ажиллуулж, тээвэрлэлт хийсэн орлогоос төлөгдөх юм.

-Бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Яриагаа Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар эхэлсэн, үүгээр тодруулж хэлээд дуусгая гэж бодож байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бол 100 хувь дотоодын өөрийн хүчээр барьж байгуулагдсан бүтээн байгуулалт. Санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой” ХК гаргаж, төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан ажилласан. Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын цэргийн удирдах газар, харин доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН ажилласан, цаана нь үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон. Нийтдээ 10 мянга гаруй хүн оролцож, 3000 гаруй машин техник ажилласан. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, ажилчид гээд төслийн үр ашиг, өгөөжийг цөөн бус, хэдэн арван аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүртсэн, тэдний хүч хөдөлмөр шингэсэн үндэсний том бүтээн байгуулалт болсон юм шүү. Бид хийсэн бүтээснээ зөв үнэлж чаддаг байх ёстой. Монголчууд өөрсдийн хүчээр төмөр замаа барьж байгуулсан бүтээн байгуулалт болохын зэрэгцээ Монгол Улсад цааш, цаашдаа баригдах төмөр замын бүтээн байгуулалтын норм, нормчлолыг шинээр боловсруулан, төмөр замын 1 км-ийн харьцангуй хямд жишиг өртгийг тогтоон, төмөр зам барих арга ажиллагаа, ур чадварыг бий болгож чадсан нь тус бүтээн байгуулалтын нэгэн онцлох ач холбогдол юм. Энэ далимыг ашиглаад Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олондоо болон “Эрдэнэс Таван толгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн, “Улаанбаатар төмөр зам” ХНН, туслан гүйцэтгэгч 106 компанийн хамт олон болон дэмжин тусалж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Должин: Инженер хайгуулын ажилгүйгээр их бүтээн байгуулалт өрнөдөггүй DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат барилгачин, ахмад геологич, барилгын инженер геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Сандагийн Должинтой ярилцсанаа хүргэе.


-Тантай ярилцана гэдэг бол Монголын инженер-хайгуулын албаны үүсэл хөгжлийн тухай ярина гэсэн үг л дээ. Та бол тэртээ далаад оноос Улсын барилгын зургийн институтийн инженер хайгуулын товчооноос ажлын гараагаа эхэлсэн түүхэн хүмүүсийн нэг?

-Миний бие Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын хүн. 1954 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 1965 онд үйлдвэр сургалтын анхны 11 дүгээр ангийг радио засварчны 4 дүгээр зэрэгтэй төгсөөд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн салбарт 5 жил суралцсан. Ингээд далан онд Улсын барилгын институтийн инженер хайгуулын товчоонд хуваарилагдаж байлаа. Эхлээд намайг Улаанхуаранд байрладаг инженер-хайгуулын өрөмдлөг техникийн группт өрмийн ажилтнаар хуваарилсан. Үүний дагуу “ГаЗ-66” машин дээр суурилагдсан УРБ-2А маркийн өрмийн төхөөрөмжтэй, Н.Хумбага нэртэй тавь эргэм насны мастер жолоочийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Төдөлгүй хөдөө орон нутагт баригдах барилгуудын инженер-геологийн судалгааны ажлаар Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн сумдад 45 хоногийн хугацаатайгаар томилогдож байлаа. Энэ хугацаанд өрөмдлөгийн машин, төхөөрөмжийн бүх эд ангийг сайтар мэддэг болсноос гадна талбай хооронд өрөмдлөгийн машин барих, өрөмдөх цэг дээр байрлуулах, зарим тохиолдолд өрөмдлөгийн мастерын ажлыг гүйцэтгэх чадварыг эзэмшсэн. Бас өрөмдлөгөөр гарсан төрөл бүрийн эрдэс, чулуулгийг танин мэдэж, гарал үүслийг тогтоож, нэрийг нь өгчих чадварт суралцлаа.Энэ бүгд нь өрмийн ажилчнаас геологийн үндсэн ажилтан болоход их тус дэм болсон. Тухайн үеийн төр засгийн бодлого аливаа боловсон хүчнийг ажлын багаас эхлүүлж сургахад чиглэж байсан нь ихээхэн үр дүнтэй болохыг амьдрал дээр үзсэн. Ингэж миний бие хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа.

-Геологийн хамгийн хүнд нь өрөмдлөг техникийн ажил. Таны хувьд өрмийн ажилтнаас инженер хайгуулын товчооны дарга, Барилгын инженер-хайгуул үйлдвэрлэл шинжилгээний институтийн захирал хүртлээ явсан мэргэжлийн хүн?

-Тийм ээ, геологийн хамгийн хүнд хүчир нь өрөмдлөг техникийн ажил. Зардал ихтэй, хүн хүч их шаарддаг боловч геологи-хайгуулын ажлын үр дүнд газрын гүнээс хурдас, чулуулгийн дээж авч, лабораторид судлан шинжилсний үр дүнд мэдээлэл боловсруулдаг анхдагч арга юм. Инженер-геологийн судалгаа, шинжилгээний ажлыг хүний аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа барилга байгууламжийн эдэлгээний хугацааг уртасгах зорилгоор барилга, байгууламжийн суурь хөрсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, хөрс, чулуулгийн физик-механик, химийн шинж чанарыг нарийвчлах, мөн байгалийн үзэгдэл, процессууд болон газар хөдлөлт, уулын үер, халиа, тошин, гол мөрний эргийн элэгдэл, хөрсний овойлт, суулт, хөөлт, олон жилийн цэвдэг хөрс гэх мэт барилга байгууламжид сөрөг нөлөө үзүүлдэг байгалийн хүчин зүйлүүдийг нарийвчлан судалж, шинжилгээний үр дүнг шинжлэх ухаанчаар нэгтгэн техникийн тайлан, дүгнэлт боловсруулалтын үндсэн дээр барилгын зураг, төсөл зохиодог. Зураг төслийн байгууллагууд уг техникийн дүгнэлтийг үндэслэн барилгын зураг төсөл боловсруулдаг. Инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг гадаадын орнуудад тухайлбал ОХУ, АНУ, БНХАУ, Герман гэх мэт бараг бүх орны инженер-хайгуулын байгууллага нь барилгын зураг төслийн байгууллагынхаа харьяалалд байдаг. Манай улс инженер-хайгуулын албыг 1960 онд байгуулахдаа тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Барилга шинжилгээний институтийн дэргэд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж байгаад хоёр жилийн дараа Улсын барилгын зургийн институтэд шилжүүлсэн нь ажил төрлийн уялдаатайг харгалзан үзсэний илрэл юм. Миний бие өрмийн ажилтнаас Улсын барилгын зургийн институтийн инженер-хайгуулын товчоонд техникч, инженер, ахлах инженер, группийн ахлагчийн ажлыг 1974 он хүртэл гүйцэтгэсэн. Улмаар инженер-хайгуулын товчооны даргаар томилогдон ажилласан. Уг товчоо нь тухайн үед инженер-хайгуулын групп, хөрс-химийн лаборатори, өрөмдлөг-техникийн групп гэсэн гурван нэгжтэй, нийт 80 гаруй инженер, техникийн ажилтан, ажилчидтайгаар Монгол орны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бүх төрлийн барилга, байгууламжийн инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажлыг дагнан гүйцэтгэж байсан.

-Монгол Улсад инженер-геологийн шинжлэх ухаан үүссэн нөхцөл байдлын тухайд та юу хэлэхсэн бол?

-XX зууны тэргүүн хагаст олон улс оронд инженер-геологийн шинжлэх ухаан, геологийн шинжлэх ухаанаас салбарлан бие даасан шинжлэх ухаан болон үүсч хөгжсөн байна.Манай улсад 1950-иад оноос аж үйлдвэр, уул уурхай, соёл үйлчилгээний төв, харилцаа холбоо, авто зам болон төмөр зам тавих, хот суурин байгуулах, хот болон аймгийн төвүүд, сум багуудыг суурьшуулан барилгажуулах их бүтээн байгуулалтын ажил өрнөсөнтэй холбоотойгоор инженер-геологийн бие даасан салбар шинжлэх ухаан үүсч хөгжих нийгэм эдийн засгийн нөхцөл бүрэлджээ. Улсаас их барилгад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж орон сууцны хороолол, авто зам, үйлдвэрийн болон эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг зураг төслийн баримт бичгээр хангах асуудал тулгарсан байдаг.

Инженер-геологийн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөнд байгалиас учруулж болох аливаа үзэгдэл процессыг урьдчилан судалж, дүгнэлт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад оршдог. Төрөөс Монгол орны инженер-хайгуулын судалгааны ажлыг хөгжүүлэх талаар удаа дараа анхаарч иржээ. Тухайлбал, 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Монгол орны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төрөл бүрийн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа заавал инженер-хайгуулын судалгааны үндсэн дээр боловсруулж байх” шийдвэр гаргасан. Үүний дагуу Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яам (ББМҮЯ)-ны Барилгын эрдэм шинжилгээний нэгдсэн лабораторийн бүрэлдэхүүнд Инженер-хайгуулын хэсгийг анх байгуулсан нь ийм учиртай. 1962 онд ББМҮЯ-ны сайдын тушаалаар Улсын барилгын зургийн төв институт (УБЗТИ)-ийн инженер хайгуулын хэсгийг групп болгож улмаар далан зургаан онд товчоо болгон өргөтгөснөөр Монгол Улсын инженер-хайгуул судалгааны ажлын бодлого зохицуулалтыг улсын хэмжээнд явуулж эхэлсэн. Та бид хоёр суурь бодлогын хүрээнд ярьж буй учир Инженер-хайгуулын албаны хөгжлийн үечлэлийг авч үзэж таарна. Нэгдүгээр үе буюу үүсэл хөгжлийн үеийг 1960-980 он, хоёрдугаар үе хөгжил дэвшлийн үеийг 1980-1990 он, гуравдугаар үе зах зээлийн үеийг ерэн оноос одоог хүртэл гэж үздэг. 1960-1980 оны үүсч бүрэлдсэн үед инженер-хайгуулын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Москвагийн Их сургуулийг инженер-геологи, гидрогеологи мэргэжлээр анх төгсөж ирсэн Г.Лхан-Аасүрэн удирдаж байсан. Энэ хэсэгт МУИС-ийн газарзүйн анги төгсч ирсэн Ц.Цагаан, Л.Бүжин өрмийн мастераар Д.Сүрэнмаарай, М.Ламжав нар ажиллаж байлаа.Тэр үед хөрсний ширхэгийн бүрэлдэхүүн, чийг, хувийн жин, эзлэхүүн жинг тодорхойлох шинжилгээнд ЗХУ-ын хөрсний стандартуудыг хэрэглэж байв. Объектын судалгааны ажлыг УП-15 маркийн механик өрөмдлөгөөр гүйцэтгэхээс гадна гүн багатай шурф малтаж, хөрсний бичлэг, дээж авах ажлыг хийдэг байсан. Тухайлбал, 1963 онд өрмийн мастер Н.Ламжав Био комбинатын судалгаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “Соёмбот өндөрлөг”, Улаанбаатар хотын Богд уулын Заалтын амны мөсөн зоорийн тэсэлгээний цооногуудыг өрөмдсөн байна. Мөн энэ үед инженер-хайгуулын ажлыг дээрх аргаар гүйцэтгэсэн УБЗТИ-ийн байр, Тээврийн яам, МУИС-ийн 2 дугаар байр, ТИС-ийн төв байр, Урт цагаан гэх мэт олон объектыг дурдаж болно.Ахмад геологич Г.Лхан-Аасүрэн, Ц.Цагаан, Л.Бүжин нар Улаанбаатар хотын төвийн нутаг дэвсгэрийн 258 км2 талбайг хамарсан инженер-геологийн нөхцөлийн зургийг зохиож ХБНГУ-д хэвлүүлсэн нь хот төлөвлөлт, зургийн ажилд нэвтрүүлсэн бодит ажил юм.

-Инжненер-хайгуулын хөгжлийн үе буюу 1960-1980 оныг тодотгохгүй юу?

-Энэ үед судалгаа шинжилгээний ажлын материаллаг бааз бэхжин ЗХУ болон эх орны их дээд сургуулиудаас төгсөж ирсэн мэргэжлийн боловсон хүчнээр нөхөгдсөн. Техник технологи, чанарын түвшин сайжирч лабораторийн нөхцөлд хөрсний дээжийн бүх төрлийн физик шинжилгээг хийдэг болсон юм. Мөн шилжээсийн туршилт, хам шахалтын туршилт гэх мэт барилга байгууламжийн суурийн тооцооны гол механик үзүүлэлтүүдийг туршдаг болсон нь судалгааны ажлын нэг том алхам болсон. Улсаас их барилгад асар их хөрөнгө оруулалт хийж, хот хөдөөд олон зуун иргэний болон үйлдвэрийн барилга байгууламж баригдан зураг төсөл, хайгуулын ажлын цар хүрээ ч үлэмж нэмэгдсэн юм. Энэ хугацаанд хөрсний физик, механик шинж чанарыг тодорхойлох үндэсний 10 гаруй стандартыг боловсруулж, шинжилгээний ажилд нэвтрүүлснээс гадна инженерүүдийн бүтээлч санаачилгаар олон арван норм, дүрэм, заавар, зөвлөмж гаргасан. Инженер хайгуулын албанд ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтнүүдийг манайхан даган суралцаж, өөрсдийгөө хөгжүүлснийг дурдах нь зүйтэй.Харин 1980-1990 оны хооронд улсын хөрөнгөөр Улаанбаатар хот болон бүх аймгийн төвийн нутаг дэвсгэрийн инженер-геологийн том масштабын зураглалыг хийсэн юм.

-Тэр бол аргагүй том ажил байж таарна даа. Наяас ерэн оныг хөгжил дэвшлийн оргилуун үе гэдэг?

-Инженер-геологийн зураглалаар тухайн нутаг дэвсгэрийн физик газар-зүйн онцлог, хүн ам, эдийн засаг, геоморфологи, гидрогеологи, инженер геологийн нөхцөлүүдийг нарийн судалж 1:10000 масштабтай зургийг тус бүрд нь тайлбар бичиг, дагуул зургуудын хамт гаргасан нь дахин давтагдашгүй мэдээлэл агуулсан үнэт хөрөнгө болсон.Төр, засгаас инженер-геологийн албыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах талаар олон арга хэмжээ авсны үр дүнд энэ түүхэн үед гадаад, дотоодын их, дээд сургууль, техникум төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр үндсэндээ хангагдсан юм.Монгол орны нутаг дэвсгэрт тархсан олон жилийн цэвдэг хөрсний инженерийн судалгааны ажлыг эрчимжүүлэх ПНИИИС, БИХҮШИ-ийн хооронд зохион байгуулан явуулдаг эрдэм шинжилгээ техникийн VI, VII бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн санхүүжилтээр Налайх, Баянхонгор аймгийн Баянбулаг сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд цэвдэг хөрсний байнгын гурван станц байгуулсан юм. Монголын цэвдэг судлалын судалгаанд гарсан нэг томоохон алхам байсан гэж хэлж болно.1983 онд инженер Д.Мягмарсүрэн бид хоёр “Цэвдэг хөрсний халуун штамп”-ийн төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Энэ багажаар Баянхонгорын Галуут сумын шинээр төвлөрөх талбай, Налайх тосгоны 8 жилийн сургуулийн барилгын талбай зэрэг олон арван барилгын цэвдэг ул хөрсөнд туршилт хийж, цэвдэг хөрсний гэсэлтийн үеийн харьцангуй суултыг тодорхойлсноос хойш цэвдэг хөрстэй газарт барих барилгын буурь,суурийн тооцоог иж бүрнээр хийх бололцоо бүрдсэн гэж хэлж болно.Инженер-хайгуулын хүнд хүчир ажлыг механикжуулах, судалгаа шинжилгээний ажилд гадаадаас өндөр үнээр авдаг өрмийн болон лабораторийн зарим нэгэн багаж хэрэгслийг өөрийн орны нөхцөл бололцоонд тулгуурлан дотооддоо хийх, мөн судалгаа шинжилгээний ажилд шинэ арга аргачлал, норм норматив, дүрэм заавар, зөвлөмж боловсруулж нэвтрүүлэх ажил инженерүүдийн дунд эрчимтэй өрнөсөн. Үүний үндсэн дээр өнөөг хүртэл хэрэглэж буй олон арван бүтээл гарсан юм. Жишээлбэл, өрмийн “Ган шүдэт яндан”, “Цэвдэг хөрсний халуун штамп”, “Чулуулгийн өгөршлийн зэрэг тодорхойлох төхөөрөмж”, “600 см2 талбайтай шурагт штамп”, “Далавчит прессометр”, “Геофизикийн босоо бүсэлхий зонд” зэрэг оновчтой санал, тэргүүн туршлагуудыг нэрлэж болно. Мөн энэ үед эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, практикийн асуудлыг хослуулан судалдаг Буурь суурийн секторыг байгуулан техникийн шинжлэх ухааны доктор А.Ананд удирдаж байлаа. Тус сектор нь “Овойлттой буурь хөрсөнд суурь төлөвлөх заавар”, “Цэвдэг буурь хөрсөнд барилгын зураг төсөл боловсруулах заавар” зэрэг олон арван зөвлөмж боловсруулан барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Ерэн оноос хойш Монголын инженер хайгуулын байгууллага ямар зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн бэ. Судалгаа шинжилгээний үр дүн ямар байсан тухай сонирхъё?

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эхэлсэн өмчийн задрал инженер-хайгуулын албыг ч тойрч гараагүй юм. Хуучин Барилга-архитектур, техник хяналтын улсын хорооны харьяанд байсан Барилгын инженер-хайгуул, үйлдвэрлэл шинжилгээний институтийн хөдөөгийн гурван салбар товчоо нийт 250 гаруй инженер хайгуулчид шинжилгээний ажлыг улсын хэмжээнд дагнан гүйцэтгэдэг байв. Тус институт нь 1991 онд Барилгын инженер-хайгуул, эрдэм шинжилгээний төв болон өөрчлөгдөж тус төвөөс инженер-хайгуулын судалгааны ажил явуулах чиглэлээр таван пүүс биеэ дааж тусгаарласан. Дээрх пүүсүүдийг техникийн удирдлагаар хангах үүргийг төв хариуцаж байсан. Төсвөөс хөрөнгө авч тусгаарласан пүүсүүд жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч тэдгээр пүүсээр хийлгэх судалгаа шинжилгээний ажил бараг олдохгүйд хүрсэн учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн. 1992 онд Барилгын инженер-хайгуул, эрдэм шинжилгээний төвийг бүтэц, зохион байгуулалтын хувьд дахин өөрчлөн Барилгын инженер-хайгуулын “Их үүсгэл” ХК болгон зохион байгуулсан юм. Компани нь дотроо инженер-геологийн хэсэг, хөрсний лаборатори, өрөмдлөгийн хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа. Гэвч улс орон даяар их барилгад оруулах хөрөнгө оруулалт багассанаас зураг төсөл, инженер-хайгуул, барилга угсралтын ажил эрс багасан хүндхэн цаг үетэй тулгарсан даа.СнЗ-ийн тогтоолоор ЗХУ-ын Улсын барилгын хорооны харьяа Барилгын инженер-хайгуул, үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институт (ПНИИИС)-ийнэкспедицийн ашиглаж байсан, үйлдвэрийн районд баригдаад жил болсон том үйлдвэрлэлийн баазыг “Их үүсгэл” компанийн мэдэлд шилжүүлсэн юм. 1966 оноос Монголд ажиллаж эхэлсэн ПНИИИС экспедиц нь Монгол орны хот, хөдөөд баригдаж байсан бүх төрлийн барилга байгууламжийн инженер-хайгуулын судалгаа, газрын зураглал, усан хангамжийн асуудлыг хариуцан гүйцэтгэдэг 400 гаруй ажиллагсадтай. Үүнээс Монголоос инженер техникийн ажилчид 100-гаад хүн ажиллаж байлаа.Тус экспедиц нь инженер-геологи, геодези-геофизик, гидрогеологийн анги гэсэн үйлдвэрлэлийн үндсэн нэгжтэй. Гидрогеологийн анги нь Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн судалгааг дагнан гүйцэтгэж байсан ПНИИИС экспедици Монгол Улсын бүтээн байгуулалтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.Барилгын инженер-хайгуулын “Их үүсгэл” ХК инженер-хайгуул судалгааны ажлыг эрхэлж байсан боловч ажлын олдоц хангалтгүй байлаа. Энэ үед тус компанийн үйлдвэрлэлийн бааз үнэт цаасны арилжаагаар худалдагдаж, хэд хэдэн компани өрсөлдөж, алт олборлолтын ажил эрхэлдэг “Монгол газар” ХХК өмчийг эзэмших болсон. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан ЗХУ болон бусад социалист орон болон эх орны их дээд, дунд сургуульд бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд ажилгүйчүүдийн эгнээнд нэг хэсэг явсан.

-Улс орны бүтээн байгуулалтын хамгийн гол хүмүүс болох инженерүүд ажилгүй байна гэдэг улс орон зогсонги байсныг илтгэнэ. Сүүлд нэгдэн нийлж эхэлсэн байх?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэгдэн нийлж, одоо инженер-хайгуулын судалгааны ажил эрхлэх чиглэлтэй 30 гаруй компани байгуулагдан ажиллаж байна.Монгол Улсын хот байгуулалтын хуулийн дагуу Монголын нутаг дэвсгэрт инженер-хайгуулын судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж ирэв. Монгол Улсын авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд баруун, зүүн аймгууд болон хойд, урд аймгуудыг холбосон олон зуун километр автозам мөн хойд чиглэлийн төмөр замын сэргээн босголт, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах төсөл, Улаанбаатар хотыг аймгуудтай холбох цахилгаан дамжуулах агаарын шугам мөн сумдыг аймгуудтай холбох олон зуун км эрчим хүчний шугамуудын инженер-геологи судалгааны ажлуудыг тухайн үеийн үүсгэн байгуулагдсан компани инженер-хайгуулын судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Энэ он жилүүдэд манай бүтээлч инженерүүдийн санаачилгаар инженер-геологийн судалгаа шинжилгээний ажилд зайлшгүй шаардлагатай норм, норматив, заавар боловсруулсан юм. Үүнд: Орхоны районы том хэмхдэст хөрсний норм, норматив, барилгын инженер-хайгуулын ажлын жишиг үнэ, ул хөрсний мэдээллийн сан зэрэг норм, дүрэм заавар боловсруулан мөрдөж байлаа.Инженер М.Мягмаржав “Орхоны районы суулттай хөрсний тархалт, түүний тоон үнэлгээ”, инженер Ж.Батсүрэн “Монгол орны хөөлттэй хөрсний инженер-геологи зарим шинж чанар” сэдвээр газарзүйн болон геологи, эрдэс судлалын ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан нь онол, практикийн чухал асуудлыг шийдвэрлэсэн.Инженер-геологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн ахмад инженер-геологи, гидрогеологич Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Н.Батсүх, дэд доктор, дэд профессор А.Алей зэрэг ахмад болон залуу сурган хүмүүжүүлэгч багш нар үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. ШУТИС-ийн инженер-геологи, гидрогеологийн салбарыг төгссөн олон арван инженерүүд өнөөдөр инженер-хайгуулын үндэсний мэргэжлийн боловсон хүчний цөм болон ажиллаж байна.Ер нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хамт олны идэвх санаачилга, ажилд хайнга хандаж байгааг үйлдвэрлэлийн удирдлага шатрын нүүдэл харж байгаа шиг алсын болоод ойрын хараатайгаар ажиллах нь ач холбогдол өгдөг юм. Би олон жил энэ албыг удирдан ажиллахдаа дээрх арга барилыг гол чиглэл болгож ажиллаж ирсэн. Үүний дүнд албаны ажил үйл өөдрөг явагдаж ирсэн гэж бодож явдаг. Сүүлд нь, танай сониноор дамжуулан төр, засагтаа хандах хоёр хүсэлт байна.

-За ямар хүсэлт байна?

-Инженер хайгуулын ажлын гол тулгуур бол машин тоног төхөөрөмж. Өрөмдлөгийн стандартын багаж төхөөрөмжийг гадаад орнуудаас авдаг. Хөрсний даацат чанарыг хээрийн нөхцөлд овор ихтэй төхөөрөмжөөр газар дээр нь туршиж, хөрсний даацат чанарыг тодорхойлдог зэрэг хөрөнгө мөнгө их шаардсан туршилт, судалгааны ажил хийгддэг. Иймийн учир олдоц муутай, бэрхшээлтэй байдгийг харгалзан үзэж Монголын төр жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тусгаж байхыг хүсч байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого ид яригдаж байна. Уг бодлогыг хэрэгжүүлэх тал дээр Монголын инженер хайгуул, геологийн мэргэжилтнүүдийг ашиглах хэрэгтэй. Шинэ сэргэлтийн бодлогод хилийн бүх боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, төмөр замаар холбох, Наушкаас Эрээн хүртэл хурдны тал тэрэгний зам тавих гээд хүнд хүчир ажлууд тусгагдсан. Миний удирдаж байсан Барилгын инженер-хайгуул үйлдвэрлэл шинжилгээний институт татан буугдаад одоо Монголын барилгын инженер геологичдын холбоо ТББ болсон. Бид барилгын яамандаа харьяалагддаг, хуучны явж ирсэн, та бид хоёрын дээр ярьсан хөрс суурь хэвээрээ байгаа. Мэргэжлийн хүмүүс нь байна. Тэгэхээр хуучирсан машин, тоног төхөөрөмжийг сэлбэх нь улс орны амин чухал ажил ажил болоод байна. Хайгуул, геологид зориулагдсан оросын машинууд хуучирсан. Нэг машин шинээр авъя гэхэд 250 сая төгрөгийн үнэтэй байна. Улс орны ирээдүй, бүтээн байгуулалтаа бодож, мөн Шинэ сэргэлтийн бодлоготойгоо уялдуулан энэ бүхнийг улсын төсөвтөө суулгахыг хүсч байгаа юм. Өөр нэг зүйл нь аймаг, сум, хот суурин газруудын ерөнхий төлөвлөгөө болон авто зам, төмөр зам зэрэг томоохон ажлуудыг 3 дугаар сараас эхлэн хийж байвал ажиллагсадын эрүүл мэнд, машин техникийн эдэлгээ, судалгааны ажлын чанарт бодитой нөлөө үзүүлж, барилгын зураг төсөл боловсруулах хугацааг багасгах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлье. Мөн сүүлийн үеийн нөхцөл байдлаас үүдсэн нэг санал байна. Аливаа улс орны хөгжил гэдэг газар нутгаа эзэмших, ашигт малтмалаа олборлоход оршдог. Үндсэндээ хаана ашигт малтмал байна, хаанаас юуг олборлож явуулах нь улсын мэдлийн асуудал мөн. Гэтэл хэдхэн малчдынхаа үгээр бид улсын хөгжлийг хааж боогдуулж болохгүй. Их бүтээн байгуулалт инженер хайгуулын ажил явах гэтэл малчид эсэргүүцэх хандлага гарах боллоо. Монголын мал сүрэг Европынх шиг хашаан дотор байдаггүй. Хаана ч идээшилж, бэлчээрлэж болно. Малчдын буруу хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Түүнээс малчдаа Монголын газар нутгаас хөөж туух гэж байгаа биш. Гол нь улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ямар ч нөхцөлд тэргүүн шугамд байх ёстой гэдгийг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Энхтүвшин: Нефтийн үйлдвэрийн иргэний зориулалттай байгууламжууд энэ онд ашиглалтад орно DNN.mn


УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэр урагштай явж байна вэ?

-2021 онд нэгдүгээр багцын буюу иргэний зориулалттай барилга байгууламжийн ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. 2021 онд цар тахалтай холбоотойгоор Энэтхэгийн компани Тэньжиний боомт дээр ирсэн бараа бүтээгдэхүүнээ татаж авч чадаагүй, ажил удааширсан. Саяхан арав, арванхоёр, нэгдүгээр сард нэгдүгээр багцын ажилд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татаж авсан юм билээ. Энэ жил иргэний зориулалттай барилга байгууламж бүгд ашиглалтад орно гэсэн тооцоололттой байна. Тухайлбал, гал командын барилга, конторын барилга, ажилчин, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц бүгд ашиглалтад орно. 2020 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн дагуу ажил нь хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Алтанширээт суманд 100 гаруй энэтхэг, 200 гаруй монгол иргэд ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил их эрчтэй явагдаж байгаа.

-Үүнээс гадна 800 км-ийн цаанаас газрын тосоо татна, нэг сая ам.долларын өр үүснэ зэрэг асуудлууд байна хэмээн мэргэжлийн зарим хүмүүс ярьсан байсан. Энэ тухайд?

-600 км-ийн цаанаас Дорнодын Тамсгаас газрын тосоо хоолойгоор татна.

Үүний ТЭЗҮ нь хийгдчихсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр тендер нь зарлагдаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Тамсгийн газрын тосноос хоолойгоор татна.

Энэтхэгийн Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Бид энэ үйлдвэрүүдээ 2025 онд ашиглалтад оруулахаар зорилго тавьчихсан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ үйлдвэр ашиглалтад орчихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, шатахууны хараат байдлаас салах бололцоо, боломж бий болно. Дотооддоо шатахуунаа боловсруулаад хэрэглэгч талд хүргэнэ гэдэг маш том амжилт. Шатахуун бол бүх юмны суурь үнэ болдог. Газар тариалан эрхэлсэн ч, барилга байгууламж барьсан ч, уул уурхайн олборлолт хийсэн ч нэн тэргүүнд шатахуун хэрэг болдог. Тиймээс суурь үнэ гэдэг учир 2025 онд ашиглалтад оруулахаар Засгийн газар нэлээн эрчтэй ажиллаж байна.

-Та хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Хөдөө орон нутагт ажиллаж байсан долоон гишүүн хамтарч Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зөрчлийн тухай хуулиар шийтгэлүүд их давхардаж ногддог. Тиймээс давхардсан арга хэмжээг больё гэж байгаа юм. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол нэгдүгээрт, автомашинаа хураалгана. Хоёрдугаарт, торгуулна. Гуравдугаарт, эрхээ хасуулдаг шүү дээ. Тэгвэл энэ хуулиар эрх хасах ч гэдэг юмуу нэг төрлийн торгуулийг ногдуулахаар зохицуулж байгаа.

Хоёрдугаарт, аль болохоор сануулах арга хэмжээг хэрэглэе гэж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд байгаа тусгай зүйл ангиудад сануулах арга хэмжээг авъя. Тухайлбал, гарцгүй газраар зам хөндлөн гарах ч гэдэг юмуу, олон нийтийн газар шүлсээ хаях, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэгт сануулах арга хэмжээ авъя гэж байгаа.

Гуравдугаарт, орхигдсон зарим заалтуудыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулж байна. Тухайлбал, сумын байгаль орчны байцаагч байгаль орчны гэдэг ч юмуу, уул уурхайн чиглэлээр байгаль орчинд сөрөг ноцтой олборлолт, ажил явуулахад мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол тухайн төрийн албан хаагчид хариуцлага тооцдог байхаар зохицуулж байна. Энэ нь төрийн албан хаагчдыг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр. Хариуцсан ажлаа хийгээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог заалтуудыг оруулж байгаа.

Үүнээс гадна Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдчихвал Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болно. 30 мянгаас дээш хүн амтай сумдын статусыг дээшлүүлэх, хоёр, гурван мянгаас дээш хүн амтай багуудын статусыг тосгон болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа.

-Үнийн хөөрөгдлийн эсрэг авч хэрэгжүүлэх гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Дэлхий нийтээрээ л үнийн хөөрөгдөлд нэрвэгдэж байна. Тухайлбал, Туркэд мөнгөнийх нь ханш унаж байна. Дэлхийн бусад орнуудад ам.долларын ханш нэмэгдэж байгаа ч АНУ дотроо ам.долларын ханш нь унаж байна. Европт еврогийн ханш унаж байна. Монголд ч ялгаагүй байна. Энэ мэтээр цар тахал, дайнаас үүдэж бүх улсуудад инфляци хурдтай явагдаж байна. Засгийн газраас үнийг зохистой хэмжээнд байлгах, шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах хууль санаачилж УИХ-д өргөн барихаар боллоо. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийг зохистой хэмжээнд тогтвортой барих нь чухал байгаа юм. Тиймээс энэ хуулийг дэмжинэ гэсэн бодолтой байна.

Цар тахал, Украин-ОХУ-ын хооронд үүссэн дайн зэргээс гадна БНХАУ-ын хил хаалттай байна. Бид бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас л экспортолж авдаг шүү дээ. Бид хэдийгээр эрдэс баялаг уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож байгаа ч экспортолж чадахгүй байна. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн төрийн компаниудаа олон нийтийн болгох, хувьцааг нь олон нийтэд нээлттэй арилжаалах ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна.

Үүнээс гадна Алт хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй. Учир нь алт бол валют олох хамгийн зөв гарц. Тиймээс Алт хөтөлбөрөө үргэлжлүүлж, алтны компаниудад зээл өгч олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах ёстой гэсэн хувь байр суурьтай байна.

Бид нүүрс, төмрийн хүдэр зэрэг мөнгө олдог бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна шүү дээ. Тиймээс хамгийн хурдан хугацаанд валют олж, валютын нөөцөө нэмэгдүүлэх бүтээгдэхүүн алт байгаа юм. Алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд үнэтэй байна.

Үүнээс гадна манай улсын малын тоо толгой таван төрлөөр өсч байна. Хоёрдугаарт, газар тариалангийн салбар сэргэчихсэн байна. Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ярьж байгаагаар энэ жил газар тариалалт нэмэгдэх нь. Мөн дотоодынхоо хүнсний ногоог 100 хувь хангая гэдэг зорилтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам гаргасан байна. Үнэхээр дотоодынхоо хэрэгцээг хангачихвал бидэнд давуу байдал үүснэ.

-Төсөвт тодотгол хийх үү?

-УИХ-ын бүх гишүүд төсөвт тодотгол хийе гэж ярьж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, нэн шаардлагагүй бүтээн байгуулалтын ажлыг таная гэж байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Н.Зориг: Ард түмнийхээ хайрыг татсан алиалагч Батсүх буюу Баачкагаа дэндүү их санах юм даа DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүхийн тухай жүжигчин Н.Зоригтой ярилцлаа.


-Удахгүй инээдмийн баярын өдөр ч тохиох нь. Энэ өдөр зайлшгүй сэтгэлд дүр төрх нь буудаг хүний нэг алиалагч Батсүх. Та хоёр дотно нөхөд байсан гэдэг?

-Баачка бид хоёрын нөхөрлөсөн түүх 1979 оноос эхтэй л дээ. Би хойно оюутан байсан үе. Зуны амралтаараа ирчихээд найзуудтайгаа Тэрэлжийн амралтад очлоо. Амрагчид тасаг тасгаараа хуваагдаж урлагийн номер үзүүлэх юм болов. Тэгтэл манай тасагт Батсүх нэгдэж таардаг юм. Мань хүн од болчихсон байсан. Танихгүй хүн ч гэж байхгүй. Баачка хошин гарааны зохиол бичиж түүнийгээ бид хоёр хүмүүст сонирхуулна. Миний хошин авьяас гэж юу байхав, харин манай хүнийг хоёр үг хэлэхэд л хүмүүс инээлдээд сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа юм. Сүүлдээ бид хоёрыг чинь тасгууд тусгайлж уриад, ганзагалааныхаа юм хумыг гаргаж дайлж цайлдаг боллоо. Бид хоёр маазарч өгөх нь мэдэээж. Ингэж танилцсан түүхтэй. Тухайн үед манайх циркийн хажууд байлаа. Батсүх үдийн цайгаараа ороод ирнэ. Аав(Төрийн шагналт Долгорын Нямаа)-тай мөн дотно танилцсан. Тэр хоёр нэг нутаг гээд сүрхий. Манай аав чинь Дундговийн Өлзийтийнх. Батсүх болохоор Дундговийн Дэлгэрхангай, Дашдооров гуайн нутаг. Манайх циркийн тэндээс нүүгээд дараа нь 1 дүгээр хороололд очиход Батсүхийнх тэнд байсан. Тэгээд мөн л гэр орноороо орж гарна. Аав тэр хоёрын ганзага бүр нийлж эхэлсэн. Урлаг соёлын ямар л уулзалт болно очно. Мөн нутгийн зөвлөлийн ямар л ёслол болно Дашдооров гуай, аав тэр гурав хамгийн түрүүнд очно. Манайд ирнэ гэснээс нэг удаа бид бужигналдан инээд наргиан, хөл хөсөөн болж суутал зурагтаар Оросын инээдмийн жүжигчин Ефим Шифрин гарч байсан. Баачка намайг дуудлаа, Зоригоо найз нь энэ Шифринтэй чинь нэг анги явлаа шүү дээ гэж нүдээрээ ирмээд л, инээд алдаад хээв нэг хэлж билээ.

-Москвагийн циркийн сургуулийг төгссөн мэргэжлийн жүжигчин. Олон улсын циркийн нэрийн хуудас болсон жүжигчидтэй нэгэн тайзнаа тоглож явсан хүн. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Дэлхийд алдартай Москвагийн циркийн сургуулийг алиалагчаар төгссөн ганц хүн нь бараг манай Баачка байх шүү. Өөр хүн төгссөн тухай би лав сонсоогүй юм байна. Алиалагчаас гадна жонглёр, манипуляци гэх зэрэг жижиг илбэ үзүүлнэ. Тэгснээ Ягаанцэцэг гавьяаттай агаарын полет, тэмээн дээрх акробат, шидэгч банз гээд циркийн сор болсон үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Энэ бүхнээ алиалагчийн ангид сурч байхдаа сурсан гэж өөрөө ярьж байсан. Тэгэхээр тус сургуульд дан ганц алиалагчаар биш, циркийн бүх л сонгодог үзүүлбэрүүдийг сурч эзэмшсэн байгаа юм. Зөвлөлтийн ардын жүжигчин Олег Поповтой найрамдлын циркийн хүрээнд олон орноор хамт явж циркийн үзүүлбэрийг хүн төрөлхтөнд үзүүлсэн байдаг. Олег Попов гэдэг бол үнэндээ домог шүү дээ. Гэвч тэр алдартай хүн манай Батсүхтэй Москва, Улаанбаатарт тоглоод мөн барууны орнуудад хамт тоглоод, дээрээс нь Якут зэрэг Зөвлөлтийн орнуудад уригдаж тоглосныхоо дараа “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг юм билээ. Поповоос ийм, ийм өндөр үнэлгээ авна гэдэг лут л даа. Мөн тухайн үед циркийн шилдгүүд, циркийн урлагийн судлаач мэргэжилтнүүд “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна” гэж магтаж байсан гэдэг. Энэ бүхнийг нь бодоод найзаараа үнэхээр бахархдаг юм. Харин манай хүн тоглолтоор явж ирэхдээ надад заавал бэлэгтэй ирнэ. Нэг удаа баруунд тоглоод ирэхдээ Унгараас матартай цамц гэж тэр үеийн ёстой моод болж байсан цамцыг авчирч надад дурсгасан. Миний баярласан гэж жигтэйхэн. Матрын зурагтай цамцаа жинстэй хослуулаад өмсчихвөл тэгээд л тасарчихаж байгаа юм чинь. Би бас хойноос ирэхдээ найздаа гар хоосон ирж байгаагүй. Зангиа занаагаас аваад хэрдээ бэлэг өгч явлаа.

-Та бол кино жүжигчин. Харин та хоёрын хамт тоглосон кино байдаггүй байх. Батсүх гавьяатын тоглосон киноны дүрийнх нь тухай…?

-Манай хүн цөөхөн кинонд тоглосон. Ард түмний сэтгэлд байдаг нь “Мөнгөн буйл”-ын дүр. Би “Мөнгөн буйл”-ыг үзэх дуртай. Баачкагаа харна, мөн Долио(жүжигчин Дорлигжав)-гоо харж байгаа юм. Намайг Кино үйлдвэрт орчуулгын кинонд байхад Баачка “Мөнгөн буйл”-д тоглож байсан. Тангадын Галсан гуайн зохиол, ерөнхий найруулагч Равжаагийн Доржпалам гуай. Батсүх, Доржсамбуу, Дорлигжав гурав тоглохоор чинь тэр кино олны сэтгэлд буулгүй яах билээ. Тэр гурвын дүрийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. “Мөнгөн буйл”-д тоглоод “16 кг” гэсэн нэр авч байсныг нь санах юм. Тэртээ далаад онд байх аа, Долгор гэдэг ногоочны байцаа 16 кг жин дарж Монгол даяар алдаршсан юм гэдэг. Харин Баачкаг маань хөнгөн жинтэй гэж явуулснаас “16 кг” гэсэн онигоо маягийн яриа гарсан юмдаг.

Сүүлд Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд Жанчивдорж, Дашхүү, Туяа, Чаминчулуун, Батсүх гээд Монголын инээдмийн жинхэнэ мастерууд тоглосон. “Монголын гурван өдөр” гэж бас нэг инээдмийн кино байдаг. Батзаяа, Сосорбарам, Туяа, Чаминчулуун тэр хэд нийлж Монголын хошин урлагийн академийг байгуулсан. Батзаяа, Сосорбарам тэр гурвын “Учиргүй гурван толгой” ч билүү, ерээд оны эхээр үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байсан олон номер бий дээ. “Ээ тээглэсэн шаар аа” гээд л нэг хэсэг Баачкагийн үг олны дунд ихэд алдаршиж байлаа.

-Ер нь ярих нь инээдэм биз дээ. Хувь хүнийхээ хувьд цагаан цайлган, гэнэн томоогүй нэгэн байсан гэдэг?

-Ерөөсөө ярьж байгаа нь инээдэм. Байж байгаа дүр төрх нь инээдэм. Ёстой л Монголын ард түмэнд инээд бэлэглэх гэж төрсөн бурхны хүү гэж найзыгаа боддог. Нэг удаа тоглолтыг нь очиж үзлээ. Нөгөө хонины толгой ганцаараа иддэг номер байдаг даа, түүнийг нь үзлээ. Нэг нүд идвэл сохор болно гээд хоёр нүдийг нь идчихдэг, өрөөсөн чих идвэл дүлий болно гээд хоёр чихийг нь идчихдэг, мөн хэл идвэл хэлгүй болно гээд хэлийг нь ганцаараа идчихдэг. Хүүхдүүддээ нэг хэрчим мах өгөлгүй бүгдийг нь ганцаараа цохичихдог. Тоглолтын дараа би асуулаа. “Чи чинь ёстой аймаар идэх юм аа, ганцаараа идчихлээ” гэхэд, хөөе хөөе тэр чинь ийм юм гээд бүтээлэгтэй ширээний ард өвдгөн дээр нь цар байсан, түүнд идэж байгаа дүр үзүүлээд л хийгээд байснаа хэлж билээ. Түүнээс тэрхэн хооронд хонины бүтэн толгой ганцаараа мөлжчихөж найз нь яаж дөнгөхөв дээ” гээд инээж билээ.

Хөдөө гадаа хамт явахад замд инээдмийн юм тувт ярина. Зугаатай гэж сайхан. Тэр жил манай Хүүхэд залуучуудын театраас Жанчивдорж, Дашхүү бид хэд, драмын театраас Дорлигжав, циркээс Батсүх, Ардын дуу бүжгийн чуулгаас Адараа ах гээд бид урлагийн бригад болж Төв аймгийн сумдаар явж байлаа. Адараагийн дууг сонсох гэж, Батсүхийн алиалахыг, мөн циркийн үзүүлбэрийг нь үзэх гэж ард түмэн биднийг бүчиж байлаа. Найз минь аргагүй л ард түмхний хайр хүндэтгэлийг хүртсэн, олонтой хүн байсан. Өнөөдөр би найз нь гээд найзыгаа дурсаж сууна. Гэвч яг дотны нөхөд нь хэн байсан бэ гээд бодоход хичнээн зуун хүний нэр ус гарна. Тийм л олонтой хүн байсан. Жүжигчдээс гэхэд Чойн Хүрэл ах, манай Сүххуяг гээд бүгд л дотно нөхөд байлаа. Манай хүн чинь өр нимгэн, цагаан цайлган. Хүнд тусархуу гэж жигтэйхэн.

Ард түмний хайртай жүжигчин-Тийм үү, танд тусалж байсан жишээ олон бий дээ?

-Байлгүй яахав. Би хойно сурч байхдаа амралт дуусаад буцах боллоо. Тэр үеийн оюутнууд Монголоос тарваганы арьс, нарийн хилэн авч явж хойно зардаг байсан. Дэлгүүрүүдэд нарийн хилэн овоолгоотой байж байснаа оюутнууд буцах үед олдохоо байдаг юм. Би Баачкадаа “Хөгшин нь сургуульдаа хоосон явах боллоо шүү, ёстой баларч байна аа” гэж санаандгүй хэлтэл “Өө хөгшин нь олоод өгье. Хоёулаа орос дэлгүүрүүдээр явъя” гэх нь тэр. “Чамд орос дэлгүүрийн пропуск байдаг юм уу” гэхэд, үгүй ээ, найзыг нь ямар ч орос дэлгүүр зүгээр оруулна гэж билээ. Үнэндээ ч орос дэлгүүрийн хаалгач авгай нар Батсүхийг шууд уриад оруулж байгаа юм. Ингэж сансрын микро, улаан хуаран, төмөр замын орос дэлгүүрүүдээс хилэн олж аваад би гэдэг хүн сургуульдаа толгой гэдгэр явж билээ. Монголын циркийн алтан манежнаа хорь гаруй жил алиалж олон түмний хайр хүндэтгэлийн эзэн нь явсан найзыгаа их л санах юм даа. Сүүлд би 2 дугаар эмнэлгийн тэнд уламжлалтын эмнэлэгт ээж хэвтчихээд эргэж очлоо. Тэгтэл ээж “Найз чинь хэвтэж байна лээ, чи оч” гээд ээжийг эргэх биш муу найзыгаа буузтай, сүүтэй цайтай эргэсэн юм. Гэхдээ нас барахаас нь арай өмнө. Элэгний айхтар өвчнөөр явсан шүү дээ. Явна гэдгээ ерөнхийдөө мэдэж байсан ч гуньж гутраагүй, аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй байж байгаад буцсан. Уран бүтээлчийн сэтгэлийн тэнхээг харуулсан. Гашуун нясуун юм амсахаа больсныхоо дараа намайг хоёр ч удаа ресторанд оруулж дайлж байсан. Хэзээд ч нөхрөө гэсэн тийм халуун сэтгэлтэй эрхэм хүмүүн байлаа, миний найз. Адтай авьяасыг нь ард түмэн мэдэх учир би юу хэлэх билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Болоогүй зүйлд санаа зовох нь аваагүй зээлийн хүүг төлөхтөй адил || DNN.mn

Энэ бол еврей зүйр үг юм гэсэн. Их олж хэлсэн, хоржоонтой үг санагдаад байдаг юм. Нээрэн л бид болоогүй зүйлд үгүй мөн их санаа зовдог доо. Тэгчихвэл яах юм бэ гээд л. Үгүй наадах чинь яг тэгэх гэж байна, тэгж л таараа гэцгээн үйл явдал болоогүй байхад л урьдчилаад санаа зовоод байдаг. Хүүхдээ тэгчих вий, ингэчих вий гээд санаа зовдоггүй хүн бий билүү.

Тэгвэл ингэх нь аваагүй зээлийнхээ хүүг төлж байгаа хэрэг гэнэ. Танаас аваагүй зээлийн чинь хүү гээд банк мөнгө нэхээд байвал ямар санагдах вэ. Ямар ч утгагүй тэнэг санагдахгүй гэж үү. Та банкийг галзуу юм уу солиотой юм уу, гэж гайхан бүүр доромжилсон хэргээр шүүх цагдаадаа тулна. Ингэхээр үүнээс хойш болоогүй зүйлд санаагаа зовоохоо больё оо л гэх гээд байна. Бидний санаа зоволт зовинол бол дандаа ирээдүй цаг дээр болж байдаг гэж япончууд сургадаг.Та бодоод үзээрэй. Болоогүй, ирээгүй юманд санаа зовж сэтгэл санаагаа үймүүлэх ямар хэрэг байна. Орост дайн болж байна, бид одоо яана аа гээд байгаа хүмүүст хэлэхэд, та аваагүй зэлийн хүүг төлөх үү гэж асуумаар санагдах аж. Ирээдүйгээ ухаалгаар, шинжлэх ухааны үндэстэйгээр тооцон түүнээс гарах уршиг, ач холбогдлыг тогтоон түүнд бэлтгэх бол үүнээс шал өөр үйл хэрэг юм. Бид болоогүй юманд санаа зовсноороо яг одоо цаг дээрээ амьдарч чадахгүй байна.

Бид сүүлийн гучин жил яг ингэж оволзож амьдарлаа. Үр дүнг нь та бид харж байна. Ямар ч чадваргүй улсыг бий болгожээ. Өөрсдөө юу ч хийж чаддаггүй улсууд биднийг доромжлоод, дээрэлхээд байгааг ч ойлгохгүй ийм мунхаг ард түмэн бий болсон байна. Бид хойч үеэ хэрсүү, ухаантай ард түмэн болгож хүмүүжүүлж чадахгүй байна. Тэгэхлээр хэдүүлээ одоо тогтож, эргэн тойрон болон бид юу болж байна, хэн болж байна, хэн биднээр яалгах гээд байна, аль нь үнэн, аль нь худал юм гэдгийг эргэцүүлэн боддог болъё. Худал юмыг энэ худал шүү гэдгийг тогтооё. Үнэн юмыг энэ үнэн байна шүү гэж тогтъё.

Энэ бүгдийг эрдэмтэн сэхээтнүүд ард түмэндээ хэлдэг болъё. Хэлэхдээ аль нэг улс төрийн хүчин, эрх баригчдыг долдойлон дагалгүй яг үнэн мөнийг хэлэх хэрэгтэй. Хэлэхдээ судалгаатай институдүүдийн гаргасан зүйлсийг ярьж мөрддөг байя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Эрдэнэ-Очир: “Суварган цэнхэр уулс”, “Нар хиртсэн жил”-д залуу насныхаа дүрийг мөнхөлж үлдээсэндээ баярладаг || DNN.mn

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Эл эрхэм бол “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс” -ийн Цэнд дэслэгчийн дүрийг бүтээсэн уран бүтээлч юм.


-Таныг хүмүүс “Суварган цэнхэр уулс”-ын цэргийн дарга гэдгээр нь сайн мэднэ. Харин “Нар хиртсэн жил”-ийг тэр бүр ярьдаггүй юм. “Нар хиртсэн жил”-д тоглосноо эхлээд ярих уу?

-Монгол Улсын ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гуайн зохиолоор манай нэрт кино найруулагч УГЗ Жамьянгийн Бунтарын хийсэн кино. Зохиол нь ту хайн үед “Цог” сэтгүүлд ердөө хоёрхон хуудас богино өгүүллэг хэвлэгдэж байлаа. Дооров гуай кино үйлдвэрт утга зохиолын ажилтан байсан. Уг зохиолыг нь кино болгоё гэсэн яриа гарангуут хоёр дүр нэмээд л кино зохиол босоод ирсэн. 1975 оны Москвагийн олон улсын наадмын тусгай шагнал авсан юм. Монгол кино үйлдвэрийн анхны бие даасан өнгөт кино. “Хүнд хэлээгүй 10 үг хэлсэн” гэж Лодонгийн Түдэв гуай “Утга зохиол” сонин дээр бичсэн байдаг. Тэр үед киног их шүүмжилж бичдэг байсан. Харин Түдэв гуай монгол ахуйг маш сайн гаргасан гэж магтсан. Хулсан хуурыг тэр үеийн кинонууд гаргадаггүй байсан, би сэтгэлтэй бүсгүйдээ хулсан хуур зааж өгч байгаагаар гардаг. Гэртээ ирэхэд аав “Хүү ирлээ” гэхэд ээж “сүү хөөрлөө” гээд тогоо руугаа ухасхийж байгаа тэр дүр байдал гээд монгол ахуйг ямар гоё гаргасан гэж бодно. 1973 онд “Нарт хиртсэн жил”-д тоглоход би 21 настай, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байлаа. Намайг анх олж харсан нь “Сэлэм Тогмид” гэгддэг Цэрэндорж гуай юм. Ирэх жил киноны 50 жил блно. Цаг хугацаа гэдэг аварга юм даа. Одоо ингээд бодоход киноны том уран бүтээлчид бүгд байхгүй болжээ. Дашдооров гуай, Бунтар гуай, зураглаач нь алдарт Луузаншаравын Шаравдорж гуай, миний “аав ээж” болох гавьяат алдарт Лувсан гуай, Ардын жүжигчин Долгорсүрэн гуай, Цэрэндорж гуай, Мишигийн Жавган гуай, зургийн дарга Махбал гуай гээд аваргууд байлаа.

-Лувсан гуай “Ирж яваа цаг”-ийн Багааяагаас авахуулаад олон сайхан дүрээр дэлгэцэнд өөрийгөө мөнхөлсөн хүн. Долгорсүрэн гуайтай бол юу ярих билээ. “Цогт тайж”-ийн Хулангаас аваад бүх сайхан дүрийг бүтээсэн хүн. Алтан үеийн энэ хоёр буурлыг “аав ээж”-ээ болгосноороо таны хувьд азтай тохиолдол болж шүү?

-Ховор сайхан хувь тавилан байлгүй яахав. Би тэр үед гэр бүл болоогүй аав ээжтэйгээ амьдарч байлаа. Миний аав ээж хоёр нас хэвийж явсан буурлууд. Кинонд тоглочихоод гэртээ ирэхэд ээж маань юм оёод л сууж байна. Яг л кинонд гарч байгаа юм шиг. Хэнтийн Баянмөнх суманд зураг авч байсан.

Тэмээн хөсөг хөтлөөд эргэж хардаг нэг хэсэг байдаг. “За чи энэ хүрээд эргэж харна шүү” гэж Бунтар гуай хэлнэ. Заасан газарт нь очоод эргэж харахаар болж өгдөггүй юм байлгүй, загнуулна. “Би ер нь тоглож чадах уу, больдог ч юм уу” гэж бодож л байсан. Гэвч аав ээж хоёр минь хөтлөөд явчихаж байгаа юм. Тэр хоёртой тоглоход надад үнэндээ түүртэх юм байгаагүй. Киногоо хааяа үзэхэд их сайхан. Ер нь тэр үеийн кинонуудыг жинхэнэ аваргууд, мастерууд агуу хийдэг байжээ. Найруулагчдын зураг ту хайн үед “Цог” сэтгүүлд ердөө хоёрхон хуудас богино өгүүллэг хэвлэгдэж байлаа. Дооров гуай кино үйлдвэрт утга зохиолын ажилтан байсан. Уг зохиолыг нь кино болгоё гэсэн яриа гарангуут хоёр дүр нэмээд л кино зохиол босоод ирсэн. 1975 оны Москвагийн олон улсын наадмын тусгай шагнал авсан юм. Монгол кино үйлдвэрийн анхны бие даасан өнгөт кино. “Хүнд хэлээгүй 10 үг хэлсэн” гэж Лодонгийн Түдэв гуай “Утга зохиол” сонин дээр бичсэн байдаг. Тэр үед киног их шүүмжилж бичдэг байсан. Харин Түдэв гуай монгол ахуйг маш сайн гаргасан гэж магтсан. Хулсан хуурыг тэр үеийн кинонууд гаргадаггүй байсан, би сэтгэлтэй бүсгүйдээ хулсан хуур зааж өгч байгаагаар гардаг. Гэртээ ирэхэд аав “Хүү ирлээ” гэхэд ээж “сүү хөөрлөө” гээд тогоо руугаа ухасхийж байгаа тэр дүр байдал гээд монгол ахуйг ямар гоё гаргасан гэж бодно. 1973 онд “Нарт хиртсэн жил”-д тоглоход би 21 настай, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байлаа. Намайг анх олж харсан нь “Сэлэм Тогмид” гэгддэг Цэрэндорж гуай юм. Ирэх жил киноны 50 жил блно. Цаг хугацаа гэдэг аварга юм даа. Одоо ингээд бодоход киноны том уран бүтээлчид бүгд байхгүй болжээ. Дашдооров гуай, Бунтар гуай, зураглаач нь алдарт Луузаншаравын Шаравдорж гуай, миний “аав ээж” болох гавьяат алдарт Лувсан гуай, Ардын жүжигчин Долгорсүрэн гуай, Цэрэндорж гуай, Мишигийн Жавган гуай, зургийн дарга Махбал гуай гээд аваргууд байлаа.

-Лувсан гуай “Ирж яваа цаг”-ийн Багааяагаас авахуулаад олон сайхан дүрээр дэлгэцэнд өөрийгөө мөнхөлсөн хүн. Долгорсүрэн гуайтай бол юу ярих билээ. “Цогт тайж”-ийн Хулангаас аваад бүх сайхан дүрийг бүтээсэн хүн. Алтан үеийн энэ хоёр буурлыг “аав ээж”-ээ болгосноороо таны хувьд азтай тохиолдол болж шүү?

-Ховор сайхан хувь тавилан байлгүй яахав. Би тэр үед гэр бүл болоогүй аав ээжтэйгээ амьдарч байлаа. Миний аав ээж хоёр нас хэвийж явсан буурлууд. Кинонд тоглочихоод гэртээ ирэхэд ээж маань юм оёод л сууж байна. Яг л кинонд гарч байгаа юм шиг. Хэнтийн Баянмөнх суманд зураг авч байсан.

Тэмээн хөсөг хөтлөөд эргэж хардаг нэг хэсэг байдаг. “За чи энэ хүрээд эргэж харна шүү” гэж Бунтар гуай хэлнэ. Заасан газарт нь очоод эргэж харахаар болж өгдөггүй юм байлгүй, загнуулна. “Би ер нь тоглож чадах уу, больдог ч юм уу” гэж бодож л байсан. Гэвч аав ээж хоёр минь хөтлөөд явчихаж байгаа юм. Тэр хоёртой тоглоход надад үнэндээ түүртэх юм байгаагүй. Киногоо хааяа үзэхэд их сайхан. Ер нь тэр үеийн кинонуудыг жинхэнэ аваргууд, мастерууд агуу хийдэг байжээ. Найруулагчдын зураг авалт, тавилт нэг л өөр байж. 1945 оны дайны үеийн цэргийн хувцас хунар өмсөж тоглосон. Би тэр үед цэргийн хувцас өмсөж чаддаггүй, мэддэггүй байлаа. Харин дараа нь 05 дугаар тусгай хороонд цэргийн алба хаагаад, манай хороо чинь цэргийн парадад оролцдог, өндөр өндөр жавхгар сайхан харчуудтай учир жинхэнэ цэргийн хүн болсон. Би чинь цэрэгтээ улирсан хүн шүү дээ. Тэгээд л хил хязгаараар, хилийн заставаар урлагийн бригадаар явж эхэлсэн. Долгорсүрэн гуай сүүлд “Би олон кинонд олон ч хүүхдийн ээж болж тоглосон хүн. Энэ олон хүүхдүүд дотроос минь хамгийн авьяастай нь манай Эрдэнэ-Очир юм. Хөгжмийн зохиолч, удирдаач” гээд л намайг тэр жил “Шүтээн” нэвтрүүлэгт ороход магтаж байж билээ. Дэнсмаа бид хоёрыг “Хөөрхөөн, хоёр жаахан юм байсан” гээд л ярьдаг байж билээ. Дэнсмаад Дэнсмаа нэртэй хүн тоглосон юм. Дэнсмаа одоо Налайхын гордокт байгаа. Цэцэрлэгт тогооч хийж байгаад тэтгэвэртээ суусан.

-Одоо хоёулаа “Суварган цэнхэр уулс”-аас ярья. Н.Батцэцэг гавьяаттай тоглох мэдээж гоё байсан байх. Таны хувьд цэргийн амьдрал мэддэг, армид алба хаагаад жавхаажчихсан, өмнө нь бас кинонд тоглочихсон, юм юмны зах зухтай ид жагссан үедээ “Суварган цэнхэр уулс”-д тогложээ?

-Киноны зураг авалт гээд Чогдон баатар бид 2, 3 хоног нойргүй явах үе гарна. Баатар маань “Халх голд нойргүй хонох миний хоногийн тоо гүйцээгүй юм байж дээ” гэсэн айхтар үгээ хэлж байсан. Халхын голын шумуул гэдэг аюул, биднийг ёстой амь тэмцүүлж байлаа. Чогдон баатрыг болохоор хазахгүй ч байгаа юм шиг. Тэгэхэд мань хашир “Гучин есөн онд ханатлаа хазуулж байлаа” гээд шумуулыг тоох ч үгүй сууна. Санжийн Пүрэв зохиолч, Жийгээ найруулагч хоёр Баянхошууны застав дээр очиж зохиолоо бичсэн гээд бодохгүй юу. Сайхан байгаа биз. Киноны гол зургийг Хэрээ уулын застав дээр авч байсан. Мөн Ерэн баатрын хөшөө, Баян уулын заставт бас авч байсан. Найруулагчийн шийдэл байсан байх, киноны ихэнх зураг яг бодит амьдралын зургууд. Дөчин хэдэн оны байлдааны хэсгийг ярьдаг даа, тэр бол Чогдон баатрын байлдсан бодит үйл явдал байх жишээний. Хөгжилтэй юмнууд бас бий л дээ. Тухайлбал, борооны зургийг яаж авдгийг би мэдэхгүй. Бороо орохоор л авах юм байх гэж бодож байтал гал командын хоёр машин ирж ус шүршиж бороо оруулаад л авчихсан. Борооноор адуу хил давах гэж байдаг тэр хэсгийн зураг шүү дээ.

-Жийгээ ах(Ардын жүжигчин кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн) мөн ч залуухан байсан даа?

-Ээ залуу байлгүй яахав. Ах чинь ирэх тавдугаар сард 70 нас хүрэх гэж байна. Тэгэхээр Жийгээ одоо 80 хүрч байгаа байх. Зураглаач Зундуй ах тэр хоёр чацуу, надаас арваад насаар ах хүмүүс. Жийгээ чинь голдуу оросоор ярина. Батцэцэг орос хэлний ангийн төгсөх курсийн оюутан байсан болохоор найруулагчийн оросоор хэлж байгааг ойлгодог байсан. Би бол ойлгохгүй. Зундуй ах “Жийгээ чи монголоор хэл л дээ, наад хүн чинь яаж ойлгох юм” гэнэ. Киноны хөгжмийг Зундуйн Хангал хийсэн. Орчин үеийн гоё аялгуунууд орж ирдэг. Миний тоглосон кинонуудад ямар сайхан хөгжмүүд эгшиглэж, ямар мундаг хөгжмийн зохиолчид ажилласан юм бэ дээ гэж би хөгжмийн хүний хувьд баярладаг. Ер нь хөгжмийн зохиолч болох ирээдүй “Суварган цэнхэр уулс” кинонд тоглоход мэдрэгдсэн, мөрөөдөл минь биелсэн гэж хэлж болно. “Нар хиртсэн жил”-ийн хөгжим Эрэгзэнгийн Чойдог багшийнх. Цэргээс халагдаад гэр рүүгээ ирж байхад морин хуурын аялгуу яваад нэг л гоё болдог. Морин хуурыг тоглосон хүн нь манай ангийн хүүхэд, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан Ардын жүжигчин Ц.Батчулуун юм.

-Батцэцэг гавьяатын тухайд та юу хэлэхсэн бол. Тухайн үед кино дэлгэцэнд гарахад Батцэцэг жүжигчний тухай нийгмээрээ шуугьж байсан гэдэг?

-Батцэцэг бол мэдээж сайхан хүүхэн. Гэхдээ хилийн цэргийн заставт ямар ч бүсгүй хүн очсон гоё санагддаг. Бүгд шохоорхон харж, догдолдог байхгүй юу. Киногоо улам сайхан болгох гэж, гоо зүйн талаас нь харж гол дүрүүддээ Батцэцэгийг мөн намайг сонгосон байх гэж би боддог юм. Заставын даргын өрөө байр тийм тавтай тохилог, гоё байгаагүй. Бид ирээдүйд заставын даргын өрөө тасалгаа, байр ийм гоё байх ёстой гэдгийг бодож, бас зөгнөж тохижуулсан юм. Цэрэгт эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аварч чаддаггүй хэсэг байдаг. Түүнийг Арвай генерал “Үхүүл, энх тайван цагт ч гэсэн цэрэг үхдэг” гэж хэлж байсан. Одоо бодоход их л зөв байж. Батцэцэг, Төмөрбаатар, Сүрэнд тоглодог Бадамхатан бид дөрөв хотоос очсон. Ц.Төмөрбаатар уг киногоор дипломын ажлаа хамгаалж байсан. Бусад нь тэнд алба хааж отрядын дарга нар, заставын цэргүүд. Хиймэл юм гэж бараг байхгүй дээ. Сүүлд киноны 40 жилийн ойгоор хилийн цэрэг дээр уулзалт болоход зарим хүмүүс маань ирж байсан. “Сурвалжлагч эмэгтэйгээр дуу дуулуулмаар байна” гэж хэлдэг Дамбын дүрд тоглосон Гэрэлбаатар байна, цэргийн л хүн. Сүрэнд тоглодог Бадамхатан уурхайн инженер хүн, саяхан шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон. “Би ганцхан шүлэг л мэддэг юм гээд. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч… хэмээн ярьж байгаа юм шиг маш энгийн уншсан нь хүртэл ямар нэгэн тавилтгүй, байгаагаараа байгаа нь тэр. Түүнээс Ц.Гантөмөр гуай шиг уншвал худлаа дуураймал болно. Киноны нэг гоё шигтгээ бол мэдээж Хунгийн дуу”. Жийгээгийн үг Хангалын хөгжим, Буурангийн Нандинцэцэг дуулсан. “Хунгийн дуу” гэснээс “Сартай шөнийн уянга” гэж миний нэг гоё дуу бий. Жигжидсүрэн найруулагч мөн үгийг нь бичсэн юм. Хил дээр хилээ манаж байгаа залуу, амраг ханиа дурсан дуулж байгаа тийм дуу. Одоо хилийн цэргийн чуулгын эмэгтэйчүүдийн сүлд дуу болсон. Үүнийг би “Хунгийн дуу”-наас сэрж киноныхоо натур дээр хөгжмийг нь бичиж байсан. Манай киноны натурын дуу болж билээ. Сүүлд манай чуулгын дуучин Б.Ганчимэг дуулж клипжүүлсэн, “You­Tube” дээр байгаа, чи нэг хараадахаарай.

-Одоо танаас хөгжмийн зохиолчийн хувьд ганц нэг зүйл асууя. Та чинь Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, удирдаачаар олон жил ажилласан хүн?

-Манай хөгжим бүжгийн дундад байхад морин хуурч Батчулуун, Үндэсний дуу бүжгийн чуулгын дарга УГЗ Цэдэн-Иш, гавьяат жүжигчин Чаминчулуун, дуурийн театрын Баатар бид нэг ангийнхан. Бүгдээрээ гавьяат болжээ. Хөгжмийн зохиолчийн хувьд Барнангийн Доржпаламын шүлэг “Тэр үүрээр чинь би төрсөн юм” гэж дуу бий. Мөн Палам бид хоёрын “Юугаа ч хайрлаагүй аав минь” гэж дуу бий. Үнэнхүү гавьяат сайхан дуулсан. 100 гаруй зохиолын дуу, дан найрал хөгжим бүжгийн болон хүүхдийн дуут жүжгийн 40 гаруй хөгжим бичжээ. Улсын ардын дуу бүжгийн чуулгад байхдаа Шуберт “Серенада”, Моцартын “Рондо”, Ц.Сүхбаатарын “Жороо сайхан халиун”, Загдын Түмэнжаргалын “Тал нутгийн өглөө” зэрэг дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлүүдийг хуучир хөгжмөөр гоцлон хөгжимдсөн. “Тал нутгийн өглөө” өглөө бүр Монголын радиогоор явдаг юм.

-Та Урлагийн гавьяатыг 1993 онд 30 жилийн өмнө авч байсан юм билээ?

-Тийм ээ, 30 жил болж байна. Гавьяат авснаасаа хойш хийсэн юм гэвэл зөндөө дөө. 1995 онд Хайдав, ардын жүжигчин Баярмагнайтай хөдөөгүүр баг бүрдүүлээд явж байлаа. Тэр дунд явсан хүний нэг нь Чингисийн Жаргалсайхан байна. Гавьяат ч аваагүй байсан залуу өнөөдөр Ардын жүжигчин болсон байна. Мөн гавьяат Ариунаа байна. Ямар ч цол хэргэмгүй дуучин байсан. Хайдав гуай минь Хөдөлмөрийн баатар, Баярмагнай Ардын жүжигчин болсон байна. Говь-Алтайн Оюунчимэг, Ховдын Болормаа, мөн Загаржав энэ хэд маань бүгд гавьяат авсан байна. Энэ хэдийгээ аваад урлагийн гавьяат зүтгэлтэн гээд миний бие явж байлаа. Өнөөдөр байрандаа хөдлөөгүй байгаа ганц хүн нь би болоод байна. Гэхдээ гавьяа шагнал авах ёстой гэж ингэж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр сонирхуулж байгаа юм. Юмаа хийгээд явж байхад болно. Найм, есөн киноны хөгжим хийжээ. “Сэтгэлийн уяа” гэж кино Цогтбаатартай хийж байсан. Бас казах кино ч хийж байсан юм. Ж.Саруулбуян миний тухай “Хуучиртай Богд” гэж бичиж байсан. Би чинь “Цөвүүн цагийн Богд” кинонд Халхын Өндөр гэгээн Занабазарын гол дүрийг бүтээсэн хүн юм. Энэ бол аргагүй том дүр. Харин тэр кино дэлгэцэнд олон гараагүй. “Их хааны удам” киноны Довчин бэйсийн дүрийг бас бүтээсэн. “Төрийн сүлд өршөө” кинонд Содном бичээчийн дүрд мөн тоглосон байдаг. Өнөө хувьсгалчид болох Данзан, Бодоо, Сүхбаатар нар хурал хийж байхад би хажууд нь монгол бичгээр юм бичиж суусан. Миний монгол бичиг гэж юу байхав, бичиж байгаа дүр үзүүлээд сууж байна. Тиймэрхүү дүрүүд бий бий. Сүүлд “Босго тотго” кинонд гол дүр Батын аавд тоглож байсан. Сахал энэ тэр тавиад тоглоход хүн таньдаггүй юм аа. Түүнээс гурван киноны гол дүр, арван хэдэн киноны туслах дүр бүтээсэн хүн. 1993 онд Цэрэндорж гуайтай цуг Японы киноны наадамд жүжигчнээр явж байлаа. Монголын кино урлагт “Нар хиртсэн жил”, “Суварган цэнхэр уулс” энэ хоёр кинонд эр цэргийн дүр бүтээж, өөрийнхөө залуу сайхан насыг их урлагийн бурхадтай хамт мөнхөлж үлдээсэндээ сэтгэл дүүрэн явдаг даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Яруу найрагчийн ижий || DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг угтаж яруу найрагчид ижийнхээ тухай дурссаныг уншигч танаа хүргэе.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Монголын их утга зохиолын оргил, суу билэгт их найрагч маань ижийнхээ тухай олон шүлэг бичсэн. “Билүүтэй уулынхаа овоонд чулуу ганцыг нэмлүү дээ, биеэ хувааж төрүүлсэн ээжийнхээ ачийг яалаа даа” гээд эхэлнэ. “Хаврын сар гаруут ижий минь намайг хүлээнэ”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Ижийтэйгээ үзсэн наадам” гээд нэрт найрагчийн хайрт ижийдээ зориулсан шүлгүүд олны сэтгэлд явдаг. Тэртээ хоёр мянга таван онд яруу найрагч сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах Лхагвасүрэн найрагчтай ижийнх нь тухай хөөрөлдөж л байсан. Ер нь найрагчийн ижийгээ санасан дурсамж хэзээд чиг халуунаараа байх болно оо.

“…Эх бүхний цээжнээс эхэлдэг

Элбэг урсгалтай сүүн мөрөн

Ижий мөрөн

Үрээ л дагаж урссан

Үйлийн үртэй цагаан мөрөн…” миний ижий хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Бэйсийн хошуу, одоогийн Төв аймгийн Өнжүүл сумын хүн. Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн юм билээ. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд. Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж савны хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ. Бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн хүн шиг санагддаг. Тэгээд цэл залуу 44 насандаа өөд болсон доо.

“…Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд

Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж

Өдий төдий олон тоглоомноос татгалзаж

Өөрийгөө би авч үлдэж чадсан болохоор

Надад бага нас байгаагүй” гэж бичсэн маань ийм учиртай. Ижий минь намайг зураач болно гэж бодож өнгөрсөн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлчихээд наян хоёр онд ном гартлаа зураг л зурж хэдэн хүүхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа. Миний үеийнхний бүх номын чимэглэл миний гараар орсон. Тэгэхээр ижий намайг том шүлэгч болно гэж бодоогүй байх. Уул нь тэр үед би “Шүхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан Од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Түүнийг үзсэн л дээ. Тэглээ ч яруу найрагч хүүгээ хорвоод үлдээлээ гэж бодоогүй л болов уу. Би хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн юм.

“Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдын зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн…”. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хөдөө гарлаа. Лүн суманд сум, нэгдлийн даргаар очлоо. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан юм. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа, төөрөөд” гэж билээ. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болохгүй шүү дээ. Намайг хажуугаасаа салгах дургүй нь тэр. Намайг багад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь гучин гуравхан насандаа өөд болсон. Түүнийг өөд болоход аав эзгүй. Манайх аймгийн төв дээр. Аав сум руу яваад шүлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггүй. Үхсэн хүнээ гаргаж чадахгүй хамт гурав хоносон юмдаг. Ижий шөнө унтахдаа хүүгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шөнөжин мэгзэм уншаад хонодог сон гэж ярьж байсан. Ижий минь их уяхан хүн. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байжээ. Хүн ер нь ухааныг эцэг эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дуурайгаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад ээж тэрүүхэндээ пөг пөг гээд инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ. Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү” гэж билээ.

…Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан…”


Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг бүх хүн нулимстай уншдаг. Найрагч өөрөө ч дотогшоогоо мэлмэрч уншдаг.

Тэр жил Өвөрхангайд Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” дээр Бадарч ах минь “Эхийн сэтгэл”-ээ уншин үзэгчид тэр аяараа уйлж билээ. Бичлэг нь ч “YouTube”д байдаг. Бичлэг гэснээс Бадарч ахын “25 дугаар суваг” ТВ-гээр ижий ааваа яриад уйлдаг нэг нэвтрүүлэг бий. Ард түмнийг уйлуулдаг нэвтрүүлэг гээд нэрлэчихэд болохоор. Ингээд буурал найрагчийн ижийн дурсамжийг хүргэе. Би чинь айлын өргөмөл хүүхэд. Гучин есөн онд дайны жил төрсөн. 14 хоногтой байхдаа айлд өргөгдсөн. Би төрүүлсэн хоёрыгоо эх эцэг гэж хэлдэг. Харин өргөж авсан хоёрыгоо аав ээж гэдэг. Арван сар тээж ангир уургаа шимүүлж өсгөсөн эх минь хүүгээ хүнд өгөхдөө харуусч байсан байхдаа гэж боддог. Эхийнхээ үгэнд ороод л өгчихсөн гэдэг юм. Хожим намайг бараг хөгширсөн хойно юм даа, манай эхнэрт “Хүүгээ сайн ч явсан, муу ч явсан янз бүрийн сураг дуулдсан ч сэтгэл дотроо бодно уу гэхээс гадагш нь хэлж ярьдаггүй. Нэгэнт би улаан нялзрайд нь хүнд өгчихөөд хойноос нь юу хэлж явах билээ” хэмээн дуугарсан байдаг.Ижий аав минь биднийг их энхрий өсгөсөн юм. Ганцхан дурсамж хэлэхэд, 1944 оны аймшигт бичин жилийн зуднаар манай Төв аймгийн урд талын сумд, Дорноговь, Дундговь, Хэнтийнхэн отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд нүүж гарсан. Манайх нэг мухлагтай. Тэр нь араг нурууг эсгийгээр бүрж үүд гаргасан мухлаг тэрэг. Түүнд эгч бид хоёрыг суулгаад л нүүлээ. Мухлаг тэрэгнээс өглөө босоход ижий минь аргалын цогийг манай нутагт хөнгөрцөг гэж ярьдаг төмөр хувинд дүүрэн хийгээд тэрэгний нуруу модноос дүүжилчихсэн байдаг сан. Бид хоёр аавын илбэнхэн дээл чонон дахаар хучуулчихаад ааруул цагаан тос идсэн шигээ явж билээ.Тийм л түүхтэй өсгөсөн дөө.

Ижийн тухай шүлэг бичих маш хэцүү. Ижийнхээ тухай, дурсгалд нь зориулж, амьд мэнд байхад нь ч бичиж байсан. Нас элснээс нь хойш бичсэн хоёр шүлэг бий. Түүний нэг нь амьтан хүний уншаад уйлаад байдаг “Эхийн сэтгэл” шүлэг юм даа. Ижий минь надад нэг бурхан өгсөн юм. Намайг бага байхад надад харуулдаг байсан л даа. Хүүгээ авчраад удаагүй сар болсны дараа бурхан олсон. Тэр бурхан багшийн хүрэл дүр байж. Тэгээд ижий минь “Миний хүү урт наслах юм байна, буянтай явах нь” гэдэг байлаа. Би том болсон хойноо ээж та намайг сайн явна гэж яаж мэдсэн юм гэж асуудаг байлаа. Урт насална гэдэг нь тэр бурхан багшийн дүр олсондоо, буянтай явна гэдэг нь бурхан багш гартаа бадар аяга барьсан байдаг учраас идэх хоолтой явна гэж ижий минь зөгнөж ярьдаг сан.Би шагнал урамшил авч л явлаа. Ажил төрлөөсөө халагдаж, гуниж гутарч явсан өдөр бий. Би ижийгээ сэтгэлээсээ ер гаргаагүй. Ижий минь намайг дандаа харж байгаа гэж бодож төсөөлдөг. Ардын зохиолчийн алдар хүндийг хүртээд Төрийн ордонд зогсож байхад нулимс гарах гээд байсан. Тэгээд би тэссэн л дээ. “Ижий минь байсансан болоосой, байсан бол нэг баярлуулах байж дээ” гэж бодогдоод ордны соёмбот танхимд нулимсаа барьж ядаж байсан. Ижийгээ санаж байдагтай холбоотой юм болов уу даа. Аятай сайн яваа минь тийм л учиртай байх.

lll

Тэр жил багш(Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол)тайгаа Бүрэнгээд нь галгиулж явахад багш минь Шархайн шар талын замд ижийнхээ тухай ийн хуучилж билээ. Цаас цоохорлох заяанд төрснийх хол ойр хэсч өнөө энд маргааш тэнд явсан зам, эрээчсэн цаасаа ч гэсэндээ чамлах юм байхгүй. Ганцхан юмыг л бичиж чадсангүй дээ гэж бодож явна. Үнэндээ гэвэл санаа дутсан бус сачий минь хүрээгүй хэрэг. Ижийнхээ тухай бичиж чадсангүй ээ.

“Тал ижий хоёр хоёулаа намайг хүлээж байгаа

Танхил хүүдээ гэж дэлгэсэн ааруулыг нь

Талын минь салхи хатааж байгаа..” гэхчлэн арван хэдхэн насандаа бичээд анхны түүвэртээ оруулж л байсан. Бас “Сүн далай ачит ээжийгээ

Сүүдэр газар суулгахгүй

Сүүн сэтгэлийг нь ээдэхгүй

Сүслэн хайрлаж яваарай” гэж хүмүүсийг дуулуулсан нь бий. Гэвч ижий, ижийн хайр гэдэг энэхэн биш ээ. Ижийн хайр гэдэг бичиж зурж, хөшөө дурсгал болгон барьж болдог, энэхэнд багтдаг эд биш юм. Шархайн шар талын амьдрал, хөл хөдөлгөөн, ойр холын бараа дүр айл амьтан алга болох байтугай уул нурж, улс гүрэн мандаж мөхөж бас мандаж байдаг амаргүй хорвоо. Хувираагүй юм ганцхан тэр нь эхийн хайр. Миний ижийн ижий Цэнд гэж байсан юм. Дандаа дарь эх хангинуулж нэг бол шанага барьж цай уудалж зогсдог, нэгэн бол хувин барьчихсан үнээ мал сааж явдаг байлаа. Өвгөн нь Бээжин Жанчхүү явсан жингийн даамал Ягаан Бямба гээч байсан юм. Тэднийх их бага Дэнсмаа гэж хоёр охинтой. Хоёр Дэнсмаагийн эгч нь миний ижий. Би гэдэг хүн зовохдоо ч зовж, жаргахдаа ч жаргав. Юуг жаргал гэхийг ойлгож өгөхгүй уджээ. Харин нэг юмыг мэдэж байна. Жинхэнэ аз жаргалыг хаана эдэлсэнээ мэдэж байна. Төрсөн хонхортоо ижийнхээ дэргэд жинхэнэ аз жаргал гэдгийг эдэлсэн юм байна. Ижий шиг тийм аз жаргалын гэгээ цацруулсан хүн хязгаар хярхаггүй орчлон дээр нэг ч тааралдсангүй ээ.

Талынбулагийнхаа дэрст нуга тохойг сананам. Гүүний хоёр хөх шиг Талынбулаг, Түмий хэмээх хоёр булаг. Энэ хоёр “хөх”ийг дөрвөн улирал үлгэсэн хэдэн гэр байлаа даа. Ижийн хүү өө, дэнгээ бариарай, -барьчихлаа ижий. Хургаа зөрүүлчихэв үү, -зөрүүлчихлээ. Ажаа нь өнөөдөр ирэхгүй,орон дээр нь сүх тавиарай. Миний хүү таргаа дэлс дэлс, тэгээд айргаа бүлээрэй. Хэд бүлэх юм бэ. Миний хүү ямар эцэх юм биш зөнд нь Гөөгөөгийнхөө айраг шиг, Жоожоогийнхоо айраг шиг чихэр амтагдтал нь бүлээрэй. Ээжээ ажаа эзгүй та айж байна уу. Хүүгээ байхад ээж нь юунаас ч айхгүй ээ. Ижий хүү хоёр байхад болноо гэнэ.

Айргаа бүлэхэд гэрээр исгэлэндүү дулаан сайхан үнэр ханх тавьж, хатавчинд өлгөсөн хүүдийтэй аарц дуслах нь сонсогдон хонин тогоонд сүү дөвийж, зууханд аргалын хонгор гал тоглон, бурхны ширээн дээр мандаасан зул эрвээхэйн салхинд дальдчихаас өөр чимээгүй. Оройн ажил дуусч ижийтэйгээ хамт гэрээ эргэхээр гарахад түрүүхэн тавьсан гүүн зэлний тэндээс адууны үнэр ханхалж, од түгсэн уужим тэнгэрийн дор талын дээгүүр тоос нь бууралтсан хэвээрээ. Ижий шоголтой Алтангэрэл судар барин гэрээ хэдэнтээ эргэж надад бас адис өгч гэртээ орно. Би ижийгээсээ үлгэр ярьж өгөөч гэж шална даа. Манайхан нэг өвөл Хашаатын замын бууцанд өвөлжиж хойд толгой дээрээ идээ будаа засч ёс төр болсон юм. Тэгтэл манайхнаас холгүй ирж өвөлжсөн оторчин овоон дээр буугаад мордохдоо тахилын идээнээс хэвийн боов цагаан тос зэргийг нь өвөртлөөд явчихсаныг малд явсан хүүхэд хотныхондоо хэллээ. Ижий түүнд тун их дургүйцэв. “Ганц сайн чадъя даа” гэх нь тэр. Хожим өнөө хүнийг манайд нэгэнтээ ирэхэд нь их том модон хулаар дүүрэн боов, цагаан тос, хонины сүүл хөшиглөн халуун цай хийж өгөөд дээр нь адууны харвин айргаар шахаж “Хавар ховрын цагт залуу хүн өлөрхөж яваа биз хөөрхий. Таныг хоолонд бузгай гэж хүмүүс хэлдэг юм билээ, ид ид” гэж тэвдүүлэн цаад хүн нь уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй хэцүүдэж суусан нь манай хотоор инээдэм болж билээ. Ижий амьдралдаа хүн шийтгэсэн нь тэр. Шийтгэл нь хүртэл ерөөлийн дайтай хүн ижийгээс минь өөр ховор л байлгүй.

lll

Төрийн шагналт найрагч Долгорын Нямаатай төрсөн буурь Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очиход ачит ижийгээ дурсан нулимстай зогсож байсан сан. Нямаа ах ижийдээ зориулж номон суварга бүтээсэн хүн юм. Найрагчийн ижий 82 насалсан буянтай буурал байжээ. “Ээжийн тухай бодоход хамгийн түрүүнд санагдах нь өглөө босох” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгээд “Энэ бол монгол эмэгтэйн нэг гол шинж байв. Өрхний оосор татаж өглөөний нарны туяаг гэртээ залах эрх эмэгтэй хүнд ногдсон нь миний бодоход хүндэтгэл ч юм шиг” гэж ухаалаг зөөлнөөр хэлнэ. Тэрээр бууцандаа очиж “эрхэлчихээд” дараа нь Дэл Хөнжлийнхөө уулсыг зорьсон юм. Ийн явахдаа “Үе үе ээжийнхээ тухай бодоход салхи сэрж бостол исгэрээд хонь хяргаж суудаг нь, ботгоо голсон ингийг уяртал хөөсөлж зогсдог нь, шинэ дээл эсгэдэг нь, бурантаг томж угалз оёдог нь, нүүдэлд ачаа хөтөлж явдаг нь, сөхөрч суугаад хурууд зүсдэг нь, хонин тогоо дүүрэн сүү хөөрүүлээд тоононд тултал самардаг нь харагдаад байдаг. Дэнгийн гэрэлд юм оёод суучихдаг сан. Хар багадаа хурга хариулж яваад ээжийн даллахыг харах мөн ч сайхан. Хурганаас ирэхэд зуухны галын нурманд боов булж, эсвэл сэнжтэй төмөр аяганд будаатай унд хийж тавьсныг хүртэхэд гоё” гэж ярихад нь говь нутгийн ажилтай, унд устай, жудаг журамтай сайхан ижийн төрх нүднээ бууж билээ.

Уг ярианыхаа араас Нямаа ах уйлмаар хэдэн мөр хэлсэн нь “Намар намрын цагт сургуульд мордоод явахад хоёр нүдийг нулимс бүрхээд харж болохгүй. Нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтэл ганцаар зогсож үлддэг нь санаанаас гардаггүй. Анх сургуульд явсан намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад гарч хардаг байж билээ. Тэгэхэд шонгийн хэцэн дээр ирж суусан бялзуухай шувуу жиргэсэн байдаг ” гэж ээж минь хэлдэг сэн” гэх мөрүүдээс нь халуун хайр мэдрэгддэг. Мөн Сүүеэ минь (Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав) “Миний нутгийн бараа” дуундаа ижийгээ мөнхөлснөө сэтгэл цалгин ярьдаг сан. “…Сүргийн бэлчээр чимэглэсэн

Сүйхэн цагаан гэрүүд байна аа

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн өргөө юу даа” хэмээн дуулах шүлэглэхийн завсар хэлэхдээ хоолой нь чичирхийлдэг сэн. “Багаасаа гашуун нясуун юм амсаж, ажил төрлөөсөө халагдаж, шүлэг найраг хэмээн хөөрцөглөж явсан би ганцхан удаа ижийгээ баярлуулсан нь энэ дууны шүлэг юм” гэдэг. Найрагчийг төрүүлсэн тэр сайхан ижий наян найман онд хүү Сүрэнжавыгаа, наян есөн онд хүү Пүрэвсүхийгээ (“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураач) төрийн соёрхол авахад хосгүй их баярыг амссан байдаг.

lll

Хөшөөтийн голд суугаа залуухан ижийд минь “Яруу найрагчийг төрүүлсэн юм шүү” гэх далдхан бахархал байдаг шиг. Тийм ээ, молхи миний бие одоогоос 20 жилийн өмнө 2002 оны намар МИС(Механик инженерийн сургуул)-ийн дотуур байрны 4 давхрын шатан дээр ижийдээ зориулсан “Ижий минь” шүлгээ бичиж билээ. Намрын нойтон цас будагнаж, навчис хөлөөр шуурсан өглөө хичээлдээ явахад ижий минь бодогдоод, нүдийг минь нулимс бүрхээд. Дашбалбар найрагчийн хэлснээр намрын хүйтэн энэ өглөө ижий минь үнээний дэлэн шувтарч зэлэн дээрээ жихүүцэн байгаа гэх мөрүүд санаа сэтгэлд орж ирээд. Хичээлдээ иртэл эхний 2 цаг цонхолчихсон гээд ангийнхан бөөн дуу шуу угтав. Зайсан толгой руу алхъя л гэнэ, би тэднээсээ чөлөө хүсээд дотуур байр руугаа буцлаа. Түрүү жилийн намар намайг хотод оюутан болж ирэхэд есөн сарын нэгэнд сургуульд минь хүргэж өгчихөөд, хэд хоног өвөртөлж унтчихаад Шар хадны эцэс Лууяа ахын гэрийн гаднаас “За миний хүү хичээлдээ сайн сураарай, арын ажил одоо сүйд боллоо. Ээж нь буцъя” гээд орхиод явсан нь бодогдоод. Намрын урьхан салхинд алчуурных нь үзүүр дэрвэж байсан ижийгээ эргэж нэг харах болов уу гэж горьдон тэртээх гудамжны үзүүрийг тойрон тойртол харж зогсоход нэг ч удаа эргэж хараагүйг нь бодоод, өвлийн амралтаар очоод тэр тухай хэлэхэд, хүүгээ хараад зогсож байгаа гэдгийг ээж нь мэдсэн л дээ, гэхдээ эргээд нэг харвал сэтгэл нь сонин болчих байх гээд шуудхан алхчихсан гэж зоримог хэлсэн нь бодогдоод би гэдэг хүн хөнгөн гуниг тээн алхаж явлаа. Яг л тэр агшинд хүний амьдралын бүх юм ижий байдаг юм байна гэх бодол төрж, уг бодолтой минь зэрэгцэн

“…Наран зүгээс асгарч цээж рүү урссан цагаан мөрөн

Намайг ороож аргадсан нь сүү биш ижий минь байж

Намрын хонгор навчис цэлэлзэх салхитай шуурч

Намуун зөөлөн исгэрсэн нь гуниг биш ижий минь байж…” гэх мөрүүд урсаад ороод ирдэг юм. Ээжийнхээ тухай нэг шүлэг бичих нь тодорхой болоод, бодол санаа цэгцлэгдээд, бушуухан өрөөнд ороод тавтай бичье гээд алхаагаа түргэсгэлээ. Гэтэл нэг л биш ээ. Ерөөсөө шүлгийн мөрүүд дуу алдан гэдэг шиг асгарч ирээд болдоггүй. Байр руугаа орлоо. Үүднийхээ жижүүртэй мэндлээд цааш эргэтэл

“…Одод наадах тэргэл талд багын минь тоглоом

Одоо бодоход чулуу биш ижий минь байж

Орь залуу цагийн үй зандан өвс

Охин нойтон үнэрээ сэтгэлд задалсан нь хайр биш ижий минь байж

Мөнхгүй орчлонг аргадаж сөгдөж залбирсан

Мөргөлийн амьд судар нь бурхан биш ижий минь байж

Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал

Мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж…” гээд урсчихдаг юм. Юун дөрвөн давхрын өрөөндөө орох манатай, цүнхнээсээ далбагар дэвтэр гаргаж ирээд шатан дээр сараачиж бичсэн сэн.

…Дэнжийн цэцэгс дунд шүүдэр дэвсэж унтахад

Дээрээс минь хучсан шар нөмрөг сарны туяа биш ижий минь байж

Дэлхийн цээжийг цөмлөж дэвсээстэй шороонд нь шингэхэд

Дэрэн дор минь ивэх чулуу, чулуу биш тэр ижий минь л байх болно оо.